Tuesday, 1 May 2012

Д.Хаянхярваа: Орон нутгийнхаа чадамжийг зөв тооцох учиртай


УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх буюу утааг бууруулахад эхний ээлжид 105 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн олох вэ?
-Мэдээж хөрөнгө  мөнгө нь төсвөөс гарна. Холбогдох албаны хүмүүс шаардлагатай хөрөнгийг олно л гэж байна. Хамгийн гол нь тооцоогоо нарийн хийх учиртай.
-Та арай дэлгэрүүлж хэлэхгүй юу?
-Сангийн яам хариулна. Сангийн яамны холбогдох албаны хүмүүс 105 тэрбум төгрөгийг дайчлах бололцоотой гэж хэллээ. Т
эдэнд бодсон санасан тодорхой тооцоо судалгаа байгаа болоод ийм хариулт өгсөн болов уу. Гэхдээ бид төсвийн алдагдлыг одоогийн баталсан хэмжээнээс нэмж болохгүй. Өөрөөр хэлбэл, ДНБ-д алдагдлын эзлэх хэмжээ 9,9 хувиас давах учиргүй юм. Тиймээс үүнд л зохицуулж ажлаа явуулах хэрэгтэй.
-Өнгөрсөн намрын ээлжит чуулганаар Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ-аас баталлаа. Банк байгуулах анхны эх үүсвэрийн талаар Төсвийн хорооны даргын хувьд тодорхой зүйл хэлэхгүй юу?
-Банк байгуулах анхны эх үүсвэр 16 тэрбум төгрөг төсөвт суусан. Банк байгуулж, уйл ажиллагааг нь явуулж эхэлснээр цаашид ямар эх үүсвэрээр явах нь тодорхой болно.
-Энэ хууль батлагдсантай холбогдуулан "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөр, "Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого", Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, УИХ-ын 47 дугаар тогтоолд тусгагдсан төсөл арга хэмжээг 2011 оноос эхлэн санхүүжүүлэхийг Засгийн газарт зөвшөөрсөн УИХ-ын тогтоолыг баталсан. Энэ асуудлыг тодруулж ярихгүй юу?
-2013 оноос эхлэн Монголын эдийн засаг нэлээд их мөнгөтэй болно. Үүнийхээ урьдчилсан байдлаар л баталгаа гаргаж, дээр дурдсан ажлуудаа хийнэ. Энэ нь зүйтэй юм. Бидэнд бас нэмж тооцох ямар зүйлүүд байна вэ гэдгийг анхаарч үзэх учиртай. Өөрөөр хэлбэл, газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлыг тусгах нь зүйтэй гэж үздэг. Би үүнийг зориуд Дарханы г
эж тодотгомоор байна. Энэ нь хоёр сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай орчин үеийн үйлдвэрийг Япон Улсын Засгийн газрын банк болон томоохон корпорациуд байгуулахаар ярилцаад техник эдийн засгийн үндэслэл зэрэг бүхий л ажлаа цэгцлээд байна. Өнөөдөр зээлийн баталгаа л хүлээж байна. Монгол Улс үүнд хөрөнгө зориулах учиртай. Учир нь газрын тос гэдэг бол аливаа улсын стратегийн шинж чанартай түүхий эд юм. Манай улс газрын тосны хувьд 100 хувь гадны хараат. Хэдий бид өнөөдөр газрын тосны үйлдвэрийг Сайншанд, Тамсгийн чиглэлд барихаар ярилцаж байгаа ч зардал мөнгийг нь сайтар тооцох хэрэгтэй юм.
-Өнгөрсөн намрын ээлжит чуулганаар танай байнгын хорооноос хэлэлцүүлэгт бэлдэж, УИХ-аар батлуулсан хуулиудаас ойрын хугацаанд хэрэгжүүлэх нь хэд байна вэ?
-Улсын төсөв төлөвлөгөө, мөнгө санхүүтэй холбоотой хуулиудын хэрэгжилтийг cap тутам тооцоод явж байна.
-Ирэх хаврын чуулганаа эхний ээлжид хэлэлцүүлэх ямар хуулийн төслүүд байна вэ?
-Төсвийн тухай хууль, Бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль гэсэн гол хоёр хууль байна. Мэдээж төсөв төлөвлөгөөтэй холбогдсон хуулиуд байна. Гэхдээ энэ хоёр хууль нь Монголын төсөвт шинэчлэл хийх, төсвийн удирдлагад бүтцийн өөрчлөлт хийхтэй холбогдон гарч ирж байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.
-Энэ хоёр хуультай холбоотойгоор орон нутагт санхүүгийн эрх мэдэл өгөх тухай яригдаж байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Миний хувьд орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх байр суурьтай байдаг. Гэхдээ өнөөдөр орон нутгийнхаа чадамжийг зөв тооцох учиртай. Эрх мэдлийг шилжүүлэх нь зов. Харин гэнэт л энэ жил эрх мэдлийг өгөх үү, эсвэл шат дараалалтайгаар хэрэгжүүлэх үү гэдгийг тооцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, орон нутагт санхүүгийн эрх мэдлийг өглөө гэхэд орон нутагт тэрхүү их хэмжээний хөрөнгө, мөнгөний  менежментийг хийгээд явах чадавх бий юу. Ялангуяа хөдөө сумдад байна уу гэсэн асуудал бий. Тиймээс ямар ч асуудлыг ул үндэстэй, шат дараалалтай тооцож хэрэгжүүлэх учиртай гэж бодож байна.
-Цаг үеийн зарим асуудлуудаас үүдэн төсөвт тодотгол хийх шаардлага гарах уу. Магадгүй ээлжит бус чуулган зарлаж мэдэх юм?
-Ээлжит бус чуулган хийхгүй болов уу. Хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцвэл хэлэлцэх л байх.
-Чуулганы завсарлагаанаар тойрогтоо очиж ажиллаж байна уу. Дархан-Уул аймагт хаваржилт ямар байна. Ард иргэдийн амьдрал хэр байна вэ?
-Тойргоороо тав хоног явж, дөрвөн сумаараа бүрэн тойроод ирлээ. Иргэдтэй нэг бүрчлэн ярилцаж, таван зуу гаруй хүйтэн уулзлаа. Хаваржилт тогтуун, иргэдийн сэтгэл санаа тайван байна. Харин иргэдийн оюун санаа, амьдрах ухаанд нь зарчмын томоохон өөрчлөлт оржээ. Өмнө биднийг уулзаад явж байхад мөнгө өгөөч, гэр бараатай болгооч гэж их гуйдаг байсан. Харин өнөөдөр иргэд өөрийн амьдарч байгаа орчныг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэхтэй холбоотой саналуудыг их тавьдаг болсон байна.
-Ажлын байр нэмэгдүүлэх нь жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой. Гэвч жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авахад явдал чирэгдэл их. Өөрөөр хэлбэл, хүү өндөр, барьцаа хөрөнгө шаардаж байгаа нь хүндрэлтэй гэсэн асуудал бий. Эдийн засгийн байнгын хорооноос Зээлийн баталгааны тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлдэн ажиллах тухай ярьсан. Танай байнгын хорооноос энэ асуудалд ямар үүрэгтэй оролцох вэ?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улс томоохон алхам хийх хэрэгтэй болсон. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд ихээхэн ярьсан. Харамсалтай нь жижиг үйлдвэрлэл, дунд үйлдвэрлэлээ ялгаж салгаж байна уу гэдэгт би эргэлздэг. Иргэдтэй уулзаад явж байхад жижиг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, бичил зээлүүд иргэдэд их хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Тиймээс энэ хууль их чухал хууль болно гэж ойлгож байна.
-Зээл эцсийн хэрэглэгчдэдээ өндөр хүүтэй очиж байгааг шүүмжилдэг. Хөгжлийн банкны тухай хуулийг хэлэлцэх үеэр цөөнх бий болсон, Тэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд боломж олгосон заалт тусгаж өгөхийг хүссэнээр ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон. Үүнтэй холбогдуулан нэмэгдэл хууль гаргах юм билээ. Та саналаа хэлэхгүй юу?
-Хөгжлийн банк тийм жижиг зүйл рүү орох учиргүй.Харин улс орны хэмжээний хөгжлийн стратегийн чиглэлтэй томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой.
-Таван толгой ордыг ашиглахтай холбоотойгоор нэг хүн 550 ширхэг хувьцаа эзэмших талаар ярьж байна. Та хувьцааны асуудалд ямар ойлголттой байна вэ?
-Иргэд хувьцаа өгнө гэсэн ойлголттой байгаа ч болгоомжлолтой байна. Тодруулбал, цэнхэр,ягаан тасалбар шиг зүйл болчих вий, бидэнд энэ нь хэрэгтэй юу  юугүй юу гэсэн ойлголттой байна. Одоогоор ямар хувьцаа гарах нь тодорхой бус. Энгийн, алтан хувьцаа байх эсэх, дээр нь хувьцааг зарах эсвэл үе удамшуулах гээд олон тайлбар шаардсан асуудал байна. Тиймээс иргэдээс гарч байгаа тодорхой саналуудыг Засгийн газарт өгнө гэж бодож байна. Харин Засгийн газар бүхий л зүйл тодорхой болсны дараа иргэдэд ойлгомжтой тайлбарлах шаардлагатай. Үндсэндээ манай ард иргэдэд хувьцааны ногдсон ашиг хүртэх тухай ойлголт, дадлага туршлага байхгүй байна
Г.Мандуул
2011 оны 2-р сарын 23, Лхагва гариг
Vip76

Д.Хаянхярваа: Мөрөөрөө ажлаа хийж яваа эхнэрийг минь улс төрд бүү хутгаарай


Сангийн сайд Д.Хаянхярваатай уулзаж ярилцлаа.
-Та УИХ-ын гишүүн байхдаа бусдын адил ажлаа хийгээд явдаг жирийн гишүүний нэг байлаа. Сангийн сайдад нэр дэвшиж эхэлснээс хойш таныг тойрсон хэл ам үнэндээ тасарсангүй. Хонгорыг хордуулсан л гэнэ, Баатархүүгийн бүлгийг удирддаг л гэнэ. Энэ бүхэнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Сонинд гарсан нийтлэл болгоны араас тэр болгон элдэв тайлбар хийгээд явдаг хүн би биш л дээ. Нийгмийн араншин нь өөрөө тэр байх гэж бодоод нэлээн тэвчээртэй суулаа. Өөрөөр хэлбэл таны асуусанчлан Сангийн сайдад нэр дэвшиж эхэлснээс хойш намайг чамгүй л "гөвлөө". Хонгорыг хордуулаад дуусгасан, нөгөө нь тэр бүлэглэлийн гэх 800 сая төгрөгийг хулгай хийгээд, идэж уусан гэдэг хоёр зүйл дээр гүтгэдэг л дээ. Би үүн дээр юу хэлэхээ мэдэхгүй байна.
Үнэндээ Хонгорын тухай асуудал яригддагаа яриад, 5-6 жил болчихсон олон түмэнд аль хэдийнэ ойлгомжтой болсон асуудал шүү дээ.
Хоёрдугаарт нь миний удирдлага дор ажиллаж байсан хүмүүс мөнгө завшсан хэрэгт холбогдсоныг (316 сая төгрөг) холбогдох байгууллагууд нь шалгаад, зохих шийтгэлийг нь хүлээлгээд явж байгаа. Намайг Сангийн сайдад нэр дэвшиж байх үед тэр хэргийн материалыг бүрэн эхээр нь сайт, твиттерээр тавьсан байсан. Миний ойлгож байгаагаар намайг гүтгээд, бичүүлээд байгаа хүмүүс бодвол тэр хавтаст хэргийг уншаа байлгүй дээ. Түүн дээр Хаянхярваа гэдэг хүн энэ хэргийг зохион байгуулаад, тэр их мөнгийг идэж уусан уу гэдэг асуудлын хариу тодорхой байгаа байх аа. Монгол Улсад хууль хяналтын шүүх, прокурор гэдэг байгууллагууд байдаг л юм бол тэдгээр байгууллагаар шийдэгдээд дуусчихсан асуудал. Өнөөдрийг хүртэл энэ нөхөр л авсан, идсэн уусан гээд бичээд гүтгээд байгаа нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагууддаа ард түмэн ингэтлээ итгэхээ больсон юм байх даа гэсэн бодол төрж байна. Сүүлийн үед эдгээр гүтгэлэг нэлээн ч лавширлаа. Хууль хяналтын     байгууллагын ажилтнууддаа байр авч өгсөн, гадагш дотогш аялуулсан л юм байх. Миний Засаг даргаар ажиллаж байсан цаг үетэй зарим зүйлийг холбоод байх шиг байна. Аймгийн Засаг даргын үндсэн үүрэгт ерөнхий шүүгч нар, цагдаа, прокурор гээд төрийн томилгоотой ирж буй эдгээр албан тушаалтнуудыг орон байраар хангах үүрэг байдаг. Үүний дагуу тэднийг албан ёсоор орон байраар хангаж, шийдэж өгч байсан. Бодвол үүнийг надтай холбож, хувьд нь байр, орон сууц өглөе гээд байдаг юм шиг байгаа юм. Энэ мэтчилэнгээр элдвийн л юмыг надтай холбож байгаад би ямар тайлбар өгөхөө сайн мэдэхгүй байна шүү. Ингэж л заавал бичих ёстой юм байлгүй гэж хүртэл бодох юм.
-Засаг даргаар ажиллаж байхдаа таныг Дархан-Уул аймгийг бүтээн байгуулалтын хот болгосон гэж ярьдаг. Танаар овоглосон бишгүй ажил бий ч гэлцдэг. Дарханд болж байгаа бүх зүйлийг, ажаад байх нээ, сайн гэхээсээ саар бүхнийг тантай холбох юм. Танд гомдолтой санагддаг уу?
-Дархан хот бол Монголын хоёр дахь том хот. 100 мянга орчим хүн амтай, үйлдвэрлэл үйлчилгээ, банк санхүү, сургууль соёл гээд төрийн бүх үйлчилгээ тэнд явж байна. Би энэ хотод 26 жил ажиллаж, амьдарсан хүн. Тэр дундаа 20 гаруй жил удирдах ажил хийсэн хүний хувьд тэнд ажилладаг банк санхүүгийн салбарын хүмүүсийг, тэнд ажилла-даг үйлдвэр аж ахуйн газрын дарга нарыг, төрийн байгууллагынхныг таньдаггүй гэвэл хүн итгэхгүй байл-гүй. Тэнд ажиллаж байсан хүн бүхнийг Хаянгийн хамсаатан, тойрон хүрээлэгч болгох гэж оролдоод байдаг нь их сонин. Бүтэшгүй зүйл л дээ. Өөрөөр хэлбэл, би тойрон хүрээлэгчгүй байна гээд ганцаараа бүх ажлыг хийхгүй нь ойлгомжтой шүү дээ. Тойрон хүрээлэгч гэж хэнийг ч хэлдэг юм. Засаг дарга байсны хувьд томилох ёстой албан тушаалтнаа томилно, удирдлагын чиглэл өгнө ингэж л ажиллаж ирсэн. Одоо ч гэсэн танил тал, бусад хэлхээ холбоо бүгд л бий. Дархан хотод амьдарч байсны хувьд Дарханчууд намайг Хаян даргаа л гэцгээдэг. Би энэ хотод жирийн албан хаагчаас эхлээд дээд албыг нь хашиж байх хугацаандаа алдсан ч, оносон ч байдаг л байх. Харин одоо болж буй процессыг надтай холбож бичих нь хэр зөв байдаг юм бол. Одоо би Дархан-Уул аймгийг удирддаггүй шүү дээ. Энэ хот одоо өөрийн удирдлагатай. Тойрон хүрээлэгч гээд нэг ойлголт бий болчихож л дээ. Хамт ажиллаж байсан бүх хүнийг тойрон хүрээлэгч гэдэг нэг малгай дор оруулаад, түүнийг удирдаж, хулгай хийж, бараг алуурчин гэх нь холгүй юм болж байх шиг.
Сонгууль дөхөх тусам улам л гаарах нь л дээ.
Би өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ны орой 22 цагийн орчимд Монгол Улсын Сангийн сайдаар томилогдон, тамга тэмдгээ хүлээн авсан. Энэ цаг үеэс өнөөдрийг хүртэл гурван сар гаруй хугацаанд өглөө үдэшгүй, хагас, бүтэн сайнгүй ажиллаж байна. Надад элдэв хов жив хөөцөлдөөд, нэтээр хэсч, телевизийн суваг эргүүлээд суух цаг байхгүй. Сангийн сайдын ажил гэдэг амаргүй. Мэдэхгүй, чадахгүй зүйлтэй тулгарч л байна. Төрийн албыг цалгардуулалгүй аваад явах хүсэл тэмүүлэл бас байна. Үүнийхээ ард гарахын төлөө ажиллаж яваа болохоос биш хов хөөцөлдөөд явбал надад ажил хийх цаг гарахгүй.
Монголчууд ухаантай ард түмэн учраас аль нь зөв, аль нь буруу вэ гэдгийг тунгаан суугаа байх аа. Улс төр гэдэг бүхэлд нь харлуулах процесс явагдаад байна гэдгийг харж л байгаа. Ялангуяа дарханчууд намайг ноён нуруу алдаад энд тэнд хулгай хийгээд, луйвар зохион байгуулаад явдаг хүн гэж бодохгүй гэдэгт би итгэдэг. Би бүр үүнд 100 хувь итгэлтэй байна. Тиймээс би хэвлэл мэдээллээр гарч байгаа элдэв зүйлд эмзэглээд байдаггүй. Улс төрчийнхөө хувьд, хувь хүнийхээ хувьд тэвчээд гарах ёстой гэдэг шаардлагыг өөртөө тавьдаг.
-Нөгөө талаар няцаалт ч юм уу, тайлбар хэлэхгүй яваад байхаар нээрээ ч үнэн юм уу гэх хандлага байдаг?
-Тайлбар авахаар олон сэтгүүлч ханддаг. Өнөөдөр харин зориуд цаг гарган тантай уулзаж байна. Үнэхээр тэвчээр алдлаа. Худлаа зүйлийг 1000 удаа үнэн гэж ярихаар үнэн болдог гэж ард түмэн ярьдаг шүү дээ. Сонгууль болтол энэ маягаар явбал Хаян гэж айхтар нөхөр гэх ойлголтыг төрүүлж, нийгэм ч ингэж ойлгох байх гэж миний эсрэг мэдээлэл цацаж байгаа нөхөд ойлгоод байх шиг байна. Монголын ард түмэн, дарханчууд маань намайг үнэхээр энэ бичээд байгаа хэмжээнд ойлгоод, дүн цэнгээ тавихад надад гомдоод байх зүйл алга. Нэгэнт би энэ ажлыг хийж чадна, ард түмний итгэлийг даана хэмээн би өөрөө зорьж нэр усаа дэвшүүлсний хувьд, Засаг даргын ажлыг хийж байсны хувьд, бас УИХ-ын гишүүн төрийн түшээ болж ажиллаж байгаа-гийн хувьд өөрийн сонгосон энэ сонголтоос  хойш ухарвал энэ бол алдаа. Ард түмэнд буруу өгөх ёсгүй. Тиймээс ямар дүн тавина, түүнд би гомдох эрхгүй. Эцсийн эцэст худал үнэнд гүйцнэ гэдэгт би бүрэн итгэдэг. Амьдрал харуулна шүү дээ. Улс төрд байх миний хугацаа дуусмагц энэ бүх зүйл замхарна. Намайг хувь хүнийх нь хувьд ойлгох, үнэлэх хугацаа хангалттай бий.
-Хамгийн сүүлд таныг Баатархүүгийн бүлэг гэгчтэй нэлээн холбоод бичсэн байна лээ. Тэр Баатархүүгийн бүлэг гэж юу юм бэ?
-Би мэдэхгүй байна. Ийм хүнийг танихгүй, бас мэдэхгүй. Шинээр гарч ирсэн нэр томъёо бололтой.
-Танд эвгүй ч байж мэднэ. Гэхдээ асуухаас өөр аргагүй байгааг минь уучлаарай. Таны эхнэрийг их хэмжээний мөнгө завшсан гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Би дээр хэллээ шүү дээ. Үнэхээр тэвчээр алдаад ярилцлага өгч байна аа гэж. Миний тухай, миний ажиллаж байсан үеийн тухай, надтай хамт ажиллаж байсан хүмүүсийн алдаа онооны тухай, тэр бүхэнд намайг холбож бичиж байгааг би тэвчинэ. Тайлбар өгөхийг ч хүсээгүй. Яагаад гэвэл хууль хяналтын байгууллага үнэн мөнийг тогтоосон юман дээр би ярилцлага өгөөд, би тэгээгүй гэж явах нь зохимжгүй байлаа. Миний удирдлаган дор ажиллаж байсан хүмүүс алдаа гаргаад, зохих ял шийтгэлээ амсаад явж бай-гаа. Энэ бүхэнд нь би харамс ч явдаг. Ажлын хариуцлага алдаж байсан тэр үед нь илрүүлж, орон шоронд орохгүй байх хүртэл нь сэргийлж чадах чадвар байсангүй гэж би өөрийгөө зэмлэдэг. Өнөөдөр тэсвэр алдсан шалтгаан нь дуугүй байх тусам даварч байна л гэж бодож байна. Миний эхнэрийг шоронд орлоо л гэнэ, гарлаа л гэнэ, бас 800 сая төгрөгийн асуудалд орлоо гэж бичжээ. Захиралтайгаа нэг өрөөнд суудаг ч гэж байх шиг. Энэ арай хэтэрч байна гэж үүнийг бичиж байгаа, бичүүлж байгаа нөхөдүүдэд хэлмээр байна. Миний эхнэр дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, жирийн л нэг эмэгтэй. Санхүүгийн мэргэжилтэй. Нягтлан бодогч, санхүүгийн мэргэжлээрээ ажиллаагүй удаж байна. Би УИХ-ын гишүүн болоод Дарханаас нааш ирэхэд манай эхнэр ажлаа албан ё соор хүлээлгэж өгөөд ирсэн. Улаанбаатарт ирсэн хойноо агаар ус нь таарахгүй, бие нь өвдөөд Дархан руугаа буцсан. Хүнд байдаг л зовлон шүү дээ.
Ингээд буцаж очоод хоёр сарын дараа ажиллаж байсан банкин даа ажилд орсон.
Мөнгө төгрөгийн эрх мэдэл байтугай, хуучин цагийнхаар бол аж ахуйн нярав хийдэг хүн. Санхүүгийн ажил хийхэд эрүүл мэнд нь хүлээж авахгүй болсон ийм л Эмэгтэй бий. Ийм хүнийг тийм айхтар хэрэгт холбож, орон шоронд "оруулаад", бас "гаргаад" авсан. Үр хүүхдүүд минь, хөдөө амьдарч байгаа аав ээж минь утасдаж байна. Санаа нь зовж байна. Хулгайч зэлгийч болоо юу, юу болоод байгаа юм гээд лавлаж байна. Үнэхээр ор тас худал мэдээллээр ард түмний толгойг угааж, мөрөөрөө амьдрах гэж яваа энэ гэр бүл, үр хүүхдүүдийн минь сэтгэл санаагаар тоглох хэрэг байна уу. Миний тухай бичихэд хүүхдүүд минь ойлгоно. Аав минь улстөрч учраас ийм хэл ам дагана гэдгийг тэд гадарлана. Харин ээжийг нь ингэж бичихэд тэд үнэхээр хүлээж авч чадахгүй. Яагаад гэвэл миний хань, хүүхдүүдийн минь ээж тийм хүн биш. Дарханы захын нэг хүнээс асуухад үүнийг нотолно   гэдгийг би нүүр бардам хэлье. Би нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Энэ хэргийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагынхан та бүхэн манай эхнэр ийм зүйлд орооцолдоод, идэж уусан бол олон түмэнд зарлаад өгөөч  ээ гэж хүс ч байна. Хэрвээ ийм үйлдэл хийсэн бол би эхнэрийнхээ өмнөөс одоо энэ хашиж байгаа албан тушаалаа өгөхөд бэлэн байна. Дахин хэлье. Энэ хэрэгт оролцсон бол гаргаад ирээч, оролцоогүй  бол үүнийг нотолж өгөөч гэдгийг хууль хяналтын байгууллагынхнаасаа хүсч байна. Хэвлэлд бичсэн болгоны араас гүйж, нэр төр сэргээж өгөөч гэж гүйх цаг хугацаа үнэндээ алга. Богино ч гэсэн хугацаанд гавьяа байгуулаад их юм бүтээдэггүй юм гэхэд гай тарилгүй, төрийн энэ ажлыг ном дүрмээр нь явуулчих юмсан гэсэн чин хүсэл надад байгаа.
-Тэр банкинд ажиллаж байсан хүмүүс тантай хамт төрийн алба хашиж байсан гэх юм билээ. Энэ үнэн үү?
-Миний мэдэх Ганболд гээд "Чингис хаан" банкны захирал тэр залуу төрд ажиллаж байгаагүй. Энэ залууг банкны захирал болсон үеэс нь мэднэ. Хонгор сумын Засаг дарга, бас тэр телевизийн захирал залуу ч баригдах гэнэ гээд бичсэн байна лээ. Юу болж байна вэ энэ чинь, Монгол Улс хууль дүрэмтэй улс орон. Хүнийг ингээд гүтгээд байхаар болоод яваад байна гэж арай бодоогүй байлтай. Дуугүй яваад байхаар тэр хүн хулгайч болоод хувирдаг ийм нийгэмд бид арай амьдрах гээд байгаа юм биш биз. Дарханд төрийн алба хашиж буй бараг бүх хүнийг би толгой дараалан танина. Банкны тэр залуустай би нам, эвсэл, холбооны шугамаар танилцаж, ажил хэргийн холбоотой байдаг. Тэдэнд би нэг л зүйлийг захидаг. Хариуцсан ажилдаа эзэн байж, байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж сур гэж үргэлж хэлдэг л дээ. Үр хүүхдэдээ ч үүнийг сургамжилдаг. Миний амьдралын философи ч тэр. Намайг бүр хамаатан садандаа Дарханы бараг бүх объектыг худалдаж авч өгсөн гээд л бас гүтгэсэн байсан. Хүнийг муу хэлэхийн тулд тэр хамаатан садан бүгдийг нь хамаатуулж гүтгэж болохгүй шүү дээ. Би 12 дүүтэй. Тэднийхээ амьдрал, хувь заяанд туслах үүрэг надад бий. Тэглээ гээд бүхэл бүтэн объект байшин сав худалдаж авч өгсөн түүх үгүй. Энэ мэт увайгүй байдлаар улс төр хийж, нэг хүнийг харлуулахын тулд бүх л бүтэн гэр бүлийг, ах дүүс, найз нөхдийг нь харлуулаад байх юм бол энэ нийгэмд яаж сэтгэл хангалуун амар тайван амьдрах юм бэ. Та өөрөө бас бодоод үзээрэй.
-Дахиж та хэвлэлд хандахгүй гэсэн үү?
-Тийм ээ. Намайг дахиж юу ч гэж хэлж байсан би тайлбар өгөхгүй. Тийм зав ч алга.Хариуцсан ажлаа шударга хийхийн төлөө хичээж явна.
Нийтлэлч
С.Шийлэгтөмөр
Эх сурвалж
Үндэсний шуудан

Ц.Гарамжав: Гадаадын хөрөнгө оруулалтаас нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх байдал үүслээ


ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжавтай цөөн хором ярилцлаа.
- Сүүлийн үед Баянхонгор аймагт Эрдэнэтээс гурав дахин том бүтээн байгуулалт хийх баялаг байна гэсэн мэдээлэл гарч байгаа. Та ийм мэдээлэл авсан уу?
-МАН-ын өнөөдрийн мөрийн хөтөлбөрт стратегийн ордуудыг ашиглах бодлогууд тусгагдсан. Гэхдээ бид бүх стратегийн ордуудыг нэг цагт ашиглах бодлого барихгүй. Нэн түрүүнд эдийн засагт шаардлагатай байгаа нүүрсний ордуудаа ашиглаж, шингэн түлш, хий гаргах бодлого барьж байна. Энэ нь Монгол Улсыг нефть, цахилгааны хараат байдлаас гаргах ажил юм. Бүх ашигт малтмалынхаа ордуудад хайгуул судалгаа хийж, зураглалыг гаргана. Үүн дээрээ үндэслэн олон жилийн төлөвлөгөөтэйгээр ашиглаж, хойч үе дээ өвлүүлэх бодлогыг хатуу баримталж ажиллана гэж бодож байгаа. Монгол орны бүх нутаг дэвсгэр дээр 200 мянганы зураглал буюу эрдэс баялагын судалгаа хийгдсэн байдаг. 50 мянганы зураглал нийт нутгийн 29 хувьд хийгдсэн байгаа. Энэ нь бид нийт баялагынхаа 29 хувийг нэлээд сайн нарийвчлалтайгаар судалсан байна гэсэн үг. Сүүлийн үед нэлээд ашигт малтмалын ордын илэрч, урьдчилсан судалгаагаар тогтоогдож байгаа. Эдгээр ордуудын нэг нь Баянхонгорт олдоод байгаа орд юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар эцсийн байдлаар нөөц нь тогтоогдоогүй, хайгуулын ажил хийгдэж байна.
-Энэ орд стратегийн ордод хамрах уу, эсвэл?
-Бид ордуудаа стратегийнх уу, үгүй юу гэдгийг тогтоох шалгуураа боловсруулж байна. Өнгөрсөн хугацаанд бид ордуудаа нөөцийнх нь хэмжээгээр тогтоосон. Түүнээс хүнс, харилцаа холбооны аюулгүй байдалд нөлөөлөх нөлөөллөөр нь эрэмбэлж, ангилах ёстой.
-“Саусгоби сэндс” компанитай холбоотой нэлээд бэрхшээлтэй асуудал үүслээ. Та салбарын сайдын хувьд үүссэн асуудлаас гарах үр дүнг юу гэж харж байна вэ?
-Энэ асуудлыг бид маш сайн бодох ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй үедээ дэмжиж байсан. Энэ үедээ Оюутолгой, Тавантолгойн ордоо эргэлтэд оруулж, төслүүд маань үр өгөөжөө өгч байна. Гэтэл нөгөө талд эдийн засаг, үндэсний аюулгүй байдлаа ард түмнийхээ нийтлэг эрх ашигтай хослуулан барих асуудал сөхөгдөж байна. Ард түмний эрх ашигт сөргөөр нөлөөлөх байдал бий боллоо. Тиймээс үүнээс хойш гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд цаашид анхаарах зүйлүүд байна. Анх гэрээгээ үзэглэхээс эхлээд  ил, тод нээлттэй байх, аль аль талдаа харилцан ашигтай байх зарчимыг барих ёстой гэдэг зүйлүүд харагдаж байна.
-Нүүрсний экспортод таван хувийн татвар тавих асуудал яригдаж, бизнесийнхэн эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байгаа. Энэ асуудал ямар төвшинд явж байгаа вэ?
-Экспорт, импортын бүтээгдэхүүний татварын асуудал янз бүрээр яригдаж байна. Бид ашигт малтмалыг түүхийгээр нь экспортолдог үйл ажиллагааг бага багаар саармагжуулах хэрэгтэй байна. Ашигт малтмалаа боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортод гаргах нь манай улсын эдийн засагт ихээхэн ач тусаа өгнө.
-МАН-ын гурван гишүүн намын батлахаа өглөө. Сонгууль ойртож байгаа үед гарч байгаа энэ асуудал намын ретингид нөлөөлнө гэж зарим хүн харж байна. Та намын гишүүний хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
-МАН улс орны хөгжлийн хүнд, хатуу үед ард түмнийхээ хөгжлийн урагш чирж, төрийн ноён нурууг үүрсээр ирсэн. Энэ хугацаанд манай намын хөгжилд алдсан, оносон, дэвшсэн олон үе байсан. Гэхдээ бид улс орныхоо тусгаар тогтнолыг хадгалах, төрийн ноён нурууг үүрсээр ирлээ. Энэ намдаа байх эсэх нь хувь хүний сонголтын асуудал.
-Эмэгтэй гишүүдээ нэлээд хатуу ханддаг гэдэг зүйлийг МАН-аас гарсан М.Ичинноров нарын хүмүүс хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Аль ч намын улс төрийн дотоод амьдралд бэрхшээл бий. Энэ бэрхшээлүүдэд, улс төрийн амьдралдаа намын гишүүд чанагдаж, зарим саадыг туулж байж хатуужил сууна. Түүнээс аль ч хөгжилд, улс төрийн амьдралд бэрхшээлгүй зүйл байхгүй. Ногоон гэрэл байнга асдаг дардан байдаг зам бизнест ч улс төрд ч алга. Энэ бүхэнд хүн бодолтой хандаж, дасан зохицох уу, тойроод гарах уу гэдэг хувь хүний чадавхийн асуудал.
С.Заяа

Б.Навчаа: Өөрийгөө голж урлагаас зугтдаг байлаа



Галзуу, хурц ааштай бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг эмэгтэй бол “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Б.Навчаа юм. Түүнтэй ярилцахаар утас цохиход “Манай жүжиг цагийн дараа эхлэх гэж байна. “Амьдрал өөрөө хичээл” гээд цаана чинь телевиз, хэвлэлээр зарлаад байгаа биз дээ. Энэ жүжиг шүү дээ” хэмээн хэзээний танил хүн шиг ярьж байв. Энэ үед түүний “Хэцүү анги” кинонд бүтээсэн дошгин зантай Янжин захирлын дүр нүдэнд харагдах шиг болсон. Хоолойных нь өнгө яг шүү.

-Та танихгүй хүнтэй ч түс тас ярилцдаг уу?

-Тийм. Надад нууж хаах зүйл байхгүй ээ. Хэтэрхий шударга зан минь зарим хүнд хүндээр тусдаг юм шиг байна билээ. Үүнээс болж өөртөө дайсан бэлтгээд ч байгаа юм шиг. Би өөх ч биш, булчирхай ч биш ярианд дургүй. Хүн дүлгэнээд байвал “Хэлэх гэж байгаагаа тодорхой, хурдан хэл л дээ” гэдэг.

-Та ихэвчлэн ширүүн дошгин хүний дүр бүтээдэг. Амьдрал дээр та мэдээж өөр байлгүй дээ?

-Өөр байлгүй яах вэ. Навчаагийн царай, бие л тухайн бүтээлд тоглож байгаа болохоос биш дүр нь тухайн зохиолд бичигдсэн архичин эсвэл хар зах дээр зогсдог авгайчуудыг харуулахыг хичээх нь ч бий. Тэгээд ч миний бүтээсэн дү­рүү­­дээс хүмүүст хүрсэн нь ааштай эмэгтэйчүүд юм билээ. Түүнээс биш би чинь сэтгэл гайгүй. Дотны нөхөд минь тэгж хэлдэг. Ер нь энэ асуултад манай гэр бүлийн хүн хамгийн сайн хариулж чадна. Гэхдээ би өөрийгөө үргэлж сайхан ааш­тай байдаг гэж хэлэхгүй ээ. Гэр бүлийн зарим асуудал, найз нөхдийн үл ойлголцлоос болж яг кинонд гардаг шигээ ааш гаргаж магад. Үүнийг би үгүйсгэхгүй. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ дээ.

-Тэгвэл та ааш муутай хүний дүрд тоглохдоо нэг их зөрчилддөггүй байх нь ээ?

-Зөрчилдөнө өө. Зохиолд миний санаж байснаас өөрөөр биччихсэн байдаг юм чинь. Тухайн дүрийг л гаргах нь чухал.

-Та яагаад ихэвчлэн туслах дүрд тоглодог юм бэ?

-Үүнийг найруулагч нараас асуувал тодорхой хэлнэ. Би тэднээс “Та нар намайг яагаад гол дүрд тоглуулдаггүй юм бэ” гэж асуултай нь биш. Миний хувьд тэдний хэлснээр л хийдэг. Заавал гол дүрд тоглоно гэхгүй. Гэхдээ гол дүрийг тодорхойлохын үндэс нь энэ дүр шүү дээ. Тиймээс тус­лах дүрд тоглож байгаа хүн маш хариуцлагатай байх хэрэгтэй.

-Гол дүрд тоглох бодол байдаггүй хэрэг үү?

-Хүн байгаа орчиндоо да­сан зохицож, түүндээ сэтгэл хангалуун амьдрах ёстой. Би нэг их шунадаггүй. Тиймээс ямар ч дүрд тоглох бүртээ баяртай байдаг.

-Галзуу, хурц ааштай хүний дүрд тоглох хэцүү юү?

-Судалгаа хэрэгтэй. Жишээ нь “Помогите нам” кинонд тог­лох гэж “Нарантуул” зах дээр зогсдог авгайчуудын дэргэд очиж, нэлээд ажигласан. Наймаа хийдэг хүн угаасаа хэлэмгий доломгой болчихдог юм билээ. Зарим нь ч дээд сургуулийн боловсрол эзэмшээгүй, хүнд хү­чир ажил хийсээр байгаад ч тэрүү замбараагүй яриатай. Мөн гудамжинд архи ууж суугаа болон хүүхдээ тэврээд гуйлга гуйж буй эмэгтэйчүүдийг их ажигладаг. Хэзээ нэгэн цагт би ийм дүрд тоглох ч юм билүү. Тийм биз дээ. Тэднийг урд, хойноос нь харна. Хүн мөнгө өгөхөөр яаж баярлаж тосдог юм байна, өгөхгүй бол ямар нүүрний хувирал гаргадаг юм гээд л. Ер нь би дүрийн судалгаагаа гудамжнаас хийдэг. Хүүхдээ айлгадаг хүний дүрд тоглох болбол арга ядахдаа гэртээ хариад охиноо загнана. Хүүхэд айхдаа ямар харцтай болдог юм гэдгийг харах гэж тэр шүү дээ.

-Охин тань тэгээд айх уу?

-Бага байхдаа айдаг байсан юм. Одоо том болчихоод намайг тоглож байгааг мэддэг болсон.  

-Ааштай хүний дүрд тоглосоор байгаад өөр дүрд хувирах чадваргүй болчих вий гэсэн бодол төрдөг үү?

-Үгүй. Би өөрийгөө ямар ч дүрд гайгүй тоглочих байх гэж боддог. Гэхдээ эсрэг дүрд тоглохоос сүүлийн үед зайлхийгээд байгаа. Найзууд, хамтран ажилладаг уран бүтээлчдэдээ ч хэлсэн.

-Тэд юу гэж байна...

-Огт зөвшөөрөөгүй. “Чамайг ийм дүрээр чинь хүмүүс хүлээж авдаг болсон. Тиймээс татгалзаж болохгүй” гээд байгаа.

-Тэгэхээр ийм дүрд илүү тохирдог болоод л тэд ингэж хэлээд байгаа юм биш үү?

-Тохирдог гэж сонсоход баяр­тай байна. Зарим хүн эмгэнэлт эсвэл инээдмийн дүрд тоглож чадахгүй хэрнээ болгочих гээд зүтгээд байдаг. Гэтэл дүр нь үзэгчдэд хүрдэггүй. Харин надад энэ дүр зохидог байх.

-Хэн нэгэн найруулагч таныг тохитой, томоотой эмэгтэйн дүрд тоглуулбал үзэгчдэд сонин санагдах байх даа?

-Дүр бүтээнэ гэдэг машин хийх­тэй адилгүй. Сайхан, шинэ­­лэг загвартай машиныг хүмүүс амаа ангайлгаад харах байх. Харин намайг тийм дүрд тогловол нэг их гайхахгүй. 

-“Хэцүү анги” киног та найруулсан. Өөрөө ч Янжин захирлын дүрд сайн тоглосон. Тэр киноноос л эхэлж хүмүүст өөрийгөө ааштай хүн мэт ойлгуулсан шүү дээ?

-Тийм байх. Уг нь би энэ киноноос өмнө тохитой, томоотой хүний дүрд олон удаа тоглосон л доо. Даанч хүнд хүрээгүй. “Хэцүү анги”-д би тоглох ёсгүй байсан юм. Өөр хүн тоглох байв. Гэтэл тэр хүн нэг өдөр гэнэт тоглож чадахгүй нь гэсэн хариу өгсөн. Тэгээд л надаас гарцаагүй болсон. Түүнийг мөнгөө голсон уу, надтай хамтарч ажиллахыг хүсээгүй юу гэдгийг огт ойлгоогүй. Хамгийн гол нь төлөвлөгөө уначих гээд байсан болохоор шаварт унасан шарын эзэн өөрөө зүтгэхээс өөр аргагүй болсон. Гэхдээ би энэ дүрдээ дургүй.

-Танд одоогоор киноны урилга ирсэн үү?

-Яг одоо алга. Гэхдээ гэртээ эсвэл ажлынхаа өрөөнд сууж байтал утас дуугарахаар аль нэг найруулагч “Байна уу, Навчаа юу. Нэг киноны зураг авалтад ороод аль” гэдэг. Өмнө нь юуны тухай гарахыг нь хэлээгүй байж шууд тулгах хэрэггүй байхгүй юу. Сүүлийн үед кино ар араасаа гарч байгаа ч чанаргүй болоод байна гэсэн шүүмжлэл гардаг нь үүнтэй холбоотой.

-Зохиолоо ч уншуулаагүй байж шууд дууддаг хэрэг үү?

-Харин тийм. Ямар сайндаа би “Ядаж зохиолоо уншиж хэд хоног бэлдье л дээ” гэхэд “Зүгээр ээ, чи дөнгөж ороод л гарна” гэнэ. Найруулагч тэгж байгаа бол би үгүй гэхгүй. Гэхдээ миний сэтгэлд нийцэхгүй дүр байвал дургүй байгаагаа тэр дор нь хэлдэг. Өөр хүн хайж олох хугацааг нь ч өгье л дөө.

-Найруулагчид жүжигчиддээ яагаад ядаж сарын өмнө ч болтугай зохиолоо өгч ажиллуулдаггүй юм бол?

-Ивээн тэтгүүлэх мөнгө хүлээд­гээс болоод тэр л дээ. Гэхдээ кинондоо тэрийг, энийг тог­луулна гээд бодчихсон бай­даг л даа. Хамгийн гол нь жү­жигчид нь мэдээгүй байхаар дүрээ яаж сайн гаргах вэ дээ. Дээр үеийн кино яагаад сайн болдог байсан юм бэ гэхээр хэдэн жилийн өмнөөс мөнгө нь тодорхой орж ирнэ. Тиймээс жүжигчиддээ зохиолоо уншиж бай гээд кино зурганд орох хүртэл хангалттай хугацаа өгдөг байсан юм. Тэгэхээр жүжигчид дүрээ тултал гаргахаас яах вэ дээ. Одоогийн найруулагч нар их санасан газар есөн шөнө хоосон хо­ноно гэсэн зарчмаар яваад байна. “Рашаантын 18”-ыг би най­руулахдаа гавьяат жүжигчин Т.Баясгалангаас мөнгөө авсан өдрөө Д.Батаа руу ярьсан. Сүү­лийн үед “Би тийм кино хийх гэж байгаа. Энэ зохиолыг уншиж бай” гээд хоёр жил байтугай хоёр сарын өмнө хэлчих зоригтой найруулагч байхгүй байна шүү дээ.

-Та хэдэн төгрөгөөр тоглодог вэ?

-Би мөнгө ярих дургүй.

-Уншигчдад маань сонирхолтой болохоор асууж байна л даа?

-Та ч бас сонирхож л байгаа биз дээ. Би өөрийгөө нэг их хямдхан жүжигчин гэж боддоггүй. Гэхдээ манай нийгэм ямар байгаа билээ. Хангалттай биш ч нэг сайхан кино хийе гэж байгаа хүнд тэд гээд амандаа орсон тоогоо хэлэх утгагүй. 2007 онд туслах дүрд тоглож байхдаа 50 мянган төгрөг авч байлаа. Тэр миний анхны дүр л дээ. Мөн хэдэн сарын өмнө 20 мянган төгрөгөөр нэг киноны хэсэгт тоглосон.

-Ямар кинонд вэ?

-Нэрийг нь хэлмээргүй байна. Танд сонин санагдаж байж болох ч энэ хүн чанартай холбоотой. Юм хийе гэсэн эрмэлзэлтэй хөөрхөн хэдэн залуу кинондоо миний хэсэгхэн дүрсийг оруу­лахыг хүссэнээ хэлэхийг нь сонсоод өндөр үнэ хэлэх хэцүү л юм билээ. Ер миний ханш саяас 10 сая төгрөг байдаг.

-Та багадаа эршүүд байсан уу?

-Ер нь хөдөлгөөнтэй байсан шүү. Ангийн цонх хагарвал багш нар эрэгтэй хүүхдүүдээс асуугаагүй хэрнээ над руу хардаг байлаа. Тийм сахилгагүй байсан болохоор ч тэр үү “Хамгийн түрүүнд чи л хүнтэй сууж хүүхэд гаргана” гэдэг байв. Бас зодно.

-Шууд зодчих уу?

-Тэгнэ. Одоогийн аав, ээж шиг хүүхдээ өмөөрч багш нартай нь маргалдахгүй. Харин ч “Чиний буруу байсан болоод зодуулсан биз” гээд нэмнэ. 

-Спортоор хичээллэдэг байв уу?

-Сагсан бөмбөг их тоглодог байлаа. Гэхдээ миний гоол оруулна гэж юу байх вэ. Булаах нь л сайхан санагддаг байв.

-Чөлөөт, жүдо бөхөөр хичээллэж байгаагүй юм уу?

-Намайг тарган болохоор ингэж асууж байх шиг байна. Эгч нь багадаа туранхай байсан юм аа. Голдуу эгчийнхээ хүүх­дийг хардаг байлаа. Дүүгийнхээ барах­­гүй хоолыг идсээр бай­гаад таргалчихсан юм. Өөрөө ч маамуулаад хөдөлгөөн бага­сахаар жин нэмчихдэг юм байна.

-Та яагаад урлаг руу орох болсон юм бэ?

-Зарим хүн “Урлаг миний багын мөрөөдөл. Тиймээс ур­лагийн хүн болсон юм” ярьдаг. Миний хувьд тийм зүйл байгаагүй ээ. 1995 онд багш нар ажил хаяж бүх сургууль конкурсээ алдсан үед төгссөн. Тэр үед би ямар ч мэргэжилгүй үлдээд яах вэ гэж бодоод СУИС-ийн жүжигчний ангид орсон. Тэгж орсон маань ч зөвдөж.

-Та төгсөөд л хошин урлаг руу орсон уу. УДЭТ-т орох бодол байгаагүй юм уу?

-Надад Драмын театраас санал ирж байсан. Гэхдээ тэр үед тус театрын уналтын үе байсан. Цалин нь 17 мянган төгрөг байсан байх аа. Харин хошин урлаг руу ороход 100 орчим мянган төгрөг өгч байсан. Тэгэхээр хэн ч илүү цалинтайг нь сонирхоно шүү дээ. Тэгээд л гавьяат жүжигчин Б.Батзаяа ахад хандсан даа.

-Гэхдээ таныг урлагт олон жилийн дараа хөл тавьсан гэдэг юм билээ?

-Тийм. Амьдралын шаард­лагаар янз бүрийн ажил хийсэн. Тоочвол тогооч, алтны уурхайд ажиллаж байлаа. Жинхэнэ зэ­сэр­нэ гэдэг тэр болсон. Тэр үед “ZMN” продакшны захирал Цогоо, найруулагч Золоо хоёр байнга утсаар ярьж, тархи угаасаар байгаад кино урлаг руу татчихсан. Тэдэнд би үргэлж баярлаж явдаг. Одоо бодоход яагаад тэгж их зугтаад байсан юм бүү мэд. Өөрийгөө л голдог байсан юм байлгүй дээ.

-Гоо сайхандаа хэр анхаардаг вэ?

-Эмэгтэй хүн байна даа, анхааралгүй яах вэ. Гэхдээ топ модель, миссүүд шиг байнга будаж, шунхдаад байхгүй. Одоо ч гэсэн будаж байгаа биз дээ.

-Таныг турах гээд цай ууж байгаа гэж сонссон. Үр дүнгээ өгч байна уу?

-Дажгүй шүү. Гэхдээ би гоо сайхандаа анхаарсандаа ууж байгаа юм биш. Нэг киноны гол дүрийн санал ирсэн юм. Одоо байгаагаасаа жаахан туранхай байх хэрэгтэй гэсэн.
У.БАЯРАА
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин