Tuesday, 21 June 2011

С.ЦОГТБАЯР: ОГТ МӨНГӨГҮЙ Ч ГЭСЭН ОЛИГАРХИ ШИГ ЯВЖ СУР

Шог зураачдыг баруунд вакцин таригчид хэмээн нэрлэдэг. Нийгмийн болохгүй бүтэхгүйг шүүмжилж, хоёр нүүр гаргагчдыг уран аргаар илчилдэг учраас ийн нэрлэдэг аж. Тэгвэл зураач С.Цогтбаярыг салбарынхан нь “гайгүй сайн вакцин үйлдвэрлэгч” хэмээн үнэлдэг юм билээ. Зах зээлийн ороо бусгаа үед шог зургийн салбарт үнэнч үлдсэн цөөн хүний нэг нь тэр. Хэдийгээр аливаа зүйлсийн бараан талыг илчлэн харуулдаг ч тэрбээр юухнаас ч гэрэл гэгээтэй хэсгийг нь хамгийн түрүүнд олж хардаг хүн.
-Шог зураг өнөөдөр “тонших” үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Тоотой хэдэн сонинд улс төрийн сэдэвтэй зураг л хааяа гарах юм?
-Хүмүүс тэр дундаа хэвлэлийнхэн шог зургийг сэтгүүл зүйн нэг төрөл гэдгийг умартсантай л холбоотой болов уу. Тэрнээс биш шог зурагт дуртай, сонирхолтой залуус алга болчихоогүй юм. Нөгөө талаас үнэлэмж нь тун бага байдгийн улмаас залуус мөнгө ахиу олох салбар, чиглэл рүү орж байна. Энэ нь тэдний буруу биш, зах зээлийн хууль шүү дээ. Хүсэл сонирхолдоо үнэнч үлдсэн хэсэг зураач шог зургаа зурж, гадаадын үзэсгэлэн, уралдаанд оролцсоор байна. Сүүлийн үед gogo. mn, sonin.mn, baabar.mn-д шог зураг нэлээд гарах болж.
-Болохгүй бүтэхгүйг шүүмжлэх нэг хэрэг. Тэрийг хошин шогоор харуулахад хурц ухаан, мэдрэмж чухал байх даа?
-Хөгжмийн зохиолч, яруу найрагч бол төрдөг юм. Үүнтэй адил шог зураачийг сургаж болдоггүй, энэ бол төрмөл авьяас гэж би боддог. Учир нь хошигнож зурахад нарийн ухаан, торгон мэдрэмж хэрэгтэй. Ихэнх хүн улс төрийн шог зургаар л энэхүү урлагийг хязгаарлаад байх шиг ээ. Улс төр, нийгэм, цаг үе, цагаан, хөрөг гээд дотроо уг нь олон төрөлтэй. Мөн барууны хэвлэлүүдэд тоймчийн шог зураг гэж бий. Улс төр, нийгмийн үйл явдлыг тоймлон шог хошноор зурдаг нь тэр. Шог зураг Пулитцерийн шагналын нэг төрөлд багтдаг нь ямар чухал салбар гэдгийг харуулж буй.
-Ингэхэд та хэдийнээс уран бүтээлчийн зам руу орсон бэ?
-Би багаасаа л зурах дуртай байсан. Тэр сонирхолдоо хөтлөгдөж, 1980 онд ДУДС-д элссэн юм. Тэр үед “Тоншуул” 120000 уншигчтай, нэр нөлөөтэй сэтгүүл байлаа. Мөн тэр үед Данийн шог зураач Херлуф Бедструпийн бүтээлүүд бараг айл бүрт байна.
Шог зураг сонирхоход надад нөлөөлсөн зүйлс энэ. 1982 онд “Тоншуул”-д зургаа анх нийтлүүлсэн нь урам зориг өгч, шог зурагт эргэлт буцалтгүй орсон доо. Төрийн том хэвлэлд бүтээлээ нийтлүүлнэ гэдэг жирийн оюутан миний хувьд том боломж байлаа. Ц.Байды, Ц.Доржготов, В.Одгийв, А.Гүрсэд гээд тэр үеийн мундаг шог зураачдаас үлгэр дуурайл авдаг байв.
-Оюутан байхдаа зурсан зургаасаа болж дээрээс банга хүртэх, шийтгүүлэх тохиолдол гарч байв уу?
-Тухайн үед тийм зүйл гарсан л юм билээ. Байгаль хамгаалах сэдэвтэй зургийг маань Ю.Цэдэнбал даргатай адил болсон гээд нэлээд яриа болсон гэдэг. Гэхдээ би өөрөө сүүлд нь сонссон л доо. Залуу хүнийг мохоочих вий, шог зургаас хөндийрүүлчих байх гэсэндээ манайхан надад хэлээгүй байх.
-“Тоншуул” сэтгүүл сүүлийн үед гарахаа больжээ?
-Манайд чөлөөт хэвлэл хурдацтай хөгжиж байна. Чөлөөт хэвлэл тухайн нийгэмд вакцин нь байдаг. Тэрхүү орон зайд “Тоншуул” үгүйлэгдэж байгаа нь үнэн. Өндөр төвшний сайн сэтгүүл гаргахаар бид ажиллаж, бэлтгэлээ хийж байгаа. Би хугацаа товлох дургүй. Хэрвээ хугацаандаа багтахгүй бол худлаа ярьсан мэт эвгүй байдаг юм. Сонгууль дөхөхөөр ямар ч завгүй болно. Их ажлын хажуугаар хувийн уран бүтээлээ хийх, гаднын үзэсгэлэн, уралдаанд оролцох ч хэрэг гарна. -Чөлөөт хэвлэл вакцин болж чадаж байгаа гэж үү. Ихэнх сонин нийгмийг эрүүлжүүлэхээс илүүтэй хов жив л хөөцөлддөг шүү дээ. Хүмүүс ч тэрнийг нь дуртайяа уншаад л.
-Тамын тогооны үлгэр зөвхөн монголчуудад бус хүн төрөлхтөнд хамаатай юм. Хэн, ямар хэрэг хийв, хэнтэй явж байна, юу өмссөн гэдгийг мэдэхийг хүсэх нь хүний төрөлх араншин юм болов уу. Гадаадын сайт, сэтгүүлд бөөн хов жив л байгаа. Гэтэл зөвхөн монголчууд л хүний мууд дурладаг, бид л архичин, залхуу гэсэн сэтгэхүйтэй байж болохгүй. -Та өнөөдрийн нийгэм болон амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?
-Хангалуун гэвэл хангалуун байгаагийн жишээ олон. Хөгжиж, сайн сайхны зам руу орсон явдал зөндөө байна. Бид хориодхон жилийн дотор их өөрчлөгдөж, дэвшиж чадсан. Гэтэл манайхан гаднын том улсууд руу явж ирээд эх орноо харьцуулж боддог. Үнэн хэрэгтээ тэдгээр улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөний ёс төлөвшөөд хэдэн зууны нүүрийг үзчихсэн байгаа шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч голдуу хар бараан талын зүйл үзүүлнэ. Ард түмэнд тиймэрхүү дохио өгөх нь зарим улстөрчид ашигтай байх.
Тэрнээс биш бид сайн сайхан руу л явж байна шүү дээ. Өнөөдөр чи захын нэг дэлгүүрт ороод кока кола, 500 төгрөгөөр бохь аваад зажилна. Залуусын хувьд энэ бол байдаг л зүйл. Гэтэл социалист нийгмийн үед энэ нь бараг л мөрөөдөл байлаа шүү дээ.
Тэр цаг үеийг марталгүй санаж, дурсах нь өнөөдөртөө сэтгэл хангалуун байж, ирээдүйдээ итгэхийн нэг үндэс. Монгол хүн эх орондоо дуртай, хүссэн ажлаа хийж, сайхан амьдрах нөхцөл бүрдсэн гэж би боддог. Боломж 100 хувь таны өмнө бий. Тэрхүү боломжийг ашиглах эсэх нь таны л дур. Ургацын үрийг хавар нь цацаж, намар хурааж авдагтай адил ардчилал манайд зохих ёсоороо хөгжсөөр байна.
Харин ч илүү хурдацтай, зөв тийшээ хөгжиж байх шиг ээ. Монгол хүний дасан зохицох, хөрвөх чадвар үүнд ихээр нөлөөлж байгаа болов уу. Тиймээс би амьдарч буй нийгэм, цаг үедээ сэтгэл хангалуун байдаг. -Таныг эсрэгээр нь хариулах байх гэж бодсон шүү. Уг нь бурууд нүд хурц байж нийгмийг шүүмжилж, шогчилж зурна биз дээ? -Би өөдрөг үзэлтэй хүн болохоор юуг ч сайнаар харахыг хүсэж, хичээдэг.
Тэгээд ч заавал өө эрж, буруу хайгаагүй байхад л шог зургийн санаа гарч ирээд байна шүү дээ. Улс төрийн амьдралыг байгаа чигээр нь зурахад л сайхан шог зураг болох жишээтэй. Хүмүүс ч улс төрийн тиймэрхүү үзэгдэлд бүр дасчихаж. Зургийг маань үзсэн хүмүүс “Энэ юу нь шог зураг байгаа юм. Угаасаа ийм байдаг биз дээ” гэж хэлэх тохиолдол олон бий. Өөрөөр хэлбэл, улс төр-уран шог болж, би хуулаад л зурчихаж байна. Улс төр хошин шог байхаа больж, шог зураачид маш их хөдөлмөрлөж байж тэднийг зурах цаг удахгүй ирэх байх аа.
-Та эх оронч хүн үү?
-Монгол илүү хөгжихийг, монголчуудын амьдрал улам сайхан болохыг хүсдэг тул өөрийгөө эх орондоо хайртай хүн гэж хэлнэ. Хамгийн гол нь хүн бүр хийж буй ажлаа хамгийн сайнаар нь хийж чадаж байвал л хөгжинө шүү дээ. Тэрнээс биш “Эх орон” гэж чанга хашгирснаар энэхүү ойлголтыг хэмжиж болохгүй.
-Ном бол тархины фитнесс гэсэн.
-Ном хүний виртуал сэтгэлгээг сайн хөгжүүлдэг. Жишээ нь уран зохиолын ном уншихад гол баатруудыг тархиндаа зураглаж, үйл явдлыг нь ургуулан бодно. Киногоор бол найруулагч хийж байна гэсэн үг. Номын давуу тал энэ учраас технологи өндөр хөгжсөн өнөө үед алга бололгүй улам сайжирсаар уншигчдынхаа хүрээг тэлж байна. Хүүхдүүд ном уншихаа болилоо гэж ярьдагтай би санал нийлдэггүй. 1990 оны дундуур хүмүүс ном унших нь битгий хэл идэх ч хоолгүй явсан нь үнэн. Тэгвэл сүүлийн үед Монголд номын дэлгүүр олширч, хэвлэлийн компаниуд ч олон бүтээл хэвлэх болсон.
-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Эдвард Радзинскийн “Сталин”-ыг саяхан уншлаа. Мөн сүүлийн үед блогоор их аялж байна. Ялангуяа Аанхаа, Артаньян, Гамп нар сонирхол татдаг юм. Тэдний блог монгол хэлний дүрэм, үгийн санг устгах нь гэхчилэн ярьдаг л даа. Мэдээж дутагдалтай зүйл байгаа. Гэхдээ энэ бол бичлэгийн шинэ хэлбэр, сэтгэлгээний хэв маяг гэдгийг би хүлээн зөвшөөрдөг. Хамгийн чухал нь гаргаж буй санаа, илэрхийлсэн арга хэлбэр нь тун өвөрмөц.
-Дүн өвлийн хүйтнээр эсгий гутал өмсөж, үстэй дээлийнхээ энгэрт пянз хийчихээд солилцож, худалдахаар Дэнжийн 1000 руу явдаг байсан гэж та хэлсэн. Хүссэнээ интернэтээс олдог өнөөдрийн хүүхдүүдийн хувьд энэ нь яг үлгэр мэт сонсогдох байх?
-Барууны дуу хөгжим сонсохыг хориглодог байсан тэр цаг үед бид хөгжмийг тэгж л сонсдог байлаа. Арайхийн нэг пянз олбол тэрийгээ ямар удаан ухаж сонсоно гээч. Харин сүүлийн үед cd, dvd, blu-ray диск, интернэт гарч ирснээр технологийн хөгжлийг гүйцэж цуглуулах хэцүү болсон. Гэхдээ л пянз сонсох дуртай хүмүүс манайд байсаар байна. Хообий гэдэг нэг төрлийн дон шүү дээ. Тэрнээсээ сэтгэлийн таашаал авна гэдэг нэг төрлийн жаргал.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Хоёр.
-Тэд таны мэргэжлийг өвлөсөн үү?
-Дизайны мэргэжилтэй хүмүүс бий. Би анх хүүхдүүддээ ингэ тэг гээд их заадаг байлаа. Хүнийг хүчээр шахах нь үр дүнгүй ажил гэдгийг удалгүй ойлгосон. Тиймээс тэдэнд загас өгөх бус, загас барих аргыг зааж өгөхийг хичээсээр ирсэн. Одоо өвөө болсон болохоор хүүхдүүдээс илүүтэй ач нарын хүмүүжилд анхаарч байна даа. Эхнэр маань дулааны инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Одоогоор чөлөөт уран бүтээлч гэж хэлж болно.
-30 орчим жил шог зураг зурснаас дүгнэхэд нийгмийн аль хэсэг элэглэлийг хамгийн эмзэг хүлээн авч байна вэ?
-Хэдэн жилийн өмнө UBS телевизээр явуулсан хөтөлбөрөөр рок попын эмэгтэй дуучдыг нөхөрсгөөр шогчилж зурсан юм. Дэмий юм билээ. Ер нь ямар ч төрлийн элэглэлд бүс гүйчүүд их эмзэглэдэг. Эмэг тэй хүн байгалиасаа л гоо сайхан байхаар заяагдсантай нь холбоотой болов уу.
-Таны амьдралыг бүхлээр нь өөрчилсөн үйл явдал, нөлөөлсөн хүмүүс байдаг уу?
-Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал миний төдийгүй бүх монгол хүний амьдралыг өөрчилсөн. Тэр чинээгээр ардчилал, эрх чөлөө миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл.
-Эрх чөлөөний үнэ цэнэ гэж юу вэ. Зарим нэг нь хүссэн бүхнээ хийх нь эрх чөлөө хэмээн ойлгож, бүр төрийн ордон руугаа нум сум тавьж байна.
-Хэрвээ манайхан эрх чөлөө хаагдмал улсад очвол өөрсдийгөө ямар сайхан газарт амьдарч байгаагаа ойлгох болов уу. Би саяхан БНАСАУ, ОХУ-ын Халимаг яваад ирлээ. Тэд эрх чөлөө, тусгаар тогтнолыг хүсэж байгааг мэдэрсэн. Монголын олон мянган хүний хүсэж мөрөөдөж эцсийг нь хараагүй тэр нийгэмд бид амьдарч байна. Манжийн дарлалын үед амьдарч байсан хүмүүс, Р.Чойном, Б.Ринчен нарын сэхээтэн, өдгөө дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан монгол угсаатнуудтай харьцуулахад бид диваажинд амьдардаг гэж болно.
Хойд насандаа Монголд хүн биш юм гэхэд амьтан болж төрөхсөн хэмээн уйлан ярьдаг хүмүүс ч байна. Гэтэл Монголд ямар байна вэ? Эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй хүмүүс төрийн ордон руугаа буу барих нь холгүй дайрч, нум сум харваж, тэрийгээ бүр ид хав, бахархал болгож байна.
Ардчиллын буянаар олдсон эрх чөлөөгөө дааж явах хэрэгтэй. Хөгшчүүл “Буян дааж явах” гэж ярьдаг даа. Бид ч өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёл хийгээд ард чиллын буяныг даах ёстой. Ерөнхий сайд агсан П.Жасрай гуайн хэлсэнчлэн “Хон гилын үзүүрт гэрэл асаж байна”. Монголын баялаг өдөр ирэх ту сам л нэмэгдэж бай на. Манай улсын төсөв хэдэн сая дотор эргэлддэг байлаа. Тэгвэл тэрбум, мил лиард болтлоо өссөн.
Энэ бол амжилт мөн. Хөгжиж буй ямар ч улс, аль ч нийгэмд бэрхшээл, зовлон байлгүй яах вэ. Америкт хүртэл асуудлууд байгаа. Хамгийн баянд тоо цогддог Арабын ул суудад гэхэд л эрх чөлөө боогдмол байх жишээтэй. Ингээд бодохоор энэ цаг үе бол монгол хүн хүссэн зүйлээ хийгээд амьдарч чадах эрх чөлөөтэй үе юм. Хэрвээ боломжийг ашиглаж чадахгүй бол уучлаарай, өөрийн чинь л буруу тэр.
-Та шашинд итгэдэг үү?
-Би бүх шашныг хүндэлдэг. Бурхны шашинд сүсэглэж явдаг. Зав, боломж гарвал тэр чиглэлийн ном уншиж, судлахыг хичээнэ ээ. Би мухар сохроор дагах бус утга учир, мөн чанарыг нь мэдэхийг эрмэлздэг. “Бодь мөрийн зэрэг”, “Агнистийн гэгээ” цувралыг уншсан. Шашин шүтдэггүй хүнээс айх хэрэгтэй гэж барууны оронд ярьдаг.
Учир нь шашныг дагаад тухайн хүнд итгэл бишрэл, үнэ цэнэ бий болдог юм. Үүнээс хамгийн чухал нь сэтгэлийн амар амгалан. Сэтгэлээ амар амгалан болгож чадаагүй бол хэчнээн их хөрөнгө, мөнгө цуглуулсан ч чи зовсоор байх болно. Хамаг л муу муухай бүхнийг бодож, дотроо хураагаад байвал сэтгэл бохирдоно. “Огт мөнгөгүй мөртлөө олигархи шиг явж сур” гэж би хэлдэг юм.
-Үйлийн үрийг тоолууртай зүйрлэсэн тань их сонирхолтой юм билээ?
-Муу юм хийх, бодох тусам үйлийн үр хураагдаж, өөртөө зовлон тарина. Үйлийн үр гэдгийг би хүний толгой дээр байдаг тоолууртай зүйрлэдэг юм. Цахилгаан гүйх тусам тоолуур дээрх тооны хэмжээ өснө дөө. Үүнтэй адил муу юм бодоод, хийгээд л байвал толгой дээрх тоолуурын тоо гүйгээд байна. Цахилгааны тоолуурыг соронз тавин тоог нь багасгах зэргээр зальдагч этгээдүүд бий л дээ.
Тэгвэл толгой дээрх үл үзэгдэгч тоолуурыг яаж ч аргалж болохгүй. Бурхны шашны зураг, барималд араг яс, хохимой толгой их дүрсэлсэн байдаг. Хүн үхлийн тухай эргэцүүлэх тусам амьдралыг илүү танин мэдэж, утга учиртай амьдралд хүрч чадна гэсэн санаа тэр болов уу. Хүний амьдрал хэчнээн богинохон цаг нь болоход үхнэ гэдэг ямар амархан билээ. Тэгэхээр яг одоо амьдарч, амьсгалж буй хугацаандаа л сэтгэл хангалуун байж, амьдрал ямар сайхан болохыг мэдрээрэй.
-Хэрвээ цаг хугацааны машин байсан бол та аль цаг үе рүү явах бол?
-Хэрвээ хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байсан бол би хамгийн түрүүнд сууна даа.

Б.Эгшиглэн
Эх сурвалж "Өнөөдөр" сонин"

Saturday, 11 June 2011

О.Магнай: Морьтой жагсагчид буруу харагдаж болно, агуулгаараа бол зөв

Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайтай ярилцлаа.Тэрбээр хэд хоногийн өмнө Египет орноор яваад ирсэнюм. Тус улсад хувьсгалын дараахь нөхцөл байдал ямарбайгаа болон өөрийн оронд болж буй жагсаал цуглааныталаар ямар санаа бодолтой явааг нь сонслоо.


-Гадаадад явсан сонин хачнаас тань яриагаа эхэлье?

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдөр Египетэд хувьсгал ялуулахад гол үүрэг гүйцэтгэсэн "Дөрөвдүгээр сарын 6" гэж залуучуудын хөдөлгөөн байдаг юм. Энэ хөдөлгөөний нөхдүүдтэй холбогдож очлоо. Надад хувьсгал болсны дараахь улс орны нөхцөл байдал ямар байдгийг үзье гэсэн бодол байсан юм. Гэвч аюулгүй байдалтай холбоотойгоор очих боломж тэр үед гараагүй. Тэгээд өнгөрсөн тавдугаар сарын дундаас арван хэд хоног яваад ирлээ.

-Яг хаагуур явав?

-Египетийн нийслэл Каир хотоос эхэлсэн. Египет орныг урьд нь хүмүүс Пирамидаар нь мэддэг байсан бол өнөөдөр яах аргагүй Тахрирын талбай, хувьсгал хийгдсэн гэдгээр нь дэлхий даяараа мэддэг болсон байна. Тахрирын талбай бол өнөөдөр Ойрхи Дорнодод буюу Арабын ертөнцөд зайлшгүй үзэх ёстой нэг газар болжээ.

Тэр их шашны нөлөө, тэр том дарангуйлагчийг хүчирхийллийн бус замаар, тайван жагсаал цуг­лаа­ны замаар түлхэн унагасан нөхдүүдтэй уулзахад сонин бай­лаа. Бас цаашаа Ливийн Бенгази гэж далайн эрэг дээр байдаг хотыг зорьсон. Ерөнхийдөө Каддафи­гийн эсрэг босогчдын гол төв. Харамсалтай нь иргэний дайнтай байгаа энэ газарт орох боломж алга. Дайнтай байгаа болохоор хилээ хаачихдаг юм байна. Яахав тэрхүү боомт дээр дайн байлдаа­ных нь ерөнхий байдлыг харчи­хаад ирлээ. Цаашаагаа Тунис руу явах зорилго байсан боловч бас л аюулгүй байдалтай холбоотойгоор болсонгүй. Намайг явж байх үед тэнд бослого хөдөлгөөнүүд идэвхж­сэн. Ерөнхийлөгчөө Саудын Араб руу хөөгөөд явуулчихсан улс шүү дээ. Зарим нөхөдтэй хариуц­лага тооцох асуудлаар жагсаал цуглаан нь идэвхжсэн учраас аюулгүй байдлын баталгаа алга болсон гэнэ. Ингээд буцаад ирлээ.

-Египетэд хувьсгалын да­раахь нөхцөл байдал ямар байна?

-Хувьсгалыг ялуулсны дараа зайлшгүй хийх ёстой нэг зүйл бол "Яагаад хувьсгал хийсэн юм бэ" гэдгээ нийт иргэддээ сайн ойлгуу­лах явдал юм байна. Суртал ухуул­гыг маш хүчтэй хийдэг юм байна. Энэ бол манай ерэн оных­ны хийсэн бас нэг алдаа. Өөрөөр хэлбэл өнгөрсөн нийгэм хамгийн адгийн нийгэм байсан учраас бид хувьсгал хийж энэхүү шинэ нийг­мийг бай­гуул­лаа гэдгийг жирийн иргэн бүр­дээ сайн ойлгуулж өгөх ёстой юм байна. Өнөөдөр Каир хот ямар байна гэхээр гудамжаар нь дүүрэн Тахрирын хувьсгалын та­лаар гадаа­дын том том удирдагч­дын хэлсэн үгийг хадчихсан байна. Америкийн Ерөнхийлөгч Барак Обамагийн хэлсэн үг байна л даа. "Бид өөрсдийн хүүхдүүдийг яг Египетийн залуу үе шиг хүмүүжүү­лэх ёстой юм байна. Эрх чөлөө, шударга ёсны төлөө ингэж тэмцэж чаддаг. Ялж чаддаг болгож хүмүү­жүүлэх ёстой" гэхчлэн. Мөн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны үг, CNN-ийн дамжуул­сан үгүүдийг том томоор гудам­жин­даа хадсан байна. Мубаракийн дэглэм хамгийн адгийн дэглэм байсан учраас бид сэрсэн, өөрчил­сөн юм гэсэн суртал ухуулгын ажил тэр ард түмний дунд маш хүчтэй явагдаж байна. Бид ерэн онд үүнийг хийж чадаагүй. Тийм боло­хоор өнөөд­рийг хүртэл өнгөрсөн нийгмийг санагалзах, ерэн оноос өмнө илүү их сайхан байсан юм шиг дуртгал ярих өнөөдөр дуусах­гүй байна. Энэ бол хувьсгалын дараа зайлшгүй хийгддэг ажил бололтой. Хоёрду­гаарт Египетэд ганцаараа Засгийн эрх барьж байсан Үндэсний ард­чил­сан нам гэж байсан. Энэ намыг бүрэн тараа­сан. Хаасан. Хөрөнгийг нь хураасан. Манай МАХН л бай­сан. Төв байрыг нь шатаасан. Одоо музейн үзвэр байдлаар ашиглах шийдвэр гарсан юм билээ. Даран­гуйлал гаарвал ард түмэн ингэж устгадаг юмаа гэдгийг санаж байх үүднээс музей үзвэр болгох ёстой гэж тэнд буй нөхөд ярьж байна лээ. Ингээд ижил түвшинд бүх зүйлийг эхлүүлдэг юм байна. Хувьс­галын дараахь Египет оронд байдал ийм л байна.

-Үндэсний хөрөнгөтнүүд нь хувьс­­галын үеэр ямар байв, хувьс­­­­галын дараа ямар байна вэ?

-Египетийн хувьсгалын бас нэг бахархмаар нь хулгай дээрэм тэгтлээ газар аваагүй. Жижиг сажиг зүйл гарсныг үгүйсгэхгүй. Агуулгаа­раа ийм том үйл явц болж байхад харьцангуй тайван байсан гэж нөхдүүд дүгнэж байна. Хөрөнгө чинээтэй олон хүн Египетээс зуг­таах гээд хил дээрээс баригдаж байгаа юм билээ. Эдгээр нь хэн байна гэвэл төрөөс хулгай хийсэн нөхдүүд. Жишээлбэл сайд байсан, дэд сайд байгаад хөрөнгө чинээ­тэй болчихсон хүмүүс хил дээр бариг­даад ирсэн байдаг юм билээ. Тус улс нь аялал жуулчлалын томоо­хон бүс. Тийм байхад Аялал жуулч­лалын сайд нь 10 жилийн ял сонс­сон байх жишээтэй. Сүүлийн 30 жил ард түмнээ шулж мөлжсөн тог­толцоо. Эцэстээ ийм л байдалд хүр­дэг юм байна. Иргэний засаг гарч иртэл энэ байдал үргэлжилнэ гэж тэд ярьцгааж байна. Хувьсгал нийг­мийг ингэж л цэвэрлэдэг юм байна.

-Мубаракийн засаглал хэдэн жил тогтсон билээ?

-Гучин жил.

-Манайд хувьсгал гараад 20 гаруй жил болж байна. Одоо манайд хувьсгал ярьж байна. Та бас ярьжбайгаа."Манайд хувьс­гал хийх тохироо байна" гэж та түрүүн хэлсэн?

-Хувьсгалыг нэг хүн хийхгүй шүү дээ. Ард түмэн хийнэ. Египетийн макро эдийн засгийн үзүүлэлтүү­дийг манайхтай харьцуулахад манайхаас ч гайгүй байсан юм шиг. Тэдний ядуурал 40-50 хувьтай гэж байгаа. Гэтэл манайх 60-70 хувь­тай яваад байгаа. Дундаж цалин энэ тэрийг нь ярихаар манайхаас өндөр байгаа юм. Тийм байхад тэнд хувьсгал явчихаад байна. Шударга ёс гэдэг юм тэнд манайтай адилхан. Авлигын индексээрээ манайх Еги­пет хоёр дөрөв таван байрны зөрүүтэй явдаг. Ерөнхий­дөө хувьс­галын тохироо гэж ярих юм бол яг энэ харьцуулалтаараа тохироод байна. Яахав, Монголд өнгөрсөн хугацаанд олон засаг солигдсон нь үнэн. Энэ нь олон нүүр царай солигдсон гэсэн үг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам нүүр царай нь олон байсан боло­хоос агуулгаа­раа нэг л бүлэглэл энэ бүхнийг бариад байж гэдэг нь нийгэмд хүчтэй ойлгогдож байна. Энэ нь хувьсгалын нэг суурь шалт­гаан гэж би харж байгаа. Гэхдээ хувьсгал хувьсгал гэж ярьсаар байгаад хувьс­гал ялна гэж байхгүй. Өнөөдөр ард түмний амьдрал ямар байна вэ. Би өчигдөр Баянгол дүүргийн 10 ду­гаар хорооны иргэд­тэй уулзлаа. Үнэ­хээр манай ард түмний амьдрал гундуу байна. Нүүрэндээ галгүй, нүдэндээ цоггүй, хийморьгүй болчи­хож. Одоогоос дөрөв таван жилийн өмнө ард түмэн арай ч тийм байгаа­гүй санаг­дах юм. Энэ бэлэн мөнгө тарааж байгаа байдал, хүмүүсийн бэлэнч­лэх сэтгэлгээнд маш их оруулж байна. Ажиллах хөдөлмөр­лөх хүсэл эрмэлзлийг үгүй хийж байна. Дээр нь хамгийн гол нь шударга ёс гэж зүйл байхгүй учраас хүмүүс ажил хөдөлмөр хийх сонир­холгүй байна. Нэг зүйлийг миний бие маш сайн ойлголоо. Шударга ёс гэдэг бол боломж юм байна гэдгийг. Шүүхээр шударга шийдвэр гаргаад шударга ёсны хэмжүүр хэмжигдэх­гүй юм байна. Шударга ёс гэдэг бол боломж. Үүнийг сая Египе­тэд хамгийн ойроос харлаа. Тэнд ярьж байгаа юм. Мубаракийн дэглэ­мийн үед Мубаракийн эргэн той­ронд байсан нийгмийн таван хувь л амжилт олж байсан, мөрөөдөл нь биелж байсан гэж. Монголд яг л түүнтэй адилхан нийгмийн таван хувьд л бо­ломж байгаа. Бусдад нь боломж байхгүй. Гэр хорооллын иргэдтэй уулзахад дэлгүүр ажил­луулъя гээд зөвшөөрөл авч чадах­гүй. Гуанз ажиллуулъя гээд зөв­шөөрлийг нь авч чадахгүй. Зөвхөн зөвшөөрлийг нь авч чадахгүй бай­на. Энэ юу харуулж байна гэхээр шударга ёс байхгүйгээс шалтгаалж зөвхөн дарга нарыг тойрон хүрээл­сэн хэдэн хүний төлөө нийгэм бий болчихож гэдгийг. Энэ бүхнийг зайлшгүй өөрчлөх ёстой.

-Гэхдээ шударгаар хөдөл­мөр­лөж амжилт олж байгаа хэсэг байгаа шүү дээ?

-Үнэн. Гэхдээ манай нийгэмд байгаа ерөнхий үзэгдэл бол төрөөс дэмжлэг авахгүйгээр ямар ч бизнес явахаа больчихож. Энэ л үнэн. Одоо бол хүн бүрийн толгойд тен­дер гэж хамгийн түрүүнд бууж бай­на. Төр бол хамгийн том худал­дан авагч болчихлоо. Хэн төртэй ойр­хон, хэн дарга нарт ойрхон байна тэд нарын бизнес дээшээ явж байна.

-Тендерт оролцдоггүй биз­нес­менүүд гэж байдаг...

-Санал нэг байна. Нэг л юм харагдаж байна л даа. Ямар ч дарангуйллын тогтолцоо нэг л юмнаас айдаг юм байна гэж. Тэр нь юу гэхээр иргэд гудамжинд цуглахаас. Өөр юунаас ч айхгүй. Айж байгаа учраас 21 мянгыг тарааж байна. Ард түмэн одоо 21 мянгаа хүлээгээд хэвтэж байдаг боллоо. Энэ нь сэтгэлгээний ядуу­рал руу аваачиж байна. Үүнийг бас даруй өөрчлөх ёстой.

-Өнөөдрийн морьтой жагсаг­чид, их бага хуралдайг та юу гэж харж байна. Тэдний "Хөрөнгийг ньхураана, шоронд хийнэ..." гэсэн олон уриа лоозон таны хүсч байсан зүйл мөн үү?

-Бидний 2004, 2005 оны үед эхлүүлсэн хувьсгалт үзэл санаа гэж юм бий. Энэ хувьсгалт үзэл санаа улам бэхжиж байна. Хувьсгалын шинжтэй өөрчлөлт зайлшгүй хэ­рэг­тэй гэдгийг ойлгодог болчихож. Энэ үзэл санаан дээр л өнөөдрийн энэ бүх үйл явц явагдаж байгаа хэрэг. Тэгэхээр үүнийг буруутгаж болохгүй. Үзэгдлийн хувьд буруу зүйлүүд харагдаж байж магадгүй. Гэхдээ агуулгаараа зөв зүйл.

-Хувийн өмчийг шууд хураана, буулгана гэдэг үү?

-Хулгай хийсэн бол хураалгах­гүй яахав дээ.

-Хулгай хийснийг нь яаж илрүүлэх үү?

-Манай нөхдүүд ашигт малт­малтай холбоотой асуудлыг л түлхүү яриад байгаа шүү дээ. Үнэ­хээр ард түмэнд очих ёстой стра­тегийн ордыг хувьдаа авчих­сан ч юм уу. Иргэдэд очих ёстой хувийг нь өгөөгүй. Зарим нөхдүүд сонин дээр "Стратегийн орд гэж юу байсан юм, тийм юм зарчмын хувьд буруу" гэсэн ярилцлагыг өгч байгаа шүү дээ. Тийм нөхдүүдийн хөрөн­гийг бол хураах ёстой. Энэ бол зарчмын асуудал байхгүй юу. Тэр­нээс цалин­гаараа машин авчихсан хүний асуудлыг хэн ч яриагүй. Тодорхой нэр бүхий этгээдүүдийн асуудал л яригдана. Хамгийн эмгэ­нэлтэй нь тэр хүмүүс нь өөрсдөө шударга ёс яриад байгаа нь биднийг дором­жилж байгаа хэрэг байхгүй юу.

-Сонгууль ойртож байна, хувьс­гал яригдаж байна. Энэ бүхний эцсийн үр дүн юу байх вэ?

-Нийгэмд итгэл үнэмшил дүү­рэн бүрдэх ёстой. Тэр үед их хүчтэй хөдөлнө. Үүний үр дүн гэвэл иргэн бүрт боломж өгдөг нийгэмд хүрэх. Тавдугаар сарын сүүлээр Амери­кийн Ерөнхийлөгч Обама Ойрхи Дорнодтой холбоотой асуудлаар том илтгэл тавьсан. Дэлхийн бүх улс орнуудад хандаж 21 дүгээр зуунд шинээр тогтож байгаа хэм хэмжээний тухай ярилаа. Иргэд цуглаж тэмцээд засгаа авна гэдэг бол төрийн эргэлт биш. Сонгуу­лиар сонгогдсон нь тэр хүмүүст дархлаа болох ёсгүй. 20 зуунд ардчиллын баталгаа нь өөрөө сонгууль байсан. Гэтэл өнөөдрийн зуунд сонгууль нь ардчиллын баталгаа биш юм. Та сонгуулиар сонгогдсон байж болно. Гэвч ард түмэнд таныг буулгаад хаячихдаг эрх нь байгаа шүү гэсэн шинэ хэм хэмжээ юм. Үүнийг Америкийн Ерөнхийлөгч баталгаалжуулж хэл­лээ. Дэлхийгээрээ бүх юм ингэж өөрчлөгдөж байхад манайх ч өөрч­лөгдөх л ёстой.

-Египетээс та "Шударга ёс бол боломж" гэсэн үгтэй иржээ?

-Тэгж ойлгож болно. Египетэд яваад ирснийх нэг хүнд таларх­санаа хэлэх хэрэгтэй. Гэхдээ долиг­онож байгаа юм биш. Сайн ажиллаж байгаагийнх нь төлөө. Тэнд байгаа Монголын Элчин сайд Баярхүү гуай байна. Тэр хүний ажлыг харахад Монгол Улсыг гадаад ертөнцөд төлөөлж суугаа хүн бүр тэр хүний дайны байдаг болоосой гэсэн бахархал. Монго­лоо гэсэн сэтгэлтэй, мэргэжлийн дипломатч хүн юм. Саяын хувьс­галын үеэр улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр иргэдээ гарга­санд нь үнэхээр баярласан. Ийм л хүмүүс Монголын төрд олноороо зүтгэдэг байвал сайхан байнаа.

Сэтгүүлч П.Хашчулуун,
Эх сурвалж "Өдрийн сонин"

Б.Баабар: ГҮРНИЙ ШАСТИР ХҮНИЙ ЦЭДГЭЭС ЭХТЭЙ


Нийтлэгч Б.Баабартай ярилцлаа.

-"Нэпко" компаниас таны ор­чуул­гаар бүтсэн Эдвард Рад­зинс­кийн"Сталин" ном дахин хэвлэгд­сэн байна. Урьд нь хэдэн хувьхэвлэг­дээд дуусчихав, зүгээр сонирхож байна?

-Өнгөрсөн жил хоёр мянган хувь хэвлэгдээд гурван долоо хоногийн дотор борлогдож дууссан. Үнэндээ би өөрөө ч их гайхсан. Манайхан намтар ингэж их сонирхоно гэж санаагүй.

-Их сонирхолтой ном байсан. Бичлэг нь ч таны бичлэгтэй төстэй юмшиг...

-Би энэ номыг анх арваад жилийн өмнө гарахад нь л уншсан. Маш сонин санагдаад. Ялангуяа Радзинскийн бичлэг, зохиомж бол тансаг юм билээ л дээ. Түүнээс болоод би Радзинскийн бичсэн бараг бүх номыг олж уншлаа. Уг нь жүжгийн зохиолч юм билээ. Гэхдээ тэр намтар судлалаар мэргэшиж III Александр, II Николай, Напо­леон, Сталин, Распутин нарын намтрыг бичжээ. Гэхдээ эдэн дот­роо Сталины намтар шилээвэр нь. Сталин ч өөрөө маш сонирхолтой намтартай хүн юм. Намтар гэдэг чинь ч "машид туулсан", "яруу сайхнаар өнгөрөөсөн" гэсэн утга­тай түвд үг юм шүү дээ. Юутай ч гэсэн Сталин бол машид сонир­холтой амьдрал туулсан хүн. Ер нь намтар бол түүх, түүх гэдэг бол сургамж, сургамж гэдэг бол ирээ­дүйн үүд хаалга. Бид түүхийг засаж өөрчилж чадахгүй, харин түүнээс маш үнэтэй сургамж олж авдаг.

-Түүх маш их гуйвдаг шүү дээ...

-Түүхийг гуйвуулна гэдэг том гэмт хэрэг дээ. Түүх гуйвахаар, түүхийг тодорхой зорилгоор өөрч­лөн тайлбарлахаар сургамж үл­дээх гол зорилго нь алга болж хүмүүст ертөнцийн тухай хуурмаг ойлголт буй болгоно. Хүн ч, ард түмэн ч алдаанаас хамгийн том суралцдаг. Гэтэл хуурмаг ойлголт­той болсон хүмүүс болдоггүй юмыг болдог, болох юмыг болдоггүй мэтээр ойлгож өмнөх алдааг улам томруулан давтана. Эсвэл алдаа нь улам лавширна. Түүх олон шалтгаанаар гуйвдаг. I Элизабэт Шекспирт захиалан III Ричард хааны тухай жүжиг бичүүлжээ. Шекспир бол хүчирхэг дуу хоолой. Түүхчид Ричард хааныг тийм ч адгийн амьтан байгаагүй гэж нотол­дог ч хүмүүс Шекспирийнхээр л хүлээгээд авчихсан. "Заримдаа араатанд ч гэсэн өрөвдөх сэтгэл төрдөг, харин би араатан биш" гэсэн үг нь тэр хүнийг аймшигт дүртэй болгожээ. Энэ бол өс хон­зонгоос төрсөн гуйвуулга. Араб, Персийн түүхчид ч Чингэсийн байлдан дагуулалтанд хорссон­доо маш гуйвсан түүхийг дэлхий даяар тараан хүмүүсийн тархинд үе дамжуулан шингээсэн. Үзэл суртлын зорилгоор түүхийг гуйвуу­лах явдал байна. Үүнд юун түрүүн Ленин, Сталин, Унгерн, Сүхбаа­тар, Данзан, Гэндэнгийн намтар орно. Ер нь 1917, 1921 оны үйл явдлуудын тайлбар судлал тэр чигээрээ гуйвуулга шүү дээ.

-Домог юм биш үү. Гуйвсан түүх улмаар домог болдог шүү дээ?

-Домогт дуртай ард түмэн улам гоё сайхан болгох гээд түүхийг сайн санаанаасаа гуйвуулдаг. Шилийн сайн эр гэгддэг одоогийнхоор бол эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн тухай домог үүсгэсэн нь дараа үеийнхэнд ямар хүчтэй нөлөө үзүүлдгийг саяхан болсон "Кино код" хэмээх кино шалгаруулах шоу харууллаа. Манжийн дарлалыг эсэргүүцсэн шилийн сайн эрс ч гэх шиг. Тэмцээд байх манж нар нь ч Монголд байгаагүй. Нийт дөрвөн газар л Манжийн төлөөлөгч суудаг байсан юм шүү дээ. Сайн эрс чинээлэг хөрөнгөтэй монгол айлыг л тононо. Малаас өөр хулгайлах юм байсан биш. Холын ая даахаар нь адуу л хулгайлна. Замын ая даахгүй байдас гүү унага даагахныг замын айлуудад үлдээнэ. Эрх биш төр гэж юм байдаг болохоор малын хулгайтай тэмцэж өнөө хэдийг баривчилна, шийтгэнэ. Сүүлд нь марксист түүхчид өнөөхийг нь Манжийн колончлол, феодалын дарлал, ангийн тэмцэл энэ тэр гээд солиороод явдаг байгаа. Одоо Сүхбаатарт Торой бандийн хөшөө бий. Хулгайчид хөшөө босгосон өөр газар мэдэхгүй юм байна. Энэ бол домог яаж хөгждөгийн жишээ.

"Нууц товчоо" бол уг нь утга зохиолын том эх сурвалж. Чухам энэ талаас нь эрдэмтэн Ш.Гаа­дамба гуай сайн судалсан. Гэтэл үүнийг түүхийн хөдөлшгүй баримт болгосон тайлбар их гардаг. Энэ нь бас л гуйвуулгын нэг үүд хаалга. Буруу ойлгосноос болж бас түүх гуйвдаг. Библийн Хуучин гэрээ иудай хэлээр анх гарчээ. Хожим герег хэлэнд орчуулахдаа Мойжэ­сийг толгой дээрээ эвэртэй байсан гээд орчуулчихсан аж. Уг нь Мойжэ­сийн толгойноос гэрэл сацардаг л гэж байж. Үүнээс болж Миклоан­желлогийн Мойжэс хэмээх гай­хамшигт барималд түүнийг ишиг шиг дээрээ хоёр жижиг эвэртэйгээр дүрсэлсэн аж. "Нууц товчоо"-д нэгэн тулалдааны дараа өстөнүү­дээ барьж аваад далан тогоонд чанадаг. Ийм маягаар кино ч бол­го­сон байна. За яахав, тийм зэрлэг гэж бодъё. Гэтэл маш хөнгөн явдаг нүүдэлчдийн арми хүн багтахуйц далын далан тогоотой явна гэж байхгүй шүү дээ. Тийм том олон тогоонд ус дүүргээд буцалгана гэдэг ч говийн нөхцөлд байж болох уу. Одоогийн Баянхонгор орчимд болсон тулалдаан. Галт уулын үлдэгдэл тогоо олонтой газар. Ингэхээр тулалдаан Далантогоо гэдэг газар болсон бололтой.

-Яриа жаахан хазайчихлаа. Би уг нь танаас намтар суд­лалын тухай асуух гэсэн юм. Нам­тар судлал гэжер нь бий юу?

-Байлгүй яахав. Эртний Герег Ромд ч байсан. Юлий Цэзарийн намтар, эсвэл Цэзарийн өөрийнх нь бичсэн Галийн дайны тухай өөрийн намтрын хэсэг байна. Гэхдээ намтар судлалыг арабууд анх хөгжүүлсэн гэдэг юм билээ. Махмэдийн намтрыг янз бүрээр бичиж эхэлсэн бололтой. Францыг үндэслэгч Шарламань хааны тухай түүний бараа бологч Айнхард бичиж үлдээсэн нь түүхийн асар үнэт эх сурвалж болсон. Үүнээс хойш Европын язгууртнууд хөргөө зуруулахаас гадна намтраа би­чүүл­дэг моод гарсан байх юм. Удахгүй "автобиограф" буюу өөрийн намтар, нэг үгэндээ өөрийн намтар цэдгээ өөрөө бичдэг төрөл ч буй болсон. Хамгийн шуугиан­тайн нэг нь Казановагийн өөрийн намтар байх аа. Европын бараг бүх хатан гүнж нартай унтаж явсан түүхээ ном болгосон юм. Хожим Фэллини үүгээр үнэн гоё кино хийсэн.

-Орчин үеийн намтар судлал арай өөр болсон биз. Яаж дэв­шиж өөрчлөгдсөн бэ?

-Утга зохиол төдийгүй урлагийн бүх төрлийн нэгэн том салбар болон хөгжжээ. Намтар судлал нь зүгээр нэг он цагийн хэлхээс биш урлаг уран сайхны нарийн хэм­жүүрт зүйл болж. Вэнигүтийн Тав­дугаар мах комбинат бол үүний нэг жишээ. Өнөө намтар нь Дрез­дэний бөмбөгдөлтөөс эхлээд өөр гариг дээрх явдал хүртэл зөгнөл фантазийг багтаадаг. Намтар зүй гэж нэрлэе л дээ, энэ нь утга зохиолоо халиад кино, зурагт болон бусад малтимэдиа хэлбэр рүү хүчтэй түрсэн. A&E, The Biography Channel, The History Channel, History International гээд зөвхөн намтар үзүүлдэг телеви­зийн тусгай сувгууд гараад ирж. Намтартай кино хамгийн олон үзэгч дагуулдаг. Намтрын номын борлуулалт ердийн уран зохиолыг борлуулалтаараа дагуулахгүй. Ер нь ХХ зуунаас баримт бичлэг утга зохиолд хүчтэй нэвтэрч уран зохиолыг шахаж эхэлсэн. Роман тууж новэллийн төгсгөл ирлээ ч гэж ярьдаг байлаа. Харин шинэ зууны зааг дээр Харри Поттэр болон Дэн Брауны цуврал романууд уран зохиол тодорхой нөхцөлд өөрийн орон зайгаа хадгалсаар байна гэдгээ харууллаа.

-НЭПКО эдгээр номыг ор­чуулж гаргасан байх аа?

-Тиймээ. Харри Поттэрийн эх­ний хоёр боть, Дэн Брауны гурвал романыг бид орчуулж хэвлэн гаргасан.

-Танай компани Маогийн ту­хай ном гаргах гэж байгаа гэсэн?

-Тиймээ, бид намтрын олон цуврал гаргахаар бэлдэж байна. Юн Чан, Жон Холлидэй нарын Танигдаагүй Мао гэдэг номыг орчуулж дууслаа. Гомбосүрэн гуай, Аким гуай бид нар орчуулсан юм. Өнөөгийн Солонгосыг босгож ирсэн Пак Жон Хигийн намтрыг хоёр ботиор хэвлүүлж байна. Хэд хоногийн дараа худалдаанд гарна. Маш сонин дүр. Гол нь тэр ядуу зүдүү Солонгосыг хорь хүрэхгүй жилийн дотор дэлхийн хамгийн хөгжингүй орон хэрхэн болгож чадсан гайхамшгийг задалж бич­сэн байна билээ. Оросын судлаач С.Кузьминий Барон Унгерн гэсэн шинэ ном орчуулагдаад дуусах гэж байна. Орчуулгыг судлаачийн эхнэр Оюунчимэг хийж дууслаа. Цаашид бид Ленин, Гитлер, Чөр­чилл зэрэг түүхэн хүмүүсийн хам­гийн шилдэг намтруудыг орчуулан хэвлүүлэх болно. Шилдэг гэдгийн учир нь Наполеоны намтрын маш олон ном байгаагаас хамгийн шилдэг, хүмүүсийн ой тойнд шин­гэснийг нь шилэх болно гэсэн үг.

-Ийм ном хэвлэхэд зохиог­чийн эрхийн төлбөр өндөр биз?

-Янз янз байдаг юм аа. Ихэнх ном мянган долларт багтдаг бо­ловч толь бичиг энэ тэр замба­раагүй үнэтэй. Бид Коллинзийн толийг гэхэд 20 мянган ам.долла­роор авсан. Сталин номын эрхийг маш үнэтэй авсан. Эрх нь Орост байдаг юм байх гээд орчуулаад эхэл­чихсэнийхээ дараа хандсан чинь нэг америк авгайд эрх нь байдаг юм байна. Тэр ёстой чанга авгай байна билээ. Кузьминий Унгерн гэдэг энэ ном дөнгөж сая орос хэлээр анх удаа хэвлэгдлээ. Бараг зэрэг монголоор гарч байгаа юм. Иймээс тийм ч хямд биш л дээ.

-"Британника" тольд Монго­лоос анх удаа маш олон хүний намтар орлоо. Энэ нь мөн намтар суд­лалдорох уу?

-Орно. Гэхдээ энийг "намтар" гэдгээс арай өөрөөр нэрлэбэл зүгээр мэт. "Цэдэг" гэвэл яасан юм? Адилхан түвд үг л дээ. Гэхдээ энэ нь тун товчхон хэлбэрээр анкетний маягтай, гол гавьяаг нь дурдсан товч эд. CV гээд байдаг шүү дээ. Бүтэн ном туульстай харьцуулш­гүй нь ойлгомжтой. Бид "Британ­ника"-д 1300 орчим монгол хүний цэдэг цуглуулж хэвлэсэн. Цаанаа­саа шалгуур тавьдаг учир өөр олон багтчихмаар хүний цэдэг орж ча­даа­­гүй. Анхдагч болон онцлог байдал гэсэн шалгууртай юм билээ. Харин бид энэ намартаа багтааж Монгол Британника хоёр ботиор хэвлэхээр ажиллаж байна.

-Тэнд хэн хэн орох вэ?

-Найман боть үндсэн "Британ­ник"-д орсон Монголтой холбоотой дөрвөн мянга шахам толгой үг дээр хоёр мянга орчим нэмэлт хийгээд гаргах юм. Монголын ихэнх дээд ургамал хөхтөн, хэр баргийн жижиг гол ус даваа гүвээг багтаах юм. Түрүүнийхийг бодвол шалгуурыг нь бид өөрснөө энд тавих учир 600 гаруй хүний цэдгийг нэмж оруулж байгаа. Гэхдээ шалгууртай, ухаан нь улсын наадамд түрүүлсэн бүх бөхийн цэдэг багтана гэхээр л энэ нь шалгуур мөн биз дээ. Зураг хөрөг ч гэсэн элбэг тавина. Тиймээс тольд багтаж буй хэн ч өөрийн гэрэл зураг эсвэл зураач бол бүтээлийнхээ зургийг яаралтай авчирч өгвөл сайн байна.

-Мөнгөө төлөөд нэрээ оруулж намтраа бичүүлдэг явдал га­даадад ч манайд ч элбэг байдаг бололтой.Монгол "Британник"-д тэгж болох уу?

-Тэгвэл тэр том толины нэр хүнд шууд унана биз дээ. Тэгэхийг тэд зөвшөөрөх ч үгүй. "Британ­ника" толийн албан ёсны нээлт энэ сарын 9-нд болно. Нээлтэнд "Бри­танника" толийн ерөнхий ре­дак­тор профессор Дэйл Хойлбэрг өөрөө ирж оролцоно. Бид уг ком­панитай тохирсон ёсоор Монгол Британ­ника буюу Монголтой холбоотой тусгай ном гаргахаас гадна Монгол намтар "Британни­ка" гаргахаар төлөвлөж байгаа. Тодорхой шал­гуур давсан хэдэн мянган хүний цэдэг багтаана. Британийн үндэс­ний цэдэг гээд ном байдаг, тэнд улс орны алдар­тай бүхий л хүмүү­сийн цэдгийг багтаадаг юм билээ. Харин хүмүү­сээс мөнгийг нь аваад Дэлхийн алдартнууд гэх маягаар ном бол­гон эздэд нь зардаг тийм бизнес их тархмал юм билээ. Дэлхийн алдартнуудын лавлахад манай­хаас тэр тэдэн удаа орлоо гээд л ялангуяа дивтаат болохоор нэр дэвшсэн хүмүүс их сурталчилдаг шүү дээ. 50 орчим доллар төлөөд л тэнд нь ядах юмгүй орж болдог. Тэдний явуулж буй рекламд сонирхож буй өөр таних мэдэх хүн байвал цааш нь хэлээрэй гэсэн байдаг юм. Надад л лав ийм захиа зуугаад удаа ирж байсандаг. Ямар ч нэр хүндгүй ийм юманд нэрээ хавчуулаад жалгандаа л баахан пээдийх юм биз дээ, чааваас.

-"100 жилийн 100 хүн" гэдэг альбом хамтран хийж байгаа талаараа зурагчин Цацралт ярилцлага өгсөнбайсан...

-Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой энэ жил болж байна. Бид АНУ-ын алдарт "Нэйшнэл жографик" хэвлэлийн газартай ярьж тохироод энэ ойд зориулан хэд хэдэн ном хамтарч гаргахаар болсон. 1907 онд анх "Нэйшнэл Жографик" сэтгүүл Мон­го­лын тухай бичсэн байх юм. 1960, 1980, 1996 онуудад Монголын талаар тусгай дугаар ч гаргасан байна. Энэ болгоныг нэгтгэн орчуулж ном болгоно. Монголын түүхийн ном гаргана. Мөн "100 жилийн 100 хүн" гэсэн альбом бэлэн болж байна. 100 шилдэг хүн гэсэн үг биш шүү. Мэдээж манай түүхийг нийт ард түмэн бүтээсэн. Гэхдээ үүнд голлох нөлөө үзүүлсэн 100 хүнийг сонгож авсан юм. Тэнд Барон Унгерн ч бий, Сталин ч бий, 1932 оны бослогыг толгойлсон Түгж ч бий, хядлага зохион байгуу­лагчдын нэг Лувсаншарав ч бий. Бидний түүх сайнтай муутайгаа нийлээд л нэгэн цогц болж байгаа шүү дээ.
Э.ЭНЭРЭЛ
Эх сурвалж "Өдрийн сонин"

Т.Гандулам: Үнэт цаасны банк хоорондын төлбөр тооцоог Монголбанкаар гүйцэтгүүлэх туршилтын ажлаа зургадугаар сард эхэлнэ


“Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХКийн гүйцэтгэх захирал Т.Гандуламтай ярилцлаа.

-Үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагаанд олон улсын код нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-“Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” (ҮЦТТТХТ) ХХК нь үнэт цаасны бүртгэл, хадгалалтын үйл ажиллагааг гүйцэтгэж буйн хувьд хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд үзүүлэх үнэт цаасны бүртгэл, хадгаламжийн найдвартай үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зорилгоор төвлөрсөн хадгаламжид бүртгэлтэй 350 компанийн үнэт цаасыг олон улсын ISO-6166 стандартад нийцүүлэн бүртгэх ажлыг эхлүүлсэн.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон олон улсын чуулганд манай компани албан ёсоор оролцож, үнэт цаасны улсын бүртгэлийн дугаар олгогчдын холбоо буюу ANNA-д гишүүнээр элссэн. Ингэснээр хил дамнасан арилжаа, түүний төлбөр тооцоог хийхэд ашигладаг үнэт цаасны бүртгэлийн олон улсын стандартыг Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэн, гадаадын 174 орны үнэт цаасны мэргэжлийн байгууллагын мэдээлэл дамжуулах сувагтай шууд холбогдох боломжийг бүрдүүлээд байна.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг Монгол Улсын иргэд эзэмших шийдвэр гараад удаж байна. Энэ ажил ямар шатандаа явж байгаа бол.

-Засгийн газраас 2011 оны гурав дугаар сарын 31-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын бүх иргэдэд эзэмшүүлэх түүхэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд манай компани нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Монгол Улсын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэл”-ийг хүлээн авч “Эрдэнэс Тавантолгой” ХКийн 536 ширхэг хувьцааны бүртгэлийг иргэн бүрийн нэрээр хийж байна. Эхний ээлжинд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2.5 сая иргэнд үнэт цаасны бүртгэлийг хийж дуусгалаа.

Гадаадад амьдарч буй болон бүртгэлд хамрагдаагүй иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааны бүртгэл хийгдэнэ. Иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХКийн хувьцаа эзэмшигч болсноо www. schcd.mn гэсэн цахим хаягаар орж, регистрийн дугаараа шивж оруулан, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд данстай, эсэхээ мэдэх боломжтой.

-Төвлөрсөн хадгаламжийн дансыг ямар тохиолдолд ашиглах юм бэ. Данс нээлгээгүй бол “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшээгүй гэж ойлгох уу?

-Та хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож, хувьцаа худалдан авах тохиолдолд брокер, дилерийн компанитай (БДК) данс нээлгэх гэрээ байгуулдаг. Энэхүү гэрээ нь гурван хувь үйлдэгддэг бөгөөд нэг хувь нь танд, нөгөө нь манай компанид, үлдсэн нь БДК-д хадгалагдана. БДК-иас харилцагчидтай байгуулсан данс нээх гэрээг манайд ирүүлнэ. Харин манайх мэдээлэлтэйгээ тулган төвлөрсөн хадгаламжинд дансыг нээн баталгаажуулдаг. Төвлөрсөн хадгаламжинд иргэн болон аж ахуйн нэгж зөвхөн нэг л үндсэн данс нээлгэдэг зарчимтай. Энэ нээгдсэн дансны мэдээллийг Монголын хөрөнгийн биржид илгээснээр тухайн данс эзэмшигч арилжаанд оролцох боломжтой. БДК нь тухайн харилцагчийн захиалгын дагуу үнэт цаасыг худалдах, худалдан авах захиалгыг биелүүлдэг юм.

Үнэт цаастай холбоотой төлбөр тооцооны бүх бүртгэл тухайн иргэдийн төвлөрсөн хадгаламж дахь дансанд хийгддэг. Мөн тэр дансанд нь үнэт цаас болон мөнгөн хөрөнгийн үлдэгдэл байдаг юм. Үнэт цаасны хоёрдогч зах зээл 1995 оны наймдугаар сард эхэлснээс хойш 2011 оны тавдугаар сарын 23-ныг хүртэл манай үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд нийт 479023 харилцагч данс нээлгэсэн. Үүнээс 349273 нь хөрөнгө оруулагчийн эрхийн бичиг /ХОЭБ/-ийн, 129750 нь шинээр нээгдсэн данс байгаа. Мөн 111286 харилцагч холболтын данс нээлгээд байна. Нийт нээгдсэн дансны 77 хувь нь ХОЭБ-ийн данс, 22.8 хувь нь дотоодын иргэн, аж ахуйн нэгжийнх, 0.2 хувь нь гадаадын иргэн аж ахуйн нэгжийнх байгаа. Үндсэн данснаас гадна холболтын данс гэж бий. Энэ нь тухайн үндсэн дансанд суурилан өөрийн сонгосон аль нэг БДК-иар үйлчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд холболтын дансыг нээлгэнэ.

Гэхдээ үндсэн болон холболтын данс дахь тухайн харилцагчийн мэдээлэл нь нэг л байдаг. Жишээ нь, хөдөө орон нутагт амьдарч байгаад хотод шилжин ирсэн тохиолдолд холболтын данс нээлгэх нь их. Иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан л бол үнэт цаасны бүртгэл хийгдсэн бөгөөд “Эрдэ нэс Тавантолгой”-той холбоотой дансыг заавал өнөөдөр нээлгэх шаардлагагүй. Учир нь уг хувьцааг арилжаалах хоёрдогч зах зээлийн арилжаа нь эхлээгүй байгаа. Зарим нэг хэвлэлээр “Эрдэнэс Таван - толгой” ХК-ийн 536 ширхэг хувь цааг эзэмших дансаа заавал өнөөдөр нээлгэх ёстой гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байна. Тиймээс уг хувьцааны хөрөнгийн бирж дэх арилжаа эхлэх үед иргэд эзэмшиж буй “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувь цаагаа арилжаалахыг хүссэн тохиолдолд БДК-тай данс нээх гэрээ байгуулна. Түүнээс биш, арилжаа нь эхлээгүй байхад дансаа нээлгэнэ гэдэг буруу юм.

-Монголын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК харилцагчдадаа ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Манай компани 2003 онд МХБ-ээс салж бие даан үйл ажиллагаа явуулж ирснээс хойш эдүгээ найм дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ хугацаанд үнэт цаасны төлбөр тооцоог хөнгөн шуурхай эрсдэлгүйгээр гүйцэтгэх, үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь харилцагчдын үнэт цаасны бүртгэлийг үнэн зөв хөтөлж, өмчлөх эрхийг баталгаажуулах үүрэг гүйцэтгэж ирлээ. Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаанд олон улсын шаардлагад нийцсэн мэдээллийн иж бүрэн “Е-Сlearing house” системийг 2008 онд шинээр нэвтрүүлснээр компанийн үйл ажиллагаа бүрэн программчлагдсан.

Ингэснээр БДК болон харилцагч байгууллагуудтай сүлжээгээр мэдээ мэдээллээ солилцох, төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэсэн харилцагчид интернэт ашиглан өөрийн дансны талаарх мэдээллийг түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлээд байна. Мөн үнэт цаасны зах зээлд оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүд нь манай компанийн цахим хаягаар орж үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь өөрийн дансны үлдэгдлийг шалган, дансанд хийгдсэн бүхий л төрлийн гүйлгээнд хяналт тавихаас гадна дансан дахь үнэт цаасны үнэ ханшид шинжилгээ судалгаа хийх бүрэн боломжтой боллоо. Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлэн харилцагчдын зарлагын гүйлгээг харилцах данс болон картаар нь дамжуулан гүйцэтгэж байна.

Ийнхүү бэлэн бус төлбөр тооцоог нэвтрүүлснээр харилцагчдын мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг ханган харилцагчдын хувьцааны болон ногдол ашиг, ногдол хувийн мөнгөн хөрөнгийг БДК-иар дамжуулан бэлнээр олгодог байсныг зогсоосон юм. Мөн төлбөр тооцооны гүйлгээнд гарч болох аливаа эрсдэлийг багасгаж, төлбөр тооцооны үйл ажиллагааг түргэн шуурхай болгосон.

-Сүүлийн үед үнэт цаасны мөнгөн хөрөнгийн төлбөр тооцооны ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Монголын хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо сүүлийн үед нэмэгдэж, Монголын хөрөнгийн биржээр хийгдэж байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний тоо өссөнтэй холбоотойгоор төлбөр тооцооны системийг шинэчлэх, олон улсын стандартыг хэрэгжүүлэх үүднээс үнэт цаасны зах зээлд оролцогчдын мөнгөн хөрөнгийн банк хоорондын төлбөр тооцоог Монголбанкаар гүйцэтгүүлэх бэлтгэл ажлыг тус банктай хамтран хийж байна. Энэ ажил нь Үндэсний төлбөр тооцооны зөвлөлийн 2011 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил тул энэ оны зургадугаар сард туршилтын ажлаа эхлүүлнэ. Олон улсын стандарт зөвлөмжийн дагуу Монголбанкаар банк хоорондын төлбөр тооцоог гүйцэтгэснээр үнэт цаасны мөнгөн хөрөнгийн эрсдэл үгүй болно.

Өмнө нь харилцагчдын мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулснаас үүдэж банк дампуурахад нийт 1.035 тэрбум төгрөг алдагдаж, харилцагчдыг хохироож байсан гашуун түүх бий. Монголбанкаар дамжуулан гүйлгээ хийснээрээ гүйлгээний хурд сайжирч, Монголбанкны бодит цагийн горимоор хийгдэх юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээл дэх оролцоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Монголбанкны SWIFT сүлжээг ашигласнаар олон улсын банк хооронд хийгдэх гүйлгээний хугацаа богиносож эрсдэл буурах чухал ач холбогдолтой.

Г.ГЭРЭЛ "Өнөөдөр" сонин Эх сурвалж нь

Д.Болд: Хүнийг гайхашруулж, алмайруулсан үзүүлбэр үзүүлж л байгаа бол авьяас


SBN, NTV, “Боловсрол суваг” телевизийнхэн хамтран зохион байгуулж буй “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч, дуучин Б.Болдтой ярилцлаа.

-“Авьяаслаг монголчууд” шоуны юу нь таалагдаад шүүгчээр ажиллах саналыг хүлээж авсан бэ?

-Монгол бахархлын төлөө нэгдэж, монгол авьяастнаа тодруулна гэсэн агуулга нь надад таалагдсан. Энэ шоу тухайн хүний амьдрал, уран бүтээлд хувь нэмэр болохуйц шагналтай байгаа нь сайхан санагдсан. SBN, NTV, “Боловсрол суваг” телевиз хамтарч хийж байгаа учраас зохион байгуулалтын хувьд сайн байгаа. Тийм учраас энэ шоуг шүүх саналыг хүлээж авсан. Монгол орны өнцөг булан бүрээс төрөл бүрийн авьяастан оролцож байгаа болохоор шоу маань сонирхолтой болж байна.

-Шоу нэвтрүүлэгт шүүгчээр ажиллахад хэцүү байна уу?

-Шоу гурван шүүгчтэй. Бид өөр өөр өнцгөөс, тус тусынхаа үнэлэмжээр шүүж байгаа. Гайг үй голыг нь олж байгаа болов уу гэж бодож байна. Удахгүй шоу дэлгэцээр гарах болохоор тэр үед үзэгчид дүгнэнэ биз дээ. Шагналын сан өндөр, олон хүн оролцож байгаа учраас зөв хүнээ тодруулах юмсан гэж хичээж байна

. -Та ямар зарчим баримтлан шүүж байгаа вэ?

-Авьяас гэж чухам юу вэ гэдэг асуултад хариу өгөх хэрэгтэй. Ихэнх хүн үүнд хариулж чадахгүй байгаа. Жирийн нэг эвлэгхэн дуулчихдаг хүнийг авьяастай гэх үү зэрэг олон асуулт гарч байгаа. Тиймээс жинхэнэ авьяас гэж юу юм бэ гэдгийг энэ шоугаар тодруулж, үзэгчдэд мэдрүүлэхийг зорьж байна. Байгалиас заяасан унаган авьяастай хүний үзүүлж байгаа зүйл, хийж байгаа үйлдэл нь цаанаа өөр байдаг юм байна. Хичээл зүтгэлээрээ сурсан зүйл, унаган авьяас хоёр үнэхээр ялгардгийг энэ шоуг шүүснээр мэдэж авлаа.

-Мэргэжлийн сургуулийн оюутнууд болон мэргэжлийн байгууллагад ажилладаг хүмүүс жирийн хүмүүстэй өрсөлдөж байна. Тэгэхээр мэргэжлийн бус хүмүүс дарагдахгүй юу?

-Монголд хэрэгтэй, авьяастай хүнийг л шалгаруулах зорилго тавьснаас биш ямар нэг шалгуур тавьж, ангилал заагаагүй. Энэ шоунд ямар ч хүн орж болно. Тэндээс жинхэнэ авьяастан ялгарч гарах нь шоуны зорилго шүү дээ.

-Оролцогчдын хэн нь хэн бэ гэдэг ерөнхийдөө тодорхой болж байгаа. Хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа оролцогч бий биз дээ?

-Хэд хэдэн хүнийг дэмжиж байгаа. Үүнийг одоо хэлээд яах вэ. Нэгдүгээр шатанд итгэл хүлээлгээд тэнцүүлсэн хүмүүс дараагийн удаа бэлтгэл хийлгүй орж ирээд хасагдсан тохиолдол олон гарсан. Дэмжиж байгаа хүмүүс маань гуравдугаар шатны шалгаруулалтад бэлтгэл муутай орж ирвэл хасагдана. Шалгаруулалтыг үзэгчидтэй явуулж байгаа болохоор бид хамт шүүж байгаа гэж болно.

-Үзэгчидтэй хамт шүүж байгаа гэснээс тэдний дэмжсэн хүмүүсийг хассан тохиолдол нэлээд гарсан шүү дээ?

-Үзэгчдийн дэмжсэн бүхнийг тэнцүүлэх боломжгүй л дээ. Үзэгчдэд таалагдсан ч бидний хайж байгаа авьяастан биш болоод л хасагдсан хэрэг.

-Та өөрийгөө хэр шүүгч болсон гэж бодож байна вэ?

-Би шүүгч биш. “Авьяаслаг британичууд”, “Авьяаслаг америкчууд” гээд дэлхийн жишиг болсон алдартай шоунуудын шүүгчээр дуучдыг урьж ажиллуулдаг. Тухайн хүн хувийнхаа үзэл бодол, үнэлэмжээр л шүүнэ шүү дээ. Би ч бас хувийнхаа үнэлэмжээр шүүж байна.

-Та гурав язгуур урлаг, уран нугаралтад их зөөлөн хандаж байх шиг харагдсан?

-Тэгэхээс аргагүй шүү дээ. Биднийг дэлхийн бусад улсаас ялгаруулдаг, дахин давтагдашг үй зүйл бол язгуур урлаг. Манай уран нугаралтыг дэлхий дахин гайхан биширдэг. Ийм зүйлээ бид дэмжих ёстой. Гэхдээ язгуур урлагаа дэмжиж байна гээд дээл өмсөж ирсэн бүхнийг тэнцүүлээгүй. Уртын дуу дууллаа гэхэд шуранхай, цохилтоо яаж хийж байна, уран нугаралтын найруулга хэр шинэлэг байна, ямар шинэлэг, хүнд үзүүлбэр хийж байна гэдгийг харж байгаа.

-Гурван шүүгч санал зөрөх тохиолдол гарч байна уу?

-Өөр өөр үнэлэмжтэй хүмүүс болохоор санал зөрөх тохиолдол их байгаа.

-Шоу нэвтрүүлэг амжилттай болоход шүүгчдийн байгаа байдал, хэлж байгаа үг чухал нөлөөтэй. Та гурав шоуг сонирхолтой болгох талд хэр анхаарч байгаа вэ?

-Бид байгаагаараа байж, хэлэх гэснээ л хэлж байгаа. Шоуг сонирхолтой болгох талаас телевизийн хамт олон анхаарч, монтаж, найруулгаа хийх байх.

-Оролцогчид дуулж, бүжиглэхээс эхлээд бартендерийн үзүүлбэр хүртэл олон төрлөөр авьяасаа үзүүлсэн. Тэднийг салбар салбарынх нь нүдээр харж, зөв шүүж чадсан гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Бартендерийн үзүүлбэрийг бартендер хүн харж сайн мууг нь ялгана гэсэн ойлголт байхгүй. Хүнийг гайхашруулж, алмайруулсан үзүүлбэр үзүүлж чадаж байгаа л бол авьяас. Авьяас хүний нүдэнд ялгарч тусдаг юм.

-Шоуны нэг оролцогч танд дууны үг өгсөн. Тэрийг нь дуу болгох уу?

-Дууны үгийг одоохондоо үзээгүй байна. Энэ ажил дууссаны дараа л тухтай үзнэ дээ.

-Таны уран бүтээлийн сонин хачнаас сонирхъё?

-Монгол поп урсгалынхаа ажлыг үргэлжлүүлж байна. “Амьдрал дуул гэлээ” дуундаа клип хийлгэсэн. Шинэ клипээ удахгүй телевизээр цацна. Монгол поп урсгалын албан ёсны нээлтийг зургадугаар сарын 4-нд хийнэ. Ёслолын ажиллагааны үеэр өргөн бүрэлдэх үүнтэй тоглолт хийхээр төлөвлөж байна. Фэнүүддээ зориулсан том хэмжээний бие даасан тоглолтоо наймдугаар сарын сүүлчээр хийнэ.

-“Камертон” хамтлагийн бусад гишүүнтэйгээ хамтран тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?

-Ойрын үед тийм төлөвлөг өө байхгүй.

-“Камертон” хамтлагийг тарсан гэж ойлгож болох уу?

-Бүр тарсан гэж ойлгож болохгүй л дээ. Манай гишүүдэд хувийнхаа ажил, амьдралд анхаарах цаг хэрэгтэй болоод завсарлага авсан.

-Өнгөрсөн жил та хэд 15 жилийн ойгоо тэмдэглэсэн. Хамт уран бүтээл хийхгүй байгаа хэрнээ ойгоо тэмдэглэнэ гэж хуучин дуунуудаараа тоглолт хийх нь хэр зөв жишиг вэ?

Бид фэнүүдийнхээ хүсэлтээр тоглолт хийсэн. “Камертон” хамтлаг ойн тоглолтоо хийгээч гэсэн маш олон хүсэлт ирсэн. Тэгээд өнгөрсөн хугацаанд гаргасан бүх цомгийнхоо хит дуунуудыг багтаасан тоглолт хийх нь зүйтэй гэж шийдсэн юм. Хамт уран бүтээл хийхгүй байгаа ч ойгоо тэмдэглэж болно шүү дээ.


Х.Уянга

Эх сурвалж "Өнөөдөр" сонин