Wednesday, 4 July 2012

Л.Өлзийтөгс: Дурсамж бол стриптиз биш

“Ярилцъя” яруу найрагч Л.Өлзийтөгсийн хамт тантай мэндчилж байна. Миний уншигчид Л.Өлзийтөгстэй уулзуулж өгөөч гэж зөндөө гуйдаг байлаа. Гэвч тэр амаргүй, тэр адармаатай. Миний хүсэлд байтугай захирагддаггүй хүн. Гэхдээ бид хоёр 10 жилийн дараа дахин ярилцлаа. Уншигч таны сэтгэлийн шавай ханах болтугай.

-Уулзаагүй уджээ. Хэчнээн ч жил өнгөрөв дөө. Юуны түрүүнд баяр хүргэе. “Үзэхийн хязгаар” номонд тань?

-Баярлалаа. Номыг минь уншиж байгаа хүн бүхэнд баярлалаа гэж бас хэлье.

-Намтарчилсан эсээнүүдээ эмхэтгэж ном хийх санаа яагаад төрөв?

-Шинэ сэргэг юм хийх гэсэн уран бүтээлийн эрэл хайгуулаас л үүдсэн. Санаа нь их эрт төрсөн юм аа. Бүр 30 насны төрсөн өдрөө тэмдэглэж байхад анх энэ санаа төрсөн. 2004 онд “Ганцаардлын дасгал”, “Нүдний шилэнд үлдсэн зургууд” гээд хоёр номоо нэг дор хэвлүүлсэн дээ. Тэдгээрийг хэв­лүү­лэхээсээ өмнөхөн “Удахгүй гурван ном гаргах гэж байгаа” гээд баахан ярьчихав аа. Гэвч номуудаа хэвлэлд өгөхийн өмнөхөн өөр нэг яруу найрагч эмэгтэй гурван  ном гаргачихаар нь өрсөлдөж байгаа ч юм шиг тэнэг санагдаад нэг номоо цааш нь хийчихсэн юм. Тэр явдал надад их тус болсон. Бараг бэлэн болчихсон гэж тухайн үед бодсон энэ номоо түүнээс хойш л өөрчлөөд, засаад, нэмээд л бичээд байсан. Сүүлийн арваад жилд бичсэн 48 эсээнээс 27 нь “Үзэхийн хязгаар” гэдэг энэ номонд маань орсон байгаа. Хассаар байгаад л энэ.

-Бараг талыг нь хассан юм байна шүү дээ?

-Тийм ээ. Хүмүүсийн уран бүтээлд хатуу шүүмжлэлтэй ханддагаасаа болоод би их муулуулдаг. Үнэндээ бол өөртөө бүр ч хатуу ханддаг юм шүү.

-Агуулгаас нь битүү дурсамж ханхалж байна лээ. Зарим ун­шигч дурсахад эрт нас юм биш үү гэх маягийн үг унагаж байхтай ч таарлаа?

-60-70 насанд дурсамж бичдэг гэсэн ойлголт хэтэрхий хуучирсан. 60 нас хүрэх эсэхээ ч мэдэхгүй байж би­чих туурвих ажлаа хойшлуулах нь гэ­нэн биш үү. 19 настай ази охин өөрийн­­хөө амьдралаас сэдэвлэн ном бичээд уран зохиолын ертөнцөд шуу­гиан тарьчихдаг болсон ийм л цаг үед бид амьдарч байна. Хүний ойл­госон ухаар­сан нь наснаас хамаар­даг­гүй. Авьяа­саас, ухаанаас, өөрийн чинь бүтээж чад­сан түүхээс л хамаарна. Энэ номыг бичсэнээр миний намтар дуусчихаж байгаа юм биш л дээ. Гуравны нэгийг нь л чи уншсан. Тэгээд ч энэ бол дур­сам­жийн ном биш, үзэл бодолтой, онц­гой­лох баримтуудтай, эргэцүүлэл, гар­гал­гаа дүгнэлттэй, яруу найргийн са­наа­нууд­тай, эсээ гэдэг төрөл зүйлийн бүтээл. Утга зохиолын эсээ сэтгүүл зүйн эсээнээс өөр. Энэ хоёрын зам их эрт салсан л даа. Гэхдээ нэг сонин юм байна. Сэтгүүл зүйн эсээг утга зохиолд оруулж болохгүй атал утга зохиолын эсээг сэтгүүл зүйн эсээнд хамруулж болдог. Би номоо хэв­лүүлэхийн өмнө­хөн Америкийн шил­дэг утга зохиолын эсээгээр шал­гарсан нэг бүтээлийг уншсан. Миний сэт­гэлийг хөдөл­гөөгүй. Хүчтэй юм би­чихийн тулд хүч­тэй түүхтэй байх хэрэг­тэй. Хэн нэг нь на­даас илүү бичиж ча­дах л байх. Гэх­дээ минийх шиг түүх түүнд байхгүй. Хэн нэг нь надаас хамаагүй илүү нам­тар түүхтэй л байх. Гэхдээ яг минийх шигээр илэрхийлж чадахгүй. Тэгэ­хээр 40 нас хүрч буй эмэг­тэй хүн нам­тар­­чилсан хэлбэрийн эсээнүүд бич­сэнд гай­хах зүйл үгүй юм.

-Дурсамж бол үнэхээр сайхан зүйл. Та ойлгоорой, би хамгийн дуртай нэршлээрээ л ярьж байна шүү. Би өвчтэй удаан хэв­тэж байхдаа нэг “нээлт” хийсэн юм. Санаа алдаад ч доошоо орж өгөхгүй сэтгэл хүнд­рээд, га­раад гүйж ч чадах­гүй хэвтэрт байх үнэ­хээр зов­лонтой л доо. Ийм үед эмэгтэй хүн дурсамжаа “идэж” амьдар­даг юм билээ. Тэ­­гээд эмэгтэй хүн хожим өөрий­­гөө тэжээх дур­самжаар хан­га­луун амьдрах ёстой юм бай­на гэж бодсон. Гэнэн байна уу?


-Ганц эмэгтэй хүн биш шүү дээ. Хүн бүр дурсамжаараа амьдардаг. Нохойнд дурсамж байдаг эсэхийг бид мэдэхгүй. Харин хүнд бол байдаг. Үүгээрээ л бид амьтнаас ялгаатай байж тун магадгүй. Тэгэхээр дурсамж бол маш дээгүүр, магадгүй бидний бурханлиг чанар юм биш үү?

-Эмэгтэй хүний түүх бол бүтнээр нь илчлэх аргагүй зүйл. Амттай, адтай, зовлон гуниг, хайр харуу­сал, хүсэл тачаал, алдаа оноо дүү­рэн. Далдын далд байдаг хэс­гээсээ эдгээр эсээнүүддээ тэг­­тэл тусгаагүй санагдсан. Нэг тийм зарим номлогчдоос ангид, элдэв ёс суртахууны дүрэм жур­мын хил хязгаарыг давж гиш­гэсэн, заримдаа өөрөө ч нуугд­маар дурсамж хүнд байдаг даа. Тэр л жинхэнэ сэдэв юм шиг ээ?

-Өнөөдрийн, нийтлэг, хэтэрчихсэн поп сэтгэхүйтэй хүмүүс дурсамж уншина гэхээр стриптиз үзнэ гээд бодчихдог шиг байгаа юм. Дурсамж бол стриптиз биш. Тэгээд ч “Үзэхийн хяз­гаар” бол дурсамжийн ном биш, өөрт тохиолдсон бүхнээс санаа аван, элдэв баримтыг дэвсгэр болгон ашиглаж бичсэн эсээний ном гэдгийг дахин хэлье. Нүцгэн баримт дангаа­раа уран зохиол болдоггүй. Угаасаа нуу­гаад байх юм үгүй атал заавал шалбааг харагдах ёстой гэж эрдэг, шавар шавхай харагдахгүй л бол нууж байна гэж ойлгодог болтол нь бид уншигчдыг мунхруулж мэхэлсэн байна шүү дээ. Таны дотроо сэм хү­лээж байсан ямар нэг зүйлийн тухай би­чээгүй орхисон шиг санагдсан бол тэр нь ердөө миний сэтгэлийг хөн­дөө­гүй болохоор л бичээгүй хэрэг. Сэт­гэ­лийг нь дэнсэл­гэж, донсолгож чад­сан юмны тухай л зохиолчид бичдэг. Юунд сэтгэлээ эзэмдүүлэх вэ, юунд ач холбогдол өгөх вэ гэдэг нь харин хү­ний ухаанаас гадна ёс суртахууны хэм хэмжээнээс шалт­гаална. Ёс сур­тахуунтай байдал гэдэг хязгаар­лагд­мал байдал гэсэн үг биш. Өнөөгийн ма­най энэ нийгэмд бол харин ч хүчирхэг байдал.

-Бид өөрсдийнхөө өнгөрсөн түү­хийг гоёчилдог тал бий. “Өнгөрсөн бүхэн эргэж ирдэг” гэсэн нэгэн сайхан эсээг тань уншаад сайн найз, сайхан яруу найрагчийнхаа тухай л дурсч байгаа юм шиг сэрүүндүү са­нагд­сан. Ямар ч шарх, хайрын га­шуун мөр үлдээгүй гэж хэлэх гэсэн ч юм шиг?

-Сайхан эсээ гэсэн мөртлөө сэ­рүүн­дүү гэсэн чинь юу гэсэн үг вэ. Үнэн юм гэдэг бол муу юм гэсэн үг биш шүү дээ. Зарим нь бол тэр эсээг уншаад зөн­дөө уйлсан л гээд байгаа. Үгүй бол­сон хүнийг хүртэл муулуулах гээд бай­даг нь манайхны гэм биш зан. Амьд­ралын аар саар, аахар шаахар зүйлд ач холбогдол өгөх нь уран зохиолын хүний зан биш. Ажил нь ч биш. Бидний амьдралд байж л байдаг ойр зуурханы бохир юмыг бичих хэрэг бий гэж чи бодож байна уу. Энэ тэгвэл урлаг биш. Утга зохиолын эсээ гэдэг бол гоо зүйтэй байх ёстой зүйл. Сайхан түүхэнд биш муухай түүхэнд итгэдэг нь бидний дадал зуршил юм даа. Гоо зүйтэй, ёс суртахуунтай, хүн чанартай зүйлд биш шуугиан­тай, бохир үнэнтэй юмыг л бид анхаардаг, бусдаас тийм зүйлийг шаард­даг бол­чихож. Би сонинд ажил­лаж байхдаа ярилцлага хийж байгаа хүнээ тэр чигээр нь шалдлаад тавь­чихъя гэж хэзээ ч бодож яваагүй юм. Ярил­цагч маань тэнэг үг хэлбэл нь баяр­лан шүүрч авдаггүй, тэр ч байту­гай хөн­гө­хөн засаад тавьчихдаг бай­сан. Алдар­тай хүмүүсээс дуучин Түмэн­дэм­бэрэл, Уртнасан, Хайдав, Ариу­наа, Балетын Оюун, ардын жүжиг­чин Гом­босүрэн, зураач Дүйнхоржав, Ж.Болд гээд олон хүнтэй ярилцлага хий­сэн. Нэгэнт од болсонтой нь төдий­гүй, дөнгөж гарч ирж буй залуу хүнтэй нь ч уулзахдаа ярьж хэлж байгаагаас нь илүүтэй нүд, дуу хоолойг нь ажиг­ладаг байсан даа. Сайн сайхан яваа хү­нийг би харлуулъя гэж хэзээ ч бодож бай­гаагүй. Тэнэг үг хэллээ ч, чамд ихэмсэг дээгүүр зан гаргалаа ч сайн хүн байж болно шүү дээ. Гэхдээ хэн нэг хүний ярилцлагыг засч аварч байсан шигээ дурсамжийг бол засах боломжгүй. Хүн юм бодож дурсахдаа тархин дотроо засаад л бодоод байдаггүй дээ. Бодож байгаагаа тэр чигээр нь л бичсэн. Эцсийн эцэст энэ ном бол бүхлээрээ миний үзэл санаа. Өнөөгийн байдлаархи ойлголт маань. Энэ нь алсдаа өөрчлөгдөж ч болно. Гэхдээ цаад үнэн нь биш харах өнцөг нь... Юунд шархлах, юунд шархлахгүй вэ гэдэг харин хүний хэмжээнээс хамаарна. Зарим маань том, зарим маань жижиг байдаг шиг бидний сэтгэл зүрх бас размертай. Хязгааргүй уужуу сэтгэл ч байна, хумсын толио­ноос жижигхэн сэтгэл ч байна. Жижиг раз­мерын сэтгэл рүү хичнээн ч сай­хан том зүйлийг цутгаад чихээд орох­гүй, хүлээж авмаар байвч хэмжээ нь хү­рэлцэхгүй. Аливааг тэнүүн сайх­наар, уужим ууч сэтгэ­лээр харлаа гээд тэр гоёчлол болдог бол амьдралд сайн сайхан зүйл үлдэх­гүй. Уран бүтээлчийн хөргийг бүтээх гэсэн далд санааг минь чи анзаараагүй бололтой. Уран бүтээлч хүнийг ойлгож сурвал уран бүтээлийг илүү ойлгож сурна. Зохиолч хүн өөрийнхөө уншигчдыг өөрөө л бэлтгэдэг юм аа. Уншигчийн боловс­рол гэж маш том зүйл бий шүү дээ. Хэн ч надаас сонирхож асуухаа боль­сон, бараг мартагдаж эхэлсэн хүнийг би бусдын анхаарлын төвд бу­цаан авчирч байгаа нь тэр хүн  сонир­холтой дүр учраас шүү дээ. Тэр хай­рын шарх марх бол дэндүү жижиг асуу­дал. Хүүхэн бүрийн ярьж чадах тийм зүй­лийг биш хүүхэн бүрийн олж харж чадах­гүй зүйлийг л би бичнэ.

-Уучлаарай, энэ бас миний бодол биш байж болно. Энэ асуулт юм шүү. “Тэнгэрт урга­даг модод”-оос хойш уулзаагүй юм байна. Энэ хугацаанд олон сайхан ном хийсэн. Гэхдээ надад “Ганцаардлын дасгал”, “Тө­сөөл­лийн өрөөнд” хоёр илүү их таалагдсан.


-Манайхны хамгийн их ярьдаг нь энэ хоёр ном л доо. Гэтэл “Нүдний шилэнд үлдсэн зургууд” гэдэг үргэл­жилсэн үгийн ном минь надад хамгийн их амжилт авчирсан юм аа. Энэ но­мын өгүүллэгүүдээс Америкт, Солон­гост хэвлэгдсэн. Одоо хоёр өгүүл­лэгийг нь Японд орчуулан хэв­лэж бай­гаа. Би хөөцөлдөөд орчуулуул­сан юм биш, өөрийнхөө замаар гадагш гарц­гаасан. Энэ номынхоо буя­наар дэл­хийн залуу зохиолчдын чуул­гад яруу най­рагч гэдгээрээ биш новелист гэг­дэн уригдсан. Нэг өгүүл­лэг маань дэл­хийн залуу зохиолчдын антологид шилэг­­дэн орсон. Францын, Амери­кийн, Анг­лийн, Германы, Италийн, Нидер­лан­­дын хүчтэй залуу зохиолчдын дунд надад нэг жижигхэн зай өгсөн юм. Үүний дараа л өөрийгөө зохиолч гэж хэлэх зүрхтэй болсон шүү, үнэндээ. Манай зохиолчид миний энэ номын тухай надад юм хэлдэггүй. Гэтэл Америкийн утга зохиолын сэтгүүлд хэвлэгдэхэд нь нэг америк тоймч Aquarium гэдэг өгүүллэгийг минь онцгойлон эш татаж, truly wonderful work гэж үнэлж бичсэн. Үүнийг яагаад ярьж байна вэ гэвэл, гадаадын ямар нэг үнэлгээ, шагнал олж ирэхгүй л бол манайхан нэгийгээ олж харж чад­даггүй, хүлээн зөвшөөрдөггүй, итгэ­дэггүйг сануулах гэсэн юм.

-Үргэлжилсэн үг гэснээс... одоо ч гэсэн шүлэг бичих гэж яардаг хэвээрээ юү. Сайхан шүлэгнээс өөр юунд ч адгадаггүй гэж хэлж байсан тань санагдаад л?

-Ярилцлага өгөх, номууд гаргах, шүлгээс өөр чиглэлээр бичих нь адгаж буй хэрэг биш шүү дээ (инээв). Би хаа саагүй зурагаа наагаад, номыг минь худалдаж авсан азтай худалдан авагчид ноолууран цамц өгнө шүү гэж зарлаж зогсдог шар зохиолчдын эг­нээ­ний хүн биш. Тиймээс итгэл үнэм­шилдээ тэнцэж явахын тулд л сайхан шүлэгнээс өөр зорилго надад байхгүй гэж хэлсэн хэрэг.

-Шүлэг яруу найраг чинь төрдөг юм биш үү. Сайн шүлэг бичих гэж л яардаг гэсэн  үгээс зорилго үнэртсэн. Зорилгоор уран бүтээл хийж болох уу. Та юу гэж бодож байна?

-Уран бүтээл ямар нэг зорилгоос л төрнө. Өөрийгөө олох зорилгоос, ертөнцийг ойлгох хүсэл тэмүүллийн зорилгоос, үзэл бодлоо илэрхийлэх зорилгоос, бас зүгээр л аймаар чанга хашгирах хүсэл зорилгоос төрж болно. Гэхдээ зорилго тавьснаар л тэр бүхэн бий болчихдоггүй байхгүй юу даа, Ганаа. “Би мундаг яруу найрагч болно” гэсэн зорилготой зуу зуун залуу хүн манай яруу найргийн тай­зан дээр эгнээд зогсч байна. Тэдний зорьсон хүссэн болгоны зоргоор тэр зорилго нь биелэхгүй. Онгодыг хүлээ­гээд сууж байдаггүй, зорилгоо зар­лаад л болчихдоггүй, харин уран зохио­лыг хийдэг, бүтээдэг, төрүүлдэг. Өөрөө л тэнгэрээс төрчихдөг юм биш. Алдар­ших зорилгоор шүлэг бичиж буй хүн байна. Бас мөнгө олох л зорилгоор ном хэвлүүлдэг хүн ч бий. Бүр улс төрд орохын тулд маш богино хуга­цаанд яруу найргийн тайзыг ашигладаг хүн ч байна. Бичдэг болго­ны ард өөр зо­рилго байгаа. Миний зорил­го бол цэ­вэр уран бүтээл. Хэт шоу нийгэмд амь­дарч байгаа тул иймэрхүү юм ярь­сан хүнд бид итгэдэггүй. Гэтэл ийм үзэл санаатай хүн маш их. Би олныг танина.

-Өмнөх ярилцлагаа үзэж бай­гаад л дээрх асуултыг тавьчих­лаа л даа...?

-Ойлгож байна. Ухаж, мушгиж, уурлуулж шатааж байж үг унагах гэдэг нь чиний ажил биз дээ. Би өөрчлөлтөөс айдаггүй юм аа, Ганаа. Өмнөх ярилц­лагуудаас минь болоод надаас байнга нэг хэвийн байхыг шаарддаг хүмүүс бий. Намайг ээмэг бөгж ч зүүдэггүй, гоёж гооддоггүй гээд нэг сонинд бич­чихсэн. Уг нь бол үнэн. Гэхдээ түүнээс хойш уулзсан учирсан хүн болгон миний чих рүү, гар хуруу руу хараад байх болсон. Бүр нэг ах “Чи их сонин хүн шүү, ээмэг бөгжийг хэрэгсдэггүй эмэгтэй хүнтэй анх удаа л таарч байна. Манай эхнэр бол сард нэгийг худалдан авдаг” гэж зориуд хэлэхэд эхнэр нь их эвгүйцэж, ичиж байсан. Би жаахан гэдэнтэй зантай юм. На­даас болж өөр хүн эвгүй байдалд орж буй нь муухай санагдсан. Тэгээд нэг удаа олны дунд очихдоо зориуд бөөн юм давхарлаж зүүгээд очсон л доо. Таньдаг хүн бүхний нүд бүлтийгээд ирсэн.(инээв) Би жаахан шооч хүн ш дээ. Ер нь бол тухайн агшинд юу бодсон, түүнийхээ дагуу л байх болно. Урьд нь намайг хэн юу гэж бичсэн, цол­лосноос болоод чөдөртэй юм шиг явахгүй ээ. Хүн бусдад таалагдах гэж биш, өөрийнхөө үзэл бодол, сэтгэл са­наа­ны байдалд зохицож явбал зүгээр. Хэдий би бөгж зүүдэггүй ч гэлээ бүх мөнгөөрөө надад гоё бөгж худалдан аваад ирсэн найзынхаа сэтгэлийг бо­доод түүнийг нь зүүж болно ш дээ. Ха­рин үүнээс болоод намайг худалч, хуви­рагч гэвэл шударга бус юм болно.

-Хэзээ нэгэн цагт галзуу яруу найраг бичих л болно доо гэж мөрөөддөг байлаа. Тэгснээ ичээд нэгэнт өнгөрсөн юм шиг санагдаж гутардаг болчихсон… Өө, сэтгэл хөдөлж байна шүү?

-Сайн сайхан зүйл хийхэд хэзээ ч оройтдоггүй л гэдэг.

-Авьяас гэж юу юм бэ. Хүн төрөлхтөн одоо болтол авьяа­сын нууцыг л тайлж чадаагүй гэ­дэг. Энэ талаар тусгайлан бо­дож байв уу?


-Бодож байсан. Юу ч гэж тайл­барлаж болно. Жишээ нь авьяас бол их ухаан гээд л хэлчихэд буруу­дах юм байхгүй. Суут зохиолчид бүгд гай­хал­­тай нарийн, гүнзгий, хурц са­руул ухаантай байж. Гэвч авьяас дан­гаа­раа бүхнийг бүтээдэггүй юм аа.

-“Хэрэгтэй бүхэн сайхан” гэхээс авахуулаад “Хайртай бүхэн сайхан” хэмээх хүртэлх бүх л тодорхойлолт амжилтад хүрч байсангүй гэж таны багш бич­сэн. Сайхан гэдэг чухам юу юм бэ. Сайхныг мэдрэх, тэр мэд­рэмжээрээ тэжээгдэж амьд­ра­хын гоёыг амсавч яг бариад хэл­чих тайлал алга. Тэгээд л?


-Хүнд мууг хийдэггүй хүнийг би сайхан зам мөртэй хүн гэж боддог. Дандаа л инээчихсэн явж байдаг ма­най Саруул-Эрдэнэ гээд найз байдаг. Тийм хүмүүстэй уулзахад сай­хан байдаг. Миний бичсэн шүл­гүүдийг сайхан гэж боддог хүн цөөхөн ч гэсэн бий. Тэр хүмүүсийн хувьд бол сай­хан гэдэг нь яруу найраг. Бас дүрслэх ур­лаг бол миний хувьд сайхан гэдэг тэр л зүйл.

-Нээрээ сарнайнд дуртай биш тань хэвээрээ юү?

-Цэцэгнээс илүүтэй мод сонирх­дог. Даанч хүмүүс мод бэлэглэхгүй юм (инээв)

-Бас ваар цуглуулдаг тань?

-Больсоон. Манайд ваар байтугай аяга тэсдэггүй. Өнөө өглөө босоод хар­сан чинь том өрөөний маань чий­дэнгийн том бүрхүүл хагарчихаж. Гурав дахиа сольж байгаа юм. “Ээж ээ, би биш, би биш” л гэх юм байна ш дээ. Сүнс л хагалсан юм байгаа биз (инээв).

-Манай гэрийнх бас байнга л хагарч байдаг юм..?

-Тийм үү.   

-Нээрээ “Үзэхийн хязгаар”-аас урьд нь таны нөхөр Г.Аюурзана болон танаас үнэртдэг нэг юм ханхалж байна билээ. Зарим зохиолчид та хоёрыг “Эд одоо өөрсдийгөө бидний багш гээд ойлгочихжээ” гэж хэлж байгаа харагддаг. Өөрсдийнхөө хэм­жүү­рийг тулгаж байна гэж тэд бодоод байдаг юм шиг. Бас та бүхний бусдын уран бүтээлд хандаж буй хандлага тэгж бодогдуулаад байдаг болол­той. Ярилцахдаа энэ сэдвийг хөн­дөх юмсан гэж бодож байсан юм?

-“Өөрсдийгөө бидний багш гээд бодчихжээ” гэж яг хэн ярьж байна. Чи ядаж нэг хүн нэрлэж чадах уу. Чадахгүй. Тэгэхээр эзэнгүй яриа бол яриа биш. “Биш” юм бол юу ч биш. Харин миний бичсэн, таны алган дээр байгаа ном бол ямар нэгэн бодитой юм мөн. Тэгээд ч багшлах хүндээ бол багшилдаг. Залуучууд бол бодох санах юмгүйгээр “Би таныг багш аа гэж боддог” гээд захиандаа бичсэн байдаг. Ингэхэд байна аа, муулаад байдаг­чуул нь бид хоёрыг бүр ч их уншдаг юм аа. (инээв) Уншдаггүйсэн бол эл­дэв яриа гарах ч үгүй. Тоох ч үгүй. Их унш­даг болоод л, анхаарлыг нь татдаг бо­лоод л их яриа гарч байгаа хэрэг. Нөгөө нэг асуултын тухайд гэвэл, уран бүтээлч хувь хүн болгон ертөн­цөд өөрийгөө тулгадаг байхгүй юу. Би хэн ч биш гээд байвал чи хэн болох юм бэ. Пикассо, Дали, Жойс, Элиот бүгд л өөрийгөө тулгасан. Тухайн үедээ тэднийг мэдрэл муутай, гаж донтой, шизотой, ямар ч авьяасгүй, бүр Жойсыг бол эх хэлээ сураагүй гэж муулж байсан. Гэтэл Жойс өнөөдөр өөрийг нь муулж байсан хүмүүсийн хүүхдүүдийн хүүхдүү­дийнх нь бахархал.

-Чимээгүй, хүлцэнгүй байхыг л та хоёроос шаардаад байгаа юм биш үү?

-Манай монголчууд “Би” гэдэг үгэнд дургүй юм. “Юм л бол би, би гээд энэ муу яасан биеэ тоосон онги­роо амьтан бэ” гээд бүгд дургүйцдэг. Тэгсэн мөртлөө даруухан царай гарга­сан биеэ тоосон нөхөр зурагтаар “Би хэн ч биш ээ, яагаа ч үгүй байгаа, өвөг дээдсийнхээ дэргэд бол өчүүхэн муу шоргоолж” гэж ярихад нь хүүхэд шиг итгэдэг. Гэтэл уран бүтээлийн мөн чанар “Би”-гээс л төрөн гардаг юм шүү дээ. “Би” болгон давтаг­даш­гүй. Тиймгүйсэн бол хэдэн зуун жил биччихсэн яруу найргаас хүн төрөлх­төн одоо юу хүлээх вэ.

-Үнэхээр л “Би” гэсэн хүн бү­рийг бид хялайдаг даа?

-Харин тийм. Балетын бүжигчинохи­дыг багаас нь шалгаж авахдаа тодорхой тогтсон шалгуур тавьдаг. Үгүй­дээ л маш богино хөлтэй, богино гар­тай бол шалгуур давахгүй. Түүнтэй адил уран зохиолын хүн болоход ч то­дор­хой шалгуур бий. Энэ шалгуурыг хэн ч бичээгүй ч бүгд мэдэж байдаг. Харак­тер бол жишээ нь яруу найргийн ертөнцөд бичигдээгүй хууль. Ямар ч онцгой характергүй, байж л байдаг хүнээс байдаг л нэг усан шүлэг төрдөг. Гэхдээ энэхүү характер гээч нь тайзан дээр гараад агсам байдлаар шүлэг уншдаг тэр ойлголт биш. Аюурзаных шиг, Анударийнх шиг өөрийнхөөрөө байж чаддаг төрөлх хурц чанарыг, дотоод гуйвашгүй хүчийг хэлж байгаа юм. Дашбалбар гуай их характертай хүн байсан. Өөрийн гэсэн зан чанар бол хүний маш том хөрөнгө юм. Баабар, Сумогийн Дагвадорж, хөгж­мийн зохиолч Сангидорж гээд бүгд өөрийн гэсэн тод зан чанартай хү­мүүс. Гэтэл ийм хүмүүсийг манайхан маш их муулдаг. Хүн ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн хуурамч тиг бүтээчихээд бид хүн болгоныг хэвийн боов шиг нэг жигд болгохыг хүсээд байна. Даруухан царайлахыг, бусад ши­гээ байхыг бид хүн бүрээс шаар­даж болохгүй. Нэгийгээ цоролзохыг л мон­голчууд хүлээн зөвшөөрч чад­даггүй юм байна. Асч чаддаг нэгийгээ уг нь улам л асаах хэрэгтэй. Тэгэх тус­маа бидэнд ашигтай. Сумогийн Дагвадорж жишээ нь гайхамшигт ялал­туудаараа биднийг нэг хэсэгтээ л дулаацуулсан биз дээ. Одоо боло­хоор бүгд л муулах юм. Өөрийн гэсэн тодорхой зан чанартай хүмүүс олон байгаасай гэж би хүсдэг, залбирдаг.

-Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг
Хэтэр­хий гунигтай
Түүнгүйгээр амьдарч чадах­гүй­гээ мэдэрнэ гэдэг
Түг­шүүртэй, нэг л түгшүүртэй
Хайр гэдэг бол жаргалтай айдас юм
Хайрлана гэдэг
Хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм...энэ гоё мө­рүүд чинь үү! Санаа нь үнэхээр сайхан ч, яруу ганган үг байх­гүй. Хамгийн сайн шүлгийг хам­гийн энгийн үгээр бичдэг гэдэг таныхаар үнэн үү?


-Яруу найраг бол гоё этгээд үг биш. Харин гоё онцгой сэтгэлгээ, гоё цэвэр сэтгэл. Түүнийгээ яаж илэр­хий­лэх нь тухайн хүний хэрэг. Шүлгийн маань гадаад хэлбэр хийц нь миний зан араншингийн илрэл байж л магад­гүй. Би шулуун, шуудхан, тодорхой бай­далд дуртай. Хоосон хээнцэрлэх, той­руулж бөөрөнхийлөх, хэтрүүлэх юм уу дутуудуулах, чамирхах дургүй. Энэ зан араншин уран бүтээлд минь үлдсэн байх магадлалтай.

-Хэлбэр хийцийг л нээрэн манайхан ихээр анзаараад байдаг байх шүү?

-Яг үнэн. Маш гаж үгээр, ойлгог­дохгүй юм бичсэн байвал л манайхан шинэчлэл гэж боддог. Энгийн жирийн хэл­бэрээр боловч цоо шинэ сэтгэл­гээгээр бичиж байвал шинэ юм гэж харж мэддэггүй. Шинэчлэл нь өнгөн хэлбэрээс илүүтэй дотоод сэтгэл­гээнд байдаг.

-Нэг­дүгээр сард өр зүрхийг хай­рах мэт
Хам­гийн их хүйтэн болдог
Өв­чилсөн дурсамжийг үгдрээх мэт
Хам­гийн их цас унадаг
Цас биш хөндүүр хөндүүр эм­зэг­лэлүүд л
Цаа­на цаанаасаа барагдаж дуу­сахгүй буудаг... энэ мөрүүд зүрх чимчигнүүлэх шиг. Тэр үнэхээр гайхалтай баян бичих юм аа. Та санал нийлж байна уу?


-Нийлж байна. Аюур баян дүүрэн сэтгэлгээтэй хүн л дээ. Гэхдээ бид хоёр бие биеийнхээ тухай ярихаар хүмүүс итгэдэггүй юм аа. Миний нөхөр болохоор нь л магтаад байхаар тийм тэнэг хүн юм байх даа, би. (инээв) Хэрэв үнэхээр “Аюурзана сайн яруу найрагч” гэж боддоггүйсэн бол ядаж л чимээгүй байхаа мэднэ. Үг үлддэг. Хэлсэн ярьсантай минь хариуцлага тооцох дараагийн үе минь ойрхон байгаа. Гэхдээ сурвалжлагч нар асуугаад салдаггүй болохоор л, хүмүүсийн асуултад л хариулдаг болохоос зориудын үйлдлээр бид биеийнхээ тухай яриад байдаггүй.

-Ай, хөлөө савчин суугч, сал­хинд хийсэн явагч минь
Амьд­ралын утга төгсгөлдөө бай­даг
Санаандгүй, болгоомжгүй л бид залуу явдаг
Сайхан өвгөн байх л хамгаас хэцүүг дандаа мартдаг...Та Г.Аюурзанын шүлгүүдээс хэд хэдэн санаа нэг дор олж мэдэр­дэг гэж нэгэнтээ ярьж байсан. Би ч санал нэг байна. Харин та­ны энэ сэтгэгдэл одоо  хэвээ­рээ юү. Ингэхэд тэр танд дөн­гөж бичсэн шинэ шүлгээ үзүүл­дэг үү?


-Хэвээрээ. Аюур улам чангарч байгаа шүү дээ. Бидний уншиж дассан уриа лоозон, магтуу, номлол, цэцэр­хэл болон шинэчлэл гэж бодоод бай­даг өнгөн хэлбэрдэлтийн аль нь ч Аюу­рын шүлэгт байхгүй. Маш чөлөө­тэй. Үнэн дүр төрхтэй. Аюурын шүлэг хэ­нийхтэй ч адил биш. Илүү үг байх­гүй. Үг бүр нь үүрэгтэй байдаг. Ингэж бичиж чадахад хэцүү.

-Таныг хэлж байгаа болохоор би итгэж байна аа?

-Итгэ (инээв). Аюурзанын шүлэг жинхэнэ эр хүний шүлэг байдагт бас нэг давуу тал нь байна. Сүүлийн үеийн маш олон шүлгийг би уншсан. Одоо ч уншсаар л байна. Эр хүн мөртлөө эм хүн бичсэн юм уу гэмээр шүлэг их зохиодог болчихож. Өөрийнхөө тухай танилцуулаагүй байвал нь би заримдаа эр юм уу, эм юм уу гэдгийг нь ч мэддэггүй. Надад муухай санагддаг. Яг л бавайсан сахалтай уруул амаа улаанаар будчихсан эрэгтэйг харж буй юм шиг.(инээв) Дуураймал, худлаа шүлэгтэй хүмүүс нь тийм байдаг юм. Даанч манай туршлагатай гэгддэг яруу найрагчид нь хүртэл үүнийг олж харж чаддаггүй, мэдрэмжийн царайл­сан, ухаантайдуу шүлэг бичсэн залуу­сыг магтаад л хөөргөөд байдаг. Тий­мэр­хүү хүмүүсийг нь шинэчлэгчдийн эг­нээнд оруулчихсан ярьж байдаг. Худ­лаа юм бол худлаа л байдаг даа. Худлаа шүлэгтэй залуус манай шинэ үеийнхний бараг 90 хувийг бүрдүүлж байна. Миний анзаарснаар Аюу­рынх шиг жинхэнэ эр хүний сэтгэл, эр хүний зан чанартай ийм шүлэгтэй хүн цөөхөн.  Ингэхэд түүний эхнэр байгаа нь үзэл бодлоо хэлэх эрхийг минь хаах боломж мөн үү.

-Биш ээ... Хэрэв тийм бол хам­гийн сүүлийнхээс нь ганц шүлэг уншиж өгөөч?

-Өөрийнхөө шүлгийг ч цээжээр мэд­дэггүй ш дээ. Нээрэн, өмнөх асуултыг чинь гэнэт санасан чинь... Аюур надад шинэ шүлгээ уншуулдаг. Дандаа.

-Та хайрын тухай бага бичдэг. Бичсэн ч битүүдүү маягтай санагддаг.

-Зарим уншигч бол намайг зөвхөн хайрын тухай л бичдэг гэж боддог юм билээ (инээв) Чи сэтгүүлч ч гэлээ бас л уншигч, тийм үү. Чамайг жишээл­бэл, миний хамгийн үнэнч уншигч гэж боддог. Тиймээс ч сонгож ярилцлага өгч байгаа. Алдартай болохоор чинь сонгосон юм биш ээ. Нэг ч шүлгийг минь уншаагүй, ердөө миний үс зүсийг харах гэж ирсэн хүнтэй ярил­цах хэцүү юм билээ. Уншигчийн сэт­гэл санааны байдлаас их зүйл шалт­гаалдаг юм аа. Хэн юуг олж харахыг хүснэ, түүнийгээ л олж хардаг хэрэг. Үүнийг олон хүний ярианаас ойлгож анзаарсан. Тухайн номыг уншиж байх чухам тэр л мөчид чиний сэтгэлийг ямар асуудал илүүтэй эзэмдсэн байна, чамайг донсолгож буй тэр л асуу­далтай ойрхон сэдвийн шүлэг илүү хурц тусдаг юм. Нэг ч мөр алга­сахгүй уншаад л байвч бүхэлд нь ун­шиж чаддаг, цогцоор нь олоод хар­чихаж чаддаг хүн тун цөөн. Нууц амраг­тай болчихсон хүн зөвхөн нууцхан хайрын шүлгүүдийг өөрийн мэдэлгүй хайж, тиймэрхүү шүлэг байвал намайг илүү хайрлаж, харин хэн нэг ойрын хүн нь нас барчихаад буй уншигч бол үхлийн тухай шүлгүү­дийг минь илүү анзаарч уншсан, сэт­гэлд нь хоногшсон байдаг. Нэг уншигч надад “Та дандаа бараан сэдвээр бичих юм” гэж, нөгөө нь “Та нэг ч уйлж үзээгүй хүн шиг л өөдрөг гэрэлтэй зүйлсийг бичих юм даа” гэж хэлсэн. Нэг л номыг тэс өөрөөр харж уншиц­гаасан байдаг. Энэ чинь бас зохиог­чийн уран чадвар шүү. Харин чиний асуул­тын тухайд гэвэл, би хайрын тухай бага бичдэг гэвэл ёстой алдас болно. Хангалттай их бичсэн ш дээ. Битүүдүү бичдэг гэдэг ч худлаа. Хүн болгоны бичдэг шиг хэлбэрээр, улиг домог болсон сэтгэлгээгээр л илэрхийлээгүй байж магадгүй.

-Яруу найрагчид таны нөхөр Г.Аюурзаныг таны уран бү­тээлд багагүй хяналт тавьдаг байж магадгүй гэж харддаг юм билээ. Энэ зүгээр л асуулт шүү?

-Намайг уран бүтээлээ хянуулдаг гэж ярьдаг хүн үнэхээр бий юү? (инээв) Итгэмээргүй юм. Яруу най­рагч хүн яруу найргийг нь хянаж цагд­даг хүнтэй амьдраад байж тэсэх үү? Дэндүү логикгүй байгаа биз дээ. Ер нь Аюур бид хоёрын алхам бүрийг гуй­вуулж, өө гаргахыг бараг хүлээж бай­сан юм шиг нэг үг хэлэхэд л шүүрээд авдаг хэдэн хүн байдаг юм аа. Бид хоёр чинь бүтэн 15 жил гүт­гүүлж явна. Одоо амьд сэрүүн байгаа зохиолч яруу найрагчдаас хамгийн их гүт­гүүл­сэн, хамгийн олон дайсантай нь Аюур­зана шүү дээ. 

-Яагаад тийм их дайсан хураа­чихсан юм бэ?

-Найз нөхөртэй болох хэцүү, дайсантай болох амархан. Над руу жишээлбэл, гурван сарын өмнө нэг залуу шүлгүүдээ явуулсан юм. Үзээд, зөвлөгөө өгөөч ээ гээд. Тэр залуу 32 нас хүрч байгаа гэхэд дэндүү балчир оюунаар, дэндүү гэнэн зүйлсийг бичсэн байсан. Авьяасгүйгээс гадна ухаан дутаж байгаа нь илэрхий. Би бодсоноо л хэлсэн. “Чи уран зохиолын хүн биш байна аа” гээд. Тэгсэн чинь нөгөөх чинь эмзэглэж шаралхаад намайг баахан доромжилжээ. Бүр надад хоч хүртэл өгчихөж (инээв). Хэрэв түүнд худлаа ярьсан бол, “Чи ямар мундаг юм бэ” гээд хэлчихсэн бол тэр намайг өдийд магтаж ман­дуулж өгч байгаа. Аюур бид хоёрын дайснууд ийм замаар л бий болц­гоосон хүмүүс. Гэхдээ тэр залуугийн доромжлолыг сонсоод уран зохиолын ажлынхаа багахан туршлагад баярласан шүү. Тэр залууг хол явах­гүй нөхөр гэдгийг олж харж чад­сан­даа...Ойр зуурханы хүнээс холын юм гарахгүй. Гэхдээ нэг гоё үг байдаг юм аа, Ганаа. “Олон ч найз нөхөртэй бол, олон ч дайсантай бол!” гэж. Энэ хоёр зүйл чамайг хүчирхэг болгоно.

-Г.Аюурзана ч үнэхээр их гүтгүүлсэн байх шүү. Харин таны тухайд тийм зүйлсийг аль хэр олныг туулж гарсан бэ?

-Дэндүү их. Өнгөрсөн жил жишээлбэл, миний эсрэг бараг кампанит ажил өрнөсөн юм биш үү. Би олон сарын дараа мэдсэн. Манайх гэртээ зурагтгүй, интернетгүй болоод их удаж байна. Бас би хүүхнүүдтэй уулзаад хов яриад явдаггүй тул мууг сонсох нь ховор. Харин санаандгүй тохиолдлоор тааралдсан нэг уншигч маань надад тэрхүү дайран давшлаг­чийн хийж буй үйлдэл, гүтгэлэг бүрийн тухай хэлж ярьсан юм. Гэхдээ надтай тохиолдож буй сонирхолтой бүх зүйлийг уран зохиол болгон хувиргаж, хэзээ нэгэн цагт хүмүүст хүргэнэ гэж боддог. Түрүүчээс нь чи сая “Үзэхийн хязгаар”-аас уншаа биз.

-Тэр хүний нэрийг хэлж болох­гүй юу?

-Надад нэг зан байдаг юм. Өрөвч сэтгэл. Энэ сэтгэл минь л намайг авч явдаг. Бас  өөрт таалагддаг, миний цо­рын ганц сайн зан бол ууч сэтгэл. Энэ хоёрыгоо алдвал хэн ч биш болно. Надад адгийн мууг хийсэн хүнийг ч би уучилдаг. Тэгээд ч хэн нэг хүн на­дад жижиг зан гаргасны тө­лөө би адил­хан жижигрэх албагүй. Тэр эмэгтэй жишээлбэл, нэгэн цагт миний дажгүй сай­хан нөхөрлөдөг найзын минь нэг байв даа. Гэвч нэг л өдөр би түү­нээс зугтчихсан юм. Надад жиг­тэй­хэн сайн хандаад байхад нь улайм цайм нүүр буруулсны минь учрыг тэр бол ойлголгүй өнгөрсөн. Ойлгоогүй ч учраас их л шаралхсан бололтой. Одоо тэгээд нөхөрлөхөө больсны да­раа тэр эмэгтэй эхний үл ойлголцлын дараа л намайг ямар их гүтгэж, дайрч давшилж,  өмнөөс нь санаа зовмоор тийм дорд байдлуудыг үзүүлэв дээ. Хэзээ нэгэн цагт надад ийм зан гаргах хүн гэдгийг нь миний оюун ухаан биш гэхэд зөн билиг минь олоод харчихсан байж л дээ. Яагаад түүнээс зугтаад байгаагаа өөрөө ч мэддэггүй, дотроо гэмшдэг байсан юм. Хүнийг нөхөрлөж байхдаа таньдаг гэдэг бол худлаа. Нөхөрлөж байгаад холдсоныхоо дараа хүний жинхэнэ чанарыг таньдаг юм. Ойр дотно байсан хүн чинь хол­донгуутаа жинхэнэ нүүрээ харуулж эхэлнэ. Ямагт нэрийг чинь муутгах гэнэ. Ойр дотно байсан учраас хү­мүүс түүнд нь итгэнэ. Гэхдээ хуучин найз болгон хазахаар дайрдаггүй ээ. Энэ ердөө хүний сэтгэлийн хэмжээ­нээс л хамаарна.

-Ийм хүмүүс зөндөө шүү дээ. Ингэхэд үнэнээсээ үхэхсэн гэж хүсч байсан тохиолдол танд бий юү?

-Байгаа. Жишээлбэл, мэс заслын дараа. Өвдөөд, морфин тариулаад байхад ч намдахгүй байхаар нь “Ингэж аймаар өвдөж байхаар үхчихээсэй” гэж бодсон удаа бий.

-Социализмын тухай таны бодол? Илүү яруу сайхан, илүү амар амгалан, хүмүүс нь илүү үнэн, амьдрал нь дулаахан үнэртэй байсан юм шиг хааяа санагддаг. Харин танд?

-Социализмыг үгүйлэх сэтгэл зүүдэнд ч орж байгаагүй юм байна. 90 оны ардчилсан хувьсгалд би лав баярлан талархдаг. Социализмын хамгийн аймшигтай тал бол оюун санааны боолчлогдмол, хязгаарлагд­мал, тулгагдсан, эрх чөлөөгүй байдал ш дээ. Өмнөө аяга дүүрэн хоол та­виул­­чихаад, үхэр мал шиг амгалан тай­­ван ч бодох сэтгэх эрхээ хаал­гуулж, үгээ хянуулж, бичих туурвих арга хэлбэрээ хүртэл заалгаж амь­дарс­­наас одоогийн энэ боож үхмээр их хурдтай, байнга эргэж хөрвөөсөн, ядуу­рал ба шударга бус явдал туйл­даа хүрсэн ч гэлээ оюун санааны хувьд эрх чөлөөтэй энэ нийгмийг би илүү дээдэлнэ. Оюун санааны амьд­рал минь маханбодийн амьдра­лаас минь чухал. Миний эмзэглэдэг ганц зүйл бол энэ их өөрчлөлтийн хөлд бай­галь маань хэтэрхий эвдэгдэж байгаад л түгшдэг. Үүнийг л бид засч залруулж хүч­рэхгүй. Бусад ихэнх алдааг засч болно.

-Монголчууд бид одоо болтол шашныхаа тал дээр цэгцрээгүй санагддаг. Юм хайцгаагаад л. Бөө рүү ч, тэнгэр рүү ч хэсэг хэс­гээ­рээ ханараад л. Та өөрийн­­хөө дотор явдаг шашны ту­хай ярьж болох уу. Амьдралд тань ийм зүйлд зориулдаг орон зай бий юү?

-Миний шашин ч миний уран бүтээл дээ. Хэрэв өөр талаас нь хэлэх юм бол би бас л нэг хэлбэрийн донтогч, уран зохиолд донтсон хүн. Хэт шашинжих, уран зохиолд донтох хоёр адилхан. Бүх төрлийн донтолт, элдэв мухар сүсэг нь тухайн хүнийг нэг хэсэг цэнгүүлж жаргаадаг ч бас зовоож тарчлаадаг. Өвдөх, өтлөх, үхэх, зовох нь хүн бүрийг тойролгүй дайрч гардаг, жам ёсны зүйл ээ гэж буддын ухаанд бичсэн байдаг. Гэтэл орчлон хорвоогийн энэ зайлшгүйтэй учирмагцаа хүмүүс бусдаас бурууг хайх гэж оролдохыг жишээлбэл мухар сүсэг гэнэ. Өвдөнгүүтээ хэн нэг нь надад хараал хийлгэчихлээ гэж бодно гэдэг бол хэтэрхий дорд сэтгэл юм аа. Хүн болгон өвддөг. Тэгэхээр хүн болгон хараалгуулсан болж таарах уу. Мухар сүсэг хүнийг өчүүхэн, атгаг, ядуу дорд болгодог. Буддын ухаан бол барагдашгүй их далай. Үүнийг мухар сүсэг болгон хувиргаж өөрийн харанхуйд живүүлэх үү, цэврээр нь хүлээж авч өөртөө шингээх үү гэдэг тухайн хүний боловсролын хэмжээ­нээс л шалтгаална. Маш их ухаантай, мундаг гэж миний дотроо бодож явдаг олон хүнээс би мухар сүсэг, гэнэн айдас, хэнд ч итгэдэггүй байдлыг олж анзаарсан л даа. Мэдэхгүй зүйлстэй бид алхам бүрдээ тулгардаг нь үнээн үнэн. Заримыг нь бол ч огтоос ойлгох­гүй явсаар хорвоог бардаг. Тиймээс, хэцүү бүхнийг давах ганцхан л зам байна гэж би дотроо бодсон. Тэр бол сайхан сэтгэл! Зарим хүний харилцаа ер ойлгогддоггүй дээ, тийм ээ? Нэг бол урваж гүйгээд л, нэг бол алгаа дэлгэн тэврээд л байдаг. Тиймэрхүү тохиолдолд гайхахаараа би дотроо “Гайгүй байх оо, энэ хүн элдэв муу юм бодоогүй байх. Зүгээр л намайг ойлгож чадахгүй байх шиг байна” гээд сайхнаар бодчихдог болсон. Тэгмэгц бүх юм буцаад хэвэндээ орчихдог юм.

-Бидэнд замчлах эрх хэн нэгэнд байдаг бол тэр нь бурханд л байдаг байх гэж нэг үг бий. Утгагүй санагдаж байна уу? 

-Утгагүй биш. Гэхдээ шүтэж би­ширч бас чадахгүй нь ээ, наад үгийг чинь. Бидний амьдралын алхам бүр сонголт байдаг. Энэ сонголтыг бид өөрсдөө л хийдэг. Сэтгүүлч болох уу, яруу найрагч болох уу гэдэг сонголтыг чи өөрөө л хийгээ биз дээ. Минийхээр бол, чиний сонголт зөв байсан. Тэр шийдвэрийг гаргахад далдаас бурхан тусалсан эсэхийг би мэдэхгүй л дээ. Гэхдээ чи одоо хүртэл яруу найрагт үхэн хатан дурладгийг, өөрийнхөө сонголтод дотроо сэм эргэлздэгийг би мэдэрч байна. Тэгэхээр бурханаас илүүтэй Ганчимэг л Ганчимэгтээ замчилсан байх магадлал өндөр болох гээд байна даа (инээв)

-Facebook-д ингэхэд нэгдсэн үү?

-Үгүй. Харин миний номыг уншдаг залуугийн facebook дээр нээж групп болгон нэгтгэсэн fan page байдаг юм. Америкт сурдаг Оч гээд залуу хөтөл­дөг. Миний нээсэн хуудас гэж боддог юм шиг билээ, “Таны хуудсанд сэт­гэгдэл үлдээсэн, үзсэн үү?” гээд за­луус асуугаад, хариу нэхээд байдаг. Би хэд хэдэн удаа орж үзсэн. Өө­рийнхөө уншигчдаар бахархсан шүү. Зургуудыг нь харж удаан суусан. “Ийм гоё сайхан хүмүүс намайг уншиж байхад чинь...” гэж бодоод ахин дахин толинд харж, арзгар үсээ самнадаг болсон (инээв)

-Та уншигчдынхаа тоог мэдэх үү?


-Ерөнхийд нь мэднэ. Яруу найрагт дуртай хэдэн залуутай арваннэгдү­гээр сард тааралдсан юм аа. “Тэнгэрт ур­гадаг модод” номыг минь тэд мөн­гөө нийлүүлж хүнээс 230 мянган төг­рөгөөр худалдаж аваад арвуулаа дамжуулж уншсан гэж ярьсан. Энэ ном 2000 онд хэвлэгдсэн болохоор одоо гадуур байдаггүй юм. Асуусан сурсан хүн их байдаг болохоор нэг залуу тоглоомоор “дамлаж зарна” гээд хэлчихэж л дээ. Тэгээд бүлэг болон нэгдсэн 10 хүүхэд мөнгөө нийлүүлж аваад дамжуулж уншчээ (инээв). Монголд зохиолч хүн уншигчдынхаа тоог нарийн гаргах хэцүү. Оюутнууд бол ганцхан номыг ангиараа дамжуу­лаад уншчихна. Авч уншсан хүн цааш нь бэлэглэнэ. Эсвэл зээлж уншуулна. Зарагдаж буй нэг номын цаана багаар бодоход гурван уншигч байх магад­лал­тай. Гэхдээ хэдэн хүн унших нь биш хэн унших нь л миний хувьд чу­хал. Хүн бүрийн уншдаг зохиогч болчихгүй юмсан гэсэн далд бодол бас бий.

-Ярилцлагаас татгалздагийг чинь мэднэ. Гэтэл яагаад сая надад зөвшөөрөл өгчихөв өө?

-Бүр таван жилийн өмнө, бүтэн 10 жилийн өмнө өгсөн ярилцлагыг минь гарчгийг нь өөрчлөөд, зургийг нь солиод ахиад хэвлэчихээд байх юм аа. Оны өмнөхөн хоёр ч ийм явдал тохиолдлоо. Би ёстой ичсэн. 10 жилийн өмнөхөөсөө би ядахнаа ухааны хувьд ч болов өсч хөгжин, өөрчлөгдөх ёстой биз дээ? Гэтэл тэдгээр copy-дсон ярилц­­лагуудаас болоод үргэлжийн залуу нэг хүүхэн байгаад байх юм. (инээв) Миний утсанд ирдэг 10 дууд­лагын бараг зургаа нь сэтгүүлч сур­валжлагчдын гуйлт байдаг юм аа. Бүх аргаа хэрэглэж зугтсаар, сүүлдээ хэлэх үггүй болчихоор нь гар утсаа со­ль­сон. Энэ удаа бол харин, тодор­хой зорилготойгоор ярилцаж байна. За­хидлаас нь үзвэл их олон уншигч маань гадаадад амьдарч байгаа. Шинэ ном гаргаад бүтэн хоёр жил болж байхад л “Дараагийн ном чинь хэзээ гарах вэ?” гээд л, сонсоо ч үгүй явж байдаг уншигч цөөнгүй. Тиймээс шинэ номоо хэвлүүлсэн үедээ бол ярилц­лага өгвөл ч өгчихөж байя гэж шийдсэн юм аа.

-Бусад үед бол үнэнээсээ дур­гүй юү?

-Үнэнээсээ дургүй. Ярилцлагуу­даа эргээд уншихаар би нэг л их хэлэмгий доломгой, мэргэн цэцэн, тас тас гээд л бүгдийг оноод хэлчихдэг, асуу­далгүй их ухаантай хүн болж ха­рагдаад байдаг. Энэ нь ердөө сур­валж­лагчдын хандлага, өдөөн хатга­сан, түрэмгий асуултуудаас болдгийг хүн мэдэхгүй. Энгийн юмнаас л эн­гийн юм төрнө өө дөө. Ядахнаа ярьдаг сэдэв маань өдөр тутмын зүйлс, брэнд хувцас энэ тэр биш. Ганц мэд­дэг сэдэв болох уран зохиолын яриан дээрээ хариуцлагатай буурьтай хандахаас өөр аргагүй болдог тул нэг л гүн ухаанч маягтай, хөмсгөө зангид­сан хүүхэн шиг харагдуулаад байдаг. Амьдрал дээрээ бол би тийм хүн биш. Охин маань намайг “Миний ээж хорвоогийн хамгийн хөгжилтэй ээж” гээд биччихсэн байсан. Найзууд болохоор намайг “Хүүхэд шиг” гэдэг. Хэн нэг хүүхэнтэй хэрэлдлээ л гэхэд би дандаа дийлддэг.(инээв)

-Цаг хугацаа таны юуг илүү их өөрчилсөн бэ. Харахад бол гаднаасаа юу чинь ч өөрчлөг­дөөгүй санагддаг?

-Номуудаас минь өөрчлөлт хараг­дах л ёстой. Ухаан минь ядаж задар­сан байх гэж найдах юм. Гадаад бай­дал ч гэсэн хэвээрээ биш ш дээ. Үс зөндөө бууралтсан. Өдөр болгон өө­рий­гөө хөгширч байгааг олж хардаг. За­рим уншигч маань намайг 10 жи­лийн өмнөх номын минь зургаар тө­сөө­лөөд явдаг. Тэгж болохгүй шүү, гэнэт тааралдвал та цочоод хашгирна. (инээв) Тэгээд хашгирвал чинь би бас цочно.

-Амьдралын урсгалд элэгдэх нэг хэрэг л дээ. Харин бусдын төлөө өчүүхэн ч сайныг бүтээж чадахгүй атлаа үргэлж хорон юм санаж, муу бодолд идэгдэж явдаг хүмүүстэй таарч итгэлээ эвдүүлж, сэтгэлээ шархлуулах аймаар. Ийм зүйлтэй учирч байв уу?

-Хүн бүхэн ийм зүйлстэй тулгар­даг. Тэр тусмаа над шиг ном бичээд бүгдийн алган дээр тавьж байгаа хүнд өөлүүлэх, муучлуулах, бусдын ам хэлний зугаа болох аян шалтаг мун­дахгүй. Гэхдээ одоо хэн юу ч гэж хэл­сэн бичсэн байг, гуйвж дайвахааргүй, унаж нурахааргүй болсон. “Үзэхийн хяз­гаар” гэдэг энэ номоос минь бо­лоод над руу  дайрч давшилдаг хүний тоо улам нэмэгдэх бололтой. Түрүү­чээсээ элдвийг ярьж ч байгаа. Надад хамаагүй ээ. 

-Бусдаас болж эвдэгдсэн сэтгэ­лээ эргэж сэргээн засах хүнд байдаг. Таны хувьд ийм үеийг яаж амархан давдаг вэ?

-Урьд нь эмзэглэдэг байсаан. Одоо бол иймэрхүү тохиолдлууд ха­рин ч уран бүтээлийн сэдэл болоод, хөшүүрэг шатахуун болоод, санаа оноо өгөөд их тус болж байгаа. Үнэн шүү. Хүнд ер нь найзуудаас илүү дайс­нууд нь их тус болох юм. Би чинь амьд­ралын том юман дээр их тайван амга­лан, зөөлөн хүн. Мөрөөрөө явж байхад хорлох гээд гүйгээд байдаг хүн цөөн­гүй. Тийм хүмүүсийг зүгээр л орхи­чих­дог. Цаг хугацаа өнгөрөөд, бүхнийг ойлгоод буцаад хүрээд ирдэг юм аа, ихэнх нь. Тэгэхээр нь үнэнээсээ баярладаг, уяраад л эвлэрчихдэг.

-Ерээд он бол гайхалтай үе гэдэгтэй бид бүгд санал нэгд­дэг. Яруу найраг, утга зохиолд энэ үе одоо ямархуу орон зай­тай байгаа бол?

-Одоо манай уран зохиолд тэргүү­лэх байр суурьтай байна гэж чи өөр ямар үеийг хэлж чадах вэ. Наяад оных­ныг гэх үү, 2000-аад оныхныг гэх юм уу. Аль нь ч гялалзан харагдахгүй бай­на. 90-ээд оныхон  хийх цагтаа хийх юмаа хийсэн. Хүн арван жил, хорин жил шинэчлэлээ хийгээд л, хийгээд л байх боломжгүй. Дашрамд хэлэхэд, уран зохиолын үе гэдгийг төрсөн он, насаар нь тооцон тогтоож болохгүй юм шүү. 90-ээд оны гол хүмүүсийг 17-20 настайдаа ид бичиж байхад зү­гээр л уншигч явсан, тэдэнтэй насаар яг чацуу хүмүүс тэднээс бүтэн 10 жи­лийн дараа уран зохиолд хөл гишгэх­дээ өөртэй нь нас чацуу, шинэчлэгч залуусын үзэл санаагаар хүмүүжин гарч ирэхийг олон харлаа. Зарим нь гурав дөрөвхөн насаар дүү мөртлөө тэдний ид бичиж байснаас бүтэн 10 эсвэл 15 жилийн дараа уран зохиолд орж ирээд, тэдний хийж хүлээн зөвшөөрүүлсэн хэлбэрээр бичмэгцээ 90-ээд онд хамрагдан яригдах болжээ. Японы нэгэн судлаач надаас энэ ту­хай дэлгэрүүлэн асууж байсан тул зориуд ярьж байна. Өөрчлөлт шинэч­лэлтийг хувьчилж өмчлөх гээд байгаа юм биш. Үүний цаана маш нарийн зүйлс байгаа. Шинэчлэх, өөрөөр сэт­гэх, тогтсон тигийг эсэргүүцэх, хөдөл­гөж чадах, өөрийнхийгөө хүлээн зөв­шөөрүүлэх зэрэг нь тухайн уран бүтээлчийн авьяас чадвар, төрөлх дав­тагдашгүй шинж, хувь ганц зан чанартай холбоотой төдийгүй эрсдэл­тэй, хатуу бэрх зүйл учраас үүнд нарийн хандаж, ялгаж салгах хэрэгтэй болж байгаа юм. Бусдыг дуурайж хийх бол амархан шүү дээ. Компьютерийг анх зохиох хэцүү байсан. Харин нэгэнт гараад ирсэн хойно нь яаж л бол яаж өөрчилж, янз донж нэмэнгүүтээ өөрийн шошгоор гаргаж, дээр дооргүй хэрэглэж байна. Тэгэхээр 90-ээд он гэдэгт далаад онд төрсөн хэн бүхэн орохгүй. Майкл Жексоны бүжгийг хэн сайн бүжиглэх вэ гэдэг уралдаанд түрүүлсэн залуу Жексоноос ч илүү бүжиглэж байсан гэдэг (инээв). Дуу­райх авьяасыг бүтээх авьяастай хольж болохгүй ээ.

-Сайн бичиж буй залуус байна уу?

-Байна. Билигсайхан, Болдсайхан, Лхагвадулам гээд нэрлэвэл ахиад хэд бий. Лхагвадуламыг би сэтгэлдээ үнэхээр хайрладаг. Яруу найрагч хүнд заяах ёстой юм бүхэн түүнд л байх шиг. Авьяастайгаас гадна на­рийн ухаантай, мэдрэмжтэй, бас ч хөөр­хөн боловсролтой бүсгүй. Хам­гийн чухаг нь, сэтгэл санаа нь их цэ­вэр. Хуурамч юмгүй. Сайн хүнээс л сайхан уран бүтээл төрдөгт итгэдэг ээ. Дан ганц авьяасаар юуг ч хийдэг­гүй юм байна. Авьяастай хүнтэй бол зөндөө л тааралдлаа. Нэг юм дутахад л тэгээд өнгөрдөг юм байна гэж ойлгож авсан. Ганбатын Лхагвадулам гэдэг нэрийг тогтоогоод аваарай. Номыг нь уншихад засах юм бараг байгаагүй ганцхан яруу найрагч охин доо. Би чинь хүмүүсийн номыг улаан эргээн болгоод л, өөрөө шинээр ахин бичи­хээс наагуур засаад л уншдаг шүү дээ. Олны танил байх тусмаа засвар их хэрэгтэй болдог юм. (инээв)

-Тийм үү. Үргэлж гэртээ амьд­рах гунигтай биш байна уу?

-Харин ч хэн нэг даргын дор, бусдын захиргаан дор удаан амьдрах гунигтай биш үү? Ямар нэг байгуул­лага, нам улс төрийн хүчин, элдэв биз­несийн бүлэглэлд хамаарагдал­гүй, зөвхөн уран бүтээлийн ажлаа хийгээд, бичсэн номоо зарж, түүгээ­рээ арваад жил амьдарч байгаа бараг анхны тохиолдол нь Аюур бид хоёр байх аа даа. Харин жаргалтай байна.

-Хойшид ч ийм л байдлаар амьдрах уу?

-Би чинь их огцом шийдвэр гар­гана аа. (инээв) Өнгөрсөн 9-12 дугаар сарын хооронд ажлын саналууд ихээр ирсэн. Тэгэхээр нь “Үзэхийн хязгаар” номоо гаргачихаад хэсэг зуур уран бү­тээлийн ажлаа завсарлая гэж шийд­сэн. Саналуудыг нь харьцуулаад суд­лаад бодож байгаа. Одоо хэсэг хуга­цаанд өөр маягаар амьдарна. Гэхдээ бас л хүссэн байдлаараа, чөлөөтэй хэлбэрээр ажиллана аа. Ажиллах эрх чөлөөг минь өгсөн хүнтэй нь л ажиллая гэж шийдээд байна.
2012 оны 2 сарын 28
www.ganchimeg.niitlelch.mn 

Их аварга Д.ДАГВАДОРЖ: Миний цээжин дотор одоо ч гал асч байна

“Ярилцъя” булангийн маань энэ удаагийн зочин Их аварга Асашёорюү Д.Дагвадорж. Одоогоос гурван жилийн өмнө түүнтэй уулзаж халуун дулаан, илэн далангүй, чин сэтгэлийн яриа өрнүүлж байсныг манай уншигчид мартаагүй биз ээ. Энэ бол бидний ярилцлагын хоёрдугаар хэсэг. Ингээд уншигч таныг домогт аварга Дагвадоржийн халгисан цалгисан, омогшсон, лугшсан ертөнцөөр аялахыг урьж байна. 

-Их аварга тантай одоо­гоос гурван жилийн өмнө Монгол түмнээ огшоосон, омог төгөлдөр ярилцлагаар уулзаж байлаа. Бүх хүмүүс улс төрөөр халуурсан энэ өдрүүдэд аваргатайгаа ярилцлагынхаа хоёр дахь хэсгээр дахин уулзаж байгаа­даа баяртай байна?

-Баярлалаа. Тантай уулзах сайхан байна. Яагаад ч юм танд өгсөн тэр ярилцлагаа хааяа би эргэж уншдаг. Ёкозуна Аса­шёор­юү гэдэг хүнийг дотоод сэтгэлдээ юу тээж явдаг, зүрх сэтгэлийнхээ гүнд яг ямар хүн бэ гэдгийг үнэхээр гаргаж өгсөн ярилцлага. Ганчимэг эгчдээ баярлаж явдаг. Үнэхээр болсон болоогүй, хов жив болсон шар хэвлэлүүдийг би хүлээж авдаг­гүй, дургүй. Миний занг та ч мэдэж байгаа. Та санаж байна уу. Тэр ярилцлага хэвлэгдсэний маргааш орой нь над руу утасдсанаа. Би өнөөдөр нисч байна. Үнэхээр мэргэжлийн таашаал авлаа гэж хэлснээ. Би ч гэсэн тэр үгийг тань сонсоод омогшиж байсан. Одоо ч гэсэн тэр өдрүүд, тэр ярилцлага хийж байсан үе, таны хэлсэн тэр үг миний тархины бичлэгт хадгалаастай явдаг.

-Санаж байна, циркэд бай­даг ажлын өрөөндөө өнөөд­рийнх шиг яг ийм цав цагаан цамцтай сууж байс­ныг тань. Бид тэгэхэд таван цаг ярьж байсан. Өнөөдөр ч гэсэн таныг тэр үеийнх шигээ хайлган цайлган, тэр өд­рийнх шиг омогшил дүүрэн, яг тэрэн шигээ хаалга цонхоо дэлгээстэй байгаасай гэж хүсч байна ?

-Харин л дээ. Цаг хугацаа яг хуучны тэр өнгөөрөө, хуучны тэр хөг аялгуутайгаа эргэж ирдэг гэж үү. Ирдэг бол сайхан л байна.     

-Асуухыг үргэлж хүсч байсан битүү сэдвээс яриа­гаа эхлэмээр байна. Та энэ сэдвийг тайлж нэг ч удаа цээжний үгээ нээгээгүй. Таныг би тэнгэрт нисч явсан гэж боддог. Гэвч гэнэт зодог тайлж, газардсан. Үүний на­рийн учрыг үнэхээр мэдмээр байдаг ?

-Та чинь яасан их тулгаж байна аа.

-Яг ийм явдал болсон юм аа... гэж өнөөдрийг хүртэл  та Япон, Монголын ямар ч сэтгүүлчдэд задалж яриагүй шүү дээ?

-Надад  спортын том мөрөө­дөл байсан. Үүнийг маань Мон­голын ард түмэн мэдэж байсан. Японы ард түмэн, намайг дэмж­дэг дэлхийн бусад фэнүүд маань бүгд тэр мөрөөдлийг минь биелээсэй гэж хүсч бай­сан. Тэд маань намайг Тайхо аваргын рекордыг эвдэнэ гэж хэлдэг байлаа. Би ямарваа нэг юманд ам гарах өөрөө дургүй л дээ. Тэгээд  яахав, сайхан ба­рил­даж байсан. Бэртэл гэмтэл гээд спортын амьдралд өдий төдий юм тохиолддог. Тэгж бай­тал дороос идэр залуу сай­хан аварга гарч ирсэн. Монголын бас нэг сайхан аавын хүү, та бүхний хүндэлж хайрладаг сайхан аварга төрсөн. Мэдээж энэ бүхнийг хүлээж авахад надаас асар их сэтгэлийн тэвчээр шаардаж байсан л даа.

-Маш сайн ойлгож байна. Энэ бол мэдрэмжийн нарийн нандин долгилцол дээр тэмтрэгдэх ойлголт шүү дээ?


-Тийм ээ. За, сэтгэл зүйн хувьд тэрийгээ даван туулаад, нөгөө бөхтэйгөө барилдаж сураад цаашаа явсан. 25 дахь түрүүгээ авчихлаа, цаашаа ердөө долоон түрүү авахад би 32 дээр очно. Үнэндээ би энэ тухай тэгтэл их бодож яваагүй. Зөвхөн урдаа ирсэн даваануу­дыг л бодож, ялалтуудаа хийж барилддаг байсан. Өмнөх башё дээр нь би бас бэртэл гэмтэл авчихсан. Гэтэл яагаад ч юм тэр башё надад нэг тийм гал өгсөн юм.

-Гал?

-Гал. Яагаад ч юм сэтгэл зүрхнээс асаад, яагаад ч юм тэр жижиг сажиг бэртэл гэмтлийг давж гарах хүч орги­лоод, яагаад ч юм өрсөлдөгч бөхтэйгөө барилдах арга барилаа олоод, яагаад ч юм сэтгэлийн тэнхээ тогтоод цээ­жинд нэг тийм гал асаад бай­сан. Өрсөлдөгч бөхтэйгөө барил­дах арга техникээ олно гэдэг өөрөө асар том философи байдаг юм шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Түрүүн та өр­сөлдөгчөө хүлээж авах тухай маш гоё ойлголтыг хөндлөө шүү дээ?


-Нэгэнт өөр дээрээ тулаад ирсэн тэр зүйлийг хүлээж авахад бас тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй байдаг. Энгийн амьдралаас жишээ авъя л даа. Одоо энэ бидний өдөр тутмын хэрэглээний цахилгаан бай­на шүү дээ. Нэмэх хасах цэнэг шууд нийлэхээр юу болох вэ. Тэрэн шиг л зүйл шүү дээ.Тийм учраас би нөхцөл байдалтайгаа ойлголцохын тулд цаг зарцуулсан. Би үнэхээр тэр ойлголтод цаг хугацаа зориулсан. Тэр хүртлээ барилдаж байхдаа яг бас энергиэ гаргаж чадахгүй яваад бай­сан. Тэгээд л яагаад ч юм тэр башё дээр дахиад би хоёр жил барилдана аа гэсэн бодол цаанаасаа орж ирсэн. Миний дотоод энерги, дотоод мөн чанарт миний  бөхийн амьдралд нө­лөөлөх  элдэв бусын эсрэг энергийг да­рах юм орж ирсэн. За, би ямар ч бай­сан долоон башё түрүүлнэ ээ. Дүү­тэйгээ би барилдана. Жилд зургаан башё байгаа. Хоёр жилд 12 башё. Бүгдийг би дийлэхгүй ч бай талд нь очиход  их аварга Тайхогийн амжилтыг эвдэх юм байна. Ингэж чадах юм бол би цахиур хагалах юм байна даа гэж бодож байсан. Би үнэхээр сэтгэлээ нээж ярьж байгаа юм шүү. Манай хүмүүс яаж ойлгох юм бол доо.

-Ойлгоно шүү дээ?

-Тэр цахиурын чулууг би бэлд­чих­сэн байсан. Билүү нь надад өөрт бай­сан. Зөвхөн зурах нь л үлдсэн байсан даа. Ингэж хэлэхээр өөрийгөө хэтэр­хий магтсан болох ч юм уу.

-Танд тийм эрх нь байгаа?

-Хоёулаа ингээд л задгай ярьж эхэл­дэг шүү. (инээв) Бид хоёрт одоо бол ямба хэрэггүй, ямар нэгэн халил хэрэггүй. Тийм үү.

-Тийм ээ, Тэр гал юу байв аа. Нэг мэдэхэд л гал залгичихсан бай­даг. Цээжин дотор л асаад ирсэн?


-Үнэхээр тийм. Ямар ч байсан дээр байгаа тэр үүлний цаана юу байд­гийг хармаар санагдаад л. Товчхондоо том мөрөөдлийн, том амжилтын гал ас­сан л даа. Тэгээд яагаад ч юм би тэр башё дээр түрүүлээд, яагаад ч юм нэг жижиг сажиг асуудал гарч ирээд. Яагаад ч юм тэр башё дээр зодог тайлах асуудал босч ирсэн.

-Тэр өглөө жирийн л нэг өглөө бай­сан уу. Яг тантай юу то­хиолд­сон юм бэ?

-Энэ асуудал ерөөсөө л монгол хүний омогшил шүү дээ. Гал халуун монгол хүний омогшил. Монголын залуу­чуудыгаа тийм зүйл дээр, ийм л байгаасай гэж хүсдэг. Монгол гэдэг энэ зургаан үсэг сэтгэл зүрхэнд минь ба­раг миний зургаан мөч болсон. Би ийм болтлоо тэнд өрсөлдсөн юм шүү. Тархи оюун, бие цогцос, их түүх, өвөг дээдэс, үзэмж гоо, эх орноо хайрлах сэтгэл гэсэн энэ зургаан зүйл дээр тэр Монгол гэсэн зургаан үсэг явдаг юм болов уу гэж боддог. Би гал халуун Монгол, би эмоцитой Монгол, би дави­луун Монгол, би аархуу Монгол, би ард түмэндээ хайртай Монгол хүн. Авааль гэргий, үр хүүхдэдээ хайртай Монгол эр хүн. Үнэхээр бид өнөөдөр сэтгэл зүрхээ нээсэн шиг нээе гэж байгаа бол би танд дотроо нээж, ёстой сэрхийтэл хэлж, сэвхийтэл ярьж уужирмаар санагдаад явчихлаа. Болох юм уу.

-Болно шүү дээ. Энд болохгүй гэсэн ямар ч тэмдэг байхгүй?


-За, тэгээд нөгөө Монгол чинь 25 түрүүлчихлээ. Намайг тэр үед ямар явсан гэж бодно. Гэвч дотор минь асч байсан тэр гал бөхсөн.

-Гэхдээ Монгол хүний, тэр тус­маа тань шиг хүний сэтгэлд ас­сан га­лыг сугалж авна гэж байх­гүй дээ?

-Миний тэр сэтгэлийн гал ил ассан юм болов уу даа л гэж бодох юм.

-Аварга та яасан битүү хариулж байх юм бэ. Хоёулаа нээлттэй л сай­х­ан ярья л даа. Тэр өглөө үнэхээр жи­рийн л нэг өглөө юм уу, жирийн бус өглөө байсан юм уу?

-Жирийн л нэг, хүний нутгийн өглөө байсан. Гол онцлог нь сэтгэлийн гал ассан байсан. Эерэг гал байсан. Гадна талаас бол миний зүг рүү хурц гал ассан. Ийм нөхцөлд хүний бүх л араншин илэрнэ шүү дээ. Уучлаарай, тэр асуудлын тухай ярихаар сэтгэл жаахан хямраад явчихдаг юм аа.

-Танд тавьсан занга байсан юм уу?


-Та бүхэн мэдэж байгаа даа. Үүнийг яриад байж яах юм бэ дээ.

-Нэг ч яриагүй шүү дээ?

-Асуудлыг би гайгүй л гэж бодож байсан. Нөгөө л нэг бичигддэг, нөгөө л нэг Асашёорюү, нөгөө л нэг Монгол, нөгөө л нэг дийлээд байдаг баатарлаг Мон­гол хүн. Нөгөө л ард түмэн нь уухай­лаад байдаг Монгол байсан. Тэр нь л хэтэрхий бас айлын галыг ноцоо­ход нь дэм болчихсон юм болов уу гэж боддог юм ш дээ. Одоо би сайхан эх орондоо ирчихээд сууж байна. Миний Монголд бас зөндөө л гал ассан байна шүү дээ. Ганчимэг эгч ээ, хоёулаа энэ сэдвийг орхиё тэгэх үү.

-Тэгье, өнөөдөр би таныг сурс­наа­раа аварга аа л гэж дуудаж бай­на. Ингэхэд та яг одоо хэн бэ. Таныг хэн гэж дуудвал танд таатай байх бол?

-Би амьдралынхаа зургаар л явж байгаа хүн. Намайг  хэн гэж дуудахаа та үнэхээр мэдэхгүй байгаа юм уу. Тэгвэл би өөрийгөө нэг танилцуулчих уу. (Аваргын маань гэдэн жаахан хөдлөв бололтой) Би Долгорсүрэнгийн Дагвадорж. 1980 оны есдүгээр сарын 27-нд төрсөн. Бич жилтэй. Нийгмийн гарал ажилчин. Монгол Улсын иргэн. Би улаан залаатай Монгол эр хүн. Би Монгол залуусаа үндэсний үзэлтэй бай­гаасай гэж хүсдэг. Тэр нь хий хоо­сон лоозон биш. Увайгүй хүмүүс  ард нь сууж байдаг хэлбэрээр биш. Жин­хэнэ үнэн, жинхэнэ бадрангуй үзэл байгаасай гэж үнэхээр хүсдэг юм.

-Аварга аа?

-Яасан?

-Таныг зодог тайлж байхад өвөл байсан, тийм үү?

-Өвөл байсан.

-Гурван жилийн өмнө та надад “Би Монголынхоо өвлийн ур­даас ха­га ташсан тэр нэг хүйтэн агаарыг ямар их санадаг гээч” гэж ярьж бай­сан. Тэгээд таныг зодог тайлах үед “Асашёорюү эх оронд чинь таны дур­тай агаар нь тачиг­на­сан омго­лон өвөл болж байна. Хүрээд ир” гэж бичиж байсан. Яг тэр явд­лын да­раа буцаад ирэхэд яг тэр агаар угтсан уу?

-Миний сэтгэлд олон жил явсан тэр агаарыг, тэр мэдрэмжийг яаж ч “delete” хийгээд алга болгож чадахгүй шүү дээ. Тийм биз дээ. Бид гадаад до­­тоод явлаа, галуу шувууны мах ид­лээ энэ тэр гээд дэмийрдэг . Тэр үнэн­дээ юу юм бэ. Тэр зүгээр л биед зүү­сэн чимэг байхгүй юу. Зүгээр л хээн­цэр­лэл. Монгол агаарын дэргэд юу юм.

-Эх орондоо буугаад зогсч бай­хад санаа сэтгэл тавираад сайхан байсан биз дээ?


-Сайхан шүү дээ. Юутай зүйрлэх юм. 

-Яг суурин ингээд амьдарч аж тө­рөхөд Монгол хэр хөгжсөн бай­на. Олон жил та эх орныхоо сур­тал­чилгаа байлаа. Одоо ч хэвээ­рээ?


-Монгол минь сайхаан. Ийм сайх­ан эх орныг бидэнд үлдээсэн өвөг дээ­дэс, тэр агуу монголчуудаар би ба­хархдаг. Ёстой халуун амь, бүлээн цу­саа­­раа эх орноо хамгаалж явсан баат­рууд шүү дээ. Сая би “Анхны долоо” гээд шинэ кино үзсэн. Яаж ба­хар­хах­гүй байх юм бэ. Тэдэн шиг хөв­гүүдээр.

-Би таны ярихыг хүсэхгүй бай­гаа сэдвийн асуултуудыг та­виад бай­гаагаа мэдэрч л байна. Нээрээ та киноны сур­тал­чил­гаа­гаар гарч байсан. Үзээд гарч ирэхэд тань сэт­гүүл­чид таар­чих­сан юм уу. Албан ёсны сур­тал­чилгаа юм уу?

-Энэ ямар нэг намын суртал­чил­гаа биш шүү. Бид үүх түүхээ мэддэг бай­­маар байна. Бидний үеийн тэр за­луусын хийсэн киног дараа дараа­гийн үеийн хүүхдүүд, бидний ирээдүй үзэх ёстой. Тэрийг л бодож хийж бай­гаа шүү дээ.

-Өөрийг тань би дотроо ойлгож бай­на. Гэхдээ та бол маш том сур­­талчилгаа шүү дээ. Та өөрөө маш том зах зээл. Тэгэхээр таны орол­цож байгаа бүх юм суртал­чилгаа болж харагдах нь зүйн хэ­рэг. Тэр утгаар нь л би асуу­сан юм?

-Миний сурталчлах үүрэгтэй цорын ганц юм Монгол эх орон минь. Гэхдээ байна шүү, Монголын юм бү­хэн үнэ цэнэтэй байх ёстой. Тэр дун­даа хүн нь, газар шороо нь, баялаг нь, мал сүрэг нь, урлаг нь, спорт нь, кино нь. Киног сугалж ярья л даа. Киноны гүйцэтгэж ирсэн үүргийг хүн төрөлх­төн бүгдээрээ мэднэ. Эх орны дайны үеийн Оросын кинонуудыг бод доо. Тэр урлагаар дамжуулан ард түмнээ зоригжуулж, сэтгэлийнх нь дотор эх оронч үзлийн галыг асааж, дараагийн хойч үедээ эх орон нь хэчнээн их үнээр өвлөгдөж үлдсэнийг тархинд нь хэлж байдаг. Та бид хоёрын сэдэв жаа­­хан зөрөөд байх шиг байна. Та бо­ло­­хоор нэг сурталчилгаа яриад байна. Одоо нөгөө талаас нь ярья. Монгол гэдэг чинь өөрөө бидний сур­талчилгаа. Би зүгээр нэг муу цагаач байвал яах юм бэ. Тийм биз дээ. Миний энэ биеэр зөвхөн Монгол минь гүйж байгаа юм. Тийм болоод би хүчтэй, тийм болоод би ялж ирсэн. Би нэг л юман дээр омогшиж байгаа. Тэр нь Монгол. Одоохондоо омогшил минь шалдан байна. Ний нуугүй хэлэхэд би Монголд ирээд хөрсөн дээрээ буух гэж зөндөө шаналсан.

-Тэгээд бууж чадсан уу?

-Мэдээж эх хэлээрээ яриад ингээд сууж байхын жаргал, дээр цэлийж байгаа хөх тэнгэр, дэргэд сүндэрлэж байгаа уулс, мандаж байгаа нар нь хүртэл Монгол байхад яах юм бэ. Эх оронд маань сайнтай муутай амьдрал зөндөө л байна. Би бол үнэндээ дэндүү тасарчихсан байжээ. Би Монголоосоо дэндүү тасарсан байж. Тугаа бариад Монголоо гээд дэндүү явчихсан байна. Хөрсөн дээрээ буугаад үзлээ. Хоёулаа шударга л ярья л даа. Монголын амьдрал өнөөдөр хэцүү байна шүү дээ.

-Ирснээсээ хойш Монголоороо нэлээн явав уу?


-Явалгүй яахав дээ. Зөндөө  явлаа.

-Амьдрал тийм хэцүү байна уу?

-Монголын амьдрал хэцүү байна аа. Нөгөө цайлган сайхан сэтгэл нь дарагдчих гээд байна шүү дээ. Эрхбиш айлд яваад ороход, “Ээ аварга маань ороод ирж байхад” гээд аягатай цайгаа барьдаг, эрхбиш таваг нь дундхан ч идээгээ  тавьдаг ёс нь арайхан хазайчихаагүй байна. Хоёр сая 700- хан мянган хүнтэй, ийм өргөн уудам нутаг дэвсгэртэй. Асар их баялагтай, сүрлэг  түүхтэй, ийм ард түмэн ингэж амьдарч болох юм уу.

-Таныг ирэнгүүтээ улс төрд хөл тавина гэж хүмүүс таамаглаж байсан?

-Үгүй ээ, би улс төрд орохгүй. Надад тийм хүсэл ч байхгүй.

-Намуудаас санал бол ирсэн биз дээ?

-Ирсэн л дээ. Гэхдээ би ийм санал хүлээж авахгүй ээ. Би Их Хуралд ороод дөрвөн жил тэнд юу хийх юм бэ. Би харин хөрсөн дээрээ буумаар байна. Энэ улстөрчид ард түмэн, ард түмэн гээд л тархийг нь угаагаад байх юм. Би ч гэсэн ард түмний нэг хэл­тэр­хий биз дээ. Би ингэж тархиа угаал­га­мааргүй байна. Энэ арай дэндэж байна. Эд нар улс төрийг арай зөв талаас нь хиймээр байна шүү дээ. Тэгээд л ард түмнээ хувааж  давхиад л. Би тэр элдэв худал хуурмаг юм би­чээд байгаа нөхдүүд шиг жижиг гар биш шүү дээ. Би том Монгол. Агуу Мон­гол. Би харин хөрсөн дээрээ буу­маар байна. Нээрээ Монголын хөр­сөнд буух хэцүү байна шүү. Би нэг л юмыг ойлгохгүй юм. Манайхан яагаад ин­гээд стресстэй амьдраад байдаг юм бэ.

-Би таныг ч гэсэн стресстэй бай­на л гэж харж байна?

-Байлгүй яадаг юм бэ. Хаагуур нь би өнгөрөх юм. Төр Монгол хүнийхээ тар­хийг, зүрхийг, оюуны чадавхийг нь дэм­жээд өгөөсэй. Би сая Сонгино­хайр­хан дүүргээр явлаа. Ээ, бурхан минь ээ. Ёстой нээрээ хэцүү гэж хэлэ­хэд багадам байна. Арай ч дээ. Ингэж амьдрах ёсгүй л ард түмэн ш дээ. Итгэ­лийг нь авч гарч ирчихээд зарим нэг нөхдүүд юу хийгээд, яагаад хуурч мэх­лээд яваад өгч байгаа юм бэ. Ард түмний сүүн цагаан сэтгэл рүү ямар өнгийн будаг цацчихаад яваад өгч байгаа юм бэ. Ийм л байна шүү дээ, бодит амьдрал. Би нээрээ стресстэй байна. Энэ үнэн. Аль болох хүмүүстэй гар барьж, аварга аа гэсэн тэр сэт­гэлийг нь хүндэтгэж хэн ч байсан тэ­мүү­лээд ирэхэд нь халуун гараа атгал­цаад, тэврэлдээд, амьдрал сайхан болноо, дандаа ийм явахгүй гэж хүч тэн­хээ өгөөд явахыг ядахдаа бодож байна. Энэ ард түмэнд чинь сэтгэлийн дэм, урам, итгэл найдварын гал хэрэг­тэй байна.

-Бүчээд, шаваад явуулдаггүй хэвээрээ л байна уу?

-Хэвээрээ. Би тэр олон хүн дот­роос нэг сайхан эмээг харсан. Нэг сай­хан ээж. Сонгинохайрханд явж бай­сан юм. Бараг 10 мянгаад хүн бай­сан байх. Тэр олон дундаас нүдэнд тусаад болдоггүй. Улаан хамбан дээлтэй. Энгэрээр нь дүүрэн одон. Хүмүүст даруулчих гээд хөөрхий сууж байсан.Энгэр дээрх одонгууд дотроос нь хоёрхон одон надад их тод харагд­сан. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон. Би өөрийн эрхгүй алхсан. Тэр олон хүн дундуур бүгдтэй нь гар барьж, зурагаа авахуулж  зүтгэсээр яваад эмээ дээр очсон.  Эмээ уйлсан. Тийм уяхан, зөөлхөн, сайхан сэтгэл­тэй. Өөрийнх нь үр хүүхэд биш шүү дээ. Өө, манай Асашёорюү хүрээд ирэв үү. Миний хүүгээс ялгаа юу бай­хав. Эмээ нь чамайг барилдаж байхад захыг нь мушгидаг байсан шүү гээд л. Энэ надад маш том шагнал.

-Монголдоо байгаагийн хам­гийн том мэдрэмж үү?


-Өө, тэгэлгүй яахав. Мөн ч сайхан ард түмэн. Мөн ч сайхан энэ ард тү­мэн мөн ч тааруу амьдарч байна. Энэ л бидний эмгэнэл.  

-Нээрээ таныг хамгийн сүүлд Н.Энхбаяр даргын гэрт очсон бай­хыг тань телевизээр харсан юм бай­на.  Та яагаад тэнд яваад оччих­сон бэ?


-Яагаад болдоггүй юм. Монголдоо, монгол айлд орохдоо хүнээр заалгах ёстой юм уу. Нэгд, би нам бус хүн. Хоёрт, тэр хүнийг төрийн эрх барьж байхад түмэн олон бүгд л хүндэлж хайрлаж, хүрээлж  байсан биз дээ. Одоо яагаад буухаар нь өөр болох ёстой юм. Миний хүмүүжил юм л даа. Ер нь заавал үүнд хариулах ёстой юм уу. Монгол хүний сайхан сэтгэл байна ш дээ. Ядарч яваа нэгэндээ тусалдаг. Нэг зүйр цэцэн үг байдаг даа. “Тэн­хээ­тэй явахад нь тэмээгээр тусла­хаар тэвдэж явахад нь тэвнээр тусал” гэж. Үүнийг битгий сонгуультай хутгаарай. Бидний сэтгэлийн угт хүн чанар гэдэг юм байдаг биз дээ. Би эр хүний жудгаар л очсон.

-Таныг хараад баярласан байх?


-Мэдэхгүй л дээ. Баярласан л байх гэж бодож байна.



-Одоо ид улс төрийн сонгууль болж байна. Та бол сонгууль гэсэн сэд­вээс нэлээн төвөг­шөөж байх шиг байна. Гэхдээ л асуумаар бай­на. Н.Энхбаярын хамтран зүтгэгч Д.Тэрбишдагва  МАХН-аас Сон­ги­но­хайрханд дэв­шиж, таны ах Д.Сумъяа­ба­зар­тай өрсөлдөж бай­гаа. Мэ­дээж та ахыгаа дэмжиж бай­гаа байх. Энэ хоёр хүний тухай  юу хэлэх тань сонин байна?

-Хариулахаас өөр аргагүй асуулт байна. Сайхан л монгол эрчүүд.

-Хоёулаа юу?

-Тийм. Би Д.Тэрбишдагва гуайг тэнд очоод сууж байхад нь бас баяр­лаж л байсан. Тэр хүн жудаг л гарга­сан. Би тэгж бодож байна.

-Н.Энхбаяр гуайнд уу?

-Тийм, яагаад болохгүй гэж. Би та­наас энэ асуултыг асуучихъя.

-Би болохгүй гээгүй л дээ. МАХН-аас Д.Тэрбишдагва, МАН-аас Д.Сумъяабазар. Энд болж байгаа улс төрийн өр­сөл­дөөнийг яаж харж байна вэ л гэж асууж байгаа юм?

-Уул шугамандаа МАН, МАХН хоёрыг чинь нэг ээжийн хүүхдүүд л гэж боддог шүү дээ.

-Та бас хошин юм аа?

-Хошинсоод ч байх юу байхав. Зүүнийг баримтлагч хоёр нам. Монголчууд бид эвтэй л байхсан даа. Ард­чилсан нам дотор ч миний хүн­дэл­дэг сайхан ах нар зөндөө бий. Ерөөсөө хагаралдахаас залхах хэрэг­тэй. Яахаараа манай монголчууд юм л бол хагаралдаад, гахай нохойгоороо бие биенээ дуудах ёстой юм бэ. Бүг­дээрээ сайхан жудагтай байя л даа. Сонгуулийн маргааш нар гарахгүй юм уу, гарна шүү дээ. Амны билгээс, аш­дын билэг гэж үг бий. Нар хэний ч аавын хүүг ялгахгүй. Нөгөө алтан наран биднийг ав адилхан гийгүүлдэг гэж шүлгийн мөр байдаг биз дээ. Нар өглөө цагтаа мандаж, цагтаа жаргана. Мөнхөд ийм байх болно. Хүний амьдрал байдгаараа л байж байна. Харанхуй өдрөөс нартай өдөр нь мэдээж сайхан. Хэтэрхий халуун нар бас хэцүү. О.Дашбалбар гуайн сайхан шүлгүүдийг би Youtube дээр тавиад л сонсч байдаг юм.

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүх рүү битгий түлх..
. гээд.

-Сайхан л монгол эрчүүд гэж та онцоллоо. Хэн нь ч ялсан хамаагүй юу?

-Мэдээж Д.Сумъяабазар ах бол миний зулайг дарж төрсөн ах минь. Монгол Улсын аварга, Ард түмний хайр­тай хүү. Өнөөдөр өөрийнхөө сон­гол­тыг хийгээд, улс төрийн сонгуулийн өрсөлдөөнд ороод явж байна. Дүүгийн хувьд ахыгаа ялаасай гэж хүсэх нь ойлгомжтой шүү дээ.

-Хэвлэлүүд бөхчүүд парламен­тад орж ирэхэд жаахан таагүй ханд­лагаар бичдэг. Гэсэн ч мон­голчууд бид наадмаар бөхөө үзэж цэнгэ­дэг. Хамгийн том цэн­гэл маань эрийн гурван наа­дам шүү дээ. Тэнд гол дүр нь бөхчүүд. Тийм атлаа Үнд­сэн хуулийн дагуу эрхээ эдлээд нэр дэвшихээр нь гоочлоод унах юм. Та энэ хандлагыг юу гэж бод­дог вэ?


-Би тантай санал нэг байна. Бөх гэдэг чинь хүн биш юм уу. Үе үеийн  буурал түүхээ эргэж хар л даа. Энэ бөх гэдэг чинь бидний агуу том соёл.  Бид­ний өмч, бидний дээдэлж, бахар­хаж ирсэн шүтээн. Нүүдэлчин Монго­лын амьдралыг чимж, сэтгэлийн их баяр цэнгэл эдлүүлж ирсэн агуу соёл. “Бөхчүүд” гээд сонин ч гараад ирсэн байх шиг. Тусдаа хүмүүс юм уу. Өөрс­дийнхөө өв соёлд ингэж хүндэтгэлгүй хан­даж болохгүй ээ. Орос гэж том гүрэн байна. Энэ том гүрнийг авч явж байгаа Владимир Путин чинь бөх хүн. Жүдоч хүн шүү дээ. Одоо манайд гэхэд Женко Х.Баттулга ах байна. Бөх хүн. Б.Бат-Эрдэнэ аваргыг хар. Бөх байсан энэ хүн улс төрд яаж биеэ авч явж байна. Ард түмэндээ яаж хүнд­лэгдэж байна. Хэрлэн голоо хэр­чүү­лэхгүй гэж тэмцсээр байгаад л аваад үлдчихсэн шүү дээ. Байгаль дэл­хий­гээ хайрлаж, нутаг усаа хамгаалж тэм­цэж чадаж байна. Чадахгүй байгаа нөх­дүүд харин олон байгаа шүү. Би өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр ол­сон жаахан юмаараа хөрөнгө оруу­лалт хийгээд “Үндэсний хөрөнгө оруу­лал­тын банк”-ийг ахтайгаа хамтраад бай­гуулаад явж байгаа. Намайг олон жил тэнд барилдаж явахад энд бүх асууд­лаа даагаад л явж байсан. Манай ах бол мэргэжлийн мундаг сан­хүүч хүн. Монголбанкны Л.Пүрэв­дорж гуайтай тулахад бол ямар ч бай­сан зогсохгүй шүү. Монголын эдийн засгийн асууд­лаар ярих юм бол ер нь гацахгүй аваад л гарна. Яагаад гэвэл мань хүн олон тоон дээр сууж байгаа хүн. Сумъяа­базар ахаасаа би олон  гайхалтай ча­нар олж хардаг. Биеэ авч явдаг тэр соёл нь. Бөхийнхөө хувьд ч гайхалтай ава­р­га гэж би хэлнэ. Одоо бол ширээний ард бичиг цаасны ажилтай л ноцолдож суудаг. Бөх гэдэг чинь, ер нь спорт гэдэг чинь омголон залуу насны ид хийморьтой, бадарч явах нэгхэн хэсэг хугацааны л ажил шүү дээ. Ер нь бөх гэдэг чинь спортын төрөл болохоос хүний төрөл биш юм байгаа биз дээ. Тийм биз дээ, та юу гэж бодож байна.

-Санал нэг байна?


-Би ахтайгаа хамт нэлээн явлаа. Хийсэн бүтээсэн ажлыг нь үзлээ, нүдээрээ харлаа. Хийсэн байна шүү. Ямар ч байсан Иргэдийн хуралд ажил­лахдаа их зүйлийг хийж амжуулсан байна. Зам барилгаас авахуулаад их зүтгэсэн байна. Сумъяабазар ахад би нэг л юм хэлсэн. “Ах аа, дөрвөн жи­лийн дараа хоёулаа Сонгино­хайрханд ажлаа шалгуулахаар болзлоо шүү. Тэр­тээ тэргүй таны дүү гэж намайг бас харж байгаа. Тийм учраас сайн ажил­лана шүү. Юм хийж бүтээнэ шүү. Та төр түшилцэх, төрийн түшээ хүн бол­но. Хариуцлага маш өндөр шүү. Ард түмний энэ их итгэл найдварыг хө­сөр­дүүлэхгүй шүү. Дүгнэж цэгнүү­лэх үед чинь би бас ард түмний хэсэг болж дуугарна шүү. Би бол ард түм­ний­хээ нэг хэсэг шүү. Ард түмний талд зог­соод таны ажлыг би дүгнэнэ шүү гэж.

-Том “шахалт” байна шүү?


-Нэгэнт л ийм хэмжээний зорилт өөртөө тавиад Монголынхоо хөгжлийн төлөө, Монголынхоо нийгмийн сайн сайхны төлөө ажиллахаар зориг шу­лууд­сан  учраас би шахахаас өөр яа­хав дээ. Би ард түмний нэг хэлтэр­хий. Цаана чинь ард түмэн харж бай­гаа. Тийм учраас дөрвөн жилийн дараа ажлаа дүгнэнэ шүү. Сонгинохайрхан дүүргийг хараад байхад улстөрчид ирж буучихаад л яваад өгдөг. Зүгээр л нэг бууриа үлдээчихээд яваад өгдөг. Хог новшоо тарааж хаячихаад яваад өгдөг юм байна, зарим нь.

-Сонгинохайрхан дүүрэгтэй та бүх­­ний  хувийн дурсамж бас хол­­­­боотой юу?
-Холбоотой байлгүй яахав. Манай аав чинь Тээврийн яамны харъяа 25 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан хүн шүү дээ. Аавын идэр залуу насных нь амьдрал энд шингэсэн. Одоо ч Монгол Улсынхаа бүтээн бай­гуулалтад хувь нэмрээ оруулсан сай­хан жолооч нар дүүрэн байна. Уулзаад аавтай чинь тээвэрт хамт явж байлаа гээд сайхан буурлууд ярьж байна.  Аавыг минь яриад л. Сайхан л байдаг. Ачааны хүндийг ард түмний хүүхдүүд л үүрч явсан ш дээ. Одоо манайхан худлаа хэлбэр их хөөдөг болжээ. Сэхээтэн гарал, ажилчин гарал гэж юуг хэлээд байгаа юм. Надад их сонин санагдаад байгаа байхгүй юу. Нийгмийн гарал үүсэл сэхээтэн ч гэх шиг. 40 мянгатынхан ч гэх шиг. Элит ч гэх шиг. Хэн болоод хэндээ элит болох гээд байгаа юм бэ. Адилхан л нүүдэл­чин монголчууд байж. Хотын соёл гээд л ярих юм. Ойлголтынхоо хувьд байх ёстой л зүйл. Гэхдээ яагаад тэр алс­лагд­сан дүүрэгт аж төр­дөг нэг хэсгээ элдвээр нь хэлж ялга­вар­лах ёстой гэж.

-Хөдөөнөөс орж ирэгсэд Сон­ги­­нохайрханд маш их бий. Одоо ч нүүж ирсээр л байгаа. Ерөө­сөө хүний мөрөөдөл чинь төв рүүгээ чиглэдэг. Гэтэл ма­найхан  муусайн хөдөөний­хөн орж ирээд хотын гоо сайхныг эвдээд хаячихлаа гээд  мууч­лаад байдаг ?

-Ямарваа нэгэн юм чинь соёлт нийгэм рүүгээ тэмүүлдэг юм. Хүн битгий хэл адгуус мал хүртэл. Дээр үед ч гэсэн Хүрээ орно гээд мөлхөх шахуу зорьж ирдэг байсан биз дээ. Өнө мөнхийн хүсэл мөрөөдөл нь байсан. Тэрэн шиг л хүрээд ирсэн хү­мүү­сээ “Та нар наанаа захын хороо­лолдоо л бай” гэж хаших гээд байгаа юм уу. Яагаад монголчууд бие биедээ ийм хайргүй болчихсон юм бэ.

-Долгорсүрэн заан бол манай ал­дартай  заануудын нэг. Хөв­гүүд­­дээ мэдээж жинтэй л үг хэл­­дэг байх. Д.Сумъяабазар авар­гад нэр дэвшихэд нь ээж, аав хоёр нь юу захисан бол?

-Түмний сайхан сэтгэлийг л дааж явах хэрэгтэй гэж аав маань дандаа бидэнд захидаг юм. Тэр үгээ хэлж байна лээ.

-Сонгинохайрхан дүүргээр та бас нэлээн явсан юм шиг байна.  Хятадуудаар дүүрчихсэн байна л гэж сонсогдох юм. Та тийм байдал олж харав уу?

-Ёстой энэ асуудал миний ганц эмзэглэж байгаа сэдэв. Нөгөө нэг Монгол Асашёорюү чинь хаана байна. Би өөрийгөө хайгаад олсонгүй ээ. Албан ёсны тоогоор 3000 Хятад байна гэж байна. Энэ ариун явдал уу. Надад эрх мэдэл байдагсан бол хуу хөөгөөд гаргахсан. Манай Бал дарга хоёр ч удаа сайхан цэвэрлэгээ хийсэн. 1961 онд нэг цэвэрлэгээ хийсэн. 1981 онд дахиад нэг цэвэрлэгээ хийж өгсөн гэдгийг бид мэднэ. Надад тийм эрх мэдэл байсан бол вагон вагоноор нь шүүрдээд гаргахсан. Одоо л гаргаж хөөмөөр байна. Одоо больё л доо. Хацар гоо охидоо харамлаж байна, би. Хан­гай шиг сайхан эрчүүдээрээ ша­вар зууруулаад тэдний дор ажил­луул­мааргүй байна ш дээ.

-Зөвшөөрч байна. Гэхдээ та бид хоёрыг их л хоцрогдсон ул­сууд байна гэх байх даа. Дэлхий гло­балчлагдсан ийм шинэ зуунд буруу үзэл тээж байна гэх биз?

-Битгий дэмийр, битгий солиор гэж хэлмээр байна. Глобалчлал гэж ер нь юу юм. Та нар эрлийз хурлийзуудаар энэ нутгийг дүүргэх гээд байгаа юм уу. Цусаа булингартуулах гээд байгаа юм уу. Бид нарт мэдээж сурах юм их байна. Бид нар гаднаас ажиллах хүч авах хэрэгтэй, үнэн. Үүнийг төрийн бодлогоор хатуу хууль хяналтан дор хийх ёстой. Тэд Монгол Улсын хуульд бөхөлзөж амьдрах ёстой. Үгүй бол зайлцгаа, тонилцгоо. Хөөгөөд гаргах хэрэгтэй. Би монгол залуучуудыгаа их боддог. Эргээд  харахад их сонин тогтолцоо яваад байгаа юм. Идэр залуу хийж бүтээх насны залуусаа гадагшаа гаргаад байна. Гэхдээ өнөөдөр сонин, интернэтээс харж бай­хад бол бас Солонгост ажиллах хүчин эрс буурсан байна. Энэ их сайн зүйл. Би монголчууддаа, залуучууд­даа нэг л юм захимаар байдаг. Техно­логи “хулгайлж” ирээч. Гаднын технологи. Одоо манай энэ циркийн гадна талбайг 1971 оноос хойш засаагүй байсан. Ойр орчмын өндөр настнууд, нялх нярай хүүхдүүд салхилах талбай хийж өгье гэж хоёр ахтайгаа ярилцсан юм. Хотын үзэмжийг бас бодож байна. Улаанбаа­тар хотыг харах нүд нь болсон ийм газар шүү дээ. Энэ орчин чинь. Би хотын иргэн. Надад хотоо хайрлах хайр бий. Тэгээд энэ талбайг хийлээ. Аягүй гоё болсон байгаа биз дээ. Үүнийг зүгээр л нэг Монгол залуу хий­сэн. Ийм хэмжээний ажил хийж үзсэн үү гэж би асууж байгаа юм. Үзээгүй ээ л гэж байна. Тэр Германд барилгын ажил хийж байгаад ирсэн залуу бай­сан. Мань эр хийсэн. Би өдөр болгон очиж шалгадаг байсан. Наадахаа муруй хийчихсэн байна ш дээ. Чи юу хийгээд байгаа юм бэ л гэнэ. “Аваргаа дуусаагүй байна, дуусахаар нь ха­руулна” гэдэг байсан. Хийлээ, гаргаад ирлээ. Хэчнээн сайхан талбай. Энэ залуучууд бол миний хэлээд байгаа тэр технологийн “хулгайчид” байхгүй юу. Хараар ажиллаж байсан, амьд­ра­лаа хүний газар бор зүрхээрээ бү­тээж босгосон улсууд. Тэд эргэж Мон­гол­доо ирж байна. Эднийг төрийн бодло­гоор дэмжих ёстой байхгүй юу. Би за­луу­чууддаа хэлмээр байна. Гадаад улсад сууж байгаа элэг нэгт ахан дүүстээ хэлмээр байна. Ирэх үү, байх уу гэдэг нь тухайн хүний эрх л дээ. Гэхдээ Монголдоо заавал ирээрэй. Би агуу Нацагдоржийнхоо шүлгийг жаа­хан өөрчилчихөж болох уу. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас, хүний хүү технологи хулгайлж ирээрэй” гэж. Тэгээд эх орноо бүтээгээрэй, босгоо­рой гэж уриалмаар байна. 

-Орой болгон телевизээр Мон­гол ийм муухай болчихсон.  Улаан­­баатар ийм муухай. Өөр­чилнө, хална л гэж ярьцгаах юм. Хэн нэг нь ирээд бузарла­чих­сан юм шиг санаа сэтгэлд ба­раан энерги цацал­сан юмнууд л үргэлж явах юм. Та олон жил гадаадад амьдар­сан хүн юу гэж бодогддог бол?  
-Яг тантай нэгэн адил. Аягүй дургүй хүрдэг. Амны билгээс, ашдын билэг гэж эртний сайхан үг байдаг. Манай Ама Бямбадоржийн аавдаа зо­риулж зохиосон шүлэг байдаг. “Үйлс бүтэх аяндаа сайхан” гэж.  Уурлаад бай­на, бухимдаад байна энэ тэр гэсэн бараан юмаар тархи угаахаа больё л доо. Хүн инээдэг юм ш дээ. Хүн дурлана, хайрлана, инээнэ, уйлна. Хүн дандаа уурлаж явахгүй. Амараа, аятайхан реклам хий л дээ гэж хэлмээр байна. Монгол хүн хэзээ ч нарыг, хэзээ ч хөх тэнгэрээ, хэзээ ч газар шороогоо нулимдаггүй шүү. Үүнийг л хэлмээр байна.

-Зодог тайлснаасаа хойш Япон руу хэр олон явсан бэ?


-Их л явж байна.

-Тэнд таныг угтах хуучин агаар өөрчлөгдөж үү?

-Хорвоо дэлхий сайнтай, муутай олон юм тээж байдаг. Намайг дэмждэг түмэн олон байгаа. Би тэд нарт сэтгэлийнх нь галыг асааж өгсөн хүн ш дээ. Тэр утгаараа надад маш их хайртай байдаг. Намайг мартаагүйд нь би бас баярладаг.

-Юу гэж таныг мартах юм бэ. Ер нь бол таныг зодог тайлахад Япо­ны ард түмэн биднээс ду­туугүй харамслаа гэж харсан?


-Харамссан.

 -Тантай тэр явдлын өглөө нэг хятадын эрлийз  хүн таарсан юм билээ. Та яагаад энэ тухай ярьчи­­хаж болдоггүй юм бэ. Би бас сэт­гүүлчийнхээ хувьд асуу­сан асуул­тын­хаа хариул­тыг авмаар байна шүү дээ?


-Надад урьд нь ийм асуулт хэн ч тавиагүй. Би үүнийг өөртөө дотроо нууцалъя гэж бодож байсан. Ард түмэн маань юу гэж хүлээж авах юм бол доо. Яахав дээ, би бас цээжээ дэлддэг Монгол шүү дээ. Тэрүүгээрээ адлагдаж, сайшаагдаж, магтагдаж, далдуур хэлэгдэж, ард түмнээ баяр­луулахдаа баярлуулж, бахдуулахдаа бахдуулж явсан. Монгол хүн гэж ер нь юу юм. Та тэгвэл тэрийг надад хариулчих. Би тэгээд дараа нь хариулъя. Монгол бүсгүй гэж юу юм, Монгол цус гэж ер нь юу юм. Та миний асуултад хариулчих. Би тэгээд хариулъя.

-Их л хүчтэй хариулт нэхсэн асуулт байна?


-Та надаас асуусан. Надад нэг хариулчих.

-Аварга аа, энд би асуух ёстой? 

-Тэгвэл би хариулчихъя. Монгол гэдэг чинь та өөрөө юм. Өвөг дээдсийн минь таныг хүн болгосон тэр цус юм. Би болсон явдлыг ярья. Башё эхэл­чихсэн байсан юм аа. Нөгөө л адлагд­даг, нөгөө л папарацид ээрүүлсэн Монгол. Тийм л өдрүүдийн нэг. Хоолон дээр нэг нөхөр ирдэг юм. Би найзууд­тайгаа, намайг дэмжигч фэнүүдтэйгээ сууж байсан. Тэр хүн бөөрөнд наал­даад л. Аварга аа, би таны фэн чинь шүү гээд л байсан. За за, гээд тоосон шинжгүй л байгаад байлаа. Хоолноос гараад ганц хоёр пиво уудаг юм байгаа биз дээ. Би үнэнийг л ярья. Уудаггүй юм ууж байгаа биш. Тэгсэн нөгөө нө­хөр тэгдэг юм даа. Нөгөө эрлийз, нөгөө  булингартсан цустай нөхөр чинь юу гэсэн гээч. “Эх газрын бодлого чамайг харж явж байгаа шүү” гэдэг байгаа. Юу гэсэн үг вэ тэр. Чамайг хянаж бай­гаа. Эх газрын бодлого дээр чи явж бай­гаа шүү. Явах ёстой шүү гэсэн их битүү сонин юм хэлсэн. Эх газар гэж юу юм, эх газар гэж юу юм бэ. Дундад эх газар гэж хэлсэн шүү, бүр. Юу гэсэн үг юм бэ. Тэр ерөөсөө л надад хэлье гэснээ л хэлсэн байх. Би тэрийг яаж ойлгож авсан гэхээр. Монгол ухаа­наараа л ойлгож авсан. Тэр Хятадын эрлийз хүн байсан. Хятадад сайн ч хүн бий, муу ч хүн бий. Заавал над дээр ирж миний бөөрөнд наалдаж, на­майг анзаарч мөшгиж явж байгаад тэгж хэлэх  шаардлага юу байсан юм бэ. Тэгээд би яах юм. Хар аяндаа л энэ гар өөрөө л явчихсан. Зүгээр л “мангасдчихсан”. Би цохиогүй л дээ. Алгадаад л унага­сан. Алгадах  ч юу байх вэ, “мангас­даад” унагасан. Бол­сон явдал ийм л юм байгаа юм. Монгол гэдэг хариултыг би тэрэнд өгсөн шиг өгсөн  шүү. Тэр­ний­хээ тө­лөө хариугаа хүртсэн. Тэрэн­дээ би гут­раагүй. Харин  32 түрүү­лэх тэр болом­жоо алдсан даа. Монгол хүний гал омогшилийг яах аргагүй унтраах гэж оролдсон. Би галаа аваад буцаад л эх орондоо ирсэн. Миний цээжин дотор одоо ч гал асч байна. Та яагаад миний мөрөөдлийг асуухгүй байгаа юм бэ, Ганчимэг эгч ээ. Яагаад тэр жи­жиг­хэн хятадын өтний талаар надаас асуугаад байгаа юм. Сонгино­хайрхан дүүргээр явж байхад долоон мянган хятад байна. Замын хажуугаар хачин орсойсон шүдтэй юмнууд ал­хаад байна ш дээ. Дотроо юу гэж бодож байгаа бол. Муу үхэр монголчууд гэж харааж байгаа даа. Бүгдийг нь хөөж гаргах хэрэгтэй.



-Аварга аа, таны идеалийг мон­голчууд яаж ашиглах вэ, та өөрийн­хөө нэр төрийг юунд зориулмаар байна вэ ?


-Би Тусгаар тогтносон Монгол Ул­сын иргэн. Иргэний үүргээ би хангалт­тай биелүүлсэн гэж бодож байгаа. Өнөө­дөр Төв Азид ч, Орост ч, Евро­пт ч гэсэн явж байхад намайг хараад хүмүүс бас сонин болдог юм ш дээ. Нөгөө л реклам энэ дээр жинхэнэ утгаа­раа гарч ирж байгаа байхгүй юу. Тэнд би Монголын сурталчилгаа. Би сая Болгарт очсон. Чөлөөт бөхийн холбооных нь 80 жилийн ой нь болоод. Ёо, би галтайгаа байна шүү, Асашёор­юүгийн алдар суу байна лээ шүү. Өдөр тутмын арван таван сонин тэр­гүүн нүүртээ мэдээлсэн байсан. Энэ аварга манайд хүрээд ирлээ гээд.

-Домогт Асашёорюү Болгарт хөл тавилаа гээд л үү?


-Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн ид болж байна. Би дуртай л даа. Монголдоо хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож байгаад бас шийт­гүүлж л явлаа. Энэ бол агуу спорт шүү дээ. Ямар би мөрийтэй тоглоом тогло­сон юм уу.

-Тэр үед бас л бөөн шуугиан бол­сон шүү?

-Тэгсэн. 1994 оны Америкт болсон дэлхийн аваргаар шигшээ дөрөвт багтаж байсан. Сточков гэдэг мэргэн бууч. Би тэр хүний тоглолтыг хүүхэд байх­даа үздэг байсан. Тэр Болгарын шиг­шээд тоглож байсан юм аа гэж би сонин дээр ярьсан. Би Болгарт нэг л хоносон л доо. Тэгээд Япон руу явсан. Тэг­сэн Сточков өөрөө спортын ордон дээр ирээд намайг хайж явсан байна лээ. Би Асашёорюүд фудболкоо өгөх гэ­сэн юм. Миний фэн гэж байна гээд хай­гаад явж байсан гэнэ. Би тэрнийх нь төлөө яасан гоё баярласан гээч. Би тэрэнтэй уулзмаар байна гэж хэл­сэн байна билээ. Тэр хүн хэр баргийн Мон­голын аавын хүүг эрж хайж явах­гүй супер од байсан эр байхгүй юу.

-Таныг зодог тайлсны дараа дэлхийн фэнүүдээс тань майл, захидал их ирсэн үү?

-Байлгүй яахав. Бүхэл бүтэн кино хий­чихсэн байна лээ. Youtube дээ­рээс үзээрэй. Сая Тайланд, Сингапурт очиход намайг ямар сайхан хүлээж авч байна вэ.

-Та Японы Эзэн хааны гэр бүлтэй холбоотой байгаа юу?

-Эзэн хааны гэр бүлтэй хүн болгон холбоотой байж болдоггүй юм аа. Би Эзэн хаанаас мөнгөн хундага авсан. Японы эзэн хаан, хунтайжаас Японы төрийн сүлдтэй мөнгөн хундага бэлгэнд авч байсан. Эртний Ромын ши­лэн аяга авч байсан. Монгол хүнд дээ­шээ харсан сав сайхан бэлэг байдаг шүү дээ.

-Аварга аа, та олон жил толгой­доо хэн дуртай хүнийг хүр­гээ­гүй явж ирсэн. Үсээ хаана, яаж засуулж байна?

-Манай энэ циркийн ойрхон байдаг Vidal гээд салон байдаг. Тэнд Шагай гээд залуу байдаг юм. Их сайн залуу байдаг. Тэр залуу миний үсийг засаад сая Санктпетербургт болсон нээлттэй тэмцээнд алтан медаль аваад ирсэн. Их бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал болсон байгаа биз.

-Тийм байна. Танай цир­кийнхэн бас том шагнал авсан байв уу?

-Сая хүүхдийн баярын тоглолтыг та үзсэн үү. Ямар гоё болов. Монте Карлогоос манай тамирчид, манай хамт олон дээд шагналыг нь аваад л ирж байгаа юм. Францад болсон циркийн фестивалиас манайхан шагнал аваад л хүрээд ирж байна. Миний нэг том мөрөөдөл бол Монголд Олон улсын фестиваль хийх. Ерөнхийдөө бүрдэж байгаа. Монголдоо хийнэ. Гадаадад очиж биш, Монголдоо олон ул­сын тэмцээн зохион байгуул­на. Гоё санаа байгаа биз.

-Ёстой гоё санаа байна?

-Бид нар бүх л бүтэн зургаан жил энэ байгууллагад өөрчлөлт шинэчлэлт хийлээ. Өнөөдөр та гараад хар л даа. Энэ талбайг  хар. Бид нар энд өндөр байшин барилга барих сонирхол байхгүй. Хуучин цир­кийн баруун талаар байшин­гууд бариад эхэлж байна. Би үүний эсрэг байгаа. Яагаад гээч, Монгол Улсын төв цэг. Энэ хавьд чинь настнууд амь­дардаг юм, үр хүүхдүүд амь­дар­даг юм. Тоглох талбайгүй байна. Тэгээд бид тэдэнд зо­риулж энэ цэцэрлэгт хүрээ­лэнг байгуулж өгсөн. Улаан­баатар хотод ийм сайхан өргөн чөлөөтэй талбай байхгүй. Би алхаад явдаг юм. Настнууд гадаа сууж байхад нь за ямар байна гэж би асуудаг. Бүтээсэн байгаа биз дээ гэж. Тэд маань ам сайтай байдаг юм шүү.

-Та олон жил монгол­чуудаараа бахдуулж явсан хүн. Таныг  өөрийг тань огшоосон, бахдуул­сан ямар үйл явдал болов. Монгол хүнийхээ амжилтаар бахархсан жишээ?

-Амартүвшин байна. Үнэ­хээр бэлгэшээж байгаа. Яг одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын хүү, Монгол Улсын иргэн, Монгол цустай Монгол хүн шувууны үүрэнд алтан медаль авчихаад зогсч байсан. Манай Н.Түвшинбаяр яаж баярлуулав аа. Аваргын амжилтаа хийсэн тэр тайзан дээр манай Амартүвшин гэдэг сайхан залуу дэлхийн дуурийн олимпын аваргын амжилтыг хийлээ ш дээ. Би Амартүв­шинд баяр хүргэмээр байна. Сайхан л байна шүү дээ. Аав ээжээс заяасан энэ сайхан бие, энэ сайхан хоолой. Энэ ерөөсөө Монголын ард түмний бүтээл шүү дээ. Би Амартүвшиндээ баярлаж байгаа, үнэхээр их. Энэ жил олимпийн жил. Их бэлгэшээж байна.

-Та хэр зөн билэгтэй вэ. Манайхан олимпоос ер нь яах бол?

-Медаль авна. Та яагаад  миний мөрөөдлийг асуухгүй юм бэ, Ганчимэг эгч ээ. Ёкү­зона Асашёорюү мөрөөдлөө таслуулсан эр хүн болохоор уу.

-Уучлаарай, яг асуух гэж байлаа?

-Миний мөрөөдөл юу гээч. Би танд ярьж байсан. Хүүхэд байхдаа би олимпийн аварга болохыг мөрөөдөж байсан гэж. Би нэгэнт одоо барилдахгүй. Монголынхоо хайр хишгийг би олонтаа хүртсэн. Монгол омогш­лийг  би мянга мянган залууст мэдрүүлсэн гэж бодож явдаг. Монголын ард түмний уухай түрсэн тэр сайхан цагаан энергиэр би тэтгэгдэж амьдарсан. Би ард түмнийхээ итгэл найдварыг алдаагүй гэж бодож байгаа. Зодог тайлж ирээд надад мөрөөдөл байхгүй болсон.

-Яагаад байхгүй гэж, танд бусад бүх төрлүүд нээлт­тэй байна шүү дээ?

-Тэрхэн хугацаанд би мөрөөдөлгүй болсон. Надад мө­рөөдлийг минь эргүүлж өгсөн хүн нь Сумъяабазар ах маань юм даа.  Би Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч. Ах маань урьж энэ албанд бид хоёр хамт зүтгэж байгаа. Сумъяа ах маань бас дэд ерөнхийлөгч шүү дээ. Одоо нэр хүнд, реклам зар сурталчилгаа гээд таны хэлээд байгаа тэр бүхнийг холбоондоо зориулж байгаа. Манай чөлөөт бөхийн холбоо­ны ажил маш сайн байгаа. Бат­цэцэг маань дэлхийн аварга боллоо. Хүмүүс их сонин л юм асууж байна лээ. Гэхдээ зарим хүмүүс шүү. Дэлхийн аварга болж байгаа Монгол бүсгүйг би яагаад мөрөн дээрээ суулгаж болдоггүй юм бэ. Миний ээж л гэсэн үг шүү дээ. Би тэр бүсгүйгээр бахархсан. Энэ холбоонд ирээд миний ажлын анхны гараа алтаар эхэлсэнд би баярладаг. За, дараа нь ноднингийн дэлхийн аварга Туркийн Стамбул хотод болсон. Манайхан багаараа хүрэл медаль авсан. Эмэгтэй­чүүд шүү. Монгол Улс НҮБ-д элссэн 1961 онд манай холбоо байгуулагдаж байсан. Мон­голын ууган холбоодын нэг. Агуу түүхт чөлөөт бөхийн хол­боо. Дэлхий дээр монгол­чуудыг хэн танигдуулсан юм бэ. Нөгөө л нэг муу хэлэгддэг бөхчүүд чинь биз дээ. Өнөөдөр Монголын нүүр царай хэн болж байна. Хэн өнөөдөр Монголыг сурталчлаад байна. Нөгөө л адлагдаад байгаа, нөгөө л тамирчид чинь шүү дээ. Бөхчүүд дотор эрдэмтэй, ухаантай, профессор, доктор олон байгаа шүү. Мэдээж увайгүй хүн байгаа, үүнийг үгүйсгэх аргагүй. Ард түмний сайхан хайрыг дааж явах хэрэгтэй. Би ч бас дотроо бодож байна. Өнөөдөр Х.Бат­тулга ахыг хар. Үйл лайгаа эдэлж байна шүү дээ, жүдо бөхийг дэлхийд гаргах гэж. Ямар их юм өөрөөсөө гаргаж байна. Чөлөөт бөхийн холбоо яг адилхан. Д.Сумъяабазар аварга Монголын чөлөөт бөхийн холбоог авч явж байна. Энэ холбооны бүх менежмент, санхүүжилтийнх нь 80 хувийг өөрөөсөө гаргаад л явж байна. Гал нь асч байсан холбоо бөхийчихсөн байхад эргээд галыг нь ноцоосон. Би ахаараа бахархаж байна. Уучлаарай.  Бүх л бүтэн найман олимпийн эрх авахад хэвлэлийн бага хурал дээр хангалтгүй гэж загнаж байсан. Би бол дотроо болчихсон болов уу гэж бодож байсан. Миний бодол жаахан л байсан юм байна лээ. Эцсийн эцэст юуны төлөө бид хөрөнгө оруулаад зүтгээд байгаа юм бэ. Нөгөө л сайхан баяр цэн­гэл, нөгөө л сайхан омогшил, нөгөө сайхан дэлхийд зарлаг­дах Монгол нэрийг чинь баталгаажуулахын төлөө яваад байна шүү дээ. Та маргахгүй байх. Бөхчүүд тэнэг хүмүүс биш ээ. Маш мэдрэмжтэй.

-Олимпийн аварга тө­рүү­лэх хамгийн том мөрөөдөл тань уу?


-Тийм ээ, энэ миний мө­рөөдөл. Тэр жилийн долдугаар сарын 1-ний аймшгийг мартаа­гүй биз дээ. Галдаад л, шатаа­гаад л, яав аа. Хүмүүсийн сэтгэл ямар зовиуртай байлаа. Гэтэл сарын дараа ямар сайхан болов. Ард түмний уур амьсгал баяр бахадлаар эргэсэн. Үүнийг нөгөө л бөхчүүд эргүүлсэн шүү дээ. Би Түвшинбаярыг ялахад уйлж байсан. Тэр сайхан малчин ардын хүү Монголын магнайг тэнийлгэсэн шүү дээ. Хэн хэн гараа бариад индэр зогсч байлаа. Жирийн малчны хүү, бөх хүн эвлэрлийг авчирсан шүү. Одоо би олимпийн аварга төрүүлэхийн төлөө ажиллана. Ахтайгаа хамтраад бүхнээ энд зориулна. Үнэхээр гайхалтай мөрөөдөл биш гэж үү.

-Гайхалтай байлгүй яахав. Бас бахархалтай байна. Их аваргынхаа дотор дүрэлзэж байгаа галыг харлаа.  Та мөрөө­дөлдөө хүрч чадна аа?


-Баярлалаа танд. Гурван жилийн дараа хэлэх гэсэн бүхнээ хэллээ, ярилаа. Сэтгэл уужраад сайхан байна. Аварга нь мөрөөдөлдөө хүрнэ ээ. Миний Монголын ард түмэн намайг дандаа омогшуулж, та нарынхаа хайраар, та нарын­хаа уухайгаар сумогийн дэвжээнд аварга нь ялж байсан. Ялалт бүхэн маань Монголынх байсан шүү. Та нарыгаа баярлуулахын төлөө, монгол хүний омогшлыг бад­раа­хын төлөө аварга нь барил­даж байсан. Би дахиад ярилц­лага өгөхгүй ээ. Мөрөөдлөө биелүүлтлээ ярилцлага өгөх­гүй. Миний Монголын ард түмний хийморь нь босоо, зовхи нь өөдөө байх болтугай. Бид дэлхийд хүчирхэг Монголын ард түмэн шүү.
                                                                                                          2012 оны 6 сарын 25 
                                                                                                     www.ganchimeg.niitlelch.mn

Monday, 2 July 2012

Амьдрал баялаг, гэнэтийн сюрпризээр дүүрэн байхад би дуртай