Showing posts with label ГАНТӨМӨР Лу.. Show all posts
Showing posts with label ГАНТӨМӨР Лу.. Show all posts

Sunday, 5 October 2014

Л.Гантөмөр: Бид сая хүн зэрэг хандаж болдог мэдээллийн системийг анх удаа нэвтрүүлэх гэж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг бид GoGo.Cafe ярилцлагын буландаа урин оролцууллаа.
ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАРЫГ ИРЭЭДҮЙН МОНГОЛЧУУДАД ӨГДӨГ СИСТЕМИЙГ УГСРАХЫГ МӨРӨӨДСӨН
-Та яагаад боловсролын сайд болсон юм бэ?
-Би гурав дахиа УИХ-д сонгогдсон, залуу гишүүн. Эдийн засгийн байнгын хорооны дарга, бүлгийн орлогч дарга, Ёс зүйн дэд хорооны дарга гээд олон хариуцлагатай алба хашсан. Өмнөх найман жилийн хугацаанд сайн, саар зөндөө л олон шийдвэр гаргалаа. Гэхдээ нэг л зүйл давтамжтай ажиглагдаад байсан юм. Бид өмнөө байгаа гарцаагүй шийдэх ёстой зарим асуудлыг шийдэж чаддаггүй. Жишээ нь, Таван толгойг эргэлтэнд оруулж чадахгүй байсан. Уул уурхайн сайн хөгжил, хөрөнгө оруулалтын сайн орчныг бий болгож болох байсан ч, чадаагүй. Гэх мэтчилэн яг эцсийн мөчид шийдвэр гаргах чадвараа манай үе үеийн парламент алддаг. Өөрөөр хэлбэл бидний үеийнхэн шийдвэр гаргах чадварыг эзэмшээгүй юм байна. Хүмүүс их олон зүйл уншсан, сонссон, мэдсэн ч амьдрал дээрээ ярьж байгаа шигээ байж чаддаг уу гэвэл харамсалтай нь үгүй байна. Нөгөөх нь шийдвэр гаргах түвшний хүмүүс мэдэж байгаа шигээ шийдвэр гаргаж чадаж байна уу гэвэл бас л үгүй.
Найман жил УИХ-д суучихлаа. Дахиад сонгогдлоо. Цаг хугацаа гэдэг маш хурдан. Анх би УИХ-д нэр дэвшиж байхдаа хүүхдүүдэд спортын хувцас бэлэглэж байлаа. Намайг 2012 оны сонгуульд оролцоод явж байхад нөгөө хүүхдүүд маань их сургуулийн оюутан болчихсон “таны өгч байсан кет байгаа юм. Би тухайн үед их баярлаж байсан шүү” гэж хэлсэн. Юу юугүй л дараа үеийнхэн ингээд өсч хөгжөөд гараад ирдэг. Монголчууд бид их залуу ард түмэн шүү дээ. Боловсролын салбарт л гэхэд нийт хүн амын 40 шахам хувь нь ажиллаж, сурч байна. Гэтэл зарим ард түмний хувьд нийт хүн амынх нь 40 хувь нь тэтгэвэрт гарчихсан байгаа. Ийм сайхан улс оронд хамгийн чухал зүйл бол хүн, хүүхэд юм. Хүүхдийн гол зүйл нь боловсрол.
Тэгэхээр улстөрчийн хувьд улс эх орондоо хэрэгтэй юм хийе гэвэл боловсролыг л сайн байлгахаар ажиллая гэж бодсон. Тэгээд 2010 оноос боловсролын салбарын мэргэжлийн найзуудтайгаа нийлээд дэлхийн боловсрол, түүний онцлог, монголын боловсрол ямар түвшинд байна гээд маш их судалсан.
Боловсролын салбарын систем нь өөрөө алдаатай, боловсролын салбарт хоёр зүйл хийгдээгүй байна гэж бид харсан. Нэгдүгээрт, системээ цаг үетэйгээ тааруулсан шинэчлэлт хийгээгүй. Систем гэдэг нь яам, удирдах ажилтан, сургуулийн удирдлагууд, сургууль цэцэрлэгийн багш нар болон тэдний харилцаа, эрх үүргийн асуудлыг хэлж байгаа юм. Гэтэл бүх эрх зөвхөн яаман дээр төвлөрчихсөн сургууль, аймаг дүүрэг болон багш нарт ямар ч эрх байгаагүй. Яам сургалтын төлөвлөгөөг баталдаг, тэр төлөвлөгөөг бүгд ягштал мөрддөг, сайн мөрдсөн багш их сайнд тооцогдоно. Өөрийнхөөрөө ямар нэгэн зүйлийг сэтгэсэн нь муу багш. Зарим сургалтын менежер өөрийнхөөрөө бодсоны төлөө ажлаасаа халагдсан тохиолдол ч бий. Тиймээс энэ харилцааны шинэчлэлтийг хийж байж чанарын өөрчлөлт гарах юм байна гэдгийг олж харсан.
Хоёрдугаарт, боловсролын систем нь нийгмийг хагалагч болж байсан. Багаас нь муу сурдаг хүүхэд гэж тодруулаад, сүүлдээ хүмүүжил муутай гэж хүн тодотгоод нийгмийн нөгөө зах руу түлхчихдэг. Нэг хэсгийг нь болохоор лидер гэж  товойлгоод одон медаль зүүж өгөөд, аваргууд болгочихдог. Тэгэхээр үүнийг засч байж боловсрол сайжрах юм гэж бодсон. Нэг үгээр хэлбэл шийдвэр гаргах чадварыг ирээдүйн монголчуудад өгдөг системийг угсрахыг мөрөөдсөн. Би өөрөө инженер хүн. Тэгэхээр өнөөдөртэйгээ ноцолдсоноос ирээдүйтэйгээ ноцолдьё гэж л бодож, боловсролын сайд руу зүтгэсэн дээ.

-Сайд болсноосоо хойш энэ хүсч бодож явсан зүйлсээсээ хийж амжив уу?
-Бодож төлөвлөж байсан ажлын суурь, зарчмын бараг бүх зүйлээ тодорхой түвшинд хөдөлгөчихлөө. Багш нарынхаа үнэлгээний системийг шинэчилж, цөөхөн хүүхдийн амжилтаар бус хүүхэд нэг бүрийг үнэлдэг систем рүү орчихлоо. Бага боловсролын хөтөлбөрөө шинэчлээд орон даяар хэрэгжүүлээд эхэллээ. Багш нар сургууль дээрээ хөтөлбөрөө зохиох эрхийг нь олгож байна. “Цөм” хөтөлбөрийг нь батлаад өгчихөөр цаашдаа өөрсдийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрөө багш нар маань бодож эхэллээ. Шийдвэр гаргах чадвартай иргэдийг бэлтгэхийн тулд хүүхэд өөрөө хийж, оролцдог сургалтын арга зүйг нэвтрүүлэх хэрэгтэй байсан. Үүний  үндсэн суурь тавигдаж чадлаа.
Манай яамны ажилтнууд, 100 гаруй дотоодын эрдэмтэн судлаачид, гадны хоёр, гурван баг сайн ажиллалаа.
Боловсролын салбарт арга зүй, агуулга, үнэлгээ, үр дүн  гэх хэд хэдэн хүчин зүйл үйлчилдэг. Бид хүүхэд өөрөө хийдэг арга зүйг нэвтрүүлж байна. Багшийн ярих цагийг багасгаж, 45 минутын 20 минутанд, бүр чадахгүй бол 10 минутанд хүүхэд өөрөө хийдэг байх ёстой. Өөрөө уншиж, сонирхож, тайллыг нь гаргах гэж оролдсоор нэг учрыг нь олчихсон бол цаашдаа алздаггүй.Агуулгын хувьд Кембрижийн зөвлөх баг манайд ажиллаад гурван жил болж байна. Өнөөдөр 12 жилийн боловсрол эзэмшсэн болон дээд сургуульд орж байгаа хүүхэд юу мэддэг байх вэ гэдгийг хэлж өгч байна. Бид дэлхийн жишгийг барьж байна гэж ойлгох хэрэгтэй. Үнэлгээний хувьд хүүхдийнхээ чадвараар үнэлдэг системд шилжиж байна. Бага ангийн хүүхдэд 5-р анги хүртэл нь дүн тавихыг болиулсан. Зургаан настай хүүхдийг сайн, муу дундаар нь ялгаж,  аав ээж нь “чи муу дүн авлаа” гэж дарамталдаг, эцэст нь дүнгийн араас явдаг хүүхдийг бүтээж байсныг болиулж ахицаар нь үнэлж байна.
100 үгийн 89-ийг зөв бичсэн хүүхдийг түрүүнд нь “чи 11 алдлаа, муу” гэдэг байсан. Одоо бол “чи 89-ийг зөв бичлээ” гэж урамшуулна. Хүүхэд чадаж байгаа нь чухал. Нэг алдсанаа дараа зөв болгож болно. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж монгол ардын их мундаг үг бий.  Чадварыг хэрхэн үнэлэх вэ гэдэг дээр шинжлэх ухааны их том ажил хийгдэж байна. Дэлхий дээр хийчихсэн улс орон олон. Гэхдээ бид аль болох бусдыг хуулахгүй байхыг хүсээд байгаа юм. Олон улсын жишигт нийцсэн үндэсний боловсролын бодлогоо боловсруулж хэрэгжүүлэхийг зорьж байна. Өөрсдөө жаахан бодож сэтгэе. Манай яам чинь 90 жилийн хөгжлийн түүхтэй салбар шүү дээ, бидэнд боломж бололцоо бий.
Үр дүн нь хэдэн жилийн дараа ПИСА-гийн боловсролын чанарын үнэлгээгээр амжилттай үнэлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Эхний ээлжинд бидэнд анзаарагдаж байгаа зүйл нь хүүхдүүдийн бие даах чадвар үнэхээр өсч хөгжиж байгаа нь 40 лаборатори сургууль дээр маш тод харагдаж байна.

-Сурах эрмэлзлэл нь цаанаасаа ундарч байна уу?
-Өөрөө хийж байгаадаа баярлаад, баясаад байгаа юм. Сургууль гэдэг хүүхдийн аз жаргалтайгаар ирдэг газар байх ёстой. Хуучин бол бага ангидаа гэрт нь найз байхгүй учраас сургуульдаа очих дуртай байсан. Гэтэл дунд ангидаа гудамж, орцондоо найзтай болоод, компьютертой найзлаад эхлэхээрээ сургуульдаа очих хүсэл сонирхол нь багасчихдаг. Ахлах ангид орохоор сургууль нь бүр ял болоод эхэлдэг.

-Нийтлэг шинж байх.
-Хүн гэдэг амьтан юунд дуртай юм бэ гэдгийг анзаарлаа. Тэгсэн спорт, найр наадам болон тоглохдоо маш их дуртай. Яагаад гэхээр өөрөө хийж байгаа учраас дуртай байдаг байх нь. Тоглоомыг өөрөө тоглож байгаадаа л дуртай. Түүнээс тоглоомын үзэгч бол гэвэл бас тийм ч дуртай биш. Компьютер тоглоомыг үзээд хоёр цаг суухаасаа илүү, хоёр цаг тогло гэвэл дурлаад л тоглоод байна. Боловсролын шинжлэх ухааныг задлаад харахад сурах гэдгээс илүүтэй суралцах үйл явц юм. Суралцахуй дотор хамгийн чухал байр суурь эзэлж байгаа нь өөрөө хийх, тоглох. Тоглонгоо л сураад явдаг. Волейболын тамирчдыг харж суусаар сурдаггүй. Харин өөрөө бөмбөгийг нь цохиж, давуулж шидээд, хэдэн арван цаг давтаж байж сурдаг. Ингэж тоглоом тоглодогтой адилхан ойлголтыг л сургуулийн тав, зургаан цагийн хугацаанд бий болгох ёстой юм. Хүмүүс тоглоом л тоглоод байх нь гэж ойлгох вий дээ. Тоглоомоор дамжуулаад өөрөө хийж сурах тэр чадварыг нь өгч байгаа юм.
БАГШ НАРЫГ ХЯНАДАГ ТОГТОЛЦООГ Л ДАРАА ДАРААГИЙН ХҮМҮҮС БИТГИЙ ХИЙГЭЭСЭЙ
-Манай төрд залгамж бодлого дутагдаад байх шиг. Үе үеийн сайд нар сайхан сайхан юм ярьдаг. Хүүхдүүдийг монгол бичигтэн болгоно гэснээ болиод англи хэлтэн болгоно гэлээ. Тэгснээ анги үсэргээд л. Ё.Отгонбаяр гишүүн сайд байхдаа Кембрижийг нэвтрүүлнэ ээ л гэсэн. Өнөөдөр таны ярьж байгаа Цөм хөтөлбөр, энэ бүхэн их сайхан сонсогдож байна. Гэтэл дараагийн сайд гарч ирэхэд энэ бүхэн цааш үргэлжлэх баталгаа бий юу?
-Үе үеийн сайд нарын хийсэн ажлууд дотор буруу юм хийсэн хүн байхгүй гэж би боддог. Цаг үетэйгээ нийцээд өөрөө хөгжөөд байгаа байхгүй юу. Сургалтыг 12 жилд шилжүүлсэн нь зөв, сайн. Ингэж шилжээгүй бол миний хийсэн бүхэн өнөөдөр утга учиргүй болох байсан. Кембрижийн зөвлөх үйлчилгээ Ё.Отгонбаяр авсан, сайн. Тэгээгүй бол энэ бүх ажил маань амь орохгүй л байсан. Англи хэлний боловсрол түлхүү олгоё гэсэн бодлого бас сайн. Одоо манай боловсрол, хүүхдүүдийн хөгжил дэлхийн хэмжээнд гараад ирэхээр хэлний асуудал гарцаагүй гарч ирнэ. Би “Дэлхийн банк” болон бусад олон улсын байгууллагатай уулзахдаа “Яавал би англи хэлний багш нарынхаа чадварыг сайжруулах вэ, яавал багш нараа англи хэлтэй болгох вэ та нар мөнгө өгөөч” л гэдэг. Бид бүх багш нараа нөүтбүүктэй болгох гэж байна. Ингэвэл бүх багшид англи хэл хэрэгтэй болно. Яагаад гэвэл гадаад хэл дээрх боловсролын талаарх материал хэдэн зуу, мянгаараа байгаа. Багш нар нэг ухаад эхлэх юм бол цаашаа яваад л байна. Монгол бичиг, Иргэний боловсролын сургалтыг нэвтрүүлсэн нь бас л буруу биш, зөв.
Аливаа салбарын сайд олон зуун ажлаасаа онцолж өөрийнхөө мессэжийг өгдөг. Тэгэхээр зуу гаруй ажлаас нэг л зорилтоо дөвийлгөж тавьлаа гэхэд тэр мессэж нь л өөр өөр байгаа хэрэг. Тэр зорилтын түвшин нь дээшлээд байгаа болохоос унасан зорилт хаа ч байхгүй. Миний “Монгол хүүхэд бүрийг хөгжүүлнэ” гэдэг үндсэн зорилт байна. Энэ зорилтыг дараагийн сайд яагаад ч унагахгүй байхгүй юу. Яахын, “талыг нь хөгжүүлнэ ээ” гэх юм уу.

-Бас нэг цоо шинэ хөтөлбөр гаргаж ирээд л энийг хэрэгжүүлнэ гээд унавал яах вэ?
-Боловсрол гэдэг сайдын өрөөнд ямар бодлого дэвшүүлж, ямар боломж гаргаж байгаагаас илүү анги доторх хичээл, үйл ажиллагаа бүхнийг шийддэг. Анги дотор байгаа хүмүүст л урам өгсөн надаас илүү уран бодлогыг дараагийн сайд бодож олно шүү дээ. Энэ чинь амьд организм. Яг энэ мөчид Европын холбоо, Арабын нэгдсэн улсад ч юм уу, нэг эрдэмтэн яаж боловсролын системээ сайжруулах вэ гээд бодоод судлаад сууж л байгаа. Тасралтгүй хөгжил гэдэг боловсролд зайлшгүй чухал. Ганц юман дээр л битгий ухраасай. Багш нарыг шалгадаг хянадаг гэдэг үгийн дор багшийг цоожилдог. Дэлхий нийтээрээ л ийм. Багшид цалин өгч байгаагийнхаа хариуд хянадаг. Менежментийн ухаанд “нэг бол чи дурангаар байнга хар, нэг бол бүрэн итгэ” гэдэг үг бий. Завсрын юм гэж байхгүй. Цалин өгч байгаа бол нэг бол камераар харах ёстой, нэг бол бүтэн итгэх ёстой. Түүнээс хараагүй байж хоёрын хооронд мөрдлөг явуулаад дэмий. Сайд нь очиж мөрдөхгүй ш дээ. Хаа нэг газрын байцаагч очиж дарамтална. Гэхдээ энэ бол монголын зовлон биш. Кембрижийн сургуулиуд ч ийм. Орос, хятад, япон бүгд ийм.

-Багш нарын урмыг битгий хугалаасай л гэсэн үг үү?
-Багш нарыг хянадаг тогтолцоог л дараа дараагийн хүмүүс битгий хийгээсэй гэж хүсч байна.

-Та бол бүрэн итгэдэг үү?
-Би бүрэн итгэлийг бий болгохын төлөөх тэмцэл хийж байна. Боловсролын сайдаас эхлээд мэргэжилтнүүд гээд олон арван жил ажиллачихсан хүмүүс, дүүрэг, нийслэлийн боловсролын газрынхан, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч гээд том том дарга нар байна. Энэ чинь өөрөө л хяналтын маш том функц. Энэ функцыг багшийг хянадаг биш хөгжүүлдэг функц болгохын төлөө тэмцэж байгаа юм. Миний болон манай багийнхны хийж байгаа шинэчлэл бол дэлхийн бас л нэг түүх болж үлдэнэ. Тэр бол багш нар өөрийнхөө эрхийг олж авах том ялалт юм. Өнөөдөртөө бол ялчихаад байна. Гагцхүү энэ ялалт удаан үргэлжлэх хэрэгтэй. Мэргэжилтнүүддээ би “Та нар тэр ангид очиж хичээл заахгүй биз дээ, тийм байж тэр багшийг яаж, хэзээ заасан гээд бүхнийг удирдан чиглүүлнэ гэвэл бүтэхгүй. Хүрэх үр дүн, “Цөм” хөтөлбөрийг нь тавиад үр дүнг нь л хар. Муу үр дүн үзүүлвэл тэр багшийг халж, чөлөөлөх эрхийг захиралд нь олго. Муу багшаа халж чаддаггүй юм бол захирлыг нь халж чөлөөлөх эрхийг дүүрэг аймгийнх нь удирдлагад өг” гэж хэлдэг юм.

-Уг нь их хялбархан юм байна шүү дээ.
-Их энгийн. Тухайн дүүрэг, аймаг, сургуулийн л асуудал. Асуудал нь өөрсөд дээр нь буухаар ард түмэн боловсролд ээлтэй хүнээ л сонгоно. Нөгөө хүн ч ажилдаа анхаарлаа хандуулна. Бүх зүйлийг өмнөөс нь шийдээд, шийдэхийг оролдож, дүрдээ итгээд явах нь тийм ч зөв алхам биш.
БИДЭНД САЙН БАГШ БЭЛТГЭХ ШААРДЛАГА БОЛОН БОЛОМЖ ОДОО Л ГАРЧ ИРЖ БАЙНА
-Саяхан багш нараас монгол хэлний шалгалт автал ташраараа унаж харагдсан. Багш, эмч, сэтгүүлчид муу байгаа нь боловсролын салбарын л буруу гэж бодоод байгаа юм. Муу багшийн шавь, багш болоод эргээд бүр муу шавь төрүүлээд байдаг. Энэ чөтгөрийн тойргоос хэрхэн гарах вэ?
-Ер нь дэлхий даяараа бичгийн чадвар унаж байгаа шүү дээ. Сайн хүмүүс нь хэвээрээ л байгаа.

-Гэхдээ багш нар сайн байх ёстой юм биш үү?
-Тийм л дээ. Би тайлбарыг нь хэлье. Мэдээллийн технологи хөгжсөн үеийнхэнд хуулан бичиг хийхээс илүү хийх ажил маш их байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Телевиз үзэж, гар утсаараа мессэж бичиж, интернэтээр хэсч байна. Дэлхий даяараа ийм асуудалтай тулгарч байна. Энийгээ “дундчуудын бичиг үсгийн төгс байдал алдагдлаа” гэж нэрлээд байгаа юм. Сэтгүүлчдийг шүүмжлээд байдаг. Сэтгүүлчид өдөр бүр сонин, мэдээ гаргаж байна шдээ. Сайт хэд байна?

-Зуу гаруй.
-Зуун сайт дунд үг үсгийн алдаа гаргадаг сайтууд байлгүй яахав дээ. Хуучин бол ганцхан “Үнэн” гэдэг сонин байлаа. Ганц сонин дээр алдаа гаргалгүй ажиллачихаж чадалгүй яахав. Үсгийн алдаа засдаг хүн ч ажилладаг байсан. Гэтэл сайтын эзэд үсгийн алдаа засдаг хүн ажилд авч, тэр сул орон тоонд зориулж цалин өгөх чинь хэцүү биз дээ. Энэ амьдрал шүү. Бид одоо амьдралыг бодитоор харж сурах, бүхнийг төгс байлгадаг үлгэр шиг юм ярьдагаа болих хэрэгтэй. Гэхдээ нөгөө талдаа зорилт байх ёстой. Бид алдаа гаргадаггүй хөгжил рүү явах шаардлагатай. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Жишээ нь, анх удаа л бид монгол хэлний шалгалт авч үзлээ. Энийгээ тогтмолжуулаад сайжруулах хэрэгтэй. Дээд боловсролтой болохын тулд чи монгол хэлэндээ сайн байх ёстой гэдэг шаардлага тавих нь зүй ёсны асуудал болчихоод байна. Ийм шаардлага түрүүнд нь тавьдаггүй байлаа.
Багшийн чадварын асуудал нэг хэсэг унасан үнэн. Эдийн засгийн хүнд цаг үед бүх хүн наймаанд явсан. Дараа нь гайгүй сурдаг хүмүүс хамгийн өндөр цалин авч болох мэргэжлүүдийг сонгосон. Нэг үгээр хэлбэл сурлага сайтай хүүхдүүд багшийн мэргэжлээс зугатаасан. Тийм учраас бид тэр сурлага сайтай нөхдүүдийг багш болгож авья гэдэг хөдөлгөөнийг өрнүүлээд хоёр жил болж байна.
Энэ хугацаанд би 2000 онц сурдаг хүүхэд багшийн сургуульд авчихлаа.

-Яаж тэр вэ?
-Төлбөрийг нь Засгийн газар төлж байна. Одоо гол нь энэ авсан 2000 оюутнаа чанартай багш болгоод авахын тулд ажиллаж байна. Үүний тулд Боловсролын их сургууль бүх өөрчлөлтөө энэ асуудалд чиглүүлж байгаа. Яавал хүүхдийг хайрладаг багш болгохов, яавал багш гэдэг мэргэжилд нь дурлуулах вэ гэдэг дээр ажиллаж байна. Зарим мэргэжилтэн бүр надад “эд нарыг багшаас өөр ажил хийж чаддаггүй болгох хэрэгтэй” гэнэ ээ /инээв/. Гэхдээ энэ бол амьдрал байхгүй юу. Бидэнд сайн багш бэлтгэх шаардлага болон боломж одоо л гарч ирж байна. Энэ жив хоёр дахь удаагаа элсэлт авахад боловсролын их сургуулийн элсэгчдийн дундаж оноо 615 байлаа шүү дээ. Өмнө нь 500 хүрдэггүй байсан сургууль. Жижигхэн сэдэл дээр маш том өөрчлөлт гардаг. Бүр 800 оноотой хүүхэд ч багш болно гээд орж л байгаа. Үнэхээр багш болох сонирхолтой байна.
Багш мэргэжил дээр бид “та багш болвол ажлын байр бэлэн байна. Бусад мэргэжил дээр чинь ажлын байр хэцүү байна шүү” гэдэг сурталчилгааг хүртэл хийж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрөө сураад сурчихсан тэр хэсгийг бид багшийн сургуульдаа элсүүлж байгаа хэрэг. Мэдээж ирээдүйд бүгдээрээ сайжраад ирэхээр сайн, муу багшийн тухай яриа гарахгүй.
ХҮҮХЭД ЗОДСОН БАГШИЙГ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ӨӨР ЯМАР Ч АРГА БАЙХГҮЙ
-Багшлах эрхийг ямар хүн авдаг юм бэ. Сургуулиа төгсөөд л багш болчих уу?
- Багш болчихсон хүндээ бүх талаараа хайр халамж, туслалцаагаа үзүүлье, нөгөө талаараа тийм амархан багш болчихгүй гэсэн хоёр зарчмыг баримталж байна. Та нарын хэлээд байгаа багшаар ажиллах эрхийн шалгалт анх удаа зохион байгуулахад мянган хүнээс 40 хувь нь  тэнцэж үлдсэн бусад нь шалгалтанд унаж байна. Эхэлж шалгалтанд ороод уначихсан хүмүүс “биднийг шалгахгүй гээ биз дээ” гээд ууртай байсан. Уучлаарай, ажлын чинь араас мөшгөхгүй гэсэн болохоос таныг багшлуулах уу, үгүй юу гэдгээ бид шийднэ.
.
“Би бас юм мэддэг байх ёстой юм байна, мэдлэгээ үргэлж шинэчилж байх ёстой юм байна” гэж багш болох хүсэлтэй хүмүүс ойлгож байна. Дараа дараагийн багш нар яг энэ шүүлтүүрээр гарцаагүй орно. Түүн дотор нь мэдээж монгол хэлний шалгалт багтана. Гэртээ очоод хүүхдийнхээ юу хийж байгааг нэг анзаар. Хүүхдийг жаргалтай л байлга. Хүүхдээ яаж өөрөө дурлаж хичээлээ хийдэг болгох вэ гэдэг дээр залуу ээж, аавууд анхаарах болохоос толгой руу нь цохиод ном сурдаг цаг ерөөсөө биш гэдгийг сайн ойлгоорой. Бид ч тэгж сураагүй. Тэгж сурснууд нь амжилт гаргаагүй байхгүй юу. Бүх их дээд сургууль төгссөн хүмүүс яаж сурснаа нэг бод. Багш нар гар хөлийг чинь цохиж нүдээд, аав ээж чинь хүлж суулгаж сургаа юу. Тэгж сурсан хэсэг нь дахиад өөрийнхөө гаргасан амжилтыг бод. Хүний үгээр, хүчээр ном сурсан хүн амжилт гаргахад хэцүү. Үнэхээр сурах сонирхолтой хүүхэд бол өөрөө билетээ уншиж өдөржин суудаг л байсан. Тэр хэсэг нь бол сайн сурсан. Тэгэхээр яаж сонирхолтойгоор хүүхдээ сургах вэ гэдгээ л бодох хэрэгтэй.

-Багшийн ёс зүйн талаар асуумаар байна. Цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутан байхдаа л цэцэрлэгийн хүүхэд зодчих юм. Дунд сургуулийн биеийн тамирын багш нар хүүхдүүдийг зоддог гэх гомдол маш их ирж байна. Дээд сургуулийн залуухан багш нар нь оюутандаа дурлачихаад “хамт хоолонд орохгүй бол унагаана” гэдэг гэх юм. Ийм аймшигтай, багш хүнд байж боломгүй ёс зүйн алдаа маш их гарч байна. Мэдээж мэдээллийн бүх суваг нээлттэй болсноор энэ гомдол бидний чихэнд илүү ихээр хүрдэг болсон байж болох юм. Гэхдээ бидний үед багш хүүхдүүдийн өмнө ямар хувцастай гарах вэ гэдэг нь хүртэл тусгай асуудал байсан санагдана. Ер нь багш нарын ёс зүйн тал дээр Боловсролын яам ямар байр суурь баримталдаг юм бэ?
-Багш нарын ёс зүйн дүрэм гэж байгаа. Энэ дүрмээ л хаа сайгүй баримталдаг болох хэрэгтэй. Хоёр зүйл байгаа юм. Багш нараас гарч байгаа араншин бүх л газар байгаа. Автобусан дотор бөөн хэрүүл, таксины жолооч хүртэл зорчигчтойгоо улстөр яриад л хэрэлдээд байдаг. Одоо манай нийгэмд бие биетэйгээ соёлтой харьцдаггүй, хүлээцтэй тэвчээртэй ханддаггүй нийтлэг дутагдал байна. Багш нар тусдаа хүмүүс биш шүү дээ. Нийгмийн л нэг хэсэг. Тийм учраас бид болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ бид таны ярьсан шиг ёс зүйн алдааг огт гаргахгүй байх тал дээр хичээж ажиллаж байна. Хүүхдээ зодсон багшийг явуулах хэрэгтэй, өөр ямар ч арга байхгүй. Энэ цаг үед хүүхэд зоддог багш гэж байх ёсгүй. Тэрийг хүлээн зөвшөөрдөг аав, ээж ч байхгүй дээ. Багш нарыг хүүхэд зоддоггүй болгох тал дээр сүүлийн арав гаруй жил маш их ажил хийгдсэн. Цаашдаа хамгийн чухал хийх ажил бол бид нийгмийн ажилтнуудаа сэтгэл зүйч болгох гээд байгаа юм. Сургуулийн нийгмийн ажилтан сэтгэлзүйч болсноороо хулгай хийдэг, худлаа хэлдэг, гадуур тэнэдэг, элдэвт донтож байгаа хүүхэд болон зан харилцааны доголдолтой багш нартай ажилладаг болно. Багш хүний мөрдөх ёстой энгийн ёс зүйг бүх хүнээрээ мөрдүүлэхийн тулд тэдэнд бид туслах л хэрэгтэй. Уурыг яаж дарах, яаж тэвчээртэй байх, хэцүү хүүхэдтэй яаж харьцах зэрэгт тэр хүмүүстээ сэтгэл зүйн зөвлөгөө өгч тусална.
Боловсролын шинэчлэлд бидний хийж байгаа ажлын чухал үр дүн хаана гарах вэ гэхээр багш хүн багшлахаасаа илүүтэй хүүхдийг суралцахад туслагч болоход илэрнэ. Байр суурийн хувьд жаахан өөр болж байна аа даа. Багш нар хүүхдүүдээ хүүхэд гэж харахаас илүү хүн гэж харж харилцаанд орж, ний нуугүй ярилцаж эхлэх хэрэгтэй болж байна. Амьдралынхаа туршид багшилсан хүн ангидаа орохдоо хүүхдүүдийг найзаа гэж хардаг. Цэцэрлэгийн багш нар бол бүр гурван настай хүүхэдтэй хүртэл жинхэнэ найзууд шиг ярилцдаг.
Тэгэхээр би дахин дахин хэлмээр байна. Боловсролын салбарын шинэчлэлт явагдаж байна. Хүнийг нэг л өдөр өөрчилчихнө гэж худлаа хэлж болохгүй. Цаг хугацаа шаардлагатай.

-Багш нарын цалин ойрын хугацаанд нэмэгдэх үү?
-Бүх хүүхдээ сургах зорилтоо биелүүлэхийн тулд улс орны эдийн засаг даахгүй ачааг нуруундаа үүрч байна. Үеийн үед л ийм байсан. Сургуулиуд нь хоёроос гурван ээлжээр хичээллэнэ, багш нар нь хөдөлмөрөө бодитоор үнэлүүлж амжихгүй, ангийн даац их. Энэ бүхэн улс орны эдийн засагтай л холбоотой. Улс орны эдийн засгийн өсөлт ямар байна тэр хэмжээгээр бид багш нарынхаа тоо, цалинг нэмэгдүүлж, орчинг нь сайжруулна. Түүнээс агаараас гэнэт буулгаад тэд болгоно гэж худал амлалт өгч болохгүй. Төрийн албан хаагчдын өсөлтийг дагаад өнгөрсөн жил нэмсэн, ирэх жил ч бас багахан хувь нэмэх л байх. Би залуу багш нартаа “та нар л сайн хүн бүтээвэл улс чинь баян болж, чиний цалин хэд дахин нэмэгдэнэ” гэж хэлдэг юм. Дахиад арав, хорин жилийн дараа багш нарын цалин бага, амьдрал хэцүү байна гэж ярихгүйн тулд одооноос л монгол хүнийг сайн боловсруулах хэрэгтэй.
БИД 2021 ОНООС ПИСА ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
-Манай улс боловсролын түвшингээрээ дэлхийд хаагуур яваа вэ?
-Боловсролын салбарт үзүүлж байгаараа амжилтаараа бид байнга урагшилж байгаа. Бид дэлхийд хэддүгээр байранд байна вэ гэдгийг харахын тулд 2021 оноос олон улсын боловсролын (ПИСА) үнэлгээнд хамрагдахаар төлөвлөж байна. Энэ үнэлгээнд хамрагдаад эхэлвэл боловсролын түвшин маань дэлхийд өрсөлдөхөд хаана байна гэдгийг бодитоор харах бололцоотой болно. Харин хүртээмжийн хувьд зарим нэг хүн ам олон, мөнгө төгрөг ихтэй улс орныг хүртэл гүйцчихсэн байдаг. Ер нь бид боловсролын салбарт олсон ололтоороо аль ч цаг үед ухарч байгаагүй.

-Сурах бичиг үргэлж л асуудал дагуулах юм. Ямар хүмүүс сурах бичгийг гаргадаг болохоор ингэдэг юм бэ. Энийг таслан зогсоож болохгүй гэж үү?
-Сурах бичгийг хамгийн сайчуул нь л хийж байгаа. Хэний ч бичсэн ном, зохиолыг хөндлөнгөөс хүн шүүмжилж болдог. Чиний бичсэн нийтлэлийг ч, миний ярилцлагыг ч шүүмжилнэ. Мэддэг хүн монголд хэт их болчихоод, чаддаг нь цөөхөн байна. Манай дээд боловсролын шинэчлэл чаддаг монгол хүнтэй болохын төлөө явж байгаа. Гэхдээ би одоо хийж байгаа ажлаа ертөнцийн гайхамшгийг хийж байгаа гэж зөрүүдлэхгүй. Хоёр баг өрсөлдөөд аль чадалтай нь сонгогдож байна. Ялагдсан баг нь ялсныгаа шүүмжилж байгааг харчихаад сурах бичиг муу болчихож гэж хэлж болохгүй л дээ. Хэрвээ ялагдсан багаар нь хийлгэсэн бол бүр муу сурах бичиг гарна. Саяхан нэг сурах бичгийн шүүмжлэл дээр казиногийн тухай сурах бичигт оруулж гэж байна лээ. Казино мэддэггүй хүүхэд гэж байхгүй биз дээ. Тэгж өөрсдийгөө худлаа басч, доромжлох дэмий. Хүүхдүүд биднээс их юм мэдэж байгаа. Манай бага хүү тавдугаар анги. Хичээл нь өдөр 15.00 цагт тараад гэртээ харьдаг. Миний ажил 22.00, 23.00 цагт тарна. Тэр хооронд тэр хүн долоо, найман цаг зурагт үзэж байна. Би гэтэл үзэхгүй. Тэгэхээр надаас лав илүү юм мэдэж байгаа. Хүүхэддээ үзүүлэхгүй гээд зурагтаа гаргаж хаялтай биш, компьютероос хол бай гэлтэй нь биш. Манай ахмад дээр үеийнхэн үр хүүхдэдээ хэлж, үзүүлэхийг хүсдэггүй байсан бүх мэдээллийг энэ мэдээллийн хэрэгслүүдээр зүгээр л цацчихаж байна.  Хамгийн гол зүйл бол сурах бичгээр дамжуулаад өгөх ёстой мэдлэгээ өгнө.

-Хувийн дунд сургуулиуд зарим нь дэлхийд байхгүй төлбөр тавьчихаад сууж байх юм. Өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиудад сурч буй хүүхдүүд сурлагаараа үнэхээр цойлж гарахаар байж чаддаг уу. Энэ дээр ямар хяналт тавьж ажилладаг вэ?
-Сурч байгаа шүү. Төрд үнэгүй сургууль байхад тэрийг сонгохын оронд төлбөртэй сургуульд сургана гэж байгаа бол тэр хүний л асуудал. Хоёр хүний хоорондын хэлэлцээ рүү бид дундуур нь ороод байх хэрэггүй л дээ. Харин хэт өндөр төлбөртэй бол урсгал зардлын татаас өгөхөө больё гэсэн яриа бол байгаа.
ТВИТТЕР БОЛОН ФЭЙСБҮҮКЭЭР ИРГЭДЭЭС САЙДАД ТАВЬСАН АСУУЛТАНД ХАРИУЛТ АВЛАА
-Идэр есийн хүйтэнд, ид утаан дунд хүүхдүүдийг амрааж болдоггүй юм байх даа гэсэн асуултыг  @lkerdene тавьжээ.
-Би сайд болсон өглөөнөө хамгийн түрүүнд хийсэн ажил бол өвлийн утаан дотор аль болох урт амралт гэдэг зарчмыг хэрэгжүүлж, хүүхдүүдийн өвлийн амралтыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Энэнээс урт болгох гэхээр зуны цагт монгол хүн тарга тэвээрэг авдаг гэдэг онол байдаг юм байна. Мөн сургалтын ашиглалтын асуудал байдаг. Өвөл дулаан цахилгааныг нь тасалж болдоггүй болохоор хоосон байшин ажиллуулах болчих гээд. Тэгэхээр энэ хоёр асуудлыг авч үзээд байж болох хамгийн боломжит хувилбарыг сонгосон хэрэг.
Сурв: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн 2012 оны арванхоёрдугаар сарын 11-ний тушаалаар сурагчдын өвлийн амралтыг сунгаж нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид таван долоо хоног, дунд ангийн сурагчид гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид хоёр долоо хоног амардаг болжээ.
-Ерөнхий боловсролын сургуулиуд дотор гаазтай ундаа, чипс зарахыг хориглож болдоггүй юм уу гэж @G_Natsagdorj асууж байна.
-Болно, асуудалгүй. Багш нарын ажлыг хэд хэдэн үзүүлэлтээр дүгнэж байгаа. Тэрэн дотор эрүүл мэндийн асуудал багтана. Багш нар “хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг бид яахаараа хариуцдаг юм” гээд багахан гомдолтой байгаа. Багш хариуцна гэдэг сургууль хариуцна гэсэн үг. Тэгэхээр сургууль дотор юу зарах вэ гэдгийг тэд хариуцлагатайгаар бодож эхэлсэн.
-Цэцэрлэгийг есдүгээр сарын 1-нээс, ерөнхий боловсролын сургуулийг есдүгээр сарын сарын 15-наас, их дээд сургуулийг аравдугаар сарын 1-нээс хичээлийг нь эхлүүлж болдоггүй юм уу гэдэг саналыг @tsbat_IT  тавьсан байна. Тайлбар нь, хөдөө орон нутгийн оюутнууд наймдугаар сар гарангуут л хичээл эхэллээ гээд хот явчихдаг. Гэтэл ард нь намрын болоод өвлийн бэлтгэл гэж өчнөөн ажлыг настайчууд нь хариуцаад үлддэг. Нөгөө талаасаа хот нэг л өдөр гэнэт ачааллаа даахаа байтлаа бөглөрөөд байх шаардлагагүй болно гэж үзэж байгаа юм.
-Сайн санал байна, болно. Их сургуулиудын багш нар, удирдлагуудтай ярилцах хэрэгтэй. Заавал аравдугаар сар гэлгүйгээр есдүгээр 20-ноос оруулдаг болсон ч болохоор юм.
Их сургуулиудын багш нар, удирдлагуудтай ярилцах хэрэгтэй. Заавал аравдугаар сар гэлгүйгээр есдүгээр 20-ноос оруулдаг болсон ч болохоор юм.
-Зургаан настай хүүхдүүдийг орон нутагт амьдруулахад хэцүү байна гэсэн асуулт ирсэн. Энэ асуудлыг монголынхоо онцлогт тохируулаад өөрчлөх боломжтой юу?
-Зургаан настай хүүхдүүдийг хүчээр авахгүй. Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гаргаад зургаан настнуудын дотуур байрны орчинг тохижуулах ажлыг хийж байна. Наад зах нь зургаан настнуудыг хариуцсан дотуур байрны багштай болох, эцэг эх нь ирсэн үед хүүхэдтэйгээ гурав дөрөв хоночих боломжийг нь олгох зэргээр аль болох хүүхдийг тав тухтай байлгах талаас нь анхаарч байна. Хэрвээ хүүхдээ зургаан настайд нь оруулахгүй гэвэл сургууль дээр нь аваачаад бичиг үсэг тайлуулж нэг сар болгоод, гэрийн даалгавар аваад, таван сарын дараа дахин нэг сар сургуульд сургаж болно. Сургууль бүр өөрийн бодлогоор зохицуулах боломжтой. Нөгөө яриад байгаа сургуулийн бие даасан байдлын ид шид энэ дээр гарч ирэх юм.
-Баян-Өлгийн хүүхдүүдийн монголоор ярих чадвар улам бүр муудаад байна. Энэ асуудалд Боловсролын яам ямар байр суурьтай байгааг @sdavaa2002 асуусан байна.
-Ийм хандлага тогтоод удсан юм билээ. Үндсэн хуулиа бариад Баян-Өлгийн хүүхдүүд казак хэл дээр ном сурах бололцоог нь хангаж өгсөн. Ингэснээр залуус нь монгол хэлгүй болох аюул бий болсон. Монгол хэлнийх нь сургалтыг сайжруулах шаардлага байна. Дээр нь цэвэр монгол хэлээр сургадаг сургууль хүртэл байгуулах хэрэгтэй. Энэ бүх ажил хийгдэж байна. Манай яамны хүмүүс монгол хэлийг сайжруулах хөтөлбөрийг аймгийнх нь удирдлагатай хамтраад хийж байгаа. Энэ хөтөлбөрөөр багш нарынх нь монгол хэлний чадварыг сайжруулах, монгол хэлний сургалтыг яаж чанаржуулах вэ зэрэг сургалтууд явна. Гэхдээ энэ бол өөр хэн нэгэн санаа зовох зүйл биш л дээ. Баян-Өлгийн хүүхдүүд болон аав, ээж нь санаа зовох асуудал юм. Хүүхэд нь сайн боловсрол эзэмшиж, эх орныхоо аль орлоготой, хөгжилтэй газар очиж ажиллах хэрэгтэй. Үүний тулд гарцаагүй монгол хэлээ сайн эзэмшсэн байх ёстой юм. 
Гэхдээ энэ бол өөр хэн нэгэн санаа зовох зүйл биш л дээ. Баян-Өлгийн хүүхдүүд болон аав, ээж нь санаа зовох асуудал юм.
-С.Дэмбэрэл гишүүн энэ асуултыг тавьсан юм. Их дээд сургуулийг яагаад чөлөөлчихөж болохгүй байгаа юм бэ. Б.Болд-Эрдэнэ багш бас саяхан “бидэнд академик бүү хэл эрх чөлөө алга” гэсэн ярилцлага өгсөн байсан?
-Эрх чөлөө бүрэн байгаа. Байхгүй гэж хэлж байгаа бол зүгээр шалтаг. Сургуулийнх нь бүтэц зохион байгуулалтанд бид оролцоогүй. Гэхдээ хэд хэдэн юманд оролцоно.Нэгдүгээрт, элсэлт ил тод явагдана, арын хаалгагүй болно. Сургалтын хөтөлбөрөө өөрсдөө боловсруулсан юм шүү дээ. Энэ чинь эрх чөлөө өгсөн хэрэг биш үү. Урьд нь яам боловсруулдаг байсан. Одоо бол багш нар өөрсдөө оролцоод, бодоод, боловсруулсан. Тэр хөтөлбөрөөрөө энэ жил элсэлт авсан. Тэгэхээр би арын хаалгаар элсэлт авахгүй. Ил тод байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Энэ жил анх удаа онлайн элсэлт авлаа. Хоёрдугаарт, суралцах процесст хуурамч дүн тавихаас сэргийлсэн хяналтын функц хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, сургалтын ихэнх нь чаддаг хүн болгохын төлөө явагдана. Багш хэлж өгөх биш хүүхдээрээ ажиллуулж, уншуулж, судлуулна. Дөрөвдүгээрт, та бүхэн судалгааны ажил хий. Бид дэмжинэ гэж байгаа. Тавдугаарт, судалгааны ажлаа борлуулж, өөрийн орлоготой бол. Технологи үйлдвэрлэх ёстой болохоос хүнд ном заах гээд яваад байвал хэт өрөөсгөл. Өөрөөр хэлбэл их сургууль өөрөө эрдэм шинжилгээний байгууллага болж хөгжих ёстой юм. Ийм болзлуудыг бид тулгаж байгаа. Төрийн өмчийн сургуулиудыг хувьчлаач гэсэн санаа байж магадгүй юм байна л даа. Хувьчлалыг хийж болно, тэр асуудалгүй. Хамгийн гол нь төрийн өмч байхдаа төрөөс дэмжлэг авч  илүү сайн хөгжих боломжтой. Илүү сайн хөгжих боломжоос зугатах хэрэг байгаа юм уу. Улаанбаатарын төвд байгаа сургуулиуд асар үнэтэй. Хэн ч худалдаж авч дийлэхгүй. Үнэгүй өгье гэхээр хэтэрхий шударга бус.
Хэнд өгөх юм. Менежментээр авья гээд байгаа юм. Яаж авах юм. Төрд байснаараа их сургуулиуд хямраад байгаа юм байхгүй. Хариуцлагын л асуудал. Сургууль удирдаж байгаа хүмүүс л хариуцлагатай бай л даа. Төрийн өмчинд байгаа учраас сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг яам хийж байгааг “бидэнд эрх нь алга байна” гэж тайлбарлаж байгаа бол тэрэн шиг худлаа юм байхгүй ээ. Шалгаруулалтанд орсон үнэхээр чадалтай хүмүүс нь л ялсан. ШУТИС-ийн проектр байсан Очирбат, МУИС-ын проектр байсан Галтбаяр шалгаруулалтанд ялсан. Хэн ч Галтбаяраас өндөр оноог англи хэлэн дээр аваагүй шд. Төрийн албаны зөвлөлөөс суулгаж байгаад шалгалт авахад бид ч давж авч чадаагүй. ЭМШУИС дээр Батбаатар ялсан. Тус сургуулийн био анагаахын захирал байсан. Ялгаа байхгүй хамгийн өндөр оноог л авсан юм билээ. Түүнээс энд улстөрийн томилгоо  хийсэн асуудал огт байхгүй. Ялагдагчдад бусад нь муухай юм шиг санагдаж байгаа байх. Тэгэхээр өөрсдөө шалгаруулалтанд ор, даваад гараад ир. Хэн ч саад болохгүй.
ӨНӨӨДРИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН МАШ БОГИНО ХУГАЦААНД ГАРНА
-Харвардад Хятад оюутны тоо хэт их болоод тоог нь хязгаарлах хүртэл асуудал яригдаж байгаа гэнэ билээ. Үнэн худлыг мэдэхгүй л дээ. Гэхдээ Хятадын засгийн газрын бодлого л үүний цаана харагдаад байгаа юм. Манай улс ирээдүйн өндөр боловсролтой хүмүүсийг бэлтгэхийн тулд дэлхийн нөлөө бүхий их дээд сургуулиудад мэргэжилтэн бэлтгэх асуудалд хэр анхаарлаа хандуулдаг вэ?
-Бид энэ жил дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд суралцах урилга авсан 100 оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Энэ ажилд зориулж 7-8 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн MIT, Стэнфорд, Харвард, Лондонгийн бизнесийн сургууль, Кэмбрижийн их сургуулиудтай хамтран ажиллаж байна. Дэлхийн сор болсон шинжлэх ухааны байгууллагуудтай нягт хамтын ажиллагаатай болж байна. Мянган инженерээ Японд сургахаар боллоо. Японы хэд хэдэн их сургууль монголд ирж хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Германаас манай улсад технологийн сургуулиа байгуулчихлаа. Бид технологи, инженерийн чиглэлээ герман, япон, шинэ мэдлэгийн чиглэлээ MIT, Стэнфорд, нийгмийн ухаан талдаа Харвард, Лондонгийн бизнесийн сургуультай гээд дэлхийн томчуудтай хамтарч байна. Нобелийн шагналтнуудыг төрүүлдгээрээ алдартай Японы Регэн, Нагояагийн их сургуультай хамтарч байна. Удахгүй Монголоос нобелийн шагналтан хэдэн арваараа төрнө. Яг жүдогийн дэлхийн аварга болж байгаа шиг. Энд эргэлзэх зүйл огт байхгүй. Бид энэ зорилго чиглэл рүүгээ төсвийн хэдэн хувиа зарцуулаад, эрдэмтэн судлаачдынхаа хандлагыг чиглүүлэх л асуудал байна.
Энэ жилээс бид дэлхийн түвшний лабораториудыг дээд боловсролын байгууллагууд дээрээ байгуулж эхэллээ. Энэ дээр дэлхийн тэргүүлэх судалгаанууд хийгдэнэ. Үр дүнг нь зарлаад ирэхээр дэлхий дахины хосгүй чадвартай аавын охин, ээжийн хөвгүүд өөрсдөө ирж ажиллахыг хүснэ. Энэ бол баталгаатай. Тийм цаг их ойрхон ирж байгаа.
-Цаашид хийх ажлаасаа товч дурьдаач гэвэл?
-Дээр хэлсэнчлэн, дэлхийн шилдэг 100 сургуульд элсэж байгаа оноог нь харахад манай улс үнэхээр дээгүүр байна. MIT-д гэхэд л манай Баттүшиг 160 гаруй мянган залуусаас нэгдүгээр байранд жагсаж тэнцсэн. Дараагийн Баттүшиг манай улсад хэдэн арав, зуугаараа бий. Тэгэхээр бидэнд шинэ мэдлэг бүтээдэг улс болох боломж байна. Ийм болчихвол бид шинэ мэдлэгээ хэрхэн тээвэрлэх талаар хоёр хөршөөсөө гуйхгүй, хөрөнгө оруулагчийг гуйх шаардлага ч байхгүй. Тэр хүмүүс, тэр мөнгө өөрсдөө ирнэ. Энэ рүү л хүүхэд бүрийн хөгжил гэх бодлого, дээд боловсролын байгууллагыг шинжлэх ухааны байгууллага болгоё гэх зорилт хоёр тэмүүлээд байгаа юм. Олон ажил хийгдэнэ, хийгдэж ч байна.
Боловсролын хүртээмжийн амжилтаа алдаж болохгүй. Монгол хүүхэд бүр сургуульд сурдаг, цэцэрлэгт хамрагддаг, хүсч хичээвэл дээд боловсролоо эзэмшиж болдог болгохын төлөө ажиллаж байна. Тэр хүсэлтийг нь зуун хувь биелүүлдэг байх боломжоор бид хангах ёстой.
Сүүлийн хоёр жилд 200 физик, химийн лаборатори авлаа. Энэ жил 50 гаруй сургуулийг смарт болгох гэж байна. Бүх сургуулиа интернэтэд холбоно. Энэ нь монгол улсад анхны удирдлага мэдээллийн том системийг бид яаман дээрээ өөрсдөө хийж байна. Сая хүн зэрэг хандаж болдог мэдээллийн системийг анх удаа нэвтрүүлэх гэж байна. Ирэх жилээс зуун хувь ажиллаад эхлэх юм бол монголын мэдээлийн технологи дэлхийн хэмжээнд хүрсэн гэдгийг дэлхийд батлах том ажил болно. Энэ салбарт байгаа сая хүний харилцаа маш энгийн, ойлгомжтой, ил тод болно. Дээд боловсролын байгууллагуудын бүх хичээл онлайн болно. Заавал ангид очиж багшийн яриаг сонсох биш, хичээл үзэж, номоо уншчихаад адилхан мэдээлэлтэй хоёр хүн мэтгэлцэх нь байна. Бид ийм л сургалтыг хүсч байна. МУИС дээр энэ жилээс оюутнууд хичээл, багшаа сонгож эхэллээ. Тэгэхээр багш нарын дунд эрүүл өрсөлдөөн гарч эхэлнэ. Багш нар маань дэлхийн хэмжээний судлаач болохгүй бол манай дээд боловсролд өгч байгаа мэдлэг хуучин байна. Зарим нь бүр 1980 оны хичээлээ хүртэл заадаг багш байна гэнэ. Тэгэхээр бидэнд хийх ажил маш их байна.
Шинжлэх ухааны чөлөөт бүс болох ёстой, ингэхийн тулд шинжлэх ухааны паркаа байгуулах хэрэгтэй. Их сургуулиуд маань энэ ажил руу ханцуй шамлаад орчихсон байна. Дараа нь бид шинжлэх ухааны хотоо байгуулах ажил байна. Хийх ажил их, хийх хүмүүс нь монголд байна. Ганцхан зүйл байна шинжлэх ухааны судалгаа хийх хамгийн шилдэг технологи, орчинг бүрдүүлэх хэрэгтэй.
-Их ажлынхаа хажуугаар уншигчдыг маань хүндэтгэн цаг гарган ярилцсанд баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд манай уншигчдад хандаад та юу хэлэх вэ?
-Аливаа улсын хөгжлийн хэрэгцээнд боловсрол хамгийн чухал байдаг. Жишээ нь дайны байдалд байгаа хүмүүс боловсролоороо дамжуулж дараа үеийнхээ эх оронч цэргүүдийг бэлтгэдэг. Хүн ам ихтэй аж ахуй ихээр эрхлэхийг зорьж байгаа улс боловсролоороо дамжуулж маш сайн ажилчин ангиа бэлтгэдэг. Сайн дарангуйлагчтай улс орон үг дуугүй гүйцэтгэгч нарыг бэлтгэдэг. Харин бидний энэ цаг үед бий болж буй боловсролын захиалга бол хүүхэд бүрийг хөгжүүлэх. Монгол орон мэдлэг үйлдвэрлэгч орон болоход зориулж захиалагдаж байгаа хэрэг. Бид түүхий эд нийлүүлэгч орон болох гэж олон жил үзлээ. Гэтэл бидний мэдээд байгаа шиг тэр хөгжил ирэхгүй байна. Очиж зугаалаад байдаг улс орноосоо илүү хөгжихийн тулд тэднээс илүү чадалтай хүмүүсийг л төрүүлэх хэрэгтэй. Гэхдээ үй олноор нь. Яагаад гэвэл бид цөөхүүлээ учраас боловсролтой, чадвартай хүмүүс маш их жин дарах хэрэгтэй. Манайд байгаа давуу тал нь хүн амын 40 хувь нь боловсролын салбарт байна гэдэг маш сайн үзүүлэлт. Тэгэхээр 10 хувь нь л шинжлэх ухааны мэдлэг үйлдвэрлэх салбарт гараад ирэх юм бол монгол орны хөгжил шал өөр болоод ирнэ. Маргаашийн монголын хөгжлийн загвар, эдийн засгийн бүтэц шинэ хөгжлийн захиалга өнөөдрийн боловсролын системийн шинэчлэл байгаа юм. Өнөөдрийн монголын боловсрол, монгол хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэж ажиллаж байгаагийн утга учир нь энд оршино. Үр дүн нь богино хугацаанд гарах юм. Үүгээр бид дэлхийд гайхуулдаг болно. Одоо ч монголын боловсролоор дэлхий гайхдаг. Монгол хүний үндсэн өгөгдөл маш сайн. Сул тал ч их. Тийм болохоор сул талаараа өөрсдийгөө гутаах биш сул талаа давуу талаараа нөхөж өөрсдийгөө хөгжүүлэх боломж бидэнд байна.
Энэ ярилцлагаар дамжуулаад Монголынхоо нийт багш нартаа Багш нарын баярын мэнд хүргэе.
Ярилцсан О.Ариунбилэг


Thursday, 12 June 2014

Лу.Гантөмөр: АН-ын цорын ганц лидер бол Ц.Элбэгдорж

Боловсролын сайдтай ярих сэдэв зөндөө байна. Гэхдээ би энэ удаа улс төрийн сэдвээр түүнтэй хөөрөлдөх хүсэлт тавьсан юм.Үргэлжлэл нь мэдээж салбарын сэдэв.Өнөөдөр улс төр хийгээд улстөрчдийг магадгүй бид өөр нүдээр харж, тэнд болж буй олон өөрчлөлтийг шинжиж, харах өнцөг, хийх дүгнэлтээ ч шинэчлэх цаг ирсэн байхыг үгүйсгэхгүй. Өнөө цагийн Засгийн газрын нэгэн гишүүн, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр жишээ нь олон юмыг биднийхээс өөрөөр харж, өөрөөр тайлбарлаж байгаа юм. Ингээд бидний ярианд анхаарлаа хандуулна уу.

-Хавар бол ажил хэргийн талаасаа боловсролын улирал ч юм шиг санагддаг юм.Хүүхдүүд хувь заяагаа шийддэг. Айл гэр  болгон дагаад хөдөлгөөнд ордог ийм үе л дээ. Нөгөө талаас улс төрийн синдром эхэлдэг улирал ч гэдэг.Аль ч талаасаа цагаа олж уулзаж байна гэж бодож байна.Давхар дээлний сэдэв бужигнаж байгаад хаагдлаа.Эргээд харахад сайд нар бүгд давхар дээлээ тайлах хүсэлгүй байсан нь тодорхой болчихлоо.Та ч ийм бодолтой байв уу?
-Бидэн дотор давхар дээлийг тайлахгүй гэж байгаа хүн алга.Тайлах цаг хугацаа чинь хэзээ юм бэ.Тайлахын тулд тэр нэмэлт харилцааны дүрмүүдийг чинь хэзээ хийх юм бэ.Ийм л хоёр асуудал байгаа юм.Тэгээд энэ хоёр асуудлыг яриад явахаар нэг хэсэг хүмүүс нь өнөөдрийн Засгийн газрыг хөдөлгөхийн тулд одоо тайлах ёстой гэж үзсэн.Харамсалтай нь Үндсэн хуулиар яаж Засгийн газрыг огцруулах талаар нэг бүрчлэн хэлээд өгчихсөн учраас дахиад л хууль зөрчинө.Тийм учраас хуулиар хорьчихсон юмыг одоо хийж болохгүй болчихоод байгаа юм.Хоёрдугаарт, яг энэ цаг үед засаг хөдөлснөөр байдал улам муудна гэдэг нь эрх баригчдад ирж байгаа сигнал.Энэ сигналыг л аваад санал хураалтад орж байгаа юм.Тийм учраас өөрийгөө хамгаалж байгаа ч юм шиг нэг тийм дүр зураг харагдаад байгаа юм.Энэ мэдээж бидэнд таагүй.Нөгөө талдаа бид ард түмэнд сайхан муухай харагдахаас илүүтэйгээр ард түмний төлөө төлөвлөсөн ажлаа нугалах нь илүү ач холбогдолтой биш гэж үү.Ийм л нөхцөлд бид сонголт хийж санал хураалтад орсон.

-Нөгөө талаас тоглоомын дүрмийн эзэн буюу гол дүр дугараагүй байсан шүү дээ.Тийм тохиолдолд танай нам дотор бодитой бужигнаан болохгүй биз дээ.Бүлгийн бодлого сөрсөн дөрвөн кноп тойрсон баахан яриа явсан.Засгийн газраас хэвлэл рүү мөнгө оруулж тэднийг авлуулж байна гэх мэт.Ийм юм үнэхээр байх уу?
-Сая бол ийм сонголтон дээр ирлээ шүү дээ.Ард түмэнд таалагдах сонголт хийх юм уу.Ард түмнийхээ төлөө сонголт хийх юм уу гэсэн.Улстөрчид ард түмэнд таалагдахын төлөө л дуугарч ирсэн.Гэхдээ ард түмэнд таалагдахын төлөөх тэр их давтагдсан үйлдлүүд нь Монголыг ямар байдалд хүргэснийг та сайн мэдэж байгаа шүү дээ.Хүн болгонд сая төгрөг өгч бид юу боллоо.Сая жишээ нь, бүлгээрээ давхар дээлээ тайлъя гэдэг санал хураалтад ормоор л байгаа байхгүй юу.Яг үнэнийг хэлэхэд. Гэхдээ бид ард түмэнд таалагдах гэхээсээ илүүтэйгээр ард түмний төлөөх сонголт хийе гэж  шийдвэр гаргасан. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч энэ хуулийг өргөн барьсныхаа дараа ард түмэнд маш тодорхой байр суурь хэлсэн.Энэ хууль 2016 оны сонгуулийн дараа хэрэгжинэ.Тийм учраас наана нь энэ хуулиар далимдуулж засаг оролдох оролдлого гарах юм бол би хориг тавина гэж.Өөрийнх нь байр суурь бол маш тодорхой байсан.Нөгөө талаас бид дотроо муудалцаад л, Х.Баттулгыгаа ч юм уу хараагаад байх ерөөсөө шаардлага байхгүй.Энэ хуулийг хэлэлцэх гээд ороод ирэхэд бүгдээрээ л саналаа өгөөд хэлэлцье гэсэн.Яагаад гэвэл энэ бол зөв зарчим.Хамгийн гол нь энэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд наана нь зөв механизм бүрдүүлэх хэрэгтэй.Их хурал, Засгийн газрын харилцааг зөв болгох хэрэгтэй.Ерөнхий сайдад тэр зохих ёсных нь эрх мэдэл очих ёстой.Ингэж байж энэ Ерөнхий сайд гэдэг хүн, намын дарга гэдэг хүн хариуцлагаа хүлээдэг болох юм.Тэгэхээр одоо нам дотор айхтар бужигнаад, нэгнийгээ шоглоод байх тийм шаардлага алга байна.Тийм нөхцөл байдалд ч бид хүрээгүй. Тэртээ тэргүй  Ардчилсан нам өнөөдөр урьд хожид байгаагүйгээрээ өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлэх бүрэн бололцоотой байна. Ерөнхий сайд нь, УИХ-ын дарга нь, дээр нь Ерөнхийлөгч нь байж байгаа.Ийм цаг үед бид зүгээр нэг санал хураалтад ороод хоёр гурван хүн эсрэг кноп дарсны төлөө тэр хүмүүсээ баалах тоглолтыг хийхгүй шүү дээ.

-Улс төрийг гаднаас нь давалгаалуулах давалгаа дотроо байгаа улс төрөөсөө илүү том болоод явчих юм.Гэхдээ Х.Баттулга гишүүн Ерөнхийлөгчөөс ямар нэг “мессеж”-гүйгээр хөдлөх үү.Ийм асуулт гарч ирж байгаа юм л даа.Ер нь бол эрх баригчидтай Ерөнхийлөгч тусгайлан уулздаг биз дээ?
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бол Ардчилсан намын лидер.Улс төрийн нам бол нэг л лидертэй байдаг юм байна.Тэрийг би сүүлийн үед маш их анзаарч байна.Тэгэхээр энэ лидерээ нам бус болгодог нь л буруу юм байна.Жишээлбэл, цаашдаа яах вэ гэхээр Монгол улсын Ерөнхийлөгч улс төрийн намаас нэр дэвшиж байгаа бол тэр улс төрийнхөө намын гишүүнчлэлийг хадгалах л хэрэгтэй.Тэр намынхаа хуралд суудаг байх хэрэгтэй.Намаа шийдвэр гаргахад нь оролцдог байх хэрэгтэй.Ингэхгүй бол лидер нь нам бус болчихоор наана нь дур дураараа тоглолтууд гарч ирдэг.Нэг хэсэг нь тэр хүнээс ямар мессеж ирэх нь үү гээд л хараад байдаг.Нэг хэсэг нь “мессеж” авлаа ч гэдэг юм уу, тийм нэг дам янз бүрийн байдлаар асуудал үүсгэх юм ажиглагддаг.Урьд нь ч гэсэн Н.Энхбаяр, Б.Багабанди хоёрын харилцаа ямар байлаа.Дараа нь С.Баяр, М.Энхболд нар Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй ямар харилцаатай байлаа.Энэ байдал юу харуулаад байна вэ гэхээр үнэхээр улс төрийн намын идеалыг тээж явж байгаа хүн нь ерөөсөө л тэр намын лидер нь.Өнөөдөр харахад манай намын лидер гарцаа байхгүй л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.
Тэгэхээр лидер нь бусдыгаа удирдаж, чиглүүлж явах нь өөрөө энэ ардчилсан ертөнцийн чинь зарчим юм байна шүү дээ.Улс төрийн намын чинь зарчим нь юм байна.Нэг үгээр хэлбэл лидер нь сүүдэрт ороод удирдана гэдэг бол байж болохгүй л байгаа байхгүй юу.Энэ бол зүгээр л тогтворгүй байдлыг бий болгодог.

-Хамтарч яваа МҮАН байсхийгээд л салангид мэдэгдэл хийдэг.МАН мэдээж тоглогчийн хувьд өгөөш л гарвал шүүрч авах нь ойлгомжтой.Гэрийн дотоод уур амьсгалд төвөгтэй юм ер нь байна уу?
-Ер нь бол “Шударга ёс эвсэл” өөрөө цул байх эсэхээс олон юм шалтгаална л даа.Мэдээж үүнээс илүү чухал нь Ардчилсан нам өөрөө цул байх хэрэгтэй.“Шударга ёс эвсэл”-ийн хувьд удирдлагын хомсдол бас байх шиг байна.Хүмүүс нь цул биш байр суурь их зарладаг. Ер нь энэ пропорцианаль систем дээр  намын жагсаалтаар орж байгаа хүмүүс нэг зүйлийг их хатуу ойлгох хэрэгтэй л дээ. Намын хөтөлбөрийн төлөө намын шийдвэрийг ягштал дагана гэдгээ л тангараглаж байж ийм юманд оролцож байгаа юм шүү дээ.Тэрнээс дур зоргоороо байна гэж байгаа бол бие даагаад нэр дэвших хэрэгтэй.Тойрог дээр очоод гарах хэрэгтэй.Ер нь улс төрийн намын сонголт хийнэ гэдэг бол нийтийн эрх ашгийн төлөө өөрийнхөө зарим нэг чөлөөт байдлыг хумиулахыг л хэлж байгаа юм шүү дээ.Өнөөдрийн байгаа дүр зураг тэр зарчим нь, өөрөө өөрийгөө захирах тэр тал нь үнэхээр сул байна.Ийм сул байдлаа ардчиллын буруу гэж сүүлдээ ярьцгаадаг.Энэ бол зүгээр хувь хүмүүсийн улстөрчийнх нь хувьд төлөвшсөн төлөвшлийнх л хэмжээ.

-Өнгөрсөн сонгуулиар манай улс төрийн амьдралд хүчтэй, нөлөөтэй явж ирсэн МАН хүнд цохилт амслаа.Одоо ч гэсэн бүтэлгүйтэл нь үргэлжлээд л байгаа харагдах.2016 онд энэ нам томоохон сэргэлт авч чадах болов уу.Та жишээ нь, юу гэж харж байна?
-Сэргэлтийнх нь тухай ярихад бол эрт байна л даа.Сүүлд гарсан нэг судалгааны дүнг харахад МАН-ын уналт зогсоогүй байна л гэж харагдаж байна лээ.Дахиад цаашаагаа унах байх.Зүгээр хаана очиж зогсоод, тэндээсээ яаж сэргэх юм гэдэг нь МАН-ын удирдлагуудын бодох ёстой зүйл байх.Ер нь улс төрийн намууд нэг зүйлийг л сайн ойлгомоор юм шиг харагддаг.Юу вэ гэхээр ард түмэн биднийг юугаар илүү дэмждэг юм бэ гэдгийг.Жишээлбэл, Ардчилсан намыг илүү нээлттэй байж чаддаг гэж ард түмэн хардаг.Илүү шударга байдаг гэж хардаг. Тийм учраас  бид ард түмэнд юугаараа ойрхон гэдгээ л мартаж болохгүй. Манай намынхан нэг л их том дарга царайлаад эхлэх юм бол ард түмэн хэзээ ч зөвшөөрөхгүй. Харин ч жаргал зовлонгоо хуваалцдаг, жаргал зовлонгоо ярилцдаг, нээлттэй, хоорондоо хэрэлдэж байгаа нь ч гэсэн нээлттэй явж байдаг болохоор энэ намыг олон түмэн дэмждэг.Бид нэг нэгнийгээ хэвлэлээр муулдаг ч юм уу, нэг нэгнийгээ тойруу замаар мэрээд эхлэх юм бол ард түмэн ойлгохгүй.Биднийг хоорондоо нийтийн эрх ашгийн төлөө хэрэлдээд, маргалдаж байхад бол ард түмэн ойлгоно.Тийм учраас Монголын нийгмийг илүү нээлттэй болгохыг ард түмэн биднээс хүсдэг.Тэгэхээр би юу ярьж байна вэ гэхээр бид өөрсдийн давуу талыг мэдэрдэг.Давуу талаа улам л гоё болгох гэж ажилладаг.Ер нь хорвоо дээр цоо шинэ зүйлийг гаргаж ирнэ гэж байдаггүй.Тэгэхээр МАН өөрийнхөө сэргэлтийг хүсч байгаа бол өөрийг нь ард түмэн юу гэж харж байсан тэр байр суурин дээрээ л очих хэрэгтэй.Өнөөдөр бид л сөрөг хүчин гээд хий дэмий шүүмжлээд суугаад байвал улам л унана. Харин зарчмын санал, санаачилга гаргаад тэрийгээ Ерөнхий сайдад, УИХ-д, Ерөнхийлөгчид санал болгоод  ажил хэрэг болгох юм бол зөвшөөрч эхлэх байхгүй юу. Зүгээр нэг шүүмжлэгч, хохирогч, гомдогчийн байр суурийг МАН-аас ард түмэн хүлээхгүй байх аа.Жагсаал хийсэн ч гишүүд нь, дэмжигчид нь гарч ирэхгүй байна шүү дээ.Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр “Та нар зүгээр нэг юм шүүмжилдэг, гомддог тийм улс төрийн хүчин биш ээ” л гэж ард түмэн хэлээд байгаа байхгүй юу даа.Бид юугаараа хүрсэн бэ, юугаараа бид хүний дэмжлэг авсан бэ гэдгээ улс төрийн хүчин, улстөрчид бол мартмааргүй л юм шиг байгаа юм л даа.Тэрийгээ мартаад л эхлэх юм бол бурууддаг.Жишээлбэл сөрөг хүчин болчихоороо би сөрөг хүчин учраас гээд эргэхээрээ л буруутдаг.Эрх баригч болчихоороо би эх баригч гээд эрдэхээрээ л буруутдаг.

-Өмнө нь гишүүн байхдаа хэлж байгаад хийсэн хэд хэдэн оновчтой реформ бий.Тэр ажлуудыг тань сонгогчид их үнэлсэн.Төрийн энэ зузаан хангамжийг нимгэлэхээр ганц дайчин ганцаардахгүй л тэмцсэн.Хүмүүст хайрлагдсан.Одоо өөрөө сайд боллоо.Нам тань эрх барьж байна.Нөгөө халсан гээд байсан том том хар машинууд улам ихэслээ.Нөгөө бид нарын хайрлаж байсан, бидний үзэл санааг тээж явсан залуу маань хаана нь яваа юм бэ.Таны хийж байсан шинэчлэлүүдийг араас нь сураглаж асуухыг өөрийнхөө үүрэг гэж би үзэж байна.
-Ганц хар машинаар хязгаарлагдахгүй зөндөө санал санаачилга УИХ дээр гаргаж байсан л даа.УИХ дээр Байнгын хорооны даргын ажил хийхдээ ч гэсэн энэ эдийн засгийг эрүүлжүүлье.Аль болох чөлөөт зах зээлийг буй болгоё.Тэгээд уул уурхайгаа хурдан түргэн эргэлтэнд оруулъя гээд төрөл бүрийн санаачилга гаргаж ажилласан.Би гурван удаа УИХ-д сонгогдсон.Энэ хугацаанд нэг л юмыг ойлголоо.Бид нэг зүйлийг дутуу бодож байжээ.Үнэндээ хуучин үетэй ноцолдоод үр дүн багатай юм байна гэж би хувьдаа харсан.Бид Монголын ирээдүйтэй ноцолдох ёстой юм байна.Монголын ирээдүйг л зөв болгохын төлөө өөрт оногдож байгаа энэ боломжийг ашиглая л гэж шийдсэн. Тэрийгээ хийхийн төлөө Боловсролын сайдаар ирсэн.Энэ салбар том. Хийх ажил ч их. Үнэхээр өөр сэдвээр өөрийнхөө байр суурийг илэрхийлэх тийм боломжууд хомс байна.Ний нуугүй хэлэхэд би “хүүхэд бүрийн хөгжлийн төлөө” хийж байгаа шинэчлэлээ үр дүнтэй явуулахын төлөө хэнтэй ч ямар ч тохироо хийхэд бэлэн болж байна шүү дээ.

-Хоёулаа салбарын тухай дараа нь ярья?
-Би салбарынхаа тухай  ярихаас илүүтэй яагаад төрийн цамаан байдалтай тулалдахгүй байгаа тухай л таны асуултад хариулж байна. Би одоо Засгийн газар дээр цамаан байна та нар гээд тулалдлаа гэхэд ямар үр дүнд хүрэх вэ.Их хурал дээр ийм асуудал тавиад ямар үр дүнд хүрэх вэ.Харин ч өөрийнхөө боловсролын шинэчлэл, шинжлэх ухааны шинэчлэл, хүүхдийн төлөө хийж байгаа ажилд дайсан л бэлдэж байгаа байхгүй юу. Зүгээр л гомдогсдыг  бэлдэж байгаа байхгүй юу. Тийм учраас яг үнэхээр тэр үүргийн тухай ч гэдэг юм уу, эдийн засгийн эрх чөлөөний тухай ч гэдэг юм уу.
Эсвэл өөрийнхөө ярьж байсан төр илүү хэмнэлттэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу.Энэ зарчмуудыг илэрхийлэхгүй байгаа үнэнийг л би өөрт чинь тайлбарлах гээд оролдоод байна л даа.Сайд болчихоод дуугүй боллоо гэж хүмүүс шүүмжилж байсан.Яагаад гэвэл өөрийнхөө ажлыг явуулахын төлөө бусдыг шүүмжлэхээсээ илүү ажилдаа төвлөрөх аргагүй байдалд очдог юм байна.Миний итгэл үнэмшил хаанаа байна вэ гэвэл Монголын ирээдүйн төлөө байна.Монголын хүүхэд бүр шийдвэр гаргах чадвартай, илүү ухаалаг, илүү өндөр төвшинд амьдрах чадвартай болж чадаж байж л Монгол Улс хөгжих юм байна гэж би хувьдаа харж байгаа.Мэдээж өнөөдрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс сайн зүйл хийхийг бүгд л хүсч байгаа.Гэхдээ яг өөрсдөд нь байгаа тэр тогтчихсон араншинг өөрчилнө гэдэг бол хүнд юм байна.Ер нь 50 хүрсэн хүнд үг хэлээд нэмэргүй гэдэг шиг л яг тогтчихсон хүмүүс бол яг тогтчихсон амьдралаараа л амьдардаг байх.Тийм учраас би энэ тал дээр битгий та нар жийп унаад бай, танай яам төсвөө хяна.Танай яам ингэ гээд хэлээд байх боломж надад алга. Би энэ сэдэв дээр сонгогчдоосоо ч бас уучлал  гуймаар байна. Та бүхэн ойлгоорой.Маргаашийн Монголыг сайхан болгохын төлөө л өнөөдөр надад олдсон цаг, боломжийг 100 хувь зориулах ёстой юм байна.Надад ийм нэг зөвтгөл байна.

-Баярлалаа. Харьцангуй бөөрөнхий биш хариулт авлаа.Ер нь сэтгүүлч хүн ханасан хариулт авна гэж бараг байдаггүй юм л даа.
-Би чин үнэнээсээ л хариуллаа.Улс төрийн талаасаа бол хүндхэн л хариулт шүү дээ.

-Таныг ойлгож байна.Эдийн засгийн эрх чөлөө гэх ойлголт, энэ мөрөөдлийн тухай та бас зөндөө олон зүйлийг ярьдаг.Энгийн нэг таараад байр сууриа солилцож байхад ч дандаа л тэр үнэр хадгалагдаж байдаг нь анзаарагддаг.Өнөөдөр гадаа гудамжинд, яг хөрсөн дээр байгаа хүмүүстэй би их уулзаж байна.Тэдний амнаас “Энэ нөхдүүд чинь нөгөө аймаар хадны мангаа гэгддэг МАН-аасаа аюултай нөхдүүд юм биш үү.Эдийн засгийн эрх чөлөө ч улам хумигдлаа.Бизнесийнхнийг жижиг сажиг зүйлээр л барьж хорьж эхэллээ” гэх үгс л унаж байна.Гэхдээ эдийн засгийн хямралаасаа илүү ёс зүйн талаасаа илүү их дарамтад ороод байна гэлцэх юм.
-Бид ч засаг дээр энэ тухай ярьж байгаа.Байнга л ярьж байгаа.Энд Улаанбаатар хотод гол төлөв анзаарагдсан зүйл болов уу гэж би хувьдаа харж байна.Газар хурааж авсанд хүмүүс их гомдсон.Тодорхой барилгын ажлуудыг зогсоосонд хүмүүс их гомдсон.Тодорхой барилгыг бүр нураана, буулгана гэж хэлсэнд гомдсон.Асуудал хаана байсан бэ гэхээр үнэхээр дураараа дургиж байсан хэсэг бий.Тэр нь энгийн ард түмэн биш байхгүй юу.Газрыг дуртай үедээ дуртай хэмжээгээрээ гартаа оруулдаг, дуртай үедээ дуртай үнээрээ наймаалдаг энэ нь өөрөө улс төрийг их айхтар эвддэг.Бэлэн мөнгөтэй хүмүүс их олноороо буй болдог байлаа шүү дээ.Лицензийг дуртайгаараа тараадаг.Жишээ нь, 106 лиценз хурааж авсан гээд л шуугисан.Энэ 106 лицензийн ард зөндөө олон хүн гомдчихсон явж байгаа.Харамсалтай нь энэ бүх дур зоргоороо авирлаж байсан хэсгийг хөхиүлэн дэмжээд явах юм бол нөгөө талдаа яг бизнес хийхийг хүсч байгаа, эрүүл саруулаар амьдрахыг хүсч байгаа хүмүүсийг, энэ дур зоргоороо аашилж байгаа хүмүүсийн гараар нядлан дарах, нухчих ийм л процесс цаашаагаа үргэлжлэх байхгүй юу.Тийм учраас дураараа дургидаг процесс байхгүй шүү гэдгийг Төр хэлж байна.
Өнөөдөр Ардчилсан намынхан тэнэг биш шүү дээ.Байнга өөрийгөө мөнх гэж бодохгүй.Тэр дураараа дургидаг юмыг зогсоочихоод өөрсдөө дураараа дургих гэж байгаа зүйл ерөөсөө байхгүй.Яагаад гэвэл дараа нь дахиад л сонгууль болдог.Тийм учраас энэ өөрөө сайн орчин бүрдүүлэхийн төлөө саар зүйлсийг зайлуулсан алхам.Энэ алхам бол ингээд л зогсоно.Ер нь нэг удаагийн их цэвэрлэгээ гэж би хувьдаа хараад байгаа юм.Энэ ажил жаахан ширүүн хийгдсэн.Төрөл бүрийн зөвшөөрөл өгөхийг маш удаан хугацаанд барилаа шүү дээ.Энэ нөхцөл байдлууд нь эдийн засгийн энэ хэцүү үед маш хүндээр тусч байгаа нь харагдаж байна.Одоо ямар алхам хийж байна вэ гэхээр эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэж Засгийн газар зарлаж байна.Энэ 100 хоногийн хугацаанд олгох ёстой зөвшөөрлийг богинохон хугацаанд өгье.Иргэд хүсэлт гаргах юм бол тэрийг нь ажлын 5 хоногийн дотор ч байна уу, шийдье.Янз бүрийн шалгалтууд хийхээ больё.Татварын болоод мэргэжлийн хяналтын шалгалт гэж ойлгож болно.Тэгээд ямар нэгэн байдлаар бизнес нь хохирч байгаа хүмүүсийн дуу хоолойг 11-11 төв дээр шууд сонсъё.Энэ нь шууд Ерөнхий сайдын чихэнд хүрдэг байя.Үүний дагуу Ерөнхий сайд ямар нэгэн байдлаар бизнес эрхэлж байгаа хүмүүсийн эрх ашгийг хөндөж байгаа дунд тушаалын дарга нарыг шууд огцруулна, чөлөөлнө, ажлаас нь хална.Тэр зүй бусаар харилцаж байгаа, төрийн нэрийг барьсан байцаагчдыг шууд ажлаас нь чөлөөлнө.Ийм эхний эрчимт ажиллагаа одоо явагдана.Энэ 4, 5, 6, 7 дугаар сар гээд энэ хугацаанд ерөнхийдөө Монголын эдийн засаг эрх чөлөөтэй байх, бизнесийн эрх чөлөөг хангах тэр суурь энэ үйл ажиллагааны явцад бүрэлдэж тогтоно.Нэг үгээр хэлбэл хоёр компанит ажил явчихлаа гэж ойлгож болно.Нэгдүгээрт, арын хаалгаар амьдарч ирсэн хэсгийг зогсоох, арын хаалгагүй байх зарчмыг нэвтрүүлэхийн төлөөх ажлууд хийгдлээ. Хоёрдугаарт, араас нь залгаад одоо шударгаар бизнес эрхлэх тэр хөрсийг бүрдүүлэх  ажлыг бид 100 хоногт хийнэ.

-100 хоногт л уу?
-Энэ бол Ардчилсан нам дарангуйлагчийн байр сууринаас асуудалд хандаж байгаа хэрэг биш.Дутагдал бол байна.Харагдаж байна.Уул уурхайн тоглолтыг бид яаж дараагийн шатны эдийн засгийн өнгө оруулж ирэхэд ашиглах юм бэ.Дээр нь бид хэнийгээ ямар бодлогоор дэмжих юм бэ.Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ батлаад л бүгдийг нь хөөгөөд гаргачихсан.Нөгөө талдаа Монголчуудын хөөлтөөс илүүтэйгээр Хятадын эдийн засгийн уналтыг анзаарсан хөрөнгө оруулагчид буцаад Америк, Европ руу хөрөнгө оруулалтаа эргүүлчихсэн.Хятад руу харсан хөрөнгө оруулалт шүү дээ.Хятад руу харуулсан хөрөнгө оруулалт нь Хятадын зах зээл дээр борлуулах бараа бүтээгдэхүүний төлөө Монголд хөрөнгө оруулсан.Түүнээс Монголд хөрөнгө оруулаад Монголоос ашиг олъё гэсэн хөрөнгө оруулагчид бараг байхгүй шүү дээ.Тэр хөрөнгө оруулагчид юу харсан бэ гэвэл Монголд хөрөнгө оруулаад Монголд оруулсан хөрөнгийнхөө үр дүнд Хятад руу тодорхой борлуулалт хийх юм байна.Хятадын зах зээл дээрээс ашгаа олж авна гэсэн л тооцоотой.Гэтэл Хятадын зах зээл уначихлаа.Хятадын зах зээл унаад Хятадад эрүүл бус байдал үүсэхээр зөвхөн Монгол гэлтгүйгээр хөгжих оролдлого хийж байгаа бүх орон руу хийсэн хөрөнгө оруулалтууд татагдсан.Өөрөөр хэлбэл Хятад руу хандсан Хятадаас ашиг олохыг хүссэн хөрөнгө оруулалтууд татагдсан гэсэн үг.Татагдаад хаашаа явсан бэ гэвэл АНУ, Европ, Япон руугаа явсан.Хятад нь дарга нараа барьж хориод хээл хахуультай тэмцээд тэгээд тодорхой хэмжээгээр асуудалтай болчихлоо.АНУ өөрийнхөө эдийн засгийг цэгцлээд авлаа.Европын холбоо өөрийнхөө эдийн засгийг цэгцлээд авлаа.Тэгээд цэгцэрсэн эдийн засаг руугаа хөрөнгө оруулагчид буцаад явчихсан.Одоо бид нар олон талаас юмыг хармаар байгаа юм л даа.Хөгжих гэж байгаа орнуудад яг манайх шиг огцом өсөлт, огцом уналт ирж байгаа.Энэ үед Н.Батбаяр сайдаас юу хүсэх вэ. Би жишээ нь, тэр эхний уналтыг зөөллөж өгсөн  бондыг бол зөвтгөж байгаа. Буруутгах зүйл бондоо ашиглаад дараагийн шатны юм хийчих боломж байсан уу, гэсэн асуулт л байгаа юм л даа.Тэр нь юу байх байсан бэ.Энд их том ангал гарсан л даа.Монголын хямрал яг юу болчихов оо гэдгийг өнөөдөр хамгийн сайн тайлбарлаж байгаа хүн нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал байхгүй юу.Н.Золжаргал бол яг тоогоор нь хэлнэ.Тэдэн тэрбум долларын нүх гарсан шүү гэдгийг.Одоо бид жишээ нь төсвийн тухай хуулийг уналт руу явж байх үедээ хийсэн.Дандаа л хожимдоод байгаа байхгүй юу.Өсөлт ирэхээс өмнө хийчих юмыг л өсөлт ирэх үед ямар ч дүрэм журамгүй тарааж хаячихаад дараа нь уналт ирэх үед хийчихэж байгаа юм.Тэгэхээр одоо дахиад зөөллөх зээл авъя гэхээр өрийн хэмжээ 40 хувь байна гээд гацчихаж байгаа байхгүй юу.

http://ganchimeg.niitlelch.mn/

Monday, 14 January 2013

Лу.Гантөмөр: Буруудвал С.Баярцогтод хөшөө босгоно шүү

УИХ-ын гишүүн, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөртэй ярилцлаа. Боловсролын салбарын шинэчлэлээс эхэлсэн бидний яриа яалт ч үгүй өнөөдрийн хувьд хамгийн эмзэг сэдэв болоод байгаа уул уурхайн бодлого руу хальтарч ороод болсонгүй. Тиймээс бидний яриа нэлээд сунжирсан тул уншигчдаасаа хүлцэл өчөөд, тэвчээртэй уншихыг хүсье. Тэгсний дараа та заавал нэгийг бодох биз.  
-Боловсролын шинэчлэлийн ажил юу болж байна аа. Баахан багш нарыг бужигнуулаад л, сургаад байгаа сураг байдаг. Харин салбарынх нь сайд дуугүй яваад байх юм, тийм их завгүй ажиллаж байна уу? 
-Салбар бол маш хүнд байна. Үндсэндээ манай суурь боловсролын систем өөрөө номлолын шинжтэй, цээжилдэг, багш нар тодорхой номлолыг хүүхдэд тогтоолгох ёстой гэсэн ажлын хөтөлбөр, удирдамжтай, тэр тогтоох, номлох ажиллагаа нь нарийн програмчлагдсан, түүнийгээ хэр цээжилсэн байна гэдгээр нь шалгаж дүгнэдэг хуучны систем л дээ. Энэ систем өнөөдөр цаг үетэйгээ үнэхээр таарахгүй байна. Цаг үе маань хувь хүнд маш их сорилтыг бий болгож байна шүү дээ. Маш зөв шийдвэр гаргах шаардлагыг хувь хүнд тулгаж, хувь хүн амьдралаа авч явахын тулд биелүүлэх даалгавар өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өнгөрсөн зууны 40-50 оны үеийн өндөр боловсролтой хүний хийдэг ажлыг өнөөдөр мэргэжлийн сургууль төгссөн хүн л хийж байна шүү дээ. Амьдралын орчин, өгөгдсөн даалгавар нь тийм байна. Тэр үеийн суутнуудын хийж байсан ажлыг өнөөдөр манай дундаж бакалаврууд хийгээд явчихаж байна. Тэгэхээр өнөөдрийн цаг үед тэр үеийн сургалтын арга технологи тохирохгүй л дээ. Тэр тохирохгүй юмыг нь өөрчлөх итгэл үнэмшил дутуу, бодит судалгаа бага хийгдсэнээс болоод өнөөдрийн шаардлагад нийцсэн хүн бүтээх, тийм хүн болж төлөвших асуудал хоцроод байна. Тийм учраас бид суурь сургалтын арга зүйн философийг шинэчлэх ажил хийж байна.
 

-
Яг ямар байдлаар өөрчлөх гэж?
-Өнөөгийн цаг үе хувь хүнээс асар их мэдлэг хуримтлуулсан байхаас гадна ухаалаг шийдвэр гаргах чадварыг шаардаж байна. Хуучин систем бол мэдээллийг зүгээр л дамжуулдаг, авсан мэдээллээ эргээд үнэлүүлдэг, тэр үнэлгээ нь гайгүй байвал боловсролтойд тооцогддог тийм л систем байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр ямар ч мэргэжлийн, ямар ч ажил хийж байгаа хүн өөрөө шийдвэр гаргах тохиолдол асар их болсон байна. Маш олон зүйл дээр хувь хүн өөрөө шийдвэр гаргах ёстой болдог. Тэр чадварыг хүмүүст өгөх арга зүй, технологийн шинэчлэлийг л бид хийж байгаа юм. Үүнийг олон өгөгдөлтэй тэгшитгэл гэж харах юм бол өгөгдөл нь “юу сурах вэ, яаж сурах вэ, сурсныг нь хэрхэн үнэлэх вэ” гэсэн гурван том даалгавар байна.
 
Юу сурах вэ гэдэг агуулгын хувьд бид дэлхийгээс 20 хувь, зарим хичээл, зарим шинжлэх ухаан дээр 30 хувь хоцорчихоод байна. Шинжлэх ухааны нээлтүүд асар хурдтай явж байгаа учраас тэднийг хүлээж авах бидний хурд хоцроод байгаа юм. Юуг мэдсэн байх ёстой вэ гэдэг энэ даалгавар дээр Боловсролын хүрээлэн ажиллаж байна. Үндсэн агуулгынхаа хэм хэмжээг бид энэ хавар гэхэд гаргачих юм.
 
-Боловсролын хүрээлэн маань гэвч ямар хүмүүсээс бүрдэж байна вэ? Тэнд хоцрогдол байхгүй болоод боловсролын салбар ингэж хоцрогдсон гэж үү?
-Боловсрол судлалын хүмүүсээс бүрдэж байгаа. Бүрэлдэхүүний хувьд бол өнөөдөр шаардагдаж байгаа тэр агуулгаа бариад хийчих чадамж дутуу. Дутуу учраас ном сурах бичгээ хөндлөнгийн зохиогчдоор хийлгэдэг байсан уламжлалт ажлууд нь одоохондоо байж л байна. Ойрын үед бид ном сурах бичгээ өөрсдөө хийчих хэмжээний бүрэлдэхүүнийг Боловсролын хүрээлэн дээр бий болгохыг зорьж байгаа.
 
Дараагийн асуудал нь яаж сурах вэ, яаж мэдлэгийг авах вэ гэдэг даалгавар. Түрүүний миний хэлсэн мэдээлэл дамжуулдаг системийг эвдээд мэдээллийг мэдлэг болгож авдаг, ухаалаг шийдвэр гаргаж чаддаг хүн болж төлөвших энэ процесс өөрөө цоо шинэ арга зүйг шаардаж байна. Энэ ажлууд сургуулиуд дээр хийгдэнэ, хамгийн эхний оролцогч нь багш нар маань байна. Багш заана гэж дайрахаасаа илүү тухайн хүүхдийг сурахад нь тусалдаг туслагч, сайн нөхөр, сайн хамтрагч болох ёстой. Хуучин бол багш самбар дээр бичээд, хүүхдүүд түүнийг нь хуулж аваад гардаг байсан. Одоо бол аль болох самбар дээр бичдэг цагаа багасгаж, хүүхдүүдийнхээ оролцоог нэмэгдүүлнэ. Нэг үгээр хэлбэл хүүхдүүд тухайн хичээл дээр үзэж байгаа сэдэв, мэдэж байгаа даалгавраа олон талаас нь дүгнэдэг, мэтгэлцдэг, хүүхдүүдийн оролцоог бий болгосон сургалтын орчинг бүрдүүлэх юм. Энэ ажлыг багш нарынхаа хүрээнд эхлээд явж байна. Багш хөгжлийн төв дээр бид багшийн багш нараа үндсэндээ бэлтгээд бэлэн болгочихлоо. Төвийн хажууд дахиад багшийн багш гээд 105 багш бэлэн болчихлоо, зөвлөх баг ажиллаж байна. Үндэсний хэмжээнд бүх багш нараа арга зүй, технологийн шинэ системд шилжүүлэх юм.
-Тэгээд хэр урт хугацааны сургалтад хэдэн багшийг хамруулж байгаа юм бэ?
-Үндсэндээ бүх багш нарыг гурван жилийн дотор хамруулах зорилго тавьж байгаа. Ийм потенциаль, боломж бидэнд байна, багш нар бас өөрсдөө үүнд бэлтгэлтэй байна. Олон жил конспектоор ажлаа дүгнүүлж ирсэн зарчмыг халж, багш нар маань өөрсдөө хүн судлаач, философич, танин мэдэхүйн хүсэл эрмэлзлийг нь байнга өдөөж байдаг хүмүүс болж өөрчлөгдөнө. Манай багш нарт унаган авчихсан тийм сургалтууд нь байдаг. Даанч түүнийгээ ашигладаггүй, ашиглах боломжгүй болгосон байхгүй юу. Багшид итгэдэггүй, сургуульд итгэдэггүй учраас маш нарийн программуудыг өгдөг. Та есдүгээр сарын 1-ний эхний цагт энэ мэдлэгийг өг, хоёрдугаар цагт энэ мэдлэгийг өг гэж олон жижиг хэрчмээр хувааж өгдөг. Тэгж мэдээллийг олон хэрчмээр хувааж өгөхөөр хүүхдүүд тухайн мэдээллийг мэдлэг болгож хуримтлуулж чадахгүй байна. Тийм боломж ч байхгүй юм. Хүүхэд хэзээ мэдээллийг мэдлэг болгож авч чаддаг вэ гэхээр танин мэдэх хүсэл нь оргилж байгаа үед л чаддаг. Гэтэл тэр танин мэдэх хүслийг нь хаагаад “Чи энэ цагаан толгойг л унш, үсэглэж сурах нь, цээжлэх нь л чиний ажил” гэдэг, хүүхдийг танин мэдэх гэсэн оргил цаг дээр нь дардаг, хязгаарладгийг бид сургалтын шинэ арга зүйгээр халж байна. Эхнээсээ сургалтад хамрагдсан багш нар маань өмнө нь яамнаас өгч байсан хатуу программыг зөөллөнө. Багшид нэг л жилийн программ өгдөг болно. Өдөр, цагаар хэмждэг байсан программыг одооноос “Энэ нэг жилийн хугацаанд та хүүхдэд энэ мэдлэгийг өгөөрэй, хэзээ ямар хичээлээ орох нь таны асуудал” гээд багшид эрх мэдлийг нь өгч байгаа юм. Эрх мэдэлтэй болсноор багш өөрийгөө дайчлах боломж бүрдэнэ.
 
Эндээс багш өөрийгөө дайчилсан, дайчлаагүйг юугаар үнэлэх вэ гэдэг үнэлгээний шинэ систем хэрэгтэй болно. Хэрхэн үнэлэх вэ гэдэг дээр хоёр л зүйл байгаа. Нэгдүгээрт хүүхдүүдийн үнэлгээ, хоёрдугаарт багшийн ажлын үнэлгээ. Өмнө нь бид багшийн ажлыг олимпиадад хэр олон хүүхэд оруулсан, конспектоо хэр сайн хийсэн бэ гэдгээр нь үнэлдэг байсан.  Харин одоо тэр ангийн хүүхдүүдийн хөгжил, багшийн арга зүйн шинэчлэлийг хичээл дээр нь сууж үзээд л дүгнэчихнэ шүү дээ. Ийм шинэ системийг хийж байна. Хичээл гэдгийг бид хичээнэ гэж ойлгох хэрэгтэй. Өмнө нь энэ нэг цагийн хугацаанд багш хичээдэг байсан бол одоо хүүхдүүд хичээдэг болно. Багш цагтай уралдаж самбартай ноцолддог байсан бол одоо хүүхдүүд асуудлаа тойрч ярьдаг, мэтгэлцдэг болно гэсэн үг. Мэдээлэл хэзээ мэдлэг болдог юм бэ. Түүнийг олон өнцгөөс дүгнэж, олон үйл явдлаар чимж байж мэдлэг болдог байхгүй юу. Нэг удаа сонсоод өнгөрөхөд бол тархинд байж л байна л даа. Гэхдээ тэр нь гарч ирдэггүй, олддоггүй. Хамгийн амархан гарч ирдэг, амархан олддог мэдлэг бол маш олон үйл явдлаар чимсэн, маш олон өнцгөөс дүгнэсэн мэдээлэл байдаг.
 
Номоор жишээлэхэд “Энэ бол ном, номыг сурахад хэрэглэнэ” гээд л мэдлэг олгох ажил маань дуусчихаж байгаа байхгүй юу. Үүнийг хэдэн төрлийн ном байдаг, номыг хэн зохиодог, зохиох арга нь юу байдаг, хэн уншдаг, унших ямар арга байдаг, номыг уншихаас өөрөөр яаж хэрэглэдэг, аль ном хамгийн их зарагдсан гэх мэтчилэн номыг тойруулаад маш олон мэдээллүүдээр бүчих юм бол номны тухай маш сайн ойлголттой болно. Энэ ойлголтыг өгөхийн тулд багш зөвхөн яриад, бичээд байх биш, хүүхдүүд өөрсдөө гаргаж ирдэг болох ёстой. Нэг үгээр хэлэхэд тухайн шинжлэх ухааныхаа ойлголт, агуулгыг илүү баян болгож, илүү олон үйл явдлаар чимж зузааруулж өгөх юм бол тэр жинхэнэ мэдлэг болдог. Хүүхэд аливаа асуудлыг эсрэгээр нь бодож, асуулт тавьж, тэрнийхээ хариултыг өөрөө олж чаддаг байх ёстой. Танин мэдэхүйн тийм сэдэл, эргэлзээ хүүхдэд байнга байдаг. Түүнийг нь л хөгжүүлэх, ил гаргах нь багшийн ажил. Хариулт нь чамд байхгүй, зөвхөн багшид байгаа гэдэг одоогийн номлолын арга хэлбэрээсээ татгалзах хэрэгтэй. Ер нь их номлолд өртсөн, изм-ыг шүтсэн хүмүүс сүүлдээ хэн ч биш л болдог байхгүй юу. Яагаад гэвэл тэр изм, номлолоос чинь хальсан маш олон даалгаврууд амьдрал дээр биднийг тосч байна.
 
Танин мэдэхүй гэдэг угаасаа гайхаж тээнэгэлзэх, эргэлзэхээс эхэлдэг. Хүүхдийн тэр эргэлзэж тээнэгэлзэх, үл итгэх сэтгэхүйг л хөгжүүлэх ёстой байхгүй юу. Тэгээд тайллыг нь өөрөө олж чаддаг чадварыг суулгаж өгмөөр байна. Тайлал нь таны дотор байгаа гэдэг итгэл, тэр чадварыг суулгаж өгөөгүй учраас л изм-ээр хүмүүжсэн энэ хүмүүс манай нийгэмд хамгийн том бэрхшээлийг авчирч байна шүү дээ. Ерөөсөө ийм л байх ёстой гээд итгэчихсэн, өөрийнх нь хувийн дүгнэлт огт байхгүй учраас өнөөдөр манай монголчууд мэргэн ухаан, сайн сайхан зүйлийг дандаа өөрөөлөөс хайдаг. Өөрөө уул уурхайн компанид ажилламаар байгаа мөртлөө уул уурхай бол муухай, өөрөө баян амьдармаар байгаа хэрнээ баян хүн муу, өөрөө хэзээ ч малчин болохыг хүсэхгүй мөртлөө малчин бол сайн ажил гэдэг байхгүй юу. Хамгийн зөв зүйл өөрт чинь байгаа гэдгийг ойлгодоггүй. Хэрэв та хүүхдээ их сургуульд сургамаар байгаа бол бусад бүх хүн тэгж хүсэх эрхтэй гэдгийг л ойлго. Гэтэл өөрөө хүсч байгаа мөртлөө өрөөлийг болохоор сурах албагүй гэж байгаа байхгүй юу. Өөр хийх ажил дүүрэн байна, ер нь ажил хийдэг хүн алга болчихлоо ч гэдэг юм уу. Чи юу бодож байна, тэр чинь бүх монгол хүнд түгээмэл, зайлшгүй зүйл гэдгийг л ойлгох хэрэгтэй.
 
-Өөрт хүсэхгүй зүйлээ бусдад бүү хүс гэдэг шиг үү?
-Тийм. Жишээ нь чи сэтгүүлч хүн, өөрийгөө үнэлдэг. Өөр хэнээр ч тэр үнэлгээг тогтоолгохыг хүсэхгүй. Тэгсэн мөртлөө миний уух ундааны үнийг хэн нэг нь тогтоож өгөөсэй, миний идэх хоолны үнийг чи зохицуулж өг гэж болохгүй биз дээ. Тэрийг чинь ч гэсэн хүн хийж байгаа. Чи өөрийнхөө хөдөлмөрийг өндрөөр үнэлэхийг хүсч байгаа шиг бусад хүн ч гэсэн хөдөлмөрөө үнэлмээр байгаа. Үүнийг харилцаа л зохицуулдаг байхгүй юу. Чиний бичиж байгаа нийтлэл гэхэд түүнийг авч байгаа хүний төлбөрийн чадвар, уншигчдын хэмжээгээр үнэ тогтоно. Гэхмэтчилэн өөрт тохиолдож байгаа зүйл үнэн биш, өрөөлийн тухай өөрийн чинь дүгнэлт л үнэн гэж итгэдэг мулгуу зүй тогтол манай нийгэмд тогтчихлоо шүү дээ. Энэ ноёлчихсон зүй тогтол хаанаас эхлэлтэй вэ гэхээр мэдээлэл дамжуулж ирсэн аргазүй, технологи, боловсролын системтэй холбоотой байна. Боловсролын систем нэг үе тодорхой шинжлэх ухаан хүний сэтгэн бодох чадварыг задалдаг гэдэгт хэт их итгэж явсан. Энэ итгэлээр математикт сайн хүмүүс нь ухаантай, математикт муу хэсэг нь жаахан мулгуудуу хүн гэдэг ойлголт олон арван жил үргэлжилжээ шүү дээ. Энэ ойлголтод найдаад үлдсэн сургалтыг бүгдийг нь изм, номлол болгосон, номлол бол зайлшгүй мөрдөх зарчим гэж итгэсэн. Сүүлийн 10, 20, 30 жил, түүнээс өмнө бойжсон бүх хүмүүс дандаа номлол дээр бойжсон. Ямар хүмүүс арай зөв шийдвэр гаргаад яваад байна вэ гэхээр өөрийнхөө амьдралаар тодорхой ухаарал авсан, үйл явдлын өрнөл дундаас өөрийгөө таньж мэдсэн хүмүүс арай нэг зөв явж байна.
 
-Гэвч боловсролын систем, сургалтын технологи маань өөрөө нийгмийг ийм харанхуй байдал руу түлхээд байна гэдгийг багш нар өөрсдөө хүлээн зөвшөөрдөг үү?
-Үүний эсрэг хөдөлгөөн сүүлийн 30 жил өрнөсөн. Ялангуяа багш нарыг бие даалгаад өг, багш нар хичээл заах чөлөөтэй цагтай болмоор байна, сургалтын хэрэглэл алга, сургалтад мөнгө зармаар байна гэж. Гэтэл “чи сургалтад мөнгө зарж болохгүй, чөлөөтэй сэтгэн бодож болохгүй, яг тогтсон графикийн дагуу заана” л гэдэг байхгүй юу. Жишээ нь нэгдүгээр ангийн математикийн хичээлийг заахдаа эхлээд  хүүхдийнхээ сэтгэн бодох чадварыг тоо бодох хэмжээнд авчирчихаад дараа нь тоо бодлогоо ордог байж, хүүхэд өөрөө хүсч байж уншиж сурах тэр программыг бий болгож яагаад болохгүй гэж. Одоо манай зөвлөх баг үүн дээр ажиллаж байна, тэр нь цаашдаа боловсрол судлалын институт болж төлөвших юм. Ийм дархлаа Монголд байх ёстой, аргазүйн судалгааг бид байнга хийх хэрэгтэй. Яагаад гэвэл дэлхий дээр өдрөөс өдөрт аргазүйн цоо шинэ технологи бий болж, маш олон хүн үүн дээр ажиллаж байна. Яавал хүүхэд хурдан уншиж, яавал уншсанаа шууд тогтоож, тогтоосноо яаж зөв илэрхийлж сурах вэ гэхчилэн хүний оюун ухааныг хөгжүүлэх, илүү ухаалаг болгох программ дэлхий даяар туршигдаад явж байна. Үүнийг сорж авдаг, цуглуулдаг, сургуулиуд дээр аваачиж өгдөг институтууд манайд бий болно. Бид энэ ажлыг хийж байна. Гаргасан бодлогоо Багш хөгжлийн төв дээр байгаа сургагч багш нар, багшийн багш нараар дамжуулаад багш нар луу хүргэнэ.
 
-Энэ шинэчлэлийг хийхэд хэр их хугацаа орох бол? 
-Энэ мэдээж нэг жилийн дотор хийгдэхгүй. Хоёр жил, гурван жилийн дараа хийгдэнэ, хугацаа хэрэгтэй. Эхний ээлжинд юу сурах юм бэ гэдэг агуулга дээр Боловсролын хүрээлэнгээ институт болгож бэхжүүлье. Яаж тэр агуулгаа хүргэх вэ гэдэг дээр сургуулиудаа бие даалгаж, багш нараа эрх мэдэлтэй болгоё. Үнэхээр чи “Энэ сургуулийг төгссөн багш” гээд диплом өгсөн бол итгэ, итгэхгүй бол битгий диплом өг гэдэг зарчим руу бид шилжиж байгаа. Гэхдээ багш байнга хүүхэдтэйгээ ноцолддог учраас арга зүйн шинэ технологийг гаргаж ирэхэд хэцүү л дээ. Тиймээс тэр технологийг Боловсролын судалгааны төв дээрээ боловсруулаад тэндээс гарсан бүтээгдэхүүн нь Багш хөгжлийн төв, аймаг дүүргийн боловсролын газраар дамжаад сургуулиуд дээр очино. Аймаг дүүргийн боловсролын газар өнөөдрийг хүртэл багш нарыг хянадаг газар байсан бол одооноос тэр технологийг дамжуулдаг төв болно. Боловсролын судалгааны төв дээр гол нь хүн судлах программуудыг хийх юм. Хүнийг таньдаг, тархинд байгаа мэдээллийг уншдаг, түүнд нь үнэлгээ өгдөг программуудыг хийнэ гэсэн үг. Энэ чинь бүхэл бүтэн шинжлэх ухаан байхгүй юу. Институтын хувьд Монголд хэн ч маргалддаггүй л хүчирхэг институтуудыг байгуулах ёстой. Бидний өнөөдөр явуулах бодлого арван жилийн дараах монголчуудад хэрэгтэй. Арван жилийн дараах монголчууд өнөөдрийнхөөс хэд дахин илүү хэцүү даалгавартай тулгарах нь ойлгомжтой байна. Тэр асуудлыг шийдэх чадвар монгол хүнд хэрэгтэй. Бид тийм цаг үеийн хүнийг бэлтгэж байгаа гэдгээ л ухаарах хэрэгтэй. Ер нь Монголыг боловсрол л аварна гэдгийг л ойлго.  Өөр юу ч аврахгүй. Тэр тусмаа уул уурхай дээрээ улаан гэрэл асаачихсан нөхцөлд.
 
-Яагаад улаан гэрэл асаачихсан гэж?
-Ухаалаг шийдвэр гаргахад маш хүнд байна шүү дээ. Өнөөдрийг хүртэл төрийн компаниа л шүтдэг байдал арилахгүй байна. Тийм учраас уул уурхай руу  мөнгө орж ирэхээсээ өнгөрсөн байх вий гэж санаа зовж байна. Харин ч яаж өрөнд орохгүй, дампуурчихгүй шиг салах вэ гэдгээ л сайн бодох ёстой.
-Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” хамгийн түрүүнд энэ дампуурлын эхийг тавих байх гэж бодож байна?
-“Эрдэнэс Тавантолгой”-д төрийн менежмент заавал байх шаардлага байгаа юм уу.  Тэр менежментийг бид хараат бус менежментийн багт үнийг нь тохироод л өгөх хэрэгтэй шүү дээ. Мөнгө төлж ажил хийлгэж сурья л даа. Яаж ийм бага цалинтай захирлуудтай ийм баг тэр том уурхайг ажиллуулах юм бэ. Гурав, дөрвөн тэрбум төрөгийн үнэтэй баахан таардаггүй дугуй аваачаад зооринд нь хураачихсан л гэж яригдаж байна. Хүн сайн бол аваад явчихна гэж ойлгож болохгүй.  Ямар үед хүн сайн байдаг вэ гэвэл хийсэн ажилтайгаа тэнцүү төлбөр авч чадаж байж л тэр сайн хүн  байдаг, сайн ажилладаг. Тийм учраас төрийн өмчийг шүтсэн, төрийн өмчид дулдуйдсан энэ сэтгэхүй ноёлж байгаа цагт  бол бидэнд үнэхээр хэцүү шүү. Горьдох юм байхгүй, бүгд хаалгаа барина.
 
-Тэгээд уул уурхай, хөрөнгө оруулагчид Монголыг орхисонд хэн буруутай юм?
-Уг нь бол Монгол өөрөө дэлхийн сонирхлыг татах боломжтой улс орон байсан. Харамсалтай нь тэгж чадаагүй, одоо бүр л хэцүү болох болов уу. Ийм боловсролтой, ийм ухаалаг бус шийдвэр гаргадаг нөхцөлд шүү дээ. Хэн нэг хувь хүнээс шалтгаалж биш, нийгмийн ерөнхий хандлага нь ингэж давамгайлж байна. Ийм ухаалаг бус байдал давамгайлж  байгаа тохиолдолд найдвар тасарчихаж байгаа юм. Манайд хөрөнгө оруулаач, тэгвэл бид ийм таатай нөхцөл бий болгоно гээд Хятад, Америк хоёр уралдаж байна гээд бод доо. Тэгэхэд Монгол үгүй гэж байна, бүгдээрээ л үгүй гэсэн шүү дээ. Хөрөнгө оруулагчийн хэрэг алга, бид өөрсдөө хийнэ л гэсэн. Тийм учраас ирээдүй маш бүрхэг байна, энэ бүрхэг байгаа ирээдүйг аврах ганцхан арга байна. Тэр нь ухаалаг монголчуудыг бэлтгэх явдал. Бидний өнөөдөр амьдарч байгаа нөхцлөөс хэд дахин илүү хэцүү даалгаврууд арван жилийн дараа бидний хүүхдүүдийн өмнө гарч ирэх нь байна. Тэр хэцүү даалгаврыг биелүүлж чадах хүмүүсийг л бэлтгэх ёстой. Мэдээж өнөө үеийнхэн мэдээж тэр даалгаврыг тодорхой хэмжээнд нугална л даа. Нэг өдөр бүх асуудал гараад ирэхгүй учраас өдөр өдрөөр гарч ирж байгаа асуудлыг буруу, зөв ч гэсэн шийдээд, буруу шийдсэнээсээ дараа нь сургамж аваад явна. Гэхдээ л хүсээд байгаа зөв шийдвэрээ өөрийнхөө толгойгоор гаргаж чадахгүй байна. Хэцүү сорилтуудыг  давах тухай ойлголт тун бага байна. 
 
-Танай Засгийн газар ч гэсэн тэгж л яваа шүү дээ?
-Нэг Засгийн газар гэхээсээ илүү нийтлэг монголчуудын үзүүлэлт болчихжээ гэдгийг л би хэлж байна. Зүгээр л изм ярьдаг, номлодог, түүнийг нь дагадаг, номлож байгаа хэсэг нь номлолыг нь дагах ёстой гэж боддог. Өөрөө малчин болохгүй байж малчны тухай ярьдаг, өөртөө хамааралгүй бүх юмыг үнэн гэж ярьдаг, өөртөө хамааралтай юмыг болохоор нуудаг. Тийм өвчтэй болчихоод байгаа байхгүй юу. Үүнийг өвчин гэхүү, үзэгдэл гэх үү. Одоо бид залуу үеэ жаахан чөлөөтэй сэтгэж чаддаг, арван жилийн дараа энэ улс орныг аваад явчих хэмжээний бүтэн үе бэлтгэхийн төлөө явмаар байна. Бид цөөхүүлээ учраас илүү ухаалаг байх шаардлагатай, боловсрол өндөртэй олон хүнтэй болох хэрэгтэй. Боловсрол өндөртэй, ухаалаг шийдвэр гаргах чадвартай хүмүүс нь 80 хувь байх юм бол Монгол дажгүй явна. Өмнө нь 50:50 хувь байсан бол сүүлдээ шийдвэр гаргах чадвартай хүмүүс нь 30 хувь болчихлоо гэж ярьж байна. Ийм л нөхцөл байдал үүсчихээд байна.
 
-Боловсролын асуудал дээр таны барьж байгаа байр суурь үнэхээр сонирхолтой бөгөөд шинэлэг байна. Гэхдээ Засгийн газар танхим бүхэлдээ энэ шинэчлэлийг гараа өргөн дэмжиж байгаа юу, хөрөнгө мөнгө гаргах уу?
-Боловсролын яам нь үүнийг хийхэд л хангалттай. Заавал Засгийн газрын том бодлого болгоод, цоо шинэ юм хийх гээд байгаа юм биш. Манай багш нар ойлгочиход л болно. Багш нар ойлгоод, эцэг эхчүүд ч гэсэн миний хүүхдэд хосгүй авьяас бий гэдэгт итгэ. Миний хүүхэд маш өндөр боловсролтой, ухаалаг хүн болно гэдэгт итгэ. Чадалтай хүн болоод өөрт чинь хэдэн сая доллар олж ирнэ гэдэгт итгэж, тэр хөгжилд нь тусал. Хөгжлөөрөө тэргүүлж байгаа улс орнууд юу хийсэн бэ, ерөөсөө л ард түмэн нь сүүлчийн сохор зоосоо хүүхэддээ зарсан. Гэтэл манайхан яаж байна. Нэг ном аваад өгчих, үгүй. Хөгжим аваад өгөөч, үгүй. Одоо манай хүүхдүүд олигтойхон дүрэмт хувцастай болно, би ийм шаардлага тавина. Дэлхийн хамгийн чанартай дүрэмт хувцсыг монгол хүүхдүүд өмсөнө шүү, аав ээжүүд мөнгийг нь төлөөрэй гэж хэлнэ. Аягүй бол төлөхгүй гэж зөрүүдлэнэ л дээ. Тэгээд хэзээ төлдөг гээч. Хүүхдийн баяраар баахан чихэр, шоколад авч өгнө. Цагаан сар, шинэ жил болохоор амттанаар эрхлүүлнэ. Өөрсдөө гадуур зугаалдаг, архиддаг мөртлөө яг хүүхдэд хэрэгтэй зүйл дээр нь мөнгө зардаггүй.
 
-Сурах бичгийг яах вэ? Хэний ч хамаагүй бичсэн сурах бичгийг сургуулиас үнэгүй аваад өөрсдөө үзэх ч үгүй хүүхэддээ өгсөөр байх уу?           
-Сурах бичгийг хүүхэд болгон худалдаж авна. Мэдээж хамгийн чанартай, сайн сурах бичгийг авна. Гэхдээ үнэхээр ядуу хүмүүсийн нэрс нь бол манайд байна, тэр хүмүүст төрөөс үнэгүй өгнө. Үнэгүй юманд хэт дурлах бол үндэстнээрээ, улс орноороо сүйрэх том аюулыг дагуулна шүү. Бид одоо хүүхдүүддээ хамгийн чанартай дүрэмт хувцсыг өмсгөнө, хамгийн сайн сурах бичгийг авч өгнө, хамгийн сайн цүнхийг бариулна. Өнөөдөр манай боловсролын систем унасан хамгийн том шалтгаан бол аж ахуйд мөнгө зарсан, сургалтад мөнгө зараагүй. Солонгосын нэг сургуульд яваад очиход хүүхдэд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн гэхэд 140 мянган төрлийн контент байна, манайд байхгүй. Сурах бичгээс өөр юм байхгүй. Гэтэл хүүхэд сурах бичгээс түүн дээр бичсэн зүйлийг л авна. Тэнд бичсэн зүйлийг өөр байдлаар тайлбарлах, өөр зүйлтэй хамаатуулж, харьцуулж судлах хэрэгсэл нь байдаггүй. Сурагчдаа ч гэсэн бид судлаачдын баг л гэж ойлгох хэрэгтэй. Судлаачдын баг нэг нэгнийхээ араас хараад сууж болохгүй, тойрч суугаад мэтгэлцдэг байх ёстой. Яагаад хувийн сургуульд орсон хүүхдүүд сайн сураад байгаа юм, нэг ч хүүхэд хоцрохгүй байна шүү дээ. Үндсэн шалтгаан бол тэнд хатуу чанга хараа хяналт байхгүй, багшид нь итгэсэн, багш нь хүүхдүүдээ тойруулж суугаад хүүхдүүдтэйгээ ярьдаг, хүүхдүүд нь хоорндоо ярилцдаг, мэтгэлцдэг. Илүү чөлөөтэй сэтгэж, танин мэдэхүйн эргэлзээ тээнэгэлзээг нь тас цохихгүй байна шүү дээ. Бидний хийх зүйл бол арав, хорин жилийн дараа монгол хүмүүс илүү ухаалаг л болох ёстой. Ирээдүйн монголчууд юмыг харьцуулж үнэлдэг, гаргалгааг өөрийнхөөрөө хийдэг, хийсэн гаргалгаандаа үнэнч байдаг, алдаа гаргавал түүнийгээ зөвшөөрч чаддаг байх ёстой. Ийм монголчуудыг сургах орчныг л бид бүрдүүлэх гээд байна л даа.
 
-Үүнийг нэг яам, нэг сайд дангаараа хийж чадах болов уу?
-Мэдээж Засгийн газар, УИХ-аас гарах шийдвэрүүд байгаа. Яг одоохондоо бол бидний өөрсдийн хийх ажил их байна. Яаман дээрээ, сургуулиуд дээрээ хийх ажил байна, багш нарынхаа дотор сургалт явуулах хэрэгтэй байна. “Авьяас хөтөлбөр”, “Ном” хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн цаад утга санаа нь үүгээр дамжуулаад “танай хүүхдэд боломж бий шүү” гэдгийг л бүх эцэг эхчүүдэд ойлгуулах гээд байгаа юм. Өөрийнх нь хүүхэд авьяастай, сайн байх юм бол эцэг эхчүүд хүүхэддээ бүгдийг зориулдаг биз дээ. Гурван хүүхэдтэй бол нэгэнд нь зориулаад бусдыг нь орхидог хандлага байна. Гэтэл бүгдэд нь авьяас байгаа. Авьяас гэхээр зөвхөн дуу хуур гэж ойлгодог бол буруу. Зохион бүтээх, одон орон судлах, инженер зохион бүтээгч болох, тоо бодох, физикийн механик үйлдлүүдийг сайн ойлгоод угсардаг тоглоомуудыг зохион бүтээх гээд ямар ч авьяастай байж болно шүү дээ. Дуу, хуур бол зөвхөн нэг хэсэг нь. Тэгээд клубуудыг сургуулиуд дээр бий болгоно. Клубуудыг зөвхөн багш удирдана гэдэг бас буруу. Тухайн чиглэлээр хамгийн их авьяасаа нээж чадсан хүүхэд нь удирдаад явчихдаг, тэр хүүхэд төгсөөд явахад дараагийнх нь удирддаг болно. Чөлөөт бөхөөр барилдаж чадахгүй, бие султай хүүхэд байж болно шүү дээ, тэд нар нь менежерийг нь хийгээд явчихдаг, хүүхдүүд өөрсдөө тэр зохион байгуулалтаа хийдэг, сургууль, багш нар түүнд нь зөвхөн тусалдаг л байхад болно.
 
-Сургалтад өмнө нь мөнгө зардаггүй байжээ. Тэгвэл одоо мөнгө зарах уу, клубуудыг санхүүжүүлэх үү?
-Жишээ нь “Авьяас” хөтөлбөрт мөнгө зарж байна. Клуб,  дугуйлан ажиллуулж байгаа багш нартаа мөнгө зарна. Одоо жишээ нь Засгийн газрын хуралдаанаар бид гүнзгий сургалтын сургалтын төлбөр тухайн сургуульд үлддэг байх асуудлыг оруулах гэж байна. “Ном” хөтөлбөрийн дагуу бүх сургуулиуд дээр ангийн номын сан бий болгох гэж байна. Дээр нь бид энэ жилийн худалдан авалтаараа дандаа сургалтын хэрэглэгдэхүүн худалдаж авна. Өмнө нь дандаа сургуулийн байшин буддаг, ширээ сандал, компьютер авдаг байсан бол одоо тэгэхгүй. Физикийн хичээл, математикийн бүрэн танхим хэрэгтэй байна. Биологийн хичээл үзэж байгаа хүүхэд хүний бие эрхтэн ямар байдгийг харах хэрэгтэй, барьж үзэх ёстой. Үнэндээ манай сургуулиуд хүүхдүүдийг хөгжихөд ашиглах хэрэглэгдэхүүн тун багатай. Нэг л сайхан ханын цаас, ханын самбар л дүүрэн. Ханын самбар, ном хоёрт ямар ялгаа байгаа юм. Ханын самбар нь том л болохоос биш номон дээр л байгаа зүйл шүү дээ. Гэтэл тэрийг бодитоор нь барьж, имэрч үзэх хэрэгтэй байхгүй юу. Бөмбөг унагаад чөлөөт уналтыг хурдыг хэмжиж үзэх хэрэгтэй. Юм өнхрүүлээд инерцийн хуулийг шалгаж үзэх ёстой шүү дээ. Ингэж байж хүүхэд мэдээллийг мэдлэг болгож авдаг.
 
Ялангуяа манай аймгуудын ИТХ боловсрол дээр маш сайн мөнгө тавьж  байгаа. Ер нь цаашдаа Засаг дарга нарыг боловсролд ээлтэй, ээлгүйгээр нь зарлаад явна. Аймаг орон нутгаа хөгжүүлнэ, нутаг орноороо бахархана л гэж байгаа бол хорин жилийн дараа юу тэр аймаг, орон нутгийн бахархал болох вэ, хүн л байдаг байхгүй юу. Завханыг жишээ нь хар. Я.Санжмятав дарга хүүхдийн хөгжилд маш их юм хийсэн. Завханы хүүхдүүд ирэх арав, хорин жилд үнэхээр аймгийнхаа нэрийг дуурсгана, баталгаатай. Ийм л Засаг дарга нар байх ёстой. Тэнд хүүхдүүд хөгжим тоглож, нот бичиж, хөгжим туурвиж байна. Шатар тоглож чадаж байна, анхаарлаа төвлөрүүлж чадаж байна. Зөвхөн шатар, морин хуур хоёроор л өөрт чинь бүх зүйл байгаа шүү гэдгийг хүүхдүүдэд ойлгуулж чадсан байхгүй юу. Хүүхэд болгон компьютертэй болчихсон. Зөвхөн морин хуур тоглож сурсанаараа математикийн хичээлд нь ахиц гарч байна шүү дээ  Хүүхдүүд итгэл авч байна. Нэг ангийн хүүхэд гучуулаа морин хуур тоглоод сурчихаар “ер нь бид бүх юмыг чадах юм байна” гэдэг итгэл авч байна. Гэтэл хуучин ямар байсан юм. Арван жилийн өмнө Завханд очоод морин хуур тоглуулсан бол гурван хүн л тоглох байсан. Тэгээд тэр гурвыгаа гоц авьяастан, бусад нь сонсголгүй, авьяасгүй гэх байхгүй юу. Одоо “Манайх бүх хүүхдээ зуруулж сургана, зургийн багш өг” гэсэн аймаг байна, өгье. Зардлыг нь гарга гэж байна, хамтраад гаргая. Үр дүнд нь Монголд алдартай зураачид гарч ирнэ. Зураг зурах бол гайхамшигтай ажил. Гэхдээ л хүсвэл хүн бүхэн зурж чадна. Ном зохиох ч адилхан, бүх зүйлд технологи бий. Ингээд сургууль болгон онцлогтой болно. Спортын сургууль, хэлний сургууль, уран зохиолын сургуультай болно.
 
-Ингэснээр багш нарын ачаалал нэмэгдэх юм биш үү? Эсвэл ажиллах сонирхол нь илүү нэмэгдэж байна уу?
-Сонирхол нь нэмэгдэж байна. Манай багш нарт нэг том давуу тал байна, тэр нь ажил хийх хүсэл. Яагаад гэвэл хувийн хобби бага байна, яг үнэнийг хэлэхэд. Монгол хүнд хувийн амьдрал бага байна, үүнийг л бид хамгийн сайн өгөгдөл гэж харж байна. Тэгэхээр манай багш нар өөрсдөд нь эрх чөлөө өгөх юм бол үнэхээр тэр ажлыг нугалж чадна. Манай багш нар ажлынхаа төлөө бүх юмаа зориулья гэж байна, 80 хувь нь тэгж хэлж байна. Хорин хувь нь бол үнэхээр өөрийгөө нээж чадаагүй хүмүүс байна, сургууль нь муу учраас. Гэтэл хүн хэдий насандаа ч хөгжиж болдог юм байна л даа. Багшийн сургууль сайн байх үед бол хүүхдүүд 18 настай багшийн сургуульд ороод ирэхэд нээгддэг байсан байна. Нээж чаддаг байсан байна, нэг хэсгийг нь. Сая нэг хэсгийг нь бол үнэхээр нээж чадаагүй төгсгөсөн байна. Мэргэжилдээ дургүй ч хүмүүс тэдэн дотор байна, өндөр настай болоод залхсан хүмүүс ч бас байна. Гэхдээ бид багшийн сургалтаараа дамжуулаад нээж чадаж байна. Хамгийн гол нь багш нар өөрсдөө үүнийг хүсээд байсан байхгүй юу. Дөчин жил үүний араас явсан багш нар байна. Энэ технологиор бид хичээл заахгүй ээ, мэдээлэл дамжуулдаг чинь буруу байна гэж. Ардчилал, зах зээлийн нийгэмд хэн сайхан амьдрах вэ, өөрийгөө нээж чадсан хүмүүс л сайхан амьдарна. Яагаад гэвэл өрөөлийн эрхэнд халдаж болдоггүй, өөрийнхөө эрхийг мэддэг нийгэм шүү дээ.
 
-Сонгуулийн өмнө л таныг боловсролын салбарт ажилламаар байна гэхэд чинь би их гайхаж байсан юм. Өмнө нь Боловсролын сайдыг таарсан хүн болгон хийдэг байлаа. Гэтэл та бол амлаж байгаад авсан хүн. Ингэж  шалтгаан, суурь нь юу байсан юм бэ?
-Миний боловсролын салбар луу чиглэсэн шалтгаан гэвэл энэ нийгмийн ерөнхий өрнөлд өгсөн дүгнэлт л байсан. Энэ хүмүүс нийгэмдээ нийцэж амьдрахгүй байна, шийдэл гаргаж чадахгүй байна. Дандаа өрөөлийн тухай ярьдаг, өөрийнхөө тухай ярьдаг хүн байхгүй. Өөрийнхөө тухай ярихаар дандаа магтдаг, гомдоллодог, уйлдаг. Өөрийн чинь явж байгаа зам өрөөлийн ч гэсэн замнал шүү гэдгийг хүлээн зөвшөөрөх чадвар байхгүй. Хаана ийм болчихов оо гээд харахаар боловсролоос л эхэлсэн байдаг. Систем нь өөрөө изм, номлол болчихсон, мэдээлэл дамжуулагч болчихсон. Шийдвэр гаргах чадваргүй ийм ард түмэн байвал, ийм эрдэмтэд байх юм бол Монголын ирээдүй байхгүй. Харагдахгүй байна. Зүгээр л даган баясдаг, дуурайдаг. Тиймээс би өөрөө энэ улс орны төлөө хариуцлага хүлээнэ гээд ажиллаж байгаа бол хамгийн чухал цэг дээр нь ажиллахыг л хүссэн. Тэр чухал цэг нь өнөөдрийн энэ чадваргүй олон шийдвэрүүдийн аль нэгийг их зөв болгоё гэж гүйхээсээ илүү ирээдүйн чадварлаг монголчуудын төлөө ажиллах юм байна гэж шийдсэн. Өөр сонголт бидэнд алга байна шүү дээ. Хүссэн хүсээгүй бид энэ хүндрэлийг даваад ард нь гарна л даа, суралцаад л явна. Гэхдээ ирээдүйд баталгаатай, цэгцтэй ард түмэн хэрэгтэй байна шүү дээ.
 
Хоёрдугаарт би амьдралдаа хоёр мундаг хүнтэй уулзаж байсан юм. Тэд судлаачид байсан. Гэхдээ хүний тархийг, генийг судалсан хүмүүс байсан. Тэд нэг л зүйлийг хэлсэн. Хүн болгон адилхан шүү, ямар ч ялгаа байхгүй. Нэг хэсгийг нь тэнэг мулгуу, нэг хэсгийг нь ухаантай мэргэн гэдэг ч тийм юм байхгүй. Зүгээр л эргэлзэж, тээнэгэлзэх дадлаа илүү их идэвхижүүлсэн хүн л илүү их нээлт хийсэн байдаг гэж. Энэ худлаа даа гэж эргэлздэг, учрыг нь олох гэж тэмцдэг хүн илүү их нээлт хийдэг байна. Тиймээс монгол хүн болгон адилхан, хүн бүхэнд боломж байгаа гэдгийг энэ ард түмэнд ойлгуулахыг л би хүсч байна. Бидний хамгийн том даалгавар бол монгол хүн болгон, хүүхэд болгоныг хөгжүүлж чадна гэдэгт итгүүлэх явдал.
 
-Сүүлийн үед нийгмийн хар масс, харанхуй хэсэг гэж их ярьдаг болж. Хэрвээ таны хэлсэнчлэн 30 хувь нь боловсролтой, шийдвэр гаргах чадвартай гэж үзвэл үлдсэн 70 хувийг тэр хар масс руу оруулах уу?
-Аль ч улс орон боловсролынхоо системд 50:50 гэдэг итгэлцүүрийг бариад яваад байгаа юм. Гэхдээ бид бол 100 хувь гэдэг даалгавар тавьчихсан байгаа. Яг өнөөдөр байгаа нөхцөл байдлыг харахад нийгмээ бүрэн таниад, энэ нийгэм дотор зөв, ухаалаг шийдвэр гаргаад явж байгаа нь хэдэн хувь бэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Сайхан явж байгаа хүмүүс байна, сайн ажил хийж байгаа хүмүүс ч байна. Гэхдээ цаг үеийнхээ даалгаварыг биелүүлж чадаж байгаа нь хэдэн хувь юм бэ. Энэ маш эргэлзээтэй. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш шүү дээ, боловсролынх нь системийн л буруу байхгүй юу.
 
-Харамсалтай нь тэр “хар масс”, харанхуй байдал гэдэг чинь баян ядуугаасаа шалтгаалахгүй, боловсролтой боловсролгүйгээсээ ч бас шалтгаалахгүй байгаа юм биш үү? Төр барилцаж байгаа хүмүүсээс маань ч гэсэн тийм их ирээдүйгээ харсан гэгээлэг зүйлүүд харагдахгүй л байна шүү дээ...?
-Би бол үндсэн хандлагыг л хэлж байна. Үндсэн хандлага нь хөрөнгө оруулалтыг урин дуудаж байж улс орон хөгждөг гэдгийг жишээ нь  үгүйсгэж байна. Уул уурхайг ашиглаж чадсангүй. Тэгэхээр дахиад л дутуу байна аа л гэсэн үг. Ардчилал бол боломж, эрх чөлөө бол боломж. Тэр боломжийг ашиглах л ёстой байхгүй юу. Уул уурхайгаа ашиглаад хурдацтай хөгжих боломж Монголд нэг удаа ирсэн. Ашиглаж чадсангүй. Уучлаарай, одоо эргэлзээтэй болчихлоо. Одоо Монголд хөрөнгө оруулалт орж ирэх ямар сайн орчин байгаа юм, хэцүү л харагдаж байна.  Хуульд итгэх итгэл хаана байгаа юм, бас л хэцүү.
 
-Өнгөрөгч сард Засгийн газар олон улсын зах зээл дээр бонд гаргаад, бондынхоо орлогоор үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, дэд бүтцээ хийнэ гэсэн. Энэ ч гэсэн манайд гаднын хөрөнгө оруулалт орж ирэхгүй болчихсоны л дохио биз дээ?
-Орж ирж байгаа хөрөнгө оруулалт байхгүй болчихсон. Хөрөнгө орүулалт байхгүй болохоор түүнийг нөхөхийн тулд хүчээр хөрөнгө оруулалт хийж, зээл авч байна л даа. Түүнийгээ харин одоо хэрвээ чи өөрөө хөрөнгө оруулагч байсан бол хаашаа хийх вэ л гэдэг асуудал үлдсэн. Хөрөнгө оруулагчид бол нэг удаа манай Засгийн газарт итгээд л өгчихсөн. Зөв юм руу хийчих байх гэж итгээд. Харин ч үүн дээрээ Засгийн газар өөрөө шийдэж хөрөнгө оруулалт хийхээсээ илүү хөрөнгө оруулалтын арвин туршлагатай хүмүүсээс зөвлөлөгөө авах ёстой. Монголд тийм хүмүүс зөндөө байна. Банкуудас зөвлөгөө ав л даа, ядаж. Тэгвэл тэд хэлээд өгнө, аль нь хамгийн ашигтай вэ гэдгийг. Тэр ашигтайг харин төр өөрөө хийж чадах уу? Яг өнөөдрийнхөөр бол чадахгүй. Маргааш ч бараг чадахгүй. Тиймээс хувийн хэвшилд нь даатгах хэрэгтэй. Хувийн хэвшил рүүгээ хандах юм бол энэ хөрөнгө оруулалт зөв байна аа гэж би харж байна.
 
-Та жишээ нь энэ бондын орлогоос Засгийн газар боловсролын салбарт санхүүжилт хийж болно гэж хараагүй юу, үнэхээр л ирээдүйгээ бодвол?
-Мэдээж боловсролын салбарыг санхүүжилтийг эхний ээлжинд төсвөөс дайчлаад л явна. Хоёрдугаарт хэрвээ миний яриаг ойлгосон бол бидэнд мөнгөнөөс үнэтэй зүйл байна, суурь философи нь байна. Зарчим нь өөрчлөгдөж байгаа болохоос биш бүх юмыг мөнгөөр шийдье гэдгээ л больё. Өмнө нь боловсролын үзүүлэлтийг ярихдаа тэдэн байшин барьсан, дээвэр зассан, тэдэн анги зассан гэж л ярьдаг байсан байхгүй юу. Одоо тэдэн хүүхэд хөгжсөн гэж ярихын тулд заавал нэг том мөнгө нэхээд байх шаардлагагүй. Үнэхээр бид хүүхдийнхээ сурах аюулгүй орчныг бүрдүүлье гэвэл бидэнд 1,7 их наяд төгрөгийн хэрэгцээ байна. Энэ мөнгийг бид аль болохоор өнөөдрийн үнэ цэнээр нь биш, хөрөнгө оруулагч нарт үүрүүлээд хиймээр байна. Өөрөөр хэлбэл Концессийн хуулиар хийе. BLT  буюу барь, менежментийг нь хий, дараа нь төрд шилжүүлж өг.
 
Жишээлэхэд Увс аймагт нэг цэцэрлэгийн байшинг 550 саяар авья гэж л байна. “Одоо та нар яаж болж байгаа юм” гээд асуусан чинь “30 саяар түрээсэлж байгаа” гэж байна. Тэгвэл 30 саяар нь түрээслээд л яв л даа. Өнөөдрийн 550 сая төгрөг арван жилийн дараа таван тэрбумын үнэ цэнэтэй. Бид таван тэрбумаар арван цэцэрлэг барих уу, 500 саяар арван цэцэрлэг түрээслэх үү? Түрээсэлсэн нь хамаагүй ашигтай. Тиймээс бид өөрийн хөрөнгөтэй болохын дон шүглэхээс илүү мөнгөний уян хатан менежмэнтийг л хараад байна л даа. Үнэндээ хөрөнгө оруулагч нарт хийх бизнес алга байна шүү дээ, ашигтай бизнес алга. Ямар бизнес хийх юм, мөнгөө хааш нь хийх юм. Банкинд хийе найдваргүй, одоо яах вэ гэсэн хүмүүс л байна шүү дээ. Тэгвэл сургууль, цэцэрлэгийн сайхан барилга барь, би түрээслэе. Менежмэнтийг нь та нар хий, засвар үйлчилгээгээ та нар хий. Тэгвэл манай сургуулийн захирлууд зөвхөн сургалтаа хариуцсан хүн болно. Санхүүгийн гачигдал, аж ахуйн ажлаас сургуулийнхаа захирлуудыг чөлөөлөх боломж надад гарч байна. Хувийн хэвшлийнхний эргэлтэд оруулж чадахгүй байгаа мөнгийг эргэлтэд оруулаад, бид өнөөдрийн үнэ цэнээр бага мөнгө зараад 25 жилийн дараа шилжүүлж авья л даа. 25 жилийн дараа өнөөдрийн үнэ цэнээс нь 50 хувь илүү мөнгө төлье, хамаагүй. Гэхдээ л өнөөдрийн 550 сая ирээдүйн 5,5 тэрбумын үнэ цэнэтэй гэдгийг бид харах хэрэгтэй. Өнөөдөр тавдугаар ангийн хүүхдэд хийж байгаа хөрөнгө оруулалт 10-15 жилийн дараа 10-20 нугардаг байхгүй юу.
 
Хамгийн ашигтай бизнес, хамгийн ашигтай хөрөнгө оруулалт бол боловсрол. Чамайг сэтгүүлч болгоход аав ээж чинь дөрвөн жилд дөрвөн сая төгрөг төлсөн, амьдрал ахуйд чинь зургаан сая төгрөг төлсөн байх. Дөрвөн жилийн дараа сайн сэтгүүлч болоод зах зээл дээр гар, сард хоёр сая төгрөг ол. Аав ээжийнхээ дөрвөн жилд хийсэн хөрөнгө оруулалтыг чи нэг жилд нөхөж байгаа байхгүй юу. Дараагийн жилээс дандаа ашиг шүү дээ. Гэтэл тэр мөнгөөрөө хэдэн үнээ худалдаж аваад чамаар маллуулсан бол тийм ашиг ирэх үү? Ямар ч сайн үйлдвэр бариад тийм ашиг ирэхгүй. Тэр баялгийг илүү үнэ цэнэтэй баялаг бүтээж чаддаг хүнд л хөрөнгө оруулж байгаа байхгүй юу. Ийм их үнэ цэнэтэй баялаг маань хэдэн зуун мянгаараа бий болж байгаа үед ирээдүйд бид маш их мөнгө олж чадах нь ээ. Яг ийм өндөр өгөөжтэй хүмүүсийг бэлтгэж чадвал энэ их өгөөжөөс маш их татвар орж ирнэ, бид маш их мөнгөтэй болно. Тийм учраас өнөөдөр бид их мөнгө зарж нэг байшин барьчихаад, тэрнийхээ хангамж энэ тэр гэж түүртэж гүйхээсээ илүүтэй хувийн хэвшилд ашигтай, бидэнд алдагдал багатай, гэхдээ ирээдүйгээ харсан, эрсдэл багатай алхмуудыг хийчих юмсан л гэж ажиллаж байна л даа. Тийм учраас би нэг их айхтар бондоос булаацалдаад, боловсролд наадахаасаа өг гээд байгаа юм алга. Хэрвээ Засгийн газар дээр ухаалаг шийдвэр гарах юм бол байгаа мөнгөө боловсролд зарж байх нь туйлын зөв. Энэ улс оронд хамгийн баталгаатай, алдагдалгүй, ирээдүйн хөгжилд хэрэгтэй, эх оронч сайн бодлого бол хүний хөгжил, боловсрол л байна.
 
-Багш нараа жилийн жилд л жагсаагаад, цалин нэмүүлэхийг шаардуулаад байдгаа хэзээ болих юм бэ? Ядахдаа сургуулиудад нь төсвийг нь өгчихдөг, захирлууд нь тэднийхээ хүссэн, таарсан хэмжээнд нь цалинг нь өгөөд авчихдаг байж болохгүй юу?
-Дөрвөн жилийн хугацаанд тэр лүү шилжинэ. Ер нь бол багш нарын цалинг төрийн албаны сүлжээнээс гаргаад чөлөөлчих хэрэгтэй юм. Гол нь цалин гэдэг дээр нэмээд манай Монголбанк монгол төгрөгөө үнэ цэнэтэй болгох хэрэгтэй шүү дээ. Монгол төгрөг үнэ цэнэтэй байх хамгийн найдвартай, цорын ганц арга нь алт олборло. Алтыг Монголбанк урьдчилаад худалдаад ав л даа. Алт ихтэй байвал төгрөг үнэ цэнэтэй байна. Төгрөг үнэ цэнэтэй байвал бидний авч байгаа цалин үнэтэй байна. Алтыг нь худалдаж авахгүйгээр баталгаагүй баахан цаас хэвлээд тараавал бидний өнөөдрийн цалин хэд дахин нэмэгдсэн ч ялгаагүй дүр зураг харагдаж байна.
 
Хоёрдугаарт санхүүжилтын системээ зөв болгоно оо. Яг манай яамны хувьд үнэхээр ажлын үр өгөөж, хүүхдийнх нь хөгжлөөр дүгнэдэг тэр системийг хэрэглэнэ. Сургууль болгон дээр тэр менежментийн багууд бий болно. Багш нарынхаа ажил, ачааллыг дүгнээд, өөрийнхөө сургуулийн онцлогт тааруулаад хэнд нь илүү их цалин өгөхөө өөрсдөө шийддэг болно. Хавтгайруулж л болохгүй.
 
-Хүүхдүүдийг ном уншдаг болгоно гээд “Ном” хөтөлбөр хүртэл гаргасан. Харин унших ном байна уу гэдгийг судалж үзсэн үү?
-Уншуулах ном бас хэцүү байгаа. Хүүхдэд зориулсан ном бүтээх маш том компанит ажил өрнүүлнэ. Мэдээж дэлхийн сонгодгуудыг манай хүүхдүүд унших хэрэгтэй, ертөнцийн гайхамшгийг таньж мэдэх хэрэгтэй. Хамгийн гол нь номыг хүүхэд дурладаг хэлбэрээр нь бид өгөх хэрэгтэй. Одоогийн хүүхдүүд чинь үзэх харах дадал аягүй сайн суугаад байгаа шүү дээ, дандаа телевизор үзсээр байгаад. Тийм учраас зурган хэлбэрээр илэрхийлэгддэг номуудыг сайн өгмөөр байна. Зохиолчиддоо төлбөрийг нь төлөөд хийлгэдэг больё гэж байна. Томоохон их дээд сургуулиудын нээлттэй программуудыг ч монгол руугаа буулгая гэж байна. Харвард гэх мэт том сургуулиуд бүх мэдээллээ нээлттэй болгочихлоо шүү дээ. Манай их сургуулиуд ч гэсэн тийм болох хэрэгтэй. Гэтэл манай багш нар нэг жижигхэн лекц бэлтгэж аваад, түүнийгээ халаасандаа нуугаад яваад байгаа. Самбар дээр биччихээд, бичсэнийгээ ярьж өгчихөөд, буцаагаад арилгачихдаг. Бичиж авч чадаагүй нь хохь нь гэж байна. Жаахан зоригтой нь бол хувилаад өгчихөж байгаа юм. Би хувьдаа тухайн хүүхдийн хичээлд сууж байгаа нэг цаг дээр тэр хүүхдийг бүрэн дайчлаасай л гэж хүсч байна. Хуулан бичлэг хийлгээд харж суудаг байдал алга болоосой. Дээд боловсрол дээр ч гэсэн энэ сургалт л улам арвижна гэсэн үг. Их сургуулийн удирдлагуудад би нэг зүйл хэлж байгаа. Та нар хичээлээ бүгдийг нь видео болгочих оо, есдүгээр сарын 1-нд ирэхээр нь бүгдийг нь өгчих гэж. Тэгээд хичээлийн цаг дээрээ орж ирээд “Миний тэр лекцийг уншсан уу, тэр тухай ярья” гээд хүүрнэх ёстой байхгүй юу.
 
Би Солонгост нэг эрдэмтэнтэй уулзсан юм. Орчуулагч нь тэр эрдэмтний урьд нь багшилж байсан сургуулийн оюутан байсан. Би тэр оюутныг хараад “Танай орчин үеийн хүүхдүүд бүгд ийм болсон уу” гэж асуусан. Би хувьдаа тийм л дүгнэлт өгнө, ний нуугүй хэлэхэд. Тэгэхэд эрдэмтэн “Ганц хүүхэд дээр би дүгнэлт өгч чадахгүй ээ” л гэсэн. Үүнийг л эрдэмтэн хүн гэж байгаа юм. Бид хоёрын ялгаа л тэнд харагдаж байгаа юм. Хашир бол “би сургууль дээрээ очьё, хүүхдүүдээ харья, тэгж байж дүгнэлтээ хэлнэ” гэж байна. Тэгэхээр тохиолдлын нэг үзэгдэл, тохиолдлын нэг баримт дээр том том дүгнэлт өгч шийдвэр гаргадаг маань бидний буруу байна аа. Илүү судалгаатай, бодитой байх хэрэгтэй. Тиймээс маш их номтой болмоор байна.
 
-Их сургуулиудын чанарыг сайжруулахын тулд магадлан итгэмжлэлээр оруулж байна гэж нэг хэсэг бужигнасан, одоо чанар нь сайжирсан гэж сонсогдохгүй л байгаа...?
-Магадлан итгэмжлэлийг төгс төгөлдөр болгох ёстой. Энэ бол гарцаагүй хийх ажил. Магадлан итгэмжлэлийнхээ шалгуурыг илүү ухаалаг болгох хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш тэдэн багштай байна, ийм ном хэрэглэнэ гээд материаллаг талаас нь шалгуур тавьчихаар тэр нь буруу болчихоод байна. Магадлан итгэмжлэл бол тухайн сургуулийг хөгжүүлэх программыг удирддаг байгууллага л гэж ойлгох хэрэгтэй. Магадлан итгэмжлэлээр орно гэдэг нь хөгжлийнхөө концепцийг харна гэсэн үг. Сургууль болгон дугуй зохиохоосоо илүү ерөнхий барих хөгжлийнхөө концепцийг л хэлж өг. Тэр итгэмжлэлийнх нь үзүүлэлтүүд жил болгон сайжраад явах ёстой байхгүй юу. Манайх түүнийгээ зогсоочихсон. Асуудал үүндээ л байгаа юм.
 
-Ижил мэргэжлээр бэлтгэдэг сургуулиудыг нэгтгээд явбал оюутны тоо ч олшроод, сургалтын чанар ч сайжраад явах биш үү?
-Ер нь бол сургуулиудаа томруулах бодлого зөв. Магадлан итгэмжлэлийнхээ итгэлцүүр, үзүүлэлтийг аль болохоор тэр лүү явуулах шаардлагатай. Гэтэл эсрэгээрээ манай энэ төрийн өмчит их, дээд сургуулиуд дээр маш жижиг олон сургууль байгуулсан нь маш том алдаа болсон. Одоо үүнийг буцаагаад хумих хэрэгтэй, факультетийг нь томруулах хэрэгтэй. Угаасаа хязгаарлагдмал нөөцөө бүрэн ашиглахын тулд том сав байх ёстой байхгүй юу. Жижигхэн жижигхэн нүхэнд орчихоод түүн дотроо л тийчигнээд байхаар явахгүй байна л даа. Дээд боловсрол дээр хийх хамгийн гол шинэчлэл нь нээлттэй сургалтыг бий болгох. Багш лекцээ нуух биш, тэр нь бүр хичээлд орж ирэхэд нь ил болчихсон байх хэрэгтэй. Оюутнуудаа судлаач л гэж үзэх хэрэгтэй. Чи судлаач биш бол энд сурч чадахгүй гэдгийг их сургуульд анх ороход нь хэлэх хэрэгтэй. Тэгээд хүүхэд болгоны репортыг ил болгоё, төгсөлтийн болон магистрын ажлыг нь ил болгоё. Ингэвэл хэнээс хэн дипломоо хуулсан нь ил болно, шинэ санаачлагууд гарна. Их сургуулиуд судлаачдын судалгаа хийдэг газар болно.
 
-Оюутны хотхон байгуулна, их сургуулиудыг нүүлгэнэ гэж өмнөх сайд нар чинь нэг хэсэг ярьсан. Энэ ажил зогссон уу, яагаад чимээгүй болсон бэ?
-Явж байгаа, гэхдээ аягүй түүхий байгаа. Түүхий байгаа юмыг би дэлгээд, болчихсон юм шиг яриад байж болохгүй. Болохоор нь ил гаргая. Одоо бол дэндүү түүхийгээрээ байна, өгөгдлөө буруу өгсөн байна. 500 мянган хүнтэй хот байгуулна гэж яриад байгаа байхгүй юу. Монголд ийм хот байгуулж чадахгүй шүү дээ, яагаад ч чадахгүй. Тийм учраас тэр өгөгдлүүд нь зөв байх хэрэгтэй, зураглал нь зөв гарах ёстой. Дээр нь их сургуулиуд нүүнэ гэсэн баталгаа хэрэгтэй. Гэх мэтчилэн ажиллагаа их байхад ажил нь хийгдээгүй байна. Хийгдээгүй юмыг хийх гэж байна гэж орилох хэцүү, хийж байгаа шүү гэж яриад байх хэцүү. Үндэслэлтэй сайн судалгаа, зурагнууд байж, бүх хүн түүнд итгэж байж явах ажил. Их том ажил учраас манайхан тэр хавьдаа чадах чинээгээрээ л ажиллаж байна. Тэгээд гарсан зургаа бид Ерөнхий сайддаа танилцуулья, Засгийн газартаа оруулья, хоттойгоо ярья. Үүн дээр нэлээд их ажил хийгдэнэ. Ямар ч байсан оюутан сурагчид маань ном сурах аюулгүй сайн орчинг бүрдүүлж өгөхөөс өөр аргагүй. Хотын энэ замбараагүй орчинд оюутнууд ном сурна гэдэг хүнд. Цаашдаа улам л хүндэрнэ. Одоохондоо яах вэ, номероор хязгаарлаад, улаан шон  хатгаж бариад, нэгдүгээр эгнээг чөлөөлөөд, чадах чинээгээрээ хориглолтын арга хэмжээ л авч байна. Гэхдээ л хотын төвийн сургуулиудын амьдрах орчин улам дордоно. Тиймээс хотоос гарч л таарна. Гарахдаа яг яаж гарах вэ гэдэг судалгаанууд ид хийгдэж байна. Багануур гэдэг дээрээ тохирчихсон, шийдвэр нь гарсан, үүн дээрээ хатуу байгаа. Ер нь болсон болоогүй нөхцлөөр, янз бүрээр шийдвэр хувирдаг байх нь буруу. Ер нь С.Баярцогтын хэлсэн “Монгол хүний за бол андгай буй за” гэдэг бол гайхамшигтай үг шүү.
 

-Б.Ренчин гуай хэлж, С.Баярцогтын сануулсан уу?
-Тийм ээ. Энэ бол гайхамшигтай үг. Гаргасан шийдвэр дээрээ хатуу байдаг зан чанар бидэнд байх ёстой. Нэг хоёр хүн шүүмжилсний зоргоор “Болохгүй юм байна” гэж буцаад хэрэггүй. Эсвэл нэг их хөөрүү төлөвлөлт хийгээд, “500 мянган хүнтэй хот болно” гэж худлаа яриад алдагдалд орж болохгүй.
 
-ШУА-ийг яах вэ? Нэг л их төсвөөс мөнгө нэхсэн, тэгсэн хэрнээ судалгаа шинжилгээ огт хийдэггүй хүмүүс байдаг гэж шүүмжлэгддэг шүү дээ?
-Академийн хувьд ТББ учраас нийт гарч байгаа зардлынхаа ¼ орчмыг өөрсдөө олж байна. Миний тавих шаардлага бол 50 хувийг нь ол гэж байгаа. Үнэхээр л эрдэмтэд, судлаачид юм бол өөрсдийгөө үнэд хүргэж сурах хэрэгтэй шүү дээ. Захиалга ав, зөвлөгөө өгөх чадвартай бол, орчин үетэйгээ хөл нийлүүлж, өрсөлдөх чадвартай бол. Нөгөө талаасаа би академийг сүйтгэмээргүй байна. Үнэхээр суурь судалгааны хүмүүс хэрэгтэй, энэ хүмүүстээ төр засаг хайр халамжаа хүртээдэг болно гэдгээ сая бид харууллаа шүү дээ. Математикчиддаа Төрийн шагнал өглөө, физикийнхээ суурь судалгаан дээрээ бүтээлийнхээ 100 сая төгрөгийн шагналыг өглөө. Ер нь бол суурь судалгааг төрөөс байнга дэмжинэ. Гэхдээ эрдэмтэд юм бол, ТББ юм бол ТББ-аараа амьдарч чадна гэдгээ харуул. Чадахгүй бол улсад нь өг. Тэгэхгүй хэдэн хүн бөөгнөрч суучихаад бие биенээ хаацайлаад байж болохгүй шүү дээ. Хүмүүс нь солигдож, шинэчлэгддэг ч үгүй, өрсөлдөх чадвар нь ч нэмэгддэггүй. Тэгсэн хэрнээ хувь хувиараа судалгааны ажил хийгээд давхичихдаг, наанаа болохоор огт орлогогүй хэцүү байна гээд байдаг. Институцээ, хүрээлэнгээ бэхжүүлэх тал дээр ажил хийгээд явбал Засгийн газар дэмжихээд бэлэн байгаа. Асуудалгүй. Академи руу төлж байгаа мөнгийг бол нэг их харамлаад байх шаардлагагүй. Суурь судалгаа хийж байгаа хүмүүстээ тэр зэргийн төлбөр төлөх итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Нөгөө талдаа тэр хүмүүс ч гэсэн бас ганцаараа авч байгаа гэдгээ санах ёстой. Эрдэмтэд юм бол хөгжих ёстой. Хэтэрхий настай хүмүүсээр хүрээлэнгээ удирдуудахгүй шүү гэдэг саналаа ч гэсэн хэлж байгаа. Гэхдээ бид гол судалгааны ажлаа хаана найдаж байна вэ гэвэл Их сургуулиуд, ялангуяа төрийн өмчит сургуулиуд, бид тэднийгээ дэмжинэ, өмч нь Засгийн газрынх юм чинь үүн дээр бол шаргуу дамжлэг үзүүлнэ.
 
-Одоо таны сууж байгаа гол ажил чинь юу вэ?
-Яаман дээрээ, салбартаа хийж байгаа зүйлүүдээ УИХ, Засгийн газрын шийдвэр болгох ажил байгаа. Одоо бол бид заримдаа  Засгийн газрыг давчихсан шийдвэр гаргаад л яваад байна л даа, цаг алдахгүйн тулд. Сайд хэн ч байж болно, бидний ажил нутагшиж үлдмээр байна. Дараа нь нэг сайд гарч ирээд “Өө, хамаг юм задгай тавьчихсан байна, ёстой буруудлаа. Бүгдийг нь хумих хэрэгтэй, цэргийн зохион байгуулалтад оруулна аа” гэдэг ч юм уу, хэн юу гэж солиорохыг бид мэдэхгүй шүү дээ. Тийм учраас энэ сургуулиудын бие даасан байдал, өмчийн асуудлыг УИХ, Засгийн газраар оруулж батлуулах хэрэгтэй. Үнэхээр орон нутаг өмчийн эзэн юм бол эзэн юм шиг байг. Сургуулиудыг түрээсээр ажиллах хуулийн орчинг бий болгох, Концессийн жагсаалтад оруулах гэх мэтчилэн УИХ, Засгийн газрын тувшинд хийх ажлууд байна. Хоёрдугаарт төрийн өмчит их сургуулиудынхаа бүтэц, зохион байгуулалтыг шийдэх асуудал байна.
 
Хамгийн их сэтгэл зовоож байгаа зүйл бол хүүхэд болгоныг хөгжүүлж болно гэдгийг яаж хүмүүст нотолж, итгүүлэх вэ гэдэг л хамгийн хэцүү байна. Нөгөө талаар хүүхэд чинь Монголын ирээдүй гэдгийг яаж эцэг эхчүүдэд ойлгуулах вэ. Итгэх хэрэгтэй байхгүй юу. Манайхан бид л Монголыг бүтээнэ гэж дайраад байгаа, тийм биш шүү дээ. Мэдээж бид Монголыг бүтээнэ л дээ, гэхдээ хэзээ ч төгс утгаар нь хийж чадахгүй. Аль нь ч барахгүй. Яагаад гэвэл бидний ерөнхий өгөгдөл их муу байна. Уучлаарай, маш муу байна. Мэдээж чадах чингээрээ манайхан ажиллаж байгаа, нойр хоолгүй ажиллаж байгаа. Гэвч үр дүн нь мэдэхгүй ээ. Яагаад гэвэл биднийг засаг авахаас өмнө богино хугацаанд үр дүн гаргадаг тэр юмнууд чинь зогсчихлоо. Хөрөнгө оруулалт зогсчихлоо, уул уурхай зогсчихлоо. Худлаа баахан бүртгэл, өөр юу ч байхгүй. Зах зээл дээр байгаа компаниудынхаа үнэлгээг хар, борлуулалтыг нь хар. Байхгүй шүү дээ. Хөрөнгө оруулья гээд ирж байгаа хүмүүсээ хар, байхгүй. Одоо нөгөө хөрөнгө оруулагчид чинь өөр улс руу явж байна. Африкийг “шинэ Ази” гээд зарлачихлаа. Гэтэл бид өөрсдийнхөө одоо байгаа байдалд хэт их үнэлгээ өгөөд байна. Түрүүчийн нөгөө нөгөө эрдэмтэнээс миний асуудаг л байхгүй юу. Ганц сайн жишээн дээр бүгдийг нь хардаг, ганц муу жишээн дээр бүгдийг нь хардаг. Гэтэл яагаад хөрөнгө оруулалт ирэхээ больчихов, уул уурхай уначихав гэдгийг томоор нь харах хэрэгтэй шүү дээ. Дэлхийн хамгийн том уул уурхайн компаниуд хайгуулын зардал, хөрөнгө оруулалтын зардлаа таналаа. Ойрын гурван жил хийхгүй гэдгээ зарлачихлаа. Тэд тэнэг биш шүү дээ, ард нь маш том институт, судалгааны баг ажиллаж байгаа. Уул уурхайгаас ирээдүйд ашиг олохгүй нь ээ гэж харсан учраас татлаа шүү дээ. Ашиг олно гэсэн бол хөрөнгө оруулалтаа тэлнэ биз дээ. Уул уурхай луу төвлөрч байсан хөрөнгө оруулалт алга болчихлоо. Уул уурхай дээрээ хөрөнгө оруулалт татах чадвар манай УИХ-д алга, Засгийн газарт ч байхгүй. Одоо хэн ч юу ч яриад нэмэргүй.
 
-Х.Баттулга, Д.Ганхуяг хоёрыг солиод ч нэмэргүй юу?
-Хүндээ биш байхгүй юу. Нийтлэг ойлголт нь уул уурхайг хөөгөөд гаргачихлаа шүү дээ. Хэрвээ энэ нөхцөл байдлыг ухаалгаар давж чадвал нэг явах байх. Ухаан муутай явах юм бол бид 10 жилийн дараа С.Баярцогдтоо нэг алтан хөшөө босгож өгөөд л сална. Ийм л юм болно.
 
-Гол нь УИХ, Засгийн газрын танхимд суугаа гишүүд, сайд нар нь үүнийг эсэргүүцээд, олон нийтийг залаад байгаад гайхдаг юм. Ялгаагүй харанхуй байгаа хэрэг биш үү?
-Ерөнхийдөө жирийн иргэн, малчин, багш, сайд, дарга ч бай, ерөнхийдөө дээр доорын ялгаа алга л даа. Энэ ард түмний хурц ухаан, ухаалаг шийдвэр гаргах чадвар үндсэндээ нэвтээрээ алдагдчихсан байна. Жаахан жаахан мэдсэн таньсан хэмжээндээ л харж байна шүү дээ. Багаасаа номлолоор толгой руугаа цохиулсаар байгаад нэг хүн гарч ирээд том номлол ярихаад “өө тийм үү” гээд дагаад давхидаг. Одоо манай хүүхдүүд хүртэл биднийг шоолж байна шүү дээ, та нар арай ч дээ гэж...
Сингапурыг манайхан их жишээлдэг. Төрийн хатуу бодлого, диктатураар улс орноо хөгжүүлсэн гэж. Гэтэл Сингапур зүгээр л хөрөнгө оруулагч нарт бүх боломжийг нь өгсөн л байхгүй юу. Тэгж байж улс нь хөгжсөн. Хонконг яаж босч ирсэн юм. Мөнгийг татах увдисыг бий болгосон улс орнууд л хөгжсөн шүү дээ. Одоо ч тэгнэ. Африкчууд баахан дайн хийж хийж байгаад сүүлдээ ойлголоо шүү дээ. “Уучлаарай, одоо бид тэгэхгүй ээ. Манайд хөрөнгө оруулалт хийвэл бид тэдэн жилийн баталгаа өгье” гэж байна. Хөрөнгө оруулагч нар яах вэ дээ, хууртагдаж ханадаггүй юм чинь тийшээ явж л байна. Ямар сайндаа Назарбаев манайд ирээд хэлсэн гэдэг биз дээ. “Болоогүй ээ, та нар дахиад жаахан оруулаадах, тэгж байгаад л хаадаг байхгүй юу” гэж. Амьхандаа л хөөрхий санаа зовж, заль хэлж өгч байна шүү дээ. Бид бол хэтэрхий эрт хаалгаа хаачихлаа л даа. Хичнээн том байгаад ганц хоёр “машин”-аар улс орныг эргүүлнэ гэж байхгүй. Монголд хорь, гучин Оюутолгойн потенциаль байсан. Одоо тавиад туучихлаа л даа.
Б.СЭМҮҮН