Monday, 8 October 2012

С.Хэрлэн: Миний туршлагаар хичээл хүртэл зааж байлаа


-Яриагаа таны барилгачин болсон үеэс эхэлье гэж бодож байна.
-Би чинь хөдөөнөөс гуравдугаар анги төгсөөд орж ирсэн. Тавдугаар ангиасаа зуныхаа амралтаар барилга дээр ажилладаг байсан. Харин оройгоор 7-р ангиа төгсөөд л барилгачин болсон доо. Манайх чинь наймуулаа, би айлын том хүүхэд. Дөнгөж хотод орж ирээд ар гэрийн амьдрал хүндхэн л байсан. Тэгээд л барилга дээр ажиллаж байгаад тэр үеийн “Гурван сарын курс” гэж байдаг байсан, одоогоор дамжаа юм даа, тийм дамжаа төгсөж сантехникийн мэргэжилтэй болоод одоо энэ “Хүрд” гэдэг компанид ажиллаж байсан. Дараа нь Хэнтий аймаг руу томилолтоор явсан. Тэр үед ЗХУ-д ТМС-д явуулдаг байсан шүү дээ. Би байгууллагадаа, аймгийн эвлэлийн хороонд явъя гэж саналаа өгөөд ТМС-д явж байсан юм. Тэнд хоёр жил сураад сургуулиа төгсөхөд үнэхээр сайхан байсан даа. Тэр үед чинь ЗХУ-ын ард түмэн биднийг их сайхан хүлээн авч тусалдаг, бүх юм үнэ төлбөргүй, орон байр сайхан, сургалт гэж жигтэйхэн сайн. Тэндээс ирээд хотод хуваарилагдсан. Хойно би мужааны мэргэжил эзэмшсэн болохоор мужаанаар ажилласан. Ирээд хоёр сар ажиллаж байтал бригадын дарга болсон. Эхлээд яахав мужааны бригадын дарга гэж хийж байгаад бас хоёр жилийн дараа бригад нь томроод зөвхөн мужаан биш бусад бригадууд нэмэгдээд л. Дараа нь 1971 онд “Аж ахуйн тооцоотой бригад”-ыг байгуулсан. Энэ бол ЗХУ-ын социалист хөдөлмөрийн хошой баатар Николай Злобиний туршлага бөгөөд би туршлагыг олж, түүнийг Монголд анх удаа нэвтрүүлсэн юм. Үүнийг миний цорын ганц гавьяа гэж хэлж болно. Дээр үед барилга чинь огт ашиггүй ажилладаг байсан юм шүү дээ. Замбараагүй, материалд их үрэлгэн, ажилчдын цаг нар нь бүртгэлгүй. 1500 тоосго авчруулахад 1200 нь л ирдэг жишээний. Тэгээд би анх аж ахуйн тооцоонд ороод, ерөөсөө тэднийг чинь л бариад авчихаж байсан. Тэгж байж л Монголд анх удаа барилгын үр ашигтай ажиллагаа эхэлсэн юм. Үүний тод жишээ бол одоо байгаа Хайлаастын 49-р сургууль. Түүнийг яг газраас нь эхэлж бариад, бүх тооцоог би өөрөө хийж босгож байсан. Тэр үед нэг гараараа эргүүлдэг төмөр машин, сампин хоёртой л байсан. Орой 9 цагийн үед гэртээ ирээд тэр өдрийнхөө тооцоог шөнөдөө гаргана. Шөнийн хоёр цагийн орчим л тооцоо дуусна даа. Тэгээд л маргааш нь ажил дээр аваачаад самбар дээр бичихэд бэлэн болгодог байсан. Өглөө 5 цагт гэрээсээ гараад Хайлаастын барилга хүртлээ яг хоёр цаг алхдаг байсан гэхээр гурван цаг унтдаг байсан юм шиг байгаа юм. Угаасаа нойр ч хүрэхгүй, маргаашийн юм бодогдоод л. Бушуухан л очиж нөгөө ажлаа ингэнэ, тэгнэ гээд л толгой дотор эргэлдээд. Хүүхдүүд жаахан ч, цөөхөн ч байсан. Хөгшин маань хоол хийж тавьчихаад унтчихдаг. Тэр хойгуур нь чимээгүй орчинд ажлаа хийгээд л сууна даа. Бүх юмаа л тэгж гаргадаг байсан. Ер нь тэгдэг бригадын дарга ч гэж байгаагүй, инженер техникийн хүн ч байгаагүй дээ. Тэр үед чинь барилга хугацаандаа ашиглалтанд ордоггүй, төсөвт өртөгтөө багтдаггүй байсан бол анх удаа тухайн үеийн мөнгөөр 180,000 төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Тэгтэл МАХН-ын Төв Хороо тогтоол гаргаад миний тухай кино хийж, Монголын бүх барилгын ажилд энэ туршлагыг нэвтрүүл гэсэн Улс Төрийн Товчооны тогтоол гарч байсан юм. Тэр нь ч их үр дүнгээ өгсөн. Олон ч аймаг, хотод миний энэ туршлагаар ажиллаж, “Хэрлэнгийн туршлага” гэж хичээл хүртэл заадаг байсан даа. Би өөрөө ч хичээл заадаг байсан.
-Тэр маягаар та хэдэн жил ажиллаж байж Хөдөлмөрийн баатар болов оо? Таны барьсан барилгуудаас дурдвал?
-Би яахав ажиллах нь бол олон жил ажилласан. Гэхдээ аж ахуйн тооцоог 1971-1974 онд нэвтрүүлсэн болохоор миний ажлын оргил үе бол ерөөсөө тэр гурван жил. 1975 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. 1971 оны гуравдугаар сарын 8-нд би яг жинхэнэ гэрээ байгуулж, үүрэг аваад хугацаа, гарах ашиг зэргийг бүгдийг тохирч барилга хүлээн авч байсан. Барьсан барилгуудаас гэвэл нэгдүгээр хорооллын “Хархорин” захын гүүрийг солонгосуудтай хамтраад барьж байсан. Социализмын үед Улсын циркийн барилгыг румынчуудтай хамтарч барьсан. Тухайн үеийн Оёдлын үйлдвэр буюу Ялалтын урд байдаг одоо Мобиком байна уу даа тэрийг чинь унгарчуудтай хамтран барьсан юм. Толгойт руу гахайн завод гэж байсан одоо байна уу үгүй юу, тэрийг болгаруудтай барьж байсан юм. За тэгээд “ах” нартай бол ажиллаж байсан. Яахав гадны улсуудтай нийлээд ажиллахад сурах нь сурна л даа. Гэхдээ хамгийн гол нь хүн өөрийгөө дайчлах л байдаг юм. Хүнээс сураад, хүний хийж байгаа юмыг тэр болгон хуулж авна гэдэг байж болох ч ховор доо ховор.
-Шагнал авч байсан үеэ эргэн дурсвал...
-Тэр бас л сонин юм болсон. Манай том охин эмнэлэгт хэвтчихсэн, би охиноо сахиж байсан юм. Тэгтэл нэг өглөө намын дарга хүрч ирэхдээ манай нэг дүүг авчраад “Чи нэг гарах хэрэгтэй болоод байна. Хүүхдийг чинь энэ дүү чинь сахиж байг” гээд намайг аваад явсан. Тэгээд шууд хотын намын хорооны дарга Алтангэрэл дээр намайг дагуулж ордог юм. Би гайхаад яаж байгаа юм бол доо эмнэлэгт хүүхдээ сахиж байгаа хүнийг чинь гэж бодоод орсон. Алтангэрэл дарга их сайхан зантай л даа. За сайн уу энээ тэрээ гээд л, тэгэхэд нь би яахав дээ жирийн л барилгачин яваа шүү дээ. Тэндээс гараад яаман дээр хүрээд ирж байна. Тэгэхэд манай яам гэхэд л гурав, дөрвөн орлогч сайдтай цөмөөрөө сууж байсан. “За Хэрлэн чи хуралд сууна аа” гэж байна. Тэгэхэд Барилгын салбарын тэргүүний дарга, сайчуудын улсын зөвлөгөөн гэж болох гэж байсан санагдана. “Зөвлөгөөнд сууж үг хэлнэ. Тэгэхээр чамд хувцас хунарын асуудал байна, наад үс зүсээ засуул” гэж байна. Тэр үед яахав дээ барилгачны үс гэж арзайсан л юм байсан биз. Тэгээд манай нэг инженерт үүрэг өгөөд “Энэ Хэрлэнгийн хувцас хунарыг нь очоод үз, бэлд” гэсэн. Тэр үед би зангиа ч зүүж үзээгүй, надад тийм юм байх ч үгүй. Цамц гэж ямар ч юм байсан юм бүү мэд. Эрх биш Намын хуралд өмсдөг нэг костюм байсан юм байлгүй. Тэгээд л тэр инженер намайг дагуулаад зангиа энэ тэр авч өгч байсан санагддаг юм. Тэр өдрөө хоёр гурван цаг болсноо сайд дуудаж байна гээд дахиад л намайг аваад явсан. Би үсээ засуулаагүй л байгаа шүү дээ. Тэгээд сайд дээр ортол сайд Засгийн газрын ордны доод подвол руу намайг хөтөлж давхиад үсчин дээр орж байна аа. Манай сайд О.Тлейхан гэж казах хүн байсан юм. Нэг хүн үсээ засуулж байсныг нь “Нөөкөр чи бос. Энэ Цэдэнбал даргаас шагнал авах гэж байгаа хүний үсийг яаралтай засна” гээд л, нөгөө хүн нь ч бослоо. Үсчин засаад л би толинд хараад л сууж байсан “Кээдэн төгрөг байдым?” гээд сайд мөнгийг нь төлж байх шиг байна. Тэгээд дээшээ хоёр давхарт гартал шагнал гардуулж байна. Би учрыг нь олохоо байчихлаа. Юун шагнал магнал болоод явчихав, нэг одон өгөх л юм байна даа, одоо яадаг билээ гэж бодоод л. Тэгэхэд Их хурлын хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан Готов гэдэг хүн “Нааш ир” гэхээр нь очсон чинь гөрөөсний эвэр шиг соёогоор миний пиджакийг цоолж байна. Нэг л юм энгэр дээр хадах нь дээ л гэж бодож байлаа. Санаанд юм орсон ч үгүй байж байтал Бал дарга ч ороод ирлээ. Бусад нь номхон зогсоод л жигтэйхэн байж байтал зарлиг уншсан. Готов гуай уншиж байна аа “Хөдөлмөрийн баатар цол олгох тухай” л гэж байгаа бололтой. Надтай хамт барилгын хоёр хүн байсан. Бид гурав шагнуулах юм гэнэ. Тэгсэн л миний нэр гараад явчихлаа. Би ч бүр гайхчихгүй юу, арай ч дээ баатар болоод байхдаа яадаг юм гэж бодоод (инээв). Тэрхэн зуур манарчихаж байгаа юм. Тэгсэн араас нэг нь намайг түлхэж байна аа “Оч” гэж байгаа бололтой. Цэдэнбал даргын урд нь яваад очтол нөгөө цоолсон руу чинь баатрын соёмбо, Сүхбаатарын одон зүүсэн. Цэдэнбал даргын царай руу харсан чинь их тийм цоохор хүн байна. Бас тэрийг нь хараад байгаа юм аа (инээв). Өмнө нь надад ер дуулгаагүй, ямар нэгэн шагнал авна л гэсэн болохоос юун Хөдөлмөрийн баатар. Хүнд их осолтой тусдаг юм байна лээ. Барилгын цэргийн Аварзэд гуай, Ховдын Цэен-Ойдов гуай хоёр гавьяат цол, “Алтангадас” одон авч байна. Тэгээд л би хамт баатар цолоор шагнуулж байсан юм даа.
-Тухайн үеийн Хөдөлмөрийн баатар гэдэг цолны үнэлэмж, одоогийнхтой харьцуулбал таны бодлоор ямар байх шиг байна?
-Тэр үеийн баатар цолыг ёстой жинхэнэ шалгуураар авч байсан даа. Доод шатнаасаа байгууллагынхаа намын байгууллагаас эхлээд, дүүрэг, хотын намын хороо, Улс төрийн товчоо гээд л бүр ар гэртэй нь шалгаж байсан байна лээ. Цэцэрлэгийн багш байсан манай хүнийг, сургуульд сурч байсан хүүхдүүдийг маань бүгдийг нь очиж шалгасан байгаа юм. Хүүхдүүд нь сурлага, сахилгаар ямар, эхнэр нь ямар гаралтай, ажилдаа хэр юм гээд л. Одоо хөгшин ярьдаг юм “Нэг хүн манай цэцэрлэгийн зааланд суугаад л байдаг байсан. Хоёр хоног суусан шүү” гэж. Намайг ч бол бүр удам судраар нь судалсан биз. Тэгж л өгдөг байсан. Тэр үед нэг одон авна гэдэг чинь л ховор байсан юм. Мөн ч хэцүү дээ.
-Оюутан байсан үеэсээ дурсаач, зургаан жил гэдэг урт шүү дээ. Олон дурсамж байдаг байх?
-Би ТМС төгсөж ирээд ажиллаж байгаад Барилгын техникумд оройгоор ороод 4 жил сурсан. Манай техникум чинь жигтэйхэн сургалт сайтай байсан. Онц төгссөн хүнийг их сургуульд шалгалтгүй оруулдаг болохоор би онц төгсөж их сургуульд ороод 6 жил оройгоор сурж байж л их сургуулиа төгсөж, барилгын инженер болов. Тэгэх шаардлага надад байна л даа. Яагаад гэвэл надад бас мэдлэг дутаж байсан шүү дээ. Тэр их тооцоог хийнэ, график гаргана, ажилчдын цалин мөнгө бодно, хувааж хуваарилна гээд л. Яахав, манай ангийнхан бол дандаа ажилчин улс байсан юм. Би бас л нөгөө ангийн дарга (инээв). Тэр үеийн сурч байсан улсууд чинь яг барилга дээр ажилладаг хүн байдаггүй, зарим нь зургийнх, зарим нь шал өөр салбарын улсууд ч байдаг. Тэгээд технологи гэж ёстой мэдэхгүй хөөрхий минь. Нэг мэргэжлийн багш байсан юм. Шалгалт авахаар тэр хэлнэ “За чи талыг нь ав, би талыг нь авъя” гэж. Тэгээд яахав муу гэсэн нь над дээр шалгалтаа өгнө. Арай нэг дөнгүүр нь тэр багш дээр очдог. Тиймэрхүү хөгийн явдлууд байдаг л байлаа. Аа дээд тоонд би бол үнэн муу. Тийм болохоор би дүн тавиулах болохоороо зүгээр л багшийн өмнө очоод сурлагын дэвтрээ тавьчихна. “Та өөрөө мэдээд л дүн тавьчих” гээд. Би нэг ч томъёо бичиж мэдэхгүй юм чинь яах юм? (инээв). Хөөрхий багш нар минь намайг харин их дэмждэг байсан даа. Харин залуу багш нар бол шал өөр шүү. Унагана шүү дээ. Унагахгүй яах юм, би чинь хэлж л мэдэхээс тооцож чадахгүй шүү дээ. Тэгээд л унагана. Анх лав барилгын салбараас 4 хүн их сургуульд орсноос 3 нь гараад би үлдэж төгссөн юм даг.
-Сургалт хэр байсан бэ?
-Хачин сайн. Үнэхээр сайн шүү. Одоо бол тийм биш юм шиг байгаа юм. Оюутан нь нэг багш сонгосон болоод л сурсан болоод л төгсдөг юм уу даа. Тэр үед юун сонгох, шууд дааж аваад яс хийлгээд л дуусдаг байсан. Би бол харин ангийн нөхдөө “дайчилдаг” байлаа шүү дээ (инээв). Гэхдээ өөрийн гэсэн жаахан ч юм бий шүү. Цагаа тулахаар хүн чинь өөртөө жаахан ч гэсэн юм авч үлдэхийг бодолгүй л яахав. Нөгөө шаварчин, будагчнаараа төгсье гэж бодохгүй шүү дээ.
-Та өдий олон жил ажиллахдаа барилгачнаас өөр ажил хийж үзээгүй гэж байна. Одоо эргээд бодоход энэ амьдрал тань ямар санагдах юм бэ? Тэр дунд Их сургууль танд юу өгсөн бэ?
-Барилгачнаас өөр ажил хийж үзсэнгүй ээ. Сайхан л байна. Одоо би ямар тэр доктор энээ тэрээг нь авч чадах биш. Санаа зовох зүйл алга. Хүүхдүүд бүгд том болж. Хөвгүүд маань надтай адил барилгын салбарыг сонгосон. Их сургууль гэдэг хүнд их юм өгдөг юм шүү. Адгийн наад зах нь л би мужаан гэж байснаас барилгын инженер гэвэл хамаагүй дээр байгаа биз дээ. Ганцхан надад ч биш, тэр чинь хүүхдүүдэд маань ч үлдэж дурсагдах нэр шүү дээ. Ерөнхийдөө ёс суртахуун, байгаа байдал гээд ямар ч байсан арай л өөр болгодог юм. Тиймээс би Монгол улсын Их Сургууль төгссөнөөрөө бахархаж явдаг. Сургууль маань ч биднийг дандаа эргэж харж, дурсаж явдаг юм байна.
-Цаг гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа.
Сэтгүүлч Б.Наранзул
Эх сурвалж: "Төгсөгчдөөс төрсөн алдартнууд"   номоос

Sunday, 7 October 2012

М.Энхсайхан: ”Экспортыг дэмжих мөнгөний бодлого хэрэгтэй”


Ерөнхий сайд асан М.Энхсай­хантай эдийн засгийн сэдвээр халуун яриа өрнүүллээ. Тэрбээр эдүгээ МҮАН-ын даргын хувиар байр сууриа илэрхийлж буй ч эдийн засагчийнх нь хувьд түүний үгийг сонсох дуртай хэсэг нийгэмд хангалттай бий. Тэдний хувьд бол энэ яриа сонирхолтой болсон байх гэж найдаж байна.
-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв­шигчдийн өрсөлдөөнд хүр­тэл эдийн засгийн сэдэв жин дарж байгаагаас харахад улс төрийн сэдэвт ярилцлагаа эхлэхийн өмнө эхлээд энэ сэд­вээр ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Танд бас энэ талаар хэлэх үг арвин байгаа байх?
-Улс төр гэдэг бол эдийн засгийн хураангуй илэрхийлэл. Үнэндээ эдийн засгийнхаа асуудалд анхаарал хандуулах нь хамгийн чухал. Ялангуяа 2008 оноос эхэлсэн дэлхийн хямрал дөхсөөр дөхсөөр манай хаяанд ирсэн байна. Эдийн засгийн хямрал улс төрөөр илрэл болдог. Арабын ертөнц дэх бослого, тэмцэл, Сири, Ираныг тойрсон будилаан, дайн, Евро бүсийн хямрал, дотоодын жагсаал цуглаан, Япон, Хятадын хооронд арал булаацалдан байгаа бүхий л үйл явдлууд үнэндээ эдийн засгийн уг үндэстэй юм. Хятадын эдийн засаг тийм ч сайн биш байгаа. Удахгүй болох ХКН-ын хурлын дараа гэнэт байдал сайжрах мэт хүлээлт нь хоосон байж мэднэ. Хятадын дарга нар солигдохоор Хятадын болон дэлхийн эдийн засгийн байдал сайжирдагсан бол зах зээлийн эдийн засаг гэж яриад ч яахав дээ. Яг үүнтэй нэгэн адил Монгол зах зээлийн эдийн засагтай, гаднаас их хамааралтай. Сонгууль болоод төр, засаг солигдохоор гэнэт сайхан болно гэж бодох хэрэггүй. Тэр тусмаа хаяанд ирсэн хямрал системийн хямралын шинж чанартай юм.
Саяхнаас АНУ, Европ, Япон хямралын эсрэг авах арга хэм­жээнүүдээ зарлаад хийгээд эхэл­сэн. Агуулга нь ерөөсөө л мөнгө хэвлэх. Асар их мөнгөний тухай юм. Энэ нь үйлдвэрлэлийг дэмжих, ажилгүйдлийг арилгах нэртэй боловч үр дүн нь инфляцийг хөөрөгдөхөд хүргэнэ. Үйлдвэрлэл өсч ажилгүйдэл багасах бол тэр нь Америк, Европ, Японы эдийн засгийн нөлөө бүхий бүсэд л болно. Инфляцийн үр дагаврыг ядуу буурай орнууд л амсдаг. Монголд энэ нь яаж сөргөөр тусах вэ. Том гүрнүүдийн мөнгө хэвлэх бодлого нь нефтийн үнийг хөөрөгдөнө. “Сити” банкны судалгаагаар жилийн дараа гэхэд газрын тос нэг баррель нь 150 ам.доллар болно гэж байгаа. Бүр ихээр өсөх магадлал ч бий. Монголд шатахууны үнэ 50 хувь өснө гэвэл манай эдийн засагт юу болох вэ. Шинэ Засгийн газар, УИХ гадаад болон дотоодод болж байгаа үйл явдлыг томоор харах хэрэгтэй байна. Ажиглаад байхад тийм чадвартай хүн хуруу дарам. Энэ бол Монголын эмгэнэл болчихоод байгаа.
-Та өмнө нь манай сонинд өгсөн ярилцлагадаа “Монголд ч төвөгтэй байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Гэх­дээ үүнд Монгол буруутай биш. Монголчуудаас болж хямрал болохгүй” гэсэн. Үүний цаана олон утга нуугдаж байгаа байх. Тэр тусмаа гадаад хөрөнгө оруулалтын талаар танд тодорхой эмзэглэл байна, тийм үү?
-Монголд дэд бүтэц муу хөгжилтэй иймээс  гадаад зах зээлтэй сайн холбогдож чадаагүй учир дэлхийн хямрал Монголыг тойроод явах мэт боддог. Гадныхан бас иймэрхүү юм яриад монголчуудыг тайвшруулдаг. Энэ бол маш алдаатай ойлголт шүү. Төгрөг гэдэг мөнгө доллар, евро, иен, юаньтай холбоотой л байгаа бол тэдний бэрхшээл биднийх болох тун амархан. Хямрал экспортлох, импортлох суваг нь энэ. Үүний эсрэг мөнгөний бодлогоо цэгцлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монголбанкны үүрэг роль асар их байгаа. Асуудлаа ойлгосон хүмүүс байна уу,үгүй юу гэдэгт асуудал байна. Өнгийг нь сонжвол найдлага харагдахгүй байгаа. Арга ч үгүй байх. УИХ хэзээ ч мөнгөний бодлогод ач холбогдол өгч байсан түүх байхгүй. Монголбанк Засгийн газрыг зарлагын хүүдий гэж хардаг. Тийм ч учраас өөрийгөө бие даасан хэмээн бодоод Засгийн газартай бодлогоо уялдуулдахгүй явж ирсэн. Ийм байхыг гадныхан бас сонирхдог. Өнөөдрийн нөхцөлд Монголбанк нь Засгийн газартайгаа хамтарсан сайн санхүү, мөнгөний бодлоготой байх явдал чухал байгаа юм. Гадаад хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй. Энэ талаар цэц уралдуулахаа больё. Харин дотоод хөрөнгө оруулалт гэж илүү яримаар байгаа юм. Тухайлбал, Э.Бат-Үүл нийслэл хотод эмх цэгц тогтоох гээд их л зовж яваа харагдах юм. Хөрөнгө оруулалт хийхгүйгээр Улаанбаатарыг гоё сайхан болгоно гэвэл бүтэхгүй. Миний санал бол Улаанбаатар хот бонд гаргах хэрэгтэй. Тухайлбал 500 тэрбум төгрөгийн бонд гаргавал түүнд нь Засгийн газар баталгаа гаргах, түүний ихэнхийг Монголбанк худалдаж авах зэргээр бодлогоо нэгтгэж дориухан ажилламаар байна.
-Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн хямралыг гадаад нөлөөлөлтэй илүүтэй холбон тайлбарлах болсон. Энэ нь ч аргагүй юм. Гэтэл таныг Ерөнхий сайдаар ажиллаж байхад бараг өдөр бүр хямралтай нүүр тулдаг байсан.  Экспортын бүтээгдэхүүний ханш ч ямар байлаа гээд бодохоор ийм тэс өөр хоёр цаг үед манай төрийн бодлого нэг л хэвээрээ байгаа нь зохимжгүй мэт санагдахгүй байна уу?
-Монголчууд бид ойр зуурын наймаа, жижиг үйлдвэрлэл эрхлэх хэрэгт өнгөрсөн 20 жилд чамгүй амжилт олсон. Гэвч хөгжил нь зохицуулалт муутай явснаас эдийн засагт  нөлөөтэй ач холбогдолтой салбар бий болсонгүй. Одоо дэлхийн хэмжээний төсөл рүү ороход бидний бэлтгэл маш муу байна.  Монгол өнөөдөр ийм л үе шатан дээр байна. Хамгийн гайгүй компаниуд нь сайндаа л барилга барих юм. Байшин барих амархан, дараа нь түүнийг үр ашигтай бизнесээр дүүргэх хэцүү үе гэж байна. Бид “овоохой босгодог” хөгжлийн шатан дээр байгаа. Монгол үйлдвэржих шаардлагатай. Ингэхдээ экспортын чиглэлтэй үйлдвэрүүдээ түших хэрэгтэй болно. Экспортын чиглэлтэй үйлдвэрүүдийг дэмжихийн тулд төгрөгийг аажим девальвацид оруулах хэрэгтэй. Тэгж байж үйлдвэржинэ. Мөн уул уурхайгаас үүдэлтэй голланд өвчний эмгэгээс чөлөөлөгдөнө. Гэтэл эдийн засгийн ойлголт, сургалт нь эсрэгээр байдаг.
Монгол Улс нэг, хоёр жилийн өмнө хамгийн хатуу ханш бүхий мөнгөтэй дэлхийн номер нэг орон боллоо гээд шуугисныг санаж байгаа байх. Төгрөг чангарсныг бахархал юм шиг ярьсан. Ойлгох хүн цөөхөн дөө. Чанга мөнгө байна аа. Жишээ нь Саудын Арабын риял. Нэг риял бараг дөрвөн ам. доллартай тэнцэнэ. Нефть ундраад л. Гэтэл нефть боловсруулах, ус цэнгэгжүүлэхээс өөр үйлдвэргүй л орон шүү дээ. Олборлож байгаа нефтийн гуравны хоёрыг далайн ус цэвэршүүлэх, халуун нарнаас хамгаалах, сэрүүцэхэд зарцуулж байгаагаас 2030 он гэхэд энэ орон нефть экспортлогч биш нефть импортлогч болохоор байгаа. Тэр цагт мөн ч хэцүүднэ ээ. Би Монгол Саудын Араб шиг битгий байгаасай гэж бодох юм. Чили гэж зэсээр баян орон байна. Мөнгийг нь песо гэнэ. 500 песо нэг ам.доллартай тэнцэнэ. Зэс их гаргалаа гээд песо хамгийн чанга валют болсонгүй. Харин ч үндэсний мөнгөө зугуухан девальваци хийх бодлого явуулснаар эдийн засгийн бусад салбараа хамгаалдаг. Хамгийн тогтвортой цэцэглэн хөгжиж байгаа орон. Юу хэлэх гээд байна вэ гэхээр Монголд экспортыг дэмжих мөнгөний бодлого хэрэгтэй байна.
-Хэдийгээр та эрх мэдлээс хол байгаа ч эдийн засагчийн хувьд, бас намын дарга хүний хувьд 2013 онд төрөөс баримтлах мөнгөний бодлоготой танилцсан байх. Лав сүүлийн 20 жилийн мөнгөний бодлогыг мэдэх хүний хувьд Н.Алтанхуягийн Засгийн газар, энэ удаагийн Их хурлаас юу хүлээж байна вэ?
-Би дээр хэлсэн. Мөнгөний бодлогыг нягталж үзэж байсан түүх манай УИХ-ын түүхэнд байхгүй. Одоо цаашид ингэж болмооргүй байгаа юм. Шинэ УИХ , Засгийн газар мөнгөний бодлогын талаар ямар өөрчлөлт хийвэл зохистой талаар цөөн хэдэн санаа хэлье. Үүнд:
1.Монголбанкны бодлогын хүүг хязгаарлахыг эрмэлзэх хэрэгтэй. Болж өгвөл 7-8 хувьд хүргэх. Эдийн засгийн хямралын үед эрүүл ухаантай орон болгон бодлогын хүүгээ багасгахыг эрмэлзэж байгаа. Америкт Холбооны нөөцийн бодлогын хүү бараг 0 болж байна. Япон, Европт бодлогын хүү жилийн гурван хувиас хэтрэхгүй. Монголд 13-14 хувь шиг санагдаж байна. Албан тайлбар нь манайд инфляци өндөр байгаагаас бодлогын хүү өндөр байдаг гэж ярьцгаана. Үнэндээ энэ бол төөрөгдөл, дээр нь тархи угаалт. Инфляци өндөр байгаагаас бодлогын хүү өндөр байгаа бус бодлогын хүү өндөр байгаагаас инфляци өндөр байгаа юм. Хөл толгойг  нь сольсон төөрөгдлөөс гарах хэрэгтэй. Ухаарал аажуу ирдэг тул би хувьдаа том өөрчлөлт болчихно гэж бодохгүй байна. Гэхдээ л үүнийг хийхийн төлөө байх хэрэгтэй.
2.Монголбанк инфляцийг най­ман хувьд барих юм гэнэ. Өгч байгаа зээлийн хүү  буюу бодлогын хүү нь 13-14 хувь байхад инфляцийг яаж найман хувь болгох юм бэ гэж асуух хэрэгтэй. Ер нь мөнгөний бодлого хэлэлцэх үед инфляцийг бага байлгана гэж амладаг. Тэр нь хэрэгжиж байсан түүх байхгүй. УИХ амлалтыг  нь авсан тохиолдолд түүнийгээ хэрэгжүүлээгүй бол Төв банкны ерөнхийлөгчтэй хариуцлага тооцдог болговол “амьд” ажил хэрэг болно.
3.Монголбанк банкуудын дүр­мийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх бодолтой байгаагаа сонордуулав.  Ийм аргыг өнгөрсөн 20 жил шат дараатай хийж байсан. Үр дүн  муутай нэлээд хуучинсаг хандлага байна. Харин төв банкны бодлогын хүүг мэдэгдэхүйц багасгах нь банкуудыг нэгдэл рүү хөшүүрэгдэнэ гэдгийг бодолцох хэрэгтэй байгаа юм.
4.Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлд олгож байгаа зээлийн хүүгийн хэмжээг жилийн таван хувиас хэтрүүлэхгүй байлгах бодлогыг Монголбанк, Засгийн газар боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ бол ажлын байрыг олноор нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлаа хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн тогтвортой байдлыг хангах чухал үүрэг рольтой бодлого юм.
5.Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом өссөнтэй холбоотойгоор Монгол гэнэтийн ашгийн татварыг нэг хэсэг мөрдсөн билээ. Харамсалтай нь ямар ч эдийн засгийн агуулгагүйгээр цэвэр улстөржиж барьцах хэлбэрээр алтны үйлдвэрлэлд гэнэтийн ашгийн татвар ногдуулах болсон. Тэр цагаас Монголбанкинд тушаадаг байсан алтны хэмжээ 10 гаруй тонноос гурав хүртлээ буурсан. Хэдийгээр гэнэтийн ашгийн татварыг цуцалсан ч энэ байдал хэвээр байгаа. Бид алтаа гадагш гоожуулдаг бүхэл бүтэн сүлжээтэй болсон гэдгийг энэ байдал харуулдаг. Монголбанк Монголд олборлосон алтаа өөрөө авдаг байх эдийн засгийн болон захиргааны цогц арга хэмжээ авах шаардлагатай байна. Монголын алт олборлогчид Монголын биш гадныхны эдийн засгийн хүчийг зузаатгахад хүчээ өгч байгаагийн бурууг мөнгөний бодлогоос хайж засварлах шаардлагатай байгаа юм.
-Энэ удаагийн мөнгөний бодлогод өрсөлдөх чадвар, ложистик, кластер зэрэг шинэ зүйл, арга хэрэгслийг тусгаж буйг шинэчлэл гэж харах хүн олон байна. Таны хувьд АН засгийн эрхийг барьж буй­гийн хувьд нэхэх шинэчлэл энэ мөн үү?
-Ямар ч мөнгөний бодлогод хамаарахгүй гоё сайхан яриа байна. Толгой нь эргэсэн юм болов уу даа. Ер нь явж явж эдийн засгийн том асуудал мөнгөний бодлогод байгаа. Үүнийг түргэн ойлгоосой. Америкчууд хүртэл Б.Обама огцор гээгүй. Харин Occupy Wall Street гээд байна шүү дээ. Бослого тэмцэл Засгийн газрын эсрэг бус банк санхүүгийнхны эсрэг болоод байгаагийн учрыг олохыг зөвлөж байна.
-Та Оюутолгойн гэрээг тэгтлээ айхавтар муу болсон гэдэггүй. За­рим талаар дэмжиж ярьж байсан. Гэтэл өнгөрсөн сонгуулиар уг гэрээг эсэргүүцсэн МАХН-тай эв­сэж сонгуульд ороход хасах оноо өгөөд байгаа нь анзаарагдсан. Одоо та энэ гэрээний талаар маргаад мэтгэлцээд, буруушаагаад байгаа асуудлыг юу гэж үздэг вэ?
-Асуудлыг улстөржүүлэхээс зайлс­хийе. Яагаад гэвэл энэ асуудал шинэ УИХ-ын анхааралд нэгэнт орсон гэж бодож байна. Одоо тэд ширээний ард тайван сууж ёстой улс төргүйгээр мэргэжлийн хэмжээнд шийдэг.
-Сангийн сайдаар Ч.Улаан гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Түүний ажлыг та олон удаа шүүмжилж байсан. Энэ удаад тэрбээр өөрөө танай намтай эвсэл болж орсон болохоор ч тэр үү, төсвийн бодлогод жигтэйхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Одоо та түүний ажлын гарааг хэрхэн харж байна вэ. Ижил төвшний байр суурьтай байна уу?
-Дөнгөж л гараан дээр байна. Ч.Улаан сайд туршлагатай. Түүний туршлага хэрэгтэй. Шинэ нөхцөлд шинэ хандлага гаргаж чадах хүн гэж бодож байгаа. Сайдын ажил авангуутаа “гал унтраах” нэлээд ажилтай байсан байх. Одоо тэр хэмнэлээсээ гараад өргөн далайцтай ажиллах биз ээ.
-Хэрвээ та Сангийн сайдаар ажиллавал юу хийх байсан юм бэ. Төлөвлөгөөгөө одоо дэлгэж болох уу?
-Дээр зарим нэг санаагаа хэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг байгуулж ажиллах явдал дэлхийн хандлага болж байгаа. Манайхан төр хамгийн муу бизнес хийдэг гэж худлаа ярьсаар байгаад түүндээ итгэчихсэн. Хувийн хэвшил давамгайлдаг эдийн засагт төрийн өмчийн үйлдвэрийн газрууд ч тэдэн шиг самбаатай ажилладаг болох нь нотлогдсон зүйл.     
-Таныг манай сонинд ярилцлага өгснөөс хойш эвсэл задрах нь гэсэн яриа газар авч улс төр бужиг­наад эхэллээ. Үе үеийн “Э”-нүүдийн нөлөө үнэхээр лут юм аа. Тэр тусмаа М.Энхсайхан гэдэг хүн Монголын улс төрд ямар нөлөөлөлтэйгөө үүгээр харуулчихлаа гэж ойлгож болох уу?
-Би хэлэх үгээ бодож байж хэлдэг. Сонгуулиас хойш анх удаа л танд ярилцлага өгсөн юм. Н.Энхбаярыг шүүсэн, ял өгсөн, давж заалдаад анхан шатны шүүх буруу ажиллаагүй юм байна гэсэн Нийслэлийн шүүхийн шийдвэрийг хэлмэгдүүлэлт гэж хэлэхээргүй л байгаа. Дээд шүүх хэрхэхийг харж л байя. Зарим хүмүүс уг хэргийг Олон улсын шүүхэд өгнө гэх юм. Монголын шүүхийг олон улсын шүүхээр шүүдэг болгохын төлөө би улс төрд орж амьдралаа зориулаагүй. Энэ бол Монголын тусгаар тогтнолд халдсан эвгүй сэтгэгдэл төрүүлж байгаагаа энд хэлэх нь зүйтэй байх.  Монголчууд бие биенээ гадаадынхнаар айлгадгаа болимоор. Бид чинь хэнээр ч юмаа заалгахгүй тусгаар улс шүү дээ.
-Хамгийн сонирхолтой нь таныг “МАХН-д сэтгэл татагдахаа больсон” гэж хэлсний маргааш нь л таны дэргэд олон жил шадарласан, нөхөрлөсөн Ц.Цолмон МАХН-д элсэв. Энэ юу болоод өнгөрөв өө. Та түүний сонголтыг хүндэтгэсэн гэхээс илүүтэй гайхаж цочирдоогүй гэж үү?
-Н.Энхбаяр даргад амласан зүйл бай­сан юм гэнэ лээ. Яахав, хувь хүний сонголтыг би яах ч билээ дээ. Ц.Цолмон манай намын төлөвшилд том хувь нэмэр оруулсан. Одоо МАХН-д тус болно гэж бодож байна.
-Хүмүүс үүний дараа ерөөсөө улс төрийн нөхөрлөл бүрийн чинь цаана “Энхсайхан л болдоггүй юм байна. Удаан хугацааны харилцаа тогтоож хамтарч ажиллахад халгаатай нөхөр байна гэж бодож   байж болох юм. Нөхөрлөлд та хэрхэн ханддаг юм бэ, яагаад хүмүүс танаас холдох сонголтыг эцэст нь хийдэг юм бол оо?
-“Улс төр бол холын зайны гүйлт” гэдгийг би нөхдөдөө дандаа хэлдэг. Замдаа бахардах хүн олон шүү дээ. Ойрхон харагдах бариа руу гүйчихдэг нэгэн байхад алсыг хараад дараагийн хүндээ тугаа өгдөг хүмүүс бас бий. Улс төрөөр тохирохгүй боллоо ч  найз нөхрийн харилцаа хэвээр шүү дээ. Хорвоо уужим, хийх ажил их байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
У.ОРГИЛМАА
Улс төрийн тойм сонин

Friday, 5 October 2012

Л.Болд: ”Иргэн бүр Элчин сайд”



Шинэчлэлийн Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, төрийн захиргааны байгууллагууд үндсэндээ эмхлэгдэж дуусчээ. Гадаад харилцааны салбарын шинэчлэлийн асуудлаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзаж ярилцлаа. 

-Юуны өмнө гадаад харилцааны салбарын нарийн ээдрээтэй үйл ажиллагааны онцлогийг цөөн хэдэн үгээр тодорхойлж өгнө үү? 
-Гадаад харилцаа бол улс төрийн дотоод өөрчлөлт, хувьслаас хамгийн бага хамаарах учиртай салбар юм. Монгол Улс гэсэн бүхэллэг субъектыг л гадаад улс орнууд, олон улсын байгууллагууд харж байдаг учраас өмнө нь хэлэлцэж урт, дунд, богино хугацаанд мөрдөхөөр шийдсэн, хамтран баталсан баримт бичгүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Нөгөө талаас, Засгийн газрын шинэчлэлийн үзэл санааг хэрэгжүүлэх үүрэгтэй. Товчхондоо гадаад бодлогын уламжлал, залгамж чанарыг эрхэмлэж, Монгол хүний эрх ашгийг дээдэлж ажиллана гэж хариулж болох юм.
 
        Ер нь эдүгээ цаг бол сайн гадаад бодлого л улс орны аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангадаг болсон эрин үе юм. Тиймээс Гадаад харилцааны яамыг том Батлан хамгаалах яам хэмээн би зүйрлэдэг. Дэлхий ертөнц гэсэн өргөн уудам орон зайд шинэ монгол хүн гэсэн цаг хугацааг бий болгохын төлөө бүхий л чадал оюун, ухаан бодол, үйл ажиллагаагаа чиглүүлэхийг эрмэлзэж байна. Миний үед гадаадад байгаа дипломат төлөөлөгчдийн газрууд алдартан сэтэртэн, дарга нар, явцуу сонирхлын хэсэгт төдий биш, монгол иргэддээ тэгш үйлчилдэг болно. Монгол иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалж, үйлчилж байгаагаар нь элчин сайдын яамд, ерөнхий консулын газруудын үйл ажиллагааг дүгнэдэг болгоно. Энэ талаар тухайн оронд сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдээс санал асуулга, судалгаа явуулж үнэлэлтийг нь ажлыг нь дүгнэхдээ харгалзан үздэг болно.

-Таны хэлснээр Монгол Улсыг нэг бүхэл субъект хэмээн авч үзвэл олон улсын тавцанд ямар бодлого, үйл ажиллагаа, чиг баримжааг баримталбал зохих вэ?
-Монгол Улсыг олон хурц асуудалд түрүүлж яаран оролцож, нэг талыг нь баримтлан туйлширдаггүй, дүн нуруутай, эвсэг байлгахыг юуны өмнө хүснэ. Гадаад бодлого, үйл ажиллагааг бид тодорхой, бодитой болгох ёстой. Баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний амин сүнс нь Монгол Улс, монгол хүнд ямар үр ашигтай байх вэ гэсэн шалгуур гэж нэмж тодруулж хэлмээр байна. Эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих нь Монгол Улсын дэвшил, хөгжлийн чухал механизм юм. Түүнтэй адил Монголд ашигтай, түүний аюулгүй байдалд хохирол учруулахгүй байх шинжүүр эцсийн шийдвэрийг гаргах үндэслэл байвал зохино. Ийм агуулгаар урьд өмнө хийгдсэн гэрээ хэлэлцээрүүдийг хянан үзэж шинэчлэх, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад манай салбар, яам манлайлах үүрэгтэй оролцох болно.
 
           Дараагийн асуудал бол Монгол хүнд төвлөрсөн гадаад бодлого, үйл ажиллагаа юм.  Монгол иргэний, үндэсний болон үндэстний эрх ашгийг аливаа шийдлийн үндэслэл болгоно. Зөвхөн Монгол Улсын харъяат бус, ерөөс монгол хүнийг, монгол үндэстнийг анхаарсан, тэдэн рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ дээ. Гадаад улсад амьдарч байгаа монгол иргэдийн хүүхдүүдэд монгол хэл, соёлыг сургах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг дэмжинэ. Нэг цул үндэстэн, уугуул нутгийн үзэл санааг бусад улс орны эрх ашигт халдахгүйгээр түгээн дэлгэрүүлнэ. Өөр улс орны иргэн болсон, аль эсвэл монгол аав, ээжтэй хүмүүст эргээд очих элгэн нутагтай гэсэн дулаан итгэл, өөриймсөг бодол төрүүлэхийг чармайна. 
         Монгол Улсыг зөв, бодитой, үнэнээр нь бусдад таниулах боломжийг бий болгоход анхаарна. Үүнд сайн сэтгүүлчдийн нөөц бололцоо, чадварыг ашиглах санаатай байгаа. Тухайлбал, сэтгүүлчдийн “Гадаад бодлогын андууд” клубийг үүсгэн санаачилж ажиллуулна. Монгол хүн бүр өөрөө өөртөө элчин сайд байх учиртайг сануулж, хэвшүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.  Гадаадад байгаа монгол иргэдийн эрх ашгийг бүх талаар хамгаалах, бусад улс оронтой харилцан визгүй зорчих асуудлаар тохиролцох, өөрийн иргэдийг гадаад улс оронд зорчих явдлыг хөнгөвчлөх асуудлыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгоно.

-Иргэн бүр элчин сайд гэдэг чинь өвөрмөц сонсогдож байна?
-Монгол хүн гадагшаа явах, гадаад улс оронд ажиллаж амьдрахдаа Монголынхоо төрөөр хамгаалуулж, ардаа өмөг түшигтэй гэсэн бүрэн итгэлтэй байх агуулга юуны өмнө энд хамаарч байгаа юм. Нөгөө талаасаа энэ бол цөөхөн монголчууд бид бүгдээрээ чармайж улс орныхоо нэр хүндийг дэлхийд өсгөх хариуцлагын тухай, өөр бусад улс орон, үндэстний хууль дүрэм, нийтлэг жишгийг хүндлэх тухай яриа юм.

-Гадаад харилцаа нийгэм,  эдийн засгийн бүх салбарт эрчимтэй хөгжиж байна. Танай яам үндсэн чиг үүргийнх тул энэ бүхнийг нэгдмэл бодлогоор хангах үүрэгтэй. Энэ их ачааллыг зохицуулах механизм хангалттай  бий юу? 
-Энэ бол манай салбарын бас нэгэн чухал үүрэг, төрийн өмнө хүлээсэн онцгой хариуцлага юм. Төрийн болон орон нутгийн янз бүрийн бүтцүүд гаднын харилцагчидтай өөр өөрийн байр сууринаас, салбарын хэт явцуу эрх ашгийг хөхиүлэн ярилцаад байвал Монгол Улсын нэр хүнд, байр сууринд ноцтой хохирол үүсч улмаар гадаад харилцагчгүй, түншгүй болж ч болно. Өмнө нь ийм дур зоргын асуудал цөөнгүй гарч байсан. Төрийн мэргэшсэн, гадаад бодлого, эдийн засгийн өндөр мэдрэмжтэй хүчтэй баг л үүнийг хийж гүйцэтгэж чадна гэж би боддог. Ийм багийг бүрдүүлэх хангалттай нөөц Монголд бий болсон шүү дээ. Гадаад харилцаанд “нэг цонх” зарчмыг нэвтрүүлэх санаа ч үүнд хамаатай юм. Салбарын яам бүр өөрийн гадаад харилцааны хэлтэс, газартай тул яамдыг гадаад харилцааны жижиг яам гэж авч үзвэл зохино. Гадаад харилцааны том яамтайгаа жижгүүд нь үйл ажиллагаагаа уялдуулдаг зарчим нь Засгийн Газрын гадаад үйл ажиллагааны үндсэн зарчим байх ёстой.

-Хөршүүд болон гуравдагч улс орнуудтай, олон улсын байгууллагуудтай харилцах бодлогыг хэрхэн оновчтой тодорхойлохоос хамааран манай улсын хөгжил, иргэдийн аж амьдралын хувь заяа тодорхойлогдох байх. Үүнийг  тооцолгүйгээр гаргасан алдаа, ашиглагдаагүй боломжуудыг цэгцлэх талаар Та юу хэлэх вэ?
-Бидний Монголчууд хувь тавилангаараа холбогдсон хоёр их хөрштэй. Мөнхийн хөршүүд. Орос ба Хятад. Энэ хоёр хөршөө орхиод нүүхгүй учир бүхий л боломжийг ашиглан тэнцвэртэй харилцааг бий болгоход гойд анхаарах учиртай. Орос, Хятадын соёлыг хүндэтгэн суралцах, судлах хөдөлгөөнийг сургуулийн балчир хүүхдүүдээс эхлэн улстөрчид, нийгмийн бүхий л давхаргынхны дунд өрнүүлэх ёстой. Төрийн бодлого төдийгүй ардын дипломат харилцаа, хил орчмын иргэдийн гүн нөхөрлөлийг бий болгоход анхаарах учиртай. Хөршөө сонгодоггүй учир хажиглаж хардах араншинг гаргаснаас хамтарч зохицож амьдрах нь хавьгүй илүү дээр шүү дээ.
 
       Нэгдсэн үндэстний байгууллага, түүний системийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлж, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцоогоо өргөжүүлж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахад бодитой ахиц гаргана. Түүнчлэн шинэ бүс нутагт гадаад харилцааг өргөжүүлэх ёстой. Шинээр улс орнуудад, тухайлбал Иранд элчин сайдын яам байгуулна.

-Та гадаад бодлогыг батлан хамгаалах том арга хэрэгсэл хэмээн үздэг гэж анзаарагдлаа. Гадаад бодлогоор дамжуулан улс төр, эдийн засгийн хожил авчрах, шинэ үеийн дипломатуудыг бэлтгэх цаг иржээ дээ?
-Үүх түүхээ харваас бидэнд сурах зүйл их байна. Их эзэн Чингис хааны үеэс л монголчууд дипломат бодлогын урлагийг сайтар эзэмшсэн нь ажиглагддаг.  Газар дэлхийгээр хөндлөн гулд зорчиж, дайлж явахдаа дан ганц илдийн хүчээр, цэрэг байлдааны гаргуунаар онцгойрч явсан гэвэл худал болох юм. Хэлэлцээрийн болон үгэн зэвсгийн ухаанаар олныг буулгаж авсан түүхэн баримтууд бий. Үүнийг чинь одоо бид дипломат урлаг гэдэг болсон биш үү. Шинэ үеийн иргэд дипломат ур ухаан, ёс зүйд гүнзгий суралцах ёстой төдийгүй улс орон өөрийнхөө мэргэшсэн дипломатуудыг бодлогоор бэлтгэн тэдгээрээс сонгон шалгаруулж дэлхийд монголчуудаа албан ёсоор төлөөлөх эрхийг нь олгодог байх ёстой. Иймд бид Дипломатын академийг байгуулахаар шийдээд байгаа. Ний нуугуй хэлэхэд манай салбарт хүний нөөц, томилгоо тойрсон ужиг асуудлууд багагүй хуримтлагджээ.
            Бас нэг зүйлийг нэмж хэлмээр санагдлаа. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өмнө нь Орос, Япон, Герман болон сая АНУ-д гадаад айлчлалуудад дагалдан явжээ. Энэ үеэр дипломат урлагийн гайхамшгийг мэдэрч явлаа. Монгол Улсыг цөмийн зэвсгээс ангид байлгах манай санаачилга сүүлийн жилүүдэд олон улс орны дэмжлэгийг авсан юм. Сая Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлалын өмнөхөн Цөмийн зэвсэгтэй таван гүрэн буюу P5 гэж нэрлэгддэг  АНУ, ОХУ, БНХАУ, Англи болон БНФУ-ын байнгын төлөөлөгчид Цөмийн зэвсгээс ангид Монгол Улсын статусын талаарх хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Р5 хамтарсан тунхаглалдаа Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай хуулийг сайшааж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ бол манай дипломат бодлого, үйл ажиллагааны том ололт гэж би үзэж байна. 

-Таны саяын гадаад томилолтын талаар асуух гэж байлаа. Өөр олз омог их үү?
-9-р сарын 23-30-ны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы нээлтэд оролцоод ирлээ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын үүргийг Монгол Улс нэр төртэй гүйцэтгэж байгаагийн хувьд Ерөнхийлөгч маань чухал илтгэл тавьж хэлэлцүүлснийг та бүхэн анзаарсан байх. Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж байгаа бусад улстай хуваалцах зорилгоор сан байгуулж ажиллуулах санал гаргаж байгаа бөгөөд  ардчиллын боловсролыг дэлгэрүүлэх ажлыг идэвхтэй үргэлжлүүлэхийг хүсч байгаа. 
 
   Япон Улсад аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж, Японы Гадаад хэргийн сайд К.Гэмбатай хэлэлцээ хийлээ. Япон Улстай Стратегийн түншлэлийн зарчмаар харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулж ажиллахаар тохиролцоод ирлээ.

-Хэдийгээр Та томилогдоод бага хугацаа өнгөрсөн ч энэ хооронд яаман дээрээ ямар өөрчлөлтүүд хийж амжуулав, юу хийхээр төлөвлөж байна даа?
- Шинэчлэлээр овоглосон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 9 дүгээр сарын 18-нд УИХ-аар батлагдсан. Манай  яамны газар, нэгжийн бүтцэд бага зэргийн өөрчлөлт орж, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон зарим газар, нэгжийн удирдлага шинээр томилогдон ажилдаа орлоо. Тэдэнтэй нэг бүрчлэн уулзаж, ажлын чиг үүрэг, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар илэн далангүй, чөлөөтэй ярилцаж санал солилцлоо.Түүнчлэн Гадаад харилцааны сайдаар надаас өмнө ажиллаж байсан зарим хүнтэй холбогдож санал бодлоо солилцон, тэдний үнэтэй зөвлөмжийг авлаа.
     Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, яамны 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөө гээд нарийн тооцож, төсөвлөх ажил ихтэй хариуцлагатай цаг мөч ид өрнөж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Дипломат байгууллагын үйлчилгээ аж, ахуйн газар татан буугдаж, түүний оронд ГХЯ-ны харьяанд Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар шинээр зохион байгуулагдсантай холбоотойгоор тус газрыг үрэлгэн савируулдаг биш, үр ашигтай болгохыг зорьж байна. Түүнчлэн дипломатуудын сууц барих бодолтой. Хөрөнгө оруулалт, худалдан авалтыг ч илүү хяналттай болгоно. Үүнд яамны бүтцэд шинээр байгуулагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн найдаж байна. Төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна даа.

-Танд амжилт хүсье, ярилцсанд баярлалаа.
Ярилцсан Д.ГАНТУЯА
Эх сурвалж: “Өдрийн сонин”  

Thursday, 4 October 2012

Ш.Чоймаа: Аавын ярьж, хөөрч байсныг тэмдэглээд байсан бол роман болох байсан даа

Энэ удаагийн “Чухал хүн” буландаа МУИС-ийн багш, доктор, профессор Ш.Чоймааг урьж, ярилцлаа. 

-Та өөрийнхөө талаар нэг их дэлгээд байдаггүй. Тэгэхээр таны бага насны дурсамжаас ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
 
- Би өөрийнхөө тухай их яриад байх сонин зүйл ч юу байхав. 1950-аад оны сүүлээс 1970-аад оны эх хүртэл хөдөөгийн хүүхдүүд юу хийж, яаж сургууль соёлд нэвтэрч байсан билээ, тэр л зам мөр бол миний багын дурсамж. Говь-Алтай аймгийн Шарга сумд төрж өссөн. Шаргын говийн хүн. Бага нас маань малчин айлын хүүхдийн төрх байдал. Миний багад хөдөөгийн хүүхдүүд найман настайдаа сургуульд орох нь ховор. Би ч есөн настайдаа сургуульд орж, сургуулийн дотуур байраар хүмүүжсэн. “Дотуур байрны хүүхдүүд” гэдэг шүлэг байдаг даа. Яг тэр л байр байдлыг туулсан юм. Есөн настай сургуульд орсон боловч, хэд хоног хичээлд сууж байтал багш маань “Чи ерөөсөө нэгдүгээр ангид суух хэрэггүй юм байна. Хоёрдугаар ангид суу” гээд хоёрдугаар ангиас суралцсан. Энэ нь аавын ач байсан. Аав маань кирилл бичиг мэдэхгүй боловч, кирилл бичгийн цагаан толгойн үсэг, үеийг төвд үсгээр хадаж аваад, долоо хоногт өөрөө сураад, надад заасан. Сургуульд суухдаа уншдаг, бичдэг, тоо боддог болчихсон байлаа. Тэр үед Шарга сумд бага ангийн сургуультай болохоор гурван жил суугаад төгссөн. Гэтэл ээж маань өнгөрчихсөн тул хоёр жил завсардлаа. Долоон жилийн сургууль зэргэлдээх Төгрөг сумд байсан тул тийшээ нүүж, долдугаар ангиа тэнд төгсөөд 8-10 дугаар ангидаа аймгийн арван жилд сурч 1971 онд төгссөн. Аав минь намайг 10 дугаар ангид орох жил бурхан болсон. Ингээд сурч боловсрох, аж төрөн амь зуух бүх л юмыг биедээ үүрэх болсон доо. Улмаар МУИС-ийн монгол хэл уран зохиолын ангийг 1976 онд төгсөж, тэр жилээсээ МУИС-д багшилж эхэлсэн. Оюутан ахуй цагаа оруулбал, МУИС- ийн хичээлийн II байрны босгыг дөч гаруй жил элээж яваа өвгөн багш хүн дээ.

-Аав тань их эрдэм номтой хүн байсан байх даа. Аав, ээжийнхээ талаар дурсахгүй юу?
 
-Миний аав тэмээчин айлын ганц хүү байсан. Аавыг найман настай байхад нь шавилах, өргөж авах хоёрын зуур завсар Урианхай дайчин бэйсийн хошууны Усан зүйлийн хүрээний Эрдэнэ хамба лам дэргэдээ авсан гэдэг. Жилд ганц удаа л аав ээждээ очиж золгодог байсан юм гэнэ лээ. Арваад жил Усан зүйлийн хүрээнд ном үзэж байтал багш нь “За чи одоо Их хүрээнд очиж ном үз” гэж явуулжээ. Тэгээд одоогийн Гандантэгчилэн хийдийн Дашчоймпил дацанд аймаглаж Буддын гүн ухаан буюу Чойрын ном олон жил үзэж байгаад, ардын хувьсгалын өмнө гамин, бароны үе болоод, цаг төр үймэхэд аав маань нутагтаа буцжээ. Гэхдээ нутагтаа очоод хэдэн cap болоод Баруун зуу буюу төвдийн Лхаст ном үзэхээр одоогийн Говь-Алтай аймгаас баруун тийш нэг өвгөн ламтай хамт гарсан гэдэг. Алтайн цаадах говийг ядарч зүдрэн байж туулаад, Алшаа нутгаар дамжин цааш Гүмбүм лавранд очиж ном үзжээ. Лаврангийн чулуун шалан дээр доорамбын дамжаа барьсан гэдэг. Дараа нь Лхаст очиж Чойрын ном үргэлжлэн үзсээр равжамбын цол мяндаг хүртсэн юм билээ. Ингээд Дээд ном буюу Хөх нуур орчим хэсэг саатан байгаад 1944 онд нутагтаа орж ирсэн. 1944 гэхэд их хэлмэгдүүлэлтийн үе өнгөрсөн байсан боловч, аавыг аймгийн тухайн үеийн Дотоодыг хамгаалах хэлтсийн хүмүүс аваачин байцааж зургаан cap орчим аймгийн төвд саатуулж, хүн амьтанд шашны зан үйл хийж болохгүй, тийм зүйл ярьж болохгүй гэх мэт хатуу даалгавар өгчээ. Түүнээс хойш, морь унах чадал тэнхээгүй болох хүртлээ өдөртөө мал хариулж, хээр газар номоо уншиж явдаг байсан. Би ч аавыг дагаад тав зургаан наснаасаа мал дагасан. Гэхдээ орой үдэш манайхаар янз бүрийн хүмүүс ирж очдог л байсан. Жараад онд аймгийн намын хорооны дарга нар хүртэл ирж очдог байсан. Манай нутгийнхан аавыг “Цагаан морьт ламах (лам ах)” гэдэг. “Ааваас та цагаан морь унадаг байсан уу” гэж асуухад “хэзээ ч цагаан морьтой байгаагүй цагаан мөрт гэдэг үг л сунжраад тийм болчихсон” гэж билээ. Бодвол хүн амьтанд гэрэл гэгээтэй ач тустай байсан юм байлгүй. Би чинь хөгшин аавын хэнз хүүхэд. Ээж минь Говь-Алтай аймгийн Бугат сумын хүн даанч залуудаа өөд болсон доо.

-Багаасаа ном эрдмийн мөр хөөсөн хүний хувьд яагаад Монгол хэл, уран зохиолын ангийг сонгох болсон юм бэ. Таны анхны багш бол аав л байсан юм байна шүү дээ?
 
-МУИС-ийн монгол хэл уран зохиолын ангид орох болсон нь аавын нөлөө. Аав минь намайг дунд сургуульд байхад Дарви сумын Ванчиг гэдэг хүнээр монгол бичиг заалгасан. Тэгээд монголын эртний уран зохиолоос нэлээд зүйлийг уншдаг байсан. Энэ нэг шалтгаан, бас нэг сонин тохиол бий. 1960-аад оны эхэнд МУИС-ийн төвд хэлний багш профессор, гавж Ц.Дорж багш “Төвд хэл бичиг суралцах дэвтэр” гэсэн гурван боть сурах бичиг хэвлүүлсэн. Түүний I дэвтрийг Улаанбаатараас нэг хүн аавд авчирч өгчээ. Аав түүнийг үзээд “Өө! Энэ засаг төр чинь төвд хэл бичгийг сур гэж байгаа юм байна” гээд надад төвд хэл эхэлж заасан. Нөгөө гурав дахь нөлөө бол аав настан хүмүүстэй олон цагаар хуучлан ярих нь тун сонин байсан. Үлгэр домог ч юм шиг, даанч томоогүй бага нас болохоор сонсохоосоо илүү шалавхан гарч тоглох наадахыг боддог байж. Одоо эргээд бодоход хэрвээ аавын ярьж хөөрч байсныг тэмдэглээд байсан бол эх засваргүй шахам роман болох байсан даа. Энэ бол хожимдсон гэмшил.

-Их сургуулиа төгсөөд л шууд МУИС-даа багшаар үлдсэн үү?
 
-Их сургуулиа төгсөөд, тус салбартаа багшилж эхэлсэн. Оюутны ширээнээс гарангуут багшилна гэдэг хэцүү л байсан. “Дээд сургуулийн сургах арга зүй” гэдэг 1 жилийн дамжаанд бид сууж, профессор Бор багш маань хичээл зааж, реферат бичүүлж, шалгалт авч, үнэмлэх олгосон. Залуу багш тул 7 хоногт 36 цагийн хичээл байлаа. Эхлээд гол төлөв монгол бичиг, төвд хэлний хичээл зааж байсан. Намайг багш болоход, монгол хэл уран зохиолын тэнхимд уул шиг нөмөр нөөлөгтэй ахмад профессор багш нар байж, надад их ч юм зөвлөж, тусалж дэмжиж байсныг дурсан санахад сайхан байдаг. Академич Ш.Лувсанвандан, ардын багш Д.Чойжилсүрэн, төвдөч, профессор Х.Гаадан, нэрт монголч профессор Я.Шаарийбуу гэх мэт нэр алдар нь мөнхөрсөн сайхан багш нар байсан даа.

-Таныг сурагч, оюутан байхад, бас багшилж байхад, боловсролын систем өөр байсан. Ер нь сүүлийн үед боловсролын системд өөрчлөлт орж байгаа хэдий ч сулраад байгаа юм шиг санагдах юм?
 
-Сурагч байх үе буюу 1960-аад оны дунд сургуулийн сургалт үнэхээр сайн байсан. Хамгийн гол нь хичээл заагч, заалгагч буюу багш сурагч хоёул мэдэх, мэдүүлэх чин хүсэлтэй байсан. Монголын үрсийг эрдэм номд сургахын төлөө бие, хэл, сэтгэлээрээ зүтгэж, өөрийн бүх цаг зав, бүх боломжоо сургах хүмүүжүүлэх үйлсэд зориулсан багш нараа дурсахад сайхан байна. Тухайн үеийн боловсролын тогтолцоог шүүмжлэхдээ, олон шинжлэх ухааны мэдлэгийг ихээр заадаг байсан. Хожим эзэмших мэргэжилд нь хэрэг болдоггүй гэх мэтээр ярьдаг л даа. Бид дунд сургуульд байхдаа, байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг олж авсан. Тэр мэдлэг бол сав, шим ертөнцийг ухаарахад хүн бүрт л хэрэг болдог доо. Сурч мэдсэн шинжлэх ухааны мэдлэг хүнд илүүднэ гэж байхгүй л дээ. Сүүлийн үеийн оюутнуудыг ажиглахад, дунд сургуульд суурь мэдлэг олгох тухайд тааруухан байгаа нь илт байдаг. Энэ нь сургалтын тогтолцоог өөрчилнө гээд их үймүүлдэгтэй холбоотой. Монголчууд чинь олон зуун жил үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх тогтсон уламжлалтай ард түмэн. Социализмын гэх олон арван жилд чамгүй сайн тогтолцоо төлөвшсөн байсан. Тэр бүгдийнхээ шилдэг бүхнийг өвлөн уламжлаад, өнөөгийн дэлхийн улс улсын боловсролын тогтолцооноос хэрэгтэйг нь өөрийн болгож авбал л зүйтэй юм даа. Шууд хуулдаг аюул л их хэцүү. Ер нь сургалтын чанарын тухай ярихад, сурч байгаа хүн, сурган зааж байгаа хүн хоёрын чин сэтгэл л зөв сайн байх ёстой. Аль аль нь цагийн ажил хийж байгаа мэт хандвал буруудна. Нэмж хэлэхэд, өнөөгийн орчин ахуй нь боловсролд муугаар нөлөөлж байна. Наад захын жишээ хэлье. Их хурлын хуралдааныг “Парламент” сувгаар шууд нэвтрүүлдэг. Бусад телевиз ч харуулдаг. Гишүүд нь хуралдаа суудаггүй, сууж байгаагийн зарим нь сонин уншиж суугаа харагдах юм. Ирц бүрдүүлэх гэж их ажил болдог бололтой. Үүнийг харсан сурагч хүнд юу тусах бол? Хичээл тасалж болохын үлгэр жишээ биш үү? Эцэст хэлэхэд, монголын залуу үеийг хүн болгох, боловсролтой болгох гэдэг бол ёстой л бүх нийтийн үйлс байх ёстой.

-Монгол Улсын Их сургуулийн байгуулагдаж байсан үе их хүнд. Гэхдээ энэ сургууль байгуулагдсанаар их, дээд сургуулийн үндэс болсон гэж үздэг шүү дээ?
 
-Дэлхийн II дайн гал ид дүрэлзэж, Зөвлөлт Холбоот Улсын Германд ялагдах, ялах нь тодорхойгүй хүнд бэрх цагт, 1942 онд Монгол улсад Их сургууль байгуулагдсан. Үндэсний дээд боловсролыг өөртөө бэлтгэж эхэлнэ гэдэг Монгол улсын тухайд нэн эрхэм зүйл, ирээдүйн хөгжил дэвшлийн үндэс байсан юм. Ер их сургууль анх байгуулсан тухайд, тухайн үеийн ЗХУ буюу Оросын ач тусыг мартах ёсгүй. Үнэн юм үнэнээрээ л байх ёстой. МУИС-ийг анх байгуулахдаа багш, хүн эмнэлэг, мал эмнэлэг гэсэн ерөнхий гурван салбартай нээсэн нь тухайн үеийг тун оновчтой харсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, монгол хүн боловсролтой, эрүүл, мал нь эрүүл байх явдал үнэнхүү эрхэм байсан. Одоогийн бусад улсын их сургуулиуд МУИС- аас салж, салбарлаж гарсан юм шүү. Дэлхийн улс орнууд гол их сургуулиа засаг төр нь онцгойлон үзэж, санхүү эрх мэдлийн тусгай хэм хэмжээ тогтоож өгдөг. Одоо 70 жилийнхээ ойг хийж байгаа МУИС-ийг төр засаг арай өөр харж, тухайлан анхаарах цаг болжээ.

-Дээр үеийн ном судар, зарим түүхийн эх сурвалжтай албан бичиг хүртэл монгол бичиг, манж, төвд хэл дээр байсан. Эдгээр сурвалж, өвүүдийг судлах мэргэжилтнийг төрүүлэх санааг таныг анх гаргасан гэдэг юм билээ?
 
-1990 он гараад цаг үе өөрчлөгдөж, хуучин ном судрыг судлах, судлуулах тал бүрэн чөлөөтэй боллоо. Хуучин ном, судар, данс хараа, албан баримт сэлт чинь өнө эртний уламжлалтай, мөн төдий эртний бичгийн дурсгалын өвтэй. Тэдгээр олон зууны бичгийн дурсгалыг хэлэхгүйгээр, зөвхөн XX зууны эхний хагасын бүх ном зохиол, сурах бичиг, сонин хэвлэл албан баримт чинь монгол бичгээр байгаа. Бид өнгөрсөн түүхээ үнэнээр нь мэдье гэвэл наад зах нь монгол бичгээ маш сайн мэддэг байх ёстой. Аливаа юманд хүсэл хясал давхацдаг тал байдаг. Хуучин ном судрыг феодализмын, шашны, хоцрогдсон гэж ад үздэг үзэл суртал нь үгүй болсон үед, түүнийг сайн мэддэг, уншиж тайлж өгөх ахмад үе маань орчлонгийн жамаар үе мултран одсон байлаа. Ийм үед 1991 онд МУИС-д эх бичиг судлалын ангийг нээж, хуучны ном судар судалдаг залуу залгамж халааг бэлтгэж эхэлсэн. Энэ эх бичиг судлалын салбарт мэргэжлийн хичээлүүдээс гадна монгол бичиг, төвд, манж хэл бичиг бас монголчуудын зуурам хэрэглэж байсан дөрвөлжин, соёмбо, тод, али-гали үсгүүд, тэдгээрийн дурсгалыг судалдаг юм. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, монголын эртний дурсгалыг судлахад Буддын шашин соёлын мэдлэг зайлшгүй чухал. Энэ мэт тал талыг бодолцсон хөтөлбөрөөр хичээллэдэг. Өнгөрсөн 20 гаруй жилд тус салбарыг төгссөн хүмүүсээс цөөнгүй нь эрдэмтэн болж, бас их, дээд сургуульд багш, ШУА-ийн Хэлний хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Улсын архив, Үндэсний номын сан зэрэгт мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байна.

-Таныг МҮОНТВ-ээр монгол бичгийн хичээл заадаг байсныг хүмүүс санаж байгаа байх. Мөн та багшлахын зэрэгцээ бүтээл их туурвидаг хүн шүү дээ. Энэ талаар?
 
-Би бол багш хүн. Миний ажил, амьдралын нөгөө нэг тал нь бол 1980-аад оны төгсгөлөөр МҮОНТВ-ээр Монгол бичгийн хичээлийг олон түмэнд заасан явдал юм. Энэ маань 1990-ээд оны дунд үе хүртэл явсан. Энэ явцад бол нэлээдгүй олон хүн үндэснийхээ хэл бичгийг сурсан байдаг. Тиймээс, намайг багш гэх хүн маш олон байдаг. Тэгэхээр, энэ дагууд монголчуудын бичиг номын өв гэвэл түүхийнхээ явцад монголчууд олон янзын бичиг үсэг хэрэглэсэн гэж хэлдэг. Энэ бол үнэн. Тухайлбал, Юань гүрний үед дөрвөлжин бичиг хэрэглэж байсан. Баруун Монголын Ойрдын Зая бандид Намхайжамц тод бичиг зохиож байсан. Өндөр гэгээн соёмбо үсэг гэж зохиож байсан. Энэ бүгд бол цаг зуурын, улс төр, шашны зорилгоор зохиогдоод, нэг хэсэг хугацаанд улс төр, шашны дурсгалын зүйл туурвисан байдаг. Хамгийн удаан хугацаанд хэрэглэгдсэн нь тод бичиг. Гэвч, тархсан газар нутаг, үлдээсэн өв бүтээлийн хувьд ихээхэн хязгаарлагдмал. Үүний хажуугаар монгол бичгийн хэл гэдэг маань эртнээс эдүгээг хүртэл монгол хэлний хамаг яруу тансаг, сонгодог бичгийн сайхан найруулга, үгийн сан, монгол хэлний үгийн гарал үүсэл, тогтолдоо хэв шинжийг тэр чигт нь бидэнд мэдэгдэж байгаагаар XIII зуунаас эдүгээ хүртэл тээж ирсэн энэ их номын өв байна. Ялангуяа онцолж хэлэхэд, өнөөгийн залуучуудад миний хэлдэг зүйл бол бид XX зуун гээд л яриад, бичээд хүмүүс түүх, энэ тэр туурвиад л байна. Гэтэл XX зууны чинь яг тэн хагас нь эхний 50 жилийн бүхий л баримт нь монгол бичгээр байгаа. Түүний цөөн хэсгийг нь шинэ үсгээр буулгасан байдаг. Тэгэхээр одоо бид чинь эргээд XX зууны монгол бичгийг мэдэхгүйгээр үзэж чадахгүй.
 

Нөгөө талаас эх хэлээ сайн эзэмшье, монгол хэл, сэтгэлгээгээ бүрэн дүүрэн эзэмшье гэвэл монгол бичиг сурахаас өөр ямар ч гарц байхгүй. Тийм учраас энэ нэг үйлсийг эхлүүлсэн. Монгол бичгийн хичээл заалаа, телевизийн хичээлийн эмхтгэлээ ч гаргалаа. Одоо ч хүртэл дунд сургуулийн монгол бичгийн стандарт, сурах бичгийг зохиолцож явдаг. Өөрөөр хэлбэл, миний багшийн ажлынхаа хажуугаар хийдэг ажил бол монгол бичиг, монгол хэл төдийгүй монголчуудын үүх түүх, ёс заншил, уламжлалыг нь олон түмэнд, өнөөгийн залуучуудад монгол хүн монголоороо үлдэхийн үндэс болсон энэ зүйлийг залуу үеийнхэнд ойлгуулах юм сан, ухааруулах юм сан гэдэг зорилготой байж ирсэн. Үүний дотор, үзэж судлах ном бусад хэрэглэгдэхүүнийг бэлтгэх санаа агуулж, цөөнгүй олон жилийг зарцууллаа. Одоо ч зарцуулсаар явна даа. Мэдээж хэрэг, багш хүн бол судлаач байх ёстой. Судлаач хүний хувьд бол монгол хэл, монголын түүхэн сурвалжийг үг үсгээр нь, ацаг шүдээр нь учрыг нь олж, өнөөгийн түүх судлаачдадаа, нэг ёсны бэлэн хоол бэлдэж өгөх ийм ажлыг хийхгүй бол Монголын түүх бодитойгоор явахад их хэцүү. Ганцхан түүх биш л дээ, эртний бичгийн өв. Тэгэхээр, энэ зүгт гол судалгаа маань чиглэж байна. Хамгийн гол нь миний хийж бүтээж байгаа ажил маань Монголын хойч ирээдүй улс, эх орныхоо түүх соёлыг үнэн зөвөөр нь ухаараасай, тэдэнд унших боломжийг нь олгох гэсэн чигт цагаа зардаг. Тийм учраас, би 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монгол хүн монгол бичгээрээ туурвисан зөвхөн түүхийн зохиолыг сорчилж, дээжлээд “Монголын түүхэн сурвалжийн цуврал” гэсэн 30 ботийг эрхлэн хэвлүүлсэн. Энэ маань залуусыг түүхэн эх сурвалжаа үнэн зөвөөр нь мэдэхэд их тустай ажил болсон гэж боддог.

-Саяхан таныг нэгэн шинэ бүтээл туурвисан гэж сонссон юм байна?
 
-Өнгөрсөн жил миний гол зорьж хийсэн ажил бол XVII зууны Монголын түүхийн тулгуур эхүүд гэдэг таван ботийг эрхлэн нийтлүүллээ. Энэ ажилд “Мөнхийн үсэг” компанийнхан хүч тавьж, сайхан хэвлэсэн. Энэ бол XVII зууны гол тулгуур, хожмын түүхэн сурвалжуудын эх болсон эхүүдийг нэгдүгээрт, удиртгал буюу судалгааны тойм, гол онцлогийг бичиж, хоёрдугаарт, орчин цагийн монгол хэлээр хөрвүүлж, тайлбар зүүлт хавсаргасан. Гуравдугаарт, эрдэм шинжилгээний латин галигаар галиглаж, эцэст нь, эхийн гэрэл зураг, номзүйг багтаасан юм. Энэ бүтээлээ их сургуулийнхаа 70 жилийн ойд зориулснаа хэлэхэд таатай байна. Миний хийж байгаа бүх юм бол монголчуудынхаа ёс заншил, уламжлал, түүх шастир гээд бүхий л өвийг зөвөөр нь ухаж ойлгоосой гэдэг эрмэлзэлтэй хийгээд үүнд тус нэмэр, буян болох зорилго өвөрлөх юм даа.

-Энэ сарын 5-нд “Эжий бурхан тандаа” тоглолт үзэгч түмэнд хүрэх гэж байна. Энэхүү тоглолтыг зохион байгуулагчид танд нэгэн дууны үг захиалсан гэж байсан. Яагаад заавал “Дара эхийн залбирал” хэмээн нэрлэсэн юм бэ. Шинэхэн уран бүтээлийнхээ талаар?
 
-Барчин дүг гэдэг ТББ-ын тэргүүн Энх-Амгалан гэдэг үндэснийхээ шашин соёлд элэгтэй нэгэн “Дара эхийн залбирал” гэсэн дууны үгийг хийж өгөөч гэж хүссэн. Энэ саналыг би маш дуртайяа хүлээж авсан. Яагаад гэвэл, яг үнэндээ би бол их сургуулийн багш, шинжлэх ухааны хүн боловч өөрөө, миний хүмүүжсэн орчин ч тэр, аав минь ч гэсэн бурхан шашинтай хүн. Би бурханы шашинд их сүсэглэдэг хүн. Тийм учраас энэ санал сэтгэлд дулаан, сайхан санагдсан. Тэр тусмаа монголчууд “Дара эх минь” гэж уулга алддаг. “Ум даарэ дүд даарэ дүрэ суухаа” гэдэг Дара эхийн зүрхэн тарнийг мэдэхгүй монгол хүн гэж байдаггүй байх. Тэгэхээр, энэ Дара эх бурхныг эрт цагаас эдүгээг хүртэл, ерийн жирийн эмэгтэй ч, төрийн хар хүн ч, лам хүн аль нь ч итгэж, сүсэглэж, биширч, залбирч ирсэн түүхтэй. Манайд аавын минь бурхан шүтээн байдаг. Аав маань Дара эхийн бурхны үүднээс олон зүйлийн арга засал хийж, залбирдаг хүн байсан. Намайг бага байхад төвдөөр нь хэдэн бадагт Дара эхийн залбирлыг цээжлүүлж, уншиж явахыг захиж байж билээ. Ингээд, залбирлын дууны санал аваад, хамгийн түрүүн ийм нэг бодол төрсөн. Юу гэхлээр, дуу гэхээр ямар ч байсан хүмүүс дуулах юм байна, би орчин үеийн дуу хийчихээд, уран гоё үгс холбоод, шүлэг бичвэл, болох л байх. Гэтэл, би чинь өөрөө сүсэгтэн хүний хувьд, энэ маань буян болох уу, нүгэл болох уу гэдгийг бодолцсон. Тийм учраас, “Дара эхийн залбирал” уншлагуудад байдаг зүйлийг багтаая гэж саналаа.
 

Тэгэхдээ, яаж багтаах билээ? Энэ дууг дуулсан хүн маань Дара эх бурхандаа залбирч, даатгах байх. Залбирал гэхээр дуучин маань хүртэл өөр зүйл бодолгүй, сэтгэлээсээ сүсэглэн дуулах байх гэж бодсон. Улмаар, түүний үг нь “Дара эх”-д залбирсан залбирал, урьсан уншлагын хэмжээнд хүрэх ёстой гэж бодохоор, дуу гэдэг маань олон бадаг байж болохгүй. Мөн дуулж байгаа хүндээ ч, аяыг нь зохиож байгаа хүнд ч эвтэй найралдуухан байх, наанадаж толгой сүүлийг нь холбосон хэмнэлтэй байх ёстой. Би ер нь шүлэг зохиож байгаагүй хүн. Тийм боловч, Дара эхийн олон янзын залбиралуудаас олон дахин үзэж байгаад, ийм ийм үг хэллэг, утга агуулга заавал байвал зохино гэдгээс эхэлсэн юм. Энэ дууг захиалсан хүмүүс их буянтай ажил хийлээ. Басхүү, энэ дууг маань ашиг орлого болгочихгүй, хүн болгон дуулдаг, дуулахдаа мэдээж хэрэг найран дээр, архи уугаад дуулахгүй нь лав байх. Хүн болгон аялаад, маань хөгжөөдөг шиг Дара эх бурхандаа аятай, дантай залбирч явах юм бол буян болох байх даа гэж бодож бүтээсэн юм.

-Дарь эх бурханы тухайд тайлбарлаж тодруулж өгнө үү?
 
-Дара эх бурхан бол тоолшгүй олон галавын урьд “Нацаг-Од” буюу монголоор “Элдэв гэрэлт” гэдэг ертөнцөд Хэнгэрэгийн дуун гэдэг бурханд заларч байх үед, нэгэн хааны гүнж Ишдаваа (бэлгэ билгийн саран) хэмээгдэх бээр олон хувраг, бурханд хязгааргүй их өргөл хүндлэлийг үйлдэж, өөрөө буян номын зүгт хоёргүй сэтгэлээ зориулж, жинхэнэ бурхны шашны гэгээрэх, ариун ёс, мөрд орж эхэлсэн гэдэг. Тийн үйлдээд бодь сэтгэлийн үрийг олжээ. Энэ үед, олон хуврагууд Иш даваад хэлсэн нь, “Чи буяныхаа хүчээр энэ биеэ эр болж, амьтны тус үйлдэхийн тулд ерөөл тавьбаас тэр ёсоор бүтэх болно” гэжээ. Тэгмэгц, гүнжтэн бээр “Эр биеийн дүрээр олон амьтны тусын тулд буян үйлдэгчид олон байх атал эмэгтэй дүрээр бодь хутгийг олсон нь нэгээхэн ч үгүй аж. Тиймийн тулд, орчлон хоосрох хүртэл эм биеийнхээ дүрээр амьтны тусыг үйлдэж явъя” гэсэн хатуу тангараг тавьсан гэдэг. Дара эх бурхны домог ийм юм. Ингэж амьтны тусыг бүтээж, цөвүүн цагийн зовлонгоос гэтэлгэх тангараг тавьсан бурхан цөөн байдаг учраас олон хүмүүс Дара эх бурхныг ихэд шүтэж иржээ. Нөгөө талаар, монголчууд гурван ачтан гэж эцэг, эх, багшийгаа хэлдэг бол Дара эхийг шүтэх нь эхийгээ хайрлахтай агаар нэгэн буй. Тэгэхлээр, “Дара эхийн залбирал”-ыг дуулж явахад буян их хурна. Түүний мөр бадаг болгон залбирлын мөн чанарыг агуулсан болохоор, бадаг бадгаар нь утгыг нь санаж дотоод сэтгэлээсээ хандваас, тэр хэрээрээ залбирал болж, ач буян болох юм даа. Дууны үгийг мөр, бадгаар нь дараа тайлбарлаж өгье.

Б.Даваа   

Монголын мэдээ сонин

Wednesday, 3 October 2012

С.Төмөр-Очир: Нобелийн шагналтан Монголоос төрөх цаг ойрхон


Монгол Улсын их сургуулийн захирал, доктор, профессор С.Төмөр-Очиртой ярилцлаа.

-Монгол Улсын дээд боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан их сургуулийн ойн босгон дээр захирал Тантай ярилцаж байгаадаа баяртай байна. Одоогоос 70 жилийн өмнө улсын ууган их сургууль анхны оюутнуудаа элсүүлж байсан тэрхүү дурсамжтай мөчөөс яриагаа эхэлье?
-Манай улсын анхны төрийн сургууль МУИС 1942 онд буюу эх орны дайн ид өрнөж байх үед ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан. Ойн баярын өдрүүдэд их сургуулийн ололт амжилтыг дурдахын зэрэгцээ ОХУ-ын эрдэмтдийн тусламж дэмжлэг, сайхан сэтгэлийг дурсахгүй өнгөрөх аргагүй. Манай сургуулийн анхны хичээлийг Москвагийн их сургуулийн багш нар зааж байлаа. Иймд МУИС-ийн үүсэл, хөгжил ОХУ-ын их сургуультай салшгүй холбоотой. Улсын хэмжээнд дээд боловсролын систем бүрэлдэн тогтоход тулгын чулуу нь болсон гал голомт гэж МУИС-ийг нэрлэж болно. Анх хүн эмнэлэг, багш, мал эмнэлэг гэсэн гурван факультеттай байсан. Хөгжлийн явцад УБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, одоо хувийн сургууль болсон ХУИС манай сургуулиас төрж гарсан. Эдгээр их сургууль одоогийн дээд боловсролын өнгийг тодорхойлж, тэргүүлж байна.

-Байгууллага бүхэн түүхт ойгоо угтаж өндөр бүтээлийн аян, үйл ажиллагаа зохион байгуулдаг. Танай сургуулийн хувьд ойдоо ямар бэлэг барив?
-Сургуулийнхаа 70 жилийн ойг угтаж бид хоёр жилийн төлөвлөгөөтэй ажиллалаа. Үүний нэг нь 2010 онд баталсан МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө юм.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүнийг эх орныхоо бүтээн байгуулалтад бэлтгэж гаргасан байна вэ?
-Байгуулагдсан үеэсээ мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд илүү анхаарч ирсэн. Энэ хугацаанд 60 гаруй мянган мэргэжилтэн бэлтгэсэн байна. Улсдаа төдийгүй гадаадын өндөр хөгжилтэй улс оронд МУИС-ийн нүүр царайг илэрхийлж буй чанартай боловсон хүчин олон төржээ.

-МУИС-ийн үйл ажиллагааны нэг чиглэл нь эрдэм шинжилгээний ажил байдаг. Үр дүн нь ямар байна вэ. Сургуулийн цаашдын зорилго юу вэ?
-Их сургууль байгуулагдсан үеэс мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд түлхүү анхаарч ирсэн. МУИС анхны оюутнаа элсүүлсний дараах зун биологийн багийг Алтайн цаадах говьд ажиллуулж эрдэм шинжилгээний ажлаа эхлүүлсэн түүхтэй. Энэ ажлынхаа үр дүнгээр анхны эрдэм шинжилгээний хурлаа хийсэн. 1946 онд МУИС анхны "Эрдэм шинжилгээний бичиг" сэтгүүлээ эрхлэн гаргасан. Гэхдээ манай сургууль мэргэжилтэн бэлтгэх ажилдаа илүү анхаарч ирсэн байна. 2010-2020 он хүртэлх стратеги төлөвлөгөөний гол зорилго нь өнгөрсөн 70 гаруй жилийн түүхэн хөгжлийн ололт амжилтаа дүгнэж, алдаа оноогоо олж. харсан явдал юм. Өнөөгийн дэлхийн их сургуулиудын ихэнх нь судалгааны их сургууль болон өргөжсөн. Өөрөөр хэлбэл, судалгаандаа илүү анхаарах болсон байна. Судалгааны ажлын үр дүнгээр сургалт явуулж, энэхүү үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж инноваци бий болгож байна. Иймд манай сургууль ирэх 10 жилд дэлхийн их сургуулийн төвшинд ойртсон судалгааны их сургууль болон хөгжихийг үйл ажиллагааныхаа гол зорилгоо болгож байна.

-Зорилгодоо хүрэхэд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлага хамгийн чухал. Дутагдаж буй зүйл нь юу бол?
-Нэр хүндтэй судалгааны их сургууль гэж нэрлэгдэхэд олон зүйл шаардагдана. Жишээлбэл, олон улсын хамтын ажиллагаа, дотоодын эрдэм шинжилгээний байгууллага, ШУА, бусад сургууль, хүрээлэнгүүдтэй хамтарч ажиллах ёстой. Одоогоор их сургууль гадаадын өндөр хөгжилтэй 200 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй. Эрдэм шинжилгээний ажил бол мөнгө зарцуулж шинэ мэдлэг, технологи бүтээдэг. Сүүлийн хэдэн жилийн туршлагаас харахад судалгааны ажлын үр дүн харьцангуй сайн. Харин нөгөө шинэ мэдлэг, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил зогсонги байдалтай байна. Уг нь мөнгө зарцуулж мэдлэг бий болгоод мэдлэгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж эргээд мөнгө болгох шаардлагатай байгаа юм. Манай эрдэмтэд эрдэм шинжилгээний тайлан бичээд нэг шинжлэх ухаан технологийн санд тушаадаг, эсвэл ширээндээ хийгээд хадгалчихдаг ийм л төвшинд байна.

-Их сургуулийн урилгаар Нобелийн шагналтнууд оюутнуудад зориулан лекц уншиж байгаа. Оюутнуудын оюуны мэлмийг мялааж буй эл арга хэмжээг ууган сургуулийн зорилгодоо хүрэх нэг алхам гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Энэ нь их сургууль судалгааны их сургууль болохын анхны алхам гэж үзэж байгаа. Саяхан Нобелийн дөрөв дэх шагналтан ирж лекц уншаад буцлаа. Энэ шагнал бол дэлхийн оюун ухааны хамгийн дээд шагнал. Агуу эрдэмтдийн лекц манай оюутнуудын сурч боловсрох үйлсэд нөлөөлөх нь дамжиггүй. Нобелийн шагналтан Монголоос удахгүй төрнө гэсэн өөдрөг бодолтой явдаг хүний нэг нь би л дээ. Лекц уншсан Нобелийн шагналтнуудыг МУИС-ийн хүндэт доктороор өргөмжилж байна. Ингэснээр нэр хүндтэй эрдэмтэд манай сургуулийн гишүүнээр элсэж байна гэсэн үг. Цаашид судалгааны их сургууль болсноор магистр, докторт сурч байгаа оюутны тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Одоогоор их сургууль 23 мянган оюутантай. Үүний 20 мянга нь бакалавр, 3000 нь магистрын төвшинд сурч байна. Иймд БШУ-ы сайд Л.Гантөмөр магистр, докторын сургалтыг дэмжиж, тодорхой цалинтай болгох тухай асуудлыг шийднэ гэж амласан. Ингэснээр их сургуулийн судалгааны ажлын үр дүн хөгжиж, амьдралд нэвтрүүлэх боломжтой болно.

-Та МУИС-ийн захирал гэсэн эрхэм хүндтэй алба хашаад чамгүй хугацаа өнгөрлөө. Таны ажил амьдралын нэлээд хугацаа боловсролын салбартай салшгүй холбоотой. Анх ажил авахад хийхээр төлөвлөж байсан ажлынхаа ард гарч чадсан уу?
-Захирлын ажил аваад хоёр жил гаруй болж байна. Миний хувьд өмнө нь их сургуульд ажиллаж байсан. Гэхдээ 18 жилийн дараа захирлаар ирсэн. Энэ хугацаанд их сургуулийн ажил амьдралыг нэлээн сайн мэддэг болсон байна. Сургуулийн удирдах зөвлөлийн дарга, салбарын сайд, дэд сайд хийж байлаа. УИХ-ын гишүүн байхдаа ч их сургуулийн амьдралтай салшгүй холбоотой ажиллаж байсан. Хамгийн эхлээд хийх ёстой ажил бол МУИС-ийн үйл ажиллагаа ямар төвшинд байгаа, профессор багш нар ямар санал бодолтой байна, оюутнуудын идэвх оролцоо, амьдрал ахуй ямар байгаатай нарийн танилцахад чиглэгдэж байсан. Мөн их сургуулийн цаашдын бодлогыг тодорхойлох нь зайлшгүй асуудал байлаа. Энэ бүх асуудлаа тодорхойлсны дүнд ректорийн 2015 он хүртэлх ажлын мөрийн хөтөлбөр баталсан. Үр дүн ч гарч байгаа.

-Жилд их, дээд сургуулийг хэдэн мянган боловсон хүчин төгсдөг ч ажлын байр асуудал дагуулсаар байна. Танай сургуулийн төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байраар хангагдаж байна вэ. Ер нь зах зээлийн шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлтгэж чадаж байна уу?
-Ер нь МУИС-д анхаарах ажлууд их бий. Хамгийн түрүүнд анхаарах асуудал сургалтын агуулга юм. Их сургуулийн агуулгыг тодорхойлдог зүйл нь төгсөж буй мэргэжилтэн хаана ажиллаж, юу хийж байгаагаас харагддаг. Бусад улс орны жишгээс үзэхэд сургалтын агуулгыг мэргэжилтэн бэлтгүүлж буй тухайн улсын захиалга байх ёстой гэсэн зарчимд тулгуурладаг. Жишээлбэл, ерөнхий боловсролын сургуулийн багш бэлтгэж байгаа бол тэр нь юу мэдэж, чаддаг багш байх ёстой талаар ажил олгогч байгууллагууд захиалга өгөх хэрэгтэй. Ажлын байрны захиалга ирсэн үед их сургуулийн бакалаврын төвшний сургалтын агуулга тодорхой болно. Харин манай сургуульд ажлын байрны захиалга гэж бараг ирдэггүй. Одоогоор их сургуулийн багш бэлтгэхэд зориулж сургалтын арга зохиож ирсэн дутагдал бий. Сургуулиа төгсөөд амьдралд хөл тавьж ажил хийх гэхээр ажлын байр хүрэлцээгүй. Энэ нь дээд мэргэжилтэй ажилгүйчүүд бэлтгэхэд их сургууль хувь нэмрээ оруулж эхэлж байна гэсэн үг. Бас нэг анхаарах зүйл нь мэргэжилтэн бэлтгэж буй тоонд анхаарах хэрэгтэй. Зарим тохиолдолд улс ардын аж ахуй, улсад хэрэгтэй мэргэжилтний тооноос хэд дахин их боловсон хүчин бэлтгэгдэж байна. Жишээлбэл, улсын хэмжээнд жилдээ 2000 гаруй хуульч бэлтгэгдэж байхад ердөө 200 хүрэхгүй нь л ажлын байртай болж байна.

-Дээхнэ үед МУИС-ийн төгсөгчид хаана ч нүүр бардам байдаг байлаа шүү дээ. Гэтэл сүүлийн үед боловсон хүчний чанар чансаа нь буураад байна уу гэсэн яриа хөөрөө гарах болж. Шалтгаан нь юу байж болох вэ?
-Сүүлийн үед МУИС-ийн төгсөгчдийн чанар буурсан гэх яриа гарах болсон. Их сургуулийн сургалтын чанартай холбоотойгоор иргэдийн дунд ийм яриа гараад байна уу гэдгийг судалж үзсэн. Анх элсэлт авахдаа нэг ангид 30-40 оюутан авдаг байсан. Одоо бол нэг ангид 100 хүүхэд элсүүлж байна. Элсүүлэх оюутны тоо их
байх нь их сургуульд сурахад бэлтгэгдээгүй, харьцангуй чанар муутай оюутан орж ирэх нөхцөл бүрдэж байна. Үүнээс болж төгсөж байгаа мэргэжилтнүүдэд сайн муугийн ялгаа гарч ирдэг. Би их сургуулийн математикийн анги төгссөн. Манай анги 25 оюутантай байлаа. Үүний 20 гаруй нь аймаг, хотын математикийн аварга болсон тухайн үедээ мундаг хүүхдүүд байлаа шүү дээ. Харин сургуулиа төгсөх үед бүгд жигд дээд төвшинд бэлтгэгдэж төгссөн. Өөрөөр хэлбэл, олонхи нь сурлага сайтай учраас цөөн тооны тааруу оюутан нь татагдаж дээд төвшинд бэлтгэгддэг байлаа. Харин одоо 100 хүүхэд элсэхэд 25 сурлага сайтай хүүхэд элсдэг болж. Энэ үзүүлэлтээс болж боловсон хүчний чанарын асуудал яригдаж байгаа байх.

-Санхүүгийн чадвар муу учраас багш, ажилчдаа цалинжуулахын тулд сургалтын төлбөрийг нэмэхээс өөр гарц байхгүй гэсэн шалтгааныг хичээлийн шинэ жил эхлэх бүрт их, дээд сургуулиудын удирдлагууд тоочдог. Тийм сургуулиудын нэг нь ч танайх. Сургуулийн санхүүгийн байдал ямар төвшинд байна?
-Их, дээд сургуулийн хувьд санхүүгийн асуудал бэрхшээлтэй байдаг. МУИС төрийн сургууль. Гэвч жилийн орлогын 6.8 хувийг улсын төсвөөс авдаг. Бусад санхүүг сургуугь өөрөө олж байгаа. Гол нь оюутны төлбөр дээр тогтож байна. Эрдэм шинжилгээний ажил, аж ахуйн гэрээт ажлаар жаахан мөнгө олдог. Оюутны төлбөрөөр орлого олж байгаа тохиолдолд нэг бэрхшээлтэй зүйл бий. Багш, ажилчдын цалин нэмэх материаллаг бааз бэхжүүлэх чиглэлээр тооцож үзвэл сургалтын төлбөр нэмэхээс өөр замгүй. Манайх харьцангуй бага төлбөртэй улсад хамрагддаг. Их сургуулийн хамгийн өндөр төлбөр нь нэг сая 20 мянган төгрөг. Гэтэл Америк, Туркийн ерөнхий боловсролын сургуулийн төлбөр 2-6 мянган ам.доллар. Цаашид оюутны төлбөр нэмэх зайлшгүй шаардлага байгаа. Оюутны төлбөр нэмснээр иргэдийн нурууг дээрх ачаа ихэснэ гэж үзвэл төр тодорхой хэмжээгээр санхүүжилт хийх шаардлагатай. Хэрэв энэ байдлаар үргэлжилбэл дэлхийг их сургуулийн төвшинд хүрэх байтугай уналтад орох эрсдэлтэй байна.

-Танай сургуулийн багш нар хэдэн төгрөгийн цалинтай вэ. Багш нар цалингийн нэмэгдлээ авч байгаа юу?
-Авч байгаа. Зөвхөн багш нарын цалинг нэмээд зогсоогүй ажилчин мэргэжилтнүүдийн цалинг 15 хувиар нэмсэн. Учир нь багш нарын цалинг нэмснээр багш ажилчдын цалингийн хэмжээ их зөрүүтэй болсон. Өнгөрсөн нэгдүгээр сард багшийн цалинг 80 мянган төгрөгөөр, тавдугаар сарын 1-нээс 20 хувиар нэмсэн. Ер нь төрийн албан хаагчийн цалинг 50 хувь нэм гэсэн шаардлагыг бараг биелүүлсэн. Цаашид их сургуулийн багшийн цалинг тусгайлан нэмж байхгүй бол багшлах хүн олдохгүй болох гээд байна. Дээр үед их сургууль онц төгссөн оюутныг сургуульдаа үлдэж багшлахыг хүсэхэд дуртай хүлээж авдаг байсан. Одоо бол тийм ч хувийн компани 2000 ам.долларын цалин өгнө гэх амласан гээд явчих жишээтэй.

-Төлбөрөө төлсөн л бол төгсөх ёстой гэсэн буруу ойлголт оюутнуудын дунд хавтгайрч байх шиг санагддаг. МУИС-д ч гэсэн ийм байдал ажиглагддаг юм билээ?
-Намайг захирлаар ирж байх үед оюутны асуудлыг шийдэхэд үнэхээр хүнд болсон байсан. Төлбөр авсан л бол оюутан хичээлдээ суух үгүй нь хамаагүй болсон байлаа. Нэг сонин жишээ хэлье. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт хийхээр бэлтгэж байтал нээлтийн хөтөлбөр дагаад овоо мөнгө хүссэн өргөдөл орж ирдэг юм байна. Энэ юун өргөдөл болохыг лавлавал "Нээлт хөтлөх хүн байхгүй. Гадны жүжигчин урьсан. Мөн гаднаас морин хуурч, дуучин бүжигчинд хөлс төлж авч ирэхээр болсон" гэв. Би тэр үед гайхаж МУИС-д ийм олон залуучууд суралцаж байхад хичээлийн нээлт зарлах хүнгүй, дуулчих оюутангүй байна гэдэг гутамшиг гэж хэлж байсан. Харин энэ байдал сүүлийн жилүүдэд байхгүй болсон шүү. Өнгөрөгч баасан гаригт сургуулийн ойд зориулсан оюутнуудын хүндэтгэлийн концертын анхны хувилбарыг үзлээ. Манай сургуульд олон авьяастай хүүхдүүд сурч байна. Балетийн сургууль төгссөн гурван оюутан суралцдаг юм байна. Нийт 70 оюутан морин хуур тоглохоор бэлтгэж байна. "Жалам хар" бүжгийг мэргэжлийн бүжигчдээс дутахааргүй биелж байна шүү дээ. Энэ нь хичээлээс гадуур дугуйлан хичээллэж эхэлсэнтэй холбоотой.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР