Tuesday, 11 December 2012

Г.Отгонбаяр: Сэтгүүлзүй хүн чанарт суурилдаг



 “Би өөрөө аливаад шударга, асуудалд голтой хан дахыг л хичээдэг. Энэ зарчим маань намайг сэтгүүлчээр ажиллахад урам зориг, эрч хүч өгдөг.Сэтгүүлч бид хүний тархиар дамжиж, зүрхэнд хүрдэг хосгүй сайхан ажил мэргэжилтэй.Тийм учраас үг үнэлэгдэх нь сэтгүүлч бидэнд л тохиолддог баярт мөч байх гэж би хувьдаа боддог.Тэр тусмаа бүтэн жил үргэлжилсэн энэ нэр хүндтэй шалгаруулалтад сэтгүүлзүйн шилдгүүдтэй хамт явж, эцэст нь тунаж үлдсэндээ, сэтгүүлзүйн шилдгүүдээс бүрдсэн шүүгчдэд тоогдсондоо би туйлын баяртай байна.
Та бүхний энэ шагналтай хамт надад дайсан итгэлийг дааж явахаа амлахын хамт, үг маань үнэлэгдэж байгаа цагт үнэний төлөө цаашдаа үзгээ элэгдтэл бичнэ ээ”.
Гомбожавын Отгонбаяр энэ үгээ “Балдорж” шагналтан болсон тэр мөчид, Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамаг мундгууд, нийгмийн зүтгэлтнүүдийг эгнүүлэн суул гаж байгаад, өмнө нь гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зэрэгцэж зогсч байгаад хэлсэн юм.
Сэтгүүлзүйн шилдгийн шилдэг бүтээлд “Балдорж” шагнал гардуулах ёслолын ажиллагаа Отгоогоор, түүний бүтээлээр, хэлсэн үгээр нь амьс галан, буцалж байх шиг сэтгэгдэл төрсөн.Ийм мөчийн дараа хэзээний танил мөнөөх Отгоотой ярилцлага хийнэ гэдэг амаргүй ажил байв.“За юу байна, хөгшөөн” гэж уулздагаа энэ удаа азная.


-“Эзэн бүтэн, сэтгүүлч хагас эрх чөлөөтэй сэтгүүлзүй” нийтлэлээрээ “Балдорж” шагналын эзэн боллоо. Харин чи өөрөө өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаасаа чухам аль нийтлэлээ тоож байв?


-Тооно гэдэг ойлголт... Бичлэгийн ур чадвараараа сайн байх, гоё санаа хөндөж дэвш үүлж чадсан, эсвэл тухайн нийтлэл маань нийгэмд өгөөжтэй болсон байх гээд янз бүрийн шалтгаанаар нийтлэлээ тоож болох юм. Харин чиний асуусан “Эзэн бүтэн, сэтгүүлч хагас эрх чөлөөтэй сэтгүүлзүй” нийтлэлийн дараа нийгэмд ямар нэг байдлаар резонанс үүссэн.Энэ сэдэв уг нь олон нийтэд, сэтгүүлчдийн хүрээнд ч нэг их цоо шинэ зүйл биш шүү дээ.Харин би бусдаасаа түрүүлж, хэнээс ч айж эмээлгүй гаргаж тавьсан.Энд мэдээж манай сонины эрх чөлөө том дэмжлэг болсон.Эзэнгүй байхын давуу талаа би ашигласан гэх үү дээ.Үүнээс гадна “Монголын нүүрсийг ороосон дорны луу” нийтлэлээ тоодог.“Балдорж” шалгаруулалтад овоо ч давхисан.Овооттолгойг худалдаж авах SGS-ийн наймааг зогсоох хугацаа Монгол Улсад тун бага үлдсэнийг, ер нь манай байгалийн баялаг наанаа өрнөдийнхнөөр дамжин цаанаа өмнөд хөршийн компаниудын хяналтад шилжиж буй тухай асуудлыг хөндсөн юм.Энэ нийтлэлдээ бичлэгийн төрөл зүйлээс гадна хэн ч хараад ойлгохуйц байдлаар схем, график ашиглан хэлэх гэсэн санаагаа үзүүлсэн нь сэтгүүлзүйд бас л нэг шинэ өнгө аяс авчирсан болов уу гэж боддог.
Бас хамгийн сүүлд бичсэн “Хүүхдийн мөнгийг аав, ээжид нь үлдээе” нийтлэлээ дэвшүүлсэн санааны хувьд гайгүй боллоо гэж өөртөө л тоогоод байгаа.Ажил хийдэг хүмүүсийн цалингаас авдаг орлогын татвар юм уу, нийгмийн даатгалын шимтгэлийг нь чөлөөлж, үлдээх замаар хүүхдийн мөнгийг аав ээжид нь үлдээе.Ажилгүй хүмүүсийн хүүхдийн мөнгийг банкинд хугацаатай хадгалуулах замаар шийдье.Ингэснээр зах зээл дээр бэлэн мөнгө гарахгүй, бас хүүхэд хадагламжтай болно гэсэн санаа.

Монголын сэтгүүлзүйд Улс төрийн аналитик нийтлэлийн орон зайд өөрийн гэсэн баттай байр суурьтай болж, уншигчдын хэзээний танил болсон Г.Отгонбаяр Төмөр замын коллеж төгссөн, унаган мэргэжил нь төмөр замын инженер.Түүнтэй хамт ажиллаж байсан С.Сүхбатаас одоо бидний мэдэх нийтлэлч Отгоогийн төмөрзамчин байсан он жилүүдийн тухай сонслоо. “Отгоо аливаа үйл явдлыг ямраар сонссон, юу гэж уншсан тэр чигээр нь хүлээж авдаг гүй, үргэлж л өөрийн гэсэн өнцгөөс олоод харчихдаг, оюутны ширээнээс дөнгөж боссон гэхэд хэтэрхий хэрсүү залуу байлаа.
Ерээд оны төгсгөлөөр төмөр замд ажилладаг бидний хэдэн залуу анхаарал татсан ямар нэг асуудал ундрахад хэзээний л Отгоогоо тойрчихсон, цаадахын чинь юу хэлэхийг сонсох гээд цугладаг байж билээ.Нэг ёсондоо бидний сайхан нөхөрлөл тэгж Отгоог тойрч анх бий болж байлаа.Одоо бид уулзалдах нь хааяа ч энэ нөхөрлөлдөө үнэнч явдаг.Отгоо маш их уншдаг байсныг санаж байна.Сэтгэн бодох эрх чөлөө гэдэг зүйлийг миний хувьд анх Отгоогоос олж харсан” гэж надад нэмэлт мэдээлэл өглөө.


-Төмөр замын хүн сэтгүүлзүйн салбар руу ямар тохиолоор “гулссан” хэрэг вэ? 
-Тэр үед Монголд Анагаахаас бусад бүх сургууль дөрвөн жилээр төгсгөж, дээд мэргэ жил олгодог байсан. Гэтэл бид Монголдоо бэлтгэсэн анхны инженерүүд учраас таван жил сурсан.Одоо бол дөрөв болсон байна лээ.Би сургуулиа төгсөөд төмөр замд гурван жил ажилласан.Тэгээд Вагон депод ажиллаж байхдаа л сэтгүүлзүй рүү орчихсон.Нэг өдөр “Ардын эрх” сонины дэргэдэх Шавь сургалтад бүртгэх зар тавьсныг үзлээ.Тэгээд очоод бүртгүүлчихсэн.Гэтэл хичээлийн хуваарь нь миний ажлын цагтай яг давхцаж таардаг юм.Төмөр зам өндөр сахилга баттай газар.Манай төмөр замынхан “Төмөр зам бол хэмжээ нь мм-ээр, хугацаа нь секундээр хэмжигддэг газар” гэж ярьдаг.Үнэхээр ч тийм.Сэтгүүлчийн сур галтад ажлаа таслахгүй сууна гэвэл шууд л “Баяртай” гэх байсан.Гэхдээ найзууд маань “зохион байгуулалттайгаар” аргалсан л даа.Депогийн залуус намайг Шавь сургалтад суусан дөрвөн сарын турш миний ажлыг огт хийдүүлэлгүйгээр зохицуулсан.УИХ-ын гишүүн байсан О.Сүрэн тэгэхэд депогийн дарга байлаа.Ямар ч гэсэн манайхан намайг де погийн даргад битгий хэл, ерөнхий инженерт ч мэдэгдэлгүйгээр аргалсан.Би өрөөндөө нэг орос мэргэжилтэнтэй ажилладаг байлаа.Тэр оросыгоо би өөрөө аргална.Мань эр компьютер тоглоомонд “нугасгүй”.Тэр үед компьютерийн тоглоом бүү хэл, компьютер нь ч ховор байсан юм чинь.Би ахынхаа нотбүүкт баахан шинэ сонин тоглоом суулгааад оростоо тоглуулна.Тэгээд л хичээл рүүгээ гараад шидчихнэ.Тэгээд би дөрвөн сарын турш нэг ч өдөр ажлаа ч таслаагүй, хичээлээ ч таслаагүй.Тэгж би сонины хүн болсон.Сэтгүүлчийн ажлын овоо дөртэй болсон хойноо Боловсролын их сургуульд сэтгүүлзүйн мастер хамгаалсан даа.
Хамгийн анх сонины редакцад хөл тавихад ямар бишрэм мэдрэмж төрснийг би одоо ч тод санаж байна.“Ардын эрх” сониныг татан буугдахаас нь зургаан сарын өмнө сурвалжлагчаар орлоо.Өөрөө энэ гал тогооны босгоор алхаад орсон хэр нь сэтгүүлчид гэхээр л надад маш хариуцлагатай ажил хийдэг, ер бусын сэтгэлгээтэй, сонин содон хүмүүс санагдана.Надаас хэдэн жилийн өмнө ажиллаж эхэлсэн, нас чацуу сурвалжлагч бүсгүйг хүртэл “Та” гэж хүндэтгэн харилцдаг байлаа шүү дээ.

-Ингэхэд Бал эрхлэгчтэй танил байсан уу? 
-Тэр үеийн сэтгүүлч бүхэнд Ц.Балдорж эрхлэгчтэй танилцах, эсвэл түүнд өөрийнхөө тухай мэдүүлэх хүсэл байсан гэж боддог юм. Би “Зууны мэдээ” сонинд ажиллаж байхдаа Бал эрхлэгчтэй анх уулзсан.2001 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг нарын сууж явсан Ми-8 нисдэг тэрэг осолдоход улс төржсөн шуугиан дэгдсэнийг хүмүүс санаж байгаа байх.Энэ осол болсон өдрийн маргааш би Увс аймаг руу томилолтоор явсан.Газар дээрээс нь сурвалжлага бэлтгэж, мэдээ явуулах зэргээр тэнд хэд хонолоо.Тухайн үед МАХН-ын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаяр захиалга өгч, Ерөнхийлөгчийн анд Ш.Отгонбилэг амь үрэгдсэн юм биш биз гэсэн хар сэр олны дунд гарч эхэлж байсан юм.Гэтэл манай эрхлэгч Б.Ганболд “Нийгэмд зөв мэдээлэл хэрэгтэй, чи Балаас ярилцлага аваад ир” гээд явуулдаг юм.Бал эрхлэгчийн өрөөнд ороод эхлээд өөрийгөө танилцууллаа.Тэгсэн “Аан би чамайг мэднэ ээ, чи сайн ажиллаж байгаа” гэхэд нь би дотроо баярлаад зогсч байлаа.Тэгсэн “Гэхдээ чи сүүлийн үед томоохон юм юу ч бичихгүй байгаа шүү” гэхэд нь энэ одоо өөр сонины эрхлэгч байж хүн загнаад гэх ухааны юм бодоод л... Тэгж би анх уулзсан.
Тэгээд Бал эрхлэгч “Хоёр хүн өөрсдөө саналаараа муудалцдаггүй. Муудалцахад хөндлөнгийн хүмүүсийн хов жив хамгийн их нөлөөлдөг юм.Одоо бол тэр хов жив нь л явж байна.Хар муур л гүйх гээд байна” гэсэн ярилцлага өгч байсан.Тэр ярилцлага нь одоо ч надад бий.Ингэж танилцсанаас хойш хоёр, гурван жилийн дараа юм байна.Засгийн газар УИХ-ын гишүүдэд тойргийн мөнгө өгөх шийдвэр гаргасан.Үүнийг өдөр тутмын сонинууд эсэргүүцэж байлаа.Яг тэр үед Өдөр тутмын сонины холбоог дөнгөж байгуулаад Бал эрхлэгч Ерөнхийлөгчөөр нь, манай Ганболд эрхлэгч дэд Ерөнхийлөгчөөр нь сонгогдоод байсан юм.Тэгээд би “Өдөр тутмын сонины холбоо улс төрийн авлигыг эсэргүүцэж байна” гэсэн ганцхан өгүүлбэрийг хоёрдугаар нүүртээ тавьж, үлдсэн зайг нь цагаанаар нь гаргая” гэдэг санаагаа Ганболд эрхлэгчид хэлсэн.Эрхлэгч ч дэмжсэн.Тэгээд чи энэ санаагаа Балд хэлээдэх гэлээ. Тэгээд ярьсан. Тэгэхэд “Отгоо, энэ үнэхээр сайн санаа байна. Бас Монголын сэтгүүлзүйд анхны тохиолдол болно, үгийг нь чи би чээдэх, би зохицуулъя” гэж харилцуурын цаа наас урамшуулж байсныг нь мартдаггүй юм.

“Үндэсний шуудан” сонинд яагаад ч юм, дандаа зөрүүд сэтгүүлчид ажилладаг гэнэ.Нэгэн удаа тэд хэн нэг нь л бусдаасаа илүү зөрүүд байх ёстой гэж ярилцаад, тэрхүү хамгийн зөрүүд этгээдийг шалгаруулжээ.Хэн тэргүүлсэн гээч?Отгоо тодорсон гэнэ шүү.Энэ онигоог надад тус сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд ярьж өгсөн юм.“Тэгээд Отгоод хамгийн зөрүү дээр тодорсныг нь хэлтэл юу болсон гэж санана” гэж надаас асуулаа.
“Уурлачихсан уу” гэтэл “Гөжүүдэлсэн” хэмээв. “Отгоог ууртай байх үед би редакцаас гараад явчихдаг” гэж “Зууны мэдээ”-гээс эхлээд “Үндэсний шуудан” хүртэл хамт ажиллаж буй Б.Ганболд эрхлэгч орлогчийнхоо тухай хошигнов. Г.Отгонбаярыг хувь хүнийх нь хувьд цөөн үгээр илэрхийлж чадах тэрбээр “Ухаантай, чамбай, зөөлөн” хэмээн орлогч эрхэлэгчээ тодорхойлж байна.Гэхдээ бид ний үеийн сэтгүүлчдийн тодорхойлолтооор бол Отгоо зөөлөн талдаа хүн.Үүнийг ерөнхий эрхлэгч нь ч зөвшөөрөв.
Зөөлөн... Тэрбээр эхнэр, гурван охины хамт амьдардаг.Хааяа ээж нь ирнэ. Эхнэр, охидоо цэцэгстэй зүйрлэн,“цэцэгсийн дунд амьдарч, хааяа ээжийгээ ирсэн үед даруулган дор нь байдаг надад зөөлөн байхаас өөр сонголт байдаггүй. Өөр байх шаардлага ч гардаггүй” гэж ярихдаа угийн зөөлөн дуутай Отгоогийн хоолой бүр зөөлрөхийг анзаарав.Гэргий Т.Сайханцэцэгтэйгээ сониныхоо редакцад анх танилцжээ. Отгоогийн гэрийг гийгүүлж, гурван хөөрхөн охиныг нь төрүүлж өгсөн эхнэрийнхээ тухай “Манай хүн өдөр тутмын сонинд ажиллаж байсан болохоор миний зав багатайг ойлгож, ар гэрийн ажилд намайг гар хүргэдэггүй. Би хүрээд ч шалгуурт нь тэнцэхгүй.Би угийн гэрийн ажилд маруухан” гэлээ.Сонирхолтой нь Г.Отгонбаяр төмөр замаас хэвлэлийн салбарт ирсэн бол, эхнэр нь хэвлэлийн салбараас төмөр зам руу явсан нь энэ гэр бүлийн хоёрт тохиолдсон сонин явдал.Сайханаа одоо Төмөр замын эмнэлэгт нягтлан бодогчоор ажилладаг аж.
Зөрүүд... Отгоо өөрийгөө зөрүүд гэж боддоггүй. “Зөв гэж бодсон зүйлдээ буулт хийдэггүй л “гэмтэй” хэмээн өөрийгөө “өмөөрнө”. Тэрбээр хэр баргийн зүйлд тэвчээртэй ханддаг атлаа Улаанбаатарын автозамын түгжээнд тэсгэл алдан бухимдах болжээ.Заримдаа эрт босч амжвал машинаа эхнэр, охидынхоо мэдэлд үлдээгээд ажил руугаа бараг дөрвөн километр алхчихдаг гэж байгаа.Тасганы овоогоор уруудан алхаж явахдаа бичих сэдвийнхээ тухай, нөхөрлөлийн тухай, долоо хоногт тохиох амралтын ганц өдрөө хэрхэн өнгөрүүлэх тухай бодож, боловсруулж амждаг байх. Бичих завын тухай асуухад “зав гардаггүй гэвэл худлаа. Бас завгүй гэхэд ч хэцүү.“Завгүй хүн гэж байдаггүй, харин зав гаргаж чаддаггүй хүн л бий” гэдэг дээ.Би хүмүүстээ сэдэв хуваарилна, гүйцэтгэл дээр нь ажиллана.Бид багаар тоглодог.Эцсийн бүлэгт сонин сайн гарах ёстой.Сонин сайн гарахад миний оролцоо, үүрэг хариуцлага ердийн сэтгүүлчийнхээс илүү байх ёстойг би ухамсарладаг.Үнэндээ энэ орлогч эрхлэгчийн алба маань намайг завгүй болгодог “ял” болдог.Өөрөө бичих цаг зав миний санааг зовоодоггүй.Сэтгүүлчдийнхээ өмнүүр ороод сэдвийг нь булаагаад биччих вий л гэж санаа зовдог” гэж товчхон, бас нэрэлхэнгүй хариуллаа.Үнэндээ бол өдөр тутмын сонинд ажилладаг бидэнд зав байдаггүйг өөрийнхөө жишээн дээр, тэр тусмаа Отгоо шиг өдөр тутмын сонины нийтлэлийн бодлого барьдаг орлогч эрхлэгч бүр завгүйг өөрийнхөө сонины орлогч эрхлэгчийн ажлаас би бэлхнээ мэдэх билээ.


-Бага нас чинь хаана өнгөрсөн бэ. Хөдөөнийх үү, хотынх уу?
-Хөдөө төрж, хотод өссөн. Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн.Миний аав ээж хоёр Монголд ховорхон мөртлөө хамгийн хэцүү ажил хийдэг байсан. Туувар тууна. 1000 гаруй кмийн хол Алтайгаас хавар хэдэн зуун мал тууж замдаа таргалуулаад бүрэн бүтнээр нь на мар Улаанбаатарт авчирч тушаана.Олон жил туу вар хийсэн болохоор Алтайгаас хот хүртэлх хөндлөн гулд нутагт аавыг минь таньдаггүй хүн гэж байхгүйг би хамт ганц хоёр жил явахдаа мэдэрч бахархаж байлаа.Надаас хэнээр бахархдаг вэ гэж асуувал, би аав, ээжээ л хэлнэ дээ.Намайг багад аав минь бурхан болж, манайх гэр бүлээрээ хот руу шилжиж, төрсөн нутгаараа овоглосон “Алтайн” гудамжинд нүүж ирсэн.Одоогоор бол Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн хажууханд, Ногоон нуурын хавьд хүүхэд насаа өнгөрүүлсэн дээ.Сая “Балдорж” шагналтан болсныг маань зарлахад, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Р.Чулуун ах надад баяр хүргэхдээ “Дүү минь чи Алтай нутгаас төрсөн мундаг хүний нэрэмжит шагналыг авсан алтайн анхны сэтгүүлч боллоо” гэж хэлсэн.Сайхан үг байгаа биз.

-Нийтлэлчдийг захиалгаар бичдэг гэсэн хар ёс мэт дагадаг. Хэнийг нь ч ялгаагүй.Бас интернэтийн сөрөг сэтгэгдэл гэж нэг дарамт байдаг.Үүнд хэрхэн ханддаг вэ?
-Би лав сөрөг сэтгэгдлийг тоодоггүй, уншдагггүй. Би айхтар бурхан шүтдэггүй ч буддын сургаальд итгэдэг. “Бодь мөрийн зэрэг”-т “Үйл үйлээ дагана, үйлийн үр эзнээ дагана” гэж үг байдаг шүү дээ.Үүнд би итгэдэг.Өөрт нь гэм хийгээгүй хүний эсрэг нуугдаж байгаад муу үгс урсгахын үйлийн үр, сөрөг энерги тэр хүндээ л ирэх учраас би тоодоггүй.Тэгээд ч чаддаг чаддагаа хийх нь ардчилсан зарчим.Сэтгүүлч нь сэтгүүлчээ, сэтгэгдэлчин нь сэтгэгдэлчнээ л хийнэ биз.Тэгээд ч манай  baabar.mn-ийнхэн бол хэн хаанаас хэний тухай юу гэж бичдэгийг бараг мэднэ. Техник, компьютэрийн шинэ шинэ программ, хай текийн хэрэглээ ингэж хөгжиж байхад хэн юу бичдэгийг нь мэдээд  бүр ч тоохоо байсан.  Харин ажил хэрэгч сайхан санааг бол талархан хүлээж авдаг.Ер нь аль нэг тал өрсөлдөгчөө унагах гэж захиалгатай нийтлэл бичүүлсний үр дүнд хэн нэг гэмгүй улстөрчийн карьер сүйдэх, аль нэг бизнесийн байгууллагын нэр төрд арилшгүй сэв суух зэрэг хохирол учирч болно.Тийм учраас олон нийтийн үнэн бодитой мэдээлэл хүлээн авах эрх чөлөөг нулимж болохгүй гэдэг зарчмыг хатуу баримталдаг.Гүтгэсэн, гуйвуулсан, хэн нэгний гэр бүл, үр хүүхдийг доромжилсон зүйл захиалгаар бичнэ гэдэгтэй би хэзээ ч санал нийлэхгүй.Яах вэ, хардлагууд ирдэг л юм.Тухайлбал, “Женко, MCS хоёр” гэж нийтлэл маань нэлээд олон хүнд хүрсэн.Гэтэл энэ хоёр компани хоёулаа намайг бие биеийнхээ эсрэг хардаж л байсан.Гэтэл би энэ нийтлэлээ Солонгосын “Самсунг”, “Хёндэ” гэж хоёр компанийн жишээн дээрээс санаа авч бичсэн.Пак Ерөнхийлөгчийн үед энэ хоёр компани бизнесээ булаацалдаад, асуудал Ерөнхийлөгчийнхөө хэмжээнд хүрч эвлэрч байсан юм билээ.Үүнээс санаа авч, нэг нь улс төрд нөлөөтэй компани, нөгөө нь улс төрд хүчтэй лидерүүд муудалцаж болохгүй л гэсэн санаа байсан.Ер нь би ихэнх нийтлэлээ санаа өгөх гэж, аль болох эвлэрүүлэх талд бичихийг оролддог, чаддаг үгүйг уншигчид шүүх байх.Энэ зарчмыг би нийгмийн захиалга гэж боддог.Ер нь манай сонинд ч, манай сэтгүүлчдэд ч үүнээс өөр захиалагч байдаггүй.Сэтгүүлзүй хүн чанарт суурилдаг юм шүү дээ.Бидний үзэгний үзүүрт нэг хүний амьдрал байдаг. Бидний бичиж байгаа хэчнээн муу нэг хүний цаана ч нэг хэсэг хүний амьдрал эрх байдгийг мартаж болохгүй.

-Сайн сэтгүүлчид номоо гаргадаг. Чи хэзээ нэгэн цагт гаргана биз дээ?

-Гаргана аа. Сэтгүүлчдэд гарын авлага болох сайн ном гаргахыг хүсэж байна.

-Иргэнийхээ хувьд чи өөрийнхөө амьдарч байгаа цаг үеэр бахархах, эсвэл гомдоллох сэтгэл төрдөг үү?
-Бид бүгдээрээ их сонин үед амьдарч байна гэж хардаг шүү. Миний хувьд Баабар, Н.Жанцанноров, Б.Лхагвасүрэн, Н.Түвшинбаяр гээд агуу хүмүүстэй нэгэн цагт аж төрж байгаагаараа бахархдаг.Басхүү эмзэглэж явдаг зүйл байдаг.Жишээ нь, Н.Жанцанноров гуай нэг намын сурталчилгаанд тоглоход, Баабар аль нэг компанийн пиар хийхэд, Б.Лхагвасүрэн гуайг ток шоу хөтлөхөд би төрд гутардаг.Тэднийг амьдарч буй нийгмээ илүү сайн сайхан руу залуурдан чиглүүлэх ажлаа хийх боломжоор нь төр яагаад хангаж чаддаггүй юм бол.Сайхан ном, сайн хөгжим, яруу найргаа бүтээж байх ёстой биз дээ.Олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, оюуны өндөр чадвартай сэтгэгчдээ харж үзмээр л санагддаг.

-Жишээ нь яаж?
-Оюун санааны хөтөч болсон эдгээр хүмүүстээ төрөөс үнэгүй хаус барьж өгч болно шүү дээ. Та эндээ насан туршдаа тайван амьдар, хариуд нь ажлаа хий гээд.Тэгээд дараа нь тэр хаусыг нь тэр агуу хүнийхээ гэр музей болгочихно.Гаднын орны ийм жишээ зөндөө байна ш дээ.Угаасаа хэзээ нэгэн цагт энэ агуу хүмүүсээр Монголын нийгэм бахархана.Гэтэл бид эдгээр хүмүүстэй хамт амьдарч байснаараа, олимпийн хошой медаль яаж ирсэн үнэ цэнийг нүдээрээ харсан цаг үеэрээ бахархана.

-Монголын улс төр, эдийн засаг системийн шилжилтийг гэтэлмэгцээ уул уурхайн үе рүү шилжин орж байх шиг. Өнөөгийн сэтгүүлзүйг “уул уурхайн үеийн” гэж тодорхойлбол санал нийлэх үү?

-Огт нийлэхгүй. Уул уурхайд асар их мөнгө эргэлддэг ч гэсэн эдийн засгийн нэг л сал бар.Яахаараа бүхэл бүтэн улс орон дан ганц уул уурхайгаас хамаарах гэж.Бид нэг хэсэг намуудаасаа хараат байсан.Нөгөө намууд нь сонгуулийн бэлэн мөнгөний амлалтынхаа хараат болсон.Тэгээд сонгогчид, нам, бэлэн мөнгөний амлалт гээд улсаараа уул уурхайнхаа боол болчих гээд байгааг би буруу л гэж боддог.Тэр тусмаа миний дотор нь байдаг сэтгүүлзүй “уул уурхайн үеийн” гэх оноштой болчихвол энэ нийгэм маань хаашаа харах болж байна.Огт санал нийлэхгүй.Бид улс төр, эдийн засаг гээд л нэг их том юм яриад л байдаг.Гэтэл дэлхийн сэтгүүлзүйн чиг хандлага огт өөр.Хоёр чиглэлд илүү анхаардаг болж байна шүү дээ.Юу гэвэл, нэгдүгээрт мэдээллийн, хоёрдугаарт хэрэглээний сэтгүүлзүй хөгжиж байна.Мэдээллийн сэтгүүлзүй Монголд байна аа.Эндээ харин технологийн дэвшлийг ашиглах нь жаахан дутагдалтай байна.Хэрэглээний сэтгүүлзүй нь манайд компаниудын Маркетингийн албанаас өг сөн сурталчилгаа маягтай яваад байдаг.Эрүүл, соёлтой хэрэглээ нь юу юм гэдгийг хэвлэл мэдээлэл эрэн сурвалжилдаг цаг үе ирсэн юм байна л даа.

-Нууц биш бол “Балдорж” шагналтныг урамшуулдаг 5000 ам.доллараа юунд зарцуулах вэ?
-Би өчигдөр (“Балдорж” шагнал авсан үдэш) гэртээ оройтож хариад энэ талаар ярилцаж амжсангүй. Манай дөрөв байдгаараа гоёчихоод, “Балдорж” шагналт аавыгаа их хүлээсэн байна лээ.Эхнэр бид хоёр охиддоо төгөлдөр хуур авч өгөхийг хүсдэг.Шагналын мөнгөө үүнд зарцуулна.Охид маань цахилгаан хөгжим дээр хөөрхөн аяз тоглодог.Ядраад харихад намайг сэргээнэ шүү дээ.Заримдаа өглөө эрт аавыгаа ажилд гарахаас өмнө тоглож өгнө.Ер нь хүүхэд урлагт ойр тусмаа гоо сайхны мэдрэмжтэй болж төлөвшдөг юм билээ.

-Бидний мэдэхийн спортын хообийтой Отгоо маань нэг харсан чинь төгөлдөр хуур тоглоод, найгаад сууж байх нь ээ?
-Үгүй ээ, би урлагт ёстой нойл. Бараг хасах зэрэгтэй тоо гарах байх.

-За, ингээд ярилцлагаа өндөрлөе. Үнэний төлөө үзгээ элэгдтэл бичээрэй.

-Баярлалаа. Мэдээж үнэний төлөө л бичнэ.Сэтгүүлчид бүгд л үнэний төлөө, нийгмийн төлөө бичдэг.Гэтэл олон хүний дунд сайтай, муутай гэдэг шиг бидэн дунд ганц нэг нь санаатай, санаандгүй алдаа гарахад түүнд нь армиараа өртөх нь жаахан гомдолтой санагддаг.Нийгэмд саараасаа сайн нь хавьгүй олон шүү дээ.Сэтгүүлчид ч тийм шүү.Манай сэтгүүлчид чинь өрхийн орлогоо төлөвлөж чадахгүй хэрнээ, улсын төсвийн том тоогоор амьдардаг, аав ээж, ах дүү, хамаатан садандаа гаргаагүй цаг заваа нийтийн төлөө зориулдаг, ёстой нөгөө төрийн төлөө боож үхэж яваа “огтонууд” шүү дээ.

 Б.ЭНХЦЭЦЭГ
Өнөөдөр сонин

Д.Зоригт: Хийсэн нь бус, хийрхдэг нь давамгайлдаг болчихсон юм уу даа


Эрдэс баялаг, эрчим хүч­ний сайд асан Д.ЗОРИГТТОЙ ярилцлаа.

-Таныг гадагшаа гарчих­сан гэж хэд хэдэн хэвлэлд бичсэн байсан? 
-Яг одоо хоёулаа Монгол­доо л уулзаад сууж байгаа биз дээ.
 

-Тэр ч тийм л дээ, өөрөө энэ тухай огт уншаагүй хэрэг үү?
-За даа, сүүлийн жилүүдэд янз янзын юм сонсоод их л дөжирч дээ. Одоо бүр  хэлмэг­дүүлэлтийн үеийн нутаг заана гэдэг шиг амьдрах газрыг маань зааж, бас гэр бүлийнх­нийг минь янз янзаар бичээд байдаг болж. Явуулга гэдэг нь ойлгомжтой л доо.Ардаа дандаа л эзэнтэй, хэн нэгэн мөнгө төлж бичүүлж байгаа.Харин одоо ажил, албан ту­шаалгүй сул яваа намайг яах гэж бичүүлээд байгаа нь сонин л юм.

-Ер нь сонгуулиас хойш гадагшаа явсан юм уу?
-Судалгааныхаа ажлаар, бас хуралд оролцох гэж нааш цааш явж байгаа. Цаашдаа ч жаахан  явна. 2000 онд АН-ынхан сонгуульд ялагдаад УИХ-ын гишүүн байсан хү­мүүсээс нэлээд нь Америк явж сурсан санагдаж байна.Хүн сурч боловсрох нь зөв, үүнийх нь төлөө буруутгаж яллах нь утгагүй л санагдах юм.Миний хувьд судалгааны ажлаас гад­на хувийн бизнесээ эхлүү­лэх гэж оролдож байна.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани л даа.Хажуугаар хүнс, аялал жуулч­лал гээд жаал жуул юм эхлүүлэхээр судалж байна.Хүнд хэлэхэд ичмээр дамшиг даа гэдэг шиг л жижиг юмнаас эхэлнэ дээ.Одоохондоо бол есөн сартай хүүгээ хараад бас зав муутайхан л байна.

-Яг ямар судалгаа хий­гээд байна вэ?
-Хэд хэдэн ажил эхлүүлэх гээд оролдож байна. Тэдэн дун­даасаа шатдаг занарын талаархи судалгааг их идэвх­тэй барьж аваад байгаа.

-Шатдаг занараас түлш гаргах шинэ технологи одоо бараг дэл­хийн гол сенсаацуудын нэг болж байна, тийм үү?
-Дэлхийн түлшний салбарт үнэ­хээ­рийн хувьсгалын чанартай  өөрч­лөлт болж байна. Энэ оны гуравдугаар улирлаас эхлээд АНУ хий үйлдвэр­лэлээр ОХУ-ын өмнө орлоо.АНУ-д ашиг­лалтад орж байгаа цахилгаан стан­цуудын тэн хагасаас илүү нь шат­даг занараас гарах хийн дээр ажил­ла­даг болж байна. Өнөөдөр Хойд Аме­рикийн хийн үнэ Европынхоос дөрөв, Ази тивээс 1.7 дахин хямд болов. Энэ нь өрсөлдөх чадварт нөлөөлж, АНУ-ын эдийн засгийн сэргэлтэд шууд хувь нэмэр болж байна.Иймд Хойд Америкаас шингэрүүлсэн байгалийн хий экспортлох дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж эхэллээ.Энэ нь түлшний хангамжийн салбарт дэлхийн хэмжээнд нөлөөлөх нь тодорхой. Хятадын Засгийн газар 12 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө шатдаг  занараас хий үйлдвэрлэх хөрөнгө оруулалт тусгаж, зарим нэг талбай дээрээ сонгон шалгаруулалт зарлаад дуусч байна. ОХУ гэхэд хий үйлдвэр­лэлээр тэргүүлдэг “Газпром” компани өнгөрсөн сараас эхлэн шатдаг зана­раас шингэн түлш гаргах  төсөл эх­лүүлж буйгаа зарлалаа. Энэ бүхнээс үзвэл шатдаг занарын салбарт шинэ өрсөлдөөн, шинэ үе эхэлж байна.Энэ өрөлдөөний үр дүн нь түлшний сал­барыг өөрчлөх нь тодорхой байна.Бас  дэлхийн эдийн засгийн хүчний харь­цаанд  хүртэл нөлөөлөх магадлалтай боллоо. Энэ технологийг дэлхийн хоёрдугаар дайны үед германууд үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байсан боловч одоо л дөнгөж өргөн тарж эхэлж байгаа нь энэ юм.

-Манайд шатдаг занарын нөөц, түүнээс шингэн түлш гаргаж авах боломж бий юү?
-Манай улс шатдаг занарын нөөц ихтэй. Өнгөрсөн жилээс Эрдэс бая­лаг, эрчим хүчний яамнаас ШУА-тай хамт­­ран ажлын хэсэг байгуулж, Мон­голд байгаа шатдаг занарын нөөц, ашиг­лаж болох технологийн талаар су­далгаа эхлүүлсэн. Ажлын хэсгийг анх­ны Ерөнхийлөгч П.Очирбат гуай ахалж, албаны хүмүүс, судлаачид орсон.Бас Эрчим хүчний яам Ерөн­хий­лөгчийн Тамгын газраас хувийн хэв­шилтэйгээ хамтарч томоохон су­далгаа эхлүүлж эхний дүнгээ танил­цуулж байгаа гэсэн.  Чухал ажил  эх­лүүл­сэн нь сайн хэрэг. Энэ онд Ерөн­хий сайд асан С.Батболдыг Японд айлчлахад хоёр орны хувийн хэвш­лийн­хэн судалгаа­ны ажлаа эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурахад бид байлцсан.Одоо энэ ажил эрчимтэй урагшилж байгаад баяртай явдаг. Миний хувьд одоо П.Очирбат гуайн ажлын хэсэгт нэмэр болох үүднээс ялангуяа хууль эрх зүйн орчны  харьцуулсан судалгаа хийж, бусад улс орон бодлогын төвшинд хэрхэн дэмжиж байгаа талаар дүгнэлт бо­ловс­руулна. Энэ судалгаагаа Гер­маны Олон улс аюулгүй байдлын су­дал­гааны сантай хамтарч хийж бай­гаа.Мөн Германы “Friedrich Eber­tyn”-ийн сангаас дэмжлэг үзүүлэхээр болсон.Ирэх жилийн хавар гэхэд су­далгаагаа дуусгаад олон нийтэд танилцуулна.Одоохондоо энэ аж­лаараа гадагшаа дотогшоо нэлээд явж байна.Гэхдээ судалгаагаа бичих аж­лаа гол төлөв Монголдоо хийж байгаа.Он гараад Германд жаахан судалгаа хийх ажил гарна.

-Тэгэхээр удахгүй Монголын эдийн засагт томоохон, бас шинэ салбар нээгдэх нь гэж ойлгож, хүлээж болох нь ээ?
-Одоогоор эрдэс  баялгийн салбар эдийн засгийг ч, улс орныг ч нуруун дээрээ үүрч яваа. Цаашдаа ч олон арван жил  тэргүүлэх салбар байх нь тодорхой. Тийм учраас энэ салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ алсаа бодсон бодлогоо заавал боловсруулж явах нь чухал.Дэлхийн хэмжээнд өрнөж эх­лээд байгаа шатдаг занарын хувьсга­лаас бид хоцорч болохгүй. Харин ч бүр хамгийн тэргүүн эгнээнд явах бо­ломж, бололцоотой.Судлаачдын үзэж байгаагаар, шатдаг занарын то­моохон хэмжээний нөөц манайд бий.Арван жилийн дараа гэхэд Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний томоо­хон экспортлогч, дээрээс нь сэргээг­дэх эрчим хүч үйлдвэрлэж бүс нутгаа хангадаг улс болох боломж бодитой харагдаж байна.Дэлхий дахинд гарч байгаа шатдаг занарын хувьсгал бидэнд ийм сайхан ирээдүй байгааг харуулж байна.Сэргээгдэх эрчим хүч­ний хамгийн том дутагдал бол ту­хайн өдрийн нар, салхинаас шалтгаа­лан хэлбэлзэж байдаг. Гэтэл Монголд шатдаг занараас хий, шингэн түлш үйлдвэрлэж эхлэх юм бол нар сал­хины­хаа эрчим хүчний үйлдвэрлэл  экспортыг тогтворжуулах боломж нээгдэнэ. Арван жилийн дараа гэхэд Оюутолгой, Тавантолгойгоос дутах­гүй, түлш эрчим хүчний экспортын том салбартай болох бололцоо бүрэн байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бидэнд мэргэжлийн нарийн тооцоо судалгаа, хөрөнгө оруулалт, маш сайн хууль эрх зүйн орчин, төр, хувийн хэвшил судлаачдын нягт хамтын ажиллагаа чухал гэдэг нь бусад орны туршлагаас харагдаж байна.

-Сайхан сонсогдож байна. Түлш импортлогч улс байснаа хэрэгцээ­гээ хангаад, бүс нутагтаа экспорт­логч болно гэхээр.Бас эрчим хүч.Манай улсыг ийм хэмжээнд хүргэх хангалттай нөөц яг бий юү.Тодор­хой тоо, судалгаа байна уу?
-Занарын нөөцийн хувьд одоогоор П.Очирбат гуайн ахалсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж байгаа, тэдний өмнүүр орж ярих нь зохимжгүй байх. Ер нь бол ихээхэн  нөөц байгаа гэж дүгнэж байгаа. Байгаа нөөц маань манай улсыг энэ салбарт томоохон тоглогч байх боломжтойг гуравдугаар сараас хойш дэлхийн түлшний сал­барт гарч байгаа бодитой өөрчлөлтүүд баттай харуулж байгаа.

-Бид жаахан хоцорч байна уу, үгүй юү. Сургаар нь нөөцтэй тал­бай маань лицензээр эзэнтэй бол­чихсон юм биш биз?
-Өнөөдөр яг занараар ашиглалтын ли­ценз авсан компани цөөн хэд бай­гаа. Хамгийн гол нь шатдаг занараас хий, эсвэл шингэн түлш гаргах то­хиол­долд Газрын тосны тухай хуу­лиар ашиглах уу, Ашигт малтмалын хуу­лиар ажиллах уу гэдэг нь тодорхой бус байгаа. Хууль эрх зүйн тодорхой бус энэ байдлыг арилгаж байж  цаа­шид энэ салбар хөгжих боломжтой. Асуул­тын санааг чинь ойлгож байна.Га­зар доорхи баялаг бол төрийн, өө­рөөр хэлбэл төрөөр дамжаад монгол хүн бүрийн өмч.Энэ бол Үндсэн хуулиар ч, Ашигт малтмалын тухай хуулиар ч баталгаажсан зүйл.Харин лиценз гэдэг цаас бол газар доорхи баялгийг хуулинд заасан нөхцөлөөр ашиглах эрхийг аж ахуйн нэгжид олгож байгаа зөвшөөрөл. Өмчийн эзэн өөрийнхөө өмчийг ашиглах эрхийг бусдад \ком­па­нид\ олгосон учраас ердийн татвар хураамжаас гадна нөөц ашигласны төлбөр авдаг.Нөөц ашиг­лас­ны төлбөр анх бол тухайн газар нут­гийн эзэн-хаан газрын баялгаа ашиг­луулсны төлөө авдаг байсан тат­вар хураамж.Тийм учраас одоо хүр­тэл англи хэлээр рояльти гэж нэрлэж хэвшсэн. Эзэн хаанд өгдөг төлбөр  гэж орчуулж болно доо. Ердийн бизнес хийж байгаа хүн орлогын албан тат­вар, нэмүү өртгийн албан татвар зэрэг хуулинд заасан татвар төлдөг бол уул уурхайн бизнес өөр. Хүний өмчийг ашиглаж байгаа  учраас тусгай төлбөр болох нөөц ашигласны төлбөр төлдөг. Ингэж нөөц ашигласны төлбөр авах нь төр өөрийгөө өмчийн эзэн гэдгээ нотолж байна гэсэн үг.

-Зарим хүн лиценз л авчихвал  газар доорхи баялгийнх нь эзэн болчихож байгаа мэт загнадаг учраас л асуусан хэрэг. Бас манайд лиценз эзэмшиж байгаа аж ахуйн нэгж нь заавал төрийн өмчийн, эсвэл төрийн өмч 50-иас илүү хувь давамгайлж байж газар доорхи баялаг нь төрийн мэдэлдээ үлдэнэ гэсэн ойлголт түгээмэл.Энэ хэр зөв ойлголт вэ?
-Шууд хэлэхэд буруу ойлголт. Ашиглах эрхийг лицензээр дамжуу­лаад төрийн өмчийн ч бай, хувийн өмчийн ч бай аж ахуйн нэгжид өгсөн л бол адилхан л нөөц ашигласны төлбө­рийг  өмчийн эзэн буюу төрд төлөх учир­тай. Жишээ нь өнөөдөр төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт”, хувийн хэвшлийн “Энержи ресурс” бүгд л нөөц ашигласны төлбөр төлж байгаа. Энэ төлбөр харин их байх уу, бага байх уу гэдгээ төр өөрөө хуулиар тог­тоодог.Занар ч байсан, бусад ашигт малтмалын хувьд ч төр эзний хувьд авах ёстой ашгаа нөөц ашигласны төлбөрөөр дамжуулж авах нь зөв гэж би боддог. Харин бизнесийн үйл ажиллагаанд  төр хутгалдаж ороод ямар үр дүнд хүрдгийг  төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн жишээгээр монголчууд бүгд мэдэж байгаа. “Ша­хаа” гэдэг бизнесийн бүхэл бүтэн ойл­голт сүүлийн 20 жилд бий болсон.Уг нь 20 жилийн турш зах зээлийн эдийн засагтай болох гээд бүгд л зүтгээд яриад байдаг.Гэвч манай эмээгийн хэлд­гээр “засавч зараа, будавч бяруу” гэдэг шиг яаж ч хичээгээд тө­рийн өмч давамгайлсан тогтолцоо руу өөрийн эрхгүй гулгаад орчих юм.Төр өөрийнхөө авах ёстой ашгаа татвар, төлбөрөөр авдаг, татвар төлбөрийн хэмжээ ямар байх вэ гэдгийн эргэн тойронд харин ч ёстой хурц мэтгэл­цээн өрнөж баймаар санагдах юм.Гэтэл үгүй шүү.“Хэн нь илүү эх оронч вэ” гэсэн улстөрийн уралдаан зарла­чихсан юм шиг л хандах юм.Жишээ нь, Австралид уул уурхайн нөөц ашигласны нэмэлт ашгийн татварыг нэвтрүүлэхээр зүтгэж байгаад Ерөн­хий сайд нь огцорсон шүү дээ.

-Дараагийн Ерөнхий сайд нь ч бас татварын энэ нэмэгдлээр улс­төр хийж гарч ирсэн?
-Тэгсэн, сонгуулийнхаа гол сэдэв болгосон. Ер нь  төр заавал бизнест хутгалдалгүйгээр татвар төлбөрөөр дамжуулж ашгаа авдаг. Уул уурхайн салбараа дагаж хөгжсөн Австрали, Канадад ийм л байгаа.Тэнд төр нь ийм л “дугуй” унадаг.Гэтэл бид бэлэн жи­шээ, бэлэн “дугуй” байсаар байхад огт өөр “дугуй” зохиох гэж зүтгээд байх юм.Хэрвээ заавал өөр “дугуй”-гаар явнаа гэвэл төрийн өмчийн оролцоо өндөртэй Африкийн улс орнуудын жишээ ч бий.Харамсалтай нь тэнд нэг их сайн жишээ байхгүй л дээ.Мэдээ­жийн хэрэг нөгөө талд нь жишээнүүд бас цөөн олдоно л доо.Жишээ нь, Чилид нэг том зэсийн “Коделко” гэж компани бий. Тэр компанийг  төрийн мэдэлд авахын тулд бараг иргэний дайн болж байж, дараа нь 20 шахам жил цэргийн дарангуйлал тогтоож байсан түүхтэй. Чилид бусад бүх том орд нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай. Австрали, Канадын  жишээ ярихаар сүүлийн үед хараах нь олон болж. Тэдэн шиг муу хүн байхгүй гээд. Үгүй, тэгээд Африк шиг болъё гээд байгаа юм уу, эсвэл барууны компаниудыг хөөж гаргаад өөр хүмүүсийг оруулж ирэх гээд байга юм уу, сайн мэдэхгүй юм. Манай улс­төрчдийн анкетыг харахаар бүгдээрээ л гадаад дотоодод сургууль төгссөн, гадаад хэлээр хэд хэдээр нь ярьдаг,  яг тулаад ярихаар бүгд л төр бизнест хутгалдахыг багасгах нь зөв гэдэг мөртлөө  камерын өмнө огт өөр юм ярьдаг. Уг нь улстөрчид олон түмнээ манлайлдаг, шинэ үзэл бодол гаргаж ирдэг хүмүүс баймаар.Одоо бол уул уурхайд төрийн өмчийн оролцоо гэхээсээ илүүтэй татвар төлбөрийг ямар төвшинд байлгах ёстой талаар жинхэнээсээ маргаж мэтгэлцэх цаг болсон.

-Гэхдээ бас өмчийн эзэн гээд хэт өндөр татвар тогтоох нь буруу байх. Сөрөг үр дагавартай нь алтан дээр тавьсан 68 хувийн татвараас харагдсан даа?
-Ашиглах эрхийг тодорхой эрх үүрэг дагалддаг. Хэдий хугацаагаар ямар  нөхцөлтэй ашиглах, лиценз авсан хүний эрх нь юу юм, үүрэг  нь юу юу байх гээд хуульд нэгбүрчлэн заасан байгаа. Нэгэнт ашиглах эрхээ авсан хүн хуульд заасан нөхцөлийн дагуу хөрөнгө оруулж ашиглаж эхэл­нэ. Тодорхой зардал гаргана, бүх зард­лаа нөхөөд ашиг олно гэж тооцоолж байж л  лицензийг авна. Төр ч гэсэн мөн адил, энэ баялгаа  ашиглуулсны тө­лөө ямар ашиг олох вэ гэж тооцоолж байгаад нөөц ашигласны төлбөрөө то­дорхойлдог. Гэтэл хөрөнгөө оруулаад замын дунд явж байтал төр гэнэт  хуулиа өөрчлөөд авах татвар төлбө­рөө нэмбэл нөхцөл байдал  өөрчлөг­дөнө. Хийж байсан хөрөнгө оруулалт нь ашиггүй, алдагдалтай болж ч болно.Алтан дээр 68 хувийн татвар тавьсан жишээ бол яг л ийм.Хийж байсан хөрөнгө оруулалт нь ашиггүй болсон.Төр хуулиа ойр ойрхон өөрчлөөд бай­вал хөрөнгө оруулагчид итгэл алдарч хөрөнгөө оруулж ирэхээ болино.Эсвэл хууль огт тоодоггүй, дайн дажин болж байсан ч бизнес хийж л байдаг нөхдүүд ирж хулгайгаар бизнес хийж эхэлнэ, татвар огт төлөхгүйгээр төрд байгаа хүмүүстэй нь хуйвалдана.Гаднын ийм жишээ олон бий.

-Хэрвээ төрийн өмчийн орол­цооноос татвар нь өндөр байх ёстой юм бол яагаад Оюутол­гой, Тавантолгойд төрийн оролцоо их байгаа юм бэ. Тавантолгой бол бүр зуун хувь төрийн өмчийнх байгаа?
-Оюутолгойн хувьд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу төрийн өмчийн оролцоо 34 хувь хүртэл байх ёстой гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлсэн. Цаашид хувь оролцоогоо 50 хувь хүртэл нэмэгдүү­лэх заалт нь “хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байж” гэсэн тодотголтой­гоор УИХ-ын 57 дугаар тогтоолд заасан байгаа. Ашигт малтмалын тухай хуу­лийг энэ салбарт хамрах бусад хуультай хамт шинэчлэхээр Ерөнхий­лөг­чийн Тамгын газраас хуулийн төс­лүүд өргөн барина гэсэн.Тэгэхээр хууль эрх зүйн орчноо бүрдүүлэхдээ энэ талаар өргөн хүрээтэй хэлэл­цүү­лэг, ялангуяа УИХ-д явуулах нь зөв байх.Төр бол өмчийн эзний хувьд то­дор­хой ашгийн ихийг авах нь чухал. Ха­рин энэ ашгаа заавал төрийн өм­чийн хувь эзэмшлээр дамжуулж  авах уу, эсвэл татвар төлбөр хураамж хэл­бэрээр авах уу гэдгээ сайн ярил­цах цаг нь одоо нэгэнт болсон санаг­даад байгаа юм. Норвегид жишээ нь зарим үед татвар нь  80 хувь хүртэл байдаг. Олон нийт ер нь уул уурхайн талаар маш сайн ойлголттой болж байна ш дээ.Хэрэв төрийн өмч заавал байна гээд шийдэх юм бол төрийн өмчийн оролцоогоо яаж хяналттай болгох вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудад бол төрийн өмчийн зарим компани бий. Жишээ нь тэтгэврийн сангууд байна. Тэтгэв­рийн сангийн удирдлагыг сонгохдоо бие даасан“headhunting” компани, өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг сонгоход зөвлөх үйлчил­гээ үзүүлдэг компаниас тогтоосон тодорхой шалгуурын дагуу нэр дэв­шүүлж сонгодог. Төлөөлөн удирдах зөвлөл нь бие даасан хүмүүсээс ихэнхдээ бүрддэг.Компа­нийн захир­луудтай улстөрчид нь шууд харилцах эрхгүй байдаг гээд маш олон хязгаарлалт хийдэг.Бид ч гэсэн энэ чигт явмаар байгаа юм.

-Оюутолгойн гэрээгээр хоёр гишүүн мэтгэлцэх гэж байгаа. Та байгуулсан гэрээгээ хам­гаалж оролцох уу.Танд С.Баяр­цогт гишүүнээс хамт оролцооч гэсэн санал ирүүлсэн үү?
-УИХ-ын гишүүд Оюутолгойн асуудлаар нэг талаас өөрийнхөө ойлголтыг, нөгөө талаас иргэдийн ойлголтыг цэгцлэх гэж оролдож байгаа юм байлгүй дээ. Эцсийн дүндээ энэ гэрээний талаархи дүгнэлтийг УИХ л гаргах тул гишүүд ярьж байгаа нь зөв л байх.Харин хэлбэрийн хувьд надад сайн ойлгогдохгүй байгаа.Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх мэтгэлцээн ч юм шиг.Ийм маягийн мэтгэлцээнээс агуулгын дэлгэрэнгүй ойлголт авахаасаа илүү ганц хоёр оновчтой үг, үйлдэл л хүмүүст үлддэг. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуу­лийн өмнө болсон мэтгэлцээнээс ярьсан зүйлийн агуулгыг биш, хэлбэ­рийг  хэвлэлээр хэлэлцсээр байгаад л таарсан. Босон суугаа ийм ярианаас бүрэн ойлголт авч чадах болов уу даа, хүмүүс. Арай илүү дэлгэрэнгүй байдлаар УИХ-аас тусгай ажлын хэсэг гаргаж байж, төр нь бие даасан судлаачид ажиллуулж байж, судалгаа дүгнэлт хийж байж, тэр ажлын хэсэг нь нээлттэй асуулга, хэлэлцүүлэг хийх нь илүү хүртээлтэй оновчтой болох болов уу даа. Улс орны хөгжилтэй холбоотой том асуудал учраас хариуцлагатай хандах нь зөв. Түүнээс бус, том ажлыг тойрч мар­гаан мэтгэлцээн байх нь манайх шиг ардчилсан улсад хэвийн үзэгдэл. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Засгийн газраас нь автомашин үйлдвэрлэгч нарт дэмжлэг үзүүлснийг шүүмжилж,  эдгээр үйлдвэрүүд нь одоо Хятад руу үйлдвэрүүдээ нүүлгэх гэж байна гээд л баахан РR-дсан. Обамагийн тал нь “тийм юм огт байхгүй” гэж өөдөөс нь бас баахан ярьсан.Оюутолгойн хувьд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг нэг шат ахиулсан томоохон ажил болсон. Үүнд эргэлзэх хэрэггүй. Өнгөрсөн гурван жилийн байдал ч үүнийг нотолно. Оюутолгой эхэлсэн учраас эдийн засгийн хөгжил огцом нэмэгдлээ.Энэ төсөл урагшилсан учраас олон арван мянган хүн шууд болон шууд бус байдлаар энэ төсөлд болон төслөөс гадуур ажилтай боллоо. 21 мянган төгрөг ч гэнэ үү, хүүхдийн 20 мянга ч гэнэ үү, уул уурхайн баялгаасаа иргэддээ хүртээж эхэллээ. Энэ төслийг дагаад Монголд итгэх итгэл нэмэгдэж дотоод гадаадын хөрөнгө оруулалт огцом өссөн. Хамгийн энгийн жишээ гэхэд гадуур барьж байгаа барилга байшин, зам, цэцэрлэг, сургууль гээд харахад л ойлгомжтой.Зүгээр л түүхий эдийн салбарт үнэ өсөөд ийм болсон юм биш.2006, 2007 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2010 оныхоос ч илүү өндөр байсан.Гэхдээ өнгөрсөн гурван жилийнх шиг өсөлт бий болж чадаагүй. Яагаад гэвэл том төслүүдээ эхлүүлж чадаагүй байсан.Харин Оюутолгой эхэлсэн учраас бусад салбарт хөрөнгө оруу­лалт нэмэгдсэн.Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг ажлын байр шинээр бий болж байна гэсэн үг. Цалин орлого нэмэгдэж байна гэсэн үг. Энэ бүхэн хоорондоо холбоотой.Аль нэгийг нь үгүйсгэх юм бол бүгдэд нь л нөлөөлнө.

-Ер нь бол Оюутолгойн асуудал ганц Оюутолгойнх  биш болсон, аль хэдийнэ бусад салбартай холбоотой болсон гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно шүү. Ер нь Монголын эдийн засаг цөөн хэдэн том аж ахууйн нэгж салбар дээрээ тулж хөгжиж яваа.Саяхныг хүртэл “Эрдэнэт”-ийн зэс, Улаанбаатар тө­мөр зам, хэдэн том нүүрсний уурхай, цахилгаан станц л байлаа.Алтны хэдэн уурхайнаас бусад нь бүгд төрийн өмчийнх байгаа биз дээ. 20 жил хувийн хэвшил гэсэн мөртлөө гаднын ч, дотоодын ч дорвитой том хөрөнгө  оруулагч орж ирээгүй байсан. Одоо бол өөр болсон, тоо нь ч нэмэгдсэн, чанарын ч өөрчлөлт гарсан. Оюу­толгой, Тавантолгой, ТЭЦ V, Салхит гээд эрчим хүчний төслүүд, төмөр замын төслүүд  байна. Энэ бүхэнд хөрөнгө мөнгө шаардлагатай.Энэ хөрөнгө мөнгийг дандаа төр засаг өөрийн халааснаасаа гаргаж чадахгүй нь тодорхой, төр засаг гаднаас зээл авъя гэхэд тэр нь хэмжээ хязгаартай байх нь ойлгомжтой.Олдсоны хэрээр гаднаас зээл авах нь аюултайг Грек улсын жишээнээс харсан.Тийм болохоор гаднын зээлээс илүүтэй томоохон төслүүдээ хөдөлгөх нь чухал. Ганцхан уул уурхай биш, эрчим хүч, дэд бүтэц, үйлчилгээ, санхүү, барилга гээд бүх л салбар дагаж өргөжинө, хөгжинө гэсэн үг. Одоо ч өргөжиж байна. Тийм болохоор Оюутолгойн төслөө одоогийнхоос нь ахиулж сайжруулах шаардлага боломж бололцоо байна гэж УИХ нь албан ёсоор үзээд тогтоол шийдвэрээ гаргавал хоёр тал ярьж хэлэлцэж харилцан тохиролцож бүгд хамтаараа урагшилж явах ёстой.Харин ярьж тохиролгүйгээр муйхарлан хүчээр дайрч хийх гэх нь хор болох нь илүү гэж Засгийн газрын нэг гишүүн хэлсэн байна лээ.Бодож л хэлсэн байх.2011 онд бид зарим нэг чухал ач холбогдолтой асуудлаар тайван ярилцаж байгаад шийдсэн шүү дээ. Алхам алхмаар  явах ёстой. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчихгүй явах ёстой нарийн ажил  л даа. Ер нь надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа даа.Дотор нь ороод ажлыг нь хийгээд ирэхээр асуудал нь илүү нарийн ойлгогдож байгаа л байх.

-Оюутолгойгоос гадна манай эдийн засгийн гол тулгуур болж байсан нүүрсний үнэ унаж, экс­порт зогслоо. Энэ нь  Хятадын эдийн засгийн хурдац саарч, уул уурхайн бүтээгдэ­хүүний үнэ огцом буурсантай холбоо­той юу?
-Яг өнөө, маргаашийн байдлыг аваад үзэхэд нүүрсний үнэ, Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь үнэн. Тийм  учраас л бидэнд эдийн засгийн уналтын давалгааг сөрөх бодлого чухал. Нэг л аргаар  нөхцөл байдлыг эргүүлнэ. Тэр нь эдийн зас­гийн идэвхжилийг дэмжих томоо­хон төслүүдээ үргэлжлүүлэх, зари­мыг нь яаралтай эхлүүлэх шаардлагатай.2008-2009 оны хямралыг Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөж байж давсан шиг бас том төсөл хөдөлж эхлэх ёстой.Тэгж байж эдийн засагт мөнгө орж ирнэ.Тэгж байж хүмүүс цалинтай, орлоготой үлдэнэ.Тэгж байж бизнесийнхэн хийх ажилтай байна.Том төсөл гэдэг нь хоёр хэлбэрийнх байдаг.Төр засгаас санхүүжих арга хэмжээ, нөгөө хэсэг нь хувийн хөрөнгө оруулалттай.Аль аль нь тэнцвэртэй байх нь чухал.Болж өгвөл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаа ахиухан хийлгэж, төр засаг нь нийг­мийн халамж, даатгалын чиглэлээ түлхүү санхүүжүүлэх нь чухал.

-Харин ч нийгмийн халамж хавтгайрлаа, багасгах ёстой гээд байгаа биз дээ?
-Бусдын явж ирсэн зам, бидний өөрсдийн 90-ээд оны туршлагаас харахад хямралд хамгийн түрүүнд боломж бололцоо муутай  нэг хэсэг нь хамгийн ихээр өртдөг. Чаддаг нэг нь гадагшаа яваад, ганзагын наймаа хийгээд, бизнес хийх нь хийгээд төрдөө ажиллах нь ажиллаад сурах нь сурдаг. Харин ахмадууд, өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд маань 90-ээд онд хямралын үйл лайг хамгийн ихээр амссан.Одоо тийм байдал давтагдахгүйн тулд төр засгаас харин ч нийгмийн халамжийг жинхэнэ зорилтот бүлэгтээ чиглүүлж, даатгалын тогтолцоогоо сайжруулж, хөрөнгөө бууруулахгүй нэмэх ёстой гэж би хувьдаа боддог.

-Засгийн газар хавтгайрсан халамжийг хална гэсэн уриан дор хүүхдийн мөнгийг сэргээ­лээ. Халамж хавтгайрна гэдэг нь зөвхөн тооны олноор бус, нэг төрлийн халамжийг ч гэсэн хавтгайруулж олгохыг хэлдэг байх гэж би боддог?
-Санал нэг байна. Өнгөрсөн хоёр жил эдийн засгийн өсөлт өндөр байсан тул цалин, тэтгэврийг сайн нэмсэн. Гэтэл инфляц өндөр байсан тул юмны үнэ өсч хүмүүст цалин тэтгэвэр нэмэгдэл төдийлөн сайн мэдрэгдээгүй. Харин ч тогтмол цалин тэтгэвэр авдаггүй хүмүүст юмны үнэ нэмэгдсэн нь бүр дараа болсон.Нийгмийн хамгийн эмзэг ядуу хэсэг­тээ бүр илүү дарамт болж хувирсан. Үүнд л уг нь зөв дүгнэлт хийж, ирэх оны төсвийг шийдэхдээ халамжийг илүү оновчтой, эзнээ олсон  болгох ёстой байсан.  Гэвч чадсангүй. Хүүхэд болгонд мөнгө өгөх улс төрийн зорилго нь илүү гоё сонсогдох, орон нутгийн сонгуульд оноо авахад нь хэрэгтэй байсан байх л даа. Гэтэл хүүхдийн  мөнгө хэрэгтэй ч айл байна, хэрэггүй ч айл байна. Үүнийгээ ялгаж чадах хэмжээний иргэдийн бүртгэл судал­гаа өнгөрсөн хэдэн жил хангалттай хийсэн. Хавтгайрсан халамж инфляц хөөрөгдөж ядуурлыг улам нэмэг­дүүлнэ.Иймд зорилтот бүлгийн ха­ламж руугаа одоо л шилжих хэрэгтэй. Үүнээс чухал нь гэвэл Монгол Улсын хөгжил, монголчуудын амьдрал нэг орон нутгийн сонгуулиар дуусахгүй, Их хурлын сонгуулийн дөрвөн жилээр хэмжигдэхгүй гэдгийг хаа хаанаа тооцдог, энэ тооцоондоо тохируулан ирээдүйтэй шийдвэр гаргаж чаддаг улстөрийн эр зориг манай улстөрчдөд хэрэгтэй байгаа юм.  
 

-Төр хувийн хөрөнгө оруулал­тыг ихээр татах тухай та ярилаа. Өнөөдрийн төр засаг таныхаар  хувийн хэвшилдээ хандсан зөв дохио өгч чадаж байна уу?
-Би саяхан Хонконгод болсон хөрөнгө оруулалтын уулзалтад оролцож, энэ үеэр болсон зарим арга хэмжээнд үг хэлж, илтгэл тавилаа. Ер нь дотоодын ч, гадаадын ч хөрөнгө оруулагчид болгоомжилсон хүлээсэн байдалтай байна.Уул уурхайн том төслүүд нь хаашаа явах вэ, эрчим хүчний төслүүд нь хэзээ хэрэгжиж эхлэх нь вэ, төмөр замын төсөл нь яах нь вэ гээд асуулт олон байна лээ. Үүнд маш зөв ухаалаг хариу цаг алдалгүй өгөх цаг нь болсон анзаарагдсан. Гаднынхан гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид ч хүлээж байгаа бололтой.

-Эцэст нь асуухад, та цаашид занараа  хөөгөөд ер нь улстөрөөс завсарлага авах уу, эсвэл намын ажилдаа давхар оролцож байгаа юу?
-Дан улстөрөөр амьдарна ч гэж юу байхав дээ. Угаасаа би цаас сараачиж ном эргүүлж судалгаа хийх дуртай.Тийм учраас цаашид ч занараас гадна өөр сэдвээр судалгаа хийх төлөв­лөгөө байгаа.Шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гэдэг үнэхээр чухал. Манайд дутагдаад байгаа нь  надад их ажиглагдсан. Улстөрийн хувьд УИХ-д  сонгогдоогүй хүн завсарлага авах нь ойлгомжтой биз дээ. Ер нь өнөөдөр хийсэн биш хийрх­сэн нь, ажил биш яриа, тэр дотроо популист яриа давамгайлж байгаа ч юм уу даа гэж бодогдож байна. Ийм уур амьсгал дунд  улстөрд эргэж орох уу, үгүй юу гэдэг бас л бодох ёстой асуудал. Нөгөө талаасаа намын гишүүний хувьд Чингэлтэй дүүргийн­хээ орон нутгийнхаа намын байгуул­лагын ажилд хувь нэмэр оруулж байгаа.Цаашид улстөрд орох эсэхээ­сээ үл хамааран УИХ, Засгийн газрын гишүүн байсны хувьд энэ нь тодорхой хэмжээний үүрэг л дээ. Чингэлтэй дүүргийнхэн маань надад итгэл үзүүлж 2009 онд сонгосон, тэдэнд би маш их баярлаж явдаг. Чадлынхаа хэрээр итгэлийг нь дааж улс орны хөгжилд хувь нэмэр оруулах, ачааны хүндийг үүрэлцэж явахыг хичээсэн. Харин 2012  оны сонгуульд намайг дэмжсэн сонгогчдынхоо итгэлийг дааж ялалт байгуулж чадаагүйдээ харамсч явдаг. УИХ-д биш ч гэсэн Чингэлтэй дүүргийнхэнтэйгээ хамт ажиллах бусад боломж бололцоо дахин олдоно гэж найдаж байгаа.
www.otgonbayar.niitlelch.mn

Sunday, 9 December 2012

Т.Аюурсайхан: Манай нам лидергүй болчихлоо гэх яриа намын хамт олны дунд ч яригдаж байна


 “Ярилцъя” та бүхэнтэй Чин­гэлтэй дүүргийн Засаг дар­га Төмөрбаатарын Аюур­сай­ханыг уулзуулахаар урилаа. 

1975 онд төрсөн энэ залуу гурван хүүхдийн аав. 1993 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн. Улмаар 1999 онд Турк улсын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, дараа нь Сөүлийн Үндэсний их сургуу­лийг Олон улсын хамтын ажил­лагааны магистр, Японы Олон ул­сын их сургуулийг  Олон ул­сын хөгжлийн эдийн засгийн ма­гистрын зэрэгтэй тус тус дүүр­гэсэн. Эдийн засгийн ухааны докторант. Англи, орос, турк, япон, солонгос хэлтэй.

1999-2000 онд Засгийн газрын хэвлэх үйлдвэрт ажил­тан, 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Ба­га­бандийн шадар туслах, 2009-2011 онд МАН-ын  Удир­дах зөвлөлийн ХЭГ-т эдийн засгийн зөвлөх, 2011-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бич­гийн даргын зөвлөхөөр ажил­ласан. 2012 оны аравдугаар сараас Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. 2008 оноос Чингэлтэй дүүр­гийн ИТХ-ын төлөөлөгч, 2011 оноос тэргүүлэгчээр сонгог­дон ажиллаж байгаа юм байна. Эдгээр мэдээлэл уншигч танд түүний тухай тодорхой ойл­голтуудыг өгч байгаа биз ээ.    


 -МАН улс төрийн хоёр шатны сонгуульд бүтэн ялаг­дал хүлээгээд байна. Гэхдээ Улаанбаатар хотын есөн дүүр­гийн дөрөвт нь сая ялалт байгуулжээ. Энэхүү дөрвөн ялалтын нэгийг та­най Чингэлтэй дүүргийн на­мын хороо байгуулсан бай­на. Та бол тэр хорооны ги­шүүн. Тиймээс танд баяр хүр­гэх нь зүйтэй байх.  Дүүр­гийнхээ ИТХ-ын гишүүдийн хэдэн хувийг танай нам бүр­дүүлээд байна вэ?
-Юуны өмнө, танд энэ өд­рийн мэндийг хүргэе. Манай дүүргийн ИТХ 35 төлөөлөгчтэй, үүний 22 нь МАН-ын төлөө­лөгчид сонгогдлоо. 11 нь АН-ын төлөөлөгчид, МАХН-ын хоёр төлөөлөгч жагсаалтаар орж ирсэн.

-Тийм үү. Энэ бол бас л нэг үзүүлэлт юм. Хэдийгээр улс төрийн хоёр том нам монопольчилж байна гэж шүүмжилдэг ч  жижиг намуудад сонсогчид төдийлөн итгэл хүлээл­гэхгүй байна л гэсэн үг шүү дээ. Хоёулаа таны хувьд ялалтын мэ­дээ­тэй сайхан өдөр уулзаж байна. УИХ-ын сонгуулийн дараа танай намын удирдлагууд хариуцлага хүлээж огцорсон. Түүнээс хойш богино хугацаа өнгөрсөн ч тодор­хой реформ хийгдсэн байх.  Жи­шээл­бэл, та энэ сонгуульд ямар багтай орж ялалт байгуулав аа? 
-Ялалт байгуулахад их олон хүчин зүйл нөлөөлсөн л дөө. Нэр дэвшигч­дийн хувьд бид залуучууд, ахмад үе, эмэгтэйчүүд гээд аль алинд нь ач холбогдол өгч нэрийг нь дэвшүүлсэн. Хамгийн гол нь бид дүүрэгтээ хийсэн тодорхой ажилтай. Цаашдаа тодорхой зүйлүүдийг хийе гэсэн хүсэл тэмүү­лэл, боловсрол мэдлэг, туршлагатай хүмүүс дээрээ түшиглэж нэр дэв­шүүлсэн. Жишээлбэл, эмэгтэйчүүдээ бид төрийн ажилд түлхүү оролцуулах нь зүйтэй гэж үзсэн. Нэр дэвшигч­дийнхээ 30 гаруй хувийг эмэгтэй­чүүдээс бүрдүүлсэн. Манай намын  хувьд мэдээж уугуул нэрээ сэргээ­сэн, анх удаа сонгуулийн шинэ тогтол­цоогоор сонгууль явагдаж байгаа зэрэг үйл явдлууд нөлөөлж байна. Намынхаа нэрийг солихдоо уугуул нэрээ төдий­лэн сайн сурталчилж чадаагүй гэж бод­дог юм. Хоногшуулж чадаагүй. Тий­­мээс орон нутгийн сонгуульд намынхаа уугуул нэрийг аль болох хоногшуулах, бидний өвөг дээдсийн байгуулсан, улс оронд тусгаар тогт­нолыг авчирсан нам бол МАН юм гэсэн ойлголтыг суулгахын төлөө бид хичээсэн.

-Нэр сольсон явдлыг сон­гуульд ялагдахад хүргэсэн хам­гийн том шалтгаан гэж дотооддоо танай гишүүд их ярьдаг. Та залуу хүний хувьд нэр сольсныг ер нь юу гэж үздэг вэ? 
-Намын уугуул нэрийг сэргээх үед би яг намын аппаратад ажиллаж байсан.

-Ерөнхий нарийн бичгийн дар­гын зөвлөхөөр? 
-Тийм. Намын нэр сольсон явдлыг би хувьдаа цагаа олсон, маш зөв шийдвэр болсон гэж үздэг. 

-Ер нь бол хорин жилийн өмнө л солино гэж ярьдаг байсан шүү дээ? 

-Тийм. Тухайн үеийн хүмүүст улс төрийн зориг нь хүрээгүй. Нөхцөл байдал нь ч нөлөөлсөн байх . Сая бол яах аргагүй намын торгон жолоон дээр байсан Намын дарга болон Намын ерөнхий нарийн бичгийн дарга нар зоригтой шийдвэр гаргаж, намын­хаа ирээдүйг бодож, намын залуу халааг бодож энэхүү зоригтой шийд­вэрийг гаргасан.

-Том шийдвэр, том эрсдэл дагуулдаг юм байна л даа.  Танай багийн ялалт байгуулсан 22 гишүүн дотор нийгэмд танил болсон ямар хүмүүс байна вэ? 
-Нийгэмд танил болсон гэхээр хүн бараг байхгүй. Ер нь нэлээд шинэ­чилсэн.

-Насны хувьд? 
-Насны хувьд 20 гаруй наснаас эхлээд 50 орчим насны хүмүүс байгаа. Намын нэртэй холбоотойгоор дахин хэлэхэд манай нам нэрээ сольсноос болж сонгуульд ялагдсан гэж би хувьдаа яг боддоггүй юм. Учир нь орон нутагт авна гэж бодож байсан суудлуудаа авсан байдаг. Нийслэл хотод амжилтгүй оролцсон нь сон­гуулиас сонгуулийн хооронд бугшиж явж байсан олон шалтгаанууд нө­лөөлсөн байх. Ер нь бол бодлогын шинэчлэл хэрэгтэй байна. Хүн арддаа, иргэддээ хандсан томоохон бодлого үгүйлэгдэж байна.  

-Та бол 2008 оноос Чингэлтэй дүүр­гийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажил­ласан юм байна. Хотын сон­гуульд яагаад өрсөлддөггүй юм бэ? 
-2008 оноос Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшсэн. Үүнээс хойш дүүр­гийнхээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг хичээн ажиллаж байгаа. Дүүрэгт миний хийхийг зорьсон ажлууд байдаг. Дүүргийнхээ төвшинд аль болох тэдгээр зорьсон ажлаа хийхийг хүсдэг. Ард иргэддээ амласан амлалтууд байна. Амлалтаа тодорхой хэмжээнд хийж урагшлуулахгүйгээр өөр тийшээ явахыг хүсээгүй л дээ.

-Бас заавал том төвшинд ажил­лаж байж, том хувь нэмэр оруулна гэсэн ойлголт байхгүй шүү дээ? 
-Тийм.    

-Та бол харьцангуй залуу хүн.  Улс төрд явж байгаа залуучууд их олон янз байна. Нэлээд хэсэг нь нийгэмд танил болохыг нэгдүгээр зорилгоо болгон ажиллаж байхад зарим нь чимээгүй л яваад байдаг. Би таны тухай зарим нэг хүмүүсээс асууж сонирхсон. Надад баяр төрүүлсэн, сайхан санагдсан нэг баримт байна. Улаанбаатар хотод Анкарагийн нэрэмжит гудамж гэж байгуулсан. Тэр төслийн хөрөнгө оруулалтыг босгож ирсэн залуу гэж сонслоо. Ийм их хэмжээний хөрөнгийг яаж босгосон бэ, нэг хүн ийм ажлыг хийнэ гэдэг гайхалтай явдал биш гэж үү? 
-Анкарагийн гудамж зөвхөн манай дүүргийн төдийгүй нийслэлийн өнгө төрхийг тодорхойлсон орчин үеийн гудамжуудын нэг болж байгаа гэдэгт итгэдэг. Анкарагийн гудамжийг Турк улсын буцалтгүй тус­лам­жаар тохи­жуул­сан. Энэ туслам­жийг авчирхад их олон хүчин зүйлс нөлөөлсөн. Өм­нөх Чингэлтэй дүүр­гийн удирдла­гууд маань Турк улстай холбоо тогтоогоод, өмнөх хотын удирдлагууд маань энэхүү гудамжаа мэдээж Анкарагийн нэрэмжит бол­гоогүй байсан бол мэдээж Турк улсаас са­наа тавьж тохижуулахгүй. Тэр гу­дам­жинд байдаг тавдугаар дунд сур­гуулийг  Ататур­кийн нэрэмжит болгох санаачлагыг өмнөх удирдлагууд маань гаргаагүй байсан бол энэ төсөл амжилтад хүрэхгүй байсан байх. Их олон зүйл нөлөөлсөн. Миний хувьд Туркэд сурч, боловсрол эзэмшсэнээс хойш тогт­мол Туркэд ажил хэргийн шугамаар очиж, нөлөө бүхий хүмүүс­тэй нь  итгэл алдахгүй, найз нөхдийн сайхан хол­боотой байдгийн хувьд энэхүү тус­лам­жийн мөнгийг хөөцөлд­сөн.Ингээд олон хүний дэмжлэг­тэйгээр энэхүү тусламжийн мөнгийг бид эх орон руугаа татаж чадсан. Анх 700 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр шийдсэн. Хөрөнгө оруу­лалт нь тогт­мол нэмэгдсээр байгаад одоогийн байдлаар 2 сая ам.долларын тусламж татаад гудамжаа тохижуу­лаад дуусч байна.

-Бас нэгэн сонирхолтой баримт бол та манай хоёр дахь Ерөнхий­лөгч Н.Багабанди гуайн бүрэн эрхийн хугацаа дууссанаас нь хойш шадар туслахаар нь ажилла­сан юм билээ. Н.Багабанди гуайтай ажиллах болсон түүхээ ярьж өгөх­гүй юу? 

-Н.Багабанди даргатай ажилласан үе маань миний амьдралын маш чухал үе гэж би боддог. Яагаад гэвэл энэ үед би маш их зүйл сурсан. Ажлын арга барилыг өөртөө эзэм­шүүлэх, дадлага чадвар эзэмших, өмнө нь сур­гууль соёлд сурсан мэдлэгээ цааш нь улам хөгжүүлэх алтан боломж олдсон ховор он жилүүд тохиосон  гэж боддог юм. Н.Багабанди даргыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Ерөнхийлөгчийн Тамгын газар том аппарат ажилладаг байсан. Ерөн­хийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацаа дууссанаас хойш ч ажлууд нь мэдээж тодорхой хэмжээгээр үргэлжлээд явсан. Олон талын гадаад  харилцаа, нийгэм эдийн засгийн бодлого, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, ёслол хүндэтгэл, протокол зэрэг үйл ажиллагаанууд байдаг. Энэ бүхнийг Шадар туслах гардан гүйцэтгэдэг. Өөрөөсөө их цаг зав зориулах, бүх хүч чадлаа дайчлах шаардлагатай бол­сон. Энэ бол маш үнэтэй он жилүүд болж үлдсэн. Намайг их ч зүйлд сургасан.

-Н.Багабанди гуайг гаднаас нь харахад хатуу хүн юм шиг санагд­даг. Яг ойр ажиллахад ааш араншин нь ямархуу хүн бэ? 
-Н.Багабанди даргыг гаднаас нь харахад их дуу цөөтэй, ихэмсэг ха­рагддаг. Зарим хүн сүрдмээр ч гэж ярьдаг. Яг ойр ажиллахад их найрсаг, эелдэг, маш энгийн хүн шүү дээ. Амьдрал ахуйтай холбоотой, эн­гийн гэмээр зүйлс дээр ч хүмүүстэй гай­халтай  яриа нийлж чаддаг. Хүмүү­сийг дээд, доод гэж ялгадаггүй. Том хүний бүх л чанарууд том л байдаг юм билээ. 

-Загнуулж, зэмлүүж байв уу? 
-Багагүй хугацаанд ажиллахдаа цөөхөн удаа зэмлүүлж үзсэн. Дуугаа өндөрсгөж хүн  загнадаггүй хүн шүү дээ. Хэлж байгаа үг, дуугаа хурааж байгаа байдал зэрэг нь дуугаа өн­дөрсгөснөөс илүүтэйгээр тусдаг л даа.

-Та Улаанбаатарын унаган хүү­хэд үү, хаана сурч боловсорсон, аль нутгийн харьяат вэ? 
-Би Улаанбаатар хотод төрсөн. Аав маань Дорнод аймгийн Халх гол сумынх. Ээж маань Говь-Алтай айм­гийн Төгрөг сумынх. Аав, ээж хоёр маань ерөнхийдөө нам, төрийн ажил хийж байсан хүмүүс байдаг. Би нийс­лэлийн 23 дугаар дунд сургуулийг төгс­сөн. Дараа нь МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсч ороод, хоёр­дугаар курсээсээ Турк улсад сура­хаар явсан.

-Эдийн засагч мэргэжлээр төгс­сөн юм байна. Туркэд хэдэн жил сурав? 

-Хэлний бэлтгэлтэйгээ нийлээд таван жил сурсан.

-Дараа нь Сөүлийн их сургууль, Японы олон улсын их сургуульд хоёуланд нь хоёр мастер хийсэн юм байна. Хүмүүс мастерт сурахдаа баруун руу  чиглэдэг бол та Азийн голлох хоёр оронд очиж хам­гаалсан байна. Энэ нь  багагүй утга учиртай сонголт байсан байх? 
-Туркэд сургууль төгсч ирээд нэг хэсэг би хувийн хэвшилд ажилла­сан. Бизнес эрхлээд хувийн компани ажиллуулаад, дараа нь мэдлэг бо­ловс­ролоо дээшлүүлье гэж бодоод гадаа­дад сурахыг зорьсон. Тухайн үед 2004 онд сургуулиудын шалгал­тад орох тэр үед Манчестерийн их сургууль болон Японы Олон улсын их сургууль аль алинд нь тэнцсэн. Тухайн үед амаргүй сонголт байсан л даа. Нэг бол Англид очиж эдийн засгийн мастерт сурах, нэг бол Япон руу явах байсан. Би арван жилийн сургуульд байхдаа япон хэл үзэж байсан. Ту­хайн үед Токиод очиж хэлний сур­гуульд сурч, солилцооны хөтөлбө­рөөр айлд очиж амьдарч үзэж байсан. Тэгээд л Япон хэлээ улам сайжруулья гэж зорьсон. Хоёрдугаарт Монгол, Япон  хоёр бол нэг тивийн улс орнууд. Газар зүйн хувьд илүү ойрхон. Цаашдаа харилцаа, хамтын ажилла­гаан дээр ажил төрөлд чухал байх юм болов уу гэж бодоод Япон улсыг сонгосон. Мэдээж Англи бол маш том орон. Манай улстай чухал харилцаа холбоо­той. Англиас сурах зүйл манай улсад их байдаг. Гэхдээ л би тийм сонголт хийсэн. 

-Та англи, орос, япон, солон­гос, турк  гэсэн таван хэл эзэмш­жээ. Энэ бол нэг хүнд байгаа гэхэд өн­дөр хэмжээний хөрөнгө юм. Турк хэл  их хэцүү хэл юм шиг са­нагддаг. Аль хэлийг нь сурахад амар­гүй байв. Япон, солонгос хоёр хэл хоорон­доо төстэй юү. Бас олон хэлийг өөр­төө агуулж явахад амар­гүй байдаг байх. Учир нь хэл хэрэг­лэхгүй байхаар мартагддаг шүү дээ? 

-Нэг хэлийг сурсан байхад дараа, дараагийн хэлүүдийг сурахад дөхөм­тэй болдог юм болов уу гэж ойлгогд­сон. Арга барилаа олчихдог. Хүн бүр хэлийг сурах өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг юм шиг билээ. Зарим нь эхлээд дүрмээ цээжлээд явдаг бол зарим хүмүүс үг цээжлээд дараа нь дүрэмтэйгээ холбож үздэг. Нэг хэл сурчихаар хаанаас нь эхлэх вэ, дүрмийнх нь юун дээр нь анхаарах вэ, үг цээжлэхдээ амьдрал дээр хэрэг­лэхдээ яаж хэрэглэвэл илүү амархан цээжлэгдэх вэ гэдгээ ойлгочихдог л доо. Мэдээж хэл сурахад их цаг зав, сэтгэл гаргах хэрэгтэй. Байнга л ма­шиндаа явж байхад FM-ээрээ тухайн хэлээ сонсох, зүгээр сууж байхдаа тухайн хэл дээр бичигдсэн ном, сэтгүүл унших зэргээр хичээл­лэж байх хэрэгтэй. Хэлийг хэрэглэхгүй бол мартагддаг. Энэ бол гарцаагүй үнэн. Тиймээс аль болох сурч байгаа хэлээ заавал хэрэглэж байх ёстой. Тэр хэрэглэх арга замаа өөрөө хайж олоод тогтмол тухайн хэлдээ цаг зав гаргаж, интернэтээр аялах, тухайн хэл дээр хүмүүстэй харьцах зэргээр байнга л сэргээж явах хэрэгтэй.

-Англи хэлийг та дунд сур­гуульд байхдаа  эзэмшсэн үү? 
-Тэгсэн. Дунд сургуульд байхдаа хичээлийн хөтөлбөрөөр сурсан.

-Англи, орос хэлтэй хүн турк хэл сурахад ямар байсан бэ, турк хэл ондоо хэл биз дээ? 
-Турк хэл огт ондоо хэл.

-Хамгийн хэцүү нь байсан уу? 
-Турк хэлийг анх сурахад хэцүү байсан. Орос, англи хэлнээс өөр. Ганцхан амар хялбар байж болох юм нь гэвэл монгол хэлтэй өгүүлбэр зүй, бүтэц, дүрэм нь төстэй учраас тэр нь хялбар байсан. Анх нэг жил турк хэлний бэлтгэлд орж сурчихаад хоёр дахь жилээсээ нэгдүгээр курст ороод ч амаргүй л байсан. Тэр үеийн миний сурах бичиг одоо хүртэл байдаг. Мэдэхгүй үгнүүдээ доогуур нь зурдаг. Дараа нь толь бичгээс хардаг. Ерөө­сөө 70-80 хувь нь мэдэхгүй үг байгаа юм чинь. Турк оюутнуудтай өрсөл­дө­хөд, багш нараас хэн нь ч энэ гадаад оюутан юм гээд тусдаа анхаарал тавина гэж байхгүй. Яг л ижил төвшинд өрсөлддөг. Нэгэнт ийм амаргүй нөх­цөл байдалтай нүүр тулсан хүнд гол арга зам өөрийгөө дайчлах л юм билээ.

-Турк хүмүүс ер нь ямархуу хүмүүс вэ, Станбул хотыг жишээ нь, их хулхи хот гэдэг. Бараа нь хулхи, такси нь хулхи, хүмүүс нь хулхи гээд л. Гэсэн ч турк хүмүүс их найр­саг, дайлж байгаа цай шигээ их тийм  амтлаг, сонирхолтой хү­мүүс юм шиг санагддаг юм. Яг дунд нь орж амьдраад хүний ёсоор шинжихэд тэд ер нь ямархуу хүмүүс вэ? 
-Турк хүмүүс ерөнхийдөө сэтгэл их сайтай, тусч хүмүүс. Хүнд туслах нь амьдралынх нь зорилго болчихсон ч юм шиг. Ерөнхийдөө их бардам, ихэр­хүү, тэр нь үүх түүхтэйгээ ч хол­боотой байх. Бас их дайчин ард түмэн. Мэдээж ямар ч улсад санаа муутай хүмүүс байдаг. Туркэд хүн ам багатай хөдөөрхүү газруудад бол заль мэхтэй,” хулхи” гэж таны хэлсэн шиг /инээв/ тийм хүмүүс байхгүй л дээ. Станбул хот гэхээр өдөртөө 12 сая, шөнөдөө 16 сая хүн амтай болдог, тэр их хүн холхиж байдаг, тэгээд худалдаа үйлчилгээнийх нь төв газар болохоор алаг эрээн л байж таарна. Бас  цагаа­чид ихтэй, олз ашиг хайсан хүмүүс цөөнгүй байдаг.

-Та Анкарагийн гудамжны хө­рөн­гийг босгоод ийм сайхан зүйл хийж чадсан юм чинь Турктэй холбогдсон ажлаа цааш нь үргэлж­л­үүлэх мөрөөдөлтэй л биз дээ? 
-Миний хүсэл мөрөөдлүүдийн нэг бол Монгол Улс, Турк газар зүйн хувьд ч, гарал үүслийн хувьд ч их ойрхон ахан дүүс шиг улсууд. Сүүлийн жилүүдэд Туркийн Засгийн газраас манай улсад боловсролын салбарт, эрүүл мэнд, нийгмийн салбарт бүх талаар тусалж дэмжиж байгаа. Энэ хоёр улс цаашдаа дэлхийн тавцанд, олон улсын харилцааны тавцанд бие биенээ бүх талаар дэмжсэн, харилц­сан туслалцсан, сайн түнш орон бо­лоо­сой гэж хүсдэг юм. Миний дараа­гийн хүсч мөрөөдөж байгаа зүйл гэвэл Турк улс барилгын салбарт их хүчтэй. Маш чанартай, хямд төсөр аргаар барилга барьдаг. Хэдхэн жилийн өмнө Станбул хотод очиход агаар нь маш бохирдолттой, манайх­тай ойролцоо гэр хороолол шиг бүтэцтэй хороол­лууд их байсан. Гэтэл арваадхан жилийн дотор түүнийгээ өөрчлөөд, орчин үеийн хороолол болон, амины орон сууцуу­дыг босгочихсон. Энэ туршлагыг нь очих болгондоо судал­даг. Хүмүүстэй нь газар дээр нь очиж уулзаж, төс­лийнх нь багтай нь танил­цаж байсан. Манай дүүргийн нэг тул­гамдсан асуудал бол гэр хороолол тойрсон асуудлууд байдаг. Гэр хо­роол­лыг барилгажуулах ажилд тэдний тус дэмийг авах юмсан гэж их хүсдэг. Энэ чиглэлээр саяхан Турк улсын Элчин сайд болон суурин төлөө­лөгчид­тэй уулзаад гэр хорооллыг барилгажуулах ажилд дэмжлэг болж оролцож өгөөч гэж санал тавьсан. Үүнийхээ зэрэгцээ бид дүүрэгтэй тохиромжтой газрыг сонгоод Турк ул­сын дэмжлэгтэйгээр “Анкара” хороол­лыг барья гэсэн саналыг тавихад маш таатай хүлээж авч, ажил хэрэг бол­гоход бүх талаар дэмжихээ мэдэгд­сэн.

-Берлин хороолол гэж яриад байгаа билүү. Бас Москва хороо­лол гэж байгуулагдсан. Наадах чинь бол гоё л төсөл байна? 

-Тийм.

-Одоогоор нийслэл хотыг  АН-ын лидер, улсын баатар Э.Бат-Үүл толгойлж байна. Улс төрийн га­дуур­­халт гэж хэлэх юм уу, улс төрийн утгатай хүйтэвтэр харилцаа ер нь үнэртэх юм уу. Эсвэл том лидерийн хувьд үнэхээр томоор асуудалд хандаж байна уу. Та хэдэн удаа уулзсан бэ? 
-Мэдээж захирах, захирагдах ёс гэж байна. Манай дээд шатны удирд­лагууд Нийслэлийн удирдлагууд байдаг. Тэдний бодлого чиглэлтэй манай дүүрэг, миний хийж байгаа ажил нийцэж байх ёстой. Э.Бат-Үүл дар­гатай уулзаж ажил хэргийн санал санаачлагаа хуваалцаж байхад өөрөө их нээлттэй, аливаа санал санаач­лагыг сайхан хүлээж авдаг хүн шиг санагдсан. Уулзаж ярилцахаасаа өмнө ерөнхийдөө их хатуу, нэг л тогтсон байрь суурь байвал түүгээрээ л зүтгэчихдэг юм шиг санагддаг байсан. Яг уулзаад үзэхэд ажил хийе гэсэн санаачлагыг дэмжих хүн юм шиг санагдаж байна.

-Ер нь хот бол улс төржилт багатай газар байх  шүү? 
-Тийм. Аж, ахуйн ажил ихтэй.

-Та 2009-2011 онд МАН-ын Удир­дах зөвлөлийн Хэрэг эрхлэх га­зарт улс төрийн ажилтан хийж бай­сан юм байна. Энэ бол бас сонин баримт байна. МАН-ын бүтцийг их залуужсан гэдэг. За­луужсан гэх энэ ойлголтод харин дунд, ахмад  үеийнхэн таатай ханд­даггүй. Өн­гөн дээр нь гарч ирсэн залуу­чуудаас болоод байдаг юм шиг байна лээ. Нөгөө талаас тэр за­луу­чуудыг дагуулж яваа  фрак­цуу­даас нь бас болоод байгаа юм. Таны эрхэлж байсан тэр ажил  ямар­хуу алба байсан бэ, улс тө­рийн намын гал тогоонд ороод ажил­­лахад намын бүлэглэл, фрак­циуд хоо­рондоо ямар харилцаа, уур амь­салтай байх юм. Та жишээ нь, аль бүлэглэлд хамрагддаг хүн бэ? 
-Миний хувьд Н.Багабанди дарга дээр шадар туслахаар ажиллах хугацаа дууссаны дараа  ажил төр­лийн их олон сонголт байсан . Хувийн хэвшил, банк, санхүүгийн салбар, олон улсын байгууллагуудаас сана­лууд ирж байсан. Тэр дотроос МАН-д ажиллах сонголтыг хийсэн.
Намынхаа төлөө хувь нэмрээ оруулъя гэж хүсээд бүр анхны улс төрийн ажилтнаас нь эхлээд ажилласан. Манай намд аугаа том түүх, улс орондоо хийсэн бүтээн байгуулалтаас нь гадна засч залруулах зүйлс ч олон байдаг. Ямар нэгэн бүлэглэл дамжиж явцуу хүрээнд буруу арга барилаар ажиллах үзэгдлүүд байдаг нь мэдрэгддэг. Намын Удирдах зөвлөлийн төвшинд ажиллаж байхад ийм зүйл мэдэгдэггүй байсан. Нам бол ерөнхий бодлоготой. Тэр ерөнхий бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө л хувь нэмрээ оруулж ажилласан. Миний өөрийн хувьд ямар нэгэн бүлэглэлд байдаггүй. Би угаасаа бүлэглэл дагасан үйл ажиллагаануудыг дотроо хүлээн зөвшөөрдөггүй. Яг дүүргийн төвшинд ч юм уу, нийслэлийн төвшинд анзаараад байхад их явцуу бүлэг болчихсон, ялангуяа түүнд нь зарим залуучууд оролцдог болсон нь их харамсалтай санагддаг. Намд бол ухаан бодлоо уралдуулаад, үнэхээр үзэл бодлоороо бусдыг манлайлаад, түүгээрээ дамжиж өөрийн хүрээллийг бий болгоод ингээд цаашлаад явах ёстой гэж би боддог. Ерөөсөө бусдыг шахаж, хавчиж тойрон хүрээллээ бий болгох замаар хөшигний цаана үгсэн тохирсон байдлаар намын ажлыг хийдэг болсон учраас манай нам нийслэлийн сонгуульд амжилтгүй оролцсон байх талтай гэж би хувьдаа хардаг.

-Н.Багабанди гуай бол маш том лидер. Танай намыг харж байхад лидерийн хомсдолд орсон нь ажиглагдаж байгаа. Ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ гээд шүүрдээд бодоход л эхнээсээ гацаж байна. Кондитат байхгүй шахам,  тун цөөхөн харагдаж байгаа. Н.Багабанди гуайг эс тооцвол өөр ямар лидер танд таалагддаг вэ? 
-Таны хэлсэн гарцаагүй ортой зүйл л дээ. Ерөнхийлөгчийн сонгууль бол манай намын хувьд маш чухал сонгууль. Миний хувьд одоогийн эрх баригч хүчний бодлого зарим талаар түрэмгийлсэн, хүч түрсэн санагддаг. Үүнийг зөв, зүйтэй гольдиролд нь оруулах, арай нэг шударга орчин үүсгэх, гэрэл, гэгээ тусгах,олон ургалч үзэл бий болгоход нөлөөлөх гол зүйл бол Ерөнхийлөгчийн сонгууль. Ойрын үеийн улс төрийн хамгийн том зорилго бол энэ сонгууль болоод байна. Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам маш зөв нэр дэвшигчээ сойх нь чухал. Манай нам лидергүй болчихлоо гэдэг яриа манай намын хамт олны дунд ч гэсэн яригдаж байна. Мэдээж ард түмний төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, хүлээн зөвшөөрөгдсөн үе, үеийн лидерүүд байгаа. Энэ дотроос та хэллээ. Мэдээж Н.Багабанди даргыг зөвхөн би биш Монголын ард түмэн хайрлаж, хүндэлж , үгүйлж байдаг юм билээ. Мөн С.Баяр даргыг би  маш их хүндэлдэг. Хэдий ойрхон хамт ажиллах завшаан тохиогоогүй ч гэсэн тэр хүний арга барил, зарчим, лидерийнх нь шинж чанаруудаас нь аль болохоор суралцахыг хичээж явдаг юм.

-Ер нь бол Н.Багабандийг, С.Баярыг, дөнгөж саяхан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүртэл эргээд үгүйлээд эхэлж байна шүү дээ. Ялагдсан “айл” гундуу харагддаг нь үнэн. Энэ бол орчлонгийн жам. Гэхдээ л нэг тийм гялалзах лидер байхгүй. Амьсгаа дарсан, толгой гудайсан шинжтэй байгаа нь үнэн юм шиг ээ. Парламентад гэхэд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин гээд цааш нь хуруу дарагдахгүй байна шүү дээ? 
-Тийм. Үнэн. Хүндэлдэг улстөрчид дотроо мөн түүнчлэн таны хэлсэн У.Хүрэлсүх даргыг нэрлэхгүй байж болохгүй. У.Хүрэлсүх даргыг намын хамт олон ч мөн үгүйлж байгаа. Үүнийг залуучууд гэлтгүй, ахмад үеийнхэн ч хэлж байдаг. У.Хүрэлсүх даргаас маш олон зүйлийг энэ хүнтэй ойрхон ажиллахдаа сурсан. Маш шударга, зоригтой, санасан зүйлээ хэн нэгэн хүний дарамт шахалтаас, улс төрийн шантаажаас айхгүйгээр хэрэгжүүлдэг. Намынхаа эрх ашгийг хувийнхаа эрх ашгаас дээгүүрт тавьдаг. Намынхаа нэрийг солихгүйгээр, намын шинэчлэлийг явуулахгүйгээр урсгаж байгаад сонгуульд ороод нам ялалт байгуулах юм бол энэ хүний карьерт ямар том дэвшлийг авчирч болох вэ гэдэг нь тодорхой байсан ч энэ хүн хувийнхаа эрх ашгаас илүү намынхаа эрх ашгийг дээгүүрт тавьсан гэж боддог юм. 

-Танай нам УИХ-д нэр дэвшигчид дээрээ алдсан уу? 
-Нэр дэвшигчдийн хувьд төгс төгөлдөр болсон гэж хэлэх аргагүй. Хэд хэдэн газар дээр нэр дэвшигчдээ алдаж сонгосон  гэж үздэг.

-Одоо танай дүүрэг дээр улс төрийн нөхцөл байдал ямархуу байна вэ. Таны Засаг даргын эрх үүрэгт хөндлөнгөөс оролцдог уу. Дөнгөж бүрэлдэж байхад нь ИТХ-тайгаа хэр харилцаатай байдаг вэ гэж асуух нь утгагүй байх? 
-Би өөрөө Иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчэээр ажилладаг учраас Иргэдийн хурлынхаа үйл ажиллагааг ойлгож дэмжиж ажилладаг. Угаасаа ч Засаг даргын үйл ажиллагаа Иргэдийн хуралтайгаа нягт уялдаатай ажиллахгүй байхын аргагүй. Шинэ Иргэдийн хурал бүрэлдсэн. Удахгүй анхдугаар чуулганаа хийгээд Засаг даргын асуудлаа авч хэлэлцэнэ. Тэгэхээр Иргэдийн хурлын дарга болон Засаг даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь манай намын бодлого болон, Иргэдийн хурлын гишүүдийн маань бүрэн эрхийн асуудал.

-Хуучин гишүүд хэр олон байгаа вэ, улиран сонгогдсон гишүүд гэвэл? 
-Улиран сонгогдсон гишүүд цөөхөн байгаа. Улиран сонгогдсон гишүүдээс өмнөх хуралд байсан нэг л хүн байгаа. Түүний бүр өмнө Иргэдийн хуралд байсан бас нэг хүн бий.

-Үнэхээр шинэчлэгдсэн юм байна. Мэдээж дүүрэг бол иргэдийн халуун амьдралтай холбоотой шийдвэрүүдийг өдөр тутам гаргаж байдаг газар. Ажлын ачаалал өндөр байдаг байх. Гэхдээ Улаанбаатар хотыг дэлхийн бусад хотуудтай харьцуулахад үзэж харах, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх газар дутуу дулимаг. Та зав чөлөөгөө юунд зориулдаг вэ, Манай залуучууд дээд үеэ дагаад ан ав, морь мал гэж их хуйлардаг шүү дээ. Том том булган малгай, газар шүргэсэн урт урт дээл гээд л. Таныг харахад тэднээс өөр төрлийн залуу учраас сонирхмоор санагдаад? 
-Сүүлийн үед чөлөөт цаг гэх хугацаа гарахгүй болчихсон. Өглөө 08 цагаас эхлээд орой 22 цаг хүртэл ажиллаж байгаа. Дүүргийн ажил гэдэг яг иргэд рүү чиглэсэн ажил учраас иргэдийн амьдралд тулгамдсан асуудал том, жижиг гэлтгүй Засаг даргад л хамаарах ёстой . Тиймээс л иргэдийг бухимдуулсан асуудал, төрийн албан хааагчдын хүнд суртлын асуудал зэргийг аль болохоор богино хугацаанд шийдэхийг бодож ажиллаж байгаа.

-Театруудаар орох зав гарахгүй байна уу? 

-Театруудаар хааяа нэг ордог. Уг нь театрт дуурь, балет үзэх дуртай. Саяхан оросын балетчдын  тоглосон тоглолтыг үзсэн. Бага зэрэг цаг хугацаа гарвал аль болох гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэхийг л хичээдэг.

-Та чинь залуу хүн байж олон хүүхэдтэй юм байна лээ ? 
-Хүүхдүүд маань одоо бага л даа. 5 настай, 4 настай, нэг нь дөнгөж ой гарантай.

-Та өөрөө эцэг эхээс олуулаа юу, олон хүүхэдтэй байх дуртай юм аа даа? 

-Би дээрээ нэг л эгчтэй.

-Цөөхүүлээ юм байна. Тэгэхээр л олуулаа байхыг мөрөөддөг байж дээ? 
-Тийм.

-Танай гэр бүлийн хүн юу хийдэг вэ? 
-Манай гэр бүлийн хүн гэртээ хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа. Анхны хүү маань таван жилийн өмнө төрөхөд олон улсын билетийн кассд ажилллаж байсан. Түүнээс хойш хүүхдүүдээ хүмүүжүүлээд, ар гэрээ авч явж байна даа.

-Долоо хоногийн хэд дэх өдөр та иргэдтэй уулздаг юм бэ, иргэдийг хүлээж авах өдөр ойролцоогоор хэдэн хүн ирэх вэ? 
-Миний хувьд иргэдийг хүлээж авна гэсэн тодорхой өдөр байдаггүй. Би өдөр бүр иргэдийг хүлээж авдаг. Иргэдийн тоо янз бүр. Заримдаа арваад хүн, заримдаа түүнээс их хүн ирнэ. Ирсэн хүн болгоныг хүлээж авч байгаа, ер нь буцааж байсан хүн байхгүй байх. Аль болохоор хүнийг хүлээлгэхгүй, чирэгдүүлэхгүй гол асуудлыг нь түргэн шуурхай сонсоод  асуудлыг шийдэх юмсан гэж л хичээж ажиллаж байна.

-Чингэлтэй дүүрэгт хамгийн ихээр тулгамдсан асуудал юу байдаг юм бэ? 
-Чингэлтэй дүүргийн хувьд гэр хороолол, орон сууцны хороолол, дээр нь зуслангийн ногоон бүстэй. Эдгээр бүсүүд маань өөр өөрийн онцлогтой. Орон сууцны хороололдоо харьцангуй тохижилт сайн ч гэсэн иргэдийг бухимдуулдаг гол асуудал нь газар олголтын асуудал байдаг. Үүн дээр анхаарч ажиллахыг хичээж Засаг даргаар томилогдсноос хойш байшин барилга тойрсон, буруу газар олголтуудаас үүдсэн асуудлуудтай л ноцолдож байна.

-Бухимдалтай, хэцүү ажил байна шүү дээ. Хүний авчихсан өмчийг булааж, ер нь бол буцааж нурааж байна л гэсэн үг шүү дээ. 
-Байшин барилга баригдсан байвал хэцүү. Нэг талаар хүний ахуй амьдрал, бизнес байдаг учраас. Харин газар олгосон, сууриа ухах гэж байгаа газруудыг хууль журмынх нь дагуу шийдэх ёстой гэж үзэж байгаа.

-Гэр хороололд  дулаан холбоно гэсэн асуудал яригдаж байгаа. Надад бол бүтэшгүй санагддаг. Уулан дээр байгаа айл бүрт дулаан очно гэдэг үлгэрийн яриа юм шиг санагддаг. Яахав ойрхон “32-ын тойрог” , Ганданд ч юм уу хэдэн айлд шугам аваачиж холбоод ингээд эхлүүллээ  шүү. Одоо цаашаа явуулна гээд л дараагийн сонгуульд орно.  Уг нь үүнээс өөр олон гарц байгаа. Энэ төслийг  та хувьдаа юу гэж боддог вэ? 
-Гэр хорооллыг цэгцлэх бол Улаанбаатар хотын агаарын бохирдлоос салгах цорын ганц гарц юм. Гэр хорооллыг ойрын жилүүдэд гарцаагүй барилгажуулна. Сүлжээ гэр хороолол руу яваад эхэлсэн байгаа. Тиймээс ажлыг зоригтой эхлүүлж төсөв мөнгөө зөв хувиарлаж ажиллах ёстой. Жишээ нь шахмал түлш гээд бид багагүй хөрөнгө  цацсан. Түүнийхээ оронд 2-3 орон сууц барьсан бол хэчнээн сайн билээ. Тэгээд тийшээгээ иргэдийг суурьшуулж, чөлөөлөгдсөн газар дээр нь дахин зохион байгуулалтыг хийгээд явсан бол ажил гольдирлоо олчихсон байх байсан. Гэхдээ энэ ажлуудыг хийнэ.

-50 айлын газрыг чөлөөлж нэг байшин босгоход 50-иас илүү айл орно шүү дээ. Тийм маягаар явахгүйгээр айл бүр рүү шугам явна гэдэг бол дэндүү  адармаатай харагддаг юм л даа? 
-Тэгэлгүй яахав. Гэр хорооллын маань оршин суугчдын амжиргааны төвшин их сул шүү дээ. Тэд маань гялгар уутанд боочихсон 100-хан грамм махыг өдөртөө худалдаж авдаг. Нэг уут нүүрсээ өдөрт нь л авдаг хүмүүс. Тиймээс яах аргагүй хямд өртөгтэй орон сууцны төслийг эхлүүлэх хэрэгтэй. Цаашдаа амины орон сууцны ажлыг хослуулан явах байх.

-Цаг зав гаргаж надтай ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе? 
-Манай дүүргийн 20 жилийн ой тохиож байгаа юм. Өнөөдөр ёслолынхоо арга хэмжээг хийж байгаа өдөр та бид уулзаж таарлаа.Сонгууль давхцаад ёслолын арга хэмжээгээ хийж чадахгүй байгаад байсан юм. Тэгээд өнөөдөр бид хүндэтгэлийн хурал, хүндэтгэлийн концертоо хийлээ. Үе үеийн удирлагуудтайгаа хамт баярынхаа хурлыг хийлээ. Яг энэ өдөр мөн бүх  л үеийн төрийн албан хаагчид болон улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан дүүргийнхээ бүхий л байгууллагууд, аж ахуй нэгжүүддээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Шагналыг гэхэд би өөрөөр харж шийдсэн гэж бодож байна. Аль болох энгийн ажиллагсдад хүртээхийг хүслээ. Эгэл жирийн сахиул манаач, хорооны галч, үйлчлэгч нар, гудамжинд ажилладаг талбайн цэвэрлэгч нар, цагдаагийн байгууллагаас гэхээр дэслэгчээс доош цолтой энгийн алба хаагч хүмүүсийг, тэгээд  аль болох олон жил ажилласан хүмүүсийг баярлуулья гэж бодсон. Тэр зарчмаараа ч хийж чадлаа. Тэд маань ямар их баярлаж байна вэ. Би Засаг даргаар томилогдсоноос хойш ганц нэг хүнийг сургалт аялалаар гадагш нь явуулсан юм. Жишээ нь, дүүргийн Засаг даргын Тамгын газарт 17 жил ажилласан нэг хүнийг сургалт аялалд явуулья гэж шийдвэрлэсэн. Манай үйлчлэгч. Тэр хүн маань ганц ч удаа гадаад явж үзээгүй. Гадаад паспортоо сая анх удаагаа аваад явж байх жишээтэй. Бүх ажил нуруун дээр нь явж байдаг эгэл жирийн ажилтнуудаа төр  мартах ёсгүй.  Шийдвэр маань зөв байсан гэдгийг тэдний баярласан харц, сэтгэлийнх нь догдлолоос харагдаж байна.

-Үнэхээр сайхан шийдвэр болжээ. 17 жил үйлчлэгч хийхэд нь хэн ч түүний хөдөлмөрийг ингэж үнэлээгүй байжээ гээд бодоход уйлмаар болж байна. Танд амжилт хүсье?
-Тийм ээ. Эгэл жирийн, дуугүй л урдах ажлаа хариуцлагатай хийж ирсэн хүмүүст хэн ч хүндэтгэл үзүүлдэггүй юм байна. Дандаа дээшээ харсан, дарга даамлууд руу чиглэсэн урамшууллын бодлого явах нь буруу шүү дээ. Хүнд урам, хүүхдэд бурам  гэж нэг сайхан үг байдаг биз дээ. 
http://ganchimeg.niitlelch.mn 

Э.Сонинтогос: Cоёлын онцгой үнэт зүйлүүд манайд бий


ССАЖЯ,  Соёл урлагийн их сургууль,  ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар,  ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, БШУЯ, Олон Улсын Монгол судлалын холбоо, МУЗ хамтран  “Соёл ба хөгжил” чуулганыг арванхоёрдугаар сарын 12-14-нд Улаанбаатар хотноо зохиох гэж буй. Энэхүү үйл ажиллагааг санаачлан, хэрэгжүүлэгч СУИС-ийн захирал, доктор  Э.Сонинтогостой чуулганы талаар ярилцсан юм.  
-Удахгүй зохиогдох “Соёл ба хөгжил” чуулганы талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?
-Соёл бол зөвхөн нэг салбарын асуудал биш. Соёл бол хүний хөгжлийн амин чухал хэсэг, хувь хүн болон нийгмийн бүтээлч байдлын эх сурвалж, цаашилбал улс орны  тусгаар тогтнол, тогтвортой хөгжлийн үндэс гэдгийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2010 оны хуралдаанаас Соёл ба хөгжил тогтоол гаргасан бөгөөд түүний үзэл санааны дагуу улс, бүс нутгууд дор бүрнээ хуралдаж байна.  2013 онд дэлхий дахины Соёлын чуулган болно. Бид өнгөрсөн жилээс энэхүү чуулганыг хийх хүсэлтээ ЮНЕСКО-д илэрхийлж байсан. Үүнийг маань ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс дэмжсэн. Бас энэ жил манай улс Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай болсон нь “Соёл ба хөгжил” чуулганыг зохион байгуулахад ихээхэн нэмэр тус болж, саяхан  дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдлаа.  Соёлын чуулган маань олон улсын хурал, соёлын ажилтны сургалт семинар, үзэсгэлэн, сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдээс бүрдсэн цогц ажил бөгөөд олон улсын хурлаа ирэх сарын 12-14-нд хийх гэж байна. Манай бага  хуралд ЮНЕСКО-гийн нэр хүндтэй шинжээчид оролцоно. Түүнчлэн энэ үеэр соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим  байгууллагын үзэсгэлэн гарах юм. Өнгөрсөн долоо хоногт Соёлын өв судлалаар эрдэм шинжилгээний хурал болоход олон хүн ирж санал бодлоо илэрхийлсэн.

-Соёл гэдэг бол асар өргөн хүрээг хамардаг зүйл. Гэтэл яагаад заавал эхний хэлэлцүүлгээ соёлын өв судлалын асуудлаар хийсэн юм бэ?

-Соёлын өв судлалын чиглэлээр хийж байгаа ажил манайд маш бага. Гэтэл манайх    соёлын өвөөр маш баян. Түүнийгээ судалж, шинжилж,  таниулан сурталчлах, эргээд бүтээгдэхүүн болгоход шинжлэх ухааны байр сууринаас хандах нь чухал юм. Тиймээс соёлын өвийн асуудалд эрдэмтэд хүчээ нэгтгэж, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, судалгааны арга зүйгээ шинэчлэх, эрдэмтэн судлаачдаа дэмжих, үүнд  төр засаг, бизнесийнхний анхаарлыг хандуулах цаг болсон байна.  Соёлын өвөө хадгалж хамгаалах, түүний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гээд хийх ажил их бий. Энд тэнд нүүрсний орд олдлоо л гэдэг. Бас түүнээс илүү юу гэхээс дутахгүй үнэ цэнтэй булш бунхан, түүхийн үнэт дурсгал маш ихээр олдож байна. Тэр бүхнийг агуулах сав, дэлгэн үзүүлэх музей, галерей байна уу. Бүгдийг гадагшаа алдаад дуусахгүй нь лавтай. Манайд өнөөдөр олон сайхан музей хэрэгтэй байна. Эндээс л монголын түүх соёл харагдана, энд л монгол бахархал  харагдах учиртай. Бас соёлын өвийг хадгалж хамгаалахад иргэдийн оролцоо, эр зориг, эх оронч сэтгэл чухал. Энэ тухай бас хүмүүс ярьсан.  Хүн төрөлхтний өөрийнх нь түүхийг таниулахад ач холбогдол бүхий гойд  чухал соёлын үнэт зүйлүүд манайд байдаг атал зориулалтын ганц музей алга.

-Энэ бүхэн Соёлын чуулганыг зохиох болсон хамгийн том шалтгаан байв уу? 
-Монголчуудын эртнээс бий болгосон соёл бол хүн төрөлхтний нийтлэг соёлд онцгой байр суурь эзэлдэг. Нүүдэлчин монголчуудын байгаль, эх дэлхийтэйгээ харьцаж ирсэн уламжлалт соёл, сэтгэлгээ, хуримтлуулсан мэдлэг туршлага  орчин үед асар үнэ цэнтэй  юм. Үүнийгээ бид дэлхий нийтэд таниулж сурталчлах тал дээр санаачлагатай ажиллах шаардлагатай.  Бидний хуучин хоцрогдсон  гэж үздэг зүйлүүд үнэд орж байна. Ер нь энэ цаг үе монголчуудын хувьд аль ч талаасаа  дахин сэргэлтийн гэж хэлж болохоор. Хэрхэх нь монголчууд  өөрсдөөс минь шалтгаалах учраас 50, 100 жилийн дараа олон улсад сайны жишиг  улс бий болгоход соёлын гүйцэтгэх үүрэг асар их. Монгол орны эрчимтэй хөгжлийг зөвхөн нүүрс, уул уурхайгаар бус энэ бүхний суурийн суурь нь бидний соёл юм гэдгийг хүмүүс ойлгож байгаа болов уу.

-Монгол бол асар өвөрмөц соёл урлагтай орон. Энэ өвөрмөц байдлаа хадгалах хамгаалахад хөрөнгө мөнгө чухал шүү дээ. 
-Яах аргагүй энэ бол бидний давуу болоод сул тал маань. Бидэнд соёл урлагтаа зориулаад байх хөрөнгө мөнгө, хуримтлал байсангүй. Бас үндэсний соёл урлагтаа гараа сунгах үндэсний хөрөнгөтнүүд одооноос л төрж байна. Одоо манай хөрөнгөтнүүд шүрэн хөөрөг, хурдан морь төдийхөнд хөрөнгө мөнгөө үрэх биш бүр томоор үндэсний соёлын хөгжлөө хардаг болж байна. Түрүүчээсээ дэлхийн стандартад нийцэх концертын танхим, театрыг өөрсдийн хөрөнгөөрөө барьж эхэлж байна. Энэ бол маш сайхан эхлэл. Үндэсний хөрөнгөтнүүд маань монголынхоо өв соёлыг үр хойчдоо үлдээхийн төлөө анхаарал хандуулж эхэлсэн нь сайшаалтай. Энэ бол хөгжлийн  шинэ түвшин.   Өнөөдөр манай хүмүүс  дэлхийн урлаг , азийн урлагийг хэр сайн мэдэх билээ. Монголд  Азийн орчин үеийн урлаг, дэлхийн урлагийн үзмэрүүдээс дэлгэн үзүүлсэн хувийн музей, галерей бий болооосой гэж бид хүсдэг. Үүнд заавал төрийг барьж байгуулахыг хүлээх биш өөр ямар боломж гарц байна вэ гэдгийг хайж олох ёстой. Хүний мэдэх, бүтээх шунал хязгааргүй байвал энэ нь эргээд хөгжилд түлхэнэ. Тиймээс Соёлын чуулганд зөвхөн урлаг соёлын салбарынхан биш эдийн засаг, банк санхүү, инженер, боловсролынхон, төрийн бус байгууллагынхан  илүү түлхүү оролцоосой гэж бид хүлээж байгаа.

-Энэ олон салбарын төлөөлөл оролцож, асуудлаа хэлэлцэх учраас уг чуулганаас ямар үр дүн хүлээж байгаа вэ? 
-Чуулганаас мэдээж “Улаанбаатарын тунхаг”-ийг гаргана. Монголын чуулганы үр дүн юу байх бол. Бид хамтдаа ямар төсөл хөтөлбөрийг дэвшүүлэх, хэрэгжүүлж,  төр засгаас алийг нь дэмжүүлэх, бизнесийн болоод олон улсын байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэж, шийдэлд хүрнэ гэж найдаж байгаа. Тийм учраас бид ухаан санаагаа уралдуулах биз. Энэ зорилгоор веб хуудас ажиллуулж олны санаа бодлыг сонсож байна.

-Ингэхэд хэзээнээс бид соёл гэдэг үнэт зүйлээ гээж, мартаж эхэлсэн юм бол?
-Харин л дээ. 20  жилийн өмнө Чингис гэж хэлсэн хүн ажлаасаа халагдаж,  уртын дууг төрийн концерт  дээр л дуулдаг,  монгол дээл өмссөн хүнийг хоцрогдсон бүдүүлэг гэдэг байсан. Гэтэл одоо монгол дээлээ бид хэтэрхий гэмээр маяглуулж, энэ юу вэ гэмээр бүр олон янзаар өмсөж байна. Хэдхэн хоногийн өмнө Чингис хааныхаа мэндэлсэн  өдрийг тэмдэглэв. Үнэхээр эзэн хааныгаа монголчууд, голомт улсынх нь төрийн тэргүүн л магтан дуурсгах ёстой үгийг Ерөнхийлөгч хэлсэн. Тэр үгийг сонсоод монгол хүн болж төрсөн заяандаа хүн бүхэн бахархсан болов уу. Цаг ингэж л өөрчлөгджээ. Монгол гэдэг ахуй байгаа цагт хэл, соёл мартагдана гэж байхгүй. Гэхдээ сүүлийн үед энэ ахуй, орчин маань асар хурдтай өөрчлөгдөж байгаа нь эмзэглүүлж байна. Мартахгүй гээд хэдэн үеэрээ малчин байна гэсэн үг биш л дээ. Бид тийм нэг саармаг сэтгэхүйтэй, саармаг соёлтой, саармаг улс болчихвий гэх эмзэглэл байнаа. Соёлын чуулганыг хийж буй шалтгааны нэг нь энэ юм. Дэлхий юугаараа гоё вэ гэхээр олон төрөл зүйлийн соёл иргэншилтэй улс үндэстэн амьдардгаараа. Тиймээс л НҮБ энэ олон талт соёлыг хэвээр хадгалах нь дэлхий дахин энх тайвнаар зэрэгцэн оршихын үндэс гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Саяхан би хэсэг залуустай уулзлаа л даа. Гадаадад мэргэжил эзэмшээд ирсэн тэр залуус монголоороо өвчилж, эх орноороо гоёхыг үнэхээр хүсч байна. Гэтэл тэд монголоо, монгол соёлыг бага мэдэж байна гэнэ. Залуус маань дургүйдээ биш, мэдэхгүйдээ эх хэл, соёлоо эзэмшиж,  түүгээрээ гангарч чадахгүй байна гэнэ.  Тэдний энэ хүсэл зоригийг бид мэдрэхгүй байгаа нь  алдаа юм. Тиймээс залуусаа энэ чуулганд нэгдэж,  санал бодлоо илэрхийлээсэй гэж хүсч  байна.
Бидний мах цусанд монгол аялгуу, монгол сэтгэлгээ өвлөгдөж ирсэн учраас мартсан зарим зүйлээ хурдан сэргээж чадсан юм шүү дээ. 
Л.ГАНЧИМЭГ
www.news.mn




Bottom of Form

Monday, 3 December 2012

Б.Сарантуяа: Сорхугтани хатны түүх хамгийн ихээр таалагдсан учраас роман бичих хүсэл төрсөн

13 дугаар зуунд Чингис хаан тал нутгийн Монголчуудыг дахин нэгтгэж, Их Монгол улсыг байгуулан, Монголын бүх овог аймгууд их хааны сүр хүчин дор нэгдэж байсан тэр цагт Хэрэйд хэмээх оюуны өндөр соёлтой овог аймгийн удирдагч Ван ханы дүү, Жаха Хамбугийн охин Сорхугтани, Чингис хаантай тангараг тасарсан эцэг эх, ахан дүүсээ аврахын тулд өөрийн хүслээр хаанд ирж, бага хүү Тулуйтай нь гэрлэж байгаагаар энэ роман эхэлнэ.  Гоо үзэсгэлэн төгс Хэрэйд охин Сорхугтаний эгч Ибагаг мөн Чингис хаан өөрийн хатнаа болгон авах боловч, удалгүй аав нь хаан эзэнтэй дахин тангараг тасарна. Хоёр охиных нь нэрээр олон удаагийн урвалтыг нь уучилсан Чингис хаан Сорхугтанийн аав Жаха Хамбуг хөнөөж, эцгийг нь алсан хүнд эгчийг нь өгч явуулан, Сорхугтанийг өөрийн бэр хэвээр үлдээж байгаагаар зохиол үргэлжилэх бөгөөд хааны бэр хэвээр үлдсэн ч Сорхугтанийн амьдралд  урт удаан аз жаргал  үргэлжилсэнгүй. Эзэнт гүрний баян тансаг амьдрал, эрх мэдлийн зах хязгааргүй  дунд ч хүний л амьдрал өрнөж байх тул, хүний зовлон ч өөрийн байраа эзэлсэн хэвээр байдаг ажээ. Ар араасаа ирэх өнчрөл хагацал түүнээс эцэг эх, хайртай эгч, халамжит хань, дотно бүхнийг нь нэг нэгээр авч явдаг. 
Эцсийн мөчид эмэгтэй хүнээс л гарч болох ухаан, тэвчээр, хатуужил энэ хатныг тал нутгийн элгэн дээр хөл дээрээ чанга гишгэн зогсох их хүчийг хайрлаж, атаа хорсол албин хорлолын дундуур ч өөрт заяасан ухаан авьяасаараа гэтэлж, эх хүний үүргээ нэр төртэй биелүүлж, эм  хүн энэ орчлонд ирээд буцахдаа юуг хийж болохыг өөрийн биеэр харуулдаг. Энэ романд их эзэн Чингис хааны үеэс хойш, Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жил, Монголын нууц товоо бичигдэж дууссанаас хойшхи түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ. Сорхугтани хатнаар дамжуулан Монголын түүхэнд төдийлөн дурсагдаагүй үлдсэн олон хатад, тэдний эмгэнэлт хувь заяаг өгүүлжээ. 
Эзэнт гүрний нийслэл Хархорум тухайн үед хэрхэн дэлхийн хөгжил цэцэглэлтийн өлгий болж байсан хийгээд, өнөө хир тэрсэлдэн байгаа олон шашин Монголын тэнгэр дор хэрхэн эв нэгдэлтэй оршиж байсан үнэн түүхийг өгүүлдэг. Сорхугтани хатны төрүүлсэн дөрвөн хүү цагийг эзэлсэн их хаад болж, алтан ургийн гинжин хэлхээг 400 жил залгуулан, Лигдэн хаан хүртэл үргэлжлүүлж, хожим түүний үр хүүхдүүдийн дундаас 4-р далай лам, анхдугаар богд Занабазар нар төрсөн юм. Газрын явдлыг таньж барсан түүний хөвгүүд тэнгэрийн явдлыг тольдон харахаар дэлхийн анхны одон орон судлалын төвийг өнөөгийн Ираны нутагт байгуулсан бол одоогоос ердөө гурван зуун жилийн өмнө төрөөс ард түмний хүүхдийг сургуульд сургаж болох юм байна гэдэг шийдвэрийг гаргаж байсан. Сорхугтани хатан найман зуун жилийн өмнө Бухард дэлхийн анхны сургуулийг бариулж, Хатны сургууль хэмээн нэрлэж байсан нь өнөө ч сүндэрлэсэн хэвээр байдаг.  Сорхугтани романд энэ бүх гайхамшигт түүхийг өгүүлэх болно. Тус романыг “New mind” компанийн захирал, НИХТ,  хатагтай Г. Идэрмаа ивээн тэтгэн хэвлүүлжээ.
Сорхугтани романы зохиогч Бямбаагийн Сарантуяа. УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийг 1995 онд зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр дүүргэсэн. Сорхугтани роман нь түүний үргэлжилсэн үгийн чиглэлээр бичиж буй анхны роман юм. Зохиолчтой уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
 

-Романаа бичих санаагаа хэзээ олсон бэ. Чухам яагаад хатны тухай сэдвийг сонгосон юм бол?
- Би 21-р зуунд амьдарч байгаа шинэ зууны иргэн. Өөрөөр хэлэх юм бол миний хамгийн сайн мэдэх зүйл бол одоо цаг. Өнөөдөр Монгол хүн сайхан амьдрахыг хүсч байна. Улс орон минь амгалан байж, айх аюулгүй, дутах зүйлгүй тайван амьдрахсан гэж хүн бүр хүсдэг.  Ингэж хүсэх бүрдээ эх зах нь олдохгүй байгаа энэ улс оронд ид шид амилах мэт Чингис хаанаа дахин гарч ирээсэй гэж хүмүүс үгүйлдэг. Тэр дахин төрөөсэй. Үгүйдээ түүн шиг нэг хүн гарч ирээд энэ улс орныг залаасай. Болохоо болиод байгаа энэ нийгмийн амьдралыг өөрчлөөсэй гэж  чин сэтгэлээсээ  хүсдэг.  Тэгвэл Чингис хаан гэж хэн байсан бэ. Түүний тухай өгүүлэх гадна дотны олон эх сурвалжууд, ном зохиолууд бий. Тэдний дундаас шүүрдэн их хааны оюун санааг хэрхэн өнөөгийн хүмүүсийн өмнө ил гаргах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Түүний оюун санааг ил гаргаснаар их түүхээсээ суралцаж болно гэж бодсон. Би эмэгтэй хүн. Тиймээс эр хүний өмнөөс бодох, сэтгэхэд амаргүй. Мөн хүний эцэг болж үзээгүй учир энэ жаргал хийгээд зовлонг мэдэхгүй. Харин тэр цагт зэвсэг барин дайтаагүй ч, их хаадын амсхийх чөлөөнд засгийг удирдаж байсан, тухайн үеийн дэлхий ертөнцөд оюун санааны дайныг явуулж байсан ухаант хатдыг сонирхон судалсан. Монголын нууц товчоо зохиолын үндсэн суурь болсон эвлэн нэгдэхийн тухай өгүүлэх таван сумны сургаалыг хайрласан Алун гуа эхээс эхлээд Өэлүн эх, Бөртэ хатан, Хулан хатнаар үргэлжлэх олон сайхан эмэгтэйчүүдийн түүхийг сөхсөн. Харин энэ олон хатдын дундаас надад Сорхугтани хатны түүх хамгийн ихээр таалагдсан тул цааш судалж эхэлсэн. Судлах тусам сонирхолтой санагдаж, бүдэг бадаг мэдээллүүдийг цааш хөвөрдөх, ургуулан бодох, хоорондоо зөрөөтэй эх сурвалжуудыг тайлах гэж тэмүүлэх  хүсэл минь улам бадарсан.  Эндээс л энэ роман төрөх эхлэл тавигдсан  гэж ойлгож болно.
 
-Романаа хэдий хэр хугацаанд судалж бичив дээ? 
- Судлахад нэг их удаан хугацаа зарцуулаагүй ээ. Гэхдээ  бага хугацаанд асар их ном уншсан. Нимгэн зузаан хорь гаруй ном уншсан. Заримыг нь бүтнээр нь уншиж, заримыг нь өөрт хэрэгтэй гэсэн хэсгээ түүвэрлэсэн дээ.  Эндээс Сорхугтани хатны  тухай ерөнхий ойлголтыг гаргаж аваад түүхэн цаг хугацаануудад тулгуурлан үйл явдлыг зохиомжилсон. Цаг хугацааны хувьд Сорхугтани хатан Чингис хааны бэр болон ирж байгаагаас түүний насан эцэс болж байгаа хүртэлх тавь гаруй жилийн хугацаа багтаж байсан тул эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын хагас зуун жилийг өгүүлэх хэрэгтэй болсон. Романд шинэ шинэ баатрууд нэмэгдэн гарч ирэх бүрийд тухайн хүний түүхийг дахин судлах гээд их ажил өрнөдөг юм билээ.  Бичихэд дөрвөн сар, засахад хоёр сар зарцуулсан даа.  Мөн холын хүнээс үг сонс гэдгийг санаж Тасам буюу Тархан суурьшсан Монголчууд ТББ-ын тэргүүн Санчирыг зөвлөхөөр авсан.
 
- Таны роман бусад романуудаас юугаараа онцлог болсон гэж хэлэх вэ?
- Өнөөдөр бид цаг хугацаа хэмээх хэнийг ч хүлээхгүй асар их хурдтай уралдаж яваа.  Хүмүүс ном унших дуртай байгаа хэдий ч хэт урт, нуршсан, үйл явдал нь хэрхэх нь тодорхойгүй, сунжирсан зохиол уншихаас цааргалах болж.  Уншигчдийн шаардлага зохиолчдоос товч, тодорхой, ойлгомжтой, үйл явдал нь сонирхол татахуйц, цаашлаад дараа нь яах бол гэсэн хүлээлтийг үүсгэх, уншихад амар хялбар байх гэх зэрэг шаардлагуудыг хүсдэг.  Би энэ зохиолыг уншигчдад л зориулж байгаа учраас тэдний шаардлагыг харгалзан үзэх учиртай. Тиймээс энэ бүхнийг бодолцсон. Миний номыг нэг барьсан хүн хэрхвэл дараа уншина гэж хойш тавихгүйгээр үргэлжлүүлэн уншиж дуусгах вэ. Хэрхвэл тэднийг эцсийн мөч хүтэл дагуулж чадах вэ, хэрхэн нуршихгүй хэр нь дөрвөн зуу гаруй хуудас роман бичих вэ гэдгийг бодож бичсэн. Мэдээж утга зохиолын онолоос гажихгүйгээр шүү дээ. Харин ном гарсны дараа миний эргэн тойрны хүмүүс дээд тал нь хоёр өдрийн дотор уншаад дуусгачихлаа гэж хэлж байгааг сонссон. Ямартаа ч тэдний шаардлагад нийцсэн бололтой санагдсан шүү. Харин бусад онцлогийн хувьд гэвэл бид ирээдүйгээ бүтээе гэвэл өнгөрснөөсөө сурах учиртай. Өнөөдөр уншигчдын дунд түүхийн судалгааны ном уншдаг хүн цөөхөн.  Харин болж өнгөрсөн түүхийг уран зохиолын аргаар уншигчдад хүргэхэд олон хүн сонирхон уншдаг. Өвөг дээдсийнхээ бахархам түүхийг бид эндээс мэдэж болно. Тэдний оюун санаа, хүсэл мөрөөдөл, амьдралын зорилго юу байсныг харж болно. Өнөөдөр хүмүүс сайхан байшин, гоё машин, ганган хувцас, эд хөрөнгө эрх мэдэлд шунадаг.  Найман зууны өмнө ч хүмүүс амьдарч байсан. Сайхан байшингийн оронд орд өргөө, ганган машины оронд хүлэг морь, эд баялаг, эрх мэдэл гээд тэдний хүсэл ч өнөөгийн бидэнтэй л адил байж.  Гэвч Чингис хаан хийгээд түүний үр хүүхдүүд энэ олон сонирхол, зөрчлийг зангидаж, зөвхөн Монгол туургатныг бус бүх дэлхийг хэрхэн нэгэн тугийн дор нэгтгэн захирч, улс орноо дэлхийн энгээр тэлж чадсан агуу ухаан хүч нь чухам юунд оршиж байсан юм бэ гэдгийг харуулахыг хүссэн. Зэвсэг барин дайтахаас өөрийг мэддэггүй гэж хэлэгдэх өвөг дээдэс минь оюун санааны хувьд ямар түвшинд хүрсэн хүмүүс байсан  бэ гэдгийг харуулахыг зорьсон.
-Таны  роман түүхэн эх сурвалжуудаас зөрүүтэй юм биш биз дээ. Жишээ нь Сорхугтанийн нөхөр Тулуй өөрийн ах Өгөөдэй хааны өмнөөс золио болон нас эцэслэсэн тухай бодит түүх бий. Харин таны номонд Тулуйг хаан ахынхаа өмнөөс золио болохоос өмнө өөрийгөө хаанд  өргөмжлүүлж байгаад тэнгэрт хальж байгаа тухай гарч байна?
- Хааны оронд хаан хүн л золио болох учиртай биз дээ. Жишээ нь өнөөгийн ерөнхийлөгчийн өмнөөс түүний төрсөн дүү гарын үсэг зурж болохгүй. Бас үхэж болохгүй. Яг түүнтэй ижил Хядан улсын газар усны эзэд лус савдаг хилэгнэж хааныг авна хэмээн хэлүүлсэн үгийг бөө зайрангууд дамжуулсны дараа Тулуй өөрийн шийдвэрээ гаргаж хаан ахынхаа өмнөөс золио болсон түүхтэй. Хааныг авна гэж хэлүүлж байхад дүүг нь золио болгохыг лус савдагууд хүлээж авах уу? Хэдийгээр бодит түүх ч ургуулан бодох хэрэгтэй болсон. Эцэст нь хааны оронд хааны дүү биш хаан хүн л тэнгэрт халих ёстой хэмээн сэтгэж, Тулуйг хаан ширээнд залах ёсыг үйлдүүлж, дараа нь бөөгийн шившлэгтэй усыг уулгаж тэнгэрт халиаж байгаагаар зохиомжилсон. Тулуй бол Чингис хааны отгон хүү. Гал голомт сахих албан ёсны хүн. Гэвч отгон хүүгийн хувиар хаан болох заяатай төрсөн ч хаан ширээнд заларч, ахынхаа өмнөөс тэнгэрт халих тавлинтай байжээ гэдгийг өгүүлсэн нь миний өөрийн зохиомж л доо.
-Мөнх хаан, хаан ширээнд суугаад их цэвэрлэгээ явуулж, төрд тэрсэлсэн хүмүүсийг хатуу цээрлүүлсэн тухай гашуун түүхүүд байдаг. Таны номонд энэ тухай арай бага орсон санагдлаа.  Ер нь хаадын алдааны талаар бага дурдсан байх шиг? 
- Энгийн жишээ. Танай аав ээжийг хажуу айлын чинь хүмүүс муу хэлээд байвал чи дуртай байх уу. Яг түүн шиг бидний түүхийг ихэнхдээ гадныхан бичиж байна. Өөрөөр хэлбэл аав ээжийн минь тухай хажуу айлынхан  дур зоргоороо ярьж болохгүй. Зарим үед их түүхээ өмгөөлмөөр, их хаадынхаа төлөө заргалдмаар зүйл их бичигддэг. Бид өөрийн түүхийг тодорхой хэмжээгээр өмөөрөх ёстой. Учир нь бид өвөг дээдсийн үр хүүхэд учраас. Зуун жилийн өмнө юу болж байсан түүхийг бүдэг бадаг мэддэг бидний монголчууд найман зууны өмнөхийг тодорхой мэдэх аргагүй шүү дээ. Энэ түүхийг Монголын нууц товчоо болон тухайн үед манайд ирж байсан гадна дотны элч төлөөлөгчдийн өөрсдийнхөөрөө бичсэн тэмдэглэлүүдээс бэлхнээ  харж болно. Нууц товчооноос хойших түүх маш бүдэг байдаг. Хожим 17-р зуунд бичсэн Алтан товч, шар тууж, асрагч нэртийн түүх зэрэг зохиолууд ч мөн шашны үзэл баримтлал хэт шингэсэн байх нь анзаарагддаг учир бодит түүхээс хол санаггддаг.  Тэд ч мөн дөрвөн зууны дараа бичигдсэн зохиолууд шүү дээ. Одоо бид найман зууны дараа бичиж байна.
 
- Таны хувьд телевизийн сэтгүүлч хүн. Роман бичнэ гэдэг цаг зав барсан ажил биш үү.  Ажлаа зохицуулах гээд асуудал үүссэн байх даа?
- Телевиз бол цаг нартай уралддаг ажил. Миний хувьд энэ урлагт олон жил зүтгэж явна. Харин үндсэн мэргэжил минь зохиолч, утга зохиол судлаач. Өнөөдөр телевизүүд борооны дараах мөөг шиг олноор бий болж үзэгчдэд олон талтай мэдээллийг хүргэж, энэ урлагт олон хүн хүчин зүтгэж байгаа. Харин цөөн хэдэн хүний нуруун дээр яваа утга зохиолын ертөнц, уншигч олон сайн зохиол, сайн зохиолчийг хүлээж байна. Унших хүмүүс дэндүү их байна. Харин унших ном ховор.  Цөөн хэдэн зохиолчид нь хүрэлцэхгүй болсон юм шиг санагддаг. Тиймээс өөрийн үүргийг ухамсарлаж үндсэн мэргэжлийн ажлаа хийхээр шийдсэн хэрэг. Хөтөлгөө морьтой явах нь буруу юу байх билээ. Телевиз бол залуу насны ажил гэж би боддог. Зүс царай минь гундаж, залуу нас минь барагдаж эфирийн шаардлага хангахгүй болох хүртлээ энэ ажлаа хийх болно. Харин зохиолчийн мэргэжил хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Толгой сэтгэж, гар хөдөлж байсан цагт хийсээр л байх болно. Энэ бол бахархалтай  хөдөлмөр гэж би ойлгодог.
Д.Догсмаа