Showing posts with label ЭНХБАЯР Жадамбаагийн. Show all posts
Showing posts with label ЭНХБАЯР Жадамбаагийн. Show all posts

Sunday, 6 October 2013

Ж.Энхбаяр: Хөрөнгө оруулагчид зарим сайдаас айгаад дүрвэсэн



УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед та нэ­лээд бухимдалтай байх шиг. Сав л хийвэл эрх баригчидтай үг сөргөөд л...?
-Иргэдийн амьдрал хүнд байна.  Цалин хөлс нь  идэж уух юмныхаа үнийг дийлэхээ болилоо шүү дээ. Гэтэл эрхбаригчид амьдрал сай­хан байна гэж худлаа яриад байгаад шүүмжлэлтэй хан­дахаас өөр арга алга. Ардын намынхан л эрх барьж байгаа Ардчилсан намын хийж бай­­­гааг харлуулаад, тэдэнд ха­туу үг хаяад байгаа юм биш. Гадаадынхан Монголын амьд­рал хэцүүдлээ, сан­хүүгийн хям­рал нь эдийн зас­гийн гүн хямрал болох нь ээ гэсэн дүгнэлтийг хийж байна шүү дээ.  Монгол Улсын эдийн засгийн бүх үзүүлэлт муудсан.  Бондын үнэлгээ доошилсон, зээлжих зэрэглэл буурч байна. Монголд хөрөнгө оруу­­­лалт­тай гадаадын ком­паниудын хувьцаа байнга уналт­тай байна.  Эдийн зас­гийн тогтвортой байдал ал­дагдаж жил хүрэхгүй хуга­цаанд төгрөгийн ханш навс уналаа. Дэлхий дээр гур­ван орны мөнгөн тэмдэгт уналт­тай байгаагийн нэг нь Монгол. Нөгөө хоёр нь Иран, Сири. Ардын намыг засаг барьж байх үед 2011 онд ам.долларын эсрэг хамгийн их чангарсан үндэсний валют нь монгол төгрөг байлаа шүү дээ. Үндэсний валют нь тогт­вортой, төр засгийн бод­лого нь оновчтой, тодорхой байж эдийн засаг хөгжих юм. Хэт намчирхсан, төрийн мэргэшсэн албан хаагчдыг хоморголон халснаас болоод Монгол Улсын өрсөлдөх чад­вар муудсан. Авлига, хээл хахуул ихэссэн. Авлига хээл хахуультай, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулбагар, өрсөлдөх чадвар муутай Мон­­гол Улсад хэн хөрөнгө оруу­лалт хийх билээ. Бид өөрс­дөөсөө үнэнийг нууж бо­лох­гүй. Тэртээ тэргүй бид­ний байдал ямар байгааг дэлхий ертөнц мэдчихээд бай­­хад байдал сайхан байна гэж худлаа ярьж байгаа нь харамсалтай байна. Биз­несийн салбар өөрөө асар их мэдрэмтгий, тэр утгаараа Мон­­­голын дотоод байдал ямар байгааг эдийн засаг нь тайлбаргүйгээр л илэрхийлж байгаа биз дээ.

-Эдийн засагт үүсээд байгаа асуудлыг шийд­вэр­­­лэхийн тулд ээлжит бус чуул­ганыг зарлан хурал­дуул­сан. Гэтэл энэ чуулган гол зорилгодоо хүрч чад­сангүй?
-Уг нь Монголын эдийн засагт задлан шинжилгээ хийж,төгрөгийн ханш яагаад унасан бэ гэдэг оношоо зөв тодорхойлох ёстой байлаа.  Тавдугаар сард ярих ёстой асууд­лыг есдүгээр сард ярина гэдэг байж боломгүй ал­­­­­­­даа биз дээ. Эдийн засаг нь хүндэрчихээд байхад Зас­гийн газрын бүх сайд нь нэгэн зэрэг амраад гадаад, дотоодоор зугаалаад явчихсан шүү дээ. Харамсалтай нь, тэр хойгуур нь ам.долларын ханш яаж өсөв. Үнэндээ Зас­­­­гийн газрын алдаанаас болж эдийн засаг хүндэрсэн. Үүнийг нь Н.Алтанхуягийн хэдэн сайд л мэдэхгүй байгаа бо­лохоос бүх хүн хүлээн зөв­шөөрчихлөө. Ардын намын­хан гэлтгүй Ардчилсан на­мын­­хан нь хүртэл хүлээн зөвшөөрөөд Засгийн газрын үйл ажиллагаа нэг л биш байна гэдэг дүгнэлтээ хийчих­лээ. УИХ-ын ээлжит бус чуул­­ганаар Засгийн газар хариуцлагагүй хуулиуд оруулж ирсэн. Монгол орны нийт талбайн  найман хувийг эзэлж байгаа ойн модоо, гол усаа алтныханд ахиад ухуулья гэ­­сэн хууль бариад орж ирж байгаа Засгийн газрыг эрүүл гэх үү.  Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийн төслийг хар. Хэнд зориулж ийм хууль гаргаж байгаа нь тов тодорхой байна шүү дээ.

-Хэнд гэж. Монгол­банкны алтны нөөцийг л сайжруулахын тулд гэж тайлбарлаж байгаа биз дээ?
-“Оюутолгой”-д. Энэ хууль батлагдах юм бол “Оюутолгой” компани л хам­гийн их хөнгөлөлт эдэлнэ. Хө­­­рөнгө оруулалтын тухай хуулиар ч “Оюутолгой”  бус­даас илүү хөнгөлөлт эдлэх бол­чихоод байна. Дээрх хуулиудын халхавчин дор  Оюу­толгойн 180 тонн алтнаас “Рио-Тинто” хоёр тэрбум ам.долларын  хөнгөлөлт эд­лэхээр болж байна. Миний хувьд ээлжит бус чуул­­ган ямар ч үр дүнгүй өнгөр­лөө гэж дүгнэж байгаа.  Мэр­­гэжлийн нэр томьёо муутай, зарчмын алдаатай, өөр хоорондоо уял­даа муу­тай, боловсруулалт нойл  хуулиудыг УИХ-ын ээл­­­жит бус чуулганд өргөн барьсан Засгийн газрын чад­вар ямар вэ гэдэг нь хараг­даж байна.

-Энэ бүхэн өмнөх парламентаар баталсан урт, урт нэртэй хуулиу­даас болсон юм биш үү. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн хуулийг тэгж яривал та­най намыг генсек санаа­чилсан биз дээ?
-Би тэгж бодохгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурснаар эдийн засаг хямар­­­сан гэж эрхбаригчид ярьж байгаа. Гэхдээ тэр гад­ныхан чинь Монгол Улсыг хөг­жүүлэх гэж орж ирдэг юм биш. Өөрсдийнх нь түрүүв­чинд хэрэгтэй бизнес хаана байна, тэнд хөрөнгө оруулж, хөрөнгөө өсгөж авахыг л хүсдэг юм. Манай эрх­баригчид “Чингис” бонд, “Самурай” бонд гаргалаа гээд л хөөрөөд байна. Тэр чинь өр шүү дээ.   Гэтэл өр тавьж олсон мөнгөө үр дүнгүй зарцуулж байна. Яагаад бондын мөн­гөөр орон сууцны салбарт хөрөнгө оруулах ёстой юм бэ.  Тэрэнд дорвол монголчууд ганц хадаас ч болтугай үйлд­вэрлэж, дотоодынхоо хэ­­рэг­­­­­­цээг хангамаар байна.   Эдийн засгийн энэ хямрал  монг­­олчуудад цаашдаа өөрс­­дөө гутлаа оёж, хүнсээ үйлд­вэрлэж, шатахуун гаргаж ав гэсэн нэг сануулга бол­лоо. Монголчууд зээлээр бүх хэрэглээгээ хангахыг чухал­чилдаг болж.  Энэ бол алдаа юм.  Айл гэрийн эзэн юу ч хийхгүй мөртлөө зээлээр хоол, ундаа аваад байвал үр хүү­­хэд нь өрөнд унадаг юм байгаа биз дээ. Түүн шиг улс орны тэргүүн ард түмнээ өрөнд унагаад мөнгө зээлээр олж ирснээ зүгээр аваад ир­чих­­сэн юм шиг хөөрцөглөх хэрэггүй. Эрхбаригчдын бай­гаа байдлыг харахад 1990-ээд онд гаднаас зээл авч цалингаа тавьдаг байсан тэр үе шиг харагдаж байна.

-Засгийн газрыг огц­­­руулах байр суурь­тай бай­гаа гишүүдийн нэг та. Эдийн засгийн бай­дал сайнгүй байгаа үед засгаар оролдох  хэрэггүй юм биш үү. Магадгүй улстөрчдөд л чухал бо­лохоос ард түмэн үүнийг хүсэхгүй байгаа ч юм билүү?
-Улс орныхоо хөгжил тушаа болсон, толгой тархи нь ажилладаггүй, худлаа ярьдаг, чадвар муу­тай багийг яаралтай солих шаард­лагатай.  Энэ нь хүндэрч байгаа эдийн засгаа аврах нэг алхам болно .  Эрхбаригчдад улс орон удирдаж явах, залж явах чадвар, мэдлэг, мэргэшил алга. Гаднаас их хэмжээний зээл авч байна. Тэр мөнгөө эргүүлээд яаж төлөх юм бэ. Төсвийн алдагдал нэг их наяд 500 тэрбум төгрөгт хүрлээ. Төсвийн мөнгөөр хийх ёстой ажлууд таг зогслоо шүү дээ. Тэр нь бизнесийн сал­­барт муугаар нөлөөлж байна. Гэтэл Монгол­банк нь гурван их наяд төгрөг үйлд­­вэрлээд тараачихсан. Үнэ тогтворжуулах нэрээр та­раа­­­­сан гурван их наяд төг­рөгийн үр дүн нь хаана байна. Өнгөрсөн жилээс мах, гурил, орон сууцны үнэ,  ам.долларын ханш өссөн. Өнгөрсөн жил хамгийн үнэтэй орон сууцны метр квадрат нь 2.5 сая төгрөг байсан бол өнөөдөр хамгийн хямд нь гурван сая төгрөгт хүрчихлээ шүү дээ.  Бондын хөрөнгөөр “Гудамж” төслийг хэрэгжүүлж байгаа л гэсэн. Гэтэл тэр  төслөөрөө “мөнгө угааж” байна. Ардын намыг засаг барьж байх үед нэг км замыг 800 сая төг­­рөгөөр барьдаг байсан бол  өдгөө таван тэрбум төг­рөгөөр барьж байна. Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгах санал зөв гэж бодож байна. Сайн захиралтай компанийн хувь­цааны үнэ өсдөг шиг сайн удирдлага Монголд хэрэгтэй байна. Ажлаа хийдэггүй, худ­­лаа ярьдаг сайдуудыг уна­гаж мэдлэгтэй, чадвартай, турш­лагатай шинэ баг гаргаж ирэх ёстой. Засгийн газрыг огц­руулья гэж байгаа олон гишүүний нэг нь би.  Харин ч чадваргүй баг огцорлоо гэхэд Монголыг зорин ирэх хөрөнгө оруулагчдын тоо өснө гэдэгт итгэлтэй байна. Засгийн газарт байгаа зарим сайдаас нь айгаад хөрөнгө оруулагчид дүр­­вэчихсэн ш тээ.  Хөрөнгө оруулагчдыг чөтгөр, шулмас харсан аятай загнадаг бай­сан хүмүүс төрийн сайд бол­чихоор гад­ны­­хан айхаас яах юм.

-Ирэх сард болох танай намын их хурал их халуухан болох шинж­­­тэй. Одооноос л дотроо өрсөлдөж, элдэв хор яваад эхэлчихсэн юм биш үү?
-Их хурлаараа бид алдаа оноогоо хэлэлцэж, ирэх жи­лүүдэд хэрхэн ажиллах вэ гэдэг хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлно. Миний хувьд намын хөгжлийн хөтөл­бөрийг тодорхойлж чадах, ирэх сон­гуульд намаа ялуулж чадах хэмжээний шинэ баг гарч ирээсэй гэж хүсч байна.

-Хэрвээ намын дар­гад У.Хүрэлсүх өрсөлд­вөл та дэмжих үү?
-Энд хэн нэгэн хүний тухай яримааргүй байна. Хам­­­гийн гол нь нийгэмд нам­ынхаа хийж бүтээснийг ойл­гуулж чадах, цаашдаа юу хийх вэ гэдгээ таниулж чадах, нийгмийн дэмжлэг хүлээж чадах багийг л бид сонгох ёстой.
Ж.НЯМСҮРЭН
"NEWS WEEK" сонин №031

Monday, 27 May 2013

Ж.Энхбаяр: Ерөнхий сайдыг хоёр хөрш хүлээж авахгүй байна. Түүхэнд байгаагүй үзэгдэл шүү дээ

Ж.Энхбаяр: Ерөнхий сайдыг хоёр хөрш хүлээж авахгүй байна. Түүхэнд байгаагүй үзэгдэл шүү дээУИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Танай намын бүлгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерт дүүгээ оролцуулж, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргасан хэмээн үзэж АТГ-т хандсан. Харин АТГ энэ асуудлыг  Нийслэлийн прокурорт шилжүүлсэн гэж байна? 
-МАН-ын бүлгээс Хууль зүйн сайд, Үндэсний аюулгүйн зөвлөлийн тэргүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон АТГ-т тус тус хандсан. Үүний дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж байна гэдэг хариу өгсөн. АТГ энэ асуудлыг шалгаж үзээд Нийслэлийн прокурорт  өгсөн байна билээ. Цагдаагийн газар үүн дээр ажиллаж байна гэсэн мэдээллийг өгсөн. Бид одоо хүчний байгууллагуудаас гарах шийдвэр болоод дүгнэлтийг хүлээж байна.

-Та одоо ямар асуудал дээр голчлон ажиллаж байна? 
-Миний хувьд сонгууль дээр ажиллаж байна даа.

-Аль байнгын хороонд харъяалагдан ажиллаж байгаа вэ? 
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Тусгай хяналтын дэд хороонд байна. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харъяалагдан ажиллаж байна даа. Голлон ажиллаж байгаа ажил маань хилийн боомтын асуудал. Хилийн боомтын тухай хууль өргөн баригдсан байгаа. Түүн дээр гарсан ажлын хэсэгт орж ажиллаж байна.

-“Чингис” бондын асуудлыг МАН-ын бүлэг нэлээд шүүмжилж байгаа. Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бонд төсвөөс гадна байж болохгүй гэж байсан. Үүн дээр бодолцох л хэрэгтэй юм шиг ээ? 
-Бонд бол өрийн бичиг шүү дээ. Дэлхий дахинд “Чингис хааны өрийн бичиг” нэрээр явж байна. Нэрнээс авахуулаад зохимж муутай байна л даа. Чингис гэдэг агуу хүн дэлхийн хэмжээнд мөнгө санхүүгийн асуудлыг шийдэж явснаас биш өр тавьж яваагүй. Үр хойч нь болсон бид тэр хүний нэрээр “Чингис өр” гээд гаргаад явж байгаа нь хаа хаанаа зохимжгүй байгаа юм. Хоёрдугаарт, УИХ олон нийтийн өмнөөс төсвийн зарцуулалтад хяналт тавих, зүйл заалтаар нэг бүрчлэн хянаж батлах үүрэгтэй шүү дээ.
Гэтэл төсвөөс гадуур гурван ч эх үүсвэр яваад байна. Нэгдүгээрт, Монголбанкнаас гаргаж байгаа Үнэ тогтворжуулалтын сангийн олон зуун тэрбум төгрөгийн асуудал. Хоёрдугаарт, Чингис өрийн 1,5 тэрбум ам.долларын бонд. Гуравдугаарт, Хөгжлийн банкны 600 орчим сая ам.долларын зарцуулалт улсын төсвөөс гадуур, УИХ-д хянагдахгүйгээр бие даасан хөрөнө оруулалтын хэмжээнд дүйцэхүйц хөрөнгө явж байгаа нь Монгол Улсын банк санхүүгийн салбарт туйлын хортой тусна гэж бодож байна. Эхний илрэлүүд санхүүгийн болон эдийн засгийн үзүүлэлтүүдэд анзаарагдаад эхэллээ. 2012 оны эдийн засгийн дүнгээр Монгол Улс түүхэнд үзээгүй 3,2 тэрбум ам.долларын гадаад худалдааны алдагдал хүлээлээ шүү дээ. Төсвийн алдагдал ДНБ-ний найман хувьд хүрсэн. Хэрэв Чингис бонд, Үнэ тогтворжуулалтын сангаа оруулбал арван хувьд хүрэхээр байна.

-Монгол Улсын эдийн засаг таны хэлж байгаа шиг тийм хүнд байдалд орчихоод байгаа юм уу?
-Сүүлийн 13 жилийн хугацаанд гараагүй төсвийн алдагдалд орсон. Төсвийн нэгдүгээр улирлын мэдээ харахад туйлын хангалтгүй. Төсвийн бүрдэлт тасарч байна. Зөвхөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээний зардал гаргаад хөрөнгө оруулалтын ажил хөдөө орон нутагт ерөнхийдөө зогссон. Эдийн засгийн болон улс төрийн томоохон бодлогын алдаа хийсэнтэй холбоотойгоор гадаад худалдаа болон  хөрөнгө оруулалтын ажил үндсэндээ зогслоо. Эдийн засгийн өндөр өсөлтийг үзүүлж байсан Монголын гайхамшиг гамшиг боллоо. Монголд орж ирж байсан хөрөнгө оруулалт гараад дууслаа. Геологи, уул уурхайн ажил ерөнхийдөө зогссон.
Барилгын салбарыг дагаад томоохон хүндрэл бий болсон. Үүнийг дагаад нийтийн болон худалдаа үйлчилгээний салбар хүндрээд эхэлсэн. Нүүрсний үнэ тасралтгүй унасан. Нөгөө 100 ам.долларыг шүүмжилж байсан бол 70, 50 ам.долларын хэмжээнд унаж байна шүү дээ. Хувийн хэвшлийнхэний хийх гэж байсан олон томоохон төслүүд, цахилгаан станц, төмөр зам бүгдийг зогсоосон. Тэр болгоныг төр өөрөө хийхээр оролдож байна. Нөгөө “Чингис” бондоос хийх гэж байна. Эдийн засгийн зохистой жам ёсны явж байсан ажлуудад хэт хөндлөнгийн оролцоо бий болсон. “Тогтвортой эдийн засгийн эрсдэлгүй” гэдэг үнэлгээг Монгол Улс авдаг байсан бол сонгуулиас хойш нэг жилийн дотор “Эдийн засгийн хувьд тогтворгүй” гэдэг үнэлгээ авч байна шүү дээ. Бид арав гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болгосон гадаад болон дотоод орчноо байхгүй болгочихлоо. Ийм л харамсалтай дүр зураг харагдаж байна даа.

-Одоогийн Засгийн газар таны ярьж байгаагаас огт өөр зүйл хэлж байгаа шүү дээ. Бүх зүйлийг өөдрөг сайхан байна гэдэг. Харин ч өмнөх Засгийн газрын алдаатай бодлогыг засах гэж хугацаа алдаж байна гэж хэлж байгаа шүү дээ? 
-Бурууг тохох яахав. Аливаа зүйл бодитой байх ёстой л доо. Бид эдийн засгийн өсөлтийг 2012 оны эхний хагас жилийн байдлаар 17 хувиар өссөн. Гадаад хөрөнгө оруулалтыг арван тэрбум ам.доллар болгоод, Хөгжлийн банк гэж байгуулаад дансанд нь 500 сая ам.доллар үлдээсэн шүү дээ. Тэр амжилтууд жилийн эцэст нурж унасан. Одоо ч үргэлжлээд явж байна. Мөнгөний ханш дээр харахад жилийн өмнө 1200 байсан монгол төгрөг болон америк долларын харьцаа 1400 рүү явлаа шүү дээ. Тэр хэмэээгээр монгол төгрөгийн ханш унаж байна. Монголбанк асар их цаасан мөнгө хэвлэн нийлүүлж байна. Эдийн засгийн томоохон цохилтууд ирэх намар гүнзгийрэх байх гэсэн ерөнхий дүр зураг гарч байна даа.

-Та бүгдийн энэ санал, шүүмлэлийг эрх баригч хүчин хэрхэн хүлээж авч байгаа вэ? 
-Бид үүргээ биелүүлж байгаа. УИХ-д цөөнх гэдэг ардчиллын хамгийн том илэрхийлэл шүү дээ. Олонхи нь эрхээ барьдаг. Цөөнх нь хяналт тавьж шүүмжилдэг. Бид хяналт тавих үүргээ биелүүлж,  “Улс төр болоод гадаад бодлогын том алдаанууд явж байна. Эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ. төрийн алба хүндэрсэн. Энэ явуулж байгаа бодлогоо эргэж хараач” гэдэг дохио сигналуудыг цаг тухайд нь өгч байгаа шүү дээ.

-Танай бүлгийн зүгээс хэлж байгаа энэ дохио, сигналуудыг эрх баригч хүчин хэтэрхий улстөржиж байна гэж үзэж байгаа шүү дээ? 
-Бодит тоонууд гараад л байна шүү дээ. Хөрөнгө оруулалт унаж байна. Томоохон төсөл бүгд зогсчихсон. Хотын А зэрэглэлд баригдаж байсан барилгууд бүгд зогссон. Захын аймгуудад үнийг хөөрөгдөл  их байна. Зүй зохисгүй, дур зоргоор авирладаг асуудал хэм хэмжээнээс хэтэрлээ шүү дээ. Төрийн албыг үнэхээр завхаруулж дууслаа. Бүхнийг үнэхээр эрх мэдлээр далайлгаж, аймшигтай дарангуйллын үнэр үнэртсэн зүйл хийгээд байна шүү дээ эд нар. Хууль хамаагүй болж байна. Ёс төр, дүрэм журам, уламжлал байхгүй болчихжээ. Бид нэг л хийрхсэн, ардчилал гэж цээжээ дэлдсэн хүмүүс л байна даа. Үнэхээр ардчиллын үнэт зүйлд улстөржилт биш хийрхсэн ардчилал гай тарьж байна. Удахгүй бид хийрхсэн ардчиллаас жинхэнэ ардчиллаа аврах цаг ирэх байх. Монгол Улсад олон улсын томоохон хурлууд боллоо. Хоёр том хөрш маань ирсэнгүй. Энэ бол асар том улс төрийн алдаа шүү дээ. Олон улсын хуралд хоёр хөрш нь ирж чадахгүй хэмжээнд бодлого нь зөрчилтэй болсон. Манай Ерөнхий сайдыг хоёр хөрш хүлээж авахгүй байна. Монголын түүхэнд байгаагүй зүйл шүү дээ.

-Тэгэхээр Ерөнхий сайд зөв голчтой, сайн ажиллаж чадахгүй байна гэсэн үг үү? 
-Аливаа улс төрийн лидер, ялангуяа намын дарга, Ерөнхий сайд хүн  хэлж байгаа үг, хийж байгаа ажлынхаа үр дагаврыг харж, тооцоолж мэдсэн байх ёстой. Эцсийн үр дүнг нь тооцоолж чаддаг байвал тэр  хүн лидер. Харин санаанд орсноо бодлогогүй ярьдаг нь улс төрийн удирдагчийн хэв шинж яав ч биш. 

-Тэгээд яах ёстой юм бэ?
-Бид асуудлаа гаргаж тавина. Ардчилсан нам дотроо дүгнэлтээ хийх байх гэж бодож байна. Бодит байдал дээр эдийн засаг хүндрэх нь гэдгийг хаа хаанаа анхаарч бэлтгэл хангах хэрэгтэй л дээ. Мэдээж ширүүн цохилт ирнэ. Үүнийг даван туулах том ажил бидэнд дахиад л ирнэ. Дор дороо бэлтгэл хангах хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадал хангалтгүй сул байгаа. Төсвийн бодлогын тэлэлт, замбараагүй, дэс дараагүй, фракци дагаж хуваарилсан, бодлогогүй ажлууд төсвийг үнэхээр хайр гамгүй үрж байна даа. Дэндүү үрэлгэн загнаж байна.
 Хар өдөр хүндрэл ирэхэд бид нөөцөлсөн хөрөнгө байхгүй. Гадна талд нөхцөл байдал хүнд байгааг мэдэхгүй байна уу, эсвэл мэдчихээд хамаагүй гэж үзэж байна уу санаа зовмоор зүйлүүд анзаарагдаж байна даа. Энэ Засгийн газрыг үнэхээр хариуцлагагүй, муу ажилласан гэж үзнэ. Монгол залуус маань Солонгос явахаа болчихсон байсан.  Гадаадад сурсан оюутнууд нутгаа зорьдог болчихсон байсан шүү дээ. Эцсийн эцэст улс төр огтхон ч сонин биш. Муур хар байна уу, цагаан байна уу хулгана барих ёстой. Манайд муур хар, цагаан байх нь сонин юм шиг байна. Тэр муур хулгана барих нь огт сонин биш. Муурны л хар цагааныг яриад байдаг. Тэр муур хулганаа л барих хэрэгтэй шүү дээ.  Харамсалтай нь нийгэм маш хүчтэй хагарч байна даа. Үзэл бодлоор хуваагдаж байна. Бие биенээ үзэн ядаад л. Цөөхөн монголчууд шүү дээ. Юу л болоод байна даа гэж бодогдох юм. 
У.САРАНГЭРЭЛ 
Эх сурвалж http://www.info.mn

Monday, 29 April 2013

Ж.Энхбаяр: Ард түмний баялаг үрэгдээд дууслаа

enkhbayarУИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэх үед та үг хэлүүлсэнгүй гээд байсан байх аа. Ямар үг хэлэх гэж байсан юм бэ?
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх явцад тодруулах зүйл байсан учраас Ардын намын бүлгээс гурван ажлын хэсэг гаргасан юм. Нэг ажлын хэсэг нь Эрдэнэс Таван толгойг шалгах байсан л даа. Тэр ажлын хэсгийн ахлагч, нь би байлаа. Эрдэнэс Таван толгойн бодит байдлыг танилцуулж, УИХ-д дүгнэлтээ хэлэх гэсэн юм. Гэвч тэр боломжоо алдчихсан.

-Дүгнэлтээ одоо танилцуулж болох уу?
-Эрдэнэс Таван толгой юу билээ гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Долоон тонн орчим сайн чанарын коксжсон чулуу нүүрс бүхий дэлхийн хэмжээний том орд шүү дээ. Монгол Улсад байгаа хамгийн том орд энэ. Энэ ордыг бага зардлаар ашиглаж, эдийн засгийн асар их үр өгөөж авах боломжтой. Өмнөх Засгийн газрын үед Таван толгойн орд газраас иргэн бүрт 1072 хувьцаа олгосон. Нийт 764350 иргэн хувьцаа авсан. 1500 аж ахуй нэгж 29 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшиж байгаа. Энэ утгаараа Эрдэнэс Таван толгой Монгол Улсын хэмжээнд хамгийн олон өмчлөгчтэй компани. 100 жилийн нөөцтэй энэ ордын хишгийг монголчууд хэдэн үеэрээ хүртэж, уул уурхайн баялгийг иргэддээ жигд хуваарилах үүднээс томоохон бодлого явуулж байна. Эрдэнэс Таван толгойн хувьцаагаар дамжуулж, иргэн бүр олон улсын зах зээлд үнэт цаас арилжигч болох боломжтой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ орд газар маргаан дагуулсаар байна.

-Энэ бүхнийг танай намынхан шалгажээ?
-Бид нэг л өдер энэ компанийн ажилтай танилцсан. Цаашид гүнзгийрүүлэн шалгах шаардлагатай зүйл их байна. Аудитын шалгалт оруулах хэрэгтэй байна. Хувьцаа эзэмшигч иргэд төлөөллөө оруулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ард түмний баялаг үрэгдээд дууслаа. Таван толгойг МИАТ болгомооргүй байна шүү дээ. Тэнд ямарч хяналт алга, хэсэг хүмүүс дур зоргоороо аашилж байна. Таван толгойд олон тэрбум төгрөгийн бараа шахдаг сураг гарч байна. Нүүрсээ гаргаж чадахгүй экспортоо зогсоосон асуудал бий. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. "Эрдэнэс Таван толгой" компанийн ТУЗ-д хувьцаа авсан иргэдийн төлөөлөл алга. Аж ахуйн нэгжүүдийн хяналт алга. Яамдын Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч нар, газар хэлтсийн дарга нар, үндсэндээ улстөрчид тэр компанийг удирдаж байна. Удирдлагын түвшинд алдаатай ажил их байна. Энэ алдаа завхралын нэг нь "Говь повер" компанийн тендрийн асуудал байлаа.

-Тэр ер нь ямар учиртай тендер юм бэ?
-23 настай охин нэг сая төгрөгийн компанийг худалдаж аваад оройдоо л нэг тэрбумын орлоготой болгосон байгаа юм. Ингээд долоо хоногийн дараа энэ компани 17 тэрбум 700 сая төгрөгийн тендер авсан. Энэ нь "Эрдэнэс Таван толгой" компаниас зарласан Цагаанхадан дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер байсан. Энд “Говьповер" компани шалгарснаар Таван толгой уурхайгаас олборлож байгаа нүүрсийг Цагаанхад дахь гаалийн баталгаат талбайд буулгах эрхтэй болж байна. Үүнийхээ төлөө 17 тэрбум төгрөгийн орлого олж байна гэсэн үг. Тэгээд ч “Говьповер" ийм уул уурхайн чиглэлийнх биш барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулагдсан компани юм билээ. Нөгөө талаар 17 тэрбумын энэ тендер Таван толгойн уурхайд бараг хэрэггүй зохиомол тендер байхгүй юу. Таван толгой компани өөрөө бие дааж, нүүрсээ тээвэрлэх бүрэн боломжтой. Гэтэл тэр боломжийг өөрсдөд нь өгөлгүй, хөндлөнгийн нэг компани оруулж ирээд гаалийн тээвэр зууч хийлгэхээр шал дэмий 17 тэрбум төгрөг олгосон байгаа юм.

-Компанийн захирал 23 настай Г.Уянга нь Ерөнхий сайдын дүү гэл үү?
-Тийм. Гэрэлхүүгийн Уянга гэдэг 23 настай охины компани. Тэр охин Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зээ дүү. Таван толгой компанийн ТУЗ-ийн дарга нь Г.Уянгын нөхөр Дэнзэн буюу манай  Н.Алтанхуягийн хүргэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн гэж байгаа. Энэ нөхөр бүх зүйлийг зохион байгуулж, эхнэрээ тендерт ялуулж байна. Хамгийн гол нь энэ тендерийг зохицуултлаа Таван толгойн нүүрсний экспортыг зогсоосон юм шиг байна. Хүргэнийхээ компанийг тендерт ялуулж, асуудал шийдэгдэнгүүт Таван толгойн нүүрсийг экспортолж эхэллээ шүү дээ. Энэ бол туйлын ноцтой зүйл.

-Тэгэхээр Таван толгойн нүүрсний экспорт "Чалко"-гоос болж зогсоогүй хэрэг үү?
-Хэрэв "Чадко"-гоос болсон л юм бол гэрээгээ өөрчилж байж нүүрсээ экспортлох ёстой биздээ. Гэтэл "Чалко"-гийн гэрээнд өөрчлөлт оруулалгүй, хуучин гэрээнийхээ дагуу, биржийн тогтсон үнэ ханшаараа нүүрсээ нийлүүлээд эхэллээ. Нэгэнт "Чалко"-той хийсэн гэрээгээ өөрчилж, ямар нэг үр дүн гаргахгүй байсан юм бол яах гэж экспортоо зогсоож, бөөн алдагдалд оруулсан юм. Эндээс харахад нүүрсний экспорт зогссон асуудал энэ тендертэй холбоотой байх үндэслэлтэй гэсэн таамаг төрж байгаа. Гэхдээ хууль хяналтын байгууллагынхан нь шалгах биз дээ. Ямар ч байсан бид баримтыг нь гаргаад өглөө.

-Та нар тендертэй холбоотой баримтыг хэзээ олсон байв. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг анх хэлэлцэх үед мэдээгүй байсан юм уу?
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавихаас өмнө Таван толгойтой холбоотой будлиан үүсч байна гэдгийг мэдээд, мэдээллийг нь цуглуулж эхэлсэн. Манай намынхныг энэ асуудлын мөрөөр ороод ирэнгүүт УБЕГ хуурамч бичиг цаас үйлдэж, Г.Уянгыг Ч.Уянга болгон өөрчилсөн байсан. Энэ бүгдийг бид Ерөнхийлөгчид танилцуулсан. Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт ч танилцуулсан. Хууль зүйн сайдад бүх материалаа өгсөн. Одоо тэд шалгах ёстой. Монголын ард түмэнд өгсөн баялгийг эзэнгүйдүүлж, дарга нар тонон дээрэмдэж байна. Үүнд улстөрчид манлайлан оролцож байна.

-Эрдэнэс Таван толгойн захирал Я.Батсуурь тэр тендерт нь гарын үсэг зурчихсан, УБЕГ-ынхан хуурамч бичиг баримт үйлдчихсэн гээд асуудалд орох нь ээ?
-Хууль хяналтын байгууллагынхан шалгана биз дээ. Мэдээж хэрэг Я.Батсуурь “Говь повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер олгох гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Хуурамч бичиг баримт үйлдэх асуудал бол гэмт хэрэг. Тийм учраас ямар хариуцлага яригдах нь тодорхой байх. Ерөнхий сайдын ах, дүү хамаатан садангууд бөөнөөрөө нийлж, улсад их хэмжээний хохирол учрууллаа. Үүнийг нэлээд том хүрээнд шалгах ёстой.

-Тэгэхээр энэ тендерийн асуудлыг хууль хяналтынхан шалгасны дараа Ерөнхий сайдыг огцруулах тухай дахиад яригдах уу?
-Мэдээж Ашиг сонирхлыг зохицуулах, Авлигын тухай хуулийн зөрчлүүд энд бий. Тийм учраас холбогдох хяналтын байгууллагууд дүгнэлт гаргана биз. Үүнийг л хүлээж байна.

-Дүүгийнхээ нэр дээр компани байгуулж авсан тэр тендерийн мөнгө Ерөнхий сайдын халаасанд орж байна гэсэн үг үү?
-Мэдэхгүй. Шалгадаг газар нь шалгаж тогтооно биз. Бид зарчим нь буруу байна гэдгийг гаргаж тавьж байна.

-Таван толгойг улс төрийнхний том хүрээнд шалгах ёстой гэлээ. Ямар бүлэглэл энд голчлон тоглож байгаа бол?
-Увсын бүлэглэл, "Алтангадас"-ын бүлэглэл байна даа. Тэдний найз нөхөд, ах дүү, үр хүүхдүүд нь бүх түвшинд ажилд орсон байна.

-Нэрийг нь зарлаач?
-Та нар өөрсдөө сайн сурвалжилж олох хэрэгтэй.

-Таван толгойн асуудлыг танай намын Засгийн газрын үед яагаад нэг мөр болгочихож чадаагүй юм бэ?
-Өмнөх Засгийн газрын үед иргэдэд хувьцаагаа олгоод, аж ахуй нэгжүүдэд хувьцаагаа арилжсан шүү дээ. Хараат бус ТУЗ-ийг байгуулсан. Урт хугацааны гэрээгээ байгуулаад, экспортоо хийж, манайх түүхэндээ анх удаа 21 сая тонн нүүрс гаргасан шүү дээ. Үүгээрээ Хятадын нэг номерийн нүүрс нийлүүлэгч болж хувирсан. Үүний үр дүнд эдийн засаг 17 хувиар өссөн байдаг.

-Энэ бол зүгээр хөөсрөл байсан гэж одоо тайлбарлаад байгаа...
-Яалаа гэж дээ. Хичнээн олон барилга баригдав. Хичнээн хөрөнгө оруулалт манайд орж ирэв. Гадны хөрөнгө оруулалтын хэмжээ жилд 11 тэрбум төгрөг хүрч байсан юм шүү дээ. Гэтэл өнөөдөр эхний улирлын мэдээ авч үзлээ. 60, 80 сая ам.долларын гадаад хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Тэр 11 тэрбум ам.долларын гадаад хөрөнгө оруулалт Монголд орж ирээд бүтээн байгуулалт, дэд бүтэц болсон байна. Үүнийг дагаад ажлын байр бий болж, иргэдийн амьжиргаа дээшилсэн байхгүй юу. Монгол залуучууд Солонгос явахаа байчихсан байлаа. Баруунд сургууль төгссөн залуус Монгол руу буцах нүүдэл хийх гэж байсан. Барилгын туслах ажилтан өдрийн 20, 30 мянган өгье гээд ч олдохоо байсан. Ажил хийе гэсэн хүнд ажил шиг элбэг зүйл байгаагүй. Гэтэл өнөөдөр Замын-Үүд дээр очоод хар. Тэнд багтаж ядаж байсан ачаа тээвэр алга болж, эл хуль болсон байна. Өмнөговийн уул уурхайн орд газрууд зогссон байна. Гэтэл энэ Засгийн газар ажил авснаас хойш эдийн засгийн бүх үзүүлэлт уналаа. Өнөөдөр автомашин зарагдахаа байсан байна. Хувцас борлохоо байжээ. Үүнийг газар дээр нь очоод үз, сурвалжил. Ам.доллар 1440 болж байна шүү дээ.
Я.Мөнгөнцэцэг
Өдрийн сонин

Sunday, 27 January 2013

Ж.Энхбаяр: Ардын намыг үгүйсгэх нь Монгол Улсыг, тусгаар тогтнолоо, эцэг, эхээ үгүйсгэж байгаатай адил

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

  -Ардын намын ги­шүүд өнөөдөр (өчигдөр) хуралдлаа. Юу хэлэлц­сэн юм бол?
-Намын бүлэг улс тө­рийн үүсээд байгаа нөх­цөл байдлын талаар авч хэлэлцсэн. Тэр дундаа парламент дахь зөв­шилц­лийг бэхжүүлэх ту­хай ярилаа. Үүний төлөө Ардын нам санаа­чил­га­тай ажиллах хэрэгтэй гэж үзсэн. Зөвшилцөх шаард­лагатай болчих­сон хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, манай нам бүлэгтэй болох хэ­рэгтэй байна.  Өвөр­хан­гайн асуудал бий. Дээрээс нь сая Засгийн газар бонд гаргалаа. Үүний  үр ашиг, хор хохирлыг тооцох нь чухал байна. 

-Энэ асуудлууд дээр танай нам ямар байр суурьтайбайгаа юм бэ?
-Ямар ч нөхцөлд  али­ваа асуудлыг улс төрийн намууд зөвшилцөх хэл­бэ­рээр шийдэх ёстой гэ­дэг үүднээс хандаж бай­гаа.  

-Танай нам АН-тай зөвшилцөж, Өвөрхангай аймагт нэрдэвшсэн Г.Батхүү, С.Чинзориг хоёрыг УИХ-д оруулах саналтай байгаа гэж сонссон. Үнэн юм болов уу?
-Энэ бол улс төрийн хүрээнд шийдэх асуудал биш шүү дээ. Шүүхийн шийдвэрүүд гараагүй байна. Асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа юм билээ.  

УИХын Дэгийн хуульд өөрчлөлт оруулахаар байнгын хороогоор хэлэлцэж байна. Энэ хуульбатлагдвал МАН бүлэгтэй болох байх. Тэгэхээр бүлэгтэй болох гэж ингэтлээ яа­рах хэрэг байна уу? 
-Байлгүй яах вэ. Бүлэг гэдэг өөрөө УИХ-ын амин сүнс нь. УИХ ажиллахын тулд намуудын бүлгээр дамжуулж үйл ажилла­гаа­гаа явуулдаг. Тэгэхээр парламентад суудалтай нэг нам бүлэггүй байгаа нь УИХ-ын ажлыг догол­дуулна гэсэн үг. Манай нам бүлэггүй байгаа нь Ардчилсан намд ашиг хонжоо авчирч болно. Гэхдээ Монгол Улсын засаглалд сөргөөр нө­лөөлнө. Тийм болохоор бүлгийн асуудлыг яа­рал­тай шийдэх хэрэгтэй бай­на. Сонгуулиар олон­хийн санал авсан нам парламентад бүлэг бай­гуулах нь Үндсэн хуулиар олгогдсон.  Даанч АН-ынхан улс төрийн ашиг хонжоо хайж асуудлыг удаашруулж байна. Тэд Засгийн газрын бондын асуудлыг ямар ч хяналт­гүйгээр батлаад авлаа. Дотоодын үнэт цаас гар­гах замаар өрийг хоёр их наяд төгрөгт хүргээд бай­на шүү дээ. МАН-ыг бү­лэггүй байлгаж, хяналтыг сулруулсны дараа ийм зүйлүүдийг хийж байгаа байхгүй юу. 

-Уг нь Ардын намын­хан хуулиа дагасан бол аль хэдийнэ бүлэгтэй болчих байсан гэж та боддог уу?
-Манайх анхнаасаа хуулийн дагуу явсан. 

-Бүлгээ байгуулах боломжийг олгох хуу­лийг хүлээлгүй наана нь  МАХН-ын өвөр рүү гүйгээд орох хэрэгүү?
-Үгүй ээ. Ардын намыг ойлгох хэрэгтэй. МАН бол  Монголын ард түмний сэтгэл зүрхэнд байдаг нам. Ийм намыг тийм хөнгөнөөр бодож болох­гүй. Сая болсон Орон нутгийн сонгууль ч Ардын намын хэр үнэ цэнэтэйг  батлаад өглөө шүү дээ. Ардын намыг тийм ч амар үгүйсгэж чадахгүй шүү. Ер нь гэхдээ бид улс төрийн соёлтой. Харин энэ төр засгийг бид сайн хянана. Ард түмэнд ийм л эрхийг бидэнд олго­сон. Ардын намыг үгүйсгэх нь Монгол Улсыг, тусгаар тогтнолоо, эцэг, эхээ үгүйс­гэж байгаатай адил.  Энэ намын гүйцэтгэсэн түүхэн үүргийг хэн ч үгүйс­гэх эрхгүй. 

-Ардын нам МАХН руу гүйж очтолоо жиж­гэ­рэхгүй гэж үү?
-Тийм зүйл байхгүй ээ. 

-Гэхдээ энэ асуул­тыг танай хоёр намыг нэг нам болно гэсэн ут­гаар биш, парламентад хамтарч бүдүүнбүлэг байгуулах уу гэдэг та­лаас нь сонирхсон юм л даа?
-Аан. Улс төрийн на­мууд хамтарч бүлэг бай­гуулан ажиллаж болно. Хүмүүс мартаагүй байх аа. АН манай намын бү­лэгт нэгдэж, АН-ын дарга нь бүлгийн орлогч дар­гаар ажиллаж явсан цаг үе бий. Ардын намын бүлэгтэй хамтарч ажил­лах бусад намуудын хү­сэл сонирхлыг бид ойл­гоно. Тэгснээрээ намууд нэгдэж нийлнэ гэж ойлгож болохгүй. МАХН-МҮАН хоёр нэг эвсэл байгуу­лаад ажиллаж болж бай­хад яагаад  МАН-тай хамт­раад ажиллаж бо­лохгүй гэж. 

-Бүдүүн бүлэг бай­гуулж байгаагийн  эрх ашиг нь юунд байгаа юм бэ?
-"Шударга ёс" эвсэл УИХ-д 11 суудалтай, Ар­дын нам хууль номоороо явбал 28, 29 суудалтай. Энэ хоёр нийлэхэд пар­ла­ментын олонхи болно. Ийм бололцоо бий. Уг нь бид АН-ыг олигтойхон байгаад засаг төрөө аваад яваасай гэдэг бо­ломж олгосон. Тиймээс ч Засгийн газар байгуулах бүх боломжоор нь хан­гаж, ирцийг нь хангалттай бүрдүүлж өгсөн. 

-Тэгвэл АН ямар бу­руу зүйл хийчихсэн юм бол?
-Сүүлийн үед гаргаж байгаа увайгүй үйлдлүүд нь хэтэрлээ. Хяналтаас зайлсхийж, мөнгөний тө­лөө улайрч байна. Бүр сүүлдээ Монгол Улсаа барьцаанд өгөөд өр тавьж байна. Энэ мөн­гөөр юу хийх нь тодорхой бус. Эдийн засгийн үр өгөөжтэй төсөл боловс­руулж чадаагүй. Бид өдөрт 400 орчим сая төг­рөгийн хүүтэй өр төлө­хөөр болчихоод байна шүү дээ.  Энэ мөнгөөр нэг сумын төвд цэцэрлэг ба­рина. Ийм л мөнгийг бид өрөнд өгөхөөр болчих­лоо.  

Тэгвэл "Шударга ёс" эвсэлтэй нэгдэж бүдүүн бүлэг байгуулах гээд байгаа шалтгаан нь засгийн эрхийгавах гэснийх юм уу?
-АН ийм увайгүй бай­вал бид яагаад авч бо­лохгүй гэж. Үүнийг үгүйс­гэх арга байхгүй.

-Бүдүүн бүлэг бай­гуу­лаад явах хуулийн нөхцөл боломж байгаа юу?
-Боломж бий. Гэхдээ манай намынхан улс тө­рийн соёлтой. Тиймээс төр засгийг сайн хянана. Ард түмэн бидэнд ийм л эрхийг олгосон. 

-Ардын нам Засгийн газрыг тогтворгүй байл­гах эрхийг ард түмнээс аваагүй байх гэж бодож байна...
-Хариуцлагагүй ажил­лаад ард түмний баялгийг дур зоргоороо худал­даад байвал Засгийн газ­рыг огцруулах асуудлыг тавихаас өөр гарцгүй. Энэ бол хяналтын нэг эд анги мөн шүү дээ. 

-Гэхдээ Ардын нам "Шударга ёс" эвслийн бүлэгт нэгдэж орох асуу­дал яригдахаас биш дан ганцМАХН-тай хамтрах боломж байх­гүй байх аа?
-Тийм л дээ. Бид "Шу­дарга ёс" эвсэлтэй хам­тарч бүлэг байгуулж болно.

-Энэ тохиолдолд МҮАН-ынхан дэмжих болов уу?
-Мэдэхгүй юм. Эвс­лээ­рээ шийдээд манайх­тай хамтраад ажиллая гэвэл болно. УИХ-ын сон­гуульд нэг субьект болж ажилласан учраас  бид эвсэлтэй л хамтрах бо­ломжтой. 

-Хэрэв МҮАН та­найх­тай нэг бүлэг бо­лохыг дэмжихгүй бол "Шударга ёс" эвсэл за­дарч таараа. Тэгвэлта­най хоёрын төлөвлөгөө нурах нь ээ?
-Эвсэл задарвал жаг­саалтаар орж ирсэн до­лоон хүний нэр татагдана. Тэгэхээр тэр долоон сууд­лыг АН, МАН хоёрт  ху­вааж өгнө гэсэн үг. Энэ тохиолдолд ч манай суудлын тоо нэмэгдэнэ.  Гэхдээ өнгөрсөн хавар баталсан Сонгуулийн хуу­лиар сонгуульд хам­тарч орсон эвсэл  зад­рах­гүй байх нөхцөлийг тус­гаад өгчихсөн байгаа. Тэгэхээр "Шударга ёс" эвсэл задрахгүй байх.

-Та нар ийм улс төр хийвэл засаг тогтворгүй болно. Үүний хохирлыг ард түмэн л үүрэх байх даа?
-Тэгэлгүй яахав. Засаг төр тогтворгүй болбол хохирол нь ард түмний нуруун дээр бууна.  Тий­мээс бид аль болох зас­гийг тогтвортой байлгах үүднээс Ардын намд хяналт тавих эрхийг нь түргэн олгооч ээ гээд бай­гаа юм. Яагаад олон түм­ний хяналтаас зугтаж,  улс орны хувь заяаг ший­дэх чухал асуудлыг дал­дуур шийдээд байгаа юм бэ. Энэ нь ноцтой байдал руу оруулж байна.

Гэхдээ Засгийн газрын ажлыг  сайн, муу гэж дүгнэх хугацаа болоогүй байх аа. Засгийн газар ажлааэхлээд  дөн­гөж 100 гаруйхан л хонож байна?
-Харин бид ажлаа хий­хийг нь хүлээгээд бай­на. Тэдэнд ажиллах бүх нөхцөлийг нь хангаж өгөөд байхад бидэнд хяналт тавих эрх өгөхгүй байна шүү дээ. Хянал­таас гадуур хийсэн энэ их  өрийг манай үеийнхэн төлж барагдуулах болчи­хоод байна. Тиймээс ийм их өрөнд унаж байгаа Монголынхоо ирээдүйд санаа зовж байна. АН-ынхан сүүлдээ бүх зүй­лийг өр тавьж шийдэж байна шүү дээ. Хүүхдийн мөнгө өгөхийн тулд өрийн бичиг гаргаж байна. Тө­мөр зам тавихдаа өрийн бичиг гаргаж байна. Гэтэл өмнө нь улс үүнийг яаж зохицуулдаг байсан юм. Татвар нэмэгдүүлж энэ бүхнийг шийддэг байсан байхгүй юу. Ингэж өргүй амьдрах бололцоог хай­даг байсан. Гэтэл өнөө­дөр татвар төлөлт та­салд­сан байна. Төр ингэж ажлаа хийж чадахгүй байж баахан өрийн бичиг гаргаад сууж байна. 

-Өр тавихаас өөр ар­гагүй ийм хэцүү бол­чих­сон улсыг АН хүлээж авсан юм болов уу?
-Яагаад Ардын намын Засгийн газрын үед эдийн засаг өсч, тат­вар цуглардаг юм. Яагаад АН төрийн эрх авахаар л хамаг юм хямраад байдаг юм бэ. Төмөр замыг өр тавьж босгох  гэж байгаа нь хамгийн буруу. Тэндээс хэзээ ашгаа хүртэх юм бэ. Таван толгойн хувьцаа­гаараа төмөр замаа тавь л даа.

-Таван толгойн тө­сөл гацчихсан боло­хоор өөр аргагүй байх л даа?
-Зөвхөн Монголын баял­гийг зөөх  зорилгоор төмөр зам тавьж болох­гүй шүү дээ. Төмөр замын төслүүд цөм хувийн биз­нес. Энэ төмөр замаар хэний баялгийг зөөж, хэ­нийг баяжуулах гээд бай­гаа юм. Цөөхөн биз­не­сийн бүлэглэл баяжихын тулд энэ төмөр замыг тавьж, баялаг зөөх гэж  байгаа нь нууц биш. Энэ Засгийн газрын шоу үнэн­дээ ихдэж байна. Дээрээс нь өр замба­раа­гаа барлаа.

-Бизнесийн цөөхөн бүлэглэл ноёрхож бай­на гэдэг яриа өмнөх Засгийн газрын үед ч яригддаг байсан лдаа... 
-Харин ч бид энэ асууд­лыг ямар хязгаар­тай барьж тогтоож байс­ныг одоо ойлгож байгаа биз дээ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Sunday, 20 January 2013

Ноцтой баримтууд тэр хүний гарт орсон байна лээ

Сүүлийн үед парламент нанчилдаан ихтэй байх болсон билээ. Түүний нэг нь гишүүн Ж.Энхбаяр, сайд Ч.Сайханбилэг нарын “зодоон”. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд маргалдаж, улмаар Ч.Сайханбилэг сайд Ж.Энхбаяр гишүүнийг заамдаад авсан юм. Асуудлын талаар гишүүн Ж.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Ч.Сайханбилэг сайд та хоёрын маргааны талаар зарим зүйлийг тодруулья. Нууцын асуудлаас болж танхимын уур амьсгал хуваагдаж, та нөхдийг мэтгэлзүүлсэн гэх ч МАН-ын залуус, АН-ын партизанууд сүүлийн үед таарамжгүй байх болсон юм шиг?
-УИХ-ын чуулганаар Төрийн нууцын жагсаалтыг өөрчлөх тухай хуулийн төсөл орж ирээд УИХ-аас дэмжлэг авалгүй унасан юм. Унаад гурав ч хонолгүй энэ асуудлыг байнгын хорооны хуралдаанд дахин оруулж ирсэн. Тэр нь юу гэвэл Монгол Улсын иргэдийн хувийн мэдээллийг ил гаргах асуудал. Иргэн таны гэр бүл, ажил мэргэжил, яс үндэс, шашин шүтлэг, харилцах данснаас эхлээд өвчний түүх бүхий л мэдээлэл Монгол Улсын нууцад хамаардаг. Энэ бүхнийг ил болгоно гэдэг хуулийн төслийг оруулж ирсэн. Нөгөө хуулийн төсөл нь Монгол Улсын газар нутгийг нарийвчлан буулгасан 1:100.000 масштабтай газрын зургийг нууцын жагсаалтаас гаргах. Энэ бол улсын онц чухал нууцад хамаарах асуудал. МАН-ын гишүүд анх удаа байнгын хорооныхоо хуралдаанд албан ёсоор сууж эхэлж байна. Гэтэл тэр асуудлын талаар бидэнд ямар нэгэн хуулийн төслийн танилцуулга ирээгүй. Холбогдох мэдээллээр ч хангагдаагүй. Ийм байтал хүч түрж асуудлыг олонхиороо шийдэх гэж оролдсон. Үүнтэй холбоотой нэлээд зөрчил гарсан. Ялангуяа нууцын зэрэглэлтэй холбоотой асуудлаар Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг албан тушаалаас нь өөрчилсөн бололтой. Энэ асуудал дээр эсрэг байр суурьтай байсан гэж би сонссон.

-Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг ажлаас нь халсан нь энэ хуулийн төсөлтэй холбоотой гэж үү?
-Магадгүй. Үүнийг бид тодруулах зайлшгүй шаардлагатай. Мөн Зэвсэгт хүчин, жанжин штабынхан ч дээрх хуулийн төслөөс эсрэг байр суурьтай байгаа. Энэ бол ноцтой асуудал. Монгол Улсын нууцтай холбоотой. Энэ асуудлаар зарчмын саналууд тавьсан. Үүн дээр манай хүн нэлээн бухимдаж, нэлээд уурлаж байх шиг байна лээ. Зарим гишүүд нэлээд ноцтой мэдээллүүдийг ч энэ үеэр хэлж байсан. Үүний цаана тодорхой хэмжээний хийх ажил, бизнесийн үйл ажиллагаа байна гэхчлэн. Тэр ажиллагаа нь иргэдийн нууцтай холбоотой саатсан. Тийм болохоор нууцаас гаргаж аж ахуй бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж магадгүй гэсэн хардлага байгаа юм. Бидэнд хардах эрх бий. Асууж тодруулах зүйлүүд ч олон байна. Тийм учраас МАН-ын бүлэг энэ асуудлаас дахин завсарлага авч байгаа. Үүнтэй холбоотойгоор л маргаан гарсан даа. Ч.Сайханбилэг сайд маань их бяртай бас их омголон байна лээ. Хувийнхаа характорыг илэрхийлсэн дээ.

-Та Ч.Сайханбилэг гишүүний хувийн бизнестэй нь холбоотой болохоор Нууцын асуудлыг оруулж ирлээ гэсэн юм биш үү?
-Би тэгж хэлээгүй. Р.Амаржаргал гишүүн хэлсэн юм. Энэ бол тодорхой нэг ажил явах гээд Монгол Улсын эрх ашгийг бодоод байгаа юм алга. Тэр ажлынхаа гацааг гаргахын тулд нууцын нууцаас олон юмыг гаргахаар оролдож байна гэж. Энэ бол ноцтой үг шүү. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний үг. Тийм болохоор тэр хүний хэлсэн үгийг анхаарч үзэхээс ч аргагүй. Тодруулах мэдээллүүд нэлээд бий. Шалгах асуудлууд ч багагүй байна. Тиймээс энэ асуудлыг хойшлуулсан. Улмаар сайд бид ч үүнээс болж маргасан.

-Нууцын асуудлыг оруулж ирэхдээ нийтийн хэрэгцээнд ашиглах зориулалтаар гаргах зурагнуудад батлан хамгаалахтай холбоотой тэмдэглэгээг зурахгүй гэж тайлбарлаж байсан. Ер нь бол болохгүй зүйлгүй гэж байсан шүү дээ?
-Боломжтой байж болно. Гэхдээ энэ Ч.Сайханбилэгийн мэддэг ч юм биш шүү дээ. Дахин хэлэхэд, нарийн мэргэжлийн байгууллагуудын санал бодлыг тусгаж, тал бүрээс нь эргэцүүлж, асуудлыг нарийвчилж байж оруулж ирэх хэрэгтэй. Тухайлбал, Тагнуулын байгууллага дээр үүссэн нөхцөл байдлыг тодруулах хэрэгтэй. Зэвсэгт хүчин, жанжин штаб дээр байгаа тэр өөр байр суурийн асуудлыг ч тодруулах шаардлагатай. Тэр дундаа энэ асуудал дээр УИХ-ын дэд дарга Л.Цог ноцтой асуудал хэлсэн. Ноцтой баримтууд бас тэр хүний гарт орж ирсэн байна лээ. Энэ асуултыг УИХ-ын дэд дарга Л.Цогт ч мөн тавих хэрэгтэй. Энэ бол Ж.Энхбаяр эсвэл МАН-ын байр суурь биш шүү. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийг төлөөлж байгаа УИХ-ын дэд дарга Л.Цог, гишүүн Р.Амаржаргал, МАН-ын гишүүдийн байр суурь олон зүйл дээр нэгдэж байна. Тийм болохоор энэ асуудлыг дахин шалгая. Гол нь улсын нууцын асуудал гэдгийг нь дахин дахин тодотгох хэрэгтэй. Нууцын асуудал нь өөрөө Монгол Улсын бүх иргэдийн эрх ашгийг хөндөнө. Монгол Улсын хэмжээнд цуварсан нэг ийм ажлууд яваад байна. Хэвлэл, сэтгэгдэл, өмч хөрөнгө хураахтай холбоотой. Тухайлбал, Газрын хуультай холбоотойгоор ноцтой асуудлууд орж ирлээ. Өнгөрсөн УИХ-аар буцсан асуудлыг дахин үг, үсгээр нь оруулж ирж байна. Үндсэндээ бидний язгуур эрх ашгийг хөндлөө. УИХ дээр унаад гурав хоногийн дараа дахин хүчээр оруулж ирдэг, мэдээлэлгүйгээр шахдаг ийм хэтэрхий бүдүүлэг, увайгүй байдлын цаана ямар эрх ашиг яваад байгааг ойлгож мэдэхийг хичээж байна даа.

-Сүүлийн үед АН-ынхан язгуур эрх ашгаасаа буцаж байна гэх шүүмжлэл ч гарах болсон. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ний нуугүй хэлэхэд, тэдний хэлж байсан ардчилал хуурамч байж. Ардчилал гэж гоё нэрийн дор хувийн эрх чөлөөг нийгмийн эрх ашгаас дээгүүр тавьж, баг зүүсэн байж. Одоо баг нь эхнээсээ хууларч байна. Цаг хугацаа л харуулна даа. Гаргаж байгаа том шийдвэрүүд нь суурь зарчмаа хөндсөн эсвэл үгүйсгэсэн. Эргээд иргэдийн өмч, үг хэлэх эрх чөлөө рүү, одоо бүр хувийнх нь нууц мэдээллийн сан руу довтоллоо. Юм л бол цагдаа, шүүхээр дарамталсан. Жишээ нь Газрын тухай хууль байна. Албадан хураана, чөлөөлнө. Үндсэндээ Монгол хүн Монголдоо гишгэх газаргүй болж байна гэсэн үг. Иргэдийнхээ язгуур эрх ашиг руу довтолсон хуулийн төслүүдийг оруулж ирж байна. Яг ийм нарийн асуудлууд оруулж ирж байгаа энэ үед улам нарийн харж, ёстой долоо хэмжиж нэг огтлохоос аргагүй юм.
Н.НИНЖ
Эх сурвалж: www.new.mn