Saturday, 16 July 2011

Д.Болд: "Ер нь хүн хөдөлмөрийнхөө үр шимийг өөрийнхөө биед мэдрүүлж байх хэрэгтэй"


Монголын рок, попын ертөнцөд анхдагч бүхний эзэн болсоор буй нь дуучин Д.Болд. Тэрээр Монголд анх R&B урсгалыг оруулж ирсэн. Мөн түүний үүсгэн байгуулсан “В”продакшн дуу бичлэгийн найруулга, интертайментийн олон шинэ соргог зүйлийг нэвтрүүлсэн билээ. Олон анхдагчийн эзэн маань тун саяхан поп хөгжмийг Монголын язгуур урлагтай хослуулан “Монгол поп” гэх урсгалыг гаргаж шинэхэн цомгоо өлгийдөн авсан юм.

-Уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа таны шинэ уран бүтээлийн талаар эхлэх үү?

-Монголчууд бид язгуур урлаг, ёс заншил, үндэсний хөгжмөө хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой. Тиймээс би өөрийнхөө тав дахь бие даасан цомгийг “Монгол поп” нэртэй гаргалаа. Энэ цомог дээрээ хоёр жилийн хугацаанд ажилласан.

-Тэгэхээр та поп хөгжмийг Монголынхоо язгуур урлагтай хослуулан шинэ урсгал гаргаж ирж байгаа байх нь ээ?

-Поп хөгжим бол дэлхий дахинд хамгийн олон сонсогчидтой түгээмэл урсгал. Тиймээс Монголын язгуур урлагийг орчин үеийн поп хөгжимтэй хослуулан “Монгол” гэсэн тодотголтой шинэ урсгал гаргахын тулд нэлээд ажилласан юм. Гэхдээ ямар ч хамаагүй поп дуун дээр Монголынхоо үндэсний хөгжмийг дуугаргаад л “Монгол поп” гэж нэрлэж байгаа юм биш. Харин илүү мэргэжлийн болгох үүднээс Азийн хөгжмийн таван эгшигт тулгуурлан онол болоод мэргэжлийн түвшинд дуунуудаа хийсэн. Энэ урсгалын маань анхны цомог нь миний тав дахь бие даасан альбом болж сонсогчдын хүртээл болж байгаа юм.

-Таны энэ цомгийн “Манан” дууны клип монгол ахуй соёлоо харуулсан сайхан уран бүтээл болсон байсан. Ер нь монгол поп урсгалаар бүтээгдсэн дуунууд учраас клипнийхээ санаанд үүнийгээ тусган харуулсан бололтой?

-Тийм шүү. Монгол поп цомгийн борлуулалт болоод дууны клипний ажлууд маань амжилттай явж байгаа учраас хүмүүст нэлээд таалагдаж байгаа гэж хэлж болохоор байна. Монголын поп урсгал шинээр төрөн гарсныг сонсогч фэнүүд маань дэмжиж байгаад миний хувьд баяртай байна. Тиймээс цомгийнхоо дуунуудыг клипжүүлэх ажил ид өрнөж байна. Энэ цомогт маань багтсан “Нам гүм дундаас” дуундаа хамгийн эхэлж клип хийсэн. Түүний дараа цагаан сарын өмнөхөн “Миний хоёр эрдэнэ”, “Манан” дууны клипүүдээ гаргасан. Харин саяхан “Хээрийн салхитай аялгуу” дууныхаа клипийг үзэгчдийн хүртээл болголоо. Энэ дуугаа би өвөөдөө зориулсан. Одоо “Амьдрал дуул гэлээ” дууны маань клип тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Түүний дараа бусад дууныхаа клипүүдийг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Та бол алдарт хуурч Жамъян агсны зээ хүү. Өвөөдөө зориулан бүтээсэн “Хээрийн салхитай аялгуу” дуу тань хэрхэн төрсөн бэ?

-Бид морин хуур хөгжмөө дээдэлдэг ард түмэн. Олон зуун жилийн турш бидний нүүдэлчин ард түмэн морин хуур хөгжмөө хойч үедээ өвлүүлэн үлдээсээр ирсэн уламжлалтай. Тиймээс монголчууддаа болоод хуурч өвөөдөө зориулан морин хуурын тухай “Хээрийн салхитай аялгуу” дуугаа хийсэн юм. Энэ дууны хөгжмийг Балхаа ах, үгийг нь Гүрээ ах маань бичсэн. Балхаа ах бол миний өвөөгийн шавь. Тиймээс Балхжав ах багшдаа, харин би өвөөдөө зориулж бүтсэн дуу. Уг дууныхаа клипийг ч гэсэн монгол ахуй соёлтой холбож хийхийг хичээж, хүүхдийн даахь авах ёслолоос эхлээд ботгоо голсон ингийг морин хуурч хэрхэн уярааж амлуулдаг тухай, мөн эрт дээр үед баатар эрс дайн тулаанд мордохынхоо өмнө морин хуурынхаа эгшгэнд омогшдог байсан тухай гэх мэт ёс заншлыг дууныхаа клипэнд шингээхийг хичээсэн. Энэхүү клипэнд маань миний өвөөгийн хайртай шавь нар нь, Морин хуур чуулга, Шуранхай хамтлаг, бүжигчид, соёлын өвийг дэмжигч “Энержи ресус”-ын хамт олон гээд олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан.

-Та бол Монголын соёл урлагт орчин цагийн R and B урсгалыг оруулж ирсэн хүн. Харин одоо “Монгол поп” урсгалыг дэлгэрүүлэхийг зорьж байгаа юм байна. Цаашид дахин шинэлэг урсгалыг Монголын хөгжмийн урлагт тусгахаар зорьж байгаа байх?

-Би Монголын урлаг соёлд байнга шинэ соргог зүйлүүдийг нэвтрүүлж, сонсогч фэнүүддээ хүргэх гол зорилготой ажилладаг. Урлаг бол хүнд байнгын эрч хүч, зөв энерги өгдөг нийгэмд заавал байх ёстой зүйл шүү дээ. Тиймээс урлагийн салбарт ажиллаж буй бид ард түмэндээ сайн бүтээл хүргэх ёстой. Монгол поп урсгал маань одоогоор дөнгөж хүмүүст хүрч эхэлж байгаа шинэлэг зүйл юм. Харин үүний дараа ард түмэндээ хүргэхээр зорьсон олон ажил бий.

-Дуу бүр хүмүүст таалагдаж хит болоод байдаггүй. Гэхдээ таны хийсэн уран бүтээл бүр олон нийтэд хүрээд байдгийн нууц юунд оршдог юм бол?

-Нууц гээд байх юу байх вэ дээ. Би уран бүтээлдээ чанарыг хамгийн түрүүнд тавьж эрхэмлэдэг. Гэхдээ дуу маань өөрөө хичнээн чанартай байсан ч бичлэг нь муу бол явахгүй шүү дээ. Тиймээс тухайн уран бүтээлийнхээ үг, ая, бичлэг, хөгжмийн найруулга, цомог, клип гээд бүх зүйлийг нь 100 хувь чанартай хийхийг зорьдог. Миний дууг сонсож, тоглолтыг маань үзэхэд бүх зүйл нь чанартай байвал хүмүүст хүрэх болно гэдгийг би хатуу ойлгосон.

-Хүмүүс дуучдыг зугээр сууж байгаад л ганц хоёр дуу дуулаад амархан бөөн мөнгө олдог гэж ойлгодог. Гэхдээ мэргэжил бүр өөр өөрийн гэсэн зовлон, жаргалтай байдаг шүү дээ. Дуучин хүний бэрхшээл нь юунд байдаг вэ?

-Манай Монголын хувьд шоу бизнесээр амжилт гаргахад хүндрэлтэй хэцүү байдаг. Гэхдээ энэ жижиг зах зээлд гарц бол мэдээж бий. Баяр ёслолоор нэг албан газарт өндөр үнээр дуулж мөнгө олохын тулд тухайн уран бүтээлч өөрөө маш их хөдөлмөрлөж байж тэр нэр хүндийг олж авдаг. Миний хувьд болж өгвөл өөрийгөө байнга шинэлэг байлгаж, чанартай уран бүтээл хийвэл амжилтад хүрдэг гэдгийг ойлгосон учраас өдөр бүр уран бүтээлдээ цаг гаргаж сайн ажилладаг.

-Таны дууны клипүүд богино хэмжээний кино шиг уран сэтгэмжтэй өгүүлэмжтэй байдаг. Харин “Нулимснаас харамласан хайр” дууны клипэнд хүмүүс нэлээд шүүмжлэлтэй хандсан байсан. Хилчин залууг заавал хятад бүсгүйд дурлуулах шаардлагатай байсан юм уу?

-Хүмүүс яагаад энэ клипэнд шүүмжлэлтэй хандаж, хятад, монгол гэж таагүй хүлээж авсныг би маш их гайхаж байгаа. Хүмүүсийн бие биенээ хайрлах хайр бол энэ ертөнцийн хамгийн хүчтэй зүйл шүү дээ. Хүмүүс шашин шүтлэг, үзэл бодол, арьсны өнгө, баян ядууг үл харгалзан хайрлаж дурлалцдаг. Миний хувьд тухайн хүн нь хөлгүй байна уу, ядуу байна уу, гадаад хүн байна уу хамаагүй. Хоёр хүн бие биенээ л хайрлаж байвал хамгийн аз жаргалтай зүйл. “Нулимснаас нуусан хайр” клипэнд хятад хүн тоглууллаа гэж шүүмжилж байгаа хүмүүсииг би ерөөсөө ойлгоогүй. Хэрэв үнэхээр үндсэрхэг үзэлтэй юм бол бид бүгдээрээ хятад хувцас өмсөхөө больж, хятад руу явахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол өрөөсгөл ойлголт. Уг нь энэ клип хил дээр байгаа залуу өвөрмонгол охинд дурлаж, хайр сэтгэлтэй болж байгаа тухай л өгүүлдэг. Түүхэнд ийм зүйл олон тохиолдож байсан учраас би санаа авч клипээ хийсэн юм.

-В продакшнаас олон чадварлаг уран бүтээлчид төрөн гарсан ч одоо нам жим болсон. Танай продакшнтай холбоотой мэдээлэл их гардаг ч үүнийг танаас тодруулах гэсэн юм?

-Манай “В” продакшн Монголд гадны саунд инженерийг/ дууны инженер буюу дууны бичлэг хийдэг мэргэжилтэн/ ажиллуулж хөгжмийн студийн мэргэжлийн түвшний олон шинэлэг зүйлийг нэвтрүүлснээрээ анхдагч болсон. Өнөөдөр Рагуг Монголд олон хүн таньдаг болж, реалити шоуны шүүгчээр ажиллаж байна. Ер нь аливаа шинэ зүйлийг хийхэд хүмүүс атаархдаг ч юмуу, яадаг юм болиулах гэж их үгүйсгэдэг. Гэхдээ энэ байдаг л зүйл. Манай продакшны уран бүтээлчдийн гэрээ нь дуусчихсан учраас хувиараа уран бүтээлээ хийж байгаа. Миний хувьд монгол поп урсгал дээрээ хүч тавьж ажиллаж байна. Энэ бол маш чухал ажил. Энэ ажлаа жигдрүүлснийхээ дараа монгол поп урсгалаар шинэ дуучид бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа.

-Та “Би чамд хайртай 2″ киноны гол дүрд тун чадварлаг тоглосон. Одоогоор дахин кинонд тоглох санал ирсэн үү?

-Би “Би чамд хайртай” киног хүүхэд байхдаа үздэг байсан учраас хоёрдугаар ангид нь тоглосондоо баяртай байдаг. Би өөрөө кино цуглуулдаг, фэн нь учраас “Би чамд хайртай” кинонд тоглосон бүх жүжигчидтэй хамт тоглоход үнэхээр гоё байсан. Одоогоор кинонд тоглох санал ирээгүй байна.

-Та биеэ үнэхээр сайхан авч явдаг. Гэхдээ хэтэрхий булчингаа гайхуулдаг гэдэг?

-Урлагийнхан үргэлж олны өмнө ил байдаг учраас үзэгчдээ хүндэлж биеэ сайхан авч явах ёстой юм л даа. Хүмүүс амьдрахын тулд, мөнгө олохын тулд ажиллаж, хөдөлмөрлөж, стресстэж сайн муухай олон зүйлтэй тулгарч байгаа шүү дээ. Тиймээс уран бүтээлчид бид урлагаар дамжуулан хүмүүсийн стрессийг тайлах үйлчилгээ үзүүлдэг. Миний өвөө намайг бага байхаас “Урлагийн хүн үргэлж цэмцгэр байж бүх талаараа биеэ маш сайхан авч явах ёстой” гэж хүмүүжүүлсэн. Манай Хөгжим бүжгийн коллеж ч гэсэн хүүхдүүдийг багаас нь энэ тал дээр сургаж, зөвлөдөг.

-Та гоо сайхан, эрүүл мэнддээ хэр их цаг зарцуулдаг вэ?

-Бид агаарын бохирдолтой хүнд нөхцөлд амьдарч байгаа учраас урлагийнхан гэлтгүй хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, спортоор байнга хичээллэх хэрэгтэй л дээ. Миний хувьд энгийн хүмүүсийн л адил үсээ засуулахаас эхлээд гоо сайханд орно. Гэхдээ мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалаад тоглолт, клипний зураг авалтанд орохдоо гоо сайхан, салоноор үйлчлүүлэх нь арай илүү байдаг байх.

-Таны хамгийн хямдхан хувцаслалт чинь 2000 ам.доллар гэсэн байсан. Олны танил хүн заавал үнэтэй зүйл эдэлж хэрэглэх ёстой юу?

-Олны танил хүн заавал үнэтэй зүйл эдлэх ёстой гэсэн зүйл байхгүй. Би хувцсыг надад зохиж байна уу гэдгийг л их анхаардаг. Ер нь хүн хөдөлмөрийнхөө үр шимийг өөрийнхөө биед мэдрүүлж байх хэрэгтэй гэж боддог.

-Тэгвэл таны хамгийн үнэтэй худалдан авч байсан зүйл тань юу байдаг вэ?

-Худалдаж авсан гэхээсээ илүү өвөө минь нас барахынхаа өмнө миний төрсөн өдрөөр бэлэглэсэн морин хуур надад хамгийн үнэтэй зүйл. Өвөө минь надад өөрийнхөө морин хуурыг өгсөн, тиймээс би хуур хөгжмийн цуглуулгатай болно гэж бодож байгаа. Ер нь хүнд брэндийн хувцаснаас илүү Монголын үнэт өв соёл, өвөө, ааваас өвлөгдөж ирсэн зүйл хамгийн үнэ цэнэтэй байдаг. Уншигчдадаа гэж хэлэхэд өвөө, ааваасаа өвлөгдөж ирсэн зүйлийг зарж үрэлгүй хадгалж байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Энэ бүхэн бол автомашин, хувцас хэрэглэлээс илүү үнэ цэнэтэй байх ёстой гэж би хувьдаа ойлгодог.

-Цаг хугацааны эрхээр Камертончууд тус тусынхаа амьдралыг хөөж, бизнес хийх болсон. Та нар мэдээж холбоотой байдаг байх. Яг уулзаж болздог тогтсон цаг, өдөр гэж бий юу?

-Бид дөрөв байнга уулзалддаг. Энэ нийгэмд амьдрахын тулд бид ийм сонголт хийх хэрэгтэй гэж хамтлагийн ахлагчийн хувьд би боддог. Учир нь Монголын шоу бизнес ямар байгаа билээ, өнөөдөр бид хэдэн настай билээ, зөвхөн уран бүтээл гэлтгүй улс эх орондоо хэрэгтэй зүйл хийх ёстойг ухамсарлах хэрэгтэй л дээ. Бид өнөөдөр өсвөр насны хүүхдүүд биш учраас нийгэмд хэрэгтэй ажил хийх ёстой. Тийм ч учраас хамтлагийнхаа ажлыг түр завсарласан. Тухайлбал, Эба маань Монголд маш их хэрэгтэй газар тариалангийн ажил хийж байна шүү дээ.

-Та бол Монголын нэртэй продюссеруудын нэг. Ер нь дуучид олонд танигдахын тулд заавал царайлаг байх ёстой юмуу, сүүлийн залуус хэт ази стилийг сонгож хэлбэр хөөх болсонд ямар бодолтой байдаг вэ?

-Дуучин хүн хамгийн түрүүнд уран бүтээлээ бодож байх хэрэгтэй. Үнэхээр сайн дуулдаг, чанартай уран бүтээл хийдэг, тэр нь хүнд хүрдэг байхад имиж бол дараагийн асуудал юм. Гадаадад царай муутай ч маш чадалтай олон алдартай дуучид байдаг. Дуу бол хүний сэтгэл зүрхийг уяраадаг болохоос царайгаараа уяраадаг менежмент хаана ч байхгүй. Тиймээс дэндүү их хэлбэр хөөх нь буруу. Тухайн дууг сонссон хүн ямар сайхан дуу вэ гэж бодно уу гэхээс энэ дуучин нь ямар хөөрхөн царайтай юм бэ гэж уярахгүй. Яахав, охидын хамтлагийн хувьд сайхан царай зүс, бие хаатай хөнгөхөн дуу хийдэг зүйл байдаг. Гэхдээ ийм хамтлагууд хэзээ ч урт настай байдаггүй юм.

-Таны “Миний хоёр эрдэнэ” дууны клипэнд хоёр хүүхэд тань тоглосон байсан. Хүүхдүүд тань мэдээж урлагийн авьяастай байх?

-Миний хоёр хүүхэд урлагт их дуртай юм шиг байгаа юм. Одоо нас нь бага байгаа учраас сонголт хийхэд арай эрт байна. Гэхдээ манайх урлагийн гэр бүл учраас би хүүхдүүдийнхээ авьяасыг хөгжүүлэхэд анхаардаг.

-Та эхнэрээ хэн гэж дууддаг вэ, хамгийн сүүлд хэзээ хоёулхнаа романтик үдшийгөнгерөөсөн бэ?

-Би эхнэрээ нэрээр нь л дууддаг. Бид хоёр тиймэрхүү зүйл дээр хамаагүй байдаг юм аа. Үнэндээ сүүлийн үед би монгол поп урсгалынхаа ажил дээрээ ажиллаад завгүй байгаа учраас эхнэртэйгээ романтик цаг өнгөрөөгөөгүй юм байна.

-Таны бодлоор хүн ямар байх ёстой юм бол?

-Хүн ухаантай, боловсролтой байх нь зайлшгүй шаардлагатай зүйл. Гэхдээ хүн хүнээ хайрладаг байх нь хамгийн чухал зүйл гэж би хувьдаа боддог. Хүнийг хайрлана гэдэг ертөнцийн хамгийн хүчтэй зүйл шүү дээ. Хайр хүнд амьдралын эрч хүч, энерги өгдөг сайхан мэдрэмж шүү дээ. Хүний зүрх маш гоё цохилж, хүн зүрхээ чагнаж амьдрах ёстой юм.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Тун удахгүй болох гэж буй тоглолтонд чинь амжилт хүсье.

-Баярлалаа. “Хүмүүс” сониноор дамжуулан монголчууддаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Бидний ёс заншил, язгуур урлаг бол дэлхийд хосгүй зүйл. Ямар ч түүх соёлгүй ард түмэн байдаг. Тиймээс бид үнэ цэнэтэй түүх соёлоо мэддэг, өв уламжлан хадгалж чадвал дэлхийд хүчтэй улс болно. Монголын соёл урлаг үргэлж мандан бадарч, манай урлагийг дэлхий дахин шүтэх болтугай.

Эх сурвалж "Хүмүүс" сонин

Д.Одбаяр: Долоон настайдаа оёж байсан дээл маань одоо ч байгаа

Д.ОДБАЯР: АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУХ НЬ АРДЧИЛЛЫН ДЭЭД ХЭЛБЭР


УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.ОДБАЯРТАЙ ярилцлаа.


-МАН-аас бүх ард түм­ний санал асуулга явуу­лах санал гаргалаа. Үүнээс өөр гарц алга уу?

-Хоёр намаас томи­логд­сон Сонгуулийн хуулийн ажлын хэсгүүд тохирол­цоонд хүрч чадахгүй байгаа учраас ийм шийдэлд хүрсэн хэрэг. АН-ынхан пропор­циональд суурилсан 26:50-ийг санал болгож “үүнээсээ хэзээ ч ухрахгүй” гэх зэрэг лут лут мэдэгдэл хийж байна. Манай намынхан мажоритарид суурилсан 52:24 гэсэн хувилбар дэв­шүүлсэн. Юу юугүй л УИХ-ын гишүүнийг сонгогчдоос нь бүрмөсөн холдуулах нь өнөөгийн нөхцөлд тийм ч зөв биш. Сонгогчдын дасаа­гүй, нэгэн жигд ойлголт аваагүй тогтолцоонд үсрэн­гүй шилжих нь оновчтой биш. Бид энэ байр суурь дээрээ ч баттай зогсч бай­гаа. Ингээд нэгдсэн ойлгол­цолд хүрэхгүй болохоор л ард нийтийн санал асуулга явуулъя гэж санал гаргасан. Миний хувьд энэ саналыг дэмжиж байгаа. Учир юу гэвэл төлөөллийн ардчилал нь мухардалд ороход шууд ардчилал мухардлаас гар­гадаг учиртай юм.

-Нэгээс нөгөө тогтол­цоонд огцом шилжихгүйн тулд л танай нам мажо­ритари давамгайл­сан 52:24-ийг санал болгож байгаа хэрэг үү?


-52:24 бол шууд сонгох зарчим дээр суурилсан холимог тогтолцоо. УИХ-ын 52 гишүүнийг 52 тойргоос сонгогчид шууд сонгоно. Үүнийг мажоритари тогтол­цоо гэж байгаа. Харин 24-ийг нь тухайн намаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч­дээс нэгийнх нь төлөө сон­гог­чид саналаа мөн шууд өгнө, дараа нь саналыг нэгтгээд, хамгийн олон санал авсан нэр дэвшигчээс эхлэн цуваагаар байр эзлүүлж дүнг гаргаад, аль намын нэр дэвшигч нийт сонгогчдын хэдэн хувийн саналыг авсан байна гэд­гээр жагсааж 24 суудлаа хувь тэнцүүлэн хуваах зарч­мыг пропорциональ тогтол­цоо гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 52:24 нь мажори­тарид суурилсан пропор­циональ элемент бүхий хо­ли­мог тогтолцоо. Энэ тог­тол­цоо парламентыг илүү мэргэшүүлэхийн зэрэг­цээ, сонгогч олон түмэн­тэйгээ байнгын харилцаанд байх зэрэг аль аль талын шаард­лагыг хангаж байгаа. Ийм л байя гэдгийг л ард түмнээсээ асуух гээд байгаа юм.


-Ард нийтийн санал асуул­гыг манай улсын түү­хэнд ганц л удаа тус­гаар тогтнолын асууд­лаар 1945 онд явуулсан байдаг. Харин та бүхнийг хэтэрхий жижиг асууд­лаар хөөцөлдлөө гэх шүүмжлэл байна?

-Нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоо улсын тусгаар тогт­нолын асуудалтай маш хол­боотой. Сонгуулиа гаднын захиалгаар явуулж, тэдний жороор сурталчилгаагаа хий­гээд, санаанд нь нийцсэн дүн гарвал тусгаар тогтнолоо ал­дана. Хоёрдугаарт, 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэ­нэлт үйл явдалд хүргэсэн эзэд нь сонгуулиас боллоо гээд байгаа биз дээ. Тэгвэл дол­дугаар сарын 1-ний хэрэг жижиг асуудал уу. Үгүй шүү дээ. Тэгэхээр сонгуулийн асуудал яаж ч бодсон жижиг байж таа­рахгүй. Тэгээд ч энэ нь тог­толцооны, цаашилбал Үндсэн хуулийн хямралд хүргэвэл яана. Хэчнээн ч тэрбумаар хэмжээд баршгүй, нөхөг­дөш­гүй их хохирол амсана. Та нар бод доо. Монголын сонгуулийг будлиантай болоосой, энэ улсын тусгаар тогтнол дот­роосоо эмзэг байдалд ороосой гэж хүсээд байгаа гаднын зохион байгуулалттай хүчин байхгүй гэж жигтэйхэн их най­даж байна уу. Үгүй шүү. Байх байхдаа сүүлийн үед их идэвх­жих хандлага байгаа. Ирэх жилийн сонгууль хүртэл бүр ч ихэснэ. Бидний дотоод хэрэгт оролцох гэж мөн ч их оролдоно доо. Тийм учраас л ард түм­нээсээ асууя, ард түмэнтэйгээ ярилцъя гэж байгаа нь яагаад “жижиг асуудал” болдог байна аа. Ямар Америкаас асууя гэсэн биш, Монголынхоо ард түмнээс л асууя гэсэн шүү дээ.

-Жижиг асуудал гэдгийг 26:50 уу, эсвэл 52:24 уу гэсэн хоёр тоо л асуух гээд байна гэдгээр харж хэлээд байх шиг байна л даа?

-Ямар тогтолцоог гол зарч­маа болгож сонгуулиа явуулах вэ гэдгийг л ард түмнээсээ асуух гэсэн юм. Түүнээс бус, 52:24 үү эсхүл 26:50 гэсэн тоо асуухгүй. Сонгуулийн тогтол­цоогоо мажоритарит суурилах уу эсхүл хувь тэнцүүлэхэд суурилах уу гэдгээ л асуух юм. Мухардсан асуудлаа шууд ардчиллын замаар шийдье гэж байна. Шууд ардчилал бол төлөөллийн түвшинд байгаа хэт улс төржилтийг багасгадаг сайн талтай.

Ер нь улс орны амьдралд жижиг асуудал гэж байхгүй. Бүгд чухал ач холбогдолтой. Том асуудал бол олон жижиг асуудлын л нийлбэр. Сонгуу­лийн асуудлаар Шинэ-Зеланд, Канад, Итали, Англид бүх ард түмний болон мужийн санал асуулга явагдсан. Хамгийн сүүлд л гэхэд Англид явагдлаа. Швейцарьт гэхэд бараг бүх асуудлаа жишээлбэл, цэцэр­лэ­гийн хуучин байшинг нураах уу, гэртээ буу хадгалахыг зөвшөөрөх үү, давхар орон сууцанд оройн 22 цагаас хойш бохирын усаа татахыг зөв­шөөрөх үү гэх мэт асуудлаар хүртэл санал асуулга явуулж байсан. Үүнийг жижиг асуудал гэж дэлхий дахин шоолоогүй. Улстөрчид “би үргэлж ард түмнийхээ талд байна” гэх юм уу, “ард түмнээсээ асуугаад л шийдчихдэг байхгүй юу” гэж хэлдэг. Манай Монголын улс­төр­чид ч тэгж хэлдэг, харам­салтай нь хэрэгжүүлдэггүй. Гэхдээ тэгж хэлж байгаа нь өөрөө улс орны амьдралд жижиг асуудал гэж байхгүйг харуулж байгаа юм. Цаашид манай намын улс төрийн гол бодлогын нэг нь санал асуулга байх болов уу гэж би гишүүний хувьд боддог. Монголын ард түмэн гаднын хэн нэгний нө­лөө­гүйгээр асуудлаа өөрсдөө шийддэг байхад суралцах хэ­рэг­тэй юм. Монголын тусгаар тогтнол, түүн дээр суурилсан Монголын ардчилалд энэ их хэрэгтэй дээ.

-Уг нь ард түмэн та бүхнийг, УИХ-ын гишүү­дийг асуудлыг жижиг том гэл­гүйгээр өөрсдөө шийд гэж сонгоо биз дээ?

-Бүх асуудлыг зарчмын дагуу, хуулийн хүрээнд шийд гэж сонгосон. Тэр үнэн. Харин шийдэж чадахгүй бол хааяа биднээс асуу гэсэн нь бас үнэн. Тэр нь ард нийтийн хууль ёсны санал асуулга байхгүй юу. Өөрийн хуультай. Санал асуул­га бол аливаа ардчилсан улс оронд байдаг нийтлэг жи­шиг юм аа. Хэрэв бүх асуудлаа та нар л шийдээд яв гэсэн бол Ард нийтийн санал асуулгын тухай хууль гэж байх хэрэггүй шүү дээ. Гэтэл энэ хууль маань бүр Үндсэн хуулийн хэмжээнд зарчим нь тусгагд­сан байдаг. Эрх зүйн онолд төлөөлөгчид шийдвэр гаргадаг ч ард түмэн шийддэг гэсэн номлол байдаг.

-Ард нийтийн санал асуулга явууллаа гэхэд томъёолол дээрээ санал нэгдэхгүй байгаа юм биш үү?


-”Та шинэчлэгдсэн СССР-ийн төлөө байна уу” гэдэг шиг юм байж таарахгүй л дээ. Иргэдэд ойлгомжтой байх тал дээр анхаарах хэрэгтэй юм. Бас хуулийн заалттай эд шүү дээ. УИХ дээр хэлэлцэж, хуу­лийн заалтын дагуу асуулгын асуултыг томъёолж гаргах байх.

-Таныхаар АН-ынхан яа­гаад дэмжихгүй байна вэ, танай намын саналыг..?

-Шуудхан хэлэхэд АН-ынхан сандарсан. УИХ-ын гишүүнээ шууд сонгоно, шууд сонгох нь давамгайлсан байх шаардлагатай гэсэн хариуг дэлхий нийтийн жишгээр ард түмэн өгчих байх гэдгээс тэд эмээсэн. Нэгэнт ард түмэн шийдчихвэл нэг хэсэгтээ өөр хэн ч шийдэж чадахгүй байдал бий болно гэдгээс тэд болгоом­жилсон байх. Тэглээ гээд АН-ынхан өөр хэнээр шийдүүлэх гэсэн юм бол гэсэн бодол надад төрөөд байгаа. Ард түмнээ сонсоход юу нь буруу байнаа, ойлгомжгүй л асуудал. Эдийн засаг нь улам тэлээд, манай улс Швейцарь шиг болох зам руугаа орох тусам л ард түм­нээрээ шийдүүлдэг “моод” улам дэлгэрэх учиртай юм.

-Асуудлыг дийлэнх олон­хийн саналаар ший­дэх тул санал асуулгыг хүчингүй болно, ирц бүр­дэхгүй гэж АН-ынхан тайлбар хийж байгаа?


-Ирц бүрдэхгүй гэх асуудал байхгүй. Яагаад гэвэл асууд­лыг дийлэнх олноор биш, ер­дийн олонхиор шийддэг хуу­лийн заалттай. Харин ийм чухал асуудалд иргэд идэвх­тэй оролцоно. Ирц ч бүрдэнэ. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 16-д “Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асууд­лыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” гэж заасан тул иргэд идэвхтэй оролцоно. Итали зэрэг оронд ирцийг гол хүчин зүйл болго­доггүй юм билээ.

-Сонгуулийн асуудалтай хамт Үндсэн хуулийн өөрч­лөх тухай асууна, тэгээд өөрчилнө гэсэн нь танай намын саналыг дэмжигчдийг эргэлзээнд оруулж байх шиг байна . Тухайлбал та радиогоор УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухай ярь­сан. Үндсэн хуулийн асууд­лыг асуулгаар хөн­дөх үү?


-Ний нуугүй хэлэхэд 76 гэдэг тоо цөөдөөд байгаа юм. Судалгаагаар энэ 76-г анх хэрэглэсэн 1992 онд нэг ги­шүүнд хэдэн сонгогч ноогдож байсныг одоогийн хүн амын болон сонгогчийн тооны өсөлт­тэй харьцуулаад үзэхэд 102-104 гишүүнтэй байж болохоор байгаа юм. Ер нь хүн амын тоо удахгүй гурван сая гарлаа. Тэгээд дөрвөн саяд дөхлөө гэхэд 76-гаараа л байсаар байх уу. Нэмэгдүүлэх талаар ард түмэнтэйгээ яривал ойлгоно л доо. Ганцхан УИХ-ын гишүү­дийн нэр хүнд ард түмний дунд жаахан тиймэрхүү байна. Янз бүрийн нэр хоч ч их авлаа. Уг нь парламент бол зөвхөн хуу­лиа тогтоодог, түүнийхээ хэ­рэг­жилтэд хяналт тавьдаг бай­хад л болох юм л даа. Энэ олон томилгоо хийдгээ, Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэдэг байдал зэргээ болиод, Ерөнхий сайд нь пар­ламентаа тараах эрхтэй бол­чихвол эдгээр нэр хочийг арилгаж болно. Нэр хоч их авнаа гэдэг бол олны үг ортой гэдгийн нотолгоо. Парламент 108 гишүүнтэй байхад л болно. Энэ нь Үндсэн хуулийн хэм­жээнд шийдэх асуудал. Гэхдээ Үндсэн хуулийн асуулгыг сон­гуулийн асуудалтай зэрэг­цүүлж тавих нь зохимжгүй гэж манай намын бүлэг үзэж бай­гаа. Тийм учраас Үндсэн хуу­лийн санал асуулгаа бэлтгэж байгаад энэ ондоо юм уу, ирэх хавар, эсхүл ирэх жилийн УИХ-ын сонгуультай хамтад нь явуулж нэмэлт, өөрчлөлт оруу­лах ажлыг дараагийн УИХ-даа үлдээвэл нийгмийн уур амьс­галд болон төр, ард түмний холбоог сайжруулахад их тус­тай. Ядаж л энэ УИХ муу нэр­нээсээ салахад тустай. Нөгөө нэг арга нь энэ Их Хурал шууд баталчихаад дараа нь ард түмний санал асуулгаар шүүл­гэж болно. Ийм практик байдаг л юм. Хэрвээ ард түмэн дэм­жихгүй бол шууд хүчингүй болно гэсэн үг л дээ. Одоогийн нөхцөлд бол эхний хувилбар буюу Үндсэн хуулийн асуулгаа тусад нь дараа явуулсан нь дээр байх аа.

-Дараа тусад нь явууллаа гэхэд саяын таны ярьсан “парламентын илүү ачаа”-нуудыг Үндсэн хуулиар хорихыг санал асуулгад оруулах уу?

-Олон сонголттой санал асуулга гэж байдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түм­нээ­рээ шийдүүлэхгүй бол на­мууд тийм амархан ойлголцоно гэдэг хол л байх аа. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр давхар ажилла­дагийг больё, нэгдмэл улсын шинж чанараа баталгаа­жуул­сан алхмуудыг хийе гэж гурван жил л ярилаа. Яаж байна, бахь байдгаараа л байна. Ард түм­ний зарим нь итгэл алдарч эхэллээ. Цөхрөөд байна шүү дээ. Уул уурхайн салбар дэл­хий дахины анхаарлыг татаж байгаа эдийн засгийн энэ эгзэгтэй бөгөөд сонирхолтой үед төрийн тогтолцоо нь илүү зөв хуваарилагдсан, сайн за­саг­лалыг бүрдүүлсэн байж гэмээнэ энэ бүхэн хүн бүрт тэгш бөгөөд хүртээмжтэй хүр­сэн зөв бодлого болно. Одоо байгаа байдлаа хараад яана даа гэж бодогдох үе сүүлийн үед их гарах боллоо. Үүнтэй уялдуулаад “Ард нийтийн са­нал асуулгын тухай” болон бусад хуульдаа зарим нэг нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Түүнийг намар хийж болно.

-Ер нь гадаад орнуудад санал асуулгыг хэр их хэрэглэдэг юм бол оо?


-Бараг бүх оронд нийтийн болон бүс нутаг, мужийн иргэ­дийн санал асуулга явуулах эрх зүйн орчинтой. Энэ дотор Америк ч бий, Англи ч бий, жижиг орнууд ч бий, Швед, Финландад ч бий. Щвейцарь бол жилд 3-4 удаа бүх нийтийн санал асуулга явуулдаг. Асуул­гын сэдэв асуултын хувьд хязгаар байхгүй. Үндсэн хуулийн асуудлаасаа эхлээд бүүр “жинхэнэ жижиг” гэмээр ч асуудал байж л байдаг. Жишээ нь, Австралид Үндсэн хуулиа бүх нийтийн санал асуулгаар батлаж байхад, Коста-Рикад Төв Америк болон АНУ, Доминикантай чөлөөт худалдааны хэлэлцээр бай­гуу­лах уу гэдгийг, Шведэд сог­туу­руулах ундааг хориглох тухай бүх нийтийн санал асуулга явагдаж байсан жишээтэй. Чилид их дэлгүүр барих уу, Испанид НАТО-д гишүүнээр элсэх үү, Португалид үр хөн­дөлтийг зөвшөөрөх үү, Англид мөнгөн тэмдэгтээ еврогоор солих уу зэрэг асуудлаар са­нал асуулга явагдсан. Ер нь олондоо олон. Чилид их сонир­холтой санал асуулга явагдсан байдаг юм билээ. Чилид санал асуулгыг бүх нийтийн кон­султаци гэж нэрлэдэг. Пиноче­тийн дэглэмийг бүр НҮБ эсэр­гүүцээд байхад Чилийн ард түмэн нь санал асуулга явуулж 74 хувиар дэмжсэн санал өгсөн байдаг. 1980 онд дахин санал асуулга явуулж 68,5 хувиар Пиночетийн Засгийн газрыг 1989 он хүртэл ажил­луулахыг дэмжсэн байдаг. Исландад Англи, Голландад төлөх ёстой өрөө барагдуулах уу, үгүй юу гэж санал асуугаад төлөхгүй гэсэн шийдвэр гарч байсан жишээ ч бий. Ер нь нэлээн түгээмэл хэрэглэгддэг арга л даа.

-Одоо манай УИХ-ын ги­шүүдийн явуулах гээд байгаатай адил ч юм уу, Сонгуулийн хуулийн та­лаар явуулсан асуулга хэр олон байдаг вэ?


-Англид саяхан яг сонгуу­лийн асуудлаар санал асуулга явагдаж хүн амын олонхи нь шууд сонгох буюу мажоритари тогтолцоог дэмжсэн санал өгсөн байгаа. Хөдөлмөрийн нам нь санаачлан явуулсан санал асуулгад ийм дүн гарсан юм. Мөн 2007 онд Канадад бас ийм санал хураалт явагдсан байдаг. Сонгогч хоёр санал өгье. Нэг дэх санал нь нэр дэвшигчийн төлөө, хоёр дахь нь намын төлөө гэсэн хувил­бар орсон. Гэтэл иргэдийнх нь 63,1 хувь нь намыг үгүйсгэж, нэр дэвшигчийг шууд сонго­хын төлөө буюу мажоритари талд саналаа өгсөн байна лээ. Египетэд ч Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар саяхан санал хураалт болсон. Ер нь аль улсын иргэн, хэн бэ, ямар шашинтай вэ, хөрөнгө чинээ хэр вэ гэдгээсээ үл хамааран хүн гэдэг талаасаа шууд ард­чиллыг илүү дэмждэг юм билээ энэ дэлхийд чинь. Тэгэхээр бид нэг их буруу зүйл яриагүй юм билээ. Гол нь хариуц­лагатай байх явдал шүү дээ. Тэд шууд ардчилал бол тө­лөөл­лийн ардчиллыг улам боловсронгуй болгох хэрэгсэл гэж үздэг юм байна.

-Санал асуулга заавал биелэх ёстой юу?

-Санал асуулга бас ч үгүй олон төрөлтэй. Референдум, олон сонголттой референдум, плибицсайт, багц асуулт гэсэн төрлүүд байдаг л даа. Заавал болон нөхцөлт гэж ангилдаг ч бий. Мөн эрх зүйн хүчин чад­лаар нь шууд биелэх хүчин ча­далтай, зөвлөх хүчин чадалтай гэж ч хуваадаг. Эхнийх нь шууд бодлогод тусгалаа олоод, хэрэгжээд явах учиртай бол сүүлийнх нь ард түмний дун­дахь ерөнхий уур амьсгалыг тандах, судалгааны чиглэлтэй гэсэн утгатай юм. Манайх эх­нийхийг буюу асуудлыг шууд шийдэгдсэнд тооцох хувил­барыг тусгасан хуультай.
Эх сурвалж "баабар дот эм эн" - ээс

Saturday, 9 July 2011

Б.СОЛОНГО: "Намайг тэр хүмүүс харж байгаа шүү дээ"


Өчигдөр 13 цаг 40 минут
Дуурь, балет аль алийг нь өөрийн тайзнаа туурвин тоглодог театр дэлхийд тийм ч олон биш. Тив тивийн 200 гаруй улсаас 40 шахамд нь л ийм цогц театр бий. Тэдэн дотроос дэлхийн шилдэг найман балетчиний нэгийг, Чайковскийн уралдааны мөнгөн медальтныг, Глинкийн тэмцээний тэргүүн байрын эзэн дуучныг төрүүлсэн театр мэдээж цөөхөн. Ингээд бодоход Монголын сонгодог урлагаар бахархах сэтгэл төрнө.

Дуурийн урлагийн ноён оргил “Аида”-г ДБЭТ-т тоглосноос хойш дэндүү сайхан, чихэнд чимэгтэй, сэтгэлд бахдалтай мэдээ ар араасаа нисэн ирж байна. “Аида”-гийн дараа Д.Алтанхуягийн балетийн үдшээр бид амьсгалсан. Таван тивийн шилдэг балетчидын тухай гайхаж шагшсан яриа хуучирч амжаагүй байхад Э.Амартүвшингийн мөнгөн медаль Монгол түмний нүүрэнд наадам угтсан баярын мишээл тодруулав. “Аида”, Алтанхуяг, Амартүвшин. Амжилт, бахархал дагуулсан түүчээ А-гаар хөвөрч байгаа хэмээн театрынхан өөр зуураа ярих аж. Улс тунхагласны баяраар тайзнаа амилах дараагийн шинэ бүтээл нь Атилла хааны тухай балет. 2011 он ДБЭТ-ын хувьд онцгой жил болж байна.

Э.Амартүвшингийн авчирсан шагнал Монголын сонгодог урлагийн хувьд анхны олимпийн медаль. Дуучны амжилт өөрийн авьяас хөдөлмөрөөс гадна олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Оюутан болоод ирэхэд нь хоолойг нь тавьж дуучин болгосон мэргэжлийн багш, ямар ч тэмцээн уралдаанд хамт явж бэлтгэл сургуулилтыг нь хангаж өгдөг төгөлдөр хуурч багш, өөрөөр хэлбэл дасгалжуулагч багшаас амжилтын нэлээдгүй хувь шалтгаална. П.И.Чайковскийн болоод өөр олон тэмцээнд Э.Амартүвшинг бэлтгэн хамтдаа оролцож яваа УГЖ, төгөлдөр хуурч Б.Солонготой уулзаж ярилцлаа.



-Чайковскийн медалийн тухай баярт мэдээ өнөө хэр хуучраагүй байна. Баяр хүргэсэн мэндчилгээ тасрахгүй байгаа биз дээ?

-Монголын ард түмэн, манай театр, урлагийнхан бүгд маш их баяртай байгааг одоо хүртэл мэдэрсээр л явна. Бүгдийнх нь баяр болж байна.

-Үнэхээр А зэрэглэлийн том наадам шүү дээ.

-Хамгийн нэр хүндтэй, нэлээд чансаа шаарддаг, нэгдүгээр зэрэглэлд ордог уралдаан. Чайковскийн тэмцээнийг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Уран бүтээлчдийн мөрөөдөл болсон уралдаан. Саяын уралдаан нэг онцлогтой болсон. Урьд нь нэгдүгээр шатанд бүх дуучид ирээд дуулдаг байсан. Харин энэ удаа урьдчилсан шалгаруулалт хийсэн. 40-өөд орны 600 гаруй дуучнаас шигшиж, эрэгтэй 20, эмэгтэй 20 дуучинг сонгож авсан. Тэр эрэгтэй 20 дуучинд нь гурван монгол залуу орсон. Тэгэхэд би хэлж байсан юм. “Та гурав дэлхийн шилдэг 20-д орчихлоо шүү дээ. Энэ бол үнэхээрийн том амжилт” гэж. Очоод нэгдүгээр шатандаа дуулаад эхэлтэл л хүмүүс шуугиж эхэлсэн. Монголын гурван дуучин ямар сайхан дуулж байна аа гээд л. Гурван хүчтэй өрсөлдөгч байна гэж дүгнэсэн. Дуучид ч, үзэгчид ч тэгж хэлсэн. Хэдэн зуун жил сонгодог урлаг нь хөгжчихсөн орны үзэгчид гэдэг гайхалтай шүү дээ.

-Тэгтэл төгсгөлийн шатанд шилдэг дөрөв үлдэхэд хоёр нь монгол байдаг.

-Харин тийм ээ. Тэгээд мөнгөн медалийг нь аваад ирлээ дээ.

-Шилдэг хорийн гурав нь монгол байлаа. Шилдэг дөрөвт хоёр монгол шалгарлаа. Мөнгөн медаль хүртлээ. Энэ амжилтын үндэс нь юу вэ?

-Манай Амартүвшин өөрөө их чадалтай сайхан хоолойтой дуучин. Монголын дуулаачийн школ нэлээд өндөр түвшинд хүрч байгаа юм байна. Дэлхийн хэмжээнд хүрч чадсан байна гэдгийг сая харлаа. Манай Амартүвшин СУИС-ыг төгссөн цэвэр монгол бүтээгдэхүүн. Сургалтаас гадна хувь хүн өөрөө их хичээл зүтгэлтэй байж байж амжилтад хүрнэ шүү дээ. Зөвхөн багш нар, уул агаар, ус гэж ярьж болохгүй. Уг хүн нь өөрөө их хөдөлмөрч, дуу цөөтэй. Өөрт заяасан авьяасыг зөв залж авч явна гэдэг их чухал, агуу хөдөлмөр шаарддаг гэдгийг онцолж хэлмээр байна.

-Манай монгол дуучдын бусдаас ялгарах онцлог юу байна?


-Шүүгчид ч ярьж байсан. Монголын дуучид их зөөлөн, тослог өнгөтэй юм гэж. Сонсоход уянгалаг, сонсголонтой юм гэсэн. Дээрээс нь уран гоё дуулж байна гэсэн. Урлаж, шаглаж оёно гэдэг шиг. Дотор сайтай. Дотроосоо дуулдаг гэх юм уу даа. Бусад орны дуучид асар өндөр боловсролтой байна. Гэхдээ механик талаас нь дуулж байна. Техник сайтай. Манайх илүү сэтгэлээсээ, дотроосоо дуулдаг. Утгажуулж дуулж чадаж байна.

-Энд тэнд тэмцээнд яваад ажиглаж байхад дуурийн урлаг ер нь ямархуу чиг хандлага руу явж байна?


-Сүүлийн хэдэн жилд нэлээд том том тэмцээнд дуучдаа бэлтгэн авч явж оролцлоо. Парисын хамгийн анхны олон улсын тэмцээнд өнгөрсөн аравдугаар сард Амараа бид хоёр оролцсон. Түүний өмнө Галина Вишневская гэдэг алдартай дуучны нэрэмжит тэмцээнд таван дуучинтайгаа явсан. Чайковскийн өмнө Улаан-Үдэд бас тэмцээнд оролцсон. Тэмцээн болгоноос ажиглаж л байна. 98 онд болж байсан тэмцээнээс өнөөдрийн тэмцээн өөр болжээ. Тэр үед орос дуучид ихэнх шагналыг авдаг байлаа. Дуугаа хэрхэн утгажуулж дуулж байгааг одоо их анхаардаг болж. Дуучны дууны өнгийг их харж байна. Мэдээж техник чухал. Жишээлбэл нэгдүгээр байр эзэлсэн Солонгосын дуучин техник талдаа үнэхээр мундаг юм билээ. Дуучны жүжиглэлт талыг одоо их хардаг болжээ. Зөвхөн дуучин биш, дуурийн жүжигчин гэдэг талаас нь.

-Нэгдүгээр байр эзэлсэн дуучин, Амараа хоёрыг харьцуулахад бие биеэсээ юугаараа илүү, бас дутуу байна, таны анзаарснаар?

-Солонгосын дуучин яг техникээр дуулдаг. Хоолойн цараа, чадлаараа манай Амараад хүрэхгүй. Манай Амараа илүү драматик. Одоо чинь драматический баритон, сопрано хоолойтнууд их ховордсон юм байна шүү дээ. Манай Амарааг яг драматический баритон гэж хүмүүс хэлж байсан. Солонгос дуучны хувьд бас нэг давуу тал нь боловсрол. Маш олон газар явсан хүн байсан. Хэчнээн ч олон тэмцээний шагналтай юм. Маш их туршилгатай. Насны хувьд хоёулаа яг чацуу. Гадны дуучид их эрт боловсорч байна. Олон хэлээр ярьж байна. Тэгэхээр л боловсрол их чухал байна даа. СУИС, ХБК-д сурч байгаа хүүхдүүд зөвхөн сайхан хоолой, авьяастай байх нь хангалтгүй. Маш их зүйл уншиж мэдсэн байх хэрэгтэй. Урлагийн талаар өргөн ойлголттой болох хэрэгтэй. Дээрээс нь хэлний мэдлэг. Дуучид бүгд англиар ус цас ярьж байна. Дээрээс нь итали хэл зайлшгүй сурах ёстой. Боловсрол гэж л дахин дахин хэлмээр байна. Түүнээс биш бусдаар манай дуучид гологдох зүйл алга аа. Бүтэн боловсрох л хэрэгтэй байна.

-Шагнал гардуулах ёслолоос өмнө таамаг, багцаа байв уу? Манай хоёр тийм амжилт үзүүлэх байх гэсэн.

-Манай хоёр дөрөвт үлдсэн болохоор хоёулаа шагналт болох юм байна гэж бодсон. Гэтэл шүүгчид маш хатуу шүүсэн. Гурав, дөрөвдүгээр байр эзлүүлээгүй. Амараагаа бол нэг рүү орчих болов уу гэж горьдоод байсан. Гэхдээ шүүлт гэдэг эвгүй шүү дээ. Ямар байхыг таашгүй. Гэхдээ л сэтгэл дотор багтаад байсан. Харамсалтай нь Энхтайван маань шагналт болж чадсангүй. Оросын нэг дуучин тэр хоёрыг Чайковскийн тэмцээний шагналтан байх болзлыг хангасангүй гэж үзсэн. Маш хатуу шүүлт байгаа биз.

-Босго өндөр байна.

-Яг үнэн. Хэдийгээр шилдэг дөрөвт үлдсэн ч шагналтан болох болзол хангаагүй л гэчихэж байгаа юм. Тэрүүн дээр их гонсойсон. Энхтайваныгаа шагнал авчихаасай гэж хүсэж байсан болохоор.

-Яг Амартүвшинг мөнгөн медаль авлаа гэж зарлах мөчид?

-Эхлээд юу билээ гэж л бодсон. Тэгснээ юу ярьж байгаа юм бэ, чамлахаар чанга атга гэж бодсон. Нэгдүгээр байр гэж горьдчихгүй юу. Их санаатай. Тийм болохоор тэгтлээ их догдолж баярлахгүй байгаа юм. Тэгээд байж байтал Амараад үзэгчдийн таашаал хүртсэн дуучны шагнал өгсөн. Оросын ард түмэн үзэгчдийн шагналаа өгнө гэдэг агуу том үнэлгээ байхгүй юү. Тэгээд л сэтгэл ханасан. Нэгдүгээр байрын чинээний хоёрдугаар байр юм байна гэж бодсон.

-Амартүвшингийн энэ амжилтыг хамгийн ихээр хуваалцах ёстой хүн хэн бэ?

-Таван жил ажиллаж энэ сайхан хоолойг тавьж өгсөн Ерөө багш нь. Бас дуулаач хүнд төгөлдөр хуурч багш нь хамгийн чухал байдаг. Орос хэлээр дуулбал бүх үгийг нь хэлж өгөөд энэ хэсэг дээр ингэж дуулах нь байна шүү гэж заана. Итали хэл дээр дуулах болбол хоёулаа толио бариад сууна. Энэ мэтээр төгөлдөр хуурч багш дуучнаа залж явдаг. Чайковскийг яаж дуулах юм, Рахманиновыг яаж дуулах юм гэдгийг, Вердийг яаж дуулах юм гэдгийг хэлж ярьдаг хүн. Бүгд өөр өөр шүү дээ. Зөвхөн төгөлдөр хуурч биш, дасгалжуулагч багш болчихож байгаа юм. Ийшээ тийшээ тэмцээнд явахад амралтыг нь тохируулна. Сайн нойр авахуулна. Хоолойг нь амраана. Эхлээд энийгээ дуулаад, хоолойгоо нөөцөлж байгаад төгсгөлд нь тэрийгээ дуулъя гэх мэтээр хоёулаа ярилцана. Бүх л жорыг тааруулна шүү дээ. Амартүвшингийн ард би бас маш том хариуцлага хүлээж байгаа. Дуучин нь гоё дуулж байхад ард нь би нэг нот алдаад тоглочихвол яана. Намайг бас тэр хүмүүс харж байгаа шүү дээ. Ийм сайхан дуучинтай ирсэн төгөлдөр хуурч нь яаж тоглодог юм байна гэж. Дуучнаа яаж мэдэрдэг юм байна гэх зэргээр намайг бас харж байгаа. Давхар давхар хариуцлага ирнэ. Дуучинтайгаа яг л хамт амьсгалж, догдолж яваад л ирдэг дээ. Бид хоёр бие биеэ нэг хүн шиг ойлгож байж амжилт гарна.

-Уралдааны мориор бол уяач нь юм даа.

-Яг тийм. Хэдэн цагийн өмнө хоолыг нь яаж идүүлэх вэ гэдгээс өгсүүлээд л бүх зүйлийг тааруулах шаардлагатай. Шуузтай шөлийг нь хэзээ хийж өгөх вэ гээд л. Ханиад хүрчихвий гэж санаа зовно. Яг л хамт шанална шүү. Би өөрөө бас эрүүл байх хэрэгтэй.

-Амартүвшингийн дараагийн тэмцээн?


-Наймдугаар сарын 16-наас Норвегийн Осло хотод хатан хааны нэрэмжит олон улсын тэмцээнд орно. Тэрүүнд бичлэгээ явуулаад шалгарчихсан байгаа. Есдүгээр сард бас Москва хотод болох дуурийн том тэмцээнд оролцоно. Дандаа Италид болдог тэмцээн анх удаа Москвад Их театрт болох юм. Сая бид хоёр Улаан-Үдэд очоод нэгдүгээр шатандаа тэнцээд тэмцээнд орох эрхээ авчихсан. Наадмын дараа Амарааг нэг жаахаан амрааж байгаад тэмцээндээ бэлтгэж эхэлнэ. Сая хэд хэдэн уралдаанд ороод, “Аида”-д дуулаад Амараа одоо ид формондоо орчихсон байгаа. Одоо харин сайн л амрах хэрэгтэй. Сая үнэхээр их ядарсан.

-Та хоёр ингээд энд тэнд тэмцээн уралдаанд ороход зардал мөнгөө яаж зохицуулдаг юм. Ямар нэг газар тусалж дэмждэг юм уу?

-Галина Вишневскаягийн уралдаанд орж байхдаа Сергей Молчанов гэдэг хүнтэй танилцсан юм. Тэр хүн урлагийн менежер. “Смол арт” гэдэг агентлагтай. Тэр хүний хараанд манай Амараа өртсөн. Дуулахыг нь сонсоод дэмжихээр шийдсэн. Бид хоёр энэ тэмцээнүүдэд ямар ч мөнгөний бэрхшээлгүй явж байгаа. Зардал хайгаад л бид чинь гутлаа эргэтэл явдаг шүү дээ. Тийм санаа зовох зүйлгүйгээр бид сая явлаа. Тэр байтугай бидэнд өдрийн хоолны мөнгө хүртэл өгсөн. Амараа, Солонго гэдэг хоёр хүний санхүүг тэр хүн бүрэн дааж байгаа. Бид хоёр бол тэмцээндээ анхаарах, санаа сэтгэлээ төвлөрүүлэх л үүрэгтэй. Москва үнэтэй хот, одоо яана аа, очоод хэнийд байрлана аа гэж бодохгүй сайхан байлаа. Энэ чинь маш том зүйл шүү. Бид хоёрын дараа дараагийн тэмцээнд явах тийз нь бэлэн байж байгаа.

-Театр та хоёрыг сарын цалингаар шагнасан гэл үү?

-Бид хоёр үнэхээр баярласан. Хөөрхий муу театр минь үүнээс илүү яах юм бэ. Өгөхгүй байсан ч бид хоёр гомдохгүй шүү дээ. Цалинтай чөлөө өгөөд явуулахад нь л баярлаж байгаа юм чинь. Ажлаа хийхгүй өөр юманд яваад өгч байгаа шүү дээ, уг нь. Ийм ийм сэтгэлийн дэмжлэгийн ачаар бид тэмцээн уралдаандаа л хамаг анхаарлаа төвлөрүүлээд санаа зовох зүйлгүй явж чадаж байгаа.

Э.Амартүвшинг Улаан-Үдийн уралдаанд “Риголетто” дуурийн ари дуулж байхыг сонсоод Санк-Петербургийн агуу том профеесор Тамара Новиченко “Энэ бол алтан баритон. Ирээдүйн Лео Нуччи байна” гэж дуу алдсан гэдэг. Лео Нуччи бол дэлхийд алдартай, дуучны чадал сорьсон Риголеттогийн дүрээр нэрийн хуудсаа хийсэн баритон хоолойт дуучин. Дуурийн өлгий нутаг Италийн дуучин. Харин Амартүвшингийн мөрөөдөл дэлхийн хэмжээний дуучин болох. Мөрөөдөл, үнэлэлт хоёр огтлолцох цаг удахгүй биз ээ.

Б.ЦАЦРАЛ
Эх сурвалж "ньюз дот эм эн"

Wednesday, 6 July 2011

Х.ТЭМҮҮЖИН: УИХ-ЫГ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ГАЦААЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй арайхийн  ярилцлаа. Арайхийн гэсний учир нь түүнийг 2008 онд УИХ-ын гишүүн болсон цагаас эхлээд л “Хоёулаа нэг ярилцана даа” гэж явсаар гурван жил өнгөрчээ. Гэхдээ энэ бол миний овсгоо муутайнх   биш  ээ.  Харин Х.Тэмүүжин гишүүний овсгоо сайтайгаас болсон хэрэг. Тэрбээр хэзээ ч ам хуурай байдаггүй. Дайралдсан сурвалжлагчдаа л  ярилцлага өгчихнө.   Энэ төрд болж бүтэхгүй юм байгаа цагт түүний амыг түгжих тухай санахын ч  хэрэггүй гэдгийг ойлгосон. Учир нь тэр зөвхөн өөрийгөө хичээж үгэндээ харам сүрхий хүний дүр эсгэх гэж оролдсонгүй.  Тиймээс УИХ-ын гишүүд дотроос сэтгүүлчдэд хамгийн их ярилцлага өгсөн нь магадгүй тэр байх.  Гэхдээ Х.Тэмүүжинг УИХ-ын гишүүн байтугай  Ардчилсан намд элсээгүй байхаас нь үзэл бодлын хувьд ижилсэж нөхөрлөсний хувьд түүний яриа ямагт шинэ санагддаг билээ. Ингээд УИХ-ын  гишүүн Х.Тэмүүжин “Ярилцах танхим” –ын зочноор уригдлаа.     

-Хаврын чуулган Сон­гуулийн хуулиа шинэчилж чадалгүй завсарлах нь.    Тэ­гэхээр сонгуулийн ямар хуулиар 2012 оны сонгууль  явагдах  бол гэдэг анхаарал татаж байна. 2008 оныхоо хуулиар уу? 


-Мэдээж УИХ Сон­гуулийн тухай хуулиа баталж чадахгүй бол 2008 онд хэрэгжсэн томсгосон мажоритари ху­вилбар хүчин­тэй байгаа учраас түүгээрээ явах байх. Гэхдээ хаврын чуулган завсарлаж байгаа хэдий ч цаана нь бас намрын чуулган үлдэж байна.  Сонгууль явагдахаас зургаан сарын өмнө  Сонгуулийн хууль батлагдсан байх ёстой.  Тэгэхээр цаг байна гэсэн үг. 

-Өнөөдөр долоодугаар сарын 1. 2008 оны долоо­дугаар сарын 1-нийг монгол­чууд хэзээ ч мартахгүй биз. Гэтэл 2008 оныхоо сонгуулийн хуулийг бариад л 2012 онд явж орчих хэрэг үү. Аймаар биш үү? 

-Долоодугаар сарын 1-ний хэрэг  юунаас болж үүссэн нь тодорхой байгаа. Сонгуулиас болсон. Яагаад сонгуулиас болсон гэхээр сонгууль шударга бус явагдсан гэж ярьж байгаа. Шударга бус гэдэг нь юуг хэлж байгаа вэ гэхээр “сонгуулийн луйвар” гэж хариулдаг. Тэгээд   сонгогчдын нэрсийн жаг­саалт, саналын хуудас тоолох явцад   л луйвар орсон болохоор  сонгууль шударга болохгүй байна гэж үздэг. Гэхдээ энэ хоёрыг хичнээн будилуулаад ердөө л 5-7  хувийг нь л луйварддаг юм.  

-10 хувь ч хүрэхгүй гэж үү? 


-Тиймээ,  хүрэхгүй.  Гэтэл нийт сонгуулийн дүнгийн 40 хувийг будилуулдаг зүйл бол хүн амын тооллого. Аль 1989 онд байна уу даа, (Би яг оныг нь сайн санахгүй байна) тоолсон хүн амын тоон дээр үндэслэсэн тойргийн систем үйлчилсээр байгаа юм. Энэ системийг өөрчлөөгүй цагт санал гээгдэх, санал нэмэх механизм үйлчилсээр байх болно.   Өнгөрсөн 20 жилд шилжилт хөдөлгөөн зөндөө хийгдсэн байгаа. Гэхдээ нэг сонирхолтой зүйл байна. УИХ дээр шийдвэр гаргаж байгаа процессийг ажиглаарай. Ардаа 60 мянган хүний эрх ашгийг төлөөлж байгаа нэг гишүүний саналыг  зургаан мянган хүнийг тус тусдаа төлөөлж буй  зургаан  гишүүн нийлээд л байхгүй болгож байгаа юм. Хүн амынх нь тал нь 20 суудлын төлөөлөлтэй байхад  үлдсэн хэсэг нь 56 суудлын төлөөлөлтэй байна.   Энэ зарчмаас  болоод л 2008 оны сонгуулийн дараа бухимдал үүссэн. Бухимдал хаана үүсэв гэхээр Улаанбаатар хотод.  Аргагүй шүү  дээ. Өөрсдийнх нь өгсөн санал ямар ч өөрчлөлт авчирахгүй болохоор бухимдаж байгаа юм. Хэрвээ үүнийг өөрчилье гэвэл нэгдүгээрт, мажоритари хувилбараар явуулна гэж тогтвол тойргоо дахин хуваарилах, эсвэл тойргийн ямар нэгэн хил хязгаар тавьдаггүйгээр нь пропорциональ хэлбэрийг сонгох хэрэгтэй. Ийм л хоёр сонголт бий. 

-Хүн амын шинэчилсэн бүртгэл явагдсан болохоор одоо тойргийн дахин хуваарилалт хийхэд саадгүй  биш үү? 

-Тойргийн дахин хуваарилалт хийхэд хуучнаар нь ялаад сурчихсан Ху нам гэх үү Ардын нам гэх үү нэр нь ойлгомжгүй тэр намынхан зөвшөөрөхгүй. Харин тэдний зөвшөөрч болох хувилбар нь юу байсан гэхээр  пропорциональ хэлбэр оруулаад  50:26 гэсэн хувилбар эхлээд ярьсан шүү дээ. Гэхдээ үүнийгээ МАХН гэдэг нэртэй байхдаа оруулж ирсэн хувилбар. Харамсалтай нь одоо  энэ хувилбараасаа буцчихлаа.   

-Одоо Ардын нам 52:24 гэсэн хувилбар яриад байгаа байх аа? 

-24:52. Пропорциональ нь 24, мажоритари нь  52 гээд байгаа юм. Хэрвээ 76 жижиг мажоритари болдоггүй юм бол ядаж 52 мажоритари байя л гээд байгаа байхгүй юу. Тойрог жижиг байх тусмаа, орон нутгаасаа  хэт хамааралтай болж, жалга довны үзэл арилдаггүй. Нөгөөтэйгүүр мөнгө их хүчтэй нөлөөлдөг.  Хэрвээ Ардын намынхны хүсэж байгаагаар одоо байгаа 26 тойргоо дундуур нь хэрчээд 52 болгон хуваах юм бол 2008 оны сонгуулиас ч ухарсан алхам болно. Үүнийг л Ардын нам хүсээд байна. Жижиг мажоритари байх тусмаа мөнгө хүчтэй үйлчилнэ, сонгогчдыг хянахад  амар болно. Тийм болохоор ялахад амар гэж бодоод байна. 

-Олон түмний дургүйцлийг сөрөн байж  хамтарсан Засгийн газар байгуулсны учир бол яаралтай  нэг тийш нь болгох  учиртай хэдэн том асуудлуудыг  шийдэхийн тулд ийм алхам хийсэн гэж бодож байгаа. Гэтэл хамгийн чухал Сонгуулийн хууль дээрээ гацаанд орлоо. Одоо л зөвшилцлийн үр дүн гарах ёстой биш үү? 

-Анх зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулахдаа 10 том зорилго тавьсан юм билээ. Түүнээс  дөрвөн зүйл нь л хагас дутуу биелсэн байх. Үлдсэн зургаа нь  огт байхгүй. 

-Ямар дөрөв нь биелсэн гэж… Тэгээд бас хагас дутуу шүү? 

-Уул уурхайтай холбоотой томоохон шийдвэрүүд. Оюутолгой, Тавантолгой, тэндээс олж буй мөнгийг иргэдэд хувьцаа болон бэлэн хэлбэрээр тараах, ажлын байр бий болгож амьжиргааны  төвшинг дээшлүүлэх чиглэлээр хийгдэх ажлууд багтаж байгаа юм. Нэгэнт уул уурхайн том төслүүд хөдөлсөн болохоор ажлын байр нэмэгдэж тэр жишгээрээ амьжиргааны төвшин ч дээшлэх ёстой гэж ярьж байгаа. Яахав одоогоор том том тоонууд л нисээд байгаа болохоос иргэдийн гар дээр тавигдаж амьдралд мэдэгдсэн зүйл байхгүй байгаа болохоор хагас дутуу гэж хэлэхэд болно. Тэднээс бусад нь тухайлбал, төрийн албаны шинэтгэл, сонгуулийн хууль, Засаг захиргааны шинэтгэл гээд юу ч хийгдсэнгүй. Өнөөх л 360 сумтайгаа,   төрийн албаныхан бахь байдгаараа,  сонгуулийн хууль ч хэвээрээ л байна. Монголын ард түмэнд хэрэгтэй, амьжиргааг дээшлүүлэх, үрэлгэн байдлаас гаргах, авлигаас ангижрах зэрэг ажлууд нь орхигдоод мөнгөтэй, эрх мэдэлд дуртай хүмүүсийг албан тушаалд томилох зэрэг ажил нь бол сайн хийгдэж байна л даа. Хамтарсан Засгийн газар хамтарсан байдлаа ашиглаж чадахгүй байна гэж л харагдаж байна. 

-Хаврын чуулган Сонгуулийн хуулиа шийдэж чадалгүй зав­сарлаж байна. Өдөр хоног нь ч долоодугаар сарын 1-нд тохиолоо. Дөрвөн жилийн өмнө энэ л сонгуулийн тогтолцооноос болж бухимдсан хүмүүс 2012 онд дахиад л энэ тогтолцоогоор санал өгч магадгүй байна. Бухимдал дээд цэгтээ хүрэх юм биш байгаа? 

-Магадгүй юм. Учир нь ямар ч өөрчлөлтийн  салхи үлээсэнгүй. Сонгууль дөхөх тусам хүмүүс хөдөлгөөнд орж энэ хуулиа яаралтай засахын төлөө  байх болов уу гэж бодсон чинь эндүүрчээ. Сонгууль ойртох тусам  УИХ-д сууж байгаа хүмүүс “яаж дахин сонгогдох вэ” л гэж боддог  юм байна.  Сонгуулийн дараахан улс эх орон энэ тэр гээд яриад байсан хүмүүс өөрчлөгдөж байна. Хувь хүний амбиц, эрх ашиг хөндөгдөж эхэлж байгаа байхгүй юу. Бүтэн гурван жил, за одоо бараг дөрөв дэх жилдээ орж байна даа. Энэ хооронд 500-гаас нэг тэрбум төгрөг  тойрогтоо тараачихсан   хүмүүс сонгуулийн хуулийг өөрчлөх  дургүй  байгаа.  Өөрсдийгөө найдвартай сонгогдоно гэж бодоод болж өгвөл сонгуулийн хуулийн шинэчлэлд саад хийх санаа агуулаад байгаа.  Ялангуяа Ардын намынхан иймэрхүү бодолтой байх юм.  Болж өгвөл жижиг мажоритари хэвээр нь үлдээчих гээд байна. За энэ бол нэгдүгээр зүйл. Хоёрдугаарт, Ардын намын залуус гэсэн хүчтэй бүлэглэл үүслээ. Тэдгээр залуус ямар хүмүүсээр эгнээгээ өргөтгөсөн бэ гэхээр уул уурхайн баялгаар хармайгаа дүүргэчихсэн өв залгамжлагчдыг татаад оруулчихсан. 

-Бага хуралд нь шинээр орсон гишүүдийг хэлж байна уу? 

-Тиймээ, тэд бага хурлын гишүүн болцгоосон. Тэд мөнгө тараадаг сонгуулийн механизмыг хүсэж  байна. Уул уурхайгаас олсон мөнгөөрөө л санал худалдаж авах нь тэдэнд амар бололтой. Ингэхийн тулд ерөөсөө л жижиг мажоритари хувилбар руу намаа чирлээ. Шийдвэрийг нь өөрчлүүлж дөнгөлөө. Уг нь МАХН  бишээ МАХН нэртэй байхдаа… 

-Намын нэрийг нь  андуураад байна уу даа…?    


-Андуураад байна, харин (инээв)… Одоо энэ Ардын нам МАХН гэдэг нэртэй байхдаа гаргасан шийдвэрээ  сая өөрчиллөө. Яагаад өөрчлөв гэхээр тэр мөнгөтэй хэсэг нь УИХ-д орж ирэхийн тулд анх гаргасан саналыг нь хүртэл өөрчлүүлж чадаж байна. 

Тэгэхээр тэд эрх мэдэлтэй бол­чихсон, намаа хүссэн зүг рүүгээ удир­­даж чаддаг болчихож. Энэ юуг нотолж байна гэхээр Ардын намын дар­га Сү.Батболд гэдэг хүн намаа захирч чадахаа байсныг л харуулж байгаа юм. Саналаа хагалж “Ийм байна, тийм байна” гэж ярьж ч чадахгүй байна шүү дээ. 

-Тэр Засгийн газар дээр саналаа багцалж чадаж байгаа болов уу? 

-Түвэгтэй байх шиг байна.

-Ардын намыг анхныхаа тохи­ролцооноос буцааж, намын даргаа эвгүй байдалд ортол түрж байгаа тэр бүлэг  бол  УИХ-д ч байхгүй, Зас­гийн газарт ч байхгүй хэсэг, тийм үү?  


-Өнөөдөр ярианы гол сэдэв энэ л байна. Ард түмнээс сонгогдоогүй, тэд­ний төлөөлөл биш зөвхөн мөнгөтэй хүмүүс УИХ-ыг удирдаж эхэллээ. Тэд УИХ-аар дуртай шийдвэрээ гар­гуулдаг болох нь.  

-Тиймээ, яагаад гэвэл тэд мөн­гөтэй…? 

-Тийм, мөнгөтэй хэсэг. Гэтэл УИХ-д ард түмний төлөөлөл болж сон­гогдсон гишүүд ямар ч эрх мэ­дэлгүй болчихож. Гишүүдийг тэд санхүүжүүлдэг. Бас дарга нарыг ч тэд мөнгөөр тэтгэдэг. Хууль тогтоох эрх мэдлийг сонгуулиар олж аваагүй байж  УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлэх замаар хүссэнээ хийлгэж байна. Бас нөгөө талаас нь бодож үзвэл УИХ-д байгаа хэсгийн далд сонирхлыг ч тэд өдөөж өгсөн. Ийм үзэл бодлуудын нийлбэрээс болоод Сонгуулийн тухай хуу­лийг өөрчлөх дургүй болж өгвөл жижиг мажоритари руу зүтгүүлж бай­гаа юм. Тэгэхээр Ардчилсан намаас болж УИХ гацаагүй. Харин Ардын на­мын Удирдах зөвлөлөөс болж гацаж байна гэвэл илүү оновчтой. 

-Үгүй ээ, би бол Урдирдах зөвлөл биш Бага хурал дахь мөнгөтэй ба­цаануудаас болж гац­лаа гэж хэлмээр санагдаад байгаа юм?     

-Бага хурлаас нь ч бай ямар ч байсан гацлаа. Ардын намын санал бол­гож байгаа хувилбар бол мөнгөтэй хэс­гийг улс төрд оруулж ирэх гэсэн тэдний лобби төдий юм. Тэд ийм л хү­мүүсийг өвөртөө тээж явна. Нэгэнт хэвлий дотроо тээчихсэн   үр могойгоо яаж ч чадахаа болиод улс орныхоо алсыг харсан бодлого дээр гох дэгээ тавьж байна. 

-Ардын намын бараг дөрөв дэх үе одоо солигдох гэж байна. Эд мөн­гөтэй амбицтай бөгөөд яахаас ч буцахгүй “зоримог” гэдгээрээ урд үеэсээ ялгаатай.  Энэ талаар юу хэл­мээр байна вэ? 

-Яахав, үе солигдох нь зөв. Про­цессийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Миний харж байгаагаар тэд улс төрийн тодорхой үзэл бодолгүй, нийт­лэг эрх ашгийн төлөө энэ улс орныг яаж авч явах талаар ойлголтгүй. Тэ­дэнд юу байна гэхээр маш том амбиц, маш том мөнгө л байна. Амбиц нь  юу гэхээр хууль цоорхой ихтэй бай­сан үед уул уурхайгаас олж авсан мөнгөөрөө одоо улс төрийг худалдаж аваад өөрсдийн бизнесийг  монополь бол­гож чадах юм байна гэсэн л хүсэл эрмэлзэлтэй болчихсон  байгаа.  Өмнө нь улс­төрчдийг худалдаж авдаг байсан бол одоо нэг гишүүнийг биш төрийн инс­титуцыг бүхэлд  нь худалдаж авч бол­но гээд бодчихсон  байна. “Шинэ орос” гэдэг шиг “Шинэ монголчууд” улс төр рүү тэмүүлж байгаа хэрэг. Энэ бол уул уурхайн хөөсрөлийн араас  Монголын төрд орж ирж буй Голланд өвчний нэг хэлбэр. Шинэ мөнгөтэй, шинэ хүмүүс төрд орж ирэх нь. 

-Тэгэхээр Ардчилсан нам хэн­тэй хамтарч ажиллаж байгаа нь ха­рагдаж байгаа юм. Нам  доторх үзэл бодол саналын зөрүүг хагалж чад­даггүй Ерөнхий сайдын танхимын тогтвортой байдлыг хангаад сууж байгааг ойлгож байгаа биз дээ. Асуудлыг жинхэнэ шийддэг нь га­даа байгаа. Тэгэхээр ийм Засгийн газрын хэрэг байна уу?  

-Одоо Ардчилсан нам асуудлыг тавих гэж байна. Мэдээж шууд Ерөнхий сайдад хаяглах нь зүйтэй. Танай нам гурван жилийн өмнө ма­най намтай хамтарч Засгийн газар бай­гуулахдаа ард түмний өмнө амласан амлалтдаа  хэвээрээ байгаа юу. УИХ-д сонгогдоогүй хэсгийнхээ шахалтад ор­соор байх уу. Хэрвээ орсоор байх юм бол ийм Ерөнхий сайдтай ажиллах шаардлага алга гэдгийг ярих хэрэгтэй. Мэдээж үүний ард хамтарсан Засгийн газрын тухай яригдах л байх. Өмнө нь С.Баяр бүхнийг хагалаад араасаа жаг­сааж чаддаг, зорьсноо хийдэг байсан бол Сү.Батболд өөрийгөө хаана явааг ч мэдэхгүй байна.  Ер нь бол тодорхой ги­шүүдээс Сү.Батболдтой холбоотой асуу­дал хөндөгдөх байх аа.