Monday, 20 May 2013

Х.Тэмүүжин: Бүсийн хэмжээнд хууль сахиулагч бэлтгэх амбиц бидэнд бий

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн баасан гаригт эхэлсэн "Хуулийн засаглал ба шударга ёс" үндэсний чуулганы үеэр хуулийн салбарын шинэчлэлийн талаар илтгэл тавьсан. Мөн тэрбээр баасан гаригт twitter хэрэглэгчидтэй уулзах үеэр салбарынхаа шинэчлэлипн талаар тайлбарласан юм. Хууль зүйн сайд хуулийн салбарын шинэтгэлийн талаар ингэж ярилаа.
temuujin 
-Илтгэлээ "Эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь давалгаа..." гэж нэрлэсний учир юу вэ. Хуулийн салбарын шинэтгэлийн талаарх хоёр дахь том өөрчлөлт хийгдэж байна гэж ойлгож болох уу?
-2002 онд хуулийн салбарт том шинэтгэл хийгдсэн. Эрүүгийн хууль, Иргэний хуулиа шинэчилсэн. Захиргааны шүүх байгуулж төр иргэний хоорондох маргааныг шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлсэн. Мөн Хуульчийг сонгон шалгаруулах журмын тухайн хууль баталснаар хуульчид нэгдсэн байдлаар шалгалт өгдөг тогтолцоо руу шилжсэн. Гэхдээ шинэтгэл хангалтгай хийгдээгүй. Арав алхах юм байна гэж төсөөлж байхад гурав л алхсан гэсэн үг. Тухайн үед үүнийг "Өнөөгийн хуульчид тэр түвшинд очоогүй. Нийгэм огцом шинэтгэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж тайлбарлаж байлаа. Үүнд байгууллагуудын амбиц, эрх ашиг ч нөлөөлж байсан. УИХ-д хэлэлцүүлэхээр орсон маш олон дэвшилттэй санаачилга унаж байгааг тухайн үед харж байлаа. Санаанд хүрэхээр байгаагүй ч эрх зүйн эхний шинэтгэл хийгдсэнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Түүнээс хойш улстөрчид хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь "Энэ шинэтгэл хангалттай" гэж байсан бол нөгөө хэсэг нь дараагийн шинэтгэлийг хүлээж байлаа.

-Өөрөөр хэлбэл, тухайн үед хийгдсэн шинэтгэл үргэлжилж байна гэсэн үг үү?
-Бидний санал болгож байгаа шинэтгэлийн ихэнх нь тухайн үед яригдаж байсан. Шинээр бодоод олчихсон зүйл бараг байхгүй. Гэхдээ цогцоор нь харах, системчлэх, асуудлыг ул суурьтай шийдэхийн тулд нэлээд олон жил судалгаа хийлээ. 2006 онд МУИС-ийн залуу багш нар нийлээд "Нээлттэй академи" төрийн бус байгууллага байгуулаад шинэ санаачилга гаргаж нэлээд судалгаа хийчихсэн байлаа. Бидний ажил хүмүүсийн анхааралд өртсөн байх. Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын ажлаа өгсний дараа МУИС-д ирж надтай уулзаж байсан. Тэгэхдээ "Чи өөрчлөлт хийе гэж байгаа бол дотор нь ороод ажиллаад үз. Нөгөө талаар АН-д хуулийн чиглэлийн лидер алга. Бидний сул тал энэ байна. Хуулиар хамгаалж, бэхжүүлээгүй ардчилал хоосон зүйл шүү дээ" гэсэн утгаар ярьсан. Ингээд 2006-2008 онд "Эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь давалгаа" гэдэг нэртэйгээр хуулийн салбарыр цогцоор нь судалсан. Үүндээ үндэслээд шинэтгэлийн хувилбарууд гаргаж байлаа. 2008 оны сонгуулийн дараа үүнийгээ хэрэгжүүлэх гэж оролдсон ч бүтээгүй. Харин 2012 онд эрх зүйн шинэтгэлийг цогцоор хийх боломж олдлоо.

-Тэгвэл эрх зүйн шинэтгэлийг юунаас эхэлж, ямар байдлаар хийх вэ?
-Дөрвөн жилийн хугацаанд хийх ажлын нэлээд том төлөвлөлт хийчихсэн байгаа. Манай салбарын хамгийн гол бодлого Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэтгэл байна. Үүний гурван том системийн нэгийнх нь зарим хуулийн төсөл УИХ-д өргөн баригдчихсан байна. Нэр томъёоноос эхэлсэн буруу хандлагыг өөрчлөхөөс эхлээд маш олон зүйл байгаа. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд зохион байгуулалтын шинэтгэл хийгдэнэ. Үүнд одоо байгаа маш олон уламжлал өөрчлөгдөнө. Нэг үгээр, хуулийн байгууллагуудын эрх мэдлийг дахин хуваарилах юм.

-Хуулийн төслүүдээс харахад хуульч, хууль сахиулагч гээд ялгаатай байгаа. Чухам ямар үүргээр нь ялгаж, яаж хэрэглэх вэ?
-Хуульч гэдэг уламжлалт ойлголт. Уламжлалт ойлголтоор хуулийн чиглэлийн сургууль төгссөн хүн бүрийг хуульч гэж нэрлэдэг байсан. Эмнэлгийн байгууллагатай зүйрлэвэл, асрагчийг ч эмч, эх баригчийг ч эмч гэж нэрлэж байгаатай адил. 2002 оны Хуульч сонгон шалгаруулах журмын тухай хуулиар хуульч гэдэгт шүүгч, нотариатич, өмгөөлөгч, прокурор, захиргааны хуульчдыг оруулдаг байсан. Тэр үед албан ёсны гэрчилгээ авдаг байсан бол одоо тусгай зөвшөөрөл авдаг болно. Тодруулбал, хуулийн сургууль төгсөөд шүүн таслах үйл ажиллагаанд оролцож маргаан шийдвэрлэх явцад мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг хуульч гэж байгаа.
Хууль сахиулагчийн тухайд шүүн таслах ажиллагаанд оролцохгүй. Харин шүүхэд нотлох баримтыг бүрдүүлж өгдөг, олонхи нь гудамжинд хууль сахиулах үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг хэлнэ.

-Тэгвэл хууль сахиулагчдад ямар байгууллагынхан хамаарагдах юм бэ?
-Шууд иргэнд үйлчилдэг захиргааны байгууллага бий. Мөн иргэнд шууд үйлчилдэггүй цэргийн байгууллага бас байдаг. Энэ хоёрын завсар цэрэгжсэн байгууллага бий. Цагдаагийн байгууллагынхан өөрсдийгөө цэрэгжсэн гэж нэрлэдэг байсан. Сүүлдээ цэрэгжсэн, цэргийн байгууллага хоёр нэр томъёог нэгтгээд хүчний байгууллага гээд нэрлэчихсэн байлаа. Хүчний байгууллага гэдэг нэртэй учраас хүчирхийлж болно, бидний үйл ажиллагаа нууц, далд ажиллах ёстой, зөвхөн даргадаа илтгэх ёстой гэх жишгээр ажилладаг болж хувирсан. "Долдугаар сарын 1"-ний хэргийн дараа цагдаагийн нэр бүхий дарга нарыг цэргийн гэмт хэргээр зүйлчилчихсэн. Гэтэл тэд "Бид цэргийн байгууллага биш" гэж ярьж эхэлсэн. Энэ нь зөв. Цагдаагийн байгууллага цэргийн байгууллага биш. Өөрөөр хэлбэл, хууль сахиулах чиг үүргийн байгууллага. Хууль сахиулах байгууллага нийтийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажиллана. Хийж байгаа үйл ажиллагаа нь нотлох баримт болж шүүхэд бүтээгдэхүүн болж нийл үүлэгддэг, түүн дээр хуульчид ажиллаж гэмт хэрэг мөн эсэхийг нотлох шинэ систем рүү орно.
Хууль сахиулах байгууллагад дээрх ярьснаар хамгийн түрүүнд цагдаагийн байгууллага орно. Тус байгууллага хууль сахиулах үйл ажиллагааны 70-80 хувийг дангаараа хариуцаж ажиллана гэсэн үг. Цагдаагийн байгууллага хууль сахиулах чиг үүргээс гадна иргэнд үйлчлэх үйл ажиллагаа явуулна.

-УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдийг харахад Мөрдөх алба, Маршалын алба гэх мэтээр хууль сахиулах олон байгууллага шинээр байгуулах юм билээ. Үүнийг тайлбарлаач?
-Улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй шинээр байгуулагдах Мөрдөх албаныхан тэмцэнэ. Хүн худалдаалах, хар тамхи, мансууруулах бодис зарах, мөнгө угаах, цахим гэмт хэрэг, тагнуул хийх, албан тушаалтан, цагаан захтнуудын хэрэг гэх мэт илүү их мөнгө, эрх ашигтай холилдсон байдлаар гардаг, үйлдэл нь улс дамнасан, зохион байгуулалттайгаар хийгддэг хэрэгтэй тэмцэнэ гэсэн үг. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхийн тулд Мөрдөх алба тагнана, чагнана, урт хугацаанд ажиллана, олон улсад сүлжээгээр ажиллах болно. Өөрөөр хэлбэл, дээр ярьсан цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх аргаас огт өөр байна гэсэн үг. Арга барилын маш том зааг байгаа учраас ялгаж байгаа юм.

-Мөрдөх албаныхан илүү мэргэшсэн, өргөн хүрээнд ажиллана гэсэн үг үү?
-Мөрдөх албаны мэргэжилтнүүд өндөр түвшинд бэлтгэгдсэн байх шаардлагатай. Олон улсын жишгээр цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад хоёр дахь карьераа хөөсөн хүмүүс Мөрдөх албанд ордог. Мөрдөгчдөөс гадна бусад салбарын мэргэшсэн шинжээчид шаардлагатай. Тэднийг мөрдөгчөөр жилийн дотор бэлтгээд мөрдөгч, шинжээчээр ажиллуулна гэсэн үг.

-Тэгвэл Мөрдөх албанд хэдэн насны хүмүүс ажиллах эрхтэй вэ. Нөгөө талаар Мөрдөх албанд зөвхөн Хууль сахиулах их сургууль төгссөн боловсон хүчин ажиллана гэдгийг тайлбарлаач?
-Мөрдөх албанд 35 нас хүрээгүй хүн томилогдоно гэж тооцож байгаа. Хувийн сургуулиуд хуульч бэлтгэдэг. Харин хууль сахиулагчдийг тухайн улс өөрөө бэлтгэдэг. Өртөгч өндөртэй.

-Маршалын алба ямар үүрэгтэй ажиллах вэ?
-Ерөөсөө л шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Үүний тулд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ёстой. Мөн гэрч, хохирогчийг хамгаалах, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах үүрэгтэй. Одоо шүүхийн аюулгүй байдлыг үүдэнд нь зогсч байгаа жижүүр, танхим ажиллаж байгаа цагдаа л хамгаалж байгаа. Гэтэл цагдаа гудамжинд аюулгүй байдлыг хангах үүрэгтэйгээс хаа нэг газар хамгаалалт хийх ёсгүй. Тиймээс тэр үүргийг Маршалын албанд өгч байгаа.
Гэрч, хохирогчийг хамгаалахтай холбогдсон шинэ хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Гэрчид заналхийлэх, нөлөөлөх, худалдан авах байдлаар шүүхийн шийдвэрийг өөрчлүүлж байгаа улсад шударга ёс байдаггүй. Хохирогчийг дарамтлаад, айлган сүрдүүлээд гэмт хэргийг хэрэг биш болгох тохиолдол бий. Үүнийг таслан зогсоох ёстой. Цагдаагийн байгууллага алдаа гаргаж хохирогчид нөлөөлөхөд л Маршалын алба очиж ажиллах жишээтэй. Өөрөөр хэлбэл, гэрч, хохирогчтой холбоотой асуудлыг шалгадаг, нягталдаг байгууллага бий болно. Шүүгч рүү утасдах, мессеж бичих, уулзах байдлаар нөлөөлөхөд одоо хэнч бүртгэхгүй. Харин Маршалын алба бий болсноор шүүгчдээр нөлөөллийн мэдүүлэг бүрдүүлж, шалгадаг болно.

-Оргон зайлсан ялтан, шүүгдэгчийг Маршалын алба эрэн сурвалжлах юм бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба юу хийх юм бэ?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба оргон зайлсан этгээдийг авчирч ялыг нь эдлүүлэх зорилготой эрэн хайдаг. Харин Маршалын алба оргон зайлсан ялтан шүүгч, гэрчийн аюулгүй байдалд нөлөөлөхөөс хамгаалж эрэн сурвалжилна. Шорон үймээн гарахад ч Маршалын алба гэрч, хохирогч, шүүгчийг хамгаалахын тулд ажиллаж байх ёстой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хорих ял эдлүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх чиг үүргийг гүйцэтгэдэг. Гэмт хэргийн тухай хуулиар хорихоос өөр төрлийн ял нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотой дэд бүтэц, техник хэрэгсэл, хүн хүч шаардагдана. Гэрийн хормонд байх хүнийг хянахаас эхлээд ажил их гарна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба одоо байгаа бүтцээрээ дээрх гурван чиг үүргийг дангаар нь биелүүлж чадахгүй. Бусад улсад бол тусад нь хууль гаргаж гэрээлээд өөр байгууллагуудаар үүргийг хэрэгжүүлдэг. Ийм шинэчлэлийг Ял эдлүүлэх тухай хууль, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хийнэ. Цаашид дээрх гурван чиг үүргээр нь тус, тусдаа байгууллага болгож салгах байх.

-Хууль сахиулах их сургууль боловсролын байгууллага байлтай. Гэтэл хууль сахиулах байгууллагад оруулсан нь ямар учиртай вэ?
- Хууль сахиулах их сургуулийг бусад улсад хууль сахиулах байгууллага гэж үздэг. Учир нь сонсогчид нийгмийн шаардлага үүсэхэд хэв журам сахиулах хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн шилдэг мөрдөгч, хууль сахиулагч тэнд багшилдаг. Харин манайд бол алдаа гаргаж шийтгүүлсэн нөхдүүд тэнд багшилдаг болсон. Тийм нөхдүүд ирээдүйн боловсон хүчинг яаж бэлтгэх билээ. Үүнийг цогцоор нь өөрчилнө. Цаашид энэ сургууль дээр түшиглээд бүсийн хэмжээнд хууль сахиулагч бэлтгэдэг болох амбици бидэнд байна. Мөнгө олдог сургууль ч байж болно.

-Хууль сахиулах байгууллагад өөр ямар байгууллага хамаарах бол?
-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын нэрийг өөрчилж Иргэний гадаад шилжилт, харьяаллын алба болгоно. Одоогоор цэвэр захиргааны байгууллага байгаа бол шинэтгэлээр хууль сахиулах, иргэний байгууллага болох юм. Улмаар Хил хамгаалах ерөнхий газарт байгаа шилжих хөдөлгөөн энэ байгууллагад ирнэ. Мөн хилийн шалган, виз олголт, иргэний харьяаллын асуудал тус байгууллагад хамаарна. Үүнээс гадна гадаад иргэдийг хянан шалгах, баривчлах, албадан гаргах чиг үүргийг гүйцэтгэнэ.
Онцгой байдлын алба бас хууль сахиулах, иргэний чиг үүрэгтэй ажиллах юм.

-Дээрх байгууллагууд хууль сахиулах байгууллага болох бол Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдах уу?
-Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар бүгд нэг дүрэм, нэг статуст орно. Ингэснээр Дотоод хэргийн яам байгуулагдахад ч аюулгүй болно.

-Таны ярьсан дээрх хууль, эрх зүйн бүтцийн шинэтгэл хэдэн хуулиар зохицуулагдах вэ?
-Зөвхөн энэ шинэтгэл есөн хуулиар зохицуулагдана. Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргийн тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүд одоо боловсруулалтын шатанд байгаа. Харин Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Мөрдөх албаны тухай, Маршалын албаны тухай, Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан, хэлэлцүүлгийн шатанд байгаа.
Мэдээж энэ хуулиудыг батлахад байгууллагуудын амбиц, зөрчил гарах нь дамжиггүй. Гэхдээ дээрх хуулиудыг баталчихвал эрх зүйн салбарт маш сайн дэд бүтцийн шинэтгэл хийгдэнэ.

-Энэ удаад зөвхөн дэд бүтэцтэй холбоотой шинэтгэлийн тухай ярилаа. Тэгвэл хууль, эрх зүйн салбарыг бүхлээр нь шинэчлэхэд маш олон хууль өөрчлөгдөх нь ээ. Шинэтгэлийн хуулиудад Үндсэн хуулийн өөрчлөлт бий юү?
-Нийтдээ 32, нэмэлтээр гурван хуулийн төсөл байгаа. Гэхдээ одоогоор Үндсэн хуулийн шинэчлэл байхгүй. Тэдгээр хуулийг баталчихвал хууль, эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь давалгаа хангалттай сайн болно гэж төсөөлж байгаа.
Ц.Өрнөх

Thursday, 16 May 2013

"Би нэг ч төгрөгийн хувьцаа, бизнес эзэмшдэггүй"

УИХ-ын гишүүн М.Батчимэг Рио Тинтогийн хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ талаар түүнтэй уулзаж тодруулга авлаа.

-Таныг Оюутолгойн гол хувьцаа эзэмшигч Рио Тинто компанийн хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл хүмүүст их сонин содон хүрч байх шиг байна. Та хэзээнээс хувьцаа эзэмших болов, энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Би ч юу байхав дээ. Нөхөр маань бизнесийн хүн. Манай хүн одоогоос жил гаруйн өмнө Рио Тинто компанийн мянган ширхэг хувьцааг интернэтээр дамжуулж Нью–Йоркийн хөрөнгийн биржээс худалдаж авсан байдаг. Тухайн үеийн ханш нэг хувьцаа 58 ам.доллар байсан, одоо ханш нь унаад 45 ам.доллар болчихсон байгаа юм билээ. Үнэ уначихсан учраас өнөөдөр буцааж зарахад ашиггүй. Хөрөнгийн бирж дээр ихэнх хүмүүс хувьцаанаас үнийн зөрүү гаргахын тулд л авч, бас зарж байгаа шүү дээ.

-Яагаад заавал Рио Тинтогийн хувьцаа авах болсон юм бол?

-Яахав, манай хүн гол нь нэгд Монголд хөрөнгө оруулсан компани, хоёрт цаашид үйлдвэр нь ашиглалтад ороод бүтээгдэхүүнээ экспортлоод ирэхээр хувьцааны ханш нь өсөх байх гэсэн таамаглалаар авсан юм билээ. Би үүнийг энгийнээр банкинд мөнгө хадгалуулахтай адилхан л гэж харж байна.  Хүн мөнгөө өсгөхийн тулд банкинд хадгалуулдаг. Бас аль банкинд хадгалуулах вэ гэдгээ хадгаламжийн хүүг нь харж сонгодог. Үүнтэй адил тодорхой компанийн хувьцааг мөнгө өсгөх боломж гэж үзээд л хүмүүс авдаг. Манай хүний авсан хувьцааны үнэлгээ бол Рио Тинто гэж энэ том хөрөнгөтэй компанийн хувьд дуслын төдий ч гэж хэлэхэд томдох байх. Рио Тинто компанийн удирдлага Монголын нэг УИХ-ын гишүүний нөхөр нь хувьцааг худалдаж авсан гэдгийг мэдэх ч үгүй, мэдсэн ч хэмжээ нь тэдний хувьд хэт бага учраас энэ үнэхээр сонирхолтой мэдээлэл биш. Банкинд багахан хадгаламжтай хүн тухайн банкны удирдлага, үйл ажиллагаанд ямар ч нөлөө байхгүй шүү дээ. Үүнтэй л адил.  

-АТГ-аас нийтлүүлсэн мэдээлэлд таны эзэмшдэг хувийг тус компанийн 0,01 хувь гэсэн байна лээ?
-Энэ бол цэвэр техникийн алдаа. АТГ энэ жилээс анх албан тушаалтнуудын мэдүүлгийг цахимаар авч эхэлсэн. Үүнтэй холбоотой алдаа байна лээ. Би тус газарт залруулга, засвар хийхийг хүссэн бичиг явуулж байна. Хувьцааны тоо, үнийн дүнг бодоод, Рио Тинтогийн дүрмийн сангийн нийт хэмжээтэй харьцуулахад л хэдэн хувь байх нь тодорхой гараад ирнэ шүү дээ. Би энэ яриа гарсны дараа зориуд интернэтээр сонирхож үзсэн. Рио Тинто компани бирж дээр 1 тэрбум 850 сая ширхэг хувьцаа гаргасан юм билээ. Өдөрт дунджаар энэ компанийн 3 сая ширхэг хувьцааг хүмүүс авч, зарж байдаг юм байна. Энэ дотор 1000 ширхэг хувьцаа хэдэн хувь болох вэ, та өөрөө бодоод үзнэ биз дээ.

-Таныг бас Рио Тинтогоос гадна нэлээд олон компанийн хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл гарсан? Та яг ямар бизнестэй вэ?
-Яг намайг асууж байгаа бол надад өөрт нэг ч төгрөгийн бизнес, нэг ч ширхэг хувьцаа байхгүй. Би 1995 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй төрд ажиллаж байна. Анх сургууль төгсч ирээд л сонирхолдоо хөтлөгдөж өндөр цалин амласан хувийн компанид биш, 16000 төгрөгийн цалинтай судалгааны жижиг байгууллагад ажилд орж байлаа. Надад цалингаас өөр гэр бүлдээ нэмэрлэдэг орлого байхгүй. Нөхөр маань харин оюутан байхаасаа л бизнест зүтгэж өөрийнхөө хүчээр энэ айлын амьдралыг босгож, бүтээж яваа хүн. Нэг ч өдөр, нэг ч цаг төрд ажиллаж байгаагүй. Өөрийн болон найзуудтайгаа хамтарч үүсгэсэн жижиг дунд хэмжээний хэдэн компани бий. Бас манай хүн ганц Риогийн биш, Багануур, Могойн гол гээд Монгол компанийн хувьцааг ч биржээс авсан л байдаг. Бид энэ бүгдийгээ огт үлдээлгүй хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнасан байгаа. Ер нь АТГ асуудлыг илүү нухацтай авч үзэх, олон нийтэд зөв мэдээлэл өгөхийн тулд хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөх, мэдээлэх хэлбэрээ илүү боловсронгуй, тодорхой болгох хэрэгтэй юм болов уу л гэж бодож байна. Мөн албан тушаалтнууд зүгээр нэг мэдүүлэг өгөөд орхих биш, УИХ-ын холбогдох байнгын хороон дээр мэдүүлэгтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийдэг тогтмол хэлбэр бий болговол бүр сайн. Энэ талаар би бас Хууль зүйн байнгын хороонд санал тавьсан.
Б.ЭНХМАА 


“Нэр дэвшигч 22-ны дотор нэрээ татаж болно”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно. УИХ-д суудалтай намууд нэр дэвшигчээ тодруулж, зарим нь аль нэг намыг дэмжиж оролцох тухайгаа мэдэгдээд байгаа билээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг нэр дэвшүүлэхээр болсон бол МҮАН болон ИЗНН-ын зүгээс АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна. 

Сонгуультай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа. 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай шинэчлэн баталсан хуульд нэр дэвшигч үнэмлэхээ гардсанаас хойш нам нь тухайн нэр дэвшигчийг нэрийг татах, эсвэл нэр дэвшигч өөрөө нэрээ татахыг хориглосон заалт бий. Та энэ талаар тодруулахгүй юү?
-СЕХ-ноос нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаас хойш тухайн нам нэр дэвшигчийг эргүүлэн татах, нэр дэвшигч өөрөө нэрээ татахыг хуулиар хориглосон байгаа. Өөрөөр хэлбэл, намууд тавдугаар сарын 17-ны дотор нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд ирүүлж, СЕХ-ноос нэр дэвшигчдийг бүртгэж, 22-нд үнэмлэхийг нь олгоно. Энэ цагаас хойш нэр дэвшигч нэрээ татах боломжгүй болж байгаа юм. Нэр дэвшигч нь сонгуулийн хууль зөрчсөн болох нь илэрвэл нэрсийн жагсаалтаас хасч болно.
Товчхондоо бол нэр дэвшигчид тавдугаар сарын 22-ны дотор нэрээ татах боломжтой. СЕХ нь намуудаас ирүүлсэн нэр дэвшигчийн бичиг баримттай танилцаад хуулийн дагуу бүх зүйл ном журмаараа байвал 22-нд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах юм. Үүнээс хойш нэр дэвшигч нэрээ татах, нам нь ч мөн эргүүлэн татах боломжгүй болно.

-Нэр дэвшигч нь одоо эрхэлж  байгаа ажлаасаа түр чөлөөлөгдөх заалт бий юү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн аль нь ч байсан одоогийн ажлаа үргэлжлүүлнэ. Харин сонгуультай холбоотойгоор албан тушаалаа ашиглаж аливаа албан тушаалтан, байгууллагад үүрэг өгч, шийдвэр гаргахыг хориглож байгаа юм. Нэр дэвшигч өөрөө болон бусдаар дамжуулан хүмүүнлэгийн, буяны гэх мэт тусламжийг ямар нэг сангийн шугамаар тараахыг хориглож байгаа. Улстөрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болохгүй заалтыг оруулж өгсөн. Жишээлбэл, сайдыгаа дагаад тухай яамны ажилтан гадуур явах, ямар нэг үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэсэн үг юм.

-Сонгуулийн сурталчилгааны хувьд өмнөх хуулиас ямар ялгаатай вэ?
-Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт олон заалт орсон. Хишиг хувь өгнө, ажилд зуучилна, үнэ төлбөргүй хямдралтай үнээр үйлчилнэ гэх мэт улсын төсвөөс санхүүжих шаардлагатай зорилтот арга хэмжээ, мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх мэдэл амлахгүй байхыг хатуу тусгасан. Мөрийн хөтөлбөрт Аудитын газар шалтгалт хийгээд шалгалтын дүнг СЕХ-нд  хүргүүлэх юм. Сонгуулийн сурталчилгаанд хориглосон зүйлс нь өмнөх Орон нутаг, УИХ-ын сонгуулийн хуульд тусгасантай адил. Тухайлбал, мөнгө, эд зүйл тараахгүй, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй, биеийн тамирын уралдаан тэмцээн, хүлээн авалт гэх мэтийг хориглож байгаа. Гэхдээ мөнгө, хандив босгох журмаар хүлээн авалт зохион байгуулбал энэ нь сонгуулийн сурталчилгаанд орохгүй юм. Сонгогчдын санал татах зорилгоор хүлээн авалт, уралдаан тэмцээн, баяр наадам хийхгүй.  Хэвлэл мэдээллийн байгууллагаар явуулах сурталчилгаанд өөрчлөлт оруулсан байгаа. Тухайлбал, чансаа тогтоох судалгаа, бусдыг гүтгэх, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа сурталчилгааны дор заавал нэр дэвшигчийн нэр, хаяг байх ёстой. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгсэл хууль зөрчиж, далд сурталчилгаа хийвэл тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг гурван сар хүртэлх хугацаагаар зогсоох заалттай. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл цаг, хугацаа, үнэ ижилхэн байх ёстой гэдгийг тодотгож өгсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, СЕХ-ны дэргэдэх хэвлэлийн зөвлөл, төрийн бус байгууллагууд хяналт, ажиглалт, мониторинг хийх юм.

-Мөнгө тараах, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн үйл ажиллагаанд татан оруулсан тохиолдол УИХ-ын сонгуулийн үеэр гарсан. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хэрхэн тусгасан бэ?
-Насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оруулах, ашиглахыг хориглосон заалт байгаа. Ер нь энэ хууль УИХ, Орон нутгийн сонгуулийн хуульд тулгуурлан хийгдсэн. УИХ-ын сонгуулийн хуульд бэлэн мөнгө тараасан бол 10 нугалж төлсөн тохиолдол гарсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд  20 нугалж төлнө гэж төлбөрийн хувийг нэмж өгсөн. Сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгслийг заавал бүртгүүлсэн байх, нэр дэвшигчийн хаяг ил тодорхой байх, сонгуулийн сурталчилгаанд явж буй штабын гишүүд бүгд бүртгүүлээд, үнэмлэх зүүсэн байх ёстой.

-Ерөнхийлөгчид нэр дэвшигч сонгуулийн хууль зөрчвөл ямар арга хэмжээ авах вэ?
-Бэлэн мөнгө, эд бараа тараасныг нь сонгогч баримтжуулан цагдаагийн байгууллагад хандах боломжтой. Сонгуулийн хууль зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчийг эргүүлэн татах заалт байхгүй. Гэхдээ хууль зөрчсөн гэдгийг олон нийтэд мэдээлж, энэ нь олон нийт, сонгогчдын санал өгөхөд нөлөөлөх юм. Цөөхөн нэр дэвшигчийг сонгуулийн хуулийн заалт бүрээр эргүүлэн татах нь бэрхшээлтэй байсан. Тиймээс хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулбал хариуцлагын арга хэмжээ авна.  Нэр дэвшигч, сонгуулийн штаб, сонгуулийн сурталчилгааны ажилтан гээд бүгдэд торгуулийн хариуцлага тооцно. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна. Энэ нь иргэд сонгогчдод сонголт хийхэд нөлөөлнө гэж үзэж байгаа.
Ш.ОЮУНЧИМЭГ

Урьдчилгаа авч барилга барьдгийг болиулна гэв

Ерөнхий сайд өөрийн нэрэмжит 30 минуттай боллоо. “Ерөнхий сайд-30 минут” уулзалтын анхных нь дөнгөж сая Төрийн ордноо өндөрлөлөө. Урьд нь сардаа нэг болдог байсан сэтгүүлчдийн уулзалтыг энэ мөчөөё эхлэн долоо хоног бүрийн пүрэв гаригийн 12:30 цагт тогтмол хийх ажээ. Энэ удаагийн уулзалтын эхэнд Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт хйисэн ажлаа товч танилцуулав. Хоёр хөрш орноос манай оронд ирсэн зочдын айлчлал, барилгын салбарт хаягласан 300 тэрбум төгрөгийн зээл, гадаад орнуудад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд, дипломат төлөөлөгчдийн цахим уулзалт, шинэ онгоц, “Монгол-93” шатахуун зэргийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлон нэрлэлээ.

Сэтгүүлчдийн хувьд “Оросын төмөр зам” нэгдлийн захирал В.Якунины айлчлалын талаар илүүтэй сонирхов. В.Якунин Ерөнхий сайдтай уулзахдаа хүмүүсийн хардаад байгаа шиг шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцох талаар яриагүй бөгөөд Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр тодорхой санал тавьсан гэв. Хөгжлийн банкны санхүүжилт удаашралтай байгаа гэсэн шүүмжлэл байгааг дуулгахад энэ алдаа давтагдахгүй, учир нь даваа гариг бүрийн 17.00 цагт “Бүтээлч ажлын цаг” зарласан, түүн дээр Хөгжлийн банкныхан оролцож, байнга мэдээлэл хийх ажээ.

 Сэтгүүлчдийн асуулт, Ерөнхий сайдын хариултаас товч сийрүүлэн хүргэе.

-Орон сууцны санхүүжилт, найман хувийн зээлийн журам, зургаан хувийн зээлээс болж хохирсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Зургаан хувийн зээл гэдэг бол шууд сонгуулийн шоу төдийгүй дампуурал зарласан хэрэг байсан. Иймд дахиад ийм бага хүүтэй зээл огт яригдахгүй. Хохирсон иргэдийн асуудлыг тусад нь шийднэ. Харин найман хувийн хүүтэй моргейжийн зээлийг барилгын компаниуд барилгаа бариад дууссан хойно өгнө. Одоо дөнгөж л журмаа боловсруулж байгаа. Эхлээд барилгынханд зах зээлээс бага хүүтэй зээл олгож орон сууц бариулна. Орон сууц бэлэн болмогц иргэдэд зээл олгоно. Барилга барихын тулд иргэдээс урьдчилгаа авдаг жишгийг ч халах ёстой.

-Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө алдаа мадагтай байгаагийн жишээг Яармагийн эмнэлгийн барилгын санхүүжилт харуулдаг. Энэ мэт үргүй зардал гаргасан хүмүүсийн ажлаас нь халах төдий шийдэх нь нэг ёсны шагнал биш үү?
-Үргүй хөрөнгө оруулалтын жишээ ганц энэ биш. Маш олон бий. ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Түмэгдэмбэрэлийн хувьд огт дэд бүтэцгүй газарт 10 гаруй тэрбум төгрөгөөр эхчүүдийн эмнэлгийн барилга бариулснаас гадна хуучин тоног төхөөрөмж шахсан хэргээр шалгагдаж байгаа. Мөнгө төгрөгтэй холбогдсон хүмүүсийг ажлаас нь чөлөөлснөөс болж манай Засгийн газар зэм сонсож байгаа. Гэвч үүнээс халшрахгүй байна. Төсвийн мөнгийг үргүй зарах байдлыг болиулна.

-Алтан гайхай жилд төрсөн хүүхдүүд энэ жил сургуульд орж байгаагаас сургуулийн анги дүүргэлт асуудал үүсгээд байна. Цэцэрлэг ч хүрэлцээгүй хэвээр байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Яг үнэнийг хэлэхэд энэ жил бид боловсролын салбарын асуудалд Шинэчлэлийн Засгийн газрын бодлогоо тусгаж амжаагүй. Өмнөх жилүүдэд улсын хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн олон барилга байшингийн ажлыг үргэлжлүүлэхээс аргагүй байсан. Ирэх жилээс боловсролын бодлого өөрчлөгдөнө.

-Зургаан аймгийн төвийг автозамаар холбохоор төлөвлөсөн. Энэ ажил төлөвлөсөн хугацаанд амжих уу. Та саяхан Уньт-Тариалангийн замын ажлыг шалгахдаа шахуу хугацаатай үүрэг өгсөн. Хугацаа шахсанаас чанаргүй зам тавих вий гэсэн болгоомжлол байна?
-Уньт-Тариалангийн зам болон бусад замын гүйцэтгэгчидтэй өнгөрсөн оны аравдугаар сард уулзаж хугацааг товлосон байсан. Хэрэв тухайн компани замаа энэ жилдээ ашигалалтад оруулж амжихааргүй бол хэсэгчлээд өөр компаниар гүйцэтгүүлэх боломжтой. Тиймээс саналаа хэл гэсэн. Бүгд хугацаандаа амжуулна гэж амласан. Ингэхийн тулд шинэ технологи хэрэглэж байгаа.

-БНХАУ-ын “Чалко” компанитай хийсэн гэрээ ойлголцолд хүрсэн үү?
-Гэрээг шинэчлэх гэхээсээ илүү бид дотооддоо хэмнэлт гаргах боломжийг эрж хайж байна. Гаалийн үзлэгт оруулахын тулд нүүрсээ ачиж буулгадаг зардлыг хэмнэн, уурхай дээр гүний гааль ажиллуулах талаар ярилцаж байгаа. Ингэснээр тонн тутамд 3-4 ам.долларын зардал хэмнэх юм билээ. Энэ мэт дотоод боломжоо ашиглана.

-Тавантолгойн хувьцааны талаар тайлбар хэлнэ үү. Иргэд хувьцаа болон түүнийг орлуулан авах нэг сая төгрөгөө хүлээж байна. Мөн компаниудын  хувьцааг яагаад буцааж байгаа юм бэ?
-Иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа хуваарилагдсан. Энэ хувьцааг одоо худалдан борлууллаа гэхэд сая төгрөг хүрэхгүй. Иймд цаг хугацааны хувьд хүлээн, Тавантолгойг үнэд орсон цагт хувьцааг арилжих эрхийг нээх нь зөв гэж үзсэн. Компаниудын худалдан авсан хувьцаанаас 29 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ мөнгө Төрийн өмчийн хорооны дансанд байршиж байгаа. Зарим компаниудаас гаргасан саналын дагуу мөнгийг эргүүлэн өгч, хувьцааг буцаан авч байна.

-Нэг сая төгрөгөө авахаар санал гаргасан хүмүүс яах вэ?
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг бүрэн олгосон. Өөрсдөө саналаараа сая төгрөг авахаар өргөдөл өгсөн хүмүүс хувцьааны нэгэн адил хүлээхээс аргагүй. Ер нь бол хоёр жил орчмын хугацаа бий шүү.

-Сар бүр олгож байсан 21 мянган төгрөгийн үлдэгдлийг хэзээ олгох вэ?

-21 мянгаа аваагүй иргэд олонгүй. Тэдний мөнгийг өгнө.

-Амгалан дулааны станцын ажил ямар шатандаа байгаа вэ?

-Өнөөдөр Эрчим хүчний сайд М.Содномпил надтай уулзсан. Амгалан станцыг барихын өмнө газар чөлөөлөхөд 36 тэрбум төгрөг хэрэгтэй гэж танилцуулж байна. Тийм юм гэж хаана байсан юм. Нэг ажил хийх гэхээр газрын асуудал сөхөгдөөд байх боллоо. Иймд газар олголтын ажлаа цэгцэл гэсэн үүргийг хотын удирдлагуудад өгсөн гэсэн хариултыг өглөө. 
Д.ЦЭЭПИЛ


О.Сосор: Хүн мэдэхгүй зүйлээ хайрлаж хамгаална гэж үгүй

Зуун зууныг дамжин өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн соёлын өв, үнэт бүтээлүүдээ хадгалах, олон түмэнд түгээн таниулахын төлөөх нэгэн сайхан үйлсийн талаар сураг сонсоод түүнийг нь түмний сонорт хүргэж, хувь нэмэр болъюу хэмээн СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн багш, Монголын урчуудын эвлэлийн хорооны дэд дарга О.Сосортой уулзаж ярилцлаа. Монголын УрлагийнЗөвлөл, М-Си-Эс Групп, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран Өндөр гэгээн Г.Занабазарын үнэт бүтээлүүдийг хамгаалах зорилгоор “Занабазарын нууц” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. 

-Анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарыг мэдэхгүй Монгол хүн байхгүй байх. Харин түүний бүтээл туурвил, дүрслэхурлагийн хөгжилд оруулсанхувь нэмрийг төдийлөн таньж мэддэггүй.

-Өндөр гэгээн Занабазар бол Монголын шашны тэргүүн, улстөрч, соён гэгээрүүлэгч гээд олон салбарт ажиллаж байсан, тэр дундааМонголын дүрслэх урлагийн түүхэнд үнэлшгүй том гавьяа байгуулсан хүн. Манай олон эрдэмтэн өндөр гэгээн Занабазарыг дэлхийн алдарт уран бүтээлч Микеланжело, Леонардо Да Винчитэй зүйрлэдэг учир юу вэ гэхээр, тэдбүгддүрслэх урлагийн уран барилга, уран баримал, уран зургийн төрлөөр бүтээлээ туурвиж байсан байгаа юм. Микеланжело гэхэд яруу найрагчаас гадна эх орныхоо төлөө зэвсэг барин тэмцэжявсантүүхтэй. Занабазарын хувьд шинэ бичиг зохиосон соён гэгээрүүлэгч, монголчуудын эв нэгдлийн төлөө тууштай тэмцэгч байсан. Уран бүтээлчийнхээ хувьд тэрээр уран барималч, уран барилгач, уран зураач,бас уран дархан байсан бөгөөдтэдгээрийг гайхалтай хослуулан эзэмшсэн хүн байж. Тухайн үед шашны тэргүүн гэдэг утгаараа шашны урлагийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан. Ялангуяа Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэм гуайн тэмдэглэснээр бол Энэтхэгт дэлгэрсэн буддын шашны урлагийг Монгол өнгө аястай, цоо шинээр бүрдүүлсэн. Тиймээс дэлхийн урлагийн түүхэнд Монголын урлагийн сургууль гэдэг нэр томъёог бий болгосон гэж тодорхойлсон байдаг. Микеланжелотой зүйрлэдгийн өөр нэг  шалтгаан бол мөн бүтээлээ дагалдуулж зохиол бичдэг байсан гэдэг.

-Өндөр гэгээний ур хийцийн онцлог, арга барил, дэг сургууль нь тун өвөрмөц байсан гэдэг юм билээ?

-Занабазарын олон бүтээлээсбаримлууд голдуу үлдсэн. Орчин цагт зарим нь алга болсон, зарим нь хуурамч гээд янз бүрийн зүйл яригдаж л байна. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гол бүтээлүүд нь хадгалагдаж байгаа. Гандантэгчилэн хийд болон Чойжин ламын сүм музейд бий. Түүний сургуулийн гэж нэрлэгддэг шавь нарынх нь бүтээлүүдээс хувь хүмүүсийн цуглуулгад ч бий. Өндөр гэгээний, түүний дэг сургуулийн бүтээлүүд үнэхээр Монгол төрхтэй. Энэтхэг, Непал, Хятад, Түвд зэрэг бусад улс оронд байгаа буддын шашны урлагийн бүтээлүүдээстодялгардаг. Непал, Түвдийн бурхдаасөөр, өвөрмөц Монгол хийцтэй. Жишээ нь, Энэтхэг бурхад бол илүү булцгар, ерөнхийдөө энэтхэг бүсгүйчүүдтэй төстэй. Харин манай бурхад бол монголчуудын гоо сайхны таашаалд нийцсэн бие галбир, намба төрхтэй.Тийм ч учраас бид яах аргагүй Занабазарын сургууль, Монгол сургууль гэж томъёолдог.
Барималчийнхаа хувьд юугаараа гайхамшигтай вэ гэхээр бүтээлээ цутгасан арга нь. Юу гэхээр, 70 гаруй см-ийн хэмжээтэй том бурхдын бүх нарийн өмсгөл, чимэг зүүлтийг их биетэй нь хамт нэг мөр цутгадаг. Энэ бол үнэхээр гайхамшиг. Орчин үед бол аливаа баримал, олон нарийн хийцтэй бүтээлийг хэсэгчилж хийгээд дараа нь хооронд нь эвлүүлж нийлүүлдэг. Гэтэл Занабазарын “Ногоон дарь эх”, “Цагаан дарь эх”, “Язгуурын таван бурхан” болон бусад бурхдыг харахад толгой, хүзүүний чимэг зүүлт гээд бүх нарийн зүйлс нь цугтаа цутгагдсан байгаа. Энэ нь түүнийг дархны урлалыг дээд зэргээр эзэмшсэнийг нотолдог. Бурхны чихэнд ээмэг хийнэ гэдэг чинь дархан хүний ажил шүү дээ. Харин Занабазар бол өөрөө цутгуураар үйлддэг байсан. Хийсэн бүтээлүүдээ дандаа хатуу материал дээр буулгасан. Ингэж хийсний ачаар өдийг хүртэл хадгалагдаж үлдэж чадсан.

-Монгол төрх, маягийг бүтээлдээ шингээсэн нь түүний онцлог байжээ? 
-Ганц жишээ авахад, Гандантэгчилэн хийдийн “Очир дарь” бурхны монголжуу төрхийг яаж мэддэг вэ гэхээр биеийнх нь булбарай, бөөрөнхийдүү байдал. Бид мах шөл нь таарсан гэж ярьдаг даа. Тарган ч биш, туранхай ч биш. Монгол хүний “сайхан” гэж хэлдэг үнэлгээнд үнэхээр нийцсэн. Хамар, нүд, харц, уруул, хөмсөг гэх мэт бүх зүйл нь монголчуудын гоо сайхны таашаалд нийцсэн байдаг юм. Мөн тухайн бурхны бясалгаж байгаа, үгүйг нь бид харцаар нь харж болохоор. Бүх бурхны номонд заасан чимэг зүүлтийг нь маш гоёмсог хийсэн байдаг. Бурхны тигд байдаггүй өвөрмөц хөдөлгөөнийг өөрөө гаргасан байгаа юм. Тигийг өөрчилнө гэдэг бол гэгээрсэн лам нар буюу хамгийн дээд, өндөр цолтой хүмүүс л хийх эрхтэй байдаг юм билээ.Дээр өгүүлсэн “Очир дарь” бурхан хүртэл бага зэрэг хазайсан байдаг. Тэгээд биеийнхээ хазайлтыг толгойгоороо буцаагаад тэгшилчихсэн. Тийм учраас биеийнх нь хэлбэр, уран хөдөлгөөн нь тод харагддаг. Нэг гартаа очир, нөгөөдөө хонх барьсан, арга билгийг бэлгэдсэн бурхан байдаг. Бидний харах боломжтой бүтээлүүд бол Занабазарын музейд байрлах “Цагаан дарь эх”, “Ногоон дарь эх”, “Язгуурын таван бурхан”. Эдгээрээс “Ногоон дарь эх” бүр онцлууштай. Маш гоё биетэй, царай төрхтэй, жинхэнэ гоо үзэсгэлэнтэй Монгол бүсгүйн төлөөлөл болсон. Тийм ч учраас хүмүүс энэ бурхныг өөрөө дуугарч, үг хэлсэн гэж домог хууч болгон ярьдаг юм билээ. Тэрхүү бурхны хөдөлгөөн, байрлал нь урьд өмнө тааралдаж байгаагүй хөдөлгөөн байх жишээтэй. Тодруулбал, завилж суудаг суудлаараа биш. Нэг хөлөө урагш нь унжуулаад, үл мэдэх хазайсан байдалтай. Араас нь харвал латин S үсэг маягтай. Тэгэхээр эмэгтэй хүний нарийхан бэлхүүс, уян налархай бие, хөдөлгөөн харагдаж байна. Үл мэдэг монхордуу хамар, бумбагар уруул, шинэхэн саран мэт хөмсөгтэй, арвай будаа мэт хэлбэртэй нүд гээд залуу эмэгтэйн дүрийг их сайхан гаргасан.Дээр нь удвал цэцгээр чимэглэсэн болон мутрын хэлбэр, чагжаа нь гайхалтай уян тансаг.

-Мөн бурхны ном айлдах сүм хийдийнхээ зураг төслийг өөрөө гаргадаг байсан гэдэг. 
-Тэгэлгүй яах вэ. Уран барилгачийнхаа хувьд ч Монгол үндэсний уран барилга гэдэг хэв загварыг бий болгосон нь гэр хэлбэрийн дугана. Гаднаас нь харахад гэр хэлбэртэй боловч дотроо яг л сүм хийдийн зориулалттай. Ийм дуганад анх удаа хурал эхлүүлсэн. Үүнийг дэлхийн урлагийн түүхэнд шинэ Монгол загварын шашны барилга гэж тодорхойлдог.
Уран зураачийн хувьд бол ээжийнхээ, өөрийнхөө хөргийг зурсан. Зурахдаа бол бас бурхны шашинд байдаг дэгийг эвдэж, Монгол хүн гэдгээрээ ууц таллаж байгаа байдлаар зурсан. Ийм байдлаар зураарай гэж шавь нартаа захиж байсан гэдэг.

-Энэ их хүний гайхалтай урлагийн бүтээлүүдийг хэрхэн хамгаалж, яаж хадгалж авч үлдэх вэ? 
-Соёлын өвийг хайрлаж хамгаалахын тулд нэн түрүүнд монголчууд түүх, соёлурлагаа сайн мэддэг байх ёстой. Соёлыг өвийг зөвхөн төр засагт даатгаад өөрсдөө хараад сууж болохгүй. Энэ үйлсэд Монгол хүн бүр хувь нэмрээ оруулах ёстой. Хүмүүс түүх соёлоо мэддэг түүгээрээ бахархдаг, өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг байх нь бас соёлын өвөө хамгаалж байгаа хэрэг. Иймээс түүх соёлын талаар олон нийтэд мэдлэг олгож, мэдээлэл хүргэж, сурталчилах чухал. Мэдлэг мэдээлэл олгох олон хэлбэрийн нэг нь музей. Манай музейнүүд соёлын үнэт бүтээлүүдийн талаар судалж, түүнийг хадгалан хамгаалж, таниулан сурталчлилж, олон нийтэд дэлгэн үзүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг явуулдаг. Энэ олон асуудлын дундаас музейн үзмэрийг хэрхэн дэглэж, яаж үзүүлж байгаа нь соёлын өвийг хамгаалахад чухал үүрэгтэй. Тэр дундаа зориулалтын шилэн хорго гэдэг бол музейн стандартыг хангасан дээд зэргийн байх нь чухал. Хамгаалалт гээд ярихаар нэг жишээ санагдаж байна. Голландын “Рикс” музейд гэхэд Рембрантын “Шөнийн харуул” зурагны хажууд хоёр хамгаалагч зогсож байх жишээтэй. Луврийн музейд “Мона Лиза” сум нэвтрэхгүй шилний цаана байрлаж байгаа биз дээ.Мөн маш сайн тайлбартай байх хэрэгтэй. Гадаадын улс оронд бол чихэвч бариад сонсдог шүү дээ. Манайд ч гэсэн аудео музейн хөтөчийг Занабазар ба Чойжин Ламын Музейд   хэрэглэж эхэлсэн нь маш сайшаалтай. Хамгийн гол нь мэддэггүй, ойлгоогүй зүйлээ хүн хайрлаж чаддаггүй. Харин урлагийн бүтээлийн үнэ цэнийг мэдэрсэн, дахиж үүнийг бүтээх боломжгүй  гэдгийг ойлгосон хүн бол хайрлаад л эхэлнэ.
Олон нийтэд сурталчилан таниулахажлыгманай музейн захиргааныхан сүүлийн жилүүдэд санаачлан хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр төр засаг маань бодлоготой бас санхүүгийн чадамжтай болсон байна. Бас төрийн бус байгууллага,  хүмүүс ч олон санаачилга гаргадаг. Монголын Урлагийн Зөвлөл олон нийт, тэр дундаа хүүхэд залуучуудад соёлын өвийн боловсрол олгох олон  төсөл хэрэгжүүлдэг. Энэ удаад Занабазарын бүтээлийг олон нийтэд сурталчилах, хадгалж, хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой “Занабазарын нууц” хэмээх төслийг санаачлан, түүнийг нь М-Си-Эс Групп дэмжин ажиллаж байгаад би хувьдаа үнэхээр баяртай байгаа.Төслийнхөө хүрээнд соёл, урлаг сонирхогч хувь хүн, байгууллага, олон нийтийг хамарсан “Занабазарын нууц” арга хэмжээг зохион байгуулж, дэлхийд үнэлэгдсэн урлагийн бүтээлээ сурталчилан таниулах арга, ажиллагааг хэрэгжүүлэх гэж буй нь сайшаалтай. Бусад компани хувь хүмүүс ч энэ санаачилгыг дэмжин ажиллах байх.

-Монголын музейнууд сан хөмрөг дэх бүх бүтээлээ дэлгээд үзүүлэх боломжгүй. Тухайлбал, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей20 мянга орчим бүтээлийнхээ дөнгөж 10 хувийг олон нийтэд үзүүлдэг шүү дээ?
-Манай музейнууд тийм л байгаа. Лениний болон Үндэсний музей л зориулалтын байртай. Бусад нь зориулалтын бус байранд байгаа. Анхнаасаа музейн зориулалтаар төлөвлөөгүй учраас багтаамжгүй, үзүүлэх харуулах боломжгүй нь ойлгомжтой. зориулалтын бус байранд хийчихсэн учраас багтаамж нь болохгүй байгаа. Занабазарын музей гэхэд их дэлгүүр байсан байшин. Анхны Өндөр хоршоо шүү дээ.
Гэхдээ Занабазарын музей байр савандаа баригдалгүй, олон нийтэд үзмэрээ сонирхолтой сэдэвчилсэн байдлаар хүргэх, үзэгчдийг татах олон арга хэмжээ зохиож буй нь сайшаалтай.  Бусад музей ч гэсэн олон улсын музейн өдрөөр олон нээлттэй үйл ажиллагаа зохион байгуулна гэж би сонссон. 
Ж.СОЛОНГО
"ӨНӨӨДӨР" сонин

Д.Ганцэцэг: Дахиж ОАК-нд тоглох бодолгүй байна

Хэдхэн хоногийн дараа кино урлагийн дээд шагнал гардуулах ёслол буюу “Academy awards” зохиогдох гэж байна. Тус наадамд шилдэг эмэгтэй туслах дүрийн номинацид нэр дэвшсэн Д.Ганцэцэгтэй ярилцлаа.

-УДЭТ-аар сонин юу байна. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд энэ хаврыг сайхан амарч өнгөрүүлж байна. Одоогийн байдлаар шинэ уран бүтээлд оролцоогүй байгаа. Хуучин жүжгүүдээ сэргээж тоглоод явж байна. Хайрын жүжгийн сар өндөрлөсөн. Харин тавдугаар сард хүүхдийн жүжгүүд тоглогдож байгаа. Маргааш бид Төв аймаг руу бригадаар явах гэж байна. Төв аймгийнхандаа дөрөв хоногийн турш хүүхдийн болон сонгодог, хайрын сэдэвтэй жүжгүүдээ сонирхуулах юм.  Театраар иймэрхүү сонинтой байна даа. Ачаалал багатай байна.

-Ажлын ачаалал багатай байгаа юм байна. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна даа?
-Уран бүтээлч хүнд олдсон чөлөөт цаг гэдэг зүйл бол маш үнэтэй. Учир нь бид ажлын ачаалал багатай байсан ч ямагт л өөрсдийгөө хөгжүүлж, ажиллаж, хичээх шаардлага тулгарч байдаг юм. Тиймээс ч надад олдсон тэр цаг хугацаагаа аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Ихэвчлэн өөртөө олдсон тэр хэсэгхэн хугацаагаа гэр бүлдээ, ээж аавдаа зарцуулахыг хичээдэг юм. Зарим хүмүүс хөлсөө гартал бүжиглэлээ гэж ярьдаг юм билээ. Хүн бүхэн өөр өөрийн дуртай зүйлээ хийдэг байх. Харин миний хувьд хааяа нэг хамт олон, найз нөхөдтэйгөө дискоддог юм. Түүнээс биш шоу, цэнгээн хэсээд явах дургүй. Аль болох гэртээ амрахыг хичээдэг. Түүнээс гадна хүмүүс чөлөөт цагаараа ном унших дуртай гэж хариулдаг. Миний хувьд ч ялгаагүй номын дэлгүүрт зорьж, очоод дуртай номоо худалдаж авдаг. Тэгээд эхний хэдэн хуудсыг нь аягүй идэвхтэй уншина аа. Харамсалтай нь тэгж байтал ямар нэгэн кино, жүжгийн ажил эхэлдэг. Ингээд л зорьж авсан номоо дуусгаж чаддаггүй юм.

-Гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэхийг хичээдэг гэсэн. Гэр бүл гэх энэ тодорхойлолтод найз залуу, нөхөр багтаж байгаа юу?
-Үгүй дээ. /инээв/. Одоогийн байдлаар ганц бие. Миний хувьд долоон хүүхэдтэй айлын дунд охин. Тиймээс ч миний гэр бүл гэх тодорхойлолтод эцэг, эх, ах, эгч, дүү нар минь багтана. Хэн нэгэн эр одоохондоо миний гэр бүлд багтаж амжаагүй л байна.

-Тэгэхээр би өөртэй чинь уулзахаараа нэг зүйлийг асууя гэж бодоод байсан юм. Сүүлийн үед өөрийг чинь жүжигчин Б.Тамиртай холбох болсон?
-/Инээв/. Би бас ямар нэгэн сэтгүүлч надаас ярилцлага авахдаа энэ талаар асуух байх даа гэж бодоод байсан юм. Цахим мэдээллийн хэрэгслээр энэ мэдээлэл нэлээн тархсан байсан. Шар мэдээллийн сайтууд намайг жүжигчин Б.Тамиртай холбож, “Гэгээн Муза”-гийн үеэр хамтдаа авахуулсан зургийг тавьсан байсан. Тэгвэл би үүнд албан ёсоор үгүй ээ, бидний хувьд зөвхөн уран бүтээлийн найзууд гэж хэлмээр байна. Найзууд маань надаас Тамираа та хоёр ямар учиртай юм гээд л асуугаад байсан. Үнэндээ бид хоёр зөвхөн уран бүтээлийн найзууд. Өөр ямар ч холбоо байхгүй.

-“Өдөр өдрийн нар”, “Аравт” зэрэг нэлээд кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Бүтээсэн дүрүүдийг чинь хараад байхад хурц араншин цухалзаад байдаг юм?
-Харин хүмүүс тэгж яриад байдаг юм. Уг нь би чинь амьдрал дээр их зөөлөн хүн шүү дээ. Уран бүтээлийн хувьд найруулагчийн надад оноосон дүрийг л амьдруулах үүрэгтэй. Ерөөсөө жүжигчин хүний үүрэг тэр шүү дээ. Яах вэ, гадаад төрхийн хувьд хурц, ширүүн харагддаг байж болох юм. Нүдээ жаахан тодруулаад будчихаар л харцаараа “шилбүүрдээд” байгаа юм шиг санагддаг байх. /инээв/

-УДЭТ “гурван Ганаатай”. Харин өөрийг чинь “Увс Ганаа” гэж дууддаг юм билээ?
-Үнэхээр тийм шүү. Манай театр “гурван Ганаатай”. СТА Д.Ганцэцэг эгч бид хоёрын нэр болон овгийн эхний үсэг адилхан. Хоёулаа Д.Ганцэцэг. Намайг жижиг Ганаа гэдэг байсан юм. Гэтэл манай Ганчимэг маань орж ирснээр жижиг гэх тодотголоосоо салаад “Увс Ганаа”, “өндөр Ганаа”, “бор Ганаа” гэх нэртэй болсон доо. Бид гурав чинь өрөөндөө сууж байгаад л Ганаа гээд дуудахаар нь зэрэг зэрэг хашгирна шүү дээ. Аль нь юм бэ гээд л.

-Ингэхэд хэзээ хамгийн сүүлд нутагтаа очиж амарсан бэ. Энэ зуны төлөвлөгөөнд нутгийн амралт багтсан байгаа юу?
-Миний хувьд жил бүрийн зун төрсөн нутагтаа очиж амардаг. Би улстөр, урлаг, спорт, бизнесийн хүрээний  олон алдартнууд төрсөн Увс нутгийн охин гэдгээрээ бахархаж явдаг. Хүн гэдэг байгалийн амьтан. Тиймээс ч байгаль дэлхийтэйгээ шүтэлцээтэй амьдрах ёстой. Энэ ч утгаараа миний хувьд төрсөн нутаг усандаа залбирч, байгаль дэлхийгээ шүтэж амьдрах юм бол аяндаа ажил үйлс нь бүтнэ гэж боддог. 2010 онд “Аравт” киноны зураг авалтын ажлаар нутагтаа очиж байсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй очиж амарсан. Энэ зун ч гэсэн нутагтаа очиж амрахаар төлөвлөж байгаа. Манай Увсын байгаль үнэхээр гоё шүү дээ. Монгол орны баруун хязгаар нутаг даа. Миний хувьд нутаг усандаа очиж, амраад ирэхээр хийморь сэргээд, нэг их сайхан болчихдог юм. Хөгшин хүн шиг юм ярьчихав уу даа. /инээв/

-Сүүлийн үед залуу уран бүтээлчид нийлээд театр байгуулаад ажиллах болж. Тухайлбал, жүжигчин Эрхэмээ УДЭТ-аас өрх тусгаарласан. Өөрт чинь ямар нэгэн театр, продакшнаас хамтарч ажиллах санал ирсэн үү?
-Ер нь миний хувьд аливаа зүйлдээ тууштай ханддаг хүн таалагддаг. Өөрөө ч тууштай байхыг хүсдэг. Тууштай зан л амжилтад хүргэнэ. Түүнээс биш өмнөх ажлаа бараагүй байж өөр зүйл дотроо бодож, сэтгэж явах нь утгагүй зүйл гэж боддог юм. Надад тийм санал ирээгүй ээ. Ирээдүйд юу болохыг би тааж мэдэхгүй. Тиймээс би болоогүй зүйлийн төлөө мөрөөдөж, санааширч суух шаардлагагүй. Оюутан байхдаа энэ том театрын босгоор алхах нь тухайн үедээ мөрөөдөл минь байлаа. Тэгээд ажиллахыг хүсч, мөрөөдөж явсан театртаа шалгалт өгөхөд тэнцсэн. Тэнцсэн тухай сонсоход их сонин, сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Тиймээс ч миний хувьд театртаа тууштай ажиллана гэж боддог. Яах вэ, залуу хүмүүс нэгдээд уран бүтээл хийж байгаа нь сайшаалтай. Хамгийн гол нь уран бүтээлч хүн цаг үеэ мэдэрдэг байх ёстой. Мэдэрч чадвал амжилтад хүрэх болно. Тухайлбал, “Мөрөөдлийн театр”-ын хувьд анхны уран бүтээл нь үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан учраас цаашаа энэ энерциэрээ явчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үзэгчид тэднээс алдаа, муу муухайг нь олж харахыг хүсэхгүй байгаа байхгүй юу.

-Төсвийн цалин урлагийн байтугай эгэл жирийн нэгний хувьд ч амьжиргаагаа залгуулахад хүрэлцэхгүй байна. Та  нарын хувьд нууц биш бол хэдэн төгрөгний цалин авдаг вэ?
-Цалингийн хувьд мэдээж хэцүү. Бид төсвийн бусад ажилчид шиг л цалин авдаг. Өөрөөр хэлбэл, сардаа 500 мянган төгрөгийн цалинтай. Ёстой хоёр идэхгүй, хоосон хонохгүй л амьдарч байна даа. Гэхдээ миний хувьд өнөөдөр залуу хүн, надад маш их боломж байгаа учраас цалин чухал биш. Гагцхүү уран бүтээлчийнхээ хувьд өөрийгөө хөгжүүлж, ахмад жүжигчдээсээ суралцах нь чухал. Бидний хувьд нэмэлт орлого олох арга нь реклам, кино. Гэхдээ жүжгийнхээ хажуугаар кинонд тоглох зав тэр бүр олдоод байдаггүй юм. Ямар сайндаа л “Өдөр өдрийн нар” киноны ажлыг их сургуулийн диплом, шинэ жүжгийн хажуугаар амжуулах вэ дээ. Тухайн үедээ маш их ачаалалтай байсан болохоор их хэцүү санагдаж байж билээ.

-Дахиж олон ангит кинонд тоглох санал ирвэл хүлээж авах уу?
-Үгүй ээ. Одоо миний хувьд сериал болсон гэж бодож байгаа. Өнөөдөр бүх телевиз, студиуд олон ангит кино хийж байна. Бараг заримыг нь үзэж амжаагүй байхад нөгөөх нь гарч байх жишээтэй. Тиймээс миний хувьд дахиж олон ангит кинонд тоглох бодолгүй байна.

-Ингэхэд өөрийг чинь уртын дуучин гэж сонссон юм байна. Бие даасан уран бүтээлээ хэзээ туурвих вэ?
-Миний хувьд СУИС-ийг жүжигчин, уртын дуучин мэргэжлээр төгссөн. Ямартай ч хүн наадамд гурван даваатай, найранд гурван дуутай байх ёстой гэж боддог. Багаасаа дуучин болно гэж хүсдэг байсан, нөгөөтэйгүүр би монгол хүн гэдэг утгаараа  уртын дууны мэргэжлээр суралцсан. Учир нь уртын дуу бол биднийг дэлхийд таниулах үндэсний өв соёл. Тиймээс ч залуу хүний хувьд ч тэр монгол хүн гэдэг утгаараа уртын дуугаа сонгож суралцсан. Яваандаа уртын дуугаа дуулах бодол бий. Гэхдээ яг одоохондоо бие даасан ямар нэгэн уран бүтээл туурвиж амжаагүй байна.

-“Academy awards” наадамд шилдэг эмэгтэй туслах дүрийн номинацид нэр дэвшсэн байсан. “Аравт” киноны ганц эмэгтэй дүрийг та бүтээсэн байх аа?
-Одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд надад “ийм дүр байна” гээд санал болгож байсан. Ямартай ч хоёр орны уран бүтээлчид амжилттай хамтран ажиллаж, киногоо хийж дуусгасан. Анх зохиолыг нь уншихад ганцхан эмэгтэй дүртэй гэхээр аймаар ч юм шиг, сүрдмээр ч юм шиг санагдсан. Гэвч дүрээ судлаад, багийнхантайгаа ойлголцоод ирэхийн цагт ганцхан эмэгтэй дүр гэдэг айдас маань алга болсон. Чингис хааны үед уламжлалт анагаах ухаанд гарамгай суралцсан оточ өвөөгийн ач охины дүрд тоглосон юм. Чингис хаан дэргэдээ байлгаж өөрийгөө болоод шадар туслахуудаа эмчлүүлэхийн тулд манай өвөөг авчир гэж арван цэрэгт үүрэг өгдөг. Товчхондоо, өвөөгийнхөө бүх чадварыг өвлөн авсан чадварлаг оточ эмэгтэйн дүр л дээ. “Аравт” киноны хувьд энэхүү наадамд 11 төрөлд нэр дэвшин өрсөлдөж байгаа. Дашрамд дурьдахад нэр дэвшин өрсөлдөж байгаа нийт уран бүтээлчиддээ амжилт хүсье. Энэ өдөр бол киночдын хувьд баярынх нь өдөр. Тиймээс ч нийт киночиддоо баярын мэнд хүргэе.
Х.ӨНӨРЖАРГАЛ
"МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

Б.Сарантуяа: Би ном бичнэ

Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяатай ярилцлаа. Энгийн, даруухан...

-Төрсөн өдрийн тоглолтоос тань хойш уулзах гэж хүлээлээ. Гэтэл дараа дараачийн тоглолтууд ар араасаа залгаад, ажил ихтэй байсан байх. Тоглолтоосоо хэр таашаал авсан бэ, хэр ядрав, одоо яаж ядралаа тайлж байна?
-Тоглолтоосоо маш их таашаал авсан. Үзэгчид маань бүгдээрээ дагаж дуулаад, тэвэр дүүрэн цэцэг, танхим дүүрэн алга ташилтаар бэлэг барилаа. Угаасаа миний фэнүүд намайг үргэлж баярлуулж байдаг. Энэ удаагийн тоглолтоос ч гэсэн маш их таашаал авсан. Ер нь бол би төрсөн өдрөөрөө “суботник” л хийдэг хүн шүү дээ. Өмнө нь хаа нэгтээ нэг хүлээн авалт хийгээд бэлэг аваад өнгөрдөг  байсан бол одоо концертын танхимд фэнүүдээ баярлуулж, өөрөө хамт баярладаг болсон. Урлагаас таашаал авч, өөрөө өөртөө бэлэг өгөх дуртай. Жил өнгөрөх тусам өөрөө өөртөө уран бүтээлийн бэлэг өгөх эрмэлзлэл намайг хөглөх болсон. Тоглолт хийхэд ч хэцүү биш болсон байна. Тоглолтын ивээн тэтгэгчид олон, мэдээллийн ивээн тэтгэгчид, телевиз, сайт гээд туслахгүй хүн байхгүй болохоор их гоё тоглолт боллоо. Мөн залуу уран бүтээлчид Д.Болд, Б.Чинбат гээд олон залуучууд ирж ая дуугаа өргөсөн нь надад маш их урам, эрч хүч өгсөн.

-“Харанга”-ын Лхагваа яагаад ирээгүй юм бэ. Та хоёр чинь бас нэг дуутай биз дээ?
-Ерөнхийдөө бол төрсөн өд­рийн­­хөө тоглолтод гансарсан, ган­цаард­сан, гунихарсан дуунууд цөө­хөн оруулья гэж бодсон юм. Миний дуунуудын ихэнх нь тийм л сэдэвтэй байдаг. “Мартаж болохгүй сэтгэл” ч гэдэг юм уу... Тоглолтын найруулагчийн сонголт нэгдүгээрт байсан. Хоёрдугаарт Лхагваа ч өөрөө яг тэр үеэр гитарчин Өөжгийгийн тоглолтод орж таарсан л даа.

-Тоглолт дандаа хуучны гоё дуунуудаас тань бүрдсэн байсан. Яагаад шинэ дуу дуулаагүй юм бэ?
-Хуучин гэхээсээ илүү миний шилдэг дуунууд л даа. Төрсөн өдрийн тоглолтоор шинэ дуу гарч байсан удаа бий. 2009 оны төрсөн өдрийн тоглолт дээр “Төрсөн өдрийн аялгуу” дуугаа анх дуулж, “Кармен” мюзиклийг өөрийн хувилбараар танилцуулж байсан. Энэ удаагийн тоглолтын хувьд гэвэл 27 жилийн туршид дуулсан дуунуудынхаа 29 хит дууг сонгож дуулсан. Энэ ч бас фэнүүдэд маань маш их таалагдсан.

-Хамгийн сүүлийн шинэ дуу нь “Тэр намайг турсдаг болов уу” байсан, тийм үү?
-Сүүлийн үеийн уран бүтээ­лээсээ “Би дуртай” дуугаа дуулсан. Дээр үеэсээ л хүмүүс гансарсан, ганихарсан үедээ их яруу найраг бичдэг шиг байгаа юм. Миний дуунууд дотор тийм дуу олон бий. Гэхдээ хэт их гансарсан, ганихарсан дуунуудаа оруулаагүй, энэ бол найруулагчийн сонголт.  Тоглолтоо “Мартаж болдоггүй сэтгэл” дуугаараа эхлээд, жил жилийн хит дуунуудаа дараалаад дуулсан.

-Төрсөн өдрийн тоглолт VIP  зиндааны гэхээр олон топ үзэгчтэй байсан. Тэд танд ямар бэлэг барьсан бэ, нууц биш бол?
-Миний найз нар, дэмждэг хамтран ажилладаг ах эгч нар болон байгууллагуудынхаа удирд­лагуу­дыг урьсан. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэлийг урьсан. Үзэгч, фэнүүд маань надад маш гоё алга ташилт, тоглолтын дараах сэтгэгдлүүд, цэцгийн баглаагаар бэлэг барьсан. Ц.Оюунгэрэл сайд номоо бэлэглэсэн. Хамтран ажил­ладаг байгууллагууд маань цэцгийн баглаа, “Централ таур”-ийн 17 давхрын “Монет” ресторанаас тусгай бэлэг бэлтгэж ирүүлсэн. Энэ өдөр Сараад хайртай хүмүүс маш олон юм байна гэдгийг дахин мэдэрсэн. Фэнүүд маань маш олон дууг маань дагаж дуулсан, хамтдаа дуулсан. Уг нь ард дөрвөн охин хоолой хийж байсан ч би тэдний дууг үзэгчдийн түрэлтээс давж сонсохгүй, юу билээ гэж хүртэл бодогдсон шүү. Хамгийн гоё бэлэг нь үзэгч, фэнүүдийнх. UB palace-ийн н.Согоосүрэн захирал маш гоё сэтгэлийн бэлэг явуулсан. Хамтран  ажилладаг байгууллагууд, хэвлэл мэдээллийхэн реклам, зар сурталчилгаанаас эхлээд олон гоё бэлэг өгсөн.

-Жинхэнэ төрсөн өдөр буюу гэр бүл, найз нөхдийн баяр хаана, хэзээ болсон бэ?
-Тоглолт тараад “Централ” таурын 17 давхарын “Монет” ресто­ранд найз нөхөд, гэр бүлийхэнтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэсэн. Нийт 100 хүн урьснаас 98 хүн ирсэн. Манай поп дива нар, эмэгтэй дуучид ирж надад зориулж дуулж өгсөн нь маш гоё бэлэг болсон. Төрсөн өдрийн лаагаа үлээхдээ би хамгийн гоё хүслээ хамгийн чангаар хэлсэн.

-100 хүний дунд хэлсэн юм чинь нууц биш байх. Ямар хүсэл юм бэ?
-Нууц. Манай найз нөхдөөс хэн нь ч хэлэхгүй нууц. /инээв/

-Төрсөн өдрийн дараа таньтай “болзсон” боловч амжсангүй. “Ромьео Жуллетта” араас нь зал­гаад. Мюзиклд тоглох таалагдсан уу?
-Сүүлийн үед уран бүтээлээр бялхаж явна аа. Төрсөн өдрийн тоглолт гээд бэлтгэл сургуулилтаа зөндөө тасалсан, хоцорсон байсан учраас мюзиклдээ бэлтгээд завгүй байлаа. “Ромьео Жуллетта”-д тоглох үнэхээр гайхалтай байсан. Азид анх удаа зохиогчийн эрхтэйгээр тавигдсан. Өрлөг эхийн дүр маань үзэгчдэд ч гэсэн их сонирхолтой, гоё байсан гэсэн.

-Ээж Сарааг илүү олж харсан байх л даа?
-Ерөнхийдөө тийм шүү. Настай, намбатай эмэгтэйн дүр шүү дээ. Надад энэ дүрийг бүтээх боломж олгосон найруулагчдаа баярлалаа. Мөн ивээн тэтгэсэн байгууллагууд, менежментийн багийнхан болон “Ромьео Жуллетта” мюзиклийг үзэгч­­­дийн хүртээл болгоход оролц­сон бүх хүмүүст баярласнаа хэлмээр байна.

-Ядрахгүй байна уу?
-Ер нь бол ядарч байна. “Ромьео Жулетта” мюзиклийг тавь­сан өдөр манай найзын  төрсөн өдөр байсан. Мөн мюзиклийнхаа уран бүтээлчдийн хүлээн авалтад оролцсон, нэлээд ядарсан. Би амралтын өдрөөр зусландаа гарах их дуртай. Гэвч бүтэн сайнд найруулагч Б.Наранбаатарын уран бүтээлийн тоглолтод орно, өнөөдөр “Гэгээн алсын одод” тэмцээнд оролцож байгаа Буриад, Өвөрмонгол хүүхдүүдийн шалгаруулалтад уригд­сан. Шалгаруулалт нь энэ сарын 14-нд Улан-Үдэ хотод болох юм. Би өөрөө Буриад, Эрхүүгээр аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Энэ ажлын судалгаа, бэлтгэл ажлаар явах хэрэгтэй. Ер нь бол ажил ихтэй л байна. Наадмаар “Аргагүй Монгол аялгуу” тоглолтоо хийх төлөвлөгөө бас байна. Энэ тоглолтын дараа л нэг мөсөн амаръя гэж бодож байна даа. Хөдөө явдаг ч юм уу. Уг нь зургадугаар сард АНУ-ын Сандиего явж амаръя гэж төлөвлөж байсан юм. Гэхдээ ажил юу болох нь уу.

-Хүүхдүүддээ хэр зав гаргаж байна вэ?
-Хүүхдүүддээ аль болох цаг зав гаргаж байгаа. Өнөөдөр ч гэсэн үдийн цайгаараа охиныхоо хичээлийг давтуулчихаад одоо цүнхийг нь бариад явж байна, харахгүй юу.

-Төрсөн өдрийн тоглолтыг тань үзсэн хүмүүс “яг л бидний үеийнх­­­ний залуу нас, хайр сэтгэл, амьдралын амтыг дахин мэдрүүл­лээ” гэж байсан. Та ч гэсэн дуулах­даа тэгж догдолдог уу?
-Мэдэхгүй байна. Би тайзан дээр маш хариуцлагатай “оператор”-ын ажил хийж байсан. Маш олон хэмжээтэй дууны үгээ бодож байсан. “Зүрхэн хоёр алга” дуугаа яаж дуулна аа л гэж бодож байсан. Бас ойрд дуулаагүй дуунуудаа яаж дуулна даа гэж бодож байсан. Би өөрийнхөө фэнүүдтэй хамтарч хөгширч байна, амьдралын амтыг мэдэрч байна гэдэг сайхан биз дээ. Бас миний дуунуудыг хүүхдүүд цоо шинээр сонсч байна. Тийм болохоор “Милая моя” концертоо МҮОНРТ-д бичүүлээд, мэргэжлийн сайн DVD болгодог юм уу гэж бодож байгаа.  МҮОНРТ миний уран бүтээлийг маш их дэмждэг. Баримтат кино хийхээр ярьж байгаа. “Сэтгэлийн есөн цацал” хэмээх есөн дуутай сайхан уран бүтээлийг МҮОНРТ-ийн 600 студи хийж өгсөн. Яг тийм бичлэг одоо болтол гарахгүй байгаа. “New Star” студитэй хамтарч ажилладгийн давуу тал бас харагдаж байгаа юм. Төрсөн өдрийн  тоглолтоо ч бас бүрэн хэмжээний DVD болгож бичүүлсэн.

-Уран хуучин дуунуудаа бага багаар шинэчлээд байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Найруулга, дуулалт дээр өөрч­лөлт хийгээд л байгаа.

-Гэхдээ нөгөө талаас 20 жилийн  өмнөх дуунууд одоо ч гэ­сэн хит хэвээрээ байна гэдэг таны араас шинэ поп од, поп дуу гарах­­гүй байна аа л гэсэн үг шүү дээ?
-Одоо төрөх байх аа. Би ер нь өөрөөсөө хамааралгүй зүйлд дүн шинжилгээ хийхээс  татгалздаг гэж болно. Гэхдээ ирэх намар гэхэд попынхон тэсрэлт хийх байх аа. Би тэгж мэдрээд байна. Нэг тийм эргэн ирдэг цаг хугацаа байдаг шүү дээ.

-Хувийн амьдралдаа өөрчлөлт хийсэн үү? эсвэл хийх бодол байгаа юу?
-Хувийн амьдралынхаа талаар ярьмааргүй, ямар нэг мэдэгдэл хиймээргүй байна. Яагаад гэвэл над руу хамгийн их дайрдаг сул тал маань миний хувийн амьдрал. Миний хувийн амьдралын талаар цухасхан нэг зүйл гарахад  над руу  маш их дайралт хийдэг. Тийм учраас би тэр газраа ил гаргаж, бай болгомооргүй байна. Харин амьдралынхаа тухай, элбэрэл хайр, энэрлийн тухай ном, альбом гаргахаар ажиллаж байгаа.

-Гэрэл зургийн үзэсгэлэнг яагаад гаргасан юм бэ?
-Төрсөн өдрийн тоглолтдоо, фэнүүд­­дээ зориулж гаргасан. Хүмүүс маш их үзсэн.

-Ийм том тоглолт, 27 жилийн урлагийн үзэсгэлэн гараад ирэхээр хүмүүс “Дараа нь яах гэж байгаа юм бэ” гэсэн нэг төрлийн түгшүүр төрдөг шүү дээ?
-Дараа нь “Аргагүй монгол аялгуу” хийх гэж байгаа юм аа.

-Өмнө нь та нэг удаа “Би удахгүй тайзнаас бууна” гэж хэлээд олон хүнийг гомдоож байсан шүү дээ?
-Тэр явдалд би тайлбар хийсэн. Миний амьдралын маш хүнд хэцүү үедээ би дуулах хүсэлгүй байсан. Уран бүтээл хийх боломжгүй юм шиг санагдаж байсан тэр үедээ би тэгж хэлсэн. Дараа нь тэр тухайгаа тайлбар хийсэн. Тийм болохоор ийм сайхан тоглолтын дараа тийм муухай зүйл яриад яах юм, тийм үү.
Надад дуулах хугацаа байгаа. Бүр хорин жил дуулах хугацаа байна гэж манай Ц.Оюунгэрэл сайд хэлсэн. Тэгэхээр хорин жил дуулахаас. /инээгээд/ Хорин жил гэж бодож байгаа боловч яг үнэндээ хоёр жил л байгаа байх аа. Ямарваа юм чинь хугацаатай шүү дээ.

Б.СЭМҮҮН
“NEWSWEEK” сонин №011

Monday, 13 May 2013

“Өмнөх сонголтоо давтах шалтгаан бий”

УИХ, Засгийн газрын гишүүн, Иргэний зориг-Ногоон намын дарга С.Оюунтай ярилцлаа.

-Иргэний зориг-Ногоон нам энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцох шийдвэр гаргасан. Засгийн газарт АН-тай хамтран ажиллаж байгаа учраас ийм шийдвэрт хүрсэн үү. МАХН бол тусдаа нэр дэвшигч гаргалаа шүү дээ? 
-ИЗНН-ын Үндэсний хороо хуралдаж, энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржийг дэмжин оролцох нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Дөрвөн жилийн өмнөх сонгуульд түүнийг дэмжсэнээрээ огт алдаагүй гэдэгт итгэлтэй байгаа учраас ИЗНН өнөөдөр энэ сонголтыг давтан хийлээ. 2009 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч шударга ёсыг амласан. Үүнийг төрийн бодлого, итгэл үнэмшил болгохын тулд санаачилсан, хийсэн болгоныг тоочилгүйгээр үүн дээр тогтож хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэчлэлийг эхлүүлж багц хууль санаачлан батлуулсныг монголчууд мэдэж байгаа. Хууль зүйн салбарын шинэчлэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртлын эсрэг хийж байгаа “өөрчлөн байгуулалт” багагүй хугацаа шаардах, зарим талаар эсэргүүцэл дагуулах үйл явц юм. Хүмүүсийн сэтгэлгээ, ёс суртахуун өөрчлөгдөж, шударга ёс бидний амьдралын хэвшил, итгэл үнэмшил болж төлөвшихөд мэдээж хугацаа хэрэгтэй. Гэхдээ үүнийг нийгмийн оюун санаанд программчлахын тулд юуны өмнө хууль, эрх зүйн орчныг нь тэр чиг хандлагаар шинэчлэн өөрчлөх ёстой юм. Одоо энэ ажил дөнгөж эхэлж байна. Үүнийг үргэлжлүүлэх, тэр тусмаа үзэл санааны бат бэх хамгаалалт дор үргэлжлүүлэх шаардлагатай учраас бид улс орон, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож ийм шийдвэр гаргасан юм. Нөгөө талаас УИХ-д АН хамгийн олон суудал авч, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж бодлогоо хэрэгжүүлж байгаа энэ үед нэгдмэл бодлого, байр суурьт, тогтвортой байдал тун чухал гэдгийг ИЗНН онцолж байгаа юм.
 

-Эмэгтэй улстөрчид анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр яригдаж байгааг та юу гэж харж байна вэ?
-Монголын ардчилал өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд хэр хөгжиж, ямар ололт, амжилтаар баяжиж байгаагийн нэг тод илрэл нь энэ юм. Төрийн бодлого, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог бий болгох, үүнийг хуулиар баталгаажуулахын төлөө багагүй тэмцэл туулж байлаа. Өнөөдөр УИХ-ын танхимд ч, гүйцэтгэх засаглалын төвшинд ч эмэгтэйчүүдийн тоо, байр суурь өссөнд баяртай байгаа. МАХН-аас Засгийн газарт хамтран ажиллаж байгаа С.Удвал сайд нэр дэвшлээ. Түүний хувьд ялалт энэ удаад ирэхгүй гэдгийг олон хүн, тэр дундаа өөрөө ч мэдэж байгаа. Ийм нөхцөлд эр зориг гарган эмэгтэйчүүдээ төлөөлөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаад нь түүнд баяр хүргэх ёстой. Дараа, дараагийн удаад нэр дэвших бүсгүйчүүдийг маань нийгэм хүлээж авах, дэмжих хөрс суурийг бэлтгэж байгаа гэдгээрээ их чухал юм.
-Иргэний зориг намын хувьд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тууштай тэмцэх, шударга ёсыг тогтоохын төлөө Монголын нийгэмд хандан анхлан уриалж байсан улс төрийн хүчин. Одоо хүрсэн үр дүнд та бүхэн ямар дүн тавих бол?
-Бид ирээдүй хойч үедээ авлига, хээл хахуульгүй, аюулгүй, айдасгүй, шударга нийгмийг бүтээж өгөх ёстой. Өнөөдөр энэ нь монголчуудын маань бүгдийнх нь хүсэл эрмэлзэл болж чадсан. Олны сэтгэлд шударга ёс ялна гэсэн итгэл, урам байгаа цагт үр дүнд хүрнэ.

-Шударга ёсыг эсэргүүцдэг хүч ил далдаас нөлөөлөх гээд байдаг аюул бий шүү дээ? 
-Эрх мэдэл, эд баялгийн хуваарилалтад ойр байсан, одоо түүнийгээ алдаж байгаа хүмүүст бас эсэргүүцэх, тэмцэх шаардлага байдаг. Ялангуяа Ардчилсан нам эрх барьж байх үед хоёр талын ийм зөрчлөөс үүдэж улс төр нь тогтворгүй болдог гашуун туршлага бий. Тухайлбал, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2004 онд Ерөнхий сайд болж,  авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхийг оролдсон боловч төдөлгүй түүнийг огцруулсныг хүмүүс санаж байгаа. Харин түүнийг 2009 онд Ерөнхийлөгч болсноос хойш авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийх тэмцэл эрчимжсэн. Гэмт хэргийн бүлэглэл, тэдгээрийн улс төрийн хамгаалалтаас айж халгаж байсан хуулийнханд ардчилсан Ерөнхийлөгчийн амлалт, итгэл үнэмшил ихээхэн зориг, дэм өгсөн гэж болно. Тийм учраас өнөөдөр албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, тогтоохын төлөө эрүүгийн цагдаагийнхан болон Авлигатай тэмцэх газар нэг нэгтэйгээ уралдаад ажиллаад эхэллээ шүү дээ.
 
-Таны ах ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг байсан. Өнөөдөр түүний хамтран зүтгэгчид төр барих хэмжээнд хүрч төлөвшсөн байна. Та ахынхаа найз нөхдийн талаар юу хэлэх бол? 
-С.Зориг ах маань 1990 онд нөхдийн хамт нийгмийн дэвшил, ардчилсан өөрчлөлтийг зорьсон ард түмний их хөдөлгөөнийг удирдсан юм. Тэдний маань залуу насандаа зорьж эхлүүлсэн ардчиллын төлөөх, шударга ёсны төлөөх тэмцэл хорь гаруй жил үргэлжилж өнөөдрийн сайн сайханд монголчуудыг хөтлөн авчирсанд нь би баярлаж, талархаж явдаг.  Энэ хугацаанд тэд хал үзэж, хатуужиж, жинхэнэ удирдагчид болж чадсан. Тийм улстөрч, удирдагчдын нэг нь Ц.Элбэгдорж. Цаг үе өөрөө удирдагчаа, лидерээ төрүүлдэг, захиалдаг гэдэгт би итгэж явдаг юм.
 
З.БОРГИЛМАА