Showing posts with label ӨНӨРБАЯР Ч.. Show all posts
Showing posts with label ӨНӨРБАЯР Ч.. Show all posts

Wednesday, 12 June 2013

Сайд хүн мөрдөн байцаах ажиллагаанд оролцох эрхгүй

“Ярилцах танхим” булан­гийнхаа энэ удаагийн зоч­ноор Ерөнхийлөгчийн хуу­лийн бодлогын зөвлөх Ч.Өнөр­баярыг урилаа. Түүнтэй сүүлийн үед олны анхаарлыг татаад буй төрийн өндөр албан тушаалтнуудад хол­богдох хэрэг болон цаг үеийн бусад асуудлаар ярилцсан юм.
 

-Өнөөдөр авлигын хэрэгт нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалт­нуудын гэм буруутайг хуу­лийн байгууллагынхан илрүүлж байна. Гэвч зарим нь гэмээ цайруулах, бултах арга сүвэгчилж байгааг хэлэх хүн олон. Гэхдээ мөрдөн шалгалт нь дуусаагүй байхад хуулийн байгууллагынхан олон нийтэд мэдээлэх болов. Чухам энэ нь хуулийн зүйл заалтыг хэр зөрчиж байгаа юм бэ?
-Үүнийг тухайн хэргийг олон нийтэд дэлгэж буй хуулийн байгууллагаас нь асуувал илүү зохимжтой байх.
Гэхдээ хуулиараа бол нууцад хамааруулснаас бусад асуудлаар тухайн хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч, прокурорын зөвшөөрөлтэйгээр хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх боломжтой байдаг.

-Мөн Хууль зүйн сайд хүн мөрдөн байцаагчийн ажилд хөндлөнгөөс шууд оролцож байна. Өөрөөр хэлбэл Х.Тэмүүжин сайд шинээр мөрдөж, байцааж байгаа хэргүүдийн тоо баримтыг нь хүртэл маш сайн мэдэж байна. Энэ нь сайд хүн мөрдөн байцаалтад нөлөөлж, өдөр бүр шахам ажлыг нь шалгаж буйтай адил гэх шүүмжлэл гарах болов. Ер нь Хууль зүйн сайд хүн ийм үйлдэл хийх хуулийн зүйл, заалт байдаг юм уу?
-Хууль зүйн сайд хүн гэдэг бол өөрийнхөө салбарын бодлогыг тодорхойлох ёстой албан тушаалтан. Нөгөөтэйгүүр салбарынхаа холбогдолтой асуудлаар мэдээлэлтэй байх ёстой. Жишээлбэл, нэг сэтгүүлч хүрч ирээд салбарынх нь асуудлаар мэдээлэл авахыг хүсэхэд толгойгоо сэгсрээд сууж байж болохгүй биз дээ. Гэхдээ мөрдөн байцаах ажиллагаанд хэнч хөндлөнгөөс оролцох ёсгүй. Харин хуулийн дагуу прокурор хяналт тавьж ажилладаг.

-Гэхдээ Цагдаагийн ерөнхий газар ч юм уу прокурор гээд бусад хуулийн байгууллагынхан бүгдээрээ ард түмэнд таалагдах үүднээс болсон болоогүй мэдээллийг хэвлэлээр цацаж байна. Түүнчлэн хэрэг хйисэн нь нотлогдоогүй байхад тэр тийм мөнгө идсэн, авлига авсан хэмээн мэдээлэх нь зарим талаараа хүний эрхэд сөргөөр нөлөөлж байгаа?
-Хамгийн гол нь хуулиар нууцад хамааруулснаас бусад асуудлаар иргэд мэдээлэл авах эрхтэй. Энэ бол ардчилсан нийгмийн үндсэн зарчим. Харин хуулийн байгууллагынхан хуулийн хүрээнд шаардлагатай мэдээллийг иргэдэд өгөх ёстой.

-УИХ-ын гишүүн Ё.От­гонбаяр, түүний эхнэр их хэмжээний мөнгө угаасантай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх талаар яриа бий. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг холбогдох хуулийн байгууллагаас тодруулсан нь зүйтэй байх. Үндсэн хуулийн дагуу ялыг халдаан хэрэглэх ёсгүй. Ардчилсан эрх зүйт нийгэмд хүн бүр хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг үүрэх ёстой байдаг. Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, гишүүнээс татах хоёр заалт бүхий хуулийн төслийг бид УИХ-аар хэлэлцүүлсэн. Гэтэл шалгаж байгаа мөрдөн байцаагчийн саналыг үндэслээд бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх заалтыг гишүүд өөрсдөө дэмжээгүй. Цаашид энэ төрлийн асуудлаар хууль тогтоомжийг сайжруулах шаардлага бий.

-Тэгэхээр өнгөрсөн жилээс хойш АТГ  болон хуулийн байгууллагууд шалгаж байгаа хэргийнхээ талаар хэвлэлийнхэнд арай нээлттэй ханддаг болсон. Ер нь хуулийн байгууллагынхан өмнө нь яагаад “амаа үдүүлсэн” юм шиг хаалттай байдаг байсан юм бэ?
-Үндсэн хууль,  Төрийн албаны тухай, Авлигалын эсрэг хуульд  хүртэл ил тод байдлын талаарх заалт бий. Нөгөөтэйгүүр Мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд ч гэсэн ил тод байдалтай холбоотой заалтууд олон байгаа. Харамсалтай нь эдгээр хуулиудын хэрэгжилт тун хангалтгүй, тунхаг байдлаар явж ирсэн байдаг.  Учир нь уг хуулиудыг хэрэгжүүлэх хүсэл зориг тухайн алба хашиж байсан хүмүүст байгаагүйгээс болж хууль байгаа үгүй нь мэдэгдэхгүй байсан нь тэр. Нэг мэдээлэл хэлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт чиглэл өгч, зарлиг гаргасан. Энэхүү зарлигын агуулга төрийн болон орон нутгийн хөрөнгөөр санхүүждэг бүх байгууллага, аж ахуйн нэгжийн төсвийн орлого, зарлага нь ил тод байдаг “шилэн дансны тогтолцоо”-г нэвтрүүлэхээр болж байгаа. Ер нь төрийн үйл ажиллагаа, хуулийн байгууллагын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байна гэдэг бол ардчиллын амин сүнс юм даа.

-Түүнчлэн өндөр албан тушаалтнууд буруутай гэдэг нь тогтоогдчихсон атал Монгол Улсын хууль тогтоомж тэдэнд бараг үйлчилдэггүй, хэргийг нь тэгсхийгээд л өнгөрөөчихдөг. Харин жирийн ард иргэдэд “өргөс” шиг үйлчилдэг гэж олон нийт хэлдэг. Тэгэхээр хуульчид ч юм уу, мөрдөн байцаагч нарт чухам ямар саад тулгардгаас болж хуулийн үйлчлэл хүмүүст өөр өөрөөр тусдаг юм бэ?
-Маш олон асуудал бий л дээ. Ядаж тухайн хэргийг шалгаж байтал нотлогдохгүй, мөн өндөр албан тушаалтнуудын нөлөөлөл гээд асуудлууд тулгарна. Нөгөөтэйгүүр шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог мөрдөн байцаах, прокурорын байгууллагууд, өмгөөлөгч, хуульч нарын ёс зүйг сайжруулж, цэгцэлж байж гэмээнэ энэ салбар өөрчлөгдөх, хууль үйлчлэх учиртай. Үнэндээ хууль, шүүхийн шинэтгэлийг хийж чадахгүйгээр өнөөдрийг хүрсэн нь төрөөс тэр бумтнууд төрлөө гэж ярих шалтгаан болсон гэж боддог. Асуудлын гол нь аль нэг хувь хүн рүү дайрахаас илүүтэйгүүр байгаа хуулийн тогтолцоо нь болохгүй байсан юм. Тиймээс л Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн шинэтгэлийн багц хуулиудыг санаачилж батлуулсан.

-Таныг Авлигатай тэмцэх газарт ажиллаж байхад УИХ-ын хэд хэдэн гишүүнтэй холбоотой хэрэг мандаж байсан. Гэтэл тэдний буруутай гэдгийг олон нийтэд мэдээлчихсэн мөртлөө төд удалгүй нам жим болчихов. Тэгэхээр АТГ УИХ-ын харъяалалд байдаг болохоор, аль эсвэл гишүүд мөрдөн байцаагчдыг дарамталдаг, хахуульддаг байдлаас үүдэж хэргийг нь хаачихдаг гэх яриа бий?
-Авлигатай тэмцэх газар бол хуулиараа хараат бус бие даасан байгууллага. Үнэндээ хэргийг шалгана гэдэг хамгийн хүнд хэцүү ажлуудын нэг байх. Гэхдээ Ерөнхийлөгчийн хэлснээр хүнд хэцүү ажлыг хийж, ард түмнийхээ нурууг тэнийлгэхийн тулд төрд алба хашдаг байх ёстой. Яахав, УИХ-ын гишүүдийн халдашгүй байдалтай холбогдон хэргийг шалгахад төвөгтэй байх нь бий.

-Сүүлийн үед АТГ-ын дэд дарга хурандаа Б.Хурцтай холбоотой асуудал дахин хөвөрч байгаа. Таны хувьд түүнийг ХБНГУ-аас авч ирэхэд гар бие оролцсон хүмүүсийн нэг. Өнгөрсөн гуравдугаар сард Германы тал түүнд холбогдох шүүх хуралд албадан аваачих талаар олон улсын мэдээллийн хэрэгслээр гарсан. Үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Үнэндээ надад энэ талаар албан ёсны мэдээлэл алга байна.

-Сарын өмнө болсон шүүгчдийн чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүний нэгд нь таны нэрийг оруулах тухай яриа байсан. Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн хүнээ тус зөвлөлд оруулах гэж байна гэх шүүмжлэл ч байлаа?
-Хуучин хуулийн дагуу урьд нь би Шүүхийн ерөнхий зөвлөлийн орон тооны бус гишүүнээр ажиллаж байсан нь үнэн. Одоо бол үгүй. Шинэ хуулийн дагуу улс төрөөс хараат бус мэргэшсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийг шинээр байгуулж чадсан гэж бодож байгаа. Түүнээс биш би Шүүхийн ерөнхий зөвлөлд байх нь чухал биш.

-Түүнчлэн танаас хувь хүн, хуульч хүн гэдэг үүднээс нэг зүйл асууя. АН-ынхан төрд гараад өмнө нь төрийн байгууллагуудад алба хашиж байсан МАН-ын харьяалалтай хүмүүсийн хэргийг илрүүлэх гэж маш их улайрч байна. Гэсэн атлаа Ардчилсан намын хүмүүсийг тийм ч сайн шалгаж, хэргийг нь илрүүлэх тал дээр хойрго байна гэх хардалт нийгэмд байгаа. Энэ талаар юу гэх вэ?
-Яахав дээ ардчилсан нийгэмд янз бүрийн хардалт байна. Энэ бол эрүүл үзэгдэл. Гэвч өмнөх жилүүдэд МАН-ын хүмүүс Засгийн эрхийг барьж, улсын томоохон үйлдвэрийн газруудыг удирдаж байсныг санах хэрэгтэй байх.  Ер нь хуулийн байгууллагын ажилтнууд улс төрчид шиг олон нийтэд таалагдах гэж ажилладаггүй. Учир нь тэд бол гагцхүү хууль, шударга ёсонд захирагдан ажилладаг хүмүүс.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Л.БААТАРХҮҮ
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


Wednesday, 16 January 2013

Ч.Өнөрбаяр: Уул уурхайн салбарын зөв хөгжилд том алхам болох төсөл

Монгол улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Ашигт малтмалын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тайлбарлаж байна.
Монгол улс геологи, уул уурхайн салбартаа ямар шинэ бодлого баримтлахыг дэлхий ертөнц сонирхон харж байна. Үндэсний хөрөнгө оруулагчид ч анхааралтай хүлээж байгаа билээ. Хуулийн үзэл баримтлалыг тайлбарлана уу. 

Монгол улс геологи, уул уурхайн салбартаа баримтлах үндсэн зарчмыг Үндсэн хуульд суулгасан байдаг. Газрын хэвлий, түүний баялаг Монголын ард түмний мэдэлд, Төрийн хамгаалалтад байна хэмээн заасан. Төр өмчилж, тэрхүү баялгийг хамгаалдаг. Уул уурхайн салбарт дэлхийн хэмжээний томоохон хөрөнгө оруулагчид, ялангуяа энэ салбарын брэнд болсон хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх нь чухал. Учир нь тэдний өндөр технологиор байгаль орчинд аюулгүй, хор хөнөөлгүй байдлаар уул уурхайн үйл ажиллагааг хөгжүүлэх нь Монгол улсын баримтлах том зарчим. Ашигт малтмалын тухай хуулийн концепци яг энэ зарчим дээр зангидагдаж байгаа. Өөрөөр хэлбэл төр өөрөө өмчилнө, төрийн өөрийн хяналт оролцоо байна. Ингэхдээ бизнесийн зарчмыг хүндэтгэн, иргэдийн оролцоог мөн өндөр байлгах явдал юм.  

Төрийн оролцоо ба хяналтын хэлбэрээр явна гэж Та онцоллоо. Төрийн оролцоо тухайлбал 34, 51 гэсэн тоо бүхий хувь эзэмшил байхаа больж, хяналтаар илэрхийлэгдэнэ гэсэн ерөнхий зарчим байна. Гэтэл хуулийн төслийг уншихад Төрийн оролцоо асар нэмэгдэх, аж ахуйн үйл ажиллагааны шат дамжлага болгонд оролцох, тухайлбал зөвшөөрлөөр хязгаарлах зэрэг хүнд суртал нэмэгдэхээр харагдаж байна?
Хуулийн орчин тодорхойгүй үед зөвшөөрөл олгодог систем нь тун ерөнхий байдаг. Ерөнхий байх үед нарийн ширийн харилцаа зохицуулагдаагүй сул орон зай дотор эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн дур зоргоос бүх зүйл хамаарч,  өөрийн үзэмжээр хуулийг тайлбарладаг, хэрэглэдэг. Агентлаг, төрийн байгууллагууд хуулийг хэрэгжүүлэх журам дүрмийг боловсруулахдаа байгууллагынхаа хүсэл зорилгыг илэрхийлсэн агуулгаар хийдэг учир эргээд иргэд, хөрөнгө оруулагчдыг бухимдуулдаг.  

Тэгвэл хуулийн шинэ төсөлд асуудлыг нэг бүрчлэн, маш тодорхой зохицуулахыг эрмэлзсэн юм. Төрийн өмнөөс тодорхой хяналт тавьж, эрх мэдлийг хэрэгжүүлж буй хүмүүс өөрсдийн субьектив байдлаар, хувийн үзэмжээр асуудалд ханддаг, хүнд суртал гаргадаг, хуулийг дураар тайлбарладаг явдлыг хязгаарлана гэж харж байна. Өмнөх хуультай харьцуулахад илүү дэлгэрэнгүй, тодорхой, процессын шинжтэй болсон. Энэ нь зарим хүмүүст магадгүй хүнд сурталтай, төрийн оролцоо хэт их юм шиг харагдуулж байж болзошгүй. 

Хуулийн зохицуулалтад эрх ашиг нь хөндөгдөж буй нэг оролцогч нь иргэн, олон нийт. Тухайлбал, орон нутгийн иргэдийн эрх мэдлийг төсөлд ямар зарчмаар хангасан бэ?Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч буй бол эхний ээлжинд тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь зөвшөөрөл өгөхөөр туссан. Тухайн сумын иргэд нь зөвшөөрөхгүй бол тэнд дөрвөн жилийн хугацаанд лиценз олгогдохгүй гэсэн үг. Ийм зохицуулалт эхний үед хүндрэл бэрхшээл дагуулж магадгүй. Гэхдээ зэргэлдээ сум нь эдийн засгийн хөгжлөө алсын хараатай тооцоолон лиценз олгоод, улмаар  хөгжил дэвшилд хүрээд ирэхээр утга учиргүй хориглодог хандлага нэг талаасаа халагдах байх. 
Нөгөө талаас, уул уурхайн компаниуд орон нутгийн дарга нарт хээл хахууль өгдөг байдал үгүй болно. Орон нутагтай Компанийн хийх Гэрээг маш тодорхой болгож, загварыг холбогдох Яам нь баталдаг болно. Ингэснээр уул уурхайн компаниуд ба орон нутгийн иргэд хоорондоо ойлголцох, хамтарч ажиллах гүүр нээгдэнэ. Мөн Уул уурхайн яам  бодлого төлөвлөдөг газар болох юм. Төлөвлөж чаддаггүй, замбараагүй лиценз олгогдсоноор орон нутгийн иргэд бухимддаг шүү дээ.  Төрийн бодлого үгүй мэт урсгалаар явдаг байдлыг халж, ямар хэмжээний талбайд тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхайн яам урьдчилаад зарладаг, тодорхой бодлоготой болох юм. Зарлагдсан талбайд лиценз олгогдохоор цэгцтэй, төлөвлөлттэй болж ирнэ. 
Уул уурхайг хөгжүүлж, хөрөнгө оруулагчдыг татах таатай боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Нөгөө талдаа иргэдийнхээ оролцоо хангах ёстой. Ийм чухал гүүрийг өмнөх хууль хийж чадаагүй. Орон нутгийн иргэд, уул уурхайн хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийг хооронд нь холбох механизмыг төр хийж чадаагүйгээс дунд нь авлигал цэцэглэж, хүнд суртал бий болсон. Үндсэн хуулийнхаа зарчмыг хангаж, хөрөнгө оруулагчдыг эрүүл зөвшилцөлд оруулж, уул уурхайн салбар зөв хөгжихөд том алхам болж чадах болов уу гэж хуулийн төслийг харж байна. Мэдээж хэлэлцүүлгийн явцад үнэтэй саналууд гарах байх.  Төслийг аль болох өргөн хүрээнд хэлэлцэж батлах нь зөв.  

Орон нутагт иргэний оролцоо хэр бодитой байна гэж Та үздэг вэ?
Иргэдийн мэдлэг чадвар, ардчиллын боловсрол дутуу гээд эрх мэдлийг нь өгөхгүй байх юм бол хөгжиж чадахгүй яваад л байна. Тиймээс эхний удаад, тодорхой хэмжээнд иргэдийн өөрсдийнх нь шууд оролцоотой байх тэр эрхийг нээж өгье. Мэдээж гурав, дөрөв дэх жилээс зөв гольдролдоо орно. Ийм зөв системтэй болоод ирэхээр хэн нэгэн даргаас хамааралгүй эрүүл тогтолцоотой болно. 

Нөгөө талаас, тухайн компанид уул уурхайн үйл ажиллагаа явуул гээд төр нэгэнт лиценз олгосон бол ажлаа хийх нөхцөл боломжийг нь хангаж өгөх хэрэгтэй. Лиценз олгосон гээд хаячихаж болохгүй. Төрийн зүгээс бодлогоо гаргаж, хяналтаа тавина. Гэхдээ бизнес хийх гэж байгаа компаниудад боломжийг нь нээе гэсэн зарчим туссан. Тухайлбал,  компаниуд анхны гаргасан хөрөнгөө нөхөх хүртэл татварын хөнгөлөлт чөлөөлөлт өгөх зэрэг таатай боломжийг хангах зохицуулалтууд бий. 

Энэ хуулийн концепци нь уул уурхайн салбарт брэнд болсон дэлхийн хөрөнгө оруулагчдыг Монголд оруулж ирэх явдал гэж Та дурдсан. Гэтэл том, хариуцлагатай хөрөнгө оруулагч орж ирэх бололцоо хэр нээлттэй байгаа вэ? Ялангуяа компанийн 75 хувийг заавал Монгол хүн эзэмшинэ гэдэг заалт том хөрөнгө оруулагчдын замыг хааж байгаа бус уу?
Монголын аж ахуйн нэгжүүдэд өсч бойжих, уул уурхайн салбарт тодорхой хэмжээний өрсөлдөгч болох таатай нөхцөлийг бүрдүүлье гэсэн зарчим бий. Гэхдээ нөгөө талаас гадаадын уул уурхайн брэнд болсон томоохон компаниудтай хамтран ажиллах боломж ч бас хуульд туссан. Дотоодын компаниуд дангаараа явах юм бол мэдээж дэлхийн хэмжээний компаниудтай өрсөлдөх туршлага, хөрөнгө байхгүй. Дан ганц гадны том хөрөнгө оруулагчдыг оруулж ирнэ гэхээр үндэсний хэмжээний аж ахуйн нэгжүүд маань хөл дээрээ босч, тэр хэмжээнд өрсөлдөж чадахгүй. Тэгэхээр энэ хоёр талыг хэрхэн тэнцвэртэй байлгах вэ гэсэн асуудлыг хуулиараа аль болох зохицуулж өгөхийг эрмэлзсэн.

Хуулийн төсөл батлагдах боломжит хугацааг Та хэрхэн харж байна вэ?

Одоогоор урьдчилж хэлэх боломжгүй байна. Бидэнд энэ хуулийн төслийг удаахгүйгээр өргөн барих хүсэл сонирхол байна. Гэхдээ Ашигт малтмалын тухай хууль гэдэг бол Монголын геологи, уул уурхайн салбарын хөгжлийг тодорхойлох, Үндсэн хуулийн дараа орохуйц хэмжээний хууль учир нухацтай хандах ёстой. Бидний өмнөх алдаа оноо байгаа учир сайтар хэлэлцэж, өмнөх хуулийнхаа алдаа дутагдлыг эргэн харж байж хуулийн төслөө өргөн барья гэсэн эрмэлзэл бий. 

Маш олон харилцааг хамарсан, дагалдах 30 гаруй хуульд өөрчлөлт оруулах том төсөл болжээ. Төслийг хоёр жил гаруйн хугацаанд боловсрууллаа. Та хуульч хүний хувьд хуулийн төслийг боловсруулж буй энэхүү жишиг, стандартын давуу талыг хэрхэн илэрхийлэх вэ?
Өмнө нь Монголд батлуулах гэж байгаа хуулиа олон түмэн,  ашиг сонирхол нь хөндөгдөх хүмүүс, нийгмийн бүлэглэлүүдийг оролцуулан ийм өргөн хүрээнд хэлэлцэж байгаагүй юм. Батлуулахаас нь өмнө томоохон хэмжээний хэлэлцүүлэг хийнэ гэдэг бол Монголд цоо шинэ хандлага. Хуулийн хэлэлцүүлэг улстөрчид, жирийн иргэн, хөрөнгө оруулагчдад бүгдэд нь нээлттэй. Гэхдээ аль болох нэг талыг давамгай байлгахгүй, тэгш оролцоог хангах үүднээс хэлэлцүүлгийг зохион байгуулагчид анхаарч ажиллалаа. Эдгээр нь аливаа хуулийг өргөн барих, шинэчлэх, боловсруулах чиглэлээр хийж буй томоохон өөрчлөлт, шинэ хандлага, өөр стандарт гэж харж байна.