Showing posts with label ХАЯНХЯРВАА Д.. Show all posts
Showing posts with label ХАЯНХЯРВАА Д.. Show all posts

Wednesday, 6 February 2013

Д.Хаянхярваа: Хатуу бөгөөд үнэн шүүмжлэл манай намд ус агаар шиг хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа
.
-Өнгөрсөн баасан га­рагт УИХ-ын чуулганы хуралдаа­наар Оюутолгойн гэрээг нэлээд өр­гөн хүрээнд дэлгэрэнгүй ярилц­лаа. Оюутолгойн гэрээнд яриг­даж байгаа зөрчил дутаг­дал, хувийг нь эргэж ярилцах, хө­рөнгө оруулалт нэмэгдсэн гэ­сэн олон чухал асуудлыг хөн­дөх шиг боллоо? 
-Тийм ээ. Оюутолгойн гэрээний талаар олон нийтийн дунд яриг­даад байгаа асуудлаар ярилцсан. Гэрээ сайн аль эсвэл муу болсон  гэсэн чиглэлээр биш л дээ. Оюутолгойн гэрээ  хийснээр мон­голчууд бид бүгдээрээ нэг алхам ураг­шилсан гэдгийг Төрийн тэр­гүүнээс эхлээд бүгд хүлээн зөв­шөөрдөг. Мэдээж гэрээнд эргэж ха­рах ёстой, сайжруулах олон асуу­дал байсан гэдгийг бүгд л хэл­дэг.
ч учраас УИХ  57 дугаар тог­тоолоор энэ гэрээг сайжруулах талаар хөрөнгө оруулагчидтай  ажиллахыг Засгийн газарт  үүрэг болгосон. Хамтарсан Засгийн газрын үед энэ гэрээнд тодорхой асуудлаар Монголын талд ашиг­тай гурван өөрчлөлт оруулж бай­сан.  Энэ мэтээр гэрээндээ өөрч­­­лөлт оруулах ажлыг дэс да­раа­­тайгаар хийх ёстой болов уу гэж бодож байна. Ерөнхий сай­дын мэдээллээс харахад хө­рөнгө оруулагч тал гэрээнд тус­гаг­даагүй хэд хэдэн зүйлийг манай талд тавиад байгаа бололтой юм  билээ.
Өөрөөр хэлбэл, нийт  хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум га­руй  ам.доллараар нэмэгдүүлэх,   мөн дэлхийн зах зээл дээрээс босгох гэж байгаа зургаан тэрбум орчим ам.доллараас одоогийн байдлаар энэ төсөлд өөрийнхөө оруулсан хөрөнгө болох  дөрвөн тэрбумыг суутгаж авах,  мөн ямар ч учиртай нь үл мэ­дэгдэх  роялтийн  хоёр хувийг нэмж авна гэх мэт асуудлууд ярьж байсан. Засгийн газрын гишүүдийн ярьж байгаагаас харахад энэ бүх асуудлаа албан ёсоор бичгээр баталгаажуулж манай талд тавиагүй юм байна гэж би ойлгосон. Гэхдээ аман яриагаар  энэ асуудлуудаа манай талд тавьсан  юм байна.
Мэдээж энэ гэрээтэй холбоотой асуудалд Монгол Улс нэлээд нухацтай хандах ёстой. Хөрөнгө оруулагч талд  Монгол Улсын хуулийг биелүүлэх, гэрээнд зааснаас өөр асуудлыг хууль бусаар нэмэх гэх мэт зарчимгүй асуудал гаргахгүй байх талаар байр сууриа хатуу хэлж ажиллах ёстой. Ерөн­хий­лөгч, УИХ, Засгийн газрын төв­­шинд болоод  ард түмэн бүг­дээрээ энэ гэрээний талаар нэгд­мэл нэг ойлголттой байх нь чухал гэд­гийг Ерөнхийлөгч онцлон хэлж байсан.

-Оюутолгойн гэрээ хангалт­гүй байна гэж үзсэн. Ер нь сүү­лийн үед Монголын уул уур­хайн асуудал хөдөлгөөнд орж эхэллээ. Уул уурхайн хувьцаа хөрөнгийн бирж дээр унаж байна гэсэн мэдээлэл байна шүү дээ. Хариуцлагагүй мэдэгдлүүд ийм үр дүнд хүргэлээ гэж үзэх юм? 
-Уул уурхай бол Монголын эдийн засгийн нэг тулгуур бол­чихоод байна. Өөрөөр хэлбэл, Мон­­голын эдийн засаг уул уур­хай гэдэг ганцхан зүйл дээр тогт­чихоод байна гэхэд бараг хэтрүүлэг болохгүй. Худалч хүнд хүн толгойтой бүхэн уул уурхайн бизнест анхаарал хандуулчихаад байгаа учраас монголчуудын анхаарлын төвд орж, маш ихээр яригдаж байна. Олон талаас ярих нь зүйн хэрэг боловч Монголын төр өнөөдрийг хүртэл байгалийн баялгаа ашиглах талаар  нэгдсэн цогц бодлогогүй шахам явж байгаагийн сул тал илэрч байна л даа.
Бидэнд нэгдсэн цогц бодлого алга. Эхнээсээ ашигт малтмалын лиценз эзэмших асуу­дал маш эмх  замбараагүй яв­чих­сан. Уул уурхайн бизнес эх­лэхээс өмнө ашигт малтмалын хуу­чин хуулийн цоорхой ашиг­лаад лицензүүд хэтэрхий зам­ба­раагүй олгогдсон. Авсан ли­цензээ ашиглаад тодорхой үр дүнд хүрээд монголчууддаа үр аш­гаа өгөөд явж байгаа нь тун цөөн.
Дийлэнх нь зарж үрээд хялбар аргаар мөнгө олох гол арга  болгоод байгаа нь нууц биш болсон шүү дээ. Ийм ч учраас   Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүд маань олон түмний эсэргүүцэлтэй тулгарч, гэрээ хэлцлүүд нь бүхэлдээ булхай луйвар болсон юм шиг учир дутагдалтай нэг тал руу туйлширсан мэдээллүүд  нийгэмд ноёлох болоод байна л даа. Үндэсний хэмжээний томоохон асуудлуудыг дотроо нэлээд сайн нухацтай ярилцах ёстой болов уу  гэж бодож сууна. Мэдээллийг цацаж болно.
Гэхдээ хийж байгаа бүх зүйл нь буруу мэтээр ард түм­нийг байнга төөрүүлээд байвал Мон­голын ажил амьдралыг авч явж байгаа гол хүмүүсийн  биз­несийн орчин нь урагшлахад тээр­­­тэй болно. Иргэдийн дий­лэнх хэсэг нь уул уурхайн биз­несийн чиглэлээр төдийлөн сайн ойлголтгүй  байгаа нөхцөлд ний­гэм рүү чиглэсэн сөрөг мэ­дээл­лүүд  нь тус болохоосоо хөг­жилд гай болох нь их байх гэж хувь хүнийхээ хувьд бодож байна.
Өнгөрсөн парламентын төгсгөлд гаргасан стратегийн зарим салбарт  гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуу­лийг баталснаас хойш  манай улсад үйл ажиллагаа  явуулж бай­гаа компаниудын хувьцаа хө­рөн­гийн зах зээл дээр эрс  унаж эхэлсэн. Олон хөрөнгө оруу­лаг­ч манайхаас хөрөнгөө тат­сан. 2012 оныг 2011 онтой харь­цуу­лахад уул уурхайн сал­барт гадаа­даас оруулж байгаа хөрөн­гийн хэмжээ нэг тэрбум орчим ам.доллараар буурсан статистик гар­сан. Үүнийг дагаад дотоодын олон өрөмдлөгийн компани дампуурсан.
Мөн бизнес нь дампууралд хүрсэн олон аж ахуйн нэгж бий. Өнөөдөр Монголын эдийн засагт эргэж байгаа хөрөнгийн гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойтой холбоотой гэсэн тооцоо байдаг  гэж эдийн засагчид үздэг. Энэ байдлаас үзэхэд улстөрчдийн үг болгон зөвхөн гадны ч гэхгүй додоодын нийгэм эдийн засгийн амьдралд маш их нөлөөтэй учир  өндөр хариуцлагатай байх ёстой.
Тийм ч учраас бидний буруу дуугарсан нэг үг Монголын хөгжилд нөхөж баршгүй хохирол учруулах цаг үед амьдарч байгаагаа ухаарч байх ёстойг Ерөнхийлөгч сануулсан байх аа. Ашигт малтмалын хуулийн төсөлтэй танилцаж амжаагүй явна. Мэдээж хуулийн төсөлтэй холбогдуулан  өөр өөрийн ашиг сонирхлыг хамгаалсан байр суурийг илэрхийлж янз бүрээр л ярих нь ойлгомжтой. Маш муу хууль гэж дүгнэж болохгүй. Уул уур­хайн салбарынхан, иргэд, хууль тогтоогчид олон талаас нь харах учраас хуулийн төслийг нухацтай анхаарч, судалж байж  гаргана гэж бодож байна .

-Оюутолгойн талаар ам­тай бү­хэн л ярьдаг болж. Мэ­дээж тодор­хой мэдээлэл ав­даг л байх. Энэ гэрээг С.Баяр на­мын­хаа нөхдүүдийг дарам­талж байгаад хийлгэчихсэн юм биш үү гэж ярих боллоо. Оюу­толгойн гэрээний энэ асууд­лууд өмнө нь ч гэсэн яриг­даж л байсан. Та­най нам эрх барьж байх үед яагаад яриг­даагүй, АН эрх ба­рихаар ноц­той зөрчил гар­чих­лаа гэж үзээд байгаа юм бэ? 
-Мэдээж санал нэг байна. Яагаад гэвэл энэ гэрээ маш их хэл ам дагуулсан гэрээ. Монголын иргэд хэтэрхий их мэдээлэл дунд байдаг. Хэт их мэддэг хүмүүс олон байна.  Уул уурхай, мал, эдийн засаг, үйлдвэрлэл гээд бүх зүйлийг мэддэг хэсэг бүлэг хүмүүс бий болчихоод байна.
Бодит мэдээллийг ард түмэнд үнэн зөв хүргэх нь чухал байна. Тухайлбал, “С.Баяр намынхаа нөхдүүдийг дарамталж байгаад зуруулчихсан юм гэнэ”, С.Баяр оргон зайлчихлаа гэх зэргээр улстөрчид ярьж, сонин хэвлэлээр бичиж л байна.
Энэ мэдээллийг авч байгаа хү­мүүсийн хэдэн хувь нь үнэн гэж ойл­гож, хэдэн хувь нь худлаа мэ­дээлэл гэж үзэх вэ гэдгийг харвал со­нин тоо гарна шүү. Энэ гэрээ чинь хамтарсан Засгийн газрын үед байгуулсан гэрээ. Энэ гэрээ хэлц­лийг төр засгийн төвшинд мэ­дэхгүй хүн байхгүй.
Өөрөөр хэл­бэл, Ерөнхийлөгч, УИХ, АН, МАН гээд бүгд л мэдэж байсан. Үн­дэс­ний аюулгүй байдлын зөв­лөлөөр ч хэлэлцсэн. Гэтэл өнөө­дөр цочсон юм шиг ингэж хан­дана гэдэг сайн зүйл  биш. Дээр хэл­сэнчлэн уул уурхай болон бусад чу­хал асуудлаар төр засгийн төв­шинд тодорхой хэмжээнд хаалт­тай хэлэлцэж байх асуудал байх  ёстой гэж би боддог. Болж бай­гаа, болохгүй байгааг нь нэгд нэгэнгүй ярилцаад бурууг нь зөв болгож, зөвийг нь зөвөөр нь нягтлаад дараа нь олон түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэж байх нь чухал байна.
Нэг улстөрч гарч ирээд нөгөөхийгөө доош нь хийх, өөр нэг улс төрийн хүчин гарч ирээд өмнөхөө үгүйсгэх  ханд­лагаар яваад байвал сайн бол­­жээ гэж хэлэх зүйл нэг ч гарч ирэх­гүй. Сайнаасаа саар мэ­дээл­лийг түл­хүү авдаг болчих­сон бай­на шүү дээ, энэ нийгэм чинь.

 -Ерөнхийлөгчийн сонгуу­лийн пиар нь Оюутолгой бай­сан гэх юм? 
-Төр засгийн томоохон албан тушаалтнуудын байр суурь, хэлж ярьж байгаагаас нийгэмд янз бүрийн нөлөөлөл бий болдог  нь ойл­гомжтой. Оюутолгой Ерөн­хий­­лөг­чийн сонгуулийн пиар бол­­чихлоо гэж шууд дүгнэж бо­лох­гүй. Улс орны хөгжилтэй хол­­боотой асуудлаар маш тодор­хой ярилцсан шүү дээ.
Ер нь Ерөн­хийлөгчийн сонгуулийн пиар эхэл­чихсэн шүү. Засгийн газ­рын ху­ралдаанд Ерөнхийлөгч оролц­лоо, Хэвлэл мэдээллийн эрх чө­­лөө­ний хууль татагдлаа гээд энэ бү­хэнд Ерөнхийлөгчийн сон­гуу­­лийн пиар явж байна гээд хэв­лэл мэдээллээр бичээд л бай­гаа шүү дээ. Би ч тийм л ойл­голттой бай­гаа.

-Танай намд яагаад Ерөнхий­лөг­чийн сонгуулийн пиар эх­лэхгүй байна вэ? 
-Манайх улс төрийн том хүчин. Ерөн­хийлөгчийн хэмжээнд ажил­лах олон сайн улстөрчидтэй. Яриг­­дахгүй байгаа юм биш. Энэ асуу­дал дотроо яригдаж бай­гаа.
Ма­най лидерүүдээс хэн нь Ерөн­хий­­лөгчийн сонгуульд өрсөл­дөх вэ гэдгийг нухацтай ярилцана. Янз бүрийн л нэр  яригдаж  байгаа. Цаг нь болохоор тодорхой болно доо яарах хэрэггүй. Цагийн юм цаг­таа болно л гэж бодож байна шүү.

-Улс төрийн хүрээнд ан­хаа­рал татаж байгаа асуудал бол МИАТ-ийн мөнгө угаасан хэрэг бо­лон МИАТ-ийн хувьч­лалын асуу­дал байна. Хувьч­лах нь зөв үү? 
-Төрийн өмчийн хэдэн ком­па­­ни байдаг. МИАТ, Дар­ханы тө­мөрлөгийн үйлдвэр, Эр­­дэ­нэт зэрэг ТӨК-иудыг 100 хувь хувьчлах ёс­той гэсэн байр суурьтай байдаг. Хувьч­­ла­лыг нээлттэй зарлаад үнэлж, цэг­нээд худалдаалах ёс­­той. Төрийн өмчийн газруудыг ху­­далдсанаар төр оролцдоггүй болж, цэвэршинэ. Тэгэхгүйгээр энэ хэдэн компаниудад элдэв хулгай, мөнгө идсэн уусан гэх асуудал тасрахгүй ээ.
МИАТ-ийн талаар өгөх мэдээлэл алга байна. Хэвлэлээр гарсан мэдээллийн хүрээнд л байна. Хууль зөрчсөн энэ үйлдлийг нь сонсоод арай дэнд­жээ гэж хэлмээр санагд­сан. Худал үнэнийг хууль хя­нал­тын­­хан тогтооно биз дээ. Харин ийм асуудалд улстөр­чид үнэлэлт дүгнэлт өгөөд нэгнээ бууруутгаад байх нь тийм зо­химжтой биш л гэж бо­дож байна. Аян­­даа буруутныг тогтоо­дог газар нь хэлээд өгнө шүү дээ.

-Төр солигдож байж авли­гын хэргүүд ар араасаа илэрч бай­гаа юм биш үү. Ардын намын нө­лөө бүхий хүмүүсийн хэрэг шийдэгдэж эхлээд байна? 
-Мэдэхгүй юм даа. Алт шиг хүн гарч ирээд илрүүллээ, тэнд буг чөтгөр шиг хүмүүс байжээ гэж яриад байх нь таатай сон­согдохгүй байна. Зохион бай­гуулалттай гэмт хэрэг гэдэг чинь өр­гөн хүрээг хамардаг шүү дээ. Улс­төрчид байгаа гэж бичсэн байна лээ.
Ардын нам, АН аль нь байлаа ч хэрэг илрэх ёстой л бол илэрнэ. Цаг хугацаа харуулна.  Нэгэнт илрээд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж бай­гаа эдгээр хэргүүдэд улстөрч тодор­хой мэдээлэл, мэдэгдэл хийгээд байх нь зохимжгүй. Хууль хянал­тын­хан ажлаа хийг. Өмнөөс нь яриад, хардаад байх нь утгагүй биз дээ. Шударга байгаасай л гэж хэлье.

-Нам доторхи асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу. Залуучууд нь намын ши­нэч­лэл, намын даргадаа шаард­лага хүргүүлэх зэрэг нэлээд олон асуудалд шүүмжлэлтэй хан­даж байна. Ардын нам бужигнаж эхэллээ шүү дээ? 
-Өмнө нь ийм асуудал гардаг л байсан. Намын удирдлагадаа шүүмж­лэлтэй хандах нь дотоод ард­чилал байгаагийн шинж. Ер нь нэг талын өрөөсгөл ойл­гол­тыг барьж одоо байгаа удирд­лагын төвшин дэх бүх хүмүүсийг хар­луулах, өөр ямар нэг бодол санаатайгаар ийм үйлдэл хийж эхлэх юм бол буруу. Өргөн хүрээнд асуудлыг хөндөж байгаа бол өөр хэрэг. Энэ алхам яаж эргэх, олон түмэн яаж хүлээж авах вэ гэдэг нь дөнгөж эхлэл төдий байна. Манай нам болохоо больчихсон юм биш.
Нуух юу байхав. Манай намд шинэчлэгдэх процесс явагдаж байгаа. Энэ үед гарч байгаа санал шүүмжлэл бүхэнд бид анхааралтай хандах ёстой. Энэ залуучууд юу ярив гэд­гийг анхааралтай ажиглаж, үйл ажиллагаандаа тусгамаар байгаа юм. Улсын их хурлын сонгуулийн дүнд бид хангалттай сайн дүгнэлт хийж, аймаг орон нут­гийн төв­шинд авч хэ­рэг­жүү­лэх арга хэм­жээгээ зөв авч ча­даагүй гэж би боддог.
Орон нут­гаас болоод гишүүд дэм­жиг­чдийн зүгээс гаргаж бай­гаа санал шүүмжлэлийг ажил хэрэг болгох талаар на­мын удирд­­лага хангалтгүй ажилла­сан. Тийм учраас бид орон нут­гийн сонгуульд хүссэн үр дүн­гээ үзүүлж чадаагүй. Ер нь али­ваа бай­гууллагын удирдлага то­дор­­хой хүрээллийн явцуу  мэ­дээл­­лээ­сээ салж чадахгүй бол ал­д­аа­гаа засч чадахгүй гэж би бод­дог. Тийм алдаа манай намын удирд­лагад байгаа ч дотроо бужигнаад хөл толгойгоо алдаад байгаа юм бол байхгүй.

-Ш.Сайхансамбуу гишүүн на­мынхаа гишүүдэд нэлээд шүүмж­лэлтэй хандсан байна лээ. Нэр бүхий хүмүүсийг нэр­лэж, улс төрөөс одоо арилах ёс­той гэсэн асуудлыг хөндсөн уч­раас намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх асуудал яригдсан гэсэн. Үнэн үү? 
-Худлаа худлаа. Ш.Сайхансам­буу гишүүний ярьсан, бичсэн за­рим нэг зүйлийг уншсан. Нам хэрвээ шинэчлэгдэх гэж байгаа бол  гишүүдийнхээ хэлж ярьж байгаа шүүмжлэлийг сонсох л ёстой. Нэг нь шүүмжилсэн гээд намаас хөөнө, зайлуулна гээд байвал юу болох вэ.
Арчаагүй байна гэдэг шүүмжлэл сонсох чадваргүй болсоны шинж шүү дээ. Өөрийнх нь нэр төртэй хол­боотой өчүүхэн төдий мэ­дээлэл сонсоод тэр хүн чичрээд, адгаад байвал энэ хүн удирдагч биш, нийгэмд тодорхой төвшний ха­риуцлагатай ажил хийх хүн ч биш. Шүүмжлэлийг маш сайн сонсч байх ёстой. Шүүмжлэлд эрүүл саруул дүг­нэлт хийх ёстой юм.
Би 27 жил төрд ажиллаж байна. Түүний 24 жилд болсон болоогүй, удирдах төвшний ажил хийгээд явж байна. Энэ хугацаанд өөрийгөө цөөн хэдэн хүнээр тойруулаад, цөөн хэдэн хүнээр магтуулж, тэр хүрээллээс хальж чадахгүй болоод ирвэл хүн ялзардаг юм байна гэдгийг их сайн ойлгосон.
Ямар ч удирдлага тэгж ялзардаг. Бид өөрсдийнхөө сул тал, алдаа оноог мэдэхгүйгээр нам маань хүчирхэг байж хэзээ ч чадахгүй. Тийм учраас бидэнд хатуу бөгөөд үнэн шүүмжлэл ус агаар шиг хэрэгтэй байна.  Манай намд шүүмжлэх зүйл их бий.

Б.Өнөртогтох
Монголын мэдээ

Tuesday, 18 December 2012

Д.Хаянхярваа: МАН, МАХН яагаад нэгдэж болохгүй гэж

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Саяхан тангараг өргөсөн Д.Арвин гишүүн намаасаа гарах өргөдлийг намын үүрт өгсөн байна. Намаас гарах болсон шалтгааныг нь  олон янзаар тайлбарлаж байгаа. Гарах болсон шалтгааныг нь хэрхэн дүгнэв?
-Д.Арвин гишүүнийг өр­гөд­лөө өгсөн эсэхийг өөрийнх нь амнаас сонсоогүй.  Өнөө­дөр цахим хуудсанд түү­ний зурагтай, өргөдөл байна би­лээ. Миний хувьд энэ асуудалд дүг­нэлт өгөөд байх зүйл алга. Ер нь улс төрийн сонгуульд нам итгэл хүлээлгээд өөрсдийн гишүүдийг илгээдэг. Түүнд очиж ажиллах нь тухайн ит­гэл авсан хүний өөрийх нь асуу­дал. Би Д.Арвин ги­шүүнд хүндэтгэлтэй ханддаг. Мон­голын улс төрд дөрвөн удаа сонгогдсон чадалтай улс­төр­чийн нэг гэж боддог. Хэрвээ ийм шийдвэр гаргаж байгаа бол чухам яагаад гэдгийг нь хэлж мэдэхгүй. Янз бүрийн гом­дол, тунирхал байж болно. Гэх­дээ өөрийн үзэл бодлоосоо урвах­гүй байх гэж бодож  байна.
-УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ынхан Д.Арвинг га­дуурх­­сан, шахсан учраас гом­­дол­той байгаа гэсэн, үнэн үү?
-Энэ талаар мэ­дэх юм алга. Яагаад гэвэл Д.Ар­вин гишүүн нийслэлд нэр дэвш­сэн. Би Дархан-Уул аймагт нэр дэвш­сэн учраас сонгуулийн үйл ажиллагаа тухайн аймагтаа явагд­сан. Үнэндээ энэ талаар хэлж мэдэхгүй.
-Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Г.Батхүү тангараг өр­­гөлөө. Үүнээс өмнө тан­­гараг өр­гөх асуу­дал чуул­ганы хур­лыг га­­цааж бай­­сан. Гэтэл энэ удаад хоёр нам тохироо хий­­­­чихэв үү гэж хар­­дах боллоо?
-Ард түмний сонголтыг хоёр нам яриад, тэрийг тэрнээр соль­чих уу  гээд ярьчихдаг бол сонгуулийн утга учир алга бол­но. Өнөөдөр МАН, АН хоёр то­хи­роо хийсэн  талаар яриа сон­соогүй. Гишүүд тангараг өр­гө­хийн хувьд хуулийн бай­гуул­лагаар явж, асуудал нь нэ­гэнт шийдэгдсэн тохиолдолд бид мянга эсэргүүцээд яах би­лээ. Нөгөө талаас Д.Зоригт ги­шүүн  ярилцлагадаа  эцсийн шийд­вэрийг харах тухай ярьсан байна би­лээ. Би Д.Зоригт гишүүнийг хүн­­дэтгэж явдаг хүн. Улс төрд ийм соёл байх ёстой. Тийм бо­ло­хоор шүүх хяналтын бай­гууллагаар асуудлыг хэр­хэн шийдэх, түүний дагуу асуу­дал шийдэгдэх байх. Ер нь сон­гуу­лийн дараа үүссэн нөх­цөл байд­лыг харахад бид нэг л бу­руу яваад байх шиг санагдаж бай­на.
-Яагаад?
-Би нэг үгийг маш сайн сана­даг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ард түмний сонголт хаан сон­голт байх ёстой. Энэ  сонголтыг шүүх хяналтын байгууллагаар өөр­чилж болохгүй” гэсэн хатуу байр суурийг илэрхийлсэн.  Энэ үнэхээр чухал. Сонгуулийн да­раа  янз бүрийн асуудал гардаг. Энэ бүхэнд ард түмэн өөрсдөө ан­хаарч байх ёстой ч сүүлийн үед шүүх, сэргийлэхээр явж ший­дүүлдэг боллоо. Энэ бүх­нээс харахад бид буруу явж бай­на гэсэн бодол төрж байна. Үнэ­хээр ард түмэн сонголтоо хий­сэн бол тэр сонголтыг ямар  нэгэн хэл амгүйгээр хүлээн зөвшөөрдөг байх нь хамгийн чухал. Миний хувьд сонгуульд гурван удаа оролцож, ялж, ялагдаж явлаа. Тухайн үед  нэгэнт ялагдсан бол ялагдлаа хүлээн  зөвшөөрөх нь чухал гэдгийг сайн ойлгож авсан.
Тэгэхээр улстөрчдөд жудаг гэдэг зүйл байх ёстой. Ардчиллын  үнэт зүйлсийн нэг  нь ялагдлаа хүлээж сурах асуудал гэж  би боддог.
-Орон нутгийн сонгуулийн маргаан дуусаагүй байна. Харин энэ маргааны эхлэлийг МАН тавьсан гэх яриа бий. Өөрөөр хэлбэл, МАХН-ынхан хэлмэгдүүлэлт болчихлоо гэж яриад байгаатай санал нэгдэх үү?
-МАХН-ынхныг хэн нэгэн дарахаар оролдсон гэдэгтэй санал  нийлэхгүй байна.  Түүнээс биш МАН, АН-ынхан тухайн  сонгуулийн хороонд очиж МАХН-ын гишүүнийг ингэ, тэг гэсэн зүйл гараагүй. Ер нь МАХН, МАН нь нэг угшилтай нам. Өнөөдөр хоёр өөр нэртэй нэг нам, үзэл баримтлал адил улс төрийн хүчин. Цаашид бодох зүйл их байгаа байх гэж бодож байна.
-МАН, МАХН-тай нэгдэх яриаг дэмждэг үү?
-Улстөрчдийн хатуу байр суурийг хэвлэл мэдээллээс уншсан. Ер нь өнөөдөр улстөрчид бие биенийгээ  элдэв муугаар цоллоод байвал энэ нийгэмд хэн улстөрчдийг хамгаалах вэ. Өөрөө өөрсдийгөө бузар булайгаар дуудаад яваад байвал хамгаалах хүн байхгүй. Иймэрхүү хэт хоёр туйлаас бие биенийгээ  хэвлэл мэдээллээр доромжлоод  байхаар нийгэмд үзүүлэх сөрөг зүйл нь их байна шүү дээ. Миний өөрийн баримталж байгаа байр суурь гэхээр яагаад энэ хоёр нам нэгдэж болохгүй гэж. Ер нь монголын нийгэмд өрсөлдөг талууд аль болох цэвэр, зөв шударга  байх ёстой.
-Өмнөх сонгуулийн будилаан дуусаагүй байхад дараагийн сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заавал өөрчлөлт оруулах шаардлага бий юу?
-Сонгуулийн системд автомат машин оруулж ирсэн нь дэвшилттэй хэлбэр. Мөн үүнийг сонгуульд ашиглаж байгаа нь ашигтай. Харин өнөөдөр эргэлзээтэй зүйл олон байгааг манай намынхан хэлж байгаа. Энэ программыг АНУ-д хийж байгаа ч үүнд монголын талаас хяналт тавих ямар ч бололцоо алга. Тийм болохоор манай нам үүнд эргэлзэж байна. Бид эргэлзэх эрхтэй. Яагаад гэвэл Монгол Улс төрийн  тэргүүн, эрх барих дээд байгууллагаа сонгох эрхээ ард түмэн нэг удаа, нэг цаг мөчид эдлэж байхад  гадныханы хийсэн программ дээр ажиллана гэдэг нь учир дутагдалтай. Хоёрдугаарт, хяналтын тооллого гэдэг зүйлийг маргаантай байгаа тойрог дээр олон түмний нүдэн дээр яагаад хийж болохгүй гэдэг асуудлыг тавьж байна. Яагаад гэвэл сонгуулийн үед он сар, тоо зөрсөн маргаантай зүйл гарсан. Тиймээс үүнийг нягтлаад үнэхээр маргаангүй гэвэл бид энэ асуудлыг хүлээн зөвшөөрнө. Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад хэлэхэд энэ сонгуулийн саналыг тоолох нь хамгийн хялбар. Яагаад гэвэл МАН, АН, МАХН,  МҮАН, ИЗНН эдгээр намаас таван хүн дэвших  бололцоотой. Үүнийг тоолох нь маш энгийн. Хэрвээ хоёр, гурван хүн нэр дэвшвэл бүр хялбар. Заавал автомат машин гэхгүй гараар тоолох бололцоо байна. Өмнөх эргэлзээ тайлагдаагүй байхад дахин ингэж машин ажилласангүй, тэглээ ингэлээ гэхгүй гараар тоолох саналыг дэвшүүлж байна. Үүнээс гадна сонгууль болох хугацааны хувьд нэг сараар сунгалаа. Хуучин тавдугаар сард болдог байсан. Үүнээс харахад ерөөсөө сонгуулийн хуульд манай намын оролцоо бага болж байна. Ардчилсан нам Орон нутгийн сонгуулийн хуулийг  өөрсдийн хүслээр шийдэж батлуулсан. Гэтэлд одоо энэ   хуулийг  мөн л дээрх зарчмаар батлуулах гэж байна. Өөрөөр хэлбэл, Дэгийн тухай хууль буюу манай намын бүлэг байгуулах тухай асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ард оруулсан байгаа. Хэрвээ  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталвал МАН бүлэгтэй гэсэн зүйлийг цагаан цаасан дээр бичээгүй ч шууд харагдаж байна. Тэгэхээр Ардчилсан намынхан хүч түрсэн байдлаар цаашид асуудалд хандвал нийгэмд тодорхой хэмжээний  бухимдал бий болно. Тийм учраас шударгаар улс орны хөгжлийг зөв залж, хүчтэй улс төрийн хүчин байя гэвэл өөртэй нь өрсөлдөхүйц хэмжээний улс төрийн хүчний ажиллах бүх нөхцөл бололцоог хангаж өгвөл хэн хэндээ хэрэгтэй.
-Энэ удаагийн сонгуулийн хандивын асуудал багагүй маргаан дагуулаад байгаа шүү дээ?
-УИХ-ын  сонгуулиар хандвыг 1-3 сая төгрөгөөр хязгаарлаж өгсөн.  Гэтэл Ерөнхийлөгчийн  сонгуулиар байгууллага 100 сая төгрөгийн хандив өгөх юм гэнэ. Өнөөдөр Монгол Улсад 100 сая төгрөгийн хандив өгөх чадвартай компани хэд байх бол. Хандив өгөх чадвартай компани гэхээр тодорхой, нийгэмд ямар нэгэн хэлбэрээр улс төрийн  бүх төрлийн лобби хийх чадвартай тийм л хүмүүс байгаа. Тийм болохоор энэ удаагийн  сонгуульд 100 саяар нь хандив өгөх асуудлыг хүлээн зөвшөөрч болохгүй.
-Үүнээс гадна саяхан олон улсын зэх зээлд Засгийн газраас бонд арилжлаа. Сангийн сайд байсан хүний хувьд бондыг үр ашигтай зүйлд зарцуулах тал дээр ямар хариулт өгөх вэ?
-Өнгөрсөн Засгийн газрын үед 580 сая төгрөгийн бондыг  Хөгжлийн банк босгож, тэр үед бид бөөн баяр болж байсан. Тухайн үед би Сангийн сайдаар ажиллаж байх үедээ Хөгжлийн банкинд хандаж ямар төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх  гэж байна гэхэд бэлэн төсөл хөтөлбөр байгаагүй. Тэр үед “Монгол Улс хөгжилд бэлэн биш байна” гэж  би хэлж байсан. Яагаад гэвэл мөнгө орж ирсэн ч тухайн мөнгийг юунд зарцуулах  нь тодорхойгүй байлаа. Гэтэл сая дэлхийн зах зээл дээр 1.5 тэрбум төгрөгийн бонд босгож, хүү нь төлөгдөөд эхэллээ. Өөрөөр хэлбэл, манай улс өдөр бүр 270 орчим сая төгрөгийг хүүд нь төлж, манай улсын өр энэ хэмжээгээр  нэмэгдэж байна. Энэ удаад бид төсөл хөтөлбөрүүдээ бэлэн болгож, тооцоогоо зөв гаргачихаад ийм юманд зарцуулна гэдгээ бэлэн болгочихоод авсан бол бидний төлөгдөх өрийн хэмжээ багасна. Цаг хугацааны  ч гэсэн тохиромжгүй үе. Манай улсад дөрөвдүгээр сард л барьж байгуулах ажил эхэлдэг шүү дээ.
-Зарим эдийн засагчид хүүг бага гэж байгаа эсрэгээр өндөр гэж тайлбарлах тохиолдол ч олон байна шүү дээ?
-Манай том эдийн засагчдын нэг Р.Амаржаргал гишүүн хүүг өндөр байна гэж шүүмжлэлтэй хандсан байна лээ .  Миний хувьд ч гэсэн адилхан бодолтой байна. Ер нь өнгөрсөн Засгийн  газрын  үед ямар алдаа оноо байсан, түүнийгээ  эрэгцүүлэн  бодож, алдсан алдааг давтахгүй байвал манай улсын хөгжилд  хэрэгтэй. Энэ талаас нь харах хэрэгтэй. Бэлэн байгаа мөнгийг эргэлтэд оруулах нь чухал. Монгол банктай ярилцаж, зөв шийдэл  олох талаар ярьж байгаа юм билээ. Хөгжлийн банкын  580 сая ам.долларын бондыг тухайн үед арилжааны банкиудад эх үүсвэр маягаар  байршуулах тухай асуудлыг олон  удаа ярьсан. Тэр бүхэнд хана мөргөж байсан. Гэтэл өнөөдөр ийм зүйл яригдаж байна. Гэхдээ Засгийн газар  эрсдэлээ маш сайн тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, арилжааны банкиудад өглөө гэхэд тухайн банк дампуурахгүй, эргээд төлөгдөх нөхцөл, хугацаа гэх мэт олон зүйлийг сайн бодох хэрэгтэй. Ингэхийн тулд цөөнхийн хяналт хэрэгтэй. Энэ мэдээллийг үнэн зөв цөөнхдөө өгөх хэрэгтэй. Ер нь аливаа  бодлого шийдвэрийг гаргахдаа олуулаа ярилцаж зөв шийдвэрийг гаргаж, хяналтаа зөв тавьж чадвал үр дүнд хүрнэ. Түүнээс биш 1.5 тэрбум ам.долларыг тойрсон асуудлыг  шүүмжлэл талаас нь яриад, юу ч хийлгэхгүй хав дараад байвал буруу. Нэгэнт улс орон гэж байгаа бол бид хэнээр дэнчин тавьсан байгаа билээ гэдгээ сайн бодох хэрэгтэй.
-Бондын хүү төлөгдөж эхэлсэн цагаас эхлэн Монгол Улсын иргэн бүр өртэй гэж ярьж байна. Нөгөө талаар АН бонд гаргаж арилжаалсан болохоор энэ өрийг тус намынхан төлөх ёстой. Яахаараа хүн бүхэн өртэй байх ёстой юм гэж хэлдэг? 
-Энэ маш буруу ойлголт. Энэ чинь Монгол Улсаа үндсэндээ барьцаанд тавьж, 5-10 жилийн хугацаатай авсан зээл. Тэгэхээр аль ч Засгийн газар байсан төсөл хөтөлбөр хэрэгжээд өр нь төлөгдөөд явна. Тийм учраас энэ бол монголчууд бидний өр. Зөв зарцуулж чадвал үр ашигтай. Буруу ашиглавал бид л хохирно. Тийм учраас аль, аль талын хяналт хэрэгтэй.

Э.Пагма

Tuesday, 15 May 2012

Д.Хаянхярваа: Сонгуулиас өмнө ахмадуудад нэг сая төгрөг олгоно

Сангийн сайд Д.Хаянхярваагаас тодрууллаа.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг гурав хувааж олгохоор болсон. Энэ мөнгийг сонгуулиас өмнө олгох боломжтой эсэх талаар Сангийн сайд Д.Хаянхярваагаас тодрууллаа.
-Сая төгрөгтэй холбоотой асуудлыг иргэд нэлээн ярьж байна. Хугацаандаа амжихгүй гэсэн яриа ч байна. Гэхдээ тийм зүйл байхгүй ээ. Ямар ч байсан ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг зургадугаар сард багтаан олгож дуусна. Тодруулбал, энэ сарын сүүлээр олгож эхэлнэ гэсэн үг. Бид ч энэ чиглэлийн дагуу шуурхай ажиллаж байна. Энэ жилийн төсөвт ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая төгрөг олгоно гэж 334 тэрбум төгрөг суулгасан. Энэ мөнгийг "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн орлогоос өгөхөөр төлөвлөсөн. Бид компанийн удирдлагуудтай байнга холбоотой байгаа. Энэ сарын 20-ноос өмнө эхний санхүүжилтийн эх үүсвэр орж ирнэ. Тиймээс ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгөө олгож эхлэх юм. Үүнээс гадна иргэд болон ахмадуудын сонирхож байгаа нэг асуудал нь хувьцаа. Хувьцаагаа зарах эсэх талаар бүртгэл эхэлсэн. Иргэд аймгуудын хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтсээр дамжуулан нэг сая төгрөгийнхөө хувьцааг мөнгөжүүлэх үү, эсвэл, орон сууцны зээл болон бусад хэлбэрээр авах уу гэж асууж байгаа. Ингэснээр энэ сарын 20 гэхэд улсы(+ хэмжээнд хэчнээн хүн хувьцаагаа зарж,  хэд  нь  орон   сууцны зээлд хамрагдаж, хувьцаа хэлбэрээр хэдэн хүн авах вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг.
Нийтлэлч
Д.Мягмар
Эх сурвалж

Ардчилал сонин

Monday, 14 May 2012

Д.Хаянхярваа: Сонгуулиас өмнө нийт 334 тэрбум төгрөг олгоно

Сангийн сайд Д.Хаянхярваагаас тодрууллаа.
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн үү. Сонгуулиас өмнө иргэдийн гарт очих уу?
-Бид "Эрдэнэс тавантолгой", "Эрдэнэт"-ийн үйлдвэрээс олох орлогоос "Хүний хөгжил сан"-д мөнгө төлөвлөсөн. Мөнгө нь ороод ирвэл нийт 334 тэрбум төгрөгийг иргэдэд өгнө. "Эрдэнэс Таван толгой" ХК, "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагатай бид байнга холбоотой байгаа. Ер нь эхний санхүүгийн эх үүсвэр энэ сарын 15-ны үед орж ирнэ. Тиймээс ямар ч байсан 334 тэрбум төгрөгийг хоёрдугаар улиралд багтааж олгоно.
-Хувьцаагаа зарах эсэх талаар иргэдээс санал авч байгаа. Энэ ажил ямар шатандаа явагдаж байгаа вэ?
-Бүртгэл эхэлсэн. Аймгуудын хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтсээр дамжуулан иргэдээс нэг сая төгрөгийнхөө хувьцааг мөнгөжүүлэх үү, эсвэл орон сууцны зээл болон бусад хэлбэрээр авах уу гэж асууж байгаа. Тавдугаар сарын 20 гэхэд хувьцаагаа зарж, хэд нь орон сууцны зээлд хамрагдаж, хувьцаа хэлбэрээр хэдэн хүн авах нь тодорхой болно. Бид тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын эхэн гэхэд Таван толгойн хувьцааг амжвал гадаад зах зээл дээр, амжихгүй бол дотоодын зах зээл дээр үндэсний аж ахуйн нэгжүүддээ    зарах    зохион байгуулалтын   арга  хэмжээг авч байна. Ингээд үндэсний аж ахуйн нэгжүүд хувьцаагаа худалдан авч, мөнгө нь орж ирсэн тохиолдолд хувьцаагаа мөнгөжүүлэх    хүсэлтэй    иргэдэд сая төгрөг олгох арга хэмжээг   зохион байгуулна. Цаг хугацааны  хувьд зургадугаар сард сонгуулийн өмнө      үйл  ажиллагаагаа эхлүүлэх бололцоо хэр байгаа юм гэдгийг тооцоолж байгаа. Хүмүүс "Хувьцаа өгөхгүй гэнэ. Ингээд өнгөрөх нь" гэдэг янз бүрийн өнцгөөс асуудалд хандаж байна. Сая төгрөгийн хувьцаа бол баталгаат үнэт   цаас. Таван толгойн хувьцааны үнэ өссөн тохиолдолд иргэдэд очих   хувьцааны үнэ өснө. Хэрэв иргэд хувьцаагаа худалдана гэвэл ямар ч нөхцөлд  Засгийн газар сая төгрөгөөр худалдаж авна.
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад нь хэзээ хувьцаагаа авч эхлэх вэ. Ойрын хугацаанд өгч амжих уу?
-Хугацааны хувьд 2012, 2013 он дамжиж хэрэгжих байх. Учир нь их хэмжээний мөнгө гэнэт орж ирнэ гэдэг юу л бол гэсэн таамаг байна. Гэхдээ иргэд үүнд бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй.
Эх сурвалж
Монголын үнэн

Wednesday, 2 May 2012

Би эхнэрийнхээ өмнөөс албан тушаалаа өгөхөд бэлэн байна


Сангийн сайд Д.Хаянхярваатай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Та УИХ-ын гишүүн байхдаа бусдын л адил ажлаа хийгээд явдаг жирийн гишүүний нэг байлаа. Гэтэл Сангийн сайдад нэр дэвшиж эхэлснээс хойш таныг тойрсон хэл ам тасарсангүй. Хонгорыг хордуулсан л гэнэ, Баатархүүгийн бүлгийг удирддаг л гэнэ. Энэ бүхэнд та тайлбар хэлэхгүй юу?
-Сонинд гарсан нийтлэл бүрийн араас элдэв тайлбар хийдэг хүн би биш л дээ. Нийгмийн араншин нь тийм юм даа гэж бодоод нэлээд тэвчээртэй хандлаа. Өөрөөр хэлбэл Сангийн сайдад нэр дэвшиж эхэлснээс хойш намайг, чамгүй л «гөвлөө». Хонгорыг хордуулж дуусгасан, нөгөө нь тэр бүлэглэлийн гэх 800 сая төгрөгийг хулгай хийж, идэж уусан гэдэг хоёр зүйлээр гүтгэдэг. Би үүнд юу хэлэхээ мэдэхгүй байна.

Үнэндээ Хонгорын тухай асуудал яригдаад, 5-6 жил өнгөрсөн, олон түмэнд аль хэдийнэ ойлгомжтой болсон асуудал шүү дээ. Мөн миний удирдлагад ажиллаж байсан хүмүүсийг 316 сая төгрөг завшсан хэрэгт буруутгаж шалгаад, зохих шийтгэлээ хүлээгээд явж байгаа. Намайг Сан­гийн сайдад нэр дэвшиж байх үед тэр хэргийн материалыг бүрэн эхээр нь сайт, твиттерээр тавьсан байсан. Миний ойлгож байгаагаар намайг гүтгэж, бичүүлээд байгаа хүмүүс тэр хавтаст хэргийг уншаа байлгүй дээ. Түүн дээр Хаянхярваа гэдэг хүн энэ хэргийг зохион байгуулаад, тэр их мөнгийг идэж уусан уу гэдэг асуултын хариу тодорхой байгаа байх.

Монгол Улсад хууль хяналт шүүх, прокурор байдаг л юм бол энэ асуудал шийдэгдээд дууссан. Өнөөдрийг хүртэл энэ нөхөр л авсан, идсэн, уусан гэж гүтгээд байгаа нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудад ард түмэн ингэтлээ итгэхээ больсон юм байх даа гэсэн бодол төрүүлээд байгаа юм. Сүүлийн үед ийм гүтгэлэг нэлээд лавширлаа. Хууль хяналтынханд байр авч өгсөн, гадагш дотогш аялуулсан л юм байх. Мөн Засаг даргаар ажиллаж байсан цаг үетэй зарим зүйлийг холбоод байх шиг байна.

Аймгийн Засаг даргын үндсэн үүрэгт нь ерөнхий шүүгч, шүүгч, цагдаа, прокурор гээд төрийн томилгоотой ирж буй албан тушаалтнуудыг орон байраар хангах үүрэг байдаг. Үүний дагуу тэдний орон сууцыг шийдэж өгч байсан. Бодвол үүнийг надтай холбож, хувьд нь байр орон сууц өглөө гээд байдаг юм шиг ээ. Энэ мэтээр элдвийн л юмыг надтай холбоод байгаад би ямар тайлбар өгөхөө ч сайн мэдэхгүй байна.

-Засаг даргаар ажиллаж байх­даа таныг Дархан-Уул аймгийг бүтээн байгуулалтын хот болгосон гэж ярьдаг. Танаар овоглосон бишгүй ажил бий ч гэлцдэг. Дарханд болж байгаа бүх зүйлийг л тантай холбох юм. Ажаад байх нь ээ, сайн гэхээсээ саар бүхнийг. Танд гомдолтой санагддаггүй юм уу?
-Дархан бол Монголын хоёр дахь том хот. 100 мянган орчим хүн амтай.үйлдвэрлэл үйлчилгээ, банк санхүү, сургууль соёл гээд төрийн бүх үйлчилгээ тэнд бий. Би энэ хотод 26 жил ажиллаж, амьдарсан. Тэр дундаа 20 гаруй жил удирдах ажил хийсэн хүний хувьд тэнд ажилладаг банк санхүүгийн салбарынхныг, үйлдвэр аж ахуйн газрын дарга, төрийн байгууллагынхныг таньдаггүй гэвэл хүн итгэхгүй байлгүй. Тэнд ажиллаж байсан хүн бүхнийг Хаянгийн хамсаатан, тойрон хүрээлэгч болгох гэж оролдоод бай­даг нь их сонин. Бүтэшгүй зүйл л дээ. Өөрөөр хэлбэл би тойрон хүрээлэгчгүй байна гээд ганцаараа бүх ажлыг хийхгүй нь ойлгомжтой. Тойрон хүрээлэгч гэж хэнийг ч хэлдэг юм.

Засаг дарга байсны хувьд томилох ёстой албан тушаалтнаа томилно, удирдлагын чиглэл өгнө ингэж л ажиллаж ирсэн.Одоо ч гэсэн танил тал, бусад хэлхээ холбоо бүгд л бий. Дархан хотод амьдарч байсны хувьд дарханчууд намайг Хаян дарга л гэдэг. Би энэ хотод жирийн албан хаагчаас эхлээд дээд албыг нь хашиж байх хугацаандаа алдсан, оносон ч байдаг л байх. Гэвч болж буй процессыг надтай холбож бичих нь хэр зөв байдаг юм бол. Одоо би Дархан-Уул аймгийг удирддаггүй шүү дээ. Энэ хот одоо өөр удирдлагатай. Тойрон хүрээлэгч гээд нэг ойлголт бий болчхож л дээ. Хамт ажиллаж байсан бүх хүнийг тойрон хүрээлэгч гэдэг нэг малгай дор оруулаад, түүнийг удирдаж, хулгай хийж, бараг алуурчин гэх нь холгүй юм болж байх шиг. Сонгууль дөхөх тусам улам л гаарах нь.

-Мэдээж та сангийн сайд болсноосоо хойш улам их ажилд дарагдах болсон биз. Энд тэндхийн хов живийг сонсох зав ч гардаггүй л байх?
-Би өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Сангийн сайдаар томилогдож, тамга тэмдгээ авсан. Энэ цаг үеэс өнөөдрийг хүртэл гурван cap гаруйн хугацаанд өглөө үдэшгүй, хагас, бүтэн сайнгүй ажиллаж байна. Надад элдэв хов жив хөөцөлдөж, сайт үзэж, телевизийн суваг эргүүлж суух цаг байхгүй. Сангийн сайдын ажил гэдэг амаргүй. Мэдэхгүй, чадахгүй зүйлтэй тулгарч л байна. Төрийн албыг цалгардуулахгүй байх хүсэл тэмүүлэл ч бас байна. Үүнийхээ ард гарахын төлөө ажиллаж яваа болохоос биш хов хөөцөлдөөд явбал надад ажил хийх цаг гарахгүй.

Монголчууд ухаантай ард тү­мэн учраас аль нь зөв, бурууг тунгаах байх. Улстөр гэдэг бүхэлд нь харлуулах процесс явагдаж байгааг харж байна. Ялангуяа дарханчууд намайг ноён нуруу алдаад энд тэнд хулгай хийж, луйвар зохион байгуулдаг хүн гэж бодохгүй гэдэгт би 100 хувь итгэдэг. Тиймээс ч хэвлэл мэдээллээр гарч байгаа элдэв зүйлд эмзэглээд байдаггүй. Улстөрчийнхөө хувьд, хувь хүнийхээ хувьд тэвчээд өнгөрөх ёстой гэдэг шаардлагыг эрхэмлэдэг.

-Нөгөө талаар няцаалт ч юм уу, тайлбар хэлэхгүй байхаар нээрээ ч үнэн юм уу гэх хандлага тєрдєг?
-Тайлбар хvсэж олон сэтгүүлч ханддаг. Өнөөдөр харин зориуд цаг гарган тантай уулзаж байна. Үнэхээр тэвчээр алдлаа. Худлаа зүйлийг 1000 удаа үнэн гэж ярихаар үнэн болдог гэдэг шүү дээ. Сонгууль болтол энэ маягаар явбал Хаян гэж айхтар нөхөр гэх ойлголт төрүүлж, нийгэм Ингэж ойлгох байх гэж миний эсрэг мэдээлэл цацаж байгаа нөхөд ойлгоод байх шиг.

Монголын ард түмэн, дархан­чууд маань намайг үнэхээр энэ бичээд байгаа хэмжээнд ойлгож, дүгнэж цэгнэхэд надад гомдоод байх зүйлгүй. Нэгэнт би энэ ажлыг хийж чадна, ард түмний итгэлийг даана гэж зорьж нэр усаа дэвшүүлсний хувьд Засаг дарга, бас УИХ-д төрийн түшээ болж ажиллаж байгаагийн хувьд сонголтоосоо ухарвал алдаа болно. Ард түмэнд буруу өгөх ёсгүй. Тиймээс ямар дүн тавина түүнд би гомдох эрхгүй. Эцсийн эцэст худал үнэнд гүйцэгдэнэ гэдэгт би бүрэн итгэдэг. Улстөрд байх миний хугацаа дуусмагц энэ бүх зүйл замхарна.

-Хамгийн сүүлд таныг Баатархүүгийн бүлэг гэгчтэй нэлээд холбож бичсэн. Баатархүүгийн бүлэг гэж чухам юу юм бэ?
-Би мэдэхгүй юм. Ийм хүнийг танихгүй, бас мэдэхгүй. Шинээр гарч ирсэн нэр томьёо бололтой.

-Танд эвгүй ч байж мэднэ. Гэхдээ асуухаас єєр аргагүй бай­гааг уучлаарай. Таны эхнэрийг их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээлэл гарсан байна лээ. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Би хэллээ шүү дээ. Үнэхээр тэвчээр алдаад ярилцлага өгч бай­на аа гэж. Миний тухай, ажил­лаж байсан үе болон надтай хамт ажиллаж байсан хүмүүсийн алдаа оноо бүхэнд намайг холбон бичиж байгааг би тэвчинэ. Яагаад гэвэл хууль хяналтын байгууллага үнэн мөнийг тогтоосон байхад би тэгээгүй гэж ярих нь зохимжгүй. Миний удирдлага дор ажиллаж байсан хүмүүс гаргасан алдаандаа зохих ял шийтгэлээ амссан. Энэ бүхэнд нь би харамсаж явдаг. Ажлын хариуцлага алдаж байсан, тэр үед нь илрүүлж, орон шоронд орохгүй байх хүртэл нь сэргийлж чадах чадвар байсангүй гэж би өөрийгөө зэмлэдэг.

Өнөөдөр тэсвэр алдсан шалтгаан нь дуугүй байх тусам даварч байна л гэж бодож байна. Миний эхнэрийг шоронд орлоо л гэнэ, гарлаа л гэнэ, бас 800 сая төгрөгийн асуудалд орлоо гэж бичжээ. Захиралтайгаа нэг өрөөнд суудаг ч гэж байх шиг. Энэ арай хэтэрлээ, бичүүлсэн нөхдөд хэлмээр байна. Миний эхнэр дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, жирийн нэгэн эмэгтэй. Санхүүгийн мэргэжилтэй. Нягтлан бодогч, санхүүгийн мэргэжлээрээ ажиллалгүй удаж бай­на. Би УИХ-ын гишүүн болоод Дарханаас ирэхэд манай эхнэр ажлаа хүлээлгэж өгсөн. Гэвч Улаанбаатарт ирсэн хойно агаар ус таарахгүй, бие нь өвдөөд Дархан руугаа буцсан. Хүнд байдаг л зовлон шүү дээ.

-Одоо ямар ажил хийж байгаа вэ?
-Буцаж очоод хоёр сарын дараа ажиллаж байсан банкандаа ажилд орсон. Мөнгө төгрөгийн эрх мэдэл байтугай, хуучин цагийнхаар бол аж ахуйн нярав хийдэг хүн. Санхүүгийн ажил хийхэд эрүүл мэнд нь хүлээж авахгүй болсон ийм л эмэгтэй. Ийм хүнийг тийм айхтар хэрэгт холбож, орон шоронд «оруулаад», бас « гаргаад» авсан. Үр хүүхдүүд минь, хөдөө амьдарч байгаа аав, ээж минь утасдаж байна. Санаа нь зовж байна. Хулгайч зэлгийч болоо юу, юу болоод байгаа юм гээд лавлаж байна. Үнэхээр ор тас худал мэдээллээр ард түмний толгойг угааж, мөрөөрөө амьдрах гэж яваа энэ гэр бүл, үр хүүхдүүдийн минь сэтгэл санаагаар тоглох хэрэг байна уу.

-Танай гэр бүлд их л хүнд байгаа юм байна даа?
-Миний тухай бичихэд хүүх­дүүд минь ойлгоно. Аав минь улстөрч учраас ийм хәл ам дагана гэдгийг тэд гадарлана. Харин ээжийг нь ингэж бичихэд тэд үнэхээр хүлээж авч чадахгүй. Яагаад гэвэл миний хань, хүүхдүүдийн минь ээж тийм хүн биш. Дарханы захын нэг хүнээс асуухад үүнийг нотолно гэдгийг би нүүр бардам хэлье. Би нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Энэ хэргийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагынхан та бүхэн манай эхнэр ийм зүйлд орооцолдоод, идэж уусан бол олон түмэнд зарлаад өгөөч ээ гэж хүсч байна. Хэрвээ ийм үйлдэл хийсэн бол би эхнэрийнхээ өмнөөс одоо энэ хашиж байгаа албан тушаалаа өгөхөд бэлэн байна. Дахин хэлье. Энэ хэрэгт оролцсон бол гаргаад ирээч, оролцоогүй бол үүнийг нотолж өгөөч гэдгийг хууль хянал­тын байгууллагынхнаасаа хүсч байна.

Хэвлэлд бичсэн бүхний араас гүйж, нэр төр сэргээж өгөөч гэж гүйх цаг хугацаа үнэндээ алга. Богино ч гэсэн хугацаанд гавьяа байгуулаад их юм бүтээдэггүй юм гэхэд гай тарилгүй, төрийн энэ ажлыг ном дүрмээр нь явуулчих юмсан гэсэн чин хүсэл надад байгаа.

-Тэр банканд ажиллаж байсан хүмүүс тантай хамт төрийн алба хашиж байсан гэх юм билээ. Энэ үнэн үү?
-Миний мэдэх Ганболд гэдэг «Чингис хаан» банкны захирал залуу төрд ажиллаж байгаагүй. Энэ залууг банкны захирал болсон үеэс нь мэднэ. Хонгор сумын Засаг дарга, бас тэр телевизийн захирал залуу ч баригдах гэнэ гээд бичсэн байна лээ. Юу болж байна вэ энэ чинь, Монгол Улс хууль дүрэмтэй орон. Хүнийг ингээд гүтгээд байхаар болдог гэж арай бодоогүй байлтай. Дуугүй яваад байхаар тэр хүн хулгайч болоод хувирдаг ийм нийгэмд бид арай амьдрах гээд байгаа юм биш биз.

Дарханд төрийн алба хашиж буй бараг бүх хүнийг би толгой дараалан танина. Банкны тэр залуустай би нам эвсэл холбооны шугамаар танилцаж, ажил хэргийн холбоотой байдаг. Тэдэнд би нэг л зүйлийг захидаг. Хариуцан ажилдаа эзэн, амьдралдаа сэтгэл хангалуун байж сур гэж үргэлж хэлдэг дээ. Үр хүүхэддээ ч үүнийг сургамжилдаг. Миний амьдралын философи ч тэр. Намайг бүр хамаатан садандаа Дарханы бараг бүх объектыг худалдан авч өгсөн гэж бас гүтгэсэн байсан.

Хүнийг муу хэлэхийн тулд тэр хамаатан садан бүгдийг нь хамаатуулж болохгүй, шүү дээ. Би 12 дүүтэй. Тэднийхээ амьдрал, хувь заяанд туслах үүрэг надад бий. Тэглээ гээд бүхэл бүтэн объект байшин сав худалдаж авч өгсөн түүх үгүй. Энэ мэт увайгүй байдлаар улстөр хийж, нэг хүнийг харлуулахын тулд бүх л бүтэн гэр бүл, ах дүүс, найз нөхдийг харлуулаад байх юм бол энэ нийгэмд яаж сэтгэл хангалуун амар тайван амьдрах юм бэ.

-Дахиж та хэвлэлд хандахгүй гэсэн үү?
-Тийм ээ. Намайг дахиж юу ч гэж хэлж байсан би тайлбар өгөхгүй. Тийм зав ч алга. Хариуцсан ажлаа шударга хийхийн төлөө хичээж явна.

Н.Жаргал
Өглөөний сонин

Д.Хаянхярваа: Хүн бүр сая төгрөгөө авъя гэвэл би ч авмаар байна


Сангийн сайд Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Өнөөдөр /өчигдөр/ Засгийн газрын хуралдаанаар ахмадуудад олгох нэг сая төгрөгийн хуваарийг хэлэлцсэн, ирэх сараас гурав хувааж өгөх нь тодорхой болсон уу?
-Тэгсэн. Иргэдийн 1.5 сая төгрөгийн олголтод их анхаарал хандуулж байгаа. Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын 53 дугаар тогтоолоор батлагдсан журамд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа. Өөрөөр хэлбэл өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр олгох асуудал юм. Тиймээс ирэх дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хугацаанд хувааж олгохоор журмын зохицуулалт хийсэн.
-Ахмадуудын сэтгэлийг чилээгээд байсан нэг сая төгрөгөө гурав хувааж өгнө гэсэн үг үү. Иргэд ингэж авах сонирхолгүй л байгаа байх даа?
-Үндсэндээ хоёрдугаар улиралд багтаан, тэнцүү хувааж олгоно. Эхний ээлжинд эдийн засгийн боломж, нөхцөлийг л харсан. Нэг сая төгрөгийг шууд бэлнээр олгох боломж болон өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа инфляцийг барихад чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Тиймээс гурав хувааж олгохоос аргагүй. Түүнээс биш хүн бүр сая төгрөгөө авъя гэрэл би ч авмаар л байна.
-Уг нь аль cap шинийн өмнө олгоно гэсэн шүү дээ?
-Төсөвт мөнгө суулгачихаар л мөнгө орчихдог юм шиг боддог. Төсвийг чинь бүрдүүлэх хэрэгтэй биз дээ. Одоо ч байхгүй л дээ. Гэсэн ч бид зохицуулалтаа хийж л байна.
-Тэгвэл 334 тэрбумыг гаргахаар төсөвт хүндрэл гарах юм биш үү?
-Санхүүжилтийн хувьд амаргүй, хүнд байгаа. Гэхдээ энэ эх үүсвэрийг төвлөрүүлэх ёстой хүмүүс тодорхой хэмжээнд гэрээ, хэлцлээ хийгээд дөрөвдүгээр сарын эхээр тодорхой хэмжээний санхүүжилтийг өгөх боломжтой. Үүний үндсэнд бид журмандаа өөрчлөлт оруулсан юм. Мөнгөө цаг хугацаанд нь амжиж олгоно гэдэгт итгэж болно.
-Урьдын адил банкуудаар тараалт хийгдэх үү. Бичиг баримт бүрдүүлэлтийн хувьд ямар нэг өөрчлөлт оруулах уу?
-Тэгнэ, банкаар л олгоно. Манай нөхцөл байдал тийм болохоор өөр арга байхгүй. Бичиг баримтын хувьд сайн мэдэхгүй байна. Хүний хөгжил сангийн мөнгө авч байсантай ойролцоо байх. Чирэгдэл үүсэхгүй байлгүй дээ.
-Мөнгөө бэлэн бусаар авах сонирхолтой хүмүүс нь яах вэ?
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөг, 1.5 сая төгрөг олгох хүрээнд хийгдэж байгаа л ажил үргэлжилж байна. Монгол Улсын иргэд зургаадугаар сараар тасалбар болгон 500 мянган төгрөгөө үндсэндээ авч дуусч байгаа. Давхардсан тоогоор 160 гаруй мянган оюутан 1.5 сая төгрөгөө авсан гэсэн үг. Харин ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирэх сараас нэг сая төгрөгөө авчихаар үндсэндээ дуусч байгаа юм. Ингэхээр бид нийт иргэдийнхээ 4/1 хувьд амласан хувь хишгээ өгсөн байна. Хүний хөгжил сангийн хуулийн дагуу орон сууц, нийгмийн даатгалын шимтгэл зэрэгт зарцуулах боломж, нөхцөлүүд хэвээрээ байгаа.
-Тухайлбал, одоогийн 100 мянган айлын орон сууц руу хандуулж болох нь ээ?
-100 мянган айлын орон сууц, зургаан хувийн хүүтэй зээл олгох асуудлаар хотын захиргаа, ЗТБХБЯ, Сангийн яам хоорондоо гэрээ байгуулсан. Тооцоо судалгаа хийгдэж байгаа. Үлдсэн сая төгрөгийг холбогдох талуудтай зөвшилцсөний үндсэнд орон сууцны санхүүжилт рүү шилжүүлэхэд болохгүй гэх газаргүй.
-Хүн амын үлдсэн хэсэг хэзээ хувь хишгээ авч дуусах юм бол?
-УИХ-аас гаргасан 53, 57, 39 дүгээр тогтоолууд хууль эрх зүйн хувьд хоорондоо зөрчилтэй байгаа. Уг нь өнөөдөр /өчигдөр/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч зарим баримт, бичиг дутуу учраас Сангийн яам руу буцаасан. Тиймээс дахин тооцоо судалгаа хийж, Засгийн газрын дараагийн хуралдаанд дээрх гурван тогтоолын эрх зүйн зөрчилтэй асуудлыг шийдвэрлэнэ. Ингэсний дараа УИХ-д өргөн барьж, тэндээс шийдвэрлүүлэх нь эхний алхам. Харин дараагийн шатанд хувьцаа эзэмшүүлнэ.
-Хэзээ хувьцаа эзэмшүүлэх вэ. Иргэдийн дунд маш их эргэлзээ төрүүлсэн асуудал болчихоод байгаа шүү дээ?
-Хувьцаа гаргах асуудалд тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ ирэх тавдугаар cap гэхэд шийдвэрлэчих байх. Мэдээж хувьцааны асуудал шийдэгдэхээр түүнийгээ борлуулна. Тэгэхээр иргэд хувьцаа авахгүй мөнгө болгомоор байна гэвэл урьд нь хувьцаа зарж олсон орлогоосоо буцааж мөнгөжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэдийгээр иргэдэд мөнгөний хэрэгцээ байгаа боловч энэ ажил 2012 оны туршид явагдах үйл ажиллагаа гэж ойлгоорой.
-Та сангийн сайд, улсын төсвийг барьж байгаа хүн. 2008 онд ялалт байгуулахын тулд амласан мөнгөний амлалт ямар үр дүнд хүргэж байгаад дүгнэлт хийсэн л байх?
-Үүнийг ганц би ч биш, монголчууд бүгдээрээ мэдэж, хөдөө, орон нутаг, дээр доргүй ярьж байна. Ард түмэн «Халамжийн хавтгайрсан бодлого чинь хэрээс хэтэрчихлээ. Хүнийг залхуу, архичин, ажил хийх сонирхолгүй болгож байна» гэх зэргээр шүүмжилж байна. Тэдний ингэж байгаа нь оргүй юм биш.
Улстөрийн бүх хүрээнийхэн том алдаа хийснээ ойлголоо, мэдэрлээ. Дахиж ингэж хэрээс хэтэрсэн, боломжгүй амлалт өгч гарч ирэхгүй байх хууль эрх зүйн орчин бүрдүүлж чадлаа. Ямар ч тохиолдолд аливаа алдаанаасаа авсан сургамж нь үр дүнтэй болбол алдаагаа залрууллаа гэсэн үг. Хэрвээ сургамжаа хэрэгжүүлж чадахгүй бол алдаагаа ойлгоогүйн илрэл.

Тиймээс улстөрийн олон хүчин олон амлалтаасаа алдсан алдааныхаа талаар сайн ойлгосон болов уу гэж бодож байна.
Нийтлэлч
Ж.Нарангэрэл
Эх сурвалж
Өглөөний сонин

Д.Хаянхярваа: Хувьцаа олгох асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэнэ


Сангийн сайд Д.Хаянхярваа
"Хүний хөгжил сан"-гаас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох нэг сая төгрөгийг чухам хэзээ олгох вэ гэдэг асуудал иргэдийн дунд хүлээлт үүсгэж байсан билээ. Тэгвэл Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны дараа Сангийн сайд Д.Хаянхярваагаас нэг сая төгрөгийг хэрхэн олгох талаар тодруулсан юм.
-"Хүний хөгжил сан"-гийн нэг сая төгрөгийг иргэдэд ямар журмаар олгох вэ?
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд "Хүний хөгжил сан"-гийн нэг сая төгрөгийг ирэх сараас олгож эхэлнэ. Ингэхдээ дөрөв, тав, зургадугаар сард тэнцүү хувааж олгохоор шийдвэрлэлээ. Гэхдээ орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр болон бусад хэлбэрээр нэг сая төгрөгөө авсан бол хасаж тооцно.
-Нэг сая төгрөгийг бөөнд нь олгох боломж байгаагүй юу. Иргэдийн дунд ийм хүлээлт байгаа бололтой?
-Нэг сая төгрөгийг бөөнөөр нь олгох боломж хэр байгааг судалж үзсэн. Нэгдүгээрт бид эдийн засгийнхаа боломжийг харж байна. Түүнчлэн инфляци өдөр бүр нэмэгдэж, цаашид нэмэгдэх магадлалтай байгаа нь үүнийг нэг шалтгаан. Энэ бүхнийг тооцоолоод нэг сая төгрөгийг гурав хувааж олгохоор болсон.
-Иргэдэд сая төгрөгийг яг хэдэнд олгох вэ. Иргэд сая төгрөгөө авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой юм бол?
-Яг хэдэнд олгохыг хэлэхэд эрт байна. Ямартай ч "Хүний хөгжил сан"-гийн хишиг, хувь олгодог ерөнхий зарчмаараа нэг сая төгрөгийг олгоно. "Хүний хөгжил сан"-гийн бичилт хийсэн дэвтэр бий. Иргэдийн мэдээллийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах үеэр цуглуулсан. Гэхдээ нэг сая төгрөгийнхөө оронд хувьцаа авна гэсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ангилах ажлыг ч хийх юм.
-Санхүүгийн эх үүсвэр хангалттай бий юү?
-Төсөвт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг олгоход зориулж 334 тэрбум төгрөгт тусгасан байгаа. Энэ хөрөнгийг бүрдүүлж байгаа. Санхүүжилт амаргүй байгаа. Санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх үүрэгтэй хүмүүс маань эхнийхээ гэрээ хэлэлцээрийг хийсэн. Тиймээс эхний ээлжийн мөнгийг олгоход ямар нэг хүндрэл гарахгүй.
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд сая төгрөгөө хэрхэн авах вэ. Яг хэзээ олгох бол?
-Оюутнуудын 500 мянган төгрөгийг ирэх зургаадугаар сард олгож дуусна. Нийт 160 орчим мянган оюутан 1.5 сая төгрөгөө бэлнээр нь аваад дуусч байгаа. Дээрээс нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бэлнээр олгосноор Монгол Улсын иргэдийн дөрөвний нэг орчим хувь нь 1.5 сая төгрөгөө аваад дуусна. Үлдсэн иргэддээ Тавантолгойн хувьцаа, нэг сая төгрөг олгох журмыг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм. Дараа нь УИХ-д өргөн барьж, эцэслэн шийдвэрлэнэ. Мэдээж бид иргэддээ сая төгрөгтэй дүйцэх хэмжээний хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Тавдугаар сар гэхэд хувьцаа гаргах асуудлыг шийдвэрлэчих байх. Энэ бүхний дараа иргэд маань хувьцаагаа зарж, сая төгрөгөө авах боломжтой. Бидний тооцоолж байгаагаар хувьцаатай холбоотой сая төгрөгийн асуудлыг энэ ондоо багтааж шийдвэрлэнэ.
-Нэг сая төгрөгийг банкаар дамжуулж олгох уу. Хэрвээ банк нэг сая төгрөг олговол иргэдээс хураамж авах уу?
-Нэг сая төгрөгийг банкаар дамжуулж олгоно. Ер нь банк аливаа үйлчилгээг үнэгүй явуулдаггүй. Банк өөрөө хүн ажиллуулж байгаа, алслагдсан бүсүүдэд бэлэн мөнгө хүргэж байгаа. Тэгэхээр банк тодорхой хэмжээний хураамж авах байх.
-Сангийн сайд асан С.Баярцогт "Сая төгрөгөө бэлнээр нь авах хүсэлтэй иргэдэд зориулж 400 тэрбум төгрөг төлөвлөсөн" гэж мэдээлж байсан. Энэ юу болов. Мэдээж 334 тэрбум төгрөгөөс тусдаа шүү дээ?
-Үгүй л дээ. Улсын төсөвт 334 тэрбум төгрөг л тусгасан. Тэр мөнгийг л өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хувааж олгоно.
Нийтлэлч
Т.Урангэрэл
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин