Sunday, 6 October 2013

Д.Оюунхорол: Бизнес дэх төрийн оролцоо эдийн засгийн хүндрэлийг үүсгэж байгаад анхаарах ёстой

УИХ-ын гишүүн, МАН- ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролыг “Бодлоготой хөгжье” буландаа урилаа.

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд эдийн засгийн орчин, хөгжлийн явц байдалд хийсэн УИХ-ын ажлын хэсгийн судалгаа дүгнэлтийг танилцуулж, хэлэлцсэн.Энэ талаарх таны байр суурь юу вэ?
-УИХ-ын ажлын хэсэг өнөөгийн эдийн засагт нүүрлээд байгаа нөхцөл байдлыг тодорхой бодитой дүгнэсэн байна лээ. Тухайн үед буюу судалгаа, дүгнэлт гаргах үед МАН улс орны эдийн засагт үүсч болох нөхцөл байдалд онош тавьж, бодлого тодорхойлогчдод анхааруулж байсан. Төсөв хүндэрч, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч мэдэх сануулгыг өгч байсан. Валютын ханш, инфляцын өсөлтийг хүртэл урьдчилан таамаглаж, анхааруулж байсан ч Засгийн газар хайхрамжгүй хандсанаас өнөөдөр олон бэрхшээл үүслээ. Гэвч одоо улстөржөөд суух цаг биш. Бид эрүүл саруул ухаанаа уралдуулж, зөвшилцөж, ярилцаж, ойлголцож үүсч бий болсон асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг улстөржүүлэх шаардлага бидэнд байхгүй.

-Өнөөдөр эдийн засгийн орчинг сайжруулахад ямар асуудалд онцгой анхаарах ёстой вэ?
-Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг дэмжих, татах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хууль гаргахыг бид дэмжиж байгаа. Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүйгээр хөрөнгө оруулалтыг дэмжин урамшуулах асуудлыг хуульчилж өгөх нь зүйтэй. Мөн гурван тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг энэ хуулийн хүрээнд хамруулахаар ярьж байгаа. Монгол орны эдийн засаг бүхэлдээ уул уурхайн импортоос хэт хамааралтай учраас зэс, нүүрс, төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнэ унахаар л экспортын хэмжээ буурах эрсдэл үүсч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Валютын хэмжээ буурч, төгрөгийн ханш унахын зэрэгцээ гадаад өрийн төвшин нэмэгдсэн нь Монголын эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж магадгүй байгаад анхаарах ёстой. Гадаад өр зээлийн хэмжээ ДНБ-ий хэдэн хувиас давсныг, хүү төлбөрт хэдэн төгрөг төлж байгааг УИХ ажлын хэсэг гарган судалж, эрсдэл хүндрэлийг урьдчилан тооцож дүгнэлт гаргах ёстой гэсэн байр суурьтай байна. Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед хөдөө орон нутгийн хөгжлийн ирээдүйг харсан бодлого гаргахад онцгой анхаармаар байгаа юм. Хөдөө аж ахуйн салбараа дэмжиж, эдийн засгийн нэг бааз суурь, хөл болгон авч явах ёстой. Төр, засгийн ийм бодлого муугаас хөдөөд хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгж ч ховордсон. Санхүүгийн эрсдэл, дэд бүтцийн сул дорой байдал, зах зээлээс алслагдсан байдал гээд тулгамдсан олон бэрхшээлийг хөдөөд чиглэсэн төрийн оновчтой бодлогоор л засч чадна. Иймээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл эрхлэхийг дэмжиж, хөрөнгө оруулалтын болон татварын дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгуулсан юм. Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлж, эрчимжүүлэх, төв суурин газрын дэргэд суурин фермерийн аж ахуй хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, дэлхийн зах зээл дээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ гаргах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Тухайлбал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг 2,2 мянган аж ахуйн нэгж байгууллагын 33,9 хувь нь бүтээгдэхүүнээ 100 ба түүнээс дээш км хол зам туулж зах зээлд гаргадаг гэсэн судалгаа ч бий.

-Хувийн хэвшил, бизнест хутгалдах төрийн оролцоо хэт их боллоо гэсэн шүүмжлэл их байна. Танд юу мэдрэгдэж байх юм?
-Төрөөс хувийн хэвшлийг дэмжих бодлогын хэрэгжилт үр дүн муутай, төрийн оролцоо хэт их, хүнд суртал, шат дамжлага, орон тоо их байгаа нь бизнесийнхэнд ихээхэн дарамт болж байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитоор хэрэгжүүлмээр байна. УИХ-аас батлан гаргах хуулиудад хувийн хэвшил, бизнесийнхний дуу хоолой, санал бодлыг тусгах хэрэгтэй. Төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээнд бизнес эрхлэгч, татвар төлөгчид маань сэтгэл дундуур байгаагаа компанийн захирлуудын дээд хэмжээний чуулган “CEO SAMMIT-2013” арга хэмжээний үеэр ярьж байна. Иймээс шийдвэр гаргагч бид энэ асуудалд онцгой анхаарлаа хандуулах шаардлагатай юм байна. Бизнес дэх төрийн оролцоо нь эдийн засгийн хүндрэлийг үүсгэж байгаад анхаарах ёстой.
Б.БАТ

УИХ-ын гишүүн Л.Болд: Иргэдийн оролцоо, шууд ардчиллыг эдийн засгийн бүтээн байгуулалтад дэлгэрүүлэх хуулийн төсөл болжээ



УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдтой цаг үеийн зарим нэг асуудлаар ярилцлаа.

-Эрхэм гишүүнтэй ярилцах сэдвийн хүрээ өргөн байгаа ч энэ удаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийн талаар онцгойлон ярилцахыг хүслээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх олон чухал асуудлын дотор энэ хуулийн төсөл багтжээ. Яагаад?
-Түгээмэл олдоцтой ашигт малтмал өөрөө олон талт асуудлыг хөнддөг сэдэв л дээ. Өмнө барьж байсан төрийн бодлогоор бол элс, хайрга, дайрга, шар шавар мэтийн түгээмэл тархацтай чулуулаг хуримтлалыг бусад ашигт малтмалын адил Ашигт малтмалын тухай толгой хуулиар зохицуулж ирсэн бөгөөд үүнийгээ барилга, зам зэрэг дэд бүтцийн объектууд нь өндөр үр ашигтай аж ахуйн салбарууд гэдгээр тайлбарлаж ирсэн байдаг. Гэтэл Монгол Улсад барилга, дэд бүтцийн өргөн хүрээтэй ажлууд ундарч Засгийн газрын шинэчлэлийн болон бүтээн байгуулалтын ажлуудад ийм байр суурь хүндрэл учруулах болсон байна. Нэг томоохон зам барих ажилд богино хугацаанд шаардлагатай болдог элс, шавар, хайрганы олборлолтыг газар дээр нь зохион байгуулахад хэт төвлөрлөсөн зөвшөөрлийн систем дарамт, садаа болох жишээтэй. Эс бол хэт дураараа авирлан аль дуртай газраасаа хууль зөрчин ажлаа явуулах шалтаг болж байна. Нөгөө талаас, бидний урт нэртэй хууль гэгддэг хуулийн утгаараа элс, хайрганы ихэнхи ордууд ашиглах боломжгүй ангилалд багтах болжээ. Нэгэнт оновчтой зохицуулалт байхгүй, зам барилгын ажлын үргэлжлэх хугацаа Монголд маань ахархан богино байдгаас шалтгаалан асар богино хугацаанд том даацын машин механизмаар голын хөндий, сав газрыг онгичон сэндийлэх, ойр орчимд нь оршин суугаа айл өрхийн орчныг ихээр доройтуулахад хүргэсээр байгаа юм.

Миний сонгогдсон тойргийн нэг хэсэг нь болох Хан Уул дүүргийн 12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт л гэхэд 63 аж ахуйн нэгж ийм лиценз эзэмшиж, 46 нь Туул голын маань сав газраас олборлолт явуулж байна шүү дээ. Нэг талаас улсын маань нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын эрх ашиг, нөгөө талаас байгаль орчин, оршин суугчдын аюулгүй, хоргүй, амар тайван байдал зөрчилдөж байна. Нэгэнт элс, хайрга, дайрга, шар шаврыг алт, зэс, нүүрсний адил ашигт малтмал гэж үздэг учраас 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 3 жил гаруй хугацаанд шинээр хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын тухай шинэ хууль дагаж мөрдөгдтөл хориглосон нь байдлыг улам хүндрүүлж байгаа юм. Иймд энэ асуудлыг тусад нь салгаж шийдэхээс өөр гарцгүй болж байна. Нэг үгээр хэлбэл, миний сонгогдсон тойргийн иргэдийн эрх ашгийг аваад үзсэн ч, улс эх орныхоо бүтээн байгуулалтыг бодоод үзсэн ч энэ хуулийг яаралтай баталж мөрдүүлэхээс өөр арга замгүй юм. Иймээс л би энэ хуулийн төслийг бүрэн дүүрэн дэмжээд байгаа хэрэг л дээ. Удахгүй хавар болж зам, барилгын ажил эхлэхэд ийм байдалтай байж болохгүй шүү дээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын нэг яалт ч үгүй мөн билээ.

-Хуулийн шинэчлэл, давуу тал, нэгдмэл байдлын талаар дурдвал илүү тод төсөөлөл бий болох байх даа?
-Энэ бол цоо шинэ хуулийн төсөл. Бие даасан бөгөөд Монгол Улсын бусад хууль тогтоомж, Шинэчлэлийн Засгийн газар, Ерөнхийлөгчийн баримталдаг шууд ардчиллын үзэл санаатай амиараа нийлсэн төсөл болсон гэж үзэж байна. Түгээмэл олдоцтой ашигт малтмалын зөвшөөрлийг олгох, үйл ажиллагааг хянах, орлогын хувийг авах бүх ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан, нутгийн захиргааны байгууллагууд 100 хувь гардан хариуцах болсноороо энэ хуулийн төсөл эрс ялгарна. Иргэдийн оролцоо, оршин суугаа газраа тохижуулан сэргээх санаачилга юунаас ч чухал болж байгаа хэрэг юм. Тухайн газар орны иргэд хаана эдгээр олборлолтыг явуулах, олборлолтын үйл явцыг хянах, олборлолтоос олох ашгийг юунд зарцуулахыг шийдэхэд оролцох боломжтой болсныг энэ төсөл харуулах юм. Алт, мөнгө, зэс, молибден, цайр зэрэг тусгай хэрэгцээнд ашиглагддаг үнэт, ховор ашигт малтмалууд, нүүрс, нефть, занар, хий, уран зэрэг эрчим хүчний нөөцүүд, элс, хайрга, шавар, шохой, перлит, байгалийн чулуу зэрэг зам, барилга байшин болон сүндэрлэдэг бүтээн байгуулагч ашигт малтмалууд, улс орны хөгжлийн тулгуур хүчин зүйл болдог төмрийн хүдрийн олборлолтыг зөв зохистойгоор нь ангилан тус бүрт нь тохирсон даацтай, алсын хараатай бодлого явуулах эх суурийг тавьсан хуулийн төсөл ч гэж үзэж болно.

-Хуулийн өргөн барьсан төсөлд сул тал ч гэх үү, маргаантай ч гэх үү тал ажиглагдав уу?
-Тойргийн сонгогчдоос ирүүлдэг санал бодол, Хан Уул дүүрэг болон бусад мэргэжлийн байгууллагуудын хийсэн шалгалтын дүн, дүгнэлтүүд зэрэгт тулгуурлан харвал харьцангуй сайн хуулийн төсөл болжээ. Хуулийн төслийг эх барин боловсруулсан УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн ахалсан ажлын хэсгийн үйл ажиллагааг би сайшаамаар байна. Өөрийн салбарын эрх мэдлийн томоохон хэсгийг задлан нутгийн захиргааны байгууллагад харамгүй шилжүүлэн өгч, шууд ардчиллыг хэрэгжүүлэхэд оруулсан томоохон хувь нэмэр болох байх гэж үзэж байна. Аливаа юманд дутуу дулимаг зүйл байлгүй л яахав, нэг хоёр заалт нэмж хармаар санагдаж байна лээ. Түгээмэл олдоцтой ашигт малтмалын хайгуул, олборлолтыг нутгийн захиргааны байгууллагад бүрэн шилжүүлсэн боловч хуулийн төслийн зарим нэг зүйл заалтаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг эцэслэн хянах зэрэг ойлгомжгүй, эргэж буцсан тал ажиглагдаж  байна лээ. Гэхдээ энэ мэт жижиг засварууд чуулганаар хэлэлцэх үед шигшигдээд жигдрэх биз. Бас энэ төсөлд элс, хайрга, дайрга, шар шавар дээр нэмээд байгалийн чулуу, шохойн чулууг нэмж оруулмаар санаа төрж байгаа.

Ерөнхийдөө иргэдийнхээ ахуй орчин болон улс орныхоо бүтээн байгуулалтын тэнцвэртэй байдалд санаа тавьж, нутгийн захиргааны байгууллагын эрх үүрэг, хариуцлагыг өргөтгөж, иргэдийн оролцоо, шууд ардчиллыг эдийн засгийн бүтээн байгуулалтад дэлгэрүүлж байгаа хуулийн төсөл болжээ гэж харж байна. 
ЯРИЛЦСАН Р.НАМДҮ

Зайсангийн унаган иргэдийг хамгаална



ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Тусгай хамгаалалттай газрыг иргэдэд өгөх нэрээр хэдэн олигархуудын гар хөл болж, захиалгаар ажиллаж байна. Энэ Ц.Оюунгэрэл хэн гэгч олигархийн захиалгаар Зайсанг тусгай хамгаалалтаас гаргаад байна гэх хардлагад тайлбар хийх үү?
-Та хардах эрхтэй. Би тайлбарлах үүрэгтэй. Би Зайсангаас сонгогдсон гишүүн. Иргэдтэйгээ уулзах гээд очихоор иргэд маань өөдөөс гол асуудлаа тавьдаг. Сонгуульд өрсөлдөж байх үед ч тэр, дараа нь ч тэр иргэдийн тавьдаг гол зүйл нь “Бид орон гэртээ амьдарч чадахаа болилоо. Гэр орноос маань өдөр шөнөгүй хөөж байна. Улаан шугамтай мэдэгдлүүдэд дарагдлаа. Дурын нэг байцаагч ирээд гэрээс минь зайл гэж хөөж байна. Бид чинь хаашаа зайлах юм бэ” гэж зовлонгоо ярьдаг. Энэ 600 гаруй айлын зургийг хар даа. /хашаа байшин, гэртэй айлуудын зургийн цуглуулга үзүүлэв/ Энэ зураг дээрх айлуудыг харвал навсгар навсгар хашаатай, пөөдийсэн гэр байшинд амьдарч байгаа хүмүүс чамд олигархи шиг харагдаж байна уу. Ийм л иргэд бидэнд хандсан юм. Бид бүх айлын газарт очиж зургийг нь авч зурагжуулсан. Бүгд энэ байсан газартаа үе удмаараа амьдарч байгаад, сүүлдээ амьдрах аргагүйгээр хөөгдөж байгаа хүмүүс. Та орон байрандаа амьдрах эрхийг нь хангаж өгөөч. Бид гэртээ амьдрах эрхтэйгээ үлдмээр байна. Гэр орноосоо хөөгдөхгүй байх эрхийг минь олж өгөөч гэж байна.

-Хөөх шалтгаан нь?
-Эргэн тойронд нь ийм хүмүүст газар өгчихсөн байгаа юм. /Найм, есөн давхар барилгын зураг үзүүлэв/ Хар даа. Ийм том том байшингуудад бол газрыг нь өгчихсөн байгаа. Үүнийг авахдаа аялал жуулчлалын зориулалтаар авсан гэж байгаа. Энэ томуудын эздэд газрыг нь өгчхөөд хажууд нь байгаа энэ хэдэн хуучин иргэдийг нь зайлцгаа гэж байна. Ингэж хөөхдөө “Та тусгай хамгаалалттай газар нутагт амьдраад байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тарифаар газрын төлбөр төлөхгүй бол газраа чөлөөл” гэж байна. Ингэж хөөгдсөн иргэд сонгосон гишүүндээ хандахгүй өөр хэнд хандах юм бэ.

-Ер нь ийм асуудлыг яаж шийддэг юм бэ?
-Бусад тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа иргэдийн асуудлыг яаж шийддэг юм бэ гэдгийг нь судаллаа. Монголд урьд нь ийм байдалд орж байсан хүмүүс байсан. Жишээ нь, Хөвсгөл нуурын дэргэд байх Хатгал, Ханхын иргэдэд адил асуудал тулгарч байж. Тэд нарыг “Та нар тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа учраас эндээс явах ёстой” гэж хөөсөн. Хажууд нь аялал жуулчлалын баазуудад газар өгнө гээд хотоос очсон баян эздэд газар өгсөн. Ингээд нутгийн иргэдийг зайлуулахаар улаан канттай мэдэгдэх хуудсыг өгч эхэлсэн. Тухайн үед Ц.Сэдванчиг гишүүнд нутгийн иргэд нь хандаад “бид өвөг дээдсээс уламжилж ирсэн газартаа амьдрах эрхгүй болоод байна” гэж гомдол гаргасан. Ингээд “тухайн нутгийг тусгай хамгаалалтад авахаас өмнө үе удмаараа амьдран суусан иргэд өөрийн газартаа амьдран суух эрхтэй. Иймд амьдарч буй хэсэг газрыг нь тусгай хамгаалалтаас чөлөөлье” гэх шийд гарч УИХ-аас тогтоол гаргаж өгсөн. Бидний хувьд яг тийм тогтоолыг л Зайсангийн цөөхөн хэдэн айлуудад гаргаад өгчихье гэж хөөцөлдөж, тогтоолын төсөл өргөн барихаар болсон юм. Үүнд ямар нэг шунахайн сэдэл, луйврын санаа, ашиг хөөсөн зүйл үнэндээ байхгүй.

-Энэ асуудлыг хэзээнээс хөндсөн юм?
-Иргэдэд өнгөрсөн намрын хүйтэнд өнөө улаан канттай мэдэгдлүүд нь оччихсон, “Маргааш гэхэд газраа чөлөөлөхгүй торгоно, хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байсан. Ийм мэдэгдэл аваад бухимдсан улс тойргоос нь сонгогдсон Л.Болд гишүүн бид хоёрыг дуудаж,"Маргааш гэхэд бид орон гэргүй болох нь" гэдгээ тайлбарласан. Ингээд иргэдийн уулзалтад нь очиход “Яагаад өвөө, аавынхаа төрсөн гэрт амьдрах эрхгүй болчхов. Бидний төлөө ямар нэг зүйл хийгээч” гэж хүсэлт тавьсан. Эхний ээлжинд өмгөөлөгч авч үр удмаараа амьдарч ирсэн гэрээсээ юу юугүй хөөгдчихгүй юм байна гэх эрхийг нь өмгөөллийн үр дүнд олж авсан. Ингэж орон гэртээ түр амьдрах эрхээ олж авсан иргэдийн цаашдын амьдрах баталгааны асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байсан. Иргэдийнхээ эрхийг баталгаажуулах үүднээс УИХ-ын гишүүнийхээ хувьд тойргийн сонгогчдын тулгамдаж буй хамгийн хурц асуудлыг шийдэх гэж тогтоолын төсөл өргөн барихаар болсон нь энэ. УИХ-аар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр энэ бүх зураг, баримтуудыг бүх гишүүдэд тараана. Тогтоолд хамрагдсан бүх айлын зураг бий. Хардаж буй хүмүүс ч очоод нэг бүрчлэн үзэг.

-Тогтоолд хамрагдах энэ айлууд бүгдээрээ тусгай хамгаалалтад орохоос өмнө амьдарч байсан гэсэн үг үү?
-Түүхийг нь яривал, 1940-өөд онд Монголд аж үйлдвэржүүлэлт өрнөхөөр болж, ажилчны район байгуулж ажилчдад газар өгч. Хөдөө орон нутгаас авчирсан хүмүүсээ ажилчин болгож хотод суурьшуулах гэж өгсөн газар нь тэр. Улаанбаатар хотыг байгуулсан, замыг нь тавьсан, шавыг тавьсан хүмүүсийн л үр сад нь өнөөдөр хөөгдөөд байгаа юм.

-Гол нь энэ тогтоолын үйлчлэх хүрээнд өнөө өмнө дурдаж байсан өндөр өндөр барилгын газар, том объект, том хөрөнгөтэй хүмүүсийн газар хамаарах уу гэдэг л асуудал байна?
-Огт үгүй. Энэ тогтоолд Зайсангийн хорооны унаган бүртгэлтэй иргэдийн хашааны газар нь л хамаарч байгаа. Шинээр барилгажиж орж ирсэн улсын газрыг огтхон ч оруулаагүй. Унаган иргэд өөрсдийгөө бүртгэлжүүлж, хороо нь ч бүртгэсэн бүртгэл бий. Энэ хоёр бүртгэлд зөрөө гарсан учир нэг бүрчлэн газар дээр нь очиж зургийг нь авч, кординатаар нь нарийвчлан баталгаажуулсан. Шинээр газар авч ирсэн хүмүүсийн хувьд нэг см-ийг ч оруулаагүй. Айл айлын газраар цоолборлон газрыг нь өгнө гэж оруулсан кадастрын нарийвчилсан зургийн дагуу л явна. Зөвхөн энэ нарийвчилсан зургийг гаргаж, кординатыг тодруулах гэж Л.Болд гишүүн бид хоёрын ажлын алба хагас жил ажилласан. Энэ зургийг хар даа. Зайсангийн барилгажсан хэсгүүд бүгд ороогүй байгаа биз дээ. Нэг ч орон сууцны газрыг чөлөөлөх гээгүй байгаа биз дээ.

-Энэ асуудал ойлгомжтой. Зайсангийн газрын асуудлаас өмнө МИАТ-ын асуудлаар байр сууриа илэрхийлээд бас буруудчих шиг болсон?
-Байр сууриа илэрхийлэх нь хүний эрхийн асуудал. Байр сууриа илэрхийлснээр хэн ч буруудах ёсгүй. Хүний эрхийн байр суурь олон байх тусмаа шүүхийн эрүүл шийд гарахад нөлөөлөх ёстой.

-Харин ч шүүгчид нөлөөлөх нь хориотой юм биш үү?
-Би шүүгч рүү хандаж “Та энэ хүнд, ийм ял өг. Ийм ял өгч болохгүй” гэж хэлээгүй шүү дээ. Би нэг ч шүүгч рүү утасдаагүй. Бүр ямар ч шүүгч хэргийг нь шийдэж байгааг мэдэхгүй. Харин МИАТ-ын тухай хэвлэлээр бичиж байгаа бүхнийг нөлөөлөл гэж үзэх юм бол нөгөө талынх нь нөлөөлөл хүчтэй байгаа юм биш үү. Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг шүүмжилсэн мэдээлэл мянга байгаа бол өмгөөлсөн нь ганцхан миний хэлсэн зүйл дээр өмгөөлөгчийнх нь хэлсэнтэй нийлээд хоёр л болж байгаа биз. Миний хэлсэн зүйл гэвэл өмгөөлж болох баримтыг л хэлсэн. Миний хэлсэн зүйл гэвэл “Ц.Орхон гэдэг хүн Дайны эрсдлийн даатгалыг хүчингүй болгочихсон юм байна. МИАТ-д хохирол учруулж байсан зүйлийг тасалчихсан юм байна.Үүнийг л хэлсэн”

-Х.Тэмүүжин сайдтай энэ сэдвээр ярилцав уу?
-Үгүй ээ. Тэгээд ч бид хоёр тааралдангуутаа маргалдаад байдаг хоёр биш шүү дээ. Сэтгүүлч та нарыг асуухаар л хариулдаг хүмүүс. Сэтгүүлч Х.Тэмүүжингээс асуухад нь хариулж, би одоо чамайг асууж байгаад нь хариулж байна. Миний хувьд 14 жил хүний эрхийн чиглэлээр ажиллаж, өмгөөлөл хийж байна. Мөнгөтэй мөнгөгүй, эрх мэдэлтэй, үгүй олон хүнийг л өмгөөлж явсан. Шүүх нэг талыг барьж, цаазын ял сонсчхоод дээд шүүх дээр оччихсон хүнийг өмгөөлсний хүчинд тэр хүмүүс өнөөдөр амьд мэнд явцгааж л байна. Би гэхдээ хэн нэгнийг өмгөөллөө гээд ганц төгрөг ч авч байгаагүй. Анхны маань өмгөөлсөн хүн гэвэл баатар Э.Бат-Үүл байдаг. Тухайн үеийн хууль зүйн сайд Ц.Нямдорж сайдад бичиг явуулж, өмгөөлөл хийж байлаа. Би хэргийн оролцогч нь хэн байна гэдгийг хардаггүй, харин фактийг нь л хардаг. Өмгөөлж болохуйц баримт байгааг нь хараад л хэлснийхээ төлөө хэн ч буруудах ёсгүй.

-Монголын Зохиолчид их хурлаа хийхэд нь зориулж ССАЖ-ын яамнаас 82 сая төгрөг өгч. Гэтэл өнөөх нөхөд нь бараг талыг нь “хусчихсан” байж болох тухай баримтыг нюьс.мн гаргаж тавьсныг та харсан уу. Иргэдийн шүүмжлэл мөнгө идэж уусан тухай, бас яагаад яам иймэрхүү зүйлд мөнгө гаргаж өгдөг юм гэдэгт байна. Зувчуулсан нь нотлогдвол яамны зүгээс яах вэ?
-Тийм ээ, харсан. Шалгуулна. Идэж уусан бол буцааж төлүүлнэ. Яаманд ийм журам ч бий. Бид Соёл урлагийн сангаас соёлын үйл ажиллагааг дэмжиж мөнгө олгодог. Кино, театрын уран бүтээлийг дэмждэг. Соёлын арга хэмжээнүүдийг дэмжиж мөнгө олгодог. Зохиолчид гэдэг соёлын салбарт онцгой үүрэгтэй хүмүүс. Гоё кино хиймээр байна, солонгос кино олширлоо, Монгол киноны тоог нэмэгдүүлье, жүжгийн чанарыг сайжруул гэдэг. Үүний тулд сайн зохиол хэрэгтэй. Хүнийг хүн болгодог, салбарт сайн бүтээл нийлүүлэхийн тулд сайн зохиолчидтой л байх хэрэгтэй. Тэр утгаараа зохиолчид хурлаа хийе гээд өргөдлөө бариад ирэхээр нь “энэ хүмүүс хоорондоо холбогдож, ирээдүйнхээ чиг хандлагыг зөв тодорхойлбол, соёлын хандлага зөв гарна” гэдэг үүднээс дэмжсэн. Дэмжсэн мөнгийг өөр зүйлд зарцуулсан эсэх нь дараагийн асуудал. Тайланд дурдсан ажлаа үнэн зөвөөр хийсэн эсэхийг нь шалгадаг. Буруу зарцуулсан бол мөнгийг буцааж төлүүлнэ. Иймд бид журмынхаа дагаа шалгаад л зөрчил гарвал актаа тавина. Зохиолчдыг уулзуулах нь зөв. Аймаг сум бүрийн зохиолчид хоорондоо уулзаж байж орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зохиолыг хэрхэн гаргах тухайгаа ярилцах, соёл хүртээх сувгуудыг монгол контентоор хангах тухай ярилцах цаг болчихсон. Бид ийм асуудлаа хэлэлцэнэ гэж найдаж, яамнаас дэмжлэг үзүүлсэн. Соёл урлагийн сангаас дэмжлэг үзүүлж зохион байгуулсан ихэнх ажлууд амжилттай болсон. Анх удаа хэл ам сонсож байгаа нь энэ хурал болж байна даа.

-Батаарын байр юу болж байна?
-Дээд шүүхэд МАН-аас давж заалдсан байдалтай л байгаа. Хурал товлогдоогүй байна.

-Батаар хаана өвөлжихөөр болсон бэ?
-Дарханд Батаарыг хүлээж авах нээлт удахгүй болох сурагтай. Тэнд "өвөлжинө". Батаарыг байрлуулах сайтар тохижилт хийж байгаа гэсэн.
Б.МАНДАХ

О.Чулуунбат: Энэ бол хамгийн сайн хууль



-Мөнгөтэй, бизнестэй хүмүүсээ үзэн яддаг, гарыг нь мушгидгаа болих хэрэгтэй-

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа. Тэрээр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа юм.


-Хөрөнгө оруулалтын тухай хууль хэлэлцүүлэгт орж ирснээс хойш сөрөг хүчний зүгээс нэлээд эсэргүүцэл, шүүмжлэл дагуулж байх шиг байна. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт хэн хэн орж ажилласан юм бэ. Нөгөө л улстөрчид нь ажилласан юм уу, эсвэл эдийн засагчид, шинжээчдийг оролцуулав уу?
-Хөрөнгө оруулалтыг тогтворжуулах тухай хууль УИХ-д өргөн баригдаад эхний долоо хоногтоо л хэлэлцэгдлээ л дээ. Хэлэлцүүлгийг харахад намуудын байр суурь бүгд ижилхэндүү байгаа. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулах, таатай болгох ёстой, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад тогтвортой, тууштай зохицуулалт хийх ёстой гэсэн байр сууриас гишүүд хандаж байгаа. Мэдээж ямарваа асуудал шүүмжлэл дагуулна. Гэхдээ шүүмжлэл нь одоо яригдаж байгаа хуулийн төсөлтэй холбоотой биш. Харин эдийн засаг, санхүү, нийгмийн байдалд өгөх үнэлгээ, яагаад ийм байдалд хүрэв, хэн хариуцах ёстой юм гэдэг дээр гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ бол байх ёстой шүүмжлэл.

Ажлын хэсэг бараг өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас эхэлж ажилласан, ажлын хэсгийг би ахалсан. Д.Зоригт гишүүн тангараг өргөөгүй байхдаа энэ төсөл дээр их идэвхитэй ажилласан. Засгийн газрын олон яам, агентлагаас төлөөлөл орж, хуулийн компаниудтай хамтарч ажилласан. Сайдын түвшинд бид 3-4 удаа хэлэлцсэн. Хуулийн төсөл эхний байдлаараа өнгөрөгч хоёрдугаар сар гэхэд бэлэн болчихсон байсан. Түүнээс хойш санаа оноо оруулсаар байгаад сая есдүгээр сард УИХ-д өргөн барилаа.

-Одоо хүчингүй болгох гэж байгаа Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сард УИХ баталсан. Гэтэл дараачийн парламент дөнгөж байгуулагдаад өөр хуулийн төсөл дээр ажиллаж эхэлсэн байдаг. Их ойрхон хугацаатай шал өөр агуулгатай хоёр хууль УИХ-д орж ирсэн байна. Эдийн засагт хүндрэл учирсан учраас маневр хийж байгаа хэрэг үү? Эсвэл эрх барьж байгаа намуудын бодлогоос хамаарч хөрөнгө оруулагчдад хандах хандлага өөрчлөгдөөд байна уу?   

-Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль 2012 оны тавдугаар сард УИХ-аар батлагдсан. Их яаруу, хурдан шийдэгдсэн л дээ. Уг нь бол нийтээрээ нэлээд сайн ярилцаж байж шийдэх ёстой байсан. Ялангуяа гишүүдийн олонхи нь байнгын хороо, ажлын хэсэг, чуулган дээр байхгүй байсантай холбогдоод их хурдан гарчихсан. Би өөрөө тэр үед УИХ-д байсан учраас сайн санаж байна. Энэ хууль хөрөнгө оруулалтын ерөнхий орчиндоо их нөлөөлсөн. Түүнээс гадна манай Засгийн газраас ийм том том компаниуд, “Чалко”, “Рио Тинто”-той хийж байгаа хэлэлцээрийн явц ч бас гадаадын хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлсөн. Бид энэ хэлэлцээрийг хийхдээ яаж хийх вэ, ямар өнцгөөс харж, хэнийгээ шүүмжлэх ёстой вэ гэдгээ бодолцох л ёстой.

Жишээ нь “Рио”-той хийсэн хэлэлцээр бол ганцхан өдөр гараад ирчихсэн асуудал биш шүү дээ. Урьд нь УИХ-аар хэлэлцээд шийдвэр нь гарчихсан. Дараа нь Засгийн газар дээр шийдвэр гарсан, хэлэлцээр хийх сайд нар нь томилогдсон. Тэд нь хэлэлцээрээ хийгээд гэрээндээ гарын үсэг зурсан байгаа. Тийм ураас бид иймэрхүү асуудлыг эхлээд дотооддоо ярих ёстой. Хэлэлцээр хийсэн хүмүүсээсээ сайн асуух ёстой, тэд ч гэсэн нийгэмдээ мэдээллээ сайн, дэлгэрэнгүй өгсөн байх ёстой. Шүүмжлэлтэй юм байвал эхлээд дотооддоо ярих ёстой. Буруу байвал буруутнаа хайх ёстой. Манай эрх ашгийг хамгаалахаар хүн хэлэлцээр хийсэн юм байгаа биз дээ. Нөгөө талаас ч гэсэн манайхаас аль болох их ашиг олох гэсэн том команд ирж Засгийн газартай хэлэлцээр хийсэн байгаа шүү дээ. Тэд үүргээ биелүүлсэн, манайхан ч үүргээ биелүүлсэн. Ийм л нөхцөл байдалтай бид сонгуулийн дараа учирсан шүү дээ. Тийм учраас бид эхлээд дотроо учраа ололцох ёстой. Дотроо эхлээд буруутгалаа олоогүй байж гадаадынхныг шууд буруутгаад эхлэхээр дэлхийн эн том зах зээл чинь биднийг буруугаар ойлгоно.

-Одоо ч гэсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлгийг харж байхад гадныхнаас айсан, буруутгасан үзэл байсаар л байгаа юм биш үү?
-Энэ бол аль нэг салбарыг зохицуулж байгаа хууль биш. Ерөнхийдөө хөрөнгө оруулалтыг бүхэлд нь зохицуулж байгаа хууль. Хөрөнгө оруулалт нь уул уурхайд ч, эрчим хүчний салбарт ч, дэд бүтцэд ч байж болно. Гадаадын ч, дотоодын ч хөрөнгө оруулалт байж болно.

-Уул уурхайн салбартай холбоотой тусгайлсан заалт хуульд байхгүй юу?
-Байхгүй.

-Өмнө хөрөнгө оруулалтын том төсөл дээр Засгийн газар хэлэлцээр хийдэг, салбар хариуцсан сайд нь их үүрэгтэй оролцдог, УИХ эрхийг нь өгдөг байсан шүү дээ. Үүнээсээ болоод бөөн маргаан үүсдэг, хардлага дагуулдаг, улс төрждөг. Оюутолгойн гэрээгээр жишээлэхэд. Хууль батлагдсаны дараа энэ байдал давтагдах уу?
-Давтагдахгүй. Ийм л байдлыг цааш нь давтагдуулахгүйн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хийж байгаа юм. Хуучин бол “Бороо гоулд”-аас авахуулаад тогтвортой байдлын гэрээ хийсэн хэдхэн төслүүдийг бид мэдэж байгаа. Дандаа сайд нь хэлэлцээр хийдэг, тэр хэлэлцээр нь ил тод биш, нууцгай байдалд болдог, тэрнээс нь үүдээд нийгэмд хардалт сэжиг төрдөг. Сайд нар чинь буруу хийчихлээ, аягүй бол авлига авчихлаа гэсэн үл ойлголцох байдал нийгэмд бий болоод байна шүү дээ. Оюутолгой дээр ч мөн адилхан. Тэгэхээр үүнийг нь хуулиар зохицуулчихья. Хэн нэгэн сайд очоод өөртөө ашигтай байдлаар хэлэлцээр хийгээд байх боломжийг нь үгүй болгож байгаа юм. Нэгэнт хуулиараа бүгдийг зохицуулчих юм бол энэ хуулийн шаардлагын дагуу том хөрөнгө оруулсан хэн ч байсан тогтвортой байдлын гэрээ хийчихлээ гэсэн үг.

-Том хөрөнгө оруулалт гэдгийг юугаар хэмжих юм бэ? Хуулийн төсөлд бол 15 тэрбум гэж оруулсан байх шиг байна лээ. Энэ тоо ч бас маргаан дагуулаад байгаа?
-Төсөлд бол 15 тэрбумаар явж байгаа. Гишүүд янз янзаар л вариант гаргаж байна. Тавин тэрбум, 100 тэрбумаас дээш байж болох юм гэх мэтчилэн. УИХ-ын гишүүд ярьж хэлэлцэж байгаад шийдэх байх. Гэхдээ дүн нь чухал биш. Ямар ч хэмжээгээр тогтоолоо гэсэн хөрөнгө оруулалтад хуулийн орчин тогтвортой байх нь л чухал. Ямарваа компани, иргэн, хөрөнгө оруулагч манайд хөрөнгө оруулах юм бол өнөөдрийн энэ татварын хууль, тарифийн хууль, хөнгөлөлт, торгуулийн зохицуулалт тогтвортой үйлчилнэ ээ л гэсэн үг.

-Татварын дээд хэмжээ жишээ нь 10 хувь байгаа шүү дээ?

-Тийм. Өнөөдрийн хуулийн зохицуулалт жишээ нь боловсрол, эмнэлгийн салбарт хөрөнгө орууллаа гэхэд эхний таван жилдээ татвараас чөлөөлөхөөр байгаа бол тэрийг нь энэ хуулиар тогтворжуулж өгч байгаа. Өөр хуулийн зохицуулалт орж ирэхгүй ээ л гэсэн үг.

-Гэхдээ хуулийн энэ тогтворжилт 15 тэрбумаас доош хөрөнгө оруулалт хийсэн компанид үйлчлэхгүй гэсэн үг үү?
-Тийм. Ер нь 15 тэрбумаас доош хөрөнгө оруулалттай жижиг төслүүдэд бол нэг их тогтвортой байдлын гэрээ шаардагдаад байдаггүй. Өнөөдрийн зохицуулагдаж байгаа хуулиараа яваад байхад ашигтай байхаар байгаа.

-Одоо байгаа байгаа компаниудад энэ хууль үйлчлэх үү, эсвэл шинээр орж ирж байгаа хөрөнгө оруулалтад хамаарах юм уу? Сөрөг хүчний зүгээс болохоор “хэдхэн том компаниудаа л өөгшүүлэх гэж байна” гэж шүүмжлээд байгаа шүү дээ?
-Хэрэв том хөрөнгө оруулагч бол өөгшүүлье л дээ, яагаад болохгүй гэж. Ер нь бид гадаад, дотоодын гэлтгүй мөнгөтэй хөрөнгөтэй, том бизнес хийж байгаа хүмүүсээ ад үздэг, тэднийгээ шахдаг, гарыг нь мушгидаг байдлаа л халах хэрэгтэй. Монголчууд энэ байдлаасаа болоод бие биенийхээ бүх бизнесийг шатааж байна шүү дээ. Бие биенийгээ үгүйсгэж байна. Америк, европ гээд соёлтой ертөнцийг хар л даа. Мөнгөтэй улсууд нь том бизнесээ хийгээд л явж байна шүү дээ. Тэд мөнгөтэй байлаа гээд биднээс илүү хэрэглээд байгаа юм байхгүй шүү дээ. Хүний хэрэглээ угаасаа хязгаартай. Дэлхийн хамгийн том баян Билл Гейтс гэхэд мөнгө нь л том, менежмент хийж байгаа бизнес нь л том болохоос биш өдөр тутмын амьдралынх нь хэв маяг бол жирийн америкчуудаас ялгарах юм байдаггүй шүү дээ. Пиццагаа идээд, колагаа уугаад, нэг байшинтай, нэг орон дээр унтаад, нэг машинаа унаад л явж байдаг шүү дээ. Манай бизнесийнхэн ч гэсэн ялгаагүй. Харин ч төсвийн хөрөнгөн дээр сууж байгаа дарга нараас илүү хэмнэлттэй амьдардаг юм байна лээ. Төсөв хариуцаж байгаа яам, тамгын дарга нар харин илүү тансаг байдаг байхгүй юу. Яагаад гэвэл өөрийнх нь мөнгө биш учраас. Яг бизнесээ хийж байгаа хүмүүсийн эдэлж хэрэглэж байгаа, гадаад дотоодод явахдаа бууж байгаа зочид буудал нь энгийн иргэдтэй л адил байдаг шүү дээ.

-Хуулиийн төсөлд заасан шиг 15 тэрбум төгрөөс илүү хөрөнгө оруулалт хийсэн компаниудын тоо гэхэд яг хэд байна вэ? Энэ тоог хэлэхгүй байгаа нь бас “Та нар яг хэдэн компанид зориулж хууль гаргаад байна аа?” гэдэг хардлагыг үүсгээд байх...?

-Яг 15 тэрбум гээд тогтчихоогүй, дээш доошоо гүйж болно гэж тооцсон учраас компаниудын тоог гаргаагүй байна л даа. Гэхдээ энэ тоог манайхаас гаргаж өгнө, удахгүй.

-Энэ хуулийн цаана яг хэдэн компани байна вэ? 100 компанид зориулсан уу, 50 компанид зориулсан уу гэдэг хар яваад байгаа?
-Энэ бол Монголд зориулсан хууль, хэн нэгэнд биш. Хэрэв ийм хууль гаргаад хөрөнгө оруулалтыг тогтворжуулчих юм  бол Монголд л их хөрөнгө оруулалт орно. Тэрний цаана олон хүн ажилтай, орлоготой болно. Тэгэхгүй манайхан болохоор хамгийн түрүүнд хардахаа л бодоод байна. Энэ ер нь Доржид зориулагдав уу, Дондогт зориулав уу гээд. Доржид ч, Дондогт ч зориулагдаг л дээ. Илүү их ашиг, өгөөж авах нь Монгол Улс л байхгүй юу. Жишээ нь “Оюутолгой” одоо Монголын хамгийн том ажил олгогч болсон. Сүүлийн хоёр жилийн турш монголчуудад сар болгон 20-25 сая ам.долларын цалин олгоод явсан. Монголын 500-600 компанитай гэрээ зурчихсан яваа. Ийм том төслүүдийг дагаж л жижиг дунд бизнес явна шүү дээ. Магадгүй хоёр, гурван жилийн өмнө ажилчдынхаа бээлийг Хятадаас авдаг байсан байх. Одоо бол Монголын үйлдвэрүүд л оёж байгаа. Төсөл болгоныг татвар төлж байгаа, үгүйгээр нь хэмжинэ гэдэг хамгийн буруу. Төлөхгүй байсан ч Монголд ашигтай. 10 мянган монголчуудад цалин өгч байна гэдэг чинь л маш сайн үзүүлэлт байхгүй юу. Засгийн газар чадахгүй шүү дээ. Дээр нь баялаг үйлдвэрлээд экспортод гаргаж байгаа, Монголын валютын орлогыг нэмэгдүүлж байгаа төсөл. Татвар луу харах нь нэг их чухал биш. Татвар бол төсөв захирагч нар, дарга нарт л хэрэгтэй. Татвар сайн байх юм бол дарга нар түүнийг эргүүлж хуваарилдаг, манай практикаар бол тендерээсээ мөнгө саадаг. Тийм учраас манайд татвар их өндөр байх шаардлагагүй. Хамгийн гол нь олон монголчуудад цалин төлдөг, олон монгол компанитай гэрээтэй ажиллаж байвал тэр төсөл сайн ажиллаж байна гэсэн үг. Түүнээс биш төслийн нийт үр ашгийн тухай ярих бол болоогүй. Эхний тав, арван жилдээ дандаа л алдагдалтай ажиллана. 

-Энэ хуулийн төсөлд зааснаар хөрөнгө оруулалтыг батлахад төрийн оролцоо байна уу?
-Байхгүй. Төрийн оролцоог аль болох бага байхаар зааж өгсөн.

-Сайд гэрчилгээ олгоно гээд заачихсан байх шиг байсан. Тэр ямар хэрэгтэй юм бэ? Улсын бүртгэлд бүртгүүлээд л хуулийн дагуу ажиллахад болох юм биш үү?
-Хөрөнгө оруулалтынхаа шалгуурыг хангасан компани аудитаар батлуулаад гэрчилгээ авах л асуудал. Түүнээс биш сайд эрх олгох тухай асуудал байхгүй. Таван төгрөгийн юм оруулж ирээд 50 төгрөгөөр оруулж ирсэн гэж хуурах боломж өнөөдөр байхгүй шүү дээ. Нэг үеэ бодоход төрийн байгууллагуудын боловсон хүчин харьцангуй гайгүй болчихсон, дээрээс нь гадаад, дотоодын нэр хүндтэй аудитын компанийг уриад аудитаа хийлгэчихэж болж байна. 

-Гэхдээ намрын чуулган ердөө хоёрхон долоо хоногийн дараа эхэлнэ. Тийм байхад ээлжит бус чуулган зарлах ямар шаардлага байсан юм бэ? Магадгүй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэгдэх ёстой Татварын хуулийн өмнө оруулж батлах шаардлага байсан юм болов уу?
-Үгүй, түүндээ гол биш. Монголын төр засаг хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулахад тусгайлан, онцгойлон анхаарал тавьж байна гэдэг мессеж дэлхийн зах зээл рүү явах хэрэгтэй биз дээ. Тэр үүднээсээ ээлжит бус чуулган зарласан юм. Тийм биш бол 2-3-хан долоо хоногийн дараа намрын чуулганаар оруулаад хэлэлцчихэж болно л доо. Гэтэл дэлхийн энэ том зах зээл, том мөнгө биднийг юу гэж харж байна гэхээр “Монголчууд энэ асуудалд онцгойлон анхаарч байна. Монголд хөрөнгө оруулахад итгэл төрж байна” гэж хараад эхэлчихлээ. Ийм л сэтгэл төрүүлэхэд чиглэсэн арга хэмжээ шүү дээ. Үүний ч үр дүнд гадаадын хөрөнгийн биржүүд дээр байгаа Монголын хувьцааны ханш долоо хоногийн дотор буцчихлаа. Сүүлийн жилд бид Монголын нийт төслүүдийн гадаад дахь хөрөнгийн нийлбэр 30 тэрбум байсныг 5-6-хан тэрбум болтол унагаж чадсан шүү дээ. Бид өөрсдийнхөө үнэлгээг л унагаад байгаа байхгүй юу. Бидний цалин 1000 ам.доллар байсан бол 180 ам.доллар болтлоо өөрсдийнхөө үнэлгээг унагаж байна гэсэн үг. Одоо харин 200, 250 руу орох боломж харагдаж байна. Энэ л бидэнд хэрэгтэй. Түүнээс биш улс төр хийгээд, өөрсдийгөө унагаад байвал хөгжихгүй. Ер нь Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн зохицуулж, ямар ааш авир гаргаж байна гэдгийг дэлхий нийт их анхааралтай харж байна шүү дээ.

-Хуулинд өөрчлөлт оруулах хязгаарыг УИХ-ын нийт гишүүдийн 2/3-оор гэж хийж өгсөн байгаа. Үүнийг их өндөр байна, ямар санаатай тэгэв, хэрвээ энэ хууль муу гарвал засч залруулж болшгүй юм болох нь ээ гэж болгоомжлох хүмүүс бас байсан?
-Энэ бол маш ерөнхий хууль. Монголд юм бүтээдэг хүний үйл ажиллагааг л тогтвортой зохицуулья гэсэн хууль. Дарга нарын эрх мэдлийг тогтворжуулах тухай биш. Ийм сайн зүйлийг 100 жилээр ч тогтвортой байлгаж болно. Энэ бол маш сайн хууль. Одоо бол манай төр засгийн ааш авир дөрөв дөрвөн жилд өөрчлөгдөөд байна шүү дээ. Гэнэтхэн маргааш өглөө “лагерийн байшингуудыг тусгай хамгаалалттай газар барьсан байна, бүгдийг нь нураа” гэсэнтэй л адилхан байхгүй юу. Хөрөнгө оруулагчдад бол яг л ийм байдлаар тусч байгаа. Бүтээн байгуулалт дээрээ бие биенийгээ шатаадаг, хорлодог энэ байдлыг л зогсоох гэсэн арга хэмжээ байхгүй юу.   
Б.СЭМҮҮН