Showing posts with label ОТГОНБАЯР Ё.. Show all posts
Showing posts with label ОТГОНБАЯР Ё.. Show all posts

Monday, 3 November 2014

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Н.Алтанхуяг нэлээд “нохой зальтай” хүн юм

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өчигдөр “2-р суваг” телевизийн “Ярилцах танхим”-д уригдан сэтгүүлч У.Оргилмаатай цаг үеийн асуудлаар ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.

-“Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага аваад хугацаа нь дуусмагц өнөөдөр /өчигдөр/ үдээс өмнө УИХ-ын чуулганы хуралдах эсэх нь ч, байнгын хороод хуралдах эсэх нь тодорхойгүй, хүлээлтийн байдалд байлаа. Тэгэхээр УИХ-д дөрвөн намын бүлэг, бие даагчдын зөвлөл нийлж төр барилцаж байгаа. Гэтэл АН-ын бүлгийн улстөржилт, зөвшилцлийг хүлээгээд төсвөө ч хэлэлцэх боломжгүй сууж байх нь хэр зохимжтой вэ? 
-Ерөнхий сайдыг огцруулах саналд УИХ-ын 28 гишүүн гарын үсэг зурж,  УИХ-д өргөн барьсан. Уг асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа өчигдөр /уржигдар/ дууссан. Өнөөдөр /өчигдөр/-ийн байдлаар Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг тойрч яриад одоогийн байдлаар эцсийн байдлаар шийдэлд хүрээгүй байна гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл одоог хүртэл Ардчилсан нам ямар нэгэн шийдэлд хүрээгүй” байна. Тэгээд уг асуудлыг өнөөдөр /өчигдөр/ чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч Төрийн байгууллалтын байнгын хороо хуралдаагүй гэдэг үндэслэлээр хойшлуулчихлаа. Бид энэ сандал суудалтай холбоотой асуудлыг хэлэлцэхдээ дэггүй болчихоод байна. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг 100 гаруй хоног хэлэлцээд хамгийн сүүлд яам нь байхгүй болж дууссан. Үүний өмнө Сангийн сайд Ч.Улаан, Н.Батбаяр сайд хоёрын асуудлыг зэрэг оруулж ирсэн. Мөн л олон хоног үргэлжилсэн. Одоо Ерөнхий сайдын асуудал бас л сунжирч байна. 

-Одоо тэгвэл Ерөнхий сайдыг Засгийн газаргүй болж дуусах юм болов уу даа?
-Бараг тэр замруугаа л явах гээд байна. Гэхдээ АН-ынхан хоорондоо ярьж байгаа шийдвэрээ гаргаад чуулганы маргаашийн /өнөөдрийн/ хуралдаанаар хэлэлцэж эхлэх болов уу гэж бодож байна. Төсвийн тухай хуулийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлагдах хуультай учир энэ хуулийг дагалдах хуулиудыг хэлэлцэж  эхлээд байна.

-Танай намынхнаас зарим төлөөлөл Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар АН-ынхантай зөвшилцөж эхэллээ гэсэн мэдээлэл дуулдах боллоо. Энэ нь МАН-ынхан сөрөг хүчний үүргээс илүүтэй улс төрийн тогтвортой байдлыг чухалчилж байна гэх нэмэх оноо авчирч болох ч Ерөнхий сайдтай хариуцлага тооцох талаар тууштай ажиллаж чадсангүй  гэдгээрээ урам хугалж мэдэхээр байна?
-Зөвшилцөх асуудал гаргах үндэслэлгүй. Ийм шаардлага гарвал уг асуудлаар намын бүлэг дээрээ ярина. Эвсэх эсэх асуудлыг манай намын дүрмээр намын Бага хурал хуралдаж шийддэг дүрэмтэй. Тэгэхээр асуудал иймдээ тулбал Бага хуралд хүрч шийдэгдэнэ. 

-МАН, АН-ынхан зөвшилцөөд Ерөнхий сайдыг огцруулах саналаа буцааж татчих юм биш биз гэсэн хардлага л төрүүлээд байгаа хэрэг? 
-Үгүй байх. Энэ асуудал дээр УИХ дахь МАН-ын бүлэг хатуу байр суурьтай байгаа. Бид Ерөнхий сайдыг яагаад огцрох ёстой вэ гэж үзэж байгаа гэхээр өнөөдөр өөрөө “Улс орон маань туйлдаж дууслаа” гээд “гаслаад” сууж байгааг нь харж байна. Туйлдуулсан шүү дээ. Үнэн ярьж байна. Хэн туйлдууллаа. Ямар Засгийн газар хүлээж авлаа. Ямар санхүү, хөрөнгөтэй байлаа. Хэчнээн их мөнгө зарцууллаа. Эцэст нь та бидний орлого 40 хувиар буурчихаад л сууж байна. Тийм болохоор бидний зүгээс ерөөсөө Засгийн газрын тэргүүнийг нь огцруулаад өөр хүн гарч ирж, өөр бодлогоор явуулахгүй бол болохгүй гэж үзэж байна. Энэ хүн энэ бодлогоор Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллавал 2015-2016 он гэхэд улс орон “элгээрээ хэвтэх” нөхцөл байдал үүснэ гэж үзэж байна. 

-Мэдээж энэ том намын хувьд Ерөнхий сайдаар томилогдох кандитат хангалттай байгаа байх. Таны төсөөллөөр ямар хүнийг Ерөнхий сайдаар томилбол улс орны эдийн засгийг өөд нь татаж болмоор санагдаж байна вэ? 
-Эрх барьж байгаа хүмүүс нь Ерөнхий сайдын асуудлаа шийдэх байх.  Миний бодлоор Ерөнхйи сайдаар ямар хүн байх ёстой вэ гэвэл сөрөг хүчний тавьж байгаа шүүмжлэлүүдийг сонсоод өөдөөс нь арзайтал хэрэлдээд байх биш. Энэ шүүмжлэл нь зөв байна, энэ асуудлыг нь ажилдаа тусгая гээд ажиллаж чаддаг хүн байх ёстой. УИХ гэдэг бол зөвшилцөөний байгууллага. Өнгөрсөн хоёр жилд яаж явлаа. Юм л ярьвал өөдөөс утгагүй тайлбар тавиад хүчээр түрээд шийдээд явсан. Түрж яваад сайхан болсон бол нэг хэрэг. Ямар байдалтай байгааг нь та бид харж байна. Цаашдаа Монголын улс төрийг тогтвортой байлгая гэвэл улс төрийн уур амьсгалаа зөөллөөд зөвшилцөөн хийгээд, хүний шүүмжлэлийг тайван сонсоод “миний алдаа энэ оноо нь ийм байна шүү” гэж хараад сууж байдаг байх ёстой. 

-Төрийн гурван өндөрлөг Их тэнгэрт уулзлаа гэх мэдээлэл хангалттай явлаа. АН-ын бүлэг хаалттай хуралдаанаар асуудлыг шийдсэнгүй, Ерөнхий сайд мэдээлэл хийсэнгүй. Дэвшүүлсэн таамаглалаар Н.Алтанхуяг АН-ын даргын суудлыг өгөөд Ерөнхий сайдаар үлдэнэ гэсэн яриа байгаа. Ийм жишиг урьд нь байсан юм уу. Танай намын хувь 2007 онд Ардын намын дарга Ерөнхий сайд Н.Энхболд гишүүдийн шүүмжлэлийн дагуу ажлаа хоёуланг нь өгөөд С.Баяр дарга тамгыг хүлээж авангуутаа “Надад эрх мэдэл өгчихвөл энэ улс орныг хангалттай аваад явж чадна гэдгээ намынхандаа амлаад аль аль ажлыг нь авч явж байсан. Одоо таамаглаж байгаагаар АН-ынхан намын дүрмэндээ өөрчлөлт оруулаад энэ хоёр албан тушаалыг салгах жишиг тогтоож ч магадгүй байна?
- Засгийн эрх барьж байгаа нам юм бол тухайн намын дарга эрх мэдлээ эдлээд хийх ажлаа хийгээд дараа нь хариуцлагаа хүлээдэг зарчим олон улсад байдаг зарчим. Энэ зарчмыг манай улс баримталж ирсэн. Манай намын дүрмээр  ч дарга нь Ерөнхий сайд болоод үүргээ хүлээгээд явдаг. Ардчилсан нам өөрөөр хийх гэж байгаа юм уу, үгүй юу гэдгийг одоогоор хэвлэлийн мэдээ учраас тааж, хэлэхэд хэцүү байна. Гэхдээ төрийн ажилд намын асуудал хамаагүй. Бид Ардчилсан намын даргыг огцруул гэдэг асуудал тавиагүй. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавиад байна шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайдын асуудлаа түргэн шийдээд шинээр томилогдох Ерөнхий сайд нь зөвшилцөөнөө хийгээд төсвөө хурдан батлаад улс орны гацаанаас гаргах ёстой гэж үзэж байна. Тэр намын асуудлаа бол дараа нь л шийднэ биз. Өөрдсийнх нь  дотоод асуудал юм чинь.

-Ерөнхий сайдад хариуцлага тооцох гээд байгаа шүү дээ. Гол шалтгаан нь таны хувьд юу байх вэ. Намын шийдлээс гадна улстөрчийн тань хувьд асууж байгаа юм?
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө гэж байсан шүү дээ. Одоо энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд дууссан бол хариуцлагыг нь бид ярих ёстой. Тэгээд Эдийн засгийн хөгжлийн сайдтай нь хариуцлага ярина гэхээр бүтцийн өөрчлөлт хийх нэрээр хариуцлага тооцолгүй ажлаас нь чөлөөлчихлөө. 

Засгийн газар ямар нэгэн төлөвлөгөө гаргаад тэрийгээ УИХ-аар батлуулаад  тэр төлөвлөгөө нь хэрэгжээгүй байгаа бол, тэр сайд нь байхгүй тохиолдолд Ерөнхий сайдтай нь л хариуцлага ярина шүү дээ. Өөр сайд байхгүй. Сангийн сайд нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгэхээр өөр ярих эзэн байхгүй, Ерөнхий сайд л болчихоод байна. 

-Төсөв хэлэлцэж байх үед Сангийн сайдаа ч томилоогүй, Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг бүтцээ татан буулгачихаад байгаа нөхцөлд байдал үүсчихээд байгааг та Засгийн газрын тэргүүн буруу удирдсаных гэж үзэж байна уу. Эсвэл засаглалын тогтолцоотой нь холбоотой юу?
-Засгийн газрын тэргүүнтэй л холбож авч үзнэ. Төсөв хэлэлцэж байхад Сангийн яамныхны төсвөө боловсруулсан байдал арай л дэндүү байна. Төсвийн хэлэлцүүлэг телевизээр гарахад та бүхэн харсан байлгүй. Манай бүлгийн гишүүдээс “Нэг объект хоёр давтагдаж бичигдсэн байна”,“Энэ нь хийгээд дууссан ажил тусгагдсан байна” гэж гайхаж шүүмжлэхээр Ерөнхий сайд “Харин тийм. Учрыг нь ол гээд орон нутаг руу явуулсан” гэж тайлбарлаж байсан. Ийм хамуурчихсан удирдлага байх юм уу. Хаана, юу хоёр давхар бичигдэж вэ, алийг нь хийж дууссан байна вэ гэдгийг ч мэдэхгүй байна. Өөрөө учрыг нь олж чадахгүй байгаа болохоороо орон нутаг руу шилжүүлж байгаа юм гэж яриад сууж байдаг. Сангийн яамныхан Булган аймаг дээр бүхэл бүтэн сургууль мартчихсан сууж байсан. Энэ сургууль энд ч тэнд ч алга хаана байна гэхээр “Марчихаж ээ” гээд сууж байна. Ийм хариуцлагагүй нөхдүүд сууж байна. Яаж хариуцлага тооцохгүй өнгөрөх юм бэ

-Тэгээд төсөв дотроос сургуулиа “олсон” уу?
-Одоо тэгээд нөгөө “хулхи жагсаалт” руугаа л хийнэ гэж байгаа. “Хулхи” гэж хэлээд байгаа нь 18 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй объект тавиад дунд нь өнөөх сургуулийн төсөвт зориулж 2,5 тэрбум төгрөг сэм шургуулж хуваарилахыг хэлж байгаа юм. Тэгэхээр төсвийн төсөлд огт байхгүй болгосноос тэр “хулхи төсөвт” нь ч гэсэн байж байг гэж бодож байна. 

-Ийм хариуцлагагүй байдлыг Төсвийн байнгын хорооны дарга нь юу гэж үзэж байх юм бэ? 
-Төсвийн байнгын хороо өнөөдөр /өчигдөр/ Засгийн газрын өргөн барьсан бүх дагалдах хуулийг унагаагаад ороод ирж байна. Өөрөөр хэлбэл Төсвийн байнгын хороо дэмжихгүй байна гэсэн үг. 

-Боломжийн ажиллаж байна гэж та үзэж байна уу? 
-Хангалтгүй л дээ. Төсвийн байнгын хороо иймэрхүү байдлаар төсөв боловсруулсан хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Яамны сайд нь байхгүй юм чинь Ерөнхий сайдтай нь хариуцлага ярих ёстой. Ерөнхий сайд одоогоор Сангийн сайдын үүргийг гүйцэтгэж байгаа шүү дээ. Сангийн яамны болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас очсон хөрөнгө оруулалт хариуцсан тэр хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Үүнийг Төсвийн байнгын хороо Засгийн газраас шаардах ёстой. Гэтэл “Давхар дээлтэй” сайд нартай Засгийн газар болохоор УИХ нь Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй, аялдаад яваад байдаг дүр зураг харагдаж байна. 

-Сүүлийн үед МАХН, АН-ын хооронд байгуулсан гэрээний талаар шуугиад өнгөрлөө. Сүүлдээ эзнийг нь танай намаас олж байх шиг байна. Энэ үйл явдлыг та юу гэж дүгнэж байна вэ?
-Гэрээ бол байгуулагдсан. АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр зэрэгцэж сууж байгаад гарын үсэг зурж байхыг нь бүгдээрээ л телевизээр харсан. Гэхдээ тэр гэрээний агуулга талаасаа утгагүй санагдсан. Ерөнхий утгаараа манай намд ашигтай. Би хоёр өрсөлдөгчтэй явах байсан бол нэг өрсөлдөгчтэй болгож өгч байгаа юм. Энэ талаас нь  хоёр намын дарга “баярлалаа” гэж хэлэх ёстой.

-Ардчилсан намын алдаа оноо, тэр тусмаа Засгийн газрын гаргаж байгаа алдаатай талыг хараад олон нийт “МАН-ынханд битгий ийм боломж өгөөч ээ” гэх юм. Тэгэхээр улс төрийн тоглолт гэдэг талаас нь илүү хараад байна. Уг нь цаг алдалгүй төсвөө батлахаас эхлээд улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавих ёстой биз дээ?
-Ардчилсан намын нэр бүхий 15 гишүүн Ерөнхий сайдыгаа огцруулахаар гарын үсэг зурсныг нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн байна гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Урьд өмнө нь болохгүй байна. Н.Батбаяр, Ч.Улаан сайдыг чөлөөлөөч ээ, буруу бодлого яваад байна гэхээр “Сайхан байгаа, зүгээр байгаа. Та нар дандаа улстөржиж байх юм” гээд яваад байсан. Тэр үед өвчнийг бага дээр нь анагаах ёстой байсан юм. Гэтэл нөгөө хэдээ чирч явсаар эцэст нь өөрөө хүнд байдалд ороод түүнийгээ МАН-ынхан дээр өлгөх гэж байгаа бол хүлээн зөвшөөрч чадахгүй. 

-Та өмнө нь Засгийн газрын гишүүн байсан. Тухайн үед сөрөг хүчний зүгээс Засгийн газрын зарим гишүүнийг, Ерөнхий сайдыг огцруулах талаар удаа дараа бичиг өргөн барьж байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг УИХ-ын нийт гишүүнээс 28 нь зурчихаад байгаа нөхцөл байдал үүсч байгаагүй. Ийм нөхцөл байдалд Засгийн газрын танхим яаж ажилладаг юм бэ?
-Би чинь “дан дээлтэй” Засгийн газрын гишүүн байлаа. Огцруулах талаар УИХ-ын гишүүдийн зүгээс олон янзын процесс явж байсан. Энэ тохиолдолд танхимын гишүүд хамгийн гол нь огцруулах үндэслэлийг нь сайн харах хэрэгтэй. Одоогийн энэ тохиолдлыг үндэслэл нь бүрэн бүрдсэн гэж харж байгаа. Яалт ч үгүй таны амьдралд төгрөгийн ханш нөлөөлж байгаа. Буруу бодлого явуулаад байна гэдгийг хэлээд байхад тэр чигт нь явуулаад ийм нөхцөл байдал үүсгэсэн хүнтэй хариуцлага тооцохоос өөр замгүй. Түүнээс биш Н.Алтанхуяг гэдэг хүнийг зүгээр л албан тушаалаас нь огцруулахын төлөө л огцруулах бичиг өргөн бариад байгаа юм биш. 2015 оны төсвөө хар л даа. Өр нэмэгдсэн, нэг ч шинэ барилга бари хгүй, хуучнуудынхаа гуравны нэгийг гүйцээнэ гэсэн төсөв орж ирж байна. 

Ямар их мөнгөөр Засгийн газар үйл ажиллагаагаа эхэллээ. Ямар их өр тавьсан билээ. ЗХУ-д төлөх байсан өрийг 250 сая ам.доллараар барагдуулж байсан. Түүнийг 10 нугалсаны дайтай өрийг хоёр жилийн хугацаанд аваад 250 сая  рублийн өртэй дүйцэхүйц ажил хийсэн үү. Огт юу ч хийгээгүй гэж хэлэхгүй. Ажил хийсэн. Гэхдээ 1940-1990 оны хооронд авсан рублийн өрөөр юу хийлээ. Улаанбаатар хотын тал нь баригдаа биз дээ. Тэгэхэд түүнээс 10 дахин их мөнгөөр юу хийв. Чамлалтай байгаа биз дээ. 

-Ярилцагынхаа төгсгөлд нэг таамаг ярья. Ерөнхий сайд өнөөдөр улс төр, эдийн засгийн ийм хүнд нөхцөлд, АН доторх, УИХ доторх байдал хэцүү уур амьсгалыг мэдэрсээр байж тэвчээд “Ерөнхий сайдын албыг хашъя. Намын даргын албан тушаалаа өгөөд ч болтугай Ерөнхий сайдаар ажиллая” гэж байгаагийн  шалтгаан юунд байна гэж бодож байна вэ?
-Улс орон, УИХ, нам доторх уур амьсгал нь ийм таагүй байхад улс орноо боддог хүн бол ажлаа өгөөд дараагийн хүнд нь боломжийг олгох ёстой. Энэ бол Н.Алтанхуяг гэдэг хүний хувийн асуудал биш. Бид бол огцруулах асуудлыг гурван үндэслэлээр тавьсан. Эдийн засгаа сүйрүүлчихлээ, ЭЗЭН-100 хөтөлбөрийн тайлангаар хариуцлагаа тооцуулах ёстой. Ерөнхий сайдаар ажиллах ёс зүйн эрхгүй. Түрүүчээсээ үр хүүхэд нь, зөвлөх гэхчлэн ойр орчмын хүмүүс нь хэрэг түвэгт орооцолдоод байна. Энэ гурван үндэслэлээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлаа өгөх ёстой л гэж үзэж байгаа юм. Дараагийн хүн нь гарч ирээд өөрсдийн бодлогыг танилцуулаад явах юм бол манай нам гаднаас нь дэмжээд явж болно. Заавал сөрөхийн тулд сөрдөг,  сөрөг хүчин учраас дандаа эсрэг кноп дардаг гэсэн ойлголт байхгүй. 

-Танай намынхан Бага хурлаараа хэлэлцээд Засгийн газарт хамтраад ажиллана гэсэн асуудал байж болох уу?
-Намын Бага хурлын шийдэх асуудал учраас би урьдчилж таамаглаж болохгүй. Хамтарч ажиллах сэдвүүд хангалттай байгаа. Тодорхой сэдвүүдээр хамтраад ажиллана гэвэл болно. Харамсалтай нь хоёр жил хамтарч ажиллах нь байтугай сонсох ч үгүй явж ирлээ. Нэгэнт л улсын эрх ашиг учраас тодорхой сэдвүүдээр хамтарч ажиллая гэвэл Засгийн газарт орохгүйгээр хамтарч ажиллаж болно. 

-Ерөнхий сайд алдаагаа засаад хэлэлцээрийн ширээний ард сууя гэвэл танай бүлгийн гишүүд хэрхэн хандах бол?
-Хүн бүр янз бүрээр хандах байх. Яг улс орны хөгжилтэй холбоотой тодорхой асуудлаар суухад хэн ч дургүйцэхгүй.

-Хэрэв Н.Алтанхуяг Ерөнхий сайд намын дарга, хэвээрээ үлдэх юм бол МАН-ынхан сөрөг хүчний үүргээ тааруухан биелүүллээ гэсэн шүүмжлэл сонсож таарна. Улс төрийн оноо дүүрч гэж бодъё. Харин дараагийн алхам юу байх вэ?
-Бид дахиад л хариуцлага тооцох, огцруулах асуудлыг тавина. Буруу бодлого үргэлжлээд байвал улс орон улам хүндэрнэ. Ер нь Н.Алтанхуяг нэлээд  “нохой зальтай” хүн юм. Эхлээд огцруулах асуудал орж ирээд байдал хүндрээд ирэхээр 100 хоног гээд завсарлага авсан. 100 хоног нь дуусаад хариуцлага яриад эхлэхээр бүтцийн өөрчлөлт гээд оуулаад ирж байна. Энэ хүн ч яахав бултаганаад сайдаараа ажиллаад сайхан л байдаг байх. Улс орон чинь бодлогогүй болоод хүндэрч байна. Төсөв оруулж ирэхээрээ бүх хэцүү асуудлуудаа орон нутгийн засаг дарга нар руу шидчихсэн сууж байна. Ийм Засгийн газар, ийм Ерөнхий сайд байж болохгүй.

-УИХ-ын чуулганаар ирэх оны Төсвийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өнөөдөр /өчигдөр/ чуулганы нэгдсэн хуралдаан дээр та нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Орон нутагт 21 ханлигтай боллоо гээд байв уу? 
-УИХ-ын чуулганы хуралдаанд  ирэх оны төсвийг дагалдуулж оруулж ирсэн хуулиудыг хэлэлцэж байна. Гол маргаан хоёр гурван сэдвээр явж байна. Юуны өмнө боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын төсвийг орон нутаг руу шилжүүлж байна. Энэ зөв үү гэдэг дээр маргаан өрнүүллээ. Би хувьдаа “Буруу шүү” гэдгийг шүүмжилж саналаа хэллээ. Учир нь 2003 оноос өмнөх Төсвийн байгууллагын удирдах санхүүжилтийн тухай хуулиас өмнө хэвтээ тогтолцоотой орон нутгийн мэдэлд төсөв нь байдаг байсан. Тэгэхээр боловсролын салбарт ямар асуудал үүсдэг вэ гэхээр хамгийн их төсөвтэй нь боловсролын салбар байгаад үүнд орон нутгийн Засаг дарга нар нь гар хүрчихээд байдаг байсан. Босоо тогтолцоотой болсоны дараа орон нутгийн удирдлагууд төсөв рүү гар хүрэхээ больсон. 

Хоёрдугаарт: Хөрөнгө оруулалтыг орон нутаг шийд гээд өгчихөөр салбарын сайд байх хэрэг байгаа юм уу, үгүй юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Жишээлбэл, Булган аймаг дээр 18 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй есөн объект тавьчихаад дунд нь 2.5 тэрбум төгрөг өгчихөөд орон нутгийн удирдлага шийднэ гэдэг. Зарим аймагт сургууль, цэцэрлэг, эмнэлэг барина. Тэгэхээр Монголын Улс боловсролын салбарын нэгдсэн бодлого байхгүй болох аюултай нүүрлэж байна Тийм учраас ерөөсөө Монгол Улс 21 вантай ханлигуудын нэгдэл болж хувирах гээд, дунд нь эрх мэдэлтэй эсэх нь мэдэгдэхгүй Ерөнхий сайд гэдэг нэг “мануухай”-тай улс болох гээд байна. Тийм учраас л шүүмжлээд байгаа юм. 

-Ерөнхий сайдын хувьд орон нутгийн удирдлагуудыг цуглуулаад, өөрийн гэсэн чиг үүргийг өгөөд бас асуудлаа зохицуулаад явна гэж тооцоолоод энэ төсвийг гаргаж ирсэн байх. Энэ нь танд итгэл төрүүлэхгүй байгаа юм аа даа? 
-Нэг онигоо байдаг даа. 50 төгрөг өгөөч гэхээр 40 төгрөг өг, 30 төгрөгөөр юу хийх гэсэн юм. Май энэ 20 төгрөг гээд 10 төгрөг өгчихлөө гэдэг шиг нөхцөл байдал үүсгэж байна. Үүнийг би хариуцлагаас зугтсан  алхам гэж  бодоод байгаа юм. Манай аймагт баригдаж байсан сургууль баригдаагүй байна гэхчлэн асуудал үүсэхээр Ерөнхий сайд “Бүү мэд орон нутгийн удирдлагад чинь мөнгийг нь өгчихсөн шүү дээ” гээд сууж байх ийм л зүйл болох гээд байна. 

Жишээлбэл боловсролын салбарыг аваад үзье. Манай боловсролын салбарт “Боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө” гэж юм байдаг.   Үүнд нэг ангид суух хүүхдийн тоог 2015 он гэхэд төд хүргэнэ. Нэг багшид ногдох хүүхдийн тоог төд хүргэнэ гээд тодорхой заадаг. Тэгэхээр одоо энэ мастер төлөвлөгөө нь ямар байхыг бүү мэд. Учир нь 21 аймгийн удирдлагууд тус тусдаа шийдвэр гаргах болчихоод байгаа юм. Сайд нь бол би мэдэхгүй, аймгийн удирдлагууд мэднэ гээд сууж байх дүр зураг л харагдаж байна. 

-Хувийн сургуулиудын хувьсах засварын зардлыг төсөвт суулгаагүй байна гэдэг асуудлыг та өнөөдөр ярьсан. Гэтэл үүнийг алга болж, төсвөөс нь олоорой гээд байсан олсон уу. 
-Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулаад ер нь хувьсах зардлыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр сургуулиудад өгдөг байсныг болиулж байгаа юм. Үүнийг би яагаад шүүмжлээд байгаа юм гэхээр нэгдүгээрт тэр мөнгийг улс илүү гарсандаа өгдөггүй. Монгол улс Үндсэн хуульд "Монгол Улсын иргэн суурь боловсролын үнэ төлбөргүй эзэмшинэ гээд заачихсан байдаг. Таны хүүхэд хувийн сургуульд явлаа гэхэд төрхувьсах зардлыг нь өгчихөөд би хүүхдийг чинь боловсролын зардлыг өгчихсөн шүү. Дээрээс нь чи төлбөр төлөөд сайн боловсрол эзэмшүүлэх гэж байгаа бол сонголтоо хий. Тэр зардлыг хасч байгаа юм. 

Гэтэл гишүүд яг энэ салбарыг сайтар мэдэхгүй болохоор эндүүрч яриад байна билээ. Би буруу санаагүй бол Улаанбаатар хотод 120 гаруй хувийн сургууль байдаг. Үүний дотор таван саяас дээш төлбөртэй сургууль хуруу дардаг. Цөөхөн ганц хоёр сургуулиар жишээ авчихаад сургууль, ялангуяа цэцэрлэг, хувийн цэцэрлэг бол 300 мянган төгрөгийн төлбөр авдаг. Тэдэнд хувьсах зардлыг нь өгөхгүй гэхээр хувийн байгууллага л юм чинь ашиг алдаагаа тооцож таарна. Тэгэхээр эцэг эхээс авах мөнгөн дээрээ нэмээд авна гэсэн үг. 

-Энэ талаасаа бол дээрх асуудал Үндсэн хуулийн Цэц дээр гомдол болж очвол унахаар харагдаж байна?
-Үндсэн хуулийн Цэц дээр очвол унана. Бид өнөөдөр Ардчилсан намын нөхдийг юу гэж шүүмжилдэг вэ гэхээр зах зээлийн нийгэм, ардчилал ярьдаг мөртлөө гарч ирээд дандаа л хувийн өмч рүү дайралт хийдэг. Хүмүүс боломжоороо чанартай сургууль, цэцэрлэг ажиллуулаад төрийн нуруун дээр байгаа ачааллын нэг хэсгийг үүрээд явж байхад үүнээс харамлаад олигтой хэмнэлт гараад сүйд болохгүй шүү дээ.

-Өмнө нь манай сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Мөрөөрөө дампуурах эрхийг минь өгөөч” гээд бичиж байсан даа. Энэ тохиолдолд чөлөөт өрсөлдөөн үүсч олон нийтийн хүсээд байгаа боломжийн чанар, төлбөрийн ханш тогтох болов уу?
-Ер нь боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа хувийн байгууллагууд ихэнхдээ төрийн боловсролыг чирч яваа газрууд шүү дээ. Манайхан Кембрижийн боловсрол гээд ярьдаг. Тэр бол Орчлон сургууль дээр хэрэгжүүлж эхэлсэн стандарт. Үүнийг дагаад бусад төрийн сургуулиуд нь энэ стандартаар явъя гэх болсон.  Товчхондоо “өөхтэй хавиргаа түрүүлээд идэж байгаа” юм шиг л харагдана даа. 

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

http://orgilmaa.niitlelch.mn/

Wednesday, 18 July 2012

Ё.Отгонбаяр: Нэг сэргэлэн нөхөр хэвлэлийн “амыг барьчихжээ” гэвэл та итгэх үү

-Боловсролын сайдтай уулзаж байгаа болохоор салбарын асуудал эхэнд та­вигдах нь зүйн хэрэг байх. Улс орон даяар элсэл­тийн шалгалт явагдаад дууслаа. Танай яам элсэл­тийн шал­галттай холбоотой олон зуун өргөдөл гомдолд да­раг­даад байгаа гэж үнэн үү?

-Тийм олон зуун өргөдөл, гомдолд дарагдсан байгаа бол тантай уулзаад, ярилцаад сууж байх нь юу л бол доо (инээв). Олон гомдол нь ч гайгүй л байна. Ганц хоёрыг нь нэн даруй барагдуулсан. Үндэслэлтэй гэмээр гомдол ганц л байсан юм уу даа. Холбогдох арга хэмжээг нь шуурхай авсан тул ямар нэг сөрөг үр дагавар гараагүй. Бас нэлээдгүй хэдэн үндэслэлгүй, ам дамжсан ярианаас үүдэлтэй яриа хөөрөө ирсэн. Бүгдийг нь шалгаж тогтоосон.

-Нууц биш бол үндэс­лэлтэй нэг гомдол нь юуны тухай байсан юм?

-Тодорхой ажилтны ха­риуц­лагын асуудал байсан. Шалгаад, тооцох хариуцлагыг нь тооцсон. Шалгалтад сөрөг нөлөө үзүүлэх зүйл биш нь тогтоогдсон.

-Тестийн хэлбэр хэдий­гээр дэлхий нийтээр хэрэг­лэж байгаа арга ч амьдрал дээр сурлага муутай, чад­вар­гүй хүүхдүүд буудаж бөг­лөөд өндөр оноо авчих­даг цоорхой байдаг юм билээ. Энэ нүхийг бөглөх талаар ямар нэг шинэчлэл хийгдсэн болов уу?


-За даа, аливаа юм хоёр талтай л даа. Нэг талаас ту­хайн багшийн хувийн үнэлгээ­нээс шалгалтын дүнг хамаа­ралгүй болгож байгаа л юм. Нөгөөтэйгүүр “азаа үзэх” боломжийг бүрэн үгүйсгэхгүй эд л дээ. Би нэг зүйл мартдаг­гүй юм. Намайг төгсөх жил Полийн (ШУТИС) шалгалт дээр нэг багш термодина­ми­кийн асуултаар надаас гурван балл хасчихдаг байна шүү. Гомдоод явчихлаа. Би чинь аминдаа тэр жилийн хотын физикийн олимпиадын аварга байсан ухаантай юм шүү дээ. Очиж асуулаа. Тэгсэн чинь термодинамикийн хоёрдугаар хуультай ямар ч холбоогүй тайлбар өгсөн гээд хөөж бай­на. Маргаж тайлбар тавилаа. Тоох шинж алга аа. Тэгсэн чинь хажууд нь сууж байсан нэг хижээл багш “Наадахаа сонсооч. Хоосонгүй юм хэ­лээд байна” гэдэг байна. Нөгөө багш дурамжхан дахин сонслоо. Тэгээд миний шалгалтын материалыг гаргаж хараад “За яахав. Бас ч байж болох тайлбар юм аа. Чи хаанаасаа мэдсэн юм бэ?” гэлээ. Би ч олимпиадад түрүүлсэн тухай­гаа хэлсэн чинь миний баллыг нэмж өгч билээ. Хувь хүний хүчин зүйлээс хүүхдийн дүн шалтгаалдаг хандлагыг тес­тийн систем үгүйсгэж байгаа юм. Гэхдээ тестийн системд бас дутагдал байна аа. Хүн л хийдэг юм болохоор задрах эрсдэл байж л байна. Энэ асуудлыг хариуцаж буй хүмүү­сийн буянаар лав л намайг ажил авснаас хойш ийм юм гарсангүй. Гэхдээ үгүйсгэх аргагүй. Нөгөөтэйгүүр, Таны хэлээд байгаа “бингодох” асуудал байгаа юм. Бид энэ системийг ирэх жил өөрчилж, тестийн сан бэлдэж, тэндээс ирэх даалгаврыг компьюте­рээр гэнэтийн сонголт хийдэг болгох гэж байна. Тэгвэл тест задрах гэдэг асуудал байхгүй болно доо. “Бингодохын” тухайд гэвэл, хүүхдүүд мэддэг нь дуусаад ирэхээр мэдэхгүйгээ тааж “бингодох” нь бий. Сурагчиддаа хэлэхэд “онож буудах” магадлал ч маш муу даа л гэмээр байна.

-Шалгалтын комиссын­хон гэж сүрхий улсууд гарч ажилладаг. Ялангуяа хөдөө аймгуудад ажиллаж байгаа нөхдүүдийн ямба, хүнд суртал гэж хэрээс хэтэрсэн юм байдаг юм билээ. Би нод­нин Булган аймагт хүүх­дүүд хуваарь сонгох үеэр очиж ажилласан. Долоо хоног наранд эцэг эхчүү­дийг хатааж, уядаг юм би­лээ. Бас элдэв “но”–г ч хийвэл хийчихдэг баримтууд олд­сон. Иймэрхүү хүнд суртал ер нь танай салбараас хэдийд арилах бол оо?

-Хүний амьдралыг шийдэх учраас цаг зарахаас яахав. Ганцхан шударга л байх ёстой. Ямба, хүнд суртлын хувьд тийм байдал гаргуулахгүй байхын төлөө тэмцэж л байна даа. “Но” байвал баримтыг нь бидэнд өгөөрэй. Бид шалгаад хариуцлагыг нь тооцно.

-Ингэж хаваржин бужиг­наад намар хот руу хүүхдээ авч орж ирээд бас бөөн зардал чирэгдэл. Тэр сур­гуулиудынх нь их зантайг ээ. Хөдөлж ядаад л, бөөн бичиг цаас нэхээд л... Ёстой залхмаар. Ийм байж гаднын өндөр хөгжилтэй орны жишгийг яриад хэр хурдан нутагшуулж чадах юм бол?


-Элсэлтийн журам ойл­гомжтой, ил тод болох ёстой. Элсэгчид асуултынхаа хариуг цагт нь авах боломжтой байх естой. Сургууль сургуулиараа явж байгаа тул эд бүхэн яам­наас тэр болгон хамаа­раад байх боломжгүй л дээ. Цаашид энэ бүхнийг цэгцэлнэ гэсэн хатуу бодолтой байгаа. Бүх­нийг нэг өдөр хийж чадах­гүй гэдгийг хэн ч ойлгож байгаа байх. Гэхдээ зориод явахад асууд­лыг дэс дараатай ший­дэж болно гэсэн итгэлтэй байна.

-Боловсролын шинэч­лэл гэсэн том бодлого Ерөнхий сайд С.Батболдын имижэд гэрэл гэгээ нэмж байгаа. Мэдээж тэр ажлыг нугалах хамгийн том хөшүү­рэг нь салбар. Салбарын сайд. Энэ үүднээсээ хамт эн зэрэгцэж эргэх дугуй гэж тэр таныг үздэг бололтой юм билээ. Гэхдээ та нар улсын­хаа номер нэг их сургуу­лийн ректорыг л намын цензургүйгээр сонгочихож чадахгүй байж яаж тэр Кембрижийн жишигт хүрэх гээд байгаа юм бэ. Тавьсан бодлого тань зөв атлаа хэрэгжүүлэх арга механиз­мууд дээрээ яагаад ийм нөхдүүдийг аваачиж тавиад байгааг ер ойлгохгүй юм?

-Эхний сонгон шалгаруу­лал­тад Даваа ректор нэгдү­гээр байранд шалгарсан юм. Тэгээд л түүнийг томилсон. Даваа ректороос тэр үед би намын харьяаллыг нь асуу­гаа­гүй. Нам бус гэсэн байх аа. Тэгээд энэ шийдвэрийг шүү­хээр бараг жил гаран хэсэг нөхөд эсэргүүцэж хөөцөлдсөн шүү дээ. Уг нь бол хуулийн орчин хоёрдмол байснаас гарсан маргаан болохоос миний шийдвэр буруугаас юм уу, Даваагийн муугаас болоо­гүй л эд л дээ. Шүүх нь тэгээд хүчингүй болго гэж эцсийн шийдвэрээ гаргасан. Тэр дагуу сонгон шалгаруулалтыг дахин зарлахад Төмөр-Очир гуай нэгээр шалгарсан. Тэгээд л шийдвэр гаргасан. Миний бодлоор нэгдүгээрт, зарчмыг хүнээс нь хамаарч өөрөөр хэрэглэж болохгүй. Давааг томилоход нэг зарчим барьсан бол дараагийн сонгон шалгаруулалт дээр мөн тэр зарчмаа л барих ёстой. Хоёрдугаарт, энэ хоёр хүний алиных нь ч эсрэг ноцтой үндэслэл надад байгаагүй. Тэгэхээр илүү оноотойг нь л томилсон. Харин салбар хариуцаж байгаа хүний хувьд ганцхан эмзэглэлээ хэлчих­мээр байна. Энэ ректорын томилгоог тойрсон маргаан нь дуусаасай билээ. Монгол Улсын тэргүүлэх сургуулийн нэр хүнд ийм нэг асуудлаас болж битгий унаасай. Миний мэдэхээр миний төгссөн Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн нэр хүнд, чанар, чансаа рек­тор Торкунов, ректор Лебе­девээс хамаарч байгаагүй л юмдаг. Харин багш нарын мэдлэг, тэдний оюутанд хан­дах хандлага, элсэлтийн өндөр босго, төгсөгчдийг ажилд авах эрэлтээр л тодорхойлогддог байсан даа. Ректорын намын батлахаас хамаараад МУИС-ийн 20 мянган оюутны сурлагын амжилт, чанар өсөөд буураад байна гэж хэн ч хэлэхгүй байлгүй дээ. Чин үнэнийг хэлэ­хэд манай намын батлахтай дампуудуу гэмээр этгээд ч л байх юм, Ардчилсан намын батлахтай бүр дампуу нөхөр ч л байх юм. Олон авгай сольсон нөхөр шиг намаа ч, ажлаа ч өмссөн хувцас шигээ солиод явдаг нөхөр ч байна. Зүгээр л ажлаа сайн хийх л хүн хэрэгтэй шүү дээ.

-Төрийн албаны зөвлөл гэгч холион бантан хутгадаг байгууллагын шийдвэрээс болсон нь дэндүү ойл­гомж­той байхад шүүхийн шийдвэр нэрийн дор шу­дарга бус юм л хийчихлээ гэж харагдаж байсан л даа?

-Хуулийн хоёрдмол орч­ноос л болсон юм л даа. Би тү­рүүнд танд шийдвэр гар­гасан зарчмаа л тайлбар­ласан. Намын асуудал энд хамаагүй. Тэгж ярих юм бол нөгөө кинон дээр гардаг Балтын хэлдгээр манай салбарт цагаан нь ч байна, улаан нь ч байна. Бүр ногоон нь ч байна, бор нь ч байна. 2400 гаруй төсвийн захирагч­тай салбар шүү. Энэ бүхний араас намчирхаад давхиад байвал гол ажлаа ор тас хаях байлгүй дээ. Нэг гоё зүйр үг байдаг юм. “Хуцсан нохой болгон руу чулуу шидээд явдаг хүн гэртээ харьдаггүй” гэж. Хүн гол зорилгоо хэзээ ч мартаж болохгүй. Энэ салбарыг дэлхийн түвшинд дүйцэх болгож өөрчлөх эхлэ­лийг тавих естой болохоос элдэв жижиг юмаар хөөцөл­дөөд байвал нээрээ “гэртээ харихгүй” байх аа.

-С.Төмөр-Очир гуай “Их сургуулийн ректор бол яамны сайдаас илүү нэр хүндтэй ажил” гэсэн ярилц­лага өгөөд ажлаа эхлүүллээ. Тэмцэлдэж байсан нэг бүлэглэл дээр нь толгой­логчоор очиж сууснаар энэ сургуульд ахиц дэвшил хийнэ гэж үү?

-Хэн нь хэнтэйгээ, юугаа булаацалдаад, хэрэлдээд байдгийг нь би ч ойлгохоо больсон доо. Одоо нэг нь ажлаа хийгээд үр дүн гарах нь уу, харъя л даа. Гоочлолгүй жаахан харъя.

-Та  С.Төмөр-Очир гуайг эрх ашгийн зөрчилтэй гэдгийг мэдэж байсан уу. Тэр хүн хувьдаа “Хангай” гэдэг дээд сургуультай шүү дээ. Мэдээж одоо эхнэрийн ч юм уу хэн нэгний нэр дээр шилжүүлчихээ биз дээ?


-Салбарт хамаагүй хүн байхаар мэргэжлийн бус гэх юм, салбарын хүн нь байхаар сонирхлын зөрчилтэй гэх юм. Санаатай элдэвлээд, ил далд баалаад байгаа хүн байвал, би болмоор байна гээд хэлчих­мээр юм. Тэгээд шалгалтад нь ил тод ор л доо. Орохгүй бол, орсон хүнд нь ажиллах цаг өг л дөө л гэж хэлье. Одоогийн байгаа хүн чадах, чадахгүйг ажил нь л харуулна шүү дээ.

-Би С.Төмөр-Очир гуайд дургүйдээ ийм асуултууд тавиад байгаа юм биш л дээ. Олон нийтийн дунд яваа ойлголтуудыг л асуултууд­даа шингээж байгаа. Та ойлгож байгаа байх ?

-Чадвал хийгээд яваг, чадахгүй бол би үхэн хатан өмөөрөөд байхгүй шүү дээ.

-Их сургуулиудыг нэгт­гэх, хотхон хэлбэрээр хөгжүүлэх асуудал хэр явж байна. Салбарын зарим эрдэмтэн эсэргүүцээд байгаа юм билээ?

-Харин ч энэ ажил их эрч­тэй өрнөж байгаа. Засгийн газрын шийдвэр гарсан. Налайх дүүргийн Шивээтийн хөндийд газар олголт хийгдэж байна. Ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдлаа. ШУТИС-ийнхан хотхоны эскиз, макетаа анхны тооцоо­тойгоо танилцуулсан. Зарим нь эсэргүүцэж байгаа тухай та асууж байна. Салбарынхан болоод олон нийтийн дийлэнх олонхи нь дэмжиж байгаа гэж ойлгож байгаа. Бүгдэд нь 100 хувь таалагдах шийдвэр гэж байдаггүй байлгүй дээ.
 
-Харахад та шүүмжлүү­лээд л янз янзын шинэ юм хийгээд л явах хүн шиг байна. Шүүмжлэлд эмзэглэ­дэггүй юу. Эсвэл намын дарга хийсээр байгаад тоо­хоо больсон уу?

-Ажил хийдэггүй хүн л шүүмжлүүлдэггүй юм даа. Хийсэн юмгүй юм чинь, юуг нь ч шүүмжлэх билээ. Миний хувьд тийм нэг сандал халаа­сан, үхээнц, хүнд сурталтан байх бодол алга. Хийгээд, хэлж байгаа шүүмжлэлийг нь сонсоод, авах гээхийн ухаа­наар хандаад явъя гэж бодож байна. Эрүүл шүүмжлэлд эмзэглэдэггүй. Хэрэгтэйг нь тусгаж авахыг хичээдэг. Намын албанд байхдаа ч тийм байсан, одоо ч ийм л байна даа. Харин муулах гээд, аргаа бараад, хэл амаа билүүдээд байгаа хүнийг харахаар өрөвд­дөг. Хүн ер нь муу юм бодоод, мууг хүсээд байвал муу л амьдардаг. Сайныг бодоод, хүсээд байвал сайн, сайхан л амьдарна гэж итгэдэг шүү.

-Сайд аа, гадаадад бо­ловсон хүчин бэлтгэх асуу­дал үе үеийн төрийн бодло­гын нэг хэсэг байсаар ир­сэн. Танай Засгийн газрын үед бүр ч илүү анхаарал хаяж байх шиг байна. Гэхдээ телевизүүдээр 100 хувь тэтгэлгээр суралцуулна гэсэн хувийн зарууд их явах юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Манай яам Монгол Улсын төсвөөс олгодог тэтгэлэг болон Засгийн газар хоорондын тэтгэлгүүдийн зохицуулалттай л холбогддог. Гадаад улс ор­нуудад үүнээс гадна хувийн, төрийн бус байгууллагын, компанийн, элдэв сангийн тэтгэлэг их байдаг. Тэдгээрийг олж чаддаг хүмүүс л зар өгдөг байлгүй дээ. Харин Төрийн сангийн юм уу, Засгийн газар хоорондын тэтгэлгийг мөнгөөр зуучилж байгаа бол бидэнд мэдээлээрэй. Энэ бол хо­риотой.

-Бас энэ боломж ардын хүүх­дүүдийн өмнө хаалттай хэвээ­рээ гэцгээх юм. Яавал энэ наадамд ардын хүүхдүүд тү­рүүлдэг болох бол?

-Боломжийг бүгдэд нь жигд олго гэж Ерөнхий сайд С.Батболд үүрэг өгсөн. Энэ үүргийг бид биелүүлж бай­­на. Эхнээс нь тэтгэлгүүдийн сон­гон шалгаруулалтыг ил тод зарлаад явж байгаа. Саяхан Германы шал­галт дууслаа. Ил тод зарлаад, ил тод шалгаруулсан. Ардын, даргын гэхээ­сээ чадалтай нь түрүүлдэг наадам болгохоор л ажиллаж байна.

-Сурах бичгийн асуудал гэж нэг хэрүүлийн алим бий. Энэ жил уг асуудал хэрхэн явагдах бол?

-Намайг ажил авахад нэг ангийн сурах бичгийг хэд хэдэн хувилбартай болгоод агуулгыг нь компаниуд мэддэг болгочихсон байсан. Би үүнийг буруу гэж үзсэн. Бид бодлогоо ойлгомжтой болгож, сурах бичгийг нэг хувилбартай болгож байна. Та өөр газар нүүж, хүүхэд чинь сургуу­лиа сольтол сурах бичиг нь солиг­доод, хүүхэд чинь ихэнх хичээлээ шинээр үзээд унавал яах юм? Хүүхэд хохирч болохгүй биз дээ? Үүнээс бо­лоод бизнесийн монополь эрхээ алд­сандаа дургүйцэж байгаа, түүнийгээ хэвлэлээр маргаан болгоод яваа хүмүүс ч бий. Гэхдээ бодлогын энэ алхмыг хийснээр хувилбартай сурах бичгийн тогтолцоог өөрчилж, сурах бичгийн үнэ хямдарсан. Бид олон­хийн эрх ашгийг л хүндэтгэх ёстой. Энэ бодлогоо өөрчлөх бодолгүй байна. Бизнесийнхэн хэвлэх тендер­тээ оролцоод, ялсан нь сурах бичгээ хэвлээд явна биз. Тэдэнд элдэв садаа тотгор учруулах ёсгүй шүү гэж би яамныхандаа хэлдэг. Гэхдээ олон зуун мянган сурагч, эцэг эхийн эрх ашгаас хэн нэгний эрх ашиг дээгүүр байж болохгүй.

-Шүүхээс илүү эрх мэдэлтэй сайд гэж таныг шүүмжилсэн харагдсан. Бас шүүхийн шийд­вэрт нуга даруулсан сайд ч гэж бичиж байгаа. Нэг дунд сур­гуулийн захирлыг сольчихож чадахгүй сайдыг ямар сайд гэх юм гээд л. Та томроод байгаа юм уу, жижигрээд байгаа юм уу?

-Төсвийн хууль зөрчөөд мөнгө дур мэдэн зарцуулсан, дур мэдэн орон тоогоо нэмж ажилласан нэг МСҮТ-ийн захирлыг халсан. Шүүх миний шийдвэрийг хүчингүй болго­сон байна лээ. Хүүхэд хордохоор нь ажлын хариуцлага алдлаа гээд ЕБС-ийн бас нэг захирлыг халсан. Миний шийдвэ­рийг бас л хүчингүй болгосон байна лээ. Энд нэг зүйл л хэлмээр байгаа юм. Гадаадад хаана ч ийм асуудалд орсон албан тушаалтан уул нь хохи­роо­сон иргэдээсээ уучлал гуйгаад өөрөө сайн дураараа огцор­дог. Ма­найд болохоор шүүхээр гүй­гээд, бүр зөв болж ирээд, шүүхийн шийдвэр гүй­цэтгэ гээд даналзаад байгаа нь ха­рамсмаар. Нэг, хоёр хү­нийг би эргүү­лээд томилчихож болно оо. Цаана нь уланд нь гишгэг­дэж байгаа шударга ёс, хохирсон хүүх­дүү­дийн эрх ашгийг хэн хамгаалах вэ. Энэ асуудалтай ажиллаж буй хууль, хяналтынхан, ийм шударга бус юм үргэлжлээд бай­вал энэ сал­барт байгаа 60 мэргэж­лийн сургалт, үйлдвэрийн захирлууд, 800 дунд сургуулийн удирдлагуудад “хуулийг зөрчиж болдог, хариуцлага алдсаныг аргалж болдог” гэсэн ойл­голт тө­рүүлж, хагас сая сурагч, 50 мянган МСҮТ-ийн оюутнуудыг эрс­дэлд оруулж байна гэдгээ ойлгоосой л гэж боддог. Миний “том, жижиг” бол үүний хажууд естой яамай л байна.

-Салбарын ажлыг чинь баахан ярилаа. Улстөрчийн тань хувьд асуумаар зүйл бас байна аа. Сонгуулийн хуулийн та­лаархи хэлэлцүүлгүүд нэлээн шуурхай явж байснаа Таван­тол­гойд дарагдчихлаа. Саяхан бүлгийн хурал дээр удирдах зөвлөлөөс баримталж буй байр суурь орж ирж, багагүй хэрүүл хэлцэл дэг­дээсэн гэж дуулсан. УИХ-д өр­гөн барьсан пропорциональ тогтолцоог үгүйсгэсэн холимог буюу 26:50 гэсэн хувилбар оруулж ирээд, намын улс тө­рийн шийдвэр гэж тулгасан гэ­дэг үнэн үү. Энэ үнэн бол танай нам 50 мандат дотор тамаа цайт­ал үзэлцэнэ гэсэн үг биз дээ. Хөөтэй юм болох нь ээ дээ?

-Би ч УИХ-ын гишүүн биш. На­мын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд сонгуулийн хуулийн зарчмын асуудал дээр байр сууриа илэрхийлж л бай­гаа. Хэрүүл дэгдсэн зүйлгүй ээ. Аль ху­вилбар нь сонгуулийг шударга явуу­лах бололцоог хангах вэ гэдэг дээр зөрүүтэй байр суурь байлгүй яа­хав. Пропорциональ тогтолцоо дан­гаар байх тохиолдолд хөдөөний тө­лөөлөл буурч, үүнийгээ дагаад улсын төсвийн хуваарилалт, хөгжлийн бодлого хот руу нэлээн чиглэх магадлалтай. Ха­рин бид хүн амын төвлөрлийг сааруу­лах бодлогын хүрээнд хөдөөгөө их анхаарах естой гэж би боддог. Тэгэ­хээр холимог нь л зөв байх даа.

-У.Хүрэлсүх улс төрийн шийд­вэр шүү гэж зүтгүүлж байгаад “Холимог хувилбартай сон­гуульд ороод манай нам ялагд­вал та нар өөрсдөө улс төрөөс зайлаарай” гэж залуу гишүүн­дээ загнуулсан гэсэн шүү дээ. Та өөрөө генсек байсан хүн. Дээрээ шийдвэр гаргаад доо­шоо ирж тулгадаг барил одоо ч хэвээрээ юм уу?

-(инээв). Санал зөрөхөөр хэрэлд­лээ гэх, санал нийлэхээр өөрийн бо­долгүй гэх. Гоочлох гээд байвал арга ч олдоно л доо. Нам ялагдвал ха­риуц­лага хүлээх зарчим дүрмэн­дээ би­чээс­тэй л байгаа ш дээ. Манай намын дотоод ардчилал хавьгүй сайн байгаа шүү.

-Та мэдээж нэр дэвших байх. Булган аймаг руу байн байн явах болсон нь үүнтэй хол­боотой юу?

-Би саяхан Дундговь, Өмнөговь, Булган аймаг, Багахангай дүүрэгт ажил­ласан. Зүүн гурван аймагт явах бай­сан маань түр хойшлоод байна. Болж өгвөл бүх аймагтаа хүрч ажил­лах л бодолтой байгаа. Булган айм­гийн харьяат хүний хувьд нутагтаа очих дуртай. Үүнийг заавал улс төрийн өнцгөөс нь битгий хараасай. Хаана нэр дэвшихийг тухайн үед нь нам шийднэ гээд “номын” маягаар л хариулчихъя даа.

-Хүн нутаг усаа гэх нь тийм ч их шүүмжлээд байхаар зүйл биш л дээ. Харин манай айм­гийн сумдын сургуулиуд бараг бүг­дээ­рээ шахуу өргөтгөл ба­риулж, өнгө төрхөө сольж, эдийн засгийн урьд өмнө бай­гаа­гүй дэмжлэгүүд авсан бай­на. Нутгийн хүү сайд байгаа­гийн ач гэлцэж байна лээ?

-Би хаана ч хийх ёстой ажлаа л хийж байгаа даа. Өнгөрсөн жил ул­сын хэмжээнд 190 гаруй объектыг засч янзалсан. Энэ ажил яагаа ч үгүй байна. Одоо хэр нь мэргэжлийн хя­налтын байгууллагын дүгнэлт гар­чих­сан 76 объект байж байна. Эд­нийг засах, шинээр барих шаардлага байсаар байна. Хөрөнгө мөнгөний бололцооноос л хамаарах юм.

-Булганы нутгийн зөвлөлд та ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Хавар хотын нэгэн PUB-ыг нуртал шахам ноцолдсон тухай мэдээ сонинд гарсан бай­сан. Таны нэр ч дунд нь тууж яваа харагдсан. Хөгжил­тэй санагд­сан болохоор асууж байгаа юм. Дургүй байвал хариулахгүй байж болно?

-Хөөе, хөөе. Чеховын зохиолд гар­даг шиг “Энэ нөхөр чинь пальто­гоо хул­гайд алдсан бил үү? Хүний пальто хулгайлсан бил үү? За ямар ч байсан пальтоны хулгайн хэрэгтэй л хүн дээ” гэдэг шиг юм болж байна уу даа. Намайг байхад янз бүрийн юм болоо­гүй дэг. Миний нэр үлдээд хүнтэй зо­долдсон юм болов уу? (инээв). Нут­гийн зөвлөлд дэд дарга хийж байгаа. Нутгийнхаа хөгжилд хүч хөдөлмөрөө зориулна гэж бодож байгаа. Хийж байгаа зүйл ч бий.

-Боловсролын салбарт нь уу?

-Зөвхөн боловсролын салбарт биш ээ. Саяхан манай нутгийн залуу­чууд булаг шандны эх хамгаалах ажил эхлүүлснийг дэмжиж байгаа гээд олон ажлыг нутгийнхантайгаа хамтраад хийж байгаа.

-Алдарт Тавантолгойг асуух­гүй өнгөрвөл алдас болно биз. Танай танхимын боловсруулж өргөн барьсан төсөл тэгээд хэр төгс төгөлдөр болсон юм бэ дээ. Гадуур бол гоё өөхөнд ороосон эвгүй чулуу шиг юм байна гээд эхэллээ?

-Энэ ажлыг эхлүүлэх ёстой. 10-аад жилийн өмнө энэ ордод орооч гээд гаднынхныг гуйх ажилд би ч оролцож явсан. Тоох хүн тэгэхэд олдоогүй. Одоо бол нүүрс үнэд ороод ашиглаж эхлэх цаг яг болоод байна. Үнэтэй үед нь ашиглаж эхлэхгүй бол үнэ буурах үе ирэхийг мартаж ерөө­сөө болохгүй. Өнгөрсөн зуунд дотоод шаталтын хөдөлгүүр зохион бүтээ­сэн үеэс галт тэрэг, усан онгоц нүүрсээр ажил­лахаа больж, хэрэглээ нь буу­раад үнэ нь ч унаж байсан үе бий шүү. Төгс төгөлдөр шийдэл хайж суутал боломжоо алдах магадлалтай гэдгийг мартаж болохгүй.

-Төрийн мэдэлдээ 100 хувь байлгана гэсэн шийдвэр эхэн­дээ гоё л дуулдаад байсан. Яагаад гэвэл бүх юман дээр гаднынхны эрх ашиг хэтийд­чихээд байгаа болохоор. Гэвч төр бол хамгийн хуудуутай менежер. Төрийн мэдлийн нэг компани байгуулж байгаад улстөрчид түүгээрээ дамжиж өөрсдийгөө далд орлогоор угждаг гэдэг батлагдсан үнэн. Ийм хулгай зэлгий юм хийх гээд байна гэж түрүүчээсээ зарим зүтгэлтэн амь тэмцэн хашгираад байгааг анхаарах ёстой санагдана?

-Хулгайч төр гээд надаас лав л дутуугүй олон жил төрд ажилласан хүмүүс яриад байна лээ. Өөрийгөө хэлээгүй байх л гэж бодъё. Ерөнхий сайд иргэн бүрт гээд хэлчихлээ. Энэ бол зөв. Зарим нь 100 хувь тараах тухай ярьж байна. Тэгээд мөнгө санхүүгээ хаанаас босгох вэ, гадаад, дотоодын компаниуд хэнтэй гэрээ хийх вэ гэх мэтийн олон асуудал босно доо. Хэрэв компанийн засаг­лал ил тод байвал Таны яриад байгаа хардлага гарахгүй дээ.

-Гаднынханд бөөн боломж өгөх нь тодорхой харагдаж байна. Монгол хүний хийж чадах юмыг монгол хүн л хий­мээр байна. Хэдий болтол гаднынхны хэтэвчинд мөнгө цутгах болж байна вэ?

-Би монголчуудад л их боломж олдох нь ээ л гэж харж байна. Харин гаднынхны хөрөнгийг ашиглах гэж байна л гэж харж байна. Тэр нүүр­сийг гадагш нь л зарна шүү дээ. Урьдчилгааг нь аваад ажлаа эхлүү­лэх нь зөв гэж л бодож байна.

-Анх удаа монголчууд нэгдээд “Бид өөрсдөө юмаа хийж үзье” гэж байна. Энэ бол маш том үзэгдэл. Харин Засгийн газар ялдамхан инээмсэглэж бай­гаад “өөр” шийдвэр гаргаж байна. Хэрэв энэ удаа Монго­лын төр Монголын компа­ниу­даа басамжлах юм бол Монгол орон эгнэгт гаднын том гүр­нүүдийн геополитикийн тог­лолтын талбар байна гэсэн үг гэж олон хүн мэдэгдэж байгаа. Энэ талаар танд ямар бодол байна вэ?

-Асуудалд хандах зарчим нэг байх ёстой тухай би түрүү хэлсэн. Хэрэв үндэсний хэсэг компанид өгөх гэж байсан юм бол яах гэж үндэсний хэсэг компаниас төр авсан юм бэ гэж Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр асуу­сан байна лээ. Засгийн газар бол одоо ялгалгүй бүгдэд нь өгье гээд байгаа юм шүү дээ. Томоохон стра­тегийн орд хэн эзэмшсэнээсээ ха­маа­ралгүйгээр геополитикийн со­нирх­лын төвд байх болно. Тийм ч учраас стратегийн ач холбогдолтой гэж нэрлэгдэж байгаа юм. Бүгдэд нь өгье гэхээр үгүй ээ, зарим хэсэгт нь өг гээд байхгүй байлгүй дээ.

-Танай Засгийн газарт нэг эв­гүй араншин байна. Нэг бод­лого гаргаад л зүтгүүлчихдэг. Хэвлэлүүдийн амыг хааж бай­гаад шүү дээ. “Хэвлэл мэдээл­лийг шийдчихсэн. Асуудалгүй” гэж бүлтэрч яваа жижигхэн гялтгар сайд ч байна гэнэ. Асуудал үнэхээр ийм амархан байх юм уу?

-Та бид хоёр хоёулаа энэ салбарт ажиллаж байсан, та бол ажиллаж бай­гаа хүн. Нэг сэргэлэн нөхөр хэв­лэлийн “Амыг барьчихжээ” гэвэл та итгэх үү. Би бол итгэхгүй байна. Тэр байтугай том хүмүүс хааж чадаагүй байх аа.

-Таныг экс ерөнхийлөгчтэй ойрын харилцаатай хүн гэдэг. Одоо түүнтэй уулзаж байгаа юу. Саяхан телевизээр ярилц­лага өглөө, бас нийтлэл бич­сэн. Тавантолгой дээр тэр танай Засгийн газрын барим­талж байгаагаас тэс өөрийг ярьж байна. Нэг талаас түүний зөв гэх хүмүүсийн тоо нэмэг­дээд ч байгаа юм шиг. Энэ талаар?

-Би Н.Энхбаяр ерөнхийлөгчтэй харьцах харьцаагаа урьд өмнө нь тодорхой хэлж байсан. Улс төрд намайг оруулж, дэмжсэн хүн учраас би байнга хүндэтгэлтэй ханддаг гэж. Одоо ч хүндэтгэлтэй хандана. Гэхдээ хүндэтгэх, асуудалд хандах байр суу­рийг хольж, хутгаж болохгүй. Та­ван­толгой дээр Н.Энхбаяр ерөнхий­лөгчийн ярьж буй санаа бол нэг л хувилбар. Судалж үзэх хэрэгтэй. Би бол итгэл үнэмшлээрээ Засгийн газрын санал болгож буй хувилбарыг зөв гэж л бодож байна.

-Та хувьдаа ер нь ямар өмчтэй хүн бэ. Мэдээж эдийн засгийн утгаараа шүү дээ?


-Авлигатай тэмцэх газар мэдүүл­чихсэн дээ. Сониноор баян цатга­лан­гаар нь дуудсан байна лээ. Би том ком­паниудаас баян байна гэж юу байх вэ. Мэдүүлгээ харин үнэн шу­дар­гаар өгсөн. Хэдэн хувьцаа бий, ган­ц компани бий. Тэрнийхээ ажилд орол­цож чадах ч үгүй юм. Одоо ч на­даас зөвлөгөө асуухаа ч байсан байна лээ дээ.

-Төрөөс юм “хусчаад” байдаг сайд нар цөөнгүй болохоор л асууж байгаа юм. Хувийн амьд­ралаа хэр босгосон нөхөр юм бол оо гэж..?

-Уул нь хувийн хэвшилд гурван жил явсан юм болохоор амьдралаа зохицуулах юм байна аа. Дандаа нам, улсын ажлаар явсаар байгаад тийм хөрөнгөтэй байх үндэсгүй юм шиг танд бодогдож байгаа байх. Уул нь талийгаач Ж.Наранцацралт Ерөн­хий сайдаас “Монгол Улсын шилдэг бизнесмэн” шагнал авч байсан юм. Тэгэхээр тэр салбарт тууштай бай­сан бол гайгүй бизнесмен гээд явж байх байсан байлгүй.

-Тэгээд яагаад гарчихсан юм бэ. Улс төр илүү ашигтай бай­сан юм уу?

-Би бизнесийн хүн биш юм билээ. Бодлоготой холбогдсон төрийн ажлаа хийх нь дээр юм билээ. Ашиг орлогын хувьд би бизнесээс шууд улс төрд ороогүй юм шүү. Гадаад яамандаа 2000 онд эргэж орсон. Улс төрд би 2004 онд орсон л доо.

-Баярлалаа. Дандаа сөрөг асуул­тууд тавилаа. Зарим хүн ингэж “тоглож” чаддаггүй, уурлаад бөөн юм болдог. Гом­доод л, дараа нь муу хэлээд л. Дүрмийг ойлгож хүлээж ав­санд талархаж байна. Таны ажилд амжилт хүсье?

-Зүгээр ээ. Эргэлзээтэй зүйлийг асууж байж л ээдрээг нь тайлдаг бо­ло­хоор уурлаж гомдоод байх зүйл юу байх вэ. Харин асуудлын талаар на­рийн мэдээлэлтэй хүнтэй ярилцахад таатай байна. Танай сонины уншигч­дад эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Удахгүй наадам болох гэж байна. Бүгдээрээ сайхан наадаарай.
 
Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ
www.ganchimeg.niitlelch.mn
2010 оны 7 сарын 6

Ё.Отгонбаяр: Тийм том, сайхан газар Богд ууланд байвал аваад төрийн өмчийн аль нэг том Их сургуулийн хотхон барьчихъя л даа


БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяртай хийсэн ярилцлагаа боловсролын сэдвээр үргэлжлүүлэхээ уншигчдадаа амласан билээ. Ингээд бидний хоёр дахь ярианд анхаарлыг тань хандуулъя.  

-Монгол дуучин глинкийн хөгжмийн наадамд тэргүүллээ. Үнэхээр гоё амжилт. Сайд дуурийнхны амжилтыг хэрхэн яаж үнэлэх гэж байна даа?
- Энэ тэмцээн олон улсын нэр хүндтэй том тэмцээн. Өмнө нь гавъяат П.Ганбат агсан энэ тэмцээнд гуравдугаар байранд орж байсан санагдаж байна. Монголчуудын хувьд болон Монголын урлагийн хувьд бахдам сайхан амжилт. Мэдээж хэрэг салбарынхаа шагналаар шагнана. Мөн ийм тэмцээн уралдаанд түрүүлсэн хүмүүсийг мөнгөн шагналаар шагнадаг Засгийн газрын журам бий. Түүнийг ойрын үед шийдүүлээд уран бүтээлчидтэйгээ уулзаж гардуулна даа.
-Рок поп, драм, дуурийн урлагт шинэ шинэ ахицууд гарсаар л байна. Сайдад харин аль урлаг илүү ойр санагддаг вэ. Хамгийн сүүлд үзсэн үзвэр тань юу вэ?
- Хамгийн сүүлд Дуурийн театрт Хунт нуур бүжгийн жүжиг үзсэн. Тэр болгон үзээд байх зав олдохгүй юм. Парисын дар эхийн сүм жүжгийг үзэх гэж хоёр ч төлөвлөөд чадсангүй. Хувь хүнийхээ хувьд рок поп урлаг болон сонгодог урлагийг илүү сонирхдог. Өчигдөрхөн Дуурийн театртай ирэх онд Аида дуурийг тавихаар тохиролцлоо. Монголын тайзан дээр анх удаа амилах дуурь болно. Ганц нэг сонин сюрприз бас дагалдах байх. Түүнийг нь дөхүүлж байгаад яръя даа.
-Гоё мэдээ байна. Шинэ ерөнхий сайдын ирсэн хамгийн эхний салбар боловсролын салбар байлаа. Тавьсан илтгэл нь ч танайхны сэтгэлийг татсан гэсэн?
-Ерөнхий сайд томилогдонгуутаа УИХ-ын чуулган дээр дэлгэрэнгүй илтгэл тавьсан. Тэр үгэндээ монгол хүн боловсролтой байх ёстой. Чанартай, дэлхийд өрсөлдөх чадвартай боловсролыг олох ёстой гэж онцолсон. Манай салбарынхан түүний анхны илтгэлд тусгагдсан энэ зүйлийг маш талархалтай хүлээж авсан. Шинэ Ерөнхий сайд манай салбарт их анхаарал тавих юм байна гэсэн итгэл найдвараар хүлээж авсан гэсэн үг. Хамгийн анхны ирж ажилласан салбар нь боловсрол байсан явдал ч энийг нотолсон. Анхны хэлсэн үгэндээ боловсролын салбарт чиглэж нэг л абзац хэлсэн. Тэр үгээ сая боловсролын салбарт ирж ажиллахдаа задалж, дэлгэрэнгүй ярилаа. Өөрийн бодож байгаа, харж, тусгаж байгаа зорилтуудаа бүгдийг нь задлаж ярьсан гэж би хувьдаа ойлгож байгаа. Бидний түрүүний уулзалтын үеэр та Ерөнхий сайд монголын бор хөрснөөс жааран хөндийдүү юм ярьчихав уу гэж асууж байсан. Би тэр Канад технологи, Кембрижийн боловсрол гэх зэрэг зүйлстэй холбож асууж байна гэж ойлгосон. Манайд Кембрижийн боловсролын стандартад орчихсон сургууль хоёр байна. Монгол багш нар зааж байна. Нэг сургууль нь бүр кембрижийнхээ гэрчилгээг хүүхдүүдэд өгөөд эхэлчихсэн. Арван хэдэн хүүхэд сая авсан байгаа. Тэгэхээр энэ бол тийм хүрч болохгүй ноён оргил бас биш байгаа биз дээ. Нөгөө талаас бид нар чинь ерэн он хүртэл оросын боловсролын стандартаар явлаа. Тэгээд ерэн оноос хойш бид боловсролын стандартаа өөрчилсөн. Хэлэхдээ бол дэлхийн жишигт хүргэж байна гэж яриад байдаг. Дэлхийн жишиг гэдэг маань юу юм бэ. Яг дэлхийн жишигт байгаа нэг гэсэн стандарт нь хаана байгаа юм бэ гэдэг асуулт гарнаа даа. Бид одоо Америкийг дагаад байгаа юм уу. Английг дагаад байгаа юм уу. Германыг дагаад байна уу. Аль нь ч ойлгомжгүй өдий хүртэл явлаа. Тэгээд мэргэжлийн улсуудтай яриад үзэхээр энэ бол Оросын академик боловсролын тогтолцоог хадгалаад барууны чөлөөтэй сэтгэлгээг оруулж ирсэн эд юм аа гэж тайлбарладаг. Ухаандаа бол монгол гутал өмсчихсөн костюмтай нөхөр л байх гээд байна л даа, тэр. Ийм л байдалтай тогтолцоо яваад байгаа юм аа. Уг нь хорвоод боловсролын тогтолцоо универсаль болох хандлагатай байгаа. Гэтэл Робинзон Крузогийн арал дээр амьдарч байгаа хүмүүс шиг зөвхөн өөрийн замаар явна гэж юу байх вэ? Ерөнхий сайдын хэлсэн үгэнд Кембрижийн стандарт гэдэг ойлголт гарч ирлээ. Энийг би юу гэж ойлгож байгаа юм бэ гэхээр ерөөсөө олон таван юм яриад л, хаана ч байхгүй нэг боловсролын тогтолцоог бий болгох гээд яваад байхын оронд ерөөсөө зүгээр л толгойгоо эргүүлэлгүйгээр Кембрижийн стандарт гэдэг юмыг авчихъя. Тэр лүү л өөрсдийнхөө боловсролыг чиглүүлье гэсэн ийм санаа юм байна гэж ойлгосон. Бид оросыг дагаж олон жил явсан бол одоо шууд дэлхийн боловсролын эталон гэж яригдаж байгаа тэр стандартыг аваад л, тэрэнд хүрэхийн төлөө ажиллъя гэсэн үг. Энэ бол нэг жилийн ажил биш. Ерөнхий сайд өөрөө ч энэ амар ажил биш ээ, асар их хүч шаардах ажил шүү. Гэхдээ бүгдээрээ ийм зорилт тавъя аа гэж онцлон тэмдэглэсэн. Та тэгээд төсөөл л дөө. Ерөнхий боловсролын дугаар сургуулийг төгссөн хүүхэд Харвардад очиход шууд авдаг болно гэвэл гоё биз дээ. Тэгвэл манай боловсол үнэхээр дэлхийн жишигт хүрсэн сайхан боловсрол болжээ гэж бид хаана ч ам бардам хэлнэ дээ. Тэрний төлөө л зүтгэе ээ гэж байгаа юм.
- Таны тэр яриад байгаа Кембрижийн стандартыг хувийн өндөр төлбөртэй сургуулиуд л хийж байгаа шүү дээ?
- Одоохондоо тийм байна. Ардын хүүхдүүд дотор толгойгоор дутахгүй хүүхэд зөндөө л байгаа. Тийм хүүхдүүдэд адил тэгш бололцоо олгохын төлөө ийм ажлыг бид хийх ёстой л гэж үзэж байна. Би гэхэд Ажилчны районы энгийн сургууль төгссөн хүүхэд. Сурлагаар сайн байсан учраас сайн сургуульд явах боломж надад олдсон. Шударга үе байсан юм шүү. Ийм бололцоо одооны хүүхдүүдэд олдоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг учраас энэ ажлыг би хийнэ.
-Дээд боловсролын орон зайд ер нь ямар шинэчлэл явагдаж байна вэ. Нэг хэсэг хувийн сургуулиуд борооны дараах мөөг шиг олширсон. Дараа нь магадлан итгэмжлэл гэдэг зүйл гаргаж ирж жаахан хумих гэж оролдсон. Гэхдээ амьдрал дээр сөрөг тал олон байна?
-Байгаа байгаа.
-Ажилд орох гээд очиход нь ямар ч эргэлзээгүйгээр улсын сургуулийн дипломтойг нь сонгож байна. Дөрвөн жил эцэг эхийнхээ мөнгийг үрж сурсан болоод ажилгүйчүүдийн эгнээ рүү марш. Үүнээс болоод хүүхдээ яаж ийж байгаад улсын гэсэн шошготой сургуульд л оруулах гэж зүтгэдэг болж. Авилгыг нь өгч байгаад ч хамаагүй шүү дээ. Энэ талаар сайд таны бодлогыг сонсмоор байна?
-Ер нь дээд боловсролын байгууллагын тоо нэг хэсэг 187 хүрсэн билүү дээ. Хоёр сая хүнтэй улсад бол ахадчихсан тоо гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Янз бүрийн байдлаар шалгаж, хаах нийлүүлэх мэтийн олон арга хэмжээ авсны хүчинд яг өнөөдөр бол 146 дээд сургуультай байгаа. Энэ ч бас ахадчихсан тоо. Ерөнхий сайд бол төр өөрөөсөө эхлэ ээ. Төрийн өмчийн 40 гаруй дээд сургууль байгаа. Төр одоо ийм олон сургуулиар яах юм бэ. Эднийгээ нэгтгэ, нийлүүл гэсэн чиглэл өгсөн.
-Төрдөө ийм олон сургуультай улс орон байхгүй байх шүү?
-Байхгүй байх аа. Дээд боловсролд ч, ерөнхий боловсролд ч, сургуулийн өмнөх боловсролд ч, мэргэжлийн боловсролд ч аль алинд нь төр дэмжлэг үзүүлж байгаа. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол хоёрыг төр бүтэн дааж байгаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг тэр чигт нь дааж байгаа. Дээд боловсролд бол төр жилд 34 тэрбум төгрөг зарж байна. Бага мөнгө биш. Их мөнгө. Төрийн мөнгө учраас төрийн өмчийн сургууль руу голлон явж байгаа. Одоо бол чи стандартаа хангасан, үнэхээр хэрэгтэй боловсрол олгож байгаа гэдгээ л нотлох юм бол төр, хувийн хэвшил хоёроо ялгахгүй олгоё гэж байгаа. Ерөнхий сайдын үгэн дээр яг хэлж байна лээ. Хэрвээ төгсөн гарсан хүмүүсээ ажилтай болгочихож чаддаг юм бол тэр сургуульд нь төрийн дэмжлэгийг өгье гэж. Энэ бол шударга ёс. Төрийн сургуульд л хүүхдээ оруулах гэж байгаа эцэг эхийн хандлаганы цаана бол сэтгэлгээний гэхээсээ илүү яг үнэнийг хэлэхэд төрийн сургуулиудын элсэлтийн босго оноо өндөр. Ерөнхийдөө сурлагын дундаж түвшин нь сайн хэвээрээ байгаад байгаа юм. Төрийн өмчийн сургуулиуд чинь доод талдаа 50-60 жилийн түүхтэй байна. Хувийн өмчийн сургуулиудыг буруутгах үндэс алга. Төрийн сургуулиуд 50-60 жилийн турш сургалтын баазаа төрийн мөнгөөр босгосон. Хувийн сургуулиуд бол 20 жилийн өмнө л шаваа тавьсан. Тэгээд л бор зүрхээрээ явж байгаа. Ийм нөхцөлд шууд энэ хоёрыг харьцуулах нь хэцүү шүү дээ. Ер нь ойрын үед төрийн өмчийн сургуулиудын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийнэ гэсэн бодолтой байгаа.
-Та намайг нутгархаж байна гэж битгий бодоорой. Би Д.Бадарч докторыг монголын дээд боловсролын салбарт маш том технологийн шинэчлэл хийсэн хүн гэж үздэг. ШУТИС үнэндээ яваад орохоос цаанаа л нэг өөр байдаг. Энэ сургууль одоо тэр тэргүүлэгч байр сууриа хадгалж байгаа юу?
-Д.Бадарч ректор энэ дээд боловсролын шинэчлэлд тодорхой зүйл хийсэн хүн мөн үү гэвэл мөн. Би саяхан уулзсан. Надад үе үе монголынхоо боловсролын тогтолцооны талаар бодол саналаа бичиж ирүүлдэг. Би ШУТИС-ын тэнхимийн эрхлэгч байх үеэс нь танина л даа. Тийм болохоор надад хэрэгтэй санаа оноо өгнө гэж үргэлж хүсэж хүлээж байдаг эрдэмтдийн нэг. Ер нь ШУТИС-ын хүрээнд хийх тодорхой өөрчлөлт шинэчлэл хиймээр байгаа  юм аа. Хотын төвд ийм хэлбэртэй байхаа болиод, ШУТИС гэсэн хотхон болж гараад, тэр хотхоны хажууд зориуд газар нутгийг нь гаргаж байгаад татварын онцгой орчин бий болгож байгаад мэдээллийн технологи, техник технологийн чиглэлийн аж үйлдвэрийн паркийг ШУТИС-ын хотхоныг түшиглэж байгуулмаар байгаа юм. Эрдэмтэй боловсон хүчин нь бэлэн хажууд нь байж байна. За тэгээд боловсролтой, харьцангуй хямд ажиллах хүч бий болчихно. Оюутнууд чинь бас завсраар нь ажил хийж, амьдралаа залгуулах шаардлагатай болно шүү дээ. Гэх мэтчилэн энэ хүрээнд хийх ажлууд байгаа. Манай ШУТИС-ын нөхдүүд хотхоныхоо зураг төсвийг хийгээд, одоо хөрөнгөний л асуудал дээр зогсч байгаа юм билээ. Үзэл баримтлалын хувьд бол одоогийн сонгосон газрыг нь би нэг их таашаахгүй л байгаа. Жижигхэн л газар байна лээ. Цаашаа үйл ажиллагаагаа өргөтгөх боломжоор хязгаарлагдмал. Гэхдээ энэ бол хэн нэгэн сайдын таашаалаар болчихдог асуудал биш байх л даа.
-МУИС мөн яах аргагүй үндэсний сэхээтнүүдээ бэлтгэж ирсэн арвин туршлагатай, эрдмийн том өргөө. Харин сүүлийн жилүүдэд үргэлж л хэрүүл тэмцэл явагдаж байдаг газар болжээ. Ц.Ганцог гэж том эрдэмтэн энэ сургуулийн ректороор олон жил ажилласан. Ноцолдсоор байгаад л тэр хүнийг явууллаа. Өнөөдрийн Даваа ректор бас л баахан дайрлага хавчилганд байдаг бололтой юм. Иймэрхүү дотоодын тэмцэл гадагшаа их эвгүй харагддаг. Та сайд болсноос хойш иймэрхүү дажинг зогсоосон уу?
- МУИС хөгжих хөгжихгүй нь хэн ректор байхаасаа ч нэг их хамаарах юм болов уу даа. Ер нь манай дээд боловсрол дээр явагдаж байгаа процесс дээр гарцаагүй хэлэх ёстой нэг зүйл байна. Энд үе хоорондын зөрчил яваад байна. 1990 оноос чинь хойш 20 жил өнгөрчихлөө шүү дээ. 20 жилийн хугацаанд баруунд төгссөн залуу эрдэмтэд нь өнөөдөр хамгаалдаг юмаа хамгаалаад ирчихсэн байна. Тийм болохоор өнөөдөр үеийн зөрчил л яваад байгаа юм уу гэж би хувьдаа хардаг. Эрдэмтдэдээ хандаж хэлэхэд энэ асуудлаа зөрчил болгож ингэж гаргах хэрэггүй юм шиг байгаа юм аа. Яриад байгаа сэдэв нь бол уг нь хэн ректор байх вэ гэсэн сэдэв биш юм байгаа юм шүү дээ. Хэн МУИС-ыг хөгжүүлэх вэ л гэсэн сэдэв юм. Тэрэн дээрээ нэгдэж яагаад болдоггүй юм бэ. Заавал ингэж бие биенээ элдвээр хэлж, дээшээ доошоо орж, ингэж эвгүй байдалд орж байж тэр байгууллага хөгжих ёстой юм гэж үү. Би л лав тэгж бодохгүй байна.
-Ингэж байгаад МУИС гэдэг идеалаа унагавал яана?
-Ер нь нэр хүндэд нь бол сөргөөр нөлөөлж байгаа. Гэвч хуулиараа сонгон шалгаруулалт явуулдаг хуультай. Сонгон шалгаруулалт явуулаад таван хүнээс нэгийг нь л тавьчихаж байгаа юм. Дотроо зөрчилтэй л байгаад байвал дэмжихэд хэцүү шүү дээ. Айлаар бодсон ч гэсэн, гэрээрээ нэг хэрүүлтэй хүнд та ажил итгэж найдах уу даа.
-Дээд боловсролын салбарт үүнээс өөр асар олон асуудал байдаг. Жижиг зүйл хөндөж байна гэж битгий бодоорой?
-Та асуух юм аа асуу асуу.
-Биднийг оюутан байхад ч ийм л байсан. Хэнд ч хэрэггүй баахан зузаан зузаан ном зохиодог. Тэрийгээ оюутнуудад хүчээр өндөр үнээр шахдаг. Албаар оюутнуудаа шалгалтад унагаж байгаад дарамталж мөнгө авдаг. Нэр усаар яахав. Гэхдээ ярихаас өөр аргагүй ийм нэг муухай үзэгдлүүд байсаар л байх юм?
-Багш нарыг сайжруулахгүйгээр дээд боловсролын чанар сайжрахгүй гэдэг дээр би ёстой 100 хувь санал нэг байна. Тийм учраас ирэх оноос сургалтын төрийн сангийн тодорхой хэсэгт энэ их дээд сургуулиудын багш нараас гадаадад сургах, топ 100 их сургууль гэж бидний нэрлэж заншчихсан нэртэй сургуулиуд бий л дээ. Тэр сургуулиудаас багш нар урьж авчирч монголд хичээл заалгах гэсэн энэ хоёр асуудал дээр бид хүч тавьж ажилланаа. Үүнийгээ ч ерөнхий сайдад хэлсэн. Ерөнхий сайд ч дэмжиж байгаа. Бид үүн дээр мөнгө зарна. Түрүүнд та МУИС-ын жишээг иш татлаа. Тэд маань тогоон дотроо л хоёр биенээ харьцуулаад байнаа даа.  Ингэж хэрэггүй л дээ. Шууд Стенфордын их сургуулийн профессор авчраад тэр хүнээр лекц уншуулж байгаад харьцуулъя л даа. Тэгээд хэн нь жинхэнэ хоцрогдсон байна. Хэн нь хүзүү дутуу байна. Хэн нь тэнцүү байна гэдгээ харж авъя.Тэгж байж бид энэ дээд боловсролын тогтолцоогоо шинэчилж авъя. Сайжруулж авъя. Түүнээс биш өнөөдрийн оюутнаас жилдээ авч байгаа 800 мянган төгрөгөн дээр дээд боловсролын сайн тогтолцоо хэзээ ч гарахгүй. Та хэдийг төлсөн. Яг тэрэндээ таарсан бүтээгдэхүүн л авдаг шүү дээ. Та бод доо. 800 мянган төгрөг гэдэг чинь хэдэн доллар юм бэ. 500 жаахан гаруй л доллар байгаа биз дээ. Тэгэхэд хувийн дунд сургууль хамгийн доод талдаа 1000 доллар байгаа шүү дээ. Дээд тал нь 15 мянган доллар байгаа. Бид үүнээс багцаагаар 30 дахин бага үнээр дээд боловсрол олгоод. Тэгээд чанаргүй байгаа бурууг нь нэг ректорт юм уу, нэг сайдад юм уу тохох нь утгагүй болчихоод байгаа байхгүй юу. Тэгэхээр бид тогтолцоог нь л өөрчилж байж энэ дээд боловсрол чанартай болох ёстой.
-Хувийн дунд сургуулиудын төлбөр өндөр байгаа. Зарим нь еврогоор, доллараар төлбөрөө авдаг. Дээд сургуулиас ч өндөр өртөгтэй. Зарим нь дэргэдээ хадгаламж эзэмшигчдийн хоршоо хүртэл байгуулсан байсан. Ийм зүйлд та хяналт тавьж чаддаг уу. Энэ сургуулиуд ардаа дандаа улс төрд байр суудлаа олсон эзэдтэй байдгийг та мэдэх үү?
-Ерөнхий боловсрол бол стандарттай байгаа. Тийм болохоор хувийн сургуулиуд бүгд энэ ерөнхий боловсролын стандартыг мөрдөж ажиллах ёстой. Хувийн хэвшлийн дунд сургуулиудыг би юу гэж хардаг юм бэ гэхээр одоо байж байгаа нийтэд боловсрол олгож байгаа түвшнээс илүү мэдлэг олгож байгаа, түүнийхээ төлөө мөнгө авч байгаа улсууд л гэж ойлгодог. Дэргэдээ санхүүгийн байгууллага хүртэл байгуулсан гэж та Орлёнок сургуулийг ярьж байх шиг байна. Тэр сургуулийн хувьд бид өөр тийшээ орно гэсэн хүүхдүүдийг нь бүгдийг шилжүүлээд дуусгасан. Шүүмжлэлтэй хэлмээр юм энд нэг байдаг юм. Дунд сургууль байгуулах зөвшөөрлийг орон нутгийн засаг захиргаа олгочихдог. За тэгээд нөгөө дунд сургууль нь үйл ажиллагаагаа явуулж хүчрэхээ байгаад сөнөхөөр яамны толгойны өвчин болоод явчихдаг гэм байдаг юм.
-Хүмүүс Боловсролын яам руу л дайрдаг шүү дээ. Сургууль байгуулах эрхийг болохоор дүүргийн засаг дарга олгочихдог. Ёстой инээдтэй хэрэг байна даа?
-Тийм. Яам руу л давшаад байдаг. Тийм юм бол нэг талд нь гаргаад, бүтэлгүй нөхдүүдтэй нь хариуцлага тооцох эрхийг нь олгочих хэрэгтэй. Эрх зүйн энэ орчныг цэгцлэх хэрэгтэй байна. Боловсролын сайд хамгийн том төсвийн багцтай, хамгийн баян сайд гэцгээгээд байдаг. Төсөв батлагдсаны маргааш өглөө орон нутгийн засаг дарга нар энэ төсвийн 70 гаруй хувийг нь шилжүүлээд авчихдаг. Сургуулийн захирлыг, цэцэрлэгийн эрхлэгчийг нь сум, дүүргийн засаг дарга томилдог. Асуудал үүсэхээр сайдтай нь хариуцлага яриад байдаг. Ийм л тогтолцоотой байна. Төсвийн мөнгийг нь аваад, шууд захиран зарцуулах хүнийг нь өөрөө томилоод байгаа засаг дарга нар хариуцлага хүлээх л ёстой шүү дээ. Сургууль дотор багш хүүхэд зодлоо, Боловсролын яам яасан бэ гэж шүүмжилдэг. Багш байтугай, захиралтай нь ч асуудал ярих бололцоо нь надад байдаггүй. Хариуцлага тооц гэсэн бичиг өгөхөөс цааш хэтрэхгүй байна. Тооцдог нь ч байна, тооцдоггүй нь ч байна.
-Барилгын коллеж дээр оюутнууд сургуулийн захиргаагаа эсэргүүцсэн. Сайдын нэр тэр дунд бас тууж л явна лээ?
-Маргаан гарсан талууд аль аль нь уулзана гэж ирсэн. Би алинтай нь ч уулзаагүй. Манайхаас шалгалт хийж байгаа. Шалгалтын дүн гарахаар л ярина. Би маргалдаж байгаа аль ч талыг дэмжээд байгаа юм биш. Төрийн өмчийн боловсролын байгууллага учраас төр өөрөө мэдэж шалгаад шийдвэрээ гаргана. Ер нь тэгээд яаманд шахалт үзүүлэх замаар асуудлаа шийдүүлэх гэсэн элдэв оролдлогыг өөгшүүлж болохгүй.
-Тийм байх л даа. Бас Хөгжим бүжгийн коллеж дээр „асуудал” үүссэн мэдээ гарсан байна. Энэ талаар та мэдээ авсан уу?
-Нийслэлийн удирдлагуудтай байгуулсан гэрээн дээр боловсролын байгууллагын газраас өөр зориулалтаар олгохгүй гэсэн заалт бий. Нийслэлийн холбогдох газрууд энэ заалтын хүрээнд шийдвэрээ гаргах биз ээ. Цаашид энэ сургуулийг өргөтгөх бодолтой байгаа тул тэнд элдэв байгууллагад газар өгөхгүй байх. Мөнгө цагаан, нүд улаан гэгчээр Монголдоо ганц байгаа газраа өөд нь татаж авахад хувийн эрх ашгаараа саад болж байгаа хүмүүстэй эвлэрэхгүй гэж бодож байгаа.
 -Гадаадад залуучуудаа сургах талаар төр ихээхэн анхаарч байна. Гэхдээ энэ асуудал нөгөө „Ардын хүүхэд түрүүлж болдоггүй наадам уу” гэдгийн үлгэрээр л шийдэгдээд яваад байх шиг байх юм. Танай яамныхныг тэтгэлэгт хуваарийг 15 мянга хүртэл доллараар „зардаг” гэх шивэр авир яриа ч явдаг. Та энэ асуудалд хяналт тавьж байгаа юу?
- Саяхан манай нэг ажилтныг ийм байдлаар гүтгэсэн хэрэг гарсан. Цагдаагийн байгууллага шалгаад, гүтгэлэг болохыг нь тогтоосон байна лээ. Гэхдээ тогтолцоог нь зөв болгож өгөхгүй бол ийм үйлдэл гараад байхыг үгүйсгэх аргагүй. Ийм учраас ирэх оноос сонгон шалгаруулалтыг ил зарлана. Шалгалтанд нь тэнцвэл хэн ч байсан явж сураг л дээ. Харин “гараа ийм аргаар цайлгасан” байвал шууд хариуцлага тооцно доо. Энэ онд харин иймэрхүү яриа хөөрөө дуулдахгүй л байна.
-Саяхан өдөр тутмын нэг сонинд Таныг Богд ууланд том газартай, сейфнээс нь их мөнгө гарсан гээд бичсэн харагдсан. Та тийм баян хүн үү?
Би Байгаль орчны яаманд хандаж, тийм том, сайхан газар нь Богд ууланд байгаа юм уу, байвал аваад төрийн өмчийн аль нэг том Их сургуулийн хотхон барьчихъя л даа гэсэн. Ер нь улс төрийн зорилгоор утга учиргүй “зохион бичлэг” хийдэг явдлыг болимоор юм. Элдэв ёс бус зүйл хийхийг хүсээд, зөвшөөрөхгүй болохоор сониноор гүтгэлэг явуулж, дарамт үзүүлдэг жишиг манайд бий болоод удаж байна шүү дээ. Намайг элдвээр бичүүлэх гээд мөнгө бариад яваад байгаа хүмүүст танай сониноор дамжуулаад хэлчихье. Би яаж ч дарамталсан хамаагүй, хийнэ гэсэн ажлаа хийнээ. Энэ ажлыг хашиж байгаа цагтаа зөв юмны төлөө явна шүү.
-Шинэ жил болох гэж байна. Дандаа „асуудал” тойрч ярилаа. Танд онцгүй байсан бол уучлаарай. Ингэхэд шинэ жилийн баярыг сайд хэрхэн яаж тэмдэглэдэг бол?
- Шинэ жил ч гэр бүлийн баяр шүү дээ. 12 цаг дөхүүлээд хүүхдүүдтэйгээ салют буудуулдаг уламжлалтай. Хүүхдийн баяр хөөр гэдэг хамгийн сайхан баяр гэж боддог. Энэ уламжлалаа л хадгална даа.
-Та гэр бүлээ танилцуулж болох уу?
-Миний эхнэр хүний их эмч. Том хүү дээд сургуулийн 2 дугаар курст сурдаг. Бага хүү дунд сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Энэнээс цааш юу хэлэхэв дээ. Адилхан л монгол хүмүүс.
-Та нээрээ гахайн ханиадны вакцинаа хийлгэсэн үү. Сайд нарыг хамгийн түрүүн хийлгэсэн гэж сонссон?
-Үгүй. Биеийн эсэргүүцлээ сайн байлгаад, ариун цэврээ сахиад байвал зүгээр гэсэн л ойлголттой байгаа шүү дээ. Энэтхэгт байхдаа тахлын голомтод хүртэл амьдарч үзсэн болохоор хувийнхаа ариун цэвэр, халдвараас хамгаалах дэглэмээ сайн сахих ёстой л гэж ойлгодог.
-Саяны хөл хориог ингэхэд танай салбар ямархуу дүнтэй давав. Телевизээр явуулсан теле хичээлүүд шинэ үзэгдэл боллоо. Орон нутгийн багш нарт ч „үзүүлэх сургалт” болсон юм биш үү?
-Бололцоотой болгоноо хийсэн л гэж бодож байгаа. Ер нь бол салбарт хүнд туслаа шүү. Хичээлээ нөхөх ёстой хүүхдүүд, шахуу хөтөлбөртэй багш нар гээд бидэнд амаргүй даваа олон тулгарч байна. Санхүүгийн хувьд ч зардал их гарлаа. Төрөөс гаргасан мөнгө бүгд өвчинтэй тэмцэхэд зарцуулсан. Бид салбарынхаа зардлыг өөрсдөө даасан. Телехичээлийн хувьд сайн боллоо, муу боллоо гээд янз бүрийн дүгнэлт хэвлэлээр явлаа. Юу ч хийгээгүй бол хэлэх ч юмгүй л байх байсан байх. Ажил хийсэн хүн л алдаа, онооны тухай дүгнэлт сонсдог. Миний бодлоор бол телехичээл аргагүй байдалд, тулгуухан бэлтгэлтэй хийгдсэн боловч салбарт шинэ үзэгдэл боллоо гэж бодож байгаа. Багш нар маань ч их хичээсэн, хэвлэл, мэдээллийн байгууллагууд их тусалж дэмжсэн. Манай хэвлэлийн байгууллагууд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа мэдэрдэг гэдэг нь эдгээр хичээлийг үнэ төлбөргүй явуулснаас харагдаж байгаа. Олон хүн нойр, хоолгүй ажилласан. Телехичээлийг цаашид багш нарын заах аргыг сайжруулах, ахлах ангийнхны шалгалтанд бэлтгэх чиглэлээр үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Багш нар ч ихээхэн сонирхож байгаа нь мэдрэгдэж байна. Ер нь сайн багш нар их гэж бодоход зуун хүүхдэд хүрч хичээл заадаг. Тэднийг телехичээлээр хэдэн арван мянган хүүхдэд хүргэх нь зөв гэж л бодож байна.
-2010 оныг боловсролын байгууллага ямар жил болгохоор төлөвлөж байна вэ. Шинэ, сонин зүйлээс нь дуулгавал?
-Шинэлэг үйл явдлаар дүүрэн он болох байх аа. Шинэ шинэ зорилтууд тавигдаж байна. Тавигдсан зорилтуудаа хэрэгжүүлж, шинэ амжилт гаргахыг бодож байна. Олон түмэн маань бидний хийж буй ажлыг дэмжээд өгвөл энэ салбарт чанарын өөрчлөлт хийх эхлэл тавигдах болно. Танай сониноор дамжуулан салбарын ажиллагсад, багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчид, соёл урлагийнхан, шинжлэх ухааны ажилтнуудад 2010 оны шинэ жилийн баярын мэнд хүргэж, ирэх ондоо аз жаргалтай, эрүүл энх, хөдөлмөр сурлагын их амжилт олохын  ерөөл дэвшүүлье.
-Баярлалаа. Танд болон танай салбарын нийт хамт олонд “Үндэсний шуудан” сонины зүгээс ажлын амжилт хүсье. Бид боловсролын салбарт ээлтэй индэр байх болно. Харин та бүхэн хэвлэл мэдээлийнхэнд нээлттэй гэрэл гэгээтэй “айл” байгаасай?
-Бяарлалаа. Санал нэг байна.
Сэтгүүлч Б.Ганчимэг
www.ganchimeg.niitlelch.mn
2009 оны 12 сарын 24