Friday, 10 May 2013

С.Оюун: Таван хүн сууж байсан, тэд л намаас гарч байгаа байх

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай ярилцлаа.
-Шинэчлэлийн гэгдэж буй Засгийн газар гарч ирснээр байгаль, орчны салбарт ямар өөрчлөлт мэдрэгдэж байна вэ?
oyun-Манай улс хүрэн эдийн засагтай. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл нь байгаль орчинд ээлгүй, технологи нь ус, агаарт өөрчлөлт оруулж бохирдуулдаг. Үүний дээрээс эрчим хүчнийхээ 90 гаруй хувийг нүүрснээс гаргаж авдаг. Энэ бол хүрэн эдийн засгийн нэг том үзүүлэлт юм. Тиймээс энэ бүхнийг байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засаг руу шилжүүлэх нь чухал байгаа юм. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар нэлээд олон бодлогын баримт бичиг, шинэ дүрэм журам гаргаж байна. Юуны түрүүнд ногоон хөгжил, үзэл баримтлалын стратегийн баримт бичгийг тавдугаар сарын сүүлээр Засгийн газраас өргөн барих гэж байгаа. Үүн дээр ногоон эдийн засаг руу шилжихэд юу хийх ёстой тухай нарийн төлөвлөгөө бий. Гэхдээ заавал энэхүү төлөвлөгөөгөө хүлээгээд суулгүй өмнө нь хийгдэж байгаа зүйл олон бий.

-Тухайлбал?
-Усны хувьд хэд хэдэн шинэчлэл хийгдэж байна. Ингэхдээ үйлдвэрлэлийн усны төлбөрийг нэмэхээр журам боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцүүлсэн. Нарийн судалгаа хийгээд дахин танилцуулах үүрэг авлаа. Энэхүү үүрэг нь үйлдвэрлэл, бизнест тийм ч их сөрөг нөлөөгүй байхад чиглэгдэж байгаа.
Усан дээр хэрэгжүүлэх өөр нэг шинэлэг зүйл гэвэл гол, усны сав газрын захиргаанд хуваагдан, тус тусдаа захиргаатай болно. Хамгийн түрүүнд Туул голын сав газрын захиргаа бий болсон. Манай Улсад Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа гэж бий. Мөн 29 байдаг. Тохиолдлын хувьд тоо нь ингэж таарсан. Гол, усны сав газрын захиргаа нь менежментийг хэрхэн явуулах, нөөц нь ямар байгаа, цаашид хайгуул судалгаа хэрхэн явуулах, бохирдох юм бол хэн яаж хариуцлага хүлээх вэ гэх мэт араас нь хөөцөлддөг эзэн нь болж байна гэсэн үг.
Хоёр жилийн дотор байгуулагдах эдгээр захиргаанаас хамгийн түрүүнд говийн сав газрын гурван захиргаа байгуулагдана. Үүнд бид олон улсын байгууллагуудтай хамтраад гурван жилийн төсөл хэрэгжүүлж, говийн усны менежментийг хэрхэн зөв явуулах вэ гэсэн нарийн төлөвлөгөө гаргаж ирнэ.

-Тэгвэл ой модны асуудал ямар шинэ зүйл бий болж байна вэ?
-Ойжуулах, ногоон байгууламж бий болгоход эдийн засгийн хөшүүрэг заавал бий болгох шаардлагатай юм билээ. Улсын төсөвт жил бүр ойжуулалтын зардал гэж суудаг. Гэвч тэр нь хангалттай ой тарих хэмжээний мөнгө биш. Тиймээс иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг ойжуулалтад оролцдог хөшүүрэг бий болгох хэрэгтэй байгаа юм. Ингэхийн тулд эхний ээлжид Сангийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар төгөл бий болгож, ойжуулалт хийснийхээ дараа улсын ойн санд шилжүүлж өгч болохоор болсон. Ингэхдээ мэдээж улс нь худалдаж авна. Гэхдээ одоохондоо тариф нь тийм ч өндөр биш байгаа. Нэг га нь 350 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа. Энэ зохицуулалт хэдийгээр одооноос үйлчилж эхэлж байгаа ч 2000 оноос хойш тарьсан ой төглүүдийг улсын санд шилжүүлж болохоор зохицуулагдсан.
Ойжуулалтыг нэмэгдүүлэх өөр нэг хөшүүрэг бол хэрэв тухайн хүн ой мод таривал түүнийгээ өмчилж авах шинэ зохицуулалт мөн бий болж байгаа.
Түүнчлэн гаднаас мод оруулж ирэхэд хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх бодлого баримталж байгаа. Бид эх орноосоо аль болох нойтон мод огтлохгүй байх зарчим баримтална. Тухайлбал, Булган аймгийн иргэд болон Зам тээврийн сайд А.Гансүх бид хоёрын хамтарсан тушаалаар төмөр замын дэр модыг ашиглахыг таван жилээр хориглох шийдвэр гаргасан.

-Төмөр замын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа энэ үед өөр юу ашиглах юм бэ?
-Бетонон дэрийг хэрэглэхээр болж байгаа. Манайх өөрсдөө бетонон дэр үйлдвэрлэж эхэлж байгаа. Үнэхээр мод шаардлагатай уян хатан газар нь Төмөр зам нь нэгэнт Монгол, Оросын хамтарсан байгууллага тул Оросоос мод оруулж ирэх боломжийг хай гэдэг зүйлийг хэлж байна.
Үүнээс гадна цахилгааны шонд мод хэрэглэхийг хориглох саналыг Эрчим хүчний яаманд тавьчихсан байгаа. Тус яам тодорхой бэлтгэл хангаж байж шийдвэрлэе гэсэн. Энэ хоёр ажлыг хийж чадвал төмөр зам, эрчим хүчний шонгуудад жил бүр зарцуулдаг хамгийн сайн чанарын, нойтон, 40 мянган шоо метр модыг хэмнэх боломжтой болох юм.

-Манай улс ирэх жил ой модоо тоолох гэж байгаа гэл үү?
-Тийм. Бид ирэх жил анх удаа нэгдсэн хэмжээний тооллого явуулах гэж байгаа. Өмнө нь нэг жил гурваас таван аймгийн ойг тоолчихвол дараа жил нь дахин өөр аймгуудыг тоолох байдлаар 10-15 жилийн давтамжтай ойгоо тоолдог байлаа. Тиймээс 10 жилийн өмнөх тоо нь тооллого дууссаны дараа тийм ч бодитой биш болсон байдаг учир бид НҮБ-ын хөтөлбөрийн хүрээнд нэг удаа ойгоо тоолох зорилго тавьж байгаа. Энэ нь уур амьсгалын гэх мэт эсвэл ойгоо хамгаалах ажилд ач холбогдолтой юм.

-Ан амьтнаа хамгаалах тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
-15 жилийн өмнөөс эхлэн ан амьтнаа агнуулах юм бол улсын төсөвтөө нэмэр болдог байлаа. Өөрөөр хэлбэл, үүнээс бид гурав орчим тэрбум төгрөг олдог байсан. Тэгвэл өнөөдөр заавал мөнгө олохын тулд ан амьтнаа агнуулах нь нэгдүгээр асуудал биш болсон. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн шонхорын экспортыг таван жилээр хорилоо. Цаашид ч гэсэн хорих бодлого баримтална. Нөгөөтэйгүүр тусгай зориулалтын ан гэгдэх аргал, угалз, тэхийг гадаадынхан ирж агнадаг. Үүний квотыг манай яам олгодог байсныг орон нутагт нь шилжүүлж, тоог нь эрс цөөрүүлсэн. Өмнө нь хэдэн зуугаар нь өгдөг байсан бол өнөө жилээс эхлэн 15 аргал, угалз агнах зөвшөөрөл өгсөн байх жишээтэй.
Хоёрдугаарт, орон нутаг нь ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулж, яаманд өмнөх жилийнх нь намар ирүүлдэг болж байгаа. Уг төлөвлөгөөнд тулгуурлан, зөвхөн төлөвлөгөө гаргасан аймгуудад дээрх квотыг бага багаар нь өгнө. Тэрхүү квотоос олсон орлого нь шууд улсын төсөвт орно. Ингэхдээ үүнийхээ нэлээд их хувийг байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулна гэсэн журам шинээр гарсан. Өөрөөр хэлбэл, удаан хугацааны турш ярьж буй орон нутагт эрх мэдлийг өгөх тухай асуудал энэхүү журмаар хэрэгжиж байна гэж ойлгож болно.

-Манай аймгууд газарзүйн байрлал, ан амьтны нөөцөөрөө өөр өөр тул зарим аймгийн төсөвт энэ төрлийн орлого бага орж таарах нь ээ дээ?
-Ийм асуудал тулгамдаж байна. Тухайлбал, зарим аймгууд дээрх байдлаас 100 саяас доош орлого орж ирэх урьдчилсан төлөвлөгөө байхад зарим аймгуудад маш бага орлого орж байх жишээтэй. Тиймээс ахиу мөнгө авч байгаа аймаг нь өөрсдөө санхүүжилтээ зохицуулах, дутуу байгаа аймгуудыг улсын төсөв, байгаль хамгаалах сангаас дэмжих бодлого явагдана.

-Таны яриаг цаг үеийн асуудалд хандуулах гэсэн юм. УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж байна. Танай нам энэ удаагийн сонгуульд хэрхэн оролцох вэ?
-Манай намын Үндэсний хорооны хурал маргааш (өнөөдөр) болно. Намын улс төрийн зөвлөл өмнө нь хоёр ч удаа хуралдаж уг асуудлыг хэлэлцсэн. Улмаар ажлын хэсэг гарч Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох хувилбаруудыг судалсан юм. Бид 2009 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийг дэмжиж, хамтын ажиллагааны гэрээтэй оролцсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх дэвшүүлсэн хөтөлбөрийнхөө төлөө тууштай явсан. Тухайн үед шударга ёс, шүүхийн шинэчлэлд анхаарна гэдэгт бид хамтарч гэрээ байгуулж байлаа. Өнгөрсөн хугацаанд эдгээр төлөвлөсөн ажлаа ямар ч байсан чамлахааргүй хийсэн учир энэ удаа ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дэмжих нь зүйтэй гэсэн саналыг ажлын хэсэг маргааш (өнөөдөр) болох хуралдаанд оруулах юм. Гэхдээ мэдээж Үндэсний хорооны хуралдаанаар өөр зүйл яригдахыг үгүйсгэхгүй. Асуудлыг олонхиороо л шийднэ.
Гэхдээ ажлын хэсэг урьдчилан хэрэв АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжих санал олонхи болбол манай намын мөрийн хөтөлбөрөөс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хэмжээнд таарах хөтөлбөрүүдийг санал болгохоор боловсруулаад байгаа. Ингэхдээ шударга ёс, авлига хээл хахуулийн эсрэг тэмцэх нь чухал санал хэвээр байгаагаас гадна ногоон хөгжлийн бодлоготой холбоотой, нийгмийн хамгааллын асуудлуудыг оруулж байгаа.

-Бусад нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болсон. Тэдний хувьд та ямар бодолтой байна вэ?
-Энэ бол намуудын дотоод асуудал учир зөв, буруу гэж хөндлөнгөөс хэлэх нь зохисгүй байх л даа. Би өөрөө нэр дэвшихгүй гэдгээ эхнээсээ хэлсэн. Намын даргын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжих саналдаа тууштай байна.

-Танай нам дотооддоо нэлээд зөрчилдөөнтэй байх шиг байна. Намынхаа удирдах хүмүүсээ халж, солиод байгаа юм аа даа?
-ИЗНН дотооддоо зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Саяхан манай н.Жаргал, Г.Бат-Ялалт нарын таван хүний хийсэн хэвлэлийн хурлын мэдээллийг уншсан.
2012 оны сонгуулийн өмнө эдгээр хүмүүс манай намд элсч, улмаар нэр дэвшсэн. Сонгуулийн дараа ч хамтраад сайхан ажиллах болов уу гэтэл н.Жаргал маань ерөнхий нарийн бичгийн дарга болоод нам дотроо хагалан бутаргасан, нэг нэгнийгээ ор үндэсгүй зүйлээр хутгасан зэрэг буруу үйл ажиллагаа их явуулсан. Үүнд бид үнэхээр харамсч байгаа. ИЗНН-ыг 2000 оноос байгуулан, тууштай явж ирсэн гишүүд маань анх тавьсан байр сууриндаа нэгдмэл явж байна. Ингэж 10 гаруй жил улс орныхоо төлөө гэсэн итгэл үнэмшлээр хичээгээд явж байхад түүнийг маань буцаж нулиман, буруу мэдээлэл түгээж байна.
Миний хувьд уг асуудалд хүлээцтэй, тэвчээртэй байгаа ч гэсэн нэг зүйлийг хэлмээр байна, Улс төрийн нам бол сайн дурын, нээлттэй байгууллага, гишүүд сайн дураараа элсдэг бас гарч болдог. Үнэхээр үзэл бодол нийлээгүй бол гарч болно. Үүнд бид янз бүрийн зүйл хэлэхгүй. Тиймээс хамгийн гол нь эр хүн шиг байж, орвол ороод, гарвал гараад л явчихгүй худал мэдээлэл тарааж байгаад үнэхээр харамсаж байна.
Нөгөө талаас одоогийн гуравдахь хүчний гэгдэж байгаа намуудын хувьд өнөөгийн сонгуулийн тогтолцоонд амжилтад хүрэхэд маш хүнд. Бид ямар ч байсан 10 гаруй жил парламентад байнга төлөөлөлтэй байж, өөрийн гэсэн орон зай, итгэл үнэмшилтэй явж байгаа. Аливаа улс төрийн намын гол зорилго нь өмнөө тавьсан зорилт, мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтааж, төрийн бодлого болгох л байдаг. Энэ ч үүднээс бид цөөн суудалтай ч гэлээ Засгийн газарт багтаж, тодорхой асуудал хариуцаад намынхаа мөрийн хөтөлбөрөөс олон саналыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж чадсан. Энэ бол том боломж бас амжилт. Ямар ч байсан өнгөрсөн хугацаанд нүүр улайхааргүй ажиллаж байсан гэдэгтээ итгэлтэй байна.

-Таныг намынхаа гишүүдийг дарамталдаг, үргэлж сайд болж, "бялуу"-г нь ганцаараа хүртэж байдаг гэх юм билээ?
-Би бол тийм хүн биш гэдгийг энэ олон жил улс төрд явсан таньдаг, мэддэг хүмүүс маань мэднэ.
Ер нь бол УИХ-ын гишүүн эсвэл сайд болно гэдэг шагнал биш. Сая би анх удаа намын жагсаалтаар орж ирсэн. Өмнө нь 1998 оноос хойш дөрвөн удаагийн сонгуульд тойргоос нэр дэвшсэи. Мэдээж үүнд намын гишүүдийн дэмжлэг байсан. Гэхдээ тухайн үед би тойргийн иргэдийнхээ санал дэмжлэгийн хүчээр ялсан. Үүнээс гадна өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд манай намын бий болгож ирсэн капитал гэж бий. Өнгөрсөн сонгуулиар л гэхэд нийслэлээс найм гаруй, улс даяар таван хувийн санал авна гэдэг чинь бид ямар ч байсан чамлахааргүй улс төрийн капитал, өөрийн гэсэн дэмжигчидтэй болчихсон байна гэсэн үг байхгүй юу. Тэр бий болгосон капиталыг ойлгохгүй, нэг л амар гэж бодоод шүүмжлээд, доромжлоод байх нь хэцүү л байна.
Нөгөө талаас би нэгэнт нам байгуулаад энэ олон хүмүүсийг уриалан дуудчихаад хаяад явах эсвэл нэр дэвшихгүй байх нь утгагүй шүү дээ. Нэгэнт бид Засгийн газарт орох асуудал дээр аль болох чадалтай, чанартай хийх, дээрээс нь намын гишүүдийн санал байсан учир сайд болсон. Түүнээс бус би хувиа бодсон бол заавал улс төрд байх шаардлага байхгүй.

-Танай намаас 1000 гишүүн гарчихсан юм уу?
-Би өчигдөр намынхаа Тамгын газар руу ярьж асуусан, хэдэн хүн намаас гарсан юм бэ гэж. Тэгтэл нэг ч хүн өргөдөл өгөөгүй байна лээ. Намын дүрмээр гишүүн болохдоо өргөдөл өгдөг, мөн гарахдаа өргөдлөө өгөөд гарах учиртай. Хоёр хоногийн өмнө болсон тэр хэвлэлийн хурал дээр таван хүн сууж байсан, бодвол тэр таван хүн гарч байгаа байх. Түүнээс бус олон зуу мянгаараа гараад байгаа юм байхгүй. Гэхдээ би энэ бүхний хойноос олон зүйл яримааргүй байна. Зүгээр л эр хүн шиг байгаач л гэж хэлмээр байна.

-Танай нам хэдэн гишүүнтэй юм бэ?
-Бид өнгөрсөн жил намынхаа дүрэмд хатуу гишүүнчлэл гэхээсээ илүүтэйгээр дэмжигч гишүүн гэдэг заалтыг оруулж ирсэн. Тиймээс сонгуульд манай намын төлөө өгсөн санал нь дэмжигчдийн тоо гэж ойлгож болно. Энэ бол олон улсын практик. Өнгөрсөн сонгуульд бид 5.5 хувь буюу 60 орчим мянган хүний санал авсан. Харин яг хатуу гишүүнчлэлээрээ бол тав орчим мянган гишүүн бий.
Т.ГЭРЭЛМАА
Өдрийн сонин


Ц.Энхбаяр: Ипотек бол зуучлалын үйл ажиллагаа юм

Монголын Ипотекийн Корпораци /МИК/ гэж залуухан байгууллага бий. Байгуулагдаад үндсэндээ зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. Харин ямар үйл ажиллагаа явуулдаг, тэр нь иргэдэд хэр хамааралтай байдаг эсэх талаар хүмүүс тэр бүр анзаараад байдаггүй. Ипотекийн зээл гэхээр зарим нэг нь бүр банктай хольж хутгах гээд байдаг. Тиймээс энэ байгуулла­гын чиг үүргийн талаар тодруулахаар тус корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Энхбаяртай ярилцлаа. Тэр­бээр барилгын бүтээцийн инже­нер мэргэжилтэй, Зургийн институт, БХБЯ, Дэд бүтцийн яам болон Азийн Хөгжлийн банкны төслийн захирлаар долоон жил шахам ажиллажээ. Энэ төслийн хүрээнд орон сууцны зээлийн төслийг Монголд анх хэрэгжүүлж байсан бөгөөд энэ туршлагыг нь харгалзан хожим нь түүнийг  МИК хэмээх шинэ байгууллагын гүйцэтгэх захирлаар томилжээ. Монголд орон сууцны санхүүжилтийн шинэ тогтолцоог үүсгэж хөгжүүлэхэд анхнаас нь гар бие оролцож байгаа хэмээн энэ бүсгүйг тодотгож болно.

-Ипотекийн зээл, мор­гейжийн зээл гэхчлэн ярил­цах юм, Ялгаа нь юу юм бол?
-Ипотек, моргейж  гэж нэг л юмыг хэлээд байгаа юм. Яг ижилхэн. Юу гэхээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгөөр барьцаалан зээл олгох ажиллагаа л юм. Манайд ипотек, моргейжийн зээл гэхээр орон сууцан дээр голчлон  яриад байна л даа. Үйлдвэр, иргэний томоохон барилга худалдан авах гэж байгаа бол бас ипотекийн зээл мөн. Гэхдээ үүнийг арилжааны зориулалттай зээл гэж ярьдаг.

-Банкны зээлээс ялгаагүй юмаа даа?
-Ялгаа нь хойшхи ярианд тодорхой болох байх. Тэгэхээр ипотек гэдэг бол үл хөдлөх хөрөнгийг барьцаалаад зээл олгож байгаа тэр процесс юм. Манайхан ихэвчлэн  орон сууцны  санхүүжилтийн систем гэж хэлдэг.  Ипотекийн зах зээл өөрөө анхдагч болон хоёрдогч зах зээл гэж ангилагддаг.  Анхдагч зах зээл гэдэг нь иргэн, банк хоёр буюу өөрөөр хэлбэл зээлдэгч, зээлдүүлэгч  хоёрын хооронд үүсч байгаа тэр харилцааг хэлдэг. Манай улсад ипотекийн энэ анхдагч зах зээл буюу урт хугацаатай  орон сууцны санхүүжилтийн зээл 2003 оноос үндсэндээ жинхэнэ ёсоороо бий болсон гэж үздэг. Түүнээс хойш амьдарч байгаа орон сууцаа барьцаалаад зээл авсан зээлдэгчид өнөөдрийн байдлаар 30 мянгад хүрчихсэн байна.  Эдгээрийн  870 тэрбум орчим төгрөгийн зээл зах зээл дээр байна.

-2003 оноос хойшхи хугацаанд уу? Цөөнгүй хүн зээл авсан байна.
-Тийм,10 жилийн хугацаанд. Энэ бол манай улсад ипотекийн зах зээл тодорхой хэмжээгээр хөгжиж байна аа гэсэн үг юм. Одоо манай бүх арилжааны банкууд энэ харилцаанд орчих­сон байна. Тэгэхээр харьцангуй богино хугацаанд  орон сууцны урт хугацаатай зээлийг өгч авч сурч байна гэсэн дүр зураг харагдаж байгаа юм.

-Энэ бол анхдагч зах зээлийн харилцааны явц гэсэн үг үү? 
-Дараагийн яриад байгаа юм хоёрдогч зах зээл. Ипотекийн зээлийн  онцлог нь  хугацаа урт, хүү нь зах зээлийнхээс харьцангуй доогуур байдаг давуу талтай. Банкин дээр  урт хугацаатай маш их хэмжээний зээл,  зөөндөө зээлдэгч бий болчихно. Тэгэхээр зээлийн эх үүсвэрийн нөөц өөрөө хэмжээ хязгаартай, 20, 30 жилийн туршид банкууд өгсөн зээлээ эргүүлж аваад дараагийн хүнд  олгоно гэвэл цаг хугацаа их шаардсан, хэтрүүлж хэлбэл нас хүрэхээргүй  ажил болно оо доо.

-Тийм байна.
-Тэгэхээр үүний нөгөө талд банкинд мэдээж, дараагийн хүнд зээл олгох шаардлага гарна. Гэтэл зээлийн эх үүсвэр хүрэлцэхгүй.  Ийм тохиолдолд яадаг уу гэхээр банкууд энэ байгаа зээлээ багцлаад бөөнөөр нь худалддаг. Банкны тэр зээлийг худалдаж авдаг байгууллага нь манайх буюу Монголын Ипотекийн корпораци юм. Энэ зээлийг нь худалдаж аваад  мөнгийг нь эргүүлээд банкиндаа өгчихнө. Ингэхээр банк маань хөрөнгөтэй болоод иргэдэд орон сууцны зээлээ эргүүлээд олгож эхлэнэ.

-Зээл худалдаж авах нь банкинд ашигтай ч танайд ямар хэрэгтэй юм бэ? Аль ч байгууллага амьдрахын төлөө явдаг биш үү?
-Тэгэхээр яах гэж ингэж зээл худалдаж аваад байна вэ гэхээр банкуудад урт хугацаатай эх үүсвэр хомс байдаг түүнийг нь боломжтой болгож байгаа арга механизм юм. Зээлийн багц худалдан авах нь хөрөнгийг хувиргаад шинэ эх үүсвэр болгож байгаа харилцаа юм.

-Авсан зээлийн багцаа яахав, хадгалаад байх уу? 
-Хонь мал шиг хашаад байж болохгүй биз дээ. Түүнийг зөв удирдаж хамгаалж, зөв менежмент хийх ёстой. Төлбөр нь хэрхэн явагдаж, байна, ямар зээлүүд хаана яаж байна гэхчлэн бүх шинж чанаруудыг нь тогтоож түүнийхээ дагуу хугацаа, барьцаа, байршил гэхчлэн чанар байдлаар нь ялгаад  үнэт цаас болгож хувиргах ажиллагаа хийдэг. Түүнийгээ бид ипотекийн зээл буюу орон  сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас гэж нэрлэдэг. Энэ үнэт цаасаа цааш нь  хөрөнгө оруулагчдад зардаг. Тэгээд тэд мөнгө өгнө, тэр мөнгөөр нь бид эргүүлээд дахин зээл худалдан авдаг. Хоёрдогч зах гэдэг маань энэ хоёрын хоорондох харилцаа юм. Цэвэр зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг байгууллага, энэ бол манайх юм.

-Өрсөлдөх чадвар сайтай баймаажин л хөрөнгө оруу­лагчдыг татах байх даа. 
-Тэр ойлгомжтой. Хөрөнгө оруулагчид мэдээж боломжийн ашигтай зүйлд л хөрөнгө оруулахыг бодно. Өнөөдөр банкны хадгаламжийн хүү өндөр байгаа тохиолдолд манайхаас гаргах үнэт цаасны хүү түүнтэй өрсөлдөхүйц хэмжээнд л байж хөрөнгө оруулагчдыг татна. Гэтэл тэр зах зээл нь манайд тийм тааламжтай болж чадахгүй байгаа учраас  төдийлөн олон үнэт цаас арилжаалж чадахгүй байгаа юм.

-Бас Монголын зах зээл дээр бонд олон шүү дээ.
-Засгийн газрын бонд гэж байдаг. Засгийн газар бол өөрөө том баталгаа. Тэр нь ямар ч татвараас чөлөөлөгд­чихсөн байдаг учраас олон улсын  байгууллагууд авах сонир­холтой байдаг. Тиймээс энэ нь өрсөлдөөний төвөгтэй байдлыг бий болгодог.  Гэхдээ энэ бол байдаг л бэрхшээл. Энэ бэрхшээл дундаас л бид хамгийн зөв оновчтой бодлогыг гаргаж ирэх ёстой.

-Үндсэндээ банкуудыг л зээлийн эх үүсвэрээр дэмжих ажиллагаа юм аа даа?
-Банк гэхээсээ илүүтэй иргэдээ дэмжсэн цэвэр зууч­лалын үйл ажиллагаа. Илүү урт хугацаатай, тааламжтай нөхцөл бүхий бага хүүтэй санхүүжилтийг хөрөнгө оруу­лагч­даас татаж банкуудад оруулж өгснөөрөө хэрэглэгчдэд очих зээлийн хүү аажмаар буурч, хугацаа нь мөн уртсдаг. Ингэснээр зээлийн хүртээмж сайжирдаг. Тийм болохоор эндээс иргэд л хождог.

-Танайх зах зээл дээр бонд арилжаалсан уу?
-Арилжаалсан. 2009 онд 6.3 тэрбум төгрөгийн бонд гаргасан.

-Бүгд борлогдсон уу?
-Бүгд борлогдож эзнээ олсон. Одоо бүгд төлөгдөж дуусаад ялимгүй үлдэгдэлтэй байна.

-Одоо дахиад хэдийд бонд гаргахав?
-Энэ ондоо багтаад 20 тэрбумын бонд гаргана.

-Бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчдад эрсдэл учрах магадлал байх уу?
-Байна аа. Зээл өөрөө сахилга баттай, хариуцлагатай зээлдэгч, зээлдүүлэгч зах зээр оршин тогтнож гэмээнэ энэ зээл  цаашаа хөрвөж үнэт цаас болж хөрөнгө оруулагчдад очих ёстой. Хэрвээ банкууд хариуцлагагүй бол энэ үнэт цаас мөн тийм болж хөрөнгө оруулагчдыг хүнд байдалд оруулна. Америкт юу болсныг санаж банйа уу.  АНУ-ын моргейжийн хямралын шалтгаан нь  энэ. Маш их чанаргүй зээлийг үнэт цаас болгож хувиргаад түүнийг нь худалдаж авсан хөрөнгө оруулагчид өөрсдөө дампуурсан. Эндээс зээлийн стандарт, хариуцлагатай тог­тол­цоо маш чухал гэдэг нь харагдаж байгаа байх. МИК энэ хариуцлагыг тогтоохын төлөө  өнгөрсөн зургаан жил ажиллаалаа. Бүх стандартыг нь тогтоож, шаардлагтай бүх хууль журмыг нь гаргасан.

-Ер нь моргейжийн зээл аль хэр их байдаг вэ?
-Нэг их биш, зах зээл дээр байгаа бүх зээлийн 10 орчим хувь нь моргейжийн зээл байгаа. Тэр зээлийнх нь чанар маш сайн. Манай дээр  чанаргүй зээл байхгүй, хугацаа хэтэрсэн нь дөнгөж 0.3 хувьтай байдаг. Тэгэхээр энэ бол маш чанартай бүтээгдэхүүн  гэсэн үг. Ер нь банкин дээр байгаа бүх  зээлүүдээс хамгийн чанартай нь орон сууцны зээл байдаг. Хүмүүс орон байраа алдахгүйн тулд зээлээ заавал төлдөг. Монголчууд бол хариуцлагатай зээлдэгч гэж харагддаг юм.

-Аль түрүүнд асуух гээд орхичихож. Танай байгуул­лага хэдийд анх байгуулагдсан юм бэ?
-2006 онд арилжааны 10 банк, Төв банк хамтраад ийм байгууллага ирээдүйд хэрэгтэй болно оо, тийм учраас одоо байгуулъя, олгогдоод байгаа зээлээ багцлаад заръя гэсэн юм билээ. Үүнээс Анод банк хасагдсан, тэгэхээр одоо 10 хувь нийлүүлэгчтэй. Харин Засгийн газар орж ирээд 11 хувьцаа эзэмшигчтэй болж байна. Дээр нь орох гэсэн сонирхолтой байгууллага зөндөө бий. Засгийн газар хөрөнгө оруулагч болох шийдвэрээ саяхан гаргасан. Үндсэндээ Засаг төрийн оролцоо 30 орчим хувьтай бусад нь хувийн хэвшил дээр тулгуурласан институц болох байх.

-Энэ хугацаанд шинэ бай­гууллагын хувьд хэр төвхнөв?
-Ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дэлхийд зөндөө байдаг. Энэ бизнес угаасаа хөгжөөд ирчихсэн, алдсан ч юм бий, оносон ч юм бий. Үүнийг зөв хийхийн тулд бусдын алдаанаас суралцах, өөрийнхөө хөрсөн дээр зөв явуулахын тулд төр засгийн бодлогод учиргүй хуйлраад явж болохгүй. Харин илүү зах зээлд суурилсан, урт хугацаанд эрүүл тогтвортой  ажиллах тэр бүтцийг бий болгохын төлөө өнгөрсөн зургаан жил ажилласан. Гэхдээ чимээгүй ажилласан.Зах зээл өрнөөд том болоод ирэх үед бэлэн байх ёстой гэсэн зарчим баримталсан. Одоо тэр цаг ирж байна.

Өнгөрсөн хугацаанд МИК гэдэг байгууллага зах зээл дээр хоёр чиглэлтэй үүрэг гүйцэтгэлээ. Хэрэв хөгжчихсөн зах зээл дээр энэ байгууллага байсан бол цэвэр зуучлагчийн үүргээ гүйцэтгээд явах байлаа. Гэтэл шинэ зах зээл учраас анхдагч зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчин болон  шаардлагтай дэд бүтэц, тухайлбал, хөрөнгийн үнэлгээ, зээлийн түүх, даатгал,  бүртгэл гэхчлэн харилцаануудыг зохи­цуулах, үүнтэй холбоотой байгууллагуудын дүрэм журамд нөлөөлөх, үл хөдлөх хөрөн­гөөр барьцаалсан бондыг гаргахад зөвшөөрөл олгодог байгууллагуудын харилцаа нь зөв үүссэн байх ёстой гэхчлэн оролцож байгаа бүх талд  чиглүүлэгч маягаар заримдаа бодлогын институц  мэтээр ажиллаж ирлээ.

-Хууль журам гэснээс эрх зүйн орчин хэр бүрдсэн бэ?
-2009 онд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль буюу Ипотекийн тухай хуулийг, дараа нь Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг 2010 онд батлуулсан. Ажиллах эрх зүйн орчин хангалттай бүрдсэн.

-Танайхыг ашгийн  төлөө ажилладаг байгууллага гэж ойлгож болох уу?
-Энэ бол санхүүгийн байгууллага, ашиг хийнэ. Гэхдээ ашгийн төлөө биш гэж би боддог. Ингээд хэлчихээр хувь нийлүүлэгчид маань энэ нөхөр юу хэлчихэв гэж бодож магадгүй. Гэхдээ нийгмийн чиглэлтэй бүтээгдэхүүн гаргаж байгаа үед системээ зөв тавьчихвал  ашиг ирээдүйд зүгээр л орж ирээд байна.  Манайх бол Санхүүгийн зохицуулах хорооноос хоёрдогч зах зээл дээр энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах анхны лиценз авсан тусгай зөвшөөрөлтэй байгууллага.  Түүнчлэн төр засгийн орон сууцны зөв зохистой бодлого маш чухал. Яагаад гэвэл орон сууц өөрөө нэг талаасаа нийгмийн бүтээгдэхүүн, хүний анхдагч хэрэгцээ. Нөгөө талаасаа эдийн засагт ихээхэн түлхэх хүч болдог санхүүгийн том хэрэгсэл. Энэ гурвыг хосолсон үйл ажиллагааг зөвхөн ашгийн төлөө явуулна гэвэл боломжгүй. Ашиг олно гээд бид өндөр өртөгтэй орон сууцны зээлийг худалдаж авчихаад гараа хумхиад суувал гэр хороололд байгаа  орон сууцны зээлийг хүртэх гээд чадахгүй суугаа энгийн иргэдэд хүртээмжтэй үйл ажиллагаа болж чадахгүй. Тиймээс төр орон сууцыг хүртээмжтэй болгох бодлого үйл ажиллагаагаа хувийн хэвшлийн санхүүгийн энэ зах зээлтэй зөв уялдуулбал маш эрчимтэй явна  гэж би хувьдаа боддог.

-Энэ чиглэлээр ямар нэг ахиц байна уу?
-Ийм хамтын ажиллагаа энэ жилээс эрчимжих хандлагатай боллоо. Засгийн газар саяхан тогтоол гаргаж,  шинээр хэрэг­жүүлэх гэж байгаа 800 тэр­бум төгрөгийн  орон сууцны зээлийн хөтөлбөрт МИК-ийг оролцуулахаар боллоо. Гэхдээ манайх үндсэн үйл ажил­лагаа­ныхаа хүрээнд оролцоно.

-Энэ хөтөлбарт оролцсноо­роо ямар ач холбогдолтой вэ?
-Хөтөлбөрт хамрагдснаараа үйл ажиллагаа өргөжинө. Цаа­гуураа зээлийн хүүгийн түвшинг нэлээн доош нь татах боломж гарна. Орон сууц өөрөө зөвхөн санхүүгийн зах зээл бус бүхэл бүтэн цикл байдаг. Төлөвлөлтөөс эхэлдэг. Орон сууцыг үл хөдлөх хөрөнгө гэж тооцож 30-40 жилээр  зээл олгоод байдаг. Гэтэл чанаргүй байх, эсвэл арчилгаа тордолгоо муугаас барьцааны шинж чанараа алдчихвал яахав гэхчлэн өөрөө олон юмнаас их хамааралтай байдаг учир анхаарах юм ихтэй.

-Монголд орон сууцны зах зээлийг хөгжүүлэхэд төр засгийн дэмжлэг хэр байна?
-Эхний ээлжинд дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдаг. Тэр дэмжлэг энэ зах зээл дараа нь төр засгийн оролцоогүйгээр хөгжих суурь л болох ёстой. Түүнээс биш угжны хүүхэд шиг хөгждөг зах зээл гэж байх ёсгүй. Манай бүтцийг олон улсын  байгууллага, экспертүүд зөв явж байна, төрийн оролцоон дээр хөнгөлөлтийн бодлого нь нээлттэй, олон түмэнд ойлгомжтой, зорилтот бүлгээ зөв тодорохойлсон байх ёстой гэхчлэн зөвлөгөө өгч байгаа. 

-Ярилцсанд баярлалаа.
П.ЯДАМДОРЖ
"ӨДРИЙН ШУУДАН" сонин

Л.Болд: Монгол иргэн бүр капитал

Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой томоохон үйл явдал өрнөсөн өдрүүдийн дараах энэ уулзалт сонирхсон асуултдаа дэлгэрэнгүй хариулт авах таатай боломжийг сэтгүүлчдэд олгосноороо онцлог боллоо.

Сайд Л.Болдын тэмдэглэснээр Монгол Улсын гадаад бодлого энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэж ирсэн байна. Шинэчлэлийн Засгийн газар ч энэ бодлогын залгамж чанарыг хадгалахын зэрэгцээ гадаад орнуудад ажиллаж, амьдарч буй иргэдээ хамгаалсан, тэдэнд ойртсон үйлчилгээ үзүүлэхийн тулд дорвитой шинэчлэл хийж эхэлсэн болохыг онцоллоо. Тухайлбал, энэ чиглэлээр гадаад орон дахь дипломат төлөөлөгч, консулын газрынхаа тоог нэмэх, оновчтой газар байршуулах, үйлчилгээний байгууллага болгон өргөжүүлэх зэрэг ажлыг шат дараатай хийж эхэлжээ. Хоёр дахь томоохон ажил нь гадаад дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх, ялтан шилжүүлэх ажил зохион байгуулж, цахим хэлбэрээр мэдээлэл хүлээн авч, шийдвэрлэх тусгай шугам ч нээсэн байна. Мөн одоо 39 оронд ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын тоог нэмэгдүүлж, 45-д хүргэх аж. Монгол Улсын иргэдийг олон оронд визгүй зорчуулахаар хэлэлцээрүүд хийгдэж байгаа болохыг мөн энэ үеэр мэдээлсэн юм.

Үүний дараа Гадаад харилцааны сайд Л.Болдоос сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа. 


-Гуравдагч хөршийн харилцааг хөгжүүлэх чиглэлд шинэчлэлийн Засгийн газар ямар бодлого баримталж байна вэ? 
-Монгол Улс нь хоёр хөрштэй онцгой харилцаатай байхын зэрэгцээ гуравдагч хөршийн харилцааг хөгжүүлэх чиглэлд эдийн засгийн болон аюулгүй байдлын хөгжлийн баталгааг хангах чиглэлд бодлого дэвшүүлэн тавьсан. Өнгөрсөн саруудад Япон, Турк улсын Ерөнхий сайд нар Монгол Улсад томоохон хэмжээний айлчлал хийсэн нь амжилттай болж өндөрлөсөн. Ер нь Монгол Улсын хувьд илүү далайцтай ирээдүйг харсан хөгжлийг  бий болгох хүрээнд гуравдагч хөршийн бодлогыг хөгжүүлэхэд анхаарч байгаа хэмээн тодорхойлж болно. Түүгээр дамжуулж томоохон эдийн засгийн бодлого, томоохон эдийн засгийн төслүүд, шинэ үйлдвэрлэл, шинэ ажлын байр, шинэ технологи, шинэ хөгжлийг бий болгоход анхаарч байна. Эдгээр нь хоёр улсын хувьд харилцан ашигтай байх зарчмыг барихад чиглэж байна.

-Гадаадын харилцааны яам нь эрх нь зөрчигдөж байгаа Монгол хүн бүрийг хамгаалах тал дээр ажиллаж байна гэж та хэллээ. Гэтэл саяхнаас Герман улсаас Б.Хурцыг ирэхийг шаардаж байгаагийн зэрэгцээ, Монгол Улсын Хууль зүйн яамнаас Н.Энхтуяа нарыг интерполоор хайж байгаа асуудал яригдах болсон. Үүн дээр салбар хариуцсан яам хэрхэн ажиллаж байна вэ? 
-Интерполоор эрэн сурвалжилж байгаа асуудал нь хуулийн байгууллагад хамаарна. Энэ талаар мэдээлэл алга. Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцын тухайд тодорхой ажлын хэсэг байгуулагдан ажиллаад явж байна. Ойрын хугацаанд тодорхой мэдээлэлтэй болох болов уу, энэ асуудлыг нөгөө талтай ярилцаж байна.

-Гадаадын иргэнтэй гэр бүл болсон монгол эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөхөд Гадаад харилцааны яам тэдэнтэй ямар байдлаар холбогдож эрхийг нь хамгаалах чиглэлээр арга хэмжээ авч байна вэ. Н.Аятунгаа, Б.Энхмаа нар дээр асуудал үүсэхэд Консулын газрын хувьд хамгаалах асуудал дээр хурд дутаж байна уу гэж харагдсан? 

-Гадаад дахь Монгол иргэдтэй холбоотой ямар нэг асуудал үүсэхэд Консулын байгууллагын хувьд эргэлзээгүйгээр өөрийнхөө хамгаалалтад авч, иргэн бүрээ хамгаалах бодлогыг тууштай барина. Иргэдэд туслах сан ч гэдэг юм уу, тухайн улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газар ч гэдэг юм уу, консулын ажилтнууд маш хариуцлагатайгаар ажиллаж байгаа, ийм асуудал үүсэхэд. Нэг үеэ бодвол Монгол Улсын маш олон иргэн гадаадад оронд ажиллаж, амьдарч байна. Тэдгээр иргэдийн хэн нэгэнд асуудал үүсэхэд “Та өөрөө учраа ол. Бидэнд хамгаагүй” гэх хандлага гаргах учиргүй. Тухайн улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамандаа хандаад хүссэн хэмжээний тусламжаа авч чадаагүй бол бидэнд хандаж болно. Тэгэхдээ ийм алдаа дутагдал гарахгүй болов уу гэж найдаж байна. Хэрэв алдаа дутагдал  гарвал бид шаардлагатай арга хэмжээг авах болно. Нэг зүйлийг онцолж захимаар байна, монголчууд маань гадаад оронд зорчих бол Гадаад харилцааны яам болон хуулийн байгууллагаас зөвлөгөө авдаг байх, эрхээ зөрчүүлэхгүй байхын тулд хувийн бэлтгэлээ сайн хангаарай л гэж хүсэх байна. Удахгүй  ямар улсад зорчвол аюултай, үнэхээр зорчих шаардлага үүсвэл юуг анхаарах вэ гэдэг мэдээллийг бид олон нийтэд хүргэхээр бэлтгэж байна.

Мөн онцолж хэлэхэд Шинэчлэлийн Засгийн газар гадаад дахь монгол иргэнийхээ эрх ашгийг хамгаалах тал дээр шийдвэртэй бодлого барьж ажиллаж байна. Тухайлбал, Филиппиний Гадаад харилцааны сайд Монгол Улсад айлчлах тухай асуудал Засгийн газрын хуралдаанаар яригдахад сайд нар “Эхлээд Н.Аятунгаагийн хүүхдийн асуудлыг ярьж, тодруулж, шийдвэрлэх ёстой. Үүний дараа бусад асуудлаа ярина” гэсэн байр суурь барьж байх жишээтэй. Ер нь гадаад дахь Монгол иргэн бүр үнэтэй капитал. Тийм учраас иргэнийхээ эрхийг хамгаалах чиглэлд Гадаад харилцааны яам тууштай зогсоно.  

-Гадаад дахь монгол иргэдийн эрх зөрчигдөөд, Элчин сайдын яамандаа хандахад тодорхой арга хэмжээ авч чаддаггүй нь сүүлийн үед болсон хэд, хэдэн асуудлаас харагдах болсон. Элчин сайд нарыг томилохдоо ямар шалгуур тавьж УИХ-аас томилж байна вэ. Алдаа гаргасан Элчин сайдыг эргүүлэн татах тухай асуудал огт яригддаггүй. Дахин ийм асуудал үүсвэл Гадаад харилцааны яам шийдвэртэй арга хэмжээ авч чадах уу, Элчин сайд нарт? 

-Элчин сайд гэдэг бол олон улсын хэмжээнд онцгой статустай, Монгол Улсыг хамгийн өндөр дээд хэмжээнд төлөөлж чадах, хамгийн ихийг бүтээж чадах чадвартай хүн байх ёстой. Хэрвээ Элчин сайд энэ чадавхиа хэрэгжүүлж чадахгүй дутагдал гаргах, үүргээ биелүүлж чадахгүй байх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй байх, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж чадахгүй  нөхцөлд хариуцлага тооцно. Гэхдээ яг одоогоор Гадаад харилцааны яаманд Элчин сайд нартай холбоотой гомдол ирээгүй байна. Гомдол гарч, үнэхээр Элчин сайд алдаа гаргасан байх юм бол эргүүлэн татахад эргэлзэх зүйл байхгүй. Ер нь Гадаад харилцааны яамнаас Элчин сайд нарын үйл ажиллагааг идэвхижүүлэх, ажлынх нь чанарыг сайжруулах бодлогыг шат дараатай хэрэгжүүлнэ.

-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурал зохион байгуулагдах үеэр орчуулга тун тааруу байсан. Өглөөнөөс орой хүртэл нэг л хүн орчуулга хийж харагдсан. Цаашид олон улсын чанартай томоохон хурал зохион байгуулагдах байх. Орчуулгыг сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?  
-Эмзэг сэдэв хөндлөө. Үнэхээр 100 гаруй орны 1000 гаруй төлөөлөгч оролцсон олон улсын хуралдааны үеэр орчуулга бол маш муу байсан. Жишээ нь, би англи хэл дээр илтгэлээ тавиад орой нь орчуулгыг хартал өөрөөсөө ичсэн. Би арай ч ийм зүйл яриагүй дээ, намайг ингээд ойлгочих вий гэж бодогдсон. Энэ хуралдааны үеэр гадаадын олон орны төлөөлөгч маш чухал үг хэлсэн, тэр нь маш чамлалттайгаар монгол хэлнээ орчуулагдсан. Манайд сайн орчуулагч нар бий юу гэвэл бий, төрийн албаны цалин тааруу учраас хувийн хэвшил рүү маш олон сайн хүн явсан нь ажиглагдсан. Цаашид бодлогоор сайн орчуулагч нарыг бэлтгэх ёстой. Мөн сайн орчуулагч нар бидэнд өөрсдийгөө бүртгүүлээч ээ, хамтран ажиллая гэдэг санал тавих байна.

-Та ярианыхаа эхэнд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагч нарыг хүлээж авдаг орон болсон гэж хэлсэн. Гэтэл мэргэжлийн байгууллагуудын зүгээс энэ оны эхний хоёр сарын байдлаар гадаад хөрөнгө оруулалт өмнөх жилийнхээс 60 орчим хувиар буурсан тухай зарласан. Хөрөнгө оруулагчид бизнесийн тогтвортой орчныг шаарддаг. Энэ тал дээр бодлого тодорхой болсон гэсэн үг үү? 

-Сонгуулийн жилд гадаадын хөрөнгө оруулагч нар тухайн улсад хөрөнгө оруулахдаа хүлээлтийн байдалд шилждэг тал бий. Мөн улстөрийн бодлогын төвшинд ямар байр суурь барих гээд байгаа нь ойлгомжгүй байдалд ордог талтай. Энэ нь сонгуультай холбоотойгоор үүсдэг л дээ. Нэр дэвшигчийн зүгээс “Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсаас гаргах ёстой” гэх сурталчилгааг хийнэ, эргээд энэ нь ойлгомжгүй байдал үүсгэж хөрөнгө оруулалтад нөлөөлдөг гэх мэт хүчин зүйлүүд бий. Гэхдээ УИХ-ын сонгууль дууссан, шинэчлэлийн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт дээр тогтвортой бодлого барина гэдгээ мэдэгдсэн. Холбогдох хуульдаа ч өөрчлөлтийг оруулсан. Тийм болохоор ойрын өдрүүдэд өмнөхөөсөө хэд дахин илүү хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.

-Гадаад оронд Монгол Улсын хэчнээн иргэн амьдарч байна вэ, тодорхой тоо бий юу. Гадаад дахь монголчуудаа эх оронд нь авчирч хөдөлмөр эрхлэх тал дээр ямар бодлого баримталж байна вэ. Хоёрдугаарт, БНСУ Монгол Улсын иргэдэд визийн хөнгөлөлт эдлүүлэхээр болсон. Бусад улс орнуудтайиргэддээ визийн хөнгөлөлт эдлүүлэх талаар ярьж байгаа зүйл бий юу? 

-Гадаадад амьдарч байгаа монгол иргэдийн тоо нэлээд зөрүүтэй байдаг. Албан ёсны бүртгэлтэй болохын тулд албадлагаар биш, та бүртгүүлбэл хүүхэддээ хүүхдийн мөнгө авна, эрдэнийн хувьцаагаа авах бололцоотой болно, газартай болно гэдэг маш том нийгмийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хоёрт, гадаадад байгаа Монгол иргэдээ яаж эх орондоо буцаах вэ гэхээр эх орондоо ирээд сайхан амьдрах тэр боломж бололцоог олгох ёстой.  Эх орондоо ирээд бизнесээ эрхэлчих, эх орондоо ирээд илүү эрх чөлөөтэй амьдрах, хүүхдээ чанартай боловсролтой сургуульд сургах зэрэг олон таатай нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа.

Визийн хөнгөлөлтийн хувьд, БНСУ-ын визэн дээр эхний хөнгөлөлт авч байна. Монгол Улсын иргэд БНСУ-руу зорчих виз хүсэхэд маш хүндрэлтэй, маш олон нөхцөл шаардлага тавьдаг байсан. БНСУ-д Монголын Элчин сайдын яам байдаг атал тус орноос Монгол руу зорчихоор виз хүсэх тохиолдолд Монголын Элчин сайдын яаманд хандах бус Солонгосын компаниас виз авдаг нөхцөлтэй байсан. Энэ нөхцлийг бид өөрчилсөн. Цаашид Япон, Солонгос, Америк, Орос, Европ зэрэг орнуудад визийн хөнгөлөлтийг тавина. Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд эдгээр нэр дурдсан орнуудад монгол иргэн зорчиход визгүй зорчдог болох тэр нөхцлийг бүрдүүлэх талаас бодитой ахиц гаргана.

Өнөөдөр бид Герман улстай визийн хөнгөлөлтийн хэлэлцээрт гарын үсэг зурна. Дипломат паспорттой иргэдийг визгүй зорчуулах тухай хэлэлцээр юм. Европ дахь Шенгений бүсээс нэг л улс визийн хөнгөлөлт эдлүүлсэн нөхцөлд бусад улс нь хүлээн зөвшөөрөх бололцоо нээгддэг. Мөн бид Япон, Америк улстай визний нөхцлийг хөнгөвчлөх тал дээр тодорхой алхмуудыг ярьж байна.

-Нийгэмд шуугиан тарьж байгаа хэргүүдэд таныг холбогдуулан бичих болсон. Тухайлбал, МИАТ-ийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан эмэгтэй “Голомт” банкны теллерээр ажиллаж байсан. Дээр нь Зэвсэгт хүчний жанжин штабын генерал зэвсгийн наймаанд холбогдоход таныг мөн хамаатуулж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ? 

-Сүүлийн найман жил би тасралтгүй төрийн алба хашсан болохоор компанийн үйл ажиллагаанд орлцоогүй, оролцох ч үгүй. МИАТ компани дээр үүссэн асуудлын тухайд хууль хяналтын байгууллагууд нь ирж шалгасан юм билээ. Миний хувьд МИАТ компанийн хэрэгт холбогдолгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна. Энэ бүхэн үнэн мөнөөрөө гарна биз дээ.

Хоёр дахь асуудлын тухайд сүүлийн үед хэвлэлээр зориуд зохион байгуулалттайгаар өмнөх Засгийн газрын өмнөх сайд нарын үед явж байсан хэргийг надад хамааруулж зориудын хар PR явуулсан. Би энэ асуудлыг Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулсан, холбогдолгүй болох тухай хариуг мөн ирүүлсэн байгаа. Миний хувьд 1990 онд Улсын бага хурлын гишүүнээр сонгогдсон үеэс улстөрийн амьдрал маань эхэлсэн. Гэхдээ энэ хугацаанд сонгуульд ялагдсан үедээ би хувийн секторт тэр дундаа банк санхүүгийн салбарт ажиллаж “Голомт”-ыг хөл дээр нь босгосон нь ч үнэн. Мөн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Монголын Зэвсэгт хүчний гадаад харилцааг дэлхийн төвшинд хүргэхийн төлөө зорьж зүтгэж явсан. Мэдэх хүн нь мэднэ, хачин зэвсгийн наймаанд оролцоод явах хүн биш гэдгийг. 
Г.ДАРЬ

“МАН сайхан хүний ард нуугдаж байна”

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй уулзаж ярилцлаа.  
-Монголын өмнө нэг чухал сонголтын үе ирж байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас та хувьдаа ямар үр дүн хүлээж байгаа бол? 
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахад урьд өмнөх сонгуулиудаас нэлээн өөр, өндөр төвшинд сонгууль болох нь уу даа гэх бодол төрж байна. Одоогоор МАН-аас дархан аварга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлээд байна. Ардчилсан нам одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүллээ. Парламентад суудалтай нөгөө эвслээс Ерөнхий сайд асан М.Энхсайханыг нэр дэвшүүлж байна. Энэ гурван нэр дэвшигч гурвуулаа Монголын ард түмэнд маш сайн танил хүмүүс байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль зүгээр нэг мэтгэлцээн, нэр төр хөөцөлдсөн явдал биш, бодлогын өрсөлдөөн болох байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хувь хүний асуудал дээр эргэлзээ бага байх юм бол үзэл баримтлалын асуудал дээрээ анхаарах боломж гарна гэсэн үг.

- Тэгэхээр эдгээр нэр дэвшигчийн үзэл баримтлалыг авч үзэхийн тулд нэр дэвшүүлж буй улс төрийн намууд дээр төвлөрч ярихаас өөр аргагүй болж байна? 
- Сонгуулийн утга учир нь юу гэвэл бид Ерөнхийлөгчийг долоох гэж, долигнох гэж сонгодоггүй. Бид түүнд Монгол орныхоо, өөрийнхөө амьдралын жолоог атгуулах гэж сонголт хийдэг. Өөрөөр хэлбэл, жолоочоо сонгох гэж байгаа хэрэг. Тэгэхээр Ерөнхийлөгчийг сонгох хамгийн гол шалгуур гэвэл тухайн нэр дэвшиж байгаа хүний ар талд ямар үзэлтэй улс төрийн хүчин байна вэ? Монгол орныг ямар замаар хааш нь хөдөлгөх вэ гэдэг асуудал эн тэргүүнд тавигдах ёстой. Энэ л гол шалгуур. Энэ удаагийн сонгуульд энэ гол шалгуурыг барьж сонголт хийнэ биз. Энэ талаас нь харин аваад үзэхэд нэр дэвшигчдийн байдал их өөр, өөр юм.

- Нэр дэвшигчдийн хувийн шинж чанараас гадна тухайн улс төрийн намын нэр хүнд сонголтод голлох нөлөөтэй гэж ойлгож болох уу? 
- Тийм ээ. Гол өрсөлдөөн аварга Б.Бат-Эрдэнэ, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрын хооронд л болох байх. Би гурван нэр дэвшигчийг гурвууланг сайн мэднэ, насаар надаас бага ч хэн хэнтэй нь сайн нөхөд. Ц.Элбэгдоржийг гэхэд 1990 оноос хойш мэдэх юм. Монголын ардчиллын тугийг тэр үеэс одоог хүртэл өргөж, амьдралаа зориулж яваа ийм удирдагч. Тууштай үзэл санаа тээгч, ардчиллын туг хазайвал хэзээ ч тэмцэнэ гэж зорьж ирсэн. Өмнө нь хоёр удаа Ерөнхий сайдаар ажилласан, Ерөнхийлөгчийн нэг бүрэн эрхийг дуусгаж байна. Энэ хугацаанд хийсэн бүтээсэн зүйлийг нь харахад ард түмний итгэл хүлээх чадвартай хүн гэдгээ харуулсан. Б.Бат-Эрдэнийн хувьд монгол бөхийн дэвжээнд улсын наадамд арван хэд түрүүлсэн, хууль зүйн ухааны доктор, улстөрд нэр хүндтэй яваа, ус, газар шорооныхоо төлөө ажилладаг, хүнийхээ хувьд үлэмж сайн хүн. Гэхдээ тэдний ард улс төрийн нам нь бий. Жишээлэхэд Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн ар талд МАН байгаа шүү дээ. Энэ чинь урьд нь МАХН гээд улс орны түүхэнд 100 жил болсон, социализмын гажуудалтай нийгмээрээ явж ирсэн атлаа “бид өөрчлөгдлөө” гэж хэлээд зогсч байгаа хүчин шүү дээ. Гэтэл өөрчлөгдсөн үү гэдэг нь өөр асуудал. Зөвхөн өнгөрсөн 4-5 жилд 2008 оноос хойш гэхэд МАХН, одоогийн МАН-ын төр барьж байх үед юу болов гээд харья. 2008 онд цус урсгаж эхэлсэн. Монголын ардчилсан замналын түүхийг цусаар будсан нам шүү дээ. Үүний төлөө улс төрийн хүчин, төрийн эрх баригчид ард түмнээс уучлал гуйгаагүй. 2008 оны сонгуулиас хойш 2012 он хүртэл үргэлжилсэн хугацаанд иргэддээ 1.5 сая төгрөг өгнө гэж амлаад үүнийгээ биелүүлэхийн тулд улсынхаа эдийн засгийг туйлдтал нь бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж мөнгө тараасан. Үүнийхээ золионд Оюутолгойгоос мөнгийг нь аваад урьдчилаад идчихсэн. “Эрдэнэс-Тавантолгой”-н мөнгийг урьдчилаад идчихсэн. Хөгжлийн банкны нэрээр мөнгө аваад урьдчилаад идчихсэн. “Эрдэнэт”-ийн нэрээр зээл аваад идчихсэн. Монголынхоо ирээдүйг ингэж эрх тушаалын төлөө золионд тавьсан улс төрийн хүчин аваргын ард байна гэдгийг мэдэх ёстой.

- Эдийн засгийг хүнд байдалд хүргэснийхээ хариуцлагыг хүлээгээд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН ялагдчихсан шүү дээ... 
-Гэхдээ үүнийг сонгогчдын өгсөн дүн, хариуцлага тооцсон алхам гэж ойлгож байна уу гэдэг их чухал. Сая МАН Засгийн газрыг огцруулах асуудлыг гаргаж тавилаа. Ийм асуудал тавьж болохгүй гэж байгаа юм биш. Үнэхээр Н.Алтанхуяг гэдэг хүн авлига, хээл хахуульд холбогдсон бол эхлээд хуулийн байгууллагад хандаж шалгуулаад нотлогдвол үүнийг УИХ-д тавьж болно л доо. Харин шууд УИХ дээр өөрснөө барьж орж асуудал тавьсан учраас улс төрийн сэтгэлзүйн арга хэрэглэж байна гэдгээс өөрөөр хэлэх арга байхгүй. Нөгөө талаас өнгөрсөн дөрвөн жилд тэдний удирдлага дор юу болов гэхээр Оюутолгойн гэрээг хийхдээ үндэсний эрх ашгаа тооцож чадсангүй. Тавантолгойн гэрээг хийхдээ өөрсдийнхөө эр ашгийг хадгалж чадсангүй. Газар нутгаа гадныханд өглөө. Халхголд газар өгсөн асуудал ярих гээд байна шүү дээ. Үгүй, ингээд харахаар газар нутгаа хүртэл гадныханд өгч үндэснийхээ эрх ашгийг хохироосон улс төрийн хүчин монголчуудын хайрлаж  хүндэтгэдэг энэ хүний ард нуугдаж байгаа юм шүү. Ийм болохоор би хувьдаа Б.Бат-Эрдэнийгээ өмгөөлнө, хамгаална. Харин Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж байгаа МАН-ын үзэл, зорилгыг хүлээн зөвшөөрөх ямар ч арга байхгүй. Тийм болохоор иргэнийхээ хувьд би “МАН-ын Ерөнхийлөгч гэдэг бол өнөөдрийн нөхцөлд зохимжгүй” л гэж хэлнэ.

- Ардчилсан намыг та хэрхэн дүгнэж байгаа бол? Хөндлөнгөөс бол эрх баригчдын алдаа эндэгдэл л илүү тод харагдаж байна шүү дээ.  
- Ардчилсан намд алдаж байгаа зүйл их бий. Тэдэн дотор Ардчилсан намын нэрийг гутааж байгаа хүн цөөнгүй байна. Гэхдээ Ардчилсан намын гар нь цусгүй юм. Ардчилсан нам ард түмнийг өмчтэй болгоё, шашинтай болгоё, эрх чөлөөтэй болгоё, иргэдээ орон сууцтай, малтай  болгоё гэж л ажиллаж ирсэн. Энэ утгаараа дараагийн Ерөнхийлөгч өнөөдөр төр барьж байгаа УИХ, Засгийн газартайгаа гар нийлж ажиллах хүн байвал Монголын ирээдүйг их өөр утгаар харуулж чадах тийм боломж бүрдэнэ. Ийм учраас би хувьдаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дэмжиж байгаа. Одоо эдийн засаг уналаа гэж байгаа бол Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед ч юм уу, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед ийм боллоо гэж үзвэл эндүүрэл шүү. Үндэс суурийг нь өмнөх эрх баригчид л тавьсан юм. Ардын намынхан төр барьж байхдаа эдийн засгийг туйлдуулж, бүх тэнцвэрийг нь алдагдуулсан. Харин тэгж хүндэрсэн эдийн засгийг энэ хэрд авч яваа нь их юм. Төсвийн алдагдал их байгаа ч өмнө нь баахан нүүрс гаргана гээд төсвөө хийчихсэн тохиолдолд аргагүй юм. Дэлхийн эдийн засаг, хөрш орны эдийн засаг саарч байгаа нөхцөлийг тооцох хэрэгтэй. Үүнийг өнөөгийн эрх баригчдын бодлого, ардчилалтай холбож тайлбарлах ёсгүй.

- Эдийн засаг уналттай үед эрх баригчдын нэр хүнд унадаг нь бараг жам шүү дээ?
- Эдийн засгийг удирдах хоёр л хөшүүрэг бий. Тэр нь юу гэхээр нэг талаас хөрөнгө оруулах, нөгөө талаас бүтээмж гаргах. Хэрэв өөрт мөнгө байхгүй бол гадны хөрөнгө оруулалтыг эдийн засагт татах ёстой. Гэхдээ гадны хөрөнгө оруулалтыг татаж байна гэдэг нэрээр баялгийг нь ухаад аваад гарахад ард нь баярлаад суух ёс байхгүй л дээ. Үүнийгээ ялгах чадвартай байх ёстой. Энэ талаас нь бодоод үзэхэд Монголын эдийн засаг одоо 7 хувийн өсөлттэй байна гэдэг хүн амын өсөлтөөсөө гурав дахин их байгаа юм. Энэ бол дэлхийн аль ч улстай харьцуулаад аваад үзсэн муугүй өсөлт. Харин энэ чигээрээ явбал эдийн засгийн өсөлт маань динамик сайтай, хөрс сайтай байх талтай. Тэрнээс биш гадны хөрөнгө оруулаад тэрүүгээрээ өсөлтөө хэмжээд явах нь зөв биш. Хүмүүст нэг буруу ойлголт байгаад байдаг юм. Жишээлбэл, 1000 төгрөгтэй хүний орлого өдөрт 1000 төгрөгөөр нэмэгдлээ гэж бодьё. Энэ тохиолдолд тэр хүний орлого 100 хувь нэмэгдлээ гэж хэлнэ. Маргааш нь дахиад 1000 төгрөгөөр нэмэгдлээ гэхэд өөрт нь байгаа мөнгөний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр өссөн гэсэн үг. Дараа өдөр нь дахиал 1000-аар нэмэгдэхэд 33 хувиар нэмэгдлээ гэж хэлнэ. Ингэхээр аливаа юмны хэмжээ томроход инерци нь нэмэгдээд хувь нь буурдаг. Бүтээгдэж байгаа баялаг үүний цаана хэвээрээ байгаад байдаг. Тэгэхээр ялгаж ойлгохгүй, үргэлж хувь ярьж болохгүй. Тэр хувийн цаана хэдэн төгрөг байгааг ялгаж ойлгоно биз ээ. Энэ оны эцсээс эдийн засаг сэргэх байх.

-Та магадгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн яаж гарахыг урьдчилж харж байгаа байх? 
-Сонгуулийн дүнгээ урьдчилж харахын тулд Монголын ард түмэн нэг зүйлийг бодох ёстой болов уу. Яагаад гэхээр 2012 оны сонгуулийн үр дүнд Ардчилсан нам парламентад хамгийн олон суудал аваад олонхийг бүрдүүлж байна, засгийн эрхээ барьж байна.  Тэгэхээр ийм үед Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчтэй байна гэдэг түүхийн захиалга болж буй  юм. Түүхийн захиалга шүү. Түүнээс биш өөр намаас Ерөнхийлөгч гараад одоогийн УИХ, Засгийн газартайгаа тэрсэлдэж зөрчилдөөд байна гэдэг түүхийн захиалга байхгүй. Эв нэгдэлтэй, хүчтэй байя гэвэл төрийн бүх институци нэгдмэл бодлоготой, нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй байна. Тэгээд ч нийгэмд газар авч байгаа шударга ёсны төлөөх тэмцэл, авлигын эсрэг тэмцэл, үнэний төлөө тэмцэл, ард иргэдийн амьдралын төлөө гэсэн сэтгэл үр дүнд хүрэх юм бол Монголын ард түмэн л хожно.

- Монголын нийгэмд өрнөж байгаа тэмцлүүдийг үр дүнд хүргэх хэрэгтэй гэж та хэллээ. Үүндээ авлигын эсрэг, шударга ёсны төлөө зэрэг хэд хэдэн асуудлыг та онцоллоо. Энэ бүхнийг иргэд дэмжиж байгаа хэрнээ үүний ард нугалаа, завхрал гарч байна гэсэн зөрчилтэй ойлголттой яваа нь бас анзаарагдаад байх юм. Та энэ талаар юу хэлэх вэ?

- Энэ бүх тэмцлийн ард хэн нэг гэмтэн, хэн нэг хохирогч байж байгаа. Тэдний талаар ярья гэвэл өөр хэрэг. Гэхдээ миний хэлж байгаа зүйл гэвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол оронд шударга ёс, үнэний салхи наашаа эргэлээ гэдэг итгэл үнэмшлийн тухай юм. Төрийн албаны янз бүрийн шатан дахь хээл хахууль хэрээс хэтрээд ер нь ялзрал хүчтэй газар авсаар өдийг хүрсэн шүү дээ.  Үүний эсрэг үнэхээр дохио өгөхүйц хүчтэй тэмцэл энэ үед л эхэллээ. Татварынхны, МИАТ-ийнхний, Төрийн банкныхны асуудал гээд үе үед янз бүрийн шатанд бугшиж байсан алдаанууд илчлэгдлээ. Цаашдаа ч энэ тэмцэл газар авна байх. Авлигын эсрэг тэмцэл шинэ амьсгаатай боллоо. Ямар ч байсан монголчууд үнэний хорвоод амьдрах итгэл үнэмшил төрж эхэллээ. Үүнийг цааш нь тууштай үргэлжлүүлж, үр дүнг нь үзэж чадвал Монголын нийгэмд эрүүл жишиг, хэм хэмжээ тогтоно. Өөрөөр хэлбэл, хууль ёсоор амьдардаг шударга нийгэм бүрэлдэнэ. Үүний эхлэл өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед тавигдлаа гэж хэлэхэд дөвийлгөсөн хэрэг болохгүй.  Мөн түүний бүрэн эрхийн хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх нь хэзээ хэзээнээс илүү баталгаажлаа. Өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн гарын үсэг зурж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан. Энэ бол зүгээр нэг цөмийн зэвсэггүй бүсийн тухай нэрийн төдий асуудал биш Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулж, үүнийг хүндэтгэхийг бүх дэлхийн улс орнуудад уриалсан тогтоол гарсан. Сая л гэхэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс хоёр жил даргалаад эрхээ шилжүүллээ. Энэ хугацаанд Монгол Улсын нэр хүнд дэлхийд их өндөрт гарсан л даа. Одоо Арабын орнууд хямралтай амьдарч байна. Арабын ертөнцөд хандаж, дэлхийн томоохон удирдагчид “Монголыг хар, жишээ ав” гэж зөвлөдөг болсон нь учиртай юм шүү дээ.

- Аливаа ард түмэн цаг үеийнхээ лидерийг төрүүлж чадахгүйгээс болж их зовдог гэж та нэгэнтээ хэлж байсан. Бидний өнгөрсөн хорь гаруй жилийн зовлон бас эндээс үүдсэн юм болов уу? Ардчиллыг сонгосноос хойш хорин жилийн дараа л ардчилсан ерөнхийлөгчийг ард түмэн сонгосон шүү дээ... 
- Бидний өнгөрсөн жилүүдийн зовлонгийн шалтгааныг хайгаад үзэхээр тийм бодол төрдөг юм. Улс, нийгэм гэдэг өөрөө маш их төвөгтэй жам хуулиар амьдардаг организм юм даа. Тэгэхээр хүчтэй, нэр төртэй удирдөгч төрнө гэдэг уурхай нээхээс үлэмж төвөгтэй. Уурхай нээгээд баялгийг худалдаад мөнгөтэй болж болно. Харин удирдагчдыг гаднаас мөнгөөр худалдаж авч болдоггүй, өөрснөө хүмүүжүүлэх хэрэгтэй болно. Энэ тухай л асуудал л даа. Ингээд бодоход ер нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед Монголын нийгэмд юу болов гэхээр хөгжил дэвшлийн шинэ баримжаа бий боллоо гэж хэлж болно. Өмнө нь энэ чиглэлд бид “мөнгө л олж байвал боллоо” гэсэн төрийн бодлогын чиг баримжаатай явж байсан. Гадныхан ирээд газрыг нь ухаад баялгийг нь аваад явахад бид хөгжиж байна гээд баярлаж, ард нь тунхагладаг байлаа. Гэтэл энэ бүхэн одоо зөвөөрөө эргээд Оюутолгойн гэрээ, Тавантолгойн асуудал нааштай тал руугаа явж байгаа нь төрийн тэргүүний чиг хандлагатай холбоотой юм. Миний бодоход Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаанд бий болж байгаа үзэгдэл гэж хэлж болохоор нэг зүйл бий. Урьд нь бид Ерөнхийлөгчийгөө “бэлгэдэл” гэсэн утгаар хардаг байсан. Гэтэл Үндсэн хуулийн маань үзэл санаа “Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн”  гээд заачихсан.. Төрд тэргүүн хэрэгтэй байсан. Шүүх засаглал, хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал гэсэн салаа мөчрийн үйл ажиллагааг дунд нь зохицуулж, координаци хийх хүн л дээ. Энэ байхгүй явж ирсэн. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлд ахиц гараад Монгол Улс  чинь төрийн тэргүүнтэй юм байна гэдэг ойлголт төрж эхэлж байна. Шүүх засаглалын шинэтгэлийн асуудал нийгмийн хамарсан  маш том асуудал. Шүүх засаглалын асуудал амжилттай хэрэгээд үр дүнд хүрэх юм бол нийгэмд шударга ёс ардчилсан төр тогтоход их хэрэгтэй.

- М.Энхсайхан ч бас энэ удаагийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгчийн нэг шүү дээ. Ардчилсан намын бас нэг хүчтэй лидер байсан хүн...

- Энэ хүнийг Ерөнхий сайд байсан гэж манайхан мэддэг ч улсынхаа төлөө юу хийснийг нь төдийлөн ойлгодоггүй юм уу даа би боддог юм. 1996 онд түүнийг Ерөнхий сайд болох үед Монголын эдийн засагт маш их хүндрэлтэй нөхцөл бүрдээд байсан үе л дээ. Манай экспортын гол бараа тэр үед зэс байсан. Гэтэл 1995 оны гурав, дөрөвдүгээр сард дэлхийн зэсийн үнэ 3000 ам.доллар хүрч, бидний мөрөөдөж байгаагүй өсөлт бий болсон. Манай зэсийн олборлолтын зардал 1500 орчим ам.доллар гээд бодоход чамгүй үнэд хүрсэн хэрэг. Гэтэл дараа онд нь яг сонгууль ид өрнөж байхад Японы Сумотомигийн нэг дилер нь нэг тэрбум 300 сая ам.долларын алдагдал гаргаад тэрийгээ нууж байсан нь илэрч, зэсийн зах зээл хямарч эхэлсэн юм. Зэсийн үнэ унаад, Сумитомигийнхан нууц зэсээ гаргаж худалдаад... Ер нь 1997-1998 оныг дуустал Азийн эдийн засгийн хямралын хүнд үе үргэлжилсэн. Энэ үед Монголын экспортын орлого нь хорин хэдэн хувиар буюу ¼ -ээр буурсан. Ийм хүнд үед М.Энхсайханы Засгийн газар улс орноо авч гарсан юм. М.Энхсайханы хувьд энэ удаагийн сонгуульд оролцож байна. Өөрийнхөө байдал, байр сууриа ойлгож байгаа байх. Энэ хүний ард байгаа улс төрийн хүчин нийгэмд шударга ёсны төлөө чанга дуугардаг хүчин. Гэхдээ Ардчилсан намаас тасарч гарсны хувьд сонгуульд орон нутагт очоод ч гэсэн нэлээн бэрхшээлтэй тулгарах байх л даа. Гэхдээ харамсалтай нь, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж хоёрын хооронд ардчиллын төлөө тэмцэж явсан гэдэг утгаараа хүмүүсийн санал их, бага хэмжээгээр хуваагдах л байх. Үүнийг М.Энхсайхан өөрөө бодно биз дээ.
Ярилцсан З.БОРГИЛМАА

Thursday, 9 May 2013

М.Батчимэг: Засгийн газрын гишүүдийн дайлуулсан хэргийг Ёс зүйн дэд хороо хэлэлцэхгүй

УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэгтэй ярилцлаа.

-Өнгөрөгч баасан гаригт хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд даргыг томилох байсан болов ч МАН завсарлага авлаа. АН-ынхны хувьд дэд даргаа томилчихно гэсэн итгэлтэй байсан?

-Миний хувьд дэд даргаа томилдгоороо томилоод явчих ёстой байсан л гэж бодож байна.
Яагаад гэвэл өнөөдөр улс оронд, УИХ-ын түвшинд шийдэх асуудал, хийх зүйл хичнээн их байгаа билээ. Гэтэл үргэлж сандал, суудлаас болоод асуудлыг сунжруулах боллоо. Сая чуулганы үеэр болсон мэтгэлцээнийг анзаарсан байх.
Асуудалд зарчмын үүднээс хандах гэхээсээ илүүтэйгээр өнгөрсөн улс төр, барьцааны асуудал яриад таарлаа. Ийм байдлаар улс орон хөгжихгүй байх л гэж бодож байна.

-МАН-ынхны хувьд Д.Сумъяабазар нэр дэвшигчийн тангаргийг өргүүлэх ёстой гэсэн. Тэртэй тэргүй л олонхийн санал авчихсан хойно АН яагаад бүлгээрээ уг асуудлыг хэлэлцчихэж болоогүй юм бэ?

-Энэ асуудал өөрөө маш төвөгтэй. Нэгдүгээрт, энэ бол сонгуулийн хуульд илэрхий цагийг нь заагаад өгчихсөн байтал, тэр дагуу сонгууль явуулаагүй. Энэ хариуцлагыг хэн хүлээх ёстой юм бэ. Үүний дараа Д.Сумъяабазар гэдэг хүн орж ирэх асуудлыг хуулийн хүрээнд, зөв дүгнэлттэйгээр хийх хэрэгтэй юм. Гэхдээ үүнд энэ, тэр намын нэр дэвшигч орж ирэх ёстой гэдэг талаас нь яриагүй юм шүү. Хамгийн гол нь хууль хэрэгждэг байх нь бидний зарчим байх ёстой.
Сонгууль зохион байгуулна гэдэг бол улс төрийн маш ач холбогдолтой үйл явдал. Дээрээс нь татвар төлөгчдийн маш их мөнгө орж байна. Ийм тохиолдолд сонгуулийн энэ маргааныг зүгээр л нэг алдаа гарсан байна гээд өнгөрөх асуудал биш гэж бодож байна.

-Одоо тэгвэл уг асуудлын гарц нь юу юм бэ?

-Хуулиараа бол дахин санал хураалт явуулах боломжгүй. Хэрэв энэ сонгуулийн дүнг зөвшөөрөх боломжгүй гэвэл дахин санал хураалт биш, дахин сонгууль явах болох юм билээ.
Гэхдээ энд би энд дахин сонгууль явуулах тухай яриагүй байна. Дахин санал хураалт нь хуулийн хүрээнд болсон байна гэж үзвэл тэртээ тэргүй олонхийн санал авсан хүн нь орж ирээд, төрийн ажил явдгаараа явах нь зөв гэж бодож байна. Гагцхүү миний байр суурь хатуу байгаа зүйл бол сонгууль зохион байгуулахад ийм алдаа гаргаж байгаа сонгуулийн хороотой яагаад хариуцлага ярихгүй байгаа юм бэ.
Хариуцлагыг Д.Сумъяабазараас бус СЕХ-ноос асуух ёстой болов уу.

-УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэх үед эрх баригчид дотроо фракцийн өрсөлдөөн ихтэй байгаа нь мэдрэгдлээ хэмээн МАН шүүмжилж байсан. Бүлгийн хурлын үеэр ч гэсэн ийм байдал ажиглагдсан гэсэн?

-Фракцуудын зөрчил гэхээсээ илүүтэйгээр үзэл бодол, ялгаатай байр суурийн л илэрхийлэл байсан. Ер нь фракц гэдэг хуйвалдаан, нам дотор албан тушаал хуваарилах хэрэгсэл байж болохгүй. Энэ бол ардчилал биш л дээ. Д.Ганбат гишүүний хувьд фракц гэж олон ярих шиг болсон. Миний хувьд түүнийг өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн гэж бодож байна.

-МАН өнгөрсөн хугацаанд аливаа асуудлыг шийдэх гэхээсээ илүүтэйгээр гацаах байдлаас хандаж байна гэх шүүмжлэл бий. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-МАН-ынхан Ерөнхий сайдыг хууль зөрчсөн гэдэг үндэслэлийг гаргаж ирсэн. Засгийн газар, Ерөнхий сайд хууль биелүүлэх ёстой хамгийн эхний хүмүүс мөн үү гэвэл мөн. Тэд бүр хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй хүмүүс. Тиймээс энэ бол зарчмын асуудал. Зөвхөн МАН-ын бүлэг гэлтгүй бидний хувьд ч гэсэн цаашдаа Засгийн газраас үүнийг шаардаж ажиллах үүрэгтэй.
Гэхдээ хууль зөрчсөн эсэх тухай асуудал өөрийн зүй зохистой хүрээнд, зөрчигдсөн байлаа гэхэд хүлээх хариуцлагынх асуудлыг гаргасан зөрчилтэй нь уялдуулж л ярих ёстой. Түүнээс бус зөрчил л бол зөрчил, зөрчил гаргасан тохиолдол болгонд засаг огцрох асуудлыг ярина гэвэл улстөрийн тогтворгүй байдлыг дэврээх гэсэн, улс төржсөн зорилго байна л гэж харахаас аргагүй. Ер нь бол өмнө нь төрийн албаны эсвэл төрийн албан хаагчийн томилгоотой холбоотой асуудал гарсан үед Захиргааны шүүхээр хариуцлага тооцоод явах боломжтой байсан. Гэтэл тухайн заалтыг хүчингүй болгочихоод өнөөдөр нэг хүн хууль бусаар халагдсан ч Үндсэн хуулийн Цэцэд бүгдийг өгөх асуудал ярьж байна. Ингэснээр ямар нэг хуулийн маргаан гарах бүрт түүнийг Үндсэн хуулийн түвшинд аваачиж бүгдийг засгаар барьцаалж шийдэх гээд байгаад би шүүмжлэлтэй хандаж байгаа.
МАН-ынхан сая дэвшүүлсэн асуудлаа энэ талаас нь харахыг хүсээгүй, улс оронд учрах үр дагаврыг нь огт тооцоолоогүй орж ирсэнд би хувьдаа шүүмжлэлтэй хандсан. Ерөнхий сайд огцорно гэдэг засаг огцорно гэсэн үг. Гэтэл хаврын бүтээн байгуулалт эхэлчихсэн, хамгийн зав чөлөөгүй үед засаг огцорвол МАН-ынхны хамгийн их ярьдаг ард түмний амьдрал, талх махны үнэд яаж нөлөөлөх вэ. Үүнд ямар ч хариу хэлээгүй.

-Төрийн албан хаагчдыг хоморголон халсан талаар тухайн үед ярьж байсан, өнөөдөр ч гэсэн ярилаа. Үүнийг нөгөө талаас нь харах юм бол өнгөрсөн хугацаанд төрийн албанд дандаа МАН-ынхан байсан гэсэн үг болж таарч байна уу?

-Төрийн албаны асуудлыг судалж байж ярья. Эргэлзээтэй асуудал учир баримттай зүйл яримаар байна.

-Төрийн албан хаагч гэдэг угаас намын гишүүнээсээ татгалзсан байдаг шүү дээ?

-Төрийн албаны хувьд бид улс төрийн зөрчлийг даван туулж, төрийн албыг төлөвшүүлэхийн төлөө л анхаарлаа хандуулах ёстой.
Ер нь бол төрийн алба нь хамгийн их төлөвшсөн, улс төрөөс хараат бус орон тогтвортой хөгждөг. Тиймээс бид аль ч нам гэлтгүй төрийн албыг улс төрөөс ангид ажиллуулах ёстой. Ингэж ажиллаж чадаж байна уу гэдэг УИХ хяналт тавих үүрэгтэй юм.

-УИХ, Засгийн газрын гурван гишүүн Өмнөговь аймагт ажллахдаа ихээхэн дайлуулж Ашиг сонирхлын тухай хуулийг зөрчсөн гэж яригдаад байна. Энэ асуудал Ёс зүйн дэд хороонд ирсэн үү?

-Хэн нэгнээс ийм асуудлыг манай дэд хороонд ирүүлээгүй байна.

-АТГ-ынхан танайд уламжилна гэсэн. Яаж шийдэгдэх бол?

-Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хэлэлцэхгүй. Хууль нь ийм юм. АТГ болоод хуулийн байгууллага УИХ-ын гишүүний өдүүлсэн хэргийг шалгаж байвал Ёс зүйн дэд хороо асуудлын дундуур орох эрх байхгүй. Шалгаж дуустал нь бид ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэсэн үг. Тэгэхээр Ёс зүйн дэд хороонд энэ асуудлыг тавьсан ч бид шүүн хэлэлцэх боломжгүй.

-Ер нь тухайн үед юу болсон юм бол. Мэдээлэл авав уу?

-Энэ тухай өчигдрөөс яригдаж эхэлсэн. Манайд тодорхой мэдээлэл ирээгүй байгаа. Тэгэхээр бусадтай ижил, хэвлэлийн хүрээний мэдээлэлтэй л байна.

Л.Мөнх

Tuesday, 7 May 2013

"Намайг хөөхийн цаана том шалтгаан бий"

МАХН-ын Гадаад харил­цаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга У.Барс­болдыг “Ярил­цах тан­хим”-даа урилаа. Сүүлийн үед түүнийг МАХН-аас хөөгдсөн гэх яриа улс төрийн хүрээнд дуулиан тариад буй. Нөгөөтэйгүүр У.Барсболдтой өрнүүлсэн энэхүү яриа олон хүний санааг амрааж, магадгүй заримыг нь айдаст автуулж ч мэдэх тул сонирхол татах биз ээ.

-Таныг яагаад МАХН-аас хөөх болов гэдгээс илүү МАН-аас гарч МАХН-д эл­сэх болсон шийдвэрийг ямар үндэслэлээр гаргах болсон бэ гэдгээс яриагаа эхэлье?

-Би өнгөрсөн оны аравдугаар сард МАН-аас гарч МАХН-д элсэн гишүүнчлэлээ сэргээсэн. Ний нуугүй хэлэхэд МАХН-ын нэрийг өөрчилж МАН болгосон түүх бол улс төр гэж би үздэг. Би намын нэрийг өөрчлөхийн эсрэг саналтай байсан. Учир нь намын нэрийг өөрчилснөөр гишүүдийг талцуулан хуваах нь тодорхой, улмаар манай нам ялагдал хүлээнэ гэж үзэж байлаа.

Үүнийгээ ч илэрхийлсэн. Даанч МАН дахь миний журмын нөхөд үгийг минь тоогоогүй.

-Яагаад тоогоогүй гэж?
-Яагаад гэвэл “Н.Энхбаярын” У.Барсболд хэлж байна гэж харахыг хүсэж байсан. Нэгэнт тэгж үзэж байсан учраас би тэр хурал дээр МАН-ын нарийн бичгийн даргын ажлаа өгсөн. Тэгээд хэсэг гэртээ тайван амарч байгаад МАХН-д гишүүнчлэлээ сэргээн  элсэж орсон. Өөрөөр хэлбэл МАН-ын нарийн бичгийн даргын ажлаа өгөөд МАХН-ын нарийн бичгийн дарга болсон учир энэ.

-Одоо танд хэдэн намын батлах байдгийг сонирхож болох уу?
-Надад нэг нэртэй хоёр өөр гарын үсэгтэй батлах байдаг.

-Хэн, хэний гарын үсэгтэй вэ?
-МАН-аас гарсан  батлах дээр Сү.Батболдын гарын үсэг, МАХН-д элссэн батлах дээр Н.Энхбаяр болон Г.Шийлэгдамба даргын гарын үсэгтэй. Ийм хоёр батлах бий.

-Яагаад заавал МАХН-д элссэн юм бэ. Н.Энхбаярыг дагаж байна гэж шууд ойлгогдсон шүү дээ?
-Ил тод байдал, шударга ёсыг хайж очсон. Мөн тус намын гишүүд, улстөрчид нь нийгэмд зөв харагдаж, ойлгогдох хүмүүс байна гэж бодсон. Тэдэнтэй олон жил хамт ажилласан зэргээ бодолцсон. Үүний дотор Н.Энхбаяр дарга ч орно. Анх өнгөрсөн аравдугаар сард элсэн орохдоо намын нарийн бичгийн дарга,намын даргын  ажлын албаны даргын албыг хашиж эхэлсэн.  Энэ оны гуравдугаар сард болсон намын Бага хурлаас намын Гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд намаа бэхжүүлэх, өдөр тутмын ажил үүргээ сайн гүйцэтгэхийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнээ хийсэн гэж боддог. Манай намын хамт олон яаж үнэлдгийг би мэдэхгүй байна. Өнгөрсөн гуравдугаар сард болсон намын Бага хурлаар миний нэрийг нарийн бичгийн даргад заалнаас нэр дэвшүүлсэн. Нууцаар санал хураасан. Тэгэхэд бараг 80 орчим хувийн санал авч сонгогдлоо. Тэгэхээр намын хамт олон У.Барсболд гэдэг хүнийг зөв ойлгодог юм байна. Намайг дэмжиж, улам ихийг хийгээсэй хэмээн хүсэж байна гэж би ойлгосон.

-Гэтэл яагаад МАХН-ын Гүйцэтгэх товчоо таныг хөөх шийдвэр гаргачихав аа?

-Харамсалтай нь саяхан МАХН-ын Гүйцэтгэх товчооноос намайг хөөхөөр шийдсэн тогтоолоо надад ирүүллээ. Энэ тогтоолыг гаргахдаа намайг намын эв нэгдлийг хагалан бутаргасан. Намын ажилд идэвхтэй оролцдоггүй гэхчлэн маш сонин үндэслэлүүдийг бичсэн байна билээ. Гэвч МАХН-ын дүрэмд зааснаар Гүйцэтгэх товчоо намайг хөөх эрхгүй. Тиймээс МАХН-ын Гүйцэтгэх товчоо өөрөө намын дүрмийг зөрчсөн. МАХН-ын дүрэмд зааснаар намайг намаас хөөх эрх зөвхөн анхан шатны байгууллага болох үүр, зуутад бий. Миний харьяалагддаг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр зуут намайг хөөх шийдвэр гаргаагүй. Мөн Гүйцэтгэх товчооны шийдвэрээр намайг намын нарийн бичгийн даргаас чөлөөлсөн байгаа юм. Гүйцэтгэх товчоо өөрөө намын Бага хурлаас сонгогддог. Гэтэл намын Бага хурлаас сонгогддог Гүйцэтгэх товчоо нь Бага хурлын эрхэд халдаж нэгийгээ ажлаас чөлөөлсөн нь дүрмээ зөрчсөн үйлдэл байлаа. Тиймээс би “Энэ асуудлыг шийдэж өгнө үү” хэмээн намын анхан шатны байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн намын хорооны Хяналт, ёс зүйн дэд хороонд хандсан. Тус хороо хуралдаад “Гүйцэтгэх товчооны энэхүү шийдвэр намын дүрмийг зөрчсөн байна. У.Барсболд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр зуутын гишүүн хэвээрээ. Намын нарийн бичгийн даргаас түүнийг чөлөөлөх эрх Гүйцэтгэх товчоонд байхгүй” гэсэн шийдвэр гаргаж үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарласан. Манай намын вэб сайтад ч нийтлэгдсэн.

-Гүйцэтгэх товчооны гишүүд дүрмээ мэдэхгүй байна гэж баймааргүй. Ямар шалтгаанаар таныг нарийн бичгийн даргаас чөлөөлөөд зогсохгүй намаасаа хөөх болов. Үүний цаана ямар учир байгааг та таамаглаж байгаа биз дээ?
-Мэдээж цаана нь дарамт шахалт байсан биз. Хувийн эрх ашгаа ч бодсон байх. Гэхдээ намын дүрмээ зөрчиж, яаран сандран ингэж шийдсэний цаана том утга учир байгаа биз дээ. Үүнийг би яаж мэдэх вэ.

-Таныг яагаад намын нөхөд чинь аль нэг намын тагнуул гэж үзээд байдаг юм бэ. МАН-ын тагнуул гэгдэж байсан. Дараа нь АН-ын тагнуул гэх болсон байна билээ. Та яагаад нөхдөдөө тагнуул шиг харагдаад байдаг юм бол. Тагнуулын тактикаар ажилладаг юм уу?
-Намайг МАХН-д гишүүнчлэлээ сэргээж ирмэгц л “МАН-ын тагнуул ирлээ” гэцгээсэн. Би “МАН-аас гараад ирж байгаа нь үнэн юм чинь хардаж байгаа юм байлгүй” гээд тоогоогүй. Дараа нь “АН-ын тагнуул байжээ” гэсэн. Буруу ойлгосон байлгүй дээ гээд бас л тоогоогүй. Гүйцэтгэх товчооны аль нэг гишүүнийг байсгээд л тагнуул гээд харддаг болохоор тэгтлээ анхаарал хандуулаагүй юм.

-Яагаад “АН-ынх гэж” гэдэг л сонин байна. Та Ардчилсан намаас хэнтэй нь дотносоод хардуулахаар юм болсон юм бэ?
-АН-д надад найз байлгүй яах вэ. Бид цөөхүүлээ шүү дээ. Намаас болоод уулзахгүй байх хэрэг үү. Тэгж яривал би БНН-ын дарга Б.Жаргалсайхантай уулзаад байгаа. Бидэнд ажил хэргийн яриа бий. Удахгүй намайг “БНН-ын тагнуул” гэх байх. Мөн Байгаль орчны сайдаар ажиллаж байсны хувьд, БОНХ-ийн сайд С.Оюунтай уулзаж байгаль орчин ногоон хөгжлийн асуудлаар санал солилцоно. Тэр үед “ИЗНН-ын тагнуул” гэж зарлах байх. Гэхдээ асуудал яагаад тэгж зарлаад байгаад болохоос биш ямар үндэслэлээр вэ, юуг тагнав гэдэгт байгаа юм биш. Би ийм жижиг зүйлээр хөөцөлддөггүй. Энэ мэтхэнээр хөөцөлдвөл нам дорхноо задарна шүү дээ.

-Гэхдээ тагнуул гэж хэлүүлэх сайхан биш шүү дээ. Тэр тусмаа гурван сая ч хүрэхгүй хүн амтай орны дотор улс төрийн тагнуулч байна гэдэг жижиг асуудал биш. Хорин сая хүн амтай улсад бол өөр хэрэг. Энэ тэвчээд суух зүйл мөн гэж үү?

-Улс төрийн намууд, улстөрчид нэгийгээ муухай харагдуулахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Гэхдээ би бусдын өөдөөс ийм арга хэрэглэдэггүй. Намайг тагнуул гэж хэллээ гээд би тагнуул болчихгүй. Яруу найрагч Т.Галсан гуайг социализмын үед тэмээчнээр “цөлж” шийтгэхэд ээж нь уйлахад “Ээж минь юунд уйлна вэ. Хүү нь тэмээчин болсон болохоос ямар тэмээ болчихсон биш” гэсэн гэдэг.

-Тэгвэл тагнуул биш байжээ гэхэд намаа хагалан бутаргах зүйл гэдэг үндэслэлд хамаарах ямар үйл ажиллагаа явуулсан юм бэ?
-Энэ их сонин юм болсон. Нэгэнт та надаас асуусан учраас илэн далангүй хэлчихье. Манай намын хамт олон ч чухам юу болсныг яг миний амнаас сонсоосой гэж хүсэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны ням гарагийн шөнө 23.30 цагийн үед би өөрийнхөө эзэмшлийн, чөлөөт цагаа өнгөрүүлдэг ресторанд намын нөхөдтэйгээ суугаад инээж хөгжилдөж суулаа. Гэтэл гэнэт камер барьчихсан 20-иод хүн дайрч орж ирсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү ахалж, МАХН-ын Чимэдцэрэн, Ангараг, Лхагвацэдэн нарын гурван нарийн бичгийн дарга, тэднийг дагалдагчид орж ирээд “Та нар Н.Энхбаяр даргыг ажлаас нь чөлөөлж оронд нь У.Барсболдыг сонгох хуйвалдаан зохион байгуулж байна” гэж бидэн рүү дайрсан. Бид “Энд ямар нэг хуйвалдаан хийгээгүй. Та нарыг уриагүй. Өнөөдөр амралтын өдөр. Тэр тусмаа шөнийн 23.30 цаг болж байна. Энд 18 насанд хүрээгүй хүүхэд алга. Чөлөөт цагаа яаж өнгөрүүлэх нь бидний хэрэг. Тиймээс бид хууль бус үйлдэл хийгээгүй тул та нар гарцгаана уу” гэхэд тэд явсан.

-Яг тэр ресторанд одоо та бид хоёр ярилцаад сууж байна. Энд тэр орой та хэн, хэнтэй байснаа хэлж болох уу?
-Сонгинохайрхан дүүргийн намын хорооны дарга Мөнгөнчимэг, Говь-Алтай аймгийн намын хорооны дарга Балдандорж, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга Батболд, манай намын гишүүн, Эмэгтэйчүүдийн хорооны дарга асан Сарангэрэл, Баянгол дүүргийн намын хорооны дарга Буянжаргал нар надтай хамт сууж байсан. Би намын нарийн бичгийн даргын хувьд тэдэнтэй хамт чөлөөт цагаа өнгөрүүлж болно биз дээ.

-Ер нь хуйвалдаж болохоор хүмүүс сууж байсан юм биш үү?
-Харамсалтай нь үгүй. Ер нь бол бид нэг намын гишүүд уулзсаны хувьд намынхаа тухай  ярих ёстой биз дээ. Гэхдээ би хэнтэй, хэзээ улс төр ярих вэ гэдэг маань миний сонголт. Дахин хэлэхэд бидний хооронд тэр орой намын даргыг өөрчлөх ямар нэг хуйвалдаан зохион байгуулах тухай яриа огт байгаагүй. Нөгөөтэйгүүр 18 насанд хүрсэн хэдэн иргэн, тэр тусмаа нэг намын хорооны дарга нар чөлөөт цагаа яаж өнгөрүүлэх, хамт суухдаа юугаа ярьсныг гаднаас дайран орж ирж шалган байцаах нь надад 1937 оныг санагдуулсан.

-Та нарыг энд байсныг яаж мэдсэн байх вэ. Чагнах төхөөрөмж тавих бол энүүхэнд байх нь ээ гэж бодохоор эвгүй санагдчихлаа. Одоо ч та бидний яриаг сонсож байж мэдэх юм?

-Тайван сууж болно. Танд аюулгүй ээ /инээв/. Бидний тэр орой энд сууж байгааг мөрдөж мэдсэн байх гэж бодож байна.  Энэ талаас нь асуудал тавибал тэд хууль зөрчсөн ноцтой үйлдэл хийсэн байгаа биз. Харин бид намынхаа нэр хүндийг бодоод хуулийн байгууллагад хандаагүй.

-Гэхдээ цагдаа дуудсан юм байна билээ, тийм үү?
-Зодоон цохион, ер юу ч гарах юм билээ гээд цагдаа дуудсан нь үнэн.

Эвгүй сонсогдож болох ч шулуухан асууя. О.Баасанхүү, У.Барсболдын хэн нь өнөөдөр Н.Энхбаярт ойр буюу “хэрэгтэй” гэж ойлгож болох вэ. Мэдээж О.Баасанхүү гишүүн түүнийг өмгөөлж байсан. Эцсээ хүртэл зүтгэсэээр байгаа. Таны хувьд ч “Энхбаярын” У.Барсболд гэж дуудуулж байсан үе саяхан шүү дээ?

-Н.Энхбаяр дарга өөрөө сонголтоо хийх биз ээ. Түүнд сонгох эрх нь бий.

-Энэ бүх үйл явдлын цаана Н.Энхбаяр байгаа гэж хардаж байна уу. Хамгийн сүүлд та Н.Энхбаяр даргатай хэзээ уулзсан бэ?
-Би тэгж хардахгүй байна. Н.Энхбаяр дарга бид хоёрын харилцааг “муу” гэж хэлж чадахгүй. Бид олон жил хамт ажилласан. Би үүнийг үл ойлголцол гэж хэлж чадахгүй. Хэвлэлд бичсэнчлэн Н.Энхбаяр даргын гэргий ч нөлөөлөөд байгаа юм биш. Тэр тусмаа  МАХН-д хамаагүй. Н.Энхбаяр даргатай хамгийн сүүлд арваад хоногийн өмнө эргэж очихдоо уулзсан.

-Биеийн байдал нь ямархуу байна. Үнэхээр хэвлэлээр бичээд байгаа шиг дор орсон гэж харагдсан уу?
-Тааруу л  байсан.  Бид улс төрийн талаар санал бодлоо солилцдог. Гэхдээ үзэл бодлоо нэгэндээ тулгадаггүй. Н.Энхбаяр дарга ч “Чи тэгж бодох, сэтгэх ёстой” гэдэг хүн биш. Ерөнхийдөө бид хоёрыг нийлүүлдэг олон зүйл бий.

-Нийлүүлдэг олон зүйл бий гэснээс УИХ-ын 2012 оны сон­гуульд МАХН, Н.Энхбаяр дар­га Оюутолгой, Тавантолгой, стратегийн ач холбогдолтой бусад ордын талаарх асуудлыг ширүүхэн хөндсөн. Үүнээс болоод, ту-хайлбал Хөшөөтийн уурхайгаас болоод таныг Н.Энхбаярт барьцаалагдлаа, түүнийг дагах боллоо гэж харддаг. Энэ тухай та ямар тайлбар өгөх вэ?

-Намайг Хөшөөтийн уурхайтай холбож хэвлэл мэдээллээр маш их бичдэг. Ингэж бичихийн тулд, хардаж сэрдэхийн тулд батал­гаа нотолгоо, эсвэл албан ёс­ны дүгнэлттэй байх ёстой. Би өнгөрсөн онд, МАХН-д гишүүнчлэлээ сэргээхээс өмнө хуу­лийн байгууллагаар өөрийн хүсэлтээр шалгуулсан. Ингээд 2012 оны долоодугаар сарын 24-нд Нийс­лэлийн прокурорын тогтоол гарсан. Үүнд “Уламбаярын Барсболд Хөшөөтийн уурхайтай холбоотой аливаа нэг ашиг сонирхлын зөрчил, холбоо байхгүй” гэдгийг тогтоосон байгаа. Харин үүнийг би хаана ч зарлаагүй.

-Зарлачихвал яасан юм бэ?

-Өнөөдөр та зарлаад өгчих. Тогтоолыг нь шаардлагатай гэвэл танд үзүүлье. Одоо Хөшөөтийн уурхайн асуудлаар манай нам надтай юу ч ярих эрхгүй. Харин энэ асуудлаар хэн нэгний гар, хөл болж миний нэр хүндэд халдан бичиж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж хэлэхэд “Надад хангалттай баталгаа, нотолгоо бий. Битгий үүгээр оролдож бусдыг гүтгэсэн хэрэгт хол­богдоорой” гэж анхааруулмаар байна.

-Та Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богд уулын дархан цаазтай газруудыг зарсан. Тийм үү?

-Богд ууланд газар өгөх асуудал бол УИХ-аас баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн дагуу миний өмнөх сайдууд ч, надаас хойш томилогдсон сайдууд ч Богд ууланд газар өгсөөр ирсэн. Бүр надаас ч олон газар олгосон. Эцэст нь хэлэхэд намайг Хөшөөтийн уурхай болон Богд ууланд газар олгосон асуудлаар хуулийн байгууллагууд хангалттай шалгасан. Ямар ч хууль бус үйлдэл байгаагүйг тогтоосон. Дахиад энэ асуудлаар над руу дайрвал шүүхэд хандана, асуудлыг илүү хурцаар тавина гэдгээ зориуд мэдэгдэж байна. Энэ бүх асуудлыг манай намын дотроос зориуд зохион байгуулаад байгаад би туйлын их харамсаж байна. Дашрамд хэлэхэд “Би бол шалгагдаад буруугүй нь нэгэнт  тогтоогдсон. Харин бусад хүмүүсээ яаж шалгав гэдгийг сэтгүүлчид сайтар хайх хэрэгтэй юм шүү” гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

-Яагаад танай намынхан зохион байгуулж байгаа гэж. Ер нь та заавал дүрмийн бус аргаар намайг хөөлөө гэж тайлбарлахын оронд намаасаа гарчихвал яасан юм бэ. Заавал яагаад МАХН-д байх ёстой гэж хэмээн зарим хүн гайхаж мэдэх юм. Эсвэл өөр намынхан таныг авахгүй гэж үү?

-МАН-аас гарч МАХН-д гишүүнчлэлээ сэргээхдээ би хувьдаа “том” шийдвэр гаргасан гэж бод­дог. Би ийм шийдвэрийг жил бүр ч юм уу, үе үе гаргаад байхгүй учраас тэр шүү дээ. Би шударга ёс, намын хамт олон, зөв чиглэл, үзэл бодол, концепцийг нь дэмжсэн учраас орж ирсэн. Аль нэг намд элсэх, шинэ нам байгуулах санаа байхгүй. Гүйцэтгэх товчооныхонд хандаж хэлэхэд намайг энэ намаас “Яв” гэхээр явчих санаа алга. Энэ хамт олон, жирийн гишүүдтэйгээ  хамт байх бүрэн эрхтэй. Энэ намаас гарвал тэр намд орно гэх бодол хэзээ ч надад төрдөггүй. Цаашид ч төрөхгүй биз. Би Н.Энхбаярын хамтран зүтгэгчийн хувьд шоронд хоригдож байх үед нь ажлыг нь авах усан тэнэг толгой биш.  Энэ тухайгаа намынхаа сайтад мэдэгдсэнээ давтан хэлье.

-Таны дээр хэлсэн мэдэгдлүүд олон хүний санааг амрааж байгаа байх. Бас яагаад таныг намаас хөөх гээд байна вэ гэдгийн цаана У.Барсболдоос айх шалтгаан байна уу гэж харж болох талтай?
-Яагаад намайг  намаас хөөж байна, би юугаараа тэдэнд садаа болоод байна вэ гэдэг талаар намын гишүүд, Бага чуулганы гишүүд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Энэ сонин байгаа биз. Би ч гэсэн гайхаж байна.

-Та хуучин МАХН-д элсээд 26 жил болжээ. Гэтэл шинэ МАХН-д элсээд хэдхэн сар болоход өн­гөрсөн хугацаанд “үзээгүйгээ үз­сэн” гэж хэлж болохоор байна. Өнөөдөр танд юу бодогдож байна вэ?

-Харин тийм ээ. Чамайг нэг орой амраад найзуудтайгаа сууж байхад УИХ-ын гишүүн тэргүүтэй камер барьсан 20-иод хүн дайраад ороод ирвэл ямар санагдах вэ. Мөрдсөн байна л гэж бодно биз дээ.

-Хамгийн түрүүнд “Оймс гозолзуулах нь дээ” л гэж бодож байгаа  байх даа. Улс төрийн нөхцөл байдлын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа товлогдсон. Танай нам нэр дэвшигчээ товлоогүй бай­на. Аль нэг намтай эвсэж орох уу. Намаасаа нэр дэвшигч оролцуулах уу. Арай таныг хүчтэй кандидат гэж үзсэн юм биш биз?
-Манай нам үүнийг хэлэлцэж байж шийднэ. Одоогоор нэр бүхий таван хүний асуудлыг ярьж байгаа. Мэдээж үүнд миний нэр байхгүй. Дашрамд хэлэхэд намын зарим алдааны талаар танд ний нуугүй ярья. Өмнөх Бага хурлаар МАХН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр маш олон зуут, мянгатуудыг хуралдууллаа. Энэ үеэр насаараа  МАХН-д зүтгэсэн болон шаардлагатай үед өлсөж даа­ран үнэнчээр зүтгэсэн олон хүнийг халж гомдоосон. Би үүнийг эсэргүүцсэн. Ингээд намын удирд­лагууддаа хэлэхэд хүлээж авахгүй байсан. Таалагддаггүй хүмүүсээ халж таалагдах хүнээрээ багаа бүрдүүлэх бодлого баримталж том алдаа гаргалаа. Түүнчлэн намын дарга Н.Энхбаяр шоронд байгаа нь гишүүдийн санаа зовох асуудал яах аргагүй мөн. Гэтэл шийдүүлэхгүй удаж цаг алдаж байна. Эцэст нь шийдэх аргагүй болох, эсвэл ялын хугацаа нь дуустал ч удах бололтой. Мөн намын удирдлагын зүгээс гишүүдээ хагалан бутаргаж байгаа асуудлыг би удахгүй болох Бага хурал дээр зарлаж мэдэгдэл хийнэ.

-Та намын удирдлагууд гэж яриад байх юм. О.Баасанхүү, У.Барсболдын хоорондын асуудал юм биш биз?

-Биш. МАХН-ын удирдлагын асуудал юм. Гэтэл үүнийг зарлахыг мэдчихээд намайг МАХН-ын Бага хуралд оролцуулахгүй байхын тулд ийнхүү дүрмээ зөрчин яаралтай хөөх хүртэл арга хэмжээ авч байна л гэж ойлгож байна.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.
 У.ОРГИЛМАА
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин