Thursday, 1 November 2012

Н.Наранбаатар: Ямар ч байсан би хэмээх ноён оргилын цаст орой руу тугаа бариад гүйсэн чухам хаана хатгасныг үзэгчид л мэднэ

Дэлхийн утга зохиолын ноён оргил болсон гурван бүтээлд У.Шекспирийн "Гамлет", Гётегийн "Фауст", Сервантесийн "Дон Кихот" багтдаг хэмээн судлаачид үздэг. Энэхүү ноён оргилын нэг болсон "Гамлет" нь тухайн улс орны театр урлагийн чансааг харуулж, уран бүтээлчдийнх нь ур чадварыг сорьдог гэдэг. Харин Монголчууд 1979 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжавын найруулгаар анх "Гамлет"-тай учирч байсан. Тэгвэл 33 жилийн дараа УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулгаар бүтээгдэж буй "Гамлет"-аар У.Шекспирт дахин шалгалт өгч байна. Энэхүү шалгалт энэ сарын есөнд болно. 

Өөрөөр хэлбэл дэлхийн театр урлагийн мэргэжлийн түвшинг, нөгөө талаас нэр хүндийг нь тодорхойлдог "Гамлет" жүжгийг УДЭТ-ынхан энэ сарын есний 19 цагт энэ цагийн хүмүүстээ хүргэх нь. Дашрамд сонирхуулахад танай УДЭТ-ынхан У.Шекспирийн "Отелло", "Лирван", "Гамлет", "Макбет", "Ричард ван", "Ротео Жулетта" зэрэг алдарт зургаан жүжгийг нь тайзнаа амилуулж байжээ. 1979 онд тавигдсан "Гамлет" жүжгийн Клавдийд Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Гамлетад Ардын жүжигчин Л.Жамсранжав, Полонийд Ардын жүжигчин Б.Лоовой, Гертрудад жүжигчин Д.Цээнямбуу, Офелияад Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар тоглож байжээ. Ингээд жүжгийн талаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатартай ярилцлаа.


-Дэлхийн сонгодгууд цаг үеийн шаардлагаар тайзан дээр амилдаг гэсэн яриа байдаг. Энэ цагт "Гамлет" чухал шаардлагатай болсон учраас 33 жилийн дараа дахин амилж буй байх. Чухам ямар шаардлага тулгарсан талаар эхлээд сонирхуулаач?
 
-“Гамлет” жүжиг өөрөө сонин сонин цаг үед тавигддаг юм билээ л дээ. Ер нь нийгмийн шаардлагаар хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөхийн тулд тавигддаг. Тэр утгаараа өнөөдөр энэ жүжиг зайлшгүй тавигдах шаардлагатай болоод байна. Хүний язгуур шинж нь алга болоод байгаа яг энэ цаг үед бид зайлшгүй дуугарах ёстой. "Гамлет" гэдэг зохиол одоо хүн төрөлхтөнд сонин биш. Харин "Гамлет"-ыг хэрхэн харж яаж найруулах вэ гэдэг л хүмүүст мессеж болох юм. Ер нь У.Шекспир анх "Гамлет" гэх энэ зохиолыг бичсэн хүн биш шүү дээ. Хоёр гурван хүний гар дамжиж явсаар эцэст нь Шекспир дээр ирж тэр төгөлдөржүүлж эцсийн вариантаар 1600 онд бэлэн болгосон. 37-хон насандаа шүү.
 

Энэ зохиол яагаад зуун зуун дамжаад найруулагчдын дунд, нийгмийн дунд сенсаци тариад асуудал болоод байдаг юм бэ гэхээр яг тэгнэ гэсэн точни юм өгөөгүй. Тийм учраас хаанаас нь ч хийж болох боломжтой гэж би ойлгодог. Энэ жүжгийн хамгийн том юм нь Гамлет гэх гол дүрийн нэг хүн. Энэ хүн өөрөө юуг хайгаад байгаа юм бэ гэдэг л чухал. Ерөөсөө нийгэм өөрөө гаж болчихоод байна гэдгийг би энэ жүжгээр харуулахыг хүссэн. Эрүүл хүний нүдээр харах юм бол энэ нийгэм солиотой болчихоод байна ш дээ. Солиотой гэдэг чинь стандарт бус болохын шинж. Хүн өөрөө бүдүүлэг болно, авлига хэтэрнэ, эр эмийн асуудал гажилт руугаа эргэнэ. Бид өнөөдөр гей, лесби гээд л яриад байгаа. Тэр чинь л гажилт биз дээ. Бас хүүхдүүдийн оюун ухааны хандлага гээд л бид нарын бүх юм стандарт биш болчихоод байна. Яг ийм цаг үед "Гамлет" гарч ирдэг. Ийм солиотой хүмүүстэй солиотой л харьцах ёстой юм байна л даа. Тэгэхэд нэг юм сигнал авдаг байх нь. Тэр солиотойгоор дамжуулан өөрсдийнх нь бузар булайг нь, булхайг нь, дарангуйлагч болоод байгааг нь илрүүлж байгаа юм. Эцэстээ тэр хүн өөрийнхөө дотоод ертөнцтэй зөрчилдөж явсаар байгаад хүн яагаад ийм болоод байгаа юм бэ гэдгийг мэдэрнэ.
 

Өнөөдөр бид нар лидергүй байгаа байхгүй юу. Лидерээ бий болгох мөч ирэхэд бид өөрсдийгөө хумиад хөнөөчихөж байгаа юм. Зовлон жаргал ээлжилдэг учраас сайхан цаг үе ирэх нь тодорхой. Гэхдээ тэрний өмнө зайлшгүй нэг юм болох ёстой гэдгийг л Гамлет хэлж харуулаад байгаа юм. Тэгээд ч өнөөдөр монголчууд маш их материаллаг сонирхолтой болчихсон байна. Агуулга мөн чанар биш хэлбэр хөөдөг болчихож. Дандаа өнгөн талын дүгнэлт хийдэг болсон. Тиймээс энэ жүжиг яг одоо тавигдах ёстой. Би хэн болчихоод байна, би хүнийхээ хувьд хаана нь явна, бидний хамт олон хаана явна, бид нийтээрээ хаана явна, гэр бүл минь хаана явна, нийгмээрээ хаана явна гээд хүн байхын тухайд бид хаана явна гэдгийг "Гамлет" хэлж бидэнд өгнө.

-Шалгаруулалтын үеэр та энэ гамлет бол хүний таван мэдрэхүйн дотор явагдана гэж хэлж байсан нь сонин санагдаж байлаа. Тэр тавилт хэвээрээ юу?
 
-Хэвээрээ. Ерөө хүн чинь сонсоно, харна, амтална, үнэрлэнэ, хүртэнэ. Тэр мэдрэхүй нь алдагдахаараа хүн эрүүл бус болчихдог юм байна. Хараагүй хүн чинь хөгжлийн бэрхшээлтэй цаашлаад стандарт бус болчихож байгаа биз дээ. Дүлий хүн бас хөгжлийн бэрхшээлтэй. Гэтэл чих гэдэг чинь өөрөө юу юм бэ, сонор гэсэн үг биз дээ. Хараа гэдэг чинь стратеги, хүртэх гэдэг чинь бид нарын бие биеийгээ хайрлах хайр. Энэ мэт өөрийнхөө мэдрэмжээр л би "Гамлет" жүжиг дээр ажиллаж байгаа. Энэ бүгдийг тайз засалтандаа илүү ихээр шингээж өгсөн. Энүүхэндээ гэхэд манай зураач Ганхуяг урьд өмнө байгаагүй сонин содон шийдэлтэй тайз хийж байгаа.
 

Хамгийн аймаар нь энэ жүжиг дээр Дани улс мөхөөд төгсдөг. Хэзээ сэргэх юм мэдэхгүй. Бид энэ чигээрээ буруу замаар будаа тээх юм бол Дани улсынх шиг ирээдүй хүлээж байх вий гэдэг л эмзэглэл намайг энэ жүжиг рүү хөтөлсөн. Ер нь Монгол Улс ард түмнээ сонсохгүй бол эцэстээ хөгжилтэй улсын хараат болно, эсвэл бүр мөхнө. Тэгээд ч Гамлет бол ард түмний дуу хоолой. Бид өнөөдөр ард түмнээ сонсохоо байчихаад байгаа байхгүй юу. Тийм ч учраас зүгээр хэлэхээр сонсохгүй байгаа юм чинь адилхан солиотой юм шиг харьцах ёстой юм гэж У.Шекспир бодож энэ зохиолоо бичсэн байгаа юм.

-"Гамлет"-ыг найруулан тавих нь найруулагч хүний мөрөөдөл байдаг гэх. Тэгэхээр таны хувьд энэ жүжгийг найруулан тавьж мөрөөдлөө биелүүллээ гэж ойлгож байгаа. Тэгэхээр 1979 оноос хойш “Гамлет”-ыг найруулан тавих найруулагч байгаа гэж ойлгож болох уу эсвэл
тавих цаг үе нь болоогүй бай сан гэж ойлгох уу?
 
-Би "Парисын дарь эхийн сүм" дахиад 40-50 жилд тавигдахгүй гэж. Түүнтэй адил "Гамлет" дахиад 50-60 жилд тавигдахгүй гэж би бардам хэлж чадна. Магадгүй 100 жил ч болж магадгүй.

-Яагаад?
 
-Та сая өөрөө асуулаа ш дээ. Тавигдах цаг үе нь одоо юм уу гэж. Би нэгд, яг одоо цаг үеийн шаардлагаар тавигдаж байна гэж хэлнэ. Мэдээж найруулах найруулагч байсан уу гэвэл байсан. Тэгээд ч энэ жүжиг өөрөө найруулагчдын мөрөөдөл. Тэгэхээр хувьсгалын тохироо бүрдэж байж хувьсгал гардаг гэдэг шиг энэ 33 жилийн хугацаанд тохироо нь бүрдээгүй л байхгүй юу. Дэлхийн бүхий л найруулагчид “Гамлет"-ыг тавихыг мөрөөддөг. Оросын нэг найруулагчид та гамлетыг тавиач гэж нэг хүн санал тавьж л дээ. Тэгэхэд тэр найруулагч их сайхан санал байна. Гэхдээ би хийхгүй гэж хэлсэн байгаа юм. Яагаад гэсэн чинь жүжгийн зохиолыг уулс гэж үзвэл цаст оргил нь Гамлет. Тэрэн дээр тугаа хатгасан найруулагч байдаггүй юм. Би нэгэнт орой дээр нь тугаа хатгаж чадахгүйгээс хойш энэ жүжгийг тавихгүй гэж хэлсэн байдаг юм. Энэ бол энэ зохиолын тавилтын үнэлгээ.

-Та тэр найруулагч шиг татгалзалгүйгээр туг бариад орой руу нь мацсан. Харин хаахна нь тугаа хатгав?
 
-Мэдэхгүй юм даа. Тэрийг ард түмэн л хэлэх байх. Ямар ч байсан би тугаа бариад уулын орой руу гүйсэн. Чухам хаана хатгагдсаныг үзэгчид л хэлэх байх.

-Социализмын үед тавигдаж байсан "Гамлет" соц реализм маягийн тавилттай байсан гэх юм билээ. Харин таны тавилтын онцлог нь юу вэ?
 
-Сайн муу гэдэг чинь соц реализмын хэв шинж шүү дээ. Үзэл суртлын хувьд жаахан дарамттай байсан үе. Өнөөдөр бол бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Энэ бол маш том боломж. Иргэн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой гээд Үндсэн хуульдаа тусгачихаад байгаа учраас айх эмээх юм алга. Эрх чөлөө гэдэг чинь юу юм бэ, тэр дундаа оюун санааны эрх чөлөө гэдэг чинь юу юм бэ гэдгийг л харуулна гэж бодож байгаа. Хоёр өөр нийгмийн үед тавигдсан гэдэг утгаараа онцлог ялгаа байгаа л байх гэж бодож байгаа ш дээ. Наад зах нь хоёр эрэгтэй хүн үнсэлцэх юм бол бөөн юм болно биз дээ. Гэтэл одоо бол энэ тал дээр айгаад байх юм алга. Тийм ч учраас энэ жүжиг дээр хоёр эрэгтэй хүн үнсэлцэнэ.

-1979 онд Чимид гуайн орчуулгаар "Гамлет" монголчуудад хүрч байсан. Харин энэ удаад орчуулагч Мэргэний орчуулгаар хүрч байна. Бэлэн орчуулга байсаар байхад яагаад дахин орчуулуулах болсон юм бэ?
 
-Чимид гуай бол гайхалтай орчуулагч. Гэхдээ Чимид гуай Пасторнакаас орчуулсан. Оросын нэрт зохиолч, Нобелийн шагналт хүн шүү дээ. Харин Мэргэн ах англи эхээс нь шууд орчуулсан.
Пасторнак бол Сталинд жаахан адлагдаж байсан зохиолч. Тийм учраас түүний “Гамлет"-аас өширхөл, ёс суртахууны доголдлууд үнэртдэг. Харин англи эх бол арай өөр. Тэгэхээс биш би Чимид гуайн орчуулгыг голно гэж юу байхав.

-Нэг хэсэг энэ цагт Гамлетад тоглох жүжигчин байхгүй гэж их яригдсан. Харин та найруулагчийн хувьд Гамлетын дүрээ сонгон шалгаруулалт хийлгүйгэр шууд С.Болд-Эрдэнэд өгсөн. Яагаад түүнийг сонгосон юм бэ?
 
-Чи яагаад энэ хүнд дурласан юм бэ гэхээр чи миний нүдээр хараад үз гэдэг биз дээ. Түүн шиг миний ертөнцөд буусан Гамлет бол С.Болд-Эрдэнэ. Гамлетад тоглох чадал чансаатай туршлагатай олон уран бүтээлч манай театрт бий. Хамгийн гол нь найруулагчийн сонголт, найруулагчийн хараа гэдэг хамгийн чухал. Тийм ч учраас Гамлет жүжиг найруулагчаараа овоглодог. Алдсан ч оносон ч би Болд-Эрдэнэтэйгээ зууралдаад л үхнэ. Яагаад чухам тэр гэж гэвэл олон юм ярина л даа. Болд-Эрдэнэ бол их дотогшоогоо хүн. Жүжигчдийн ярьдгаар бол чуст өндөртэй гэх мэтчилэн олон юм намайг энэ жүжигчин рүү хөтөлсөн.

Х.Сэдэд
 

Ц.Оюундарь: ''Огцом эргэлт'' аюултай шүү гэдэг нь киноны түлхүүр санаа

"Огцом эргэлт" киноны ерөнхий зөвлөхөөр ажилласан Ц.Оюундарьтай ярилцлаа.
-Олон ангит кино удахгүй үзэгчдийн хүртээл болох тухай сонслоо. Ямар нэртэй кино гарах талаар яриагаа эхлэх үү?
 
-Мянганы сорилтын сангийн захиалгаар бүтээсэн телевизийн 30 ангит энэхүү бүтээл маань "Огцом эргэлт” нэртэй.

-Киноны зохиолчийг нээлттэй уралдаан зарласны дагуу шалгаруулсан. Шалгаруулалт нэлээд өн­дөр байсан тухай сонссон юм байна. Ингэхэд найруулагчаар хэн ажилласан бол?
 
-Зохиолчдын дунд киноны сэдэв, агуулгыг танилцуулан нээлттэй уралдаан зарлахад зохиолч А.Амарсайхан шалгарч, Эрүүл мэндийн төслийн ажилтнуудаас чиглэл, зөвлөгөө авсны дагуу судалгаа хийж, зохиолоо бичсэн. Мянганы сорилтын сангийнхан А.Амарсайханыг урьд нь хийж байсан ажлын туршлага, бүтээлүүдийнх нь чанар зэргийг харгалзан сонголтоо хийсэн болов уу. Тэрээр 2009 онд хам­гийн олон үзэгчтэй киногоор шалгарсан "Хэцүү анги" телевизийн 60 ангит уран сайхны киноны зохиол, мөн 2010 онд телевизийн урлагийн дээд шагнал болох “Гoo марал" шагналаар шагнагдсан "Тусгай салаа" телевизийн 60 ангит уран сайхны киноны зохиолыг тус тус бичсэн туршлагатай зохиолч.
Найруулагчийн хувьд үзэгчдийн сайн мэдэх "АСК" уралдаант нэвтрүүлгийн найруулагч Б.Гантулга "Огцом эргэлт"-ийн ерөнхий найруулагчаар ажилласан. Тэрээр "Амьдрал чиний төлөө" олон ангит киноны II найруулагчаар мөн ажиллаж туршлагажсан Олон нийтийн телевизийн өсч яваа залуу найруулагчдын нэг.

-Яагаад ийм сэдэвтэй кино бүтээх болсон бэ?
 
-Монголын эрүүл мэндийн тогтолцоо нь социалист нийгмийн үе дэх өндөр өртөгтэй, өвчтөний нарийн төвөгтэй асаргаа сувилгаа бүхий эмнэлгийн тогтолцооноосоо одоо хүртэл салаагүй байгаа. Хүмүүс амьдралын буруу дадал хэвшлээ өөрчилж, эрүүл амьдралын хэв маягийг сонгохын оронд биеэ гаргуунд нь хаяж явчихаад, өндөр өртөгтэй эрүүл мэндийн тогтолцоогоор өвчилсөн биеэ эмнүүлэх гэж улсын төсвийн нурууг авч байдаг ужгирсан гажиг улам бүр гаарч байна. Энэхүү үрэлгэн тогтолцоо сүүлийн хэд-хэн жилээс л урьдчилан сэргийлэлт, нийгмийн эрүүл мэнд рүү хандсан тэгш хуваарилалтын тогтолцоонд удаан бөгөөд бэрхшээлтэйгээр шилжих оролдлогыг хийж байгаа юм. Гэвч энэ шилжилтийг удаашруулж, бэрхшээлтэй болгож байгаа олон хүчин зүйлийн нэг нь хүмүүсийн өөрсдийнх нь амьдралд хандах хандлагад байна гэдгийг судалгаа тод харуулсан. Иймд бид энэ сэдвээр кино бүтээх санаачилгыг гаргаж, Мянганы сорилтын сан дэмжсэнээр кино маань одоо үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна.

-Таны хувьд энэхүү бүтээлтэй хэрхэн холбогдох болов?
 
-Кино бүтээх санаачилгыг би Олон нийтийн телевизийн захирал байхдаа анхлан гаргаж,
их хоол унд, өөх тос идсэнээр бие чинь түүнийг боловсруулж дийлэхээ болиод Та таргалж эхэлнэ. Үе мөч чинь таны биеийн байх ёстой жинг л дааж авч явахаар бүтээгдсэн байтал даацаас нь хэтэрсэн их жингээр дараад байхаар амархан ядарч, өвдөнө. Энэ бүхнийг багтаасан амьдралын эгэл төрх киноны гол үйл явдал болон өрнөнө.

-Эрүүл мэндийн яамны ойг тохиолдуулан эрүүл мэнд эмч нартай холбоотой олон ангит кино бүтээснийг эс тооцвол сүү­лийн жилүүдэд энэ сэдвийн кино, дэлгэцийн бүтээл бараг амтлаагүй. Энэ талаарх таны байр суурь?
 
-Ер нь бид өвдсөн хойноо эмчид очиж, хүний төлөө өвдсөн юм шиг улсаас элдэв үйлчилгээ шаардаж суудаг хуучин сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Тархиндаа байгаа "өвчнийг" анагаахгүйгээр биендээ байгаа өвчнийг анагаахад хэцүү. Маш их цаг хугацаа шаардана. Иймд амьдралын зөв хэвшилд алхам алхмаар шилжиж, хүн бүр өөрийнхөө биеийг эмчээр чагнуулах гэж зүтгэх биш, өөрөө чагнаад, урьдчилан сэргийлэх алхмаа хийгээд сурчихвал байдал эрс өөрчлөгдөнө. Үүнийг хэвшүүлж, хүмүүсийн тархин дахь өвчнийг анагаахад ухуулга сурталчилгаа, киногоор дамжин хүмүүст хүрэх иргэний боловсролын хөгжил чухал үүрэгтэй.

-Киноны уран бүтээлчид тэр тусмаа гол дүрийг хэн гэдэг жүжигчин бүтээсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж буй байх. Энэ талаар сонирхуулахгүй юу?
 
-Кинонд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийн баг ажилласан. Дээр хэлсэн ки­ноны ерөнхий продюсер маань ОНТ-ийн "Хэцүү анги", "Тусгай салаа", "Өдөр өдрийн нар", "Амьд­рал чиний төлөө" олон ангит МСС-нд танилцуулсан хүний нэг л дээ. Ер нь хүн өөрийнхөө дутагдлыг тэр бүр бүрэн тольдож чаддаггүй. Харин хүний дутагдлыг хөндлөнгөөс харахаараа "Би ч бас ингэдэг шүү" гэж дотроо дүгнэлт хийх нь их. Иймд хүмүүсийн амьд­ралд байгаа нийтлэг алдаа дутагдлыг киногоор дамжуулан үзүүлбэл, хүмүүс амьдралын буруу хандлага хэвшилдээ хөндлөнгийн дүгнэлт хийх боломж олдох юм гэсэн үүднээс олон ангит кино хийх саналыг МСС-д тавьсан юм. Ингээд киноны төлөвлөлт, уран бүтээлийн багийн сонголт, кино зохиолчийн сонгон шалгаруулалт зэрэгт анхнаас нь оролцож ажил­ласан. Гэвч яг зураг авалт эхлэх үеэс би сонгуульд оролцох болсон учраас ажлаасаа хөндийрөх шаардлагатай болж, телевизэд байхдаа хийсэн бараг бүх л томоохон төслүүддээ гүйцэтгэх продюсерээр ажиллуулж байсан Л.Эрдэнэтуяаг уг киноны ерөнхий продюсерээр томилж, өөрөө зөвлөхөөр ажиллах болсон.

-Кино хэрхэн эхэлдэг тухай сонирхмоор байна?
 
-Кино яг нэр шигээ огцом эхэлнэ. Киноны эхэнд хот хоорондын замын огцом эргэлт дээр авто осол гарч, нэгэн залуугийн амьдралд огцом уналт эхэлнэ. Энэ уналтаас гарах гэж зүдрэх айл гэрийн амьдралын дүр зураг киноны туршид үргэлжилнэ. Ер нь манай монголчууд өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж ярьдаг. Энэ нь маш буруу ойлголт юм. Хүмүүс уг нь биеэ сайн "чагнаж" сурвал өвчин хэлж ирдэг гэдгийг ойлгох болно. Ганц жишээ хэлэхэд л, хэрвээ та архи уусны маргааш шартаж байвал бие чинь өөрт чинь "архи зохихгүй байнаа, дахиж битгий уугаач ээ" гэж хэлж байгаа юм. Хүний ходоодны багтаамж хэмжээтэй байтал, хэмжээнээсээ хэтэрсэн кинонуудад ажилласан туршлагатай продюсер Л.Эрдэнэтуяа байгаа. "Амьдрал чиний төлөө" киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан найруулагч Б.Гантулга ерөнхий найруулагчаар, МҮОНТ-ийн өмнөх бүх уран сайхны кинонд зураглаачаар ажилласан туршлагатай зураглаач Б.Чинбат "Огцом эргэлт"-ийн ерөнхий зураглаа­чаар ажилласан.

Жүжигчдийн сонгон шалгаруулалтад нийт 130 гаруй хүн оролцсоноос 30 гаруй хүн шалгарч киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон байгаа. Кино­ны найруулагч маань дүрүүдээ их зөв харж, онож сонгосон. Гол дүр Дулам бол үрийнхээ төлөө өөрийн биеийг үргэлж зовоож байдаг эх хүний сайхан дүр. Түүнийг СТА, жүжигчин Л.Ганхүү бүтээсэн. Ганхүү багшийн хувьд манай уран бүтээлүүдэд тоглохын зэрэгцээ залуу жүжигчдэд байнга зөвлөгөө өгч, туслаж дэмжиж байсанд бид баярлаж явдаг. Ардын жүжиг­чин Г.Мягмарнаран өмнө нь дэд сайд хийж явсан, бэртэгчин эцгийн дүрийг бүтээсэн. Жүжигчин Батбаатар, Төмөрхуяг, Золбоот, Болормаа, Отгонтөгс нар болон шинэ залуу жүжигчид, дунд сургуулийн долдугаар ангийн хүүхдүүд гол болон туслах дүрүүдийг чадварлагаар бүтээсэн. Киноны хөгжмийг Г.Хишигбүрэн бичиж, "Зүрхэнд" дууг А.Төгсбаяр зохиож, дуучин A Cool дуулсан.

-Олон ангит дэлгэцийн бүтээл гэдэг утгаараа киноны зураг авалт багагүй хугацаанд үргэлжилсэн байх даа?
 
-Зураг авалт энэ оны зургадугаар сард эхэлж өнгөрсөн есдүгээр сарын дундуур дууссан. Киноны нийт 336 орчим сценыг 100 шахам объектод авч, 40-өөд мэргэжлийн жүжигчид тоглож, 110 гаруй хүн оролцон тоглосон.

-Таныхаар 30 ангит энэ киноноос үзэгчид чухам юуг ойлгож, олж авах бол?
 
-"Огцом эргэлт" телевизийн олон ангит киноноос "болоод л байгаа мэт санагдах амьдралын буруу зуршил, цалгар назгай хандлага нь эрүүл мэндийг бага багаар хөнөөсөөр хожмын өдөр засаж залруулж болшгүй эмгэнэлт үр дагаварт хүргэдэг" тухай, "ялихгүй мэт санагдах ганцхан удаагийн хэнэггүйтлээс болж хүн хэрхэн хохирч, ямар хүнд зовлонд унаж болох" тухай хүүхэд залуучууд, насанд хүрэгчдэд сэрэл бодрол буй болгоно. Амьдралын буруу хэвшил гэдэг бол ёроол нь үл мэдэгдэх бяцхан хадаасанд цоорсон усны сав л гэсэн үг. Дусал дуслаар үл анзаарагдам байдлаар ус цаг минут бүрээр дуслан гоожсоор олон cap өдрийн дараа юүлэгдэн дуусаад сав нь зэврэн муудахтай адил таны эрүүл мэнд яг л тэгж сульдан доройтдог. Үүнийг л олж харж чадвал кино зорилгоо биелүүллээ гэсэн үг.

-Яагаад ийм олон ан­гит, тэр тусмаа 30 ангит кино бүтээх болсон бэ?
 
-Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс энэ киног бүтээх санаачлагыг анхлан дэмжсэн. Бидэнд ихээхэн итгэл хүлээлгэж, хамтран ажилласан Монголын мян­ганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хамт олонд МҮОНТ-ийнхэн болон киноны уран бүтээлчид онцгойлон талархал илэрхийлж байгааг энэ дашрамд илэрхийлье.

-МҮОНТ-ээр олон ангит кино гардаг болсноос хойш бусад арилжааны телевизүүд ч энэ мэт олон ан­гит кино бүтээх болсон. Ингэхэд энэ удаагийн ши­нэ уран бүтээлийн онцлог. Мөн МҮОНТ-ээр гарах бүтээлүүд ямар давуу тал, онцлогтой байдаг тухай
-Төслөөс санаачлан нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн мессежүүдийг киноны үйл явдалд тусгаж өгсөн учраас үзэгч уран сайхны кино үзэж уярч, санаа зовж, "кинонд орох" зуураа "эрүүл мэнддээ анхаарахгүй бол болохгүй юм байна шүү" гэх бодрол сэрэхүйг олж авах нь хамгийн гол онцлог. "Огцом эргэлт" аюултай шүү! гэж эцэг эх, өрхийн эмч, эрүүл мэндийн ажилтан, сонин сэтгүүлийн эрүүл мэндийн булан, телевиз радиогийн эрүүл мэндийн нэвтрүүлгүүд өдөр бүр анхааруулдгийг хайхралгүй явснаас та ч бас амьдралаараа, эрүүл мэндээрээ "онхолдож" мэднэ шүү! гэ­дэг нь киноны түлхүүр санаа юм.
 

Ч.ОРГИЛ
 
Нийслэл Таймс 

Н.Жанцанноров: Бидний зорилго бол үндэсний бөхийг олимпийн хөтөлбөрт оруулах явдал


Бидний нэгдүгээр зорилго бол үндэсний бөхийг олимпийн хөтөлбөрт оруулаад, тэрэнд нь Африк бөх түрүүлж  Монгол туургатнууд тэр аяараа хагартлаа баярлах л байхгүй юу?
Цаг мөч бүрт шинэ нээлттэй тулгарч байгаа орчин үеийн хүмүүс бид үндэсний соёл уламжлалаасаа аажим аажмаар хөндийрөх болжээ. Эсгий туургатны өв соёл, уламжлалыг авч үлдэх, хөгжүүлэхийн төлөө авъяас чадвар, ухаан билгээ зориулж яваа эрхмүүдийн нэг бол Төрийн хошой шагналт, Урлаг судлалын ухааны доктор, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров билээ. Нүсэр их ажлынх нь хажуугаар хэсэгхэн зуур ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
-Таны хэвлэлд өгсөн ярилцлагууд ихэвчлэн урлаг соёлтой холбогдсон байдаг. Энэ удаад хоёулаа үндэсний бөхийн талаар ярилцвал ямар вэ?
-Монгол үндэсний бөх бол хоёр талтай зүйл. Нэг талаасаа спортын шинжийг агуулдаг. Мэдээж үндэсний бөхөд спортын шинж бий. Спорт гэдэг бол тэмцэлдэнэ гэсэн үг. Тэмцэлдээнд ялсан нь бахархал болж үлддэг. Харин нөгөө талаасаа үндэсний бөх нь  баяр цэнгэл юм. Би Монгол үндэсний бөхийг  спорт талаасаа шударга бус үздэг. Спорт бүх талаараа хамгийн шударга байх ёстой. Хэрэв шударга бус бол энэ спорт биш. Үндэсний  бөхөд хэн түрүүлэх нь чухал юм шиг хэрнээ ямар үйл явц болох нь чухал биш байдаг.
-Яагаад шударга бус гэж?
-Яагаад гэхээр үндэсний бөхийн  аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтой бөхчүүд нь 100 гаруй кг жинтэй байдаг. Улсын наадмын гурвын даваанд ямар ч цолгүй 48 кг жинтэй залууг амлаж барилдана. Ийм барилдаанд мэдээж цолтой бөх л давна. Энэ бол шударга бус. Яагаад гэвэл би энийг унагаж болох юм байна гэдгээ тооцоолж барилдсан учраас. Тэгэхээр бид яагаад ийм шударга бус юмыг үзээд байгаа юм. Яагаад гэвэл энэ бол баяр цэнгэл. Жижигхэн биетэй залуу бөх аваргатай барилдаад давчихвал хүмүүс баярладаг. Зарим нь аваргадаа гомдоно. Уначихаар нь яах гэж аварга энэ бөхийг авсан юм бол доо гэнэ. Эсвэл энэ ямар сайн барилддаг залуу вэ, аваргыг давчихдаг гэж баярлана. Хамгийн сонирхолтой нь аварга яагаад арсланг амлахгүй, цолгүй залуу бөх амлаад байна гэсэн яриа огт гарахгүй. Болдог юм болдгоороо л  болж байна гэж үздэг. Даваа ахих тусам хэн түрүүлэхдээ биш, хэн хэнийг амлаад унагав, хэн хэнд амлагдаад амласан бөхөө давав, хэн хоёр тунав, тунасан бөхчүүд их шөвөгт, үзүүр түрүүнд үлдэж байна уу? гэсэн сонирхлууд наадамчдын дунд бий болдог. Энэ утгаараа үндэсний бөхийг спорт гэхэд хэцүү.
-Үндэсний бөхийг спорт гэхээсээ илүүтэйгээр баяр цэнгэлийн зүйл гэж та хэллээ. Баяр цэнгэл гэж яг юуг хэлээд байна?
-Бид үндэсний бөхийнхөө учир зүйг ойлгох ёстой. Баяр цэнгэл гэдэг  бол соёлын зүйл. Үндэсний бөхийн амлагаа, дэвээ шаваа, өмсгөл зүүлт, хараа, зогсолт, хөдөлгөөн энэ бүхэнд нь олон зуун мянган жил дамжиж ирсэн соёл байгаа юм. Монгол бөхийн цолыг яагаад заавал сайхан хоолоотой мэргэшсэн хүн дууддаг гээч. Цол дуудах үйл явц бол бүхэл бүтэн шинжлэх ухаан тээсэн том хөгжмийн зохиол учраас. Бөхийн цолыг сайн судлаад үзэх юм бол Монгол хүний газар тэнгэртэй харилцах харилцаа, философи, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, логик сэтгэлгээг тээсэн зүйл байдаг. Тийм том соёлыг үндэсний бөх дотроо тээж, агуулж явдаг учраас спорт гэхээсээ илүүтэйгээр баяр цэнгэл юм.
-Улаанбаатар хотноо Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадам болох гэж байна. Энэ наадамд бөхчүүдээс гадна Монгол туургатны урлаг соёлын төлөөлөгчид ирдэг. Яагаад Монгол туургатны үндэсний бөхийн наадам гэж нэрлээд урлаг соёлын төлөөлөгчдөө дурьдаагүй юм бэ?
                -Зохион байгуулагчид тус арга хэмжээг дан ганц спортын биш давхар соёл, уламжлалын наадам гэдгийг ухаарч байсан. Тийм ч учраас наадамд оролцохоор ирсэн бөхчүүд урлаг соёлынхонтойгоо хамт ирдэг. Хамгийн сүүлд 1639 онд Өндөр гэгээний даншигаар Монгол туургатнууд нэгдэж наадсан юм билээ. Тэр даншиг дээр “Түмэн эх” гэдэг дуу төрж, түүнээс хойш Монголын бүх том наадмууд “Түмэн эх”-ээр эхэлж, “Түмэн эх”-гүй наадмын нэгийн даваа эхлэнэ гэдэг бөхчүүдэд ч тэр, үзэгчдэд ч тэр төсөөлөшгүй зүйл болсон. Дуу хуур бол бөхчүүдийн хийморь сүлдийг сэргээж, зоригийг нь хурцалдаг зүйл. Өөрөөр хэлбэл бөхийн нэг хэсэг. Хийморь сүлдгүй хүн барилдана гэж байхгүй шүү дээ. Бөх хүний оюун ухаан, сэтгэл зүйг авч явдаг зүйл учраас бид тэр дуу хуурийг нь хамт авчирч байгаа юм.
-Монгол туургатны үндэсний бөхийн наадам дөрөв дэх жилдээ тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ хугацаанд тавьсан зорилгодоо ойртсон уу? Эсвэл давуулан биелүүлээд байна уу?
-Зохион байгуулагчид хоёр том зорилго тавьсан. Хэрэгжихэд хэдэн жил хэрэгтэйг би мэдэхгүй. Харин ийм зорилго тавих ёстойг бол мэднэ.Үндэстний эрх ашиг дотор харамлах, хүртээх гэсэн эрх ашигууд бий. Хэрэв том үндэстэн байя гэвэл харамлах эрх ашгаасаа татгазах хэрэгтэй. Үндэстний эрх ашигаа хэдий чинээ харамлана төдий чинээ жижгэрнэ. Манай уртын дуу, бөх, хөөмий, морин хуур, цагаан идээг биднээс илүү хийчих вий гээд байвал үндэстэн улам жижигхэн болоод л байна. Бид өөрсдөө том үндэстэн байя, гэж хүсч байгаа бол харамлахаасаа илүү хүртээх хэрэгтэй. Жишээ  нь Япончууд цагаан будаан дээр ноцолдож барилдсаар “Жудо” бөхийг бий болгосон. Энэ бөхийн төрлөө бусад орнуудад нялзайхад, бусад орнууд нь сонирхон хичээллэж эхэлсэн. Ингэснээр жудо олон улсын бөх болж дэлхий олимпийн хөтөлбөрт орох боллоо. Япон хүн Н.Түвшинбаярыг Олимпийн аварга болоход нь баярлаж байна. Угтаа үндэснийх нь спортод япон хүн түрүүлбэл баярламаар аа. Тиймээс бидний эхний зорилго бол Монгол үндэсний бөхийг дэлхийд хүртээх. Хүртээхийн тулд үндэсний бөх маань Монголчуудаас гадна бусад орны хүмүүст ойлгомжтой байх хэрэгтэй. Японы жуулчин үндэсний бөхийн барилдаан үзлээ гэж бодъё. Жингийн ангилал байхгүй учир илт жингийн зөрүүтэй хоёр бөхийн барилдааныг япон хүн үзээд ойлгохгүй. Гэтэл бид ойлгоод байдаг. Ийм харьцангуй хоёр бөх барилдуулчихаад Монголчууд баярлаад байна гэдэг нь үндэсний бөхөө баяр цэнгэл гэж үздэгтэй л холбоотой. Эн тэнцүү зүйлүүд хоорондоо тэмцэлдэж байвал энэ нь зохион байгуулалттай бодлоготойгоор хийж буй спортын арга хэмжээ болно. Тиймээс үүгээр оролдож болох юм байна гэсэн бодлыг тэр Япон хүнд төрүүлэх ёстой.
-Тэгэхээр үндэсний бөхийг жингийн ангилалтай болгох хэрэгтэй гэсэн үг үү?
-Бид Монгол туургатны үндэсний бөхийн эхний хоёр наадмыг жингийн ялгаваргүй явуулж үзсэн. Ийм тохиолдолд Халхаас өөр бөхчүүд түрүүлэх боломжгүй юм билээ. Учир нь манай бөхчүүд жин ихтэй, том биетэй учраас  бусад туургатны бөхчүүдийн түрүүлэх боломж тун бага байсан. Тиймээс бид туургатны бөхчүүдэд амжилт гаргах боломжийг олгож жингийн ангилал оруулж өгсөн юм. Энэ бидний үндсэн зорилго байгаагүй. Олимпийн хөтөлбөрт монгол бөх оролцох боломжтой юу гэдгийг эрж хайх нэг хэлбэр л байсан. Бидний нэгдүгээр зорилго бол үндэсний бөхийг олимпийн хөтөлбөрт оруулаад, тэрэнд нь Африк бөх түрүүлж  Монгол туургатнууд тэр аяараа хагартлаа баярлах л байхгүй юу? Африк хүн Монгол бөхөд түрүүлбэл харам сэтгэлтэй хүмүүст бол муухай. Харин хүртээх зорилготой үндэстэнд бол гайхамшигтай зүйл. Манай бөхөөр Африк хүн Олимпийн аварга боллоо шүү дээ. Ямар гайхамшигтай зүйл вэ? Монголчууд ямар том зүйл дэлхийд хийчих вэ? гэх ёстой. Тэгэхээр энэ бол бидний нэгдүгээр том зорилго. Хоёрдугаар том зорилго бол энэ зуунд дэлхийн улсуудын хооронд хоёр том өрсөлдөөн  бий болно. Эхнийх нь технологийн өрсөлдөөн. Хэн технологи дээд зэргээр ашиглаж байна тэр хүчтэй байна. Цөмөөрөө энэ рүү яваад эхлэхээр хэн нь илүү хүчтэй вэ? гэсэн асуулт гарч байгаа юм. Эндээс хоёр дахь өрсөлдөөн буюу үндэстний өрсөлдөөн гарч ирнэ. Үндэстэн илүү хөгжих ёстой. Энэ хоёр чиглэлээр тэгш хөгжсөн цагт дэлхийд хүчтэй байх боломж бүрдэнэ. Зөвхөн Монгол улсад байгаа хүмүүс нийт Монголчуудыг төлөөлөх боломжгүй. Аман тоогоор Монгол улсад байгаа иргэдээс зургаа дахин их Монголчууд дэлхийд байна. Албан ёсны тоогоор гурав дахин их Монголчууд байна. Тэгэхээр Монголчуудын гуравны нэг нь Халх барилдаанаар барилдаж байна гэсэн үг биз. Гуравны хоёрыг нь, гуравны гурвыг нь барилдуулмаар байна. Улс төрчид хачин юм яриад байдаг л даа. Монгол улс нэгдэх ёстой ч гэх шиг. Монголд бүгд хүрээд ирвэл том улс болчих ч юм шиг. Цөмөөрөө хүрээд ирдэг бол сайн хэрэг л дээ. Ирэхгүй л байхгүй юу? Яагаад гэвэл тэр Галуут нууранд төрсөн ч юм уу? Тэр Агын Буриадад төрсөн хүний  эх нутаг нь ОХУ-д байгаа байхгүй юу? Хөх хотод төрсөн Монгол хүний эх орон нь БНХАУ-д л байгаа байхгүй юу? Тэр хүмүүс Монгол улсад ирлээ гэхэд эх орон, өлгий нутгаа хаяад ирж байгаа байхгүй юу? Хятад Орос улсыг хаях бол асуудал биш. Төрсөн нутгаа хаяж ирж байгаа нь л асуудал байхгүй юу? Тэгэхээр Орос, Хятадын иргэн Монгол хүн байхаас өөр аргагүй болж байгаа юм л даа. Тэгэхээр бид юу хийх ёстой вэ? гэвэл тэр хүмүүст Монгол улс яасан сайхан хөгжилтэй, эв нэгдэлтэй, үндэснийхээ соёлыг хөгжүүлж байгаа юм гэж бодогдуулахаар ажиллаж, амьдрах ёстой. Одоо Орос, Хятад, Монгол улсад байгаа Монголчууд бие биенээсээ 300 400 жил салчихсан улсууд шүү дээ. Тэгэхээр бие биенээсээ суралцах хэрэгтэй болчихоод байгаа юм. Орос, Хятадын харьяанд байгаа Монголчууд тухайн улсынхаа соёл, боловсрол, гүн ухаан, амьдрах ухаан гээд асар их зүйлээс нь суралцсан. Тиймээс бидэнд тэднээс суралцах юм маш их байна. Эсрэгээрээ Ар Монголчуудаас суралцах юм тэдэнд замбараагүй их байгаа. Тэгэхээр нэг үндэстний ийм олон талын олотыг бид нар нэг гольдрол руу оруулах юм бол Монгол үндэстэн дэлхий дээр хүчтэй байна гэсэн үг. Зүгээр бид нар Монголчуудыг уулзуулаад л, баярлуулна гэдэг нь  наад талын өнгөн хэлбэр. Дэлхийн хөгжлийн ханлага ийм байгаа нөхцөлд бид ийм байр суурьнаас хандахаас өөр аргагүй болчихоод байна.
-Өнгөрсөн цагаан сараар Монгол туургатны урлагийн их наадмыг зохион байгуулагдсан. Монгол туургатнуудын урлаг соёл хэр ялгаатай байдаг юм бэ? Хөөмийлөхдөө, морин хуур татахдаа ч гэдэг юм уу?
-Ялгаатай. Жишээлбэл одоогийн Өвөр Монгол хүнтэй Ар Монголын хүнийг харьцуулбал газар тэнгэр шиг ялгаатай. Хятадад байгаа Өвөр Монголчууд Хятадын соёл, өөрсдийнхөө соёл хоёртой 300 400 жил зууралдсан байгаа юм.  Харин Ар Монголчууд 100 гаруй жил Европ, дэлхийн соёлтой үзэлцэж байна. Тэгэхээр бидний хооронд замбараагүй  их зааг гараад ирчихэж байгаа юм. Мэдээллийг өөртөө боловсруулах тархины байдал нь шал ондоо болчихсон. Монгол хүн Монгол хөөмийгөөрөө хөөмийлж байгаа боловч тэр хүний оюун ухаан, тархи сэтгэлд нь Европын боловсролын түвшин байгаад байна. Европын соёл нь харийн соёл гэхээсээ илүү хүн төрөлхтний соёлын  ололтын түвшнийг илэрхийлээд байгаа юм.  Тэр ололт руу бид дөхчихсөн учраас бид хамаагүй өөр байгаад байна л даа. Гэтэл надаас Чингэсийн есөн өрлөгийн альнаас нь үлдсэн хүн бэ гэж асуухаар би мэдэхгүй байгаад байна. Гэтэл Өвөр Монголын энгийн нэг хүнээс очоод асуухад би Хасарын удмын хүн, миний 12 үеийн удам тийм тийм хүн байсан гэж хэлээд байна. Тэгэхээр бид замбараагүй юм алдчихсан байгаа биз. Өвөр Монгол хүн бол онгон байдлаараа байгаа хөрс шороо нь  ухагдаагүй хээр тал шиг тийм л хүмүүс. Одоохондоо Өвөр Монгол хүний оюун ухаан, сэтгэл зүй,  соёлын тэр мэдрэмж нь онгоноороо байгаа. Тэр нь бидний урлаг соёл, бусад зүйлд маш их хэрэгтэй.  Тэрнээс биш Өвөр Монгол муу, Ар Монгол сайн, Буриад дунд гэсэн ойлголт байхгүй.
-Та Монгол туургатны урлаг соёл, үндэсний бөхөөс ямар мэдрэмж авдаг вэ?
-Энгийн амьдралд байгаа зүйлийг л ярих хэрэгтэй. Эрдэмтэн хүний ямар хувцас өмсөөд явж байгаа нь хэнд ч падлий байдаггүй. Гэтэл Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар хоёрыг ямар хувцас өмсөөд явж байгааг хүн бүр ажиглана. Бөх хүн  гэдэг чинь зүгээр бяртай амьтан биш. Тэр бярыг гаргадаг мэлмий ухаантай хүмүүс. Ер нь энгийн хүнээс зиндаа дээгүүр хүн шүү. Тиймээс үндэстнээ татаж явдаг нэг хүч нь бөх юм.Үүнээс гадна сайхан морь, сайхан нутаг ус гэх мэт олон зүйлүүд хэдэн зуун жил нүүдлийн соёлоор хэвшчихсэн учраас их чухал байдаг. Монгол туургатны бөхчүүд өөрсдийн нутаг усандаа хүндлэгдсэн дээрхтэй яг адилхан зиндаа өндөр, мэлмий ухаантай хүмүүс байдаг. Тиймээс Монгол туургатны сүр хүч болсон хүмүүс ирээд барилдахаар их сайхан мэдрэмж төрүүлдэг. Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр хоёр барилдах бол надад байдаг л зүйл. Лав барьж авбал Г.Өсөхбаяр давах магадлалтай, сэрүү барьцнаас Д.Сумъяабазар давах боломжтой. Монгол туургатны бөхчүүдийн сэтгэл зүй, уламжлал, нийгмийн харилцааны өөр байдал нь нэг юман дээр төвлөрөөд ирэхээр гал асч байгаа ч юм шиг, Монгол хүний эрчим асч байгаа юм шиг болж байгаа юм. Тэр асалт нь надад мэдрэмж төрүүлж, сэтгэлийг минь хөдөлгөдөг байх.
-Таныг Монгол туургатны урлагийн наадмыг санаачлан зохион байгуулсныг мэдэх юм байна. Энэ арга хэмжээгээ Монгол туургатны үндэсний бөхийн наадамтай нэгтгээд явуулбал илүү өргөн хэмжээтэй наадам болох юм биш үү?  
Миний дотор тийм бодол бий. Одоо тэр лүү явж байгаа гэж ойлгож болно. Хэрэв тэгвэл бүх Монгол үндэстний наадам болох нь байна шүү дээ. Тэгвэл одоо шагай орно. Одоо Шилийн голын Морьдууд орж ирээд уралдвал яах вэ? Өөр Алша тэмээ гэж байна. Манай улсад сайхан Алша тэмээ авчираад үзүүлбэл музей үзсэнээс хамаагүй илүү сэтгэгдэл төрүүлнэ шүү. Монгол туургатнуудын хувцас хунар, гоёл чимэглэл, гутал малгай гээд л гайхамшигтай. Миний яриад байгаа үндэстнээ хүчтэй байлгах гэдэг ойлголтыг бүх улс орон хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч практик үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд улс төрийн хувьд зовлонтой байж магадгүй. Учир нь дэлхий дээр олон үндэстнээс бүтсэн улсууд зөндөө байна. Тэгэхээр  үндэстэн болгоноо хооронд нь өрсөлдүүлнэ гэхээр том орнуудын хувьд хэцүү байгаа юм. Манай улсын хувьд олон үндэстэн ястнаас бүтсэн хоёр том хөршийн дунд байгаа учраас гэнэтхэн  Монгол үндэстний баяр наадам хийнэ гээд давхиад байх нь зохимжтой ч юм уу? ер нь бол цаг хугацааны асуудал байх. Энэ нь нэгдсэн Монгол улс байгуулагдах цаг хугацаа биш, үндэстнүүд бие биенийгээ нэг үндэстэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд нэгдмэл туган доор байх юм. Тэрэнд бид нар бэлдэх хэрэгтэй. Хойч үе бэлдэх хэрэгтэй цаг нь болохоор болчих байлгүй гээд хаячихаж болохгүй.
-Таны үүсгэн байгуулсан Дэлхийн морин хуурын холбоо, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан гэсэн байгууллагууд бий. Энэ байгууллагууд талаар хоёулаа ярилцах уу?
-Одоогоор Монгол туургатны урлагийн, Монгол туургатны үндэсний бөхийн наадмуудыг  хийж байна. Үүнийгээ эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны талаас нь баталгаажуулахын төлөөх тэмцэл л манай байгууллагын үндсэн зорилго. Өөрөөр хэлбэл мэддэг, ярьдаг эрдэмтэд нь яг энэ соёлоо ярьж хэлэлцэнэ гэсэн үг. Сүүлд бид Монгол бөхөөр бүхэл бүтэн том симпиозум зохион байгууллаа. Товчхондоо Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан нь дээр дурьдсан наадмуудын шинжлэх ухааны гаргалгааг хийдэг байгууллага гэж ойлгож болно. Жишээлбэл Бид “Монгол малын бэлчээр” сэдвээр нэг жилийнхээ симпиозумыг зохион байгуулсан. Зорилго нь яг л Монгол туургатны наадам шиг гэсэн үг. Энэ симпиозумоор Монгол мал ямар өвс иддэг юм бэ? Тэр өвсөнд  ямар химийн элементүүд байна вэ? махыг нь идсэн хүнд ямар эерэг нөлөөтэй юм бэ? гэдгийг шинжлэх ухааны үндэслэлээр хэлэлцдэг. Дэлхийн Монголч эрдэмтэд  Монгол малын махаар асар том бизнесийн суурийг тавих боломжтой гэж үзээд байна. Өөрөөр хэлбэл Австралийн хонь, Аргентиний үхэр яагаад ч идэх боломжгүй тийм хүчтэй өвсний талаар эрдэмтэд ярьж байна гэсэн үг. Цаашдаа нээлттэй худалдаа хийгээд явбал Монгол үхрийн мах Аргентиний үхрийн махнаас тав, зургаа дахин илүү үнэтэй  хулдалдаалагдах боломжтой болно гэдгийг ярьж байсан. Бид бас Монгол цагаан идээгээр симпиозум хийсэн. Өвөр монголчуудын ааруул хийх технологи бол гайхамшиг. Манай ааруул хатчихдаг. Шүд муутай хөгшин хүн идэх гэхээр бага зэрэг төвөгтэй. Өвөр Монголын ааруул болохоор яг өрөм шиг. Өвлийн цагт цайнд хийж уусгалаа, зажиллаа яг л хэвээрээ. Муудна хөгзөрнө гэсэн асуудал байхгүй. Тэр технологи нь гайхамшигтай өвөрмөц. Жишээлбэл Өвөр Монголын нэг эрдэмтэн айргийг таблетик болгоод патентаа авч байна. Бидний хэрэглэдэг цетрамон гэдэг эм шиг  гэсэн үг. Сарлагын сүүний тосонд дэлхийн хамгийн хүчтэй арьс эрүүлжүүлэгч гоо сайхны тосны найрлаганд ордог хамгийн үнэтэй элемент байна гээд байгаа байхгүй юу?  Ухаандаа сарлаган дүрстэй шилэн дотор Монгол сарлагийн сүүний тосноос гаргаж авсан нүүрний тос хийгээд Английн хатан хааны ширээн дээр очтол бид ажиллах ёстой болж байна. Нэг шил нүүрний тос хичнээн долларын үнэд хүрч  болохов. Энэ ажлыг л бид хийж байгаа.
-Нүүдэлчдийн хэрэглэдэг эд зүйлс дээр дурдсан бүтээгдэхүүнүүд шиг дэлхийд гарах боломжтой юу? Жишээлбэл эсгийг нэрлэж болох юм.
-Монгол сурыг нэрлэж болох юм. Сурыг гараар илддэг хачин юм гэж ойлгоод байх шиг байгаа юм. Сайн илдсэн сурыг далайд хийж дэвтэйгээд наранд гаргаж хатаасан ч хоёр нугалаад л эргээд хэвэндээ орчихно.  Үүнээс гадна гэрийн өрхний оосор хийдэг дээс, эсгий гэх мэтчилэн олон гайхалтай зүйлс байна. Дээр үед скоч гээд нэг юм гарсан даа. Манай Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат хоёр телевизийн нэвтрүүлэгт орж байхдаа скочны тухай ярьсан юм. Энэ скочыг хийсэн нөхдүүд чинь манай патентыг хулгайлчихсан байна шүү дээ. Манай монголын зангууг л хийчихсэн байна  шүү дээ гээд байгаа байхгүй юу? (инээв) Тэгэхээр энэ зүйлүүдээ шинжлэх ухаан талаас нь гаргаж дэлхийд өрсөлдөх хэрэгтэй. Яагаад гэвэл технологи гэдэг чинь үндэсний хамааралтай зүйл. Чи Ойдов мэх гэж мэдэх үү?
-Ерөнхийдөө гадарлана. Гэхдээ яг яаж хийдгийг нь бол мэдэхгүй
-З.Ойдов телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьж байсан юм. Ираны бөхтэй барилдаж байж л дээ. Өрсөлдөгч бөхийнх нь өвдөг тохой хоёр их ойртсон байгаа юм. Тэгсэн толгойд нь яг ийм үед адууг гогцоотой сураар гогцойлдож татахад ямар ч асуудалгүй хөдөлгөөнгүй унадаг даа гэсэн бодол орж ирсэн байгаа юм. Тэгээд л хийхэд өрсөлдөгч нь ямар ч хариу мэх хийх боломжгүй цэвэр даруулж байгаа байхгүй юу? Ингээд л Ойдов мэх нэрээр дэлхийд гарсан. Бас сумог шинэчилж байгаа Монгол бөхчүүдийн шинэчлэлүүдийг ярьж болж байна. Монгол хүн Япон хүнээс мундагтаа биш мянган мянган жил боловсруулсан хөдөлгөөн технологиуд нь Монгол хүний тархинд яваад байгаа юм. Тиймээс л монголын сумочид шинэчлэл хийгээд байгаа хэрэг.  Ингэлээ гээд монгол хүн дэлхий дээр байхгүй гайхамшигтай үндэстэн гэж ярьж болохгүй. Гэтэл Хятадууд газартай хичнээн мянган жил харьцсан учраас газраасаа олж авсан асар өргөн генүүд нь тэднийг ялагдуулахгүй байлгаад байна. Тэгэхээр энэ ялагдашгүй зүйлүүдээрээ технологийн нээлтүүдийг ч хийх боломжтой.
-Сүүлийн асуулт. Таныг Дархан аварга Х.Баянмөнхтэй хамтарч Монгол бөхийн дуулал нэртэй дуу зохиосон гэж дуусан. Дууныхаа тухай ярихгүй юу?
-Х.Баянмөнх аварга их сайхан шүлэг бичиж өгсөн. Маягтай шүлэг. Гавъяат жүжигчин Х.Үнэнхүү дуулсан. Тэр их сайхан дуу. Гэхдээ дуучнаа сайн оноогүй байж болох юм. Би энэ дуугаа өөр дуучнаар дахин дуулуулах бодолтой байгаа. Энэ дуу зүгээр л гараагаа хийчихээд байна. Энэ дуу алга болохгүй.
-Таньтай ярилцахад үнэхээр таатай байлаа. Баярлалаа. Эцэст нь та Монгол туургатны үндэсний бөхийн наадамд оролцож байгаа нийт бөхчүүд, дуучид, хөгжимчид, урлагынхандаа хандаж мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Сайн барилдаарай. Яагаад гэвэл чи  туургатнаа төлөөлж ирсэн хүн. Сайн дуулаарай чи туургатнаа төлөөж ирсэн хүн. Чи бол Монгол хүн. Тийм учраас бусад туургатнуудаасаа дутуугүй байхыг бодоорой. Чи хэрвээ дутуугүй байж чадах юм бол бид чамаар бахархана. Хэрэв чи сайн байх юм бол Халх, Өвөрлөгчид, Буриад, Халимаг, Алтай, Тувачууд чамаар бахархана. Чи үндэснийхээ бахархал болохын тулд сайн барилдаж, сайн дуулж, сайн хөгжимдөөрэй.
Н.Өрнө

Т.Алтантуяа: “Ану хатан” кино миний нэрийн хуудас


Билгүүн номч Б.Ренчин гуай “Ану хатан” өгүүллэгийнхээ төгсгөлд “Хэрэв миний бие гүйцэх юм бол эх оронч монгол эмэгтэйн тухай роман бичнэ” хэмээсэн байдаг. Тэнгэрээс илгээсэн түүний “зарлиг”-аар зохиолч Б.Шүүдэрцэцэг баатарлаг эмэгтэйн тухай түүхэн роман туурвиж, жүжиг тавьж, төд удалгүй уран сайхны кино бүтээж ирлэсэн сэлэм шиг гялалзаж явна. Ану хатны түүхийг кино хальсанд мөнхөлж буй найруулагч Т.Алтантуяатай ярилцлаа. 

-Төмөрбаатарын Алтантуяа гэж хэн бэ. Маш том киноны найруулагчийн эрх авчихлаа. Түүхэн кино найруулах хэмжээнд хүрсэн үү гэх мэтээр урлагийнхан дунд жиг жуг яриа яваад байх юм? 
-“Би түүхэн киноны найруулагчаар ажилламаар байна” гэж зүрх гаргах зориг лав надад байгаагүй. Олон сайхан уран бүтээлч миний чадварт итгэж байхад тэр хүмүүсийн итгэлийг би даахынхаа хэрээр үүрэх ёстой гэж өнөөдрийг хүртэл зүтгэж ирлээ. Монголын киноны түүхэнд найруулагчаа багийнхан нь сонгосон ийм тохиолдол гарч байгаагүй юм билээ. 

-Таныг найруулагч нарын өмнө гишгэж түүхэн кино хийчихлээ гэлцэх юм. Та энэ киног хийснээр биеэ хэр тоож байх юм бэ? 
-Би өөрийгөө “тийм хэмжээнд хүрчихлээ” гэж тодорхойлох нь хаашаа юм бэ. Хамгийн анх романыг уншиж, жүжиг байхад нь үзэж, клипийг нь хийсэн учраас миний хувьд “Ану хатан” киноны найруулагчаар ажиллахад ойр байсан. Энэ бол тэнгэрээс надад ногдсон хувь заяа юм болов уу гэж боддог юм. “Ану хатан” түүхэн уран сайхны кино зураг авалтаа өндөрлөж трэйлер танилцуулах ёслолд бид бэлдээд завгүй байна даа. Ихэнх ажлынхаа ард манай баг гарчихлаа. 

-Ойрын хэдэн жил монголчууд ийм том хэмжээний түүхэн кино бүтээгээгүй учраас мэдээж маш их зүйлийг шаардав уу? 
-Одоогоос 306 жилийн өмнөх үйл явдлыг зураглан хүргэнэ гэдэг мэдээж хүнд. Тэр үеийн Манжийн цэргийн бүслэлтийг сэтэлж эр нөхөр, эх нутгийнхаа газар шорооны төлөө халуун амиа алдсан чин зоригт Ану хатны тухай кино өөрөө тэр чигээрээ Монголын түүхийн нэг хэсэг. Уран бүтээлээ тэр цаг үед нь аваачиж хийнэ гэдэг авьяас чадвар, авхаалж самбаа, хурд, тэвчээр, туршлага шаардсан амаргүй ажил. Манай баг шиг гар, сэтгэл нийлж ажилласан уран бүтээлчид ховор шүү. 

-Магадгүй Ану хатан тэнгэрээс та бүхнийг ширтэж, монголчуудын өвөг, дээдсийн сүнс, сүлд энэ уран бүтээлийг түргэн, сайхан бүтээл болоосой, босоосой хэмээн дэмжиж байгаа болов уу? 

-Түүхэн уран бүтээл өөрөө амьтай, сүнстэй байдаг шүү. Хүссэн хүн бүр ийм хэмжээний уран бүтээл хийж чаддаггүй байх. Тэр уран бүтээлийг хийх ёстой уран бүтээлчид цаанаасаа төрдөг биз. Мандухай цэцэн хатны дүрийг бүтээх гэж жүжигчин Н.Сувд төрсөн гэж би боддог. 

-Энэ үеийн хүмүүс бясалгадаг, сүнсээ хөгжүүлнэ гэх мэтээр их сонин зүйл ярьдаг, хийдэг болж. Түүхэн цаг үед амьдарч байсан тэдгээр алдартнууд бидний дунд, өөр хүний биед оршиж амьдарч байж таарах уу? 

-Сүнсний тухай яриаг би үгүйсгэхгүй. Би шашинд гүнзгий автсан хүн биш. Гэхдээ олон зүйлийг харж байхад сүнсний тухай ойлголтыг үгүйсгэх аргагүй юм. Бид киноныхоо зураг авалтыг дөрвөн сарын дотор амжууллаа. Эвлүүлэг хийж байхад манай баг хамт олон маш өндөр зохион байгуулалттай ажилласныг харж л сууна. Монголын түүхэн кинонд байгаагүй богино хугацаанд чанартай зураг авалтыг бид хийж чаджээ, хамт олноороо бахархах сэтгэл төрсөн шүү. Манай кинонд ахмад туршлагатай жүжигчдээс эхлээд дөнгөж сургууль дүүргэсэн залуус ч ажилласан. 

-Аливаа уран бүтээл санхүүжилтгүйгээр нэг ч алхам урагшилдаггүй. Улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй ажил амжуулахад бас зовлон бий биз? 
-Шүүдрээ бид хоёр нэг ч төгрөггүй байж энэ ажлыг эхлүүлж байснаа дурсахад хүмүүс гайхдаг юм. Гэтэл киноны маань санхүүжилт өнөөдрийн байдлаар бараг л тэрбум гарч байх шиг. Энэ давааны цаана гарах том ажлыг манай киноны ерөнхий продюссер Д.Болдхуяг нугалалцсан гэж хэлж болно. Дээр нь кино төслийн маань зохиолч, продюссер Б.Шүүдэрцэцэг ихэнх хүнд асуудлыг цэгцэлж, нуруундаа үүрч бидэнд сэтгэл амар ажиллах боломжийг өгсөн. Монголын түүхэн кинонд анхдагч болох олон алхамыг бид хийлээ. Усан дотор зураг авлаа. Шинэ камер, техник гаднаас авчирлаа. Урлагт хайртай хүмүүсийн дэм тусыг ч их л авлаа. 

-”Ану хатан”-г найман настай балчраас наян настай буурай хүртэл үзэх боломжтой. Эх нутгаа гэсэн сэтгэлтэй, элэг нэгтэй бүх хүнд зориулсан час хийсэн уран бүтээл болсон гэж ойлгож болох нь ээ? 
-Маш олон хүний итгэл сэтгэлийн хүчээр босч байгаа уран бүтээлийн эзэд учраас бид яаж ч ядарч, зүдэрч байсан зүтгэх ёстой. Цаанаа л нэг өндийх тэнхээтэй, урагшлах, ахих замтай, яг л ургаж буй өглөөний нар шиг байсан. Хүмүүсийн хандив их хүчтэй. Мөнгөний их, багадаа биш, тэр олон сайхан хүмүүсийн зөв энерги шингэсэн мөнгө тул ажил сайхан бүтэмжтэй болж өнөөдөр киноныхоо хураангуйг бэлэн болголоо. Нэг л мэдэхэд үзэгчдэд ажлаа шалгуулах болчихож. Бид тийм, ийм болсон гэж хэлэхээс илүүтэй үзэгчид өөрсдөө үнэлгээ өгнө биз. Кино бүтсэн түүхийг яривал барагдахгүй, сонин, содон үүх түүх ихтэй. 

-Өнөө цагт монголчууд газар доорх баялагаасаа болж эх нутгаа харийнханд хямд худалдаж, олон толгойн хэрүүл хийх болсон. Эх орны минь хязгаар нутаг, байгаль орчин тийм гэж хэлэхийн тамтаггүй болж захаасаа сүйдлээ. Магадгүй энэ хүнд үед монголчуудыг сэрээх хэнгэргийн цохиур нь “Ану хатан” болж чадах уу? 
-Хүн бүрийн ертөнцийн үзэл өөр, өөр өнцөгтэй байдаг. Таны нүдээр ингэж харж, тэгж төсөөлж байгаа нь сайхан хэрэг. Монголчууд эх сайхан нутгаа алдахаа хүрэхэд амиа хайрлахгүй зүтгэж бидэнд энэ сайхан орныг үлдээжээ. Цэнгэг сайхан агаар, монголыг төлөөлөх салхи, өндөр уул, цэнгэг ус, шимт хөрсийг бид дахин хаанаас ч юугаар ч сольж олж авч чадахгүй шүү. Энэ утгаараа киногоороо бид эх орныхоо төлөө цохилох зүрхний нэгдлийг бий болгож магад. Монголын төлөө зүрх бүрийн цохилтыг чангаруулна, бид. 

-Нэг ёсондоо эх орон хаанаас эхэлдэг, ямар үнэ цэнэтэйг ухааруулсан санааг нэвт шингээсэн гэж ойлгох болох нь ээ? 
-Эх орон ямар үнэтэйг бид энэ киногоороо харуулахыг зорилоо. “Ану хатан”-гаар үнэнч хайр дурлал ямар байсныг өнөөгийн залууст бас ухааруулна. Олон сургамжит үйл явдалтай кино болсон байх, үзээд мэдэх байх. Киноны ажлыг детальчилж яривал барагдахгүй. “Ану хатан” кино миний нэрийн хуудас байх болно. 

-Өнөөгийн залуус хайр сэтгэлийг өнгө, мөнгөөр хэмжээд байх шиг санагддаг. Таныхаар бол...? 

-Хайр бол бусдаас юу ч нэхдэггүй. Хайр авлагагүй, сайхан сэтгэлийн өглөг гэдгийг өнөөгийн залуусын ухамсарт киногоороо дамжуулан суулгаж өгнө. Бид нийгмийг, хүмүүсийн ухамсрыг их, бага хэмжээгээр ингэж өөрчилнө гэж найдаж байгаа. Урлагаар дамжуулж бид хүмүүсийг хүмүүжүүлж, зөв чиглүүлэхийг хичээж л явна. Энэ мэтээр бидний барьж авсан ажил их том хүрээтэй, өргөн сэдэвтэй, гүнзгий агуулгатай юм. Манай ахмад уран бүтээлчид хамт олноо “Мөрөөдлийн баг” гэж нэрлэсэн байна лээ. Бид тэдний нүдэн дээр мөрөөдлөө биелүүлсэн болохоор тийм санаа агуулсан байх.

Д.Мягмар

Н.Дамдиндорж: Дундаж тууль 3-5 мянган мөр шүлэгтэй


“Монгол туульчдын урын сан”-гийн улсын анхдугаар үзлэгийн тусгай байрын шагналт Ховд аймгийн Дуут сумын туульч Н.Дамдиндоржтой ярилцлаа. Тэрээр урианхайн баатарлаг туулийг 12 жил хайлсан төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн ач хүү ажээ. 

-Ховд аймаг баатарлаг урианхай туульсийн эх нутаг. Танай нутгаас энэ уралдаанд хэдэн туульч оролцсон бэ? 
-Анхдугаар уралдаанд хот, хөдөөгийн 18 туульч оролцсон юм. Ховд аймгийн дөрвөн туульч оролцсон. Энэ нь манай аймагт тууль хайлах өв соёлоо хадгалж байгаагийн илрэл болов уу. Уралдаанд төрийн соёрхолт туульч Б.Авирмэд, соёлын тэргүүний ажилтан Б.Уртнасан нарын удмын гурван туульч оролцсонд баяртай байна. 

-Та ямар төрлийн тууль хайлдаг вэ. Анхдугаар уралдаанд хэдэн цаг тууль хайлсан бэ? 
-Би “Наранхүү хаан” туулийг дөрвөн цаг 25 минутын хугацаанд хайллаа. “Наранхүү хаан” нь дайны тууль юм. Хийморио сэргээе гэвэл “Дован хар бөх”, өнөр өтгөн, үр хүүхэдтэй болохыг хүсвэл “Аргил цагаан өвгөн”, туулийг хайлдаг ёстой. 

-Та хэдэн настайдаа тууль хайлж сурсан бэ. Туулийг өвлүүлж буй шавь бий юу? 

-Туулийг 16-гаас дээш настай хүн хайлдаг. Урианхай туулийг хайлахад хоолойгоо шахдаг учраас хүч их зарцуулдаг юм. Тиймээс бага насны хүүхэд тууль хайлах боломжгүй. Би анх 16 настайдаа Б.Авирмэд авгаасаа “Алтайн магтаал”-ыг заалгаж байсан. Би Дуут сумын 12 жилийн сургуулийн бага ангийн багш хүн л дээ. Зөвхөн тууль биш ардын язгуур урлагийг хөгжүүлж, экил, цуур, бие биелгээ, туулийг хүүхдүүдэд зааж өгдөг. Мөн язгуур урлагийн “Дуут нуур” хэмээх хамтлагтай. Ховд аймгийн “Яргуй” наадамд олон жил амжилттай оролцож байгаа. Зарим залуус дөрвөн бадаг хэлчихээд, “Би туульч хүн” гээд биеэ тоож байна. Уралдаанд оролцож буй туульчид “Туулийг хэрхэн өвлүүлэх вэ. Ямар аргаар сургавал тохиромжтой бол” гэж ярьж байна. 

-Урианхай тууль бусдаас ямар онцлогтой вэ? 
-Тууль дотроо урианхай тууль хэцүү төрөл юм. Үгчилж дуулж байгаа нь халх тууль. Урианхай тууль хоолойны хүч, ая дан хайлдаг онцлогтой. 

-Туульч болоход унаган авьяас хэрэгтэй юу. Хичээл зүтгэл чухал уу? 
-Уйгагүй хөдөлмөрлөж, сонирхдог байх хэрэгтэй. Дундаж тууль 3- 5 мянган мөр шүлэгтэй байдаг. Энэ бүхнийг цээжилнэ гэж байхгүй. 

-Тэр олон мөр шүлгийг цээжлэх боломжгүй гэлээ. Туулийг онгодоороо хайлдаг гэсэн үг үү? 

-Тууль хайлахад онгод гэж бий. Туулийг бүтэн өдөр, хоёр гурван цаг ч хайлдаг. Нэг тууль бүтэн номын хэмжээтэй. Түүнийг бүгдийн цээжилнэ гэж байхгүй. Туульд гардаг баатруудыг тогтоочихоод, өөрийн үгийн баялагаар баяжуулж хайлдаг юм. Эмээлийг “Зааны ясан гэртэй, зандан модон бүүрэгтэй” хэмээн магтаж болно. Урианхай ёсонд тууль хайлахыг “аргадах” гэдэг. Тууль хайлж, байгаль дэлхийгээ аргадана гэсэн үг л дээ. Туулийг сонирхсон хүн сурахад амархан. Туулийн тухай ном, зохиол ч олон болж. 

-Ихэвчлэн туулийг өвөл хайлдаг гэсэн. Үүний учир юу вэ? 
-Өвлийн улиралд тууль хайлна. Зун тууль хайлдаггүй. Учир нь хоолой нь хүч их шаарддаг. Мөн зуны улиралд хүний цус шингэрч, цус хөөрнө гэж үздэг.

-Туульч хүн айлын хойморт суудаггүй. Хойморт хангайн савдаг морилдог гэж ярьдаг. Туульчдад өөрсдийн ёс бий юу? 
-Туульч тууль хайлуулахаар урьсан айлд л очдог. Туулийг гэртээ урихын тулд урьдаас хэлж, зөвшөөрөл авдаг. Тэгээд хөтөлгөө морьтой залж ирдэг юм. Урианхай ёсонд туульч “Алтайн магтаал”- ыг эхэлж хайлдаг. Дараа нь айлын хүмүүсээс ямар тууль хайлах талаар санал авдаг. Туульч хүн олон тууль мэддэг байх ёстой. Мөн урианхай туульчид бие биенээсээ зөвшөөрөл авдаг уламжлалтай. Намайг 1992 онд “Монгол туургатны их наадам”-д оролцоод, тусгай байрын шагнал авахад авга ах маань туульч гэж хэлүүлж болно гэсэн. 

-Туулийг товшуур хөгжмийн аялгуунд хайлдаг. Энэ хөгжмөө өвлөж авсан уу? 

-Товшуур хөгжмөө нутагтаа захиалж, хийлгэсэн. Товшуур нь хоёр чавхдастай, туульч талын утсан бүдүүн, нөгөө нь нарийн байдаг. Дээр үед хөгжмийн утсыг морины хялгасаар хийдэг байсан. Янз бүрийн хольцгүй харгай модыг урлаж хийдэг юм. Туульчдыг ард түмэн дундаасаа гаргаж ирдэг. Хэргэм цол гэж байхгүй. 

-Нутагтаа айлуудад уригдаж тууль хайлдаг уу. Одоо гэртээ туульч урьдаг айл байдаг болов уу? 

-Манай нутагт туульч урьдаг ёс байсан. Орчин үед энэ ёс байхгүй болсон. Тууль хайлбал уйдаад, ойлгохгүй байх. Ер нь сонирхож буй хүн алга. 

-Монголд Урианхай ястангууд хэр олон байгаа бол? 

-Урианхай ястан цөөн бий. Ихэвчлэн Ховд аймгийн Дуут, Манхан сумд л урианхай түмэн амьдарч байна. 

-Тууль хайлахын ач холбогдол нь юу юм бэ? 
-Тэвчээртэй зан төлөвшүүлдэг. Өглөөнөөс орой хүртэл сууж, тууль хайлна. Туульд гардаг үлгэр, домгийн баатруудаас үлгэр дууриал авдаг юм. Тууль хайлах нь амар биш. Туульчдын анхдугаар үзлэгийг зохион байгуулж байгаа нь маш зөв.

А.Цээсүрэн

Ч.Ичинхорлоо: Сайхан гэр бүл, үр хүүхэдтэй, би азтай


    Эфирт өмсөх цагаан хүрмээ барьсаар мэндчилсэн энэ бүсгүйн хоолойг сонсоход өөрийн эрхгүй цэнхэр дэлгэцийн өмнө суугаа юм шиг сэтгэгдэл төрснийг нуух юун.
-Та долоо хоногт хэдэн удаа мэдээ уншдаг вэ? 
-Хоёроос гурван удаа. Урьд нь илүү ачаалалтай ажилладаг байсан. Одоо бол гайгүй ээ. Нэвтрүүлэгч цөөн байвал долоо хоногтоо эфирт тав, зургаан удаа ч гарах тохиолдол байдаг.
 
-Мэдээ хөтлөхөөс гадна кинонд дуу оруулах уу? 
-Одоо бол больсон.

-Гэхдээ та их л завгүй байх юм. Гадуур олон үйл ажиллагаанд уригдах юм уу? 
- Ажил ихтэй шүү.
 

-Жүжигчний мэргэжлээсээ яагаад нэвт рүүлэгч рүү “урвачихав” аа 
-Нэвтрүүлэгч болох хүнд хэрэгтэй суурь мэдлэгийг кино драмын ангид заадаг. Төгсөх дамжаанд байхад тайзны ярианы багш маань “Монгол телеви зэд нэвтрүүлэгч шалгаруулж авч байна. Та нар очоод шалгуул” гээд манай ангийн Чимгээ, Отгонбат бид гурвыг явуулсан. Багшийнхаа зөвлөсний дагуу ирж шалгалт өгсөн. Нэлээд олон шаттай шал галт өгч байсан санагдана. Эхний шатны шал гаруулалт нэгд үгээр сард эхэлсэн. Сарын зайтай гурван шатны шалгалт өгч тэнцэж байсан.
 
-Ер нь багадаа сургуулийн арга хэм жээ хөтөлдөг байв уу, эсвэл дуул даг бүжиглэдэг байсан уу? 
-Үгүй. Ёстой тийм юм байгаагүй.
 

-Тэгвэл спортод авьяастай байв уу? 
-Долдугаар ангид байхаасаа гар бөм бөг жаахан оролддог болсон. Сагсан бөмбөгт бол “А” ч байхгүй.
-Багадаа их хөдөлгөөнтэй, олон нийтийн ажилд оролцдог байсан хүмүүс л ихэвчлэн жүжигчний мэргэжил сонгодог шүү дээ. Та тийм даруухан байсан юм бол яаж яваад энэ мэргэжлийг сонгочихов оо? 
-Их сонин түүхтэй. 20 нас хүртлээ богино банзал өмсөж үзээгүй, үсээ хоёр салаа сүлждэг, номын санд байнга сууж ном уншдаг, тийм л даруухан охин байлаа, би одоо ч гэсэн ном унших дуртай. Аравдугаар анги төгсөөд Анагаахын дундад суралцаж, дараа нь дээд сургуульд орох урилга авчихсан, онц сурлагатан байлаа. Яг тэр зун нэг эгчмэд бүсгүй гудамжинд намайг дагаад л яваад байсан. Тэр үед кино театрт энэтхэг кино их гардаг байлаа. Тэр эгчид би энэтхэг киноны жүжигчинтэй адилхан харагдсан учраас намайг дагаад явсан байж таарсан. Шинэ танил маань намайг дагуулж кино театрт нөгөө киногоо үзүүлээд “Чи жүжигчин л болох ёстой хүн, жүжигчин болооч” гэж чин сэтгэлээсээ гуйсан. Тэр үед нийгэм арай өөр гэгээлэг байсан үе. Одоо бол танихгүй хүн дагаж кино үзээд, зөвлөгөөг нь дагана гэж юу байх вэ. Тэр эгчийн урамшуулсанд санаа шулуудаж кино драмын ангид шалгалт өгч тэнцээд орсон. Харин гэрийнхэн маань намайг жүжигчин болно гэхэд их л гайхаж билээ.
 
-Даруухан охин хэдийнээс нээлттэй болж өөрчлөгдөв? 
-Би их шулуухан, нийтэч зантай. Гэхдээ задгай биш. Кино драмын ангийн хичээл, ангийнхны уур амьсгал нөлөөлс өн үү, нэгдүгээр дам жаанд ороод илүү нээлттэй болсон.
 
-Таны хоолойны өнгө угаасаа л ийм байсан уу? 
-Мэдэхгүй ээ, минийх өөр байна уу? 

-Яг л нэвтрүүлэгчийн хоолой ийм байдаг санагдах юм.
 
-Багадаа ямар байсныг нь санахгүй байна. Оюутан байхад багш нэр заагаад “шалгуул” гэснийг бодоход жаахан суурь байсан юм болов уу.
 

-Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгчид цэвэр халх аялгатай байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байх аа? 
-Шалгаруулалтыг шүүж байсан хүмүүс их няхуур, мэргэжлийн өндөр мэдрэмжтэй байсан. Намайг яриад эхлэнгүүт шүүгчид “Чи баруун аймгийн хүүхэд байна” гэж билээ. “Би Улаанбаатарт төрж өссөн” гэхэд “Ээж аав чинь баруун аймгийнх уу” гэж асууж байсан. Манай аав Завхан, ээж Ховдынх. Тэгж сайн ялгадаг мэргэжилтнүүд байлаа. Баруун аймгийнхан хос, урт эгшгийг хольж хэлдэг талтай гэсэн. Одоо ч надад тэр аялга ажиглагддаг. Цусанд нь шингэчихдэг юм шиг байгаа юм.
 

-Мэргэжлийн хүмүүс л тэр нарийн ялгааг ажигладаг байх даа.
 
-Тийм шүү. Манай ахмадууд мэргэжлийн маш өндөр шалгуур тавьдаг гайхамшигтай хүмүүс.
 
-Тухайн үед текстээ цаас наас шууд харж уншдаг байсан уу? 
-Тийм байсан. Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр ах бидэнд “Та нар эхний мөрөө хараад уншихдаа дараагийн хоёр мөрөө нүдэндээ тогтоосон байх хэрэгтэй” гэсэн шаардлага тавьдаг байсан. Нэвтрүүлэгч хүний харааны ой тогтоолт сайн байх хэрэгтэй байдаг. Зарим үед би хүний нэр санахг үй тохиолдолд нүдээ аниад бодоход нүдэнд тусаад л нэр нь ороод ирдэг.
 
-Шууд эфирт гарах хэцүү юү? 
-Хэцүү, асар их хариуцлагатай, бас стресстэй ажил. Шууд эфирт алдаа гаргавал залруулах боломжгүй. Бичлэг бол дахиад бичнэ гэхсэн. Шууд эфирт үг үсэг сольж уншихад улс төрийн алдаанд ч орж болно. Биднийг та нар төрийн өмнөөс дуугарч байгаа учраас хариуцлагатай бай гэсэн шаардлагыг байнга тавьдаг.
 
-Таны гаргаж байсан хамгийн том алдаа юу вэ? 
-2000 оны эхээр АНУ-д сурч ирээд ажлаасаа багагүй төсөөрсөн байсан. Нэлээд хугацаанд эфирт гараагүй болохоор үзэгчдэд багагүй хүлээлт үүссэн байсан. Тэгсэн эфир явж байтал найруулагчийн буруугаас болж гэнэт текст солигдоод “Юу болов оо, яачихав аа?” гэдэг үгийг би англиар “what what happened” гэж хэлээд эвгүй байдалд орж маш их ичиж билээ. Гарч ирээд л “Та нар яаж байгаа юм бэ?” гээд их гомдож уйлсан. Хүн тухайн орчинд нь байгаад байхаар хэрэглээний үг аманд хэвшчихсэн байдаг юм билээ.
-Америкт сурч байгаад ирсэн гэл үү?
-Эхний жил хэлний курст сураад дараа нь коллежэд сэтг үүлзүйн чиглэлээр сурсан.
 
-Нэвтрүүлэгч хийсээр байгаад жүжигчний мэргэжлээсээ хөндийрч, сэтгүүлзүй рүү орж байх шиг байна. Тийм үү? 
-Би жүжигчний мэргэжилдээ их хайртай байсан учраас нэвтрүүлэгч болох дургүй байсан. Багш нар ч намайг “Сайн жүжигчин болно, театрт ажиллаарай. Телевизээр яах вэ” гээд өөрсдийн мэргэжлийнхээ сайхан талыг ярьдаг байсан. Тэгэхэд их л эргэлзэж байлаа. Ээж маань телевиздээ ажилла гэж бат зогссон тул ажиллах болсон. Гэхдээ огтхон ч харамсдаггүй. Сайхан ажилдаа хайртай.
 

-Гэхдээ хэд, хэдэн уран сайхны кинонд тоглож байсан байх аа? 
-Би оюутан байхдаа дөрвөн кинонд тоглож байсан. Сурч байхад киноны урилга их ирдэг байлаа.
 

-Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд хүчээр шахуу орсон гэл үү? 
-1991 онд Монгол туургатны оюутан мисс шалгаруулах тэмцээнд Байгаль бид хоёрыг Хайдав багш сургуулийн нэрийн өмнөөс ор гээд, хичээл тарангуут авч яваад зочид буудалд 10 гаруй хоног байлгаад тэмцээнд оруулж байсан. “Та нарыг орохгүй бол сургуулиас хөөнө” гэж айлгаж байлаа.

-Загвар өмсөхсөн гэж бодож байсан уу? 
-Хүмүүс “Өндөр юм чинь загвар өмсдөг байгаагүй юу?” гэдэг л юм. Ер нь би загвар өмсөгч болох юмсан гэж бодож байгаагүй юм байна.
 
-Олны хараанд өртөж амьдрах танд ямар санагддаг вэ? 
-Хүндтэй сайхны зэрэгцээ хариуцлага өндөртэй. Буруу гишгэж болохгүй. Зан харилцаа, биеэ авч явах байдалдаа байнга анхаарч, үг хэлээ цэгнэх шаардлагатай болдог. Зарим хүн “Бусдад ямар хамаатай юм бэ, би өөрийнхөөрөө байх дуртай” гэж ярьдаг бол бидэнд тийм эрх байдаггүй.
 
-Хамгийн хэцүү нь юу вэ? 
-Сонин, хэвлэлд худлаа гүт гүүлэх нь хэцүү. Гэхдээ саараасаа сайн тал нь хамаагүй илүү.
 
-Биеийн галбираа байнга сайхнаар нь хадгалж явах нь таны үүрэг гэж боддог уу? 
-Энэ бол ажлын маань зайлшгүй нэгэн хэсэг. Эфир өн дөр соёл, тодорхой дэг жаяг шаарддаг. Үзэгчдээ хүндэлж тэр шаардлагыг биелүүлэх нь бидний үүрэг. Ялангуяа дэлгэц аливааг өргөн харагдуулдаг. Ширээ дүүрэн том хүн эфирт суувал таатай биш шүү дээ.
 

-Таны жин хэдэн килограммд хэлбэлздэг вэ? 
-Миний жин хэлбэлзээд байх нь гайгүй. 18, 19 настайгаасаа жингээ мэдэж, хянадаг болсон гэж үзвэл сүүлийн 20 жил 57-60 кг-ын хооронд л байсан.
 

-Эмэгтэй хүн гоо сайхнаа хэдэн нас хүртлээ хадгалах боломжтой юм шиг санагддаг вэ? 
-Хүний амьдралын хэмнэл, ахуйн дэглэмтэй холбоотой. 70 шахсан хэрнээ сайхнаараа яваа хүмүүс олон бий. Харин манай зарим бүсгүй нэг хүүхэд гаргаад 20 гаруйхан насандаа өөрийгөө зөнд нь орхичихдог сул талтай.
 

-Та ямар хэмнэл, дэглэм баримталдаг вэ, 10 жилийн дараа ч энэ хэвээрээ байх уу? 
-Байна гэж л боддог. Байхын төлөө хичээнэ. Зөв хооллолт, эрүүл амьдралын хэмнэл, байнгын идэвхтэй хөдөлгөөн хамгийн чухал санагддаг. Би их хурдан хөдөлгөөнтэй. Мөн сэтгэл санаа өөдрөг, амьдралыг гэгээлгээр харж байх хэрэгтэй. Зарим бүсгүй тийм юм идэж, уувал үлгэрийн юм шиг гэнэт сайхан болно гэж ярьдаг ч би түүнд итгэдэггүй, дагадаггүй.
 
-Сэтгэл өөдрөг явахад гэр бүлийн амьдрал чухал нөлөөтэй юм шиг ээ. 
-Чухал. “Эмэгтэй хүний амьдрал нүүрэн дээр нь бичээстэй байдаг” гэж хүмүүс ярьдаг. Жаахан гундуу царай зүстэй явбал “Энэ маань амьдрал нь жаахан бүтэлгүй байна уу даа” гэж хардаг. Би сайхан гэр бүл, үр хүүхэдтэй, азтай эмэгтэй. Өглөө дуртай ажилдаа гэрээсээ аз жаргалтай гарч, үдэш хайртай гэр бүл рүүгээ яаран очи хоос илүү жаргал үгүй. Аз жаргал энгийн зүйлээс мэдрэгддэг. Түүнээс биш даашгүй эд баялаг цуглуулж, зүйрлэшгүй гоо үзэсгэлэнтэй болсноороо жаргана гэдэг юу л бол.
 

-Танд цаг хугацааг ухраах боломж олдвол юуг өөрчлөхийг хүсэж байна вэ? 
-Сонин асуулт байна. Хэрэв тийм боломж байвал намайг бага байхад талийгаач болсон ахыгаа л босгож ирэхийг хүснэ. Тэр ах маань ухаалаг, гоё сайхнаараа гайхагдсан хүн байсан. Ленинградын нисэхийн академийн төгсөх дамжаанд сурч байхдаа өөд болсон юм.
 

-Та эхээс хэдүүлээ вэ? 
-Манайх хоёр охин, хоёр хүүтэй айл байв. Ахыг өнгөрсний 49 хоног дээр эмэгтэй дүү маань төрсөн. Одоо нэг эгч, эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй.
 

-Ном унших дуртай гэсэн. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? 
-Их уншдаг шүү. Хамгийн сүүлд Барак Обамагийн намтрын тухай дахин нэг сэргээж уншсан. “Ардыг тэтгэх рашааны дусал” гээд Нагаржунайн онолын тайлбартай, үлгэрчилсэн номыг байнга ширээн дээрээ байл гадаг. Хэд дахин уншаад ч уйддаггүй гайхамшигтай ном. Хүүхдүүддээ ч бас байнга уншиж өгдөг.
 

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? 
-Чөлөөт цаг ховор. Гур ван хүүхэдтэй ээж, айлын эхнэр хүнд ажил мундахгүй. Улсын ажил, хувийн ажил гээд л дор дороосоо ундарна. Гэр бүлээрээ салхинд гарах, ээж аавтайгаа цагийг өнгөрөөх дуртай.
 

-Бага нь хэдтэй вэ? 
-Гурван нас хагастай. Бага хоёр маань таван насны зөрүүтэй, том охин арваннэгдүгээр ангид сурдаг.
 

-Хүүхдүүддээ юуг илүү захиж, сургадаг вэ? 
-Хаана ч хэний ч туслалцааг үй бие дааж амьдарч сурахыг зөвлөдөг. Мах, гурил байсан ч нийлүүлээд хэдэн төрлийн хоолоо хийгээд идчихдэг, хувцсаа угаагаад өмсчихдөг, хүлээсэн үүргээ яг биелүүлдэг, амьдралд хариуцлагатай, өөрт өө арчаатай байхыг л сургадаг. Хамгийн гол нь хүнлэг сэтгэлийг гээж болохгүй.
 
Ж.Солонго