Thursday, 12 September 2013

"Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэлтгүй дэмжинэ"



УИХ-ын дарга З.Энхболдтой эдийн засгийн асуудлаар ярилцлаа.

-Эдийн засаг хямарлаа гэж хэлэх судлаач байхад ер нь л дэлхий нийтээрээ иймэрхүү байна гэсэн тайлбар өгөх хүн ч байна. Таны хувьд Монголын эдийн засаг хямарсан уу, эсвэл...?
-Эдийн засгийн өсөлт буурч, ажил нь багасаад ирвэл хямрал гэж үздэг л дээ. Өнөөдөр манай эдийн засаг 11 хувийн өсөлттэй байна. 3000 ажлын байр шинээр бий болчихсон. Ийм байхад хямрал гэж ярих нь өрөөсгөл хэрэг. Харин эдийн засгийн хүндрэл гэж нэрлэж болно. Юмыг муухай харагдуулах гэсэн хүмүүс хямрал боллоо, үхлээ хатлаа гээд байгаа.

-Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспортын орлого эрс багассан гээд бодитой шалтгаанууд байгаа. Хамгийн том жишээ гэхэд уул уурхайн салбар хэцүүхэн байна?
-Мэдээж хүндрэлүүд бол байна. УИХ нийт ард түмний хүсэл бодлын толь л доо. Уул уурхай арай л их байна, лицензийн наймаа гаарлаа, байгаль орчин бохирдуулж байна, ерөөсөө лиценз олголтыг зогсоо гэдэг шаардлага 2008, 2012 оны Улсын их хуралд хүчтэй нөлөөлсөн. Ерөнхийлөгч зарлиг гаргаж лиценз олголтыг зогсоосон. Тэгэхээр уул уурхайн салбарын уналтыг төрийн бодлогоор, сонгогчдынхоо захиалгаар хийсэн гэж хэлж болно. Тэр бүхний үр дүн өнөөдөр ингэж хуримтлагдаж гарч ирж байна л даа. Хөрөнгө оруулалт нэг л өдөр зогсчихоогүй.

Ашигт малтмалын лиценз хориотой хэвээр байгаа. Олгосон лицензүүдээрээ Монгол Улс хөгжих бүрэн боломжтой учраас нэмж лиценз олгох шаардлагагү гэж үзэж байна. Цаг зуурын бэрхшээл үүссэн үү гэвэл үүссэн. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ бүх нэр төрлөөрөө буурсан. Үүнийг дагаад гадаад худалдааны эргэлт муудаж байгаа. Нэг тонн нүүрс зараад 100 ам.доллар олдог байсан бол одоо нэг тонн нүүрс зараад 50 ам.доллар олж байна. Тэгэхээр нүүрсээ өмнө гаргадаг байсан хэмжээгээрээ экспортолж зарсан ч гэсэн олдог орлого нь хоёр дахин багассан гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Шалтгаан нь Оюутолгойтой холбоотой. Энэ төсөл хоёр үе шатттай. Эхний шатны хөрөнгө оруулалт нь дууссан. Ил уурхайд дахиж хөрөнгө оруулах шаардлагагүй, ажиллаад эхэлчихсэн. Монгол Улс “Эрдэнэт”-ийн хэмжээний бүтээгдэхүүн гаргадаг ил уурхайтай болоод байна. Далд хэсгээс зэсийн хүдэр гаргаж ирэхэд дараагийн шатны хөрөнгө оруулалтыг зарахаар байгаа. Хөрөнгө оруулалтын хувьд тоон дээрээ тохиролцохгүй байна. Ил уурхайн хөрөнгө оруулалтын тоон дээр ч гэсэн тохиролцож чадахгүй байгаа. Монголд оруулсан хөрөнгө оруулалт гэж юуг хэлэхийг Монгол Улсын хуулинд маш тодорхой заагаад өгчихсөн. Хуулиараа бол бодитойгоор орж ирсэн хөрөнгө оруулалтыг л хөрөнгө оруулалтад тооцдог. Дэлхийн хаа нэг газар гаргасан зардал тооцогдох боломжгүй. Ерөөсөө хууль нь тийм юм.

-Монголд орж ирсэн хөрөнгө оруулалт гэдгээ тодруулаач?
-Хил гаалиар нэвтэрсэн тоног төхөөрөмж, Монгол Улсад ажилласан хүний цалин Монголд хийсэн хөрөнгө оруулалтад тооцогдоно. Монгол Улсад ажиллаагүй хүний цалинг хөрөнгө оруулалтад тооцохгүй. Хөрөнгө оруулагчдын төсөлд зарцуулж байгаа мөнгөний гуравны нэгийг нь бид өөрсдөө төлөх учир Оюутолгойн хөрөнгө оруулалтыг сайн шалгаж байгаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтыг дагаж орж ирдэг, туслан гүйцэтгэх компаниудын ажил зогсоон. Учир нь тэднээр дахиж ажил хийлгэх шаардлагагүй байгаа. Тэнд явагдсан цомхотгол зайлшгүй зүйл байсан. Оюутолгойн хөрөнгө оруулалт тасралтгүй үргэлжлэх боломжгүй. Дахиад хэлье. Учир нь эхний шатны хөрөнгө оруулалтын ажил буюу ил уурхайн бүтээн байгуулалт дууссан. Одоо далд уурхайгаа ашиглаж эхлэх хоёр дахь үе шат хүлээгдэж байгаа. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт буурсан.

-Таны өмнө онцолсон уул уурхайд хандах сөрөг хандлага ч энэ салбарын уналтад нөлөөлсөн байх?
-Уул уурхайд хандах сөрөг хандлага угаасаа жил бүр уул уурхайн гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулсаар ирсэн. Тэрэн дээр нь нэрмээс болсон нэг хууль бий. Өнгөрсөн жилийн тавдугаар сард батлагдсан Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гадаадын хөрөнгө оруулалтыг бүр цаашлуулахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөн том шалтгаан. Хоёрдугаарт гадаад худалдаа буурсан. Гуравдугаарт төсөв алдагдалтай байна. Их өөдрөгөөр төсөөлж баахан орлого орж ирнэ гээд өчнөөн зарлага биччихсэн. Орлого нь бүтээгүй. Зарлага нь ч бүтээгүй. Цаг үеийн, тодорхой шалтгаантай ийм гурван бэрхшээл байна. Дахин хэлэхэд энэ бол эдийн засгийн хямрал биш хүндрэл. Яаж засах вэ гэдэг аргыг нь УИХ, Засгийн газар хайж байгаа.

-Эдийн засгийн хүндрэлээс гарах эхний том гарцыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлосон Хөрөнгө оруулалтын хууль гэж харж байна. Энэ хууль яг ямар агуулга, хэлбэрээр гарах вэ?
-Монгол Улс хөрөнгө оруулалтыг том, жижиг, гадаад, дотоод гэж ангилж үзээд зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтад нь зориулсан хуулийг 1995 онд баталсан. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай гэсэн нэг хууль бий. Сүүлд УИХ-аас баталсан Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гэж байна. Энэ хоёр хуулийг орлохуйц шинэ хууль гаргах гэж байгаа юм. Зарчим нь маш энгийн. Ямар ч хөрөнгө оруулагчийн хамгийн их эмээдэг нэг зүйл бий. Татвар нь 10 хувь байна гэж бодоод хөрөнгөө оруулаад явж байтал, хөрөнгө оруулалтаа нөхөж ч амжаагүй үед нь хууль өөрчлөгдөж татвар нэмэгдэх нь тэдний хувьд асар том эрсдэл. Хөрөнгөө оруулах үед 10 хувь байсан татвар 20 болоод өсчихвөл оруулсан хөрөнгөө буцааж авах боломжгүй болно. Ямар ч хүн оруулсан хөрөнгөө нөхөж олж авч, олон жил тогтвортой ажиллаж хөрөнгө оруулалтынхаа үр шимийг хүртэх гэж л хөрөнгөө оруулдаг. Гадаад, дотоод, том, жижиг ялгаагүй бүх л хөрөнгө оруулагчийн зорилго ерөөсөө энэ. Түүнээс биш Монгол Улсад буян үйлдэх гэсэн нэг ч хөрөнгө оруулагч байхгүй. Татвар болон бусад эрх зүйн орчин тогтвортой байх нь хөрөнгө оруулагчийн хамгийн их сонирхдог зүйл. Улс орнууд үүгээрээ өрсөлддөг. Харамсалтай нь манай улс 68 хувийн татвар гэх мэт хууль санаачлаад хөрөнгө оруулалтын орчноо тогтворгүй болгож ирсэн байдаг. Ингээд байвал хэн ч хөрөнгөө оруулахыг хүсэхгүй нь тодорхой. Хөрөнгөө оруулах гэж байгаа хүмүүст “оруулсан хөрөнгө чинь эрсдэлгүй, явцын дунд гарсан хууль та нарт үйлчлэхгүй” гэсэн баталгааг УИХ шинэ хөрөнгө оруулалтын хуулиараа өгөх гэж байна. Таван сая төгрөгийн хөрөнгө оруулалттай талхны цех байна уу, таван тэрбум долларын хөрөнгө оруулалттай Оюутолгой байна уу, ялгаа гүй хөрөнгө оруулсан хэмжээгээр нь тогтвортой байдлаар хангагдана. Таван сая төгрөг оруулсан талхны цех нэг жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөөд авчихна гэж үзвэл нэг жилийн баталгаа, Оюутолгой шиг том хөрөнгө оруулалттай төслийн тухайд 30 жилийн баталгаа олгох ч юм уу, баталгаа өгсөн жилд нь хууль өөрчлөгдсөн ч үйл ажиллагаанд нь нөлөөлөхөөргүй болгох гэж байна. Хөрөнгө оруулсан хэмжээ, харгалзах, тогтворжих хугацаа бүхий хүснэгттэй хууль гаргах гээд байна л даа. Таван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх талхны цехийн эзэн оруулсан хөрөнгөө баталгаажуулаад ирвэл бүртгээд л явуулчихна. Учир нь бүртгэлийн байгууллага бол зөвхөн бүртгэдэг. Зөвшөөрөл өгдөггүй.

-Гадаадын төрийн өмчтэй компани бол зөвшөөрөл авах агуулгатай заалт шинэ хуулийн төсөлд бий. Баталгаа өгөх хугацаа нь хувийн өмчтэй компанитай адилхан уу?
-Гадаад улсын төрийн өмчийн компани ямар нэгэн газар хөрөнгө оруулъя гэж байгаа бол зөвшөөрөл авна. Гэхдээ зөвшөөрөгдсөн тохиолдолд тогтвортой байдал амлах хугацааг нь адилхан хэмжээгээр бодсон.

-Бондын мөнгийг тодорхой салбаруудад зараад эхэлчихсэн. Үр өгөөж нь хэзээ гарах вэ?
-Хүмүүс бондыг бодитой барьж үздэг хөрөнгө оруулалт талаас нь хараад байна л даа. Гэхдээ бонд орж ирсэн цагаасаа өнөөдрийг хүртэл манай санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгалсаар байгаа. Санхүүгийн системд сайнаар нөлөөлж байна. Ажил болж байгаа хэсэг бол авто зам, барилгын материалын үйлдвэр байна. Үр дүн нь хамгийн багадаа хоёр жил, цаашлаад тав, арван жилээр хэмжигдэнэ.

-Бондын мөнгөний дэмжлэг авсан төсөл бол байшин үйлдвэрлэх комбинат. Угсармал байшин гэхээр хүмүүс оросуудын олон жилийн өмнө барьсан дулаанаа амархан алддаг, чанар муутай барилгаар төсөөлөөд байх шиг. Одоо орж ирэх үйлдвэр хуучныхаас юугаараа давуу вэ?
-Орос өөрөө манайх шиг БҮК-1, 2 (Байшин үйлдвэрлэх комбинат) гэдэг үйлдвэртэй байснаа бүгдийг нь Германы технологиор сольсон. Евро стандартын дулаан алддаггүй, боломжийн үнэтэй, олноор нь нэгэн зэрэг барьж болдог технологи руу шилжсэн. Манай улс л хамгийн сүүлд шилжих гэж байгаа. Энэ үйлдвэр баригдсанаар гурав, дөрөвдүгээр хороолол шиг маш олон байшинг нэг дор барьж болно. Гэхдээ мэдээж евро стандартаар. Дулаан эрчим хүч бага зарцуулдаг, дулаанаа алддаггүй байшингууд ирэх жилээс баригдаж эхэлнэ. 30 хувийнх нь хөрөнгийг бондын мөнгөнөөс төлсөн байгаа. Евро стандартыг хангасан гэхээр чанар нь ойлгомжтой. Үүний том давуу тал нь бид тэр евро стандартыг өөрийн болгож авна. Барилга барьдаг улсуудыг нь Германы техник мэргэжлийн сургуульд сурч байгаа стандартаар эндээ бэлдэнэ. Зураг төсөл хийдэг компаниуд гэхэд л ийм стандартын зураг төсөл хийх ажилд суралцана. Энэ мэтээр угсармал барилгыг дагалдах бүх дэд бүтэц нь Монголд орж ирнэ.

-Тэгэхээр дараа жилээс орон сууцны олдохгүй, олдохгүйгээсээ болж үнэ нь өснө гэх зовлонгүй болох нь ээ?
-Үйлдвэр баригдсанаар жилд 10-15 мянган айлын орон сууц барих хүчин чадалтай болно. Одоогийн хүчин чадал жилд 25 мянга байгаа. Тэгэхээр нийтдээ 40 мянган айлын орон сууц жил бүр ашиглалтад ороод байх боломжтой гэсэн үг. Энэ бол хангалттай хэмжээ.

-Барилгын үнэ өсөөд байгаагийн нэг шалтгаан нь цемент. Үндэсний компаниуд цементийн үйлдвэрийн хэд хэдэн том төсөл хэрэгжүүлээд эхэлчихсэн. Зарим нь удахгүй ашиглалтад орох гэж байна. Хятадын хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр ажиллаж эхлэх нь гэсэн мэдээлэл нэг хэсэг цацагдсан. Ер нь өөрсдөө хийж чадах зүйл дээр заавал гадаадын хөрөнгө оруулалт гэх шаардлага байна уу?
-Барилгын материалын тухайд бид өмнө нь үйлдвэрлэж чаддаг байсан. Социализмын үед цементийн хоёр ч үйлдвэр байсан. Хувийн үйлдвэрүүд удаан босч байна л даа. Хөтөлийн үйлдвэр шинэчлэгдээд ажиллаж хэлж байна. Байрны нэг ам метрийн үнийг нэг сая, хоёр сая төгрөг байна гэж ярьж байна. Уг нь тэгж ярихаас илүү тэр мөнгөн дотор байгаа бүрэлдэхүүн хэсэг нь хаанаас вэ гэдэг их чухал. Цемент, арматур, байшин барьж байгаа ажилчин нь хэн бэ гэдгийг бодох учиртай. Барилгын салбарт нь гадныхан ажиллаад 100 хувь цалингаа аваад гадагшаа явчихаж байгаа бол бас болохгүй. 100 хувь гадны барилгын материалаар барьж байгаа бол бас хэцүү. Ийм бол хөрөнгө гаргаж моргэйжийн зээл өгөөд ашиггүй л дээ. Бидэнд хамаагүй орлого болчихоод байгаа юм. Харин цемент, арматур, ажилчин нь монгол бол эдийн засагт ашигтай. Өөрийнхөө хийж чадах юмыг өөрсдөө л хий гэдэг зарчмыг дэлхий даяар барьж байна. Чадахгүй юмандаа бол гадаадын хөрөнгө оруулалтыг гуйж урьж залж оруулах хэрэгтэй. Мэдээж яваандаа чадахгүй зүйлээ ч хийж чаддаг болно.

-Засгийн газар хамгийн бага хүүгээр бонд босгосон. Гэтэл өнөөдөр бондын хүү долоон хувь гараад явчихсан. Бондын хүү ингэж өсөх нь бидэнд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Бондын нэмэгдсэн хүүг манай улс төлөхгүй. Бондыг хоорондоо худалдаж авч байгаа хүмүүсийн л асуудал. Бид анх 4,5 хувиар бондоо гаргасан. Тэр хүүгээ л төлнө. Бондын зах зээлийн онцлог нь тэр. Эдийн засгийн цагаан толгой мэдэхгүй улс л бондын хүү өсчихлөө, яана аа гээд байгаа. УИХ дээр хүртэл бондын хүү өслөө, баларлаа гэж ярих хүмүүс байна. Бид нэг л удаа бонд авсан. Хүү нь тогтмол. Хоёр дахь зах зээлд оролцож байгаа хүмүүсийн хувьд хүү ямар ч байж болно. Бид гадаадын хөрөнгө оруулалтад ээлтэй хандаж, манай улсын эдийн засаг сайжраад байвал тэр хүү буураад байна. 2012 оны тавдугаар сарынх шиг хууль гаргаад, хөрөнгө оруулагчид гарч яваад байвал тэр хүү өсөөд байна. Тэгэхээр бондын хүү өснө гэдэг манай улсын эдийн засагт хандаж байгаа хандлагаас хамаардаг хэмжигдэхүүн. Түүнээс биш бидний төлөх өр биш.

-Гэхдээ бид дахиад бонд гаргана гэж төлөвлөсөн. Засгийн газрын дахин гаргах бондод шууд утгаараа нөлөөлж таарна. Жишээ нь Монгол Улсад ирэх жил бонд гаргах боломж байна уу?
-Дахиж бонд гаргахад бол сөргөөр нөлөөлнө. Бид энэ жил, бас ирэх жил бонд гаргах боломжгүй. Үлдэж байгаа 3,5 тэрбум ам.доллартаа Засгийн газар бонд гаргая гэвэл хэмждэг олон юм нь эерэг болсоны дараа, Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт зөвшөөрөгдсөний дараа, манай улсын зээлжих зэрэглэл сайжирсаны дараа ярих асуудал. Ингэвэл эдийн засгийн хувьд зөв болно. Одоо бол цаг нь биш. Үүнийг улс орон бүр өөрөө тодорхойлж байгаад хамгийн сайн цэг дээр нь гаргах ёстой. Олон улсын рейтингийн агентлагуудад бид бас итгэхээ больсон. Манай эхний бонд гэхэд рейтингээсээ илүү сайн зарагдсан. Манайх шиг зээлжих зэрэглэл нь BB- болсон улсын бонд 7-8 хувиар зарагддаг байхад манайх 4.5 – 5.5-ын хооронд зарагдсан. Эндээс рейтинг бодит байдлыг тусгаж чадахгүй байна гэдэг нь харагдаж байгаа юм. Одоо манай рейтингийг улам бууруулаад л байна. Гэхдээ бодит зах зээл хэдээр үнэлэхийг бас мэдэхгүй.

-Хөрөнгө оруулагчдын хүлээж байгаа том хууль бол Ашигт малтмалын хууль. 2006 оны хуулиа өөрчлөөд явах уу, эсвэл шинэчлэх үү?
-2006 оны хуулийг боломжийн хууль болсон гэж үзэж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль гэхээс илүү 2006 оных дээрээ нэмэлт хийгээд явбал илүү тогтвортой байх болов уу гэсэн бодол байгаа. Салбарынханы бодлыг сонссон ч тийм зүйл ярьж байна. Тэгэхээр УИХ шинэ хууль батлах уу, 2006 оны хуулиа сайжруулаад явах уу гэдэг сонголтыг хийнэ. Одоо бол зөвшөөрөгдсөн газар хайгуул хийдэг нэмэлтийг хийх асуудал байгаа.

-УИХ-ын ээлжит бус болон намрын чуулганаар эдийн засгийн чиглэлийн онцлохоор ямар хууль, шийдвэрүүд гарах бол?
-Ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын шинэ хууль гарна. Эдийн засгийн хүндрэлтэй тэмцэх тогтоол батална. Төсвийн тодотголоо батална. Ээлжит чуулганаар мэдээж төсвөө хэлэлцэнэ. Шинэ нөхцөл байдалд орсон учраас төсөв нэлээд танагдаж таарна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй бол болохгүй болж байгаа. Ашигт малтмалын хуулийн талаар ойлгомжтой мэдээлэл өгнө. 2006 оны хууль үргэлжлээд шинэчлэгдээд явах уу, үгүй юу гэдгийн эцсийн хариу гарна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хөрөнгө оруулагчдаар хэлэлцүүлсэн. Тэр хэлэлцүүлгээс 2006 оны хуульдаа тодорхой бодлогын зүйлүүдээ шингээчихэж болох юм байна гэсэн хариу гарсан байгаа.

-Тэгэхээр одоогийн хуулиа өөрчлөх зүг рүү явж магадгүй нь ээ?
-Аль зүг нь УИХ дээр олонх болохыг одоогоор хэлэх боломжгүй л дээ.

-Ээлжит бус чуулганаар төсөвт тодотгол хийнэ гэлээ. Нэлээд өөрчлөлт орох уу?
-Нэлээд биш л дээ. Хэтэрхий оптимист төлөвлөсөн орлогоо багасгана. Зураг төсөв ч байхгүй баахан байшингууд тавьсан. Тэрийгээ хасна гэсэн үг.

-Эдийн засгийн хүндрэлтэй тэмцэх бодлого гэдгээ жаахан тодруулаач?
-Нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалт зогссон. Үүнийгээ хуулиар засах гэж байна. Хоёрдугаарт, төсөвт бодитой бус орлого төлөвлөсөн байна. Одоогоор зураг байхгүйгээс тендер нь зарлагдаагүй хөрөнгө оруулалтуудаа хасъя гэж байгаа. Орлого, зарлага нэгэн зэрэг хасагдана гэсэн үг. Валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой шийдвэр гарна. Алтны худалдааг Монголбанкинд төвлөрүүлж, Монгол Улсад олборлосон алтыг Монголбанкинд тушаадаг, Монголбанк ганцаараа экспортлож байхаар өөрчлөлт оруулах гэж байна. Алт бол Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлдэг.

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт зогсчихлоо. Энэ том төслийг хөдөлгөх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг том хөшүүрэг гэж бодож байна. “Рио”-той учраа ололцох нь уу?
-Тоон дээрээ л тохирох хэрэгтэй. Эсэргүүцэж байгаа хүн байхгүй.

-Тохиролцоход хэр цаг хугацаа орох бол?
-Тоогоо л хоёр талаасаа тохирох хэрэгтэй. Тэгэхгүй бол ил уурхайд гарсан шиг алдаа гарвал зөвшөөрөхөд хэцүү л дээ. Манай улсад огт хамаагүй хөрөнгө оруулалтыг орсон гэж бичээд байвал хэн ч зөвшөөрөхгүй. Учир нь төсөлд зарцуулах хөрөнгөний тодорхой хэсгийг нь бид төлнө.

-Валютын ханш өссөөр байна. Монголбанкнаас интервенц хийх үү?
-Долларын ханш бол бидний хийсэн олон ажлын үр дагавар. Доллар бусад бараатай адилхан бараа шүү дээ. Маш олон хүн нэг гутал авахаар өрсөлдвөл тэр гутлыг хэдээр үйлдвэрлэсэн нь хамаагүй, үнэ нь өсөөд явчихна. Эсвэл эсрэгээрээ маш олон хүн гутал үйлдвэрлэж байвал хэдээр үйлдвэрлэснээсээ үл хамаараад үнэ нь доошоо унана. Энэ бол зах зээлийн зарчим. Гутал авах гэсэн хүн, гутлын үйлдвэр хоёрын харьцаа зохистой байвал үнэ тогтвортой байна. Доллар гуталтай яг адилхан. Доллар орж ирдэг суваг болсон гадаадын хөрөнгө оруулалт сайн, гадаад худалдаа алдагдалгүй байвал долларын ханш тогтвортой байна. Тэр суваг нь гацангуут манай хэрэглээ дагаад буухгүй. Доллар зардаг хүн нь багасаад, авдаг нь ихэсчихээр ханш өөрчлөгдөх нь хууль ёсны л доо. Ийм л юм болсон.

Монголбанкнаас түр зуур интервенц хийж аргацаадаг арга бий. Гэхдээ ингэх нь утга учир муутай гэж үзэж байгаа. Улсынхөө нөөцөд байгаа хоёр тэрбум ам.долларыг гөвөөд л дуусна. Түүний оронд энэ үеийг боломж гэж харах хэрэгтэй. Хорин жил дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлье гэж уриалаад бүтэхгүй байна. Өөрсдийнхөө хийж чадах юмыг хүртэл гадаадаас зөөгөөд байна. Хамгийн энгийн жишээ гэхэд рапс. Бид ургуулсан рапсаа урагшаа зөөж, буцаагаад ургамлын тос худалдаж авдаг. Учир нь Эрээнээс очиж ургамлын тос авах нь хямдхан байна. Харин долларын ханш өсөхөөр Эрээний ургамлын тос үнэтэй болж байгаа юм. Дотооддоо нөгөө рапсаа шахаж бяцалж тос болгоод зарах нь ашигтай болж эхэлнэ. Мэдээж бүх бараагаа энэ мэтээр орлуулж чадахгүй л дээ. Жишээ нь манайд банан ургахгүй. Тэгэхээр хийж чаддаг ургамлын тосоо хийх нь долларын ханш өссөний сайн тал.

-Тэгэхээр долларын ханшаа жамаар нь, зах зээлийнх нь хуулиар сул тавья гэж байна уу?
-Зохицуулъя гэсэн ч мөнгө байхгүй. Эдийн засаг өөрөө өөрийгөө тохируулж байна. Дотоодод үйлдвэрлэл хөгжүүлье гэсэн дохиог бизнесмэнүүдэд өгч байгаа хэрэг. Дотоодынхоо сургуульд хүүхдүүдээ сурга гэсэн үг. Гадаадад сургах үнэтэй болно шүү дээ. Дотоодынхоо үйлдвэрийн “Янмал” гэдэг оймсыг худалдаж ав гэсэн үг. Доллар өсөөд ирэхээр үндэсний, юм хийдэг бизнесмэнүүд баярлаж байгаа. Экспорт хийдэг улс баярлаж байна. Харин “Урбанек” ч юм уу, гаднаас бүтээгдэхүүн импортолж оруулж ирдэг улс дургүй байгаа. Учир нь Польшид үйлдвэрлэсэн ногоо үнэтэй болно. “Газар шим” харин дуртай байгаа. Польшийн “Урбанек” үнэтэй, “Газар шим”-ийнх хямд байвал дотоодын үйлдвэрлэгчийн дарсан ногоо л илүү борлогдоно. Алаг салатанд байгаа бүх ногоо Монголд ургадаг. Энэ нь эргээд хүнсний ногоо тариалагчдад тусаа өгч эхэлнэ. Энэ мэтээр долларын ханшийн өсөлтийг дотоодын үйлдвэрлэлээ сэргээх нэг боломж гэж харах хэрэгтэй. Ханш 1400, 1500 төгрөг байна гэсэн дүрэм хаана ч байхгүй. Бид эрэлт нийлүүлэлтэн дээр чөлөөтэй хөвж байдаг ханштай улс болсон. Зах зээл хийх ёстой тохируулгаа л хийж байгаа болохоос Засгийн газар, УИХ, Монгол банк муу ажиллаад ханш өсгөөд байгаа юм байхгүй.

-Гэхдээ манай зах зээлд зарагдаж байгаа бүтээгдэхүүний ихэнх нь импортынх шүү дээ. Тэр хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, гол ачаа нь иргэдийн нуруун дээр ирж байна?
-Бид хэзээ нэгэн цагт дотоодын үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болно шүү дээ. Долларын ханшийг зохиомлоор бариад байвал тэр хэмжээгээр үндэсний үйлдвэрлэл хөгжих хугацаагаа хойшлуулж байгаа хэрэг. Ханш өсөөд байгаа нь хүссэн хүсээгүй зах зээлийнхээ жамаар амьдар гэсэн үг.

-Бондын мөнгийг их хэмжээгээр зарах нь эргээд долларын ханшид нөлөөлнө гэсэн болгоомжлол бий?
-Мэдэх ёстой хүмүүс нь мэдэж тохируулгаа хийгээд явж байгаа. Долларын ханшийг чөлөөтэй тавина гэхээр ер хэд ч байсан яах вэ гэсэн үг биш. Эдийн засаг өөрийнхөө тохируулгыг хийж байхад нь оролцох оролцоогоо зохистой хэмжээнд байлгах учиртай гэсэн агуулгаар ингэж яриад байгаа юм. Бондын мөнгө санхүүгийн салбарт сайнаар нөлөөлж байна. Төмөр зам , засмал замд зарцуулсан. Мэдээж 1,5 тэрбумаа бүгдийг нь зарчихаагүй. Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг дахин төлөвлөхөд мөнгө тусгасан байгаа. Одоогоор хэрэглээгүй байна. Засгийн газраас тодорхой ажлуудад мөнгө төлөвлөсөн. Тэр мөнгөнөөс нэг ч төгрөг зарцуулагдаагүй.

-Нүүрсээ үнэ хүргэх боломж бол төмөр зам. Төмөр замын ажил хэр нааштай байгаа вэ?
-Ер нь бол ажил болсон, барилга угсралтын ажил нь явагдаж байгаа.

-Яг хэзээ төмөр замаа ашиглаж эхлэх бол?
-Далангаа барьж дуусаад, рейсээ тавьчихвал хурдан л даа. Ирэх жилээс төмөр замаараа явна. Таван толгой, Гашуунсухайтын зам эхэлж ашиглалтад орно.

-Бүдүүн, нарийн цариг гэсэн маргаан өнөө хэр эцэслээгүй байгаа. Эдийн засгаа бодвол нарийнаар тавьсан нь зөв гэж эдийн засагчид хэлдэг. Цариг дээр ямар шийдвэр гарах бол?
-УИХ бодлогоо гаргачихсан. Засгийн газар бүтээгдэхүүн нь экспортод шууд гардаг төмөр замын цариг ямар байхыг УИХ-д оруулж ирж шийдүүлэх эрхтэй.

-Таны хувийн бодлыг сонирхож болох уу?
-Тооцоо хийж үзэх л хэрэгтэй. Хуучин нүүрсний үнэ 100 ам.доллар байхад тээврийн зардал төдийлөн нөлөөлдөггүй байсан. Машинаар зөөхөд хүртэл ашигтай байлаа. Одоо үнэ нь багасаад ирэхээр тээврийн зардал дараа болж эхэлнэ. Ер нь төмөр зам байх хэрэгтэй. Ямар царигтай байх вэ гэдгийг оруулж ирэх боломж нь Засгийн газарт байгаа.

-Нүүрс, зэснээс гадна уран, газрын ховор элемент, занарын асар их нөөц манайд бий. Энэ эрдсүүдээ ашиглах тал дээр ямар бодлоготой ажиллах вэ?

-Монгол Улс ураны бодлогоо гаргаад дөрөв, таван жил болж байна. Тэр бодлогоороо явна. Хэн нэгэн байгаль хамгаалагч уран хортой гэж орилоод байхаар бодлогоо өөрчилж болохгүй. Газрын тосны шинэ хууль дээр уламжлалт бус газрын тос гэдэг бүлэг шинээр нэмж байна. Зөвхөн занар биш, нүүрсний давхаргын метан хий, тослог чулуулгуудыг хамрууулсан. Бид шатахуунаараа хараат бус болох учиртай. Урьд нь ашиглагдаж байгаагүй олон шинэ салбарууд нээгдэх байх.
Ярилцсан Ц.БААСАНСҮРЭН
 “ӨДРИЙН СОНИН”

“Монгол Улс НҮБ-ын гишүүнийхээ нэр төрийг өндөрт өргөсөн”



Монгол Улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд ямар үйл явуулж байгаа, хэрхэн ажиллаж байгаа талаар Гадаад харилцааны сайд Л.Болдтой ярилцлаа.

-Нэгэн зууны тэртээ үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж бусад улс гүрнээр хүлээн зөвшөөрүүлэхийг зорьж явсан Монгол Улс эдүгээ олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай тусгаар тогтнолын олон улсын баталгаа бол Нэгдсэн Үндэстний Байгууллага юм. Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэнээр энэ чухал баталгааг олж авсан. Иймд бид НҮБ-д онцгой ач холбогдол өгч, түүний үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцож, гишүүнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж ирлээ. Монгол Улс зэвсэг хураах, хоршоолол, хөдөөгийн эмэгтэйчүүд, бичигтэн болох зэрэг олон чухал асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол санаачлан батлуулж, дэлхийн улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, НҮБ-аар баталгаажуулах талаар идэвхтэй ажиллаж ирсэн нь бусад улс оронд үлгэр дууриалал болж байна. НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг хамгаалах талаар Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй ажиллаж байна. Тухайлбал, эдгээр орны бүлгийг НҮБ-д санаачлан байгуулж, түүнийг НҮБ-ын албан ёсны бүтцэд оруулж өгсөн.

Улаанбаатар хотноо Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулах санаачилга гаргаж, НҮБ-ын гишүүдээр дэмжүүлж, тийм төв байгуулах Олон талт хэлэлцээрийн төсөл боловсруулан эдгээр орны Сайд нарын хурлаар батлуулсан. Одоо энэ ажил шийдвэрлэх үе шатандаа явж байна. Хамгийн сүүлд, 2012 онд бид ардчиллын боловсролын асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол санал нэгтэй батлууллаа. Энэ тогтоолыг НҮБ-аас тухайн сэдвээр анх удаа гаргасан түүхэн баримт бичиг гэж олон улсын хамтын нийгэмлэг өндөр үнэлж байна. Энэ мэтчилэн, хэдийгээр жижиг орон ч гэсэн Монгол Улс НҮБ-ын хамгийн идэвх, санаачилгатай орнуудын тоонд зүй ёсоор тооцогддог болоод байна.

-НҮБ-ын үйл ажиллагаанд ГХЯ голлох үүрэгтэй оролцдогийг бид мэднэ. Засгийн газрын бусад байгууллагын оролцоо хэр байдаг вэ?
-НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, өөрөөр хэлбэл нийгэм, эдийн засгийн тодорхой салбарын асуудлыг дагнан хариуцсан байгууллагуудын үйл ажиллагаанд манай тухайн салбарын яам, агентлагууд идэвхтэй оролцож ирсэн. Гадаад харилцааны яам төрийн бусад байгууллагын оролцоонд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, НҮБ-ын нийт системийн хүрээн дэх Монгол Улсын байр суурь, оролцоог нэгтгэн зохицуулах ажлыг зангидаж байна. Тухайлбал, НҮБ болон түүний системийн байгууллагууд дахь Монгол Улсын үйл ажиллагааг идэвхжүүлэх, яам, агентлагууд хоорондын хамтын ажиллагааны зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах зорилгоор яамдын Гадаад харилцааны хэлтсийн дарга, ажилтнуудын уулзалтыг энэ оны 3 дугаар сард манай яам зохион байгууллаа.

-Далайд гарцгүй манай улсын хувьд чухлаар тавигддаг дамжин өнгөрөх тээврийн талаар ямар ажил хийгдэв?
-Дамжин өнгөрөх тээврийн асуудлыг бид онцгой анхаарч байдаг. Тухайлбал, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд транзит тээврийн гурван талт суурь хэлэлцээр байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, олон удаа яриа хэлэлцээ явуулж, хэлэлцээрийн төслийг үндсэндээ тохирчихоод байсан боловч тодорхой шалтгаанаар энэ ажил зогсонги байдалд орчихоод байна. Дээр НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг хамгаалах талаар хийж байгаа ажлаа дурдсан. Улаанбаатар хотноо Олон улсын судалгааны төв байгуулахаар ажиллаж байгаа нь трaнзит тээврийн асуудлаар хөгжиж байгаа орнууд ганц нэгээрээ биш, далайд гарцгүй хөгжиж байгаа 31 орон хамтарч, нэг дуу хоолой, нэгдсэн байр суурьтай ажиллая гэсэн том зорилт юм. Иймээс би ДГХБО-ын Олон улсын судалгааны төв байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орох тухай захидлыг далайд гарцгүй 31 улсын Гадаад харилцааны сайдад илгээсний үр дүнд зөвхөн 2013 он гарснаас хойш тус Хэлэлцээрт Афганистан, Армен улс нэгдэн ороод байгаа бол Бурунди, Малави зэрэг улс ирэх 9 дүгээр сард нэгдэн орохоо илэрхийлээд байна. Ийнхүү хоёр талт, гурван талт, олон талт гээд дипломат яриа хэлэлцээний бүхий л арга хэлбэрийг ашиглан ажиллаж байна.

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнөх чуулгануудын мөрөөр ямар ажил хийгдэв?
-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулгануудад санал санаачилгатай оролцож ирсэн тухай дээр цухас дурдсан. Эдгээрийг урагшлуулах, ажил хэрэг болгоход анхааран ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 (2011 он) дугаар чуулганд оролцох үеэрээ Архины хортой хэрэглээнд хяналт тавих тухай олон улсын  суурь конвенц байгуулах санал дэвшүүлснийг бодит ажил болгох талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон ДЭМБ-ын Ерөнхий захирал М.Чан зэрэг НҮБ-ын бусад  төрөлжсөн байгууллагын удирдах албан тушаалтнуудтай ярилцлаа. Уг асуудлын тухайд Женев хотноо 5 дугаар сарын 20-28-ны өдрүүдэд болсон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 66 дугаар чуулганы үеэр “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавих тухай дэлхийн үйл ажиллагааны 2013-2020 оны хөтөлбөр”-ийг баталж, архины зүй бус хэрэглээг хязгаарлах талаар олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс тодорхой алхмууд хийхээр тогтсон. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал биеллээ олох зарим нааштай эхлэл тавигдлаа гэж үзэж байна. Мөн 2012 оны 11 дүгээр сард манай санаачилгаар батлагдсан Ардчиллын боловсролын тухай тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Энэтхэг Улсын Засгийн газартай хамтран, өнгөрсөн 1 дүгээр сард Дели хотноо олон улсын хурал, 4 дүгээр сард болсон АОХН-ийн Сайд нарын VII Бага хурлын үеэр салбар хуралдаан тус тус зохион байгуулж, тодорхой шийдвэр гаргууллаа. Канадын мэргэжилтнүүдтэй хамтран, Ардчиллын боловсролын сургалтын суурь хөтөлбөр боловсруулах ажлыг хийж гүйцэтгээд байна. Тэрчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дэлхийн байгаль орчны өдөр (ДБОӨ)-ийг Монгол Улсад зохион байгуулсан. 2013 оны ДБОӨ-ийг Монгол Улсад зохион байгуулах тухай албан ёсны хүсэлтийг 2 дугаар сард Гадаад харилцааны сайдын захидлаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт тавьсны дүнд уг арга хэмжээг 6 дугаар сарын 1-5-нд “Бодъё–Хэрэглэе–Хэмнэе” уриан доор БОХНХЯ-тай хамтран амжилттай зохион байгууллаа. ДБОӨ-өөр манай улсад хэд хэдэн цогц арга хэмжээ зохион байгуулсан нь нийт  ард иргэд, түүний дотор хүүхэд залуучуудын байгаль орчны боловсролыг дээшлүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.

ДБОӨ–ийн үеэр Дэлхийн дээд хэмжээний Рио+20 уулзалтын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс санаачилсан PAGE буюу “Ногоон эдийн засгийн төлөөх үйл ажиллагааны түншлэл”-ийг хэрэгжүүлэхээр сонгох 30 улс, түүний дотор уг хөтөлбөрийн түншлэгч эхний 7 улсын анхныхаар Монгол Улс сонгогдсныг албан ёсоор зарласан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд НҮБ-аас ирэх 7 жилийн турш манай улсад  ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд нь тусламж дэмжлэг үзүүлэх болсон нь тус арга хэмжээний нэг  томхон үр дүн гэж үзэж болно. Ийм бодит жишээ олныг дурдаж болох юм. Товчоор хэлбэл бид НҮБ-аас шийдвэр гаргуулчихаад, эсвэл өөрсдөө санаачилга гаргачихаад орхичилгүй, ажил хэрэг болгохын төлөө чармай ажиллаж байна.

-НҮБ, түүний  системийн байгууллагуудад монгол иргэдийг ажиллуулахад ахиц дэвшил гаргахуйц зарим ажлын талаар Та яриандаа дурдсан. Манай улс олон улсын байгууллагад сонгогдон ажиллах чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?
-НҮБ болон олон улсын байгууллагад монгол иргэд чамгүй олон ажиллаж байгаа. Гэхдээ удирдлагын дунд болнон өндөр албан тушаалд монгол хүн бараг байхгүй. Иймд олон улсын байгууллагын удирдлагад ажиллах явдал бидний өнөөгийн гол зорилт болоод байна. НҮБ болон олон улсын байгууллагуудад ажиллаж буй Монгол иргэдийн тоог нэмэгдүүлэх, одоо ажил эрхэлж буй иргэдийн албан тушаалыг ахиулах зорилгын үүднээс НҮБ-ын Хүний нөөцийн албаны дарга Ж.Эриксоныг сая 4 дүгээр сард Улаанбаатар хотноо урьж ажиллуулсан. Айлчлалын үеэр ноён Ж.Эриксон НҮБ-д ажиллах боломж, өргөдлийн маягтыг бөглөх, ажлын ярилцлагад бэлтгэхэд анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгөх семинарыг Төрийн албан хаагчид, иргэний нийгмийн төлөөлөл болон МУИС-ийн ОУХС-ийн төгсөх курсын оюутнуудад зориулан хийж, мөн “Bloomberg” телевизид ярилцлага өгсөн. НҮБ-д мэргэжилтэн ажиллуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах, НҮБ-ын системийн аль байгууллагад, ямар мэргэжлийн боловсон хүчин ажиллуулах шаардлагатай байгаа талаар ГХЯ санал  боловсруулж байна.

-НҮБ-ын зүгээс Сирийн байдлыг тогтворжуулах, асуудлыг энхийн аргаар шийдвэрлэхэд нэлээд чармайж байна. Энэ талаар болон хурцадмал байдлын халуун цэгийг намжаах, энхийг сахиулах чиглэлээрх хүч чармайлтыг Монгол улс хэрхэн үздэг вэ?
-Монгол Улс нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагддаг "Сири дэх нөхцөл байдал" тогтоолын төслийг дэмжих замаар Сирийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа харуулдаг. Мөн Сирид сүүлийн нэг жил гаруй хугацаанд үүссэн нөхцөл байдлыг харгалзан Олон улсын хандив амлах бага хурлыг зохион байгуулах тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас гаргасан уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж 10 мянган америк долларын сайн дурын хандив өргөснийг НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгээс талархан хүлээж авсан. Монгол Улс аливаа маргаан, сөргөлдөөнт байдлыг эв зүйгээр, яриа хэлцээний замаар шийдвэрлэх зарчмын байр суурь баримталдаг. Гэхдээ Сирид энгийн номхон олон арван мянган иргэд амь үрэгдэж, сүүлийн үед химийн зэвсэг хэрэглэсэн мэдээ гарах болсон нь бидний сэтгэлийг түгшээж байна. Монгол Улс 2002 онд  цэргийн 2 ажиглагчийг анх илгээж байсан бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 5 мянга гаруй цэрэг дайчид маань энхийг сахиулах ажиллагаануудад оролцсон бөгөөд өнөөгийн байдлаар Өмнөд Суданд 850 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл  Энхийг сахиулах хүчнийг бэхжүүлэх тухай 2086 тоот тогтоолыг энэ оны 1 дүгээр сарын 21-ний өдөр баталсан. Монгол Улс  цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн бэлтгэл, дадлага туршлага бүхий цэрэг, цагдаагийн албан хаагчдаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах замаар энэхүү тогтоолын хэрэгжилтэд  болон  НҮБ-ын Энхийг сахиулах чадавхийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг.

-Монгол Улс 2012 оны 11 дүгээр сард Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны  байгууллага (ЕАБХАБ)-д 57 дахь оролцогч улсаар нэгдсэнийг бид мэднэ. Энэ чиглэлээр хийгдсэн ажлуудаас товч  боловч ярина уу?
-Ер нь ЕАБХАБ-ын үйл ажиллагааг цэрэг улс төрийн, эдийн засаг ба байгаль орчны, хүний аюулгүй байдлын гэсэн хэмжигдэхүүнээр авч үздэг. Гишүүн орнууд эдгээр гурван үндсэн чиглэлийн хүрээнд зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдал, хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцон зөвлөлдөж, хамтран ажилладаг. Манай улс ЕХБХАБ-ын хамгийн отгон буюу шинэ тутам гишүүн боловч өнгөрсөн хагас жилийн хугацаанд тус байгууллагатай маш идэвхтэй харилцаа өрнүүллээ. Энд юуны өмнө ЕАБХАБ-ын удирдах албан тушаалтнууд Монгол Улсад айлчилсан, саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах хэсгийнхэн Улаанбаатар хотноо хоёр сар гаруй айлчилсныг цохон тэмдэглэхийг хүсч байна.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн дарга Рикардо Мильори тэргүүтэй төлөөлөгчид  энэ оны 3 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан.Төлөөлөгчид айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсаны зэрэгцээ УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Монгол-ЕАБХАБ-ын Парламентын бүлгийн дарга М.Батчимэг нартай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Манай улс ЕАБХАБ-ын гишүүн болсноос хойш тус байгууллагаас өндөр хэмжээнд хийгдсэн анхны энэхүү айлчлал Монгол Улс ЕАБХАБ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүний дотор ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей болон Монгол Улсын Их Хурлын хооронд ажил хэргийн холбоо тогтооход чухал ач холбогдолтой болсон. АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер оролцлоо. Л.Занниер бага хуралд оролцох үеэрээ УИХ-ын гишүүн, Монгол–ЕАБХАБ-ын Парламентын бүлгийн дарга М.Батчимэг зэрэг албаны хүмүүстэй уулзаж цаашдын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон бөгөөд ЕАБХАБ нь хил хамгаалах, гааль, цагдаагийн байгууллагын хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд багагүй туршлагатайг онцолж энэ чиглэлээр манай улстай хамтарч ажиллах, мөн ЕАБХАБ-ын НБДГ болон тус байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд монгол иргэдийг ажиллуулах боломжтойг дурдсан.

Монгол-ЕАБХАБ-ын цаашдын хамтын ажиллагааны чиглэл, салбарыг тодорхойлох зорилго бүхий ЕАБХАБ-ын энэ жилийн дарга орон-Украины Элчин сайдаар ахлуулсан ЕАБХАБ-ын Илтгэгчдийн баг 2013 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 1-ний өдрүүдэдайлчилж манай УИХ, Засгийн газрын холбогдох яам, агентлагууд болон олон нийтийн байгууллагуудтай олон уулзалт хийж санал бодлоо харилцан солилцсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан ЕАБХАБ-ын Варшав дахь Хүний эрх, ардчилсан байгууллагуудын албаны төлөөлөгчид  3 дугаар сарын 4-7-нд Улаанбаатар хотноо ажилласан. ЕАБХАБ-ын сонгуулийн ажиглагчдын бэлтгэлийг хангах багийнхан 4 дүгээр сарын 9-14-нд Улаанбаатар хотноо ажилласан. Сонгууль ажиглах баг 7 дугаар сарын 15-ныг хүртэл манай улсад ажилласан.Нийт 210 ажиглагч ажилласны 167 нь богино хугацааны, үлдсэн нь урт хугацааны ажиглагчид байсан. Сонгуулийн ажиглагчид манай улсад ажиллах хугацаандаа хоёр удаа явцын (6 дугаар сарын 6 ба 19-нд), үр дүнгийн урьдчилсан (6 дугаар сарын 27-нд) илтгэл гаргасан ба эцсийн илтгэл нь 8-9 дүгээр сард гарах юм. Урьдчилсан илтгэлд “Монголын сонгууль өрсөлдөөнт уур амьсгалд сайн зохион байгуулагдсан ч хууль, эрх зүйн орчны хязгаарлагдмал, нэг мөр бус байдлыг сайжруулах хэрэгтэй” гэхчлэн манай улсын сонгуулийн хууль эрх зүйн орчин, зохицуулалтад анхаарвал зохих зарим дүгнэлтийг хийсэн байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн буюу 6 дугаар сарын 24-25-нд сонгуулийг ажиглах үйл ажиллагааг зохион байгуулсан ЕАБХАБ-ын Варшав дахь Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал Ж.Ленарчич Монгол Улсад ажилласан. Тэрээр бидэнтэй хийсэн уулзалтынхаа үеэр Монгол Улсын Гадаад харилцааны яамны зүгээс ЕАБХАБ-ын Ажиглагчдын хэсгийн үйл ажиллагаанд тусламж, дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийлсний дээр Ажиглагчдын хэсгийн үйл ажиллагааны гол зорилго нь сонгуулийн  явц дахь зөрчил, дутагдлыг илрүүлэх бус, харин тухайн орон цаашид ардчилсан сонгуулиа улам бүр боловсронгуй явуулахад нь ашиг тус бүхий санал зөвлөмж өгөхийг чухалчилдаг хэмээн онцолж байсан. Үүнтэй холбогдуулан хэлэхэд ЕАБХАБ-ын оролцогч 57 улсын аль нь ч өөрийн улсын сонгуульд ажиглалт хийлгэх хүсэлт тавьж болдог, ажиглагчдын багт мөн хүссэн оролцогч улсын төлөөлөл багтаж ирдэг, ЕАБХАБ-аас  АНУ, ИБУИНВУ зэрэг өндөр хөгжилтэй гишүүн орнууддаа сонгуулийн ажиглалт явуулаад олон санал зөвлөмж өгч байсан тохиолдлууд байдаг юм билээ. Ардчилсан институц, хүний эрхийн албаны зүгээс сонгуулийн ажиглалтаас гадна жендерын эрх тэгш байдлыг дээшлүүлэх буюу улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн шинэтгэлийг дэмжих буюу тодорхой асуудлаар боловсруулж буй хуулийн төслийг экспертүүдээр хянуулж зөвлөмж өгөх боломжтой гэхчлэн тодорхой, сонирхолтой саналууд дэвшүүлж байсан. Үүнээс гадна ЕАБХАБ-ын шугамаар зохион байгуулсан семинар, сургалтуудад манай холбогдох яам, газрын төлөөлөгчид оролцож байна. Дашрамд дурдахад, тус байгууллагад шинээр элсч орсонтой холбогдон тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэл, түүний төрөлжсөн байгууллага, албад, тэдгээрийн хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүд, зохион байгуулдаг хурал, чуулга уулзалтуудын талаар төр, засгийн газрын болон иргэний нийгмийн байгууллагууддаа танилцуулах сургалтыг энэ 9 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Монгол Улс АОХН-ийн сайд нарын 7 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан талаар Тантай өмнө ярилцсан  болохоор энэ  удаа давтаж асуусангүй. Манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хэрхэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлсэнд Гадаад харилцааны сайд Танд баярлалаа.
Б.БАТ

М.Энхсайхан: Бид хошуу бага дүрж, хэрүүл бага өдвөл яасан юм



Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.
 

-Тэгэхээр өнөөдөр Монголын эдийн засаг хүнд байна. Монгол Улс элгээрээ хэвтэж байна гэж ярих боллоо. Бодит
үнэн нь ямар байгаа юм бол. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Монголын эдийн засаг хүнд байна, элгээрээ хэвтлээ гэдэг үг яриаг өнгөрсөн 20 жилд би олон удаа сонссон. Ийм төрлийн яриа намайг лав цочроохгүй байгаа. Монголын эдийн засаг байдгаараа л байна, өсч байгаа, тэлж байгаа. Мэдээж засч  сайжруулах ажил байлгүй яахав. Хэн ямар өнцгөөс харахаас л хамаарч байгаа. Үнэндээ Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд байгаа гэдэг нь хангалттай. Элгээрээ хэвтсэн эдийн засагт 10 гаруй хувийн өсөлт гарна гэж юу байхэв дээ. Уул уурхайн орлогоор цамаан загнаж байсантайгаа харьцуулбал улсын төсөвт хэцүү байж магадгүй.Гэвч энэ бол ганц энэ Засгийн газарт хамаарах асуудал биш юм.Буруутан хайж байгаа бол урд өмнөх Засгийн газрууд бүгд л буруутан болж таарна.Монгол эдийн засгийн голланд өвчтэй байсан.

Хөнгөн хэлбэрээр өвчилсөн байгаа дээрээ засвал сайн байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд хамгийн том орон зайг Оюу Толгой төсөл эзэлж байсан.Оюу толгойн эхний шатны хөрөнгө оруулалт дуусгавар болсонтой холбогдуулаад гадаад хөрөнгө оруулалтын үзүүлэлт буурсан байдалтай харагдаж байгаад санаа зовохгүй байна.Ашигт малтмалын лицензийг дэг журамд оруулах үйл явцтай холбоотой хөрөнгө оруулалт буурсан байж болно.Энэ бол байх ёстой төлбөр. Энд тэнд газар ухаж тонох нь багасч байгаа бол гадаадын хөрөнгө оруулалтын үзүүлэлт буурах нь гарцаагүй. Харин эх болсон байгаль газраа хамгаалах нэрийн доор гадаадын хөрөнгө оруулалтыг хөөгөөд гаргая гэж мэр сэр бодож байгаа бол том алдаа болно. Монгол  Улс хөгжихийн тулд олон улсын зах зээл дээр өр тавьж зээл авч байгаа. Уг нь өр тавьж зээл авч байснаас гадны хөрөнгө оруулалтыг дэмжих нь бидэнд болон хойч үед маань ашигтай гэдгийг ойлгомоор байна.Сайн зохицуулсан орчинд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжвэл алдсан ч тэр нь бидний монголчуудын өр болохгүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт  эрсдлээ хөрөнгө оруулагч нь 100 хувь хариуцдагаараа онцлог. Тиймээс ч улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихийг эрмэлздэг юм. Урд хөрш Хятадын хөгжлийн бодлогын нэг нь гадны хөрөнгө оруулалтыг дэмждэг явдал юм.

-Валютын ханшийн огцом хэлбэлзэл юунаас болсон гэж та үзэж байгаа вэ?
-Зуны дараа намар, намрын дараа өвөл болно. Энэ бол байгалийн хууль шүү дээ. Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй.Түүнтэй нэгэн адил хэн ч өөрчилж чадахгүй эдийн засгийн хууль гэж байдаг.Бид хийж бүтээхээсээ илүү үрэлгэн зардал гаргаж байгаа бол валютын ханш хэлбэлзэнэ.Таван толгойгоо,, Эрдэнэтээ барьцаалж өр тавьж амьдарсан. Уул уурхайн орлогодоо найдаж үрэлгэн байдалд дассан. Энэ бүгд бол голланд өвчин. Хариу нь валютын ханшийн хэлбэлзлээр илэрч байгаа юм. Чили томоохон зэсийн үйлдвэрлэгч. Харин голланд өвчин тусахгүйн тулд үндэсний мөнгөн дэвсгэрт песогоо ам.доллартай харьцуулбал зориудаар сулруулж байдаг.Үүний хүчээр хөдөө аж ахуй, бусад салбараа хамгаалдаг юм. Манайд энэ талын ойлголт тун маруухан. Хятадын юанийн ханш бодит тооцоогоор нэг ам доллар нь дөрвөн юань байх ёстой гэдэг юм. Гэтэл өнөөдөр нэг ам доллар нь зургаан юань байна. Хэн хождог вэ гэхээр Хятадын экспортлогчид. Нэг долларын экспорт хийгээд дөрвөн юань авах уу, зургаан юань авах уу. Хятад эсэн бусын бараагаар дэлхийг эзэлсэн нэг шалтгаан үүнд байгаа.Тиймдээ ч ханш тойрсон тэмцэл Америк, Хятадын хооронд байнга болж байдаг. Валютын ханш гэдэг бол төгрөгөөр илэрхийлэгдэж буй валютын үнэ. Зах зээлд үнэ нь эрэлт нийлүүлэлтийн харьцаагаар тогтох ёстой гэвэл ойлгоход хялбар болох байх аа.

-Оюу толгойн асуудал сүүлийн үед шуугиан тарилаа. Далд уурхайгаа хааж, олон ажилтнаа цомхотголоо гэдэг мэдээлэл гарсан. Энэ юутай холбоотой юм бол. Юунаас болоод ийм зүйл болов?

-Бидний монголчууд гадны хөрөнгө оруулагч нартай англи хэлээр биш бизнес хэлээр ярьж сурах хэрэгтэй байна. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг буруу нь аль аль талдаа байгаа биз. Би учраа олно гэдэгт итгэж байна.

-Зарим хүн Оюу толгой зогссон нь сүртэй зүйл биш. Анхаарах хэрэггүй гэх. Зарим нь Оюу толгой зогссоноор Монголын эдийн засагт сүйрэл ирлээ гэх юм. Та аль өнцгөөс харж байгаа вэ?
-Win-Win хувилбар гэж байдаг. Гадаадын хөрөнгө оруулагч, Монголын тал аль аль нь хожих хувилбар юм л даа. Үүний төлөө ажиллахын тулд мэдлэгтэй, боловсролтой яриа хэрэгтэй. Би үүнийг бизнес хэл гээд байгаа юм. Англи хэлээр зад хэрэлдэж болно.Хэнд ч ашиггүй.Бизнес хэлээр яривал ханцуй дотроо тохиролцож болно шүү дээ.

-Оюу толгойн асуудлаар ямар бодлого байр суурь баримтлах нь зөв юм бэ, таныхаар?

-Оюу Толгойн гадаад захирал өөрчлөгдлөө. Монголын талын захирал өөрчлөгдлөө. Шинэ захирлууд хэн хэн нь хожих хувилбарыг олох хэрэгтэй.
Бид харин хошуу бага дүрж хэрүүл бага өдвөл яасан юм.

-Гадаадын  хөрөнгө оруулалт буурч байгаа нь бодит үнэн болж байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нь бодлогын чиглэл байх ёстой.Гэхдээ энэ нь урд нь алдсан алдаагаа үргэлжлүүл гэсэн үг биш.Хэн дуртай нь хаа  хамаагүй газар сэндийчихийг зөвшөөрөх хэрэггүй.Манайх бодлогоо чамбайруулж дэмжих ёстой гадаад хөрөнгө оруулалтыг дэмжсэн шиг дэмждэг болох ёстой.Нэг үгээр хэлбэл бодлогоо чамбайруулья.

-Таван толгойн асуудлаар таны байр суурийг сонсох гэсэн юм. Таван толгойн нүүрс өрөндөө таараад Монголд ирэх ашиг байхгүй болчихсон байна л даа?
-Бид ашгийг нь урдчилж аваад идчихсэн. Одоо ашиггүй байна гэж гоншгонох хэрэггүй. Хүнээс мөнгийг нь авсан юм бол гүрийж байгаад нүүрсээр ч болов төлчих нь зүйтэй.Урагшгүй ноёдын алдааг бид засах ёстой болохоос хий хоосон орилох хэрэггүй. Цаг зуурын бэрхшээл гэж бодох хэрэгтэй.

-Саяхан Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Таныг урьсан гэсэн. Гэхдээ та харагдаагүй...

-Би гадаадад явж байсан учраас  уулзалтад оролцож чадаагүй.

-Бүтээн байгуулалтын ажлууд ч удаан байна гэдэг шүүмжлэл өрнөж байна. Энэ тухай та юу хэлэх вэ?
-Шүүмжлэл ерөнхий биш тодорхой байх ёстой. Ямар төслийн тухай ярьсан юм бол доо.

-Бондыг үр ашиггүй төсөл зарцуулсан нь одоо тодорхой болж байна. Зам тавихаас өөр бүтээн байгуулалт алга. Олон олон үйлдвэр байгуулах асуудал юу болов гэх мэтээр ам асуух хүмүүс бий  л дээ?
-Мөнгө нь байна. Төслүүд нь бэлэн биш байгаа. Шаардлага хангах төсөл алга. Боловсон хүчин алга. Арга зүй алга. Бондын мөнгийг зүй зохистой зарцуулах санхүүгийн механизм ч алга. Бүх юм бидэнд шинэдээд учраа олохгүй байдал байсан. Одоо харьцангуй зүгшрэх боловуу гэж бодож байна. Монгол мега төслийн зовлонтой учирах хөгжлийн үе шатан дээр байна. Гол бэрхшээл нь боловсон хүчин. Дээр нь мөнгө хувьдаа завших гэсэн этгээд “соёл”, улс төрийн тогтворгүй орчин. Мега төсөл дэндүү өртөгтэй, дэндүү их цаг хүч, хөдөлмөр авдаг тул хөрөнгө оруулагчид хээл хахуультай бизнесийн орчин, хэл амаа ойлголцож үл чадах хүмүүс, байгууллагуудтай ажиллахыг сонирхохгүй шүү дээ.

-Монгол Улсын эдийн засаг сүүлийн нэг жил ингээд муудчихлаа гэдэг дүгнэлтийг Ардын намынхан хэлж байна. Энэ хэр бодитой дүгнэлт вэ?
-Тийм дүгнэлт хийсэн гэж би мэдээгүй юм байна. Арай үгүй байлгүй дээ. Ер нь манай эдийн засгийг жилийн дотор өөд нь татах, жилийн дотор нураах ямар ч бололцоогүй. Тийм ид шидтэн аль эсвэл чөтгөр Монголд байхгүй.

-Таны хариуцан ажиллаж байгаа цахилгаан станцын асуудал юу болж байна. Ямар шатандаа яваа вэ?
-Манай төсөл хурдтай явж байгаа. Таван толгойн цахилгаан станцын төсөлд одоогийн байдлаар Японы хоёр, Солонгосын хоёр, Чех, Германы тус бүр нэг, Франц, АНУ-ын нэг, Хятадын гурван томоохон компани сонирхлоо илэрхийлээд байгаа. Бид тэдэнтэй холбогдож ажиллаж байгаа.

-Эцэст нь танаас асуулгүй өнгөрч болохгүй нь. МАХН-ын дарга Н.Энхбаяр өршөөгдсөн тухайд та ямар байр суурьтай яваа вэ?
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлийн хүрээнд Энхбаяр даргад уучлал үзүүлсэн.“Монгол төр өөртөө зүтгэсэн хүнд халтай” гэдэг үг худал гэдгийг харуулж өгсөн ач холбогдолтой үйл явдал байлаа.
 
Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Эх сурвалж: "Өдрийн сонины 2013 оны 08 дугаар сарын 22-ны
дугаарт нийтлэгдсэн ярилцлага"

Д.Эрдэнэбат: Ээлжит бус чуулган хуралдуулах асуудлаар Засгийн газар ямар байр суурьтай байгааг сонсох хэрэгтэй



УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-УИХ-ын чуулган завсарласан хэдий ч засаг төрийн ажил их байх шиг байна. Таны хувьд ажилдаа оров уу.  Завсарлагаанын хугацаанд юу хийв?

-Ирэх аравдугаар сарын 1-нээс УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Энэ хооронд амарч, ажиллахын аль алиныг хослууллаа. Тэгээд ажилдаа орж байна. Энэ намрын чуулганаар хэлэлцэх гол гол хуулийн төслүүдийн ажлын хэсэг завсарлагааны үеэр хуралдаж байна. Миний хувьд зохих байгууллагуудтай уулзаж, өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн  нөхцөл, улс орны байдлын талаар мэдээлэл авлаа. Улс орны тулгамдаж байгаа асуудал юу байна, валют, экспортын талаар Засгийн газар ямар байр суурьтай, юу хийж байгааг сонслоо.

-Эдийн засаг хүндхэн байгаа учраас УИХ-ын  ээлжит бус чуулганыг ирэх сарын 2-6-ны өдрүүдэд хуралдахаар болж байх шиг байна. Гишүүдийн ирц бүрдэхээр байна уу?
-Ээлжит бус чуулган хуралдуулах тухай асуудлаар эхлээд Засгийн газар ямар байр суурьтай байгааг сонсох хэрэгтэй байх. Яагаад гэвэл долдугаар сард үүссэн эдийн засгийн байдлыг бодитой дүгнэх, учир шалтгааныг нь сонсох хэрэгтэй болов уу.   

-Засгийн газар хүсвэл УИХ ажилдаа орно, Засгийн газар хүсэхгүй бол хуралдахгүй гэсэн үг үү?
-Хүсэхгүй бол хуралдахгүй гэж хэлээгүй шүү дээ. Эдийн засгийн эрсдэлтэй байдлаас гарах замыг УИХ-аар шийдвэрлүүлэх, хууль тогтоол шийдвэр батлуулах шаардлага байна гэж Засгийн газар УИХ-аас хүсэх юм бол чуулган хуралдахад бэлэн. Хэрэв Засгийн газар одоо үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг бид өөрсдөө зохицуулаад гарцаа олчихно гэвэл заавал чуулган хуралдах шаардлага байна уу, үгүй гэдэг зүйл яригдана.

-УИХ-ын дарга шийдвэр гаргаад ээлжит бус чуулган хуралдуулах нь тодорхой болчихсон гэж ойлгоод байгаа шүү дээ?
-УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хуралдуулахаар  төлөвлөчихсөн зүйл байгаа болов уу. Хэн ямар үндэслэлээр ээлжит бус чуулганыг хуралдуулах санаачилга гаргав гэдэг нь тодорхой байсан тохиолдолд шийдвэр гаргана. Гэвч одоогоор тийм зүйл алга.

-Ардын намынхан ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага тавьсны дагуу шийдвэр гаргасан юм биш гэж үү. Ерөнхийлөгч ч энэ шаардлагын дараа ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүстэй уулзсан байх аа. Нийгэмд ингэж л ойлгогдсон?

-Валютын ханшны хэт хэлбэлзэл яагаад үүсэв, экспорт яагаад буурав, Оюу толгой, Таван толгойн ажил яагаад явахгүй байна гэдэг Ерөнхийлөгч санаа зовох нь зөв. Энэ бүхэн манайд үүссэн бодит нөхцөл байдал мөн. Ардын нам УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн байна лээ. Тэр нь асуудлыг эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн өнцгөөс нь харсан шаардлага. Хэтрүүлэгтэй болохоос буруу ч юм биш л дээ. Энд нэг л зүйлийг хэлье. Өнөөдөр Монголын эдийн засаг бодит хөрсөн дээрээ буучихаад байгаа нь энэ. Бид олон жил эдийн засгаар улстөржлөө шүү дээ. Харин одоо эдийн засгийг дахин хөөсрүүлж, улстөржүүлэх шаардлага байхгүй гэдгийг ойлгох ёстой. Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орчихлоо гэж хувьдаа үзэхгүй байгаа. Хямрал гэдэг өөрөө ноцтой асуудал. Жишээ нь ДНБ-ний хувь унаад, ажилгүйдэл нэмэгдээд, мөнгөний урсгал татраад ирвэл асуудал байна гэж үзэхээс өөр арга байхгүй. Одоо тийм зүйл тохиолдоогүй байна. Тиймээс эдийн засгийн тухай санаанаасаа зохиож улстөржсөн байдлаар яриад хэрэггүй. Бодит тоон утгаар нь ярих хэрэгтэй.

Эдийн засаг өндөр эрсдэл хүлээгдэж байгаа юу гэвэл тийм. Үүнийг бүгд мэдэж байгаа. Шаардлагатай гэвэл чуулган хуралдаж болно. Гэхдээ ямар нэг улстөржсөн байдлаар Засгийн газрыг шүүнэ  гэвэл буруу.  Энэ асуудлыг хөндөх нөхцөл ч үүсээгүй. Экспортын орлого буурч, ханшны хэт хэлзэлзэл үүссэн нь эдийн засаг хүндэрч болзошгүй анхны дохио гэж  ойлгох хэрэгтэй. Үүгээр далимдуулж аливаа улс төрийн ашиг хонжоо хайх эрх хэнд ч байхгүй. Тиймээс бүгдийг тайван орхи.

-Ардын нам Засгийн газрыг тогтворгүй байлгахын тулд эдийн засгаар тоглож байна гэж үү?
-Анхнаасаа тогтворгүй байлгах тухай  тэд ярьж гарч ирсэн шүү дээ. Тэдэнд эх орны эрх ашиг хамаатай юм уу. Юм болгоныг тогтворгүй болгох чиглэл рүү явдаг. Нийгэмд айдас төрүүлсэн юм л хийж байна. Энэ нь хэнд хэрэгтэй юм. Эдийн засгийн зовлонгоор тоглолт хийдэг улс төр өнөөдөр хоцрогдчихоод байна. Хөдөлмөрлөхийг эрмэлзсэн хүмүүст таатай бизнесийн орчин бүрдүүлэх шаардлага бидэнд тулгарчихаад байна шүү дээ. Оюу толгой, Таван толгой мэтийн маргаантай асуудлаас болж засаг руу дайрдгаа боль. Засгийн газарт тайван ажиллах нөхцөл бололцоог нь олгох ёстой. Харин засаг нь өөрөө бизнесийг эрчимтэй ажиллуулах нөхцөлийг хангах хэрэгтэй.

-Бодит байдлаараа манай эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ?
-Улс оронд хүндэрчихээд байгаа юм ч байхгүй. Засгийн газрын холбогдох хүмүүс, Монголбанкны мэдээллийг сонсоход ДНБ 11 хувиар өсчихсөн байна. Ажлын байр нэмэгдсэн байна. Бүтээн байгуулалтад тулгуурласан дотоодын зах зээлийн орчин хэвийн байна. Харин  экспортын орлого татраад байгаа нь үнэн. Гадаадын хөрөнгө оруулалт 46 хувийн бууралттай байна. Хоёрдугаарт мөнгөний ханш савлалаа. Үүнд  дүгнэлт хийж, цаашдын арга хэмжээгээ авах хэрэгтэй болохоос эдийн засаг уначихлаа, Монгол Улс элгээрээ хэвтлээ гэдэг улс төр хэрэггүй. Валютын нөөц багассан тухай яагаад яриад байна. Үнэхээр багассан юм уу. Валютын нөөц багассан гэдэг цуу яриагаар хүмүүс валют худалдаж аваад гадагш нь гаргая гээд байгаа юм биш биз. Ийм үйлдэл рүү хариуцлагагүй улс төр түлхдэг шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Монголбанк өнөөдөр 2.7 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байна. 800 сая доллартай  тэнцэх  юанийн нөөцтэй. Чингэс бондын үлдэгдэл 1.2 тэрбум ам.доллар байна. ийм байхад валютын ханш яагаад савлав гэдэг дээр дүгнэлт хийж, арга хэмжээ авах ёстой юм. Бүтээн байгуулалт бидний их ажлыг нугалж байна. Зам, барилга гээд урьд хожид байгаагүй ажлууд явж  байна.

-Гадаад хөрөнгө оруулалт яагаад буураад байна вэ?
-Оюу толгой гүний уурхайгаа ашиглах хөрөнгө оруулалтаа шийдээгүйгээс шалтгаалж гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хүндэрч байна. Оюу толгой бол Монголд орж ирж байгаа бусад хөрөнгө оруулалтын индикатор болчихсон. Яагаад гэхээр Монголд орж ирсэн  гадаадын хөрөнгө оруулалтын 60 хувийг Оюу толгой эзэлж байгаа юм. Үүнийг зохицуулж, хүндрэлээс гарах гарцыг олох нь Засгийн газрын яаралтай шийдэх зүйл мөн. Дараа нь Тавантолгойн асуудал байна. Анх ажиллахдаа 300 гаруй сая ам. долларын өр тавиад түүнийгээ сонгуулийн өмнө иргэдэд бэлнээр нь тараачихсан. Таван толгойн гаргаж байгаа нүүрсний хэмжээ өнгөрсөн жилүүдийнхээс буураагүй хэрнээ Монголд орж ирэх орлого алга.

Таван толгойн нүүрсээ бүгдийг нь өрөнд өгч байна. Одоо үлдсэн 170 сая ам.долларын өрийг  дарахын тулд Таван толгойг хоосон машин болгон хувиргаж байна шүү дээ. Үүний хажуугаар яавал нүүрсээ давхар борлуулах вэ гэдэг арга замыг Засгийн газар олох ёстой. “Чалко”-той хийсэн маргаантай гэрээгээ бизнесийн шугамаар шийдэх ёстой. Энд улс төр орох хэрэггүй. Ер нь Оюу толгой, Таван толгой бол  улс төрийн компани биш шүү. Бизнесийн компани учраас энэ чиглэлээрээ ажиллах нөхцөлийг нь хангах хэрэгтэй. “Ухаа худаг” зогсч байхад засгийн газраас туслалцаа үзүүлэх ёстой. “Эрдэнэт” үйлдвэр мөн ялгаагүй. Баахан өр тавьчихсан. “Эрдэнэт-ийн зэс биет байдлаар гарч байгаа хэрнээ орлого нь үзэгдэхгүй байна. Бас л өрөө төлж байгаа. Бид ийм л хэмжээнд амьдарч байгаагаа хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Түүнээс биш Ардын намынхны яриад байгаа шиг ганцхан жилийн дотор Монголын эдийн засаг хямарчихаад байгаа юм биш.

-Эдийн засгаа сайжруулахын тулд таныхаар ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Одоо бид эдийн засгаа сайжруулахын тулд бизнесийн орчноо зөв болгох ёстой. Аливаа компаниудыг  төр элдэв, татвар хууль хяналтаар дарамталж байна гэдэг шүүмжлэл бий.  Монгол Улс эдийн засгийн бодит хөрсөн дээр байгаа нь үнэн юм бол эдийн засгийн орчныг тайван байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл татвар хууль хяналтаар дарамталдаг зүйлийг багасгах тухай асуудал юм. Монголчууд урьд урьдын  жилүүдэд ажил хийдэггүй, үйлдвэр байгуулсангүй шүү дээ. Төр бүгдийг нь даадаг бэлэнчлэх сэтгэлгээтэй явж ирлээ. Тэгвэл өнөөдөр хүн болгон эрвийх дэрвийхээрээ, чаддаг чаддагаараа ажиллаж, хөдөлмөрлөж байж амьдардаг болсон байна. Бэлэн мөнгө нэхэхээ байж. Тиймээс бид энэ хүмүүсийг чөлөөтэй хөдөлмөрлөх нөхцөлөөр нь хангаж өгөх хэрэгтэй. Нэг цагдаа очоод байгууллагуудыг хаалгыг цоожлоод явдаг дураараа орчин байх ёсгүй.

-Оюу толгойг өнөөдөр ийм байдалд хүргэсэн шалтгаан нь юу юм бэ. “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Ц.Сэдванчигийг сольсон шалтгаан нь үүнтэй холбоотой юу?
-Оюу толгойн гэрээний маргааны асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа юм биш. Далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлаар хоёр тал хамтарч шийдвэр гаргах учиртай. Энд зөрчил үүссэн нь үнэн. Үүнээс болж хөрөнгө оруулалт зогссон нь ч үнэн. Ц.Сэдванчиг захирлыг муу ажилласан гэж бодохгүй байна. Гэхдээ Оюу толгой бол улс төрийн компани биш шүү дээ. Бизнесийн компани учраас гэрээнд заагдсаны дагуу, Компанийн тухай хуулийн хүрээнд ажлаа явуулах үүрэгтэй. Үүнийг нь хэн нэгэн удирдлага зөрчих ёсгүй.

Гэхдээ бид Оюу толгойгүйгээр  хэсэг хугацаанд амьдарч чадна. Тэртэй тэргүй малынхаа буянаар амьдраад л ирсэн улс. Харин бид бүх асуудлыг эрх зүйн хүрээнд нь цэгцлэхээр  оролдож байгаа. Засгийн газрын энэ ажлыг буруу гэж үзэхгүй байна. Мэдээж “Рио Тинто” 7.5 тэрбум ам.долларыг Монголын хөрсөнд хийчихээд зүгээр хаяад явчихна гэж бодохгүй байна. Тиймээс хэн хэнээ зөв ойлгож, зөвшилцөх нь чухал байна.

-Ц.Сэдванчиг захиралд ямар  алдаа гаргасан юм бэ?

-Өөрийнхөө итгэл үнэмшлээр асуудалд улс төрийн өнцгөөр хандсанаараа алдаа хийсэн байх. Магадгүй үүгээр шалтаглаж Оюу толгой уурхайгаа хаахад хүрсэн байж магадгүй. Тиймээс арай өөр аргаар ажиллах шаардлага гарчээ гэж Засгийн газар шийдсэн гээд ойлгочих.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
"ӨДРИЙН СОНИН"