Tuesday, 7 May 2013

Т.ГАЛСАН: ӨВ СОЁЛОО НАНДИГНАН ХАЙРЛАХЫГ БИ БАГШ НАРААСАА СУРАЛЦСАН

“Өнөөдөр” сонины Уншигчсурвалжлагчаар УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа ажиллав. 1996, 2004, 2008 онд Их Хурлын гишүүнээр сонгогдож, Нийгмийн бодлогын байнгын хороог хоёр удаа удирдан, 2008-2012 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан түүнийг доктор, профессор, бас гавьяат багш гэдгийг хүмүүс тэр бүр ярьдаггүй. “Тоншуул” сэтгүүлд шог зураг нийтлүүлж байх үеэсээ эхлээд инээд хошигнолын талбарт хамт зүтгэж явсан Ардын уран зохиолч Т.Галсан гуайтай түүний хэрхэн хөөрөлдсөнийг хүргэе.
-“Өнөөдөр” сонины сэтгүүлч над руу ярьж, “Энэ удаагийн буланд оролцож, Галсан гуайн ярилцлагыг хөтөлж өгөөч. Хэр баргийн хүн түүнтэй ярилцахаас халшраад байх юм” гэлээ. Өөлд өвгөнтэй ярихад ч хэцүү дээ гэж бодсон ч зүрх зориг гаргаад тантай ярилцах гэж байна даа. Та сайхан хаваржиж байна уу?
-Сайхан хаваржиж байна. Хүний хилэнц ихдэхийн хэрээр дэлхийн бөмбөрцгийн энд тэндгүй байгалийн янз бүрийн гамшиг болж, хүмүүсийг сандрааж байхад манай нутагт харьцангуй тайван байна. Энэ жилийн хувьд хангай тэнгэр нар, хур, жавраа цаг цагт нь хайрлаж буйд монгол хүний хувьд баяртай байгаа. Хааяахан ороод байгаа жаахан цас бол цагаан сүү, ногоон өвс, алаг цэцэгс, шар өрөм юм шүү дээ. Надтай ярилцахаар ирсний тухайд гэвэл нэг их халшраад байх зүйлгүй. УИХ-ын гишүүн, төрийн сайд байсан хүмүүсээс цөөнгүй нь буян номын цагаан мөрөөр замнаж байна уу даа гэж боддог. Улс төрийн элдэв хонзогнолд хорхойтсон баавгай шиг болохгүй, эзний алба ээлжтэй, хааны алба халаатай, төрийн алба дөрөөтэй гэд гийг мэддэг хүмүүс гишүүн асан Л.Одончимэдээс эхлээд олон байна. Түүний нэгэн адилаар УИХ-ын гишүүн бөгөөд төрийн сайд байсан Ламбаа, инээд баяслын талбарт хамт ноцолддог нөхөр маань уруулаас угзарч, завьжнаас чангаах гээд ирэхэд би юунд нь дургүйцэх билээ. Тэр тусмаа Монголын томоохон чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сониноос таныг илгээж байхад шүү дээ. Уруулаас угзартугай.
-Таныг багадаа хэлд сайн орохгүй, зангаагаар голдуу ярьдаг хүүхэд байсан гэдэг. Сургуульд орох жилээ гэнэт хэлд орсон гэдэг нь үнэн юм уу?
-Үнэн. Тэр нэлээд учиртай юм шиг байгаа юм. Үеийн хүүхдүүд хөөрхөн дуулж, хурга, ишиг буцаадаг, араган дээрээс дэвхэрдэг, зарим нь бүр усанд сэлдэг болчихсон байхад би гэрийнхээ хойморт сууж л байдаг хүү байсан гэдэг. Явдаггүй, ярьдаггүй хүүтэй аав, ээж хоёр минь хээр гадаа явахаараа хийсэн нүгэл хилэнц юу билээ хэмээн бодож, зүрх нь зүсэгдэн, уушги нь урагддаг байсан юм билээ.
-Тэгээд аав тань зурхайчид очиж мэргэлүүлтэл “Хэлгүй бүү хэл, хэл ам нь загатнасан эр болно. Төртэй ч тэрсэлж төвөг удаж мэднэ. Насан хэвийхэд нартад нэгэн од болон алдаршина” гэсэн гэдэг. Эсэргүү нэр зүүж цөлөгдсөн, эцэст нь Ардын уран зохиолч хүртэл алдар хүндэд хүрснийг тань бодохоор тэр зурхайч мундаг хэлж дээ?
-Сайн ноён хан аймгийн Жанжин вангийн хошуу буюу манай нутгаас хүмүүс Эрдэнэзууд мөргөл хийхээр очих үед нэгэн тулгар бүсгүй халтирч унаад, хийдийн горломд хүүхдээ төрүүлсэн юм билээ. Энэ явдалд олзуурхсан хийдийн хамба нөгөө хүүг дэргэдээ аван өсгөснөөр их номтой зурхайч болсон гэдэг. Тэгээд Улаантны бослогын үеэр зүг буруулан явсаар нутагтаа ирсэн хойно нь аав минь тэр зурхайчид очиж л дээ. Тэр хүн ааваар сарын турш хонь хариулуулах үүрэг өгөөд, өөрөө зурхайгаа зурахаар болж. Аав буянтай хүн болохоор мал жаргаадаг байсан. Хаврын яргуй хөө сөн хонь, ямаа тогтдоггүй байхад аавын хариулсан мал шар торгон дээр наасан сувд шиг налайгаад байхаар нь зурхайч баярласандаа хугацаанаасаа хамаагүй эрт зурхайгаа зурсан гэдэг. Гэхдээ бас зурхайн ерөөл таарах, эсэхийг үзэж байж зурна гээд мөнгөн цөгцөнд бог будаа хийн, ааваар тоолуулжээ. Аавын тоолоод бичиж өгсөнтэй зурхайчийн зурсан тоо нийлсэн учраас зурхайгаа зурж. Тэгээд таны түрүүний ярьсныг аавд хэлсэн гэдэг. Орчин үеийн хэллэгээр бол тэр нь хожуу их донгосож, хожуу их доншуучилна гэсэн үг юм уу даа (инээв).
Нэг өдөр аавыг хонио хариулаад ирж явтал би гаднаа гүйж байж. Таван нас хүртлээ хөлд ороогүй хүүгээ анх удаа гүйхийг харсан аав минь баярласандаа мориндоо чангахан ташуур өгтөл өнөөх нь аваад давхичихаж. Дээр үеийн хүмүүс морио жигтэйхэн гамтай унадаг болохоор ташуур өгч үзээгүй хэрэг. Морь нь булгиснаас болоод үүрч явсан хурга, ишиг нь уутнаасаа унаж, морин дээрээ дүүрсэн аргал нь талаар нэг тараад, айлын ноход шуугилдаад бөөн юм болж. Харин аав “Хүү явж байна ш дээ” гэж хашгираад, намайг морин дээрээсээ шүүрэн авч хотоо гурав гороолоход хаврын өтөг бууц чинь одоогийн энэ Оюутолгойн тоос шиг хуйларна биз дээ. Айл хотлынхон уяран уйлж, намайг унага, даага, бяруугаар мялаасан гэдэг. Тэгж л их уньтай туньтай хөлд орсон доо.
-Хэлд харин яаж оров?
-Эхэндээ ч аав минь хөлд л орсон бол яахав гэж боддог байсан гэдэг. Ямар сайндаа намайг зөвхөн хөлд орсны төлөө тугалтай үнээ, унагатай гүүгээр гаанс авч өгсөн гээд бод. Тэр бол буруу эрхлүүлсэн хайр байсан учраас аав минь хожим түүнийгээ тайлж, гаансаа хуга цохисон. Нөгөө зурхайч дээрээ дахиад очтол “Хүүгээ нэхий уутанд хийж унтуулаад, хар буурин дээрээ орхин, гол руу шахаж буу. Чи урд талын Дэл хадны тэнд нуугдаад харж бай. Өглөө нар мандахад хүү чинь сэрнэ. Тэр үед очиж болохгүй. Хүү эхлээд аааа гэж муухай орилно, дараа нь ээээ гэнэ. Тэгж байгаад зайлшгүй амаа нийлүүлэх учраас аабаа, ээдээ гэдэг авиа гарна. Энэ хоёр үгийг хэлсэн хүүхэд хэлд заавал ордог юм” гэж. Хуучин цагт элдэв муу өвчин туссан хүнийг л хар буурин дээрээ орхиж нүүдэг болохоос хайртай хүүгээ тэгнэ гэдэг аавын сэтгэлд багтаагүй нь мэдээж. Тэгтэл ч зурхайч чи өөрөө чадахгүй бол ээжийг нь тэнд суулга гэснээр муу ээж минь хар бууриа сахиад намайг сэрэхийг хүлээсэн гэдэг. Тэгээд л өглөө нь зурхайчийн хэлснээр хэлд орсон юм гэнэ лээ. Юмны ерөөл тавилан гэдэг тийм л байдаг юм билээ. Гэхдээ тэмээ хариулж явахдаа бол ч зурхайчийн хэлсэн шиг хожуу их явахгүй, ярихгүй юм байна даа гэж бодогдож байсан шүү. Сумын төвөөс гадагш гарах эрхгүй, миний хариул даг нөгөө хэдэн тэмээ чинь нам зас гийн шийдвэрийг мэдэхгүй. Манайхан явлаа, Москва орлоо гээд нэг хэсэг нь хойшоо алхчихна, би явлаа, Бээжин орлоо гээд нэг нь урагшаа алхчихна. Гэтэл хожим 1987 онд Москвагаас нисээд Ирландын эргийн Шанаан боомтод Монго лоос ганцаараа бууж, Атлантын далай дээгүүр явсаар Эрх чөлөөний аралд хүрэхдээ “Хүүе ээ, нөгөө зурхайчийн үг чинь үнэн байж” гэж бодож билээ. Одоо ингээд ярьж суугаа чинь хожуу их донгосож байгаагийн илрэл юм даа (инээв).
-Та чинь Баянхонгорын Заг Байдрагт төрсөн гээд л гайхуулдаг. Танай сумаас Ц.Баттөмөр, Ц.Намсрай, Б.Даваасүрэн гээд Гэгээрлийн гурван сайд төрсөн юм байна лээ. Б.Даваасүрэн сайдтай би олон жил хамт ажилласан, үнэхээр мундаг эрдэмтэн байсан. Ер нь энэ Заг Байдраг гэдэг чинь номын хүмүүс төрүүлдэг учиртай нутаг юм аа даа?
-Өө тэгэлгүй яахав. Тэр их учиртай. Монголын баруун талд Найман гэдэг улс байсан. Манай нутаг бол энэ хоёрын дунд байрласан учраас аль алиных нь соёлын нөлөө, удамшлын сэлгээ тэнд байсан байгаа юм. Нөгөө талаар Монголын нууц товчооноос эхлээд дэлхийн газрын зурагт хүртэл тэмдэглэсэн Заг Байд - ра гийн тэр багашаархан гол одоо ч ариун дагшин хэвээр байгаа. Тэр ус, удам шилтай яалт ч үгүй холбоотой. Манай нутгаас 20-иод эрдэмтэн, хоёр академич, хэдэн ч Төрийн шагналтан төрсөн юм бэ дээ. Харин Ардын уран зохиолч ганц төрсөн. Тэднээс чи зөвхөн гурван сайдыг нь л асуулаа. Ма най сум онгоцны буудалтай, цэргийн ангитай, ШТС-тай, бас таван аймгийн дундын цахилгаан станцтай байсан гээд л бод.
-Та 1986 онд Гэгээрлийн яамны сонин сэтгүүлийн нэгдсэн цэцэд дарга болсон гэхлээр говийн тэмээчин, Мах комбинатын ясчин, АПУ-гийн ачигч, Нацагдоржийн музейн манаач гээд янз бүрийн ажил хийж явсан таныг нутгийн сайд Даваасүрэн гуай татаж авсан уу?
-Энэ муу эсэргүүнийг чинь их бодлоготойгоор хүмүүжүүлж байгаа юм. Хөдөө арваад жил мал хариулуулсан хүнээ одоо ажилчин болгохын тулд Мах комбинатын ясчин, АПУ-гийн ачигч, музейн манаач хийлгэж дэвшүүлсэн хэрэг. Бас Кино үйлдвэрт хэсэг ажилласан. Тэгж байгаад дахиад эсэргүү болсон шүү дээ. Төв хорооны үзэл суртлын хэлтсийн нарийн бичгийн дарга, танай нутгийн Адьяа “Тоншуул”-д гарсан шүлгээс минь болоод Сэтгүүлчдийн бүгд хурал дээр авч өгсөн. Тэр нь яасан гэхээр энэ муу Доржготов, Зандраабайдий эд нар намайг шахсаар байж намрын тухай хэдэн мөрт бичүүлсэн юм. Би бусад хүмүүс шиг улиг болсон юм бичилгүй, гэнэн, хэрсүү хоёр хатуу улирлыг яаж угтаж байгааг дүрсэлье гээд Боохой, би энд байна гэж зарлах шиг Болчимгүй готил нь дандаа хад цуурайттал хошгирч байна Боодог болохоос бусдыг үзсэн бурхи нь Болгоомжтойхон мөлхөж хөеө юүгээ зөөж байна... гэхчилэн хэдэн бадаг өгсөн юм. Гэтэл дандаа хошгирч байдаг хүмүүс нь Төв хорооны Адьяа дарга, боодог болохоос бусдыг үзсэн бурхи нь Жалан-Аажав гуай байна гээд бөөн юм болсон. Тэгээд ажил гүй байж байтал Даваасүрэн багш намайг дуудсан. Тэр нь чиний бодож байгаа шиг нутгархсан хэрэг бус. Тухайн үед манай гэгээрлийн сонин сэтгүүл нэлээд шүүмжлүүлж байсан. Чи санаж байгаа байлгүй, “Оюунтүлхүүр оюуны цоож боллоо” гээд хүртэл шүүмж гарч билээ. Тиймээс харь хэлний модон орчуулгаар сэтгүүл гаргах бус, монгол сурган хүмүүжлийн өнгө аяс оруулах, мөн Гэгээрлийн яамны сэтгүүл нь уншигчдадаа эх хэлний багш байх ёстой гэдгийг тэр мундаг хүн тооцсоны үндсэн дээр тэгсэн байх. Энд тэнд цөлөгдөж явсан надад 850 төгрөгийн цалин өгөөд, хэдэн муу хүүхдээ тэжээх боломжоор хангаад өгөхөөр хүн чинь итгэлийг зүтгэлээр хариулах гэж хичээдэг юм билээ.
-Тэр үед чинь яамны Сэтгүүлийн нэгдсэн цэцээс ”Хүүхдийн хүмүүжил”, “Хүн болох багаасаа”, “Оюунтүлхүүр”гээд олон сэтгүүл гардаг байлаа шүү дээ. Бас “Багш” гээд сонинтой байсан. Сэтгүүлч Данаажав, Сумъяа, Цэвэгээ, шог зураач Идэрхангай гээд мундагчууд ажиллаж байсан санаж байна.
-Тийм шүү. Манай Сумъяа цэцэг цэцгийн туурцагнаас шимэн шимсээр яваад охь бал хийдэг зөгий шиг сүрхий хүн шүү дээ. Хөдөлмөр гавьяаг нь үнэлдэг бол тэр соёлын гавьяат зүтгэлтэн байтугай, ардын багшийн хэмжээний хүн. Би чинь бас өөрийгөө яая гэж байж ангийн нөхөр, хувь заяа адилхан давтагдаж байсан Жамъянгаа ажилгүй байгааг мэдээд Данаажав даргад хэлээд татаж авсан. Жамъян минь хуулан бичлэг хийж буй онц сурлагатан шиг цаасаа дэлгэж байгаад нийгмийн хамгийн эмзэг, хурц сэдвийг хөндөн бичдэг. Зураач Идэрхангай гэхэд л ямар хичээнгүй, иргэний үүргээ хэдийд ч байсан биелүүлдэг журамт хүн байсан бэ. Заримдаа олон зураг зурахаар нүд нь улайгаад нуухтана, тэгэхээр шар тостой хар даавуугаар дарж байгаад л ажлаа хийдэг.
-1960-аад онд Б.Ринчен гуайн “Монгол бичгийн хэлний зүй”, Ц.Дамдинсүрэн гуайн “Орос монгол толь”-ийн хавсралт гээд олон номыг шатаасан гэдэг. Таны “Төрсөн хүүгийн тань үг” гэдэг анхны түүврийг ч шатаачихсан байдаг юм билээ. Нөгөө тэмээчин болгосон зохиол чинь мөн үү?
-Тэр ном гарсны төлөө би чинь тэмээчин болсон юм. “Төрсөн хүүгийн тань үг” номонд миний алдарт “Арвай хээр” найраглал байсан. Гэхдээ тэрнээс болоогүй, дотор нь байсан хэдэн ёгт үлгэрээс болоод шатаахад хүрсэн. Тэр бол миний хоёр багшийн номын дэргэд өчүүхэн өргөс байхгүй юү. Хоёр багшийн минь ном бол Тужийн нарс юм уу, танай Их Тамирын ойг тэр чигт нь шатаасантай адил том зүйл. Гэхдээ яахав, галын дөл өөдөө гэдэг шиг тэр ном зохиолууд одоо түмэндээ дахин хүрч эхэлж байгаа.
-Таны элдэвтэй бүтээлүүд “Тоншуул” сэтгүүлийг чимж байсныг сайн санаж байна. 2002 онд манай С.Цогтбаяр, Ц.Ариунаа хоёр “Тоншуул” сэтгүүлийг сэргээхэд та редакцын зөвлөлд орж, өөрт хадгалж байсан сэтгүүлийн дугааруудаа бэлэглэсэн. Тэгэхэд л би хэдэн халтар зургаа ч олигтой цэгцэлж хадгалж авч чадаагүйдээ өөрийгөө зэмлэж билээ.
-Би чинь агуу их Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Ш.Гаадамба тэргүүтэй мэргэдийн шавь учраас өв соёлоо нандигнан хайрлахыг багш нараасаа суралцсан. Зөвхөн цаасан дээрх өв соёл гэлтгүй шүү. Хөдөө байхдаа буган хөшөө, сүг зурагтай хад хясааг нурааж, хашаа хороо барих гэсэн хүмүүстэй муудалцаж, түүнээсээ болж бас л буруудаж явсан хүн. 1942 онд монгол бичгээр гарч байсан “Тоншуул” сэтгүүлийн анхны дугаараас эхлээд хөндлөн үсгээр хэвлэж байсан үеийн урт эгшгийг дээр нь зураасаар тэмдэглэсэн дугаарууд нь хүртэл надад байлаа. 1960-аад онд сэтгүүл худалдаж авах тэнхээгүй болох хүртлээ ямар ч гэсэн дугаар бүрийг нь хадгалдаг байсан шүү. Тэднийгээ хожим хэрэгтэй хүнд нь өгсөн чинь хүүхдүүд бүрэн хэмжээний үзэсгэлэн гаргаад, маш олон хүнд хүргэсэн байна лээ. “Матар”, “Туяа”, “Цог” зэрэг сэтгүүлийн дугаарууд ч байна. Тэр мэтээр аль нэг газарт урилгаар очоод, сайхан зан хөдөлсөн үедээ бэлэглэчихээр зүйлүүд надад байна аа байна. Дондогийн Цэвэгмид багшийн монгол бичгээр хэвлүүлсэн анхны ном надад бий. Үр хүүхдэд нь байтугай улсын төв номын санд ч байхгүй.
-Тэгвэл бидний ярилцлагыг уншаад тан руу нэлээд довтолгоо ирж магадгүй юм байна даа?
-Яахав яахав. Хүн юугаараа баян, түүгээрээ дайлна гэдэг. Нөгөө талаар юм хэрэгтэй хүндээ, эзэндээ очих нь зөв. Тэр хайран юмаар зуслан дээр гал ноцоочихвол яана.
-Яруу найраг, хүүхэлдэйн болон баримтат киноны зохиолууд, “Жирмийн сүлжээ”, “Товчит хэлцийн цоожийг домгоор тайлагч түлхүүр”, “Монгол ертөнцийн гурав” гээд 1957 оноос хойш таны хийсэн бүтээлийг тоочоод барахгүй л дээ. Тэр дундаа таныг “Монгол Жангар”-ыг цэцлэн хэлхэж, туурга тусгаар Монгол Улс бол “Жангар” туулийн голомт болохыг баталсан том гавьяатай хүн гэдэг. Үүнийг хэлхэхэд таны туульч удам, өөлд үндэс угсаа нөлөөлсөн үү?
-Мэдээж. Галдан Бошигтын Эгийн даваанд орхисон өөлдүүдийг Цагаан тайшийнхан олзлохдоо хоёр бол золтойгоор нутаглахыг зөвшөөрөөд гэрээ хийсэн гэдэг. Тэр нь юу гэхээр тууль хайлахгүй, нум сумтай байж болохгүй гэсэн хоёр болзол. Нум сумны өмнө тууль орж байна гэхээр харийнхан үндэсний хэл соёлыг устгах бодлогыг нэн тэргүүнд тавьдгийг эндээс харж болно. Тууль хайлаад эхэлбэл зүрх нь огшино гэдгийг мэдээд тэд манайхны экэл товшуурыг бүгдийг нь хурааж аваад, бүхэл бүтэн уулын дайтай хөгжмөөр сор залсан гэдэг. Харин өөлдүүд гэрээ хийхдээ ганц зүйл хүссэн нь чавхны ац шиг газар буюу Заг Байдрагийн голыг тэр чигт нь авах байж. Хожим Ардын засгийн үед хүртэл аав минь “Жангар” туулийг хайлаад, феодал магтсан хэргээр хоёр удаа шүүгдсэн. Өвөө минь ная гаруй насалсан лам хүн. Сүүлдээ унтаагаараа тууль хайлдаг байсан гэдэг. Удамшлын пянз гэдэг шиг туульч удам цаанаасаа өвлөгдсөөр ирсэн байгаа юм. Манай нутагт олон туульч байсан. Энэ тухай сая би ШУА-ийн хүрээлэнд бичээд өгчихсөн. “Нар гарснаас хойш өдөр болохгүй хэчнээн удна, ная гарснаас хойш хадан гэртээ очихгүй хэчнээн удна” гэдэг шиг би одоо хэр удах билээ.
-Өөлд гэснээс би Архангай аймгаас гурван удаа УИХ-д сонгогдохдоо Өлзийт сумын өөлдүүдтэй үй зайгүй найз болсон. Ажилсаг, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, шулуун шударга, бас үерхэлдээ үнэнч ард түмэн байдаг. Галдан Бошигтын удам гээд л үндэс угсаагаа их дээдэлнэ. Ховдын Эрдэнэбүрэнгийнхэн Өлзийтөд ирнэ, Өлзийтийнхөн Эрдэнэбүрэнд очно. Ингэхэд Галсан гэдэг өөлд өвгөн энэ ард түмэнтэй хэр холбоотой байдаг вэ?
-Хачин шүү дээ. Архангайн Хотонт чинь угтаа Хатант уулын нэр юм. Гэхдээ Ану хатны тухай тэгж нуулгүй болохгүй л дээ. Д.Чимэд-Осор ах гэхэд надад дэндүү хайртай байсан.
-Тэр Чимэд-Осор гэдэг хүн чинь миний их шүтээн дээ. Өлзийт сумын Соёлын төвийг энэ агуу хүний нэрэмжит болгосон.
-Би ганц дурсамж хэлье. Кино үйлдвэрийн зусланд хавар эрт ганц айл гардаг нь манайх. Яагаад гэхээр “Барилгачдын-7” хэмээх хотын хамгийн их агаарын бохирдолтой хэсэгт ганц өрөө байранд амьдардаг бид хэдэн хүүхдээ зусланд гаргахын тулд эрт очдог. Тэгж чадвал уулын аман дахь тэр олон байшингийн алинд ч орж болно. Томчууд болохоор наадмын өмнөхөн гардаг байсан. Нэг өглөө Брежнев даргын бэлгийн цэнхэр манай гадаа дэнхэгнэж донхогносоор ирэв. Гэтэл бүхээгнээс нь агуу их Чимэд-Осор гуай бууж ирдэг юм. Хүүхдүүд маань түүнийг тал талаас нь ноцчихсон. Тэднийхийг нүүлгэж ирсэн хүмүүс юу юугүй л манайхыг буулгаж ачих болов. Тэгэхэд мань хүн “Юмаа буцаагаад ач. Энэ хэдэн амьтдыг цэцгэн дунд хэд хонуулах хэрэгтэй. Манай хүүхдүүд эднийг бодвол том болчихсон юм чинь” гэсэн. Ямар вэ дээ.
-Үндсэн хуулийн “загалмайлсан эцэг” гэгддэг Чимид багшийг бурхан болсны дараа та үгэн зул өргөхдөө “Б.Чимид надад аман хуулиар дөрвөн мөрт бичих үүрэг өгсөн. Амьд мэндэд нь өргөн барьж чадсангүй” гэсэн байсан. Энэ бүтээлээ хийж дууссан уу?
-Бичиж дууссан л даа. Наян насных нь ойд хадаг болгож өргөе хэмээн бодож байтал хожимдчихлоо. Алгуу залхуу байдал эцэстээ эмгэнэл дагуулдгийг ойлгож байна. Одоо тэр их хүний гэгээн дурсгалд зориулж, номон хөшөө найргийн зул болгож барихаар боллоо. Б.Чимид гуай амьд сэрүүндээ миний үгийг сонсчихоод “Үгүй ээ хө, наадах чинь аман хууль байна шүү дээ. Бид Монголынхоо хуулийг бас ч гэж доторлоно, гаднынхны хуулийг гадарлана. Наадахаа юм болгооч” хэмээн олзуурхсан. Энэ маань цаашид хоёр ч боть болон гарах бололтой. Ингэснээр манай хуульчдын ширээн дээр хэвтэж байдаг бус, хэрэгтэй цагтаа аваад ашиглах багаж ном нь болох байх гэж бодно.
-Гаднаа А.С.Пушкины хөшөөтэй “Русская гимназия” хэмээх цогцолбор дахь таны урланд анх удаа ирж тантай хөөрөлдсөндөө таатай байна. Хамгийн гол нь эндээс залуу үеийнхэн маань бага ч болов ухаарал авбал бидний ярилцлагын үр дүн тэр болно. Эрхэм танд урт насалж, номон судар бүтээх ажилдаа их амжилт гаргахыг ерөөе.
-Би залуу байхын л завгүй хүн байлаа. Энэ маань л намайг жаал зугаа юм бүтээх, хүний хүүхдээс хүзүү доргүй, амьтны хүүхдээс авхаалж дутуугүй явуулахын түлхүүр байсан болов уу. Тиймээс “Өнөөдөр” сонины уншигчдад завгүй байхыг хүсье дээ.
Ардын уран зохиолч ярилцлагынхаа эхэнд манайхыг “Өнөөдөр” бол Монголын анхны хувийн хэрнээ жинхэнэ чөлөөт хэвлэл. Ардчиллын мөн чанарыг хүмүүст сэнхрүүлэхэд, үнэнийг өмгөөлөхөд, худлыг хуйхлахад мөн ч их үүрэг гүйцэтгэсэн сонин хэмээн тодорхойлсон. Түүнд ингэж хэлэх үндэслэл байжээ. Өөрийнх нь хэлснээр “Өнөөдөр” сонин хэмээх том айлын их ууцных нь ард гурван жил балиус бариад сууж байсан хүн болохоор арга ч үгүй биз. Мөн Т.Галсан гуай “Нэрт сэтгүүлч Ц.Балдорж манай Загийн голын хүргэн. Нэг өдөр хүргэн хүү дээрээ яваад очлоо. Ер нь энэ үзэг барьж, үг хэлхдэг хүмүүс сонины газарт түр ажиллах хэн хэндээ хэрэгтэй байдаг. Залуу сэтгүүлчдэд тэднээс авах үлгэр дуурайл их. Түүнийг мэддэг учраас манай хүн намайг сониндоо ажиллахыг урьсан. Тэр үед би өдөрт хэдхэн мөр егөө бичиж өгдөг байсан. Тухайн үед миний бичсэн егөөний мөр бүрийг мянган төгрөгөөр үнэлдэг байсан гэхээр тэр хүн оюуны хөдөлмөрийн үнэ цэнийг айхтар мэддэг, үнэлж чаддаг байсныг илтгэнэ. Сүүлд Ц.Балдорж бичихдээ “Егөө бол жинхэнэ яруу найргаас язгуур гаргахын нэр юм байна. Үл бүтэх юм бүхэнд үгэн мэс засал хийх жишээ аж” хэмээн олзуурхаж байсан” хэмээн гэгээн дурсамж хуучилсан юм.
Тэмдэглэсэн Л.ГАНЧИМЭГ

Monday, 6 May 2013

Ц.Ганхуяг: Гишүүд хурууны хээгээр санал өгдөг Болгарын туршлага

УИХ-ын гишүүд байхгүй нэгнийхээ өмнөөс санал өгдөг. Нэг гишүүн суудлынхаа ойр орчмын 2-3 хүний саналыг төлөөлөн өгөх нь бий.  Зарим нь ирцээ бүртгүүлж картаа шургуулж орхиод өдөржин үндсэн ажлаа тасалдаг. Ийм үед чуулганы танхимд сууж байгаа гишүүдийг тоолбол 10 хүрэхгүй хэрнээ, шургуулж орхиод явсан цахим картын тоогоор ирцээ бүрдүүлж хууль баталдаг жишээ УИХ-д жишиг болон тогтжээ. Гишүүдийг хариуцлагатай, нэг гишүүн-нэг саналын эрхтэй байх, чуулганы танхимд сууж байгаа гишүүдийн тоогоор ирцийг бүрдүүлэх гэж үе үеийн УИХ Дэгийн тухай хуулиа өөрчилдөг. Гэвч гарцаа олдоггүй, үр дүнд хүрдэггүй. Харин саяхнаас нэр бүхий гишүүд Хурууны хээг ашиглан ирц бүртгэх, санал өгөхийг журамлах хуулийн төсөл санаачилжээ.  Энэ нь  зарим улс оронд бодитой ашигладаг жишээ юм байна. Тэдгээрийн нэг нь Болгарын парламент ажээ. Энэ талаар тус улсад суугаа Элчин сайд Ц.Ганхуягтай онлайнаар ярилцлаа.

-Болгарын парламентад санал хураахад гишүүдийн хурууныхаа хээг уншуулдаг гэх юм. Та энэ талаар судалж үзэв үү?

-УИХ-ын гишүүд энэ чиглэлийн хуулийн төсөл санаачилсан гэсэн. Тийм учраас манай Элчин сайдын яамныхан үүргийнхээ дагуу Болгарын туршлагыг зориуд судалж үзсэн. Нэр томъёоны хувьд яг ч “хурууны хээ”-гээр гэж нэрлэдэггүй юм байна. Хурууны хээгээр санал өгнө гэхээр гишүүдийн хурууны хээг авах мэтээр буруу ташаа ойлголт төрүүлж болохгүй. Төрийн өндөр албан тушаалтны хурууны хээг авах, ашиглах тухай ойлголт нь техник технологи өндөр хөгжсөн өнөө үед хувь хүний нууц болон бусад олон төрлийн нарийн асуудалтай холбоотой. Иймд энэ асуудалд эхнээсээ зөв, анхааралтай хандах хэрэгтэйг болгарууд зөвлөж байна лээ. 

-Хурууны хээ биш юм бол өөрөөр юу гэж нэрлэдэг юм бол?
-Хувь гишүүний биометрик мэдээллийг ашиглаж санал хураах гэж нэрлэдэг юм байна. Болгарын нэгэн компани хувь хүний биометрик зарим өгөгдөл дээр үндэслэн тухайн хүнийг таниулдаг тоног төхрөөмж  зохион бүтээсэн. Тэгээд парламентынхаа захиалгын дагуу гишүүдийн биометрик өгөгдөл бүхий чиптэй санал хураалт явуулах төхөөрөмж хийсэн байна. Түүнийгээ парламентдаа суурилуулаад дөрвөн жил болжээ. Энэ хугацаанд уг тоног төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой ганц ч гомдол санал гараагүй гэнэ. Ер нь Болгар бол мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийд бараг эхний гуравт багтах, энэ чиглэлийн сайн боловсон хүчин, туршлагатай улс л даа. Хуучин системийн үед гэхэд манай Монголд хамгийн анх нэвтэрсэн Правец гэж компьютерийг Болгарт үйлдвэрлэдэг байсан.   

-Биометрик гэхээр юу гэсэн үг үү, зөвхөн санал хураалтад ашигладаг эд үү?
-Болгарын парламент 240 гишүүнтэй. Гишүүн бүрийн хувийн мэдээллийг оруулсан цахим карттай. Тэр картаараа төр, засгийн болон Ерөнхийлөгчийн ордонд нэвтэрдэг. Үүнээс гадна мөн энэ картаараа гишүүнийхээ ирцийг бүртгүүлж хуралдаандаа суудаг юм байна.

-Гишүүдийн ямар мэдээллүүдийг цахим карт хадгалдаг вэ?
-Биометрик мэдээлэл бүхий чиптэй санал хураах тоног төхөөрөмжийг ашиглахын тулд парламентын гишүүнийн хоёр гараас сонгож гурван хурууных нь хээг 17-18 цэгт 54 янзаар кодлон авч биометрик өгөгдлийг бүрдүүлдэг юм байна. Болгарын парламентын 240 гишүүний тус бүр гурван хурууны хээний нийт 720 өгөгдөл дээр тулгуурласан  мэдээллийн бааз бүрдэнэ гэсэн үг. Үүнээс гадна санал хураалтын мэдээллийг боловсруулах тусгай хоёр сервер, санал хураалтын үр дүнг гишүүн нэг бүрээр, мөн намын харъяалал, бүлэг зэрэг үзүүлэлтээр харуулдаг хоёр дэлгэц, гишүүн тус бүрд биометрик үзүүлэлт бүхий чип байрлуулсан санал өгөх товчлуур зэрэг бусад тоног төхөөмжүүдийг тусгайлан суурилуулсан байна.

- Гишүүд саналаа яаж өгдөг вэ?

-Санал өгөх товчлуурыг гишүүн бүрийн өмнө ширээн дээр хөдөлгөөнгүй суурилуулдаг. Тухайн гишүүн саналаа зөвхөн өөрийн суудал дээрээс өгөх журамтай. Учир нь санал хураалтын явцад тусгайлан бичлэг хийх, техникийн болон ямар нэгэн алдаа гарч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Тамгын газрын техникийн ажилтнууд тусгай өрөөнд дэлгэцээр, гишүүдийн суудлын байрлалаар нь хяналт тавьж ажилладаг. Гишүүд саналаа өгөхдөө эхлээд гишүүнийхээ цахим картыг хийж ирцээ бүртгүүлнэ. Тэгээд  “Санал хураалтад бэлтгэх” гэдэг үг гишүүний өмнөх саналын товчлуурын жижиг дэлгэц дээр гарахад тухайн гишүүн мэдээллээ өгсөн аль нэг хуруугаа дарж таниулдаг. Хурууны хээний өгөгдлийг уг тоног төхөөрөмж хэдхэн хормын дотор уншиж, мэдээлэл тохирч байвал жижиг “ногоон” гэрэл асч тухайн гишүүн дэлгэцийн доор байрласан “зөвшөөрсөн”, татгалзсан”, “түдгэлзсэн” гэсэн товчийн аль нэгийг дарж саналаа өгдөг. Санал хураалт 30 секунд үргэлжилдэг.

-Санал хураах энэ төхөөрөмжөө байнгын хорооны хуралдаанд ашигладаг уу?
-Зөвхөн нэгдсэн хуралдааны үеэр ашиглаж, байнгын хороо болон бусад хуралдааны үеэр гар өргүүлэн тоолох аргыг хэрэглэдэг юм байна. 

-Хэрвээ манайд санал хураалтын ийм систем суурилуулснаар ямар давуу тал бий болох вэ?
-Болгарын парламентын санал хураалтад ашиглаж байгаа энэ тоног төхөөрөмжийг манай улсад хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Учир нь төрийн албан хэрэг хөтлөж буй манай хоёр улсын бичиг үсэг төстэй. Мөн техник, технологийн гол асуудлыг Болгарын компани шийдсэн тул үнийн хувьд харьцангүй хямд байж болох талтай. Энэ төхөөрөмжийг ашигласнаар парламентын санал хураалт, парламентын гишүүдийн сонгогчдын өмнө хүлээсэн хариуцлага сайжрах нь дамжиггүй. Нөгөө талаар, УИХ-ын дэгийн тухай хуульд санал хураах чиглэлээр өөрчлөлт оруулж, долоо хоногийн аль нэг өдөр магадгүй тав дахь өдрийг Санал хураалтын өдрөөр тогтоож болох юм. Бусад өдрүүдэд парламентын бүтцүүдэд хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнөн, санал хураах томъёоллыг бэлэн болговол зүгээр болов уу. Дэгийн иймэрхүү өөрчлөлт хийснээр УИХ-ын гишүүд УИХ-аар хэлэлцэж байгаа бүх асуудлаар мэтгэлцэж маргалдах бус тодорхой чиглэлээр мэргэших нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Жишээ нь, банкны асуудал хэлэлцэх үеэр банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн гишүүд олонхи цөөнхийн бүлгийн байр суурийг илтгэсний үндсэн дээр мэтгэлцээнийг өрнүүлвэл УИХ-ын ажил хэрэгч уур амьсгал сайжрах нь тодорхой юм. Мэргэжлийн түвшний мэтгэлцээн дууссанаар санал хураах томъёоллын дагуу гишүүд тогтсон өдөр саналаа өгч, бусад өдрүүдэд иргэдтэй уулзах, тойрог болон бусад газруудад ажиллах зэргээр парламентын хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, иргэд сонгогчидтой илүү ойр дөхөм ажиллах боломж бүрдэх болов уу гэж бодож байна. 

Sunday, 5 May 2013

Х.Уртнасан: Тайзнаасаа би гэнэт яваад өгсөн дөө

Ар­дын жүжигчин, төрийн шагналт, Зуу­ны манлай дуурийн дуу­чин  Хор­лоо­гийн Урт­насан­гийн ярилцлагыг хүр­гэе. Тэр­бээр уржиг­дар бол­сон ХБК-ийн тай­лан тог­лолтод зо­риулж Анг­­лийн хөгж­мийн зо­хиолч Г.Пёр­селийн "Ди­до­на Эней хоёр" бэсрэг дуурийг найруулан тавь­сан юм.

-Оюутнуудынхаа бүрэлдэхүүнээр эртний сонгодог дуурь тайзнаа тавьж үзэгчдэд хүргэ­сэн танд талархлаа илэр­хийлье. Шинэ бү­тээ­лийнхээ талаар ма­най уншигчидтай бод­лоо хуваалцана уу?
-Энэ жил манай сур­гуулийн тайлан их өвөр­мөц боллоо. Өмнө нь бид янз бүрийн мэргэжлийн чиглэлээрээ түүвэрлээд нэгдсэн тоглолт, сонгодог үндэсний гээд хоёр гур­ван тоглолтоор тайлан­гаа хийж ирсэн. Ер нь манай сургууль нэг талаа­раа боловсролын бай­гуул­лага боловч нөгөө­тэй­гүүр дандаа уран бүтээл­чид байдаг. Тийм учраас бид энэ жил тай­лан­гаа нэг шат ахисан түвшинд хийлээ. Зөвхөн оюутнуудынхаа хүчээр нэг дуурь, нэг балет тави­лаа. Симфони найрал хөгжмийн маань бүрэл­дэхүүнд дунд сургуулийн сурагчид ч байна, дээд боловсролын бакалав­рын оюутнууд ч байна. Манайх арван жил, кол­леж, бакалавр гэсэн гур­ван шатлалтай сургууль шүү дээ. Зургаан наснаас хорин таван нас хүртэл урлагийн мэргэжилтнүүд бэлтгэж байна. Сураг­чаа­саа авахуулаад оюутнаа хүртэл ийм хэмжээнд бид дуурь, балетаа хийлээ л дээ. Симфони оркестр, най­рал дуучид, гол дүрийн дуу­чид яг л театрын жүжигчид шиг тэр л хэмжээнд тоглоно. Сонгодог гэдэг бол ерөөсөө чи бага байна, чи хөгшин байна, энийг хөгшин хүнд зориулсан гэж хуваарил­даг­гүй. Аль л сайн мэргэжлийн уран бүтээлчид л гүйцэтгэх ёстой гэж ойлгодог.  Тэр ойл­голтоороо энэ жил манай хүүхдүүдийн сургалтын ча­нар, багш нарын сурган хү­мүүжүүлж байгаа арга бари­лын орчин үетэй холбож өг­сөн сургалтын чанар, сургах арга барил дээшилсэн энэ бүх чанараараа бид сая нэг дор шалгалт өглөө гэж бодож байна. Бидний бэлтгэсэн уран бүтээлчдийг хүлээж ав­даг урлагийн байгуулла­гуу­дын менежэрүүд, удирдла­гууд энэ хоёр жүжгийг үзсэн гэж бодож байна. Зарим уран бүтээлчид нь ч явж байхыг би харсан. Дуурийн, бүжгийн төгсгөлд хүмүүс үнэхээр сэт­гэл ханамжийн баталгаагаа үзүүлж байна лээ. Тийм бо­лохоор манай хүүхдүүд энэ хоёр бүтээлийг амжилттай бүтээсэн юм байна гэж би бодож байгаа юм. Харин энэ жүжгийг яагаад сонгосон гэ­дэг нь энэ ярианаас ойлгомж­той гэж бодож байна. Хүүх­дүүдийнхээ болон багш на­рынхаа чанар чансааг шал­гуулахын тул энийг авсан. Энэ ч утгаараа манай сур­гууль үндэсний хөгжмийн дээд сургууль болох болзлыг хангажээ гэдгээ харьяалсан яам болон хамгийн гол нь мэргэжлийн нөхдөдөө үнэ­лүүллээ гэж бид үзэж байгаа. Энэ бол бидний зорилго бай­лаа. Зорилгоо сайн биелүүл­лээ.

-"Дидона Эней хоёр"-ыг дэлхий даяар голдуу мэр­гэжлийн сургуулиудын оюу­тан залуучууд тоглох юм байна лээ. Хоолойд нь тохирсон байдаг юм уу, өөр учир бий юу?
-Ерөөсөө сонгодог хөг­жимд боловсорч байгаа оюутнууд заавал эртний ч гэж ярьдаг, сонгодгийн өмнөх ч гэж ярьдаг, бароккийн үеийн дуурь ч гэдэг тэр үеийн бүтээ­лүүдээр онолынхоо сургал­тыг суурилж явах ёстой бай­даг. Дэлхийн том том дуу­лаачийн тэмцээнүүдэд сон­год­гийн өмнөх арван зургаа, арван долдугаар зууны бү­тээлүүдийг заавал дуулах ёстой байдаг. Тийм учраас бид анх авч байгаа дууриа сонгодгийн өмнөх бүтээл дээр тулгуурлаж, зохиол нь болохоор арванзургадугаар зууны гэхээр голдуу сүмийн үйл явдал дээр сүмийн дуул­лын хэмжээнд зохиол бичигд­сэн байдаг. Үүгээрээ ч манай хоорыг сонсоход тэр сүмийн найрал дуунд их ойрхон, маш сайхан дуурьсалтай найрал дуу байсан. Сэдэв бол яахав, мөнхийн сэдэв. Хайр сэтгэ­лийн сэдэвтэй дуурь. Болж байгаа үйл явдал нь Англид болж байгаа. Тэр үеийн Кар­фаген гэж улс байсан байна. Түүний хажуугаар Троян гэж улс байсан байна. Тэгээд Карфагений хатан хаан Ди­до­на Троян улсын дайны том баатар Энейтэй хайр сэт­гэлтэй. Ингэж байтал Троян нутгаас бурхны элч ирж энэ хайр дурлалаа орхи, Кахр­фаген хотыг орхи гэсэн бурхны тааллаар баатар эр Эней хайртай хүнээ орхиж байгаа. Үүнээс болоод хоёу­лаа сүйрч байгаа. Баатар нь далайгаар явж байгаад сүйрч байгаа, хатан хаан хайр сэт­гэлдээ үнэнчээр сүйрч байгаа ийм эмгэнэлт бэсрэг дуурь юм л даа. Бэсрэгдээ энэ чинь гурван үзэгдэлтэй, долоон бүлэгтэй юм. Энийг манай оркестр гайхалтай тоглолоо, Чинбат багш ч сайн удирд­лаа. "Шопениана"  балет ч их сайхан болсон. Үнэхээр сай­хан байсаан.

-Дидонад оролцсон хүүх­дүүд хэдээс хэдэн нас­­ныхан бэ. Их гоё сопра­но хоолой хоёр гурав байх шиг байсан?
-Найрал дуучид ч, гоцлоо­чид ч бүгдээрээ нэгээс дөрөв­дүгээр курсийнхэн. Гол дү­рийн Дидонад Мягмарсү­рэн­гийн Бямба-Эрдэнэ гэж хоёр­дугаар курсийн оюутан дуул­лаа. Миний шавь л даа. Ер нь хүчтэй сопрано болж магад­гүй гэж бодож байгаа юм. Гэхдээ жаахан байна л даа. Дөнгөж хоёрдугаар курс, эх­лэл гэхэд харин би ч өөрөө бас тоогоод байгаа юм. Мэр­гэжлийн бусад улсууд ч гэсэн цаашид аятайхан дуулчи­хаар хүүхэд байна гэж байгаа юм. Түүн дотор бас ордны нэг­дүгээр шадар эмэгтэй гэ­дэг дүрд бас миний мэргэж­лийн шавь дууллаа. Би энд мэргэж­лээрээ багшилдаг бо­ловч саяын дуурийг найруул­лаа. Өмнө нь Дуурийн театрт зарим нэг дуурь найруулж бай­сан. Хообийтой гэх юм уу даа.

-Дуурийн театрын урын санд таны "Шидэт ваар", "Чио чио сан" зэрэг дуурь бий шүү дээ. Та найруул­гаас тэгсгээд холдчихсон шиг. Энэ рүү нэг их хүч тавьсангүйн шалтгаан юу байсан бэ?
-Би нэлээн сүүл рүүгээ найруулга руу орсон шүү дээ. "Чио чио сан"-ыг найруулж тавихдаа би өөрийнхөө 50 насны босгон дээр "зодог тайлахдаа" зориулж шинэ­чилж найруулсан юм.

-Одоогийн "Чио чио сан" таны шинэчилсэн тавил­таар явж байгаа юу?
-Тийм.  Дээр нь Лувсан­шарав гуайн "Хар хорум" дуурийг тавьсан. Ардын ху­вьс­галын 84 жилийн ойн бая­рын концертыг найруулж бай­лаа. Ер нь хэд хэдэн хүний концертыг найруулсан. "Ши­дэт ваар" гэж хүүхдийн дуу­рийг би анхлан найруулж тавьсан юм. Тэр их хөөрхөн дуурь.

-Тэр дуурийг ойрын үед сэргээнэ гэж театрынхан ярьж байх шиг байсан. Мэдээж та оролцоно биз дээ?
-Театрын дарга дээр би санал хэлж орсон л доо. Яагаад гэвэл хүүхдүүд их дуртай үздэг, их сайхан хөг­жимтэй. Буриадын хөгжмийн зохиолч Ямпиловын зохиол байгаа юм. Тэгээд би ч бас амьд байгаа дээрээ сэргээ­гээд тавих юм сан гэж Тухайн үедээ хот хөдөөгийн бүх хүүх­дүүдийг ер нь хориод жил тэр дууриар хүмүүжүүлсэн дээ. Тэгээд амьд байгаа дээрээ сэргээгээд тавьчих юм сан гэж бодсон. Их сайхан жүжигчид дуулж байсаан, тэгэхэд.

-Сэргээхэд та өөрөө хэрхэн оролцох вэ?
-Яахав, эхлээд би тавьсан болохоор зохиогчийн эрхийн дагуу миний жүжиг л гэж би хэлнэ л дээ. Тийм болохоор би найруулагчийн хэмжээнд л дахин шинэчлэн найруулах саналтай. Тайзыг нь Тэнгис­болд гэж зураач хийсэн юм. Одоо бол Ганбаатар зураач­тай би яриад л байгаа. Ган­баатар Хятадад зураачаар төгссөн болохоор үлгэрийн сэдэвт ойрхон, их уран сэт­гэмжтэй хүүхэд байгаа юм. Тэгээд Ганбаатарт санал тавьсан, одоохондоо сана­лын хэмжээнд ярилцаад л байгаа. Ажил хэрэг болгоход эдийн засаг хэрэгтэй л дээ.

-Та чухам яагаад тавин настайдаа тайзаа орхисон бэ. Арай эртэдсэн санагдах юм?
-Урлагт нэг бичигдээгүй хууль байдаг юм. Ерөөсөө ид гялалзаж байгаа, сайн бай­гаа, сайхан байгаа бүтээлч­дийг л тайзан дээрээ тогтоож байдаг. За тэгээд жаахан гундаад ирвэл бичигдээгүй хуулиар бага багаар алсар­саар холддог. Тэгвэл миний хувьд тэгж бага багаар алсрах тэвчээр надад хүрээгүй юм. Миний багш ардын жүжигчин, зууны манлай эмэгтэй Цог­зол­маа гуай намайг бүр арван хэдтэй байхад хэлж байсан. "За, жүжигчин байна гэдэг сайхан. Жүжигчин хүн цагаа олж тайзнаас буух явдал бол өөрийнхөө хийсэн бүтээлийг мөнхлөх агуу их ухаан байдаг юм шүү. Тэрэнд сайн суралцдаг юм шүү. Ээ дээ, тайзнаас бууна гэдэг хэцүү шүү" гэж. Тэгж байхад би хүүхэд байсан болохоор юу ч бодохгүй байсан.
Насны эрхээр ин­гээд яваад ирэхэд миний алтан портнёрууд яваад яваад өглөө. Хавлааш маань гэж ардын жүжигчин байлаа, ардчилал эхлээд тэр маань Казахстан явчихлаа. Тэгж байтал Пүрэвдорж гуай маань багш болоод явчихлаа. Хайдав багш маань, Банди маань бас багш болоод яв­чих­лаа. Ингээд ер нь миний портнёрууд цөөрөөд байнаа. Нэг харсан чинь, өө би гэдэг хүн гавьяат жүжигчин Ганхуяг эд нартай дуулж байна аа. Тэгээд бодсон чинь нэг л биш юмаа. Ганхуяг гэдэг чинь на­даас бараг хорь дүү хүн биз дээ. Гэтэл нэг тийм хайр сэтгэлийн сэдэвтэй юманд, охин энэ тэрд  дуулаад л. Нэгдүгээрт зүгээр моральный бодоход л тэгж бодогдож байгаа юм. Зүгээр өөрийнхөө дотроос бодоход, за би ч энэ үеийн хүн биш юм. Ер нь ч үе үеэрээ байх хэрэгтэй юм байна шүү. Сайхан удирдаач нар маань бурхан болоод өглөө. Чулуун багш маань бурхан боллоо, Жасранжав маань бурхан боллоо. За за, ер нь биш юм байна. Ер нь л больё гэж бодоод. Яг тавин настай байхдаа тайзаа орхи­сон. Харин би Чулуун багший­гаа амьд сэрүүн дээр багш­тайгаа Чио Чио сан-аа нэг дуулаад л буусан. "...Одоо би арван тавтай.." гэж зохиол дээрээ дуулдаг хэсэг дээр " ..Одоо би яг тавьтай" гээд дуулсан чинь үзэгчид нир­хийгээд явчихгүй юу. Тэгснээ чимээгүй болцгоочихсон. Тэгсэн дараа нь Чулуун багш "үгүй чи юу гэж хэлээд үзэгчид хөхрөлдөөд унав аа" гэж би­лээ. Түүнээс хойш Чио чио сан-д гараагүй. Тэгэхийгээ ч мэдэж би хоёр гурван сайхан Чио чио сан бэлдсэн.
Ардын жүжигчин Жавзан­дулам бай­на. Гайхалтай сай­хан дуучин. Дараа үеийнхэн дотроосоо мэргэжлийн дуу­лаачийн ху­вьд миний хачин их хүндэтгэж хүлээж авдаг хүн бол Жав­зандулам байгаа юм. Бас Дорноговьд Нарантуяа гэж жүжигчин бий. Ёстой л нутаг­таа үнэнч нэг тийм сай­хан сэтгэлтэй дуучин байдаг юм. Дуучны хувьд бол мундаг. Жавзандуламын л хавьд очиж тусах дуучин. Ингээд Нарантуяаг урьж авчраад Чио чио сан-д гаргалаа. Ин­гээд нэг шинэ үеийг гаргасан. Тэр үед Билигжаргал надад хэлж байсан юм, "Та ер нь тэнэг хүн үү, цэцэн хүн үү? Өөрийнхөө коронный дүрийг хүнд даатгаад, заагаад өг­чихдөг" гээд их инээж билээ. Тийм үед би хүлээлгэж өгч байсан юм даа. Тэр маань зөв болж гэж боддог юм. Жав­зандулам маань олон жил авч явсан, араас нь Мөнгөн­цэцэг гэхчилэн олон залуу хүүхдүүд гарлаа даа. Тэд ч сайхан дуулж байна.

-Сэтгэл дотроо байсан байж болох чамгүй зөрч­лөөс үүдэж гаргасан ший­дэл байж уу дээ?   
-Хувьсгалыг хийхэд тохи­роо бүрдсэн байх ёстой гэдэг шүү дээ. Түүнтэй адил миний тэр үе бол тохироо бүрдсэн л үе байхгүй юу. Хамт ажиллаж байсан сайхан сайхан улсууд өөр ажилд, өөр улс руу шил­жээд явчихсан, зарим нь бурх­ны оронд явчихсан. Тэ­гээд л харсан чинь яг нэг үеийнхэн дотроос би үлдчих­сэн байсан. Тиймээс дотоод шийдэл юм даа.

-Театраасаа явсны да­раахан байх аа, Жавзан­дулам гуайг дуулж байхад нэг удаа таныг нүдэндээ нулимстай сонсч, дуу ал­даж байсан гэдэг. Тэр сэт­гэгдлээ хуваалцахгүй юу?
-Тийм тийм. Тэр үед чинь би ерөөсөө юм сонсч чаддаг­гүй байлаа.

-Сэтгэл зүйн хувьд хэ­цүү л байсан байх?
-Сэтгэл зүйн их бэлтгэлтэй байх ёстой л доо. Би аминдаа их бэлдсэн юм, уг нь. Яг тэр үедээ "Тру­бадур" дуурьт бэл­дэж байсан үе. Ерөөсөө хүнд хэлэлгүй дуурьтаа бэлдээд яваад байсан. Гэхдээ би явна гэдгээ мэдэж л байсан. Хув­цасны­хаа хэмжээг өмсөж үзчихээд, тэр өдрийн сургуу­лилтдаа орчихоод, өдөр нэг цагт зав­сарладгаараа зав­сарлалаа. Нэг цагт би гэр рүүгээ утас­даад өвгөнийгөө юмаа аваад вокзал дээр хүрээд ир гэж хэлсэн. Гэртээ ч оролгүй тэндээсээ шууд Герман руу яваад өгсөн дөө. Тэгж би театраасаа явсан юм.

-Германд очоод ямар­хуу байв?
-Эмэгтэй хүнийхээ хувь заяагаар үр ачаа харсан. Тийм газар очсон юм чинь нэг хэсэг сатаараад. Би чинь гурван жил шахуу Германд байж байгаад ирсэн шүү дээ. Зээгээ өсгөлөө. Уран бүтээл гэдэг их сонин шүү. Тэнд байхдаа нэг хүнтэй таардаг юм. Сүмд  нь нэг их гоё най­рал дуу дуулна. Тэрийг нь сонсох гэж очлоо. Хэдийгээр би шашин шүтлэгтэй биш ч гэсэн найрал дуу нь гоё са­наг­даад очдог байлаа. Тэгсэн сүмийн органист эмэгтэй над­тай танилцаад урьдаг юм байна. Нэг флейт, виолен­чель, надтай нийлээд гурвуул ойр хавийн хотуу­даар явж сүмд сонгодог юм тоглодог баг байдаг юм. Та бидэнтэй нэгдээч. Монгол хөгжим сонс­моор байна гэ­лээ. Миний үеийн эмэгтэй юм аа, филар­монийн концерт­мейстр бай­сан гэнэ. Гурван жилийнхээ сүүлийн хоёр жилд нь тэ­дэн­тэй хамт шен­гений орнуу­даар явж сүмүү­дэд нь дуул­лаа. Жанцанно­ровын хэдэн дуу, сонгодог хэдэн дуунууд дууллаа. Сү­мийн заал дотор нь дуулахад их сайхан шүү дээ. Цуурай­таад л. Гадаа­дын­хан ч янзын сайхан хүлээж авна. Тэгж хоёр жил тэнд өөрийгөө саатуулж явсан шүү. Нөгөө л хийж байсан ажлаа санаад яваад байсных шүү дээ.

-Ирээд яав?
-Тэндээс эд нарыгаа их саначихсан ирсээн. Ирээд Жавзаагаа сонсоод л уйлаад л байв шүү дээ.

-Та хэдүүлээ вэ?
-Бид нар эхээсээ олуулаа шүү дээ. Наймуулаа байхаас долуулаа үлдсэн. Ээж аав маань намайг ийм олон тү­шиж тулах сайхан дүү нартай үлдээгээд явсан даа.

-Хүүхдүүд тань хэр олуул болоод байгаа вэ?
-Манайх хоёр хүү нэг охинтой. Түрүүч нь тавь хүрч байна шүү дээ. Ач зээ олоон олон.

-Хүүхдүүдээс тань хүч­тэй хоолойг тань өвлөсөн хүн алга уу?
-Байхгүй шүү. Их сонин.

-Нэг хувь зүйл давтаг­дахгүй  байх л даа?
-Миний ижий бол сааль­чин хүн чинь мэргэжлийн дуу­чин энэ тэр гэх биш. Зүгээр хөөрхөн дуулчихдаг хүн байсан шүү. За, аав маань бол дуулахгүй ээ.

-Одоо таны залуу шавь нар дотор Жавзандулам шиг ч юм уу хүчтэй хүн хэр олон байна?
-Ер нь тийм хүн олон төрдөггүй шүү дээ. Ганцхан миний шавь байтугай улсад цөөхөн төрдөг юм шүү дээ. Би дуулж байх үеэсээ далан долоон оноос багшилж эхэл­сэн. Тиймээс сайхан шавь нар бий. Одоогийн шавь нараас яах вэ, ирээдүй харагдаж байгаа хүүхдүүд бий. Гэхдэ дуурийн дууччин гэдэг бол сургууль төгсөөд л мундаг дуучин гардаггүй болчихдог­гүй юм. Наад зах нь театр таван жил ажиллана, тэгж байж танигдана. Багш хүн их голомтгой байдаг юм байна шүү дээ. Тэр дундаа би их голомтой хүн. Заримдаа ч хүүхдүүдийнхээ урмыг хуга­лаад ч байх шиг байдаг юм. Гэхдээ зүгээр.

Хатуугийн цаа­на сайн юм үлддэг. Тийм болохоор би шаардлага өн­дөр тавьдаг. Барагтай бол болж байна гэдэггүй, болох гэж байна л гэдэг. Болох гэж байна гэсэн үнэлгээтэй л миний гар дээр төгсдөг юм.

-Та сонсогчдоо хэрхэн мэдэрдэг вэ?
-Би бол сонсогчдод асар хүндэтгэлтэй байдаг. Чио чио сан дээр гэхэд уйлна дуулна, уулга алдаж ингэж сонсдог юм. Ер нь сонгодог урлагийг сонсоно гэдэг чинь тэр ур­лагаасаа толгой өндөр хүн байж байж тэрийг мэдрээд сонсоод ойлгоод мэдрээд суудаг юм байна лээ. Толгой өндөр гэдэг маань бо­ловс­ролтой гэсэн үг шүү дээ.   

Н.ПАГМ
Өдрийн сонин

Wednesday, 1 May 2013

Хэвлэлийн эрх ЧӨЛӨӨ ГЭДЭГ сэтгүүлчийн биш иргэний эрх юм

 Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Глоб интернэшнл" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.
-Дэлхийн хэвлэлийн эрх чө­лөөний өдөр тохиох гэж байна. Ер нь сэтгүүлчийн хараат бус байдал гэж юу вэ. Манай орны сэтгүүлзүй хараат бус байж чадаж байна уу?
-Хараат бус байдал бол хамгийн үнэт зүйл, сэтгүүлзүйн үнэ цэнэ нь юм. Энэ бол юугаар ч сольшгүй чухал зүйл. Монгол Улс хэвлэл мэдээллийн хэрэгслийн агуулгад нь хяналт тавихыг хориглосон Хэвлэ­лийн эрх чөлөөний тухай хуультай орон л доо. Гэвч өнөөдөр манай хэвлэл мэдээллийн хэрэгслийн агуулга бараг шууд цензур дор байна гэж хэлж болох юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшигч, эздээс удирдлагаар нь дамжуулан орж ирж байгаа цензур байна. Өнөөдөр камер, микрофон, үзгээ бариад явж байгаа сэтгүүлч хэлье гэсэн зүйлээ дотроо ямар нэгэн айдас агуулахгүйгээр хэлж чадаж байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Би хэрвээ хэлж чадахгүй байгаа бол сэтгүүлзүйнхээ хамгийн үнэтэй зүйл болох хараат бус байдлаа алдсан гэсэн үг. Энэ хараат бус байдлын үнэ цэнийн төлөө бидний мэргэжил нэгт нөхөд дэлхийн өнцөг бүрт тэмцэн амь насаа алдаж хавчлага, мөрдлөгөд өртөж байна. Хэрвээ энэ үнэ цэнэгүй зүйл юм бол юуны төлөө тэр хүмүүс тэмцэж, амь насаа алдаад, тарчлан зовж, шоронд ороод байгаа хэрэг вэ. Энэ хэрэгтэй, үнэтэй зүйл учраас тэр хүмүүс амьдралаа зориулж байгаа юм. Манай орны хувьд бид хараат бус зүйлээ маш олон аргаар хөнгөхөн алдаж байна. Энэ хараат бус зүй­лээ бид хамгаалахгүй байна гэдгийг онцолж хэлмээр байна. Хэвлэл мэдээллийн байгууллага энэ талаар өөрсдийн дархлаагаа олж, яаж хараат бус байдлаа хадгалж үлдэх вэ гэдэг дээр анхаарах ёстой.

-Саяхан "Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар манайх хэвлэлийн эрх чөлөөгөөрөө өмнөх оноос хоёр байр урагшилсан байна. Үүнд юу нөлөөлсөн юм бол? 
-Юу нөлөөлснийг мэдэхгүй. Яагаад урагшилчихсаныг нь ч гайхаж байна. Миний бодлоор бүр ухармаар байгаа юм. Тэдний судалгааг жаахан гайхаж хүлээн авч байгаа. Уг нь Хил хязгааргүй сэтгүүлчид олон талын мэдээлэл цуглуулж манайхаас мэдээлэл авдаг. Энэ жил биднээс санал аваагүй.

-Энэ жил зарим телевиз, сайтуудыг хаасан. Монголд сэтгүүлзүйн эрх чөлөө ямар түвшинд байна вэ? 
-Өнгөрсөн жилийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр илтгэл тавьж байхдаа танхимд байгаа хүмүүсээс Монголд хэвлэлийн эрх чөлөө байгаа гэж үзэж байгаа хүмүүс болон байхгүй, хагас байгаа гэсэн хүмүүсийг тус тусад нь гарыг нь өргүүлсэн. Тэгэхэд байгаа гэж үзсэн нэлээд олон хүн байсан. Хэвлэлийн эрх чөлөөг олон хэмжүүрээр шалгадаг. Хамгийн түрүүн эрхзүйн орчныг нь үздэг. Үүнийг аваад үзвэл Монголд хэвлэлийн эрх байна. Учир нь хэв­лэлийн эрх чөлөөг баталгаажуулсан, цензурыг хориглосон, төр хэвлэл мэдээлэлд оролцохыг хориглосон гэх мэт хууль бий. Нэг талаасаа ийм боловч нөгөө талаас сэтгүүлч нууц эх сурвалжаа хамгаалах эрх нь баталгаажаагүй. Төрийн нууцын болон байгалийн хуулийн хатуу заалтууд нь мэдээллийн эрх чөлөөний хуулийн зүйл заалтад нийцэж өөрчлөгдөөгүй байгаа. Эрх баригчид, улстөрчид сэтгүүлчдийн эсрэг нэр гутаахтайгаар холбоотойгоор нэхэмжлэл гаргах орон шоронгоор сүрдүүлэх боломж нээлттэй байна. Тийм болохоор эрхзүйн орчин тийм таатай биш гэсэн үг. Эрхзүйн орчинд бас ганцхан хууль биш дүрэм журмууд орно. Сүүлийн үед Монголын харилцаа холбооны газрын хоёр ч дүрэм, журам, Засгийн газрын тогтоол гарлаа. Үүнд ерөнхийдөө интернэтийг хязгаарлах, сэтгэгдлүүдэд хяналт тавих байгаа. Ингээд үзэхээр эрх­зүйн орчин тийм ч таатай биш.

-Сэтгүүлчдийн өөрийн зохицуулалтын байгууллагын талаар их ярьдаг? 
-Эрхзүйн орчноос гадна хэвлэл мэдээллийн эрх чөлөөг наашлуулдаг зүйл нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт юм. Шувуу хоёр далавчтай байгаад нисдэг гэж бодоход нэг тал нь хууль, тогтоомж нөгөө тал нь өөрийн зохицуулалт гэсэн үг. Өөрийн зохицуулалт гэдэг чинь сэтгүүлчдийг хариуцлагатай байх, ёс зүйгээ мөрдөх, өөрсдийнхөө асуудлыг дотроо хэлэлцэх, өөр өөрсдөдөө хяналт тавих юм. Улс төрийн халдлагаас өөрсдийгөө хамгаалах хэлбэр шүү дээ. Тэдний өөдөөс өөрийн зохицуулалт нь "Бид ийм ёсзүйн кодтой үүгээрээ ярина", "Бид ёсзүйг ярилцдаг хэвлэлийн зөвлөлтэй шүү. Та нар битгий оролц" гэдэг тогтолцоо юм л даа. Мөн сэтгүүлчдийг ажил олгогчтойгоо хараат бусаар ажиллах гэрээ байгуулах нь чухал байдаг. Гэрээ байгуулснаар өөрийнхөө ха­раат бус байдлыг хамгаалахаас гадна хөдөлмөрийн болон мэргэжлийн эрхээ хамгаалдаг. Энэ бүхэн алга байна. Тэгэхээр нэг далавчтай шувуу нисч чадахгүй шүү дээ.

-Дэлхийн сэтгүүлчдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан хуралд юуг онцолж байна вэ? 
-Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хэлэлцэж байгаа гол асуудал ЮНЕСКО-гийн сэдэв нь үгээ хэлэхээс эмээхгүй байх, аюулгүй орчинд ажиллах, хэвлэ­лийн эрх чөлөөний эсрэг гэм буруутай хүмүүс ял шийтгэлтэй байх. Монголд энэ бүхнийг аваад судлаад үзэ­хээр нэг нь ч алга байгаа. Сэтгүүлчид цахим орчинд хадгалагдаж байгаа мэдээллээ хамгаалах аюулгүй байлгах зэрэг нь асуудалтай. Ер нь манай нийтлэг орчин таатай биш байгаа юм. Тэгэхээр Монголд хэвлэлийн эрх чөлөө бүрэн дүүрэн байна гэж хэлэх арга байхгүй. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг хэн нэгэн улстөрч, мөнгөтэй хүн мөнгөө төлөөд өөрийнхөө дэгийг хэвлэл мэ­дээллийн хэрэгсэлд тогтоохыг хэлдэггүй. Энэ бол сэтгүүлчид хараат бус байдлаар иргэддээ үнэнийг хэлэхийг хэлээд байгаа юм. Үнэн үгэнд дургүй, шүүмжлүүлэх дургүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийнхөө төлөө ашиглах сонирхолтой хүмүүс их бай­на. Тэр хүмүүсийг эсэргүүцэх дархлаа өнөөдөр манай хэв­лэл мэдээлэлд алга. Ихэнх хүмүүс хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчдийн эрх гэж бодоод байдаг. Хэвлэлийн эрх чөлөө нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлж байгаа тийм эрх юм.

-Манай хэвлэл мэдээл­лийн байгууллагуудтай албан тушаалтан, томоохон компаниуд хаалтын гэрээ хийдэг болсон. Гадны оронд ийм зүйл байдаг уу? 
-Төрийн буюу бидний татварын өчнөөн мөнгөөр өөрийнхөө эсрэг шүүмжлэлийг хаахын тулд хаалтын гэрээ байгуулж байна. Гадны орнуудад ийм юм байдаггүй. Зар сурталчилгаанд баримтлах зарчим гэж бий. Өөрийнх нь хэвлэл мэдээллээр гарч байгаа төлбөртэй агуулгыг бусад оронд зар сурталчилгаа гэж үздэг. Түүндээ баримтлах ёс зүйн кодтой бай­даг. Өнөөдөр бидэнд тийм юм байхгүй байна.

-Хэвлэл мэдээллийн то­моохон группууд бий болж байна. Энэ сэтгүүлзүйн эрүүл үзэгдэл мөн үү? 
-Манайд өнөөдөр байхгүй эрхзүйн хувьд дутагдаж бай­гаа хоёр хууль бий. Түүний нэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөл нь ил тод байх үүрэг хүлээлгэсэн. Нөгөө нь хэвлэл мэдээллийн салбарын төвлөрлийг сааруулах хууль юм. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн салбарт нэг хэсэг хүн монополь эрх эдлэхийг хязгаарласан хууль байхгүй. Манайд дээрх хуулиуд байх­гүй ч эрхзүйн акт бий. Тухайлбал, Өрсөлдөөний тухай хууль байна, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм журмууд байгаа. Гэхдээ хэрэгжихгүй байгаа юм. Яагаад энэ төвлөрлийг сааруулах хууль хэрэгтэй вэ гэхээр мөнгөтэй хүн хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаж аваад гартаа оруулчихаж байна шүү дээ. Мардок гээд бидний ярьдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мундаг магнат бий. Тэр чинь сүүлдээ дэлхийн бүх орнуудад хэв­лэл мэдээллийн хэрэгсэл ху­далдаж аваад эхэлж байгаа юм. Бүх юм нэг хүний гарт төвлөрөхөөр олон ургальч үзлийг хаачихаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон байх тусмаа нийгэмд олон ургальч үзэл бий болно. Тэгэхээр олон ургальч үзэл, хэвлэл мэдээллийн олон талт чөлөөт байдал зэргийг хангахын тулд хууль хэрэгтэй байдаг.

-Сэтгүүлчдийн боловсролыг нэлээд шүүмжилдэг болсон. Энэ талаар таны байр суурийг сонирхвол? 
-Үүнийг яривал ганц сэтгүүлзүй гэлтгүй ерөнхийдөө дээд боловсролын чанарын асуудал гарах байх. Би боловс­ролын чиглэлийн хүн биш бо­лохоор үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй. Ганцхан их сургуулийн сэтгүүлзүйн ангид нийгэм, улс төр, эдийн засгийн суурь хичээл маш их орох хэрэгтэй байна. Яагаад гэвэл одоо за­рим сэтгүүлчдийн тавьж бай­гаа асуулт нь төр сэтгэлгээтэй, иргэдээ дарсан, эрх баригчдыг хамгаалсан байдаг. "Энэ иргэд жагсаал хийгээд байна. Ингэх ёстой ч юм уу" гэх маягийн асуулт тавьдаг. Гэтэл хэвлэ­лийн эрх чөлөө гэдэг сэтгүүлчийн биш иргэний эрх юм. Хэчнээн идэвхитэй иргэн ганцаараа гүйгээд улс оронд болж байгаа бүх мэдээллийг авах боломжгүй. Тиймээс өөрийн­хөө бүх найдварыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч байгаа юм. Гэтэл нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл миний хүссэн мэдээллийг өгөхгүй. Заримдаа төөрөлдөөд байдаг. Ингэхээр хэн нь үнэн яриад байгааг мэдэхгүй болчихдог. Тэгэхээр тухайн иргэний итгэл алга болно. Ганцхан хэвлэл мэдээлэлд итгэх итгэл биш нийгэмдээ итгэх итгэл нь алдагдчихаж байгаа юм. Тийм учраас ийм хариуцлагатай ажил хийж байгаагаа бодох ёстой. Олон улсын хэмжээнд сэтгүүлчдэд онцгой эрх гэж байхгүй онцгой үүрэг бий гэж.

-Эрхийг хамгаалах өдөр, аливаа хурлаар сэтгүүлч­дийн нийгмийн асуудлыг их хөнддөг? 
-Ингэхийн тулд сэтгүүлч­дэд үйлдвэрчний эвлэл зайлшгүй шаардлагатай. Сэтгүүлчдийн цалин хөлс, эрхийг үйлдвэрчний эвлэл хамгаалах ёстой. Сэтгүүлчдийн байгууллага үйлдвэрчний эвлэл шиг эрх мэдэлтэй биш. Яагаад гэвэл үйлдвэрчний эвлэл нь хуулиар зохицуулагдсан бай­даг. Хуулийн дагуу гурван талт гэрээ хэлэлцээ хийх эрхтэй. Хэрвээ хүчтэй үйлдвэрчний эвлэлтэй байх юм бол бүх юмаа ажил олгогчтойгоо сууж байгаад шийдэх боломжтой. Энэ алга байгаа нь сэтгүүлч­дийн өөрсдийнх нь арчаагүйнх шүү дээ.

-"СКАЙ" телевизийн захирлын хэвлэлд өгсөн ярилцлагаас үзэхэд хэвлэлийнхэн нэг талыг хэт барьж шуурсан тухай байсан. Энэ талаар юу хэлэх вэ? 
-Сэтгүүлч хүн байнга эргэлзэж байх ёстой. Хуульч, сэтгүүлч хоёрт байх чанар пактыг гартаа оруулах хүртлээ эргэлзэж байх юм. Би тэр залууг үнэн хэлж байгаа гэдэгт ч, СКАЙ телевизэд ч эргэлзэж байгаа. Ямар нэг үнэн байгаа байх. Үүнийг хуулийн байгууллага тогтооно. Хэрвээ тэр залуугийн үнэн байвал манайхан туйлын ёс зүйгүй хэрэг хийсэн. Гэхдээ би телевизийн сэтгүүлчээр ажиллаж байсан учраас дүрсний утга учрыг ялгана. Дүрсийг яаж ч эвлүүлж болно. Гэхдээ цэцэг бол цэцэг хэвээрээ, мод бол мод хэвээрээ л байдаг. Яаж доороос нь авсан, дээрээс нь авсан мод л байдаг.

Ж.Баярсайхан 
Нийслэл таймс

Хэвлэлийн эрх чөлөөг тэмцэж олох ёстой

Монголын сэтгүүл зүйн салбарын алдаа, оноог дүгнэн ярилцахаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов гуайнхыг зорилоо. Сэтгүүл зүйн ном, толь бичиг зэрэг дээр тодоос тод дурайсан түүний нэрийг олонтаа харж байснаас бус чухам ямар хүн болохыг нь төдийлөн мэдэхгүй. Ямартай ч бага наснаасаа амьдралын хатуу хөтүүг туулсан тэрбээр нэгэн цагт орос хэл сурах гэж өдөрт 16 хуудас уншиж, хоёр хуудас материал хуулж бичихгүй бол унтахгүй байх тушаалыг өөртөө өгч байсан гэдэг. Ингэж “бяцхан профессор” хэмээх аман цол хүртсэн түүнийг өдгөө танихгүй хүн­гүй болжээ. Жирийн сэтгүүлчээс аж­лын гараагаа эхэлсэн Ц.Дашдондов Монголын нийг­мийн шилжилтийн үед хэсэг нөхдийн хамт Монголын чөлөөт ардчилсан сэт­гүүлчдийн эвлэлийг үүсгэн байгуулж, эх орондоо чөлөөт хэвлэлийг төлөвшүүлэн хөг­жүүлэхийн төлөө тэмцэж явсан. Өдгөө бидний 20 дахь жил­дээ тэмдэглэх гэж буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Монголд хэвшүүлэхэд түүний гүй­цэт­гэсэн үүрэг хэм­жээлшгүй. Харин иргэн Ц.Дашдондовын тухайд маш олон талтай, тэр бүхэн нь монгол дархны цоож мэт дав­хар давхар өргөстэй, өөр юутай ч зүйрлэж бичихийн аргагүй “цор ганц хувь хүн” гэсэн тодорхойлолт юу юунаас илүү зохино.

-Маргааш Дэлхийн хэв­лэлийн эрх чөлөөний өдөр. Монголчууд энэ өдрийг тэмдэглэх болсноор 20 дахь жилтэйгээ золгож байна. Үүнтэй холбоотойгоор та­ны ярих зүйл ч “ундарч” байгаа биз дээ?
-Сүүлийн 20-иод жи­лийн турш тавдугаар сарын 3-н болох тоолонд хэв­­лэл мэдээллийнхнээс на­дад хандаж яг иймэрхүү асуулт тавьж байна. Бараг уламжлал болоо шив дээ. Ингэдэг нь цаанаа зохих учир шалтгаантай л даа. Өмнө нь сураггүй шахам байсан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр гэгчийг тэр үеийн Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эв­лэлийн санаачилгаар 1993 онд анх жинхэнэ утгаар нь тэмдэглэж эхэлсэн. Тэгэхэд би МЧАСЭ-ийн ерөн­хий­лөгчөөр ажиллаж байсан юм. Энэ өдрийг тухай, тухайн онцлогоос хамаарч он, онд өөр уриа дуудлагатайгаар тэм­дэглэсээр ирсэн. Тод­руул­бал, өнгөрсөн жил “New voices: Media freedom helping to transform societs” гэсэн уриатайгаар тэмдэглэсэн бол энэ жил “Safe to speak: Securing Freedom of expression in аll media” гэж байгаа.

-Чухам ямар утга учир, зорилгоор энэ өдрийг дэл­хий даяар тэмдэглэх бол­сон юм бол?

-1991 онд Африкийн нэ­гэн жижиг улс Намибид тус тивд оршдог орнуудын сэтгүүлчдийн өргөн төлөөлөл хуран чуулж хэвлэл мэ­дээл­лийн эрх чөлөө хий­гээд олон ургалч үзлийг дээдэлдэг хараат бус бие даасан хэвлэлийн тухай хэлэлцээд, улмаар тусгай тунхаг бичиг гаргасан. Хо­жим Виндхукийн тунхаг хэмээн алдаршсан тэрхүү бичиг батлагдсан өдөр болох тавдугаар сарын 3-ныг хэв­­­лэлийн эрх чөлөөний өдөр болгон дэлхий даяар тэм­­дэглэж байхаар шийд­вэрлэсэн. Анхандаа Олон улсын хэв­лэлийн эрх чөлөөний өдөр гэж байснаа төдөлгүй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр гэх болсон. На­рийн ажвал үүнд бага зэр­гийн зарчимын ялгаа бий. Энэ өдрийг тохиолдуулж НҮБ-аас орон, орны төр засаг, олон нийтэд хан­даж илгээлт явуулахдаа ард­чилал, хүний эрхийн тул­гуур зарчим, гол шал­гуур, үндсэн үзүүлэлт болох хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлж, үзэл бод­лоо илэр­хийлэх эрх ямар бай­далтай байгаа болон цаашид яах ёстойг тодор­хойлж томъёолдог. Энэхүү илгээлт эхэндээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хүний эрхийн дээд комиссор, ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн гурван эрхмийн нэрээр гар­даг байсан. Хожим дан ганц ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн даргынх болж хувирсан нь тухайн асуудалд энэ байгууллагын хамаарал, үүрэг, оролцоо үлэмж нэмэгдсэнтэй хол­боотой. Харин энэ жилийн илгээлт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-гийн ерөнхий за­хирлын нэрээр гарсан. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жинхэнэ утгаар нь 1993 оноос эхлэн жил бүр тэмдэглэхдээ ч бид ЮНЕСКО-гийн үндэсний комисстой хамтарсаар ирсэн. 1994 онд ЮНЕСКО-гийн үндэсний комисс сэт­гүүлчдэд олгох тусгай шаг­нал хүртэл бий болгож, түү­ний хамгийн анхныхыг надад, хоёр дахийг нь С.Цогтсайханд хүртээж бай­­лаа. Мөнөөх шагналыг дараагийн жилүүдэд ч олон сэтгүүлчид олгосон.

-Та “Өмнө нь огт сураггүй байсан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” гэж ярилаа. Энэ өдрийг монголчуудад “танил” болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг нь та биз дээ?
-Энэ өдрийг улс орондоо тэмдэглэхийг уламжлал бол­гон хэвшүүлэхэд хамтын чармайлт гарган сэтгэл зүрх­ний гүнээс зүтгэн дэм­­жиж, туслаж байсан ЮНЕСКО-гийн үндэсний комиссын үе, үеийн ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Д.Цахилгаан, О.Очирзав, А.Баттөр, Чимэд­рэгзэн, Н.Уртнасан, Дулаанжаргал нарыгаа нэр­лэхэд нэн таатай байна. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан ч чөлөөт хэв­­лэлд элэгтэй эрхэм болох нь илт мэдрэгдэж байгаа. Мөн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр дэлгэр үйлс өрнүүлж гаршсан, энэ чиглэлийн буухиаг ихэд сайн үргэлжлүүлэн авч яваа Монголын сонины холбооны ерөнхийлөгч Р.Хадбаатар, гүйцэтгэх захирал Л.Нинжжамц нарын ажил хэ­рэгч, шаргуу тууштай ча­нарт талархах ёстой. Тэрчлэн хэвлэлийн эрх чөлөөний тулгар асуудлаар радио өргөн нэвтрүүлэг, хэ­лэл­цүүлэг зохиох, хэв­­лэ­лээр сурталчлах зэ­рэгт Д.Байгальмаа, Д.Наран­туяа, Н.Дуламсүрэн, М.Буян­дэлгэр зэрэг олон сэтгүүлч идэвх гар­ган оролцож байсан. Тэдэн дээр Х.Наран­жаргал, Ц.Энхбат, Ө.Рагчаа­сүрэн нарыг заавал ч үгүй нэмж нэрлэх ёстой. Энэ дашрамд хэлэхэд хатагтай Хашхүүгийн Наран­жаргалын ажил хэ­рэгч шаргуу чанарыг хүндэт­гэхгүй байх аргагүй. Ард­чилал, шинэчлэлийн ид эгзэгтэй эхний он жилүүдэд чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж хөгжүүлэхийн төлөө бид бүгдийн тавьсан чармайлт талаар болоогүйг улс орны дотоодод төдийгүй гадна талд ч хүлээн зөвшөөрч, хүндэт­гэлтэй ханддаг байс­ныг гэрчлэх олон баримт байгаагаас онцолж нэгийг дурдъя. НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын бай­гууллага ЮНЕСКО-гоос 1999 оны тавдугаар сард ирсэн нэгэн илгээлт бичигт: “Mr.Ts.Dashdondov, President, MEDIA. Dear Mr.Dashdondov, We are very pleased to see that the MEDIA and its members are ardent supporters and advocates of freedom of expression and freedom of the press as well as standing for Liberalization of the mass media and ending of monopolies in this area. These are very important elements of any democratic society and we rejoice to see that they are being promoted in Mongolia. Alain Modoux, Director Unit for freedom of expression and Democracy, UNESCO, Paris, 28 April 1999” гэжээ. Үүнээс ямар нэг дүгнэлт гарах ёстой бус уу. Одоо л дөнгөж тэмдэглэж үзэж байгаа биш болохоор өмнө яадаг байсныг санаж байна. Аль болж бүтэхгүй байгаа зүйлд анхаарлыг нь хандуулах зорилгоор төрийн өндөрлөгийнхөнд хандаж өргөх бичиг ч өгч байлаа. Чөлөөт хэвлэлийг боо­­милох, сэтгүүлчдийг дарамт­лах, редакцийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, бие даасан хараат бус байдлыг нь алдагдуулахыг эсэр­гүүцэх, чөлөөт хэв­лэлийн талаарх ойлголт, үзэл баримтлалыг олонд түгээх зорилгоор телевиз, радио, сониноор зөндөө зүйл бичиж, дэлхийн өнцөг булан бүрийн хүнд бэрх нөхцөлд ажиллаж, тэм­­цэж, заримдаа шорон оронд хүртэл орж тарчлан зовж буй үзэг, үйлс, зорилго нэгт нөхдөө дэмжсэн дуу хоолойгоо чангаруулж, эв санааны нэгдлээ илэрхийлж байлаа. Ингэхийн сацуу эсэргүүцэж шүүмжлэх аяс­тай, эвгүй үгс дээшээгээ чулуудахад Н.Энхбаяр Улсын их хурлын дарга, Ерөнхий сайд, Ерөн­хийлөгч байсан аль ч үедээ хаа очиж эмзэглэж бай­гаа­гүйгээр барахгүй нааштай сайхнаар хандаж сэт­гүүл­чидтэй ам хэлээ амархан олдог байсан. Н.Энхбаяр натур төрхөө­рөө найрсаг дөл­гөөнөөс гадна эх болсон түүхэнд ээлтэй, эрдэм соёлд элэгтэй хүн шүү дээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухайд бол яах аргагүй ясны сэтгүүлч. Тийм болохоор Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж буйн ач холбогдол түүнд ойлгогдож цөхөх юун.

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 20 жил тэмдэглэж, энэ талаар ярьсны хувьд Монголын сэтгүүл зүйд бодит өөрч­лөлт, ахиц дэвшилт гарсан баймаар. Гэтэл Монголын сэтгүүл зүй урагшлах бус ухраад байх шиг санагдах юм?
-Бараг л тийм дээ. “Freedom House” байгууллагын судалгаа, дүгнэлтээр Монгол Улс 2000 онд хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй оронд тооцогдож байсан бол одоо хойш ухраад хагас эрх чө­лөөтэй гэгдэх боллоо. “Reporters sans fronteriers” буюу “Хил хязгааргүй сэтгүүлч, сурвалжлагч” гэсэн байгууллагаас тогтоосон зэ­рэг­лэлээр Монгол Улс хэв­­лэлийн эрх чөлөөний түв­шнээрээ 2005 онд 50-д эрэмбэлэгдэж байсан бол 2013 оны байдлаар 98 болж байр суурь нь даруй 48-аар хойш ухарсныг төсөр­хөн мэдээлэв. Манай гаригийн сэт­гүүлчдийн маш том хамтын нийгэмлэг болох Брюссельд төвтэй Олон улсын сэт­гүүлчдийн байгууллагад Монгол удирдах бүрэл­дэхүүн-гүйцэтгэх хороонд нь төлөөлөлтэй байснаа ха­сагдчихсан. Тэр ч бүү хэл, сүүлчийн их хурлыг та­сал­чихлаа гэсэн. Тэгэхээр өнөө­гийн Монголын сэт­гүүлчдийн эвлэл Олон улсын сэтгүүлчдийн холбооны үйл ажиллагаанд жинхэнэ ги­шүүний үүргээ төдий л сайн гүйцэтгэж чадахгүй байгаа бололтой. Ядаж л саяхан Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүйн сал­бар үүсч хөгжсөний 100 жилийн ойгоор тэндээс хүн урьж оролцуулах бит­гий хэл, баяр хүргэсэн ганц өгүүлбэр ч хэлүүлж чад­­сангүй шүү дээ. Ийм урагшгүй байж болох уу.

-Та нэлээд бухимдуу бай­гаа юм аа даа?
-Сэтгүүлчдийн мэргэж­лийн байгууллага гэхэд хийх ёстой юмаа хийж чадах­гүй байж, хийхгүй ч байсан болох аар саар зүй­лээр хөөцөлдөж, нэр хүнд, нийгэмд эзлэх нөлөө нь буурч, байр сууриа бусдад алд­чихсан, нэгдсэн эвлэл гэсэн umbrella /шүхэр/ бай­­­гууллага байж чадахаа аль хэдийнэ больчихож. Энэ бүхний бурууг ганцхан Б.Галааридад тохож бо­лох­­гүй л дээ. Хаа очиж Б.Галаарид бол хэрээрээ хи­чээж, тараараа зүтгэж л байх шиг байна. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн удирдах бүрэл­дэхүүнд нь цэвэр бус бохир, шинэ бус хуучин сэтгэлгээтэй ганц, хоёр хүн хувалз мэт шигдэж, элдэвчлээд дэг эвдэж буй тухай үг яриа газар авч байх шиг байна. Оргүй ч үг биш болов уу. Хуучин гэрийн буйран дээр шинэ гэр барьдаггүй, хуучин дээлийн хуулгаар шинэ дээл гадарладаггүй шүү дээ. Тэгэхээр үеэ өнгө­рөө­сөн үхшмэл арга барил­тай үхэн хатан зууралдах хэрэг­гүй л юм даа. Өөр бусдаас өөрчлөлт шинэчлэлт, шударга ёс шаарддаг сэт­гүүлчид өөрсдөө ийм арчаагүй, “өтлийн бүүвэйд” автаад сууж таа­рамгүй. Сэтгүүлчийн хөдөл­мөрийн далд мөлжлөг гаарч, эрх ашиг нь илт зөр­чигдөж буйг анзаарч харж хамгаалдаг хүчирхэг бай­гууллага хэзээ бий болох бол оо гэсэн их хүлээлт энд тэндгүй үүсчихээд байна шүү дээ. Дахин хэлэхэд хэвлэл мэдээллийн хүрээний нөх­­цөл байдал хүнд бай­на. Хэвлэл мэдээллийн тухай хууль гарахгүй гацаж, телевиз хаагдаж, сай­тууд боогдож, МУСГЗ, сэтгүүлч До.Чулуун­баатар яасан нь мэдэгдэхгүй шахам шалт­гаанаар шоронд сууж байна. Хэвлэл мэдээллийн ме­нежмент хөгжихгүй бай­гаа­гаас боолын сэтгэлгээтэй, зарцын байдалтай сэтгүүлчид захаас аван эрх мэдлийг дэндүү дэвэргэж байна. Ин­гэж боолын сэтгэлгээгээр амь­дарч болохгүй тухай Монголд төдийгүй дэлхийн байгууллагад данстай сэт­гүүлч, орчуулагч хатагтай Д.Сүхжаргалмаагийн теле­визээр ярьсантай би санал нэг байгаа. Сэтгүүлчдэд мэргэжлийн эв санааны нэгдэл /Professional solidarity/ гэж бараг байхгүй. Нэг нь үг хэлэхэд нөгөө нь тас зөрнө. Ямар нөхцөл байдалд дэлхийн хэвлэлийн эрх чө­лөөний өдрийг тэмдэглэж байгааг асуусны тань хариуд хэлэхэд нэг иймэрхүү. Болж байна уу, үгүй юу. Дутуу санагдвал дахиад нэг, хоёр зүйл нэмж хэлье.

-Сонсоё?
-Асуудлаар дүүрэн ний­гэм, асуудлаар дүүрэн сэт­гүүл зүй. Нийгэм бүхэлдээ бухимдал. Хүн амынх нь гуравны хоёр нь ядуу. Ажил­гүйдлийн түвшингээр дэлхийн дунджаас хоёр дахин их ийм улс орны иргэд яаж бухимдахгүй байх вэ дээ. Аливаа улсын төр засаг сайн, муу ажиллаж буйн гол индикатор нь ажилгүй­дэл, ядуурал аль хэр буур­санд оршино. Гэтэл энэ үзүү­лэлтийг харуулах баро­метрийн зүү нойлыг заа­чихаад байна. Бодит бай­дал ийм байхад болж бүтэж буй мэтээр яаж ярьж чадаж байна аа. Ерөнхий сайдаасаа эх­лээд далан худалчийн дүр эсгээд хээв нэг худал залаад байхаар хүмүүс бухимдахгүй яах билээ. Нийгэм бүхэлдээ бухим­даж, эгээ л амиа хор­лочих­гүй шиг өдөр, хоногийг өнгө­рөөж байгаа бус уу. Нэг мэдэхэд байдал бишдэж, Мон­голын ард түмний ил­жигэн тэвчээр барагдах цаг ирэхийг хэн байг гэх вэ. Эрх баригчид дотоодоосоо олигтой дэмжлэг хүлээхгүй болохтой зэрэг гаднаас хэн нэгнийг авч ирж өөрсдийгөө магтуулдаг мода дэлгэрэх нь. Нэртэйгээр нь гаднаас ерөнхий сайдтай болчихгүй дээ. Улаанбаатар, Монгол, Чингис... гэхээс цаашгүй монхор хамар, цэнхэр нүд­тэй нэг нөхөр өчигдөрхөн онгоцноос бууж, манай газар нутагт хөл тавингуутаа өнөө­дөр дүгнэлт хийж маг­таад унадгаа болимоор юм.

-Ингэхэд та хэвлэлийн эрх чөлөө гэдгийг хэрхэн ойлгож, ухаарч явдаг вэ. Энэ салбарыг сайн мэддэг хүний хувьд бусдын тө­сөөлдгөөс огт өөрөөр ойл­годог бололтой?
-Та ярилцах сэдвийнхээ яг гол амин судсыг нь олж хатгаж, онож асуулаа. Ер нь ухаантай хариулт сон­соё гэвэл ухаантай асуух хэрэгтэй. Тэгэхдээ би энд “миний бодоход” гэхчилэн мэдэм­хийрмээргүй байна. Баттай эх сурвалжуудаас танд та­нилцуулъя. Бидний ярьдаг мөнөөх Виндхукийн алдарт тунхагт хэвлэлийн эрх чө­лөөг хэрхэн томъёолсныг авч үзье. Үүнд өгүүлэхдээ “Press freedom shoul be understood as necessitating pluralism and independence for the mass media at large” гэжээ. Утгачилбаас “Хэвлэлийн эрх чөлөө гэдгийг нийтийн мэдээллийн хэрэгсэлд зайлш­­гүй чухалчлагдах олон ишт үзэл бодол, хараат бус бие даасан байдал” хэмээн бүхэлд нь авч үзэж ойлговоос зохилтой гэсэн санаа л даа. Улмаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолд “Freedom of information is a fundamental human right” гэсэн заалт бий. Тэгвэл Чөлөөт хэвлэлийн Харти “A free press means a free people” буюу “Чөлөөт хэвлэл гэдэг нь чөлөөт хүн зон гэсэн үг” гэж эхэлдэг. Даян дэлхийн сэт­гүүлч­дийн ажил мэргэжлийн асар том байгууллага болох Олон улсын сэтгүүлчдийн холбооны гол баримт бичигт “There can be no press freedom if journalists exist in conditions of corruption, poverty or fear” буюу “Хэрэв зээ сэтгүүлчид авлига, ядуу зүдүү байдал, айдас хүйдсийн нөхцөлд байвал тэнд хэвлэлийн эрх чөлөө байхгүй” гэсэн байгаа. Чөлөөт хэвлэлийн Харти болон Герман мэтийн орны үндсэн хуульд “Censorship, direct or indirect, is unacceptable” буюу “Цензур /хянан цагдах/ нь шууд хийгээд дам ямарваа байдлаар байж таарахгүй” гэж өгүүлдэг. Уншигчид энэ бүхнээс чөлөөт хэвлэл, хэв­лэлийн эрх чөлөөний талаар тоймтой, тодорхой ойлголт төсөөлөл олж авсан байх.

-Эрх чөлөө гэдэг асар их үнээр олддог. Тэгвэл бид ямар замаар хэвлэлийн эрх чөлөөг олж авч, түүнийг хэрхэн хамгаалах вэ?
-Хэвлэлийн эрх чөлөөг хэзээ, хэн өгөхийг хүлээж, хишиг горьдох мэт бусдыг царайчилж гуйж гувшаад байвал хэзээ ч бүтэхгүй. Тэр эрх чөлөөг тэмцэж байж л олж авна. Тэмцэнэ гэдэг түүний эсрэг үйлдэл үйлчилж байдгаас үүдэлтэй. Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцлийг хутгатай зүйрлэж болно. Уг хутгыг байнга хурцалж байхгүй бол ир нь дорхноо мохож, юу ч даахаа болино. Чөлөөт хэвлэл ч өөрцгүй. Энэ бол аймхай хүний хийдэг ажил биш. Зүрх зориг муутай бол тийшээ зүглэх ч хэрэггүй. Чөлөөт хэвлэл гэдэг хүнд бэрх агаад хүний чанар шалгах зам тул энэ замд ганцаархнаа бус олуулаа гар гараасаа барилцан хамтдаа явах учиртай. Үүнд сэт­гүүлчдийн ажил, мэр­гэж­лийн эв санааны нэгдэл тун чухал. Нэгнийхээ хэлснийг нөгөө нь эсэргүүцэж, шуу­дайд хийсэн үхрийн эвэр шиг байвал шууд л намнуулчихна. Нэг нэгээрээ намнуулах­гүйн тулд халдлага дай­ралтаас хам­гаалах тэн­хээтэй бай­гууллага хэрэгтэй. Итгэж най­даж, эвлэлдэн нэгдсэн бай­гууллага нь ишгүй сүх, иргүй тонгорог, эрчгүй дээс, сум­гүй буу, шүдгүй буйл шиг арчаагүй байвал амбан явах­гүй. “Мунхагийн санах нь хойноо” гэгчээр хүндэт ерөн­хийлөгч хэмээх нэр зүүсэн миний бие сэтгүүлчдийн сүүлчийн их хурлыг нээсэн хэрнээ хаалгүйгээр бусдад даатгаж найдаад орхиод яв­сан нь одоо бодоход буруу байжээ. Хорхойд хоргүй дүр­тэй атлаа хормой дороо агуйтай хүн бидний дунд байх юм гэж яаж мэдэх вэ дээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр үүнийг өгүүлэхийн учир гэвэл сэт­гүүлчдийн эв санааны нэгдэл сайн биш байгаад санаа зовох болсонтой минь холбоотой.

-Өнөөгийн сэтгүүл зүй дэх сайн хийгээд саар зүйлсийн талаар ч бас бага­гүй зүйл эргэцүүлж, санаа сэтгэлээ чилээж суудаг биз?
-Сүүлийн үед иргэний болон онлайн сэтгүүл зүй гэж их ярих боллоо. Мон­голд өчигдөр мэдээллийн 600 шахам сайт байсан гэж бодвол өнөөдөр тоо өс­чихсөн байх жишээтэй. Цахим сэтгүүл зүйн цараа тэлж, тоо нь түргэн өсч, ид эрчээ авч байгаа нь жирийн сэтгүүл зүйд үүссэн жинхэнэ феномен, содон үзэгдэл, сонин сюрприз. Сэтгүүл зүй дэх хамгийн хүчтэй цоо шинэ хандлагад хаалт хийж, тээг учруулах гэсэн оролдлогыг тэнэг үйлдэл, харанхуй засгийн харалган бодлого гэхээс өөр юу гэх вэ. Өөрөөр нэрлэх олигтой үг олдохгүй нь. Нөгөөтэйгүүр сэтгүүлчид төрөл, төрлөөр салбарлаж мэр­гэшихгүй бол нэг хүн өнөөдөр улстөр, маргааш урлаг, нөгөөдөр нийгэм, д­а­раа нь анагаахын тухай бичих гэвэл амжилт олохгүй. Одоо чинь Арис­тотелийн үетэй адилгүй шүү дээ. Нөх­цөл байдал огт ондоо. Орчин цагийн сэтгүүл зүй хөгжсөн оронд ямар байдаг вэ. Зөвхөн биеийн тамир, спортоор гэхэд л Chief Football commentator, Motor Racing Correspondent, Chief Sports Reporter, Tennis Correspondent, Criket Correspondent... гэхчилэн төрөлжжээ. Тэр ч бүү хэл Цагаан ордон, хөрөнгийн бирж, эрүүгийн гэмт хэргийн чиглэлээр бич­дэг сурвалжлагч гэх нь ч энүүхэнд. Үүнээс ч на­рийссан гээд бод доо. Хүний мэдлэг хэм­жээлш­гүй, танин мэдэхүйд хяз­­гааргүй, аливаа юм харьцангуй байдаг тул сэтгүүлч хүн өөртөө өндөр шаардлага тавьж цаг үргэлж суралцаж, чамбайрч боловсорч хөгжиж байхгүй бол дорхноо хоц­рогдохоор байна. Цаашилбал social media гэсэн ойлголтод дуртай ч, дургүй ч дасан зохицолгүй болохгүй нь.

-Та сэтгүүл зүйн сал­барын хар бараан талыг илүүтэй хөндлөө. Гэхдээ Монголын сэтгүүл зүйд өнгөтэй өөдтэй зүйл ч бас багагүй гарч ирж байгааг үгүйсгэхгүй биз дээ?

-Яалаа гэж. Дэлхийд цуутай “Bloomberg” Мон­голд салбараа нээж, сув­гаараа дамжуулан санхүү, бизнес, хөрөнгийн зах зээл, мөнгөний ханшийн тухай хамгийн сүүлийн үеийн сонин содон, шинэ сэр­гэг мэдээ, мэдээллийг цаг тухайд нь мэргэжлийн маш өндөр түвшинд манайханд өгч байна. Алдар хүнд, арвин турш­лага, асар өргөн мэд­лэг, мэдээлэлтэй гадны аль шилдэг эдийн засагч, сан­хүүгийн мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийг эфир­тээ урьж яриулдаг нь Блум­бергийн онцлог гэлтэй. Бусдаас ялгарах давуу тал ч гэж болно. Тухайлбал, энэ оны хоёр­дугаар сарын 23-нд Жорж Соростой хийсэн ярилцлага янзын гоё болсон. Мөн дөрөвдүгээр сарын 17-нд Улс хоорондын хамтын ажил­лагааны нийгэмлэгийн зөвлөх Альберт Канунтай эрчим хүчний зохистой хэрэглээний талаар сон­сууштай сонирхолтой яриа өрнүүлсэн. Блумбергтэй монголчуу­дыг холбоход англи хэ­лэнд гаргуун Э.Долгион нарын хүмүүс чухал үүрэг гүйцэтгэж байна. Блум­бергийн нэвтрүүлгийг үе, үе үзэхийн сацуу бас “Bloomberg Businessweek”-ийг хааяадаа олж авч уншиж байгаадаа би хувьдаа баяртай байгаа. Блумберг болбоос Монголын сэтгүүл зүйд нэвтэрсэн нэн шинэ үзэгдэл, нэг ёсны феномен. Мөн “UBS” телевизээр Н.Ганхуягийн хөтлөн явуул­даг “Wonderful world” буюу “Гайхамшигт ер­­төнц” нэвтрүүлэг олон хү­ний нүдийг нээсэн байх. С.Батбаатар, Б.Золбаяр, Б.Галаарид, Д.Оюунтуяа, Э.Энэрэл, Л.Мөнхбаясгалан нарын сэтгүүлчдийн шинэ, шилдэг корпус нэгэнт үүссэн. Энэ бол бидний жинхэнэ бахархал. Дунд үеийнхнээс Баабар /Б.Батбаяр/ их уншсаны ид шидийг мөн ч их үзүүлж байна даа. Мөн сэтгүүлч хатагтай Ц.Сарантуяа АНУ-д “Монгол телевиз” ажиллуулж байна. Энэ мэт­чилэн яриад байвал сайн зүйл зөндөө. Гагцхүү энэ бүхнийг анхааралтай ажиглаж үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч чаддаг сэтгүүл зүйн мэргэж­лийн шинэлэг байгууллага, хүн байна уу, үгүй юу. Сэвсээ хивдэг адгуус шиг хуучнаа санагалзаж, алдрын тогоо долоохоос хэтрэхгүй, Монголын сэтгүүл зүй өнөө­дөр хаана байна, хаашаа явж байна, юу нь болж, юу нь болохгүй байгааг хэмждэг байгууллага, шударга хэлдэг хүн бараг алга. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүйн шүүмж хөгжихгүй байна.

-Шүүмж гэснээс таны үргэлж ярьж, шүүмжлэлтэй ханддаг бас нэгэн зүйл бол менежментийн асуудал. Мон­голын сэтгүүл зүйд өнөө­дөр зөв менежмент ду­тагдаж байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Чөлөөт хэвлэл, хэв­лэ­лийн эрх чөлөө гэдэг чинь уг нь хэлэхийн төдийд байх бус зүй нь хийх ёстой ажил, хэрэгжих учиртай үйлс юм шүү дээ. Бид алийн болгон хий хоосон номлож, хэнхдэг дэлдэн цэцэрхэх вэ. Тийм болохоор амьдралд ойр ярья. Арай илүү хэрсүүжье. Үнэнийг хэлэхэд “Мөнгө дагаж сэтгэл ханьсана” гэдэг бичигдээгүй хууль бич­­сэнээсээ хамаагүй хүч­тэй үйлчилдэг боллоо. Ху­далдагдсан сэтгүүлч, за­хиал­гат сэтгүүл зүй, тэр бүү хэл “янхан” телевиз хүр­тэл байгаа нь ч үүнтэй хол­боотой. Бохироос цэвэрт шилжих ганц найдвартай гарц бол хэвлэл мэдээллийн зөв ме­нежменттэй байх яв­дал. Үүнгүйгээр хэвлэл мэдээлэл хараат бусаар бие даан хөгжинө гэдэг дэмий үг, де­ма­гоги. Хэтэвчний хэв­лэл, халаасны сэтгүүл зүй ноёлсон нөхцөлд хараат бусын тухай ярих нь үл биелэх үлгэр. Мөнгө санхүүгийн хувьд биеэ даахтай болж чадаагүй нөхцөлд үйл аижллагаа нь бие даана гэж байхгүй гэдэг нь амьдралаас үүдэлтэй аксиом. Тиймээс ч “Talloires”-ын тунхагт “Without financial independence the press cannot independent” буюу “Хэвлэл нь санхүүгийн хувьд биеэ даахгүйгээр үйл ажиллагааны хувьд бие дааж, хараат бус байж чадах­гүй” гэж заажээ. Чөлөөт, хараат бус, бие даасан хэвлэл мэдээлэл, жинхэнэ утгаар, зөв гол­диролоор хөгжих гол нөх­цөл, бодит бололцоо нь юу вэ гэвэл боловсронгуй сайн менежменттэй байхад оршино. Гэтэл манайд энэ талын менежмент их сул хөгжиж байна. Үүнээс болоод хэвлэл мэдээлэл санхүүгийн бэрх­шээлтэй байн байн тулгарч, сэтгүүлчид сав л хийвэл ажилгүй болж, амьдрахын тулд бусдын нөлөөнд автах магадлал манайд маш өндөр байх тул гадныхнаас суралцах шаардлага гар­цаагүй.

-Чухам хаанахын хэнээс суралцаж болох вэ?
-Ка­надын Конрад Бласк, Их Британийн Феликс Деннис, Австралийн Руперт Мердок, “Форбес” сэтгүүлийг үүсгэн санаачлагч Стеве Форбес, Америкийн Тед Тернер, Опра Винфрем... гэх мэт олон хүнийг нэрлэж болно.

 -Та тэднээс хэнийх нь амжилтын замналыг онцлох бол?
-Тед Тернер. Америкийн хэвлэл мэдээллийн магнат Тед Тернер CNN-ийн үүсгэн байгуулагчаар барахгүй В.Гусинскийн “Медиа-Мост”-ын хувьцааг худалдан авс­­наар бизнесийн хүрээгээ ойроор зогсохгүй холын Орост хүртэл тэлсэн. CNN-ээс гадна “Ти-Би-Эс” буюу Тернер Бродкастинг систем ажиллуулсан. Телевизийн зар сурталчилгааных нь орлого ч огцом хурдтай өсч байлаа. Далбаат завь, бейсболын спорт, бизоны аж ахуй, газрын бизнес ... гээд цөөн гэхээргүй чиглэлд хөл тавьж, хүчээ сорьсныг нь үзэхэд Тедийн үйл ажиллагааны спектр үнэхээр өргөн. Зугаа цэнгээний хий­гээд супермаркетуудын үйлч­­­­лүүлэгчдэд зориулсан нэвтрүүлгийн суваг нээхээс өгсүүлээд “Спорт саус” сүлжээ үүсгэх гэх мэтчлэн эцэс төгсгөлгүй санаачилгын эзэн нь Тед Тернер болой. Тэрбээр телевизийн суваг нээж, станц санаачилж, тэгснээ ондоо бизнес рүү орж, болмооргүй шиг санагдвал өөрийг сонгох зэргээр маневр сайтай, мятрашгүй эрчтэй ажилласан. Гэрээ хэлцэл хийх эсвэл цуцлах, хувьцаа авах эсвэл худалдах, хөрөнгө цацах эсвэл татах гээд хэнд ч гүйцэгдэхээргүй гүйлгээтэй сэтгэнэ. Бизнесийн нэг төрлөөс нөгөөд шилжихдээ гаргуун. Тэрбумтан Жорж Сорос, Владимир Гусинский мэтийн гарамгай бизнесменүүдтэй гар нийлж, ганзага хоршиж явсан ч удаатай. Давших тактиктай, ухрах ухаантай, эх­лэхээс цааргалдаггүй, эрсдэлээс айдаггүй нь Тед Тернерийн төрөлх араншин. Тэрбээр “Удирд, дага, үгүй бол зам тавьж өг” гэсэн ганцхан кредотой. Ердийн зураглаачаас ер бусын магнат болтлоо мандсан эрхэм Тедийн замнал нэг иймэрхүү. Түү­ний энэ түүх манай хэв­лэлийн бизнес эрхлэгчдэд хэрэг болж юуны магад. Ер нь менежментгүй байж телевизтэй болох гэх, мэдэхгүй байж сонин, сэт­гүүл гаргах гэх нь зүйрлэвээс бороотой өдөр гадаа давс зарах, салхитай өдөр гу­дамжинд гурил савлах лугаа аз туршсан алмай үйлдэл. Өөрөөр хэлбэл, хар таамгаар хэвлэлийн бизнес эрхлэнэ гэдэг харанхуй нүх рүү буу шагайхтай адил.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Монголын сэт­гүүл зүйд Тед Тернер шиг магнатууд олон төрөх бол­тугай.
Ц.БАТТУЯА
ӨГЛӨӨНИЙ СОНИН

С.Батболд: Өмнөхөө үгүйсгэж суух зав Засгийн газарт байдаггүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.БАТБОЛДТОЙ ярилцлаа.

-Танай намын бүлгээс Засгийн газрыг огцруулах санал гар­гасан ч санасандаа хүрсэнгүй. Таны хувьд огцруулах үндэс­лэл, хүрэх үр дүнг хэрхэн урьдчилан харж байсан бэ?
-Нам бол улстөрийн зохион бай­гуулалт. Улстөр ч хамтын шийдвэртэй багийн тоглолт. Тэр утгаараа манай намын бүлгээс Үндсэн хууль болон бусад хэд хэдэн хууль зөрчсөн үндэслэлээр  Ерөнхий сайдад хариуцлага тооцох саналаа УИХ-д гаргаж хэлэлцүүлсэн. Ард­чилсан нийгэмд хууль зөрчсөн л бол Засгийн газар цөөхөн сар ажилласан, Ерөнхий сайд, ямар нэгэн гавьяат үйлстэн байхаас үл хамааран хариуцлага хүлээх ёстой.Манай бүлэг энэ зарчмаар асуудалд хандсан.Харин эцсийн шийдвэрийг яаж гаргах, Ерөнхий сайдад хариуц­лага тооцох, үгүй нь УИХ-ын эрх мэдлийн асуудал.Улстөрийн намууд, ер нь хэнтэй ч хуваалцахгүй энэ эрх мэдлийнхээ хүрээнд УИХ шийдвэрээ гаргасан. Үүгээр асуудал дуусч ард хоцорсон. Харин үр дүнгийн тухайд би арай өөр бодолтой байгаа.

-Ямар…?

-Хуулийн хэрэгжилтийг Засгийн газар хангаж, УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцдаг. Хэрвээ Засгийн газар нь, Ерөнхий сайд нь хуулиа зөрчөөд байвал энэ улсад хэн хууль мөрдөх юм.Хууль биелүүл гэж хэнд шаард­лага тавих юм, нэгдүгээрт.Хоёду­гаарт, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдэд сөрөг хүчний, иргэний нийгмийнхэн, эдийн засагчид бизнесийнхэн, мэргэжилт­нүүдээс хяналт тавих боломж, бололцоо бараг алга.Ил тод байдлыг, оролцоог хангаж чадахгүй байгаа нь хяналт сул байх, авлига хээл хахууль газар авах гол нөхцөлийг бүрдүүлдэг. Гуравдугаарт, эдийн засгийн өсөлт буурч бүтээн байгуулалт эхэлж, эрчимжиж чадахгүй байгаад Засгийн газар бодитой дүгнэлт хийх ёстой.Энэ гурван зүйл дээр УИХ-ын гишүүдийн зүгээс Засгийн газарт сайтар са­нуулж, цаашид гарч болох том алдааг бага дээр нь засч залруулах анхаа­руулга өглөө. Засгийн газар ч том сануулга авсан байх.Энэ бол үр дүн.

-Та бодитой дүгнэлт хийхгүй байна гэлээ, жишээ нь ямар асуудал дээр вэ?

- МАН, АН-ыхан Засгийн газарт хамтарсны хүчинд олон зүйл хийсэн. Улс орны хэмжээний, олон жилээр гацсан томоохон төслүүдийг хам­тарсны хүчинд хөдөлгөж чадсан. Хамтарсны хүчинд амаргүй нөхцөлд, цаг хугацаа шаардсан олон ажлын ард гарч эдийн засгаа 18 хувиар өсгөж байсан нь бидний хамтын хүч.Гэтэл үүнийгээ “хөөс байсан” гэх нь бодитой дүгнэлт биш.Урдахь руугаа чихсэн ийм улстөрийн дүгнэлт ажилд нэмэр болохгүй. Нэгэнт ачаа даах гэж байгаа бол эргэж буцах­гүйгээр урагшаа харж ажиллах хэрэгтэй. Ямар ч ажил үгүйсгэлээр урагшаа явдаггүй. Тэр тусмаа засгийн ажил.Тийм цаг зав ч Засгийн газарт байдаггүйг Ерөнхий сайд байсны хувьд би сайн мэднэ.

-Хамтарсны хүчинд олон зүйлийн ард гарсан гэдгээ АН-ынхан ч хэлдэг. Жишээ болгож голдуу Оюутолгойг нэрлэдэг. Үүнээс өөр ямар амжилтад хүрсэн бэ, таны­хаар?
-Эдийн засагт бодитой өсөлт гарсан. 18 хувийн өсөлт гарсан. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариа­лан­гийн салбарт өсөлт гарсан.Жи­жиг дунд үйлдвэрлэлийг эр­чим­тэй хөгжүүлэх суурь, эхлэлийг тавьж чадсан.Ажилгүйдэл, ядуу­рал буурч эхэлсэн.Нэг ёсондоо эдийн засаг тогтворжиж эхэлсэн учраас манай Засгийн газраас энэхүү өсөлтөө хүн рүүгээ чиглүүлэх, айл болгоны босгыг давуулах бодлого барь­сан.Энэ хүрээндээ Хүний хөг­жил сангийн хуулийг батлуулж, эдийн засгийн орлогоос ард тү­мэндээ хуваарилж эхэлсэн.Эх­лээд цалин, тэтгэврийг дунд­жаар 2.5 дахин нэмэгдүүл­сэн.Хүний хөгжил сангаас ард тү­мэндээ 21 мянган төгрөг олгож эхэлсэн.

-21 мянгыг “халамжийн хөтөлбөр байсан” гэж эрх баригчид шүүмжлээд бай­гаа?
-Хэрвээ халамжийн хөтөл­бөрийг эхлүүлсэн автор хайж байгаа бол сонгуулиар бэлэн мөнгө амлахыг санаачлагч нь АН-ынхан өөрсдөө. Хүүхдийн 10 мянгаар эхлүүлж байсан. Энэ нь буруу байснаа одоо ухаарч байгаа юм уу,  байр сууринаа­саа ухарч байгаа юмуу мэдэх­гүй, өнөөдөр огт өөр юм ярьж байна л даа. Хараад байхад АН-ынхан цаг үеийг харж байгаад, ялангуяа сонгуульд орох боло­хоороо зүүний чиглэлийн на­мын байр суурьтай болоод ирдэг.Сонгуульд ороод олон суудалтай юмуу, цөөнх боло­хоороо буцаад барууны чиглэл­тэй нам болчих юм. Өнөөдөр бол сонгуулийн үеэр ид амлаж явсан зүүнээсээ нүүдэл хий­гээд баруун талдаа гарчихсан тууж явах жишээтэй. Улстө­рийн нам ингэж үзэл баримтлал, бодлого нь тогтворгүй, ойр ойрхон бууриа сэлгэж явах нь  буруу л даа.

-Танай намд ийм “өвчин” байхгүй юу. АН-ын нэг саяыг давуулаад 1.5 сая болгон амлаж явсан санагдах юм?
-Манай нам өөрийн гэсэн үзэл бодол, тогтсон үзэл ба­римт­лалтай. Түүндээ тууштай, ямар ч тохиолдолд чинээлэг дундаж давхаргыг бий болгох ёстой гэж үздэг.Төрийн бодлого нь хүнээ дэмжсэн, эдийн зас­гийн бодлого нь зах зээлд суу­рилж төрийн зохицуулалттай явах ёстой гэж үздэг.Бид сон­гуульд олонхи байсан ч, цөөнх болсон ч энэ байр сууринаасаа буцаж байсан удаагүй. Амлас­наа өгдөг, биелүүлдэг.

-21 мянгыг халамжийн хөтөлбөр байсан тухайд... ?

-Чинээлэг дундаж давхар­гыг бий болгохыг зорьдог нь зүүн төвийн намуудын гол зар­чим. Манай намын энэ зарчим, эдийн засгийн өсөлтийг ард иргэддээ жигд хүртээх Засгийн газрын бодлогын хүрээнд бид иргэн бүртээ 21 мянган төгрөг хуваарилсан.21 мянга бол Монгол Улсын бүх иргэнд жигд хүрдэг төрийн бодлого байсан шүү. Энэ бол эхлэл бөгөөд 21 мянгыг цаашид эдийн засагтай­гаа уялдуулаад өсгөх ёстой. Байгалийн баялгаасаа ашиг хуваарилж амжилтад хүрсэн Норвеги улсын сан, Аляскийн зэрэг сангууд ч ингэж багаас эхэлж байсан түүхтэй.Хорин нэгэн мянгаас гадна бид хүн рүүгээ чиглэсэн бодлогын хү­рээнд иргэдээ эрүүл, боловс­ролтой болгох бодлого хэрэг­жүүлсэн. Бага насны хүүхдийн эрүүл мэндийн үнэ төлбөргүй  үзлэгийг орон даяар явуулсан.Боловсролын системд Кемб­рижийн стандартыг нэвтрүүлж эхэлсэн.

-Өнөөдөр бүтэхээ бай­чихлаа гэх  зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл энэ бодло­гын хүрээнд гарсан шийдвэр үү?

-Тийм. Тодорхой судалгаа, мэргэжлийн байгууллагын дүг­нэл­тээр эхлүүлсэн ажил. Мон­гол­банкны өнөөдрийн удирдла­гууд хамтарсан засгийн үед байсан.Тэдний болон мэргэ­жилт­нүүдийн судалгаа тооцоог үндэслэж хүүг зургаан хувиар тогтоосон. Монголбанкны ерөн­хийлөгч Н.Золжаргал тухайн үед Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч байхдаа “Ерөнхий сайд аа, манайхан бүх тооцоо судалгааг хийлээ, хүү зургаан хувь байхад болно оо” гэж та­нил­цуулж байсан.Харин өөрийн чинь асууснаар энэ хөтөлбөр бүтэхээ байсан гэдэгтэй би санал нийлэхгүй. Эдийн засгийн өсөлт буурч зарим нэмэлт ачаалал ирж, төсөвт хүндрэл үүссэн учраас Засгийн газрын зүгээс энэ бодлогыг эргэж харж байна гэж ойлгож байгаа.Энэ байж болох л асуудал, Засгийн газрын эрх.Уг нь сэтгэл байгаад зүтгэх юм бол хүүгийн хэмжээ зургаагаараа явахад болохгүй юм­гүй. Яагаад гэвэл энэ хөтөл­бөрт аль болох бага орлоготой хэс­гийг түлхүү хамруулах ёс­той. Үүний тулд зарим ачааллыг төр өөр дээрээ авахад ч буруу юм байхгүй. Хүүгийн хэмжээ бага байж л бага, дунд орлоготой иргэдээ илүү олноор хамруу­лах боломжтой. Энэ бол бидний шинээр хийх гэж байгаа биш, Сингапур зэрэг улс орнуудын яваад амжилтад хүрсэн сайн жишээ.

-Засгийн газарт хяналт сул байна гэх юм. Өмнө нь танай Засгийн газарт  тийм сайн байсан юм уу?
-Манай Засгийн газрын үед Оюутолгой, Тавантолгой болон бусад бүтээн байгуулалтын ажлын хэсгийг хоёр намаас байгуулж, харилцан хяналт тавьж явдаг байсан. Дээр нь салбар хариуцсан сайд нар нь ордог. Засгийн газрын төвшинд ингэж харилцан хяналттай ажил­лахаас  гадна, аж ахуйн бай­гуул­лагын төвшинд янз бүрийн томилгоо бүтээн байгуу­лалтын ажлыг хийхдээ аль болох нээлт­тэй байж улстөрийн намууд,  иргэний нийгмийнхэн, нийгмийн зүгээс хяналт тавих боломжийг хангаж, оролцоог нэмэгдүү­лэхийг хичээдэг байсан.

Харилцан хяналттай хам­тарч ажилласны хүчинд бид бодлогын болон бүтээн байгуу­лалтын олон ажлын хөрс суу­рийг бэлдэж эхлүүлж чадсан. Заримыг нь ажил нь эхлэхэд бэлэн болгоод сонгуультай золгосон.Гэтэл одоо тийм хяналт, оролцоог хангасан юм алга.Нэг талыг хэт их барьж байгаа нь харагдаж байна.

-Ажил нь эхлэхэд бэлэн болгоод сонгуульд орсон гэж ямар бүтээн байгуу­лал­туудыг хэлж байна вэ?

-ТЭЦ-Y-аас эхлээд хэд хэ­дэн бүтээн байгуулалтын жаг­саалт бий. Ганц жишээ хэлэхэд бид Хөгжлийн банкаар барь­цаалж босгосон бондоороо  тө­лөвлөсөн бүтээн байгуулалтаа бодитой эхлүүлж амжаагүй. Цаг хугацаа гараагүй. Мөнгө нь оройтож хавар дөрөвдүгээр сард, зургадугаар сард болох  сонгуулийн ажил гэхээсээ хийр­хэл нь эхэлчихсэн үед орж ир­сэн л дээ. Гэхдээ бид санхүү­жүүлэх төслүүдийнхээ шийдвэ­рийг гаргаж, техник эдийн зас­гийн үндэслэлийг боловсруулж, санхүүжилтийг шийдэж өгөөд сонгуульд орсон. Уг нь бид эхлээд  Засгийн газрын бонд гар­гая гэж бодсон юм. УИХ зөв­шөөрөөгүй. Арилжааны банкуу­дынхаа эх үүсвэр, дотоод нөөц боломжоо бүрэн ашиглаагүй байж  гадаад зах зээл дээрээс Засгийн газрын бонд босгох шаардлагагүй гэж Аюулгүй байдал, гадаад бодлогын байн­гын хорооноос шийдвэр гарга­сан. Нэгэнт парламент зөвшөө­рөөгүй учраас Хөгжлийн бан­каа­раа бонд босгосон.Засгийн газрын бондыг бодвол банкаар барьцаалж бонд босгох амар­гүй л дээ. Нэг банкинд итгэх, бүхэл бүтэн улсын Засгийн газарт итгэх хоёр харилцан адилгүй. Тэгэхдээ л бид тухайн үедээ боломжийн хүүтэйгээр  570 сая долларын эх  үсвэрийг босгож чадсан. Одоогийн Зас­гийн газар энэ мөнгийг ашиг­лаад, бүтээн байгуулалт руу оруулаад явж байгаа.

-Бондоор хийх бүтээн байгуулалтаас илүүтэй хүү­гийн төлбөр нь шүүмжлэлд их өртөх юм. Хөгжлийн банк­ны хүүгийн төлбөр хэтэрлээ, төсвийн мөнгөнөөс хүү төлж байгаа нь буруу гэсэн шүүмж­лэл сонгуулиар их явсан.Одоо 1.5 тэрбумыг бас хүүгээр нь шүүмжлээд байх юм?
-Хүүгийн тухайд Хөгжлийн банк дээр 20 гаруй тэрбум төгрөгийн хүү гарсан гэж шүүм­жилдэг. Одоо бүр 1.5 тэрбумын бондод  хүү төлнө шүү дээ. Ер нь  хүү хаанаас гарах нь гол биш. 1.5 тэрбумын хүүг Монгол­банк­наас гаргах, арилжааны бан­куудтай хамтарч гаргах,  Хөгж­лийн банкны бондынхыг  төс­вөөс гаргах нь хэлбэрийн хувьд өөр байж болно. Эцсийн дүн­дээ Монгол Улсаас гарч бай­гаа, монголчууд бидний л мөнгө. Хүүгийн мөнгө хаанаас, хэний халааснаас гарав гэдгээр талцаж маргах нь утгагүй, ач холбогдолгүй. Хамгийн гол нь бондын мөнгөөрөө үндсэн зээ­лээ, нэмээд хүүгийн төлбөрөө нөхөх хэмжээний эрэлт үүсгэж  бодитой үр дүн гаргах, эсвэл тийм хэмжээний бодитой бү­тээн байгуулалт бүтээх  төслөө онож санхүүжүүлэх нь хамгийн чухал.

-Ер нь засгийн ажил заа­вал залгамж чанартай байх ёстой юу. Танай Засгийн газраас залгамжлагдсан ямар ажил байна вэ.Таныг Ерөн­хий сайд байх үед Тэргүүн шадар сайд байсан хүн өнөөд­рийн Засгийн газрыг тэргүүлж байна шүү дээ?

-Шинэчлэлийн Засгийн га­зар шинээр бодлого хэрэг­жүүл­нэ гээд л байгаа. Би хувь­даа төрийн залгамж чанар байх ёстой, хамтраад шийдсэн аж­лын­хаа эцсийн үр дүнг бүрэн гаргах хэрэгтэй.Одоо хараад байхад хэлбэрийн чанартай шинэчлэл давамгайлж байх шиг байна. Харин агуулгын чанартай ямар шинэчлэл хийхийг нь нийгэм хараад хүлээгээд л байгаа.Ер нь өмнөх засгийн үед хөндлөнгийн хяналттай, иргэний нийгмийнхэн, мэргэжилт­нүү­дийн оролцоотойгоор бидний хамтаараа шийдсэн асуудал арай л голтой, дүн нуруутай байсан гэдэг би итгэлтэй явдаг. Жишээ нь, манай Засгийн га­зар шинээр тавих төмөр замын 51 хувь нь төрийн мэдэлд байх ёстой. Үлдсэн 49 хувийг нь стра­тегийн хөрөнгө оруулагчдыг татах хэлбэрээр тэдэнд эзэм­шүүлье гэж шийдэж байсан. Энэ засаг ярьж, ярьж эргээд бидний хамтаараа шийдсэн шийдвэр дээр буулаа гэж ойлгож байгаа. Дотроо жижиг сажиг өөрчлөлт ор­сон байхыг үгүйсгэхгүй. Суурь зарчим, агуулга нь хэвээ­рээ үлдлээ.Тавдугаар цахил­гаан станцыг бид Азийн хөгж­лийн банкны төслөөр техник эдийн засгийн үндэслэлийг нь нэлээд бодитой хийлгэсэн. Өөрийн улсын мэргэжилтнүү­дийн санаа оноог авсан. Тенде­рийг нь зарласан.Одоо энэ засаг байршлыг нь өөрчилье гэж байх шиг байна. Тэгж болно. Гол нь  төр засгийн ажлын  залгамж чанараа хадгалаад, тэр дундаа засч сайжруулаад явах ёстой. Бид ч тэгдэг байсан.

-Жишээ нь…?
-Оюутолгойн гэрээг сайж­руулъя гэж хэд хэдэн өөрчлөлт оруулж байсан. Зээлийн хүүг бууруулсан.Манай талын 34 хувийг илүү баталгаатай болгож тодотгосон, ордын лицензийг бусдад зарахааргүй болгож Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Үүнээс гадна хөрөнгө оруулал­таа нөхс­ний дараа Монголын талын хувийг 51-д хүргэхийг заавал 30 жил гэж хүлээх­гүйгээр наана нь авч үзэж болох тухай ярилцаж байсан. Засгийн ажил энэ мэ­тээр чанаржаад сайж­раад  явах ёстой. Гол нь засч сайжруулах гэж байна гээд таг зогсоож гацааж болохгүй. Тэ­гээд хэсэг хугацааны дараа хэлбэрийн төдий өөрчлөлтөөр шинээр эхлүүлэх нь Монголд бүр л хохиролтой.Тавантолгой дээр сайжруулах ёстой л гэж байна.Тийм байж болно, гэтэл тэ­рийгээ нээлттэй, ил тод, хяналттай зөв хийж чадаж байна уу, үгүй юү гэдгийг мэдэх бо­лол­цоо алга.

-Тавантолгой гэснээс энэ ордоос иргэн бүрт хуваа­рилсан хувьцаа, хөрөнгийн зах зээл гээд танай Засгийн газрын ажлууд чимээгүй болчихлоо.  Бодлого буруу байсан уу, эсвэл цаагуураа ажил явж байгаа юм болов уу?
-Тавантолгойн ордоос ир­гэд­дээ 1072 хувьцаа олгох, аж ахуйн нэгжүүддээ давуу эр­хээр хувьцаа эзэмших сонголтыг бид хийсэн. Энэ бол хөрөнгийн зах зээл дээр бүртгэгдсэн, олон улсын гэрээ дүрмээр явах ажил. Ажил явж байгаа эсэх нь  айхтар харагдахгүй байгаа гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ таг зогсчихсон гэж бас бодохгүй байна. Иргэн бүрийн 1072 хувь­цаа бол цаас байх ёсгүй. Одоо энэ ажил цаашаа, иргэд компа­ниудын хувьцаа нь мөнгө болж, үнэ ханш нь өсч буурч зах зээлийнхээ эргэлтэд орж явах ёстой.

-Хувьцаатай холбог­дуулж асуухад компаниудыг олон нийтийн засаглалтай болох ёстой гэж  Ерөн­хий­лөгч хаврын чуулганы нээлт дээр анхааруулж хэлсэн. Та өмнө, намынхаа Бага хурал дээр энэ тухай хөндөж бай­сан.Олигархийн засаглалаас олон нийтийн засаглалд гэж томьёоллоо эвгүй хэлсэн үү, ажил болж эхлээгүй. Үнэхээр боломж байгаагүй юү?
-Засгийн газар  шууд хий­чих, компаниуд шууд хувьцаа гаргаад эхлэх ажил хараахан биш л дээ. Ер нь уул уурхайн, төрийн өмчийн томоохон ком­па­ниуд, Монголын баялгийг түшиглээд дэлхийн зах зээл дээр гарчихсан, тэндээс мөнгө босгочихсон гадаадын болон үндэсний компаниуд наад зах нь 10-аас доошгүй хувиа Мон­голын хөрөнгийн бирж дээр хувьцаа болгож гаргах ёстой.
Тэрийг нь худалдаж авах боломж  Монголын ард түмэн, олон нийтэд ижил тэгш нээлттэй байх ёстой. Ялангуяа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах талаар манай Засгийн газар нэлээд ажил хийсэн.Бод­логыг нь гаргасан. Дэлхийн хө­рөнгийн зах зээл, Хөрөнгийн биржүү­дийн сонгодог, анхдагч нь болох Лон­донгийн хөрөнгийн биржтэй гэрээ байгуулж дэд бүтэцээ шийдэж эхэл­сэн,  технологийг нь оруулж ирэхээр тохиролцсон. Хүмүүсээ сургаж эхэлсэн.Энэ бүхнийг системтэй явуулж байсан.Одоо ажил үргэлжлээд явж байгаа гэж бодож байна. Хөрөнгийн зах зээлийг боловсронгуй болгох, ялангуяа Засгийн газрын, тэтгэврийн болон хөрөнгө оруулалтын сангуудыг хөрөнгийн зах зээлийн үйл ажил­лагаанд идэвхтэй оролцуулах болом­жийг хангасан эрхзүйн орчныг иж бүрнээр нь шийдэх гээд энэ салбарт хийх ажил их бий. Миний хувьд одоогоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл дээр нэлээд ажиллаж байна. Хэрвээ эрхзүйн орчин нь зөв бүрдэж чадвал Монголын үндэсний томоохон компаниуд ч олон нийтийн өмчлөлтэй болох ёстой.Ийм сонирхол, шаардлага олон нийтэд ч, үндэсний компаниудад ч бий байх.

-Ер нь компаниуд олон ний­тийн өмчлөлтэй байхын давуу тал юу вэ?

-Компанийн засаглалыг сайжруу­лах, олон нийтийн засаглалтай компаниудыг бий болгох, үүнд нь хувьцаа худалдаж авах хэлбэрээр иргэд идэвхтэй оролцох, хяналттай, нээлттэй байдаг нь сайн засаглалын гол чанар.  Олон нийтийн өмчлөлтэй болох нь компанийн засаглалыг ил тод тунгалаг байлгадаг.Хоёрдугаарт компанийн менежментийг улстөрөөс хараат бус байлгана.Тэнд улстөрчид ах дүү амраг саднаа томилуулах боломжгүй, улстөр эдийн засгийн бүлэглэлүүд үр ашиггүй шахаа хийх бололцоогүй. Тэнд зөвхөн чадвар, туршлага, мэдлэгт суурилсан менеж­мент  үнэлэгддэг. Өөрөөр хэлбэл, нээлттэй компанийг мэргэжлийн бус юмуу, чадвар муутай хүн удирдаад явах  бололцоогүй. Үүнээс гадна зөв­хөн арилжааны банкны зээлээр биш, хөрөнгийн зах зээл дээрээс эх үүсвэр босгох боломжтой.

-Ерөнхий сайд байсан хүний хувьд нөхөрсөг зөвлөгөө өгөөч гэвэл энэ Засгийн газарт та юу зөвлөх вэ?

-Бид хэдийгээр хоёр өөр нам ч, явж байгаа зүг, эцсийн зорилго маань нэг. Энэ Монгол Улсынхаа хөгжлийн төлөө, хойч үедээ өнөөдрийнхөөс илүү сайхан амьдрал цогцлооё гэж зорьж байгаа. Өнөөдөр дэлхийн эдийн засаг хүндэрлээ гэж байна. Гэтэл биднийг хамтраад засаг барьж байсан 2009 онд дэлхийн эдийн засгийн хямрал оргил үедээ хүрч байсныг АН-ынхан мэдэж л байгаа.  Манай Засгийн газар Хөгжлийн банкны 570 саяас гадна  БНСУ-аас 300 сая доллар, мөн БНХАУ-аас зээл  авахаар тохирсон байсан. Шинэчлэлийн Засгийн газар дээр нь нэмээд 1.5 тэрбум долларын бонд босголоо.Ажил хийх санхүүгийн эх үүсвэр байна. Үүнийгээ бүтээн бай­гуулалтын ажлаа эх­лүүлж, чанартай хийх хэрэгтэй. Бидний үед гарсан эдийн засгийн эерэг өөрчлөлтүүдийг дандаа УИХ, Засгийн газар, улстөрийн на­мууд  дангаараа хийгээ­гүй. Бид  иргэ­ний нийгэм,  төр,  ху­вийн хэвш­лийн түнш­лэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг хи­чээж ажиллаж байсан. Тэд­ний дэмжлэг орол­цоо их байсан.Одоо харин ийм ха­рилцаа суларч, чи­мээгүй болж.Энэ тийм зөв дохио биш. Энэ бүхэндээ зөв дүгнэлт хийж арагшаа бага хараад  урагшаа зүтгэж ажиллаасай. Засгийн зөв ажлыг  хойш чангаагаад байх шаард­лага, сонирхол сөрөг хүчинд огт байхгүй. Бид урагшаа хараад хийж байгаа ажлын зөвд нь ташуур, бурууд нь анхаа­руулга болж явъя л гэж байгаа. Улстөрийн дүг­нэлтээр эдийн зас­гийг өөд татдаггүй. Харин гадаад, дотоод орчин­доо бодитой хийсэн зөв дүгнэлт бол ажилд ус агаар шиг тустай.

-Сая Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын төвшний ху­ралдаан Улаан­баа­тарт боллоо. Энэ ний­гэмлэгийг дарга­лах хугацаанд та Гадаад харилцаа­ны сайд, бас Ерөн­хий сайд байж таар­чээ.Сая Улаан­баа­тарт болсон ху­ралд орол­цов уу?
-2009 онд би Га­даад харилцааны сайд байх­даа  Төрийн на­рийн бичгийн дарга Хиллари Клинтоны урилгаар АНУ-д айл­чилсан юм. Энэ айлч­лалын үеэр Мян­ганы сорилын сангийн зээлийн 188 сая дол­ларыг төмөр замаас авч өөр салбарт шил­жүүлэх талаар хэлэл­цээрт өөрчлөлт оруу­лах зэрэг олон чухал асуудал шийдсэн.
Тэр үед Монгол Улсыг АОХН-ийг тэргүүлэхийг АНУ дэмжиж байна гэдгээ Хиллари Клинтон өөрийн биеэр анх удаа албан ёсоор  мэдэгдсэн. Яг энэ асуудлаар би Хил­лари Клинтонтой хамт Төрийн де­партаментад хэв­лэлийн бага хурал хийж байсан.Дараа нь долдугаар сард нь Лиссабон хотод АОХН-ийн удирдах зөвлөлийн хурал н болж Монгол Улсыг дэмжихээр болсон.Энэ албыг аваад манай улс ардчиллын боловс­ролыг түлхүү анхаарах, иргэний нийг­мийг хөгжүүлж бэхжүүлэх, бүс нутагтаа Монголынхоо ардчиллын туршлагыг хуваалцах гэсэн гурван үндсэн чиглэ­лээр түлхүү ажилласан.Сайд нарын төвшний уулзалт бол хамгийн том хурал нь.
Манай улсын нэр хүндийг өндөрт өргөсөн, Монголын ардчилал эрийн цээнд хүрээд зогсохгүй, бусдад туршлага үлгэр болохыг олон улсад хүлээн зөвшөөрсөн том арга хэмжээ боллоо. Олон улсын хамтын нийгэм­лэгээс манай улсын ардчилал, зах зээлийн хөгжил, Монголын ард түмний хүчин чармайлтыг дэмжиж, бидэнд итгэж байна гэдэг бол ардчилсан тогтолцоо, ардчилсан засаглалтай Монгол Улсын  иргэн бүрийн бахархал.

-Ярилцлагынхаа төгсгөлд асуу­хад, танай нам Бага хурлаа тов­ложээ. Олон нийтийн анхаарч, анзаарч байгаа гол сэдэв нь  Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших бол гэх таамаг байх. Эдгээр таамгийн дунд Ерөнхий сайд, на­мын дарга байсан гэдэг утгаараа таныг Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүмүүсийн тоонд оруулсан байна лээ.Та нам дотроо нэр дэвшихийн төлөө өрсөлдөх үү?
-Улс төрийн ажил амьдралд оролцоно гэдэг заавал өндөр албан тушаалд хүрч байж идэвхтэй оролцоог хангадаг зүйл биш. Итгэл үнэмшил, мэдлэг чадвар нь байгаад сэтгэл гаргаад зүтгэвэл идэвхтэй орол­цох боломж Их хурлын гишүүнд бүрэн дүүрэн хангалттай бий.Тийм учраас би энэ сонгуульд орох гэж, нэрээ дэв­шүүлж нам дотроо өрсөлдөхгүй. Ма­най намд Ерөнхийлөгчид нэр дэвших, энэ албыг нэр хүндтэй хашаад явчих мэдлэг чадвартай олон хүн бий.

-Гэхдээ сонгуульд оролцоно биз дээ?
-Нэр дэвшигчээ дэмжиж мэдээж оролцоно шүү дээ. Яагаад оролцохгүй гэж…

-Үгүй яах вэ, таныг “Чингис зочид” буудлаа “Ажнай” Бат-Эр­дэнэд зарсан, бас улстөрөөс зайгаа авч байгаа зэрэг нь алсдаа  Мон­голоос гарч амьдрах бэлтгэ­лээ хангаж байгаа юм гэх мэдээлэл заримдаа гардаг учраас л асуулаа?
-Наадахь чинь зорилготой хүмүү­сийн санаатай, санаандгүйгээр хардаж тараасан гүтгэлэг байна. Миний хэзээ ч бодож байгаагүй зүйл байна.Би Бат­болд гэдэг бие хүн мөн боловч, миний амьдрал ганцхан минийх биш.Би бусдын адил гэр бүлтэй, аав ээж, ах дүү амраг садантай.Найз нар, намын нөхөд, спортын анд нартай.Тэднийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцла­гатай.Бас тэднээсээ урам, таашаал авч амьдардаг. Тэднийгээ орхиод явах сэтгэл,  эх орноосоо явах бодол сэтгэл, гэм надад байхгүй.  Эх орноосоо хол байх тийм ч сайхан зүйл биш шүү дээ.Одоо ч нас жаахан яваад тэгдэг юмуу, гадагшаа яваад арав хонов уу үгүй юү л эх орноо санадаг болсон байна лээ.Манай ард түмэн, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж ярьдаг.Миний хувьд биеэ, гэрээ зассныхаа дараа улстөрд орж ирсэн. Үүгээрээ би  улстөрд орж ирчихээд тэндээсээ биеэ, гэрээ засах гэж яваа, бас тийм ойл­голттой хүнээс эрс ялгаатай.

-”Чингис” зочид буудлаа зарсан нь бас худлаа юу?    
-Тийм юм байхгүй ээ. “Чингис зочид” буудал нэг талаар өмч, бизнес боловч манай гэр бүлийн, бидний амьдралын нэгэн түүхийг илэрхийл­дэг. Үүгээрээ манай гэр бүлд өмч хө­рөнгөөс ч илүү үнэ цэнтэй. Улс барьж  чадахгүй гээд орхисон буудлын суу­рийг бид аваад босгох гэж манай гэр бүлийнхэн, манай компанийн хамт олон цаг наргүй, өдөр шөнөгүй хөлс хүчээ дуслуулан зүтгэж байж босгосон.Жишээ нь, би яг зургаан сарын турш бараг гэртээ харихгүйгээр буудал дээрээ ажилласан байдаг юм.Ер нь би “Алтай холдинг” компани, “Чингис” зочид буудлаа зарах бодолгүй ээ. Цаашдаа миний үр хүүхдүүдийн биз­нес болж  улам сайжирч явна гэдэгт итгэдэг.

-Улстөрөөс завсарлага авч байгаа гэдэг ч бас худлаа байх нь ээ?
-Надад улстөрөөс ухрах няцах шалтгаан байхгүй ээ. Урагшаа улайран зүтгэх албан тушаалын сонирхол ч байхгүй.Хуулиар УИХ-ын гишүүн ямар эрх үүрэгтэй, тэр хүрээндээ л ажил­лана, зүтгэнэ.Харин улстөрийн сон­гууль болж байхад намаа дэмжиж оролц­доггүй улстөрч гэж байхгүй. Улстөрч болгон л тэгэх байх.Нэг зүйлийг зориуд хэлэхэд засгийн ажил нь урагшаа, сонгууль нь болдгоороо, бүтээн байгуулалтын ажил нь тусдаа яваасай гэж хүсэх байна.

Яагаад гэвэл манай улс олон сайхан давуу талтай ч, байгалиас заяасан бэрхшээл хүндрэлүүдтэй. Үүний нэг нь улирлын онцлог. Бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай.Хавар дөрвөн сараас эхлээд үсрээд аравдугаар сард зогсдог.Ийм ховорхон үед сонгууль таарч, нийгмээрээ талцаж гүйгээд бүтээн байгуулах ажлаа орхигдуулдаг. Сонгуулийн өмнөх жил,  сонгуулийн жил, сон­гуулийн дараа жилийн хавар нь бид ч бас чамгүй улстөржиж цаг хугацаа алдах юм.  Гэтэл цаг хугацаа, бүтээн байгуулалт, дэлхий эдийн засгийн өрсөлдөөн бидний хүлээхгүй шүү дээ.Олон жил бизнес хийсэн хүний хувьд заримдаа би боддог юм.Улстөрийн сонгуулийг бүтээн байгуулалт огт өрнөдөггүй улиралд, өвөл ч юмуу хийж болдоггүй юм болов уу гэж.