Monday, 4 June 2012

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны ярилцлагаа өглөө

Ц.Мөнхтөр: Оройн мэнд хүргэе. МҮОНТелевизийн шууд эфирт Мөнхтөр миний бие ярьж байна. Орон даяар радио телевизээр цацагдаж байгаа нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож байна. Тэрээр 6-р сарын 18-нд тангарагаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй ярилцах гэж байгаа юм. Ингээд та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсье. Манай студэд хүрэлцэн ирсэн Танд баярлалаа.
Ц.Элбэгдорж: - За та бүхэнд баярлалаа.
Ц.Мөнхтөр: - Тангаргаа өргөөд арван хэдхэн хонож байна. Уг нь ард түмний өмнө Сүхбаатарын талбай дээр тангараг өргөнө гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Гэхдээ хуулийн дагуу Их хуралд, төрийн ордонд тангараа өргөсөн. Тангараг өргөх нэг талаасаа хүндэтгэл байх, нөгөө талаасаа хариуцлага байх. Өргөсөн тангараа манай үзэгч сонсогчдод товч тайлбарлаж өгч болох уу?
Ц.Элбэгдорж: - Үнэхээр ард түмний шударга сонголтоор, олонхийн сонголтоор сонгогдож гарч ирнэ гэдэг бол маш их хүндэтгэл. Нөгөө талаас асар их хариуцлага. Тэр үед Их хурал дээр тангараг өргөөд зогсож байх нь хүндэтгэлтэй сайхан үйл явдал байсан. Чингис хааны хөшөөний өмнө, хүмүүсийн өмнө тангараг өргөе гэсэн санал явж байсан.
Гэхдээ өмнөх Ерөнхийлөгчдийн тангараг өргөдөг байсан тэр ёслол журмын дагуу ордон дотроо тангарагаа өргөсөн.
Гадаа тодорхой ёслолын шинжтэй үйл ажиллагаанууд болсон.
Маш их олон хүмүүс ирсэн. Хамгийн гол сэтгэл хөдөлгөсөн юм нь тэр их олон хүн тийм их баяр хөөртэй цугласан байсан нь маш их сайхан санагдаж байсан.
Ард түмнээ хараад, хүмүүсээ хараад 20 жил зүтгэж ажиллаж явсан олон нөхдөө бодохоор, нөгөө талаасаа өндөр настай ээж минь хүрч ирээд суучихсан байгаа бүхэн нь хүний хувьд сэтгэлд асар их хүрч байсан.
Ерөнхийлөгчийн тангарагийн үг гүн гүнзгий утга учиртай. “Монгол улсын бүрэн эрхт байдал” гээд эхэлдэг шүү дээ. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэснийхээ эв нэгдэл, үндсэн хуулийг сахин биелүүлж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар хэрэгжүүлнэ гэсэн 6 үндсэн санаа байгаа юм. Энэ дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа үнэхээр бүрэн багтсан байдаг.
Энэ хэлсэн зургаан санааг үргэлж санаж явах ёстой гэж би хувьдаа боддог.
Ц.Мөнхтөр: - Баярлалаа. Эндээс үүдээд нэг асуултыг асууя. 20 жил гэж та ярилаа. Та бол улс төрийн томоохон намын лидер байсан.
Тэр өнцгөөс асуудалд шүүмжлэлтэй ханддаг байсан. Саяын сонгуулиар таныг ард түмний олонх нь дэмжлээ. Гэтэл дэмжээгүй хүмүүсийн том хэсэг бий, олон зуун мянган хүн бий. Тэр хүмүүсийг өөрийнхөө үзэл бодолд хамааруулж, АН, МАХН гэж хуваахгүйгээр нэг өнгөөс харах боломж бололцоо хэр зэрэг бүрдэж байна гэж та бодож байна.
Ц.Элбэгдорж:- Хууль ч, ажлын нөхцөл байдал ч бүх талаараа тийм болгодог юм байна.
Би хувьдаа Их хурлын гишүүд, албаны хүмүүс, бусад улсуудтай тааралдаж байхад энэ чинь ямар намын гишүүн билээ, өмнө нь ямар хүн байлаа гэж бодогдохоо больдог юм байна.
Үндсэн хуулинд “Монгол Улсын төрийн тэргүүн ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна” гэж байгаа.
Төрийн тэргүүн гэдэг үгний цаана бас нэг чухал ойлголт байх шиг байгаа юм. Ерөнхийлөгч хүн гэдэг бол УИХ, Засгийн газар, Шүүх эрх мэдэл энэ бүхнийг холбогч болдог. Магадгүй тэдний хооронд ойлголцуулах ажил гарвал ойлголцуулдаг. Ерөнхийлөгч гэдэг бол хамгийн том дарга нь биш юм байна. Тэргүүлж, тухайн асуудал дээр санаачлага гаргаж явах утгаараа төрийн тэргүүн гэсэн ойлголт байдаг юм байна.
Нэг үгээр хэлбэл төрд хамгийн том утгаараа үйлчлэн туслагч. Засгийн газарт, Их хуралд, Шүүхийн байгууллагуудыг ажил төрлөө сайн хийхэд нь тусалдаг.
Нөгөө талаас ард түмний нэрийн өмнөөс шударга ёс, хариуцлагыг асуудаг, нэхдэг байх ёстой гэсэн утга байх шиг байгаа юм.
Ц.Мөнхтөр: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийх гэж байгаа зүйлийн төлөвлөгөө, өдөр тутмын үйл ажиллагааны зураглал гээд ярих юм бол төсөөлж байсан, одоо хийж байгаа хоёрын хооронд ямар ялгаа харж байна?
Ц.Элбэгдорж: Мэдээж ялгаа байгаа. Өмнө нь төрийн албанд тодорхой түвшинд ажиллаж байсан учраас ямар ажил хийдэг, ямар нөхцөл байдаг, хуулиар хүлээсэн үүрэг гээд бүх зүйлүүд нь ойлгомжтой байсан. Яг ажлаа бариад авахаар хийх ажлууд үнэхээр их байгаа.
Зөвхөн цэргийн салбар, зэвсэгт хүчинтэй холбоотой, оролцох арга хэмжээнүүд, уулзах уулзалтуудыг харахад л хүрэлцэхгүй байх жишээтэй.
ҮАБЗ-ийн тэргүүний хувьд улс орны аюулгүй байдлын эрх ашигтай холбоотой асуудлууд байна, нөгөө талд нь Засгийн газраар хэлэлцэгдэж байгаа асуудлуудад анхаарлаа хандуулах, гадна, дотны зочин, төлөөлөгчийг хүлээж авна гэх мэт.
Саяын хэдэн хоногт Тамгын газар, зөвлөхүүд ажил үүргээ тодорхойллоо. Ингээд харахаар үнэхээр энэ ажлыг сайн зохицуулаад, нэг үгээр хэлбэл зөв чигт нь чиглүүлээд, хуулийн хүрээнд үүргээ сайн биелүүлж, ард түмэндээ үйлчлэн тусалдаг тэр үүргээ биелүүлэх бүрэн боломжтой гэж ойлгож байна.
Ц.Мөнхтөр: Тодорхой асуудалд оръё. Монголчууд асар том нутагтай, баялаг ихтэй гэж бахархдаг.
Үнэхээр баялагтай. Гэтэл сүүлийн хэдэн жил баялгаа ашиглая, гэрээ хийе, хамтрая гэж яриад, энэ асуудал урагшлахгүй байна. Хүмүүсийн амьдрал ядуу хэвээрээ, хэзээ гэрээгээ батлаад, хэзээ бид нар аятайхан болох бол гэж хүлээж байна. Таны байр суурь?
Ц.Элбэгдорж: Сүүлийн 20 жил зах зээлийн нийгмийн эрх чөлөө рүү ороод тийм боломж олдсон. Одоо энэ бүхэн үнэхээр ашиглагдах хэрэгтэй байна.
Зөвхөн Оюу толгойн гэрээг авч үзэхэд л 2004 оны 8 сард Ерөнхий сайд болоод ажлаа авч байхад тэр үед Оюу толгойн гэрээг батлах тухай асуудал ширээн дээр орж ирж, яригдаж байсан. Тэр цагаас хойш 5 жил боллоо.
Манайд хамгийн удаан хэлэлцэгдсэн хууль бол Үндсэн хууль. Тэгтэл Үндсэн хуулиас даруй 4 дахин урт хугацаа болж байна. Мэдээж хэлэлцэх, ярилцах асуудал чухал байсан.
2004 оны үед батална гэж байхад магадгүй олон юм түүхий байсан байх. Ард иргэдийнхээ санал бодол, бусад хүмүүсийн санал бодлуудыг сонсох шаардлагатай байсан. Одоо болсон, одоо ерөөсөө энэ ажлыг эхлүүлэхгүй бол болохгүй.
Их хурал, Засгийн газар дээр энэ чиглэлд шийдэл гараад ажил эхлээсэй гэж бодож байгаа. Одоо буцааж авч татаад байх шаардлага байхгүй.
Ер нь ч ҮАБЗ-өөр хэд хэдэн удаа ярьсан. Засгийн газрын хүрээнд асуудал нь шийдэгдээд явахад болох байх. Ер нь энэ гэрээг байгуулах гэж нэг талд ажлын хэсэг Засгийн газар, нөгөө талаас хөрөнгө оруулагчид маш их олон ажлыг хийжээ.
Мөн ард түмэн, Иргэний хөдөлгөөнийхөн, мэргэжилтнүүд гээд санаа тавьсан хүмүүс маш их ажлыг хийж чадсан байна. Одоо бол ажлаа эхлээд цаашаа явах ёстой. Энэ ажил цаашаа явах юм бол дахиад нэг шинэ зах зээл, шинэ боломж, шинэ бизнесүүд бий болно. Тэдгээрийг дагаад маш олон жижиг бизнес үүсч, хүмүүс орлого олж, ажилтай болно. Зарим нь ярьдаг шүү дээ, өдөрт 1 сая доллар алдаж байна гээд.
Энэ утгаараа үнэхээр энэ Их хурал маань завсарлахаасаа өмнө энэ асуудлаа шийдээсэй гэсэн эрмэлзэлтэй байгаа. Шийдвэрлэхийн тулд Ерөнхийлөгчийн зүгээс байж болох дэмжлэг юу байна гэдэгт анхаарч ажиллаж байгаа.
Ц.Мөнхтөр: Өнөөдөр өдөр тутмын ажил явуулж байгаа, үйлчилгээ хийж байгаа хүмүүс, жирийн иргэд хүртэл нэг зүйлийг маш их бухимдаж хардаг болсон. Энэ бол хүнд суртал, авилга, шударга биш байдал гэж маш их ярьж байгаа. Тэгэхээр одоо шударга байхын тулд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл юу вэ? Шүүхээс эхлэх ёстой юу?
Ц.Элбэгдорж: Хуулиа хэрэгжүүлж, ард түмэнд үйлчилдэг тэр үүргээ гүйцэтгэхийн тулд бусдад дарамт учруулдагаа болих ёстой. Асуудлыг хурдан шийдэж өгч бай. Асуудлаа шийдүүлэх гэж хоорондоо авлига өгдөг энэ байдлаа зогсооё. Одоо энэ цаг мөчөөс болъё.
Хэрвээ ингэж ажиллаж чадахгүй хүн байгаа бол бушуухан төрийн албанаас явж, зайгаа тавьж өг гэж би тангараг өргөх үгэн дээрээ маш тодорхой хэлсэн. Одоо ингээд харж байхад, жишээлбэл тендер их өөр болсон байна гэсэн ярианууд гарч байна.
Өөр болох биш, ерөөсөө тийм байх ёстой гэж би хувьдаа бодож байгаа.
Одоо ч гэсэн төрийн бүх шатанд ажил шуурхай явах ёстой. Хүнд суртал аль болох бага байх ёстой.
Мэдээж шударга ёс гэдэг бол ардчиллын амин сүнс, тэр амин сүнсийг барьж явдаг байгууллага бол шүүх. Тэр утгаараа маргааш хамгийн анх хүмүүстэй уулзах уулзалтаа би шүүхийн байгууллагаас эхлэх гэж байгаа.
Ц.Мөнхтөр: Та авилгал, шударга бус байдлыг зогсооё гэж хэлсэн. Хэлэх бол нэг хэрэг, хийх бас нэг хэрэг байх ёстой. Механизмын хувьд яаж өөрчлөх ёстой юм, та хэлээд орхих уу, эсвэл ..
Ц.Элбэгдорж: 1-рт хэлэх ёстой. Төрийн аливаа удирдах ажил хийж байгаа хүн байр сууриа илэрхийлэх ёстой, тэр хүний байр суурь ямар байгаагаас бусад шатанд ажиллаж байгаа хүмүүсийн байр суурь маш их хамаарна.
Одоо ийм бодлоготой болсон юм байна шүү, ингэж хүнд суртал учруулаад байж болохгүй юм байна шүү гэдгийг ойлгож байгаа. Нөгөө талаас энэ дээр тодорхой үйлдэл байх ёстой. Ер нь шүүх дээр харж байхад хоёр хүндрэл байна гэж ажиглагдаж байна.
Би маш их хууль дүрэм харж, олон хүмүүсийг сонсож уулзаж байгаа. Ямар хоёр хүндрэл байна вэ гэхээр 1-рт, гаднаас орж ирээд шүүхэд нөлөөлөөд байх юм ер нь их бага болсон юм байна. Хуулиараа шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангахын тулд нилээн их юм хийсэн байна.
Гэтэл шүүх дотроо нөлөөлөөд байна. Манайх чинь шүүхийн мэргэжлийн чиглэлийн удирдлага, захиргааны удирдлага гэдэг нь нэг гарт төвлөрчихсөн.
Ерөнхий шүүгч гээд Монголд 62 хүн байна, аймаг, сум дундын шүүгч нараа оруулаад. Гэтэл Ерөнхий шүүгч ажил цалин, бүх юмыг шийддэг, тэрүүгээрээ дамжуулж шүүх дотор асар том нөлөөлөл бий болгочихож. Нэг үгээр хэлбэл, тос дотроосоо өтнө гэдэг шиг ийм нөхцөл байдал руу орчихсон байна.
Шүүхийн байгууллагууд гаднаасаа хуяглагдчихсан байна. Энэ дээр маш том өөрчлөлт хийх хэрэгтэй.
Шүүхийн хуулийг өөрчилж, мэргэжлийн хороо, сахилгын хорооны дүрмийг шинэчлэх гээд Ерөнхийлөгчийн хүрээнд оролцоод хийх ажлууд маш их байгаа. Намрын чуулганаар хэлэлцэх асуудал дээрээ УИХ санал авсан. Бид нар энэ чиглэлээр багц хуулийнхаа нэрүүдийг бүгдий нь өгсөн. Одооноос хуулин дээрээ суугаад ажиллаж байна.
2 дахь нэг гол зүйл бол шүүх байгууллага, шүүгчдэд өөрсдөд нь нийгмийн хариуцлага гэж байх ёстой. Ерөөсөө шүүх гэдэг бол гэмт хэрэг хийсэн гээд орж ирж байгаа хүнийг шийтгэнэ гэж хардаг биш, харин хүн гэж хардаг байх ёстой.
Энэ чинь надтай л адилхан иргэн хүн, магадгүй бүр энэ хүний төлсөн төлбөрөөр, энэ хүний итгэсэн итгэлээр би өнөөдөр шүүгч гээд сууж байгаа, энэ хүн хэрэг хийгээгүй байж магадгүй гэж бодох сэтгэлзүй байх ёстой. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэдэг бол Үндсэн хуулийн зарчим, үндсэн хуулийн шаардлага шүү дээ.
Гэтэл үүнийг хүлээж авдаг, ойлгодог уур амьсгал асар бага байсан байна. Ер нь хүний эрхийн тухай шүүхийн танхимд ярьвал юу ярьж байгаа юм бэ гэж бараг асуух нь холгүй болсон байна.
Жирийн иргэн хүнд харин ч энэрэнгүй хандаж, аль болох яллах талаас нь харж биш ,хүний эрхийг хүндэтгэж байгаа тэр шүүгчид шагнал урамшил авдаг байх ёстой. Манайд шийтгэж л байвал тэр шийтгэл нь дараагийн шатандаа батлагдаж л байвал сайн болсон байна.
Тэгэхээр нийгмийн хариуцлага гэдэг тэнд заавал байх ёстой. Үүнийг манай 427 шүүгч заавал ойлгох ёстой. Нөгөө талаасаа шүүх шударга ажиллах юм бол тэр нийгмийн баялаг зөв хувиарилагдана. Хэрэг хийсэн хүн ч гэсэн асуудлы нь шударгаар шийдэх юм бол нүдээ олоод шийдчихлээ гээд гардаг шүү дээ.
Ц.Мөнхтөр: Шүүхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнөх нь байна. Цаашдаа зохих хуулинд өөрчлөлт орох нь байна гэж ойлгож болох уу?
Ц.Элбэгдорж: Тэгэлгүй яахав, зохих хуулинд өөрчлөлт орно. Тэнд баримталдаг дэг жаяг, зарчим их олон юм өөрчлөгдөнө, өөрчлөгдөх ч ёстой.
Ц.Мөнхтөр: Шударга байна гэхээр хэн шударга биш байгаа юм гэдэг асуудал гарч байна. Өнөөдөр ажлаа хийгээд, амь зуулгаа аваад явж байгаа хүний хувьд бол шударга шударгагүйн тухай асуудал нэг их хөндөгдөхгүй болов уу. Хэн эрх мэдэлтэй байна, хэн мөнгө мэдэж байна, хэн удирдаж байна, тэр хүмүүст шударга биш шүүгдэл байгаа юм байна. Тэгэхээр та шүүхээр дамжуулаад эрх мэдэлтнүүдийн шударга биш байгаа явдал руу тодорхой хэмжээний цохилт өгөх нь ээ гэж ойлгож болох уу?
Ц.Элбэгдорж: Ерөөсөө шударга ажиллаж байгаа жирийн ард иргэддээ энэрэнгүй хандах ёстой. Харин ард түмний итгэлийг аваад, төрийн итгэлийг хүлээчихээд, үйлчлэн туслах тэр ажлаа хийж чадахгүй байгаа, эрх мэдлээ өөрийнхөө эрх ашигт үйлчлүүлж байгаа, түүгээрээ дамжуулаад хууль хяналтын байгууллагад нөлөөлөх гэж оролдож байгаа буруу үйлдэл, буруу зуршлыг таслахын төлөө явж байгаа шүүгчдийг ямар ч шатны шүүгч урамшуулж дэмжиж ажиллана. Харин жирийн ард түмэнд болохоор хатуу хандаад, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст зөөлөн хандаад, нэг үгээр хэлбэл албан тушаалаар нь ялгаж ажилладаг хүмүүстэй хариуцлага тооцож ажиллана. Олон нийтийн өмнө бүр хэлж байгаад хариуцлага тооцож ажиллана. Мэдээж энэ ажлыг тууштай ул үндэстэй хийх хэрэгтэй.
Ямар нэгэн байдлаар буцахгүй. Нөгөө талаас олон хүндрэл бэрхшээл учирна. Нэг хүн гарч ирээд Ерөнхийлөгч болоод, Ерөнхийлөгчийн тэр бүрэн эрх хэмжээнд ч бас бүрэн шийдэгдчих асуудал биш. Энд Их хурал, Засгийн газартайгаа хамтарч ажиллах асуудал бий.
Өнөөдөр шүүгчийн байгууллагад ажиллаж байгаа бүх түвшний хүмүүстэй хамтарч ажиллах асуудал бий.
Ц.Мөнхтөр: Энэ сэдвийг хөндсөнийх өнөөгийн УИХ-ын тогтолцоо, сонгуулийн тухай асууя. Жишээлбэл, УИХ-ын гишүүд монгол төрийн өмнө хүлээсэн, бүх ард түмний өмнө үүрэг хүлээсэн хууль тогтоогчид, гэхдээ тухайн сонгогдсон тойргийнхоо төлөө юм хийдэг, жалга довны төлөө л юм шиг байдал сүүлийн жилүүдэд маш их ажиглагдаж байгаа. Сонгогчдын саналыг худалдаж авдаг зүйл өнөөдөр бодитой болчихоод байгаа. Үүнийг сонгуулийн хуулиар дамжуулж өөрчлөх ёстой юу? Яах ёстой вэ?
Ц.Элбэгдорж: Сонгууль тойрсон, боловсронгуй болгох ёстой асуудал олон байгаа. Бүтэцтэй холботой, сонгуулийн байгууллагатай холбоотой, сонгуулийн санхүүжилттэй холбогдсон асуудал байгаа. Тэр хууль ёсыг мөрддөг улс орнууд бол гурван хуулиар зохицуулж байна. Энэ талаар өөрийнхөө зөвлөхөөр би судалгаа хийлгээд, бусад мэргэжлийн хүмүүс, нийгмийн идэвхтэй иргэдийг оролцуулж хэлэлцүүлье гэж бодож байгаа. Тэгээд намууд, Их хурлын гишүүдийн болон, Засгийн газрын саналыг аваад хэдүүлээ ярилцаад явъя.
Ингэх үүрэг Ерөнхийлөгчид байгаа гэж ойлгож байгаа.Тэгээд бид хамтраад засаад явж болох байхаа.
Надад итгэл байгаа, одоо хүмүүс яаж явбал буруу болоод байна, яаж явбал зөвдөөд байна гэдгийг ерөнхийдөө харсан. Тийм учраас юм цаашдаа сайжирна гэж бодож байгаа.
Ц.Мөнхтөр: Баярлалаа. Тогтолцооны хувьд нэг зүйлийг хөндье гэж бодож байна. 1990 оны Улсын Бага Хурлыг сонгосон сонгуулийн талаар Баабар “Энэ бол гайхамшигтай сонгууль байсан юмаа” гэж бичсэн байна лээ. Одоо зарим судлаачид, улс төрчид, хоёр шатны парламенттай болъё, их хурлаасаа сонгодог болъё, магадгүй Ерөнхийлөгчийг Их хурлаас сонгодог болъё гэж ярих боллоо.
Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр, төрийн тогтолцоог өөрчлөхгүйгээр явахад маш хүнд боллоо гэж цөөнгүй хүмүүс хэлдэг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна?
Ц.Элбэгдорж: 1990 оны 7 сарын сонгууль гайхамшигтай нь юундаа байна гэвэл Монголчууд анх удаа өөрсдөө чөлөөт сонголт хийж төрөө байгуулсан явдал. Энэ утгаараа Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол жинхэнэ ёсоор баталгаажсан ийм өдөр.
Нэг үгээр хэлбэл эрх чөлөөгөө олж авсан өдөр. Сая жишээлбэл Польшид, ард түмнийхээ санал асуулгаар, чөлөөт сонголтоор нэг танхимаа бүрдүүлснийхээ 20 жилийг ойг тэмдэглэж байна.
Бүр дэлхий нийтээр тэмдэглэж байна. Гэтэл ийм үйл явдал монголд болсон, тэр нь бүр хагас ч биш, бүрэн чөлөөт сонгууль байсан гэдэг утгаараа үнэхээр гайхамшигтай зүйл байсан.
Мэдээж улс төрд, сайн муу, олон зүйл байдаг. Түүнийг зохицуулаад явах ёстой.
Үндсэн хуулинд байгаа нөөц боломжууд бүрэн шавхагдаж уу, үгүй юу гэж олон хүн асуудаг.
Яг өөрчлөлт оруулбал аль асуудалд нь өөрчлөлт оруулахав гэдгээ судлаад ярилцах л хэрэгтэй. Улс төрийн нөхцөл байдлын хувьд Ерөнхийлөгч, УИХ , бас хамтарсан Засгийн газартай байгаа энэ үед улс төрийн шинжтэй, эдийн засгийн шинжтэй том асуудлуудыг шийдэх боломж энэ удаа байна. Энийг бид ашиглах ёстой.
Ц.Мөнхтөр: Төрийн эрх мэдэлд гарахын тулд ард түмний саналыг худалдаж авах, очсон хойноо тэр эрх мэдлээрээ далимдуулж хөрөнгөждөг тэр тойргийн талаар таны төсөөлөл ямар бол? Энэ бодитой зүйл үү?
Ц.Элбэгдорж: Бодитой зүйл. Энэ тойргийг задлах арга бол ард түмнээ эрх мэдэлжүүлэх. Ард түмнээ мэдэлжүүлэх гэдэг нь эдийн засгийн боломжий нь олгох ёстой, ард түмэндээ эзэмших ёстой эрхий нь өгөх ёстой.
Тэр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, өөрийнхөө баялагтаа эзэн нь байдаг эрх мэдлий нь орон нутагт нь ард иргэдэд нь өгөх ёстой. Тэр эрх мэдэл бий болбол аяндаа тэр “тойрог” гээч юм нь гаднаасаа аяндаа задарч эхэлдэг. Тэндээ удах юм бол тэр өөрөө унана. Ардчилсан улс оронд улс төрчид, ард түмний үзэл бодол ямар байна гэдгийг дагаж явдаг. Тийм учраас миний анхны захирамжийн бас нэг санаа тэр байлаа.
Иргэддээ иргэний боловсролыг олгоё. Ардчилал, хүний эрх гэдэг чинь юу билээ, дураараа загнахын нэр юмуу, аль эсвэл энэ нийгэмд бие биенийхээ эрхийг хүндэтгэж сайн сайхан амьдарч, хуулиа хэрэгжүүлэхийн нэр юмуу гэдгийг хүн бүр багаасаа мэддэг байх ёстой гэж бодож байна.
Иргэддээ илүү мэдээлэл өгье. боловсролы нь дээшлүүлье гэж байгаа юм. Тэгэх юм бол тэр иргэдийнхээ боловсролыг дагаад төр нь зөв болно.
Харин эхлээд дарга юм уу эрх мэдэлтэй байгаа хүмүүс ухаарна гэж хүлээвэл тэр удна. Ерөнхийлөгч, их хурлын гишүүд гээд ард түмнээс сонгогддог улсууд ард түмэндээ үйлчлэн туслах үүрэгтэй гэдгээ нэгдүгээрт тавьж явах ёстой.
Ц.Мөнхтөр: Таны 1 номерын анхны гаргасан захирамжийг монгол хүний толгойтой ажиллая гэдэг агуулгыг дэвшүүлж байна гэж хэвлэлээр тайлбарласан байсан. Өнөөдөр сайн иргэний тухай асуудлыг хөндмөөр юм шиг байгаа юм. Сайн иргэн гэж хэн юм бэ? Гэр бүлээ сайхан аваад явдаг, бусармаг юмны төлөө үгээ хэлж чаддаг, эрхээ эдэлж чаддаг тийм мэдрэмжийн тухай яримаар юм шиг байгаа юм?
Ц.Элбэгдорж: - Ер нь иргэний үүргээ хэрэгжүүлнэ, нийгмийн байр суурьтай иргэн байна гэдэг бол гайхамшигтай зүйл. Дамчаа гуай сайхан жүжигчин өөд боллоо. Миний маш их хүндэтгэдэг жүжигчин байсан.
Нөгөө талаас миний хамгийн их хүндэтгэл татдаг юм гэвэл тэр хүний, эрх чөлөө, шударга ёсны талаар баримталж байсан байр суурь. Олон хүн нөгөө тал руу явчихсан байхад өөрийнхөө үзэл бодолд үнэнч зогсож, олон жил дуугарч, залуу хүнд үлгэр дууриал болж байсан тэр шинж нь өнөөдрийн бусад уран бүтээлчдэд үлдэнэ гэж боддог.
Яг тийм иргэнийг сайн иргэн гэж байгаа юм. Нөгөө талаас иргэн хүний сайн мууг тодорхойлдог зүйл нь миний ойлголтоор үүргээ хэрэгжүүлдэг, хуулиа биелүүлдэг байх тухай ойлголт.
Манайд хууль биелүүлдэггүй, авлига авч байгаа, тэр мөнгөөрөө баяжиж байгаа хүн сайн харагддаг болсон байна. Энэ бол нийгмийн сэтгэл зүй эвдэгдэж унах тийшээ хандаж байна гэсэн үг шүү дээ. Одоо үүнийг зогсоох ёстой. Харин хуулиа биелүүлж , ажлаа хийж, үүргээ сайн биелүүлж байгаа тэр иргэн бол гайхамшигтай юм л даа.
Нэг иргэний сайн жишээ нэг сая хүнийг зоригжуулж байдаг. Үүгээрээ иргэний боловсрол, иргэний эрмэлзлэл, үлгэр дууриал гэдэг нь гайхамшигтай зүйл гэж боддог.
Зөв амьдрал гэдэг нь цаанаа маш том буян шүү дээ. Зөв амьдраад явж байгаа тэр хүмүүсийг манай телевиз, радио, сонин бүгдээрээ харуулдаг, тэр хүний тухай нийгмээрээ сайхан ярьдаг баймаар байна.
Ц.Мөнхтөр: Яг жилийн өмнө, өдийд, одоо 10 цаг болох гэж байна, энэ үед УБ хот ямар байсан бэ гэдэг нь монголчуудын зүрх сэтгэлд аймшигтай дурсамж болон үлдлээ. Энэ талаар түүхэн цаг хугацааны эргэлтэнд тодорхой дүгнэлт хийх байх л даа. Гэхдээ өнөөдөр дурсахгүй байх аргагүй. Таны бодлоор тэр өдөр яг юу болсон юм бэ?
Ц.Элбэгдорж: Бид сургамж авах ёстой. Сургамж аваад тэр үед байсан байдлаасаа дээрдэж гарах ёстой. Сонгуулиа булхай луйвартай хийдэг байсан бол одоо болих хэрэгтэй. Сонгуулийн хуулиа янзлаад тэр булхай луйвар гэдэг юмнаас нь гаргая. Нөгөө талд, хүмүүсийг бухимдуулсан олон асуудал байгаа.
Зөвхөн сонгуультай ч холбоотой биш нийгмийн олон бухимдал тэр өдөртэй холбоотой байсан байх.
Бүгдээрээ сургамж авч, арай илүү дээд түвшинд хүрч ажиллаж чадах юм бол хамгийн том хариулт болно. Гэхдээ яг өнөөдрийг болтол 1 жил өнгөрчихөөд байхад, тодорхой асуудал шийдэгдээгүй, дорвитой шийдэл гараагүй хариулт дүгнэлт алга байсаар л байна.
Би 7 сарын 1-ний дараа иргэнийхээ хувьд ард түмэндээ хандаж эмгэнэл илэрхийлж уучлал гуйж байсан. Яг өнөөдөр төрийн тэргүүний хувьд амь насаараа амь үрэгдсэн, хохирч бэртсэн тэр иргэдээсээ уучлал гуйх ёстой гэж бодож байна. Уучлал гуйж байна. Бас тэр хүмүүст хандаж эмгэнэл илэрхийлж байна.
Энэ үйл явдлын талаар түүхэн дүгнэлтүүд гарах ёстой. Мэдээж өнөө маргаашдаа гарахгүй байж магадгүй. Би сайн мэдээлэл сонслоо. Өчигдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороон дээр ажлын хэсэг байгуулагдсан сураг байна лээ. Уг нь УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаад энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөх цаг хугацаа өнгөрсөн байгаа. Ер нь юу болсон юм бэ, ямар үйл явдал болсон юм бэ гэдэг асуултын хариулт хожим ч олдох ёстой.
Магадгүй өнөөдөр улс төрийн байр сууринаас болоод, бодитой дүгнэлт өгч чадахгүй байж магадгүй. Гэхдээ өнөөдөр бидэнд цаг алдалгүй шийдэх ёстой юм байгаа. Өршөөлийн асуудал нөхөн олговортой холбоотой асуудал УИХ дээр хэлэлцэх түвшинд яригдаж байна.
Би анх Бага хурлын гишүүн болж ирээд 1990 онд өршөөлийн хуулийг санаачилахад оролцож байсан. 2000 онд гарч байсан өршөөлийн хуулин дээр бас ажиллаж байсан. Хамгийн сүүлд 2006 онд гарч байсан өршөөлийн хуулин дээр ажиллаж л байсан.
Хүмүүсдээ хатууу хандахаасаа илүүтэй өршөөх, энэрэх тал руугаа хандах нь зөв гэж бодож байна.
Ц.Мөнхтөр: Та Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төрийн хүнд суртлын эсрэг шийдвэртэй алхамууд хийж байсан. Хүний ажлыг хийлгэдэггүй, хүнд суртал үүсгэдэг маш олон тушаал, журам шийдвэрүүд байна гээд урж хаяж байсан. Тэр үед нийгэмд тодорхой цочроо өгч байсан. Харамсалтай нь өнөөдөр бид дахиад хүнд суртлынхаа тухай ярьсаар л байна. Яаж энэ бүхнийг арилгах ёстой гэж та бодож байна?
Ц.Элбэгдорж: Хүнд суртал, авлигалыг зүйрлэж хэлбэл мөөгөнцөртэй адилхан зүйл л дээ. Байнга тэмцэж байх ёстой, тэгэхгүй л бол арзайтал ургаад гараад ирнэ. Хамгийн чухал зүйл бол ард түмэнд чирэгдэлгүйгээр үйлчлэх ёстой гэдэг сэтгэлзүй, ухамсар төрийн албан хаагчдад байх ёстой. Гарч байгаа хууль нь байгууллагын биш, иргэний эрх ашгийг хамгаалсан байх ёстой. Миний санаачлах хуулиуд , үйл ажиллагаанууд үүнтэй холбогдох болно.
Ер нь аливаа шийдвэр дээр иргэдийнхээ санал бодлыг авах нь маш чухал байна. Ерөнхийлөгчийн дэргэд Иргэний танхим гэж байгуулах гэж байгаа. Өнөөдөр иргэдийн зүгээс шүүмжилж байгаа асуудлыг эхлээд мэргэжилтнүүдтэйгээ хамт сууж боловсруулаад дараа нь энэ асуудлыг яавал зүгээр байна, та юу гэж бодож байна гээд саналы сонсоё гэж байгаа. Гарч байгаа шийдвэр бүр тодорхой хэмжээгээр иргэдийн саналыг тусгасан байвал сайн.
Болж өгвөл зарим телевиз, кабелийн телевизээр шууд үзүүлдэг байя гэж бодож байгаа.
Ер нь Ерөнхийлөгчийн алба иргэдэд нээлттэй ажиллах ёстой гэж бодож байна. Иргэдийн дундаас л сонгогдсон, тэдний хүсэл бодол л чухал байх ёстой.
Ц.Мөнхтөр: Та сурталчилгааныхаа үеэр Монгол орныг бүтэн тойрсон. Хөдөө орон нутагт амьдрал яаж өрнөж байгааг мэдэрч байсан байх гэж бодож байна. Монголын өргөн уудам нутгийг яаж эзэнтэй байлгах вэ?
Ц.Элбэгдорж: Ерөөсөө хөдөө амьдарч байгаа иргэд, тэнд ажиллаж байгаа орон нутгийн захиргааны байгууллага өөрсдөө асуудлаа шийддэг эрхий нь өгөх цаг болжээ. Тэдэнд эдийн засгийн болон бусад эрх мэдэл дутуу байна. Бид төсвийн тухай болон нутгийн өөрөө удирдах ёс, засаг захиргааны нэгжийн тухай хуулинд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа.
Нэг өглөө босоход нь л газры нь өрөмдөөд зогсч байдаг, гэтэл нутгийн засаг захиргаа ямар ч үүрэг хүлээгээгүй, юу ч мэдээгүй л байж байдаг шүү дээ.
Баялгаас авсан татвараараа өөрсдөө асуудлаа шийддэг байх хэрэгтэй. Улс төр болон эдийн засгийн боломжий нь олгохгүй бол, Засгийн газар их хурал асуудлы нь шийдэх гээд байдаг, ажиллаад байдаг, гэтэл асуудлы нь бүгдий нь тэр болгон шийдэж чаддаггүй шүү дээ.
Орон нутагт “гар нь хүлээтэй” юм шиг байдлыг одоо болих болсон.
Ц.Мөнхтөр: Хууль санаачлах ёстой юу?
Ц.Элбэгдорж: Хууль санаачлах ёстой.Бусад засгийн газар, их хурлаас гарч байгаа шийдвэрүүдийг дэмжиж ажиллах ёстой гэж бодож байна.
Ц.Мөнхтөр: Эдийн засгийн хямралын асуудлаар байр суурь янз бүр байна. Төр засгийн удаан байдал бас нөлөөлж байна гэсэн шүүмжлэл байгаа. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
Ц.Элбэгдорж: Хямрал нөлөөллөө үзүүлж байна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа саарч, орлого нь буурч, улсын төсөвт ордог мөнгө нь буурч байна. Банкнаас авсан зээлэн дээр хүндрэл үүсч байна. Гэхдээ бидэнд хохирол багатай давах боломж байгаа. Энэ бол том орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд яаралтай оруулах асуудал.
Одоо Оюутолгой араас нь Тавантолгойн асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй. Хурдан ажилд нь оруулья бүгдээрээ. Ингэж байж эдийн засгийн багтаамж нь тэлж явах ёстой. Ард түмнийхээ амьдралыг хурдан босгоод авья хэдүүлээ.
Өнөөдөр үнэтэй байсан юм үнэгүй болох ч юм бил үү. Сүүлийн жил гаруй хугацаанд улстөржиж, сонгууль гэж явлаа. Шаардлага байсан байж магадгүй. Гэхдээ одоо богино хугацаа үлдсэн шүү.
Дээд тал нь 2 жил гэж хараад хурдан асуудлаа шийдэх хэрэгтэй гэж бодож байна. Нэг асуудал дээр санал бодол шийдэхгүй байж болно гэхдээ тэр нь бусад асуудалдаа чөдөр тушаа болох ёсгүй. Ерөнхийлөгчийн хувьд энэ талаар үлгэр жишээ болж ажиллана гэж бодож байгаа.
Ц.Мөнхтөр: Өнгөрсөн сонгуулийн нэг гол нөлөөлөл бол улстөрийн намуудын зүгээс иргэдийн саналыг худалдаж авахын тулд өгсөн том том амлалтууд. Эх орны хишиг, Эрдэнийн хувь маш их хүлээллтэй байгаа. Одоо хүлээж байгаа хүмүүст юу хэлж чадах вэ?
Ц.Элбэгдорж: Шударга ёс тогтоод, хүмүүст очих ёстой баялаг нь очвол энэ бол биелж болох амлалтууд. Орон нутагт эдийн засгийн эрх мэдлий нь хурдан олгох ёстой. Монгол орны хөрсөн дор байгаа баялаг бол, зөвөөр шударгаар хуваарилаад явбал улстөрийн намуудын амласан амлалтаас ч илүү зүйл иргэнд очих боломжтой тийм баялаг.
Зарим нэг нийтлэг эрх ашгийн төлөө Ерөнхийлөгчийн зүгээс анхаарах болно. Мөнгөн амлалт өгсөн нь үнэн, гэхдээ зүгээр мөнгө өгөх тухай яриа байж болохгүй, яаж өгөх вэ, ямар байдлаар тэр нь урт удаан хугацаанд үр жимсээ өгөх вэ гэдгийг бид бодох ёстой. Энэ баялгийн орлогыг яаж нөөцөлж, яаж хуваарилах уу гэдгээ ярих ёстой.
Ц.Мөнхтөр: Шударга байх тухай яриа руугаа эргээд орьё. Саяхан Сүхбат аварга шударга сайхан наадамлах тухай мэдэгдэл гаргажээ. Энэ бол магадгүй ард түмний оюун санаа өөрчлөгдсний нэг жишээ байх…
Ц.Элбэгдорж: Үнэн. Монголын ард түмэн гайхалтай сонголт хийсэн. 20 жил Монгол улс ардчилалтай ч юм шиг, ардчилалгүй ч юм шиг, энэ сонголт нь зөв ч байсан юм шиг, буруу ч байсан юм шиг саармаг явж ирлээ.
Гаднаас харахад ч, монгол улс цаашдаа ардчиллаараа явж чадах юм болов уу даа гэсэн эргэлзээ үүсч, үнэлэмж буурч байсныг үгүйсгэх аргагүй.
Харин энэ бүхэнд бүрэн хариулт өгсөн сонголтоо хийлээ шүү дээ. Ахмад үе, ирж яваа залуу үеийнхний урам зориг итгэл найдвар байсаар байна.
Шударга ёс гэж байдаг юм байна гэсэн ард түмний итгэл дахин сэргэх ёстой. Төрийн албан хаагч ч гэсэн би шударга сайхан ажиллавал миний түүхэн үүрэг тэр юм байна гэдгээ одоо ухамсарлах цаг болсон. Сүхбат аваргын тэр захидал ч гэсэн бас нэг найдлага байсаар байгааг харуулж байна.
Улс төр, нийгмийн амьдрал дээр шударга ёс яриад эхэллээ, одоо бөх дээр ч гэсэн шударга ёс хэрэгтэй байгаа юм байна. Би энэ жилийн наадам шударга сайхан болох болно гэж итгэж байгаа. Яг ийм байдлаар бүх салбарт өөрчлөлт гарах ёстой.
Ц.Мөнхтөр: Таныг ард түмэн сонгосон нь танд асар их итгэл найдвар хүлээлгэлээ гэсэн үг. Итгэлийн зээл гэж нэрлэе л дээ. Тэр итгэлээр авсан зээлээ эргүүлж яаж төлөх вэ? Сонгуулийн үр дүн бол ард түмний дунд оюун санааны асар их өөрчлөлтийг хүлээж байгаагаа харуулсан хэрэг.
Ц.Элбэгдорж: Хүлээлт бол маш их байгаа. Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд шийдэж болох бүх асуудлы нь шийдэхийн төлөө явна. Би дахин хэлье. Нэг асуудлыг шийдэж чадахгүй байгаа бол, дараагийн асуудлы нь хурдан шийдээд явдаг байх хэрэгтэй. Тэр шийдээгүй байгаа асуудлаар барьцаалж хаагаад бусад асуудлыг хойш тавьдагаа болих хэрэгтэй. Оюутолгой явахгүй байгаа бол, Тавантолгойгоо бариад ав, шүүхээ шинэчилье, болохгүй бол сонгуулийн хуулиа өөрчилье гэх мэт явах ёстой. Надад үнэхээр их үүрэг хариуцлага ирсэн. Би энэ үүргийг биелүүлэхийн төлөө бүх бололцоогоороо ажиллана.
Ц.Мөнхтөр: Шагналын хур буух болов уу гэсэн хүлээлт байгаа байх. Нөгөө талаар шагналын тухай бодол нийгэмд өөрчлөгдсөн байхыг ч үгүйсгэхгүй. Та ер наадмын үеэр шагнал өгөх үү ?
Ц.Элбэгдорж: Шагналтай холбоотой байр суурь янз бүр байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчийн хувьд надад шагналын талаар өөрийн гэсэн байр суурь байгаа. Нэг хэсэг сүрхий их шагнасан тал байгаа. Зарлиг нь гарчихаад, нөөц нь хүрэхгүй шагнал ч байна.
Ер нь төрийн шагнал байх ёстой, гэхдээ тэр нь нэр хүндтэй байх ёстой. Шагналын бодлого дээр өөрчлөлт оруулья гэж П.Очирбат Ерөнхийлөгчийн үед ярьж байсныг санаж байна.
Ерөнхийлөгч бүр л өөр өөрийн гэсэн бодлоготой байсан байх. Энэ асуудлыг ард түмнээр хэлэлцүүлэх нь зүйтэй юм болов уу гэж бодож байгаа.
Ц.Мөнхтөр: Төрийн тахилгатай уул овоог тайж, тахьдаг ёслолд Ерөнхийлөгч оролцдог гэсэн ойлголт ард түмэнд байгаа байх. Саяхан таныг төрийн тахилгад оролцохгүй гэж бичсэн байсан. Энэ талаар тайлбар хэлээч?
Ц.Элбэгдорж: Хэвлэлд гарсан тэр зүйл миний байр суурь биш. Ер нь овоо тахилгад оролцох Ерөнхийлөгчийн оролцоог даруухан болгох ёстой.
Тэр ёслолыг хийх гол хүмүүс нь нутгийн ард иргэд, тахих гол зүйл нь уул овоо нь байх ёстой. Хүнээ тахиад байж болохгүй. Байгал орчноо хайрлаж, цэвэрхэн байлгах, тэр газар нутгийн тухай домог түүх, шинжлэх ухааны судалгаа зэргийг хойч үед үлдээх, тахилгынхаа утга учрыг ойлгодог байх, хамгийн наад зах нь аваад очсон хогоо буцаагаад цэвэрлэдэг байх гэхчилэн бид тахилга үйлдэх хандлагаа өөрчлөх ёстой. Ерөнхийлөгч гол дүрд нь “ороод” л, юм хум шатаагаад байх ёстой юм уу үгүй юу гэдгийг эргэж хармаар байгаа юм.
Даруухан байх ёстой. Энэ бол уул усны л тахилга гэдгийг бид гажуудуулж болохгүй. Нөгөө талаас нутгийн иргэдийн хүлээлт байдаг. Энэ жил Ховд аймагт Алтан Хөхий уул, Архангайн Суварга хайрхан, Богд хаан уулын тахилгууд байгаа.
Уул бүхэн , газар нутаг бүхэн өөр өөрийн тахилгын заншилтай. Нэгэнт төрийн тахилгатай уулын тэнгэрийг тайх ёслол гэхээр ард түмэн Төрийн тэргүүнээ ирнэ гэж итгэж хүлээдэг бололтой юм. Бид төрийн тахилга үйлдэх журамд өөрчлөлт оруулж байгаа.
Ц.Мөнхтөр: Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байгаа тул сүүлийн асуултаа тавья. Монгол улс цөлжиж байгаа тухай маш их яригдаж байна. Ногоон хэрэмний тухай та ярьж байсан санагдаж байна. Одоо цаг хугацаа Ногоон хэрэмийг үнэхээр яаруулж байгаа үе. Тэр ажил ямар түвшинд яваа бол?
Ц.Элбэгдорж: Цөлжилт, Улаанбаатарын утаа үнэхээр тулгамдаж байна. Бид энэ утаан дотор байгаа хүний эрүүл мэнд ямар болж байгааг харж байгаа.
Манай байгал орчин хариуцсан, иргэний эрх хариуцсан зөвлөхүүд энэ чиглэлээр ажилдаа орсон байгаа. Байгал хамгаалах чиглэлийн бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, иргэний танхимаараа энэ асуудлаар тусгай хэлэлцүүлэг явуулна.
Ногоон бүсийн асуудал бол өнөөдөр олон улсын, бүс нутгийн асуудал болчихоод байгаа. Шийдэх шийдлүүд нь байна. Гол нь ажил хэрэг болгох хэрэгтэй.
Би Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа орой болгон телевизээр гараад байх сонирхол бага байгаа.
Энэ нь ажил хийхгүй байна гэсэн үг биш, харин хийчихээд үр дүнгий нь ард түмэндээ хэлэхийн тулд гарч ирдэг байя гэж байгаа юм. Эцэст нь нэг зүйл хэлье. Ард түмэндээ хандаж баярлалаа гэж хэлье. Шударга ёсыг хүссэн таны хүсэл биелэх болтугай, өөрийн зүгээс чадах бүхнээ хийх болно.
Олон хүн ажилтай болж, төр засагтаа итгэх итгэл нь сэргэж, хүний эрх, эрх чөлөө нэгдүгээрт тавигдах цаг ирнэ. Та бүхний итгэлийг дааж ажиллана. Сайхан наадаарай.
Ц.Мөнхтөр: Баярлалаа. Манай Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн шууд ярилцлагад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцлоо. Та бүхэнд баярлалаа.
2009/07/01

Sunday, 3 June 2012

Г.Занданшатар: БНСУ-д зорчдог 90 хоногийн визийг нэг жилийнх болгох хэлэлцээрийг хийлээ

Г.Занданшатар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны сайд Ким Сун Хваны урилгаар тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын нэгний өдрүүдэд БНСУ-д албан ёсны ажлын айлчлал хийгээд ирсэн билээ. Айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай ярилцлаа.
-Солонгос улсад хийсэн айлчлалын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ  удаагийн айлчлалаар  хоёр  орны  харилцаа хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаа, бүс нутаг олон улсын асуудлаар харилцан санал солилцлоо. Уулзалтаар хоёр орны харилцааны иж бүрэн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжиж байна гэж дүгнээд цаашид идэвхжүүлэхээр тохиролцсон.
-Айлчлалаар визний асуудал нааштайгаар шийдэгдэх боломж бүрдсэн гэсэн?
-Монгол Улс БНСУ-ын Засгийн газар хоорондын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг алхам алхмаар сайжруулж, харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэж, энэ бодлогын хүрээнд эхний ээлжид иргэдийг визийн хураамжаас чөлөөлөх, олон удаагийн визийн горимд шилжих тухай хэлэлцээр байгуулсан нь чухал болохыг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу.
-Харилцан визгүй зорчих асуудал гэдгийг тодорхой тайлбарлахгүй юу?
-БНСУ-д манай улсын иргэд 90 хоногийн визтэйгээр зорчдог байсан. Энэ айлчлалын үр дүнд 90 хоногийн визийг нэг жилийн виз болгож, олон удаа зорчих боломжтой болж байна гэсэн үг. Нэг жилийн визээр зөрчилгүй зорчих юм бол гурван жилийн виз, цаашлаад таван жилийн виз авна. Ингэж монголчуудад визний таатай боломж бүрдэхээс гадна иргэдийн халааснаас гардаг визний хураамжаас давхар чөлөөлөгдөнө. Жилд монголчууд визинд 700-800 долларын хураамж төлдөг гэсэн бидний тооцоо бий л дээ. Энэ бол нэг тэрбум төгрөг гэсэн үг. Монгол Улсын 44 мянган иргэн давхардсан тоогоор Солонгос улсад зорчсон байна. Иймээс энэ хураамжаас чөлөөлөгдөх нөхцөлийг хангаж өглөө. Ингэснээрээ Монголын иргэд Солонгос улсад зорчих асуудал тодорхой хэмжээнд хөнгөрч байна. Хоёрдугаарт, Солонгосын чинээлэг иргэд Монгол Улсад хөрөнгө зарцуулах гэхээр виз авах процесс нь хүндрэлтэй байдаг байдал алга болно. Хөрөнгө оруулалт, тэр дундаа жуулчид  олноор орж ирэх бололцоо нэмэгдэнэ. Монголчуудын хамгийн ихээр зорчиж байгаа улс Солонгос шүү дээ.
-Хууль бусаар ажиллаж амьдардаг иргэдийн асуудлыг ярилцаж амжив уу?
-Сүүлийн жилүүдэд Солонгост байгаа иргэдийг нэг удаагийн визинд хамруулж, албажуулах асуудлыг байнга л тавьж ирсэн. Солонгост зөвхөн монголчууд ч биш олон улсын иргэд байдаг учраас зөвхөн манайхныг онцлоод албажуулах асуудал хүндрэлтэй. Бодоод үз л дээ. Солонгосчууд хоёр хүн орж ирэхэд нэгэнд нь мах чанаад нөгөөд нь яс чанаад өгч болохгүй биз дээ. Тэгвэл тэр айлыг ялгавартай хандаж байна гэж бодно. Тэгэхээр ялгаж хандах бололцоо Солонгос улсын хувьд хүндрэлтэй. Ямар ч байсан өршөөлд хамруулах, иргэдийг хууль ёсны болгох асуудлыг байнга л ярьж байгаа.
-Визний асуудал хэзээнээс ажил хэрэг болох вэ?
-Хэлэлцээр хүчин төгөлдөр болох хугацаа дотоодын процедур дуусаад хүчин төгөлдөр болно. Манай процедураар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцээрийг эцэслэн батлаад бэлэн болно.
-Манай улсын эдийн засгийн харилцаанд дорвитой өөрчлөлт орохоор хэлэлцээр хийгдсэн үү?
-Хоёр улсын хооронд 380 сая долларын гадаад худалдааны эргэлт хийж байгаа ч экспорт 38 сая долларт хэмжигддэг. Тийм учраас Монгол Улсын экспортыг дээшлүүлэх зорилтыг тавьж байна. Энэ хүрээнд Солонгосын өндөр техник технологийг ХАА-н салбарт нэвтрүүлж, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг өндөр технологийн боловсруулж, бүтээгдэхүүн нийлүүлнэ. Хоёрдугаарт, уул уурхай болон дэд бүтцийн салбарт өндөр техник технологи хөгжүүлэх асуудлаар Солонгосын Мэдлэгийн эдийн засгийн яамтай санал солилцож ярилцсан. Солонгос бол мэдлэгийн эдийн засагтай улс орон. Мэдлэгт суурилсан эдийн засагтай мэдлэгээрээ нэмүү өртөг үйлдвэрлэж, мэдлэгтэй хүн олон арван хүнийг тэтгэж тэжээж ирсэн. Монголын эдийн засаг бол түүхий эдийн засаг. Монголыг түүхий эдийн эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засагт хүргэхийн тулд Солонгосын өндөр техник технологи мэдлэгийг оруулж ирэх хэрэгтэй. Энэ тал дээр хамтран ажиллах талаар ярилцлаа Мөн айлчлалын үеэр БНСУ-ын дипломатын академид зочилсон. Дипломатын академи Монголын залуу дипломатуудыг сургах мэдэлэг чадвар дээшлүүлэх хамтран, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар семинар зөвлөгөөн зохион байгуулах зэргээр хамтран ажиллах талаар ярилцлаа. Түүнчлэн айчлалын хүрээнд Солонгосын Монгол судлалын хоёр дахь тэнхим байгуулагдаж, энэ хүрээнд Гадаад хэлний дээд сургуульд зочилж лекц уншлаа.
-Солонгосын хэвлэлүүдээр «МИАТ» компани болон «Кореан айр»-ийн монополь байдал нэлээд асуудал үүсгэсэн. Энэ асуудал айлчлалын хүрээнд яригдав уу?
-Ер нь Солонгосын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хороо болон Шударга бус өрсөлдөөнийг хянах хороо нь хууль цагдаагийн байгууллагаас илүү хянадаг тогтолцоотой. Бүхий л шатны байгууллагад эрх мэдлийн хүрээнд санхүүгийн шалгалт явуулдаг байгууллага. Энэ байгууллагын хяналт шалгалтаар дээрх хоёр байгууллагыг үгсэн хуйвалдаж, өрсөлдөөнгүйгээр үндэслэлгүй үнэ тогтоож, хэрэглэгчдийг хохироосон гэдэг дүгнэлт гаргасан. Солонгосын хэвлэл болон монгол, солонгос хүмүүсийн ярьж байгаагаар зуны улиралд гурван сарын өмнө билет захиалаад Монгол руу нисэхэд хүндрэлтэй. Ачааллаа дийлдэггүй мөртлөө өндөр үнэ хэлдэг гэдэг шүүмжлэлтэй асуудлыг Солонгосын тал ярьж байна. Мөн Монголын ЗТБХБ-ын холбогдох газруудын дарга нарыг Чэжү аралд үнэгүй аялуулдаг. Ингэснийхээ төлөөсөнд давуу эрх эдэлдэг гэдэг дүгнэлтийг хийж нотлогдсон учраас «МИАТ» компанид дөрвөн сая долларын торгууль оногдуулах найдвар гаргасан юм билээ.
-Ийм их хэмжээний торгуулийг «МИАТ» компани төлөх чадвартай гэж үү?
-Энэ бол «МИАТ» компанид асар их мөнгө болох нь ойлгомжтой. Айлчлал болох гэж буйтай холбогдуулан дээрх асуудлыг тавьсан. Дипломат харилцаанд сэв суулгаж болзошгүй аюул гэж хоёр тал үзээд торгуулийг 1.6 сая доллар болгосон. Ингээд холбогдох албаныхан дахиж ярилцаад торгуулиас чөлөөлсөн. Гэхдээ дээрх хоёр байгууллага үгсэн хуйвалдаж, үнэ өндөр тогтоож байна гэдгийг анхааруулсан. Цаашдаа зах зээл өрсөлдөөний зарчмаар олон компани өрсөлдөж, үйлчилгээний чанар өрсөлдөөний үр дүнд сайжирч, боломжийн үнэтэй болох нь нийт иргэдийн ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж байна. Өрсөлдөөн байж л аливаа үйлчилгээ бүтээгдэхүүн чангардаг. Тэр утгаараа «МИАТ» ХК-ийнхан алдаан дээрээ туршлагажиж, цаашид чангарч өрсөлдөнө шүү дээ.
-Таныг эзгүй байх хооронд Сонгуулийн тойргийн хороонд бүртгэхгүй гэдэг асуудал яригдсан байна. Учир нь олдсон болов уу?
-Бид Сонгуулийн хууль тогтоомжийг баталж, сонгууль  явуулах  журмаа баталж гаргасан улсууд учраас ямарваа нэг хууль зөрчсөн үйлдэл хийхгүй. Миний хувьд зарим нэг хүн шиг лиценз эзэмшиж, газар аваагүй. Үүнийг хаана ч хэлэх учраас хууль зөрчсөн гээд байгаа үндэслэлээ нотлоод шалгах хэрэгтэй. Г.Занданшатар хулгай луйвар хийгээгүй учраас л өнөөдрийг хүртэл ард түмэн итгэл даалгаж УИХ-д сонгож, ажиллуулж байна гэж боддог. Итгэл хүлээлгэдэг учраас шударга бус өрсөлдөөний аргаар  шахан зайлуулах бодлого гаргаж байгаа нь харамсалтай. Хууль зөрчсөн ямарваа нэг үйлдэл надад байхгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээг сонгуулийн жил зогсоох ёсгүй. Улсын төсвөөр хийж байгаа ажилд оролцож болно гэсэн заалтыг хуульчлаад өгчихсөн. Тийм учраас төсвөөс хийгдэж байгаа арга хэмжээнд оролцсоныг Сонгуулийн хууль зөрчсөн гэж мухраар зүтгэж байгаа нь үндэслэлгүй зүйл.
-Ямар үндэслэлээр таныг бүртгэхгүй гэсэн юм бол?
-Гадаадад айлчлалаар байсан болохоор ар хударгаар ямар ямар юм бичиж     өгснийг үнэндээ мэдэхгүй юм.
-Гэр олгосон гэдэг асуудлыг тавьсан юм биш үү?
-Улсын төсвөөс тодруулбал, НХХЯ-наас олгож байгаа гэр. Хувь хүн олгосон зүйл биш шүү дээ. «Үүнийг ялгаж зааглах хэрэгтэй л дээ.
-Сонгууль  болтол олон асуудлыг зохиомлоор, санаатайгаар хийх нь ойлгомжтой шүү дээ. Та үүнд хэр бэлтгэлтэй байна вэ?
-Сонгууль  болдгоороо болж, нар манддагаараа мандана. Маргааш өдөр болно. Хүмүүс эргэж уулзах учрах улаан нүүртэй.Төрийн хууль  тогтоомжтой. Тийм учраас хуулиа   баримталж ажиллах хэрэгтэй. Үндсэндээ хууль тогтоол зөрчөөд гүтгэн доромжлох, гутаах, үндэслэлгүй  үг хэллэг хэрэглэх нь улстөрийн соёлд зохисгүй 7 үйлдэл. Тийм учраас иймэрхүү зүйлүүд  явдгаараа явах л байх. Сонгууль болохоор нэг нэгнийгээ их муу хэлдэг. Өрсөлдөгчөөс нь өөр хүн байхгүй болтол нь хөө цацдаг. Өрсөлдөгч  рүүгээ  хөө  цацаж хав хар болгочихно гэж боддог ч үнэн хэрэгтээ  хөө цацсан хүн өөрийгөө хөө шиг  хар  болоод  байгаагаа анзаарч мэдэх хэрэгтэй. Тэгээд ч ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг хашир ухаандаа ялгаж, салгаад ойлгочихсон  байгаа шүү дээ.
Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин
2012/06/04

Ерөнхийлөгч “Financial Times”-т ярилцлага өгөв

“Их тэнгэр” цогцолборт өнгөрөгч өдрүүдэд болсон “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” эрх зүйн олон улсын чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Financial times” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Юуны өмнө би Монголын тусгаар тогтнож, бие даасан улс болсон талаар асуух гэсэн юм. Хуучин Зөвлөлтийн гүрэн задран унасны дараа Монгол Улс бусад хуучин коммунист орноос ялгаран Ардчиллын замыг сонгож авсан. Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг байсны хувьд Та энэ талаар ярьж өгөхгүй юу?

-Монгол Улс хуучин социалист системийн орон байхдаа тусгаар тогтносон улс байсан. Эрх чөлөө бол хүнд ч, улс оронд ч аль алинд нь байх шаардлагатай. Хувь хүний хувьд эрх чөлөөтэй байх ёстой. Хувь хүмүүс нь эрх чөлөөтэй байж чадах юм бол тухайн ард түмэн эрх, эрх чөлөөтэй байна. Тэгэхээр эрх чөлөөний мэдрэмж монголчуудад өөрт нь байдаг. Бие даасан амьдралын мэдрэмж бол монголчуудад өөрт нь уламжилж ирсэн чухал зүйл. Энэ мэдрэмж Монгол улсыг дахин эрх чөлөө, тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь олж авахад, ялангуяа 1990 оноос хойш олж авахад их тусалсан болов уу гэж бодож байгаа.

Монголын өөрчлөлтийн хувьд онцлог бий. Нэгдүгээрт ер нь Азийн улс орнуудад улс төрийн шинэчлэл, эдийн засгийн шинэчлэлийг зэрэг хийх боломжгүй гэсэн ойлголт байдаг. Үүнийг монголчууд эвдсэн. Улс төрийнхөө шинэчлэлийг ч 1990 оноос эхэлж хийсэн, эдийн засгийнхаа шинэчлэлийг ч хийсэн. Хүн арддаа эрх, эрх чөлөөг олгох энэ шинэчлэлийг давхар хэрэгжүүлсэн. Үүгээрээ монголчуудын шинэчлэлийн нэг онцлог байгаа. Хоёр дахь онцлог 1990 онд нийгмийн өөрчлөлтийг хийхдээ тайван замаар, яриа хэлэлцээний аргаар шийдэж чадсан. Гурав дахь онцлог бол 1990 оноос хойш бараг 22 жилийн хугацаанд шинэчлэлийг үргэлжлүүлж хийх эрмэлзэл монголчуудад тууштай байсан. Хэзээ ч энэ замаасаа ухарч буцаж байгаагүй.

Монгол Улс энэ бүс нутагт эдийн засаг, улс төр, нийгмийн хувьд хамгийн чөлөөтэй тогтолцоотой орон болж хувирсанд бид бахархаж явдаг.

-Хятадын онцлогтой хөгжлийн замын талаар ихэд яригдах болжээ. Тоталитар Засгийн газар нь эдийн засгийн хөгжлийг эхлүүлэх арга зам мөн талаар. Та ч мөн энэ талаар яриандаа дурдсан. Хятад болон Энэтхэг улсыг жишээ болгон эдийн засгийн хөгжлийг нь харьцуулах явдал байдаг. Таны бодлоор Монгол Улс ардчилал, эдийн засгийн шинэчлэлийн замыг сонгосноор ямар нэгэн сул тал, хүндрэлүүдтэй учирч байсан уу. Ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгосны сул болон давуу талыг хэлэхгүй юу?

-Ер нь нийгэм, эдийн засаг, улс төрийн шинжтэй том өөрчлөлтийг хийхэд мэдээж асар их хүндрэлтэй байсан. Эдийн засгийн хувьд Монгол Улс социализмын үед бараг нийт худалдааныхаа 90 хувийг, нийт эдийн засгийн арилжааныхаа 90 хувийг нэг улстай, тодруулбал тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улстай хийдэг байсан. Нөгөө талаараа энэ өөрчлөлтийг хийснээр бид дэлхийн олон улс оронтой үнэлэмжийн хувьд ойролцоо болсон. Нэг үгээр хэлбэл хуулийн дагуу амьдрах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх гэдэг тэр үнэлэмж бол аль нэг үзэл суртлаас хүчтэй байсан. Тийм учраас тэр үнэлэмжийн дагуу маш олон найз нөхөдтэй болж чадсан. Олон улсын банк, санхүүгийн туслан дэмждэг байгууллагууд, ижил үнэлэмжтэй улс орнууд бидэнтэй хамтарч ажиллах боломж нээгдсэн. Үүн дээр үндэслээд бидэнд тухайн үед тулгамдаж байсан хэцүү асуудлуудыг шийдвэрлэх нөхцөл боломж өөрөө гарч ирсэн. Хоёрдугаарт эрх чөлөө өөрөө маш сайхан гайхамшигтай талтай. Эрх чөлөөт хүн бүхэн эрх чөлөөт нийгэмд сайн мэдээг өдөр бүхэн сонсож болно. Нэг шинэ бизнес нэг газар бий болж байхад, өөр шинэ үйлчилгээ өөр нэг газар бий болж байдаг. Өөрсдийн эрх чөлөөгөө, бүтээлч чадвараа мэдэрсэн хүмүүс түүнийг бүтээж байдаг. Тэгэхээр эрх чөлөөтэй хүн илүү хариуцлагатай байдаг. Хариуцлагатай хүн бол бүтээлч байдаг гэдэг. Энэ байдал бидэнд нөлөөлсөн гэдгийг хэлэх нь зөв байх гэж бодож байна.

-Монгол орон нь хөрсөн доороо олж тогтоосон болон одоогоор тогтоогоогүй асар их хэмжээний эрдэс баялгийг агуулж буй нь нууц биш. Баруун Африкийн газрын тосны жишээ зэргээс үзэхэд байгалийн нөөцөөр баялаг зарим оронд энэ нь давуу тал бус харин “баялгийн хараал” болон туссан олон тохиолдол бий. Мэдээж Монгол Улс бас нэг Чили юм уу Катар болох боломж, хүсэл дүүрэн бий. Харин Монгол өмнө дурдсан муу жишгийг дагахаас хэрхэн сэргийлэх бол?

-Ер нь байгалийн баялаг ихтэй улс орны хувьд Монгол Улсад буруу замаар явах уу, зөв замаар явах уу гэдэг талаас нь асуулаа гэж ойлгож байна. Тэгэхээр буруу замаар явахад жишээлбэл монголчуудыг хамгаалах юу байна вэ гэдэг дээр нэг зүйлийг шууд хэлэх ёстой. Би хувьдаа итгэлтэй байдаг. Байгалийн баялаг ихтэй мөртлөө буруу замаар орсон тийм улс орнууд голдуу хаалттай улс байгаа. Байгалийн баялаг ихтэй мөртлөө зөв замаар явж байгаа орнууд нээлттэй улс байгаа. Норвеги ч юмуу, Австрали, Канад гээд аваад үзэхэд тэр улс орнууд ардчилсан улс орнууд байгаа. Түүнээс биш хөрөнгө оруулагчдынхаа юмуу тухайн орны эрх баригчдын заавраар явдаг биш, ард иргэдийнхээ хүсэл зоригоор явдаг улс орнууд голдуу зөв замаар явсан байгаа. Зөв замаар яваа бол гарч байгаа дутагдал, бэрхшээлүүдээ тухай бүр нь засч чадна. Яагаад гэвэл ард түмэнд тэр мэдрэмж нь байдаг. Байгаль сүйрч байна, аль эсвэл эдийн засгийн өсөлтийн өгөөж бидэнд ирэхгүй байна, нийгэмд ядуу, баяны ялгаа их нэмэгдэж байна гэдэг энэ дуу хоолой, мэдрэмж бол эрх баригчдаас биш ард түмнээс илүүтэй гардаг. Тэгэхээр нэгэнт ард түмний хүсэл зоригоор энэ улс орны хувь заяа шийдэгддэг, түүнийг удирдагч нь дагадаг учраас бид алдаагаа засаад яваад байх боломжтой юм. Монголчуудын баялгаа зөв эзэмшээд ард иргэдийн эрх ашигт нийцсэн хөгжилтэй улс орон болох хамгийн гол баталгаа бол Монгол Улсын нээлттэй байдал. Дээрээс нь бид бусдаас суралцахад байнга бэлэн байдаг. Бид өөрийнхөө шүүмжлэлтэй гэдэг юм уу, сүүдэртэй талаа байнга ярьж чаддаг. Энэ тухай монголын олон нийт бүрэн ойлголттой байх боломж байдаг.  Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бие даасан, хүмүүсийн мэдээлэл авах боломж нь нээлттэй, үүнийг улам цаашаа нээж өгөх ёстой. Дээр нь бусдаас суралцах боломж байна. Ер нь ардчиллыг нэг үгээр тайлбарла гэвэл алдаанаасаа суралцах, бусдаас суралцах боломж гэж ойлгож байгаа.Нэгэнт суралцаж байгаа бол дэвшинэ гэсэн үг.

-Авилгын талаар маш тодорхой асуулт тавья. Мэдээж гэнэтийн их мөнгө хөрөнгөтэй болсон үед авилгын талаар санаа зовних нь зүй ёсны хэрэг. Транспаренси Интернешнл байгууллагаас гаргасан жагсаалтаас харахад Монгол Улс ил тод байдал, авилгын тал дээр тийм ч сайн үзүүлэлттэй биш. Парламентын гишүүн болохын тулд нэр дэвшигч нь 2 сая орчим ам.долларыг ухуулга сурталчилгаа гэх мэт үйл ажиллагаанд зарцуулах шаардлагатай болдог. Гэтэл парламентын гишүүний сарын цалин дөнгөж 800 орчин ам.доллар. Үүнээс үзэхэд хүмүүс парламентад сонгогдох нь олон ашигтай боломжийг бий болгодог гэж үздэг байх нь. Миний бодлоор энэ бол ихээхэн том асуудал юм. Та энд суугаа хүмүүст Монголын төр засагт болон Монголчуудад нийтэд нь үүнтэй шийдвэртэй тэмцэх хүсэл зориг бий гэдгийг батлан хэлж чадах уу?

-Энэ асуудалд бид нар санаа зовж байгаа. Ялангуяа авлигатай холбоотой асуудлаас болж монголын нэр төрийг хөндсөн мэдээлэл гарч буйг хараад бид ичиж явдаг. Ер нь авлигал гэгч нь монголыг өөрийг нь их муухай харагдуулж байгаа зүйл. Чөлөөт нийгмийг хамгийн хүнд байдалд оруулдаг, ер нь чөлөөт нийгмийн цаашдын өсөлтийг зогсоодог гол хүчин зүйл бол авлига. Авлига засаглалтай, төрийн бүтэцтэй, явуулж байгаа бодлоготой холбогддог. Ийм учраас миний одоогийн тавьж, уриалж байгаа нэг зорилго байгаа. Ирэх 4 жилийг төрөө засах 4 жил болгоё. Монгол Улс мөнгө байхгүй учраас монголын ард иргэд муу амьдарч байгаа юм биш ээ. Монгол Улсад шударга ёс байхгүй учраас монголын ард иргэдийн амьдрал муу байна. Монгол Улсад байгалийн баялаг байхгүй учраас манай ард иргэд ядуу зүдүү амьдраад байгаа юм биш, Монгол Улсад хууль тэгш хэрэгжихгүй байгаа учраас, нөгөө талд нь ард иргэдэд тэгш олдох тэр боломж хуулийн дагуу бүрэлдэж чадаагүй байгаа учраас ард иргэдийн амьдрал ядуу байна. Өнөөдрийн энэ Их тэнгэрийн чуулган үүнд чиглэж байгаа гэж бодож байгаа.

Энэ тухай 20 жилийн өмнө ярих боломжгүй байсан. 20 жилийн өмнө бидэнд тулгамдаж байсан асуудал маш өөр байсан. 10 жилийн өмнө ч ярих боломжгүй байсан. Магадгүй 5 жилийн өмнө ч энэ тухай ярихад манай нийгэм хүлээж авах болоогүй байсан. Өнөөдөр эдийн засгийн өгөөжийг нийтэд хүртээлтэй болгох үндсийг яаж тавих вэ гэж сайн санаат нөхөдтэйгөө, шинжээч судлаачидтайгаа, ард иргэдтэйгээ, төрийн бус байгууллагатайгаа бид нээлттэй ярьж эхэлж байгаа нь маш чухал. Би хувьдаа “Авлигалтай тэмцэх улс төрийн зорилт, зоримог байдал монголын төр засагт байгаа. Бид энэ чиглэлд эрчимтэй ажиллаж чадна. Сая манай парламент завсарлахынхаа өмнө шүүхтэй холбоотой зөвхөн миний санаачилсан 6 хуулийг баталлаа. Нийтдээ шүүх, эрх мэдлийг өөрчлөхийн тулд 18 хуулийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Бид цаашдаа шилжилтийн шинжтэй олон алхмыг хийх хэрэгтэй байгаа. Тийм учраас Монгол Улсыг авлигалаас салгах ажил манай нийгэмд ч, улс төрийн түвшинд ч байгаа. Миний үлдээх хувь бол Монгол Улсыг бага ч болов шударга ёстой, авлига багатай улс орон болгох. Үүндээ ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулах ёстой гэж бодож байна.

-Та миний хөндөхийг хүсч буй хэд хэдэн асуудлын талаар ярилаа. Гэхдээ юуны өмнө та нэг хүнд ногдох нөөц баялгийн хэмжээгээр, жишээлбэл Катарын хэмжээнд хүрэхэд цаг хугацаа болон нөөц бололцоо бий эсэх талаар тооцоо хийж үзсэн болов уу?

-Өнгөрсөн жил Монгол Улс эдийн засгийн хувьд хамгийн өсөлттэй орон болж тооцогдсон. Зарим нэг судалгааг харж байхад 17.5 хувьтай өсөлт гарлаа гэж байгаа. Гэхдээ энэ өсөлтөөс манай нийгмийн сэтгэл зүйг харахад баярлах биш, илүү болгоомжилсон хандлага байгаа. Ер нь манай ард иргэд 20-иод жилийн хооронд энэ хүндрэлүүдийг өөрийн биеэр туулаад илүү хэрсүү болсон байгаа. Тэгэхээр энэ өсөлтөөс болгоомжилж байгаа нь нэг талыг барьсан өсөлт учраас тэр. Зөвхөн уул уурхайн гадагшаа гаргаж байгаа бүтээгдэхүүний өсөлт, дээрээс нь уул уурхайтай холбоотой орж байгаа хөрөнгө оруулалтаас үүдсэн өсөлт болчихоод байгаа юм. Яг боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн хөгжил, бусад салбарын өсөлт байна уу гээд харахаар тэр нь бараг байхгүй. 2 жилд дотоодын бүтээгдэхүүн нь 100 хувь өсөөд байгаа ийм хурдцыг хуучин бий болсон дэд бүтэц, эдийн засгийн чадавхи гүйцэх аргагүй байгаа юм. Тэгэхээр бид уул уурхайгаас олж байгаа орлогоороо, бий болгож байгаа зүйлээрээ өөр салбар руу хөрөнгө оруулалт хийж байж, үнэхээр ухаалаг маш их тооцоотой бодлого явуулж байж энэ байдлаас гарч чадна.

Энэ тухай хэлэлцүүлэг явж байгаа. Бараг энэ талаар санал асуулга явж байна гэж хэлж болно. Улсын Их Хурлын сонгууль бол санал асуулга гэж бодож байгаа. Энэ дээр хамгийн зөв, хамгийн ухаалаг, хамгийн тооцоотой бодлого гаргаж чадаж байгаа тэр улс төрийн намууд, нэр дэвшигчид жишээлбэл ард түмнээс дэмжлэг авах магадлалтай. Тэгэхээр энэ санал асуулгын дүнг харах ёстой. Хэлэлцүүлгийг улс орон даяар хийж байгаа.

-Энгийнээр харахад та бүхэн энэ их баялаг дээр сууж байна. Гол нь энэ их баялгаа Монголчууд болон гадныханд хэрхэн хуваарилах асуудал юм. Гадны хөрөнгө оруулагчид, тэдний туршлага болон хөрөнгө мөнгө зэрэг монголчуудад одоогоор байхгүй нөөцүүд нь та бүхэнд мэдээж хэрэгтэй. Одоо яригдаж буй Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль нь гадаадын хөрөнгө оруулагчидтай баялгаа хэрхэн хуваарилах асуудлын суурь зарчмуудыг тодорхой болгож буй явдал гэж үзэж байна. Юуны өмнө энэ хууль хэрхэн бий болсон талаар тодруулах гэсэн юм. Энэхүү шинэ хууль нь Чалкогоос Саусгобиг худалдаж авах санал гаргасантай холбогдсон, тэрхүү ганц тохиолдлоос үүссэн хариу үйлдэл гэж харагддаг. Энэ шударга бус явдал мөн үү?


-Монголчууд бид гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэн өндөр шаардлага нийгмийн өөрчлөлтийн эхэнд байсан. Ер нь охиноо нөхөрт гаргах гэж байгаа, айлд явуулах гэж байгаа тийм айл шиг ажиллаж байсан. Аль болох гоё хувцаслаад, аль болох гоё харагдуулаад, гайгүй сайхан охинтой айл шиг л байсан. Гэхдээ хүргэн болчихоор боломжийн улсуудыг олж хараагүй байсан. Одоо бол манай охиныг олоод харсан гэж ойлгож байгаа. Манай охин бол маш ухаантай, чадвартай, өндөр боловсролтой, үнэхээр сайн айлын сайн эзэгтэй болно. Тийм учраас бид өөрсдийнхөө хэмжүүрээр цаана нь хийх гэж байгаа сонголтод ханддаг байх ёстой. Эхлээд бид нээлттэй байх шаардлагатай байсан. Одоо бол Монгол Улс, ялангуяа уул уурхайн салбар гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орсон байгаа. Тийм анхаарлын төвд орсон орны нэг болчихоод байна. Бид өөрийнхөө үндэсний эрх ашиг, ард нийтийнхээ эрх ашгийг гаргаж тавих ёстой. Иймэрхүү байдлаар л явж байгаа. Миний баримталдаг бодлогод бол ер нь монголын ард иргэдийн нийтлэг эрх ашиг хамгийн түрүүнд тавигдана. Өмнө нь бидэнд мөнгө санхүү, үнэхээр гадаадын хөрөнгө оруулалт их чухал байсан. Энэ хоёрын алтан тэнцвэр дээр бидний цаашдын бодлого явах хэрэгтэй. Саяхан гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой, гадаадын төрийн хөрөнгө оруулалтыг зохицуулах, мөн зөвшөөрөлтэй холбогдсон асуудал парламент дээр яригдсан. Энэ асуудлаар бараг 3 жил ярьж байгаад сая шийдлээ оллоо. Түүнээс биш Чалкогийн асуудал гарч ирэнгүүт бид энэ тухай ярьж эхэлсэн юм биш. 3 жилийн өмнө энэ хуулийн төслийг өргөн барьсан. Хэлэлцүүлэг нь 3 жилийн турш нээлттэй байсан. Энд нэг зүйлийг хэлмээр байна. 1990 оноос өмнө монголын бүх өмч төрийнх байлаа. Бид 1990 оноос хойш хувийн өмчийн оролцоог аль болохоор дэмжихээр оролдож ирсэн. Төрийн өмч дээр хатуу хяналт тавиад, төрийн өмчийг хязгаарлаж, хувийн санаачилгыг дэмжих гэж байнга оролдож ирсэн. Бид улс дотроо өөрийнхөө төрийн өмчид хязгаарлалт тавьдаг атлаа гадаадын төрийн өмч орж ирэхэд хязгаарлалт тавихгүй сууж болохгүй шүү дээ. Тэгэхээр ийм зохицуулалтыг зөвхөн Монгол Улс ч биш. Нээлттэй эдийн засагтай, тэр дотроо маш хүчирхэг эдийн засагтай улс орнууд хийсэн байдаг. Бид бас энэ зүйлүүдийг харж байгаад зохицуулалтаа хийсэн.

Хамгийн сайн зохицуулалт, хамгийн сайн хууль гаргалаа гэж би хувьдаа хэлж чадахгүй. Энд шүүмжлэлтэй хандах зүйлүүд бий. Юу ч гэсэн гаргаад цаашаа яваад үзье. Байнга нээлттэй байх хуулийг сайжруулах боломж бий. Түүний дотор бидэнтэй хамтран ажилладаг Монгол Улсад хөрөнгө оруулахыг сонирхож байгаа тэр талынхаа санаа бодлыг ч гэсэн цаашдаа нээлттэй сонсох болно. Анх удаагаа Монгол Улсад ийм зохицуулалтыг хийлээ.

-Та гадны төрийн компаниудаас болгоомжилж байна уу, Хятадын төрийн өмчит компаниудаас болгоомжилж байна уу? Хятадад төрийн өмчит маш олон корпорациуд байдаг шүү дээ.

-Гадаадын төрийн өмчтэй компаниудын оролцооноос Монгол ч биш, бүхэл улс орон болгоомжилдог шүү дээ. Бидэнд аль нэг орны төрийн өмчийн компанийн тухай хуульдаа тусгайлан заасан зүйл байхгүй. Энэ хуулийн заалт, зохицуулалт бол нийт аж ахуйн нэгжүүд, нийт төрийн өмчтэй компаниудад хамаарч байгаа зүйл.

-Би Монголд ирснийхээ дараахан гадаадын хэд хэдэн хөрөнгө оруулагч компанихантай уулзсан. Тэд 51%-ийн хяналтыг л авахгүй бол эрсдэл хэтэрхий өндөр, хяналт тавих боломж бага гэж үздэг. Миний ойлгосноор шинэ хуульд хэрэв гадны компани хяналтыг авахыг хүсч байгаа бол парламентаар хэлэлцэж батлана гэж заасан. Та үүнийг эцсийн шийд гэж үзэж байна уу? Та гаднын хөрөнгө оруулагчдын энэхүү яриаг хоосон сүрдүүлэг гэж үзэх үү?

-Ер нь 51 хувийн хяналт гэдэг бол бүх шалгуурын дээд тал гэж үзэхгүй байгаа. Энэ бол нэг л шалгуур. Хоёрт ийм шалгууртай холбогдсон асуудал гарч ирэх юм бол асуудлыг шийддэг механизмыг тодруулж өгсөн. Энэ бол парламентын түвшинд ярих. Тэгэхээр ямар асуудал Засгийн газрын түвшинд шийдэгдээд явах, ямар нь хөрөнгө оруулалтынхаа хуулийн хүрээнд аж ахуйн нэгжийн түвшинд шийдэгдэх, ямар асуудал парламентын түвшинд яригдах вэ гэдэг байдлаар л зохицуулалт хийж өгсөн. Түүнээс биш огт яригдахгүй, хэлэлцэгдэхгүй, шийдэгдэхгүй асуудал гэж байхгүй. Асуудал шийдэх механизмыг тодруулж л өгсөн гэж би хувьдаа ойлгож байгаа.

-Миний бодлоор зарим гадны хөрөнгө оруулагч үүнд удахгүй болох сонгуулийн нөлөө орсон гэж үзэж байгаа. Тэд парламентын сонгууль дууссаны дараа нөхцөл байдал харьцангуй тогтворжино, дэмжлэг авах үүднээс ийм сүртэй үйлдэл хийх шаардлагагүй болов уу хэмээн найдаж байгаа. Тэдний энэ найдвар биелэх үндэстэй болов уу?

-Сонгуулийн санал өгсний дараа нар мандана гэдгийг монголчууд бүгдээрээ ойлгож байгаа. Анх удаа бид сонгуульд орж байгаа биш. Энэ бол 6 дахь удаагийн парламентын сонгууль. Ийм учраас энд санаа зовох зүйлгүй гэж бодож байна. Ер нь монгол хүн хол, ойрыг харж сонголтоо хийдэг. Монголчууд очих газраа бодож морио барьж эмээллэдэг. Зөвхөн өнөөдрийг харж юм уу, нэг талыг харж асуудлыг шийддэг ийм хүмүүс биш ээ. Би хувьдаа ард иргэдийнхээ ухаалаг сонголтод үнэхээр итгэж байна. Энэ хүмүүс ч гэсэн тэр сонголтоороо эрх баригчиддаа тодорхой мессеж илгээж чадна гэж бодож байна. Төр засгийн зүгээс ч ямар бодлогыг манай ард иргэд дэмжиж байна, ямар бодлогыг эсэргүүцэж байна гэдэг дээр тулгуурлаж шийдвэрээ гаргаад явах боломж бий.

-Дотоод асуудал руу эргэн оръё. Удахгүй Монголд орж ирэх их хэмжээний мөнгийг хэрхэн яаж зарцуулах нь тохиромжтой гэж та үзэж байна вэ? Хамгийн болхи байдлаар бол хүн бүрт тэнцүү хэмжээгээр хуваан тарааж болох ба үүнийг тодорхой хэмжээгээр туршиж үзсэн. Гэтэл төрийн байгууллыг бэхжүүлэх, боловсролыг дэмжих, төрийн тусгай сан байгуулах зэрэг өөр олон арга зам ч бас бий. Таны бодлоор үр өгөөжийг нийтээр хүртэж болохуйц хэлбэрээр нээлттэй чөлөөт зах зээлийн арга механизмд тохируулан тэрхүү мөнгийг хэрхэн хуваарилж болох вэ?

-Ер нь иймэрхүү асуултад энд сууж байгаа хүн бүхэн, манай ард иргэд, тэдний төлөөлөл бүгдээрээ ул суурьтай, бодитой хариулт өгч чадна гэж бодож байгаа. Жишээлбэл уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг яаж хуваарилбал зөв хуваарилалт болох вэ гэсэн асуултыг асууж байгаа юм. Бидний хамгийн түрүүнд өгдөг хариулт нь аливаа асуудлын болон улс орны хөгжлийн гарц бол монгол хүн гэж байгаа. Түүнээс уул уурхай биш.

Бид өнгөрсөн жилүүдэд монгол хүний боловсролыг дэмжсэн тодорхой хуулиуд гаргасан. Монголчууд боловсролыг асар их үнэлдэг ард түмэн. Өөрсдийнх нь өдөр тутмын хэрэгцээнд мөнгө хүрэхгүй байхад хүүхдийнхээ төлбөрт мөнгөө гаргах гэж зээл авч, түүнийг хамтарч төлж барагдуулдаг. Тэгэхээр боловсролд ард иргэдийн зүгээс өгдөг ач холбогдлыг үнэлэх ёстой. Тийм учраас боловсрол руу оруулж байгаа, боловсролоор дамжуулж, хүүхдээр дамжуулж, сурагчдаар дамжуулж, оюутнуудаар дамжуулж, санхүүжилтээр дамжуулж олгож байгаа хөрөнгө оруулалт бол их зөв хөрөнгө оруулалт гэж үздэг. Мэдээж эрүүл мэндийн салбар их чухал. Ер нь монголын ирээдүй, монгол хүн боловсролтой, сайн ёс суртахуунтай байх юм бол монголд шинэ замууд бий болно, шинэ үйлдвэрүүд бий болно. Энэ үүднээс хүнээ боловсруулах, хүнийхээ боломжийг дээшлүүлэхэд бид хөрөнгө оруулалтаа түлхүү оруулах ёстой. Өөр хөрөнгө оруулалт хийх зүйл  бол эдийн засгийн бусад салбараа бид босгох явдал. Хөдөө аж ахуйн салбар бол монголд асар том боломж. Монголын нийт малын тоо 47 сая хүрч байна, манай нийт хүн ам 2.7 сая. Бидний хоёр талд маш том зах зээл, маш олон хүнтэй хөрш маань байна. Энэ хоёр хөршийнхөө тодорхой хэмжээний хүнсний хэрэгцээг Монголоос өндөр чанартай бүтээгдэхүүнээр хангах боломж байгаа юм. Дээрээс нь монгол Улс хамгийн сийрэг суурьшилтай. Нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр хамгийн их газар нутагтай улс орон. Тэгэхээр дахиад маш их боломж. Энэ их боломжоо ашиглаж бусад шаардлагатай байгаа зах зээлүүдэд тийм бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх боломж бий. Дээрээс нь үнэхээр хөрөнгө оруулалт шаардлагатай салбар бол дэд бүтэц. Монголоор дамжиж өнгөрч байгаа тээврийн чадавхийг нэмэгдүүлэх, төмөр замын томоохон сүлжээнүүдийг шинээр байгуулах, эдийн засгийн эрэлт хэрэгцээтэй эрчим хүчнийг дотроосоо бүрэн хангах ёстой. Монгол бол нүүрсний асар их нөөцтэй, үнэхээр эрчим хүчний хувьд диваажин байх боломжтой гэж би бодож байгаа. Өнөөдөр дутагдалтай байна. Үүнийг хийж чадахгүй байгаа нь бас л бидэнтэй холбоотой байх. Дээр нь бензин шатахуунаар бас хараат байдалтай байгаа. Тэгэхээр бензин шатахуунаа дотоодоо хийх гээд ингээд яривал маш олон боловсруулах үйлдвэрлэлийн асуудал гарч ирж байна. Энэ бүхнийг өнгөрсөн хугацаанд нээлттэй ярьсаар байгаад шийдэх асуудлуудаа, ерөнхий дүр зургаа гаргаад авсан. Аль ч улс төрийн нам, бодлого тодорхойлж буй хүмүүст ерөнхий асуудлын шийдлийн зурагууд байгаа. Одоо энэ асуудлаа тодорхой яаж шийдэх үү гэдгээ эрх зүйн талаас нь, мөнгөний талаас нь анхаарах хэрэгтэй болж байгаа юм.

-Соёлын талаар нэг асуулт асууя. Хөгжлийн хурдацтай үе шатад хүрсэн үедээ үндэсний эрхэм зорилгыг бий болгосон Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг Азийн зарим орон, түүнчлэн Филиппин зэрэг үндэстний хэмжээндээ нэгдмэл зорилготой байж чадаагүй орнууд ч бий. Таны бодлоор Монгол энэ дүр зургийн хаана нь багтах бол? Өргөн уудам нутаг дэвсгэртэй нүүдэлчин соёл иргэншлийн хувьд Монголчууд илүү бие даасан, тус тусын сайн сайхныг бодсон байдаг гэсэн яриа бий.

-Ер нь Монгол Улс ноднин жил төр улсынхаа үүслийн 2220 жилийн ойг тэмдэглэсэн. Бид 20 жилийнх нь тухай ярьж байна. Монголчууд тухайн үедээ дэлхийд мэдэгдэж байсан нийт хуурай газрын талыг эзэлсэн эзэнт гүрнийг байгуулж, 200- 300 жил дэлхийн бодлогыг тодорхойлж явсан үндэстэн. Тэгэхээр тэр эзэнт гүрний хамгийн сайн уламжлал монголчуудад өнөөдөр хүртэл байгаа. Би хувьдаа монголчуудынхаа ухаалаг, асуудалд маш зөв байрнаас нь ханддаг, шинэ зүйлд дасан зохицох чадвартай, асуудлыг гаргаж ирээд шийдлийг хамтдаа хийдэг чадварууд олон зуун, магадгүй олон мянган жил дамжин ирсэн уламжлалын үр дүн байх гэж боддог. Дээр нь тэр уудам газар нутгаасаа хамгийн сайхан хэсгийг буюу голомтыг нь өнөөдөр бид эзэмшиж байгаа. Нөгөө талаасаа нүүдэлчин, малчин амьдрал бол миний бодлоор өнөөдрийн ойлгодгоор өндөр түвшний, өндөр стандартын амьдрал юм. Хэрвээ байгальд ээлтэй амьдралыг өндөр түвшний амьдрал гэж нэрлэдэг бол нүүдэлчдийн амьдрал бол хамгийн байгальд ээлтэй амьдрал. Нүүдэлчид хэзээ ч байгальдаа хог тарьдаггүй, нүүдэлчид хэзээ ч байгаль усаа ширгээдэггүй, түүнийгээ бохирдуулдаггүй. Байгальтайгаа зохицож амьдарч ирсэн гайхамшигтай уламжлал монголчуудад байдаг юм. Тийм учраас манай ард иргэдийн зүгээс байгаль орчинтой холбоотой тавигддаг шаардлагууд байдаг. Шударга ёсны ойлголт бол бас монголчуудын генд нь байдаг гэж боддог. Тийм учраас энэ шаардлагууд нэгэнт энэ түвшинд гарч байгаа учраас төр засгийн зүгээс тэдний тавьж буй асуудалд хэрхэн хариулж, хэрхэн шийдэл гаргах вэ гэдэг бол өнөөдрийн бодлого тодорхойлогчдын асуудал. Үнэхээр монголд асуудал байгаа бол бодлого тодорхойлогчдоосоо болж байгаа болохоос биш ард иргэдээсээ болж байгаа зүйл байхгүй гэдэгт би хувьдаа итгэдэг.

-Та өмнө нь уул уурхайгаас гадна бусад салбарыг хөгжүүлэх нь чухал гэж ярьсан. Улс үндэстний хувьд зөвхөн байгалийн баялагтаа түшиглэж амь зуух нь эрүүл бус үзэгдэл. Эдийн засагчид байгалийн баялаг ихтэй орнуудад голчлон тохиолддог “Голланд өвчин”-ий талаар ихээхэн ярьдаг. Австрали шиг баян, хүчирхэг эдийн засаг ч гэсэн энэ өвчинд мөн нэрвэгдсэн байдаг. Жишээлбэл, Дерт хотод очиход тэндээс сайн үйлчилгээ авахад хэцүү, учир нь хүмүүс халагдлаа ч гэсэн уурхайд очоод ажиллаж болно гэж боддог. Мөн Австралийн мөнгөн дэвсгэрт дэндүү чанга учир аж үйлдвэрлэл хөгжих боломж муутай. Энэ их мөнгөний урсгал орж ирэх үед Монголд үүн шиг буюу үүнээс ч дор нөхцөл байдал үүсэхээс хэрхэн сэргийлж болох вэ?

-Байнга л яригдаж ирсэн болгоомжлол. Мөнгөний бодлоготой холбоотой, мөнгөний ханш, түүний чангарах сулрахтай холбогдсон, төсвийн өсөлттэй холбоотой гээд олон асуудал байгаа. Бүрэн эрх нь дуусч буй Их Хурлын нэг сайн хийж чадсан зүйл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж чадсан явдал гэж би хувьдаа ойлгож байгаа. Энэ хууль маань 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тэр хүртэл бид тодорхой шилжилтүүдийг хийх хэрэгтэй. Өөр нэг зүйл нь Австрали юм уу, бусад улс орнуудын жишээг авч үзэж байхад өнөөдрийн дэлхий ертөнцийг 10 жилийн өмнөхтэй юм уу, 5 жилийн өмнөхтэй харьцуулшгүй болсон. Монгол эдийн засгийн хэмжээгээрээ бусад том эдийн засгийн өсөлттэй өрсөлдөхгүй ч манай ард иргэд бусад хөгжилтэй улс орнуудад амьдарч байгаа ард иргэдтэй адилхан байгаа. Өнөөдөр мориндоо мордоод хониндоо явж буй хүн гар утас бариад явж байгаа. Орой нь гэртээ ирээд 60 гаруй телевизийн суваг үзэж байгаа. Сумын төв дээр интернет барьдаг газар интернет рүү орж байна. Өглөө нь босоод Улаанбаатарын зах дээр ноолуурын үнэ хэд байна гэдгийг 1000 км-ийн цаанаас шууд мэдэх, асуух боломжтой. Хэл ус мэддэг хүүхдүүдээрээ дамжуулаад монголчуудын тухай ямар мэдээлэл гарч байна, гадаадын зах зээл дээр монголын хөрөнгө, монголын компаниудын хувьцаа зарагдаж байгаа ханшны байдал ямар байна гэдгийг шууд харах боломжтой. Дэлхийн хүмүүсийн авч байгаа мэдээлэл ижил түвшинд хүрсэн явдал нь бас асуудлаа тухайн цаг үед нь зөвөөр хараад шийдээд явах боломжийг олгож байна. Өнөөгийн дэлхий ертөнц, энэ технологийн дэвшил ийм боломж олгож байгаад би хувьдаа их баяртай байдаг. Энэ боломжийг монголчууд ч гэсэн ашиглаж чадна гэж бодож байгаа.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, нэн ялангуяа гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хуучин Ерөнхийлөгч баривчлагдсан талаар, баривчлах үйл ажиллагааг тойрон бий болсон сонирхолтой нөхцөл байдлын талаар өргөнөөр мэдээлсэн. Та хэвлэл мэдээлэлд гарсан мэдээллийг үнэн зөв байдлаар мэдээлэгдсэн гэж үзэж байна уу? Гадаад орнуудад энэ баривчилгаа нь сонгууль угтаж хийгдсэн, баривчлах ажиллагаа нь ил тод байж чадаагүй зэрэг ойлголт үүссэн. Яг юу болсон талаар та өөрийн байр суурийг хэлэхгүй юу?

-Хэвлэлийн талаар, улс төрийн амьдралдаа, олон нийтийн тухайд миний барьдаг зарчим бий. Би хэзээ ч хэвлэлийг буруутгадаггүй. Хэвлэл мэдээллээр буруу юм уу, ямар нэгэн мэдээлэл гарсан байгаа бол би хувьдаа өөрийгөө л буруутгадаг. Бид өөрсдийгөө буруутгадаг. Яагаад гэвэл бид тийм шалтаг өгсөн, эсвэл тэр буруу ойлголтыг төрүүлсэн байгаа. Тийм учраас бид алдаагаа засахад байнга нээлттэй байгаа.

Монгол улсад авлигатай тэмцэхэд, хүний эрх, эрх чөлөө, хуулийн шударга хэрэгжилтийг хангахад бидэнтэй бүтээлчээр хамтарч ажиллая гэж байгаа бүх байгууллага, иргэд, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад монгол улс нээлттэй байгаа. Авлига, мөнгө нь өөрөө том хүч. Зөвхөн тухайн улс орон дотор байгаа үзэгдэл биш. Тэр сүлжээ, тэр мөнгөний хүч бол хаана ч хүрч болдог. Дээрээс нь авлигатай тэмцэнэ гэдэг амар зүйл бишийг манай ард иргэд нийтээрээ харж байгаа байх. Зүгээр яриад орхидог, зүгээр тунхаглаад орхидог асуудал биш. Тодорхой үр дүнг шаарддаг, тодорхой хуулийн тэгш хэрэгжилтийг шаарддаг зүйл. Тийм учраас бид энэ үйл ажиллагаанд, болж байгаа үйл явцуудаас бас л монголын нийгэм суралцаж байгаа. Эндээс зөв сургамж аваад бид цааш явах ёстой.

Миний баримталдаг нэг зарчим нь шүүхээр аливаа хүний асуудал шийдэгдээгүй байхад хэн нэгнийг гэм буруутай, муу сайн гэж хэлэх ёсгүй гэж бодож байгаа. Манайд ч гэсэн тэр зарчим байдаг. Нөгөө талаасаа хууль хяналтын байгууллага, хууль зөрчсөн гэж үзэж байгаа этгээдийг, ямар ч иргэнийг шалгах, хуулийн дагуу асуух, тэр хүнээс тодруулга авах, хуулиар тавигдаж байгаа шаардлага биелэхгүй болбол хуулийн дагуу албадлага хэрэглэх, хуульд заасан арга хэмжээнүүдийг авах эрх нээлттэй байгаа.

Ерөнхийлөгчийн хувьд тэр бүхэнд нөлөөлөх ямар ч боломжгүй. Тэгэхээр бид хараат бус, яг хуульд бичсний дагуу хуулийн байгууллагууд ажиллах ёстой гэдэг зарчмыг хатуу барьдаг. Энэ зарчмаа Ерөнхийлөгчөөсөө эхлээд, жирийн иргэн ч баримтлах ёстой. Нөгөө нэг алтан зарчим нь хуулийн өмнө тэгш эрхтэй. Хэн нэгэн хүн илүү эрхтэй гэсэн ойлголт байхгүй. Энэ ойлголт, хуулийн шударга тэгш хэрэгжилт гэж яригдаад байгаа зүйл өнөөдөр монголд амьдрах гэж ядаж байна. Амьдрах гэж ядаж, хэрэгжих гэж ядаж байгаа тэр алтан зарчмыг бүгдээрээ хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой.

Таны асуусан асуулт олон нийтийн анхаарал татсан байх. Сүүлд нэг анхаарал татсан асуудал байгаа. Тэр нь тернозавор батаар динозаворын монголоос олдсон, монголоос гарсан байж магадгүй, бүхэл бүтэн яс Америкт зарагдах гэж байгаа тухай шуугиан гарсан. Бид 80 сая жилийн өмнө амьдарч байсан тэр тернозавор батаарыг аврах юм шиг байгаа. Монголоос гарсан бол бид эргүүлж авчирч чадна. Өнөө цагт монголчууд дахиад нэг динозавортай нүүр тулж байна. Энэ бол авлигал. Бид авлигал гээч динозавораас үнэхээр монгол улсаа, монголын ард түмнээ, тэдний эрх чөлөө, шинэ сонголтыг аварч чадах уу, үгүй юу? Нэг бол монгол авлигажсан, авлигал гэдэг динозаворын атганд орсон, түүнээс айсан ийм улс орон байх уу? Аль эсвэл динозавораа хуулийн буулган дотор оруулж чадсан улс орон байх уу? Ийм л хувь заяаны сонголт явагдаж байгаа.

-Сүүлийн асуулт минь бага зэрэг сонин байж магадгүй. Танай улс эдийн засаг, нийгэм, улс төрийн хувьд удахгүй эрс шинэчлэгдэх болов уу. Миний ажигласнаар монголын эмэгтэйчүүд эрчүүдээ бодвол эдгээр өөрчлөлтүүдэд дасан зохицох чадвар илүү өндөр, илүү бэлтгэгдсэн байх боломжтой. Энэ нь нийгмийн хуваагдал болон зарим асуудал үүсгэх магадлалтай. Та энэ талаар бодож байсан болов уу, үүнийг үнэний хувьтай гэж бодож байна уу?

-Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн оруулж ирсэн хувь нэмэр үнэхээр онцлог байдаг. Дээр нь монголчуудын эмэгтэй хүнд хандаж байгаа хандлага, ээждээ хандаж байгаа хандлага, эмээдээ хандаж байгаа хандлага, охид бүсгүйчүүддээ хандаж байгаа хандлага байна. Монгол хүний энэ хандлага гайхамшигтай. Ганц үгээр тайлбарлавал асар их гүн хүндэтгэлтэй ханддаг, эмэгтэй хүний ачийг асар их чандлан ханддаг хандлага. Нөгөө талаасаа тэр хандлагад манай эмэгтэйчүүд үеийн үед хүрч үйлчилж ирж чадсан хүмүүс гэж боддог. Эмэгтэй хүн миний хардгаар зовж зүдэрч хүмүүсийн нийгмийн асуудлыг бүрэн өнгөөр нь харж чаддаг гэж хувьдаа боддог. Гэртээ орж ирээд эмэгтэй хүн өвөө, эмээ нь цайгүй байгааг эмэгтэй хүн шууд мэдэрнэ. Хүүхэд нь уйлж байвал тэр эмэгтэй шууд сүүг нь хийж өгнө. Ядарсан зүдэрсэн хүмүүсээ, нөгөө талд нь чадалтай, эрчтэй нийгмийн хөдөлгүүрүүдээ харж чаддаг нь эмэгтэй хүнд байдаг онцлог чухал мэдрэмж юм уу гэж би хувьдаа бодож явдаг.

Тийм учраас эмэгтэйчүүдийг төрийн байгууллага, олон нийтийн байгууллагын өндөр дээд түвшинд бид дэмжиж ажиллах ёстой. Парламентад манай эмэгтэйчүүдийн эзэлж байгаа хувь маш доогуур байгаа. Орон нутгийн түвшинд гайгүй 30-40%. Боловсрол, эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүд зонхилох ажлыг хийдэг. Гэтэл улс төрийн шийдвэр гаргах дээд түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо их бага байгаа. Тэгээд бид сая сонгуулийнхаа хуульд өөрчлөлт оруулаад улс төрийн сонгуульд орох гэж байгаа намуудын нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэж тавьсан. Сонгуульд оролцож байгаа намуудын 76 нэр дэвшигчийн 15 нь эмэгтэй байгаа. Энэ шатлалаас бид цаашаа ахих байх. Авлигад идэгдсэн, авлигын сүлжээг бий болгосон эмэгтэй, эмэгтэй дарангуйлагч гэж сонсож байгаагүй. Эмэгтэйчүүдийг өндөр албан тушаалд хүргэхэд ямар ч намын өнгөтэй бай, батлахтай бай бодлогоор дэмжих нь зүйтэй. Энэ бол алдаагүй, зөв сонголт болно гэж итгэж явдаг. Би ийм итгэл үнэмшилтэй хүн. Нэг өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч эмэгтэй хүн болоосой гэж би хувьдаа боддог юм.

Эрх зүйн салбарын шинэчлэлтэй холбогдсон асуудал. Бид алдаа хийгээд байгаа юм шиг санагддаг. Эдийн засгийг хүний амьдралаас салгаад байгаа. Эдийн засгийн амьдрал, өсөлт хүндээ очихгүй байна гэж монголд ярьж байгаа. Гэтэл бид эдийн засгийг жирийн иргэний амьдралаас тусдаа зүйл гэж хараад байна. Бас эрх зүйн шинэтгэлийг жирийн иргэний амьдрал, эрх, эрх чөлөөнөөс тусдаа зүйл гэж хараад байх шиг байна. Энэ бол хуулийнхний асуудал, эдийн засаг гэхээр хөрөнгө оруулагчдын асуудал ч юм уу, эдийн засагт оролцож байгаа гол тоглогчдын асуудал гэж харж байгаа. Тэгэхээр эдийн засаг гэдэг нь жирийн ард иргэдийн маань амьдрал. Эрх зүйн шинэтгэл нь өнөөдрийн жирийн иргэн хүний амьдралыг хөнддөг. Яг тэдний амьдралын бүрэлдэхүүн хэсэг гэж харвал бидний шийдэл зөв болох байх аа. Өнөөдөр монголын эдийн засаг үнэхээр нэг өнгөтэй, нэг өнгө давамгайлсан, магадгүй уул уурхайн өнгө давамгайлсан, хөрөнгө мөнгө давамгайлсан, бүүр нүүрсний оролцоог нь харвал нилээн хар өнгө давамгайлсан өнгөтэй байгаа. Нэг өнгө давамгайлсан эдийн засгаас бидний хүсч байгаа эдийн засаг бол солонгын өнгө рүү, наад зах нь 7-н өнгөтэй, өнөөдрийн уул уурхай монголын эдийн засагт эзэлж байгаа байр суурийг бусад салбар руу ижил түвшинд болгосон ийм эдийн засаг руу шилжих хүсэл эрмэлзэл бидэнд байна аа.

Газрын холыг туулаад бидэнтэй ярилцахаар энэ сэдвүүдийг сонирхоод хүрч ирсэн эрдэмтэд, мэргэжилтнүүд, бидэнтэй санал бодлоо хуваалцах гэж байгаа хүмүүс, чуулганд зорьж ирсэн гадаад улс орны төлөөлөл, ялангуяа Киргиз улсын төлөөлөл, ирсэн бүх хүнд их баярлаж байна. Хоёр өдрийн хугацаанд үнэхээр энэ хэлэлцүүлэг нээлттэй байх болно. Тодорхой хугацааны дараа Монгол улс үнэхээр дэлхий нийтийн анхаарлыг татсан, дэлхий нийтийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж чаддаг, эдийн засаг нь эрчимтэй хөгжсөн, хүмүүс нь эрх чөлөөтэй, боловсролтой, ирээдүйдээ итгэлтэй, итгэлтэй замаа өөр өөрсдийхөө бодлогоор хэрэгжүүлж чадаж байгаа гайхамшигтай улс орон болно гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Энэ бүхэнд гол хөрөнгө оруулалт болох чуулган өнөөдөр Их тэнгэр гэдэг сайхан газар, ус агаар, зөв эрчим хүч бүрдсэн газар эхэлж байгаад баяртай байна.

Ингээд чуулганы үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ амжилт хүсч байна.

Эх сурвалж: www.president.mn

Л.Гантөмөр:”Ялагдсан намын сайд байхад том совесть хэрэгтэй”


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, “Нэг Ардчилал” клубын гишүүн Лу.Гантөмөртэй ярилцлаа.
-Баабар энэ удаагийн сонгуулийг “Ардчилсан нам ялагдах эрхгүй цорын ганц сонгууль” гэж хэлсэн. Ингэж үзэх ямар шалтгаан байгаа юм бэ?
-Ард түмэн улс төрийн намуудад итгэх итгэл өдрөөс өөрт алдагдаж байна. Улс төрийн намуудад итгэх итгэл алдарна гэдэг нь цаагуураа засаглалын асуудал яригдана гэсэн үг. Монгол Улсад парламентын засаглал амин чухал хэрэгтэй. Гэтэл парламентын засаглалынхаа нэр хүндийг намууд нь унагачихсан. Намууд дээр бодлого гардаггүй юм байна, боловсон хүчнээ сонгож чадахгүй байна, авлигад өртөж байна гэсэн нийгмийн шүүмжлэл асар хүчтэй байна. Энэ алдагдаж байгаа урсгалыг зогсоохын тулд ирэх дөрвөн жилийн парламент үнэхээр сайн ажиллах ёстой. Ингэж сайн ажиллаж чадах нь Ардчилсан нам байна. Үүний төлөө явья, засаглалынхаа нэр хүндийг сэргээе. Тийм учраас ялагдах эрхгүй сонгууль гэж харж байна. Засаглалын нэр төрийг сэргээхгүй бол, энэ удаагийн сонгуулиар л тавиад туучих юм бол 2016 он гэхэд парламентад итгэх итгэл үндсэндээ байхгүй болно. Тэр үед нөгөө Ерөнхийлөгчийн засаглал, эсвэл аль нэг дарангуйлагчийн засаглал гарч ирнэ. Ялагдах эрхгүй сонгууль гэдгийг би ингэж л томьёолж байна.

-Гэвч ялалт байгуулахын төлөө гаргасан бодлого, мөрийн хөтөлбөр, нэр дэвшүүлэлт нь хангалттай юу?
-Бид мажоритари тойрогт нэр дэвшүүлэхдээ орон нутгийн хүсэл эрмэлзлэлийг харсан. Дарханыхан хэнийг хүсч байна, Сүхбаатар дүүргийнхэн, Ховд аймгийнхан хэнийг дэвшүүлэхийг хүсч байна гэж. Орон нутагт сонгууль явах учраас тухайн тойргийн иргэд, сонгогчдын санаа бодол дээр л тулгуурлана. Аль сайн дэмжлэг авах хүнээ явуулна. Гэхдээ Ардчилсан нам нэр дэвшигчиддээ тодорхой шалгуур тавьдаг. Манай намын гишүүн нэр төр нь цэвэр, гэмт хэрэгт холбогдоогүй, энэ намын үзэл баримтлалыг тууштай хамгаалах, хамгийн чухал нь хувь хүний эрх чөлөөг хүндэтгэж, зах зээлийн эдийн засгийг ойлгодог байх ёстой. Эхлээд Монгол Улсын эрх ашиг, дараа нь намын эрх ашиг, хамгийн сүүлд нь бүлэг фракци болон хувийнхаа эрх ашгийг тавьдаг, эрх ашгийн эрэмбэ дараалал нь их зөв хүн байх ёстой. Мажоритари тойрог дээр барьсан гол зарчим, шалгуур нь энэ. Намын жагсаалт дээр бол бид үнэхээр сайн шийдэл гаргаж чадсан. Олон түмний төлөө чин шударгаар ажиллаж чаддагаа нотолсон хүмүүсийг жагсаалтад оруулсан. Тийм учраас Ардчилсан намын жагсаалт хамаагүй өнгөтэй байна гэж хүмүүс харж байна. Хэрвээ би энгийн сонгогч байсан бол Ардчилсан намд саналаа өгөх нь дамжиггүй. Бид ийм л жагсаалт гаргасан, одоо энэ жагсаалтаа олон түмэнд хүргэх хэрэгтэй. Намуудын ялгарал нэр дэвшилтээсээ харагдана.
Хоёрдугаарт, мэдээж дэвшүүлж байгаа хөтөлбөр, зорилт.
Ардчилсан нам хүн дээрээ төвлөрч, монгол хүний эрх чөлөө, эдийн засгийн аюулгүй байдал, монгол хүний боловсрол, эрүүл мэнд, аюулгүй орчны төлөө бодлогоо гаргасан. Мэдээж цаг үеийн асуудлууд бол дандаа л эдийн засагтай холбоотой байдаг шүү дээ. Үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, уул уурхайн хөгжил, гэмт хэрэг гэхчилэн цаг үеийнхээ энэ асуудлуудад Засгийн газар дандаа чирэгдэж явдаг. Төсвөө яаж бүрдүүлэх, яаж зарцуулах вэ, тендерээ яаж зарлах, яаж хүлээж авах вэ гэсээр яваад гол ажлаа мартдаг. Тийм учраас бид ирэх дөрвөн жилд хүндээ чиглэсэн энэ ажлаа мартахгүйгээр, орхихгүйгээр хийе л гэж байгаа юм. Тэр дундаа боловсрол. Монголын ирээдүй боловсролтой хүн дээр л тогтоно, өөрөөр төсөөлөгдөхгүй. Одоо л бид амжиж хүнээ боловсролтой болгохгүй бол... Ажил хийх чадвартай, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, өрсөлдөх чадвартай, дэлхийн хэмжээний мэдлэгтэй хүмүүсийг одоо бэлтгэж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол цаг үеийн энэ хурдтай өөрчлөлт улс орны эдийн засгийн болон цэргийн чадавхиас үл хамаараад их өөр нөхцөл байдал руу дэлхий нийтээрээ явж байна. Монгол Улс тусгаар тогтнол аюулгүй байдлаа хадгалж үлдэхийн тулд боловсролтой монгол хүн амин чухал. Үүнд төсвийнхөө маш тодорхой хэсгийг зарцуулдаг болмоор байна. Тэгэхгүй бол өнөөдөр л төсвөө дампууруулчихгүй байя, нэг юм бүтээчихье гэж явсаар байгаад маргаашийн Монголыг орхиод байна.

-Ардчилсан намын ч, МАН-ын ч нэр дэвшигчид дотор залуучууд нэлээд хувийг эзэлсэн байна лээ. Залуучууд орж ирж байгаа нь сайн хэрэг, гэхдээ тэдэнд ямар шалгуур тавьсан бэ? Зарим намын нэр дэвшүүлэлтийг харахаар парламент гэдэг баян өв залгамжлагчдын орогнох газар ч юм шиг болчихоод байгаа...
-Манай намаас нэр дэвшиж байгаа залуучууд сүүлийн дөрвөн жил бэлтгэгдсэн. Бид “Нэг Ардчилал” клубыг байгуулаад клуб дээрээ долоо хоног бүр хэлэлцүүлэг явуулж байсан. Төрийн бодлогыг зөв болгохын тулд юу хийх ёстой юм, төр түшиж байгаа хүмүүс яаж ажиллах ёстой, яагаад төрд ажил хийдэг хүн очих ёстой гэсэн зарчим байгаа юм гэх мэтчилэн бараг л төр засах дамжаа хичээлүүллээ. Эндээс бэлтгэгдсэн залуучууд манай намаас нэр дэвшиж байгаа. Бусад намуудаас ямар хүнээ, яаж нэр дэвшүүлж байгааг мэдэхгүй. Ер нь Ардчилсан нам өөрөө залуучуудыг улс төрд бэлтгэх бүтэц их муутай. АЗХ гэж байдаг боловч насны хязгаар тавьчихаар 36 нас хүрээгүй залуучууд хоорондоо нэгдэж нийлээд өөрсдийгөө боловсруулна гэдэг учир дутагдалтай. Тиймээс бид “Нэг Ардчилал” клубыг байгуулж, ардчиллын төлөөх залуучуудад Ардчилсан намын хаалгыг нээж өгөхийг хүссэн. Тэр нээсэн хаалгаар олон залуучууд орж ирсэн. Тэр залуучуудтай нийгэм, хууль ёс, эрх зүйт төрийн тухай, УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтны ёс зүйн тухай гээд олон асуудлаар 200 гаруй уулзалт зохион багуулсан байдаг юм. Үүний тал нь бараг семинар, сургалт болж өнгөрсөн. Тэгэхээр манай залуучууд хангалттай бэлтгэгдсэн. Парламентыг залуужуулах процесс заавал явагдах ёстой. Үүнээс ухарч болохгүй. Гэхдээ ялагдах эрхгүй гэдэгтэй адилхан алдах эрхгүй нэг зүйл бол парламентын нэр хүндийг унагах хэмжээний залуучуудыг оруулчихаж болохгүй. “Залуучууд нь ч бас бүтэхгүй юм байна” гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлж болохгүй.

-Залуучууд парламентад түлхүү орж ирснээр ямар өөрчлөлт гарах вэ? Зүгээр л нийгмийн нэг хэсгийн төлөөлөл гэдэг утгаараа байх ёстой хэрэг үү?
-Ер нь бол парламентад их олон жил суусан хүмүүс гол бодлогыг тодорхойлж байгаа шүү дээ. Би үүнийг буруу гэж хэлэхгүй. Гэхдээ шинэлэг юм заавал байх хэрэгтэй. Дэлхий дээр бий болж байгаа шинэ технологиудаас суралцах ёстой. Бүх зүйл судалгаан дээр үндэслэсэн тодорхой механизм, түүн дээр үндэслэсэн технологи болчихоод байна. Нийгмийн харилцаа, хуулийн харилцаа ч адилхан. Бид энэ нийгмийн харилцаандаа шинэ бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэх ёстой. Гучин жилийн өмнө хэрэглэж байсан аспириныг өнөөдөр хэн ч хэрэглэхгүй, гучин жилийн дараа гарсан шинэ аспириныг л хэрэглэнэ. Түүн шиг бид гучин жилийн өмнө дэлхий дээр туршигдаж байсан нийгмийн харилцаануудыг авч хэрэглэхээсээ илүү гучин жилийн дараа, өнөөдөр боловсрогдоод гарч ирсэн тэр харилцаануудыг авмаар байна. Ард түмэндээ ямар эрх өгч байна, тэр эрхийг нь өгмөөр байна. Төр ямар үүрэг хүлээж байна, түүнийг нь хүлээлгэмээр байна.
Наад зах нь БНСУ, Польш улс бүх хуулиараа төрийн албаа үүрэгжүүлсэн байхгүй юу.
Ингэснээр нэг нь Европын, нөгөө нь Азийн манлайлагч улс боллоо. Дээр нь ТББ-уудад бүх эрхийг нь шилжүүлж өгсөн. Бизнесийн бүх эрх, зөвшөөрлийг ТББ-ууд нь өгдөг, төр зөвхөн стандартаа л тогтоодог. Энэ мэт олон жилийн хөдөлмөр, олон удаагийн туршилт, судалгааны үр дүнд гаргаад ирчихсэн шинэ технологиудыг бид авч ашигламаар байна. Ингэж авч ашиглахад хуучинсаг сэтгэлгээ аягүй их садаа болдог. Шинэ сэтгэхүй, шинэ мэдээлэлтэй хүн, энэ нийгмийг зөв тийш нь өөрчилчихье гэсэн бодол санаа хэрэгтэй. Түүнээс биш “Одоо байгаа нь болж байна. Энэ нь цаашаа хадгалагдаад яваг” гэсэн ойлголтой хүмүүс нь олон байж боломгүй байна. Ялангуяа бидний байгуулах гэж зүтгээд байгаа шинэ нийгмийг биеэрээ амсаад туулчихсан, үр шимийг нь хүртчихсэн хүмүүс шийдвэр гаргах түвшинд ажиллана гэдэг их чухал зүйл.

-Өөрчлөхгүй гэж байгаа хүмүүс нь хуучнаа хадгалах гэхээсээ илүү өөрчлөлтөөс айгаад байгаа юм биш үү?
-Манай хуучны хүмүүс аягүй тийм аж ахуйн хүмүүс байхгүй юу. Асар их уналтыг үзчихсэн, гэр орноо босгохын тулд асар их аж ахуйн ажил хийсэн. Зарим нь лаа зарсан, зарим нь уран зураг, зарим нь спирт зарсан, Европоос машин зөөсөн, түүндээ дасан зохицчихсон л хүмүүс байхгүй юу. Илүү оюунлаг бүтээгдэхүүн бий болгоё гэдэг, судалгаа шинжилгээ хийгээд үр дүнд хүрдэг гэдгийг харсан хүн маш цөөхөн. Аж ахуйн ажил гэдэг нь өнөөдрийн асуудлыг өнөөдрөөр нь шийдэхийг л хэлж байгаа юм шүү дээ. Надад 100 ширхэг лаа байна, 50-ыг нь өнөөдөр зарна гэдэг ч юм уу. Тэр хүмүүст өөртөө байгаа өгөгдөл нь л хамгийн чухал болчихоод байгаа юм. Тэгвэл энэ хаанаас үүсэлтэй юм бэ, ерөөсөө зах зээлийн эдийн засаг руу ороод бүгд наймаачин болсонтой л холбоотой. Төрийн алба хашиж байгаа хүмүүс нь өөртөө байгаа лиценз, өөртөө байгаа тамгаар наймаа хийсэн. Миний тамга хэдэн төгрөгийн үнэ хүрэх вэ гэдгийг л өдөр шөнөгүй бодсон. Тэгэхгүй гээд яах юм, гэр орон нь ард нь нурж унах гээд байгаа юм чинь.
-Парламентын нэр хүнд унахад хүрсэн шалтгаан нь юу юм бэ, таныхаар?
-Хэт хуучинсаг хүмүүс парламентын гол цөм нь болчихсон байна, аль нам байхаасаа үл хамаараад. Тэгээд хоорондоо хэт гэр бүлсэг байдалд ороод нэг нэгэндээ ч үг хэлж чадахгүй, нийлэхээрээ ч ажил хийж чадахгүй, үндсэндээ энэ нийгмийн өнөөдөр байгаа нөхцөлд байдалд “болоод байна” гэдэг дүгнэлт өгчихсөн л хүмүүс байна шүү дээ. Тийм учраас юмыг урагшлуулдаггүй. Залуучууд ч юм уу, эрдэмтэд шүүмжлээд “та нар тэгээч, ингээч” гэхээр өөдөөс нь “заавал ингэх ямар хэрэг байна аа” гэдэг. Уг нь бол хүнд чинь өглөө босох болгонд нэг шинэ санаа төрдөг биз дээ. Сарын дараа дахиад шинэ санаа төрнө, хүн өөрийгөө нээж явсаар үхдэг л гэж би хувьдаа боддог. Гэтэл хэт хуучинсаг хүмүүс судалгаанд ч итгэдэггүй. Нэг нь нэг шинэ юм ярихаар нөгөөдүүл нь “Чи одоо яагаад байгаа юм бэ” гээд юм болгоныг хойш нь тавьдаг, юу ч хийдэггүй хүмүүс байна аа л гэдэг дүгнэлтэд хүрсэн. Төрийн албыг цомхон болгоё гэхээр “Үгүй, болоогүй ээ, дараа нь” гэж байгаад нэмчихдэг. Авлигатай тэмцье гэхээр “тэмцэж байгаа, авлига буурч байгаа” гээд суугаад байдаг. Ард түмний мөнгийг хэмнэе гэхээр “Тэгье ээ” гэсэн мөртлөө цаагуураа идэж уугаад байдаг. Ийм байдлаар олон түмэнд өөрсдийгөө харуулаад байна. Тэр хэсэг нь одоогийн парламентыг дөрөөлж байна. 
-Намуудын мөрийн хөтөлбөрт, өрхийн аж ахуй, өрхийн гэдэг үг маш их орсон байна лээ. Айл болгон л нэг жижиг юм эхлүүлэх нь л дээ, гэтэл одоо хэддүгээр зуун билээ. Яагаад инженер, эдийн засагчаа ярихгүй, өрхийн аж ахуй яриад байгаа юм бэ?
-Өрх болгон үйлдвэрлэгч болохын төлөө байнга л явна л даа. Ядуу байгаа учраас баян болохын төлөө л явна. Тэр мэрийлт хэзээ ч арилахгүй, ард иргэдийн дотор ноёлно. Харин бидний хувьд, төр засгийн барих бодлого бол айл болгон нэг эрдэмтэн, судлаачтай больё. Тэгж байж улс хөгжинө. Улсаа хөгжүүлэхийн төлөө явах уу, уламжлалт байдлаа хадгалаад, дэлхийн хөгжлөөс хоцроод, дэлхийн улс орнууд Африкийн ойг очиж үздэг шигээ Монголыг ирж үздэг улс болох юм уу. XXI зуун оюун санааны тулааны зуун, өөр юу ч биш. Оюун ухаанаараа хэн хүчирхэг байна, тэр л хожно. Улс орон дотроо ч тийм л байна. Хэн илүү хөгжсөн нь илүү хүчирхэг байж, илүү сайхан амьдарна. Тэр лүү л монголчууд тэмүүлье. Сая ухаантай хүнтэй л больё л доо. Сая компанийн захиралтай больё. Тэгвэл бид хэнийг ч ажиллуулж чадна. Захирал болно гэдэг залхуу болно гэсэн үг ерөөсөө биш. Хүн ухаантай болох тусмаа өөрийнхөө байшинг өөрөө барина, цамцаа өөрөө индүүднэ. Би тийм жишээ маш олныг мэднэ. Японы компанийн захирлууд бүгдээрээ ажлынхаа хувцсыг өмсөөд талбай дээрээ гардаг. Ухаантай хүний онцлог бол дандаа юм уншдаг, дандаа шинийг хайдаг. Өнөөдөр барьж байгаа байшингаа маргааш сайжруулах, өнөөдөр авч байгаа малынхаа үр шимийг маргааш улам сайжруулахын төлөө л явдаг. Зуданд яаж өртөхгүй байх вэ гэдэг ухаанаа олдог.
-Түрүүчийн сонгуулиар “Ард түмний мөнгийг хэмнэе” гэдэг уриатай орж байсан. Энэ удаа “Эрхийн балайг эмчилье” гэж ярьж байна. Гэхдээ ард түмний мөнгийг үргэлжлүүлэн хэмнэх хэрэгтэй биш үү, илүү өргөн хүрээнд?
-Ард түмний мөнгийг хэмнэх санаачилга гаргаж, хөдөлгөөн өрнүүлээд хууль гаргасан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар нөгөө дураараа дургидаг, дунд чөмгөөрөө жиргэдэг байдал бүрэн алга болсон. Ард түмний мөнгө хэмнэгдэхээр барахгүй хуримтлалын сантай болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсан учраас би энэ асуудалд санаа зовохгүй байна. Хоёрдугаарт, Төсвийн тухай хууль батлагдаж, төсвийн эрх мэдэл анхан шат руу очсон. Тендер зарлах, худалдан авалт хийдэг байгууллагыг шинээр бий болгосон, энэ байгууллага 2013 оноос эхлээд худалдан авалтаа интернэтээр хийнэ. Тэгэхээр тэнд үнэ өсгөдөг, иддэг уудаг асуудал алга болно. Дарга нар өөр өөрийнхөө байгууллагад хийдэг худалдан авалтаа бүгдийг нь интернэт дэлгүүрээс худалдаж авна. Цахим худалдан авалтын систем Монголд нээлтээ хийчихсэн, одоо туршилтад ороод явж байна. Одоо дарга нарыг таньдаг байх шаардлагагүй болсон. Бараа үйлчилгээгээ төрд зарья гэвэл интернэтийн дэлгүүрт байрлуулаад л болоо.
Ийм хоёр том хууль батлуулж чадсан, энэ хуулиуд үр өгөөжөө өгнө өө.
Би бол энэ худалдан авалт чинь хэтэрчихлээ л гэж хэлсэн шүү дээ. Дүрэм журам үйлчилдгээрээ үйлчилж байгаа, миний гаргасан санаачилгууд эвдэгдэхгүй явж байгаа. Санаатайгаар нураах гэсэн оролдлого ч байнга явж байгаа. Одоо хүртэл Улаанбаатар хотод жийп унадаг дарга нар байна. Тэд жийпэнд дуртайдаа биш, Гантөмөрийн дэвшүүлсэн бодлогыг нураана гэж л яваа хүмүүс. Дарга нар тансаг байх ёстой, энэ нөхөр түүний эсрэг явж байгаа нь буруу гэж эсэргүүцэл үзүүлж байгаа юм. Хүүхдийн хоолыг хураагаад авахаар дээшээ хараад унадагтай л адилхан үйлдэл үзүүлж байна. Энэ болгонтой нэг УИХ-ын гишүүн тэмцэнэ гэж байхгүй. Тэр дарга болгонтой очиж зодолдоогүйн гавьяа нь төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдлаа. Төсөв тогтвортой байх юм байна, хэмнэж амьдрах нь зөв юм байна гэдгийг Монголын бүх эдийн засагчид хэлсэн. Цамаан үрэлгэн зардал улс орныг дампууруулна гэдгийг бүгдээрээ нэг дуугаар зөвшөөрсөн. Энэ зөвшөөрөгдсөн зүйлийг хууль болгож батлуулсан. Энэ бол миний 2008 оны сонгуульд ялсны гавьяа. Хэрвээ ард түмний мөнгийг хэмнэх санаачилга гараагүй, төсвийн үрэлгэн байдлын тухай дуугараагүй, бүгдээрээ идэлцэхийн төлөө явсан бол энэ хуулийг хэзээ ч батлахгүй байсан.
-Ирэх 2013 оноос хэрэгжүүлэхээр баталсан шүү дээ...
-Хэзээ хэрэгжүүлэх нь хамаагүй. Монголын ард түмний мөнгө хяналттай байх ёстой, яаж зарцуулах нь тодорхой байх ёстой. Төсвийн бүх эрх мэдэл орон нутагт очсон. Сангийн яамны гадаа овоордог байсан олон машинууд алга болно, Сангийн яам зөвхөн бодлого боддог болно. Ордны гадаа ч машин овоорох нь багасна. Тиймээс би үндсэн зорилгоо хэрэгжүүлчихсэн. Дахиад хийх ёстой том ажлаа эхлүүлчихсэн. Би сонгогдох, эс сонгогдохоос үл хамаараад Монголын төр үүнийг хийнэ, төр үүрэгтэй болно. Үүнд би өөрийгөө их тоож байгаа. Их чухал, нюанстай хоёр бодлогыг их хэцүү цаг үед гаргаж тавилаа, тэр нь цаашаа төрийн бодлого болоод явах нь ээ гэж. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлачихлаа шүү дээ, ирэх дөрвөн жилийг төр засах дөрвөн жил болгоно гээд. Төрийг засах тэр ухаан нь үүргийн хувьсгал байна. Гантөмөрийн санаачилгыг төрийн бодлого болголоо гээд хэлчихлээ, үүн дээр 100 гаруй хүн ажиллаж байна. Үр дүн нь тэртэй тэргүй дөрвөн жилийн дараа гараад л ирнэ.
-Бас л хойшоо ухарсан юм ярья л даа. Тэр зөв бодлогыг авч явах эсэх нь дараагийнхаа парламентаас бас их шалтгаалдаг юм шиг байна. Жишээ нь, өмнөх УИХ-ын үед баталсан УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулах хуулийн заалтыг энэ удаагийн парламент хэрэгжүүлсэнгүй, хойш нь тавьчихлаа. Төсвийн тогтвортой байдлын хуулийг дараагийн парламент бас ингэж хойш тавих вий?
-Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх аргагүй. Монгол Улс өөрөө энэ хуулийг батлахын хажуугаар дэлхийн санхүүгийн бүх байгууллагуудтай тохироод гар хөлийн үсэг зурчихсан. Хоёрдугаарт, энэ уур амьсгалыг эвдүүлэхгүй байж чадна гэж би хувьдаа бодож байна. Эрх биш Ардчилсан нам дотор үгээ хэлэхэд ойлгодог хүмүүс байна, Ардчилсан нам арай ч нэг арчигдчихгүй байх. Яг одоогийн байдлаар бол ялна л гэж ярьж байгаа шүү дээ. Манайхан ялчихсан тохиолдолд манай намын гишүүд үүний эсрэг явна гэж байхгүй, 100 хувь дэмжинэ. Саяын дөрвөн жил С.Баярцогт сайд л халуун сэтгэлээр дэмжиж байж энэ хуулийг батлууллаа. Манай намын Сангийн сайд байсан учраас батлуулсан. Ардын намын сангийн сайд байсан бол энэ хууль батлагдахгүй. Эрх биш бид парламентад суудал авсан тохиолдолд энэ хууль хэрэгжинэ ээ.
-Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль байна, өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хэрэгжээд эхэлчихсэн. Энэ хууль гарснаар бизнес хийдэг, уул уурхайтай холбоотой, томоохон компанитай, мөнгөтэй хүн төрийн алба руу зүтгэх биш, зугтах ёстой. Гэтэл өнөөдөр МАН-аас сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийг харахаар хамгийн мөнгөтэй, хамгийн том компанитай, хамгийн том уул уурхайтай хүмүүс байна. Энэ хүмүүст хууль хууль биш болчихов уу, эсвэл үнэхээр хамаг өмч хөрөнгө, бизнесээ гаргуунд нь хаяад төрд зүтгэхээр шийдэв үү?
-Энэ хуулийг Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар гэсэн бидний хэдэн гишүүд саначилж боловсруулаад тал талаас нь хөөцөлдөж байж батлуулсан. Харамсалтай нь энэ нэр дэвшиж байгаа хүмүүс бүгдээрээ хуулиа уншаагүй байна. Энэ хуулийг уншаад ойлгосон цагт төр лүү хошуурч байгаа тэр хүмүүс бүгдээрээ өөрсдийнхөө бизнесийг зогсооно шүү. Хууль бол үйлчилдгээрээ үйлчилнэ. Хуулийг гүйцэд ойлгохгүйгээр УИХ, Засгийн газар руу тэмүүлж байгаа хүмүүс бол алдаад л гарна. Сонирхлын зөрчлийн тухай хууль ажил хэрэг болоод явна, бизнесийнхэн нь бизнесээ хийгээд, төрд ажиллах нь төрдөө ажиллаад явдаг болно. УИХ-д орж ирж байгаа энэ том бизнесмэнүүд цаашдаа бизнесээсээ их хол болно шүү. Ямар ч байсан УИХ-ын гишүүн хүн өөрийнхөө бизнест оролцохоо болино. Засгийн газарт очиж байгаа бол бүр холдоно. Хуучин бол сайд нар эхнэрийн компанид тендер авч өгдөг байлаа шүү дээ, одоо бол зөвшөөрөл ч гаргах эрхгүй болсон. Төсвийн мөнгийг амин хувьдаа ашигладаг явдал байхгүй болсон. Тийм учраас би энэ нэр дэвшиж байгаа хүмүүсийг хуулиа гүйцэд хараагүй байна л гэж хэлнэ. Ер нь манайхан хууль уншдаггүйн л хар гай.

-Тэгвэл үнэхээр улс төрд орьё гэвэл юунд бэлэн байх ёстой юм? Намынх нь шахалт ч бай, өөрийнх нь шунал хүсэл ч бай...
-Өөрийнхөө сонирхол, хүсэл эрмэлзлэлийг мэдэр. Чиний амьдралд юу хэрэгтэй вэ, чи юу хүсч байна, зүрхээ чагна. Тэгээд үнэхээр улс орны хөгжил нэгдүгээр асуудал юм байна гэж уншиж чадаж байгаа хүн бол улс төрд ор. Гэхдээ нэг зүйлийг хатуу ойлгох ёстой. Хэрэглээ чинь их бага байх ёстой шүү. Улс төрд орж ирсэн хойноо их том машин унана, тансаг хауст амьарна гэж мөрөөдөж болохгүй. Лам болж сахил хүртэж байгаа хүн “эхнэр авахгүй ээ” гэдэгтэй л адил. Хүний сонголтын л асуудал шүү дээ. Төрд очиж байгаа хүн ажил хийх гэж л очих ёстой. Улс орон хөгжөөд цалин хөлс нь нэмэгдээд ирвэл угаасаа нийтээрээ сайхан амьдрах боломж бүрдэнэ. Өөрт чинь сайхан амьдрал ирнэ. Түүнгүйгээр улс орон ядуу зүдүү байхад өөрөө баян амьдарна гэж бодож байгаа бол бизнесээ хийх хэрэгтэй. Өөрийнхөө хэрэглээг тодорхой түвшинд хязгаарлаж чаддаг байх тэр ухамсар улстөрч хүнд маш чухал.
-Өнгөрсөн дөрвөн жил УИХ дээр ч их маргаан өрнүүллээ, Засгийн газрыг нэлээн шүүмжиллээ. Заримдаа өөрөө гардаад хийх юмсан гэсэн хүсэл төрдөггүй юу?
-Нам ялбал гардаад хийнэ шүү дээ. Харамсалтай нь миний ялаад парламентад сууж байгаа хугацаанд Ардчилсан нам ялсангүй. Нам нь ялаагүй байхад “Би сайд болно” гэж зүтгэх утгагүй асуудал биз дээ, яаж ч бодсон. Ингэхийн тулд их том “совесть” хэрэгтэй болно шүү дээ./инээв/. Ардчилсан нам ялсан тохиолдолд тодорхой салбарыг хариуцаад, тэр салбартаа бодлогын түвшний шинэчлэлийг хийгээд явахыг хүсч л таарна. Тийшээ бол тэмүүлэлгүй яах вэ. Хамтарсан Засгийн газрыг байгуулах үед бол би манай нам ялагдчихлаа гэдгийг гүн гүнзгий ойлгосон байсан. Нэгэнт ялагдсан учраас ялахын тулд эрч хүчтэй залуучуудаар энэ намыг хүрээлүүлэх хэрэгтэй гэдэг итгэл үнэмшил надад байсан. Тиймээс “Нэг Ардчилал” клубыг байгуулсан, үүндээ ч алдаагүй гэж бодож байна. Манай клубын залуучуудаас арав орчим хүн УИХ-д нэр дэвшээд, дахиад арав орчим нь НИТХ-д нэр дэвшээд явж байгаа. Энэ бол том амжилт. Энэ залуучууд ямар ч байсан улс төрийн тодорхой барилыг авчихсан, өөрөө өөрсдийгөө цаашаа хөгжүүлээд явах чадвартай хүмүүс. Илүү сайн ажиллах шаардлага байсан уу гэвэл байсан. Гэхдээ засаг дээр нэгэнт хамтарсан байсан учраас олон залуучууд ард түмэнд танигдах илүү олон боломжийг олж авч чадаагүй. Улаан цайм намынхаа эсрэг яваад байж бас болохгүй, сонгууль болохоор нам дээрээ л очдог шүү дээ.

-Х.Тэмүүжин гишүүн та хоёрыг клуб дээрээ долоо хоног болгон хуралдаад, лекц семинар хийгээд байхаар үнэндээ гайхаж л байсан. Өөр өөрийнхөө өмнөх ажлыг л хийгээд, намынхаа удирдлагатай таарч тохироод явсан бол хувийн амжилт нь ч илүү, сайдын суудал ойр байх биш үү?
-Сайд болох бол цаг хугацааны л асуудал шүү дээ. Бодлогоо хэрэгжүүлж чадахгүй сайд байна гэдэг ял байхгүй юу. Тухайн салбарыг хөгжүүлэх бодлого нь өөрт байх хэрэгтэй, баг нь байх хэрэгтэй. Тэр бодлогыг нийгэмд хүргэх хүчирхэг медиа байх хэрэгтэй, олон нөхцөл байна. Юу юугаа ч мэдэхгүй  давхиж очоод албан тушаал авчихсан хүмүүс албан тушаалынхаа золиос болоод байна шүү дээ. Энэ цаг үеийг урагшлуулаагүй, сайхан болгоогүйн буруутан болж хувирч байна. Заавал буруутан болох ямар хэрэгтэй юм. Тийм учраас би энэ шинэлэг санаа, шинэ болгоныг хүлээж авдаг хөрс суурийг нам дээрээ бүрдүүлэхийн төлөө байна. Сонирхлын зөрчлийн хууль гэхэд УИХ дээр жил хагас орчим зогслоо. Тэгдэггүй л байх хэрэгтэй. Ардчилсан нам үүнийг шууд шүүрч аваад л ажил хэрэг болгодог байх ёстой. Одоо “үүргийн хувьсгал” гээд ярихаар ойлгохгүй царайлаад явж байгаа нөхдүүд зөндөө байна, манай нам дотор ч байна. Тэгдэггүй л байх хэрэгтэй. Шинэ санаа гаргалаа,идей шидлээ, манай Ерөнхийлөгч шиг шууд үмхэж аваад бүгдээрээ урагшаа явдаг байх ёстой. Ийм л намыг бий болохгүйгээр тодорхой нэг хугацаанд албан тушаал хаших нь ерөөсөө сонин биш. Тэртэй тэргүй тэр албан тушаалыг хаших хүмүүс зөндөө байгаа.
Нийтлэлч
Б.Сэмүүн
Эх сурвалж

Ардын эрх