Showing posts with label БААСАНХҮҮ О.. Show all posts
Showing posts with label БААСАНХҮҮ О.. Show all posts

Wednesday, 13 March 2013

О.Баасанхүү: Оюутолгойн гэрээг задлахад учир бий

УИХ-ын намрын чуулган завсарлаж, гишүүд амсхийж байна. Гэсэн ч зарим нь тойрогтоо, зарим нь парламентын томилолтоор гадаадад ажиллаж байна. Эрхэм гишүүн О.Баасанхүү гол төлөв нэлээд эгзэгтэй томилолт авдаг, тэр ч утгаараа шинэ УИХ-ын бүрэлдэхүүнд “хатуу самар” нэрийг битүүхэн зүүгээд байгаа. Оволзож байсан Оюутолгойн гэрээ парламентын тогоон дотор замхрах тийшээ хандав уу, яав.  Энэ талаар овоо босгосон эрхэм гишүүдийн нэг О.Баасанхүүтэйтэй ярилцсан юм.
-Оюутолгойн гэрээний талаарх таны байр суурь хэвээрээ байгаа юу?
-Миний бие УИХ-ын гишүүн болоод дөнгөж сар гаруй болох гэж байсан л даа. 2012 оны есдүгээр сарын долоонд юмдаг. Тэгээд яг жилийн өмнө өмнөх парламентийн нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд илүү өгөөжтэй болгох асуудлаар өргөн барьж байсан бичгийг хараад энэ талаар хөөцөлдье гэж шийдсэн. Тэгэхэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга, би анх санаачилсан юмаа. Миний бланкан дээр саналаа тавиач” гэсэн юм. Тэгээд бид хоёр дээр С.Ганбаатар нарын нэр бүхий 20 гаруй гишүүн гарын үсэг зурж, Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн асуудлыг тавьсан. Эдийн засагч хүн Оюутолгойг өөрөөр харах байх, улстөрчид нэг өөрөөр харах байх. Би хуульч хүний хувьд Оюутолгойн гэрээг зайлшгүй  өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ нэг зүйл бий.
Аливаа гэрээнд яс баримтлах нэг зарчим бий. Гэрээг ямар тохиолдолд задалдаг вэ гэхээр ганцхан тохиолдолд л задалж болдог. Авлига авсан гэдгийг нотолж чадвал. Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн нэг л нөхцөл шүү дээ. Бусад тохиолдол тэр гэрээ биелэгдэж байна уу, биелэгдэхгүй байна уу гэсэн асуудал яригддаг. Гэрээ зурагдсан л бол аль нэг тал нь ашигтай л байх ёстой. Ашигтай байна гээд нөгөөгөө буруутгаад ч хэрэггүй, муулаад ч хэрэггүй. Хэн ч гэсэн ашигтай л гэрээ хийхийг бодно. Ашиггүй гэрээнд гарын үсэг зурсан талдаа л хариуцлага тооцох тухай ярина. Тэгэхээр үнэндээ Оюутолгойн гэрээний хувьд бол ашиггүй байна гэхээсээ өмнө бид хоёр зүйлийг онцолж харах ёстой.  Нэгдүгээрт, энэ гэрээ нь одоогийн үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцсэн үү, хоёрдугаарт энэ гэрээг байгуулахад ашиг сонирхлын зөрчил буюу хээл хахууль авлига авсан уу гэж. Одоогийн байдлаар 100 хувь батлагдсан гэж хэлж чадахгүй ч хэвлэлд гарсан мэдээллээр “Голдмен сакс” компани манай талд ТЭЗҮ-г гаргаж өгсөн гэх хэрнээ нөгөө “Рио Ти Тинто”-гийн  охин компани гэсэн хэл ам татлаад байгаа шүү дээ. Хэрэв үнэн бол энэ гэрээ автоматаар хүчингүй. Автоматаар энэ гэрээг дахин ярих хэрэгтэй болно. Үүнийг нэгдүгээрт нотлох хэрэгтэй.
Өнөөдөр ямар нэг байдлаар ”Рио Ти Тинто”, “Айвенхоу майнз” хийж чадаагүй юм чинь би яаж чадах юм бэ гэдэг шиг  дэлхий нийтийг цочроосон байдлаар хандаж болохгүй. Өөрөөр хэлбэл, ийм том компани хийж чадаагүй юм чинь мань шиг жижиг компани яаж хийж чадах юм бэ гээд гадны хөрөнгө оруулалт орохгүй шүү дээ. Бид энэ гэрээг ярья гэвэл цэгцтэй бөгөөд хуулийн хүрээнд, онолын хүрээнд олон санаагүйгээр шийдэх ёстой. Түүнээс биш хэн дуртай нь очоод л нэг Засгийн газар нь хэдэн төгрөг нэхээд л, хэсэг хүмүүс очиж өөр юм яриад л телевизээр хоёр гурван хэсэг болж хуваагдаад байх шаардлагагүй. Ерөөсөө л энэ гэрээнд анхнаасаа ашиг сонирхлын зөрчил байсан уу. Үнэхээр ийм зөрчил байгаад авлига хээл хахууль байгаа бол үүнийг нотлох хэрэгтэй. Авлигатай тэмцэх газар үүнийг нотлооч ээ гэж л хүсээд байгаа байхгүй юу. Энэний ард хэн байгаа юм бэ. Гэхдээ нотолж чадахгүй л дээ. Тэр үед МАНАН-ын засаг байсан. Н.Алтанхуяг,С. Баяр, Сү.Батболд байсан. Дээрээс нь Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж байсан. Би бол нотолж чадна гэдэгт эргэлзэж байгаа. Гэхдээ хэвлэлд гарсан зүйлийг хараад ашиг сонирхол байгаа юм биш байгаа гэж би хардаад байгаа юм. Түүнээс би тэднийг авлига авсан, авдаг гэж байгаа юм биш. Монголын ард түмэн авлига авсныг нотолж чадах юм бол энэ гэрээг цоо шинээр хийхэд олон улсын ямар ч байгууллагаас хэл ам, гомдол санал гарахгүй.
-Тэгвэл дараа нь ямар үндэслэлээр гэрээг өөрчилж шинэчилж болно гэж…
-Хоёрдугаарт, одооогийн хуульд нийцсэн эсэх. Энэ гэрээ одоогийн хуульд нийцээгүй гэж хэлэх үндэслэлтэй. Яагаад гэвэл гэрээг байгуулахад гурван зүйлийг заавал харах ёстой. Нэгдүгээрт, хугацааны хувьд Ашигт малтмалын тухай хуульд 30 жил гэж заасан байдаг бол энэ гэрээнд 70 жил гээд биччихсэн байгаа юм. 70 гэсэн тоо ямар хуулийн ямар заалт дээр байгаа юм бэ. Тэгэхээр хууль зөрччихсөн байна шүү дээ. Энэ гэрээг эргэж ярих боломж байна гэсэн үг. 70 гэсэн тоо Ашигт малтмалын тухай хуульд байх, эсвэл хэн дуртай нь гэрээг зурахдаа хугацаа сунгах тоогоо өөрийн дураар тавьж болно гэсэн бололцоог олгосон бол энэ чинь өөр. Дараа нь үнэ. Бид анх гэрээ байгуулахдаа хэдэн тэрбумаар энэ компани босно гэсэн юм бэ. Дөрвөн тэрбум гэсэн юм уу, хоёр тэрбум гэсэн юм уу, арван тэрбум гэсэн юм уу. Үнэ зөрчигдсөн байна гэдэг чинь гэрээ зөрчигдсөн гэсэн үг. Гуравдугаарт, ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үзүүлэлт. ТЭЗҮ нь тухайн үед засвартай байсан гэж байгаа. Засвартайгаар нь авлаа гэж ярьж байсан. Авсан гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Засвартай юм авдаггүй байхгүй юу. Тэгэхээр ТЭЗҮ-ийг чинь  хэн гаргаж өгсөн юм бэ. Гаргахыг зөвлөсөн тэр компани нь өнөөдөр ашиг сонирхлын зөрчилтэй юм болбол энэ чинь ерөөсөө асуудалтай юм биш үү. Энэ өнцгөөс ярихгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Тэгээд үүнийгээ улстөржүүлээд төсвийн алдагдлаар нөхөх хэрэгсэл болгоод байгааг би ойлгохгүй байна л даа. Түүнээс биш “Оюутолгой компани буруу, муудаа биш. Энэ гэрээг өнөөдөр Монголын ард түмний эрх ашигт нийцсэхээр хийх ёстой. Өнөөдөр олон хүн надаас асуудаг юм л даа. Монголын талын Удирдах зөвлөлийг чанаржуулъяа, П.Цагаан, Ж.Ганболд, Н.Багабанди гурвыг дуудаж ирүүлээд асууя гэж.
Энэ гэрээнд заасан 66 гэдэг чинь их сонин тоо.Яагаад гэвэл олон улсын хуульд 50, 50 байвал  адил эрх мэдэлтэй, 51-ээс дээш байвал удирдлагын хэмжээнд ярина, 66 болчих юм бол та удирдлагад оролцохгүй, зөвхөн ашгаас хүртэнэ гэж байгаа юм. Тэгэхээр 66 гэдэг чинь таачихсан тоо биш. Олон улсын жишигт байдаг юм. Би тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг 66 болго гээд оруулахад Уул уурхайн яамнаас санал орж ирээд ажлын хэсэг дээр 51 болгож байсан. Монгол Улсад тэсэрч дэлбэрэх бодисыг үйлдвэрлэх бол хөрөнгө оруулж болно, гэхдээ ашгаа л ав. Түүнээс үйлдвэрлэх явцад оролцож болохгүй гэсэн санаа. Яг түүн шиг Оюутойлгойн удирдлагад орж чадахгүй юм бол тэдэнтэй мянга яриад нэмэргүй, хэцүү. Дээрээс нь бид “Оюутолгой” компанийн тэр 34 хувийг ядаж  2,7 сая монголчуудаа хувьцаа эзэмшигч болгооч гэж яриад байгаа юм. Бодоод үз дээ. “Оюутолгой” компанийн  66 хувийн хувьцааг одоо 2700 хүн л эзэмшиж байна ш дээ. Жишээ нь. “Оюутолгой” компани дампуурах юм бол 2700 хүний өмнө хариуцлага хүлээнэ. Тэгвэл бид 2,7 сая хүний өмнө хариуцлага үүрүүлэхээр болгож,  Оюутолгойн хөрөнгө оруулалтын асуудлыг яримаар байгаа юм. Яагаад гэвэл, “Оюутолгой” компанийн эзэмшиж байгаа орд бол дэлхийд байхгүй орд. Молибден гэдэг бол мэдээж үнэтэй металл. Гэхдээ алтны хажууд юу ч биш л дээ. Алттай холилдсон зэс шүү дээ. Манай ард түмэн өнөөдөр яагаад ядуу байх ёстой юм бэ, яагаад ядуу байгаа юм бэ. Ийм л байна шүү дээ.
-Тэгэхээр бид буруугаа гаднынханд тохохоос илүү өөрсдөө мордохын хазгай гэдэг шиг анхнаасаа буруу юм хийчихсэн юм биш үү. Тэгвэл дотроо эхэлж хариуцлага тооцвол яасан юм?
-Нэг сонирхолтой жишээ байгаа юм л даа. wikileaks сайт, нөгөө Ассанжийн сайтын 51 хувийг авъяа гэсэн нэг улстөрч байна аа. Бусадтай нь ярьж болж байна, тэр улстөрчтэй ярихад хэцүү байнаа гэж байсан. Түүн шиг өнөөдөр 34 хувийг авчихаад энэ юу вэ, ямар хамаатай юм бэ гэж ярьж болохгүй. Одоо бид хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй. Гэрээг сайжруулах уу, шинэ гэрээ байгуулах уу. Шинээр гэрээ байгуулах ёстой гэж үзвэл хууль зөрчсөнийг нь нотлох хэрэгтэй. Гэрээг сайжруулах гэх юм бол энэ бол эдийн засагчдын асуудал. Гэрээний эрх зүйн онол гэж бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг. Тэгэхээр өнөөдөр энэ гэрээг яаж, ямар заалтаар сайжруулах вэ гэдгээ деталчилж ярих ёстой.
Манайхан Оюутолгойг гаргаж ирээд Монгол Улс нэг алхам урагш алхлаа, сайхан боллоо гэж яриад байх юм. Сайхан болсон юм бол өнөөдөр бидний амьдрал сайжирч, сагсанд байгаа мөнгө нэмэгдсэн бол болж байна. Асуудлын гол нь энэ гэрээг яах вэ гэдэг шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Шинээр байгуулна гэвэл хоёр нөхцөлийг нотлох хэрэгтэй. Хууль зөрчсөн, авлига авсан гэдгийг. Тэгэх юм бол олон улсын хэмжээнд хэл амгүйгээр энэ гэрээгээ өөрчилж чадна. Эсвэл гэрээг сайжруулна гэвэл яг юу юуг сайжруулах шаардлагатай юм гэдэг нөхцөлөө бэлдээд тэр гэрээнд байгаа заалтынх нь дагуу хандах ёстой. Энэ бол Засгийн газрын асуудал ч биш. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн асуудал. Ингэхийн тулд өөрт ногдсон ядаж 34 хувиа 2,7 сая иргэндээ хувьцаа болгож өг. Хувьцаа эзэмшигчээр тогтоо. Тэгэх юм бол хүн бүр өөрийгөө хувьцаа эзэмшигч гэж үзээд ядаж ашгаа авахын тулд энэ компанийг шахаж шаардна. Тийм биз дээ.
Олон хүнтэй хувьцаа эзэмшигч гэсэн ойлголт байдаг. 66 хувиа эд нар чинь хөрөнгийн бирж дээр гаргаад гаднын 2700 хувьцаа эзэмшигчтэй болчихоод байна шүү дээ. Тэгвэл Монголын тал болохоор төр гэж яриад суугаад байх юм. Төр гэж хэн юм бэ, Ганзориг юм уу. Хэдэн нөхөд л баяжиж байдаг хэрэгсэл биш. Жишээ нь иргэн би төлөөлөгчөө томилж байгаа бол нэлээд гайгүйхэн хүнийг тавина. Дуучин, эсвэл ерөнхийлөгч байсан хүнийг тавихгүй. Эдийн засагч, орилдог, хашгирдаг, юмаа хянадаг хүнийг тавина шүү дээ. Би гайхаад байгаа юм. Энэ гэрээний талаар нөгөө гурван нөхөр гараад л яриад ийм байна шүү дээ гэмээр юм, тэгтэл дуугарахгүй юм. Тэгэхээр ард түмнийг төлөөлж байгаа би дуугарахаас өөр аргагүй юм. Бид олон улсын өмнө үнэхээр хариуцлагатай хандах ёстой. Яагаад вэ гэвэл, энэ гэрээ унахад Монгол Улс дахин  ийм олон улсын стандарттай гэрээг оруулж ирж чадах уу. Унагааж болохгүй гэсэн үг биш. Унагаахдаа маш үндэслэлтэй унагаах ёстой. Авлига, нөлөөл байгааг нотол. Хууль зөрчсөнийг нотол. Тэгвэл энэ гэрээг өөрчилж болно. Түүнээс биү хүн болгон гараад л ашиг олно, олохгүй гэж ярих нь сонин биш. Та хувьцаа эзэмшигч биш, би хувьцаа эзэмшигч биш ямар хамаа байнаа. Уг нь төр 2,7 сая иргэндээ хувьцаа эзэмшигчээр тогтоочих ёстой л доо. Тэгвэл хүн бүр эндээс ашгаа  яаж авах вэ гэж санаа тавина. Энд асар том баялаг байгаа шүү.
-Одоо хэтэрхий оройтсон, улстөржсөн байдалруу шилжчихэж байгаа юм биш үү?
-Би бол оройтсон гэж үзэхгүй байна. Яахав хоёр байр суурьтай хүмүүс байдаг. Нэг хэсэг нь энэ гэрээг хэл амгүйгээр явуулаад бүтээгдэхүүнээ аваачээ. Бүтээгдэхүүн гарахаар бид татварын бодлогоор шийднэ гэж яриад байдаг. Үнэндээ татварын бодлого гэхээр Оюутолгойд зориулсан бодлого гэж тусдаа байхгүй. Монгол Улсад зориулсан  татварын цогц бодлого байх учиртай. Өөрөөр хэлбэл, татварын бодлогоор Оюутолгойг зохицуулна гэж байхгүй. Гэрээгээ маш тодорхой хийчихвэл ирээдүйтэй. Тавантолгойг хар л даа, юу болов…
-Энэ дашрамд сонирхоход  төмөр замын бүдүүн, нарийн царигийн асуудлаар маргалдаад ч байгаа юм шиг…
-Би Хятадын, Оросын элчин сайдтай энэ талаар санал солилцож үзсэн. Монголчууд бид нэг юм бодох хэрэгтэй юм шиг байгаа юм. Нарийн цагариг бол нэг уурхайн тухайд эдийн засгийн хувьд ашигтай. Тэгвэл Монголд одоо ганцхан байгаа трансмонголын гээд өргөн төмөр зам бий. Үүнтэй холбох ёстой юм уу, үгүй юу. Эсвэл трансмонголын төмөр замыг дахиад шинээр барих ёстой юм уу. Энийгээ бид эхлээд ярих хэрэгтэй. Түүнээс уурхайд байгаа баялгаа зөөх тухай ярих нь харьцангуй асуудал. Уурхайд байгаа баялгаа зөөхөд нарийн нь ашигтай. Хятад руу гаргах гэхчлэн эдийн засгийн үзүүлэлт зуун хувь. Гэхдээ уурхайн баялаг дуусахаар энэ нарийн төмөр замаа яах юм бэ. Өнөөдөр туузан дамжуургаар хүртэл гаргая гэж байна. Гарга л даа. Гэхдээ дараа нь дуусахаар нь тэр дамжуургыг яах юм бэ, хаях юм уу, зарах юм уу. Монголд үлдэх юм хэрэгтэй. Төмөр зам чинь зуун жил, хоёр зуун жил болсон ч байж л байна. Тэгэхээр энэ төмөр замыг яах ёстой юэ гэхээр гол байж байгаа сүлжээтэйгээ яаж холбох вэ гэсэн асуудал тавигдана. Холбоно гэж байгаа бол өргөнийг тавихаас өөр ямар ч арга байхгүй. Холбоно гэж байгаа бол Оросуудтайгаа ойлголцох хэрэгтэй болж байгаа юм. Холбоно гэж байгаа бол трансмонголын төмөр замынхаа хувийг нэмэгдүүлэх талаар Оросын талтай тохиролцох ёстой. Эдгээрийг шийдэж байж нарийн, эсвэл өргөнөө ярина. Түүнээс би бол эдийн засагч хүн биш.
Гэхдээ эрүүл ухаанаар бодоход Монгол Улсад өөр баялаг олдлоо гэхэд нэг хэсэг нь Хятад руу, нэг хэсэг нь Орос руу явж байж дэлхийд гарна. Нөгөө хэсэг нь Монголынхоо гол төмөр замтай холбогдог. Үүгээр дамжиж хөгжил явдаг. Та Тавантолгойд амьдарч байна гэж бодъё. Нэг хэсэг нь төмөр замаар нүүрсээ зөөгөөд, нэг хэсэг нь бүдүүн төмөр замаар амьдралаа залгуулаг л дээ. Энэ утгаараа яах аргагүй өргөн цариг нь хэрэгтэй. Хятадууд энд нарийн хэрэгтэй гэхээр нь би хэлсэн л дээ. Та нар юундаа санаа зовоод байгаа юм бэ. Та нар Монголоос нүүрс авах юм чинь гээд замаа өргөн болгохгүй. Та нарт ямар ч ачаалал өгөхгүй. Бид бодох ёстой гэж. Ингэхийн тулд нэг компани баяжиж бас болохгүй. Зөөхөд гарах хожоо нь нэг тонн тутамд гуравхан ам.доллар гээд байгаа юм, үгүй шүү дээ. Гурван ам.долларыг гучин тэрбум тонн нүүрсэнд үржүүлээд үзээрэй,  90 тэрбум ам.доллар болно. Тэр компани 90 тэрбум ам.доллар олохын тулд гуравхан ам.доллар гэж яриад байгаа юм. Яг судалгаагаар зургаан ам.доллар болох юм байна лээ. 180 тэрбум ам.доллар болох гээд байна. Үүнийг ганцхан олигархи компанид өгч болохгүй ээ. Хэрэв тийм бол тэр компани нь Монгол Улсын төрийн өмчийнх байх ёстой. Монгол Улсад ашигтай юу, үгүй юу гэдгээ маш нарийн тооцох ёстой. Түүнээс үндэсний эрх ашиг, хоёр улсын бодлого энэ тэр бол өөр асуудал. Одоо харагдаж байгаагаар бол маш энгийн ойлголт  нь урт байгаа замтай холбох хүсэлтэй байна уу, үгүй юу гэдэг тухай л асуудал шүү дээ. Нарийныг холбоод цаашаа шууд өргөн болоод явчихгүй, хаа нэг газар дугуйгаа солино биз дээ. Тэр утгаараа бидний хувьд Тавантолгойгоос нарийн төмөр зам татвал зуун хувь ашигтай. Гэхдээ улсынхаа ирээдүйг зуун жилийн цаадахтай холбож, нүүрс дуусахад яах вэ гэдэгтэй холбож яриад өөрийн үндэсний төмөр замтай л болох хэрэгтэй. Төмөр замын тал дээр ийм л бодолтой байгаа. Ноцтой нь энэ төмөр замыг хэн барих вэ. Уурхай сонирхох хүн бол төмөр замыг сонирхохгүй гэж байна. Бондын мөнгөөр барина гэж яриад байх юм.
-Одоо бондын мөнгөөр барина гэж шийдчихээд байгаа юм биш үү?
-Бондын мөнгө гэдэг ойлголт бол зүгээр Ардчилсан намынхны тоглоом. Хийх юмгүй хүмүүсийн тоглоом байхгүй юу. Таван тэрбумын бондны мөнгө орж ирэхэд би анх хэлж байсан. Жилийн 26 хувийн хүүтэй харьцуулахад дөрвөн хувийн хүү гэдэг бол асар бага. Тэр утгаараа бондын мөнгө байгаа нь сайн хэрэг. Харамсалтай нь бэлэн төсөл хаана байна. Үндэсний хэмжээнд тогтоосон төсөл байхгүй байхад бэлэн мөнгө ороод ирэхээр энэ мөнгийг хэн дуртай нь л авахыг хүснэ. Бэлэн мөнгө байхгүй байхад бид өртэй баймааргүй байна гэж би орилоод байсан. Наадах чинь өр шүү, болохгүй шүү гээд байхад. Одоо миний хамгийн их санаа зовж байгаа зүйл нь хэрэв энэ бондын мөнгийг үр ашигтай зарцуулж чадахгүй юм бол Монгол Улс дахиад хорин жилээр ухарна гэж үзэж байгаа. Тэгэхээр бондын мөнгийг юунд зарцуулах, яг ямар төсөл дээр вэ гэдгийг ард түмэн мэдэж байх ёстой байхгүй юу. Сайншандын хүнд үйлдвэр барина л гэнэ. Усгүй газар үйлдвэр барих нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Яагаад Сайншандад барьж байгаа юм бэ, Багануурт яагаад барихгүй байгаа юм бэ гээд хүмүүс янз бүрээр сонирхож байна. Үүнд нь Монголын төр хариулах үүрэгтэй л дээ. Наагуур нь жижиг сажиг юм яриад л, хүмүүс түүнд нь анхаарч байх хойгуур цаана нь өөр юм хийгээд байгаа юм.
-Та саяхан Москвад Монголын Элчин сайдын барилга, санхүүгийн асуудлыг сөхөөд ирлээ. Байдал ямар байна.?
-Энэ талаар ядаж  Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хэрэгтэй. Энэ бол Идэвхтэнгийн асуудал биш. Монгол Улсын асуудал. Саяхан Германд манай ЭСЯ-ны жолоочийг томилчихоод нөгөөх нь очоод л гэр орноо бэлдэж байсан чинь “Өө жолоочоо буцаая” гээд байх юм. Тэгвэл яах гэж томилсон юм бэ. Энд чинь бас бөөн мөнгө л яригдана.  Ямар ч шалтгаангүйгээр дуудаж байгаа байхгүй юу. Би энийг хараад гайхсан. Яагаад гэвэл Монгол Улсын татвар төлөгчийн мөнгө, Монголын төрийн мөнгө явж байгаа, Гадаад хэргийн яам төрийн мөнгийг зарцуулж байгаа. Би УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд аливаа шийдвэр зөв бөгөөд үр ашигтай байгаасай л гэж хүсч байгаа юм. Тэнд байгаа хүмүүс ч гэсэн нэг үүрэг хүлээж баймаар юм. Үр дүнгийн гэрээ байгуулаад. Жишээ нь Улаанбаатар хотыг төлөөлөөд очсон байлаа гэхэд Улаанбаатар хотод юу хийх гээд байгаа юм бэ, цэргийг төлөөлөөд очсон хүн цэргийн албанд юу хийх гээд байгаа юм бэ. Элчингээр очсон бол юу хийх гээд байгаа юм бэ. Өндөр хөгжилтэй орнуудад очсон хүн бол тэндээс ядаж нэг технологи, ядаж нэг менежмент, ядаж нэг хөрөнгө оруулалт оруулаад тэр хэмжээгээрээ өнөөдөр Монголын төрд үнэлэгдмээр байна. Тэгж чадахгүй байгаа нь харамсалтай байна. Тийм учраас Дипломат албаны тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ талаар би төсөл боловсруулна гэж бодож байгаа. Элчин сайдын яаман дээр бодлого тодорхойлох гэж явж байгаа хүний хувьд зайлшгүй хуулийг шинэчлэх ёстой юм байна, хоёрдугаарт энэ байгаа асуудлуудыг шинэчлэх ёстой юм байна л гэж үзэж байна. Одоо Монгол Улсыг дэлхий харж байна. Москва дахь ЭСЯ-ны дөрвөн обьектын тухайд гэрээний талаар ойлгомжгүй юм нэлээд байна лээ. Айхтар ашиглалын чанартай зүйл ажиглагдаагүй.
Х.Аянга

Sunday, 27 January 2013

О.Баасанхүү: Нэг нь ял үүрээд нөгөөдүүл нь сугарч үлддэгийг хэрэг угаах хэрэг гэдэг юм

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй нийгэмд үүсээд байгаа зарим асуудлын талаар ярилцав.
-Одоо нийгэмд хоёр том эмнэлгийн асуудал нэлээд маргаан дагуулж байна. Ялангуяа хүний эрх зөрчигдөж байна гэж ялтнуудын талд нэг хэсэг нь, нөгөө хэсэг нь эмчлүүлэх эрх бүхий хүмүүсийн талд орж байгаа нь эрх зүйн хувьд яг ямар байх ёстой юм бэ гэдэг талаар тодруулж өгнө үү?
-Хоёрдугаар эмнэлгийн тухай асуудал байгаа юм. Энэ эмнэлэгийн асуудал гэдэг бол ерөнхийдөө Монгол Улсын Ерөнхийлөгч төдийгүй төрийн бүх өндөрлөгт байсан хүний эрүүл мэндийн асуудалтай холбоотой. Юу вэ гэхээр яг бодит байдлаар аваад үзэх юм бол Н.Энхбаяр даргын хувьд жишээ татахад анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа өмгөөлөгчид нь ШШБЕГ-т хүсэлт тавьсан юм билээ. Хүний эрүүл мэнд үнэхээр муу байна уу, муу биш байна уу тодорхой өвчний талаар дүгнэлт гаргаж өгөөч ээ гэж. Гэтэл ШШБЕГ-ын удирдлага Дээд шүүхийн шийдвэр гартал эмнэлгийн ямар нэг дүгнэлт хийх боломжгүй байна гэсэн юм. Харамсалтай нь ШШБЕГ-ын хувьд эмнэлгийн дүгнэлт гаргахгүй хүлээж байгаад Дээд шүүхийн шийдвэр гарангуут Энхбаяр даргыг хар масктай хүмүүсээр  эмчилж байсан эмчээс нь булаагаад  аваад явчихсан. Өөрөөр хэлбэл, энэ хүн яг ямар өвчнөөр өвдсөн юм бэ, эмчлэх ёстой юм уу, үгүй юу гэдэг дээр нарийн дүгнэлт гаргаж амжаагүй байтал ийм явдал болсон. Тэгээд хоёрдугаар эмнэлгийн эмч нар бухимдсан. Монгол киноны “Нөгөө нэг мам нь аваад явсан” гэдэг шиг та нар наад хүнээ авч явснаараа эмчил гэжээ. Тэгэнгүүт шинэ жилийн өмнө ЭМЯ-аас таван эмчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилоод энэ хүнийг зайлшгүй нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байлгаж эмчлэх ёстой гэсэн дүгнэлтийг ШШБЕГ-т гаргаж өгчээ. Хэдийгээр хоригдож байгаа ч гэлээ Ерөнхийлөгч байсан хүн учраас хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлэх эрх нь хаагдаагүй. Манай эрүүгийн болон бусад хуульд хүн эмчлүүлэх асуудал нээлттэй байдаг шүү дээ. Хоёрдугаар эмнэлэг гэж тусдаа эмнэлэг байх ямар хэрэгтэй юм бэ гэж зарим хүмүүс ярьдаг.
Дэлхийн бусад улсад ч ийм төрлийн эмнэлэг байдаг. Наад зах нь аль нэг улсын ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн Монголд айлчилж байгаад гэнэт бие нь өвдвөл яах вэ, аль нэг эмнэлэг дээр л очиж таарна. Тэр эмнэлгийг нь урьдчилж үзэж стандартыг нь тогтоогоод энэ эмнэлэг болж байнаа гэж үзвэл очдог л байхгүй юу. Энэ хүний биеийн байдлын тал дээр нэгэнт коммисын  дүгнэлт гарчихсан учраас хоёрдугаар эмнэлэгт эмчлэх ёстой гэсэн дүгнэлтийг  Эрүүл мэндийн сайд Удвал шууд гаргах ёстой байсан. Түүнээс биш ердийн нэг эрүүгийн ялтан мэт хэм хэмжээнд авч үзээд,  журам энэ тэр хөөцөлдөөд явж байгаа нь буруу байхгүй юу. Яагаад вэ гэхээр жирийн иргэдийн тухайд ийм онцгойлсон нөхцөл байдаггүй. Ерөнхийлөгч байсан хүн насан туршдаа хоёрдугаар эмнэлгээр үйлчлүүлнэ, тодорхой хугацаанд бие хамгаалагчтай байнаа гэж хуульчлаад  заасан байна шүү дээ. Ял авчихлаа гээд бие хамгаалагчгүй болгож болохгүйтай адил хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлэх нь ч гэсэн онцгой нөхцөлөөр яригдах ч ёстой асуудал шүү дээ.  Хүн бүр  хууль шүүхийн өмнө тэгш байна гэсэн үндсэн утга нь тэр хүн хэн байхаас үл хамааран, эдлэх ёстой эрхээ эдлэх л ёстой гэсэн санааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  хүн бүр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болоогүй. Тийм учраас хуулиа л дагах ёстой. Хуульд Ерөнхийлөгч байсан хүнд үзүүлэх онцгой эрхийг заасан. Тэр хүн ял авсан уу, аваагүй юу гэдгээс үл хамаарах асуудал.  Үүн дээр нь хүйтэн цустай хүмүүс тоглолт хийж, аль болох энэ хүнийг адгийн болгож харагдуулах гэсэн зорилго харагдаад байгаа юм.
Нөгөө төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн асуудал  бол шал өөр юм л даа. Нэгэнт хууль дүрмээ мэдэх ёстой хүмүүс нь санаатай мэдэхгүй царайлж байгаа тохиолдолд заавал хуучин сайд нарын гэгддэг хоёрдугаар эмнэлгийн талаар тайлбар хийх онцын хүсэл алга байна.
-Экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгч  байсан хүн эрхэм гишүүн болсон  учраас тэр өнцгөөс яриад байна гэж хүмүүс ойлгоод байгаа. Хоёрдугаар эмнэлгээс гадна төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг мэдээж экс Ерөнхийлөгч, эсвэл эрхэм гишүүдтэй холбоогүй асуудал хэрнээ олны анхаарлыг илүү их татаад байна л даа.
-Би экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгч байгаагүй  шүү дээ. Хүмүүс юмыг их амархан мартах юм. АТГ-ын  ажилтан Цоодолсэнгээ гэдэг хүн намайг өмгөөлөгч нь байж болохгүй гэсэн бичиг гаргаж өгсөн үеэс эхлээд энэ хүний төлөө өмгөөллийн ажил явуулах эрх маань хаагдсан. Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн талаар тодоруулах юм бол намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэг барьяа гээд төсвөө батлуулсан юм билээ. Төсөв батлуулна гэдэг маань хууль батлуулсан гэсэн үг. Зөвхөн энэ эмнэлгийн асуудлаар дөрвөн удаа хууль батлуулсан байдаг юм. 2009 оноос эхлээд л явсан гэж үзэж байна л даа. Төсвийн тухай хуулийн зургаа, арав, дөчиннэгдүгээр зүйлийн тодорхой заалтууд байна л даа. Тэр нь нэгэнт батлагдсан төсөв байгаа бол төсвийн ерөнхийлөн захирагч зориулалтын дагуу зарцуулах ёстой. Өөр зүйлд зарцуулах эрх байхгүй гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг нь өөрөө Хууль зүйн сайдын, эсвэл Хууль зүйн яамны өмч биш байхгүй юу. Яагаад гэвэл төсвийн гүйцэтгэлээр баригдаж байгаа барилга шүү дээ. Түүнийг төсвийн гүйцэтгэлээр баригдсаны дараа Төрийн өмчийн хороо бүртгэж аваад аль нэг яаманд харъяалуулна. Мэдээж сайдын багцаар дамжуулан хөрөнгө гаргасан гэдгээрээ Хууль зүйн яаманд хуваарилагдах байх. Одоохондоо өмч болоогүй, төсвийн гүйцэтгэлийн дундуур ороод зориулалтыг нь өөрчилж байгаа нь буруу.
Түүнээс биш тэнд ажиллаж байгаа эмч нарын тухай яриагүй л дээ. Миний хэлээд байгаа зүйл болохоор Хууль зүйн яам, Засгийн газар нэг яамаар нөгөө яамны эмнэлэгтэй нийлүүлж байгаа асуудал бол миний эрх мэдлийн асуудал биш. Тэр бол Засгийн газрын бүрэн эрхийг асуудал. Судалгаа гүйцэтгэлтэй л хийсэн байх.  Миний хэлээд байгаа зүйл бол би УИХ-ын гишүүн учраас төсвийн гүйцэтгэлийг хянах эрх мэдэл бол байгаа. Тэр утгаараа хуулийг хянах эрх мэдэл бий. Тиймээс хуулийг хэрэгжүүлэхийг би шаардаад байгаа юм. Наад барилга чинь эмнэлгийн зориулалтаар баригдах учраас эмнэлгийн зориулалтаар нь ашигла гэсэн. Гэтэл үгүй ээ бид эмнэлгийн зориулалтаар ашигламааргүй байна. Яагаад гэвэл илүү зардал гарах гээд байна гээд байгаа юм. Тэгвэл наад өмчөө ЭМЯ руу шилжүүлээ, ЭМЯ илүү зардал гаргахгүйгээр ашиглаж болох байхгүй юу.
Яаж ашиглаж болох вэ гэхээр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гэхэд өнөөдөр ямар ч хүүхдийн эмнэлэг байхгүй. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг гэж байдаг ч барилга байшин нь ашиглах бараг боломжгүй болчихсон. Тийм учраас манай бүх эмнэлэг дээр асуудал үүсчихсэн байгаа. Ачааллаа дийлэхгүй гэхчлэн. Миний танил хэлж байна шүү дээ. Гэмтлийн эмнэлэг дайны байдалтай болчихож гэж. Эмч нар нь үүдэндээ өвлийн хувцастай хүнд нөхцөлд ачааллаа дийлэхгүй хэцүүхэн байна шүү дээ. Сонголтгүй ганц эмнэлэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн байшин илүүдээгүй учраас үүнийг энэлгийн зориулалтаар нь ашигла гээд байгаа юм. Төрийн бодлого, төрийн албан хаагчдад үйлчилдэг болго гэх нь миний ярьдаг сэдэв биш л дээ. Би энэ сэдвээр ярьж болохгүй. Яагаад гэвэл би Хууль зүйн сайд биш, бодлогод нь оролцдог хүн биш. Харин тангараг өргөсөн гишүүний хувьд төсвийн гүйцэтгэлийг зориулалтын дагуу ашиглаж дуусга, дуусгасныхаа дараа ачааллаа дийлэхгүй байгаа ЭМЯ-нд нь олго гэж хэлж байгаа юм.
Би нэг юман дээр хувь хүнийхээ хувьд жаахан эмзэглэдэг л дээ. Нэг юм ярихаар л Энхбаяр даргатай холбоод байдаг. Саяхан жишээ нь Амаржаргал гишүүн хүртэл тааралдаад “Чи Энхбаяр даргатайгаа л уулзаад байгаа юм уу” гэж байна лээ. Би бол эр хүн. Эр хүн ханилж яваад нөхрөө, унаж яваад морио хаядаггүй. Дарга сайд байхад нь уулзаад явж байсангүй. Энэ хүн өнөөдөр ямархуу байдалтай байна, Энхбаяр гэдэг хүний нэрээр гараагүй хүн УИХ-д хэн байгаа юм бэ, эрх мэдэлд хүрээгүй хэн байгаа юм бэ. Тэд өдий зэрэгтэй явж байгаа нь Энхбаяр дарга ямар нэг байдлаар нөлөөлсөн л байхгүй юу. Тэр утгаараа хүний олон хүнээ барьж идэх гэж байгаа юм шиг аашилж байгаад гайхаж байна л даа. Тэгээд ч өнөөдөр би хуульч хүн учраас шударга талаас нь хараад байгаа юм л даа. Энхбаяр даргыг ялласан зүйлийг хараад үнэхээр гайхаад байгаа юм. Ц.Батбаяр, Н.Болормаа гэдэг хоёр хүн одоохондоо шүүхээс ял аваагүй байгаа биз дээ. Гэтэл Энхбаяр даргыг ялласан Дээд шүүхийн тогтоол дээр Ц.Батбаяр, Н.Болормаа нартай бүлэглэн хотын өмчийг шамшигдуулсан гэж байгаа юм. Болормаа, Батбаяр гэдэг хүмүүст эчнээ ял өгчихсөн байна. Тэгэхээр нөгөө хүн нь анхан шатны шүүх дээр цагаадна гэсэн найдвартай орох юм уу. Энхбаяр гэдэг хүний тогтоол дээр Батбаяр, Болормаа нартай бүлэглэн хотын өмчийг хууль бусаар авсан гээд ял ногдуулсан. Одоо нөгөөдүүл нь шалгуулж байгаа гэнэ л дээ. Шалгуулна гэдэг чинь тэгсэн гэсэн үг биш шүү дээ. Шүүх хуралд хоёр өнцгөөс ордгийн нэг нь надад цагаадах боломж юу байна л гэж ордог биз дээ. Өөрийгөө өмгөөлөх эрхгүй болгоод тавьчихсан ёс зүйгүй юм хийгээд байгаа юм. Жишээ нь, Энхбаяр дарга  зохион байгуулагчаар яллагдсан юм байна лээ. Тийм юм бол гүйцэтгэгч нь хаана байгаа юм бэ. Би бол эрхзүйн онолын үүднээс л яриад байгаа юм. Ийм л байна даа. Яахав дээ нөгөө монголчууд доошоо орвол улам дардаг, дээшээ гарвал өмнөөс нь гүйдэг гэдэг шиг.
-Монголд янз бүрийн гэмт хэрэг гарч байна. Томоохон нь дандаа зохион  байгуулалттай, нууц ноёнтон нь голдуу илэрдэггүй, ард нь үлддэг. Хэн нэг нь ял аваад тэжээлгэж байгаад гараад ирдэг тухай та хэд хоногийн өмнө хэлж байсан. Үүнийг “хэрэг угаах хэрэг” гэж Таны хэлсэн нэр томъёог үндсэндээ анх удаа сонслоо. Та юун дээр тулгуурлаж ингэж хэлсэн юм бэ?
-Эрх зүйн онолд мафи, олигархи бүлэглэл гэсэн хоёр ойлголт байдаг. Мафи гэдэг нь эрх мэдэлдээ хүрэхийн тулд хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Олигархи бүлэглэл гэдэг нь тодорхой бүлэглэлүүд өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд төрийг мафижуулдаг хувилбар юм л даа. Тэгэхээр маш олон гэмт хэрэг илэрч байгаа нь сайн. Хамгийн сүүлд жишээ нь мөнгө угаах хэрэг илэрлээ гэж байна. Нийгэм байгаа юм чинь хэргүүд илрэх л байх. Хамгийн гол нь энэ хэргийг зохион байгуулалттай илрүүлээд жинхэнэ эзэд нь ард нь үлдчих вий дээ гэж бодоод байгаа юм л даа. Жишээ нь Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг гээд аваад үзье. Ард түмэн Чимэдцэрэнгээс гадна өөр хүмүүс байгаа гэж хардаад л байсан. Тэгээд л Чимэдцэрэн ганцаараа ял аваад л явчихсан. Гаалийн Баатарын хэрэг гээд л аваад үзье. Бас л хэсэг хүмүүс байгаа байх гээд иргэд хардаж байсан. Баатар ганцаарахнаа тэр мөнгийг идчихсэн болоод л явсан. Одоо ашигт малтмалын Батхуягийн хэргийн ард нүдний шилтэй гадаад хүн ард нь байгаа л гээд байсан. Гэтэл Батхуяг ганцаараа ял аваад явж магадгүй байна. Мөнгө угаах хэрэг дээр ч үнэхээр илрээд эзэд нь олдвол сайн. Үүнийг илрүүлсэн нэрээр ард нь дахиад л хэдэн хүн үлдчих вий гэж санаа зовоод байгаа байхгүй юу. Нэг хэрэг дээр нэг хүн ял аваад явахад жинхэнэ эзэд нь  сугар ч үлдээд байгаа явдлыг хэрэг угаах гэмт хэрэг гэдэг юм. Массаар нь авч үзэж байж л энэ гэмт хэрэг байсан гэдгийг тогтоож чадна. Тэгэхгүй бол өнөөдөр үүнийг тогтооход тун хэцүү шүү.
-Та мэргэжлийн хуульч. Нэлээд боловсролтой эрхэм гишүүдийн тоонд орж байгаа. ОХУ-ын Ерөнхий сайд Медведев Орост 50 мянган авлигын хэргийг мөрдөн шалгаж байна гэж зарласны дагуу Швейцарийн нэгэн сонин ярилцлага авахдаа асуусан байна л даа. Энэ бол авлигатай тэмцэж байгаа шинэ давалгаа гэсний дохио юу гэсэн чинь үнэн хэрэгтээ авлигын дуулиант хэргүүд үүнээс ч хавьгүй их гэсэн байна. Тэгэхээр хууль зүйн түвшинд манайд илрүүлж байгаа авлигын хэрэг ардчиллыг хөгжүүлж байгаа бусад орнуудтай харьцуулахад ямар байдаг юм бол. Шийдвэрлэх арга зам, ач холбогдлоороо манай улс хаахна нь явдаг юм бэ?
-Ингэж л ойлгох хэрэгтэй. Ард түмэн юмны үнэ буувал авлига багасч байна гэж бодох хэрэгтэй. Төсөвт гаргаж байгаа нийт үнийн дүнгийн 10 хувь нь авлига руу явж байна гэж ойлгогддог. Тэр чинь эргээд буухаараа жижиглэнгийн үнэд очдог. Юмны үнэ буухгүй л байвал авлига байгаад л байна гэсэн үг. Маш олон хүчин зүйл ярьж болно л доо. Барилгаар аваад үзье. Би барилгын ажлын хэсгийг судалсан. Барилгын үнэ өсөөд байгаад эдийн засгийн талаасаа олон гоё тайлбар хийж болно л доо. Өсөөд байгаа гол шалтгаан бол тэд илүү зардал гаргаад байгаа юм биш. Өөрөөр хэлбэл,  шохойны үнэ, ажилчны хөлс, цашилбал тоосго, газрын үнээс  шууд шалтгаалаагүй. Газар үнэгүй шүү дээ. Манай улсад дуудлага худалдаагаар авсан газар цөөхөн байгаа. Ихэвчлэн нэгнээс нөгөөд шилжүүлсэн байдаг. Хуульд бол яг газар үнэлчихсэн юм байхгүй байгаа. Тэр утгаараа газрыг үнэгүй гээд ойлгох хэрэгтэй. Газраа сая доллараар авдаг энэ тэр гэдэг чинь зохиомол юм. Жинхэнэ газрыг метр квадрат нь төд гээд хуульчилсан юм хаана ч байхгүй. Дуудлага худалдаагаар авсан цөөхөн газар байдаг. Гэхдээ шударгаар авсан бол жаахан л үнэ төлөх байхгүй юу. Өөрөөр хэлбэл, барилгын үнэ өсөөд байгаа нь газраас болоод орон сууцны үнэ өсөөд байгаагаас илүү авлига байгаатай л холбоотой юм. Нэгэнт авлигатай газарт үнэтэй байгаа юмыг авлигагүй хүн хямдхан хийхээр хүн гайхна шүү дээ. Зохиомлоор үнэ өсгөөд байгаа юм. Авлига гэдэг бол асар их хор хөнөөлтэй юм. Авлигыг устгах гол арга нь зөвхөн дээрээс нь устгах. Дээрээс нь өөрчилж чадвал доошоогоо өөрчлөгддөг. Түүнээс биш доор байгаа хүмүүсээ шалгаад л шорон гянданд хийснээр авлига буурахгүй. Харин ч нарийсдаг юм. Аливаа зүйлд шалтгаант холбоог нь л олох хэрэгтэй. Сайхан юм яриад муухайг хийгээд байвал нийгэм цэвэршихгүй. Хувь хүнийхээ хувьд үүнд л маш их санаа зовж байна даа.
-Энэ парламентад нэг үеийн боловсролтой хуульчид орж ирлээ л дээ. Жишээлбэл эрхэм гишүүн Баасанхүү, Батзандан, Тэмүүжин  нар. Та нар нэгэн цаг үед мэргэжил эзэмшсэн хүмүүс учраас эрх зүйн орчинд харьцангуй шинэ уур амьсгал оруулах байх гэж сонгогчид итгэл найдвар тээн харж байгаа. Ер нь парламентын баталчихсан хуулиудын хэдэн хувь нь шаардлага хангахгүй гэж үзэж болох вэ?
-Өөрийнхөө зүгээс хэлбэл, УИХ парламент байх ёстой. Түүнээс биш хэсэг бүлэг хүний бүлэглэл байж болохгүй. 76 хүн суугаад дуртай юмаа яриад, дур зоргоороо авирлаад, өөрийнхөө чиглэлээр хэвлэлийнхний өмнө од болох гээд гүйгээд байх хэрэггүй. Яагаад гэвэл энэ парламентын үндсэн чиг үүрэг нь хууль тогтоох шүү дээ. Хууль тогтооно гэдэг нь шинжлэх ухаанжсан онолтой байх ёстой. Тэгэхийн тулд өнөөдөр УИХ-ын Тамгын газар Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнг удирдан чиглүүлж байх ёстой. Та одоо хар л даа. Эрүүгийн хуулийг өөрчлөх гээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн санал оруулсан. Тэгэхэд  өө бид гоё хуультай болно оо гээд өнөөдрийг хүртэл шийдэхгүй байна. Тэр гоё хуулийг Хууль зүйн яаман дээр хэдэн залуучууд хийж байгаа байхгүй юу. Шударга хэлэхэд тэд хийж чадахгүй ш дээ. Яагаад гэвэл аливаа хууль чинь амьдралаас ургаж гараад тэр харилцааг зохицуулдаг хэм хэмжээ болохоос биш Америкаас авчраад орчуулаад тавьчихсан юмыг хэлдэггүй байхгүй юу. Тэнд зөвхөн онол нь л байна. 2002 оны хууль бол муу хууль байгаагүй. 2008 онд муу болгосон байгаа юм. 2008 онд асар олон заалтыг нэмэлт болгож оруулсан. Жишээ нь 2008 оны хоёрдугаар сард 179 гэсэн заалт оруулсан, үймээн самуун дэгдээх гэсэн. Дараа нь тэр заалтаараа 300 хүнийг шоронд хийлээ шүү дээ. Зохион байгуулалттай юм шиг сонин заалтуудын нэмэлт орсон байгаа юм. Тэр долдугаар сарын нэгнээс хамаагүй өмнө гарсан өөрчлөлт. Тэр өөрчлөлт чинь энэ хуулийг жинхэнэ шоронжсон болгосон байхгүй юу.
Хууль төгс байгаагүй. Тодорхой хэмжээний дээрмийн хэрэг дээр ч гэдэг юм уу, шинэчлээд явсан бол болох байсан. Яагаад гэвэл эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр гээд 20 жилийн өмнөөс өнөөдрийг хүртэл олон улсын санхүүжилт, томоохон төслөөр хуулийн онолыг нэлээд гайгүй болгосон. Орондоо л жаахан засагдсан байж магадгүй юм. Иймэрхүү хуулиудаа бид шинэчлээд явах ёстой. Цоо шинэ хууль гаргах гэж байгаа бол цоо шинэ хууль гаргах нийгмийн харилцаа юу байгааг нь нийгмээрээ ярьж баталгаажуулах ёстой.
-Тэгвэл Эрүүгийн хуулийг яагаад шинэчлэхгүй удаад байгаа юм бэ?
-Шинэчлэх гэж байгаа гээд Хууль зүйн яаман дээр л байгаад байгаа ш дээ. Манай хууль зүйн шинжлэх ухааны докторууд түүн дээр ажиллаж байгааг нь би бол мэдэхгүй байна. Тэр утгаараа өнөөдөр Монгол Улс 1924 оноос хойш эрх зүйн шинжлэх ухааны суурьтай болсон. Энэ суурин дээр үндсэлж л шүүх, цагдаа, прокуророо өөрчлөх ёстой. Уламжлалаа сайжруулах гэсэн үг. 1924 онд юун дээр алдсан юм бэ, 1940 онд, 1960, 1992 онд юун дээр алдаж вэ гэсэн байдлаар уламжлал дээрээ тулгуурлаж, цаашаа явах ёстой. Түүнээс биш, өө энэ болохгүй гээд үндсээр нь солиод байж болохгүй. Жишээ нь 1992 онд манайд англи хэл зааж байснаа дараа нь герман, дараа нь япон хэл гэхчлэн жил жил өөр хэл зааж байсан. Ингэж туршилтын туулай болгодог юмнаасаа салмаар байгаа юм.
-Таны бодлоор Монгол Улсын эрх зүйн орчинд яг одоо болохгүй байгаа ямар хууль байна вэ?
-Хамгийн гол нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиуд албан ёсоор Үндсэн хуульд суурилж явах ёстой байтал манайх журманд суурилж яваад байгаа юм. Дүрэм журманд суурилж явснаас болоод өнөөдөр нийгэм гажуудалд ороод байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулиар жишээ авахад, саяхан би эмэгтэйчүүдийн хорих ангид очсон чинь 10 ээж байж байна. Тэндэхийн хорихын дарга нар бүгд санаа зовчихсон. “хөөрхий энэ ээжүүдийг яая даа” гээд л. Наад хуулийн чинь 128,4 гэсэн заалт дээр маш тодорхой заалт байна шүү дээ. Дөнгөж жирэмсэн боллоо гэхэд гурван эмчтэй ч юм уу комисс томилох ёстой. Комисс нь очиж үзээд жирэмсэн гэдгийг нь тогтоогоод хоёр төрлийн дүгнэлт гаргах ёстой. Нэгт байрлах байр, хоёрт идэх хоолных нь дүгнэлтийг. Мэдээж гуравт нь эрүүл мэндийн дүгнэлт гаргаад явж байх ёстой. Намайг ингэж хэлэхээр юун дүгнэлт, юун комисс яриад байгаа юм бэ гээд  гайхаж байна лээ. Тэнд нь дотрын нэг л эмч байдаг юм билээ. Тэр бүү хэл тэр хуулийг хэрэгжүүлэх юм бол тэр ээжүүдийг тусад нь өөр байранд байлгаж болно. Манайд өнөөдөр хөл нь хөл, гар нь гарныхаа үүргийг гүйцэтгэхээ больчихоод байгаа нь л эрх зүйн хямрал үүсгэчихээд байна. Жишээ нь эмнэлэгт хэвтэх эсэхийг прокурор, шүүх, хууль, УИХ ч шийдэхгүй, зөвхөн эмч л шийднэ. Эрүүл байна уу, үгүй юу гэдгийг бас л эмч шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, тэр ээж нарын асуудалд мөн л эмч нар л оролцох ёстой байсан байхгүй юу. Гэтэл шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дарга оролцоно гэсэн журам байгаа учраас хорихын дарга нь санаа зовохоос өөрийг хийж чадахгүй сууж байна. Хүн ёсны хувьд авч үзвэл даргын санаа зовох нь буруу биш. Монголд өлсч байгаа хүний нүдэн дээр амттай хоол хийгээд үнэрлүүл гэсэн хууль байхгүй шүү дээ.
Тэгэхээр Монгол Улс Үндсэн хуулийнхаа гурван утгатай тунхгийн нэгийг нь л 20 жил ярьсан байна. Уг нь бол хүмүүнлэг, иргэний, ардчилсан байх ёстой. Гэтэл ардчилсан гэдэг үгэн дээрээ суурилаад л 20 гаруй жил явчихсан. Чи ардчилсан, энэ ардчилсан биш, МАН нам болон МАХН-ыг  ардчилсан биш, АН бол ардчилсан гэхчлэн сүүлдээ механикаар ойлголтууд бий болгочихсон, үгүй шүү дээ. МАН болон МАХН ч ардчилсан л байхгүй юу. Яагаад гэвэл 1992 онд ардчилсан хувьсгалыг ард түмнээрээ хийсэн. Тэр дотор одоогийн МАХНын гишүүд ч байсан. Одоогийн АН дотор МАХН-ын гишүүн ч байгаа. Ардчилсан гэдэг үгийг 20 жил ярьсны хүчинд сайн ч бай, муу ч бай сууриа тавьчихсан. Тиймээс одоо хүмүүнлэг, иргэний гэдэг зүйлийг хэвшүүлэх шаардлагатай байна. Хүмүүнлэг гэж юу байх вэ, иргэний оролцоо ямар байх ёстой юм бэ. Энгийн жишээ хэлэхэд, орон нутгийн сонгууль дээр Ардчилсан нам 13, Ардын нам 15 гээд юу яриад байгаа юм бэ. Үндсэн хуульд иргэний тухай заасан байгаа шүү дээ. Баянгол дүүргээс АН-ын гишүүнчлэлтэй төдөн иргэн гэж ярих ёстой байхгүй юу. Иргэд яллаа гэж сурталчилж байх ёстой атал  тэр нам ялчихлаа, энэ нь ялагдчихлаа гээд байгаа юм. Намчирхсан, туйлширсан байдлаа болих хэрэгтэй.
-Намчирхсан асуудал юм болгон дээр мэдрэгдэж байна. УИХ-д ороод ирэхээр оны ялгаа ч юм уу, аль эсвэл би тойргоос сонгогдож, чи намын жагсаалтаар орж ирсэн гэх хандлага ажиглагддаг уу?
-Туйлын мэдрэгдэхүйц гэж хэлж чадахгүй. Гэхдээ туйлширсан бодолтой хуучнаа санагалзсан байдал мэдээж зөндөө л байгаа. Би бол өнөөдөр зөв зүйл хийж байгаа бол аль ч тал нь байсан хамаагүй дэмжээд явна. Буруу зүйл бол манай нам ч бай, бусад нам ч бай эсрэг л байна. Монгол Улсад хүмүүнлэг энэрэнгүй ёсонд суурилсан шударга ёсыг би хүсээд байгаа юм. Чадах эсэхээ мэдэхгүй байна. Сая Газрын тухай хуулийн төсөл оруулжж ирээд газар чөлөөлөх тухай асуудал ярилаа. Шударга ёсоо яривал наана чинь байшин барих гээд байхад газраа чөлөөлөхгүй яадаг юм бэ гэж болох ч энэрэнгүй ёсоор бодох юм бол хүний өмчийг чөлөөлнө гэж ярьж болохгүй. Нэгэнт газрыг нь өмчлүүлчихсэн шүү дээ. Таны өмчийг албадан чөлөөлүүлэх хэн бэ, худалдаж л авахаас өөр арга байхгүй.  Худалдааг харин нэг талын шийдвэрээр хийх үү, хоёр талын шийдвэрээр хийх үү гэдэг л яриа байх ёстой. Тэгэхээр газар чөлөөлөх тухай биш, өмчлөлийн газрыг худалдаж авах тухай хууль гэсэн нэр томъёо хэрэглэмээр байгаа юм. Гэх мэтчлэн нэрнээсээ авахуулаад энэрэнгүй ёсонд суурилсан шударга ёсыг л бүх газарт хэвшүүлэх юмсан гэж л бодож байна.
-Английн философич Бэкон нийгэмд ашиг сонирхлуудын зөрчил ихэссэн үед л шударга ёсны шаардлага бий болдог гэсэн. Монголд өнөөдөр шударга ёсны тухай асар их ярьж байна. Энэ талаар амсгалах аргагүй болчихоод байна уу?
-Шударга ёс ус, агаар мэт хэрэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ энэрэнгүй ёс бол бүр орхигдож дуусч байна. Тийм учраас ёс суртахуунлаг, энэрэнгүй байдлыг өнөөдөр төлөвшүүлэх хэрэгтэй. Ёс суртахуунлаг хүн л шударга байдаг. Үүнийг төлөвшүүлэхийн тулд цагдаагийн тоогоо нэмээд хэрэггүй л дээ. Эсвэл шударга ёсыг нэмэгдүүлэхийн тулд хүчний байгууллагыг зузаатгаж, томруулаад байх шаардлагагүй. Хууль зүйн сайдын дор гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хуулиар баталгаажуулсан байгууллага байх хэрэггүй. Зүгээр л одоо бид энэрэнгүй хэм хэмжээг яаж бүрдүүлэх вэ гэж л ярих ёстой юм. Бодоод үз дээ. Өчигдөр би Ерөнхий сайдад асуулга тавьсан юм. Монгол Улсад ажилгүй, малчин, хувийн сектор, албан бус орлоготой иргэдийг яаж тэтгэврийн настай болгох вэ гэж. Түүнийг 76 гишүүний 10 нь л сууж сонсч байсан. Гэтэл түүний өмнө төрийн албан хаагчийг халах тухай асуудал ярихад МАН-ынхан бөөнөөрөө, АН-ын олонхи нь сууж байсан. Сонин байгаа биз. Албан тушаалын асуудал сонирхолтой байна л даа. Бид чинь хүн л юм чинь дал хүрэхээрээ 100 мянган төгрөгийн ч гэсэн тэтгэвэр авчих юмсан гэтлээ ядарна шүү дээ. Өнөөдөр нийгмийн бодлого тогтолцоог яаж ийш нь чиглүүлэх вэ. Мэдээж аль болох зүгээр тэжээгддэг хүмүүс байлгамааргүй байна. Гэхдээ өнөөдөр Монгол Улсад энэрэнгүй байдлаар хэн нэгнийг хохироохгүйгээр яаж  амьдрах вэ. Сүүлийн үед шударга ёс гэдэг давалгаа чинь энэрэнгүй ёсоо орхиод энэрэнгүй бус шударга ёс гэж хэлэх юм уу, хаашаа юм бэ. Ийм л болчихсон. Хохь чинь гэдэг байдлаар хандсанаас болоод нийгэмд айдас бий болчихсон. Зүгээр нэг бизнесмэн хүн хэлж байна, би уг нь татвараа л төлдөг, айгаад байх юм, санаа зовоод байх юм гэж. Ингэж нийгмийг айдаст автуулах хэнд хэрэгтэй юм бэ. Миний хувийн бодол товчхондоо бол ийм л байдаг юм.
-Асуугаагүй ч ам нээвэл уушиг нээ гэсэн үг байдаг.
-Ний нуугүй хэлэхэд дор нь баахан коммент бичээд байдгийг ойлгохгүй байдаг юм. Би буруу ойлгуулаад байгаа юм уу, эсвэл үнэхээр нийгэм болохгүй байгаа юм уу. Яагаад ийм байгааг нь үнэхээр хэлж чадахгүй юм. Би олон орноор явж байсан. Гадаадад очих бүртээ  аль болох тэнд амьдарч байгаа монгол иргэдтэй уулзахыг эрмэлздэг байсан. Тэгээд харж байхад энэ Монгол Улсаа сайхан байлгах хүсэл бол бараг хүн бүрийн сэтгэл зүрхэнд байдаг юм билээ. Гэхдээ хүрд эргүүлэх боломж нь хүн бүрт тэгш ногдож өгөхгүй байна л даа. Түүнд л би их санаа зовоод байгаа юм. Уг нь бид иргэний оролцоо, нийгмийн тэгш байдлыг бий болгож чадвал бүх хүний оролцоогоор Монгол Улс сайхан болж чадна гэж боддог. Өнөөдөр нийгэмд зориуд нэгийг нь зориуд ганцаардуулах, нэгийг нь булан руу шахах, нэгийг нь гутаан доромжлох байдлаар зүрхийг нь үхүүлэх замаар хандах чинь одоо бол их утгагүй. Сая УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярыг ялласныг хараад Монгол Улсад хууль зүйн тогтолцоо, шүүхийн тогтолцоо ялзарч дээ гэж харсан. Яагаад гэвэл өнөөдөр бүх юм онол дээр суурилах ёстой. Муу гээд байдаг Орос гэхэд шинжлэх ухааны асар том суурь шүү. Гадаад харилцаа ч гэсэн зөв явах ёстой. Баасанхүү чи дэндүү олон салбар руу ороод яваад байна гэж зарим хүн хэлдэг. Болохгүй байна шүү дээ. Болохгүй байгаа юмыг чинь би хэлье, огт хэлэхгүй эсвэл үүнээс хойш огт хэлэхгүй дуугүй явъя гэвэл хэзээ нэг цагт хэлсэн үг маань үнэн болох нь харагдана. Нийгмийн харилцаанаас эхлээд болохгүй байгаа бүх зүйл өөрчлөгдөх болов уу л гэж найдаж байна. 22 жил болчихоод өнөөдөр гэнэт нойрноосоо сэрсэн юм шиг эргээд хар даа. 22 жилийн 10 жил нь Ардын нам, Ардчилсан нам хамтарч, үлдсэн жилүүдэд нь өөр хоорондоо ээлжилж л засаг төрийг барьж ирсэн. Гурав дахь хүчний төлөөлөл би орж ирээд л бүх зүйлийг харж байна. Үнэхээр нөхцөл байдал болохоо байчихсан байна. Нарийн төмөр зам, өргөн төмөр зам гээд л яриад байдаг. Өргөн замаа тавь гэхээр нөгөөдүүл нь нарийн төмөр зам тавих ёстой, нүүрсээ аваад л Хятад руу гаргах гэхээр дугуйг нь сольж чадахгүй гэх юм. Тэгвэл дугуйг нь Монголдоо соль л доо гэхээр бас нэг нөхөр нь өө би тонн тутмаас нь гуравхан долларыг нь л авъя гэж байх жишээтэй. Хэдэн сая тонноос авна шүү дээ. Түүнийгээ бас Монголдоо үлдээх хөрөнгө гээд нэрлээд байгаа байхгүй юу. Мэдэх тусам мэддэггүй хүмүүсийн хажууд тэнэг харагддаг гэж. Эсвэл мэдэх тусам мэдэхгүй хүмүүсийн боол болдог гэж үг байдаг даа. Өнөөдөр нийгэмд асар том бухимдал байна. Ядаж л энэ эмнэлгийг эмнэлэг чигээр нь байлгамаар байна. Яагаад гэвэл манайд эмнэлэг илүүдээгүй.
-Илэн далангүй ярилцсан Танд баярлалаа.
Г.Болор