Wednesday, 10 April 2013

Г.Эрдэнэбат: "Манай хэд алж өгч байна аа" гэж бодож болохоо байсан

Хөгжим бүжгийн коллежийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр сургуулийнхаа багш, оюутны төлөөлөлтэй Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд очиж, цаг агаарын хүндрэлээс болж амьдрал ахуй нь хүндэрсэн айлуудад туслаад ирсэн юм. Энэ талаар нь болон эрхэлж буй ажлынх нь хүрээнд өрнөж буй сонин сайхан үйл явдлаас нь сонирхож асуулаа. 

-Та хөдөө яваад иржээ. Малчин айлд тусалсан байна. Энэ ажлыг хэн санаачилсан юм бэ?
-Манай сургуулийн багш нарын 80, 90 хувь нь хотод төрж өссөн, хөдөөний амьдрал төдийлөн сайн мэдэхгүй хүмүүс байдаг. Цас зудын аюул, малын хорогдол гэж юу байдгийг гадарлах ч өөрийн бие сэтгэлээр туулсан нь ховор. Гэсэн ч цаг агаарын хүндрэлээс болж мал байтугай хүмүүсийн амьдрал хэцүүдэх бэрхшээл тохиолдоход бүгд чин сэтгэлээсээ туслах ухамсартай хүмүүс. Энэ удаа бидний 214 багш, ажилчин сая гаруй төгрөгийн хандив цуглуулж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын хамгийн наад талын багийн малчин хоёр айлд тусламж үзүүлээд ирлээ. Малчдын нэрийг хэлээд яах вэ. Багш, удирдлагын төлөөлөл, оюутан нийлсэн 12 хүн явсан. Малчдын хашаа хороог цэвэрлэж, өвс татаж өгч тусаллаа. Гурил, будаа зэрэг ойр зуурын хэрэгцээний хүнс, лаа шүдэнз ч хүргэж өгсөн. Илүү гарсан бэлэн мөнгийг ч хэрэгтэй зүйлдээ зараарай гээд өглөө. Малчид их баярлаж байна. Нэг айлынх нь гэрийн эзэн хөлөө хугалаад хэвтчихсэн, нөгөө айлд нь өрх толгойлсон эгч, хэдэн хүүхэд л байдаг юм билээ. Хоол хүнсийг бол аваад очсон. Харин өвсний тухайд Багануураас машин олоод, худалдаж авсан.

-Тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалжээ...
-Тэгсэн. Тэр хоёр айлын амьдрал ер нь анхаарал татахаар болоод байж.

-Яагаад заавал Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумыг сонгов. Танай нутаг болохоор уу?
-Би Цэнхэрмандалд байсан л даа. Гэхдээ Өмнөдэлгэрт төрж өссөн. Жинхэнэ нутаг гэвэл тэр. Энэ жил зүүн аймгууд цас ихтэй байна. Зарим газар зудтай. Манай сургуулийнхан ярилцаад хол Дорнод аймагт хүрч очих хэцүү, тиймээс хаваржилт хүндэрсэн, хотод ойр нутгийг сонгоё гэж ярилцсан юм. Тэгээд Цэнхэрмандал сум руу ярихад энэ хоёр айлыг зааж өгсөн. Түүнээс биш заавал миний нутаг ус гэж онцлоогүй. Оюутнууд, бүр тавдугаар ангийн жаахан хүүхэд ч явсан болохоор нэг их хол явахгүй байх нь зөв гэж ярилцсан. Тэнд цас харьцангуй гайгүй ч хүйтэн болохоор адилхан зутарсан байлаа. Сумын Засаг дарга нь Баатар гэж хүн байна билээ. Засаг дарга ч, айлынхан ч биднийг тусалсанд баярлаад нүд нь гялалзаад л үлдсэн дээ. Энэ малчдад туслах аяныг ССАЖ-ын сайдын гаргасан уриалгын хүрээнд зохион байгуулсан юм. Төв суурин газрын байгууллага, хамт олон сайн дураараа хүнд хэцүү үед малчдадаа туслах аян өрнүүлэхийг уриалсан. Үүний хүрээнд амжуулсан ажил. Дуулаачийн ангийн оюутнуудаа авч явсных малчдын сэтгэл санааг өргөж ая дуу өргөсөн. Оюутнууд маань чин сэтгэлээсээ тусалъя гэж очсон болохоор машинаас буугаад л хашаа хороог нь цэвэрлэхээр ханцуй шамлаад орсон нь сайхан байлаа. Түүнээс биш албан журмаар, сургууль л явуулсан болохоор ирлээ гээд гараа хумхиад зогсоод байвал хэцүү.

-Цэнхэрмандал сумын талаар танилцуулаач та, юугаараа алдартай вэ?
-Цагаан тугалганы үйлдвэртэй байсан нутаг. Цагтаа 500 ачааны машин холхиж байлаа. Одоо байхгүй л дээ. Хар зүрхний хөх нуур гэж байгалийн үзэсгэлэнт газар бий. “Нууц товчоо”-нд гардаг Сэнгүр буюу өнөөгийн бидний мэдэх Цэнхэрийн гол урсдаг.

-Шар айрагны нэр үүнтэй холбоотой юу?
-Мэдэхгүй. Мал аж ахуйн машинт станц гэж социализмын үеийн нөлөө бүхий аж ахуйн нэгж байлаа. Мянгат малчин алтан Мажиг, өнө алдартай хар азарганы эзэн залуу хэн билээ, улсын начин Батбаяр, циркийн нэрт жүжигчин Мажигсүрэн гээд алдартан олонтой.

-Сайхан ажил өрнүүлжээ. Оюутнууддаа энэ бүхний талаар танилцуулж явсан биз ээ. Танай сургуулиар сонин сайхан юу байна?
-Сургуулийн ажил ундардгаараа ундраад л. Дуусдаггүй, дундардаггүй ажил гэвэл сургалтын байгууллагынх. 75 жилийн түүхтэй сургууль өөрийн гэсэн онцлог, дэгтэй, бичигдээгүй хууль ч олонтой. БШЯ-наас хэрэгжүүл гэж шахаж буй ёсоор багш нараа хөгжүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллаж байна. Багш нар сайн байвал оюутан, сурагчид сайн байна. Хавар сургуулийн тайлан тоглолт гэж том юм болдог. Энэ жил анх удаа өөртөө ахадсан ачаа үүрэхээр шийдсэн. Сургуулийнхаа дуучид, найрал хөгжим, балетийнхныхаа хүчээр “Дидона, Эней” дуурь, “Шопениана” бүжгийн жүжиг тавих гэж байна. Үүнд бүгд бэлтгэж байна.

-Та дуучин хүн. Тайзнаа олон жил дуулсан. Дуурийн театрыг ч нэлээд хэдэн жил удирдсан. Сургалтын байгууллагын ажлаас зарим үед залхах юм уу?
-Уран бүтээлийн байгууллага нэг талаар амар л даа. Зорьсноо яг таг хийчихээд, төлөвлөсөн тодорхой ажлынхаа ард гараад гүнзгий амьсгаа авч байх аз жаргал байдаг юм. Гэхдээ энэ том, тусгай сургалттай сургуульд сайхан л байна. Гол нь сэтгэлээсээ ажиллахад бүх юм болдог. Хамт олноо ойлгож, итгэл хүлээлгэж, багш, оюутнуудын зовлон, жаргалыг мэдэрч ажиллах чухал. Шантардаг юм уу, болимоор байна, гарах гэсэн юм гэсэн хүүхдүүд мэр сэр байдаг. Тийм тохиолдолд асуудал юунд байна, бэрхшээл хаанаас гараад байгаа талаар харилцан ярилцаж, сонгосон мэргэжил нь чухал болохыг ойлгуулж, тайлбарлаж санаа бодлыг нь эргүүлсэн удаа нэг биш. Гол нь хэчнээн багшийн үйл тамыг эдэлж байж өнөө хүрчихээд үр дүнг нь үзэхгүй замын дундаас болих гэж байгаа юм гэдэг асуудал тавьж байлаа. Ярьж ухуулсаар өнөө орхино, хаяна гэж байсан мэргэжилд нь дурлуусан амжилт бий. Өөр сургууль руу юу юугүй явах гэж байгаад больсон гурван ч хүүхэд бий.

-Хувийн уран бүтээлээ орхиогүй биз дээ. Ойрд дуулахгүй байна уу даа?
-Ажил их. Гэхдээ дуучин хүн яаж дуулахгүй байж чадах вэ. Гурван ч шинэ дуу аваад ажиллаж байна. Манай онолын багш, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл “Хангал хүрэн” гэж сайхан дуугаа өглөө. Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ц.Чимэддорж агсны шүлэг, гавьяат жүжигчин Т.Тэрбишийн хөгжим “Огторгуйн далай” гэж их гоё дуу өнөө маргаашгүй бичүүлэх гэж байна.

-Яруу найрагч нь “Дэрэнгийн хар азарга” уу?
-Тийм ээ, өөд болчихлоо шүү дээ. Энэ маш гоё шүлэгтэй. Сүүдэр үргэсэн талдаа сүүгээр бичсэн найраг, сүрэг сүргээр малын минь халуун мөртэй нутаг, ай миний огторгуй нөмөрсөн оюу далай, ай миний газар мялаасан ногоон далай гэж байгаа юм. Яасан ч гоё бичдэг юм. Би бүр бишрээд байгаа юм. Үнэхээр л уран үгийн мастер байж дээ.

-Энэ эко дуу юм аа даа...
-Тийм, эко дуу. Байгаль орчноо хамгаалахад ганц мод тарихаас өөрөөр нэмэр болж чадахгүй юм чинь, хүмүүст сэхээрэл болох гайгүй дуу гаргачихвал далайд дусал нэмэр гэж бодоод.

-Их сайхан үгтэй юм. Ая нь гоё бол хүмүүст тэр дороо хүрнэ дээ. Байгалиа хамгаалах уриа, дуудлага болгох дуу болговол яасан юм. Төсөл хөтөлбөрийн хүрээнд тийм ажил өрнүүлж болохгүй юу?
-Угаасаа зохиогчид нь энэ дууг Засгийн газраас зарласан ажлын хүрээнд бичсэн юм билээ. “Эко ногоон хувьсгал дууны уралдаанд” гэсэн малгайтай ирсэн. Ер нь нэлээд нийгмийн ач холбогдолтой бүтээл болох болов уу.

-Тантай уулзсаных Монголын дуурийн урлагийн эргэн тойронд болж буй үйл явдлын тухайд санал солилцохгүй байж болохгүй. ДБЭТ-ын даргаар өөр мэргэжлийн хүн тавилаа гэсэн шүүмжлэл байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-Үр дүнг цаг хугацаа харуулах байх. Одоо болж байна, болохгүй байна гээд байх юу байх вэ. Дуурийн театр гэдэг бол эмзэг газар. Хичээл зүтгэл, ур чадвар, сэтгэлээс гадна мэдрэмжээр удирдах байгууллага.

-Сая тоглосон “Кармен” тааруухан болж гэнэ. Үзэгчид сэтгэл дундуур гарсан байна билээ. “Кармен”-ий тулах хос баганын нэг Хозед дуулах тенор хоолойт дуучин дутагдах нь дээ. Олон жил энэ партийг авч явсан тенор нас барлаа. Танай сургуулиас гэхэд сайхан тенор гарах нь уу?
-Дуурь гэдэг нэг л хоолой дутвал босдоггүйгээр онцлог. Манай оюутнуудаас Содномдорж их дажгүй. Гэхдээ тенор хоолойт дуучдад яагаа ч үгүй байхад эрт том партиуд өгөөд, шахаад баллаад байх юм л даа. Бага багаар дасгаж, системтэй ахиулах ёстой. Би даргаар ажиллаж байх үедээ дуучингүй хэцүү байсан болохоор л Оросоос дуучид урьж дуулуулдаг байлаа. Ингэж ажиллахад хамтарсан сургалт болдог сайн талтай. Мөн гадаадын театрууд вокалын зөвлөх багштай байдаг. Манай театр ардын жүжигчин Г.Хайдав гуайг урьж, мэддэг болгоныг нь авч үлдэх хэрэгтэй байгаа юм. Тэр хүний нас гэдэг тэр чигээрээ туршлага. Монголын дуурийн урлагийн суурийг тавилцсанаас авахуулаад өнөө хүртэл багшилж байна. Хэлж заах юм ихтэй.

-Одоогоос арван жилийн өмнөхтэй харьцуулахад сонгодог урлагийн үзэгчид их хөгжжээ. Тэд маш сайн шүүмжлэгчид болсон байна. Та санал нийлэх үү?
-Нийлнэ. Цаг үеэ дагаад үзэгчид хөгжсөн. Харьцуулах зүйл тэдэнд байна. Гадаад дуурь үзэх болсон. Дурын хүн интернэтээс “Кармен”-ийг татаад харчихаж байна. Мэдэхгүй хэн нэгэн анх удаа үзэх гэж байгаа бол ер нь ямаршуу дуурь байдгийг мэдэх гэж интернэтээр үзэж өөрийгөө бэлдээд театрт ирдэг, гэтэл тоглолт санаанд нь хүрэхгүй, дуучид нь муу дуулаад байвал яах вэ. Дуурь муу боллоо гэнэ шүү дээ. Одоо бол хэдэн жилийн өмнөх шиг “Дуучид сайн байна, манай хэд алж өгч байна аа” гэж бодож болохоо байсан. Дуучин бүрээс ур чадвар, нарийн мэргэшил шаардах боллоо.

-ДБЭТ-т дуучин зарим хоолойн чиглэлээр дуучин хомсдолтой байх нь мэргэжлийн сургуулиудын сургалтын чанартай ч холбоотой болоод ирэх байх. Танайх энэ чиглэлд хэрхэн анхаардаг вэ?
-Сайн дуучин төрүүлэх гэдэг цаг зав, хөлс хүч их шаардсан ажил. Дөрвөн жилийн сургалтаар сайн дуучин болох оюутан төгсгөлөө гэхэд угтаж авсан байгууллага зөв залж, удирдаж хүч, чадварыг нь оновчтой хуваарилах бас чухал. Сайн дуучныг сургаж болох ч, төрмөл сайныг нь олж илрүүлж сургах хамгийн чухал.    
Р.ОЮУНЖАРГАЛ
"ӨДРИЙН ШУУДАН" сони
н

Sunday, 7 April 2013

"Улстөрчид хэт оролцвол инфляци өсдөг"

“Ярилцах танхим” -ынхаа энэ удаагийн зочноор Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч, эдийн засагч М.Болдыг урилаа. Түүнтэй олны хүлээлт болсон эдийн засгийн зарим асуудлаар ярилцсан юм.

-Инфляци он гарснаас хойш нэлээд тогтвортой байх хандлага ажиглагдаж байна. Үндэсний статис­тикийн хорооноос бүр хурд нь саарч байгаа талаар мэ­дээлсэн. Гэтэл олны дунд бий болсон үнэн, ху­дал мэдээлэл ялангуяа улс­төрчдийн янз бүрийн байр сууринаас үүдээд ирэх тавдугаар сард инфляци өсчихвий гэсэн айдас байна?

-Нэг зүйл онцолж хэлье.

Улстөрчид, Засгийн газар аж ахуйн асуудалд хэт оролцсоноос болоод инфляци өсөх гол шалтгаан болж байгаа юм. Нөгөөтэйгүүр Засгийн газрын төсвийн хуваа­ри­лалт хэт муу, зарлага их, хувийн салбараар дамжуулдаггүй, мөн төр хамгийн муу менежер байдгаас болоод үр ашиг муутай хөрөнгө их бий болж байна. Түүнчлэн төр засгийн сувгаар хуваарилж байгаа хөрөнгө  эдийн засагтаа эргээд хүнд дарамт авчирч инфляцийг өсгөчихдөг. Үүнийг бууруулъя гэвэл төсвийн зарлагыг багасгах ёстой. Өнөөдөр манай улсын зарлага бараг 50 хувьд хүрээд байна.

-Тэгэхээр төсвийн зарлагыг яг хэдэн хувьд байлгавал эдийн засагт халгаа багатай байдаг юм бол оо. Тухайлбал гадны хөгжингүй орнуудад? 

-Өндөр хөгжилтэй, инфляци бага байгаа орнуудыг ажиглахад төсвийн зарлагын хэмжээ нь ердөө 20-30 хувь л байдаг. Өөрөөр хэлбэл үр ашиггүй зарцуулах мөнгөн хө­рөнгө бага байх тусам инфляци нь доогуур хувьтай байна. Төсвийн мөнгөн хөрөнгө яагаад үр дүнгүй зарцуулагдаад байна вэ гэхээр та бүхэн ч мэдэж байгаа хавтгайрсан халамж буюу иргэддээ хэт өгөөж­гүй, бараажаагүй бэлэн мөнгө та­раах хувилбарыг улстөрчид гол болгодог. Эцсийн дүндээ тэд цөөн хэдэн үйлдвэрлэгчид, тат­вар төлөгчдийн мөнгийг үрэн та­ран хийж, улс төрийн зорилгоор зарцуулж байгаагийн илрэл юм. Мөн инфляцийн өсөлтөд нөлөөлж буй бас нэг том шалтгаан нь эдийн засгийн бүтцийн гажуудал. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энгийнээр хэлэхэд хатуу, зөөлөн дэд бүтэц манай оронд маш сул дорой хөгжсөнтэй холбоотой. Тодруулбал цахилгаан, авто зам, ложистик муу хөгжсөн мөн бараа үйлчилгээний хангамжийн тогтолцоо буюу төв­лөрсөн, тогтвортой, нэгдсэн бод­лого байхгүйгээс болоод Засгийн газрын хийсэн ажил нь байнга зөрж, бараа, бүтээгдэхүүний догол­долд орж ирсэн. Үнийн хөөрөгдөл гарах байдал яг үүнээс болдог гэхэд болно. Хамгийн гол нь эдийн засагт байх ёстой дээрх эд ангиуд одоо алга учраас бугуйн цагтай харьцуулахад байнга эргэж байдаг хүрд нь ажиллахгүй байна гэсэн үг. Тиймээс инфляци доошоо нэг оронтой тоонд орно гэхэд бэрх л дээ.

-Түүнчлэн Монголбанк бод­логын хүүгээ дахиад нэг хувиар буурууллаа. Ер нь бодлогын хүү гэдэг ойлголт манай оронд сайн хэрэгждэггүй гэх яриа бий?

-Монгол Улсад мөнгөний хомс­дол байхад тодруулбал банкны салбарт буй 100 төгрөг тутмын 25 хувийг нь зээлийн эргэлтээс хасаж төв банкинд юмуу Засгийн газрын үнэт цаасанд барих шаардлага тавьж байгаа нь өнөөгийн эдийн засагт байж болохгүй хувилбар. Манай улсад мөнгө хүрэлцэхгүй байгаагаас болж Засгийн газар га­даадад бондоо зарж мөнгө олж ирээд байгаа биз дээ. Гэтэл дотроо гүйлгээнд буй өчүүхэн хэмжээний мөнгөнөөс 25 хувийг нь эргэлтэд оруулахгүй байна гэдэг нэг талаараа эдийн засгийн гажуудал үүсгэдэг. Ер нь бодлогын хүүгийн нөлөө бага учраас гажуудал бий болдог. Харин түүний оронд улс төсвийн зардлаа танаад ихэнх хөрөнгө оруулалт, мөнгөн хөрөнгийг хувийн хэвшлээр дамжуулж эдийн засгийн эргэлтэд оруулбал илүү оновчтой, инфляци ч буурна.

-Нөгөөтэйгүүр төр засгаас инфляцийн өсөлтөд гол нөлөө үзүүлдэг махны үнийг бууруулах, тогтвортой байлгахын төлөө нөө­цийн махыг бэлдэж олон жилийг ардаа үдлээ. Энэ хувилбар ингээд удаан оршин тогтноод байх нь хэр зүйтэй юм бэ?
-Махны асуудал дээр ингэж толгой гашилгаж байгаа нь үнэхээр Монголын эмгэнэл юм. Дэлхий дээр нэг хүнд хамгийн их мах ногддог орон. Гэсэн атлаа олон улсын зах зээлээс өндөр үнэтэй мах иддэг бас нөөцийн мах бэлддэг нь үндэсний эмгэнэл. Дотооддоо махыг ингэж бэлдэж буй нь эдийн засгийн ойлголтоороо нэг худалдан авагчаасаа нөгөө худалдан авагч нь авчихдаг. Түүнчлэн Засгийн га­зар энэ асуудал дээр оролцоод байх шаардлагагүй. Түүний оронд гадагшаа гаргахад бодлогоо чиг­лүүлж, ариун цэвэр, агуулах, гаа­лийн татвар, хяналтын ситем, тарифын болон тарифын бус аргад ан­хаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл махны гадаад худалдаан дээр чиглэж ажиллах цаг ирлээ. Дотоодын махны зах зээл дээр Засгийн газар хувийн хэвшилтэй шахцалдаж, оролцоод байх хэрэггүй. Үүнээс гадна мах бэлтгэгчдийн монополийг зад­лах, энэ зах зээл дээр илүү их өрсөлдөөнийг өрнүүлэх, мөн бо­ловсруулах үйлдвэрийг хувийн хэвшлийг дэмжих журмаар барих нь зүйтэй. Ингэхдээ тэднийг за­хиргааны болон зээлийн эргэн төлөлтийн байдал дээр нь дэмж­лэг үзүүлж болох юм. Тэгж байж гэмээнэ махны нийлүүлэлт тогтворжино шүү дээ. Бид тагтан дээрх махаа зүсэж идээд байдаг соц нийгмийн үеийг халах нь чухал.

-Түүнээс гадна өнгөрсөн жил төв банк инфляцийг буу­руу­лахын тулд бодлогын хүүгээ нэмээд байсан. Гэвч төдийлөн сайн үр дүнд хүрч чадаагүй. Харин Монголбанк өнгөрсөн гу­равдугаар сард 13,25-12,5 хувьд бууруулахтай зэрэгцээд инфля­цийн хурд саарч байгаа талаар Үндэсний статистикийн хороо мэдээлж байв. Чухам энэ сааралт юуны үр нөлөө байж болох вэ?

-Үүнд маш олон хүчин зүйл бий. Гэхдээ төсвийн зарлага буур­сан болохоор инфляцийн хурдад эергээр нөлөөлсөн. Түүнчлэн улир­лын эдийн засагтай манай орны хувьд энэ өвөл орлого харьцангуй буурсан болохоор бэлэн мөнгө хэвийн хэмжээнд байлаа. Өнгөрсөн жилийн хувьд уул уурхайн сал­бараас орж ирсэн бараажаагүй мөнгөн хөрөнгийг халамж хэл­бэрээр зарцуулснаас болоод эр­гээд үнийн өсөлт, инфляцид нөлөөл­чихөж байсан.

-Ер нь инфляцийг бууруулахад үйлдвэржилтийг дэмжих хэрэгтэй гэдэг. Гэхдээ манай орны хувьд жижиг дунд үйлдвэрлэл рүү хэт их мөнгө хаяж байна. Өмнөд Солонгос шиг ч юмуу олон улсад өрсөлдөх хэмжээний томоохон компаниудаа түрүүлж хөгжүүлбэл эдийн засгийг аваад явчих боломжтой талаар учир мэдэх хүмүүс ярьдаг. Харин таны хувьд?
-Жижиг, том үйлдвэр нэг нэ­гийгээ үгүйсгэнэ гэсэн туйлшрал байж болохгүй. Үр ашигтай л бол аль аль нь ажиллаж байж эдийн засагт илүү тулгуур болно. Гэхдээ төрөөс дэмжинэ гэх хуучирсан нэр томъёог халах цаг ирсэн. Яагаад гэвэл ямар ч ашиггүй, явцгүй байгаа үйлдвэрт бидний татварын хэдэн төгрөгийг зүгээр өгчихдөг. Тэр үйлдвэр нь урт хугацаанд амьдрах чадваргүй байдаг. Харин тэрний оронд хамгийн ирээдүйтэйд нь дэмжлэг үзүүлэх нь зөв хувилбар байх. Мөн манайхан том үйлдвэр, компаниудыг түрүүлж хөгжүүлнэ гээд яриад байдаг. Энэ нь онолын хувьд байж болох ч Монгол Улсын хувьд хий дэмий ярианаас цаашгүй байна. Хамгийн гол нь жишээ, тооцоогоор батлах ёстой биз дээ. Тэгж байж илүү бодитой болно.

-Мөн АНУ ч юм уу, гадны бусад хөгжингүй орнуудад Үнийн комисс, бүр эдийн засагчдын зөвлөл, зарим оронд нь тусгай яам хүртэл байдаг. Манай улсад ийм зөвлөлийг байгуулбал ямар вэ?
-Үнийн хувьд нэн түрүүнд улстөрчид оролцох ёсгүй. Хэрэв үүн дээр төр дуугаараад ирвэл хөндлөнгөөс боомилох асуудал гарч ирдэг. Бид хэт мартамхай улс юм шиг санагддаг. Учир нь бүтэн 70 жилийн турш үнэ зохицуулж хор уршгийг нь мэдэрч ирчихээд одоо дахиад үнийн зохицуулалтад төр оролцоно гэвэл тийм ч сайн зүйл болохгүй.

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ онд инфляцийн түвшинг найман хувьд хүргэнэ гэсэн төсөөллийг хэлсэн. Чухам эл амлалт тооны хувьд байж болох ч эдийн засагт хэр бодитой байх юм бол?
-Тооны хувьд боломжтой. Гагцхүү бодитой болгох ажлаа хийх хэрэгтэй. Ингэхийн тулд дээр дурьдсан эдийн засгийн бүтцийн гажуудлыг арилгаж, засварлах нь нэн түрүүний асуудал. Ингэж байж инфляцийг урт хугацаанд нэг оронтой тоонд барьж чадна.

-Түүнээс гадна уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлого сүү­лийн үед нэлээд муудаж бай­гаа талаар судалгааны бай­гуул­лагаас онцолсон. Гэхдээ үнээс илүүтэйгээр хөрөнгө оруулагчид гараа татах байдал ажиглагдаж эхэллээ. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Монголын төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд залгамж ха­лаагүй байдгаас болж хөрөнгө оруулагчид гараа татахад хүрсэн. Өөрөөр хэлбэл өмнө нь гаргасан шийдвэрүүд эрс өөрчлөгдөж тэд­ний итгэлийг эвдэж байгаа нь их нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр шийдвэр гаргагчдын өөр хоорондоо уялдаа­гүй, зөвшилцөлгүй гаргасан шийд­лээс болж өөх ч биш булчирхай ч биш зүйл өнөөдрийн манай нийгэмд бий болчихсон байна. Мэдээж хэрэг энэ бүх хариуцлагагүй байд­лын эцсийн үр дүн нь улсын нэр хүндийг гад­ныханд огцом унагачихлаа. Шинэ Засгийн газар маш яаралтай га­даадын хөрөнгө оруулалтын хууль, тогтоомжиндоо өөрчлөлт оруу­лахгүй бол хөрөнгө оруулалт цааш­даа ч буурах болно. Бүтээн бай­гуулалтын улирал эхлэх гэж буй энэ үед цаг хугацаа их алдаж байна. Тэгэхээр одооноос ярихгүй бол намар, өвөл хөрөнгө оруулат орж ирэхгүй шүү дээ.
-Манай зарим улстөрчид “Бид Хятадад хямдхан ч гэсэн нүүрсээ өгч байх хэрэгтэй. Учир нь тус улс манайхаас им­портын нүүрсний хамааралтай болтол бид бүтээгдэхүүнээ өгөх хэрэгтэй” гэдэг. Өөрөөр хэлбэл 40 жилийн дараа ч юм уу, нүүрсний хэрэглээ бараг байхгүй болох мэдээ бий?

-Эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй, алдагдалтай энэ байр суурь муу хариулт байна.

-Монголд зээлийн хүү хэт өндөр байгаа учраас бизнесийн салбарын хүрээ тэ­лэхгүй байна гэдэг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Хамгийн энгийнээр хэлэхэд эдийн засаг тогтворгүй мөн урт хугацааны хөрөнгө оруулалт, хад­галамж байхгүй байна. Түүнчлэн хадгаламжийн хүү бас өндөр бо­лохоор зээлийн хүү ч гэсэн тийм хэмжээний байдаг. Эдийн засагчид энэ талаар өчнөөн хэлдэг. Даанч шийдвэр гаргагчид нь яаж тусдаг юм бүү мэд. Тиймээс миний хувьд нэг их дэлгэрэнгүй хариулмааргүй байна.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Л.БААТАРХҮҮ
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


П.Цагаан: УИХ-ын гишүүд төлөвшөөгүй хүүхэд шиг байж болохгүй

tsagaanУИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр МАН болон МАХН-ын зарим гишүүд хурал орхиж гарсан билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан байр сууриа илэрхийллээ.

-УИХ-ын хаврын чуулганы нээлтэн дээр Ерөнхийлөгч үгээ хэлж байхад МАН болон МАХН-ын зарим гишүүд танхимыг орхин гарсан. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улс парламентын засаглалтай. Парламентын засаглалтай улсад парламентдаа олонхи нь шийдвэр гаргадаг, цөөнх нь шүүмжилдэг. Гэтэл энэ мөн чанараа ойлгохгүй байгаа мэт сонин үзэгдэл ажиглагдаж байна. Ерөнхийлөгч төр засагт цөөнхийн дуу хоолой сонсогдох ёстойг байнга дэмждэг. Жишээлбэл, УИХ-ын сонгуулийн дараа МАН хурлаа хаяж бүлэг байгуулах эрхээ алдчихсан байхад нь Ерөнхийлөгч намуудын дарга нартай уулзаж, өөрөө хууль санаачлан цөөнхийн эрх зүйн статусыг баталгаажуулсан шүү дээ. Тэр үед МАН-ын дарга нар байнгын хорооны хурал дээр Ерөнхийлөгчид баярласнаа илэрхийлж, тааралдахдаа гар барьж байсан санагдаж байна. МАН бүлэгтэй болсон учраас УИХ-ын индэрийг ашиглан үг хэлэх эрхтэй болсон. Гэтэл тэр эрхээ эдлэхгүй, парламентад байхгүй хүмүүс шиг гудамжинд гарч хаврын "синдром" эхлүүлж байгаа мэт байна. Тэд байгаа онохгүй зүйл ярьж, хэлж байгаа нь харамсалтай. Тэр хүмүүс
өөрийнхөө үйлдэл, үгийг бодох хэрэгтэй. Цөөнх үгээ хэлэх газар нь УИХ шүү дээ. Ерөнхийлөгч ийм боломжийг нь бүрдүүлчихээд байхад ашиглахгүй гудамжинд гарч жагсаад байгаа нь хаана, юу хийхээ мэдэхгүй байна гэж ажиглаж болохоор байна.

-МАН-ынхан "Чингис" бондыг багагүй шүүмжилж байна. Засгийн газар ирээдүйгээ өрөнд оруулж байгаа мэт ярьж байгаа нь хэр үндэслэлтэй бол?
-Гайхшрал төрүүлж байна. Хэдхэн сарын өмнө АН, МАН, "Шударга ёс" эвслийн гишүүд хамтдаа сууж байгаад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэхдээ "Чингис" бондыг гарга гээд шийдвэр гаргасан. Үүний дагуу 1.5 тэрбум төгрөгийн бондыг дэлхийн зах зээл дээр арилжсан. Өөрөөр хэлбэл, өөрсдийнх нь шийдвэрээр мөнгө босгоод, хөрөнгө оруулаад бүтээн байгуулалт хийе гэхээр эсэргүүцээд байх юм. Ой санамж ингэж богиносч болохгүй л дээ.

-Ерөнхийлөгч үгээ хэлж байхад танхимыг орхиж гарсныг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ерөнхийлөгч үнэн үг л хэлсэн шүү дээ. Монголын ард түмний хүсэн хүлээсэн үгийг иргэдийнхээ нэрийн өмнөөс дамжуулж хэлсэн. Гэтэл буурь суурьтай гэгддэг намынхан ард түмний төлөө хэлсэн үнэн үгийг сонсох тэвчээргүй болчихсон юм уу. Монгол Улсад улс төр, бизнесийн тогтвортой байдал, ард түмний энх амгалан амьдрал хэрэгтэй. Гэтэл ард түмнийг төлөөлсөн гишүүдэд ард түмний төлөө хэлсэн үгийг сонсох тэвчээр цутагдаж байна гэдэг нь харамсалтай байна. Эхлээд бие, биенээ сонсч сурах хэрэгтэй. Дараа нь шүүмжлэх эрх нь бий шүү дээ. 20 гаруй жилийн өмнө Монгол бусдаас сурах гэж гүйдэг байсан бол хэдхэн хоногийн дараа 100 гаруй орны төлөөлөгчид Монголын ардчиллаас суралцах гэж байгааг Ерөнхийлөгч хэлсэн. Ийм байхад төлөвшдөггүй хүүхэд шиг байж болохгүй. УИХ-ын гишүүд суух ёстой газраа суухгүй бол оронд нь тариа тарьж байгаа хүмүүс ирээд суудал дээр нь суух хэрэгтэй биз дээ.
Ц.ӨРНӨХ

О.Чулуунбат: Энэ бол зах зээл өөрөө монголчуудад өгч байгаа үнэлгээ


Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа. Тэрээр Монголд анх удаа өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас зохион байгуулсан Монгол Улсын 2013 оны Хөрөнгө оруулалтын тайлан хэлэлцүүлгийг удирдсан юм.

-Гадаадын хөрөнгө оруулалтын тайланг гаргахаар Монголын Засгийн газар НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хуралтай хамтарч ажилласан анхны тохиолдол байлаа. Хөрөнгө оруулалтын бодлого, орчин нөхцөл ер нь хаашаа явж байна вэ?
-Монгол Улсад хөрөнгө оруулалтын орчин нөхцөл ямар байна, эдийн засгийн хурдацтай хөгжлийг хангахад эрх баригчдын явуулж байгаа бодлого нийцэж байна уу, юун дээр нь монголчууд их сайн бодлого явуулж, юун дээр алдаж байна гэдэгт НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас бие даасан хараат бус үнэлгээ дүгнэлт өгч, тайлан гаргаж байгаа юм. НҮБ-ын шинжээчдийн баг манайхыг судлаад өөрсдийнхөө урьдчилсан үнэлгээ, тайланг хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийг нээлттэй хийж, Засгийн газрын холбогдох яамд, агентлагийн хүмүүс оролцлоо. Хувийн хэвшлийнхэн, гадаад, дотоодын судлаачид ч идэвхитэй оролцсон гэдэг утгаараа нэлээд ач холбогдолтой хэлэлцүүлэг болсон.
Манай хөрөнгө оруулалтын орчин бол ерөнхийдөө таатай орчин, Монгол Улс хөгжиж байгаа орон. Татварын хувьд их таатай бодлого явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалт их сайн байгаа. Дотоодын хөрөнгө оруулагчдаа ч урамшуулдаг. Үүний үр дүнд манай эдийн засаг 17 хувьд хүрч өссөн, өнгөрсөн жил 13 хувьтай байсан. Энэ жил бас нэлээд сайн өсгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гэвч сүүлийн үеийн эдийн засгийн үзүүлэлтүүд жаахан муу талдаа гараад ирлээ. Жишээ хэлье. Нэгдүгээрт төсвийн орлого багасаад ирлээ. Гадаадын хөрөнгийн биржүүд дээр байдаг Монголын бүх төслүүдийн үнэлгээ сүүлийн нэг жилийн дотор 70 хувь хүртэл уначихлаа. “Оюутолгой”-гоос эхлээд “Саусгоби ресурс”, “Сентерра гоулд”, “Инержи ресурс”, “Хүннү Соал” гээд 30-40 том төсөл гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа. Энэ уналтыг зөвхөн тэдний үнэлгээ унаж байна гэж гэнэнээр бодож болохгүй. Монгол Улсын үнэлгээ уначихаад байна. Жишээ нь, та бид хоёр 1000 долларын цалинтай байлаа гэхэд “300 долларын цалинтай л ажилла, та хоёрын чадвар энэ” гэсэнтэй л адилхан байхгүй юу.

-Тэгвэл дотоодын бирж дээр байдал ямар байна?
-Яах вэ, гадаадынхан Монголыг үзэхээ байг гэж бодьё. Гэтэл Монголын хөрөнгийн бирж дээр оны эхний гурван сар дуусаагүй байхад 11 хувиар уначихаад байна. Эдийн засаг нь өсөөд байхад хөрөнгийн бирж нь унаад байна гэдэг чинь мөнгө зугтаж байгаагийн илрэл. Тэгээд дээр нь Улаанбаатар хот дахь оффисууд их суларч байна. Гадаадын компаниуд, эсвэл мөнгөтэй компаниуд оффисоо түрээслэхээ болиод явж байна. Наад захын жишээ авахад томоохон банкууд маань нийлээд жилдээ 40-50-хан хүнд моргейжийн зээл өгч байна. Цагтаа 400-500-гаар нь өгч байсан шүү дээ. Одоо гэтэл нэг банкин дээр 10-20-иос хэтрэхгүй байна. Энэ сайн үзүүлэлт биш шүү. Ажлын байрыг хамгийн сайн бий болгодог зүйл бол хөрөнгө оруулагчид. Хөрөнгө оруулагчид олноороо байвал адгийн наад зах нь тэд чинь орон сууц, машин унаа, хоол хүнс хэрэглэдэг. Уул уурхай дээр нөгөө том том машинууд, өрөмдлөгийн хэрэглээ бий болно, маш олон монгол ажилчдыг араасаа чирнэ. Тэр нь байхгүй болчихоор ажилгүйдэл нэмэгдэж байна. Ажлын байр өсөөгүй цагт моргейжийн зээл явахгүй. Ажилтай орлоготой нэг хэсэг нь моргейжийн зээлээ авчихсан. Одоо шинээр ажилд орж байгаа хүмүүс моргейжийн зээлээ авах ёстой шүү дээ. Тэр нь байхгүй болчихлоо. Гэхдээ энэ бол миний хувийн дүгнэлт шүү.
 
-Тэгвэл Монголоос мөнгө зугтаж, хөрөнгө оруулалт буурч байгаа нь юунаас болсон бэ?
-Өнгөрсөн жил бид Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гаргасан, яаруу сандруу ч баталсан. Дараа нь Оюутолгой, Чалкотай хийсэн маргаан энэ тэрээс болоод зах зээл өөрөө Монголын эдийн засгийн бодлогод өгч байгаа дүгнэлт байхгүй юу. Энэ миний дүгнэлт биш. Тэгэхээр бид энэ зэргийн юмыг эргэж харах цаг нь болсон. Хөрөнгө оруулалтын орчноо жаахан өөрчилье, хууль эрх зүйн орчноо жаахан таатай болгоё гэсэн тийм л санаа яригдсан. Либералчилж байна гээд 1997 оных шиг баруун солгойгүй цацаад бай гэсэн үг биш. Нэг их цацаад байсан ч юмгүй, арын хаалгаар л баахан хүмүүс хувааж авсан юм байна лээ л дээ. Улсын баялгийг ашиглах зөвшөөрөл авсан хүн бас нэг улсдаа мөнгө төлдөг байя, мөнгөтэй компаниудад нь өгье, мэргэжлийн хүмүүсийг нь ажиллуулья. Тэгэхгүй лиценз авч хадгалчихаад дамжуулж наймаалаад байна гэдэг уул уурхайн хөгжил биш. Мэргэжлийн компаниуд нь авбал эхний жилээсээ л хайгуулаа хийгээд эхэлнэ, Монголд өчнөөн ажлын байр бий болно биз дээ. 

-Хөрөнгө оруулалт буурсан дүн гарах нэг шалтгаан нь Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагчид бүх хөрөнгө оруулалтаа татаад дуусчихсантай холбоотой юм биш үү? Гэтэл араас нь орж ирэх өөр том хөрөнгө оруулагч алга?
-Тийм л дээ. Эхлээд тахиа маань өндөглөөтхөг. Тийм биз дээ. Бид тахиагаа өндөглөхөөс нь өмнө цавччих гээд байна шүү дээ. Уг нь тахиагаа өндөглүүлж чадвал араас нь гарч ирж байгаа өчнөөн олон дэгдээхэйнүүд байна. Нөгөө дэгдээхэйнүүд чинь дахиад өндөглөнө, “Оюутолгой” шиг том болно. Гэтэл бүгд зогсчихлоо. Зарим нь хаалгаа хаагаад гараад явчихлаа. “Оюутолгой” шиг өнпдөглөхөд бэлэн болчихсон тахиагаа эд ингэж багалзуурдаж байгаа юм чинь бидэн шиг дэгдээхэйнүүд өөр энкүбаторт байж байя гэж бодно оо доо. Бид ганцаараа баян, баялагтай улс биш шүү дээ. Бид л тэгж өөрсдөө сэтгэлээ хуурч байгаагаас биш Мьянмар, Мазанбек байна. Афганистан одоохондоо дайнтай байна л даа. Мексик, Болив, Африкийн орнуудад баялаг байна. Мөнгө хийе л гэвэл. Тийм учраас бид ганцаараа хамгийн мундаг баялагтай гэж бодож болохгүй. Харин хөрөнгө оруулалтын хамгийн таатай орчинг бүрдүүлсэн орнуудын тоонд бол байсан. Тийм учраас ядахдаа хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бүрдүүлье гэж байгаа юм, таатай биш шүү. Таван сая долларын хөрөнгө оруулсан хүн бол Монголд 20-30 жил ажиллахгүй л байх. Ядаж 4-5 жилдээ тогтвортой ажиллаг. 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн хүн бол 7-10 жил тогтвортой ажиллая гэж бодох байх. Тэрийг нь л хуулиар хамгаалаад өгөх хэрэгтэй. Тэгэхгүй ганц хоёр сайд хэлэлцээр хийж, түүнийгээ цүнхэлж ирээд Засгийн газраар батлуулчихаад  тэр нь ил тод, ард түмэнд нээлттэй биш байхаар сэжиглээд бөөн асуудал үүсээд байна. Тийм учраас хуулиар зохицуулья гэдэг санаа л явж байгаа.

-Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулья гэдэг дээр ямар ч байсан тогтоод төслөө өргөн барьчихлаа. Гэхдээ энэ хангалттай юу?
-Зөв голдрил руугаа явж байгаа, урагш хийсэн алхам бол мөн. Гэхдээ том алхам биш. Бид өнгөрсөн оны тавдугаар сард баталсан хууль дээрээ л жаахан косметик хагалгаа хийж байгаа байхгүй юу. Үсийг нь арай хэтэрхий арзайлгачихаж, хасаад өгье. Нүдийг нь буруу будсан байна, засаад будчихья л гэж байгаа байхгүй юу. Хөрөнгө оруулалтын дүн нь хамаагүй том болгоё, чөлөөтэй байлгая. Ганцхан гадаадын төрийн өмчийн компани орж ирвэл тэр нь УИХ, Засгийн газраар орж байж батлагддаг, зөвшөөрөгддөг байя л гэж байгаа юм. Түүнээс биш гадаадын хөрөнгө оруулалтыг хорьсон юм ерөөсөө байхгүй.  Дээр нь манайхны гадныхнаас жааахан шүүмж аваад байгаа зүйл бол нэг гэрээ байгуулдаг. Тэгээд хэлэлцээр хийж хийж гарын үсэг зураад хоёр тийшээ болсоны дараа дандаа нөгөө талаа буруутгадаг. Яг адилхан нөгөөдүүл чинь бас биднээс юм олчихьё л гэж ирж байгаа, бидэнд юм өгчихье гэж ирж байгаа хүн нэг ч байхгүй. Бид ч гэсэн олчихьё л гэж хэлэлцээрт орж байгаа шүү дээ. Монгол Улс чинь бас нэг “совесть”-той улс мөн биз дээ. Хариуцлагатай ард түмэн мөн биз дээ. Хэлэлцээр хийсэн нөгөө тал ч авах юмаа авна, Монгол Улс ч авах юмаа авна. Монгол их хохирчихсон байна гэвэл бид Монголын талаас хэлэлцээр хийсэн хүмүүстэйгээ л хариуцлагаа ярих ёстой. Тэд нар нь чимээгүй байгаад байхаар нийгэмд бухимдал үүсээд байх юм. “Үгүй ээ, бид Монголын эрх ашгийг ингэж хамгаалсан” гээд дуугараад өгөөч. Миний хүсэл бол энэ. Гадаадынхныг араас нь чимхээд байх нь гол нь биш.

-Та Оюутолгойн гэрээг энэ чигээр нь үргэлжлүүлэх ёстой гэж үздэг үү?
-Ажлыг нь эхлүүлэх ёстой. Ядахдаа эхний 2-3 жил харья. Таван жилд ч Оюутолгойн хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөөсөө ихийг авч чадахгүй. Тэр болтол харья л даа. Тэгээд үнэхээр манайхаас илүү аваад эхэлбэл бид хөрөнгө оруулагчидтай ямар ч хэлбэрээр ярьж болно. “Оюутолгой”-г удирдаж байгаа хүмүүс чинь бас тэнэг улс биш. Монголын баялгийг авч байгаагийнхаа хувьд бид ард түмэнтэй нь хуваалцах ёстой гэсэн ухамсартай хүмүүс энэ төслийг ажиллуулж байгаа.

-Тэгвэл УИХ-ынхаа түвшинд хүртэл яагаад “Оюутолгой нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байна” гэж яриад байна вэ? Явсаар байгаад одоо бүр Засгийн газрынхаа түвшинд хүртэл нэгдмэл биш байр суурьтай болчихлоо шүү дээ. Танай сайд энэ гэрээг засах ёстой гэж ярьдаг байсан, Уул уурхайн сайд бас тийм байсан. УИХ-ын гишүүн байхдаа. Одоо сайд болоод байр сууриа өөрчилчихсөн юм уу?   
-Оюутолгойн төслийг зогсооё гэдэг оролдлого бол Монгол төрийн бодлого биш, монгол хүний зүрхнээс гарч байгаа үг биш гэж би бодож байна. Энэ оролдлого хаанаас хийгдээд байгааг би мэдэхгүй. Нэг чухал зүйлийг хэлье. Оюутолгой Засгийн газартай энэ гэрээг байгуулахаас гадна Монголын ард түмний өмнө их том үүрэг хүлээчихээд байгаа шүү дээ. Оюутолгойн баялгийн 70 хувийг монголчууд, 30 хувийг хөрөнгө оруулагчид авна гээд Монгол орон даяар өөрийнхөө хүлээх хариуцлага, үүргийг сурталчилсан. Тэр хамгийн гоё гэрээ, Монголын ард түмний өмнө тэдний авч байгаа үүрэг биш үү? Түүгээр нь л бид цаашаа явна шүү дээ. Өмчлөл бол чухал биш. Монголын Засгийн газар нэг хувийн өмчлөлгүй байсан ч орж байгаа орлогын ихэнх хувийг аваад үлдэж болно. Гэтэл одоо өмчлөлөөсөө болоод өрөнд орчихоод сууж байна.
“Бороо гоулд”-аар жишээ авья л даа. Засгийн газартай 1999 онд тогтвортой байдлын гэрээ хийсэн. Энэ сайн гэрээ биш, 100 хувь гадаадын мэдэлд байсан төсөл. Нэг хувь ч Монголын өмчлөл байхгүй, байсан хүн нь өөрөө зараад мөнгөө аваад зугтаачихсан. Гэхдээ энэ төсөл 10 жил ажиллахдаа нэг их наяд төгрөгийн алт олборлосон байдаг юм. Түүнээс монголчуудад өгсөн мөнгө нь бараг 60 хувь. Би бүгдийг нь балансаар нь авч үзсэн. Монгол Улс өмчлөгч биш мөртлөө бүх төрлийн төлбөр авч байсан. Нөөц ашигласны татвараас эхлээд ашгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, дээр нь эрчим хүч, тээвэр, ус, хоол хүнс гээд дандаа Монголд төлбөр төлж байсан. Дэд бүтэц гэхэд хичнээнийг барив. Үйлдвэрлэлийг явуулахын тулд Зүүнхараа хүртэл зам тавилаа, эрчим хүчний шугам барилаа. Гэтэл бид Засгийн газарт заавал нэг том өмчлөл үлдээх гээд л улайраад байх юм. Төрийн өмчийн үйлдвэрүүд ямаршуу менежмент хийж байгааг бид МИАТ дээр харж л байна шүү дээ. “Эрдэнэт”-ийн шинэ удирдлага ч яриад эхэллээ, өч төчнөөн тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн шахсан байна гээд. Тэнд МИАТ-ээс хэдэн арав дахин муу менежмент явж байгаа, ойлгомжтой. “Эрдэнэс Тавантолгой” байна. Төрийнх байвал бүгдээрээ л МИАТ-ын араас явна. Уг нь бид 1991 онд өөрчлөлт хийхдээ эдийн засгаа үр ашигтай болгоё л гэсэн шүү дээ. Өнөөдөр төрийн өмчийн компаниуд нь хамгийн үр ашиггүй ажиллаж байна. Гэтэл бид түүнийгээ үргэлжлүүлээд, дээрээс нь уул уурхайн хамгийн гоё төслүүдээ төрийн өмчид үлдээх гээд байна. 

-Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтыг 4,6 тэрбум ам.доллараар төлөвлөсөн байтал долоон тэрбум ам.доллар давчихлаа гээд л боож үхэх гээд байгаа шүү дээ. Гэвч тэр мөнгө юунд зарцуулагдсан бэ?
-Мэдээж тоног төхөөрөмжид хамгийн их мөнгө орж байгаа. Дээрээс нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд сар болгон монгол ажилчдад 20-25 сая ам.доллар төлж байгаа. Жилдээ 250-300 сая ам.доллар. “Оюутолгой” ажлаа эхлээгүй байгаа өнгөрсөн хугацаанд өгсөн цалин нь бараг миллиард доллар болчихсон. Энэ мөнгийг хэдхэн тооны гадаад захирлууд аваагүй, тэнд ажиллаж байгаа 10-20 мянган монголчууд бүгд авч байгаа. Тэр мөнгө энд Улаанбаатарт орж ирээд барилга байшин болж байгаа, Монголын банкуудад хадгалагдаж, Монголын мөнгө өсч байна. Дээр нь “Оюутолгой” өнөөдөр Монголын 1000-аад компанид мөнгө төлж байна. Монголчууд бүгдийг үйлдвэрлэж чаддаггүй шүү дээ. Гэхдээ ус, мах, тээвэр, нүүрс, цахилгаан, үйлчилгээг монголчууд өөрсдөө хийж байгаа. Хийж чадаж байгаа юмаа л бид нийлүүлж, тэр хэрээрээ бид орлогоо авч байгаа. Бүх татвараа төлж байгаа, тэр битгий хэл бид урьдчилаад татвараа авчихаад байгаа. Тэгэхээр Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй биш, орж ирж байна. Гэвч бий болгож байгаа баялгийн хуваарилалт нь буруу байна. Хар л даа. Саяхан л нэг хүнд ноогдох ДНБ 1000 ам.доллар байсан шүү дээ, арваадхан жилийн өмнө. Гэтэл өнөөдөр бараг 4000 ам.доллар болж, дөрөв дахин өсчихөөд байна. Гэтэл хүн амын ихэнх нь яг арван жилийн өмнөхөөрөө амьдраад, цөөхөн 5-10 хувь нь хэтэрхий их баялаг дээр суучихлаа. Энэ буруу хуваарилалтаас болоод улс төрийн тогтворгүй байдал бий болж байна. Одоо тэгээд арга хэмжээ авах гээд л оролдоод байна л даа.

-Ямар арга хэмжээ?
-Энэ олон том том төслүүдийг өр тавиад ч гэсэн хэрэгжүүлье гэдэг нь тэнд олон монголчууд ажиллуулж, тэдэнд цалин өгөх болно. Тэгж л мөнгөтэй болгоно уу гэхээс урьдчилж өр тавиад, өнгөрсөн сонгуулийн өмнөх шиг 500-600 сая ам.доллар урьдчилж авч тараагаад ард түмэн баян болохгүй. Ажил хийлгэх хэрэгтэй, ажлаар дамжуулж орлогыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Мэдээж V цахилгаан станц бол том төсөл. Гэхдээ үүнд Хөгжлийн банкнаас мөнгө бага гаргая гэж байгаа. Яагаад гэвэл цахилгаан станц барихаар 80-90 хувь гадагшаа гараад явчихна. Оношлогооны том төв барья гэвэл мөнгө нь бараг 100 хувь гадагшаа гараад явчихна. Мэдээж монголчуудад хэрэгтэй л дээ, гэхдээ үр дүнгээ удаан өгдөг. Гэтэл замын төсөл санхүүжүүлбэл 80-90 хувь нь монголчууддаа үлдэнэ. Тэр утгаар нь бид монголчуудаа мөнгөжүүлье гэсэн төслүүдээ урагшаа түлхэж байгаа. Тэр нь ч буруу биш гэж би бодож байна.
Б.СЭМҮҮН
"NEWS WEEK" сонин

Thursday, 4 April 2013

“Хүн өөрийнхөө хөдөлмөрөөр амьдрах ёстой”


Монголын Үндэсний “Боловсрол Суваг” телевиз, “Фрийлайн” продакшн, “Непко” хэвлэлийн газар хамтран бүтээсэн “Хувь тавилангийн ээдрээ” 60 ангит киноэнэ сарын 15-наас үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэхүү кино нь Монголд анх удаа дэлхий дахинаа мөрдөгддөг олон зохиолчийн хамтын хөдөлмөрөөр бүтдэг конвэйерийн системийг нэвтрүүлснээрээ онцлогтой юм. Киноны ерөнхий зохиолчоор “Өдрийн сонин”-ы нэгдүгээр орлогч эрхлэгч, шог зохиолч Б.Цэнддоо, зохиолчоор Д.Батбаяр, н.Билгүүн, Г.Анхбаяр, Д.Түмэн-Өлзий, Д.Энхболдбаатар нар ажилласан юм. Ингээд “Хувь тавилангийн ээдрээ” киноны ерөнхий зохиолч Б.ЦЭНДДООтой уулзаж ярилцлаа. 
-“Хувь тавилангийн ээдрээ” кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Та ерөнхий зохиолчоор ажилласны хувьд ямар онцлогтой бүтээл боллоо гэж дүгнэж байна вэ?
-“Хувь тавилангийн ээдрээ” цувралыг Монголд анх удаа орчин үеийн кино зохиол бүтдэг зарчмаар буюу конвэйерийн систем ашиглаж бүтээсэн байгаа. Конвэйерийн систем гэдгийг манайхан сайн мэдэхгүй байж магадгүй юм. Энэ нь олон зохиолч кино зохиолыг хуваан авч, хамтран бичдэг арга. Өөрөөр хэлбэл, киноны олон ялгаатай дүрүүдийг ганц зохиолч биш, олон зохиолч бичдэгээрээ илүү амьд болох давуу талтай. Би энэ кинонд ерөнхий зохиолчоор болон мөн 1990-ээд оноос өмнөх үеийг харуулсан хэдэн ангид зохиолчоор ажилласан байгаа. Манайд гарч байгаа олон ангит кинонууд өөр өөрийн ололттой, онцлогтой. Бид бусдын бүтээлийг ямар нэгэн байдлаар шүүхийг хүсдэггүй. Харин “Хувь тавилангийн ээдрээ” кино шинэ стандартыг оруулж ирснээрээ онцлогтой.

-Тэгэхээр энэ кинонд юун тухай өгүүлэх юм бол?

-Энэ кинонд шинэ үеийн залуучуудын амьдралын талаар голчлон тусгасан байгаа. Студи байгуулж, хамтран ажиллаж байгаа хэсэг залуусыг тойрон киноны үйл явдал өрнөнө. Үнэн сэтгэлээсээ кино сонирхдог нэгэн байхад, реклам, захиалгат нэвтрүүлэг хийж, мөн видео бичлэгээр дамжуулан хүн дарамталж мөнгө ололх бодолтой нэгэн ч байна. Энэ мэт өөр өөр санаа бодолтой хэдэн залуус, нэг студид нэгдснээр киноны үйл явдал өрнөнө. Ингээд хамтран уран бүтээл туурвихаар болсон залуусын ажлаас гадна амьрал нь ямар нэгэн байдлаар холбогддог. Залуусын эцэг, эх, өвөг дээдсийнх нь амьдрал холбогдсон байснаар илүү сонирхолтой болсон. Сайн сайхан, муу муухай гээд бүгд л үр хойчийнх нь амьдралд туссан байгаа. Залуусын амьдрал яагаад холбогдсон шалтгааныг харуулахын тулд эцэг, эхийнх, эмээ, өвөө гээд гурван үеийн түүхийг тусгасан.

-Гурван үеийн намтрыг харуулсан гэхээр дүрүүдийн хувьд нэлээд ялгаатай үед амьдарч байсан гэдэг утгаараа өөр өөрийн онцлогтой байх?
-Киноны дүрүүдийн хувьд манай хуучин үеийн зохиолуудад байсан шиг эхээс төрөхөөсөө л муу хүн болж төрж, үргэлж мууг үйлдэж байдаг, эсвэл эхээс төрөхөөсөө л сайн хүн байдаг тийм туйлширсан байдлыг харуулаагүй. Харин бидний бодит амьдралтай л адилхан хайрлаж, дурлаж, зорилго, хайр дурлалын төлөө тэмцдэг дүрүүдийг харуулсан. Улс орон, нийгэмд тогтож байсан дэглэм, эрх мэдэл хүний олон сайн муу чанарыг ил болгон харуулж байдаг. Тиймээс энэхүү кинонд тэрхүү нийгмийн нөхцөл байдлаас болж сэргэсэн муу чанар, мөн нийгмийн хүнд үе, амьдралын нугачаанд бөхөөгүй хүн чанар гээд олон зан чанарыг хадгалсан дүрүүд байгаа. Үйл явдлын хувьд нэлээд сонирхолтой. Гэхдээ үзэгчид энэ бүгдийг киноноос үзвэл, илүү сонирхолтой байх болов уу.

-Олон зохиолч хамтран ажилласан анхны тохиолдол учраас хүндрэлтэй зүйл гарч байв уу?
-Олон зохиолч хамтарч ажиллах нэлээд олон онцлогтой юм билээ. Анхандаа кино хийе гэсэн оргилуун хүсэлдээ хөтлөгдөөд хоёр сарын дотор бичээд дуусчихна гэж бодож байсан. Гэтэл тийм амар ажил биш юм байна лээ. Бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүнд зохиол бий болсон. Дашрамд хэлэхэд, авьяастай зохиолчидтой хамтарч ажилласандаа ерөнхий зохиолчийн хувьд би их бахархаж байна. Олон зохиолчийн бүтээлд мэдээж зөрүүтэй зүйл гарч байсан. Энэ бүгдийг редактор, зохиолч Д.Батбаяр хянаж, нэг киноны зохиол болгосон. Анги ангиар нь хуваан авч зохиолыг бичихийн зэрэгцээ баатруудаа бас хувааж авсан. Нэг зохиолч нь илүү хөгжилтэй зан чанартай нэгнийх нь дүрийг цааснаа амилуулж байхад, нөгөөх нь кино зохиолд гарсан бүх хэлц үгнүүдийг олж зохиосон. Энэ бол Холливудын кино хийх зарчим. Мөн олон ангит кино зохиол роман болж уншигчдын гар дээр очих хандлага сүүлийн үед жишиг болоод тогтсон. Энэ жишгээр “Хувь тавилангийн ээдрээ” кино зохиол роман болж Монголын уншигчдад хүрэх болно. Зохиолч Д.Түмэн-Өлзий энэ ажлыг хариуцан хийж байгаа. Тэгэхээр удахгүй Монголчуудын түүхийн 100 жилийг дамнасан түүхэн роман гарах нь ээ гэж ойлгож болно.

-Ийм сонирхолтой зохиол роман болж гарна гэдэг тун таатай мэдээлэл байна. Та киноны ерөнхий зохиолчоор ажилласан. Тиймээс энэ зохиолынзорилгыг юу гэж дүгнэж байна вэ. Киногоор дамжуулан үзэгчдэд хүргэх гэсэн гол санаа юу юм бол?
-Аливаа кино зохиол, уран бүтээл туурвих гэдэг тэрхүү уран бүтээлээ бизнес болгох зорилготой байдаг. Бид гайхалтай том зорилго тавиагүй. Одоо яг дутагдаад байгаа жирийн сайн кино хийхийг зорьсон. Зохиолчдод тавьж байсан гол шаардлага нь зохиолын баатруудын яриа амьд болгох явдал байсан. Ярианы амьд, сэтгэл татам шинжийг шингээж өгсөн. Мөн зохиолыг нэг ангиас нөгөө анги руу үзэгчдийн сэтгэлийг татаж чадахаар байлгахыг зорьсон. Ингэхийн тулд зохиолын баатрууд бодит амьдрал дээр байж болохуйц хүмүүс байх хэрэгтэй. Бид амьдралдаа алдаж, жижиг зүйлд хууртах тохиолдол бишгүй л байдаг. Тэр бүгдийг шингээхийг хичээсэн.Энэ киногоор үзэгчдэд хүргэх гэсэн гол санаа бол хүн өөрийнхөө хөдөлмөрөөр амьдрах ёстой. Тэр нь хүнд жинхэнэ аз жаргалыг өгч байдаг. Бид энэ нийгмээс өөрсдөө ойлгож авсан энэ зүйлсээ киноны баатруудаар дамжуулан үзэгчдэд хүргэж, тэдэнтэй хуваалцах гэсэн юм. Киногоороо ямар нэгэн зүйлийг ойлгуулах гэсэн санаандаа хэт хөтлөгдөх юм бол кино бодит амьдралаас холдчих гээд байдаг. Тиймээс бид энэ байдлаас зайлсхийж, хүн амьдралдаа алддаг, онодог замналыг харуулахын тулд ямар нэгэн сургаальд хөтлөгдөхгүйг хичээсэн. Үзэгчдийг уурлуулаад, уйлуулах байх биш зүгээр л тэдэнд таалагдах кино л хийсэн. Үзэхэд сайхан, сонирхолтой, үзмээр санагддаг тийм л кино хийхийг зорьсон. 
А.ОТГОНЖАРГАЛ

С.Баярцогт: Тэр дансанд ердөө л гурван сая төгрөг байсан

УИХ-ын дэд дарга С.Баярцогтын Щвейцарийн банкин дахъ нэг сая ам. долларын нууц хадгаламж илэрсэн тухай шуугиан дэгдмэгц уржигдар шөнө АНУ-аас нисч ирсэн тэрээр яаравчлан мэдэгдэл хийв.


Английн Лондон хотод байдаг «Legend Plus Capital Ltd» компанийн данс 2008 оны тавдугаар сараас эхлэн нээгдэхэд Сангийн сайд асан С.Баярцогтын нэр дээр дээд тал нъ 1658 еврогийн эрх нээгдэж байсан гэнэ. Энэ нъ монгол мөнгөөр гурван сая орчим төгрөг. Эрхэм УИХ-ын дэд даргын сэтгүүлчдэд хийсэн мэдээллийг тоймлон хүргэж байна.

-Энэ бүхэн юунаас эхэлснийг товчхон тайлбарлахгүй юу?
-Хэвлэл мэдээллээр гарч байгаа сөрөг мэдээлэлд хариу өгөхөөр та бүхнийг урьсан юм. Намайг саяхан АНУ-д ажлаар явж байхад «Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбоо»-ны дарга Жерард Райл гэдэг хүн уулзах хүсэлт тавьсан. Энэ нь тавхан хоногийн өмнө болсон явдал. Тэр хүн «Олон улсын сэтгүүлчдийн баг нэлээн хэдэн асуудлаар ажиллаж байгаа. Тэгтэл гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулж ирдэг компаниудын мэдээллийг шалгах явцад таны нэртэй компани гарч ирлээ. Энэ компанийн данс нь Щвейцарьт байдаг юм байна. Та энэ талаар мэдээлэл өгнө үү» л гэсэн. Тэгээд би мэдээлэл өгсөн. Товчхондоо ийм л юм болсон.

-Таны байр байдлыг анзаарвал өөрийгөө буруугүй гэж бодож байгаа юм аа даа?
-Тодорхой хэмжээний буруу байгаа. Би тэр Жерард Райл гэдэг сэтгүүлчид болсон бүх процессыг үнэн зөвөөр тайлбарлан хэлсэн.

-Таны нэртэй компани яг хэдэн оны хэдэн сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм бэ?
-«Legend Plus Capital Ltd» гэдэг компани 2008 оны тавдугаар сараас миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Данс нь Швейцарийн банкинд байдаг нь ч үнэн. Өөрөөр хэлбэл оффшор данс» гэсэн үг л дээ. Одоогийн байдлаар энэ дансанд 1658 евро буюу монгол төгрөгөөр гурван сая төгрөг байгаа.

-Англид байдаг энэ компанийхаа ашиг, орлогыг хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт ерөөсөө тэмдэглээгүй хэрэг үү?
-Уг нь хөрөнгө орлогынхоо орлого талд нь дотоодод байдаг гурван компани дээрээ нэмээд бүртгүүлчихдэг юм. Энд нууж хаагаад байх юм байхгүй. Би ийм л тайлбар өгсөн. Одоо ч мөн адил.

-Ерөнхийлөгч, шинэчлэлийн Засгийн газрын зүгээс авилга, хээл хахууль, бусармаг бүхэнтэй чадлынхаа хэрээр тэмцэж байгаа. Төрийн өндөр албан тушаалтны хувьд та энэ ажилд хошуучлан оролцох ёстой бус уу?
-Миний хувьд авилга, хээл хахуультай тэмцэж байгаа шинэчлэл, өөрчлөлтийг эхнээс нь тууштай дэмжсээр ирсэн. Ямар нэгэн байдлаар энд саад тотгор хийх өчүүхэн ч хүсэл, эрмэлзлэл байхгүй. Хэрвээ намайг алдаа гаргасан гэж үзвэл албан тушаалтайгаа зууралдаад байх сонирхол алга.

-Таны хувьд 20 гаруй жил төрийн эpx барих, хууль тогтоох дээд бай- гууллагуудад сонгогдон ажилласаар ирлээ. Швейцарийн банкинд данс нээлгэсэн нь цаг хугацааны хувьд ямар нэг хардлага төрүүлэхгүй гэж бодож байна уу?
-2008 оны тавдугаар cap гэдэг бол сонгуулиас өмнө, Сангийн сайд болох эсэх нь тодорхойгүй байсан цаг, үе шүү дээ. Би Сангийн сайдаар 2008 оны аравдугаар сард томилогдсон. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд бол бүр 2009 оны долоодугаар сараас эхлэн оролцсон. Тэгэхээр хүмүүсийн хардаад байгаа энэ бүхэнтэй «Legend plus Capital Ltd» компанийн дансан дахь гурван сая төгрөг бол ямар ч холбоогүй зүйл.

Өөрөөр хэлбэл 2008-2012 онд миний хашиж байсан албан тушаал, ажил төрөлтэй огт холбоогүй зүйл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энд зөвхөн миний хувийн бизнестэй л холбоотой яльгүй үл ойлголцол үүсээд байна.

-Тэгэхээр та төрийн өндөр албан тушаалтны хувьд ямар ч алдаа гар- гаагүй гэсэн үг үү?
-Би түрүүн цухас дурдсан. Миний хувьд алдаа гаргасан уу гэвэл, гаргасан. Энэ компанийг хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт бичих ёстой байсан. Хэдийгээр компанийн дансанд гуравхан сая төгрөг байдаг ч зайлшгүй бичих л ёстой байж. Ийм нөхдөлд хариуцлага хүлээх ёстой гэдгийг ч ухамсарлаж байна. Ямар хариуцлага хүлээлгэхийг УИХ шийднэ. Би өөрөө УИХ-ын даргатай ярьсан. Ер нь ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Мэдээллийн сайтуудаар «Швейцарийн банкинд УИХ-ын дэд дарга С.Баярцогт нэг сая ам.долларын хадгаламжтай» гэж бичигдэж байгаа нь худлаа болж таарч байна уу?
-Сая ам.долларын хадгаламжтай гэж яриад байгаа нь үндсээрээ худлаа мэдээлэл. 2006, 2007, 2008 оны үед Монгол Улсын эдийн засаг харьцангуй сайн өсөлттэй байсан. Тухайн үед барууны банкууд «та нарт илүүдэл орлого байгаа бол өсгөх боломжтой» гэж санал тавьж байсан. Тийм замаар найзуудтайгаа нийлүүлсэн мөнгийг дан ганц минийх мэтээр ойлгосон юм билээ.

-УИХ-аас таньд ёс зүйн хариуцлага хүлээлгэвэл ямар шийтгэл ирнэ гэж бодож байна?
-«Авилгатай тэмцэх», «Хувийн болон нийтийн ашиг сонирхол»-ын хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ санамсаргүй болон санаатайгаар тодорхой орлогоо орхигдуулсан, нуун дарагдуулсан бол тухайн байгууллага нь арга хэмжээ авах ёстой. Тэгэхээр арга хэмжээ авах эрх нь УИХ-д бий. Би энэ бүх учир байдлынхаа дэлгэрэнгүй тайлбарыг АТГ-т өгч байгаа. Мөн УИХ-ын даргад хандан ёс зүйн болон өөр бусад ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хэлсэн. Энэ нь бусад албан тушаалтан, хүмүүст үлгэр дууриалал болно гэж бодож байна.

-Өөрийн тань нэр дээр байгаа «Legend Plus Capital Ltd» компани ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Татвар төлдөггүй, аль ч банкинд байдагтай адилхан данс л гэсэн үг.

-Ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй юм бол яаж мөнгө босгож байсан хэрэг вэ?
-Анх дөрвөн найзтайгаа ярилцаад мөнгө төвлөрүүлж байгаад хувьцааны бизнест оролцъё гэж шийдсэн юм. Энэ нь 2008 оны тавдугаар cap. Тэгээд үйл ажиллагаа жигдрээд ашигтай ажиллаад ирвэл албан ёсоор бүртгүүлээд явна гэж бодож байлаа. Тэгтэл 2008 оны аравдугаар сард Сангийн сайд болоод зав зай ч багатай болсон. Нэгдүгээрт өөрөө тэр бизнест оролцох ямар ч бололцоогүй болсон. Хоёрдугаарт намайг Сангийн сайд болохтой зэрэгцээд хямрал нүүрлэсэн. Манай найзуудын илүү орлого гэж тооцоолж байсан мөнгө нь өөрсдөд нь хэрэгтэй болонгуут буцаагаад татаад авчихсан. Тэрнээс хойш энэ компани зүгээр л харилдах данс шиг цаасан дээр байсан гэсэн үг.

-Та манай дөрвөн найз гэж яриад байна. Тэр хүмүүсийнхээ нэр усыг хэлж болох уу?
-За би тэр хүмүүсийн талаар шалгах, асуух ёстой газар нь мэдээлэл өгнө өө.

-Та хувийнхаа мөнгийг эргэлдүүлж, хувьцаанаас ашиг олох зорилготой байсан гэлээ. Урьд нь энэ талаар яагаад мэдээлдэггүй байсан юм. Мөнгө угаах нь гэмт хэрэг мөн биз дээ?
-Асуудлын гол нь намайг гэмт хэрэгт буруутгасан юм ерөөсөө байхгүй шүү дээ. Хамгийн гол нь «Та энэ компаниа хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт бичиж, орлогоо мэдүүлсэн үү» гэдэг асуудал л байгаа юм. Би орлогоо байнга мэдүүлж байсан. Харин компаниа нэрээр нь бүртгүүлээгүй нь л миний гол алдаа.

-Энд бүртгүүчихвэл ямар нэгэн татвар хураамж, бас бус хүндрэл үүсэх байсан юм уу?
-Яг оффшор компанийн хувьд миний нэр дээр байдаггүй юм. Тухайн үед миний мэдлэг, мэдээлэл дутсан ч юм бий. Бас тэр дансанд харьцангуй бага мөнгө байгаа болохоор монгол төгрөгт шилжүүлээд орлогыг нь тавиад байхад болох байх гэж бодож явсан нь өнөөдөр ийм байдал үүсгэлээ. Миний хувьд их том сургамж болж байна.

-Тэр дансанд байсан мөнгийг хууль ёсны мөнгө гэж ойлгож болох уу?
-Болно. Тэр бол ямар ч хууль дүрэм зөрчөөгүй цэвэр мөнгө. Зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ компанийн нэрийг биччихсэн л бол миний хувьд ямар ч асуудал үүсэхгүй байсан. Би энэ дээр л алдлаа. Яах вэ хүмүүст сургамж болох биз дээ. Гэхдээ миний асуудлыг УИХ шийднэ. Алдаа гаргасан нь үнэн. Одоо хариуцлага хүлээх нь үнэн. Ийм л юм. 
Өглөөний сонин

Tuesday, 2 April 2013

“Төрийн заяагдмал үүргийг хэрэгжүүлэх тогтолцоо алга”

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Биологийн ухааны доктор Ж.Батболдтой ярилцлаа. Энэ удаа салбарын тогтолцоо, бодлого, бүтэц зохион байгуулалтын талаар хүүрнэлээ. 
-Танай яамыг нэг үе “Байгаль хамгаалахаас бусдыг хийдэг яам” гэж шүүмжилдэг байсныг санаж байна. Байгаль орчны талаарх төрийн гол үүрэг функц юү вэ?
-Байгаль орчны хяналтын үүргээ, мөн газрын нэгдсэн менежментийн үүргээ “алдсаны” дараа БОЯ-ыг тэгэж хэлдэг байсан нь үнэн юм шүү. Ингэж шүүмжлэх нь бас ч аргагүй, үндэслэлтэй юмаа. Дэлхий нийтээр байгаль орчны яамыг байгаль хамгааллын асуудлаа хариуцдаг, байгаль орчны хуулийн биелэлтэнд хяналт тавьдаг, хэрэгжилтийг хангуулдаг яам гэж үзэж бүтэц тогтолцоог бүрдүүлсэн байдаг. Манай иргэд ч энэ нийтлэг жишгээр манай яамыг хардаг. Харин манай улсад эсрэгээрээ байдаг. Бид иргэдийнхээ хүсэн хүлээсэн зүйлийг хийдэггүй. Монгол шиг ийм тогтолцоотой орон дэлхийд хоёрхон байдаг гэж сонссон. Бид чинь “байгаль орчны талаархи төрийн үүрэг функц” гэдэг юмыг сайтар ойлголгүй 20 гаруй жил бужигнаж явсаар ирлээ. Эсвэл ойлгож байгаа ч ямар нэгэн явцуу бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн бусниулж хаячихаад засахгүй яваад байгаа юмуу. Ялангуяа сүүлийн 10 гаруй жил иймэрхүү учир замбараагүй байдал үргэлжилж байна. Одоо байгаа тогтолцоогоор бол Байгаль орчин, ногоон хөгжлийн яам бодлого гаргах, түүнийхээ хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулдаг гэж товчоор ойлгож болно. Ой, усны бодлогын хэрэгжилтийн функц Шинэчлэлийн засгийн газрын өөрчлөлтөөр сая л яамандаа ирсэн. Ингээд дээр нь түрүүн хэлсэн хяналт бас байх ёстой. Ингэж байж гэмээнэ яам маань эд эрхтэн бүтэн болох учиртай.
Байгаль орчны талаарх төрийн заяагдмал үүрэг бол төрийн хяналт юм. Хяналт нь дотроо хоёр чиглэлтэй байх ёстой. Нэгдүгээрт, байгаль орчны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой. Одоо үүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хянаж байгаа нэртэй. Хоёрдугаарт, байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийг хянах ёстой байдаг. Дэлхийн бүхий л улсуудын байгаль орчны төрийн төв байгууллагын гүйцэтгэдэг гол хоёр үүрэг нь энэ. Гэтэл Монгол улсад эхний үүрэг нь байгаль орчны яамнаасаа тусдаа шадар сайдын мэдэлд, улс даяар 108 хяналтын байцаагч, байгаль орчны бүх хууль тогтоомжид хяналт тавиад хэрэгжилтийг хангуулах үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь зөвхөн хүн хүчнийхээ өнцгөөс харахад л хэтэрхий боломжгүй зүйл. Үүнээс гадна хяналтын үйл ажиллагаа нь бодлоготойгоо уялддаггүй. 2002 оноос хойш аргамжаатай ботго шиг ийм явж байна. Үүнд байгаль орчны салбарынхан маш шүүмжлэлтэй ханддаг, одоо ч шүүмжилсээр байна.
 
-Тэгвэл хяналтыг хэрхэн явуулж байгаа хэрэг вэ?
-Хоёр дахь үүрэг функц буюу орчны төлөв байдлын хяналт ч сайн хэрэгжихгүй байна. Байгаль орчны төлөв байдал нь хүний буруутай үйл ажиллагаа болоод байгалийнхаа үзэгдэл юмсын нөлөөгөөр өөрчлөгдөж байдаг. Үүнийг төр хянаж байх ёстой. Үндсэн хуулийн 16.2. дахь хэсэгт заасан “...орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” хүний заяагдмал эрхийг хангахын тулд төр орчны төлөв байдлын өөрчлөлтийг судлан хянаж байх үүрэгтэй. Энэ үүргийг үндсэндээ яамны нэгэн агентлагийн харъяалалд багтдаг, цөөвтөр хүнтэй, “орчны шинжилгээний лаборатори” нэртэй байгууллага гүйцэтгэж байна. Энэ лаборатори Монгол Улсын байгаль орчны төлөв байдлыг бүхэлд нь хянаж, бодитой мэдээлэл бүрдүүлээд, тэр нь төрийн бодлого болж,  орчны тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа болно гэж итгэхэд хэцүү юм. Энэ бол бүхэл бүтэн хүрээлэнгийн хийж барахгүй ажил. Товчоор хэлбэл, Монгол Улсад байгаль орчны талаарх төрийн үүрэг функцыг хэрэгжүүлэх зөв бүтэц тогтолцоо одоохондоо алга. Овоо зүйтэй бүрэлдэж байсан төрийн хяналтын тогтолцоо (ЗГ-ын тохируулагч агентлаг байсныг) 2002 онд Н.Энхбаярын Засгийн газрын үед, У.Барсболдыг байгаль орчны сайд байхад үгүй болсон. Үүнийг зөв өөрчлөлт байсан гэвэл түүнээс хойш байгаль орчныг хамгаалахад ямар дэвшил гарсан бэ гэж асуумаар санагддаг юм. Хулгайн мод, хууль бус агнуур зогсов уу, гол усны бохирдлыг хазаарлав уу,  агаарын бохирдол буурав уу,  хариуцлагагүй уул уурхайг хумьсан уу. Эдгээр асуултын хариултыг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.
 
БОЯ нэрээ яаж ч өөрчилсөн, ямар ч гоё нэртэй болсон бай, салбар нь өөрөө зөв тогтолцоотой болохгүйгээр иргэдийн хүсэн хүлээсэн үр дүн энэ салбарт гарахад хэцүү гэж боддог. Яамыг толгой нь гэвэл хөл гар нь энд тэнд харьяалалтай, өөр хоорондоо авцалдаагүй байна. Жишээ нь, чиний нэг хөл өөр нэг хүний толгойд харьяалалтай байвал яаж урагш алхах вэ дээ. Үүнтэй л ижил тогтолцоо хөдөө тийш орооцолдсон байна. Сумын байгаль хамгаалагч нь сумын Засаг даргадаа, сумын БО-ны байцаагч нь аймгийн Мэргэжлийн хяналтын газартаа, аймгийн БО-ны газрууд нь яаманд мэргэжлийн удирдлагаар харьяалагдаж, аймгийн Засаг даргадаа захирагдаж байна. Хаана, хэн нь юугаа хариуцаад байгаа нь мэдэгдэхгүй шахуу тогтолцоо байна. Шинэчлэлийн Засгийн газар байгаль орчны салбарын төрийн бүтэц тогтолцоог зөв голидролд нь оруулбал энэ салбарт хийх хамгийн том шинэчлэл болно гэж бодож байна.
 

-Хяналтаа яам өөр дээрээ авсан цагт л дээрх үүрэг хэрэгжинэ гэсэн үг үү?
-Тийм. Түүгээр зогсохгүй зөв бүтэц тогтолцоонд оруулах асуудал цаана нь бий. Тухайлбал, газрын асуудал ихэнх улс оронд байгаль орчны яамандаа харъяалагдаж нэгдсэн бодлоготой байдаг. Энэ жишгийг ч бодох ёстой. Монгол Улсад газрын нэгдсэн бодлого байхгүйгээс болж 350 орчим бие биенээсээ үл хамаарах саланги (засаг дарга, АМХЭГ гм) бодлого хэрэгжиж, нэг мэдэхнээ газар нутгийн ихэнх хувь нь уул уурхайн лицензтэй талбай болсон билээ. Өндөртэй хөгжилтэй ихэнх улсад цөмийн асуудал, хяналт нь байгаль орчны яамандаа байдаг юм билээ. Ийм байдлаар нэгдсэн бодлогоор явахгүй бол одоо бид хэрээтэй морь шиг хол явж чадахгүй эргэлдсээр байх нь.
 

-Хяналт өөр газарт харъяалагдаж байгаа нь ганц танай яаманд тулгараад байгаа асуудал биш биз дээ?
-Тиймээ, гэхдээ салбарын эрх ашиг хамгийн их хохирч байгаа нь манай яам. Учир нь, уул уурхай, зам тээвэр, барилга хот байгуулалт, үйлдвэр хөдөө аж ахуй гэхэд заяагдмал үүрэг нь бүтээн байгуулалт, боловсрол гэхэд хүнийг сургах төлөвшүүлэх, манай яамны хувьд бол төрийн хяналт юм. Бид олон түмний хүсэлт шахалтаар мэргэжлийн хяналтын байгууллагын ажлыг хийж байна. Бүх томоохон шалгалтын ажлыг яам санаачлаад зохион байгуулж байна. Өөр ч арга алга. Яамны 2013 оны томилолтын зардал ч дуусах нь. Гэтэл яамны бусад үүрэг буюу бодлого гаргах, хэрэгжилтийг хангах ажлаа бас амжуулах хэрэгтэй байдаг. Ард түмэн болохоор байгаль орчны бүх асуудлыг ялангуяа хуулийн хэрэгжүүлэлтийг хангуулахыг яам хийх ёстой гэж харж байдаг. Жишээ нь яамны дэргэд хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх хэсэг ажиллуулж байна. Үнэндээ бол мэргэжлийн хяналтын хийх ажил л даа. Гэтэл манай яамныхан дотор буруутай этгээдийг торгох эрхтэй нэг ч хүн байдаггүй юм ш дээ. Ийм л эх толгой нь олдохгүй бүтэц тогтолцоонд бид ажиллаж байна.
Судалгаа шинжилгээ шинжлэх ухааны байгууллагын дампууралтай хамт живж байна

-Ямар нэгэн ажил хийхэд заавал үр дүн гардаг. Гэтэл яамнаас хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн харагдахгүй байна. Та бүхний эхлүүлсэн болон өмнө хийгдсэн ажлууд хэр шинжлэх ухааны үндэслэлтэй байдаг вэ?
-Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, агаарын бохирдлыг арилгах, уул уурхайн нөхөн сэргээлтийг шаардлагын төвшинд хүргэх зэрэг асуудлаар жишээлээд үзэхэд энэ нь нэг газраас нөгөөд шороо зөөхтэй адил энгийн техник ажил биш. Харин үүнийг сайтар судалсан судалгаа шинжилгээ, үр дүнг тооцсон тооцоо, үндэслэл байх ёстой. Өнөөдөр БО-ны салбарт үүнийг тооцдог судалдаг шинжлэх ухааны байгууллага алга. Хатуухан хэлэхэд, Монголын шинжлэх ухааны байгууллагын дампууралтай хамт БО-ны салбарын судалгаа шинжилгээ хамт живж байна. Өндөр хөгжилтэй орнуудад ерөнхий чиг үүргийн яамныхаа дэргэд бодлого боловсруулах, үндэслэл, тооцоо судалгааг гаргаж байдаг хүрээлэн, судалгааны төвүүдтэй байдаг. Уг нь манай улс энэ жишгээр явахыг оролдсон юм. Яамны дэргэд “Ойн ан судлалын хүрээлэн”, “Газрын бодлогын хүрээлэн”, “Усны бодлогын хүрээлэн” гэж байлаа. Үүнийг Засгийн газрын тогтоолоор хүрээлэнгүүдийг нэгтгэж Геоэкологийн хүрээлэн болгоод Шинжлэх ухааны академид харьяалуулсан. Одоо Геоэкологийн хүрээлэнтэй манай яам ямар ч хамаагүй. Хүрээлэн юу хийх, судалдгийг мэдэхгүй, яам нөлөөлж ч чадахгүй. Хүрээлэнгүүд сэдэв судлаад л цалинжаад л байж байдаг гэсэн. Эсвэл төсөлт ажилд өрсөлддөг гэсэн. Ийм л байдлаар шинжлэх ухааны хөгжил нийгмийн хөгжлийн хурднаас, хэрэгцээ шаардлагаас өдөр өдрөөр хоцорсоор байна. Жишээ нь цөлжилттэй тэмцэх талаар олон жил ярьж байна. Гэтэл үүнийг тооцсон үндэслэлтэй судалгаа шинжилгээ хэрэгтэй. Өнөөдөр бидний гар дээр ийм зүйл алга.
 

-Огт байхгүй юм уу?
-Огт байхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ бодлогын хэмжээнд аваад Монгол Улсын  хэмжээнд цөлжилтийн бодлого хэрэгжүүлье гэтэл ямар хурдацтай нүүж байгаа, ямар ажил хийх, гээд л асуухад үүний шинжлэх ухааны үндэслэлийг гаргаад ирсэн байх ёстой. Энд нь мөнгөө гарга, тэнд нь мод тарья, үүнийг нь хориглоё, гээд явах ёстой. Гэтэл энэ бүх тооцоо судалгаа байхгүй. Яамны цөлжилт хариуцсан ганц мэргэжилтэн хийх үү?, үүнийг мэддэг сайд хийх үү?  Тэгэхээр дахиад бүтцийн асуудал яригдаж байна. Геоэкологийн хүрээлэн зэрэг шинжлэх ухааны байгууллагаа эргээд яамныхаа дэргэд авчраад “Ногоон хөгжлийн хүрээлэн” гэдэг ч юм уу шинэ зорилт, бүтэц бүрэлдэхүүнтэй болгоод ажиллуулах хэрэгтэй байна. Монгол Улс цаашид ногоон хөгжил рүү алхая гэвэл сэтгэлийн хөөрлөөр биш, улс төрчдийн амаар биш, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Хэзээ саарал эдийн засгийнхаа аль аль салбарыг хаах юм? Хэзээ нүүрсээ ашиглахаа болих юм? Мал 50 сая хүрлээ, бэлчээрийн даацтайгаа яаж зохицож байна? экосистемийн тэнцвэр алдагдаж байна уу гэх мэт олон асуудалд шинжлэх ухааны үндэслэл судалгаанд тулгуурлаж төр бодлогоо гаргах ёстой. Энэ нь бидэнд одоохондоо алга даа. Таны асуултын хариу нь үүнтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. Үгүй ядаж судалгааны байгуулга маань дэлхийн шилдэг туршлагыг судлаад байхад л нэг үр дүн гарна. Жишээ нь, ногоон хөгжил рүү амжилттай шилжиж байгаа улсын нэг нь Өмнөд Солонгос улс. Гэтэл Өмнөд Солонгосын байгаль, эдийн засаг, нийгмийн орчин монголынхоос өөр учраас  тэднээс авах, гээх зүйл олон бий. Тэгэхээр тэдний туршлагыг тэр чигээр нь хуулж болохгүй. Солонгосын тэргүүн туршлагыг Монголын хөрсөнд буулгаж нутагшуулах юм. Ийм л учраас бидэнд судалгаа шинжилгээ хэрэгтэй.
 
Уул уурхай  манай улсын хөгжлийн гарааны эхний гишгүүр төдий байх ёстой

-Уул уурхайн асуудалд иргэд их бухимдалтай байдаг, энэ талаар танай яам ямар бодлого баримталж байна вэ? 
-Замбараагүй уул уурхайг цэгцлэх асуудал нийгмийн зүгээс маш их хүлээлттэй байгаа. Монголчууд бид чинь орчноо бохирдуулах нь бүү хэл, экологийн хувьд ул мөргүй амьдардаг байсан ард түмэн. Бидний өвөг дээдсийн амьдардаг зан үйл, эрхлэдэг бизнес нь экологидоо бүрэн ээлтэй байжээ. Ийм ард түмний үр сад байгаль орчноо ингэж хайр найргүй сүйтгэхийг хараад хүлээн зөвшөөрч чадахгүй байх шиг байна. Үүнд буруу юм байхгүй.
Одоо Монгол Улсад уул уурхай цэцэглэж байна. Уул уурхайн компаниуд үнэхээр даварч байгаа үзэгдэл түгээмэл байна. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрын нэг бодлого нь замбараагүй хариуцлагагүй уул уурхайг хумих юм. Энэ нь уул уурхайгаа бүхэлд нь боомилно гэсэн үг биш. Томоохон уурхайгаа үр дүнтэй ашиглана, байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлнэ. Бид уул уурхайг манай улсын хөгжлийн гарааны эхний гишгүүр төдий байх ёстой гэж хардаг. Уул уурхай бол бидний амьдрах арга биш. Уул уурхайн хөгжил хэтрэхээрээ эдийн засгаа хорлодог. Бусад салбарынхаа хөгжлийг боомилдог. Эдийн засагт уул уурхайн дарж байгаа хувийн жин 25 хувиас хэтрэхээр тухайн улс уул уурхайн хараат орон болдог. Энэ хэмжүүрээр бол манай улс аль хэдийнэ уул уурхайн хараат орон болсон. Хумих бодлогын нэг гол үндэслэл бол энэ байх ёстой.
 
Нөгөө талаар баялгийн өгөөжийг боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбараа хөгжүүлэхэд ашиглах ёстой. Хэдхэн хүний халаасыг түнтийлгэдэг, тэгсэн мөртлөө байгаль, нийгэм, эдийн засгаа хорлодог уул уурхай Монголд хэрэггүй. Тиймээс манай Засгийн газар уул уурхайгаас ангид байх бүс нутаг, экологийн үнэ цэнэтэй бүсчлэлийг тогтоох судалгааны ажлыг эхлүүлэх гэж байна. Дараа эдгээр бүс нутгийг, мөн гол мөрний эхийг улсын хамгаалалтанд авна.
-Уул уурхайн компаниудын хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрч байна. Үүнийг хэн цэгцлэх ёстой вэ? Одоогийн байдлаар танай яам ямар бодитой ажил хийв?
-Бид одоогоор олигтой юм хийж чадаагүй байна. Дээр хэлсэнчлэн иргэдийн мэдээлэл хүсэлтийн дагуу хяналт шалгалтын ажил нилээд хийх шив дээ. Үүнээс өөр гавьсан юмгүй л байна.
 
Монгол Улсад хариуцлагагүй уул уурхайн жишиг амь бөхтэй тогтсон байна. “Алтыг нь аваад авдрыг нь хаядаг” сэтгэлгээ нийгэмд хэвийн үзэгдэл мэт харагдаж байна. Энэ жишгийг эвдэхийн тулд “Урт нэртэй хууль” (Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хууль)-ийг бүрэн хэрэгжүүлэхээс эхлэх ёстой. 2009 оны долоодугаар сарын 16-нд энэ хууль батлагдсан, 4 жил болох гэж байна, гэтэл хууль хэрэгжихгүй байна. Энэ хуулийн дагуу цуцлагдах ёстой 1782 лиценз бий. Энэ асуудлаар бол яам эндээс л ажлаа эхлэх ёстой гэж боддог. Өмнөх засгийн үед сайд Л.Гансүх, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр нилээн ажилласан, тэмцсэн. Алтны шороон ордын ашиглалтын 242 лицензийг түдгэлзүүлсэн. Эдгээр 242 лиценз бүрээр  байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг хийлгэсэн. Үнэлгээний 70 гаруй компани ажиллаж, 1.8 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэсэн тооцоо гаргасан. Эдгээр лицензийг эзэмшигч компаниуд зарцуулсан хөрөнгөө үнэн зөвөөр тооцоолж, баримттайгаар гаргаад ирэг, Монголын төр тэдний байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоочихлоо, одоо баланслуулъя, төр өртэй гарвал түүнийгээ өгөх, авлагатай бол түүнийгээ авах, ингэж тооцоо нийлж дуусгах ёстой. Одоогоор манай яаманд энэ ажил эхлээгүй байна.
 
-242 лицензээс гадна үлдсэн 1540 гаруй лицензийг цуцлах асуудлыг шийдэхийг ард түмэн хүсч байгаа. 
-Тийм. Мөн л лиценз бүрээр байгаль орчинд учруулсан хохирлыг тооцон гаргах ёстой. Урт нэртэй хууль бол Монгол орны экологийн тэнцвэрийг хадгалахад маш үнэ цэнэтэй хууль. Нийгэм, ард түмний амьдралд үнэнхүү тустай өгөөжтэй уурхайнууд энэ хуулийн дагуу хаагдах гээд байгаа бол тийм лицензүүдийг стратегийн орд руу шилжүүлж гаргаж болно. Харин бусдынх нь өглөг авлагыг баланслуулж, хуулийн дагуу цуцлах ёстой. Уг нь энэ ажил Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан. Гэвч манай яаманд энэ жил энэ ажилд зориулсан хөрөнгө бараг алга. Дээр хэлсэн 242 лицензийн хохирлыг тогтооход 1.8 тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Гэтэл 2013 онд 195 сая төгрөг энэ ажилд оногдсон. Үүнд ойролцоогоор 7-8 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
Үүнээс гадна ойн болон усны сангийн хилийн заагийг тогтоосон ажил хангалтгүй болсон. 2012 оны сонгуулийн дөнгөж өмнөхөн түргэн түүхий ажил хийсэн. Үүнийг цэгцлэх ажил биднийг хүлээж байна. Уул уурхайн ашиглалтын технологийг сайжруулах, шалгуур төвшинг өндөрсгөх, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг Европын холбооны стандартын төвшинд аваачих ажил биднийг хүлээж байна.
 
Байгальд ээлтэй байх бодлогыг багаас нь суулгах хэрэгтэй

-Усны асуудал хүндээр тавигдаж байна. Энэ талаар ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ? Тэр тусмаа өмнийн  говийн усан хангамжийн шийдлийг танай яам яаж харж байна вэ? 
-Монгол Улсын хүн амын 40 хувь нь дэлхийн стандартад нийцсэн цэвэр усаар хангагдаагүй. Тэр дундаа цөлөрхөг хээр, говийн бүсийн иргэд. Үүн дээр нэмээд Монголын говьд эдийн засгийн чанартай томоохон уурхайнууд үйл ажиллагаа явуулдаг учир ус хэрэгтэй. Гэтэл говьд хүрэлцэхээр хэмжээний нөөц байхгүйг хүн бүр мэдэж байгаа. Өмнийн говийн усан хангамжийн тал дээр төрийн томоохон бодлого хэрэгжих ёстой.
 
-Ямар бодлого? 
-Газрын гүний ус бол геологийн маягаар маш удаан хугацаанд бүрэлдэн тогтдог. Тиймээс цэнгэг усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ёсгүй. Далайн гаралтай эрдэсжилттэй усаа үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болно. Тиймээс Монгол орны хойд бүсэд гол мөрний усыг цуглуулдаг болох явдал. Энэ нь зөнгөөрөө урсаж байгаа голоо цөөрөм болгоно гэсэн үг биш. Хэвгий газраар борооны ус урсан гол руу ордог. Ингээд үер болдог. Үерийн усыг цуглуулж цэвэршүүлэн унд, үйлдвэрлэлдээ хэрэглэх юм. Үүнийг Монголын төр бодлого болгох ёстой. Бодлого болгож эхэлж байгаа гэж үзэж байна. Усны бодлогын асуудлыг хоёр шатаар нэмэгдүүлсэн. Агентлагийн түвшинд байсан бодлогыг яамыг алгасуулаад Засгийн газрын түвшинд Ерөнхий сайдын дэргэд Усны бодлогын үндэсний зөвлөлийг аваачсан. Огт бодлогогүй байсан газрын асуудлыг мөн Засгийн газрын түвшинд аваачсан.
 
Зарим хүмүүс мэлтэлзээд урсац байсан голоо боогоод нуур үүсгэх гэж байна гэсэн буруу мэдээлэл тараасан байна. Бид бол үерийн ус хэвлий дагаад урсаж байгаа усыг цуглуулах асуудал юм. Цуглуулсан илүүдэл усыг яаж хэрэглэх нь бидний эрхийн асуудал болдог. Голын экосистемд огт сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ус цуглуулж ашиглах боломж байна. Энэ талаарх судалгааны ажлууд эхэлсэн. Ингээд Туул, Орхон зэрэг урсац ихтэй голд тохируулга хийх юм.
 

-Хууль бус ангийн хэрэг сүүлийн жилүүдэд олон гарч байна. Үүний гол шалтгаан нь хуулийн заалт сул байгаатай холбоотой юм билээ. Сүүлд хэд хэдэн чухал шийдвэр гаргах шиг болсон. 
-Ан амьтны талаарх бодлогын асуудлаар яам нэлээн зүйл хийлээ. Гэхдээ хангалттай гэсэн үг биш. Жишээлбэл, Монгол түмний бахархал болсон Шонхор шувууг худалдаж мөнгө олоод  төсвийн цоорхойг нөхдөг байсан. Үүнийг Засгийн газрын шийдвэрээр болиулсан. Аргаль, Янгир, Хар сүүлт зэргээ агнуулаад л бас төсвийн цоорхойг нөхдөг байсныг хязгаарлалаа. Агнах зөвшөөрлийн тоо толгойн дээд хэмжээг 2-3 дахин багасгалаа. Үүнийг дагаад бөөн хээл хахуулийн асуудал дагадаг байсныг болиулж, хаана ан амьтнаа өсгөж үржүүлж байна тэр газар нь тодорхой хэмжээгээр ашиглах эрхийг нь орон нутагт шилжүүллээ. Өөрөөр хэлбэл, ан амьтныг тусгай зориулалтаар агнах асуудлыг Засгийн газрын журмаар батлууллаа. Жишээ нь, 100 Аргаль угалзтай аймаг байлаа гэхэд хэд нь хөгшрөөд агнаж жаазалж болох судалгааг хийхийг агнуур зохион байгуулалт гэдэг. Агнуур зохион байгуулалтаа мэргэжлийн байгууллагаар хийлгээд хандахад боломжтой. Харин өгөөж нь эргээд орон нутагт ордог. Ан агнуурын орлого орон нутагт ордог. Ийм зарчмын шинэ тогтолцоо руу орлоо.
 
Мөн дэлхийд 22 хон үлдсэн Мазаалайн асуудлыг гаргаж ирлээ. Мазаалайд тусгайлан хөрөнгө төсөвлөдөггүй байсан тул нэмэлт тэжээлийн асуудал хөндөгддөггүй байсан. Нэн ховор амьтныг төр хариуцна гэсэн заалт хуульд бий. Гэхдээ төр энэ ажлыг эхлүүлээгүй байсан. Одоо бид Мазаалай хамгаалах талаар гурван том зорилт тавиад ажиллаж байна. Генийн санг нь хамгаалья. Ангилал зүйн асуудлыг шийдье гэж байгаа. Ингээд тайвширч болохгүй. Тарвага, Хулан, Бөхөн зэрэг нэн ховор амьтад байна. Цаашид тэднийг яаж хамгаалах зэргийг нарийн төлөвлөх хэрэгтэй. Өнөөдөр бид байлдааны буу, байлдааны сумаар хяналтгүйгээр ан хийдэг. Энэ асуудлаар удахгүй бодлогын асуудлыг гаргаж тавина.
 
Ард түмний мэдэлд байдаг төр хамгаалах ёстой энэ зүйлээ хамгаалж чадахгүй байгаа атлаа иргэдийг хамгаалж, нөхөн сэргээх ажилд оруулдаггүй. Үүнийг бодлогоор дэмжсэн асуудал байхгүй. Тиймээс хувийн хэвшлийг нөхөн сэргээх, хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллах асуудлыг удахгүй гаргаж тавина. Өөрөөр хэлбэл, байгаль хамгаалахад хувийн хэвшлийн үүрэг оролцоо бол Засгийн газрын бодлого болох юм. Амьтны хүрээлэн байгуулья.Тарвага үржүүлье гээд явж байгаа хүн байна. Гэтэл зохицуулсан эрх зүйн зохицуулалт, урамшууллын төрийн бодлого байхгүй. Хаалттай байна. Төр яаж ч хичээгээд Монголын малын тоо толгойг  20 саяд хүргэж чадаагүй.Хувийн хэвшил ороод ирэхэд л хоёр дахин нэмэгдсэн. Үүнтэй ижил байгаль орчны салбарт хувийн хэвшлийг оруулж ирүүлэх асуудлыг удахгүй гаргаж ирнэ. Загас, амьтан үржүүлж, байгальд нь тавьдаг, зүй зохистой ашигладаг болгох хууль эрх зүйг бий болгоно. Нэгдэх ТББ олон байна. Сайн дурын маягтай ажил хийх хүмүүс байна. Цаана нь мэдээж бизнесийн сонирхлыг дэмжих хэрэгтэй.
 
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр санамж бичигт гарын үсэг зурж байгаа харагддаг. Жижиг зүйлд анхаараад нийгэмд хүлээлттэй байгаа томоохон асуудлуудыг яаж шийдэх нь мэдэгдэхгүй юм. Төрийн бодлого тодорхойлогдсон уу?
-Зурагтаар л жижиг сажиг зүйл ярьж, гарын үсэг зурж харагддаг гэж шүүмжилдэг. Гэтэл нийгмийн хүлээлттэй асуудал яах нь мэдэгдэхгүй байна. Ойр тойрны хүмүүс хүртэл хэлдэг боллоо. Манай яаман дээр Ногоон хөгжил рүү шилжинэ. Сараал эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжүүлнэ гэж байгаа. Өмнө нь Монгол Улсын хэмжээнд Мянганы хөгжлийн цогц бодлого, Тогтвортой хөгжлийн бодлого гэсэн баримт бичгүүд гарсан. Даанч хэрэгжүүлдэггүй. Тэгэхээр бид хэн ч хэрэгжүүлэхгүй Ногоон хөгжлийн бодлого гэсэн баримт бичиг гаргах ёстой юу. Үнэхээр хэрэгжүүлэх зүйл хийх үү. Тиймээс их л нухацтай, нийгэм ч шахдаг, нийтээрээ хүлээн зөвшөөрдөг баримт бичгийг гаргах ёстой. Тиймээс сайн үндэслэл, тооцоо судалгаа хэрэгтэй байна.
 
-Магадгүй байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг суулгахын тулд нийгмийн чанартай ажилд анхаарлаа хандуулсан нь дээр байх аа?
-Санал нэг байна. Нийгмээ иргэдээ байгаль хамгаалахад бэлтгэх хэрэгтэй, байгальд ээлтэй иргэн болгон бойжуулах хэрэгтэй байна. Мөн байгальд ээлтэй бизнес эрхэлдэг болгох. Ингэвэл бидний хүсээд байгаа аюулгүй сайхан орчин бүрдэнэ.
 
Бидэн
 давуу тал бий. Нүүдэлчид байгальтайгаа зохицож амьдарч байсан. 1940 оноос хойш гэвэл 3 үеэрээ хотод суурьшсан байна. Байгальтайгаа зохицож амьдардаг байсан үе нь алдагдаад байгальд ээлгүй болж төлөвших нь гэж санаа зовж байна. Тиймээс иргэдийнхээ экологийн боловсролд анхаарах нь чухал. Үүнийг тоохгүй олон жил болсон суурин соёл иргэншилтэй улсууд хүртэл ойлгоод 6 наснаас нь эхлээд байгальд ээлтэй байх бодлогыг суулгаж эхэлж байна. Тиймээс энэ ажлыг цэцэрлэгийн наснаас нь эхлээд байгаль орчны хүмүүжлийг суулгахад манайх хамтарч ажиллах шаардлагатай. Бид үүнийг санаачлаад явж байна. Чухлаас чухал асуудал гэдгийг гаргаж ирэхээр 2013 оныг Байгаль орчны боловсролын жил болгосон. Үүний хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагтай төсөл хэрэгжүүлэх болсон. Ирэх жилээс төр энэ чиглэлд хөрөнгө төсөвлөх байх. Хичээлийн праграммыг өөрчлөх, нийгмийн хандлагыг өөрчлөх зэргээр ажиллах юм. Одоо үед байгаль орчинд халтай хандаж байгаа үйлдлийг мэдээлдэг болсон. Энэ нь нутгийн иргэдийн мэдээлэл, ТББ-уудын реакциар илэрч байна. Энэ нь давуу тал юм. 
Б.МЯГМАНСАНЖ
“Өдрийн сонин”