Showing posts with label БАДАРЧ П.. Show all posts
Showing posts with label БАДАРЧ П.. Show all posts

Thursday, 20 June 2013

П.Бадарч: Магтан матна гэдэг шиг намынхан нь Б.Бат-Эрдэнийгээ хорлоод байна уу даа

Монгол Улсын ардын уран зо­хиолч, Соёлын гавьяат зүтгэл­тэн, яруу найрагч Пунцагийн Ба­дарчтай ярилцлаа.
-Та сайхан зусч байна уу. Энэ зуны ярианы гол сэдэв Ерөнхийлөгчийн сонгууль байх шиг байна. Тантай ч энэ сэдвээр голчилж ярилцмаар байна. 
-Сайхан зусч байна. Цаг агаарын мэдээнээс харахад нийт нутгийн 70 орчим хувь нь сайхан зуншлагатай, арав хүрэхгүй хувь нь жаахан гандуухан байх шиг. Тэгэхээр сайхан зун болж байна гэхэд боломжтой. Улс орны болоод улс төрийн амьдралд чухал үйл явдал болж байгаа нь яах аргагүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль. Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил ид ундарч байна.
 

-Таны хувьд нэр дэвшигчдийн хэнийг нь ямар учраас дэмжиж байна вэ?
-Би Ардчилсан намын гишүүн. Гэхдээ зөвхөн намын гишүүн гэдгээрээ биш ерөөсөө ардчиллыг дэмждэг. Тэр утгаараа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж байгаа. Энэ хүнийг дэмжих дөрвөн шалтгаан бий. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигатай тэмцэж, авлига гээч мөсөн уулын оройг гаргаж ирлээ. Авлига бол улс орныг бүтнээр нь сүйрүүлдэг эд. Энэ бузар, булай зүйлээс зайлахаас эрхэм, үүнийг арилгахаас сайхан үйл явдал гэж байхгүй. Хоёрдугаарт, олон сайхан хууль санаачилж, зармыг нь батлууллаа. Тэр дундаа шүүхийн тогтолцоог шинэчлэх хуулиуд санаачилсны зарим нь хэрэгжээд эхэлчихлээ. Хамгийн сүүлд Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүн байж болохгүй зохицуулалттай хуулийн төсөл санаачилж, өргөн барилаа. Парламентийн засаглалтай улсад УИХ, шүүх, гүйцэтгэх, Ерөнхийлөгч тусдаа байх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүд Засгийн газарт орчихоор гүйцэтгэх засаглалд парламент хяналт тавихад бэрхшээлтэй болчихсон. Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад ч Ерөнхийлөгч энэ шүүмжлэлийг хэлж байсан. Үүгээрээ намчирхалгүй, аль нам дутагдал гаргаж байна түүнийг засч залруулан төрийг цэвэр тунгалаг бөгөөд байдаг байдаг байранд нь, хэм хэмжээнд нь байлгахын төлөө тэмцэж байгааг нь дэмжихээс аргагүй.
 

-Авлигатай тэмцэж байгаагаараа манай улс яах аргагүй олон улсад анзаарагдаж, басчиг амжилт гаргаж байгаа. Авлигаас гадна шийдэхээр олон асуудал байгаа болов уу?
-Авлигын дараа архи Монгол Улсыг муухай харагдуулсан. 1990 оноос хойш архидалт дэндүү хавтгайрлаа. Цөөхөн хүн амтай улсад 100 гаруй архины үйлдвэр ажиллана гэж юу байхав дээ. Сонин болгож хэлэхэд, би ард  түмний дунд танигдахуйц зохиолчоос гадна боломжийн архичин хүн шүү дээ. Цагаан сараар манайх ширээн дээрээ вино, виски гээд гурав, дөрвөн янзрын архийг ярайтал тавьдаг байлаа. Тэгээд л орж ирсэн зочидтой тулгаад л, үг хэлээд л, өөрөө ч уугаад, өрөөлийг ч уулгадаг байлаа. Харин сүүлийн хоёр жил өөрийн мэдэлгүй ширээн дээр биш доогуур нь архиа тавьчихдаг болсон байна лээ. Урьдынх шигээ хундаглаад л, тулгаад л байдгаа ч больчихсон байсан. Харж байхад зочид ч хундагатай архиа тавиад гардаг болсон байна. Ц.Элбэгдоржийн үгэнд орж байгаа юм биш л дээ. Яагаад гэдгээ ч мэдэхгүй нэг мэдэхэд л тийм болчихсон байсан. Ерөөсөө нийгэмд том давалгаа үүсгэж чадвал олон түмэн дагадаг ёс юм байхдаа.
 
-Танайхаас гадна олон айл  “Архигүй Монголын төлөөх” давалгааг дагасан байх. Зөв үйл, хөдлөлийг бусад нь дагадаг жишиг энэ болов уу?
-Энэ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нарийн сайхан ухаан. Үүнээс гадна эрх мэдлийг ард  түмэнд өг. Ямар нэг ажил хийх гэж байгаа бол эхлээд ард түмэндээ сайн таниулж хэл, асуу, зөвлөлд гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн. Ингэж эрх мэдлийг энгийн иргэдэд өгсөн нь Ц.Элбэгдоржийг дэмжих том шалтгаан.
 

-Нөгөө хоёр нэр дэвшигчийн тухайд та ямар бодолтой байгаа бол?
-Ц.Элбэгдоржийн хувьд туршлага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд байна. Ийм хүн мэдээж цаашдаа ч сайн ажиллана. Нөгөө хоёр нэр дэвшигч сонгогдвол ажиллаж чадна л даа. Гэхдээ цаг нь болоогүй байна. Улс орон элдэв муухай муухайгаасаа салж цэвэршээд, хөгжлийн дардан зам дээр гараад ирсэн хойно учир бий. Ийм замд оруулахад Ц.Элбэгдорж хэрэгтэй. Жишээлбэл, энэ хүн намчирхахгүй байна. Э.Бат-Үүлийг “Буруу рультай машин гэж юу яриад байна вэ, боль” гэж загналаа шүү дээ. Тэрнээс хойш буруу рультай машины талаар яриа гараагүй биз дээ.
 
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө сонгогчдодоо танилцууллаа. Иргэд ч өөр, өөрсдийн дүн шинжилгээгээ хийгээд сонголтоо хийнэ. Та ч мөрийн хөтөлбөрийг нь дүгнэчихсэн болов уу?
-Хөгжлийн талаар мөрийн хөтөлбөртөө их оруулж, том амлалт хийж л дээ. Хөгжил гэдэг улс төр, эдийн засгийн том шинжлэх ухаан. “Хөгжил хурд дагуулдаг. Хурд мөхөл дагуулдаг” гэдэг айхавтар үг бий. Хөгжлийн ямар нэг хэмжээнд хүрээд түүнийг царцаах ёстой гэж би боддог. Их хөгжих аймшигтай гэж үздэг хүн. Иймэрхүү байдлаар дүгнэлт хийж сууна.
 

Гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөс нэг зүйлийг үгүйлж байна. Хэлмэгдүүлэлтийн талаар тэдний хэн ч дуугарсангүй. Хэлмэгдлийн гашуун хар утааг залгиагүй айл өрх Монголд нэг ч байхгүй. Өвөөгөө, аавыгаа алуулсан хүний зүрхэнд нь нулимс хурж, зүрхнээс нь нулимс дусч байдаг юм. Өнөөдөр үүнийг Монголын төр мартаж байна. Үүнийг мартаж яагаад ч болохгүй.
 
-Энэ өдрүүдэд сонгуулийн сурталчилгаа ид үргэлжилж байна. Урлаг, спортынхон ч нэр дэвшигчдийн сурталчилгаанд том дүр бүтээж байх шиг. Олны танил зарим эрхэм хоёр нэр дэвшигчийг хоёуланг нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байх жишээтэй.
-Ерөөсөө олны танил хүмүүсийг хоёр нүүртэн мэтээр харуулж байна л даа. Жишээлбэл, намайг Б.Бат-Эрдэнийг дэмжиж байгаа мэтээр “яриулаад” Нийгмийн толь сонин дээр гаргачихсан байсан. Ерөөсөө надтай уулзаагүй, ярилцлага хийгээгүй байж шүү дээ. Би эмнэлэгт хэвтэж байгаад саяхан гарсан, ерөөсөө сонгуулийн ажилд оролцоогүй хүн.
 

Ц.Элбэгдоржийн сурталчилгааны “Тойм” сэтгүүл болон телевизээр аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нар “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөө дэмжинэ” гэж ярьсан. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аваргын сурталчилгааны “Төр засах аварга ухаан” сэтгүүл дээр гэхэд аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, А.Сүхбат нарын “Б.Бат-Эрдэнэ аваргыгаа дэмжиж байна” гэсэн ярилцлага гарчээ. Ингэж дур зоргоороо бусдын нэр төрийг ашиглаж, эвгүй байдалд оруулж болох уу. Яриагүй нь ярьсан болгож, дэмжээгүйг нь дэмжсэн болгож хоёр нүүртний дүрээр олон түмэнд харагдуулж ичээж байна. Яруу найрагч Ц.Хуланг гэхэд Н.Удвалыг өрөөндөө дайлж, дэмжиж байна гэх мэтээр бичсэн байна лээ.
 

-Өрсөлдөгчөө муухай харагдуулах нэг үгээр хар PR ч оргилдоо хүрч байх шиг. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Яаж нэгнийхээ нүүрийг эргэж харна даа. Хулгайч, худалч, луйварчин гэж цоллож цоллочихоод сонгууль өнгөрөхөөр “Тоглож байсан юм аа” гэх үү. Дахиад уулзахгүй юм шиг бүдүүлэг сурталчилгаа хийхээ болимоор байна. Энэ нь нэр дэвшигчид нэмэр болохоор нэрмээс болохыг бид харсан шүү дээ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намынхных нь хийсэн сурталчилгаанаас болж Н.Энхбаяр ойчсон гэдэг. Н.Энхбаяр тухайн үед “Манай нам миний эсрэг ажилласан” гэж ярихад яалаа гэж дээ гэж бодож байлаа. Одоо Б.Бат-Эрдэнийн сурталчилгааны сэтгүүлийг хараад намынхан нь магтан матна гэдэг шиг юм хийгээд, хорлоод байна уу гэж хардаж байна.
 

-МАН-ынхан нэр дэвшигчийнхээ имижийг улстөрч гэхээс илүүтэй аварга гэдгээр харуулж байх шиг. Энэ зөв тактик уу?
-“Төр засах аварга ухаан” гэдэг сэтгүүлийнх нь нэрнээс харахад филсофид“аварга ухаан” гэдэг ямар ч нэршил, томъёолол байхгүй. Аристатель мэдлэгээр баяжуулсан ухаан, сэтгэн бодох ухаан, мэргэн ухаан гэж гурав ангилсан байдаг. Я.Цэвэл гуайн төлөөс аварга гэдэг үгийг харахад “Нэгдүгээрт Монгол Улсын хэмжээний том наадамд гурав түрүүлсэн хүнд өгдөг цол. Хоёрдугаарт, байгалийн том өгөгдөхүүн, тухайлбал аварга загас, аварга мод” гэж тайлбарласан байна. Түүнээс аварга ухаан гэдэг үг алга. Тэгэхээр төрийг аварга ухаанаар засна гэж яадаг юм бол доо. Ямар философи байдаг юм бол доо, мэдэхгүй.
 

Бас МАН-ын PR-чид “Хүчирхэг төрийг байгуулна” гэдэг уриа олчихсон. Ардчилсан нийгмийн үед хүчирхэг биш ухаантай төр байх ёстой. Ард түмэнд бүхий л боломжийг өгөх төр хэрэгтэй. Түүнээс хүчирхэг төр хэрэггүй. Хүчирхэг төр гэдэг дарангуйллын төр гэсэн үг. МАН-ын ухуулагчдын ярьж байгаа хүчирхэг төр гэдэг маш эвгүй нэршил. Мөн “Жудагтай төр”байгуулна гэнэ. Жудагтай хүн гэж байдгаас жудагтай төр гэж бас л сонссонгүй.
 

-Жудагтай төр, аварга ухаан гэх зэргээрээ нэр дэвшигчийг гүндүүгүй монгол бөх гэдгийг тодотгож харуулах гэсэн юм болов уу?
-Илэрхий юм гэж бий. Илэрхий цагаан хун шувууг хар гэж хичнээн хэлээд цагаан л байдаг биз дээ. Түүнтэй адил энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд илэрхий нэг зүйл байна. Ерөөсөө гурван нэр дэвшигч дотроос Ц.Элбэгдорж гарах нь өнөөгийн цаг үеийн шаардлага болоод байна. Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нарын цаг нь болоогүй байна гэж дээр ярьсан шүү дээ. Шинэ Ерөнхийлөгч гарч ирээд ажилдаа дасах гэж хагас жил болно. Сүүлийн нэг жилд сонгуульдаа бэлтгэнэ. Тиймээс зоригтой, давшингуй байгаа дээр нь Ц.Элбэгдоржийг ажиллуулмаар байна.
 

Ном, сударт өгүүлснээр Чингис хаан Хятадын их эрдэмтэн, бумбын шашны том номлогч Чан Чунтай уулзахдаа “Би энэ том улсыг байгууллаа. Одоо яаж төр улсыг тогтвортой байлгах вэ” гэж асууж. Хариуд нь Чан Чун бумба “Загасыг их шарвал түлэгдэнэ, бага шарвал түүхийрнэ. Загас шарахтай төр улсыг авч явах нь адил. Дээр нь хэн нь юу хийж чаддагийг та мэдэж, тэр албанд нь тохоон тавивал зохино” гэж хариулсан гэдэг. Чингис хаан энэ үгийг их үнэн гэж сайшааж хүлээж авсан гэнэ лээ.
 

Орчин үед олимпид МАН-аас Б.Бат-Эрдэнэ, Ардчилсан намаас Ц.Элбэгдоржийг явууллаа гэж бодъё. Бөх барилдах спортын тэмцээнд Ц.Элбэгдорж яваад яах юм бэ. Тэр сайхан аварга, спортын агуу хүн тэндээ л их гавъяа байгуулж, асар ихийг хийж чадна. Чаддаг, чаддаг салбарт нь байлгая гэдэг энэ шүү дээ.
 
Наргиа болгоод ярихад, Х.Баянмөнх аварга бид нэг нөхрийнхөө номын нээлтэн дээр очлоо. Намайг үг хэлсний дараа Х.Баянмөнх аваргыг тайзан дээр урьдаг юм байна. Х.Баянмөнх маань “Цэнгэлдэхийн дэвжээн дээр Бадарч зодог шуудаг өмсөөд миний араас гараад ирвэл ямар байх бол. Түүнтэй жишээд үг хэлье” гэдэг байгаа даа. Үүнтэй адил л юмаа даа. Хэн юу хийж чаддаг вэ, тэр байран дээр нь тавибал улс орны хөгжил, тусгаар тогтнол бат байдаг гэдэг шүү дээ. 
А.АМАР
Өдрийн сонин


Tuesday, 31 July 2012

Цэнхэрлэн харагдах дэлхий, хөхрөн үзэгдэх тэнгэр хоёр миний ижий, аав юм


Зохиолч нөхдийнх нь хэлдгээр “Жаран насыг үзээгүй юм шиг шүлгээрээ дурладаг” найрагчийнд хэсэг саатлаа. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч хэзээний л орсон, гарсан хүн бүрийг цайлж дайлах дуртай. Тэр л зангаараа хоол цай хийж, биднийг ширээний ард сайтар тухлуулсны эцэст сая суудалдаа суулаа. Зуны сайхан улирлаас үүдэлтэй бидний яриа байгаль дэлхий, хүмүүний ёс суртахуун, амьдралын хэм хэмжээ гэх мэт өргөн сэдвийг хамран үргэлжилсэн юм.

-Зуны дэлгэр улирлын сүүлчийн сар гарах гэж бай­на. Энэ цаг мөчид та ямар бодол хөврүүлж сууна даа?

-Зуны улирал гэдэг бай­галь дэлхий нялхарсан, хүн амьтны бие, сэтгэл амарч тайв­­ширсан нэгэн эгшин юм.
Дөрвөн улиралтай манай орны хүн ардын амьдралын хэвшил нь хүртэл байгаль, улир­лаа дагаад өвөрмөц бай­даг бололтой. Зуны урин ду­­лаан цагт хүн бүр тайвширч, найр наад­­маа хийгээд, хүний сэт­гэл бүү хэл, малын сэтгэл хүр­тэл тайвширдаг юм шиг са­­нагддаг. Задгай сайхан ус, ногоо зүлэг, цэцэгсийн дундаа мал хүртэл жаргалтай харагддаг шүү дээ.

Арга ч үгүй юм даа. Бид бүгд байгалийн бүтээг­дэхүүн. Байгаль өөрийн бү­тээгдэхүүн болох цэцэгсээ хэзээ дэлгэрүүлж, хэзээ хаг­даруулахаа, хэзээ цасанд да­руулахаа мэддэг шигээ хү­мүүнийг ч бас хэзээ даарч, хэзээ халууцаж, хэзээ ямар хоол идэхийг нь хүртэл зохи­цуулж өгдөг юм шиг санагдана.
Бид тэнгэрийг иддэг. Агаарын урсгал, шувууг нь иддэг. Ургамал, ус, усан доторх загасыг нь ч иддэг. Шуудхан хэлэхэд, бид эх дэлхийгээ идэж байна. Энэ бүх баялаг дуусвал яана.
Зуны дэлгэр цагт л нэг тайшрах юм даа. Нийгмийн бухимдал, хаврын тачигнасан өдрүүд, хатуу хөтүү цагийн “Яая даа” гэсэн сэтгэлийн зовиурыг тайлж өгөх гэж зуны дэлгэр улирал байдаг юм болов уу даа.

-Ертөнцийн дөрвөн ули­рал, байгалийн үзэгдлүүд таны сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Урга­мал хүртэл хавар ургаж, зун дэлгэрч, намар хагдарч, өвөл нь цасан хөлдүүс дор амь тэмцэн амьдардаг. Хүмүүний амьдрал ч түүн лүгээ адил. Өвс ногоо, хүн хоёрын хооронд биетийн ялгаа байхаас биш амьдралын жамын хувьд ялгаа үгүй.
Амьд амьтан бүхэн эхлэл, төгсгөлтэй. Үхэл бол амьдралын үргэлжлэл болохоос биш төгсгөл биш шүү дээ. Хэрвээ нэг хэсэг нь үхэж, төгсөхгүй бол амьдрал үргэлжлэхээ больчихно. Тийм учраас амьдралыг үргэлжлүүлэхийн тулд хэн нэг нь сүнслэг ертөнц рүү оддог.
Хүмүүс байгалиа хэрхэн хамгаалах, хайрлах, сайхан байлгах талаар их ярьж байна. Ярихаас цаашгүй юм. Яриад л идээд байна. Усаа угаадаслаад, ойгоо хярваслаад дууслаа. Нэгэн цагт угаадас ууж, ойн шатсан нурман дээгүүр гишгэлвэл яана.
Амьдралыг ер нь нэг хэм хэмжээнд нь царцааж болдоггүй юм болов уу. Хөгжил хурд дагуулдаг. Хурд мөхөл дагуулдаг гэдэг дээ. Дээр үед Монгол цөөхөн машинтай байж. Сард хоёрхон машин мөргөлддөг байлаа. Одоо өдөрт 20 машин мөргөлддөг болж.

-“Амьдралыг царцааж болдоггүй юм уу” гэдэг үг их зүйл бодогдууллаа. Дэлхий ертөнц тэр чигээрээ хөдөлгөөн. Үүнийхээ хүчээр л оршин тогтнодог гэдэг биз дээ?

-Улс орны хөгжлийн бодлогыг нэг хэмжээнд байлгаж болно. Магадгүй, Монголд дахиад хот барих хэрэггүй ч юм бил үү.
Хүний хүсэл хязгааргүй. Бүх зовлон хүслээс үүдэлтэй. Хүслээ хязгаарлаж чаддаг байх ёстой. Тэр утгаараа амьдралыг ерөнхий нэг түвшинд байлгаж болдоггүй юм байх даа гэж би боддог юм.
Чингис хаан Хятадын бумбын ёсны их эрдэмтэн Чан Чунь бумбатай уулзаад “Би юуг эрхэмлэх ёстой вэ” гэж асуужээ. Чан Чунь хариуд нь “Хэм хэмжээг эрхэмлэ. Хэн юу чаддагийг нь байх ёстой байранд нь тавь” гэж хэлсэн гэдэг. Орчлон ертөнцөд хэм хэмжээ зайлшгүй хэрэгтэй.

-Та байгаль дэлхийтэйгээ хэрхэн холбогддог вэ?

-Байгальтай харьцах ха­рьцаа нэгдүгээрт, шашинтай холбогддог. Шашны гол сүсэг бишрэл байгаль руугаа хандах учиртай.
Би бол байгалийн бүтээг­дэхүүн. Цэнхэрлэн харагдах дэлхий, хөхрөн үзэгдэх тэн­гэр хоёр миний ижий, аав юм шүү дээ. Тиймээс ч би:
“Аав минь та “Уяхан замбуутивийн наран” шиг айзам уртын дуу юм
Ээж минь та “Дөрвөн настай халиун” шиг бэсрэг уртын дуу юм
Та хоёрын дахилт нь би юм” гэж бичсэн.

-Эх дэлхийн зовлонг сэтгэл зүрхэндээ хэрхэн тусгаж авдаг вэ?

-Бидэнд мэдэгдэхгүй л байгаа болохоос биш эх дэлхий минь дандаа гомдож, уйлж байдаг байх аа. Нутгийнхаа нэг өвгөнөөс би “Бороо их орж байна уу” гэж асуусанд тэр “Орж байна” гэж хариуллаа. “Ногоо сайхан гарч байна уу” гэсэнд тэр “Ногоо гарахаа больсон шүү дээ. Бороо гэдэг чинь шимгүй болчихсон. Газрын хөрс нь нүхжил ихтэй болчихсон. Төрөхөө больчихсон шүү дээ” гэж хариулсан юм. Тэр үнэн байх.

-Ингэхэд та хувийн юмаа хэрхэн хайрладаг вэ?

-Би анарх маягийн хүн шүү дээ. Би нэг л юманд бат итгэлтэй байдаг. Амьдралын төгсгөл зайлшгүй ирнэ. Тиймээс үхлээс айхын хэрэггүй. Хүн үхэхдээ юу ч авдаггүй юм.
Шуналаас л сэтгэлийн бүх зовлон зүдгүүр эхэлдэг. Тиймээс аминыхаа юман дээр юм нэмнэ гэхээсээ илүү гамтай ашиглах ёстой. Аливаа юманд хэм хэмжээ байх ёстой гээд байгаагийн учир энэ.
Үхлийг урлаг болгон хүлээж авсан хоёрхон хүн байдаг. Агуу их Сократ, Будда хоёр шүү дээ. Тэдэн шиг байх юмсан. Тэгж болдоггүй л байх даа.
Гэхдээ би урт насална гэдэгтэй санал нийлдэг. Энэ сайхан хүмүүн биеийг олж төрсөн бол ертөнцийн баяр цэнгэл, амьдрахуйн ёс жамыг бүгдийг үзэх ёстой. Амьдрах юмсан гэсэн хүсэл байвч үхэл, төгсгөл гэдэг юмыг мэдэрч захирч, түүнийг сэтгэлийн амирлалаар угтах ёстой. Хүн өөрийн гайхамшигтай эхлэлээ үл мартан, чадлынхаа хэрээр өөрийнхөө оюун сэтгэлийн аугаа их орчлонг бүтээхийн тулд урт наслах ёстой.
Хувь заяа худал хэлдэггүй

-Та амьдралынхаа бүх зүйлд хэм хэмжээ тогтоодог хүн юм аа даа?


-Буруу хойшоо. Би тийм нарийн нандин, хэм хэмжээ тогтоодог хүн биш. Гэхдээ сэтгэл дотроо “Хэм хэмжээтэй амьдрах юмсан. Болж өгвөл хүнд муу юм хийхгүй юмсан” гэж ямагт бодож явдаг. Тиймээс ч хүүхдүүддээ “Болохгүй, бүтэхгүй юмны хойноос битгий улайран хөөцөлд. Тийм юм байгаагүй гэж бодоод орхичихож бай” гэж захидаг юм. Аливаа юманд “За, яах вэ, болно биз дээ” гэдэг уужуу сэтгэлээр хандах хэрэгтэй. Аливаа юманд давчдаад, дэндүү шуналтаж, үхэн хатан зүтгэх нь өөрийгөө зовоохоос илүү юу ч өгөхгүй шүү дээ.

-Бодол гэгээн байх ту­сам амьдрал сайн сайхан байдаг гэдэг. Гэвч нийгэм, хүмүүсээс болоод ч тэр үү, сэтгэл дэнслүүлсэн эвгүй бодлууд гэв гэнэт урган гарч ирдэг?

-Тийм ээ. “Дайн болох вий дээ” гэдэг нэг ёрын бодол надад төрдөг юм. Энэ бүхэн эргээд л байгаль дэлхийтэйгээ харьцах харьцаатай холбогдоно л доо. Сайн сайхан руу хэтэрхий их тэмүүлснээс болоод газар нутгаа булаацалдах вий дээ.
Энэ бүхнээс сэргийлэхийн тулд бид шашинтай маш болгоомжтой хандах хэрэг­тэй. Үзэл бодолд хэтэрхий автах нь өөртөө болоод өрөөл бусдад халгаатай. Аливаа бодлоо оюун сэтгэлдээ л хяруулж бай. Бусдад тулгаж огт болохгүй. Оюун сэтгэлийн зөрчлөөс гал гардаг. Бидэнд хэмжээтэй гал хэрэгтэй болохоос хэтэрсэн гал хэрэггүй. Дэлхийгээ түймэрдэмгүй байна.

-Энэ мэт хар бодлоос өөрийгөө хэрхэн чөлөөлдөг вэ?

-Хүн сэтгэлийн ариуслыг олж авах чадвартай байх ёстой. Хүмүүн заяанд жаргал, зовлон хоёр тэв тэнцүүхэн оногддог. Сайн сайхан бодлоо аль болох өндөрт байлгахыг хичээ. Муу юм сэтгэлийг чинь хэмхлээд мэрээд байгаа бол тэрийг сэтгэлээсээ гаргаж хая. Учир нь, түүнийг дарж сүйтгэнэ гэвэл хэзээ ч бүтэхгүй.

-Та ингэж чаддаг уу?

-Чадна. Би хүнтэй огт хэрэлддэггүй. Хүнд муу үг хэлдэггүй. Аливаа зүйлийг хоёр талаас нь боддог чанар надад бий. Энэ миний авч төрсөн ухаан уу, аав, ээжийн сургааль уу, хожим уншсан ном болоод боловсролоос олсон мэдлэг үү, аль эсвэл орчлон ертөнцийг өөрийнхөөрөө мэдрэхийг хичээсэн амин сэтгэлийн минь торгон мэдрэмж үү. Ямар ч байсан надад өөртөө зохицсон мэдрэмж бий.
Магадгүй, тэрнийхээ хүчинд би хүмүүс болоод орчлон ертөнцтэй зохицоод урт насалж байгаа биз. Өвчин эмгэг, тэрс үзэл, этгээд зан араншин надад алга.
Ойр дотны минь хүмүүс намайг “Идэвхгүй амьтан” гэдэг юм. Ихэнх шашны номлол идэвхгүйн зарчимд тулгуурладаг. Хар ухаанаар бодвол энэ нь өөрийгөө хэрэгт хийчихгүй, буруу алхахгүй ухаан юм. Ямарваа нэгэн зүйлд дайчин, идэвхтэй оролцох нь ямар нэгэн хохирлыг дагуулдаг. Идэвхгүй зарчмаар явсан хүн алдах нь ч, онох нь ч бага.

-Амьдралд заавал идэвхтэй байхыг шаарддаг зүйлс бас бий?

-Байлгүй яах вэ. Хэт идэвхтэй зарчим хүнийг өөрийгөө шатаахад хүргэж мэднэ. Хэт идэвхгүй байдал нь хүнийг траншейнд аваачаад хаячихаж ч магад. Тиймээс идэвхтэй, идэвхгүй хоёр зарчмаа тэнцүү авч явах нь чухал. Хүнийг гаднаас нь харахад нэгэн бодгал боловч дотоод оюун сэтгэлийнхээ эрхтний хувьд хоёр байдаг гэдэг шүү дээ.

-Бусдын төлөө хэр зовдог вэ?

-“Ээ, хүмүүс минь. Яамаар ч юм бэ дээ” гэж шаналан бодох, идэвхтэй зарчмын сэтгэлгээ үе үе дүрэлзэнэ. Тэгснээ “За, яах вэ. Би тийм болгочихсон биш дээ. Яалтай ч билээ” гээд идэвхгүй зарчмын юм руугаа хэлбийчихнэ. Ингээд л идэвхтэй, идэвхгүй хоёр нь тэнцэсхийгээд л явдаг юм.
Аливаа нэг юмны суурь нь бага насны хүмүүжил. Хүнд ухаан, мэдрэмж хоёр л төрөлхөөс заяадаг. Урлаг бол дуурайхуй гэдэг. Сэтгэлийнхээ лаборитори дотор аливаа зүйлийг бя­салгаад, буцаагаад харуу­­­лахад хүмүүс уулга алдаж байвал сайн дуурайсны илрэл. Миний шүлгэнд:
“Ижий нь хүүгээ их санах юм
Араг, савар хоёроо зөрүүлэн байж би чамайг боддог
Аргал, чулуу хоёрыг андууран түүж би хүүгээ санадаг” гэж гардаг даа.
Галаа таслахгүй гээд аргал түүж яваа ижийг хүүгээ санасан сэтгэл нь үймрүүлснээс болоод тэр эмэгтэй чулуу түүсэн байна шүү дээ. Энэ шүлгийн санааг ижий минь надад хэлсэн. Тэр санааг нь шүлэг болгоод, түүнд уншиж өгөхөөр ижий уйлаад байгаа юм.
Хүнийг хүмүүжүүлэх гэдэг их бүдүүлэг үг л дээ. Хүнийг ухаажуулах, сэрэл мэдрэмжийг нь өдөөх зүйлийг л урлаг, утга зохиол гэдэг.

-Танд хамгийн ихээр сэтгэлийн зовлон болдог зүйл юу вэ?

-Би бол аав, ижийнхээ эрдэнийн сайхан талст юм. Тэдний дундаас дэлгэрсэн сайхан цэцэг юм гэж бодож явах учиртай. Өөрийгөө хайр­лахын тулд эхлээд бусдад хайраа хүртээх ёстой. Хүн хүнийхээ дунд л ухаантай, сайхнаа мэдэрдэг. Тиймээс биесээ хүндэтгэж, бусдаараа бахархаж явах учиртай.
Хүн бүр оюун санааныхаа бүтээх чадварт болгоомжтой хандах ёстой. Энэрэнгүй бус, харгис зүйл бүтээхийг оюун санаандаа тас хориглох учиртай. Муу зүйл бүтээсэн эрдэмтэд хожим харамсаж, зарим нь амиа хорлосон. Аливаа бүх үйлдлийг ямагт дагаж явах ёстой зүйл нь энэрэнгүй чанар, хүнийг хайрлах үзэл гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

-Хүн хүнээ хайрлах сэтгэлд хэм хэмжээ байх ёстой юм болов уу?

-Буддын шашин “Буян үйлд” гэж номлодог. Угтаа бол “Хүн хүндээ тустай бай. Биесээ хайрла” гэсэн санаа л даа.
Сайхан энерги, зөв бодлыг бусдадаа өгч байх ёстой. Амин хувийн үзэл байлгүй яах вэ. Гэхдээ эргэн тойрноо сайн сайхан, эрүүл саруул байлгаж байж би өөрөө сайхан амьдарна шүү дээ.

-Та сүүлийн үед яагаад шүлэг бичихээ больчихов?

-Ахуй болоод нас нөлөөлж байгаа юм болов уу. Ширээний ард сууж, шүлэг бичих нь их цөөрсөн. Далан насны босгыг даваад ирэхээр сэтгэлийн догдлол, хөөрөл, аливаа юмыг маш нарийн, соргогоор хүлээж авдаг мэдрэмжийн тэмтрүүлүүд сулардаг юм байна.
Багадаа би ижийгээ их санадаг байлаа. Одоо бол бараг санахгүй шүү дээ. Орой болгон эхнэртээ очдог мөртлөө ижийдээ жилдээ ганц очвол дээдийн заяа. Хайрлах торгон сайхан мэдрэмж хүртэл өтөлж байгаагийн илрэл юм болов уу. Үүнтэй адил яруу найргийн торгон мэдрэмж, эмзэглэл хүртэл мөлийчих юм.

-Дурсамжийн ном бичиж байгаа гэсэн байх аа?

-Тийм ээ. Заавал суу билэгтэн, эрдэмтэн зохиол­чид дурсамж бичих ёстой юм биш шүү дээ. Нэг хувь хүний амьдрал гэдэг бол тэр улсын нэгэн эс. Миний туулж ирсэн амьдралын түүхгүйгээр Монгол Улсын түүх бүтэхгүй.
Хүмүүс аль болох буруу гишгэхгүй, бусдад гай болохгүй, тус болж амьдрах юмсан гэж хүсч байна. Түүнд нь шинжлэх ухааны тайлбарт ботиуд, хувь хүмүүс, өвгөд, хөгшдийн дурсамжийн сайхан номууд тусална. Амьдралын тэр бартаат зам, сайн сайхан зүйлийг туулж мэдэхгүйгээр сэтгэлийн нүд сохроор амьдралд орвол юу болох вэ. Амьдралыг зуун хувь ойлгодоггүй юм гэхэд ядаж дөч, тавин хувийг нь ойлгосон хүн ядаж л алдаж гишгэх нь цөөн шүү дээ.

-Зохиолчид биесээ хөөр­хөн шоглочихдог улс. Та сүүлийн үед онигоо хэр зохиож байна вэ?

-Зохиохоо больсон. Нэг гутармаар юм нь надаас хэдэн насаар ах хүмүүс маань бурхан болчихлоо. Үе тэнгийн нөхөдтэйгөө тэр бүр уулзаж, наргиж дарвиад байх нь ч цөөрлөө. Ингэхээр хэнийгээ ч шоглох билээ. Гэхдээ би хэзээ ч гутарч гуньдаггүй. Оюун сэтгэлийн минь өчүүхэн чадвар, чадав­хи үүнд тусалдаг юм.
Манайх энгийн нэг айл. Үүнээс илүү эсвэл дутуу байх юмсан гэж би хүсдэггүй. Хувь заяа худал хэлдэггүй. Зам болгонд жаргал тосдоггүй гэдэг дээ. Би үхлээс айдаггүй. Гагцхүү үр хүүхэд, ач зээ нар маань өвчин зовлонд ороогдож, элдэв барцадад өртчих вий л гэж эмээдэг.

-Ярилцсанд баярлалаа. Таны гэгээн мэлмий тунгалаг, бодол санаа тэнгэрлэг байх болтугай?

-Баярлалаа. Орчлонгийн хамгийн ухаантай амьтан нь хүн төрөлхтөн. Хаан ухаантан хүмүүн бид байгаль дэлхий, уул усаа хайрлахгүй бол хөөрхий тэд чинь биесээ хайрлах оюун ухааны чадавхигүй, зүгээр л үйлдлээрээ биесээ нөхдөг юм. Булаг өөрөө урсмаар байвч мод тарьж чадахгүйяа даа. Тиймээс хүмүүн бид л түүнийг тэтгэх учиртай.
Хүнийг соён гэгээрүүлэх, ухааруулах, амьдралд нь хэрэг болох ганц сайхан үг хэлж чадваас та ч, би ч соён гэгээрлийн агуу их хүрээлэн дотор амьдарч чадна.