Showing posts with label БААСАН Г. Show all posts
Showing posts with label БААСАН Г. Show all posts

Wednesday, 16 May 2012

”Н.Энхбаяр Монголын газар шороонд хэт шунагаар хандсан”

Ахмадуудын  чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай ярилцлаа.

-Эмэгтэйчүүдийн тухайд энэ сонгуулиар 20 хувийн квот­тойгоор оролцоно. Өм­нөх сонгуулиар бие дааж  дэв­­шиж байсан. Энэ удаа ч мөн аль нэг нам гэхгүйгээр үзээд алдах гэж байгаа юм аа даа?

-Би намын гишүүн биш. Нам гэ­дэг нь  цөөхөн хэдэн бүлэг хү­мүүсийн ашиг сонирхлын  нэг­дэл байдаг. Төрийн эрх ашиг, Монгол Улсын нийтийн эрх ашгийг намын бүлгийн эрх ашиг­тай ерөөсөө хольж болох­гүй. Гэтэл өнөөдөр манайд на­мын бодлого төрийнхөөс илүү үйл­чилж байна. Тэр утгаараа би намын гишүүн байхыг хүлээн зөв­шөөрдөггүй. Энэ сонгуульд би Баянзүрх дүүрэгт бие дааж нэр дэвшинэ.

-Бие дааж нэр дэвшиж бай­гаа хүмүүсийн хувьд сан­хүү­гийн асуудал их эрсдэл да­гуул­даг. Ер нь өнгөрсөн дөр­­вөн жил намуудын сан­­хүү ч нэлээд зу­­заарсан. МАХН зэрэг на­муу­дад сүү­лийн үед хүмүүс ол­ноор элсч нэр дэвших бол­сон. Танд МАХН-д элсээд нэр дэв­ши­хийг, албан тушаал дээр сууя гэ­сэн тэр хүмүүстэй адил бо­дол байсангүй юу?

-Мөнгөөр луйвардаж санал авч байгаа хү­мүүсийн санаархал нь бага, сонгогчдын тоо хавьгүй их учраас би ялна гэдэгтээ итгэлтэй байна. Сонгуульд үзнэ ээ гэдэг нь ерөөсөө л мөнгөний хэмжээ байдаг. Аливаа зүй­лийг зоосны нүхээр харж болохгүй. Зоос­ны нүхнээс гадна  том эрх ашиг, хү­сэл зориг, тулгамдсан асуудал гэж бай­н­а. Тиймээс ирэх сонгууль  намын биш улс эх орны эрх ашгийн төлөө яв­на гэж оролцоно. Мэдээж на­дад мөнгө хэрэгтэй. Ямар ч мөнгөгүй сон­гууль хийж чадахгүй нь ойлгомжтой. Хэ­дэн зурагт хуудас хийж тавихаас эх­лүүлээд л сонгуульд их мөнгө орно. Гэх­дээ намайг дэмжиж байгаа олон хүн бий. Тэр дунд мөнгөтэй ч хүмүүс байна. Мөн­гөгүй нь ч байна. Ямар ч байсан ирэх  сонгуульд хамаг хүчээ шавхаж орох бо­долтой сууж байна.

-Яг одоогийн нөхцөлд та бол улс тө­рийг ажиглагч.Сонгуулийн өмнөх на­муудыг төлөв байдалд ямар дүгнэлт өгч байна?

-Намууд маш явцуу хүрээнд сэтгэж 20 гаруй жил явлаа. 1990 оноос өмнө манай улс ганцхан намтай байсан. Түүнээс хойш хориод намтай боллоо. Нийгэм нийтийн төлөө бодлого явуулж байсан удаа байх­гүй. Төрийн эрхэнд байх гэсэн оролд­ло­го, хөрөнгө мөнгө хайсан, баяжиж хөл­жи­хөө бодсон бодлого явуулж өнөөдрийг хүр­сэн учраас намууд задралд орж байна. Тухайлбал, 90 нас хүрч байгаа Ардын нам, МАХН хоёр бригад болчихлоо. Ард­чилсан нам ч мөн дотроо фракцын зөр­чилтэй. Намуудад хүчтэй байх боломж ал­га. Гудамжинд таарсан таван хүний дө­рөв нь аль ч намд итгэхгүй гэж хэлдэг бол­сон нь үүнийг нотлох хамгийн том ба­римт. Түүнчлэн Н.Энхбаяр гэ­­д­эг Монгол төрийн хамгийн өн­­дөр албыг хашиж байсан хүн өнөөдөр шоронгийн хаал­га татах хэмжээнд хүр­чихсэн байна. Үүнийг байх ёстой процесс гэж үз­сэн. Ардчилсан ний­гэмд хуулийн өмнө хэн ч гэсэн тэгш эрх­тэй байх ёстой. Сайд дарга, ал­дар хүндтэй бай­­сан эсэх нь хамаагүй. Н.Энх­­баярын ба­­ривчилгааг со­­нин сод­ноор хү­лээж авч гай­хаад байх явдал ми­ний хувьд байхгүй. Учир нь на­­майг ч гэсэн 30,40-өөрөө ирээд дамжлаад л аваад яв­даг. Уйлсны маань төлөө, ми­­ний хүүхдийг орилуулж бар­­хи­­руулж байгаад аваад явж ч бай­сан удаа бий. Би том даргын албан ту­шаал ха­­шиж яваагүй ч гэсэн ир­гэн хү­нийхээ хувьд өөрийн гэ­сэн зорилт та­виад түү­нийхээ төлөө төр зас­гаас шаардаж, жаг­саал хий­­хэд маань төр эсэр­гүү­цэл илэрхийлж бай­сан. Түүн­тэй адилхан Н.Энх­баярыг мөн адил хэ­рэг хийснийх нь төлөө хуу­­лийн байгууллага дууд­­­сан. Дуудсаных нь дагуу очоод ямар нэ­­гэн тайлбар мэдээл­лээ хий­­­гээд явсан бол түү­нийг заа­­в­ал барьж хорих шаард­ла­­­гагүй байсан байх. Гэтэл дуу­­даад байхад очдоггүй. Оч­сон хэр нь гарын үсэг зурахгүй байгаа нь хуу­лийг хүндэлдэггүй. Хуулийн дээр би бай­на гэж өөрийгөө овойлгож, товойл­гож байгаа­гийн шинж. Уг нь нэг ч гэсэн мон­гол эр хүн гэдэг утгаар нь би хүндэлж бай­на.

-Тийм ээ, таныг олон удаа байцааг­даж байсныг нийгэм тэр чигээрээ мэд­нэ. Харин тэр үед Н.Энхбаярыг  хал­дашгүй эрхээрээ далайлгаж,  олон түм­нээс ичих ч үгүй салаавч  гаргаж бай­сан нөхдүүд шиг хамгаалалт бай­сан уу?

-Халдашгүй дархан эрх гэдэг бол ний­тийн эрх ашгийн төлөө Монгол Улсын тө­лөө үйл ажиллагаа явуулж байхад нь хал­даж болохгүй л гэсэн үг. Халдашгүй эрх гэдэг бол гэмт хэрэгт сэжиглэгдээд, тоот бүрдчихсэн хүнийг хамгаалах гэсэн үг биш. Хамтрагчдын шугамаар очсон байна уу гэхээс Монголын цагдаа “энд УИХ-ын гишүүн байна” гээд яваад өгч болохгүй.

-МАН, МАХН эргээд нэгдэх нэг том гүүрч нь Н.Энхбаярын баривчилгаа гэх яриа гадуур чих дэлсэх боллоо. Хэ­рэв нэгдчихвэл гэдэг үгний ард танд ямар хариулт байна вэ?

-Эргээд нийлэх ч бай. Эсвэл 10 бутарсан байлаа ч гэсэн Монголд цул хүчин байж  нийгмийг авч явах чадал бяр нь аль эрт  дууссан. Намынх нь өөрийнх нь ерөнхий рам, машиныг удирдаж байгаа  механизм нь өөрөө цул хүч байна гэвэл худлаа. Үргэлж муу аргаар бүрдсээр ирсэн байсан учраас маш хэврэг. Хэдтэй нийлээд ч хэврэг хэвээрээ. Долдугаар сарын 1-нд таван хүний амиар тоглочихоод эргээд огт хайрлаагүй. Харин ч эсрэгээр нь том цагаан байшин бариад суучихсан.  Шат­сан зулын гол боллоо гэдэгтэй адил зүйл болсон шүү дээ. Түүнчлэн Н.Энхбаяр шо­ронд орсныхоо дараа “Монголд хүний эрх байх­гүй юм байна” гэж ярьж байна. Гэтэл өөрөө Төрийн өндөрлөгт байхдаа үүнээс аймаар аргаар хүний эрх зөрчиж байсан. Жирийн иргэн  хүн биш. Ерөнхийлөгч  л хүн байдаг юм уу. Тэгэхээр хүний эрх зөрчигдөж байгаа байдал  бий болсныг, байгааг нь олж харахыг хүсдэггүй байсан хүн нь Н.Энхбаяр дарга өөрөө байхгүй юу. Тийм ч учраас Ч.Улаан, О.Чу­луун­бат, Д.Тэрбишдагва, О.Цолмон нар ийм зүйлийг анх удаа үзэж байгаа мэт цо­чир­долд орж, мэдээлэл хийж байна. Гэ­тэл ард түмэн нь үүнээс аймаар эрхээ зөрчүүлж амьдарч  байгаа шүү дээ. Харин ч маш ихээр хэлмэгдэж байсан жирийн иргэд Н.Энхбаяр болоод О.Чулуунбат нарын хүмүүсийг хараад дургүй нь хүрч байгаа. Би мэдэж байна.

-Н.Энхбаяр хуурай өлсгөлөн  зарла­сан нь Монголын нийгмийн шударга ёс­ны төлөө хийж буй үйлдэл гэж та үзэж байна уу. Чухам юуны төлөө юм бол оо?

-Хэрэг хийчихээд мултарч үлдэхийн тулд хийж буй эцсийн арга хэмжээгээ авч байна гэж харж байгаа. Яагаад гэхээр тухайн үед түүнийг Төрийн гурван өндөрлөгийн албыг хашиж байхад одоогийн УИХ-ын гишүүн О.Чулуунбат Монголбанкны захирал байсан. Сангийн сайд нь Ч.Улаан байсан. Тэгэхээр тэд Мон­голыг сүйрүүлэхэд, газрын баялгаа ямар ч хяналтгүй зарахад гар бие орол­цож байсан нэг баг байна л гэж би харж байна. Н.Энхбаярын амнаас нэг л үг га­ра­хад баг нь задарчих гээд байгаа учраас амь тавин өөрийгөө хамгаалахаас өөр ямар ч аргагүй. Түүнээс бидний төлөө өлс­гөлөн зарлах эр зориг Н.Энхбаяр гэ­дэг хүнд байхгүй л дээ.  Байсан бол Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байх­даа үнэн ярьж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөөд  монголчуудтай нэг баг болоод ажиллаж байх ёстой шүү дээ.

-Төрийн гурван өндөрлөгийн нэг байх­даа хийх нь яасан юм бэ гэ­дэг асуулт Н.Энхбаярыг үргэлж дагалд­даг. Гэвч хүн алдаж ухаарч болно. Ал­­даа оноогоо засах нь чухал гэдэг нэ­­рээр халхалдаг. Гэхдээ магадгүй түүнд заавал засах ёстой алдаа байгаа юм болов уу?

-Н.Энхбаяр эрх мэдэлтэй байхдаа асуу­­­далд алдаатай хандаж байсан бол Тө­­рийн өндөрлөгөөс буумагцаа нийгэмд тус­тай зүйл хийх байсан болохоос өөрөө тус­даа гарч нам  болж тоглон улс төр рүү зүт­гэх шаард­лагагүй байсан. 2009 онд Н.Энх­баярыг Ерөнхийлөгчөөс буусны дараа “Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэрэв дахиж улс төрийн өндөрлөг рүү мацах юм бол шоронгийн хаалга татна. Харин чимээгүйхэн амьдрах юм бол Мон­голын ард түмэн уучлах чадвартай шүү” гэдгийг би хэлж байсан. Энэ үгийг яагаад  хэлэх болсон бэ гэхээр Н.Энхбаяр шат ахих тусмаа заль гаргадаг. Маш их заль­тай, бусдын хийснийг өөрөө хийсэн болгож авдаг  маш эвгүй хүн шүү дээ.

-Тухайлбал, бусдын хийсэн юуг өөрийн болгож авсан юм бол. Та ямар баримттай ингэж хэлж байна?

-Хүмүүсийн бичсэн зохиолыг үргэлж л өөрийнхөө нэрээр гаргадаг. Төр барьж байгаа хүн аль завандаа ч тийм олон  зохиол бичих билээ дээ.  Гэтэл Н.Энх­баярын автортай номууд боть бо­тио­роо л гараад байдаг. Ерөнхийлөгч гэ­дэг нэрийнхээ доор бусдын хийсэн бү­тээлийг авдаг л байсан. Өнөөдөр Оюу­­толгойн тухай яриад л байна. 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ашиг­лал­тын дөрвөн лицензээр Н.Энх­баяр л Фрийдландад Оюутолгойг өгсөн биз дээ.  Тэр үед би муу мэдээлэлтэй юм уу, та тийм сайн Ерөнхийлөгч юм уу гээд Н.Энх­баярыг Ерөнхийлөгч байхад нь халз мэт­гэлцээнд урьж ч байсан. Тэр ирээгүй. Намай дуудсан тэр үед өөрөө уха­а­раад ирэх нь яасан юм бэ. Н.Энх­баярт ухааруулахсан гэж олон төр­лөөр ша­­хаж байсан хүнийхээ хувьд түү­ний хийж буй үйлдлүүдийг жүжиг гэж шууд­хан хэлмээр байна.

-Гадаадаас өмгөөлөгч урьж авчир­сан. Хуульчдын фирм авчирсан зэ­рэг нь ихэнх массын  эгдүүцлийг хүр­­­гэж байх шиг. Монгол төрийн хуу­­лийг ну­лимж байна гэж үзэх хүн ч олон бай­на.  Харин таны тухайд?

-Н.Энхбаяр Төрийн өндөрлөгт суухдаа тийм л ард түмний хайртай хүү байж чадсан юм бол  яагаад эх орондоо итгэх итгэлгүй болчихсон юм бэ. Энэ эх оронд Н.Энхбаярыг өмгөөлж хамгаалах хуульч олдохгүй байна гэж үү. Монгол Ул­сад Н.Энхбаярын эсрэг хууль байна гэж хэзээ ч байхгүй. Хоёрдугаарт  га­даадаас тэр том хуульчийг авчирахад асар их хэмжээний мөнгө  орж байгаа нь тодорхой. Тэр их мөнгө хаанаас га­раад байна аа. Үүний ард юу ханхалж бай­на гэхээр Монгол Улсын лицензийн 4.1-ийг гадаадын 100 хувь хөрөнгө оруу­лалтаар 60-100 жилийн хугацаатай өг­чих­сөн. Лиценз олгогдоод аравхан жил болж байна. Нийт лицензийн хэдэн хувь нь ашиглагдаж байгааг тооцоолж мэ­дэхгүй байгаа ч арваадхан  жилийн до­тор монголын энд тэндгүй нүхэллээ. Тэгэ­хээр Н.Энхбаярыг Монгол Улсын газрын хэвлийг гадаадын мафуудад зарсан муу муухай гэмт хэргээ нуухын тулд гадаадаас хуульч авчирсан гэж бодож байна. Гэхдээ бид алийн болгон гадаадын өмнө мөргөж сөхөрч явах юм бэ. Энэ нь Монгол Улсыг үндсээр нь үгүйсгэж байгаа балмад үйлдэл. Харийн бодлого асар их үйлчилж, шударга бус нүдэнд харагдаж чихэнд шууд сонсогддог болчихсон цагт амьдрал мэдэхгүй хү­мүүс амиа бодсон атгага санаагаар явж бо­лохгүй. Жижиг хэмжээний гэмт хэрэг бай­сан ч  хариуцлага хүлээдэг байх ёстой шүү дээ.

-Жижигхэн ч гэсэн гэмт хэрэг хий­сэн. Н.Энхбаярыг том гэмт хэрэгтэн гэж харахаасаа илүү таны насны ах­ма­дууд өмөөрөөд сууж байна. Тэр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

-Бид эзэн Чингисийн үр сад. Өөрөөр хэлбэл, бид хүнийг шүтсээр ирсэн. Сайн төртэй байя гэвэл хуулийг, муу төртэй байхыг хүсвэл удирдагчийг шүт гэсэн үг байдаг. Бид өнөөдөр хуулийг шүтэж сай­хан амьдрах цаг ирсэн. Аль нэгэн Дорж, Дулмааг шүтдэг бус нийгэм рүү ороод 22 жил болчихлоо. Түүнээс биш тэр энэ дарга минь гэдэг социолизмын үеийн шү­тээнээсээ салаагүй, бие сэтгэлээсээ ан­гижраагүй байна. Тэгэхээр  аав ээжий­гээ хайр­лаагүй байж Н.Энхбаярыг шүтдэг гаж тогтолцоо, шуудхан хэлэхэд тийм өвчтэй хүмүүс асуудалд ингэж хандаж байгаа байх. Ажиглаад байхад  асуудалд нухацтай ханддаг хүмүүс Н.Энхбаярыг өрөвдөөд байгаа юм алга. Монголын төрийг барьж байсан юм шүү хөөрхий минь гээд халаглаад байх юм. Бид тэр хүнд итгэл үзүүлж төрөө бариуллаа. Бу­цаад хайр даахгүй гэмт хэрэг хийлээ. Иймд харин ч эсрэгээрээ хариуцлага тоо­­цох ёстой биз дээ. Монголын газар шо­роог зарж өөрөө сайн баяжаарай гэж  төрийн өндөрлөгт суулгаагүй юм шүү дээ. Монголын ахмадууд бид “Н.Энх­баяруудаас салах уу, Эх орноо алдах уу” гэж тэмцэж байсан. Өөрийнхөө шунаг сэтгэлээс бол өөрийгөө доллараар боож алж байгаа зургийг тавьж байсан удаа ч бий.  Бидний тавьж байсан анонс үнэн болж хувираад байна. Өөрөөр хэлбэл, Монголын газар шороог доллараар сольсных нь гай гарч байна.

-Ер нь бол доллартоо боогдож үхэж байна гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм. Бидэнд амьдрал, аз жаргал хайрласан байсан бол би ч гэсэн гараад өмөөрөхөд бэлэн байна.

-Та бол юунаас ч айхгүй ярьсаар тэмц­сээр Монголын ард түмний та­нил болсон. Гэхдээ таны үг нэг их ураг­шаа явахгүй юм. Зарим нэг нь бол бүр Г.Баасан болих болоогүй юм байх­даа ч гэх нь дуулдах юм. Та ер нь хэзээ чимээгүй болох хүн бэ. УИХ-д орчихоод амаа үдүүлсэн юм шиг бол­чихдог тал зарим нөхдөд ажиглагдаж байдаг. Та арай тэдний нэг юм биш биз?

-1990 оноос ардчилсан хувьсгалыг анх­наас нь дэмжиж явахдаа хүний эрх шударга ёсыг ярьж зорьж байсан хувьс­га­лын­хаа үр дүнг хойч үедээ  үлдээх гэж ирэх сонгуульд дахин үзэх гэж байна. Миний хувьд нэр дэвшээд хэрэв ялалт байгуулах юм бол З.Алтай шиг “би ирлээ” гэж сонгуульд гарчихаад “би ган­цаардлаа” гээд зогсох ч үгүй. Энэ бол шившиг. Олны төлөө биеэ зориулсан хүнд ганцаардана гэсэн ойлголт бай­даг­гүй. Учир нь түүний ард нийтийн эрх ашиг явж байдаг юм. Би  хэзээ ч ганцаардаж нам руу орох талаар  бодож үзэж байгаагүй. Үр хүүхэд ач зээ нараа  харанхуй нийгэмд үлдээхийг хүсэхгүй байна. Тиймээс миний хувьд чимээгүй болох  ямар ч боломж байхгүй. Монгол Улс уужим асуудал их, Г.Баасан завгүй гэх зарчмаар ажиллана.

-Шударга ёсны тухай ярихгүй хүн байх­гүй болчихжээ. Сүүлдээ шударга ёс гэдэг үгний маань утга алдагдахад ч хүрэх магадлалтай. Шударга ёсны цаа­на шуналаа нууж байгаа хүмүүс ч бай­на. Таныхаар шударга ёс гэж юу юм. Та бас арай шуналаа нуугсдын нэг юм биш  биз дээ?

-2000 онд  АН-аас нэр дэвшихдээ нийг­мийн хэрэгцээ шударга ёс гэж дэвшүүлж бай­лаа. 12 жилийн өмнө минийх шиг уриа­тай сонгуульд орж байсан хүн байхгүй. На­майг миний найз нөхөд тойрон хү­рээлэгчид шударга Г.Баасан гэж нэр­лэ­дэг. Тэр нэрэндээ би их хайртай. Шу­дарга ёсны ард шунал нуугдаж байгаа нь үнэн. Нэг үе ардчилал гэдэг үгний ард нуугд­даг үе байсан. Байгаагаараа байхыг шударга ёс гэдэг. Байхгүй мөртлөө бай­гаа мэт  ярих нь шударга бус. Түүнээс Н.Энхбаяр шиг болсон явдлыг байгаагаар нь хэлэхгүйгээр нуун дарагдуулчихаад түүнийгээ шударга ёс, ард түмний төлөө явж байна гэдэг шиг худлаа зүйл байхгүй. Надад ямар нэгэн шунал байхгүй. Би шулам биш хүн баймаар байна. Өлсөхгүй, мөр нүцгэн явахгүй, өвдөхгүй л байвал бол оо.

Б.Даваа
Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

Wednesday, 18 April 2012

”Сонгууль луйвардах 30 гаруй арга байдгийг би мэднэ”


Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай ярилцлаа.


-Та нэлээд удаан хугацаанд чимээгүй байлаа. Өнгөрсөн хугацаанд юу амжуулсан гэдгийг чинь сонирхохоос яриагаа эхлэх үү?


-Би 2008 оны сонгуулиас хойш хоёр жил хагасын хугацаанд МУИС-ын Хууль зүйн сургуульд хуулийн ангид суралцаад сая хоёрдугаар сард төгслөө. Энэ хугацаанд эрдэм номын мөр гайгүй сайн хөөлөө. Ингээд төгссөнийхөө дараа дөрвөн жил тутамд болдог сонгуулийн ажилд орсон. Сонгуулийн ажилд анхаарлаа тавьж, өөрөө нэр дэвшиж гарахаас илүү сонгуулийг шударга явуулах тал дээр нь илүү анхаарал тавих ёстой юм байна. Манай холбооныхон өмнөх сонгуулиуд дээр ямар луйвар бульхай хэрэглэж байсан талаар, саналын үр дүн үнэн зөв гардаг эсэх, олон улсын хэмжээнд сонгууль ямар байдлаар явагддаг талаар судалгаа хийсэн. Ингээд эцэст нь сонгуулийн санал авахдаа иргэний үнэмлэхнээс гадна Хүний хөгжлийн дэвтрийг нь ашиглах нь зүйтэй гэх дүгнэлтэд хүрлээ. Манайд иргэний үнэмлэхийг ашиглан сонгууль явуулсаар өдийг хүрсэн. Миний мэдэж байгаагаар сонгуулийг луйвардах 30 гаруй арга байна. Гол нь иргэн хүн хэнийг сонгох вэ гэх сонголтоо өгчихөөд байхад сонгоогүй хүнийг төрийн эрхэнд гаргана гэдэг Үндсэн хуулиар хангагдсан хүний эрхэнд халдаж, төрийн эрхийг хууль бусаар авч буй гэмт хэрэг шүү дээ. Энэ жилийн сонгуулиар эдгээр олон хууль бус аргуудыг хаах талаар Монголын ахмадын чөлөөт холбооныхон анхаарлаа хандуулсаар байх болно. Хүний хөгжлийн дэвтрийг иргэний үнэмлэхний хамтаар ашиглах нь сонгуульд их тустай. Энэ дэвтэр нь өөрөө нууцлал, тамга тэмдэгтэй, иргэний оршин суугаа хаягийн бичилт хийсэн зэргийг нь бодсон ч хамт сонгуульд ашиглана гэхэд буруудах зүйл байхгүй. Манайд иргэний үнэмлэхийг олон хувиар илүү хэвлэдэг. Мөн хаягийн наалтыг олон хувь илүү гаргадаг. Гадаадад амьдарч байгаа, нас барсан, цэрэгт явсан гээд сонгуулиа өгдөггүй хүмүүсийн оронд саналыг нь өгдөг. Бас Монголд байгаа Хятад иргэдэд манай иргэний үнэмлэхийг олноор олгосон байгаа. Тийм учраас Хүний хөгжлийн дэвтрийг давхар тулгаж үзэх хэрэгтэй гэж үзээд байгаа юм.

-Цахим үнэмлэхээр сонгууль өгөхөөр болсон шүү дээ. Түүгээр таны сая хэлсэн асуудлуудыг шийдчихэж байгаа юм биш үү?


-Цахим үнэмлэхэнд бид найдахгүй байгаа. Нэгдүгээрт, сонгууль өнөө маргаашгүй болох гэж байхад өнөөдрийг хүртэл цахим үнэмлэх хэвлэгдээгүй байна. Хоёрдугаарт, цахим үнэмлэх ашиглахдаа компьютер ашиглах гэж байна. Программ хангамж гэдэгт нь бас л асуудал үүсч болзошгүй. Тиймээс санал бодитоор гарч ирэх эсэх талаар эргэлзээ байсаар л байна.

Гуравдугаарт, Сонгуулийн бүртгэл, саналын асуудлыг хариуцах гол хүнээр МАН-ын нарийн бичгийн дарга Л.Амарсанааг томилсон нь эдгээр эргэлзээг улам лавшруулж байна. Энэ нам нь өнөөдрийг хүртэл хулгайн аргаар сонгуулийн саналыг авч ирсэн гэж бодохоор их ноцтой байна. Өнгөрсөн сонгуулийн дүнгээ асуух гэж очсон хүмүүсийг буудаж устгасан харгис ажиллагаа явуулсан. Дахиж үүнийгээ явуулах вий гэсэн болгоомжлол байна. Чингэлтэй дүүрэг дээр 2008 оны сонгуулиар сонгуулийн саналын 100 хуудас хулгайлж байгаад баригдсан Баатарсайхан гэж нөхөр одоо Иргэний бүртгэл мэдээллийн газрын сонгуулийн ажил хариуцсан хэлтсийн дарга хийж байгаа. Ингэж хулгайчид албан тушаал өгч байгаа нь дээд шатанд саналын хулгай хийх нь гэж харахаас өөр арга алга. Тэдний энэ үнэмлэхний луйврыг гаргуулахгүйн тулд л 21 мянган төгрөгийн дэвтрийг ашиглах хэрэгтэй гээд байгаа юм.

-Нэлээд хугацаа зарцуулж байж баталсан хуулинд авах зүйл ч бий, алдаатай зүйл нь ч бий байх. Таны бодлоор бол сонгуулийн хуулиас авах зүйл нь юу байна?

-Сонгуулийн хуулийг удтал хэлэлцэж байж шахаж баталсан. УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийг зэрэг явуулна гэж өмнө тохирсон атлаа одоо үүнээсээ буцах болж. Мөн гулсалт гэсэн нэг зүйлийг ашиглаад нэг хүнд хоёр боломж өгөх зорилготой заалт оруулсан. Ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байсан ч намаас гарч ирэх нь л дээ. Энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн гэдэгтэй ч санал нийлж байгаа. Мөнгө төгрөг, бэлэг сэлт тараасан тохиолдолд хариуцлага тооцох зэрэг хариуцлагын механизм сайн орсонд талархалтай л байна. Гэсэн хэдий ч өнөөдөр хүртэл мөнгө бэлэг тараасаар л байна. Ингээд бодохоор цаасан дээрх л хууль болохоос биш амьдрал дээр хэрэгжихгүй байна гэсэн үг. Тэгэхээр сонгуулийн хуулийг маш түүхий л гэж дүгнэнэ дээ. Магадгүй эрх баригчдын төрийн эрхэнд дахиж яаж гарах вэ гэсэн бодлыг нь гүйцээхээр л хууль юм уу. Иргэдийн саналыг авч гараад хийх ёстойгоо хийж байгаа хүнд хамаа алга. Гэтэл чадахгүй байж гарч ирнэ гээд байгаа нь ямар учиртай юм бэ.

-Ярианы эхэнд “өөрөө нэр дэвшиж гарахаас илүү сонгуулийг шударга явуулах тал дээр нь илүү анхаарал тавих ёстой юм байна” гэснээс чинь таныг нэр дэвшихгүй байхаар шийдэж гэж бодлоо. Тийм үү, үгүй юу?

-Би нэр дэвшинэ. Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвших бодолтой байна.

-Хэнтэй өрсөлдөх нь вэ. Учраагаа судалж байна уу, тэгвэл?

-Хэнтэй ч өрсөлдсөн яадаг юм бэ. Хэн ч ирээд өрсөлдсөн надад айх зүйл алга. Бид бүгдээрээ л Үндсэн хуулийн дагуу сонгох, сонгогдох эрхтэй. Тэгш эрхтэйгээр л өрсөлдөнө гэж найдаж байгаа.

-Хуулийн сургуульд суралцахаас өмнөх Г.Баасан, өнөөдрийн Г.Баасан нарын хооронд ямар ялгаа байна даа?


-Хуулийн сургуульд суралцахаас өмнөх Г.Баасан таван удаа хууль бусаар баривчлагдаж байсан. Намайг өмгөөлөх өмгөөлөгч ч олддоггүй байсан. Мөн ямар нэгэн шүүх хуралд ороод үгээ хэлэх эрх хязгаарлагдмал байсан. Одоогийн Г.Баасан аль ч хуулийн чиглэлээр, хэний ч ярьсан яриаг хэн нь хуулийн дагуу зүйл ярьж байна, хэн хууль бус зүйл хэлж байна гэдгийг ялгаж салгах чадвартай болсон. Мөн өөрийгөө үндэслэлгүй баривчлуулаад байхгүй, өмгөөлөх хэмжээнд хүрсэн, өөр шигээ хүмүүст туслах хэмжээнд боломжтой боллоо.

-Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар хоёр сонгууль нэг өдөр зохион байгуулагдахаар байгаа. Гэхдээ хуулийн энэ заалтыг УИХ-ын зарим гишүүдийн улс төрийн тайлбар үгүйсгэж байх шиг байна. Боломжгүй, болохгүй гээд л. Энэ тал дээр эрх зүйч хүний хувьд тайлбар хэлээч?

-Хоёр сонгуулийг тусад нь, эсвэл хамтад нь хийх нь эрх баригчдын ашиг сонирхолтой нь холбоотой. Орон нутагт нэг нам нь, УИХ дээр нөгөө нам нь давамгайлсан байхад дээрээс гарсан шийдвэрийг орон нутагт нь унагадаг. Орон нутгаас санал санаачилга гарсан ч дээр нь дардаг. Бие биеэ чадах гээд ард түмнийг хохироодог. Хоёр сонгуулийг хамтад нь хийснээр үүнийг шийдвэрлэх боломжтой болно. 2,5-хан сая хүнтэй улсад сонгуулийг яагаад зэрэг хийж чадахгүй гэж. Тэгээд ч үүнээс нэг сая гаруй хүн л сонгуульд оролцоно шүү дээ. Бид энэ зэргийн зүйлийг шийдэх чадвартай болсон байлгүй дээ. 1990-ээд оноос хойш бид Ерөнхийлөгчийн сонгуультайгаа нийлүүлээд ес дэх удаагаа сонгууль өгөх гэж байна шүү дээ. Хэнд ямар ашиг сонирхол байгаа болоод ингэж хүчин төгөлдөр хуулийг үгүйсгээд байгааг харин тодруулж ил гаргах хэрэгтэй. Цаг хугацааны хувьд ч гэсэн хоёр сонгуулиа зэрэг явуулах нь үр дүнтэй. Бидэн шиг цөөхөн хүн ам, тархай бутархай оршин суудаг улс дахин, дахин сонгууль явуулаад байх ямар хэрэг байсан юм бэ.

-Та сонгууль луйвардах 30 гаруй арга байдаг гэлээ. Өмнөх сонгуулиар голлох ямар луйвар ашиглаж байсан бэ. Одоогийн хуулиар тэр луйврыг үгүйсгэж чадсан уу?

-Голлох луйвар нь иргэний үнэмлэхэн дээр л ажиллах шүү дээ. Иргэний үнэмлэхийг маш олноор хэвлэдэг. Тойрог хэсгийн хороодынх нь даргаар МАН-ын хуучин МАХН-ын л хүмүүс голдуу байдаг шүү дээ. Ганц хүнтэй айлыг таван ам бүлтэй болгочихсон ч байх шиг. Ер нь энэ намтай холбоотой зүйл их бий. Манай ард түмэн дандаа хожуу ухаардаг. Жишээ нь, лицензийн асуудлыг 2004 онд гаргаж тавиад “Монголын газар нутгийн дөрөвний нэгийг лицензээр худалдах нь гэж байна” гэж сэрэмжлүүлэхэд хэн ч ойлгохгүй байсан. Өнөөдөр ухуулж, түнхүүлээгүй газар нутагтай сум аймаг гэж байхаа больсон, газар болгон л жагсаал цуглаан хийж байна шүү дээ.

-2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг сонгууль дөхсөнтэй холбоотойгоор эрчээ авч байна. Улстөржсөн олон тайлбарууд, учир замбараагүй дүгнэлт дунд үнэн бодит байдал бүрхэг болох вий ч гэцгээж байна. “Жагсагч” хүний хувьд энэ хэрэгт ямар дүгнэлт өгч байна?


-Би ч яг долдугаар сарын 1-нд жагсаалд оролцоогүй л дээ. Харин маргаашнаас нь тэнд буудуулсан, шархадсан хохирогчдын араас явсан. Би үнэхээр чамгүй олон жил жагсч тэмцлээ. Сүхбаатарын талбай дээгүүр ч нэлээн эргэлдсэн. Цагдаа зоддог, Төрийн ордны хаалга ханз татсан гэх нэр ч авч үзсэн. Бишгүйдээ л муугаараа дуудуулсан. Энэ бүхнийг бодохоор долдугаар сарын 1-ний цуглаан тэгж их дийлэхээ болихоор тийм жагсаал, цуглаан болоогүй шүү дээ. Тэр өдөр өөрсдөө тэд шоу зарлачихсан байсан. Сургуулийн насны хүүхдүүд түүнийг нь үзэх гэж маш ихээр цугласан. Тэр өдөр МАН-ын гуравдугаар давхар, тавдугаар давхар шатсан. Яагаад дундах дөрөвдүгээр давхар нь шаталгүй тэгж сөөлжилсөн юм бэ. Дэлбэрсэн машины эзэд яагаад өнөөдрийг хүртэл гарч ирэхгүй байна. Тэнд шатсан машинуудын шатахууны саванд бензин байгаагүй. Бензинтэй байсан бол дэлбэрээд сүйд болох байсан.

Энэ бүхнийг ингээд бодохоор долдугаар сарын 1-ний жагсаалыг эрх баригчид өмнө нь бэлтгэчихсэн байсан гэж хэлэхээр байгаа юм. Цагдаагийн ажилтнууд өөрсдөө иргэдийн дунд энгийн хувцастай олноороо байсан баримтуудаас харсан ч цагдаа нар өөрсдөө өөгшүүлж байсан гэж дүгнэсэн ч болох биз. Энэ бүхнээс бид ямар дүгнэлт хийх ёстой вэ гэж бодохоор залуус сонгуульд идэвхитэй оролцож санал луйвардахаас урьдчилсан сэргийлж, дахиж ийм жагсаал цуглаан үүсэх нөхцөлд хүргэхгүй байхад цаашид анхаармаар байна.

-Талбай дээр өнгөрөгч онд их хурал, ард түмний цуглаан гээд л цөөнгүй улс төрийн арга хэмжээ болсон. Энэ бүхэнд иргэдийн оролцоо тийм ч их байсангүй. Иргэд жагсаалаас уйдчихсан уу, залхчихсан уу, айдаг болчихсон юм уу?

-Хэн жагсаал цуглаан зохион байгуулж байна гэдгээс их зүйл шалтгаална. Монголчууд уйдаж залхсан гэдгээс илүү хэн нь зөв буруу зүйл яриад байна гэдгээ ялгадаг болчихсон. Жишээлбэл, Н.Энхбаярын зарласан цуглаанд хүн ирэхгүй шүү дээ. Яагаад гэвэл Монгол Улсын газар шороог зараад, мөнгө төгрөг өгч албан тушаалд очдог, дургүй хүрснээ “нухдаг”, гаргасан хууль бус хэргийг илрүүлдэггүй энэ бүхнийг гардан гүйцэтгэгч нь Н.Энхбаяр өөрөө шүү дээ. Энэ хүн одоо миний хийсэн хууль бус үйлдлүүд энэ, миний эхнэрийн нэр дээрх ашигт малтмалын компани энэ гээд алдаагаа зарлаж, Оюутолгойг ингэж зарж байсан гэж үнэнээ хэлсэн цагт л түүнийг шударга гэж тооцъё. Ингээгүй байж өөрийгөө шударга хүн гэж ард түмнийг “доёолж” болохгүй биз дээ. Өөрийг нь төрийн өндөрлөгт байхад “Тэтгэвэр нэмээд өгөөч, олон хүүхэдтэй эхчүүдийн асуудлыг шийдээч” гэж хэлж байхад “Хүүхдүүд нь хулиган хүмүүсийн жагсч байна” гээд доромжилж байсан хүн.

-Н.Энхбаяр гэж ярьсных энэ хүн гуравдагч хүчин, сөрөг хүчний дуу хоолой болж ирэх сонгуульд оролцох гэж байгаа нь танд л лав таалагдахгүй байх нь ээ?


-Төрийн эрхэнд дахин гарч өөрийн олж авсан хөрөнгөө хамгаалж, хүмүүсээс хариу авах гэж байгаа юм. Монголын төрд Н.Энхбаяр бол хэзээ ч хэрэггүй. Түүнийг УИХ-ын дарга болгож үзсэн. Ерөнхий сайд ч, Боловсролын сайд ч болгож үзсэн. Бүр Ерөнхийлөгч хүртэл болгосон. Ямар ч албан тушаалд тавиад энэ хүнээс юу ч гарахгүй нь тодорхой болсон. Яах вэ, мөнгөтэй хүн мөнгөөрөө л тоглож сууна. Тэр хүн өөрчлөгдөөгүй.

-Тэр хүн өөрчлөгдөөгүй гэлээ. Харин өөр олон зүйл өөрчлөгдсөн. 2008 оноос хойш иргэний нийгмийнхэнд итгэх иргэдийн итгэл өөрчлөгдсөн. Иргэний нийгмийн нүүр царай, итгэл үнэмшил нь болж байсан хүмүүс намуудад дагаар орсон гээд л..?


-Би аль нэг намд дагаар ороогүй шүү дээ. /инээв/. Үнэн шүү. Зарим нь Ардчилсан намд орлоо. Зарим нь эсрэгээр нь унагах гэж байсан Ардын нам руугаа орлоо. Яах вэ дээ, хүн болгон адилгүй гэдэг. Хүний тэвчээр гэж зүйл бий. Ашиг сонирхол ч гэж бий. Бага мэдээлэлтэй байгаад түүндээ болоод хумигдсан байж болно. Хүн болгоныг заавал нийтийн төлөө өөрийгөө золигт гарга гэж хэлж чадахгүй нь. Миний хувьд хэзээ ч жижиг ашиг сонирхолд хууртахгүй.

-Таныг “орон сууц аваад чимээгүй болсон” гэх шүүмжлэлийг сонсч байсан юм байна?

-Нэгд, би ганцаараа байраар шагнуулсан хүн биш. Ардчилалд хувь нэмэр оруулсан гэж 56 хүнд байр өгсний нэг нь би. Нийтийн төлөө явсныг минь Монголын ардчилсан холбоо үнэлээд 2006 онд дээд шагналаа өгч, тэр шагналд нь байр өгсөн хэрэг. Олон хүн оромж, гэртэй болсон. Харин ч намайг дуугүй болоорой гэж өгөөгүй, эсрэгээрээ илүү сайн тэмцээрэй гэж шагнасан гэж бодож байгаа.

-Ер нь ингэж тэмцээд үр дүнд хүрэв үү?

-Үр дүнд хүрэлгүй яах вэ. Манай ахмадын тэмцлийн дүнд тэтгэврийн хэмжээ байнга өсч байна. Мөн олон хүүхэдтэй ээж нарын асуудал шийдэгдчихсэн. Тэдэнд одонгийнх нь мөнгө их хэрэг болж байна. Ахмадууд маань одоо 200 мянган төгрөгний тэтгэвэр авч байна. Маш олон ахмад дайчин орон сууцаар шагнуулсан. Ер нь бол үр дүнд хүрсэн, цаашид ч үр дүнд хүрсээр байх болно.

-Хуучнаар Нийслэлийн ахмадын хороо байсан байраа өгөхгүй гээд байсан. Алдчихсан уу?

-Манай өмч биш, нийслэлийн өмч байсан. Захиран зарцуулах эрх байхгүй ч дотор нь байрлаж гадныханд алдахгүй гэж тэмцэж байсан. Бид гадаадынханд алдаагүй.

Б.МАНДАХ
Ардын эрх

Wednesday, 21 July 2010

Г.БААСАН: Оюутан болоод хуулийг яагаад иргэдэд мэдүүлэхийг хүсдэггүйг ойлгосон

Нийгэмд тодорхой хэмжээний нөлөөтэй байсан хүмүүсийн хаана, юу хийж явааг уншигчдадаа хүргэхээр “Хаана явна” буланг нээлээ. Булангийн анхны зочноор “Ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн Г.Баасан уригдлаа. Түүний юу хийж явааг сонирхоорой.

-Нэг үеэ бодвол та чимээ­гүй болчихсон. Таны хаана, юу хийж яваа сонирхол татаад болдоггүй ээ?

-Улсынхаа нийслэлд ний­тийн тээврийн салбарт ажиллаж байна. Нийтийн тээврийн Үйлдвэрчний эв­лэлийн Хяналтын зөвлөлийн даргын хувьд татвар, мэр­гэжлийн хяналт зэрэг 11 хүний бүрэлдэхүүнтэй хоёр сарын турш аттестатчиллын шалгалтыг энэ салбарт явууллаа.

-Нийтийн тээврийн сал­барыг бүхэлд нь шалгасан юм уу?

-Тийм. Нийтийн тээврийн үйлчилгээ, зор­чигч­дын тохь тух, аюулгүй байдал зэргийг шалгасан. Мөн микро авто­бус яагаад “нисдэг авс” гэх нэр авсны учрыг олох гэж явсан. Энэ удаа том, бага оврын автобусыг бүгдийг хамруулсан.

-“Нисдэг авс” гэсний учрыг олов уу?

-Олсоон. Нийтийн тээврийн бодлого, авто зам, жолооч гээд аль алинд нь байна.

-Микро автобусны хувьд ийм байдаг байж. Харин том оврын автобусны хувьд ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

-Шалгалтын дүн одоогоор гараагүй бай­гаа. Өнөөдөр Улаанбаатар хотын менежер Ч.Баттай уулзаж цаашид энэ салбарыг зөв авч явахын тулд яах ёстойг ярилцана.

-Зөв авч явах талаар ярилцана гэхээр таагүй дүгнэлттэй байгаа юм байна даа. Тийм үү?

-Нийтийн тээврийн салбарын шав нь буруу тавигдсан байна. Байгаа орчин нөхцөлөө зөв ашиглаж чадвал болох юм билээ. Одоогоор 5000 микро автобус үйлчилж байна. Гэтэл жолооч нартай хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, нийгмийн даатгалыг нь ч төлдөггүй. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах ёстой. Төр чухал салбартаа анхаарал хандуулахгүй байна.

-Автобус компаниуд жолооч ажилд авах­даа нас заадаг болсон. 50-аас дээш настай жолооч нар ажилд орж чадахгүй байгаа?

-Энэ нь стандарттай холбоотой. Гэхдээ стандарт зөвхөн техникт л байдаг.

-Автобус компанийн удирдлагууд хоёр ээлжийн жолоочтой болсон. Үйлчилгээ сайжирч байгаа гэж ярьдаг. Бодит байдал дээр ямар байна вэ?

-Төрийн мэдлийн том оврын автобусны компани гурав байдаг. Тэд л хоёр ээлжийн жолоочтой байна. Харин зарим хувийн ком­панид ээлжийн жолооч алга. Энэ нь ослын байдалтай явж байна гэсэн үг. Өдөржингөө нэг хүн жолоо мушгихад хэцүү. Мэдээж нойр хүрнэ. Ихэнх автобус компаниудад улсаас авах нөхөн олговор чухал болж. Үйлчилгээг анхаарахгүй байгаа нь илт байсан.

-Сүүлийн үед том оврын автобусны жолооч нар осол гаргах нь ихэссэн. Энэ юунаас болж байна вэ?

-Олон хүний амь амьдралыг дааж явж байгаа автобусны жолооч хариуцлагатай байх ёстой. Өнгөрсөн амралтын өдөр Төв шуудангийн өмнө I хорооллын автобус 50 настай хүн дайрсан хэрэг гарлаа. Гэтэл бага хэмжээний шатахуун нормоор өгснөөс болж, жолооч нь түүнийгээ хүргэх гэж яваад л хүн дайрсан байна лээ. Дөрвөн дугуйны нэгнийх нь л тормос барьж байна. Гэтэл ээлжийн техникийн инженер ямар ч хариуцлага хү­лээхгүй, зөвхөн жолооч буруудаж байна. Тий­мээс техникийн бүрэн бүтэн байдал, урсгал засварыг сайн хийж байх хэрэгтэй.

-Бурхан жолооч нар ховор болж дээ?

-Бурхан жолоочийг бэлтгэхгүй байгаад учир байна. Хоёр хоногийн сургалтад хамраг­даад л автобус жолоодож байна. Энэ удаагийн шалгалтаар гүн рүү нь ороогүй. Зөвхөн өнгөц­хөн шалгалт хийхэд л ийм байна.

-Өө мартах шахлаа. Оюутан болсон гэл үү?

-Тийм ээ. МУИС-ийн хуулийн ангийн оюутан болсон. 2.5 жилийн хугацаатай суралцана.

-Оюутан болсон чинь ямар санагдав?

-Гоё. Тархиндаа шинэ хоол өгөхөд сайхан байна.

-Жилийн хугацаанд хуулийн цоорхойг хардаг болсон уу?

-Тэр нь ч арай юу юм бэ. Манай хууль уг нь сайн шүү дээ. Даанч амьдралд эсрэгээрээ хэрэгжээд байдаг юм байна.

-Тэгэхээр хэрэгжүүлдэггүй л болохоос хуульд ярих юм байхгүй гэх гээд байна уу?

-Хэрэгжүүлэхгүй байна. Зөвхөн хуулийг сайн мэддэг хүмүүс л цоорхойг нь ашиглаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний хууль мэдэхгүйг далимдуулж хуураад байна. Мэдүүлэхийг ч хүсдэггүй юм шиг санагдсан.

-Яагаад?

-Хууль сурталчлахаар хөрөнгө төсөвлө­дөг. Төсөвлөсөн хөрөнгөөрөө хуулиа суртал­чилдаггүй. Хэрэв ажлаа хийдэг байсан бол ард түмэн хуулийн наад захын ойлголттой байх байсан. Сүүлийн үед хууль мэддэг болсон шүү. Мэдээж бүгд биш л дээ. Өөрсдийнхөө төлөө тэмцдэг хүмүүс л сайн мэдлэгтэй байна.

-Нийтийн тээврийн салбарт хийсэн шалгалтын ажлаа дуусгаад юу хийх бодолтой байгаа вэ?

-Төлөвлөсөн олон ажил байна. Алинаас нь барьж авахаа мэдэхгүй байгаа. Нэг дүүргийн хороог барьж авдаг юм бил үү.

-Аль дүүргийг сонгох вэ?

-Баянзүрх. Хорооны ажил яаж явагддаг, юу нь болохгүй байна, иргэддээ хүрч үйлчилж чадаж байна уу гээд л шалгах юм их дээ.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийтийн тээв­рийн салбарт шалгалт хийхийн зэрэгцээ хичээлдээ яваад завгүй явжээ. Түүний үг хэлсэн хүний толгойг цавчдаг төргүй ч байсан болоосой. Толгойгүй болохгүйн тулд олон хүн дуугүй суухгүйсэн гэсэн үгээр төгсгөе.

Б.МЯГМАНСАНЖ