Showing posts with label ЖАРГАЛСАЙХАН Базарсадын. Show all posts
Showing posts with label ЖАРГАЛСАЙХАН Базарсадын. Show all posts

Wednesday, 12 June 2013

Б.Жаргалсайхан: МАН-ынхан гахай, нохой шиг л идэж, уулаа

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Бүгд найрамдах намаар сонин сайхан юу байна?
-Бүгд найрамдах намаар тайван байна. Манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төрд оролцох боломжгүй.  Гэхдээ улс төрийн байгууллага гэдгийнхээ хувьд аль нэг сонголтыг хийх ёстой ш дээ. Манай намын олон гишүүд дэмжигчид байна. Тэгэхээр гишүүд дэмжигчид маань манай нам ямар байр суурьтай байгаа бол гэдгийг харж байгаа байх. Намын даргын хувьд хэлэхэд намын гишүүд болон дэмжигчид бүгд энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намыг дэмжиж оролцох хэрэгтэй. Ялангуяа өсвөр үеийн ирээдүй болсон залуучууд, цаашид монгол орныг авч явах залуучууд элдвийн зүйлд авталгүй ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс улс эх орныхоо төлөө сонгуульд заавал идэвхитэй оролцож саналаа өгөх хэрэгтэй.

-БНН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН-тай нэгдэж сонгуулийн дүнг эсэргүүцээд байсан. Ардчилсан нам шиг төрд хэрэггүй зүйл гэж байхгүй гэж хэлж байсан. Харин одоо яагаад байр сууриа өөрчлөх болов?
-МАН сүүлийн гурван удаагийн сонгуулийг дандаа луйвардаж ялсан. Хорооны дарга, Засаг дарга, дүүргийн дарга нарыг асар их хэмжээний мөнгөөр хахуульдаж хуушуурны гурван төгрөг тарааж байж, иргэдийг хуурч молигдож саналыг нь авсан тухай л ярьж байсан. Тэрийг л хэлсэн юм. Ардчилсан намын хувьд тэр муухай үлгэр дуурайллыг дахин бүү давтаасай гэсэн үүднээс сануулж байсан.

-Хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг өөрийн гэсэн шалгууртай байх ёстой. Үүнийг хэрхэн тодорхойлох вэ?
-Ямар ч байсан Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол олимпд бэлддэг тамирчны ажил биш. Ямартаа ч дэлхийн урлагын салбарын сайтууд дээр гарсан “Ганнам стайл” шиг урлаг биш шүү дээ. Монголын улс төрийн толгойг бид тодорхойлох гэж байна.  Өөрөөр хэлбэл Монгол Улс арчдилсан орон мөн үү, биш үү. Ардчилсан орон байх ёстой юм уу, үгүй юм уу. Үүнийгээ бид бүхэн тодорхойлох гэж байгаа юм. Түүнээс биш “Ганнам стайл”, Олимпийн аваргаа тодруулах гэж байгаа хэрэг биш шүү дээ. Үүнийг ойлгох хэрэгтэй.

-МАН-аас энэ удаагийн сонгуульд бөх хүнийг нэр дэвшүүлсэнд та сөрөг байр суурьтай байгаа юм аа даа?
-Яахав. Б.Бат-Эрдэнэ хувь хүнийхээ хувьд сайхан хүн. Хийдгээ хийчихсэн үе нь өнгөрчихлөө. УИХ-д гурав, дөрвөн удаа сонгогдсон. Одоо тэр хүнээс дахин шинэлэг зүйл гарна гэж бодохгүй байна. Манай улс хоёр талдаа хятад, орос гэсэн хоёр орны дунд оршин тогтнож байна. Сүүлийн 23 жил манай улс ардчилсан замыг сонгож замналаа. Ардчилсан орнуудтай хамтын ажиллагаагаа идэвхижүүлсэн. Түүний хүчинд бид өнөөдөр хөгжил дэвшлийн зам руугаа явж байгаа шүү дээ. Японы засгийн газар гэхэд манай бүх эрчим хүчний салбарыг өөд татаж бид айх аюулгүй явж байгаа. Одоо бидний барьж байгаа гар утсыг анх япончууд оруулж ирсэн. Америкчууд бидэнд ам.доллар хүргэдэг болсон. Өмнө нь бид чинь төгрөгтэй л харьцдаг байлаа төгрөгөөрөө авах юм байдаггүй байлаа шүү дээ. Харин одоо бол та төгрөгтэй бол төгрөгөө ам.доллараар солиулаад дэлхийн аль ч улс оронд худалдаа арилжаа хийж, аль ч улс оронд зорчиж болно. Бидэнд энэ боломжийг ардчилсан америк улс олгосон. Дээр нь Европ гэж байна. Боловсрол, соёл гээд  бидэнд үлгэр жишээ болж байгаа. Техник технилоги гээд бидэнд өгсөн зүйл их. Тухайлбал, Эрдэнэт хоёр том турбагаар Орхон голоос ус татаж байна ш дээ. 70 км зайнаас Симисийн хоёр том насосоор татаж байгаа. Симис бол Германы том компани юм.
Ер нь гудамжаар алхах залуучууд бүдгээрээ л цэвэрхэн хувцасласан ихэнх нь  машинтай болсон байна. Гэхдээ бидэнд дутуу дулимаг зүйл бий. Энэ асуудал зөвхөн улстөрчидтэй холбоотойгоос гадна иргэн та бидэнтэй холбоотой. Манайд одоо ч хэсэг хүмүүс нь баяжиж, хэсэг хүмүүс нь ядуу хэвээрээ амьдарч байгаа шүү дээ.

-Энэ байдлаас яаж гарах юм бэ?  
-Өөрсдийгөө дайчилж ажил хэрэгч болох хэрэгтэй. Хэрхэн ажил хөдөлмөр эрхлэх вэ гэдгээ сайн боддог байх ёстой.  Тэгж чадваас бид бүгдээрээ сайхан амьдрах боломжтой. Ардчилсан орнуудын хамтын ажиллагааны байгууллага Азийн ихэнх орнууд дундаас цөөхөн монголчуудад тусалж байгаа. Харин манай хоёр хөрш бидэнд туслахгүй байна гээд хэлчихвэл хилсдэхгүй болов уу . Нэг  хөрш нь хамаг ам.долларыг нь хамаад дэлхийн хаана ч байхгүй өндөр үнэтэйгээр шатахуунаа шахаж байгаа. Энэ нь хоёр улсын ямархан харилцаатай вэ гэдэг нүүр царайг харуулж байна гэсэн үг. Нөгөө нь хятад хөрш.  Хамгийн чанар муутай барааг хамгийн өндөр үнээр манайд нийлүүлдэг. Дээр нь хамаг түүхий эдийг нь хамж авдаг. Өөрөө хэлбэл, мөнгөн хэлбэрт шилждэг бүхий л түүхий эдийг маань хамсаар байна. Үүнээс болж бид ядуураад байгаа шүү дээ. Харин гуравдагч орон болох ардчилсан орнууд бол тэс өөр. Монгол Улс хөгжих хэрэгтэй гээд бүхий л талаас нь дэмжиж тусалж байна. Саяхан л гэхэд Засгийн газар бонд гаргалаа. Эхнээсээ өгч байгаа. Улс орноо хөгжүүлье гээд. Тийм учраас ядаж төр нь арчдилсан байвал зүгээрсэндээ. Зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгохоос гадна Монгол орныг  дэлхийд харуулах нүүр царай шүү дээ. Монголчууд гэдэг чинь ямархуу ард түмэн юм бэ гэдгийг л харуулж байгаа хэрэг гэж ойлгож байгаа. Тиймээс та бидний сонголт бол ертөнцийн хөгжлийг сонгох гэж ойлгож болно.

-Чингис бондыг МАН-ынхан шүүмжилж байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ. Таныхаар тэрхүү мөнгийг юунд зарцуулах ёстой вэ?
-Тэр УИХ-д сууж байгаа юмнууддаа хэл. Наадах мэдээллийн хэрэгслээр дамжуулж битгтий дэмий юм донгос гэж. Улс орноо хөгжүүлэхийн тулд хаанаас ч хамаагүй та нараар заалгахгүй мөнгийг авч байх болно. Тэдэн шиг өөрсдөдөө зориулж идэж уугаагүй л бол улс орондоо зориулахын төлөө мөнгө авч болно.  Улс орноо хөгжүүлэхгүй гээд яах юм. МАН-ынхан бол өнгөрсөн жилүүдэд өөрсдөө гахай, нохой шиг л идэж уулаа. Гахаж цацатлаа таргаллаа. Тийм учраас одоо дэмий юм донгосдогоо болих хэрэгтэй.

-Сүүлийн үед гараад байгаа мөнгө угаасан, авлига авсан гэх хэргийн тухайд?
-Энэ гараад байгаа авлигын хэргүүдийг хардаа. Хэн байна тэр чигээрээ МАН-ынхан. МАН-ныхныг шалгах юм бол 99 хувь нь шоронд орох байх. Тиймээс тэдэнд олон долоон юм донгосох эрх бас нүүр байхгүй. Харин яаж хөөрхий Б.Бат-Эрдэнийг урдаа бариад нэрийг нь дэвшүүлээд гүйгээд байгаа юм. Яахав Бат-Эрдэнэд том улаан дээл өмсгөөд доогуур нь нуугдах нь л дээ. Нөгөө авлига хээл хахуулиа нууж хайцаалах гэж. Арга нь л тэр байхгүй юу. Мэдээж Б.Бат-Эрдэнэ гарлаа гэж бодоход намынхныгаа оролдохгүй нь ойлгомжтой. Ц.Элбэгдоржийн хувьд МАН-ынг хайрлахгүй сайн цэвэрлэж өгнө. Тийм учраас энэ цэвэрлэгээг гүйцэд хийлгэ. Битгий садаа бол.

-Эдгээр хэргүүдийг МАН-ынхан сонгуультай холбож тайлбарлаад байгаа шүү дээ?
-Хамгийн үнэтэй машиныг хэн аваад, хамгийн үнэтэй байшинд хэн амьдарч байна. Яваад үзэлдээ. МАН-ынхан л байна. Тийм биз дээ. Зайсангийн амаар нэг МАН-ынхан амьдарч байгаа. Хойд хэдэн уулын амуудаар дүүрэн МАН-ынхан амьдарч байгаа. Гадаадад өчнөөн байшингууд худалдаад авчихсан. Хамгийн үнэтэй машин унацгааж байна. Ойлгомжтой шүү дээ. Төрийн албанд ажиллаад тийм өндөр цалин аваад тийм үнэтэй юм авсан гэж үү. Үгүй байлгүй дээ. Төрийн ажлыг хийхэд тийм өндөр цалин өгөөгүй л байх. Өнгөрсөн 23 жил. Тиймээс сонгууль болохын хооронд тийм дэмий зүйл донгосоод хэрэггүй байх. Шалгах ёстой юмаа шалгах л хэрэгтэй. Намайг ч гэсэн гурван удаа шоронд хийж байсан. Би тэрэнд нь гомдоогүй. Намайг шалгалаа гээд. Би очоод л шалгуулж байсан. Харин МАН-ынхан хэл амгүй очоод шалгуулах газартаа шалгуулах ёстой. Хуулийн өмнө бүдгээрээ тэгш эрхтэй амьдрах хэрэгтэй. Тайлбар байхгүйгээр шалгуулах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Тэгээд нэг их худлаа царайлаад сонгуультай холбож тайлбарлаад хэрэггүй гэж бас хэлмээр байна МАН-ынханд. Авлигын хэргийг Ерөнхийлөгчийн сонгууль болсон ч хамаагүй шалгаж дуусга. Дуусгах ч хэрэгтэй. Харин энэ ажлыг тасалдуулахгүйн тулд Ц.Элбэгдорж заавал дахин сонгогдох хэрэгтэй байна.

-Таван толгой, Оюу толгойн гэрээ өмнөх Засгийн газраас өвлөгдөж ирсэн ч одоо энэ Засгийн газрын буруу мэт ярьж байна. Энэ талаар та эдийн засагч хүний хувьд ямар байр суурь баримталдаг юм бол?
-Миний мэдэхийн С.Баяр гэж нөхөр байсан юм. Ерөнхий сайд байсан тэр үед би толгойгоороо хариуцна гээд тэр гэрээг хийж гарын үсгээ зурсан. Тэр тухай дүрс бичлэгүүд нь одоо байгаа байх. Одоо тэгээд энэ асуудлыг өөр нам дээр тохоод байх шаардлагагүй. Тэр С.Баярынхаа толгойгоор хариуцлагаа тооцох хэрэгтэй л дээ.

-Ирэх дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажиллах хүн хэрхэн ажиллавал улс эх орны хөгжилд тустай вэ?
-Ерөнхийлөгчийн хувьд гэвэл илүү их эх орынхоо тусгаар тогтнолыг, гадаад улс орны хамтын ажиллагааг улам идэвхижүүлэх хэрэгтэй. Түүнчлэн санхүүгийн зээл тусламж оруулж ирэх, дотоодод шударга ёсыг тогтоох ийм л үүрэгтэй ажиллах хүн шүү дээ. Энэ ажлаа улам идэвхитэй хийх байх гэж бодож байна. Ц.Элбэгдоржийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг өдөр л сэлэм далайгаад бүгдийг нь хийчихгүй шүү дээ. Хийсэн ажлаа дуусгах боломжтой Ерөнхийлөгчөө л сонгох хэрэгтэй болов уу.

-Ерөнхийлөгч бол улс эх орны бэлэгдлийн чанартай гэж үзэх хүмүүс бий?
-Өнөөдөр бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонгууль болоод өнгөрнө. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ. Хүн бүр өөрийн амьдрал зовлон, жаргалын дунд ажиллаад л явна. Гэхдээ өнөөдөр бид улс орноо шүүмжлэхийн тулд энэ олон бузар, булай арчаагүй байдлаасаа салах хэрэгтэй.  Манай  ард түмэн ийм сайхан өргөн уудам газар нутагтаа, амар амгалан сайхан амьдрах бүрэн боломжтой юм. Үүнд садаа болж байгаа ганцхан зүйл нь бидний энэ ёс зүйгүй байдал, хариуцлагагүй байдал, ховдог шунахай байдал гэж боддог. Энэ бүгдээс л салах хэрэгтэй. Үүнээс салахын тулд бид бүхэн Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг сонгох явдал шүү дээ. Эх орноо гэсэн, хөгжил дэвшлээ гэсэн сэтгэлтэй хүн бүрийн сонголт гэж бодож байна. 
Э.ОЮУНЦЭЦЭГ
www.medee.mn

Monday, 4 March 2013

Б.Жаргалсайхан: МАН, МАХН яагаад нэгдэж болохгүй гэжR

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханыг энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-д урьж, цаг үеийн  асуудлаар ярилцсан юм.

-МАН, МАХН гэдэг хоёр нам эвсэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох үйл ажиллагааг идэвхжүүлээд байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-МАН, МАХН эвсэж, нэгдэхийн тулд эхлээд намынхаа дотоод амьдралыг эргэж харах ёстой байх гэж бодож байна. Ардын намынхны хувьд эхний ээл­жинд өөрийн намыг ингэж хоёр хуваагдах хүртэл нь үйл ажиллагаа явуулсан, сон­гуульд удаа дараа ялагдал хүлээлгэсэн буруутнуудад арга хэмжээ авч, хариуцлага тооцох нь зөв алхам болно гэж хэлэх байна. Ингэж чадвал намын үзэл бодол, хөтөлбөрөө ойртуулах тухай асуудлыг ярих хэрэг гарах байх. Үүний дараа хоёр нам эвсэх, нэгдэх тухай асуудлыг ярихад болохгүй гэх газаргүй. МАН, МАХН хоёр нэгдэж яагаад болохгүй гэж. Дэлхий дээр нийлдэг, салдаг зүйлс өчнөөн бий. Эхнэр, нөхөр салах нь бүү хэл эрүү, толгой салдаг орчлон шүү дээ.

-Энэ хоёр нам нэгдлээ гэхэд ирээдүйг нь та хэрхэн дүг­нэж байна вэ. Зарим хүн “Ерөн­хийлөгчийн сонгуульд эвсэж оролцохоос өөр гарц байхгүй учир энэ бүх жүж­гийг зохиож байгаа. Цаашид хамтрах нь юу л бол” гэх юм билээ?
-Ерөнхийлөгчийн сонгуульд эв­сэж оролцоод, цаашид сална уу, нийлнэ үү хэнд хамаатай юм бэ. “МАН, МАХН эвснэ, нэгдэнэ” гэдэг бол тийм чухал, сонин үйл явц биш шүү дээ.

-Яагаад?
-МАН, МАХН гэдэг хоёр нам чинь урьд нь нэг л нам байсан биз дээ. Хэсэг, бусаг хүмүүсийн хоорондын зөрчил л өнөөдөр МАН, МАХН гэсэн тасархайг бий болгочихсон шүү дээ. Тиймээс тэр хүмүүс нь ойлголцоод өмнө нь нэг нам байсан хоёр нам өнөөдөр нэгдэх нь тийм ч сонин зүйлд тооцогдохгүй гэж хэлэх гээд байгаа юм. 

-УИХ-ын 2012 оны сонгуульд танай нам МАХН-тай эвсэж оролцох гэж байгаад Хамаг Монголын хөдөлмөрийн нам­тай хамтарч эвсэл байгуулж оролцсон. Хэрэв та анхныхаа шийдвэрт үнэнч байсан бол өнөөдөр УИХ-д суудалтай нам болж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ намаасаа сон­гох гээд явж байх байсан. Та тухайн үед гаргасан шийдвэртээ харамсдаг уу?
-Ямар нэгэн байдлаар харамсаад байх зүйл алга. Бүгд найрамдах нам бол хөгжил дэвшлийн нам. Улс орныг эрчимтэй хөгжүүлж байж ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх зорилготой шүү дээ. Ха­рин бусад нам нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг зорилгоо болгочихоод байна. Энэ хүрээндээ нийгмийн халамжийг хавтгайруулж, ард иргэдээ өдөр хоногийг аргацаах байдалтай амьдруулж байна. Түүнээс биш хөгжлийн тухай асуудлыг хөтөлбөр, зорилго, зорилтдоо оруулахгүй өнөөд­рийг хүрч байна. Харин манай нам бол 1990 оноос хойш улс орноо хөгжүүлье. Монгол Улсыг аж үйлдвэржсэн орон болгоё. Монгол хүнийг хариуцлагатай, ажил хэрэгч болгоё гэсэн зорилтуудыг дэвшүүлж ирсэн. Одоо ч энэхүү зорилгоо дэвшүүлж байна. Цаашид ч энэ байр суурин дээрээ баттай зогсоно гэж хэлэх байна.

-Бүгд найрамдах намын үйл ажиллагаа улс төрийн намуудын хэмжээнд байгаа гэж та хэлж чадах уу. Хатуугаар хэлэхэд бай­гаа, байхгүй нь мэдэгдэхгүй байгаа шүү дээ. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Өнөөдөр үзэл суртлын намууд байх ёсгүй л байхгүй юу. Тэр ч бүү хэл намуудын гишүүнчлэл ч гэж байх ёсгүй. Яах вэ, намууд төв аппараттай байж бол­но. Тэр нь сонгуульд бэлтгэдэг, лидер улстөрчдийг төрийн үйл ажиллагаанд оруулж, улс орны хөгжлийг тодорхойлох хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэг­жүүлэх зорилготой байх ёстой. Гэтэл өнөөдөр манайд үйл ажиллагаа явуулж байгаа намууд иргэдийг өөрсдийн үзэл суртлаар “цэнэглэж”, гишүүнчлэх ажиллагаануудыг да-лайцтай явуулах болж. Энэ бол туйлын буруу асуудал. Хүн намын гишүүнчлэлд баригдаж, али­ваа асуудалд хандах ёсгүй. Хүний үзэл бодол өглөө босоод л өөрчлөгдөж байгаа өнөөдрийн энэ нөхцөл байдалд  иргэн хүн улс төрийн эрх чөлөөг эдлэх эрхтэй. Социализмын үед иргэн бүрийг нэг намын гишүүн болгоод бүгдийг нь намын харьяалал, үзэл суртлаар нь дамжуулж удирдан зохион байгуулж байсан. Өнөөдөр энэ байдлаас бид салах хэрэгтэй байна шүү дээ. Тиймээс Бүгд найрамдах нам гишүүнчлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж, зөвхөн сонгуулийн жилд л идэвхтэй үйл ажиллагаа явуулж, сонгуульд идэвхтэй оролцохын төлөө ажилладаг. Энэ хэрээрээ улс орны хөгжлийг тодорхойлох мөрийн хөтөлбөрийг маш хариуцлагатайгаар бэлтгэж, сонгуульд оролцдог гэдгийг энд онцлох хэрэгтэй. Өнөөдөр ард­чиллын үлгэр жишээ болсон АНУ-ын хамгийн том нам болох Бүгд найрамдах нам, Ардчилсан нам гишүүнчлэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Яг л манай намтай ижилхэн сонгуулийн үеэр л үйл ажиллагаагаа идэвхжүүлдэг байх жишээтэй.

-Тэгэхээр манай улсад социалист системийн намын тог­толцоо бүрэн гүйцэд задарч, үгүй болоогүй байна гэсэн үг үү?
-Өнөөдрийн намууд маань үйл ажиллагааныхаа гол чиглэлийг хуучны социалист системээсээ хуулбарлаад авчихсан байгаа юм. Тэр үеийн үзэл суртлаар л нийгмийг удирдан зохион байгуулж байна. Түүнээс биш зах зээлийн эрэлт, хэрэгцээ, хуулийн өмнө иргэн бүр эрх тэгш байх асуудал тэдэнд юу ч биш. Намын уриа лоозонгоор иргэдийг хүмүүжүүлэх гэж оролдох нь өнөөгийн нийгэмд бүтэхгүй зүйл гэдгийг ойлгох цаг ирсэн гэдгийг сэхээрэх хэрэгтэй байна.

-Энэ бүхнийг эхнээсээ ойлгоод намын шинэчлэл гэсэн зүйлийг их ярих болж. Тухайлбал, Ардын намын зарим гишүүд намын шинэчлэлийн тухай асуудлыг хурцаар хөндөх болсон. Энэ хүрээндээ ч олон үйл ажиллагаа хийж байх шиг байна. Та Ардын намын шинэчлэлийг хэр­хэн дүгнэж байгаа вэ. Ер нь шинэч­лэгдэж чадах болов уу?
-Энэ бол их том асуудал шүү дээ. Үүний тулд улс төрийн намуудын тухай хууль, намын дотоод дүрэм, журмыг өөрчилж, шинэчлэх ёстой. Намуудыг гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй. Мөн сонгуулийн тухай хуулийг ч өөрчлөх ёстой. Тухайлбал, сонгуулийг 100 хувь мажоратори тогтолцоогоор зохион байгуулдаг болох хэрэгтэй.Хэрэв ингэж чад­вал намын дотоод ардчиллыг хөг­жүүлэхэд маш их түлхэц болно. Өөрөөр хэлбэл, намын төв аппарат хариуцлагатай болж, намын дотоод амьдралд шинэчлэгдэх үйл явц хурдан өрнөх юм. Нам дотоод дахь амьдралаа хэр зэрэг шинэчилж чадна. Намуудын үйл ажиллагаа төдий чинээ хариуцлагатай болж эхэлнэ. Намын ардчиллыг хөг­жүүлж, намаа шинэчлэх нь зүйн хэрэг. Харамсалтай нь энэ асуудал манайд маш удаан өрнөж байна.  УИХ-ын сонгуулийн тухай хуульд порпорциональ системийг оруулснаас болоод маш их хохирч байгаа. Хэн дуртай хүн нь ороод сонгуулийн саналын хуудсыг тоолдог. Үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг болгомоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийг ил тод зохион байгуулдаг болох ёстой.

-МАХН, МҮАН-ынхан эвсэж, “Шударга ёс” эвслийг байгуулж, УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсон. Гэтэл одоо энэ эвсэл ганхаж эхлэх гээд байх шиг байна. Энэ бүх үйл явцыг юу гэж харж байна вэ?
-Улс төрийн хариуцлагагүй байгаа нөхцөлд салж, нийлэх асуудал юу ч биш. Улс төрийн гэрээ, хэлэлцээр хийчихээд хариуцлагатай байж чадахгүй бол салах л хэрэгтэй шүү дээ. Өөр ямар гарц байгаа юм бэ.

-УИХ-д олонхи болсон Ардчилсан намынхны дураараа авирлах үйл явц хэрээс хэтэрлээ гэж бусад намынхан нь шүүм­жилж байгаа. Таны хувьд тэдэнтэй санал нэг байгаа юу?
-Би хувьдаа Ардчилсан намын­хан дураараа авирлаад байсан зүйл байхгүй гэж харж байгаа. Төрийн байгууллагыг удирдах зохион байгуулах эрх, үүргийг эдлэх гээд  төрийн албанд хүмүүсээ байршуулж байна. Үүнийг л дээрх маягаар тайлбарлаад байх шиг байгаа юм.

-Үүнийхээ төлөө Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа бусад намын төлөөллийг хяхаж, хавчиж эхлээд байгаа юм биш үү. Үүний тод жишээгээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал асан, МҮАН-ын дарга М.Энхсайханыг нэрлэж болох байна?
-Төмөр зам барихын тулд өргөн, нарийн цариг тавих уу гэдгийг бид шийдэхгүй. Эхний ээлжинд хоёр хөрштэйгөө ярилцаж, улс төрийн шийдвэр гаргах ёстой байгаа юм. Үүний дараа бид төмөр зам барих уу, үгүй юу гэдгээ шийднэ. Түүнээс биш энэ бол хоёр хүний ярьж байгаад шийдчих асуудал биш гэж хэлэх байна.

-Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сард бол­но. Ардчилсан намынхны хувьд одоогийн Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­доржийг дэмжинэ гэдгээ илэр­хийлсэн. Харин парламентад суудалтай бусад намынхан нэр дэвшигчээ тодруулж чадах­гүй хэмжээнд байна. Та Ерөн­хий­лөгчийн сонгуулийг хэр­хэн харж байна вэ. “Ерөн­хийлөгчийн сон­гуулийн үр дүн нь тодорхой” гэсэн утгатай мэдээлэл сүүлийн үед их гарах болж?
-Монголын ард түмнийг ингэж доромжилж болохгүй л дээ. Монгол Улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхийг 1990 онд олж авсан. Энэ эрх чөлөөг нь урьдчилсан байдлаар тооцоолж, дүгнэж цэгнэх эрх хэнд ч байхгүй. Сонгууль бол ил тод, өрсөлдөөнтэй болох ёстой. Үүний төлөө л сонгууль гэдэг зүйлийг хийдэг юм. Түүнээс биш нэг хүнийг буцаагаад томилчихдог бол сонгууль хийж яах гээд байгаа юм бэ. УИХ, Засгийн газар нь хуралдаад л шууд томилчихсон нь шулуухан биз.

-Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэтэй та холбоотой байгаа юу?
-Үнэнийг хэлэхэд ойрд огт холбогдоогүй юм байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Р.САРАНГОО
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Tuesday, 19 February 2013

Б.Жаргалсайхан: Үйлдвэрлэлээ тэр тусмаа ноолуурын салбарыг дэмжих хэрэгтэй байна

БНН-ын дарга, "Буян" компанийн захирал Б.Жаргал­сайхантай  ярилцлаа.

-Төр, засгаас үйлдвэр­жилтийг дэмжиж ажиллаж байгаа гэх ч үнэн хэрэгтээ дэмжихгүй байгаа талаар ярих хүн олон байна. Та ямар бодолтой явдаг вэ?
jargalsaihan-Монголчууд 20 гаруй жил буруу замаар явлаа. Уул уур­хайн үр шимээр хөгжинө гэж ташаа ойлгож ирлээ. Анх алт моодонд ороод хэн хүнгүй л алт ухаж эхэлсэн, эцэст нь юу үлдэв. Энд тэндгүй овоолсон шороо, хэдэн тэрбум төгрө­гийн өртэй алтны компаниуд л үлдэж. Арилжааны банкуу­дыг дампууруулчихсан. Алт­ны дараа нүүрс моодонд орсон байхгүй юу. Төр зас­гийн удирдлагуудаас эхлээд бүгд л чухам нүүрсээр баяжих юм яриад сүйд болоод бай­сан. Одоо нөгөө сүйд болоод Монголыг тэжээх гол хөшүү­рэг гээд байсан нүүрсийг ху­дал­даж авдаг газар дэлхийд бараг байхгүй болчихсон. Яваандаа  нүүрсний тухай, Тавантолгойн тухай ярихгүй болох байх. Одоогоос 15,16 жилийн өмнө тонн зэс 1500 ам.доллар байсан. Өнөөдөр найман мянган ам.доллар болоод байна. Магадгүй зэ­сийн үнэ цаашдаа уначих юм бол баяжих бүх найдвар бу­даа. Тэгвэл Оюутолгойн тухай ярих шаардлагагүй болно. Үнэндээ бол бид бэлэн юм энд тэндээс ухаж аваад л хүнд өгөөд баяжих юм гэж яриад байна. Тэр бүтэхгүй ээ. Хөлс хүчээ гаргаж байж л сайхан амьдарна. 23 жил бид сайхан амьдрал хайсан шүү дээ. Дээр дооргүй хялбархан амьдрал хайсан. Эрээнээс хэрэгтэй, хэрэггүй бараа олж ирээд гурав нугалж зардаг байлаа. Одоо Эрээнээс ба­раа олж ирлээ ч хэн ч авахгүй болчихож. Тиймээс цорын ганц арга зам бол үйлд­вэр­лэлээ хөгжүүлэх. Үүний дотор хүнсний үйлдвэр, хөнгөн үйлд­­вэрээ хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал байна. Хөнгөн үйлдвэр, хүнсний үйлд­­вэрт залуучууд их ажил­ладаг. Тийм учраас нийгэмд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол залуучуудын ажил­гүйдэл. Өнөөдөр залуу­чуудад зориулаад ажлын байр бий болгосон тохиолдол огт байхгүй. Иймд улс орны хөгжлийн гол түлхүүр нь үйлд­вэржилтээ дэмжих яв­дал. Бүх зүйл ойлгомжтой байна шүү дээ. Зөвхөн ноо­луу­рыг дэмжээд өгөхөд л үр дүн шууд харагдана.

-Тухайлбал яаж?
-Монголчууд жилдээ 7000 орчим тонн ноолуур бэлтгээд 3000 орчим тонныг нь л до­тоод­доо хэрэглэж байгаа шүү дээ. Нүүрс нэг тонн нь 50 ам.доллар, зэс 7000 ам.доллар, тэгэхдээ хорьхон хувийн зэс шүү. 7000-ын 20 хувиар бодохоор 1400 ам.доллар. Гэтэл нэг тонн самнасан ноолуур хэд гээч, 80 мянган ам.доллар. Бүтээг­дэхүүн болохоороо 300 мянган ам.доллар. Гэтэл зэ­сийг хайлуулбал 1000 ам.дол­лар, нүүрсийг боловс­руулбал 200 ам.доллар л хүрнэ. Аль нь ашигтай байна. Гэтэл нүүрс, зэс стратегийн ач холбогдолтой, ноолуур боло­хоор стратегийн биш юм гэнэ. Ноолуур бол нөхөн сэргээг­дэнэ. Ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийдэг хамгийн орчин үеийн үйлдвэр байгуу­лахад энэ салбарт 80 мянган хүн ажилтай болно. Өнөөдөр Оюутолгой дээр 3000 хүн ажлын байртай боллоо гэж сүржигнээд байна. Гэтэл ноо­луу­рын салбарт 8000 хүн ажиллаж байна. Энэ үйлд­вэрүүд түүхий эдгүй болчих­вол энэ 8000 хүн ажилгүй болно.

-Монголчууд ямааны­хаа ноолуурыг дэлхийн брэнд болгох талаар сүү­лийн жилүүдэд ярих бол­сон. Гэвч энэ талаар олиг­той хийсэн юм харагдахгүй байгаа юм шиг санагддаг?
-Ноолуур брэнд болно гэдэг хэцүү. Маш сайн чана­рын, загвар сайтай хувцас, хэрэглэл хийж байж брэнд болно. Хүмүүс гоё загвартай хувцас авах сонирхолтой байдаг.  Тэр нь ноолуур бай­на уу, өөр эд материалаар хийсэн байна уу огт падгүй. Зөвхөн хэрэгцээнд нь зо­риулж хийх ёстой. Ноолуурыг дан ганцаар эд зүйлс хийхээр эдэлгээ жаахан тааруу байх гээд байдаг. Тэгэхээр торготой холиод халуун дулаан үед өмсдөг хувцас хийгээд эхэл­сэн байна. Торго өмсөхөөр сэрүү татдаг шүү дээ. Мөн ноостой  хольж пальто хийсэн байгаа юм.  

-Та саяхан ноос, ноолуу­рын асуудлаар Ерөнхий сайдтай уулзсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бид Ерөнхий сайдтай  ноолуурын бодлогыг яаж дэмжих вэ гэдгийг л ярьсан. Арилжааны банкууд аж үйлд­вэрийн салбараа санхүү­жүүлмээр байна. Гэтэл энэ мөнгийг нь Монголбанк өндөр хүү амлаад татаад авчихаж байна. 500-600 сая төгрөгийг татаад авчихлаа. Бодлогын хүүгээ өндөр зарлаад зээл болгож авч байна. Тэгж эдийн засгаа тогтворжуулах, төгрө­гийг хатууруулах бодлого барьж байгаа байхгүй юу. Ингэхээр чинь арилжааны банкууд сөнөлөө. Банк сөнө­хөөс гадна аж ахуйн нэгжүүд сөнөлөө. Үүнийг болиоч ээ, тодорхой хэсгийг нь банкууд­даа үлдээж, аж ахуйн нэгжүү­дээ санхүүжүүлээч ээ гэсэн ерөнхий асуудал ярьсан. Дээр нь энэ үйлдвэрүүдийг жаахан чанаржуулъя. Угаах, самнах нэртэй Хятадын баа­хан үйлдвэрүүд. Хятадууд манай ажилчдын эрүүл ахуйн нөхцөлийг хангахгүй, нийг­мийн даатгал төлөхгүй байна. Маш бохир нөхцөлд ажил хийлгээд, хорыг нь гөвж үл­дээ­чихээд алтыг нь аваад, баяжаад яваад өгдөг болчих­лоо. Үүнийг л больё гэж ярь­сан. Тодорхой ажлууд хийг­дэх байх гэж найдаж байна. Түүнээс биш ярихаараа нэг боллоо. Овоо юм хийх гээд байх шиг байна, хүмүүс. Энэ дээр нь ноос, ноолуур хийгээд үндэсний үйлдвэрлэл, үйлд­вэр­жилтээ босгоод, хөлд оруу­лаад авмаар байгаа юм. Үйлдвэр, үйлдвэрлэл бий болгоно гэдэг хэдэн зуун тонн нүүрс, зэсээс үнэтэй капитал гэдгийг манайхан ойлгож эхэл­сэн ч хөрөнгө, хүч нь хүрэхгүй байна. Ингэлээ гээд өмнөх шигээ 23 жилийг үдэж болохгүй биз дээ.
Э.ХҮРЭЛБААТАР
Өдрийн сонин

Saturday, 16 July 2011

Б.Жаргалсайхан: "Би нэр дэвшихгүй бол сонгууль сонирхолгүй болох байлгүй"


Базарсадын гэхээсээ илүү “Буян”-гийн хэмээн овоглодог УИХ, Засгийн газрын гишүүн асан Б.Жаргалсайханыг “Илэн далангүй яриа” буландаа урилаа.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг гадаадад айлчлахад бизнесменүүдийн багт орчихсон дагаж яваа харагдсан?

-Бизнес гэдгийг ганзагын наймаа, барааны захаар төсөөлдөг үе дууссан. Одоо бид соёлтой бизнес хийх, гадаад харилцаагаа өргөжүүлж дэлхийн тавцанд гарах хэрэгтэй. Гадаадын бизнесийнхэнтэй уулзаж, харилцаа холбоо тогтоох гээд төр, засгийн тэргүүнүүдийн айлчлалыг дагалаа.

-Өнгөрсөн сонгуулиас хойш гурван жилийн хугацаанд та юу хийж амжуулав?

-УИХ-ын гишүүн гэж яваад аж ахуйн хамаг ажлаа хаячихсан байсан. Энэ ажлаа жаахан цэгцэлж авлаа. Аж ахуйн ажил ямар дуусах биш, ар араасаа ундраад л байна. Өнгөрсөн жилүүдэд дэлхий даяар нүүрлэсэн санхүүгийн хямралын үеэр үйлдвэрээ зогсоочихолгүй хүмүүсээ ажилтай байлгаж, цалин мөнгийг нь таслахгүйн төлөө зүтгэсэн.

-Хэдэн зуун саяар тоологдох орлоготой биз нес эрхэлдэг хүмүүс ажлаа орхиод сая хүрэхгүй төгрөгийн цалинтай төрийн алба руу зүтгэдгийг гайхах хүн олон байдаг байх. Томоохон бизнесменүүд Саарал ордон руу зүтгээд байдгийн учрыг та сайн мэднэ дээ?

-Манай төр бүх асуудалд оролцдог. Аж ахуйн үйл ажиллагаа явуулахад ямар нэг шийдвэр, тусгай зөвшөөрөл, лицензээр боо милно. Хувийн хэвшлээ олигтой дэмжихгүй, гаргаж байгаа хууль тогтоомж нь ихэвчлэн эсрэг байдаг. Үүнийг өөрчлөх гэж бизнесмен үүд улс төр рүү орж байгаа болов уу. Ер нь бизнесменүүд улс төрд орлоо гээд юу муудсан юм бэ. Харин ч сайн муу хэлүүлдэг хэдэн бизнесмен л арай дээр сэтгэж байгаа шүү. Бизнесмен бай сан Сү.Батболд хүнд хэцүү үед улс орныг гал алдуулахгүй аваад явж л байна. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг үг бий. Эхнэр, хүүхдээ тэжээж, гэр орноо аятайхан авч явж чадахгүй байгаа хүн төрийн өндөр алба хашсан хойноо гурван сая шахам хүнийг яаж авч явах юм бэ. Англи, АНУ зэрэг хөгжилтэй орны төрийн тэргүүнд саятан, тэрбумтнууд л гарсан байдаг шүү дээ.

-Нөгөө талаар “Төр бол хамгийн ашигтай бизнес” гэдэг хэлц үг хүртэл гарсан байна билээ. Та сонсоо байлгүй?

-Энэ оргүй зүйл биш. Зүгээр нэг төрийн албан хаагч, төсвийн байгууллагын цалингаар амьдарч байгаа хүн яаж том машин унаж, тансаг харшид амьдрах юм бэ. Юмтай байж үзээгүй хүн өндөр албан тушаалд очихоороо төрийг жинхэнэ бизнес болгодог. Хөөрхий амьтад, ядуугаасаа болоод авлигад өртөж байхгүй юу. Сү.Батболд сайдад 10 мянган доллар өгье гэвэл авах уу, үгүй шүү дээ. Өөрт нь тэртэй тэргүй их хөрөнгө байхад ийм хэмжээний мөнгөөр нэр хүндээ солихыг хүсэхгүй. Юм үзээгүй нэг түшмэл бол ийм мөнгө аваад хүссэн зүйлийг нь бүтээхийн төлөө зүтгэнэ. Энэ үзэгдэл зөвхөн манайд байгаа юм биш, дэлхий даяар ийм л байна. Үүнтэй тэмцсээр ирсэн, тэмцэх ч болно. Энүүхэндээ хэлэхэд сая шатахуун тасраад байдал хэцүүдэхэд ОХУ нефть өгөхгүй, та нар Оюутолгой, Тавантолгой, ураны орд газар, шатахуун түгээх 100 станц өг гэж тулган шаардлаа. Энэ бол манай урагшгүй дарга нар өөрсдийгөө дэмжүүлэхийн тулд “Би дарга болчихвол танайд ийм юм өгнө” гэж амладгийн гай.

-Юмгүй түшмэд нь 10 мянган долларт зарагддаг юм байж. Юм үзсэн хүмүүс нь илүү их мөнгө бодож, илүү том луйвар хийдэг юм биш үү?

-1990 оноос хойш намайг баян тарган, луйварчин дээрэмчнээр нь цоллоод өчнөөн муу хэллээ. Би баяжлаа гээд улсыг яаж хохироосон юм бэ. Би орчин үеийн ноолуурын үйлдвэр барьж, 1000 хүнийг ажлын байртай болголоо. Өчнөөн тэрбум төг рөгөөр хэмжигдэх татвар төлсөн. Манайхан үндэсний хөрөнг өтнүүдээ хараад бахархах бүү хэл гутарч, хорсох юм. Ямар ч өмч хөрөнгөгүй хүнийг шударга, эх оронч, ард түмэндээ хайртай гэж магтдаг. Ийм коммунист сэтгэлгээнээсээ салж, ядуу хүнээр бахархдагаа болих хэрэгтэй. Уранхай оймстой, ганц хүрэмтэй хүнийг төрийн тэргүүнд гаргаад тэр хүнээр юу хийлгэх вэ. Хэзээ оймсоо сольж, хүрмээ шинэчлэхийг нь хүлээх хэрэгтэй болох нь байна шүү дээ. Үндэсний хөрөнгөтнүүддээ итгэл өгч, хааяа ч гэсэн магтаж, хүндэлж баймаар юм. Нийгмээ чирч явдаг, ядуу ард түмнээ ажил орлоготой, орох оронтой болгодог анги давхарга, үндэсний хөрөнгөтнүүд Монгол Улсад үнэхээр хэрэгтэй байна. Улс орныг өөд татах аливаа зүйлийг хөрөнгөтнүүд л хийдэг болохоос ядуус хийдэггүй юм.

-“Тавантолгойг тав хуваая” гэж хэлсэн тань шүүмжлэлд нэлээд өртсөн. Яагаад ингэж хэлсэн юм бэ?

-Хоёр том гүрний дунд хавчигдаж оршдог бид азтай юм шиг хэрнээ азгүй ард түмэн. Манай хоёр хөрш бидэнд тийм ч дуртай биш . Сүүлийн 100 жилд энэ хоёр манай га зар нутгийн багагүй хэсгийг хувааж авсан. Одоо тэд биднийг яаж хөгжүүлэхгүй байх вэ гэж л бодож байгаа. Байдал ийм байгааг бид хүлээн зөвшөөрч, хоёр хөршдөө зохицох ёстой. Үүлэн дээгүүр явж байгаа луу, Сибирийн ойд унтаж байгаа баавгайг оролдож сэрээх хэрэггүй. Тиймээс Тавантолгойг тав хувааж, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Японыг оруулъя гэж хэлсэн юм. Ингэснээрээ Монгол Улсын гадаад харилцаа гаднынханд гоё харагдана. Эрдэнэтэд Орос, Монгол хоёр хамтарч ажиллаад буруудсан юм байхгүй л байгаа биз дээ.

-Та Японы компанийн нэрээр Тавантолгойд лиценз эзэмшдэг болоод тэгж хэлсэн юм биш үү?

-Ер нь тийм байсан ч яадаг юм. Би УИХ-ын гишүүн байхдаа ямар нэг лиценз аваагүй. “Ухаа-худаг”, “Дайцуки” эд нар “Энержи ресурс”-ийн мэдэлд байсан шүү дээ. Түүн дээр нь би гэрээ хийж орсон. Ингэснээрээ би улсад нэг их хохирол учруулсан гэж бодохгүй байна. Би Тавантолгой руу орж, бизнес хийнэ гэж бодож байгаа. Оюу толгой руу орсон ч миний эрхийн асуудал. Яагаад хэдхэн хүн бүх юмыг авах ёстой юм бэ. Яагаад би орж болохгүй гэж. Би энэ улсын иргэн биш юм уу. Би хулгай хийх гээгүй. Би хөрөнгө оруулъя, хүмүүсийг ажилтай болгоё, Монгол Улсыг мөнгөтэй болгоё л гэж байна. Үүнд юунд нь дургүйцээд байгаа юм бэ.

-Та Үйлдвэр худалдааны сайд байхдаа найз Т.Занаширыгаа Кадастрын албаны даргаар томилсон. Та хоёрыг тэр үед албан тушаалаа ашиглан Тавантолгойд лиценз авсан гэдэг. Таныг шүүмжлээд байгаагийн учир үүнд л байгаа байх?

-Тэгж амныхаа зоргоор донгосдог хүн олон бий. Би өргөдөл бичиж тэр лицензийг аваагүй. Миний гар хөлийн үсэг тэнд байхгүй. Лиценз өмнө нь бичигдчихсэн байсан.

-Таныг Японы компанийн нэр дээр авсан гэдэг шүү дээ?

-Одоо тэгвэл яах вэ дээ. Тэгээд авчихсан л юм байгаа биз. Тэгээд яачихаад байгаа юм бэ. Үүнд хэн гомдоод, хохироод байгаа юм.

-Албан тушаалаа урвуулан ашиглах гэдэг чинь энэ биз дээ?

-Канад, хятадууд зөндөө л лиценз авсан. Тэднийг ярихгүй байж яагаад намайг ингээд бай гаа юм бэ. Би монгол хүн. Монголын иргэн нэг юман дээр ороод бизнес хийх гэхээр ингээд байх юм. Монгол хүн энэ баялгаас нь эзэмшиж, ашиглаж болохгүй юм уу.

-Япончууд чинь таныг “жийх” гэхэд нь рецидив гэгддэг хүмүүсээр дарамтлуулж лицензээ авсан гэж сонссон?

-Миний нэрийг юунд ч хамаагүй хавчуулж хоолоо олдог хүн олон. Хошин шогийнхон хүртэл намайг дуурайж элэглээд мөнгө олох юм. Надгүй л бол сонин нь борлохг үй, хошин шогийг нь үзэхг үй байгаа юм байлгүй. Би УИХын гишүүн биш, бизнес хийх эрхээ хасуулаагүй, чөлөөтэй иргэн. Би Монгол Улсад “Буян” гэдэг хамгийн орчин үеийн үйлдвэр барьж өгсөн. Үйлдвэр маань бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол 2000 хүн ажил, орлоготой болох боломжтой. Одоо Тавантолгойд 10 мянган хүний ажлын байр бэлдэхийн төлөө явж байна. Үүнд хэн хохирох гээд, хэний нойр хүрэхгүй үхэх гээд байгаа юм бэ. Ер нь сонгууль ойртохоор намайг янз бүрээр гүжирдэн гүтгэж, элдвээр доромжилдог шүү дээ. Татварынхан ирж шалгаад баахан өр гаргаад ирнэ. Сонинууд 20 эхнэр, 200 хүүхэдтэй гэж бичээд, бүр аргаа барахаараа хятадын эрлийз гэнэ.

-20 эхнэр, 200 хүүхэд гэснээс таны хувийн амьдралын талаар элдэв яриа байдаг?

-Би бусадтай л адил амьдралтай, жирийн хүн. Сонирхож сонжоод, гайхаж дуу алдаад байхаар гоц гойд юм байхгүй. Хүмүүс л “Буян”-гийн Жагаагийн авгай хэдэн нүдтэй, хэдэн хамартай, ямар хүүхэн байдаг бол гэж сонирхоод байдаг. Харъя гэсэн болгонд нь харуулахг үй болохоор хувийн амьдралынхаа ээдрээг нуугаад байна гэж боддог шиг байгаа юм. Хүний хувийн амьдрал бол нандин зүйл. Үүнийгээ өөрөө л хайрлаж явах ёстойгоос бус бусдад дэлгэх албагүй. Ялангуяа улс төрөөс болж эхнэр, хүүхдээ доромжлуулж элдвээр хэлүүлмээргүй байна. Би айлын эхнэрийн алтан ээмэг, бөгж хулгайлж аваачаад эхнэртээ зүүлгээгүй. Өөрийнхөө хүчээр л эхнэр, хүүхдээ хүний дайтай явуулж байгаа. Сонирхоод, сонирхуулаад байх юмгүй.

-“Иргэдийн орлогыг нэмэг дүүлье” гэдэг үг таны улс төрийн лоозон болсон. Ингэхэд танай үйлдвэрийн ажилчид сард дунджаар хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-300 мянга гаруй төгрөг авдаг.

-300 мянган төгрөг таны хувьд хэр их мөнгө вэ. Энэ мөнгө бүтэн сар амьдралаа залгуулахад хүрэлцэх үү?

-300 мянган төгрөгөөр амьдарна гэдэг хэцүү. Гэхдээ үүнээс илүү цалин өгөх боломж байхгүй. Сүүлийн жил үүдэд санхүүгийн хямрал боллоо. Энэ жил ноолуурын үнэ 70 мянган төгрөг хүрлээ. 70 мянган төгрөгөөр ноолуур авч цамц хийгээд хэдээр зарах вэ. 100 мянган төгрөгөөр цамц авах хүн Монголд байгаа юм уу. Манайх 70- 80 хувь хямдруулаад 20-30 мянган төгрөгөөр зардаг. Би олсон хамаг мөнгөө ноолуур худалдаж аваад дуусгаж байна. Төр засгаас зөв бодлого явуулж, ноолуурын үнийг буулгачихвал би ажилчдынхаа цалинг гурав дахин нэмэхэд бэлэн байна.

-Нөгөө талаас ноолуурын үнэ өссөнөөр малчдын орлого нэмэгдэж байгаа шүү дээ?

-Малчдад л хэрэгтэй байх. Малчид хүн, бусад нь хүн биш юм уу.

-Монголд атомын цахилгаан станц барих талаар хүмүүс санал бодлоо илэрхийлэх болж. Физикч мэргэжилтэй хүний хувьд та үүнийг юу гэж боддог вэ?

-Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй шүү дээ. Хоёр сая гаруйхан хүн амтай манайх шиг улсад атомын цахилгаан станц шиг хэрэггүй зүйл байхгүй. Атомын цахилгаан станцаас гарч буй хаягдлыг яах вэ, аюулгүй байдлыг яаж хангах вэ гээд бидний хэрээс хэтэрсэн асуудал. Энэ асуудлыг шийдээд атомын цахилгаан станц барилаа гэхэд тэндээс гарч буй эрчим хүчийг өдөр шөнөгүй ашиглаж бараа бүтээгдэхүүн болгохгүй бол тэр энерги зүгээр хаягдана. Аж үйлдвэржсэн орнуудад атомын цахилгаан станц хэрэгтэй болохоос манайх шиг эрчим хүчийг чийдэн, цахилгаан зуух асаахад хэрэглэдэг улс атомын цахилгаан станц барина гэвэл тэнэг хэрэг. Үүний оронд нүүрсээр ажилладаг 6000 мгв цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр сайн станц барих нь бидэнд үр өгөөжтэй.

-Та МАН-ын залуустай хамтарч шоу хийх гэж байгаа гэл үү?

-Залуусын хийж байгаа сайн зүйлийг нам харгалзахгүй дэмжих хэрэгтэй шүү дээ. Монголд залуучуудын байгууллага үүссэний 90 жилийн ой энэ жил тохиож байгаа. МАН-ын залуус энэ ойг тохиолдуулж гадаадаас хамтлаг дуучид авчирч “Хүй долоон худаг”-т шоу хийе гэсэн. Би техник хэрэгсэл, чадах зүйлээрээ тусалж байгаа. Наадмаар залуус агаарт гарч, сайхан шоу үзэг л дээ.

-Н.Энхбаяр намаасаа гарч өөр нам байгуулсан. Та ярьж хэлж байгааг нь дэмждэг хэвээрээ юү?

-Н.Энхбаяр намынхаа нөхөдтэй сайдалцаж муудалцах надад хамаагүй. Шударга үнэн юм ярьж байвал Энхбаяр байна уу, хэн байна хамаагүй дэмжинэ. Хүн зарчимтай байх ёстой. Манайхан их долгинуур, бялдууч. Дарга байхад нь бүгдээрээ очиж наалдаад, хөлөө хугалчих гээд гүйдэг. Дарга хийхээ больчихвол өрөөсөн нүдээрээ ч харахаа байж, газар доогуур ортол муу хэлнэ. Тэгж болохгүй шүү дээ.

-Ирэх сонгуульд нэр дэвших үү?

-Нэр дэвшилгүй яах вэ, би дэвшихгүй бол сонгууль сонирхолгүй болох байлгүй. Намайг сонгуульд нэр дэвшихэд хохирч, гомдох хүн байхгүй байх.

-БНН сонгуульд яаж оролцох вэ. Аль нэг намтай эвсэж, нэгдэхээр ярьж байна уу?

-Нам юм хойно сонгуульд орох л байх. Эвсэж, нэгдэх тухайд ярьж байгаа юм бий. Монголд юу л байна, нам байна. Манай намд сонголт хийх боломж байна, аль аятайхныг нь сонгоод эвсчихнэ дээ. Сонгуульд яаж орохоо Сонгуулийн хууль тодорхой болохоор шийднэ.

-УИХ-ын ирэх сонгуулийн үр дүнгийн талаарх таны таамаглалаар ярилцлагаа төгсгөе.

-Манайхан лам хуврагаар мэргэлүүлэх дуртай шүү дээ. Би мэргэлүүлсэн чинь 2012 оны сонгуулиар урт даргатай нам УИХ-д олон суудал авна. Тэгээд монголчууд ажил хэрэгч, эмх замбараатай болно гэж буусан.

Х.УЯНГА