Showing posts with label ЗАНДАНШАТАР Г.. Show all posts
Showing posts with label ЗАНДАНШАТАР Г.. Show all posts

Sunday, 3 June 2012

Г.Занданшатар: БНСУ-д зорчдог 90 хоногийн визийг нэг жилийнх болгох хэлэлцээрийг хийлээ

Г.Занданшатар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны сайд Ким Сун Хваны урилгаар тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын нэгний өдрүүдэд БНСУ-д албан ёсны ажлын айлчлал хийгээд ирсэн билээ. Айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай ярилцлаа.
-Солонгос улсад хийсэн айлчлалын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ  удаагийн айлчлалаар  хоёр  орны  харилцаа хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаа, бүс нутаг олон улсын асуудлаар харилцан санал солилцлоо. Уулзалтаар хоёр орны харилцааны иж бүрэн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжиж байна гэж дүгнээд цаашид идэвхжүүлэхээр тохиролцсон.
-Айлчлалаар визний асуудал нааштайгаар шийдэгдэх боломж бүрдсэн гэсэн?
-Монгол Улс БНСУ-ын Засгийн газар хоорондын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг алхам алхмаар сайжруулж, харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэж, энэ бодлогын хүрээнд эхний ээлжид иргэдийг визийн хураамжаас чөлөөлөх, олон удаагийн визийн горимд шилжих тухай хэлэлцээр байгуулсан нь чухал болохыг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу.
-Харилцан визгүй зорчих асуудал гэдгийг тодорхой тайлбарлахгүй юу?
-БНСУ-д манай улсын иргэд 90 хоногийн визтэйгээр зорчдог байсан. Энэ айлчлалын үр дүнд 90 хоногийн визийг нэг жилийн виз болгож, олон удаа зорчих боломжтой болж байна гэсэн үг. Нэг жилийн визээр зөрчилгүй зорчих юм бол гурван жилийн виз, цаашлаад таван жилийн виз авна. Ингэж монголчуудад визний таатай боломж бүрдэхээс гадна иргэдийн халааснаас гардаг визний хураамжаас давхар чөлөөлөгдөнө. Жилд монголчууд визинд 700-800 долларын хураамж төлдөг гэсэн бидний тооцоо бий л дээ. Энэ бол нэг тэрбум төгрөг гэсэн үг. Монгол Улсын 44 мянган иргэн давхардсан тоогоор Солонгос улсад зорчсон байна. Иймээс энэ хураамжаас чөлөөлөгдөх нөхцөлийг хангаж өглөө. Ингэснээрээ Монголын иргэд Солонгос улсад зорчих асуудал тодорхой хэмжээнд хөнгөрч байна. Хоёрдугаарт, Солонгосын чинээлэг иргэд Монгол Улсад хөрөнгө зарцуулах гэхээр виз авах процесс нь хүндрэлтэй байдаг байдал алга болно. Хөрөнгө оруулалт, тэр дундаа жуулчид  олноор орж ирэх бололцоо нэмэгдэнэ. Монголчуудын хамгийн ихээр зорчиж байгаа улс Солонгос шүү дээ.
-Хууль бусаар ажиллаж амьдардаг иргэдийн асуудлыг ярилцаж амжив уу?
-Сүүлийн жилүүдэд Солонгост байгаа иргэдийг нэг удаагийн визинд хамруулж, албажуулах асуудлыг байнга л тавьж ирсэн. Солонгост зөвхөн монголчууд ч биш олон улсын иргэд байдаг учраас зөвхөн манайхныг онцлоод албажуулах асуудал хүндрэлтэй. Бодоод үз л дээ. Солонгосчууд хоёр хүн орж ирэхэд нэгэнд нь мах чанаад нөгөөд нь яс чанаад өгч болохгүй биз дээ. Тэгвэл тэр айлыг ялгавартай хандаж байна гэж бодно. Тэгэхээр ялгаж хандах бололцоо Солонгос улсын хувьд хүндрэлтэй. Ямар ч байсан өршөөлд хамруулах, иргэдийг хууль ёсны болгох асуудлыг байнга л ярьж байгаа.
-Визний асуудал хэзээнээс ажил хэрэг болох вэ?
-Хэлэлцээр хүчин төгөлдөр болох хугацаа дотоодын процедур дуусаад хүчин төгөлдөр болно. Манай процедураар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцээрийг эцэслэн батлаад бэлэн болно.
-Манай улсын эдийн засгийн харилцаанд дорвитой өөрчлөлт орохоор хэлэлцээр хийгдсэн үү?
-Хоёр улсын хооронд 380 сая долларын гадаад худалдааны эргэлт хийж байгаа ч экспорт 38 сая долларт хэмжигддэг. Тийм учраас Монгол Улсын экспортыг дээшлүүлэх зорилтыг тавьж байна. Энэ хүрээнд Солонгосын өндөр техник технологийг ХАА-н салбарт нэвтрүүлж, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг өндөр технологийн боловсруулж, бүтээгдэхүүн нийлүүлнэ. Хоёрдугаарт, уул уурхай болон дэд бүтцийн салбарт өндөр техник технологи хөгжүүлэх асуудлаар Солонгосын Мэдлэгийн эдийн засгийн яамтай санал солилцож ярилцсан. Солонгос бол мэдлэгийн эдийн засагтай улс орон. Мэдлэгт суурилсан эдийн засагтай мэдлэгээрээ нэмүү өртөг үйлдвэрлэж, мэдлэгтэй хүн олон арван хүнийг тэтгэж тэжээж ирсэн. Монголын эдийн засаг бол түүхий эдийн засаг. Монголыг түүхий эдийн эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засагт хүргэхийн тулд Солонгосын өндөр техник технологи мэдлэгийг оруулж ирэх хэрэгтэй. Энэ тал дээр хамтран ажиллах талаар ярилцлаа Мөн айлчлалын үеэр БНСУ-ын дипломатын академид зочилсон. Дипломатын академи Монголын залуу дипломатуудыг сургах мэдэлэг чадвар дээшлүүлэх хамтран, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар семинар зөвлөгөөн зохион байгуулах зэргээр хамтран ажиллах талаар ярилцлаа. Түүнчлэн айчлалын хүрээнд Солонгосын Монгол судлалын хоёр дахь тэнхим байгуулагдаж, энэ хүрээнд Гадаад хэлний дээд сургуульд зочилж лекц уншлаа.
-Солонгосын хэвлэлүүдээр «МИАТ» компани болон «Кореан айр»-ийн монополь байдал нэлээд асуудал үүсгэсэн. Энэ асуудал айлчлалын хүрээнд яригдав уу?
-Ер нь Солонгосын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хороо болон Шударга бус өрсөлдөөнийг хянах хороо нь хууль цагдаагийн байгууллагаас илүү хянадаг тогтолцоотой. Бүхий л шатны байгууллагад эрх мэдлийн хүрээнд санхүүгийн шалгалт явуулдаг байгууллага. Энэ байгууллагын хяналт шалгалтаар дээрх хоёр байгууллагыг үгсэн хуйвалдаж, өрсөлдөөнгүйгээр үндэслэлгүй үнэ тогтоож, хэрэглэгчдийг хохироосон гэдэг дүгнэлт гаргасан. Солонгосын хэвлэл болон монгол, солонгос хүмүүсийн ярьж байгаагаар зуны улиралд гурван сарын өмнө билет захиалаад Монгол руу нисэхэд хүндрэлтэй. Ачааллаа дийлдэггүй мөртлөө өндөр үнэ хэлдэг гэдэг шүүмжлэлтэй асуудлыг Солонгосын тал ярьж байна. Мөн Монголын ЗТБХБ-ын холбогдох газруудын дарга нарыг Чэжү аралд үнэгүй аялуулдаг. Ингэснийхээ төлөөсөнд давуу эрх эдэлдэг гэдэг дүгнэлтийг хийж нотлогдсон учраас «МИАТ» компанид дөрвөн сая долларын торгууль оногдуулах найдвар гаргасан юм билээ.
-Ийм их хэмжээний торгуулийг «МИАТ» компани төлөх чадвартай гэж үү?
-Энэ бол «МИАТ» компанид асар их мөнгө болох нь ойлгомжтой. Айлчлал болох гэж буйтай холбогдуулан дээрх асуудлыг тавьсан. Дипломат харилцаанд сэв суулгаж болзошгүй аюул гэж хоёр тал үзээд торгуулийг 1.6 сая доллар болгосон. Ингээд холбогдох албаныхан дахиж ярилцаад торгуулиас чөлөөлсөн. Гэхдээ дээрх хоёр байгууллага үгсэн хуйвалдаж, үнэ өндөр тогтоож байна гэдгийг анхааруулсан. Цаашдаа зах зээл өрсөлдөөний зарчмаар олон компани өрсөлдөж, үйлчилгээний чанар өрсөлдөөний үр дүнд сайжирч, боломжийн үнэтэй болох нь нийт иргэдийн ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж байна. Өрсөлдөөн байж л аливаа үйлчилгээ бүтээгдэхүүн чангардаг. Тэр утгаараа «МИАТ» ХК-ийнхан алдаан дээрээ туршлагажиж, цаашид чангарч өрсөлдөнө шүү дээ.
-Таныг эзгүй байх хооронд Сонгуулийн тойргийн хороонд бүртгэхгүй гэдэг асуудал яригдсан байна. Учир нь олдсон болов уу?
-Бид Сонгуулийн хууль тогтоомжийг баталж, сонгууль  явуулах  журмаа баталж гаргасан улсууд учраас ямарваа нэг хууль зөрчсөн үйлдэл хийхгүй. Миний хувьд зарим нэг хүн шиг лиценз эзэмшиж, газар аваагүй. Үүнийг хаана ч хэлэх учраас хууль зөрчсөн гээд байгаа үндэслэлээ нотлоод шалгах хэрэгтэй. Г.Занданшатар хулгай луйвар хийгээгүй учраас л өнөөдрийг хүртэл ард түмэн итгэл даалгаж УИХ-д сонгож, ажиллуулж байна гэж боддог. Итгэл хүлээлгэдэг учраас шударга бус өрсөлдөөний аргаар  шахан зайлуулах бодлого гаргаж байгаа нь харамсалтай. Хууль зөрчсөн ямарваа нэг үйлдэл надад байхгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээг сонгуулийн жил зогсоох ёсгүй. Улсын төсвөөр хийж байгаа ажилд оролцож болно гэсэн заалтыг хуульчлаад өгчихсөн. Тийм учраас төсвөөс хийгдэж байгаа арга хэмжээнд оролцсоныг Сонгуулийн хууль зөрчсөн гэж мухраар зүтгэж байгаа нь үндэслэлгүй зүйл.
-Ямар үндэслэлээр таныг бүртгэхгүй гэсэн юм бол?
-Гадаадад айлчлалаар байсан болохоор ар хударгаар ямар ямар юм бичиж     өгснийг үнэндээ мэдэхгүй юм.
-Гэр олгосон гэдэг асуудлыг тавьсан юм биш үү?
-Улсын төсвөөс тодруулбал, НХХЯ-наас олгож байгаа гэр. Хувь хүн олгосон зүйл биш шүү дээ. «Үүнийг ялгаж зааглах хэрэгтэй л дээ.
-Сонгууль  болтол олон асуудлыг зохиомлоор, санаатайгаар хийх нь ойлгомжтой шүү дээ. Та үүнд хэр бэлтгэлтэй байна вэ?
-Сонгууль  болдгоороо болж, нар манддагаараа мандана. Маргааш өдөр болно. Хүмүүс эргэж уулзах учрах улаан нүүртэй.Төрийн хууль  тогтоомжтой. Тийм учраас хуулиа   баримталж ажиллах хэрэгтэй. Үндсэндээ хууль тогтоол зөрчөөд гүтгэн доромжлох, гутаах, үндэслэлгүй  үг хэллэг хэрэглэх нь улстөрийн соёлд зохисгүй 7 үйлдэл. Тийм учраас иймэрхүү зүйлүүд  явдгаараа явах л байх. Сонгууль болохоор нэг нэгнийгээ их муу хэлдэг. Өрсөлдөгчөөс нь өөр хүн байхгүй болтол нь хөө цацдаг. Өрсөлдөгч  рүүгээ  хөө  цацаж хав хар болгочихно гэж боддог ч үнэн хэрэгтээ  хөө цацсан хүн өөрийгөө хөө шиг  хар  болоод  байгаагаа анзаарч мэдэх хэрэгтэй. Тэгээд ч ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг хашир ухаандаа ялгаж, салгаад ойлгочихсон  байгаа шүү дээ.
Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин
2012/06/04

Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: Манай гурван оюутан хар тамхи хэрэглээгүй нь тогтоогдсон

УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд Г.Занданшатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх болсон байна. АОХН ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
-АОХН нь ардчиллыг дэмжих, ардчиллын  хэм  хэмжээ, институцийг хөгжүүлэхэд улс  орнуудын нэгдмэл байр суурийг баталгаажуулах зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага. АОХН-ийг 2000 онд Польшийн Варшав хотноо болсон Гадаад харилцааны сайд нарын анх дугаар бага хурлаар байгуулсан. АОХН-ийн уйл ажиллагаа нь ажлын хэсгүүдээр дамжин явагддаг. Үүнд ядуурал, хөгжил, ардчиллын асуудлаарх, ардчиллыг хөгжүүлэх, үндэсний болоод  үндэстэн дамнасан аюулаас хамгаалах, иргэний нийгмийг байгуулж хамгаалах, шинэ  тулгах  ардчилсан орнуудын удирдагчдад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлын хэсгүүд байдаг.
-Энэ байгууллагыг тэргүүлснээр манай орны хувьд олон улсад нэр хүндээ дээшлүүлэх боломж  бүрдэх үү?
-.Манай улс өнгөрсөн оны долоодугаар сарын нэгнээс АОХН-ийг даргалж байна. Манай улс дэлхийн 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн ардчиллын төлөөх энэ хөдөлгөөнийг тэргүүлж байгаа нь Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайх, түүн дотор ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, идэвхтэй оролцох тухай гадаад бодлогын баримтлалын заалтыг хэрэгжүүлэхэд бодитой алхам болно.
Гадаад бодлогын арга хэмжээнүүдийг шууд бодитой үнэлээд хэлэхэд хэцүү.
Манайх энэ байгууллагыг даргалснаар Европын хамтын ажиллагааны гишүүн орон болох нөхцөл бүрдэнэ. Нэр хүнд олон улсын тавцанд өснө. Гадаад бодлогын томоохон арга хэмжээнүүдэд Монгол Улсын дуу хоолой төдийлөн хүчтэй сонсогдох боломж хязгаарлагдмал байдаг байсан бол дэлхий нийтийн түвшинд манай улсын дуу хоолой өндөр түвшинд хүрсэн гэж болно. Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бүсийн гишүүн болж байна. Ардчиллын боловсролыг дээшлүүлэхэд нэлээн ахиц дэвшил гарч байгаа юм. Монгол Улсын нэр хүнд илүү дээшилж байна.
-Бид ямар үүрэг хүлээх вэ?
-Манай тал АОХН-ийг тэргүүлэх албыг хүлээн авах бэлтгэл ажлыг зохион байгуулна. Бусад улс оронтой туршлагаа солилцох үүднээс Афганы дипломатчдын сургалтыг анх удаа Улаанбаатар хотноо зохион явууллаа. Афган улс бол ардчиллыг шинэ тутамд зохион байгуулж байгаа орон. Зарим улс оронтой туршлага, саналаа солилцоно. НҮБ-ын Ардчиллын сантай хамтраад Ардчиллын боловсролын асуудлаар олон улсын семинарыг Улаанбаатар хотноо тавдугаар сарын 21-22-нд зохион байгуулна. Ирэх онд сайд нарын түвшний хурлыг зохион байгуулна. Дотооддоо бид Ардчиллыг дэмжих сан байгуулахаар төлөвлөж байна.
-Сүүлийн үед хүний эрхтэй холбоотой асуудал манай оронд зөрчигдөж байна гэж ярьж байгаа. Манайх энэ талаар ямар ажил хийж байгаа вэ? Манай ардчиллыг гадаадынхан юу гэж үздэг бол?
-Өнгөрсөн онд хүний эрхийн илтгэлийг хэлэлцүүлсэн. Энэ илтгэлээр Монгол Улсын илтгэлийг сайшаан хүлээж авсан. Женев дэх НҮБ-ын хүний эрхийн төв Монгол Улсыг нааштай үнэлдэг юм билээ. Манай хүний эрхийн талаарх байдал сайжирсан гэдэг юм. Үүнд Европын холбоо, дэлхий нийтэд цаазаар авах ялыг халах явдлыг халахаар түдгэлзүүлсэн байсан. Монгол Улс НҮБ-ын цаазаар авах ялыг түдгэлзүүлэх тухай хүний эрхийн протоколд нэгдсэн орсон. Үүгээрээ цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх, хоёрдугаарт цаазаар авах ялыг халахад чиглэсэн үйл ажиллагааг хүлээж байгаа. Энэ бол хүний эрхтэй холбоотой хамгийн чухал зүйл. Үүнийг нэг талаас нь өршөөж байгаа юм шиг ойлгогддог. Тухайн хүн 30 жилийн ял сонсон байж байгаа нь бурхны өмнө хийсэн хэрэгтээ гэмших хамгийн том шийтгэл болно гэж НҮБ-ын хүний эрхийн зөвлөл үздэг юм билээ. Тодорхой процессын алдаанууд байдаг л даа.
-Аархусын конвенцтэй холбоотойгоор олон нийтийн эрх ашиг төрийн хэмжээнд байх ёстой. Олон нийтийн өмнө төрийн албан хаагч хариуцлага хулээх ёстой гэж байсан. Энэ талаар ямар ажил хийх ёстой юм бэ?
-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг дарга ирж байгаа нь үндсэндээ гадагшаа хандсан ажил. Дэлхийн хэмжээний ажил гээд дотоодын асуудлаа хаяж болохгүй. Иргэний нийгэмлэгийн байгууллагад дэмжлэг үзүүлэх асуудлаар бид 2009 оноос ажиллаж байна. Аливаа шийдвэрийг гаргахдаа олон нийтийн санал бодлыг сонсдог, тусгадаг байх нь орчин үеийн ардчиллын том хэлбэр. Тухайлбал, уул уурхайн шийдвэр гаргахдаа ард түмний саналыг сонсдог байх хэрэгтэй. Уул уурхайн баялгийг олохдоо, зарцуулахдаа мөн иргэдээс асууж, сонсдог байх хэрэгтэй. Манай суманд ирээд алт ухаад байна гэж иргэд гомдоллодог. Алт ухахдаа тодорхой хувийг нь орон нутагт төвлөрүүлдэг байх асуудлыг иргэд сумын иргэдийн хурлаараа хэлэлцэн баталдаг  байх хэрэгтэй. Аархусын шийдвэр үүнтэй адил. Оролцогчдын саналыг сонсдог байх хэрэгтэй.
-Манай энхийг сахиулагчдын ажиллаж байгаа улс орнуудтай ямар харилцаатай байдаг вэ?
-Энэ нь олон талт хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын шугамаар энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол улс оролцож байгаа. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоно гэдэг бол манайханд туршлага солилцохоос эхлээд зэвсэгт хүчний шинэчлэлийг хөгжүүлэхэд оруулж байгаа чухал алхам болно. 10 жилийн өмнөөс эхэлсэн Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Энэ жилийн ойг БХЯ, ГХЯ хоёр хамтарч тэмдэглэнэ.
-Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, туслах сан байгуулагдаж байсан санагдана. Энэ сангийн үйл ажиллагааг гадаадад байгаа иргэдэд хэр хүрч байна вэ?
-Гадаадад амь насаа алдсан иргэдийн шарилыг авчрах, хүнд өвчин зовлонд нэрвэгдсэн, асран хамгаалагчгүй иргэдээ эргүүлж авчрах гээд Засгийн газраас батлагдсан заалтын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Өнгөрсөн онд 100 гаруй хүнд 140 гаруй сая төгрөгийг зарцууллаа.
-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хэрэг төвөгт орооцолдох нь их байдаг. Саяхан гэхэд ОХУ-д сурч байгаа хоёр оюутан хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдон шалгуулж байна. Тэдний талаар ямар мэдээлэлтэй байна вэ? Үнэхээр хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон уу?
-Монгол Улсын иргэд гадаадад ажиллаж, амьдарч байх үедээ хэрэг зөрчилд холбогдох тохиолдол цөөнгүй гардаг. Иргэд маань тухайн улс орны хуулийг судлаагүйгээс, нөгөө талаас зарим нэг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн золиос болсон байдаг. ОХУ-ын Екатеринбургт гурван оюутан хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгуулж байгаа. Эхний шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон юм билээ. Манай оюутнууд давж заалдаад дахин шинжилгээ хийхэд хэрэглээгүй гэж гарсан байсан. Тиймээс оюутнууд давж заалдаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Нийтлэлч
Н.Энхлэн
Эх сурвалж
Өнөөдөр сонин
2012 оны 4-р сарын 30, Даваа гариг

Г.Занданшатар: Энэ хууль гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох, хязгаарлах зорилгогүй

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
Г.Занданшатар сайдын өргөн барьсан энэхүү хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр үдээс хойш хэлэлцэж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.
Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд гурван жилийн нүүр үзэж байна. Уг төсөл хэлэлцүүлгийн шатандаа удааширч байгаа тул Г.Занданшатар, Ө.Энхтүвшин, Н.Ганбямба, Н.Батбаяр, С.Бямбацогт, З.Алтай нарын нэр бүхий гишүүд дээрх хуулийн төслийг шинэчлэн өчигдөр дахин өргөн барилаа, Ингэхдээ хуулийн төслийн үндсэн үзэл баримтлалыг хэвээр үлдээж, Засгийн газрын саналыг нэмж тусгажээ. Мөн стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ ямар байхыг зохицуулсан заалт оруулсан байна. Үүнд гадаадын улс орны төрийн оролцоотой хөрөнгө оруулалтад их багаас нь үл хамааран зөвхөн Засгийн газар зөвшөөрөл олгох, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг тодорхой хувиас дээш гарсан тохиолдолд Засгийн газар зөвшөөрөл олгож байхаар хуульчилжээ. Түүнчлэн стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид Монголын талын хувь эзэмшил 51-ээс дээш байх заалт тусгасан гэнэ. Шинэчлэн өргөн барьсан төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатараас  зарим зүйлийг тодруулав.
-Өмнө өргөн барьсан хуулийн төслөө дахин шинэчилж өргөн барих ямар шаардлага байсан юм бэ?
-Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг гурван жилийн өмнөөс УИХ-ын дэгийн дагуу хэлэлцээд, судлаад явж байгаа. Анх өргөн барихдаа Засгийн газрын саналыг аваагүй. Засгийн газар саналаа сүүлд ирүүлсэн юм билээ. Хэлэлцүүлгийн явцад Засгийн газрын саналыг тусгах гэхээр нэлээд урт хугацааны хэлэлцүүлэг өрнөх гээд байсан. Тиймээс аль болох хугацаа товчлох үүднээс засгийн газрын саналыг төсөлдөө тусгаад, мөн Н.Батбаяр гишүүний ахалсан ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гаргасан олон саналыг нэгтгээд дахин өргөн барьж байна. Ингэс-нээр ажлын хэсэг олон дахин хуралдахгүйгээр хуулийн төслийг нэг мөр цэгцэлж байгаа учир хууль харьцангуй хурдан батлагдах боломжтой болж байгаа. Энэ асуудал дээр намын бүлгүүд, байнгын хороо болон ажлын хэсгүүд урьдчилан нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрсэн
-Хуулийн төслийг ингэж хурдан батлах гэж байгаа нь "Саусгоби сэндс" компанийг тойрсон асуудалтай холбоотой юу?
-Энэ бол аль нэг компанид зориулж гаргах гэж байгаа хууль биш. Монголын зах зээлдэх экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүунийг бид дэлхийн зах зээл дээрх үнээр борлуулахыг хүсч байна. Тиймээс энэ хууль экспортын бараа бүтээгдэхүүнд худалдан авагч юм уу, худалдагчийн монополь тогтоох, энэ нь эдийн засаг, ард түмний амьдрал, Монгол Улсын төсвийн болон татварын орлого, аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх зорилготой.
-Стратегийн ач холбогдолтой салбар, аж ахуйн нэгж гэдэг томъёололд юу юу багтаж байгаа вэ?
-Стратегийн ач холбогдолтой салбар гэж Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй салбаруудыг тодорхойлсон. Өргөн утгаараа мэдээлэл харилцаа, уул уурхай хүнсний үйлдвэрлэл гэх мэт салбараас гадна дотор нь нарийвчилж тэсрэх дэлбэрэх бодис болон химийн хорт бодис үйлдвэрлэх, түгээх аж ахуйн нэгж, хүн амын 50-иас дээш хувьд дамжуулах үйл ажиллагаа явуулдаг телевиз, радио, уран, газрын тос, газрын ховор элемент, алт, зэс, нүүрс зэрэг Монгол Улсын экспортын гол нэрийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, байгаль орчин, экологи, усны нөөцийн олборлолт, хот суурин газрын усан хангамж гээд устай холбоотой үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд гэх мэтийг хамруулна. Нийт 16 салбарыг стратегийн ач холбогдолтой гэж тодорхойлсон. Мөн 100 тэрбум төгрөгөөс дээш зах зээлийн үнэлгээтэй нийт компаниуд стратегийн ач холбогдолтойд тооцогдоно.
-Манай уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нээлттэй. Та бүхний өргөн барьсан энэ хууль батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалтад хандах төрийн бодлого өөрчлөгдөх нь гэж ойлгож болох уу?
-Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт нээлттэй, чөлөөтэй. Бидний өргөн барьсан хуулийн төсөл бол гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, хориглох тухай агуулгатай биш юм, Гэхдээ Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа Монгол Улсын эрх ашигт нийцсэн, экологи, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөггүй, ард түмний эрх ашигт нийцдэг байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт нь үндэсний томоохон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, Монгол Улсын экспортын зах ззэлийн үнийг унагадаггүй байх ёстой. Өнөөдөр манай нүүрсний экспортын зах зээлийн үнэ дэлхийн зах зээлийнхээс доогуур байна, Үйлдвэрлэгчийн, худалдан авагчийн монополь тогтвол, тэдний үнэлгээ зах зээлийнхээс хэт доогуур бол Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй. Бид дэлхийн зах зээлийн үнээр түүхий эдээ борлуулахыг хүсч байна. Зөвхөн түүхий эд борлуулдаг биш боловсруулдаг, ажлын байр бий болгодог, үүнийх нь ашгийг ард түмэн тэгш хүртдэг байх ёстой. Нөгөө талаас Монгол Улсад орлогын хэт тэгш бус байдал бий болж байна. Гадаадын хэдхэн хөрөнгө оруулагч, Монголын цөөн хувь нийлүүлэгчид томоохон уул уурхайн лицензүүдийг эзэмшсэнээр цөөн хэсэг хэт баяжаад, олонхи нь баялгийн үр ашгийг хүртэж чадахгүйгээс орлогын хэт ялгаа үүсч байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж, баялгийн хараал гэдэг нь бий болох аюултай. Энэ асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулахад бидний өргөн барьсан хуулийн зорилго оршиж байгаа.
Г.Занданшатар сайдын өргөн барьсан энэхүү хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр үдээс хойш хэлэлцэж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.
Нийтлэлч
Г. Сонинбаяр
Эх сурвалж
Үндэсний мэдээ
2012 оны 4-р сарын 25, Лхагва гариг

Г.Занданшатар: Цаашдаа Монгол Улсын баялгийг гадны компани зарж худалдах эрхгүй болно


Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
Нийгэм тэр чигээрээ шахуу МАХН-ны дарга Н.Энхбаяраар амьсгалж байгаа эдгээр өдрүүдэд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц том хэмжээний хэрэг далдуур явагдлаа. Энэ бол "Айвенхоу Майнз"-ийн эзэмшил "Саус Гоби Сэндс" компани хувьцааныхаа 57.6 хувийг 540 сая ам.доллараар Хятадын төрийн өмчийн "Сhalco" компанид зарсан хэрэг юм. Монголын газар шороо, баялгийг яг л захын панзчид шиг дураараа наймаалцаж байгаа нь байж болшгүй явдал. Ийм нөхцөл үүсэхэд манай орны хууль эрхзүйн орчин нөлөөлсөн гэдгийг энд дурьдах нь илүүц биз.
Уг наймааг анх олны анхааралд оруулж, эсрэг санал хэлсэн хүн бол яах аргагүй Гадаад хэргийн сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар. Тэрбээр "Хэрэв энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэн, баталбал "Саусгоби"-гийн "Чалко"-той хийсэн орд газрын наймааг буцаах бүрэн боломжтой" гэдгийг сануулсаар байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Занданшатар гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийн төслийг тухайн үед УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцэгдэхгүй хойшилсоор өнөөдөр Монгол улс ямар ч эрх мэдэлгүй, гадныханд дарлуулсан байдалд ороход хүрлээ. Монгол Улсад гадаадын компаниуд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж болно. Гишүүний санаачилсан хууль батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий салбарт уйл ажиллагаа явуулах бол гадны компани Засгийн газарт мэдэгддэг, зөвшөөрөл авдаг болохоос гадна, тус салбарт гадаадынхан компани байгуулсан бол хувьцаагаа зарах, компанийн удирдлагыг шилжүүлэхдээ Монголын Засгийн газарт мэдэгддэг, асуудаг болох зохицуулалтыг тусгаж өгсөн аж. Хэрвээ Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг баталсан бол "Саус Гоби Сэндс" гэх гадаадын нэг компани Монголын нүүрсний томоохон ордыг гадаадынханд зарж ашиг олох боломж бүрдэхгүй байх байсан юм.
Уг хуулийн төсөл болоод "Саус Гоби Сэндс" компанитай холбоотой зарим нэг асуултанд Гадаад хэргийн сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Хуулийн төслийг 30 хоногийн дотор амжиж баталбал "Саус Гоби Сэндс" компанийн "Чалко"-той хийсэн наймааг хүчингүй болгох боломжтой гэсэн яриа гараад байгаа?
-УИХ дэмжсэн учраас хуулийг батлах бүрэн боломжтой. Тэгэхээр энэ наймааг ч зогсоох боломж угтаа байна гэсэн үг. Гэхдээ үүнийг дээрх хоёр компанийн, цаашлаад гадны хөрөнгө оруулалтын эсрэг авч байгаа арга хэмжээ хэмээн андуурч ойлгож болохгүй. Энэ бол аль хоёр жилийн өмнөөс хэлэлцэгдэж байсан хуулийн төсөл. Гадны компаниудыг боож, хаасан зүйл байхгүй. Зөвхөн манай улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ордтой холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэж, зөвшилцөж байгаач. Энэ хөрөнгө оруулалт Монгол Улсын экспорт, үйлдвэрлэлд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг манай талд хэлж байх хэрэгтэй гэж байна. Ерөнхийдөө ажлын хэсэг нэлээд шахуу хуралдаж байна.
-Энэ хууль батлагдсан тохиолдолд уул уурхайн салбар дахь гадны хөрөнгө оруулалтад чухам ямар нөлөөг үзүүлэх бол?
-Энэ хууль нь зөвхөн уул уурхайн салбар төдийгүй бусад олон салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохистой төвшинд байлгах агуулгатай. Батлан хамгаалах, батлан хамгаалахын салбарын үйлдвэрлэл, геологи, усны нөөц, хүнсний аюулгүй байдал, харилцаа холбоо, бүр хэвлэл мэдээллийн салбарт хүртэл гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй салбар бүрт гадаадын хөрөнгө оруулалтыг хийхдээ ямар байх ёстойг тодорхой журамласан төсөл санаачлаад байгаа юм. Тухайлбал хяналтын багцыг худалдан авахад зайлшгүй Засгийн газраас зөвшөөрөл авч, тодорхой механизмуудыг дамжуулж байж гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлнэ. Цаашдаа Монгол Улсын баялгийг гаднын компани зарж худалдах эрхгүй болно.
-Мэдээж бусад орны туршлагаас судалсан байх?
-Тэгэлгүй яахав. Энгийн жишээ хэлэхэд л Астралид гэхэд "Рио Тинто" тодорхой хувиа гадаадын компанид зарах гэтэл Засгийн газар нь хориг тавьж байсан тохиолдол бий. ОХУ бол бур хатуу зохицуулалттай. Европын улсууд технологийн нарийн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхдээ нэлээд хязгаарлалт тавьдаг. Тийм ч учраас ийм хуулийн төслийг боловсруулсан юм. Энд нэг зүйлийг хэлэхэд, Засгийн газрын хуулиар Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Тийм учраас би төслөөс нэрээ татаж авч нэр бүхий гишүүдээр УИХ-д өргөн бариулаад байгаа юм. Харамсалтай нь жаахан удаашралтай байна. Одоо зайлшгүй шахаж, шаардаад батлуулахыг цаг үеийн нөхцөл байдал өөрөө шахаж байна.
Эх сурвалж
Хүмүүс сонин
2012 оны 4-р сарын 23, Даваа гариг

Г.Занданшатар: “Саусгоби сэндс”-ийн хувьцааг зарах асуудлаар Засгийн газар зөвшөөрсөн гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
-"Саусгоби сэндс" "Чайлко" компанийн гэрээтэй холбоотой асуудлаар олон талын мэдээлэл гарч байна. Хуулийн төсөл батлагдах ёстой ч одоо хүртэл яригдаж эхлээгүй байгаа?
- Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь "Саусгоби сэндс" "Чайлко"-гийн  болон гадны хөрөнгө оруулалтын эсрэг авч байгаа арга хэмжээ огтхон ч биш. Хоёр жилийн өмнөөс хэлэлцэгдээд явж байсан хууль. Гишүүдийн хэлээд байгаа шиг хааж боогоод байсан зүйл байхгүй. Манай улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ордтой холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэж, зөвшилдөж байх хэрэгтэй байгаа юм. Гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт Монгол Улсын экспорт, үйлдвэрлэлд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг манай талд хэлж байх хэрэгтэй.
- Монгол Улсын Засгийн газар аман байдлаар зөвшөөрөл өгсөн гэсэн мэдээлэл гадаадын хэвлэл мэдээллээр цацагдсан гэсэн. Албан ёсны няцаалт хийх ёстой юм биш үү?
-Энэ мэдээлэл ямар үндэслэлгүй ташаа мэдээлэл гэдгийг холбогдох газар, хэвлэл мэдээлэлд өгсөн. Тэд ташаа мэдээлэл гарсанд харамсч байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Хууль энэ долоо хоногт хэлэлцэгдэж амжина. Гэхдээ "Өмнийн говийн элс"компаниас ямар нэг хамааралгүйгээр явдаг журмаараа явна. Ажлын хэсэг ч хуралдаж эхэлсэн байгаа.
-ГХЯ-наас нүүрс олборлогчидтой экспортын татвар тавих асуудлаар ярилцсан гэсэн?
-Өнгөрсөн онд 21.1 сая тонн нүүрс экспортолсон. Нүүрс манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болоод байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Үнийн дүнгээр тооцвол энэ нь 1.5 тэрбум орчим ам.доллар   гэсэн   үг.   Эндээс Монгол Улсад 400 гаруй мянган ам.долларын татвар ногдуулсан. Энэ жил 41 сая тонн орчим нүүрс экспортолно гэж тооцоолж байна. Эндээс 958 тэрбум төгрөгийн орлого олохоор тооцоолж байна. Манай экспортолж байгаа нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн ханшнаас бага байна гэдгийг бид нүүрс экспортлогчдод танилцуулсан. Хятадын боомт дээр байгаа нүүрсний үнээс Америк, Австралийнхаас 50-90 хувь хямд байна. Үүний учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Үнээ дэлхийн зах зээлийн хэмжээнд хүргэх нь Монгол Улсын экспортын бодлогын гол зорилго байх ёстой. Тиймээс бид татварын асуудлаа танилцуулсан. Бизнес эрхлэгчидтэй санал солилцсон. Татвар тавих асуудлаар төслөө боловсруулаад явж байна.
Нийтлэлч
б.Тогтох
Эх сурвалж
Монголын мэдээ
2012 оны 4-р сарын 19, Пүрэв гариг

Г.Занданшатар: “Саусгоби сэндс” “Чайлко”-той холбоотой яригдаж байгаа төсөл энэ долоо хоногт батлагдана байх

Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.
-“Саусгоби сэндс” “Чайлко” компанийн гэрээтэй холбоотой асуудлаар олон талын мэдээлэл гарч байна. Энэ бүхнийг зогсоох хуулийн төслийг батлахад цөөхөн хоног үлдлээ. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ хуулийн төсөл “Саусгоби сэндс” “Чайлко”-гийн болон гадны хөрөнгө оруулалтын эсрэг авч байгаа арга хэмжээ биш. Хоёр жилийн өмнө хэлэлцэгдээд явж байсан хуулийн төсөл. Огт хааж хориглож байгаа зүйл биш. Манай улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ордтой холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэж, зөвшилцөж байгаач. Энэ хөрөнгө оруулалт Монгол Улсын экспорт, үйлдвэрлэлд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг манай талд хэлж байх хэрэгтэй.
-Гадаадын хэвлэлээр цацагдсан мэдээллээр Монгол Улсын Засгийн газар аман байдлаар зөвшөөрөл өгсөн гэсэн. Энэ мэдээллийг албан ёсоор няцаасан мэдэгдлийг манай улсын Засгийн газар няцаасан уу?
-Энэ ташаа мэдээлэл гэдгийг бид холбогдох газруудад нь мэдэгдсэн. Ийм мэдээлэл гарсанд харамсаж байгаагаа мэдэгдсэн. Хууль “Саусгоби сэндс”, “Чайлко” компанийн үйл ажиллагаатай холбоогүйгээр хэлэлэцэгдэж, энэ долоо хоногт батлагдана байх. Ажлын хэсэг нэлээд шахуу хуралдаж байна.
-Уржигдар Гадаад харилцааны яаман дээр нүүрс олборлогчдыг дуудан, экспортын татвар тавих асуудлыг хөндсөн гэсэн. Манайх хэчнээн хувийн татвар тавих гэж байгаа юм бэ?
-Монгол Улс өнгөрсөн онд 21.1 сая тонн нүүрс экспортолсон. Энэ утгаараа нүүрс манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болоод байна. Үнийн дүнгээр тооцвол энэ нь 1.5 тэрбум орчим ам.доллар гэсэн үг. Эндээс Монгол Улсад 400 гаруй мянган ам.долларын татвар ногдуулсан. Энэ жил 41 сая тонн орчим нүүрс экспортлоно гэж тооцоолж байна. Эндээс 958 тэрбум төгрөгнийн орлого олохоор тооцоолж байна. Манай экспортолж байгаа нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн ханшнаас бага байна гэдгийг бид нүүрс экспортлогчдод танилцуулсан. Хятадын боомт дээр байгаа нүүрсний үнээс Америк, Австралийнхаас 50-90 хувь хямд байна. Үүний учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Үнээ дэлхийн зах зээлийн хэмжээнд хүргэх нь Монгол Улсын экспортын бодлогын гол зорилго байх ёстой. Тиймээс бид татварын асуудлаа танилцуулсан. Бизнес эрхлэгчидтэй санал солилцсон.
-Хэзээнээс татвар тавигдах вэ?
-Одоо бид төслөө боловсруулаад ажиллаж байна.
Эх сурвалж
Shuud.mn
2012 оны 4-р сарын 19, Пүрэв гариг

Г.Занданшатар: Бидний төслийг яаралтай баталж “Саусгоби”-гийн наймааг зогсоох боломжтой

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах боломж байдаггүй юм уу?
-Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах агуулга бүхий төслийг УИХ-д өргөн барьсан. Хэлэлцэх эсэхийг нь УИХ шийдчихээд байгаа. Харамсалтай нь тодорхой шалтгааны улмаас хойшлоод байна. Одоо харин энэ төслийн хэлэлцүүлгийг эрчимжүүлэх шаардлага бий болоод байна.
-Энэ хууль батлагдвал уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах бүрэн боломжтой гэсэн үг үү?
-Зөвхөн уул уурхайн салбар төдий-гүй бусад олон салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохистой төвшинд байлгах агуулгатай хууль юм. Батлан хамгаалах, батлан хамгаалахын салбарын үйлдвэрлэл, геологи, усны нөөц, хүнсний аюулгүй байдал, харилцаа холбоо, бүр хэвлэл мэдээллийн салбарт хүртэл гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй салбар бүрт гадаадын хөрөнгө оруулалтыг хийхдээ ямар байх ёстойг тодорхой журамласан төсөл санаачлаад байгаа юм. Тухайлбал, эдгээр салбарт гадаадын хөрөнгө оруулалт таван хувиас дээш ороход ийм байна, 10-аас дээш хувийг худалдаж авбал ингэнэ гээд заачих юм. Хяналтын багцыг худалдан авахад зайлшгүй Засгийн газраас зөвшөөрөл авч, тодорхой механизмуудыг дамжуулж байж гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх ийм утгатай төсөл юм. Энэ бол үндэсний ашиг сонирхолд чухлаар тавигдаж байгаа хууль л даа. Жишээ нь, энэ хууль баталбал "Саусгоби"-г зарж байгаа өнөөдрийн уйл явдал болохгүй байх бүрэн боломжтой. Монгол Улсын баялгийг гаднын л компани зарж худалдах эрхгүй болно. Ямар ч үйлдвэрлэл явуулахгүй, нэмүү өртөг үлдээхгүй байгаа нь мэдээж Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй шүү дээ. Тэр бол Монголын баялаг.
-Бусад оронд эрх зүйн ийм орчин байдаг уу?
-Астралид л гэхэд "Рио Тинто" тодорхой хувиа гадаадын компанид зарах гэтэл Засгийн газар нь хориг тавьж байсан тохиолдол бий. ОХУ бол бүр хатуу зохицуулалттай. Европын улсууд технологийн нарийн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхдээ нэлээд хязгаарлалт тавьдаг. Тийм ч учраас ийм хуулийн төслийг боловсруулсан юм. Энд нэг зүйлийг хэлэхэд, Засгийн газрын хуулиар Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Тийм учраас би төслөөс нэрээ татаж авч нэр бүхий гишүүдээр УИХ-д өргөн бариулаад байгаа юм. Харамсалтай нь жаахан удаашралтай байна. Одоо зайлшгүй шахаж, шаардаад батлуулахыг цаг үеийн нөхцөл байдал өөрөө шахаж байна.
-Хамгийн сүүлийн бодит жишээ дээр бол энэ төслийг 30 хоногийн дотор амжиж баталбал "Саусгоби"-г "Чалько"-д худалдаж байгаа явцыг зогсоож болох уу. Ийм богино хугацаанд хуулийн төслийг батлах боломж УИХ-д бий юү?
-Энэ наймааг зогсоох бүрэн боломжтой. УИХ хуулиа батлах бүрэн боломж бий. Яагаад гэвэл төслийн хэлэлцэх эсэхийг УИХ дэмжчихсэн. Хоёр хэлэлцүүлэг хийхэд хоёр долоо хоногийн л хугацаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хоёр долоо хоногийн дотор энэ хуулийг батлах боломж байна.
Эх сурвалж
Үндэсний шуудан
2012 оны 4-р сарын 13, Баасан гариг

Г.Занданшатар: Гишүүдийнхээ нөөлгөөр орон нутгийг авна гэсэн улс төрийн бодлого тэдэнд байна


УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай ярилцлаа
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай ярилцлаа. Тэрбээр Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль, төрийн хууль тогтоох байгууллагын сонгууль хоёр бол засаглал хуваах онолын хувьд тэс өөр асуудал хэмээн үзэж байна.
-УИХ-ын Сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэчихлээ. Хэрэв цэц шинээр батлагдсан Сонгуулийн хуулийг Үндсэн хууль зөрчсөн гээд дүгнэчихвэл яах вэ?
-Маргаан үүсч байгаа сэдэв нь шороотой бөх туг тойрдоггүй буюу сонгуулийн дүнгээр ялагдсан ч намынхаа авсан саналаар 28 нэр дэвшигч гишүүн болох боломж байгаа юм. Өөрөөр хэлбэл пропорционалиас мажоритар руу гулсана гэж бидний хэлээд байгаа заалт л даа. А жагсаалтаар 48 нэр дэвшигч тойрог тойргоосоо сонгогдчихно. Харин Г жагсаалт гэж дахин гаргана. Түүнд ялагдсан гишүүдийг бүгдийг нь санал авсан хувиар нь жагсаах юм. Тэндээс хамгийн өндөр хувийн санал авсан 28 нэр дэвшигч дээр намын авсан саналыг нэмээд УИХ-ын гишүүн болгоно гэж байгаа. Конкурст ороход “халаасны оноо” гэж байдагтай адил гэсэн үг. Ингэж гулсах нь Монгол Улсын Үндсэн хуулийн УИХ-ын гишүүн шууд сонгогдоно гэсэн заалттай зөрчилдөж байна гэж үзээд Цэц дээр маргаан үүсгэчихээд байна. Энэ их маргаантай асуудал.
-УИХ-ын сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэчихээд байна. Гэтэл Орон нутгийн сонгуулийн тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж чадахгүй байсаар намрын болон ээлжит бус чуулганыг хаасан. Энэ хуулийн хувь заяа юу болж байна вэ?
-УИХ болон Орон нутгийн сонгуулийг хамт хийвэл хамгийн багадаа улсын хэмжээнд 30 мянга гаруй хүн өрсөлдөх тооцоо гарч байгаа. Ийм бололцоо техникийн хувьд байна уу. Монгол төрийн хууль тогтоох байгууллагын сонгууль гэдэг маш хариуцлагатай зүйл. Хэрэв ямар нэгэн маргаан, будилаан үүсвэл гарах сөрөг үр дагавар нь дэндүү их. Ард нийтийн санаа сэтгэлийг зовоож, төр тогтворгүй болох, улсын аюулгүй байдлыг хөндөнө. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль, төрийн хууль тогтоох байгууллагын сонгууль хоёр бол засаглал хуваах онолын хувьд тэс өөр асуудал. Тэр байтугай төвлөрөл саарсан, иргэд өөрсдөө эрхээ эдэлдэг, ардчилал өндөр хөгжсөн улсуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага нь сонгуулиа хэзээ явуулахаа өөрсдөө шийддэг. Гэтэл манайд бүхнийг төрөөс хүчилж хийх гээд байгаа нь онолын хувьд маргаантай асуудал дагуулж байна. Яагаад гэвэл орон нутгийн удирдлага аль болох төрөөс хараат үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдах ёстой. Гэтэл хоёр сонгуулийг хамт хийчихээр нутгийн өөрөө удирдлагын байгууллага нь УИХ-ын дагавар юм шиг, ямар нэгэн хараат байдлыг үүсгэж байгаа юм. Мөн Үндсэн хуультай зөрчилдөнө. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх барих хугацаа дөрвөн жил гэж заадаг. Хэрэв хоёр сонгуулийг хамт хийвэл арваннэгдүгээр сард бүрэн эрх нь дуусах ёстой хүмүүсийн эрхэд УИХ халдаж байгаа хэрэг болно.
-Ардчилсан намынхан хоёр сонгуулийг заавал хамт хийх гээд байгаа шалтгааныг та юу гэж харж байна?
-Тус намынхан сонгуулийг хамт хийж мөнгө хэмнэнэ гэсэн тайлбарыг хийж байгаа. Гэхдээ би үүний цаана улс төрийн зорилго бий гэж хардаж байна.
-Ямар зорилго юм бол?
-Ер нь Ардчилсан нам орон нутгийн сонгуульд амжилт үзүүлээд байдаггүй. Мөн орон нутгаа анхаардаггүй гэсэн шүүмжлэл байнга явдаг. Тиймээс хоёр сонгуулийг хамт хийвэл УИХ-ын гишүүдийнхээ нөмөр нөөлгөөр амжилт үзүүлнэ гэсэн зорилго, бодлого байна гэж харж буй.
-Ээлжит бус чуулганы төгсгөлд Ардчилсан намын бүлгийн ахлагч Орон нутгийн сонгуулийн тухай хуучин хуулиа хэрэгжүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан. Тэгэхээр хаврын чуулганаар Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй гэсэн үг үү?
-Хэлэлцэж таарна. Яагаад гэвэл хэрэгжүүлэх боломжгүй хуулийг яаж хэрэгжүүлэх юм бэ. Тухайлбал, УИХ болон орон нутгийн сонгуулийг хамт явууллаа гэхэд хуулиуд хоорондоо олон заалтаар зөрчилдөнө. Ганцхан жишээ дурдахад УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр явуулна гэсэн бол орон нутгийнх нь амралтын өдөр байхаар заасан. Сонгууль хоёр өөр өдөр болж таарах нь. Мөн нэг нь саналын хуудсыг автомат машинаар тоолох бол нөгөөх нь хуучны хайрцгаар санал аваад гараад тоолох системтэй. Дээрээс нь сонгуулийн үеэр сонгогчдын саналыг татах зорилгоор элдэв арга хэмжээ зохион байгуулж, бэлэг сэлт өгөх нь УИХ-д нэр дэвшигчдэд хаалттай бол орон нутагт нээлттэй байх жишээтэй. Энэ мэт олон асуудлаас болоод хоёр сонгуулийг хамт явуулах эрх зүйн боломж, чадамж Засгийн газарт байхгүй. Хоёрдугаарт, хуулийн биелэлтийг Ерөнхий сайд хариуцдаг ч бүгдийг нь биш. Статистикийн хуулийг гэхэд УИХ-ын харьяа байгууллага хэрэгжүүлдэг. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх субьект нь Монголбанк. Гэтэл УИХ-аас баталсан бүх хуулийн хэрэгжилтийг Ерөнхий сайд хангаж, тайлангаа тавь гэдэг байдлаар Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхийг шаардаад байна.
-Тэгвэл Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх субьект нь хэн юм бэ?
-Сонгуулийн хуулийг Засгийн газар биш СЕХ хэрэгжүүлэх ёстой. Харин түүний зохион байгуулалтыг хангах, туслах асуудал Засгийн газарт байж таарна. Сонгуулийн тойрог хэсгийн хороо байгуулах гэх мэт асуудал нэг намын Засгийн газар биш СЕХ, бүх ард түмний хяналтын системээр хийгддэг.
-Нэгэнт намууд тохиролцож чадсангүй. Одоо ямар нэгэн дундын хувилбар гэж байх уу?
-Дундын хувилбарыг Ардын намаас санал болгосон. Гэхдээ харамсалтай нь хүлээж аваагүй.
-Ямар хувилбар юм бол?
-Нийслэл, аймгийг хамт явуулаад, сум хороодыг тусад нь хийе гэсэн санал байсан. Хадмын сэтгэлийг бодоод жирэмсэн болчихлоо гэдэг шиг асуудал бүр дээр буулт хийж, зохицож шийдвэр гаргахыг зорьж байна шүү дээ.
-Ардын намын гишүүн аймгийн Засаг дарга нарыг АТГ шалгаж эхэллээ. Эндээс харахад танай нам орон нутгийн сонгуульд ялагдах юм биш үү?
-Тааж сураглахаас илүү бодитой судалгаан дээр үндэслэж ярих хэрэгтэй. Хийсэн судалгаануудаас харахад МАН-ын рейтинг харин ч өндөр байгаа. Хөдөө хотод ялгаагүй. Хамгийн сүүлийн судалгааны дүнгээр манай нам 3-4 хувиар илүү байсан. Тэгэхээр Ардын намын рейтинг АТГ-т шалгагдаж байгаа ганц хоёр хүнээс хамаардаг зүйл биш нь харагдаж байна.
-АТГ аймгийн Засаг дарга нарыг онилох болсон шалтгааныг та юу гэж бодож байна?
-Аймгийн Засаг дарга нарыг шалгаж байгаа нь улс төрийн зорилгогүй байгаасай гэж хүсч байна. Ер нь ажил хийж байгаа хүмүүст дандаа шүүмжлэл ирж байдаг. Зүгээр сууж байгаад нь алдаа оноо аль нь ч байдаггүй шүү дээ. Зөвхөн шүүмжлэгчийн байр сууринаас ханддаг. Юмыг хар талаас нь харахыг хүсвэл дандаа л тийм байна. АТГ-т дуудагдана гэдэг гэм буруутай гэсэн үг биш. Монгол Улсын Үндсэн хуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэдэг зарчимтай. Хэнийг ч шалгаж болно.
-Цахим үнэмлэхийг одоо хүртэл хэвлэж эхлээгүй байна. Үүний бурууг ч Ардын нам тэр дундаа Ц.Нямдорж сайдад тохсон мэдэгдлийг хийлээ. Үүн дээр ямар тайлбар хэлэх вэ?
-Эцсийн дүндээ сонгуулийг яаж элдэв будилаангүй явуулах вэ гэж бодож байгаа нь МАН. Цахим үнэмлэхийн асуудлыг Засгийн газар болон бүлгийн хуралдаан дээр сонссон. Тэд үнэхээр ажлаа хийгээгүй юм билээ. МАН, эсвэл Иргэний бүртгэлийн газар ажлаа хийгээгүй юм биш. Н.Алтанхуяг сайдын үед цахим үнэмлэхийг хэвлэх эрхийг тендергүйгээр авсан “Бодь” групп ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй.
Нийтлэлч
Б.Энхжаргал
Эх сурвалж
Өдрийн шуудан
2012 оны 3-р сарын 21, Лхагва гариг

Г.Занданшатар: УИХ-ын гишүүн С.Баярцогт амьдралаа мэдэж ярих хэрэгтэй


УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай ярилцлаа
-Хууль тогтоох дээд байгууллагыг сонгох цаг хаяанд ирчихээд байхад эрх баригч хоёр нам улстөржөөд тодорхой шийдэлд хүрэхгүй байна. Эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль хийж байгаа юм чинь хэмнэхээс эхлээд ард түмнээ бодож болдоггүй юм уу. Юм л бол аливаа асуудлыг улстөрийн өнцгөөс харах юм?
-Асуудлыг ярихын тулд хууль эрх зүйн онолын олон асуудал бий. Хэдийгээр АН-ынхан мөнгө хэмнэнэ гэж байгаа ч цаад санаа нь бас л улстөрийн зорилготой. Бүх үеийн сонгуулийг харахад АН орон нутагт амжилттай
оролцдоггүй. Үеийн үед орон нутгаа анхаардаггүй гэсэн шүүмжлэл байнга дагуулдаг. Тийм учраас УИХ-ын сонгуулийг орон нутгийнхтай хамт хийхийг илүүд үзээд байгаа хэрэг. УИХ-ын цөөн хэдэн гишүүнийхээ нөмөр
нөөлгийг дагаж орон нутгийн сонгуульд амжилттай оролцъё гэсэн бодлого.
-Харин ч орон нутгийн сонгуульд танай нам ялагдах магадлал өндөр байгаа юм биш үү?
-Аливаа зүйлийг сургаар тааж ярихаас илүү судалгаа, тооцоон дээр үндэслэн ярих хэрэгтэй. Хамгийн сүүлд явуулсан улстөрийн судалгааны дүнгээс харахад МАН-ын рейтинг хөдөө орон нутагт, хотод ч гэсэн өндөр байгаа гэдэг дүн гарсан. Бодит судалгаа шүү. Тэгэхээр МАН-ын рейтинг нэг, хоёр хүнээс ч хамаардаг биш.
-Судалгааны дүн тийм гардаг юм байж. Гэхдээ ихэнх аймгийн Засаг дарга нар орон нутгийнхаа намыг толгойлдог. Гэтэл тэдний зарим нь АТГ-т дуудагдсан байна. Тэр утгаараа орон нутагт намын нэр хүнд муу байгаа юм биш үү?
-Ер нь ажил хийж байгаа хүмүүсийг л шүүмжилдэг. Шүүмжлэгч нь тэр хэмжээнд хүртэл ажил хийж чадахгүй. Сүүдэрт байгаа хүн сүүдрээс нь харна. Наранд байгаа хүн дандаа гэгээтэй талаас нь хардаг биз дээ.
-АТГ-т дуудагдах хэмжээнд хүртэл яригдана гэдэг нь нэг талаараа намын нэр хүндтэй холбоотой. Орон нутагт танай тэр хэмжээгээр нэр хүнд нь муудаж байгаа биш үү?
-АТГ-т дуудагдана гэдэг нь тухайн хүн гэм буруутай гэсэн үг биш. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг гэм буруутайд тооцохгүй гэсэн ардчилсан Үндсэн хуулийн зарчимтай. Хэн ч гэсэн өргөдөл гомдол өгч шалгуулж болно биз дээ. Ардчилсан чөлөөт нийгэмд бүгдээрээ амьдарч байна.
-Орон нутагт нэр хүнд сайтай байгаа юм бол МАН хоёр шатны сонгуулийг хамтад нь явуулж болохгүй юм уу. Наанадаж 130 сая төгрөг төсөв хэмнэнэ. Танай намынхан хоёр сонгуулийг хамтад нь явуулахад яагаад цааргалаад байгаа юм бэ?
-Төсөв хэмнэж байгаа хэдий ч хууль эрх зүйн хувьд 20 гаруй зөрчилтэй асуудал бий. Техникийн хувьд зохион байгуулахад хүндрэлтэй асуудлуудыг бодолцох ёстой. Бүх шатны сонгуульд өрсөлдөж байгаа 20-30 хүнийг нэг дор нь дугуйлах болж байна шүү дээ. Тэдгээрийг бүгдийг нь уншаад дугуйлна гэдэг их цаг зарах асуудал. Техникийн талаасаа ч бас бус ажил гарна. Үүнийг тоо-цохоо болъё. УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй 30-аад мянган хүнээс 15 мянга нь сонгуульд ялалт байгуулна.
Мөн дээр нь машин, тоног төхөөрөмж жигдрээгүй. Бүртгэлийн асуудал зуун задгай.
Ухаалаг үнэмлэхийг гүйцэтгэгч компани нь зургаадугаар сарын нэгний үед авч ирж суурилуулах юм ярьж байна.  Бид иргэний үнэмлэхээ солих  гэж  бүтэн жилийг бардаг  шүү дээ.  Гэтэл сонгууль болохоос сар хүрэхгүй. хугацаанд яаж бүх хүнд  иргэний үнэмлэх олгох гээд  байгаа  юм  бэ. Сая гаруй  сонгогчдод хүрч чадах уу гэх мэт асуудал байна. Зохион байгуулалтын хувьд машин, тэргээс эхлээд орон нутаг, сум багуудад өдөржин шөнөжин ажиллах цахилгаан эх үүсвэр,  онлайнд холбогдох боломж ямар байгаа билээ. Тэндээс яаж онлайнаар мэдээлэл авч, цуглуулах вэ гээд техник нөхцөл байдлын хувьд асуудалтай.
-Сангийн сайд асан С.Баярцогт тийм асуудал үүсэхгүй. Бид орчин үеийн мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа гэж тайлбарлаад байсан?
-Амьдралаа мэдэж ярих хэрэгтэй шүү дээ. Баянхонгор аймагт төвийн эрчим хүчний системд холбогдоогүй гурван сум байна. Сумын төв холбогдоогүй байхад багийн төв байнгын эрчим хүчтэй болно гэж юу байх вэ. Мотор тавиад аргалчихдаг юм байж. Гар утасны сүлжээ Монгол Улсад хөндлөн гулд орчихсон байлаа гэхэд онлайнаар мэдээлэл өгөх бололцоо ямар байгаа юм бэ. Монгол Улс тэр чигээрээ интернэттэй болчихсон юм уу. Бодох л ёстой.
-1990 онд дөрвөн шатны сонгуулийг интернэт битгий хэл гэрэл цахилгаан ч үгүй хийсэн. Тэгэхээр хийхгүй гэ-сэн хүн шалтаг хайдаг гэдэг л болж таарах нь дээ?
-1990 оноос хойш хүн ам өсөж, нийгэм эдийн засаг хэрхэн өөрчлөгдлөө. Сонгуульд нэр дэвшигчдийн нөхцөл байдал яаж өөрчлөгдлөө гэдгийг бодох хэрэгтэй. Би ч гэсэн 20 жилийн өмнө тийм байсан гээд тайлбар хэлж болно. Тэр үеийн төрийн тогтолцоог харьцуулаад үзэх хэрэгтэй. Хууль эрх зүйн хувьд ч өөрчлөгдсөн. Хамгийн наад зах нь сонгуульд өрсөлдөж байгаа хүний тоо хүртэл шал өөр болсон.
-Гэхдээ л танайхан хоёр сонгуулийг хамт явуулахгүй гэж багагүй шалтаг хайж байна. Тухайлбал, Иргэний бүртгэлийн газрын дарга нь танай намын хүн байсан. Энэ утгаараа иргэний ухаалаг үнэмлэхийн асуудлыг хойш татсан юм биш үү?
-Эцсийн дүндээ МАН сонгуулийг яаж будлиангүй, тайван аятайхан явуулах вэ гэж бодож байна. Түүнээс янз бүрээр ухвар мөчид харах шаардлагагүй. Иргэний бүртгэлийн асуудлыг Засгийн газар болон МАН, АН-ын бүлэг дээр нөхцөл байдлын тухай хэн хэн нь сонсож байсан шүү дээ. Үнэхээр иргэний бүртгэлийн ажил нь хийгдээгүй. Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтан-хуяг ухаалаг үнэмлэх хийх компанийг нь тендергүйгээр сонгон шалгаруулсан. Тэр компани нь энэ хугацаандаа нийлүүлж чадахгүй гэж хэлээд байгаа юм биш үү. Тэгэхээр хэн нь үнэн яриад байгааг очоод асуух хэрэгтэй.
-Тэргүүн  шадар сайд ажлаа хэвийн гүйцэтгэсэн, энэ асуудал МАН-аас болж гацаанд орсон гэж тайлбарлаад байгаа юм биш үү?
-Тийм болохоор л би нэг хэлдэг. Н.Алтанхуяг дарга бас өөр зүйл хэлдэг. Хэн нь үнэн яриад байгаад хүмүүс гайхаж эргэлзэх нь ойлгомжтой. Тэгэхээр ажил авсан компаниас нь очоод асуудлынхаа үнэн мөнийг олж тогтоох хэрэгтэй шүү дээ.
-Ийм учраас л хоёр намынхан улстөржиж, хэн хэнийгээ асуудлын буруутан болгох гээд байгаа юм биш үү?
-Тэгж бодоод байгаа юм бол очоод тодруулчих хэрэгтэй. Тэр сонгон шалгаруулалт Н. Алтанхуяг сайдын үед хийгдсэн. Тендергүйгээр шалгаруулсан нь үнэн. Бусдыг нь тухайн компаниас асууж тодруул.
-Нөгөө талаар УИХ-ын сонгуулийн хууль ҮХЦ дээр асуудал үүсгэчихээд байгаа. ҮХЦ гуравдугаар сарын 27-нд асуудлыг хэлэлцэнэ шүү дээ?
-УИХ-ын сонгуулийн хуулийн 60.1 дүгээр заалтад сонгууль болохоос зургаан сарын дотор УИХ-ын сонгуулийн хуулийг батлах буюу нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гээд заачихсан. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн шинэ хуулинд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулах эрх зүйн боломжгүй болно. Нөгөө талаас энэ заалт Үндсэн хуулинд заасан эрх мэдлийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. УИХ-ын сонгуульд өөрчлөлт орох асуудал ҮХЦ дээр Үндсэн хуулийн зарчмын дагуу хэлэлцэгдэж таарна. Тийм учраас УИХ-ын хувьд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломж бага. Харин ҮХЦ-ийн эрх мэдлийг энэ хуулийн заалт хөндөөгүй гэж үзэх юм бол Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломж байгаа гэсэн үг. Үнэхээр ҮХЦ-ээс Үндсэн хууль зөрчлөө гэдэг дүгнэлт гарсан ч тэр хуулийг өөрчлөх боломж эрх зүйн хувьд байхгүй.
- Тэгэхээр УИХ ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн үг үү?
-Цэцийн дүгнэлтийг хүлээж авч, хуулинд өөрчлөлт оруулах боломж хязгаарлагдмал болчихож байгаа юм. Цэцийн дээд шатны дүгнэлт гарсан ч хүлээж авах эсэхээс үл хамаараад цэцийн дүгнэлт хүчин төгөлдөр болох эрх зүйн үндэслэлгүй. УИХ-ын сонгуулийн эрх зүйн орчин хүндрэлтэй болно.  Нөгөө  талаас  ҮХЦ хянан үзэх хугацаагүй заалт орж байна. ҮХЦ-ийн эрх мэдлийг хязгаарлаж байгаа тайлбар бас байж болох юм.
-Цэцийн зүгээс намын нэрээр 28 нэр дэвшигчийн квот руу гулсахыг хязгаарлаж байгаа юм биш үү?
-Маргааны гол сэдэв нь «Шороотой бөх туг тойрдоггүй» буюу сонгуулийн дүнгээр ялагдсан ч жагсаалтаар 28 гишүүн УИХ-д сонгогдоно гэдэг заалтыг халж байгаа юм. Манайхны хэлдгээр гулсана гэдгийг хэлж байна. Ялагдсан гишүүдийг бүгдийг хувиар нь жагсаахад хамгийн өндөр хувь авсан нь 28-д жагсаж, намынхаа оноо хувь, намын оноогоо нэмээд хамгийн өндөр санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдохоор болж байгаа юм. Энэ нь нэг талаараа УИХ-ын гишүүн шууд сонгогдоно гэсэн хууль зүйн заалтыг зөрчиж байна гэсэн үндэслэл болоод хувирчихаж байгаа хэрэг. Энэ бол маш их маргаантай сэдэв.
-Ингэхэд хаврын чуулганаар Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй юм байна гэж ойлгож болох уу?
-Хэрэгжүүлэх боломжгүй байгаа хуулийг яаж хэрэгжүүлэх вэ. Жишээ нь хоёр сонгууль хамт явуулахад дор хаяад хэдэн арван зөрчилтэй асуудал байна. Ганц жишээ УИХ-ын сонгуулийг зургаан сарын сүүлийн долоо хоногт явуулна гэсэн бол орон нутгийн сонгуулийг амралтын өдөр явуулна. Хуулиараа хоёр өөр өдөр явуулахаар болоод байгаа юм. Хоёрт, автоматжуулсан системээр тоолно. Нөгөөх нь хуучнаараа саналын хуудсаар авна. Нэг сонгуулиар нь бүх юмыг хориглосон. Нөгөөд нь хориглоогүй. Хамт явуулбал орон нутгийн төлөөлөгчид нь дураараа мөнгө тарааж, хууль зөрчөөд, бүх юмыг будлиантуулж болно. Хуулийн цоорхойг ингэж ашиглах гэж байна. Тиймээс хоёр сонгуулийг хамт явуулах эрх зүйн чадамжгүй.
-Дундын хувилбар гаргаж болоогүй хэрэг үү?
-Дундын хувилбарыг МАН-аас санал болгосон гэж ойлгож байна. Тэр хувилбарыг харамсалтай нь хүлээж авсангүй. Нийслэл, аймгийн төвийн сонгуулийг хамт явуулъя, сум, хороодыг тусад нь гээд ч болсонгүй. Ёстой нөгөө «Хадмын сэтгэлийг бодоод жирэмсэн болчихов оо» гэдэг шиг МАН буулт хийж, аль болохоор зохицохыг бодож байгаа шүү дээ.
Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин
2012 оны 3-р сарын 21, Лхагва гариг

Г.Занданшатар: Орон нутгийн сонгуулийг хэзээ явуулахаа иргэд нь шийддэг зарчимтай


УИХ-ын гишүүн Г.Занданшатар
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ өдрүүдэд Япон улсад айлчилж буй. Түүнийг энэ удаагийн айлчлалаар цөмийн хаягдлыг Монголд байршуулах талаар хэлцэл хийнэ гэсэн мэдээлэл тарсан. Энэ талаар болоод цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын байр суурийг сонирхлоо.
-Та Монгол Улсын гадаад харилцааны бодлогыг тодорхойлоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд гарсан нэг асуудал бол Монголд цөмийн хаягдлыг булшлах нь гэсэн яриа. Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлалыг ч тэгж хэлэх хүмүүс байна. Салбарын сайдын хувьд албаны байр сууриа илэрхийлээч?
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын бүх айлчлалыг   Гадаад харилцааны яам зохион байгуулдаг. Хэлэх үг, хийх хэлэлцээр, айлчлалын хөтөлбөр, ярианы сэдвийг хүртэл Гадаад харилцааны яам боловсруулж, манай яамаар дамжин хэрэгждэг.Манай яам дээр боловсрогдсон асуудал УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж батлагддаг. Энэ зарчмаас гадуур нэг ч асуудал явдаггүй. Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ийм асуудал огт яригдахгүй. Харин улс төржүүлж, сенсаци дэгдээсэн зүйл байж болох юм. Зарим хүн ажлаас халагдаж, ажилдаа хариуцлагагүй хандсаныхаа ард нуугдах, шоудах үйл явдал гаргаж байгаа нь харамсалтай. Цөмийн хог хаягдлыг Монголд байршуулна гэсэн зүйлийг гадаадын эрх мэдэл бүхий холбогдох байгууллага няцаасан. Байхгүй гэдгийг нь хэлээд өгчихсөн. Харин ийм зүйл байсан гэж үзвэл авран хамгаалсан нь Гадаад харилцааны яам болно. Энэ чиглэлээр Гадаад харилцааны сайдын зүгээс албан мэдэгдлийг хангалттай хүргүүлсэн, холбогдох хүмүүс, эрх барих дээд байгууллагуудад. Тийм учраас цөмийн хог хаягдалтай холбоотой ямар нэгэн яриа хэлэлцээр байгаагүй гэдгийг би баталгаатай хэлнэ. Харин төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын хүрээнд ямар нэг яриа хэлэлцээр хийхийг бид мэдэхгүй.
-Ер нь өнөөдрийн Монгол Улс дэлхийн хэмжээнд ямар хэмжээний тоглогч болж гарч ирсэн гэж та үзэж байна?
-Манай улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн орон. Номхон далайн бүс нутгийн яриа хэлэлцээрт идэвхтэй оролцогч түнш орон болж байна. Цаашдаа Монгол Улс хөгжлийнхөө энэ хурдаар явахад 2031 онд дэлхийн хандивлагч, дэлхийн бодлогыг тодорхойлоход идэвхтэй оролцогч, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус сонгуульд өрсөлдөгч улс болно. Өнөөдөр Дэлхийн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаа. Дэлхийн зарим орон Монгол Улсыг мэдэхгүй байна гэж ярьдаг байсан бол өнөөдөр дэлхий нийтийн анхаарал манай улс руу хандаад байна. Манай гадаад бодлогын чухал хэсэг нь хоёр хөрш. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь хоёр хөрштэйгөө бүх чиглэлд идэвхтэй харилцаагаа хөгжүүлэхэд чиглэгдэнэ гэсэн байдаг. Хөрш хөршөө сонгодоггүй гэж ярьдаг. Тиймээс хөрш орнуудтайгаа найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж явах нь манай улсын хувьд маш чухал. Нөгөө талаар энэ хоёр том хөршийн дэргэд байснаараа манай улсын хувьд давуу талууд бий болж байна. Асар том хоёр багана хэрмийн дунд хамгаалагдаж, асар том хоёр зах зээлийн урсгал дунд байна гэсэн үг.
-Та орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Олон жилийн хөдөлмөрөө мал аж ахуйд зориулсан хүмүүс өнөөдөр орон нутагтаа амьдарч байгаа. Тэдний дунд тэтгэврийн асуудлыг сөхөж ярих нь элбэг байдаг юм билээ?
-Яах аргагүй чухал сэдэв. Малчин хүн жилийн 365 хоногт хоёргүй сэтгэлээр өглөө ургах нарнаас шөнө дөл хүртэл хөдөлмөрийн хортой нөхцөлд ямар ч завгүй хөдөлмөрлөж байна. Жирийн байгууллагын албан хаагч жилийн 52 долоо хоногийн хоёр өдөр нь буюу 104 өдөр нь амарч байна. Тэгээд ажлын 12 цагтай байх жишээтэй. Гэтэл малчин хүнд ямар ч чөлөөт цаг гэж байхгүй. Өнгөц харахад малчин хүн өөрийнхөө амьдралын төлөө хөдөлмөрлөөд байгаа мэт боловч цаагуураа бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын манаанд зогсож байгаа баатрууд. Тиймээс бид малчдын тэтгэврийн насыг 55 болгох хэрэгтэй.
-Өмнөх сонгуулиар тантай хамт Баянхонгороос УИХ-д суусан зарим гишүүн өнөөг хүртэл тойрогтоо бараагаа харуулсангүй. Нэг нутгийг төлөөлж УИХ-д сууж байгаагийн хувьд та тэдний талаар ямар бодолтой байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Батж.Батбаярын талаар?
-Би үнэлэлт өгөхөөсөө илүү сонгосон сонгогчид нь үнэлэлтээ өгч, дүгнэлт хийх ёстой болов уу. Тэртэй тэргүй сонгогчид хэн юу хийж, хаана яаж ажилласныг мэдэж байгаа. Ардчилсан нийгэмд хариуцлага тооцдог механизм нь өөрөө сонгууль. Яахав Ардчиллаас өөр систем, тогтолцооны үед бол болохгүй байгаа нөхөрт хариуцлага тооцож, өөрсдөө шийдвэр гаргах боломжтой. Харин Ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт бий. Тэр дундаа УИХ-ын гишүүнийг хариуцлагагүй ажилласан гэж үзэж байгаа бол ард түмний сонголт тэр хариуцлагыг нь үүрүүлэх учиртай. Яахав сонголт өөрөө хариуцлагатай байхыг сонгуулиас сонгуулийн хооронд бид мэдэрч байна.
-Ер нь нэг тойргоос сонгогдсон гишүүдтэйгээ хамтарч ажилласан биз дээ?
-Өмнөх сонгуулиар МАН, АН ард түмнийхээ өмнө томоохон амлалтыг өгч, чухал хариуцлагыг үүрэхээр болсон. Энэ утгаараа хамтарч ажиллалгүй яахав. Нэн ялангуяа амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө болохоосоо болохгүйгээ хүртэл хамтарч ажилласан. Болохгүй юм бас байдаг юм байна. Гэхдээ хийсэн нь хийж амжаагүйгээсээ илүү их байгаа байх аа.
-Халамжийн бодлогыг эргээд хүмүүс шүүмжлэх болжээ. Та ямар байр суурьтай байна вэ?
-Нийгмийн халамжийн тухай хуульд туссан нэг зарчим нь халамжийг оновчтой болгох явдал. Энэ утгаараа халамжийн бодлого оновчтой байх нь зүйн хэрэг. Гэтэл яг амьдрал дээр халамж хүсдэггүй хөдөөгийн иргэд тун ховор шүү. Тухайлбал, харж хандах хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд түлээний мөнгө, халамжийн мөнгийг олгоё гэж шийдвэр гардаг. Ингэхээр ахмадууд надад түлшний мөнгө яагаад өгсөнгүй вэ гэсэн асуудлыг тавьдаг. Халамж хавтгайрлаа гэхээсээ илүүтэй халамжийг яагаад надад олгохгүй байна гэдэг нь хурал цуглааны ярианы гол сэдэв байдаг. 21 мянган төгрөгөөр амьдарч байгаа хүмүүс олон. Энэ мөнгө иргэдийн гар дээр очиход сумын бизнес эрхлэгчдийн ашиг орлого хүртэл нэмэгддэг. Хүн болгонд хэрэгтэй байна гэж ярьдаг. Тиймээс халамжийн бодлогыг хоёр талаас нь харах хэрэгтэй. Миний ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрт халамжийн 21 мянган төгрөгийг заавал олгохоор тусгах хэрэгтэй гэж бодож байгаа. Хэмжээг нь 30 мянга болгоход ч болох зүйлгүй.
Харин олгохдоо нийгэмд тустай ямар нэг ажил хийснээр үнэлгээ өгч олгодог байх хэрэгтэй.
Сумандаа хэдэн мод тарьсан, эвдэрхий хашаа хороогоо зассан, ахмад настнаа халамжилсан ч юм уу ямар нэг байдлаар нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, тодорхой үйл хэрэг бүтээсэн хүмүүст халамжийн 21 мянгыг нь өгдөг байя. Энэ мөнгө хэрэггүй, нийгмийн чанартай ажил хийх шаардлагагүй хүмүүс мөнгөө авахгүй байж болно, Тэгэхээр халамж шаардлагатай хэсэг нь аяндаа ялгараад ирнэ. Нөгөө талаас нь сум орон нутаг иргэдээ энэ мөнгийг олгуулахын тулд нийгмийн чанартай ажлуудыг эрчимжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах болно. Сумаараа төмс тарина, хашаа хороогоо сайжруулна. Эцсийн дүнд нь хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ. Ажлын байр бий болно. Хамтын хөдөлмөрийн үр шим нэмэгдэнэ. Мэдээжийн хэрэг үнэхээр элдэв шаардлага, хэмжүүргүйгээр халамжаа авах ёстой ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь 21 мянган төгрөгөө аваад явдаг байх нь зүйтэй. Ингэж зохицуулалт хийх замаар энэ мөнгийг олгох нь нийгмийн баялгийн тэгш хуваарилалтын нэг илрэл болох учиртай. Тэгэхгүй бол одоо нэг хэсэг нь хэт баян, нөгөө хэсэг нь хэт ядуу байх хэмжүүр хоёр туйл руугаа явна.
-Одоо хэр нь МАН болоод АН УИХ-ын сонгуультай Орон нутгийн сонгуулийг хамт явуулах эсэх дээр тохиролцоонд хүрсэнгүй. Ер нь ямар байдлаар шийдэх нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-Энэ хоёр сонгуулийг нэг дор явуулах нь Үндсэн хуулийн зарчим, агуулгатай, Ардчилсан төрийн агуулгатай зөрчилдөж байгаа юм. Нэгдэж, хууль зүйн үндэслэлийн хувьд болохгүй. Үндсэн хуульд заасанчлан Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг дор явуулбал бүрэн эрх нь дуусаагүй байгаа байгууллагын эрхэд халдаж, Үндсэн хуулиа зөрчсөн хэрэг болно. Бусад оронд Орон нутгийн сонгуулийг хэзээ явуулахаа иргэд нь шийддэг зарчимтай. Энэ нь төвлөрлийг шийдвэрлэж байгаагийн нэг хэлбэр. Орон нутгийн сонгуулийг тийм цаг хугацаанд, ингэж явуулах нь зүйтэй гэж УИХ-аас хэлж, шийдэх нь өөрөө төвлөрлийг бий болгож байна.
Хоёр сонгууль нэг өдөр болох юм бол УИХ-ын сонгуулиас Орон нутгийн сонгууль бүрэн хамааралтай болно.
Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх мэдэл УИХ-д шингэж хязгаарлагдана. Төрийн засаглал хуваах онолын дагуу бол орон нутгийн эрх мэдэл, төрийн төв захиргааны эрх мэдэл тусдаа байх ёстой. Энэ хоёр холилдоно. Нөгөө талаар УИХ-ын сонгуулиар уралдаан тэмцээн зохион байгуулах, мөнгө төгрөг тараах гээд маш олон зүйлийг хориглосон. Орон нутгийн сонгуулиар харин нээлттэй. Тэгээд одоо УИХ-ын гишүүдийн өмнөөс орон нутгийнхан мөнгө тарааж, болохгүй бүтэхгүй зүйлийг хийгээд эхлэнгүүт хэн ч хариуцлага хүлээхгүй болж байгаа юм. Ийм хуулийн цоорхойг ашиглаж болохгүй шүү дээ. Тэгээд ч одоо хамт явуулна гэж байгааг ардчилал хөгжсөн орнууд ардчиллаас ухарч байгаа явдал гэж үзэж байгаа. Нэг ёсондоо Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг.
Нийтлэлч
Б.Чинбат
Эх сурвалж
Үндэсний мэдээ
2012 оны 3-р сарын 14, Лхагва гариг