Showing posts with label ЧУЛУУНБАТ О.. Show all posts
Showing posts with label ЧУЛУУНБАТ О.. Show all posts

Sunday, 6 October 2013

О.Чулуунбат: Энэ бол хамгийн сайн хууль



-Мөнгөтэй, бизнестэй хүмүүсээ үзэн яддаг, гарыг нь мушгидгаа болих хэрэгтэй-

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа. Тэрээр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа юм.


-Хөрөнгө оруулалтын тухай хууль хэлэлцүүлэгт орж ирснээс хойш сөрөг хүчний зүгээс нэлээд эсэргүүцэл, шүүмжлэл дагуулж байх шиг байна. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт хэн хэн орж ажилласан юм бэ. Нөгөө л улстөрчид нь ажилласан юм уу, эсвэл эдийн засагчид, шинжээчдийг оролцуулав уу?
-Хөрөнгө оруулалтыг тогтворжуулах тухай хууль УИХ-д өргөн баригдаад эхний долоо хоногтоо л хэлэлцэгдлээ л дээ. Хэлэлцүүлгийг харахад намуудын байр суурь бүгд ижилхэндүү байгаа. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулах, таатай болгох ёстой, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад тогтвортой, тууштай зохицуулалт хийх ёстой гэсэн байр сууриас гишүүд хандаж байгаа. Мэдээж ямарваа асуудал шүүмжлэл дагуулна. Гэхдээ шүүмжлэл нь одоо яригдаж байгаа хуулийн төсөлтэй холбоотой биш. Харин эдийн засаг, санхүү, нийгмийн байдалд өгөх үнэлгээ, яагаад ийм байдалд хүрэв, хэн хариуцах ёстой юм гэдэг дээр гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ бол байх ёстой шүүмжлэл.

Ажлын хэсэг бараг өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас эхэлж ажилласан, ажлын хэсгийг би ахалсан. Д.Зоригт гишүүн тангараг өргөөгүй байхдаа энэ төсөл дээр их идэвхитэй ажилласан. Засгийн газрын олон яам, агентлагаас төлөөлөл орж, хуулийн компаниудтай хамтарч ажилласан. Сайдын түвшинд бид 3-4 удаа хэлэлцсэн. Хуулийн төсөл эхний байдлаараа өнгөрөгч хоёрдугаар сар гэхэд бэлэн болчихсон байсан. Түүнээс хойш санаа оноо оруулсаар байгаад сая есдүгээр сард УИХ-д өргөн барилаа.

-Одоо хүчингүй болгох гэж байгаа Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сард УИХ баталсан. Гэтэл дараачийн парламент дөнгөж байгуулагдаад өөр хуулийн төсөл дээр ажиллаж эхэлсэн байдаг. Их ойрхон хугацаатай шал өөр агуулгатай хоёр хууль УИХ-д орж ирсэн байна. Эдийн засагт хүндрэл учирсан учраас маневр хийж байгаа хэрэг үү? Эсвэл эрх барьж байгаа намуудын бодлогоос хамаарч хөрөнгө оруулагчдад хандах хандлага өөрчлөгдөөд байна уу?   

-Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль 2012 оны тавдугаар сард УИХ-аар батлагдсан. Их яаруу, хурдан шийдэгдсэн л дээ. Уг нь бол нийтээрээ нэлээд сайн ярилцаж байж шийдэх ёстой байсан. Ялангуяа гишүүдийн олонхи нь байнгын хороо, ажлын хэсэг, чуулган дээр байхгүй байсантай холбогдоод их хурдан гарчихсан. Би өөрөө тэр үед УИХ-д байсан учраас сайн санаж байна. Энэ хууль хөрөнгө оруулалтын ерөнхий орчиндоо их нөлөөлсөн. Түүнээс гадна манай Засгийн газраас ийм том том компаниуд, “Чалко”, “Рио Тинто”-той хийж байгаа хэлэлцээрийн явц ч бас гадаадын хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлсөн. Бид энэ хэлэлцээрийг хийхдээ яаж хийх вэ, ямар өнцгөөс харж, хэнийгээ шүүмжлэх ёстой вэ гэдгээ бодолцох л ёстой.

Жишээ нь “Рио”-той хийсэн хэлэлцээр бол ганцхан өдөр гараад ирчихсэн асуудал биш шүү дээ. Урьд нь УИХ-аар хэлэлцээд шийдвэр нь гарчихсан. Дараа нь Засгийн газар дээр шийдвэр гарсан, хэлэлцээр хийх сайд нар нь томилогдсон. Тэд нь хэлэлцээрээ хийгээд гэрээндээ гарын үсэг зурсан байгаа. Тийм ураас бид иймэрхүү асуудлыг эхлээд дотооддоо ярих ёстой. Хэлэлцээр хийсэн хүмүүсээсээ сайн асуух ёстой, тэд ч гэсэн нийгэмдээ мэдээллээ сайн, дэлгэрэнгүй өгсөн байх ёстой. Шүүмжлэлтэй юм байвал эхлээд дотооддоо ярих ёстой. Буруу байвал буруутнаа хайх ёстой. Манай эрх ашгийг хамгаалахаар хүн хэлэлцээр хийсэн юм байгаа биз дээ. Нөгөө талаас ч гэсэн манайхаас аль болох их ашиг олох гэсэн том команд ирж Засгийн газартай хэлэлцээр хийсэн байгаа шүү дээ. Тэд үүргээ биелүүлсэн, манайхан ч үүргээ биелүүлсэн. Ийм л нөхцөл байдалтай бид сонгуулийн дараа учирсан шүү дээ. Тийм учраас бид эхлээд дотроо учраа ололцох ёстой. Дотроо эхлээд буруутгалаа олоогүй байж гадаадынхныг шууд буруутгаад эхлэхээр дэлхийн эн том зах зээл чинь биднийг буруугаар ойлгоно.

-Одоо ч гэсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлгийг харж байхад гадныхнаас айсан, буруутгасан үзэл байсаар л байгаа юм биш үү?
-Энэ бол аль нэг салбарыг зохицуулж байгаа хууль биш. Ерөнхийдөө хөрөнгө оруулалтыг бүхэлд нь зохицуулж байгаа хууль. Хөрөнгө оруулалт нь уул уурхайд ч, эрчим хүчний салбарт ч, дэд бүтцэд ч байж болно. Гадаадын ч, дотоодын ч хөрөнгө оруулалт байж болно.

-Уул уурхайн салбартай холбоотой тусгайлсан заалт хуульд байхгүй юу?
-Байхгүй.

-Өмнө хөрөнгө оруулалтын том төсөл дээр Засгийн газар хэлэлцээр хийдэг, салбар хариуцсан сайд нь их үүрэгтэй оролцдог, УИХ эрхийг нь өгдөг байсан шүү дээ. Үүнээсээ болоод бөөн маргаан үүсдэг, хардлага дагуулдаг, улс төрждөг. Оюутолгойн гэрээгээр жишээлэхэд. Хууль батлагдсаны дараа энэ байдал давтагдах уу?
-Давтагдахгүй. Ийм л байдлыг цааш нь давтагдуулахгүйн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хийж байгаа юм. Хуучин бол “Бороо гоулд”-аас авахуулаад тогтвортой байдлын гэрээ хийсэн хэдхэн төслүүдийг бид мэдэж байгаа. Дандаа сайд нь хэлэлцээр хийдэг, тэр хэлэлцээр нь ил тод биш, нууцгай байдалд болдог, тэрнээс нь үүдээд нийгэмд хардалт сэжиг төрдөг. Сайд нар чинь буруу хийчихлээ, аягүй бол авлига авчихлаа гэсэн үл ойлголцох байдал нийгэмд бий болоод байна шүү дээ. Оюутолгой дээр ч мөн адилхан. Тэгэхээр үүнийг нь хуулиар зохицуулчихья. Хэн нэгэн сайд очоод өөртөө ашигтай байдлаар хэлэлцээр хийгээд байх боломжийг нь үгүй болгож байгаа юм. Нэгэнт хуулиараа бүгдийг зохицуулчих юм бол энэ хуулийн шаардлагын дагуу том хөрөнгө оруулсан хэн ч байсан тогтвортой байдлын гэрээ хийчихлээ гэсэн үг.

-Том хөрөнгө оруулалт гэдгийг юугаар хэмжих юм бэ? Хуулийн төсөлд бол 15 тэрбум гэж оруулсан байх шиг байна лээ. Энэ тоо ч бас маргаан дагуулаад байгаа?
-Төсөлд бол 15 тэрбумаар явж байгаа. Гишүүд янз янзаар л вариант гаргаж байна. Тавин тэрбум, 100 тэрбумаас дээш байж болох юм гэх мэтчилэн. УИХ-ын гишүүд ярьж хэлэлцэж байгаад шийдэх байх. Гэхдээ дүн нь чухал биш. Ямар ч хэмжээгээр тогтоолоо гэсэн хөрөнгө оруулалтад хуулийн орчин тогтвортой байх нь л чухал. Ямарваа компани, иргэн, хөрөнгө оруулагч манайд хөрөнгө оруулах юм бол өнөөдрийн энэ татварын хууль, тарифийн хууль, хөнгөлөлт, торгуулийн зохицуулалт тогтвортой үйлчилнэ ээ л гэсэн үг.

-Татварын дээд хэмжээ жишээ нь 10 хувь байгаа шүү дээ?

-Тийм. Өнөөдрийн хуулийн зохицуулалт жишээ нь боловсрол, эмнэлгийн салбарт хөрөнгө орууллаа гэхэд эхний таван жилдээ татвараас чөлөөлөхөөр байгаа бол тэрийг нь энэ хуулиар тогтворжуулж өгч байгаа. Өөр хуулийн зохицуулалт орж ирэхгүй ээ л гэсэн үг.

-Гэхдээ хуулийн энэ тогтворжилт 15 тэрбумаас доош хөрөнгө оруулалт хийсэн компанид үйлчлэхгүй гэсэн үг үү?
-Тийм. Ер нь 15 тэрбумаас доош хөрөнгө оруулалттай жижиг төслүүдэд бол нэг их тогтвортой байдлын гэрээ шаардагдаад байдаггүй. Өнөөдрийн зохицуулагдаж байгаа хуулиараа яваад байхад ашигтай байхаар байгаа.

-Одоо байгаа байгаа компаниудад энэ хууль үйлчлэх үү, эсвэл шинээр орж ирж байгаа хөрөнгө оруулалтад хамаарах юм уу? Сөрөг хүчний зүгээс болохоор “хэдхэн том компаниудаа л өөгшүүлэх гэж байна” гэж шүүмжлээд байгаа шүү дээ?
-Хэрэв том хөрөнгө оруулагч бол өөгшүүлье л дээ, яагаад болохгүй гэж. Ер нь бид гадаад, дотоодын гэлтгүй мөнгөтэй хөрөнгөтэй, том бизнес хийж байгаа хүмүүсээ ад үздэг, тэднийгээ шахдаг, гарыг нь мушгидаг байдлаа л халах хэрэгтэй. Монголчууд энэ байдлаасаа болоод бие биенийхээ бүх бизнесийг шатааж байна шүү дээ. Бие биенийгээ үгүйсгэж байна. Америк, европ гээд соёлтой ертөнцийг хар л даа. Мөнгөтэй улсууд нь том бизнесээ хийгээд л явж байна шүү дээ. Тэд мөнгөтэй байлаа гээд биднээс илүү хэрэглээд байгаа юм байхгүй шүү дээ. Хүний хэрэглээ угаасаа хязгаартай. Дэлхийн хамгийн том баян Билл Гейтс гэхэд мөнгө нь л том, менежмент хийж байгаа бизнес нь л том болохоос биш өдөр тутмын амьдралынх нь хэв маяг бол жирийн америкчуудаас ялгарах юм байдаггүй шүү дээ. Пиццагаа идээд, колагаа уугаад, нэг байшинтай, нэг орон дээр унтаад, нэг машинаа унаад л явж байдаг шүү дээ. Манай бизнесийнхэн ч гэсэн ялгаагүй. Харин ч төсвийн хөрөнгөн дээр сууж байгаа дарга нараас илүү хэмнэлттэй амьдардаг юм байна лээ. Төсөв хариуцаж байгаа яам, тамгын дарга нар харин илүү тансаг байдаг байхгүй юу. Яагаад гэвэл өөрийнх нь мөнгө биш учраас. Яг бизнесээ хийж байгаа хүмүүсийн эдэлж хэрэглэж байгаа, гадаад дотоодод явахдаа бууж байгаа зочид буудал нь энгийн иргэдтэй л адил байдаг шүү дээ.

-Хуулиийн төсөлд заасан шиг 15 тэрбум төгрөөс илүү хөрөнгө оруулалт хийсэн компаниудын тоо гэхэд яг хэд байна вэ? Энэ тоог хэлэхгүй байгаа нь бас “Та нар яг хэдэн компанид зориулж хууль гаргаад байна аа?” гэдэг хардлагыг үүсгээд байх...?

-Яг 15 тэрбум гээд тогтчихоогүй, дээш доошоо гүйж болно гэж тооцсон учраас компаниудын тоог гаргаагүй байна л даа. Гэхдээ энэ тоог манайхаас гаргаж өгнө, удахгүй.

-Энэ хуулийн цаана яг хэдэн компани байна вэ? 100 компанид зориулсан уу, 50 компанид зориулсан уу гэдэг хар яваад байгаа?
-Энэ бол Монголд зориулсан хууль, хэн нэгэнд биш. Хэрэв ийм хууль гаргаад хөрөнгө оруулалтыг тогтворжуулчих юм  бол Монголд л их хөрөнгө оруулалт орно. Тэрний цаана олон хүн ажилтай, орлоготой болно. Тэгэхгүй манайхан болохоор хамгийн түрүүнд хардахаа л бодоод байна. Энэ ер нь Доржид зориулагдав уу, Дондогт зориулав уу гээд. Доржид ч, Дондогт ч зориулагдаг л дээ. Илүү их ашиг, өгөөж авах нь Монгол Улс л байхгүй юу. Жишээ нь “Оюутолгой” одоо Монголын хамгийн том ажил олгогч болсон. Сүүлийн хоёр жилийн турш монголчуудад сар болгон 20-25 сая ам.долларын цалин олгоод явсан. Монголын 500-600 компанитай гэрээ зурчихсан яваа. Ийм том төслүүдийг дагаж л жижиг дунд бизнес явна шүү дээ. Магадгүй хоёр, гурван жилийн өмнө ажилчдынхаа бээлийг Хятадаас авдаг байсан байх. Одоо бол Монголын үйлдвэрүүд л оёж байгаа. Төсөл болгоныг татвар төлж байгаа, үгүйгээр нь хэмжинэ гэдэг хамгийн буруу. Төлөхгүй байсан ч Монголд ашигтай. 10 мянган монголчуудад цалин өгч байна гэдэг чинь л маш сайн үзүүлэлт байхгүй юу. Засгийн газар чадахгүй шүү дээ. Дээр нь баялаг үйлдвэрлээд экспортод гаргаж байгаа, Монголын валютын орлогыг нэмэгдүүлж байгаа төсөл. Татвар луу харах нь нэг их чухал биш. Татвар бол төсөв захирагч нар, дарга нарт л хэрэгтэй. Татвар сайн байх юм бол дарга нар түүнийг эргүүлж хуваарилдаг, манай практикаар бол тендерээсээ мөнгө саадаг. Тийм учраас манайд татвар их өндөр байх шаардлагагүй. Хамгийн гол нь олон монголчуудад цалин төлдөг, олон монгол компанитай гэрээтэй ажиллаж байвал тэр төсөл сайн ажиллаж байна гэсэн үг. Түүнээс биш төслийн нийт үр ашгийн тухай ярих бол болоогүй. Эхний тав, арван жилдээ дандаа л алдагдалтай ажиллана. 

-Энэ хуулийн төсөлд зааснаар хөрөнгө оруулалтыг батлахад төрийн оролцоо байна уу?
-Байхгүй. Төрийн оролцоог аль болох бага байхаар зааж өгсөн.

-Сайд гэрчилгээ олгоно гээд заачихсан байх шиг байсан. Тэр ямар хэрэгтэй юм бэ? Улсын бүртгэлд бүртгүүлээд л хуулийн дагуу ажиллахад болох юм биш үү?
-Хөрөнгө оруулалтынхаа шалгуурыг хангасан компани аудитаар батлуулаад гэрчилгээ авах л асуудал. Түүнээс биш сайд эрх олгох тухай асуудал байхгүй. Таван төгрөгийн юм оруулж ирээд 50 төгрөгөөр оруулж ирсэн гэж хуурах боломж өнөөдөр байхгүй шүү дээ. Нэг үеэ бодоход төрийн байгууллагуудын боловсон хүчин харьцангуй гайгүй болчихсон, дээрээс нь гадаад, дотоодын нэр хүндтэй аудитын компанийг уриад аудитаа хийлгэчихэж болж байна. 

-Гэхдээ намрын чуулган ердөө хоёрхон долоо хоногийн дараа эхэлнэ. Тийм байхад ээлжит бус чуулган зарлах ямар шаардлага байсан юм бэ? Магадгүй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэгдэх ёстой Татварын хуулийн өмнө оруулж батлах шаардлага байсан юм болов уу?
-Үгүй, түүндээ гол биш. Монголын төр засаг хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулахад тусгайлан, онцгойлон анхаарал тавьж байна гэдэг мессеж дэлхийн зах зээл рүү явах хэрэгтэй биз дээ. Тэр үүднээсээ ээлжит бус чуулган зарласан юм. Тийм биш бол 2-3-хан долоо хоногийн дараа намрын чуулганаар оруулаад хэлэлцчихэж болно л доо. Гэтэл дэлхийн энэ том зах зээл, том мөнгө биднийг юу гэж харж байна гэхээр “Монголчууд энэ асуудалд онцгойлон анхаарч байна. Монголд хөрөнгө оруулахад итгэл төрж байна” гэж хараад эхэлчихлээ. Ийм л сэтгэл төрүүлэхэд чиглэсэн арга хэмжээ шүү дээ. Үүний ч үр дүнд гадаадын хөрөнгийн биржүүд дээр байгаа Монголын хувьцааны ханш долоо хоногийн дотор буцчихлаа. Сүүлийн жилд бид Монголын нийт төслүүдийн гадаад дахь хөрөнгийн нийлбэр 30 тэрбум байсныг 5-6-хан тэрбум болтол унагаж чадсан шүү дээ. Бид өөрсдийнхөө үнэлгээг л унагаад байгаа байхгүй юу. Бидний цалин 1000 ам.доллар байсан бол 180 ам.доллар болтлоо өөрсдийнхөө үнэлгээг унагаж байна гэсэн үг. Одоо харин 200, 250 руу орох боломж харагдаж байна. Энэ л бидэнд хэрэгтэй. Түүнээс биш улс төр хийгээд, өөрсдийгөө унагаад байвал хөгжихгүй. Ер нь Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн зохицуулж, ямар ааш авир гаргаж байна гэдгийг дэлхий нийт их анхааралтай харж байна шүү дээ.

-Хуулинд өөрчлөлт оруулах хязгаарыг УИХ-ын нийт гишүүдийн 2/3-оор гэж хийж өгсөн байгаа. Үүнийг их өндөр байна, ямар санаатай тэгэв, хэрвээ энэ хууль муу гарвал засч залруулж болшгүй юм болох нь ээ гэж болгоомжлох хүмүүс бас байсан?
-Энэ бол маш ерөнхий хууль. Монголд юм бүтээдэг хүний үйл ажиллагааг л тогтвортой зохицуулья гэсэн хууль. Дарга нарын эрх мэдлийг тогтворжуулах тухай биш. Ийм сайн зүйлийг 100 жилээр ч тогтвортой байлгаж болно. Энэ бол маш сайн хууль. Одоо бол манай төр засгийн ааш авир дөрөв дөрвөн жилд өөрчлөгдөөд байна шүү дээ. Гэнэтхэн маргааш өглөө “лагерийн байшингуудыг тусгай хамгаалалттай газар барьсан байна, бүгдийг нь нураа” гэсэнтэй л адилхан байхгүй юу. Хөрөнгө оруулагчдад бол яг л ийм байдлаар тусч байгаа. Бүтээн байгуулалт дээрээ бие биенийгээ шатаадаг, хорлодог энэ байдлыг л зогсоох гэсэн арга хэмжээ байхгүй юу.   
Б.СЭМҮҮН

Tuesday, 21 May 2013

О.Чулуунбат: Монголын эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйл базаахгүй байгаа

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай улс орны эдийн засгийн байдал, цаг үеийн сэдвээр ярилцлаа. Монголын толгой банкир эдийн засгийн өнөөдрийн байдалд сэтгэл дундуурхан яваа нь ярианаас нь анзаарагдаж байсан юм. Түүний яриаг хүргэж байна.


-Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал ямархуу байдалтай байгаа вэ?
-Ерөнхийдөө гадаад, дотоод хүчин зүйл баярлаад байхааргүй байдалтай л байгаа. Яах вэ өнгөрсөн онд Засгийн газрын бондыг богино хугацаанд их амжилттай босгоод ирсэн юм бол бий. Монгол банк Засгийн газрын бондоос зохих ажлууд хийж л байна л даа. Гэхдээ энэ нь олигтой тус болж чадахгүй байна. Зургаахан сар үргэлжилдэг дулааны улирал бараг талдаа орчихлоо. Гэтэл Улаанбаатар даяар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөж эхлээгүй л байна. Ерөнхийдөө эдийн засаг, санхүүгийн байдал тааруухан байгааг шулуухан хэлчихье.

-Эдийн засаг тогтвортой байх, өсөлттэй байхад дундаж орлоготой иргэдийн эзлэх хувийн жин чухал нөлөөтэй гэх юм билээ. Дундаж орлоготой иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого, чиглэл баримтлах ёстой юм бэ дээ?
-Хуримтлалтай болохоосоо өмнө орлогыг нь хадгалах нь амин чухал асуудал юм. Энэ жилийн тухайд ажлын байрыг санасан хэмжээнд нэмэгдүүлж чадахгүй байна. Жишээ нь өнөөдөр Улаанбаатарын бүх кран эргэлдэн ажиллаж, баригдаж байгаа бүх л барилга дээр хүмүүс язганан ажиллаж байх учиртай шүү дээ. Бүх зам дээр хүмүүс ажиллаж байх хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт бүх салбарт хүрч, өдийд бүх ажил жигдэрчихсэн байх ёстой юм. Энэ талд эрх баригчдын шийдвэр үнэхээр хожигдож байна. Улс орон даяар бүтээн байгуулалтын ажил хэдийнэ эхэлчихсэн байх учиртай. Бүх уул уурхайн төслүүд ажиллаж байх ёстой. Тэгтэл хөрөнгө оруулалтын орчин маань тодорхойгүй, таагүй болчихсоныг дэлхий даяар мэдэрч, харилцан ярилцаад биднээс нүүр бууруулаад эхэллээ л дээ.

Энэ бол бидэнд тун тусгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид бүгд хүлээлтийн байдалд орчихлоо. Тэгэхээр дундаж орлоготой иргэдийнхээ орлогыг давын өмнө хадгалах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Дараа нь бага багаар нэмэгдүүлэх замаар хуримтлал үүсгэх ёстой юм.

-Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулалтын орчноо таатай болгож чадаагүй гэдэг алдаагаа мэдрээд байгаа хэрнээ түүнийг засч залруулахын тулд дорвитойхон ажил хийхгүй яагаад хүлээзнээд байгаа юм бол?
-Хийхийн хувьд огтхон ч зүгээр суугаагүй, их ажил хийж байгаа. Хамгийн түрүүнд хууль эрхзүйн орчноо яаралтай өөрчлөх шаардлага тулгараад байна. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль эрхзүйн орчин сүүлийн хэдэн жилийн турш хүндрэл бэрхшээлээ хуримтлуулсаар өнөөдөртэй золгосон.
Өнөөдөр уул уурхайн салбараас Монгол Улс гол орлогоо бүрдүүлж байгаа. Хамгийн наад захын жишээ хэлэхэд бид таван жилийн өмнө Ураны салбарт ямар хууль гаргасан билээ. Зөвхөн энэ салбарт ажиллаж байсан гадна, дотны 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоогоод хүлээлтийн байдалтай өнөөдөртэй золгоод байгаа.
Тэдгээр компанид ажиллаж байсан хэдэн мянган хүн ажилгүй болов. Хамтран ажиллаж, нийлүүлэлт хийж байсан дотоодын хэдэн компанийн үйл ажиллагаа доголдсон гээд бодохоор маш гунигтай дүр зураг ажиглагдаж байгаа юм. Урт нэртэй хуульд нарийн цэгцтэй, тодорхой журам батлаагүйгээс болоод маш олон компанийн үйл ажиллагааг зогсоочихоод байна. Манай улстөрчид ерөөсөө л бүх компанийг шатаая гэсэн харалган, амьдрал дээр хэрэгжих боломжгүй хууль батлан гаргаад байгаагаас өнөөдрийн эдийн засгийн тодорхойгүй байдал үүсчихээд байна. Үнэндээ маш олон компанид төр засгаас нөхөн олговор олгох ёстой юм.

Харин шинэчлэлийн Засгийн газраас шинэ хөрөнгө оруулалтын хуулийн төсөл хийгдээд дуусч байгаа. Хэрвээ энэ төсөл УИХ-аар хэлэлцэгдээд батлагдвал маш сайн хууль болно. Хууль эрхзүйн орчноо яаралтай өөрчилж чадвал ойрын 10 жилд иргэдийн маань сарын дундаж орлого 5000-6000 ам. доллар болох бүрэн боломжтой.

-Оюу толгой, Таван толгойн сайхан мөрөөдөл өнөөдөр ямархуу байдалтай байгаа вэ. Хүмүүсийн итгэл ихээхэн алдарсан шинжтэй байгаа юм л даа?
-Оюу толгой, Таван толгой бол яах аргагүй дэлхийн хэмжээний том төсөл л дөө. Коксжих нүүрс, зэс, алтны хувьд дэлхий дээрх хамгийн том төсөл шүү дээ. Гэтэл тэнд хөрөнгө оруулсан, ирээдүйд оруулах гадны хөрөнгө оруулагчидтай бидний зүгээс маш ухаалаг харилцах шаардлагатай байгаа юм.
Оюу толгой, Таван толгойн төсөл дээр бид хэрхэн хандаж, ямар авир гаргаж байгааг өнөөдөр дэлхий маш анхааралтай харж байгаа. Бид ганцхан Фрийдландтай харьцаагүй шүү дээ. Рио Тинтотой өнөөдрийнхөөрөө харьцаад байх юм бол “Аа энэ монголчууд чинь ийм том компанитай ингэж харьцаж байгаа юм чинь манийг бол дор нь нухчих юм байна” гэж л хүлээж авна шүү дээ. Би сая Лондон, Берлин, Гонгконгод болсон олон улсын хөрөнгө оруулалтын уулзалт, ярилцлагуудад оролцоод ирлээ л дээ.
Тэнд бүгдээрээ надаас асууж байна. “Яагаад танай зохицуулалт хууль дүрмээрээ явахгүй байна вэ. Гарын үсэг зурагдсан гэрээнүүд яагаад хүчингүй болох гээд байгаа юм бэ” гэж уулзсан бүх хүн асууж байна. Ингэхээр хамгийн эхлээд бид дотооддоо учраа олох шаардлагатай.

-Та тэр асуусан хүмүүст ямар тайлбар хийж явав?
-Манай хууль эрхзүйн орчин байнга өөрчлөгдөж байгаа нь үнэн. Тийм ч учраас бид үүнийгээ тогтворжуулахаар ажиллаж байгаа гэж л тайлбар хийж явсан. Хууль эрхзүйн орчин өөрчлөгдөж байдаг нь ганцхан монголын ч жишиг биш л дээ. Дэлхийн маш олон орон үүнээс болж хөгжлийн шатнаасаа ухарсан, тэр ч битгий хэл таг зогссон нь ч бий. Тэгэхээр бид өөр дээрээ туршилт хийх биш, хүний алдаан дээр суралцах ёстой юм. Ядахдаа зөв алхам хийдэггүй юм гэхэд чиглэл, хандлага нь зөв байх хэрэгтэй шүү дээ.

-Та Засгийн газрын бондыг нэлээн сайшааж байна. Харин монголчууд 10 жилийн дараах их өр гэдгээр нь харж байгаа. Энэ талаар таны бодол ямархуу байна?
-“Чингис бонд”-ын хувьд Монгол Улсын Засгийн газар дэлхийн зах зээл дээр анх удаа их амжилттай тоглолт хийсэн гэж үзэж байгаа. Ер нь Монгол Улс ямархуу үнэ цэнтэй, ямар байдлаар мөнгө босгож болохыг дэлхий нийтэд харууллаа шүү дээ. Тав, 10 жилд дунджаар 4.6 хувийн хүүг монголоос анх удаагаа тогтоосон нь том амжилт мөн. Одоо манай компани, банкууд дэлхийн зах зээл дээр гаръя гэхэд хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрыг экран дээр гаргаж хараад л “Аа Монголын Засгийн газрын өртөг 4.6 хувь байдаг юм байна. Тэгвэл банктай нь 5.6-6 хувиар ярьж болох юм байна” гээд л үнэлгээ тогтоочихно шүү дээ. Энэ бол маш чухал.
Харин энэ тогтоосон жишгээ хамгаалах нь маш чухал юм. Болж өгвөл бид 4.6 хувиа улам хямдруулах учиртай. Тэгж байж Монголын эдийн засаг, санхүүд гадны хөрөнгө оруулалт итгэл, найдвартай цутган орж ирэх хөшүүрэг болох ёстой. Бид энэ чиглэлд л бүх хүч чадлаа дайчлах хэрэгтэй.

-Орон сууцны эрэлт маш их байгаа. Харин нийлүүлэлт нь тун ч хангалтгүй байна. Эдийн засгийн хөгжлийн яам энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид өнөөдөр орчин үеийн эдийн засаг, санхүүгийн зарчмаар амьдарч байгаагаа байнга санаж явах ёстой. Ямар үед манай иргэд орон сууц ихээр авч чадах вэ гэвэл бүгдээрээ ажилтай, тогтмол орлоготой үед л орон сууцны борлуулалт хүссэн хэмжээнд байх юм. Өнгөрсөн жилүүдэд борлуулалт гайгүй сайн байсан. Нийлүүлэлт муу байснаас үнэ өссөн тал бий. Энэ жилийн тухайд арилжааны банкуудын шаардлага өндөрсөж байгаа нь ажиглагдаж байна.


Тэгэхээр хамгийн гол нь манай иргэд тогтмол ажилтай, орлоготой болох нь л хамгийн чухал байна. Ер нь тэгээд аль ч салбар, хувь иргэд зах зээлийнхээ журмын дагуу л амьдарна шүү дээ. Түүнээс бүхнийг төр засаг шийднэ гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. 
Өглөөний сонин

Sunday, 7 April 2013

О.Чулуунбат: Энэ бол зах зээл өөрөө монголчуудад өгч байгаа үнэлгээ


Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа. Тэрээр Монголд анх удаа өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас зохион байгуулсан Монгол Улсын 2013 оны Хөрөнгө оруулалтын тайлан хэлэлцүүлгийг удирдсан юм.

-Гадаадын хөрөнгө оруулалтын тайланг гаргахаар Монголын Засгийн газар НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хуралтай хамтарч ажилласан анхны тохиолдол байлаа. Хөрөнгө оруулалтын бодлого, орчин нөхцөл ер нь хаашаа явж байна вэ?
-Монгол Улсад хөрөнгө оруулалтын орчин нөхцөл ямар байна, эдийн засгийн хурдацтай хөгжлийг хангахад эрх баригчдын явуулж байгаа бодлого нийцэж байна уу, юун дээр нь монголчууд их сайн бодлого явуулж, юун дээр алдаж байна гэдэгт НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас бие даасан хараат бус үнэлгээ дүгнэлт өгч, тайлан гаргаж байгаа юм. НҮБ-ын шинжээчдийн баг манайхыг судлаад өөрсдийнхөө урьдчилсан үнэлгээ, тайланг хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийг нээлттэй хийж, Засгийн газрын холбогдох яамд, агентлагийн хүмүүс оролцлоо. Хувийн хэвшлийнхэн, гадаад, дотоодын судлаачид ч идэвхитэй оролцсон гэдэг утгаараа нэлээд ач холбогдолтой хэлэлцүүлэг болсон.
Манай хөрөнгө оруулалтын орчин бол ерөнхийдөө таатай орчин, Монгол Улс хөгжиж байгаа орон. Татварын хувьд их таатай бодлого явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалт их сайн байгаа. Дотоодын хөрөнгө оруулагчдаа ч урамшуулдаг. Үүний үр дүнд манай эдийн засаг 17 хувьд хүрч өссөн, өнгөрсөн жил 13 хувьтай байсан. Энэ жил бас нэлээд сайн өсгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гэвч сүүлийн үеийн эдийн засгийн үзүүлэлтүүд жаахан муу талдаа гараад ирлээ. Жишээ хэлье. Нэгдүгээрт төсвийн орлого багасаад ирлээ. Гадаадын хөрөнгийн биржүүд дээр байдаг Монголын бүх төслүүдийн үнэлгээ сүүлийн нэг жилийн дотор 70 хувь хүртэл уначихлаа. “Оюутолгой”-гоос эхлээд “Саусгоби ресурс”, “Сентерра гоулд”, “Инержи ресурс”, “Хүннү Соал” гээд 30-40 том төсөл гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа. Энэ уналтыг зөвхөн тэдний үнэлгээ унаж байна гэж гэнэнээр бодож болохгүй. Монгол Улсын үнэлгээ уначихаад байна. Жишээ нь, та бид хоёр 1000 долларын цалинтай байлаа гэхэд “300 долларын цалинтай л ажилла, та хоёрын чадвар энэ” гэсэнтэй л адилхан байхгүй юу.

-Тэгвэл дотоодын бирж дээр байдал ямар байна?
-Яах вэ, гадаадынхан Монголыг үзэхээ байг гэж бодьё. Гэтэл Монголын хөрөнгийн бирж дээр оны эхний гурван сар дуусаагүй байхад 11 хувиар уначихаад байна. Эдийн засаг нь өсөөд байхад хөрөнгийн бирж нь унаад байна гэдэг чинь мөнгө зугтаж байгаагийн илрэл. Тэгээд дээр нь Улаанбаатар хот дахь оффисууд их суларч байна. Гадаадын компаниуд, эсвэл мөнгөтэй компаниуд оффисоо түрээслэхээ болиод явж байна. Наад захын жишээ авахад томоохон банкууд маань нийлээд жилдээ 40-50-хан хүнд моргейжийн зээл өгч байна. Цагтаа 400-500-гаар нь өгч байсан шүү дээ. Одоо гэтэл нэг банкин дээр 10-20-иос хэтрэхгүй байна. Энэ сайн үзүүлэлт биш шүү. Ажлын байрыг хамгийн сайн бий болгодог зүйл бол хөрөнгө оруулагчид. Хөрөнгө оруулагчид олноороо байвал адгийн наад зах нь тэд чинь орон сууц, машин унаа, хоол хүнс хэрэглэдэг. Уул уурхай дээр нөгөө том том машинууд, өрөмдлөгийн хэрэглээ бий болно, маш олон монгол ажилчдыг араасаа чирнэ. Тэр нь байхгүй болчихоор ажилгүйдэл нэмэгдэж байна. Ажлын байр өсөөгүй цагт моргейжийн зээл явахгүй. Ажилтай орлоготой нэг хэсэг нь моргейжийн зээлээ авчихсан. Одоо шинээр ажилд орж байгаа хүмүүс моргейжийн зээлээ авах ёстой шүү дээ. Тэр нь байхгүй болчихлоо. Гэхдээ энэ бол миний хувийн дүгнэлт шүү.
 
-Тэгвэл Монголоос мөнгө зугтаж, хөрөнгө оруулалт буурч байгаа нь юунаас болсон бэ?
-Өнгөрсөн жил бид Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гаргасан, яаруу сандруу ч баталсан. Дараа нь Оюутолгой, Чалкотай хийсэн маргаан энэ тэрээс болоод зах зээл өөрөө Монголын эдийн засгийн бодлогод өгч байгаа дүгнэлт байхгүй юу. Энэ миний дүгнэлт биш. Тэгэхээр бид энэ зэргийн юмыг эргэж харах цаг нь болсон. Хөрөнгө оруулалтын орчноо жаахан өөрчилье, хууль эрх зүйн орчноо жаахан таатай болгоё гэсэн тийм л санаа яригдсан. Либералчилж байна гээд 1997 оных шиг баруун солгойгүй цацаад бай гэсэн үг биш. Нэг их цацаад байсан ч юмгүй, арын хаалгаар л баахан хүмүүс хувааж авсан юм байна лээ л дээ. Улсын баялгийг ашиглах зөвшөөрөл авсан хүн бас нэг улсдаа мөнгө төлдөг байя, мөнгөтэй компаниудад нь өгье, мэргэжлийн хүмүүсийг нь ажиллуулья. Тэгэхгүй лиценз авч хадгалчихаад дамжуулж наймаалаад байна гэдэг уул уурхайн хөгжил биш. Мэргэжлийн компаниуд нь авбал эхний жилээсээ л хайгуулаа хийгээд эхэлнэ, Монголд өчнөөн ажлын байр бий болно биз дээ. 

-Хөрөнгө оруулалт буурсан дүн гарах нэг шалтгаан нь Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагчид бүх хөрөнгө оруулалтаа татаад дуусчихсантай холбоотой юм биш үү? Гэтэл араас нь орж ирэх өөр том хөрөнгө оруулагч алга?
-Тийм л дээ. Эхлээд тахиа маань өндөглөөтхөг. Тийм биз дээ. Бид тахиагаа өндөглөхөөс нь өмнө цавччих гээд байна шүү дээ. Уг нь тахиагаа өндөглүүлж чадвал араас нь гарч ирж байгаа өчнөөн олон дэгдээхэйнүүд байна. Нөгөө дэгдээхэйнүүд чинь дахиад өндөглөнө, “Оюутолгой” шиг том болно. Гэтэл бүгд зогсчихлоо. Зарим нь хаалгаа хаагаад гараад явчихлаа. “Оюутолгой” шиг өнпдөглөхөд бэлэн болчихсон тахиагаа эд ингэж багалзуурдаж байгаа юм чинь бидэн шиг дэгдээхэйнүүд өөр энкүбаторт байж байя гэж бодно оо доо. Бид ганцаараа баян, баялагтай улс биш шүү дээ. Бид л тэгж өөрсдөө сэтгэлээ хуурч байгаагаас биш Мьянмар, Мазанбек байна. Афганистан одоохондоо дайнтай байна л даа. Мексик, Болив, Африкийн орнуудад баялаг байна. Мөнгө хийе л гэвэл. Тийм учраас бид ганцаараа хамгийн мундаг баялагтай гэж бодож болохгүй. Харин хөрөнгө оруулалтын хамгийн таатай орчинг бүрдүүлсэн орнуудын тоонд бол байсан. Тийм учраас ядахдаа хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бүрдүүлье гэж байгаа юм, таатай биш шүү. Таван сая долларын хөрөнгө оруулсан хүн бол Монголд 20-30 жил ажиллахгүй л байх. Ядаж 4-5 жилдээ тогтвортой ажиллаг. 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн хүн бол 7-10 жил тогтвортой ажиллая гэж бодох байх. Тэрийг нь л хуулиар хамгаалаад өгөх хэрэгтэй. Тэгэхгүй ганц хоёр сайд хэлэлцээр хийж, түүнийгээ цүнхэлж ирээд Засгийн газраар батлуулчихаад  тэр нь ил тод, ард түмэнд нээлттэй биш байхаар сэжиглээд бөөн асуудал үүсээд байна. Тийм учраас хуулиар зохицуулья гэдэг санаа л явж байгаа.

-Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулья гэдэг дээр ямар ч байсан тогтоод төслөө өргөн барьчихлаа. Гэхдээ энэ хангалттай юу?
-Зөв голдрил руугаа явж байгаа, урагш хийсэн алхам бол мөн. Гэхдээ том алхам биш. Бид өнгөрсөн оны тавдугаар сард баталсан хууль дээрээ л жаахан косметик хагалгаа хийж байгаа байхгүй юу. Үсийг нь арай хэтэрхий арзайлгачихаж, хасаад өгье. Нүдийг нь буруу будсан байна, засаад будчихья л гэж байгаа байхгүй юу. Хөрөнгө оруулалтын дүн нь хамаагүй том болгоё, чөлөөтэй байлгая. Ганцхан гадаадын төрийн өмчийн компани орж ирвэл тэр нь УИХ, Засгийн газраар орж байж батлагддаг, зөвшөөрөгддөг байя л гэж байгаа юм. Түүнээс биш гадаадын хөрөнгө оруулалтыг хорьсон юм ерөөсөө байхгүй.  Дээр нь манайхны гадныхнаас жааахан шүүмж аваад байгаа зүйл бол нэг гэрээ байгуулдаг. Тэгээд хэлэлцээр хийж хийж гарын үсэг зураад хоёр тийшээ болсоны дараа дандаа нөгөө талаа буруутгадаг. Яг адилхан нөгөөдүүл чинь бас биднээс юм олчихьё л гэж ирж байгаа, бидэнд юм өгчихье гэж ирж байгаа хүн нэг ч байхгүй. Бид ч гэсэн олчихьё л гэж хэлэлцээрт орж байгаа шүү дээ. Монгол Улс чинь бас нэг “совесть”-той улс мөн биз дээ. Хариуцлагатай ард түмэн мөн биз дээ. Хэлэлцээр хийсэн нөгөө тал ч авах юмаа авна, Монгол Улс ч авах юмаа авна. Монгол их хохирчихсон байна гэвэл бид Монголын талаас хэлэлцээр хийсэн хүмүүстэйгээ л хариуцлагаа ярих ёстой. Тэд нар нь чимээгүй байгаад байхаар нийгэмд бухимдал үүсээд байх юм. “Үгүй ээ, бид Монголын эрх ашгийг ингэж хамгаалсан” гээд дуугараад өгөөч. Миний хүсэл бол энэ. Гадаадынхныг араас нь чимхээд байх нь гол нь биш.

-Та Оюутолгойн гэрээг энэ чигээр нь үргэлжлүүлэх ёстой гэж үздэг үү?
-Ажлыг нь эхлүүлэх ёстой. Ядахдаа эхний 2-3 жил харья. Таван жилд ч Оюутолгойн хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөөсөө ихийг авч чадахгүй. Тэр болтол харья л даа. Тэгээд үнэхээр манайхаас илүү аваад эхэлбэл бид хөрөнгө оруулагчидтай ямар ч хэлбэрээр ярьж болно. “Оюутолгой”-г удирдаж байгаа хүмүүс чинь бас тэнэг улс биш. Монголын баялгийг авч байгаагийнхаа хувьд бид ард түмэнтэй нь хуваалцах ёстой гэсэн ухамсартай хүмүүс энэ төслийг ажиллуулж байгаа.

-Тэгвэл УИХ-ынхаа түвшинд хүртэл яагаад “Оюутолгой нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байна” гэж яриад байна вэ? Явсаар байгаад одоо бүр Засгийн газрынхаа түвшинд хүртэл нэгдмэл биш байр суурьтай болчихлоо шүү дээ. Танай сайд энэ гэрээг засах ёстой гэж ярьдаг байсан, Уул уурхайн сайд бас тийм байсан. УИХ-ын гишүүн байхдаа. Одоо сайд болоод байр сууриа өөрчилчихсөн юм уу?   
-Оюутолгойн төслийг зогсооё гэдэг оролдлого бол Монгол төрийн бодлого биш, монгол хүний зүрхнээс гарч байгаа үг биш гэж би бодож байна. Энэ оролдлого хаанаас хийгдээд байгааг би мэдэхгүй. Нэг чухал зүйлийг хэлье. Оюутолгой Засгийн газартай энэ гэрээг байгуулахаас гадна Монголын ард түмний өмнө их том үүрэг хүлээчихээд байгаа шүү дээ. Оюутолгойн баялгийн 70 хувийг монголчууд, 30 хувийг хөрөнгө оруулагчид авна гээд Монгол орон даяар өөрийнхөө хүлээх хариуцлага, үүргийг сурталчилсан. Тэр хамгийн гоё гэрээ, Монголын ард түмний өмнө тэдний авч байгаа үүрэг биш үү? Түүгээр нь л бид цаашаа явна шүү дээ. Өмчлөл бол чухал биш. Монголын Засгийн газар нэг хувийн өмчлөлгүй байсан ч орж байгаа орлогын ихэнх хувийг аваад үлдэж болно. Гэтэл одоо өмчлөлөөсөө болоод өрөнд орчихоод сууж байна.
“Бороо гоулд”-аар жишээ авья л даа. Засгийн газартай 1999 онд тогтвортой байдлын гэрээ хийсэн. Энэ сайн гэрээ биш, 100 хувь гадаадын мэдэлд байсан төсөл. Нэг хувь ч Монголын өмчлөл байхгүй, байсан хүн нь өөрөө зараад мөнгөө аваад зугтаачихсан. Гэхдээ энэ төсөл 10 жил ажиллахдаа нэг их наяд төгрөгийн алт олборлосон байдаг юм. Түүнээс монголчуудад өгсөн мөнгө нь бараг 60 хувь. Би бүгдийг нь балансаар нь авч үзсэн. Монгол Улс өмчлөгч биш мөртлөө бүх төрлийн төлбөр авч байсан. Нөөц ашигласны татвараас эхлээд ашгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, дээр нь эрчим хүч, тээвэр, ус, хоол хүнс гээд дандаа Монголд төлбөр төлж байсан. Дэд бүтэц гэхэд хичнээнийг барив. Үйлдвэрлэлийг явуулахын тулд Зүүнхараа хүртэл зам тавилаа, эрчим хүчний шугам барилаа. Гэтэл бид Засгийн газарт заавал нэг том өмчлөл үлдээх гээд л улайраад байх юм. Төрийн өмчийн үйлдвэрүүд ямаршуу менежмент хийж байгааг бид МИАТ дээр харж л байна шүү дээ. “Эрдэнэт”-ийн шинэ удирдлага ч яриад эхэллээ, өч төчнөөн тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн шахсан байна гээд. Тэнд МИАТ-ээс хэдэн арав дахин муу менежмент явж байгаа, ойлгомжтой. “Эрдэнэс Тавантолгой” байна. Төрийнх байвал бүгдээрээ л МИАТ-ын араас явна. Уг нь бид 1991 онд өөрчлөлт хийхдээ эдийн засгаа үр ашигтай болгоё л гэсэн шүү дээ. Өнөөдөр төрийн өмчийн компаниуд нь хамгийн үр ашиггүй ажиллаж байна. Гэтэл бид түүнийгээ үргэлжлүүлээд, дээрээс нь уул уурхайн хамгийн гоё төслүүдээ төрийн өмчид үлдээх гээд байна. 

-Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтыг 4,6 тэрбум ам.доллараар төлөвлөсөн байтал долоон тэрбум ам.доллар давчихлаа гээд л боож үхэх гээд байгаа шүү дээ. Гэвч тэр мөнгө юунд зарцуулагдсан бэ?
-Мэдээж тоног төхөөрөмжид хамгийн их мөнгө орж байгаа. Дээрээс нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд сар болгон монгол ажилчдад 20-25 сая ам.доллар төлж байгаа. Жилдээ 250-300 сая ам.доллар. “Оюутолгой” ажлаа эхлээгүй байгаа өнгөрсөн хугацаанд өгсөн цалин нь бараг миллиард доллар болчихсон. Энэ мөнгийг хэдхэн тооны гадаад захирлууд аваагүй, тэнд ажиллаж байгаа 10-20 мянган монголчууд бүгд авч байгаа. Тэр мөнгө энд Улаанбаатарт орж ирээд барилга байшин болж байгаа, Монголын банкуудад хадгалагдаж, Монголын мөнгө өсч байна. Дээр нь “Оюутолгой” өнөөдөр Монголын 1000-аад компанид мөнгө төлж байна. Монголчууд бүгдийг үйлдвэрлэж чаддаггүй шүү дээ. Гэхдээ ус, мах, тээвэр, нүүрс, цахилгаан, үйлчилгээг монголчууд өөрсдөө хийж байгаа. Хийж чадаж байгаа юмаа л бид нийлүүлж, тэр хэрээрээ бид орлогоо авч байгаа. Бүх татвараа төлж байгаа, тэр битгий хэл бид урьдчилаад татвараа авчихаад байгаа. Тэгэхээр Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй биш, орж ирж байна. Гэвч бий болгож байгаа баялгийн хуваарилалт нь буруу байна. Хар л даа. Саяхан л нэг хүнд ноогдох ДНБ 1000 ам.доллар байсан шүү дээ, арваадхан жилийн өмнө. Гэтэл өнөөдөр бараг 4000 ам.доллар болж, дөрөв дахин өсчихөөд байна. Гэтэл хүн амын ихэнх нь яг арван жилийн өмнөхөөрөө амьдраад, цөөхөн 5-10 хувь нь хэтэрхий их баялаг дээр суучихлаа. Энэ буруу хуваарилалтаас болоод улс төрийн тогтворгүй байдал бий болж байна. Одоо тэгээд арга хэмжээ авах гээд л оролдоод байна л даа.

-Ямар арга хэмжээ?
-Энэ олон том том төслүүдийг өр тавиад ч гэсэн хэрэгжүүлье гэдэг нь тэнд олон монголчууд ажиллуулж, тэдэнд цалин өгөх болно. Тэгж л мөнгөтэй болгоно уу гэхээс урьдчилж өр тавиад, өнгөрсөн сонгуулийн өмнөх шиг 500-600 сая ам.доллар урьдчилж авч тараагаад ард түмэн баян болохгүй. Ажил хийлгэх хэрэгтэй, ажлаар дамжуулж орлогыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Мэдээж V цахилгаан станц бол том төсөл. Гэхдээ үүнд Хөгжлийн банкнаас мөнгө бага гаргая гэж байгаа. Яагаад гэвэл цахилгаан станц барихаар 80-90 хувь гадагшаа гараад явчихна. Оношлогооны том төв барья гэвэл мөнгө нь бараг 100 хувь гадагшаа гараад явчихна. Мэдээж монголчуудад хэрэгтэй л дээ, гэхдээ үр дүнгээ удаан өгдөг. Гэтэл замын төсөл санхүүжүүлбэл 80-90 хувь нь монголчууддаа үлдэнэ. Тэр утгаар нь бид монголчуудаа мөнгөжүүлье гэсэн төслүүдээ урагшаа түлхэж байгаа. Тэр нь ч буруу биш гэж би бодож байна.
Б.СЭМҮҮН
"NEWS WEEK" сонин