Showing posts with label ЦОГТБАЯР Самандын. Show all posts
Showing posts with label ЦОГТБАЯР Самандын. Show all posts

Monday, 16 April 2012

С.Цогтбаяр: Хобби гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар

НЯМГАРИГ сэтгүүл

Манай "Хообий" буланд саатсан эрхэм бол шог зураач С.Цогтбаяр.
Тэрбээр хөгжмийн бичлэг цуглуулдаг. Рок, поп урлагт сэтгэл зүрхээ зориулж яваа
түүнтэй өрнүүлсэн сонирхолтой яриаг танд хүргэж байна.


-Та хэзээнээс хөгжмийн бичлэг цуглуулж эхлэв?
-Долдугаар ангид байхаасаа гэхээр 40-өөд жил болж байна. Оюутан байхад хөгжмийн бичлэг олдохгүй, бараан зах дээр гарч пянз сольно. Гадаадаас ирсэн оюутнуудын авчирсан пянзыг худалдаж авна, сольж сонсдог байлаа. Одоо мөнгө нь байвал ногоон хурганы арьс, нохойн битүү туурай ч олдох байх. Хөгжмийн бичлэг технологийн хөгжлийг дагаад пянз, дараа нь хальс, одоо CD, DVD, HDVD болсон. Хамгийн сүүлд 40Gb багтаамжтай CD гарсан байгаа, мөн 250-300Gb хэмжээтэй CD-ны туршилт явагдаж байгаа. Ойрын 2-3 жилээс хэрэглээнд гарах байх. Иймэрхүү хувьсал цуглуулагчдад нөлөөлөх нь ойлгомжтой. Боломжтой бүх хувилбараар цуглуулгаа өргөжүүлнэ шүү дээ. Харин номны хувьд аудио, CD, PDF, гурван хэмжээст гээд цахим хэлбэрээр олон хувилбар бий. Үүнийг ашиглаад цахим номын сантай болж болно. Гэхдээ хэвлэмэл ном хэрэглээнээс гарахгүй. Арван хэдэн жилийн өмнө үлгэр, зүүд юм шиг ярьдаг байсан гайхамшигтай ч нөгөө талаар ойлгомжгүй эринд бид амьдарч байна.
-Таны хөгжмийн бичлэг хэчнээн болсон бэ?
-Цуглуулагчид тоо чухал биш. Бүрэн цуглуулгатай байхыг хүсдэг. Хүн ямар нэг зүйл цуглуулаад эхлэхээр тэрнийхээ сайхныг нь мэдэрч, ойлгох гэж судладаг.
-Тэгэхээр цуглуулгынхаа төрлөөс хамаарч тухайн салбарт мэргэшдэг байх нь ээ?
-Яг ч тэгэж хэлж болохгүй. Сонирхож байгаа зүйлийнхээ талаар мэдэж, ойлгох гэж судалгаа хийн, мэдээлэл цуглуулдаг юм. Би өөрийгөө архелогичтой зүйрлэнэ. Ямар нэг хуучны олдвор олж, түүгээрээ түүхийг тодорхойлдог. Би 60-аад онд төрсөн ч 50-60-аад оны үеийн хөгжмийг сонирхож, судлаж, хайж, цуглуулж байгаа. Өөрөөр хэлбэл, бид юуг сонсолгүй, юу мэдрэлгүй өнгөрөөсөн юм бэ гэдэгт анхаарал хандуулж байна. Шинэ зүйлийн хойноос хөөцөлдөх хэрэггүй. Тэртээ тэргүй олдоц их, дээр нь өдий насан дээр хип хоп гээд гүйх нь ч хаашаа юм. Сонирхож байгаа 50-60-аад оны хөгжмийн талаар илүү гүнзгий, хангалттай мэдээлэлтэй болмоор байна. Мэргэжлийн хүмүүсийн хажууд мэдэхгүй зүйл байх ч энгийн хүнээс өөр арай илүү түвшинд байгаа.
-Марк цуглуулагчид шиг хөгжмийн бичлэг цуглуулагчид хоорондоо солилцох явдал байдаг уу. Хоорондоо хэр холбоотой байдаг вэ?
-Төрөл, төрлөөрөө л холбоотой байдаг байх. Цуглуулагчдыг нэгтгэх гэж олон удаа оролдож байсан ч бүтэлтэй ажил болоогүй. 1980-аад онд хар зах дээр гарч холио солио, худалдаа хийгээд байгаа хүмүүсийн эдийг нь хураагаад, намын төв хорооноос клуб байгуул гэсэн даалгавар өгч байсан.
-Өөрийнхөө цуглуулгаас хамгийн үнэтэйг нь нэрлэвэл?
-Хөгжмийн цуглуулга нэг их үнэтэй төрөл биш. Марк, мөнгөн тэмдэг, хуучны эдлэл зэрэг өндөр үнэтэй зүйлс байна. Тухайлбал, Ил хаадын үеийн нэг ширхэг алтан зоос 40-50 мянган ам.доллар, эртний марк 2-3 сая ам.доллар хүрдэг. Үүнтэй харьцуулахад хөгжмийн бичлэг бол өртөг хямд, олдоц их. Хэдэн сая хувийг хэвлээд, тараачихдаг шүү дээ. Хамгийн гол нь түүнийг аваад, хадгалсан нь олон жилийн дараа үнэ хүрэх нь бий. Тухайлбал, тухайн үедээ олон сая хувь хэвлээд, 30 центээр зарж байсан хүн аалзын анхны дугаар одоо 30 орчим мянган ам.доллар хүрсэн байх жишээтэй. Хөгжмийн бичлэг ч гэсэн хэчнээн сая хувь хэвлээд л тараадаг.
-Тэгвэл сонирхогчдын анхаарал татахуйц, одоо ховорт тооцогдох бичлэг бий биз дээ?
-Манайхан сонирхдог AC DC гэж байсан хүнд рок хамтлагийн бүрэн цуглуулга бий. Энэ мэт иймэрхүү бүрэн цуглуулгыг үнэлж болно. Бас зөвхөн цуглуулагчдад зориулж цөөн тоогоор гаргасан CD-нүүд бий. Надад зөндөө л бичлэг байгаа. Хэн нь юу сонирхохыг мэдэхгүй болохоор тэр гэж нэрлэж чадахгүй нь.
-Та яагаад өөрийнхөө цуглуулгын үнэ цэнэтэй биш гээд байгаа юм?
-Үнэ яригдах төрлүүд бол эртний эдлэл, марк, зоос, мөнгөн тэмдэгт, урлагийн бүтээлүүд. Хүнээс мөнгө зээлж байгаад 70 мянган ам.доллароор хүрэл хутга авлаа гэсэн хүнтэй таарч байсан. Үүнийг хэн нэгэн мөнгөтэй гадаад хүн 80 мянган ам.доллароор худалдаж аваад явахыг хэн байг гэх вэ. Цуглуулагчид улсын өмнөөс соёл, түүхийн дурсгалуудыг цуглуулах, системтэй болгоход чухал ажил хийдэг юм. Хувь, хувьсгал гэдэг хамаагүй, тэр эдийг эх орондоо үлдээсэн гэдэг нь хамгийн чухал. Ядарч, зүдэрч олсон мөнгөө ийм зүйлдээ зардаг хүмүүс. Марк, тэмдэг, зоос гээд зардал ихтэй төрөл байна шүү дээ. Нэг хамтлагийн бүрэн цуглуулга ихдээ 1000-2000 ам.доллар болдог бол энэ мөнгөөр хэрийн хуучны марк авч чадахгүй. Яахав Битлзийн анхны цомог, Жон Ленноны гарын үсэгтэй хуудас гэвэл үнэтэй л байх.
Цуглуулж болохгүй юм гэж байхгүй. Оросын сайт дээр хаант Оросын, хувьсгалын үеийн афиша, постерны зураг тавьсан байсан. Энэ цуглуулгаас дизайны урлагийн хөгжил, түүх гээд олон мэдээллийг авч болно. Манайд одоогоор алга. Зөвхөн 1800-аад оны үеийн Coco-Cola-ны анхны сурталчилгааны зурагт хуудсаас эхлээд цуглуулан бүтэн альбом хийсэн байна лээ. Өрнө дахины арилжааны том зах зээл дээр мөнгө олж болох бүхнийг хөдөлгөж байдаг. Манайд одоо л эхэлж байгаа. Материаллаг үнэ цэнээсээ гадна түүх, соёл, хөгжлийн баримт болох гээд олон талын ач холбогдолтой.
-Сүүлийн үед хөгжмийн бичлэг i pod, MP 3, MP 4 форматаар гарч, тун элбэр болсон. Энэ таны цуглуулгад хэрхэн нөлөөлж байна вэ?
-Би ийм хувилбраар цуглуулж байгаа. Маш их хөрөнгө зарж хийсэн бичлэгийг хүмүүс интернэтээс үнэгүй авах боломжтой болсон. Үүнээс болж дуу бичлэгийн салбар донсолгоонд ороод байгаа. Цомгийн борлуулалт 70 хувь буурч энэ салбар хямралд хүрч байгаа. Техникийн дэвшил чинь нэг талаасаа ололт ч гэлээ нөгөө талдаа өмнөх зүйлээ үгүйсгэдэг.
-Энэ нь цуглуулагчдад нөлөөлөх үү?
-Бидэнд үнэ чухал биш. Зөвхөн үйлдвэрлэгчдийн асуудал. Цуглуулага гэдэг үнэ хүрэхээр нь зарна гээд дараад байдаг хувьцаа, бонд биш. Гэхдээ бичлэгийг дижитал хувилбарт оруулахаар дээд, доод өнгө нь алга болохоос эхлээд жинхэнэ эх бичлэг, пянзнаас өөр сонсогддог юм.
-Та цуглуулгаа өргөжүүлэхэд хэр их цаг зарцуулдаг вэ?
-Цаг зарцуулах юу байх вэ. Ердөө л худалдаж авах асуудал. Энгийн худалдаа хийхтэй адилхан. Жаахан шуналтай байдаг биз. Гадаадад Цацаа, Со гээд найзуудтайгаа явбал ном, CD-ны дэлгүүрээр хэдэн цаг хэснэ.
-Цуглуулга хийхийн ач холбогдол нь юу вэ?
-Би өөрөө уран бүтээлч хүн. Наад зах нь сэтгэлзүйн таашаал авна. Үр хүүхддээ өвлүүлнэ. Хүмүүс янз бүрийн л юм цуглуулдаг. Саяхан Монголын болон дэлхийн цуглуулагчдын талаар нэг ном гарсан байна лээ. Ваар, заан, хун, шүдэнз гээд л цуглуулж болохгүй зүйл гэж алга. Сүүлийн үед их оюунлаг цуглуулагчид олширсон юм уу гэж санагдаад байгаа.
Миний бодлоор "хобби" гэдэг үгийг "дон" гэж орчуулмаар. Дуртай, сонирхсон зүйлийнхээ хойноос амь тавьж, бодно, харамсана. Англид явж байгаад "Битлз"-ийн Anthology гэж ном харлаа. Ачаа ихтэй болохоор аваагүй юм. Энд ирсэн хойноо "20 фунт, авчихдаг л байж" гэж бодогдоод. Тэнд байдаг найздаа захиж, авсан хойноо сая нэг санаа амарсан. Ховор, нандин, таалагдсан зүйлээ бодоод хорхойсоод байдаг нь цуглуулагчдын араншин. Манай Сайнсайхан гэж найз хар пянз байх үеэс цуглуулсан. Бие нь муу гэсэн мөртөө дэлгүүр хэсээд, хөгжмийн бичлэг цуглуулаад явж байсан. Удалгүй, цагаан сарын үеэр бурхан болсон гэж дуулдсан. Цуглуулагчид чинь лангууны дор, айлын новшин дунд, булан нь цухуйсан байхад л хэрэгтэй гэснээ олж хардаг хорон нүдтэй байдаг юм.
Нөгөөтэйгүүр хувийн цуглуулагчид төр засгийн анхаарахгүй байгаа, анхаарсан ч хийж чадахгүй байгаа ажлыг хийдэг. Урлаг, соёл, түүхийн үнэт дурсгалыг хувийнхаа мөнгөөр авч хадгалана. Би "Азийн өв соёлын сан"-гийн удирдах зөвлөлд байдаг. Тэнд ажилладаг залуус эхлээд Монголын гар урлалын бүтээгдхүүнийг худалдаалдаг байснаа яваандаа сайхныг нь мэдэрч, одоо цуглуулагч болсон. Бүр музей байгуулаад, Монголын түүх, соёлтой холбоотой үнэт зүйлсийг худалдаж авахаар Sotheby\'s, Нью-Йоркийн дуудлага худалдаанд оролцож, Занабазарын бүтээсэн бурханыг авчирахын тулд хувиасаа 200-300 мянган ам.доллар аваад явж байсан. Монголын үнэт цаасны түүхийг өгүүлэх бүтэн цуглуулгатай хүн байна. Данзангийн үед гараад устгагдсан "Бага болзоот" хэмээх үнэт цаас дэлхийд дөрөвхөн ширхэг байдгийн нэгийг олоод авсан байх жишээтэй. Багш мэргэжилтэй нэгэн монгол цоож, цуурга цуглуулсан байна лээ. Энэ нь хаа ч байхгүй, Монгол улсын улсын цоож, цуурганы түүхийг бүрдүүлж, нэгтэгсэн хэрэг. Энэ бол цуглуулагчдийн нийгэмд гүйцэтгэж буй чухал үүрэг.
Манай урд хөршийнхөн бол энэ асуудлыг төрийн хэмжээнд, бодлогоор зохицуулдаг. Санхүүгийн бэлтгэлтэй хэд хэдэн баг гаргаж хувь хүний гар дээрээс авахаас эхлээд томоохон дуудлага худалдаанд оролцож цуглуулдаг. Хятадууд Монголтой холбоотой бүхнийг хуу хамж, үнэ цохиж авч байгаа гэж нэг сониноос уншсан. 1990-ээд оны эхээр хямд үнээр, маш олон соёлын дурсгалт зүйл гадагшаа гарсан. Заримыг нь манай цуглуулагчид буцаан авч байна шүү дээ. Тэгэхээр нэг хүн донтоод, эд цуглуулаад, байгаа биш, улсад хэрэгтэй үйл хийж байдаг юм.

Tuesday, 21 June 2011

С.ЦОГТБАЯР: ОГТ МӨНГӨГҮЙ Ч ГЭСЭН ОЛИГАРХИ ШИГ ЯВЖ СУР

Шог зураачдыг баруунд вакцин таригчид хэмээн нэрлэдэг. Нийгмийн болохгүй бүтэхгүйг шүүмжилж, хоёр нүүр гаргагчдыг уран аргаар илчилдэг учраас ийн нэрлэдэг аж. Тэгвэл зураач С.Цогтбаярыг салбарынхан нь “гайгүй сайн вакцин үйлдвэрлэгч” хэмээн үнэлдэг юм билээ. Зах зээлийн ороо бусгаа үед шог зургийн салбарт үнэнч үлдсэн цөөн хүний нэг нь тэр. Хэдийгээр аливаа зүйлсийн бараан талыг илчлэн харуулдаг ч тэрбээр юухнаас ч гэрэл гэгээтэй хэсгийг нь хамгийн түрүүнд олж хардаг хүн.
-Шог зураг өнөөдөр “тонших” үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Тоотой хэдэн сонинд улс төрийн сэдэвтэй зураг л хааяа гарах юм?
-Хүмүүс тэр дундаа хэвлэлийнхэн шог зургийг сэтгүүл зүйн нэг төрөл гэдгийг умартсантай л холбоотой болов уу. Тэрнээс биш шог зурагт дуртай, сонирхолтой залуус алга болчихоогүй юм. Нөгөө талаас үнэлэмж нь тун бага байдгийн улмаас залуус мөнгө ахиу олох салбар, чиглэл рүү орж байна. Энэ нь тэдний буруу биш, зах зээлийн хууль шүү дээ. Хүсэл сонирхолдоо үнэнч үлдсэн хэсэг зураач шог зургаа зурж, гадаадын үзэсгэлэн, уралдаанд оролцсоор байна. Сүүлийн үед gogo. mn, sonin.mn, baabar.mn-д шог зураг нэлээд гарах болж.
-Болохгүй бүтэхгүйг шүүмжлэх нэг хэрэг. Тэрийг хошин шогоор харуулахад хурц ухаан, мэдрэмж чухал байх даа?
-Хөгжмийн зохиолч, яруу найрагч бол төрдөг юм. Үүнтэй адил шог зураачийг сургаж болдоггүй, энэ бол төрмөл авьяас гэж би боддог. Учир нь хошигнож зурахад нарийн ухаан, торгон мэдрэмж хэрэгтэй. Ихэнх хүн улс төрийн шог зургаар л энэхүү урлагийг хязгаарлаад байх шиг ээ. Улс төр, нийгэм, цаг үе, цагаан, хөрөг гээд дотроо уг нь олон төрөлтэй. Мөн барууны хэвлэлүүдэд тоймчийн шог зураг гэж бий. Улс төр, нийгмийн үйл явдлыг тоймлон шог хошноор зурдаг нь тэр. Шог зураг Пулитцерийн шагналын нэг төрөлд багтдаг нь ямар чухал салбар гэдгийг харуулж буй.
-Ингэхэд та хэдийнээс уран бүтээлчийн зам руу орсон бэ?
-Би багаасаа л зурах дуртай байсан. Тэр сонирхолдоо хөтлөгдөж, 1980 онд ДУДС-д элссэн юм. Тэр үед “Тоншуул” 120000 уншигчтай, нэр нөлөөтэй сэтгүүл байлаа. Мөн тэр үед Данийн шог зураач Херлуф Бедструпийн бүтээлүүд бараг айл бүрт байна.
Шог зураг сонирхоход надад нөлөөлсөн зүйлс энэ. 1982 онд “Тоншуул”-д зургаа анх нийтлүүлсэн нь урам зориг өгч, шог зурагт эргэлт буцалтгүй орсон доо. Төрийн том хэвлэлд бүтээлээ нийтлүүлнэ гэдэг жирийн оюутан миний хувьд том боломж байлаа. Ц.Байды, Ц.Доржготов, В.Одгийв, А.Гүрсэд гээд тэр үеийн мундаг шог зураачдаас үлгэр дуурайл авдаг байв.
-Оюутан байхдаа зурсан зургаасаа болж дээрээс банга хүртэх, шийтгүүлэх тохиолдол гарч байв уу?
-Тухайн үед тийм зүйл гарсан л юм билээ. Байгаль хамгаалах сэдэвтэй зургийг маань Ю.Цэдэнбал даргатай адил болсон гээд нэлээд яриа болсон гэдэг. Гэхдээ би өөрөө сүүлд нь сонссон л доо. Залуу хүнийг мохоочих вий, шог зургаас хөндийрүүлчих байх гэсэндээ манайхан надад хэлээгүй байх.
-“Тоншуул” сэтгүүл сүүлийн үед гарахаа больжээ?
-Манайд чөлөөт хэвлэл хурдацтай хөгжиж байна. Чөлөөт хэвлэл тухайн нийгэмд вакцин нь байдаг. Тэрхүү орон зайд “Тоншуул” үгүйлэгдэж байгаа нь үнэн. Өндөр төвшний сайн сэтгүүл гаргахаар бид ажиллаж, бэлтгэлээ хийж байгаа. Би хугацаа товлох дургүй. Хэрвээ хугацаандаа багтахгүй бол худлаа ярьсан мэт эвгүй байдаг юм. Сонгууль дөхөхөөр ямар ч завгүй болно. Их ажлын хажуугаар хувийн уран бүтээлээ хийх, гаднын үзэсгэлэн, уралдаанд оролцох ч хэрэг гарна. -Чөлөөт хэвлэл вакцин болж чадаж байгаа гэж үү. Ихэнх сонин нийгмийг эрүүлжүүлэхээс илүүтэй хов жив л хөөцөлддөг шүү дээ. Хүмүүс ч тэрнийг нь дуртайяа уншаад л.
-Тамын тогооны үлгэр зөвхөн монголчуудад бус хүн төрөлхтөнд хамаатай юм. Хэн, ямар хэрэг хийв, хэнтэй явж байна, юу өмссөн гэдгийг мэдэхийг хүсэх нь хүний төрөлх араншин юм болов уу. Гадаадын сайт, сэтгүүлд бөөн хов жив л байгаа. Гэтэл зөвхөн монголчууд л хүний мууд дурладаг, бид л архичин, залхуу гэсэн сэтгэхүйтэй байж болохгүй. -Та өнөөдрийн нийгэм болон амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?
-Хангалуун гэвэл хангалуун байгаагийн жишээ олон. Хөгжиж, сайн сайхны зам руу орсон явдал зөндөө байна. Бид хориодхон жилийн дотор их өөрчлөгдөж, дэвшиж чадсан. Гэтэл манайхан гаднын том улсууд руу явж ирээд эх орноо харьцуулж боддог. Үнэн хэрэгтээ тэдгээр улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөний ёс төлөвшөөд хэдэн зууны нүүрийг үзчихсэн байгаа шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч голдуу хар бараан талын зүйл үзүүлнэ. Ард түмэнд тиймэрхүү дохио өгөх нь зарим улстөрчид ашигтай байх.
Тэрнээс биш бид сайн сайхан руу л явж байна шүү дээ. Өнөөдөр чи захын нэг дэлгүүрт ороод кока кола, 500 төгрөгөөр бохь аваад зажилна. Залуусын хувьд энэ бол байдаг л зүйл. Гэтэл социалист нийгмийн үед энэ нь бараг л мөрөөдөл байлаа шүү дээ.
Тэр цаг үеийг марталгүй санаж, дурсах нь өнөөдөртөө сэтгэл хангалуун байж, ирээдүйдээ итгэхийн нэг үндэс. Монгол хүн эх орондоо дуртай, хүссэн ажлаа хийж, сайхан амьдрах нөхцөл бүрдсэн гэж би боддог. Боломж 100 хувь таны өмнө бий. Тэрхүү боломжийг ашиглах эсэх нь таны л дур. Ургацын үрийг хавар нь цацаж, намар хурааж авдагтай адил ардчилал манайд зохих ёсоороо хөгжсөөр байна.
Харин ч илүү хурдацтай, зөв тийшээ хөгжиж байх шиг ээ. Монгол хүний дасан зохицох, хөрвөх чадвар үүнд ихээр нөлөөлж байгаа болов уу. Тиймээс би амьдарч буй нийгэм, цаг үедээ сэтгэл хангалуун байдаг. -Таныг эсрэгээр нь хариулах байх гэж бодсон шүү. Уг нь бурууд нүд хурц байж нийгмийг шүүмжилж, шогчилж зурна биз дээ? -Би өөдрөг үзэлтэй хүн болохоор юуг ч сайнаар харахыг хүсэж, хичээдэг.
Тэгээд ч заавал өө эрж, буруу хайгаагүй байхад л шог зургийн санаа гарч ирээд байна шүү дээ. Улс төрийн амьдралыг байгаа чигээр нь зурахад л сайхан шог зураг болох жишээтэй. Хүмүүс ч улс төрийн тиймэрхүү үзэгдэлд бүр дасчихаж. Зургийг маань үзсэн хүмүүс “Энэ юу нь шог зураг байгаа юм. Угаасаа ийм байдаг биз дээ” гэж хэлэх тохиолдол олон бий. Өөрөөр хэлбэл, улс төр-уран шог болж, би хуулаад л зурчихаж байна. Улс төр хошин шог байхаа больж, шог зураачид маш их хөдөлмөрлөж байж тэднийг зурах цаг удахгүй ирэх байх аа.
-Та эх оронч хүн үү?
-Монгол илүү хөгжихийг, монголчуудын амьдрал улам сайхан болохыг хүсдэг тул өөрийгөө эх орондоо хайртай хүн гэж хэлнэ. Хамгийн гол нь хүн бүр хийж буй ажлаа хамгийн сайнаар нь хийж чадаж байвал л хөгжинө шүү дээ. Тэрнээс биш “Эх орон” гэж чанга хашгирснаар энэхүү ойлголтыг хэмжиж болохгүй.
-Ном бол тархины фитнесс гэсэн.
-Ном хүний виртуал сэтгэлгээг сайн хөгжүүлдэг. Жишээ нь уран зохиолын ном уншихад гол баатруудыг тархиндаа зураглаж, үйл явдлыг нь ургуулан бодно. Киногоор бол найруулагч хийж байна гэсэн үг. Номын давуу тал энэ учраас технологи өндөр хөгжсөн өнөө үед алга бололгүй улам сайжирсаар уншигчдынхаа хүрээг тэлж байна. Хүүхдүүд ном уншихаа болилоо гэж ярьдагтай би санал нийлдэггүй. 1990 оны дундуур хүмүүс ном унших нь битгий хэл идэх ч хоолгүй явсан нь үнэн. Тэгвэл сүүлийн үед Монголд номын дэлгүүр олширч, хэвлэлийн компаниуд ч олон бүтээл хэвлэх болсон.
-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Эдвард Радзинскийн “Сталин”-ыг саяхан уншлаа. Мөн сүүлийн үед блогоор их аялж байна. Ялангуяа Аанхаа, Артаньян, Гамп нар сонирхол татдаг юм. Тэдний блог монгол хэлний дүрэм, үгийн санг устгах нь гэхчилэн ярьдаг л даа. Мэдээж дутагдалтай зүйл байгаа. Гэхдээ энэ бол бичлэгийн шинэ хэлбэр, сэтгэлгээний хэв маяг гэдгийг би хүлээн зөвшөөрдөг. Хамгийн чухал нь гаргаж буй санаа, илэрхийлсэн арга хэлбэр нь тун өвөрмөц.
-Дүн өвлийн хүйтнээр эсгий гутал өмсөж, үстэй дээлийнхээ энгэрт пянз хийчихээд солилцож, худалдахаар Дэнжийн 1000 руу явдаг байсан гэж та хэлсэн. Хүссэнээ интернэтээс олдог өнөөдрийн хүүхдүүдийн хувьд энэ нь яг үлгэр мэт сонсогдох байх?
-Барууны дуу хөгжим сонсохыг хориглодог байсан тэр цаг үед бид хөгжмийг тэгж л сонсдог байлаа. Арайхийн нэг пянз олбол тэрийгээ ямар удаан ухаж сонсоно гээч. Харин сүүлийн үед cd, dvd, blu-ray диск, интернэт гарч ирснээр технологийн хөгжлийг гүйцэж цуглуулах хэцүү болсон. Гэхдээ л пянз сонсох дуртай хүмүүс манайд байсаар байна. Хообий гэдэг нэг төрлийн дон шүү дээ. Тэрнээсээ сэтгэлийн таашаал авна гэдэг нэг төрлийн жаргал.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Хоёр.
-Тэд таны мэргэжлийг өвлөсөн үү?
-Дизайны мэргэжилтэй хүмүүс бий. Би анх хүүхдүүддээ ингэ тэг гээд их заадаг байлаа. Хүнийг хүчээр шахах нь үр дүнгүй ажил гэдгийг удалгүй ойлгосон. Тиймээс тэдэнд загас өгөх бус, загас барих аргыг зааж өгөхийг хичээсээр ирсэн. Одоо өвөө болсон болохоор хүүхдүүдээс илүүтэй ач нарын хүмүүжилд анхаарч байна даа. Эхнэр маань дулааны инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Одоогоор чөлөөт уран бүтээлч гэж хэлж болно.
-30 орчим жил шог зураг зурснаас дүгнэхэд нийгмийн аль хэсэг элэглэлийг хамгийн эмзэг хүлээн авч байна вэ?
-Хэдэн жилийн өмнө UBS телевизээр явуулсан хөтөлбөрөөр рок попын эмэгтэй дуучдыг нөхөрсгөөр шогчилж зурсан юм. Дэмий юм билээ. Ер нь ямар ч төрлийн элэглэлд бүс гүйчүүд их эмзэглэдэг. Эмэг тэй хүн байгалиасаа л гоо сайхан байхаар заяагдсантай нь холбоотой болов уу.
-Таны амьдралыг бүхлээр нь өөрчилсөн үйл явдал, нөлөөлсөн хүмүүс байдаг уу?
-Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал миний төдийгүй бүх монгол хүний амьдралыг өөрчилсөн. Тэр чинээгээр ардчилал, эрх чөлөө миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл.
-Эрх чөлөөний үнэ цэнэ гэж юу вэ. Зарим нэг нь хүссэн бүхнээ хийх нь эрх чөлөө хэмээн ойлгож, бүр төрийн ордон руугаа нум сум тавьж байна.
-Хэрвээ манайхан эрх чөлөө хаагдмал улсад очвол өөрсдийгөө ямар сайхан газарт амьдарч байгаагаа ойлгох болов уу. Би саяхан БНАСАУ, ОХУ-ын Халимаг яваад ирлээ. Тэд эрх чөлөө, тусгаар тогтнолыг хүсэж байгааг мэдэрсэн. Монголын олон мянган хүний хүсэж мөрөөдөж эцсийг нь хараагүй тэр нийгэмд бид амьдарч байна. Манжийн дарлалын үед амьдарч байсан хүмүүс, Р.Чойном, Б.Ринчен нарын сэхээтэн, өдгөө дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан монгол угсаатнуудтай харьцуулахад бид диваажинд амьдардаг гэж болно.
Хойд насандаа Монголд хүн биш юм гэхэд амьтан болж төрөхсөн хэмээн уйлан ярьдаг хүмүүс ч байна. Гэтэл Монголд ямар байна вэ? Эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй хүмүүс төрийн ордон руугаа буу барих нь холгүй дайрч, нум сум харваж, тэрийгээ бүр ид хав, бахархал болгож байна.
Ардчиллын буянаар олдсон эрх чөлөөгөө дааж явах хэрэгтэй. Хөгшчүүл “Буян дааж явах” гэж ярьдаг даа. Бид ч өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёл хийгээд ард чиллын буяныг даах ёстой. Ерөнхий сайд агсан П.Жасрай гуайн хэлсэнчлэн “Хон гилын үзүүрт гэрэл асаж байна”. Монголын баялаг өдөр ирэх ту сам л нэмэгдэж бай на. Манай улсын төсөв хэдэн сая дотор эргэлддэг байлаа. Тэгвэл тэрбум, мил лиард болтлоо өссөн.
Энэ бол амжилт мөн. Хөгжиж буй ямар ч улс, аль ч нийгэмд бэрхшээл, зовлон байлгүй яах вэ. Америкт хүртэл асуудлууд байгаа. Хамгийн баянд тоо цогддог Арабын ул суудад гэхэд л эрх чөлөө боогдмол байх жишээтэй. Ингээд бодохоор энэ цаг үе бол монгол хүн хүссэн зүйлээ хийгээд амьдарч чадах эрх чөлөөтэй үе юм. Хэрвээ боломжийг ашиглаж чадахгүй бол уучлаарай, өөрийн чинь л буруу тэр.
-Та шашинд итгэдэг үү?
-Би бүх шашныг хүндэлдэг. Бурхны шашинд сүсэглэж явдаг. Зав, боломж гарвал тэр чиглэлийн ном уншиж, судлахыг хичээнэ ээ. Би мухар сохроор дагах бус утга учир, мөн чанарыг нь мэдэхийг эрмэлздэг. “Бодь мөрийн зэрэг”, “Агнистийн гэгээ” цувралыг уншсан. Шашин шүтдэггүй хүнээс айх хэрэгтэй гэж барууны оронд ярьдаг.
Учир нь шашныг дагаад тухайн хүнд итгэл бишрэл, үнэ цэнэ бий болдог юм. Үүнээс хамгийн чухал нь сэтгэлийн амар амгалан. Сэтгэлээ амар амгалан болгож чадаагүй бол хэчнээн их хөрөнгө, мөнгө цуглуулсан ч чи зовсоор байх болно. Хамаг л муу муухай бүхнийг бодож, дотроо хураагаад байвал сэтгэл бохирдоно. “Огт мөнгөгүй мөртлөө олигархи шиг явж сур” гэж би хэлдэг юм.
-Үйлийн үрийг тоолууртай зүйрлэсэн тань их сонирхолтой юм билээ?
-Муу юм хийх, бодох тусам үйлийн үр хураагдаж, өөртөө зовлон тарина. Үйлийн үр гэдгийг би хүний толгой дээр байдаг тоолууртай зүйрлэдэг юм. Цахилгаан гүйх тусам тоолуур дээрх тооны хэмжээ өснө дөө. Үүнтэй адил муу юм бодоод, хийгээд л байвал толгой дээрх тоолуурын тоо гүйгээд байна. Цахилгааны тоолуурыг соронз тавин тоог нь багасгах зэргээр зальдагч этгээдүүд бий л дээ.
Тэгвэл толгой дээрх үл үзэгдэгч тоолуурыг яаж ч аргалж болохгүй. Бурхны шашны зураг, барималд араг яс, хохимой толгой их дүрсэлсэн байдаг. Хүн үхлийн тухай эргэцүүлэх тусам амьдралыг илүү танин мэдэж, утга учиртай амьдралд хүрч чадна гэсэн санаа тэр болов уу. Хүний амьдрал хэчнээн богинохон цаг нь болоход үхнэ гэдэг ямар амархан билээ. Тэгэхээр яг одоо амьдарч, амьсгалж буй хугацаандаа л сэтгэл хангалуун байж, амьдрал ямар сайхан болохыг мэдрээрэй.
-Хэрвээ цаг хугацааны машин байсан бол та аль цаг үе рүү явах бол?
-Хэрвээ хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байсан бол би хамгийн түрүүнд сууна даа.

Б.Эгшиглэн
Эх сурвалж "Өнөөдөр" сонин"

Saturday, 25 December 2010

С.ЦОГТБАЯР: "ЦУГЛУУЛАГЧИД ӨЛӨН НҮДТЭЙ УЛС"


Шог зураач С.Цогтбаяр хөгжмийн бичлэг цуглуулдаг хоббитой. Түүний “Учиртай инээд” альбом, “Төрийн төлөө оготно” улс төрийн шог зургийн номыг хүмүүс үзэх дуртай хэдий ч пянз, сиди цуглуулдаг гэдгийг нь төдийлөн мэддэггүй. С.Цогтбаяр удахгүй шог зургийн эмхэтгэлээрээ “Монголын нэг өдөр” нэртэй номоо удахгүй хэвлүүлэх гэж байна.

Энэ нь Марзан Шаравын “Монголын нэг өдөр”-ийн орчин үеийн хувилбар гэнэ. Энэ удаа түүнтэй хоббиных нь талаар хөөрөлдсөнөө толилуулъя.

  - Та хэзээнээс хөгжмийн бичлэг цуглуулж эхлэв?

  - Би долдугаар ангиасаа хөгжмийн бичлэг цуглуулаад, дөчөөд жил болж байна. Оюутан байхад, хөгжмийн бичлэг олдохгүй, бараан зах дээр гарч, хар пянз их солилцдог байлаа. Хөгжмийн бичлэг технологийн хөгжлөө дагаад, пянз, дараа нь хальс, одоо CD, DVD, HDVD, “BLUE RAY DISC” болсон. Бас цаг үеэ дагаад цуглуулгын нэр төрөл өөрчлөгдөж байна. Хамгийн сүүлд 40 Gb багтаамжтай CD гарчээ. 250-300 Gb хэмжээтэй CD-ний туршилт явагдаж байгаа гэсэн. Ойрын 2-3 жилээс хэрэглээнд гарах байх. Иймэрхүү хувьсал цуглуулагчдад нөлөөлөх нь ойлгомжтой. Боломж­той бүх хувилбараар цуглуулгаа өргөжүүлнэ шүү дээ.

  Харин номны хувьд аудио, CD, PDF, гурван хэмжээст гээд цахим хэлбэрээр олон хувилбар бий. Үүнийг ашиглаад, цахим номын сантай болж болно. Гэхдээ хэвлэмэл ном хэрэглээнээс гарахгүй. Арван хэдэн жилийн өмнө үлгэр юм шиг ярьдаг байсан гайхамшигтай атлаа ойлгомжгүй эрин үед бид амьдарч байна. Ер нь хүн таалагдсан зүйлээ цуглуулна шүү дээ.

  - Ямар учраас цуглуулга хийдэг вэ?

  - Тийм ээ, өөрийн сонсож байгаа хөгжмөө ойлгож цуглуулахыг хичээдэг. Хөгжмийг ойлгож сонс­вол, жинхэнэ таашаал авна. Гэхдээ арилжааны хөгжим бий л дээ. Би цуглуулгатайгаа холбоотой ном, сонин сэтгүүл их цуглуулдаг. Бас “Оскар”, Холливудын киног он цагийн дарааллаар нь цуг­луулахыг хичээдэг. Хэрэглээний бүтээгдэхүүнийг төрөлжүүлээд, баг­цаар нь бүрэн цуглуулаад ирэхлээр, үнэ цэнэтэй болдог. Үнэ цэнэтэй зүйлийн цуглуулга гэвэл алт мөнгө, үнэт чулуун эдлэл, марк, зоос, эртний эдлэл, мөнгөн тэмдэгт, урлагийн бүтээлүүд байна. Түүн дээр миний сонирхол зөрнө. Хүн өдөр тутмын хоол шиг оюун ухааны хоолоо үргэлж хэрэглэдэг байх ёстой. Тэгвэл сэтгэл хангалуун байна. Мэдээллийн тех­нологи хөгжсөн нь бидэнд их мэдээлэл өгч байна.

  - Цуглуулгаа юутай зүйрлэх вэ?

  - Би өөрийгөө археологичтой зүйрлэдэг. 1950-1960- аад оны үеийн хөгжмийг сонирхож, судлаж, хайж, цуглуулж байгаа.

  - Тэгвэл сонирхогчдын анхаарал татахуйц, одоо ховорт тооцогдох бичлэг бий биз дээ?

  - Манайхан сонирхдог 1970-1980-аад оны “AC* DC”, “Beatles” зэрэг хүнд рокийн хамтлагийн бүрэн цуглуулга бий. Цуглуулгачид улсын өмнөөс соёл түүхийн дурсгалуудыг цуглуулах, системтэй болгоход чухал ажил хийдэг. Хувь, хувьсгал хамаагүй тэр эдийг эх орондоо үлдээнэ гэдэг бахархалтай ажил. Ядарч зүдэрч олсон мөнгөө ийм зүйлд зардаг хүмүүс. Нэг хамтлагийн бүрэн цуглуулга ихдээ 1000-2000 ам.доллар болдог бол энэ мөнгөөр хэрийн хуучны марк авч чадахгүй байх. Өрнө дахины арилжааны том зах зээл дээр мөнгө олж болох бүхнийг хөдөлгөж байдаг. Манайд энэ бүхэн одоо л эхэлж байна. Материаллаг үнэ цэнээсээ гадна түүх соёл, хөгжлийн баримт болох гээд олон талын ач холбогдолтой.

  - Сүүлийн үед хөгжмийн бичлэг улам боловсронгуй болж, янз бүрийн форматаар хэвлэгдэж байна. Энэ бүхэн таны цуглуулгад нөлөөлж байна уу?

  - Би ийм хувилбараар цуглуулж байгаа. Хүмүүс маш их хөрөнгө зарж хийсэн бичлэгийг интернэтээс үнэгүй авах боломжтой болсон. Үүнээс болж, дуу бичлэгийн салбар донсолгоонд ороод байгаа шүү дээ. Цомгийн борлуулалт 70 хувиар буурч, энэ салбар хямралд хүрч байна. Техникийн хөгжил дэвшил нэг талаасаа ололт гэлээ ч нөгөө талдаа өмнөх зүйлээ үгүйсгэж байдаг.

  - Энэ бүхэн цуглуулагчдад нөлөөлдөг үү?

  - Бидэнд үнэ чухал биш ээ. Тэр бол зөвхөн үйлдвэрлэгчдийн асуудал. Цуглуулга гэдэг үнэ хүрэхээр нь зарна гээд дараад байдаг хувьцаа, бонд биш. Гэхдээ хөгжмийн бичлэгийг дижитал хувилбарт оруулахаар дээд, доод өнгө нь алга болохоос эхлээд жинхэнэ эх бичлэг, пянзнаас өөр сонсогддог юм.

  - Тэгвэл цуглуулга хийхийн ач холбогдол юу вэ?

  - Би өөрөө уран бүтээлч хүн. Цуглуулга хийхэд сэтгэл зүйн таашаал авахаас гадна үр хүүхдэдээ өвлүүлнэ. Саяхан монголын болон дэлхийн цуг­луулагчдын талаар ном гарсан байна лээ. Заан, ваар, шүдэнз, чулуу, хөөрөг, морь гээд цуглуулж болохгүй зүйл гэж алга. Сүүлийн үед оюунлаг цуглуулагчид олширч байна. Ховор нандин таалагдсан зүйлээ авах юм сан гэж хорхойсоод байдаг нь цуглуулагчдын араншин. Цуглуулагчид лангууны дор, айлын новшин дунд булан нь цухуйсан байхад л хэрэгтэй гэснээ олж хардаг өлөн нүдтэй улс. Хувийн цуглуулагчид төр засгийн анхаарахгүй байгаа, анхаарсан ч хийж чадахгүй байгаа ажлыг хийдэг. Урлаг соёл, түүхийн үнэт дурсгалыг хувийнхаа мөнгөөр авч хадгалдаг. Би “Азийн өв соёл сан”-гийн удирдах зөвлөлд байдаг. Тэнд ажилладаг залуус монголын гар урлалын бүтээгдэхүүнийг авч зардаг байснаа, одоо сайхныг нь мэдэрч, цуглуулагч болсон.

  Тэд музей байгуулаад, монголын түүх соёлтой холбоотой үнэт зүйлсийг худалдаж авахаар, “Sotheby*s”, Нью-Йоркийн дууд­лага худалдаанд оролцож, Занабазарын бүтээсэн бурханыг авчрахын тулд хувиасаа 300000 ам.доллар аваад, онгоцоор нисч л байсан. Монголын үнэт цаасны түүхийг өгүүлэх бүтэн цуглуулгатай хүн байна. Данзангийн үед гараад устгагдсан “Бага болзоот” хэмээх үнэт цаас дэлхийд дөрөвхөн ширхэг байдгийн нэгийг олоод авсан байх жишээтэй. Хятадууд энэ цуглуулгын асуудлыг төрийн хэмжээнд бодлогоор зохицуулдаг. Санхүүгийн бэлтгэлтэй хэд хэдэн баг гаргаж, хувь хүний гар дээрээс авахаас эхлээд томоохон дуудлага худалдаанд оролцож цуглуулдаг. “Тэд Монголын түүх дурсгалтай холбоотой бүхнийг хуу хаман авч байгаа” гэж сонин дээр бичсэн байна лээ. Үнэхээр 1990-ээд оны эхээр маш олон соёл дурсгалын зүйлс, ялангуяа бурхан тахилын зүйлс хямд үнээр хилын дээс давсан. Заримыг нь одоо манай цуглуулагчид өндөр үнээр худалдан авчирч байна. Тэгэхээр бид шуналтайдаа донтоод цуг­луулаад байгаа юм биш, өвөг дээдсийнхээ өв соёлыг үр хүүх­дэдээ үлдээхийн тулд тэмцэж байгаа юм шүү дээ.

Ярилцсан Ш.Билэгсайхан,

Эх сурвалж цаг төр хүмүүс сэтгүүл