Monday, 4 February 2013

Д.Арвин: МАН намайг дарамтад оруулах зорилготой байгаа

УИХ-ын гишүүн Д.Арвиныг энэ удаагийн “Ярилцах танхим”-ынхаа зочноороо урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн Цэц тантай холбоотой асууд­лаар хуралдсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би Сонгуулийн хуулийн дагуу бүх үйл ажиллагаагаа явуулсан. Тэгээд сонгогдоод, гарч ирсэн. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс, магадгүй МАН-ынхан намайг удаа дараалан ийм хүнд байдалд оруулж байна л даа.
Жишээлбэл, анхан шатны үүрүүдийнхээ хурлаар намайг намаас нь гарсан асуудлыг хэлэлцээд, одоо болтол жижиг, сажиг асуудлуудыг тавьж, намайг сэтгэл санааны хувьд дарамтанд оруулах сонирхолтой бай­гаа юм билээ. Намайг зүгээр байлгахгүйгээр сар болгон ямар нэгэн байдлаар хүнд байдалд оруулах процесс явагдаж байгааг би мэдэж байгаа. Сонгуулийн хуулинд “Дахин сонгууль, нөхөн сонгуулиудад ирцийг бүртгэнэ” гээд тодорхой заачихсан. Харин дахин санал хураалтын тухайд ирцийг харгалзахгүй, зөвхөн 28 хувиас дээш санал авсан байх ёстой гэсэн хуультай. Энэ хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо миний нэрийг оруулж ирсэн. Гэтэл өргөн барьсан өдрөөс эхлээд л намайг ийм байдалд оруулж байгаа юм. Үндсэн хуулийн Цэц хуралдсан гэдгийг мэдээгүй байсан. Миний асуудлаар хуралдсан юм билээ. Тэр өдөр нь мэдээлэл сонсоход Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан гэж байсан. Сүүлийн үед улстөрчид нэг нэгэн рүүгээ дайрах, дарамтад байлгах үйлдлүүд ихээр гарч байгаад би их харамсаж байна. Би өөрөө сонголтоо хийсэн. Энэ бол урвалт биш, сонголт.

-Гэнэтийн сонголт тань тэднийг цочирдуулсан бололтой?
-Би энэ намд өмнө нь маш олон жил хүнд байдалд байсан гэдгээ ярихгүй байгаа шүү дээ. Зовлонгоо яривал надад их юм бий. Гэтэл өнөөдөр миний араас удаа дараалан удирдах нөхдүүд нь ярилцлага өгөөд, анхан шатаар “юм” зохион байгуулаад, Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгааг миний эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж байгаа. Ер нь Д.Арвинг намаас гаргах асуудал бол манай намын удирдах төвшний хүмүүсийн аль зургаадугаар сараас хойш хийсэн ажил шүү дээ. Долоодугаар сарын 1-нээс эхлээд л “Д.Арвин Хувьсгалт намд орчихсон” гээд миний өмнөөс мэдэгдэл, мэдээлэл хийж дамжуулсаар байгаад намайг “Байж суух газаргүй” бол­гочихсон. Нэг ёсны намайг намаа солих байдалд хүргэсэн хүн нь МАН-ынхан. Намайг яаж ч дарамталж, дарамттай байлгалаа гээд сэтгэл санаагаар унах ч юм уу, тийм зүйл байхгүй. Тэгж унадаг нас, цаг өнгөрсөн. Тийм учраас би зүгээр өөрсдийнхөө намыг шинэчлээд, өөрсдөө аятайхан байгаачээ гэж Ардын намынхнаас хүсмээр байна.

-Цэц хуралдсан асуудлыг ер нь МАН-ынхны хийж байгаа ажил гэж үзэж байгаа хэрэг үү?
-Тийм. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл МАН-ын анхан шатны үүрүүдийн хурал болгон дээр миний тухай хэлэлцүүлээд “Д.Арвинг сар, өдөр болгон зүгээр битгий суулгаарай” гэсэн үүрэг өгсөн. Энэ зорилгоороо гишүүдээрээ хэлэл­цүүлээд, гишүүдэд зааж өгч, яриулаад байгаа юм билээ.

-Ер нь энэ парламент бүрэн эр­хээ хэрэгжүүлж эхэлснээс хойш гишүүдийг ямар нэгэн байдлаар эргүүлэн татах, эсвэл гишүүн болгох гэсэн оролдлогууд шүүхийн захирамжаар гарч бай­гаа. МАН-ынхан бол үүнийг сон­гогчдын эрхэнд халдсан асуудал гэж шүүмжилдэг. Харин та хэрхэн харж байна вэ?

-Хуулийг л дээдлэх ёстой. Хууль бус шийдвэр гарсан, хууль бусаар хийсэн үйлдэл байвал хэн нь ч хариуцлагаа хүлээх ёстой. Тийм учраас шүүхийн шийдвэр нь маш зөв гараасай, хуулийн шийдвэр нь зөв гараасай. Хууль зөрчсөн, мөнгө төгрөг тараасан зэрэг нь үнэхээр баримттай байвал эргүүлэн татах нь гарцаагүй. Тэгэхээр би бүх зүйл шүүх, хуулиар зөв яваасай л гэж бодож байна.

-Танд бол хууль зөрчсөн асуудал огт байхгүй гэж харагдаж байна уу?
-Байхгүй. Дахин санал хураалт, дахин сонгууль хоёр өөр ойлголт. Дахин сонгууль, нөхөн сонгуулийн тухайд ирц нь 50-аас дээш, нэр дэвшигч нь 28-аас дээш хувийн санал авсан байх ёстой байдаг. Харин дахин санал хураалтад 28 хувиас л дээш санал авсан байх ёстой. Ирцийг харгалзахгүй. Тэр нь сонгуулийн хуу­линд тодорхой байсаар байтал ийм зүйл хийгээд байна.

-Та Ардчилсан намд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Өмнө нь МАН-ын төлөө чамгүй олон жил ажилласан. Ардчилсан намд орсноор хэр өөрчлөлт ажиглагдаж байна вэ. Хоёр намын ялгааг илүү сайн олж харж байгаа байх?

-Ардын намд байх хугацааны сүүлийн хоёр, гурван жилд би зогсонги байдалд орсон шүү дээ. Та нар мэдэж байгаа, би дуугарахаа ч байсан. Өнгөрсөн парламентын гишүүд надаас их халгаж байсан байх. Би намын бүлгийн хурал дээр уурлан байж үг хэлж, даралтаа ихэсгэж, гараад эм уугаад л явж байсан. Буруу юм хийж байна, ингэн, тэгж болохгүй гээд л хэлдэг байсан. Би МАХН-ын нэрийг солиход эсрэг байр суурьтай байсан. МАН гэдэг нэрийг авахад маш их дургүйцсэн. Тэр хурлын үеэр би эмнэлэгт хэвтсэн байсан. Намын нэрийг солихыг би сонс ч нүдээрээ харахыг ч хүсээгүй. Гишүүд нь ингэж зовж байгааг Ардын намын удирдлагууд огт мэддэггүй. Өөрсдийнхөө л өнгө аяс, үзэмжээр шийдвэрээ гар­гачихдаг. Тийм учраас олон зүйл дээр үг авахгүй, дэмжихгүй байдлыг хараад би сэтгэл гонсойчихсон байсан. Өмнөх сонгуулиар нэг намаас хоёр дахь удаагаа дэвших үед манай нам намайг хүчээр “цаашаа болгочихсон” нь надад олон зүйл дээр мэдрэгдсэн. Үүнтэй холбоотойгоор би өөртөө дүгнэлт хийе гэж бодож байсан. Хоёрдугаарт, МАН-ынхан намайг өөрийнх нь Ардын намд байхад аль хэдийнэ Хувьсгалт нам руу явуулчихсан. Миний өмнөөс ярилцлага өгч, миний өмнөөс “Д.Арвин МАХН руу явчихсан” гэж ард түмэнд мэдээлж байсан. Энэ мэт олон нөхцөл байдлаас би намаа өөрчилсөн. Ардчилсан намд орсондоо сэтгэгдэл өндөр байгаа. Яагаад гэвэл миний өөрийн натур, байгаа байдал ардчилсан. Ил тод хэлчихдэг, үзвэл үзчихдэг, яривал ярьчихдаг. Бодох санах юм байхгүй. Би өөрийнхөө намд ярих тусам дандаа дарагдаж байсан. Ардчилсан намд би өнөөдөр ярьдаг юмаа яриад л явж байгаа. Тэгэхээр энэ хоёр намын хооронд маш их ялгаатай юм билээ. Ардчилсан нам бол фракциудтай. Тэр нь ойлгомжтой. Бүг­дээрээ асуудлыг фракц, фракц дээрээ шийддэг. Манайд бол фракц байдаггүй. Хоёр, гуравхан дарга дарамтлаад л бүх юмыг шийдчихдэг. Эднийх бол нэг асуудлыг дөрөв, таван фракц ярилцаж байж, хамтын хүчээр шийддэг. Энэ нь надад маш их таалагдсан. Ийм учраас миний өөрийн натур энэ намтай нийцэж байгаа. Тэгэхээр Ардчилсан намд би сэтгэлийн хувьд их сайхан, тайван байна.

-Н.Энхбаяр даргын талаар юу гэж бодож байна вэ?
-Хуулийн хүрээнд шийдвэр нэгэнт гарчихсан учраас би үүнийг зөв, буруу гэж ярьж чадахгүй. Гэх­дээ ямар нэгэн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг өршөөл үзүүлэх байх гэж бодож байна. Ер нь Н.Энхбаяр даргыг явуулах, матах үйл ажиллагааг өөрийнх нь Ардын намынхан л явууласан байх гэж боддог. Энэ асуудал нэгэнт болоод өнгөрчихсөн. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөл үзүүлэх байх л гэж бодож байна.

-Та Ардчилсан намын гишүүн. Хэдий тийм ч шинэч­лэлийн Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн харж байна вэ, алдаа, дутагдалтай зүйл байна уу. Нөгөө талаар энэ засаг удахгүй тарна. МАХН-ынхан эсвэл МҮАН-ынхан засгаас гарна гээд л байх юм?

-Ер нь Засгийн газар болгон шүүмжлэлд өртдөг. Өртдөггүй Засгийн газар гэж байдаггүй. Энэ жамаараа бол Засгийн газрыг шүүмжлэх асуудал байдаг. Гэхдээ мэдээж энэ дөрвөн жилд би Засгийн газрыг уначихна гэж бодохгүй байна. Харин үйл ажиллагааны хувьд мэдээж ололттой, дутагдалтай талууд бий. Бид аль болох иргэд рүүгээ хүрсэн, иргэдтэйгээ тулсан ажил зохион байгуулъя гэж байгаа. Ардчилсан намын дарга, Засгийн газар иргэд рүү тулсан, иргэдийнхээ төлөө ажил явуулж байна. Миний хувьд үүнд сэтгэгдэл өндөр байгаа. Тийм ч учраас үүн дээр нэмж, өөрийнхөө бодож, төлөвлөж явсан ажлуудаа хийх, хамтарч ажиллах таатай нөхцөл бүрдсэн гэж бодож байна.

-Тухайлбал, ямар ажил байна вэ, таны хувьд?
-Дагуул хотуудыг байгуулах асуудлаар УИХ-ын даргын захирамж гарсан байгаа. Нийслэл Улаанбаатар хотод Монголын хүн амын 48-50 хувь нь төвлөрчихсөн. Цаашдаа ч хөдөөгийн иргэд хот суурин газарт суурьших бодолтой болчихсон. Наад зах нь 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын арван хүн тутмын долоо нь төв суурин газраа бараадах цаг үе ирчихсэн байгаа юм билээ. Тэгэхээр нийслэл хот маань энэ их шилжин ирэгсдэд бэлэн байна уу. Хотын хүчин чадал, төлөвлөлт бэлэн байна уу гэдэг нь маш чухал. Тэгэхээр бид иргэдийнхээ төлөө төв суурин газруудыг шинээр зохион байгуулах ёстой. Улаанбаатар хотыг тойрсон Багануур, Төв аймаг, цаашилбал, Сонгинохайрхан дүүрэг, 61-ийн гарам өнгөрөөд төвлөрсөн дагуул хотуудыг байгуулж, тэндээ төрийн төв байгууллагуудыг шил­жүүлж, төвлөрлийг сааруулах хэрэгтэй байгаа. Бид их нүүдлийг зогсоох ямар ч боломж байхгүй. Тиймээс иргэддээ нүүж ирэх бо-ломжийг бий болгохын тулд шинэ хотуудыг хотын захад бий болгож, суурьшуулах асуудлыг төр өөрөө зохион байгуулах ёстой. Бид иргэдэд хотын захад газар өгөөд байхад иргэд тэнд очиж суухгүй байгаа. Яагаад гэвэл иргэд өөрсдөө зах зээлээ бараадаж, төв суурин газарт суурьшихыг хүсэж байна шүү дээ. Үүнд тохирсон бодлогыг Ардчилсан намынхан гаргаж байна. Би энэ ажилд хамтарч, дагуул хотуудыг байгуулах комисст багтан ажиллаж байгаа. Одоо Дагуул хотуудын тухай хууль боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байна.

-Таныг УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа бүгд л МАХН руу явна гэж харж байсан байх. Харин та АН-ыг сонгосон. Яагаад МАХН-ыг сонгоогүй вэ?
-МАХН руу явна гэдэг долоо­дугаар сараас явуулсан мессежний эзэн би биш байсан. Миний өм­нөөс манай намын нөхдүүд аль долоодугаар сараас эхлээд л “Д.Ар­вин бол МАХН-ын хүн” гээд л сонин хэвлэлээр “нүдчихсэн”. Би өөрөө ийм шийдвэр гаргаагүй байхад миний өмнөөс шийдвэр гаргачихсаныг би огт ойлгохгүй байгаа. Ингээд л дахин, дахин ийм мессеж тараад бай­хаар “Би явах ёстой юм болов уу. Үгүй юм болов уу” гэж бодож л байсан. Би МАХН-ын нэрийг МАН болгоход дургүй байсан гэдгээ хэл­сэн. Тийм учраас хуваагдсан хоёр намын аль нэгэнд нь ороод хэрэггүй юм болов уу гэж бодсон. Алинд нь ч оролгүйгээр АН-д оръё гэж шийдсэн.

-Ярилцсанд баярлалаа.
Л.ЭНХДЭЛГЭР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Д.Болд: ”Үүлэн домог” дууны аяыг хулгайлаагүй гэдгийг мэргэжлийнхэн хэлэх байх

217517_596479280379325_198229783_nТөрийн соёрхолт дуучин Д.Болдын бие даасан арав дахь “Монгол поп-2” цомгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өчигдөрхөн болж өнгөрсөн. "Тэрээр мөн Монгол поп-1,2" цомгоо дэлхийн томоохон хөгжмийн сүлжээ сайтад борлуулж эхлээд байгаа. Бүх зүйлээрээ амжилттай яваа Д.Болдтой сүүлийн үеийн уран бүтээл болон бусад зүйлсийн талаар ийн хөөрөлдлөө.

- “Монгол поп” гэж  яг ямар урсгал юм бэ гэж хүмүүс асууж сонирхдог. Та тэдэнд ямар тайлбар хэлдэг вэ? 
- "Монгол поп” гэж яг юу юм бэ гэж хүмүүс надаас асуудаг. Дээл өмсөхөөрөө “Монгол поп” болчихдог юм уу ч гэж бас асуудаг. “Монгол поп” гэдэг нь уламжлал дээр тогтсон шинэ цагийн рок поп хөгжмийн урсгал. Тийм учраас би Монголынхоо энэ урсгалыг дэлхий дахинд мандуулна гэсэн дотоод шартай хөдөлмөрлөж яваа. Удахгүй “Мини” тоглолт хийнэ. Ерөнхийдөө бага хэмжээний тоглолт хийж хүмүүст танилцуулбал илүү үр дүнтэй гэж бодож байгаа. Хүн болгон хөгжмийн боловсролгүй учраас бид бүхэн энгийн маягаар “Монгол поп” урсгалыг тайлбарлана. Энэ жил “Камертон” хамтлагийн тоглолт, миний тоглолт,  шинэ хамтлагийн тоглолт болно. Ерөнхийдөө их ажилтай байгаа. Өнөөдөр “Монгол поп-2” цомог гарлаа. Энэ бол Д.Болдын урсгал биш Монгол улсын урсгал. Тиймээс Монголынхоо хамтлаг дуучидтай хамтран ажиллах ажил эхэлж байна.


-     “Үүлэн домог” дууны аяыг гадны дуунаас хулгайлсан гэсэн мэдээлэл гарсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ? 
-    “Үүлэн домог” хөгжмийн хэмнэлийг орчин үетэйгээ яаж холбосон, ямар гармони ашигласан, ямар аялгуу хэрэглэсэн гэдгийг хөгжим мэддэг хүмүүс сонсоод хэлэх л байх. Ерөнхийдөө гадны R&B дуунууд Дорны аялгууг илүү ашигладаг болсон байгаа. Хүмүүс үүнийг мэднэ. Үүнтэй төстэй санагдсан юм байлгүй. Мэдээж муу зүйл тарахдаа их амархан. Сайн зүйл тарахдаа удаан байдаг.

-    “Монгол поп-2” цомогт  урлаг шүүмжлэгчид ямар дүн тавьж байгаа вэ? 
-    Урлаг шүүмжилдэг мэргэжлийн хүн бага байх шиг байна. Онол болон хөгжим талаасаа шүүжилдэг мэргэжлийн хүн байхгүй. Манай урлагийнханд мэргэжлийн шүүмжлэгч нар их хэрэгтэй байна.

-    Та хувцасныхаа загварыг өөрөө гаргадаг гэсэн үнэн үү? 
-  Загвараа өөрөө гаргадаг. Мөн дээл сайхан хийдэг хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Манайд уран оёдолчид байдаг тэдэнтэйгээ хамтарч ажилладаг.

- Таны уран бүтээл дэлхийн томоохон хөгжмийн сүлжээ сайттай холбогдчихлоо. Дараагийн дуу чинь яг хэдэнд нээлтээ хийнэ гэсэн төлөвлөгөө байна уу? 

-    Энэ талаар бид нар төлөвлөж байна. “Itunes”-тэй анх удаа  харьцаж эхэлж байна. “Itunes”-д бүтээлээ тавьснаас хойш хоёр гурван хоногийн дараа зарим нь гурван долоо хоногийн дараа ордог. Тийм учраас төлөвлөж гадны дуучдын жишгийн дагуу зарлах нь илүү зүгээр юм болов уу? Гэхдээ гадныханы анхаарлыг татахын тулд луугаа маш олон татсан байх хэрэгтэй байх. Топ борлуулалттай альбомд орж байж л манай улс гадныханы анхааралд өртөнө.

-    “Монгол поп”-ыг гадныхан мэддэг болоход ойролцоогоор хэдэн жил шаардагдах бол? 

-    Энэ их хэцүү юм. Нэгдүгээрт манай улс жижиг зах зээлтэй. “Gangnam Style” нэрт гарсны учир нь эхлээд Солонгостоо их хүн үзэж, сонссон. Солонгостоо анхаарлын төв байж дараагаар нь бизнесийн зүйл нь яригдаж эхэлж байгаа юм. Монголд зах зээл нь бага учраас төрийн бодлогын оролцоотойгоор Монголын урлаг дэлхий дахинд гарах байх. Энэ ажил дээр ч би нилээн ажиллана гэж бодож байгаа.

-    Үндэсний хөгжим дээр суурилж бичигддэг “Монгол поп” шиг цомог зүгээр нэг R&B цомгийг хийхэд аль нэгэнд нь илүү их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулдаг байх. Тийм үү? 

-    “Монгол поп” илүү их зардалтай. Учир нь Монголын эдлэл хэрэглэл их үнэтэй. Аятайхан материалаар хийхгүй бол дээл муухай болчихно. Дээл гутлын хийц, зүүлт, чимэг бүгд урлагийн бүтээл учраас зардал ихтэй. Монголын уламжлалт гайхамшигтай бүтээлээ бид дэлхий дахинд брэнд болгох тал дээр анхаарвал зүгээр. Ийм үнэт эдлэлийг монголчууд бид зүгээр л ахуйдаа хэрэглэж ирсэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр Монголын мөнгөн аяга, хоолны хэрэгсэл, эд хэрэглэл дэлхий дахинд брэнд болох бүрэн боломжтой гэж боддог юм.

-     Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та хоёрыг их дотно харилцаатай байдаг байх гэж хүмүүс ярьдаг. Ер нь та хоёр хэр дотно вэ? 
-    Би нэг зүйлд их баярладаг юм. “Камертон” хамтлаг 18 жил уран бүтээл хийсэн. Энэ хугацаанд улсынхаа ерөнхийлөгчтэй уулзах юмсан гэсэн хүсэлтийг их тавьдаг байсан. “Бидний тоглолтон дээр хүрэлцэн ирнэ үү. Бид бүхэн уулзах юмсан” гэсэн хүсэлтийг байнга гаргадаг байсан. Тэр болгонд бидний хүсэлтийг буцаадаг байсан. Харин энэ ерөнхийлөгч маань уулзъя гэхээр маш уриалгахан хүлээж авдагт би их баяртай байдаг. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч маань залуусыг дуудаж гэртээ урьдаг. Твиттерийн жиргээчидтэй хамт ууланд гардаг. Ер нь их нээлттэй хүн. Мөн улсынхаа нэг дуучинтай амралтын өдрийн үдшийг өнгөрөөж уран бүтээлийн талаар болон “Монгол поп” урсгалын хүрээнд цаашид хийх ажлын талаар ярилцсан нь миний хувьд их сайхан санагдаж байгаа. Бид хоёр хамаатан биш. Ураг төрөл садан биш. Зүгээр л нэг дуучин хүнтэй дотно яриа өрнүүлж байна гэдэг нь их сайхан санагдсан. Бид бүхэн өөрсдийнхөө хийх гэж байгаа зүйлээ ерөнхийлөгчдөө тайлагнаж ярина гэдэг бол сайхан. Олон жил бид дуулсан. Би баярлаад ерөнхийлөгчийн гэрт зочилсон зургаа фэйсбүүкдээ тавьсан. Дор нь олон хүн санал сэтгэгдлээ бичсэн байсан. “Ингээд л төрийн шагнал авсан юм байна шүү дээ” гэх мэтчилэнгээр бичсэн байна лээ. Би эмзэглэхгүй байгаа. Төрийн соёрхолт шагналын хувьд бол шагналын дор орно гэж байхгүй. Шагналын дээр гарч уран бүтээлээ хийнэ. Шагнал бол залуу насанд өгсөн урам гэж ойлгож байгаа. Миний хувьд шагналаа сайхан өргөөд илүү оргилын төлөө дээш зүтгэнэ гэж бодож байгаа.

-    Ам барьдаг дуучдын эсрэг нэгдсэн байсан? 
-    Дуучид зайлшгүй амьдаар дуулах ёстой. Ингэх нь дуучдад болон үзэгчдэд сайхан сэтгэгдэл үлдээнэ. Гэхдээ бас нэг учир  бий. Дуучдыг амьдаар нь дуулуулахын тулд  нөхцөлийг нь бүрэн хангасан концертын заал байх ёстой. Яг мэргэжлийн дуугаралттай заал, ажилдаг микрофонтой байх ёстой. Үзэгчид гадуур хувцсаа тайлаад тайван, тухтай концерт үзчих хэмжээний заалтай байх ёстой. Сүүлийн үед гарч ирж буй хамтлаг,  дуучид бүгд ам барьж дуулж байгаа. Энэ бол маш буруу.

-    Та огт амь барьж дуулж байгаагүй гэж үү? 

-    Зарим тохиолдолд ам барих зүйл байсан. Яагаад гэхээр зайгүй, дуугардаггүй микрофон тавьдаг. Тийм нөхцөлд яалт ч үгүй бичлэг тавьдаг. Сайхан заалтай болохын тулд соёлын бодлого хэрэгжих ёстой. Дуучидтайгаа тэмцэхээс илүү микрофон, тоног төхөөрөмж, заалыг нь сайн бэлдэж өгөх хэрэгтэй. Дараа нь хариуцлагаа тооцох хэрэгтэй. Ам барьж дуулж болохгүй гэдэг нь 200 хувь зөв. Ам барих нь дэлхийн дахинд гутамшигтай зүйл гэж нэрлэгддэг. “Камертон” хамтлагийн хувьд ч зарим нэг жижиг шоун дээр ам барих асуудал гарч байсан. Бас болсон болоогүй шоунуудыг цэгцлэх ёстой.

“Камертон-2” шоуны ялагчид “Монгол поп” урсгалаар дуулах уу?
Яг энэ урсгалаар дуулахгүй. Би шинэ хамтлагаа поп R&B чиглэлээр дуулуулна.
Т.Хулан 

Ч.Хашчулуун: Мөнгө тараасан нь хамгийн том алдаа

Эдийн засагч Ч.Хашчулуунтай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг арав гаруй хувийн өсөлттэй гарсан. Та энэхүү өсөлтөө хадгалж үлдэхийн тулд экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэлээ. Экспортын дийлэнх хувийг эзэлж буй нүүрсний экспортыг хангах гол үндэс нь төмөр зам байх нь гарцаагүй. Тэгэхээр төмөр замыг хэрхэн тавибал манай улсад ашигтай байх вэ?
-Ямар ч эдийн засагч нэн тэргүүнд зах зээлд ойрхон замыг сонгох нь гарцаагүй. Бид хүссэн ч эс хүссэн ч урд хөрш рүү эрдэс баялгийнхаа ихээхэн хэсгийг нийлүүлэхэд хүрч буй. Төмөр замыг ямар байдлаар ч болов яаравчлах хэрэгтэй байна. Алийн болгон байгалиа сүйтгэн, хүмүүсийнхээ амь насыг дэнчинд тавин автозамаар хүнд даацын машинаар нүүрсээ зөөх вэ. Одоогоор томоохон уурхайнууд ашиглалтад ороогүй байна. Жижиг Тавантолгойгоос олборлох төдийд ийм их хохирол амсч буй юм чинь хойшид байгаль экологид ямар сүйрэл учрахын одоогоор таашгүй. Нөгөөтэйгүүр экспортоо нэмэгдүүлэхэд урагшаа чиглэсэн төмөр зам нэн тэргүүнд хэрэгтэй. Гуравдугаарт гэвэл Засгийн газар Тавантолгойн IPO хийх гэж бэлдэж байгаа. Энэ ондоо амжихгүй ч ирэх жил хийж л таарна. Тэгэхээр IPO хийхэд бараа бүтээгдэхүүнээ хэнд яаж хүргэх вэ гэдэг нь тодорхой байх учиртай. Төмөр зам тавихгүйгээр хөрөнгө оруулагчдыг татах боломжгүй. 

-Төмөр замын царигийн хувьд ихээхэн маргаан дагуулж байна. Таны хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Төмөр замын царигийн хувьд нарийн байх нь зөв санагддаг. Эдийн засгийн талаас нь харахад шүү дээ. Өөр сонголт байхгүй. Хэрэв бид урагш чиглэсэн замаа өргөнөөр баривал хоёр зуу орчим км яваад ачаа шилжүүлэх шаардлагатай болно. Ачаа шилжүүлэх төвийг асар өндөр үнээр байгуулна шүү дээ. Түүнээс гадна ачаа эргэлтийг удаашруулах, зардал нэмэгдүүлэх бас нэгэн шат дамжлага үүснэ л гэсэн үг. 

-Тавантолгойгоос Сайншанд хүртэл өргөн төмөр зам тавина гэж байгаа. Үүнтэйгээ яаж холбогдоно гэсэн үг вэ?

-Ачаа шилжүүлэх төвөө хил дээр биш Тавантолгойд байгуулж болно шүү дээ. Урдаас ирж буй ачаа Улаанбаатар руу орж ирэхэд ч тэнд л шилжүүлдэг байж болно. Эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай, төрөөс баталсан төмөр замын бодлоготой нийцсэн  шийдэл энэ. Одоогоор Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр замын судалгаа дуусаагүй байгаа. Эцсийн зураглал ч гараагүй байна. Тиймээс экспортоо нэмэгдүүлье, дэлхийн худалдаанд оролцъё гэвэл урагш чиглэсэн нарийн төмөр замыг яаравчлан тавих хэрэгтэй.

-Манай улс далайд гарцгүйн дээрээс Орос, Хятад гэсэн хоёр хөршөөс байнгын хамааралтай явж ирсэн. Хойшдоо ч тийм л байна. Тэгэхээр хоёр хөршийн төмөр замын бодлоготой шинэ төмөр зам маань хэрхэн  холбогдож байгаа бол?

-Хоёр хөршийн бодлоготой уялдуулалгүй төмөр зам бахрих ямар ч боломжгүй. Хятадын хувьд Өвөрмонгол, Уйгар, Шинжанийн төмөр замыг өргөтгөж байгаа. Эл замыг Төв Азиар дамжуулан Турк, Европтой холбох сонирхолтой байгаа. Оросын хувьд ч манай улсын дотоодын төмөр замыг өргөн стандартаар тавиулах сонирхол байгаа. ОХУ бол өөрөө асар их ашигт малтмалтай. Нүүрс, төмрийн хүдэр, газрын тосоор баялаг орон. Ерээд он хүртэл оросууд газрын тос, хийг л гаргаад бусад баялагаа дотооддоо үйлдвэрлэлд ашигладаг байсан бол одоо бодлого нь эрс өөрчлөгдөөд байгалийн баялагаа дэлхийн зах зээлд борлуулах сонирхолтой болсон. Үүний дагуу зүүн хэсгээ хариуцсан тусгай корпораци байгуулан Хятадыг чиглэсэн төмөр зам барих бодлого баримталж  эхэлсэн. Түүнээс гадна Тувагийн нутагт 15 тэрбум тоннын нөөцтэй нүүрсний орд нээсэн. Дэлгэртээхийн орд бас бий. Энэ бүгдийг яаралтай Хятад руу нийлүүлэх сонирхол бий. Москвагаас тусгай компани илгээн төмөр зам тавьж эхлээд байна. Орос Хятадын зах зээлд нүүрсээ нийлүүлээд эхэлчихвэл манайд ашигтай гэж үү. Тэгэхээр энэ бүх эрх ашгийг харгалзахаас гадна өөрийн орны ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих ёстой. Биднийг царигийнхаа өргөн, нарийнийг шийдээгүй, барих хүмүүсээ ч сонгоогүй байтал Оросууд нүүрсээ хятадад нийлүүлээд эхэлчих вий гэсэн болгоомжлол байгааг  нуугаад яахав. 

-Оросоор транзит хийх нь зөв шийдэл мөн үү?
-Оросоор транзит хийх нэн хэцүү. Оросоор транзит хийх замын урт Хятадаар явах замаас тав дахин урт байгаа. Дээрээс нь зардлын хувьд хямд биш. Боомт дээрээ Оросын өөрийнх нь нүүрсээр дүүрсэн байдаг. Тийм учраас хугацаа, өртгийн хувьд  илүү үнэтэй тусна. Сүүлийн таван жилд манай улсын төмөр замд ахиц дэвшил гарсангүй. Дараагийн таван жилд ч дэвшил гарах магадлал бага байна. Тиймээс төмөр замаа яаралтай тавьж, хятадын зах зээлд нүүрсээ гаргах, цаашлаад хятадаар дамжуулан Солонгос,  Японд нийлүүлэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна. Өөр эргэлзээ байхгүй. 

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад дотоодын хувийн хэвшлийнхнийг илүүтэй дэмжсэн байр суурийг баримталсан гэж байгаа. Энэ нь хэр зөв шийдэл гэж та бодож байна вэ?

- Ашигт малтмалын тухай хуулийн тухайд би эдийн засагчийн байр сууринаас саналаа хэлье. Манай улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Гишүүн орнуудын хувьд олон улсын өмнө хүлээсэн нэг үүрэг бол компаниудыг дотоод гадаад гэж ялгахгүй гэсэн зарчим байдаг. Энэ үүднээс харвал дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ зөрчиж буй хэрэг. Нөгөөтэйгүүр байгалийн нөөц гэдэгт жимс, загас ч орно. Өөрийн чинь ишлэснээр бол “Жимсийг ганцхан монгол хүн түүнэ. Загас барих ажилд гадаад хүн орж  болохгүй” гэвэл инээдтэй сонсогдоно биз дээ. Ашигт малтмал ч ялгаагүй. Тэгэхээр одоохондоо гадны оролцоог хэт хязгаарлах нь буруу юм. Гадны улс орнуудын хувьд хөрөнгө оруулахыг хязгаарлаад эхэлбэл  зах зээлд нь бараа бүтээгдэхүүнээ борлуулахад хүндрэл гарах магадлалтай. 

-Монгол Улсын Засгийн газар “Чингис бонд” гаргасан. Одоогоор бондын хөрөнгийг юунд зарах нь тодорхойгүй байгаа. Эдийн засагч хүний хувьд бондын хөрөнгийг юунд зарцуулах нь ашигтай гэж зөвлөх вэ?

-Олон улсын практикаар бол улс орныхоо хөгжлийн болон хөрөнгө оруулах төслийнхөө төлөвлөгөөг боловсронгуй болгосны дараа бонд гаргадаг. Гэтэл  манай Засгийн газар  юунд зарахаа тодорхойлоогүй байхдаа бонд гаргачихлаа. Ямар ч бодлогогүйгээр зээл авах нь цаг хугацаа алдах тал байдаг. Миний хувьд хөгжлийн бодлого нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын бодлого хоёрдугаарт байх учиртай гэж боддог. Ер нь бол мөнгө зээлнэ гэдэг буруу хэрэг биш. Монголын хувьд санхүүгийн зах зээлд хөрөнгө мөнгө дутмаг байгаа болохоор бонд гаргасан нь зөв. 1,5 их наяд төгрөг гэдэг нэг талаас их мөнгө мэт боловч томоохон төслөөр тооцвол хүрэлцэхгүй ч байж мэдэх хэмжээ. Санхүүжүүлэхээр ярьж буй зарим төсөл нь 1,5 их наядаас хол давсан төсөл сонсогдож байгаа. Гэтэл таван жилийн дараагаас мөнгөө төлж эхэлнэ. Тэгэхээр цаг хугацаа алтаар үнэлэгдэж байгааг анзаарч, хамгийн ашигтай төслийг л санхүүжүүлэх хэрэгтэй байна. 

-Үе үе сөхөгддөг ч одоогоор шийдэлд хүрээгүй нэг асуудал бол төрийн банкны хувьчлал. Таны бодлоор банк хувьчлах нь хэр зөв шийдэл вэ? 
-Төрийн банкыг Зоос банкны суурин дээр байгуулсан гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Зоос банкны муу зээлийг төр үүрээд доголдолгүй үлдсэн хэсэгт түшиглэн Төрийн банкыг байгуулсан шүү дээ. Өнгөрсөн жил Төрийн банк ашигтай ажилласан гэж сонссон. Тэгэхээр яваандаа Төрийн банк арилжааны үйл ажиллагаа явуулсаар байх нь тодорхой тул төрийн зуун хувийн хөрөнгө оруулалттай байх нь зохимжгүй. Тиймээс хувьчилж л таарна. Ингэхдээ анх байгуулахад гарсан зардлыг нөхчих юм бол төр хохиролгүй үлдэнэ. Гэхдээ харин Төрийн банкыг хувьчлах цаг болсон гэхэд арай эрт байна. Эрсдлийг судалж, үнэд хүрэх үеийг нь олж хувьчлах учиртай. 

-Манайхан жилдээ ганц тохиодог цагаан сарын баяраар бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөдөг. Гэтэл бусад улс оронд бол баярын үеэр хямдардаг. Манайд эсрэгээрээ байгаа үнийн өсөлтийг сааруулахын тулд Засгийн газар юу хийх ёстой вэ?
-Үнийн бодлого гэдэг манайх шиг хөгжиж буй орны хувьд онцгой анхаарах асуудлын нэг. Засгийн газраас үнэ тогтворжуулах төрөл бүрийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь сайн хэрэг. Гагцхүү тэр нь ямар үр дүнтэй байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Юуны өмнө бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмбэл үнэ буурна. Гэтэл манай улсын зах зээл гадаадын монополь байдалд орчихоод байдаг. Төмөр замын асуудал л гэхэд гадны хараат байна. Цахилгаан, шатахууныг ч нэг л улсаас авч байна. Хуучин гурилыг ч голчлон гадаадаас авч байсан. Харин “Атрын аян” өрнүүлснээр улаан буудай, гурилын хувьд гадны гар харахааргүй болсон. Ян үүнтэй адил цахилгаан, шатахууныг дотооддоо дорвитойхон үйлдвэрлэж байж үнийн савлагааг барьж чадна. Дийлэнх хэрэглээний барааг урд хөршөөс импортолдог. Тэгэхээр хятадад хэдий хэрийн инфляци байна тэр чигээрээ манай эдийн засагт орж ирдэг. Хятадад орон сууц, барилгын материал, түүнийг дагаад хүнсний барааны үнэ өсч байна. Өнөөдөр л гэхэд Хятадад цагаан будааны үнэ өссөн гэсэн мэдээлэл гарсан байсан. Тэгэхээр Монгол Улс  үах үээлийн нээлттэй бодлого барьж буй тохиолдолд дэлхийн зах зээлийн “шок”-оос ангижирахад нэн хэцүү. 

-Үнэ өссөнөөс хүмүүсийн цалин хөлс үнэгүйддэг. Тиймээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг  нэмэх шаардлагыг МҮЭХ-оос Засгийн газарт хүргүүлсэн. Энэ нь инфляцийг хөөрөгдөх аюултай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ талаар та ямар бодолтой банйа вэ?
-МҮЭХ болон бусад байгууллагаас үнэ өсөхөд цалин нэмэхийг шаарддаг. Үүнийг Засгийн газар тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэхдээ цалингийн өсөлт нь үнийн өсөлтийн суурь болох биш үнийн өсөлтийг нөхөх байдлаар тооцох нь зүйтэй юм. Үүнийг дэлхий нийтийн хэмжээнд индексжлэх арга гэдэг. Нөгөө нэг арга нь бүтээмжийн арга. Манайд бүтээмжийн өсөлт жилд 8-10 орчим хувьд эргэлддэг. Тэгэхээр цалингийн өсөлтийг энэ хэмжээнд нэмэхэд эдийн засгийн хувьд боломжтой гэж бодож байна. 
-Та өмнө нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог удирдаж байсан хүний хувьд  тус хорооны залгамж болсон Эдийн засаг, хөгжлийн яамны ажилд ямар дүн тавих вэ?
-Эдийн засгийн хөгжлийн бодлогыг барих гол байгууллагын хувьд дөрвөн баримтыг гаргах ёстой гэж боддог. Нэгдүгээрт Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлоготой байх. Энэ нь аль нэг нам, улстөрийн хүчин зүйлээс хамаарахгүй тусгаар тогтносон улсын бодлого байх  юм. Хоёрдугаарт дунд хугацааны буюу 4-5 жилийн хугацаанд Монгол Улс ийм ийм зүйл бүтээнэ гэдэг нь тодорхой байх. Дунд хугацааны бодлогод аж үйлдвэр, дэд бүтцээ оруулж болно. Бид 2011 онд дунд хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулаад Засгийн газраар батлуулсан байсан. Мэдээж Засгийн газар өөрчлөгдсөн болохоор тэр бодлого солигдсон гэсэн үг юм. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яам бодлогоо тодорхойлж буй биз ээ. Бас нэгэн зайлшгүй байх зүйл нь хөрөнгө оруулалтын бодлого. Хөрөнгө оруулалтынхаа хэдэн хувийг төр, хэдэн хувийг хувиийн хэвшлээс татах нь эл бодлогод тусгагдсан байх учиртай. Энэ гурван бодлогыг боловсруулсан тохиолдолд хөрөнгөө юунд зарахаа мэдэхгүй гацах тохиолдол гарах учиргүй. Ийм бодлогогүйгээс салбар, хувь хүний ашиг сонирхлоор хөрөнгө шийдэгдэх байдал байсаар байна. Хэн илүү чанга ярьсан, хэн илүү эрх мэдэлтэй талд хөрөнгө оруулалт явчих гээд байна. Эдийн засгийн хөгжлийн яам энэ чиглэлээр ажиллаж буй нь мэдээж. Харин олон нийтэд энэ талаар мэдээлэх хэрэгтэй байна. Дөрөв дэх чухал зүйл нь аймаг сум бүр өөрийн гэсэн төсөв, төлөвлөгөө, бодлоготой байх юм. Аймаг, сум бүрт “толгойн өвчин” бий. Түүнийг хэрхэн шийдэх талаарх дунд хугацааны төлөвлөгөөг орон нутагт шийдсэн байх ёстой. 

-Сайныг санаж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр саараар хэрэгжих тохиолдол байдаг. Үүний жишээнд хувь хишиг тараасан болон ядуусыг дэмжсэн мөнгө, орон сууцны санхүүжилтийг нэрлэж байна. Мөн Хятадын Чалко компанитай хийсэн гэрээг ч хэлэх боллоо. Яагаад алс, хэтээ хараагүй гэрээ хэлэлцээр хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн хэрэг вэ?
-Үүний гол шалтгаан популизм. Улстөрчдийн зүгээс  сонгогчдод таалагдахын тулд бэлэн мөнгө тараах, хямд үнээр орон сууц барьж өгөхөөр амлах, огт хэрэггүй газарт зам тавих гэхчилэн хожим нь харахад хачирхал төрүүлэм үйлдлийг хийдэг. Таны хэлсэн жишээнүүдийн олонх нь үүнтэй холбоотой. Өнгөрсөн Засгийн газрын хамгийн том алдаа бол мөнгө тараасан явдал. Хүүхдийн мөнгөнөөс эхэлсэн мөнгө тараах явдал явсаар байгаад иргэн бүрт хувь хишиг хүртээхэд хүргэсэн. Энэ бол эдийн засгийн бодлогын хувьд дахин давтаж болшгүй том алдаа, улсдаа ихээхэн хохирол учруулсан зүйл. Цаад санаа нь буруу биш байсан ч ажилгүйдэл, архидалтыг дэмжсэн хэрэг болон хувирсан. Тавантолгойн хувьцаа ч мөн популизмын нэг жишээ. Бас  л ялгаагүй хүмүүст таалагдахын тулд иргэн бүрт хувьцаа олгохоор шийдсэн. Чалкогийн гэрээ ч эдийн засгийн гэхээсээ илүү улстөрийн нөхцөлөөр байгуулсан гэрээ. 

-Чалкогийн гэрээг цуцлах нь манайд ямар үр нөлөөтэй байх бол? 
-Гэрээ гэдэг бол тохиролцоогоор хийгддэг зүйл. Тэгэхээр хоёр тал хэлэлцээд цуцалж ч болно, үргэлжлүүлж ч болно. Гэрээнийхээ нөхцөлийг өөрчилж ч бас болно шүү дээ. Гэрээг өөрчлөх болсон шалтгаанаа Хятадын талд үндэслэлтэй тайлбарлах ёстой байх. Энэ гэрээ бол цэвэр бизнес болохоос хоёр улсын харилцааны асуудал биш гэж бодож байна. Хүмүүс их шүүмжилж байгаа ч Чалкогийн гэрээнд нэг давуу тал бий. Тэр нь Чалко манай нүүрсийг Солонгос, Японы зах зээлд гаргахаар тусгасан байгаа. Тэгэхээр Чалкогийн сүлжээг ашиглан бусад оронд нүүрсээ хүргэх гарц тэр байж болох юм.

-Эдийн засагч хүн улстөрөөс ангид байх ёстой юм шиг санагддаг. Гэтэл гадаадад мэргэшиж, боловсроод ирсэн хүмүүсийг хоёр намынхан булаацалдаад, өмчлөөд авчих нь бий. Залуусыг улстөрөөр өвчлүүлсэн олон жишээг дурдаж болно. Таныг л гэхэд би унаган МАН-ын хүн гэж бодохгүй байгаа?
-Би нам бус хүн. Төрийн бодлого хар хайрцагт байдагчлан түүнийг хамгаалж байдаг төрийн албан хаагч нар бол улстөрөөс ангид байх ёстой. Харин зарчмын хувьд дөрөв, дөрвөн жилээр засгаа шинэчилдэг нь бидний хувьд том амжилт. Төв Азийн аль ч орон, Орос, Хятадад ч байхгүй тогтолцоог бид цогцлоож чадсан. Нэг намыг нөгөөгөөр сольсноор улс хөгжинө, засаглал цэвэршинэ. Түүнээс 10, 20 жилээр нэг нам хүчин засгийн эрхийг барих нь сайн зүйл биш. 
Д.ЦЭЭПИЛ

Б.Сарантуяа: Миний дээл Дондогдулам хатны дээлний загвартай, гутал маань битүү сувд байгаа

МУГЖ, дуучин Б.Сарантуяатай сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэдэг болоод уран бүтээлийнх нь талаар яриа өрнүүллээ.
-Хэдхэн хоногийн дараа Монголчуудын үндэсний баяр “Цагаан сар” болох гэж байна. Таны хувьд цагаан сарынхаа бэлтгэлийг хэр базааж байна?
Snapshot_2013-01-30_145754- Манайхан өнгөрсөн хагас, бүтэнсайнд 800 гаруй бууз хийсэн байгаа. Ээж аавдаа би “Атар”-ын хэвийн боов авч өгч, ширээг нь чимдэг. Цагаан сарынхаа бэлгийг базааж л байна. Ширээн дээрээ би “Соёмбо” гэх сархадыг зална гэж бодож байгаа. Битүүндээ Солонгост битүүрчихээд Шинийн нэгэнд Монголдоо ирнэ. Шинийн нэгэн, хоёронд ээждээ туслаж мөн золгуутаа хийчихээд, шинийн гурванд настай хүмүүс, багш нартайгаа золгодог. Шинийн дөрөвнөөс Төв аймгийн Баян сум Баянжаргалан руу явж аавынхаа ах дүү, садантай золгодог. Миний хувьд бол цагаан сар их өргөн баяр. Бид гэр бүлээрээ явж айл хэсч, алт мөнгө их цуглуулж сар шиний мэнд мэддэг.
-Эмэгтэй гишүүд “Цагаан сар”-ыг ургын баяр болгоё гэсэн уриалга гаргаж байгаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна?
-Манайх энэ жил галын тахилга хийлгэнэ гэсэн. Галсанжамц өвөөгийн маань галыг тахина. Ер нь бол ургын баярыг хийж байх ёстой. Хамаатан садан, ах дүүс бие биеээ мэдэлцэж ургын түүхээ бичилцэх хэрэгтэй гэж боддог.
-Өнөөдрийн өмссөн гоёл тань их сонин байна л даа. Та ер нь дээлээ хаана хийлгэдэг вэ?
-Би дээлээ “Монгол костюмс” загварын ордонгоор хийлгэдэг. Миний өнөөдрийн өмссөн дээл Дондогдулам хатны өмсч байсан хувцасны загвараар хийсэн.  Торго нь орчин үеийн үрчийдэггүй материал биш үрчийдэг. Гутал нь тэр чигээрээ сувд байдаг юм. Сувдан хээ нь болон хас тэмдгийн гоёлтой байгаа. Би өөрөө их энгийн учир энэ хувцас ахдах болов уу гэж хайрладаг. Тиймээс онцгой явдалд өмсдөг.
-Хас тэмдгийг ямар учраас сонгосон бэ?
-Манай эмээ Төваймгийн Баян сумын харьяат Хас гэдэг нэртэй хүн байсан юм. Мөн хас тэмдэг бол улс орноо хамгаалах төдийгүй ямарваа хэл амнаас хамгаалах гэсэн утгыг агуулж байдаг. Дээлэн дээрээ хас тэмдгийг онцгойлон оруулсан байгаа маань төрийн хатан болон төрийн бодлого хас тэмдгэн хээгээр хамгаалагдах ёстой гэдгийг бэлгэдсэн. Жил бүрийн цагаан сараар өмсдөг дээлүүдийг маань ч хас тэмдэг чимдэг.
-Сар шинэ болоод л хавартаа золгочихдог шүү дээ. Тэгэхээр та 4 сарын 21-ныг энэ жил хэрхэн тэмдэглэх гэж байна?
- Өнгөрсөн жилийн 4 сарын 21-нд би Монголд байгаагүй. Тэгэхээр энэ жил төрсөн өдрөө тэмдэглэж тоглолт хийнэ гэж бодож байгаа. Энэ удаад төрсөн өдрөө их өвөрмөц маягаар хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Урьд урьдынхаасаа илүү олон хүн хамарсан, ард иргэдэд маань хүрэх үүднээс зохион байгуулна.
-Өнгөрсөн жил гадаадаар аялан тоглолт хийсэн. Энэ жилийн хувьд?
-Энэ жил би Япон, ОХУ-ын Эрхүү, Саха улсын нийслэл хотноо “Аргагүй монгол аялгуу” тоглолтоо тоглоно гэж бодож байгаа. Тэгэхээр энэ удаад ч  аялсаар л байгаад таарах байх.
-Хамгийн сүүлийн шинэ уран бүтээл “Миний сайхан ээж” дууг ямар учраас сонгож дуулах болов?
-Энэ дууг  Монгол хүн болгон аялдаг.  Тиймээс ээжтэй хүн болгонд зориулж байгаа юм.  Хамгийн гол нь зохиогчийн эрхтэйгээр энэ дууг дуулж байгаа. Зөвшөөрөлгүй дуулаагүй. Ер нь ээжүүдэд зориулсан их зүйл хийхийн төлөө зүтгэе гэж бодож байна. Магадгүй “Мартын 8”-нд ээжийн тухай концерт зохиож мэдэх юм. Мөн ээжийн тухай нэвтрүүлэг хийе гэж мөрөөдөж байгаа. Манай аав бас ээжид зориулж “Миний нутгийн бараа ” дууг дуулдаг байсан. Энэ нь надад маш сайхан санагддаг байлаа. Миний эгч Сарангуа уран бүтээлд маань барагтай бол оролцдоггүй мөртлөө энэ дууг дуулж байгааг сонсоод сэтгэл нь маш их хөдөлсөн. Тиймээс ч энэ дууг дуулсандаа би маш их баяртай байна. Түүнчлэн энэхүү дууг дуулснаар би түүх бичилцэж байгаа юм байна даа гэж бодсон. Цэрэндолгор гуайг би ярьж байгаа шиг хэзээ нэг өдөр өөр дуучин энэ дууг шинэчлэхдээ миний тухай ярих байх. Би өөрөө 42 настай. Миний том хүү 15 настай. Бага хүү зургаан нас хүрлээ. Яг энэ үедээ л би энэ сайхан дууг дуулж чадсандаа баяртай байна.
-Хөгжмийн найруулгын хувьд ардын хөгжмүүд зонхилно биз?
-Ятга, ёочин, морин хуур, лимбэ орсон. Хөгжмийн зохиолч Чинбатаар дуугаа найруулуулсан. Миний энэ дууг орчин үеийн хөгжмийн найруулгаар найруулсан байгаа. Ээжийн тухай дуу учир доогуур, намуухан, цээжний өнгөөр дуулж байгаа. Үндэсний хөгжмөө бүрэн дүүрэн ашигласан.
-Та битүүнийн өдөр Солонгос улсад “Аргагүй монгол аялгуу” тоглолтоо хийх болсон. Чухам яагаад Солонгос улсыг сонгов?
-Монголын маань найман гэр бүл тутмын нэг нь Солонгост ажилладаг гэсэн статистик тоо гараад байгаа. Мөн миний уран бүтээл байнга хөдөлгөөнтэй байгаатай ч холбоотой. “Аргагүй монгол аялгуу” тоглолтоороо дэлхийг тойрно гэсэн мөрөөдөл маань ч нөлөөлсөн. Тэгэхээр Монголд байгаа хамаатнууд нь Солонгост байгаа хамаатан садандаа миний тоглолтыг үзүүлэхийг хүсвэл билет онлайнаар худалдаж авч өгч болно. Бидний тоглолтоор мөн ар гэрийнхэндээ сар шинийн мэнд хүргэж болно. Тоглолтондоо ардын болон хит дуунуудаа дуулна. Мөн миний тоглолтонд  ҮАДБЧ-ын бүжигчид, Улсын филармоны гоцлол дуучин Насанбуян оролцоно.
- Улсын филармоны гоцлол дуучин Насанбуяны хувьд өмнөх аялан тоглолтууд дээр чинь ч хамт байсан байх аа?
-Насанбуян дандаа Сарантуяатай хамт явах юм гэж хүмүүс хэлдэг. Насанбуян маань “Аргагүй монгол аялгуу”, “Хайрламаар” зэрэг тоглолтуудаар 2007 оноос хамт аяласан. Хамгийн үнэнч уран бүтээлч. Энэ удаад би маш хүндэтгэлтэйгээр урьж байгаа. Миний тоглолтонд  Цагаан сарын олон олон сайхан дуунууд дуулах байх гэж бодож байна.
- Дуучин Д.Болдтой хамтарч байгаа гэсэн үү?
- Энэ цомгийн хөгжмийг дуучин Болд өөрөө зохиож байгаа. Зун орон нутгийн сонгуулийн үеэр Болд бид нар Дундговь аймагт аяласан. Сонгуулийн ажлаар явж байхдаа уран бүтээлийн дотно яриа өрнүүлсэн. Надад мөн дуучин Болдын зохиосон, дуучин Эгшиглэнгийн дуулсан “Яг одоо дурлаж байна” гэх дуу таалагддаг байсан. Тиймээс дууг нь дуулмаар байна гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл Болд тэгвэл би таньд цомгийг чинь продюсерлэж өгөе гэсэн. Ингээд Болд бид хоёр хамтарч байгаа. Болдын нүдээр Сарааг харна гэсэн үг. 
-Мюзиклд дүр бүтээх сураг байсан?
-Ромео,  Джульетта-д Өрлөг эхийн дүрд дуулах гэж байгаа. Клипний зураг авалт өнгөрсөн долоо хоногт явагдсан. Өрлөг эх гэдэг бол өсгөсөн охиныхоо төлөө санаа зовж байгаа гайхалтай ээжийн дүр. Ерөнхийдөө 2013 онд Сараа бол ээжээр зонхилох нь.  Анх Өрлөг эхийн дүр гэдгийг сонсоод би  ийм хөгшин хүний дүрд тоглохгүй гэсэн. Гэтэл Лхагвадорж найруулагч youtube сайт дээр ороод үзэхийг зөвлөсөн. Ингээд ороод үзтэл Өрлөг эх их мундаг хоолойтой, гоё дүр байсан. Тэгээд уржигдар клипэнд тоглосон. Энэхүү мюзикл 5 сард гарна.
-Монголын маань кино урлаг хөгжиж байна. Таньд кинонд тоглох санал ирж байна уу?
-Түүхэн кинонд дүр бүтээх санал ирж байсан. Миний тоглолтын хуваарь таараагүй. Тиймээс өөрийн эрхгүй татгалзсан. Надад кинонд тоглох, кино хийх хүсэл маш их байдаг. Эсвэл киноны продюсер, хөрөнгө оруулагч нь байж болох юм гэж бодож байгаа. Мөн киноны зохиол ч гаргаж чадна гэж итгэдэг.
-Хэрэв кинонд дүр бүтээх бол ямархуу дүрд тоглохыг хүсдэг вэ?
-Би их эрэлхэг хүний л дүрд тоглох ёстой гэж боддог. Өөрийгөө золигт гаргаж, золиосолдог тийм хүний дүрд тоглох байх. Би ер нь дэвшилттэй кинонд дуртай. Нэлээн их ажиллаж хөдөлмөрлөж байж амжилтанд хүрч байгаа хүмүүсийн тухай өгүүлдэг.
-Рок, попынхонд өөрсдийн гэсэн театр байдаггүй. Мэдээж таны мөрөөдөлд өөрсдийн гэсэн томоохон театртай болох хүсэл байдаг л биз дээ?
-Би МАН-ын гишүүн. МАН-ын мөрийн хөтөлбөрт рок попын ордон босгоно гэсэн зүйл байдаг. Хэзээ нэгэн цагт бид өөрсдийн театртай болох байх. Төр засаг маань үүнд анхаарах хэрэгтэй. Бид олон жил ямарч харьяалалгүй явлаа. Театрууд, соёлын орднуудаа томсгож, тэлж байх хэрэгтэй. Стандартын дагуу хангамж сайтай соёлын орднууд байгаасай гэж хүсч байна.
-ШӨХТГ-т гитарчин Өөжгий, дуучин Ариунаа, Хаянхярваа нар санал тавьсан. Энэ нь ам барьж байгаа дуучдад арга хэмжээ авах талаар. Үүнд таны нэр байгаагүйд гайхаж байлаа?
-Би угаасаа дэмжиж байгаа. Надад хөөцөлдөж явах зав алга. Өөжгий надад хэлсэн. Гэхдээ албан ёсны бичиг ирээгүй байгаа. Албан бусаар энэ асуудлыг дэмжиж байна гэсэн зөвшөөрлийг өгсөн. Аль эрт л би хүмүүс ам, таазаа хөдөлгөөд байна. Амаараа биш уушгаараа сайхан дуулах хэрэгтэй гэж хэлж байсан. Тэр сайхан цаг ирж байх шиг байна. Манай хөгжмийн урлагт “Sweetymotion хамтлаг эргэж ирсэн нь сайн талруугаа маш том цохилт болсон гэж бодож байна. Энэ охидын хамтлаг амьдаараа дуулж эхэлсэнд би их баяртай байгаа. Дуучин Ариунаа, Жаргалсайхан, Дашдондог гээд амьдаараа дуулдаг дуучид зөндөө бий. Ер нь өөрсдийн хоолойгоор амьдаар дуулах хэрэгтэй. Би бол ам барих маш дургүй. Ам барих хэцүү байдаг. Ямар нөхцөлд хүмүүс ам барьдаг вэ гэхээр телевизийн бичлэг, дуучин амьдаараа дуулж байхад алдах магадлал өндөртэй нөхцөлд. Тэгэхээр ам барьж буй дуучдын тоглолтыг мөнгөөр үзэж, билетийг нь хошууран худалдаж авч байгаа нь их харамсалтай. Өөрөөр хэлбэл хямдхан юм үзэж байгаа үзэгчид маань их хайран байна. Бүх л бүтэн 50, 60 хүний оркестртой хуруугаа хөдөлгөж амьдаар дуулж байгаа хүний тоглолтыг үзэхгүй байж сайхан хувцасласан, хэдэн жилийн өмнөх фонограммаа тавьж амаа хөдөлгөж байгаа хүмүүсийн тоглолтыг их үздэг. Хэт их хувь хүн рүү нь орохгүйгээр уран бүтээлийнх ололт, дутагдлыг нь авч хэлэлцэх хэрэгтэй байна. Мөн сэтгүүлчдэдээ хандаж хэлэхэд урлагийн бүтээлийг ямар алхам, дэвшилт хийснээр нь үнэлж байх хэрэгтэй. Түүнээс биш хувцаслалт, спонссор зэргийг нь чухалчлахаа болих нь зүйтэй.
Д.Ундрах /24tsag.mn/

Sunday, 3 February 2013

Ш.ЧОЙМАА: ТӨР ЗАСГИЙН БОДЛОГЫН ГОЛ ЦӨМ НЬ ХҮҮХЭД БАЙХ УЧИРТАЙ

Шинэчлэлийн Засгийн газар “Зөв монгол хүүхэд” төлөвшүүлэхэд онцгой анхаарал тавьж, тусгайлсан бодлого боловсруулах гэж байгаа. Зөв монгол хүүхэд гэж хэнийг хэлээд буй, ямар үндэслэлээр ийм зөвлөмж гаргах гэж буй талаар БШУЯ-ны “Боловсролыг шинэчлэх баг”-ийн Зөв монгол хүүхдийн шинж төрхийг тодорхойлж зөвлөмж гаргах хэсгийн ахлагч, МУИС-ийн профессор Ш.Чоймаагаас тодрууллаа.

-Зөв монгол хүүхэд гэж яг хэнийг хэлээд байна вэ?
-Манай Монгол Улс хүүхэд залуусын орон. Өнөөгийн болон ирээдүйн хүүхдийг хэрхэн сургаж хүмүүжүүлэхээс Монгол Улс, монгол үндэстний цаашдын хувь заяа шууд шалтгаална. Ийм учраас л онцгойлон анхаарч байгаа хэрэг. Зөв монгол хүүхэд гэдгийн “Зөв” гэсэн үгийг их өргөн утгаар ухаарах учиртай. Яг ямар хүүхдийг зөв монгол хүүхэд гэж хэлэх вэ гэдгийг доорх бүдүүвч зургаар үзүүлсэн зүйлийг уншаад мэднэ биз. Тэнд байгаа шинж төрхүүд зохих хэмжээнд төлөвшсөн хүүхдийг л зөв монгол хүүхэд гэж хэлнэ дээ.
-Ийм хөтөлбөр боловсруулах болсон гол үндэслэлүүд нь юу вэ?
-Юуны өмнө уламжлалаа харж судлах хэрэгтэй. Бидний өвөг дээдэс үр хүүхдээ, ер залгамж хойч үеэ хэрхэн хүн болгон төлөвшүүлж, ажил амьдралын дөртэй болгодог байсан бэ гэдгийг заавал харгалзаж үзэх ёстой. Энэ тухайд хамгийн товчоор хэлбэл, үр хүүхдийг эхийн хэвлийд заяахаас нь эхлээд, эрийн цээнд хүрэх хүртэл бие, хэл, сэтгэл гурвыг нь зөв залж, монгол ёс заншлаа өдөр тутмын зан үйлээр тэдэнд буй болгодог байжээ. “Хүмүүжил” хэмээх монгол үг нь хүмүн (хүн) + ж + л гэж үгийн бүтцээр задардаг. Монголчууд бид ний өвөг дээдэс “хүмүүжил” гэдгээр зан суртахуун, ёс заншлын олон талыг эзэмшүүлдэг байв. Монгол оронд, монгол хүний үр сад болж заяасан л бол монгол хүн болж төлөвших ёстой хэмээн үздэг нь уламжилсан бичигдээгүй хууль юм. “Сурсан бүхэн эрдэм” хэмээн үздэг тул хөлд орохоос эхлээд чинээ чинээнд нь тохирсон юм хийлгэдэг, зааж засаж өгдөг ёстой. “Эрхмийн дээд эрдэм ном” гэдэг тул эрдэм номд сургахыг хамгаас чухалчилдаг заншилтай байжээ. Энэ мэтээс уламжлал шинэчлэлийг зөв хослуулан авч ирээдүйн зөв монгол хүүхдийг бий болгоно.
НҮБ болон дэлхийн бусад орны энэ талын зорилтыг мэдэж, XXI зууны дэлхийн залуу үе ямархуу байх ёстой вэ гэдэг талаар боломжоороо эрэл судалгаа хийсэн. Ерөнхийд өө XXI зуун бол хүний оюун ухааны чадамжийг шавхан дайчлах цаг үе юм. Бас их өрсөлдөөн, их хувьслын он жилүүд тул түүнд зохицох мэдлэг чадвартай байхын зэрэгцээ хүн чанар, хүний мөс, хүний ариун сэтгэлээ хадгалах ёстой. Энэ нь бусадтай, нийгэмтэй, эх байгальтайгаа ээлтэй зөв харилцах наад захын шаардлагатай уялдана. XXI зуунд дэлхийн унаган төрхийг сэргээх, цаашид улам доройтуулахгүй байх гэдэг том асуулт тулгарна. Энэ нь хүн төрөлхтний оршин байх, эсэх асуудалтай шууд хамаатай. Хүн хэчнээн их мэдлэг боловсролтой ч гэсэн зөв сэтгэл, зөв хүмүүжилгүй бол өөртөө ч, өрөөлд ч, эх дэлхийд ч уршигтай зүйл хийж болзошгүй. Энэ бүхнийг зохих хэмжээнд бодож байж “Зөв монгол хүүхэд”-ийн шинж төрхийг тодорхойлсон. Бидний боловсруулсан “Зөв мон гол хүүхэд”-ийн шинж төрхийн зөвлөмжийг уншаад, энэ чинь ерөөсөө зөв монгол хүнд байх шинж төрх л байна гэх байх. Тэр зөв л дөө. Өнөөгийн болоод ирээдүйн хүүхэд гэдэг чинь ирээдүйн “Зөв монгол хүн” л байх ёстой шүү дээ. Харин хүүхэд насандаа ямар хэмжээнд төлөвшсөн байх вэ гэдэгт л гол нь байгаа юм. Хүн гэдэг амьтан насан туршдаа сурч, мэдэж, хүмүүжиж байдаг. Энэхүү тасралтгүй явцын гол суурь нь хүүхэд насанд буй болно.
-Монгол хүүхдэд байх ёстой шинж төрх нь юу вэ?
Олон талыг эргэцүүлж, зохих судалгаа хийж, удаа дараа ярилцсаар гурваар багцалсан есөн бүлэг шинж болгон гаргасан байгаа. Эдгээр шинж зохих хэмжээнд хүүхэд насанд нь төлөвших ёстой. Мөн энэ бүдүүвчинд төлөвшүүлэх зөв орчин, гол хүчин зүйл гэсэн хэсэг байгаа. Түүнийг анхаарахыг хүсэж байна. Монгол хүүхдийн шинж төрхөд нөлөөлж буй уламжлал, шинэчлэл, буюу өнөөгийн эерэг сөрөг талыг дэлгэрэнгүй бичсэн тул энд оруулах боломж алга. Мөн гурваар багцалсан есөн бүлэг шинж бүрийг задлан тайлбарласан.
-Зөв хүүхэд хүмүүжүүлж өсгөх нь дан ганц багшийн эсвэл эцэг эхийн хийх ажил биш, олон хүчин зүйл, тэр тусмаа нийгмийн орчин үүнд нөлөөтэй байх?
- Энэ асуулт чинь тун зөв л дөө. Монголын ирээдүй болсон хүүхдээ зөв хүмүүжүүлж, мэдлэг боловсрол эзэмшүүлж, эрүүл саруул өсгөх гэдэг бол Монгол Улсын иргэн бүрийн үүрэг нь ч, хариуцлага нь ч байх ёстой. Монгол уламжлал ч тийм. Ахмад хүн бүр хүүхэд залуусыг залж заадаг нь тогтчихсон зуршил байсан. Ха рин одоо зодоон цохион ч юм уу, бүтэлгүй юм хийж бай гаа хүүхдийн хажуугаар том чууд хараагүй царайлаад өнгөрөх болж. Хар амиа л хичээсэн хэрэг. Том хүн бүр хүүхэд залууст зөв шаардлага, зөв сургамж өгдөг байх ёстой. Энэ нь зөв монгол хүүхэд төлөвшүүлэхэд иргэн бүрийн идэвхтэй оролцоо хэрэгтэй гэсэн үг. Ганц жишээ дурдахад, хувийн дэлгүүр, рестораны худалдагч үйлчлэгч хүнд юмаа борлуулах нь ашигтай хэдий ч, насанд хүрээгүй багачуудад тамхи, архины зүйл зардаггүй байх чин сэтгэлтэй байх явдал. Гэр болон сургуулиас гаднах нийгмийн орчин маш чухал. Мэдээллийн хэрэгсэл үзүүлж байгаа, нийтэлж байгаа зүйлээ юуны өмнө, хүүхэд залуучуудад хэрхэн нөлөөлөх билээ гэдэг талаас нь байнга бодох ёстой. Орон сууц, барилга байшин барихдаа ч энд хүүхэд байна, хүүхэд явна гэдгийг бодож тооцох хэрэгтэй. Ер нь хүүхдийг зөв монгол хүн болгон төлөвшүүлэхэд ярих хэлэх олон зүйл бий.
-Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй гэдэг. Хүн сургаж бэлтгэнэ гэдэг эцэг эхээс гадна төрийн хийх ёстой ажил мөн үү?
“Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй” гэдэг бол тийм ч зохистой үг биш. Эцэг эх нь арга ядахдаа л хэлдэг үг. Монголчууд биеийг нь ч эрүүл өсгөж, ухааныг нь ч зөв залж ирсэн сайхан уламжлалтай. Нялх хүүхдийг балчир наснаас нь эхлэн хүн болгон өсгөн хүмүүжүүлнэ гэдэг үнэхээр амаргүй. Хүүхдийн талаар төр засгаас хийх ёстой зүйл их байлгүй яахав. Бүр бодлогынх нь гол цөм байх ёстой. Монгол төрийн бодлогын залгамж уламжлалын шинж ч энд тод харагдах учиртай. Монгол Улсын ирээдүйг зөв монгол хүнээс гадна төсөөлөх аргагүй. Өнөөгийн хүүхэд ямар хүн болон төлөвшихөөс Монгол Улсын ирээдүй шууд шалтгаална. Бидний бүдүүвч зургаар үзүүлсэн зүйлд зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх гол хүчин зүйл гээд нэлээд зүйл бичсэн байгаа. Тэр бүрт төр засаг шууд болон дам удирдаж хийх ажил тун их байгаа даа.
-Та бүхэн иргэдийн саналыг авч байгаа гэлээ. Энэ хөтөлбөр хэзээ батлагдаж, хэрэгжих вэ?
-Бид бол БШУЯ-ны олон салбараар ажиллаж байгаа багийн нэг бүрэлдэхүүн хэсэг. Миний бие зөв монгол хүүхдийн шинж төрхийг тодор хойлж зөвлөмж гаргах үүрэгтэй нэг чиглэлийн хэсгийн ахлагч. Бидний энэ зөвлөмжийг бусад салбарууд маань авч өөрсдийн чиглэлдээ зохих ёсоор тусгах учиртай. Тухайлбал, ЕБС-ийн үндэсний стандарт хөтөлбөрийг хийхэд бас нэг баримжаа болж өгнө. Бидний энэ ажил бол олон юмны суурь болж өгөх учиртай, бүр томоор яривал ирээдүйн Монгол Улсыг авч явах хүмүүс хэн байх ёстойг тодорхойлсноор, төр засаг ч, түмэн олон ч ажил үйл зорилго бодлогоо түүнд чиглүүлнэ гэсэн санаа юм. Бид ЕБС-ийн хүүхэд, багш, эцэг эхчүүдэд энэ сэдвээр асуулга өгч, хариулт авсан. Олон сайхан санаа гарсан. Одоо өөрсдийн боловсруулсан “Зөв монгол хүүхэд” гэсэн гол санаагаа бүдүүвч зур гаар олон нийтэд мэдээлж, бас үзэл бодлыг сонсох хүсэлтэй бай на. “Бултаараа зөвлөвөл буруугүй, булагийн усаар угаавал хиргүй” гэдэг биз дээ.
 Г.ГЭРЭЛ
http://www.meds.gov.mn