Showing posts with label АЮУРЗАНА Г. Зохиолч. Show all posts
Showing posts with label АЮУРЗАНА Г. Зохиолч. Show all posts

Sunday, 5 October 2014

Г.Аюурзана: Нүүдэлчид бол сэхээтнүүд байсан...

(харилцан  яриа)

Г.Аюурзаныг мэдэхгүй хүн бараг байхгүй. Харин түүнийг бясалгал хийдгийг тийм ч олон хүн мэдэхгүй. Аюураа бид хоёр нэг бодлын их адилхан, нөгөө бодлын тэс өөр хүмүүс ч ийм сэдвээр бол хэдэн цаг ч ярьж чадна. Хамтдаа цай уух зуураа дуу хураагч ажиллуулснаа тэр чигээр нь сийрүүлэв. Энэ удаад би өөрөө сэтгүүлч гэхээсээ харилцан ярьсан нь дийлэнх нь болчих шиг.
Д.Т: Аюур аа, хоёулаа бясалгалын тухай, шашны тухай жоохон хамт ярилцаж сууя гэж бодлоо?

Г.А: Хэтэрхий ерөнхий, том сэдэв биш үү хө?

Д.Т: Үгүй, уур амьсгал нь л тийм болохоос нарийсгаж ярина. Жишээ нь, намайг зохиолч гэх үү, сэтгүүлч гэх үү, кино найруулагч гэх үү? Бас сая анхны концепт цомгийн бүх шүлгийг нь бичиж,  продюсерлэж гаргалаа. Тэр нь үйлийн үрийн тухай рок дуурь маягтай ч юм шиг. Тэгээд цааш бас өөр хэлбэрээр хийгээд явах санаатай. Эхлээд зохиолч гэж яг хэнийг нэрлэх вэ гэдгээс ярья, бүр холоос. Зохиолч хүмүүс огт зохиодоггүй юм байна гэдгийг одоо л зохиол нэлээд бичээд ойлгож эхэлж байна.

Г.А: Зохиолч гэдэг монгол хэлэнд анхнаасаа жаахан буруу суучихсан үг гэмээр юм уу даа. Яагаад манай бичгийн их хүмүүс өөрсдийгөө “молхи бичээч”, “дорд бичээч”, “мөхөс бичээч” гээд байсан бэ гэвэл язгуураасаа бичих үйлтэй холбоотой нэршил нь хэлэнд маань байсан хэрэг шүү дээ. Яг л писатель, writer гэдэгтэй адилхан үгийг чинь гэнэтхэн л санаанаасаа баахан юм зохиодог нөхөр болгоод ийм нэг гоё ч юм шиг, инээдтэй ч юм шиг нэр томьёо хэвшүүлчихсэн нь монголчуудыг угаасаа бичгийн соёлоор тааруу, аман зохиолтой л ард түмэн гэсэн ойлголт давамгайлж байсан, соёлоо импортолж байж л соёл гэж нэрлэдэг явцуу үзэл сурталтай тэр цагийн л тусгал юм. За, юутай ч тогтоод хэвшчихсэн нэр томьёог чи бид хоёр одоо нөгөө өнгөрсөн борооны хойноос эсгий нөмөрч гардаг шиг өөлөөд яахав, монголоор энэ бол writer гэсэн үг ээ гэж ойлгоод маргаангүйгээр цаашаа явъя. Зохиох гэхээрээ бас бий болгох, бүтээх гэсэн утга бий л дээ. Тэр утгаараа бол зохиолч гэхэд болж байна. Ухаад байх юм бол яруу найрагч гэдэг бас л инээдтэй нэршил шүү дээ. Яахав, бүгд дасчихсан “яруугаар найрах” тухай огт боддоггүй учраас ингэж хэлүүлэхээсээ бид ичдэггүй. Тэгэхээр зүгээр л чиний асуусан гол зүйлийг ярилцъя. Зохиолч хүн зохиомол юм туудаг нөхөр үү? Зохиол гэдэг нь амьдралд байдаггүй гаж явдлын бичлэг үү?

Д.Т: За, яг наанаас чинь эхэлж ярилцъя.

Г.А: Зохиол жинхэнэ утгаараа бол зохиомол байх ёсгүй гээд ярихаар хүмүүс гайхаад байдаг юм. “Чи одоо юу гээд байгаа юм бэ? Зохиолч хүн зохиогоод л биччихдэг биз дээ?” гээд л унтууцна. Гэхдээ яг уран зохиолын гүнд орсон хүний хувьд бол зохиол өөрөө цаанаасаа төрдөг, гагцхүү тэр төрж буй үйл явцыг нь л зохиолч хүн аль болохуйц гажаачихалгүй, бичигдэх ёстой жамаар нь буулгах ёстой юм. Жамаараа буусан зохиол үнэмшилтэй, уншууртай байдаг. Бүр амьдралд огт баймгүй зүйлийн тухай зохиол ч гэсэн зохиомол хиймэл зүйлээсээ ангижирч байж л сая үнэ цэнэтэй болно.

Д.Т: Гэхдээ зохиох гэдэг нь, зохиолчийн зүгээс шийдвэр гаргах эрх нь үргэлж гол үүрэгтэй...

Г.А: Зохиомж гэдэг чинь бас л цаанаасаа өгөгдөлтэй эд шүү дээ. Би зохиол бичдэг, гэхдээ би бүгдийг шийддэггүй. Мэдээж, бодож олох, эргэцүүлж тунгаах юм бол байлгүй яахав. Гэхдээ л урлаг бүтээх гэж байгаа л бол цаад амин сүнсийг нь тэмтрэх хэрэгтэй. Бичих бол яахав дээ, бичих л ажил. Чи яагаад кино зохиол бичихгүй сууж чадахгүй, заавал нэг юм оролдоод явдаг юм бэ? Бүр цаана нь чамайг бичүүлэх өдөөгч л ажиллаад байгаа хэрэг биш үү?

Д.Т:
 Тийм дээ.

Г.А: Одоо чи ярь аа. Кино, хөгжим, дууны шүлэг, бясалгал гээд чамд ярих зүйл зөндөө байсаар атал заавал надаас яриа авч байгаа дүртэй суугаад яах юм бэ?

Д.Т: Сэтгүүлчийн ажил уран бүтээлд хамгийн ойр ажил учраас, адилхан эрэгцүүлж бодсоноо нийтлэлээр бичдэг, нэвтрүүлгээр үзүүлдэг учраас би бүх зүйл рүү сэтгүүлзүйгээр дөрөөлж хөл тавьсан. Кино зохиол яагаад надад ойр вэ гэвэл их ойлгомжтой зүйл. Хорин долоон жил телевизийн нэвтрүүлгийн зохиол бичсэн хүнд мэдээж ойрхон. Ажил, хобби хоёр холилдоод ирэхээр хүн нэг их сайхан таашаал аваад эхэлдэг. Хөгжмийн хувьд бол бас л хобби шүү дээ. Хөгжимд дуртайгаасаа болоод дууны үг бичсэн. Эргээд харахад, нэлээд олон дууны шүлэгтэй болчихож.

Г.А: “Цонхон дээр суусан ялаа” гээд бүр 9 дуутай ...

Д.Т: Харин, тэрийг чинь л ярих гээд зэхээд байна. Энэ бүхний эцэст нэг томоохон юм хийх цаг нь болсон. Тэгээд Тэмүүлэнг сонгосон хэрэг. Сэдэвт цомог юм болохоороо сэдэв хэрэгтэй. Гэтэл нэг хүрээ дуунд “Цонхон дээр суусан ялааг цохиод чи алж чадна Цохлоод ирсэн үйлийн үрийг цохиод буцааж чадах уу чи?” гэж асуусныг хараад “Өө, сэдэв маань энэ байна шүү дээ” гээд барьж авсан. Бас ч гэж бясалгал хийгээд жаал юм ойлгосон. Ийм л юм.

Г.А: Хэтэрхий олон зүйл рүү үсчээд байгаа юм биш биз? За за, тоглож байгаа юм шүү.

Д.Т: Магадгүй гаднаас нь харахад маш их зөрчилтэй олон талтай ч юм шиг харагдавч зүгээр л ярих гэснээ л ярьж байгаа ухаантай хүн юм шүү дээ би. Миний хувьд бол, ингэсхийгээд хариулт өгдөг ажлаасаа асуулт тавьдаг ажил руугаа буцмаар байна. Бясалгал гэдэг үг бидний ярианд дурдагдсаных, энэ талаар заавал чамаас асуух ёстой?

Г.А: Ширэндэв багшийн удирддаг випашина бясалгалын төвд цөөн удаа сууж, даяан гэж яг чухамдаа юу болохыг мэдэрсэн минь миний амьдралд тохиолдсон хамгийн гайхамшигтай явдлуудын нэг байсан. Гэхдээ одоо хэр би өөрийгөө бясалгагч байж чадах эсэхдээ эргэлздэг. Хэтэрхий дээгүүр, бас Бурхан Будда өөрөө бясалгаж байсан тэр арга гээд бодохоор хэтэрхий сүрдэм, тийм бишрэмээр атлаа ер бусын энгийн, нэг л баримжаагүй санагддаг. Юутай ч, би урьд нь зэнгийн тухай бага сага уншиж, зэнд хорхойсч явсны үр ч юм уу, бясалгалаас их зүйл олж мэдсэн шүү. Буддист байх нь миний амьдралын гол чиг шугам юм байна гэж ойлгож авсан. Бас шүтэх бишрэх юмтай байна гэдэг мунхрал биш, харин бахархал юм байна гэдгийг ухаарсан. Гэхдээ л би бясалгалд балчирдсан хэвээрээ л явна. Харин миний анзаарснаар, бясалгалд жинхэнээсээ автаж, бүр тэс өөр ертөнц рүү яваад орчихсон хүмүүсийн нэг нь чи юм шиг надад санагддаг.

Д.Т: Бясалгалд ч орохын хувьд бол үнэхээр орсон шүү. Гэхдээ би их муу талтай юм. Эрхбиш наашилж байгаа байх...

Г.А: Гэтэл зарим хүн чамайг энүүнээсээ тэс өөр, нэлээд хүнд рок талдаа хүн гэдэг биз дээ? Галсансүх нэг удаа бүр мааш их гайхчихсан “Төрөө ах бясалгалд ороод бүр шал өөр болсон. Одоо архи ч уухгүй байгаа” гэж ярьж байсан юм даг. Урьдын Төрмөнхөөс нээрэн их өөрчлөгдсөн байх аа?

Д.Т: Бясалгал хийдэг хүн лам болчихож байгаа юм ерөөсөө байхгүй шүү дээ. Гадаадад ч тэр дотоодод ч тэр энийгээ хүмүүс нэг их яриад зарлаад байдаггүй юм. Уг нь бас тэгэх ч ёстой даруухан л байхыг сурч байгаа улс тэрийгээ гайхуулж байгаа юм шиг хашгираад байх угаасаа номонд хазгай. Гэтэл би гэгч хүн сэтгүүлч гээд л шилдэг нийтлэлч дотор өчнөөн уншигчтай мөртлөө, амиа бодоод л тийм сайхан юм хийж өөрийгөө л өөрчлөгдөөд, харин гадагшаа бол хариу үйлдэл хийгээд л байх хачин биз дээ? Эхнэр, охин, найз нар гээд бүгдийг л суулгах хүсэлтэй болсон. Бас цаг нь болохоор суудаг номтой учир зарим нь суугаад зарим нь суугаагүй л байгаа. Би яахав буян багатай хүн болоод олигтой өөрчлөгдөхгүй байгаач байж болно. Гэхдээ эргэн тойрон буянтай хүмүүс дүүрэн байгаа болохоор л хаяа ч гэсэн сануулж, сонирхуулж бичдэг гэх үү дээ .

Г.А: Ажаад байхад, бясалгал шашин гэх мэт оюун санааны уйгагүй эрэл, рок хөгжим хоёрт шүргэлцэх цэг их байна уу даа? Чи рок бөгөөд бясалгагч хүний хувьд... (инээв)

Д.Т: Тийм рок хөгжим гэхээр бас л нэг хулигаан хүний ч хөгжим шиг, савхи, хохимой, үхэл, араг яс, цус, нөж , галзуу шахуу хүний хөгжим  гэж хүлээж авах гээд л  байдгаас болоод зөрчилтэй харагдаад байж мэднэ. Шашинжсан рокууд бол бий. Гот рок гэх мэтээр бүүр шашны урсгал маягтай ч бий. Тэгээд л би саяхан Тэмүүлэн гэж гайхалтай авьяастай даруухан залуутай нийлж өнөөх өөр өөр харагдаад байдаг хоёр талаа нийлүүлж үзсэн ухаантай юм шүү дээ. Нарийн ярьвал нөгөөх хамтран гол юмыг хийсэн хүн маань загалмайтан тал руу элэгтэй, би буддист ийм хоёр нөхрийн зуурмаг шүү дээ тэр “Цонхон дээр суусан ялаа” чинь. Охин минь тусалж байж л нэг юм гарлаа. Өөрийнхөө дотоод руу шагайсан ажил. Ер нь хөгжмөөр, шүлгээр хүн худлаа хэлж чаддаггүй юм шиг.

Г.А: Залуучуудтай хөл нийлээд л мундаг байна шүү. Чи ерөөсөө хөгширдөггүй нөхөр юм аа. Нөгөө л Төрөө хэвээрээ л явах...

Д.Т: Нас бол тоо гэж их ярих болжээ. Үнэн ч байх бас худал ч байх. Энэ нөгөө л үзэгдэх хийгээд үл үзэгдэх зүйлсийн тухай яриа болж орхино. Гаднах өнгө гэж байлгүй яахав сэтгэлийн ч гэнэ үү сүнсний ч гэнэ үү тэр дотор харагдахгүй өнөөх юмны хувцас бол бие шүү дээ. Хуучирч л таараа материал юм чинь. Харин дотор бол бүр ухаажаад, алдаагаа ухаараад, туршлагаар ойлгоод улам залуу хирнээ хэрсүү залуу байж байдаг болтой юм.

Г.А: Нас бол ердөө л тоо гэхэд бас ч хаашаа юм бэ дээ. Зарим үед нас явсаны ачаар олж хардаг, нас жаахан тогтож байж л ухаарч таньдаг зүйл амьдралд их таарах юм аа. Адгийн наад захын жишээ гэхэд л, өвчин байна. Залуу насны эрч хүч нэг л өдөр алга болчихсон, хаа нэгтээ өвдчихсөн, нас өөрийгөө сануулаад байгаа нь мэдрэгдээд ирэхэд бас хайран өдрүүдийг дэмий үрснээ ойлгох юм. За, тэгээд явж явж хүн эрүүл саруул, ухаан сэргэг, ой санамж хурц дээрээ амжиж хэдэн ном л уншвал хүн болж төрсний хэрэг тэр юм байна шүү дээ. Ер нь сурвалжлагчийн зөн минь сэрсэн бололтой. Би чамайг бодвол энд тэнд яриа их өгдөг хүн. Үүнээ цэглэе ч гэж бодож байгаа. Хойшид би асууж, чи хариулна шүү. Яг одоо ямар ном уншиж байна хө?

Д.Т: Уг нь би чамаар л яриулмаар байдаг…Би үргэлж нэг юм хийж бичиж байдаг болохоор тэр юмтайгаа холбоотой юмс түүж уншдаг зуршилтай болоод их удаж. Сүүлд уншина гэж бодсоноо дор нь худалдаж аваад номын сандаа хийчихдэг юм. “Чөтгөрийн хотын тэмдэглэл” гээд Нью Иоркод амьдарч байсан үеэ бичсэн нэг тийм эссээ тууж ч гэмээр юм уу нэг ном гаргасан даа? Их олон хүнд таалагдсанаар барахгүй ийм нэг эсээ маягаар юм бичээд байх нь зүгээр юм шиг санагдаад түүн шигээ өөрийнхөө амьдралаас сэдэвлээд ч гэхүү дээ нэг том эссэ роман эхлээд их удаж байнаа.  Тэрэнтэй холбож Ф.Достоевскийн “Гэм зэм”ийг дахиж уншлаа. Их ядарч барлаа. Маш зузаан ном. Нэг цагаа ломбарданд тавихаар явж байгааг л гэхэд бараг 10 хуудас бичсэн байх юм. Харин уншиж бараад өө энэ хүн чинь зүгээр л өөрийнхөө амьдралыг өөрийхөө зовлонг насаараа ярьсан юм байна шүү дээ. Хэдэн хүний нэр бага сага үйл явдал л зохиож гэдгийг олж мэдлээ л дээ. Монгол ардын зүйр цэцэн үг Дармапад Ошогын хэд хэдэн ном үргэлж ширээн дээр байж байдаг .Уншаагүй ном бас олон байгаа.

Г.А: Түрүүний хэлсэн чинь санагдаад л байна. Нас гэдэг амины хувцас гэж?

Д.Т: Амины гэж чи оноод хэлчих шиг. Түүнээс гадна зохиож болох юм болохгүй юм гэж бас байнаа. Би одоо өөрийнхөө тухай ч юм шиг ном бичээд их хэцүү байдал үүсээд байгаа юм. Өөрийгөө өмөөрөөд бичээд л хариу үйлдэл хийгээд л өнөөх шүүх ажиллах гээд их хэцүү юм билээ. Цэвэр уран зохиол бол муу талаа нэг хүнд овоолоод бүр ч нэмж хачирлаад нэг сайхан эсрэг дүр хийчихээд л сууж байх байлаа. Энэ магадгүй хэзээ ч бүрэн засагдаж ном болж гарахгүй ч байж мэднэ. Гэхдээ л бичих ёстой л юм шиг дотроос хатгаад байгаа эд л дээ. Хүн өөрийгөө л бичдэг юм байна гэсэн өнцөгөөр харахаар С.Эрдэнийн өгүүллэгүүд энэ тэр их өөр харагдана. Амь хөгширдөггүй шиг. Гэхдээ нөмөрсөн дахаа даахаа байх цаг гэж бас бий л дээ.

Г.А: Ийм сэдвээр кино зохиол бичмээр юм яриад байл уу, үгүй бил үү?

Д.Т: Харин нэг кино биччихээд л байгаа юм. Мотоциклчид гэж нэртэй чоперчидтой ч саяын чи бид хоёрын ярьдаг амийг нөмөрсөн дээл хувцас буюу хоёр өөр насныханы тухай яриа л даа. Бас л өнөөх кино бол хамгийн азгүй урлаг, яагаад гэвэл мөнгөнөөс шууд хамааралтай гэдэг болчихоод л байна.

Г.А: Саяхны нэг ярилцлагадаа ч бил үү, чи дөрвөн тотгорын тухай онцолж дурдсан байсан. Би үргэлж чөтгөрт хөөгдөж байгаа юм шиг яаруу гүйлгэж уншдаг муу зуршилтай. Заримдаа толгойд тогтохгүй өнгөрчих юм. Яг юу гэлээ дээ?

Д.Т: Аан Бурханы л сургаал л даа. Гэгээрэлд хүрэхэд ч гэхүү хүн хүн хэвээрээ байхад дөрвөн саад байдаг гэж. Анх төрхөд хүүхэд байхад аль аль нь байхгүй байдаг ч хүн болох явцад бий болдог бас өмнөх наснаас ч ирсэн ийм л тотгорын тухай юм. Эхнийх нь мэдээж би гэх өвчин эго.Энийг нэг их тайлбарлах хэрэггүй биз.  Дараах нь хэвд баригдах, задгай сэтгэж чадахаа байх. Энэ манайд их түгээмэл шүү дээ. Олон жилийн социализм энэ тэр гэж маш их улс төрийн хэвд орчихоод өөрөөрөө байж чадахаа бүр байсан. Ганц нэг хүн өөрөөр яривал барьж иднэ. Уг нь хууль бол ёс суртахууны доод хэмжээ атал, тоолж барахгүй олон хуультай. Тэрийг өдөр бүр үйлдвэрлэж байдаг УИХ-тай шүү.

Г.А: Дараагийн хоёрын нэг нь лав түмэн бодол нисванис гэж байсан санагдана? Чи юмыг санаа амар, рок дууны үг шиг ярьдаг болохоор, залуучууд энэ ярианы тэмдэглэлээс тэр яриаг чинь сонсоосой гэж бодлоо л доо.

Д.Т: Тийм, жишээ нь хэн нэгэн сайхан хүүхэн нэг хүнтэй санаандгүй ч гэхүү тэр үедээ таалагдаад л унтчихаж гэж бодоё. Тэгээд өнгөрсөн ч сүүлд бодсон чинь нэг л сонин санагдаад дорд үзэгдчихсэн ч юм шиг цаашдаа холбоотой баймааргүй ч хүнтэй ойртсон шиг санагдаад өнөө хүүхэн би яагаад тэрэнтэй унтчихваа гэж уймраад бөөн бодол үүсээд тэрнээс болж шаналаад бараг өвчин тусах нь холгүй боллоо гэж бодвол энэ өнөөх түмэн бодол нисванис мөн байгаа биз. Нэгд болоод өнгөрчихсөн байдаг. Өнгөрсөн рүү энэ дэлхийн бүх алтыг ч өгөөд очиж чадахгүй хоосон зүйл шүү дээ. Зүгээр нэг бодол л үлдсэн. Гэтэл тэр бүхнийг бөөн юм болгож үржүүлээд бодоод байхыг нисванис гээд байгаа юм. Бодлоос л үүссэн зовлон шүү дээ. За тэгээд тэр нисванис их хурдан үржих дуртай. Өнөөх хүүхэн найз нартаа ярина, ах эгчдээ ярина, ээж аавдаа ч ярьж мэднэ. Ингээд нэг өчүүхэн тэр үедээ сайхан байгаад л (муухай ч байсан байж болно)   өнгөрсөн хэдэн минутад болж өнгөрсөн  зүйл бөөн асуудал дагуулан уул овоо шиг проблемүүдийг чирч эхлэнэ. Гай болоод өнөөх нэг хамт хэвтсэн хүн нь эхнэртэй байж таараад энэ тухай яриа гэрт  нь хүрээд эхнэр нь салах шалтаг хайж явсан бас нэг нисванистан байгаад дор нь үржүүлээд  ингээд юунд ч хүрч болохоор зовлон үүсээд явчихдаг биз дээ.

Бодол сэтгэл түрүүлж залаастай
Бүх юм сэтгэлээс үүдэлтэй   
Гамшигт муу сэтгэл, үйлийн араас
Гай зовлон байнга дагаастай
Үхэрт хөллөсөн тэрэгний дугуй шиг
Үргэлж өнхрөн зовох тавилантай


Ийм мөрөөр Бурханы ном Дармапад эхэлдэг шүү дээ. Энийг зохиолоор ч хэлж үзүүлж болно киногоор ч үзүүлж болно. Бүх драм зөрчилөөс үүсэлтэй өнөөх зөрчил үүсгэгчийн нэг нь зүгээр л дэмий түмэн бодол нисванис байгаад байдаг.

Г.А: За, сайн байна. Зогсолтгүй л номлоод байгаарай хө. (инээв) Дараагийнх нь ялгаатай үзэл байх аа, сая саналаа?

Д.Т: Дараагийнх нь атхаг сэтгэл буюу ялгамжтай хандах үзэл. Баян, ядуу, дарга, цэрэг, хөгшин, залуу, ухаантай, тэнэг,эр ,эм гээд л үй түмэн зэрэгт ялгаад сурчихсан зан. Бид хүүхэд байхдаа хэзээ ч дарга хүн рүү бол инээнэ ядуу хүнийг бол муухай харна гэж байгаагүй биз дээ. Бүр сургуульд орж ирэхээс нь эхлээд л дүн тавиад ялгаад эхлэнэ. Онц муу гээд л шившиг болгоод зааж эхлэхээр хүн хүссэн ч эс хүссэн ч тийм муухай ялгамж бодолтой болдог ажээ. Би ч яахав алтан дунд гэсгийгээд л дээд доод хоёроо үзэн ядаад ч байгаа юм уу нэг л өөрөөр хараад эхлэнэ шүү дээ.Эндээс бас нэг зовлон үүсэж байгаа биз.

Г.А: Гэхдээ энэ бүгд, бараг л бүгдээрээ Эго буюу би гэх биеээ тоох үзлээс эхтэй бус уу?

Д.Т: Ер нь бол тийм. Гэхдээ мунхаг тал бас байгаад байгаа юм. Жишээ нь бясалгал хийдэг хүн гэсэн нэг хэв шинж шаблоноор намайг хархаар болохгүй байх жишээтэй. Энэ дөрвийг бодож явхад бас их тустай л даа. Мөнх бус гэдэг чинь энэ дотор оршсоор байх мунхаг харанхуйг бас хэлээд байгаа юм шүү дээ. Юм гэдэг минут секунд төдийд ч өөрчлөгдөөд байдагийг мөнх бус гээд байгаа юм. Гурван жилийн өмнөх би байтугай, та байтугай гурав хоногийн өмнөх би ч би биш, та ч та биш болоод байгааг л ойлгох ухаан юм шүү дээ ер нь бол .

Г.А: Би одоо маш гэнэн зүйл асууя. Чингис хааны үед манайхан ямархуу улс байсан гэж чи төсөөлдөг вэ?

Д.Т: Мэдээж дэлхийн дарга байсан нь бол тодорхой. Гэхдээ тэр дэлхийг засаглаж байсан монгол ухаан л гэж ярихаас яг юу вэ гээд оноод хэлсэнтэй нэг их таарахгүй юм, би олж үзээгүй ч байж мэднэ. Минийхээр бол хэрвээ Хар хоринд бүх шашны сүм хийд байсан нь үнэн л бол тэрийг нь шүтдэг хүмүүс байсан л байж таараа. Ван хаанаас эхлүүлээд бүр аймгаараа загалмайтан байсан гэдэг биз дээ? Тэхээр бүх шашны нөлөө орсон л байж таараа. Харин нүүдэлчин улсын нэг том шинж бол ажиглах чанар маш их хөгжсөн байдаг. Оюуны хөдөлмөр шүү дээ энэ чинь. Тэгээд ч хариу үйлдэл хийхээ урьтал болгодоггүй тэгш амгалан сэтгэлээр ажиглаж, долоо хэмжиж нэг огтолдог чанар бол монгол ухааны нэг хэсгийг бусад шашин тэр дундаа Бурханы шашин ихээхэн зайг эзэлсэн байсны жишээ бол  Монгол ардын зүйр цэцэн үгээр илэрдэг. Ухааныг үгнээс өөр юугаар илэрхийлэх билээ. Тэхээр би тэр үеийн монголчууд сэхээтэн тал нь давамгайлсан хүмүүс байсанд огтхон ч эргэлздэггүй. Тийм байж л дэлхийг захирна.

Г.А: Маш гоё хэллээ. Нүүдэлчид бол сэхээтнүүд байсан гэж! Яг 13-14-р зууны үеийн манай бичгийн дурсгалуудад тухайн цаг үедээ хэтийдчихсэн сэтгэлгээний эрх чөлөө гайхалтай тод харагддаг шүү. Харин дараа нь эзэнт гүрэн нурсан, бутарсан, шарын шашин орж ирсэн, манжийн вассал болсон. Чиний байнга яриад байгаа үйлийн үр, хоосон чанарын тухай ойлголт монгол хөрсөнд гүн суусан. Үр дагавар нь юу болов, чинийхээр бол?

Д.Т: Томчуулын бодлогоо хэрэгжүүлэх талбар нь Монгол болсон. Түвдийн буддизм их улстөржсөн шашин шүү дээ. Ердөө саяхан 17-р зууны үеэс л энэ хутагт хувилгаадыг тодруулдаг, тэд нар нь төр барьдаг улс төр бий болсон байдаг.

Г.А: Одоо хэр үргэлжилсээр байгаа, тэр л хутагт хувилгаад тодруулдаг процедурыг чи хэлж байна уу?

Д.Т: Тийм ээ, өнөөдөр бол Хятад Түвдийг өөртөө шууд авах бодлого барьж байгааг хэн хүнгүй мэднэ. Энэ бол цаагуураа Хятад Бурханы шашны эрх мэдлийг авах гэж байгаа тэмцэл. Гэтэл энэ шашин 3 том толгойлогчтой  Далай лам, Ванчин богд, Богд Жавзундамба гэдгийг бүгд мэднэ. 1959 онд Түвд Хятадад эзлэгдэхэд Далай лам хил гарч дүрвээд Энэтхэгт очсон ч Ванчин богд дүрвэж гарч чадалгүй Түвддээ  үлдээд 1989 онд таалал болсон байдаг. Шарын шашны гурван тэргүүний Богд Жавзундамба бас саяхан манайд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын зарлигаар Монголын иргэн болж байж байгаад эндээ нирваан дүрийг үзүүлсэн. Тэр гурван богдын аль нэг нь заавал залуу байхаар эртнээс тааруулсан байдаг бөгөөд нэг нь таалал болоход нөгөө хоёр нь нийлж байгаад дараагийн дүрийг тодруулдаг байж.  Гэтэл 1989 онд Ванчин богд Далай ламаас ангид байж байгаад таалал болсоны дараа Далай лам нэг Түвд хүүхдийг хойд дүрээр тодруулсан ч түүнийг нь Хятадууд шоронд хийчихсэн одоо амьд үгүйг хэн ч мэдэхгүй. Яг тэгтэл Түвдэд байгаа хутагт хувилгаад Хятадын шахалтаар өөр нэг Хятад хүүхдийг Ванчин богдоор бас тодруулчихсан бөгөөд тэр нь одоо 30 гарсан том лам энд тэнд Хятадын санхүүжилт дэмжлэгтэйгээр том том арга хэмжээ хийгээд яваад байгаа аж. Мэдээж багаас нь бэлтгэсэн болохоор маш их номтой тийм лам болсон байдаг. Түвдүүд ч Өвөрмонголчууд ч түүнийг Ванчин богд л гэж үзсээр байгаа. Гэтэл Далай лам нас дээр гарчихсан. Богд Жавзундамба жанч халчихсан болохоор хэрвээ Далай лам нирваан дүрийг үзүүлхэд ганц өнөөх Ванчин богд хойд дүрийг нь тодруулах дээр хүрэх тул  Хятад Далай лам бий болноо гэсэн үг. Тэхээр Түвдүүд хүссэн ч эс хүссэн ч Богдыг Монголоос тодруулахаас өөр гарцгүй болчихсон үе юм. Түвдүүд анхны богд Өндөр гэгээнээс хойш нэг ч Монгол богд тодруулаагүй шүү дээ. Энэ бас их том улс харгалзахгүй улс төр байсаар ч ирсэн байж ч байгаа шүү дээ.

Г.А: Одоо тэгвэл ёстой л үйлийн үрээр ч гэх үү, улс төрийн шалтгаанаар ч гэх үү Монголд Богдын 10-р дүрийг тодруулахаас өөр аргагүй болж байна аа даа?

Д.Т: Гэхдээ Монголд Богд “төрлөө” ч Түвдүүд авч яваад багаас нь ном заасаар Монгол цустай ч Түвд л хүн ирнэ гэдэг бол тов тодорхой зүйл. Өнөөх Түвдийг багалзуурдах бодлоготой Хятадын ганц дайсан нь Далай лам ч биш Монгол Богд болоод урд хөрштэй бас шашин ном, дотоод ертөнцөөрөө мөнхийн дайсан болох нигууртай ажээ. Шүгдэнг Далай лам хаасан ч мөн л Швэйцарь Хятад зэрэг орны шүгүүд харилцан эсэргүүцэл болоод л байдаг. Манайд шашин дэлгэрсэн цагаас түүх  ийм л болсон. Түвдүүдийн бодлогыг Богдууд хийгээд Монголыг дандаа Хятадын өмнөөс сөргүүлж тавьдаг байсан түүхтэй. Бүр саяхан 1959 онд Түвдийг эзлэхэд ч өвөр Монголчууд дийлэнх нь байсан байдаг.  Далай лам өнөөдөр Энэтхэгт байгаа ч зүгээр л ядарч ирсэн зочиндоо өөрсдөө ч хоолгүй хоноод идэх хоолоо гэртээ хоносон хүнд өгдөг зангаараа л хандаад гэртээ зочиноор байлгаад байгаа болохоос  Энэтхэгийн бодлого Далай ламд нөлөөлсөн юм байхгүй. Маш олон шашин зэрэгцэн оршдог ганц орон.

Г.А: Далай ламын цаана АНУ байх магадлал бас их байх шиг? Нобелийн шагналыг улс төрчийн хувиар л өгсөн болов уу. За, тэгээд сүүлийн үед Монголын шашныг түвдүүд эзэлчих байна гэх яриа дуулдах боллоо. Би бол зохиолоо бичээд л, гэрээсээ ч гардаггүй. Чи мэдээлэлд ойр хүн. Энэ тухай юу бодож явдаг юм бол?

Д.Т: Хятад гэх орон тун удахгүй АНУ-ыг гүйцэх гэж байна. Хятадын хийж чадахгүй юм ч гэж алга. Бараг бүх дэлхийг хувцаслаж байна гэхэд болно. Ийм хүчтэй болж байгаа өрсөлдөгчөө ганц буруутгах зүйл нь Түвдийн асуудал. Тэхээр АНУын бодлого хүссэн ч эс хүссэн ч орж ирнэ. Тэхээр Монгол шашнаар бас нэг нөлөө бүхий орон болох нь бас ч бодууштай асуудал байгаа биз. Харин Түвдүүд манай руу орж ирэх гээд байна энэ тэр гэх бас л туйлшрал. Манайд иргэн болоё гэсэн хүсэлт Богдоос өөр бараг байхгүй байсныг Гадаадын харьяатын газраас асуухад хэлээд өгнө. Тэд нар Швэйцарь АНУ гэх мэтийн орон руу л явах санаатай байдаг юм билээ. Богдын хүү Туксара ренбүүчийг би их сайн танина. Австралийн иргэн.

Г.А: Шашин жинхэнэ утгаараа сэргэж мандах нь сайн хэрэг л дээ. Хүнлэг энэрэнгүй байх талаас нь ч бодсон тэр. Харамсалтай нь, олонхи массд жинхэнэ утга нь огтоос хүртээлгүй л дээ. Буддын гүн ухааны нарийн нандиныг масс байтугай, барууны философийн доктор цолтой нөхөд ч ухаж ойлгож хүчрэхгүй байна шүү дээ, цаана чинь. Тиймээс шашныхан мөн чанарыг бус, мухар сүсгийг хүмүүст суулгах замаар л шашнаа мандуулах гээд байгаа нь илт ажиглагддаг. Яг л улстөрчид шиг.

Д.Т: Манайд өнөөх социализмын үед хүчээр дарсны хар гай л байх. 20-р зуунд бид Оросын нөлөөнд гэнэт орсноор хэрэг дээрээ загалмайтны тэр дундаа үнэн алдартны шашны эсрэг суртал нэвтрүүлгийг орчуулан хүргэсээр бид бүхлээрээ атаист буюу бурхангүй үзэлтэн болцгоосон ч их хачин атаист үеийн үр хүүхэд эсвэл өөрсдөө тийм бүтээгдэхүүнүүд болсон. Буруу номтонгууд болсон гэсэн үг. Ийм буруу номтон мухар сүсэгтэй байх нь гарцаагүй. 1990 оноос хойш Буддизм манайд эргэж дэлгэрсэн гэх ч маш их мухар сүсэгээр бизнэс хийх, тахин шүтүүлэх байдлаар эргэн дэлгэрч эхэлжээ. Хуучин цагт бол монгол үсэгээрээ айл бүр шахуу Субашид , Оюун түлхүүр, Гучин хоёр модон хүний үлгэр гэх мэтээр шууд Гаанжуур буюу түүний тайлбар Даанжуур хэмээн нэрлэгдсэн бясалгын дараа Бурхан багшын айлдсан номын айлдваруудыг бараг бүгд уншсан байсан бол шинэ орос үсэг буюу крилл үсэгтэй болсноор өнөөх үлдэж хоцорсон онолын мэдлэг ч тас цохигджээ. Тийм болохоор л ийм сонин байдал бий болсон байх гэж боддог. Гэхдээ одоо үед мухар байгаад байгаад яг 10 хоног суугаад л үр шим нь биед, өөрт мэдэгдээд цааш хийгээд байхаар өнөөх эго уур, уцаар бага багаар илт багасаад алга болоод бусдын төлөө юм хийх, мэддэгээ бусдад түгээх, хэн нэгэнд аз жаргал өгөх утга чанар амьдрах ухаан чинь болоод байхад хүн тийшээ татагдаж л таараа. Ямар ч рекламгүй амнаас ам дамжаад дөчөөдхөн жилд дэлхийд тарчихлаа шүү дээ. Тэгээд ч ингэж шинжлэх ухаан хөгжөөд дотоод учир шалтгааныг нийтээрээ хайгаад байгаа үед тийм ч амархан өнөөх л төр шашныг хамт барих шунал тийм ч хол явахгүй л байх гэж боддог юм. Олон хүн иймэрхүү болж байгаа байх. Бизнес хийж эхлээд улс төрд орсон Х.Баттулгаас эхлээд л Майдар хотхон байгуулна гээд л. Чингис хааны хөшөөг босгоод л байгааг харж л байгаа шүү дээ. Олзыг олуулаа л гэдэг чинь удахгүй бүх хүний зорилго болох биз. Шиндлерийн бүртгэлийг санаж байгаа биз дээ. Энэ бас л үйлийн үр юм уу даа.

Г.А: Хачин сайхан өөдрөг үзэл байх чинь.

Д.Т: Буянтай хүмүүс гарч ирсээр л байна шүү дээ. Дармападын дараагийн мөр нь:

Бодол сэтгэл түрүүлж залаастай
Бүх юм сэтгэлээс үүдэлтэй
Ариун  сэтгэлээр ярьж бас үйлдвээс
Алд биеээс сүүдэр салахгүй дагах адил
Амгалан жаргалан байнга дагаастай
 гээд цааш явдаг шүү дээ.

Г.А: Ха ха, би ч бас сэтгүүлч байсан гэсэндээ чамаар сайн яриулж чадлаа. Ингэсгээд зогсох уу, хоёулаа.

Д.Т: Харин тэгье дээ. Богд Зонховын шарил яг энэ Итгэлт хамба шиг байсныг хятадууд шатаачихсан гэж чи нэг ярил уу?

Г.А: Би нэг Ажаа гэгээнтний номыг редакторлосон юм. Тэнд л байсан эд. Соёлын хувьсгалын үед Түвдэд яг л Итгэлт хамба шиг байсныг улаан Хятадууд олоод суврагтай нь шатаачихсан тухай бичсэн байна билээ. Том агуйд үс нь газар шүргэтлээ ургачихсан. Хумс нь биеэ ороочихсон байсныг 50 иад онд өнөөх улаан хамгаалагчид шатаасан юм гэсэн. Би бодохдоо гүн бясалгалд орчихсон яг л Итгэлт хамба шиг байсан юм болов уу гэж ойлгосон.

Д.Т: За одоо хоёулаа зогсъё. Учиргүй урт яриа болчих шиг. Далай лам бас би сүүлчийн далай лам байх болно, дахиж төрөхгүй гэж мэдэгдсэн байдаг. Алсдаа бясалгал л их дэлгэрэх байх аа даа.

Г.А: Тийм тал маш их бий. Чимээгүй их түгэж байгаа эрүүл бас их шинжлэх ухаанч зүйл шүү дээ гэснээр бид хоёрын харилцан яриа өндөрлөсөн билээ.

http://turmunkh.niitlelch.mn/

Г.Аюурзана: Залуу байснаа, бүтэлгүй, ядуу, тэнэг алхмуудаа хүн хэзээ ч мартдаггүй юм шиг






-Сайхан намаржаад байна уу. Өнгөрөгч зун уран бүтээлийн хайгуул-аялал их хийв үү?
-Өө, сайхан намаржиж байна. Уг нь чи бид хоёр ном гарсны дараа л ярилцаж заншсан сан. Яагаад юм гараагүй байхад хоргоогоод байна даа. (инээв)
"Цагаан хар улаан" романаа гаргаснаас хойш нэг л нам гүм болчих шиг. Хэвлүүлэхгүй л болохоос биш туурвиад л байна уу?
-Сүүлийн үед би өвөл сууж юм бичдэг болоод байгаа. "Цагаан хар улаан"-аас хойш эхэлсэн зүйл алга. Мэдээж, яаж зүгээр байх вэ. Санаа сэдэл хайж ойр зуур явсаан, явсан.
-Таныг уншигчидтайгаа саявтар нэг уулзсан тухай цахим ертөнцөөр шуугиад байсан?
-Дорнодын буриад залуусын "Амин тоонто" гэдэг байгууллагаас "Бөөгийн домог" роман дээр голлож яриа өрнүүлсэн нэг уулзалт зохиосон юм.
-Солонгосын найруулагч Чой Чангүн "Цасны роман"-аар чинь хүүхэлдэйн шоу хийснийг харлаа. Таны бүтээлүүдээр дэлгэцийн болон тайзны бүтээл хийе  гэсэн санал гадаад, дотоодоос их ирнэ биз?
-Өө, тэгж нэг их сонирхоод байсан юм байхгүй дээ. "Бөөгийн домог"-оор кино хийе гэсэн хоёр санал ирсэн. Нэг нь буриадууд, орос орчуулгаа өгчих гэсэн. Орос хувилбарынх нь эрх орчуулагчид нь байгаа болохоор энэ учраа хэлээд л орхисон. Харин талийгаач Жанчивдорж гуайн хүү кино болгоё гэж хүсэхээр нь зөвшөөрсөн байгаа. Дэлгэцийн хувилбар болгосон зохиолыг нь ойрын үед нэг уншиж үзэх байх.
Та саяхан фейсбүүк хуудсан дээрээ Москвагийн оюутны байраа харсан чинь уйлмаар байна гэсэн байсан. Ер нь сайхан дурсамжууд тэнд их үлджээ дээ?
-Өө, тэгэлгүй яахав. Би чинь юугаа ч мэдэхгүй нусгай жаал тэнд очоод залуу насныхаа зургаан жилийг үрсэн юм чинь. Ер нь хүүхэд мөрөөдлөөрөө, насанд хүрсэн хүн дурсамжаараа амьдардаг ч байж магадгүй. Тэр тусмаа залуу байснаа, бүтэлгүй, ядуу, тэнэг алхмуудаа хүн хэзээ ч мартдаггүй юм шиг.
-Яруу найргийн "Бясалгал" түүврээ гаргасныхаа дараахан "Яруу найраг баяртай" гэх маягийн яриа өгч билээ. Шүлгээ аль хэр бичиж байна. Уншигчид бол энэ мэдэгдэлд чинь сэтгэл их гонсгор явдаг юм байна лээ?
-Би шүлэг бичихээ үнэхээр больсон. "Бясалгал"-аас хойш нэг ч шүлэг бичээгүй.
-Өө ямар харамсалтай юм бэ. Бишрэн шүтэгчид чинь "Аюур баруун гарын булчин дээрээ өлзий хээ шивүүлсэн юм билээ. Эхнэрийнх нь нэрийн бэлгэдэл" гэлцэх юм. Та тийм шивээс хийлгэсэн юм уу?
-За, бишрэн шүтэгч ч гэх шиг, бас ахыгаа хөөргөх нь үү. Шивээсний хувьд бол удаж байгаа зүйл шүү дээ.
-Тэжээдэг монгол банхрууд чинь олон болж байна уу?
-Уг нь өдийд сүрэг нохойтой байх байлаа. Даанч өнгөрсөн намар нэг монгол, нэг түвд эр эм хоёр банхраа хулгайд алдсан. Манай нутагт нэг өвгөн "Одоо чинь хүнтэй ч хүн байж болохгүй, малтай ч хүн байж болохгүй цаг" гэж хэлж байсан юм гэнэ лээ. Яг л түүн шиг аятайхан нохойг ч тааваар нь байлгадаггүй бас сонин цаг үед бид амьдарч байна шүү. Миний нохдын энэ хаврын гөлөгнүүдээс хамгийн сайн гарсныг нь багын найз минь аваад явсан юм. Гэтэл бас л хулгайд алдчихаж. Нохойд хүн дасаад бүр үр хүүхэд шигээ хайртай болчихдог юм. Тийм амьтныг нь хулгайлчихна гэхээр, ёстой, ярихаас ч дургүй хүрч байна.
-Өлзийтөгс найрагч сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна даа?
-Өлзий үргэлж онгодтой байдаг хүн. Манай гэрт одоо Өлзий л шүлэг бичиж байна даа (инээв)
Танай Баянхонгороос төрсөн төрийн шагналт П.Пүрэвсүрэн гэж ланжгар зохиолч өнгөрөгч хавар бурхан зүг одлоо. Та түүнтэй хэр ойр байсан бол?
-Миний нутгаас уул шиг сайхан хоёр найрагч төрж өвгөн болтлоо харагдсанд нь би маш их баярлаж явдаг. Тэнгэр үзэж Тангадын Галсан ах маань урт удаан наслаасай билээ. Пүүжээ ах бол анх намайг Горькийн сургуульд явах боллоо гэдэг баярт мэдээг Баянхонгорт очин дуулгаж байсан ерөөлтэй ах минь. Намайг нэгдүгээр курс төгсөхөд Пүүжээ ах төрийн шагнал авсан. Би Москвагийн Елисеевский гастрономоос морин шилтэй "Havana Club" зориуд аваад, өлзий утастай тэмдэгтэй нь тулган ууж баясч байлаа. Бага залуугаас ойр дотно явсан цөөхөн зохиолчдын минь нэг л дээ. Хөөрхий, байсхийгээд л паргиатсан хоолойгоор утасддаг тэр ах минь ноднинхон "Ай, би Аргалантаа мөн ч их санадаг шүү. Бодохоор л нулимс гардаг юм. Нутаг гэж их л өөр зүйл дээ" гэж хэлж байсан сан. Алтан саванд нь баруун зүгт малтай айлд төрнө гэж гарсан гэнэ лээ. Муу ах минь нутагтаа очоо байлгүй дээ, бодоход.
-"Шүгдэн" романаа Ажаа гэгээнд зориулж бичсэн гэсэн. Тэр буянтантай та тийм их ойр хүн үү?
-Би жинхэнэ ламыг анх удаа ойроос харсан минь л тэр хүн. Жинхэнэ гэдгийг би өргөн, дээд утгаар нь хэлж байгааг ойлгосон биз. 2006 онд Блүүминтон дахь өргөөнд нь анх нүүр учирч, үг яриаг нь чагнаж байлаа. Гайхамшигт хувь заяатай, гайхалтай амьдралыг туулж яваа гэгээнтэн дээ. Ажаа гэгээнтэн кирилл монгол үсгээр уншдаггүй учраас миний романыг уншаагүй байх. Далай ламд ойр шадар хүний хувьд өөрт нь ийм сахиусны нэртэй ном зориулахад жаахан хэцүү туссан байж магадгүй. Гэхдээ юм бүхэнд мөн чанар нь л гол шүү дээ. "Шүгдэн" гэсэн нэр нь илүү бэлгэдлийн утгатай гэдгийг л би гэгээнтэнд цухас тайлбарласан. Миний энэ роман бол колоничлол болоод Бурханы шашны утга учрын л тухай болохоос, гадуур хүмүүсийн яриад байгаа шүтлэг хоорондын зөрчилд огт хамаагүй бүтээл. Уншаагүй мөртлөө элдвийг ярьж яваа хүмүүст би "Уншаад үз" л гэж хэлдэг. Уншаад ойлгохгүй хүмүүстэй бол юугаа ярих вэ.
-Таны хамгийн дотнын анд нөхөд ямар хүмүүс байна?
-Аагий, Чибо, Сансар, Идэр гээд Москвагийн найзууд, Бобоо, Онгой, Дэлгэр, Жаамаа, Дэмбээ гээд ангийн андууд, Зоригоо, Оок, Бодио, Баганаа, Болдоо гээд манай сумынхан, Зандаа, Жаак, Баяраа, Мөөгий, Болд ах, Бямбаа ах, Ариунаа эгч гээд санаа нийлдэг нөхөд, Зико, Дэрэм, Со гээд хуурай ах нар. Үгүй, нэрлээд барахгүй юм байна аа. Нөгөө юу гэдэг билээ. Олон найзтай хүнд ганц ч найз байдаггүй гэдэг шиг л олон найзтай юм байна шүү дээ, би. (инээв)
-Та энэ жилийн наадмын түрүү бөх тодроход жигтэйхэн их баярласан сэтгэгдэл бичиж байсан даа...
-Наадам сайхан болсон шүү. 2002 онд эхнэр бид хоёр Батсуурь хэмээх жаахан хүүгээр газарчлуулан, одоогийнхоо зуслангийн газрыг анх үзэж байсан юм. Яриа хөөрөөтэй, хэвлүүхэн цовоо мөнөөх жаал "Энэ хашааг зарчих юм бол аав надад унадаг дугуй авч өгнө гэсэн" хэмээн, их л идэвхтэй нааш цааш гүйж, газрынхаа харууцыг магтан, "Тэнд их гоё булаг бий" гэхчлэн зааж байсан сан. Намсрайжав начнаас (харцага цол тэр үед байгаагүй) мөнөөх хашааг худалдан авч төвхнөснөөс хойш олон ч жил улирч. Домогт аваргын нэртэй, зургаа долдугаар ангийн мөнөөх жаал маань өнөө жил төрийн наадамд түрүүлчихдэг юм. Цаг хугацаа гэж ийм л гайхамшигт ид шидтэн юм даа.
Зохиолчдын хороогоор ч нэг их очдоггүй гэж сонссон. Уран бүтээлийн халуун яриа өрнүүлдэг зохиолч, яруу найрагч найз нөхөд байгаа байлгүй дээ. Сүүлийн үед гэхэд хэнтэй уулзаж ярилцав?
-Ёстой хэнтэй ч уулзаагүй. Архи уухаа больсноос хойш хүмүүстэй уран зохиол ярихаа больсон. (инээв)
Та Монголын топ таван яруу найрагч, зохиолчийг нэрлэж зарим амбийцтануудыг цус харвуулах шахсан. Тэр хэдээсээ "урваагүй" биз дээ?
-Хүний үзэл бодол гэдэг юм ойлгож танихын хэрээр байнга л өөрчлөгдөж байдаг зүйл. Гэхдээ би нэлээд юм уншиж харьцуулсны үндсэн дээр гаргасан нэрс болохоор эргэлзэж буцаад байх юм үгүй л дээ.
Та бол олон сайхан антологиудыг хэвлүүлж уншигчдадаа өргөн барьсан. Цэвэр зохиолчийн аж төрлөөр амьдарч байгаа хүнд номоо хэвлүүлэхэд хэцүү байдаг уу, эсвэл таны бүтээлүүдийг олноо хүргэгч сайхан сэтгэлтнүүдийн ач буян их байх уу?
-Барууны зохиолчидтой харьцуулахад бид ч өөрийн дураар номоо гаргаад, өөрийгөө хамгийн мундаг нь гэж хээвнэг зарлаад болоод л байна. Ном барлах мөнгө нь байх юм бол шүү дээ. Яахав, олон жил номын мөрөө тууштай хөөснийх миний нэртэй ном гарвал авчихдаг тодорхой уншигчдын хүрээ бий болж л дээ. Гэхдээ ном хэвлүүлэх, түгээх, борлуулах гэдэг зохиолч хүнд бол ахадсан ажил. Паблишин хийгээд бүх илүү дутуу ажлыг хариуцчихаар, тэгэхдээ тэр ажлынхаа төлөө зохиогчийг монжчихгүй байх чадамжтай хэвлэлийн газар бий болоход манайд арай л эрт байх шиг байна. Яахав, тэгээд бусдынхаа жишгээр л явж байна даа. Зарим номын минь хэвлэлийн зардалд гар сунгаж нэмэр хандив болсон найз нөхөд олон бий шүү. Тэдний туслалцаагүйгээр амжихгүй байсаан.
Л.БАТЦЭНГЭЛ


Tuesday, 18 March 2014

Г.Аюурзана: “Шүгдэн” романаа Ажиа гэгээнд зориулсан минь учиртай шүү

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч, орчуулагч 
Гун-Аажавын Аюурзанатайярилцлаа.

"Шүгдэн" хэмээх шинэ роман тань хэвлэгдээд удаагүй байна. Нэрээс нь харахад, буддын шашныертөнцөд ихээхэн маргаан тарьж буй этгээд өвөрмөц шүтээний тухай гэж ойлгогдмоор. 
Гэтэл яг зохиолдээрээ Доржшүгдэнгийн тухай маш бага гардаг юм билээ шүү дээ?
-Зохиолд нэр өгдөг янз бүрийн л арга байна л даа. Жишээлэхэд, Ойрадын Зая бандид Намхай­жамцын намтар "Сарны гэрэл" хэмээх судар бий еэ. Зая бандид нэгэнтээ олон ламтай ном хаялцаж л дээ. Тэгээд их гүүш аргагүй товойж ялгарахад нэг лам "Од хичнээн олон байвч сарны гэрэл аргагүй илүү юм аа" гэж дуу алдсан гэдэг. Энэ явдлыг дурдаад, мөнөөх судрыг "Сарны гэрэл" гэж нэрлэсэн учиртай. Тэгэхээр, нэрийг уншмаг­цаа л сартай шөнийн тухай ном байх гэж бодож болохгүй нь байна шүү дээ(инээв). Пэрэнлэйн Лувсан­цэрэнд "Сарны сонат" гээд нэг өгүүллэг бий. Бетховены хөгжмийн тухай биш, зүгээр л гол баатар сэтгэл доноголзон сууж ахуйд радиогоор тэр аялгуу явж байдгаас үүдсэн нэр. Яг л тэр мэтчилэн, миний романы дотор нэг лам учир битүүлгээр үхчихдэг. Талийгаач лам Шүгдэн тахидаг байсан нь явцын дунд тодорхой болдог юм. Тэгээд л романы нэр болчихсон хэрэг.

Гэхдээ л "Шүгдэн"-гийн ту­хай нэлээд содон санаа дэв­шүүл­сэн юм шиг санагдсан?
-"Шүгдэн" гэдэг нэртэй зохиолд Шүгдэн сахиусны тухай юу ч гарах­гүй бол хаашаа ч юм бэ дээ, тийм ээ. Тэгээд ч романы үйл явдал тэр шүтээний талаар уншигчдад бага сага мэдээлэл өгөхийг шаарддаг. Энэ яг ямар учиртай шүтээн боло­хыг миний гол баатар ч мэддэггүй л байсан. Тэр тухай ойр зуур ойл­голттой болж байж л Сэржамцын мөрдлөг утга учиртай болно шүү дээ.

Сэржамц бол Өвөр Монголоос Гүмбүм хийдэд хүн амины хэрэг мөрдөхөөр очиж буй, мөрч нохой сургагчгэдгийг таны романыг уншиж амжаагүй яваа хүн с
айн мэдэхгүй байж мэднэ. Тэгэхээр хоёулаа эхлээд рома­ны үйл явдлаас товчхон шиг танилцуулах уу?
-Роман хоёр хүний шугамаар өрнөж байгаа. Нэг нь нохой сургагч өвөрмонгол цагдаа Сэржамц, нөгөө нь талийгаач ламын дотнын анд Саманд. Сэржамц анх удаа Гүмбүм хийдэд хүн амины хэргийн томи­лол­тоор очдог. Нохой нь үхсэн тул хэрэг мөрдөх ажил бүтэлгүйтээд буцдаг. Гэвч хувийн шугамаараа Гүмбүмд дахиад ирж Саманд лам­тай танилцдаг. Тэгээд хүн амины хэргийн учрыг ч олдог, буддын шашныг ч бага сага ойлгодог. Харин нохойныхоо үхлийн учрыг хэзээ ч олж мэдэлгүй үлдэнэ.

Би зохиолыг уншиж байхдаа Хуанди хэмээх алдартай мөрч нохой яагаад үхсэнийг олж мэднэ дээ л гэжнайдаад байсан. Гэтэл их ойлгомжгүй төгсчихсөн. Тэр нохой яг яагаад, гэнэтхэн үхээд хоносон бэ?
-Харин би өөрөө ч мэдэхгүй байгаа юм. Дарамбал буюу талий­гаач лам л дуудчихсан болов уу.

Дарамбал үхсэнийхээ дараа Шүгдэн бурхны нохойд хөөгдөн зугтаж байхдаа "Надад ч бас уначих нохойбий шүү" гэж хашгирдаг. Тэр нь нохойг үхэлд дуудаж байгаа хэрэг үү. Уг нь өөрийнхөө тэжээсэн түвд бан­харыг дуудмаар юм. Гэтэл яагаад цагдаагийн мөрч нохой дуудагдчихав?
-Чи тун гярхай уншсан байна шүү. Бидний амьдрал дандаа л санаанд ороогүй, гэнэтийн то­хиолд­лууд дунд өнгөрдөг шүү дээ. Би романаа аль болохуйц жинхэнэ амьдрал шиг, ойлгоход хэцүү, учрыг нь олоход ярвигтай, бас хэзээ ч тайлагдахгүй нууцуудтай байгаасай гэж хүссэн. Хүн бүр өөрийнхөөрөө л тайлж уншин, өөрийнхөөрөө л дүгнэх хэрэгтэй. Амьдрал гэдэг хэн нэгний заавар, жороор явдаггүй. Аливааг бид өөрсдийнхөөрөө л ойлгож ухаар­даг биз дээ?

Та номынхоо эхэнд "Ажиа гэгээнд зориулав" гэсэн байна. Энэ хүнийхээ тухай уншигчдад жаахан мэдээлэлөгөөч?
-Дуртай яа. Ажиа гэгээн бол миний таарч уулзаж байсан лам хуврагуудын дотроос хамгийн амьд үнэмшилтэй санагдсан, ер бусын сайхан сэтгэгдэл, хүндлэл бишрэл төрүүлсэн хүн. Анх Өлзий бид хоёр 2006 онд Индианагийн их сургууль дээр уншлага хийх үедээ нүүр учирч байлаа. Дараа нь хэд хэдэн удаа ярьж хөөрөлдөх завшаан таарсан. Тэр хүний дурсамжийн ном монголоор орчуулагдаж хэв­лэг­дэхэд ерөөлөөр ч гэх үү редак­торлох аз таарсан даа. Блүүминг­тон дахь номын өргөөнд нь ч, бүр миний төрсөн нутаг Баянхонгорт ч уулзалдаж байв. Ажиа гэгээн бол богд Зонховын эцгийнх нь хувил­гаан дүр, Амдо Түвдийн нутаг дахь алдарт Гүмбүм хийдийн эзэн лам. Хятадад байхдаа Хөх нуур мужийн дэд захирагчийн зиндааны албанд томилогдож, Бүх Хятадын буддис­туудын холбоог ч тэргүүлэх бо­ломж­той таарч асан хүн. Гэвч үзэл бодлоо Засгийн газраар хянуу­лах­гүй гэсэндээ асар их зориг гарган Хятадаас зугтан гарсан юм. Гүм­бүмд тэр хүний нэр хүнд маш өндөр. Одоо хэр л Ажиа гэгээний нэрийг сонсоод лам нар нь биш­рэлтэйгээр залбирдаг юм билээ. Ажиа гэгээнийг явснаас хойш тэр хийд их өөрчлөгдсөн гэлцэхийг ч сонссон. Тийм үг л ийм роман бичих түлхэц болсон л доо.

-Хятадаас зугтаж гарсан хүнд зориулсан болохоор хята­дуу­дад тааламжгүй санагдаж магадгүй дээ?
-Хятад хүмүүст тааламжгүй зүйл миний роман дотор ерөөсөө байх­гүй. Үйл явдал нь Хятадад өрнөж байгаа боловч иймэрхүү явдал аль ч улс оронд гарах магадлалтай. Хятадын эсрэг санаа бодлоор биш, дарангуйлагч тогтолцооны эсрэг, хувь хүний болоод үндэстэн ястны эрх чөлөөний төлөөх үзэл бодлоор л бичсэн зохиол. Дарангуйлагч тогтолцоо гэдэг гагцхүү коммунист төр засаг биш. Ялзарсан улс төрд тархиа хордуулаад, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх зүрхгүй бол­чих­сон хүмүүс манай Монголд ч хаа сайгүй бий шүү дээ. "Үнэн бодлоо хэлчихвэл хэн нэгний эрх мэдлийг хөндчих вий" гэж болгоомжилсон хүмүүс сүүлийн үед бүр ч олшроод байгаа юм биш үү?

Зөвхөн зориулсан хүн нь ч биш, бас гарч буй дүрүүдийн дотор Хятадыг эсэргүүцэгчид олон байна. Дэвангийн түүх, Хүчинтөгс, гэрийн хорионд орсон гэгээн, бас амьдаараа зулын гол болж шатаж буй түвд ламгээд л...
-Би нэг сонин зүйл хэлье. Энэ роман дахь зохиомол зүйл, бодитой явдал хоёр бараг л тэнцүү. Өвөр монгол цагдаа, Гүмбүмийн залуу лам хоёроос бусад нь жин­хэнээсээ бодит хүмүүс. Ажиа гэгээн, Дэ ванг бол манайхан сайн мэддэг болсон. Цаана нь гарч буй тэр Хүчинтөгс гуайтай ч, Сэрдог гэгээн­тэй ч би уулзаж байсан.

-Тэгэхээр энэ хоёр дүр, тэд­ний яриа үйлдэл алхам цөм бодит явдал гэж үү?
-Хүчинтөгс гуайг ном зарж явахад нь таарч танилцсан. Яг л Сэржамц шиг. Сэржамц түүнээс Ордос дууны ном худалдаж авч байгаа биз. Би өөрөө тэр номыг авсан юм. Дараа нь бид нэг цахар эзэнтэй цайны газар сууж, оройжин­гоо хуучилсан. 2005 оны хавар шүү дээ. Тэр үед би хоёр найзтайгаа нийлж "Үндэсний үзэл бодол" гэдэг сэтгүүл гаргаж үзсэн юм. Хүчинтөгс гуайн яриаг сийрүү­лээд нөгөө сэтгүүл дээрээ тавьчих­лаа. Нэг их олон хүн олж үзээгүй, олигтой ч зарагдаагүй сэтгүүл л дээ. Бид арайхийж гурван дугаар гаргаад л ажил маань зогссон. Харин Хятадын талаас сэтгүүлийг маань их анхаарч уншсан юм шиг байна лээ. Тэгэхэд маш ядуу зүдүү амь зууж явсан Хүчинтөгс гуайд сэтгүүл гарсны дараахан Ордос хотын төвд гурван өрөө шинэ байр олгосон гэсэн. Тэгээд "Улс чамд байр өгч байна. Хойшид улс орны­хоо тухай буруу санаж явдгаа болиорой" гэж зөвлөсөн ч гэл үү, тиймэрхүү сураг сонссон шүү. Хүчинтөгс гуай намайг бүр хүүгийн­хээ хуримд урьсан удаатай.

-Сайхан түүх байна шүү?
-Тийм ээ. Хожим миний амьд­ралын хамгийн бахархам дурсам­жуу­дын нэг нь огт зарагдаагүй сэтгүүлд бичсэн тэр нэг тэмдэглэл болох байх гэж боддог юм. Хүчин­төгс гуай бол 1981 оны алдарт бослогыг удирдаж явсан, түүнээсээ болоод насан туршаа хавчигдсан, бурангуй дэглэмийн эсрэг зоригтой сөрж зогссон, жинхэнэ үндэсний эх оронч үзэлтэн дээ. Бүр 1991 онд Баабарын "Бүү март, мартвал сөнөнө"-ийг монгол бичгээр буул­гаж тараасныхаа төлөө баривчлаг­дан шоронд орж байсан гээд бодохгүй юу. Тэр дүргүйгээр миний роман цогц болж чадахааргүй байсан л даа.

-Сэрдог гэгээн ямар хүн бэ. Яг л таны романд гардаг шиг үү?
-50:50 хувьтай. Үнэхээр л гэртээ энгийн хар хувцастай сууж байхтай нь таарсан. Миний номонд бол их яриа хүн гарч байгаа. Жинхэнэ Сэрдог гэгээн тийм биш, барагтай л бол үг унагахгүй шүү. Бишрэл төрмөөр, магадгүй сүрдмээр, нэг л ер бусын хүн. Тэр гэгээнтнийг би дотроо төсөөлж явдаг онцгой ламынхаа эх дүр болгож бичсэн. Сэржамцыг явахад бэлэглэж буй зүйлс бол одоо манай гэрт байгаа жинхэнэ Сэрдог гэгээний дурсгал л даа.

-Тэгвэл Сэржамцын эх дүр та юм биш үү?
-Яалаа гэж дээ. Сэржамц бол өвөр монгол сэхээтнүүдийн нийтлэг дүр. Би яг иймэрхүү, бүх зүйл нь хаалттай, хайрламаар, өрөвд­мөөр, олон хүнийг танина. Ер нь өвөр монголчууд дотроо нэг хүн, гаднаа тэс өөр хүн явдаг. Юу хүсдэг, юу боддог, юунд тэмүүлдэг нь хэнд ч ил биш. Тэгж явж л өөртөө болон ойр дотнынхондоо хал балгүйхэн шиг амьдардаг юм шиг. Миний баатрын гэр бүлийнх нь амьдрал ч гэсэн колоничлогдсон гэр бүлийн дүр төрх шүү дээ. Сэржамцын эхнэр шиг яг тийм эмэгтэйг ч би танина.

-Тийм үү?
-Үнэн шүү. Гэхдээ би сексийн амьдралыг нь мэдэхгүй л дээ. Тийм болохоор "Шүгдэн" романд секс гарахгүй байгаа юм.

"Бөөгийн домог"т ч, таны урьдын романуудад секс нэлээд гардаг. Тийм болохоор Саманд лам анхталийгаач андынхаа дүү бүсгүйг хараад ухаан алдаж унахад, тэдний хооронд ямар нэгэн юм болох нь дээгэж бодогд­сон?

-Би ч бас тэр хэсгийг бичиж байхдаа Саманд лам энэ хүүхнээс болж сахилаа гээх нь дээ гэж бодсон. Гэвч Саманд бол жинхэнэ лам хүн шүү дээ. Бид жинхэнэ ламтай бараг л тааралддаггүй болохоор тийм лам байдагт итгэхээ ч больцгоочихож. Гэхдээ Саман­дын дурлал гоё байгаа биз дээ?

Тийм ээ, сэтгэл хөдлөм байсан. Бас тэр Сэрдог гэгээн багадаа Түвдийн Дашлхүмбэ хийдэд нэг үзэсгэлэнтэйохин хардаг тухайгаа дурсдаг хэсэг...
-Жинхэнэ лам хүн л тийм ариух­наар дурлаж чадах байх. Номд нэвтэрсэн хүний хувьд бус­даас сайхан зүйлийг олж харах нь л чухал. Өөр элдвийн хүсэл бол тэдэнд харш.

-Та энэ романаа бичихийн тулд бурхны шашинд нэлээд автсан байх аа?
-Автсан шүү. Сэрдог гэгээний бэлэглэсэн Гүмбүмийн найман сувар­ганы шармал дүрсийг харан, орой бүр мөргөдөг байсан. Мөргөл хийх зуураа романыхаа үйл явдлыг ургуулж бодно. Эхэндээ гэмт хэр­гийн учигт илүү анхаарч байснаа сүүлдээ мөргөж хэвшээд ирэхээр тэр аллага маллага огт сонин биш юм байна, гол нь л хүн ёсны, хүний эрхэм дээд чанарын тухай бичих нь л миний үүрэг юм байна гэж бодох болсон. Ер нь би хоосон чанар, үйлийн үр хэмээх хоёр ойлголтын гайхамшигт сэтгэлгээг биширсэндээ л энэ романыг бичсэн юм шүү дээ. Өмнө нь би өөрийгөө огт шүтлэггүй гэж боддог байсан. Харин романаа бичих зуураа бараг л шүтлэгтэй юм байна гэдгээ мэдсэн.

-Бараг л гэнэ ээ?
-Бараг л. Мухар сүсэггүй, чин сүсэгтэй болсон. Тэгэхээр өөрс­дийгөө жинхэнэ шүтлэгтэй хүн гэж үздэг хүмүүсээс арай л өөрөөр "бараг л шүтлэгтэй" гэе.

Хүний шүтлэг бишрэл тийм амархан хувирдаг зүйл гэж үү.
"Бөөгийн домог"ийг бичиж байхдаа та бараг лбөө болчихсон гэдэгт эргэлзэхгүй байна?
-Бөө мөргөлийн үзэл санааны гайхамшиг бол маргашгүй зүйл. Тэр тусмаа монголчуудын тэнгэр шүтлэгийн дээд ололтуудын нэг "Нууц товчоон"-ыг уран зохиолын хосгүй бүтээл гэж бишрэн үздэгийн­хээ хувьд ч, яруу найраг онгодын оролцоотойгоор бичигддэг гэдэгт хатуу итгэдгийнхээ хувьд ч би бөө мөргөлийг бурангуй зүйл гэж хэзээ ч бодохгүй. Тэгээд ч лам, бөө хоёр дээд түвшиндээ бол нэг л юм шүү дээ. Аль аль нь оюун санааны үзэгдэл, оюун санааны ертөнцийн төгөлдөршил. Мэдээж, зан үйл, ертөнцийг төсөөлөх үзлийн хувьд ялгаа их бий. Тухайлбал, бөөгийн ёсонд сүнснүүд очиж оршдог харан­хуйн орон гэж тусдаа бий гэж үздэг бол, ламын ёсонд сүнс нь энэ ертөнцийн амьтдын биесийг дам­жиж явдаг гэж тооцогдоно. Онгод гэдэг нь тусгай хил хязгаартай сүнсний ертөнцийн заагийг нэвтэрч чадахуйц увдис олсон онцгой бөө нарын сүнс юм. Гэтэл яг ийм онцгой оюунт сүнсний тухай ойлголт бүх шашинд байдаг. За, тэгээд хуурамч түвшиндээ ч лам, бөө хоёр адил­даа адил, годилдоо годил шүү дээ. Номгүй лам, онгодгүй бөө хоёр бол луйвар л бодно уу гэхээс мөн чанар бодохгүй.

Шүгдэн сахиус гэдэг чинь бөө нарын хэлдгээр бол онгод юм аа даа. Таны романд "гэгээрсэн сүнс болонгод" гэсэн байна лээ.
-Тийм ээ, Шүгдэн сахиус гээч нь нэг их эрдэмтэй чойжингийн онгод юм байна лээ. Түүх нь үнэхээр сонирхолтой л доо. Гэхдээ миний ном бол Шүгдэн шүтээний тухай биш, монгол үндэстний хувь заяа­ны тухай зохиол. "Бөөгийн домог" ч гэсэн бөөгөөр дамжуулж буриад түмний колоничлогдсон дүр төрх, эмгэнэлт хувь заяаг хөндсөн роман.

-Буриадын тухай, Өвөр Монголын тухай нэг нэг роман биччихлээ. Өөр төлөвлөгөө байгаа юу?
-Монгол үндэстний таслагдал хэрчигдэл бол уг нь мөнхийн сэдэв л дээ. Гэхдээ одоохондоо ингээд зогсозноё доо. Бодож уншдаг хүнд бол энэ хоёр роман хангалттай. Өгүүллэг, туужийн нэг ном цэгцлэх санаатай. Энэ ондоо багтах нь уу, яах нь. Бас шүлгийн ном бэлд­чихээд, гаргах уу болих уу гээд л, эргэж харсхийгээд сууж байна.

-Өө, романыхаа тухай яриа­наас хадуураад явчихаж. Саманд ламын дүрийг яаж бодож олов?
-Хөхнуурын монголчуудын дунд өнгөрөөсөн өдрүүд миний сэтгэлд маш сайхан сэтгэгдэл үлдээ­сэн. Ёстой л монголоороо, ямар ч буртаг суугаагүй сэтгэлтэй хүмүүс билээ. Дээд монголчууд Улаан, Дулаан гээд хоёр хошуунд, бас Дэлхий хэмээх гадаадын иргэ­дийг оруулдаггүй хаалттай хотод голлон суудаг. Цөөхүүлээ, хөөрхий. Хэл усаа хадгалж үлдсэн нь 50-60 мянга байна уу, үгүй юу. Тэд Мон­голоос зохиолч хүн ирсэн гэж сонсоод зориуд архи барин ирц­гээж, "Халх яриа чагная, юу ч хамаа­гүй яриад л бай" гэж гуйц­гаасан. Ярьж байх зуур "Бид халх яриа ойлгож байна, бид чинь халхуудтай нэг хэлээр ярьдаг юм байна" гэж уйлалдаад... Үнэхээр зүрх шимшрэм... Хүн чинь харц­наасаа л мэдэгддэг дээ. Маш ёс төртэй, уудам сэтгэлтэй хүмүүс. Ийм хүмүүсийн дундаас чухам л Саманд шиг жинхэнэ лам төрнө дөө гэж өөрийн эрхгүй бодогдсон.

-Сахилаа огоорсон Дарамбал ламыг Шинжааны монгол болгож бичсэнд ямар нэгэн учир байна уу,
 үгүй юу?
-Үгүй дээ. Шинжааных байгаа нь тухайн лам буруу замаар будаа тээсэнд ямар ч хамаагүй. Дарамбал бол хаа сайгүй л таардаг, улаан шар хувцсаа ашиглан амин зуулга хөөж явдаг, номгүй лам нарын л жишээ. Номгүй хүмүүс фанатик сэтгэхүйд автах нь элбэг. Шүгдэнд шүтэхдээ тэр жинхэнэ шүтлэгээр бус, хэнээрхлээр хандсан. Бас шуналаа гүйцэлдүүлэх ид шид гэж харсан. Ний нуугүй хэлэхэд, бурх­ныг хүсэл биелүүлэгч шидтэн мэтээр хардаг, тэгж харсандаа л Ганданд очиж өргөл барьц өргөдөг хүмүүс олон шүү дээ. Бурхан бол хоосон чанарыг онохын ухаан. Хосгүй дээд заяа тавилан гэдэг бол үйлийн үрийг ойлгохын нэр. Үүнийг ойлгоогүй хүмүүс л хамгийн их "ламддаг" гарууд байдаг. Шуна­лаас ангижирах нь байтугай бүр шуналдаа дөрлүүлчихсөн увайгүй лам нарыг тийм мухар сүсэгтнүүд л тэжээдэг.

Тийм увайгүй лам нараас сайн юм хүлээх аргагүй байх л даа. Гэхдээ Дарамбал хамгийн дотно найздаа хоруулгах хэрэг байсан юм гэж үү?
-Миний нэг танил энэ романыг уншаад дуусахдаа Дарамбал Саман­дад сэмхэн хор өгсөн гэдгийг огт мэдээгүй байсан. Харин чи яасан сүрхий олж хараа вэ?

Романы нэр болсон Шүгдэнгийн тухай бас нэг зүйл асуумаар байна. Далай багш энэ шүтээнийг хориглосоншүү дээ. Хориг­лос­ныг бодоход, муу ёрын сүнс ч юм шиг?
-XIV Далай лам бол аугаа их бие хүн. Зөвхөн энэ хүний нэр л бүхэл бүтэн ард түмний зүг дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна. Түвд хэмээх үндэстэн ийм нэгэн хүү төрүүлсэндээ бахархах учиртай. Харин түвдүүдийнхээ нэлээд хэсэг нь шүтэж тахидаг шүтээнийг чухам яагаад хориглож, бүр энэ шүтээнийг үзэн яддаг мэт байдал харуулаад явдаг юм бол доо. Бидний сайн ойлгохгүй элдэв нарийн учир байдаг л биз. Зүгээр, хувь хүнийхээ зүгээс харахад, надад бол энэ хэтэрхий туйлшир­сан, жинхэнэ буддист хүний байр суурь биш юм шиг л харагдаад байгаа. Энэ амьдрал угаасаа хоо­сон чанартай гэдэг ээ дээ. Хоосон чанар бол шүтэн барилдсан гэсэн утгатай. Нагаржунайн найман хаалт гэж бүх диалектик зөрчлийг уялдуулж, тэр бүхний шүтэн барил­дахуй дээр хоосон чанар тогтоно гэсэн сайхан гаргалгаа бий. Тэгэ­хээр хоосон гэдэг яг ч хов хоосон биш, бий үгүй хоёрын шүтэлцээ юм. Амьдрал зовлон хэмээдэг ч, хоос­ны үүднээс бол яг ч зовлон биш, зовлон жаргал хоёр шүтэн барилд­сан нь гэсэн үг. Аль ч тийшээ хэлбийхгүй төв үзэл л хоосон чанарыг онох зам. Амьдрал гэдэг хуран үүдсэн, шүтэн барилдсан, мөнх бус, тиймдээ ч уг чанараараа хоосон эд. Ийм л зуурдын хоосон дунд нэгэн удаа энэ бие маань энэ сүнстэйгээ учирсны үрээр хүн гэгдэж яваа бидэнд учиргүй цухал­даж, тэчьядаад байх зүйл гэж уг нь ерөөсөө байхгүй л юм шиг. Тэгэхээр Далай багшийн тэр хориг, Шүгдэнг тэгтлээ үзэн ядаж буйн цаана гүн ухаан биш, улс төр л яваад байгаа ч юм уу, ёстой мэдэхгүй юм даа.

-Зохиолууд тань олон улсад ч мөн шуугиан тарьж байна. Таны "Амь тавьж буй шувууны далавч", "Бөөгийндомог" зэрэг номууд Солонгос улсад хэвлэгдсэн. Хичнээн хувь хэвлэгдсэн бол оо. Цаашдаа солонго­соордамжуулж өөр олон хэл дээр хэвлэгдэх бололцоо байгаа нь мэдээж...
-Шуугиан тарьсан ч юм үнэндээ байхгүй л дээ. Яахав, энд тэнд мэр сэр юм гарч л байна. Томхноос гэвэл, "Арван зүүдний өр" Орост хэвлэгдсэн. Америкт хэдэн өгүүллэг хэвлэгдсэн. Уржнан намар Солон­гост "Бөөгийн домог" хэвлүүлэх гэрээ хийсэн нь сая гарлаа. Гэрээнд дурдсанаар бол 10 мянга хэвлэсэн байх ёстой. Энэ роман одоогоор англи руу орчуулагдчихаад, хэв­лүү­лэх тал дээр яриа хэлцэл явагдаж байгаа.

-Мөн "Цасны роман" Хонконгт хэвлэгдсэн. Тэрхүү бүтээл тань "Million Writers Award
-2012" олон улсын утгазохиолын шагналд нэр дэвшсэн дуулдсан. Энэ тухай нарийн ширийн мэдээлэл өгөхгүй юу. Ямархан нэрхүндтэй шагнал юм бол?
-Миний зохиолуудаас "Цасны роман" одоогоор зургаан хэл дээр орчуулагдаж хэвлэгдсэн. Хосгүй мундаг зүйл гэж хэлэхгүй, аль 2002 онд гарсан эд шүү дээ. Хонконгийн "Ча" гэдэг сэтгүүлээс л нэр дэвшүүл­сэн юм билээ. Номинацид нь өөр 13 өгүүллэг байгаа болохоор сүртэй баярлаад, горьдоод байх юм алга. "Ча" сэтгүүл "Уран зохио­лын шилдэг сэтгүүл" номинациар 2008 онд уг шагналыг хүртэж бай­сан тул нэр дэвшүүлэх эрхтэй болсон юм гэнэ ээ. АНУ-ын Минесотад санаачилж 2004 оноос өгч эхэлсэн, харьцангуй залуу шагнал. Их олон номинациар олгодог юм билээ.

"Цасны роман"ыг Горькийн сургуулийн нэг багш Хэмингуэйн "Өвгөн тэнгис хоёр"той нэг зиндааны бүтээлхэмээн үнэлсэн гэж сонссон?
-Сергей Казначеев гэдэг хүн Орост нийтлэгдэхэд нь тэгж үнэл­сэн л дээ. Уулзаж танилцаад, өөрийнх нь амнаас тэр дүгнэлтийг сонсох юм сан гэж бодож л байна.

Таны туурвисан зохиол бүхэн Монголд бэстсэллер болох юм. Үүнийг юу гэж боддог вэ. Л.Өлзийтөгсзохиолчийн сүүлд гаргасан "Үзэхийн хязгаар" ном мөн л борлуулалтаараа тэр­гүүлж байна лээ?
-Үгүй, юугаа бодох вэ дээ. Гарсан даруйдаа бидний номууд гайгүй гүйдэг нь бид хоёрыг ойлгож мэддэг уншигчдын хүрээ бий бол­сон, тэдний дунд л бага зэрэг хүлээлт үүсдэгийнх болов уу. "Бөөгийн домог"-ийг л гэхэд би одоогоор дөнгөж 4000-ийг зараад байгаа. Тэгэхээр юуных нь бэст­сэллэр байх вэ дээ.

-Үргэлжилсэн үгийн зохио­лоос гадна яруу найргийн бүтээл тань бас л шуугиан тарьдаг. "Сэтгэл рүүшагайгч Түүнд" ном тань яруу найргийн дээд хэмжүүрт хүрэхээр бүтээл болжээ гэж утга зохиолынмэргэжилтнүүд үнэлж байсан. Та өөрөө яаж үнэлж байна. Сүүлд яруу найраг хэр туурвиж байна?

-Шүлэг бичих минь цөөрсөн л дөө. Гэхдээ 10 баллын шатлалаар дүгнэх юм бол, яруу найрагчийн хувьд би өөртөө есөн оноо, хүүр­нэл зохиолчийн хувьд харин бар­дамналаа бардамналаа гэхэд арайхийж таван оноо л өгнө.

Ингэхэд та зохиолчдын байгууллагатайгаа харилцаа холбоо ямар байна. Зохиолчдын хороогоор үзэгдэхнь ховор бол­сон шиг санагдана?
-Түүгээр очих зав ч, шаардлага ч гарахгүй юм даа.

Д.Нацагдоржийн шагнал хэмээх утга зохиолын дээд шагналаас Л.Өлзийтөгс та хоёрыг татгалзсан гэхсураг байсан. Энэ үнэн үү?
-Өлзий татгалзаж нэрээ татаж авч байсан. Би бол угаасаа дэв­шиж байгаагүй л дээ.

Танаас зайлшгүй асуух нэг асуулт байна аа. Ер нь уулзсан хүмүүс асуудаг л байх. Монголын утга зохиолөнөөдөр ямар түвшинд байна вэ. Та ямар хариулт өгөх бол?
-Тааруухан л санагддаг. Гэхдээ энэ бол шударга хариулт биш байж магадгүй. Учир нь би сүүлийн үед монгол ном бараг уншаагүй. Залуучуудын шүлэг зохиолыг огт мэдэхгүй.

Та бол ерээд оныхны нэгэн төлөөлөгч. Өнөөдөр ерээд оныхон утга зохиолын ачааг нуруун дээрээ үүрчбайна гэсэн ойлголт хүмүүст ерөнхийдөө байдаг. Үүнтэй санал нийлэх үү?
-Наадхи чинь миний л хэлж байсан үг шив дээ. Би ерээд оны эхээр утга зохиолд хөл тавьсан залуустай найз нөхдийн харьцаа­тай явдгаараа бахархдаг. Бидний үеийнхнээс л анх удаа тайзан дээр марзаганадаггүй, найр хөтөлдөг­гүй, тун гайгүй сэхээтэн өвгөчүүл гарах болов уу гэж боддог шүү.
   Ярилцсан Н.ГАНТУЛГА