Showing posts with label БАЯР Санжийн. Show all posts
Showing posts with label БАЯР Санжийн. Show all posts

Wednesday, 27 April 2016

С.Баяр: Нэг тийзээр хоёр өөр амьдрал үзлээ



Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяртай ярилцлаа. Энэ удаад улс төр гэлтгүй энгийн сайхан ярилцана гэж ярьж тохирсноор бидний яриа ийн өрнөв.
-Таныг сүүлийн үед улс төрийн биш, уран бүтээлийн хүрээнээс нийгэм харж байх шиг. “Өнөөдөр” сонинд гараад байгаа дурсамж нийтлэлүүдийг тань шимтэн уншиж, өөр хоорондоо ярьж байгаа хүмүүс олон таарлаа. Удахгүй ном болж гарах нь гэсэн хүлээлт ч үүссэн байна. Та номоо хэзээ гаргах вэ?
-Ном гаргана гэж шамдаад байгаа юм алга. Тиймээс төдийд өдийд гарна гэж хэлэх баримжаа ч бас алга байна. Хааяа үзэг, цаас нийлүүлж суудаг. Үзэг, цаас ч гэж дээ. Аяга кофе урдаа тавьж, тамхи татангаа компьютер тоншиж суудаг гэвэл илүү таарна. Үр дүнд нь “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн тэр богино дурсамжууд гармар болдог. Энэ хэд нь эцэстээ нийлээд номын хэмжээнд бүрдвэл сайн л байна.
-Сонинд хэсэг хэсгээр нь нийтэлж байснаас нэг мөсөн ном болгоод гаргачих нь дээр биш үү?
-Сонинд ганц нэгээр нь нийтлээд байгаад учир бий. Би иймэрхүү юм урьд нь бичиж байгаагүй, бичнэ ч гэж бодож явсангүй. Гэтэл бичээд суух тэр агшиндаа дуртай болчихсон байна. Өөрөөр хэлбэл, одоохондоо үр дүнгээс нь биш үйл явцаас нь таашаал авч үзэж байх шиг. Эргэж дурсах, эргэцүүлэн бодох, эвлүүлж буулгах гэдэг бол завтай болсон мань мэтэд аятайхан зугаа. Гэхдээ өөрөө тэрүүхэндээ таашаал аваад суух нь нэг хэрэг. Өрөөл бусад нь үүнийг уншаад таашаах, эсэх нь өөр асуудал. Тиймээс бичсэн юмаа ганц нэгээр нь нийтэлж, олны ам хаашаа байх нь вэ гэдгийг тандаж байгаа санаатай.
-Та ч уг нь сэтгүүлч хүн. Уран бүтээлээ туурвих тэр үйл явцаас таашаал авч урьд нь үзсэн баймаар юм. Та одоо яг юунаас нь таашаал аваад байна гэж?
-Сэтгүүлчийн ажил нэг хэсэг хийж явсан. Гэхдээ би уг нь хуульч мэргэжилтэй. Чиний сая хэлсэн тэр “уран бүтээл”, “туурвих” энэ тэр гэсэн хүнд тусгалтай үгнээс би сүрддэг. “Миний уран бүтээл” гээд яриад сууж байгаа хүнийг харахаар өмнөөс нь ичдэг. Маргаангүй суут авьяастан байлаа ч хийснээ “уран бүтээл” гэж өөрөө өөрийгөө өргөмжлөх нь хаашаа юм.
Үнэхээр “бүтээл” мөн ч юм уу, тэр нь “уран” болж чадсан юм уу гэдгийг хөндлөнгөөс, эсвэл хойч үе тогтоох учиртай биз. Тэгээд ч миний тог, тог тоншоод суугаад байгаа юм сэтгүүлчийн ажилтай нэг их холбоогүй. Би өөрийн үзсэн харсан, дуулсан туулсан, бодсон ойлгосноо л буулгаж байгаа санаатай. Хүн мэддэг юмаа яривал сонин. Миний мэддэг юм бол миний амьдрал. Түүнийхээ л тухай бичиж байна. Өрөөл бусдад энэ нь хэрэгтэй эсэхийг би мэдэхгүй. Харин надад өөрт бол хэрэгтэй байна. Би бүхэл жарныг туулжээ. Гэхдээ хугацааны урт, богино нь тийм ч чухал биш. Юу чухал гэхээр би хоёр өөр нийгэм дамжиж амьдарч үзсэн хүмүүсийн нэг, тэр үеийн бие төлөөлөгч нь. Ухамсарт амьдрал маань ид өрнөж байх үед хоёр нийгэм, хоёр зуун солигдож таарсан. Олдсон нэг тийзээр хоёр өөр амьдрал үзлээ...
-Нэг тийзээр хоёр амьдрал үзнэ. Ямар гоё хэлэв ээ, та...
-Яг тийм байгаа биз дээ. Үүгээрээ бид азтай улс. Би л гэхэд олон юмны гэрч, нэлээд юмны оролцогч, хэдэн юмны буруутан, зарим юмны гавьяатан байж магадгүй. Энэ бүхнээ эргэн дурсахад сонин байна, сургамжтай байна, зугаатай байна. Үүнээсээ таашаал авч байна. Таашаал авдаг өөр нэгэн зүйл бол би суралцаж байна. Дурсамжаа бичиж сурч байна. Дурсамж бичих нийтийн заавар журам гэж байхгүй. Хэн ч гэлээ “эвдэрснийхээ” хэрээр дургиж болдог чөлөөтэй талбар. Өнгөрсний тухай замбараагүй олон бодол, санал, сэтгэгдэл, зураглал хүний тархинд хадгалагдаж байдаг. Үүнийгээ эргэн санах, эрэмбэлэн буулгах гэж оролдож байна. Дээр нь өөрийн гэсэн хэллэг, хэлбэр, хэмжээ, хэмнэл дөрвийгөө олох гэж хичээж байна. Болоод байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, одоохондоо баримжаа алга.
-Тун сайн болж байгаа ш дээ. Таны бичлэг энгийн хэрнээ, адал явдалт кино үзүүлж байгаа мэт дүрслэл сайтай, уншууртай санагдсан шүү. Дурсамжийн өгүүллэг бүрийн хэмжээ нь урт удаан биш, хэт богино биш, сайхан таараад байгаа...
-Зөв хөө... Ингээд л сайхан магтаад өгвөл би гэдэг нөхөр хөөрөөд, урам ороод, дүрдээ итгээд, цааш нь бичээд байх бололтой шүү (инээв). Урам гэдэг маань магтаал иддэг, өөр хоол голдог ааштай амьтан. Т.Очирхүү гуайн “Урам хайрла” гэдэг алдарт шүлгийн үнэн гол, үнэ цэн үүндээ л байдаг байх. Хэдэн онд ч билээ дээ, тээр жил сэтгүүлч, зохиолчид нийлээд эндээс олуулаа Туркмен улс явж билээ. Тэгэхэд Т.Очирхүү гуай надад нэг шөнө халамцуухан байхдаа тэр шүлгээ уншиж өгч байсан. Тайзан дээрээс өндөр дуугаар уншдаг шигээ биш, нэгэндээ нууцаа аминчлан ярьж байгаа юм шиг аяархан өнгөөр уншсан. Надад тэр нь хамгийн зөв өнгө аяс санагдаж билээ.
-Таныг дурсамжаа нэлээд хэдэн жилийн өмнөөс бичиж эхэлсэн гэж дуулдаж байсан. Сонинд нийтлэгдсэнээс нь үзвэл таны бага нас, оюутан ахуй цаг, цэргийн албанд зүтгэж байсан жилүүд, элчин сайдаар ажиллаж байсан үе хүртэл орж байна. Хугацааны хувьд наашаа ойртоод л байна. Сүүлийн хорин таван жил, ялангуяа сүүлийн арван жил буюу “халуун улс төрийн амьдралын” тухай дурсамжууд бичигдэж бэлэн болсон уу. Тэр хэсэг нь хэзээ гарах бол гэж хүмүүс тэсэн ядан хүлээж байх шиг...
-Бэлэн болно гэдэг нь харьцангуй ойлголт. Тодорхой сэдвээр бичих санаа огт санаандгүй орж ирдэг. Тэрнийгээ амжвал тэмдэглээд авна. Хөг, хэмнэл нь олдоод, бичигдээд байвал бичээд л сууна. Үгүй бол тэр сэдвээ түр орхино. Дараа хэзээ ч юм сөхөж үзнэ. Хөгжөөд явчихмаар бол үргэлжлүүлж нухна. Хөшөөд, хөндөлсөөд байвал дахиад даршилна. Ийм байдлаар ноороглож орхисон овоо олон санаа хуримтлагдсан байна. Зуу орчим болсон байх. Дөнгөж эхлүүлээд орхисон санаа ч байна. Дөнгүүр болж уу ч гэмээр тэмдэглэл байна. Гэхдээ яг бэлэн болсон эсэхийг би эцэслэн хэлж мэдэхгүй явна. Учир нь, надаас үлдэх цорын ганц дурсамжаа бичиж байгаа санаатай тул ул суурьтай хандах ёстой, тодорхой хэдэн зарчим баримтлах хэрэгтэй гэж бодсон. Нэгд, бодит дурсамж учраас өгүүлж буй үйл явдал нь үнэн бодит байх ёстой. Тиймээс эргэж нягтлах хэрэгтэй. Хоёрт, зөвхөн өөрт бус, өрөөл бусдад ч сонин, сонирхолтой байх ёстой. Залхуутай юм бичиж хүний, өөрийн цаг зав барж яах билээ. Гуравт, үзсэн, учирсан болгоноо тоочоод байлгүй чухлыг нь онцлох хэрэгтэй биз. Энэ мэтийн энгийн хэдэн зарчим, шалгуур бий. Тиймээс тэмдэглээд, оролдоод орхисон хэдэн нооргоо эргэж байн байн нягтлах, засах хэрэг гараад байх бололтой юм.
-Элдэв засвар дараа нь оруулалгүйгээр эхний сэтгэдлээрээ бичсэн дурсамж үнэ цэнтэй биш гэж үү?
-Үгүй юм байна. Жишээ нь, би тав зургаан жилийн өмнө тэмдэглэж байснаа эргэн уншаад гуниг төрсөн. Тэр үед би баахан эмчилгээ хийлгээд бие, сэтгэл жаахан сэнсэрчихсэн байж. Тийм ч учраас бичсэн үг, өгүүлбэр болгоноос гуниг, гутрал ханхлаад байх шиг. Яах юм, тийм юм нийтэлж? Хэн ч гэлээ амьдралыг дан гунигтай, эсвэл дан өөдрөг нүдээр хардаггүй. Өрөөсгөл нүдээр, туйлширсан ганц өнцгөөс харснаа тэр чигээр нь буулгавал худлаа болно. Нөгөө бодит үнэн гэдэг нь алга болно. Амьдрал баян. Гунигтай инээдтэй, тэнэг ухаантай, тэнэмэл, зоримол юм юм зэрэгцээд, холилдоод л оршдог хойно энэ бүгд байх л ёстой.
-Инээдтэй юм гэснээс таны дурсамж гарч эхэлснээс хойш таныг хошин шогийн мундаг мэдрэмжтэй юм гэж ярьцгааж байхыг сонссон юм байна. Би ч санал нийлнэ. Та хүнийг ч, өөрийгөө ч чимхэж элэглэхдээ хайр найргүй бичдэг юм билээ. Жишээ нь, “Интоорын компоот” өгүүллэгдээ та “гахай Баяр, аймхай хулчгар” гээд л өөрийгөө хөөрхөн шоолсон байсан...
-Гоё ш дээ. Хүн шоолох. Өөрийгөө шоолох бүр гоё. Өөрийгөө шоолж байж л өснө. Өөрийгөө шоолдоггүй хүн өрөөлд шоолуулж дуусдаг. Өөрийгөө доош хийх хэрэггүй, гэхдээ өөртөө хэт их ач холбогдол өгөх утгагүй. Өөрийгөө сүрлэг хөшөө мэт болгоод сүндэрлүүлчихсэн, эсвэл чамин гоё эрвээхэй шиг болгоод хатаачихсан хүн байдаг. Хэзээ ч юм зохиосон дүрдээ ороод оршин суучихсан, хөшчихсөн ийм хүн өрөвдөлтэй харагддаг. Хатаасан эрвээхэй харсан биз дээ. Хоргондоо гоё харагддаг ч сүнс нь зайлсан хэврэг цогцос л юм шүү дээ. Хавар болж, байгаль сэрж, амьдрал ид буцалж байхад босгосон хөшөө, хатаасан эрвээхэй мэт байна гэдэг арай л харамсалтай.
-Нэг талдаа өөртөө итгэлтэй хүн л өөрийгөө шоолдог гэдэг...
-Тийм байх шүү. Би өөртөө итгэлтэй. Тэр “Интоорын компоот” идсэнээс хойш тийм итгэлтэй болчихсон байх (инээв).
-Сүүлийн хорин таван жилийнхээ дурсамжийг бичсэн үү, хэзээ гаргах вэ гэсэн асуултад минь та хариулсангүй?
-Би үечилж, он дараалал баримталж бичдэггүй. Бичих тодорхой санаа санаандгүй орж ирдэг гэж би түрүүн хэлсэн. Тэр нь бага залуугийн адал явдал ч байж магад, бүдүүн эр болсноос хойших үйл явдал, учрал ч байж мэднэ. Сүүлийн хорин таван жил гэдэг бол миний хувьд шийдвэр гаргах алба хашиж, орхиж байсан он жилүүд маань. Тэр тухай мэдээж бичдэг. Тойроод, орхиод өнгөрөх аргагүй он жилүүд. Гэхдээ шийдвэр гаргаж байсан он жилүүд юм гээд зарим нөхөд шиг тухайн үеийнхээ хурал, уулзалтын тэмдэглэл, тогтоол шийдвэрийн төсөл, баримт бичгээ шууд хуулж буулгаад байх нь утгагүй биз. Баримт чухал ч, бодол, сэтгэгдэл бүр ч чухал. Баримтыг архиваас татан үзэж болно, сэтгэгдлийг бол тэгэх аргагүй. Архивын ажилд тус болох гэж байгаа бол тэндхийн ажилтан болчихож болно ш дээ. Би архивын газар биш, Монголын улс төрд хүчээ үзэж байлаа.
-Би нэг зүйл ойлгодоггүй юм. Танаас асуумаар санагдаад байна. Манайд хүний мөсгүй жудаггүй үйлдлийг “улс төр юм чинь” гэж зөвтгөөд, урвалт шарвалт, үнэт зүйлээсээ ухардаг хүмүүсийг “улстөрч юм чинь” гэж цайруулах болж. Гэтэл тэр улстөрчид нь төрийн эрх мэдэлтнүүд болдог биз дээ. Төр нь өөрөө ийм мөн чанартай байж болох уу гэж гайхширах юм. Таны бодлоор яах ёстой юм бэ?
-Монголын ардчилал буруу төлөвшиж байгаагийн илрэл нь энэ. Хорин таван жилийн өмнө, ардчилсан реформын эхэн үед ийм байгаагүй. Эрийн жудагтай, эрхэмлэх зарчимтай улс төр бол байсан. Бид Улсын Бага хурлын үеэ дурсан санах дуртай байдгийн учир нь энэ. Ардчиллын “романтик” үе гэдэг дээ. Одоо юм их өөрчлөгдөж, муу аргаар бүхнийг шийдэх гэдэг болж. Тийм шийдвэр нь насгүй гэдгийг ч ойлгох ухаан алга. Бүр эвдэрчихээгүй, бүрэн архагшаагүй дээр нь уг нь засаад авах юмсан.
-Хэн үүнийг засах юм бэ, тэгээд?
-Бидний өмнөөс хэн нэгэн засаад өгнө гэж байхгүй. Бид өөрсдөө л засвал засна. Хүний мөсгүй, жудаггүй ийм улс төрийг хазаарлаж хэн чадах вэ. Бүхнийг муу аргаар шийдэх гэсэн тийм улстөрчдийг хэн цээрлүүлж чадах вэ. Монголын улс төрийг уламжлалт ёс зүй, зан суртахуун, хүн чанарт нийцүүлэн, үгүй дээ л гэхэд “Бид чинь дэндүү цөөхүүлээ ш дээ” гэсэн бодит үнэнд нийцүүлэн цэгцэлж хэн чадах вэ? Монголын нийгэм л чадна. Нийгэмд сайн, муу мэдээ хүргэж, орчноо дэнслэх үүрэгтэй сэтгүүлчид л чадна. Дөрвөн жилд нэг удаа сонгох эрхээ эдэлдэг сонгогчид л чадна. Өөр хэн ч чадахгүй. Гэтэл яаж байна. Бурууг жигших бус, улам өөгшүүлэх болж. Хийсэн нь буруутдаг, хийрхсэн нь манддаг болж. Зарчимтай нь хохирдог, зарчимгүй нь завшдаг болж. Яагаад тэр вэ. Нийгэм маань өнөөдөр үнэн бодит мэдээллээр гачигдаж байна. Тийм учраас харанхуй, харанхуй учраас дорой, дорой учраас мууд идүүлж байна. Яах ёстой вэ гэж чи надаас асуулаа. Чи сэтгүүлч шүү дээ. Үнэн бодит мэдээллээ нийгэмд өг л дөө. Гэрэл гэгээ нэмж харанхуйгаас нь гарга л даа. Буруу зөв, буян нүглийн тухай эгэл жирийн уламжлалт ойлголтоо сэргээхэд тусал л даа. Улс төрөө улс төр, эдийн засгаа эдийн засаг, сэтгүүл зүйгээ сэтгүүл зүй болгоход хүчин зүтгэ л дээ.
-Сэтгүүлч бид ийм үүрэгтэй юм байж. Харин улстөрч та нар тэгвэл яах ёстой, ямар үүрэгтэй юм бэ?
-Улстөрчид шийдвэр гаргах үүрэгтэй. Улс төр гэдэг бол эцсийн дүндээ тодорхой шийдвэр л юм. Өөр юу ч биш. “Сүүлийн хорин таван жилийн тухай бичиж байгаа юу” гэж чи надаас асуугаад байна. Би харин энэ тухай л бичих гэж оролдож байгаа. Сүүлийн хорин таван жилд олон том шийдвэр гарсан байдаг.
Зарим нь оносон, зарим нь оноогүй байж мэднэ. Аливаа шийдвэр сэтгэлээр дамжиж, тархинд боловсордог. Гэхдээ нэг шийдвэр өөр хүмүүст өөр, өөрөөр тусна. Адил тусна гэж байхгүй. Тийм ч учраас маргаан дагуулдаг. Маргахад буруу байхгүй. Маргаанаас л үнэн төрдөг. Миний байр суурь бол миний л байр суурь. Зөв ч байж болно, буруу ч байж мэднэ. С.Баяр гэдэг хүний хувьд аль нэгэн шийдвэр тухайн үедээ яаж туссан, шийдвэр гаргах тэр үйл явц надад яаж харагдаж, яаж мэдрэгдсэн, шийдвэр гаргах тэр орчин тойронд юу болж байсан тухай миний сэтгэгдэл сонин байж мэднэ. Асуудал шийдэж байж амьдрал өрнөдөг, улс орон хөгждөг. Тэрнээс юу ч шийдэхгүй, юу ч хийхгүй орон тоо бөглөж суугаа нэг, хоёр, гурван... бүр гучин этгээдийн хоорондын хувийн харьцаа бол ёстой сонин биш.
-Өнгөрсөн үеийн гол гол шийдвэр, үйл явдлыг та юу гэж дүгнээ бол гэж бодохоос сонин байна шүү
-Тэр дүгнэх гэдэг бол амаргүй. Нэгд, үйл явдлууд өрнөөд удаагүй, тоос нь ч замхраагүй байна. Хорь байтугай хоёр зуун жилийн өмнөхөө ч дүгнэхээс бэрхшээдэг. “18 дугаар зууны Францын их хувьсгалын талаар таны дүгнэлт юу вэ” гэж Мао Зэ Дун даргаас асуухад, тэрээр “Үүнийг дүгнэж ярих арай л эрт байна” гэсэн гэдэг. Тиймээс халуун мөрөөр нь дүгнэхэд “Бүр ч эрт байна” гэмээр. Гэтэл хувийн дүгнэлтгүй дурсамж бол давсгүй хоолтой адил. Яалтай ч билээ. Хоёрт, би эзгүй хээр ганцаараа яваад байсан биш дээ, аль нэгэн үйл явдалтай холбож аль нэг хүн, хүмүүсийн тухай заавал бичиж таардаг. Бичих бичихдээ үнэн бодитоор нь, гоёж чимэлгүй, муулж харлуулалгүй бичих хэрэгтэй. Энэ бол бүр хэцүү. “Дурсамжинд чинь дурдагдсан хүн чамд өсөрхөнө гэдгийг сана. Дурдагдаагүй хүн бол бүр их өсөрхөнө гэдгийг бүр сайн сана” гэж нэг суутан хэлсэн гэдэг. Хэн билээ дээ, нэрийг нь мартаж орхиж.
-Нээрээ л илүү өсөрхөх байх даа. Таны дурсамжинд ямар, ямар хүмүүс дурдагдах бол гэдгийг гадарлаж л байна. Хорь гаруй жилийн хугацаанд уулзаж учирч, хамтран зүтгэж, өрсөлдөн тэмцэлдэж явсан хүмүүсийг болон өөрийгөө хэрхэн хөөрхөн элэглэж, хошигнох бол доо...
-Битгий шордоод бай, Энэрэл ээ. Би эрхбиш бичиж байгаа юмныхаа төрөл жанрын онцлогийг муухан ч гэлээ ойлгож байгаа. Хошин шогийн мэдрэмжтэй гэж намайг магтсан учраас шог хошин гарааны эх зохиол шиг юм халтарлаад суухгүй нь ойлгомжтой. Элэглэхийн тулд элэглэнэ гэдэг бол утгагүй. Гэтэл элэглэх шалтаг, шалтгаан нь байсаар байтал зүгээр илээд өнгөрвөл бүр утгагүй. Үнэн юм үнэнээрээ л үлдэх нь чухал. Дурсамж бичиж буйн тухайгаа миний хэлэх зүйл ингээд шавхагдлаа. Чи бид хоёр энэ тухай л ярилцана гэж эхнээсээ тохирсон байх аа?
-Тийм нь ч тийм л дээ. Та урсгал улс төрийн тухай ярихгүй гэсэн. Өөр юм асууя л даа. Та дурсамжаа бичихээс гадна уран зохиолын орчуулганд оролцоод байгааг мэдээнээс харсан. Ц.Гомбосүрэн гуайн “Үйлтэй байшин” гэх орчуулгын шинэ номыг нь та ариутган шүүсэн байсан. Яагаад энэ ажилд оролцох болсон юм бэ?
-“Ариутган шүүсэн” гэнэ ээ. Наадах чинь ямар сүртэй хэллэг вэ. Зүгээр л “редактор хийсэн” л гэнэ биз дээ. Тэгэхгүй бол нэг их бохир заваан юм байсныг нь би ариутгаад л, буруу зөв нь олдохгүй байсныг нь шүүгээд л байсан шиг ойлгогдохоор байна. Тэгээд ч Ц.Гомбосүрэн гуайн нэгэнт орчуулаад, гараасаа гаргасныг нь засна, янзална гэвэл ёстой нөгөө “ариун” юманд “бузар” хүргэхтэй адил болно. Ц.Гомбосүрэн гуай өргөн мэдлэгтэйгээс гадна онцгой мэдрэмжтэй орчуулагч. Орчуулж буй зохиолынхоо агуулга, хэлбэрийг бүү хэл, амин сүнсийг нь хадгалан буулгаж чаддаг ховор уран бүтээлч гэж би боддог. Достоевскийн болон Ильф, Петровын хэдэн ланжгар бүтээлийг нь монголчилсон хүн шүү дээ. Бусдыг нь энд би дурдсангүй. Жишээ нь, Достоевскийн хэл, хэллэг бол орчуулах байтугай уншихад үнэн ярвигтай. Утга санаа нь үгнээс гэхээсээ үг хоорондын зай, зангилаанаас нь төрдөг гэмээр маш хүнд хэцүү бичвэртэй зохиолч.
-Гэтэл та Достоевскийнхийг биш өөр нэг орос зохиолчийн бүтээл орчуулсныг нь редактор хийсэн. Яагаад энэ зохиолыг сонгох болсон талаар номын өмнөх үгэнд дурдсан байснаас үзвэл сонголтыг Ц.Гомбосүрэн гуай биш та хийсэн бололтой анзаарагдсан?
-Юу орчуулахаа орчуулагч өөрөө л шийднэ. Харин гарах шийдвэрт нь нөлөөлж бас болдог юм байна. Юрий Трифонов монгол хэлээр гарч байгаагүй. Гэтэл Трифоновыг ХХ зууны Достоевский гэдэг. 1980-аад онд дэлхийд хамгийн олон орчуулагдсан орос зохиолчдын айргийн тавд орж байсан том зохиолч. Түүний “Үйлтэй байшин”, “Холио солио”, “Ондоо амьдрал” гэх гурван туужийн тухайд бол миний бага залуугаасаа дурласан зохиолууд. Би цагтаа орчуулах гэж үйлээ үзээд бараагүй. “Давах тавилангүй даваа гэж байдаг нь энэ аж” гэж өөртөө хэлж байсан санагддаг. Гэхдээ монголоор гарсныг нь уншиж үзэх юмсан гэсэн бодлоо орхиогүй явж байгаад хожим хойно Ц.Гомбосүрэн гуайд санал болгосон. “Трифоновыг та л ойлгоно, та л орчуулж дөнгөнө” гэж түүнийг хэдэн жил гуйж, шахсаар байгаад, өөр бусад ажлыг нь хойш тавиулж байгаад хийлгэсэн ийм түүхтэй.
-Тэр дуртай гээд байгаа Трифоновоо та өөрөө орос хэлээр нь зөндөө л уншаа биз дээ. Монголоор заавал унших гэж зүтгэх, өөр хүнийг гуйж, шахах ямар шаардлага байдаг байна аа?
-Шаардлага байна. Нэг нь нийгмийн, нөгөө нь хувийн. Нийгмийн шаардлагын хувьд гэвэл, миний уншиж үзсэнийг бусад маань бас уншаад үзэг л дээ. 1970-аад онд Москва ямар байсныг, тэр үеийн орос хүмүүс юунд тэмүүлж, юунд шаналдаг байсныг, бодит социализмын онцлог, хор холбогдол, хуурамч чанар нь чухам юундаа байсныг уншаад мэдэг л дээ. Социализмын ач тус, хор холбогдол нь нийтлэг. Тэр үеийн ЗХУ ч бай, БНМАУ ч бай хаалттай нийгмийн зовлон, жаргал нь ерөнхийдөө ижил. Зохиолд “Москва, оросууд” гэж гараад байгаа ч мань мэтэд бол “Улаанбаатар, монголчууд” гэж уншигддаг л байсан үе.
Хоёрт, миний хувийн сонирхол бас байлаа. Ц.Гомбосүрэн гуайн орчуулга гарснаар би бэлэн гарын авлагатай болоод авсан. Нөгөө миний давж чадахгүй тулаад, буцаад байсан олон гүвээ, давааг яаж өлхөн давж болдгийг яруу тод харуулсан бэлэн сурах бичиг миний өмнө дэлгээстэй байна. Би энэ номын редактор хийж байна гэж хэдэн сар ноцолдсон. Засч нягтлаад удаад байсан юм биш. Эх зохиолтой нь үг, өгүүлбэрээр нь тулган үзэж орчуулгаа урласан техник, технологиос нь суралцаад, нөгөө суралцахын жаргалыг эдлээд, удаад байсан хэрэг.
-Ц.Гомбосүрэн гуайн орчуулсан номын нээлт дээр таныг Н.Энхбаяр даргатай холбоотой сонин үг хэлсэн гэж дуулдаж байсан. Тэр нь ямар утгатай үг байсан юм бэ?
-Сонинсоод байх юу байх вэ дээ. Уран зохиолын номын нээлт дээр би гэнэт улс төрийн сэдвээр цуурч тэнэгтээгүй нь ойлгомжтой. Трифоновыг орчуулна гэж залуудаа бүдүүн зүрх гаргаад бараагүй тухайгаа ярьсан. Би яагаад ч юм утга зохиолын орчуулга сонирхдог, тэрүүхэндээ оролддог болчихсон байж билээ. Тэр үед Энхбаяр, Мэргэн, Нарантуяа, Нарангэрэл гэх дөрвөн залуу орчуулагч Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгсөөд дөнгөж ирсэн байсан. Тэдэнтэй нийлж Монголын зохиолчдын өгүүллэгийн түүвэр орос хэлээр гаргах ажилд оролцож явлаа. Тэд бол мэргэжлийн орчуулагчид, миний хувьд бол “бөөн дурын урансайханч” л байж. Гэтэл дуртай Трифоновоо орчуулчихмаар санагдаад бариад авлаа. Гурван сар ноцолдоод гурван хуудас ч гарсангүй. Арай ойр таньдаг тул Энхбаяр, Мэргэн хоёртой зөвлөсөн чинь “Трифонов бол олон салаа утга шингээж бичдэг хэцүү автор. Түүнийг монгол хэлээр адекват буулгасан байхад жинхэнэ орчуулагч боллоо л гэсэн үг. Үзээд алд” гэж билээ. Би үзээд дийлээгүй, алдсан. Ийм л юм болсон. Бага байхад зодолдоод бардаггүй зүггүй хүүхдийг ахдаа ховлодог шиг Трифоновыг Ц.Гомбосүрэн гуайд ховлож байж сая “зодуулан” бах таваа хангах шив дээ (инээв).
-Уучлаарай, тан шиг ийм улстөрчтэй уулзаад улс төрийн сэдвээр ганц ч асуулт тавихгүй ярилцлагаа өндөрлөх дэндүү харамсмаар байна. Ядаж ганц асуулт асууя. Асуулт ч гэж дээ, тодруулга төдий л юм. Таныг улс төрд эргэж ирнэ гэж дахин ярих болжээ. Дурсамжаа бичээд байгаа нь үүний нотолгоо ч гэх шиг. Гэтэл сая таныг энэ талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулж тайлбар хийсэн гэж зарим сайтаар мэдээлсэн байсан...
-Би фэйсбүүк, твиттер зэргийг мэдэхгүй. Үүнээс хол явдаг, ямар нэгэн хуудас энэ тэр хөтөлдөггүй. Тэр байгаа гэдэг хэд нь надад огт хамаагүй. Миний өмнөөс хэн нь цаг заваа бараад байгааг би бас мэдэхгүй. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг утгаараа эд бол миний дайснууд. Мэддэг болоод хэзээ нэгэн цагт найзлахыг гэхдээ үгүйсгэхгүй. Эргэж ирэх энэ тэрийн талаар би урьд нь хэлсэн, хэлсэндээ байдаг. Бас тэр дурсамжаа бичиж буцах замаа засдаг гэж би л лав сонсоогүй ноу-хау байна. Дурсамж бол явсны нотолгоо мөн гэж харин сонсож байсан. Ийм л байна.
-Тэгвэл та бид хоёрын дараагийн ярилцлага тэр дундаа улс төрөөр ярилцах ярилцлага маань хэдийд байх вэ. Би яг таг хугацаа тохирмоор байна...
-Яг таг хугацаа гэнэ ээ. Бүсгүй хүн болзоогоо товлоё гээд шахаад байхад би яаж татгалзах билээ. Гэхдээ улс төрөөр ярилцах хатуу болзол тулгагдаж байна. Улс төрийг ч уг нь ярьдаг биш хийдэг л дээ. Тэгээд ч улс төр дээр олон зүйл тодорхойгүй байна. Олон икстэй тэгшитгэл гэдэг шиг X, Y, Z дэндүү шигүү байхад тодорхой юм ярих, тодорхой гаргалгаа гаргахад бэрх. Тиймээс юм жаахан тодорхой болог. Тэгээд уулзъя. Тэгэх үү.

Tuesday, 25 February 2014

С.Баяр: Би элдэв амбицаа эрт татсан

Манай “Ярилцъя” уншичидтайгаа аль болох ховор, нийгэмд эрэл сурал үүсгэж байдаг, байр суурийг нь чагнахыг хүсч байдаг, хэвлэлийнхнийг араасаа хуйлруулж байдаг супер зочдыг уулзуулахыг хүсдэг. Энэ удаа ч нэгэн ховор зочны ярилцлагаар та бүхэндээ сюрприз барьж байна. Тийм ээ, тэр бол бүх алдар нэрийг нь дурьдалгүй зүгээр л нэрийг нь хэлэхэд гоё зочин. Тийм ээ, манай өнөөдрийн зочин Санжийн Баяр. 

-Юуны өмнө  урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. Таныг “бултчих” болов уу гэж айж байлаа. 
-Би амласнаасаа буцаж байсан удаа бий бил үү. (инээв)

-Байхгүй л дээ. Гэхдээ санал тавиад чамгүй удчихсан болохоор...
-Ажлын зав зай болохгүй яваад байлаа. За, хоёулаа эхлэх үү дээ. 

-Таныг зүрхний хүнд хагалгаанд орсныг мэдэж байгаа.  Өвчин бол хүний ямар ч мөрөөдөл, ямар ч хүсэл тэмүүллээс холдуулдаг зүйл.  “Эрүүл явбал эр хүний замын хүзүү урт даа”... гэж таны санаашрангуй  хэлсэн үгээр өндөрлөж байсан бидний уулзалтаас хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ. Харин одоо  бол  та эрч хүч дүүрэн, эрүүл сайхан харагдаж байна.                                    

- Уулзаж ярилцаагүй нээрээ л удсан байна. Цаг хугацаа ч сум шиг  жирэлзэх юм.

-Тантай би амьдралын тань янз бүрийн үед ярилцлага хийж явлаа. Өвдсөн шаналгаатай үед ч, санаанд оромгүй эрс шийдвэр гаргаж гайхшруулсан үед тань ч. Эдгээр үеүүд дотроос хамгийн онцлог нэгэн үеийг  л онцолж асуумаар байх юм. 

-Нэгэнт асуух гээд бодоод явсан асуулт байгаа бол одоо асуух л ёстой байх даа. 

-Нөгөө алдарт “стандарт бус” гэгддэг шийдвэрийн  тухай л даа. Намын дарга С.Баяр сонгуулийн ялалтаа хямдхан арилжсан.  Ялагдсан АН-ынхныг өөд нь татаж хамтарсан засгаа байгуулсан. Эндээс л бүх юм баларч эхэлсэн. Өнөөдрийн эдэлж буй зовлонгийн эх ердөө л энэ “стандарт бус шийдэл” гэж танайхны зарим хараах нь холгүй байх юм. Харин одоо танд тэр шийдлээс үүдсэн харамсал байдаг уу?

- Хамтарч нэгдсэнээс үүдсэн зовлон гэж байхгүй. Харин хагарч талцаснаас үүдсэн зовлон гэж зөндөө. Монголчууд бид үүнийг сайн мэдэх учиртай улс. Хамтарсны хүчээр Монгол улс маань ямагт сэрж,  сэргэж байсан. Харин хагарч бутрахаараа л унаж доройтдог түүхтэй. Хамтарсан Засгийн газар байгуулсны ачаар улсын маань эдийн засаг хоромхон зуур сэргэж хүчээ авсан. Өсөлтийнхөө хурдаар дэлхийд тэргүүлж, шагшигдаж байсан маань ингэхэд өчигдөрхөн биз дээ. Гэтэл өнөөдөр юу болж байна. Бүх юм эргээд унаж доройтож байна. Эцсийн дүндээ энэ бол хагарч талцасны л хар гай. Хамтарч чадахгүй, хамтрахыг хүсэхгүй байгаагийн балагтай үр дүн. Үүнд бол  би харин харамсч явдаг. Хараах, ерөөхийн хувьд гэвэл тухайн хүнийхээ санаа бодлоос л  болно. Хувиа бодвол хараах л байх. Би сайд, дарга болох байтал өөр намын хүнийг болголоо гэдэг ч юм уу. Улсаа бодвол ерөөх л байх. Монголчууд бид тус тусдаа ухантаж явснаас хамтаараа ухасхийж байна гэдэг талаас нь харвал шүү дээ.

- УИХ-ын сонгуулиас хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Ардчилсан нам МАХН-МҮАН-тай хамтраад Засгийн газар байгуулаад явж байна. Ардын нам сөрөг хүчин болчихсон. Ийм нөхцөлд  “хамтарна, хамтаараа ухасхийнэ” гэдгийг юу гэж ойлгох вэ. Энэ Засгийн газрыг унагаж, оронд  МАНАН-гийн шинэ Засгийн газар байгуулна гэсэн үг үү ?
-Хамтарч Засгийн газар байгуулна гэдэг бол улс төрийн намуудын хамтын ажиллагааны дээд хэлбэр. Ноднингийн сонгуулийн дараа Ардчилсан нам,  Монгол ардын намтай хамтран засгаа байгуулсан бол хэн ч гайхахгүй байлаа. МАНАН биш  АНМАН болоо л биз. Муулах нэг нь муулаад л, дэмжих нэг нь дэмжээд л явах байлаа. Улс орны эрх ашиг талаасаа ч, эр улсын харилцааны жудаг талаасаа ч энэ бол хамгийн ойлгомжтой хувилбар байх байлаа. Одоо бол манай намын хувьд тэр хувилбар цэглэгдээд, аль хэдийнээ “өнгөрсөн хорвоо”  болсон. Бүрэн эрхийн хугацааны бараг гуравны нэг нь өнгөрчихсөн байхад “галт тэрэг явчихсаан” гэхээс өөр юу гэхэв. Галт тэргэнд суух үнэгүй тийзээр урамшууллаа ч түүнийг нь алга тосон авах нь юу л бол гэж бодогдох юм. Гэхдээ хамтраад засаг байгуулах боломжгүй л бол хамтран ажиллах есгүй гэсэн үг биш. Нэг засагт орохгүйгээр хамтрах, хэл амаа ололцох бололцоо, шаардлага их байна. Ялангуяа улс орны аюулгүй байдал, хөгжлийн стратегийн асуудлаар улс төрийн намууд хамтрах, хэл амаа ололцох үүрэгтэй. Үндэсний эрх ашиг маань үүнийг шаардаад байгаа юм. Одоогийн цаг үе бол Монгол орны хувьд нэн онцгой үе юм. Гадаад, дотоод орчин нөхцөл, конъюнктур гэх ойлголт бий. Сүүлийн үед хэдийгээр муудсан ч тэдгээр нь ерөнхийдөө таатай талдаа л байна.  Одоо гаргаж буй төрийн шийдвэрээс Монгол орны аюулгүй байдал, хөгжлийн ойрын арав, хорь байтугай тавь, зуун жилийн төрх тодорхойлогдох гээд байна. Үүнийг мэдэж, мэдэрч байгаа учраас би хамтрах шаардлагын тухай байнга яриад байгаа юм.  Цаг үе маань ийм онцлог байгаагүйсэн бол “эерэг, сөрөг хүчин” болж тоглоод л, тулга тойрсон хэрүүлээ хийсэн шиг сууж  байж болохсон. Гэтэл ийм нөхцөл, конъюнктур бидэнд дахин олдоо ч уу, үгүй ч үү. Баялагтай хэрнээ ядуу, эрэлт хэрэгцээтэй хэрнээ бөглүү хэвээрээ арчаагүйтээд сууж болохгүй биз дээ. “Стандарт бус” гэмээр нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр л байна шүү дээ. Үүнийг ухаарч ойлгохгүй бол урагшлах зам бидэнд байхгүй.

-Ерөнхий сайдын ажлаа  С.Батболдод өгөөд явах үед тань би танаас  “Таныг гараад явчихаар  хамтарсан засаг гэх энэ гэр маань нурчих юм биш биз”  гэсэн асуулт тавьж байсан. Тэгэхэд та “Нэг хүн гарлаа гээд нурдаг  гэр  гэж юу  билээ”  гэж хариулж байсан. Гэтэл юу болов.  Хамтарч барьсан гэр тань нурчихлаа.  Хамтрагч  нам хэлснээсээ буцав уу, эсвэл залгамжлагч “хөвүүн” тань балчирдав уу. Юунаас болов оо ?  
- Хамтаараа босгосон гэр маань, хамтраад хэрэгжүүлж байсан бодлого маань яагаад  нурав гэх асуултын хариу тодорхой. Ард олны нүдэн дээр болоод өнгөрсөн явдал ш дээ.  Хэн нэгэн балчирдсанаас болоогүй. Харин хэн нэгэн болчимгүйтсэнээс болсон нь тодорхой. Бидэнтэй “хамтаръя” гээд хамтарсан нам дэндүү болчимгүй, дэндүү богино зайны “улс төр хийснээс”  үүдэж гэр маань ч бодлого маань ч аль аль нь нурсан. Итгэл эвдсэн, урам хугалсан ийм жол улс төр хэнд хэрэгтэй юм бэ. Улсын хөгжилд ч хэрэггүй, улс төрийн намын нэр хүндэд ч хэрэггүй. Тухайн улстөрчдөд ч бас хэрэггүй. Хийхийн тулд биш, байхын тулд байгаа улстөрчдийг түүх өршөөхгүй.  

-Бас л яаж чадаж байна вэ гэж гайхшрахыг ч утгагүй болгосон үйл явдал шүү. Ингэхэд саяын сонгуулиар өвдөг шороодсоны нэг шалтгааныг намынхаа хайран сайхан нэрийг  Н.Энхбаярт алдсан явдал гэж үзэгсэд олон байдаг. Энэ тухайд та юу хэлэх бол ? 
-Манай нам  уугуул нэрээ сэргээсэн нь зүй есны том алхам гэж боддог. Гэхдээ алхам нь зөв ч энэ нь цагаа хэр олсон шийдвэр байв аа гэж өнөөдөр эргэлзэж буй хүмүүсийг  буруутгах аргагүй.    

-“МАХН” гэсэн нэрийг сонгуулиар ашиглах вий гэсэн асуулт танаас би тэр үед асууж байсан. Тэгэхэд та “энэ нэрийг хэн нэг нь авч үлдээд, цаашаа шатлаад улс төр хийгээд явах  бололцоо нь хуулиар хаагдсан” гэж итгэлтэй хариулж байсан сан. Гэтэл юу болчихов оо. Би ам асуугаад байх шиг санагдаж магад.  “Шатрын хүү бэрс бол­тол хол доо” гэж ярьж байсан тань санаанаас минь огт гардаггүй юм. 
- “МАХН” гэх нэрийг эзнээс нь өөр хэн ч хэрэглэх эрхгүй гэсэн утгатай хуулийн заалт цагаан дээр хараар бичээстэй хэвээр байгаа. Харамсалтай нь, монголын хууль  дандаа биш гэхэд заримдаа гууль болчихоод байна. Яагаад тэр вэ. Нөгөө л богино зайны жол улс төрийн хар гай. Гэхдээ тэглээ гээд ч тэр бэрс гарчихсан шатрын хүү  хаанаа байгаа юм бэ  гэж би өөрөөс тань эргэж асуумаар байна. Өнөөгийн улс төрийн шатрын өрөг дээр бог байсан нь бог хэвээрээ л харайлгаж яваа харагддаг. Ер нь халаас суйлсан муу аргаар хол явахгүй гэж боддог бодол маань хэвээрээ байгаа шүү, Ганчимэг ээ.    

-Сонгуулийн өмнө намынхаа  нэр солих ажлыг санаачилж гардсан У.Хүрэлсүх, С.Батболд хоёрын үед манай нам баларсан, тэдэнд хатуу хариуцлага хүлээлгэх естой байсан гэх хүн танайд цөөнгүй бололтой.  Та Ерөнхий сайдын албаа  өгөөд, намын даргын сэнтийгээ  шилжүүлээд  явахдаа дараагийн үедээ гэрийг нь барьж, өрхийг нь татаж өгөөд явсан. Дараа нь уулзахад тэдэндээ “давгүй” гэсэн дүн тавьж  байсан. Одоо харин ямар бодолтой байдаг вэ ?
- Санаачилсан нь тэр хоер биш л дээ. Намынхаа уугуул нэрийг сэргээх тухай санаачилга Н.Энхбаяр даргын үед анх гарсан. Элдэв шалтгаанаас болоод энэ санаачилга тэр үед болон дараа дараагийн дарга нарын үед бүтэж өгөөгүй. Зөв зүйтэй энэ санаачилга Батбоолд, Хүрэлсүх нар намын удирдлагад байхад биеллээ олсон. Намынхаа гишүүдээс энэ талаар санал асуулга явуулахад дийлэнх олонх нь дэмжсэн байдаг. Яахав, сонгуулийн хугацааны тэг дунд нь нэрээ гэнэт өөрчлөх нь эрсдэлтэй гэх болгоомжлол байсан. Гэхдээ эрсдэлгүй улс төр гэж байдаггүй. Намын маань хуучин нэрийг зүй бусаар ашиглах боломж үгүй. Энэ нь хуулиар баталгаатай хаагдсан гэсэн ойлголтод  итгэлтэй л явсаар гэндсэн хэрэг. Зөвхөн тэр хоёр ч биш. Бид бүгдээрээ гэндсэн. Батболд, Хүрэлсүх нар намын удирдлагад байхад нам “баларсан” гэх бодолтой би санал нийлэхгүй. Харин ч тэр хоёрын үед намын маань төрх залуужин  шинэчлэгдэж, улмаар мянга мянган залуус манай эгнээнд  хүчтэй түрлэг болон нэгдсэн. Монголын улс төрийн намуудыг гишүүдийнх нь насны зааг ялгаагаар жагсаасан судалгаа байдаг. Тэрнээс үзвэл манай нам залуучуудын оролцоо, шинэ залуу гишүүдийн тоо, хувийн жингээр бусдаас хол тасарсан байна билээ. Шинэ залуу халааны ийм нөөц бололцоотой, ирээдүйтэй намыг “баларсан” гэвэл алдас болно.  С.Батболд, У. Хүрэлсүх нар бие биеэ эвтэйхэн нөхөж, гар сэтгэл нийлж сайн ажилласан гэж би боддог. Сонгуульд намаа ялалтанд хүргээгүй гэж тэднийг зэмлэж, шийтгэж болно. Гэхдээ тэд намаа ялагдуулаагүй юм шүү. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуульд ялсан нам байхгүй. Ялагч этгээд үгүй бол ялагдагч этгээд  бас үгүй. 2004 оны сонгуулийн дараа манай нам иймэрхүү л байдалтай байсан. Гэтэл намын дарга, Ерөнхий сайд байсан Н.Энхбаярыг албан тушаал дэвшүүлээд УИХ-ын дарга болгож байсан байдаг. Үүнтэй жишвэл ч хариуцлагын тогтолцоо манай намд сайн  төлөвшиж байх шиг. 

-50-иад оныхон МАХН-ын удирдлагад 1996 оноос хойш хэт удсан гэж та нэгэн ярилцлагадаа хэлж байсан. Гэтэл энэ хугацааны ихэнхийг нь Н.Энх­баяр дарга дангаараа эзэлж, та  хоёр жил л болсон байдаг. Тийм байтал таны  тэр “Бидний үе хангалттай удсан” гэсэн үг  ер нь эртэдсэн санагддаг уу ? 
-Намын ирээдүй бол шинэ залуу үе. Нам өөрөө, түүний дотор намын удирдлага цаг үеэ даган залуужиж  байж гэмээнэ ирээдүйгээ цогцлооно. Энэ бол аксиом.  1996 оны сонгуулийн дараа намын удирдлагад Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар гарч ирсэн. Манай л үе. Тэрнээс хойш 17 жил өнгөрчээ. Энэ хооронд М.Энхболд, С.Батболд  нарын хоёр хоёр жилийг эс тооцвол манай л үеийн төлөөлөл намаа удирдсаар ирлээ.  Одоо залуучууд   голлох ёстой цаг үе гэж бодоод би хувьдаа элдэв амбицаа эрт татсан. Үүнийгээ ч  албан ёсоор зарласан хүн.   

-Та бид хоёрын дунд эрх мэдлээс явах ирэх тухай нэгэн яриа бас болж байсан даа. Та яагаад улс  төрийн том бодлого, шийдвэрийн  асуултуудаас  илт зэнзийрхээд  байна вэ гэхэд та “улс төрөөс явчихсан учраас” гэж хариулж байсан. Түр үү, бүр үү гэхэд өвдсөн бо­лохоос үхчихсэн биш дээ, ямар. Үхэх байтугай тэтгэвэрт гарах ч болоогүй байна гэж хэлж байсан тань санагдаж байна. Одоо гадуур “Баяр ирлээ. Намаа авах нь дээ” гэсэн улаан цайм хардлага нисээд байна. Харин таны юу хэлэх сонин байна?
-Цагийн юм цагтаа гэдэг. Нэг урсгалд хоёр ордоггүй. “Энэ баагий одоо болиод өгөөсэй билээ” гэж ил далд чичлүүлж, нүдний булай болохгүй л юмсан  гэж би боддог. Урд өмнө нэг амилуулсан дүрдээ хэт итгээд, түүнийгээ санагалзаад,  тайз руу байн байн ухасхийгээд байх онцгүй. Дахин хэлъе. Би амбицаа татсан. Тэтгэвэртээ гараагүй тул чадсан ч, чадаагүй ч улс төр хавьханаар л эргэлдэх ёстой  гэсэн явцуу бодол  надад байхгүй. Тэгээд ч хий хоосон тэрсэлдсэн улс төрд  оролцох орон зай, зав чөлөө, хүсэл бодол надад  бүр байхгүй. Амьдрал баян. Хийх өөр ажил, тэмүүлэх өөр зорилго дэндүү олон байна цаана чинь.

-Та амбицаа татсан байж болно. Бусад чинь татаагүй байна. Цаана чинь бүр танай намыг лидерийн хомсдолд орсон гэх ноцтой дүгнэлт тавигдаад эхэлчихсэн байна шүү дээ. Бас дээр нь өргөж татаад, өгчье гээд эрхлүүлээд байсан залуусаас тань түүхий, шүрхий үнэр л гарсаар байх юм?
- Наад нэг асуулт дотор чинь гурван өөр чиглэлийн асуулт тууж явна. Нэгд, би амбицаа татлаа гээд бусад нь намайг даган дурайх  огт албагүй. Өөрийн бодол өөртөө зөв, өрөөл даавуу өмдөндөө зөв гэдэг дээ. Дээр хэлсэн зүйл бол миний л бодол. Өөр хүн өөр бодолтой байхыг үгүйсгэхгүй. Хоёрт, лидерийн хомсдол гээд байгаа чинь хийсвэр дүгнэлт. Нийгмийн шаардлага, хувь хүний хүсэл зориг, таатай нөхцөл  гурав нэг цэг, цаг хоёр дээр огтлолцож байж лидер төрдөг. Аль нэг нь дутуу бол, эсвэл цаг нь зөрчихсөн бол лидер төрөхгүй. Тиймээс энэ маань  аз, эзтэй ч бас холбоотой. 
Гуравт, бага залуугаараа бүрэн болчихсон, боловсорчихсон хэн байсан, хэн байгаа юм бэ. Би л гэхэд залуудаа даанч дээ гэмээр  түүхий шүүрхий явснаа мэддэг. Ерөөс бага залуу бүхэн  түүхий ногоон талдаа л байдаг биз дээ. Амьтан, ургамал ч бай, хүн ч бай энэ нь туйлын үнэн. Яваандаа л болдог, боловсордог хорвоо. Огт боловсорч өгөхгүй түүхий явсаар насыг элээх нь ч бас бий. Тэгэхдээ тэр бол огт өөр сэдэв.   

-Тийм ээ. Энэ өөр сэдэв. Гэхдээ та уучлаарай, би олдсон дээр нь нь амжиж асуух, аль болох олон юм хөндөх гэж улайрч байна. Хүний аз эз, заяа төөрөг, хувь тавилан,  зангараг даац гэж олон хүчин зүйл бий. Энэ тухайд бодохоор сүүлийн сонгуульд намаа авч орсон Ө.Энхтүвшингийн талаар сонин бодлууд төрөх юм. Яг энэ сэдэв дээр таны юу ярих ч бас сонин доо.
-Бидэн дундаа намын ажлын хамгийн их туршлагатай нь уг нь Ө.Энхтүвшин дарга байгаа юм.  Түүнийг олон сонгууль унагасан гэж буруутгадагтай би санал нийлэхгүй. Ялангуяа ноднингийн орон нутгийн сонгууль байна. Сонгууль тулчихсан байхад намын даргаар гэнэт сонгогдсон хүн юу хийж амжих вэ. Хорин нэгэн аймаг, гурван зуу гаруй сум,  сая гаруй хүн амтай нийслэл шүү дээ. Юу ч амжихгүй. Намын даргын тамга яаран авсныг нь бууруутгахгүй юм бол, орон нутгийн сонгуульд бэлдэх цаггүй байсныг нь  буруутгаж болохгүй.

-Уучлаарай, Ерөнхийлөгчийн сонгууульд бэлдэх цаг бол эрхбиш байсан биз дээ ?
-Ерөнхийлөгчийн сонгуууль ч өөр л дөө. Үүнийг бол Ө.Энхтүвшин дарга бүрэн хариуцах учиртай. Энэ сонгуульд нэр дэвшигчээ эрт тодруулахгүй эргэлзээд, шийдэж чадахгүй  цаг  алдсанаас гол алдаа нь гарсан болов уу гэж боддог. Аль ч сонгуулийг цагийг нь тулгаж шийдэж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгууль тэгэх тусмаа. Нэг жилийн өмнө, үгүйдээ гэхэд хагас жилийн өмнө зарчмын шийдэлд хүрсэн байх учиртай. Эс тэгвээс сонгуулийн бэлтгэлээ сайтар базаах, хүч нөөцөө нэгтгэх, сурталчилгааныхаа зөв өнгө аясыг олох алтан боломжоо алдана гэсэн үг.

-Таныг нэр дэвших ёстой хүмүүсийн  тоонд оруулж өнгөрсөн хавар нэлээд шуугисан шүү.
 -Миний тухай гэх асуудал  байхгүй. Би  сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ аль эртнээс мэдэгдсэн байсан. Гэтэл надаас гадна нэр дэвшихээр яригддаг байсан хүн цөөнгүй. Олонд танил болсон, улс төрийн тогоонд хангалттай чанагдсан намтартай, төрийн ажлын туршлага, тогтсон байр суурь, үзэл бодолтой байх  гээд олон шалгуур байдаг даа...

-Уг нь тийм. Гэхдээ “Б.Бат-Эрдэнэ гэж үзэгдэл гарч ирээд баллах шахлаа. Бараг Ерөнхийлөгч болонгоо алдлаа” гээд манай сэхээтнүүд толгой сэгсэрцгээх юм. Үнэхээр ч энэ толгой сэгсрээд байгаа нөхдүүд монголыг бөх ерөнхийлөгчтэй болголгүй  аваад гарах шиг боллоо. Та харин энэ талаар юу хэлэх бол?
-Бөх үү, засуул уу гэх талаас хандах нь угтаа буруу. Хүн ямар ч ажил, мэргэжилтэй байсан байж болно. Тэр нь чухал биш. Сайн бөх сайн улстөрч болохыг үгүйсгэхгүй.  Харин ч тэмцэх, өрсөлдөх дадал, чадлаараа  бөх хүн бусдаас давуу талтай байж болно. Гэхдээ улс төр бол урлаг спортоос шал өөр.  Улс төрийн сонгууль учраас улс төрийн бодлого, зарчим, шалгуур л давын өмнө яригдах учиртай л даа. Гэхдээ өнгөрсөн сонгуулийн тухай ярих нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил бус уу. Болоод өнгөрчихсөн энэ сэдвээ орхивол яасын.

-Таныг намын нэр дэвшигчээ дэмжиж ганц үг ган хийсэнгүй гэх гомдол  Ерөнхийлөгчийн  сонгуулийн дараа яригдаад  байсан. Энэ талаас нь тодруулж танаас асууя л даа, тэгвэл?

- Наад асуудал чинь  хоёр талтай. Б.Бат-Эрдэнэ аврага бид хоёр эртний  сайн танилууд. Сүүлийн бараг арваад жил хамар хашаа айлын хөршүүд яваа. Цагийг эзэлсэн их аварга хэмээн би түүнийг хүндэлдэг. Гэхдээ хувийн сайн харьцаатай байх  нь нэг хэрэг. Улс төрийн бодлого, зарчим гэдэг бол өөр асуудал. Хамтарсан Засгийн газар, Оюу толгойн гэрээ зэргийг Б. Бат-Эрдэнэ гишүүн байнга эсэргүүцдэг тул би түүнтэй санал нийлдэггүй. Намайг эсэргүүцлээ  хэмээн би  эгдүүцэж байсан удаагүй. Намын бодлогоо, намаас  гаргасан хамтын шийдвэрээ  эсэргүүцэж яваа хүнийг  бол би үздэггүй. Хамтарсан засаг ч тэр, Оюу толгойн гэрээ ч тэр бүгд манай намын бодлого, шийдвэрээр бүтсэн асуудлууд. С.Баяр гэх хувь хүн дур зоргоороо шийдсэн асуудлууд огт биш. Тиймээс намынхаа бодлогыг эсэргүүцдэг хүнийг  би яаж  дэмжих юм. Дэмжиж байгаа нь энэ гээд намын бодлогоо үгүйсгээд явах уу. Эсвэл үнэнийг хэлж байна гээд нэр дэвшигчээ  шүүмжлээд явах уу. Хувийн ямар ч сайн харьцаатай байлаа гээд улс төрийн зарчмаа, туулж ирсэн замаа үгүйсгэх  эрх хэнд ч байхгүй. Хувь хүн өөрийн бодолтой байж болно. Харин намаа төлөөлж төрийн сонгуульд оролцож байгаа бол намынхаа л бодлогыг дагах ёстой. Өөр гарц  байхгүй. Энэ бол улс төрийн тоглоомын дүрэм. Хатуу дүрэм. Энэ дүрмээ  бүгд тууштай дагаж гэмээнэ улс төрийн бодлого маань тууштай,  цэгцтэй, үр дүнтэй болно.

- Намынхаа бодлогыг эсэргүүцдэг хүн яаж яваад намын нэр дэвшигч болчихдог байнаа ?

-Миний мэдэх, хариулах асуулт  биш байна наадах чинь. 

-Та хариулахгүй байж болно л доо. Гэхдээ яг энд нэг том зөрчил яваад байгаа юм биш үү. Нам нь нэг бодлоготой, нэр дэвшигч нь огт өөр бодолтой байхаар ядаж  сонгогчид нь будилаад хэцүү баймаар. Энэ зөрчлөө нэг тийш нь шийдэх арга байгаагүй юм байх даа.  Та юу гэж бодож байна ?

-Онол талаас нь ярьвал, хоёр л арга бий. Эсвэл нэр дэвшигчээ солино, эсвэл бодлогоо өөрчилнө. Тэгж байж л тэр зөрчил арилна байх даа. Юутай ч иймэрхүү маягийн зөрчил сонгуулийн дүнд сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой.  

-М.Энхболд, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ гээд намын даргад өрсөлдөх улсуудын талаар таамаг гараад эхэллээ. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг та сайн мэддэгийн хувьд санал бодлоо хэлж болох уу ?
-Намын даргад өрсөлдөх улс төрийн намтар,  чансаатай хүмүүсийн тоо гурваар хязгаарлагдахгүй  гэж бодож байна. Шударга өрсөлдөөн байх нь чухал. Ийм өрсөлдөөн дундаас төрсөн лидер гараан дээрээсээ л хүчтэй байдаг. Намын гишүүдийн маань  урам зориг ч сэргэдэг. Намын даргад тавих шаардлага, шалгуур олон.  Намын бодлогоо мэддэг, ойлгодог, дэмждэг байх нь наад захын шаардлага. Гол нь шинэ цаг үедээ нийцсэн шинэ бодлого гаргаж дэвшүүлэх чадвартай, түүнийхээ төлөө тууштай тэмцдэг, намын олон түмнээ манлайлдаг, дагуулдаг хүн намын даргад өрсөлдөөсэй гэж би хувьдаа хүсч байна. 

-“Намын шинэчлэл” гээд хурал болгоны өмнө байнга л ярьж байх юм. Энэ нь тийм зайлшгүй зүйл үү, эсвэл нэг даргыг нөгөөгөөр солих шалтаг, бамбай төдий юм уу гэж сүүлдээ бодогдох юм ?

-Шалтаг, бамбай болгох гээд байдаг явдал ч бий. Гэхдээ гарцаагүй үнэн юм ч бас бий. Цаг урагшилж, нөхцөл байдал байнга л өөрчлөгдөж байдаг. Шинэ нөхцөл байдалтайгаа уялдаж улс төрийн нам ч байнга өөрчлөгдөх ёстой. Эс тэгвээс нийгмээсээ хоцорно. Хоцорвол гологдоно. Хоцроод удвал хусагдана. Иймээс намын шинэчлэл бол зайлшгүй зүйл. Товчдоо бол ийм л юм.  

- Та Атрын гуравдугаар аяныг эхлүүлж, монголын газар тариаланг сэргээснээрээ, Оюу толгойн гэрээг батлуулж баялгаа эргэлт рүү хөтөлснөөрөө бахархдаг гэж ярьдаг. Гэхдээ Оюу толгой гэсэн сэдэв одоо ч хэрүүлийн бай болсоор л байх юм. Энэ гэрээний хувь заяаны талаар та юу бодож явдаг вэ?
-Оюу толгой бол хэрүүлийн алим биш саалийн үнээ байх ёстой юм. Тугалж амжаагүй атлаа саалиа өгөөд эхэлж байсан төсөл шүү дээ. Гэтэл  өгөөж баян үнээгээ өөдсийн чинээ хэрүүлийн алим болгож жижигрүүлж байгаа нь бидний л арчаагүй байгаагийн  илрэл. Нөгөө л богино зайны, хэнхдэгээ дэлдсэн улс төрийн бодлогын хортой хаялга. Би саяхан АНУ-аас манайд сууж байсан элчин сайд хатагтай Памэла Слуцтай таарч ярилцлаа. Америк-Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн болсон гэнэ. Манайхны олон хүмүүстэй уулзаж ярилцсан юм байх. “Танайхаас хөрөнгө оруулагчид  олноороо дайжиж, эдийн засгийн байдал чинь хэцүү болж байгаа юм байна. Гэхдээ би хувьдаа өөдрөг бодолтой буцаж байна. Танайх одоо л нэг ухаарч, учраа олох нь гэж бодсон шүү” гэж байна билээ. Хашир дипломат хатагтай нэгийг олж харсан, сонссон, мэдэрсэн юм байлгүй дээ гэж найдаж байна. Гэрээний хувь заяаны хувьд гэвэл би ч бас өөдрөг бодолтой байгаа. Монгол Улс маань саалийн үнээ ганц нэгтэй биш, сүрэг арвинтай байх бүрэн бололцоотой шүү дээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн үе үеийн гишүүдийн төлөөлөлтэй уулзаж Монгол Улсын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцсон. Тэр уулзалтад та очсон байна билээ. Ямархуу төвшний уулзалт болсон бэ. Төрийн нарийн ширийн асуудлаас гадна тэр уулзалтын сэтгэл зүйн агаар сэлтийг илүү сонирхож байна. Буусан суусан улсууд цагийн эрхээр өөрчлөгдсөн ч биз. Сонин биш гэж үү?

-ҮАБЗ-ийн шинэ, хуучин дарга, гишүүдийн энэ уулзалтын тухай Памэла Слуц хатагтай ч надаас бас асуугаад  байсан. “Одоогийн ухаарлын оршил нь тэр уулзалт байсан гэдэг үнэн үү” гэж ч асууж  байх шиг. Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга байсан, байгаа арав гаруй хүн уулзсан. Мэдээж төрийн бодлогын нарийн ширийн юм тэнд яригдсан тул тэдгээрийг нь дэлгээд байх эрх надад байхгүй. Гэхдээ төрсөн сэтгэгдлээ хэлэхэд буруу нь юу байхав. Нэгд, Ардын нам, Ардчилсан намын төлөөлөл ойролцоо байсныг тэмдэглэх хэрэгтэй. Төрийн бодлогын ачааг энэ хоёр нам л үүрсээр ирсэн учраас тэр. Хоёрт, уулзалтын уур амьсгал бол ажил хэрэгч, илэн далангуй байсан шүү.  Хэлъе гэснээ хэнээр ч заалгахгүй эрхмүүд цугласан учраас үг нь жинтэй, шүүмжлэл нь хурц, санал нь тодорхой байлаа. Гуравт, хүн хүн өөрийн үзэл бодол, итгэл  үнэмшилтэй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ ганц нэг хүнийг эс тооцвол, ҮАБЗ-ийн экс дарга, гишүүд Монголын төрийн бодлого тогтвортой, залгамж чанартай байх ёстой гэдэг дээр, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой гэдэг дээр, улс орны хөгжил, аюулгүй байдлын асуудлууд дээр улс төрийн намууд хамтарч ажиллах ёстой гэдэг дээр санал нийлж байсан шүү.

Энэ уулзалтыг дотоодод төдийгүй, гадаадад ихэд сонирхсон бололтой. Гадныхан бүр ч илүү сонирхсон байх. Төрийн том ачаа үүрч явсан хүмүүсээ цуглуулаад төрийн бодлогынхоо нарийн ширийнийг ярьдаг ийм жишиг ховор. “Зөвхөн Монголдоо” байж ч магадгүй л жишиг юм.

-Гадаад гэснээс таны тухай хэвлэл мэдээллээр байнга л элдэв сенсаац гарч байх юм. С.Баяр гадаадад цагаачилсан гэнэ гээд л шуугина. Тэгснээ гадаад явах эрхээ хасуулжээ ч гэх шиг...  
-Би зун намаржингаа л элдэв ажлаар гадагшаа, дотогшоо нэлээд явлаа. Зорчих эрхээ хасуулсан бол тэр нь надад ямар нэг байдлаар мэдрэгдмээр юм даа, тийм ээ. Цагаачлахын хувьд ч гэлээ мөн адил. Цагаачилсан бол түүнийгээ давын өмнө би өөрөө мэдмээрсэн дээ. Хэвлэл мэдээллээр ямар үед, яах гэж сенсаац дэгдээдгийг чи мэднэ, би мэднэ. Элдэв сонгууль, хурал болохын өмнө хийсч, хийсгэж байдаг  л хог шүү дээ, чааваас. Тэгэхээр энэ сэдвээ өөрчилъе.

-Та дурсамжийн гоё өгүүллүүд бичжээ. Мань мэтийг ичээж байна лээ шүү.  Дурсамжаа бичиж  дууссан уу?

-Надад малгай зохидоггүй. Цаасан малгай бүр ч зохидоггүй. “Чукча бол уншигч биш, чукча бол зохиолч хүн шүү” гэсэн онигоо байдаг. Би бол үүнээс эсрэгээрээ  зохиолч биш, уншигч хүн. Хаяа үзэг цаас нийлүүлж суухдаа би гол нь өөрөө  таашаал авч байна. Амьдралынхаа өнгөрсөн хуудсыг дахин сөхөх, эргэцүүлэх сонин байдаг юм байна. Дахин амьдраад, аль хэдийнээ өнгөрч одсон цагийнхаа  агаараар дахин гүн  амьсгалах шиг л болох юм. Өнгөрсөн амьдралд маань наргиантай ч юм байж, гунигтай ч юм байж. Уналт ч байна, сэргэлт ч байна. Сургамжтай ч юм байна, надаас өөр хэнд ч хэрэггүй гэмээр шальдир бульдар юм ч цөөнгүй. Гэхдээ энэ бүхэн бүгдээрээ надад үнэтэй. Эдгээрийгээ эргэн дурсаж, эргүүлж мөлжих нь өөрөө сайхан зугаа юм байна. Бас ч гэж гайгүй мөлжүүртэй амьдарснаа одоо л нэг ойлгож байх шиг. Тиймээс дурсамжаа дуусгана гэж яарахгүй байгаа. Ямар Октябрийн баярын өмнө объектоо заавал хүлээлгэж өгөх үүрэгтэй яваа биш (инээв).

-Сэтгэл хөглөгдөж, хувь тавилангийн шинэ хуудас эргэж, шинэ агуулга тохиосон үед бичих хүсэл илүүтэй ирдэг. Таны хувийн амьдралд гарсан өөрчлөлтүүд таныг лав их өөр болгожээ. Лав л би тэгж харж байна. Ийм нарийн ширийн рүү хүртэл яриа маань орчихлоо. 

-Тэгээд... 

-Таны гоонь эр чигээрээ яваад л байх юм шиг хэгжүүн, ганцаардмал амьдрал өөрчлөгджээ. Ийм хүчтэй нөлөө үзүүлсэн гэргийн тань тухай асуумаар л байх юм. Бас бага охин тань одоо овоо том болчихсон биз дээ. Тэр нөхөр танд юу өгч буй нь миний хувьд шохоорхмоор сэдэв байна.
-Хувийн амьдралаа нийтийн өмнө дэлгэмээргүй байна. Ний нуугүй хэлэхэд. Үзэсгэлэн чимэглэлийн газрын үзмэр шиг олон жил дэлгээстэй явлаа. Одоо болно. Нэг их нууцлаад л, “маш нууц, онц чухал” болгоод байх юм цаана нь үгүй л дээ. Гэхдээ тэрүүхэн тэндээ, аав, ээж, охин гурвын дунд л  үлдээчихмээр юмтайгаа  баймаар байна. Дээр нь надад дөрвөн том охин, хүү Нацаг маань байгаа. Муу ээж минь байна. Ядаж энэ хэдийгээ одоо нэг амар тайван байлгамаар байна. Намайг зөв ойлгоорой, Ганчимэг ээ. 

-За, тэгье дээ. Ингэхэд таныг ээжийнхээ ажилд туслаад хөдөө яваад байна гэж сонссон. Бас аавынхаа дурсгалд зориулж түүхэн хүмүүсийн намтар цуврал байдлаар гаргахаар хөөцөлдөж байна гэж дуулсан. Энэ талаараа бол ярьж болно биз дээ?

-Ээж маань загас судлаач, аав маань түүх судлаач байсан. Би бол аль нь ч биш. Гэхдээ тэдний насаараа зүтгэж, хүсэж тэмүүлж байсан зарим ажлыг нь одоо жоохон завтай болсон дээрээ дэмжихсэн гэж бодож явдаг. Эхлэл төдий байгаа тул яриад байх юм одоохондоо маруухан байна. Хөөцөлдөж байгаа ажлын маань үр дүн ядаж цухуйг. Тэгсэний дараа ярья.
  
-Та ч үндсэндээ яриаг дуусгая гээд “хэлээд” эхлэх шиг боллоо. Уг нь асуух зүйл өдий төдий байна. Юутай ч хүсэлтийг минь хүлээж авч ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.
-Харин ч чамгүй удаан хөөрөлдчих шиг болох юм. 

Баяр дарга бид хоёр ийн хөөрөлдлөө. Гэвч би энэ удаа авсан ярилцлагадаа нэг л сэтгэл ханахгүй байх чинь...Бүхий л сэдвээр мэдрэмжийн өндөр эрэмбэн дээр дуугарч байдаг энэ эрхэм бол миний үргэлж ярилцахыг хүсэмжилж байдаг зочин юм. Ийнхүү ер бусын хөг аялгуу, эрч хүч үнэртүүлсэн тэрбээр гялалзсаар гарч одлоо. Үнэхээр Баярын цагийг таашгүй юм аа.  Одоо надад түүнд хэдэнтэй тавьж явсан “Таны улс төрийн цаг хэд болж байна вэ” гэсэн саваагүй төрхтэй ч чамгүй агуулгатай, хэлбэрийн хувьд ч басхүү чамин байсан тэр асуулт минь улам л утгагүй санагдаж байна.  Гэхдээ уншигч танд түүний хэлсэн жирийн ч биш жигүүрт үгнүүд, үгэн доторх үгнүүдээр нь дамжин Төрийн зүтгэлтний эрхэм дээд зиндааны тухай бодлууд эрхгүй төрж байгаа биз ээ.

http://ganchimeg.niitlelch.mn/

Sunday, 24 March 2013

С.Баяр: Харамсч байна

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярын “Өнөөдөр” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагыг толилуулж байна.

-Сайн байна уу. Ярилцах боломж олгосон Танд талархал илэрхийлье. Сайхан хаваржиж байна уу?
-Сайхан хаваржиж байна. Сайн уу, Батбаатар аа.

-Сайн. Таны бие тэнхээ сайн уу?
-Бие сайн. 

-Таны эмчилгээ үргэлжилж байгаа юу? Үр дүн сайн биз дээ? Ноднин зүрхний нэлээд нарийн хагалгаа хийлгэсэн, амжилттай болсон гэж дуулдсан...
-Тийм. Нутагт манай эмч нар оношийг нь тавиад урьдчилсан бэлтгэлийг хангасан байсан. Тийм учраас цаг хожсон шүү. Ирээд л хагалгаанд орсон. Одоо бол дажгүй л болчихоод байна.  

-Бүл нэмсэн гэж бас дуулсан. Танд баяр хүргэе. Охин том болж байна уу?
-Баярлалаа. Охин том болж байна. Наддаа бол хамгийн сайн эм дом энэ л болоод байна даа.

-Та юу хийж байна даа? Наана чинь очоод ирсэн хүмүүсээс дуулахнаа Таныг эрдмийн ажил хийж байгаа гэсэн. Тийм үү?  

-Эрдмийн ажил гэх ч юу юм. Яахав, зүгээр суултай биш, хааяа ганц нэг ном шагайсан шиг л байж байна. Энд Вашингтоны Их сургуулийн дэргэд Жэксоны нэрэмжит том сургууль, судалгааны төв байдаг. Олон улсын харилцаа, Ази, Номхон далайн орнуудын аюулгүй байдлыг түлхүү судалдаг газар. Би одоогоос хорин жилийн өмнө Азийн сангийн шугамаар энд ном үзэж, судалгааны зарим ажилд нь оролцож явсан юм. Тэр үед танилцсан багш, судлаач нартай ажил хэргийн сайн харилцаатай хэвээрээ л байдаг. Эрдэм шинжилгээний ганц нэг хурал, номын сан, энэ тэрд сууж  байгаа.    

-Таныг докторын зэрэг хамгаалж, Ph.D хийх гэж байна гэж сонссон. Нууц биш бол яг ямар сэдвээр зэрэг хамгаалах гэж байгаа вэ?

-Өө, за за. Нутгийн таньдаг хүмүүс энүүгээр дайраад өнгөрсөн. Жэксоны сургуулиар орж надтай уулзаад, бид хамтдаа манай сургуулийн гуанзанд жаал хууч хөөрсөн удаатай. Би буруу ойлгуулсан уу, тэр хэд очоод жаахан давсалчихсан юм болов уу. Ph.D хийж байгаа юм биш ээ. 1993-1996 онд энд ажиллаж байхдаа “Жижиг орны аюулгүй байдлын онцлог” гэсэн сэдэв судалж байсан юм. Манайх тэр үед Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлалаа ид боловсруулж байлаа. Тэр чухал ажилд хэрэг болох болов уу гэж намайг тэр үед наашаа явуулж билээ. Сүүлд УИХ-аар баталсан Үзэл баримтлалд миний томилолт хэрэг болсон нь юу л бол. Харин надад бол нэлээд их юм өгсөн. Үнэхээр нүд, чих нээгдсэн үе байсан.

-Жижиг орны аюулгүй байдал гэхээр чихэнд содон сонсогдож байна. Аюулгүй байдал аль ч оронд, том жижиг гэлтгүй адил чухал юм биш үү. Заавал жижиг гэж онцлохын учир нь юу юм, тэр онцлог нь юундаа байдаг юм бол?
-Наад мэтийн асуултад чинь шинжлэх ухааны үндэслэлтэй, бүрэн гүйцэд аналитик хариулт өгч чадвал эрдмийн том бүтээл болно л доо. Хүнийг өндөр нам, тарган туранхай, бяртай бяргүй гэдэг шиг улс гүрнүүдийг ч том жижиг, хүчтэй хүчгүй, нөлөөтэй нөлөөгүй гэх мэтээр ангилж ялгадаг. Эдгээрийн хэмжүүр нь тухайн улсын хүн ам, газар нутгийн хэмжээ, цэрэг-улс төр, үйлдвэр-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн чадавхи нь байдаг. Цаашлаад хүний нөөц, түүний чанар, боловсролын түвшин гээд дотор нь задлаад гуч гаруй үзүүлэлт, шалгуураар цэгнэдэг. Том жижиг гэдгээрээ ялгараад, газар зүйн байрлал, орчин хүрээлэл, тухайн цагийн нөхцөл байдал зэргээсээ хамаараад улс орнууд аюулгүй байдлаа өөр өөр аргаар хангадаг. Том гүрэн улс төр-эдийн засаг, цэрэг-техник гээд бүхий л чиглэлээр хүчээ зузаатган нөлөөгөө нэмэгдүүлж, аюулгүй байдлаа хангадаг бол жижиг оронд тийм боломж бололцоо хомс буюу огт үгүй. Тийм учраас л ухаан зарах, сийлэх шаардлага гардаг. Бололцоо чадавхи, орчин тойрондоо зохицсон яг ямар бодлого баримталбал улс орноо амар тайван, бүрэн бүтэн байлгах вэ гэсэн асуултад л хариулна гэсэн үг л дээ. Маш товчхон яривал ийм л сэдэв юм.

-Жижиг орны аюулгүй байдал гэхээр зөвхөн нэг орон биш, өөр бусад орны жишигтэй харьцуулж судлах ёстой болох уу?
-Тийм. Наадах чинь судалгааны тусдаа нэг том хэсэг юм. Жишээ нь, Швейцарь гэдэг улс байна. Манайхыг бодвол том улс л даа. Харин Герман, Франц, Англитай харьцуулбал жижиг улс. Гэхдээ хөрш томчуулынхаа хөлд гишгүүлчихэлгүй оршин тогтносоор өдий хүрлээ. Сүүлийн хоёр зуун жил Европ тив олон том дайн байлдаанд нэрвэгдэхэд Швейцарь л амиа авч гарч чадсанаар барахгүй, “дэлхийн диваажинд” тооцогддог болсон.
Эсвэл Финланд гэж улс байна. Орос, Швед гэдэг хоёр том гүрний дунд “халиуны зулзага” болж, олон зуун жил зовсон орон. Гэтэл дэлхийн II дайны дараа, хүйтэн дайны жилүүдэд тун ухаалаг, прагматик бодлого баримталсны хүчинд хөл дээрээ босож, бүр бэлжээд, амьжиргааны түвшин, аюулгүй байдлын үзүүлэлтээрээ том том гүрнүүдийг ардаа орхисон байх жишээтэй.
Израиль байна. Цэрэг-дайны чадавхи, тусгай албадын бэлтгэл зэргээрээ дэлхийд гайхуулдаг. Үүнийхээ хүчээр тун таагүй орчин хүрээлэлд нэг их амар тайван биш ч гэлээ элбэг хангалуун амьдарсаар л байна.
Энэ гурван орны аюулгүй байдлаа хангадаг арга нь огт өөр. Нэг нь төвийг сахиж дэлхийн банк санхүүгийн төв болох бодлого барьсан. Нөгөө нь хөрш том орнуудынхаа эдийн засгийг тэтгэх, дэмжих чиглэлээр аж үйлдвэр, дэд бүтцээ хөгжүүлж чадсан. Гурав дахь нь цэрэг-техникийн давуу тал, улс төр-дипломатын нарийн бодлого, дэлхийгээр нэг тарсан еврейчүүдийн нөлөө, нөөлөг  дээрээ түшиглэсэн байх жишээтэй.  
Эерэг эдгээр жишээтэй зэрэгцээд хэцүүдэж, муугаа үзэж яваа жижиг орон олон байна. Энэ бүхнийг судалж, анхаарч, Монгол орныхоо сул болон давуу тал, эерэг сөрөг хүчин зүйл, орчин хүрээлэл, одоогийн нөхцөл, эрсдэл бололцоо зэргээ нарийн тооцоод хөгжил, аюулгүй байдлын параметраа байнга тодотгож байх учиртай. Түрүүн миний ярьсан Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал бол ерөнхий чиг бодлогын, стратегийн баримт бичиг. Түүнийгээ тухайн цаг цагт нь нийцүүлж тодорхой тактик болгон, төрийн бодлогодоо тусгаад явахыг л аюулгүй байдлаа хангана гэж хэлдэг.

-Та хорин жилийн өмнө энэ сэдвийг судалж байсан гэлээ. Тэр үед үүнийгээ эрдмийн бүтээл болгож, зэрэг дэв, Ph.D ч юм уу хамгаална гэж бодож байсан уу?  
                 
-Тэр үед Ph.D хийнэ гэх бодол байх нь байсан. Бас ч гэж судалгааны овоо материал цуглуулчихсан, сургуультайгаа ярьчихсан байсан шүү. Би л сонгууль, улс төр гээд өөр тийш даялаад  яваад өгсөн байдаг. Тэгээгүй бол бүтэх ч байсан байж мэднэ, энэ бодол маань. Одоо бол миний хувьд аль ч сэдвийг шохоорхохоос цаашгүй л дээ.

-Яагаад цаашгүй гэж?
-Ph.D хийнэ, докторын зэрэг хамгаална гэвэл өнгөц шохоорхох биш, гүнд нь орж судлах хэрэгтэй болно.  Хамаг цаг заваа, бололцоогоо үүнд зориулна гэсэн үг. Тийм хүсэл сонирхол надад үнэндээ алга. Тэгдэг нас ч биш юм. Би тавь хол гарчихсан хүн. Үсээ цайтал, унатал суугаад, хэдэн жил зүтгээд энэ ажлын ард гарлаа гэж бодъё. Жартай доктор болох уу? Боллоо гээд яах ч билээ. Нөгөө жар хүрч ухаан суугаад, жаран нэгтэй яана гэдэг билээ… тийм юм болох уу (инээв).
Яахав, урьд судалж байсан сэдвээ хорин жилийн дараа эргээд сонирхоход сургамжтай л юм. Тэр үед бичиж байсан санаа оноо, хийж байсан дүгнэлт таамгаа эргээд уншихад сонин л юм. Зөв байж дээ ч гэх юм байна. Инээдтэй ч юм бас байж л байна.

-Юу нь инээдтэй гэж?
-Тогтож яривал юм юм л байна. Жишээ нь, хорин жилийн өмнө гарч байсан судалгааны олон бүтээл байдаг. Тэнд “Социализм мухардлаа, капитализм яллаа. Одоо либерал ардчилал, чөлөөт зах зээл даян дэлхийн бүх орныг бүрэн эзэгнээд, хүмүүн төрөлхтөн жаргалын манлайд хүрч, түүх өндөрлөнө” гэх маягийн санаа оноо зонхилж байлаа. Ноднин манай оронд зочлоод явдаг Фүкүямагийн алдарт прогнозын хаялга. Би ч гэсэн тэр үед тиймэрхүү л утга санаатай юмыг сайхан сайхан туудаг байж дээ. Гэтэл тэр “жаргалын манлай нь” одоо хаа ч байгаа юм. Нөгөө “түүх өндөрлөх нь” ч юу боллоо. Хөгтэй л юм. Гэхдээ хөгтэй, инээдтэй байж гэдгээ хожимдсон ч гэлээ ухаарч байгаа бол  сайн хэрэг. Энэ нь өөрөө хөгжил дэвшил юм даа. Тийм ээ. (инээв).

-Та дурсамж, дуртгалаа бичиж байгаа гэж надад ярьж байсан. Түүнийгээ бичсэн хэвээр үү? Хэзээ дуусах вэ?
-Мэдэхгүй. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй ажил эхэлчихсэн юм байна. Бичээд байвал ч цувуулаад явуулаад л байх бололтой. Надад бол сайхан л зугаа болдог. Дурсан санах, санаснаа эргэцүүлэх, алдаа оноогоо дэнслэх, тэгснээ сууж аваад бичих бол сайхан. Яг энэ үйл явц нь надад бол таалагдаад байгаа юм, уг нь. Гэхдээ үйл явц өөрт таалагдах нь нэг хэрэг. Үүнээс гарах үр дүн нь өрөөл бусдад таалагдах эсэхийг би хэлж мэдэхгүй. Оочин цоочин юм бол зөндөө л биччихэж. Үүнийгээ нэг эмхтгэх, хооронд нь уялдуулж холбох хэрэгтэй л болно байх даа.

-Таны дурсамж олны сонирхол татаж таарна. Манай “Өнөөдөр” сонинд ганц нэг хэсэг, бүлгээс нь нийтлүүлж болох уу гэж Танаас асуухад, “Болох л юм” гэж байснаа санаж байна уу. Уг нь “За гэвэл ёогүй” байдаг хүнсэн, Та.
-Хэний ч дурсамж сонин л доо. Үнэн л юм бичих ёстой. Түүнийгээ сонирхолтой хэлбэрээр буулгах хэрэгтэй. Бид улс, нийгмийнхээ том шилжилтийн нэн сонин үед амьдарч байгаа, бас ч гэж азтай улс. Түүх бидний нүдэн дээр бүтэж байна. Маш сонин өвөрмөц түүх. Бид бүгдээрээ том том үйл явцын гэрч болж байна. Мань мэт нь бас энэ үйл явцын идэвхтэй оролцогч нь байлаа. Уйдах, эргэцүүлэх завгүй шахуу туусаар өдий хүрч. Би найз нөхөд, ойр тойрныхондоо тэмдэглэл хөтөл, бод, эргэцүүл, бич гэж хэлдэг. Үүнийгээ нийгэм, ирээдүйн өмнө хүлээж байгаа үүрэг ч гэж үзэж бас болно. Ялангуяа тэр идэвхтэй оролцогч нар нь.
Өнгөрсөн үеэс үлдсэн албан баримт, хурлын тогтоол, протокол зэргийг яаж ийгээд олж болно. Харин үйл явдлын амьд гэрчийн халуун яриа, хувийн дүгнэлт, амьдралын аахар шаахар ч гэлээ “амьд факт” бүхий дурсамж, дуртгал бол дэндүү цөөн. Том мөрөнг тэтгэдэг уулын олон горхи, булаг шанд шиг тал талаасаа нийлээд эдгээр нь Монголын түүх болох ёстой. Амьд, үнэн, сонирхолтой түүх болох учиртай даа.

-Манай сонинд дурсамжаасаа нийтлүүлэх тухайд Та хариулсангүй...

-Яагаад болохгүй гэж. Болох л юм. Танай сонинд гэхээсээ надад илүү тустай болох биз. Бичээд байгаа юмыг маань хүн ерөөс сонирхох юм уу, үгүй юү гэдгийг мэдэж, мэдрэхэд хэрэгтэй л байх. Тэр оочин цоочин, олон задгай юмнаас алийг нь явуулахаа би бодъё. Ганц нэг юм нийтэлсний дараа хүмүүсийн сэтгэгдэл ирэх юм бол чи надад өгөөрэй. Бичиж байгаа юмныхаа хэмжээ хэмнэл, хэлбэр форматыг нь олоход надад бас хэрэгтэй.  

-Та улс төрд олон жил болсон хүний хувьд Монголын улс төрийн амьдралын тухай бичиж байгаа биз дээ?
-Мэдээж. Үзсэн, туулснаа л бичиж байгаа хойно. Тэрэн дотор сүүлийн гучаад жил Монголын улс төрийн халуун тогоонд чанагдсан маань орох ёстой. Би ч үе тэнгийнхэн дотроо нэлээд эртний динозаврын тоонд орно биз. Думаагийн Содном гуай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга байх үед би орлогч сайд болж байлаа. Тэр үеэс л миний улс төрийн амьдрал эхэлсэн.  Гэхдээ бичиж суухад нэг юм ажиглагдсан. Бага, залуу насны дурсамж гэдэг нь харьцангүй амар эд аж. Харин улс төр, эдийн засаг гэдэг бол маш олон хүний оролцоо, үйлдэл хөдөлгөөн, ашиг сонирхлын зөрчил, нэгдэл дээр суурилдаг. Ялангуяа шинэ цагийн улс төрийн амьдрал. Болсон процессийг зүгээр тоочоод өнгөрч болох л байх. Харин хувь хүнийхээ хувьд дүгнэх, оношлох нь тун амаргүй. Тодорхой цаг хугацаа өнгөрөх ёстой юм байна. Халуун мөрөөр нь дүгнэх аргагүй. Яаран дааран дүгнээд унавал нөгөө Фүкүямаг дагаж хөөрцөглөхтэй адил юм болно.
Бичих ажил маань сунжраад байна, хаана очиж дуусах нь тодорхойгүй байна гэж чамд хэлээд байгаагийн учир нь  энэ. Түргэн, түүхий гамбир хайрмааргүй байна.
ЦАГААЧЛАХ ТУХАЙД ГЭВЭЛ НАД ШИГ НАМТАРТАЙ,
МИНИЙ НАСНЫ ХҮНИЙ ХИЙДЭГ АЖИЛ БИШ

-Улс төр гэснээс Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. “Баяр сонгуулийнхаа штабыг байгууллаа” гэсэн мэдээ гарсан. Та энэ сонгуульд ямар байр сууринаас оролцох бол?
-Сонгогчийн байр сууринаас оролцоно. Саналаа өгнө.

-Мэдээж, одоогийн Ерөнхийлөгч, МАН-аас нэр дэвшигчийн хооронд гол тулаан болох байх. Үр дүнг нь та хэрхэн таамаглаж байна вэ? 
-Ирэх сонгууль, болох наадмын үзүүр түрүүг тааварлаад, түүнийгээ яриад суудаг нь би биш л дээ.

-Эзгүй хойгуур чинь Таныг чиглэсэн баахан хар PR явдаг нь бараг зүй тогтол болчихож. Та үүнд хэрхэн ханддаг вэ? Ямар нэгэн хариу барина даа гэж боддог уу? Жишээ нь, “Ерөнхий сайд асан С.Баяр Канад руу цагаачлахаар шийджээ” гэх утгатай мэдээлэл саявтар гарсан. Та сонссон л биз дээ?

-Сонссон. Ийш тийш цагаачлах тухайд гэвэл энэ нь над шиг намтартай, миний насны хүний хийдэг ажил биш.
Намайг эзгүйд баахан хар PR явдаг гэж хэллээ. Хүн, техник шиг тэр чинь өөрөө “явдаг” эд биш л дээ. Түүнийг зориуд түлхэж, түлшийг нь хийж байгаад “явуулдаг”. Яагаад, яаж хөдөлгөдөг, хэн, хэзээ явуулдаг нь тодорхой. Тааж цөхөөд байх юмгүй. Манайх шиг цөөхөн хүнтэй газар нууц юм гэж байх биш. Үүнд  яаж ханддаг вэ гэж асуулаа. Тоохгүй л хаях хэрэгтэй ш дээ.
Хариу барихын тухайд гэвэл чи мэднэ дээ, миний хандлагыг. Намайг Ерөнхий сайд байхад чи Засгийн газрын Хэвлэл мэдээлийн албаны дарга байсан хүн. Тэр үед хар PR байсан уу. Одооноос хавьгүй их байсан. Тэр үед өөрийгөө магтах, өрөөлийг муулах чиг зүг танай албанд би өгч байсан уу. Үгүй. Тэр үед хөдлөөгүй юм, одоо хөдөлнө гэж байх уу? Үгүй шүү дээ.
Францын Ерөнхийлөгч асан Де Голь хэлсэн байдаг. Над руу угаадас цацлаа гэхэд тэр нь намайг онооч уу, үгүй ч үү. Харин угаадас цацдагт нь угаадасны үнэр нэвт шингээстэй гэсэн утгатай үг байдаг санагдаж байна. Орчноо шинжвэл угаадасны эхүүн үнэр нэвт шингэчихсэн яваа этгээд цөөнгүй л таардаг.  Тэглээ гээд яах гэж? Холуур тойрсгээд салхин дээгүүр нь гарах хэрэгтэй. Зууралдах хэрэггүй. Үнэр нь шингэж мэднэ.
Манай улс төр ч тэр, хэвлэл мэдээлэл ч тэр өсөлтийн бэрхшээлээ л туулж явна. Гол нь эрх, үүргийн тэнцвэр огт байхгүй. Хөлд, хэлд орж байгаа балчир хүүхэд шиг. Заримдаа овоо босоод зогсчихсон, заримдаа дөрвөн хөллөчихсөн байх жишээтэй. Гэхдээ хорин настай Монголын ардчилалд байтугай, хоёр зуун настай Америкийн ардчилалд ч ийм маягийн зовлон бэрхшээл гарч л байдаг юм байна. Тэгсгээд тэнцвэрээ олж, зүгшрэх байлгүй дээ. Яваандаа зүгширдэг  л хорвоо. Харин тэр зүгшрэхийг нь мань мэтийн динозавр үзэж амжихгүй ч байж мэднэ.  
 
-Жилийн өмнө УИХ-ын сонгууль болох гээд бужигнаж байсан. Нэр дэвших, ядахдаа жагсаалтад бичигдэх хүний нэг нь Таныг гэж сонгогчид тооцож байсан байх. Татгалзсан шалтгаан тань юу байв. Бие, эрүүл мэндийн байдал гол шалтгаан байсан байх. Өөр ямар нэг учир байсан уу?
-Чи түрүүн миний эмчилгээний явц, хагалгаа гээд асуугаад байсан. Би энэ талаар яриад байх дургүй. Ямар гавьяа байгуулчихсан биш, өвчин эмгэгээ тоочих хэн ч дургүй. Гэхдээ өвдөөд боссон хүн нэгийг боддог. Хүндхэн өвдөөд боссон хүн нэлээдийг боддог гэдэг. Амьдрал, юмсын үнэлэмж ч арай л өөр болдог юм байна. Улс төрийн амьдралд бүрэн дүүрэн, дүүрэн хаазтай ч гэмээр юм уу даа, оролцох  боломжгүй л болсон юм бол тэр хавьд сүүтэгнэж, өдөр хоногоо барж байх хэрэггүй. Би энэ тухай нэг биш удаа ярьж байсан даа. Байвал байсан шиг бай, явбал явсан шиг яв гэж. Би эргэж хургасан, хагас хугас хэмжээтэй, жирэмсэлсэн ч юм шиг, үгүй ч юм шиг хоёрын хооронд юманд үнэн дургүй.
Тиймээс ноднингийн сонгуульд оролцох, эсэх тухайд миний байр суурь эхнээсээ л тодорхой байсан. Өөр ямар нэгэн учир шалтгаан энд байхгүй. 
 
-УИХ-ын сонгуульд МАН, АН-ын аль нэг нь ялимгүй давуу байдлаар ялах нь үндсэндээ тодорхой байсан. Тиймээс 2008 оных шиг хамтарсан Засаг байгуулах юм байна даа гэсэн хүлээлт нэлээд байсан болов уу. Та ойрын жилүүдэд хоёр гол нам хамтран ажиллах нь улс орны ирээдүйд чухал гэсэн байр суурийг баримталдаг хүн. 2008 онд МАН ялсан ч, АН-д санал тавьж хамтарсан Засгийн газар байгуулсан үйл явцыг Та “Түүхэн сонголт” гэж нэрлэж байсан санагдана. Харин 2012 оны наймдугаар сараас сонголт өөр замаар явчихлаа. Юу бодогддог вэ? 
-Харамсаж байна. Үнэн голоосоо харамсдаг учраас хэлэх ч үг олддоггүй юм. Үүлэн чөлөөний нар шиг боломж шинэ зууны гараан дээр бидний Монголд олдсон. Дэлхийн, бүс нутгийн бизнес-эдийн засгийн нэн таатай конъюнктур байдлыг ашиглаад ухасхийх бололцоо бидэнд уг нь байгаа юм. Хөгжил талаасаа ч, аюулгүй байдал талаасаа ч ухасхийн урагшлах бололцоо. Тэр бололцоог тус тусдаа биш, хамтдаа л хэрэгжүүлэх боломжтой. Өөр шаанс байхгүй. Хамтдаа гэдэг нь бүгдээрээ биш юмаа гэхэд дор хаяж хоёр том нам нь ижил тэгш оролцоод гэсэн үг. Улс орны хөгжил, аюулгүй байдлын суурь болсон том том асуудлыг өнөөдөр аль ч нам дангаараа шийдэх боломжгүй. Хамтраад ч шийдэхэд бэрх байгаа асуудлыг дангаараа шийднэ гэж бүр байхгүй. Энэ бол аксиом. 
Хий хоосон улстөржсөн, “муу эр дайнд хөөрсөн” маягийн сэтгэлгээнээс болж, өөрийгөө өрөөл бусдаас илүү эх орондоо “аймаар их” хайртай мэтээр харуулах гэсэн хямдхан популизмаас болж Монгол орноо босгох биш хэвтүүлэх, эвлүүлэх биш задлах заваан хандлага гаарсаар л  байна. 

2008 оны сонгуулийн дараа энэ буруу хандлагыг зогсоох гэж би оролдсон. Сонгуульд ялсан ч нөгөө талдаа гар сунган, хамтарсан Засаг байгуулаад, цөөн ч гэлээ хэдэн том асуудал хамтаараа шийдсэн. Оюутолгойн гэрээ, Атрын III аян, бүртгэлийн шинэчлэл гэх мэтийн тодорхой ажил хийж амжсан. Үүний үр дүн ч гарсан. Монгол Улс хөгжлийн хурдцаараа сүүлийн хоёр жил дэлхийд рекорд тогтоолоо, хорин хувь гаран алдлаа гээд л өнгөрсөн сонгуулиар шуугиад байсан. Энэ бол хамтарсны л үр дүн. Өөр юу ч биш. Биднийг шүүмжилж, гоочилдог л доо. “Хөгжлийн хорин хувь гэдэг бол макро эдийн засгийн үзүүлэлт. Ард түмний амьдралд энэ нь нөлөөлсөнгүй” гэж. Макро эдийн засгийн ийм үзүүлэлтээ ядаж таван жил тогтвортой барьж чадвал микро түвшинд буюу ард иргэдийн аж амьдралд энэ нь нааштай нөлөөлж эхэлдэг гэдэг нь өөр аксиом. Эдийн засгийн аксиом.
Хамтраад амин гол асуудлаа шийдэх гэсэн хандлага тасарсанд би үнэхээр харамсаж байгаа. 2008 онд бид сонгуульд ялчихаад хамтрах санал хүргүүлж байлаа. Энэ бол нийгмийн сэтгэлгээ, улс төр-хуулийн тогтолцоо талаасаа тун амаргүй зүйл байсан. Гэхдээ бид эхлээд үүнийг нам дотроо илэн далангуй хэлэлцсэн. Эхлээд эргэлзэж байснаа журмын нөхөд маань эцэстээ миний саналыг бүрэн дүүрэн дэмжсэн. Нөгөө талд ч саналаа ойлгуулж, хэрэгжүүлж чадсан. Ард түмэн ч хамтраад зүтгэхэд маань дэмжиж, ам сайтай байсан шүү.
2012 оны сонгуульд хэн ч ялсангүй. Ард түмний сонголт нь ийм байв. Хэнийг ч ялуулаагүй нь хамтраад зүтгэ гэсэн үүрэг, захиалга биш гэж үү? Гэтэл нийгмийнхээ энэ захиалгыг уландаа гишгээд, түүхэн ийм бололцоон дээгүүрээ хээвнэг гишгэлээд гарахад нь би харамссан. Дахиад л хайран цагаа хий хоосон улстөржөөд барах нь. Даанч дээ. Дэлхийн хөгжил биднийг хүлээхгүй дээ гэж сэтгэл их гонсойсон. Нөгөө л улстөржсөн сэтгэлгээ, нөгөө л хямдхан популизмд  бууж өгөөд, ялагдаад байх шиг. Яалтай ч билээ.      
МӨН Ч ОЛОН ДАВАА ДАВЖ ҮЗСЭН НАМ ДАА, МАНАЙ НАМ

-Шинэ Засгийн газар өөрийгөө “Шинэчлэлийн” гэж нэрлэсэн. Ард иргэд ч их зүйлийг хүлээж байгаа нь анзаарагдаж байна. Харамсалтай нь хүлээлт, итгэл жаахан цөхрөх тал руугаа орчих гээд байх шиг. 
-Норовын Алтанхуягийн Засгийн газарт би сэтгэлийнхээ угаас амжилт хүсэх ёстой хүн. Хүсэж ч байгаа. Гэтэл сая ярьсанчлан, мордохын хазгай л болоод байх шиг. Засгийн газраа юу ч гэж нэрийдэж болно л доо. “Шинэчлэлийн” гэхийн цаад санаа нь зөв байж болно. Шинэчлэл хэрэгтэй нь ч үнэн. Шинэчлэгдэж байж хөгжинө. Гэхдээ юугаа шинэчлэх вэ? Харагдсан болгоноо шинэчилнэ гээд байвал бүтэхгүй. Тэгээд ч энд тэнд ёрдойсон үзүүрээс нь биш, ёзоороос нь шинэчлэлээ хийх хэрэгтэй биз. 
Давын өмнө сэтгэлгээний шинэчлэл хэрэгтэй. Бие биеэ дайсагнасан, нэг нь нөгөөгөө окопноос цухуйх маягаар харсан “дайны сэтгэлгээ”-нээсээ салах хэрэгтэй. Нам намаараа хуваагдаж дайтдагаа, “улааныхан ба харынхан” болж тоглодгоо одоо орхих хэрэгтэй. Социализмын нэг л дошин дээр хамт тоглож өссөн хүүхдүүд одоо хэн нь хэндээ ардчилал гэдэг хичээл заагаад, багш царайлаад байгаа юм бэ гэмээр. Хичээлээ давтсан, ойлгосон өнөөгийн байдлаас нь үзвэл аль аль маань л анги дотроо хойгуурхан суудалтай, ширээ дэрлээд, “эх орны алтан гурав” чирээд л явж байх шиг. 
Ноднингийн сонгуулийн дараа Германы нэг улстөрчтэй би  Булган, Сэлэнгээр хамт явлаа. Түүнтэй олон жил үерхэж, бие биеэ гайгүй сайн мэддэг болсон учраас илэн далангүй л ярилцаж явав. Тэр надаас манай улс төрийн намуудын тухай, алийг нь “барууны”, алийг нь “зүүний” нам гэж үзэх, намуудын бодлого, үйл ажиллагаа нь яаж ялгардаг гэх маягийн юм асуугаад байв. Эцэст нь, “Танай энэ олон нам хоорондоо ялгарах юм огт алга” гэж дүгнэж билээ. “Огт алга” гэх нь ч юу юм. Гэхдээ манай улс төрийн намууд төлөвшиж чадаагүй, ам ажил хоёр нь саланги, олон талаасаа “ногооноороо” байгаа гэдэг нь үнэн. Төлөвших боломж, цаг хугацаа ч хангалттай байсангүй. Хорин жил “шилжилт”-ийн зам туулсаар өнөөг хүрсэн. Байгаа энэ янзаараа  бол шилжилт маань дахиад ч хорь байтугай жил үргэлжлэх бололтой.
Монгол Улс маань нэг цул юм. Ардчилсан Намын Монгол Улс, Ардын Намын Монгол Улс гэж байхгүй. “Би бүгдийг хуу шинэчлэнэ. Тэр зуур чи цаанаа байж бай” гэх байдлаар хандвал юу ч бүтэхгүй. Нийгмээ бүхэлд нь хамарсан томоохон шинэчлэл үнэхээр хийх гэж байгаа бол дангаараа биш, хамтаараа зүтгэж байж л амжилт үзнэ. Өөр арга байхгүй. Энэ бол миний итгэл үнэмшил. Ганц минийх ч биш гэдэгт бат итгэж байна.

-Оюутолгойн гэрээ зөв болсон, буруу болсон гэх яриа одоо ч тасраагүй л байна.  Та энэ талаар дуугарах юмтай, хэлэх үгтэй хүний нэг гэж үзээд энэ сэдвийг хөндөж байна л даа.         
-Цагийн юм цагтаа гэдэг. Би цагтаа энэ сэдвээр хангалттай дуугарсан. Дуугарах байтугай хүчтэй дугтарч байгаад гэрээг байгуулсан гол хүн нь би мөнөөс мөн. Тиймээс гэрээ буруу болсон гэвэл гол буруутан нь би мөн. Улс төрийн шийдвэр гаргасан учраас. Харин зөв болсон гэвэл гавьяаг хуваалцах хүн олон байна байх. Улс төрийнхөөс бусад шийдвэрийг гаргахад оролцсон хүн олон учраас. 

-Оюутолгойн гэрээ үнэхээр авах юмгүй муу гэрээ болсон, түүнийг даруй цуцлах ёстой гэж байсан хүмүүсээс УИХ-д сонгогдоод, зарим нь бүр Засагт суудал эзлээд, ороод ирсэн байгаа. Энэ гэрээг цуцлагдана гэж Та боддог уу?             
-Цагийн юм цагтаа гэж би түрүүн хэлсэн. Цагтаа хийнэ гээд л гэрээг хийсэн. Одоо цуцалдаг цаг нь ирсэн гэвэл эрх мэдэл нь байж л байна. Хөндлөнгөөс мань мэт нь яах  ч билээ. Уг нь, энэ гэрээтэй холбогдуулж улсаас нэг ч төгрөг зараагүй байгаа. Энэ гэрээтэй холбогдуулж одоохондоо чимх ч зэс, атга ч алт тэр уурхайгаас гадагшаа гараагүй л байна. Тийм биз?  Гэтэл бүтээгдэхүүнээ гаргаж эхлээгүй атлаа хаялгаа өгөөд эхэлчихсэн төсөл шүү дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тээр дээрээсээ айлдсан байсан. ”Өсөн тэлж буй Монголын эдийн засагт өнөөдөр эргэлдэж байгаа мөнгөний гуравны нэг нь Оюутолгойн хаялга ” гэж. Ийм л юм.  

-Оюутолгойн гэрээнд дахин гар хүрэх шаардлагагүй “төгс төгөлдөр” баримт бичиг болсон гэж та арай үздэггүй биз дээ. Энэ гэрээг сайжруулах, Монголын эрх ашигт илүү нийцүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа хүмүүст та юу гэх вэ?  
-Гэрээ “төгс төгөлдөр” болсон гэж би хэзээ ч хэлж байгаагүй. Ерөөс төгс төгөлдөр гэх юм хүний бодит амьдралд байхгүй, бодол мөрөөдөлд л байдаг зүйл. Гадаад, дотоод хоёр тал оролцож байгуулсан гэрээ байтугай, дан дотоодын оролцоотой нэг талаас баталсан Үндсэн хуулинд маань хүртэл сайжруулах юм цөөнгүй бий. Хоёр талын гэрээ учраас нөгөө талтайгаа хэлэлцэж, учраа олж байж л түүнд “гар хүрнэ”. Би гэрээг сайжруулахын эсрэг биш, төлөө байдаг хүн. Гэхдээ “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий” л гэж болгоомжилдог.

-Авлигын асуудал, албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар Та мэдээ сонсож байгаа байлгүй. Арга хэмжээ авах нь, төр идээ бээргүй байх нь мэдээж зөв. Арга хэрэгсэл, агуулга, шинж төрх нь ямар чиг хандлагатай байх ёстой вэ?
-Авлигатай тэмцээд хэрэггүй гэж хэн хэлэх юм бэ. Тэмцэх нь зөв. Гэхдээ яг одоо авлигатай тэмцээд байна уу, Ардын Намтай онцолж тэмцээд байна уу гэх эргэлзээ нийгэмд төрөхөөр байна. Нөгөө л  намчирхсан, дайсагнасан хандлагаар энэ ажил явбал үр дүн гарахгүй. Харин ч алсын уршигтай байж мэднэ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй юмаа гээд намчирхсан өргөн хонзогнол үүсч тархвал Монголын нийгэмд энэ нь сайныг авчрахгүй нь ойлгомжтой. 
1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл сонгуульд ялаад МАХН-ын харьяалалтай баахан хүмүүсийг ажлаас нь халсан. 2000 онд МАХН ялаад хариуг нь давуулж барьсан гэдэг. Түүнээс хойш сонгуулийн дараа намын харьяаллаасаа болж ард иргэд хэдэн мянгаараа ажилгүй болдог явдал хэвшил, ёс заншил шахуу болчихлоо. Энэ буруу бусармаг хэвшил авлигатай тэмцэх ажилд халдвал яана?
Дахин хэлье. Авлигатай тэмцэх ёстой. Гэхдээ хууль ёсоо ягштал баримталж, шударгаар тэмцэх ёстой.

-Танай нам сөрөг хүчин болсон. Гэхдээ хүчтэй сөрөг хүчний дүрийг  бүтээж огт чадсангүй. Юутай холбоотой вэ? МАН нэгэнт Засгийн гадна байгаа нөхцөлд маш хүчтэй сөрөг хүчин байх боломжтой гэж олон нийт үзэж байгаа. Тэгвэл аль алиндаа тустай байхсан. Нөгөө талаар сөрөг хүчний байр суурин дээр шилжсэн энэ нөхцөл МАН-ын хувьд бодлого, баримтлалаа чамбайруулах, зарим нэг ундуй сундуйгаа цэгцлэх маш сайхан боломж мэт санагддаг. Гэтэл аквариумын загас шиг л харагдаад байх юм...

-Би тэгж харахгүй байна. Ардын Намыг Монголын нийгэм төрүүлсэн. Тиймээс манай нийгэмд байгаа бүх л сайн, муу юм энд бас бий. Бусад намтай үүгээрээ адил. Ялгаа нь энэ намын түүх, даац, туулах чадвар гурав юм. Мөн ч олон даваа давж үзсэн нам даа. Ээлжит даваагаа давна гэдэгт би эргэлзэхгүй байна.
 
-МАН-ыг бүх талаар хүчийг нь сулруулах, болж өгвөл нэгмөсөн тамирдуулах бодлогыг АН хэрэгжүүлж байна. Тэдний буруу биш байх. Харин үүнийг сөрөн зогсох,  улс төрийн ямар хүчин бэ гэдгээ харуулах нь танайхны үүрэг байлтай. Гэтэл ялагдсаныхаа цочролоос гарч чадахгүй, өөрсдийгөө өдөж хатгасан, гэдэс дотроо уудлалцсан улс төр л яваад байх шиг. Та энэ талаар юу бодож яваа бол? “С.Баяр юу бодож байгаа бол” гэж олон хүн харж байгаа учраас энэ асуултыг тавихгүй байж чадсангүй.
-Идэвхтэй оролцогч байхаа хэдийнэ больсон намайг олон хүн харж байгаа гэдэг нь юу л бол. Намдаа ач санаж явдаг хүний хувьд хэлэхэд, ялагдал бол ялалтын оршил гэх диалектик гаргалгаа байдаг. Энэ үнэн бол эргээд ялалт нь ялагдлын оршил байх учиртай. Гэхдээ ялах, ялагдах ч яахав. Ялалт гэдэг маань яг юу билээ гэдгээ бүрэн ухаарах хэрэгтэй юм шиг. Сонгуульд ялсан л бол “эзэгнэнхэн оршино” гэсэн үг үү, эсвэл нийгэмд илүү нэмэр тустай хувилбарыг нь сонгох, хэрэгжүүлэх давуу эрхээ эдэлнэ гэсэн утга агуулдаг уу? Нам сонгууль болгоны дараа өөрөө өөртэйгөө, гэдэс дотортойгоо ноцолдож, “жигүүрлэж, фракцалж” суухаа чухалчлах уу, эсвэл нийт нийгмээ хөгжил, дэвшил өөд татах, үүлэн чөлөөний нар шиг бололцоог дүүрэн ашиглах бодлогоо чамбайруулаад явах уу гэх мэтийн асуулт олон байна.
Диалектик гаргалгаа байгаад ч ялалт аяндаа давхиад ороод ирэхгүй. Зөвхөн намын гишүүдийнхээ л оролцоо дэмжлэгээр сонгуульд ялна гэж байхгүй. Нийгмийн олонх дэмжиж байж л сонгуулийн амжилт ирдэг.
Өнгөрснөө дүгнэх, ирээдүйгээ төсөөлөх, одоо цагаа оношлох чадвар манай намд бий. Сайн л ярилцах хэрэгтэй. Намын дарга Ө.Энхтүвшин саявтар намын журмын нөхдөдөө хандаж ил захидал бичсэн байна. Би уншсан. Санал нийлэх зүйл цөөнгүй байна лээ. Санал нийлмээргүй ч зүйл бас харагдсан. Гэхдээ энэ бол миний л байр суурь. Би төсөөрчихөөд буруу бодож байж ч болно. Намын асуудал бол манай халуун бүл доторх л асуудал. Эхлээд халуун бүлээрээ хэлэлцэж байгаад дараа нь хэвлэлийн нүүр дамжуулан дэлгэрэнгүй ярьж болох юм.  Болох ч юу байхав, ярих ч хэрэгтэй байх. Бид дотроо юу ярьж байгааг нийгэм мэдэг, дүгнэг, дэмжиг.
За, Батбаатар аа. Хоёулаа ингээд яриагаа өндөрлөх үү дээ. Ойрд ам нээгээгүй, яриандаа халаад олон сэдвээр баахан л туулаа, баахан л улстөржлөө. Одоо яриагаа дуусгах уу?

-Ганцхан асуулт байна. Улс төртэй огт холбоогүй асуулт. Таныг Хөвсгөл, Завханаар загас үржүүлгийн ажлаар явж байхад тань таарсан гэх хүнтэй би Цагаан сараар уулзлаа. Та нийслэлээ алгасаад шууд хөдөө яваад байгаа юм уу. Ер нь наашаа хэзээ ирэх вэ?
-Миний үржүүлдэг загас гэж юу байхав. Ээжийн насаараа хийж яваа ажилд нь туслах санаатай л байна. Манайд загасны нөөц жилээс жилд улам бүр хомсдож байгаа. Байгаль орчны бохирдлоос ч болдог. Буруу цагт, буруу аргаар олноор нь хүйс тэмтэрч байгаагаас ч болдог. Энэ чиглэлээр нэг төсөл эхлүүлсэн санаатай. Сүүлийн гурван жил хөөцөлдөж байна. ХААИС энэ төслийг аваад явж байгаа юм. Загасны чиглэлээр сурч байгаа оюутны тоо өнгөрсөн жил эрс нэмэгдсэн гэсэн. Гадаад, дотоодын бүхий л бололцоог хайж байна. Эрдэм шинжилгээний байгууллагуудаас гадна хувийн хэвшлийнхэн энэ ажилд их тусалж байгаа. Ноднин л гэхэд Идэр, Чулуут, Дэлгэр мөрний бэлчир, Туул голын эхэнд хоёр зуун мянган жарамгай тавьсан. Том саванд энэ бол бага л тоо. Гэхдээ яахав. Энэ жил нэг сая гаргах болов уу гэж бодож байгаа.
Энэ шугамаараа хэд хэдэн аймагт ажил эхлүүлэх санаа бий. Зөвхөн Хөвсгөл, Завхан биш л дээ. Төв, Булган аймаг байна. Ерөөс манай хойд бүсийн аймгуудаар боломжтой газар цөөнгүй бий. Өнгөрсөн зун, намар зарим газраар нь явсан. Газраа зөв сонгох, тэндээ хээрийн лаборатори маягийн юм байгуулах, манайдаа таарсан технологи хэвшүүлэх, хүнээ сайн сургах гээд хийх ажил нэлээд бий. Одоо дулаарч байна. Удахгүй цөн төрөх, түрс шахах үеэр дараагийн шатны ажлаа хийх ёстой. Манай төслийн нөхөд бэлтгэлээ ид базааж  байна. Тиймээс очоод л хөдөө явна даа. Төрсөн, өссөн ганц нийслэлээ алгасч алагчилна гэж юу байхав. Гэхдээ хийхэд сонирхолтой, урамтай ажил хөдөө илүү их байна. Зар, зардал багатай шиг явахыг бодно доо.

-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.
Ярилцсан С.БАТБААТАР
 “ӨНӨӨДӨР” сонин