Showing posts with label УЯНГА Г.. Show all posts
Showing posts with label УЯНГА Г.. Show all posts

Wednesday, 13 February 2013

Г.Уянга: Засгийн газрыг хөрөнгө оруулагчидтай хуйвалдав уу гэх хардлага төрсөн

Г.Уянга: Засгийн газрыг хөрөнгө оруулагчидтай хуйвалдав уу гэх хардлага төрсөнУИХ-ын гишүүн Г.Уянгыг “Ярилцах танхим”-даа урилаа. 

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хуралдаан саяхан болж өнгөрсөн. Энэхүү хурлын үеэр Засгийн газрын зүгээс  Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргасантай холбогдуулан УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн сар шинийн өмнө мэдэгдэл гаргасан билээ. Энэ сэдвээр түүнтэй ярилцсан юм.
 

-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа энэ үед танай эвслийн бүлгээс Засгийн газрыг буруутгасан утга бүхий мэдэгдэл гаргасан байна. Ямар учраас тэр вэ?

-Засгийн газрын зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан гаргаж байгаа шийдвэрүүд ард түмэн, эх орныхоо эрх ашгийн төлөө бус байгаа учир бид мэдэгдэл гаргасан юм. Тухайлбал, зэсийнх нь нөөцийг л  гэхэд гурав дахин багасгасныг Монголын Зас-гийн газар хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл Оюутолгойн орд 45 сая тонн зэсийн, 1800 тонн алтны нөөцтэй. Гэтэл Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд 11 сая тонн зэсийн нөөцтэй гэж заачихаад олон улсын хөрөнгийн биржээс мөнгө босгохдоо нөөцийг нь үнэн, зөвөөр нь мэдээлсэн байх жишээтэй. 

Нөгөөтэйгүүр 2007 оны ТЭЗҮ-д Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний анхны хөрөнгө оруулалт 2.7 тэрбум ам.доллар байна гэж тусгасан байтал Монголын Засгийн газар өнөөдөр анхны хөрөнгө оруулалтыг 5.1 тэрбум ам.доллар гэж хүлээн зөвшөөрч байна. Энэ бүх зөрүү Монголын талд өр болж байгаа. Монголчууд энэ зөрүүний 34 хувийг зээл хэлбэрээр төлж байгаа шүү дээ. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээгээ бодитойгоор нэмж байгаа юу гэдгийг хянах боломж Монголын талд байхгүй байгаа нь үнэн. Бидний баялгийг бидэнд зарж байгаа энэ асуудлыг Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрч байгааг бид алдаа гэж үзэж байгаа юм. 

-Засгийн газрын зүгээс “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахын тулд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа” гэж тайлбарлаж байгаа шүү дээ?
-Ний нуугүй хэлэхэд энэ бүхэнд үнэхээр цочирдож гайхсан. Биднийг 10 жил гудамжинд тэмцэж байхад нэг нь ч ойлгохгүй “Та нар буруу зүйл хийж байна. Гадны хөрөнгө оруулалтыг үргээх гэж байна. Монгол Улс хөгжихийн даваан дээр боловсролгүй, бүдүүлэг та бүхнээс болоод энэ гэрээ зогсох юм бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ” гэж байсан хүмүүс гэв гэнэт ийм байр суурь илэрхийлээд эхлэхээр нь үнэндээ шокийн байдалд орсон гэхэд болно. Энэ бүхний цаана юу байна вэ гэж бодож амжаагүй байтал сайд нарын хийсэн мэдэгдлээс бүх зүйл тодорхой болсон л доо. Засгийн газрын зүгээс Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэж байгаа мэт боловч дээрх алдаатай тоонуудыг хүлээн зөвшөөрсөн нь л асуудал үүсгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар “Айвенхо майнз” компанитай хуйвалдчихсан юм биш биз дээ гэдэг хардлага бидэнд төрж байна. Яагаад анхны нөөцийг маш багаар тооцов. Анхны хөрөнгө оруулалтыг өсгөв гэдэг нь их сонин байгаа юм. Энэ бүхний ард ямар нэгэн тохиролцоо байгааг үгүйсгэх аргагүй шүү дээ. Бид энэ бүхнийг цаашид нарийвчлан судлах болно. 

-Үүний тулд хамгийн түрүүнд ямар алхам хийх ёстой гэж үзэж байна вэ?
-Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байгаа гурван гишүүнийг УИХ-д нэн яаралтай мэдээлэл хийлгүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Тэд өнөөдрийг хүртэл ямар нэгэн мэдээлэл хийсэн удаагүй. Тэд ямар хяналт тавьдаг, ямар эрх мэдэлтэй, ямар цалин хөлс авдаг юм. Монголын төлөө ажиллахад тэдэнд ямар эрх мэдэл дутуу байгаа вэ гэдгийг бид юуны өмнө ойлгож, асуудлыг илрүүлэх хэрэгтэй. Энэхүү мэдээллийг сонссоны дараа энэ асуудал дээр Монгол Улс байр сууриа нэгтгэж чадах уу, үгүй юу гэдэг нь тодорхой болох байх. 

-Хэрэв Засгийн газраас энэ байр сууриа хамгаалсан хэвээр байвал та бүхэн ямар арга хэмжээ авах вэ. Танай эвсэл Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа шүү дээ?

-Юуны өмнө Засгийн газрыг улс төрийн ямар, ямар хүчин бүрдүүлж байгаа эсэх нь энэ асуудалд тийм ч хамаатай биш. Оюутолгой бол аль нэг улс төрийн хүчний эрх ашгийг хамгаалдаг. Сонгууль болохоор ярьдаг шоуны сэдэв байх ёсгүй. Тиймээс ямар ч байсан эхний ээлжинд “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголыг төлөөлдөг гишүүдтэй уулзах хэрэгтэй гээд байгаа юм. Үүний дараа л алхам, алхмаар урагшлах ёстой. Анхнаас нь бүх асуудлыг цэгцлэх ёстой гэж бодож байна. 

-МҮАН-ын дарга М.Энхсайханыг албан тушаалаас нь саяхан унагахад танай намынхан хуралдаж, Засгийн газрын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандсан гэсэн. Энэ бүхний нотолгоо болж өнөөдөр Засгийн газар нэлээд шүүмжлэлд өртөх нь шиг байна. Ийм асуудал үүсээгүй байсан ч та бүхэн Засгийн газрыг ямар нэгэн аргаар өөлөх байсан уу?
-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ шударга бус болсон гэдэг асуудал намайг МҮАН-д орохоос, УИХ-ын гишүүн болохоос өмнө байсан асуудал. Тиймээс МҮАН-ын даргыг албан тушаалаас нь авснаас болоод Засгийн газрыг буруутгах шалтгаан олж ядаад энэ асуудлыг сөхөж байгаа зүйл огтхон ч байхгүй. Ер нь бол М.Энхсайхан даргын төмөр замын асуудлаар баримталж байгаа байр суурь нь шударга, зарчимч, шинжлэх ухаанч  гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс нөгөө талаас буруутгаж байгаа аргументаа гаргаж өгөөч гэдэг асуудал тавьсан. Одоо болтол гаргаж ирээгүй байна. Оюутолгой бол үүнээс огт өөр асуудал. Улстөржиж болохгүй цо-рын ганц асуудал шүү дээ. Хэрэв энэ асуудалд улс төр, сонгууль орж байгаа бол хэн нь Засгийн газарт байна гэдэг нь хамаагүй. “Шударга ёс” эвсэл Засгийн газарт байна уу, үгүй юу. Цаашид байх ёстой юу, үгүй юу гэдгээс үл хамаарч асуудалд хандана. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг шударга байлгахын тулд бид олон жилийн тэмцлээ зориулсан. Энэ асуудлын төлөө 14 хоног өлсгөлөн зарлаж байсан хүний хувьд хэн нэгний эрх ашигтай энэ асуудлыг холбохгүй гэдгээ хэлэх байна. 

-Хэрэв Засгийн газрын гишүүд та бүхний яриад байгаачлан алдаагаа засахаар болбол яах вэ?

-Тэгвэл сайн байна. Тэгвэл төр засгаараа монголчууд нэг талд байгаа юм байна гэж ойлгож болох байх. Үгүй бол энэ бол гарцаагүй хуйвалдаан байх. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал болж өнгөрсний дараа Засгийн газрын гишүүд мэдээлэл хийсэн. Үүний дараа Оюутолгойн бүтээн байгуулалтын зардлын харьцуулалт гэсэн мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Гэтэл үүнээс долоо хоногийн өмнө дээрх харьцуулалттай нэг ч тооны зөрүүгүй мэдээлэл Австралийн нэг сонинд тавигдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурлаар гарах үр дүнг долоо хоногийн өмнө Австралийн сонин гаргачихсан байсан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Батцогт хэлснийг энд дурьдмаар байна. Ийм байхад хардах нь зүй ёсны хэрэг шүү дээ. Ер нь бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг хариуцсан ажлын хэсгийнхэн нь зөвхөн Засгийн газрын төвшинд биш. УИХ дээр ч мэдээлж байх ёстой. Яагаад гэвэл энэ бол монгол төр, монголчуудын нийтлэг эрх ашигтай холбоотой асуудал. Тиймээс УИХ-аар оруулахгүйгээр асуудлыг шийдэх нь өрөөсгөл болно. Би хувьдаа ийм байр суурьтай байгаа. 

-УИХ-ын намрын чуулган завсарлачихлаа. Тэгэхээр Оюутолгойн ТУЗ-ын гишүүдийн мэдээллийг сонсох асуудал хаврын чуулган хүртэл хойшилно гэсэн үг. Үүнээс болоод асуудал сунжирна гэсэн үг үү?
-УИХ-ын чуулган завсарлалаа гэдэг нь УИХ-ын ажил цалгардана гэсэн үг биш шүү дээ. Энэ хугацаанд байнгын хороод болон намын бүлгүүд хуралдана. Тэгэхээр асуудал сунжирна гэж айх хэрэггүй. Харин энэ хугацаанд бид асуудлыг сайн нягтлах хэрэгтэй байгаа юм. 

-Энэ асуудлаас гарахын тулд Оюутолгой компанийн ТУЗ-д байгаа Монголын талын төлөөлөгч-дийн үгийг сонсохоос өөр ямар гарц байна гэж үзэж байгаа вэ?
-Хамгийн том гарц нь гэрээг дахиж хийх гэж  УИХ-ын дэд дарга Л.Цогийн хэлж байсныг сануулмаар байна. ТЭЗҮ-г монголчууд өөрсдөө дахиж хийх боломжтой шүү дээ. Бид ТЭЗҮ-дээ Оюутолгойн ордын нөөцийг тогтоогдсон хэмжээгээр нь тусгах ёстой. Хөрөнгө оруулалт гээд байгаа асуудлыг шалгах ёстой. Үнэн байна уу, худал байна уу гэдгийг нь сайн нягтлах ёстой  шүү дээ. Тэдний хэрэглэж байгаа бүтээгдэхүүний үнэ үнэхээр хэлснээр нь байна уу, гаалийн хяналт шалгалт дээр ямар асуудал гарсан байна вэ гэдгээс эхлээд хянах хэрэгтэй байгаа юм. 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.  

Р.Сарангоо
Улс төрийн тойм сонин

Wednesday, 16 January 2013

Г.Уянга: Ганц Н.Энхбаярын асуудал биш

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл УИХ-аас дэмжлэг хүлээгээд байна. Нэг талдаа таны санаачилсан төсөл зөв алхам мэт боловч нөгөө талдаа МАХН-ын дарга, ялтан Н.Энхбаярыг аврах төсөл болж батлагдах вий гэсэн болгоомжлол бий. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ хуулийн үзэл санаа нь нэг хүний асуудлаас илүү том. Төр хүчтэй байх, төрийн ой санамж тасралтгүй сэргэг байх, төр уламжлалаа хадгалж, өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүсээрээ дамжуулан мэдээллээ, бодлогоо уламжлуулан хадгалуулах, үүгээрээ төрийн өв хөрөнгө, үнэ цэнэ нэмэгдэж байх тухай асуудал юм. Энэ үзэл санааг цаг үеийн улстөр, нэг хүний асуудлаар халхалж бүрхэгдүүлбэл дэндүү харамсалтай.
Н.Энхбаяраас цааш харж чадахаа байтлаа төр нь сохорч болохгүй. Энд нэг хүний асуудал огт яриагүй. Өмнө нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн гишүүн байсан 16 хүн, одоо байгаа гурван хүн, үүнээс хойшхи Монголын төрийн эрхийг барих бүх хүмүүст хамаатай.Би Н.Энхбаярыг 16 хүний нэг гэж л харж байна. Монгол төрийн бүхий л нууцыг мэдэж байгаа энэ хүмүүсийн төрөөс бусад субъектэд зөвлөх эрхийг хязгаарлаж, оронд нь төрийн тэргүүний зөвлөхийн ажил санал болгож цалин олгох тухай асуудал л яригдаж байна. Монгол төрд ажиллаж олсон мэдээллээ бусдад ашиглуулж, Монгол төрд ажиллаж олсон нэр хүнд, давуу талаа гаднынхны лоббид ашиглуулагч болгох нөхцлийг л хуулиар хаая гэсэн юм.

-Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн ямар ажил хийхийг зааж байгаа нь хүний эрхийг зөрчиж байна гэж байсан? 

-Энэ хүмүүс бол жирийн иргэн биш, ҮАБЗ-ийн гишүүн болсноороо насан туршдаа жирийн иргэн байх бололцоогүй болсон хүмүүс. Монголын хаана нь ямар баялаг ямар хэмжээтэй байгаа, гадаадын ямар улстай ямар нөхцөл байдалд ямар гэрээ хэлэлцээр хийж байснаас эхлээд тусгай албадтай холбоотой мэдээллүүд, төрийн нууц, маш нууц бүх мэдээллүүдтэй танилцах эрх энэ хүмүүст бий. Ийм хүмүүс жирийн иргэн байх бололцоогүй. Эрх чөлөөт иргэн байхыг хүсч байгаа хүмүүст дээрх албан тушаалуудад нэр дэвшихгүй байх өргөн эрх чөлөө өмнө нь бол байгаа. Нэгэнт сонголтоо хийж “төрийн гурван өндөрлөг”-ийн нэг болсон бол сонголт байхгүй, эрх чөлөөгөө хязгаарлуулах л  ёстой. Ер нь бол эрхээ хязгаарлаж төр түмнийхээ төлөө өөрийгөө зориулж чадахгүй хүн Монголын төрд, тэр тусмаа төрийн өндөр албан тушаалд очих ёсгүй л дээ.
Эрхээ ч хязгаарлуулахгүй төрийн өндөр албан тушаалд ч байя гэж байгаа хүн бол “Төрийн өндөр албан тушаалд байхдаа олсон боломжоо буугаад хувийн амьдралдаа ашигламаар байхад чинь яах гээд байгаа юм” гэж байгаатай л адилхан сонсогдож байна, надад бол. Төрийн хар хүн гэж нэг ойлголт байдагсан. Эдийн шуналгүй, ном эрдэмтэй, ухаан цөлх, бодол уужуу тийм хүн өнөөдрийн төрд дэндүү ховордсоны илрэл шүү дээ, тэр эрх мэрх гэж яриад байгаа хүмүүс бол.

-Цалин хангамжийн талд нь бас зарим гишүүд шүүмжлэлтэй ханддаг?
-Ер нь бол Монголын төр зүтгэсэн хүндээ халтай баймааргүй л байгаа юм. Бид тийм харгис үеийг туулсан, XX зууны Ерөнхий сайдуудаас зовлон туулаагүй Ерөнхий сайд байна уу? Богд хаант Монгол Улсын үеэс маршалыг хүртэлх бараг бүх Ерөнхий сайдууд цаг бусаар өнгөрсөн. Ю.Цэдэнбал дарга, Ж.Батмөнх даргыг бид яалаа. Өнөөдөр Ж.Батмөнх гуай шиг эгэл амьдарч байгаа хүн бол Д.Бямбасүрэн гуай. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн 80 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгоод амьдарч байна.
Одоо л амар амгалангийн нарыг харах байх гэтэл дахиад л бариа тавиа болж байна. XXI зууныг бид бас л ингэж өнгөрөөх үү? Н.Энхбаяр гэдэг хүнийг барьж ялласнаар өнөөдөр төрийн өндөрлөгт байгаа бүх хүнийг яллах, шийтгэх ёс суртахууны хэм хэмжээг тогтоолоо. Хэрэв манай төрийг удирдаж байсан хүмүүс Ж.Батмөнх гуай шиг, Д.Бямбасүрэн гуай шиг эгэл жирийн амьдралаар үлдсэн насаа өнгөрөөхгүй гэвэл аль нэг компанид зөвлөхөөр л ажиллах хувь заяа хүлээж байгаа. Үүнийх нь төлөө тэднийг бас л буруутгаж байна. Ядаж ингүүлэхгүй, төрийн нэр төрийг сэвгүй хүндтэй байлгах ёстой биш үү.
Ийм жишиг хууль манай хоёр хөрш, бүр Францаас эхлээд Африкийн арай гайгүй хөгжиж буй орнуудад хүртэл байна шүү дээ. Цалин хангамж гэж яриад байгаа тэр ядарсан сэтгэлгээнээс нь бас би “айгаад” нэг хүнд тухайн үеийн Засгийн газрын гишүүнтэй тэнцэх хэмжээний л цалин олгоно гэж төсөлдөө бичсэн. Тэр нь ч шальтай юм биш л дээ. Төрийн өндөрлөгт байсан хүмүүсээ алдсанаас болоод алдаж байгаа мэдээлэл, үнэ цэнэ, бодлогын дэргэд ингэж ярих нь уг нь бол ичмээр л юм шүү дээ. Гэтэл гадныхан зөвлөхөөрөө уривал юун сайдын цалин байтугайг өгөх байлгүй.

-Тэгэхээр цалин хангамжийн талаарх заалтыг нэлээд бодлоготойгоор оруулжээ дээ? 

-Албан тушаалаасаа буусны дараа ч ажилгүй, орлогогүй болохгүйгээр бага ч гэсэн цалинтай, ямар ч байсан ахуйн жижиг асуудлаасаа хамааралгүй болчихвол улс орондоо хэрэгтэй томоохон шийдлүүдийг зоригтой хийх болов уу гэж бодсон юм. Өнгөрсөн 22 жилийн дунджаар Засгийн газрын дундаж нас 1,6 жил байсан байна. Энэ бол бүтээн байгуулж, зоригтой шийдэл гаргахад даан ч хангалтгүй хугацаа. Ард нь ахуйн айдас байгаа бол бүр юу ч шийдэхгүй. Гэхдээ төсөлд байгаа цалинг миний харж байгаа энэ өнцөг баячуудын харж байгаа өнцгөөр бол их л ядуу харагдах юм шиг байна лээ дээ.

-Төсөл батлагдсан нөхцөлд Н.Энхбаяр дарга аврагдах уу?
-Бүгдээрээ Энхбаяр Энхбаяр л гээд байх бололтой юм. Төсөл яаж батлагдахыг би өнөөдөр хэлж мэдэхгүй байна. Гэхдээ улс орны эрх ашгийн эсрэг, онц хүнд гэмт хэрэгт холбогдсон хүмүүст л хуулийн хамгаалалт үйлчлэхгүй байх заалт миний өмнө хэлсэн орнуудын хуульд туссан байна. Хэрэв ийм хамгаалалт байхгүй бол айдас, болгоомжлолд баригдаад томоохон шийдэмгий алхам хийж чаддаггүй гэдгийг нь ч бас том үндэстнүүд харж чаддаг юм байна л даа. Төрийн том хүмүүсийн гаргасан шийдвэр өнөөдрийн шүүлтүүрээр буруу мэт байвч хожмын өдөр улс үндэстэнд тустай байж болно. Тэр бүхнийгээ олон нийтэд, хэвлэл мэдээлэлд, шүүх хуралд хэлж болдоггүй бидний мэдэхгүй, туулаагүй зовлон бас  байдаг л юм билээ. Тэдний ийм зовлон үхсэн хойно нь дурдатгал болж үлдэх биш амьдад нь Монгол төрийн туршлага болж үлдвэл уг нь зүгээр юм даа. Өнөөдөр өөртөө зовлонтой, маргааш үндэстэнд хэрэгтэй тийм шийдвэр гаргасан удирдагчийг өнөө бид үзэн ядаж байвч маргааш ардын баатар болгож ч мэднэ. Гагцхүү тийм удирдагчтай байх эрхзүйн, бас өөр бусад орчин ч өнөөдөр алга.

Хэрэв энэ хууль энэ үзэл санаагаар батлагдвал хэн нэгэн аврагдах ёстой бол Монгол төр л аврагдах учиртай.

-Төслийг УИХ-аар батлаагүй нөхцөлд Үндэсний аюулгүй байдалд ямар хор хөнөөл авчрах гээд байна вэ. Ер нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтаж байсан гишүүд нь гадны хөрөнгө оруулалттай компанид ажиллах эсэх нь өөрийнх нь ухамсартай илүү хамаатай зүйл биш үү? Үүнийг заавал хуульчлах болсны цаад шалтгаан юу вэ?
-Төрийн бодлогын уламжлалыг хадгалах, төрийн ой санамжийг тод байлгах, хар хайрцгийн бодлого гэж байдаг бол түүнийгээ хадгалж явахад миний санаачилсан хууль хэрэгтэй. Бид хүн хараад байна, гэтэл цаана нь төрийн нууц, төрийн бодлого хамгаалах тухай л асуудал шүү дээ. УИХ-ын чуулган дээр албаа хашиж байсан Ерөнхий сайдууд Асгат, Тавантолгойн асуудлаар алдаатай алхам хийсэн тухай ярьж байсныг сонссон уу? Уг нь өмнөх Ерөнхий сайдууд нь ойр ажиллаад зөвлөсөн бол тийм алдаа гарахгүй байсан гэж бодож байна. Ялангуяа уул уурхай эрчимтэй хөгжиж буй өнөө цагт бүр ч чухал. Бид жилдээ зарах хагас тэрбум төгрөг хэмнээд хэдэн тэрбум ам.доллар алдах алдаа гаргачихаж магадгүй эгзэгтэй үед ирээд байгаа шүү дээ.
Яахав дотоодын компанийн зөвлөх хийж байж, гэтэл хөрөнгө оруулалт шаардлагатай болоод тэр компани нь гадны компаниудтай хамтраад эхэлбэл яах вэ? Өмнөх бүх зөвлөгөө худлаа гэх үү? Ийм үйл явцыг ухамсарт найдаж даатгаж болохгүй л дээ. Эрхбиш төр юм байгаа биз дээ.

-УИХ-аас энэ хууль батлагдвал Н.Энхбаяр даргын хувьд дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бололцоогүй болно гэх асуудал хөндөгдөөд байгаа. Тэр талын зохицуулалт бас орсон гэсэн үг үү?
-Н.Энхбаяр даргын тухай тийм зохицуулалт байхгүй, зөвхөн төрөөс өөр субъектэд зөвлөх ажил эрхэлж болохгүй л гэсэн агуулгатай.

-Тэгвэл Н.Энхбаяр гэдэг сэдвээ өөрчилье. Та түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Түрээслэгчдийн холбоог байгуулсан. Түрээсийн тухай хуулийн төсөл санаачлахаа мэдэгдсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ.

-Монголын түрээслэгчдийн нэгдсэн холбоо байгуулагдаад түрээслэгчдийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллаж эхлээд байна. 2013 оны түрээсийн үнээ үндэслэлгүй нэмж байгаа түрээслүүлэгчдэд хандан албан бичиг, шаардлага явуулж эхлээд байна. Ойрын хугацаанд түрээсийн үнийг нэмэгдүүлэхгүй байх, мөн хуулиа боловсруулж батлуулах ажлуудыг давхар хийж байна.  Түрээс бол Монголд хамгийн өргөн дэлгэрсэн бизнес болсон байна. Өнөөдөр түрээсгүй юм алга. Яг нь нөгөө нэмүү өртгийн татвартай адил үйлдвэрлэл, борлуулалтын бүх шатанд түрээс шингэж бараа бүтээгдэхүүний эцсийн үнэд маш хүчтэй нөлөөлж байна. Нэг талаас энэ нь түрээслэгчдэд, нөгөө талаас худалдан авагчдад том дарамт. Бүр тэгж яривал бүх авлигын эцсийн өртөг түрээсэнд шингэж нийгмийг сорон туйлдуулж байна. Хотын төвд өндөр үнэтэй байрлал сайтай газар байгуулсан үйлчилгээний заалны түрээсэнд газраа авахаас эхлээд барилгаа барьж дуустал төлсөн авлига шингэж байгааг бид анзаарахгүй байж болохгүй. Тиймээс асар өргөн хүрээнд маш нарийн судлаж, гаднын орнуудын туршлагыг ч нямбай харгалзах шаардлага байна.

-Түрээслэгчид нэг ёсны хамжлага болчихоод байна гэж та хэлсэн байсан. Үнэхээр ийм жишиг тогтчихоод байгаа хэрэг үү?
-Үнэндээ бол ганц түрээслэгчдэд биш та бидэнд бүгдэд нь тулгарч байгаа бэрхшээл. Түрээслэгч бүх түрээсийн төлбөрийн нэмэгдлийг бараа бүтээгдэхүүндээ шингээх замаар цуглуулж төлөх хамгийн хүнд үүргийг гүйцэтгэж байна. Өнгөц харахад энэ асуудал зөвхөн түрээслэгчдийнх мэт авч углуургаар нь авч үзвэл нийгмийн харилцааны асуудал шүү дээ. Зөвхөн түрээслэгч биш худалдан авагч бүх иргэн, дээрээс нь түрээслүүлэгч хүртэл нэгэн “үл үзэгдэгч гард” асар их мөнгө төлж байна. Манай Ерөнхийлөгч нэг үе авлигын анатомийг нь үзүүл гэж их ярьдаг байсан. Түрээсэнд бол ийм л анатоми байна шүү дээ.
Тэр үл үзэгдэгч гар бол жинхэнэ утгаараа феодал этгээд байна. Газрын эзэн л гэсэн үг. Төрөөс төрсөн тэрбумтан биш бүр феодал. Хэдэн түрээслэгч шууд утгаараа хамжлага болж байна. Бүх ашиг орлогынхоо ихэнхийг түрээсэнд алдаж байна. Ургацынхаа талыг газрын эзэн-феодалд рент хэлбэрээр төлж мөлжүүлж байгаа хамжлагын тариачны тухай  уншаад мөлжлөгийн хүнд бэрхийг ойлгодог байв даа. Гэтэл өнөөдөр түүнээс дор, түрээслэгч орлогынхоо 80 хувийг түрээслүүлэгчид төлж, өөрт нь 20-хон хувь үлдэж байна. Энэ бол бидний хэрэглэж байгаа барааны 80 хувь нь түрээсийн үнэ гэсэн үг. Эсрэгээр түрээсгүй бол бараа бүтээгдэхүүний үнэ одоогийнхоос тав дахин хямд байх бололцоотой гэсэн үг. Нийгмээрээ мөлжүүлж байгаа биз. Түрээсээр мөлжиж олсон орлогоороо дараагийн түрээслэх байшингаа босгож байна. Цэвэр феодалын мөлжлөгийн харилцаа.
Хамгийн гол нь түрээслүүлэгч үнээ яг феодал шиг дураараа нэмдэг, дургүйгээ хүрвэл хэнийг ч хөөгөөд явуулчихдаг, хэн ч түүнийг нь хянадаггүй. Үүнийг феодалын харилцаа гэхгүй өөр юу гэх юм? Үүнийг мөлжлөг гэхгүй өөр юу гэх юм. Орос орон ийм хамжлагаас салах гэж зуун жил тарчлаад эцэст Октябрийн хувьсгалд хүрч шувтарсан.

-Гэхдээ арай л сүртэй хэтрүүлээд байгаа юм биш биз? 
-Сүр оруулаагүй бодит байдал ийм байна шүү дээ. Заримдаа боддог юм, хэдэн мянган жилийн нүүдлийн аж ахуй, коммунизмын үед ч газрын үнэ цэнэ гэж юу болохыг огт мэдрээгүй Монголчууд өнөөдөр тэр Европынхны яриад байдаг феодализм гэгчтэй бодитаар нүүр тулж байна уу даа гэж... Алга дарам газрын үнэ цэнийн асуудал. Тариа тарьдаг биш үйлдвэрлэл явуулдаг, бараа зардаг сантиметрээр хэмжигддэг өчүүхэн газрын асуудал. Гэвч улсын хэмжээнд үзвэл том асуудал болж хувирна. Үүнийг тэр мундаг эдийн засагчид нь анзаарвал ёстой гайхамшигтай онолын нээлтүүд гарахаар юм билээ дээ. Үүнийг өнөөдөр зохицуулах ёстой, тэгэхгүй бол энэ далд эдийн засаг, мөлжлөг, газрын эздийн дураараа аашлах авир энэ улс орныг, ард түмнийг тамирдуулж дуусгана. Энэ асуудалд бүх төвшинд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.

-Өнгөрсөн долоо хоногт “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Энэ асуудал Тавантолгойгоос-Гашуунсухайт хүртэл татах нарийн царигтай төмөр зам, говь руу тавих өргөн царигтай замын асуудлаас болсон нь нэгэн тодорхой болсон. Таны хувьд ямар царигтай төмөр зам тавих нь Монголд илүү ашигтай тусна гэж үзэж байгаа вэ.

-Ашиг яривал аль аль нь л ашиг олох гэж тавьж буй хөрөнгө оруулалтын асуудал. Гео-улстөр талаасаа Х.Баттулга сайдын зөв, гео-эдийн засаг талаасаа М.Энхсайхан даргын зөв. Харин би юу гэж бодож байгаагаа ний нуугүй хэлэхэд нэг эрх ашгаар нөгөөг нь цохиж унагадаг, ийм туйлширсан дэвхэцлээсээ монголчууд бид гармаар байгаа юм. Одоо боллоо, урагш алхах цаг боллоо. Аль, аль нь ашигтай нь харагдаад байгаа бол аль нэгийг нь илүүд үзэлгүй хоёуланг нь аваад л явах хэрэгтэй биз дээ. Ёстой л нөгөө “Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй хулгана л барьдаг байх нь чухал” гэдэг зарчим өнөөдөр бидэнд хэрэгтэй байна. Үүнийгээ л ойлговол бид үсрэлт хийхэд бэлэн байна.
Өргөн нарийн царигийн хувьд цаанаас ирж байгаа зам нь нарийн бол нарийныг л тавина, өргөн бол өргөнийг л тавина биз дээ, энэ бидний сонголт гэж үү? Нэг их өөрсдөө сонгох ч юм шиг ташраар нь огцруулаад л, Засгийн газар тарах энэ тэрдээ тулаад л бөөн юм болцгоох юм. 267 км замыг бол хувийн компани хөрөнгөө оруулаад тавих гэж байхад нь болиулчихсан, тэгээд бондын мөнгөөр тавих болж байгаа нь Монгол парадокс уу?

-Тэгвэл М.Энхсайхан даргыг салбарынхаа бодлоготой үзэл бодол нийлэхгүй байна гэдэг шалтгаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Үүнтэй та санал нэгдэж байгаа юу?
-Энд ямар ч салбарын бодлого, салбарын эрх ашгийн тухай асуудал байхгүй. Тэгж яривал хувь хүний ч үзэл санааны асуудал биш. Энд улсын эрх ашиг, ирээдүйн хөгжлийн асуудал яригдаж байна. Би бол хос морьтой хүн Хонгорын шилийг давна гэдэг шиг хос морьтой болчихмоор л байна. Ингэснээрээ би бөөрөнхийлөөгүй. Жаахан үндсэрхэг үзэл гаргахад бид хос морьтой явж ирсэн ард түмэн шүү. Бичиг үсгээс эхлээд, шашин шүтлэгийн асуудал дээр ч гэсэн. Ардчилал гэдэг шүүн хэлэлцээд сайн хувилбарыг нь сонгоод явахын нэр болов уу. Хоёулаа ашигтай юм бол хоёуланг нь барьчихъя л даа. Заавал нэг нь өргөн төмөр зам гэдэг муна барьж аахилаад нөгөө нь нарийн төмөр зам гэдэг илд барьж гүйгээд “ирүүл” тулаан хийгээд суух нь хэнд хэрэгтэй юм. Бид ч гэсэн хэн хэний чинь зөв хэрэлдээд бай гээд хараад суух нь ямар ашигтай юм бэ?

-М.Энхсайхан даргыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг Төрийн өмчийн хорооноос гаргахад сайд Х.Баттулгын даалгавар байсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдах болсон. Х.Баттулга сайд ийм алхам хийх нь зөв үү?
-Эхний асуултаараа Х.Баттулга сайд нөлөөлсөн гэсэн таамаг дэвшүүлээд, хоёр дахь асуултаараа намайг батла гэж байгаа юм уу? Төрийн өмчийн хороо аль яамны мэдэлд байдаг юм, хэнд шууд захирагддаг юм, тэгээд яаж шийдвэр гаргасан юм гэдгээ өөрсдөө тайлбарлах байх. 

-Цаашид МҮАН шинэчлэлийн Засгийн газрын тогтвортой байдал М.Энхсайхан даргын гаргах шийдвэртэй нэлээд уялдах болж байгааг хэвлэлүүд онцолж байгаа. Та хувьдаа ямар байр сууртай байгаа вэ? Ер нь үзэл бодол зөрж болох ч шууд огцруулдаг зарчмаар ажиллах нь хэр оновчтой вэ? Энэ нь Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлж болох уу?
-Дахин хэлэхэд МҮАН бол даргыг нь ажлаас халчихлаа гээд засаг огцруулах гээд гүйдэг нам огтоос биш. Засгийн тогтвортой байдал, даргын тогтвортой байдлыг бүгдийг нь л үндэсний эрх ашиг гэдэг нэг л зүйлтэй дэнсэлж чаддаг нам. Засаг тогтвортой байх нь аль аль талаасаа Монголд хэрэгтэй. Уг нь М.Энхсайхан гэдэг хүнийг огцруулах нь биш ашиглах нь л Монголын төрд хэрэгтэй байгаа юм даа. Би ийм хүмүүсийг төрдөө хямдхаан ашиглачих санаатай хууль бариад гүйгээд байдаг, нөгөө төр нь тэндээс өргөж гүйлдээд өшиглөж гаргаад байх юм. Бүү мэд ээ, бүү мэд. Нэг л биш. Ер нь тэгээд М.Энхсайхан даргыг огцруулахад бас учир шалтгаан, эрх ашиг байсан байж магадгүй. Тэр нь тодрох биз. Тэгвэл бас хариуцлага тооцох эзэн байх л учиртай гэж бодож байна. 

-Ярилцсанд баярлалаа
Г.ДАРЬ

Tuesday, 18 December 2012

Г.Уянга: Оюутолгойн мэтгэлцээнийг багаар үргэлжлүүлэх ёстой

УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа. Тэрбээр “Хэн нэгнийгээ дутуу үнэлэх, өөрийгөө илүү бодох байдлаас болж зохион байгуулалтад орсон том улс төрийн хүчнийг ямар байдалд оруулав гэдгийг харуулсан сургамжийг Орон нутгийн сонгууль өглөө” гэж байв. 
-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд ҮШН хэрхэн оролцов? 
-ҮШН харьцангуй амжилттай оролцсон. Юун түрүүнд бид дангаараа сурталчилгаа хийх бололцоо байгаагүй. Учир нь орон нутгийн сонгуульд эвслээрээ орно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэвч манай хамтрагч тал болох МАХН орон нутгийн сонгуульд дангаараа оролцоно гэдэг шийдвэрийг их тулгамдаж гаргасан. Тиймээс бид дангаараа сурталчилгаа хийх, сонгуулийн стратеги тактик боловсруулах хугацаа үнэндээ байгаагүй. Гэвч бид оролцсон. Ямар ч байсан бидний барьж байгаа байр суурь бол хамтарч засаг барьсан том эвслийнхээ хүрээний намууд­тай хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг баримталлаа. Зарим газар “Шударга ёс” эвслээрээ, бас нэг хэсэгт нь МҮАН дангаараа, мөн Ардчилсан намтай хамтарч орсон. Муугүй амжилт үзүүлсэн. Гэхдээ нэг харамсалтай зүйл нь бид “Шударга ёс” эвслээрээ орсон бол илүү өндөр амжилт үзүүлэх бололцоо байсныг ашиглаж чадаагүй. Үүнийг орон нутгийн сонгуулийн дүн харуулж байгаа. Дээрээс нь “Шударга ёс” эвсэл орон нутгийн сонгуульд хамтарч ороогүй байдлыг ашиглаж эвслийн болон МҮАН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх сонгуулийн хэсэг маш олон газарт байсан. Тухайлбал Хөвсгөл, Өвөрхангай зэрэг аймгуудад нэр дэвшигчид маань бүртгүүлж чадаагүй. Сонгуулийн хуулийн хэрэгжүүлэх явцад иймэрхүү луйвар булхай гарсан тохиолдол зөндөө бий. Гэхдээ бид энэ талаар гомдоллохыг урьтал болгохгүй байна. Орон нутгийн сонгуулийн дүн ерөнхийдөө УИХ-ын сонгуулийн дүнг баталгаажуулсан сонголт болсонд олзуурхаж байна. Энэ нь төр өөрөө тогтвортой, нэг бодлоготой, нэг бүтэц байх сис­темийг төлөвшүүлэхэд МҮАН-ын ганц нэг гишүүн ИТХ-д сонгогдохоос илүү чухал зүйл гэж бодож байна. Тиймээс ач холбогдлын дарааллаар Ардчилсан нам олонхи болж байгаа нь илүү үнэ цэнэтэй зүйл юм гэж үзэж байгаа. 

-Сонгуульд нийслэлийн иргэд, хөдөө орон нутгийнх­наас илүү идэвхигүй байлаа. Энэ нь юутай холбоотой юм бол? 

-Энэ юуг хэлээд байна вэ гэвэл ингэж олон дахин сонгууль хийдэг, жилжингээ сонгуульддаг байдлаа болио гэсэн үг. Бид НИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт хийсэн. Яг энэ үеэрээ орон нутгийн сонгуулиа хийх ёстой байж. Ер нь цаашдаа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, сонгууль нэг өдөр л болдог баймаар байна. Ингэхдээ төр бүх түвшиндээ удирдлагаа хангадаг, нэгдсэн бодлогоо гаргадаг, хэрэгжүүлэх бүтцээ хэрэгжүүлдэг зөв систем байхгүй бол олон дахин сонгуульддаг нь цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн хувьд ч хүнд хүчир байна. Цаг агаар хүйтэрсэн ийм үед бол бүр төвөгтэй. Ер нь бол системээ өөрчил гэдгийг сануулж байгаа хэрэг. Би харин ч иргэд гайгүй оролцсон гэж бодож байна. Угаасаа орон нутгийн сонгуульд иргэдийн идэвхи муу байдаг. Иргэдийн төлөөлөл гэхээсээ илүү намын гишүүдийн хэрэг болж хувираад, түүнд нь иргэд ач холбогдол өгдөггүй. Тиймээс би дараагийн удаад УИХ, НИТХ, аймаг, сум дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдөө хамт сонгодог болох нь зөв гэсэн бодолтой сууна.

-Орон нутгийн сонгуульд бүр засагт эвссэнээрээ орох тухай ярьж байлаа. Гэвч яг цагаа тулаад ирэхээр амь амиа л бодлоо. МАХН орон нутгийн сонгуульд бие дааж орно гэсэн шийдвэрээ яг хэзээ мэдэгдсэн бэ? 

-МАХН, МҮАН зарим тойргуудад эвслээрээ орох гээд тойргийн хорооны сонгуулийн байранд бүртгүүлэх гээд байж байхад нь МАХН-ынхан “Дээрээс ийм шийдвэр өглөө” гэж хэлээд дангаараа орох болсноо мэдэгдсэн. Зарим газар нь хамтарч орсон л доо. МАХН орон нутгийн сонгуульд дангаараа орох болсон үндэслэлээ тайлбарлахдаа “МҮАН орон нутагт хөл байхгүй” гэж хэлж байгаа. Гэхдээ энэ бол үндэслэл биш. Харин МҮАН, Үндэсний үзлийг дэмжих холбоо, “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны гишүүд МҮАН-ын хөл байж, маш том дэмжлэг үзүүлж байсан. Тиймдээ ч бид УИХ-ын сонгуульд амжилт гаргасан. Орон нутгийн сонгуулийн дүн ч гэсэн МҮАН бодитой улс төрийн хүчин байжээ гэдгийг баталж харууллаа. 

-МАХН УИХ-ын сонгуульд үзүүлсэн амжилтаа энэ удаа бататгаж чадсангүй. Энэ нь МҮАН-тай эвсч ороогүйтэй холбоотой гэж ойлгож болох уу? 
-“Шударга ёс” эвсэл орон нутгийн сонгуульд тусдаа орсон нь буруу процесс биш. Энэ бол бидний алдааг ойлгуулж өгч байгаа процесс. Хэн нэгнийгээ дутуу үнэлэх, өөрийгөө илүү бодох байдлаас болж зохион байгуулалтад орсон том улс төрийн хүчнийг ямар байдалд оруулав гэдгийг харуулсан сургамж боллоо. Бид “Шударга ёс” эвслээрээ хамтраад улс төрийн гуравдагч хүчнийг УИХ-д бодитойгоор харуулсан амжилтыг үзүүлж чадсан. Өмнө нь гуравдагч хүчин гэж ярьдаг байсан боловч хэн ч энэ орон зайг бодитой эзэлж чадаагүй. Харин бид чадсан. Үүнийгээ баталгаажуулж авч явах нь улстөрчдөөс маш том ухаан, тэвчээрийг шаардана. Энэ шаардлагыг сая болсон орон нутгийн сонгуульд манай “Шударга ёс” эвсэл хангаж чадсангүй. Энэ алдаагаа би бол дотроо ойлгож байгаа. Эвслийн бусад гишүүд маань ч гэсэн ойлгож байгаа байх. 

-Орон нутгийн сонгуульд намууд нэлээн ач холбогдол өглөө. Магадгүй энэ нь ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэх хуультай холбоотой болов уу? 
-Ер нь бол тийм. Гэхдээ УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг орон нутагт эмэгтэйчүүдээ дэмжиж ажилласан. Орон нутагт маш их төсвийн эрх мэдэл шилжиж байгаатай холбогдуулан намууд орон нутагт маш их ач холбогдол өгч оролцсон. Энэ төсөв орон нутагтаа яг хэрэгтэй зүйлдээ зарцуулагдахад эмэгтэйчүүд түлхүү орох ёстой гэдэг дээр давхар ажилласан. Гэхдээ энэ бол муу үр дүн биш. Бүх түвшиндээ бодлогоо хэрэгжүүлэх субьект нэг байна гэдэг тэр төсвийг захиран зарцуулах, хэрвээ буруу зүйлд зарцуулсан бол хариуцлага хүлээх улс төрийн хүчин байна гэдэг буруу зүйл биш. Хэн хэн рүүгээ чихэх бололцоогүй бодлого, нэг шугамаар явна гэдэг Монголын төрд хэрэгтэй гэж бодож байна. 

-Оюутолгойн гэрээний талаар С.Ганбаатар, С.Баяр­цогт нарын гишүүд халз мэтгэлцлээ. Та ч гэсэн Оюу­толгойн гэрээнд шүүмж­лэлтэй ханддаг гишүүдийн нэг. Энэ мэтгэлцээний үр дүнгийг та хэрхэн харж байна? 
-Халз  мэтгэлцээн  олон нийтийн хүсч байсан тэр мэдээл­лийг өгч чадаагүй. С.Баярцогт гишүүн өөртөө давуу байдал олсон мэт бодож байгаа боловч яг үнэндээ тийм биш. С.Баярцогт гишүүн их дээрэнгүй, дээрээс нь нөгөө талын эрх ашгийг хамгаалсан, хүмүүст мэдээлэл өгөхөөсөө илүү С.Ганбаатарыг л ялах ёстой гэсэн бэлтгэлтэй орсон. Хэтэрхий их дүр үзүүлсэн байдал нь надад үнэндээ таалагдаагүй. Харин С.Ганбаатарын хувьд хэтэрхий их хичээсэн үү яасан, үнэндээ бол гэрээний талаар олон нийтэд дорвитой ойлголт өгөх тал дээр алдаа гаргасан. Гэхдээ халз мэтгэлцээн Оюутолгойн гэрээ зөв байж ээ гэдэг ойлголтыг иргэдэд өгч чадаагүй. Мөн тэр гэрээ буруу юм аа гэдгийг ч хангалттай нотлоогүй. Тиймээс мэтгэлцээн дахиад үргэлжлэх ёстой юм байна гэдэг ойлголтыг би авсан. С.Ганбаатар гишүүн гэрээ байгуулахад оролцсон хүмүүсээс дараагийн ээлжинд дуудаасай гэж хүсч байна. Хоёр цаг үргэлжилсэн ганцхан мэтгэлцээн Монголын ард түмэнд энэ гэрээ, Оюутолгойн орд, ер нь Монголын уул уурхайн талаар мэдээлэл өгөхөд хангалтгүй. 

Тухайлбал тэр үнээ байна. Тэр үнээг хэрхэн тэжээх тухай л яриад байлаа. “Айвенхоу майнз”, “Оюутолгой” компани тэр үнээг яаж тэжээж байгаа нь биш, үнээ өөрөө ямар үнэтэй вэ гэдгийг ерөөсөө яриагүй. Тэр үнээ л бидний өмч байхгүй юу. Сүүлдээ бүр золбин үнээ болоод таарч байх шиг. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Энэ гэрээний тухай байтугай Оюутолгойн тухай ч бүрэн ойлголтыг иргэдэд өгөөгүй. Тиймээс тэр халз мэтгэлцээний үр дүн хангалтгүй гэж хэлмээр байна. 

-Хэрэв дараагийн удаад халз мэтгэлцээн болохоор бол ямар байдлаар зохион байгуулах ёстой гэж бодож байна? 
-Одоо бол багаар мэтгэлцэх ёстой. Гэрээг эсэргүүцэж байгаа УИХ-ын гишүүд эрдэмтэн мэргэд нэг талд, гэрээ байгуулсан хүмүүс нь нөгөө талд суугаад багаараа өргөн мэтгэлцээний үр дүнгээс Монголын ард түмэн бүрэн дүүрэн мэдээлэл авч чадна. Бидний хэн нь ч “Оюутолгой”, “Рио Тинто”, гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг биш байгаа. Зүгээр Оюутолгойн гэрээг сайжруулах үндэслэл байгааг олж харсан. С.Ганбаатар гишүүн болон бидний хэсэг хүмүүс олон жилийн турш энэ гэрээ “шударга биш байна” гэдгийг тууштай илэрхийлж ирсэн. Энэ бүхний үр дүнд монголчууд нийтээрээ юу олж авах ёстой вэ, манай уул уурхайн бодлого ямар байх вэ гэдэг нь тодорхой болох ёстой. Монголын төр уул уурхайгаа ашиглах стратегаа боловсруулах ёстой. Тэр хүрээнд мэтгэлцээн явах ёстой юм.

-Мөнгөн хадгаламжид төр баталгаа гаргах тухай хуулийг нэг жилээр сунгах талаар парламентын түвшинд ярьж байна. Таны хувьд энэ төслийг эсэргүүцэж байгаа. Мөнгөн хадгаламжид төр баталгаа гаргахыг сунгах нь буруу гэж үзэж байгаа шалтгаанаа тайлбарлахгүй юу? 

-Нийт даатгалтай хадгалам­жийн 98 хувь нь том хадгаламж эзэмшигчид. Тиймээс эдгээр хүмүүсийн хадгаламжид л баталгаа гаргаж байгаагаас ялгаагүй болчихоод байна. Банкны хадгаламжийн хоёрхон хувь нь хэн бэ гэвэл дандаа арван саяас доош төгрөгийн хадгаламж эзэмшдэг хүмүүс л дээ. Тэгэхээр баталгаа эдгээр хүмүүст гэхээсээ илүү том хадгаламж эзэмшигчдэд хамаатай болчихоод байна. Нэгэнт Монголын банкууд найдвартай, хадгаламж эзэм­шигч­дийнхээ өмнө бүтэн хариуц­лага хүлээж чадахаар нөхцөлд ганцхан жилийн хугацаагаар энэ хуулийг сунгах шаардлагагүй гэж үзэж байгаа юм л даа. Заавал сунгаж байж дараагийн хуулийг хэрэгжүүлэх гээд байгаа тэр процесст ямар зүйл яваад байна вэ гэсэн хардалт байна. Ерөөсөө л том хадгаламж эзэмшигчдийн хадга­ламжид баталгаа гаргаад, дараа нь банкийг нь дампууруулах, үр дүнд нь том хадгаламж эзэмшигчид төсвөөс хохирлоо барагдуулах, банкинд зээлээ төлөхгүй байх нөхцөл бүрдэж байгаа юм биш биз дээ гэсэн хардалт байгаагаа нуухгүй. Ийм процесс өмнө нь олонтаа явж байсан учраас олон ч хүнд ийм хардалт байгаа байх. Тиймээс бид мөнгөн хадгаламжид баталгаа гаргах энэ хуулийн төслийг ганцхан жилийн хугацаагаар сунгах шаардлагагүй гэж бодож байна. 

-Нэг жилийн хугацаанд энэ хуулийг сунгах шалтгаанаа ажлын хэсгийнхэн юу гэж тайлбарласан бэ? 
-Өгсөн тайлбарынх нь хувьд хангалттай үндэслэл биш. Тэд хэлэхдээ нэгэнт банкинд актив төвлөрч байгаа үйл явц удааширч байна, дэлхийн эдийн засгийн хямралаас болоод мөнгөн хөрөнгөө татах нөхцөл үүсч байгаа. Тиймээс эдийн засаг, банк санхүүгийн тогтвортой байдлын үүднээс энэ хугацааг сунгаж байна гэсэн. Тэгээд үргэлж­лүүлээд дараагийн хадгаламжийн даатгалын тухай хуулиа оруулж ирэх нь зөв гэж үзэж байна. Энэ тайлбар надад хангалттай үндэслэл шиг сонсогдохгүй байна.
Б.ЭНХЖАРГАЛ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин