Showing posts with label ГАНЧИМЭГ Б. Сэтгүүлч. Show all posts
Showing posts with label ГАНЧИМЭГ Б. Сэтгүүлч. Show all posts

Wednesday, 4 June 2014

Б.Ганчимэг: Сэтгүүл зүй бол миний ертөнц

Ганаатайгаа өглөөний цайнд болзсон юм. Сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг. Ярилцлагын хатан хаан гэдэг нэрийг дархалсан түүнд  л хэний ч өмнө үг, сэтгэлээ нээдэггүй хамгийн ховор хүмүүс ярилцлагаа өгдөг. Түүнээс сэтгүүлзүйн тулхтай бүтээл, даацтай нийтлэлийг хүмүүс хүлээдэг. Ингэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тэр чамгүй замыг туулсан нь мэдээж. Гэхдээ энэ амжилт, хүндэтгэлийн гол суурь нь төрмөл авьяас, хэзээ ч хаана нүд чихээ хурцалж, халуун сэдвийг мэдэрдэг, “барьж авдаг” сэтгүүлчийн ясны чанар болов уу.
Б.Ганчимэг өөрийнх нь төрмөл тавилан мэт ойлгогдох болсон өдөр тутмын сонины “гинж”-нээсээ салж өөрөө долоо хоног тутмын сонин гаргах гэж байгаагаа зарласан. Яагаад, ямар сонин байх вэ гэсэн эхний мэдээлэл хэдийнэ уншигчдад хүрч, шуугиан тарьчихсан. Тийм ч учраас сенсаци ярилцлага гэхээсээ энгийн халуун дотно  яриа өрнүүлэх гэсэн учраас өглөөний цайг сонгосон хэрэг.
Grandnews.mn  Калифорния ресторанд бямба гариг бүрт ийм нэг халуун дотно яриа өрнүүлж байхаар товлоод байгаа юм.  Хамгийн эхний зочин маань сэтгүүлч Б.Ганчимэг.  Өглөөний цайнд болзсон бидний яриа олон сэдэв хөндөж, басхүү нэг хэсэг ”Өдрийн сонин” хэмээх их айлд хамтдаа бужигнаж нэг бол том сэтгүүлчийнх нь их сүр бараанаас нь айн хулгаж, өмнө нь бөхийж, заримдаа үеийн л юм болохоор нэгнээ шоолон аальгүйтэн хөхрөлдөж явсан андуудын яриа руу сэм сэм хальтирч байв.   
Ярилцлагын мастер маань  өөрөө цэгцтэй уянгатай яриатай, яг “цэг” дунд нь онож хэлэх. Тэр бүхнийг хүргэхэд нэг бүү хэл ярилцлага жулдам. Харин энэ ярилцлагаа сонин гаргаж байгаа гэсэн сургийг дуулснаас эхлээд толгойд эргэлдэж байсан асуултаас эхлэе. Тэрээр өөрийнхөө “Оpen door” сонинг “ярилцлага, нийтлэл сонирхдог хүмүүсийн нэлээд нухдаг сонин байх юм” гэж даруухнаар тодорхойлж байгаа юм.
-Юуны өмнө сонин эрхлэн гаргаж байгаад тань баяр хүргэе. Та бол нийгэмд, мэргэжлийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн том сэтгүүлч. Гэхдээ сайн сэтгүүлч бас давхар сайн менежер байх нь хэцүү, бараг боломжгүй ч мэт?
-Би зөвхөн юуг яаж бичих вэ гээд сенсациа хайгаад, тэрийгээ л бодоод, зөвхөн  бичихээ л мэдэхээс борлуулалт, маркетинг гээд бусад ажлуудыг сайн анзаарч мэддэггүй хүн юм байна. Сонин эрхлэн гаргана гэдэг мэдээж адармаатай ажил. Намайг мэддэг хүмүүс хэлээд л байна. “Одоо яана аа, сүйрсээн. Тэндээс ямар чимээ гарах бол”  гээд л. /инээв/ Гэхдээ яах вэ, надад ухрах газар байхгүй. Нийтлэлд суурилсан сэтгүүлзүйг хөгжүүлэх бодлоосоо ухрахгүй ээ.
-Сонингийн хэвлэлт, борлуулалт, зохион байгуулалт гээд зүйл бүрийн асуудал байна. Энэ их ажилд гүйсээр байгаад сэтгүүлчийн тань ажил тарамдчих вий л гэж таны өмнөөс айгаад байна л даа?
-Би ер нь жаахандаа ч гэсэн онц авахын төлөө явдаг хүүхэд байсан. Тэр нь бүр дадал болчихсон байжээ. Сүүлд би амьдралд ядраад нэг хэсэг “Яршиг л байна, дандаа л онц авах гэж гүйдэг охиныг энэ дотроосоо гаргая, болье, зүгээр л амьдрая” гэж бодох болсон. Харин одоо бол би онц авахын төлөө гүйнэ л  гэж бодож байна.
-Дээрээс нь эдийн засгийн байдал хэцүү үе. Гэхдээ таныг сонин гаргах гэж байгаагаа твийтерээр зарлахад чинь сайн дураараа хоёр ч залуу компьютер авчирч өгч тусласан гэж сонссон. Та олонд тэр тусмаа улстөрийнхөнд нэр нөлөөтэй хүн. Тэгэхээр нэг бодлын санхүүжилт олоход “нүүр”-тэй ч юм шиг?  
-Ерөнхийдөө л мөнгөний хомсдол бол байна. Би хориод жил сэтгүүл зүйд ажиллаж амьдарч байна. Олон ч танилтай. Би чамд сэтгэлийн өртэй ч гэх хүн олон. Намайг шинэ ажил эхлүүлэх гээд явж байхад дэмжих хүн олон л гэж бодож байсан. Зарим нь ч үнэхээр анх удаа ингээд шинэ ажил эхлүүлээд явж байхад чинь “Ганаагаа дэмжинэ ээ” л гэдэг юм. Гэвч яг “май” гээд өгчихсөн хүн алга.  Үүний цаанаас би юу олж харсан бэ гэвэл манай сэтгүүлчид тэднийг нурууг автал залхаачихсан. Бүгдээрээ л нэг, нэг сайт холбоотой. Нөгөө сайт, холбоо юу, юунд ч юм бэ өгсөөр байгаад нуруу нь хавталздаг болсон байхыг нь хараад дахиж хэзээ ч хэнтэй ч уулзахгүй дээ гэж бодсон. Би өөрөө ч жаахан бардамдуу хүн юм. Реклам гуйгаад явж чадахгүй бололтой.
Нөгөө талаар манайхны хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллах харилцаа их буруу соёл дээр суурилаад хөгжчихжээ. Бид нэг бүтээн байгуулалтын сурталчилгааны төсөл хийж үзэх хүсэлтэй байгаа юм. Гэтэл манайхан бүх юмаа хаалттай хийгээд нээхэд нь л баахан нөхдүүд очиж тууз хайчилдаг. Хэвлэл мэдээллийнхэн тэрийг нь цацаад л мөнгийг нь авчихдаг. Ийм салан палан сэтгэлгүй харилцаатай хүмүүс энэ ард түмнээр бүтээн байгуулалтаа хайрлуулж, нутагшуулж, дэмжүүлж, үнэлэгдэж чадахгүй байна. Нэг нэгнээ муулсан захиалгат нэвтрүүлэг энэ тэр хийхдээ бол гарамгай юм.  
-Эсвэл та бүр эрт, зориглоод шинэ сонингоо байгуулах байсан ч юм уу?
-Мэдэхгүй ээ, магадгүй.  Би ер нь планаа буруу зурж байсан юм билээ.  Би залуудаа хөдөөнөөс орж ирсэн, орон гэргүй нэлээд удсан, жаахан зовж байсан болохоор хөлөө олонгуутаа маш сайн даргын маш сайн цэрэг явья, хүнд түшигтэй төвшин явья л гэж бодсон. Тэр үед сэтгүүл зүйн хөгжил ч тогтонг, шинэ шинэ технологи ч хомс, мэдээ, нийтлэл зүй, хөрөг гээд бичдэг төрөл зүйлүүд маань ч хомс, өнөөгийнх шиг ийм олон талбарт ажиллах боломж ч хомс байсан.
Харин багадаа айхавтардуу хүүхэд байсан болохоор нэг төрөл барьж авсан юм шиг байгаа юм. Хэзээ нэгэн цагт “Юунд ч мэргэшээгүй Монголын сэтгүүл зүй” гэдэг шүүмжлэл гарч ирнэ гэдгийг нэлээд эрт ухаараад, урьдаас нь  том хариулттай сууж байгаадаа бол баярладаг. Гэхдээ өмч хөрөнгөгүй, санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй байгаадаа бол уур хүрдэг. Жишээлбэл, миний прокурор С.Галдаатай хийсэн ярилцлагыг нийтлэх өдөр тутмын сонин олдоогүй. С.Галдаа чинь ховор хүн шүү дээ, би харанхуй шөнө гүйж очоод ярилцлага авсан. Харамсалтай нь, нийтлэх сонин олдоогүй.
Одоо бол надад юу нь гоё байна вэ гэхээр “Open door” сонинд хэн ч дарга биш байгаа нь. Бүгдээрээ нэг нэг ширээ, диктофоноо бариад ирсэн болохоор бүгдээрээ нийлээд л сэтгэл нэгтэй дайрч байгаа маань  сайхан байна. Багийнхан маань дундаж насны тулхтай тоймчдоос бүрдсэн тулах хүчтэй, түшигтэй баг болохоор бас тайвширч, тэдэнд итгэж байна. Би өмнө нь хэлж байсан даа, манай сэтгүүл зүй жаахан годогнуур болчихсон гэж. Үнэхээр тийм болж. Нас тулх, ноён нуруу гэдэг зүйл амьдралын жамаар цэхэрч цэгцэрч байдаг. Гэхдээ сэтгүүл зүйн салбар бол хүнээс өөрийн эрхгүй их залуугаасаа цэгцрэхийг шаарддаг. Бусад салбарынхныг бодвол сэтгүүлч хүн их залуугаасаа хэлэх үг, аливаад хандах хандлага гээд олон чухал зүйл дээр хийгүй болдог. Гэсэн ч манайд хөөрсөн, учраа мэдэхгүй сэтгүүл зүй одоо ид явж байна. Зүгээр л ханараад л байгаа биз дээ.
-Гэтэл бас сэтгүүлчид мөнгөнд худалдагддаг, сэтгүүл зүй бохирлогдсон гэсэн баахан шүүмж урсдаг. Гэтэл нөгөө талаасаа таны дайны сэтгүүлч дарамтнаас, гинжнээсээ салья гэж байгаа нь хэвлэлийн бус хүмүүст бол гайхалтай санагдах байх?
-Миний сэтгүүл зүй аймаар бөхөгөр болчихжээ, зодуулсаар байгаад. Хүн болгон л зодох юм.“ Ганчимэг л зайлчихвал  Монголын сэтгүүл зүй цэвэршинэ” гээд цаана чинь коментоор бичээд байна /инээв/
Үнэндээ гадна болж байгаа, миний яриад байгаа энэ замбараагүй юманд манай үндсэн сэтгүүлчид ямар ч оролцоогүй. Хэдэн эрхлэгч, дарга нар л нийлээд л холбоо байгуулаад баахан баллалаа. Одоо бүр сүүлдээ сүргээрээ явж мөрийтэй тоглодог болж. Сайхан нөхөрлөх, сайхан хамтарч ажиллах гоё л доо. Гэхдээ ичих хэрэгтэй шүү. Залуустайгаа нийлээд өнөөгийн энэ бусармаг байдалтай тэмцмээр санагдаж байгаа. Өнөөдөр дарга нар нь “Тэрийг бичиж болохгүй шүү, мөнгийг нь авчихсан” гэдэг. Тэр мөнгө нь, хуваарилалт нь хаана байгаа юм бэ? Жирийн сэтгүүлчдийн бичлэгийн шагнал  нь нэмэгдсэн үү, үгүй. Би чинь авч байсан цалингаа дэлгээд үзэн ядагдаад байгаа шүү дээ.
Би ер нь ноён зантай хүнд дургүй. Хүнд базуулж байх дургүй. Нэлээд олон жил ч ингэж дураараа явсан юм шиг байгаа юм.  Гэтэл энэ эзэд чинь улам хомхой, улам энэрэлгүй, аймаар болоод, дээгүүрээ хэдүүлээ сүлбэлдээд хор хутгаад явахаар эгдүү хүрдэг юм байна. Хоорондоо контентийн агууламж, цоо шинэ тэсрэлтээр өрсөлдөж байх ёстой хүмүүс бүгдээрээ найз болоод л, бүгдээрээ нэг зүйлийг хамгаалаад явахаар сэтгүүл зүйн хөгжил нь яах вэ.
Тэднийг хэн тоож шүүх юм.  Идэж, дээрэм хийж аваад л хэвтэцгээчихнэ шүү дээ. Угаасаа сэтгүүлч бол бараг найзгүй мэргэжил. Бүтэн ойлголтоороо бол тухайн нэг сонин нэг баг. Нэг телевиз бол нэг баг. Багийн логик энд байна. Гэхдээ одоо манайхан хажуугийн сонинтой бүх бодлого юмаараа нэгдчихээд, нэг хүнийг сүргээрээ хамгаалаад явцгааж байна. Гэхдээ яг сэтгүүлч бол ганцаараа ажилладаг, ганцаараа л амжилтаа бүтээдэг салбар. Юун холбоо гээд миний уурлаад байдгийн учир тэр. Босоо удирдлагатай, цэрэгжсэн шахуу байгууллага болохоор би энэ шинэ төлөвшилд нь дасахгүй ч байгаа юм уу.  “Түүнийг бичиж болохгүй. Үүнийг бич” гээд л байнгын тушаал дунд амьдарч байдаг шүү дээ, өдөр тутмын сониныхон.
Уг нь бол цуйванд гүйж очихгүй болчихсон байх ёстой байхгүй юу, манай сэтгүүлчид. Би хоосон мөртлөө, бардам зантай. Аль залуудаа “Эрх баригчдын будаатай хуурганд очихгүй” гэж бичиж байсан. Одоо нэг хэсэг маань хэт тансагдаж тасарчихаад монгол хүний атаач зангаар би эсвэл бухимдаад байгаа юм байлгүй дээ. (инээв)  
-Та угаасаа л ийм бардам хүн үү, эсвэл таны авьяас, сэтгүүл зүйд хийсэн тэсрэлтүүд чинь таныг ийм бардам болгов уу?
-Би ер нь бардамдуу хүн. Аав ээждээ эрхэлчихсэн.  Хоёр ах маань надаас олон ах болохоор ганцаараа тонгочоод өсчихсөн. Сумын төвд Аавынхаа хоёр өрөө байшинд хайраар нь пологдож, гүнж шиг л өслөө. Тэглээ гээд би хомхой, өөрөөсөө бусдыг хайрладаггүй, бусдыг мөлжигч болж хүмүүжээгүй.
Чи хэр зэрэг өөрийгөө боловсруулж, чи хэр зэрэг хөгжсөн бэ гэдгээрээ л хүний зам мөр тодорхойлогддог. Чи илүү хүнлэг, илүү чадварлаг, илүү хөдөлмөрч бол илүү л амьдрах ёстой. Гэтэл илүү байсан ч амьдралын өгч байгаа боломжууд дэндүү харамч , шударга бус байх нь бий. Би өдөр шөнөгүй бичдэг байсан. Сонины шарласан хуудсууд, он жилүүд, надтай хамтран ажиллаж явсан хүмүүс мэднэ. Гэтэл надад сүүлийн 6 жил чи залхуу, чи ажилдаа ирдэггүй, чи “юу ч бичээгүй гэх үг л ирсэн. Би үнэхээр энэнд гомддог. Хүн хүнийг ямар нүдээр харахыг хүсч байна тэрүүгээрээ л хардаг юм билээ. Хичнээн дотор хүн нь өөрийг хэлж байвч, хүн тэрнээсээ ичихээ байчихдаг. Илүү гарын дор, илүү чадалгүй, илүү муу юм хийхэд гар нийлдэг хүмүүсээ л гэдэг болчихдог. Энэ эсвэл бизнесийн арга ч юм уу, бүү мэд. Ямартаа ч би энийг бол аймаар муухай эвдрэл гэж хардаг. Бидний дунд он жилүүд байсан шүү дээ. Намайг мэднэ шүү дээ гэсэн зангираатай би хаалгыг нь хаасан. Энэ хорвоогийн хамгийн хэврэг хүн бол эрчүүд болсон ч юм шиг. Хажуу хавирганы шургаанд тэр амархан автаж байгааг нь ээ. Хэзээ ч өөрийнх нь дэргэд байж, өөртэй нь хамт зүтгээгүй хүний үгээр л шууд намайг буруутгах гээд байдаг. Чи өвдсөн ч буруу, чи гомдох нь ч буруу. Чи илүү нь ч буруу. Ёстой тэнэг байгаа биз дээ.
-Сэтгүүлчид маань боловсорч, хөгжих боломж тааруу. Арай нэг байр суурьтай болсон нь худалдагдаад явчихдаг гэдэгтэй та санал нийлэх үү?  
-Үнэхээр хэцүү. Дахиад худалдагдсан бүхэл бүтэн үе бий болчихсон, дахиад нэг бүтэн үе бэлтгэж байна шүү дээ. Биднийг адуу шиг ташуурдаад л давхиулж байсан болохоос биш, хэзээ сэтгүүлчийн нийгмийн асуудал гэж ярьж байсан юм бэ? Сэтгүүлчид гэхээр л төмрөөр хийж, блокоор цутгачихсан хүмүүс юм уу. Манай дарга нар “Уучлаарай, та нарт хүнтэй сууж, зугаалж, цэнгэх зав байхгүй. Ямар тэнэг нь л энэ сонины хашаанд орж та нарыг олж харах вэ дээ” гэдэг байлаа. Өглөө гараад л шөнө харина. Өглөө хуралдаа яараад л ирнэ. Алдар нэртэй нь ч адилхан, алдар нэргүй нь ч адилхан. Ямар ч энхрийлэл байхгүй, ид сайхан насандаа зугаалах завгүй, хүний амьдралын үзэх ёстой юмыг ч үзэж чадахгүй өнгөрөх нь ч бий. Эсвэл хартай балайр юмнуудтай суучихсан. Энд тэнд хөх няц болчихоод “Дарга аа, би өнөөдөр гадагшаа гарахгүй, эндээ нүүрээ уншаад байж байя аа” ч гэх нь таардаг. Би л лав хувьдаа тухайн үеийнхээ моодны трэндүүдээс их л хоцордог байсан санагдана. Хурдан явахад амар, намхан гутал өмсөнө.  Одоо болохоор Төрийн ордонд чинээлэг, сайхнаа харуулах фэйшн уралдаан болдог ч болчихсон юм шиг, бүр гайхмаар. Мэдэхгүй ээ, надад бүх юм тэнэг санагддаг болж байгаа.
Урлаг нь ч урлаг. Шоронгийн сэдэвтэй юм уу, инээдмийн кинонд арай нэг олны сонирхол татаж байгаа жүжигчдийг тоглуулаад сурталчилгаагаар үй зайгүй нүдэж, хүнд үзүүлдэг. Уг нь урлаг гэдэг бол хүний сэтгэлийн дотоод ай савыг дутуугаар нь дүүргэж, далд мэдрэмжийг нь чичигнүүлж байдаг зүйл шүү дээ. Тэр сүнс нь хааччихсан юм. Дуурийн театр гэхэд зүгээр л манай салбарын хүнийг аваачаад тавьчихсан. Манай салбарынхан хөрвөх чадвартай л даа.
Гэхдээ энэ арай дэндэнэ ээ, “Би найман настайдаа мандолин тоглож байлаа” гээд хэлчихээр урлаг мэддэг хүн болдог юм уу. Ер нь аль ч салбарт чаддаг нь чаддагаа л хийх ётой юм шиг ээ. Жишээлбэл, намайг цагдаагийн дарга болгочихвол би чинь баахан хүн хольж солиод, шоронд хийгээд баллаж тавьдаг юм байгаа биз дээ.
 
-Тэгвэл идеал болсон хүмүүс яагаад дуугүй байна вэ?
-Залхсан байх аа. Төр нь, сайд нар нь хүртэл зохион байгуулалттайгаар Монголын эсрэг байхаар заяагдсан юм шиг, Монголыг хорлох заяатай төрсөн юм шиг аяглах юм.  Гадаадынхан ороод ирэхээр эдийн засгийн алуурчид зайл гээд хөөгөөд зодоод явуулчихдаг, өнөөдөр тэнгэр таалахгүй байна, та нартай уулзахгүй ээ  гэдэг хөгжлийн гай түйтгэр, саад болсон сайд ч байна.  Манайд үнэхээр ховор сайхан улсууд нь дуугаа хураачихаж. Манай ТВ-үүд ч гэсэн сайн дурынханд байраа тавиад өгчихсөн.
Заримдаа энд тэнд энэ хүн яана даа гэмээр хүмүүстэй тааралдах юм. Бүр наад захын мэдлэг мэдээлэлгүй. Гэнэн, тэнэг танхил байгаагаа гайхуулаад ч байгаа юм шиг.Энэ хүн өөрийгөө ердөө л иймхэн төвшинд илэрхийлнэ гэдэг ямар хангалтгүй юм бэ гэж бүр өөрийн эрхгүй голдог ш дээ. Надад лав цагийг хамт идэх хүн дэндүү ховор таардаг. Худлаа хээнцэрлээд л, худлаа брэндлээд л, худлаа урлагжаад л. Аймаар худлаа болцгоожээ.
-Шар мэдээ уншдаггүй ч гэх шиг?
-Үгүй ш дээ. Тэрийгээ бол талх шиг идэж байгаа ш дээ. Угаасаа дэлхий нийтээр аваад л уншдаг. Ингэж худлаа ярьж байгааг сонсоод уур хүрээд байдаг. Сүүлдээ өрөвдөөд дуугүй өнгөрөөдөг боллоо. Би сая бүр гайхамшигтай хүнтэй уулзлаа. Элчин зөвлөх эмэгтэй. “Би Сэтгүүлчдэд дургүй, үзэн яддаг” гэх хүн байх юм. Шууд тэгж хэлэхээр хэлэх ч үг олдоггүй юм билээ. Уур хүрээд маргааш нь “Бүр гараа эвхэж, гадаадад сууж, өндөр цалин авсан гадаад яамныхан хэн бэ, та нар Монголын төлөө юу хийсэн юм бэ” гээд бухимдан хэлсээн /инээв/. Сэтгүүлчдийг үзэн яддаг хүн сэтгүүлчдийн бичсэн зүйлсийг л мэдээлэл болгоод ярьж байна лээ. Ёстой наад захын соёлгүй дуракууд монголыг тэгж төлөөлнө гэхээр би ёстой дур гутсан. Тэгээд л том том юм яриад, салбарын сайдаа муулаад л. Монголын сэтгүүл зүйн нэн шинэ түүх шинэхэн, сүүлийн 20-иод л жил. Гэхдээ сэтгүүл зүй нийгэмд үүргээ гүйцэтгээд л явж байгаа. Шар гэгддэг зах зээл дээр ажилладагууд нь ч үүргээ гүйцэтгэж ирсэн. Монголчууд донж стил гэдэг зүйлд суралцах гээд хөлөө олж ядаж л байна. Үүнд ганц хоёр сэтгүүл их үүрэг гүйцэтгэж байгаа гэж би боддог.
Үүнийгээ илүү мэргэжлийн төвшинд, сайн муу хэлүүлэхээсээ бэрхшээхгүйгээр бичих л хэрэгтэй. Од бол од шиг бай. Хувь тавилангаа дага. Өөрөө л од юм бол бэлтгэлтэй яв. Та нарыг дандаа уруулаа будаад, үсээ жимбийлгээд явж байхад нь бид зураг авах ёстой юм уу? Энд тэнд зах дээр ч юм уу явахдаа аятайхан явах л хэрэгтэй. Тийм биш  тааралдах юм бол хохь нь л биз.  Гэтэл өглөө үсээ сэгсийлгээд гарч ирчихээд “Намайг таагүй байхад зургийг минь авчихлаа” гэж гонгиноод хэрэггүй л байхгүй юу? Тэр болгонд  мэргэжлийн аналитикууд шууд дүгнэлтээ хэлдэг байх хэрэгтэй. Ийм шүүмжийг хөгжүүлэх хэрэгтэй ш дээ. Тэр шүүмжээр шүүмжлүүлсэн хүн гэрээсээ гарахгүй хэд хоног уйлж хэвтдэг байх хэрэгтэй.  Баруунд тийм л байдаг.  Ийм л хувь тавилангаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Жишээлбэл, ичих булчирхайгүй болчихсон юм уу, хаашаа юм бэ. Хуурамч LV бариад хаа сайгүй тэлчигнээд явах юм. Хуурамч LV-ны оронд зүгээр л “Made in Mongolia” гэсэн арьсан цүнхээ бариад яв л даа. Албан ёсоор ороод ирсэн тэр брэндүүдийг хүндэтгэх ёстой биз дээ. Яг үнэндээ бол өөрийгөө хүндэтгэхэд яана вэ, бид.  Гэхдээ хэд шүүмжлүүлээд ирэхээрээ тусгаж аваад өөрчлөгдөөд байгаа биз дээ. Зарим галзуу нь л хашгичаад байгаа болохоос биш.  Үүнд бас “Гранд” сэтгүүл их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ нийгэмд дараагийн тав, арав, хорин жилд ажиллах хүмүүсийн соёл, амьдрах орчинд хувь нэмрээ оруулах ёстой шүү дээ. Дээдсийн соёл, дээдсийн давхарга гэж аливаа улс орнд байж л байгаа юм чинь тэр соёлыг ч гэсэн хөгжүүлэхэд, нутагшуулахад өнөөгийн хэвлэлийнхэн хувь нэмрээ оруулах л ёстой
-Таны “Аав бид хоёр” ном унших бүрийд сэтгэл гэгэлзүүлж, ухаарал хайрлаж байдаг. Дараагийн номоо хэзээ гаргах бол гэж хүлээж байгаа олон хүн бий? Хэзээ ном гаргах вэ?
-Миний “Аав бид хоёр”-т үнэхээр хайртай болчихсон хүмүүс байдаг юм. Энэ намар ярилцлагын ном гаргана даа л гэж бодож байна. Их л удаан ярьж явна даа. Ийм утга, уянгын бүтээл дээр ажиллахад нэлээд тогтож сууж, сэтгэлээ чагнах шаардлагатай байдаг.  Одоо бол үнэхээр амсхийх завгүй ажиллаж байна.
-Ийм сэтгэлийн нандин мэдрэмжийн дурсамжууд, нарийн нандин бүтээлүүд хэзээ төрдөг вэ? Та яг ямар үедээ бичдэг вэ?
-Мэдэхгүй ээ, хүмүүс онгод гэж нэг юм ярьдаг. Би бол сэтгэл хөглөгдөж, жаргал зовлонгийн баланс аль нэг тийшээ хэлтийгээд ирсэн үед, доторх бодол санаагаа илүү сонсож, гаргаж ирж бичдэг болов уу гэж боддог.  
Би бол нарийн нандин программтай эмэгтэй биш. Ингэж ярьж байгаа маань ядахдаа хүйсээ хүндэтгээгүй бүдүүлэг хэрэг л дээ. Энэ хорвоод эмэгтэй хүн болж чадаагүй өчнөөн харамсал тэнэж яваа шүү дээ. Гэхдээ би ямар ч үед  байнга уншиж л байдаг, тархиндаа нэг ч гэсэн сайхан зүйл нэмье гэж эрмэлздэг хүн. Миний тархи хогийн сав биш болохоор зарим хүмүүсийн номыг би унших нь битгий хэл хардаг ч үгүй. Эмэгтэй хүн бол хэзээ ч тайлагдашгүй, ухаж баршгүй сэдэв. Эмэгтэй хүний дотор байдаг бүхнийг гаргасан уран зохиол, өгүүллэг, уран бүтээл хийх нь миний мөрөөдөл. Энэ амьдралын хамгийн гол, магадгүй дотор нь эр хүн ч оршин байдаг тэвчээрлэг нугаршгүй, зовлон туулах хэтэрхий их чадвартай, байж болох бүхий л шүүлтүүрээр соригдож байдаг гол дүр бол эмэгтэй хүн. Мэдээж эр хүний дүр маш чухал. Тэд бол шалтгаан.
Энэ бүхнийг гаргаж бичихийг л хүсдэг. Харин сүүлийн үеийн уран зохиолд түүхэн эмэгтэйчүүдийг хэт товойлгосон хаос явагдаж байгаа нь таатай санагддаггүй. Тархи нь сул дорой байх тусам хуучин түүх, хуучин дурсамжаа сөхдөг нь хүн төрөлхтний зан. Жендер гэхээр бид хатавчинд биш хойморт явсан гээд гүжирмэгээр дайраад байх ийм өгөгдлөөр өнөөгийн шинэ нийгэмд байлдаад ерөөсөө хэрэггүй.
 
-Та хэзээ нэгэн цагт дурсамжаа бичих үү?
-Бичнэ.
-Ямар байх бол?
-Аймаар үнэн, амьд халуун. Хар залуугаасаа сэтгүүлчийн мэргэжилд дурлаад, сэтгүүлчийн тавилангаар амьдарсан, адал явдал, цус буцалгам юм болгоноор дүүрэн амьдрал.  Залуу байхад ийшээ ч харсан учрал, тийшээ ч харсан учрал, тэр болгоныг дурлал гээд буруу ойлгочихдог ч үе байна. /инээв/ Ер нь бол сэтгүүлчид дурлах зав байдаггүй талдаа шүү. Гэхдээ залуу байхад уулзсан гоё хүн, гоё сурвалжлагандаа автаад тэрний л үг үнэн юм шиг автах зурвасхан үе бий. Гэхдээ тэр бол бэлтгэл ангийн жаахан үе л дээ.
-Таны зочдоос хамгийн гоё, хамгийн үнэн, баггүй хүчтэй ярилцагч хэн бэ?
-С.Баяр.  Амьдралынх нь бүх үеүдэд ярилцаж байсан даа. Хулангаас салаад буудалд буучихсан байхад нь хамгийн анх гүйж очоод ярилцаж байлаа. Ц.Нямдорж байна, яаж ч харагдахаас сийхгүй. Дагваа аварга гоё ярилцагч байсан. Өө..., поп Сарантуяа. Үнэхээр надад тийм эмэгтэй зочин тааралдаагүй. Загвар өмсөгч Одгэрэл, Мичидмаа бүгдээрэнтэй нь ярилцаж байсан. Бас их гоё, нандин ярилцлагууд. Гэхдээ бүтэн биш. Харин Сараатай бол дахиад ярилцвал өөрөө түгшмээр үнэхээр дээд түвшний ярилцлага хийсэн боловч манай судлаач нар ойшоогоогүй.
Миний ярилцагчид олон доо. М.Зэнээ гуай их гоё ярилцагч байсан. О.Дашбалбар агсан байна. Надад оюутнууд, судлаачдад ч хэрэг болчихоор хэмжээний архив бий. Гэхдээ сэтгүүлч хүн хүний нууцтай ажилладаг. Тэр нууцтай харилцах соёл одоохондоо дутмаг л байна. Зарим нь миний битгий гаргаарай гэснийг гаргачихсан байна гэж уурлаад, үглээд явдаг нь ч бий. Энэ нь манай монголчуудын зөвхөн гоёор үлдэх гэсэн хүсэлтэй холбоотой. Гэхдээ тэр гоё гэдэг  ойлголт нь юу юм бэ? Залуу байхад баримтандаа хэт шунаж, амжилтандаа хэт улайраад тэр түүхээс алийг нь дэлгэж, алийг нь авч үлдэх вэ гэдгээ бодохгүй явсан үе бий. Гэхдээ түүх гэдэг гашуун үнэнээрээ л байх хэрэгтэй. Хүн түүхээ гоёчлоод эхлэхээр шедевр болохгүй шүү дээ.
Энэ л их гунигтай. Манай одууд Коко Шанелл шиг, Моданна, Монро, Алла шиг судлагдахуун болохгүй л байна. Ч. Мөнхшүрийн амьдрал тэр чигээрээ домог. Гэтэл тэр бүрийг үнэнээр нь өгүүлэхэд хэцүү ч үе бий. Дандаа л дутуу ажлууд гараад байгаа юм даа. С.Удвал гуайн түүх гэхэд үнэнээрээ ерөөсөө үлдээгүй. Л.Цогзолмаа гуай бүх түүхээ аваад өрөөндөө ороод хумиад суучихлаа. Н.Сувд ч гэсэн бүхэл бүтэн түүх домог атал сонгинын хальс шиг давхар, давхар бүрхүүлтэй болчихсон.  Нэгэн цаг үеийн шүтээн л байсан юм чинь  түүх нь түүхээрээ, үнэн нь үнэнээрээ үлдэх хэрэгтэй. Б.Сарантуяа бол хайрлаж ч чаддаг, хаяж ч чаддаг, бүх юм нь ил.
Мэдээж түүний амьдралд далд зүйл байдаг л байх. Гэхдээ ард түмэнтэйгээ ойрхон өөрийнхөөрөө байх тусмаа улам л хайрлагдаад, хайрыг нь татаад яваад байдаг. Айлын амьдрал нураалаа, бутраалаа л гэдэг. Үүнийг тонгоруулаад нөгөө талаас нь харах юм бол маш их учрал хагацал нарийн асуудлууд байгаа. Судлал шүүмжлэлийн ай салбар өөрөө байхгүй болчихсон, сэтгэл судлал, намтар судлал зогсонги байдалд байна. Хараалгах, муу хэлүүлэхээс айлгүйгээр  нийгмийн зөв хандлагууд, оролдлогууд, аливаа соёлын төлөвшлүүд дээр нэгдэж явах ёстой юм даа,уг нь манай сэтгүүлч нар. Үнэндээ сэтгүүлч бид соён гэгээрүүлэгч, нийгмийг эмчлэгч гээд ямар ямар ч үүрэгтэй болчихов. Энэ хорвоод зуд, үер болсон ч сэтгүүлчдийн буруу ч болчих нь л халаг боллоо. Өөрсдийг нь од болгосныхоо төлөө эргээд өшигчүүлээд  л явдаг болчихлоо.  Гэхдээ бид энэ намтар судлалын салбарт бол өөрсөддөө нэмэлт үүрэг болгож аваад судлаад хадгалаад, баталгаажуулаад явах ёстой юм.
 
-Нууцтай байна гэдэг, дотоод сэтгэлийн хүчгүй, комплекстэй холбоотой юм биш үү?
-Амьдрахуй маань өөрөө соёлын дутмагшилд орчихоод байна. Бид аягүй өрөвдөлтэй байхгүй юу. Соёлын дутмагшлаа дарахын төлөө бид ч бас хичээх ёстой. Ялангуяа одууд, үнэхээр чи стар юм бол өөрийнхөө нэр хүндэд таарсан энтертаймент үзүүл, энэ ард түмнийг соёлд, шуугиан дуулианд сурга. Хүлээн авалт, шөнийн цэнгүүнд алмайруулж сурга. Өөрийнхөөрөө үлгэрлэ л дээ. Бүгдээрээ хажуу энгэртэй дээл өмсчихөөд л балайраад явцгаах юм. Үндэсний өв соёлоо таягдан хая гээгүй шүү. Зүгээр л дэмий туйлшралд хамаг насаа үрэх юм.
 
-Ингэхэд та сэтгүүл зүйгээс алдар нэрээс өөр юу авав?
-Мэдэхгүй, одоо байгаа зовлон, жаргал бүхнээ л авсан байх даа. Миний анх гарч ирж байсан үе гоё байж. Хэн нь илүү, тэр туг нь байдаг. Илүүдээ л тэд ёсолно. Надаас 20, 30 ах Ш.Цэрэнпил Г.Дашрэнцэн гээд мундаг сэтгүүлчдийг би “Чи” л гэдэг пацаан явлаа.  Тэд ч намайг хүлээн зөвшөөрдөг, тэдэнд намайг хүндэтгэх хүндэтгэл байсан. Яагаад гэвэл би дарга нь, би багийнх нь удирдагч байсан юм. Надад намд элсэх санал харин ч нэг ирж байсан. Над шиг ааштай хүн тохирохгүй байх гээд би тоогоогүй. Далд болгоныг ил гаргах мөнхийн сэдлэгтэй байнга л чихээ сортолзуулж явдаг дадалтай болчихсон хүн чинь далд юмыг ил байлгах гэж зовно. Аягүй бол хаалттай хуралдааны мэдээллийг нь ил болгож хаяад баларсан юм болно. /инээв/    
Ганаа ийм л хүн. Хэнийг ч улалзтал нь шүүмжилж, юуг ч нууж хаахгүйгээр ил гаргаж, заримдаа  хэтэрхий бардам ч юм шиг. Тэгсэн хэрнээ гэгэлзсэн зөөлөн сэтгэлтэй уяруу  хүн. Гарцаагүй үнэн нь тэр өөрийнхөө сонгосон сэтгүүл зүй хэмээх амьдралдаа үнэнч, тамын тогоо гэмээр тэр ертөнцдөө л буцалж явна. Ганаадаа амжилт хүсье.


А.АЛТАНТУЯА

Wednesday, 5 June 2013

Сэтгүүлч Б.Ганчимэг: Надад сэтгүүл зүйд амьдарч байгаа өнөөдрийн маань амьдрал их сонин бодлууд төрүүлж байна

“Зуун чухал сэдэв” нэвтрүүлэгт та оролцжээ. Хүүхдийн паркийн асуудлаар бэлтгэсэн тэр нэвтрүүлэг  багагүй шүүмжлэлд өртөж байна. 
-Сэтгүүлчид надад их уурлаж байгаа. Та яагаад улайн цайм төлбөртэй нэвтрүүлэгт   оролцов гэдэг асуултыг ойр тойрныхон маань их тавьж байна. Би төлбөртэй нэвтрүүлэг гэж үнэндээ мэдээгүй. Анхны удаа хүмүүс утасдаад байхаар нь дундаас нь үзсэн. Ямар ч байр суурьгүй, бараг ач холбогдолгүй зочин л харагдсан. Мэдээж бухимдсан. Маш их уур хүрсэн. Анужин руу мессеж бичсэн. Хүмүүсийн учир шалтгаантай, байр суурьтай, логиктой яриануудыг зүгээр л тасдаж тасдаж аваад нэг төсөл болгоод хэрэгтэй газар нь арилжчихаж байгаа чинь хэр ёс суртахуунтай явдал юм бэ гэж би бичсэн. Анужин төлбөртэй гэдэг нь бол худлаа шүү. Тийм юм байхгүй. Бусдаар бол би хөтлөх л үүрэгтэй. Өөр оролцоо байхгүй гэж надад хариулсан.

-Уржигдархан  ETV- ээр төлбөртэй гэсэн бичигтэй цацагдаж байна лээ шүү дээ? 
-Харин сэтгүүлчдийг хэлэхээр нь үзлээ. Тийм байна. Ийм ойрхон зуурын хооронд яагаад надад тэгж хэлсэн юм бол доо. Би Анужинтай сайн танил. Нэг талаар түүнийг хэтэрхий муучилж байгаа хүмүүсийг хараад за, яахав дээ эмэгтэйчүүд л болсон хойно царайлаг сайхан бүсгүй болохоор нь давшилцгааж байгаа биз” гэж боддог юм. Нөгөө талаар сэтгүүл зүйн салбарынхан гадны хүмүүс орж ирээд элдэв төсөл хийгээд унахаар нь таагүй хандаж байгаа нь илт. Мэдээж мэргэжлийн үүднээс нь авч үзвэл ийм шоу хөтөлбөрүүдтэй би юу ярих юм. Тэр зүгээр л сайн дурын ажлууд шүү дээ. Асуулт гэдэг ойлголт бол тэр төслүүдэд огт байхгүй. Хөтлөгчид бодлоо л ярьж байгаа харагддаг. Бид өөрсдөө эдийн засгийн хүчгүй байж мөнгөтэй хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү тэдний л хэрэг шүү дээ.  Энэ үүднээс нь би огт сонирхдоггүй. Ардын жүжигчин Х.Уртнасан гуайн оролцсон “Монгол туургатан 100 эрхэм”-ийг би харин бүтэн үзсэн. Х.Уртнасан гуай бол маш сайн ярьдаг. Угаасаа ярилцлага бол сайн ярьдаг зочинтой байж л  гайгүй ажил болдог. За, даа мэргэжлийн биш хүмүүстэй мэргэжлийн асуудал ярих өөрөө утга муутай зүйл. Тийм болохоор би зүгээр нэг атаархагч шиг олон юм яримгүй байна. Бодлыг бол зочин л ярьдаг юм. Сэтгүүлч бол асуудаг. Одоо ч хамаагаа алдаж дээ. Зарим нь дикторт яриа өгөөд сууж байгаа харагдах юм. Бүх юм байх ёстой хэт хэмжээнээсээ хальчихлаа. Ерөөсөө өөрсдөөсөө ичихгүй нь хамгийн аймаар байна. Телевизэд тоймчид байхгүй болчихсон юм уу даа. Аягүй сонин юм ярьдаг, том том дүгнэх гэдэг, шууд өөрийнхөө зөв гэж тулгах, угаах нь утга учир муутай л харагддаг. Пиджакаа сольж өмсөөд л өдөрт хэд гурван зочинтой ярилцлага үйлдвэрлэдэг супер сэтгүүлчид байна. Хэдийд нь асуудлаа судалж, хүнээ судалдаг юм бүү мэдээ.

-Таныг 100 чухал сэдэв гэдэг нэвтрүүлэгт  тэд урихдаа юу гэж хэлсэн юм бэ?
-Намайг тэд уриагүй шүү дээ. Намайг Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат урьсан. Та паркийн асуудлаар хамгийн олон жил бичсэн сэтгүүлч юм байна. Тэгэхээр тэр нэвтүүлэгт оролцож өгөөч гэж хэлсэн юм. Тэгээд л би очсон.  Гарсан хойно нь үзсэн чинь А.Мөнхбат Б.Ганчимэг гэж хоёр сонин нөхөр баахан баян улсуудын завсраар хальт гарч алга болоод л, бүр юу вэ гэж ангайсан ш дээ. Үнэхээр ойлгохын аргагүй юм болсон байсан.

-Нэлээн эртнээс хөтлөгч Б.Болдсайхан эмч твиттерээр энэ нэвтрүүлгээр ээжийгээ ч худалдаж чадахаар аймаар залууг бид үзүүлэх болно гэж цацсан шүү дээ?
-Тэгсэн л гэсэн. Гэхдээ тэр нэр усгүй дүр нь яг А.Мөнхбат гэж хэн батлах юм. Шүүхэд наадах чинь нотлох баримт болохгүй шүү дээ. А.Мөнхбатыг гэхээсээ илүү Б.Баясгаланг ямар нэгэн сонин дүрд тоглуулчихсан ч юм билүү. Надад бол сонин сонин дүр тэндээс олон харагдсан. 

-“Бодь” группын үүсгэн байгуулагч Лу.Болд таны ярилцлагад орохдоо “Одоо паркийг хот мэдэлдээ авах хэрэгтэй” гэж хэлсэн нь их анхаарал татсан?  
-Тэгж хэлсэн. Гэхдээ тэр өгүүлбэрийн ард эдийн засгийн ямар ч зохицуулалтаар энэ асуудлыг хоттой хамтраад шийдэж болно гэсэн санаа бас бий. Хэн оруулсан хөрөнгөө зүгээр л үнсэнд хийсгэхийг хүсэх юм бэ. Хүний хувийн өмч, хийсэн хөрөнгө оруулалтуудыг Төрийн ч юм уу, эсвэл улс төрийн дарамтаар булааж авч, үгүй хийж, юу ч биш болгож болохгүй шүү дээ. Энд үнэхээр сайн зохицуулалт хэрэгтэй. Одоо нураана, булаана, хураана л гээд байдаг болцгоожээ. Бид чинь ямар нийгэмд амьдарч байгаа улс билээ дээ. Өөр газар ч ахиад сайхан парк байгуулж болно шүү дээ. Явсаар байгаад паркийн асуудал гэж бөөн том хэрүүлийн алим болж хувирлаа шүү дээ. Хүүхэд бол сайхан инергитэй газар тоглож наадах ёстой.   

-Одоо хот дээр л шийдвэр гаргах үлдээд байгаа бололтой ?     
-Нийслэл эзэмшлийн хувиа тодор­хойлохын тулд ажлын хэсэг гаргаад “Бодь” групптэй хамтарч ажиллаж байгаа гэнэ лээ.

-“Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн мухардалд орж байх шиг байна. Сүүлдээ зарим нь удирдаж байгаа хүнийг нь гөлөг нохойгоор нь дуудаад, карьер хөөх зэвсгээ болгож байна гэж шүүмжилсэн?
-“Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэхдээ энэ бол маш зовлонтой асуудал шүү дээ. Тэнд ганцхан “Бодь” ч биш олон айл газартай. Үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Эм Си Эс” компани гэхэд барьж байгаа  барилгынхаа доод давхруудыг хүүхдүүдэд зориулсан үйлчилгээний газар болгоно гэсэн байгаа. Одоо хотын удирдлагуудтай гарын үсэг зурах гэж байгаа байх. Бүр анх бол Японы “Иточу” гэдэг компанитай Диснейлэнд байгуулна гэж нийслэл гэрээ хийж, газрыг нь эзэмшүүлэхээр ч өгсөн түүхтэй юм шүү дээ. Тэгээд л гэрээ энэ тэрээ өөрчлөөд хэл амтай яваад л байсан. Тэгж байснаа дараа нь, “Иточу” компани нь алга болчихсон. Яав ийв гээд судлаад явсан чинь  нөгөө хийсэн гэрээгээ “Итосан” гэдэг “Бодь” группийг үүсгэн байгуулагч компанид бэлэглэчихсэн байсан.  Ингээд бүх ээдрээ үүссэн.  “Паркаа аваръя” хөдөлгөөнийнхөн явж байж  зарим гэрээ хэлэлцээр нь ил болсон л доо. Сэтгүүлчдэд ч мэдээлэл олдохгүй хэдэн жил болсон нь үнэн шүү дээ. Одоо “Бодь” групп “Мон-Уран” хоёр шүүхдэлцэж байгаа. “Мон Уран”-ы захирал байсан Б.Наранхүү УИХ-ын гишүүн болсон. Гэхдээ “Паркаа аваръя” хөдөлгөөний нэг хэлэлцүүлэгт тэр өөрийн биеэр ирж оролцсон. Оролцохдоо  “Бодь” газраа өгвөл би ч гэсэн өгнө гэсэн нөгөө алдартай мэдэгдлээ тэгэхэд хийсэн шүү дээ. Улс төрд орсноор урьд нь босгосон, хийсэн бүх юмнаасаа татгалзана, шууд л салхинд хийсгээд дуугүй явна гэсэн “шинэ хууль” гарсан юм даг уу даа. Эндээс улс төржүүлж хүмүүсийг нугалж авдаг  дарамт ямар төвшинд ирснийг бас хүмүүс харсан л байх. Үнэн хэрэгтээ Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК-ны 74 хувь нь Бодь группын мэдэлд, 26 хувь нь нийслэлийн өмчлөлд байгаа. Бодь групп  6 тэрбум 481 сая төгрөгөөр анх энэ төслийг авсан юм билээ. Одоогийн байдлаар тэд 45 тэрбум төгрөг уг төсөл рүү оруулчихсан байгаа гэж мэдээлдэг. Өөр бас тэнд 4.4 га газар дээр нь  MCS компанын Шангри-ла зочид буудлын барилга босох гэж байна. MCS компанийн Шангри-ла нь 300-400 сая долларын хөрөнгө оруулалттай Хонгконгтой хамтарсан том төсөл. Би түрүүн хэлсэн. Барилгынх нь  эхний таван давхарт үзвэрийн танхимууд, театр, бассейн зэрэг амралт чөлөөт цаг өнгөрөөх газрууд байна гэж байгаа. Дээд давхруудад нь таван одтой зочид буудал байна. Үнэндээ энэ нь манай нийгмийн дундаж олонхи, тэдний хүүхдүүдэд падлийгүй дээдсийн хүрээнийхний зугаа цэнгэлийн газар болон босох нь тодорхой болж байна. Анхнаасаа хотынхны л хугасан бантан шүү дээ. Одоо тэгээд үндэснийхээ компанийн гаднаас босгож олж ирсэн 400 сая долларыг шууд салхинд хийсгэх үү. Үгүй шүү дээ.  Залуучуудын холбооны тэргүүн А.Мөнхбат тэнд газар эзэмшдэг бүх компанийн захирлуудад хандаж хүүхдийн паркийн газрыг “Хэзээ буцааж өгөх вэ” гэсэн захидлыг хүргүүлж байсан. Гэвч хэлэлцүүлэгт нь Б.Наранхүүгээс бусад нь ирээгүй.  Бодь группын оруулсан мөнгийг бид гаргая, хятад тоглоомуудыг нураая, жинхэнэ дэлхийн төвшний тоглоомууд авчирч суурилуулъя, тэгээд дараа нь бид 10 жил монголынхоо хүүхэд багачуудыг үнэгүй тоглуулъя гэж тэр хэлсэн. Бас үнэхээр Төр бүх компаниудаас газрыг нь хураая гэвэл “Мон уран” өөртөө байгаа ганц га- газраа  өгнө гэж онцолсон.  Ёстой сонин мэдэгдэл. Бизнесийн хүнийх гэхэд их сонин мэдэгдэл шүү. Нөгөө талаар А.Мөнхбат гэж залууг би захиалгаар юм хийж байна гэж хардаггүй. Тэр тусмаа ингэж сүрдүүлж байгаад паркаас газар авчих байх гэж бүр боддоггүй. Бас улс төр хийгээд байна гэж үздэггүй. Би өөрөө ярилцлагынхаа зочноор урьж ярилцана гэж бодож байгаа. Манайд нэг сонин гажиг байна. Энэ хүн тэрэнд үйлчилж байна, бидний бодлогод үйлчлэхгүй юм байна гээд бодчихдог. Тэгээд одоо юу гэдэг юм элдвээр хардаж хүнийг гүтгэж ярьдаг. Хүнийг ийм юм руу хутгачихаад уучлаарай ч байхгүй. Ерөөсөө манай нийгмийн зан суртахууны байж байгаа царай л энэ юм даа.

-Юутай ч “100 чухал сэдэв” нэвтрүүлэг энэ улсын нэгэн алдартай сэтгүүлчийг мэхэлж дөнгөжээ. Бидэнд бол харамсалтай байна. Мөнгөтэй хүмүүс орж ирээд л тоглож байдаг салбар болжээ гэж та ч нэг удаа ярилцлагадаа хэлж байсан шүү дээ?

-Надад мэдээж бүр их харамсалтай байна. Хэсэг сэргэлэн нөхдүүд улстөрчдөөс , бизнесменүүдээс хөрөнгө оруулалт босгоод л нэгнийх нь мөнгөөр нэг хэсгийг нь алаад явж байна. Телевизүүд эфирээ дүүргэх юмгүй болчихсон юм байлгүй дээ. Ер нь дан цэврээрээ ийм нэвтрүүлгүүд хийгээд явах боломжгүй л дээ. Заавал завсраар нь захиалгат юм хийж л мөнгө олж таарна. Тэнэг амьтад шиг ингээд л үнэгүй юм хийж мэргэжлийнхэнд ад шоо болоод явахгүй шүү дээ. Ямар есүс биш. Зуйварган, зулгуй, ёстой нөгөө юугаа ч арилжчихаж чадах нөхдүүдийг санхүүжүүлдэг нь улстөрчид л байдаг. Хоёр бохир юмны нэгдэл нийлэхээрээ юу ч хийнэ. Сэтгүүл зүй ийм дайрлаганд өртөөд удаж байна. Би энэ үгээрээ ганцхан “Hero”-г хэлж байгаа ч юм биш. Өөрсдөө баллаж, өөрсдөө баларч байгаа дүр төрх дүүрэн байна шүү дээ.   “Hero” цаашид сайн юмнууд хийх байх аа. Чадалтай залуучууд. Гагцхүү оролцуулж байгаа хүмүүстээ үнэнийг хэлж, ойлголцож явах ёстой. Тэдэнд хүмүүсээр тоглох, нэр төрөөр нь хохироох, сэтгэл зүрхийг нь шархлуулах эрхийг хэн ч өгөөгүй.  Манай сэтгүүл зүйд үнэт зүйлтэй, тэрнийхээ төлөө хатуу зогсдог эзэд алга байна. Тийм эзэд л мөнгийг сөрж чадна. Одоо бол төлбөрөө л төлж байвал яадаг юм гэсэн хандлага л ноёрхож байна шүү дээ. Өөрөөсөө ямар ч бүтээмж гаргаж чадахгүй завсрын менежер маягийн бүхэл бүтэн арми сэтгүүл зүйд мөнгө хийж амьдарч байна. Баахан холбоонууд байдаг юм биш үү. Хаана ямар санхүүжилт, сонгууль болно тэд л тоос манаргаж явдаг болжээ. Хичнээн ч сайт, сайтын эзэн байдаг юм. Хөөрхийс. Баахан дарга нар л нэг нэг үнэмлэх барьчихаад хүн нээдэг ч үгүй сайтдаа мөнгөний гэрээ хийгээд явцгааж байна. Энэ бол мэргэжлийн хүний нүдээр харахад зүгээр л гутамшиг харагддаг. Парламентын ордонд гэхэд мэдээгээ ч яг нарийн яривал бичиж чадахгүй хүүхдүүд холхиж байх болж. Намуудаар бол мэдэхгүй ээ, угаасаа мэргэжлийн орон зайгүй хүмүүс тиймэрхүү газар барааддаг л даа. Бөөн холион бантангийн эзэд л хэвлэлийн бодлогыг нь барьж байна гэж дуулддаг ш дээ. Нөгөө тэнэг улстөрчид нь энэ талын мэдрэмжгүй.  Хамгийн гол нь тэндээ зүгээр мөрөөрөө бохир хоолоо олж идэхгүй. Хүмүүсийг хардах, гүтгэх, холдуулах ажил л хийцгээж байдаг гэж байгаа юм. Хүнтэй хүний ёс хөндөж мэдэхгүй, хүний үнэргүй амьтас баллана даа ер нь. Хамгийн наад зах нь юм бичихчээ аядчихаад нэрээ тавьдаггүй. Нөгөө ярилцлага өгсөн нөхөр авторгүй яриагаа уншаад өөрийгөө доромжлуулж байгааг мэддэг ч юм уу, үгүй ч юм уу. Хэвлэн нийтлэх соёл бол бүр газар уналаа.  Ийм болчихсон салбарт хүмүүс яаж тоглох ер нь хамаагүй ш дээ. Манай монголчуудын нэг хачин зан байна. Гарын дор, үнэт зүйлгүй, өмнөөс нь зарчмаа хамгаалж дугарах чадалгүй тийм боол маягийн улсуудыг их хөлсөлж авах юм. Эзэн байхын, дарга байхын л өвчин юм уу даа. Хүчтэй хүнээс бол дөлөөд л гөлөн гөлөн гээд зугтаад байна. Тэгээд л хөлсний ажилтнуудаараа юу дуртайгаа хийлгээд сууж байх дуртай. Хөлсний амьтад бол мөнгөө дуусахаар л эргээд ноцно. Урвана. Энэ бол зүй тогтол шүү дээ. Өөр бас нэг юм байна. Юу ч чадахгүй, хоосон хөөснууд, худлаа үнэн юм цээжилсэн гаднаа цэцэн туулай царайлсан аюултай юмнуудад боломж өгөөд л байх юм. Би гайхдаг. Ёстой нөгөө эхийгээ ч худалдаж чадах, ханилж яваад эргээд яаж ч алж чадах юмнуудыг үржүүлээд л. Монгол ийм моральтай явж болохгүй ээ. Үнэхээр болохгүй. Би гайхдаг. Надад жишээ нь нийтлэлээ тавих бололцоо бараг олдох үгүйтэй байхад нэр ч үгүй, мөр ч үгүй хорон пацаанууд энд тэнд гэрээ хийж гүйгээд л, аягүй хөмсгөө атируулчихсан юм бичээд байгаа бололтой сууцгааж байх юм байна ш дээ. Би муу хүнийг үзэж чаддаггүй зантай. Миний амьдралд энэ зангаас маань болж алхам тутам саад гарч ирдэг. Зарим нь бүр манийхаа дарга даамал маягтай. Хүн хүнд хүн шиг л хандах ёстой. Би энэ салбарт хэнээр ч хөтлүүлж орж ирээгүй. Би тийм хүлэмжний ургамал биш. Одоо сүүлдээ чи хүнтэй уулздаггүй, чи сэргэлэн биш, чамд эрх мэдэл байхгүй. Тийм болохоор чи ингээд л дуугүй явж бай гэдэг болж. Надад сэтгүүл зүйд амьдарч байгаа өнөөдрийн маань амьдрал их сонин бодлууд төрүүлж байна. Би дарга биш, би сэргэлэн биш, би овжин биш. Гэхдээ би хүчирхэг. Би цаашдаа олон жил энэ салбарт өөрийн хүчээ хадгална. Яагаад гэвэл миний энэ орон зай үнэ цэнэтэй. Цэвэр авъяас, ур чадвар,хөдөлмөр зүтгэл, чин үнэнч сэтгэл, туулсан он жилүүдээр маань боссон юм. Тийм болохоор миний явах суухыг, юу бичихыг, бичсэн юм маань сонинд орох эсэхийг ямар нэгэн долдойнууд шийдэхийг хэзээ ч тэвчихгүй. Одоо бүр би юу хийх вэ гээд асуугаад сууж байдаг болсон. Инээдтэй биз дээ. Сонин духаараа харсан, араар муу хэлэх гэсэн маягтай, бүлэг этгээдүүд миний мэргэжлийн нэр хүндийн нэг хэсгээр тэжээлгэж яваа байж намайг хүндэтгэхгүй, надад ажил өгөхгүй, намайг энд тэнд очиж шахаж амьдрана гэвэл сачий нь дутна. Зарим нь насаараа дутна, үнэндээ. Хүнтэй мэдэлж мэдэхгүй, хүн рүү харж чадахгүй юмнууд яаж хүнээс ярилцлага аваад байдаг юм болоо. Монголчууд бие биенээ хүндэтгэхээ больсон байна. Үргэлж бие биенээ хуурцгааж байна. Нэр дэвшигчдээ намынх нь аппарат, ажиллаж мөнгийг нь авч байгаа сэтгүүлчид нь хуурч байна. Би гайхдаг мэргэжлийн биш хүн яаж зөвөлгөө өгдөг юм бол гэж. Би жишээ нь багш биш. Би тоо зааж чадахгүй. Би өөрөө турж чадахгүй байгаа атлаа хүнд турах зөвөлгөө өгч чадахгүй. Би эм зүйч биш учраас хүнд ийм эм уу гэж зөвлөж чадахгүй. Манайд бол хэн ч биш атлаа зөвөлгөө өгөөд суугаад байх юм. Амьдралдаа нэг нийтлэл бичиж үзээгүй, ганц бүтэн ярилцлага, сурвалжлага  хийж үзээгүй юмнууд пиарын зөвөлгөө өгөөд, та цамцны захаа ингэчих энэ тэр гээд хүн дагаж гүйгээд байгааг хараад дотор эвгүй оргидог ш дээ. Би үнэхээр ичдэг. Туршлагаар хүн юм хийж болно. Гэхдээ туршлагын нөгөө талд фронт дээр чанагдсан түүх байх ёстой. Гэхдээ жинхэнэ фронт дээр шүү. Сургууль курсээр сурсан байж болно. Гэхдээ ахиад амжилтын тань түүх гэж үзэгдсэн батлагдсан зүйл байх ёстой. Зүгээр аятайхан царай, хэдэн гишүүнд халтар сонин хэвлэж өгч явсан дурсамж хангалтгүй зүйл шүү дээ. Чадахгүй байж албан тушаалд оччих юм. Очоод л төрийн албыг баллаад, элэг доог болоод. Энэ бүх эцэс төгсгөлгүй завхарал хэзээ цэгцрэх юм бол.

-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд ер нь оролцохгүй байгаа юм уу даа. Нийтлэлүүд тань харагдахгүй байна?
-Би сонгогчийн хувьд ч, сэтгүүлчийн хувьд ч Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжинэ.  Бид ямар спорт заалны дарга сонгох гэж байгаа биш. Оюун бодолдоо, зэрэг зиндаандаа, эзэмшсэн туршлага, мэдлэг боловсролдоо дүйсэн л сонголт хийх хэрэгтэй. Манай сонгогчид одоо улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох гэж байна гэдгээ сайтар тунгаах хэрэгтэй. Энэ институцид эзэн нь болсон хүн ирэх ёстой болохоос дээд төвшний дамжаанд суух гэсэн хүн ирэх ёсгүй шүү дээ. Дэлхий ертөнц цаана чинь мэргэшссэн тоглогчидтой л тоглоно уу гэхээс ямар нэг нөхрийн дөр суухыг  хүлээхгүй шүү дээ. Б.Бат-Эрдэнэ аварга чинь бөх л хүн биз дээ. Ерөнхийлөгчид ямар нэгэн бие бялдрын хэмжүүр гэж байхгүй биз дээ. Оюуны, царааны, нэр төрийн, төрийн хүний туулсан омог төгөлдөр амьдралын хэмжүүр л байна. Харин энэ ойлголтуудыг Бат-эрдэнэ аварга дээр авч үзэх боломжгүй. Би үнэндээ гишүүнийх нь хувьд ч мэдэхгүй. Олон жилийн өмнө Л.Энэбиш  дарга надтай уулзуулж би ярилцлага авч байсан. Харин сая сурталчилгааныхаа сонин дээр Булган аймагтай зөвхөн олимпын аваргыг пацаан байхад нөмөр нөөлөгтөө авснаар л учирсан маягийн юм ярьсан байна билээ. Л.Энэбиш гэдэг хүн энэ хүнд олон чухал түүх үлдээсэн л байх учиртай даа. Хүү шигээ, дүү шигээ хөтөлж явсан дурсамж ч бий л байх. Хүн сайхан үнэн л байвал гоё. Хувийн амьдралынхаа зарим үүх түүхээс зугтаах хэрэггүй. Хүний түүх бол эцэгтээ хаягдсан хүү шиг шазруун эд шүү дээ. Хаанаас ч гараад л ирнэ. Тийм болохоор хүн үнэн байх ёстой. Би монголын алдар цуутай бүх аваргатай ярилцаж байлаа. Мөөёөө аваргын  “Аварга аваргаараа л үлддэг" гэсэн сайхан ярилцлагыг ч хийж байлаа.  Аварга аваргаараа л үлдвэл гоё доо ер нь. 
Цолмон
“НИЙГМИЙН ТОЛЬ” сонин

Tuesday, 26 March 2013

“Үндэсний шуудан” сонины тоймч Б.Ганчимэг: Надад үр хүүхэд, орон гэрээс минь өөр өөрийн гэсэн юм алга даа

“Дарьгангын хамгийн алдартай дарханы хийцийг алмайран харж байгаа хүүхэд шиг л би түүнийг уншдаг” гэж сэтгүүлч Б.Ганчимэгийн “Аав бид хоёр” номын өмнөтгөлд нэгэн нийтлэлч бичжээ. Монголын сэтгүүл зүйд сийлсэн үг бүр нь жинтэй тусдаг энэ хатагтай мэргэжлийнхээ жинхэнэ брэнд. Тиймээс Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн энэ өдрүүдэд түүний үгийг шил дагасан шагнал урамшил, алга ташилтаас илүү  “МНӨ” онцолж байна. Бидний “өрх гэрт” тоос тортог байвал бид л гараараа нямбайлан цэмцийлгэх ёстой. Энэ үүднээс хүнд хүчир талбартаа 20 шахам жил зүтгэхдээ халуун хүйтнээс нь халгаж яваагүй, сэтгүүлч алдраараа даруухан гоёдог түүнтэй ярилцахаар зорьсон юм.  

-Таныг хоргоосон дээрээ асууж авах, хөндөх сэдэв цөөнгүй байна. Та бидэнд зав гаргаж болох уу? 
-Уг нь ярилцлага хийчихмээр сонин, амтлаг хүмүүс цаагуур чинь байгаа шүү дээ. Гэхдээ сонин юм. Би бас ярилцлагын зочноороо хэнийг урихаа мэдэхгүй бодоод л, хайгаад, бараг мухардах тийшээ орчихоод байгаа шүү дээ. Чи бас тэгсэн бололтой. Түүнээс биш би тайз дэлгэцийн юм уу, улс төрийн, эсвэл бизнесийн од биш шүү дээ. Миний яриаг салбарынхан маань, зарим уншигчид маань л сонирхох биз. Гэхдээ би танай сонинд дуртай. Бүр дээр үеийн дугаарууд чинь үнэхээр супер гардаг байсан шүү. Одоогийн зарим сэтгүүлүүдийн суурь фундам танай тэр үеийн стилтэй асар их холбоотой. Өнөөгийн дүр зургаар долоо хоног тутмын сонинуудаас ямар ч өрсөлдөөн харагдахаа байсан. Бүгд нэг түвшинд, бараг ижил мэдээллүүд цацдаг. Ур чадварын тухайд ялгарах ялгаа байхгүй болжээ гэж би хардаг. Харин фото сурвалжлагаар танайх сайн. Улам л сенсаациараа, фото сурвалжлагаараа, байр сууриараа, бичиглэлийн ур чадвар, харуулах өнцгөөрөө, хэвлэн нийтлэлтээрээ ялгарахын төлөө зүтгэх хэрэгтэй. Хориод жил тэсч, туулж ирсэн хугацаа гэдэг бол зүгээр нэг амийг нь тасалчих зүйл биш шүү дээ. Хүний амьдралын 20 жил юу билээ. Энэ утгатай дүйж хайрлах хэрэгтэй. Долоо хоног тутмын сонинуудын алтан үе өнгөрч, зүгээр л урсах болсон нь тэдний лидерүүд үндсэн юмнаасаа холдож одсонтой холбоотой байх. С.Баярмөнх, Р.Даваажав, Р.Хадбаатар, Н.Билгүүн, танай Зоригоо Баяраа хаачив. Энийг би хэвлэл мэдээлэл, тэр дундаа сонинд амьдралаа өгсөн хүний хувьд хайрлаж харамсахдаа л хэлж байгаа юм.   

-Хааяа та утсаа авдаггүй. Бичдэг, боддог,ярилцдаг хүний ажил завдал өгдөггүй байх л даа. Нийтлэл ярилцлагуудаас чинь харахад заримдаа ч өөртөө амсхийх дур зорго олгож, эрх чөлөөгөө өмчилмөөр санагддаг шиг?
-Би үнэхээр утсаа авах дургүй. Би найз нөхөд дотны хүмүүстэйгээ мессежээр харьцах дуртай. Надад утас шиг ядаргаатай юм алга. Сая Японд шинжилгээ өгч  хагас сар яваад ирлээ. Өвдөхөөс бусад үед яасан амар амгалан, элдэв дарамт, утасны дуу байхгүй гоё байв аа. Бүр ирмээргүй санагдсан. Ганцаараа байгаагүй удсан байна. Хэдэн сайхан ном уншлаа. Г.Мэнд-Оёо гуайн “Гэгээнтэн”-г уншлаа. Дулдуйтын Равжаа, Дорнын говь хоёрын супер реклам болжээ. Ер нь бол Г.Мэнд-Оёо өндөрт зогсч байгаа зохиолч юм байна. Бас би Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам”-ыг уншлаа. Урьд нь яагаад ч юм энэ нөхөр ч дээ, уран зохиолд падлий байхгүй хүн юугаа л бичиж шалихав гээд тоомсорлоогүй. Сая уншлаа. Гэтэл уран зохиолын тоосонд насаараа алхаж байгаа мань мэтийн хийгээгүйг л хийж. Дараа дараагийн уран бүтээл нь улам л сайжрана шүү дээ. Манай түүх хэсэг хэсгээрээ өөрөө уран зохиол шиг, манай ард түмэн өөрөө уран зохиолын асар их өгөгдөлтэй ард түмэн юм байна. Тэрийг бид өөрсдөө алхам алхмаар урлагтаа ашиглаж, урлагаар дамжуулж дэлхийн зах зээл рүү шидэх хэрэгтэй. Үнэхээр би Ц.Оюунгэрэлийг өөртөө шинээр нээсэн. Манай сонины нийтлэлч Х.Бүрэнтогтох надад хэлдэг. Ганаа чи өөрөө барьж аваагүй л байна шүү дээ. Тийм байж оролдлого хийж байгаа хүмүүсийг хүндэтгэ гэж.  

-Өглөө босоход өнгө өнгөөр даллах гайхам сайхан хорвоо,үдэш болоход гойд юм юу ч таараагүй бодогдох эгэл жирийн амьдрал...Бид бие биедээ аймшигтай хайргүй болжээ. Бидний амьдрал нэгийгээ дэгээдэж унагах, дэвслэх тал дээр сүрхий дадлагажаад явчих шиг харагддаг” гэж сарын өмнөхөн бичсэнийг тань ухаж ярилцмаар санагдаад?
-Би хааяа яруу найргийн тухай, ганцаардлын тухай эсээнүүд бичдэг. Нэг их сүртэй юм биш л дээ. Гэхдээ миний уншигчид их сайн хүлээж авдаг. Эсээ, дурдатгал, урлаг уран сайхны сэдэвтэй шүүмж бодролууд бичих нь сэтгүүлчийнхээ хувьд өөрийнхөө нэг талыг харуулж, улс төр, нийгмийн сэдвүүдээс түр ч атугай хөндийрөх сайхан боломж болж өгдөг юм. Нөгөө талаас зүгээр нэг хуурай нийтлэлээр элдэв ёс суртахууны тухай гажуудлуудыг хэлэх, иймэрхүү хэлбэрээр хэлэх хоёр ач холбогдлын хувьд ялгаатай. Зөөлөн хэлээр аяархан, наалдуулж хэлэх нь заримдаа давуу санагддаг юм.   

-Таны “Аав бид хоёр” шинэхэн ном уншигчдын гарт очоод удаагүй байна. “Goodbye my love” номоос хойш гарч байгаа энэ уянгын нийтлэлүүдээс  дотроо жинхэнэ уудалж, сэтгэлээ эмхэрч чагнаж бичсэн тань амтагддаг. Тиймээс ч яарч хуйлалгүй өдий хүргэсэн болов уу?
-Би өөртөө хайргүй ч юм шиг амьдарч яваа хүн л дээ. Уг нь хөрөнгө оруулагч олоод номуудаа хийгээд, телевизийн урлагт хийхийг мөрөөддөг, уран зохиолд хийхийг мөрөөддөг зүйлс рүүгээ анхаарал хандуулж болох л байсан. Даан ч надад нэг тийм адгасан, тачаасан, юм руу дайралсан зан байхгүй. Их залуудаа энэ салбарт танигдаж, уншигчдынхаа дунд нэрд гарч, хайрлуулж хүндэтгүүлсэнтэй холбоотой биеэ тоосон зангаасаа ч болдог байх. Би одоо магтаал зэмлэл, хараал ёрөөлийн алинд ч ач холбогдол өгдөггүй. Надад миний мөрөөдөл л чухал байна. Миний номыг Непко компанийнхан хийж өгсөн. Бид тэдэнд үнэхээр баялаж байна. Бас Артаньянд талархаж байна. Дараа үеийнхэн дотроос миний унших дуртай нийтлэлч. Тэр өмнөх үгийг нь бичсэн явдал миний хувьд бөөн стил, бөөн сэтгэл ханамж.   

-Амьдралын хамгийн том кайфуудын нэгийг та сайхан ном уншиж дуусгаад гайхалтай хуудсуудыг нь ахин имрэх. Энэ жаргалыг юутай ч зүйрлэшгүй гэж бичсэн байдаг. Улирал солигдох шиг урин мэдрэмж төрдөг гэл үү? Энэ хавар таньд хэрхэн ирэв ээ?  
-Ном л уншиж байна. Непкогоос гаргасан Мао-г дуусч байна. Бас “Ленин”-ийг уншлаа. Би ийм хэлбэрийн номуудад аягүй дургүй байсан. Гэтэл одоо намтар зохиолууд, баримтат зүйлст илүү татагдаад байдаг болчихсон. Мэргэжилтэй маань холбоотой юм уу, бүү мэд. Үнэндээ би хүмүүстэй уулзахаа больсон. Надад ном унших, цуглуулж ирсэн кинонуудаа үзэхээс өөр аз жаргал алга. Нээрээ шүү. Өөр жаргалтай юм үнэхээр алга. Би сонины шуугиант амьдралд өөрийгөө зориулж яваа хүн. Сүүлдээ бүр дүрдээ итгээд сонины мануухай болох гэж байна. Тийм болохоор би ойрын үед ямар нэгэн шийдвэр гаргана. Би нээрээ өөрийнхөө хэмжээнд дүйсэн гэрээ ч байхгүй “Үндэсний шуудан” сонинд ажиллаж байгаа. Цэвэр сэтгэл зүрхээрээ. Угаасаа Б.Ганболд эрхлэгч сониноо алдчихаад шинээр эхэлж байхад би ирэхгүй гээд яахийн. Одоо харин ажиллах урам зориг дуудсан, миний чадах, гоё төсөл байвал би ажиллана. Өөрөө сайт нээнэ. Сэтгүүл ч хийж үзмээр байна. Кино, уран зохиол руу би хөл тавихыг хүсч байна. Сониндоо би хайртай л даа. Яг өнөөдөр бол би хамгийн гоё өрөөнд, хамгийн эгэл биш хүмүүстэй хамт сууж, өрсөлдөж, үзэл бодлоо хуваалцаж, хөглөгдөж амьдарч байна. Баасанжавын Ганболд, Баарангийн Пүрэвдаш, Бямбын Ерэнтэй, Хайнжамцын Бүрэнтогтох, О.Содномпил нар бол хамгийн стандарт биш улсууд ш дээ. Хамгийн гоё хүмүүс. Тэр нөхдүүд бол миний хамгийн хайртай хүмүүс. Тэдэнтэй учирснаас хойш би Г.Дашрэнцэн, Г.Эрдэнэбат хоёрыгоо ч бараг мартсан. 

-Монголын сэтгүүл зүй хэдхэн хоногийн өмнө 100 жилийнхээ ойтой золголоо.”Армийнхаа” баярын хурал, гавьяа шагнал, алга ташилт зэрэгт та яагаад дуу хоолойгоо гаргаж, огт харагдсангүй вэ?

-Надад сэтгүүл зүйн байгууллагуудаас нэг их урилга ирдэггүй. Би ч тэдний элдэв юманд хутгалддаггүй. Зүгээр хаа нэгтэй нь, нэгэн цагийн үеийн түүхэнд нь миний нэр том үсгээр биш ч бичигдэн үлдэх нь тодорхой. Би ярилцлагын төрөлд юм хийсэн. Үүнийг судлаачид нь баталдаг. Өөр надад дош алга. Би дош болгон дээр туг хатгах гэж өөрийгөө золих хэмжээний тэнэг нь биш. Одоо оролдвол сонины хөрөг нийтлэлд хүчээ соривол сорих юм. 100 жилд 100 топ сэтгүүлч төрсөн гэж үү. Би энэ мэт л гажиг юм л бодож өнгөрөөсөн ш дээ. Надад маш олон мессеж ирсэн. Ерөнхийдөө өвдөөд байгаа болохоор тэр болгонд хариу бичих боломж байсангүй. Манай сэтгүүл зүйд асуудлууд байгаа. Бараг улс төрөөс илүү асуудалтай салбар болчихоод байгаа нь үнэн. Юун түрүүн бид мэргэжлийн идеалаа алдаж эхэлж байгаагаа ярих хэрэгтэй. Сэтгүүл зүй зүгээр л эрээвэр хураавруудын орж ирж тоглодог, тодордог, талдаг салбар болчихоод байна шүү дээ. Та нар сайн хар. Асуулт биш асуулттай, хариулт биш хариулттай нэвтрүүлгүүд дүүрэн. Хэлбэр нь болохоор телевизийн шоу нэвтрүүлгийн хэлбэр, донж стил харагдаад хөгжөөд байдаг. Гэсэн хэрнээ зүгээр л халил, энэ мэргэжлийг үл тоосон хэгжүүрхэл дүүрэн уран сайханчдын ажлууд эфирийг дүүргэж байна.  Болоогүй тэр гадныхан шууд манай ажлуудыг мөнгө болгож байна. Хар л даа. Улс төрийнхнөөс захиалгыг нь аваад л ичих ч үгүй бүлт бүлт, нөгөө хоосон чанар гэдэг шиг алсын, тэнгэрийн гэмээр хийсвэр асуулт маягийн юм хаясан болоод л цаадуул нь ирж сууж зорилгоо хийчихээд л инээгээд гараад явцгааж байгаа нэвтрүүлгүүд дүүрэн байгаа биз дээ.  Гэтэл манайхан намайгаа л интернетийн comment-оор алах дэвслэх гутаах ажилд цагаа зориулж байдаг шүү дээ. Одоо тэд бүр давраад “Энэ сэтгүүлчдийг яах вэ, яаж цэгцлэх вэ” гэчихсэн ярилцлага өгөөд толгойгоо сэгсрээд сууж байна. Энэ юу болж байна вэ. Толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Эрэмбээ, нэр хүндээ олж авах, муусайн зуйвар луйвар юмнуудыг хуу шахаж гаргах хэрэгтэй ш дээ. Хөөе хөөе найзуудаа, та нар одоо даварч байна аа, та наад хийж байгаа юмныхаа онолыг мэдэх үү, наад мэргэжлийг чинь хүн 10-15 жилийн хөдөлмөр зүтгэлээ шингээж байж сая нэг юм эзэмшиж мэргэшдэг юм ш дээ гэж хэлэх хэрэгтэй шүү дээ. Телевизийн эфир бол дурын эмэгтэйн ирж уйлдаг, эсвэл тачигнатлаа инээдэг талбар биш гэж би бодном. Мэдэхгүй юм даа, миний багш нар, ерөнхий эрхлэгч нар, үе үеийн лугууд тэгж л зааж ирсэн.  Одоо эзэд нь юмаа мэддэг харгуй руу жирийгээд орчихсон болохоор мөнгө л олж байвал салбар талбар маань яаж талхлагдах сонин биш болсон байх л даа. Нөгөө талаас бид мэргэжилдээ эрэл хайгуул хийхээ больж. Ажилдаа аймаар хайргүй болсон байна. 
Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг би уншсан. Надад тэр “Сэтгэлийн байгаль чинь бохирдчихсон юм биш биз дээ. Өөртөө бүтээгдчихсэн байгаа дүрээсээ нэг гарч салж харах хэрэгтэй. Мундаг сэтгүүлч, мундаг хүн гэдэг дүрээсээ. Өөрт байгаа эрхээ дэндүү эдлээд байгаа юм биш биз дээ. “Би л бичдэг, би л үзүүлдэг” гэж түүгээрээ далайлгаж, түүнийгээ зэвсэг болгоод ашиглаад байгаа юм биш биз дээ. Тийм муу ёс зүй, тийм муу соёл таны сэтгэлийн байгаль дотор чинь, таны сэтгэл дотор бий болчихсон юм биш биз. Нийгмийн сэтгэлийн байгалийг бүтээдэг хүмүүс өөрийнхөө сэтгэлийн байгаль руу өнгийчихэд ерөөсөө болохгүй юм байхгүй. 100 жил дээрээ нэг өнгийж  харах хэрэгтэй” гэсэн үг их таалагдсан. Ер нь бүхэлдээ түүний хэлсэн үг сэтгүүлчдэд хандсан аймаар том “урок” болсон л доо. Эрх маань үнэхээр хэн ч биш юмнуудын гарт шилжиж, тэр зэвсгээр юу дуртайгаа хийж байдаг болсонд гол харламаар байгаа нь үнэн. Нөгөө талаар уншигчийн боловсрол, уншигчийн соёл талын асуудлууд бидэнд ямар том дарамт болж байгааг бас шударгаар хэлэх хэрэгтэй. Нийгмийн сайн сайхны төлөө ганц ширхэг тоосго тавиагүй, өдөржин жиргэхээс өөрийг хийхгүй суудаг нөхдүүд бидэнд дүн тавьж, доромжилж, туулж ирсэн амьдралыг маань гутаахыг би хувьдаа зөвшөөрөхгүй. Хариу хүндэтгэл илэрхийлж чадахгүй шүү, уучлаарай. Олон жил хараал жатга, дарамт шахалт, доромжлолын дундуур явж ирсэн. Энэ хангалттай. Өөрөө хүйтэнд хөрч, халуунд халж, цагдаа шүүхээр байнга дарамтлуулж, утас шөрмөс юу л байна дайрч байдаг, айлгаж ичээх гэж байдаг энэ амьдралаар хэдэн жил амьдарч үзсэн юм бэ. Хэнээс айхгүй явж тэмцэж, бичиж, тэрсэлж амьдарсан бэ. Энэ асуултад хариулах ч бололцоогүй олон хүн сэтгүүл зүйгээр мандаж, дарга даамал, судлаач юу юу ч гэнэв болцгоож явах юм даа хөөрхий. Ийм юмнуудыг би зүгээр л хөөрхийс гэж боддог.  

-Шинэчлэлийн засгийн хэвлэлүүдэд тавьж байгаа  коммент, кабелийн тв-үүдийг хаах гээд дараалсан цензур шахалтууд ч энэ баяраар давхцан оволзлоо.Ар араасаа гал авалцуулж буй энэ орчны тухайд та юу хэлэхсэн бол?
-Баяраар маань өөрсдийн маань толгойг аваад царан дээр тавиад явуулсантай агаар нэгэн зүйл болсон юм даг уу даа. Би Л.Мөнхбаясгалангийн ярилцлагыг уншлаа. Үнэхээр бид өөрсдөө эдийн засгийн хувьд хүчирхэг болж байж л дарамтаас гарах юм байна. Ялангуяа сонин хэвлэл, телевиз, сайт эрхэлж байгаа хүмүүс. Миний хувьд насаараа л хүнд ажиллаж байх зурагтай бололтой. Надад гэр орон, үр хүүхдээс маань өөр өөрийн гэсэн юм алга даа. Төрийн төв хэвлэлээс ажил амьдралын гараагаа эхэлсэн маань ийм маягийн амьдрал руу хөтөлчихөж . Тэрнээс биш би авъяас чадлаар дутаагүй байлгүй. Нэр хүндээр гологдоогүй биз. Миний зан чанарын тухайд бас баахан зохиол домог явдаг юм шиг байгаа юм. Ааштай, хүнтэй таарамж муутай энэ тэр гэсэн. Би энэ талаар харин ч ханилгаатай, нуруутай хүн. Ганцхан би дарамтлуулах дургүй. Хүн намайг дарамтлах гээд л эхлэвэл би гөжөөд л унадаг. Тэсэрдэг, шатдаг. Хариуд нь үсийг нь бостол хэлчихдэг. Үзэлцэнэ. Намайг байгаагаас минь өөрөөр харах, гүжирдэх зэрэгт би үнэхээр тэсвэргүй хариу барьдаг. Одоо тайван, ардаа юм бодож үлдээд, сэтгэлээ юунд ч өгөхгүй явж сурах хэрэгтэй болж байх шиг байна.   

-Намрын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний хууль ч бүтэл ололгүй өнгөрсөн нь эрх баригчдын олон хүсэлт шахалтаас үүдсэн. Энэ тохиолдолд бид өөрсдөөсөө шалтгаалсан юуг хийж чадах вэ?
-Бид лобби бүлгүүд болж хамтарч ажиллах нь юу юунаас илүү чухал. Лобби гэдгээ шантааж руу харин чирээд давхичихаж болохгүй л дээ. Би болж буй үйл явдлуудын араас нэг л үг амандаа хэлсэн. Огт оролцоогүй.

-Ямар үг?
-Ийм сул бардаак сэтгүүл зүйгээс хэн айх вэ дээ гэж. 

-Таны энэ засгийн өнгөнд бичсэн улс төрийн нийтлэлүүд сайныг ч, мууг нь ч  эн тэнцүүхэн дүгнэж байгаа. Гэхдээ та “Өдрийн сонин”-д байхын ардчиллыг хөхиүлэн дэмжигчийн хувьд энэ удаагийн Ардчиллынхны “төрх”-ийг бол өөрийнхөөрөө харж сэтгэгдлээсээ яриач?
-Бид төв байж сурмаар байна. Аливаад шударга дүгнэлт хийх, голтой байх, ямар нэгэн савалгаагүй байх нь тоймч хүнийг авч явах үндсэн шинж. Өдрийн сонины анхны дугаар гарахаас эхлэн зүтгэсэн миний он жилүүд ч, тэр үеийн ардчиллын он жилүүд ч одоо тэр үеийнхээр нь хадгалах бололцоогүй болсон. Энэ нь амьдралын өөрийнх нь жам юм даа. Надад улс төрд танилууд олон бий. Тэдэн дотор төрөл арилжтал хувирсан хүмүүс ч бий. Хэв хэвээрээ явж байгаа үнэ цэнтэй хүмүүс ч бий.  Ер нь бол бүх юмны нуруу хувь хүний мөн чанар дээр л тогтож байдаг. Улс төр ч ялгаагүй. Хайр үзээгүй өссөн асрах газрын хүүхдүүд шиг өсч том болоод юм юмнаас хүртэх гэж аргачлал нь ямар ч хүний үнэргүй үйлдэл байсан нүдээ аниад хомхойрон дайрч байгаатай тун төстэй байдал ний нуугүй хэлэхэд харагдаж байна. Гэхдээ энд асрах газрын хүүхдүүдийн нэр төрийг би гутааж байгаа юм биш шүү. Зүгээр яг одоо илүү зүйрлэл санаанд орж ирэхгүй байна. Нөгөө талдаа ийм төрх байдал ардчиллын нэг, хоёрдугаар эгнээнийхнээс биш тэрний доод, доодын доод эгнээнийхнээс илүү харагдах юм. Арга ч үгүй байх даа бүхэл бүтэн нэг үе гудамжинд тэнэсэн улс. Та нар төрийн дунд, доод шатны албан байгууллагуудаар нэг ороод хараарай. Ямар ч хэв шинжгүй сонин нөхдүүд ширээний ард тод тод өнгийн зангианд дүүжлэгдчихсэн сууж байгаа. Гэхдээ урьд нь илүү сайн байсан гэсэн үг бас биш л дээ. Урьд нь лагс лагс торхнууд амьсгаа өндөр л сууцгааж байдаг байлаа. Тэдний зангиа нь хоолонд орохдоо яслын хүүхдүүдийн хүзүүндээ зүүдэг нэг хүзүүвч маягийн юм байдаг даа.  Тиймэрхүү л харагддаг байсан сан. Том том машин унасан, дугарч ядсан хар шилтэй нөхдүүд яруу алдарт намын байрны гадаа хөдөлж ядан буугаад л. МАН-ын залуучууд нь бүр яг араас нь арай багасгачихсан мини нөхдүүд бууж ирдэг байсан. Аймаар хорон пацаанууд. Тэд бол баллана даа. Би ганц нэг хуурай дүүтэй. МАН-д ажилладаг. Ёстой хуруу дарам нэг хоёрхон гайгүй залуу бий. Бусад нь бол зүгээр л хорт шавьжнууд. Би нээрээ өөртөө бодогддог нэг юмыг хэлэх үү.

-Хэл л дээ?
-Надад гудамжаар алхаж яваа улстөрч хүн аягүй гоё харагддаг. Ордноос хойшоо гараад цувныхаа хормойг хийсгэчихсэн алхаж яваа тийм дүр төрхөнд би хайртай. Тэгээд таарсан ганц нэг хүнтэй зогсож буу халсан шигээ явж байгаа. Сүүлийн үед тийм зураг алга болсон. Яагаад вэ. Айх юмтай болсны шинж. Гадаа зүгээр алхах нэр нүүргүй болсны л шинж шүү дээ. Гоё эрдэмтэд, том зохиолчид гудамжинд алхаж явах нь ямар гоё харагддаг гээч.  
  
-Та засагт хамтраад байгаа “ Шударга ёс” эвслийн зарим гишүүдийг төрд шургалсан гудамжныхан гэж бичсэн. Хариуд нь таньд ямар нэгэн шум сонсогдсон уу?
-Гудамжны тэмцэл, гудамжны тэмцэгч гэх тэр нэр томъёог би зохиогоогүй л дээ. Тэрийг өөрсдөө ч мэдэж байгаа. Надад тийм юм мэдэгдээгүй. Ихэнхи нь намайг сайн мэднэ. Хүний маань хувьд ч, сэтгүүлчийн маань хувьд ч. Тэнд нэг их хатуу хорсол юу л байв гэж. Би чинь Ж.Батзандан, О.Магнай эд нарт талбай дээр очиж өдрийн цалингаа хандивлаж явсан хүн шүү дээ. Шүүмжлэхдээ шүүмжилдэг. Хайрлахдаа хайрладаг. Ямар ч байсан эргээд уулзахад та намайг сүнсгүй алсан шүү гэж гомдоллох юм би хийгээгүй.  Тэд ч тэгж хэлж байгаагүй.  

-“Ярилцья” булангийн эрхэм зочдын дотроос МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь хэвлэлд өгч байгаагүй дэлгэрэнгүй яриаг таньд дэлгэсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх дүр зураг, прогнозын талаар таниас асуухгүй өнгөрч болохгүй нь?
-Харвардаас ирсний нь дараа иймэрхүү хэмжээний ярилцлага би авч байсан л даа. Би Ерөнхийлөгчийн тухай нийтлэлээрээ олонтаа бичдэг. Тоймчийн хувьд хэлсэн үг, хийсэн мэдэгдлүүдийг нь уншиж судалж тойм бичдэг. Одоогоор нэр дэвших нь тодорхой болсон хамгийн хүчирхэг өрсөлдөгч Ц.Элбэгдорж байна. МАН буюу нөгөө талд буй хамгийн хүчирхэг блокоос одоогоор түүнтэй өрсөлдөөд ялах магадлалтай лидер харамсалтай нь харагдахгүй байна. Бусад хүчнүүдээс ч мөн адил. Зүгээр аймшигтай том өрсөлдөөнийг үзүүлж чадах, түүнийг чардайлгаж чадах хуруу дарам хэдэн лидер улс төрд байгаа. Гэвч тэдний зарим нэг нь хүсэхгүй, зарим нэгэнд нь бололцоо байхгүй байна шүү дээ. Харин бүр жижиг түвшний улстөрчид дотор мөрөөдөлтэй хүмүүс цөөнгүй байх шиг байна. Улс төр сонирхогчид бол янз бүрийн л таамаглал дэвшүүлэх юм. Одоогийн Ерөнхийлөгчийг унана гэх хэсэг байхад тэр зүгээр л нэг их хүч хаяхгүй ялна гэх хэсэг ч байна. Ярилцлагын тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ярилцлага авах нь нэр төрийн хэрэг. Аль ч улс оронд, аль ч сэтгүүл зүйд зүгээр л нэр төрийн хэрэг.  

-Та яагаад Twitter, Fasebook-т нэгдэггүй юм бэ. Уг нь та бол жинхэнэ жиргээчин байхаар хүн биз дээ ? 

-Намайг зүгээр л ажлаа хийж байхад зарим жиргээчин уурлаж ундууцаж хэлэлцүүлж сүйд болдог л юм билээ. Би жаахан зав муутай, бас бие муутай хүн шүү дээ. Гэхдээ тун удахгүй нэгднээ. Би ямар хүн алж хүрээ талсан биш, надаас болж ямар ч засгийн газар огцорч, онгоц осолдож, зуд турхан болж байгаагүй биз дээ. Тийм болохоор нэг их айж эмээгээд байх юм алга. Comment-оор бол намайг их л давшлах юм билээ. Гэхдээ заримдаа яанаа ажил хийдэг хүн ер нь байна уу гэх сэтгэгдэл төрдөг юм.

-Хамгийн сүүлд таныг гуниглуулсан юм юу болов ?
-Миний нэг анд шоронд хоригдож байна. МИАТ-ын Б.Эрдэнэбилэг. Олон жил сайхан нөхөрлөж явсан дурсамж бидий дунд бий. Эрдэнэбилэг бол эргээд шоронд орохоо мэдэхгүй жаалах хэмжээний тэнэг амьтан биш шүү дээ. Маш ухаантай, маш хөдөлмөрч, маш хянамгай хүн. Улс төрд орохоосоо өмнө өөрийн бизнестэй, компанитай, мөнгөтэй төгрөгтэй байсан хүн. Ч.Хоролсүрэн гэдэг нөхрийн л ар хударгаар нь хийсэн юманд чирэгдэх шиг боллоо. Гэхдээ яагаад батлан даалтаар гаргаж байгаад шалгаж болдоггүй юм бэ. Хаашаа ч зутахгүй хүн шүү дээ Зугтах бол ирэхгүй байсан. Ээжийгээ алдлаа, ганц охин дүүгээ алдлаа. Одоо аав нь тааруу байна. Эхнэр нь бас тийм ч сайн эрүүл мэндтэй хүн биш. Хүний амьдралыг ингэж баллаж болохгүй шүү дээ. Хүчээр л хүлээлгэх гэж урт удаан хорьдог аргачлал манай цагдаагийханд байдаг юм байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд уулзаагүй ч залуу цагийн анд минь болохоор сэтгэл өвдөж байна. Түүнийг бодож үнэхээр гунилаа. Надад найзыгаа өмөөрч сонинд бичих эрх байхгүй. Энэ надтай хийж байгаа, миний хувийн байр суурийг тойрсон ярилцлага учраас хэлж байгаа юм. Хүмүүс их муухай болжээ. Шоронд хэн нэгэн оржээ гэхэд, нэгийгээ баригдлаа хоригдлоо, шалгагдлаа гэхэд бөөн баяр хөөр болдог, улам цааш нь түлхдэг болж. Ийм муухай байж болохгүй шүү дээ. Хүн үнэртэй байх ёстой. Хүний үнэртэй байх ёстой. Хайрлах, итгэх сэтгэлээ хэзээ ч хөсөр хаяж болохгүй. Би урваж, суурин дээрээ бусдыг арилжиж байгаа хүмүүсийг үнэхээр жигшдэг. Эрх мэдэлтэй байхад нь долдойтоод л явсан атлаа буухаар нь нүүрээ буруулаад гүйлдэж байгаа хүмүүсийг би жигшинэ. МАН-ын дарга даамал явсан улсууд одоо хөрсөн дээрээ бууж байгаа байх аа. Нүдгүй, чихгүй байсан улсууд гэж би тэднийг боддог. Одоо АН-ынхан ч гэсэн зусардагчдаас зайгаа барих хэрэгтэй. Энэ бол нийгмийнхээ гоо сайхныг хамгаалж үлдэхийн төлөө хийх алхам юм. Шударга ёсны төлөө, авилгал хээл хахуулийг халахын төлөө тэмцлүүд үр дүнгээ өгч эхэлж л байна. Манай орон тодорхой хэмжээнд доошоо орчихсон байсан байраа дээшлүүлж, шат шатаар ахиж байна. Гэхдээ л ужиг юмыг цэвэрлэхэд бартаа ихтэй. Бас ужиг юмыг хөрсөөр нь арчихын төлөө ажиллахын оронд шинээр томилогдсон АН-ын нөхдүүд ил далд залгамжилж, сэмхэнээр, тодорхой өнгөлөн далдалттайгаар үргэлжлүүлж байна. Бүр залуус нь хүртэл шударга бус шийдвэрүүд их гаргаж байна. Надад энэ тухай цээж хорсгосон, үнэхээр дургүй хүргэсэн мэдээллүүд их ирж байгаа. Жишээлбэл, би тэр Харилцаа холбооны сүлжээ компани билүү тэр хавиар ажиллаж байгаа зарим нэг хүмүүсийн юу хийж байгааг анхааралтай ажиглаж байна. Баттай эх сурвалжуудаас ирж байгаа, шударга туулсан баримт фактууд бий. Би О.Магнайгийн хороонд өргөдөл гаргаж, хохирч шахагдаж байгаа төрийн болон бусад албан хаагчдын төлөө тэмцэнэ. Хүн хамгийн ойрын, өөрийн амьдрал дээрээ хэдэн жил дараалан амсч мэдрэхээр арга буюу тэмцэх сэдэл төрдөг юм байна. Төрөөс хууль бусаар, улс төрийн шалтгаанаар ажлаас халагдсан улсуудыг манай сонинд хандаасай гэж би бас хүсч байна. Бид судалж, хууль шүүхэд хандаж, хамтарч тэмцэж тэдний эрхийг хамгаалах болно. Ажлаас халагдагсдын холбоо гэж ТББ байгуулж тэмцвэл ямар хэмжээний асуудал үүсгэж чадахаа тооцож үзсэн. Гэхдээ би улс төржих хүсэл алга. Энгийн хүмүүсийн төлөө зарим үед ингэхээс өөр аргагүй бодол бас төрж байна.  Зүгээр шударгаар гуйж, хүсч, итгэж найдаж, зүтгэж  яваад энэ залуу хүмүүс юунд ч хүрдэггүй юм байна. Зүгээр л сэргэлэн, аргатай зальтай, чадвар муутай, дээрээ татаастай залуус алба ажилд шат ахиж байна. Ийм байдал бүх яамдад байна. Бүх агентлагуудад байна. Томчуудын хүүхдүүд, хамаатнуудад л ахих бололцоо өгч байна. Бусад нь хэлмэгдэж, доромжлогдож, сэтгэл санаандаа гүн шархтай үлдэж, Төрд зүтгэхээс аажим гутаж эхэлж байна.

-Та улстөрчдөөс юм гуйдаг уу?
-Гуйдаггүй. Эмнэлэг энэ тэр дээр очоод тэсвэр алдаад зарим нэгд нь хэлж гуйж үзэж байсан. Надад төрийн нэг том хүн хэлж байсан юм. Ганаа хүн үр хүүхдийнхээ төлөө бол сургууль соёл хөөцөлдөж гүйх хэрэгтэй шүү. Хүүхдийнхээ төлөө явахаас ичдэг хүн гэж байдаггүй юм гэж. Би охиныгоо мөрөөдлийнх нь сургуульд оруулах гэж хэдэн жил гүйгээд за, энэ бол миний чадах юм биш ажээ гэдгийг ойлгосон. Тэгээд охиндоо за та өөрөө оногдсондоо сур даа, та цаашаа өөрөө мац гэж хэлсэн.  Би өөрийн хар толгойнхоо төлөө бол юу ч гуйж үзээгүй. Үнэхээр дарагдаад байгаа, хэлмэгдээд байгаа залуу хүмүүсийн төлөө ганц нэг хүнд хэлж үзсэн. Намайг мэддэг, хүндэлдэг хүмүүс бол судалж үзээд туслаж, энд тэнд үүссэн муухай зүйлсийг засч залруулж, хамтарч тэмцдэг. Ер нь бол юм шударгаар явдаг зам тавигдаж эхэлж байгаа. Гэхдээ монгол хүний хувиа бодсон, мөнгө төгрөг харсан зан хэвээрээ цагт энэ бол урт удаан зам туулах юм билээ.

-Тэгвэл таныг үнэхээр баярлуулж, баясгасан үйл явдал хамгийн сүүлд юу байв?
-Миний хайртай жүжигчин Дагийранз ардын жүжигчин болсон явдал. Би Булганд уулзаж байсан. Гэхдээ ярилцлага авч байгаагүй. Үнэхээр эглээс эгэл, зүгээр л тэр шагналаа гардчихаад л яваад өгч байгаа нь яасан хайр хүрэм байв аа. Бас би Японд нэгэн сайхан эрхэмтэй танилцаж сэтгэлээ онгойтол ярьж хөөрлөө. Үнэхээр өөр хүн байсан. Аймаар гоё кино үзэх шиг, тэгээд дараа нь унтаж чадахгүй хөрвөөх шиг тийм мэдрэмж төрсөн. Бас намайг тэнд үзүүлж, оношлуулах боломжийг олгосон хүнд баярласан. Зүгээр л учраа олохгүй явж байхад гэнэт гарч ирээд илүү дутуу юу ч хэлэлгүйгээр чанга тэвэрсэн тэр хүнд би баярласан. Хүүе, гэхдээ хайр дурлал энэ тэртэй ямар ч хамаагүй хүн шүү. Би бусдын өмнө тийм хэмжээний үнэн амьдарсан, тийм хэмжээнд дотор нь явдагаа мэдэрч  баярласан. Миний ээж, миний гэр бүл баярласан.   
   
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Зүгээр дээ. Та бүхэнд ажлын амжил хүсье. Миний хувийн тухайд ярилцсан болохоор би өөрийнхөө л өнцгөөс, байгаагаараа л ярилаа шүү. Хэнд ч тулгаагүй гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Нээрээ уншигчдаасаа нэг юм гуйчих уу.

-Тэг л дээ?
-Миний номыг худалдаж аваарай. Нэр нь “Аав бид хоёр” шүү. Номыг маань худалдаж авна гэдэг надад үзүүлж буй хүндэтгэл, маш сайхан дэмжлэг юм шүү ..Ёо аймаар гуйлаа ш дээ. (инээв)

-Та одоо юу бичих гэж байна.
-“Өдрийн сонины” П.Хашчулуун сэтгүүлч хоёр жилийн өмнө “Дарга хүүхэн” ч билүү нэг нийтлэл бичсэн юм. Тэр хүнийх нь нэр байхгүй. Гэхдээ уншсан хүн болгон таньсан байсан. Ёстой шуугиан тарьсан. Тэр үед маш олон газраас энд нэг ийм хүн байна. Тэнд бас гээд бөөн бөөн түүх, бөөн баримт уншигчид ирүүлсэн. Тэгж яваад л бас нэг ийм баатартай учирсан хэрэг. Яам даяараа тэрийг мэддэг ч өндөрлөг гурвыгаа л атгачихдаг. Тэд нь бүгд түүнийхээр ойлголт авдаг. Аймаар байгаа биз дээ. Би тэгээд “Хэлтсийн дарга эмэгтэй” гэж нийтлэл бичих гээд сүүлийн хоёр жил бодоод байгаан. Шударгаар ажиллаж амьдарч яваа хүмүүсийг яаж хувь тавилангаар нь гишгилж, зовоож, тарчлааж байгааг нь судлаад л байгаа юм. Мэргэжилдээ чадварлаг, шударга, янз бүрийн хууль бус юманд хөдөлж өгдөггүй хүн бол ер нь хавчигдах тал руугаа шүү дээ. Гэхдээ зүгээр амар тайван ажлыг нь хийлгэж болноо доо. Байнга явуулгадаж, худлаа гүтгэж, дарга даамлуудад буруу ойлголт өгч, ёс суртахууны хувьд байж болшгүй үйлдлүүд үзүүлж байдаг. Энэ бол зүгээр л далд аллага байхгүй юу. Тэгээд шинээр ирсэн сайд дарга болгонтой ойртож аваад нөгөө хүнийг л буруу ойлгуулах ажлыг хийдэг. Нөгөөх нь хэнд ч тайлбарлаж, тэмцэх эрх байдаггүй. Ийм хүний оронцогууд олон байна. Надад хүмүүсээс захидал их ирдэг. Ийм хүмүүс их байдаг юм байна. Одоо энэ МАН-ын далбаан дор насаараа дургиж амьдарсан юмнуудын үр хүүхдүүд нь хүртэл гадаад дотоодод даварч байгааг болиулах хэрэгтэй ш дээ. Аав нь насаараа зайдлаад, ахиад охин нь эрхэлж явах бол ядаргаа ш дээ. Гадаадын элчин сайдын яамд, төлөөлөгчийн газрууд, консулын газруудаас ийм арын хаалганы даль даль хийсэн хүүхнүүдийг татах хэрэгтэй. Тэнд шударгаар ээлж дараагаар нь томилж байх ёстой ш дээ. Манай сэтгүүл зүй бол харин даанч ийм салбар биш юм даа. Энд чаддаг нь л ажиллана. Илүү нь л туг байна. Тэрнээс биш ямар нэг эрхийн тэнэг охин орж ирээд би сүүтэй гүүний унага гэж туйлах бололцоо байхгүй. Би жаахан ёс суртахууны сэдвээр, нийгмийн сэдвээр, шударга бус явдлуудын талаар бичих бодолтой байна. Баримтуудыг нь язайтал нь тавьж байгаад...Хүний үнэр ортол нь, үнэн шударгыг тогттол нь судлана, нотлоно. Би эрүүл мэндээсээ болоод иймэрхүү сэдвүүдээс жаахан дөлдөг болчихсон юм. Залуудаа бол айхгүй бичиж, олон хүний сэтгэлийн тайлал болж өгч чаддаг байлаа.  Энэ бол сэтгүүлч бидний нийгэмдээ оруулах ёстой хувь нэмэр юм. Хүн болгон эргээд шүүлгэнэ. Дандаа шударга бусаар, хүмүүсийг хэлмэгдүүлэн зовоож амьдарсан хүмүүс ч, бидэн шиг айж ичихгүй тэмцэж явсан хүмүүс ч бурханы өмнө шүүлгэнэ. Сэтгүүлч хүнд ер нь нэг их бэргээд, бэмбийгээд явах шаадлага байхгүй шүү дээ. Баримтаа нотолж, уудалж, улайлгаж, буруу хүмүүсийг төрийн нэрэн дор сагаж явах замаас нь түлхэн гаргаж чаддаг эр зоригтой, үнэн амьдарч яваад л дуусах хэрэгтэй. Хувийн гэх эрх ашиг бидэнд юу байх юм.  Ийм л байна даа.  
 
Ярилцсан Ш.Отгонцэцэг
Монголын нэг өдөр сонин