Showing posts with label НАРАНБААТАР Н.. Show all posts
Showing posts with label НАРАНБААТАР Н.. Show all posts

Tuesday, 7 October 2014

Н.Наранбаатар: Солонгосчууд соёлын бодлогоороо манайхыг базаж байна

"Өглөөний хүн" булангийн зураг авалттай шүү гэж хэлэхэд "Надад зураг авахуулахад өмсөх гоё хувцас байхгүй шүү" гэж тоглоом шоглоомоор хэлсэн энэ хүн яг өөрийн байгаагаараа л бусдад үнэлэгддэг. 
Мундаг болох гэж, донжтой байх гэж оролддоггүй тэрбээр бусдаас харин олон дүрийг хүсдэг, шаарддаг. 
Драмын театрын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, дэлхийн сонгодог бүтээлүүдийг найруулж, тайз, дэлгэцнээ амилуулсан, олон дүр бүтээсэн гээд Н.Наранбаатарын намтар, гуншинг бичье гэвэл энд урт жагсаалт болох биз. 
"Гамлет", "Тамгагүй төр", "Тэнгэрийн хүү", "Шөнө дундын бүжиг", "Би ч гэсэн жаргамаар байна" гээд түүний найруулсан сор бүтээлүүдийг нэрлэж болно.
Өдгөө таван хүүхдийн аав болон амьдралаа авч явж байгаа түүний уран бүтээлийн арвин их амжилтаас гадна хувийн амьдрал нь ч олон хүнд үлгэр дуурайл болдог.  
Соёл урлагийн салбарт орчин үед тодрон гарч ирж буй шилдэг найруулагчийн нэг Н.Наранбаатарын ярилцлагаар таны мэдэж авсан түүний уран бүтээлүүд, хувийн амьдралаас арай өөр мэдээлэл өгөхийг зорилоо. 
iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”үргэлжилж байна. 

БИД ӨӨРСДИЙГӨӨ ХАЯАД ШАЛ ӨӨР ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛТАЙ, ӨӨР СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГТОЙ ХҮМҮҮСИЙН ХЭМ ХЭМНЭЛИЙГ НААХ ГЭЭД АЛДААД БАЙНА

- Олон улсын кино наадамд явуулах “Сүүлчийн шөнө” кино энэ сарын 10-нд нээлтээ хийнэ гэсэн. Ямар онцлогтой кино вэ?
- Бид хүний амьдралын хамгийн ээдрээтэй, эгзэгтэй үеийг зохиол, кино болгож сонгож авдаг. Тэр эгзэгтэй үйл явдал нь эцэстээ хүнд ухаарал, оюун бодолд нь нэмэр болох тийм л зүйлүүдийг уран бүтээл болгож хүргэж байдаг. 
Тэгэхээр хүмүүс хэрхэн амьдрах ёстойг нь уран бүтээл хэлж байх ёстой. 

- Хэрхэн амьдрах ёстойг нь хэлж өгөх биш. Бид хэрхэн амьдарч байгаагаа л үзүүлдэг болчихоод байх шиг байна. 
- Амьдарч байгаагаа л үзүүлэх юм бол энэ урлаг биш. Харин хэрхэн амьдрах ёстой вэ гэдгийг хэлж өгснөөрөө урлаг болж байгаа юм. Түүнээс зүгээр л байдаг зүйлийг хийх юм бол юу нь сонин бэ.
Гол нь бид буруу мессеж л өгч болохгүй. Яагаад гэвэл кино бол урлаг дундаасаа хамгийн хүчтэй зэвсэг байж чаддаг. Хүний оюун санаанд тэр дундаа төлөвшлөө олоогүй өсвөр насныханд буруу мессеж өгөх нь бүр аюултай. Тиймээс кино хийж байгаа хүмүүс киног маш болгоомжтой хийх ёстой. Юун тухай өгүүлэх, юуг би хүнд хүргэх гэж байгаа билээ гэдгээ өөрөө мэдэх ёстой. Мөнгө олох гэж байна гээд засаг замбараагүй, үзэл сурталгүй, бодлогогүй, ёс суртахуунгүй уран бүтээл хийх юм бол хамгийн их кино үздэг өсвөр насныхан түүнийг нь тэр чигээр нь хүлээгээд авчихаж байна. 
- Үзэл сурталгүй гэхээр хүмүүс таныг ямар коммунист юм бэ гэхгүй юу?
- Үгүй байх аа. Үзэл суртал гэдэг чинь хамгийн чухал. 
Одоо энэ улстөрийн намуудад гэхэд үзэл суртал нь байхгүй болчихсон байна шүү дээ. 
Үзэл суртал гэдэг чинь том ухагдахуун. Юуг чухалчлах, юуг үнэн гэх, юуг чигээ болгож явах вэ гэдэг чинь үзэл суртал. Энэ зүйл байхгүй болчихоор бид ямар ч баримжаагүй болчихоод байна л даа. Тэгэхээр бид кино урлагт их болгоомжтой хандах ёстой. Миний хувьд ингэж эмзэглэж уран бүтээлээ хийдэг. 
Театр урлаг гэдэг бол арай өөр. Хүмүүс тэнд зорьж очиж үздэг. Тэнд илүү боловсорсон хүмүүс ирдэг. Театрын жүжгүүд ихэнхдээ их эерэг хандлагатай байж чаддаг болов уу. Жишээ нь, хүүхдүүдэд зориулсан “Норовын намтар”, “Лусын дагина” зэрэг нь эцэстээ хүүхдүүдийн зөв хүмүүжилд нөлөөлдөг оюун санааны талх нь юм. 
Гэтэл киног өнөөдөр ямар нэг цензургүй хийгээд, гаргаад байна. Хэдэн цаас олохын тулд кино хийж байгаа хүн яаж урлагийн хүн байж чадаж байна аа. Урлагийн хүний гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ гүйцэтгэх энэ чанар хаашаа алга болох гээд байна вэ. 

- Тантай санал нэг байна. Гэхдээ сүүлийн үед гарч байгаа кинонууд хэтэрхий их цус, хүчирхийлэл зэргийг харуулахыг хичээдэг болчихсон юм шиг. Хүмүүс үздэг болохоор тэр ч юм уу.
- Бид Америкаас их юм хуулж байна. Эцэс сүүлдээ үр хүүхдийнхээ хүмүүжлийн ёс суртахууны хэм хэмнэлийг хүртэл Америкчуудаас хуулж байна. 911 рүү залгана ч гэх шиг. Ийм тэнэг зүйл байж болохгүй л дээ.  
Газар зүйн байршил, өвөг дээдэс, цус, төрх байдал, оюун санааны хувьд бид шал өөр хүмүүс. Дорно дахины соёл гэдэг өөрөө их агуу. Бид бусдыг дуурайх шаардлага огт байхгүй.
Жишээ нь би боддог. Монгол хүн хүүхэддээ таван салаа боовны амт үзүүлж байж л өсгөдөг байсан. Мэдээж хэтрүүлж болохгүй. Ерөөсөө жаахан хатуу чанга гартай байж  Монгол хүнийг хүмүүжилтэй өсгөдөг байсан болов уу. Гэх мэт дорнын их өвөрмөц онцлогууд бий. Тэрийг бид хаяад шал өөр газар зүйн байршилтай, өөр сэтгэл зүйн онцлогтой хүмүүсийн хэм хэмнэлийг өөрсдөдөө наах гээд алдаад байна. Зарим нь бүр Америк киног тэр чигээр нь хуулаад тавьчихдаг. 
Тэр бол тухайн газар зүйн болоод хүмүүсийн онцлогийг л харуулсан кинонууд. Харин бид өөрсдийнхөө онцлогийг харуулсан уран бүтээлээ хийх хэрэгтэй. “Гарьд магнай” шиг кино байх хэрэгтэй байна шүү дээ. Монгол сэтгэлгээ, Монгол ухаан, Монгол хэл ярианы дархлаатай, зөв хэлтэй кино хийх хэрэгтэй. 
Бид зүгээр л хүмүүсийн хүлээлт, таашаалд нь тааруулж кино хийгээд байна. Уг нь кино гэдэг чинь бусдыг сургаж байх ёстой гэдгийг би хэллээ. Хэрхэн зөв амьдрахыг хэлж байх ёстой. Би ингэж л боддог. Мэдэхгүй, надаас өөр бодолтой хүн байж магадгүй юм. 

- “Сүүлчийн шөнө” тэгвэл юу илэрхийлсэн кино вэ?
- Энэ кино хүний амьдралын гурван үеийг харуулдаг. Гэхдээ энэ их чухал гурван үе. 17-20 насны шилжилтийн үе буюу амьдралыг илүү их өөдрөгөөр боддог, илүү их гэгээлэг, бадрангуй, бүх зүйлийг сайхнаар төсөөлдөг үе байдаг. Харамсалтай нь амьдрал хүн болгоныг сайхнаар угтдаггүй шүү дээ. Гэхдээ энэ хугацаанд хүн маш их романтик байдаг. Романтик гэдэг үгийн утга нь хэзээ ч амьдралд байгаагүй, байж болшгүй зүйлийг романтаклана гэдэг юм. Ийм цаг хүнд байдаг. 
За энэ үеэс хойш 37-45 насны амьдрал бол бас их эгзэгтэй. Гэр бүлтэй, тодорхой хэмжээнд байр суурьтай болчихсон мөртлөө ертөнцийг үзэх үзэл, гоо зүйн таашаал, физиологийн хувьд асар их өөрчлөлт ордог үе. Энэ үеийг халтиргааны үе гэдэг. 
Үүнээс хойш 60 хүрч байгаа хүмүүст бас нэг онцлог байдаг. Энэ бол оюун санааны шилжилтийн үе байдаг. Аливааг уучилдаг илүү нигүүлсэнгүй болдог үе.  “Монгол хүн 60 хүрч ухаан суугаад 61-тэйдээ бурхан болдог” гэдэг үг ч байдаг. Ухаан сууна гэдэг чинь ухаантай болж байгаадаа биш амьдралыг жаахан таньж мэддэг болж байна гэсэн үг. Хүн хүнийг  бүрэн гүйцэд таньж мэднэ гэж хорвоо ертөнцөд байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр мэдэж болдог. Үүнийг ойлгосон хүмүүс аливаад хандах хандлага нь өөр болдог. Илүү тэнүүн, уужуу болж байх жишээтэй. 
Эцэстээ хүний амьдрал гэдэг өөрөө гэр бүл юм байна. Үр, ач, гучынхаа баяр баяслаар хүн хоёр дахь удаагаа амьдардаг юм байна гэдгийг ойлгодог байх. Энэ бүгдээс онцлох нь хүний амьдралын хамгийн нандин булаг бол хайр байдаг. 
Хүн болгоны хайр сэтгэлд хандах хандлага өөр өөр. Нууц амраг байж болно. Гэр бүлээсээ салаад өөр хүнтэй сууж болно. Салах гэж оролдож болно. Анхны хайр нь бүтэлгүйтэж болно. Бүтсэн байж болно. Хайр нь хожимдож ирж болно. 
Хайр өөрөө тайлагдашгүй томъёолол. Хайр бол мөнхийн сэдэв. Яагаад мөнхийн сэдэв бэ гэхээр үүнийг хүн тайлж чадахгүй байгаа учир. Хүн тайлж мэддэг зүйлээ теорем зохиогоод, томъёолоод тунхаглачихдаг. Энэ зүйлийг тайлж чадахгүй учраас бид үүнийг мөнхөд хайсаар байна. 
“Зүрхэнд үрчлээ суудаггүй” гэдэг үг байдаг. Хүн хэчнээн хөгширсөн ч зүрх нь догдолдог. Нас харгалзахгүйгээр дурладаг, хайрладаг. Энэ бүхнийг хүн гэгээн, нандин байдлаар хадгалж үлдээх ёстой. Хүн амьдралынхаа эцэст бодохдоо би тийм зүйл бүтээж билээ гэж нэг ярина. Тийм үйлдвэр байгуулсан гэж бас ярих байх.
Гэхдээ явж явж хүний амьдралын хамгийн нандин дурсамж хайранд л оршиж байдаг болов уу. Энэ тухай л кино өгүүлж байгаа.  
Хүн өөрт ирсэн хайр бүхнийг илүү их нандигнаж хайрлаж, зөв бодолтой авч явж байгаасай, битгий үзэн ядалт, өш хонзон болгож хувиргаасай гэж хэлэхийг хүсч байна.  Сэнгийн Эрдэнэ гуай “Амьдрал бол тэр чигээрээ уучлалт юм” гэж хэлсэн байдаг. Яг энэ тухай л өгүүлнэ. 

- Таныг “хайр Пара” гэж хүртэл хэлдэг болсон байсан. Үргэлж хайрын тухай уран бүтээл дээр ажилладаг учраас ийм нэр авсан байх. Тэгэхээр энэ тайлагдаагүй сэдвийн бас нэгэн үргэлжлэл гэж ойлголоо. 
- Тийм ээ. Баатар ах тэгж хэлсэн. Би нэг зүйлийг шударга хэлье. Би хэзээ ч адал явдалт буюу зодоон зохионтой кино хийхгүй. Бүр цаашилбал аймшгийн кино хэзээ ч хийхгүй. 

- Гэхдээ та энэ урсгалуудыг хүлээн зөвшөөрдөг биз дээ. 
- Аймшгийн киног  хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэхээр энэ нь өөрөө асар том ёр байдаг байхгүй юу. Ер нь ийм төрлийн бүтээл хийсэн хүмүүсийн ард нь заавал нэг юм болж байдаг. Кино гэдэг чинь өөрөө асар том зөн билгийн зүйл шүү дээ. Мэдээж түүхэн кино гэдэг байх ёстой. Түүхэн сайн кино хийх юмсан гэсэн бодол ч байдаг. Аймшгийн киног би хувьдаа үзэн яддаг. Ёртой, цус нөжтэй кино ер нь л дэмий. Яагаад үүнийг бид хүсэх ёстой гэж. 
Ер нь хүний оюун санаа, сэрэл сэтгэхүйд улай үзэх сонирхол байдаг уу гэвэл байдаг. Үүнийг Монголчууд яаж дардаг вэ гэхээр хонь мал муулаад энэ сонирхол нь тайлагдчихдаг гэж ярьдаг байхгүй юу. Харин баруунд ийм зүйл байдаггүй учраас энэ сонирхлыг нь кинонд оруулж өгөөд байна. Манайд бол улай үзэх нь хангалттай харсан зүйл юм. Дахиад шаардлага юу билээ. 
- Таны ярианаас сонсож байхад найруулагч хүн сэтгэл зүйч шиг болчихдог юм шиг. 
- Тийм шүү дээ. (инээв)
ГЭДЭС НЬ ЦАДААД ЭХЛЭХЭЭР ХҮНД НЭГ ТОМ ЗҮЙЛ ДУТНА АА ДАА. ОЮУН САНАА БУЮУ ГОО ЗҮЙН ХЭРЭГЦЭЭ ...

- Монголчууд бидний нэг дутагдал нь огт мэргэшиж чадахгүйд байдаг гэдэг шүү дээ. Жишээ нь та тайз, дэлгэцийн уран бүтээлийг хоёуланг нь найруулаад явж байна. Энд ялгаатай зүйл байдаг уу. Эсвэл найруулагч хүний хувьд ийм зөрчил байдаггүй юу?
- Миний хамгийн их хүндэтгэдэг уран бүтээлчид ихэнх нь Орос байдаг. Надад америк кино төдийлөн таалагддаггүй. Яагаад гэхээр орос кино хүний зүрхтэй бас оюун санаатай ярьдаг. Та нар бод доо. Америк киног бид их үздэг. Харин юу үлддэг вэ. Тухайн үедээ л маш сонирхолтой. Дараа нь юу ч үлддэггүй. Оросын тухайд урлагийн өлгий нутаг. Кино урлаг нь үүнийг харуулж чаддаг.  
Утга зохиолын хувьд кино зохиол маш доогуурт үнэлэгддэг. Дээгүүрт жүжгийн зохиол, роман гэх мэт ороод явна. Кино зохиол тийм дээгүүр залардаггүй. Үүнийг хэлэхээр үнэ цэнийн тухай нэг ойлголт гарч ирэх байх. Театр урлагийн найруулагч кино найруулж байсан маш олон түүхтэй. Харин ч бүр сонин, сайхан кинонууд хийсэн байдаг. Найруулагч хүний үндсэн зарчим ижилхэн. Театр нэг орон зайд бүхий л цаг хугацааг зангиддаг. Текст, яриагаар илүү ихийг илэрхийлэхийг чармайна. Киноны тухайд бүх цаг үеэр аялж болно. Хүссэн газраа зураг авч болно. Оюун сэтгэлгээний хувьд маш их эрх чөлөөтэй юм. Үндсэн ялгаа нь энэ. 
Нөгөө талаар дуртай бачка нь кино найруулаад байхад яагаад мэргэжлийн найруулагч би кино найруулж болохгүй гэж гэсэн утга бас байж болно. 
Сайхан кино хийж хүмүүст хүргэх юмсан гэсэн бодол надад байсаар байдаг. 
Гэхдээ “сайн, муугаар сав дүүрнэ” гэдэг үг бий. Гол нь манайд муу нь илүү байх гээд байх шиг байна. 
- Кино хийж байгаа хүмүүсийг үгүйсгэх хэцүү байх. Алтан үеийн уран бүтээлчдээс хойш орчин үед кино урлагаас тодорч гарч ирсэн од ховор байна.  Тэгэхээр тэд хийсээр байгаад л хэзээ нэг өдөр арга барилаа олохгүй гэж үү?
- Холбоос гэж нэг зүйл байна. 
Алтан үеийн мундаг сайн уран бүтээлчид тухайн үедээ гялалзаж байж. Одоо ч тэд үгүйлэгдсээр байдаг. Харин бид ардчилал гэж нэг шилжилтэнд орсон. Тэгэхээр энэ шилжилтийг хувь хүн болгон нуруундаа ачаа үүрч байж давж гарна. Яг энэ үед соёл урлаг хаягддаг. Хүн болгон маргаашийн талхаа боддог. 
Хүн хувийн өмчтэй байх нь орчин үед гол зүйл болж байна. Энэ сэтгэлгээ нь хэт давамгайлаад ирэхээр хүний хувиа хичээх үзэл их болдог. Хувиа бодож, довоо шарлуулна гэдэг ухагдахуун манайд илүү хөгжөөд байна. Яг энэ үед урлаг хаягдчихсан. Одоо яах вэ эргээд сэргэж л байна. 
Хүн өнөөдөр, маргаашийнхаа талхыг олоод гэдэс нь цадаад эхлэхээр нэг том зүйл дутна аа даа.Оюун санаа буюу гоо зүйн хэрэгцээ бий болж тархиа хооллож эхлэх тухай бодож эхэлдэг. Гэтэл энэ хооронд урлагийг авч явах хүмүүс зарим нь наймаа хийгээд  гахай үүрээд явчихсан. Форм алдагдсан учраас магадгүй сайн хүмүүс гарч ирээгүй байна.  Үүнд чинь бас тодорхой хугацаа хэрэгтэй шүү дээ. 

- Энэ алдагдсан үеийг дүүргэсэн хүмүүс бол хошин урлагийнхан байх. Тийм үү?
- Теартрийн урлагт хошин урлагийн тусдаа төрөл байдаг. Энэ бол байх ёстой зүйл. Энэ төрөл хөгжих ёстой жанар мөнөөсөө мөн. Хошин урлаг яагаад илүү хөгжсөн юм бэ. Нийгэм их стресстэй байсан. Ийм үед хүн инээдээр бухимдлаа тайлдаг. Тэгэхээр хошин урлаг өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэсэн. Хүмүүсийн цэнгэн баясах хүсэмжлэлийн нэгийг нь өгч байсан гэсэн үг. Цэнгэн баясах хэрэгцээний нэг төрөл нь баар, цэнгээний газруудад очиж бүжиглэх, ууж, идэх явдал байдаг. Энэ үйлчилгээ давхар давхар орж ирээд нэг хэсэг баар сав чинь нүгэлтэй сайхан ажиллалаа шүү дээ. 

- Та хошин шогийн тоглолт үздэг үү?
- Сүүлийн гурван жил үзэж амжсангүй. 

- Шинээр гарч байгаа кинонуудыг үзэж байгаа юу?
- За бас амжихгүй л байна даа. 

- Сүүлд хамгийн их сэтгэл ханаж үзсэн Монгол киног нэрлэхгүй юу?
- Миний л бодол юм даа. Хүний зүрхтэй, оюун санаатай ярьсан кино байхгүй байна.
Миний хувьд хамгийн гоё кино "Гарьд магнай".  Яагаад гэхээр энэ кинонууд тэр чигээрээ Монгол хөрстэй, мэдэрч хийсэн кинонууд байдаг. Хамгийн гол нь тэд хэн нэгнийг дуурайгаагүй байгаа биз.Америкийг, Энэтхэгийг дуурайгаагүйд нэг учир байна. Яг л Монгол хүний тоглолт, Монгол ахуй, Монгол зөв хэл яриа тэнд байдаг учир бид уйдахгүй үзсээр байдаг. 
Сүүлийн үеийн кинонууд бас арай л дэндүү улайм цайм бусдыг хуулж, дуурайж байна. Бүр зарим план нь тэр чигээрээ хуулбар байгааг одоо мэдээлэл хөгжсөн энэ үед бид үзчихэж байна шүү дээ. Ер ньбид хуулах л дуртай болж. Өөрөө өөрийнхөө тархийг ажиллуулах дургүй болж. 
- Кино хийгээд хэр ашигтай байдаг вэ?
- Ашигтай нь ашигтай. Ашиггүй нь ашиггүй. "Шатаж" байгаа хүмүүс ч байдаг. Янз бүр. 

- Таны хувьд?
- Боломжийн. Дараагийн уран бүтээлээ туурвих хэмжээний мөнгө олдог.

- Нэг кино ямар хугацаанд бүтэж байна вэ?
- Кинонд жаахан удаан хугацаа зарцуулмаар байдаг. Гэвч нийгэм хурдтай болоод бүх зүйл цаг хугацаатай уралдахаас өөр аргагүй байна. Цаг хугацаа дээр үеийн цагаас арай хурдан яваад байх шиг байна. /инээв/
Магадгүй хоёр сарын хугацаанд кино хийж байна. 
ХАМГИЙН НОЦТОЙ АСУУДАЛ БУЮУ МОНГОЛ ХҮНИЙ ҮНДСЭН ДАРХЛАА БОЛОХ ДҮР ТӨРХ, ЗАН БАЙДАЛ, АЛХАА ГИШГЭЭ, ХАРЬЦАА, ХАНДЛАГА БАЙХГҮЙ БОЛЖ БАЙНА

- Та Оросын уран бүтээлээс их эш татдаг юм байна. Тэгвэл Оросын орчин үеийн кинонууд ч бас тийм ч их сэтгэлд хүрэхээ байсан гэж ярих хүн цөөнгүй. 
- Үгүй ээ. 
Сүүлийн үеийн кинонууд нь маш сайн болж байгаа. Михалковийн кинонууд гэхэд маш их сайжирсан. Яг тэр шилжилтийн буюу перестройкагийн үед кино урлаг нь мэдээж муудсан. Тэгээд том соёлт ард түмэн учраас эдийн засаг нь босоод ирэхээр төр засаг нь кино урлаг руугаа хөрөнгө хаяж эхэлсэн. 
Одоо америкт сэдэв байхгүй болчихсон. Хүнийг тухайн агшинд нь л барьдаг. Юу ч өгдөггүй. Өгдөг нь ганц нэгхэн бүтээл байдаг. Үлдэц их багатай. Энэ нь америк, европчууддаа л их таалагддаг. Цагийг зугаатай өнгөрүүлэх сэтгэхүйд нь таардаг. Харин дорнын соёл гэдэг бол шал өөр. 
Уран бүтээлээс маш их зүйлийг авдаг. Тэндээс маш олон зүйлийг өөртөө бий болгодог. Дорнын сэтгэлгээ гэдэг чинь өөрөө хүнд тал руугаа. Уйлж ухаардаг гэж ярьдаг даа. Яагаад Монголчууд, Хятадууд, Солонгосчууд, Япончууд уйлдаг кинонд дуртай байдаг вэ. Энэ бол сэтгэлгээний онцлог. 
Хамгийн энгийн жишээ өрнийн соёлд ээж, аав, нутаг усны тухай дуу, шүлэг их ховор. Гэтэл дорнын соёлд ямар их ээж, аав, нутаг усны тухай уран бүтээл байдаг билээ. Бид байгальтайгаа, эцэг, эхтэйгээ илүү ойр амьдардаг. Бидэнд эцэг, эхээ асрамжийн газарт өгөх бодол байдаггүй. Тэгэхээр дорнын энэ олон ухагдахуун чинь өөрөө их онцлогтой. 
- Нэгэнт киноны тухай ярьж байгаа учир Монголчуудын үзэх дуртай Солонгосын олон ангит киноны тухай асуухгүй өнгөрч болохгүй нь. Та солонгос савангийн дуурь үзэж байна уу?
- Үгүй.
Сайн хийгдсэн нэг ангит киног нь бол үздэг. Солонгос кино гэдэг бол Солонгосын өөрийнх нь айхтар бодлого. ​Буурай хөгжилтэй орныг өөрийн хараанд аясаар нь байлгах гэсэн үндсэн зорилго өнөөдөр үйлчлээд байна. Үүнийгээ хийхийн тулд хамгийн түрүүнд соёлын бодлогоороо орж ирж байна л даа. 
- Манайхан өөрсдөө очиж худалдаж авч үзүүлээд байгаа биз дээ?
- Тийм. 
Явган, жижигхэн атаа жөтөөгөөр кино хийгээд тэр нь их зөрчилтэй юм шиг манайхан үзээд байх шиг байна. 
Телевизийнхэн ямар аймшигтай сөрөг мэдээллийг үзэгчдэд өгч байгаа вэ гэдгээ ухаарах хэрэгтэй.Манай телевизийг олон хүн үзээсэй гэж бодоод л үүнийг цацаад байдаг. 

- Гол нь үзэгчид Солонгос киног хайж байгаад олж үзээд байна шүү дээ. 
- Үзэхгүй яах юм. 
Хүмүүсийг автуулж байна. Энэ олон киногоор Солонгосчууд юу хийж чадсан бэ.
Солонгос хоолыг бид нарт сурталчиллаа. “Жангум” гээд л киног хар. Энэ чинь ганцхан кино бас хоолны тухай асуудал биш. Эдийн засгийн том асуудал. Солонгос хоол ямар нандин юм бэ. Ямар их түүхтэй юм бэ. Ямар их эмчилгээний жортой юм бэ гэдэг сэдэлжилтийг өгөөд байна шүү дээ. Эцэст нь юу болсон бэ. Манайхан Солонгос хоолны газруудад дүүрэн үйлчлүүлж байна. Солонгос машин унадаг болсон.  
Одоо хамгийн ноцтой асуудал буюу Монгол хүний үндсэн дархлаа болох дүр төрх, зан байдал, алхаа гишгээ, харьцаа, хандлага нь байхгүй болж байна. Өсвөр насны банди нарыг хар даа. Тув туранхай, эр, эм нь мэдэгдэхгүй нарийхан өмд өмсөөд, үсээ босгоод, нүүрээ будаад явж байх жишээтэй. Ийм Монгол хүн байдаг юм уу. Яаж байна вэ гэхээр Солонгосчууд соёлын бодлогоороо манайхыг базаж байна шүү дээ. Эндээс кино урлаг гэдэг өөрөө ямар хүчтэй вэ гэдгийг л харуулж байгаа хэрэг юм.
Мэдээж энэ бодлогыг ганцхан Монгол руу чиглүүлэхгүй нь ойлгомжтой. Олон оронд энэ бодлогоо хэрэгжүүлж эдийн засгаа тэлж байна шүү дээ. 
Америк ч мөн адил. Холливүдийн кино тус орны хамгийн том сурталчилгааны хэлбэр гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл хамгийн ноцтой зүйл нь Америк оронд хэзээ ч кинон дээрээ гардаг шиг амьдрал байдаггүй. Секс, зодоон, алаан хядаан гэх мэт зүйлсээр бид америкийг төсөөлдөг. Яг амьдрал дээрээ тэд дэгтэй, журамтай, тайван амьдардаг ард түмэн шүү дээ. Харин бид тэдний киног нь үзчихээд ингэж амьдрах ёстой юм байна гэж андуураад явж байна даа. 
-  Тэгэхээр манай улсын хувьд ямар ч соёлын нэгдсэн бодлого алга. 
- Яг зөв.
Соёлын бодлоготой болж юуг нь гаргах, юуг нь хориглох зэрэг аливаа зүйл өөрөө үзэл, сурталтай байх ёстой. Бид хэт чөлөөтэй байна. Урлаг хэт их залуучуудын зан байдалд нийцүүлэх гээд оролдоод байдаг. Гэтэл тэдэнд ингэж болдгийг биш болохгүйг нь үзүүлэх хэрэгтэй байна. 
БРОДВЭЙД ГЭХЭД ХЭН КАССЫГ НЬ ДҮҮРГЭДЭГ ВЭ. ДАНДАА ЖУУЛЧИД НЬ ШҮҮ ДЭЭ

- Драмын театр яагаад их нам гүм байна вэ?
- Бид хуучин урын сан дахь жүжгүүдээсээ тоглоно. Дээрээс нь долоон өөр найруулагч, долоон өөр үзэл санаа, долоон өөр ертөнц гээд долоо төслийн хүрээнд уран бүтээл хийнэ. 
Эдийн засгийн хямрал гээд энэ жилийн тухайд бид маш бага төсөвтэй байгаа. Ирэх жилийн тухайд нэлээд томоохон уран бүтээлүүд дээр ажиллана. Бурхан багшийн намтраар "Үнэний хаан Будда", Уильям Шекспирийн "Ромео Жулетта хоёр", Ч.Лодойдамба гуайн "Гарын таван хуруу"-г дахин үзэгчиддээ хүргэх гэж байна. 
- Драмын театраас гарсан жүжигчдийн ярилцлагыг харахаар хоёр, гурван жил цалин авч үзээгүй гэх хүмүүс байдаг юм билээ. Энэ үнэн үү?
- Тэр нь ч юу юм. Цалин багын хувьд бага. 
Төрөөс уран бүтээлчдийн цалинд хязгаар тогтоогоод өгчихсөн байдаг. Уг нь тухайн уран бүтээлч хийсэн бүтээснээ нэмээд нэмэлт орлого олох боломж байдаг ч хуульд тийм заалт байдаггүй. Бид "Гамлет" тавиад заал дүүрэн хүн үзээд ашигтай ажиллаж чаддаг. Гэтэл энэ олсон мөнгөө эргээд улсад тушаачихдаг. Гэтэл энэ олсон мөнгөө захиран зарцуулах эрхтэй бол маш сайн тоглосон жүжигчиндээ урамшуулал өгч болж байна. Энэ эрх зүйн орчин нь бүрдээгүй учир ийм боломж байхгүй байгаа нь харамсалтай. 

- Энэ өөрчлөлтийг тэгээд хийх боломжгүй гэсэн үү?
- Манай зүгээс саналаа өгөөд л байгаа. Шийдэгдээгүй л байна. Хавар ч гэсэн соёл, урлагийн салбарынхан жагсаал хийгээд амьдрал хэцүү байгаагаа илэрхийлсэн.
Орост гэхэд театр урлаг руугаа маш их анхаардаг. Ингэж оюуны хөтөч нартаа анхаарал тавьж тэднээс сайн уран бүтээл нэхдэг. Хятадын төр ч гэсэн кино урлаг руугаа маш сайн анхаарсан.  Тэд нэг л зүйлийг чухалчилсан. Дундад улс гэдэг бол аливаа зүйлийн эхлэл, төрт ёс, бичиг соёлын эхлэл юм шүү гэдгийг киногоороо харуулахыг зорьсон. 
Дэлхийн долоон тэрбум хүн чинь бүгдээрээ ухаантан биш. Үсрээд л хоёр тэрбум нь боломжийн хүмүүс байгаа бол таван тэрбум нь зүгээр л дагалдагч нар. Гэтэл тэр таван тэрбум хүн Хятад гэдэг бол мундаг өв соёлтой, мундаг улс юм байна гээд л ойлгоод авчихдаг. Тэгэхээр кино урлаг гэдэг маш том зэвсэг. 

Монголын тухайд бид бүгдээрээ 13-р зууны тухай хангалттай ойлголттой болчихсон. Хэн ч гэсэн 13-р зууны үеийн түүхээр хэн нэгэнтэй маргалдах хэмжээний мэдээлэлтэй болчихсон байна. Гэтэл тэрнээс өмнө Хүннүгийн үед хамгийн анхны төрт улсыг бий болгож байсан гэдгийг Германы нэрт философич Гегель хүртэл хэлчихсэн байгаа. 
Тэгэхээр өөрсдийнхөө энэ хамгийн анхны төрт улсыг бий болгосон гэдэг онцлогоороо, асар өндөр соёл иргэншилтэй байсан гэдэг утгаараа уран сайхны мундаг кино хийгээд дэлхий нийтэд цацахад хамгийн наад зах нь аялал жуулчлал хөгжих нэг нөхцөл болно. Түүнээс бид энд зүгээр хэдэн плакат хадчихаад "ирээч ээ, ирээч ээ" гээд суугаад байвал хэн ч ирэхгүй л дээ. Уг нь ийм зүйлийг  урлагаар дамжуулж хийдэг байхгүй юу. Үүнийг дагаад маш олон үйлчилгээ хөгждөг.
Бродвэйд гэхэд хэн кассыг нь дүүргэдэг вэ. Дандаа жуулчид нь шүү дээ. Өөрсдөө байнга үзээд байдаггүй л байхгүй юу.  

- Хавар урлагийнханы жагсаал болоход нэг хүний хэлсэн үгийг мартдаггүй юм. Талхаа авч идэж чадахгүй байхад юуны урлагийнхны цалин бэ гэж хэлж билээ.
- Юун урлагийнхан бэ гэсэн гэнэ ээ. 
Урлаггүйгээр хүн амьдрах боломжгүй. Бүх юм өөрөө урлаг. Гэртээ амьдрах, хоол хийх, харилцааны соёл энэ бол бүгд урлаг. Энэ бүгдийг бодит болгож байгаа нь мэргэжлийн урлагийнхан. Тэр нөхөр урлаггүйгээр яаж амьдрахыг нь л хармаар байна. 
- Та дахиж хүүхэдтэй болох төлөвлөгөө бий юу?
- Одоо төлөвлөгөө алга даа. 

Ярилцсан Ч.БОЛОРТУЯА ( @Bolort )


Sunday, 4 November 2012

Н.Наранбаатар: Ном муу найзаас дээр

Сүүлийн үед УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулан тавьж буй жүжгүүд үзэгчдийн сонирхлыг ихэд татах болсон. Ялангуяа "Цэцэрлэгт учирсан хоёр" жүжгийг нь залуучууд хичнээн үзсэн ч уйдахгүй хэмээж байсан. Найруулагч залуутай уран бүтээл ярьдаг байсан бол энэ удаад номын талаар хөөрөлдлөө.

-Найруулагч хүний хувьд байнга номын ертөнцөөр аялаж явдаг байх. Ер нь та номоос юуг олж авдаг вэ? 
-Би өөрийгөө номгүйгээр төсөөлж чаддаггүй. Ном бол өөрийгөө, дэргэд байгаа хүмүүсээ, цаашлаад нийгмээ, цэнхэр гаригаас даваад М.Горькийн хэлснээр гэрэлт цонх юм. Ном өөрөө үүссэн цагаасаа эхлээд хүний амьдралын зөрчилтэй бас гэрэлтэй харанхуй, өнгөгүй олон өнгүүдийг шингээж ирсэн байдаг. Тийм учраас зайлшгүй хүний гарын авлага болох ёстой. Номтой нөхөрлөснөөр зөв замаар явах, зөвөөр сэтгэхийн зэрэгцээ өөрийгөө бүрэн цэнэглэж чаддаг. Номоос үйл явдал, утгыг нь дэс дараалан цээжлэхгүй, хамгийн чухал хэрэгтэй зүйлээ олж авах хэрэгтэй. Тухайлбал амьдралыг үзэл үзэл, чиг хандлага гээд олон зүйлийг мэдэж авах боломжтой.

-Ажил хэрэгч хүмүүс цүнхний номтой явдаг. Та хэний ямар зохиолыг унших дуртай вэ? 
-Би анх "Зүрхний хилэн", "Амарсанаа" зэрэг номуудыг уншиж номын амтад орж байлаа. Ширээний номын тухайд "Бурхан багшийн сургаал" номыг дахин дахин уншмаар санагддаг. Түүн дотор ойлгогдохгүй зүйлүүд нэлээд байдаг л даа. Гэвч бид өөрт л хэрэгтэй бол ямар ч зохиолыг хүнд гэж халшрахгүй уншиж судалж байх ёстой. Энэтхэгийн философич Ошегийн номууд их сонирхолтой. Өнөөдөр манай уран зохиолын зарим номууд хүнд үлдэц багатай блогчийн чанартай бай­гаа. Зохиолч С.Пүрэв гуай, Соргодгийн Жаргалсайхан нар шиг уран сайхны дүрслэл сайтай бичихгүй байна. Түүхийг байсан ч юм шиг мэтээр бичдэг болж. 

Нөгөө талаас бестцеллер болсон номууд төгс боловсрогдоогүй авах юм багатай байна. С.Жаргалсайхан ахын "Чингис хааны нууц түүх" ном үнэхээр гайхалтай. "Монголын нууц товчоо"гэхэд л үйл явдал бүрийг тооччихсон байдаг. Гэтэл Жаргалсайханы бүтээлийг уншихад уран сайхан гэдэг тэнд л оршиж байдаг юм байна гэдэг сэтгэгдэл төрүүлж чаддагаараа гайхал­тай. Тиймээс тэр зохиолд төрийн соёрхол өгөх ёстой болов уу гэж боддог. Энэ мэтээр олон сайхан номууд уншиж харлаа даа. Би хувьдаа номыг чөлөөт цаг гарахаар уншаад байдаг хүн биш л дээ. Хэрэгцээгээрээ л уншдаг. Тухайлбал “Гамлет” жүж­гийг хийх болохоор түүнтэй холбоотой номнууд унших шаардлагатай болж байгаа юм. Өнгөрсөн жил “Тэнгэрийн хүү” жүжгийг хийхдээ хүннү үеийн тухай бүхий л номуудыг эргэж харж байлаа.

-Сүүлийн үед ямар ном уншиж байна вэ? 
-Гоо зүйн холбогдолтой ном их уншиж байна. Гоо зүй манай мэргэжилд хэрэгтэй учраас уншиж байгаа юм. Тэр дагуу уншиж ажил мэргэжил амьдралд хэрэгтэй зүйл юу байна гэдгийг нь хайж олж харж мэдэхийг хүсдэг. Заавал унших ёстой номууд гэж бий. Тухайл­бал, Лев Толстой, Достоевский, Анатон Павлович Чеховыг уншсан байх ёстой. Би "Инээмтгий хүн" номыг өглөөнөөс эхлээд амсхийхгүй уншаад орой 12 цагт дуусч байлаа. Тэгж шимтэн уншиж билээ. Гэх мэтчилэн уншвал зохих ном гэж байх ёстой. Хамгийн сүүлд "Ногоон дарь эх"-ийн тууж уншсан.

-Номоос өөрийгөө олж таних, "Би гэж хэн бэ"гээд л олон зүйл урган гарна шүү дээ? 
-Тэгэлгүй яахав. Гэхдээ номын үйл явдлыг тогтоогоод цээжилж уншдаг хүн байдаг. Ер нь бүх номыг цээжээр уншина гэж байхгүй шүү дээ. Тэндээс шүүгээд авсан зүйл нь өөрт нь үлдэж байх жишээтэй.

-Таны уншсан номуудаас хамгийн сайн ном нь гэвэл? 
-"Парисийн дарь эх"-ийн сүм их сайн ном. Энэ номыг байнга уншиж байхад илүүдэхгүй. Ер нь би Ехугогийн номуудад их дуртай. Тэдгээр номыг зав гарвал дахин дахин уншаад баймаар санагдаад байдаг юм.

-Гэртээ хэр олон но­мын цуглуулгатай вэ. Хүүхдүүддээ чөлөөт цагаар нь ном уншуулдаг биз? 
-Миний номын цуглуулга номтой хүний дэргэд юу ч биш ээ. Гэхдээ гэрийнхээ нэг ханаар дүүрэн номтой. Найз нөхөд эрдэмтэн хүмүүсийн дурсгасан гарын үсэгтэй номууд ч их бий. Тэднээс "Хатдын нууц түүх, "Чингис хаан" зэрэг номууд их сайхан санагддаг. Гадаадад тоглолтоор явж байхад дурсга­сан номууд ч байна. Ер нь ном муу найзаас дээр гэдэг хамгийн үнэн үг санагддаг юм. 

Д.НЭРГҮЙ 
Нийслэл таймс

Thursday, 1 November 2012

Н.Наранбаатар: Ямар ч байсан би хэмээх ноён оргилын цаст орой руу тугаа бариад гүйсэн чухам хаана хатгасныг үзэгчид л мэднэ

Дэлхийн утга зохиолын ноён оргил болсон гурван бүтээлд У.Шекспирийн "Гамлет", Гётегийн "Фауст", Сервантесийн "Дон Кихот" багтдаг хэмээн судлаачид үздэг. Энэхүү ноён оргилын нэг болсон "Гамлет" нь тухайн улс орны театр урлагийн чансааг харуулж, уран бүтээлчдийнх нь ур чадварыг сорьдог гэдэг. Харин Монголчууд 1979 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжавын найруулгаар анх "Гамлет"-тай учирч байсан. Тэгвэл 33 жилийн дараа УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулгаар бүтээгдэж буй "Гамлет"-аар У.Шекспирт дахин шалгалт өгч байна. Энэхүү шалгалт энэ сарын есөнд болно. 

Өөрөөр хэлбэл дэлхийн театр урлагийн мэргэжлийн түвшинг, нөгөө талаас нэр хүндийг нь тодорхойлдог "Гамлет" жүжгийг УДЭТ-ынхан энэ сарын есний 19 цагт энэ цагийн хүмүүстээ хүргэх нь. Дашрамд сонирхуулахад танай УДЭТ-ынхан У.Шекспирийн "Отелло", "Лирван", "Гамлет", "Макбет", "Ричард ван", "Ротео Жулетта" зэрэг алдарт зургаан жүжгийг нь тайзнаа амилуулж байжээ. 1979 онд тавигдсан "Гамлет" жүжгийн Клавдийд Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Гамлетад Ардын жүжигчин Л.Жамсранжав, Полонийд Ардын жүжигчин Б.Лоовой, Гертрудад жүжигчин Д.Цээнямбуу, Офелияад Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар тоглож байжээ. Ингээд жүжгийн талаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатартай ярилцлаа.


-Дэлхийн сонгодгууд цаг үеийн шаардлагаар тайзан дээр амилдаг гэсэн яриа байдаг. Энэ цагт "Гамлет" чухал шаардлагатай болсон учраас 33 жилийн дараа дахин амилж буй байх. Чухам ямар шаардлага тулгарсан талаар эхлээд сонирхуулаач?
 
-“Гамлет” жүжиг өөрөө сонин сонин цаг үед тавигддаг юм билээ л дээ. Ер нь нийгмийн шаардлагаар хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөхийн тулд тавигддаг. Тэр утгаараа өнөөдөр энэ жүжиг зайлшгүй тавигдах шаардлагатай болоод байна. Хүний язгуур шинж нь алга болоод байгаа яг энэ цаг үед бид зайлшгүй дуугарах ёстой. "Гамлет" гэдэг зохиол одоо хүн төрөлхтөнд сонин биш. Харин "Гамлет"-ыг хэрхэн харж яаж найруулах вэ гэдэг л хүмүүст мессеж болох юм. Ер нь У.Шекспир анх "Гамлет" гэх энэ зохиолыг бичсэн хүн биш шүү дээ. Хоёр гурван хүний гар дамжиж явсаар эцэст нь Шекспир дээр ирж тэр төгөлдөржүүлж эцсийн вариантаар 1600 онд бэлэн болгосон. 37-хон насандаа шүү.
 

Энэ зохиол яагаад зуун зуун дамжаад найруулагчдын дунд, нийгмийн дунд сенсаци тариад асуудал болоод байдаг юм бэ гэхээр яг тэгнэ гэсэн точни юм өгөөгүй. Тийм учраас хаанаас нь ч хийж болох боломжтой гэж би ойлгодог. Энэ жүжгийн хамгийн том юм нь Гамлет гэх гол дүрийн нэг хүн. Энэ хүн өөрөө юуг хайгаад байгаа юм бэ гэдэг л чухал. Ерөөсөө нийгэм өөрөө гаж болчихоод байна гэдгийг би энэ жүжгээр харуулахыг хүссэн. Эрүүл хүний нүдээр харах юм бол энэ нийгэм солиотой болчихоод байна ш дээ. Солиотой гэдэг чинь стандарт бус болохын шинж. Хүн өөрөө бүдүүлэг болно, авлига хэтэрнэ, эр эмийн асуудал гажилт руугаа эргэнэ. Бид өнөөдөр гей, лесби гээд л яриад байгаа. Тэр чинь л гажилт биз дээ. Бас хүүхдүүдийн оюун ухааны хандлага гээд л бид нарын бүх юм стандарт биш болчихоод байна. Яг ийм цаг үед "Гамлет" гарч ирдэг. Ийм солиотой хүмүүстэй солиотой л харьцах ёстой юм байна л даа. Тэгэхэд нэг юм сигнал авдаг байх нь. Тэр солиотойгоор дамжуулан өөрсдийнх нь бузар булайг нь, булхайг нь, дарангуйлагч болоод байгааг нь илрүүлж байгаа юм. Эцэстээ тэр хүн өөрийнхөө дотоод ертөнцтэй зөрчилдөж явсаар байгаад хүн яагаад ийм болоод байгаа юм бэ гэдгийг мэдэрнэ.
 

Өнөөдөр бид нар лидергүй байгаа байхгүй юу. Лидерээ бий болгох мөч ирэхэд бид өөрсдийгөө хумиад хөнөөчихөж байгаа юм. Зовлон жаргал ээлжилдэг учраас сайхан цаг үе ирэх нь тодорхой. Гэхдээ тэрний өмнө зайлшгүй нэг юм болох ёстой гэдгийг л Гамлет хэлж харуулаад байгаа юм. Тэгээд ч өнөөдөр монголчууд маш их материаллаг сонирхолтой болчихсон байна. Агуулга мөн чанар биш хэлбэр хөөдөг болчихож. Дандаа өнгөн талын дүгнэлт хийдэг болсон. Тиймээс энэ жүжиг яг одоо тавигдах ёстой. Би хэн болчихоод байна, би хүнийхээ хувьд хаана нь явна, бидний хамт олон хаана явна, бид нийтээрээ хаана явна, гэр бүл минь хаана явна, нийгмээрээ хаана явна гээд хүн байхын тухайд бид хаана явна гэдгийг "Гамлет" хэлж бидэнд өгнө.

-Шалгаруулалтын үеэр та энэ гамлет бол хүний таван мэдрэхүйн дотор явагдана гэж хэлж байсан нь сонин санагдаж байлаа. Тэр тавилт хэвээрээ юу?
 
-Хэвээрээ. Ерөө хүн чинь сонсоно, харна, амтална, үнэрлэнэ, хүртэнэ. Тэр мэдрэхүй нь алдагдахаараа хүн эрүүл бус болчихдог юм байна. Хараагүй хүн чинь хөгжлийн бэрхшээлтэй цаашлаад стандарт бус болчихож байгаа биз дээ. Дүлий хүн бас хөгжлийн бэрхшээлтэй. Гэтэл чих гэдэг чинь өөрөө юу юм бэ, сонор гэсэн үг биз дээ. Хараа гэдэг чинь стратеги, хүртэх гэдэг чинь бид нарын бие биеийгээ хайрлах хайр. Энэ мэт өөрийнхөө мэдрэмжээр л би "Гамлет" жүжиг дээр ажиллаж байгаа. Энэ бүгдийг тайз засалтандаа илүү ихээр шингээж өгсөн. Энүүхэндээ гэхэд манай зураач Ганхуяг урьд өмнө байгаагүй сонин содон шийдэлтэй тайз хийж байгаа.
 

Хамгийн аймаар нь энэ жүжиг дээр Дани улс мөхөөд төгсдөг. Хэзээ сэргэх юм мэдэхгүй. Бид энэ чигээрээ буруу замаар будаа тээх юм бол Дани улсынх шиг ирээдүй хүлээж байх вий гэдэг л эмзэглэл намайг энэ жүжиг рүү хөтөлсөн. Ер нь Монгол Улс ард түмнээ сонсохгүй бол эцэстээ хөгжилтэй улсын хараат болно, эсвэл бүр мөхнө. Тэгээд ч Гамлет бол ард түмний дуу хоолой. Бид өнөөдөр ард түмнээ сонсохоо байчихаад байгаа байхгүй юу. Тийм ч учраас зүгээр хэлэхээр сонсохгүй байгаа юм чинь адилхан солиотой юм шиг харьцах ёстой юм гэж У.Шекспир бодож энэ зохиолоо бичсэн байгаа юм.

-"Гамлет"-ыг найруулан тавих нь найруулагч хүний мөрөөдөл байдаг гэх. Тэгэхээр таны хувьд энэ жүжгийг найруулан тавьж мөрөөдлөө биелүүллээ гэж ойлгож байгаа. Тэгэхээр 1979 оноос хойш “Гамлет”-ыг найруулан тавих найруулагч байгаа гэж ойлгож болох уу эсвэл
тавих цаг үе нь болоогүй бай сан гэж ойлгох уу?
 
-Би "Парисын дарь эхийн сүм" дахиад 40-50 жилд тавигдахгүй гэж. Түүнтэй адил "Гамлет" дахиад 50-60 жилд тавигдахгүй гэж би бардам хэлж чадна. Магадгүй 100 жил ч болж магадгүй.

-Яагаад?
 
-Та сая өөрөө асуулаа ш дээ. Тавигдах цаг үе нь одоо юм уу гэж. Би нэгд, яг одоо цаг үеийн шаардлагаар тавигдаж байна гэж хэлнэ. Мэдээж найруулах найруулагч байсан уу гэвэл байсан. Тэгээд ч энэ жүжиг өөрөө найруулагчдын мөрөөдөл. Тэгэхээр хувьсгалын тохироо бүрдэж байж хувьсгал гардаг гэдэг шиг энэ 33 жилийн хугацаанд тохироо нь бүрдээгүй л байхгүй юу. Дэлхийн бүхий л найруулагчид “Гамлет"-ыг тавихыг мөрөөддөг. Оросын нэг найруулагчид та гамлетыг тавиач гэж нэг хүн санал тавьж л дээ. Тэгэхэд тэр найруулагч их сайхан санал байна. Гэхдээ би хийхгүй гэж хэлсэн байгаа юм. Яагаад гэсэн чинь жүжгийн зохиолыг уулс гэж үзвэл цаст оргил нь Гамлет. Тэрэн дээр тугаа хатгасан найруулагч байдаггүй юм. Би нэгэнт орой дээр нь тугаа хатгаж чадахгүйгээс хойш энэ жүжгийг тавихгүй гэж хэлсэн байдаг юм. Энэ бол энэ зохиолын тавилтын үнэлгээ.

-Та тэр найруулагч шиг татгалзалгүйгээр туг бариад орой руу нь мацсан. Харин хаахна нь тугаа хатгав?
 
-Мэдэхгүй юм даа. Тэрийг ард түмэн л хэлэх байх. Ямар ч байсан би тугаа бариад уулын орой руу гүйсэн. Чухам хаана хатгагдсаныг үзэгчид л хэлэх байх.

-Социализмын үед тавигдаж байсан "Гамлет" соц реализм маягийн тавилттай байсан гэх юм билээ. Харин таны тавилтын онцлог нь юу вэ?
 
-Сайн муу гэдэг чинь соц реализмын хэв шинж шүү дээ. Үзэл суртлын хувьд жаахан дарамттай байсан үе. Өнөөдөр бол бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Энэ бол маш том боломж. Иргэн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой гээд Үндсэн хуульдаа тусгачихаад байгаа учраас айх эмээх юм алга. Эрх чөлөө гэдэг чинь юу юм бэ, тэр дундаа оюун санааны эрх чөлөө гэдэг чинь юу юм бэ гэдгийг л харуулна гэж бодож байгаа. Хоёр өөр нийгмийн үед тавигдсан гэдэг утгаараа онцлог ялгаа байгаа л байх гэж бодож байгаа ш дээ. Наад зах нь хоёр эрэгтэй хүн үнсэлцэх юм бол бөөн юм болно биз дээ. Гэтэл одоо бол энэ тал дээр айгаад байх юм алга. Тийм ч учраас энэ жүжиг дээр хоёр эрэгтэй хүн үнсэлцэнэ.

-1979 онд Чимид гуайн орчуулгаар "Гамлет" монголчуудад хүрч байсан. Харин энэ удаад орчуулагч Мэргэний орчуулгаар хүрч байна. Бэлэн орчуулга байсаар байхад яагаад дахин орчуулуулах болсон юм бэ?
 
-Чимид гуай бол гайхалтай орчуулагч. Гэхдээ Чимид гуай Пасторнакаас орчуулсан. Оросын нэрт зохиолч, Нобелийн шагналт хүн шүү дээ. Харин Мэргэн ах англи эхээс нь шууд орчуулсан.
Пасторнак бол Сталинд жаахан адлагдаж байсан зохиолч. Тийм учраас түүний “Гамлет"-аас өширхөл, ёс суртахууны доголдлууд үнэртдэг. Харин англи эх бол арай өөр. Тэгэхээс биш би Чимид гуайн орчуулгыг голно гэж юу байхав.

-Нэг хэсэг энэ цагт Гамлетад тоглох жүжигчин байхгүй гэж их яригдсан. Харин та найруулагчийн хувьд Гамлетын дүрээ сонгон шалгаруулалт хийлгүйгэр шууд С.Болд-Эрдэнэд өгсөн. Яагаад түүнийг сонгосон юм бэ?
 
-Чи яагаад энэ хүнд дурласан юм бэ гэхээр чи миний нүдээр хараад үз гэдэг биз дээ. Түүн шиг миний ертөнцөд буусан Гамлет бол С.Болд-Эрдэнэ. Гамлетад тоглох чадал чансаатай туршлагатай олон уран бүтээлч манай театрт бий. Хамгийн гол нь найруулагчийн сонголт, найруулагчийн хараа гэдэг хамгийн чухал. Тийм ч учраас Гамлет жүжиг найруулагчаараа овоглодог. Алдсан ч оносон ч би Болд-Эрдэнэтэйгээ зууралдаад л үхнэ. Яагаад чухам тэр гэж гэвэл олон юм ярина л даа. Болд-Эрдэнэ бол их дотогшоогоо хүн. Жүжигчдийн ярьдгаар бол чуст өндөртэй гэх мэтчилэн олон юм намайг энэ жүжигчин рүү хөтөлсөн.

Х.Сэдэд
 

Thursday, 30 August 2012

Н.Наранбаатар: ”Монголчууд яагаад “Оскар” авч болохгүй гэж”

Өнгөрсөн долоо хоногт Монголын сонгодог урлагт нэгэн онцлог үйл явдал болсон нь УДЭТ-ын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллах болсон явдал юм. Тэрээр энэ хавар дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт "Гамлет" жүжгийг Драмын театрын тайзнаа дахин амилуулах тендерт ялсан билээ. 31 жилийн дараа хоёр дахь удаагаа тавигдах жүжгийн дүрүүд сонгогдчихоод байна. Харин "Гамлет"-ын сүйт бүсгүй Офелиягийн дүрийг ирэх ням гаригт сонгон шалгаруулна. УДЭТ-ын отгон найруулагч Н.Наранбаатартай ярилцлаа.

НАДААС ТЕАТРЫН МЕНЕЖМЕНТ, ХӨГЖИЛ ЭХЭЛНЭ ГЭСЭН УРИАТАЙГААР АЖЛАА ЭХЭЛЖ БАЙНА

-УДЭТ-ын ерөнхий найруулагчаар томилогдсонд баяр хүргэе. Ажил албатайгаа танилцаж амжив уу?

-80 жилийн түүхтэй энэ том театрын ерөнхий найруулагч болсондоо баярлахын сацуу асар том хариуцлага ирж байгааг ойлгож, айх эмээх бас хийж бүтээх хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх гэсэн олон бодол толгойд эргэлдэж байна. Миний хувьд энэ театрт гаднаас ирсэн шинэ хүн биш. Жүжигчнээс нь эхлээд найруулагч хүртэл 12 жил ажилласан учир ажлаа мэдэж байна. Мэдээж аливаа ажлыг авахад төлөвлөгөө байх ёстой. Өөрийн төлөвлөгөөгөө захиргаа болон уран бүтээлчдэд танилцуулсан. Өөрчлөлтийг сайн хийвэл шинэчлэлт бий болно. Шинэчлэлтийг сайн хөгжүүлбэл хөгжил бий болно гэдэг. Тэр утгаар Монголынхоо түүхэн том театрыг XXI зууны нүүр царай болгох, цаашлаад дэлхийн театрын хөгжилтэй эн зэрэгцүүлэх ажлуудад өөрийн багахан ухаан, хүчээ зарцуулна.

-Театрын ерөнхий найруулагчаар ажиллах шийдвэр гэнэтийнх байсан уу. Танд хэзээ танилцуулсан бэ?

-Ерөнхий найруулагч болох саналыг надад захиргааны зүгээс тавьж, ажиллаж чадах эсэхийг асуусан. Би чадна гэдгээ хэлж, өнгөрсөн долоо хоногт буюу 20-нд ажилдаа орлоо.

-Театрын уран бүтээлчид энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авав. Ахмад уран бүтээлчид танд ямар зөвлөгөө өгч байх юм?

-Халуун дотно хүлээж авсан нь урам зориг өглөө. Шинэ залуу хүн шинээр ажиллах байх гэсэн итгэл хүлээлгэж байна. Бүх зүйл ерөнхий найруулагчаас шалтгаалдаг учир энэ их итгэлийг дааж явах хариуцлага чухал. Надад бодож санасан зүйл их байна. Энэ бүхэн өргөс авсан юм шиг маргааш ил болчихгүй. Багадаа хоёр жил, цаашлаад дөрвөн жилийн дотор олон зүйлд өөрчлөлт гарч, хөгжлийн тодорхой төвшинд хүргэнэ.

-Драмын театр нэг үеийг бодоход хүмүүсийн очих дуртай газар болсон. Гэхдээ үзэгчид танаас олон өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээж байна?

-УДЭТ-ын ерөнхий найруулагчийн эрх үүрэг, хариуцлагын хувьд олон зүйл багтдаг. Урын сангийн бодлогоо барина, уран бүтээлчдээ хариуцна, аж ахуйд ч заримдаа оролцдог. Энэ театрыг өдий зэрэгт хүргэсэн олон сайхан найруулагчид байдаг. Б.Мөнхдорж найруулагчаас Б.Баатар. Ч.Найдандорж нар өртөөлж яваад би авлаа. Театраа өнгөтэй өөдтэй, сайхан болгохын тулд эдгээр найруулагчид хүч оюунаа зарсаар ирсэн. Цаг нь болсон байх. Энэ ажлыг нь унагачихгүй, илүү дээш нь өргөхийн тулд би хичээж ажиллана. Үүний тулд шат дараалсан олон төлөвлөгөө байна. Тухайлбал, жүжигчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөнө. Жүжигчдийн мэргэжилдээ хандах хандлагад нь стандартчлал бий болгоно.

Надаас манай театрын менежмент, хөгжил эхэлнэ гэсэн үндсэн уриатайгаар би ажлаа эхэлж байна. Театрын эд эс бүхэн үүнд хамаатай. Театрын хүн ямар байх ёстой, үүдээр орж ирэхэд гоо зүй, ёс зүй ямар байх, үүрэг хариуцлагаа яаж биелүүлэх, ажил мэргэжилдээ яаж хандах, яаж үнэнч байх ёстой гэх мэт олон зүйл байна. Уран бүтээлийн хувьд ойрын таван жилийн стратеги төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Түүнийгээ удахгүй тодорхой болгоно. Уран бүтээл ч тодорхой чанартай байх ёстой.

УРЛАГИЙНХАН БИД ТӨРДӨӨ ТООГДОХ ЮМ
ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Урлаг, спорт нийгмийн тэргүүлэх салбар. Спортынхны хөдөлмөрийг үнэлж, төр засгаас дэмжиж эхэллээ. Харин урлагийнханд ийм боломж байна уу?

-Би ерөнхий найруулагчийн хувьд гадаад бодлогыг нэн тэргүүнд тавьж ажиллана. Спортынхныг төрөөс их дэмжиж байна. Тэр чинээгээрээ тамирчид маань сайхан амжилт үзүүлж байна. Түүн шиг урлагийнхан бид төрдөө тоогдох юм хийх хэрэгтэй байна. Аливаа улс орны гаднах хувцас, дотоод үзэл бодол нь соёл урлаг байдаг. Улс үндэстнийг соёл урлагаар нь дамжуулж мэддэг шүү дээ. Тэр дундаа театрын урлагаар таних ёстой. Ард түмний оюуны цар хүрээ ямар байгааг театрт нь тавигдаж байгаа уран бүтээлээр нь ойлгодог. Ард түмнийхээ оюуны хөтөч гэдэг утгаараа театрын урлаг нэн тэргүүнд алхаж явах ёстой. Олон улсын театрын олимпуудад оролцох үүд хаалгыг нээхийн төлөө чармайж ажиллана. Монголын хошин урлаг болон театр урлагийн жүжигчдийг би их авьяастай гэж боддог. Москвагийн олон театр, Лондонд Бродвэй театр гэх мэт олон орны театрт жүжиг үзээд ийм итгэл төрсөн юм. Харин бидэнд гарц нь хэрэгтэй байна.

-Олимптой тэнцэхүйц чансаа өндөр урлагийн тэмцээнүүдэд оролцох урилга ирдэг үү?

-Бид уран бүтээлээрээ Эдинбүргийн соёл урлагийн фестиваль, Шекспирийн наадамд оролцох хүсэл, боломж байвч зардал мөнгө хэцүү. Жүжигчдээс гадна тайз, декирац, тайзны ажилчид, гэрэл, шуумны ажилчид гээд бүрэлдэхүүн олонтой учраас зардал их гардаг. Тиймээс олон улсын том уралдаан тэмцээнд оролцож чаддаггүй. Одоо бол энэ бүхнийг дэмжээд оролцуулдаг болох ёстой. Манайд нийгмийн хариуцлагаа хүлээсэн олон том компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс театр руу хандах хандлага, хоорондын холбоос уялдааг бий болгоё гэж бодож байна. "Жалгандаа жарвалзахгүй" гэж би хэлэх дуртай. Тиймээс гадагшаа гаргах хүсэл байна. Олон бэрхшээл хүчин зүйлүүдийг даван туулж чанартай уран бүтээл туурвиж, гадагшаа тэмцээн уралдаанд оролцож "Алтан бөмбөрцөг", "Оскар" авч яагаад болохгүй гэж. Энэ бол холын мөрөөдөл биш. Хэл сайжруулах, yp чадвараа хөгжүүлэх, тусламж дэмжлэг сайн байвал болохгүй зүйл үгүй.

-Найруулагч Н.Наранбаатарын олон сайхан уран бүтээлийг хүмүүс үнэлдэг. Харин одоо ерөнхий найруулагчийн үүрэг илүү өргөн цар хүрээтэй болж байна уу?

-Б.Баатар найруулагч "Чи хоёрдугаар найруулагч болохоороо зөвхөн уран бүтээлээ бодоод амар байна" гэж хэлдэг юм. Үнэхээр ерөнхий найруулагч хүн уран бүтээлээс гадна хамт олныг бүтэн байлгах, театрын хувь заяа, хөгжилд анхаарна. Нэг ёсондоо нэг хүний төлөө биш нийтийн төлөө явах болно. Энэ 100 гаруй ажилтантай байгууллагын төлөө санаа зовж, хариуцлага хүлээх боллоо. Хоолтой ундтай, хувцастай, өнгөтэй зүстэй, амжилттай явах эсэх нь надаас шалтгаалах юм.

-Театрын түүхэнд ерөнхий найруулагчаар ажиллаж байсан бүх найруулагчид ОХУ-д суралцаж төгссөн, орос школтой хүмүүс байсан. Таны хувьд СУИС-ийг төгссөн анхны ерөнхий найруулагч боллоо?  

-Надаас өмнө ажиллаж байсан найруулагчид бүгд театрын эх орон болсон ОХУ-д мэргэжил эзэмшиж, сургууль төгссөн хүмүүс байсан. Энэ цаг үед СУИС-ийн бүтээгдэхүүн УДЭТ-ын ерөнхий найруулагч хийнэ гэдэг манай сургуулийн том амжилт байх. Заавал гадаад орныг зорьж, хол явж, чирэгдэл болохгүйгээр эх орондоо хичээж зүтгэж, сурсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлээд явж болдог гэдгийг харуулж, үүд хаалга нээгдэж байна.

АЛБА АВАХ АМАРХАН Ч,
ХАРИН БАРДАМ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ХЭЦҮҮ

-Залуу үеийнхний цаг ирлээ гэсэн яриаг таны энэ албан тушаалын томилгоо харуулж байх шиг. Энэ цаг үеийн эзэд гэдгээрээ бахархана биз?

-Энэ бол түүхэн замнал. Бүгд залуу насандаа театрын ачааг үүрч яваад, өртөөлөөд ачаагаа шилжүүлдэг. Бид ч өөрсдийн үедээ дорвитойхон үүрээд, зорьсон газартаа хурдан хүрэхийн төлөө гүйнэ. Чадал дуусахаар дараагийнхаа үед өртөөлж өгнө. Ахмад, дунд, залуу үеийн гурван цагийн хэлхээсэнд бид амьдардаг. Энэ удаад надад болон миний үеийн уран бүтээлчдэд хариуцлага ирж байгаа юм. Бусдадаа үлгэр жишээ болж, ахмад үеийнхэн биднийг яаж сургаж хүмүүжүүлсэн тэр сайхан өвийг дараа үеийнхэндээ өвлүүлэх ёстой. Тэр замыг нь цэвэрлэж, ивээс нь болж, зөв явахсан гэж бодож байна. Цаг хугацаа эргэлдэж байдаг. Нэг л өдөр би энэ ажлаа хүлээлгэж өгнө. Тэгэхэд ямар аятайхан юм өгөх үү гэдэг чухал. Алба авах амархан ч, бардам хүлээлгэж өгөх хэцүү.

-Театрын түүхэнд "Алтан үеийнхэн" гэж нэрлэгддэг олон сайхан уран бүтээлчид байдаг. Тэдний хойч үе гарч ирж байна уу?

-Цус сэлбэх процесс бол надаас өмнө нь явагдсаар ирсэн. Залуу уран бүтээлчдийг бэлтгэж, тэднээс шигшээд театрын уран бүтээлч болгодог. Мэдээж театрт, уран бүтээлд бүх цаг үеийг багтаах ёстой. Настай, хижээл, залуу үе, гүнж ханхүү гээд бүтэн жүжигчдийн бүрэлдэхүүн байдаг учир үүнийг бүрэн бүтэн байлгахад анхаарна. Түүнээс биш хэн нэгнийг учир зүггүй халаад, солиод байж болохгүй. Бүрэлдэхүүн бүтэн, чанартай байж мэргэжилдээ үнэнч, мэргэжлийнхээ төлөө бүхнээ зориулж чаддаг уран бүтээлчдийг театртаа байлгах, тэр эрмэлзлэлийг нь төрүүлэх арга хэмжээг авна.

-Аливаа сонгодог бүтээлийг тайзнаа амьдруулахад тохирох сайн жүжигчин байхгүйгээс уран бүтээл гардаггүй гэж ярьдаг. Тэгэхээр гоц авьяастан эрж хайж олох ёстой юу, найруулагч гаргаж ирэх ёстой юу?

-Гоц авьяастай хүмүүс энэ хорвоод төрдөг. Тэд бидний хэлсэн хэлээгүй ил байдаг. Манай театрын түүхэнд болон өөр бусад урлагийн салбарт ч бий. Үнэхээр гоц авьяастай хүмүүс байвал улам л сайн. Гэхдээ гоц авьяастай ч бай, жирийн ч бай хүмүүсийг бид уран бүтээлээр, хөдөлмөрөөр нээдэг. Тэгэхээр уран бүтээлчдийг нээх зарчмаар ажиллах хэрэгтэй. Дэлхий дээр байхгүй гайхалтай Гамлетыг хэн нэг нь бүтээхийг, дэлхийд алдаршсан Гамлетын хөгжмийг хэн нэг нь зохиохыг үгүйсгэхгүй. Хөдөлмөр, чармайлтын ард гоц авьяастан төрнө.

-Та өөрөө жүжигчин, найруулагч мэргэжилтэй болохоор жүжигчдээ ойлгож, мэдрэхэд давуу байдаг уу?

-Өөрөө жүжигчин байгаад найруулагч хийхэд жүжигчдээ ойлгох, өөрийн санаа бодлыг ойлгуулж, мэдрүүлэхдээ илүү сайн байдаг юм. Гэхдээ жүжигчин байгаагүй хэр нь мундаг сайн найруулагчид олон бий.

-"Гамлет" жүжиг одоо ямар шатандаа явж байна. Та эмэгтэй гол дүрийн жүжигчинг яагаад өөрөө шууд сонгосонгүй вэ?

-Жүжиг маань театрын хэлээр ширээний уншлага хийж байна. Энэ жүжгийг задалж ойлгох, дүрийн зан чанар, онцлог, философи, төрх нь ямар юм гэдгийг судалж байна. Нэг жүжиг тавихын тулд хүн судлал, уран зохиол судлал, нийгэм судлал гээд олон салбарыг судалдаг. Өнөөдрийн нийгэм, ололт, алдаа дутагдал, гоо зүй, ёс суртахуун, хүмүүсийн зан ааш, нийтлэг төрх, шашин гээд маш өргөн хүрээний судалгаа явуулж байна. Эндээсээ бид нэгдмэл нэг зүг чиг тогтоод тайзан дээр гарч тогтсон ухагдахуун мөн чанаруудаараа дүрээ бий болгохоор ажилладаг. Ямар жүжиг болох нь зохиол задаргаанаас шалтгаалдаг. Урд нь би жүжгийн дүрүүдээ шууд оноодог байлаа. Одоо бол ерөнхий найруулагч жүжигчиддээ боломж олгож байгаа юм. Офелиягийн дүрд би нэг жүжигчинг сонгосноор бусад жүжигчдийн өрсөлдөх боломжийг орхигдуулах юм. Тиймээс энэ бүтэн сайн өдөр буюу есдүгээр сарын 2-нд сонгон шалгаруулалт явуулж Офелиягаа сонгоно.

-Таныг жүжгийн төсөлд ялахад ямар "Гамлет" тавих бол, хэнийг "Гамлет"-аар сонгох бол гэсэн хүлээлт байсан. Жүжигчин С.Болд-Эрдэнэ таны хүссэн "Гамлет"-ыг гаргаж чадах болов уу?

-Найруулагчид дүрээ сонгоно гэдэг зоргоороо хийдэг ажил биш. Танил тал, найз нөхөд, сайхан харилцаанаас ч шалтгаалахгүй. Тэр зохиолыг уншаад ямар сэтгэгдэл төрж, аль өнцгөөс харж, ямар үзэл санаатай Гамлет хийхийг хүсч байгаагаа найруулагч бодож дүрээ сонгодог. Мэдээж жүжигчний ур чадварын асуудал чухал. Хэдий гадаад төрх нь тохирсон ч ур чадваргүй бол хэцүү. Жүжигчийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, мэргэжилдээ үнэнч чанар чухал. Мөн нэг жүжигчинд үргэлж ууртай дүр өгдөг бол дараагийн удаа эсрэг дүрд, өөрт нь байдаггүй зан чанартай дүрд тоглуулах зэргээр жүжигчнээ хөгжүүлэх тал дээр анхаарах ёстой. Энэ бүхнийг тооцоолж байж дүрийн сонголт хийдэг.

Харин нэгэнт сонгосныхоо дараа амаа барьж болохгүй. Яагаад гэвэл тэр дүрийг бүтээж чадна гэж бодож сонгосон л бол хамтарч сайн ажиллах хэрэгтэй. Тиймээс С.Болд-Эрдэнийг арай л ондоо Гамлет гаргаж ирэх байх гэж найдаж, итгэж байгаа.

-Та СУИС-ийн мюзиклийн ангид багшлах гэж байгаа гэсэн үү?

-Тийм. Гэхдээ өнөөдөр мюзиклийн урлаг дэлхийд нэг номер болчихлоо. Дуулж, бүжиглэж, жүжиглэдэг авьяас билигтэй хүн жүжигчин гэж хэлэгдэж байхад бид хоцрогдож болохгүй. Эхний гараа явагдсан. Одоо баталгаажуулах хэрэгтэй байна. Олон сайхан мюзикл тавихын тулд сайн уран бүтээл гаргахын тулд өөрийн мэддэг чаддагаа хүргэхээр багшилж байна. Залуу насандаа хөдөлмөрлөх хэрэгтэй. Амжуулах л болно доо.

Энэ дашрамд драмын урлагийг үздэг, биширдэг, хайрладаг, хүндэтгэдэг, ойлгодог уншигчиддаа "Бүгд хамтдаа нэгэн зүгт харна шүү. Та бүхний дэмжлэг бид бүхний зүтгэлтэй нийлж байж бид хөгжил рүү алхах болно" гэж хэлмээр байна.

X.МОНГОЛХАТАН
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН