Sunday, 9 June 2013

Л.Оюун: Ипотекийн зээл олгох бүх тохироо бүрдсэн



МУИС-ийн Эдийн засгийн сур­гуулийн санхүүгийн тэнхмийн багш доктор, профессор Л.Оюуныг “Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн зочноор урилаа. Түүнтэй орон сууцны ипотекийн зээлийн болон эдийн засгийн зарим асуудлаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

-Ипотекийн буюу иргэдийг орон сууцжуу­лахад зориулсан урт хугацааны зээлийг олгох талаар Засгийн газар, Төв банкныхан ажлаа эрчимжүүлж эхэллээ. Гэх­дээ зарим эдийн засагч уг зээлийг одоо олгож эхлэх тохироо нь мөн үү гэдэгт нэлээд эргэлзээтэй байна билээ?
-Нэн түрүүнд хэлэхэд энэхүү зээл хэрэгтэй юу гэвэл хамгийн их хэрэгтэй.

Харин цаг хугацааны хувьд жаахан хоцорчихсон. Нөгөөтэйгүүр зээлийг олгох эдийн засгийн, цаг үеийн тохироо нь ч бүрдчихлээ. Өөрөөр хэлбэл байр худалдан авах эрэлт хангалттай байна. Сүүлийн үед барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа нь нэг талаараа нийлүүлэлтийг ч бий болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр эрэлт, нийлүүлэлт нь аль аль талаасаа бүрдчихсэн учраас ипотекийн зээл нүдээ олж байгаа хэрэг. Гэхдээ уг зээлийг өмнө нь олгож эхэлсэн гэж бодоход санхүүгийн асуудал хүндхэн байсан шүү дээ. Харин одоо бол “Чингис бонд”-ын мөнгөнөөс 800 тэрбум төгрөгийг уг зээлд тусгахаар болсныг уншигчид мэдэж буй. Тийм болохоор улсынхаа нэрийг барьцаалан байж авсан энэ зээлийг ашигтай, ирээдүйтэй зүйлд зарцуулахыг цаг хугацаа шаардаад эхэлчихсэн.

-Тэгэхээр өмнөх Засгийн газрын олгож байсан жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг улс төрийн шоу гэх мэтээр шүүмжлэх болов. Өмнөх зээлийг энэ удаагийн ипотекийн зээлтэй харьцуулбал ямар зөрүү хараг­даж байна вэ?
-Зургаан хувийн зээлийн санаа нь зөв байсан гэж боддог. Харин  одоо олгох гэж буй зээлтэй харьцуулахад тухайн үед боломж, бололцоо нь муу байлаа. Гэхдээ эдийн засаг, тооцоо талаасаа арилжааны банкууд жилийн зургаан хувиар зээл гаргахад том бэрхшээлтэй тулгарах байсан юм. Бас нэг хувилбар нь Засгийн газар хүүгийн зөрүүг ч юмуу өөрийн зардалдаа тусгах юм байх гэж бодож байтал тийм зүйл болоогүй.

-Ер нь зургаа, найман хувийн хүү гэдэг нэг их ялгагдахааргүй тоо. Энэ удаагийн олгох гэж буй зээлд ч гэсэн эрсдэл байна гэж ойлгож болох уу?
-Мөн л адилхан. Яагаад гэвэл арилжааны банкууд ашиг, эрсдлээ л бодно. Харин гадны орнуудын туршлагаас харахад орон сууцны зээлийн хүүгийн зөрүүг Засгийн газар нь төлөх ч юмуу бусад арга хэрэгслээр зохицуулах нь механик зохицуулалтын үед хамгийн чухал асуудал байдаг.

-Нөгөөтэйгүүр иргэдэд хүлээлт болсон бас нэг зүйл нь байрны урьдчилгааны хувь хэмжээ. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт баталсан ерөнхий журамд урьдчилгааг 10-30 хувь төлөх талаар тусгасан. Гэхдээ арилжааны банкуудын хувьд 30-аас дээш хувь байж гэмээнэ эрсдэл бага учирна гэж байгаа. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?
-Энэ бол зээлийн журам боловсруулагч, батлагчдын анхаарах ёстой чухал өнцөг. Учир нь урьдчилгааг бага хувиар төлөх юм бол иргэдэд сайнаар тусна. Гэтэл арилжааны банкуудад энэ нь эсрэг нөлөө үзүүлдэг. Онолоор тайлбарлавал зээлийн урьдчилгаа гэдэг нь банкуудын эрсдлийг бууруулах түлхүүр нь юм. Өөрөөр хэлбэл 10 хувийн урьдчилгааг төлөөд Бат ч юмуу хэн нэгэн байр авлаа гэхэд зээлдэгч цаашид зээлээ төлөөд явах чадвар нь тийм ч хангалттай биш байгаагийн илрэл. Харин 30 хувь нь илүү найдвартай буюу зээлдэгч төдий хэмжээний мөнгийг ирээдүйд олох чадвар, найдвар гэж үздэг. Түүнчлэн ипотекийн зээлийн ерөнхий журамд зааснаар иргэд аав, ээжийнхээ ч юмуу үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаанд барьцаалаад байраа авч болно гээд байгаа шүү дээ. Гэвч энэ нь арилжааны банкинд учрах эрсдлийг бууруулах ч харамсалтай нь ийм төрлийн урьдчилгааг нэлээд ядуу барьцаа гэж болохоор байна. Тодруулбал урьдчилгаагаа төлөхөд мөнгө байхгүй байгаа хүмүүс цаашид зээлээ яаж төлөх вэ гэх асуудал тулгарч буй юм.

-Гэхдээ ерөнхий журамд тусгаснаар Засгийн газар зорилтот бүлэгт урьдчилгааны хөнгөлөлт үзүүлнэ гээд байгаа шүү дээ?
-Уг нь тийм заалт оруулсан ч яг ямар бүлэгт яаж хөнгөлөлт үзүүлэх нь ерөөсөө тодорхойгүй байгаа. Хэрэв үүнийгээ тодорхой болгочихвол иргэдээ орон сууцжуулахад сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Түүнчлэн зорилтод бүлэгт зориулсан тусгай бодлогоос гадна ийм нэг асуудал бас гарч ирж байгаа юм. Учир нь барилгын үнэд төр заавал оролцох шаардлага үүслээ. Ингэхдээ тухайн байрыг худалдан иргэдийн өрхийн орлогын хэмжээнд нь тохируулж, төрөөс метр квадратын үнийг зохицуулах хэрэгтэй.          

-Барилгын метр квадратын үнэд төр оролцох нь зах зээлийн хуулиас гажиж байна гэдэг биз дээ. Тэгэхээр компаниудыг алдаг­далгүй ажиллуулахын тулд төр яаж зохицуулна гэсэн үг вэ?
-Ийм  зохицуулалт  хийхийн тулд барилгын компани тухайн орон сууцыг барихад хэр хэм­жээний зардал гаргаж вэ гэдгийг мэргэжлийн байгууллагуудаар эх­лээд тооцуулах ёстой. Түүнчлэн зардал дээр тухайн компанийн ашгийг нэмээд гарсан үнээр нь худалдаалах хэрэгтэй. Ер нь барилгын компаниудыг үнээ буу­руул гээд зээл өгч буй нь нэг талаараа байрны үнийг өсгө гэж байгаатай утга нэг. Түүнчлэн иргэдийн хамрагдах зээлийн хүүгийн хувьд маш бага болох учраас бараг хүн бүр байр авахаар сэт­гэл шулуудна. Мэдээж хэрэг худал­дан авагч нь хангалттай байгаа барилгын компаниуд ашгаа бодож үнээ нэмэхгүй гээд яах юм бэ. Тиймээс үнийг тэнгэрт хадаачихгүй нь тулд төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Бүр ипоте­-кийн зээлийн нарийвчилсан журамд ийм заалтыг заавал оруулах ёстой. Төр компаниудад нэгэнт л хөнгөлөлттэй зээл олгож байгаа хойно тэдэнтэй зоригтойгоор тохиролцох гарц нь нээлттэй бий.

-Монголбанкныхны хэлж байгаагаар барилгын ний­лүүлэлтийг нь эрэлтээс түрүүлүүлнэ гээд байгаа. Мэдээж байр худалдан авах хүнийх нь тооноос барьсан барилгынх нь тоо ихсэхээр үнэ нь буурах байх. Ийм бодлого нэгэнт бий болохоор метр квадратын үнийг төр заа­вал зохицуулах хэрэг байна уу?
-Дээр хэлсэнчлэн төр барил­гын компаниудтай тохиролцоод өртгийг нь яг таг тооцох хэрэгтэй. Тэгж байж гэмээнэ зорилтод бүл­гээ орон сууцжуулж чадна. Нөгөөтэй­гүүр барилгын метр квадратын үнийг нам төвшинд байлгахын тулд импортын бараа материал, мөн дотоодод үйлдвэрлэж бай­гаа барилгын материалын үнэд бодлогын төвшний том зохи-цуу­лалт шаардах нь дамжиггүй. Тэгэхээр хямдхан үнэтэй материа­лыг дотоодод үйлдвэрлээд ирэхээр зэрэг орон сууцны үнэ автоматаар буурна. Нийлүүлэлт ч нэмэгдэнэ.

-Барилгын компаниудын хэлж буйгаар дэд бүтэц, газрын үнэ өндөр байдаг учраас метр квадратын үнээ нэмэхээс өөр аргагүй гэх тайлбар өгдөг?
-Энэ бол өнөөдөр барилгын сал­барт  тулгамдаж  буй  хамгийн том асуудал. Гэвч Улаанбаатар хотод барилга барих тийм том талбай байгаа юу гэдэг асуулт гарч ирнэ. Харамсалтай нь тийм аглаг газар байхгүй. Тэгэхээр дагуул хот барих шаардлага бий гэсэн үг. Хэрэв дагуул хот байгуулбал эхлээд дэд бүтцийг нь барьж өгөөд дараа нь зөвхөн тэнд барилга барина гэсэн компаниудад төрөөс хөнгөлөлттэй хүүтэй зээл олгож болох юм. Ми­ний хувьд журамд дурьдаад байгаа 80 метр хүртэлх квадрат талбайтай байрыг худалдаж авна гэдэгт шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь нэг хүний авах талбайн хэмжээг заахын оронд метр квадратын үнийг заагаад өгчихвөл хөтөлбөр арай үр дүнтэй, бодитой болно.

-Нөгөөтэйгүүр Нийгмийн даатгалын сангаас шалтгаалж ипо­текийн зээл цаашид хэрэгжих суурь бэхжинэ гээд байгаа. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Нийгмийн даатгалын сантай холбодог нь маш зөв хувилбар. Засгийн газар 800 тэрбум төгрөгөө буцаагаад олж авах боломжыг харж байна гэсэн үг. Мөн иргэдийн ажилдаа хандах, тогтвор сууршилтай ажиллах нөхцөл илүү бүр­дэх юм. Эцэст нь хэлэхэд баталгаа талаасаа ч тэр инфляцийг нам түвшинд барих үүднээс ч гэсэн төр барилгын үнэд заавал оролцох, бүр зээлийн журамдаа ч сайтар тусгаж өгөх шаардлагатайг хэлье.
-Ярилцсан баярлалаа.
Л.БААТАРХҮҮ
"УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин

Thursday, 6 June 2013

С.Ламбаа: Ц.Элбэгдорж бол замын дундаас ороод ирсэн улстөрч биш

УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаатай ярилцлаа. 
 
-Монголчууд төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай цаг үед ирээд байна. Та УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гээд хариуцлагатай албыг хашиж байсан хүн. Үндсэн хуулиар олгогдсон боломжийг ашигласнаар ард түмэн хожино гэж та хэлж байсан. Үндсэн хуулийн боломж гэж юуг хэлээд байна вэ? 
-Зарим хүмүүс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг найман жил болгох хэрэгтэй гэдэг юм. Үнэндээ 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын депутатууд үүнийг тооцож  Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дахин нэг удаа улиран сонгогдохыг зөвшөөрч хуульчилсан байдаг. Энэ хуулийн дагуу П.Очирбат, Н.Багабанди нар хоёр улиран сонгогдож байсан. Тийм учраас Үндсэн хуулийн энэ боломжийг ашиглаж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөө дахин сонгоё гэж байгаа юм. Ц.Элбэгдоржийг улируулан сонгосноор монголчууд бид л хожино. Яагаад гэвэл тэр сонгуулийн маргааш л ажлаа үргэлжлүүлээд явах хүн. Ерөнхийлөгчийн албатай танилцах, суралцах ямар ч шаардлага түүнд гарахгүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зинпин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гээд дэлхийн томчуудтай танилцана гэх зовлон алга, Харин ч тэд баяр хүргээд шууд л утасдах байх. Тэртэй тэргүй танил болчихсон хүмүүс. Энэ бол том боломж, Цахиагийн Элбэгдоржийн давуу тал.

-“Ерөнхийлөгчөө дэмжье” гэсэн уриаг албан тушаалаа ашигласан, хууль зөрчсөн үйлдэл  гээд МАН-ынхан яриад байгаа. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Уг нь ойлгож ядаад байх зүйл байхгүй л баймаар юм. Ардчилсан “Ерөнхийлөгчөө дэмжье” гэсэн уриа бол Ардчилсан намын сонгуулийн уриа болохоос Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн уриа биш шүү дээ.  Ардчилсан нам Ерөнхийлөгч байсан хүнийг дахин дэвшүүлж байгаа болохоор ийм уриатай сонгуульд орж байна. 2009 онд “Ардчилсан Ерөнхийлөгчийн төлөө” гэж сонгуульд орсон. Мэдээж Ардчилсан нам шинэ хүн дэвшүүлсэн бол бусад намууд шиг нэг уриа дэвшүүлж л таараа. “Ерөнхийлөгчөө дэмжье” гэдгийн  цаад агуулгыг хамгийн товчоор хэлэхэд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөө дэмжиж түүний хэлсэн, ярьсан, хийсэн, хэрэгжүүлсэн, эхлүүлсэн  бүхнийг нь үргэлжлүүлж үр дүнг нь үзье гэж байгаа юм. Ц.Элбэгдорж  өнгөрсөн дөрвөн жилд авлига  хээл хахуультай тэмцэх, нийгэмд шударга ёсыг тогтоох, шүүх эрх мэдлийг боловсронгуй болгох, иргэний шууд оролцоог нэмэгдүүлэх, улс үндэстний аюулгүй байдлыг хангах, архидан согтуурахтай тэмцэх, Ашигт малтмалын лицензийг зогсоох, ахмадаа ачилж, эхчүүд, эмэгтэйчүүд, оюутан залуус, хүүхэд багачуудаа дэмжих, Монгол улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулж олон улсын нэр хүндийг дээшлүүлэх  гээд олон чухал ажлуудыг хийсэн, эхлүүлсэн. Үүнийг монголчууд төдийгүй дэлхий мэдэж байгаа. Тийм  учраас Ерөнхийлөгчөө дэмжиж байгаа юм.

-Энэ намынх нь уриа юм бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өөрийнх нь сонгуульд оролцож байгаа уриа нь юу вэ?
-“Монгол Улсын төлөө ЗҮТГЭЕ” гэж байгаа. 24 жил сайн муугаараа хэлүүлэн Монгол Улсынхаа төлөө шантарч цуцалгүй зүтгэж байгаа Цахиагийн Элбэгдорж шиг том улстөрчид үүнээс өөр ямар уриа байхав дээ. Тэр сонгогчдод таалагдах уриа лоозон огт хэрэггүй гэдгээ мэдэж байгаа. Тийм учраас “Хуулийн засаглалтай улс, Иргэний оролцоотой шийдэл, Бүтээгчдээ дэмжсэн бодлого, Байгальд ээлтэй хөгжил, Дэлхийд нэртэй Монгол” гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд өөрийн туршлага, мэдлэг, сургамжаа бүтээлчээр ашиглаж, олон нийтийн эрх ашигт нийцсэн, дэмжлэгийг нь хүлээсэн ажлуудаа үргэлжлүүлж  “Монгол улсын төлөө ЗҮТГЭЕ” гэж том дуугарч байна.  Зүтгүүлэх л хэрэгтэй шүү дээ. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч бэлгэдлийн шинж чанартай албан тушаал учраас хэн ч яахав гэсэн байдлаар хандаж байгаа хүмүүс байгаад байх шиг байна. Үнэхээр тийм гэж үү?
-Том биетэй ч юмуу, эсвэл эмэгтэй юм гээд хэн нэгнийг бэлэг тэмдэг болгоод суулгачихдаг албан тушаал биш л дээ. Ерөнхийлөгч бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол улсаа дэлхийд төлөөлдөг ганц хүн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гуравхан хүний бүрэлдэхүүнтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд. Ийм том бүрэлдэхүүнтэй зөвлөлийг удирдахад  асар их мэдлэг чадвар, улс төрийн туршлага, мэдрэмж  хэрэгтэй. Энэ шаардлагыг Ц.Элбэгдорж л хангана. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч улс орныхоо батлан хамгаалах хүчийг зузаатгах, энхийн үйлсэд цэрэг дайчдаа оролцуулах, дэлхийд Монголоо таниулах талаар маш их зүйл  хийсэн. Түүний НҮБ-ын Ерөнхий асамблейд ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, “Архины хяналтын тухай конвенци”-той болох, Байгаль орчны өөрчлөлт, дэлхийн хуурайшилт, усны асуудлаар тусгай байгууллага байгуулах талаар дэвшүүлсэн санал санаачлагыг дэлхийн удирдагчид талархан  хүлээж авсан. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс анх удаагаа даргалж саяхан 120 гаруй орны мянга гаруй төлөөлдөгчид монголд ирж чууллаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн ОХУ, БНХАУ, Франц, Англи, АНУ-аар Монгол Улсынхаа аюулгүй байдлын баталгааг гаргуулж авлаа. НҮБ-ын хүндэт индрээс Монгол Улсад цөмийн хаягдлыг хэзээ ч булшлахгүй гэдгийг зарлан тунхаглалаа. Эндээс харахад Ерөнхийлөгч хүн тийм ч бэлгэдлийн байгаад байх хүн биш байгаа биз дээ.    

-Ерөнхийлөгч болох хүнд яг тийм, ийм хүн байна гэсэн шалгуур байх уу?

-Өндөр, нам, тарган, туранхай, эрэгтэй, эмэгтэй, тийм, ийм боловсролтой, халх, буриад, дөрвөд хүн байна гэсэн шалгуур байхгүй шүү дээ. Зарим хүмүүс иймэрхүү сонин, сонин юм ярьж нэр дэвшигчид рүү дайрч байгаа нь туйлын зохисгүй үйлдэл. Мэдээж Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх чадвартай, өндөр боловсролтой, ард түмэндээ төдийгүй дэлхийд танигдсан улстөрч хүн байх шаардлагатай. Намууд хүнээ дэвшүүлэхдээ энэ зарчмыг тооцдог, ард түмэн ч тухайн нэр дэвшигчдийн хийж байсан ажил алба, боловсрол мэдлэг, улс төрийн туршлага зэргийг  харж сонголтоо хийж ирсэн. Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат төрийн сайд, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, хоер дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди  УИХ-ын дарга, гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр  төрийн сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дэд дарга, Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашиж байгаад Ерөнхийлөгч болсон. Маш том шалгуураар сонголтоо  хийж байсан байгаа биз. Өнөөдөр ч гэсэн Монголын ард түмэн энэ зарчмаа барьж сонголтоо хийх байх. Ер нь энэ зарчмыг дордуулмааргүй байгаа юм. Харамсалтай нь МАН УИХ-ын дарга, Ерөнхий сайд хийж байсан олон улстөрчидтэй мөртлөө мөрдөж ирсэн зарчмаасаа ухарч нэр дэвшүүлэлтээ хийсэн л дээ.    

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг амаараа их ярьдаг, юм хийдэггүй гэж шүүмжлэх юм. Идсэн уусан гээд ярих зүйлгүй болоод ингэж байна ч гэх юм. Ярих чадвартай байна гэдэг сул тал уу? 

-Амаараа ярихгүй юугаараа ярих юм./инээв/ Ярих, бичих гэдэг бол сэтгэлгээний яруу тод илэрхийлэл. Тийм болохоор сайхан ярьж, бичнэ гэдэг бол бүх хүнд заяагаад байдаггүй ховорхон авьяас, чадвар. Ерөнхийлөгч ийм чадвартай байна гэдэг маш чухал. Яагаад гэвэл Ерөнхийлөгч хууль баталдаггүй боловсруулдаг, мөнгө зардаггүй зарлиг гаргаж чиглэл, зөвлөмж өгдөг. Тийм учраас УИХ-д ард түмнийхээ нэрийн өмнөөс үгээ хэлж, Засгийн газарт чиглэл өгдөг. Бас дэлхийн дэвжээн дээр эх орноо төлөөлж үгээ хэлдэг. Үүнд хувь хүний ярианы чадвар маш чухал. Манай хүн хэлэх үгээ хэзээ ч хүнээр бэлтгүүлж уншиж байсангүй. Алгын чинээ цаасан дээр гараараа бичсэн төлөвлөгөөгөө хараад л ярьчихдаг хүн. Одоо цаас нь алгын чинээ биш алган дотор багтдаг болсон байна. Олон жил улс төрийн амьдралд оролцож төрийн өндөр албыг хашиж байсан болохоор хэлж ярих зүйл нь  уураг тархинд нь боловсорчихсон байна гэсэн үг. Баянаа, Мөнхбат аварга хоёр бөхийн тухай ямар гоё ярьдаг билээ. Тэр хоёр бөхийн ертөнцөд бүхий л амьдралаа зориулж алдар хүндэд хүрсэн болохоор ярих юм нь бэлэн байгаа байхгүй юу.  

-Тэгэхээр ярих, бичих чадвар тухайн хүний туулсан амьдралын зам мөртэй холбоотой гэж та хэлэх гээд байна аа даа?
-Ер нь тийм. Хүн өөрийнхөө хийсэн хэрэгжүүлсэн ажлаа л сайхан ярьж хэлж чаддаг. Өөрөөр хэлбэл хүний туулсан амьдрал, тэмцэлтэй салшгүй холбоотой. Ц.Элбэгдорж бол зүгээр нэг замын дундаас ороод ирсэн улстөрч биш. Ардчиллын 24 жилийн амьдрал, тэмцэл дундаас тодорч гарсан улстөрч. 1989 оны тэсгим хүйтэн өвөл Залуучуудын ордны өмнө болсон ардчилсан хувьсгалын анхны цуглаан дээр “Монголоо өөрчлөе” гэж  хэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, сайн сайхны төлөө зүтгэж,  “онч”-той үгээ хэлж байна. Зарим хүмүүс 20 жил ярилаа гэдэг юм. 70 жил яриад ард түмнийхээ уураг тархинд шингээчихсэн коммунист сэтгэлгээг өөрчлөхөд 20 жил юу ч биш. Сая хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч “Авлигачид хорхойтсон баавгай шиг...” гээд хэлэхэд л МАХН, МАН-ынхан үргэсэн турлиах шиг дэрхийгээд л босч байгаа биз дээ. Үнэндээ  авлигач гэж хэн нэгний нэр байтугай аль нэг намын нэрийг ч хэлээгүй ш дээ. Түүний хэлсэн үг тийм  хүчтэй  байгаа юм.  Ингэж хэлж чаддаг Ерөнхийлөгчтэй байгаа нь сайн хэрэг шүү дээ. 

-Та Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй олон жил хамт ажиллаж байна уу?
-1989 оны Ардчилсан хувьсгалын анхны цуглаан дээр очсон үеэсээ л мэддэг болсон. 1996 онд намын дарга байхдаа намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн. Түүнээс  хойш Ц.Элбэгдоржийг УИХ-ын дэд дарга, хоёр удаа Ерөнхий сайд байхад нь УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Ерөнхийлөгч байхад нь УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажилласан даа. Эрүүл мэнд, биеийн тамир спортын эрх зүйн шинэчлэлийг хийх, төсөв хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар УИХ, Засгийн газарт олон удаа чиглэл өгч ажиллаж байсан шүү. Ерөнхийлөгч энэ тал дээр хувь хүнийхээ хувьд ихээхэн ач холбогдол өгдөг. Эрүүл мэнд, спортын зардал урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр нэмэгдсэнийг хүмүүс мэддэг байх. 2008 онд 200 гаруйхан тэрбум байсан эрүүл мэндийн төсөв 2012 онд 535 тэрбум, 26 тэрбум байсан хөрөнгө оруулалт 130 тэрбум, 30 гаруй тэрбум байсан гадаадын зээл тусламж 280 тэрбум төгрөгт хүрсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч айлчлах үед Солонгосын 55 сая ам.долларын хөнгөлөлтөй зээлийн хөрөнгөөр Үндэсний оношлогооны төв байгуулах асуудлыг баталгаажуулж гэрээг УИХ-аар соёрхон баталсан. Эрүүл мэндийн салбарын 680 гаруй эмч, сувилагчдыг орон сууцны зээлд хамруулж байртай болгосон гээд урагшилж дэвжсэн ажлууд их. 

Цусны төв цусаар дутагдах үед өөрөө донор болж ард түмнээ цусаа өгөхийг уриалж олон хүний амь насыг аварч байлаа шүү дээ. Саяхан Ерөнхийлөгчийн санаачлагаар олимп, дэлхийн аваргын медальтнууд “цалинтай” болж, сар бүр хүртэж эхэллээ. Үнэхээр хийе гэснээ хийдэг дэмжих естой зүйлээ дэмжиж чаддаг хүн.

-Тэргүүн хатагтай нар янз бүрийн сан байгуулж ажилладаг. Тэр дундаас тэргүүн хатагтай Х.Болормаагийн байгуулсан сан хавдрын эсрэг гэдэг нь анхаарал татдаг байх шүү?

-Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайн санаачлагаар 2009 онд “Итгэл-Хавдаргүй монгол” сан байгуулагдаж тэргүүн хатагтай Х.Болормаа тэргүүнээр нь ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд энэ сангаас гадаад, дотоодод эмч сувилагчдын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, хорт хавдрын асуудлаар аймаг, дүүргийн хэмжээнд үндэсний сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, Хавдар судлалын үндэсний төв болон зарим аймаг, дүүрэгт хөнгөвчлөх эмчилгээний тасаг байгуулах, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд  нярайн амьсгалын аппаратууд, Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг гемодиализийн аппаратыг  Японы Токушикай группын дэмжлэгтэйгээр нийлүүлэх зэрэг олон ажлуудыг санаачлан хийж байна. Цаашид хийхээр төлөвлөсөн ажил ч их байдаг юм билээ. 

-Сонгуулийн үеэр намайг сонгоорой л гэж нэр дэвшигчид хэлдэг. Харин танай намын нэр дэвшигч өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө сонголтоо хийгээрэй гэж байгаа нь тун содон сонстож байна лээ?
-Тийм ээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэнтэйгээ хийж байгаа уулзалт дээр “Өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө сонголтоо хийгээрэй”  гэж уриалж байна. Энэ бол таны төлөө зүтгэж чадах хүндээ саналаа өгөөрөй гэсэн үг. Тэр хүн чинь одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж шүү гэж хэлмээр байна.  Монголчууд бид Ц.Элбэгдорж гэдэг ийм “үнэтэй капитал”-ыг дахиад дөрвөн жил ашиглах л хэрэгтэй шүү дээ. Үүнээс Монгол Улс, Монголын ард түмэн л хожно.

Wednesday, 5 June 2013

“Би энэ байгууллагыг УИХ-д орохын төлөө удирдахгүй”

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Х.Амгаланбаатараас цөөн асуултад хариулт авлаа. 

-Та МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлыг аваад удаагүй байна. Хүмүүс танай байгууллагыг шинэчлэгдэж чадаагүй, хуучин нийгмийнхээрээ байгаа гэж хардаг. Нэн тэргүүнд Үйлдвэрчний эвлэлийн хороонд тулгамдаж байгаа асуудал юу вэ?
-Олон нийт яагаад тэгж харж байгааг мэдэхгүй. Манай байгууллага бол хүмүүсийн зөв зохистой ажиллах, цалин хангамж нь амьдралд хүрдэг байлгахын тулд тэмцдэг, тэднийг хамгаалдаг тийм л байгууллага. Манай байгууллага гурван том зорилго тавин ажиллаж байгаа. Эхнийх нь цалин нэмэх тухай асуудал байгаа. Ямар ч байсан бидний тэмцлийн үр дүнд Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянга болж нэмсэн. Өөрөөр хэлбэл, нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг нэг ам.доллар болгож чадсан. Уг нь өндөр хөгжилтэй орнуудад цагийн 10-15 ам.доллар байдаг. Бүр 20 ам.доллар болгосон улсууд ч бий. Манайх доод хэмжээг 192 мянгаар тогтоосон нь бидний санасан хэмжээнд хүрч чадаагүй. Тиймээс бид нэмэх талаар цаашдаа тэмцэнэ. Ер нь бол цалин нэмэх тухай асуудал ганцхан жилд ч юм уу хийгээд өнгөрөх ажил биш. Бид цаашдаа тэмцсээр л байх болно. Хүний хэрэгцээ дуусахгүй шүү дээ.

Хоёр дахь том ажил бол мэргэжлээс шалтгаалсан болон үйлдвэрлэлийн ослыг багасгах, бууруулах ажил. Өнөөдөр жилд тэдэн хүн нас бардаг, гэмтдэг гэсэн судалгаа гаргаад л сууж байгаа. Уг нь тэдэн хүнийг осол гаргахаас сэргийлсэн, аюулаас аварсан гэсэн судалгааг гаргаж, тиймэрхүү ажил хийх ёстой юм л даа. Цаашдаа бид энэ талаарх арга хэмжээг авахаар ажиллаж байгаа. Гурав дахь томоохон ажил нь тухайн ажилчин өсч дэвжих явдал. Нэг л ажилчин нэг ажлын байрандаа өсч дэвжихгүй байгаад байх юм бол мэргэжлийн үнэ цэнэ гэдэг юм байхгүй болно. Тухайн хүмүүс өндөр бүтээмжтэй ажиллаж чадахгүй байгаагийн илрэл нь энэ. Дээр дурьдсан хоёр хүчин зүйлс доголдсон, шаардлага хангаагүй байгаа нөхцөлд сүүлийн ажил биеллээ олоход тун хэцүү. Гэхдээ бид үүнийг гольдрол руу нь оруулахын төлөө ажиллана.

-Үүнээс гадна танай байгууллагад нэг асуудал бий. Аймаг, сумдын үйлдвэрчний эвлэлийн хороодод хүн хүч үнэхээр дутагдалтай байдаг. 1-2 хүн л ажиллаж байна. Үүнийг сайжруулахгүй бол танай ажилд үр дүн гарахгүй юм биш үү?
-Ямарваа нэгэн байгууллагад хүний нөөцийн асуудал чухал байдаг. Манай байгууллагад ч гэсэн хүний нөөцийн асуудал бий. Саяхан болж өндөрлөсөн ээлжит бус XXI хурлаар энэ асуудлыг голчлон хөндсөн. Ерөнхий зөвлөлийн хурал дээр ч энэ асуудлыг голчлон ярьсан. Би ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө үүнийг бодлого болгон оруулсан байгаа. Манай байгууллагын дэргэд Хөдөлмөрийн дээд сургууль гэж бий. Түүнээс төгсөн гарсан боловсон хүчнийг энэ байгууллагадаа ажиллуулах талаар ярилцаж байгаа. Мөн цаашдаа Хөдөлмөрийн академи болгон томсгох шаардлага ч бий. Үүнээс гадна тухайн аймаг, сум, байгууллага, дүүргийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг өөрсдийн гэсэн боловсон хүчинтэй болгох талаар зөвлөмж зохиох хэрэгтэй. Ирэх жилүүдэд манай байгууллагаас боловсон хүчний талаар томоохон сургалтуудыг зохион байгуулахаар болсон байгаа.

-Одоогоос гурван жилийн өмнө танай байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Ганбаатартай ярилцаж суухад “Манай байгууллага ганцаардаж байна” гэж байсан. Хэдийгээр шинэхэн ч гэсэн дахиад асууя. Танай байгууллага ганцаардаж байна уу?

-Тухайн үед С.Ганбаатар дарга юу гэж бодож, энэ хариултыг өгснийг мэдэхгүй юм. Ганцаардал гэдгийг яг юу гэж ойлгосныг ч мэдэхгүй байна. Манай байгууллага 36 салбар хороодтой 2500 гаруй гишүүдийг нэгтгэсэн тийм том байгуулага. Энэ утгаараа бид ганцаараа биш. Яахав Засгийн газар болон ажил олгогчидтой ямарваа нэгэн асуудлаар тэмцэхэд голын хоёр талд гарч зогсох асуудал бий. Ажил олгогч, Засгийн газар хоёр нэг талд гарчихвал бид ганцаараа мэт харагддаг байж магадгүй. Гурван жилийн өмнө төрийн эрх барьж байгаа хүмүүс, яам, тамгын газар нь үйлдвэрчний эвлэлийг хүлээж авдаггүй байж. Тиймээс бид гудамжинд гарахаас өөр арга байгаагүй. Нэгэнт хэлэлцээрийн ширээний ард сууж чадахгүй болохоор гудамжинд гарч тэмцэх нь л цорын ганц алхам байсан. Би нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Мянга, мянган хөдөлмөрчдийн төлөө тэмцэж, эрхийг нь хамгаалж байгаа байгууллага, ганцаардах ёсгүй. Бүр тийм ч эрх бидэнд байхгүй.

-Яг одоо хэвлэл, мэдээллийн хэрэгслээр С.Ганбаатар та хоёр хөдөлмөрчдийн авто баазыг зараад, ашиг олох зорилгоор байшин бариулж байгаа гэх юм. Яг юу болсон юм бэ?
-Саяхан болсон хуралтай холбогдуулж иймэрхүү мэдээлэл гарсан байх гэж таамаглаж байгаа. Би 2004-2008 оны хооронд нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байгаад энд дэдээр ирсэн. Намайг ирэхээс өмнө энэ асуудал яригдсан юм билээ. Тухайн үедээ Үйлдвэрчний эвлэлийн мянга, мянган гишүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэ газарт Үйлдвэрчин хороолол барихаар болж, шийдвэрийг нь гаргасан юм билээ. Өөрөөр хэлбэл 160 гишүүнд энэ хороололд байр олгож, үлдсэнийг нь м2-ыг нь 800 мянган төгрөгөөр худалдаална. Ийм л зорилгоор нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулсан юм. Өмнө нь “Атибус”, “Мяралзаа” зэрэг компаниудын автобус зогсдог сул л хашаа байлаа шүү дээ. Тэгээд ч бид ямар нэгэн юм хийхгүй бол нийслэлийн төлөвлөлтөд орчихсон байсан юм билээ. Яг энэ газар барилга барих компанийг сонгоход тухайн үед миний ар гэрт гачигдал гарчихсан байсан. Долоо хоногийн дараа ирэхэд бид ийм шийдвэр гаргалаа, ийм хоёр компани байна алийг нь сонгох вэ Гээд Ажлын хэсэгт шийдвэр гаргах эрхийг нь өгчихсөн гэж байсан. Ердөө л энэ. Бид бүхэл бүтэн дөрвөн жилийн турш энд барилга барих талаар ярилцаж байсан. Дөрвөн ч удаа компаниа сольсон. Уг нь 2008 онд шийдвэр нь хурдан гарчихсан бол 2010 он гэхэд хүмүүс байрандаа орчих байлаа. Үүнээс гадна бид 12 давхар “Үйлдвэрчин” зочид буудал барихаар болсон. Доороо 30 автомашины зогсоолтой, эхний хоёр давхарт нь сургалтын иж бүрэн тоног, төхөөрөмжтэй танхимтай тийм зочид буудал барина. Хэрвээ энэ бүхэн ажил хэрэг болчихвол манай байгууллагад дөрвөн тэрбумын ашиг орж ирнэ. Асар их ашигтай.

-Үйлдвэрчний эвлэл барилга бариад, хүмүүст байр тараагаад байна. Танай байгууллага тийм баян байгууллага уу?

-Нэг юмыг ойлгох хэрэгтэй. Манай байгууллагаас энэ хорооллыг барихад нэг ч төгрөг гараагүй. Гүйцэтгэгч байгууллага бүх хөрөнгөө гаргаад ашиглалтад орсны дараа ашгаа хуваалцахаар гэрээ байгуулсан. Дөрвөн компани сольж, дөрвөн жил болсны шалтгаан нь ердөө л энэ. Тэд ашиггүй гэрээ гэж удаа дараалан буцааж байгаад, бид одоогийн гүйцэтгэгч байгууллагаа сонгосон. Яг нэг сарын дараа орон сууц ашиглалтад орох гэж байна. Төлөвлөгөө ёсоор бол ирэх аравдугаар сар гэхэд зочид буудал ашиглалтад орно. Хэрвээ үгүй гэвэл ирэх жилийн зургадугаар сард ашиглалтад орчих байх.

-Танай байгууллагын гишүүд хуучин дарга С.Ганбаатарыг АТГ-т өгөөд одоо шалгаж байна гэлцэх юм. Яг юу болсон юм бэ?

-Би энэ талаар ямар ч хариулт өгөхгүй. Ямар ч байсан над дээр С.Ганбаатар даргыг АТГ-т өглөө гэсэн нэг ч хүн орж ирээгүй. С.Ганбаатар дарга ч намайг АТГ-т өгчихөөд шалгаж байна гэж орж ирээгүй. Яг юу болсныг С.Ганбаатараас өөрөөс нь асуу.

-Сүүлийн асуулт. Өмнөх дарга С.Ганбаатар УИХ-ын гишүүн болсон. Та энэ суудалд суусан нь бас л ийм зорилго агуулж байгаа үйлдэл үү?

-Хүмүүс тэгж хараад байх шиг байгаа юм. Уг нь УИХ гэдэг бол тийм ч хүн айгаад байхаар газар биш шүү дээ. Хүмүүс УИХ-д орно гэдгийг муухай газар орох гэж байгаа юм шиг хараад байгаа нь УИХ-ын нэр хүнд олон нийтийн дунд унасантай л холбоотой байх. Үнэхээр тийм муухай юм бол би тийм газар ороод яах юм. Уг нь олон мянган хөдөлмөрчдийн төлөө тэмцэж байгаа ийм газар УИХ-д суудалтай байх ёстой. Гадны жишгийг харвал ийм л байдаг. Манай байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үе үеийн дарга нар УИХ, АИХ-ын танхимд сууж л байсан. Уг нь хөдөлмөрчдийн эрхийг хамгаалж байгаа байгууллагын төлөөлөл дуу хоолойгоо хүчтэй болгохын тулд УИХ дотор нь ажиллаж байвал зүгээр. Эцэст нь хэлэхэд би УИХ-д орно гэсэн хэтийн зорилго агуулж энэ суудалд суугаагүй. Сая намайг сонгосон хурал дээр ч би ийм зүйл бодож суугаагүй. Би зүгээр л энэ байгууллагын залгамж халаа, түүчээ болж , үйлдвэрчний дуу хоолойг хүчтэй болгох талаар л ажиллах тухай бодож байгаа. Яг одоо бол үүнийг л бодож байна. 
Б.СҮХ

Сэтгүүлч Б.Ганчимэг: Надад сэтгүүл зүйд амьдарч байгаа өнөөдрийн маань амьдрал их сонин бодлууд төрүүлж байна

“Зуун чухал сэдэв” нэвтрүүлэгт та оролцжээ. Хүүхдийн паркийн асуудлаар бэлтгэсэн тэр нэвтрүүлэг  багагүй шүүмжлэлд өртөж байна. 
-Сэтгүүлчид надад их уурлаж байгаа. Та яагаад улайн цайм төлбөртэй нэвтрүүлэгт   оролцов гэдэг асуултыг ойр тойрныхон маань их тавьж байна. Би төлбөртэй нэвтрүүлэг гэж үнэндээ мэдээгүй. Анхны удаа хүмүүс утасдаад байхаар нь дундаас нь үзсэн. Ямар ч байр суурьгүй, бараг ач холбогдолгүй зочин л харагдсан. Мэдээж бухимдсан. Маш их уур хүрсэн. Анужин руу мессеж бичсэн. Хүмүүсийн учир шалтгаантай, байр суурьтай, логиктой яриануудыг зүгээр л тасдаж тасдаж аваад нэг төсөл болгоод хэрэгтэй газар нь арилжчихаж байгаа чинь хэр ёс суртахуунтай явдал юм бэ гэж би бичсэн. Анужин төлбөртэй гэдэг нь бол худлаа шүү. Тийм юм байхгүй. Бусдаар бол би хөтлөх л үүрэгтэй. Өөр оролцоо байхгүй гэж надад хариулсан.

-Уржигдархан  ETV- ээр төлбөртэй гэсэн бичигтэй цацагдаж байна лээ шүү дээ? 
-Харин сэтгүүлчдийг хэлэхээр нь үзлээ. Тийм байна. Ийм ойрхон зуурын хооронд яагаад надад тэгж хэлсэн юм бол доо. Би Анужинтай сайн танил. Нэг талаар түүнийг хэтэрхий муучилж байгаа хүмүүсийг хараад за, яахав дээ эмэгтэйчүүд л болсон хойно царайлаг сайхан бүсгүй болохоор нь давшилцгааж байгаа биз” гэж боддог юм. Нөгөө талаар сэтгүүл зүйн салбарынхан гадны хүмүүс орж ирээд элдэв төсөл хийгээд унахаар нь таагүй хандаж байгаа нь илт. Мэдээж мэргэжлийн үүднээс нь авч үзвэл ийм шоу хөтөлбөрүүдтэй би юу ярих юм. Тэр зүгээр л сайн дурын ажлууд шүү дээ. Асуулт гэдэг ойлголт бол тэр төслүүдэд огт байхгүй. Хөтлөгчид бодлоо л ярьж байгаа харагддаг. Бид өөрсдөө эдийн засгийн хүчгүй байж мөнгөтэй хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү тэдний л хэрэг шүү дээ.  Энэ үүднээс нь би огт сонирхдоггүй. Ардын жүжигчин Х.Уртнасан гуайн оролцсон “Монгол туургатан 100 эрхэм”-ийг би харин бүтэн үзсэн. Х.Уртнасан гуай бол маш сайн ярьдаг. Угаасаа ярилцлага бол сайн ярьдаг зочинтой байж л  гайгүй ажил болдог. За, даа мэргэжлийн биш хүмүүстэй мэргэжлийн асуудал ярих өөрөө утга муутай зүйл. Тийм болохоор би зүгээр нэг атаархагч шиг олон юм яримгүй байна. Бодлыг бол зочин л ярьдаг юм. Сэтгүүлч бол асуудаг. Одоо ч хамаагаа алдаж дээ. Зарим нь дикторт яриа өгөөд сууж байгаа харагдах юм. Бүх юм байх ёстой хэт хэмжээнээсээ хальчихлаа. Ерөөсөө өөрсдөөсөө ичихгүй нь хамгийн аймаар байна. Телевизэд тоймчид байхгүй болчихсон юм уу даа. Аягүй сонин юм ярьдаг, том том дүгнэх гэдэг, шууд өөрийнхөө зөв гэж тулгах, угаах нь утга учир муутай л харагддаг. Пиджакаа сольж өмсөөд л өдөрт хэд гурван зочинтой ярилцлага үйлдвэрлэдэг супер сэтгүүлчид байна. Хэдийд нь асуудлаа судалж, хүнээ судалдаг юм бүү мэдээ.

-Таныг 100 чухал сэдэв гэдэг нэвтрүүлэгт  тэд урихдаа юу гэж хэлсэн юм бэ?
-Намайг тэд уриагүй шүү дээ. Намайг Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат урьсан. Та паркийн асуудлаар хамгийн олон жил бичсэн сэтгүүлч юм байна. Тэгэхээр тэр нэвтүүлэгт оролцож өгөөч гэж хэлсэн юм. Тэгээд л би очсон.  Гарсан хойно нь үзсэн чинь А.Мөнхбат Б.Ганчимэг гэж хоёр сонин нөхөр баахан баян улсуудын завсраар хальт гарч алга болоод л, бүр юу вэ гэж ангайсан ш дээ. Үнэхээр ойлгохын аргагүй юм болсон байсан.

-Нэлээн эртнээс хөтлөгч Б.Болдсайхан эмч твиттерээр энэ нэвтрүүлгээр ээжийгээ ч худалдаж чадахаар аймаар залууг бид үзүүлэх болно гэж цацсан шүү дээ?
-Тэгсэн л гэсэн. Гэхдээ тэр нэр усгүй дүр нь яг А.Мөнхбат гэж хэн батлах юм. Шүүхэд наадах чинь нотлох баримт болохгүй шүү дээ. А.Мөнхбатыг гэхээсээ илүү Б.Баясгаланг ямар нэгэн сонин дүрд тоглуулчихсан ч юм билүү. Надад бол сонин сонин дүр тэндээс олон харагдсан. 

-“Бодь” группын үүсгэн байгуулагч Лу.Болд таны ярилцлагад орохдоо “Одоо паркийг хот мэдэлдээ авах хэрэгтэй” гэж хэлсэн нь их анхаарал татсан?  
-Тэгж хэлсэн. Гэхдээ тэр өгүүлбэрийн ард эдийн засгийн ямар ч зохицуулалтаар энэ асуудлыг хоттой хамтраад шийдэж болно гэсэн санаа бас бий. Хэн оруулсан хөрөнгөө зүгээр л үнсэнд хийсгэхийг хүсэх юм бэ. Хүний хувийн өмч, хийсэн хөрөнгө оруулалтуудыг Төрийн ч юм уу, эсвэл улс төрийн дарамтаар булааж авч, үгүй хийж, юу ч биш болгож болохгүй шүү дээ. Энд үнэхээр сайн зохицуулалт хэрэгтэй. Одоо нураана, булаана, хураана л гээд байдаг болцгоожээ. Бид чинь ямар нийгэмд амьдарч байгаа улс билээ дээ. Өөр газар ч ахиад сайхан парк байгуулж болно шүү дээ. Явсаар байгаад паркийн асуудал гэж бөөн том хэрүүлийн алим болж хувирлаа шүү дээ. Хүүхэд бол сайхан инергитэй газар тоглож наадах ёстой.   

-Одоо хот дээр л шийдвэр гаргах үлдээд байгаа бололтой ?     
-Нийслэл эзэмшлийн хувиа тодор­хойлохын тулд ажлын хэсэг гаргаад “Бодь” групптэй хамтарч ажиллаж байгаа гэнэ лээ.

-“Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн мухардалд орж байх шиг байна. Сүүлдээ зарим нь удирдаж байгаа хүнийг нь гөлөг нохойгоор нь дуудаад, карьер хөөх зэвсгээ болгож байна гэж шүүмжилсэн?
-“Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэхдээ энэ бол маш зовлонтой асуудал шүү дээ. Тэнд ганцхан “Бодь” ч биш олон айл газартай. Үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Эм Си Эс” компани гэхэд барьж байгаа  барилгынхаа доод давхруудыг хүүхдүүдэд зориулсан үйлчилгээний газар болгоно гэсэн байгаа. Одоо хотын удирдлагуудтай гарын үсэг зурах гэж байгаа байх. Бүр анх бол Японы “Иточу” гэдэг компанитай Диснейлэнд байгуулна гэж нийслэл гэрээ хийж, газрыг нь эзэмшүүлэхээр ч өгсөн түүхтэй юм шүү дээ. Тэгээд л гэрээ энэ тэрээ өөрчлөөд хэл амтай яваад л байсан. Тэгж байснаа дараа нь, “Иточу” компани нь алга болчихсон. Яав ийв гээд судлаад явсан чинь  нөгөө хийсэн гэрээгээ “Итосан” гэдэг “Бодь” группийг үүсгэн байгуулагч компанид бэлэглэчихсэн байсан.  Ингээд бүх ээдрээ үүссэн.  “Паркаа аваръя” хөдөлгөөнийнхөн явж байж  зарим гэрээ хэлэлцээр нь ил болсон л доо. Сэтгүүлчдэд ч мэдээлэл олдохгүй хэдэн жил болсон нь үнэн шүү дээ. Одоо “Бодь” групп “Мон-Уран” хоёр шүүхдэлцэж байгаа. “Мон Уран”-ы захирал байсан Б.Наранхүү УИХ-ын гишүүн болсон. Гэхдээ “Паркаа аваръя” хөдөлгөөний нэг хэлэлцүүлэгт тэр өөрийн биеэр ирж оролцсон. Оролцохдоо  “Бодь” газраа өгвөл би ч гэсэн өгнө гэсэн нөгөө алдартай мэдэгдлээ тэгэхэд хийсэн шүү дээ. Улс төрд орсноор урьд нь босгосон, хийсэн бүх юмнаасаа татгалзана, шууд л салхинд хийсгээд дуугүй явна гэсэн “шинэ хууль” гарсан юм даг уу даа. Эндээс улс төржүүлж хүмүүсийг нугалж авдаг  дарамт ямар төвшинд ирснийг бас хүмүүс харсан л байх. Үнэн хэрэгтээ Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК-ны 74 хувь нь Бодь группын мэдэлд, 26 хувь нь нийслэлийн өмчлөлд байгаа. Бодь групп  6 тэрбум 481 сая төгрөгөөр анх энэ төслийг авсан юм билээ. Одоогийн байдлаар тэд 45 тэрбум төгрөг уг төсөл рүү оруулчихсан байгаа гэж мэдээлдэг. Өөр бас тэнд 4.4 га газар дээр нь  MCS компанын Шангри-ла зочид буудлын барилга босох гэж байна. MCS компанийн Шангри-ла нь 300-400 сая долларын хөрөнгө оруулалттай Хонгконгтой хамтарсан том төсөл. Би түрүүн хэлсэн. Барилгынх нь  эхний таван давхарт үзвэрийн танхимууд, театр, бассейн зэрэг амралт чөлөөт цаг өнгөрөөх газрууд байна гэж байгаа. Дээд давхруудад нь таван одтой зочид буудал байна. Үнэндээ энэ нь манай нийгмийн дундаж олонхи, тэдний хүүхдүүдэд падлийгүй дээдсийн хүрээнийхний зугаа цэнгэлийн газар болон босох нь тодорхой болж байна. Анхнаасаа хотынхны л хугасан бантан шүү дээ. Одоо тэгээд үндэснийхээ компанийн гаднаас босгож олж ирсэн 400 сая долларыг шууд салхинд хийсгэх үү. Үгүй шүү дээ.  Залуучуудын холбооны тэргүүн А.Мөнхбат тэнд газар эзэмшдэг бүх компанийн захирлуудад хандаж хүүхдийн паркийн газрыг “Хэзээ буцааж өгөх вэ” гэсэн захидлыг хүргүүлж байсан. Гэвч хэлэлцүүлэгт нь Б.Наранхүүгээс бусад нь ирээгүй.  Бодь группын оруулсан мөнгийг бид гаргая, хятад тоглоомуудыг нураая, жинхэнэ дэлхийн төвшний тоглоомууд авчирч суурилуулъя, тэгээд дараа нь бид 10 жил монголынхоо хүүхэд багачуудыг үнэгүй тоглуулъя гэж тэр хэлсэн. Бас үнэхээр Төр бүх компаниудаас газрыг нь хураая гэвэл “Мон уран” өөртөө байгаа ганц га- газраа  өгнө гэж онцолсон.  Ёстой сонин мэдэгдэл. Бизнесийн хүнийх гэхэд их сонин мэдэгдэл шүү. Нөгөө талаар А.Мөнхбат гэж залууг би захиалгаар юм хийж байна гэж хардаггүй. Тэр тусмаа ингэж сүрдүүлж байгаад паркаас газар авчих байх гэж бүр боддоггүй. Бас улс төр хийгээд байна гэж үздэггүй. Би өөрөө ярилцлагынхаа зочноор урьж ярилцана гэж бодож байгаа. Манайд нэг сонин гажиг байна. Энэ хүн тэрэнд үйлчилж байна, бидний бодлогод үйлчлэхгүй юм байна гээд бодчихдог. Тэгээд одоо юу гэдэг юм элдвээр хардаж хүнийг гүтгэж ярьдаг. Хүнийг ийм юм руу хутгачихаад уучлаарай ч байхгүй. Ерөөсөө манай нийгмийн зан суртахууны байж байгаа царай л энэ юм даа.

-Юутай ч “100 чухал сэдэв” нэвтрүүлэг энэ улсын нэгэн алдартай сэтгүүлчийг мэхэлж дөнгөжээ. Бидэнд бол харамсалтай байна. Мөнгөтэй хүмүүс орж ирээд л тоглож байдаг салбар болжээ гэж та ч нэг удаа ярилцлагадаа хэлж байсан шүү дээ?

-Надад мэдээж бүр их харамсалтай байна. Хэсэг сэргэлэн нөхдүүд улстөрчдөөс , бизнесменүүдээс хөрөнгө оруулалт босгоод л нэгнийх нь мөнгөөр нэг хэсгийг нь алаад явж байна. Телевизүүд эфирээ дүүргэх юмгүй болчихсон юм байлгүй дээ. Ер нь дан цэврээрээ ийм нэвтрүүлгүүд хийгээд явах боломжгүй л дээ. Заавал завсраар нь захиалгат юм хийж л мөнгө олж таарна. Тэнэг амьтад шиг ингээд л үнэгүй юм хийж мэргэжлийнхэнд ад шоо болоод явахгүй шүү дээ. Ямар есүс биш. Зуйварган, зулгуй, ёстой нөгөө юугаа ч арилжчихаж чадах нөхдүүдийг санхүүжүүлдэг нь улстөрчид л байдаг. Хоёр бохир юмны нэгдэл нийлэхээрээ юу ч хийнэ. Сэтгүүл зүй ийм дайрлаганд өртөөд удаж байна. Би энэ үгээрээ ганцхан “Hero”-г хэлж байгаа ч юм биш. Өөрсдөө баллаж, өөрсдөө баларч байгаа дүр төрх дүүрэн байна шүү дээ.   “Hero” цаашид сайн юмнууд хийх байх аа. Чадалтай залуучууд. Гагцхүү оролцуулж байгаа хүмүүстээ үнэнийг хэлж, ойлголцож явах ёстой. Тэдэнд хүмүүсээр тоглох, нэр төрөөр нь хохироох, сэтгэл зүрхийг нь шархлуулах эрхийг хэн ч өгөөгүй.  Манай сэтгүүл зүйд үнэт зүйлтэй, тэрнийхээ төлөө хатуу зогсдог эзэд алга байна. Тийм эзэд л мөнгийг сөрж чадна. Одоо бол төлбөрөө л төлж байвал яадаг юм гэсэн хандлага л ноёрхож байна шүү дээ. Өөрөөсөө ямар ч бүтээмж гаргаж чадахгүй завсрын менежер маягийн бүхэл бүтэн арми сэтгүүл зүйд мөнгө хийж амьдарч байна. Баахан холбоонууд байдаг юм биш үү. Хаана ямар санхүүжилт, сонгууль болно тэд л тоос манаргаж явдаг болжээ. Хичнээн ч сайт, сайтын эзэн байдаг юм. Хөөрхийс. Баахан дарга нар л нэг нэг үнэмлэх барьчихаад хүн нээдэг ч үгүй сайтдаа мөнгөний гэрээ хийгээд явцгааж байна. Энэ бол мэргэжлийн хүний нүдээр харахад зүгээр л гутамшиг харагддаг. Парламентын ордонд гэхэд мэдээгээ ч яг нарийн яривал бичиж чадахгүй хүүхдүүд холхиж байх болж. Намуудаар бол мэдэхгүй ээ, угаасаа мэргэжлийн орон зайгүй хүмүүс тиймэрхүү газар барааддаг л даа. Бөөн холион бантангийн эзэд л хэвлэлийн бодлогыг нь барьж байна гэж дуулддаг ш дээ. Нөгөө тэнэг улстөрчид нь энэ талын мэдрэмжгүй.  Хамгийн гол нь тэндээ зүгээр мөрөөрөө бохир хоолоо олж идэхгүй. Хүмүүсийг хардах, гүтгэх, холдуулах ажил л хийцгээж байдаг гэж байгаа юм. Хүнтэй хүний ёс хөндөж мэдэхгүй, хүний үнэргүй амьтас баллана даа ер нь. Хамгийн наад зах нь юм бичихчээ аядчихаад нэрээ тавьдаггүй. Нөгөө ярилцлага өгсөн нөхөр авторгүй яриагаа уншаад өөрийгөө доромжлуулж байгааг мэддэг ч юм уу, үгүй ч юм уу. Хэвлэн нийтлэх соёл бол бүр газар уналаа.  Ийм болчихсон салбарт хүмүүс яаж тоглох ер нь хамаагүй ш дээ. Манай монголчуудын нэг хачин зан байна. Гарын дор, үнэт зүйлгүй, өмнөөс нь зарчмаа хамгаалж дугарах чадалгүй тийм боол маягийн улсуудыг их хөлсөлж авах юм. Эзэн байхын, дарга байхын л өвчин юм уу даа. Хүчтэй хүнээс бол дөлөөд л гөлөн гөлөн гээд зугтаад байна. Тэгээд л хөлсний ажилтнуудаараа юу дуртайгаа хийлгээд сууж байх дуртай. Хөлсний амьтад бол мөнгөө дуусахаар л эргээд ноцно. Урвана. Энэ бол зүй тогтол шүү дээ. Өөр бас нэг юм байна. Юу ч чадахгүй, хоосон хөөснууд, худлаа үнэн юм цээжилсэн гаднаа цэцэн туулай царайлсан аюултай юмнуудад боломж өгөөд л байх юм. Би гайхдаг. Ёстой нөгөө эхийгээ ч худалдаж чадах, ханилж яваад эргээд яаж ч алж чадах юмнуудыг үржүүлээд л. Монгол ийм моральтай явж болохгүй ээ. Үнэхээр болохгүй. Би гайхдаг. Надад жишээ нь нийтлэлээ тавих бололцоо бараг олдох үгүйтэй байхад нэр ч үгүй, мөр ч үгүй хорон пацаанууд энд тэнд гэрээ хийж гүйгээд л, аягүй хөмсгөө атируулчихсан юм бичээд байгаа бололтой сууцгааж байх юм байна ш дээ. Би муу хүнийг үзэж чаддаггүй зантай. Миний амьдралд энэ зангаас маань болж алхам тутам саад гарч ирдэг. Зарим нь бүр манийхаа дарга даамал маягтай. Хүн хүнд хүн шиг л хандах ёстой. Би энэ салбарт хэнээр ч хөтлүүлж орж ирээгүй. Би тийм хүлэмжний ургамал биш. Одоо сүүлдээ чи хүнтэй уулздаггүй, чи сэргэлэн биш, чамд эрх мэдэл байхгүй. Тийм болохоор чи ингээд л дуугүй явж бай гэдэг болж. Надад сэтгүүл зүйд амьдарч байгаа өнөөдрийн маань амьдрал их сонин бодлууд төрүүлж байна. Би дарга биш, би сэргэлэн биш, би овжин биш. Гэхдээ би хүчирхэг. Би цаашдаа олон жил энэ салбарт өөрийн хүчээ хадгална. Яагаад гэвэл миний энэ орон зай үнэ цэнэтэй. Цэвэр авъяас, ур чадвар,хөдөлмөр зүтгэл, чин үнэнч сэтгэл, туулсан он жилүүдээр маань боссон юм. Тийм болохоор миний явах суухыг, юу бичихыг, бичсэн юм маань сонинд орох эсэхийг ямар нэгэн долдойнууд шийдэхийг хэзээ ч тэвчихгүй. Одоо бүр би юу хийх вэ гээд асуугаад сууж байдаг болсон. Инээдтэй биз дээ. Сонин духаараа харсан, араар муу хэлэх гэсэн маягтай, бүлэг этгээдүүд миний мэргэжлийн нэр хүндийн нэг хэсгээр тэжээлгэж яваа байж намайг хүндэтгэхгүй, надад ажил өгөхгүй, намайг энд тэнд очиж шахаж амьдрана гэвэл сачий нь дутна. Зарим нь насаараа дутна, үнэндээ. Хүнтэй мэдэлж мэдэхгүй, хүн рүү харж чадахгүй юмнууд яаж хүнээс ярилцлага аваад байдаг юм болоо. Монголчууд бие биенээ хүндэтгэхээ больсон байна. Үргэлж бие биенээ хуурцгааж байна. Нэр дэвшигчдээ намынх нь аппарат, ажиллаж мөнгийг нь авч байгаа сэтгүүлчид нь хуурч байна. Би гайхдаг мэргэжлийн биш хүн яаж зөвөлгөө өгдөг юм бол гэж. Би жишээ нь багш биш. Би тоо зааж чадахгүй. Би өөрөө турж чадахгүй байгаа атлаа хүнд турах зөвөлгөө өгч чадахгүй. Би эм зүйч биш учраас хүнд ийм эм уу гэж зөвлөж чадахгүй. Манайд бол хэн ч биш атлаа зөвөлгөө өгөөд суугаад байх юм. Амьдралдаа нэг нийтлэл бичиж үзээгүй, ганц бүтэн ярилцлага, сурвалжлага  хийж үзээгүй юмнууд пиарын зөвөлгөө өгөөд, та цамцны захаа ингэчих энэ тэр гээд хүн дагаж гүйгээд байгааг хараад дотор эвгүй оргидог ш дээ. Би үнэхээр ичдэг. Туршлагаар хүн юм хийж болно. Гэхдээ туршлагын нөгөө талд фронт дээр чанагдсан түүх байх ёстой. Гэхдээ жинхэнэ фронт дээр шүү. Сургууль курсээр сурсан байж болно. Гэхдээ ахиад амжилтын тань түүх гэж үзэгдсэн батлагдсан зүйл байх ёстой. Зүгээр аятайхан царай, хэдэн гишүүнд халтар сонин хэвлэж өгч явсан дурсамж хангалтгүй зүйл шүү дээ. Чадахгүй байж албан тушаалд оччих юм. Очоод л төрийн албыг баллаад, элэг доог болоод. Энэ бүх эцэс төгсгөлгүй завхарал хэзээ цэгцрэх юм бол.

-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд ер нь оролцохгүй байгаа юм уу даа. Нийтлэлүүд тань харагдахгүй байна?
-Би сонгогчийн хувьд ч, сэтгүүлчийн хувьд ч Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжинэ.  Бид ямар спорт заалны дарга сонгох гэж байгаа биш. Оюун бодолдоо, зэрэг зиндаандаа, эзэмшсэн туршлага, мэдлэг боловсролдоо дүйсэн л сонголт хийх хэрэгтэй. Манай сонгогчид одоо улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох гэж байна гэдгээ сайтар тунгаах хэрэгтэй. Энэ институцид эзэн нь болсон хүн ирэх ёстой болохоос дээд төвшний дамжаанд суух гэсэн хүн ирэх ёсгүй шүү дээ. Дэлхий ертөнц цаана чинь мэргэшссэн тоглогчидтой л тоглоно уу гэхээс ямар нэг нөхрийн дөр суухыг  хүлээхгүй шүү дээ. Б.Бат-Эрдэнэ аварга чинь бөх л хүн биз дээ. Ерөнхийлөгчид ямар нэгэн бие бялдрын хэмжүүр гэж байхгүй биз дээ. Оюуны, царааны, нэр төрийн, төрийн хүний туулсан омог төгөлдөр амьдралын хэмжүүр л байна. Харин энэ ойлголтуудыг Бат-эрдэнэ аварга дээр авч үзэх боломжгүй. Би үнэндээ гишүүнийх нь хувьд ч мэдэхгүй. Олон жилийн өмнө Л.Энэбиш  дарга надтай уулзуулж би ярилцлага авч байсан. Харин сая сурталчилгааныхаа сонин дээр Булган аймагтай зөвхөн олимпын аваргыг пацаан байхад нөмөр нөөлөгтөө авснаар л учирсан маягийн юм ярьсан байна билээ. Л.Энэбиш гэдэг хүн энэ хүнд олон чухал түүх үлдээсэн л байх учиртай даа. Хүү шигээ, дүү шигээ хөтөлж явсан дурсамж ч бий л байх. Хүн сайхан үнэн л байвал гоё. Хувийн амьдралынхаа зарим үүх түүхээс зугтаах хэрэггүй. Хүний түүх бол эцэгтээ хаягдсан хүү шиг шазруун эд шүү дээ. Хаанаас ч гараад л ирнэ. Тийм болохоор хүн үнэн байх ёстой. Би монголын алдар цуутай бүх аваргатай ярилцаж байлаа. Мөөёөө аваргын  “Аварга аваргаараа л үлддэг" гэсэн сайхан ярилцлагыг ч хийж байлаа.  Аварга аваргаараа л үлдвэл гоё доо ер нь. 
Цолмон
“НИЙГМИЙН ТОЛЬ” сонин

Monday, 3 June 2013

Б.Тулга: Монголчуудын амьдралын хэв маяг тэр чигтээ ногоон хөгжил

Дэлхийн байгаль хамгаалах өдрийг манай улс энэ жил хөл ихтэй тэмдэглэж байна. Зургадугаар сарын 1-ний өдрөөс тэмдэглэж эхэлсэн байгаль орчны өдрүүдийн хүрээнд өнөөдөр Төрийн ордноо “Ногоон хөгжил” үндэсний чуулган болж байна. Энэ жилийн байгаль хамгаалах  байгаль хамгаалах өдрийг манай улс “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бод-Ид-Хэмнэ-Хоол хүнсний хаягдлыг багасгая” уриан дор тэмдэглэж байна. 
Энэ талаар бид Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулгатай ярилцлаа.


-Энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрийг “Бод-Ид- Хэмнэ” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа нь сонирхолтой санагдлаа. Яагаад ногоон хөгжлийг хүнстэй холбосон юм бол? 
-Дэлхийн байгаль орчны тэмдэглэлт өдрийг бид “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу  Бод- Ид-  Хэмнэ – Хоол хүнсний хаягдлыг багасгая” уриан дор тэмдэглэж байна. НҮБ-ын Байгаль орчны хөгжлийн хөтөлбөрөөс энэ уриалгыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Хэрвээ цэнхэр гаригийн долоон тэрбум хүнийг Америкийн иргэдийн амьдралын түвшинд хүргэж  амьдруулья гэвэл дахиад 4-5 дэлхий бий болгох хэрэгтэй юм билээ. Тиймээс байгаа нөөц бололцоондоо тааруулан хэрхэн хөгжих вэ гэхээр ногоон эдийн засаг чухал ач холбогдолтой болж байгаа юм. Дэлхий өөрийн эд баялаг, нөөцөө ашиглаж хүнс үйлдвэрлэдэг. Гэсэн ч бүтээж, бий болгосон зүйлийнхээ гуравны хоёрыг л хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Яагаад вэ гэхээр хөгжилтэй орнууд хэтэрхий өндөр стандарт тавиад эхлэхээр мөрдөж байгаа стандартаас нь том эсвэл жижиг алим байхад л хаягдал болгочихдог. Гэтэл дэлхийн нөгөө хэсэгт хоёр тэрбум хүн өлсөөд байж байдаг. Үүнийг л засч залруулахын тулд “Бод- Ид-Хэмнэ” гэсэн уриалгыг гаргасан юм билээ.

-Ногоон хөгжил гэхээр хүмүүст нэг л бууж өгөхгүй байх шиг санагддаг. Энэ талаарх мэдлэг, ойлголт ч бага. Тэгэхээр “Ногоон хөгжил” гэж яг юуг хэлээд байна вэ? 
-Хүмүүс ногоон хөгжил гэж яг юу юм бэ гэж их асуудаг. Ногоон хөгжил гэж харьцангуй шинэ ойлголт. Ихэнх хүмүүс мод тарьж ургуулах, усаа хэмнэх, байгалиа хайрлан хамгаалах  гэж ойлгодог. Эдгээр нь ногоон хөгжлийн нэг хэсэг нь мөн л дөө. Гэхдээ энэ нь  ногоон хөгжил гэж ярьсан яриагүй тухайн улс орон оршин тогтнохыг хүсч байгаа бол заавал хийх ёстой уламжлалт үйл. Ногоон хөгжил гэдэг нь байгаль орчны салбараас бусад салбарууд  нь байгаль орчинд ээлтэй, хор хөнөөлгүй,  үр ашиг өндөр, ач холбогдол  ихтэй үйл ажиллагаа явуулахыг хэлж байгаа юм. Бас хамгийн өндөр үр ашигтай, хэмнэлт гаргаж чадаж байгаа загварыг ногоон эдийн засаг буюу ногоон хөгжил гэж ойлгож болно.

-Манай улс хөгжлийн бодлогоо “ногооруулж” чадаж байгаа юу. Ногоон хөгжил рүү дөтөлсөн жишээ байна уу?
- Жишээ нь, тээврийн салбарт томоохон уул уурхайн төслүүд хэрэгжиж байна. Эдгээрийн түүхий эдийг зөөх зам нь ногоон байж чадах уу, байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна гэдгийг эхлээд тооцож гаргах хэрэгтэй. Тэгснээр бид энэ замыг барих төлөвлөлтөө анхнаас нь байгаль орчинд ээлтэйгээр шийднэ. Зам тавихад ногоон байх ямар хэрэгтэй юм бэ, энэ чинь хөгжил авчраад харин ч сайн хэрэг биш үү гэж хүмүүс хэлэх байх л даа. Эдийн засгийн утга нийгмийн амьдралыг сайжруулах талаасаа тийм. Гэхдээ нийгэм өөрөө байгаль орчингүй, ан амьтангүйгээр хэрхэн оршин тогтнох билээ. Зам тавьж байгаа нэрээр зэрлэг амьтдын амьдрах орчинг хаагаад,  амьдрах бололцоогүй болгоно гэдэг нь тэнд амьдарч байгаа хүмүүст ч нөлөөлнө. Зэрлэг амьтны хөлөөр ургамал тоос хүртэж байдаг. Тоос хүртсэн ургамал сайхан ургаж түүнийг нь  мал идэж, малынхаа ашиг шимээр хүн амьдарна. Энэ бол амьдралын гинжин хэлхээ шүү дээ. Зам тавьж байгаа нэрээр зэрлэг амьтдаа үргээчихвэл тэнд малчин хүн амьдрах аргагүй болно. Ингээд амьдрал тэр чигтээ өөрчлөгдөнө. Бусад улс орон аль хэдийнэ хөгжлийнхөө үе шатанд амьтдаа устгаад  эргээд генетикийн аргаар гаргаж авах гэж багагүй мөнгө хөрөнгө зарцуулж байна. Харин бид энэ гашуун сургамжийг давтах шаардлагагүй юм.

-Энгийнээс агуу болсон зүйл олон байдаг. Ногоон хөгжлийг бий болгоход энгийн зүйлээс эхэлж болох уу?
-Японы зарим байгууллага ногоон оффис гэсэн хаягтай байдаг. Тэр нь улс даяар мөрддөг стандартаас агааржуулагчийнхаа заалтыг хоёр хэмээр буулгаад ажилчдаа зангиагүй ирж болно гээд л зөвшөөрчихсөн байгаа юм. Тэгээд л үүнийгээ ногоон оффис гэдэг. Яагаад ногоон оффис гэж нэрлэв  гэхээр бид өдөрт тэдэн квт цахилгаан хэмнэж байна. Үүнийг сар жилээр тооцвол ийм хэмжээний эрчим хүч үйлдвэрлэхэд гарах нүүрс, ураныг ирээдүйдээ хадгалж байна. Үүнээс гарах ийм хэмжээтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байна гэж тайлбарладаг. Бидэнд ч энгийн үйлдэл хийж ногоон хөгжлийг дэмжих  боломж байгаа. Компьютерээр  ажиллаагүй үедээ  унтраачих хэрэгтэй. Бас гэрлийнхээ чийдэнг сүүн гэрлээр  сольчих хэрэгтэй. Цаасаа хоёр талаар нь хэрэглээд хэвшчих.  Хэрвээ заавал  нэг талыг нь хэрэглэх шаардлагатай бол 12-тын шрифтээ 11 болгочих. Ингэснээр нэг нүүр цааснаас 12 хувийн хэмнэлт  гардаг. 100 ширхэг цаас хэрэглэх бол 12 цаас хэмнэнэ гэсэн үг. Тэгэхээр 12 цаасаа ирээдүйд үлдээж байна гэсэн үг. Энэ чинь100 мод тайрах байсан бол 12-ыг нь үлдээнэ гэсэн үг. Манайхан өнөөдрийг хүртэл мод тарина, суулгана гээд яриад байдаг. Гэтэл мод тарьж суулгах биш ургуулна гэж ярих ёстой. Ургуулна гэж ойлгох ёстой. Бид өөрсдөө  мод суулгачихна тэгээд ургачихна гэж байхгүй. Гэтэл мод ургуулъя гэвэл тав зургаан жил амьдрах чадвартай болтол нь тордох хэрэгтэй.  Амьдралын энгийн зүйлээс үүсч байгаа бүхнийг  ногоон хөгжил гэж тодорхойлж болох юм.

-Тэгвэл манай  улс  ногоон хөгжлөөр жишиг улс болох боломж бий юу?
 -Дээрх  санаачилга  гарснаас хойш  НҮБ-ын хурал зөвлөгөөн бүрт жишиг ногоон эдийн засагтай  улсынхаа нэгээр Монголыг сонгооч ээ, Монгол бол ногоон эдийн засгаар хөгжихөд давуу тал ихтэй,  бусад орныг бодвол цөөн хүн амтай, “хүрэн эдийн засаг”-ийн хамгийн тод жишээ болоод байгаа химийн хортой, хүнд үйлдвэр харьцангуй бага хөгжсөн.  Тиймээс ногоон хөгжлөөр тэргүүлэх жишиг улсын нэг болоход бүрэн боломжтой гэдгээ  илэрхийлсээр байна. Өнгөрсөн  хоёрдугаар сард Кени улсад зохион байгуулагдсан Байгаль орчны сайд нарын Дэлхийн чуулганаас дэлхийн байгаль орчны өдрийг энэ онд Монгол Улсад зохион байгуулах болсон. Энэ дагуу олон ажил зохион байгуулж байгаа. Түүний нэг болох “Ногоон хөгжил”  үндэсний чуулганы үеэр бид Монгол Улс  ногоон хөгжлийн түүчээ болон хөгжинө гэдгээ албан ёсоор илэрхийлнэ.

-Ногоон хөгжилд хөтлөх хамгийн том хөшүүрэг нь юу вэ? 
-Сүүлийн жилүүдэд гарч байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт мөн  уул уурхайн салбарын зарим нэг асуудалтай холбоотойгоор  байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа. Гэхдээ бид  байгалийнхаа унаган төрхийг хэвээр хадгалахын төлөө хичээн зүтгэх  болно. Монголчуудын амьдарч ирсэн  амьдралын хэв маяг тэр чигтээ ногоон эдийн засгийн хамгийн тод жишээ. Шинэчлэлийн Засгийн газар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг үндсэн чиг үүргийн яам болгон шинэчилсэн  нь ногоон хөгжилд хөтлөх хөшүүрэг болж байгаа юм.

-Бидний амьдарч байгаа цэнхэр гаригийг ногоон болгоход ганц нэг улс орны хичээл зүтгэл нэмэр болох уу. Дэлхийн улс орнууд нэгдэж байж энэ зорилгод хүрнэ биз дээ?   
-Дээр өгүүлсэн Байгаль орчны сайд нарын Дэлхийн чуулга уулзалтын үеэр НҮБ-ын дөрвөн байгууллагаас хамтарч ажиллая, үүнийгээ нэг хөтөлбөрт зангидъя гэж шийдвэрлэсэн  юм. Учир нь дэлхий нийтээрээ ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн тухай  ярьж байна. Ногоон хөгжлийн тал дээр амжилт олж байгаа  улс орнууд хэд байна, ямар бодлого баримталж ажиллавал хурдан хөгжиж болох вэ зэрэг асуудлаар чуулганд оролцогчид санал бодлоо солилцсон.  Үүнээс үүдэн НҮБ-аас дөрвөн тусдаа үйл ажиллагаа явуулж байсан төсөл хөтөлбөрөө нэгтгээд эхний ээлжинд найман улсыг сонгоод ногоон эдийн засагтай жишиг улс болгоё гэсэн санал дэвшүүлсэн. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр, Сургалт судалгаа, технологийн хөтөлбөр, НҮБ-ын дэргэдэх Олон улсын хөдөлмөрийн байгууллага  нэгдээд “PAGE”  буюу ”Ногоон эдийн засгийн төлөө хамтын ажиллагаа” гэсэн хөтөлбөр боловсруулж  байгаа юм. Дэлхийн 190 гаруй оронд  янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж, багагүй мөнгө зарж байхын оронд нэгдсэн бодлогоор зангидаж, найман улсыг сонгон ногоон хөгжлийн  жишиг улс болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тухайн улсын нийгмийн болоод  үйлдвэрлэлийн зах зээлийг хэрхэн байгаль орчинд ээлтэй байлгах, энэ чиглэлийн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарах, байгаль орчинд эерэг үйлдвэрүүдийг байгуулах, хөрөнгө оруулагч, экспертүүдийг урин ажиллуулах зэрэг  олон санаачлага гаргасан.
Д.ЦЭЭПИЛ

"Хэн ч хариуцлагаас мултрахгүй"

Улсын ерөнхий прокурорын орлогч дарга Г.Эрдэнэбаттай шүүхийн шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Хууль, шүүхийн байгууллагад шинэчлэлийн салхи оруулах хуулийн төслүүдийг гардан боловсруулж суугаа тантай ярилцах сэдэв олон байна. Эрүү буюу Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн төслөө боловсруулаад дууссан гэсэн үү?
-Одоогийн дагаж мөрдөж байгаа 530 гаруй хуульд захиргааны хариуцлага хүлээлгэсэн хэм, хэмжээ олон байна.

Үүнийг мэргэжлийн нүдээр харвал гэмт хэрэг, хууль бус үйлдэл гэж нэрлэж болох  бүх үзэгдлийг Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын хууль болон нийгмийн харилцааг зохицуулж байгаа 400 гаруй хуулиар зохицуулж байна гэсэн үг. Тэгвэл эдгээр хуулиуд нь хоорондоо маш их зөрчилдөөнтэй. Наад захын жишээ гэхэд нэг төрлийн асуудлыг хэд, хэдэн хуулиар зохицуулж байна. Тухайлбал, иргэн Дорж хууль бусаар мод огтоллоо гэхэд Ойн тухай хууль зөрчсөн гэж гэмт хэрэгт тооцож болно. Ха­рин Захиргааны ха­риуц­лагын тухай хуу­лиар мод ашиглахтай хол­боотой зөрчил гэж бас үзэж болно. Өөрөөр хэлбэл, нэг асуудлыг 2-3 хуулиар зохицуулсан бай­на. Үүнээс болж маш их завхрал гардаг. Дээрээс нь хууль хэрэглэж байгаа хуулийн байгууллагын ажилтнуудад том бэрх­шээл болж байна. Аль хуулиар нь шийтгэх вэ гэж. Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцоод ха­риуцлага хүлээлгэх үү, эсвэл Захиргааны ха­риуцлагын хуулиар зөр­чил болгон шийтгэх үү гээд. Үүнээс болж хуулийн байгууллагын ажилтнууд хуулиа хэрэглэхэд тө­вөгтэй байдал үүсч байна.

-Хуулийн байгууллагын ажилтнуудад өгөөш болж байгаа юм биш үү?
-Нэг талдаа бол тийм. Өнөөдөр тат­ва­раас зайлсхийсэн хэр­гээр буруудсан этгээд хэсэг хугацааны дараа Татварын хууль зөрчсөн зөрчил гаргагч этгээд болж торгуулаад өнгөрч байна шүү дээ. Үүнийг шинжлэх ухааны үндэс­лэлтэйгээр нь харах юм бол хууль бус үйлдэл. Цаашид ийм байдлаар явбал хууль тогтоомжийг хэрэглэхэд улам хүндрэл учирч, шударга ёсыг сахиулах ажил нь өөрөө бэрхшээлтэй болно. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд Эрүүгийн хууль тогтоомжийг шинэчилж,  Монголд байгаа хууль бус үйлдлүүдийг төрөлжүүлэн нэгтгэн системжилж хоо­рондоо зөрчилгүй болгох ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцлагаас мултрах бо­­­ломжгүй тогтолцоог бүрдүүлэхийн төлөө хэд, хэдэн  хуулийн төсөл боловсруулаад дуусч бай­на.  Үүний тулд эрүүгийн хариуцлага гэсэн ойлгол­тоо Гэмт хэргийн хуу­лиар гаргана. Харин Зөрчлийн тухай хуулийг хариуцлагын тогтолцооны үргэлжлэл болгон зөрчил бүрийг төрөлжүүлэн гаргах учиртай. Нөгөө талдаа хуулийн төслийн давхардал хийдлийг арил­гах зорилгоор шинэчилж байна гэвэл бас эндүүрэл болно. Эрүүгийн хуульд байгаа эрүүжүүлэх бодлого буюу үйлдлийг гэмт хэрэгт тооцох бодлого, түүнд ногдуулах ялын бодлого хоёрт зарчмын шинжтэй өөрчлөлт оруулах шаард­лагатай байна. Одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хууль нь 2002 онд батлагдаж 10 гаруй жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд нийгмийн то­дорхой төрлийн гэмт үйлдлүүдэд хариуцлага тооцох чиг үүргээ бол хэ­рэгжүүлсэн. Гэхдээ гэмт хэрэгт тооцох ёстой үйлдлүүдийг бүрэн гэмт хэрэгт тооцож чадаж бай­на уу, үгүй юу гэвэл учир дутагдалтай. Яагаад гэвэл нийгэмд гарч бай­гаа зарим үзэгдлүүд нь Эрүүгийн хуульд заагаагүй гэмт явдал болж байна. Хуульд заагаагүй учраас зөрчил мэтээр ойлгож шийтгэхээс өөрөөр ха­риуцлага тооцож чадахгүй. Тухайлбал, зах зээлийн шударга өр­сөлдөөнийг зөрчин монопольчлол тогтоож,  эдийн засгийн хөгжлийг сааруулж, бусад бизнес эрхлэгчид хохирол уч­руулж байгаа үйлдлийг одоогийн хуулиар гэмт хэрэгт тооцдоггүй. Гэтэл энэ нь бусад оронд бол гэмт хэрэг. Харин манайд бол үгүй.  Энэ мэтчлэн нийгмийг улам доройтуулж байгаа үйлд­лийг гэмт хэрэгт тооцдог болох ёстой.

-Иймэрхүү байдлаар шинээр гэмт үйлдэл гэж заасан тохиолдол хэр их орж байгаа юм бол?

-30 гаруй төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг шинээр тусгаж байна. Агуулгын хувьд Эрүүгийн хуулийн 50 орчим хувийг нь шинэ­чилж байна гэж ойлгох хэрэгтэй. Энгийн жишээ гэвэл Эрүүгийн хуульд хүнийг хууль бусаар хорих, баривчлах гэмт хэрэг гэж бий. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэсэн үг шүү дээ. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч өөрийн хувийн сэдлээр бусдыг хууль бусаар барьсан бол гэмт хэрэгт тооцож ял шийтгэдэг тогтолцоо. Тэгвэл үүнийг бид өнөөдөр ямар утгаар нь харах вэ гэвэл хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдах гэмт хэрэг гэж үзэж байна. Хуулийн байгууллагын ажилтнууд Хууль сахиулагчийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд хал­даж баривчилвал гэмт хэрэгт тооцохоор заах жишээтэй.  Энэ нь өнгөцхөн харахад ноцтой ялгаа байхгүй юм шиг атлаа үнэн хэрэг дээрээ хүний эрх чөлөөнд халдаж байгаагаараа гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл журмын дагуу биш,  шүүхээс зөв­шөөрөл авалгүйгээр хүнийг баривчилснаа шударга ёсны төлөө гэх нэрээр хайцаалж бо­лох­гүй. Ийм байдлаар нийгмийн үнэт зүйлсийг хамгаалсан зүйлийг хийе гэсэн зорилгоор хэд, хэдэн хуульд шинэчлэлт оруулж байгаа юм.

-Гэхдээ хууль бо­ловс­руулагч та бүхэн өөрчлөлт, шинэчлэл оруулахын тулд судалгаа хийсэн биз дээ. Сэтгэл хөөрлөөр хандсан, бусдын ятгалга үнэмшилд автсан байх вий гэж зарим хуульч санаа зовниж байгаа. Ялангуяа, давтан гэмт хэрэг гэж байхгүй болгосон гэх юм билээ?
-Эрүүгийн хууль тог­­­тоомжийн хэ­рэгжилтийг 2002 оноос хойш л судаллаа. Зөвхөн судалгаанд тулгуурлаж шинэ хуулийн үзэл ба­римтлалыг боловс­руул­сан. Хуулийн төс­лийг боловсруулахдаа нийг­мийн хэрэгцээ, бодит байдалд зохицохгүйгээр боловсруулвал эргээд хортой үр дагавар авч­рах нь ойлгомжтой. Тэгэхээр бүх өөрчлөлт нь урьд өмнө нь хийгдсэн судалгаа, нийгэмд үүсээд байгаа бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан юм шүү. Та сая асууж байна. Давтан гэмт хэрэг үйлдсэн хүнд ногдуулах хариуцлага өөрчлөгдсөн тухай. Үнэхээр өөрч­лөгдсөн. Одоогийн Эрүү­гийн хуулиар давтан үйлд­сэн бол хүндрүүлэн үзэх шалтгаан гээд хатуу чанга хариуцлага тооцдог механизмтэй. Тэгвэл эрүү­гийн эрх зүйд нэгэн чухал зарчим бий. Энэ нь хүний үйлдсэн гэмт хэрэгт нь нэг л удаа шийтгэх ёстой гэж. Өмнө нь то­дорхой хэмжээгээр ял шийт­гүүлсэн нөхөр  дахин гэмт хэрэг үйлдсэн бол сүүлийнхээ тохиолдолд шийтгүүлэхээс биш “Чи өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан засрахгүй этгээд” гэж ялын тоог нь нэмж болдоггүй зарчимтай. Ийм л учраас давтан гэж хүндрүүлэх бус үйлдсэн хэрэг бүрт нь шийтгэл ногдуулах нь илүү шударга гэж үзэж байна.

-Тэгвэл иргэн Дорж албан тушаалд байхдаа баригдалгүйгээр 10 удаа төсвийн мөнгөөс хувьдаа авч. Хэрэг бүрээр нь шийт­гэнэ гэвэл нэгд нь гурван жил ногдууллаа гэхэд нийтдээ 30 жилээр шийтгүүлэх нь. Хүний амь хөнөөснөөс илүү ял авах юм байна. Давтан үйлдлийн тухайд илүү хүн­дэрч байгаа юм биш үү?
-Мэдээж хуулийн зохицуулалтын хүрээнд тухайн бүлэгт заасан ялын дээд хэмжээнээс хэтрэхгүйгээр шийтгэнэ гэж хуульчилж өгсөн. Энэ нь бүлэгтээ байгаа ялын дээд хэмжээнээс хэтрэхгүйгээр шийтгүүлнэ гэсэн үг.

-Ямар гэмт хэрэг үйлд­­­вэл хамгийн дээд ял ногдуулж байна. Мэдээж бусдын амь насыг са­наатайгаар хөнөөсөн хэрэг багтана?

-Энэ тал дээр одоо­гийн Эрүүгийн хуулиас үзэл баримтлал, зарчмын хувьд ноцтой өөрчлөгдсөн зүйлгүй. Бид хүний амь нас, бэлгийн халдашгүй байдал, үндэсний аюулгүй байдал, нийгмийн аюул­гүй байдал, хүн тө­рөлхт­ний аюулгүй байдал гэ­дэг зүйлсийг хамгийн чухал үнэт зүйлд тооцсон хэвээрээ. Өөрөөр хэлбэл, Гэмт хэргийн тухай хуу­лиар бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн бол бүх насаараа хорих ялтай. Бага насны эмэг­тэй хүчиндсэн бол бүх насаараа хорих ял шийт­гүүлнэ. Нийгмийн аюулгүй байдалд ноцтой халдсан террор үйлдсэн хүн бүх насаараа хорих ял шийтгүүлэх гэхчилэн зааж байна.

-Шинэ хуулиар ба­ривчлах ялыг халж буй гэсэн. Тэгэхээр Дэнжийн 1000 дахь саатуулах төвд аваачиж саатуулахаа болино гэсэн үг үү?

-Бодит мөн чанараар нь авч үзье. Баривчлах ял гэдэг юу вэ гэж. Одоо дагаж мөрдөж бай­гаа Эрүүгийн хуульд ба­­ривчлах ял гэдгийг хүний эрх, эрх чөлөөг хяз­гаарлаж байгаа нэг хэлбэр. Баривчлах ялд ач холбогдолтой нэгэн зорилго бий. Энэ нь тухай хүнийг богино хугацаагаар ганцаарчлан нийгмээс тусгаарлан эрх чөлөөг нь хязгаарлаж байгаа шинжтэй. Үүний цаана гэмт хэрэг үйлдээд зан нь эвдэрсэн хүмүүстэй хамт байлгахгүй, нөлөөнд оруулахгүй, зан төлвийг нь эвдэж өөрчлөхгүй гэ­сэн зорилго бий. Өөрөөр хэлбэл, улам бүр гэмт хэрэгтэн болгохгүй зөвхөн ганцааранг нь цээрлүүлнэ гэсэн сайн зорилготой. Гэхдээ мөн чанараараа хорьж байгаа хэрэг. Одоо харин хорих ялыг яаж эдлүүлэх вэ гэдгийг шинэ нүдээр харах ёстой. Ер нь хорих ялыг заавал бөөнөөр нь эдлүүлэх ёстой юм биш. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг цуг байлгаж, удаа дараа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн нөлөөнд оруулахгүйн тулд салгах тусдаа ял эдэлдэг тогтолцоог бүрдүүлэх нь илүү чухал. Түүнээс биш хорих ял нь дотроо хоёр янз байна. Нэг нь хүнийг ганцааранг нь байлгах, нөгөөх нь ол­­ноор нь хорьдог бай­на гэж хуульчлах нь тийм ч зохимжтой биш. Энэ хуулийн да­раа ял эдлүүлэх үйл ажил­ла­гаа­тай холбоотой эрх зүйн зохицуулалтыг ши­­нэчилнэ.  Үүнд юу хийх вэ гэхээр хорих ялыг хүн болгонд нь то­хирсон хэлбэрээр нь эд­лүүлдэг, бусдын нө­лөөнд автуулахгүйн тулд ганцааранг нь хорих хү­­нийхээ дэд бүтцийг бүрдүүлэх боломжтой болох ёстой. Энэ утгаар нь баривчлах, хорих нь нэг л ял юм. Өөрөөр хэлбэл, долоо, 14, 30, 90 хоног гэх мэтээр тохиромжтой хэлбэрээр шүүх ялаа ног­­­дуулсны дараа ган­цаарчлан хорих уу, бусад хүнтэй хамт хорих уу гэдгээ шийднэ.

-Хууль сахиулагчдын үйл ажиллагаа доголдолтой байдаг тухай хатуу шүүм­жилдэг хүний нэг нь та. Хуульчид өөрсдөө хуу­лийг гажуулдаг гэж. Энэ харилцаанд нэлээд өөрчлөлт орж байна уу?
-Шүүмжлэл дагуулдаг нэг том сэдэв бол энэ. Өнөөдөр цагдаагийн бо­лон бусад гэмт хэрэгтэй тэмцдэг, зөрчлийг шийд­дэг байгууллагын үйл ажиллагааг нь зо­хицуулсан хууль дутаг­далтай байна.  Цагдаа нар гэмт хэргийг илрүүлж шалгахдаа яаж ажиллах вэ, зөрчлийг шийдэхдээ яаж ажиллах вэ гэдгийг нь нарийвчлан зохицуулсан хуульгүйгээс үүдсэн ал­даа, хор уршигтай үйл явдал бол дэндүү их гарчээ. Хамгийн тодорхой жишээ гэвэл 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг юм. Манай нийгэмд хэдэн сараар цагдаагийн албан хаагч галт зэвсэг яагаад хэрэглэсэн бэ. Хэрэглэх ёстой юу байсан уу, үгүй юу гэж л маргалаа шүү дээ. Эцсийн дүндээ хэрэглэж болно, болохгүй гэж шүүмжилснээс биш  хуульд юу гэж заасан тухай нэг ч хүн яриагүй. Хэрэв цагдаагийн ал­бан хаагч галт зэвсэг хэрэглэх тухай  хуульчлаад өгчихсөн байсан бол энэ асуудал маргаан дагуулах зүйл ердөө биш. Хуульд заасны дагуу галт зэвсэг хэрэглэсэн үү, түүнийгээ зөрчсөн үү гэж л шийдэх ёстой байсан юм. Ха­рамсалтай нь, хуульд нь ямар тохиолдолд, хэрхэн яаж галт зэвсэг хэрэглэх тухай нарийн зааж өгөө­гүйгээс болж нэр бүхий хүмүүс буруудаж байгаа юм. Цаашдаа ийм байж болохгүй.  Гэмт хэрэг мөрдөж байгаа бол үйлдэл бүр нь хуульчлагдсан байх ёстой. Нийгмийн дэг журам сахиулж бай­гаа бол үйлдэл бүр нь хуульчлагдсан байх ёс­той. Тэгж байж хууль са­хиулагч гэдэг хүн өөрийн үзэмжээр ажилладаггүй, зөвхөн хуульд заасан зүй­­лийг хийдэг гэсэн ойл­голт нийгэмд буух ёстой.

-Та Улсын ерөнхий прокурорын орлогч дар­гаар томилогдоод багагүй хугацаа өнгөрчээ. Танай прокурорт хууль, шүүхийн шинэчлэл өрнөж байгаа биз дээ?
-Прокурорын бай­гууллагад өөрсдийн ха­риуцлага, хяналтын тогтолцоогоо сайжруулах, үйл ажиллагаа явуулахад боломжит нөхцлийг бүр­дүүлэх шинэчлэлийг хоёр жилийн турш хийж байна. Хууль зөрчсөн албан тушаалтантай ха­риуцлага тооцох, шу­даргаар ажил­лах прокурорыг томилох гэхчилэн адар­маа төвөгтэй ажлууд хийж л явна. Үүнтэй зэрэгцээд Прокурорын байгууллагын тухай хууль, үйл ажиллагаанд нь мөрддөг дүрэм журмыг өөрчлөх ёстой гэж үзсэн. Энэ хүрээнд дотоод дүрэм журам, заавраа өөрчлөөд бараг дуусч байна. Гэх­дээ төгсгөлдөө хүрэх болоогүй. Эцсийн дүндээ прокурорын ажилтнууд Үндсэн хуульд заасан үнэт зүйлийг хамгаалах, нийтийн эрх ашгийн төлөө гэсэн хуульч  байх ёстой.

-Хуулийн байгууллага дотроо прокурорыг улс төржүүлж ярих нь бий. Хэрэг шүүхийн шатанд очих хүртлээ прокурорын мэдэлд байдаг. Тэр ут­гаараа авлига аваад хэр­­­­­­гийг нааш, цааш нь болголоо гэх хардлага байдаг?
-Прокурорын бай­гуул­­лага нь шүүх эрх мэд­лийн тогтолцоо дот­роо хардлага сэрдлэг, үл итгэх байдлыг өөр дээрээ авчрах хувь та­вилантай. Гэмт хэрэг үйл­дэгчийн муу муухайг илчилж гэдэг утгаараа прокурор шиг муу хүн байхгүй. Гэтэл хуульчдын нэг чухал зүйл нь аливаа хэргийг эргэлзээгүйгээр баримтаар нотолсны дараа хүнийг буруутгах зарчим юм. Хэдийгээр хүн бүрийн нүдэнд энэ хэргийг тэр хүн хийсэн гэж хардах үндэслэл байгаа ч нотлох баримтаараа нотолж чадахгүй бол прокурор түүнийг нь хэргийг хэ­рэгсэхгүй болгож таарна. Энэ тохиолдолд хүмүүс тухайн хэргийг нотолж чадаагүйг нь олж харахаас илүү тухайн хэргийг хэ­рэг­сэхгүй болгосон про­курорыг хувийн сонирхлоор хандлаа, ав­лига авлаа гэнэ. Хардах нь зүй ёсны хэрэг. Ийм хардлагыг энэ дэлхийн аль ч улсад халж сольж чадаагүй. Энэ бол байх ёстой зан чанар юм.

-Гэхдээ практикт про­­курорууд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллахаас бус  цагаатгах талыг нь яагаад барим­талдаггүй юм бэ?

-Шударга ёсыг хү­нээс хүлээгээд олон жил боллоо. Дэлхийн ор­нууд шударга ёсыг тогтоохын тулд шударга үйл ажиллагааг хуульчилж өгөөд түүндээ найдах нь илүү ач холбогдолтой гэж ойлгосон байдаг.  Бид нар эргэлзээ дагуулж байдаг зүйл дээр шударга ёсыг явагдах процессд эрх мэдлийг нь шилжүүлэх ёстой гэж үзэж байна. Шүүгч, прокурор, өм­гөөлөгч асуудлыг шийд­дэг биш шүүн таслах ажил­­лагаа асуудлыг шийддэг байх ёстой юм. Мөн чанараараа тэр хү­нийг ялла, буруутга гэж томилсон шүү дээ. Нийтийн эрх ашгийн төлөө тодорхой хүнийг буруутгах гэж байгаа прокурорт салаа ажил өгөх нь угаасаа төвөгтэй. Тэгээд ч нөгөө талд нь буруутгаж байгаа хүнийг өмгөөлөх эрхийг нь өм­гөөлөгчид өгсөн байгаа шүү дээ.
Д.БОЛОРМАА

Эх сурвалж: www.polit.mn

Х.Тэмүүжин: Иргэдэд ямар ч дарамтгүйгээр 20 сая төгрөгийн гүйлгээг хянасаар ирсэн

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

-Мөнгө угаах болон тер­роризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс­лийг баталлаа. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр зарим гишүүн 20 сая төгрөгийн гүйлгээнд хяналт тавихыг эсэргүүцэж байсан. Ер нь гүйлгээний хэмжээг нэмэх боломж байгаагүй юм уу?

-Зарим нь шинэ гишүүн бай­сан. Мөн олон жил пар­ламентад суусан ч гишүүд бай­сан. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэг зүйлийг ажигласан.
Юу гэхээр гишүүд хуулиа унш­даггүй юм байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль батлагдаад долоон жил хэрэгжиж байхад уншаагүй байгаа юм. Мөн баталж байхдаа ч уншаагүй байна гэсэн үг шүү дээ. Гэтэл 20 сая төгрөг гэдэг чинь 2006 онд баталсан хуульд бичигдсэн. Иргэдэд ямар ч дарамтгүй, Монголбанкны дэр­гэдэх Санхүүгийн мэдээллийн албанд нягтлаад явж байгаа. Харин сэжигтэй гэх гүйлгээг л хууль сахиулах байгууллага шалгана. Сэжигтэй гүйлгээ нь ихэнхдээ тер­рорист хүн, байгууллага, түүнийг санхүүжүүлж байгаа эсэх, ялан­гуяа Исламын орнуудаас, хойд Солонгосоос манай улс руу шил­жүүлж буй гүйлгээг хянасаар ирсэн. Иргэдийн өдөр тутмын гүйлгээнд ямар ч хүндрэлгүй тийм тогтолцоо байсан юм. Шинэчилсэн найруулгын төслийг хэлэл­цэх явцад энэ заалтыг гэнэт олж уншсан хүмүүс их цочирдох шиг болсон. Цочирдож байгаа хүмүүсийг та бүхэн анзаараад үзэх хэрэгтэй. Ерөнхийдөө мөнгө угаана гэдэг гэмт хэргийн улмаас олсон орлогоо хууль ёсны болгох гэж оролддог. Тэр дундаа манай улсад авлига албан тушаалын шугамаар олсон хөрөнгөө хууль ёсны болгох гэж оролддог үйлдлүүд бий. Энэ асуудлыг хэлэлцэхэд сандарч, цочирдож байгаа хүмүүсийн дийлэнх нь тэр өнцгөөс нь харж байгаа юм. Жирийн иргэдийн хувьд ямар ч асуудалгүй. Жирийн иргэд террорист байгууллагатай харилцахгүй, хэн нэгний хууль бусаар олсон мөнгийг угаах гэж оролдохгүй шүү дээ. Түүнчлэн “хар жагсаалт” гэдэг үгийг их ярих шиг боллоо. Дэлхийн сан­хүүгийн тогтолцоог тогтвортой, эрсдэлгүй байх талаас нь анхаардаг болчихсон. Тиймээс Монгол Улс дотооддоо мөнгө угаах төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чаддаггүй буюу дотоодын мөнгөний эргэлт террорист үйл ажиллагаа руу орохгүй гэх ба-талгааг өөрсдөө хангаж чадах уу гэдэг асуудал гарна. Бидний зүгээс “Хууль тог­тоомжийнхоо хүрээнд “чадна” гэж хэлж байгаа. Хууль тогтоомжоо сайжруулчихлаа, хууль сахиулах байгууллагууд ажиллах чадвартай боллоо. Тийм учраас Монголоос гадаад руу, гаднаас Монгол руу орж байгаа мөнгийг та бүхэн битгий хяна. Итгэлцээд явъя” гэсэн. Хэрэв итгэж чадахгүй гэвэл тэд хянана гэсэн үг шүү дээ. Ямартай ч хууль эрх зүйн орчноо сайжруулсан, мөнгө угаах чиглэлээр нэлээд алхмыг хийж эхэлчихсэн учир тэд итгэсэн. Харин итгэхгүй гэдэг үзүүлэлтээ Германд байгаа Элчин сайдын үйл явцаар харууллаа. Иргэд битгий хэл Элчин сайдын данс руу орж байгаа мөнгийг хянана гэдэг дохиог өгөх гэж оролдлоо. Энэ бол бидэнд сануулга болсон.

-Хэрэв энэ хуулийн төслийг хугацаанд нь амжиж батлаагүй бол ямар сөрөг үр дагаврыг хүлээхээр байсан бэ?

-Монголоос гадагшаа, гад­наас Монгол руу орж буй бүх гүйлгээ гацна. Манай хууль сахиу­лах байгууллага бус гадны бай­гууллагууд хянах юм. Эдийн засаг тэлж бонд босгоод бүтээн байгуулалтын ажил хийж буй энэ үед царцалт үүсэх нь эдийн засгийг шууд боомилж байна гэсэн үг юм. Тиймээс бид энэ эрсдлээс урьдчилан сэргийлж байгаа.

-Хяналт тавих гүйлгээг ярихаас гадна ямар заалтад өөрчлөлт оруулж шинэчилсэн бэ?

-Нэлээд олон заалт бий. 40 орчим зөвлөмж байгаа. Үүнээс 30 гаруйг нь энэ хуулиар хангасан. Мөн Эрүүгийн хуулиар тодорхой зохицуулалт хийх үүрэг хүлээчихсэн байгаа. Гэмт хэргийн тухай хуулийг хэлэлцээд ирэхээр шийдэх байх. Тухайлбал улс төрд нөлөө бүхий гэдэг ойлголтыг хуульчлаач ээ гэсэн. Бид үүнийг Мөнгө угаах болон тер­роризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд тусгаагүй байсан ч Сонирхлын зөрчлийн тухай хуульд бол тусгасан. Энэ зохицуулалтаа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль руу татаж оруулсан юм. Сонирхлын зөрчлийн тухай хуульд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, агентлагийн дарга, Дээд шүүхийн шүүгч, Ерөнхий прокурор гэх мэт хүмүүс нээлттэй тендерээс бусдаар төсвөөс ямар нэг төсөл хөтөлбөр, тендер авахыг хориглосон. Энэ заалтаа татаж оруулаад, эдгээр хүмүүсийн гүйлгээ 20 сая байхаас үл шалтгаалаад хянана гэж байгаа. Жирийн иргэдийн хувьд 20 сая гэж байгаа бол өндөр албан тушаалтнууд хэдэн төгрөгийн ч гүйлгээ хийсэн хянах юм.

-Ямартай ч манай улс “хар жагсаалт”-д орохооргүй боллоо. Тэгэхээр цаашид саарал жагсаалт руу орохын тулд юу хийх ёстой болох вэ?

-Хууль эрх зүйн орчноо сайжруулчихаар “хар жагсаалт”-аас гарахаас гадна саарал руу орох боломжтой болно. Хууль тогтоомж, эрх зүйн орчны шаардлага. Бид тэдний үнэлдэг хар, сараал жагсаалт гэхээс илүүтэй манай улсын дотоод хүсэл эрмэлзэл бол авлигын улмаас алдаж байгаа мөнгөө буцааж яаж олж авах вэ гэдэг юм. Авлигаас болж Монголоос их хэмжээний мөнгө гарч, эсвэл дүр төрхөө өөрчилж байна. Тухайлбал Япон, Солонгос, АНУ, Канадад үл хөдлөх хөрөнгө болчихоод байна. Үүнийг бид тогтоож, таслан зогсоох ёстой. Нөгөөтэйгүүр энэ мөнгийг олж ирэх хэрэгтэй. Ингэхийн тулд энэ хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай юм.

-Сүүлийн үед нийгмийг цоч­роосон аймшигтай хэргүүд гарч байна. Гэр бүлээр нь шатаасан, хүүхдээ заазуурдсан гэх мэт. Иймэрхүү хэргээс урьдчилан сэр­гийлэх үүднээс Хууль зүйн яам юу хийж байна вэ?

-Урьдчилан сэргийлэх үүднээс бид ажиллаж байгаа. Гэхдээ энэ бүгд өнөөдөр гэнэт үүсчихэж бай­гаа юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл гэр бүл, сургалтын технологи хэвийн юм шиг явж ирсэн. Үүний үр дүнд аав нь хүүхдээ, хүчтэй нь хүчгүйгээ хүчирхийлж, зодож болдог гэсэн хандлага нийгэмд тогтоод байна. Эцсийн дүнд гэмт хэрэг хийснийх нь дараа юу болчихов гэдэг. Үүний оронд ямар урхаг, эх үүсвэртэй вэ гэдгийг бодох ёстой шүү дээ. Гэмт хэргийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой заалтыг оруулсан. Тодруулбал хүүхдэд хүчирхийлэл үйлдэж байгаа тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гээд заачихсан байгаа юм. Гэтэл “Хүүхдээ алгадаад авсны төлөө би гэмт хэрэгтэн болох юм уу” гэж цөөнгүй хүн эсэргүүцэж байна. Ер нь яагаад хүүхдээ зодох ёстой гэж. Хүүхдээ зодох ёстой гэж боддог хүмүүс хүүхэд нь насанд хүрээд хүн зодчихоор “хаанаас ийм балмад этгээд гараад ирэв ээ” гэж цочирдож болохгүй. Тэгэхээр сургалтын тех­нологийг өөрчлөхөөс гадна ядаж хүүхдээ зодож болохгүй гэдэг ухамсрыг өөрсдөдөө бий болгох ёстой юм. Ийм бодлоосоо салаагүй байж хэн нэгнийг алж, гэр бүлээр нь шатаасны дараа бурууг нь нийгэм, төрөөс хайх гэж оролддог. Үүнийг нийгэм, улс төрөөс хайхаас илүүтэй өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Хууль зүйн яамны хувьд хүссэн, хүсээгүй энэ үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхээс өөр аргагүй.

-Урьдчилан сэргийлэхээр яг ямар ажил хийж байна вэ?

-Засгийн газраас өмнө нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мөн­гө төсөвлөдөг байсан. Энэ мөнгийг ний нуугүй хэлэхэд зорилтот бүлэгт зарцуулдаггүй байсан юм билээ. Одоо бол бид энэ мөнгийг Цагдаагийн бай­гууллагатай холбосон. Өөрөөр хэлбэл Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг гэмт хэрэг гарсны дараа бус гарахаас нь өмнө ажилладгийн хувьд мөнгийг хэрхэн зарцуулах ёстой гэдгээ гарга гэж шаардаж байна. Бодлогыг нь мөн боловсруулж байгаа. Нөгөөтэйгүүр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бодлогыг тодорхойлооч гэсэн. Өнөөдөр Цагдаагийн байгууллагын бодлого боловсруулдаг хэсэг нь гэмт хэргийн араас хөөцөлддөг хэсэгтэйгээ холилдчихсон бай­сан. Үүнийг цэгцэлж, зохион бай­гуулалтыг нь сайжруулсан. Тэгэхээр чиг үүрэг нь тодорхой болоод ирэхээр ажил эзэнтэй болно. “Хэн, юу хийж байна вэ” гэж хүмүүс асуугаад байгаа. Хууль зүйн яам чиг үүргийг нь тодорхой болгож, хууль эрх зүйн орчныг нь сайжруулчихаад, хэн, юу хийж байна гэдгийг нь хянана.

-УИХ-ын нэр бүхий 24 гишүүн Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төс­лийг боловсруулсан. Хууль зүйн сайдын хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж харж байгаа юу?

-Өршөөл үзүүлэх эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал учир Засгийн газар дэмжинэ, дэмжихгүй гэж хэлж чадахгүй. Бид бодлого л ярина. Өршөөл үзүүлж болно. Гэхдээ 4-5 төрлийн гэмт хэрэгт өршөөл үзүүлмээргүй байна.

-Ямар?

-Хүн худалдаалах, хар там­хи борлуулах, авлига, албан тушаалын хэрэгт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөнгө угаах гэмт хэрэгт өршөөл үзүүлмээргүй байна. Бусдыг нь өршөөх эсэх нь нээлттэй. Энэ төрлийн гэмт хэрэгтэй хатуухан тэмцэж, хязгаарлах хэрэгтэй.

-Хууль зүйн салбарын шинэч­лэлийн хүрээнд УИХ-аар ямар, ямар хуулийн төслүүдийг хэлэл­цэхээр бэлэн болоод байна вэ?

-Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Хөдөлмөрийн чадваргүй яллагдаг­чид туслалцаа үзүүлэх тухай хууль, Маршлын албаны тухай хууль, Мөрдөх болон Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Эдгээр зургаан хуулийн төслийг баталчихвал хууль сахиулах чиг­лэлийн суурь бэлэн болчихно. Үүний араас шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой нийт 39 хуулийн төсөл, мөн Үндсэн хуулийн Цэцтэй хол­боотой хоёр, прокурорын нэг хуулийн төслийг оруулна.

-Ботаникийн цэцэрлэгийн газар дээр Хууль зүйн яамныхан Шүүхийн цогцолборыг барина гэж байгаа. Та үүнд албан ёсны тайлбар хэлэхгүй юу?

-Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бүхэлдээ биш л дээ. Цаад талд нь мод тариагүй, айлууд буучихсан тэр хэсэгт барина гэж байгаа. Хэн нэгэн дураараа буучихсан байхад юу ч хэлэхгүй мөртлөө иргэдэд үйлчлэх ёстой хуулийн үйлчилгээний цог­цолбор барина гэхээр эсэргүүцэж болохгүй байх. Энэ асуудлыг шал­гаж байгаа. Ний нуугүй хэлэхэд Ботаникийн цэцэрлэг нийтийн эзэмшил гэхээс илүүтэй төрийн бус байгууллагын эзэмшилд бий. Нийслэлээс шүүхийн цогцолбор барих гурав орчим га газар гаргаж өгөхийг хүссэн. Гэтэл өмнөх хотын дарга нар, газрын наймаачид шүүхийн байшин барих газаргүй болтол нь зарсан байна гэдэг хариуг бидэнд өгч байгаа. Бид яг энэ газрыг авна гэж хэлээгүй. Хотоос газар авах боломжтой газруудыг гаргаж өгсөн. Үүний дагуу бид хувилбаруудыг нь судалж байна. Ботаникийн цэцэрлэгт тодорхой хөрөнгө оруулалт хийгээд газар дор услалтын систем хийсэн гэж байгаа. Үнэхээр ийм бүтээн байгуулалт хийсэн эсэхийг нь судалж байна. Газар олгох боломжгүй хэмжээний тохижуулалт байгаа бол заавал авна гэхгүй. Гэхдээ бусад улс орны ботаникийн хүрээлэн хотын гадна байдаг. Түүнээс биш манайх шиг хотынхоо төвд байдаггүй. Ботаникийн цэцэрлэгийн зарим газар нь аль хэдийнэ эзэнтэй болчихсон сураг дуулдаж байна билээ. Ажилчид нь өнөөдөр ухаан орсон юм шиг газраа хамгаална гэж ярьж байгаа ч тэнд уудалбал нэлээд асуудал бий. Энэ бүгд удахгүй шийдэгдэх байх. Төсвөөс авсан мөнгөө зориулалтаар нь зарцуулаагүй ч асуудал гарах юм шиг байна билээ. Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл Улаанбаатарын иргэдэд үйлчлэх шүүхийн хоёр үйлчилгээний төвийг барих газрыг өгөөч гэж нийслэлээс хүсэж байгаа. Өгнө байх гэж бодож байна. 
 
-Ярилцсанд баярлалаа.

УЛС ТӨРИЙН ТОЙМ