Showing posts with label ЭНХБАЯР Намбарын. Show all posts
Showing posts with label ЭНХБАЯР Намбарын. Show all posts

Monday, 27 June 2011

Н.Энхбаяр: МАХН ирэх сонгуульд оролцоно

Дээд шүүхийн шийдвэрээр Улсын бүртгэлд намынхаа нэрийг бүртгүүлсэн МАХН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Олон сар Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийн хооронд явсан намын нэр бүртгэх асуудал өнгөрсөн баасан гаригт нэг мөр болсон байгаа. Энэ үйл явдалтай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа.

-МАХН-ыг албан ёсоор бүртгэлээ. Үүнтэй зэрэгцээд МАН-ын зүгээс хариу мэдэгдэл хийж байна. Тэд танай намыг 90 жилийн түүхтэй МАХН биш гэж байгаа. Тэгэхээр 90 жилийн түүх аль намынх нь болж таарах вэ?

-Намын түүхийг өмчилнө гэдэг утгагүй зүйл. МАХН-ын түүх бол монгол хүн бүрийн өмч байх ёстой. Гэтэл түүхийг хэдхэн хүний өмч болгох гэж мэдэгдэл хийж байгаа хүмүүс өөрсдийгөө хэн болохыг харуулж байна. Бүр сайн ярьвал, Монгол Улсын шинэ үндсэн хуулиар 1990 оноос хойш намууд улсын бүртгэлд бүртгүүлдэг болсон шүү дээ. Нэг зүйлийг хэлэхэд, МАХН-ын 90 жилийн түүхийг бүгд өмчлөх ёстой. Түүхийг булаалдана гэдэг утгагүй асуудал. МАХН-ын түүх бол миний өвөөгийн түүх, ахмад үеийнхний түүх, бас чиний түүх юм.

-Энэ хаврын улс төрийн хамгийн халуун сэдэв Сонгуулийн хууль болж байна. Улс төрч хүний хувьд та аль тогтолцоог нь дэмжиж байгаа вэ?

-Амьтай юм бүхэн хувьсан өөрчлөгддөг шүү дээ. Би ч бас өөрчлөгдөж байна. Харин надтай хамтран ажиллаж байсан зарим нөхөд буруу замаар өөрчлөгдөж байна гэж би хэлмээр байна. Миний хувьд нэг хэсэг хариуцлагатай хоёр том улс төрийн хүчин байх ёстой, зүүн, баруун төвийн үзэл баримтлалтай байгаасай гэж бодож явсан. Үүний төлөө ажиллаж байлаа. Гэтэл өнөөдөр хоёр том хүчин нэг хөнжилд ороод, бие биеэ хянах чадваргүй болчихсон байна. Тэд ард түмний язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний буруутныг тогтоох, Оюутолгойн гэрээг өөрчлөх зэрэг чухал асуудлууд байна. Одоогийн засгийн газар дарангуйллын шинж чанартай. Сонгуулийн хуулийн хувьд холимог тогтолцоо нь зөв юм болов уу гэж би хувьдаа бодож байгаа.

-МАН-аас намын нэрний асуудлаар дахин Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Ерөнхий шүүгчид хандах эрх зүйн үндэслэл бий юу?

-МАХН-ыг улсын бүртгэлд хууль ёсоор бүртгэсэн байхад ийм асуудал үүсэх боломжгүй. Улс төрийн намын тухай хуулийн 8.7-д зааснаар Монгол Улсын иргэд нам үүсгэн байгуулахад аливаа байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэж заасан байдаг. Энэ хүрээнд л зохицуулагдах байх.

-МАН-ын зүгээс “МАХН-ыг цоо шинээр байгуулагдсан 19 дэх нам шүү” гэх мэдээллийг өгсөн байгаа. Тэгэхээр танай нам ууган нам уу, эсвэл 19 дэх нам уу?
-Их сонин юмаар хөөцөлдөж байна л даа. МАХН бол ард түмнийхээ сэтгэлд номер нэг нам байхыг эрмэлзэж байгаа. Гэтэл сонгуулийн хуудсан дээр МАН нэгдүгээрт, МАХН 19-т бичигдэнэ гэх утгатай юм ярьж байна. Бид сонгуулийг шударга явуулах, Оюутолгойн гэрээг өөрчлөх зэрэг том зорилт тавьж байгаа.

-МАХН-ынхан одоо хаана байрлах вэ? Намын байрны тухай асууж байна л даа?

-Барилга байшин барихдаа гол нь биш. Чухал асуудал ч биш юм. МАН-ын Тусгаар тогтнолын ордонг барих ажилд хэд хэдэн хүн тэрбум төгрөгийн хандив өгсөн байдаг МАК компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир гэгч нэг тэрбумыг хандив нэрээр өгсөн байх жишээтэй. Сэтгүүлчид үүнийг эрэн сурвалжилж бичмээр байгаа юм.

-Та хэлэхдээ намыг бүртгүүлэхгүй байхын тулд уйваагүй аргууд хэрэглэсэн гэлээ. Чухам ямар арга хэрэглэснийг өөрөөс тань сонсмоор байна л даа?

-Олон нийт, сэтгүүлч та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Намын нэрийг бүртгүүлэхгүй байхын тулд янз бүрээр оролдсон. МАХН гэх товчлолтой 76 нэрийг Улсын бүртгэлийн газраас авчихсан байсан. Энэ нэрийг яах гэж авсан юм бэ гэхээр Ц.Шинэбаярт МАХН-ыг өгөхгүй байхын тулд авсан гэж ярилцлага өгсөн ч тохиолдол бий. Хууль зүйн сайд Ц.Нямдорж хүртэл хууль хоорондын уялдаа холбоотой заалтуудыг харалгүй, ганцхан заалтыг барьж, “МАХН-ыг хэзээ ч өгч болохгүй” гэсэн мэдэгдэл хүртэл хийж байсан. Үзэл бодол, итгэл үнэмшил, зорилгоороо нэгдсэн хүмүүсийг мөрдөн мөшгөж, албан тушаалаараа далайлгаж байна. Заримыг нь ажлаас нь халж, заримыг нь тохиролцоогоор албан тушаалд томилж байна.

-МАХН-ынхан ирэх сонгуульд хэрхэн оролцох вэ. Магадгүй энэ тухай асуухад эрт байж ч болох юм?

-Улс төрийн хүчний хувьд мэдээж ирэх сонгуульд оролцоно. Нарийн зүйлийг одоо ярихад эрт байна. Би дээр хэлсэн. Ард түмнийхээ сэтгэлд анхдагч нам байхын төлөө бид ажиллана. Мөрийн хөтөлбөртөө “Монгол Улсын хүний нөөцийн сан байгуулах тухай” оруулсан. Мэргэшсэн, бүтээлч залуусаар эгнээгээ бүрдүүлнэ. Жалга довын үзлээр юмуу угсаа залгамжлагч маягаар төрийн өндөр албан тушаалд томилогддог явдлыг таслан зогсоохын төлөө ажиллана.

-МАН-аас МАХН-д нэгдэх хүмүүс байгаа болов уу. Та юу гэж бодож байна?

-2008 оны сонгуулиар МАХН-аас ард түмнийхээ төлөө ажиллах гэж сонгогдсон бүх гишүүдийг нэгдэнэ гэж найдаж байна. Нэг, хоёр бус бүгдээрээ буцаж намдаа ороосой гэж боддог.


С.Отгон

Thursday, 3 February 2011

Н.Энхбаяр: Би МАХН-д үлдэнэ гэдгээ хэлж байсан


2011 оны 1 сарын 27

МАХН-ын Онц их хуралд
оролцож байгаа Монгол Улсын
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр
сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та албан ёсоор бол МАН-ын
Бага хурлын гишүүн. Гэтэл яагаад
МАХН-ын Онц их хуралд оролцох
болов?

-Нийгэмд шударга бус явдал газар
авсан байна. Энэ нь ард түмэнд ч
хортой гэж үзсэн учраас “Онц их хурлыг яаралтай хийж асуудлыг ний нуугүй ярья.
Нэг, хоёр хүнийг доромжлох биш, нийт үзэгдлийг ярьж, болохгүй зүйлийг илрүүлж гаргая”
гэсэн хурал болж байна. Намайг урьсан учраас энэ их хуралд оролцож, тодорхой сэдвээр
үг хэллээ. Иргэд гэртээ хий бухимдах биш, үгээ хэлэх хэрэгтэй гэж үзсэн учраас дэмжиж,
энэ хуралд оролцож байна.

-Таныг Онц их хурлаас МАХН-ын даргаар сонгоно гэсэн яриа гараад байгаа.
Хэрэв сонгоно гэвэл та хүлээж авах уу?

-Би МАХН-ын ХХYI их хурлын өмнө ч МАХН-д үлдэнэ гэдгээ хэлж байсан.
Тэр хэлсэн үгэндээ л байгаа. Миний нэрийг надаас асуулгүйгээр МАН-ын Бага хуралд
оруулсан байна лээ. Нэг ёсондоо урхидаж авч байгаа ч юм уу, эсвэл айлгаж, эсвэл аргалж
тогтоох гээд ч байгаа юм уу. Уг нь Бага хуралд оруулна гэсэн бол хүлээж авч
уулздаг ч юм уу, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байсан. МАН-ынханд “Хамтран ажиллая,
хажуунаас нь зөвлөе. Албан тушаал надад хэрэггүй. Наанаа ардчилсан нэртэй, цаанаа
дарангуйллын тогтолцоог халъя. Хээл хахуулийг арилгая. Оюутолгойн гэрээг засъя.
Сонгуулийг шударга явуулъя. Энэ талаар та бүхэнд зөвлөж, ярьж хэлэх зүйл их байна“
гэсэн саналыг удаа дараа тавиад байгаа. Гэтэл өмнөөс МАН-ынхан “Та дуугүй бол.
Олонхиор асуудлыг шийдсэн. МАН гэдэг бүтэц бий болсон. Хээл хахууль, хүнд хэцүү
амьдрал бараг байхгүй. Эдийн засаг өсөх гээд байгаа“ гэсэн тайлбар тавиад
нийгэмд тулгамдсан асуудлыг ужигруулаад байгааг би хүлээж авч чадахгүй.

Гэхдээ МАХН-ын дарга болох тухайд надад санаж бодсон зүйл алга. ”Үнэхээр та хэрэгтэй.
Таныг урдаа барьж, энэ муухай хана хэрмийг цөмлөе” гэвэл би биеэ отож суугаад
хэрэггүй байх. Өөр сайхан хүмүүс байна гэвэл өөрсдийнхөөрөө л шийдэг. Шударга зүйл
МАН-д байсан ч би дэмжинэ. МАХН-д байсан ч дэмжинэ.

-Таныг МАН-ын удирдлагатай уулзаад Бага хурлын гишүүн мөн гээд хэлэлцээр
хийгээд явж байгаа тухай яриа гарч байсан?

-Аль нэг нам надад хэрэггүй. Зөв байр суурь л хэрэгтэй. Гэтэл МАН-ынхан зөв юм ярих
биш айлган сүрдүүлэх, мөнгөөр жагсаал цуглаан зохион байгуулах, хүнийг дайрч доромжлох
бүдүүлэг алхам хийж байгаатай би санал нэгдэхгүй байгаа. Надад МАН-тай тохирсон зүйл
байхгүй. Би шударга юмны төлөө тохирч болно. Шударга бус юмны төлөө тохирсон зүйлгүй.
Албан тушаал надад өнөөдөр сонин биш. Зөв байр суурь, зөв үйл ажиллагаа л чухал.

-Таныг МАН-аас хөөнө гэж жагсаал цуглаан болсон. Үүнийг яаж хүлээж авав?

-Тэнэг залуучууд мөнгөөр жагсаал хийгээд, худлаа жүжиг тоглоод байгааг бүгдээрээ ойлгож
байгаа шүү дээ. Тийм марзан үйлдлийг бүгдээрээ инээж угтая л даа. Ийм маягаар залуучууд
минь битгий хүний бууны нохой болооч. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө харин цөмөөрөө
нийлж зүтгэе. Хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Энэ саналыг хүлээж авсан хүмүүстэй нь
хамтарч ажиллая гэж байгаа.

-Таныг МАХН-ын түр штабыг санхүүжүүлдэг. Өнөөдрийн ирсэн хүмүүсийг ч мөнгөөр
авчирсан гэсэн яриа гараад байгааг юу гэж үзэж байгаа вэ?

-Монголд Н.Энхбаяр ард нь байдаггүй ажил гэж байдаг юм уу. Юу ч байсан ард нь Н.Энхбаяр
байдаг гэж ярьдаг шүү дээ. Онц их хурлын ард, МАХН-ын ард, Ардчилсан намын ард,
М.Энхсайханы ард Н.Энхбаяр байгаа юм шиг байна. Тэгвэл тэр санхүүжүүлсэн баримтыг
гаргаад ир л дээ. Ийм элий балай зүйлд хариулахгүй байх эрх надад бий. Над руу тэсэх
аргагүй муу үг хэлж байгаа хүмүүс ч бий. Би тэднийг бүгдийг нь мэднэ. “Бөгс долоох,
долигонох” гэсэн муухай үг байдаг даа. Хатуухан хэлэхэд тухайн үед хамгийн их бөгс долоож
байсан хүн хамгийн муухай үгээр сүүлд дайрдаг юм билээ шүү. Түүнийг л ард түмэнд
ойлгуулаарай. Мөрөөрөө хариуцсан ажлаа хийгээд явж байсан хүмүүс одоо ч хариуцсан
ажлаа хийгээд, мэндийн зөрүүтэй, харилцан хүндэтгэлтэй явдаг юм шүү. Ийм ялгааг ойлгоорой.

-Та өөрөө эрх мэдэлтэй байхдаа шүүмжлээд байгаа энэ ажлуудаа хийхэд яасан юм бэ?

-Хийж байсан. Ганц жишээ дурдъя. Тавантолгойг хэн шаардлага тавьж байж ард түмэнд
буцааж өгөх ажлыг хийсэн юм бэ. Н.Энхбаяр байхгүй юү. Монгол Улсын Ерөнхийлөгч
байхдаа Н.Энхбаяр Тавантолгойг ганц нэг хүний баяжих хэрэгсэл болголгүй 100 хувь
нийт ард түмэнд буцааж өг гэсэн үүргийг Засгийн газарт өгч байж лиценз эзэмшигчдийг
ятгаж, шахаж шаардаж байж шийдүүлсэн. Харамсалтай нь 100 хувь буцааж өг гэсэн
Ерөнхийлөгчийн шаардлагыг тухайн үеийн Засгийн газар дутуу биелүүлж, тодорхой хэсгийг
хувь хүмүүст үлдээсэн. АТГ-ыг байгуулах ажлыг дэмжиж байгуулсан. Төрийн албан
хаагчдыг намын харьяаллаас гаргасан. Тэнд намаар дамжиж төрийн албыг чанаргүйжүүлэх,
худалдах ажил яваад байсан. Би зүгээр хөшөө байгаагүй. Н.Багабанди гэдэг хүн
бас найман жил Ерөнхийлөгч хийсэн. Ц.Элбэгдорж, С.Баяр, С.Батболд гээд Ерөнхий
сайд нар байна. Олон хүн ажиллаж байсан. Тэр дотор Н.Энхбаяр гэдэг нь нэг л хүн.
Бүгдээрээ хийх гэж оролдоод зарим нь бүтсэн, зарим нь бүтээгүй байна. Харамсалтай нь
өнөөдөр ихэнх нь дуугүй болчихож. Эвлэрсэн үү, өөр ямар нэг харилцаанд орсон уу.
Би бол өнөөдөр ч болоогүйг нь засах ёстой гээд дуугараад байна. Харин миний
дуугарсныг битгий яллаач. Миний хийх гэж байгааг хэн нэг хүний явуулгаар битгий мухарлаач.

-“Ийст” худалдааны төв өчигдөр шатсан. Танай намынхан үүнийг бас таны эзэмшил
байсан гэж яриад байгаа?

-Бас тэгж байгаа юм уу. За бүр баларлаа л даа. Тэнд миний өмч гэж ширхэг ч хадаас байхгүй.
Ер нь энд тэндээс юмаа цуглуулж авбал яасан юм бэ. Орой “Ийст” төв шатсан гэдэг
мэдээг хамгаалагчаасаа авсан. Хүмүүс өмч хөрөнгөө шатаалгасан нь харамсалтай байна.
Шалтгааныг хууль, хяналтын байгууллагууд тогтоох байх.

-Та “Шинэ нам” гэсэн илтгэл тавьлаа. МАХН-ыг цоо шинээр болгоно гэсэн үг үү?

-Чи, би гэлгүй бүгдээрээ шинэ хүн болъё л гэсэн үг. Шинэ монгол хүн гэдэг бол ажилтай,
боловсролтой, эх орондоо эзэн болсон, амьдралынхаа төлөө зүтгэх бололцоотой тийм хүн.
Архинд орсон, хар тамхинд донтсон залууг шинэ хүн гэж хэлэхгүй. Хээл хахуульд автсан
төрийн албан хаагч залуу ч байсан шинэ хүн биш. Тэднийг засч шинэ хүн болгоё.
Монголд шинэ хүн хэрэгтэй.

-Та МАН-аас гарах уу?

-Намд орж гарах бол том асуудал биш. Ошо гэж ухаантай философичиос “Би нас бараад
хаана очих бол” гэж хүн асуусан байдаг. Тэр ухаантай хүн дуугүй л байж. Дахиад хүн
асуухад Ошо бодож байгаад “Та нар нас барсныхаа дараахад яасан их санаа зовдог
юм бэ. Нас барахынхаа өмнөхөд санаа зовооч дээ. Яаж боловсролтой болох, яаж
амьдрахад санаа зовохгүй байж нас бараад яах вэ гээд байх юм” гэжээ. Түүн шиг
МАН-д байх, байхгүй асуудал бол ерөөсөө асуудал биш. Аль нэг намд баригдалгүй зөв байр
суурьтай л байх ёстой. Буруу зүйлээсээ л татгалзъя. МАН-д байлаа гээд худлаа ярьдаг
хэвээрээ байвал хэнд хэрэгтэй юм бэ. Шударга ёсны хувьсгал хийе.

-МАХН-ын дарга байсан хүмүүс танд ил захидал илгээсэн. Тэр талаар ямар байр
суурьтай байгаа вэ?

-Би хариу ил захидалдаа хэлсэн. Зүгээр байхад зүгээр байлгахгүй есөн хүний гарын
үсэгтэй захидал ирсэн. Хамтран ажиллах санал тавьсан юм болов уу гэтэл үг дуугүй
олонхио дага гэсэн байсан. Ажил хэрэгч биш, маш бүдүүлэг захидал гэж бодсон.
Олонхи дандаа зөв байна гэж байхгүй. Тухайн үед олонхи байсан байж болно.
Түүгээрээ далимдуулж олуулаа байсан ч хүний ам боох ёсгүй. Би Н.Багабандийн,
С.Баярын амыг боохгүй. Ганц хүн ядуурал байна гэж хэлэх нь есүүлээ ядуурал байхгүй
гэж хэлснээс зөв шүү дээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

Н.Энхбаяр: Шударга ёсыг олонх болгохын төлөө явна


2011 оны 1 сарын 31

Саяхан Онц их хурлаа хийсэн
МАХН-ын удирдах бүрэлдэхүүн
хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр,
дэд дарга Ц.Шинэбаяр, ерөнхий
нарийн бичгийн дарга Н.Удвал,
Иргэний хөдөлгөөн хариуцсан
нарийн бичгийн дарга Л.Цог,
Төрийн бус байгууллага хариуцсан
нарийн бичгийн дарга Ю.Атар,
Гадаад харилцаа, сургалт, судалгаа
хариуцсан нарийн бичгийн дарга С.Молор-Эрдэнэ, Хэвлэл, мэдээллийн байгуулагатай
харилцах, олон нийтийн санаа бодлыг судлах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга
Д.Өрнөхбаяр нар түүнд оролцсон юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр хурлын эхэнд товч мэдээлэл хийв. Тэрбээр “Онц их хурал нь
ард түмний хүсэн хүлээсэн, тэдний шаардлагаар хуралдсан, ард түмний индэр болсон
хурал боллоо. Үүнийг хийлгэхгүй гэж МАН-аас идэвхтэй үйл ажиллагаа явуулсан.
Ард түмэн хүлээсэн, шаардсан учраас, тэдний даалгавраар хурал их амжилттай боллоо.
Цаашдаа ард түмнийхээ талд байнга байж, хүсэн хүлээсэн идэвхтэй үйл ажиллагаа
явуулах үүрэг хүлээж удирдах албан тушаалд сонгогдлоо” гээд удирдах бүрэлдэхүүнээ
танилцуулав. Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалын мэдээлснээр МАХН нь
дотоод ардчилалтай, гишүүд нь эрх мэдэлтэй, тэдэнд боломж олгодог байдлаар дүрмээ
боловсруулжээ. Намыг Чингис хааны аравтын системээр зохион байгуулахаар болсноо
хэллээ. Бага чуулган зэрэгт хоёр жил, хагас жилээр ротацийн сонгууль явуулах бөгөөд
мөнгөний төрийг өөрчлөх, монголчуудын оюун санааг өөрсдийгөө үнэлж чаддаг болгон
өөрчлөх, авлига, ажилгүйдэл, ядуурал, байгалийн доройтол, архидалттай тэмцэх, төр,
үндэсний аюулгүй байдал, монгол хүний амьдрал, залуучуудын хөгжилд чанарын өөрчлөлт
гаргах зэргийг тусгасан мөрийн хөтөлбөртэй нам болохоо мөн танилцуулав. Үүний дараа тэд
сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр УИХ-ын гишүүн. Тэгэхээр танай намыг парламентад
суудалтай нам гэж үзэж болох уу. Улсын дээд шүүхэд МАХН гэдэг нэрээр бүртгүүлэхэд
учрах саад байна уу. Эсвэл бүртгүүлэхдээ өөр нэрийн хувилбартай очих уу?
Ц.Шинэбаяр: -МАН 2008 оны сонгуульд МАХН нэрээр орсон. Нэрээ сольсон тул МАН
гэдэг нам сонгуульд ороогүй. Хоёр зуу орчим мянган хүн МАХН гэдэг нэр дээрээ үзэл
бодлоороо нэгдээд байна. Тэгэхээр бидэнд МАХН гэдэг нэрээ сэргээж авах бололцоо байна.
МАХН гэдэг нэрээ эргүүлж авахаар Улсын дээд шүүхэд хандахад МАН нэрээ өөрчилснөө
бүртгүүлсэн тул МАХН нэрийг авах бололцоотой гэсэн хариу өгсөн. МАН гэдэг нэрийг л
өөр хуулийн этгээд хэрэглэхгүй байх хуулийн заалттай. УИХ-д одоо МАН 45, Ардчилсан нам 27,
ИЗН нэг, Ногоон нам нэг суудалтай, бие даагч нэг байна. Одоогоор би бол сул гишүүн.
Харин намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дараа МАХН парламентад суудалтай нам болно.

Н.Энхбаяр: -МАН-ын удирдлага 2008 онд Үндсэн хууль зөрчиж Ардчилсан намтай хамтарсан
Засгийн газар байгуулсан. Сая МАХН-ыг алга болгож МАН гэдэг нам байгуулсан. Ингэснээр
2008 онд УИХ-д энэ намаас сонгогдон гарч ирсэн гишүүдийн нэр, хаяг будилсан.
Сонгуульд МАН ороогүй, 45 гишүүнд УИХ-д суудал байхгүй. Бүлэг байгуулах боломжгүй.
Эсвэл 45 хүн МАХН-ын бүлэг байх ёстой, эсвэл бие даагч гишүүд л болох байх. МАХН
Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ нэрээ сэргээн авч хэнтэй ч хамтарч ажиллах боломж байгаа.
Шударга шүүх байгаа бол Улсын дээд шүүх бүртгэнэ. Намын дарга нар асуудлыг дураараа
шийддэг байдлыг таслан зогсооно. Сонгуульд нэг нэрээр ороод дараа нь сольдгийг
зогсооно. Ардчилангуйлал /ардчилал, дарангуйлал гэсэн хоёр үгийн нийлбэр гэнэ/
бий болсон. Сонгуулийн амлалт, ажилгүйдэл, ядуурлаас бултаж байна. МАН-ын
батлах солих ажил ихээхэн сүржин болж байна. Батлах бол хөнжил, боов, бэлэг дагуулж өгдөг
зүйл биш. Хүн бол мал биш. Малд л асуулгүйгээр тэмдэг тавьж болно. Хүнийг тэгж болохгүй.
Энэ бол гишүүдтэйгээ яаж харилцаж ирсний илрэл. Надаас асуулгүйгээр Бага хурлын гишүүн
болгосон. Тэгэхээр энгийн гишүүддээ яаж хандах нь ойлгомжтой. МАХН бол зоригтой,
зарчимтай, ухамсартай хүмүүсийн байгууллага. МАХН-ын онц их хуралд хүмүүсийг явуулахгүй
гэсэндээ зарим аймгийн онгоцны нислэгийг бүтэн нэг өдрөөр хойшлуулсан. Үүний цаана
хэчнээн хүний ажил, амьдрал хохирохыг тооцоолж үзээгүй. Ийм зүйлийг сөрч МАХН-ын
гишүүд онц их хуралдаа ирсэн.

-Гуравдугаар сарын 1-нд намын 90 жилийн ой болно. Аль намын баяр болох вэ.
Мөн МАХН гэдэг нэрээр бариулсан, бариулж байгаа байрны асуудал байна?
Н.Энхбаяр: -Нэг түүхтэй хэд хэдэн нам байж болно. Харин аль нэг нь түүхийг өмчилж
болохгүй. Ойг ч өмчлөхгүй. Гэхдээ бид гуравдугаар сарын 1-нд сайн бэлдэнэ. МАН
Монголын ХХ зууны түүхийг өмчилж болохгүй л дээ. Энэ нам 86-87 жил МАХН гэдэг
нэртэй явж ирсэн. МАН гэдэг нэрийн утгыг сонирхвол янз янзын юм гарч ирдэг.
МАХН-ын шатсан байр бол ЗХУ-ын зээлийн хөрөнгө дотор ордог. Энэ бол Монголын
ард түмний зээл болохоос нэг намын зээл биш. Яагаад шатсан, яагаад шатаасан
гэдэг жич асуудал. Одоо нэг байрыг хандиваар босгож байна. Үүний цаана ямар авлига,
ямар сэжигтэй мөнгө явж байгааг мэдэхгүй.

-МАХН хуучин биш шинэ нам гэж байна. Та өөрөө шинэ хүн болж чадах уу?
Н.Энхбаяр: -Хүн өөрөө өөрийгөө байнга шинэчлэх хэрэгтэй. Тэнгэрээс бууж ирсэн нэг ч
хүн байхгүй. Шинэ төр, шинэ нам, шинэ хүнийг бий болгохын төлөө би намын
гишүүдийнхээ итгэл, даалгаврыг дааж ажиллана. Би 1996 онд МАХН-ыг сонгуульд унаад
байхад ерөнхий нарийн бичгийн дарга, дараа нь МАХН-ын дарга болсон. Хүнд хэцүү
үед ачаа үүрэх тавилантай хүн юм байлгүй. Ээдрээтэй, хүнд байдалд нам орсон үед
гишүүдийнхээ итгэлийг авч явах хувь тавилан байна. Одоо шударга ёс цөөнх болжээ.
Шударга ёсыг олонх болгохын төлөө явна. Хэтэрхий намчирхдаг алдаа манай дарга нарт байдаг.
Үүнээсээ алддаг. Би ч тэгж байсан байх.

Намуудын санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Хандивт барьцаалагдаж
20 жил боллоо. Мөнгөний худлаа хоосон амлалттай сонгуулийн тогтолцоо үеэ өнгөрөөлөө.
Хорин жил ардчилал гэж ард түмнээ молигодлоо. Хорин жилийн дараа ардчилангуйллыг
тогтоолоо. Хорин жил ардчилал ярьсан зарим хүн одоо төр, засгийн алдааг хэлж жагсч цуглавал
эрүүгийн ял онооно гээд хууль гаргаад сууж байна. Хүн хувирч байна. Бид шударга ёсны
төлөө хувирах ёстой. Харин битгий муу тал руу хувираасай.

-МАХН-д ирэх жил сонгуульд орох боломж бий юү. Улс төрийн намуудын тухай хуулиар
сонгууль болохоос 18 сараас дотогш хугацаанд байгуулагдсан нам сонгуульд орох
эрхгүй гэсэн заалт бий?
Ю.Атар: -Энэ заалт хүчингүй болсон. Хугацаа заахаа больсон. Тэгэхээр МАХН
сонгуульд орох бололцоотой.

-С.Молор-Эрдэнэ докторт намын дарга болно гэж итгэж байсан залууст ямар итгэл
найдвар өгөх вэ?
С.Молор-Эрдэнэ: -Би нэрээ дэвшүүлнэ гэж хэлээгүй. Монголд улс төр үнэн дүр төрхөөрөө
эргэж ирнэ гэж итгэдэг. Миний өөрчлөлт хийх цаг ирнэ. Удахгүй шүү гэж хэлье.

-Танд дарамт ирж байна уу?
Н.Энхбаяр: -Дарамт ирж байна. Цаашдаа ч байх юм шиг байна.

-МАХН-ын ХХYI их хурлаар МАН гэдэг шинэ нам байгуулсан. Гэнэтхэн туг,
бэлгэдлээ солиод гараад ирсэн. Л.Цог та хуульч хүн. Үүнийг анзаарсан уу?
Л.Цог: Тэр их хурал дээр МАН гэдэг зохиомол зүйл гарч ирсэн. Сонгуульд орсон намд нэр,
мөрийн хөтөлбөрөө өөрчлөх нь хориотой байдаг. Үнэхээр шинэ нам бий болсон.

-МАХН бүртгүүлсний дараа УИХ дахь МАН-ын бүлэг, хамтарсан Засгийн газар байгуулсан
алдааг засахын төлөө ажиллах уу?
Н.Энхбаяр: -МАН-ын 45 гишүүн бол одоо бие даагчид. МАХН-ыг Улсын дээд шүүхэд
бүртгүүлсний дараа шударга ёсны төлөө үйл ажиллагаа өрнөнө. Үүний төлөө тэмцэх
эрэмгий гишүүд аль ч намд бий. Хамтарсан Засгийн газар бол хууль зөрчиж байгуулагдсан.
Дөч гаруй суудал авсан нам хорь гаруй суудалтай намтай хамтарч Засгийн газар
байгуулсан нь хариуцлагаас мултрах, авлига, хээл хахуулиа нуух гэсэн хэрэг.
Олонх болсон нам дангаараа засгаа бүрдпүүлэх хэрэгтэй. Долдугаар сарын 1-ний үйл
явдлыг судалж таван хүний амь насыг бүрэлгэхэд хэн буруутай вэ гэдгийг бодох ёстой.
Монголын ядуурал 40 хувьд хүрч байна. Хэвлэл, мэдээллийн хяналт илүү хэрэгтэй
болж байна.

-Таныг “авлигын загалмайлсан эцэг” гэдэг, яагаад?
-“Дээдсийн хүрээлэн” гэдэг сонин байсан. Тэдний ажилтнууд, тэдний танил талын дунд
нэг судалгаа явуулаад хэдэн хүний зохиомол нэр гаргасны нэг би юм гэнэ лээ. Би албан
тушаалаа өгөөд хоёр жил болж байхад Монголд авлига улам цэцэглээд байна шүү дээ.
Сая тэр жагсаал цуглааныг хэн зохион байгуулав. МАК-ийн Нямтайширын хүү Н.Номтойбаяр
гэдэг залуу гол ачааг зохион байгуулсан. Нямтайшир МАХН-ын шинэ байранд нэг
тэрбум төгрөг хандивласан Тэгэхээр цаана нь түүнээс давсан орлого байж таарна.
Монголын нүүрсийг хэтэрхий хямд өгч байгааг би тухайн үед шүүмжилж байсан.

Үүгээр хэвлэлийн бага хурал өндөрлөлөө. МАХН-ын дарга нар хэвлэл, мэдээллийн
байгууллагын хяналтын үүрэг урьд урьдаас илүү болж байгааг сануулсаар байв.

Д.ОЮУНЦЭЦЭГ

Tuesday, 28 December 2010

Н.ЭНХБАЯР: "МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН МОНОПОЛЬ ҮҮСЧЭЭ"


Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай ярилцлаа.

-Таны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөснөөс хойш тааралдсангүй. Өнгөрсөн жил илүү хугацаанд та юу хийв. Таны их улс төрөөс завсарласнаас хойших намтраас товчхон сонирхоё?

-Ерөнхийдөө дөрвөн чиглэлээр ажиллаж байна гэх юм уу, ажиллахыг хичээж ирлээ. Нэгдүгээрт, хэдийгээр улс төрийн албан тушаал одоо байхгүй ч гэсэн над шиг тэгж гүнд нь байсан хүн улс төрөөс хөндийрөх бололцоогүй юм байна. Миний хэлж байгаа үг улс төрийн дуулиан шуугиан үүсгэж байгаагаас авахуулаад сонин, телевизийн сэтгүүлч та бүхэн бас намайг зүгээр байлгахгүй юм асууж сонирхож ирдгээс энэ харагдаж байна. Дээр нь Монгол Улсад өрнөж байгаа улс төр, эдийн засгийн үйл явдалд байр сууриа илэрхийлэх шаардлага зайлшгүй гардаг. Хэдийгээр хүн бүр үзэл бодлоо илэрхийлдэг ч Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан хүний үг илүү их сонирхол татаж, заримдаа эсэргүүцэл дагуулдаг юм шиг байна. Тэгэхээр улс төрөөс гарах маань нэгэнт өнгөрчээ. Заавал албан тушаалаар биш, үйл ажиллагаа, аливааг үнэлж, дүгнэж хэлж байгаа үг зэргээрээ энэ чиглэлийн ажлыг нэлээд идэвхтэй явуулж байна. Хоёр дахь чиглэл гэвэл бизнесийн томоохон төслүүдийг дэмжих, олох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр ажиллахыг хичээж байна. Гуравдугаарт, төрийн бус байгууллагуудын шугамаар тухайн орон нутаг, салбарт ахуй амьдрал нь хүнд хэцүү байгаа хүмүүст туслах ажлыг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Улаанбаатарт “Шинэ гудамж” гэсэн нэртэй төрийн бус байгууллага байгуулж үйл ажиллагаа явуулж байна. Гол зорилго нь гэр хороололд амьдарч байгаа хүмүүст туслах, ажлын байртай болгох, мэргэжлийн чиг баримжаа олгох, гудамжийг нь шинэчилж янзлах, бага оврын, тэгэхдээ харьцангуй хямд байшинтай болгож амьдрах орчныг нь сайжруулах зэрэг ажил хийх бодолтой байгаа. Дөрөв дэх нь гадаад харилцаа. Их улс төрд байхдаа холбоотой байсан гадаадын хүмүүстэй хамтарч, тэднийг урьж, бас тэдний урилгаар гадаад улс орнуудад айлчилж үйл ажиллагаа явуулж ирлээ.

-Өнгөрсөн өвлийн зуднаар хөдөө орон нутагт нэлээд ажиллах шиг болсон?

-Тийм, тэрийг хэлэхээ мартсан байна. “Хөдөөгийн хөгжлийн төв” гэсэн төрийн бус байгууллага ажиллуулж байна. Зуд турхны үеэр тэр байгууллагынхаа шугамаар малчдад тодорхой тусламж үзүүлсэн. Зудад хамгийн хүнд нэрвэгдсэн аймаг, сумдыг сонгосон. Зудыг аль болох бага хор хохиролтой давахад нь өчүүхэн ч болов хувь нэмэр болсон бол би баярлах байна.

-Хэдий улс төрөөс хөндийрөөгүй ч нэг жил илүү хугацаанд юм болгон хувирсан байж таарна. Жирийн иргэн болсон өнгөрсөн жил гаруйн хугацаанд хүмүүсийн танд хандах хандлага өөрчлөгдөв үү?

-Янз янз л юм. Тухайн хүний мөн чанар, ухамсар, мэдлэгээс шалтгаалаад янз янз байдаг юм байна. Албан тушаалаа өгнө гэдэг бусад хүнийг танихад хэрэгтэй юм байна. Жирийн иргэд бол харин ч намайг илүү ойлгоод, гудамжинд явахад мэндэлж, гараараа даллаж, толгой дохиод халуун дотно инээмсэглээр угтаж, талархалтай хандаж байгаа байдал ажиглагддаг. Ер нь би хэлдэг байсан, албан тушаалтнуудын харилцаа холбоо бол түр зуурын, илүү хэврэг байдаг юм. Тэрэнд гомдоод, дөвийлгөөд, байн байн яриад байх ч хэрэггүй. Угаасаа л мөн чанар нь тийм юм чинь. Харин тухайн улстөрч, жирийн ард түмний харилцаа бол илүү урт удаан, халуун дотно байх ёстой. Тэр утгаараа ард түмэнтэйгээ улам халуун дотно харилцаж байгаадаа баяртай байна.

-Та олон жил албан тушаалын хүлээсэнд байсан хүн. Одоо эрх чөлөөг ямар нэг байдлаар мэдэрч байна уу?

-Одоо надад ямар нэг албан тушаал, нам,тухайн нөхцөлд баригдаж зарим үгээ хэлэхгүй залгих, эсвэл дуугүй өнгөрөөх зэрэг албан тушаалтай улстөрчид тохиолддог “зовлон” байхгүй гэдгээрээ эрх чөлөөг илүү мэдэрч байна гэж хэлж болох юм. Урьд өмнөхөөсөө илүүтэйгээр алдаа дутагдлыг олж харж, хэлэхийг хичээж байна. Тэгэхээр зарим нэг нь түүнд эмзэглэж янз янзаар ярьдаг шиг байгаа юм. Миний хувьд байгаа үнэнийг байгаагаар нь хэлэх илүү сайхан бололцоотой болсон. Үүндээ харин ч их сэтгэл хангалуун, зорилготой болсноо мэдэрч байна.

-Таныг их улс төрийн оосроос тавих дургүй байгаа гэлцдэг. МАХН тунхаг гаргахад сөргүүлээд мэдэгдэл гаргасан гэдэг ч юм уу. Үүнд улстөрчдийн зүгээс ямар хариу үзүүлдэг вэ?

-Би ажлаа өгөөд 15 орчим сар боллоо. Энэ хугацаанд телевиз, сонинд дөрөв юм уу, тав дахь том ярилцлагаа л өгч байна. Гурван сард л нэг удаа ярьж байгаа юм байна л даа. Гэтэл нөгөө талаас “Дуугүй байгаач, болоо ш дээ” гэх юм. Их цочиж, реакц үзүүлэх юм. Ер нь хоёр янзын хүлээн авалт харагддаг. Нэг талаас олонх нь зөв зүйтэй юм ярьж байна гэж дэмждэг. Цөөн албан тушаалтан “болиоч ээ” гэдэг. Тэгэхээр нь яагаад ингэж хүчтэй, сүртэй сандралдаад байгаа юм бол доо гэж боддог л юм. Миний хэлсэн үг харин ч байгаа оноод байгаа юм болов уу даа. Дарга нарын дургүйг хүргэнэ гэдэг чинь оноод байна гэсэн үг мөн биз дээ. Харин дарга нарт үг таалагдаад байх юм бол онохгүй байгаагийн тэмдэг. Харьцангуй олон жил би дарга нарыг дэмжиж, сэтгэлийн урам дэм өгөх гэж их олон сайхан үг хэлж байсан. Тэдэнд энэ насанд нь бүү хэл олон насанд нь хангалттай хүрэхээр тийм сайхан үг хэлсэн. Одоо харин энэ хүмүүст үнэн үг хэлж тусалж байя гэж бодож байгаа. Угаасаа албан тушаал, нөхцөл байдал удирдах хүмүүсийг үнэнээс хөндийрүүлдэг. Тийм болохоор үнэн үг хэлж байгаа хүмүүсийг сонсдог, хардаг, ойлгодог тийм чадвар, чанарыг өөртөө хадгалж үлдээх хэрэгтэй байдаг. Цаашдаа дарга нар буруу юм хийгээд байвал би гурван сар бүү хэл сар болгон, арав хоногт, өдөр бүр ч үнэн үг хэлж магадгүй.

-Саяхан МАХН-ын бага хурал боллоо. “Н.Энхбаяргүй, С.Баяргүй хурал боллоо” гэсэн сайшаасан, чамласан алин болохыг мэдэхгүй үг дуулдаж байна. Бага хурлын үр дүн таныхаар ямар болов. Та хуралд оролцоогүй ч намын үзэл баримтлалын тал дээр байр сууриа илэрхийлж байсан. Зүүний үзлээ хамгаалж үлдэхийн утга учир ер нь юу вэ?

-Аль ч нам бол амьд организм. Өөрийн түүхтэй, өөрийн орон зайтай. Ирээдүйд гарах гарцаа зөв олдог, хардаг ийм амьд организм байдаг. Түүний амь үзэл баримтлал дээрээ тогтдог. Үзэл баримтлал нь солигдоод байхгүй болчих л юм бол тэр организм амьд биш, зүгээр организм болно. Амьд биш зүгээр организм юун дээр тогтдог вэ гэхээр албан тушаал, ашиг хонжоон дээр тогтдог. Би МАХН-ыг амьд организм байгаасай гэж бодож байгаа учраас үзэл баримтлалдаа анхааралтай хандаарай,уламжлал гэж бий шүү гэж хэлээд байгаа хэрэг. МАХН өөрийн ухамсарт түүхийн он жилүүддээ зүүн туйлширсан үзэл баримтлалтай байсан. Түүгээрээ бид зарим талдаа их алдаа гаргасан. Хэлмэгдүүлэлт гэх зэргээр өөрсдөөс болоод өрөөл бусдаас шалтгаалсан олон хүчин зүйлээс алдаж байсан. Нөгөө талаар ард түмнээ бичиг үсэгтэй болгосон, эрүүл энх болгосон. Тусгаар тогтносон улс болгосон гээд сайн тал бий.
Хоёр талаас нь дэнслээд үзэхэд улс орны тусгаар тогтнол гэдэг хамгийн том зүйл байдаг. Түүнийг олж авахын төлөө зүтгэсэн, олж авсан учраас эерэг тал нь давуу байх аа гэж боддог. Тэгэхээр зүүн үзэл баримтлалаасаа салах биш, харин зүүн туйлширсан үзэл баримтлалаасаа салж, зүүн төвийн үзэл баримтлалтай болох нь зөв байсан. Одоо бол зүүн чиглэлийн орон зай дахь байр сууриа хадгалах, үүх түүхээ мартахгүй байх, ирээдүйн гарцаа зөв олох нь чухал юм.

Ардчилсан нам уг нь барууны үзэл баримтлалтай нам гэж анхнаасаа тунхаглаж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Харамсалтай нь сүүлийн үед зөвхөн МАХН, Ардчилсан нам ч биш, бусад намуудын үзэл баримтлал бүдгэрсэн, орхигдсон, холилдсон байдалтай боллоо. Амьд организм биш, амьгүй организм болцгоосон. Тэднийг хамтад нь болон тус тусад нь юу авч явдаг болсон бэ гээд харъя л даа. Харамсалтай нь бодит байдал дээр албан тушаалын наймаалцал, ашиг хонжооны тохиролцол л авч явдаг болсон байна. Эцэстээ сонгуулийн дүн ч хамаагүй болоод хамтарсан Засгийн газар гэдэг хэлбэр рүү гулсч орсон. Яагаад гэвэл МАХН ч үнэт зүйлээ эрхэмлэхээ больчихож. Ардчилсан нам ч үнэт эрхэм зүйлээ тоож мэдэхээ больчихсон юм байна. Тэгээд хоёр нам хоёулаа амьд бус организм болж хамтарсан Засгийн газар нэртэйгээр албан тушаал, ашиг хонжоо наймаалцаж, тохиролцох бүтцийг бий болгожээ. Анх хамтарсан Засгийн газрыг байгуулж байхад “үүнийг наймаа болгож болохгүй, үнэхээр дан дангаараа шийдэж чадахгүй байсан тулгамдсан асуудлуудаа хамтарч шийдэхийн төлөө, хамгийн эхлээд амлалтаа биелүүлэхийн төлөө бий болж байгаа бүтэц юм бол би дэмжинэ” гэж хэлж байсан. Тэгэхэд би Ерөнхийлөгч байсан. Гэтэл хоёр жил гаруй хугацаа өнгөрөхөд амлалт байхгүй, харин наймаа л сайн хийж байна.

-Жишээ нь, ямар наймааг сайн хийсэн гэж?


-Оюутолгой, Тавантолгойн гэрээг харахад үнэхээр наймаалцсан, амьд биш организмууд хоорондоо нийлсэн нь харагддаг. Тэднийг хооронд нь холбож байгаа зүйл нь их сонин. Хүний харилцаа энд байхгүй. Цэвэр ашиг хонжоо, албан тушаалын харилцаа л бий. Энд хамтарч ажиллаж байгаа хүмүүс маргааш хоорондоо мэндлэхгүй ч зөрж магадгүй. Ийм эмгэнэлтэй байдалд орсон нөхцөлд зүүн нь зүүнээрээ, баруун нь баруунаараа байх хэрэгтэй. Үнэт зүйлсээ эрхэмлэж, түүнийхээ үндсэн дээр ард түмнийхээ өмнө өрсөлдөж, аль нь сайн бэ гэдгээ ард түмнээрээ сонгуулж байх ёстой. Хэрэв үнэхээр сайн л юм бол, аймхай хулчгар биш л юм бол, хариуцлага хүлээхээс айхгүй байгаа л юм бол, үнэт зүйлтэй амьд организм л юм бол ялсан нам нь засгийн эрхээ дангаараа барина биз. Ялагдсан нь нөгөө талаас нь хянаад, алдааг нь шүүмжлээд, засуулаад явах ийм л амьд харилцаа хэрэгтэй. Зах зээлийн харилцаанд хамгийн их хориглодог, цээрлэдэг зүйл бол монополь. Монополь үүсэх л юм бол зах зээлийн эдийн засаг мөн чанараа алддаг.Аль нэг компани, групп, хувь бизнесмэн монополь үүсгэх л юм бол зах зээлийн эдийн засагт үнийн бодлого алдагддаг. Цөөн хэсэг хэт баяжина. Хөгжил алга болно. Шинэчлэл, технологийн хөгжил байхгүй болно. Бид эдийн засагт монополийн эсрэг байх ёстой гэдгийг сайн ойлгодог мөртлөө улс төрийн монополь үүснэ гэдгийг сайн ойлгодоггүй.

-Улс төрийн монополь манайд бий болжээ гэж үү?

-Энэ хамтарсан Засгийн газар гэдэг чинь улс төрийн монополь шүү дээ. Хоёр нам нийлээд монополь үүсгэчихсэн. Албан тушаалыг энэ хоёр л мэдэж хуваарилж байна. Асуудлыг энэ хоёр л мэдэж шийдэж байна. Уг нь ард түмнээ сонсч шийдэх ёстой байхгүй юү. Хамтарч өрсөлдөөн, шүүмжлэлийг хаагаад, зөв зүйтэй саналуудыг боогоод, чих дүлий, нүд харалган, ухаан балай болчихлоор нийт Монголын улс төрд их муухай хохиролтой тусч байна.

- Үүнээс гарах арга зам юу вэ?

-Ерөөсөө нам болгон өөр өөрийн үүргийг гүйцэтгэх ёстой. Амлалтаа биелүүлэх ёстой. Ийм л зарчмыг би ярьж байгаа.

-Хоёр нам холилдсон нь нэлээд эртнээс, таныг МАХН-ын дарга, УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга байсан 1997 оны үеэс улбаатай санагддаг. Тэр үед МАХН УИХ-д цөөнх байсан ч эрх мэдлийг атгачихдаг байсан. Ардчилсан хүчний олон Засгийн газар унасан. Дараа нь 2004 онд Засгийн газарт эвссэн. Таныг УИХ-ын дарга байх үед МАХН, Ардчилсан нам хоёр “бүдүүн бүлэг”-т нэгдсэн. Хожим нь хамтарсан Засгийн газар. Тэгэхээр энэ монополь саяхных биш байх гэж бодож байна?

-Өөрөө сайн сэтгүүлч болохоор энэ бүхнийг санаж байна. Юу болж байсныг хамтдаа эргэж саная л даа. МАХН, Н.Энхбаяр хоёр л Засгийн газруудыг унагаагаад байсан, МАХН олонхийг атгадаг байсан гэх яриа яагаад гарах болсон бэ. Үнэн хэрэгтээ 1996-2000 онд УИХ-д МАХН 25 суудалтай байсан. Тэдний саналаар Засгийн газар унана гэж хэзээ ч байхгүй. Ардчилсан намаас дор хаяж 13-15 хүн, бүр цаашлаад хорь гаруй гишүүн наашаа орж байж сая Засгийн газар огцрох юм уу өөр бусад асуудлыг шийднэ биз дээ. Тэгэхээр МАХН, Н.Энхбаяр хоёр тэр асуудлыг шийдэж байсан биш, Ардчилсан нам хамтарч шийдээд байсан хэрэг. Миний бодлоор манай ардчиллын хамгийн хүнд хэцүү үе 1996-2000 он байсан. Өнөөдөр ч үр дагавар нь явсаар байна. Ардчилсан хүчин засгийн эрх барьж байхад юу нь хэцүү байсан юм бэ. Харин 2000-2004 онд ардчилсан гэсэн нэртэй гурав, бие даагч ганц гишүүнтэй байсан үеийг л хүнд хэцүү гэх юм биш үү гэж маргаж магадгүй. Тэгвэл тооны олон цөөн чухал биш юм билээ. Тоо хувирч болно. Олон, цөөн болж, бүр тэнцэж ч мэднэ. Ардчиллын мөн чанараас ухрах нь л хамгийн их аюул дагуулдаг. Ардчилагчид харамсалтай нь засгийн эрх барьж байхдаа ардчиллын мөн чанараас ухарч, албан тушаалыг наймаа, ашиг хонжооны хэрэгсэл болгосон. Фракцууд хоорондоо албан тушаал наймаалцаж, бие биеэ дэгээдэж унагаадаг зүйл тэр цагаас эхэлсэн. Албан тушаалын үнэлгээ ч эхэлсэн. С.Зориг амь насаа алдаж, хээл хахуулийн том асуудал яригдсан тэр он жилүүд манай ардчиллын хамгийн эмгэнэлтэй, хамгийн хүнд он жилүүд байсан болов уу гэж би боддог.

МАХН бол анхнаасаа ардчилал гэж яриагүй, түүхийн шахаанд орж, түүнийг хүлээн зөвшөөрсөн нам. МАХН-ыг шүүмжилж, ардчилсан шинэ цаг ирлээ гэж анхлан хэлж байсан хүмүүс түүнээсээ ухарсан нь хамгийн хариуцлагагүй явдал болсон. Тэр байдал өнөөг хүртэл үргэлжилж байна. Тэр халдвар бусад нам руу, МАХН руу ч шингэсэн. Харин 2004 онд хүч тэнцсэндээ МАХН, Ардчилсан нам Их эвслийн Засгийн газар байгуулсан. Нэг хэсэг Ардчилсан намтай, нэг хэсэг өөр намуудтай МАХН хамтарч Засгийн газар байгуулсан. Яахав, ард түмэн МАХН, Н.Энхбаяр хоёр хүүхдийн мөнгө өгөхгүй гэж байна гээд арай жаахан бага саналыг 2004 онд МАХН-д өгсөн байх. Үнэхээр тооцоод үзэхээр санхүүгийн хүчин чадал бололцоогүй байсан. Аз болж явцын дунд зэс, алтны үнэ өсч хүүхдийн мөнгө, залуу гэр бүл, шинэ төрсөн хүүхдийн мөнгөө олгосон. 2008 он бол огт өөр. Олонх, цөөнхтэй парламент бүрдээд байхад хамтарсан нь ёстой нөгөө монополь тогтоосон хэрэг.

-МАХН барууны үзэл авах талаар өмнө нь ярьж байсан бил үү?

-Яахав, тухайн үед бодож үзэж байсан. Барууны үзэл авбал яах вэ гэхээр намд тарах л зам үлдэхээр байсан. Зүүний үзэл нь мухардсан, бүр шавхагдсан, дууссан, ямар ч орон зай, ирээдүйгүй болсон ийм нөхцөлд ухамсартайгаар хурлаа хийгээд, тараад, барууны үзэл баримтлалд итгэж байгаа хүмүүс шинэ нам байгуулж үйл ажиллагаа явуулъя гэж болно шүү дээ. Одооны манай нөхдийн хэлээд байгаа шиг барууны үзэл баримтлал руу шилжих л юм бол нам тараахаас өөр аргагүй байдал үүсэхээр байсан. Зүүний нам шууд л барууных болно гэж юу байхав дээ. Итгэл үнэмшил гэж хүнд байх ёстой шүү дээ.

Намаа авч үлдэх мөртлөө яаж шинэчлэх вэ гэсэн асуулт тухайн үед гарч байсан л даа. Намаа тараачихаарай гэж гишүүд бидэнд даалгаагүй шүү дээ. Зүүн туйлширсан үзлээсээ салаад зүүн төвийн үзэл рүү очих ёстой гэсэн логик дүгнэлт хийж тухайн үед социал демократ, ардчилсан социалист үзлийг авсан юм. Энэ зарчмаараа одоо ч явж байгаа. Гэхдээ энэ хооронд зарим нөхөд маань толгой дохиж, намын удирдлагаа хуурч явсан байна. Зарим нь үнэхээр итгэл үнэмшилтэй явж иржээ.

-Улс төрийн амлалтаа биелүүлж чадахгүй намууд жаахан тиймхэн байх шиг байна. Ингэж их мөнгө амлах хэрэг байсан уу?

-Ардчилсан нам өмнөх сонгуулиар хүүхдийн мөнгө амлаж байсан бол 2008 онд хүн болгонд нэг сая төгрөг өгнө гээд дуугарчихсан. МАХН дахиад шийгуаны хальсан дээр халтирахыг хүсэхгүй биз дээ. Тэгээд дагуулаад 1,5 сая төгрөг амлачихсан. Өмнө нь хүүхдийн мөнгө гэдэг шийгуаны хальсан дээр МАХН халтирч унаж хаширсан. Гэхдээ танагтай унасан. Тэгээд 2008 онд 1,5 сая төгрөг амласан. 2004 онд ч, 2008 онд ч хариуцлагатай улс төрийн хүчнүүдийн сонголт болоогүй. Амлалтын сонголт болсон. Нэг их мундаг дарга удирдаад 2008 онд МАХН-ыг ялуулчихсан юм биш. Хүссэн хүсээгүй 1,5 сая төгрөг гэдэг амлалт ард түмний сонирхлыг татаад л саналаа өгсөн. Одоо энэ мөнгөө өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хариуцлагагүй улс төрийн хүчин болно шүү.

-Улсын сан хөмрөг дийлэх үү?


-Нэгэнт амласан л бол дийлсэн дийлээгүй өгөх л ёстой. Яагаад тэрийг мэдсээр байж амласан юм. Өгөхгүй гэвэл асар хариуцлагагүй, худалч улс төрийн хүчин гэнэ биз дээ.

-Тэр сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үймээн болсон. Таван хүний амь үрэгдсэн. Түүнд С.Баяр даргыг буруутгах уу, таныг буруутгах уу, хэнийг буруутгах вэ гэсэн маргаан тасраагүй байна. Энэ талаар та юу боддог вэ?

-Үүнийг маш нухацтай шийдэж буруутантай хариуцлага тооцох ёстой. Тэр үед Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж хэвлэлийн бага хурал хийж, “сонгууль будилаантай боллоо, жагсаал цуглаан хийе” гэж мэдэгдсэн. МАХН-ын дарга С.Баяр болохоор жагсаал цуглаан хэрэггүй, ялдгаа ялчихлаа гэсэн. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд тэр хоёрыг дуудаж уриад “Энэ жагсаал цуглаанаа тараа. Болохгүй ээ. Элдэв маргаантай асуудал байвал ярилцаж шийдье” гэсэн санал тавьсан. Тэд өөр өөрийн шугамаар жагсаал цуглаан хийж байгаа хүмүүст хандаж зогсоох арга хэмжээ авъя гэсэн. Хэр зэрэг арга хэмжээ авсныг бүү мэд. Ямар ч гэсэн жагсаал цуглаан намжаагүй. Тэгээд энэ хоёр намд жагсаал цуглааныг намжаа гэж хэлээд нэмэргүй юм байна, аль аль нь үүнийг хийхгүй юм байна гэдгийг ойлгосон. Хийх хүсэлгүйдээ тэр үү, чадалгүйдээ тэр үү, эсвэл аль аль шалтгаан хамтдаа байсан уу. Эсвэл жагсаал цуглаан бүр даамжирчихсан байсан уу, мэдэхгүй.

Эцэст нь хоёр намд найдахаа болиод Төрийн тэргүүний хувьд ард иргэддээ хандаж телевизээр үг хэлсэн. “Жагсал цуглаанаа зогсоож, бий болсон нөхцөл байдлыг яриа хэлэлцээний замаар шийдье” гэсэн санал хэлсэн. Жагсаал бас л зогсоогүй. Ерөнхий сайд С.Баяр “Онц байдал зарлаач” гэж удаа дараа надаас хүссэн, шаардсан. Эхлээд ЦЕГ-ын дарга “Жагсаал цуглааныг аятайхан тарааж болно. Заавал онц байдал зарлах шаардлагагүй” гэсэн учраас байдлыг судлая. Аль болох онц байдал зарлалгүйгээр шийдье гэсэн саналыг Засгийн газарт ч, Ерөнхий сайдад ч, ЦЕГ-ын даргад ч хэлсэн. Орой 22.00 цагийн үед хүчний байгууллагын дарга нар “жагсаал цуглааныг өөрсдийн хүчээр зогсоож дийлэхээ болилоо” гэж илтгэсэн. Тэгэхээр Төрийн тэргүүн яах үүрэгтэй вэ. Онц байдал зарлахаас өөр аргагүй. Тэгээд зарласан. Жагсаал цуглааныг зогсоосон. Харамсалтай нь таван хүний амь алдагдсан. Хэн буруутай вэ гэдгийг одоо хүртэл тогтоохгүй байгаа. Түүний дараа хамтарсан Засгийн газар байгуулсан нь одоо ямар сэжиг төрүүлж байна гэхээр энэ үйл явдлыг зориуд замхруулж, 2008 оны сонгуулийн будилааныг хаах гэсэн арга байжээ гэж бодож байгаа. Ингэж хэлэхээр үүнд шууд болоод шууд бусаар оролцсон дарга нар их уурладаг. Буруутныг заавал олох ёстой. Олохгүй байх нь Монголын ард түмэнд муу, улс төрийн намуудад муу. Сонгогчдын санал хамаагүй, хүний амь үрэгдсэн байсан ч хамаагүй юм байна. Олонх цөөнх суудал авснаасаа үл хамаараад намууд хуйвалдаад, нийлээд засгийн эрх барьчихдаг юм байна гэсэн ойлголтыг төрүүлчихлээ шүү дээ.

-Өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгуульд та нэрээ дэвшүүлсэн, дараа нь болсон УИХ-ын Чингэлтэй дүүргийн тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхийг хүссэн ч МАХН-ын бага хурал, удирдах зөвлөл өөр хүний нэр гаргаж ялуулсан. Энэ бүхнийг та луйвар гэж үздэгээ илэрхийлж байсан. Яагаад тэгж хэлэх болсон юм бэ?


-Би үүнд Ардчилсан нам, Ц.Элбэгдоржийг шүүмжилдэггүй. МАХН сонгуулийн кампанийг зохион байгуулахдаа хэрэв Н.Энхбаяр гэдэг хүний нэрийг дэвшүүлсэн л юм бол ялуулахын төлөө явах байсан. Гэтэл яагаад Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нийт орон даяар ялаад Улаанбаатарын зургаахан дүүрэг дээр ялагддаг юм бэ. Жаахан юм боддог хүн харахад но байгаа биз дээ. Цааш нь судлах ёстой. Энэ дан ганц миний ч хэрэг биш. Будилаантай сонгуулиудын үнэн мөнийг тогтоочихвол цаашдаа сонгуульд ийм луйвар будилаан гарах боломжгүй болно. Үүнийг л би хүсч байгаа юм. Тэрнээс миний албан тушаал авах, өгөх нь ерөөсөө маш жижигхэн асуудал.

Дараагийн Чингэлтэй дүүргийн сонгуульд намайг оролцуулаагүй нь ч сонгуулиудын будилааныг шалгуулах бололцоог Н.Энхбаярт олгохгүйн тулд албан тушаалаас аль болох хол хөндий байлгах гэж л хийсэн ажил. Тэр нөхөн сонгууль бас л 2008, 2009 оны сонгуулийн будилааныг хамтарсан Засгийн газрын далбаан дор нийлж далдлах гэсэн оролдлого болсон. Заримдаа би намаа танихаа болиод байгаа. Хүмүүс маань ч миний мэддэг хүмүүс биш болсон. Албан тушаалаасаа салахгүйн төлөө үхэн хатан тэмцсэн тийм л хүмүүс болчихож. Энэ нь тэдний буруу бас биш юм. Удирдлага нь намаа амьд биш болгоод, үзэл баримтлалаа орхигдуулснаас болж байгаа юм.

-МАХН одоо нэр, бэлгэдлээ солино гэж байна. Таныхаар ямар хувилбар байвал оновчтой вэ?


-Нэрийн хувьд ямар нэг маргаан байхгүй. МАН гэдэг уугуул нэр байна. Эсвэл өөр нэр авах уу. Үүнийг намын гишүүн бүр бүтээлчээр ярьж, судалж шийднэ биз. Гишүүнээс гадна дэмжигч бүрийн саналыг авах ёстой. Хэдэн даргын тулгаж хийдэг ажил биш шүү. Хувьсгалт гэдэг үгнээс заримдаа болгоомжлох, эмзэглэх хандлага байдаг. Намайг МАХН-ын дарга байхад нэр солих бололцоо байсан ч хэдэн цөөн даргын хийх ажил биш юм байна гэсээр өнөөг хүрсэн. Өнөөдөр үүнийг хийж болно. Харин үзэл баримтлалаар оролдож болохгүй. Зүүн жигүүрээ хэрхэвч хаяж болохгүй. Монголын ард түмний амьдрал үүн дээр тогтож ирсэн, одоо ч зүүн жигүүрт асар их орон зай байна. Ирээдүйд ч бололцоо их бий.

-Зүүний гэх өөр нам ч Монголд алга?

-Байхгүй шүү дээ. Социал демократ нам байж байгаад Ардчилсан нам руу орсон. МАХН 1996 онд уг нь үндэсний ардчилсан, барууны үзэл авсан юм. Түүнийг хэрэгжүүлэх арга зүй нь төв үзэл гэж зарласан. МАХН тэгээд тэр үндэсний ардчилсан үзэлтэйгээ 1996 онд сонгуульд орж ялагдсан шүү. Одоо гэтэл дахиад ялагдсан үзэл баримтлалаа сэргээх гээд ярьж сууна. Угаасаа зүүний намд барууны үзэл тулгах нь зохиогүй учраас 1996 онд МАХН ялагдсан. Тэр үед үндэсний ардчилсан үзлээ ч олигтой хэлж чадаагүй. Төв үзэл гэдгээ ч тайлбарлаж чадаагүй.

МАХН ардчилсан социалист үзэл санааг авснаасаа хойш харин нэг ч ялагдаагүй. 2009 оны Ерөнхийлөгчийн луйврын сонгуулийг оролцуулалгүйгээр шүү дээ. Босоо үзэл байхгүй юү энэ чинь. Хэдийдээ МАХН-ын нөхөд баян болчихоод харьцангуй баян хүмүүсийн илэрхийлдэг барууны үзэл баримтлал руу шуураад байгаа юм бэ. Удирдлагад байгаа хэдэн хүн баяжсан байж магадгүй. Тэр нь Монгол Улс баяжсан гэсэн үг биш. Монголын ард түмэн баяжаагүй. Нийт ард түмний үзэл баримтлал, тав арван төгрөгтэй цөөн хүний үзэл баримтлал гэж өөр өөр юм байж таарахгүй. Ард түмэндээ таарсан үзэл баримтлалтай байж л нам тэдэндээ хэрэг болно биз дээ.

-Таны энэ үгийг У.Хүрэлсүх дарга намын жирийн гишүүний л үг байна лээ гээд тийм ч ач холбогдол өгсөн шинжгүй хэлж байсан. Тэгэхээр үйл ажиллагаандаа тусгана гэж үү?


-Ийм үед жирийн гишүүн, жирийн бус гишүүн гэж хувааж болохгүй л дээ. Гишүүн бол гишүүн. Албан тушаалтны үг арван саналтай, жирийн гишүүний үг нэг саналтай тэнцэж байж таарахгүй. Олон талаас нь бодсон жирийн гишүүн Н.Энхбаярын саналыг харин хэдэн гишүүн дэмжиж байгаа бол гэдгээр л асуудлаа шийдье.

-С.Баяр гишүүн та хоёрын харилцаа ямар байдаг вэ. Та хоёр хоёулаа МАХН-ын Хяналтын хороонд өргөдөл өгсөн. Түүнийг ямар учраас шийдэж чадахгүй удаад байгаа вэ?


-Хувь хүнийхээ хувьд би хүнд сайн муу юм санаж бодоод явдаггүй. Улс төрийн хувьд бол бусад намынхантай маргалдах, нам дотроо ч санал зөрөлдөх асуудал гаралгүй яахав. Тэрийг би хувь хүний харилцаанаас хол байлгахыг боддог. Тэгж ч ирсэн. Харамсалтай нь улс төрд байгаа, албан тушаал эзэлсэн, эзлээгүй харьцангуй олон хүн улс төрийн харилцааг хувийн харилцаатайгаа хольдог юм билээ. Миний хувьд С.Баяр ч байна уу, хэн нэгэнтэй хувь хүний хувьд сайдах муудах шаардлага байхгүй. Тухайн үед намын даргын хувьд сонгуулийн кампанит ажлыг аятайхан авч яваад хариуцлагатай хийх байсан хүнийх нь хувьд С.Баярыг хариуцлага алдсан гэж үздэг. Хариуцлага алдах алдахдаа бүр мэдсээр байж алдсан гэж боддог. Мэдэхгүй алдах, мэдэж алдах хоёрын хооронд тэнгэр газар, тэмээ ямаа шиг зай бий. Мэдэхгүй алдсан хүнд намын дүрэм журам талаасаа хариуцлага тооцох ёстой байх. Санаатайгаар будилж алдсан байвал хариуцлага тооцох битгий хэл, намын эрч хүчийг бууруулсан, асар их хор хохиролтойгоор цааш цаашдаа алдаа гарах нөхцөл боломж нээсэн гэж зориуд анхааруулж хэлэх ёстой гэж бодсон юм.

Тэгээд л би хэлсэн. Түүнд С.Баяр маш их эгдүүцсэн. С.Баяр хувь хүнийх нь хувьд над руу дайрч, үгээр тоглож, битүү хатуугаар хатгасан, чичилсэн. Би тэгж доошоо орж маргалдахгүй. Тийм соёл, тийм ухамсар, хүмүүжил надад байхгүй. Би сонгуулийн дүн ингэж гарах ёсгүй байтал гарсан байна гэсэн зарчим л яриад байгаа юм. Санаатай юу, санаандгүй юү, хэн алдав. Н.Энхбаяр алдсан бол тогтоогоод өгчих л гэсэн. Намын дарга бас үүнд хариуцлага хүлээх ёстой. Намын гишүүд бол хөөрхий, сонгуулийн ажилд нойроо хасаад л явцгаасан байгаа шүү дээ. Тийм болохоор асуудлыг тэр үеийн намын даргатай хариуцлага тооцох маягаар шийдэх ёстой гэж үзсэн юм. Үүнийг МАХН-ын Хянан шалгах хороо, Удирдах зөвлөл нухацтай авч үзээд, ажлын хэсэг байгуулаад, асуудал бүр дээр нь хөөцөлдөөд, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулаад , УИХ-аар оруулаад, Засгийн газар, СЕХ, шүүх, бусад байгууллагаар шалгуулаад, дүгнэлт гаргуулж өгөх ёстой байхгүй юү, уг нь. Ийм нэрсийн жагсаалт, ийм саналын хуудас байжээ. Сурталчилгааг ингэж явуулжээ. Энд ийм алдаа гарчээ гээд. Тэгэхгүй надаас нэг тайлбар нэхээд, би тайлбар өгчихвөл буруу зөвийг нь тогтоох юм шиг МАХН-ын Хянан шалгах хорооны хэдэн хүн дахин дахин тайлбар нэхээд байх юм. С.Баяр, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний хувийн маргаан байгаа юм шиг олон нийтэд буруу ойлголт төрүүлээд байна гэдэг буруу. Түүнд С.Баяр даргын миний талаар, хувь хүнийх нь хувьд туйлын бүдүүлэг өгсөн ярилцлагууд нөлөөлсөн байж магадгүй. Хоёулаа гар бариад болчихооч ч гэх шиг. Асуудлын мөн чанарыг ойлгохгүйгээр ингэж хандаж болохгүй. Миний тайлбараар энэ асуудал дуусахгүй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүмүүс бүрэн эрхийн хугацаа өндөрлөмөгц нийгмийн амьдрал, улс төрөөс ид насандаа хөндийрөх юм. Нам нь боловсон хүчнээр тийм их ханасан уу. Яагаад тэдний хүч, нөөцийг ашигладаггүй юм бол. Нөгөө талаас Н.Энхбаяр гэдэг хүн одоо их улс төрд байсан бол юу бүтээх байв. Байхгүйгээс болж эзгүйрсэн орон зай гэж байна уу?

-Өмнөх хүмүүсийг хэлж мэдэхгүй. Хэрэв би одоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол Оюутолгойн гэрээг ийм замбараагүй, Монголд ашиггүй байдлаар хийхгүй байсан гэдгийг баттай хэлнэ. Тэр талаар миний хийж байсан, гаднынхантай тохиролцож байсан зүйлүүд бий. Тавантолгойн гэрээг бас ийм замбараагүйгээр батлуулахгүй байсан. Ард түмний компани байгуулахын төлөө ажиллах байсан. Оросын их өрийг төлөгдөж дуусаагүй мэтээр хүлээн зөвшөөрүүлэхгүй байх байсан.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Медведевийн жилийн өмнө Монголд айлчлахдаа хэлсэн их өрийн үлдэгдэл гэдэг хаанаас гарч ирсэн юм бэ?


-Дуусчихсан өрийг Монросцветметийн бүртгэлийн алдаанаас болоод дуусаагүй мэтээр яриа гаргасан. Эрдэнэт, Монросцветмет хоёрыг их өр дуусаны дараа дахин бүртгэх ёстой байсан. Их өрийг 2003 онд тэглэсний дараа Эрдэнэтийг дахин бүртгэж Монголын хууль тогтоомжид нийцүүлье. Монросцветметийг мөн адилхан тэгж бүртгүүлье гэж тохироод байсан. Эрдэнэт тэр ажлаа хийсэн. Монросцветмет хийгээгүй.

-Монросцветметийн бүртгэлээ шинэчлэлгүй үлдээсэн шалтгаан юу вэ?


-Харамсалтай нь тухайн үед жоншны үнэ хямд байсан. Зах зээл дээр хүнд хэцүү байсан учраас тухайн үеийн Монросцветметийн дарга нар гаалийн татвараас чөлөөлөх, тээврийн хөнгөлөлт эдлэх зэрэг өмнөх хөнгөлөлтөө эдэлж компаниа авч гарахын тулд компанийн бүртгэлийн ажлыг хоцроочихсон. Дээр нь Орос, Монголын их өрийн асуудал будилаантай гэж баахан шуугисаар байгаад УИХ-ын гишүүд түүнийг шалгах гэж цаг алдсан. Тэр бүхнийг нөгөө тал маань овжин ашигласан хэрэг. Процедураараа явсан Эрдэнэтийн араас юу ч хэлэхгүй байгаа биз дээ. Би хэрэв Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол энэ түүхийг сайн мэдэхийн хувьд Оросын нөхдөд хэлэх байсан. ОХУ-ын ГосДум Орос-Монголын хамтарсан үйлдвэрүүдийн бүртгэлийг өөрийнхөө процедураар явуулж бүртгэх ажлыг бас цаг алдаж хийсэн. Орост ч, Монголд ч адилхан алдсан юм бий. Бүртгэлийн алдаанаас болж өр үүсч болохгүй. Хамтарсан компани учраас ганцхан Монгол алдсан байж таарахгүй. Оросууд ч алдсан. Хамтарсан компанийн алдааг нэг улсад дангаар нь тохож болохгүй гэж хэлээд тайлбарлавал оросууд ойлгоно. Тэрийг мэдэхгүй, эсвэл өөр ямар нэг шалтгаанаар хүлээн зөвшөөрснөөс Монголд өрийн дарамт үүсч байна.

Яахав их өр шиг 11,7 тэрбум шилжих рублийн дарамт биш л дээ. 180 сая ч бил үү, тийм шилжих рублийн өр гарч ирсэн. Их өртэй харьцуулахад маш бага ч Монгол Улсад ашиггүй хүлээн зөвшөөрөлт болсон. Би хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч байсан бол лав л ийм гурван асуудал дээр өөр байр суурьтай байх байсан. Бусдыг нь хэлж чадахгүй ээ. Улс орны хувь заяанд нэг хүний үүрэг роль нөлөөлөхгүй ч мэдэж байгаа асуудлаараа зөв шийдвэр гаргаж нөлөөлж бас болдог.

-Удахгүй УИХ-ын 2012 оны, Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль болно. Тэр сонгуулиудад өрсөлдөх хүсэл танд байдаг уу?

-Ний нуугүй хэлэхэд албан тушаал надад хангалттай байсан. Дахиж албан тушаал хүсэх сонирхол алга. Түрүүн асууж байсан шүү дээ. Ерөнхийлөгч байсан хүмүүс яагаад намаасаа хөндийрдөг юм бэ гэж. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч болсны дараа аль нэг нам хамаагүй болдог юм билээ. Асуудал нь зөв тийшээ байгаасай гэж өөрийн эрхгүй боддог. Улс төрийн нэг намд баригдахаараа бид чинь өөр өөрийн “нүдний шил”-тэй болчихдог юм байна. МАХН-ын дарга гэхэд МАХН-ын алдааг олж харахаа больчихдог.

-Нөгөө талынхыг бол харна биз?

-Нөгөө талын алдааг маш соргог харна. Бүр байхгүй юмыг нь хүртэл олж харна гээч. Ардчилсан намын дарга бол өөрийнхөө намын алдааг харахгүй. Н.Алтанхуяг одоо харахгүй л байгаа. МАХН-ын алдааг бол маш сайн харна. Байхгүй байсан ч гаргаж ирнэ. Аль алийнх нь дарга биш Төрийн тэргүүн болчихоор МАХН-ын ч, Ардчилсан намын ч алдаа алган дээр тавьсан юм шиг ил болдог. Тэгэхээр өөрийн нам ч хөндийрнө. Нөгөө нам бүр цаашаа болно. Харин Төрийн тэргүүн ард түмнийхээ талд ордог . Ард түмний талд байна гэдэг их эр зориг шаарддаг ажил. Тэгээд ирэхээр улс төрийн хувьд харьцангуй ганцаардах нөхцөл байдал үүсдэг юм байна лээ. Ерөнхийлөгчийн албан тушаал өөрөө тийм мөн чанартай юм. Албан тушаалаасаа буусны дараа ч тэр чанар гээгддэггүй юм байна.

-Ерөнхийлөгч гэдэг албан тушаал цор ганц болохоор Төрийн тэргүүн хүнд ганцаардах үе олон тохиолддог байх?

-Тийм юм билээ. Ерөнхий сайд хүн буруу юм хийлээ гэхэд Засгийн газар засна. Танхим нь байна. Бүр болохгүй гэхэд Ерөнхийлөгч засчихна. УИХ алдлаа гэхэд Үндсэн хуулийн Цэц засчихна. Ерөнхийлөгчийн зарлиг буруу гарлаа гэхэд яахав Цэц засна биз. Гэхдээ зарим шийдвэр дээр өөрөө л эцсийн шат болж дуусна. Тийм болохоор илүү хариуцлагатай, илүү болгоомжтой, ноён нуруутай байх ёстой ажил юм билээ.

-Таны нэртэй холбоотой тооны нэрүүд байх юм аа. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, намбар one гэх ч юм уу. Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгч асан гэдэггүй юм бэ?


-АНУ-ын хэд дэх Ерөнхийлөгч вэ гэдгээрээ 45 дахь, 46 дахь Ерөнхийлөгч гэж хэлдэг шиг юм. П.Очирбат гуай анхны Ерөнхийлөгч гэдэг. Н.Багабанди гуай нэрийн хуудсан дээрээ хоёр дахь Ерөнхийлөгч гэж бичсэн байдаг юм байна лээ. Би Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд байсан. Би тэр жишгээр л гурав дахь Ерөнхийлөгч гэж явдаг. Ц.Элбэгдорж сүүлд ажлаа өгөхөөрөө дөрөв дэх Ерөнхийлөгч болох байх. Намбар one гэдгийг сонгуулийн үеэр манай намын PR-чид гаргаж ирсэн үг. Төрийн тэргүүн гэдэг бол нэгдүгээр албан тушаал. Тэр албан тушаалд тохирно гэж дэмжиж, нэр дэвшүүлсэн. Тэр итгэлийг ард иргэд, ялангуяа залуучуудад хүргэхдээ тийм өвөрмөц хэллэг гаргаж сурталчилгаандаа оруулсан юм байна лээ.

-Таныг намынхан тань янз бүрийн арга хэмжээндээ урьдаг уу. Ер нь МАХН цаашдаа яаж хөгжих ёстой вэ?


-Урина л даа. Заримд нь очдог, заримд нь амжихгүй юм. Хамгийн сүүлд МАХН-ын дарга Сү.Батболд намынхаа үе үеийн удирдлагыг үдийн зоогт урьсан. Өнгөрсөн даваа гаригт юм байна. Тэр үед МАХН-ын Тунхаг бичиг гарсан байсан. Би тунхаглалтай холбогдуулж мэдэгдлээ гаргачихсан байсан. Тэр тухай ярих бололцоо олдох байх гэж, санаа бодлоо товчхон хэлье гэж очсон. Харамсалтай нь арга хэмжээ миний бодсоноор болоогүй. Сү.Батболд дарга өөрийнхөө санаа бодлыг нэлээд удаан танилцуулж ярьсан. Миний дараагийн төлөвлөсөн ажил болсон учраас дутуу сонсоод гараад явсан. Гарч явахаасаа өмнө Ерөнхий сайд байсан Ш.Гунгаадорж гуайд “Та үг хэлбэл МАХН-ын даргаар ажилаж байсан Н.Энхбаяр намын шинэчлэлт, үйл ажиллагаа, сонгуулийн амлалттай холбогдуулж санаа бодлоо хэлье гэж бодсон ч цаг нь амжсангүй. Хоол ундтайгаар хариуцлагатай яриаг хийж болохгүй байх аа. Хамгийн гол нь ажил хэрэгч яриа өрнүүлээч ээ. МАХН-ын дарга нар огт танихгүй улс биш. Ихэнх нь миний гараар орж гарсан хүмүүс. Маш ажил хэрэгч маягаар тус тусад нь болон бөөнд нь уулзаач гэсэн саналтай байна шүү” гэж хэлж үлдээсэн. Дараа нь У.Хүрэлсүх даргад энэ саналаа хэлсэн. “Өө тэгэлгүй яах вэ” гэж байсан. Түүнээс хойш хэд хонолоо. Одоо болтол тэр ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулаагүй байна. Би харж л байгаа. Гэхдээ тэрийг би хүлээгээд сууж болохгүй юм байна. МАХН-ын үзэл баримтлал зүгээр нэг намын үзэл баримтлал төдий асуудал биш. Нийгмээ ёс суртахуунтай, чиг баримжаатай, зарчимтай болгоё гэдгийн төлөө юм байна. Үүнд зөвхөн МАХН, Ардчилсан намынхан биш, иргэний нийгэм, ард иргэд идэвхтэй оролцож үнэхээр үзэл баримтлалаараа, итгэл үнэмшлээрээ нэгддэг, түүнийхээ төлөө шударгаар ажиллаж чаддаг шинэ улс төрийг Монголд бий болгоё. Албан тушаал, ашиг хонжоогоороо нийлдэг, түүгээрээ хамтарсан Засгийн газар байгуулж, асуудлыг ард түмнээсээ нуудаг хуучин улс төр халагдах цаг болжээ. Өнөөдөр МАХН нэр, үзэл баримтлал гэхээсээ илүү амласнаа биелүүлж, авлига, хээл хахуулиас салчихвал, ашиг хонжоо, албан тушаалаар намаа авч явдаг байдлаасаа больчихвол дэмжих масс хангалттай байгаа.

Түүнтэй адил Ардчилсан нам ч амлалтаа биелүүлж, ашиг хонжоо, албан тушаалаар ажилладаг нам биш гэдгээ харуулж чадвал, барууны үзэл баримтлалдаа үнэнч байж чадвал хангалттай дэмжих дэмжлэг нийгэмд бий. Харамсалтай нь тэгж чадахгүй учраас, энэ хоёр хоёулаа нийлээд буруу юм хийгээд байгаа учраас нийлсэн дэмжлэг нь хүртэл урьд нь нэг намын дангаараа авч байсан дэмжлэгээс дор орж байна шүү дээ. Намайг МАХН-ын дарга байхад социологийн судалгаа байнга явуулж, 43-48 хувийн хооронд намын рейтинг явдаг байсан. Түүнээс дор оруулахгүйн төлөө намаа ард түмэнд ойлгуулж ажилладаг байсан. Ерөөсөө унаж байгаагүй. Нэг л удаа, маш богино хугацаанд 35 хувь хүртэл айхтар унасан. Одоо харамсалтай нь МАХН-ын рейтинг 20 хэдэн хувьтай, хоёр нам нийлээд 40 хэдэн хувьтай л явж байна. Тэгэхээр нэг л биш байгаа биз дээ.

-Үүний шалтгаан юу вэ?

-Юу нь биш байна вэ гэвэл амлалтаа биелүүлэхгүй байгаа учраас, албан тушаал, ашиг хонжоогоор намын ажлыг явуулаад байгаа учраас, ард түмнээсээ, гишүүд, дэмжигчдээсээ холдож хөндийрөөд байгаа учраас рейтинг унаад байна. Түүнийгээ ярихын оронд намын нэр, лого, үзэл баримтлалаа сольчих л юм бол болоод явчихна гэж боддог болж. Амлалтаа биелүүлэхгүй байж болно. Хэдэн дарга нар нь том машин унаад, гишүүдээ муухай хатуугаар бодлогын сахилга гэдгээр дарамталж болно. Ард түмнээ ахуй амьдралаа өөрсдөө болго гээд хаяж болно. Тэгвэл сайхан болчихно гэж бодоод байна. Энэ бол том эндүүрэл.

Д.ОЮУНЦЭЦЭГ

Tuesday, 27 July 2010

Н.Энхбаяр: Би зэмлүүлдэг ээжтэй, ажил ихтэй тул бага загнуулдаг байх

Өчигдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр уламжлат ёсоор “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч” уулзалтаа хийв. Төрийн ордонд болдог байсан энэ уулзалт Монголын хэвлэлийн хүрээлэнд болсон нь тус хүрээлэн байгуулагдсан цагаасаа хойш 5000 дахь хэвлэлийн хурлаа зохион байгуулж байгаатай холбоотой юм байна.

Тэгээд ч Ерөнхийлөгч Соёлын сайд байхдаа энэ хүрээлэнг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн, монголын чөлөөт хэвлэлийн сан байгуулах эх үндсийг тавилцсан юм байна. Улмаар энэ хүрээлэнг сэтгүүлчдийн мэдэлд үлдээсэн хүн бол Ерөнхийлөгч Н.Энхбаяр ажээ. Тэрбээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ,
-Уламжлал ёсоор би оны төгсгөлд сэтгүүлчидтэйгээ уулздаг. Энэ удаагийнхаа уулзалтыг Монголын хэвлэлийн хүрээлэнгийн хүсэлтээр та бүхний ажлаа эхэлдэг уул уурхай болох ажлын байран дээр хийж байгаадаа баяртай байна. Анх хэвлэлийн хүрээлэн нээгдэж байхад Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат оролцсон юм. Намайг Соёлын сайд байхад энэ хүрээлэн байгуулагдсан. Тухайн үед Дани улс манайд хэвлэлийн үйлдвэрийг байгуулах гэрээнд гарын үсэг зурж байлаа.
Данийн тал тоног төхөөрөмжийг нь оруулж ирж, манай тал дутуу барьсан барилгыг авч Барилгын цэргийн ангийнхан дуусгаж хүлээлгэн өгч байсан. Тэр цагийг эргэн дурсахад таатай байна. Би энэ онд хийсэн гол ажлаа та бүхэнд товхимол болгон тараасан учир товчхон хэдэн зүйлийг хэлье. Бидний үдэх гэж байгаа 2008 он алдаа оноо зэрэгцсэн он байлаа. Монгол улсын хувьд 2008 онд мал өслөө, эдийн засаг өсөлттэй байлаа. Улс орныг хөгжүүлэх том төслүүд хэрэгжлээ. Олимпын аваргууд төрсөн гээд ярих юм бидэнд бий. Тэгвэл бидэнд бас гаргасан алдаа бяй. Ядуурлын асуудал анхаарал татаж байна. Сонгууль будиллаа. Долдугаар сарын 1-ний асуудал гарч ирлээ. Онц байдат тогтоосон гээд бас л ярих зүйл байгаа. Гэхдээ 2008 онд манай гадаад харилцаа өргөжсөн. Олон улсын төрийн тэргүүн, зочид, гийчид ирж хамтын ажиллагаа өргөжлөө. Би ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүнийхээ хувьд орон нутгаар явж ард түмнийхээ санал сэтгэгдлийг сонсохыг эрмэлздэг. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол улсынхаа бүх аймагт томилолтоор явсан. Зарим аймагт хэд хэдэн удаа ч очсон байгаа. Энэ хугацаанд нийтдээ 100 орчим суманд очиж ажилласан байна.
Төрийн тэргүүний хувьд надад оролцохгүй асуудал гэж байхгүй. Нийгэм эдийн засаг, зэвсэгт хүчин, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л асуудатд оролцож байна. Би ажилдаа нэг л зарчмыг гол болгодог. Тэр нь ” Би ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд аливаа асуудалд ард түмнийхээ талд байх ёстой” гэсэн зарчмыг барьдаг гэлээ. Ерөнхийлөгч уулзалтыг асуулт хариултаар явуулах биш, чухал асуудлаар санал солилцож өөрсдийн бодож яваа саналаа тавибал сайн байна гэсэн хүсэлт тавилаа. Тэр хүсэлтийн дагуу “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч” уулзалт эхэллээ.

“Өдрийн сонин”: -Та ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү. Долдугаар сарын нэгний үймээний үед гаргасан шийдвэрийнхээ талаар ямар бодолтой байдаг вэ?
Н.Энхбаяр: -Нэлээд тулгамдуулсан асуулт байна. Жаахан харж байгаад тавьсан бол зүгээр байж дээ. Гэхдээ би хариулъя. Надад энэ албыг хашихад давуу тал бий. Би МАХН, нийт ард түмний дэмжлэгээр Монгол улсын Ерөнхийлөгчийн амаргүй албыг хашиж байна. Миний хувьд төрийн тэргүүний өндөр албан тушаалд сонгогдох нь гол биш. Цаг хугацаа өнгөрөх тусам хийе бүтээе гэсэн ажил, бүтээл оргилж байна. Эхлүүлсэн ажил ч их байна. Миний хийж бүтээсэн ажлын цаана ард түмэн минь байгаа. Өнөөдөр надад албан тушаал цуглуулах сонин биш байна. Цоо шинээр хийж бүтээх их ажил хөдөлмөрийг цуглуулах нь чухал байна. Долдугаар сарын нэгний үйл явдлын талаар, хүмүүс янз бүрийн санал бодолтой байдаг байх. Зарим хүн онц байдал тогтоосон явдлыг оройтсон гэж байхад нөгөө хэсэг нь түргэдсэн гэжүздэг. Гэхдээ нийгмийн уур амьсгалыг ажиж байхад дийлэнх зөв зүйтэй асуудал болжээ гэж үзэж байгаа. Онц байдал тогтоогоогүй гэхэд зөвхөн нийслэлд биш олон газар, магадгүй улс орныг хамарсан үймээн гарч болзошгүй байсан. Үнэндээ би онц байдаг зарлах хүсэлгүй байсан. Ард түмэндээ итгэж байсан. Тийм ч учраас хуулийн байгууллагынханд үймээнийг тайван замаар намжаах үүрэг өгсөн. Намуудын удирдлагад уриалга гаргасан. Ард түмнээсээ онц байдал тогтоох байдал битгий гаргаач гэж гуйж, хүссэн. Ерөнхий сайд надад хандаж онц байдал зарлахыг хүсч байлаа. Аргагүйн эрхэнд онц байдал зарласан. Бид шөнийн 24 цагт онц байдал зарласан юм. УИХ-ын миний гаргасан зарлигийг хэлэлцээд зарлигийн заалтууд хуулийн дагуу, зөв байна гэж үзсэн. Тэгээд л дөрөв хоног онц байдал тогтоосон доо. Энэ дөрөв хоног надад дөрвөн жилээс урт xyгaцaa шиг санагдсан. Тэр хэмжээгээр нүүрэнд үрчлээ сууж, толгойд цагаан үс нэмэгдсэн. Гэхдээ яана гэхэв. Энэ миний туулж гарах тавилан байж гэж боддог.
“25 дугаар суваг” телевиз: -Өнөөдөр долдугаар сарын 1-ний үймээнээс болж 160 хүн хоригдож байна. Тэдний дунд 20 гаруй хүүхэд, эмэгтэйчүүд хоригдож байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Дэлхийн санхүүгийн хямралыг сөрөхийн тулд юу хийвэл зохилтой вэ?

Н.Энхбаяр: -Долдугаар сарын нэгний үймээн монголчуудад их сургамж үлдээлээ. Бид энэ сургамжид дүгнэлт хийж гэмээнэ цаашид хөгжинө. Үймээнтэй холбоотой асуудлыг шийдэхдээ дахиж ийм явдал бүү давтагдаасай гэдэг үүднээс хандах хэрэгтэй.
Би энэ зарчмаар асуудалд хандаж байгаа. Энд гол нь бүх асуудлыг хуулийн хүрээнд шийдэх хэрэгтэй байна. Хуулийн дагуу бүх хүнд өршөөл үзүүлэх ёстой юу, ачь эсвэл зөвхөн хүүхэд эмэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх ёстой юу гэдгийг шийдэх байх. Би хувьдаа эхлээд хүүхэд эмэгтэйчүүдэд өршөөл үзүүлэхсэн гэж хичээж байна. Энэ асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Хэн нэгэн хайртай хүндээ зориулж шүлэг бичиж болно л доо. Тэгвэл төрийн жилд тэгж хандаж болохгүй. Бүх зүйл хуулийн дагуу л шийдэгдэх учиртай юм. Монгол улсын ерөнхийлөгчид хуульд заасан өршөөл үзүүлэх эрх бий. Гэхдээ тэр эрхээ эдлэхийн тулд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу хүн нэг бүр дээр өршөөл үзүүлэх шийдвэр гарах хуультай юм. Тээр хуулийн дагууласуудлыгшийднэ. Гэхдээ хүүхэд эмэгтэйчүүд дээр арай зөөлөн хандах учиртай гэж бодож байгаа. Өнөөдөр дэлхийн санхүүгийн хямрал хүнд байгаа. Манай банкнуудын асуудал ээдрээтэй байгааг ойлгож байна. Гэхдээ манай банкууд олон улсын хэмжээний банкууд биш. Тиймээс дэлхийн санхүүгийн хямралаас манай банкууд хол юм. Гэхдээ дэлхий эдийн засгийн хямралыг урьдчилж тооцож үзэхгүй бол болохгүй. Бид юутай ч иргэдийнхээ хадгаламжийн 1.4 тэрбум төгрөгийг баталгаажуулах шийдвэр гаргасан. Банкууд муу менежментээс болоод эрсдэлтэй ажиллаж байна. Бид түүнийг ялгаж салгах учиртай. Муу менежментээс үүдсэн хариуцлагагүй явдлыг өөрсдөд нь үүрүүлэх учиртай. Санхүү нь хямарсан бусад орнуудын байдлыг харж байхад төр засаг нь зохистой арга хэмжээ авснаар банкуудаа аварч, өөрсдөө хожоотой гарч байгаа туршлага ч байна. Тэгэхээр банкуудыг удирдах агентлаг байгуулж ч болох юм. Яг одоо энэ цаг минуттай давхцаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр банк санхүүтэй холбоотой хүмүүс цуглаж байгаа. Тэд хямралын үед ерөнхий жагсаатгыг гаргаж байна. Банкны төлбөрийг сайжруулах үүднээс мөнгө байрлуулах хэрэгтэй. Гэхдээ дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой асуудлыг шийдэхэд хэт яарах буюу удааширч болохгүй.
-Та төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах вэ? Олон лицензийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Н.Энхбаяр: -Өнөөдөр Монголд бүртгэлтэй 6000 гаруй төрийн бус байгууллага бий. Зарим хүн энэ олон төрийн бус байгууллага иргэний нийгмийн байгууллагаас санах л юмсан гэдэг. Тэгж ойлгож болохгүй. Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд ТББ-уудыг тодорхой хэмжээгээр санхүүжүүлэх заалт бий. Түүнийг боловсронгуй болгох хэрэгтэй. Иргэний нийгэмд нэг хүн үзэл бодлоо илэрхийлээд хол явахгүй. Иргэний нийгмийн үгийн төр сонсож, тэднийг сонсч алдаагаа засъя гэвэл ТББ-уудыг дэмжиж, санхүүжүүлэх учиртай юм. Зарим оронд үнэхээр төрд хэрэг болохуйц үг хэлдэг, олон нийтийн санал бодлыг төрд ойлгуулахыг хичээдэг байгууллагыг үүсгэн байгуулсан тохиолдолд байгуулсан хөрөнгийнх нь хэмжээгэр санхүүжүүлдэг юм билээ. Ерөнхийлөгч өөрөө нам бус учир ард түмний төлөөлөл болсон иргэний нийгэмтэй илүү ойр байхыг хичээдэг. Магадгүй Ерөнхийлөгчийн дэргэд олон нийтийн байгууллагуудын зөвлөлийг байгуулж болох юм. Байгаль орчныг хамгаалах асуудал дээр их мэдрэмжтэй хандах учиртай. Өнөөдөр стратегийн ач холбогдолтой орд газрыгашиглах тухай жагсаачт гаргаж байна. Тэгвэл байгаль орчныг хамгаалах үүднээс газрын жагсаалтыг гаргах цаг боллоо. Тэр жагсаалтыг Алтай Таван богд, Бурханхалдун, Богд уулыг гээд жагсаах учиртай юм. Би дангаараа цөлжилт экологийн сүйрэлтэй тэмцэж чадахгүй. Тухайлбал шар элсний шуурга байна. Энэ шуурга Бээжин, Сөүлээр дамжиж Токиод хүрч байгаа. Тэгэхээр бид тухайн улсуудтай хамтарч ажиллах нь чухал байна.
“ТВ-9″ телевиз: -Та “Ардын мэдээ”-г үздэг үү, ямар санагддаг вэ? Өчигдөр бензиний үнэ 200 төгрөгөөр буурлаа. Та бизнесийн салбарынханд хандаж уриалга гаргаач.

Н.Энхбаяр: -Монгол улс үйлдвэрлэл бага хөгжсөн орон. Нефтийн үнэ нэмэгдэхэд бүх юмны үнэ өсч байна. Манай бизнесийн салбарынхан үнэ нэмж чадаж байгаа юм чинь бууруулж чаддаг байх ёстой. Нөгөөтэйгүүр төр үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас үнэ буурахгүй байна. Компаниуд зөвхөн эзэндээ биш нийгмээ хөгжүүлэхэд үүрэг хариушага хүлээх учиртай. Би компаниудад учрыг хэлье.
Үнээ нэмсэн шиг бууруулах хэрэгтэйг ч сануулъя. Нефтийн үнэ буурсан шиг барааны үнэ буурах ёстой. “Ардын мэдээ”-г үзсэн. Гэхдээ надад тэр бүр телевиз үзэх зав гардаггүй. Гэхдээ би утсаар ард иргэдийн санал бодлыг сонсч байгааг анхааралтай үздэг. Иргэдийг хэлж байгаа саналаас зөвийг нь хүлээж авах хэрэгтэй.
-Таван толгой, Оюунтолгойн асуудлыг хэрхэн шийдэх вэ. Таны ерөнхийлөгчийн хувьд гаргасан хамгийн сайн, хамгийн муу шийдвэр юу вэ?

Ж.Энхбаяр: -Хамгийн сайн, муу шийдвэр гэвэл түүнийг ард олон шүүх байх. Оюунтолгой, Тавантолгойн асуудал дээр ашигт малтмалыг эргэлтэд оруулах ёстой. Хэт хаширлаад цаг хугацаа атдаж болохгүй. Бид цаг алдалгүй алт, зэсний үнэ өндөр байхад шийдвэр гаргасан гэхэд өнөөдөр олон ажлын байр гаргах бололцоо байсан байx. Энэ асуудалд цаг алдаж болохгүй гэдгийг бид мэдэрлээ. Одоо хэлэлцээ хийх юм гэхэд 3-5 жилийн дараа асуудал шийдэгдэж эхэлнэ. 8-9 жилийн дараа үр дүнг нь үзэж эхэлнэ. Өнөөдөр аливаа улсын төрийн дээд байгууллагын ажлыг ямар боломжийг алдав гэдгээр нь дүгнэдэг цаг ирсэн. Санхүүгийн хямралаас үүдэн хөрөнгө оруулалт хумигдаж байгаа энэ үед бид ашигт малтмалын ашгийн 51 хувийг эзэмших ёстой гэж хатуу гэрээн дээр зогсох шаардлагатай эсэхийг эргэж харах хэрэгтэй.
“Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг. Бид Эрдэнэтийн асуудлыг эрган харъя. Эхлээд бид 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалтаар энэ үйлдвэрийг байгуулсан. 25 жилийн дараа ашгийн 51 хувийг Монголд эзэмших болсон. Тэгснээр Эрдэнэт улсын төсвийн 40 хувийг бүрдүүлж байлаа. Нэгэнтээ Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев надтай уулзахдаа “Та нар гадаадынхан хөрөнгө оруулъя гэж ирэхэд нь хүлээгээд аваач. Гадныхан юм хийж өгье гэж байхад нь ядаж үүдээрээ оруулах хэрэгтэй шүү дээ. Орж ирэхээс нь өмнө үргээж болохгүй шүү” гэж хэлж байсан удаатай. Энэ бол бодох л асуудал.
“Улаанбаатар таймс” сонин: -Та энэ намар Богд хаан уулыг тойроод ирсэн. Монгол улсын нийслэл уушгигүй боллоо гэж ярьж байсан. Манай сонины уншигчид бидэнд хандаж сонирхдог гол асуудлын нэг нь ингэхэд нийслэлээ нүүлгэх үү гэсэн асуудал байдаг. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

Н.Энхбаяр: -Сонирхолтой асуудал байна. Монгол бол их өндөр өртөгтэй орон. Өвөлд бэлдэх юм гэхэд гутлаа авна, нүүрсээн базаана. Тэгсэн мөртлөө хүмүүс нь өртөг өндөр байгааг мэдсээр байж өндөр өртөг гаргаж амьдрах дуртай байдаг л даа. Монголыг гадаадынхан хардаг. Тухайлбал “Фьючи рейтинг” сэтгүүлд Монголын нэр хүнд буурсан үзүүлэлт гарсан байсан. Яагаад тэр вэ гэхээр төсвийн алдагдал их гарч байна гэж үзсэн байгаа. Энэ нь бид илүү зүйлд зардал гаргадгийн нотолгоо. Өнөөдөр аль ч улсын дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдал гурван хувиас доош байх ёстой атал 6.5 хувь болчихоод байна. Бид энэ үрэлгэн тогтолцоог засахгүйгээр хол явахгүй. Нийслэлийн нүүдлийн тухайд бодох асуудал их байна. Өнөөдөр монголын бүх хүн ямар нэг хэмжээгаэр Улаанбаатарт амьдарч байгаа. Зах зээлээр дамжин хоттой холбогдож байна. Ний нуугүй хэлэхэд Монгол улс хот улс болчихоод байна. Бид их үрэлгэн амьдарч байна. Их ачаа хурааж байна. Өнөөдөр манай хот 6ОО мянган хүнтэй байж гэмээнэ нэн таатай хотын орчин бүрдэх юм. Утаа арилна. Байгаль, унд ус нь ч хүн амынхаа тоотой зохицох болно. Тиймээс иргэдээ сууцжуулж Налайх, Багануур тийш хаяагаа тэлэх хэрэгтэй байна.
“ТV-5″ телевиз: -Та эвтэй байхдаа хүчтэй гэсэн үгийг гаргасан. Гэтэл өнөөдөр “Эвтэй байхдаа эвгүй” гэсэн үг гарчихаж. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?

Н.Энхбаяр: -Энэ үгийг шог маягаар ярьсан байх. Ямар ч гэлээ би өөртөө энэ зарчмыг тавьж ажилладаг. Хэдийгээр би төрийн тэргүүн ч гэлээ сэтгэл хөдлөх үе гарах юм. Энэ зун олимпийн аварга төрөхөд би Сүхбаатарын талбай дээр эрх баригч хоёр намын даргатай гарч ирсэн. “Монголчууд эвтэй байхдаа бол хүчтэй” гээд олимпийн аваргаараа бахархсан. “Би азтай ерөнхийлөгч” гэж хэлсэн. Залуучууд маань энэ үгийг өлгөөд ” Би азтай хүн” гэсэн хошин шог гаргасан гэсэн. Тоглолтыг нь үзэж амжаагүй байгаа. Гэхдээ гадаадынхан “Монголчууд эвтэй байхдаа эвгүй” гэдэг юм гэсэн. Энэ үнэн үг байх. Гэхдээ саяын сэтгүүлчийн тавьж байгаа асуултад өөр нэг утга байх шиг байна. Тэр нь хамтарч эвсчихээд дараа нь бие биенээ ар хударгаар нь тавьдаг явдлыг хэлээд байх шиг байна. Тэр үүднээс ийм яриа гардаг бат мэдмээр, санамаар асуудал байна.
С.Оюунцэцэг /ГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч/: -Та өөрийгөө хорь гаруй жил улстөрд оролцлоо. Хэрвээ улс төрөөр яваагүй гэхэд би нэг тийм л хүн байх байсан даа гэж боддог уу?

Н.Энхбаяр: -Тоглоом болгож хариулахад би хамгаалалтад орсноор архи уухгүй байгаа гэх үү дээ. Ер нь би архи уудаггүй л дээ. Гэхдээ хүн л хойно хаа нэгтээ О.Дашбалбар минь байсан бол гэх буюу Мэнд-Ооёо нарын нөхөдтэйгээ уулзаж, шүлгийг нь сонсч, утга зохиолын талаар ярилцаж байсан үе минь сайхан байж дээ гэж бодогддог. Харамсалтай нь миний өнөөдрийн амьдрал сэтгэлийн хөөрлөөр биш бүх зүйлийг хуулийн дагуу хийхийг шаарддаг. Чи хийж чадахгүй бол өөр хүнд ажлаа өг гэсэн тийм л шаардлага тавьсан ажил. Тиймээс би хувь заяатайгаа эвлэрч, ард түмнийхээ төлөө ихийг хийхэд цаг заваа зарцуулах ёстой. Монголчууд бид чинь үлгэр ярьж, туульс хайлж, түүнийг нь сонсч өссөн ард түмэн. Хүн бүхэн сайхан ярьдаг. Хэл ярианы өндөр соёлтой ард түмэн.
Тэгэхээр би ажил хэргийг ярьж биш үйл хэргээрээ бүтээгээсэй гэж боддог. Би “ярьснаараа байгаарай” гэдэг үгэнд дуртай. Тиймээс сонгууль болохоор нэг үг ярьдаг. Сонгуулийн дараа нүүрээ буруулж, өөр зүйл ярьдаг хүмүүст дургүй. Хэдийгээр би төрийн тэргүүн ч гэлээ бусдын адил хүн шүү дээ. Энд би өөрийн тухай биш өөр нэгэн олны танил хүний тухай энгийн түүх ярья. Би АНУ-ын ерөнхийлөгч Буштай Цагаан ордонд хэлэлцээ хийж 280 сая ам.долларын гэрээ байгуулчихаад ордны цэцэрлэгт хүрээлэнд хоёулахнаа саатах завшаан тохиосон юм. Тэр үед Бушийн нохой биднээс холгүйхэн тоглож, бие хамгаалагч нь түүний араас хөөцөлдөж байв. Гэтэл Буш нохойгоо дуудсан. Тэрбээр Hoxойгоо эрхлүүлэнгээ “Энхбаяр аа, би хүүтэй болохсон гэж боддог байлаа. Би чинь хоёр ихэр охинтой, хүүгүй хүн шүү дээ. Энэ миний хүү юм” гэж хэлж билээ. Би түүнийг хүнийх нь хувьд ойлгосон. Хэдийгээр тэр том орны ерөнхийлөгч ч гэлээ хүний хувьд хүүтэй болохсон гэж боддог юм байна. Тэрбээр монголд ирэхдээ манай хүүхдүүдэд нохойныхоо зургийг бэлэглээд иддэг хоолных нь цэсийг хүртэл бичсэн байж билээ. Бид тухайн үед гайхаад өнгөрсөн ч тэр ярианы дараа хүний амьдрал хойно хэнд ч хүсэл мөрөөдөл байдаг юм байна гэж бодсон. Өнөөдөр би загнуулдаг ээжтэй хүн. Тэр нэгэн өдөр монголчууд олимпийн аваргын алтан медаль хүртсэний дараа бүгдээрээ сэтгэлийн хөөрөлд автаж баярлан хөөрч байхад ээж минь утасдаж “Та нар чинь юу л хийгээд байна” гэж санаа зовон ярьж байсан. Харамсалтай нь ажил ихтэй болохоор ээждээ олон удаа загнуулахгүй юм даа гэж ерөнхийлөгч ярьсан юм.
Энэ удаад ерөнхийлөгч маань сэтгүүлч бидний ажлын гол уурхай Хэвлэлийн хүрээлэнгийн жижигхэн танхимд сэтгүүлчидтэй саатан уулзлаа. Бидний хооронд өрнөсөн халуун яриа гурван цаг үргэлжилсэн. Ерөнхийлөгч сэтгүүлчдэд хандаж “Сэтгүүлч, ерөнхийлөгч хоёрт нэг адил зүйл бий. Тэр нь ард түмэнтэйгаэ, ард түмнийхээ талд байгаа цагт хэзээ ч буруудахгүй гэсэн зарчим” гэж хэлсэн юм.

Мэдээллийн эх сурвалж: Улаанбаатар таймс

Wednesday, 21 July 2010

Н.Энхбаяр: “Тавантолгой”-н орд газрыг 100 хувь ард түмний өмчлөлд шилжүүлж, иргэн бүртээ тэгш хувааж эзэмшүүлэх хэрэгтэй

-Монголчууд бид яагаад “Тавантолгой”-гоо өөрсдөө мэдэж болохгүй гэж- 2008 оны сонгуулиас хойш монгол хүн бүрийн анхаарлын төвд “Оюутолгой”, “Тавантолгой” гэсэн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үүндээ тулгуурлан уул уур­хайн баялгаас иргэдэдээ хувь хүртээх, улс орноо хөг­жүүлэх асуудал байгаа билээ. “Оюутолгой”-н хө­рөнгө оруулалтын гэрээ бат­лагдсанаасаа хойш иргэд, олон нийтийн байгууллагуудаас янз бүрийн үнэлгээ авч, зарим судлаач, улстөрчдийн үзэж байгаагаар нэгэнт “зэс” нь цухуйж эхэлжээ. Нийгэмд буй энэ хандлага нь өнөөдөр эргэлтэнд оруу­лахаар яригдаж буй “Тавантолгой”-н орд газрыг ашиглах тухай асуудалд ч өөрийн гэсэн өнгө аясыг нэмэрлэж, өнөөдөр бараг монгол хүн бүр сонирхон хэлэл­цэж, байр сууриа илэр­хийлж байна. Ялангуяа, Зас­гийн газраас УИХ-д “Таван­толгой”-н орд газрын ашиглалтын гэрээний төс­лийг өргөн барьснаас хойш иргэд, компаниуд, улс­төрчид гээд нийгмийн олон давхаргын төлөөлөл дээрх төсөлтэй холбоотой санал онолоо дэвшүүлэн урал­дацгааж байна. Тэгвэл энэ асууд­лаар Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, уул уурхайн талаар ард түмний эрх ашгийн үүднээс тодорхой санал санаачлагуудыг гаргаж байсан Н.Энхбаяр ямар байр суурьтай байгаа тухай ярилцсанаа уншигч олондоо толилуулж байна.

Та улс орныхоо нийгэм, улс төрийн өнөөгийн бай­далд үнэлэлт дүгнэлт өгч, зарим асуудалд хатуухан шүүмж­лэлтэй хандсан “Хана хэрэм” нийтлэлээ хэд­хэн хоногийн өмнө олон түмэнд хүргэсэн. Зарим улстөрчид, ХМХ-дийн үзэж байгаагаар бол энэ нийтлэлд томоохон орд газруудын ашиг­лалттай холбоотой та­ны байр суурь “гэтэх” зарчмаар илэрхийлэгдсэн гэнэ. Тиймээс олон ний­тийн анхаарлын төвд байгаа “Тавантолгой”-н орд газрын ашиглалтын гэ­рээ­ний төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбог­дуулан хоёулаа яг энэ сэдвээс ярилцлагаа эхэл­бэл ямар вэ?

--“Хана хэрэм” гэх нийтлэл маань өнөөгийн Монголын амьдралд бодитойгоор оршин буй нөхцөл байдлыг элдэв хачир чимэггүй хэлсэнээрээ олон хүний талархал, харин “хана хэрэм”-ний цаана “нуугдаж” шударга бус ажил амжуулж буй цөөн хүний дургүйцлийг төрүүлж байж болох юм.

Гэхдээ монголын нийт ард түм­нээс сонгогдож бай­сан Ерөнхийлөгчийн хувьд өнөөдөр дуугүй хараад суух, нийгэмд буй буруу хандлагатай эвлэрэн тэвчих, аман дээрээ ард түмэн гэчихээд ачир дээрээ амиа бодон аргацаах ёс суртахууны эрх надад байхгүй. Нөгөөтэйгүүр “Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй, хүн хэдий цэцэн ч хэлэхээс нааш ухаардаггүй” гэсэн мэргэн үг байдаг. Тий­мээс олон нийтэд ч сэрэх, эрх барьж байгаа улстөрчдөд ч санах боломжийг олгох болов уу гэсэн үүднээс уг нийтлэлийг тэрлэсэн юм.

Нөгөө талаар үнэхээр өнөөдөр “Тавантолгой”-н ашиг­лалтын асуудал Монгол орны хөгжил дэвшил, монгол иргэн бүрийн амьдрал ахуйтай шууд холбоотой асуудал мөн болохоор таны хэлснээр энэ сэдвээр илэн далангүй ярилцаж, байр сууриа илэрхийлэх нь миний үүрэг гэж би үзэж байна.

-“Тавантолгой”-н орд газ­рын ашиглалтыг той­рон өрнөж буй санал санаачлага, Засгийн газ­рын болон компани аж ахуйн нэгжүүдийн байр суурь гээд аль аль нь харилцан зөрчилтэй бай­гаа­гаас жирийн иргэн хүнд баримжаалах, ойлгох, аль нь ашигтай байж бо­ло­хыг сонгох боломж ол­дохооргүй, эх адаггүй л юм болж байх шиг?

-Өнөөдөр монголчууд “Та­вантолгой”-н нүүрсний ордыг хэрхэн ашиглах, иргэн бүрт, аж ахуйн нэгжүүдэд ямар хүртээлтэй байлгах, ямар оролцоотой байх талаар их сонирхож хэлэлцэж байна. Таны хэлснээр Засгийн газар, иргэд, компаниудын тө­лөөл­лөөс янз бүрийн санал санаачлага гарч байх шиг байна. Анзаараад байхад аль аль тал нь өөрсдийн оролцоог аль болох илүү их байлгах талаасаа л анхаараад байна уу даа. Үүнийг буруутгаж бо­лохгүй боловч улс орны хөгжил цэцэглэлт, нийт 2 сая 800 мянган монголчуудын амьдрал ахуйг шийдчих хэм­жээний энэ их баялгийг хэр­хэн зөв зарцуулах, хэрхэн өгөөжтэй байлгах талаас нь бодож эрэгцүүлэх, явж ирсэн замаа эргэн харж, алдаа дутагдлаасаа сургамж авч, олноороо хэлэлцэж байж ший­дэх нь шударга зарчим юм.

Ерөнхий сайд Батболдын “Тавантол­гой”-гоос иргэн бүртээ хувь хүртээнэ” гэсэн байр суурийг зарчмын хувьд дэмжиж байгаа боловч үсрээд 10 хувийг л иргэдэдээ хувьцаа хэлбэрээр олгох, 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдэдээ биржээр дам­жуулан хувьцаа зарах замаар эзэмшүүлэх зэрэг саналууд нь хэр оновчтой вэ? гэдэгт эргэлзэж байна.

Монгол Улс үнэхээр ард­чилсан орон юм бол үндэсний хэмжээний энэ асуудалд олон ургальчаар хандаж, иргэн бүрийн ашиг сонирхолд тул­гуурлан шийдвэрлэх бодлогыг эрж хайж зөв тодорхойлох, баримталж хэрэгжүүлэх ёс­той.

Тэгвэл нөгөө талаас Мон­голын компаниуд нийлээд, “Та­вантолгой”-гоо өөрсдөө ашиг­лая гэсэн санал гарч байгаа. Мон­голчууд хүчээ нэгтгэн зүтгэвэл чадахгүй зүйл байхгүй гэдэгт би эргэлз­дэггүй болохоор миний ажил­даа баримталдаг зарчим, сон­гуулийн уриа хүртэл “Мон­голчууд эвтэй байхдаа хүчтэй” гэж байсныг та санаж байгаа биз.

Монголын компаниудын дээрх нэгдэл механик бус, харин оюун санааны, хувийн бус, үндэстний эрх ашиг давам­гайлсан нэгдмэл байвал амжилтанд хүрнэ байх.

Өнөөгийн нөхцөл байдлыг ерөнхийд нь тоймлон харвал иймэрхүү хувилбарууд яригдаж байна. Гэхдээ аль аль хувилбар нь Монгол Улсын иргэн бүрийн ашиг сонирхолыг төдийлөн бүрэн бүтэн тооцож чадахгүй байгаа учраас шүүмжлэл байсаар байна.

-“Тавантолгой”-н тодорхой хэсгийг хувьцаа болгон тараана гэсэн хандлага их хүчтэй байгаа. Гэтэл та “Эх орны хишиг”-ээ санаачилж байхдаа хувьцаанаас татгалзаж, иргэн бүрийг тэнцүү хувьтай болгож, түүнийг баталгаажуулсан нэрийн данстай болгох ёстой гэж байсан. Тэгвэл яг энэ Тавантолгойг хувьцаа болгон тараах асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Би энэ хувьцаа гэдэгтэй огт санал нийлэхгүй байна. Гэхдээ энэ бол үгүйсгэхийн тулд үгүйсгэж байгаа хэрэг биш юм. Бидэнд өнгөрсөн хорин жилийн хугацаанд өөрсдийн биеэр туулж өнгөрүүлсэн гашуун туршлага бий. 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжин, төрийн өмчийг хувьчлахад иргэн бүрт олгогдсон ягаан, цэнхэр тасалбарын түүхийг өнөөдөр олон хүн мартаагүй байгаа.

Яахав, одоо хувьцаа хэлбэрээр тараах нь зөв гэж ярьдаг хүмүүс “тэр үед монголчууд зах зээл, хувьцааны талаар мэдлэггүй байсан, харин одоо бол байдал өөр болсон” гэж “батлах”-ыг оролддог. Зах зээлийн нийгэм рүү дөнгөж шилжиж байсан тэр үед ард түмэн өнөөдрийнх шиг ядарч туйлдаагүй, ажилгүйдэл ядуурал өнөөгийн түвшинд хүрээгүй байсан гэж судлаачид үздэг. Ямар ч байсан дийлэнх олонх нь хувьцаагаа хадгалж чадаагүй, харин цөөнх нь хамаг хувьцааг гартаа төвлөрүүлж, өмчийн эзэн болсон байдаг. Баян ба ядуугийн ялгарлын эхлэл энэ алдаатай бодлого хэрэгжсэнээр тавигдсан.

Тэгвэл өнөөдөр иргэдийн амьдрал хүнд, өргөн хэрэглээний барааны үнэ бараг хоног хоногоор өсч байгаа үед ядарсан ард түмэн маань хувьцаагаа хараад хадгалаад, хүүхдээ өлсгөөд сууж байж чадах уу? Шуудхан хэлэхэд үгүй л болов уу.

Харин ч энэ нөхцөл байдал нь мөнгөтэй хэсэгхэн хүнд мөнгөгүй олонхийнхоо хувьцааг амьдралын аргагүй байдлаар нь шахаж далимдуулаад, нэг өдрийн хоолны үнээр цуглуулаад авчих боломжийг олгох нь тодорхой байна. Ингээд хэсэг хугацааны дараа эргэн харахад ард түмэндээ тараасан нэртэй боловч ачир дээрээ хэдхэн хүн хэмжээлшгүй их баялгийн эзэн нь болоод, хожоод үлдэх вий. Тиймээс хувьцаа болгон тараах нь баялгийн тэгш бус хуваарилалтыг өнгөлөн далдлах нэгэн арга, баян, ядуугийн ялгарлыг улам гааруулах алдаатай бодлого гэж би үзэж байгаа.

-Хувьцааны талаарх таны байр суурийг бас үгүйсгэж бо­лом­гүй үнэн санагдлаа. Тэгвэл “Монгол 999” гэх Монголын 1500 компаниудыг нэгтгээд буй нэгдлийн “Тавантолгой”-г өөрсдөө ашиглая гэсэн саналыг та дэмжиж байгаа юу?

-“Тавантолгой”-н ашиглалтанд Монголын аж ахуйн нэгжүүдийн оролцоо давамгай байх ёстой гэдэгтэй ямар ч монгол хүн маргахгүй биз ээ. Үнэхээр үндэс­ний компаниуд маань ийм санал санаачлага гаргаж, нэгдэж, хөгж­лийн төлөө санаа оноогоо нэмэрлэж байгаа нь сайшаалтай хэрэг. Хамгийн ойлгомжгүй, олон нийтийг төөрөгдөлд оруулаад байгаа зүйл бол уг нэгдлийн, ер нь манай компаниудын энэ төсөлд оролцох оролцоогоо тодорхойлж томъёолж байгаа байдал юм. Энд бодит хандлага үгүйлэгдэж байгаа нь уг нэгдлийн удирдлагад байгаа хүмүүсийн хэлж ярьж, илэрхийлж буй хоорондоо зөрчилтэй байр сууринаас тодорхой харагдаж бай­на.

Хэрвээ асуудалд монголын компаниудын оролцоог дэмжинэ гэх байр сууринаас хандвал өөр нэг асуудал буюу “тийм л байсан юм бол “Тавантолгой”-г “Энержи ресурс” гэдэг хувийн компаний мэдлээс яах гэж төрд буцааж авсан юм?” гэх асуудал автоматаар урган гарна. Хоёр жилийн өмнө “Энержи ресурс”-ээс төрд буцааж аваагүй байсан бол өдийд ёстой л нөгөө биржээс хөрөнгөө бос­годогсон уу, зээлдэгсэн үү, аж­лаа эхэлчихсэн байх байсан биз. Тэд ч 10 хувийг нь ч юмуу ард түмэндээ хувааж өгчихөөд, тодорхой хэсгийг нь биржээр дамжуулаад бусад сонирхсон аж ахуйн нэгжүүдэд зарчих л байсан байх. Өнөөдөр “Ухаа худаг” гэдэг газарт “Энержи ресурс” үйлдвэрлэлээ босгоод эхэлчихсэн байгаа шүү дээ.

Тэгвэл нөгөө талаас ер нь “Та­вантолгой”-н эрхийг эзэмшиж байсан “Энержи ресурс” одоогийн “Монгол 999” хоёрын хооронд ямар ялгаа байна вэ? гэсэн асуулт гарна. Нэг нь дотоодын арваад компаний нэгдэл, нөгөөх нь 1500-гаад компаний нэгдэл гэсэн зарчмын гэхээсээ илүү жижигхэн, бараг хувийн сонирхлын гэмээр ялгаа харагдаад байгаа.

-Тэгэхээр энэ бүхнээс ха­ра­хад аль аль тохиолдолд ямар нэг хэлбэрээр баялгийн хуваалт, хувиарлалт гэсэн яв­цуу сонирхолд л хөтлөгдөөд байгаа юм биш байгаа гэх хард­лага өөрийн эрхгүй төрж байгаа биз?

Тэгэхлэээр тухайн үед “Та­вантолгой”-н лицензийг улсад буцааж авах асуудлыг санаачилж, лицензи эзэмшигчидтэй нь ярил­цаж, ятгаж, шахаж, Засгийн га­зарт чиглэл өгч хэрэгжүүлсэн хүн нь би юм. Ямар зарчим барь­сан бэ? гэхлээр улсын зард­лаар геологийн хайгуул хийж нөөцийг нь тогтоосон бол тухайн стратегийн орд газрын лицензи 100 хувь төрийн мэдэлд байх ёстой гэж үзсэн. Иймэрхүү зарчимаар хандаж зүтгэсний үр дүнд 15 орд газрыг стратегийн орд газрын жаг­саалтанд оруулж чадсан санаг­даж байна. Харамсалтай нь тэдгээрийг төрийн мэдэлд шил­­жүү­лэх ажил одоо хүртэл шийдэгдээгүй байгаа.

Тэр утгаараа “Тавантолгой”-н стратегийн орд газрыг төрийн мэдэлд буцааж өгсөн нь чухал алхам болсон. Энэ ажлыг хийсэн, хийлцсэн бүх хүнд талархал илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ миний санал бол уг ордыг 100 хувь төрийн мэдэлд буцааж шил­жүүлэх тухай байсан. Гэтэл тодорхой хэсгийг нь “Энержи ре­сурс” дээр үлдээсэн. Үүнтэй монголын бусад компаниуд барьц­­даг, шүүмжлэлтэй ханддаг юм байна лээ. Энэ “999 компани”-ийнхан ч гэсэн “бид “Энержи ресурс”-ээс юугаар дутах юм бэ? Яагаад тэд “Тавантолгой”-г авч байхад бид авч болдоггүй юм бэ?” гэж асууж байгаа юм. Хариулахад хэцүү.

Уг төслийг хэрэгжүүлэхэд Мон­голын компаниуд давуу эрх­тэй, ижил тэгш оролцох ёстой гэдэгтэй би санал нэг байна. Гэхдээ асуудлын гол нь “Тавантолгой”-г иргэн бүрт хүртээлтэй шийдэх ёстой гэсэн санал юм.

-Нийгэмд хамгийн түгээ­мэл хэлэлцэгдэж буй хувил­баруудын талаарх таны байр суурь шүүмжлэлтэй бай­гаа юм байна. Тэгвэл танд “Тавантолгой”-г ингээд ашигла­чихвал илүү хүр­тээмжтэй юм байна гэсэн хувил­бар, санал байгаа юу? Нууц биш бол энэ талаар тодорхой ярьж өгөхгүй юу?

-(Инээв) Нууцсаад байх юу байхав дээ. Би түрүү түрүүчийн ярилцлагууддаа нэг бус удаа хэлж байсан. Үнэхээр Монголын төрийн хамгийн өндөрлөгт хүртэл намайг дэмжсэн, сургаж боловс­руулсан, өдий зэрэгтэй болгосон ард түмэндээ би асар их өртэй хүн. Тиймээс би өөрийн өчүүхэн мэдлэг оюун, чадвар, туршлагыг энэ ард түмнийхээ, улс орныхоо сайн сайхны төлөө зориулах үүрэгтэй гэж боддог. Намайг ингээд ярихаар мэдээж миний санааг мушгин гуйвуулж, элдвээр дайрч давшлах л байх л даа. Гэвч улс орны хувь заяатай холбоотой ийм чухал асуудал шийдэгдэж байх үед нэр төрөө хичээгээд суугаад байх нь жинхэнэ гутам­шигтай хэрэг болох биз.

Би энэ өвөл, хавар хөдөө орон нутгаар нэг бус удаа явж, иргэдийн ахуй амьдралтай танил­цахын зэрэгцээ улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудын та­лаар ч санаа бодлыг нь сонсч байлаа. Иргэдийн зүгээс “Уул уур­хайн баялгийг иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэйгээр хуваа­рилахад анхаараач” гэсэн хүсэлт саналыг хамгийн ихээр гарган тавьж байсан юм.

Тиймээс “Тавантолгой”-н ор­дын ашиглалтын хувил­баруудын талаар багагүй хугацаанд судалгаа хийж, эрдэмтэн судлаачид, нийг­мийн янз бүрийн төлөөллийн хүмүүстэй санал солилцож, гадаа­дын туршлагыг ч судалж үзсэн. Үүний үр дүнд миний гэж хэлж болох боловч үндсэндээ иргэдийн санал санаачлага, эрэлт хүсэлт дээр тулгуурласан нэгэн хувилбарыг боловсруулсан юм.

Энэ ордын өмчлөл, зохион байгуулалт, ашиглалт, хуваари­лалт нь дараах үндэслэл дээр тулгуурлан хийгдэх ёстой. “Таван­толгой”-н баялаг бол, ер нь газрын хэвлийн баялаг бол хэн нэгэн тодорхой хүний хүч хөдөлмөр, хөрөн­гө мөнгөөр бүтээгдсэн баялаг биш юм. Өөрөөр хэлбэл, дэлхий ертөнцийн үүсэл хөг­жилтэй холбоотойгоор хүний орол­цоогүй өрнөсөн байгалийн үйл явцын үр дүнд үүссэн баялаг юм. Өвөг дээдэс маань энэ газар нутаг дээрээ төрж өсөн, хамгаалан баталгаажуулаад газрын дээрх болон доорх баялагтай нь бидэнд өвлүүлсэн гэдгийг ч мартаж болохгүй. Тиймээс энэ баялгийг цөөн хэдэн хүн эзэмшиж, үр өгөөж нь цөөхөн хүнийг баяжуулах хэрэгсэл болно гэдэг бол дэндүү шудар­га бус хэрэг болно.

-Та шүүмжлүүлж хашрахгүй хүн юмаа. Таныг ингэж яри­хаар мушгин гуйвуулах хүн мун­дахгүй дээ? Таны хэлж ярьж байгаа манай ард түмний сонсохоо болиод, төсөөрөөд, бараг мартчихсан шударга үнэн гэх ойлголттой дүйх гээд байх чинь?

-Мэдээж хэлэх нэг нь хэлэх байх. Энхбаяр муудаа, эсвэл хорс­сондоо ингэж ярьж байгаа юм гэж. “Идсэн эрүү хувхайрдаг, идүүлсэн бут ургадаг” гэж нэг үг байдаг. Тэгэхлээр би гүжир гүтгэлгээс айж, магадгүй улс орны хөгжлийн зөв гарц болж болох саналаа илэрхийлэхээс татгалзах ёстой болж байна уу? Эцсийн эцэст би ард түмэнтэйгээ аман дээрээ биш, ажил хэргээрээ амь нэгтэй байгаагийнхаа төлөө хэн нэгэн бэртэгчинд доромжлуулж байвал харин ч бахархмаар хэрэг биш үү? Би үнэн ба худлыг дэнслэн цэгнэх чадвартай ухаант ард түмэндээ итгэдэг. Намайг гүтгэж доромжилж байгаа тэр цөөхөн хүмүүсийг хэн нь хэн бэ гэдгийг олон түмэн одоо мэдэхтэйгээ болсон цаг. Гүжирдэхээс айж дуугүй байх нь харин ч том алдаа болно.

-Та бид хоёр сэдвээсээ жаа­хан хазайчихлаа. Гэхдээ таны илэн далангүй яриа Энхбаяр гэдэг хувь хүнийг бас нэг өөр талаас нээгээд өгчихлөө.

-“Ам нээвэл уушиг нээ” гэдэг биз дээ. Би хэдийгээр Ерөнхийлөгчөөр сонгогдож бай­сан ч энэ эгэл ард түмний бас нэг төлөөлөл. Тэгээд энэ байр сууринаас харвал бидний өнөөгийн амьдралд шударга бус хандлага бараг хэвшиж, үнэн үг хэлсэн хүн адлагддаг болсон нь өөрчлөх ёстой жишиг гэж үзэж байгаа болохоор илэн далангүй ярьж байна.

-Хоёулаа буцаад “Тавантол­гой”-н талаарх таны санал руу орох уу?

-Тэгэе.

“Тавантолгой”-н ашиглалтын талаарх миний санал гэвэл:

1.Монголын нийт ард тү­мэн, тодруулвал иргэн бүр “Та­вантолгой”-гоос хувь хүртэх ёстой гэсэн зарчим. Гэхдээ хувьцаа хэлбэрээр биш, нэрийн дансаар хувь хишгийг хүртэж байх тухай ярьж байна.

2.”Тавантолгой”-н 10 хувийг биш, “Тавантолгой”-н орд газрыг 100 хувь буюу бүхэлд нь ард түмний өмчлөлд шилжүүлэх зарч­мыг баримтлах, үүнийг тусгай хууль боловсруулан гаргаж батал­гаажуулах.

3.Монголын 2 сая 800 мянган иргэн буюу 2 сая 800 мянган ги­шүүнтэй ард түмний өмчлөлд байх компанийг байгуулах. Монгол хүн төрөнгүүтээ энэ компаний нэг гишүүн нь болж бүртгэгдээд, насан туршдаа энэ эрхийг нэр төдий биш, нэрийн дансандаа ногдол ашгийг нь тогтмол , бусадтай ижил тэгш хүртэх за­маар эдэлж байх зарчим.

4.”Тавантолгой” төслийг гүй­цэтгэн хэрэгжүүлэх ажилд Монголын компаниуд давуу эрхтэй оролцох зарчим. Манайх­ны үзүүлж чадахгүй, манайхны хийж чаддагүй, заавал гадныхны туслалцааг авч, хамтран ажил­лах шаардлагатай бараа, үйл­чилгээний хэрэгцээ гарвал гадаа­дын компаниудын үйлчлэх эрх Монголын компаниудаар дамжин нээгддэг байх зарчим.

Ер нь тэнд шинээр үүсэх хот тосгоны үйлчилгээг манай үндэс­ний компаниуд гүйцэтгэж, алсдаа уурхайг дагасан ямар хөгжил үүсэхийг бид шийдэх ёстой. Ийм жишиг олон орнуудад байна.

-Уучлаарай, үнэхээр хэ­рэгж­дэг бол сайхан л санаа сонсогдож байна. Бүх иргэн нь нэг компаний гишүүн байна гэж сонсоогүй юм байна. Амьд­рал дээр байж болох болов уу? Нэг бол төрийн өмч, эсвэл хувийн өмч л байдаг шиг санагдах юм. Иргэн бүрийн өмч гэхээр...

-Дээр хэлсэнчлэн газрын хэв­лийн баялаг бол байгалиас заяагдсан зүйл. Түүнийг хэн нэг хүн, аль нэг компани, эсхүл төр засаг бүтээж бий болгоогүй. Тиймээс нийгэмд түгээмэл байдаг хувийн, төрийн гэх өмчлөлийн хэлбэрт газрын хэвлийн баялгийг, тухайлбал, “Тавантолгой”-г хам­руулж болмооргүй.

Тэгээд төрийн тогтолцоо нь оновчтой биш, хариуцлагын тогтолцоо нь сул байгаа өнөөгийн цаг үед төрийн мэдэлд томоохон өмчийг бий болгоно гэдэг цаа­гуураа хээл хахууль, авлига, хүнд суртал, шударга бус явдал, оновчтой бус хуваарилалтыг дэм­жинэ гэсэн үг болно. Нөгөө талаар хувийн өмчид шилжүүлвэл баян ба ядуугийн ялгаа гаарч, нийгмийн дотор шударга бус явдал дэлгэрнэ гэсэн үг.

Тэгвэл өмчлөлийн өөр ямар хэлбэр байна вэ? гэж эрэлхийлэл хийсэн. Дэлхий дахинд сүүлийн үед шинээр бий болж байгаа өмч­лөлийн өөр нэг хэлбэрийн хандлага бол “бүх нийтийн буюу ард түмний өмч” гэсэн ойлголт юм. Өнөөдөр зарим орнуудад олон нийтийн өмчлөлийн компаниуд хэдийн бий болжээ. Эдгээр компаниуд хүний оролцоогүй буй болсон баялаг буюу уул ус, ой мод, бэлчээр, ашигт малтмал зэрэг баялагийг ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулахтай хол­богдон бий болдог байна. Харин хүний оюун ухааны үйл ажиллагааны үр дүнд бий болсон бусад баялаг, түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах үйл ажиллагаа голдуу хувийн өмчинд тулгуурлаж байна. Улс орны аюулгүй байдалтай холбоотой салбарууд, ялангуяа дэд бүтцийн салбарын зарим объект төрийн өмчинд байх нь зохимжтой юм. Тухайлбал, хил дамнасан төмөр зам төрийн мэдэлд байх, харин хил дамнаагүй төмөр зам хувин мэдэлд байх зэрэг зарчим байж болно.

Дашрамд хэлэхэд “Бүх нийтийн буюу ард түмний өмч”-ийн аж ахуйн нэгж байгуулах, түүнийг удирдан ажиллуулах талаар гүн гүнзгий судалгаа хийсэн АНУ-ын Индианагийн Их сургуулийн профессор Остром 2009 онд Нобелийн шагнал хүртсэн.

Тийм учраас энэ бүхнийг судалж, бодож, харгалзан үзээд монголчууд бид яагаад “Тавантолгой”-гоо “ТАВАНТОЛ­ГОЙ – бүх нийтийн өмчит ком­пани” болгож болохгүй гэж? гэсэн санал дэвшүүлж байна.

-Нийтийн өмч гэхээр бид нийтийн эзэмшлийн зам тал­бай, олон нийтийн радио теле­виз гээд төрөөс санхүүждэг, ашгийн бус байгууллагуудыг мэднэ. Таны хэлээд байгаа “Та­вантолгой” бүх нийтийн эзэмшлийн компани ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж таарна. Үүнийг хуулиар хэрхэн зохицуулах вэ? Бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаагаа дүгнэх гээд олон ажил гарах байх?

-Зөв асуулт байна аа, хууль эрх зүйн хүрээнд зохицуулалт хийгдэж таарна. Нэгэнт энэ компаний гишүүд нь бүх иргэд байх учраас бүх ард түмний төлөөлөл болж сонгогдсон УИХ компаний Төлөөлөн удирдах зөвлөлийг баталдаг байж болох байх. Компанийн ТУЗ-д нэр дэвшүүлэхдээ ард түмнээсээ сон­гогдсон УИХ гэдэг утгаараа УИХ-аас 3 хүн, Ерөнхийлөгчөөс 3 хүн, Засгийн газраас 3 хүн гээд нэр дэвшүүлж болох юм. Дээр нь иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөлүүдийг ч ТУЗ-д тодорхой тоогоор нэр дэвшүүлэн сонгож оруулж болно. Эдгээр гишүүд ротацийн журмаар ажилладаг байж болно. Компанийн үйл ажил­лагааг олон нийтийн зүгээс хянах Хяналтын зөвлөлийг байгуулж, аймаг бүрээс ИТХ-аас нэр дэвшүүлэн сонгох журмыг хэрэглэж болно. Бусдаараа бол компани, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулсан дү­рэм журмаа бариад явж болно шүү дээ. Ерөнхий санаа бол ийм байгаа юм. Энэ бүхнийг хуульчилж ба­талгаажуулах хэрэгтэй. Гол нь ашгаа иргэн бүр компанийн гишүү­ний хувьд тэнцүү хувааж нэрийн дансан дээрээ авдаг байх зарчим. Хүн мөнгөө аваад яаж, юунд зарахаа хэнээс ч илүү сайн мэднэ дээ.

-Иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл компаний ТУЗ-д сон­гог­дож болно гэлээ. “Оюу­толгой”-н ТУЗ-ийг сонгож бай­хад иймэрхүү яриа иргэний хөдөлгөөнүүдээс гарч байсан ч дэмжигдээгүй шүү дээ?

-Яагаад болохгүй гэж? Манай иргэний хөдөлгөөнүүд сүүлийн жилүүдэд байгаль орчин, уул уур­хайн томоохон төслүүдэд санал бодлоо нэмэрлэсээр ирсэн. Зөв зүйтэй зүйл олныг хэлж байсан. Иргэний хөдөлгөөнийхөн гээд олон нийтэд хүлээн зөв­шөөрөгдчихсөн, янз бүрийн хэл­бэрээр тэмцээд ирсэн Цог, Хурц, Ганбаатар, Авирмэд, Лхагважав нар шиг хүмүүс “Тавантолгой” гээд олон нийтийн өмчлөлийн компаний ТУЗ-д байж болно шүү дээ. Тэгж байж жинхэнэ утгаа­раа бүх нийтийн өмчлөлийн ком­па­нийн шинжээ бататгаж, иргэний олон нийтийн шударга хяналтыг баталгаажуулна шүү дээ. Энэ хүмүүс сонгогдохгүй юм гэхэд оролцоо, боломж нь хууль журмаараа нээлттэй байх ёстой. Ер нь бид “Тавантолгой”-н төслийг нэг бол төрийн компани, эсвэл хувийн компани хэрэгжүүлнэ гэж хоёр туйлшралд автах хэрэггүй. Дундын, илүү оновчтой хувилбар болох “бүх нийтийн өмч буюу ард түмний өмч” гэсэн загварыг сонгож болно.

-Таны хэлж байгаа 2 сая 800 мянган гишүүнтэй компа­ний бүртгэл, ашиг хүртээх гээд нүсэр том ажил болох биш үү?

-Мэдээж аливааг шинээр эхлүү­лэхэд амаргүй байх нь ойлгомжтой. Харин нэгэнт эх­лүү­лээд, гольдирлыг нь зөв олчихсон байхад үр ашиг нь туулсан бэрхшээл, гаргасан хүчин чармайлтыг хэдэнтээ давдаг нь амьдралын жам шүү дээ. Тэгэхээр монголчууд бид алийн болгон хэцүү, чадахгүй, бүтэхгүй гэж хойш суух юм бэ?

Миний санал болгож байгаа хувилбарыг хэрэгжүүлэх нь зөв­хөн эдийн засгийн үр ашгаар хэмжигдэхгүй. Манай улс иргэдээ бүртгэх, иргэний бүртгэлээ ямар ч “но”-гүй болгох ёстой гэж ярьсаар хэдэн жилийн нүүрийг үзэв? Уг нь Засгийн газар иргэний бүртгэлийн төгөлдөршилт гэсэн хөтөлбөр дэвшүүлж байсан ч өнөөг хүртэл хэрэгжээгүй л байна. Тиймээс сонгууль болохоор хэдэн арван мянган сонгогчид хаанаас ч юм бэ гараад ирдэг биз дээ?

Тэгвэл “Тавантолгой” хэ­мээх бүх нийтийн өмч буюу ард түмний өмчлөлийн компанидаа бүх иргэдээ бүртгэх явцад төр иргэдээ нэгдсэн нэг бүртгэлд давхар хамруулаад авчих сайхан боломж гарна. “Тавантолгой”-д шууд оролцох, тэндээс ногдол ашиг хүртэх эрмэлзэл, сонирхол иргэн бүрт байгаа болохоор иргэн бүр сайн дураараа бүртгүүлнэ. Ер нь бол мэдээллийн технологи, харилцаа холбоо хур­дац­тай хөгжсөн өнөө үед иргэдийн бүртгэлийг сайн хийх нь их чухал аа. Бүртгэлээ сайн хий­гээд авчихвал нийгмийн олон харилцааны зохицуулалт боловс­ронгуй, амар хялбар болно. Таны асуугаад байгаа ашиг хүр­тээх, хуваарилах ажил ч энэ төгс төгөлдөр болсон иргэний бүртгэлийн систем дээр суурилан элдэв чирэгдэлгүй хийгдэх бол­но.

-Таны ард түмнийхээ төлөө дэвшүүлж байгаа энэ санал үнэхээр бодууштай санагдлаа. Харин үүнийг бодит ажил хэрэг болгохын төлөө та юу хийхээр төлөвлөж байна вэ? Ер нь иргэн бүр яах ёстой юм?

-“Бүгдээрээ хэлэлцвэл буруу­гүй, бүлээн усаар угаавал буруу­гүй.” гэсэн ухаант ардын минь сайхан үг бий. Референдум хэ­мээх олонхийн саналаар шийд­вэрлэдэг дэлхий дахинаа тогтсон ардчиллын жишиг ч бий. Энэ бүхнийг бодолцвол дээрх саналын талаар олон нийтийг хамарсан хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж болно. Мөн УИХ, ЗГ, Ерөнхийлөгч, иргэний хөдөлгөөн, улс төрийн намуудын төлөөлөл, эдийн засагчид, суд­лаач­дыг оролцуулсан телевизийн шууд хэлэлцүүлгийг МҮОНРТ-ээс зохион байгуулбал би хувь­даа оролцож, санаа оноогоо урал­дуулахад бэлэн байна. Санал санаачилга маань олон нийтийн дэмжлэгийг авбал холбогдох санал, хуулийн төслийн хувил­барыг УИХ, Засгийн газарт санал болгох бодолтой байна.

Эс тэгвээс ноднин “Оюу­толгой”-н асуудлыг яаран байж алдаатай шийдсэнтэй адил иргэ­дийн санаа сэтгэл наадам, морь, бөх, айраг цагаа гэж байхыг “далимдуулан” Монгол Улсын хөгжил дэвшил, иргэдийн эрх ашигтай шууд холбоотой “Таван­толгой”-н асуудлыг “бушуу туулай борвиндоо баастай” гэдгийн үлгэ­рээр хуудуутай шийдвэрлэнэ.

-Та Засгийн газар саналыг тань дэмжинэ гэдэгт итгэлтэй байна уу?

-Энэ санал санаачлага маань Ерөнхий сайдын “ард түмэндээ хувь хүртээнэ” гэсэн санаачлагыг бодит ажил хэрэг болгох гол аргачлал нь болох байх гэж итгэж байна. Ер нь Засгийн газар гэлтгүй, Ерөнхийлөгч, УИХ гээд ард түмнээс сонгогдон, ард түмний татварын мөнгөөр оршин байгаа хэнбугай ч ард түмнээ гэсэн энэ санал санаачлагыг дэм­жинэ гэдэгт итгэж байгаа шүү. Тэдэнд хойш суух, иргэн бүрийн ашиг сонирхолд нийцсэн шийдлээс зайлсхийх эрх бий гэж үү?

-Таны хэлсэнээс үзвэл энэ санал санаачлагад, тодруулбал “Тавантолгой”-г зуун хувь ард түмэндээ өмчлүүлэх саналд хэрхэн хандахаас манай эрхтэн дархтнуудын үнэн нүүр царай тодрох нь. Тэгэхээр ард түмэн, иргэд маань анхааралтай ажиг­лах л үлдэж байх шиг?

-Тоймлож хэлбэл тийм юм даа. Гэхдээ ард түмнээрээ хэлэлцүүлж, иргэн болгонд хүр­тээмжтэй хувилбарыг, шудар­га хуваарилалтыг сонгож, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэх нь монголчууд бидний өмнө тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал гэдгийг дахин онцолмоор байна. Гэхдээ иргэд дуугүй харж суух биш, харин дуугаа өргөж саналаа нэмэрлэвэл хүн бүрт хүртээлтэй байх бодлого бодит шийдвэр болно.

-Илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Ажлын их амжилт хүсье.

Эх сурвалж: "Нийгмийн толь"