Wednesday, 12 September 2012

Г.Бадамсамбуу: Би өвөг дээдсээс таньж мэдээгүй зүйлээ нэхэн таних гэж судалгаа хийж байна


  a1f39893437ed3b0big“Гариг” продакшны захирал, аялагч, сэтгүүлч Г.Бадамсамбуу сүүлийн хоёр жилийн туршид түүхийн шинжлэх ухааныг шимтэн судлагч болжээ. Түүнтэй судалгааны ажлынх нь талаар ийнхүү хөөрөлдлөө.

-    Аялагч Г.Бадамсамбууг судлаач болсон гэж сонслоо?
-   Сүүлийн хоёр жил түүхийн сэдвээр судалгааны ажил хийж байна. Гэхдээ эрдмийн зэрэг хамгаалах гэхээсээ илүүтэйгээр өөрийн биеэр судалмаар зүйлүүд удаан хугацаанд анзаарагдсан учраас өөрийнхөө хэмжээнд шинжлэх ухааны ажил руу орохгүй бол болохгүй боллоо. Хөгширлөө. Би багын судалгаа шинжилгээний ажилд их дуртай байсан. Уран зохиол, яруу найраг, сэтгүүл зүй гэж баахан явлаа. Нэг мэдсэн гараас гарсан зүйлгүй, өөрт байгаа жаахан нөөцийг гаргасан зүйлгүй байна. Тийм учраас судалгааны ажил руу эрчимтэй орсон. Гэхдээ гэнэт судалсан юм биш. Ер нь оюутан байхаасаа түүх, угсаатны чиглэлээр ганц нэг өгүүлэл бичдэг, эрдэм шинжилгээний илтгэл тавьдаг байсан. Судалгаа гэдэг чинь мөнгө олдог зүйл биш шүү дээ. Судалгааг хийж байгаа хүнд нь хэцүү. Гэхдээ судалгааны бүтээлээр хүмүүс хооллодог. Дэлхий ертөнц юугаар хооллож байгаа юм. Энэ машин, техник, компьютер чинь шинжлэх ухааны үр дүн. Түүх, үнэт зүйлс нь мэдэгдэж байгаа болохоор үүнийг хүмүүс судалж үлдээсэн учраас хүмүүс оршиж байгаа юм. Тиймээс түүхийн чиглэлээр судалгаа хийж байна.

-    Ямар сэдвээр эрдмийн зэрэг хамгаалах гэж байна вэ?
-   Одоохондоо судлаач гэж явж байна. Сэдвээ аваад суурь судалгааны ажлаа хийж байгаа. Ер нь олон жил аялахад Монголын газар нутагт маш их зүйл судлагдаагүй үлдсэнийг мэдсэн. Судлаачид цөөхөн. Цаг хугацаа хурдан. Монголчууд түүхээ бүрэн дүүрэн таних, мэдэх тал дээр тал талаасаа оролцох шаадлагатай цаг үе ирсэн байна. Шуурга шиг муухай эрчимтэй үе ирчихлээ. Үүнээс цааш Монголын түүх, үнэт зүйлсийг судлаад байх хичнээн олон хүн байгаа билээ. Балар эртнээс өнөөг хүртэл байж байгаад энэ цагт устаж буй түүхийн дурсгалууд байна. Энэ бүхнийхээ талаар мэдэх шаардлагатай байна. Би мэдээж бүгдийг нь судлах гэж байгаа юм биш. Тодорхой нэг сэдэв авч судална. “Монголын эзэнт гүрний Перс дэхь номын чимэг зураг” гэдэг чиглэлээр судалгаа хийх гэж байна. 13-14-р зууны зааг дээр Монголчууд томоохон түүхийн бүтээлүүдийн хүрээлэн байгуулж байсан. Энэ номнууд нь дэлхийд анх удаа үзүүлэн таниулах зурагтайгаар хийгдсэн юм. Үүгээр олон зуун зураг үлдсэн. Тэр зургууд дэлхийд нэлээн судлагдсан, их өргөжсөн, үнэтэй архивуудад үлдсэн байгаа. Энэ бүгдийг өмнө нь барууны эрдэмтэд  л судалж байсан. Гэхдээ Монгол хүн судлаагүй.

-    Нүүдэлчдийн соёл иргэншил гэдэг мөхөж байгаа соёл юм биш үү?
-  Тийм. Энэ иргэншил удаан оршиход хэцүү. Яг сонгодог уламжлалд тулгуурласан сүүлчийн нүүдэлчид нь монголчууд юм. Тэр дундаа Төв Азийн хээр талд нүүдэлч иргэншлийн хамгийн супер нь Морьт иргэншил юм. Гэтэл хамгийн супер иргэншил нь бусад иргэншлийн бүслэлтэнд орчихоод байна. Өөрөөр хэлбэл суурьшмал иргэншил нь хумиж явсаар биднийг суурьшмал иргэншлийн үнэт зүйлс, тэдний давуу талыг зайлшгүй хүлээж авахад хүргэлээ. Сүүлийн хорин жилд бид цэвэр даяар буюу суурьшмал иргэншлийн хамгийн давуу үнэт зүйлсийг хүлээгээд авсан гэсэн үг. Үүний өмнө 5000 жил оршсон нүүдэлч иргэншил гараа өргөөд бууж өгч байна. Яг хутганы ирэн дээрх шиг үед бид амьдарч байна. Бид 20-р зуунаас түүхээ шинжлэх ухаанч маягаар судалж ирсэн.  Гэхдээ тэр нь үзэл суртлын хүрээнд хязгаартай судалж байсан. Харин сүүлийн хорин жил чөлөөт байдлаар, их өргөн хүрээнд, хэлхээ холбоотойгоор судлах бололцоо гараад ирж байгаа юм. Энэ бол монголын судлаачид өөрсдөө Төв Азийн нүүдэлчдийн иргэншлийн асуудлыг судалж эхэллээ гэсэн үг.

-  Европын эрдэмтэд өмнө нь Төв Азийн нүүдэлчдийн талаар судлаад ямар дүгнэлтэд хүрч байсан бэ?
-  Европчууд буюу Өрнөдийнхэн сүүлийн хорь, гучин жилд л дэлхийн түүхийг ойлгож эхэлж байна. Харин хятадууд сүүлийн хориодхон жилд Хятад, Түвд үзлээсээ арай өөрөөр дуугардаг болж байна. Оросууд аяндаа энэ бүх давалгааг дагаад ухаан орно. Ингэхлээр Төв Азийн түүхэн дэхь нүүдэлч соёл иргэншлийн нөлөөлөл болоод харилцан хамаарлын асуудал түүхийн шинэ үзлээр харагдах нөхцөл үүсч байгаа юм. Хятад манай түүхийг өөрөөр хардаг болж байна. Өрнөдийнхэн бүр гайхшран хараад сонин содноор ярьж эхэллээ. Оросууд нэлээд хүлээсэн байдалтай байна. Гэхдээ оросууд өөрийн эрхгүй үүнд автаж эхэлж байгаа нь мэдэгдэж байгаа юм. Тэгэхээр энэ үеийг түүхэн үзэл ойлголт өөрчлөгдөх үе буюу шинэчлэгдэх эсвэл дэвших үе гэж би ойлгож байна. Тэгэхээр энэ монголчуудын хувьд алдаж болохгүй сонирхолтой үе. Энэ үе их хурцаар мэдрэгдэж байгаа юм.

-    Хурцаар илэрч байна гэдгээ тайлбарлахгүй юу?

-   Хорьдугаар зууны туршид Өрнөд Европт Монголын эзэнт гүрний түүх буюу Төв Азийн нүүдэлчдийн түүхийг гайхширч судалсан. Ямар сонин юм бэ?, Энэ хүмүүс чинь бүдүүлэг зэрлэг шүү дээ. Гэтэл супер эзэнт гүрэн байгуулчихсан байна. Ямар ч хяналт тогтолцоог бүрдүүлж чадахааргүй зүгээр нэг зэрлэг бүдүүлэг хүмүүс байсан бол өөрсдөө л барьц алдаж дуусах ёстой. Гэтэл улс байгуулж дэглэм тогтоогоод, иргэншлүүдийг холбосон байна. Өөрийн гэсэн хууль цаазтай, өндөр зохион байгуулалттай, капиталын урсгалтай, аж төрөхүйн хэв маягаа хадгалж байгаа хэрнээ том иргэншлүүдийн нөлөөг дараад тэр урсгал дээр нь зүй зохистой хяналт тавьж байсан байна. Ингэхээр энэ ойлгох аргагүй зүйл болж байгаа юм. Хамгийн сонин шалтгаан нь монголчуудыг 20-р зууны эхэн үе, 19-р зууны сүүл үеэр судалж эхэлсэн. Тухайн үед бүдүүлэг зэрлэгүүд гээд бичээд үлдээчихсэн байсан. Түүндээ ч үнэмшчихсэн байсан. Тэгтэл нэг их том эзэнт гүрний түүх байдаг гээд байдаг. Түүнийг судлаад үзсэн чинь аймшигтай супер эзэнт гүрэн байсан байдаг. Тэгэхээр энэ зөрчилдөж эхэлж байгаа юм. Бүдүүлэг хүмүүс хүчирхэг тогтолцоог бий болгох бололцоогүй. Тэгээд судлаад байтал хүчирхэг тогтолцоотой байсан нь тодорхой байдаг. Европчуудын дэлхийн түүхийн талаарх энэ хачин ойлголтын талаар Америкийн ерөнхийлөгч  Теодор Рузвельт яг зуун жилийн өмнө нэг зүйл бичиж байсан юм. 1902 онд Америкт “Монголчууд” гэдэг ном анх гарахад Америкийн ерөнхийлөгч өмнөх үгийг нь бичсэн байдаг юм. Түүндээ “Манай Өрнөдийнхэны өөрсдийгөө дөвийлгэх үзэл, аливаа зүйлийг өөрсдийнхөө өнцгөөс хардаг нь ямар инээдэмтэй юм бэ, бид Монголын эзэнт гүрний талаар бүрэн судлаагүй. Тэдний түүхийн зарим хэсгийг харахад гайхшрал төрүүлэм зүйл байна. Тэгэхээр бид их хоцрогдож. Бид дэлхийн түүхийн талаар юу ч мэддэггүй юм байна” гэж бичсэн байдаг. Мөн “Ази болоод Зүүн Европын хөгжлийг ойлгохыг хүссэн хэн бүхэн монголчуудын түүхийг ойлгох шаардлагатай” гэж тэрээр хэлсэн. Энэ ойлголт явсаар дэлхийн томоохон судлаачдад нөлөөлж тэднийг гайхаж эргэлзүүлсэн. Сүүлдээ судлаачид Монголын соёл иргэншлийн талаар эсрэг ойлголттой болсон.

-  Дэлхийн эрдэмтийн гайхшрал эргэлзлээ үгүйсгэгдэж байгаа энэ үед монголчууд энэ ажилд яаж оролцох ёстой юм бэ?

-    Өнгөрсөн жил “Азийн эзэнт гүрнүүд” гэдэг ном Лондонд гарсан. Сүүлийн мянган жилд оршиж байсан Азийн эзэнт гүрнүүдийн түүхийг энд бичсэн байна. Тэр эзэнт гүрнүүдээс хамгийн оргил нөлөөлөлттэй нь Монголын эзэнт гүрэн юм. Азид гарсан супер эзэнт гүрнүүдээс хамгийн супер нь Монголын эзэнт гүрэн гэж тэмдэглэсэн байна. Өнөөдөр бидний түүхийг дэлхийн эрдэмтэд судалж байна. Тэгэхээр ийм сонирхолтой түүхэн үе, түүх судлалын хүрээнд гарна гэдэг их ховор. Бид ховор үед зогсож байгаа. Үүний цаана нуугдаж буй хамгийн том зүйл юу юм гэвэл 18-р зууны төгсгөлөөс хойш 1980-аад он хүртэл Европчууд монголчуудыг хэн ч биш гэж үзэж байсан тэр үзэл нь өөрчлөгдөж байгаа юм. Энэ үед монголчууд хэрхэн оролцох вэ?. Дэлхий өөрөө түүхэн мэдээлэл, шинжлэх ухаанаар давалгаалаад ирж байна. Энэ үед бидний нэг хэсэг хэт их харь үзэлтэй болсон байна. Бид угаасаа л зэрлэг, хоцрогдсон хүмүүс юм уу, эсвэл бид тэнгэрийн амьтад юм уу. Энэ хоёрын аль нь ч биш. Тэгэхээр түүх хэтэрхий аазгай хүргэсэн зүйл болж хувирч байгаа юм. Тэр дундаа Монголын түүх. Монголын түүх зөвхөн монголчуудад сонин байгаа юм биш. Үүнийг мэдээгүй хүмүүс мэдэх гэж, мэдэж байгаа хүмүүс улам нарийн учрыг нь олох гэж оролдож байна. Түүхэн үзэл ойлголтын онцгой үе ирээд байна. Үүнд бид оролцох ёстой.

-    Яаж?
- Бидний судалгааны түвшин дэлхийн түвшинд байх ёстой. Хоёрдугаарт Евро Азид тархсан монголчуудын бүх өвүүдийн талаар нарийвчилж судлах ёстой. Дэлхийн түүхэнд тогтсон үзэл ойлголтуудын талаар үнэн эсэхийг магадлах ёстой. Дэлхийн түүх онолын хугацаанд Түвд үзлээсээ болоод гажуу бичигдсэн тохиолдолууд их бий. Аль ч түүхийн номыг сөхөөд харахад Монголын эзэнт гүрний талаар заавал бичсэн байдаг. Яагаад монголын эзэнт гүрний талаар тэнд бичсэн байна вэ?. Дэлхий дээр том хүчин зүйл болсон үйл явдлыг анзаарахгүй өнгөрөөж байгаа бол тэр гэнэн түүх эсвэл бодлого. Нүүдэлчдээс бүх хот суурингууд үүссэн. Гэтэл яагаад бид нар суурин иргэншлийг тээгээд үлдчихэв. Энд ямар учир шалтгаан байна. Бүр инээдэмтэй, балай дүнхүү амьтад учраас үлдсэн юм уу эсвэл юугаар ч орлуулашгүй өвөрмөц орон зай, үнэт зүйлс, үзэл ойлголт, амьдралын тогтолцоо, ахуй, эдийн засаг нь байсан болохоор үлдсэн юм уу. Үүнийг бид нар нотлох ёстой. Манай түүхчдийн үндсэн хүчин чармайлт бол Евро Азийн хээр тал тэр дундаа Төв Ази буюу одоогийн Монголын нутаг дэвсгэр дээр оршин тогтнож байсан бүх үеийн Морьт иргэншлийн хүчирхэг эзэнт гүрнүүдийн жинхэнэ амьдралын хэмнэлийг нээж олох ёстой. Монголчуудыг бүдүүлэг, зэрлэгүүдийн тоонд оруулж болохгүй юм. Энэ чинь өөрийн шашинтай, ертөнцийг үзэх үзэлтэй, өөрийн тогтолцоотой төрт улс байсан байна гээд одоо эрдэмтэд гайхшраад байж байна. Үүнийг тайлбарлахын тулд монголын судлаачид нарийвчилсан судалгаа хийх ёстой.

-   Ер нь нүүдэлчдийн соёлыг авч үлдэх нь тийм чухал уу?
-   Би нүүдэлчдийн соёлыг авч үлдэх нь чухал гэж бодохгүй байна. Үүгээр амьдрах нь ч чухал гэж бодохгүй байгаа. Нүүдэлчдийн соёл энэ хугацаанд, энэ бүх том иргэншлүүдтэй зэрэгцээд, зөрчилдөөд ирсэн юм бол өөрөө маш сонирхолтой түүх болж байгаа юм. Энэ сонирхолтой бөгөөд адал баялаг байдал нь ямар ч хүний сонирхолыг татна. Ямар сонин түүхэн үйл явц, угсаатны хөдөлгөөн байсан юм бэ? Ямар нууц байна?. Үүнийг хамгаалах, танин мэдэх, түгээн дэлгэрүүлэх нь зөвхөн монголчуудын асуудал. Бусад нь өөрийн эрхгүй дэлхийн түүхэнд гарсан том нөлөө, хүчин зүйлийг судлахаар орж ирнэ. Өөрийнхөө юмыг хадгалах, хамгаалах, хайрлах, түгээн дэлгэрүүлэх нь бидний шинж чанар байх ёстой. Одоо монголчуудын оршин тогтнож байгаа нь нүүдэлчдийн үнэ цэнэ гэдэг зүйлтэй холбоотой. Хэрвээ энэ газар нутаг дээр монголчууд болон бусад угсаатан үе залгамжлан оршиж ирээгүй бол энд өөр нэгэн оршино. Аль ч иргэншил, аль ч амьдрал өөрчлөгдөж л байдаг. Одоо бол өөрчлөгдөхийн ирмэг дээрх үе. Сүүлийн хорин жил бид барууны соёлыг авсан. Бусдын соёлыг авах нь  үндэстэн үнэт зүйлсээ хоёрдугаарт тавьж байна гэсэн үг. Нүүдэлчид хар аяндаа байхгүй болно. Хүний маш сайхан алгуур тайвнаар амьдарч болдог амьдралын хэв загвар нь ингээд үлгэр домог болж үлдэх юм. Тэр нь нүүдэлчин хүн. Нүүдэлчдэд цаг хугацаа нийгмийн түлхэлт, хариуцлага, дүрэм журам гэдгээс илүүтэй зөвхөн ёс суртахууны таашаал байдаг. Түүндээ туслах ёстой, тэрэндээ тэгэх ёстой гэсэн сэтгэл л тэдэнд байдаг. Ямар ч дүрэм байхгүй. Энэ бол байгалийн хуулиар амьдардаг хүмүүс. Энэ бол адгууслаг шинж чанар биш. Хамгийн дээд соёлт хүмүүс дүрэм журамд баригдаж биш байгалийн эрхшээлд нийцэж амьдардаг. Одоо хүмүүс нийгмийн эрхшээл, хүний эрхэнд нийцэж амьдарч байна. Ийм хоёр зүйлийг солих эсэх нь хамаагүй. Аль нь үнэтэй, үнэгүй нь ч хамаагүй. Энэ зүгээр бидний сонголтын асуудал. Сайн муугийн тухай ч ярьж байгаа юм биш. Би уламжлалт өвөг дээдсээс таньж мэдээгүй зүйлээ нэхэн таних гэж судалгаа хийж байна. Монголын эзэнт гүрэн Евро Азийг эзэлчихсэн газар нутаг, тэнгис далайн баримжаатай байх үед европчууд шашны нөлөөнд автсан, библийн сударт баригдсан байсан.Тэгэхэд барууныхан дорно зүгт хүн байддаггүй. Хүний мах иддэг, ганц хөлтэй мангас байдаг. Тэгээд цээжин дээрээ ганц нүдтэй, амтай, морь нь бас том биетэй модоор хооллодог гэсэн төсөөлөлтэй байсан. Монголын эзэнт гүрний үед ийм харанхуй Европ байсан шүү дээ. Тэгээд 16-р зуунаас сэргэн мандалт бий болчихоод одоо дэлхийг бүтээсэн мэт зарлаж байна. Энэ нь түүх динамиктай гэдгийг харуулж байна.  Иргэншлийн онолын хамгийн зөрчилтэй зүйл бол болох Төв Азийн морьт иргэншлийг бие даасан иргэншил мөн гэдгийг онолын хувьд нотлохыг хүсч байна. Энэ их хэцүү ажил. Наад зах нь арван жилийн ажил болох зүйл. Энэ миний мөрөөдөл. Монгол судлалд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах юмсан гэж бодож байгаа. Жинхэнэ мэргэжлийн түүхчдийн дэргэд бол би хоббичин.

-    Одоо манай иргэншил ямар үедээ явж байна вэ?
-   Одоо манай иргэншил сүүлчийнхээ үе дээр явж байгаа. Үүнийг их анхаарах хэрэгтэй. Аюул тулгарсан ийм зүйлийг судалж танин мэдэх, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Үүнийг амжилттай хийж чадвал монголчууд оршиж байгаагийн гавьяа мөн. Үүнээс цааш нарийхан нүдтэй, нармигар хамартай америкчууд ч болж болно. Бид домгоо л үлдээчихнэ гэсэн үг. Эртний Ромтой л адилхан. Аажимдаа арай гэж танин ядах гэсэн соёл нь бүдгэрч эхэлнэ. Малчид нь морьдоо унахгүй, айрагаа уухгүй болно. Бэлчээрийн малчид байхгүй болно. Бэлчээрийн мэдлэг, уламжлал, дом шившлэг алга болно. Тэгээд яг Америкийн индианчууд хоторхог тосгон руу орж архидан суудагтай адил зүйл болно. Одоо бол монголчуудын дахин нээгдэх үе. Дахин нээгдэхдээ яаж нээгдэх вэ гэдэг нь их чухал. Энэ үед л хүн бүхэн түүхээ,судалж, мэдэж хамгаалах хэрэгтэй байгаа юм. Хүн болгон түүхтэй. Түүх рүү яваад л байвал та гэгээрч байна гэсэн үг. Сайн эрдэмтнийг жишдэг гурван том хүчин зүйл байдаг. Энэ бол гүн ухаан, түүх, хууль ёс. Энэ гурав бол аливаа юмны суурь. Энд математик, физик ярихгүй байна шүү дээ. Докторыг манайхан шинжлэх ухааны доктор гээд байгаа. Уг нь бол философийн доктор гэдэг утгатай юм шүү дээ. “Ph” гэдэг нь философийн доктор гэсэн үг. Философи мэднэ, судлана гэдэг бол ертөнц, нийгмийн бүхий л учир шалтгааны хэмжээнд өөрийгөө боловсруулсан гэсэг үг. Түүх гэдэг нь зөвхөн нийгмийн түүхийг хэлж байгаа юм биш. Шинжлэх ухаан ч бай, компьютер ч бай бүгд түүхтэй. Аливаа зүйлийг бүх залгамж халаанд нь авч үлдэж, харьцуулж чадах мэдлэгийн суурьтай хүнийг түүх мэддэг хүн гэнэ. Түүхэн мэдлэгээр хүнийг хэмждэгийн учир шалтгаан нь тэр. Түүх судлаагүй улс төрч гэж байх ёсгүй гэж нэг хэсэг үздэг байсан. Манай парламентын гишүүд бол салбарын хуулийн л мэдлэгтэй.  Тэгээд эдийн засагч, физикч гэсэн салангид мэргэжилтэй хачин хүмүүс байгаад байна. Түүхээр хараад юмыг хийдэг хүн ховор байх.

-    Та судалгааны ажилтайгаа холбогдуулж аялж байна уу?

-  Судалгааны ажилтайгаа холбогдуулж Герман яваад ирсэн. Германы Берлинд байдаг төв номын санд Ил хаадын үед хамаарах Перс номын чимэгийн 60 орчим зураг байна. Түүнийг өөрийн нүдээр үзээд ирсэн. Энэ нь судалгааны ажилд их чухал тэмдэглүүштэй, сэтгэл хөдөлгөсөн зүйл болсон. Ер нь чимэг зураг судалж байгаа хүн Франц, Турк, Их Британи, Иран, Энэтхэг гэсэн орнуудад очих шаардлагатай. Энэ судалгааны ажлаар Герман руу хоёр удаа очсон. Үүнтэй холбоотойгоор ганц нэг эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн.
Т.Хулан
www.24tsag.mn

Н.Сувд: ”Мандухайн дүрийг бүтээхэд зөрүүд зан минь тус болсон”


“Дэлгэцийн танил” булан маань үргэлжилж байна. Энэ удаа төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувдаас “Мандухай цэцэн хатан” кинонд ухаант Мандухай хатны дүрийг хэрхэн бүтээсэн талаар яриулж, залуусын анхааралд хүргэхийг зорьсон юм.  
-Жил өнгөрөх тусам хуучны монгол кинонууд үнэд орж байна. Сэдэв сайн байхын зэрэгцээ киног бүтээгч уран бүтээлчдийн ур чадвараас их хамаардаг юм байна гэсэн дүгнэлтийг сүүлийн үеийн үзэгчид хийх болсон. Үзэгч­дийн хамгийн ихээр таа­шаадаг дүрүүдийн нэг бол таны бүтээсэн Мандухай цэцэн хатан. Та үүнд хэрхэн тоглосон талараа ярьж өгөхгүй юу? 
-Би Мандухай хатны дүрд шууд сонгогдоогүй юм. Эхэндээ Шихир хатны дүрд тоглохоор батлагдсан байсан. Гэтэл Мандухай хатны  дүрд тэнцэх жүжигчин олдохгүй байсан юм билээ. Хамгийн шигшигдэж үлдсэн таван жүжигчнээс нэгийг нь сонгоно гэж байлаа. Нөгөө дөрвөн хүн нь мэргэжлийн жүжигчин биш байсан. Бид цуг пробонд ороход би Мандухайн дүрд тоглохоор батлагдсан. Миний пробонд орсон зургийг Соёлын яаманд өгч харуулж байж батлуулсан юм билээ. Энэ кинонд тухайн үеийн Засгийн газар Сайд нарын зөвлөлөөс их анхаарал хандуулж байсан. Миний сонссоноор 300 гаруй хүн пробонд орж зургаа авахуулсан гэдэг.
-Монголын түүхэнд улс орноо гэсэн сэтгэл, холч хараа, ер нь ухааны цараараа алдаршин мөнхөрсөн түүхэн хатны дүрд тоглож чадна гэсэн итгэл хэр их байсан бэ?
-Надад “Би энэ дүрд тоглож чадна” гэсэн итгэлээс илүү миний зөрүүд зан надад тус болсон гэж боддог юм. Кино зураг авалт эхлэхийн өмнө гадуур Н.Сувд үүнд тоглож чадна, чадахгүй гэсэн яриа их гарч байсан. Хүмүүсийн чадахгүй гэсэн яриа намайг бүр ч их хурцалж өгсөн. Тэгэх тусам нь би зөрүүдэлж чадна гэж зүтгэсэн дээ. Тэгээд ч тэр бүгдийг давж гарах үүрэг надад ногдсон байсан. Мэдээж сайн муу тоглосныг үзэгчид, судлаачид өөр өөрсдийнхөөрөө дүгнэсэн биз ээ.
-Үзэгчид тухайн үед эерэгээр хүлээж авсан. Одоо ч тэр үнэлэмж хэвээрээ. Таныг Мандухай хатны дүрээр олонд танигдсан ч гэж ярих юм билээ?
-Намайг Мандухайн дүрээр олонд танигдсан гэдэг. Би гэхдээ энэ кинонд тоглохоосоо өмнө бас ч чамгүй олон кинонд дүр бүтээсэн байсан. Жишээ нь “Хань”, “Хатанбаатар”, “Ичээнд нь”, “Моторын дуу” зэрэг кинонд тоглосон байсан.

-Гэсэн ч Мандухайд тоглоход тань үзэгчид таныг бараг “амилсан” Мандухай гэж хүлээж авсан байх аа?

-“Мандухай цэцэн хатан” кинонд тоглоход сайн сургууль төгссөн минь их тус болсон болов уу. Миний багш иргэний дайны үед Оросын агуу баатрын дүрд тоглож дэлхийн кино урлагт нэрээ мөнхөлсөн авьяастай хүн байлаа. Багшийн зааж өгсөн эрдэм, чиглүүлж байсан хандлага надад энэ кинонд тоглоход их дэм болсон гэж боддог юм. Багш маань мэргэжлийн жүжигчин болох замыг минь нээж өгсөн гавьяатай хүн дээ.
-Багшаас тань гадна танд энэ түүхэн кинонд тоглоход хэн тус дэм болсон бэ?
-Найруулагч, ахмад уран бүтээлчид маань бүгд л өөрийн сурсан мэдсэн зүйл, туршлагаасаа хуваалцаж бай­сан. Аав, ижий хоёр минь ч дэм болж байлаа. Түүхэн дүрд тоглоно гэдэг тэр дүрээ маш сайн судлахыг шаарддаг. Тэр үед түүхэн зохиолууд ихэвчлэн хуучин бичгээр бичигдсэн байдаг байлаа. Аав минь муугүй судлаач хүн байсан учир хуучны түүхэн ном зохиол уншиж судалгаа хийхэд минь тусалдаг байсан. Ижий минь жүжигчин хүн байсан болохоор надад их зүйл зааж дэм болж байсан.
-Киноны зураг авалтыг хаана хийсэн гэдэг билээ?
-Зуны зураг авалт Хар хорин, Баянчандманьд дөрвөн сар гаруй үргэлжилсэн. Зураг авалтын бэлтгэл ажил бараг жил гаруй хийгдсэн гэдэг юм билээ. “Мандухай цэцэн хатан” киног хийх гэж найруулагч Жигжид гуай судалгаа их хийсэн. Социализмын үе байсан болохоор тухайн үеийн Соёлын яаманд энэ тухайгаа хэлж зөвшөөрөл авах гэж 1970-аад оноос эхэлж хөөцөлдөж байж кино хийх эрх авсан гэсэн. Мөн дан ганц Соёлын яам төдийгүй Батлан хамгаалахын яам, Хөдөө аж ахуйн яам ч гэсэн энд  их чухал үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Олон мянган цэрэг, дайчин, морь малыг дээрх яамдаас гаргаж өгч байсан юм. Улсаараа хөдөлж, Засгийн газрын оролцоотой хийсэн кино гэж би хувьдаа дүгнэдэг.
-Хэдэн хүний баг ажил­ласан бэ?
-Цэрэг, дайчид, жүжигчид, найруулагч, туслах дүр, зураглаач гээд ер нь нийлээд таван мянга гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг байсан гэж ярьж байсан. Хуучнаар “Сансар” сангийн аж ахуйн цаана Хөгнө хан уулын энгэрт бараг нэг сумын дайтай олон хүн байсан. Батлан хамгаалах яамны буянгаар цахилгаан тог, халуун ус, эмнэлэг гээд хэрэгцээ шаардлагатай бүхнийг гаргаж өгч байсан даа.
-Дүрээ үзэгчдэдээ хүр­гэхийн тулд танаас мэдээж их хөдөлмөр, тэсвэр хатуужил шаардаж байсан байх?
-Үзэгчдэд дүрээ хүргэх миний үүрэг бол дүрээ үнэмшил­тэй амилуулж сайн тоглох байсан. Харин киногоо үзэгчдэд яаж хүргэх вэ гэдэг нь кино найруулагч, баг хамт олны ажил байлаа. Үүнээс гадна тэр үед кино үзвэрийн газрууд гэж байсан. Тэд бас л үзэгчдэд киногоо хэрхэн хүргэх ажлыг зохицуулж байсан даа.
-Та хэдэн настайдаа энэ кинонд тоглосон бэ. Тэр үед УДЭТ-т жүжигчнээр орчихсон байсан  уу?
-40 гаруй настай байсан байх. Тэр үед би УДЭТ-ын уран сайхны удирдагчийн алба хашиж байсан юм. Энэ албыг 11 жил хашсан.
-Хувцас хэрэглэл, хуяг дуулга нь их хүнд үү?
-Хуяг дуулга нь л гэхэд 10 гаруй кг жинтэй. Хувцас хэрэглэл, хуяг дуулга, сэлэм зэргээ бариад л их олон удаа сургуулилалт хийж давтдаг байсан. Бас тэр хувцастайгаа морь унах, морио өөртөө дасгах гээд асар их хөдөлмөр, цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардагдаж байлаа. Ер нь энэ бүгдийг амжуулах нь миний мэргэжлийн онцлог л доо. Тэр үед найруулагч, ахмад уран бүтээлчид маань энэ бүхнийг даван туулж, тэсч чадахгүй юм бол чи цаашид жүжигчин болж чадахгүй гэж зөвлөдөг байлаа.
-Манай буланд оролцож бүтээсэн сайхан дүрийнхээ талаар ярьж өгсөн танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.МАРАЛ-ЭРДЭНЭ Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

П:Одгэрэл:Заримдаа өөртөө итгэлтэй байдал минь хэтэрчих гээд байдаг


-“Universe best song” наадам эхлэхээр залуучууд хэсэг үзэх юмтай, ярих ч сонинтой болох юмаа. Хүмүүст хүрч чадаж байгаа гол нууц нь юу гэж боддог вэ?
- Олон хүний  хүч  хөдөлмөр  нэгдэж чадсан нь  манай нэвтрүүлэг үзэгчдэд  хүрч  байгаагийн  гол нууц. Ер нь UBS телевизийн давуу тал, хүчирхэг чанар нь  хамт олонч, халуун дулаан уур  амьсгалаас үүдэлтэй.  Энэ  нь  уран бүтээл бүрт маань шингэдэг. Хамтран ажилласан хүн бүр энэ л уур амьгалтай хүссэн хүсээгүй нэгдэж  чаддаг.  Учир нь  түүнд нэгдэхгүй байхын аргагүй тийм л хүчтэй  ба эерэг энергитэй.
-Эхний дугаараас нь хөтлөсөн болоод ч  тэр үү, энэ наадмыг хөтлөгч  Гантулга та хоёргүйгээр төсөөлөгдөхгүй байна л даа.  Шоуныхаа нэрийн хуудас болсон гэдэгтэй санал нийлэх үү?
-Шоу нэвтрүүлгийн нэрийн хуудас болсон олон  хүмүүс  байна. Энэ жил л гэхэд дуучин Б.Амархүү тун ч хүчтэй  орж  ирлээ. Кивигийн Ука ч гэсэн. Эхнээсээ  оролцсон гэж  ярьвал МУГЖ Т.Ариунаа,  МУГЖ Д.Жаргалсайхан  гээд  бас л олон нэрийн хуудас болсон эрхэм хүмүүс  бий. Миний  хувьд эхнээсээ  хөтлөгчөөр ажилласан  нь нэг бодлын аз нөгөө  бодлын сорилт  байсан юм уу.   Оролцогчид  шүүгчдийн өмнө  шалгуулдаг бол  нэвтрүүлгийн шүүгч, ажиглагч, хөтлөгчид   үзэгчдэд шалгуулаад  л сууж  байдаг юм шүү  дээ.
2009 оноос энэ наадам тасралтгүй явагдаж байгаа. Нэг жилд 700-800 хүүхэд залуучууд ордог гэж бодвол та нилээд олон найзтай болжээ. Залуучуудтай ажиллаж байхад өнөөгийн залуусын өнгө төрх хэрхэн анзаарагддаг вэ?
Би өөрөө  залуу  хүн болохоор оролцогч залуустай харьцахад илүү амар байдаг.  Надаас дүү  хүүхдүүд, надаас ахимаг, чацуу  гээд ер нь нас насны хүмүүс  оролцдог. Гэхдээ нэг  анзаарагдсан юм гэвэл тэдний  хүсэл мөрөөдөл, тэмүүлэл  яг  адилхан.  Тиймдээ ч  насны  ялгаа  бараг мэдэгдэхгүй дээ.  Яахав хөтлөгч гэдэг үүднээсээ, нэвтрүүлгээ  зохион байгуулаад  бэлтгэдэг  болохоор  илүү хүндлэл мэдрэгддэг.  Залуу  үе маань олон талын авъяастай, аливаад хандах хандлага нь нээлттэй,  хэн нэгнээс хараат бус  өөрийнхөөрөө  байж  чаддаг нь  сайхан санагддаг. Мэдээж  аливаа зүйл сайн муу  хоёр талтай учраас шүүмжлэлтэй зүйл ч ажиглагддаг. Хариуцлага хүлээх  талдаа  сул, хэнэггүй, юманд өнгөц  хандах гэх мэт…
-Тэмцээнд оролцож байсан залуучуудтайгаа эргээд хэр харьцаатай байдаг вэ? Дотно найз нөхөд болсон тохиолдол байгаа юу?
Тэдэнтэйгээ үргэлж л холбоотой байдаг. Холбоо тасрах аргагүй  л дээ. Хоёр гуравхан  хүүхэд биш  хорин таван авъяастанг жил бүр тодруулдаг  болохоор  бидний харилцаа холбоо хэзээ  ч үл тасрах  байдлаар  үргэлжилсээр л байна  Найз нөхдийн харилцаа  холбоо,  эгч  дүүгийн  холбоо,  ажил хэргийн холбоо бүгд л байдаг. Бид нэг гэр бүл шиг л байдаг.
-Олон дугаарууд явлаа. Онцолж сэтгэлд тань үлдсэн оролцогч хэн байна?
Жил жилд л онцлог оролцогчид  байдаг. Өнөөдрийн байдлаар бид 3-р шатаа  амжилттай  хийсэн. 78  авъяастан тодорсон  байгаа.  Тэдний хэн нь шилдэг хорин тавд багтахыг ёстой хэлж мэдэхгүй байна. Мэдээж  хэн авъяастай, азтай одтой, хичээл зүтгэлтэй нь л Гран При шагналын эзэн  болох байх. Энэ жил  миний сонирхолыг татаж байгаа оролцогч гэвэл рок дуугаар  оролцож байгаа Мөнх-Эрдэнэ гээд байгаа, мөн  Улан-Үдээс оролцож байгаа Хань-Хуа гээд эмэгтэй бий. Бас Хип Хоп дуугаар  оролцож байгаа Түвшинтөгс, Тэнгис гэх мэт нэрлээд байвал олон оролцогчид байна.
-Хүнтэй ярилцана гэдэг урлаг бас ухаан.Та ажлын шаардлагаар олон хүнтэй ярилцдаг байх. Таныг харж байхад нөгөө  хүнийхээ сэтгэлийг нь нээж чадаж байгаа санагддаг.
Баярлалаа. Хэн нэгнээс сайхан үнэлгээ  авах таатай мэдрэмж төрүүлдэг шүү. Би хувьдаа ярилцаж  буй хүнийхээ  тухай юу  мэдэхийг хүсч  байна түүндээ л хөтлөгддөг. Мэдээж эфирт гарч  байгаа учраас элдэв төрлийн  хар ярианы үгнээс  аль болох тойрохыг хүсэлгүй яахав. Гэхдээ тухайн хүнээс  илүү  сонирхолтой зүйл олж  сонсохыг  хүсэх үед Одгэрэлээс ямар эмоци  гарахыг  би өөрөө  хэлж мэдэхгүй л байна.  Бүх зүйл  чин сэтгэлээс л гардаг. Заримдаа  хүмүүсийг  яриулахын  тулд, хөгжөөхийн тулд  надаас гарамгүй гэмээр олон төрлийн  үйл хөдлөл, үг яриа ч гарах үе бий.  Учир нь би шоу нэвтрүүлгийн хөтлөгч  хүн.
-Та тэмцээнд түрүүлсэн залуучууддаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Тэр бүр уран бүтээл хийгээд од болон гялалзаад явахгүй байх шиг? Залхуу эсвэл боломжгүй байна уу, авьяастай нь тодрохгүй байна уу?
Манай оролцогчид  бүгд уран бүтээлээ ямар нэг байдлаар хийгээд л явж байгаа.  Тэр тийм дуу гаргаж гэнээ,  энэ  ийм клип хийжээ гээд л сонсогдож  л байдаг. Адаглаад л  аль гайгүй гэсэн шоу  тоглолт,  шинэ жилийн үдэшлэг дээр манай  оролцогчид, ялагчид л дуулж  харагддаг. Тэгэхээр би  авъяастнуудаа  энэ удаад  өмөөрч байна. Ялангуяа  манай оролцогчид их оюунлиг хүмүүс  байдагт би л  хувьдаа баярладаг. Тэд уран бүтээлээс  гадна ажлын амжилт, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, гэр бүл төлөвлөлтийн  тал дээр тун хариуцлагатай хандаж  байгаа нь надад таалагддаг.  Тэгээд ч одоо яг энэ цаг үед хамтлаг дуучид маань ч өөрсдөө  их нойрмог царайтай хүмүүс  явах болсон. Магадгүй  энэ нь нөлөөлж  байж ч мэдэх юм.
-Facebook, мэссэнжэртээ хэр олон найзтай вэ?
-Надад хоёр төрлийн Facebook хуудас байдаг. Нэг нь хувийн  шинж  чанартай, дотны найзууд, сайн таньдаг хүмүүс.  Гол нь элдэв мэдээлэл  гадагшаа гаргахгүй итгэлтэй хүмүүс бүртгэлтэй байдаг гэж болно. Нөгөө  нь   бүх хүнд нээлттэй. Хаяадаа тоглолтын зураг оруулдаг.
-Нэвтрүүлгээс харж байхад нэг үе бидний дунд нийтлэг  байсан  хэт  даруу бүрэг ичимхий, өөрийгөө илэрхийлж чаддаггүй гээд  олон сул талууд аажмаар багасаж,  залуучууд өөртөө итгэлтэй болж эхэлж байгаа юм шиг санагддаг.
- Яг тийм. Цэвэр ичимтгий монгол  эмэгтэй, хээгүй гүдэсхэн эрчүүд гээд л манайхан ярьж хэлж,  бүр дуулдаг л даа. Гэхдээ  одоо 21-р зуун.  Одоогийн 16 настнуудын  бие физиологийн өсөлт хөгжил,  ертөнцийг үзэх үзэл, харах цонх нь ч  өөр болж  байна. Сонсох хөгжим, ярих сэдэв гээд бүгд өөрчлөгдөж байна.  Дэлхийн  дуу  хөгжим,  хувцас загвар,  мэдээ мэдээллээс тэд хоцрохгүй болсон нь  одоо тэмцээн уралдаандаа   сонгон  дуулж байгаа дуу, өмсч  байгаа  хувцаснаас нь  ч  ажиглагддаг.  Гэхдээ  нэг зүйлээ битгий  мартаж  булшлаасай гэж  үргэлж хүсдэг юм.  Ахмад хүнийг хүндэлдэг, аав ээжээсээ  эмээдэг, аливаад  анхааралтай ханддаг  тэр зан уламжлал  бол Монгол хүний  тархинд  байсан, байх ч ёстой зүйл. Хэт гадны  соёл хөөцөлдөөд байвал бас Монголоо алдаад, хэн ч биш  болох аюултай. Бид эцсийн эцэст монголоороо л үлдэнэ.
-Өнөөгийн залуусын давуу болон сул талууд юу вэ?
- Давуу тал гэвэл дээр хэлсэнчлэн  одоогийн залуус хэлье гэсэн үгээ  хэнд ч хаана ч хэлчихдэг болсон байна. Дургүй бол дургүй гэдгээ  шууд л хэлж  чаддаг болжээ.  Харьцангуй  биеэ  даасан үзэл  бодолтой, хэн нэгнээс хараат бусаар өөрийн шийдвэрийг гаргах гэж тэмцэж  байна. Гэхдээ энэ эргээд сул тал болох магадлалтай. Яагаад гэвэл  эрх чөлөө гээчийг арай л эрт мэдрээд байгаагийн юмуу юу нь зөв, юу  нь буруу  гэдгийг  ялгаж салгах  завдалгүй  урагш  алхаад  байх шиг.  Амьдрал өөрөө  хоёр талтай болохоор энэ тухай  яриад бичээд байвал их л  юм болох юм шиг байна. Би нэг зүйл л хэлэхийг хүсдэг. Аливаад чин сэтгэлээсээ  хандаж сураарай.
-Таны эмзэглэж явдаг зүйл юу байна?
-Эмзэглэх зүйл олон байгаа ч би амьдралыг байгаагаар нь сайхнаар нь хүлээж авахыг хичээх болсон. Хүн цонхоор юу харахыг хүснэ түүнийгээ олж хардаг. Энэ үнэхээр үнэн  юм билээ. Яг энэ цаг үед бодогдож  байгаа  мэдрэмж гэвэл хүн  ганц  олдох  амьдралдаа  сайн муу  бүх зүйлийг хийж  үзэх ёстой юм шиг авирлаж  байна. Энэ надад огтхон ч таалагддаггүй.  Тэрний  оронд яаж  зөв  амьдрах вэ? гэж ядаж нэг удаа    бодож  үзээсэй гэж  хүсч  байна.
-Та нилээд нээлттэй,сэтгэлийн хөдөлгөөнтэй, яриа хүн шиг харагддаг. Бодит амьдрал дээр ямар зан чанартай гэж өөрийгөө тодорхойлох вэ?
- Би амьдрал дээрээ  ч, ажил  дээрээ  ч Одгэрэлээрээ байхыг хичээдэг. Гэхдээ хэн нэгэнтэй яриа өрнүүлэхийг хүсэхгүй бол огтхон ч дуугардаггүй. Хувь хүний  зан  чанар гэвэл уг нь их хаалттай юм шиг.  Гэсэн атлаа  нэг итгэсэн хүндээ  нээлттэй байж  чаддаг.  Мэдээж  ажлын шаардлагаар  олон төрлийн хүнтэй  олон янзын аргаар ярилцаж, сэтгэлийг нь нээхийг хичээдэг.
-Та хөтлөгч Э.Гантулгыг алтан партнёр минь гэж хэлж байсан санагдана. Яагаад тэгж нэрлэх болов, түүний талаар бодлоосоо хуваалцаач? Таны хамгийн дотны найз хэн вэ?
- Би  өөрөө  ч тэгэж хэлээгүй л дээ. Бид хоёрыг чинь  сонин сэтгүүл, сайтууд л тодорхойлчихдог  юм. Гэхдээ  надад таалагдсан  нь Алтан  партнёр гэсэн тодотгол. Үнэндээ  миний ажил миний амьдралын салшгүй хэсэг.  Харин ажлын минь салшгүй  хэсэг Анууш буюу Гантулгатай холбоотой.  Тэгэхээр  Э.Гантулга  миний амьдралд   чухал орон зай эзлэж  байгаа нь үнэн. Би  Ануушийнхаа  хүчээр өдий зэрэгтэй хөтлөгч болсон  байх гэж баярлаж явдаг шүү. Бид хоёр чинь насан туршийн сайн найзууд  гэж өөрсдийгөө  тодорхойлдог  хүмүүс. Их түшигтэй,  чадвартай, бас дээр нь анхаарал халамж  шаарддаг тийм л хүн дээ. Сайн найзууд  гэвэл гарын 10 хуруунд багтах дотны цөөхөн  найзууд минь бий. Бид бие биенээ ойлгож, бие биендээ  тун хүндлэлтэй хандаж  чаддаг.  Энэ бол найз байхын утга учир байх.
-Та биеэ их сайхан авч явдаг. Жингээ барих ч юмуу гоо сайхандаа анхаарах тал дээр цаг зав хэр зарцуулдаг вэ?
Би цагаан хоолтон  болоод 5 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Энэ нь турахын тулд биш л дээ. Гэхдээ  илүүдэл жингийн асуудал надад тулгарч байсангүй нь цагаан хоолтой холбоотой ч юм билүү хэн мэдлээ. Гоо сайхандаа  цаг зарцуулах  зав зай тун хомс. Ихэвчлэн шинэ жилийн  үеэр олон арга хэмжээ  хөтлөөд ядарсан үед гэртээ  маск тавьж  арьсаа  арчилдаг. Гол нь гоо сайхны  бүтээгдэхүүндээ   гар таталгүй сайн  чанрын  бүтээгдэхүүн хэрэглэхэд ээж  минь сургасан. Тиймдээ  ч арьс үс минь надад таалагддаг хэвээрээ.
-Өөртөө сэтгэл хангалуун байдаг уу?
-Өөртөө  таалагдалгүй яахав. Миний эргэн тойронд байдаг хүмүүс сайн мэдэх байхаа. Би чинь өөрийнхөө  улаан фен нь шүү дээ. Надад  ээж  ааваас  өгсөн  эрүүл саруул бие бялдар,  гоо  үзэсгэлэн, бурханаас өгсөн өчүүхэн авъяас, амьдралаас  олж авсан чамгүй туршлага, ухаан  бүгд байгаад би үнэхээр баярладаг. Заримдаа  өөртөө итгэлтэй байдал минь хэтэрчих гээд байдаг юм. Тиймээс  орчноо мэдрээд  үргэлж  өөрийгөө хянаад хэзээ  хаана ямар ааш аяг гаргахаа  тааруулж  явдаг.
-Та имижээ байнга өөрчилдөг шиг санагддаг. Өөрчлөлттэй сонирхолтой амьдрах дуртай гэж ойлгож болох уу?
-Имиж гэдэг зүйлийг яаж  хүлээж  авахаас л өөрийгөө  тодорхойлох гээд байна. Би хувьдаа  дотоод  имижээ  хэзээ ч өөрчлөхгүй байхаа.  Энэ маань эмээтэйгээ  хамт  байсан хүүхэд наснаас  тогтчихсон болохоор одоо хэр нь зангарагатай байх, даруулгатай байх  дадалаа  хаяж  гээж чаддаггүй.  Тэр нь ч дээр биз. Харин гадаад  имиж, хэлбэрдэх тал дээр  ажлын шаардлагаас үүдээд олон янз  болж  хувирах хэрэгтэй  л дээ. Гэсэн ч бас л дотоодоо сонсоод өөрийнхөө  хүссэн сонголтоороо өөрийгөө  илэрхийлдэг.  Ер нь бол миний дотор олон төрлийн Одгэрэл оршиж байдаг болохоор  тэднийхээ  дуу хоолойг эрх тэгш  байдлаар сонсоод  энэ амьдралд инээгээд л алхаж явна даа.
-Хавар болж байна.Охид бүсгүйчүүддээ гоё сайхан харагдах хамгийн энгийн жор байвал хэлж өгөөч.
-Өглөө  бүр сэрээд 5 минутыг инээхэд зориулаарай. Ганцаараа , хэн нэгэнтэй хамаагүй  инээх л чухал. Чанга дуугаар “Ягаан Гажид” шиг инээвэл бүр сайн. Тэгэж чадвал өдөр бүр сайхан  энергиэр дүүрэн байдаг юм билээ. Би саяхнаас  хийж эхлээд үр шимийг  нь хүртээд явж  байна. Энэ нь Ошо гээд  гэгээнтний  бясалгалын   энгийн нэг  арга. Сэтгэл сайхан явахад  хүн бүрийн гоо үзэсгэлэн дотроосоо гэрэлтэнэ.
-Хавар болж буйг та хэрхэн мэдэрдэг вэ?
-Хавар… Их завгүй  болдог. Ажил хийх  урам зориг  сэргээд л…Бас сүүлийн дөрвөн жил  Universe Best Songs  тэмцээнээр  амьсгалаад залуу  сайхан эрч хүч,  бөөн дуу  хуур, аз жаргалаар дүүрэн  өнгөрсөн юм байна. Завгүй явсаар нэг л мэдэхэд зун болсон байдаг.
-Найз залуутай юу?
-Найз залуутай. Би түүндээ  их хайртай.
-Ямар залуу таалагддаг вэ? Тэмцээнд орж байгаа залуучуудаас сэтгэлийг тань их  хөдөлгөж, таалагдаж байсан хүн байгаа юу нууц биш бол ?
-Надад ихэвчлэн дуу цөөтэй, хямсгар  залуус таалагддаг.  Тэмцээн уралдаанд  дандаа  л дуу  шуу  болсон хөгжилтэй хүмүүс  оролцдог шүү дээ. Бид чинь завгүй өдөр хоногийн хажуугаар  тийм зүйл бодох сөхөөгүй л  өнгөрдөг.  Харин өөр орчинд өөр  газар тааралдвал  арай өөрөөр харах боломж  бүрдэх байх.
-Гэр бүлээ хэрхэн төлөвлөж байна? Гэр бүл таны хувьд хэр чухал зүйл вэ? Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?
- Би өөрөө  айлын 4 дэх хүүхэд. Одонгийн  охин  шүү дээ. Хоёр эгч, нэг ахтай. Тиймээс 4 хүүхэдтэй болохыг мөрөөдөж   байна. Гэр бүл минь миний амьдралын үнэ цэнэ. Энэ хорвоод ээж аавыгаа  олж  охин нь болж мэндэлсэндээ, эгч ахын хайртай дүү болж  төрсөндөө  үнэхээр баярладаг. Миний гэр бүл цаг ямагт миний  нэрийн хуудас, намайг өндөрт өргөх хүч  байсан. Харин  гэр бүл төлөвлөлтийн тухайд  хэдийнээ  хайртай хүнтэйгээ учирсан болохоор ажлаас гадна амьдралынхаа  бас  нэг хэсгийг өөр хүнд  зориулахад  суралцаж  эхэлж байна. Их орой  суралцаж байгаагаа  мэдэж  байгаа  л даа. Гэхдээ  миний хувьд яг таарсан цаг үе гэж бодож байна.
-Залуу хүний хувьд хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач? Таны мөрөөдөл?
- Миний мөрөөдөл гэвэл их. Тэр олон мөрөөдөл дундаас эмээ  өвөө шигээ настнуудыг асардаг сувилал юмуу асрамжийн газартай болох.
-Өөрийн тань facebook-ээс харж байхад нилээд олон газраар аяласан байх юм? Сонирхолтой олон зурагнууд байсан. Хэдэн орноор явж үзсэн бэ?
- Телевизийн салбарт ажилладаг болохоор ажлаар  явсан  нь олон бий. Мэдээж урд хөршөөсөө л аялал маань эхэлсэн.  Хятад, Сингапур, Солонгос, Энэтхэг, Франц, Герман, Америк, Тайланд. Одоо Орос руу явахыг хүсч байна.
-Хамгийн гоё санагдсан орон?
- Бүгд л шинэ содон сайхан байсан. Тэдний дундаас Францын Парис хотруу найз залуутайгаа явахыг хүсч  байна. Нас насны хосууд үнсэлцээд л их сайхан санагдсан шүү. \инээв\
-Цаашид энэ шоугаа үргэлжлүүлэн  хийх сонирхолтой байна уу ? Эсвэл өөр төлөвлөгөө байна уу?  Хувийн телевиз гэдэг ч юмуу бодол байгаа юу?
-Шоу нэвтрүүлэг маань миний амьдрал болжээ. Мэдээж  дараагийн  хөгжилтэй сонирхолтой хөтлөгчдийг бэлтгэх  тал дээр Гантулга бид хоёр  бодох болсон.  Хувийн телевизүүд их болж өрсөлдөөн нэмэгдэж  байгаа нь уран бүтээлч  хүний  хувьд биднийг  цаг үргэлж хурцалж байна. Би  саяхнаас  шоуныхаа хөтлөгч редактораар ажиллахын зэрэгцээ UBS телевизийнхээ  гуравдугаар суваг  UBS music   телевизийг хариуцан  ажиллах хариуцлагатай албыг хашиж эхлээд байна.  Хөгжмийн  сувгийн хөтлөгч, сэтгүүлчээр  ажлынхаа гарааг эхлүүлж  байсан болохоор надад их ойр санагдаж  байгаа.
-Таны шүлгээр хэд хэдэн дуу бүтсэн гэж сонссон. Яруу найраг сонирхдог юмуу? Өөр ямар нууцлагдмал авьяас байдаг вэ?
- Яруу  найраг сонирхолгүй яахав. Энэ бол миний маш том Хобби. 2005 онд “Хар шилний цаана” гэдэг анхны шүлгийн номоо гаргаж  байлаа.  Энэ жил  ээлжит номоо гаргах санаатай  ажиллаж  байгаа. Дууны  тухайд хөгжимлөг, урлагийн мэдрэмж өндөртэй хамт олон,  удирдлагатайн ачаар хэд хэдэн дууны үг оролдож бичсэн. Хамт олон маань гоё  үг болжээ, сайхан үгтэй гэх мэтээр их урам өгч намайг  баясгадаг. Өөр сонирхол гэвэл уран зураг, гэрэл зураг авах, мөн загварын  олон төрлийн шийдэл, зураг авалтын өвөрмөц дүр дүрслэлийг цуглуулах.
-Манайх залууст зориулсан цорын ганц сонин. Ямар нийтлэлийн бодлого баримтлаасай гэж  хүсэж байна?
-Залуус эрч хүчээр дүүрэн байх хэрэгтэй. Тиймээс залуусыг уриалан дуудсан, хэт  албархаг биш энгийн ойлгомжтой  зүйлсийг сониндоо тусгаж байгаасай гэж хүсч байна. Олны танил гэхээсээ илүү тэр бүр олонд танигдаагүй чадварлаг залуусын эрэлд гараасай. Танай сонины хамт олонд амжилт хүсье. Ярилцахад таатай байлаа.
-Танд баярлалаа.

Залуучуудын үнэн сонин

Monday, 10 September 2012

Ш.Чимэдцэеэ: Дуучин болсон хувь заяа, дууны тэнгэртээ өглөө бүр залбирдаг

Ард түмнийхээ сэтгэлд олон сайхан дуугаараа хоногшсон, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өдгөө Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн тэнхимд уртын дууны багшаар ажиллаж   буй. Уртын дууны гайхамшиг, уянга тансаг хоолойн цар хүрээг илтгэсэн түүний уран бүтээлийг шимтэн сонсох дуртай хүн олон бий.

-Юуны өмнө, уран бүтээлийн сонин сайхныг тань сонсмоор санагдла?
-Би уран бүтээлийнхээ хажуугаар багшилж, өөрийн хүүхдийг орхиод түмний хүүхдийн төлөө амьдралаа зориулах болсон. Гэхдээ уран бүтээлээ үргэлж хийнэ ээ. Морин хуурын чуулгын өдөр тутмын тоглолтоос гадна хувийн уран бүтээлдээ анхаарч байгаа. Монголын хамгийн том дуунууд бол хоёр актав, кварцтай, квинттэй дуу байдаг. Энэ дуунуудаар цомог гаргахаар бэлтгэл ажилдаа орчихсон явж байна. Гэвч миний хүсэл үүгээр ханахгүй. Гурван актав ба кварцтай дууг интернэтээс хайгаад ч олохгүй. Тиймээс би ийм дууг Н.Жанцанноровт захиаллаа. Уг дуугаа бичүүлээд цомгийн ажлаа дуусгана. Бас яруу найргийн түүвэр гаргах санаатай байгаа. Өмнө нь гаргасан яруу найргийнхаа түүврийг ч мөн цомог болгох бодол бий. Энэ мэт ажлууд ар араасаа ундраад их л сонинтой явна. Гэхдээ би завгүй гэж ер хэлдэггүй юм шүү, уучлаарай. Ажлын ачаалал надад байх ёстой гэж боддог.
-Сайн уртын дуучин болох нь гэж найдвар төрүүлсэн шавь нар бий юу?
-Байлгүй яахав. Хамгийн анхны шавь маань Дорнод аймагт дуулдаг. Би өөрийнхөө шавь гэж бодоод тэрийг нэг их тоогоод байгаа юм биш. Ийм занд ч дургүй. Яг өөрийнхөө шавийг өргөмжилж, бусдын шавийг дорд үзэх нь багш хүнд байж боломгүй асуудал. Ер нь монголын эрэгтэй уртын дуучдын дотор”Түмэн эх” чуулгын Мөнхбаатар, Дорнод аймгийн хөгжимт драмын театрын Идэрбат хоёр их сайхан дуулдаг. Сайхан дуулдаг эмэгтэй дуучид цөөнгүй байгаа ч би Ширмэнтуяаг их тоодог. Миний шавь биш л дээ. Багш хүн шавийнхаа хоолойг удаан хугацаанд дуулах хэмжээнд нь хүртэл тавьж өгөх ёстой. Хэдхэн жил сайхан дуулчихаад өнгөрөх хоолойг тавина гэвэл болохгүй. Тийм учраас хэсэг хугацааны дараа шавь нараас минь сайхан дуулах хүн нэлээд гарч ирэх байх. Тухайлбал, Анхчимэг, Цэцэгдэлгэр гэх мэт миний авьяасыг өвлөж, орыг минь залгах сайн дуучид бий.
-Уртын дууны анги төгссөн чадварлаг дуучид маань нийтийн дуу руу урвах нь олширсон. Үнэхээр авьяас чадвараа харуулах хэмжээнд ажиллах бус амар хялбар аргаар мөнгө олох гэж тэмүүлснээр сурч мэдсэн бүхнээ гаргуунд нь хаялаа гэж шүүмжилдэг?
-Бидний үеийг бодвол, уртын дуу хөгжсөн. Хангалттай сайн дуучид байна гэж ойлгож болохоор. Нэгэнт уртын дууны чиглэлээр сурсан бол мэргэжилдээ үнэнч бус хандаж байна гэж хэлж болох юм. Энэ хоёр талтай ойлголт. Нийтийн болон рок поп гэх мэт жижигхэн дуунууд ямар нэгэн юм бодогдуулахгүй, хялбархан ойлгогддог болохоор хүмүүс шууд хүлээгээд авчихдаг. Уртын дуу гэдэг өөрөө том айзам аялгуутай, гүн гүнзгий утга агуулгатай учраас сонссон хүмүүс маш их зүйл бодох, учир начрыг нь хүлээж байж ойлгох тэсвэр тэвчээр шаарддаг юм. Тэгэхээр уран бүтээлчид маань өнөөгийн зах зээлээс болоод сонсогчдод хамгийн хурдан хүрэх чиглэлийг нь сонгож байгаа. Уг нь уран бүтээлийн буян, хойч ирээдүйдээ хүргэх ухааныг бодвол уртын дуугаа түлхүү дуулах хэрэгтэй.
-Нийтийн дуу дуулж явсан уран бүтээлчид маань эргээд уртын дуугаа дуулбал хэрхэх бол?
-Уртын дуу хэцүү шүү. Мэдээж, бага ч атгугай авьяас байсан болохоор л багш нь хөгжүүлж өгсөн байх. Уртын дууны багш хүний ажил өт авгалдайгаа гаргаад өөрөө үхдэг шиг хүнд ажил. Өөртөө байгаа бүх зүйлийг гаргаж, золиосолж байж шавийнхаа авьяас чадварыг хөгжүүлдэг юм. Тэгэхээр нэгэнт таван жил заалгасан бүхнээ эзэмшиж, тэр хэрээр дуулахгүй юм бол ахиад л “А”-гаас нь эхлэх шаардлагатай болдог. Амьсгааны хөг дэг, авиа зүйний эгшиг томрох, шуранхай, далайх, тойрох, өвдөглөх гэх мэт янз бүрийн зүйл байна шүү дээ. Тэр бүгд нь арилсан цагт сэргээнэ гэхэд маш хэцүү. Жижиг зүйлээр том зүйлийг үгүй хийхэд амархан гэдэг шиг л…
-Ардын урлагаар эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа уран бүтээлч, сайхан эмэгтэйчүүдийн нэг бол та. Энэ цагийн монгол эмэгтэй хүний талаархи бодлоосоо хуваалцаач?
-Европ соёл сурах нь битгий хэл, хотжихгүй байгаа хүн дээ, би. Монгол ахуй маань энэ генээс хэзээ ч гарч чадахгүй юм шиг байна лээ. Би монгол эмэгтэй хүнийг монгол хүн шиг л байгаасай гэж үнэхээр хүсдэг. Яг өөр шигээ бай гэж хэлээгүй юм шүү. Би бол их дутагдалтай эмэгтэй. Харин монгол эмэтэйчүүд маань яриа хөөрөө, ухаан санаа, бие бялдар, авьяас чадвар зэргээрээ монгол байгаасай гэж хүснэ.
-Урлагийн салбарт олон жил зүтгэж, өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болголоо. Уран бүтээлч, олны танил хүн болсноор таны амьдралд өөрчлөгдсөн зүйл их л байсан болов уу?
-Тийм ээ, би дуучин болоогүй байсан бол өдийд хэн ч биш байх биз. Жалгын хэдэн хүн л намайг таних төдий байж мэдэх юм. Гэтэл монголын болоод дэлхийн ард түмэнд танигдана гэдэг ховор боломж. Би дэлхийн 40 гаруй оронд очсон хүн. Тиймээс дуучин болсон хувь заяа, дууны тэнгэрт ихээр залбирч явдаг. Ийм сайхан авьяас, аз билэг хайрласан ээж аавдаа, энерги шингэсэн нутаг усандаа баярладаг юм.

-Хотын соёл, брэнд гэхээс илүүтэй ямар ч үед өөрийнхөөрөө байж чаддаг, эгэл зантай гэж ойр тойрныхон тань үнэлдэг юм билээ?
-Надад бол тэр нь дээр. Тоглолтод ирэхдээ хувийн жолооч, хувцас хэрэглэл барих хүн дагуулаад байх нь илүүц зүйл. Би хэзээ ч тэгж үзээгүй. Өөрөө хувцсаа барьж, барилга бариулж, үнээ сааж чадна шүү дээ. Гэтэл өмнөө байгаа бутыг хүнээр зулгаалгаж, өөрөө идэх гээд байдаг нь тийм ч сайн чанар биш гэж үздэг юм.
-Үндэсний хувцас үнэхээр сайхан зохидог болохоор энэ төрлийн цуглуулга арвин биз. Та хувцас гоёлоо хаанаас зэхдэг вэ?
-Энэ бас л миний хийх ёстой ажил. Би зарим хувцсаа өөрөө оёод өмсчихдөг. Ихэнх гоёлынхоо загварыг өөрөө гаргаж, оёдолчноор хийлгэнэ дээ. Тоглолтын болон өдөр тутмын хувцас хэрэглэлээ өөрөө хийдэг учраас хүнд даатгах шаардлагагүй шүү дээ. Тайзан дээр сайхан харагдах, үзэгчэд таатай мэдрэмж төрүүлэх нь миний үүрэг. Дээхнэ үеийн эмэгтэйчүүд өөрсдөө хувцсаа оёж өмсдөг байсан. Одоо цаг өөр болж, зах зээл хөгжөөд, оёдог хүн нь нэмэгдээд ирэхээр энэ тал дээр санаа зовохоо больсон байж мэднэ. Гэхдээ хүнд бус өөртөө найдах нь илүү шүү дээ. Хүүхдээ жаахан байхад баривчнаас эхлээд хамаг хувцсыг нь оёж өгдөг байлаа. Одоо ч гэсэн, хүүдээ оёж өгсөн дээлнүүдийг миний ач нар өмсөөд гүйж явна. Хөөрхөн харагддаг юм шүү. Хүүгийнхээ нялх багадаа өмсч байсан дээлнүүдийг нь хадгалах дуртай. Жаахан үрс маань нэмэгдэх тусам өмсөнө дөө.
-Олны танил хүн гэдэг утгаараа, гоо сайхандаа ихээхэн анхаардаг байх. Өөрийн гэсэн баримталдаг зүйл, хэрэглэдэг арга бий юу?
-Гоо сайхан минь сэтгэлийн мөн чанартай холбоотой болов уу. Би ажлын ачаалал багатай байвал сэтгэл их зовлонтой болчихдог. Ачаалал ихтэй байвал жаргалтай ч юм шиг санагддаг. Тэгэхээр нэлээд их ажилтай байсан учраас миний гоо сайхан энэ зэрэгтэй харагдаж байгаа байх. Бас уртын дууны энерги ч үүнтэй холбоотой. Газар байгаа хүнийг тэнгэртэй холбох мэт ямар сайхан энергитэй гээч. Би соёл судлалын доктарант хүн. Энэ аялгууны соёл, түүн дотор байгаа энергийг судалдаг учраас уртын дууны энергийг маш их мэдэрдэг. Би тийм айхтар өндөр үнэтэй гоо сайхны бараа, янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэж үзээгүй. Ээж ааваас минь ийм сайхан бор арьс, тэгш зүс царай заяасанд нь баярлаж сууна. Үүн дээрээ жаахан энгэсэг түрхээд л болоо. Эрүүл саруул, элдэв өөгүй зүс царайтай байхад өөр юу хэрэгтэй гэж. Яахав, зөв хооллох нь эрүүл мэнд, гоо сайханд чухал нөлөөтэй байх гэж боддог. Үнэндээ би элдэв янзын амттанд дургүй. Монголчууд өвөл мах, зун цагаан идээ хэрэглэж сурсан эртний уламжлалтай улс. Бие бялдар нь чийрэг, ухаан санаа нь саруул, урт насалдаг нь ч үүнтэй хлбоотой. Ер нь, хүн их иддэг болчихвол юм бодох нь багасдаг шүү дээ. Манай нутагт “Дээдсийн гүнцэг” гэж ярьдаг юм. 10 төрлийн жор ордог энэ хоолны жорыг би “Модерн Номадс” сүлжээ рестораныханд зааж өгсөн. Ингэж сүүтэй гурил юмуу тараг идэж зусдаг учраас би өвөл мах бага хэрэглэж сурсан. “Нандин бужгадай” гэж нэрлэдэг бас нэг хоол бий. Одоо бараг хийхээ больсон байх л даа. Төмөр дутагдахаас сэргийлэх их чанартай хоол учраас би жорыг нь мэддэг. Өвөл хааяа хийж иднэ ээ. Энэ мэтээр монгол маягийн хоол иддэг хүн дээ, би. Хэрэв гадаад төрхөө сайхан харагдуулья гэвэл эрүүл мэндээ ч бас давхар анхаарах хэрэгтэй. Би ахиад 20 жил дуулмаар байна. Үүний тулд биеэ эрүүл байлгах үүрэг, зорилго тэнгэр бурханаас надад өгсөн. Үүргийг нь биелүүлэхгүй байвал миний “томилолт”-ыг зурж өгөхгүй байвал би яах юм бэ.
-Эмэгтэй хүний хувьд, гоёл чимэглэл сонирхдог нь лав. Сонгож цуглуулах зүйлс тань чухам ямархуу хийц загвартай байдаг юм бол оо?
-Элдэв чимэг гэхээсээ илүүтэй би өөрөөрөө гоёх дуртай энгийн л нэг эмэгтэй. Хэрэглэх гоёлынхоо хүрээнд би алт, мөнгөнөөс илүү чулууг эрхэмлэдэг. Тухайн хүний жил, ордтой зохицсон эрдэмтэй чулуу их бий. Гартаам гэхэд л саа өвнөөс сэргийлэх, пийсүү бол эмэгтэй хүний хөх өвдөхөөс хамгаалах гэх мэт янз бүрийн нөлөөтэй.
-Таны жил, ордтой зохицсон чулуу гоёлын хэрэгцээнд олон байгаа байх нь ээ?
-Надад хоёр янзын чулуу бий. Нэгийг нь өөрийнхөө жил, нөгөөг нь ордныхоо онцлогт тохируулж авсан. Яг ямар чулуунууд болохыг нь хэлмээргүй байна. Мэдээж, миний гоёлын цуглуулганд ийм чулуу орсон чимэглэл цөөнгүй бий. Нэгэнт л би тэр жил, ордонд төрсөн юм чинь шүтэж явах нь зүйн хэрэг. Алт мөнгөн эдлэлийн хувьд, тоо яривал нэлээд юм бий. Гэхдээ би хийц загвар, хэмжээ, чанарт нь зохицсон үнэтэй гоёл авдаг. Түүнээс биш өндөр үнэтэй ч юмуу аль эсвэл хямдхан байна гэж чухалчилж үздэггүй. Тухайн зүйл маань хүний сэтгэлд хэр нийцэж, хэрэглээнд хэрхэн тохирох нь чухал асуудал. Ер нь, мөнгө гэдэг бол хүний дайсан шүү. Хэдий гоё сайхан боловч хэт өндөр үнэтэй гоёл байвал би авахгүй. Би өөрийгөө айхтар үнэтэй эмэгтэй гэж боддоггүй. Харин монголын ард түмэнд жаазтай зураг шиг сайхан харагдах ёстойгоо мэднэ. Үүн шиг, эрхэмлэж явдаг чулуунууд минь өндөр үнэтэй биш байлаа ч надад тэр жаазтай зураг шиг чухал хэрэглүүр юм даа гэж боддог.
-Та нэлээд хэдэн жилийн өмнө “VIP” нэвтрүүлэгт орохдоо томоохон сургамж авсан гэж дурссан. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?
-УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг энэ нэвтрүүлгийг хөтөлдөг байсан шүү дээ. Тухайн үед би тоглолтын үеэр тэгж их гоёл чимэглэл хэрэглэдэг байсан биш. Бараг чихэндээ ч ээмэг зүүхгүй шүү. Гэтэл нэг удаа Ч.Сайханбилэг тоглолт тарав уу, үгүй юу л намайг аваад давхичихсан. Ингээд нэвтрүүлэгт оролцсоны дараа манай гэрийн утсыг ч яаж олсон юм, нэг өвгөн надтай яриад их хатуу үг хэлж билээ. “Хүү минь, монголын буян байна даа. Чихэндээ хийчих ганц юм алга уу” гэж хэлсэн  энэ үгийг нь би насан туршдаа бодож явах болсон. Зүгээр л нэг өөрийнхөөрөө яваад байх эрхгүй, олны өмнө тааламжтай сэтгэгдэл төрүүлэх ёстой хүн болж дээ гэдгээ мэдсэн. Би ард түмний өмч учраас ямар ч үед жаазтай зураг шиг сайхан байх үүрэгтэй. Намайг өмнө нь Шарын Чимэдцэеэ гэхээсээ илүүтэй Сүхбаатарын Чимэдцэеэ гэдэг байсан. Одоо бол Морин хуурын Чимэдцэеэ гэдэг болсон доо. Тэгэхээр авьяас чадвар, бие бялдар, сэтгэл зүрхээ хүртэл ард түмэндээ зориулах хувь тохиол надад бүрэлдсэн юм шиг байна.
-Урлагийн хүн ард түмний өмч гээд стиль имижээ хүртэл эрс өөрчилж чаддаггүй байх даа?
-Тэгж болдоггүй юм байна лээ. 1994 онд байх аа, “Зүүдний говь” тоглолтын тайзан дээр улаан даашинз өмсч, үсээ задгай тавьсан юмдаг. Анх хотод орж ирээд бие даасан тоглолтоо хийсэн нь тэр. Залуу байсан болохоор ч тэр үү, хүмүүс намайг “Хөөрхөн харагдаж байна” гэж урамшуулсан ч цаанаа л нэг учир дутагдалтай санагдсан. Зарим хүн “Толгой дээрээ ядаж данхны таг шиг юм тавьчихгүй дээ” гэж ярьж байсан гэнэ лээ. Намайг үргэлж малгай өмсдөг байсан болохоор дасал болчихгүй юу. Ер н, бидэнд стиль имижээ өөрчлөх эрх байхгүй. Ямар байсан, яг тэр чигээрээ байж байгаад л дуусна шүү дээ.
-Дарьганга нутгийн бүсгүйчүүд их царайлаг, нуруулаг байдаг гэлцэнэ. Үндэсний хувцас сайхан зохидог, царай төрхийн хувьд ч сайхан байдаг нь нутаг усны тань онцлог юм болов уу?
-Би өөрийгөө онцолж хэлээгүй юм шүү. Гэхдээ би тэдний дунд багтах байх. Манай Дарьгангын хүүхнүүдийг их царайлаг гэж ярьдаг. Бургасны хүүхнүүдийг бас шооч гэлцэнэ. Энэ нь мөр холбож ярьдаг, яруу найргийн мэдрэмж сайтай гэж үнэлсэн хэрэг. Тэр нутгийн энерги бүсгүйчүүдийн гоо сайхан, бие бялдар, оюун санаа болоод цуурайлах эрхтэнд нь шингэдэг учраас онцлог их. Ардын дуу, аялгуу шигээ нутаг нутгийн энерги өөр өөр байдаг.
-Гоо сайхны мэс засал багахан ч болов хийлгэвэл зүгээр юмуу гэж бодож байв уу?
-Ингэх хэрэггүй л дээ. Хүн эцэг эхтэйгээ л адилхан байх ёстой. Өрөөнийхөө юмуу өөртөө таалагдаж байгаа хэн нэгэнтэй адилхан харагдаад байвал утгагүй шүү дээ. Тэр чинь хүний ген. Харагдах, үзэгдэх ач холбогдол нь алга болчихвол яах юм бэ. Би ээжтэйгээ нүгэлтэй адилхан хүн. Үүндээ ч туйлын баяртай явдаг. Одоо нас жаахан нэмэгдэх тусам ээжтэйгээ улам бүр адилхан болоод байна. Ээжийнхээ царай төрхийг өөрөөсөө олж харах хэрэгтэй шүү дээ, эмэгтэйчүүд. Үнэндээ би хоцрогдсон байж магадгүй. Гоо сайхны мэс заслыг огт дэмждэггүй юм, уучлаарай.
-Хүний царай төрхөнд хувь тавилан нь шингэсэн байдаг гэдэгт та итгэдэг үү?
-Царай төрхөөс гадна хүний ааш авир ч бий. Бас монгол эхийн бүүвэйн дуунд маш их ач холбогдол өгнө. Бүүвэй гэдэг бол унтуулах хэрэгсэл биш шүү дээ. Хүүхэд тайвширч, унтах нь мэдээж. Гэхдээ эх хүн үрийнхээ насны цөвийг арилтал бүүвэйлдэг. Цөв гэдэг чинь тэр хүний насанд ирэх өвчин зовлон, муу муухайг хэлж байгаа юм. Харин бага балчирт нь тэр бүхнийг арилтал бүүвэйлж чадвал энэ бүхнээс холуур өнгөрнө гэсэн үг. Мөн бүүвэй сонсч өссөн хүүхэд ухаалаг, царайлаг, өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн болдог. Одооны хүмүүст яахаас ч буцахгүй, араатанлиг байдал давамгайлаад байх шиг. Зөөлөн байх, зөв сайхан явах нь бүүвэйн аялгуутай салшгүй холбоотой. Миний ээж их сайхан бүүвэйлдэг хүн байсан. Би их олуулаа шүү дээ, 13-уулаа өссөн. Дүү нараа, дараа нь хүүхдээ бүүвэйлсээр байгаад миний бүүвэй ер тасарсангүй. Тэгээд би бүүвэйн дууны цомог гаргаж, “Хасар” Жагаад соёлынх нь өвийг залгаж өгсөндөө би их баяртай байдаг.
-Залуу байх үед тань дэлгэцийн уран бүтээлд тоглох санал ирж байсан уу?
-Ирж байсан. Яагаад ч юм бэ, кинонд тоглож чадахгүй байх гэж өөрийгөө голдог байсан. Тайзны урлаг талаас нь яривал, өнөөдөр дуулсан дуугаа маргааш нь улам сайхан засч залруулаад дуулчихаж болно. Кино урлагт нэг л алдаа гаргавал тэр чигээрээ үлдэнэ гэж бүр багаасаа боддог байсан. Залуудаа нэг л удаа кинонд тоглосон. “Буруу замаар будаа тээвэл” гэдэг нэртэй богино хэмжээний кино байсан байх. Өөр онцгой зүйл байгаагүй. Саяхан бас “Богд хаан” кинонд их хааны ээжийн дүрд тоглолоо. Арай жаахан ухаан суусан болохоор тэр. Би энэ саналыг хүндэтгэж хүлээж авсан. Богд хааны тухай олон кино олон байдаг ч социализмын хар бараан үеийг заавал оруулдаг байсан бол, энэ кинонд тийм зүйл байхгүй. Яг хувь хүн талаас нь харуулсан сайхан кино.
-Ээжийнхээ тухай дээр нэлээд дурслаа. Хамгийн их санаж явдаг захисан үг, сургааль нь юу вэ. Хүн өтлөх тусмаа ээжийнхээ сургаалийг үнэ цэнийг мэдэрдэг гэдэг шүү дээ?
-Ай даа, тэр үнэн. Хүн гэдэг чинь байгалийн амьтан хэдий ч ижийгээс л ургадаг юм. Ээжийн хэлсэн үг бүрийг биелүүлж чадахгүй байх л даа. Гэхдээ нэлээд хэдийг нь нэгтгэж, ширээний ном болгох хэрэгтэй. Миний ижий “Хүнд жаргалаа дэлгэж, зовлонгоо нууж яваарай” гэж хэлдэг байсан юм. Энэ бол тэвчээр хатуужилтай, аливаа зүйлийн өмнө битгий бөхийж бай гэсэн үг шүү дээ. “Өлссөн ч өлсөөгүй юм шиг, өвдсөн ч өвдөөгүй юм шиг явж бай” гэж бас захисан. Их айхтар үг шүү. “Эзэн хичээхгүй бол заяа хичээнэ” гэдэгчлэн хүн өөрөө л хичээх ёстой. Өөрийгөө гаргуунд хаявал хувь заяа минь алга болоод би гэдэг хүн үгүй болчихно. Энэ ч утгаараа би ээжийнхээ хэлсэн үгийг цаг ямагт санаж, түүнээс нь ургуулаад юм бичдэг.
-Таныг маш их шүтлэгтэй төдийгүй гэр орондоо хүртэл бурхан шашны эд зүйл олон тавьсан гэлцдэг?
-Хүн ер нь ямар нэгэн зүйлээс нүгэл, буяныг салгаж ойлгодог байх ёстой. Би 70 насандаа 20 настай хүний хувцас өмсч, нүүр амаа будчихаад явбал том нүгэл болно. Хэцүү биш, сайхан нүглийг нь ярьж байгаа юм шүү. Хүн нүглээс айж байх хэрэгтэй. Шүтлэгтэй хүний дэргэд би шүтлэгтэй хүн биш л дээ. Гэхдээ нүгэл, буянаа ялгаж салгаж мэднэ. Мэдээж, буян заяагаа даатгасан багш байлгүй яахав. Хүн бүрт л байдаг байх.
-Урлагийнхан бизнесийн салбарт орох нь бий. Танд энэ тухай бодсон зүйл бий юу?
-Үнэндээ тийм хүсэл алга. Ямар учиртайг нь ч би өөрөө тайлж чаддаггүй юм. Надад бизнес хийх нас, боломж байсан уу гэвэл байсан. Хүмүүс компани байгуулж, мөнгө хураагаад үр хүүхэддээ үлдээнэ гэж боддог байх. Гэтэл би тийм биш. Хүүдээ ч хэлдэг юм. “Миний хүү ээжээсээ битгий тийм зүйл хүсээрэй. Ажлаа сайн хийгээд явбал аяндаа болж бүтнэ” гэж. Ээж минь ч надад ингэж захиж сургасан.
-Тэгвэл хүүдээ өвлүүлэх зүйл тань юу вэ?
-Толгойд нь “юм” хийж, ухаан суулгаж өгөх. Манайх их олон номтой айл. Хүүдээ тэр олон зуун номоо өвлүүлж үлдээнэ. Маш чухал номнууд учраас би нэгийг нь гурваас доошгүй удаа уншсан шүү. Төрөл бүрээр нь ялгаж тэмдэглээд тавьчихсан. Үүний зэрэгцээ, би хүүдээ захиас сургамжаа сайтар хэлдэг. Боловсрол олж авна гэдэг чинь дээд сургуульд сурахын нэр биш. Зүгээр л хоолоо олж идэх чадвар, өөр юу ч биш. Миний хүү бусдыг хүндэтгэх, ажилдаа хандах хандлага, хань ижилдээ тавих хайр халамж бүхнийг дэндүү сайн эзэмшсэнд нь баярладаг юм.
Р.Мөнгөн

Sunday, 2 September 2012

Ш.Гүрбазар: Бахархал, үзэн ядалт хоёр нэгэн цэгт огтлолцдог


Бид Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазарыг “Редакцийн уулзалт”-ын зочноороо урьж, халуун дотно яриа өрнүүллээ.
-Бидний урилгыг хүлээн авч, “Редакцийн уулзалт”-ын маань анхны зочноор оролцож байгаад баярлалаа. Таны амьдралын өглөө хэр­хэн эхэлдэг вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?
-Өглөө гэдэг үг их гай­хам­шигтай. Би өглөөд их дуртай. Яагаад гэвэл нэг л сайхан юм ирнэ гэж бодогддог. Огт танихгүй, хамгийн сайхан мөрөөдөлтэйгөө уулзаж байгаа юм шиг санагддаг. Хүн бүр өглөөд дуртай байх ёстой. Эдгэршгүй өвчтэй хүн маргаашийг хүлээж байвал тэр өвчнийг нь эмчлэх нээлт гарч ирж болно. “Үүрийн буурал хяруунаар намайг буудах юм гэнэ” гэдэг шүлэг байдаг. Түүн шиг хүн болгон маргааш үхэх юм шиг амьдрах ёстой юм гэнэ лээ. Тэр лугаа адил өнөөдөр заавал сайхан юм надад учирна гэж яривал, бодвол их сайхан.

2012 оны 12 дугаар сарын 21-ний өглөө бол бидэнд их сонин байгаа шүү дээ. Зарим нь дэлхий сөнөнө гэж байхад нөгөө хэсэг нь улс даяараа баяр хөөртэй угтана гэж ярьж байна. Энэ бол аймшигтай зүйл биш.
Шинэ эрин эхэлж байгаа, байгалийн гайхамшигтай үйл явдал болно гэж үзэж байна. Огт мэдэхгүй, таагдашгүй, шинэ юм бүхнийг өглөө авч ирдэг. Амьдрал өөрөө таагдашгүй. Таагдашгүй байд­­­­лын гайхамшигтай нууц нь орой биш өглөөд л байдаг юм. Өглөө бол хүнд дандаа горьдлого төрүүлж байдаг. “Монголчуудын маргааш олон” гэдэг чинь муухай мэт боловч нөгөө талаасаа хамгийн сайхан үг. Хүний өөдрөг байх ухагдахуун нь өглөө гэдэг юмтай огтолж байдаг.

-Ажил амьдралын тань өглөө хэзээ эхлэв?
-Би 1977 онд Багшийн дээд сургуулийн хэл уран зохиолын ангийг төгссөн. Хүмүүс кино драмын анги төгссөн л гэж ойлгоод байдаг юм. Монголын зохиолчдын хороонд хоёр жил ажиллаад, телевизэд ажилд орсноос хойш 33 жил эндээ ажиллаж байна. Би дунд сургуулийн сурагч байхдаа шүлэг бичдэг байсан учраас сэтгүүлчийн мэргэжлийг сонирхож бай­сан. Гуравдугаар дамжааны оюутан байхдаа радиод нэвтрүүлэгчээр шалгуулж тэнцсэн юм. Гэтэл Эстрадын жүжигчдийн улсын уралдаан гэж анх удаа Монголд болсон. Оригиналь жанр гээд уран элэглэл, шүлэг зэргийг багтаасан төрөлд нь оролцож түрүүлээд, телевизэд бичлэгт орсон. Телевизийн дарга Жаргал гуай “Чи хаана юу хийж байна” гэлээ. “Радиод туслах нэвтрүүлэгч санаатай” гэсэн чинь сэтгүүлч болох санал тавьсан. “Арай л чадахгүй байх даа” гэтэл “Ажил голох уу” гэж асуудаг юм байна. “Голохгүй” гэсэн чинь МҮОНТ-ийн залуучуудын редакцид туслахаар авсан. Тэр цагаас л бага багаар дэвшиж эхэлсэн дээ.

-Таныг цагдаа болох гэж байсан гэж сонссон?
-Би хүний ганц хүү. Манай аав манаач байсан. Ээж маань бүх насаараа хэвтэрт байсан. Хамаатан садан гэж байхгүй. Ижий, аавын холын хамаатнууд бол бий. Сайн явахад намар болохоор хүүхдээ сургуульд оруулна гэж ирдэг юм. Саар явбал тоох ч үгүй. Би өөрөө зориглоод, амьдралд их эрт орсон. Хэрсүү байсан.
Аав маань долоодугаар ангиа төгсөөд, цагдаа бол гээд сургуулиас гаргана гэж байсан. Би ч цагдаа болно гээд шийдчихсэн, хичээлдээ суухгүй, муу дүн авдаг байлаа. Тэгсэн аз болоход намайг долоодугаар анги төгсөхөд Монголын пионер сурагчдын урлагийн үзлэг Улаанбаатар хотод болсон юм. Тэр уралдаанд оролцож, уран уншлагаар алтан медаль автал сургуулиас намайг наймдугаар ангид дэвшүүлсэн.

Сэтгүүлчийн ажил их сайхан. Би нэг л юманд их дуртай. Өдөр бүр өөр өөр хүнтэй уулзаж ярилцдаг хувь заяа сэтгүүлч хүнд л олддог. Өнөөдөр траншейныхантай, мар­­­­гааш ерөнхийлөгчтэй уулзана. Нөгөөдөр баяр баясгалантай зүйлтэй учирна. Тэр нь хүссэн хүсээгүй өөрийг нь хүмүүжүүлээд, амьдралын цар хүрээ их өргөн болдог. Би 33 жил сэтгүүлчээр ажиллахдаа Хамбын овооны гуйлгачнаас Далай лам хүртэл уулзсан.
“Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгийг 362 дугаар хийлээ. Би хэнтэй ч, ямарч сэдвээр ярьж чадна. Олон хүнтэй ярилцах нь надад эрдэм болсон. Сэтгүүл зүйн нэг гавьяа бол нийгмийн амьдрал дунд явж, өдөр бүр шинийг харж, хөгжиж байна. Өөрөө тэрийгээ хөгжүүлж, түүнийгээ мэдлэг гэж бодвол сэтгүүлч өөрөө хөгждөг. Харин ажил гэж түүртээд байвал унадаг. Ийм байвал больчих л хэрэгтэй.

-Дур сонирхлоос гадна өөр нэгэн зорилго таныг сэтгүүлч болох зам руу хөтөлсөн гэдэг юм билээ?
-Манай ээжийн ах нь Бага хурлын дарга Бумцэнд гуайн нарийн бичгийн дарга Баяр гэдэг хүн байсан юм. Тэгээд хэлмэгдсэн. Одоогийнхоор бол ажлын хариуцлага хүлээсэн. Ээж маань ахындаа амьдарч байгаад, Баяр ах нь шоронд орсон учир хүүхдийнхээ хамт нутаг руугаа буцсан. Би хоёр эгчтэй байх ёстой юм гэнэ лээ. Нэг нь нас барж, нөгөө нь тэр үеийн идэвхтний эмнэлэг буюу Сайд нарын эмнэлэгт ээжтэй төөрөлдсөн юм гэсэн. Би эгчийгээ олох гэж сэтгүүлч болсон. Их хөөцөлдсөн. Ижийгээ амьд байхад л эгчийгээ олоод өгчихье гэж их хичээсэн. Сүүлдээ сонирхол буурсан. Нэлээн хэдэн нэвтрүүлэг хийсэн. Олон хүн утастаад, толгой эргэсэн. Гэхдээ манай эгч амьд байх магадлалтай. Надаас 10-аад насаар эгч гэхээр одоо 70 хүрч яваа.

-Тэр үед телевиз, радиод дандаа гадаадад сургууль төгссөн хүмүүс ажилладаг байсан биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Хоёр, гурван гадаад хэлээр ярьсан хүмүүс л байдаг байлаа. Сэтгүүлчээр ажилд ороод хоёр, гурван нэвтрүүлэг хөтөлчихөөд байж байтал телевизийн зөвлөгөөн дээр нэг хүн “Манай телевизийн ажил ерөөсөө уруугаа харчихлаа. Багшийн дээд сургуулийн монгол хэлний анги төгссөн цээж бичгийн багш хүн нэвтрүүлэг хөтөлдөг болсон бол бид үнэмлэхээ өгье” гэсэн. Би тэр үед “Та нар намайг дээрэлхэж л бай. Би чадна” гэж бодож суусан. Явсаар явсаар байгаад өнөөдөр хүртэл микрофоноо бариад зогсож л байна.
Нэг хүн аравдугаар ангиа алтан медальтай төгсөөд, Москва явах гэтэл аав нь “Миний хүүд Монголд сурах юм байхгүй бол яв даа” гэсэн юм гэнэ лээ. Би монгол сэтгүүлч, монгол телевиз юм гэж бодоод монголоороо сэтгэж л үлдсэн. Гашуун ширүүн юмны дундуур ороход их хатдаг. Өөрөө хатна гэж зүтгэх хэрэгтэй.

-Та амьдралаа нэгэн хоног юм гэж төсөөлбөл одоо хэдэн цаг болж байгаа бол?
-Миний амьдралыг нэгэн хоног гэвэл одоо үдийн 14:00 цаг л болж байна даа. Би өөдрөг сэтгэлтэй. Хоёр жилийн дараа тэтгэвэрт гарна гэхээр миний сэтгэлд огт буудаггүй юм. Идэвхтэй хөдөлмөрлөх хориод жил байна.

-Цаана нь арван цаг байна. Юу хийхээр төлөвлөж байна?
-Тэтгэвэрт гарна гэдэг надад сонин биш. Хийх ажил их байна. Зөндөө төлөвлөгөө байна. Би 60 жаахан гараад, үсээ бууралтаад ирэхээр хүүхдийн нэвтрүүлэг хөтөлье гэж боддог. Жар хүрсэн өвгөн зургаан настай нусан буутай ярилцвал гоё биз дээ. Одоо Монголын телевизүүдэд хүүхдийн нэвтрүүлэг алга. Хүүхэдтэй хүн шиг ярих ёстой. Гэтэл манайхан хүүхэд болж, хүүхэдтэй ярьдаг. Хүн шиг яривал хүүхэд үнэнээ ярина шүү дээ. Надад маш их төлөвлөгөө байгаа учраас “Жар хүрвэл манай ажлаас надад нэг зурагт өгнө. Тэрийгээ тэврээд л, телевизээс гараад алхана даа” гэсэн бодол төрдөггүй. Өөрөө идэвхтэй байвал насны хязгаар байхгүй шүү дээ. Аливаа хүнд насны хязгаар сонин биш. Өөдрөг л байх ёстой.

-Бие биедээ сэтгэлийн дэм өгөх, урам зориг хайрлах үг залуусын амнаас гарахаа больжээ. Гэтэл сэтгэлийн жинхэнэ таашаал, урам зориг хайрлах үгс таны шүлгүүдээр дүүрэн байх юм?
-Аливаа юманд хүн сэтгэлээсээ орох ёстой. Манай нэг найз их дурламтгай. Үхтэлээ дурлана. Түүн шиг сэтгэлээрээ юманд хандах явдал бичихэд, ярихад их хэрэгтэй. Талархах, эмзэглэх сэтгэлтэй бай. Би Д.Намдаг гуайн шавь. Багш маань юманд эмзэглэх хэрэгтэй гэж хэлдэг байлаа. Эмзэглэж чадвал бичиж, ярьж, баярлаж чадна. Юмыг гаднаас нь харахаар худлаа болоод байдаг. Аливаа юмыг “Муухай юм даа” гэж харвал сайн буудаг.

Зарим хүн “Чи их сайхан юм ярьдаг. Энэ сайхан үгс хаанаас чинь гардаг юм бэ” гэдэг л юм. Хамгийн гол нь би тэнд зүрхээрээ очдог болохоор хүмүүст сайхан санагддаг. Аяндаа асуулт өөрөө бодогдоод ирсэн. Би 1989 онд “Говийн ганц айл” нэвтрүүлгийг хийж байсан. Өмнөговийн Ингэн сэвстэйн заставаас Гурвантэс хүртэл 300 км газар. Энд ганцхан айл бий. Тэр айлд хоёр хүүхэдтэй, гуч хүрч яваа нэг бүсгүй амьдардаг. Тэр бүсгүй сум, аймгийн төвөө үзээгүй. Хоёр хүүхэд нь буугаад мордсон хүний хүүхэд. “Амьдрал ийм л байдаг юм байна” гээд бодчихсон. Тэгээд Гүрээг асуухаар үнэнээ л хэлж байгаа юм. Улаанбаатарт үүнийг нэвтрүүлэхээр хүмүүс их гайхдаг. Би тэр бүсгүйн мууг үзэх гэж нэвтрүүлэг хийгээгүй. “Хүн ийм болчихоод байна. Өрөвдмөөр юм биш үү” гэдэг санааг л дэвшүүлсэн юм. Улаанбаатарын гудам­жинд яваа нэг бүсгүйтэй уулзаад “Хүүхдүүд чинь бүгдээрээ таны нөхрийн хүүхэд мөн үү” гэвэл өөдөөс “Хуц” гэнэ биз дээ.

-Тэгэлгүй яах вэ?
-Ийм нарийн нандин зүйлсийг гаргаж ирэхийн тулд өөрөө зүрх сэтгэлээсээ байх ёстой. Зүрх сэтгэлээсээ байна гэж яахыг хэлдэг юм бэ. Тэр хүний өмнө өөрөө хүн байхыг хэлдэг юм. Сэтгүүлчийн дүрд тоглоод байвал хүн чамд хэзээ ч үнэнээ ярихгүй. Ярилцаж байгаа хүнийхээ яриаг жигдэлж байгаад, гол асуултаа тавих хэрэгтэй. Болохгүй бол аливаа зүйлийг тогтоож ав. Дэвтэр, үзэг, диктофон бүү гарга.
Сэтгүүлч хүний баримтлах зарчим бол хүнийг хүн гэж хүндэтгэх. Хүнийг хүндэтгэж байж сэтгүүлч болно. Гэхдээ хүнийг шүүмжлэхгүй гэсэн үг биш. Би шүүмжилдэг. Мянган хүний 700 нь намайг магтаж байхад, 300 нь муулж байгаа. 33 жил иргэний нийтлэлийн нэвтрүүлэг хийсэн хүн дайсантай л байж таарна шүү дээ.

-Сэтгүүлч хүн зөвхөн онолоор ажиллах нь өрөөсгөл мэт санагддаг. Яагаад гэвэл, сэтгүүлч өөрөө сэтгэлээсээ хандаж байж, хүний сэтгэлийг нээж чадах байх?
-Сэтгүүлч хүнд үзэн ядах, бахархах сэтгэлгээ хоёулаа байхгүй бол болохгүй. Би маргааш зурганд гарна. Есдүгээр сарын нэгнээр нэвтрүүлэг хийнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байна. Бүгд гоёод л сургуульдаа явж байна. Их гоё. Би энэ сэдвээр огт өөр, айдастай нэвтрүүлэг хийж байгаа. Өнөөдөр сургуульд орж байгаа 40 гаруй мянган хүүхдийг 40 жилийн дараа эх оронтой нь байлгах хариуцлага бидэнд бий. Заримдаа айдаг юм. Иймэрхүү маягаар явбал тайван Монгол Улсын иргэн гээд явах цаг хугацаа байх юм болов уу. Буруугаар эргэчих вий дээ гэж эмээдэг. Бид холын бодолтой байж, алсыг харж чадаж байна уу, үгүй юу.

Сургуульд орох гээд пижгэнэлдэн гүйж яваа хүүхдүүдийг харахад нэг бодлын бахархмаар, нөгөө талаар нулимс гармаар. Сайхан юман дээр муухай юм бодох хэрэгтэй. Эмзэглэх ёстой. Гадаадын сэтгүүлч Мон­голын тухай ном бичиж, альбом гаргасан байна. Тэр сэтгүүлч мориныхоо омруун дор тамхи татаад сууж байгаа өвгөний зураг тавиад, “Эзнийхээ бодлыг морь нь чагнаад байгаа юм шиг” гэсэн тайлбар тавьжээ. Монгол хүн энийг олж хараагүй л байхгүй юу. Аливаа юмыг өөр өнцгөөс харах, бодох эрх чөлөө хамгаас чухал.

-Та нийгмийн дунд амьдардаг хүн үү, эсвэл гадна талд нь уу?
-Би нийгмийн амьдралыг үргэлж гадна талаас нь хардаг. Нийгмийн сэтгэлгээ Монголд уначихсан байна. Ийм тохиолдолд уул уурхай хэчнээн хөгжөөд, хэдий их баялагтай байлаа ч улс орон хөгждөггүй. Хов жив, хэрүүл тэмцэл, албан тушаалд дуртай гээд нийгмийн сэтгэлгээ уначихсан орон хөгжихөд хэцүү. Тиймээс ийм сэтгэлгээ төлөвшрүүлэхэд анхаарах хэрэгтэй.

1990 онд ардчилсан хувьсгал дөнгөж гарч бай­хад монголчууд их сэргэлэн болчихсон байсан юм. Лангуун дээр ямар ч давс байхгүй, тогоонд нь чимх хоолгүй байхад бүх хүн гялалзаж байсан. Бүгд сайхан шинэ зүйл рүү орлоо гэсэн сэтгэхүйтэй болчихсон. Нүүдэл хөдлөхөөр сэтгэл догдлоод гоё байдаг даа. Яг түүн шиг. Гэтэл 22 жилийн дараах байдлыг тэр үетэй харьцуулахад хүмүүсийн царай нэг л дүнсгэр, гутранги, үл итгэх байдалтай. Энэ л их аюултай. Сэтгүүлчид чаддаг бол жаахан урагшаа дуугармаар, эднийг жаахан айлгамаар юм байна.

-Та хөтөлж байгаа нэвтрүүлэг, шоу тоглол­туудаа аргагүй “амьдруулж” чаддаг. Шүлэглээд л, уян­галаад л?
-Би аливаа арга хэм­жээг хэзээ ч шүлэглэж, хөтөлдөггүй. “Гүрээ худлаа ярьж байна даа. Өөрөө шүлэглээд байдаг даа” гэж бодож болох юм. Би тодорхой шүлгийн ишлэлийг зүрх сэтгэлээсээ ярьдаг. Хүн ярьж байгаа юмандаа хэрхэн хандаж, хэр хариуцлагатай хандаж байгаагаас их зүйл шалтгаална. Хүн ярьж байгаа юмандаа итгэлтэй байх ёстой. Тэр ч бүү хэл, телевизийн сэтгүүлч хүн тодорхой зүйлсийг цээжилж тогтоосон байх хэрэгтэй. Цээжилсэн зүйлээ яриандаа оруулахаар хүмүүс түүнийг сонсоод “Үнэхээр сайхан ярьж байна шүү” гэдэг. Зайлшгүй оюуны бэлтгэл байх ёстой. Сэтгүүл зүйн өөрийнх нь урласан бэлтгэл байна шүү дээ.

-Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдтай уулзах гэж байгаа гэж сонссон. Ямар асуудал хэлэлцэх нь вэ?
-Мэргэшсэн гэдэг зөвшөө­рөл бүхий үнэмлэх өгөөч гэсэн хүсэлт тавих гэсэн юм. Өөрөө шалгаад, 200 хүнээс 20 хүн шалгаруулж авна. Тэдэнд 90 хоног хичээл заана. Ингэхдээ тэр хүүхдүүдээс нэг ч төгрөг авахгүй. Намайг цалинжуулах спонсор хайна. Тэгээд тэр 20 хүнээ яая даа гэсэн мэдрэмжтэй сэтгүүлч болгож чадна. СУИС, дамжаа­нуудад заагаагүй зүйлсийг би тэдэнд заана. Яагаад гэвэл, би үүнийг хийхээсээ их мэдэрч байна. Хүнд заах нь өөрөө хийхээс илүү.

Би шүлэг бичдэг. Уран уншигч, хөтлөгч, сэтгүүлч. Би эдгээрийг сүрхий сайн хийгээгүй байлаа ч олон жил хийсний үр дүнд хүнд хэлэх юм надад үлдсэн. 18 гавьяат, гурван ардын жүжигчинтэй тоглолтыг би зүгээр л унагаж чадна. Нэг солгой хоолойтой, цэргээс халагдсан хоёр нөхөртэй тоглолтыг би үнэхээр гоё болгож чадна. Бүх юм хөтлөгчийн гарт байдаг юм.

-Таны хамгийн том бахархал хийгээд хамгийн их үзэн яддаг зүйл вэ. Таны бодлоор бахархал, үзэн ядалт хоёрын хооронд хэр их зай оршдог вэ?
-Хэнхэг юм ярьж байна гэж битгий бодоорой. Настай ч холбоотой байдаг биз. Үр хүүхэд, ач гучтай болоод ирэхээр ирээдүй хойчоо ч боддог юм. Монголоороо их бахарх­даг. Маргаашийнх нь төлөө их санаа зовдог. Эх орны минь эсрэг юм бүхэн хамгийн дээд үзэн ядалт. Энэхэн зааг дээр зөв тогтох­гүй бол аюултай шүү. Зөв тогтож чадвал нөхцөл, цаг хугацаа, үнэмшлээрээ 2000 жилд бүтээж болох зүйлийг 20 жилд бий болгож болно.

Хүнд зөв, буруу мэдрэмж гэж бий. Бахархал, үзэн ядалт хоёр нэгэн цэгт давхацдаг.

Thursday, 30 August 2012

Н.Наранбаатар: ”Монголчууд яагаад “Оскар” авч болохгүй гэж”

Өнгөрсөн долоо хоногт Монголын сонгодог урлагт нэгэн онцлог үйл явдал болсон нь УДЭТ-ын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллах болсон явдал юм. Тэрээр энэ хавар дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт "Гамлет" жүжгийг Драмын театрын тайзнаа дахин амилуулах тендерт ялсан билээ. 31 жилийн дараа хоёр дахь удаагаа тавигдах жүжгийн дүрүүд сонгогдчихоод байна. Харин "Гамлет"-ын сүйт бүсгүй Офелиягийн дүрийг ирэх ням гаригт сонгон шалгаруулна. УДЭТ-ын отгон найруулагч Н.Наранбаатартай ярилцлаа.

НАДААС ТЕАТРЫН МЕНЕЖМЕНТ, ХӨГЖИЛ ЭХЭЛНЭ ГЭСЭН УРИАТАЙГААР АЖЛАА ЭХЭЛЖ БАЙНА

-УДЭТ-ын ерөнхий найруулагчаар томилогдсонд баяр хүргэе. Ажил албатайгаа танилцаж амжив уу?

-80 жилийн түүхтэй энэ том театрын ерөнхий найруулагч болсондоо баярлахын сацуу асар том хариуцлага ирж байгааг ойлгож, айх эмээх бас хийж бүтээх хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх гэсэн олон бодол толгойд эргэлдэж байна. Миний хувьд энэ театрт гаднаас ирсэн шинэ хүн биш. Жүжигчнээс нь эхлээд найруулагч хүртэл 12 жил ажилласан учир ажлаа мэдэж байна. Мэдээж аливаа ажлыг авахад төлөвлөгөө байх ёстой. Өөрийн төлөвлөгөөгөө захиргаа болон уран бүтээлчдэд танилцуулсан. Өөрчлөлтийг сайн хийвэл шинэчлэлт бий болно. Шинэчлэлтийг сайн хөгжүүлбэл хөгжил бий болно гэдэг. Тэр утгаар Монголынхоо түүхэн том театрыг XXI зууны нүүр царай болгох, цаашлаад дэлхийн театрын хөгжилтэй эн зэрэгцүүлэх ажлуудад өөрийн багахан ухаан, хүчээ зарцуулна.

-Театрын ерөнхий найруулагчаар ажиллах шийдвэр гэнэтийнх байсан уу. Танд хэзээ танилцуулсан бэ?

-Ерөнхий найруулагч болох саналыг надад захиргааны зүгээс тавьж, ажиллаж чадах эсэхийг асуусан. Би чадна гэдгээ хэлж, өнгөрсөн долоо хоногт буюу 20-нд ажилдаа орлоо.

-Театрын уран бүтээлчид энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авав. Ахмад уран бүтээлчид танд ямар зөвлөгөө өгч байх юм?

-Халуун дотно хүлээж авсан нь урам зориг өглөө. Шинэ залуу хүн шинээр ажиллах байх гэсэн итгэл хүлээлгэж байна. Бүх зүйл ерөнхий найруулагчаас шалтгаалдаг учир энэ их итгэлийг дааж явах хариуцлага чухал. Надад бодож санасан зүйл их байна. Энэ бүхэн өргөс авсан юм шиг маргааш ил болчихгүй. Багадаа хоёр жил, цаашлаад дөрвөн жилийн дотор олон зүйлд өөрчлөлт гарч, хөгжлийн тодорхой төвшинд хүргэнэ.

-Драмын театр нэг үеийг бодоход хүмүүсийн очих дуртай газар болсон. Гэхдээ үзэгчид танаас олон өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээж байна?

-УДЭТ-ын ерөнхий найруулагчийн эрх үүрэг, хариуцлагын хувьд олон зүйл багтдаг. Урын сангийн бодлогоо барина, уран бүтээлчдээ хариуцна, аж ахуйд ч заримдаа оролцдог. Энэ театрыг өдий зэрэгт хүргэсэн олон сайхан найруулагчид байдаг. Б.Мөнхдорж найруулагчаас Б.Баатар. Ч.Найдандорж нар өртөөлж яваад би авлаа. Театраа өнгөтэй өөдтэй, сайхан болгохын тулд эдгээр найруулагчид хүч оюунаа зарсаар ирсэн. Цаг нь болсон байх. Энэ ажлыг нь унагачихгүй, илүү дээш нь өргөхийн тулд би хичээж ажиллана. Үүний тулд шат дараалсан олон төлөвлөгөө байна. Тухайлбал, жүжигчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөнө. Жүжигчдийн мэргэжилдээ хандах хандлагад нь стандартчлал бий болгоно.

Надаас манай театрын менежмент, хөгжил эхэлнэ гэсэн үндсэн уриатайгаар би ажлаа эхэлж байна. Театрын эд эс бүхэн үүнд хамаатай. Театрын хүн ямар байх ёстой, үүдээр орж ирэхэд гоо зүй, ёс зүй ямар байх, үүрэг хариуцлагаа яаж биелүүлэх, ажил мэргэжилдээ яаж хандах, яаж үнэнч байх ёстой гэх мэт олон зүйл байна. Уран бүтээлийн хувьд ойрын таван жилийн стратеги төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Түүнийгээ удахгүй тодорхой болгоно. Уран бүтээл ч тодорхой чанартай байх ёстой.

УРЛАГИЙНХАН БИД ТӨРДӨӨ ТООГДОХ ЮМ
ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Урлаг, спорт нийгмийн тэргүүлэх салбар. Спортынхны хөдөлмөрийг үнэлж, төр засгаас дэмжиж эхэллээ. Харин урлагийнханд ийм боломж байна уу?

-Би ерөнхий найруулагчийн хувьд гадаад бодлогыг нэн тэргүүнд тавьж ажиллана. Спортынхныг төрөөс их дэмжиж байна. Тэр чинээгээрээ тамирчид маань сайхан амжилт үзүүлж байна. Түүн шиг урлагийнхан бид төрдөө тоогдох юм хийх хэрэгтэй байна. Аливаа улс орны гаднах хувцас, дотоод үзэл бодол нь соёл урлаг байдаг. Улс үндэстнийг соёл урлагаар нь дамжуулж мэддэг шүү дээ. Тэр дундаа театрын урлагаар таних ёстой. Ард түмний оюуны цар хүрээ ямар байгааг театрт нь тавигдаж байгаа уран бүтээлээр нь ойлгодог. Ард түмнийхээ оюуны хөтөч гэдэг утгаараа театрын урлаг нэн тэргүүнд алхаж явах ёстой. Олон улсын театрын олимпуудад оролцох үүд хаалгыг нээхийн төлөө чармайж ажиллана. Монголын хошин урлаг болон театр урлагийн жүжигчдийг би их авьяастай гэж боддог. Москвагийн олон театр, Лондонд Бродвэй театр гэх мэт олон орны театрт жүжиг үзээд ийм итгэл төрсөн юм. Харин бидэнд гарц нь хэрэгтэй байна.

-Олимптой тэнцэхүйц чансаа өндөр урлагийн тэмцээнүүдэд оролцох урилга ирдэг үү?

-Бид уран бүтээлээрээ Эдинбүргийн соёл урлагийн фестиваль, Шекспирийн наадамд оролцох хүсэл, боломж байвч зардал мөнгө хэцүү. Жүжигчдээс гадна тайз, декирац, тайзны ажилчид, гэрэл, шуумны ажилчид гээд бүрэлдэхүүн олонтой учраас зардал их гардаг. Тиймээс олон улсын том уралдаан тэмцээнд оролцож чаддаггүй. Одоо бол энэ бүхнийг дэмжээд оролцуулдаг болох ёстой. Манайд нийгмийн хариуцлагаа хүлээсэн олон том компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс театр руу хандах хандлага, хоорондын холбоос уялдааг бий болгоё гэж бодож байна. "Жалгандаа жарвалзахгүй" гэж би хэлэх дуртай. Тиймээс гадагшаа гаргах хүсэл байна. Олон бэрхшээл хүчин зүйлүүдийг даван туулж чанартай уран бүтээл туурвиж, гадагшаа тэмцээн уралдаанд оролцож "Алтан бөмбөрцөг", "Оскар" авч яагаад болохгүй гэж. Энэ бол холын мөрөөдөл биш. Хэл сайжруулах, yp чадвараа хөгжүүлэх, тусламж дэмжлэг сайн байвал болохгүй зүйл үгүй.

-Найруулагч Н.Наранбаатарын олон сайхан уран бүтээлийг хүмүүс үнэлдэг. Харин одоо ерөнхий найруулагчийн үүрэг илүү өргөн цар хүрээтэй болж байна уу?

-Б.Баатар найруулагч "Чи хоёрдугаар найруулагч болохоороо зөвхөн уран бүтээлээ бодоод амар байна" гэж хэлдэг юм. Үнэхээр ерөнхий найруулагч хүн уран бүтээлээс гадна хамт олныг бүтэн байлгах, театрын хувь заяа, хөгжилд анхаарна. Нэг ёсондоо нэг хүний төлөө биш нийтийн төлөө явах болно. Энэ 100 гаруй ажилтантай байгууллагын төлөө санаа зовж, хариуцлага хүлээх боллоо. Хоолтой ундтай, хувцастай, өнгөтэй зүстэй, амжилттай явах эсэх нь надаас шалтгаалах юм.

-Театрын түүхэнд ерөнхий найруулагчаар ажиллаж байсан бүх найруулагчид ОХУ-д суралцаж төгссөн, орос школтой хүмүүс байсан. Таны хувьд СУИС-ийг төгссөн анхны ерөнхий найруулагч боллоо?  

-Надаас өмнө ажиллаж байсан найруулагчид бүгд театрын эх орон болсон ОХУ-д мэргэжил эзэмшиж, сургууль төгссөн хүмүүс байсан. Энэ цаг үед СУИС-ийн бүтээгдэхүүн УДЭТ-ын ерөнхий найруулагч хийнэ гэдэг манай сургуулийн том амжилт байх. Заавал гадаад орныг зорьж, хол явж, чирэгдэл болохгүйгээр эх орондоо хичээж зүтгэж, сурсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлээд явж болдог гэдгийг харуулж, үүд хаалга нээгдэж байна.

АЛБА АВАХ АМАРХАН Ч,
ХАРИН БАРДАМ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ХЭЦҮҮ

-Залуу үеийнхний цаг ирлээ гэсэн яриаг таны энэ албан тушаалын томилгоо харуулж байх шиг. Энэ цаг үеийн эзэд гэдгээрээ бахархана биз?

-Энэ бол түүхэн замнал. Бүгд залуу насандаа театрын ачааг үүрч яваад, өртөөлөөд ачаагаа шилжүүлдэг. Бид ч өөрсдийн үедээ дорвитойхон үүрээд, зорьсон газартаа хурдан хүрэхийн төлөө гүйнэ. Чадал дуусахаар дараагийнхаа үед өртөөлж өгнө. Ахмад, дунд, залуу үеийн гурван цагийн хэлхээсэнд бид амьдардаг. Энэ удаад надад болон миний үеийн уран бүтээлчдэд хариуцлага ирж байгаа юм. Бусдадаа үлгэр жишээ болж, ахмад үеийнхэн биднийг яаж сургаж хүмүүжүүлсэн тэр сайхан өвийг дараа үеийнхэндээ өвлүүлэх ёстой. Тэр замыг нь цэвэрлэж, ивээс нь болж, зөв явахсан гэж бодож байна. Цаг хугацаа эргэлдэж байдаг. Нэг л өдөр би энэ ажлаа хүлээлгэж өгнө. Тэгэхэд ямар аятайхан юм өгөх үү гэдэг чухал. Алба авах амархан ч, бардам хүлээлгэж өгөх хэцүү.

-Театрын түүхэнд "Алтан үеийнхэн" гэж нэрлэгддэг олон сайхан уран бүтээлчид байдаг. Тэдний хойч үе гарч ирж байна уу?

-Цус сэлбэх процесс бол надаас өмнө нь явагдсаар ирсэн. Залуу уран бүтээлчдийг бэлтгэж, тэднээс шигшээд театрын уран бүтээлч болгодог. Мэдээж театрт, уран бүтээлд бүх цаг үеийг багтаах ёстой. Настай, хижээл, залуу үе, гүнж ханхүү гээд бүтэн жүжигчдийн бүрэлдэхүүн байдаг учир үүнийг бүрэн бүтэн байлгахад анхаарна. Түүнээс биш хэн нэгнийг учир зүггүй халаад, солиод байж болохгүй. Бүрэлдэхүүн бүтэн, чанартай байж мэргэжилдээ үнэнч, мэргэжлийнхээ төлөө бүхнээ зориулж чаддаг уран бүтээлчдийг театртаа байлгах, тэр эрмэлзлэлийг нь төрүүлэх арга хэмжээг авна.

-Аливаа сонгодог бүтээлийг тайзнаа амьдруулахад тохирох сайн жүжигчин байхгүйгээс уран бүтээл гардаггүй гэж ярьдаг. Тэгэхээр гоц авьяастан эрж хайж олох ёстой юу, найруулагч гаргаж ирэх ёстой юу?

-Гоц авьяастай хүмүүс энэ хорвоод төрдөг. Тэд бидний хэлсэн хэлээгүй ил байдаг. Манай театрын түүхэнд болон өөр бусад урлагийн салбарт ч бий. Үнэхээр гоц авьяастай хүмүүс байвал улам л сайн. Гэхдээ гоц авьяастай ч бай, жирийн ч бай хүмүүсийг бид уран бүтээлээр, хөдөлмөрөөр нээдэг. Тэгэхээр уран бүтээлчдийг нээх зарчмаар ажиллах хэрэгтэй. Дэлхий дээр байхгүй гайхалтай Гамлетыг хэн нэг нь бүтээхийг, дэлхийд алдаршсан Гамлетын хөгжмийг хэн нэг нь зохиохыг үгүйсгэхгүй. Хөдөлмөр, чармайлтын ард гоц авьяастан төрнө.

-Та өөрөө жүжигчин, найруулагч мэргэжилтэй болохоор жүжигчдээ ойлгож, мэдрэхэд давуу байдаг уу?

-Өөрөө жүжигчин байгаад найруулагч хийхэд жүжигчдээ ойлгох, өөрийн санаа бодлыг ойлгуулж, мэдрүүлэхдээ илүү сайн байдаг юм. Гэхдээ жүжигчин байгаагүй хэр нь мундаг сайн найруулагчид олон бий.

-"Гамлет" жүжиг одоо ямар шатандаа явж байна. Та эмэгтэй гол дүрийн жүжигчинг яагаад өөрөө шууд сонгосонгүй вэ?

-Жүжиг маань театрын хэлээр ширээний уншлага хийж байна. Энэ жүжгийг задалж ойлгох, дүрийн зан чанар, онцлог, философи, төрх нь ямар юм гэдгийг судалж байна. Нэг жүжиг тавихын тулд хүн судлал, уран зохиол судлал, нийгэм судлал гээд олон салбарыг судалдаг. Өнөөдрийн нийгэм, ололт, алдаа дутагдал, гоо зүй, ёс суртахуун, хүмүүсийн зан ааш, нийтлэг төрх, шашин гээд маш өргөн хүрээний судалгаа явуулж байна. Эндээсээ бид нэгдмэл нэг зүг чиг тогтоод тайзан дээр гарч тогтсон ухагдахуун мөн чанаруудаараа дүрээ бий болгохоор ажилладаг. Ямар жүжиг болох нь зохиол задаргаанаас шалтгаалдаг. Урд нь би жүжгийн дүрүүдээ шууд оноодог байлаа. Одоо бол ерөнхий найруулагч жүжигчиддээ боломж олгож байгаа юм. Офелиягийн дүрд би нэг жүжигчинг сонгосноор бусад жүжигчдийн өрсөлдөх боломжийг орхигдуулах юм. Тиймээс энэ бүтэн сайн өдөр буюу есдүгээр сарын 2-нд сонгон шалгаруулалт явуулж Офелиягаа сонгоно.

-Таныг жүжгийн төсөлд ялахад ямар "Гамлет" тавих бол, хэнийг "Гамлет"-аар сонгох бол гэсэн хүлээлт байсан. Жүжигчин С.Болд-Эрдэнэ таны хүссэн "Гамлет"-ыг гаргаж чадах болов уу?

-Найруулагчид дүрээ сонгоно гэдэг зоргоороо хийдэг ажил биш. Танил тал, найз нөхөд, сайхан харилцаанаас ч шалтгаалахгүй. Тэр зохиолыг уншаад ямар сэтгэгдэл төрж, аль өнцгөөс харж, ямар үзэл санаатай Гамлет хийхийг хүсч байгаагаа найруулагч бодож дүрээ сонгодог. Мэдээж жүжигчний ур чадварын асуудал чухал. Хэдий гадаад төрх нь тохирсон ч ур чадваргүй бол хэцүү. Жүжигчийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, мэргэжилдээ үнэнч чанар чухал. Мөн нэг жүжигчинд үргэлж ууртай дүр өгдөг бол дараагийн удаа эсрэг дүрд, өөрт нь байдаггүй зан чанартай дүрд тоглуулах зэргээр жүжигчнээ хөгжүүлэх тал дээр анхаарах ёстой. Энэ бүхнийг тооцоолж байж дүрийн сонголт хийдэг.

Харин нэгэнт сонгосныхоо дараа амаа барьж болохгүй. Яагаад гэвэл тэр дүрийг бүтээж чадна гэж бодож сонгосон л бол хамтарч сайн ажиллах хэрэгтэй. Тиймээс С.Болд-Эрдэнийг арай л ондоо Гамлет гаргаж ирэх байх гэж найдаж, итгэж байгаа.

-Та СУИС-ийн мюзиклийн ангид багшлах гэж байгаа гэсэн үү?

-Тийм. Гэхдээ өнөөдөр мюзиклийн урлаг дэлхийд нэг номер болчихлоо. Дуулж, бүжиглэж, жүжиглэдэг авьяас билигтэй хүн жүжигчин гэж хэлэгдэж байхад бид хоцрогдож болохгүй. Эхний гараа явагдсан. Одоо баталгаажуулах хэрэгтэй байна. Олон сайхан мюзикл тавихын тулд сайн уран бүтээл гаргахын тулд өөрийн мэддэг чаддагаа хүргэхээр багшилж байна. Залуу насандаа хөдөлмөрлөх хэрэгтэй. Амжуулах л болно доо.

Энэ дашрамд драмын урлагийг үздэг, биширдэг, хайрладаг, хүндэтгэдэг, ойлгодог уншигчиддаа "Бүгд хамтдаа нэгэн зүгт харна шүү. Та бүхний дэмжлэг бид бүхний зүтгэлтэй нийлж байж бид хөгжил рүү алхах болно" гэж хэлмээр байна.

X.МОНГОЛХАТАН
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Г.Хонгорзул: Урлаг бол яс шиг хатуу ааруулыг хүлхэхтэй адил зүйл

“Улаанбаатар” чуулгын уртын дуучин, гавьяат жүжигчин Ганбаатарын Хонгорзултай ярилцлаа.
-Чуулгадаа ороод таван жил болж байгаа гэл үү?
-Тийм ээ, би энэ чуулгыг байгуулагдахад анхны дуучнаар нь орж байлаа. Чуулгын маань таван жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт өнгөрсөн хавар болсон. Өнгөрсөн хугацаанд чуулгаас маань дөрвөн гавьяат төрлөө. Даргатайгаа нийлэх юм бол таван жилийн ойн баяраа таван гавьяаттай угтсан хэрэг. Хамгийн сүүлд байгуулагдсан отгон чуулга гэхэд манайх нэлээд олон жүжигчдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа, уран бүтээл маань тийм ч дорой буурай гэж үзэхгүй байна. Эрч хүчтэй, залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Улаанбаатар” чуулгыг маань гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс удирдаж яваа учраас үзэгч олонд хэдийнэ танигдсан. Мөн нийслэлийн олон байгууллага биднийг дэмжиж, уран бүтээлээ хийх урам зориг хайрлаж явдагт нь их баярладаг шүү. Ер нь хамт олон хэдий чинээ санаа сэтгэл нэг, эв нэгдэлтэй байна. Тэр чинээгээр уран бүтээлийн чанар чансаа сайн байдаг юм болов уу гэж боддог.
-Хүүхдийн мюзикл бүтээлээ дахин тоглох гэж байгаа гэсэн. Та ямар дүрд тоглож байгаа юм бэ?
-Манайхан дуулахын хажуугаар бүжиглэж, жүжиглэх гээд нэлээд бэлтгэсэн. Дуулж, бүжиглэнэ гэдэг тийм ч амар эд биш. Миний хувьд, энэ удаа айхтар дуулж, бүжиглээд байх дүр дээр ажиллаагүй. Нэг жижигхэн шувууны дүр авсан. Чуулгынхан маань урьд нь “Алигэрмаа”, “Самьяа ноён” зэрэг ардын харилцаа дууны дуулалт жүжиг тавьж байсан бол, дараа нь “Ай Нанаа” гэх түүхэн хүний сэдэвтэй маш сайхан бүтээлийг үзэгчдэд хүргэсэн. Харин өнгөрсөн хавар “Хүрээ хорвоо” дуулалт жүжгийнхээ дараа “Янзган хүрээ” хүүхдийн бүтээлээ сонирхуулсан. Ийм сайхан шинэ чуулгад, шижигнэсэн залуусын дунд ажиллах үнэхээр урамтай шүү. Уртын дуучин хүний хувьд, би ч гэсэн өөрийгөө залуу уран бүтээлч гэж боддог.
-Хувийн уран бүтээлийн тал дээр хэр анхаарч байна. Хоёр жилийн өмнө бие даасан тоглолтоо хийсэн биз дээ?
-Ойрын хугацаанд бие даасан тоглолт хийе гэсэн төлөвлөгөө алга. Мэдээж, цаашид бие даасан уран бүтээл дээрээ анхаарна. Жил болгон тоглолт хийнэ гэвэл утгагүй. Уртын дуу гэдэг чинь зүгээр л нэг сурсан дуугаа бичүүлчихээр гараад ирдэг бэлэн зэлэн эд биш. Уртын дуу гэсэн нэртэйгээ адил дуучин хүнээс урт удаан хугацаанд хөдөлмөрлөж, тэрийгээ эзэмших, гаргасан бүтээл нь бусдын сэтгэл зүрхэнд хоногшиж үлдэхээр их зүйлийг шаарддаг. Хүмүүст уртын дуугаараа юу өгөх вэ, тэр хүн энэ дуунаас юу авах ёстой вэ гэх мэт миний хүссэн чанарын түвшинд байгаасай гэж боддог учраас би жил бүр тоглолт хийхийг зорилго болгодоггүй юм.
-Этник хэв маягт оруулж дуулснаар уртын дууг сонирхох хүн олширсон. Гэтэл уламжилж ирсэн өнгө хэмнэл, үндсэн төрхийг нь алдагдуулах нь тийм ч сайн үр дүнд хүргэхгүй гэж урлаг судлаачид үздэг юм билээ. Дуучин хүний хувьд, та юу гэж боддог вэ?
-Аливаа нэгэн зүйлийн уламжлагдаж ирсэн язгуур суурь маш үнэ цэнэтэй. Уртын дуу, морин хуур гээд л эрт үеэс монголчуудын аман уламжлалаар дамжиж ирсэн, үе үедээ улам өнгө нэмж зүлгэгдсэн, цаашаа хөгжих боломжтой биет бус соёлын өв олон бий. Яахав, уртын дууг сонирхолтой хэв маягаар хүргэх гэсэн залуучуудын санааг би буруутгахгүй. Гэхдээ ямарваа нэгэн зүйлийн үндсэн өнгө төрх, чанарыг хадгалж явах тун хэцүү. Аливаа улс үндэстнийг  мөхөлд хүргэе гэвэл түүх, язгуур соёл, уламжлагдаж ирсэн зүйлийг нь үгүй хийхээс гадна  охид бүсгүйчүүдийнх нь хэвлийгээр эзэгнэх гэсэн бодлого баримталж байсан тухай олон баримт бий. “Чимээгүй дайн” гэж үүнийг л хэлж байгаа хэрэг. Ажиглаад байхад, аль ч улс орны нүүр царайг урлаг, спортоор нь төлөөлүүлж хардаг. Тиймээс би уртын дууг орчин үеийн хэв маягт оруулж байгааг буруутгахгүй ч гэлээ, уламжилж ирсэн үнэ цэнийг нь битгий алдагдуулаасай гэж хүсдэг. Хэрэв хэв маяг нь алдагдаад ирвэл хүнд хүрэх үнэ цэнэ нь хүртэл буурна шүү дээ. Бүх зүйлийг хөнгөн хийсвэрээр сэтгэж, энэ маягаар хандана гэдэг чинь тэрний цаад тал суурьгүй болсноос ялгаагүй гэж би ойлгож явдаг. “Хэчнээн сайхан өнгөтэй цэцэг вэ” гэж хартал тэр нь дороо үндэсгүй байвал яах вэ. Хоёр гуравхан хоног тэр сайхан өнгөөр гайхуулаад мөхнө.  Түүнтэй адил, ямарваа нэгэн зүйлийн үндэс нь бат бөх байж чадвал өнгө төрх нь улам сэргэнэ гэсэн үг. Хэт хийсвэрлэж, хөнгөмсөг хандаад байвал сайхан өнгө, анхилам үнэрээрээ хүний нүд, сэтгэлийг булаачихаад хэдхэн хоногийн дараа үхээд өгдөг сарнайтай ижил болно. Уртын дууг өнгөлж зүлгээд, янз бүр болгохыг нь буруутгаад яахав. Гэхдээ хэтэрхий их гуя, хасаа гаргаж уртын дуу дуулаад байгаа хүмүүс заримдаа их л “хүнд”  харагддаг.
-Поп дуучид уран бүтээлдээ уртын дууны шуранхай ашиглах нь бий. Танд бусад уран бүтээлчээс хамтарч дуулах санал хэр их ирдэг вэ?
-Ирдэг л дээ. СУИС-ийн оюутан байх цагаас эхлээд саяхныг хүртэл хамт байж, уран бүтээлээ туурвисан олон улсын хамтлаг маань зарим талаараа этник чиглэлийнх гэж  хэлж болохоор. Гэхдээ миний  хувьд Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Хэрлэнгийн домог”, “Хүүхэн хутагтын дуулал” нэртэй бүтээлүүд болон янз бүрийн хөгжимтэй цуг уртын дуу дуулж байсан. Уртын дууны хүчээр, Б.Шарав гуайнхаа буянаар дэлхийн хэмжээний олон сайхан арга хэмжээнд оролцсон доо. Хэрвээ би энэ урлагаас урвах юм бол маш олон хүний сэтгэл зүрхийг хөсөрдүүлж хаяна. Тийм учраас өөрийгөө бодож, хувиа хичээж үзсэнгүй. Энэ мэргэжлийг эзэмшихэд тусалж, намайг чиглүүлж өгсөн тэр хүмүүсийн сэтгэл зүрх, цаг зав, хөдөлмөрийг өнөө хэр нь хүндэтгэж явдаг юм. “Юуны төлөө, ямар зүйл хийх гэж уртын дуучин болсон юм бэ” гэж би өөрөөсөө байнга асуудаг. Уртын дуу бол улс орны аялгуут түүх гэж дотроо хүндэтгэж, хайрлаж явдаг минь ч үнэн.
-Нийтийн дуу дуулж байсан билүү, та. Уртын дуучид маань энэ салбар руу урвасан тохиолдол цөөгүй гарсан шүү дээ?
-Уртын дууны утга учрыг ойлгож амжаагүй, амьсгаа нь тогтоогүй байхад өөрийгөө мундаг дуучин гэж бодоод янз бүрийн дуу дуулж байгаа хүмүүст энэ их эрсдэлтэй алхам. Дуулж  сурна, дуулдаг болно гэдэг чинь хоёр өөр ойлголт. Бүр төгс дуулна гэвэл огт өөр ойлголт шүү. Тиймээс дуулахын төдий дөр олоод л “дэвж” байгаа хүмүүсийг хараад би өрөвддөг юм. Уг нь эхлээд уртын дууны амьсгаа суулгах ёстой. Суурилуулсан амьсгаан дээр дуугаралтаа эвсэлдүүлж, дуулж сурах шаардлагатай. Барилгачин хүн цутгасан суурин дээрээ ямар байшин барих вэ гэдгээ төлөвлөж боддог. Хагас хугас цутгасан суурин дээрээ болсон, болоогүй байшин барьчихвал тэр нь хормын дотор л нураад унана. Яг үүнтэй адилаар хэтэрхий хөнгөн, хуумгай юм хийгээд байна л даа, зарим дуучид. Уртын дууны амьсгаа нь тогтож, дуулах учраа дөнгөж олов уу үгүй юу л нийтийн дуу дуулаад явчихаж болохгүй. Урт юмыг хэсэг хэсгээр нь хэрчихэд амархан. Харин хэрчигдсэн хойно нь буцааж зүйнэ гэдэг мөн хэцүү еэ. Амьсгаа гэдэг чинь тэрэнтэй яг адилхан. Маш их ядарч зүдэрч байж тэр амьсгааг суурилуулж сурдаг байхгүй юу. Түүн дээрээ уртын дуу зөв дуулж сураагүй байж шууд л богино дуу дуулна гэдэг чинь тэр сайхан хоолойг “хэрчээд” хаячихлаа гэсэн үг. Миний хувьд  нийтийн дуу дуулах гэж оролдоно. Гэхдээ энд тэнд очоод ганц нэг зохиолын дуу дуулах гэхээр “Боль оо, уртын дуугаа дуул” гээд хүмүүс хүлээж авдаггүй. Тэгэхээр би зохиолын дуулья гэж нэг их айхтар зүтгэдэггүй. Өөрийнхөө хүсч сонирхсон, дурлаж тэмүүлсэн зүйлээ л хийх ёстой биз. Уртын дууг зохиолын дуутай хослуулаад сайхан дуулж байгаа хүмүүс зөндөө л байна. Хамгийн гол нь, тэд “учраа” олчихсон хойноо дуулж байгаа хэрэг. “Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв” гэгчээр юу ч сураагүй байж нүдэнд нь мөнгө харагдаад гүйж байгаа хүмүүсийг яалтай ч билээ. Сүүлд нь мөнгө ч үгүй, хоолой ч үгүй болоод хоцорч байгаа хүн олон байгаа байх.
-Багын тань хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг нь сэтгүүлч болох. Дуулахын хажуугаар давхар мэргэжил эзэмших гэсэн энэ хүслээ биелүүлсэн үү. Танд бүр энэ чиглэлээр сурах урилга хүртэл ирсэн биз дээ?
-Биелүүлж амжаагүй ээ. Сурах сонирхол их байсан, “Суралцаач” гэсэн сайхан урилга ч ирсэн. Миний ажил даанч цаг наргүй юм. Хэсэг хугацаанд гадагшаа явж тоглолт хийх  хойгуур ийм урилга ирсэн байна лээ. Хувийн амьдрал гэж нэг том даваа байна. Бас ээж болох хэрэгтэй. Ингээд юм бүхнийг зохицуулах гэж явсаар байгаад сэтгүүлч болж чадсангүй. Хэвлэлийн хүрээлэнгийнхэн тэр их хүсэл зорилгыг минь биелүүлэх гэж урилга өгсөн нь намайг мэргэжлийн сэтгүүлч болсноос ч ялгаагүй, их баярлуулсан шүү. Яахав, би сэтгүүлч болох ёсгүй л байсан юм байлгүй. Уртын дуугаа дуулаад болж л байна. Гэхдээ багаасаа мөрөөдөж, сонирхож байсан юм болохоор тэр хүслийг сэтгэл зүрхнээсээ бүрмөсөн аваад хаячихаж чаддаггүй юм. Адаглаад л янз бүрийн нийтлэл ч юмуу ном, сонин уншаад суучихдаг хүн дээ, би. Ярилцлага аваад явж байгаа сэтгүүлчид ч их сайхан санагддаг юм. Гэхдээ сэтгүүлч хүн их хүнлэг байх ёстой болов уу. Яагаад гэвэл, бусдын дотоод ертөнц рүү нэвтэрч байгаа тэр сэтгүүлч хүний дотоод ертөнц ч мөн ариун байх ёстой гэж би боддог. Хэцүү ч гэмээр хүмүүс цөөнгүй харагддаг шүү, зарим үед. Хүнийг муулаад бичнэ, муу муухайг нь гаргана гэдэг их амархан. Тэртээ тэргүй, тэр муухай юмыг гаргахын тулд сэтгэж бодоод байх ч шаардлагагүй. Үзэгний үзүүрээр хүний хувь заяаг шийдэх учраас хэрхэн ажиллах нь сэтгүүлч хүний хүнлэг мөн чанартай холбоотой асуудал. Би заримдаа “Сэтгүүлч болоогүй маань бараг оносон ч юмуу” гэж боддог юм.
-Мэдээж хэрэг, тэмдэглэл хөтлөх ч юмуу шүлэг бичих үе байдаг биз. Таны тэмдэглэл хэр арвин байдаг бол?
-Уг нь байнга хөтлөх юмсан гэж боддог. Гэхдээ нялх нойтон хүүхэдтэй болохоор ээж хүний ажлаа хийх гээд сүүлийн үед зав муутай л байна. Өдөр болгон тэмдэглэл хөтөлж чадахаа больсон ч, үзэг цаас нийлүүлэхээ орхино гэж юу байхав. Өнөөдөр миний сараачсан хэдэн үг арван жилийн дараа түүх болж үлдэх учраас яаж ийж байгаад л тэмдэглэл хөтлөхийг хичээнэ. Тэр тусмаа амьдралд минь тохиолдсон тэмдэглэлт үйл явдлуудыг ямар ч тохиолдолд бичиж үлдээдэг. Одоогийн байдлаар хоёр ч тэмдэглэлийн дэвтэр дүүрчихлээ. Энэ тэмдэглэлүүд үр хүүхдэд маань бидний амьдарч байсан түүхэн замнал болж үлдэхээс гадна сургамж өгөх байх. Хүний л амьдрал хойно, туулж өнгөрүүлсэн жаргал зовлон бүхэн миний хүүхдүүдэд ч бас тохиолдох болно. Тэр бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ, хүч чадлыг тэмдэглэлээс минь олж аваасай гэж хүсдэг юм.
-Хоёр хүүхэд тань хэр том болж байна даа. Ойролцоо насных болоод ч тэр үү, нэлээд анхаарал халамж шаардаж байгаа байх?
-Тийм ээ, том хүү маань гурван ой гарантай. Бага охин минь ой, хоёр сартай болж байна даа. Ойролцоо насных болохоор ч тэр юмуу, ёстой “бужигнуулж” өгнө. Заримдаа би бүр үс гэзэг нь цахилгаанд цохиулсан аятай л юм сууж байна шүү дээ. Нөгөө хоёртойгоо зууралдсаар байтал өдөр өнгөрчихнө. Ер нь, хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөч энэ байх.
-Гадаадад тоглох урилга ирж байна уу, олон улсын хамтлагтайгаа холбоо харилцаатай хэвээрээ юу?
-Урилга ирж байгаа. Гэхдээ би нэлээд оройтож ээж болсныг ч хэлэх үү. Нялх хүүхдүүдээ орхиод хол газар явж үнэндээ чадахгүй. Тэгээд ч сүүлийн дөрөв таван жилийн хугацаанд байнга л “Жирэмсэн”, “Төрсөн”, “Нялх биетэй”, “Нялх хүүхэдтэй” гэсэн шалтгаанаар үндсэн ажлаа ч хийж чадахгүй шахам явлаа. “Улаанбаатар” чуулгад харьяалалтай нэг л их мундаг хүн яваад байдаг. Энэ чуулгаараа овоглож, цалин мөнгө авч тэжээлгэж байгаагийн хувьд өөрийнхөө хүч хөдөлмөрийг зориулах ёстой. Үр хүүхдээ харахын хажуугаар хамт олонтойгоо байж, хийх ёстой ажлаа бүтээчих юмсан гэж хичээж, энэ сайхан чуулгынхаа ач буяныг хариулахыг чин сэтгэлээсээ хүсч явна. Тийм болохоор ар гэрийн ажлаа аль болох амжуулаад чуулга руугаа ирж байна.
-Төрөх дөхсөн, том гэдэстэй мөртлөө л энд тэндхийн тоглолтод дуулаад явж байсан. Ядрахаас гадна дуулахад ямар нэг хүндрэл гарсан л байх?
-2010 онд “Хөх тэнгэрийн зээ” нэртэй дөрөв дэх тоглолтоо ДБЭТ-т хийж байлаа. Тэгэхэд охин маань гэдсэнд бойжиж байсан. Тэрнээс хойш нэлээд хэдэн тоглолтод оролцсон нь үнэн. Гэдэс томорсон байхад янз бүрийн тоглолтод оролцох урилга тасардаггүй ээ. Яахав, дуулах үед хүчтэй амьсгаагаар доош нь дарах гэх мэт гэдсэнд байгаа хүүхдэд жаахан хэцүү л байсан биз. Сүүлд төрөх дөхөөд ирсэн чинь өөрт хүртэл мэдрэгдэж, дуулахад хүндрэлтэй болсон. “Сурсан юмыг сураар яаж боох вэ” гэгчээр нэгэнт л эзэмшсэн мэргэжил, хийж байгаа ажил минь учраас хойш суусангүй. Хүн юу хийж бүтээж чадаж байна вэ, түүнийгээ л арилжаанд оруулж амьдарна шүү дээ. Амьдрахын эрхэнд тав арван төгрөгийн төлөө дуулах тохиолдол зөндөө л гарна. Заримдаа ах дүү, амьтан хүний гуйлга түүлгэнд ч явна. Дуулна гэдэг их амархан мэтээр боддог болчихож дээ, одоо цагт. Хэн дуртай нь аялсан дуундаа бичлэг хийлгэж, засуулаад тэрнийхээ цаана амаа хөдөлгөж зогсоод л дуучин болчихно. Мэргэжлийн дуучид эх орныхоо хөгжлийн төлөө өөрсдийн чадах зүйлээр нэмэр болох гээд зүтгэж явахад завсрын ийм зуйгуул юмнууд нэр хүнд унагаад байх юм. Нэг найз маань “Ам барьж байгаа дуучид маш их айдастай дуулдаг. Гэтэл үзэгчид тэр таагүй энергийг мэдэрч байдаг учраас ам барьж дуулна гэдэг том нүгэл” гэж хэлсэн. Энэ маш үнэн үг. “Ам барьж” байгаа хүний сэтгэл тавгүй, нүд нь эргэлдээд л хэзээ нөгөө тавьсан бичлэг нь “үсэрчих бол, хэдийд цахилгаан нь тасарчих бол гэж айж дуулна. Тэгэхэд мань мэтийг дуулж байхад цахилгаан унтарсан ч хоолой маань дуугарч л байна шүү дээ. Дуучин хүн чин сэтгэлээсээ дуулж байж л үзэгчдэд дуугаа хүргэж чадна. Зүрхэнээс зүрхэнд, сэтгэлээс сэтгэлд хүрч байж тэр дуунаас үзэгчид кайф авч байгаа хэрэг. Гэтэл бусдад өрөвдүүлж дуулна гэдэг хамгийн өрөвдөлтэй. Хэдэн дуу амьдаар дуулчихаж чадахгүй, хоёр дуунаас цааш ам нь ангалзаад унавал өөрийгөө дуучин гээд ч яах билээ. Урлаг гэдэг чинь тийм амархан аманд хайлаад урсчихдаг чихэр биш. Ээ дээ, мөн ч яс шиг хатуу ааруулыг амандаа хүлхээд явахтай адилхан зүйл шүү. Чадах нь гарч ирээд чадахгүй нь зам зууртаа үлдэнэ.
-Уртын дуучид тайван амгалан улс байдаг юм шиг ээ. Амьдрал, хүн чанар, дотоод сэтгэл гээд л таны ярианд ч мөн ийм байдал цухалзаж байдаг?
-Уртын дуу дуулдаг хүмүүс угаасаа л иймэрхүү байдаг, та анзаараарай. Төрж өссөн нутаг минь Хэнтий аймаг шүү дээ. Сайхан тал газар бий. Дээрээс нь би их тайван орчинд өссөн. “Аав ээж минь биднийг ямар нарийн нандин ухаанаар өсгөж хүмүүжүүлсэн юм бэ” гэж бахархаж явдаг юм. Бид нарын хажууд хоорондоо тачигнатал хэрэлдээд, барилцаж авч байгааг нь хараагүй. Магадгүй, ийм уужуу тайван сэтгэлтэй амьдрахад нутаг ус, өссөн орчин, эзэмшсэн мэргэжил минь нөлөөлж байгаа биз. “Могойг модоор хатгаад ууртайг нь гайхав” гэгчээр уур уцааргүй хүн гэж хаана байхав. Хамгийн гол нь, уураа ямар үед гаргах вэ, яаж илэрхийлэх вэ гэдэг нь чухал. “Би ууртай хүн” гээд учиргүй барилцаж аваад л, маажилцаж үсдэлцээд унавал хэцүү. Юун төлөө оюун ухаант хүн билээ. Уураар зохицуулаад болж бүтсэн зүйл гэж байдаггүй байх аа. Нийгэм угаасаа стресстэй байна шүү дээ. Дөрвөн ой хүрэх гэж байгаа хүү минь хүртэл “Ээж ээ, та мэдээ үзэхээр дэмий” гээд үзүүлэхгүй байна. Мэдээ үзэхээр л ээжийнх нь хөмсөг атиралдаад эхэлдгийг анзаарч л дээ. Хүүхэд хүртэл тэр таагүй мэдрэмжийг мэдэж байна. Түүнээс гадна төв суурин амьдралд орж ирээд хүн “Хүн байх” мөн чанараа алдаж яг л машин, гар утас шигээ болоод байх шиг. Бид бүгдээрээ л адилхан. Зарим талаараа мөнгө бидний хэрэглээ мэт боловч үнэн чанартаа өөрсдөө мөнгөний “хэрэглээ” болчихсон юм шиг харагддаг. Мөнгөний хойноос хөөцөлдөж, гэдсэндээ хөлөө жийлцээд байгаа нь ч энэ бүхний илрэл. Яахав, цаг үеийн шалгарлаар үнэн мөн нь тогтоогдоод шигшигдэх байлгүй дээ. “Төрийн төлөө оготно боож үхэв” гэгчээр тэр болгоны төлөө бухимдаад ч яахав, хоёр нялх хүүхэдтэй хүнд дэмий. Өнөөдөр орох орон, өмсөх хувцас, идэх хоолтой, бусдын жишгээр элэг бүтэн амьдраад явж байгаа минь л бурханы хишиг, тэнгэрийн аврал гэж залбирч явья. Хүн дотроосоо гэрэлтэж амьдрах ёстой гэж би ойлгодог. Дотоод гэрлээ мэдрээд амьдарвал бид хүн чанараа алдахгүй. Ямар ч үед бие биеэ хүндэлж, амьдрахыг эрхэмлэж яваасай гэж хэлье дээ.
Р.Мөнгөн

Saturday, 4 August 2012

Э.Бадар-Ууган: Дөрвөн жил харвасан сум шиг хурдан өнгөрсөн байна


Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбатын Бадар- Уугантай ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар олимпийн наадмын нээлтийн ажиллагаа, зарим спортын тэмцээн уралдааныг хамт үзээд өчигдөр эх орондоо ирсэн юм.

-Олимпийн наадамд тамирчны биш үзэгчийн хувиар оролцох ямар байна вэ?
-Сайхан зүйл үзээд ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Лондон руу хоёр зочинтой явсны нэг нь би, нөгөө нь Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц гуай. Нээлтийн ажиллагаа өвөрмөц, олон сайхан сюрпризтэй болсон. Гадны тамирчдыг харахад өөрийгөө энэ дунд явж болох байсан гэж бодогдсон шүү. Өөрийн эрхгүй уйлах гэж байсан. Баярлахын хажуугаар гунигласан (инээв).

-Ямар спортын тэмцээн үзэв?
-Нээлтэд оролцсоны нөгөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн хатан хаан II Элизабеттай уулзалт хийсэн болохоор Х.Цагаанбаатарынхаа барилдааныг үзэж чадаагүй. Гэтэл ялагдсан. Ерөнхийлөгч дараагийн өдрийн ажлаа зохицуулаад Б.Түвшинбатын тоглолт, С.Ням-Очирын барилдааныг үзсэн. Ерөнхийлөгчийг үзэх бүрт манай тамирчид ялалт байгуулж байсан шүү. Монгол Улсын Шадар сайд. Лондон- 2012” зуны олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч М.Энхболд, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нар бүгд Ерөнхийлөгчид “Та энд байгаад байвал манай тамирчид ялаад байх юм биш үү. Та ажлаа зохицуулж болдоггүй юм уу” гэж хошигнож байсан (инээв). Маргааш нь Н.Төгсцогтыг ялуулаад ирсэн дээ. Ерөнхийлөгч Х.Цагаанбаатарыг ялагдсаны дараа олимпийн тосгонд очиж тамирчидтайгаа чөлөөтэй уулзалт хийж, сэргээсэн нь их нөлөөлсөн.

-Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар бол таны сайн найз. Их Британийн Колин Оатист ялагдсаных нь дараа уулзав уу?
-Тамирчдын тосгонд очихдоо уулзсан. Толгойгоо сэгсэрч байна билээ. Бүр өөртөө итгэхгүй байсан. Ялагдсан хүн хэцүү. Би Монголдоо ирээд барилдааных нь бичлэгийг үзсэн. Цагаанаа үнэхээр илүү байсан. Нөгөөх нь амиа аргацааж байхад улайрч байгаад ялагдсан. Олимп дөрвөн жилд нэг болдог болохоор хатуу юм. Дараагийн олимпийг хүлээхээр нас нь явчихна. Сая “Миний жинд нусан буу (Гүржийн 20 настай Лаша Шавдатуашвили) түрүүллээ” гэж байна билээ.

-С.Ням-Очирын хүрэл медаль хүртэхийг хараад юу бодогдов?
-Үнэхээр сайхан байсан. Өөрөө авсан юм шиг баярласан. Жүдог сайн мэдэхгүй болохоор юу гэж орилохоо мэдэхгүй байлаа (инээв).

-Тэгвэл боксын тэмцээний үеэр сайн орилсон биз?
-Н.Төгсцогтын Азербайжаны Элвин Мамишжадетэй хийсэн тоглолтыг Ерөнхийлөгч, Шадар сайд, Хамба гуай нарын хамт хүндэт зочдын суудлаас үзсэн. Төгсөө эхний үед нэг оноогоор ялагдахад Ерөнхийлөгч сандарч байсан. Олон улсын төрийн тэргүүн суусан хүндэт суудлаас орилж болдог ч юм уу, үгүй ч юм уу. Би тэсэхээ байгаад Ерөнхийлөгчид “Ориллоо шүү” гэхэд “Орил орил” гэсэн. Ингээд орилж өгсөн дөө. Бокс мэддэг хүн хажуугаас орилоход рингэн дээр байгаа тамирчинд сонсогддог юм. Дасгалжуулагч хамаагүй хэлж болохгүй, тэгвэл торгуулдаг. Төгсөө миний хэлснээр тоглоод ялсан. “Дөрөв цохь л доо” гэхэд яг дөрөв цохиж, үеийн сүүлчийн 10 секунд явж байхад “Нэг оноо” гэхэд авч байсан. Хамба намайг бүр биширчихсэн “Энэ хүүхэд яг мэдэж байна” гэж байсан шүү. Нэг мэдсэн чинь Ерөнхийлөгч “Сүүлчийн 30 секунд” гээд орилж байсан.

-Н.Төгсцогт тоглолтын дараа юу гэж байна?
-“Таны яриа их гоё сонсогдсон. Та Монгол руу явахгүй үлдэж болдоггүй юм уу” гэсэн (инээв). Төгсөө маань тэр тамирчинд өнгөрсөн жил Бакуд болсон ДАШТ-д олимпийн эрхийн төлөө тоглоод ялагдсан болохоор би эмээж л байлаа. Би дүүгээ ДАШТ-ээс ирснийх нь дараа “Чи наадахаа хамаагүй илүү ялна аа. Өнгөрсөн жил нутаг дээр нь тоглосон болохоор л ялагдсан. Та хоёр олимпийн наадамд таарна” гэж хэлж байсан нь ёсоор болсон.

-Н.Төгсцогт таны адил 79 дүгээр сургуульд суралцаж байсан. Та түүнийг хүүхэд байхад нь таньдаг байв уу?
-Надаас олон дүү болохоор яаж анзаарах вэ. Харин Төгсөө намайг анддаггүй байсан юм билээ. “Та ёстой аймаар атаман байсан. Бид нар “Энэ чинь нөгөө Бадар-Ууган шүү дээ” гэж ярьдаг байсан” гэж байсан. Миний УАШТ-ий медальтайгаа авахуулсан зураг сургуулийн хүндэт самбар дээр их гардаг. Хааяа өөрийгөө харчихаад явдаг байлаа (инээв). Ер нь манай Шархад чинь боксчдын өлгий нутаг шүү дээ.

-Та “нутгийн дүү”-дээ юу гэж захидаг вэ?
-“Ах нь ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнийхээ дараа олимпийн аварга болсон. Тиймээс чамд олимпийн аварга болох дутуу байна. Үүнийг сайн бодож бэлтгэлээ хийх хэрэгтэй” гэж хэлдэг. Жаахан хүүхэд болохоор урмын үг байнга хайрладаг.

-Сая гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн тоглолтыг үзэж амжаагүй юм уу?
-Биднийг Монгол руу ирж байхад Чехийн Зденек Хладектэй эхний тоглолтоо хийж таарсан болохоор үзэж чадаагүй. Манай Мөөгий гурав дахь олимпдоо оролцож буй мундаг тамирчин шүү. Намайг улсын аварга болоогүй байхад олон улсын тэмцээнд түрүүлж байсан.

-Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба өөрийнхөө мөнхийн өрсөлдөгч гэж хэлж болох БНХАУ-ын Жоү Шиминьтэйгээ нэг зоонд орсон. Энэ тухай юм ярьж байна уу?
-“Гайгүй биз дээ” гэхэд “Гайгүй ээ” гэж байна билээ. Сугалааны тухай нэг их ярих дэмий байдаг юм. Бокс Англид үндэснийх нь спорт шиг болчихсон. Үзэгчид нь сайн мэддэг юм билээ. Хятадад үзэгчид жаахан сонирхолгүй үздэг. Харин Англид тэс өөр. Улсынх нь тамирчин тоглохгүй байсан ч гэсэн ордон битүү дүүрч, хөлбөмбөг үзэж байгаа юм шиг дэмжиж байсан нь гоё санагдсан. Хоёр тамирчин жаахан зодолдоод ирэхээр алга ташиж, улам улайруулдаг. Их гоё уур амьсгалтай байсан.

-Манайхан жиндээ хэр орсон байна вэ?
-Бүгд эрт орсон байсан. Би Төгсөөд жаахан санаа зовж байсан ч гайгүй шүү. Ёстой л уяа сойлго нь таарсан байна билээ.

-Та өөрийн тоглодог 56 кг-ын жингийн тамирчдаа харж амжив уу. Танд дөрвөн жилийн өмнө юм болохгүй ялагдаж байсан Ирландын Жон Жо Невин их туршлагатай болсон байна билээ?
-Тийм байна билээ. Би Кубын Лазаро Альварес, Бразилын Робенилсон Виейра хоёроос бусадтай нь тоглож байсан. Хуучны танил ОХУ-ын Сергей Водопьянов маань өчигдөр тэр бразилд ялагдлаа. 2008 онд надад ялагдсан Мексикийн Оскар Вальдес, Ирландын Жон Жо Невин хоёр хүрэл медалийн төлөө таараад байна.

-Хэрвээ та олимпод оролцсон бол яах байсан бол?
- Хуучныхаа амжилтыг төвөггүйхэн шиг гаргачихна. Гэхдээ одоо “Тэгэх байсан” гэж яриад яахав вэ. Өнгөрсөн юм бол өнгөрсөн юм.

- ДАШ,Азийн наадмыг эс тооцвол та бүх тэмцээнд түрүүлсэн. Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэхийг хүсдэг биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ олимпийн хошой аварга болчихвол бүр гоё. Би бүх тэмцээнээс медаль хүртсэн. Бүгд алт биш л болохоос биш. Бие гайгүй болбол зүтгэнэ.

-2008 оны олимпод шигшээ багийг Д.Банди, Д.Батсүрэн багш нар удирдаж байлаа. Харин одоо Д.Ганзориг, Э.Сайнбилэг нар ажиллаж байна. Энэ тухай юу хэлэх вэ?
-Аливаа юм ээлж дараалалтай, үе үеэрээ байдаг. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч гэдэг хүнд ажил. Д.Ганзориг багш маань энэ ажлыг хийж, багаа сайн удирдаж байгаа. Би багшдаа үргэлж баярлаж явдаг. “Бээжин-2008”-ын амжилтыг энэ удаа гаргах байх.

-Олон жил тоглоод ирэхээр бүх зүйл гарт орно биз?
-Тэгнэ. Өмнө нь яаж тоглоод ялдаг байсан юм бэ, бүү мэд. 2006 оны Дохагийн Азийн наадмаас хүрэл медаль хүртэхдээ туршлагагүй байсан байгаа юм. Би оны өмнө Казахстаны тэмцээнд дээд жиндээ түрүүлсэн. Өөрийнхөө бодсоноор тоглоод л түрүүлсэн. Гэвч хүсвэл хясна гэдэг нь болчихоод байна.

-Та бэлтгэлдээ хэзээ орох вэ?
-Эмчилгээгээ дуусгана. Нэлээн удах байх. Хамгийн гол нь хөдөлгөөн хоригдоод байгаа. Тэнцвэрийн эрхтэн үрэвссэн болохоор гүйж ч болохгүй.

-Жин нэлээн нэмэгджээ?
- Харин тийм. Хамаагүй хөдөлж болохгүй болохоор хааяа саунд сууж байна.

-Одоо хэд хүрч байна вэ?
- Бараг 70 кг болсон.

-56 кг-ын жиндээ тоглоход асуудал үүсэх нь дээ?
- Ер нь 60 кг-ын жинд л тоглоно доо.

-Тэгвэл дэлхий нийт Монголын Энхбатын Бадар-Ууган, Украины Василий Ломаченко нарын супер тулааныг үзэх нь ээ?
-Тийм юм байна.

-Та түүнийг хэр мэдэх вэ?
- Мэдэлгүй яах вэ. 2007 оны Чикагогийн ДАШТ-д би 54, тэр 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртээд уйлаад гарч байлаа (инээв). Гэхдээ дараа жил нь Бээжингийн олимпод хоёулаа түрүүлсэн.

-Олимпийн шилдэг боксчны шагналын төлөө та хоёр ширүүн өрсөлдсөн шүү?
-Тийм.

-Дөрвөн жил харвасан сум шиг өнгөрсөн байна шүү?
- Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна. Би саяхан л олимпийн тосгонд байрлаж, тоглолтдоо бэлтгэж байсан санагдана. Хүн цаг хугацаатай уралдаж амьдрах хэрэгтэй. Урсгалаараа явж болохгүй юм. Бээжингийн олимпод түрүүлээд үнэхээр сайхан байсан. Би аварга болчихоод тугаа нөмрөөд залбирсан. Тэгэхэд олимпийн хошой аварга болохыг хүсч байлаа. Хүний шунал дийлддэггүй юм билээ. Гэвч сайн залбирч чадаагүй юм шиг байна.

-Хамба лам сая яваад ирэхдээ өөрийн үүргээ гүйцэтгэсэн байх?
- Олимпийн нээлтийн өмнөх өдөр бүх тамирчинтайгаа уулзсан. Хамба “Би спорт мэдэхгүй. Гэхдээ манай тамирчид жаахан бэргээтэй байна” гээд хийморийн сан тавьсан. Хамба гуай спорт сонирхдоггүй байсан юм билээ. Олимпийн наадмын нээлт үзээд сэтгэл нь их хөдөлсөн шүү. Энд нэг сонирхолтой юм ярьчих уу.

-Тэг л дээ?
- Би Хамба гуайтай нэг өрөөнд орсон юм. Нэг удаа би орон дээрээ тэрийж хэвтээд мессеж бичиж байсан. Хаалга тогшиход Хамба гуай тайлсан юм. Ерөнхийлөгчийн шадар туслах орж ирснээ “Энэ Бадар-Ууган чинь ямар заваан амьтан бэ. Хамбаар хаалгаа онгойлгуулаад байхдаа яах вэ” гэсэн (инээв). Би цаана нь алцайгаад хэвтчихсэн, утсаараа тоглож таарахгүй юу. Тэгсэн “Бадар-Ууган Хамбыг дарамтлаад, зараад сууж байна” гэсэн яриа гарсан байна билээ.

-Та Хамбыг жаал зарж яваад иржээ?
- Манай хэд бас ингэж ярьсан. “Төгсөөгийн тоглолтын үеэр Хамба өрөлт аваад сууж байсан” гэж (инээв). Энэ дашрамд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баярласан талархсанаа илэрхийлье. Манай Ерөнхийлөгч спортод их элэгтэй. Ерөнхий сайд байхдаа олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагнал олгуулдаг болгосон. Би нэг сюрприз задалъя. Х.Цагаанбаатар, Б.Наранбаатар бид гурвыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэдгийг уншигчид мэдэх байх. Дээр үеэс яригдсан нэг зүйл биеллээ олоход ойрхон ирээд байна. Олимп, ДАШТ-ээс ирсэн тамирчдад насан туршид нь тэтгэлэг олгох болсон. Ерөнхийлөгч удахгүй зарлиг гаргана. Нэг ёсондоо амьдралын баталгаатай болж байна. Гадны өндөр хөгжилтэй орнуудад ийм жишиг бий.

-Нэг удаа шагнаад өнгөрөх биш?
- Яг тийм. Энэ бол спортыг дэмжих хамгийн том хүчин зүйл. Спортод хөрөнгө мөнгө чухал. Гэхдээ бодлого бүр илүү чухал. Ерөнхийлөгч энэ тухай яриагүй байгаа ч би задалчихлаа. Манай спортынхон Ерөнхийлөгчдөө “Баярлалаа” гэж 1000 хэлэх ч багадна.

Д.Нанжид