Tuesday, 5 February 2013

Д.Арвин: Хүнийг зохион байгуулалттайгаар доромжилж, амаар нь шороо үмхүүлдэг ажлыг МАН-ынхан л хийдэг шүү дээ

УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.
-Баянзүрх дүүрэгт болсон дахин санал хураалтын ирц хүрээгүй байхад таныг УИХ-ын гишүүн болсон. Тиймээс хүчингүй гэж үзэх хүмүүс маргаан үүсгэсэн. Гэвч Цэц энэ гомдол үндэслэлгүй гэж үзжээ? 
arvin-Тийм байна. Баасан гаригт энэ асуудлыг хэлэлцжээ. Хэвлэлийнхэн утасдаад тодруулаад эхлэхэд нь мэдлээ шүү. Тэрнээс биш энэ маргааныг хэлэлцэж эхэлсэн тухай мэдээгүй явж байлаа. Би Сонгуулийн тухай хуулийн дагуу шударгаар өрсөлдөөд гараад ирсэн УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүнээр хэн нь хууль журмын дагуу сонгогдсоныг тогтоож, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг байгууллага нь СЕХ. Түүнээс биш аль нэг нам, хувь улстөрч биш шүү дээ. Хууль, журам бүх зүйлээ нягталсны үндсэн дээр СЕХ миний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн гэж бодож байна. Харамсалтай нь намайг хууль бусаар УИХ-ын гишүүн болсон гэж Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн. Гэвч Цэц тэдний маргааныг үндэслэлгүй гэж үзсэн байна.  Өөрөөр хэлбэл би хууль зөрчиж УИХ-ын гишүүн болоогүйг нотоллоо.

-Сонгуулийн дахин санал хураалтад ирц хамаарна гэсэн заалт хуульд бий юү?
-Байхгүй шүү дээ. Энэ бол дахин сонгууль биш, дахин санал хураалт. Тиймээс хуульд ирцийг нь зааж өгөөгүй юм билээ. Бид Сонгуулийн тухай хуулийг сайн судалсан. Дахин санал хураалт бол ирцээс хамаарахгүйгээр явах байсан. Энд үндэслэж СЕХ шийдвэр гаргаж миний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.      
                 
-Үүнийг мэдсээр байж Цэцэд гомдол гаргасан нь ямар учиртай юм бол. Хэний, хаанахын хатгаасаар энэ зүйлийг хийгээд байна вэ?
-Яахав сүүлийн үед ажиглаж байгаа. Баянзүрх дүүргийн МАН-ын анхан шатны үүрүүд хуралдаж, Д.Арвинг гишүүнээс нь татахын тулд түүний эсрэг гарын үсэг цуглуулъя гэдэг зүйл яригдаж байгаа гэсэн. Намайг ч МАН-аас гарч, АН-д орсон учраас өс хонзон санаж энэ мэтийн зүйлүүд хийж байгаа байх. Үнэндээ өнгөрсөн сонгуульд Ардын нам намайг дэмжээгүй. АН, МАХН, Иргэний зориг нам дэмжсэн юм шүү. Цаашлаад иргэд, МАН дотор намайг ойлгодог цөөн хэдэн хүн л дэмжсэн. Сонгуулийн өмнө Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэр гарсан шүү дээ. Тус дүүргийн МАН-ын хороо "Д.Арвинг дэмжихгүй, Б.Батзоригийг дэмжинэ" гэсэн шийдвэр гаргаснаа намын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарын дэргэд уншиж танилцуулсан. Тэгээд зогсоогүй дүүргийн намын залуучууд, ахмадууд, эмэгтэйчүүд, оюутнууд бүгдээрээ, намын Удирдах зөвлөл тэр чигээрээ Батзоригийг дэмжсэн. Гэвч тэр гарч ирж чадаагүй байхгүй юу. Намайг ард түмэн мэднэ. Парламентад гурван удаа сонгогдсон, хийсэн ажлыг минь гадарладаг учраас баянзүрхчүүд намайг дэмжсэн. Ингээд би хувь хүнийхээ хувьд  сонголт хийж,  итгэл үнэмшлээрээ АН-ыг сонгосон. Энэ бол улс төрд байдаг зүйл. Ардын намаас гарч өөр нам руу явсан хүн нь ганц биш биз дээ. Цаашид ч энэ намыг орхиод явах хүн зөндөө гарахыг үгүйсгэхгүй. Гэтэл яагаад заавал намайг онилоод, элдвээр баалаад байгаа юм бэ. Ардчилсан нийгэмд би өөрийн итгэл үнэмшлээрээ сонголт хийж болохгүй юм уу. Тиймээс энэ үйлдлүүдээ зогсоогооч гэж Ардын намынханд хэлье.  Би өмнө нь МАН-д байсан. Гэхдээ энэ намыг МАХН байхад элссэн юм шүү. Гэтэл энэ нэрийг хоёр, гуравхан даргын хүслээр сольсон шүү дээ. Бүх зүйлийг зөвхөн дарга шийддэг ийм намд байхыг хүсээгүй учраас өөрийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо хийсэн.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар МАН-ын захиалгаар маргаан үүсгэж, таныг унагах ажлыг зохион байгуулсан яриа бий. Үнэний ортой болов уу?
-Ортой байлгүй яахав. Д.Сугарын хийж байгаа үйлдлүүдийг хар л даа. Дандаа Ардын намын захиалгаар улс оронд юу хийв. МИАТ-ийн жишээ байна. Энэ хүнийг ерөөсөө ойлгодоггүй юм. Ардын намын нэрээр өнөөдрийг хүртэл бүх өндөр албан тушаалуудад очсон. Хамгийн сүүлд нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болоод өөрийгөө дархлаад авлаа шүү дээ. Төрийн өндөр албанд байхдаа юу хийдэг байсан нь одоо ил болж байх шиг байна. Д.Сугар бол надтай холбоотой маргааныг үүсгэж, зохион байгуулсан гэдгийг үгүйсгэхгүй. Хууль бусаар албан тушаалд очсон хүмүүс хууль бус л юм хийдэг юм байна.

-Ардын намынхны таныг хав­чин гадуурхах үзэл юунаас эхтэй юм бэ?
-Хавчин гадуурхалт бол эртнээс эхтэй. Ардын намд байхдаа би байнгын хавчин гадуурхалтад өртдөг байлаа. Гэхдээ би асуудалд тэвчээртэй ханддаг байсан. Ардын намаас дэвшсэн сонгууль бүрт тайван орж байгаагүй. 2004 он байна. Хэнтий аймагт нэр дэвшихэд намын Удирдах зөвлөлийн гишүүн Очирхүү надтай зэрэгцэж очоод аймгийн намын хорооны хурал дээр "Удирдах зөвлөл Арвинг биш аймгийн дарга Эрдэнэбаатарыг дэмжинэ гэсэн. Тиймээс та нар Эрдэнэбаатарыг гаргаад ир" гээд хурлыг завсарлуулж байсан удаатай. Гэвч Хэнтий аймгийн намын хорооны гишүүд ярилцаж байгаад намайг дэмжиж явуулж байлаа. 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гэхэд Бага хурал дээр намайг унагах сценарь хэдийнэ бичигдчихсэн байсан. Үүнийг нь Бага хурлын жирийн нэг гишүүн надад хэлж байлаа. Гэвч надтай өрсөлдүүлсэн хүнээс нь 15 хүний саналаар илүү гарч  сонгуульд нэр дэвших эрхээ авч байлаа. Тэр үед манай намынхан намайг тойрогт унагах бүх ажлыг зохион байгуулж, намын гишүүдийг миний эсрэг турхирч, дээрээс нь сониноор миний талаар муу муухай зүйл бичүүлж айл болгонд тарааж байсан. Үүнийг Ганбямба сайн мэднэ дээ. За тэгээд намайг ялалт байгуулчихаад ирэхэд С.Баяр дарга "Батламжлахгүй" гэсэн. СЕХ нь танилцуулахгүй, танилцуулахаар Ерөнхийлөгч нь хүлээж авахгүй байсан. Манай намын хүмүүс энэ бүх албан тушаалууд дээр байсан хэрнээ ингэж хандсан шүү дээ. Ийм л байдалд өнөөдрийг хүртэл явж ирсэн.  Би хангалттай тэвчсэн. 2012 оны сонгуулиар ч намайг яаж гудамжинд гаргах вэ гэдэг төлөвлөгөөг манай намынхан боловсруулж, элдэв аргаар үзэж байлаа. Долдугаар сараас эхлээд "Д.Арвин МАН биш МАХН руу явна" гээд бичиж, ярьж байсан. Энэ тухай би намын Бага хурал дээр хэлэхэд хэн ч тоогоогүй, сонсоогүй шүү дээ. Намайг явах асуудлыг Ардын намынхан зохион байгуулчихсан юм шүү. Дахин санал хураалт болохын өмнө намаас зохион байгуулсан  хурал  дээр хамт олныхоо өмнө үг хэлэх эрх ч надад өгөөгүй. Үг хэлэх гэхээр микрофон хаадаг, үл ойшоодог байсан шүү дээ. "Арвинг дэмжсэн намын гишүүнийг хөөнө, АТГ-т өгнө" гэх мэтээр сүрдүүлдэг байсан нь нууц биш. Үүнийг би хэдий хүртэл тэвчиж явах ёстой байсан юм. Үнэндээ би Ардын намд олон удаа УИХ-ын суудал авчирч өгсөн шүү дээ. Гэтэл ингэж хандсан.

-Таныг хууль бусаар тендер авдаг гэсэн яриа гарсан байна лээ?
-Сүүлийн үед сонин хэвлэлээр ингэж бичиж байгаа. Би 2000-2008 он хүртэл тендер гэж юу байдгийг мэддэггүй байсан юм шүү. Сүүлд 2008 онд л гуравдугаар төрөх эмнэлгийн тендерт манай хүүгийн компани орсон. Ингээд манай хүү ялаад ажлаа эхлүүлтэл бүх шийд­вэрийг нь цуцалж, сонин хэвлэлээр бичээд эхэлсэн. Тиймээс манай хүү "За, ээжээ бүтэхгүй юм байна. Танай намынхан ажил хийлгүүлэхгүй юм байна. Энэ тендерийг буцаачихъя" гэсэн. Ингээд дор нь тэр тендерийг нь буцаагаад өгсөн шүү дээ. Үүнээс хойш гуравдугаар төрөхийн тендерийг надтай холбож ярьсаар байна. Үнэн хэрэгтээ би сайн аав, ээжийн буянд улс орны хөрөнгө рүү өнгөлзөхгүйгээр явах чадалтай. Хэнээс ч гуйхгүйгээр, улсын мөнгөнөөс авах гэж шунахгүйгээр явах боломж надад бий. Яалт ч үгүй, сонгууль дөхөөд ирэхээр мөнгө төгрөгийн хэрэг гардаг. Тэр үед нь найз нөхдөөсөө хандив гуйх үе бий. Мөнгө, төгрөг завших гэсэн бодол байдаггүй. Тэгж Их хуралд ордоггүй. Ард түмнийхээ төлөө ажиллах гэсэн сэтгэлээр явдаг юм шүү. Төрөөс мөнгө төгрөг идэх гэж элдэв сайд, төрийн нарийн бичгийн дарга нар руу гүйж ч үзээгүй өдий хүрлээ. МАН-д байхдаа намаасаа томилогдсон зарим төрийн нарийн бичгийн дарга нарыг ч таньдаггүй явлаа. Ер нь хүнийг зохион байгуулалттайгаар доромжилж, амаар нь шороо үмхүүлдэг ажлыг Ардын намынхан л хийдэг шүү дээ. Тэр жишгээрээ Н.Энхбаяр даргыг унагасан.

-МАН-ын дарга Ө.Энхтүвшин таныг сонгосон сонгогчдоос уучлал гуйсан байна лээ.  МАН-ын зарим гишүүн "Арвинг бид их дэмжиж байсан. Гэтэл бидэнд ийм хариу барилаа. Үнэхээр өмнөөс нь хүний нүүр харж чадахгүй нь" гэж ч ярих болж.  Гэхдээ өнөөдрийг хүртэл таньд хандсан хандлагаас нь харахад ингэж хэлэх эрхгүй юм шиг байна...
-Тийм шүү дээ. Өнөөдрийг хүртэл надад яаж хандсан болоод ингэж хэлж байгаа юм бол.  Хавчин гадуурхаад байхын аргагүй болоод би явсан шүү дээ. Өнөөдөр МАН-ын зарим гишүүн "Арвинг бид МАХН руу явна гэж бодсон чинь АН руу явчихлаа" гээд ярьсан байна лээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярихын үлгэр болж байгаа байхгүй юу. Үнэндээ тэдний хүссэнээр нь би МАХН руу яваагүй АН руу орчихсон болохоор уур нь хүрээд байгаа байхгүй юу. Ардын нам МАХН-ыг засгаас гаргах гэж өдөөн хатгаж, Засгийн газрыг тогтворгүй байлгах санаархалтай яваа. Мэдээж үүнийг нь би хувьдаа дэмжихгүй.

-УИХ-д тангаргаа өргөөд, АН-ын гишүүн болоод нэлээд хугацаа өнгөрлөө. АН-ын гишүүний байр сууринаас асуудалд хандахад ямар санагдаж байна. Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааны талаар ямар бодолтой яваа вэ?
-Шүүмжлэлд өртдөггүй Засгийн газар гэж байхгүй. Энэ Засгийн газар бол иргэдэд чиглэсэн бодитой үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг нь дэмжиж байгаа. АН-ын бодлогод дагуул хот байгуулах тухай тусгагдсан байгаа. УИХ-ын дарга З.Энхболд энэ асуудлаар ажлын хэсэг гаргасан. Үүнд би орж ажиллаж байгаа. 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын арван хүн тутмын зургаа, долоо нь төв суурин газар бараадна гэсэн судалгаа бий. Үүнтэй холбогдуулаад суурин амьд­ралд иргэдээ бэлтгэж, төлөвлөлтийг нь хийж өгөх ёстой. Нийслэл хотыг тойрсон дагуул хотыг байгуулъя гэж байна. Багануур, Төв аймаг, 61-ийн гарамд дагуул хот байгуулахаар бодлого гаргах гэж байна.

-Хүнийг гүтгэн доромжилсон хэргээр саатуулагдаад байгаа Б.Цогтгэрэл гэдэг залууг та батлан даалтад авсан гэж сонссон. Ямар учраас ингэж шийдэв?
-Цогтгэрэл үнэхээр буруу зүйл хийсэн. Хүнийг гүтгэн доромжилсон. Гэхдээ энэ залуу өөрийгөө ойлгож, "Арвин эгчид ойлгуулж өгөөч" гэж хүнээр дамжуулж хэлүүлсэн байна лээ. Тиймээс би хийсэн зүйлүүдийг нь үзэж, судлаад УИХ-ын даргад танилцуулсан юм. "Жирийн нэг сэтгүүлч залуу алдаагаа ухамсарлажээ. Тиймээс тусалъя" гэсэн. З.Энхболд дарга ойлгоод "Эрдэнэт"-ийн АН-ын дарга руу хэлж, эвлэрлийн гэрээ байгуулж, цагдаад өгсөн гомдлоо татаж байгаа. Ингээд Цогтгэрэлийг батлан даалтад авах хүсэлтээ прокурорт өгчихсөн байгаа. Нэг залуу хүнийг дэмжиж байгаа л хэрэг. Түүнээс биш энд ямар ч улс төр байхгүй. Надад ямар нам байх нь хамаагүй, залуу хүн өөрөө хүсэлт гаргасан учраас тусалсан.

-Энэ нь ардчиллын буян юм болов уу даа?
-Тийм ээ. Нэг удаа хүнийг уучлах ёстой. Тэр залууг дахиж тийм зүйл хийхгүй байх гэдэгт нь итгэж, итгэл өгч байгаа юм даа.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ

С.Жавхлан: МАХН-ын гишүүн хэвээрээ эсэхээ сайн мэдэхгүй л байна

МУГЖ С.Жавхлан Эзэн Чингис хааны үеэс улбаатай гал тахих ёслолыг үйлдэхээр “Хамаг Монгол” төслийн ажлыг эхлүүлжээ. Монгол туургатныг хамруулсан энэхүү төсөлд ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч Шаран Диймаа, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучид нэгджээ. МУГЖ С.Жавхлантай уулзаж, амьдрал уран бүтээлийнх нь талаар яриа өрнүүллээ.

-Сүүлийн үеийн уран бүтээл хийгээд хийж бүтээж буй ажлынхаа талаар сонирхуулахгүй юу?
-Юуны өмнө Мэдээ.мн сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед монголчууддаа хандсан дуунууд дээр болон “Хамаг Монгол” төслийг тэргүүлэн хэрэгжүүлж эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ төсөл маань монгол туургатан ах дүүстээ монгол ёс заншлаа дэлгэрүүлэх зорилготой. Төслийн хүрээнд энэ сарын эхээр ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч Шаран Дийма, ОХУ-ын Тува улсын дуучин, хөөмийч Саядаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чимгие Раднатаяв, ӨМӨЗО-ны дуучин М.Баясгалан, ӨМӨЗО-ы Хөлөн Буйр аймгийн соёлын компанийн продюсер Батсүх нарыг Монголд урьж авчирлаа. Бид хамтран “Хамаг Монгол” хэмээх дуу дуулсан. Дууны клипээ тун удахгүй үзэгч, сонсогч олондоо хүргэхээр ажиллаж байна.

-Яагаад “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлэх болов?
-Хамаг монголчууд бид нэгдэх сайхан цаг ирсэн. Бид гал голомтоо бадраах ёстой. Эх орон, газар шорооныхоо төлөө хийх зүйл маань өргөжин тэлж, дэвжиж буйн нэг хэлбэр юм болов уу. Хамаг монголчуудынхаа дуу хоолойг дэлхийд таниулж, бие биенээ хамгаалах, хайрлах ёстой гэдэг утга дор энэ төслийг хэрэгжүүлж байна.

-Энэ төсөлд нийт хэдэн хүн хамрагдаж байна вэ. Төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
-2013 оны турш хэрэгжүүлэх “Хамаг Монгол” төслийн хүрээнд Монголын 21 аймаг, ОХУ-ын Халимаг, Тува, Буриад, ӨМӨЗО-ы Хөлөн Буйр зэрэг улс улсын аймгуудаар тойрон гал бадраах ёслол хийнэ. Нийт 150 гаруй хүн хамрагдсан байгаа. Эхний гал бадраах ёслол цагаан сарын шинийн 2, 3-нд “Монгол туургатны цагаан сар 2013” наадмын үеэр хийгдэнэ. Гал бадраах ёслолыг зөвхөн галтай холбож ойлгож болохгүй. Энэ ёслолоороо дамжуулан уран нугаралт, би биелгээ, хөөмий зэрэг язгуур урлагаа сэргээх олон үзүүлбэрийг монгол цустанууддаа сонирхуулж, таниулна. Энэ төсөл дууссаны дараа “Дэлхийн монгол” төслийг хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.

-Төслийн хүрээнд хэрэгжүүлэх гал бадраах ёслол Төрийн тулганы гал бадраах ёслолоос ялгаатай юу?
-Энэ ажил маань үргэлжлээд л явж байгаа. Галгүйгээр ямар ч айлыг, наргүйгээр ямар ч амьдралыг төсөөлөх аргагүй. Гал улам бүр өөдөө бадарч, олон монгол түмэнд хүрэх гэж байгаа нь л чухал асуудал. “800 жилийн дараа би эргэж төрнө” гэж агуу их Эзэн Чингис хаан хэлж байсан юм гэнэ лээ. Гэхдээ одоо юу гэж эргэж хүн болж төрөх билээ. Гэвч үйл санаа нь дахин дэлхийг тунхаглан тамгалах гэж байгаа энэ үйл явдлыг тунгаан хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэв Эзэн Чингис хаан маань энэ цаг үед амьдарч байсан бол Хамаг Монголоо нэгтгэхийг хүсэх байсан байх. Тиймээс монголчууд бид хөх тэнгэрээ баярлуулж, нэгдэх ёстой.

-Гал бадраах ёслолыг лам, бөө зэрэг далд ертөнцтэй харьцдаг хүмүүс хийдэг юм шиг санагддаг. Таны бодлоор эгэл иргэд галаа бадрааж, тахиж болох уу?
-Энэ дэлхийн ямар ч тэрбумтан, ямар ч гэгээнтэн нарыг хувьчилж, өмчлөх эрхгүй. Яг үүнтэй адилхан хэнд ч галыг өмчлөх эрх байхгүй. Гал тахих, бадраах ёслолыг шашин гэхээсээ илүү эцэг өвгөдийн ёс заншилтай холбож ойлгох хэрэгтэй. Монголчууд бидний өвөг дээдэс дэлхий дээр анх галыг түгээж, бадрааж, дэлгэрүүлж ирсэн. Гол нь бид эв эеэ хичээж, хүчээ нэгтгэх ёстой.

-Та халимаг, тува, буриад, өвөрмонгол дуучидтай хамтран хамаг монголчуудаа уриалсан дуу хүртэл гаргажээ. Тухайн үндэстэнүүдийн хэл дээр энэ дуугаа дуулах уу?
-Мэдээж дуулна. Нутаг нутгийн онцлог, бага зэргийн аялга байдгийг эс тооцвол бидний язгуур нэг юм. Тиймээс тэдний хэл, аялгаар өвлөн уламжлагдаж ирсэн дуунуудаас нь дуулна. Цаашид “Хамаг Монгол” нэртэй цомог гаргах бодол ч бас бий.

-Хоёулаа ярианы сэдвээ бага зэрэг өөрчилье. Та 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн. Улс төрийн ажил хэр урагштай байна вэ?
-МАХН-ын гишүүн хэвээрээ эсэхээ сайн мэдэхгүй байна. Учир нь, би албан тушаал, алдар нэр янз бүрийн юманд горилдоггүй. Харин ч хатуу үнэнийг хэлчихдэг, шударга зантай болохоор надаас хүмүүс цэрвэдэг юм шиг байна лээ. Тэгээд ч УИХ-ын сонгуулиас хойш МАХН-аас над руу холбогдоогүй. Одоохондоо улс төрөөр оролдсон юм алга.

-Та дахин УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-Улс төрөөр би оролдохгүй байлаа ч улс төр надаар оролдоод байна гэж үг бий. Би бол шударга хэлдэг. Самандын Жавхлан би оршин байх хугацаандаа байх ёстой газраа өөрийнхөө хийх ёстой ажлыг хэнээр ч заалгахгүй хийнэ. Тийм болохоор би дахиад сонгуульд нэр дэвшинэ.

-МУГЖ Т.Баясгалан та хоёр “Монгол Улсын гавьяат жүжигчин” цол тэмдэг хүртсэнээсээ хойш уран бүтээлээс хөндийрч, хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах болсон. Дуучин Т.Баясгалантай холбоотой байгаа юу?
-Мэдээж энд тэнд таардаг. Нэг ангийн андууд болсон хойно мэнд устай байлгүй яахав.

-Та өнгөрсөн намар МУГЖ цол тэмдэгээ бусдад шилжүүлж багагүй шуугиан дэгдээсэн. Төрийн шагналыг улан дороо гишгиж байна гэж санагдаагүй юу?
-Энэ цолыг аваад явна гэхээр рекламд тоглохыг хэлэх үү? Энэ бас сонин асуудал. Би бусад шиг энэ цолоороо далимдуулж, ясны сийрэгжилт бий болгодог “Коко кола”, ходоодны шархлаа үүсгэдэг хуурай сүүний рекламд тоглохыг хүсэхгүй байна. Ингэж рекламд тоглосноор нэр хүндээ өндөрт өргөж  яваагийн илрэл үү? Миний хувьд нэр хүнд, цол тэмдэгээ уран бүтээл, нийгмийн ажилтайгаа хослуулан “сүлж” яваа. Би хэдийгээр хэвлэлд хандаж, зурагтаар гарч, рекламанд тоглохгүй байгаа ч миний ажил улам өргөжөөд явж байна. Үнэндээ манайд урлаг гэдэг зүйл байлдан дагуулах, уриалан дуулдах чанараа алдчихсан. Тиймээс аливаа уран бүтээлчид МУГЖ цол тэмдэгтэй ч бай, тэмдэггүй ч бай урлагтайгаа хамт нийгмийн ажлыг давхар авч явах ёстой. Намайг энэ шинж чанараа алдчихсан, нэр алдрын төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүстэй жишиж битгий ойлгоорой.

-Одоо гэрт амьдарч байгаа хэвээрээ юү?
-Би мэдээж гэртээ амьдрахгүй хаана амьдрах билээ. Гадаа амьдрах юм уу? /инээв/

-Уучлаарай, таван ханатай монгол гэрт амьдарч байгаа юу?
-Би сайхан монгол гэртээ л амьдарч байгаа.

-Таны эхнэр “Шуранхай" хамтлагийн дуучин Б.Эрдэнэчимэг уран бүтээлээ үргэлжлүүлэх болов уу. Үүнээс болоод таны хөдөө амьдрах хүсэл хэрхэх бол гэж сонирхох нэгэн ч байгаа байх?
-Мэдээж, гэргий маань миний амьдралыг хүлээн зөвшөөрсөн учраас л тийм шийдвэр гаргасан. “Дугуй дугуйгаа олно” гэж хүмүүс ярьдаг даа. Нэг дугуй нь хөдөө, нөгөө дугуй нь хотод өнхрөөд байвал тэрэг салж унана. Хоёулаа цаашдын амьдрал, уран бүтээлээ ярилцаж тохирсон.

-Таныг “Эхнэрээ араг түшүүлж төрүүлсэн, охиндоо вакцин хүртэл хийлгэдэггүй" гэдэг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Сүүлийн үед хамар нармай, тагнай нь цоорхой хүүхэд их төрж байна. Одоо бүр уушгины хавдартай хүүхдүүд ч олширлоо шүү дээ. Энэ суурин иргэншлийн буруу амьдралаас чинь л вакцин гэдэг муухай зүйл гарсан. Өвөг дээдсийн үед эхчүүд араг түшиж төрдөг байсан. “Үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй” гэсэн үг бий. Өвөг дээдсийнхээ уламжлалыг би бүх л зүйлээрээ үлгэрлэхийг хүсч байгаа. Худлаа хуурамч дүр эсгэж, хоосон яриа гаргаад байвал миний хүүхэд хүндрэлтэй төрж мэднэ. Миний хүүхдүүд цаашид өндөр өвөг дээдсийнхээ өтөг бууцан дээр төрөх байх гэж боддог. Ингэж байж л бид буруу амьдралаас сална.

-Гэргий тань монгол ахуй, ёс заншил хэр мэдэх вэ?
-“Адгийн тэнэг авгайгаа магтдаг” гэсэн үг бий. Яг үнэндээ эхнэр минь ямар ч үед өрх гэрийнхээ төлөө явах байх гэж боддог юм. Жавхлан нөгөө л нэг улиг болсон амьдралаа ярих гээгүй. Ямар ч байсан миний өмсдөг монгол цамцыг эхнэр маань оёж өгдөг.

-Та эмнэлэгт хэр “шүтлэгтэй” вэ?
-Би өөрийнхөө бодож санаснаар явж чаддаг, тэгээд ч залуу байна. Долоон жилийн өмнө автын осолд орсны дараа л эмнэлэгт хэвтэж байсан удаатай. Ер нь би хар багаасаа эм тариа, энэ тэр гэсэн элдэв дээдийн юм хэрэглэж яваагүй. Эд зүйл, элдэв шунал тачаалыг хурааж, хав дарах тусам өвчин хууч орооно шүү дээ.

-“Жавхлан хэтэрхий туйлширч байна” гэх шүүмжлэлийг та олонтаа сонссон байх?
-Харин тийм ээ. Намайг туйлширч байна, тэнэг хүн шиг ярьж байна, дуугаа л дуулаад явахгүй гэх шүүмжлэл зөндөө. Гэтэл би Монгол Улсын л иргэн хүн. Харж, сонсч, мэдэрч байгаа зүйлээ хэлж ярьж, шүүмжлэх эрх надад бий. Гэхдээ би хэзээд төр түмнээ биширч дуулсаар явах болно.

-Удахгүй XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жил гарна. Сар шинийн бэлтгэлээ базааж амжаа юу?
-Сар шинийн бэлтгэл бараг дууссан. Манайх чинь залуу гэр бүл гэхэд сар шинийн баярыг нэлээд өргөн тэмдэглэдэг. Энэ дашрамд, танай сайтаар дамжуулан хамаг монголчуудаа гарч буй “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Та бүхэн сар шинэдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлээрэй. Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Б.ДЭЖИД

Ц.Чулуунцэцэг: Ном уншдаг хүн дандаа залуугаараа байдаг

МУГЖ Ц. Чулуунцэцэгийг энэ удаагийн “Ном уншихуй” буландаа урьж ярилцлаа. Уртын дууч түүнийг манай уншигчид “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрээр сайн мэднэ.


-’’Уншихгүй бол сэтгэхгүй” гэж үг байдаг. Гэтэл өнөөдөр залуучууд ном унших нь багассан байна. Оюутан сурагчидтай ажилладаг таны хувьд энэ байдал илүүд мэдрэгддэг биз?
-Ном уншина гэдэг агуу зүйл гэж биднийг багад аав ээж, багш нар маань сургадагбайлаа. Гэтэл өнөөдөр залуучууд хаанаас ч сонирхсон мэдээллээ авах боломжтой болсон болохоор ном унших хэрэггүй болсон юм шиг боддог болчихож. Тийм биш. Ном унших бүрд тархины үйл ажиллагаа сайжирдаг.
Ер нь ном сайн уншсан хүн байнга залуугаараа байдаг төдийгүй тархи их сайхан сэргэг байдаг гэсэн. Бас цээж бичгийн соёл сайжирдаг. Гэтэл сүүлийн үед ном уншихгүйгээсээ болоод хүүхдүүд маш алдаатай буруу бичиж байна. Нөгөө талаас зөв буруу бичилт хүртэл нүдлэгдчихдэг болохоор зөв бичгийн дүрэмд ч хэрэгтэй.Тийм учраас би ном уншихыг маш их ач холбогдолтой гэж боддог. Хааяа хүүхдүүдийн бичвэрийн ажил удирдаад бичсэн текстийг нь шалгахад бөөн алдаа байдаг.
Энэ нь ном уншихгүйтэй холбоотой. Хоёрдугаарт ерөнхий боловсролын сургуульд цээж бичгийн хичээл ордог болсон юм уу, үгүй юмуу монгол хэлний зөв бичгийн дүрэм алдагдаж дээ гэсэн бодол төрдөг. Миний аав одоо 86 настай. Нүдний шилгүйгээр маш их ном уншина. Тэгээд л миний хүү аавдаа сайхан ном авчраад өгөөрэй гэхээр нь алдартай хүмүүсийн түүх намтартай ном , бас түүхэн романы номуудыгаваачиж өгдөг. Бүгдийг нь дор нь л уншаад дуусчихдаг. 
Бидний суүхэд байхад номын санд суудаг, ном их уншсан хүүхдийг “Номын сайн нөхөр” болгодог аян их зохиогддог байлаа. Харин одооны хүүхдүүд “Номын сайн нөхөр” гэж юу байдгийг бараг мэддэггүй байх. Гэхдээ яахав мэр сэр уншиж байгаа л даа. Ер нь дандаа хүнд хэрэгтэй зүйл номон дээр бичигддэг. Цаанаа ямар нэг утга агуулгатай, хүнд заавал сургааль хайрласан байдаг. Энэ бүгдийг бид номноос л олж авч байна.

-Танд ном унших цаг зав хэр гарч байна вз?
-Үнэнийг хэлэхэд их уншиж чадахгүй байна. Гэхдээ би ном унших дуртай. Хүүхэд байхдаа ном унших маш их дуртай байлаа. Зуныхаа амралтаар ном уншаад байхаар аав маань та нар уншдаг газраа очиж унш, энд аав ээҗдээ тусал гэж зэмлэдэг байлаа. Тиймдээ ч би сургуулийнхаа "Номын сайн нөхөр” байсан. Харин одоо оройн цагаар жаахан зав гарвал гарчиглаад л авдаг юм. Гэвч ид уншдаг үеэ бодвол жаахан холдсон байгаа.

-Номын дэлгүүрүүдэд сүүлийн үеийн сонирхолтой номууд их гардаг болсон. Та тэдгээр номуудаас худалдаж авдаг уу?
-Хаа очиж би "Интерном” номын дэлгүүрээр нэлээд ордог шүү. Гэхдээ өөрийнхөө ажил мэргэжилд холбоотой номуудаа илүү сонирхдог. Зарим номынх нь үнэ нэмэгдсэн, зарим нь буурчихсан л байж байдаг. Тиймээс би чухал гэсэн номоо үнэ хайрлахгүй худалдаж авдаг.

-Хамгийн үнэтэй ямар ном авч номынхоо санг баяжуулж байв?
-Дундаж үнээр л ном авдаг. Сая 30 мянган төгрөгөөр н.Соронзонболд багшийн номыг худалдаж авсан. Түүнээс өмнө Дархад дууны тухай н.Дариймаа багшийн номыг авсан. Мөн сая МУГЖ Л.Чулуунчимэгийн Монгол ардын богино дууны дагалтат түүвэр гэсэн 300 гаруй дуутай ном гэх мэтээр ардын дууны түүвэр гарсан номуудыг худалдаж авах дуртай.

-Тэгэхээр танай номын санд олон төрлийн ном хадгалагдаж байдаг байх нь ээ?
-Байлгүй яахав. Зарим номоо номын санд багтахгүй болохоор шуудайд хийчихсэн байгаа. Манай эгчийн ном бүүр ч их. Би түүнээс нь хааяа хэрэгтэй номоо авдаг юм.

-Таны сэтгэлээс мартагддаггүй дахин дахин уншаад баймаар ямар ном байдаг вэ?
-Хөгжмийн зохиолч, төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуайн эмхэтгэсэн “Их дуучны яриа” ном болон “Уртын дууны уламжлалт нэр томъёоны гаргалгаа” зэрэг номуудыг эргэж харж байх юм даа.

-Номын үнэ цэнийн тухайд зөрийн бодлоо хэлэхгүй юу?
-Ном гэдэг түүхэн үеийг хадгалж явдаг эрдэнэт зүйл гэж боддог. “Монголын нууц товчоо”-гоор бодоход үнэхээр түүхийг агуулсан байдгаараа юунаас ч үнэ цэнэтэй.

-Хамгийн сүүлд ямар ном уншив?
-Ш.Чоймаа гуайн “Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм” нэртэй номыг уншиж байна.

-Хүн чанар гээгдэж байгаа өнөө үед ямар сэдвийн ном уншвал төлөвшиж, нийгэмшихэд тус дэмтэй байх бол?
-Уламлалт ёс заншлын тухай монгол хүн бур мэдэж байхад илүүдэхгүй. Тиймээс би монгол уртын дууны үүсэл хөгжлийн талаар эр- дэмтэн мэргэдийн дэвшүүлсэн санаа үзэл бодлын талаарх номуудыг уншдаг. Мөн олон ястны дуунууд дотор ямар сэдэв агуулж байна вэ гэдгийг эргэцүүлэн бодож уншиж судалж үзэж байна даа.

Д.Нэргүй 
Нийслэл таймс

С.Эрдэнэ: Нүүдлийн шувуу шиг байгууллага хэсдэг арми бий болчихоод байна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас “Хүн амын хөгжлийн цогц бодлого”-ыг боловсруулж байгаа. Энэ бодлогод ахмадын хөгжлийн асуудлыг хэрхэн тусгаж байгаа талаар салбарын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Танай яамнаас ахмад настнуудад чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх гэж байна вэ?
-Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг бид боловсруулж ирэх намрын чуулганаар УИХ-д өргөн барьж, эрх зүйн баримт бичиг болгон батлуулах зорилго тавьж байгаа. Энэ хүрээнд хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичигт ахмад настны талаарх асуудлыг хэрхэн яаж тусгах уу, яаж баталгаажуулах вэ гэдэг асуудал яригдаж байна. Хамгийн гол нь насжилттай холбоотой асуудал байгаа. Үүнтэй холбоотой бодлогын шинэчлэлт хийх шаардлагатай.
Монгол Улс НҮБ-ийн Хүн амын сантай хамтарч хийсэн судалгаагаар 2025 оноос эхлээд насжилтын асуудал үүсч, 2030 онд идэвхжиж, 2040 оноос оргил үедээ хүрэхээр судалгаа харагдаж байгаа. Хүн амын насжилт идэвхжихээр эдийн засгийн сөрөг үр дагавар нэмэгдэж, хурдац нь саардаг зэрэг олон сөрөг үр дагавар гардаг. Энэ бол дэлхийн хөгжилтэй улс оронд бий болсон сөрөг үзэгдэл. Өнөөдөр монголын хувьд хүн амын насжилтын хамгийн тааламжтай цаг үе. Ийм цаг үед ахмад настнуудын талаар авах арга хэмжээ, төрийн бодлогыг зөв тодорхойлж, бий болох насжилтын сөрөг үр дагаврыг даван туулах бэлтгэл ажлыг хангах үүднээс “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” ахмадын улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан.

-Яагаад заавал бодлогын шинэчлэлт хийх шаардлагатай гэж?
-Улс орны өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээд шинэчлэлт өөрчлөлт хийхгүйгээр улс орны хөгжил урагшлахгүй юм байна гэдэг дээр гол дүгнэлт хийсэн. Бүх зүйл болоод байгаа юм шиг хэрнээ болохгүй байна. Аливаа нэг юм хийх гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг зогсонги байдалд орчихсон. Маш олон хүчин зүйл үүнд нөлөөлж байсан. 

Тийм учраас энэ бүгдийг эрс өөрчилж шинэчилж байж хөгжлийг нь хөдөлгөөнд оруулж үр дүнд хүрэх юм байна гэдэг дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлтийг үндэслэж шинэчлэлийн Засгийн газар нэр томъёогоо өөрчилсөн. Хэрэгжүүлж байгаа бүх зорилтууд шинэчлэлтэйгээ уялдаж явж байгаа. Аливаа өөрчлөлт шинэчлэлт бүгд уялдаа холбоотой. Тэгэхээр бид өнөөдөр нийгмийн өмнө тулгараад байгаа, зогсонги байдалд ороод байгаа нийгмийн хөгжлийн асуудлыг шинэчилье, өөрчилье, өөр өнцгөөс харъя, эрчимтэй үйл ажиллагаа явуулъя гэсэн зорилт тавьж байгаа.

-Манай улсад ахмадын хөгжил ямар шатанд явж байгаа бол?
-Өнөөдөр нийгэмд ахмадын хөгжлийн асуудал бол үндсэндээ байхгүйтэй адилхан байна. Ахмадууд өнөөдөр эрх бүхий байгууллага, төрд тавьж байгаа асуудлуудын гол нь юу гэхээр тэтгэврээ нэмэгдүүлэх, ахмад настны халамжийн бодлогод илүү түлхүү анхааруулах гэсэн ийм л шаардлага тавьдаг. Илүү юм шаарддаггүй шүү дээ. 
Ахмад настнуудын хөгжлийн асуудлыг аваад харах юм бол үндсэндээ тэд тэтгэвэрт гараад бүх юм нь дуусгавар болсон юм шиг ийм л нөхцөлд амьдарч байгаа. Тэдэнд хөгжлийн бодит боломж харагдахгүй байна. Тэд өнөөдөр үнэ хөлсгүй хөдөлмөр хийж байна. Айлын гэр цэвэрлэж хоолыг нь хийж, хүүхдийг нь хардаг, хасаг хорионд байдаг гэх мэтчилэнгээр ярих юм бол хөгжлийн асуудал нь бүрхэг байгаа юм. Бусад хөгжсөн оронд ахмад настнууд яадаг вэ гэхээр тэтгэврийн орлого, өөрт байгаа бүх юмыг зөвхөн өөртөө зориулдаг.
Ахмадууд бол улс орондоо хийдэгээ хийчихсэн, бүтээдгээ бүтээчихсэн, үр хүүхдээ төрүүлээд, өсгөөд үүрэг хариуцлага хүлээх хэмжээнд нь хүргээд өгчихсэн хүмүүс. Гэтэл манай оронд яаж байна гэхээр “чи хийдгээ хийчихсэн үү” гэсэн шиг тэтгэвэрт гарангуут нь шууд хагас ял шийтгэл оноож байгаа юм шиг байдалд шилжүүлчихдэг. Жилд алдаг оног олддог сувилалд амрахаас өөр зүйл байдаггүй. Гавъяныхаа амралтыг эдлэж чадаж байна уу, хөгжиж чадаж байна уу, нийгмийн амьдралд идэвхитэй оролцож байна уу гэвэл үгүй. Бүх юмнаас тусгаарлагдсан байдаг. Энэ байдлыг зогсооё. Ахмадуудаа өөр өнцгөөс харъя, хөгжлийн асуудлыг нь өөр өнцгөөс тодорхойлъё.

-Тэгвэл энэ зогсонги байдалд ороод байгаа ахмадын хөгжлийн асуудлыг яаж өөрчлөх вэ?
-Хүн амын дундаж наслалт өсч байна. Тэтгэвэрт гараад бие эрүүл ухаан саруул, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байгаад байдаг. Гэтэл хуулиараа тэтгэвэрт гаргаад ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарладаг. Тэгэхээр хамгийн түрүүнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хуулийг яаралтай баталж ахмад настан зөвхөн тэтгэврийн орлогоор биш,өөрийнхөө чадвар чадлаараа олж байгаа нэмэгдэл орлогыг бий болгох бодит эрхзүйн орчинтой болгох. 

Тэгснээрээ өөрийнхөө амьжиргааг дээшлүүлэх өөрийнхөө орлогыг нэмэгдүүлэх боломжтой байх нөхцөлийг нь бүрдүүлж өгье гэж байгаа. Ингэж харилцан уялдсан бодлого явуулаад үүгээрээ ахмад настны нийгмийн ахуй байдлыг нь дээшлүүлэх, бодит орлогыг нь нэмэгдүүлэх ийм боломжийгбий болгожажиллах нь туйлын чухал гэж харж байгаа. Энэ бүгд чинь цогцоороо нийлээд ирэхээрээ ахмад настны хөгжил бий болно.

-Зах зээлийн нөхцөл байдал ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг шахаад байгаа юм биш үү?
-Зах зээл шахаад байгаа юм биш. Эрх зүйн зохицуулалт нь өөрөө шахаад байгаа юм. Ажлын чадвар нь хэвээр байгаа ахмадууд төрийн болон төрийн бус аль нэг байгууллагад ажиллъя гэхээр төрөөс эрх зүйн дэмжлэг байдаггүй, ахмад настныг ажиллуулах эрх зүйн зохицуулалт байхгүй зэрэг байдал нь шахаад байгаа юм.

-Монголд ажилгүй залуучууд олон байхад ахмадуудад ажлын байр олдох болов уу?
-Энэ асуудалд би шал өөр байр суурьтай байгаа. Залуучууд өөрийн мэдлэг чадварт тохирсон ажлаа олж хийх боломж бүрэн дүүрэн байгаа. Харамсалтай нь дийлэнхи олонхи нь илүү амар хялбар амьдралыг хайж байгаа. Илүү амар хялбар аргаар орлого олох гэсэн, хялбар аргаар амьдрах гэсэн тийм хүсэл зорилго нь давамгайлчихаад байна. Хуучин бол ажлын байрны хомсдол гэж байсан бол одоо ажиллах хүчний хомсдол бий болчихлоо. 
Ажлын байрны зар хангалттай зарлагдаж байна. Хөдөлмөрийн бирж дээр ч тэр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тэр ажлын байрны зараас их юм алга. Харин ирж байгаа ажиллах хүчин гэж маш бага болчихсон. Ирж байгаа нь ажил голдог шилдэг, цалингаа голдог, ажилд тавигдах шаардлага, нөхцөлөө голдог. Тэгээд л дэнгийн эрвээхэй, нүүдлийн шувуу шиг аж ахуй нэгж хэсээд явж байдаг бүхэл бүтән арми бий болчихоод байна.

-Ажиллах хүчний нүүдэл гээд байгаа энэ зүйл ганцхан манай оронд байна уу. Олон улсад ямар байдаг вэ?
-Зөвхөн манай оронд ийм асуудал болоод байгаа юм биш байна лээ. Жишээ нь Азийн орнуудад 1950-аас 1960-аад оны үед яг ийм урсгал бий болж байсан. Тухайн үед түүнийг төрөөс тодорхой хууль эрх зүйн хүрээнд болон ААН-үүдийн оролцоотойгоор энэ асуудлыг шийдэж байсан юм байна лээ.
Солонгос, Японд гэхэд ийм ажиллах хүчний нүүдэл бий болоод эхпэнгүүт яасан гэхээр ААН-ын удирдлагууд хоорондоо зөвшилцөөд аливаа шинэ хүн ажилд авахдаа хаана ажиллаж байсан, ямар шалтгаанаар халагдсан, хэр зэрэг мэдлэг боловсролтой, ямар хүн бэ гэдэг тодорхойлолтыг урд нь ажиллаж байсан байгууллагаас нь заавал авч байж ажилд авдаг байхаар болж байсан. Мэдээж тодорхойлолт муу байх юм бол тэр хүнийг ажилд авахгүй. 
Тийм зохицуулалт хийгээд эхлэнгүүт ажиллах хүчний нүүдэл аяндаа хязгаарлагдаж эхэлсэн. Хариуцлагатай болж эхэлсэн байдаг. Харин манайд бол тэгдэггүй. Хаана юу хийж байсан нь сонин биш. Англи хэлний мэдлэгтэй, нуруу туруу зүс царай дажгүй байвал тэгээд л авчихдаг. Нөгөө орсон хүн нь хариуцлага хүлээхдээ муу, нэг хоёр удаа шаардлага тавибал хаяад яваад өгдөг. Ажиллах хүч нь ч тэр байдалдаа дасчихсан, ажил¬луулах газар нь тэр байдалдаа дасчихсан.

-Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль батлагдсанаар ахмадууд аль ч салбар гараад ажиллах боломжтой гэсэн үг үү?
-Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн ажлын онцлог өөр. Олонхи нь насан туршдаа хуримтлуулсан дадлага туршлагаараа оюуны ажил эрхлэх боломжтой. Тухайн үйл ажиллагаа явуулахад нь чиглэлээр ажиллах нь илүү байна гэж харж байгаа. Баялаг бүтээхэд ахмадуудын оролцоо муу байна. Бүх өндөр настан, ахмадуудыг ажил хий гэж байгаа юм биш хөдөлмөр эрхлэхийг хүсч байгаа ахмад настнуудын эрх зүйн зохицуулалтыг хийж өгөх нь чухал байгаа юм.

-Ахмадтай холбоотой асуудал яригдахаар зайлшгүй тэтгэвэрийн нэмэгдэл, зөрүүний асуудал гарч ирдэг. Тэтгэврийн асуудлыг шинэчлэх үү?
-Тэтгэврийн хэмжээг автоматаар нэмдэг байдлыг халах хэрэгтэй. Хуучин тэтгэврийг ийм төгрөгөөр нэмэх гэж байна гэж зарлаад, тэтгэвэр нь нэмэгдэх гэсээр байтал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг, тэтгэвэр нэмсний үр дүн гардаггүй байсан. Тэгэхээр энэ жилээс Үндэсний статистикийн хороо Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтарч судалгаа гаргаж, Засгийн газарт танилцуулж, Засгийн газар тэтгэвэр нэмэх эсэхийг шийддэг хууль хэрэгжиж байгаа. Тиймээс удахгүй дээрхи хоёр байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч судалгаа хийнэ. Үүнээс үндэслэж Засгийн газар дараагийн алхмаа хийнэ.

Б.Нямзул 
Нийслэл таймс

Харүмафүжи: Аавынхаа шүлгийг тарни мэт уншдаг

Японы мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Харүма­фү­жи буюу Даваанямын Бямба­дорж­той ярилцлаа.
ЦАГААН САРААР ХАМГИЙН ИХ АЙЛ ХЭСДЭГ ХҮҮХЭД НЬ БИ БАЙЛАА

-2013 оны анхны башё болох Хацу башёд нэг ч уналгүй түрүүл­лээ. Энэ удаа таныг тааруухан барилдвал цолыг тань хураана хэ­мээн сумо бөхийн авар­гуу­дын зөвлөл мэдэгд­сэн. Энэ ба­рил­даанд нөлөөлсөн болов уу?
-Хацу башёд уналгүй түрүүл­сэн­­дээ баяртай байна. Их аварга болчих­сон хүний цолыг хурааж авна гэсэн дүрэм байхгүй. Сумо­гийн аваргуудын зөв­лөл гэж байдаг юм. Тэр зөвлөл нь Японы жирийн иргэдээс бүрдсэн. Авар­гуу­дын зөвлөлөөс их аварга цолтой бөх арваас дээш даваа авч үзүүр, түрүүнд үлдэх ёстой гэдэг юм.

-Мэдээж зодог тай­луулна гэж байсан бо­лохоор сэтгэл санааны хувьд хүндхэн башё болж өнгө­рөв үү?
-Хүн чадлынхаа хэ­рээр байдаг гэж боддог. Надад их аварга хэмээх цолыг хүртээсэн боло­хоор болом­жийн­хоо хэ­рээр сайн барилдах юм­сан гэж бодож байлаа. Намайг дэмждэг хүмүү­сийнхээ итгэл найд­вар, хүсэл зоригийг алдалгүй тү­рүүл­лээ. Тэдний минь сүлд хий­морь, ивээл на­майг ирлэж ямартай ч 15 давлаа.

-Башё өндөрлө­чих­сөн бо­лохоор амрал­тын байдалтай байна уу?
-Японы үндэсний баярууд эхэл­сэн боло­хоор амарч амжихгүй л байна. Баярын хүлээн авалтуудад оролцоод амрах цаг зав багатай л байна даа.

-Хацу башёгийн хам­гийн хэцүү барилдаан гэвэл ямар барилдаа­ныг хэлэх вэ?
-Энэ барилдаан, тэр барил­даан гэж хэлэхэд хэцүү. Башёгийн бүх ба­рил­даануудад анхаар­лаа төвлөрүүлж, хүч тэн­хээ­гээ гаргаж барилдах­гүй бол бүгд л хүчтэй өр­сөл­дөгчид байдаг. Миний хувьд өндөр цолтой бөх­чүүд гэхээсээ илүүтэйгээр доод бөхчүүддээ уна­чи­хаад байдаг гэмтэй боло­хоор эхний 10 өдрийн барилдаанд маш хянуур барилдсан.

-Башёгийн эхний хоёр өдрийн барилдаанд биеэ бариад байна уу даа гэж харагдсан шүү?
-Барилдаан бүр дээрээ анхаар­лаа төвлөрүүлж барилддаг боло­хоор биеэ барина гэж байдаггүй. Хэрэв биеэ барих юм бол барил­даан гарахгүй шүү дээ.

-Сумочид барилдааныхаа өмнө анхаарлаа төвлөрүүлж байгаа харагддаг. Таны хувьд хэрхэн анхаарлаа төвлөрүүлдэг вэ?
-Манай аавын Шилийн Богд дээр бидэнд бичиж өгсөн шүлэг байдаг юм. Тангаргийн шүлэг гэсэн үг. Миний хувьд тэрхүү тан­гар­гийн шүлгийг тарни мэт уншиж барилдааныхаа өмнө анхаарлаа төвлөрүүлдэг.  

-Тангаргийн шүлгээ уншиж болох уу?
-Бололгүй яахав.

"Эрийн хийморь сэргээсэн
Шилийн Богд дуулж бай
Ид хаваа гайхуулсан
Халхын сайн эрс сонсож бай
Сайн бөх болохоор сэтгэл шулуудан зүтгэе
Саар муу бүхнээс суралцах завгүй зүтгэе
Хатан зориг тэвчээрийг амжилтын үндэс болгоё
Халирч, бэргэж, айхыг алдааны дээд болгоё
Төр төвшин байхыг шүтье
Өр нимгэн ухааныг дээдэлье
Өтгөс нялхаст халамжтай явъя
Өнөр бүлээ эвлэн дагуулъя" гэсэн тангараг байдаг аа.

-Удахгүй усан могой жил гарах гэж байна. Эх орондоо ирж шинэлнэ биз дээ?
-Эх орондоо очиж шинэлэх хүсэл байвч амждаггүй юм аа. Учир нь бидний бэлтгэл эхэлчихсэн байдаг. Тийм болохоор бэлтгэлээ хийхгүй бол болохгүй. Бэлтгэлийн дундуур бидэнд чөлөө өгөөд бай­даг­гүй. Их аварга цол хүртээд удаагүй байгаа болохоор бие сэтгэлээ өмнөхөөсөө илүү бэл­дэх­гүй бол болохгүй. Учир нь бидний шилийг даран олон хүчтэй бөхчүүд сумогийн дээд зиндаанд гарч ирж байна.

-Их аварга цолыг олон жил хүссэн болохоор аргагүй ч юм аа даа?
-Их аварга болно гэдэг цолон­доо ханахын нэр биш юм шиг байгаа юм. Өмнө нь би нэг өдрийн бэлтгэл дээрээ 50 барилддаг бай­сан бол бэлтгэлийнхээ чанарыг сайжруулахын тулд өдөрт 100 барилдах, хүчний бэлтгэлийг бүр олон цагаар хийх хэрэгтэй болж байна. Бэлтгэлээ сайн хийж аварга цолыг хамгаалах ёстой юм байна гэдгийг сүүлийн хоёр башёд мэдэр­лээ. Сумод нэг өдрийн бэлтгэл таслахад л гурван өдрийн бэлтгэл алдсантай адилхан гэж үздэг. Миний хувьд биеэ болон сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хангах хэрэг­тэй байна даа.

-Одоо тэгвэл хүлээн авалтын хажуугаар бэлтгэлээ хийх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Хамгийн гол зүйл бэлтгэл шүү дээ.

-Шинэ оны өмнө Монголд ирээд буцсан сураг байсан?
-Би Кюүшюү башёг өндөр­лүү­лээд арваннэгдүгээр сарын сүү­лээр Монголдоо очсон. Эх орон­доо ирчихээд аавынхаа газар дээр очоод буцсан даа.

-Та хамгийн сүүлд хэзээ эх орондоо цагаан сар тэмдэглэсэн бэ?
-Би Монголд бараг цагаан сар тэмдэглэж үзээгүй. Хамгийн сүүлд хэзээ ах, дүүсийнхээрээ орсон юм бол доо. Аавыг сэрүүн тунгалаг бай­хад л ээж, ах дүүсээрээ тэмдэглэ­сэн.

-Японд Монголынхоо цагаан сарыг тэмдэглэдэг үү. Хэрэв тийм бол хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Тэгэлгүй яахав. Японд ч гэсэн Монголынхоо цагаан сарыг тэм­дэг­лэ­дэг. Ээж маань надтай хамт энд байдаг учраас манайхан цолныхоо эрэмбээр ирж золгоцгоодог.

-Цагаан сарын бууз, ууцаа бэлддэг үү?
-Монголоос ирчихдэг юм. Японы Элчин сайдын яаман дээрээ очиж золгодог. Японд цагаан са­раар монголчууд хоорондоо уул­зан золгоцгоодог. Миний хувьд энэ жил мөн л Японд шинэлнэ.

-Монголдоо сар шинийг уг­тахыг хүсдэг биз дээ?
-Мэдээж шүү дээ. Гадаадад байгаа монголчууд бүгд л тэгж хүсдэг байх.

-Багадаа хэрхэн сар шинийг өнгөрүүлдэг байсан бэ. Айл их хэсдэг байв уу?
-Би айлын бага хүүхэд боло­хоор аав, ээжийгээ дагаад айлаар их орно. Гэрийнхээсээ хамгийн их айл хэсдэг хүүхэд нь би байсан юм. Би аавын хүүхэд байсан болохоор аав хөдөө гадаа явсан ч хамт л явдаг байлаа. Тэр үед би жаахан байсан ч гэсэн байнга аавынхаа өвөр дээр эрхэлж, энгэрт нь асаж явсан сайхан цагаа мартдаггүй.

-Талын Монголынхоо жавар­тай өвлийг санадаг уу?
-Би өвөл Монголд их очдог. Харин цагаан сараар л амждаггүй юм. Эх орондоо өвөл очих дуртай.

-Их аварга цолны болзол хангах үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу. Хэцүү бэрх олон даваа нугачааг давж уг цолонд хүрч байгаа шүү дээ. Хамгийн түрүүнд юу бодогдож байсан бэ?
-Үнэхээр их баярласан. Ийм их хувь тавилангаар, тийм сайхан өвгөдийнхөө удам болж төр­снөө­рөө бахархаж байсан. Өндөр их хувь тохиолдлоор энэ сайхан дэлгэр Монголын хүү болон мэндэлнэ гэдэг сайхан. Олон сайхан монгол түмний минь буян хишиг над дээр иржээ гэж бодогдсон.
ААВ ЭЭЖИЙНХЭЭ ИТГЭЛ, ӨӨРИЙН МӨРӨӨДЛӨӨ ТЭЭЖ АНХ ЯПОНД ОЧСОН

-Таны өндөр хэд вэ?
-Одоогоор 185 см байна.

-Жижиг биетэй, жин багатай бөхийн тоонд орсоор байгаа юу?
-Мэргэжлийн сумод барилдаж байгаа хүмүүсийн дундаж жин 155 кг байдаг. Миний хувьд 133 кг болохоор хамгийн бага жинтэй бөхийн нэг хэвээрээ л байна.

-Бага жингээ хурдаараа нөхөж байна уу?
-Миний барилдааны онцлог хурд гаргаж барилддагт байдаг. Гэхдээ ганцхан хурд байхад барил­даан болчихно гэж ойлгож болох­гүй. Миний барилдаан гэвэл мөр­гөж, цуппаридаад залгуулж ма­ваши­ны барьц аваад түрж гаргадаг шүү дээ.

-Энэ барилдааныг сонгомол сумо гээд байгаа биз дээ?
-Яг ч сонгомол гэхгүй л дээ. Япончууд жижиг биетэй, жин бага­тай бөхчүүд зайлсан, татсан барил­даан хийлгүй урагшаа явж барилдсан барилдаанд ам сайтай байдаг. Үнэн хүчийг үзэж барилдлаа гэсэн утгаар тэгдэг байх.

-Анх сумод ороход таны өн­дөр, жин хэд байсан бэ?
-Монголоос анх явахад жин 73 кг, өндөр 177 см байсан.

-Анх сумогийн ертөнцөд хөл тавьсан үеийнхээ талаар ярих­гүй юу. Хэцүү л байсан байх?
-Мэдээж тийм амар байгаагүй. Япон хэл ч мэдэхгүй талын Мон­го­лоос нэг нөхөр далай гатлаад оччихсон юм. Тийм болохоор ёс журмаас нь эхлээд мэдэхгүй, чадах­гүй зүйлс байсан шүү. Намайг Япон явахад "Амжилт гаргаарай" гэсэн аав, ээжийн итгэл, өөрийн мөрөөд­лөө тээж ирж байлаа. Тэгэхэд би 16 настай байсан юм.

-Эх орондоо ирээд хамгийн түрүүн юу хиймээр санагддаг вэ?
-Миний хамгийн ихээр эмзэглэж байгаа зүйл бол утаа юм даа. Хүн сайхан амьдрахын тулд эрүүл биетэй байх хэрэгтэй. Улаан­баатарт амьдарч буй хүмүүсийнхээ эрүүл мэн­дэд л санаа зовж байна. Хүн эрүүл байж л ихийг бүтээж, аз жар­галтай байж, зорьсон зорил­го­доо хүрдэг. Утаа эрүүл мэндэд нь муу гэдгийг манайхан мэддэг хэр­нээ аргагүйн эрхэнд амьдарч бай­гаа.

-Таныг Улаанбаатарт амьдар­даг байхад ийм утаа байдаггүй бай­сан биз?
-Ёстой байгаагүй. Намайг 12 жилийн өмнө сумод явахад манай гэр нэгдүгээр хороололд байдаг байлаа. Хорооллын маань хойд талын уулан дээр ч гэсэн айлууд байсангүй. Уулан дээр гараад жаахан хүүхдүүд яахав дээ хоорон­доо чулуугаар байлдана. Мөн тэндээ барилдана шүү дээ.

-Их аварга болчихоод зогсож байхдаа аавыгаа их санасан байх. Таны барилдааны дотнын зөвлөгч нарын нэг байсан шүү дээ?
-Ямар ч эрэгтэй хүүхэд аавын­хаа нурууг харж өсдөг. Ганцхан би ч гэлтгүй монгол хүүхэд бүр л аавынхаа юунд тэмүүлж, юу хүсч байсныг нь зорилго болгож, түүнийг нь биелүүлэхийн төлөө амьдардаг болов уу. Аав минь цагийн жамыг дагаж, хорвоогийн хуулиар бурхан болсон. Миний барилдааны хам­гийн дотнын зөвлөгч нь яах аргагүй аав минь байсан. Хүн аав, ээжийн­хээ буянаар зөв амьдарч явдаг. Тэд үр хүүхэд биднийхээ замыг дардан шулуун болгодог байх. Харин аавынхаа газар дээр очихдоо нүүр бардам, нуруу цэх, харц өндөр очихсон гэж хүсдэг. Энэ бол тэр хүний хүү нь болж төрсний үүрэг юм.

-Аавыгаа тэнгэр болсныг сонс­сон тэрхүү башёд зодоглох амаргүй байсан байх даа?
-Хүний хамгийн том уй гашуу бол гэр бүлийн хүнээ алдах байдаг. Үүнийг хүн  өөрийн бие дээрээ л илүү мэдэрдэг юм билээ. Тэр үед аавыгаа ч хөдөөлүүлж чадалгүй Япон руу буцаж байсан. "Аавыгаа хөдөөлүүлэхэд нь оролцож чадах­гүй бол би сумо бөхөөр барилдаж яадаг юм. Сумо миний амьдрал юм уу" гэж хэлж байсан юм. Тэр үед залуу омголон ч байж дээ. Энэ талаар ээж, хоёр ах бид дөрөв тойрч суугаад ярьж байхад хоёр ах "Аав чамайг ингээд сумогоо орхи­ход баярлах уу. Эсвэл цолоо ахиу­лаад сайн барилдвал баярлах уу" гэж асууж байлаа. Тэгэхээр нь би "Намайг цолоо ахиулаад сайн барилдвал баярлах байх аа" гэхэд "Миний дүү аавыг баярлуулж чадах хамгийн гол зүйлээ л хийх хэрэгтэй. Тийм болохоор барилдсан нь дээр" гэсэн. Тэгэхэд сэтгэл арай дээр болж "Аавынхаа төлөө би барил­дах ёстой" гэж өөртөө хэлсэн. Тэгээд ганцаараа онгоцонд суу­гаад Япон руу буцаж байсан даа.

-Аавыгаа алдсан хүнд ч чө­лөө өгдөггүй сумогийн дүрэм үнэ­хээр тийм хатуу байдаг уу?
-Дүрэм бол дүрэм шүү дээ. Амьдрал хэцүү гэдгийг тэр үед л ойлгодог юм билээ. "Аавынхаа төлөө би барилдах ёстой" гэж өөртөө хэлээд Япон руу явахад аав минь тэнгэрээс хараад баярлаж байсан байх гэж боддог. Түүнээс хойш арслан, аварга цолонд хүр­лээ. Эх орныхоо нэрийг ч гэсэн өндөрт өргөж явааг хараад бахар­хаж байгаа болов уу гэж боддог шүү. Миний хувьд өөрийн барил­даанаараа олон хүнд урам, зориг, сэтгэлийн тэвчээр бэлэглэж байгаа гэдэгтээ итгэдэг. Тэр үед аавыгаа хөдөөлүүлж чадаагүй ч сайн ба­рил­дах хүсэл тээн Япон руу буцсан минь зөв байжээ гэж бодогддог.

-Анх яагаад сумод явах бол­сон юм бэ. Үндэсний бөхөөрөө барилдах бодол байгаагүй хэрэг үү. Хэрэв үндэсний бөхөөр ба­рил­даж байсан бол ямар цолонд хүрсэн байгаа бол?
-Би анх Япон руу сумод барил­да­на гэж яваагүй. Уг нь би чинь жүдогийн сургуульд суралцахаар очсон. Тэгэхэд би жүдо бөхөөр хичээллэдэг байсан юм. Кёк­ү­шюзан сангаас гэр рүү яриад "Жү­до­гийн сургуульд хүүхдүүд авах гэж байх шиг байна. Очоод шал­гуу­лаач" гэхээр нь аав бид хоёр яваад очтол тэр нь жүдо биш сумо бөх байж таарсан. Дараа нь аав "Нэгэнт л миний хүү ирчихсэн юм чинь шалгуулаад үзчих" гэсэн юм. Тэн­цэх үгүйгээ ч мэдэхгүй 70 гаруй хүүхдийн хамт шалгаруулалтад орж тэнцээд Японд үлдсэн. Ингээд бодохоор хүний хувьд тавилан, заяа төөрөг анхнаасаа зурагд­чих­сан байдаг юм болов уу гэж боддог.
Хэрэв би үндэсний бөхөөр барилдсан бол яах байсан бол гэж бодогддоггүй. Хувь төөргөөрөө л энэ сайхан оронд ирж үндэснийх нь бөхөөр барилдаж эх орныхоо нэрийг гаргаж, ард түмнээ баяр­луу­лаад явна гэдэг сайхан үйл юм.
Өөрийн чадлынхаа хэрээр эх орондоо сайн сайхан зүйл хийж бүтээхсэн гэж хүсдэг. Энэ сайхан Монгол орныг үр хүүхэд бидэндээ өвлөн үлдээсэн өвөг дээдэстээ баярладаг. Тэдний суу алдар үеийн үед дуурсагдах байх.

-Сумод та "Ама" нэрээр ба­рилд­даг байсан. Яагаад нэрээ солих болсон бэ. Монголчууд одоо хүртэл "Манай Ама" л гэж ярьцгаадаг шүү?
-Манай анх сумогийн дэвжээнд ирсэн өдөр манай багш ояката буюу багш гэж ямар хүнийг хэлэх вэ гэдгийг тайлбарлаж өгч байлаа. Тэгэхэд багш гартаа гадил жимс буюу банана барьчихсан энэ юу вэ гэж орчуулагчаар дамжуулан асуул­гаж байсан. Би банана гээд хэлэхгүй юу. Тэгсэн багш хүн үүнийг алим гэж хэлсэн бол би алим гэж хэлэх ёстой гэсэн. Багш намайг Ама гэдэг нэрээ соль гэхэд нь би эхэн­дээ дургүй байлаа. Багшийн өрөөнд орж болохгүй багшаа болохгүй гээд гардаг байсан юм. Нэг өдөр намайг гурав дахь удаа­гаа өрөөндөө намайг дуудлаа даа. Яваад ортол нэрээ соль оо л гэж байна. Би ч үгүй гэдгээ хэлсэн. Гэтэл багш "Чамайг анх ирж байхад би чамд юу гэж хэлж байлаа. Санаж байна уу" гэдэг юм. Санаж байна багш аа гэтэл өнөө бананын тухай яриад "Би чиний төлөө чамайг нэ­рээ соль гэж байхад. Чи солих хэ­рэг­тэй" гэсэн. Тэгж л би Ама нэрийг Харумафүжи болгож байсан юм. Нэ­рээ сольсноос хойш сайхан ба­рил­даж сумогийн аварга цолонд хүр­лээ.

-Нэрээ солиод л таны амжилт дээшилсэн гэж үү?
-Нэрээ сольсныхоо дараа жаахан тааруу барилдах гэх мэт зүйлс байсан. Яахав унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг л тэр байсан биз. Хүн жаахан тааруу барилдаад ирвэл олон зүйлд бу­рууг тохож, хүмүүст бурууг нялзааж эхэлнэ шүү дээ. Одоо аварга болс­ны дараа эргээд санахад багш минь зөв хэлж байж дээ гэж бодогд­дог юм.

-Таныг цаг цуглуулах хоб­би­той гэж дуулсан. Цуглуулга тань хэд хүрээд байна вэ?
-Миний хувьд цаг, машин хоёрт сонирхолтой.

-Хичнээн цаг, машинтай бол­сон бэ?
-Хүний сонирхол болохоор заавал тэд гэж хэлэх нь илүүц болов уу. Яахав өөрийнхөө дуртай цагийг зүүж, дуртай машинаа унаж л байгаа бол болж байгаа нь тэр гэж санадаг.
ХӨЛСӨӨ УРСГААД ГАРААД ИРСЭН ХҮНИЙГ ХҮЧЭЭР ДАРЖ ЧАДАХГҮЙ

-Хацу башёгийн макүүчи, жүрюү, макүүшита гээд дээд гур­ван зиндаанд монгол бөхчүүд тү­рүүл­лээ. Үнэхээр бахархам ам­жилт гэж санагдаж байна. Үүн дээр өөрийн бодлоо хэлэхгүй юу?
-Өөрийн барилдаж буй зин­даанд түрүүлчихлээ гэхэд тэр ямар хүн байх нь хамаагүй. Тухайн хүний од, хувь төөрөг, хийморь нь бүрдчихсэн байдаг болов уу. Мон­гол, япон ямар ч хүн түрүүлсэн нэг их чухал биш юм. Хувь төөрөг, хийморь дээр нэмээд бэлтгэл сайн байх хэрэгтэй. Авьяас, ур чад­ва­раа­раа түрүүлээд гараад ирсэн ямар ч бөхөд би "Аварга болоорой" гэж ерөөгөөд баяр хүргэдэг. Надтай тааралдвал би тодорхой хэм­жээ­гээр шагнадаг. Башё өндөрлөсний дараа шагнал гардуулахад баяраа хуваалцах ч гэдэг юм уу түрүүлсэн бөхчүүд уулздаг. Өөрсдийн зорил­го­доо нэг алхмаар ойртож байгаа болохоор "Илүү сайн барил­даа­рай" гэсэн урмыг үгийг нөгөө хоёр­тоо хэлсэн. Хүн эрэлхэг бай­хаас гадна өөрийн зүтгэл хэрэгтэй. Зүтгэл хүнийг амжилтад хүрдэг.

-Дээд гурван зиндаанд нь гадны бөхчүүд түрүүлчихсэн болохоор Япончууд хэр хүлээж авч байна вэ?
-Япончууд монголчууд түрүүл­чих­лээ гээд гадуурхаад байдаггүй. Гэхдээ үндэсний спорт болохоор аар саархан зүйл байдаг л юм. Хүн хөдөлмөрлөөд хөлсөө урсгаад гараад ирэхэд тэр хүнийг хүчээр дарж чадахгүй шүү дээ. Спортод хэн хүчтэй нь амжилт үзүүлдэг. Тийм болохоор хүн юу гэх нь хамаагүй. Тэгж хэлүүлсэн ч гэсэн зовлого зовохоос зориг мохохгүй гээд бүр илүү эрч хүчтэйгээр урагшаа дав­шиж, бэлтгэлээ хийх хэрэгтэй. Бяртай, хүчтэй, ухаантай нь ялж гарч ирдэг спорт учраас дотроо зорилготой, өөрийн бодолтой байх нь чухал.

-Усыг нь уувал ёсыг нь дага гэж монголчууд ярьцгаадаг. Сумод анх очоод ёс жаягийг нь сурах гэж, дагах гэж хэцүү бай­сан уу?
-Монголчууд олон оронд сай­хан амьдарч байна. Монгол хүн гэдэг нүүдэлчин удамтай болохоор хаана ч очсон тухайн соёл, дэг жаягт нь амархан дасан суралцаж тэр бүү хэл дээшээ гарч ирдэг болохоор тэнгэр заяатай хүмүүс юм уу даа гэж боддог.

-Та хэд хүртлээ сумо барил­дъя гэж бодож байна вэ?
-Бяр хүч гэдэг тэнгэр бурхан хүнд тодорхой хугацаанд өгдөг буян бөгөөд хэсэг хугацааны дараа эргүүлээд авдаг буян байх.

-Бяр гэдэг тэгвэл буян байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Тийм болохоор тэнгэр бурхнаас илгээсэн энэ буянг зөв ашиглахын тулд бэлт­гэ­лээ сайн хийж барилдах хэрэгтэй. Өөрийн бяр хүчийг бүрэн дүүрэн ашиглаж барилдах юмсан гэж хичээдэг. Цаг нь болохоор тэнгэр бурхандаа "баярлалаа" гээд бяр хүчээ өгөх тэр мөч хүртэл барил­да­на. Хүч чадал минь харьсан цагт зодгоо тайлна.

-Зодог тайлсныхаа дараа юу хийе гэсэн бодолтой байдаг вэ?
-Анх би сайхан барилдъя гэж л сэтгэл шулуудаж ирсэн. Өөрийнхөө үнэн хүчийг үзэж аав, ээжийнхээ буян хишгийг хариулъя, эх орныхоо нэрийг гаргая, өөрөө сайхан амьдаръя гэж боддог байлаа. Зо­дог тайлсан цагтаа л юу хийхээ төлөвлөнө. Миний хувьд ид барил­даж гарч ирж байгаа болохоор энэ тухай хараахан бодож амжаагүй байна. Би чинь шинэ аварга боло­хоор цаашид бэлтгэлээ сайн хийж барилдана. Тийм болохоор үүний тухай бодох эрт байна л даа. Сай­хан барилдаад явж байтал ирээ­дүйн зам дардан шулуунаар угтаад авах байлгүй.

-Таны бодлоор дараагийн их аварга цолтон ямар бөх байх бол. Манайхан Какүрюү Анандыгаа болчих болов уу гэж харж байгаа. Япончууд ч мөн тэгж ярьдаг гэж дуулсан?
-Миний бодлоор арслан цолыг хүн хүч хөдөлмөр, хөлс, нусаа гоожуулж, бусад бөхчүүдээсээ хэд дахин илүү бэлтгэл хийж байж авдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Харин аварга цолыг дээрх дээр нэмээд хүнд зөв санаж, буян хиш­гээ зөв хайрлаж, тэнгэр, газар, лус­даа сайн шүтсэний дүнд хувь та­ви­лан­гаар ирдэг гэж ойлгодог. Одоо сумод олон сайхан арслан цол­тон­гууд барилдаж байна. Тийм бо­ло­хоор одооны бэлтгэлээсээ хэд да­хин илүү бэлтгэл хийж, өвөг дээд­сээ хүндэлсний үр дүнд буян хишиг, хийморь, цог заль нь нэг цэгт хүрч байж аварга цолыг хүртэнэ байх.

-Одоо барилдааныхаа тухай хэнтэй зөвлөдөг вэ. Д.Дагвадорж аваргатай таныг ойр байдаг гэж дуулсан?
-Спортод надтай хамгийн ойр хүн аав минь байсан. Харин одоо ээж, хоёр ах, их аварга Д.Даг­ва­дорж ах, хамаатан садан, байнга миний дэргэд байж намайг хайр­лаж, халамжилдаг хань минь байна даа. Хань минь миний харцнаас л намайг яах гэж буйг, юу хийх гэж байгааг хараад л мэддэг. Спортын хүнд гэр бүлийнхэн гэж ямар байх ёстойг ээжээсээ болон ханиасаа илүүтэйгээр ойлгож байна.

-Ээж тань таны дэргэд хамт байгаа болохоор сэтгэл өег бай­даг уу. Ядаж л бэлтгэл болон барилдааныхаа өглөө гарахдаа үнсүүлээд л...
-Үнэхээр сайхан байдаг. Өндөр хувь тохиол, буян хишгээр ээжийн­хээ хүү нь болон мэндэлсэндээ баяр­ладаг. Ээж минь надад бүх л зүйл дээр тусална шүү дээ. Ханийг минь сонгоход хүртэл хэлж л бай­лаа. Сайхан гэр бүлтэйгээ хамт байна гэдэг чинь бидэнд маш том бэлэг юм. Ямар ч хүний хам­гийн том түшиг, бахархал нь ээж гэдэг хүн байдаг биз ээ.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай эхнэрийг Мөнх­жар­га­лын Баттуул гэдэг. Миний хань чинь айлын том охин дороо хоёр дүүтэй. Японд дээд сургууль төгс­сөн бүсгүй байдаг.

-Аваргынх ам бүл хэдүү­лээ болоод байгаа вэ?
-Ам бүл дөрвүүлээ болсон. Бидний дундаас хоёр сайхан гүнж төрсөн.

-Бөх хүний хувьд хүүтэй бо­лох­сон гэж мөрөөдөж байна уу?
-Бурхан багшаас заяасан энэ сайхан хишгийг бид голж шилж, сонгох эрх байхгүй. Хоёр сайхан охинтой болсондоо баярладаг юм. Аав, ээж бидний үүрэг үр хүүхдээ сайхан хүмүүжүүлэх байдаг. Тэр дагуу л явна байна.

-Анх аав болж байсан тухай­гаа ярихгүй юу. Яг юу бодогдож байсан бол?
-Эхнэр төрөх гээд эмнэлэгт байхад би маани л их уншиж байлаа. Эхнэр хүүхдийг минь эсэн мэнд амаржуулж өгнө үү гэж бодож байгаад л уншина шүү дээ. Дэргэд ээж байсан болохоор сэтгэл харьцан­гуй тайван байсан. Бурхан багш минь таныг бие сэтгэл, үйл хөдлөлөөрөө гомдоож явсан бол уучлаарай. Үр хүүхдийг минь л хүндрэлгүй төрүүлж өгөөч гэж бурхан тэнгэрээсээ гуйсан.

-Танд чөлөөт цаг хэр гардаг вэ. Ер нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Чөлөөт цаг гарвал гэртээ кино үзэх дуртай. Төгсгөл нь "happy" кино үзэх сайхан шүү дээ. Аз жаргалаар төгсөж байгаа кино гоё шүү дээ. Харин солонгос кино үздэггүй.

-Яагаад. Монголчууд солон­гос кинонд дуртай шүү дээ?
-Биед муу юм шиг байна лээ.

-Монголын залуу сумочид­тойгоо хэр уулзаж зөвлөгөө өгдөг вэ?
-Бид цагаан сар, шинэ жил гээд баяраар л ихэвчлэн уулздаг. Уул­зах үедээ зөвлөгөө өгч өөрийнхөө тусалж чадах зүйл дээрээ туслахыг хичээдэг. Энэ уламжлал болсон зүйл байгаа юм. Их аварга Д.Даг­ва­дорж ах байхдаа залуучууддаа тусалдаг байлаа. Дагваа аваргын дараа Даваа аварга маань (Их аварга Хакухо М.Даваажаргал) их аваргын Монголчуудаа гэсэн тэр сайхан сэтгэлийг авч үлдсэн. Тийм болохоор монголчуудтайгаа уул­заж, зөвлөлдөж, эвтэй байхыг хичээж явдаг.

-Японд байгаа жирийн иргэд­тэй­гээ уулзах боломж байдаг уу?
-Японд монгол хоолны газрууд байдаг. Хааяа тэнд очиж хоол идэхдээ монголчуудтайгаа уулздаг. Мэдээж монгол хүмүүс байна даа хоорондоо мэнд устай байж зураг хөргөө татуулж, юм ярилгүй яахав.

-Та монгол хоолноос ямар хоолонд дуртай вэ?
-Би багадаа лавшаа буюу гу­рил­тай шөлөнд үнэн дургүй бай­лаа. Харин одоо миний хамгийн дуртай хоол лавшаа болчихоод байна.

-Сумочдыг хараад хэр их иддэг бол гэсэн сэтгэгдэл төр­дөг. Таны хувьд хоолонд хэр вэ?
-Их иддэг байсан бол сумочид дундаа хамгийн бага жинтэйд орохгүй л байсан байх. Миний биеийг хараад л энэ нөхөр хэр их иддэг вэ гэдэг нь харагддаг байлгүй.

-Таныг ном бичсэн гэсэн. Ямар учиртай ном бэ?
-Японы түүх судлаач хүн "Мон­голын мандал буурал" гэсэн сэдэв­тэй ном бичсэн юм. Тэр номыг нь би түүхчээс нь зөвшөөрөл аваад монгол хэл дээр хэвлүүлэн "Шинэ монгол" сургуульд тараалгасан. Дэлхийн олон улс орнууд Мон­голын түүхийг судалж олон өнцгөөс нь бичдэг юм билээ. Японы суд­лаач, эрдэмтний харсан өнцөг нь монголчуудад ямар санагдах бол гэдэг үүднээс л хөрвүүлсэн. Агуу түүхтэй хүмүүс түүгээрээ бахархдаг. Түүнээс өвөг дээдсийнхээ алдаж, оносон тэр бүхнийг харж болдог. Түүхийг хараад байхад ямар ч улс гүрнүүдийн алдаа, ялгуусан ялалт нь хүртэл нэг юм шиг санагддаг. Тийм болохоор тэр алдааг ахин давтахгүй байгаасай гэдэг үүднээс орчуулж хэвлүүлсэн.
ТӨР МИНЬ ТӨВШИН АМГАЛАН, АРД ОЛОН МИНЬ ЭЛЭГ БҮТЭН БАЙГ

-Та өөрийнхөө нэрэмжит "Абаа­зан" сангийн үйл ажил­ла­гааны тухай ярихгүй юу?
-Аав минь сэрүүн тунгалаг байх­даа "Абаазан" санг үүсгэн байгуул­сан. "Абаазан" сан гэдэг нь "Авьяас билгийг дэмжих ама заан, арслан, начин" сан гэсэн утгатай. Аав маань сангийн үйл ажиллагааг эхлүүлээд удаагүй байхдаа өөд болсон болохоор би тэр шугамаар өөрийн чадах чинээгээрээ буяны ажил хийж байна. Нийгмийн сайн сайхны төлөө хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдэд хандсан үйл ажил­ла­гаа явуулж байна. Зүрхний согогтой хүүхдүүдэд туслах зорилготой Японы "MBO" төвийн гишүүн нь болоод тэрхүү үйл ажиллагаанд жаахан ч гэсэн нэмэр болох үүд­нээс арга хэмжээнд нь оролцдог. Ноднин Монголд сангийнхаа шуга­маар Японы эмнэлгийн бүрэн тоног төхөөрөмжтэй хоёр түргэний машин оруулж ирэн нэгийг нь Эх нялхаст нөгөөг нь түргэн тус­лам­жийн төвд өгсөн. Энэ жил хоёр түргэний, нэг гал командын машин өгөхөөр бичиг баримтыг нь хөө­цөл­дөж байна. Гэх мэтчилэн өөрийн чадах хэмжээгээрээ бага багаар буяны ажил хийж байгаа юм.

-Д.Дагвадорж аварга Хол­ли­ву­дын кино жүжигчид, алдартай дуучидтай найзууд байсан. Таны хувьд тийм найзууд бий юу. Тэднийгээ нэрлэхгүй юу?
-Дагваа ах дэлхийд танигдсан их аварга шүү дээ. Би аварга болоод удаагүй байна. Тийм боло­хоор Япондоо танигдсан сайхан сай­хан хүмүүстэй дотно холбоо­той. Би Дагваа ахын туслах хийж яв­даг байсан болохоор олон газ­раар явсан. Брэд Питт, Селин Дион, Жет Ли, Жеки Чан гээд олон одууд­тай ахын буянаар уулзаж бай­­сан. Надад Дагваа ах шиг Хол­ли­вудад найз нөхөд байдаггүй юм.

-Их аварга болсон юм чинь удахгүй олон найзтай болно доо?
-Сайхан барилдаад явж байхад болох байх.

-Та барилдааныхаа өмнө үн­дэс­ний бөхийн дэвээ шавааг хий­дэг. Барилдаанд өөрийгөө хур­цалж байна гэж ойлгож болох уу?
-Хүн болгон гарахдаа өөрийн стилийг харуулсан төвлөрөх аргууд байдаг. Миний хувьд гуяа гурав алгадаад гарахад бодол санаа төвлөрөөд "Болно, чадна, дийлнэ" гээд гардаг. Би өөрийгөө бэлтгэлээр ирлэдэг. Хүнээс илүү бэлтгэл хийх үед өөртөө итгэх итгэл хүртэл дээшилдэг. Бяр сууж, зориг орж байгаа нь мэдэгддэг юм.

-Сумогоор хичээллэж эхлэх­дээ шантарч байв уу?
-Хүн өөрийн мэргэжлийг сон­гоод түүндээ хүрэхийн тулд явж байхад шантрах, бэргэх, гутрах, баярлах зүйл тохиолддог байх. Би бусдын л адил зорилгодоо хүрэ­хийн тулд явдаг болохоор анхан­даа тийм үе байсан. Гэхдээ дараа нь баярлах мөч ч олон шүү дээ. Хүн тэр үедээ л юм бодно уу гэхээс байнга бодогдоно гэж байдаг­гүй.

-Дагваа аварга Японд очоод хамгийн түрүүн уншсан ном нь Тайхо аваргын тухай ном байсан гэдэг. Таны анхны уншсан ном ямар ном байсан бэ?
-Би япон ном гэхээсээ илүүтэй­гээр крилл бичигт хөрвүүлэгдсэн номыг их уншдаг. Хамгийн сүүлд "Карма"-г уншлаа. Үйлийн үр гэж юу вэ. Хүн хэрхэн амжилтад хүрэх вэ гээд уншихад сайхан санагдсан. "Карма" гурван боть ном л доо. Нэгдүгээр сарын башёгийн дараа уншиж дууссан юм.

-Удахгүй сар шинэ болох гэж байна. Монголчууддаа мэндчил­гээ дэвшүүлэхгүй юу?
-Сумогийнхны бэлтгэл өглөө эрт эхэлдэг. Би бэлтгэлдээ явахдаа алтан нар, хөх мөнх тэнгэр рүүгээ харж байгаад "Төр минь төвшин ам­галан байг. Ард олон минь элэг бү­тэн, инээд хөөр дүүрэн байх бол­тугай" хэмээн хүсдэг. Энэ ерөө­лөө Монголын ард түмэндээ ил­гээе дээ. Удахгүй гарах усан могой жил монголчуудын хувьд ивээлээ хайр­ласан сайхан жил болох байх аа.
Э.ЭНХБОЛД
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

Monday, 4 February 2013

Д.Сугар: Би ганцхан энэ хэвлэл мэдээллийн шуугианыг яаж тэсвэрлэж гарна даа л гэж санаа зовж байна

Сүүлийн үед дуулиан тарьж буй МИАТ компанитай холбоотой хэрэгт нэр нь холбогдсон ТӨХ-ны дарга асан Д.Сугартай уулзаж цөөн асуултад хару авлаа. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй шуугианаас маш их залхсан төдийгүй, ярилцлага өгөх ямар ч хүсэлгүй байгаагаа илэрхийлж байлаа.  

-Сайн байна уу. Таныг монголд өмнө үзэгдэж дуулдааүй дуулиант хэргийн гол зохион байгуулагч “нууц ноёнтон” гэх боллоо. Энэ талаар та өөрөө юу хэлмээр байна вэ?
-Эхний өдөр бол ч яг л ингэж ойлгогдохоор байлаа, маргаашнаас нь арай заагтай болоод рэв үү дээ. Хэвлэл мэдээллий хэрэгсэл чинь нэг ингээд ирэхээр бараг өөдөөс нь юу ч гээд нэмэргүй, хүчтэй, аймшигтай эд л дээ. Ёстой ялаа, хэн хоёрыг сонингоор л алдаг. Уучлаарай, шууд та нарыг муу хэлээд эхлэв үү. Цаана нь эрх бүхий байгууллага шалгаж байгаа юм байна, яваандаа учир зүй нь олдох байх. 

-Та тэгэхээр “гол хүн” нь биш гэсэн үг үү?

-Хн, над шиг толгойлогчтой, ийм лут ажил байдаг бол илрүүлж цөхөх юу байхав дээ. Би ийм ажилд оролцох хүн биш гэдгийг л хэлмээр байна.  Харин шалгалт дуусаад зөв буруу нь ялгарчихсан хойно миний энэ үгийг олон түмэнд дамжулж дахин сануулж өгөөрэй гэж танаас гуйя. 

-Гэхдээ л хэргийн гол эзнийг та л томилж, хянаж, шалгаж байсан юм байна. Хариуцлагаас зайлсхийх боломж байгаа юм уу?
-Тэр үнэн. Энэ хариуцлагыг би үүрэхгүй гэж хэлж чадахгүй нь ээ. Хэдийгээр ярьж хэлэлцэж байгаад л томилдог, мэргэжлийн олон хүмүүс оролцож байж  хянан шалгадаг ч гэсэн. Би огт хамаагүй гэж яаж хэлхэв. Мэдлэг боловсролтой, сэрэлэн, овсгоотой, танил талтай мундаг л залуучууд шиг санагддаг байсан нь үнэн. Бид жил бүр л ажлыг дүнэж, тайлан балансыг нь хэлэлцэж байсан. Аудит, хөндлөнгийн байгууллага ч хийх ажлаа хийж л байсан. Эвч үр дүн нь энэ болохоор юу хэлэхэв дээ. 

-Албаны шугамаар тийм байдаг байж. Хувийн ямар холбоотой байсан байж таарах вэ?
-Би худлаа ярихгүй, ойр дотно байсан. Бие биенээрээ орж гардаг, гэр бүлийнхэнтэй нь танил, өвчин зовлон үхэл хагацал болоход чин сэтгэлээсээ тусладаг, цагаан сараар бүгд надад золгодог. Ер нь хамт ажилладаг хүмүүстэйгээ илэн далангүй ойртож танилцдаг зантайг хуучин хамт олон маань ч мэднэ. 

-Ер нь  та энэ мөнгө угаасан хэргийн талаар хэзээнээс эхэлж мэдсэн бэ?
-“Вест велф” өөр юу билээ дээ, тэр компаний талаар бараг л та бүхэнтэй зэрэг сониноос мэдсэн.  Ер нь дайны даатгал гэж байдаг талаар бол тийм төрлийн даатгал бий болсон юм гэнэ лээ гэж сонсож байсан. Харин үүнтэй холбдсон зөрчил, хэргийн талаар бол хуулийн байгууллага шалгаж эхэлснээс хойш. 

-Монголиан Эйрлайнс компанид энэ их мөнгө орж байсан, гэтэл энэ компанийг байгуулах үүргийг та Ч.Хоролсүрэнд өгчээ дээ?
-Бичсэнээр бол олон давхар тооцсон том бодлого боловсруулж хэрэгжүүлэх тодорхой үрэг өгч эхэлжээ дээ. Бодит байдлаас их хол мэдээллийн нэг нь энэ л дээ. УИХ-аас төрийн өмчийг 2008-2012 онд хувьчлах хөтөлбөрт чинь МИАТ орсон юм. Орон тоо хэт нүсэр, эдийн засгийн ү ашиг тааруу. Хамгийн гол нь байдлыг өөрчлөх эрх мэдэл хязгаарлагдмал компани л даа. Зөвхөн МИАТ ч биш төрийн өмчийн компанид байдал иймэрхүү. Тиймээс МИАТ-ыг зөв үр ашигтай хувьчлах сонирхол надад  байсаан. Гэхдээ Засгийн азар эцсийн шийдвэр гаргаагүй юм. Энэ нь намайг ажиллаж байх үед л лав Монголиан Эйрлайнс компанитай ямар ч холбоогүй л байсан. Ийм компани байгуулагдлаа гэж ажлаа өгчисөн, ямар ч үүрэггүй болсон хойноо л дуулсан. Хоролсүрэнтэй ярилцаж, захирлаар ажиллаж байгааг сонссон. Яг үнэнээ хэлэхэд сонсоод баяртай байсан. Бас нэг том компани гарч ирээд МИАТ-тай өрсөлдвөл зорчигчдод л ашигтай тусна гэдэг утгаар. Бодит байдал ийм байхад би яаж энэ компанийг байгуулсан байхав. За, яахав шалгаж хянаад үнэн мөнөөрөө тогтоогдоно. Би ганцхан яаж ч болдоггүй энэ хэвлэл мэдээллийн шуугианыг яаж тэсвэрлэж гарна даа л гэж санаа зовж байна. Тэгээд эрх бүхий байгууллага нь шалгаж байхад ярилцлага өгөөд л явцад нь нөлөөлөх гээд байгаа юм шиг харагдмааргүй байна. Би ингээд больё доо. Ер нь дахин ярилцлага өгөхгүй байх.

-Ганцхан асуулт, тэр С.Батхишиг гэж таны юу вэ?
-Үгүй ээ, болъё гэсэн шүү дээ. Тэр бол зүгээр нутгийн дүү. Гэр бүлээрээ найз. ТӨХ-нд хэзээ ч ажиллаж байгаагүй. Энэ дуулианд ёстой нөгөө эсгий хийх газар нохой хэрэггүй л баймаар юм. Мэдэхгүй, яагаад холбогдож байгааг. За, одоо цэглэе.