Showing posts with label ГАЛСАН Чинагийн. Show all posts
Showing posts with label ГАЛСАН Чинагийн. Show all posts

Sunday, 20 April 2014

Чинагийн Галсан: Гомдох ч юу байхав дээ. Намайг энэ улс огт ашигласангүй дээ…

-Таныг Германд л байдаг гэж бодож явлаа, ирээд удаж байна уу?
-Би ирэн очин байдаг хүн шүү дээ. Тэнд 3 сар л байдаг, виз тэгж таардаг.

-Та Герман хэлээр хичнээн номтой юм бэ?
-Би нийт 41 ном бичжээ. Монгол хэлээр 6, Герман хэлээр 35 ном хэвлүүлсэн байх юм. Анх нэг ч ном бичээгүй байхдаа би 5 ном л гаргана гэж хэлэхэд манай зохиолчид жоохон дооглонгуй: “За бичээд байж дээ…” гээд мушийж байж билээ. Тэгэхэд залуу ч, омголон ч байж. Гэтэл өнөөдөр 50 ном гаргах дээрээ тулчихаад байж байна даа. Одоо би ядарч байна, хөгширлөө гээд зогсож болно  л доо. Өмнөхөөсөө давах зохиол л бичих зорилготой болохоос, тоо хөөцөлдөх бодол алга. Эрнест Хеменгуэй сүүл рүүгээ өмнө бичсэнээ давахаа болисон. “Өвгөн далай хоёр”-оосоо хойш өөрийгөө ч дэлхийн зохиолчдыг ч “цохино” гэсэн хүн  гутрахдаа амиа хорлосон юм шүү дээ. Архинд их орчихсон эмзэг хүн байсан болоод тэр.

-Та Хеменгуэйг их уншдаг уу?
-Уншдаг байсан, сүүл рүүгээ больсон. Яагаад гэвэл “Африкийн ногоон толгод” номондоо арьсны үзэлтэйгээ илчилж, харуудыг их доош хийсэн юм бичсэн байдаг. Бас амьтан алж хядаж байгаагaa их л баяссан өнгөтэй бичснийг хараад уншихаа больсон. Хиеэн гэж нэг нохой байдаг шүү дээ. Харaхад их муухай л дaa, тэрийг буудаж тамлаж алснаа жаргал болгож, яаж гаслаж гангинасан, цусаа хэрхэн урсгасан гэх мэтийг бичсэнийг уншаад би уншихаа больсон.

-Одоо ямар ном уншиж байна?
-Далай ламын номуудыг англиар харж сууна. Миний бодсонтой бүр яг таарсан юм их байх юм. Бид хоёрын амьдрал их адилхан санагддаг. Би энэ хүнийг их өрөвддөг, уулзаж ч байсан. Нобелийн шагналтай том хүн ч гэсэн эх орон байхгүй, xятадуудад зүхүүлээд, зовж яваа хүн шүү дээ. Нэг удаа хамтраад юм ярих бодолтой байдаг.

Сэтгүүлч хүнийг сонин битгий уншиж бай гэх ч хаашаа юм. Би сонин уншдаггүй болоод удаж байна. Нетээр хааяа нэгийг түүж сорчилж хардаг. Манайх шиг сонингууд хүний сэтгэлийг их хиртүүлдэг юм. Ер нь залуус та нар сонголт сайн хийж унших хэрэгтэй. Их гунигтай, зовлонтой, хар юм унших дотроо харлуулж байгаа хэрэг шүү дээ. Бал нь дотор сэтгэлд тогтдог юм. Чингиз Айтматовыг уншдаг. Би таньдаг байлаа. Тэр Киргизээрээ, би Тувагаараа яриад хэлмэрчгүй ойлголцдог байсан. Хаaяа нэг мэдэхгүй үг гарч ирвэл би казаxаар асууна, тэр ч казак хэл сайн мэднэ. Мэдээж болохгүй бол оросоор ярина. Миний бодож явдагтай яг адил юм бичдэг байсан нь санаа нийлэх гол шалтгаан. Айтматов намайг их зоригжуулсан хүн. Миний өмнөөс, Төрмөнхийн өмнөөс, ер нь дорно дахины хүний өмнөөс хэлж бичсэн анхны том хүн байсан. Бид их дотно, багш шавь болцгоосон. Сүүлчийн удаа уулзаад лифтэн дотор гар бариад салхад хажуудах хүндээ:

“Энэ залуу их зовж байна. Яг исэлт нь боловсорч байна. Энэ хүн хүрэх газраа хүрнэ. Би харахгүй байх, та нар харна aа ” гэж хэлсэн гэж байгаа. Жилийн дараа хорвоогоос явсан л даа.

Кавабатаг их уншсан. Лакснэс гэж Исландын нэг зохиолч бий, бас их уншсан.

-Таныг гаднаас их олон шагнал авсан гэж сонсож байсан манайхан төдийлөн сайн мэдэхгүй байх шиг? 
-Герман хэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсаны төлөөх шагнал (Heimito-von-Doderer- Award ) гучин мянган евро дагалддаг том шагнал л даа.
 

Adelbert-von-Chamisso-Award: Би 10 дахь хүн нь юм билээ. Тэгээд би өмнөх 9 хүнээ судалж харлаа. Гэтэл тэнд амьдардаг гадныхан, өөрөөр хэлбэл тэдний иргэд авсан байх юм билээ. Энэ утгаараа бол би анхны жинхэнэ гадны хүн, бүр азийн анхны зохиолч болж таарч байх юм. Тэрбум гаруй хүнтэй Хятад ч аваагүй, тив алгасагч пуужинтай Орос ч аваагүй, Азийн Америк гэдэг Япон ч аваагүй юм билээ.

-Дэлхийд нэрээ гаргасан Монгол хүнийг манайхан нэг л тоож харахгүй юм даа. Нобелийн шагналыг төр нь тодорхойлдог билүү? Мураками гэж япон зохиолч бараг жил бүр л нэр дэвших юм?
-Тэгэлгүй яахав. Нобелийн академид миний нэр зүгээр уншигчдын хүсэлтээр хэд хэд очсон гэдэг.  Уг нь тэр зохиолчын улсын төр, засаг л тодорхойлдог журамтай. Би Тува гэдгээсээ болоод л хавчигдаад, хариуцах хүнгүй болчихоод байна уу гэж боддог болсон. Энэ миний нэг бахархал, бас зовлон. Бүр Цэдэнбал даргын үед би Германд айлчлах  илтгэл, энэ тэрийг нь бичиж, орчуулж бэлдэж өгч байлаа. Тэгэхэд Герман бичгийн машин байхгүй, би өөрийнхөө машиныг бөөн зөвшөөрөл авч байж ордонд авч орж хийж өгч байлаа. Цэдэнбал дарга; Чи над шиг их няхуур ажилсаг, нэг юмандаа улайрдаг хүн юм байна. Би сэмхэн ажиглаад л байлаа гэж магтаад жоохон юм ярьж билээ. Тэгээд эцэст нь чи хаанахын хүн бэ ? Нутаг хаана билээ ? гэж асуусан. Би Тува хүн гэж хариулсан чинь их дургүйцэж Монголд нэг ч Тува хүн байхгүй шүү. Чи бол Урианхай хүн! гэж билээ. Урианхай хүн монголоор ярьдаг, бид Тувагаар ярина гэсэн чинь тун их дургүй байсан.

-Яагаад тэгдэг юм бэ? Одоо ч бас тэгж хандаад байна гэх гээд байна уу?
-Хар хайрцагны бодлого. Бал дарга их юм уншиж мэдсэн хүн байсан юм шүү дээ. Би сүүлд учрыг нь мэдсэн. Чингис хаан Туваг эзлээд хаа байгаа Бурхан халдуны дэргэд байдаг Урианхай нараар нэрлэсэн байдаг юм билээ. Нэгдсэн их гүрэн байгуулах гэж байгаа улс чинь тэгдэг юм байна л даа. Египитийг Миссир, Энэтхэгийг Жагар гэх мэтээр бүгдийг Монгол нэрээр нэрлэдэг байсан шүү дээ. Нэгдсэн улс байгуулж байсан улсын бодлого. Харин надад дургүй байдаг нь бас атаархалтай холбоотой байx. Атаархал гэгч мөнгөний шуналаас ч хүчтэй. Мөнгөтэй хүнд гэхээсээ чадалтай хүнд илүү атаархдаг. Чамайг ч гэсэн сайн юм бичээд, нэрд гараад ирэхээр ямар ч гэм хийгээгүй байхад чинь бүр ойр дотны хүнээсээ эхлээд нэг л дургүй болоод өө эрээд эхлэхийг чи харах болноo. Бүр хамгийн ойрын хүн чинь ч нэг л биш болчихно шүү дээ. Тэд өөрсдөө ч яагаад чамд дургүй болсноо мэдэхгүй байж ч мэднэ. Гэхдээ л нэг үл үзэгдэгч хана босоод ирнэ дээ. Өнөөх л Монгол зан!

-Таны номнууд Германд хэдэн хувь борлогддог юм бэ? Манайд бол ном маш муу гүйлгээтэй байдаг юм билээ.
-Дэлхий даяар  ном тийм ч их гүйлгээтэй биш болсон. За яахав өнөөх их рекламтай ном бол өөр байдаг байх. Би эхлээд хэвлэлийн газартаа гар бичмэлээ үзүүлнэ.Тэд уншаад гэрээ хийгээд гарын үсэг зурсан өдрөө багахаан урьдчилгаа өгнө. Гэхдээ 5000 орчим евро ч юм уу, манайхаар бол 15 сая төгрөг үү? За тэгээд зарагдаад эхлэхээр тонтем гэж нэрлэдэг 10 хувь орчмыг авна. Энэ сүүлийн ном л гэхэд 22 еврогийн үнэтэй байна уу? Тэгэхээр нэг номноос 2 евро гэсэн үг. Хэвлэлийн газар маань уулзалт их зохион байгуулна. Нэг уулзалт дээр аягүй бол 100 ном ч зарагдаж мэднэ. Би худалдаж авсан номонд нь гарын үсэг зурдаг. Тийм уулзалтыг тэд нар зохион байгуулна. Зардлыг, буудлыг тэд даана. Тэгээд л өнөөх тахиа өндөглөж байгаа юм шиг жоохон жоохноор энд тэндээс түүгээд байдаг. Янз бүр дээ, ном болгон адилгүй. Сардаа ч юм уу улиралдаа орлогоо шилжүүлнэ. Надад менежер байгаа. Тэр бүхнийг зохицуулна. Зарим ном 20 мянган хувь зарагддаг. Гэхдээ бас энэ тийм ч үнэн тоо биш. Хэвлэлийнхэн дардаг байх. Би өөрөө мөнгө гаргаад ийм сайхан ном хэвлэнэ гэвэл бүтэхгүй шүү дээ. Цэвэр оюун ухаанаа зарж идэж байгаа болохоор сайхан шүү дээ. Бac зардлыг хэвлэлийн газар хариуцдаг болохоор.

-Тэгээд та байн байн яваад байдаг хэрэг үү? Номоо ингэхэд хаана бичдэг юм бэ?
-Хэвлэлийн төлөөлөгчид том том хот болгонд байдаг л даа. Тэд намайг тийм уулзалтанд уридаг юм. Тэр уулзалтууд дараагийн борлуулалтанд их нөлөөтэй. За Галсан ах сайн ярина шүү! гэнэ шүү дээ. Би баахан бурж өгнөө, тэгээд борлуулалт нэмэгддэг юм. Бичихийн тухайд бол хаана ч бичнэ. Шүлгүүдээ би ихэнхдээ галт тэргэнд, зочид буудалд бичсэн байдаг. Жинхэнэ нүүдэлчин шүү дээ би гэдэг хүн. Тэгээд ерөөсөө л нүүдэлчдийн тухай бичдэг хүн . Би 10 роман бичсэн. Энэ сүүлчийн “Алт ба элс” романыг дэлхийн хэмжээний роман гэж шүүмжлэгч нар үнэлсэн. Би өөрийгөө нэг алтны уурхайтай хасаг хүүхэнтэй хайр дурлалын холбоотой болсон тухай роман юм л даа. Би болохоор уулаа ухуулмааргүй байдаг, гэтэл өнөөх хүүхэн жигтэйхэн баян, тэгээд бид хоёр хайртай, ийм нэг зөрчилтэй роман. Сүүлдээ өнөөх хүүхэн үхэж би Баян-Өлгийд байгуулсан оршуулгын газартаа оршуулж байгаа гардаг. Тийм оршуулгын газар би байгуулсан юм. Битүү модтой сайхан газар. Үзэл бодол нь эсрэг гэхдээ зүрх сэтгэл нь хоорондоо татагдаад байгаа тухай зохиол.

-Мод гэснээс, нээрээ таныг нэг сая мод тарих зорилготой гэж бичээд байх боллоо.
-Тийм, чиний энэ харж байгаа моднуудыг бүгдийг би тарьсан, гэхдээ ойгоос хулгайлж авчраагүй. Бүр үрээр таpьж байгаа.Тээр харагдаж байгаа шилэн хүлэмжинд үр суулгаад ургуулдаг юм.Тэр том торхонд 2 тонн ус байгаа. Доорoo худагтай. Газрын наймаа мафи байна гэдэг үнэн шүү дээ. Энэ газрыг 10 саяар, тэр хүлэмж байгаа газрыг 20 саяар авлаа шүү дээ. Надад мод тарих газар ч олдоoгүй. Батлан хамгаалах яаманд маш олон мод тарьж өгсөн. Тэнд хээрийн сургууль гээд байлдаж тоглоод байдаг даа. Цэргийн ангийг хархад ганц ч модгүй зэвхий саарал байхаар нь л тарьдаг юм шүү дээ. Намайг ганц дэмждэг байгууллага шүү дээ. Баян-Өлгийд, энд гээд тарисан мод бий. Нэг сая мод гэдэг их тоо л доо, гэхдээ би тарина л гэж боддог. Энэ хавийн айлуудад мод өгдөг. Зарим нь ч сайхан арчлаад ургуулах юм, зарим нь ч үхүүлчих юм даа. Хүмүүс дэмжих нь байтугай тоохгүй шүү дээ. Сая Л.Түдэв багш нэг нийтлэлдээ Ч.Галсан өөрийнхөө мөнгөөр сая мод тарих гэж байхад энэ төр огт ойшоохгүй байна гэж бичсэн харагдсан.

-Бас нэг ойлгомжгүй юм дуулсан. Бороо оруулдаг төхөөрөмж ч гэлүү? Зарим хүн Ч.Галсан солиорчихож гэж байсан.
-Тийм ээ. Би тийм төхөөрөмж бас өөрийнхөө мөнгө төгрөгөөр хийлгэсэн юм. Манай энэ тэнгэр мандалд цөмийн хогooc болж блокад бий болчихдог юм байна. Тэрийг нь сорж ч гэхүү онгойлгож байгаа төхөөрөмж л дөө. Зад гэдэг шүү дээ. Исгэрэхээр тэнгэр задраана гэж манайхан ярьдаг даа. Тиймэрхүү л нэг юм. Олон төмөр хоолойгоор татахаар тэр үл үзэгдэх хогон хана нурж байгаа хэрэг. Нэг нураад эхлэхлээр яг л элс нурж байгаа юм шиг цааш яваад эхэлдэг юм шиг билээ. Исгэрээд салхи гаргаж өдөөдөг шүү дээ, түүн шиг л юм гэж ойлгож болно.

-Ийм хачин юмыг тэгээд та бодож олоод, тийм машин хийгээд, тэгээд бороо ороод байгаа болж байна уу? Итгэхэд их л хэцүү юм.
-Тэрийг би бодож олоогүй. Австрийн нэг еврэй Вилхэлм Райх гэж нэг хүн бодож олсон юм. Тэнгэрт бид тусалж болно, тэнгэр өөрөө баярладаг, гомддог, амьтай гэж үздэг хүн байж. Манайхан тэнгэрт сүү өргөөд байдаг шиг юм л даа. Тэнгэр амьтай, сүнстэй гэж үзээд түүнээсээ болж европын эрдэмтдэд гоочлогдоод Хэрээстийн шашныг, ертөнцийн эзнийг доромжилж байна гэж Европоос хөөгдөөд Америкт дээр байх гээд очсон чинь бүр чонын амнаас гараад барын аманд оров гэгч болоод шоронд ороод 1951 онд нас барсан хүн. Бүр үхсэнийх нь дараа Америкын нэг шүүх Вилхэлм Райхын үзэл шашны эсрэг буруу суртал гэсэн тогтоол гаргаад бүх номыг нь шатаасан гэж байгаа. Caяхан шүү дээ. Өнөөх буруу халимагт 1933 онд л ном шатаасан гэдэг. Тэгэхэд бас бүр саяхан ч ийм юм болж л байж. Энэ тухай хэн ч дуугардаггүй шүү дээ. Дашрамд хэлэхэд, манайд ч гэсэн Ц.Дамдинсүрэн гуайн Орос- Монгол толийн хавсралтыг хэвлэх үйлдвэрт бас шатааж байсан гэж байгаа. Би тэр Вилхэлм Райхыг номыг олж уншаад тийм төхөөрөмж аль дээр хийгээд бүр ашиглаж байсныг номноос нь олж мэдсэн . Америкийн Невадад анхны атомын бөмбөг дэлбэлсний дараа ган гачиг нүүрлэсэн үед машин хийж бороо оруулаад бүр ган гачигийг зогсоосныг бичжээ. Тэр хүн бас түүнээсээ болж буруудсан байх юм. Яагаад гэвэл ган гачиг болж байвал өнөөх худаг ус гаргадаг бизнест сайн байна шүү дээ. Ингээд тэр хүнийг үгүй хийсэн . Дараа нь мартагдаж байгаад Арабын оронд тэр машиныг хийж Сахарын цөлийг ногооруулаад бараг 15 жил болж байгаа тухай олж мэдлээ. Дараа нь тийм машин хийдэг Алжир хүнтэй танилцлаа. Mажид Абдул Азиз гэж тэр хүнийг авчираад 14 хоног цагийн 100 еврогоор хөлслөөд 2012 онд хийлгэсэн эд л дээ. Цэврийн цэвэр ган төмөр ордог тэрийг нь Германаас авчруулсaн.

-Ямар өртөг гарав?
-Германы пүүс надад тэр ган турба энэ тэрийг бэлэглээд байхад л 50 сая төгрөгөөр энэ машин боссон. Тэгээд 2012 оны 4 сарын 9-ны өдөр ашиглалтанд оруулсан. Гэхдээ бөөгийн ёсоор гал өрдөж залбирч яг л овоо тахиж байгаа юм шиг ёслол хийж тэнгэрийг аргадсан хэрэг. Олон хүн намайг хараад энэ хүн солиорч гэж бодсон доо. Зарим нь Галсан бөө болчихож гэж байхад, зарим нь энэ овоо сайхан амьдралтай хүн шороон дээр хөрвөөгөөд солиорч гэж бодoo биз. Эхлээд маш их салхи тависан. Дараа нь тэсэхийн аргагүй  хүйтэн болоод тэгээд үүл ээрүүлэнд ээрсэн ноос шиг хуйлраад сүүлдээ бороо, цас холилдоод орж эхэлсэн. Машины зураг харъя гэвэл www.galsan.info сайтад байж байгаа. Тэнгэрийг сэрээж, задрааж байгаа юм шүү дээ. Манай Тувачууд 9-ийн тоог их эрхэмлэнэ. 29 ч юм уу 19 ч юм уу 9-тэй өдөр Тува айл огт юм гаргадаггүй. Тэгээд 9-нд амжуулах гэж их яарсан даа.

-Хачин юмаа?
-Чи нетээс хараарай. Сүүлд чамд үзүүлнээ. Одоо ажиллаагүй байгаа.

-Одоо эргээд зохиол руугаа оръё. Бас таны тухай. Та ер нь жоохон гомдож явдаг хүн шиг харагддаг?
-Гомдох ч гэж дээ. Манай энэ төр засаг миний чадварыг, намайг нэг ч удаа ашиглаж чадсангүй. Дандаа бусдад ашиглуулж байна. Киргиз улс Чингиз Айтматовыг 16 жил Бенелуксын 3 оронд элчингээр суулгалаа шүү дээ. Тэр хугацаанд Киргизэд тэр хүн мөн ч их юм олж өгсөн дөө. Хэрвээ энэ төр засаг чи Германаас ийм нэг юм бүтээгээд, мөнгө босгоод ир гэвэл би яаж ийж байгаад нэг юм болгож орхино дoo. Тэнд би гайгүй нэртэй. Надтай уулзаж байгаа улс нэг л биширсэн өнгөөр бүр гарт минь ч болтугай хүрэх гэж бараг л Далай ламтай уулзаж байгаа юм шиг ханддаг юм шүү дээ. Дэлхийн суутнуудын  уулзалтад олон удаа сууж байлаа. Дэлхийн ухаантнуудын зөвлөлийн гишүүн гэж байгаа.

-Таны хөөж биш, хүлээж гүйцнэ гэдэг үгийг би их иш татдаг юм. Энэ таны үгүү ийм үг байдаг юм уу?
-Энэ миний л үг л дээ. Монгол ухаан гэдэг тайван тэвчээртэй байж, хөөж биш хүлээж гүйцэх ухаан шүү дээ. Европыг би сайн мэднэ. Тавь гаруй жил ирэн очин байна. Тэд нар мөнгө, цагтай уралдаж байна гээд л бажигдаад гүйлдсэн яаруу сандруу улс байдаг . Аливаа юм эргээд л ирдэг дугуй цагириг замтай байдаг.  Бид тосож, угтаж бодох хэрэгтэй. Харин сүүлийн үед манайхан яг л тэдэнтэй адилхан хөөж гүйх болж дээ. Бид энэ янзаараа бол Хятадад бууж өгч мэднэ гэж бодох боллоо. Өндөр гэгээн Занабазар Чингисийн тугийг өөрөө өмнөд хөршид мөлхөж очоод бөхийлгөсөн түүхтэй шүү дээ. Дэлхийн нэгдүгээр дайн 1914 онд гарч байлаа. Одоо яг 100 жил болж байна. Юм эргэх гээд байдаг гэж би дээр хэллээ. Оросод энэ Украйнаас ч болоод юм уу, эсвэл Өмнөд Солонгос дайн эхлүүлж тэгээд өнөөх Америк орж ирээд бөөн юм болж мэдмээр санагдаад байх боллоо… Би улс төр нэг их сонирхдоггүй. Гэхдээ 24 жилийн өмнө П.Очирбат ерөнхийлөгч нефттэй боллоо гээд л цагаан дээлээ хар тосоор мялааж байлаа. Би их баярлаж билэгшээж байлаа. Кувэйт шиг орон болох нь гэж. Гэтэл одоо өнөө нефьт хаана байна? Хятад л авдаг юм уу даа. Энэ нэг төмөр зам гээд, нарийн бүдүүн гэж 4 жил хэрэлдлээ, бас л таг. Одоо ч өрнөөс их юмгүй л боллоо гэх болж дээ. Ингэж хэрэлдэж байх хооронд элдэв юм бүү болчихоосой гэж л ханцуйн дотроо залбирч суух юм даа.

-Та маргааш хаашаа явах гэж байна?
-Швейцарьт хэвлэгдсэн, бас Туркэд орчуулагдаж гарч байгаа номын ажлаар явна, олон уулзалтaд оролцоно. Вeна, Цюрих, Франкфурт, Хамбург гээд олон хотоор явна даа. Өндөр зэрэглэлийн зочид буудал, унаа бэлэн, олон хүнтэй уулзана гэхээр сайхан байдаг, гэхдээ бас ядаргаатай. Европ тивд ази хүнийг заримдаа тийм ч их тоохгүй юм шиг харагддаг. Намайг харин ийм сайхан хүлээж авч байхад би ханьцуйн дотроо залбираад л, номоо бичээд л явахаас  өөр яах ч билээ дээ. Монголoop бас хэдэн ном гаргая гэж бодох л юм. Зав даан ч гарахгүй юм даа. Гадаадад ингэж тоож байгаа дээр нь л тэдэнтэй зууралдаад байна даа. Гэхдээ л Монгол хүний тухай бичнэ шүү дээ.

-Та өглөө бүр 4 цагт босдог гэсэн одоо ч хэвээрээ юу?
-Анх Германд очоод шалгалтанд тэнцэхгүй бол буцна гэж айгаад 4-т босож хичээлээ давтдаг болсоноос хойш бүүр дадал болчихсон юм даа. Бас 4 цаг л унтдаг. Эмч нар намайг одоо ахиу унтаж бай, настай болж байна, үхнэ шүү гэдэг юм. Би “Харин нээрээ би бас үхэх байх шүү” гэж тоглоом шоглоом хийгээд л өнгөрдөг. Нэгэнт 40 гаруй номтой болсон хүн 60 ном биччих юмсан гэж боддог. Бас Монгол хэлээрээ хэдэн ном бичих юмсан даа.
 

Энд тэнд тавьсан илтгэл, уулзалт цуглаан дээр хэлсэн үгээ эмхтгэж ном гаргах гээд мөн ч их ажил байна даа.
 

-Явах гээд давчуу байхад чинь шалаад ядраачих шиг боллоо. Танд баяраллаа сайн яваад ирээрэй.
                                    2014- 4-18
http://turmunkh.niitlelch.mn/

Tuesday, 25 February 2014

Чинагийн Галсан: Би өөрийнхөө хөрөнгөөр эх орондоо нэг сая мод тарина

МУСГЗ, Германы Ерөн­хий­лөгчийн загалмай хас одонт, зохиолч Чинагийн Галсантай ярилцлаа.


 -Таныг их олон мод тарь­сан гэж сонслоо. Хичнээн мод тарьж ургуулж байгаа вэ? 
-Одоогоор 380 мянган мод тарилаа. Миний тарих мод үүгээр зогсохгүй. Би үүнээс ч их бүр сая мод тари­хаар шийдсэн. Бурхан тэнгэр надад нас хайрлавал  амьд­ра­лынхаа  эцсийн мөч хүрт­лээ мод тарина.

-Яагаад та ингэж олон мод тарихаар болсон бэ?
-Дэлхий дээр их олон мод тарь­сан хүн байдаг. Миний үлгэр жишээ хүн бол дэлхийн Энх тайвны шаг­налт Вангари Матай юм. Тэр хүн хоёр жилийн өмнө  бурханы орон руу явсан.  Тэр хүн  Африк тивд  35 сая мод тарьж үлдээ­с­эн байгаа юм. 
Миний хувьд анх сая мод тари­на гэж өөртөө амлах том зүйл мэт санагдсан. Мэдээж их  том амлалт байсан л даа. Манайхан Улаан­баатар хотын эргэн тойронд, байс­хийгээд мод тарьдаг. Миний мэдэ­хийн нийслэлийн ойрол­цоо Зуун мод нэртэй  дөрвөн ч газар бий. Тэдгээр газарт тарьсан модыг тоолж үзсэн чинь 100 хүрдэггүй юм билээ. Дээд тал нь 80-90 модтой.  Тэдгээр моднууд зун цэцэглэ­сэн байхдаа монгол хүний нүдэнд жигтэйхэн сайхан ой болж  харагд­даг. Харин мод ихтэй европ тивийн­хэн бид­ний хэлээд байгаа ойг төгөл л гэж хэлнэ. Хэдий тийм ч бид монгол ухаанаар 100 модыг нэг ой гэж ойлгодог шүү дээ. Энэ  ойлгол­тоор миний тарих сая мод арван мянган ой болох юм. Тэгэхээр би өөрийн­хөө хөрөнгөөр эх орон­доо арван мянган ой буюу нэг сая мод тарина. Тарьсан модоо байнга эргэж тойрдог. Үнэндээ мод бол үржих хөрөнгө юм. Зуун жилийн дараа  би байхгүй ч миний тарьсан моднууд үлдэнэ. Тэр үед энэ модыг 100 жилийн өмнө нэг зохиолч тарьсан гэнэ лээ хэмээн дурсах байлгүй.     

-Тэр олон модоо хаана тарь­сан бэ. Хамгийн олон нь хаана ургаж байгаа вэ?
-Өөрийнхөө төрж өссөн нутаг болох Баян-Өлгий айм­гийн Цэнгэл сум, Улаан­баатар хотын эргэн тойронд  нэлээд олон мод тарьсан. Анх Тэрэлжид мод тарьж байлаа. Дараа нь нийслэл дэх цэр­гийн ангиудыг ногооруулсан. 
Цэргийн хуаран гэхээр л саарал байх ёстой мэтээр манай нөхдүүд төсөөлдөг.  Цэргийн хуран­даа нартай би ном хаялцсан. Тэд энд "Хуарангаа ногооруу­лаач" гэхээр "Хуаранд мод тариад яадаг юм" гэдэг байсан.  Харин одоо тэдний энэ бодол өөрчлөгд­сөн. Цэргийн болон  ангийн захи­рагчид "Галсан гуай хэдэн мод өгөөч ээ" гэцгээдэг боллоо.  
Тарьсан моднуудын маань хам­гийн олон нь нийс­лэлээс  50 км-ийн зайд, Таван толгой гэдэг газар ургаж бай­гаа. Тэнд манайхан  "Хааны эрэлд" гэж цэргийн сур­гуульд гадныхантай нийлж, цэр­гийн бэлтгэл сургууль  хийдэг. Цэргийн энэ сургуулилтад  оролц­сон цэргүүдийг амра­хад нь зориулж "Энх тайвны цэцэрлэгт хүрээлэн"  бай­гуулж байна. Энэ хүрээлэнд 200 мянга шахам мод тарилаа. 

-Таныг мод, суулгац худал­даж авахдаа гар татдаггүй гэх юм. Мод тарих  ажилдаа хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад байна?
 -Би мод, суулгацыг маш өндөр үнээр худалдаж авдаг. Үүнийг зарим хүмүүс ойлго­дог­гүй юм.  Үнийн хувьд мэ­дээж өөр өөр. Мод, суулгацаа хамгийн багадаа мянга, дээд тал нь 20-30 мянган төгрө­гөөр худалдаж авдаг. Авсан модоо заримдаа хүмүүст, байгууллагуу­дад үнэгүй өгчих­дөг. Монголын газар нутагт л ургах юм хойно  тэр модыг хэн ч авсан хамаагүй шүү дээ. Би ой үржүүлгийн хоёр ч газартай. Нэг нь Улаанбаатар хотод,  нөгөө нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байгаа.  
Манайхан нэг хэсэг Улаан­­баа­та­рыг ногооруулж байна гээд 22-ын товчооноос Амгалан хүртэлх замд  том том  мод авчирч суулга­сан. Анх тэр модыг суулгаж бай­хад "Дөрвөн жилийн дараа энэ мод­нууд чинь үхнэ" гэж би хэлсэн.  Учир нь би мод тарих аргыг мэргэжлийн хэмжээнд судаллаа. Монгол Улс малын, халаасны хулгайтай тэмц­дэг хэрнээ  байгалийн  хулгайчдыг бараг шийтгэлгүй шахам өнгөрүүл­дөг. Энэ нь УИХ-ын гишүүдтэй хамаатай гэж боддог.

-Яагаад? 
-Тэд чинь  хувийн нэг бус компа­ни­тай. Зарим нь хувь­даа 10-20 компанитай байх­гүй юу. Өнөө компаниа өөд нь татахын тулд  Хэнтийн хөв­чөөс 30-50 жил урга­сан модыг хулгайлж, хүчтэй техни­кээр ачиж бизнес болгочихсон байна. Ингээд нийслэлийг ногоо­руулах нэрээр тендер авч, хулгайн юмаа хийдэг. Ийм аргаар суулга­сан мод сайндаа л  таван жил ургаад үхдэг. Харин би ийм замаар мод тарьдаггүй. Тиймээс  надад бусдын адил хүнд харуулах 30-40 метрийн өндөр­тэй ногоон мод байх­гүй. Миний тарьсан модны хамгийн өндөр нь одоо 3-4 метр хүрч байгаа.  Үнэндээ нэг зүйлийг бодохоор миний уур  хүрдэг.

-Уурыг тань хүргэдэг тэр зүйл юу болохыг асуумаар байна?
-Монголд нэрд гарч, өөрсдий­гөө одууд гэж ярьдаг хүмүүс цөөн­гүй болж. Тэднээс ялгарах зүйл нь гэвэл би авдаг биш, өгдөг од нь байгаа юм. Надад энэ төр засгаас өгсөн юу ч байдаггүй.  Намайг Төрийн шагнал, Хөдөлмө­рийн баатарт ч  нэр дэвшүүл­сэн. Тува­чууд бид эх хэлээ хаяагүй. Одоо ч эх хэлээрээ  ярьдаг. Тиймээс л  төр засагт таалагддаггүй байх л даа. Би чинь 1977 онд Ю.Цэдэнбал дар­гаас банга хүртсэн.  Тэр хүн Улс төрийн товчооны бүх гишүүдийн өмнө надад "Мон­голд нэг ч тува байхгүй шүү. Үүнийг  чи мэдэж яваарай" гэсэн. Тэгэхээр нь би "Тэгвэл би юу юм бэ" гэж асуухад  "Чи бол урианхай" гэсэн юм. Би "Урианхай чинь монгол хэлтэй, бид нар бол тувачууд. Бид турк хэлтэй" гэсэн. 

-Таныг Монгол дахь хамгийн олон тэмээтэй хүн гэх юм билээ. Та хэдэн тэмээтэй вэ?
-Мөнгөний араас явсан бол би Монголын толгой баячуудын нэг байх байлаа. Одоогоос 18 жилийн өмнө төгрөгийг  одоогийнхтой харь­цуулахад чанга байсан шүү дээ. Тэр үед би хоёр гурилын шуудайгаар дүүрэн нийт  40 сая төгрөгөнд  тэмээ худалдаж авахаар говиор явж байлаа.  Намайг очи­хоос өмнө тэмээ 15-20 мянган төгрөгийн үнэтэй байсан гэсэн.  Гэтэл  500 тэмээ худал­даж авах миний сургаар мал­чид ганц шөнийн дотор тэмээ­ний үнийг гурав дахин өсгөж, 60 мянга болго­сон. Тэгэхэд надад хохиролтой байсан ч одоо бодоход тэмээ хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулсан гэж боддог.  Надад 130 гаруй тэмээ бий. Одоо миний төр­сөн нутаг болох Баян-Өлгий айм­гийн Цэнгэл суманд үржиж байгаа. Үр төлийнхөө заримыг Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц сумын зааг нутагт амьдардаг малчин н.Уатханыд аваачсан.

-Тэгвэл  жилд хэдэн төг­рөгийг мод тарихад зар­цуулдаг вэ? 
-Одоо бол жилд 50-60 сая төгрөгийг мод тарих ажилд зарцуулдаг. 

-Та ямар нэгэн бизнес эрхэл­дэг үү. Зөвхөн нэг жилд 60 сая төгрөгийг мод тарихад зарцуул­даг гэхээр таны орлого их өндөр байх нь ээ?
 -Би өнгөрсөн хугацаанд 40 ном бичсэн. Миний 34 ном герман хэлээр хэвлэгдсэн. Монгол хэл дээр хэвлэгдсэн зургаан номтой. Мөн гурван ч роман маань англи хэл дээр орчуулагдаж, АНУ, Кана­дад хэвлэгдлээ. Дээр нь франц хэлээр ес, испани, итали, еврейчүү­дийн хэлээр хүртэл ном маань хэвлэгдсэн бай­гаа. Энэ мэтчилэн надад номын мөнгө байна. Энэ бол бага хэсэг нь. Би гадаадад байхдаа энд, тэнд очиж лекц уншдаг. Олдог мөнгөний маань дийлэнх хувь үүнээс л бүрддэг юм.  

-Таны гаргасан номнууд хам­гийн эрэлттэй нь байдаг гэж дуул­сан. Ингэхэд ямар бүтээл тань таныг алдар­шуул­сан гэж боддог вэ?
-"Аянгат цагийн тууж"  маань намайг  олонд таниул­сан. Дээр нь дэлхийн уран зохиолтой намайг ойртуул­сан гэж боддог. 

-Та нэг хэсэг Монголд бороо оруулах тусгай төхөөрөмж бүтээх гэж ажилласан байх аа? 
-Тийм ээ. Бороо оруулах төхөө­рөмж зохиох гэж 50 сая төгрөг зарцуулсан.  Алжи­рийн Мачид Абделасис? гэж НҮБ-д бүртгэлтэй,  дэлхийд танигдсан том эрдэмтнийг хоёр жилийн өмнө Монголд ирүүл­сэн. Уг нь тэр хүн надад зүгээр явж өгөх хүн биш л дээ. Сахарын цөлийг ногооруулс­наа­раа дэл­хийд танигдсан энэ хүнийг Монголд цагийн 100 еврогоор хөлсөлж, 14 хоног байлгалаа. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сарын 9-нд уг төхөө­рөм­жөө ашиг­лал­тад оруулсан. Өнгөрсөн жил уг төхөөрөмжөө Хатадын ам гэж өөрийнхөө амьдар­даг газарт байрлууллаа. Сүү­лийн жилүүдэд зундаа бороо хур ихтэй байсан биз дээ. Ингээд ярихаар намайг инээдэмтэй болгодог, муу­чил­даг улсууд "Энэ галзуурчээ. Тэнгэрийн  бороог би оруул­лаа" гэж ярилаа гэх байх. Ямар ч байсан би бороо ороход хувь нэмрээ оруул­сан. Тухайн төхөөрөмж маань ассан үедээ тэнгэрийн бүх тортогийг сордог.  Төхөөрөм­жөө ойрын  таван жил ажил­луул­на. Энэ хугацаанд  Мон­го­лын газар нутаг зохих чийгээ авна.

-Та хамгийн сүүлд ямар ном бичсэн бэ?
-Монгол хэл дээр гарсан миний хамгийн сүүлийн ном "Тэнгэрийн зүүд" нэртэй. Сүүлд бичсэн гурван роман маань маш том шуугиан дэг­дээ­сэн. Нэг нь нөгөөгөөсөө давсан роман  бичсэн л дээ. Би нийтдээ арван роман бичлээ. Одоо надад дахиж ном бичихэд бэрх байна. Бич­вэл өмнөхөөсөө давсан ном л байх учиртай байгаа юм. Харин одоо нүүдэлчин амьдралын сурах бичгийн тухай  ном гаргахаар юмаа цуглуулж байна. Яагаад ийм ном бичихээр болсон бэ гэвэл, бид чинь их сонин амьдралаар амьдар­сан. Намайг жаахан байхад тува хүүхэд болгон хатсан хус барьж явдаг байлаа.  Энэ нь тухайн үед  галзуу өвчин дэлгэрсэнтэй холбоо­той. Галзуу чоно, нохой дайраад ирэхэд нөгөө хатсан хусыг ам руу нь хийж, тулахаар гараа сугалж ав гэж хөгшчүүл зааж сургадаг байсан юм. Азаар би галзуу чоно, нохой­той таа­раа­гүй. Энэ мэтчилэн бид­ний багад зааж сургасан, үеийн үед дамжиж ирсэн тэр юмыг л  сурах бичиг маягаар,  шог байдал оруулж бичиж байна. 

-Таныхаар Монголын утга зохиолын өнөөдрийн  өнгө төрх ямар байгаа бол?
-Монголын уран зохио­лыг муу гэж байгаа юм биш. Гэвч жаахан гэнэн хүүхэд шиг байдаг байхгүй юу. Монгол гэдэг бол дэлхийн шилдэг үндэстэн гээд л хаана л олиг­той юм байна бүгдийг Мон­гол­­той хамааруулж, магтдаг. Үүнийг гадныхан уншаад "Бичсэн юмыг нь" гээд инээм­сэг­лээд өнгөрдөг. Үнэндээ манай зохиолчдын гарга­даг хамгийн том алдаа нь, ном гаргах өвчин туссан юм шиг бичээд л байдаг. Номын хэнээ­тэй болж, нэр төр хөө­цөл­дөж,  нэг их олон номтой болох гэж улайрдаг. Миний хувьд тийм олон номтой болохыг хүсдэггүй.   
Энэ нэг зүйлийг хэлэхэд, манай­хан их дардайх, өөрий­гөө хэт үнэлдэг байдлаас одоо салах хэрэгтэй. Чингэс хаанаа март гэж хэлэх нь хаашаа юм. Чингэс хаанаа зөв үнэлж, хүмүүсийн айдсыг тайлж, тэдний сэтгэлээс айдас хардлагыг угаах хэрэг­тэй. Чингэс чинь Гитлер шиг алуурчин байгаа­гүй шүү дээ. Би Чингэсийн талаар бүхэл бүтэн роман бичсэн боло­хоор юу нэмж хэлэх вэ. Мон­гол­чууд энэ байдлаараа бай­вал хэцүү. Чингэс дахин ами­лаад ирлээ гэж бодоход бүгд толгойгоо авахуулж мэднэ. Учир нь Чингэсийн нэрээр улс төр, бизнес хийдэг хүмүүс олширсон. Сүхбаа­та­рын хөшөөг хүртэл Чингэсийн талбай болголоо. Түүх бол тэр үедээ үнэн байдаг. Евро­пын хаа­дын хөшөө байж л байгаа. Бат-Үүл утаа арил­га­на гэж хотын дарга болчи­хоод, Ленин, Сүхбаатарын хөшөө рүү довтлох ямар хэрэг байна. Сүхбаатарын талбай гээд нэрлээд олон жил болсон ард түмэн Улаанбаатарыг Сүхбаата­рын талбайгаар л төсөөлдөг. Гэтэл  Чингэсийн талбай болгож, нэг аймгийг Чингэс хот болгох хэрэг байна уу. Ганцхан нисэх буудлаа ч гэсэн Чингэсээр овоглочихсон. 

-Германд олон жил бай­сан хүний хувьд үндэсний утга зохиол, Монголын зохиолч­дыг  гадагшаа гар­гах, танилцуулах тал дээр хэр их юм хийв?
-Түдэв гуайн "Хорвоотой та­нилц­сан түүх" гэдэг номыг герман хэлээр орчуулж, хэв­лүүл­сэн. Энэ бол Монголын утга зохиолд оруул­сан миний хувь нэмэр.  

-Ингэхэд та яаж яваад Герман улстай амьдралаа холбосон бэ?
-Энэ бол хувь заяа. Би Герман улстай холбогдоод 52 жил өнгөр­чээ. Энэ тухай  роман ч бичсэн. Нэг ёсондоо өөртөө шалгалт өгч байгаа хэрэг л дээ. 

-Хараад байхад та ган­цаа­раа байгаад байх шиг санагддаг. Та Монголын зохиолчидтой хэр холбоо­той ажилладаг вэ?
-Уг нь зохиолч найзууд бий. Харин зохиолчдын хороо­той бараг холбоогүй байдаг. Намайг ч гэсэн нэг их уриад байдаггүй. Би Монго­лын зохиолчдын хороонд гурван ч удаа хувийн хэргээ бүрдүүлж өгсөн. Гэтэл "таны хувийн хэргийн хавтас хоосон байна" гэдэг. "Юу яриад бай­на" гээд очихоор бүгдийг нь устгачихсан байдаг юм. Энэ бол атаархал. Намайг Нобе­лийн шаг­нал авах хүн гэж дэлхий дахин шуугисан. Харам­салтай нь  намайг Нобе­лийн шагналд дэвшүү­лээд өгөх Засаг төр ард минь байхгүй. Тийм учраас би дэл сул явж байна даа. Гэхдээ би үүнд гудайдаггүй. Би мөнгийг модоор сэтгэдэг. Европоор хэсч, уулзалт хийгээд явж байхдаа орой нь зочид буу­дал­даа ирээд олсон хэдэн цаасаа тоолдог. Мөнгөө тоолоод 80 мод, 100 мод, 500 мод гэж хашгирдаг. Нэг модыг 10 еврогоор боддог. Ингэж л өөрийгөө зоригжуулдаг.

-Үр хүүхдүүдээс тань таны зам мөрийг хөөсөн нь бий юу?
-Би дөрвөн хүүхэд, есөн ачтай. Хоёр хүүхдэдээ өөрийн­хөө эдлэн газартаа хоёр хаус барьж өглөө. Өөрөө ч гэсэн хаустай. Гурав дахь хүү маань ууланд даяан хийгээд, бясалгаад сууж бай­на. Шадивлан­гийн уулын оройд том чулуун хашаа бий. Тэр газрыг би худалдаж авсан. Дээр үед тэнд эртний Монго­лын сүм хийд байсан юм. Бага хүү маань миний үйлийг үргэлжлүүлж яваа. "Чинагийн Галсан сан"-гийн гүйцэтгэх захирал. Одоо Мон­голд герман хэлээр радио нэвтрүүлэг хийдэг.
Ч.АННА


Wednesday, 27 March 2013

Ч.Галсан:НҮБ бол нэмэр байхгүй, өөрөө авлигад идэгдсэн байгууллага шүү дээ

Монгол Улсаас Герман улсад амьдарч, өрнийн уран зохиолын ертөнцөд Монгол зохиолч гэж хэн бэ гэдгийг таниулж, шагшиулж яваа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт зохиолч Чинагийн Галсантай хөөрөлдсөн сонирхолтой ярилцлагаа хүргэж байна.
- Бид Чингис сэтгэлгээ рүү биш, Энхтайванч сэтгэлгээ рүү явах хэрэгтэй-
-“Холын хүнээс үг сонс” гэдэг. Явсан газрын сонин хийгээд сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү? 
-Би сая Герман, Швейцарь явж герман хэл дээр гарсан 30 дахь номоо танилцуулаад ирлээ. Энэ бол 1988 онд бичсэн роман маань, одоо л гарч байгаа юм. Социализмын үед миний номыг хэвлэдэггүй байлаа. Тиймээс би 100 жилийн дараа хэвлэгдэнэ биз гэж бодоод номоо бичээд л хураадаг байлаа. Энэ номоо 1988 онд бичиж дуусгаад ар талд нь “2088 онд хэвлэгдэх ном” гэж бичээд хадгалсан. Тэгэхээр миний энэ ном 77 жилийн өмнө хэвлэгдчихлээ дээ. Зохиолчид дотроо миний хувь заяа их сонин шүү дээ.
 
-Өнөөдөр манайхан Г.Аюурзана нарын зөөн орчуулж байгаа уран зохиолоор л өрнийн утга зохиолыг төсөөлж байгаа байх. Газар нутагт нь эх хэл дээр нь туурвидаг хүний хувьд харьцуулахад асар их ялгаа байгаа байх?
-Би герман хэл дээр зохиол бичнэ гэж бодоогүй, миний амьдрал өөрөө тийшээ оруулсан хэрэг. 1968 онд Германд сургууль төгсөөд Монголд ирэхдээ эхний өгүүллэг туужаа герман хэлээр биччихсэн байсан. Энд ирээд Монголоор бичиж эхэлсэн ч ерөөсөө миний номыг гаргадаггүй байлаа. Монголын Зохиолчдын эвлэлд элсэнэ гэж 1968 онд өргөдлөө өгөөд 20 жилийн дараа 1988 онд элссэн юм.
-Гадаадад сурч боловсорсон залуу хүн бодоход илүү үг хэлдэг байсан болохоор тэр биз. “Аянгат цагийн тууж”-ийг гэхэд л та анх Монгол хэл дээр хэвлээгүй шиг санаж байна?
-Дандаа л хаалттай сэдэв хөндөөд байж дээ. Тэр үед бидний дотор ч тагнуул их байсан. Жишээ нь “Аянгат цагийн тууж” бичигдээд 20 жил болж байж, эхлээд герман хэлээр, түүнээс зургаан жилийн дараа монгол хэлээр хэвлэгдсэн юм. Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга Д.Тарва гэж өвгөн байсан. Миний өргөдөл тэр хүний сейфэнд, яс цоожинд гэдэг шиг 20 жил болсон доо.
 
-Манай уран зохиол ерээд оноос олон урсгал чиглэлд хуваагдаж, нэгнээ үгүйсгэхээс эхлээд ихээхэн хэл ам болж байна. Германд бас байна биз?
-Урсгал чиглэл бол зөндөө. Урсгал чиглэл хөөцөлдсөн зохиолчид гэдэг бол олигтой юмнууд байдаггүй, хөнгөн жингийнхэн л байгаа юм. Хийсвэр урлаг гэдгийг бүтээе гээд чадахгүй болохоороо урсгал чиглэл хөөдөг болов уу гэж боддог. Ийм хүмүүсийг өөр урсгал оруулж ирсэн л гэж авч үзнэ үү гэхээс биш яг урлагийн талаасаа бол юу ч байхгүй шүү дээ. Швейцарьт нэг таньдаг хэвлэлийн газраас бүтэн нэг жил хэвлэгдсэн бүх шүлгийг гүйлгэж харсан. Тэнд бол авах юм нэг ч алга байсан. Зарим нь нэг хуудсанд цэг тавиад, дараагийн хуудсанд нэг асуултын тэмдэг, гурав дахь хуудсанд анхааруулах тэмдэг тавиад, хамгийн сүүлийн хуудсанд “Энэ хорвоод хэлэх үг олдохгүй байна. Үг болгон надад гологдож байна” гээд ном хийчихсэн байгаа юм. Ухаандаа үг голсон мундаг зохиолч болж харагдах гэсэн санаа юм даа. Энэ чинь тоглоом шүү дээ. Урлаг уран зохиол гэдэг зарим хүмүүст тоглоом болчихжээ. Манайхан ч ялгаагүй нэг нэгнээ үгүйсгээд л сууж байна.
 
-Таныхаар бол манай уран зохиол хаашаа яваад байна вэ. Германд бол ямар байна?
-Манай уран зохиолыг сайн гэж хэлэхэд үнэндээ хэцүү байна. Шүлэг бол нэг хэсэг гайгүй байсан юм. Одоо бол нэг нэгнээ үгүйсгээд “шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” болчихлоо. Арай гайгүй гэсэн нь нэг нэгнээ үгүйсгээд үлдсэн хэсэг нь мафи маягийн юм байгуулаад групп бүлгэм гээд явах болжээ. Хэрвээ урагшилъя гэж байгаа бол байгалийнхаа жамаар зугуухан бүгдээрээ эвтэй ургаж урагшлах ёстой. Хоорондоо тулалдана гэдэг хэцүү шүү дээ. Өөрийгөө хохироож бусдыг хорлох гэдэг нэг тийм монгол зан байна. Германд бол ийм юм алга. Гэхдээ бас л яг энэ гээд хэлчих сайн зохиол алга. Ер нь сайн зохиолч дандаа төрөөд байх юм биш л дээ. 10 жилд нэг зохиолч төрнө, 50 жилд гайгүй сайн зохиолч төрдөг бол 100 жилд бол гайхамшигтай сайн зохиолч төрдөг шүү дээ.
-Та Германд очиж эх хэл дээр нь зохиол бичээд зогсохгүй, Германы төрөөс Хас одон авах ч юм уу, энэ жил гэхэд л Аж үйлдвэрийн шагналыг анх удаа гадаадын зохиолч авсан нь Монголын зохиолч Та байлаа шүү дээ. Ингэхээр бас л гадуурхах байдал ажиглагдах юм уу?
-Германд бол тийм юм байхгүй. Яахав, тэмцээн уралдаан дээр бол манайх шиг байдаг нь мэдэгддэг юм. Шүлгийн тэмцээн явуулахад ийм байдал ажиглагдаж байдаг. Би хайр сэтгэл, тал нутгийн гээд хэдэн шүлэг бичиж энэ хэдээс гарцаагүй гэхэд л байдаггүй юм. Тэнд сууж байгаа таван шүүгчийн ар талд бас гурав гурван хүн чирэгдэж байна. Түүнийгээ оруулах гэсэн бодлого бол байдаг юм билээ. Тэр шүлгүүдийг дараа нь үзэхээр юу ч үгүй юм байдаг. Монгол муухайдаа, муудаа ийм байдаг юм биш, хүн төрөлхтний нэг ийм шинж чанар байна. Би дандаа цаг үетэйгээ тэрсч амьдарсан хүн.
-Ю.Цэдэнбалын өрөөнд бүтэн сар сууж орчуулгыг нь хийж өгч байлаа-
-Таны авч байсан шагналуудыг Нобелийн шагнал авч байсан алдартнууд авдаг гэсэн. Германы төрийн Хас одон гэхээр том л шагнал байж таарна. Тэгэхээр таны үеийнхэн өнөөдөр Монголын төрөөс авч болох бүх шагналыг авч, ард түмний дунд алдаршжээ. Таныг өнөөдөр нийгмийн тодорхой хэсгийнхэн танина уу гэхээс нийт масс бол мэдэхгүй шүү дээ. Харь орны төр шагнаад байхад Монголынхоо төрөөс нэг шагначихаасай гэж боддог байлгүй?
-Бодож л байдаг. Даанч дэмжээд өгөх хүн нь дээр алга байна шүү дээ. Монгол Улсад байгаа бүх шагналд миний нэрийг дэвшүүлсэн. Заримд нь гурван ч удаа дэвшүүлсэн, дээрээс татах танилгүй болохоор бүтдэггүй юм. Нөгөө талд би дандаа цаг үетэйгээ тэрсч амьдарсан хүн. Миний хувьд улаан засагтай орь ганцаар үзэлцсэн хүн юм. Намд нь ч элсээгүй, тэглээ гээд миний амьдралд хүнд л тусч байсан. Гэхдээ намайг тэд хэрэглэдэг байсан. Би МАХН-ын таван их хурлын илтгэлийг орчуулжээ. Үүнээс гадна Германаас зочид төлөөлөгчид ирлээ гэвэл байнга дуудна. Өдөр шөнөгүй дуудна. Тэр үед герман үсэгтэй бичгийн машин байхгүй. Би өөрийнхөө машиныг тусгай зөвшөөрлөөр Засгийн газарт оруулаад бичдэг байлаа. 1977 оны тавдугаар сард Ю.Цэдэнбал даргыг Германд айлчлахад бүтэн сар өрөөнийх нь буланд сууж үгийг нь бэлдэж өгч байсан. Өөрөөр хэлбэл Ю.Цэдэнбалын өрөөнд бүтэн сар сууж орчуулгыг нь хийж өгч байлаа. Би сар болоод “Би одоо явъя даа, бүх ажил дууссан” гэсэн чинь Бал дарга “Чи наашаа суу” гээд цаг шахам ярилцаж суусан. Нэг харсан чинь олон хүн орж ирээд зогсчихож, Улс төрийн товчоо хуралдах гээд хүлээгээд зогсч байгаа нь тэр байж. Тэгээд тэр миний бэлдэж бичсэн зүйлүүдийг Германд өөр хүн очиж уншина. Яагаад гэхээр би намын гишүүн биш учраас тэр. Намын гишүүн биш бол хоёрдугаар эгнээний хүн байв даа. Ажилд ороход анкет бөглөж, нэгдүгээрт овог нэр хоёрдугаарт, яс үндэс, гуравдугаарт гишүүнчлэл гэдэг байсан. Би яс үндэс гэдэг дээр нь Тува гэж бичнэ. Тэр үед Тува гэдэг үг хориотой байсан. Миний “Аянгат цагийн тууж”-ийн уг нэр нь “Тува тууж” шүү дээ. Миний нэрийг Монголын Сэтгүүлчдийн холбооны шагналд гурван удаа дэвшүүлсэн. Залуу сэтгүүлчдээс хэнийг дуурайж бичих вэ гэсэн асуултад 47 хүн Л.Түдэв гуайг гэсэн байхад намайг хоёрдугаарт 37 гэж бичсэн судалгаа байдаг юм. Намын гишүүн биш учраас энэ мэт олон зүйлээс хоцорсон доо.
-Та өөрөө намын гишүүн болох гэж зүтгээгүй юм байна. Тийм үү?
-Элсэх гэж үзсэн шүү. Ерөөсөө болоогүй. Яахав дээ, өрсөлдөгч нь түрүүлээд явчих учраас айгаад байж дээ. Тэгэхээр намдаа оруулаагүй байхад учиртай гээд байлгаад байсан хэрэг. Юм болохоор л намын гишүүн биш гээд хасч байхад амар байсан байх даа. Нэг удаа бүр зүтгээд болохгүй болохоор нь хаячихсан. Уран зохиолоо ч 100 жилийн дараа гээд хаячихсан. Өнөөдөр бодож байхад аль аль нь оносон л байна.
 
-Германд зохиолчдын амьдрал дажгүй юу. Зах зээл ч том шүү дээ?
-За даа, том зохиолчид л гайгүй сайхан амьдарна шүү дээ. Түүнээс биш утга зохиолын байлдагч нар бол хэцүү. Германд бол маш цөөн хувь хэвлэгдэнэ. Уншигч байхгүй, өрсөлдөөн ихтэй тийм л зах зээл бий. Герман 80 сая хүн амтай гэхэд хэвлэгдэж байгаа номын тоо нь манайхтай адилхан шахуу. Жилд 70 мянган ном л шинээр хэвлэгдэнэ. Ийм олон ном дотор өрсөлдөнө гэхэд маш хүнд шүү. Нэг нэр олж аваад байхад бол хэвлэлийн газар их дэмждэг. Уулзалтуудыг их хийнэ. Миний хувьд жилд намрын, хаврын гээд хоёр уулзалт хийдэг. Үүнээс гадна нэг сарын хугацаанд элдэв хурал цуглаанд оролцох гэж явдаг. Миний Германд байх цаг хугацаа ингэж л өнгөрдөг дөө.
 
-Манай уран зохиолын зах зээл хүнд байна. Уншигч ч алга, төрөөс харж үзэх бодлого ч алга. Тэгээд уран зохиол маш муу, урагшлахгүй байна гэж шүүмжлэх юм?
-Манайхан чинь дандаа өөрсдийгөө магтаж бичих юм чинь, яаж урагшлах юм бэ. Эзэн Чингисийн үр сад бид гээд цээжээ дэлдээд, алга ташуулахыг л бодож байна шүү дээ. Зүгээр л алга ташилтад зориулж бичихээр чинь яаж гадны улс хүлээж авах юм бэ. Та нар бол үндэстэн биш, зохиолч биш гэж хэн нэг хүн хэлээд байгаа юм шиг өөрийгөө өмөөрөөд бичээд байхаар яаж урагшлах вэ. Зохиол гэдэг чинь амьдралын ухаантай хуулбар л байхгүй юу. Мөн чанар нь шал өөр зүйл.
Дэлхий Чингис рүү биш энхтайванч сэтгэлгээ рүү явж байна.
-Би Б.Галсансүхийн төлөө гашуун нулимс урсгаж, хэлэх үг олдохгүй болсон-
-Манай зохиолчид гадагшаа гарах боломж байна уу. Барууны зах зээл дээр шүү дээ?
-Байлгүй дээ, гэхдээ манайхан хүчирхийллийг маш их дэвэргэж бичдэг. Ухаандаа, Чингис хааныг дайн өдөөгөөгүй, нэг ч цус гаргаагүй гээд ярьж байх учиртай улс чинь алж талсан гээд бахархангуй бичдэг. Дэлхий нийт дайн байлдаанаас залхаж, энхтайван руу явж байна шүү дээ. Үүнийг л хүсэх болсон. Чингис сэтгэлгээ рүү биш энхтайванч сэтгэлгээ рүү явах ёстой болжээ. Гэтэл манайхан чинь улам сөрөөд л Хятадыг ч айлгах юм шиг, Оросыг ч айлгах юм шиг л бичээд байх юм. Үнэндээ Орос, Хятад аль нь ч биднээс айхгүй. Ерөөсөө дэлхий дахины хөх инээд нь хүрч байгаа. Манайхан бахархал гэдгээ ийм онгироо маягаар ойлгоод нэгнээ хөөргөөд суух юм. “Миний муусайн найз нар” гэхэд чинь зохиолч хүн онгироо байх ёстой юм шиг бодоод, зохиолч хүн архи ууж, гэр бүлийн хувьд тогтворгүй байх юм шиг бодоод явах юм шиг сэтгэлгээгээр бичсэн манай Төрийн шагналтай мундаг зохиолчид байна шүү дээ. Ийм байхад бол бас хэцүү.
 
-Ер нь зөвхөн утга зохиол ч биш хүнийг хүмүүжүүлэх л хэрэгтэй юм байна даа?
-Зөв. Монгол хүн хүмүүжээгүй. Хүн нь хүн болоогүй, инженер нь инженер шиг болоогүй, улстөрч нь улстөрч шиг, зохиолч нь зохиолч шиг байж чадахгүй халтуур хийгээд байхаар улс орон яах юм. Саяхан миний хайртай дүү Б.Галсансүх зурагтаар ярьж байна.”Би ерөөсөө ажилладаггүй. Санаанд орсноо бичдэг. Энэ бол уран зохиол. Яруу найраг гэдэг чинь ямар ч хөдөлмөр шаарддаггүй зүйл” гэж тамхи татаж, мах идээд, архи тавиулж ханхалзаад байхаар чинь яах юм бэ. Тэгэхэд би Б.Галсансүхийн төлөө гашуун нулимс урсгаж, хэлэх үг олдохгүй болсон. Уг нь тэр үнэхээр байгалийн авьяастай хүн. Б.Галсансүх өөрөө би Монголын уран зохиолд шинэ урсгал оруулж ирсэн гэдэг. Урсгал юу юм бэ. Утга зохиол л бичих хэрэгтэй байхгүй юу. Нэг муу усан урсгал оруулж ирэх бол ядаад байх асуудал биш, түүнийг чинь тэр гурав дахь, дөрөв дэх эгнээний зохиолчид оруулж ирэх ёстой юм.
 
-Манайд төрөөс шагнал өгч л байна. Дагалдах мөнгө маш бага. Тэгэхээр Германы төрөөс Хас одон авахад хэдэн төгрөг дагалдах вэ?
-Хас одон гэдгийг ер нь Азиас урьд өмнө хүн авч байсан юм болов уу. Сайн мэдэхгүй юм. Энэ шагналыг Нобелийн шагналтнууд болон шинжлэх ухааны нээлт хийсэн, утга зохиолд шинэ зүйл авчирсан хүнд өгдөг юм. Нэр хүнд нь асар том учраас мөнгө өгдөггүй. Харин Аж үйлдвэрийнх нь шагналыг боломжийн мөнгө дагадаг. Манайд гавьяат авах гэж гэдэс гэдсэндээ хөлөө хийдэг, тэгтэл юу ч мөнгө байхгүй шүү дээ. Намайг авахад л лав юу ч өгөөгүй. Манайхан нэр алдарт дуртай болохоор баярлаад авдаг. Би ч гэсэн учиргүй их баярлаад л авсан.
 
-Ер нь зөвхөн уран зохиолч биш нийгэм тэр чигтээ нэг л биш ээ. Өөрчлөх цаг болсон байх шүү. Яаж?
-Түүнийг бид л өөрчлөх ёстой. Одоо энэ Сүхбаатарын талбай дээр жагсаад, тэмцээд байгаа улсад Засгийн эрхийг өгчихвөл мөн л ижил, урьдын адил үргэлжилнэ. Тэгэхээр жинхэнэ урлаг, утга зохиолыг л хөгжүүлэх хэрэгтэй. Сая хүрээлэнгүүд академич шалгаруулж, хүрээлэн тус бүрээс дөрөв дөрвөн хүн ороод жинхэнэ хөнгөн жингийнхэн шалгарсан байгаа юм. Жинхэнэ бүтээдгээ бүтээгээд бүр өөрөө инстутит болчихсон хүмүүс нь хамгийн бага оноо авч, хүний хойгуур урдуур гүйдэг нөхөд академич болчихсон байгаа юм. Үүнээс харахад л нийгэм ямар байгааг харуулж байгаа хэрэг. Өнөөдөр бид мөнгөний төлөө бичиж байна. Ерөөсөө нийгэм толгойгоо алдчихсан, ийм л цаг үед амьдарч байна.
 
Бид болохгүй, хөгжихгүй байна гээд дэлхийг гүйцнэ гэж санахын гарз
-Библи бол Ганжуур, Данжуурыг бодоход зүгээр л нэг судар-
-Хоёулаа яриагаа өөр тийш хандуулъя. Нийгэм толгойгоо алдсан гэснээс ерөөсөө манай хүн төрөлхтөн хаашаа явж байна вэ?
-Энэ тал дээр зөвхөн Монголыг буруутгамааргүй байгаа юм. Ерөөсөө хүн төрөлхтөн ч толгойгоо алдчихаад, хаашаа явж байгаагаа ч мэдэх юм алга. АНУ хүчтэй зэвсэгтэй учраас Америкийн зөв болдог. Орос пуужинтай бензинтэй учраас Оросын зөв болдог. Одоо шинэ эрин эхэлчихсэн байна. Эрин эхэлсэн нь бидэнд олон зүйлээс мэдэгдэж байна. Исландын галт уул тургиж, Фүкишима дэлбэрээд байгаа нь бэлхнээ харуулж байгаа юм. Бүх зүйлийг шинэчлэх хэрэгтэй байгааг харуулж байгаа хэрэг. Хүн төрөлхтөн шинэчлэгдэх хэрэгтэй болжээ. Гэтэл улс гүрнүүд сурсан зангаараа Германы эдийн засгийг 2.4 хувиар өсгөнө, АНУ-ыг дөрөв, Хятадыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ гээд төлөвлөөд байдаг чинь гэмт хэрэг байхгүй юу. Хүн төрөлхтний сууж байгаа хөлөг дээд хурдаараа явж байна. Тоормоз нь ажилгүй, наклад нь элгэдчихсэн зогсч чадахгүй байна. Ухаантай хүмүүс бол хурдасгах биш удаашруул гэж хэлээд байгаа юм. Ерөөсөө хурдыг сааруулахыг зорьж байна.
 
-Хүн төрөлхтний хөгжил асар хурдтай явж байна. Ийн хурдалж хурдалж хана мөргөөд эргэхэд эцсийн буудал нь Монгол гэх хүмүүс бий?
-Өнөөдөр манай монголчууд өөрсдийгөө нэг их голоод ч байх хэрэггүй. Бид хүн шиг хүн, ард түмэн шиг ард түмэн. Өөрсдийгөө их дөвийлгөөд бас хэрэггүй. Чингис хаанаараа хэчнээн бахархах юм бэ. Гадныхны доог болж, улиг болж байна ш дээ. Хүн шиг амьдрах, ажиллах, даруухан бөгөөд бат итгэлтэй явбал амьдрал байна. Өнөөдөр бид болохгүй, хөгжихгүй байна гээд дэлхийг гүйцнэ гэж санахын гарз. Хэзээ ч бид дийлэхгүй. Мэдээж үйлдвэр үйлчилгээгээр л хөгжиж түрүүлнэ гэсэн үг учраас ямар ч боломжгүй. Тэд дэндүү хол тасарчихсан бөгөөд шинжлэх ухаан эргэлзээтэй үедээ орлоо. Тэгэхээр бидэнд нэг гаргалгаа байна. Тэр нь юу вэ гэхээр нүүдэлчин ахуй амьдралаа эрүүл саруулаар авч үлдээд, газар нутагтаа бүрэн бүтэн эзэн суугаад байж байх юм бол гүйцэх биш хүлээх гаргалгаа юм. Дэлхий нийт чинь нэгэнт хад мөргөөд буцаад ирэх гэж байна. Тиймээс бид эх нутагтаа сууж байтал дэлхий өөрөө гуйгаад ирнэ. Сая Европоор сар яваад ирэхэд “Би нүүдэлчин хүн шүү дээ. Би нүүдэлчин амьдралаар амьдардаг” гээд надтай ирж уулзаж байгаа хүн олон байна. Үнэхээр нүүдэлчин амьдрал Европын төв дундаас тарж эхэллээ. Европт эсгий гэр хэчнээн ч олон болсон юм. Миний сая нэг сарын турш явсан уулзалтын тэн хагасыг эсгий гэрт хийгээд ирлээ. Англид бүр эсгий гэр үйлдвэрлэдэг пүүс байдаг. Австрали, Америк гээд хаа сайгүй гэр байдгийг мэдлээ. Эсгий гэрийн гайхамшиг дугуйдаа байдаг юм байна. Нүүдэлчдийн соёл тэр чигтээ дугуй юм. Бидний өвөг дээдэс агуй дотор байж байхад уран шувууны үүрний загварыг авчээ гэж бодсон. Уран шувууны үүрийг хараад энэ шувуу ийм дулаан зүйл хийжээ гээд өөртөө гэр барьсан хэрэг. Гэр дотор байгаа бүх зүйл дугуй юм. Дугуй юм гэдэг өөрөө хүчирхийлэлгүй. Салхи ирээд тусахад уусаад, тойроод явчихдаг, Хэрвээ өнцөгтэй байсан бол хүчтэй салхинд алгадуулаад ойчих нь л дээ. Гараг ертөнц өөрөө дугуй, од, нар сар бүгд дугуй юм. Үүнийг бодож олсон нүүдэлчдийн ухаан аугаа юм. Энэ манай нүүдэлчдийн олсон ухаанд хүн төрөлхтөн хошуурч ирэх цаг нь тун ойртжээ.
-Ирэхээс нь өмнө хэт суурьшчих ч юм уу, эсвэл араас нь элдээд шал дэмий болчихсон байх магадлал өндөр л харагдаж байна. Газар нутгаа ухахаас эхлээд нүүдэлчдийн соёл өдрөөс өдөрт алга болж байна шүү?
-Бид энэ цаг үеийг хүлээж амар тайван байх юм бол Монгол гэдэг нэрийг хүссэн хүсээгүй ертөнц тэр чигээрээ мэдэх болно. Одоо тэр Оюутолгой, Тавантолгой тэр чигтээ л байж байх байсан юм. Хэнд гай болсон юм бэ. Газар нутаг маань эсэн мэнд байх байсан. 1992 онд Рио Де Жанейрод улс гүрнүүдийн удирдагчид байгаль хамгаалах асуудлаар уулзахад Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай явсан юм. Би тэр үеэр түүнд нэг захиа бичсэн. Чухам тэр захиаг авсан эсэхийг мэдэхгүй.
 
-Тэр сонирхолтой захиа байсан байх аа? 
-Тэр захианд бичихдээ “Монгол орныг визгүй болгоё. Бүх дэлхийд нээе. Дэлхийн ядарч зүдэрч, машин моторын дуу, утаа униараас залхсан хүмүүс дуртай цагтаа ирээд амарч байг. Бүтэн жил болно уу, хагас жил болно уу, долоо хононо уу өөрсдийнх нь дурын хэрэг. Тэр хүмүүсийг дагаад мөнгө орж ирнэ. Тэгээд Монгол Улсыг бүх дэлхийн амралтын улс болгож зарлая. Монгол орны газар нутгийг эвдэж сүйтгэхээ больё. Аж үйлдвэржихээ больё. Аж үйлдвэржсэн орнууд газар нутгаа эвдэж дууслаа. Буцах замаа хайж эхэлж байна. Тэгэхээр бид газар нутгаа эвдэхээ болиод ариун хэвээр нь авч үлдээе” гэсэн юм. Одоо бол Монгол орон дэлхийд хамгийн их эвдэрсэн, бохирдсон орнуудын тоонд орчихоод байна шүү. Сонгуульд илтгэл хийх жинхэнэ уяаны ноход л байна биз
-Таны амьдарч байгаа Герман улс нийгмийн халамж, хамгааллаараа дэлхийд тэргүүлэх орон. Энэ тухай?
-Германд бол хүн ямар ч ажил хийхгүй байхад сайхан амьдарч, гэдэс цатгалан яваад байж болно. Ардчилал гэдэг юм жинхэнэ утгаараа хөгжсөн орон юм даа. Жинхэнэ мөн чанараараа хэрэгжсэн орон бол яах аргагүй Герман. Би энэ дээр олон жишээ хэлж болно. Сая ойрхон хоёр муж улсад сонгууль болж, хоёуланд нь Ногоон нам ялчихлаа. Ногоон нам ялчихаар өнөөх Христосын ардчилсан холбоо гараа буулгаад бид ялагдлаа гээд яваад өгч байгаа юм. Тэгэхэд өөр орнуудад яаж байна. АНУ-д гэхэд л Буш яалаа даа. Хэрэг дээрээ ялагдчихаад ичгүүр сонжуургүйгээр зүтгэж байж гараа биз дээ. Африкийн орнуудад яаж байна. Зааны ясан эргийн улсад хоёр Ерөнхийлөгчтэй болчихоод цус урсгаж байна. Манайд бас л яадаг билээ дээ. Тэгэхэд Германд бол өөр. Хуульдаа захирагдана гээд баяр хүргээд явчихаж байгаа юм. Бас нэг жишээ бол Эрүүл мэндийн сайд Филип Послер гэж вьетнам залуу байна. Америкийн дайны үед германчууд Вьетнамын ах дүү хоёр өнчин хүүхдийг өргөж авсан юм. Герман нэр өгөөд Германд боловсрол олгосон. Тэгээд эрдэмтэй шаргуу хөдөлмөрч хүн болж, эхлээд Эрүүл мэндийн сайд болсон. Одоо зүтгээд Чөлөөт ардчилсан намын дарга болж, одоо Аж ахуйн яамны сайд болчихлоо. Хамаг зүйлийг нь гартаа хийчихлээ шүү дээ. Манайд бол Хятадаас ч юм уу, Африкаас өргөж авсан хүнийг сайд болгохгүй биз дээ. Тэр ч бүү хэл Тувагийн бөхчүүд ирж, наадамд зодоглохоор барьж идэх шахдаг. Наад муугаа алаад өг гээд бархирдаг шүү дээ. Цагаан сараар Монголын хэн нэгний ах дүү нар нь Тувагаас ирж барилдах гэхээр оруулдаггүй. Тэгэхээд Германд хаа байсан харь хүнийг төр засагтаа лав оруулж байна гэдэг ардчилал яаж хөгжсөнийг харуулж байгаа хэрэг биз дээ. Хууль нь сайн хуулиа дагана өөр зүйл байхгүй шүү дээ.
 
-НҮБ бол улс орнуудын татвараар амьдардаг-
-Манай улсад ардчилал хөг¬жөөд 20 жил болчихжээ. Хүнээр бол эрийн цээнд хүр¬ч цэргийн алба хаагаад өрх гэр толгойлоод явж байх нас. Гэтэл манайд хөлд орсон үгүй нь мэдэгдэхгүй байна? 
-Манайх ойлгомжтой, юун хөлд орох эргээд буцчихлаа. Хороо хорины дарга бүрт машин унуулж, мөнгө өгөхөд тэд ясаа хугарч, махаа тасартал давхина биз дээ. Манай засаглалын хамгийн аймшигтай зүйл нь гэвэл Засаг төр гэдэг өөрөө хамгийн том авлигач, ард түмэн гэдэг өөрөө том авлига авагч. Ард түмэн өөрөө их хийсвэр бөгөөд хоёр талтай их эргэлзээтэй зүйл. Үүнийг нь мэдсэн засаг төр авлига өгч байгаа юм. Манай УИХ-ын хэдэд анх 10 сая төгрөг өгөхөд ямар их сандарч байлаа. Дараа нь 250 сая, тэгээд нэг тэрбум төгрөг өгсөн. Одоо бол ерөөсөө улаан цайм болсон. Юунаас ч ичихээ больсон.
-Энэ бүгдийг үгүй хийе, зай¬луулъя гэж их л ярьж байна. Ямар ч арга алга байх шиг. Бусад орны жишиг бай¬даг байх, яавал дээр юм бол оо?
-Уг нь жинхэнэ сонгуулиар л зайлуулах байх. Даанч болохгүй биз. Тэгэхээр л тэмцлийн хүчээр, хувьсгалаар л зайлуулж таарна. Хувьсгал хийе гэхээр бид 20 жилийн өмнө хувьсгалаа хйичихсэн гэж Ерөнхийлөгч маань айлдаа биз дээ. Засгийн газрын ордон руу нум сумаар харвадаг нь яавч сайны дохио биш. Өнөөдөр нум сумаар харваж байна, маргааш галт зэвсгээр тавина шүү дээ. Үнэхээр байж чадахгүй болоод л ингэж байна шүү дээ. Монголын хууль доод хүмүүст хатуу үйлчилдэг, хүн хэчнээн ядуу тусмаа хуулийн лантуу чанга тусч байна. Ийм л харгис хуультай юм.
 
-Дээр бид хоёр их гүр¬нүүдийн талаар ярьж байсан. Америк гэж улс өөрийгөө дэл¬хийн хаан гэх ч юм уу, Орос гэхэд л цөмийн зэв¬сэг¬тэй¬гээрээ гайхуулж байна. Ерөөсөө хүн төрөлхтнийг хаанч¬лах гэсэн их гүрнүүдийн бодлого яваад байна. Тэртэй тэргүй баян ч бай, ядуу ч бай хүн төрөлхтөн нэг цэг дээр уулзах юм биш үү. Тэгэхээр НҮБ ч юм уу, ямар нэгэн байгууллагаас уриалга гаргаж болдоггүй юм уу?
-НҮБ бол нэмэр байхгүй, өөрөө авлигад идэгдсэн байгууллага шүү дээ. Ерөөсөө зохицуулагч байгууллага юм. НҮБ бол улс орнуудын татвараар амьдардаг. Тэр татварын нэлээд хэсгийг Америк өгдөг. НҮБ-ын гаргасан шийдвэрийг харахгүй юу. Сая тэр Ливийг бөмбөгдчихлөө. Тэгсэн хэрнээ Сирийг яагаад бөмбөгдөхгүй байгаа юм. Яагаад гэвэл Сири хүчтэй, өмөөрөх улс олон байна. Одоо хэн хүчтэй чадалтай байна тэр гүрнүүд хувааж идэх тийм цаг үед амьдарч байна. Манайх шиг улс оронд бол ойртох нь бүү хэл дөхөж очих ч үгүй. Герман шиг том орнууд үүнд оролцож чадахгүй байна шүү дээ. Үндсэндээ эхний гурван том гүрэн байна. Дараа нь яахав, Франц, Англи гэсэн хэдэн цөмийн зэвсэгтэй орнууд орно. Энэ хэд л хувааж идэж байна даа. Энэ бол цаг зуурын үзэгдэл шүү, их гүрнүүд удахгүй дэлбэрнэ. Ромын Султаныг бод, Их Чингисийн эзэнт гүрэн гээд бод. Яаж устлаа. Одоо бүгд дэлбэрнэ, захаасаа дэлбэрч байна. Төв, Шиньжанд тэсрээд байна. Энэ нь цаг зуурын асуудал гэхээсээ илүү их гүрнүүд өөртөө цагийн бөмбөг хадгалж байдаг. Ер нь их гүрэн хэзээд л зөв байна. Бага гүрэн бол хэзээд л буруутай байна. Нэг Өвөрмонгол нөхөр “Ар Монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэхсэн” гэсэн харууслын үг бий. Энэ чинь арга ядсан хүний үг шүү дээ. Америк ч тэр, Орос ч тэр улам л задарна. ЗХУ гэж нэгдүгээр задрал нь өнгөрчихсөн. Одоо бас л Тува, Дагестан гэх мэт жижиг 16 улс бий. Энэ задрал бидний өмнө бий. Эд бүгд дотроо бодож л байгаа. Дагестан хүн бол тэндээ дарга нь биш. Нэгдүгээр хүн бол орос хүн л байгаа. Бүх байгууллагын дарга нь орос хүн л байгаа. Ингэж хүчээр тулгачихсан юм чинь үндэсний эв нэгдэл гэж их гүрэнд байдаггүй юм. Ахиад задарна. Шарын шашны лам нар шиг цамаан улс хаана байна
-Өнөөдөр айдасгүй буурай орон гэж хаа ч алга. Тэгэхээр хүн төрөлхтний оюун санааг цэвэр¬лэх, энэ муухай нэг нэг¬нээ боорлосон айдсаас салах ямар гарц байдаг юм бол?
-Энэ бол энхтайваны үзэл. Далай ламын үзэл. Хүн төрөлхтнийг өрсөлдүүлэх биш хамтран ажиллуулах хэрэгтэй. Исландын галт уул дэлбэрэхэд яагаа ч үгүй. Гэтэл Фүкүшима дэлбэрэхэд бүгд хохирч байна. Одоо Японы Засгийн газар атомын цахилгаан станцаа улам хөөцөлдөнө гэж хэлж байна. Тэгэхээр өнөө цунами чинь улам гаарч ирнэ. Өнөө биш гэхэд маргааш, маргааш биш гэхэд 10 жил, 100 жилийн дараа. 100 жил чинь дэлхийн хөгжилд юу юм бэ 10 секунд л биз дээ. Газар дэлхий үүсээд 15 тэрбум жил болж байна гэхэд тэнд 100 жил ямар жин дарах вэ. 100 жилийн дараа арлын Японыг арчаад хаячихаж чадна шүү дээ. Ерөөсөө газар дэлхий өөрөө сануулга өгч байна. Тэгэхээр бид өөрөө энхтайванч байхаас өөр зүйл байхгүй. Ах дүү хоёр эвтэй, айл гэрүүд хоорондоо эвтэй, аймаг сум, улс үндэстэн цаашлаад дэлхий нийтээрээ эвтэй байх хэрэгтэй. Тэр баяд байна уу, халх байна уу, хамаа алга эвтэй байя л даа.
 
-Манай улсад олон шашны урсгал бий болжээ. Ялангуяа христын шашин нэлээд нөмөрчээ. Энэ ямар бодлого яваад байна вэ?
-Христ зонхилоод байна гэдэг мөнгөтэй л холбоотой. Их гүрний л бодлого яваад байгаа хэрэг. Библи бол Ганжуур, Данжуурыг бодоход зүгээр л нэг судар. Олон сүм байгуулаад ирэхээрээ л биш болоод байгаа юм. Нөгөө нам, мафи маяг ороод байна гэсэн үг. Гэхдээ шашнаас бол айх юм алга.
 
-Гэхдээ л манай улсад гад¬ны шашин маш олон бол¬жээ. Энэ чинь сайны ёр биш шүү дээ?
-Хохь нь байхгүй юу. Манай энэ буддын л буруу шүү дээ. Юугаа хийж байгаа юм. Юу ч хийхгүй болоод л гадны шашин орж ирээд ард иргэдийг нь татаад байна шүү дээ. Манай шарынхан юу хийж байгаа юм. Ганц яс бариад эдгээх лам байна уу, алга. Толгой нь өвдсөн хүнийг эмчлээд зүгээр болгоод гаргах лам байна уу, алга л байна ш дээ. Шарын шашны лам нар шиг цамаан улс хаана байна вэ. Энэ шашин дэлгэрлээ гээд аюул байхгүй дээ. Аюул болох зүйл нь ойр бий. “Даяар Монгол”-ынхон гээд залуучууд байна. Энэ мэт аюул л тулгарахгүй бол гайгүй дээ. Ертөнцийн жам юм л гэж бодож суухаас. Би яагаад христийн сүмийг өршөөгөөд байна гэхээр эд чинь өлссөн нэгэнд хоол өгч, даарсан хүнд хувцас өгч байна. Тэгэхэд манай Гандантэгчэнлин хийд бүр тариф гаргачихсан нэг судар уншуулах гэхэд 20 мянган төгрөг нэхэж байна. Би 15 мянган төгрөгтэй бол мөнгө чинь дутуу байна гээд судар уншиж өгөхгүй, ийм л байдалтай байна.
 
-Бид хоёр нэлээд ярилцлаа. Тэгэхээр дээр хэлсэнчлэн монголчууд бид дэлхийг хөөж гүйцэх гэж үйлээ үзэх биш хүлээгээд амар амгалан, эх нутагтаа эзэн болж сууя гэсэн ерөөлөөр өндөрлөх үү дээ.

С.Ууганбаяр
http://www.unen.mn