Showing posts with label РАШ Р.. Show all posts
Showing posts with label РАШ Р.. Show all posts

Sunday, 27 January 2013

Р.Раш: Сонгууль хэрэггүй юм гэж бодогдох боллоо

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн асан Р.Раш уригдлаа.

 
-МАН-ын толгой дахь цөөн хүн жирийн гишүү­дээсээ тасарч, тэр бүү хэл гадаадад хурлаа хийдэг болсон гэх юм. Энэ намын ахмад гишүүний хувьд ямар бодолтой байна?
-Ажил хийж байгаа хүнд алдаж онох юм зөндөө байдаг. Түүнээс илүү улс тө­рийн нам гэдэг бол асар том, өргөн хүрээг хамардаг. Манай нам хэзээнээсээ олон түмнийх байсан. Одоо ч түүнийгээ хадгалах ёстой. Олон түмний санаа бодлыг эзэмдэж байж үйл ажиллагаа нь жирийн ги­шүүд, ард иргэдэд хүрч байж сая улс төрийн томоо­хон хүчин мөн гэдгээ ха­руулах учиртай. Гэтэл нам доторх хэсэг бүлэг хүн олноосоо тасарчихсан, тэр нь жирийн иргэд, гишүү­дээс дэмжлэг аваагүйг өнгөрсөн сонгууль нэгэнт харуулсан шүү дээ. Гэхдээ манай нам гол горхиор бол шавхагдашгүй ундрагатай юм. Өөрөөр хэлбэл, нөөц бололцоо асар их бий. Түүнд гишүүд, дэмжигч­дийн итгэх итгэл мохоогүй байгаа. Сүүлийн үед ма­най намын зарим хүн га­дагшаа явсан, тэнд уул­залт хийсэн гэх яриа гарсныг хэвлэлээс харсан. Явалгүй яах вэ, уулзалгүй яах вэ. Нам нууж сэм хуйвалдаагүй гэж бодож байна. Би бодохдоо на­мынхаа их хурлыг болж өгвөл нэг их хугацаа сун­галгүйгээр хуралдуулчих­вал зүгээр юм шиг. Ер нь намын гишүүдийн хү­лээлт тийм байгаа гэж үзэж байна. Энэ тухайгаа ч хэлсэн. Олноороо ярьж байгаад ойрын үед намын Удирдах зөвлөл хуралдана биз. Тэндээс улс төрийн шийдвэр гарна биз.

-Ирэх зун Ерөнхий­лөгчийн сонгууль болно. Ардын нам алдаж болохгүй гэдэг үгээр ташуур хийж байгаа ч бодлого нь сул, хүмүүсийн хэлж байгаа­гаас үзэхэд нэр дэвших лидер алга гэцгээж байна?
-Манай нам Ерөн­хий­лөгчийн сонгуульд сайтар бэлтгэж оролцох нь гар­цаагүй. Нам дотор улсын Ерөнхийлөгч болох аавын хөвгүүд байлгүй яах вэ. Тэр дотроос харин хүнээ зөв шодож, бодлого, мө­рийн хөтөлбөрөө тодор­хойлж, зөвхөн намын ги­шүүд төдийгүй Монголын ард түмний дэмжлэгийг авах хүнийг гаргаж ирэх ёстой. Цаг нь болоогүй байхад зарлаж, цоллох хэрэггүй. “Их хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэсэн үг байдаг шүү дээ. УИХ-ын сонгуулийн хувьд сон­гогчид аль ч намд дийлэнх олонхийн байр сууриас санал өгөөгүй. Өөрөөр хэлбэл, аль ч нам хан­галттай үнэлгээ аваагүй гэсэн үг. Тэгэхээр бүгдэд нь асуудал байгаа биз. Иймд үүнийг аль, аль талдаа бодох л зүйл. На­мууд өөрсдөдөө дүгнэлт хийж, үг хэлээ ололцож дөрвөн жил улс орныг авч яв гэж ард түмэн хэллээ шүү дээ. Харин орон нут­гийн сонгуулиар сонгогч­дын зүгээс манай намд зэгсэн санал өгсөн. 21 аймгийн есөд нь, нийс­лэлийн есөн дүүргийн дө­рөвт нь ялалт байгуулсан. Үүнээсээ урам авч урдах ажлаа улам зоригтой, олны санаа сэтгэлд нийцсэн байдлаар явуулах учиртай.

-Улс төрд удсан, бү­лэглэл фракциар талцаж намаа хувааж хүчгүйдүүл­сэн, янз бүрийн асуудлаар нэр сэвтсэн хүмүүсээ хөөж их цэвэрлэгээ хийх сана­лыг жирийн гишүүд нь гаргасан гэсэн. Цаашид яах бол?
-Тэр яриа өчигдөр, өнөөдрийн асуудал биш шүү дээ. Ийм яриа намын хамт олны дунд бий. Гол нь намын хүрдийг эр­гүүлж, түүнийг жолоодож авч яваа, ямар нэгэн байд­лаар нөлөө үзүүлдэг гэж өөрсдийгөө үзэж байгаа хүмүүс үүнийг нухацтай бодох учиртай. Таны тү­рүүнд асуусантай зарим талаар санал нийлнэ. За­рим хүн жирийн гишүү­дээ­сээ нэлээд тасарсан. Миний хувьд намаа хоёр хуваагдсанд сэтгэл дун­дуур явдаг. Эргээд ойрын үед нэгддэггүй юм гэхэд ядаж ойртох ёстой. 1920-иод онд ч манай хувьс­галчид Эрхүүгийн гудам­жинд бас тэгж зөрөлдөж явсан юм гэнэ лээ. Түү­нийг давтаж болохгүй. Олон юу гэж байна, түү­нийг л чиг зүг болгох учиртай.

-МАН хэсэг хугацаанд бүлэггүй байлаа. Одоо зогсонги байдлаас гарс­наар ямар алхмууд хийх бол?
- Бүлэгтэй болсон нь намын төдийгүй, УИХ-ын амжилт. УИХ нэг хэсэгтээ доголон байлаа. Их хурал 20 гаруй суудал авсан том намыг тоохгүй явж болох­гүй шүү дээ. Хүссэн хү­сээ­гүй бүлгийг зөвшөөрөх ёстой байсан. Тэр дагуу оны өмнөхөн шийдвэрээ гаргалаа. Бүлгийн ажил ч идэвхжиж байна. Манай залуучуудын зүгээс улс, нийгмийн шинж чанартай томоохон асуудлуудыг хөн­дөж ярьж байгаад та­лархаж сууна. Тухайлбал, манай Я.Содбаатар байна. Яриад байвал сайн ажил­лаж байгаа цөөнгүй за­луус бий.

-Та УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, салбар хариуцсан сайдаар олон жил ажилласан. Одоо­гийн УИХ, шинэч­лэлийн Засгийн газрын тухайд, хийж хэрэгжүүлж байгаа ажилд ямар үнэ­лэлт дүгнэлт өгөх бол?
-УИХ-ыг ард түмэн өөрсдөө сонгож бай­гуул­сан, төрийн эрх барих дээд байгууллага. Үйл ажил­лагаа нь ч олны нүдэн дээр байгаа. Тэд сайныг нь хэлж, саарыг нь шүүм­жилж л байгаа. Тиймээс би ийм байна, тийм байна гэх илүүц. Олон түмний шүүлтүүрээр явж байгаа­гаа гишүүд өөрсдөө ч анзаарч, анхаарч байдаг биз. Улсын сайчууд цугла­сан байх ёстой газар шүү дээ, УИХ чинь. Түүнийгээ л сайн бодох ёстой. Зас­гийн газрын хувьд өөрс­дийгөө “Шинэчлэлийн” гэж нэрлэсэн, байгуулаг­даад ч удаагүй байна. Энэ нэр өнгөц л битгий бай­гаасай. Бямбасүрэнгийн Засгийн газрыг ч тухайн үед тиймэрхүүгээр нэрлэж байсан. Хийх гэж хичээж мэрийж байгаа ажил зөн­дөө байх шиг. Хамгийн гол нь том мөнгө босгох, их бүтээн байгуулалт хийх, эдийн засаг нийгэм, оюун санааны чиглэлд маш олон ажил байна. Түүний төлөө зүтгэх ч биз. Харин надад бодогдож буй нэг зүйл бол сонгуулиас хойш ард түмнээ хэтэрхий алагч­лаад байх шиг. Сон­гуулийн өмнө бол яах вэ, тэртэй тэргүй улс төрийн намуудын өрсөлдөөн ид өрнөж байдаг. Харин түү­ний дараа Монголын ард түмний эв нэгдэл, монгол түмний нийтлэг эрх аш­гийн төлөө явах ёстой. Төрийн алба нэлээд хямд­гүй тал руугаа явж байна уу гэж харж байна. Мэд­лэг, дадлага туршлага муу­тай хүмүүсийг ажилд то­милсноор төрийн ажил цалгардах, төрийн үйлчил­гээ сулрах вий дээ. Төрийн алба бол жинхэнэ мэр­гэшсэн түшмэд, аппарат байх ёстой. Энд төрийн хүний эрхэмсэг чанар гэж байх ёстой юм шүү. Ажлаа мэддэг, сүр хүчтэй ч байх учиртай. Гэтэл тэр нь өнөө­дөр жолдох тал руугаа явж байна. Үүнд би сэтгэл гонсгор яваа. Манай улс том биш. Тэгсэн атал үзэл бодлоороо талцаж би, чи гэх утгагүй. Магадгүй үү­нийг цаашид Үндсэн хуу­лийн хүрээнд авч үзэх хэрэгтэй санагдана. Зарим үед сонгууль хийгээд ч хэрэггүй юм биш үү гэсэн бодол төрөх боллоо. Тэр­тэй тэргүй дараа нь шүү­хээр шийднэ гээд гурван хүн сууж байгаад алх цо­хиод ард түмний санаа бодлыг өөрчлөөд хаячих юм. Бид шүүх засаглалаа дээд зэргээр хүндэтгэх ёстой. Шүүхийн бэлэг тэмдэг нь хүртэл үнэн худлын дэнсээр дүрслэгд­сэн байдаг. Түүндээ хүрч, үнэхээр үнэний дэнс болж яваасай гэмээр байх юм.
 
-Их мөнгө босгох, бү­тээн байгуулалтын ажилд Засгийн газар зүтгэх ёстой гэлээ. Бондын тухайд та юу хэлэх вэ. Иргэдийн зүгээс бонд бондойлгочих вий дээ гэх юм?
-Бонд босгох асуудлыг эргэж харах учиртай юм шиг ээ. Олон нийт тэгж үзэж байна шүү дээ. Ийм учраас Засгийн газар ир­гэдийн хэлж ярьж буйг анхаарах ёстой. Бонд ирээ­дүйдээ тавьж байгаа өр. Үнэхээр Монголын ард түмний идэх хоол, дээл хувцас болох зүйлд зар­цуул­вал сайн. Тэгж чадал­гүй шальдир булдир юманд үрээд дуусвал түүн шиг буруу зүйл байхгүй. Саяхан нэг сонин дээр Тлейхан гишүүн бондыг төмөр зам, цахилгаан станц барих зэрэг томоо­хон асуудлуудад хандуу­лах шаардлагатайг хэлсэн байсан. Бонд ашиглах со­нирхолтой компаниуд сүрхий булаацалдаж байх шиг байна.

-Сүүлийн үед төмөр замын асуудал ихээхэн анхаарал татаж байна. Өргөн, нарийн царигаас үүдсэн маргааны учир юунд байв, М.Энхсайхан яагаад ажлаа өгөв гээд олон асуулт байна?
-Маргаж байж үнэн гарна. Төмөр замын бод­логод царигийн тухайд Засгийн газар УИХ-д са­на­лаа танилцуулж ший­дүүл­нэ гэж бий. Гэтэл тэгэхгүй, чи буруу гэж ханцуй шамлаж заамдал­цах гээд байх юм. Шинэ төмөр замын хувьд Өмнө­говийн төмөр зам төвтэй­гээ холбогдох зайлшгүй шаардлагатай. Тэгж байж улс хөгжинө. Болж өгвөл Монгол Улсын зүүн бүс нутаг мөн адил төвтэйгээ төмөр замаар холбогдох нь чухал. Тамсагбулгаас газ­рын тос соруулаад шууд гаргаад байна шүү дээ, тэнд. Тэр бүх асуудалд төмөр замын зохицуулалт хэрэгтэй. Энэ нь өргөн цариг байхаас өөр арга байхгүй. Ер нь төмөр замаа бид дахин хадалт хийж, нарийн болгоно гэдэг лөө­лөө. Хэрэв тэгвэл, Науш­кийн өртөөнд Эрээн-За­мын-Үүдийнх шиг шил­жүүлэн ачилтыг хийх бол­но. Тэгэхээр өргөн байх ёстой. Харин бодлогод юу гэж тусгасан бэ гэвэл, үйлдвэрлэж буй бүтээг­дэхүүний борлогдох зах зээлтэйгээ уялдуулж тийш нь тавих төмөр замын цариг ямар байхыг нь авч үзэх ёстой гэсэн. Тэр бол төрийн бодлого. Тэгэхдээ төмөр замын царигийг өргөн хий, нарийн болго гээгүй.

-Төмөр замд манайтай хамтардаг ОХУ ямар байр суурьтай байгаа юм бэ?
-Одоогийн төмөр зам бол ОХУ-тай хамтарсан төмөр зам. Үр ашгаа өгсөн, өгч байна, өгөх ч болно. ОХУ-ын талаас Улаан­баатар төмөр замын өр­гөтгөл маягаар цаашдын шинэ төмөр замын ажилд чинь оролцъё гэсэн байд­лаар ярьдаг. Ийм практик өмнө нь ч байсан. Тухайл­бал, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөрийн төмөр зам байна. Тэд бол гол замаа­саа салаалсан төмөр за­мууд. Баянтүмэнгээс- Та­вантолгой хүрэх төмөр замаа ийм байдлаар хий­гээд, харин Тавантолгой­гоос цааш тавих шинэ замаа нарийн царигаар барьж болно. Тэр нь “Улаан­баатар төмөр зам” нийгэмлэгийн өмч байж болох. Энэ нэг хувилбар байж болох юм. Орост өөрт нь ийм тушлага бас бий. Калининград мужид Польш руу орсон нарийн царигтай төмөр зам байдаг. Тэнд ажиллаж байсан мэргэжилтнүүд ч манайд ажиллаж л байсан. Тэдний яриа хөөрөөг би бишгүй сонсч байлаа.
 
-Өнөөдөр Орос-Мон­голын хамтарсан төмөр замын ашиг, орлого хэр байдаг вэ. Яаж хувааж ирсэн юм бэ?
-Бүх зарлагаа хасаад ногдол ашиг гэж гарна. Түүнийг нь хоёр талд ху­ваа­даг. Гэхдээ тэр нь ша­лихгүй. Хамгийн гол нь эдийн засгаасаа илүү нийг­мийн ихээхэн ач холбогдолтой салбар шүү дээ, төмөр зам. Жишээ нь, Тавантолгойгоос цааш алийн болгон машинаар нүүрс зөөх вэ. Түүнээс үүдэж өдөрт хэчнээн удаа осол аваар гардаг, тоос­жилт, байгаль орчны нөх­цөл нь хүн, мал оршин тогтнох аргагүй гэж ярьж, бичээд байна шүү дээ. УБТЗ-гүйгээр өнөөдрийн Монгол Улсыг бодох хэрэг­гүй шүү дээ. Бидэнд асар их буян өгөөжөө өгсөн газар. Маршал Х.Чойбал­сан­гийн дэргэд мундаг орос зөвлөхүүд байсан гэдэг. Тэд төмөр асуудлыг шийдэхэд их тусалсан юм гэнэ лээ.

Wednesday, 18 April 2012

”Н.Энхбаярыг хамгаалах гэж Ц.Нямдоржийг огцруулах гээгүй”

УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Балдан-Очир, Р.Раш нарын гишүүн өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруул” гэсэн утгатай шаардлага тавьсан. Тиймээс УИХ-ын гишүүн Р.Рашийг “Ярилцах танхим”-даа урьж энэ талаар ярилцлаа.


-Чухам яагаад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ням­доржийг огцруулах шаард­лагыг өргөн барих болов. МАХН-ын дарга Н.Энх­баярыг албадан баривчлах явцад гарсан үйл явдлын гол буруутан нь үнэхээр Ц.Ням­дорж сайд гэж үү?

-Монгол Улсын төрийн эрхийг барих, хууль тогтоох дээд байгууллага баталж гар­гасан хуульдаа эзэн болох ёстой. УИХ-ын гишүүд хууль баталчихаад “Энэ хуулийг бид хэрэгжүүлэх ёсгүй. Хэрэг­жилт нь бидэнд хамаагүй” гээд гар хумхиад сууж болохгүй.

-Иргэд шаардлага өгч байгаагийн гол шалтгааныг олон янзаар хүлээж авч байгаа байх?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариуцсан ажилдаа хэр зэрэг эзэн болж байгааг нь ч бид авч хэлэлцсэн. Ингээд “Нөхөр Ц.Нямдоржийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй” гэж үзсэн юм. Энэ хүн цагдаа, хүчний байгууллагыг хариуцан ажиллаж буй хүний хувьд нийгмийн хэв журам сахиулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах ажлыг ч биечлэн хариуцах ёстой.

-АТГ-ын зүгээс “Сэжигтэн Н.Энхбаяр мөрдөн шалгах ажил­лагааг тасалдуулсан. МАХН-ын гишүүд, дэмжигчид эмх замба­раагүй байдал үүсгэсэн” гэж тайл­барлаж байгаа шүү дээ?

-Тухайн үед холбогдох байгуул­лагууд нь шийдвэр гаргасны үндсэн дээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан. Яах вэ. “Шүүхийн хараат бус байдал” гэх мэтээр тайл­бар тавьж магадгүй. Гэхдээ тэр үед олон тооны цагдаагийн ажилтан нэг цэг дээр төвлөрсөн байсан. Улмаар тэнд байсан иргэдтэй мөргөлдөж, сөр­гөлдсөн. Тэнд чухам ямар үйл явдал болсныг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр харсан шүү дээ. Иймэрхүү байдал цаашаа даамжирсан бол юунд ч хүргэж мэдэхээр байсан. Тиймээс ч энэ салбарыг хариуцаж ажиллаж байгаагийнх нь хувьд “Хууль зүй, дотоод хэргийн сайдтай хариуцлага тооцох ёстой” гэж байгаа юм.

-Гишүүдийн энэ алхмыг “Н.Энх­­баяр даргыг хамгаалах гэ­сэн оролд­лого” гэж тайлбарлах хүн олон байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?


-Хэн нэгнийг, тэр дундаа Н.Энх­баярыг хамгаалах гэсэндээ ийм ал­хам хийгээгүй.

-Түүнийг баривчлах үед хамт байсан гишүүдийн зүгээс Ц.Ням­дорж сайдыг огцруулах санал гар­гасан байх. Тиймээс ингэж асууж байна л даа?

-Бид “Төр төмөр нүүртэй” гэж ярьдаг. Гэхдээ энэ бол зүгээр л нэг толгойдоо төмөр углачихаад явахын нэр биш. Би бол энэ үгийг “УИХ-аас баталсан хууль чамбай, чанга хэрэгжих ёстой” гэсэн агуулгаар нь ойлгосоор ирсэн. Тэгээд л Ц.Нямдорж сайдыг огцруулах сана­лыг дэмжсэн. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй ч гэж ярьдаг. Түмэн олон МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчлах үйл ажиллагааг харсан. Тиймээс ч иргэд цагдаа, хүчний байгууллагынханд шүүмжлэлтэй хандаж байна. Нийгэмд ийм байдал үүсчихээд байхад УИХ-ын гишүүд юу ч болоогүй юм шиг алхаад байх нь хэр зохимжтой юм бол. УИХ-ын гишүүний ёс зүйд ний­цэхгүй байх. Ингэж л үзсэн.

-Тийм гэж үү?

-Монголчууд өр нимгэн хүмүүс. Шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэх явцад Монгол ёс суртахуунаар асууд­лыг тунгааж байгаа хүмүүст эвгүй харагдахаар, эвгүй сонсогдохоор үйлдэл олны нүдэн дээр болсон. Хэнийг баривчилсан гэдэг нь үнэхээр хамаа байхгүй.

-Энэхүү дүгнэлтээ ганцхан энэ удаагийн хэрэг дээр үндэслэж гаргав уу. Долоодугаар сарын 1-ний хэрэг гээд ёс зүйгүй, хууль, цагдаагийн байгууллагынхан гэм буруутныг нь олж чадахгүй олон асуудал байна шүү дээ?

-Бид олон асуудал руу үсэрхийлж байж энэ дүгнэлтийг хийгээгүй. Тод­руулбал, Монголын нийгэмд хууль сахиулах ажил ямар байгаа, гэмт хэргийн байдал, гарч байгаа олон асуудал дээр үндэслэж өргөн хү­рээний дүгнэлт хийгээгүй гэсэн үг.

-Зөвхөн МАХН-ын дарга Н.Энх­баярыг баривчлах үйл явц л Ардын намын гишүүдийг ийнхүү хөдөлгөсөн байх нь ээ?

-Өнгөрсөн долоо хоногт болсон МАХН-ын дарга Н.Энхбаярыг алба­дан баривчлах ажиллагаан дээр үндэслээд л ийм шийдвэр гаргасан.

-Ц.Нямдорж сайдыг огцруулс­наар асуудал шийдэгдэх болов уу?

-Ямар ч байсан энэ салбарыг хариуцаж байгаа сайдтай хариуцлага тооцохоос өөр аргагүй.

-Та бүхний шийдвэрийг зарим хүн “Цагаа олоогүй алхам” гэж шүүм­жилж мэдэх юм. Ялангуяа Ар­дын намын удирдлагууд?

-УИХ-ын хаврын чуулган богино хугацаанд хуралдана. Дээрээс нь УИХ-ын 2012 оны сонгууль хэзээ мөдгүй болох гэж байгаа. “Ийм үед Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг ярьж, шуугиан тарих хэрэг байгаа юм уу” гэсэн шүүмжлэл гарахыг үгүйсгэхгүй. Гэх­дээ төрийн хууль гажиж байхад дуугүй хараад суух нь УИХ-ын ги­шүүний ёс зүйд нийцэхгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос энэ үйл явцын талаар тод­руулахад “Би мэдээгүй” гээд сууж байгаа юм. Ийм байж болохгүй. Цаг­даа, хүчний байгууллагууд ямар алхам хийж байгааг энэ хүн мэдэж байх ёстой. Ялангуяа олныг хамарсан эмх замбараагүй явдал болох нөх­цөл бүрдсэн үед “Би мэдээгүй. Унт­чихсан байсан” гэсэн юм яриад сууж байгаа нь зөв үү. Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг Ардын намын нэр хүнд дээшлэх үү, доошлох уу гэдгийг дэнсэлж байгаа цаг үед хөн­дөж байгаа. Гэхдээ энэ бол намд болж буй эрүүл үзэгдэл.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Х.Баттулга Н.Ням­дорж сайдыг “Авлига авсан байж болзошгүй” гээд шүүхэд өгсөн. Дээрээс нь Ардчилсан намын бүл­гийнхэн цахим үнэмлэх хэвлэх хугацаа хойшилсны буруутнаар түү­нийг нэрлэж байгаа. Энэ үед Ар­дын намын гишүүд нэгнийгээ огц­руулах талаар ярьж байна шүү дээ?

-Огцруулах шаардлагад гарын үсэг зурсан гишүүдийн хувьд өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдал дээр үндэслэн шийдвэр гаргасан гэдгийг би дээр хэлсэн. Ц.Нямдорж сайдын хувьд Х.Баттулга гишүүнийг “Нууц гэрээ байгуулсан” гэх зэргээр шүүмжилж байгаа. Гэхдээ гэрээ байгуулсныг нь би хараагүй. Үнэн бол байж болохгүй асуудал. Шинэ төмөр зам байгуулна гэдэг бол асар том асуудал. Тиймээс энэ асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Цахим үнэмлэх хэвлэх ажил хойшилсон нь Ц.Нямдорж сайдтай холбоогүй. Би энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хо­рооны хуралдаан дээр ч хэлсэн. Ха­рин ч энэ хүн “Цахим үнэмлэх хэв­лэх ажил 14 хоногоор хойшиллоо. Шаардлагатай арга хэмжээ авсан” гэж мэдээлсэн байх.

-Гишүүд ийнхүү шаардлага өгч байгааг “Ардын намын гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг дагах гэж байна. МАХН-д элсэх гэж байна” гэж дүгнэж байгаа хүн олон бий?

-Энэ өнцгөөс нь харж байгаа хүн байгаа байх. Гэхдээ миний хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэм­жих гэсэндээ ийм шийдвэр гаргаагүй. Бусад нь юу гэж бодож байгаа талаар мэдэх зүйл алга.

-“УИХ-д МАХН-ын бүлэг бай­гуулагдвал Р.Раш гишүүн элсэх­гүй юм байна” гэж ойлгож болох уу. Н.Энхбаяр дарга ба­ривч­лагдахаасаа өмнө “Бүлэг бай­гуулахын өмнө ийм зүйл боллоо” гэж байсан?


-Намынхаа жанжин шугамнаас хазайгаад байдаг цаг маань өнгөрсөн байх аа. Гэхдээ хэлэх гэснээ бол хэлж л таарна.

-Гишүүдийн шаардлагыг нааш­тайгаар шийдэх боломж хэр байгаа бол. Хэрвээ УИХ хүлээж авахгүй бол яах вэ?

-УИХ энэ талаар хэлэлцэж, зөв шийдвэр гаргаж чадах байх гэдэгт найдаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Т.УРАНГЭРЭЛ
"Улс төрийн тойм" сони
н