Monday, 16 April 2012

Б.Уянга: Усны хувцас бол секс имиж биш

Ярилцлага: "Ням гариг"

"Акуа фитнесс"-ын Ука буюу Б.Уянгын гэрт зочиллоо.

-Гэрийнхэн тань эзгүй байгаа юм уу танилцахыг хүссэн юмсан.

-Зуслан дээр байгаа. Би өөртэй чинь уулзана гээд зуслангаасаа эрт ороод ирлээ. Гэрийнхэн бүгд үлдсэн.

-Ямартай ч цаг гаргасанд баярлалаа. Бидэнд ярилцаж болохгүй сэдэв бий юү?

-Миний тухай, надад хамаатай бүхний талаар чөлөөтэй ярилцаж болно. Харин хүний өмнөөс, бусдын тухай ярих дургүй.

-Бусад гэдэгт гэр бүлийн хүн тань багтаж байгаа юу?

-Яг тийм.

-Тэгвэл өссөн гэр бүлийнхээ талаар ярьж болно биз дээ?

-Гурван хүүхэдтэй айлын том нь. Аав инженер, ээж Үндэсний номын санд олон жил ажиллсан. Би таван настайдаа уран гимнастикийн дугуйланд явж, бүжгээр хичээллэх болсон. 1990 онд байх аа, хоёрдугаар ангид байхдаа төв бассейны анхны сурагчийн нэг болсон. Тэр үед цуг хичээллэж байсан хүүхдүүд одоо олон улсын зэрэгтэй мастер багш нар болжээ. Би 4-5 жил бассейнд явсан ч дагнаж хичээллээгүй. Уг нь би СУИС-ийн урлагийн менежментийн анги төгссөн. Гэсэн ч одоо сонирхлынхоо дагуу эрүүл мэнд, гоо сайхны чиглэлээр бизнес эрхэлж байна. Багын хүсэл, сонирхол маань ажил болсон юм байна гэдгийг саяхан бодож суулаа. Өмнө нь энэ талаар ер бодож байгаагүй, ажлаа л хийгээд явдаг байж.

-Тэр үед ус амьдралын тань чухал байрыг эзэлнэ гэж бодоогүй байсан биз?

- Зургаан жилийн өмнө клубээ нээсэн. Тэр үед акуа фитнессийг хүмүүс мэддэггүй байсан. Оюутан байхдаа “Хар ирвэс” клубт багшилж байгаад Японд гэрээгээр ажиллахаар болсон. Тэнд очиход заалны фитнесс, хэрэгсэл дээр ажиллах, бүжгийн багш, усан фитнессийн багш гэсэн сонголт байсан. Харьцангуй үр дүнтэй, олон давуу талтай, шилдэг төрөл нь усан фитнесс байсан болохоор энэ төрлийг сонгож ажилласан. Гэрээгээ дуусгаад Монголд ирээд, клуб нээхээр шийдсэн юм.

-Ямарч бизнес эхлүүлэхэд санхүүгийн асуудал тулгардаг.

-Багагүй мөнгө хэрэгтэй. Гэхдээ би бизнес эхлүүлэхэд өөрийн гэсэн төлөвлөгөө, бэлтгэл, менежментээ боловсруулсан байсан. Фитнесс бол ямарч зааланд хичээллэж болдог, акуа фитнесст 1.4-1.5 метрийн гүнтэй бассейнтай байх ёстой. Харин манайд төв бассейнаас өөр газар олдохгүй гээд хэцүү асуудал байсан. Тэ­гээд л Чингис зочид буудалд клубээ нээж байлаа. Тэр үед багш, нярав, нягтлан, зөвлөгөө өгөх, захирал гээд цэвэрлэгээнээс бусад ажлаа өөрөө хийдэг байсан.

-Сурталчилгаагаа ч бас өөрөө хийгээд ...?

-Өөр хүн сурталчилгаандаа оролцуулна гэж ер бодож байгаагүй. Угаасаа тэр үед акуа фитнессийг мэддэг хүн бараг байгаагүй.

-Усны хувцастай сурталчилгаа их зоригтой алхам байсан шүү, хүмүүс арай өөрөөр хүлээж авсан биз дээ?

-Тачаангуй, задгай гээд. Зарим нь бүр порно гэж ч ярьдаг байсан. Гэхдээ усны хувцас гэдэг эротик имиж биш. Акуа фитнессийг усны хувцаснаас өөр ямар хувцастай сурталчлах байсан гэж. Монголчууд бассейнаас өөр газарт усны хувцас хэрэглэдэггүй болохоор энэ их цочир, сонин санагдсан байх. Усны хувцас, дотуур хувцас өөр шүү дээ. Анх манайд хичээл­лэхээр ирсэн хүмүүс салангид бикини өмсөхгүй гэж дургүйцдэг байсан.

-Тийм дүр төрхтэй байсан нь хүмүүст сонин байсан болохоор одоо ч гэсэн Ука урлагийнхнаас дутахгүй олны анхаарлыг татдаг. Хэнтэй суусан, хаана амьдарч байгаа, хүүдээ хэн гэж нэр өгсөн бэ гээд л янз бүрийн яриа хөвөрсөөр л байдаг?

-Би ажлаа танилцуулах хэрэгтэй байсан, олны анхааралд өртсөн. Төгс хүн гэж байдаг­гүйгээс хойш тэгээд л янз бүрийн яриа гардаг байсан. Анхандаа эмзэглэнэ, уйлна, лав сайхан байгаагүй. Одоо бол дасчихаж дээ. Нэг талаас ийм боловч нөгөө талаас бахархалтай санагддаг юм. Фитнессийн клуб, тэнд ажиллаж байгаа багш олон байхад би ажлаа, өөрийгөө олонд хүргэж чадсан багагүй амжилт.

-Олны анхаарлын төвд байх тийм ч хүсээд баймаар зүйл биш шүү дээ?

-Янз бүрийн мэдээлэл гарахад эхэндээ хэцүү л байдаг байсан. Хүмүүсийн төлөө ажиллаж, өөрсдийг нь гоё сайхан болгоё гэж байхад яагаад ингэж ярьж байгаа юм бол гэж гомддог байсан.

-Өнгөрсөн хавар танай төвийн үйл ажиллагаа хэсэг завсарлахад хүмүүс хулхидууллаа энэ тэр гээд янз бүрээр ярьж байсан?

-Чингис зочид буудлын барилга олон жил болсон учраас сантехникийн асуудал гараад цаашид үйл ажиллагаа явуулах ар­га­гүйд хүрсэн. Тэгээд шинэ байр хайж, за­саж, тохижуулахад хугацаа хэрэгтэй болсон. Нэгэнт хөдөлгөөн хийснийх үйл ажиллагаагаа өргөжүүлье гэж бодоод балет, бүжиг, йогийн анги, гоо сайхан, саунтай болгосон. Цаг зав багатай бүсгүйчүүддээ гоо сайхны асуудлаа нэг дор шийдэхэд нь хэрэгтэй гэж бодсон. Хэдэн сар завсарлахад хүмүүс сурагласан гэхээр акуа фитнесс бүсгүйчүүдэд хэр чухал болсныг харж болно.

-Эмэгтэй хүн бүр хувьдаа гоо сайхан, финтессийн газартай болохыг мөрөөддөг. Харин Ука үүнийг жинхэнэ ажил хэрэг болгож чаджээ?

-Би ажлаараа бахархдаг. Дасгалаа заан­гаа өөртөө анхаарал тавьчихна. Мөн хүмүү­сийн өөрчлөлтийг хараад кайф авна. Үйлч­лүүлэгчдийнхээ цаг завыг хэмнэх гэсэн гоо сайхны цогц үйлчилгээ маань миний ч гэсэн цаг завыг хэмнэдэг.

-Гоо сайхны үйлчилгээндээ долоон хоногт хэдэн удаа ордог вэ?

-Аливаа зүйлийн хэмжээ хэтрэхээрээ сөрөг үр дагавар гардаг. Тэр утгаараа маникюр, педикюр, гоо сайхандаа долоо хоногт нэг удаа орно. Харин бассейнд 4-5 удаа орно. Хаа нэг тийшээ явах үед энэ хэмнэл өөрчлөгддөг ч миний цүнхэнд усны хувцас байнга байдаг. Гадагшаа явах үедээ далайн эрэг рүү нь явах, үгүй бол бассейнд орох гээд л зохицуулна даа. Удаан хугацаагаар усанд орохгүй байх хэцүү байдаг.

-Бүсгүйчүүдийг гоолиг, сайхан бие галбиртай байгаасай гэж санаа тавьдаг хүн. Ингэхэд өөрөө илүүдэл жинтэй байсан уу?

-Багаасаа гимнастик, бүжгээр хичээллэсэн, “Хар ирвэс” клубт багшилж байсан болохоор ер нь форм алдаж байгаагүй. Гэхдээ жирэмсэн байхдаа, төрсний дараа илүүдэл жинтэй болсон. Тэр үед нэг их эмзэглээд бай­даггүй. Санаа зовоод суухын оронд дасгал хийдэг. Төрсний дараа хоёр сар бассейнд орж болдоггүй, тийм болохоор өдөрт гурван цаг йогийн дасгал хийдэг байлаа. Хүмүүс дасгал хийхээр ядардаг бол спортынхон хөдөлгөөнгүй байхаар ядарч, бие хөшдөг. Тийм болохоор хөдөлж, хөлсөө гаргаж байж кайф авдаг.

-Турах хүсэлтэй бүсгүйчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүн бүрийн таргалалт янз бүрийн шалт­гаантай байдаг. Манай клубт явбал сард 4-5 кг жин хасна гэдэг ч хувь хүн бүрийн онцлогоос ихээ­хэн хамаарна. Залуу эмэгтэйчүүд, жирэмс­лэл­тээс тогтсон илүүдэл жинг богино хугацаанд хасаж болдог бол унаган тарга, чанга булчинтай хүмүүс турах нь удаан. Энэ бүхэнд зөв мэдээлэл, зөвлөгөө өгөх гэж уншиж, судлах хэрэгтэй болно. Ер нь гоо сайхан төдийгүй эрүүл мэндийн талаар багагүй мэдлэг, мэдээлэл хуримтлуулсан. Жингээ хасах хүсэлтэй хүн чин хүсэлтэй, шийдэмгий байх хэрэгтэй. Ер нь заавал таргалж байж турах гэж зовохын оронд урьдчилаад арга хэмжээ авчих хэрэгтэй. Зөв хоол, хөдөлгөөн хоёр л хамгийн сайн арга.

-Гоо сайхны цогцолбор ажиллуулж, бүсгүйчүүдийн гоолиг бие галбирын төлөө санаа тавьдаг Ука биеийн жингээ барих гэж хоолоо сойдог болов уу, тусгай дэглэм баримтладаг болов уу гэдэг нь сонирхолтой?

- Нарийн дэглэм барихгүй. Гэхдээ аль болох хөнгөн, эрүүл хоол сонгодог. Баяр, төрсөн өдөр, найз нартайгаа хооллох гээд хэт их идэх үе байлгүй яах вэ. Тийм үед маргааш нь мацаг барьдаг. Нэг хэсэг их хооллосон байлаа гэхэд дараа долоо хоног нь багасгах ч юм уу, тиймэрхүү байдлаар зохицуулдаг. Тэрнээс биш одоо юм идэхгүй, ийм юм идэхгүй, тэр ч болохгүй гэсэн тогтсон дэглэм байхгүй. Хэмжээг нь хэтрүүлэхгүй л бол торт, шоколад, мөхөөлдөс гээд дуртай зүйлээ идэж болно.

-Нэг хэсэг эзгүй байсан, аяллын чиглэлээ аль зүгт хандуулсан. Зун яаж амрав?

-Гэрийнхэнтэйгээ Сингарпурын Сентоза арал дээр амраад ирсэн.

-Ер нь голын усанд ордог уу. Энэ зун “River вeach” арга хэмжээнд оролдцсон уу?

-Найз нартайгаа 2-3 партид очсон. Сэрүүхэн байсан шүү.

-“Гурван охин” хамтлагийнхан, Нара, Соко гээд л үе тэнгийн урлагийнхантайгаа найзалдаг байх аа?

-Уран бүтээлч, бизнесмэн гээд олон найзтай. Нэг цуглахаар 20-иод хүн ирдэг. Бид сардаа 2-3 удаа уулзана. Гоо сайханд орж, саунд сууна. Дэлгүүр хэснэ, нэгнийдээ очно, бүжигэнд явна гээд залуу хүмүүс уулзахаараа юу хийдэг билээ, тэр бүхнийг л хийнэ.

-Нээрэн “Гурван охин” хамтлагийн уран бүтээлийг ивээн тэтгэсэн гэж байсан?

-“Чихэнд минь шивнээч” гээд гоё дуу байсан. Найз нарынхаа уран бүтээлийг дэмжихээс гадна миний ажилд ч хэрэгтэй байсан учир тэр дууны клипийг хийхэд ивээн тэтгэсэн.

-Нууц биш бол хэчнээн төгрөгийн зардал гарсан бэ?

-5000 доллар. Би мөнгөтэйдөө ч тэр клипийг ивээн тэтгэсэн гэж туйлширч ойлгож болохгүй. Найз нарынхаа уран бүтээлийг дэмжихээс гадна миний бизнест хэрэгтэй байсан учир хамтран ажилласан.

-Укагийн хувьд мөнгө гэж?

-Би хадгалаад, хураагаад бай­даг хүн биш. Олно, олсноо хэрэглэнэ. Гэхдээ бизнесийн зорилго байгаа, тий­мээс хэзээ, юунд, яаж зарцуулах вэ гэдэг дээр төлөв­лөгөөтэй байлгүй яах вэ.

-Одоо байгаа бүхэн тань тэмцэж олж авсан амжилт уу, эсвэл хувь тавилангийн бэлэг байв уу?

-Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Хүсэл сонирхол байсан, сайхан боломжууд тохиож би тэрийг ашиглаж чадсан. Ингээд бодохоор хүүхдийн хүсэл сонирхолыг дэмжих хэрэгтэй. Олон зүйлд сорих хэрэгтэй. Тэр дундаасаа хэрэгтэй, сайн чадах, сонирхолтой зүйлээ олно. Тэр нь ирээдүйд амжилт олоход нь их нөлөөлнө.

-Хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлж байна уу?

-Том охин маань миний багатай төстэй. Урлаг, спортод дуртай. Янз бүрийн бүжгийн тэмцээнд орно. Бас fashion чиглэлээр нэлээд сонирхолтой байх шиг. Янз бүрийн загвар зохионо, хүүхэлдэйдээ хувцас оёно. Тэр үед нь ойр зуурын юм авч өгөх байдлаар дэмжиж байна. Одооны хүүхдүүд эрт биеэ даадаг болж. Надаар заалгаж, зааварлуулахаас өмнө бараг л надад заадаг юм. Компьютер, интернэтийн тал дээр би охиноосоо туслалцаа авдаг. Харин бага маань ой гарантай, одоохондоо тийм ийм гэж хэлэх болоогүй л байна. Хүүхдүүд маань усанд байх дуртай. Өсөлт хурдан, чийрэг байдаг болов уу гэж боддог юм.

-Намуухан дуутай, зөөлөн, тайван бүсгүй харагддаг. Харин үүний цаана хичээнгүй, шаргуу, зоригтой эмэгтэй байдаг бололтой?

-Зорьсон зүйлдээ хүрэхийг хичээдэг. Түүнээс биш хорон, ууртай, атаач биш. Хүрэх газартаа очих гэж бүхнээ дайчилна. Гэхдээ тэнд хүрэх ёстой гээд ядарч унатлаа зүтгээд байдаг махруу хүн биш. Миний хийж байгаа ажил хамгийн гол нь дур сонирхол байсан. Би ажлаасаа сэтгэл ханамжийг авдаг болохоор юм бүхэн нь сайхан санагддаг.

-Хөгшрөлтөөс хэр айдаг вэ?

-Айгаад суухын оронд аль болох удаашруулах арга хайдаг. Үнэтэй, чанартай, ховор гоо сайхны бүтээгдэхүүн гэхээс илүү сайн амарч, стрессгүй, өөдрөг бодолтой байвал хамгийн сайн эм болно. Эерэг нөлөөлдөг байх. Хүний дотоод сэтгэл гадаад гоо үзэмжид их нөлөөлдөг шүү дээ.

-Эмэгтэй хүн хүүхэд, гэр бүл, ажил гээд бусдын төлөө ихэнх цагаа зориулдаг. Өөрийгөө яаж баярлуулдаг вэ?

- Дэлгүүр явна, таалагдсан зүйл үнэтэй байсан ч “Их ажилласан юм чинь” гэж өөрийгөө урамшуулаад авчихдаг юм. Залуу насандаа л гоёхоос биш хөгширсөн хойноо гоёод хайчих вэ дээ. Бас номын дэлгүүр орно. Эрүүл мэнд, гоо сайхан, эмэгтэйчүүдийн сэтгүүл, түүхэн ном, бясалгалын ном, дасгалын DVD цуглуулдаг. Сүүлд “Чонон сүлд”-ийг уншсан, “Монголын их хатад” гэдэг ном авсан ч уншиж амжаагүй л байна. Сардаа нэг удаа номын сангаа баяжуулдаг юм. Гэхдээ миний уншдаг ном бясалгал, эрүүл мэнд, түүхэн, сонгодог гэсэн сэдвийн хувьд хязгаарлагдмал. Адал явдал, зөгнөлт, аймшгийн гээд бусад төрлийн зохиолд дургүй.

-Гоо сайхан, имиж дүрх төрхийн хувьд яах аргагүй олны анхаарлыг татдаг. Энэ тал дээр мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилладаг уу?

-Энгийн үед нүүрээ өөрөө будчихна. Харин зураг авалттай үедээ MPHS салоны Отгоогоор нүүрээ будуулж, тэдний үсчин Золоогоор үсээ засуулна. Бас “Матрикс” салоны байнгын үйлчлүүлэгч.

-Үснийхээ засалтыг хэр их өөрчилдөг вэ?

-Энэ тал дээр харин зоригтой өөрчлөлт хийдэг шүү. Саяхан цэнхэр сортой байж байгаад будуулсан. Дараа нь үс жаахан муухай болчихдог юм байна.

-Тэгвэл дуртай үнэртэн?

-Үнэртэй уснаас илүү биеийн лосьон хэрэглэдэг. “Victorias Secret”, “Dior”, “Channel”-ийн биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүн.

-Байнга цүнхэлж явдаг гоо сайхны бүтээгдэхүүн бий юү?

-Биеийн тос, лосьон.

-Усны хувцастай олон зургийг тань харсан. Хувцасны шүүгээндээ хэр олон бикинитэй вэ?

-Тэгэлгүй яахав, ихэнх усны хувцас маань ажил дээр байгаа. Энгийн үед голдуу даашинз өмсөнө. Бариу, зөөлөн, суналттай материалтайг сонгодог. Шаргал, цайвар шаргал, ягаан, хар өнгийнх байдаг юм, харин улаан хувцас бараг байхгүй дээ.

-Гутлын хувьд?

-Өндөр өсгийтөд дуртай.

-Хэдэн онд жолооч болж байсан бэ?

-2000 онд жолооч болсон. Спорт загварын машинд дуртай ч одоо “Infiniti” барьдаг.

-Машин гэдэг бүсгүйчүүдийн хоёр дахь гэр болдог. Таны хувьд?

-Би ер нь гоёж, гангалах сонирхолгүй юм шиг байгаа юм. Ээмэг зүүлт, гэр орон, машин тэргээ гоёж гангалаад байдаггүй. Машин дотор маань “No smoking” гэсэн үнэртүүлэгч, нүдний шилнүүд, цэвэр ус, хэдэн цомог л байгаа даа.

Сангийн дэд сайд Ч.Ганхуяг: Би дөрвөн машинтай, Шаргаморьтод амьдардаг, Хас банкны таван хувийг эзэмшдэг

Сангийн дэд сайд Ч.Ганхуягтай цаг үеийн сэдвээр олон зүйлийг ярилцлаа. Тэрээр асуултуудад маань хэрхэн хариулсаныг доорх ярилцлагаас уншина уу.

- Луу жилд Монголын эдийн засаг ямар байх төлөвтэй байна?

- Монгол улсын эдийн засгийн ерөнхийдөө өөдөө хандсан байдалтай байна. 2011 он бол өндөр өсөлтийн гарааны жил байсан. Харин 2012 онд бид энэ өсөлтөө улам илүү баталгаажуулж, хурдаа тогтворжуулж ажиллана. Нөгөө талаас эдийн засагт нүүрлээд байгаа хэт халалтаас урьдчилан сэргийлж найдвартай үндэс суурийг нь илүү бэхжүүлэх ажлуудыг хийх шаардлагатай. Гэхдээ 2012 он бол сонгуулийн жил гэдгийг санах хэрэгтэй. Эдийн засаг хүмүүсийн итгэл үнэмшил, хоорондын итгэлцэл дээр тулгуурлаж явдаг учраас сонгууль болоод ирэхээр тодорхойгүй байдлаар нэмэгддэг талтай. Үүнээсээ үүдээд мөнгөний ханшинд тодорхой хэмжээний хөдөлгөөн үүсэхийг үгүйсгэхгүй.

- Гадны хэвлэлүүдэд эдийн засгийн хямралын хоёрдугаар давалгаа эхэллээ гэж бичиж байна. Гэтэл манайх тэтгэвэр, тэтгэмж халамжийнхаа хэмжээг тэлээд л байдаг. Манай эдийн засгийн бодлого дэлхийн хямралын цаг үетэй уялдаж чадаж байгаа юм уу?

- Дэлхийн эдийн засаг гэхээс илүү, Хятад улсын эдийн засаг ямар байхаас манай эдийн засаг хамааралтай болчихоод байгаа юм. Өмнөх хямралын үед Хятад дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж байсан учраас тэр үед манайх харьцангуй бага хохиролтойгоор даван туулж чадсан. Одоо ч мөн адил урд хөршийн үйлдвэрлэл болон үйлдвэрлэлдээ ашиглах манай орны уул уурхайн түүхий эд түүний хэрэгцээ эрэлт нь хэр байх вэ гэдгээс хамаарна. Алтны үнэ эдийн засгийн харилцаатай урвуу харилцаатай байдаг бол зэс болон нүүрсний үнэ эдийн засгийн өсөлттэй эерэг хамааралтай байдаг. Тэгэхлээр урд хөршид эдийн засгийн өсөлт удаашраад ирвэл зэс нүүрсний үнэ унана. Тэгсэнээр бидний төлөвлөөд буй экспортоос олох орлого түүгээр дамжих татварын орлого, хөрөнгө оруулалт зогсвол манай эдийн засагт хүнд байдал үүсэхийг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ зэс, нүүрсний үнэ 2008 оных шиг шаланд тултал унах магадлал туйлын бага байгаа. Тэгэхээр бид харьцангуй тайван байж болно. Хамгийн гол нь дунд хугацаанд манай эдийн засагт нүүрлэж болох эрсдэлүүдийг олж харах хэрэгтэй. Эдийн засгийн өөрийнх нь чадавхийг нэмэгдүүлэх, бүтээмжийг бий болгох зарим нэг саад тотгор болоод дэд бүтцийн цоргуудыг арай илүү өргөсгөх, дамжуулах чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нь цаг хугацаа алдалгүй хийх шаардлагатай байгаа. Тэр хөрөнгө оруулалтыг хийснээр манай эдийн засгийн өөрийн үйлдвэрлэх чадвар нэмэгдэж, илүү чанаржиж, нийт эдийн засгийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Ингэснээр аливаа хямралыг даван туулах чадвар нэмэгдэх юм. Засгийн газраас ч эрчим хүч, төмөр зам, аймгуудыг засмал замаар холбох асуудлыг санхүүжүүлж, улсын төсвөөс нэлээдгүй хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай болчих вий гэсэндээ уламжлалт мал аж ахуйн салбарт хийх ажил болон махаараа дотоодыг хангаад зогсохгүй гадаад руу экспортлох алхамуудыг дэмжих, хүнсний ногоогоо дотоодоосоо хангадаг байх, улаан буудайгаасаа гурилаа гаргаж аваад дотоодын хэрэгцээгээ хангадаг байх, жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлэх гэх мэт уул уурхайгаас үүсэх өндөр хамааралыг аль болох бага байлгах тэр талын алхамуудыг хийж байгааг та бүгд харж байгаа. Төрийн бодлого нь гараад, санхүүжилтийн бондууд гараад ажлууд хийгдээд явж байна. Тэр ажил бол баялагийн хараал болоод Голланд өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.

- Бинзений үнэ нэмэгдээд сар гаруйн хугацаа өнгөрлөө? Энэ тал дээр засгийн газраас ямар зохицуулалт хийх юм. 50 төгрөгөөр буулгаад л болоо юм уу?

- Засгийн газар бол тогтвортой байлгах захиргаадалтын бус арга хэмжээнүүдийг авдаг байгууллага. Тэр арга хэмжээнүүдийг нэрлэвэл нэгдүгээрт татварын нөлөөлөл байж болно. Санхүүжилт олох байдлаар явж болно. Жишээ нь Улаанбуудайг тарихад урамшуулал өгч, тоног төхөөрөмж нийлүүлэх, үрийг нь хангах мөн бүтээгдэхүүнийг нь татварын мөнгөөр худалдаж аван нөөцөлж байгаад буцаагаад борлуулах. Өмнөх хямралын үеэр бол бинзенийг нөөцлөх алхамыг хийж байсан. Мөн онцгой албан татвар болон бусад албан татвараар нефть импортлогч компаниудыг хөнгөлөх арга хэмжээнүүдийг авч үнийг зохицуулж байсан. Нэмэх үедээ нэмээд хасах үедээ хасаад явсан. Бинзений үнэ бол өссөн. Буцаад 50 төгрөгөөр буурсан. Нэмэгдэхээс өмнөх үнэ маань хэдэн жил тогтвортой байсан гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Энэ компаниудын хилийн үнэ гэж байдаг. Тэр нь хоёр жилийн өмнө ямар байж байгаад сая үнээ нэмэхэд хэд дахин нэмэгдсэнийг нь харах хэрэгтэй. Хоёр жилийн дотор гурав дахин нэмэгдсэн байна. Тэр хүмүүсийн Оросоос авдаг бинзений үнэ нь гурав дахин нэмэгдсэн ч бинзений компаниуд болон төрийн хувьд саяны нэг сар хүртэл тодорхой түвшинд бариад ирсэн шүү дээ. Бид нар хоёр жил барьж байсан. Сая нэг огцом нэмэгдээд одоо аажмаар буурч байгаа нь үнийг хэт удаан хүчээр барьсаны муу уршиг юм.

- Цагаан сарын урамшуулал гэж 50 төгрөгөөр бууруулсан юм биш үү?


- Зарим нэг компаниас ирсэн мэдээлэлүүд нь надад байж байна. Үүнээс үнэ яаж хэлбэлзэж байгааг харж болно. Нэгдүгээр сард дундаж үнэ нь 1460 байсан бол 1480 болоод дараа нь 1430 болтолоо буурсан хандлагатай байгаа. Өмнөх сарын дундажаас 18-30 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Хүмүүст хандаж хэлэхэд эрэлт нэмэгдэх тусам үнэ нэмэгдээд явна. Эрэлт буурах тусам үнэ буураад явна тэр зарчим л үйлчилж байна. Нэг зүйлийг хэлэхэд бид нарын зарж байгаа алт, зэс, нүүрсний үнэ өндөр байна. Үүнийг баяртайгаар уухайлж хүлээж авдаггүй. Тэгсэн мөртлөө авч байгаа юм маань хэт өндөр байна гэж халаглаад явж байгаа юм. Аливаа зүйл бол хоёр талтай. Ноолуур болон зэсийн үнэ өндөр байна. Монголчууд бид бол зарим нэг зүйлээ өндөр үнээр зарж байгаа. Тэгсэн мөртлөө гадны компаниуд үнээ нэмэхийг хүлээн зөвшөөрдөггүй.

- Вальютын ханш цаашид буурна гэж та хэлсэн? Та үүн дээр тодорхой прогноз хэлээч? Жишээ нь сонгуулийн өмнө хамгийн дээд дооддоо яг хэдэд барина гэж бодож байна?

- Яг тийм прогноз бол байхгүй. Монгол төгрөг болон долларийн эрэлт хэрэгцээ өөрөө өөрийгөө тодорхойлдог тогтолцоотой. Хөвөгч ханштай. Тэр нь болохоор чөлөөтэй хөрвөх нөхцөлтэй. Төв банк долларыг банкуудаас худалдаж аваад түүнийгээ эргүүлж банкинд зардаг. Банкууд нь эргүүлж харилцагч нарынхаа экспорт импортын хэрэгцээнд зориулаад тохиролцож зарж, авдаг жамтай. Ийм учраас ханш хэдээс хэдийн хооронд хэлбэлзэнэ гэж хэлэх боломж байхгүй. Ер нь бол яваандаа төгрөг чангарна.

- Багш нарын цалинг нэмнэ гэсэн амлалтандаа засгийн газар яагаад хүрэхгүй байгаа юм бэ? Засгийн газар бололцоогүй зүйл амалчихсан юм уу? Эсвэл бололцоотой ч гэсэн ирээдүйн эдийн засгийнхаа төлвийг хараад ингээд байгаа юм уу?

- Гурван талт хэлэлцээрийн үр дүнд тохиролцсон. Төсөв хэлэлцэж байхдаа хуульд жаахан өөрчлөлт оруулсан. Хууль бидний тохиролцсон байснаас өөрөөр гарсан учраас УИХ-руу эргээд залруулах саналыг явуулсан. Тэгэхээр ирэх нэг дэхь өдөр болох УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ асуудлыг шийдэж байж засгийн газар хэрэгжүүлэх боломжтой болно.

- Багаггүй хугацаанд хамтарч ажилласан С.Баярцогт сайдын ажилд ямар дүн тавих вэ?


- С.Баярцогт сайд маш сайн ажилласан. Хийх ёстой ажлуудаа сайн хийсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнгүүдээр бол сайн гэдэг дүнтэй л гарна. 90-ээд хувийн гүйцэтгэлтэй. Энэ яаман дээр хүнд суртал багассан. Илүү нээлттэй болсон. Шинэ хуулиуд гарсан.

- Ирэх сонгуульд нэр дэвших үү? Дэвшвэл аль тойргоос нэр дэвших вэ? Хот, хөдөөгийн альнаас?


- Мэдээжийн хэрэг улс төрийн том үүрэг хариуцлага болох сангийн дэд сайдын ажлыг надад даалгасан байгаа. Тэгэхээр манай намаас дараагийн сонгуулиар надад тодорхой чиглэл өгнө. Сонгуулийн тойргийн хувьд бол бодсон санасан зүйл байна. Журмын нөхөдтэйгээ ярьж тохирсон зүйл ч байгаа. Би Улаанбаатарын унаган хүүхэд. УИХ-д нэр дэвшээд улс орныхоо төлөө бодлого гаргах хамгийн дээд шатны байгууллагад ажил гэсэн итгэл үзүүлбэл Улаанбаатар хотоос нэр дэвшээд сонгуульд өрсөлдөнө.

- Ер нь нийслэлийн нутгийн зөвлөл гэдэг зүйлийг яагаад байгуулсан юм бэ?

- Улаанбаатарт амьдардаг хүмүүс төрж өссөн газраараа хуваагдаад аймаг сумын төлөөлөлтэй болдог. Үүнтэй адилаар Улаанбаатар хотод олон үеэрээ амьдарсан хүмүүст өөрсдийнхөө хэмжээнд эрхээ хамгаалдаг асуудлаа ярьдаг тийм иргэний нийгмийн байгууллага хэрэгтэй болсон юм. Хотын нутгийн зөвлөл хотынхоо удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж болохгүй байгаа зүйлийг нь хэлж, болж байгаа зүйлийг урамшуулж, хамтран төслүүд хэрэгжүүлж, шинэ гарцуудыг гаргаж, төсөв санхүүг илүү ил тодоор захиран зарцуулах тэр боломжийг хангах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Гэхдээ зөвхөн Улаанбаатарын уугуул иргэд цуглаад өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах биш хөдөөнөөс хот руу нүүж ирж байгаа иргэдэд тодорхой хэмжээний хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, тайлбарлаж ухуулан таниулах, шаардаж шахах ёстой л доо.

- Хөдөөнөөс хот руу шилжин ирж байгаа айлуудаас төлбөр авдаг тогтолцоотой болж болох уу? Гадны туршлагыг монголд хэрэгжүүлэх боломж байна уу?

- Нэгдүгээрт хөдөө орон нутагт нь сайхан амьдрах бололцоог нь сайжруулах хэрэгтэй. Тэнд малаа маллаад мэдээ мэдээллээс хоцрохгүйгээр сайхан амьдрах боломжтой болгох хэрэгтэй. Орон нутагт чанартай боловсрол, эмнэлэгийн үйлчилгээ аваад сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх тал дээр үе үеийн засгийн газар ажиллаж ирсэн. Дархан, Эрдэнэтийг жишиг хот болгох хэрэгтэй. Тэнд хүмүүс нүүж очиж амьдардаг болгох хэрэгтэй.

- Энэ зуны сонгуулиар аль нам хэдэн суудал авах бол? Таньд таамаг байна уу?

- Би өөрийнхөө намыг ялуулахын төлөө ажиллана. Бүх хүчээ зөвхөн түүнд л зориулна. Ирэх сонгуульд хувь хүний ялалт чухал биш. Нам ялах нь чухал. Нам бол хувь хүмүүсийн үзэл бодлоороо нэгдсэн нэгдэл. Бид олонхи болж байж яриад байгаа зүйлүүдээ хэрэгжүүлэх болно. Ардын нам бол арай бага яр,ж, амладаг. Бас арай илүү зүйлийг хийж байгаа. Яагаад гэхээр хувь гишүүд нь над шиг олон зүйл хийж үзсэн хүмүүс байдаг.

- Хөрөнгө оруулгын мэдүүлгээ өгсөн үү?

- Өгсөн.

- Та хэдэн машинтай вэ?

- Би өмнөх жил хоёр машин лизенгээр авсан нэг мотоциклтой, манай эхнэр нэг машинтай. Нийтдээ дөрвөн унаа хөлөглөж байна.

- Хаана амьдардаг вэ?

- Шарга морьтод амьдарч байгаа. Сая нүүж орсон. Өмнө нь зуслангийн газар байдаг байсан. Тэр газар дээрээ дөрвөн жилийн өмнөөс нэг байшин барьж эхэлсэн. Тэгээд шинэ жилийн өмнөхөн тэр байшиндаа нүүж орж дөрвөн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртлээ дээ.

- Хас банкинд таны хэдэн хувь байдаг вэ?

- 4-5 хувь байдаг.

- Үл хөдлөх хэдэн хөрөнгөтэй вэ?

- Орон сууц, хойно барьсан байшингууд байна. Шарга морьтод худалдаж авсан газар байгаа. Тэнгэр санхүүгийн нэгдэл, Хас банк, Хас лизинг гээд компаниудын хувь нийлээд 30-40 хувь болно.

- Талхны үнийг яагаад андуурсан юм? Алдаанаасаа сургамж аваад талхны судалгаа хийж байгаа гэсэн энэ үнэн үү?

- Би андуураагүй. Яагаад заавал атар талхыг хүн идэх ёстой юм. Судалгаа хийгээд нэмэргүй шүү дээ. Зөвхөн талх гэхээр Атараар бодож болохгүй. Өнөөдөр хүний сонголт болоод хаана зарагдаж байгаагаасаа хамаараад талхны үнэ 250-3000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа. Би бол талх авдаггүй, иддэггүй. Зөвхөн статистик мэдээ өдөр болгон ирдэг. Яахлаараа би өчнөөн олон талхнаас зөвхөн ганцхан атар талхны үнийг хэлэх ёстой юм.

- Таны хэлсэн 350 төгрөгийн ямар талх байна?

- Дөрвөлжин жижиг талх байгаа.

- 250 төгрөгийн талх байхгүй шүү дээ?

- Байгаа. Жижигхэн булочка 250 төгрөгөөр зарагдаж байгаа.

- Та блогтой юу? Эсвэл facebook twitter-тээл юм бичдэг хүн үү? Twitter-ee өдөрт хэд шинэчилдэг вэ?

- Блог байгаа. Би ойрд нэг зүйл бичиж байгаа. 7 сарын 1-нийг улс төржүүлж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж бичиж байгаа юм. 7 сарын 1-ны өдөр үймээн самууныг зогсоогоогүй байсан бол яах байсан юм. Намайг Монголдоо хүрээд ирэхэд манай эхнэр хүүхдийг гэмтээгээд, гэр орныг маань шатаачихсан ч байх байсан юм бил үү. Лив, Грек шиг юм болох ч байсан юм билүү. Яг юу болох байсан болоод өнөөдөр цагдаа нарыг буруутгаж байгаа юм. Саяхан би нэг ном орчуулсан. Тэр ном бол залуус руу хандсан их сонирхолтой ном байгаа. Эерэг зөв хандлагыг хэрхэн өөртөө бий болгох талаар болон бусад олон сонирхолтой зүйлийг багтаасан ном юм. Гарчиг нь их гоё. “Чи хэр мундаг байх нь хамаагүй, чи хэр мундаг байхыг хүсэж байгаа нь л хамаатай” гэсэн нэртэй. Би Facebook, twitter-ийн хувьд монголдоо айргийн тавд явдаг шүү дээ.

Т.Хулан

www.24tsag.mn 2012 оны 3 сарын 1