Showing posts with label БОЛД Д. Show all posts
Showing posts with label БОЛД Д. Show all posts

Monday, 4 February 2013

Д.Болд: ”Үүлэн домог” дууны аяыг хулгайлаагүй гэдгийг мэргэжлийнхэн хэлэх байх

217517_596479280379325_198229783_nТөрийн соёрхолт дуучин Д.Болдын бие даасан арав дахь “Монгол поп-2” цомгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өчигдөрхөн болж өнгөрсөн. "Тэрээр мөн Монгол поп-1,2" цомгоо дэлхийн томоохон хөгжмийн сүлжээ сайтад борлуулж эхлээд байгаа. Бүх зүйлээрээ амжилттай яваа Д.Болдтой сүүлийн үеийн уран бүтээл болон бусад зүйлсийн талаар ийн хөөрөлдлөө.

- “Монгол поп” гэж  яг ямар урсгал юм бэ гэж хүмүүс асууж сонирхдог. Та тэдэнд ямар тайлбар хэлдэг вэ? 
- "Монгол поп” гэж яг юу юм бэ гэж хүмүүс надаас асуудаг. Дээл өмсөхөөрөө “Монгол поп” болчихдог юм уу ч гэж бас асуудаг. “Монгол поп” гэдэг нь уламжлал дээр тогтсон шинэ цагийн рок поп хөгжмийн урсгал. Тийм учраас би Монголынхоо энэ урсгалыг дэлхий дахинд мандуулна гэсэн дотоод шартай хөдөлмөрлөж яваа. Удахгүй “Мини” тоглолт хийнэ. Ерөнхийдөө бага хэмжээний тоглолт хийж хүмүүст танилцуулбал илүү үр дүнтэй гэж бодож байгаа. Хүн болгон хөгжмийн боловсролгүй учраас бид бүхэн энгийн маягаар “Монгол поп” урсгалыг тайлбарлана. Энэ жил “Камертон” хамтлагийн тоглолт, миний тоглолт,  шинэ хамтлагийн тоглолт болно. Ерөнхийдөө их ажилтай байгаа. Өнөөдөр “Монгол поп-2” цомог гарлаа. Энэ бол Д.Болдын урсгал биш Монгол улсын урсгал. Тиймээс Монголынхоо хамтлаг дуучидтай хамтран ажиллах ажил эхэлж байна.


-     “Үүлэн домог” дууны аяыг гадны дуунаас хулгайлсан гэсэн мэдээлэл гарсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ? 
-    “Үүлэн домог” хөгжмийн хэмнэлийг орчин үетэйгээ яаж холбосон, ямар гармони ашигласан, ямар аялгуу хэрэглэсэн гэдгийг хөгжим мэддэг хүмүүс сонсоод хэлэх л байх. Ерөнхийдөө гадны R&B дуунууд Дорны аялгууг илүү ашигладаг болсон байгаа. Хүмүүс үүнийг мэднэ. Үүнтэй төстэй санагдсан юм байлгүй. Мэдээж муу зүйл тарахдаа их амархан. Сайн зүйл тарахдаа удаан байдаг.

-    “Монгол поп-2” цомогт  урлаг шүүмжлэгчид ямар дүн тавьж байгаа вэ? 
-    Урлаг шүүмжилдэг мэргэжлийн хүн бага байх шиг байна. Онол болон хөгжим талаасаа шүүжилдэг мэргэжлийн хүн байхгүй. Манай урлагийнханд мэргэжлийн шүүмжлэгч нар их хэрэгтэй байна.

-    Та хувцасныхаа загварыг өөрөө гаргадаг гэсэн үнэн үү? 
-  Загвараа өөрөө гаргадаг. Мөн дээл сайхан хийдэг хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Манайд уран оёдолчид байдаг тэдэнтэйгээ хамтарч ажилладаг.

- Таны уран бүтээл дэлхийн томоохон хөгжмийн сүлжээ сайттай холбогдчихлоо. Дараагийн дуу чинь яг хэдэнд нээлтээ хийнэ гэсэн төлөвлөгөө байна уу? 

-    Энэ талаар бид нар төлөвлөж байна. “Itunes”-тэй анх удаа  харьцаж эхэлж байна. “Itunes”-д бүтээлээ тавьснаас хойш хоёр гурван хоногийн дараа зарим нь гурван долоо хоногийн дараа ордог. Тийм учраас төлөвлөж гадны дуучдын жишгийн дагуу зарлах нь илүү зүгээр юм болов уу? Гэхдээ гадныханы анхаарлыг татахын тулд луугаа маш олон татсан байх хэрэгтэй байх. Топ борлуулалттай альбомд орж байж л манай улс гадныханы анхааралд өртөнө.

-    “Монгол поп”-ыг гадныхан мэддэг болоход ойролцоогоор хэдэн жил шаардагдах бол? 

-    Энэ их хэцүү юм. Нэгдүгээрт манай улс жижиг зах зээлтэй. “Gangnam Style” нэрт гарсны учир нь эхлээд Солонгостоо их хүн үзэж, сонссон. Солонгостоо анхаарлын төв байж дараагаар нь бизнесийн зүйл нь яригдаж эхэлж байгаа юм. Монголд зах зээл нь бага учраас төрийн бодлогын оролцоотойгоор Монголын урлаг дэлхий дахинд гарах байх. Энэ ажил дээр ч би нилээн ажиллана гэж бодож байгаа.

-    Үндэсний хөгжим дээр суурилж бичигддэг “Монгол поп” шиг цомог зүгээр нэг R&B цомгийг хийхэд аль нэгэнд нь илүү их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулдаг байх. Тийм үү? 

-    “Монгол поп” илүү их зардалтай. Учир нь Монголын эдлэл хэрэглэл их үнэтэй. Аятайхан материалаар хийхгүй бол дээл муухай болчихно. Дээл гутлын хийц, зүүлт, чимэг бүгд урлагийн бүтээл учраас зардал ихтэй. Монголын уламжлалт гайхамшигтай бүтээлээ бид дэлхий дахинд брэнд болгох тал дээр анхаарвал зүгээр. Ийм үнэт эдлэлийг монголчууд бид зүгээр л ахуйдаа хэрэглэж ирсэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр Монголын мөнгөн аяга, хоолны хэрэгсэл, эд хэрэглэл дэлхий дахинд брэнд болох бүрэн боломжтой гэж боддог юм.

-     Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та хоёрыг их дотно харилцаатай байдаг байх гэж хүмүүс ярьдаг. Ер нь та хоёр хэр дотно вэ? 
-    Би нэг зүйлд их баярладаг юм. “Камертон” хамтлаг 18 жил уран бүтээл хийсэн. Энэ хугацаанд улсынхаа ерөнхийлөгчтэй уулзах юмсан гэсэн хүсэлтийг их тавьдаг байсан. “Бидний тоглолтон дээр хүрэлцэн ирнэ үү. Бид бүхэн уулзах юмсан” гэсэн хүсэлтийг байнга гаргадаг байсан. Тэр болгонд бидний хүсэлтийг буцаадаг байсан. Харин энэ ерөнхийлөгч маань уулзъя гэхээр маш уриалгахан хүлээж авдагт би их баяртай байдаг. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч маань залуусыг дуудаж гэртээ урьдаг. Твиттерийн жиргээчидтэй хамт ууланд гардаг. Ер нь их нээлттэй хүн. Мөн улсынхаа нэг дуучинтай амралтын өдрийн үдшийг өнгөрөөж уран бүтээлийн талаар болон “Монгол поп” урсгалын хүрээнд цаашид хийх ажлын талаар ярилцсан нь миний хувьд их сайхан санагдаж байгаа. Бид хоёр хамаатан биш. Ураг төрөл садан биш. Зүгээр л нэг дуучин хүнтэй дотно яриа өрнүүлж байна гэдэг нь их сайхан санагдсан. Бид бүхэн өөрсдийнхөө хийх гэж байгаа зүйлээ ерөнхийлөгчдөө тайлагнаж ярина гэдэг бол сайхан. Олон жил бид дуулсан. Би баярлаад ерөнхийлөгчийн гэрт зочилсон зургаа фэйсбүүкдээ тавьсан. Дор нь олон хүн санал сэтгэгдлээ бичсэн байсан. “Ингээд л төрийн шагнал авсан юм байна шүү дээ” гэх мэтчилэнгээр бичсэн байна лээ. Би эмзэглэхгүй байгаа. Төрийн соёрхолт шагналын хувьд бол шагналын дор орно гэж байхгүй. Шагналын дээр гарч уран бүтээлээ хийнэ. Шагнал бол залуу насанд өгсөн урам гэж ойлгож байгаа. Миний хувьд шагналаа сайхан өргөөд илүү оргилын төлөө дээш зүтгэнэ гэж бодож байгаа.

-    Ам барьдаг дуучдын эсрэг нэгдсэн байсан? 
-    Дуучид зайлшгүй амьдаар дуулах ёстой. Ингэх нь дуучдад болон үзэгчдэд сайхан сэтгэгдэл үлдээнэ. Гэхдээ бас нэг учир  бий. Дуучдыг амьдаар нь дуулуулахын тулд  нөхцөлийг нь бүрэн хангасан концертын заал байх ёстой. Яг мэргэжлийн дуугаралттай заал, ажилдаг микрофонтой байх ёстой. Үзэгчид гадуур хувцсаа тайлаад тайван, тухтай концерт үзчих хэмжээний заалтай байх ёстой. Сүүлийн үед гарч ирж буй хамтлаг,  дуучид бүгд ам барьж дуулж байгаа. Энэ бол маш буруу.

-    Та огт амь барьж дуулж байгаагүй гэж үү? 

-    Зарим тохиолдолд ам барих зүйл байсан. Яагаад гэхээр зайгүй, дуугардаггүй микрофон тавьдаг. Тийм нөхцөлд яалт ч үгүй бичлэг тавьдаг. Сайхан заалтай болохын тулд соёлын бодлого хэрэгжих ёстой. Дуучидтайгаа тэмцэхээс илүү микрофон, тоног төхөөрөмж, заалыг нь сайн бэлдэж өгөх хэрэгтэй. Дараа нь хариуцлагаа тооцох хэрэгтэй. Ам барьж дуулж болохгүй гэдэг нь 200 хувь зөв. Ам барих нь дэлхийн дахинд гутамшигтай зүйл гэж нэрлэгддэг. “Камертон” хамтлагийн хувьд ч зарим нэг жижиг шоун дээр ам барих асуудал гарч байсан. Бас болсон болоогүй шоунуудыг цэгцлэх ёстой.

“Камертон-2” шоуны ялагчид “Монгол поп” урсгалаар дуулах уу?
Яг энэ урсгалаар дуулахгүй. Би шинэ хамтлагаа поп R&B чиглэлээр дуулуулна.
Т.Хулан 

Sunday, 27 January 2013

ТӨРИЙН СОЁРХОЛТ Д.БОЛД: БИ ЦОЛНЫ СҮРЭНД ДАРАГДАХГҮЙ

Монголын рок, попын урлагт 18 жил уран бүтээлээ сонсогч, фенүүддээ хүргэсэн "Камертон" хамтлагийн дууг олон түмэн сонсох дуртай. Тэд залгамж халаа болсон шинэ "Камертон"-ыг "төрүүлээд" байгаа. Энэ хамтлагийн продюссер, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдтой ярилцлаа.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Камертон 2" төслийн үр дүнгээс ярилцлагаа эхэлье?
-  Танай сайтыг уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Нэг жилийн хугацаанд үргэлжилсэн “Камертон 2” шоуны гол зорилго нь залуучуудыг дэмжих, монголын рок, попод шинэ дуу хоолойтой хамтлагийг байгуулах. Шинэ хамтлагийн дөрвөн гишүүд маань тодорлоо. Цаашлаад олон зүйл хийхээр  төлөвлөж, түүнийгээ ч амжуулахын төлөө ажиллана даа. Ер нь шилдэг 16-д шалгарсан залуучууд бүгд л авьяаслаг.
-  Шинэ хамтлаг, дуучдыг бэлтгэх  телевизийн нэвтрүүлэг  олон  болсон. Шинэ "Камертон" тэднээс юугаараа илүү давуу талтай  вэ?
- Нэгдүгээрт, мэргэжлийн түвшиний хамтлаг байгуулах  зорилготой. Шинэ уран бүтээлийн ажилдаа орсон байгаа.
Дөрвөн хоолой салгаж дуулдаг, амьдаар дуулж чаддаг, мэргэжлийн   байх ёстой гэсэн шалгуур тавьж байна. Бусад телевизийн нэвтрүүлгийг харахад бүх хүмүүс оролцох боломжтой эсвэл телевизийн гоё шоу нэвтрүүлэг хийх зорилготой юм шиг санагддаг.  Мөн сонирхогчийн түвшний хамтлагууд гарч ирж байгаа.
- "B продакшны" дэргэдэх олон уран бүтээлчид байдаг. Продакшн одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-  Өнгөрсөн жил монгол поп урсгалыг  дэлгэрүүлэх, хөгжүүлэхээр  ажилласан. Одоогоор  "Гурван охин" хамтлагийн шинэ цомог, шинэ "Камертон" хамтлагийн цомог гээд ачаалал ерөнхийдөө нэмэгдэж байна. Мөн өөрийнхөө бие даасан “Монгол поп 2” цомог болон  хуанли  худалдаанд гаргасан. Удахгүй  R&B поп цомгоо гаргана.

-  18 насны төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх вэ?
-   Хамтлагийнхаа 11 дэхь бие даасан цомог болон хуучин цомгоо дахин хэвлэж, худалдаална. Энэ жил "Камертон" хамтлагт зориулсан  олон ажил зохион байгуулахаар ярьж байна.

-   Та нэлээн олон дууны  ая зохиосон. Шинэ хамтлагийнханд дуу зохиож өгөх үү ?
- Шинэ хамтлагийнхаа  уран бүтээлийн ажлыг  эхэлчихсэн явж байна. Хамтлагийн гишүүдийг  ирэх зургадугаар сард Сингапурт хэлний сургуульд суралцуулаад дараагаар нь  шинэ цомгоо гаргана.
-Хамтлагийн нэр нь ямар байх бол оо. Та нар хамтлагийнхаа нэрийг өвлүүлэх юм уу?
-Хамтлагийн нэр өөрчлөгдөх байх.  Нэрээ хоорондоо ярилцаж  байгаад сонгоно.
Би  дууны аяыг нь ихэвчлэн зохиодог. Харин яруу найрагчдаа дууныхаа хэмнэлийг ойлгуулж, өөрийн санаагаа хэлж үгийг нь бичүүлдэг юм . Харин "Монгол поп 2" цомогтоо өөрийнхөө   зохиосон шүлгэнд ая хийж дуулсан байгаа . Бас нэрт яруу найрагчдын шүлгийг дуу болгосон.
- Эдгээр шүлгүүдийг албан ёсны зөвшөөрлөөр авсан уу?
- Р.Чойном, Б.Лхагвасүрэн, Ш.Гүрбазар зэрэг нэрт яруу найрагчдын шүлгийг албан ёсны зөвшөөрлийг нь авч дуулсан . Миний хувьд “Хайрын хүч” цомгоос хойш зоохиогчийн эрхийн зөвшөөрлийг авч, албан ёсоор гэрээ байгуулж ажиллаж байгаа.
Манай урлагийнхан  хүний бүтээлийг ашиглахдаа гэрээ байгуулж, худалдаж авч албан ёсоор ашиглах эрхээ авдаг болох хэрэгтэй.
- Ам барьж дуулдаг дуучдыг их шүүмжилдэг боллоо. Камертон хамтлаг ер нь хичнээн удаа ам барьж дуулж байв?
-    Бид 1995 оноос хойш ер нь амьдаар дуулсаар ирсэн.  Тэр үед өнөөдрийх шиг олон шоу нэвтрүүлэг, бичлэгийн студи байгаагүй. Бид дөрөв байнгын бэлтгэлтэй, амьдаар дуулдаг байсан. Бие даасан тоглолтод амьдаар дуулах хэрэгтэй гэж боддог.
Уран бүтээлчид  амьдаар дуулж байж дуу нь олон түмэнд хүрч,  тоглолтын танхимын уур амьсгал  ч доргио  болно шүү дээ. Заримдаа техникийн шаардлагаас болж шоун дээр бичлэг тавьж дуулах үе байсныг нуухгүй.
Монголд мэргэжлийн түвшний тоглолтын танхим байдаггүй.  Үзэгчид тухтай суугаад тоглолт үзэх боломжгүй,  дуучид хувцсаа солих тухтай өрөө  ч байдаггүй  нь хамгийн том дутагдал. Мөн тоног төхөөрөмж мэргэжлийн түвшинд байх хэрэгтэй л дээ. Зарим жижиг шоунд зайгүй микрофон авчирсан байх жишээтэй.
- Та Төрийн соёрхолт шагналыг "Монгол поп" бүтээлээрээ хүртсэн. Та энэ бүтээлээ  тодорхойлвол?
-    Манай эртний уламжлал, монгол гэсэн тодотголыг шингээсэн орчин цагийн хөгжмийн урсгал юм. Морин хуур, уртын дуу, хөөмийг орчин цагийн биет бөмбөр, хөгжимтэй хослуулна гэсэн үг. Мөн үндэсний дээл, хувсаа орчин цагтай хослуулсан, хөгжим, загвар зэргийг багтаасан цогц бүтээл. Түүнчлэн үндэсний урлаг, хувцас эд хэрэглэл зэргийг сурталчилж байгаа юм.
-   Энэ шагналыг хүртэхэд хүмүүс янз бүрээр ярьж байсан. Та энэ цолыг хэр дааж явж байна гэж боддог вэ?
-   Би ер нь цолны сүрэнд дарагдах  дургүй, харин ч шинэ бүтээл туурвиж илүү ихийг хийх хүслээр жигүүрлэсэн гэхүү дээ. Тиймээс  энэ шагнал надад урам, зориг өгч байгаа маш том дэмжлэг гэж ойлгож байна.   Илүүг хийх, бүтээх, чадал, сэтгэлийн тэнхээ надад бий. Хүмүүс "Цол нь хүндэдсэн байна, Д.Болд авлаа" гэж ярьж байсан. Энэ нь монгол залуу хүнийг хэтэрхий басамжилсан хэрэг гэж бодож байна. Яагаад гэвэл Монголын залуучууд хүчирхэг, хийморьтой, аливаад тэмүүлэх сэтгэл зүрхтэй гэж боддог. Тиймээс том зүйлийн төлөө зорилго тавьж ажиллаж яваа. Гэхдээ миний хийсэн "Монгол поп" бүтээл бол  Монгол Улсынх, үүнийгээ өөр хамтлаг дуучидтай хамтран үргэжлүүлж, хөгжүүлнэ.
- "Би чамд хайртай 2" кинонд тоглосноос хойш кинонд тоглох санал их ирэв үү?
-   Саналууд ирсэн. Гэхдээ надад кинонд тоглох сонирхол байдаггүй. Харин  хааяа  компаний нүүр царай болж  реклам, сурталчилгаанд тоглодог.
- Таны машины дугаар, утасны дугаар 4-ийн тоотой холбоотой байдаг. Ямар бэлэгдэл агуулдаг юм бэ?
- Би 4-ийн тоог их хүндэлдэг. Миний дуртай тоо.  Ер нь миний амьдрал дөрвийн тооноос эхэлсэн. Миний төрж өссөн гэр дөрвөн давхарт байсан, анх тоглож сурсан хөгжим маань дөрвөн утастай, хамтлаг дөрвөн гишүүнтэй, дөрвөн хоолойгоор дуулдаг гээд анхны юм бүхэн маань 4-ийн тооноос эхэлсэн болохоор их билэгшээдэг юм.
- Та мөрөөдөлдөө хүрсэн үү? Сэтгэл тайван, сайхан амьдралдаа хүрсэн гэж боддог уу?
-    Сайхан амьдрахын төлөө л явж байна. Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй . Би үргэлж мөрөөдөж, түүнийгээ зорилго болгон, тэрэндээ хүрэхийн төлөө ажиллаж, амьдрах дуртай. Бид социализмаас ардчилсан нийгэм рүү шилжих үед бүгдийг давж хамтлагаа байгуулсан нь мөрөөдлийн минь эхлэл байсан.
- Таныг хошин урлагийнхан нөхөрсөгөөр шоглож, пароди хийдэг. Энэ талаар?
- Энэ талаар нэг их юм боддоггүй. Пароди урлаг өөрөө дэлхий нийтэд хөгжчихсөн урлагийн нэг төрөл болохоор байх ёстой зүйл гэж боддог.
- Таны гаднах дүр төрх, үсний засалтыг залуучууд их дуурайдаг шүү?
-    Би өөрөө их уйдамтгай зантай.  Үргэлж аливаа зүйлийг шинэлэг байлгахыг хүсдэг. Ер нь урлагийн хүн уран бүтээл, стиль, имидж, гадаад дүр төрхөөрөө ч гэсэн дандаа шинэ зүйлийг сэтгэж, шинэлэг  байхыг шаарддаг.Өөрийнхөө имижийг өөрөө л бүрдүүлчихдэг дээ.
- Таны бас нэг гоёл шивээс байдаг. Хэдэн шивээстэй вэ?
- Хоёр шивээстэй. Одоо харин арилгая гэж бодоод байгаа. Шивээс бараг сонирхохоо болиод байгаа.
Г.Батцэцэг
www.times.mn

Saturday, 16 July 2011

Д.Болд: "Ер нь хүн хөдөлмөрийнхөө үр шимийг өөрийнхөө биед мэдрүүлж байх хэрэгтэй"


Монголын рок, попын ертөнцөд анхдагч бүхний эзэн болсоор буй нь дуучин Д.Болд. Тэрээр Монголд анх R&B урсгалыг оруулж ирсэн. Мөн түүний үүсгэн байгуулсан “В”продакшн дуу бичлэгийн найруулга, интертайментийн олон шинэ соргог зүйлийг нэвтрүүлсэн билээ. Олон анхдагчийн эзэн маань тун саяхан поп хөгжмийг Монголын язгуур урлагтай хослуулан “Монгол поп” гэх урсгалыг гаргаж шинэхэн цомгоо өлгийдөн авсан юм.

-Уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа таны шинэ уран бүтээлийн талаар эхлэх үү?

-Монголчууд бид язгуур урлаг, ёс заншил, үндэсний хөгжмөө хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой. Тиймээс би өөрийнхөө тав дахь бие даасан цомгийг “Монгол поп” нэртэй гаргалаа. Энэ цомог дээрээ хоёр жилийн хугацаанд ажилласан.

-Тэгэхээр та поп хөгжмийг Монголынхоо язгуур урлагтай хослуулан шинэ урсгал гаргаж ирж байгаа байх нь ээ?

-Поп хөгжим бол дэлхий дахинд хамгийн олон сонсогчидтой түгээмэл урсгал. Тиймээс Монголын язгуур урлагийг орчин үеийн поп хөгжимтэй хослуулан “Монгол” гэсэн тодотголтой шинэ урсгал гаргахын тулд нэлээд ажилласан юм. Гэхдээ ямар ч хамаагүй поп дуун дээр Монголынхоо үндэсний хөгжмийг дуугаргаад л “Монгол поп” гэж нэрлэж байгаа юм биш. Харин илүү мэргэжлийн болгох үүднээс Азийн хөгжмийн таван эгшигт тулгуурлан онол болоод мэргэжлийн түвшинд дуунуудаа хийсэн. Энэ урсгалын маань анхны цомог нь миний тав дахь бие даасан альбом болж сонсогчдын хүртээл болж байгаа юм.

-Таны энэ цомгийн “Манан” дууны клип монгол ахуй соёлоо харуулсан сайхан уран бүтээл болсон байсан. Ер нь монгол поп урсгалаар бүтээгдсэн дуунууд учраас клипнийхээ санаанд үүнийгээ тусган харуулсан бололтой?

-Тийм шүү. Монгол поп цомгийн борлуулалт болоод дууны клипний ажлууд маань амжилттай явж байгаа учраас хүмүүст нэлээд таалагдаж байгаа гэж хэлж болохоор байна. Монголын поп урсгал шинээр төрөн гарсныг сонсогч фэнүүд маань дэмжиж байгаад миний хувьд баяртай байна. Тиймээс цомгийнхоо дуунуудыг клипжүүлэх ажил ид өрнөж байна. Энэ цомогт маань багтсан “Нам гүм дундаас” дуундаа хамгийн эхэлж клип хийсэн. Түүний дараа цагаан сарын өмнөхөн “Миний хоёр эрдэнэ”, “Манан” дууны клипүүдээ гаргасан. Харин саяхан “Хээрийн салхитай аялгуу” дууныхаа клипийг үзэгчдийн хүртээл болголоо. Энэ дуугаа би өвөөдөө зориулсан. Одоо “Амьдрал дуул гэлээ” дууны маань клип тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Түүний дараа бусад дууныхаа клипүүдийг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Та бол алдарт хуурч Жамъян агсны зээ хүү. Өвөөдөө зориулан бүтээсэн “Хээрийн салхитай аялгуу” дуу тань хэрхэн төрсөн бэ?

-Бид морин хуур хөгжмөө дээдэлдэг ард түмэн. Олон зуун жилийн турш бидний нүүдэлчин ард түмэн морин хуур хөгжмөө хойч үедээ өвлүүлэн үлдээсээр ирсэн уламжлалтай. Тиймээс монголчууддаа болоод хуурч өвөөдөө зориулан морин хуурын тухай “Хээрийн салхитай аялгуу” дуугаа хийсэн юм. Энэ дууны хөгжмийг Балхаа ах, үгийг нь Гүрээ ах маань бичсэн. Балхаа ах бол миний өвөөгийн шавь. Тиймээс Балхжав ах багшдаа, харин би өвөөдөө зориулж бүтсэн дуу. Уг дууныхаа клипийг ч гэсэн монгол ахуй соёлтой холбож хийхийг хичээж, хүүхдийн даахь авах ёслолоос эхлээд ботгоо голсон ингийг морин хуурч хэрхэн уярааж амлуулдаг тухай, мөн эрт дээр үед баатар эрс дайн тулаанд мордохынхоо өмнө морин хуурынхаа эгшгэнд омогшдог байсан тухай гэх мэт ёс заншлыг дууныхаа клипэнд шингээхийг хичээсэн. Энэхүү клипэнд маань миний өвөөгийн хайртай шавь нар нь, Морин хуур чуулга, Шуранхай хамтлаг, бүжигчид, соёлын өвийг дэмжигч “Энержи ресус”-ын хамт олон гээд олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан.

-Та бол Монголын соёл урлагт орчин цагийн R and B урсгалыг оруулж ирсэн хүн. Харин одоо “Монгол поп” урсгалыг дэлгэрүүлэхийг зорьж байгаа юм байна. Цаашид дахин шинэлэг урсгалыг Монголын хөгжмийн урлагт тусгахаар зорьж байгаа байх?

-Би Монголын урлаг соёлд байнга шинэ соргог зүйлүүдийг нэвтрүүлж, сонсогч фэнүүддээ хүргэх гол зорилготой ажилладаг. Урлаг бол хүнд байнгын эрч хүч, зөв энерги өгдөг нийгэмд заавал байх ёстой зүйл шүү дээ. Тиймээс урлагийн салбарт ажиллаж буй бид ард түмэндээ сайн бүтээл хүргэх ёстой. Монгол поп урсгал маань одоогоор дөнгөж хүмүүст хүрч эхэлж байгаа шинэлэг зүйл юм. Харин үүний дараа ард түмэндээ хүргэхээр зорьсон олон ажил бий.

-Дуу бүр хүмүүст таалагдаж хит болоод байдаггүй. Гэхдээ таны хийсэн уран бүтээл бүр олон нийтэд хүрээд байдгийн нууц юунд оршдог юм бол?

-Нууц гээд байх юу байх вэ дээ. Би уран бүтээлдээ чанарыг хамгийн түрүүнд тавьж эрхэмлэдэг. Гэхдээ дуу маань өөрөө хичнээн чанартай байсан ч бичлэг нь муу бол явахгүй шүү дээ. Тиймээс тухайн уран бүтээлийнхээ үг, ая, бичлэг, хөгжмийн найруулга, цомог, клип гээд бүх зүйлийг нь 100 хувь чанартай хийхийг зорьдог. Миний дууг сонсож, тоглолтыг маань үзэхэд бүх зүйл нь чанартай байвал хүмүүст хүрэх болно гэдгийг би хатуу ойлгосон.

-Хүмүүс дуучдыг зугээр сууж байгаад л ганц хоёр дуу дуулаад амархан бөөн мөнгө олдог гэж ойлгодог. Гэхдээ мэргэжил бүр өөр өөрийн гэсэн зовлон, жаргалтай байдаг шүү дээ. Дуучин хүний бэрхшээл нь юунд байдаг вэ?

-Манай Монголын хувьд шоу бизнесээр амжилт гаргахад хүндрэлтэй хэцүү байдаг. Гэхдээ энэ жижиг зах зээлд гарц бол мэдээж бий. Баяр ёслолоор нэг албан газарт өндөр үнээр дуулж мөнгө олохын тулд тухайн уран бүтээлч өөрөө маш их хөдөлмөрлөж байж тэр нэр хүндийг олж авдаг. Миний хувьд болж өгвөл өөрийгөө байнга шинэлэг байлгаж, чанартай уран бүтээл хийвэл амжилтад хүрдэг гэдгийг ойлгосон учраас өдөр бүр уран бүтээлдээ цаг гаргаж сайн ажилладаг.

-Таны дууны клипүүд богино хэмжээний кино шиг уран сэтгэмжтэй өгүүлэмжтэй байдаг. Харин “Нулимснаас харамласан хайр” дууны клипэнд хүмүүс нэлээд шүүмжлэлтэй хандсан байсан. Хилчин залууг заавал хятад бүсгүйд дурлуулах шаардлагатай байсан юм уу?

-Хүмүүс яагаад энэ клипэнд шүүмжлэлтэй хандаж, хятад, монгол гэж таагүй хүлээж авсныг би маш их гайхаж байгаа. Хүмүүсийн бие биенээ хайрлах хайр бол энэ ертөнцийн хамгийн хүчтэй зүйл шүү дээ. Хүмүүс шашин шүтлэг, үзэл бодол, арьсны өнгө, баян ядууг үл харгалзан хайрлаж дурлалцдаг. Миний хувьд тухайн хүн нь хөлгүй байна уу, ядуу байна уу, гадаад хүн байна уу хамаагүй. Хоёр хүн бие биенээ л хайрлаж байвал хамгийн аз жаргалтай зүйл. “Нулимснаас нуусан хайр” клипэнд хятад хүн тоглууллаа гэж шүүмжилж байгаа хүмүүсииг би ерөөсөө ойлгоогүй. Хэрэв үнэхээр үндсэрхэг үзэлтэй юм бол бид бүгдээрээ хятад хувцас өмсөхөө больж, хятад руу явахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол өрөөсгөл ойлголт. Уг нь энэ клип хил дээр байгаа залуу өвөрмонгол охинд дурлаж, хайр сэтгэлтэй болж байгаа тухай л өгүүлдэг. Түүхэнд ийм зүйл олон тохиолдож байсан учраас би санаа авч клипээ хийсэн юм.

-В продакшнаас олон чадварлаг уран бүтээлчид төрөн гарсан ч одоо нам жим болсон. Танай продакшнтай холбоотой мэдээлэл их гардаг ч үүнийг танаас тодруулах гэсэн юм?

-Манай “В” продакшн Монголд гадны саунд инженерийг/ дууны инженер буюу дууны бичлэг хийдэг мэргэжилтэн/ ажиллуулж хөгжмийн студийн мэргэжлийн түвшний олон шинэлэг зүйлийг нэвтрүүлснээрээ анхдагч болсон. Өнөөдөр Рагуг Монголд олон хүн таньдаг болж, реалити шоуны шүүгчээр ажиллаж байна. Ер нь аливаа шинэ зүйлийг хийхэд хүмүүс атаархдаг ч юмуу, яадаг юм болиулах гэж их үгүйсгэдэг. Гэхдээ энэ байдаг л зүйл. Манай продакшны уран бүтээлчдийн гэрээ нь дуусчихсан учраас хувиараа уран бүтээлээ хийж байгаа. Миний хувьд монгол поп урсгал дээрээ хүч тавьж ажиллаж байна. Энэ бол маш чухал ажил. Энэ ажлаа жигдрүүлснийхээ дараа монгол поп урсгалаар шинэ дуучид бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа.

-Та “Би чамд хайртай 2″ киноны гол дүрд тун чадварлаг тоглосон. Одоогоор дахин кинонд тоглох санал ирсэн үү?

-Би “Би чамд хайртай” киног хүүхэд байхдаа үздэг байсан учраас хоёрдугаар ангид нь тоглосондоо баяртай байдаг. Би өөрөө кино цуглуулдаг, фэн нь учраас “Би чамд хайртай” кинонд тоглосон бүх жүжигчидтэй хамт тоглоход үнэхээр гоё байсан. Одоогоор кинонд тоглох санал ирээгүй байна.

-Та биеэ үнэхээр сайхан авч явдаг. Гэхдээ хэтэрхий булчингаа гайхуулдаг гэдэг?

-Урлагийнхан үргэлж олны өмнө ил байдаг учраас үзэгчдээ хүндэлж биеэ сайхан авч явах ёстой юм л даа. Хүмүүс амьдрахын тулд, мөнгө олохын тулд ажиллаж, хөдөлмөрлөж, стресстэж сайн муухай олон зүйлтэй тулгарч байгаа шүү дээ. Тиймээс уран бүтээлчид бид урлагаар дамжуулан хүмүүсийн стрессийг тайлах үйлчилгээ үзүүлдэг. Миний өвөө намайг бага байхаас “Урлагийн хүн үргэлж цэмцгэр байж бүх талаараа биеэ маш сайхан авч явах ёстой” гэж хүмүүжүүлсэн. Манай Хөгжим бүжгийн коллеж ч гэсэн хүүхдүүдийг багаас нь энэ тал дээр сургаж, зөвлөдөг.

-Та гоо сайхан, эрүүл мэнддээ хэр их цаг зарцуулдаг вэ?

-Бид агаарын бохирдолтой хүнд нөхцөлд амьдарч байгаа учраас урлагийнхан гэлтгүй хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, спортоор байнга хичээллэх хэрэгтэй л дээ. Миний хувьд энгийн хүмүүсийн л адил үсээ засуулахаас эхлээд гоо сайханд орно. Гэхдээ мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалаад тоглолт, клипний зураг авалтанд орохдоо гоо сайхан, салоноор үйлчлүүлэх нь арай илүү байдаг байх.

-Таны хамгийн хямдхан хувцаслалт чинь 2000 ам.доллар гэсэн байсан. Олны танил хүн заавал үнэтэй зүйл эдэлж хэрэглэх ёстой юу?

-Олны танил хүн заавал үнэтэй зүйл эдлэх ёстой гэсэн зүйл байхгүй. Би хувцсыг надад зохиж байна уу гэдгийг л их анхаардаг. Ер нь хүн хөдөлмөрийнхөө үр шимийг өөрийнхөө биед мэдрүүлж байх хэрэгтэй гэж боддог.

-Тэгвэл таны хамгийн үнэтэй худалдан авч байсан зүйл тань юу байдаг вэ?

-Худалдаж авсан гэхээсээ илүү өвөө минь нас барахынхаа өмнө миний төрсөн өдрөөр бэлэглэсэн морин хуур надад хамгийн үнэтэй зүйл. Өвөө минь надад өөрийнхөө морин хуурыг өгсөн, тиймээс би хуур хөгжмийн цуглуулгатай болно гэж бодож байгаа. Ер нь хүнд брэндийн хувцаснаас илүү Монголын үнэт өв соёл, өвөө, ааваас өвлөгдөж ирсэн зүйл хамгийн үнэ цэнэтэй байдаг. Уншигчдадаа гэж хэлэхэд өвөө, ааваасаа өвлөгдөж ирсэн зүйлийг зарж үрэлгүй хадгалж байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Энэ бүхэн бол автомашин, хувцас хэрэглэлээс илүү үнэ цэнэтэй байх ёстой гэж би хувьдаа ойлгодог.

-Цаг хугацааны эрхээр Камертончууд тус тусынхаа амьдралыг хөөж, бизнес хийх болсон. Та нар мэдээж холбоотой байдаг байх. Яг уулзаж болздог тогтсон цаг, өдөр гэж бий юу?

-Бид дөрөв байнга уулзалддаг. Энэ нийгэмд амьдрахын тулд бид ийм сонголт хийх хэрэгтэй гэж хамтлагийн ахлагчийн хувьд би боддог. Учир нь Монголын шоу бизнес ямар байгаа билээ, өнөөдөр бид хэдэн настай билээ, зөвхөн уран бүтээл гэлтгүй улс эх орондоо хэрэгтэй зүйл хийх ёстойг ухамсарлах хэрэгтэй л дээ. Бид өнөөдөр өсвөр насны хүүхдүүд биш учраас нийгэмд хэрэгтэй ажил хийх ёстой. Тийм ч учраас хамтлагийнхаа ажлыг түр завсарласан. Тухайлбал, Эба маань Монголд маш их хэрэгтэй газар тариалангийн ажил хийж байна шүү дээ.

-Та бол Монголын нэртэй продюссеруудын нэг. Ер нь дуучид олонд танигдахын тулд заавал царайлаг байх ёстой юмуу, сүүлийн залуус хэт ази стилийг сонгож хэлбэр хөөх болсонд ямар бодолтой байдаг вэ?

-Дуучин хүн хамгийн түрүүнд уран бүтээлээ бодож байх хэрэгтэй. Үнэхээр сайн дуулдаг, чанартай уран бүтээл хийдэг, тэр нь хүнд хүрдэг байхад имиж бол дараагийн асуудал юм. Гадаадад царай муутай ч маш чадалтай олон алдартай дуучид байдаг. Дуу бол хүний сэтгэл зүрхийг уяраадаг болохоос царайгаараа уяраадаг менежмент хаана ч байхгүй. Тиймээс дэндүү их хэлбэр хөөх нь буруу. Тухайн дууг сонссон хүн ямар сайхан дуу вэ гэж бодно уу гэхээс энэ дуучин нь ямар хөөрхөн царайтай юм бэ гэж уярахгүй. Яахав, охидын хамтлагийн хувьд сайхан царай зүс, бие хаатай хөнгөхөн дуу хийдэг зүйл байдаг. Гэхдээ ийм хамтлагууд хэзээ ч урт настай байдаггүй юм.

-Таны “Миний хоёр эрдэнэ” дууны клипэнд хоёр хүүхэд тань тоглосон байсан. Хүүхдүүд тань мэдээж урлагийн авьяастай байх?

-Миний хоёр хүүхэд урлагт их дуртай юм шиг байгаа юм. Одоо нас нь бага байгаа учраас сонголт хийхэд арай эрт байна. Гэхдээ манайх урлагийн гэр бүл учраас би хүүхдүүдийнхээ авьяасыг хөгжүүлэхэд анхаардаг.

-Та эхнэрээ хэн гэж дууддаг вэ, хамгийн сүүлд хэзээ хоёулхнаа романтик үдшийгөнгерөөсөн бэ?

-Би эхнэрээ нэрээр нь л дууддаг. Бид хоёр тиймэрхүү зүйл дээр хамаагүй байдаг юм аа. Үнэндээ сүүлийн үед би монгол поп урсгалынхаа ажил дээрээ ажиллаад завгүй байгаа учраас эхнэртэйгээ романтик цаг өнгөрөөгөөгүй юм байна.

-Таны бодлоор хүн ямар байх ёстой юм бол?

-Хүн ухаантай, боловсролтой байх нь зайлшгүй шаардлагатай зүйл. Гэхдээ хүн хүнээ хайрладаг байх нь хамгийн чухал зүйл гэж би хувьдаа боддог. Хүнийг хайрлана гэдэг ертөнцийн хамгийн хүчтэй зүйл шүү дээ. Хайр хүнд амьдралын эрч хүч, энерги өгдөг сайхан мэдрэмж шүү дээ. Хүний зүрх маш гоё цохилж, хүн зүрхээ чагнаж амьдрах ёстой юм.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Тун удахгүй болох гэж буй тоглолтонд чинь амжилт хүсье.

-Баярлалаа. “Хүмүүс” сониноор дамжуулан монголчууддаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Бидний ёс заншил, язгуур урлаг бол дэлхийд хосгүй зүйл. Ямар ч түүх соёлгүй ард түмэн байдаг. Тиймээс бид үнэ цэнэтэй түүх соёлоо мэддэг, өв уламжлан хадгалж чадвал дэлхийд хүчтэй улс болно. Монголын соёл урлаг үргэлж мандан бадарч, манай урлагийг дэлхий дахин шүтэх болтугай.

Эх сурвалж "Хүмүүс" сонин

Saturday, 11 June 2011

Д.Болд: Хүнийг гайхашруулж, алмайруулсан үзүүлбэр үзүүлж л байгаа бол авьяас


SBN, NTV, “Боловсрол суваг” телевизийнхэн хамтран зохион байгуулж буй “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч, дуучин Б.Болдтой ярилцлаа.

-“Авьяаслаг монголчууд” шоуны юу нь таалагдаад шүүгчээр ажиллах саналыг хүлээж авсан бэ?

-Монгол бахархлын төлөө нэгдэж, монгол авьяастнаа тодруулна гэсэн агуулга нь надад таалагдсан. Энэ шоу тухайн хүний амьдрал, уран бүтээлд хувь нэмэр болохуйц шагналтай байгаа нь сайхан санагдсан. SBN, NTV, “Боловсрол суваг” телевиз хамтарч хийж байгаа учраас зохион байгуулалтын хувьд сайн байгаа. Тийм учраас энэ шоуг шүүх саналыг хүлээж авсан. Монгол орны өнцөг булан бүрээс төрөл бүрийн авьяастан оролцож байгаа болохоор шоу маань сонирхолтой болж байна.

-Шоу нэвтрүүлэгт шүүгчээр ажиллахад хэцүү байна уу?

-Шоу гурван шүүгчтэй. Бид өөр өөр өнцгөөс, тус тусынхаа үнэлэмжээр шүүж байгаа. Гайг үй голыг нь олж байгаа болов уу гэж бодож байна. Удахгүй шоу дэлгэцээр гарах болохоор тэр үед үзэгчид дүгнэнэ биз дээ. Шагналын сан өндөр, олон хүн оролцож байгаа учраас зөв хүнээ тодруулах юмсан гэж хичээж байна

. -Та ямар зарчим баримтлан шүүж байгаа вэ?

-Авьяас гэж чухам юу вэ гэдэг асуултад хариу өгөх хэрэгтэй. Ихэнх хүн үүнд хариулж чадахгүй байгаа. Жирийн нэг эвлэгхэн дуулчихдаг хүнийг авьяастай гэх үү зэрэг олон асуулт гарч байгаа. Тиймээс жинхэнэ авьяас гэж юу юм бэ гэдгийг энэ шоугаар тодруулж, үзэгчдэд мэдрүүлэхийг зорьж байна. Байгалиас заяасан унаган авьяастай хүний үзүүлж байгаа зүйл, хийж байгаа үйлдэл нь цаанаа өөр байдаг юм байна. Хичээл зүтгэлээрээ сурсан зүйл, унаган авьяас хоёр үнэхээр ялгардгийг энэ шоуг шүүснээр мэдэж авлаа.

-Мэргэжлийн сургуулийн оюутнууд болон мэргэжлийн байгууллагад ажилладаг хүмүүс жирийн хүмүүстэй өрсөлдөж байна. Тэгэхээр мэргэжлийн бус хүмүүс дарагдахгүй юу?

-Монголд хэрэгтэй, авьяастай хүнийг л шалгаруулах зорилго тавьснаас биш ямар нэг шалгуур тавьж, ангилал заагаагүй. Энэ шоунд ямар ч хүн орж болно. Тэндээс жинхэнэ авьяастан ялгарч гарах нь шоуны зорилго шүү дээ.

-Оролцогчдын хэн нь хэн бэ гэдэг ерөнхийдөө тодорхой болж байгаа. Хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа оролцогч бий биз дээ?

-Хэд хэдэн хүнийг дэмжиж байгаа. Үүнийг одоо хэлээд яах вэ. Нэгдүгээр шатанд итгэл хүлээлгээд тэнцүүлсэн хүмүүс дараагийн удаа бэлтгэл хийлгүй орж ирээд хасагдсан тохиолдол олон гарсан. Дэмжиж байгаа хүмүүс маань гуравдугаар шатны шалгаруулалтад бэлтгэл муутай орж ирвэл хасагдана. Шалгаруулалтыг үзэгчидтэй явуулж байгаа болохоор бид хамт шүүж байгаа гэж болно.

-Үзэгчидтэй хамт шүүж байгаа гэснээс тэдний дэмжсэн хүмүүсийг хассан тохиолдол нэлээд гарсан шүү дээ?

-Үзэгчдийн дэмжсэн бүхнийг тэнцүүлэх боломжгүй л дээ. Үзэгчдэд таалагдсан ч бидний хайж байгаа авьяастан биш болоод л хасагдсан хэрэг.

-Та өөрийгөө хэр шүүгч болсон гэж бодож байна вэ?

-Би шүүгч биш. “Авьяаслаг британичууд”, “Авьяаслаг америкчууд” гээд дэлхийн жишиг болсон алдартай шоунуудын шүүгчээр дуучдыг урьж ажиллуулдаг. Тухайн хүн хувийнхаа үзэл бодол, үнэлэмжээр л шүүнэ шүү дээ. Би ч бас хувийнхаа үнэлэмжээр шүүж байна.

-Та гурав язгуур урлаг, уран нугаралтад их зөөлөн хандаж байх шиг харагдсан?

-Тэгэхээс аргагүй шүү дээ. Биднийг дэлхийн бусад улсаас ялгаруулдаг, дахин давтагдашг үй зүйл бол язгуур урлаг. Манай уран нугаралтыг дэлхий дахин гайхан биширдэг. Ийм зүйлээ бид дэмжих ёстой. Гэхдээ язгуур урлагаа дэмжиж байна гээд дээл өмсөж ирсэн бүхнийг тэнцүүлээгүй. Уртын дуу дууллаа гэхэд шуранхай, цохилтоо яаж хийж байна, уран нугаралтын найруулга хэр шинэлэг байна, ямар шинэлэг, хүнд үзүүлбэр хийж байна гэдгийг харж байгаа.

-Гурван шүүгч санал зөрөх тохиолдол гарч байна уу?

-Өөр өөр үнэлэмжтэй хүмүүс болохоор санал зөрөх тохиолдол их байгаа.

-Шоу нэвтрүүлэг амжилттай болоход шүүгчдийн байгаа байдал, хэлж байгаа үг чухал нөлөөтэй. Та гурав шоуг сонирхолтой болгох талд хэр анхаарч байгаа вэ?

-Бид байгаагаараа байж, хэлэх гэснээ л хэлж байгаа. Шоуг сонирхолтой болгох талаас телевизийн хамт олон анхаарч, монтаж, найруулгаа хийх байх.

-Оролцогчид дуулж, бүжиглэхээс эхлээд бартендерийн үзүүлбэр хүртэл олон төрлөөр авьяасаа үзүүлсэн. Тэднийг салбар салбарынх нь нүдээр харж, зөв шүүж чадсан гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Бартендерийн үзүүлбэрийг бартендер хүн харж сайн мууг нь ялгана гэсэн ойлголт байхгүй. Хүнийг гайхашруулж, алмайруулсан үзүүлбэр үзүүлж чадаж байгаа л бол авьяас. Авьяас хүний нүдэнд ялгарч тусдаг юм.

-Шоуны нэг оролцогч танд дууны үг өгсөн. Тэрийг нь дуу болгох уу?

-Дууны үгийг одоохондоо үзээгүй байна. Энэ ажил дууссаны дараа л тухтай үзнэ дээ.

-Таны уран бүтээлийн сонин хачнаас сонирхъё?

-Монгол поп урсгалынхаа ажлыг үргэлжлүүлж байна. “Амьдрал дуул гэлээ” дуундаа клип хийлгэсэн. Шинэ клипээ удахгүй телевизээр цацна. Монгол поп урсгалын албан ёсны нээлтийг зургадугаар сарын 4-нд хийнэ. Ёслолын ажиллагааны үеэр өргөн бүрэлдэх үүнтэй тоглолт хийхээр төлөвлөж байна. Фэнүүддээ зориулсан том хэмжээний бие даасан тоглолтоо наймдугаар сарын сүүлчээр хийнэ.

-“Камертон” хамтлагийн бусад гишүүнтэйгээ хамтран тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?

-Ойрын үед тийм төлөвлөг өө байхгүй.

-“Камертон” хамтлагийг тарсан гэж ойлгож болох уу?

-Бүр тарсан гэж ойлгож болохгүй л дээ. Манай гишүүдэд хувийнхаа ажил, амьдралд анхаарах цаг хэрэгтэй болоод завсарлага авсан.

-Өнгөрсөн жил та хэд 15 жилийн ойгоо тэмдэглэсэн. Хамт уран бүтээл хийхгүй байгаа хэрнээ ойгоо тэмдэглэнэ гэж хуучин дуунуудаараа тоглолт хийх нь хэр зөв жишиг вэ?

Бид фэнүүдийнхээ хүсэлтээр тоглолт хийсэн. “Камертон” хамтлаг ойн тоглолтоо хийгээч гэсэн маш олон хүсэлт ирсэн. Тэгээд өнгөрсөн хугацаанд гаргасан бүх цомгийнхоо хит дуунуудыг багтаасан тоглолт хийх нь зүйтэй гэж шийдсэн юм. Хамт уран бүтээл хийхгүй байгаа ч ойгоо тэмдэглэж болно шүү дээ.


Х.Уянга

Эх сурвалж "Өнөөдөр" сонин