Monday, 18 November 2013

INVICTUS



“Ярилцъя” нэгэн зочныг урихаар эртнээс төлөвлөж байсан юм. Тэр бол “Хас”-ын хэмээгддэг Чулууны Ганхуяг.

Энэ залуу 1991 оноос Монголын хөрөнгийн биржээс ажлын гараагаа эхэлсэн юм. Хоёр жилийн дараа буюу 1993 онд Унгарын Эдийн засаг, төрийн захиргааны их сургуульд суралцахаар Будапештыг зорьсон. 1997 онд сургуулиа дүүргэж эх орондоо ирээд Монгол Банкинд ажиллаж эхлэсэн. Дараа нь тэрбээр Монголын анхны банк бус санхүүгийн байгууллагыг байгуулсан юм. Байгуулсан зүйлээрээ овоглогдох хувь тавилан тэр бүр хүн болгонд заяадаггүй. Харин одоо түүнийг бид “Хас”-ын Ганхуяг л гэж дууддаг болжээ. Үргэлж дүрэлзэж явдаг тэрбээр шинэ үеийн сэхээтэн залуусын нэгэн тод дүр төрх. Үүнтэй маргах аргагүй нь бас үнэн билээ. Ингээд бидний яриаг таалан соёрхоно уу.  


-Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрөх юм. Нэлээн хэдэн жилийн өмнө өөрийг тань иргэдийн хуралд нэр дэвшиж байх үед бид анхны ярилцлагаа хийж байлаа. Тэр үед би ямар ч намгүй, хийж бүтээхийн хүсэл эрмэлзэл дүүрэн, бизнесийн талбарт өндөр амжилт олчихсон залуу сэхээтэнтэй уулзаж байсан. Өнөөдөр бол миний өмнө МАН-ын зүтгэлтэн, залуу лидерүүдийн нэг сууж байна. Улс төр лүү орсон шийдвэртээ хааяа ч гэсэн харамсах сэтгэл төрөх юм уу.  “Новш”-ын улс төрд хэрэггүй хөл тавьлаа даа гэсэн. Өөрийн тань хувьд донсолгоонтой,  басхүү нэлээд хурдан хэмнэлтэй он жилүүд өнгөрөх шиг.
-Бидний анх уулзсан тэр өдөр нь ч аягүй бол өнөөдөр таарч байж магадгүй. 2008 оны орон нутгийн сонгуулийн өмнө таны ярилцлагад орж байсан. Яг таван жилийн өмнө юм байна. Миний хувьд улс төрд орсондоо эргээд нэг их айхтар харамсаад, тэр шийдвэртээ эргэлзэж тээнэгэлзээд байдаггүй.

- Нэг ч удаа тийм бодол төрж байгаагүй юу?

- Байгаагүй.

- Бие даагаад иргэдийн хуралд нэр дэвшиж байх тэр үедээ та нийгмийн дунд  маш өндөр рейтингтэй залуу байсан. Ер нь бизнесийн салбарт ажиллаж байх үеийн таны амжилт онолжсон, гялалзсан, цэвэр, бас шинэ байсан л даа. Улс төрд орж ирээд харин сайн муугаар нэлээн “нүдүүлсэн”. Бараг саараар илүү “балбуулсан” болов уу. Залуу хүний хийсэн бүхий л алхмыг дуран илүү тод татаж хараад байдаг. Ялангуяа манайх шиг уламжлалт ёс суртахууны суурьтай оронд бол “Энэ яасан хөдөлгөөнтэй залуу вэ” гэх ч юм уу, жаахан  сөргөөр харчих гээд байдаг. Харин одоо энэ хэцүү үеээ туулчихаад зогсож байна уу гэж харж байна.
-Мэдээжийн хэрэг бизнест  байхад бол би ёстой хэвлэл мэдээллээр ч тэр олон нийтийн дунд ч тэр өөрийн чинь хэлдгээр муу хэлүүлж үзээгүй л дээ. Тэгж явж байгаад улс төрд орох эхний алхмаа хийхээс эхлээд л хувийн амьдралтай ч холбоотой, миний зан араншинтай ч холбоотой олон талын мэдээллүүдийг хэвлэл мэдээллээр гаргаж тавьж, намайг буруу зөрүүгээр бичих, ярих, түгээх явдал гараад эхлэсэн. Энэ бүхэн нь улс төрд орсон хүнийг дагаж л явдаг тавилан юм шиг байгаа юм. Энэ үүднээсээ жам ёсоороо л явсан байх л даа. Мэдээж хэрэг өөгүй хүн гэж байхгүй. Өө, алдаа, зөрчил, дутагдал бол хүн болгонд л байдаг.

- Энэ бүхэн чинь залуу насны л нөгөө тал шүү дээ, уг нь .
-Тийм л дээ. Харин намайг мэддэг байсан хүмүүст нөгөө талаас нь таних боломж гарч ирсэн байх. Зөвхөн нэг талаас хардаг байсан хүмүүст өөр талаас нь харж таних бололцоог олгосон юм болов уу гэж би хардаг. Би өөрийгөө энэ улсын иргэн болж төрсөнд баярлаж явдаг. Энэ улсын иргэн болсон нь миний хувьд их хувь тавилан. Монгол улсын хүү болон төрсөндөө бахархаж явдаг. Надад өөрийгөө яг зөв үнэлж хөрсөн дээр буух боломж бас олдсон. Нөгөө нэг тэнгэрт хийсээд байсан хүн чинь бууж ирээд өөрөө өөрийгөө толинд харна биз дээ. Хүмүүс намайг яаж харж байна вэ гэдгийг бодож тунгаах ийм сайхан бололцоо гарч ирсэн. Өмнө нь бодож тунгаах тийм бололцоо гардаггүй байсан. Тийм болохоор өөрийнхөө дотоод ертөнцийг илүү гүнзгий ухаж, мөн чанараа таних бололцоог гаргаснаас гадна хүмүүстэй харьцаж байгаа харилцаа,найз нөхөдтэйгөө, намын нөхдүүдтэйгээ, өрсөлдөгчидтэйгөө, бизнесийн түншүүдтэйгээ, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтайгаа харилцах харилцаагаа ахин шинээр нээх, тэр хүмүүстэй харьцаж байсан харилцаа маань юун дээр тогтож байсан юм бэ гэдгийг олж харах тийм боломжийг надад бас олгож өгсөн. Тэгэхээр амьдрал надад илүү том боломжийг нээж өгсөн байгаа биз. Намайг илүү хурцалж өгсөн ч байх.

-Өөрийгөө олсон эсэх тухай яриа их явдаг юм. Уран зохиолд , урлагт, бас хувь хүн дээр. Би жишээ нь өөрийгөө олох гэдэг энэ үгэнд тийм ч их таатай ханддаггүй. Гэхдээ энэ удаад хэрэглэчихье. Та бол өөрийгөө олчихсон, бэлэн бүтээгдэхүүн болчихсон байсан хүн шүү дээ. Тэгэхээр улс төрд орж ирсэн тань цэцэрлэгт орсон төдий зүйл байсан юм уу. Өөрийгөө таньж мэдэх гээд л хэдэн жил яваад байсан нөхөр болж таарах нь ээ дээ?
-Би түрүүн хэллээ шүү дээ. “Хас” гэдэг банкийг хамт олныхоо хамт зүтгэж байгаад байгуулаад босгоод ирсэн. “Тэнгэр” санхүүгийн нэгдэл гэдэг байгууллагыг босгоод ирсэн. Гаргаад ирсэн. Хамтын зүтгэл л дээ. Гэхдээ би манлайлж явсан. Энэ нэрнүүдийг нь хүртэл өөрөө өгч байлаа. “Хөгжлийн алтан сан” гэж байж байгаад “Хас” болж байсан. Анхны банк бус санхүүгийн байгууллага байсан. Өнөөдөр системдээ хамгийн том банкнуудын нэг болж чадлаа. Даатгал, орон сууцны зээл, электрон банк гээд олон төслүүдийг амжилттай хийсэн. Бизнесийг ил тод хэрхэн яаж явуулах вэ гэдэг талаас их зүйлийг хийж тодорхой манлайллыг үзүүлж чадсан. Үүнийхээ хүчээр амжилтад хүрээд, тэрнийг нь бизнесийн салбарынхан үнэлээд, хүлээн зөвшөөрөөд явсан. Би энэ үед өөрөө нэг үүлэн дээр л,  “Тэнгэр” компани гэдгээрээ ёжлоод хэлвэл тэнгэрийн л нэг тийм амьтан болчихсон байсан л даа. Хүн өөрийгөө үнэн дүгнэдэг, үнэн олж хардаг байх ёстой.

-Бизнесийн салбарт тэр дээр явж байсан нэр хүндээ улс төрд унагаж орж ирж ирсэн. Өөрийн хийж байгаа эрсдэл юм даа.  
-Тийм. Унагаж ирсэн. Хүн бол өөрөө ялалтаас юм сурахдаа тун бага зүйлийг мэдэрч ойлгодог юм шиг байгаа юм. Өөрийн маань мэдэж хийсэн тэр уналт бол надад бүр миний хэлж байгаа үг хүн дээр очоод зөвхөн миний бодож байгаа байдлаар тусдаггүй юм байна гэдгийг хүртэл ойлгох тэр боломжийг олгосон. Жижиг гэлтгүй олон боломж олгосон. Зөвхөн банк зээл, хүү, санхүү, хөрөнгө оруулалт, бизнес гээд яриад явж байсан хүн очоод нийгмийн асуудлууд руу ороод ирэхээр энэ улс орны нийгэм, хүний хөгжлийн асуудал боловсролтой холбоотой байна уу, соёлтой ч холбоотой байна уу хамаагүйгээр оролцохгүй асуудал байхгүй болж ирдэг. Энэ утгаараа их зүйлийг ойлгуулсан. Чи цэцэрлэгт орсон юм уу, сургуульд орсон юм уу гэж та асууж байна. Хүн бол зарим нэг мэргэн хүмүүсийн хэлсэн үгнээс иш татаад хэлвэл ер нь сурсаар байгаад  л дуусдаг тийм амьтан юм байна. Тэгэхээр суралцах бол өдөр тутам хийгддэг ажил. Хүн өөрөө хөгжөөд, өөрөө суралцаад л явах ёстой. Тэрнээсээ айх ерөөсөө ёсгүй.  Бүх юмыг мэддэг, төгс төгөлдөр, гэгээрсэн дүр эсгээд хүнээс юм авахаа больсон, хүний үгийг сонсохоо больсон, шүүмжлэлийг хүлээж авах бүрэн чадваргүй болчихсон хүмүүстэй би зөндөө тааралдлаа.

-Та харин шүүмжлэлд их тэсвэрлэдэг шүү. Энэ бол магтаал. Хүлээж аваараасай гэж хүсч байна.
-Баярлалаа. Өөр дээрээ ирсэн болгоныг сөргөөр тусгаад, хэрүүл болгоод, сөргөлдөөд, бүх шүүмжлэл дээр хариу өгөөд байх нь буруу юм болов уу. Би анхнаасаа л  ийм зарчим барьж ирсэн.

- Хоёулаа нэг бодит хөрсний тухай яръя. Бид яг бодит хөрсөө мэдэхгүйгээр л нэг нэгийгээ саваагаар ороолгоод байх дуртай. Жишээ нь, улс төрийн манай байгаа зах зээл бол нэг үгээр нийгэмд танигдчихсан, төрийн төсөв рүү гараа шургуулаад байхгүйгээр биеэ болон гэрээ төвхнүүлчихсэн тийм “бэлэн бүтээгдэхүүн”-үүдийг намдаа авах гэж өрсөлддөг. Энэ бол улс төрийн бодит амьдралд байдаг зүйл.  Ч. Ганхуяг гэдэг “бэлэн бүтээгдэхүүн” өөрөө МАН-ыг сонгосон. Маш богино хугацаанд дэд сайд болсон. За, нэг нөхөр кранаар явчихлаа. Лифтэнд суугаад талийчихлаа гэсэн том шүүмжлэлийг араасаа дагуулсан. Тэр кран миний тухайн үед харж байснаар С.Баяр гэдэг кран байсан болов уу. Энэ тухай таны цээжинд явдаг бодлыг сонирхмоор байна. Яагаад ингэж асууж байна гэхээр асуудлын нөгөө талд ч дандаа тайлбар, бодол, үзэл санаа байдаг. Хүмүүс таны амьдралын зам болгоныг хялбархан байсан. Бүгдийг нь товчилчихсон гээд хараад байх бас харамсалтай шүү дээ.
-2008 онд тантай хийж байсан ярилцлагынхаа үеэр би яг хэлж байсан. Намайг  юу түлхээд байна вэ, ийшээ орохыг. Болж бүтэхгүй юм зөндөө байгаад байдаг. Миний амьдрал болоод байдаг. Миний хүүхдүүд болоод байдаг. Гэтэл нийгэм маань болохгүй байдаг. Би энэ улсын иргэн болж төрсөн хүний хувьд зөвхөн авдаг, зөвхөн өөрийгөө бөөцийлдөг хүн баймааргүй байдаг. Эргээд өвөг дээдэстээ, ахмадууддаа, энэ улсыг бидэнд өвлүүлж өгсөн хүмүүсийн өмнө үүрэх хариуцлага гэж бидэнд байхгүй гэж үү. Надад өөр дээрээ авах үүрэг ноогдоогүй гэж үү. Миний үүрэг зөвхөн өөртөө, өөрийнхөө эргэн тойрон төдийд хязгаарлагдах ёстой гэж үү. Энэ бодлууд надад орж ирдэг байсан. Зөвхөн надад ч биш бусад залууст ч орж ирдэг байх. Өөрийн хүчээ энэ нийгэмдээ, энэ улсдаа, ирээдүй хойчдоо, өшөө төрөөгүй байгаа дараагийн үеийн монголчуудынхаа амьдрах тэр нийгмийн төлөө зориулъя л даа. Миний шийдвэрийн суурь ердөө л энэ байсан. Надад тэр айхтар 07-р сарын 01-ний үйл явдал асар их цочроо өгсөн. Орж цэгцлэлцэхгүй бол болохгүй юм байна. Энэ улс төр чинь буруу явчихбал бид үйлээ үзэж байгуулсан бүх юмаа эргээд баллах тийм нөхцөл байдал үүсэх юм байна гэдгийг ойлгосон. Өөрийнхөө хариуцлагыг би иргэнийхээ хувьд тэгж л ойлгосон. Энэ банк бол зарчмаараа цаашаа явна. Болчихлоо. Одоо би би буцаагаад хамт олондоо итгэл өгөх цаг нь болчихлоо. Сэтгэл зүйн хувьд би бүх талаар ингэж бэлэн болсон байсан. Ингээд намайг дэмждэг, намайг мэддэг ах нар маань, хамтран зүтгэгчид маань за, Хуягаа одоо тийшээ явна аа гэсэн. Би тэр дуудлагыг эргэлзэлгүйгээр хүлээж авсан. Банкинд байхдаа ч, бизнес хийж байхдаа ч эх орны дуудлага гэж юу байдаг юм бэ гэдгийг би боддог байсан. Бусад залуучууд ч өөрсдөөсөө асуудаг байх. Тийм дуудлага гарч ирэхэд хариу өгөх, хариу үйлдэл хийхэд бэлэн байх ёстой гэж би өөртөө зарчим болгож, шаардлага тавьж явж ирсэн. Банкинд байхдаа эх орныхоо төлөө яваагүй гэж би хэлэхгүй. Өнөөдөр “Хас” гэдэг банк улс орны амьдралд ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ. Хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэддээ яаж хүрэх ёстой вэ. Бизнес хийх гээд зээл нь олдохгүй байгаа хүмүүст яаж туслах ёстой вэ гэдэг талаас нь бүх бололцоог тэлэх гэж ажиллаж ирсэн. Татвараа яаж төлөх ёстой юм, гадны хөрөнгө оруулалтыг яаж оруулж ирж, үр ашиг  гаргаад яаж буцаж өгөх ёстой вэ гэдэг тэр зарчмаа барьж ирсэн. Гэтэл дараагийн шатанд би зөвхөн нэг бизнес, нэг салбар, зөвхөн нэг хамт олон гэхээсээ илүүтэй энэ улс орны хэмжээнд гарч ажилламаар байна. Би өгч чадах юм байна. Надад бусдад байхгүй чадвар байгаа гэдэг итгэл дээр тулгуурлаж энэ шийдвэрийг гаргасан. Ардын намын сонголтын хувьд миний хувьд ойлгомжтой сонголт.

-Ардын нам болоогүй байсан л даа.
-Монгол Ардын Хувьсгалт Нам гээд Социнтерны гишүүн ганц нам байсан. Нийгмийн баялагийн дахин хуваарилалтыг хийх, нийгмийн халамжийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх бодлого явуулдаг. Хүрч чадахгүй байгаа боломжийн амьдралыг нь бий болгож өгөөгүй байгаа цагт хүмүүст энэ баялагийг тэгш хүргэх, дахин хуваарилалтыг хийх тэр бодлогыг барьдаг нам надад бол илүү ойрхон. “Хас”  банкаар намайг дүгнэдэг бол тэндээс л миний сонголт харагдана. Яагаад ийм хөшүүн, хуучинсаг нам сонгочихов оо гэж намайг хүмүүс шүүмжилж л байсан. Хуучин коммунистууд шүү дээ гээд л. Гэхдээ өнөөдөр бол коммунист, коммунист бишдээ асуудал биш шүү гэдгийг надад итгэдэггүй байсан хүмүүс ч гэсэн харж байгаа байх. Энэ бол ардчилсан улс. Ардчилсан улсад сонголт байх ёстой, илүү эдийн засгийг чөлөөтэйгээр өөрөөр нь явуулна гэсэн нэг үзэл байж байхад нөгөө талд нь арай илүү дүрмийг нь тогтоож өгдөг, татварыг арай илүү боломжит нөхцөлд хүрсэн хүмүүсээс нь аваад арай бага хийгээд байгаа, хийж чадахгүй байгаа эмзэг хэсэгтээ өгдөг тэр тогтолцоог өөрийнхөө намын гол бодлого болгоод явдаг хоёр нам энэ улсыг үндсэндээ засаглаад явж байна. Би бол төрийн зохистой оролцоо гэдэгт итгэдэг. Шударга хуваарилалт байх ёстой гэдэгт итгэдэг. Зүгээр яагаад хүмүүс миний үгийг өнөөдөр илүү хүлээж авах болов оо гэж бодож байгаа бол өнөөдөр байгаа засаг маань үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээд, оролцох оролцохгүй байгууллагуудыг татаж оролцуулаад, хуулиа мушгиж гуйвуулж байгаад үнийг тогтоодог, торгодог, хаадаг, хураадаг, хоргоодог ийм байдал руу оруулж байна. Өнөөдөр зүгээр үйлдлээр нь дүгнээд үзвэл аль нь илүү захиргаадалтын хуучны аргаар үзээд байна, аль нь илүү чөлөөтэй зах зээлийн зарчмаар эдийн засгаа аваад явах гээд байна, хэн нь илүү тууштай байна гэдгийг харин ч харуулж чадаж байгаа болов уу .

-Практик дээр улс төрийн нам сонгож байгаа залуучууд хоёр гурван янз байгаа юмаа. Яг ултай философи дагасан сонголттой залуучууд цөөхөн л таардаг. Ихэнх нь карьер зурсан төсөлтэй л орж ирж байгаа. Улс төрийг түргэн шат ахих бололцоо, гарч ирэх бололцоо гэж хардаг. Энэ утгаараа бол  Ардчилсан нам дотор залуу хүн орж ирээд тонгочоод, байр сууриа эзлэх боломж их хомс. Эднийх чинь өөрсдийгөө залуу гэж хэлүүлсээр байгаад тэрэндээ итгэчихсэн лидерүүдтэй нам шүү дээ. Доторх үеүүдийн сэлбэлт энэ тэр гэж бараг явагддаггүй. Энэ мэтээс нь залуучууд залхаад л МАН руу ханддаг юм болов уу гэж зарим талаас хардаг юм. Гэхдээ таны сонголтыг тэгж хямдруулж байгаа юм биш шүү. Иймэрхүү бодлын үзүүр ч гэсэн байсан уу л гэж асуух гээд байгаа юм.
-Би түрүүн бараг хариулчихсан. Надад бол өөр сонголт ерөөсөө байгаагүй. Нөгөө талаасаа Ардын нам тодорхой тодорхой асуудал дээр их шүүмжлүүлдэг шүү дээ. Олонхийн бодлогоо дагана гэдэг нэрээр үзэл бодлоо тулгах арга газар авсан л гэнэ. За, тэгээд энэ хотын асуудлыг ярьдаг, авилгын асуудлыг ярьдаг. Энэ намтай л холбож ярьдаг. Сонгуулийн санал хураалтын дүнг өөрчилчихлөө гэдэг таамгаар тэр 2008 оны зуны үйл явдлууд жишээ нь өрнөсөн шүү дээ. Гэхдээ...

-Гэхдээ биш ээ. Авилгын тухайд бол том голомт мөн шүү дээ.

-Ороод өөрчлөх юмтай, мөлжүүр ихтэй, ажиллагаа ихтэй. Энэ намыг өөрчлөхгүйгээр улс орон цаашдаа явахгүй гэдэг итгэл үнэмшилдээ хөтлөгдөөд орсон гэдэг талаас нь харж тайлбарлаж болно. Би ч тэгж бодсон. Юмыг гаднаас нь талбай дээр жагсаад өлсгөлөн зарлаад, трактордаад, муугаар хэлбэл салаавч өгөөд өөрчлөгдөхгүй гэдгийг л ойлгосон. Дотор нь орж байж энэ өвчилчихсөн байгаа бие дотор эхлээд антибиотик нь болж, болохгүй байгаа өвчилчихсөн эд эсийг шахаж гаргаж байгаад дараа нь өөрөө тэр антибиотик нь болж байгаад, дараа нь тэр вакцин нь болоод энэ намаар дамжуулаад энэ нийгмийг эрүүлжүүлэх үйл явцад хувь нэмрээ оруулж болно шүү дээ.

-Маш гоё хариулт байна.
-Ийм ойлголттойгоор орсон гэдгээ л ойлгуулах гэж энэ жишээг авлаа.

-Нөгөө краны тухай яагаад та тойроод байна вэ?
-Хүмүүс крандчихлаа, лифтэнд суучихлаа, цахилгаан шатаар явчихлаа л гэсэн.

-Дэд сайд гэдэг чинь маш том албан тушаал биз дээ?
-Тэгж харсан, ярьсан. Намайг энэ албан тушаалд яригдаж эхлэхээс өмнө. Энэ Сү.  Батболд крандчихлаа гэж. Тэгээд энэ асуултанд түрүүн би шууд бусаар хариулчихсан болов уу л гэж бодож байна. Би бол өөрийгөө өгөхөд бэлэн болчихсон, тэрнийгээ баталчихсан, харуулчихсан хүн ирсэн.

-Улс төрийн нийтлэлчийн хувьд надад бол гайхалт байгаагүй. Миний энэ асуултууд гайхалт нь одоо хүртэл үргэлжилж байгаа хүмүүсийн өмнөөс асууж байгаа асуулт юм.
-Би ойлгож байна.

-Тэгэхээр би хариултыг авчихлаа гэж ойлголоо. Нөгөө талаас та одоогийн явуулж байгаа эдийн засгийн бодлого дээр нэлээн бухимдалтай байгаа. Эдийн засагт болж байгаа савлагаа, давалгаанд та хамгийн мэдрэг ханддаг. Бас байр сууриа солилцож явдгийн хувьд анзаардаг юм. Гэхдээ нөгөө краны засгийн үед та бас зарим нэг юмнуудыг хийж болохоор л байсан шүү дээ.  
-Байсан. Зарим зүйлээ хийсэн, шууд хэлчихье. Бодож орсон. Орохдоо бодож, хэлж орсон зүйлээ хийсэн. Дутуу дулимаг үлдээсэн, хийгээгүй, хийх бололцоо гараагүй зүйл зөндөө байгаа. Стандарт бус гэгддэг өмнөх засгийн газрын гол ололт бол бид том төслөө хөдөлгөсөн. Олон жил дуншсан төслийг гацаанаас гаргаж эхлүүлсэн.

-Ер нь бол зургаан жил хэрүүл хийсэн төсөл л дөө.  
-Тийм. Тэр хэрүүлийг эцэс болгож, галт тэргээ хөдөлгөж чадсан нь энэ хамтарсан засгийн хамгийн гол гавъяа нь. “Оюу Толгой”-н гэрээг хөдөлгөж, энэ их бүтээн байгуулалтыг эхлүүлж, дэлхийд Монгол гэдэг нэрийг хүлээн зөвшөөрүүлж, гадны бизнесүүд, хөрөнгө оруулагчид энд очиж бизнес хийж болох юм байна. Энэ улсад итгэл найдвар тавьж болох юм байна. Хамтын нийгэмлэгийн ижил тэгш гишүүн юм байна гэж хүлээн зөвшөөрүүлсэн нь юутай ч зүйрлэшгүй амжилт. Орж ирсэн гадны хөрөнгө оруулалт, хөдөлсөн том төсөл монголчуудын сүүлийн 40 жилд эхлүүлж байгаагүй том бүтээн байгуулалтыг эхлүүлж хийсэн тэр амжилтыг хэн ч үгүйсгэж чадахгүй байх.

-Улс төрийн бодлогын үнэлгээ бол хамгийн эрсдэлтэй үнэлгээ байдаг л даа. Нэг нь гарч ирээд л дэвсэлж болдог. Юу ч биш болгож болдог.  
-2008 онд хямарсан шүү дээ, дэлхий. 2009 онд монголд тэр нь мэдрэгдсэн. Хоёр банк татан буугдсан. Бид нар төсвийн тодотголоо хийж байгаад, олон улсын валютын сангаас Stand by credit гэдэг тэр зээлийг нь авч байгаад эдийн засгаа тогтоогоод дараа он нь нэмэх, хасах үзүүлэлттэй гарсан эдийн засгийг 2010 ондоо 11 хувийн өсөлттэй, 2011 онд 17 хувийн өсөлттэй гаргасан. Тэр мөнгө орж ирж бид нар цалин хөлсөө нэмэх боломж гарч ирсэн. Нөгөө яриад байдаг тэтгэврээ нэмэх боломж гарч ирсэн. Гол нь 2012 онд дүнгээ тавиулахдаа ер нь олон улсын практикт ховор л дүн тавиулсан. Эдийн засаг 17 хувь өсөөд, цалин хөлсөө хоёр сонгуулийн хооронд гурван удаа, гурав дахин нэмчихсэн Засгийн газар унасан.  Унагах нөхцөл байдал бол олон байсан л даа. Нэг хүн авилгын хэргээр баригдаад явсан. Тэрний өмнө нам нь хоёр хуваагдсан. Доторх лидерүүдийн зөрчил ил гарч ирсэн. Нөгөө талаас ч бас ухаалаг тоглолтуудыг хийсэн. Улаанбаатар хотод хэвлэл мэдээллээр дамжуулж явуулсан системтэй PR-ийн үр дүнд нам сонгуульд унасан. Шууд ялагдсан гэж хэлэхэд бас хэцүү шүү. Өнөөдөр 26 суудал байж байгаа. Ардчилсан намыг шууд ялчихсан гэхэд хэцүү. 33 суудалтай байж байгаа. Өвөрхангайг оруулаад шүү дээ. Ардын намын нэрээр гарч ирээд намын харъяаллаа солиод явсан хүмүүсийг бас оруулаад ийм дүн гарч ирж байгаа бол ялалт гэж нэрлээд байх хэцүү. Тэгэхээр 2012 онд бид нар муу дүн тавиулсан гэж би шууд хэлж чадахгүй.

-Тийм ч биз, үгүй ч биз.
-Эхлүүлсэн ажлууд бол байна. Өнөөдөр харамсалтай нь би нэг зүйлийг санаж байгаа дээрээ хэлэхгүй бол болохгүй нь. Улс төрд дөрвөн жилийн циклээр сонгуультай тулдаг хүмүүс дөрвөн жилийнхээ дотор үр дүн гардаг төслүүдийг барьж авдаг, хийдэг. Өмнөх засгийн хувьд улс орны ирээдүй 30, 50, 100 жилийн цаадахыг харж, ирээдүйг харж эхлүүлсэн томоохон төслүүд бол байгаа. Мэдээж хэрэг яг өдөр тутмын, яг маргаашийн хэрэгцээг хангах, ард иргэдийн хэрэгцээг хангах ажлууд ч хийгдсэн. Кембриджийн стандартыг нэвтрүүлэх ажил байна. Монгол улсыг ирээдүйд хүчирхэг, чадалтай, хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт манлайлагч гишүүн байх үндэс суурийг нь хүнээ боловсруулж байж тавина. Монголын иргэн, монгол хүн дэлхийн иргэн байх тэр бололцоог бүрэлдүүлэх зорилготой эхлүүлсэн тэр хөтөлбөр өнөөдөр хэрэгжээд л явж байна. Хөрөнгийн бирж гээд цааш нь олон амжилтуудыг ярьж болно.

-Гэхдээ өнөөдөр бүгд тэглэгдчихсэн байгаа. Тэр гайхалтай эдийн засгийн өсөлтийг чинь тэглэчихсэн.
-Н.Алтанхуяг сайд очоод Салхитын цахилгаан станцын туузыг хайчилснаар эсвэл энэ хотын дундуурх хөдөлгөөнийг шийдэж өгсөн япончуудын барьсан гүүрний нээлтийг хийснээр ард түмэн дүнгээ тавиад байна гэдэг  нь миний түрүүчийн хэлэх гээд байгаа санаа. Бид нар сонгуулийг харж ажиллаагүй. Сонгогдохын тулд ажиллаагүй. Бид нар улс орныхоо хэтийн ирээдүйг харж том том төслийн үрийг тарьж ажилласан. Өнөөдөр энэ Улаанбаатар хотод хийгдэж байгаа замын төслүүд, энэ урдуур явж байгаа Богд уулын хойгуур явж байгаа замын ажлыг эхлүүлээд мөнгийг нь шийдээд Хөгжлийн банкинд нь мөнгийг нь хийж өгчихөөд ганц төгрөгийг нь заралгүйгээр өгсөн. Өнөөдөр харлуулах талаас нь маш олон юм ярьж болно оо. Миний хувьд халтар хултар улс төр хийж байгаа болгоныг нь ярих сонин биш байна.

-Миний ярилцлагын сүүлийн зочид голдуу танай намынхан байлаа. Учир нь  хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд танай намын их хурал орж ирсэн. Урих шаардлагатай зочид маань үүнээс үүдэж танай намыхан байж таарлаа л даа. Бүгдээс нь ажиглаж байхад нэг л өнгөтэй шүүмжлэлүүд гарч ирээд байх юм. Хайр дурлалаас шархдаад үлдчихсэн хохирогч маягийн гомдол. Хэвлэл мэдээллийн эргүүлгийг ашиглаж тархи угаах чадвар танайд ч гэсэн байсан шүү дээ. Тийм биз дээ?
-Гэхдээ бид нар, бид нар гэж яриад яахав. Миний хувьд зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга хэрэгслийг хэрэглэж болно гэдэг байдлаар асуудалд хандмааргүй байгаа юм л даа. Энэ дээр эргээд би нэг удаагийн сонгуулийн амжилтын тухай яриагүй. Нэг удаагийн сонгуулиар дүн тавиулах тухай яриагүй. Өнөөдөр алсын хараатай монгол улсын сайн сайхны төлөө явах тийм чин эрмэлзэлтэй хүмүүс улс төрд нь орж ирээд зориг гаргаад хувийн золиосоо хийгээд, босгочихсон байгаа хайран нэр хүндээ, босгочихсон байгаа хувийн бизнес мөнгө хөрөнгөө хайрлалгүй үүний төлөө зүтгэх ёстой л гэж боддог. Сонгуулиар бол нэг дүн тавиулна. Хамгийн том дүгнэлт нь хүний амьдралын эцэст тэр хүн зөв явж уу, буруу явж уу, харамсахаар явж уу, харамсахааргүй явж уу гэдэг дүгнэлтийг хүн өөрөө эхлээд тавина. Дараа нь ойр дотных нь хүмүүс, нийгэм нь тавьж өгөх ёстой. Тэр дүгнэлтэн дээрээ би очоод алдчихмааргүй байгаа байхгүй юу. Өнөөдөр өөрийнхөө зарчмаас ухарч нэг ялалтын төлөө тархи угаах байдлаар улс төр хийснээр ард түмнээ басамжилж тархийг нь угаана гэдэг бол сайхан зүйл биш гэдэгт би итгэлтэй байгаа. Хийх ёстой ажлаа зарчмынх нь дагуу хийгээд явааа, тийм шулуун шударга байдлаар ажиллаж чадаж байгаа улстөрчдийг үнэлдэг, хардаг, гаргаж ирдэг тэр цаг бол удахгүй ирнэ. Түрүүний ярьдаг сошиал медиа руу өнөөдөр ороод харвал бидний ажлын үр дүнг 100 хувь тэглэчихсэн гэж би бас бодохгүй байна. Хүмүүс санаж байна, ярьж байна. Өнөөдөр шударга өрсөлдөөнийг зохицуулдаг газрын нэг дарга залуу гарч ирээд л дэлгүүрт бараа зарж байгаа, насаараа хөдөлмөрлөсөн  хүмүүсийг олон зуун саяар очоод торгочихож байна. Тэгэхлээр хэн нь илүү хуучин нийгмийн аргаар үзэх гээд байна. Хэн нь илүү шинэлэг байдлаар үзээд байсан байна гэдгийг хүмүүс харж мэдэрч л байна шүү дээ.

- “Миний дэлгүүр”-ийг 450 сая төгрөгөөр торгосон тухай ярьж байна уу?
-“Миний дэлгүүр”, “Номин”, дээрээс нь манай нефть инпортлогчид байж байна. Том том жишээнүүд байна шүү дээ. Цаагуураа нугалаа завхрал доогуур төвшинд ч маш ихээр явагдаж байна. Энэ нь хүмүүс дээр буугаад нийгмийн бухимдал асар их тэлж байна.

-Сервис дагасан бизнест үнэхээр иргэдийг бухимдуулж байгаа том бухимдал байдаг шүү дээ. Ядахдаа ёс зүйг нь засах гэж байгаа байлгүй дээ. Их дэлгүүр гэсэн том малгай тавьчихаад хэрэглэгчээ үргэлж гомдоогоод гаргадаг. Хүнд үйлчилж чаддаггүй. Авсан барааг нь уутанд нь хийгээд өгч чаддаггүй. Мөнгөөрөө худалдаад авчихсан байхад гарахад нь дохио нь дуугараад үйлчлүүлэгчээ эвгүй байдалд оруулдаг. Эргээд уучлал гуйж чаддаггүй. Ийм л үйлчилгээгээр ашиг олж байгаа шүү дээ.
-Гэхдээ энийг засаг зохицуулах ёстой юм уу. Өрсөлдөөн өөрөө зохицуулах ёстой юм уу. Энэ чинь  бид нарын зарчмаа тогтоод сонгочихсон нийгэм шүү дээ.

-Тийм. Гэхдээ манайхан жаахан чангахан цохиулж байж хөдөлдөг гэмтэй.  
-Өнөөдөр 23 жилийн өмнө хийсэн сонголтоо үгүйсгэх гээд ч байгаа юм шиг үйл ажиллагаанууд яваад байна шүү дээ. Өнөөдөр төрөөс зохицуулахыг л хүсээд байдаг. Энэ дээр нугалаа гарч ирнэ. Миний түрүүчийн хэлээд байгаа залуу бол нугалаа гаргаж байгаа хүн. Нугалаа гаргахдаа өнөөдөр их дэлгүүрт заавал очих албагүй ш дээ. Бид нарын сонгочихсон нийгмийн чинь нэг гоё нь тэр байхгүй юу. Сонголт өөрөө бүх иргэдийн өмнө байдаг нь.

-Савалгаанд нь жаахан үйлчилгээ сайжраасай л гэж харж байна.

-Социализмын үед дэлгүүрт очиж талх авахдаа худалдагч эгч нарт яаж загнуулж байсан, яаж кассанд очерлож байгаад, даруулж байгаад дундуур нь гишгүүлэн байж байж талх, сүүгээ аваад явж байсныг санаж байна. Өрсөлдөөн байхгүй бол тийм л байдалд хүрнэ. Тэрнийг нэг сайхан санаатай төрийн зүтгэлтэн гарч ирээд урдуур нь далдганаж гүйж очоод зохицуулдаг зүйл биш гэдгийг дэлхийн түүх харуулчихсан. Энийг бол хэрэглэгч өөрөө тодорхойлно. Таалагдахгүй бол битгий оч, тэр их дэлгүүрт. Цөмөөрөө болъё л доо, би та нарт уриалчихъя. Үйлчилгээ нь таалагдахгүй, барааг чинь баглаж өгөхгүй байгаа бол та битгий оч. Миний дэлгүүр лүү оччих, Скай руу оччих. Сонголт зөндөө байна шүү дээ. О.Магнай гэдэг хүний лантуугаар шийдвэрлэх гээд байж болохгүй. Сайн санаа өвөртөлсөн дүртэй, эх орон гэж цээжээ дэлдсэн хүмүүс чинь дандаа гай чирдэг нөхдүүд гээд нэг хүн хэлсэн байдаг л юм.

-Том утгаараа төр хувийн хэвшил рүү хутгалдаж байгаад бид бүгд дургүй байна. Би өнөөдөр танд эдийн засагт минь юу болоод байна вэ гэдэг асуултыг тавих гэж ирсэн.  Ямар дохио дуугараад байна вэ. Хөрөнгө оруулалтын орчинд үнэхээр үймрээн үүссэн. Тэрийгээ засах гээд  урд хойд хөршүүд рүүгээ гүйгээд л, бүтэлтэй бүтэлгүй нэр зүүгээд л байх шиг байна. Мөнгөний эрэлд яваад л байна. Бонд босгож ирээд л . “Чингис” бондыг хийлээ. Одоо дахиад л “Самурай” бонд гэж яригдаж байна. Бонд гэдэг маань бас тэнгэрээс унагаж байгаа шар тос биш ээ. Эргээд л бид хамтаараа төлөх, энэ насандаа эс чадвал үр хүүхэд маань төлөх ийм л өр.  Засаг барьж байгаа нөхдүүд нь эдийн засаг яагаа ч үгүй, эд нар зүгээр худлаа атаархаад юмаа. Ерөөсөө яагаа ч үгүй гэх юм. Хөгжлийн яамны сайд нь ч хэлэх юм. Бүх юм л сайхан байна гэх юм. Эдийн засагч хүний хувьд энэ тухай та нэг нухацтайхан хариулт өгөхгүй юу?
-Энэ бүх болоод байгаа үйл явдал дээр иргэнийхээ хувьд эсэргүүцлээ илэрхийлсэн илэрхийллийг бол харсан байх. Тэрнээс илүүгээр эрх баригчдын ажил үйлдэлд нь дүгнэлт тавьж чадахгүй.

-Одоо нэмж хэлээд байх шаардлагагүй гэсэн үг үү?
-Тийм. Өмнөх засагт ажиллаж байхдаа хийж чадаагүй, итгүүлж чадаагүй нэг ажил яах аргагүй манай улсын үндэсний эдийн засгийн болон нийгмийн эрсдлийн удирдлагын тогтолцоо. Бүх юм ямагт өөдөө яваад байдаггүй. Сайнд найдаад саард бэлэн байх ёстой байдаг. Эдийн засагч нар бол тийм л хүмүүс. Эрсдлийн удирдлага байх ёстой. Нүүрсний үнэ дандаа тийм байна. Хятадууд дандаа бид нараас нүүрс аваад байна гээд зэсийн, алтны үнэнд найдлага тавиад байж болохгүй. Эдийн засгаа төрөлжүүлнэ гэж их ярьдаг байсан. Хийсэн үйлдэл бол байхгүй. Бодлого бол тэрэн дээр тогтвортой явж чадаагүй. Бодлого үгүй байсан гэж хэлж болно. Эрсдлийн удирдлагын хувьд. Өнөөдөр бидний гадагш гаргаж байгаа экспортын барааны үнэ өндөр байгаа үед бид төсвийн тогтвортой байдлын тухай хууль өмнөх засгийн үед батлуулаад тэндээ нэг заалт оруулж өгсөн. Баялагийн сан байгуулах, төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу тогтворжилтын санг байгуулж ажилласан. Тэрэндээ мөнгөө хурааж чадаагүй. Илүү орлого орж ирээд байгаа юман дээр бид нар мөнгөө хангалттай хурааж чадаагүй, амжаагүй. Нөгөө талаас 2008 оны сонгуулийн үр дүнд үүссэн байсан амлалтыг биелүүлэх талаас хоёр нам хоорондоо уралдаад амлалтандаа хүрэхийн төлөө явсан. Эргээд энэ бол сонгогчдоо басамжилсны үр дүн. Мөнгийг нь өгчихвөл бид нар сонгогдчихно. Тийм нэг сохор итгэл үнэмшил дээр тулгуурлаад явчихсан. Хүмүүс бол амьдралынхаа чанарт өөрчлөлт гаргахыг хүсч байсан.

-Таны, та бүхний тэмцлийг харсан. Надад бол таалагдсан. Ардчилсан нийгэмд хүмүүс эсэргүүцлээ янз бүрээр л илэрхийлдэг шүү дээ. Харин ч содон байсан. Нийгмийн хэв журам зөрчсөнгүй. Зам хааж, үймээн самуун дэгдээсэнгүй. Тэгсэн атлаа хоржоонтой эсэргүүцэл байсан. Б.Болдсайхан эмчийг таньж байна. Нөгөө хоёр нь жиргээчид үү. Энийг яаж бодож олсон юм бэ?
-Би бодож олоогүй ш дээ. Би өөрөө жиргээнд тодорхой хэмжээний цаг зарцуулдаг. Өөрийнхөө үзэл бодлыг заавал Ганчимэгтэй уулзалгүйгээр өдөр тутамд хүмүүстэй хуваалцаад яваад байх нь зөв юм болов уу гэж бодоод тэгээд явдаг. Өнөөдөр доллар 1700 боллоо. 1700 болонгуут нь талбай дээр гарч салаавч үзүүлнэ гээд манай Б.Болдсайхан эмч тоглоод жиргэхээр нь би очоод хатгаад тэгвэл наадах чинь маргааш болно хоёулаа маргааш гаргачихъя гээд л эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгсэн гурван танихгүй хүн нэгдсэн байна лээ. Тэгээд тэр үед нь мэдээжийн хэрэг нээлттэй зарлачихаж байгаа юм чинь сэтгүүлчид давхиж очоод тэгээд л сенсаци дэгдсэн. Энэ бол яахав саваагүй үйлдэл байсан. Би шүүмжилсэн хүмүүсийн бодлыг хүлээж авч байна.

-Юу нь саваагүй байгаа юм бэ?
-Өнөөдөр эргээд л нөгөө би өөртөө яаж харагдах нь чухал биш, эргээд эргэн тойрондоо нийгэмдээ, улсдаа яаж харагдах вэ, нөхдүүддээ яаж харагдах вэ гэдэг дээр дүгнэлтийг хийсэн. Би зөвхөн Ганхуяг биш. Би монгол хүн гэдгээ би бодоогүй. Би нэг намын гишүүн, энэ нам дотроо ойрхон явдаг найз нөхөдтэй, журмын андуудтай гэдгээ бодоогүй.

-Та тэгээд харамсаад байгаа юм уу?
-Харамсаагүй. Шийдэмгий байж үр дагаврыг нь даа. Эргэлзээгээр ямар ч ажил бүтдэггүй гэж би өөртөө хэлдэг. Гэхдээ эргээд нөлөөг нь харвал хүмүүст яаж туссаныг нь харвал би үнэхээр ордныхоо гадаа очиж байгаад, Ерөнхий сайдынхаа цонх руу, Их хурлын даргынхаа цонх руу бүдүүлэг үйлдэл хийсэндээ уучлал гуйж байна.

-Одоо албан ёсоор уучлал гуйж байна уу ?
-Би албан ёсоор уучлал гуйж байна.

-Миний ярилцлагаар дамжуулж уу?
-Дамжуулж.

-Би бол дэмий юм биш үү гэж зөвлөмөөр байна. Ер нь төр засгаа шүүмжилж яагаад болдоггүй юм. Шүүмжлэл, эсэргүүцэлд тогтсон “хэл” гэж байхгүй шүү дээ. Бөмбөр нүдэж, трактор оруулж ирж, плакат барьж, өндөг, лооль чулуудаж, гутлаа шидэж, жагсаал хийж төрөл бүрээр ертөнцийн эсэргүүцэл явагдаж байдаг. Салаавч үзүүлэхэд яадаг юм бэ?  
-Уучлал гуйх ёстой гэж бодож байна. Уучлал гуйхад надаас их зүйл гарахгүй. Би бол өөрийнхөө алдаа шүүмжлэлийг хүлээж авч чаддаг хүн. Үүгээр залуус маань тодорхой нөхцөл байдалд үйлдэл хийхдээ бас бодолцож дараа дараагийн алхмуудаа хийж байгаасай гэсэн тийм жишиг, нөгөө талаасаа уучлал гуйхаас битгий айж бай гэдгийг үзүүлж байгаа юм. Миний дотор залуу, цочмог Хуягаа бас байдаг. Тэр Хуягаа гүйж очоод салаавч үзүүлчихсэн. Өөр арга хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх боломж надад байдаг. Ийм боломж байдаггүй хүмүүс ч байж магадгүй. Мэдээжийн хэрэг зөвтгөөд би яриад байвал яриад байж болно. Эдийн засаг хэцүүдэх нь ээ. Доллар 1500 боллоо. 1550, 1600, 1700 болох нь ээ гээд л байсан. Цочроо авахгүй, дохио болохгүй байсан. Нийгэмд бол Б.Болдсайхан эмч бидний үйлдэл цочроо өгч чадсан. Тодорхой хэмжээнд дохио өгсөн. Хүмүүст юм бодогдуулсан. Сайн талаас нь гэвэл тийм. Нөгөө талаас би бас энэ олон түмэнд ялангуяа залуустаа тодорхой хэмжээнд нөлөөтэй болсон, харж дагадаг олон хүнтэй, бас хариуцлагаа ухамсарласан хүний хувьд салаавч гаргасан тэр үйлдэлдээ уучлал хүсч байна.  

-Яриаг тань таслаад нэг зүйлийг асууя. Танай намын дарга болоод удаагүй байгаа М.Энхболдыг дарга болохоос нь өмнө би ярилцлагадаа урьсан. Тэр үеэр түүний хариултууд дотор салаавчны тэмцэлтэй холбоотой хөнгөхөн шүүмжлэл явсан. Гэтэл тэр үг таныг эмзэглүүлсэн юм шиг байна. Миний ярилцлага хүмүүст эвдрэлцүүлэх шалтгийг битгий тарьж байгаасай гэж би хүсдэг. Мэргэжлийн зорилго, хүсэл шуналдаа хөтлөгдөөд асуултуудаа тавиад, хариултуудаа аваад аваад цацаад байх нь нэг хэрэг.  Энэ миний ажил болохоор, явдгаараа л бас явах ёстой. Гэхдээ ард нь хүмүүсийг битгий эе эврэлцээсэй гэж боддог. Таны facebook дэх гарсан мэдэгдлүүдийг би сонссон.
-Тэрэн дээр би хөнгөн шүүмжлэл гэж хүлээж аваагүй. М.Энхболд дарга бол энэ төр нийгэмд том ажил үйлс бүтээсэн, өнөөдөр улс орныг манлайлж яваа төрийн зүтгэлтэн хүн. Хөнгөн үг бол хэлэхгүй байх. Цаанаа бодож байснаа л хэлсэн байх. Зөвхөн намайг ч хэлээгүй байх. Ер нь цаашдаа яаж явах ёстой юм, улс төрийн соёл ямар байх ёстой юм. Ямар байдлаар энэ намын гишүүд жагсах ёстой юм. Хэрвээ цэргүүд нь тушаалыг нь биелүүлэх үү, биелүүлэхгүй юу гэдэгтээ эргэлзэж байгаад байлдаанд орвол сайн үр дүн гарахгүй. Би ойлгож байна. Би чинь нэгэн цагт Ардын намын журамт цэрэг гээд зарлачихсан хүн. Гэхдээ түүний ярилцлагыг уншаад тэр хариултад хувь хүнийхээ хувьд би бухимдсан. Тэр бухимдлаа цахим хуудсаараа илэрхийлсэн.   

-М.Энхболд дарга хуучин нийгмийн үеийн суурь төлөвшилтэй хүн. Хувь хүнийхээ хувьд ч ер нь хүн ирээд хоёр гурав цохиод авсны дараа харцаараа чи яагаад байна аа гэж хэлэхээр тийм л зан төрхтэй хүн шүү дээ. Тийм болохоор шууд ордон руу салаавч гаргах нь өөрийнх нь хувьд байж боломгүй юм шиг санагдсан байж магадгүй. Бусдаар тийм гүнзгий агуулга тээгээгүй байх.
-Гэхдээ би бас тэгж бодохгүй байна.

-Тэр бол намын дарга М.Энхболд биш байсан. Одоо бол намын дарга М.Энхболд, намын гишүүн Ч.Ганхуяг нарын харилцаа, хамтын ажиллагаа сайн сайхан яваасай гэж хүсч байна.  
-Тийм ээ. Ардын нам өөрөө сөрөг хүчний байр суурин дээр сайн тогтож ажиллаж чадахгүй байна. Нөхцөл байдал хүндэрч аюул заналхийлэлд орчихоод байхад, хийж бүтээсэн зүйлс маань нурж унаж байхад зүгээр хараад соёлтойгоор боловсноор бичиг шидээд, хамт наадаад, баярлаад явах нь бол зохисгүй юм. Ийм үед онцгой арга хэмжээнүүдийг авах ёстой гэж бодож байна. Эдийн засаг руугаа хандсан ажлуудыг. Есдүгээр  сард дэлхийн эдийн засгийн форумын салбар хуралдаан энд болсон. Н.Алтанхуяг сайд тэрнээс хойш Японд очлоо. Эдийн засгийг ч тайвшрууллаа. Хөрөнгө оруулагчдыг тайвшрууллаа. Эргүүлж даллаж дуудаж эхэлж байна. Хөрөнгө оруулалтын хуулиа шинэчиллээ. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталлаа. Гадны хөрөнгө оруулагчид орж ирээд монголд бизнес явуулж болно шүү гэдэг дохиог тод томруунаар өгч эхэлж байна. Одоо нэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давост очиж Монголын хөгжлийн загварын тухай танилцуулгаа хийнэ. Монгол улс тэнд цуглах 3000 шахуу гадны хамгийн том бизнесийн төлөөлөгчдийн, улс төрийн төлөөлөгчдийн өмнө том мэдэгдэл хийгдэх болов уу гэж бодож байна. Эргээд Монгол даллаж байна.

-Давос бол үнэхээр шал өөр индэр. Энэ жилийнх манай хувьд маш чухал үйл явдал болно.
-Би хувьдаа их баяртай байна. Түрүүн би муу үр дагавруудыг нь хэлсэн. Сайн үр дагаврууд нь шууд гарчих зүйл биш гэдгийг бол ойлгож байна. Гэхдээ бидний хувьд сөрөг хүчин болчихоод шокноосоо гарахгүй жил хагас болчихоод ингээд яваад байх нь буруу. Энэ сонгочихсон байгаа бидний улс төрийн тогтолцоонд чинь баланс байх ёстой. Нэг нь хийдэг, нөгөөх нь шүүмжилдэг, хардаг, хянадаг, эрх барьж байгаа хэд нь эд нар хараад байгаа юм шүү, эд нар шүүмжлэх юм шүү болохгүй шүү гэдэг тийм бас тодорхой хэмжээний болгоомжлолтой ажиллах ёстой. Шийдвэрийг тэгж гаргах ёстой. Бүх юмыг л задгайгаар амныхаа пангаар гэртээ гал тогоондоо сууж байгаа юм шиг болж байна, бүтэж байна, өөрийнхөө хүүхдүүдийг хуурч байгаа юм шиг байдлаар ард түмнээ басамжлаад яваад байгааг зүгээр хараад суугаад байх нь манай намын хувьд буруу юм гэдгийг л хэлмээр байна.

-Таны дотор миний бодож байснаас хатуу том чиг шугам байдаг юм байна. Бас таны дотор олон хүний мэддэггүй гайхалтай сайн аав байдаг. Тантай нэлээн олон жил харилцаж, заримдаа бухимдлаа, уйтгар гунигаа, мөрөөдлөө хуваалцдаг хүний хувьд мэддэг юм л даа. Харин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг л хөнгөн Ч.Ганхуягийн тухай бичээд байдаг. Энэ нөгөө залуу настай холбоотой байна уу. Өөрөөсөө өөрөөр үнэлэгдэх бол миний хувьд хамгийн тэсэрмээр бухимдлыг төрүүлдэг. Харин та яадаг вэ?
-Би хүнд таалагдах гэж амьдрахгүй л дээ. Миний амьдралын зарчим. Би Хуягаагаараа баймаар байна. Би микрын сахилгагүй, аав ээжийн хайртай хүү. Дүү нарынхаа атаман нь байсан тэр Хуягаагаараа л баймаар байна. Нэг албан тушаал дээр оччихлоо. Нэг амжилтанд хүрчихлээ. Нэг хэдэн цаас хийчихлээ гээд дөмбийгөөд, гэдийгээд, зузаараад хүнд харагдахгүй болоод, өөрийнхөө хаанаас яаж гарч ирсэн билээ, хэн гэдгээ мартах утгагүй. Эцсийн дүндээ хүн бол нэг л амьдарна. А цэг төрлөө. Явсаар байгаад нэг шугамаар явна. Шугамаар явсаар байгаад Б цэг дээр очино.

-Таны Facebook дээрээ бичсэн нэг өгүүлбэрийг иш татаж асуумаар байна л даа. Шатрын ноён ч, хүү ч адил. Эвхэгдээд нэг л хайрцганд ордог шүү дээ гэж. Нэг нөхөр л төрөл арилжтал хувирсан тухай хувийн эмзэглэл байна гэж харсан. Төрөл арилжсан  улсууд цөөнгүй байна. Бүр дугарахаа байчихаад байна. Ярвайлдаад л, пацаанууд нь бүр сагаад алга болчихлоо. Партизанууд бүр больницын төвшинд очтол эмгэг нь илэрч байна.  Хуучин хэдээс ч зарим нь аймшигтай өөрчлөгдсөн байна. Та баян хүн болохоор тантай тийм хүмүүс тааралддаггүй байж дээ гэж  бодож суулаа.
-Баян гэдгийг мөнгөөр хэмжээд байх надад утгагүй санагддаг.

-Эдийн засгийн хүч бол хамгийн том хүч. Мөнгөтэй хүн гөлөгнөдөггүй. Айдаггүй. Энэ үнэнээс бас зугтаад яахав.
-Баян хүн гэдгийг би мөнгөөр хэмжмээргүй байгаа юм. Ер нь тэр их буруу зүг рүү нийгмийг авч яваад байгаа. Мөнгөөр хараад намайг баян гээд байдаг. Би өөрөө дотроо нэг ертөнцтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой. Өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Өөрийн гэсэн амьдралтай хүн гэдгээр нь хүмүүс бие биенээ хүлээж авдаг болоод зөвхөн өнгө үзэмжээр нь биш, энэ бүхэл бүтэн хүн явж байна. Энэ өөрөө нэр төр. Энэ хүний нэр төрд халдаж болохгүй гэдэг тийм соёлыг тогтоохсон.

-Наадах чинь бол цаасан дээр бичигддэг л хариултууд.
-Тийм байх ёстой. Өнөөдөр бол яахав манай нийгэмд бол би баян хүн. Баян гэдэг нь би хүүхдээрээ баян, би түүхээрээ баян, би өөрийнхөө мөрөөдлөөр баян, өнөөдөр амьдрал надад мууг ч сайныг ч бүгдэнг нь жигдхэн сайхан хуваарилаад өгчихсөн байж байгаа. Миний амьдралд миний том хүүг бол шударга бус хуваарилалтаар тийм төрүүлж өгсөн гэж би үзэхгүй. Бурхнаас, тэнгэрээс тэгж заяагаагүй. Буруутай тогтолцоо, буруутай үйлдэл, хувь хүний алдаанаас болоод тэр хүүхэд өнөөдөр хүртэл шаналаад хэвтэж байна. Гэхдээ Дашка маань өнөөдөр 16 нас хүрчихлээ. Би өнөөдөр хүүгээ нуугаагүй. Би хүүгээ ил гаргаад ирчихсэн. Яагаад вэ гэхээр хүү маань нэгдүгээрт, насанд хүрчихлээ. Энэ улсын бүрэн эрхтэй иргэн нь болчихлоо. Тэр хүү бол үүрэг хүлээх чадвар байхгүй. Яагаад вэ гэхээр хамгийн хүнд ачааг тэр хүүхдийг төрсөн өдөр нь үүрүүлчихсэн энэ улс. Тэгэхлээр энэ хүүхэд эрхээ яаж эдлэх ёстой юм бэ. Иргэний үнэмлэхээ авъя. Дахиад ийм үйлдэл энэ улсад гарч, ийм хувь тавилан хүүхдэд ноогдох ёсгүй юм шүү гэдгийн төлөө Дашка минь тэмцэж байгаа юм. Насаараа нэг өрөөнд тэргэнцэр дээр тархин дотроо цоожлоостой биеэ удирдаж явж чадахгүй байна гэдэг бол аймшиг.
-Өмнөх ярилцлагын үед би таниас асууж байхад тэр эмчийг уучлал ч гуйгаагүй гэж та хэлж байсан. Тантай уулзсанаасаа хойш бодоод л яваад байдаг юм.  Даун, аутизм гээд олон аймшигтай өвчнүүд байна. Тэд биш байсан уу. Үнэхээр арга чарга алга уу?
-Биш л дээ. Тархины цус харвалт, бүтэлт явагдсан. Буруу эмчилгээ явсан. Эхлээд төрөхөд буруу тариа хийгээд, болоогүй байхад нь дүлүүлж шахуулж эхэлсэн. 30 минут гацаасан, тэгээд би өөр дээрээ жишихээр нэг л юм ойртоод байгаа юм л даа. Жорлон дээр удаан суучихаад босохоор хөл рүү бяс гээд биржигнэдэг ш дээ. Хүний тархин дээр тийм юм явчихлээр чинь тархи тал нь цус харвалттай үлддэг юм байна. Цэвэр хувь хүний алдаа байсан. Тэр эмч нар бол уучлал гуйх байх байтугай ерөөсөө яаж байна, ийж байна гэж нэг ч удаа яриагүй. Сая бол би нэрийг нь дэлгээд тавьчихсан. Гавъяат эмч Үйлст гуай байсан. Сая бас нэг хүүхдийг тэгсэн байсан. Би эртхэн энэ асуудлаар тодорхой хэмжээнд явдаг байж дээ. Бас энэ алдааг байдаг юм байна шүү гээд эмч нартаа ч гэсэн яамандаа ч гэсэн нэг дохио очих ёстой байж дээ л гэж бодсон. Тэгсэн бол ахиад хүүхэд тийм хувь заяа эдлэхгүй байх байж. Яагаад гэхээр маш олон ээж аавууд энэ асуудал дээр шаналаад гэртээ сууж байдаг юм байна лээ. Энэ асуудлыг нийгмийн анхаарлын төвд авчирч нийгэмд ярьдаг, энэ хүмүүсийг нийгэмшүүлдэг, анзаардаг тоодог, халамжилдаг тэр цагийг ойртуулах ёстой гэж би үздэг.

-Дашка маань одоо ярьж сурч байна уу?
-Байхгүй шүү дээ. Биеэ бүр удирдахгүй. Юу ч байхгүй, нүдээ удирдаж чадахгүй. Тэгсэн ч тархи нь цаанаа байж байгаа.

-Аавыгаа танина биз дээ?
-Танина. Илэрхийлж чадахгүй. Юугаараа ч илэрхийлж чадахгүй. Хооллуулна, арчлуулна. Тэгээд л байж байдаг.

-Та бол мэдээж бүх арга чаргыг л хайсан байх?
-Тархийг нь нэгэнт л солиод тавьж чадахгүйгээс хойш одоо яая гэхэв дээ. Энэ бол миний амьдралын эмгэнэл. Миний өмнөх амьдралыг ухаж гаргаж ирж байгаад энэ хүүгээсээ болоод анхны эхнэрээсээ салсан байдлаар яриад, бичээд  байдагт л би эмзэглэдэг. Энэ бол худлаа. Битгий ингээч гэж би гуймаар байна.

-Хүний амьдралыг мэдэхгүй байж л дүгнээд байдаг. Нэг ч удаа уулзаж, мэдрэлцэж, халуун гараа атгалцаагүй байж л хараалаар булаад л. Нэр зүсээ нуучихаад л интернетээр бусдыг “алж” байдаг тэр хүмүүс бол эмгэнэлтэй амьдралтай хүмүүс шүү дээ.  
-Тийм. Миний хүүг битгий доромжил, битгий худлаа дүгнэ гэж л хэлмээр байна. Амьдрал эрээнтэй бараантай. Би түрүүн хэлсэн. Би төгс төгөлдөр хүн биш. 

-Хүн болгонд л өнгөрсөн байдаг гэдгийг бид мартчихаад байх юм л даа. Хэрэв манай сэтгүүлчид тэгж бичдэг бол та уучлаарай.  
-Би гэхдээ шударга байхыг л хичээдэг. Болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг болгохын төлөө явж болно. Хэзээ зогсоод за нэг том цэг тавиад ингээд энэ асуудал хаагдлаа гэдэг цэгээ бас тавьж чадна. Тэгэхлээр тэр талаас намайг заавал муу хүн, муу хүн дотроо өөрийнхөө хүүхдээс урваад явчихсан эцэг гэж битгий гүтгээч гэдгийг л гуйж байна.

-Яриа маань явж байгаад таны эмзэг зүйл рүү орчихлоо. Сая намын хурал гэж болоод өнгөрлөө. Бодвол та суусан байх. Бага хурлын бүрэлдэхүүн нэлээн шинэчлэгдсэн байна лээ. Цаашаа унжийгаад явахгүй урам зоригтой нэг цул болоод явах итгэл найдвар байна уу, улам илүү фракцлагдаж тарав уу?
-1000 гаруй хүн тойрч сууж байгаад гурав дөрөв хоног хуралдаад гаргаад ирсэн шийдвэрийг миний хувьд дүгнэх нь ахадсан ажил болох биз. Зүгээр сонголтуудаа бид нар хийсэн. Алдаан дээрээсээ суралцаад ирээдүй рүүгээ илүү өөдрөгөөр, эрчтэйгээр,  илүү хүчтэйгээр алхъя гэдэг тийм чин хүсэл зориг харагдаж байх шиг байна. Яг одоо жолоодлогыг гартаа авсан байгаа хүмүүсийн хувьд ямар нөхцөл байдалд яаж гарч ирээд ямар үүрэг хариуцлага нуруун дээрээ үүрч аваад зориг гаргаад гараад ирсэн бэ гэдгээ ойлгоод энэ албан тушаалуудыг авсан байгаа. Энэ нам бол өнөөдөр сөрөг хүчний байр суурин дээрээ гарч ирэх хэрэгтэй. Эрчтэй хүчтэй, ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байгааг хүн бүр ойлгож байгаа. Үгүйлж байгаа. Сөрөг хүчин бол өмнөх бүх цаг үеэс илүү нягт нямбай ажиллах ёстой.

-Сөрөг хүчин байхын ашиг, хожоо гэж байдаг шүү дээ. Тэрийгээ л гаргаж чадахгүй байна. Гэхдээ тэр нь зөвхөн тэмцэх, нураах, үгүйсгэх, үймүүлэхийн нэр бас биш л дээ.
-Биднийг л муу байсан гэж зөвхөн яриад байгаа боловч манай эрх баригчид маань  бол бас томоохон томоохон алдаанууд гаргаад байгаа учраас бараг сөрөг хүчингүйгээр олон түмэн өөрсдөө дүгнээд байна. Дүнгээ тавиулаад байна. Мэдээжийн хэрэг сонгууль болтол хоёр гаруйхан жил байна. Юм бол ингээд л нэгээр дуусдаггүй. Эргэлттэй байдаг. Боломжууд гарч ирэх байх. Бид нар нэг алдаа хийчихсэн юм шиг байгаа юм. Нийтээрээ, ганц нэг нам ч биш, ганц нэг хүмүүс ч биш. Нийтээрээ. Бид нар их сайхан зорилго гаргаж ирж тавьчихаад, 1991 онд тэрийгээ тунхаглачихаад Ардчилсан нийгмийг сонгосон. Олон намтай тогтолцоог сонгосон. Зах зээлийн эдийн засгийг сонгосон. Тэгэхдээ тэрнийхээ мөн чанарыг бүрэн дүүрэн төгс утгаар нь ойлгож ухамсарлаж нөгөө талдаа ард нийтдээ, хүндээ сэтгэл рүү, зүрх рүү нь оруулах талыг нь тэр чинь яаж ажиллах механизм байдаг юм бэ гэдгийг ойлгуулах тал дээр буруу явчихаж. Өнөөдөр намайг нэг бухимдуулаад байгаа нэг зүйл бол баян гээд түрүүн ярилаа шүү дээ. Жишээ нь баян хүн л бол муу, луйварчин хүн, авилгачин хүн гээд яриад байдаг болчихож. Баян хоосоны зааг нэмэгдээд байна гээд л. Нөгөө талаас болохоороо ядуурлаас хүмүүсээ гаргая гээд байдаг. Одоо бүгдээрээ энэ сөрөг юмнуудаас салъя. Сөрөг яриануудаасаа эхлээд салъя. Ядуурлаас гарна гэж биш, баяжина гэж яръя. Иргэдээ баяжуулна гэж ярья. Ядуурлаас гаргана гэдэг чинь баяжуулна гэсэн үг биз дээ. Баян болно гэсэн үг биз дээ. Тэгвэл энийг нь сонгож яръя.

-Арай тэмүүлэлтэй, эрч хүчтэй үгийг нь сонгоё гэж үү?
-Тэгэж ярих хэрэгтэй. Нэг зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй.  Америкт очоод баян хүн гэхээр олны бахархлыг аваад тэр хүнийгээ шагшран магтаад урам өгөөд энэ хүн бол баян хүн. Энэ хүн бол амжилттай хүн гэж ярьдаг. Өнөөдөр амжилтыг шийтгэхээ болъё. Англиар Success гэж ярьдаг. Тэрийг бол биширдэг байхгүй юу. Тэрийг нийгэмдээ үнэт зүйл болгож гаргаж ирье. Хүн амжилттай байхын төлөө төрдөг, хүн амжилттай байхын төлөө амьдардаг, боловсордог. Өөрийгөө хөгжүүлж байгаад хөрөнгө оруулалт хийж байгаад, уйгагүй хөдөлмөрлөж байгаад амжилтанд хүрдэг. Амжилтыг дагаад үнэ, мөнгө нь орж ирдэг. Үнэ мөнгө орж ирэхлээр айдаг нуудаг биш гаргаж ирдэг, бахархдаг тэрнийг нь үнэлж чаддаг тийм нийгэм болох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар зах зээлийн эдийн засаг, бизнесийн эдийн засаг гэчихээд нөгөө нэг ганц хоёр амжилттай яваа хүмүүсээ нийгмийн хог шаар болгоод зүхээд байхаар чинь бидний хүүхдүүд яаж харах вэ. Энэ оюутнууд чинь уншаад миний салаавчнаас хавьгүй долоон дор суртлаар угаагдаж байгаа байхгүй юу. Энэ муу олигархи, энэ муу луйварчин авилгачин энэ ингээд идчихлээ. Энэ лиценз худалдаад авчихлаа. Эцсийн дүндээ хүн өөрийн хүч хөдөлмөрөө гаргаж байгаад худалдаж авч байгаад, мөнгөө банкнаас зээлж авч байгаад, эрсдэл хийж байгаад биднээс өмнө нь хөдөлчихсөн бол түүнд атаархах биш илүү дэмжих хэрэгтэй. Олон мянган хүнийг ажлын байрыг бий болгож байна. Нөгөө яриад байдаг багш, эмч нарын чинь цалинг энэ баялаг бүтээгчид чинь бий болгож байгаа. Тэгэхлээр энийг бид туушдаа намын бодлогод ч оруулах ёстой, төрийн бодлогод ч оруулах ёстой. Ярихдаа ч бид нар жаахан хэм хэмжээтэй ярих хэрэгтэй байна гэдгийг улс төрчиддөө ч гэсэн уриалж байна. Бидний энэ ярианаас болж би л сайхан ядуу хүн, би сайхан өмчгүй хүн тийм учраас би шударга хүн гэдэг тэрэнгээрээ бахархдаг эх орончид дэндүү ихэсч байна. Тийм байх ёсгүй. Биеэ засна, гэрээ засна, төрөө засна. Тэр өвөг дээдсийнхээ сургаалийг дагаад явах ёстой. Тэр анх хувьсгал хийгээд явж байсан анхдагчдын нэг “Баяжигтун” гэж уриа гаргаад явж байсан нь санаандгүй зүйл биш гэдгийг би гэхэд дөнгөж саяхан л ойлгосон шүү дээ. Аливаа үзэл чинь уриа лозонгоор явж байж хүний сэтгэлд хоногшиж үлдэж энэ нийгэмд чинь шинэ үнэт зүйл бий болох юм байна. Энэ үнэт зүйл дээрээ бид нар нэг дүгнэлт үнэлэлт хийж гаргаж ирж байгаад энэ цаг үетэйгээ нэг хэмнэлээр алхуулахгүй бол үнэт зүйл нь социализмаараа өөр юман дээр тулгуурлаад яваад байдаг, тогтолцоо нь өөр болчихсон үед ийм гажуудал үүсээд байна шүү дээ. Би хувьдаа  энийг аваачаад шууд 2012 оны сонгуулийн дүнтэй уячихмаар байгаа юм. Тэгэхээр хүн дээрээ анхааръя. Мэдээжийн хэрэг аваад үлдэх ёстой соёлын өв уламжлалаа, биднийг Монголчууд гэж харагдуулах зүйлсээ бид авч үлдэх ёстой. Нүүдэлчин соёл иргэншлээс юм үлдэх ёстой. Гэхдээ нөгөө талдаа бид нар энэ дэлхий нийтийн нийгэмлэгийн нэг хариуцлагатай гишүүн нь. Цаг үетэйгээ нийцэж алхах ёстой. Өнөөдөр бид нар хотын хүмүүс, хотын үнэт зүйлсийг, хотын соёлыг бид нар ярьдаг хийдэг тэрнээсээ ичдэггүй, нуудаггүй байх ёстой. Өчигдөр твиттерээр гудамжинд нэг хүн бие засаад бөгсөө арчиж байгааг нь харуулсан байна лээ л дээ. Энхтайвны өргөн чөлөөн дээр. Ийм байдалтайгаа бид нар ажиллах хэрэгтэй. Арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Бидний утааны асуудал, түгжрэлийн асуудал, бухимдлын асуудал, гараад байгаа гэмт хэргийн асуудал, зурагтаар яригдаад байгаа сенсацийн асуудал бол цэвэр бидний дотоод сэтгэл, оюуны үр дагавар. Тэгэхээр бид нар утаатай тэмцэх биш, өөрчлөлтийг яг хүнээс нь. Хүн бүр яг өөрөөсөө өөрчлөлтийг хийж эхлээд илүү уужим, илүү сайхан, нэг сайхан гүнзгий амьсгаа авч байгаад, нэг сайхан уужим байдлаар байдалдаа дүгнэлт хийгээд явъя. Уурлалаа гээд, хүнийг хараалаа гээд бидний халаасанд мөнгө орж ирээд, ходоодонд хоол ороод ирэхгүй. Нэгэнт тийм юм чинь цөмөөрөө энэ амьдралаа сайхан байлгахын тулд бие биендээ урам хайрлаад инээмсэглээд явж байхад сэтгэл сайхан, дотор нээлттэй явбал хүний ажил амьдрал нь ч гэсэн бүтээд явдаг гэдгийг  манай шүтээд байдаг шашин маань хүртэл зааж өгөөд байдаг шүү дээ. Тэгэхлээр халаасан дахь мөнгөний хэмжээ бага байгаа бол өөрчлөлтийг хүсч байгаа бол дотроосоо эхлэ. Сэтгэхгүйгээсээ эхэл. Өөрийнхөө доторх сэтгэлээсээ эхэл гэдгийг л би бараг лам шиг номлоод байдаг болчихсон. Өнөөдөр бид нар ямар ч байсан өлсгөлөнд нэрвэгдсэнгүй. Тэгсэн атлаа ядуурал гэж ярих дуртай. Өөрсдийгөө хэтэрхий их доош нь хийх дуртай. Бид бол баян улс. Бид бүгдээрээ баян улс. Ийм сайхан уудам нутаг байна, ийм сайхан түүх байна. Ийм сайхан эрх чөлөө байна. Ийм сайхан сонголтууд байна. Хаана ч очоод бид хүүхдээ сургуульд сургачихаж болж байна. Өнөөдөр Энэтхэг рүү нэг очиж үзсэн хүн Хятадын нэг мужид очиж үзсэн хүн, Мяньмар гэдэг улсад очиж үзсэн хүн ядуурал гэдгийг жинхэнэ харж байгаа байх. Филиппинд өнөөдөр усанд автаад 10  мянган хүн нэг өдрийн дотор алга болчихож. Хэдэн зуун мянгаараа идэх юм байтугай уух ус нь олдохгүй. Бидэнд тийм амьдралыг дээрээс заяагаагүй. Бид нар тодорхой хэмжээнд байгаа юмандаа өнөөдөр болоод байна, бүтээд байна гээд эерэг талаас нь юмыг хараад явбал амьдрал бүтээд байна. Энэ дээр надад ямар нэгэн шашин шүтлэг, урсгалын юм байхгүй. Амьдралаас сурч ухаарснаа л хуваалцаж байна. Дээр нь бид бие биенийгээ уучилдаг байх хэрэгтэй. Уучлал гуйж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол том соёл. 

-Ярилцлагынхаа төгсгөлд бас яг өнөөдрийн нөхцөл байдалд асуухгүй өнгөрч боломгүй нэг асуултыг тавъя гэж бодож байна. Хувь заяа таны өмнө бас нэг сонин хаалга санал болгож магадгүй юм шиг байна. Шууд хэлэхэд АН-ын нөлөө бүхий лидер тантай сонгуулиар өрсөлдөж ялалт байгуулж парламентад орж ирсэн Ренчиннямын Амаржаргал Их хурлын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ гаргачихлаа. Одоо нөхөн сонгууль болоход өрсөлдөх хамгийн магадлалтай хүн бол та харагдаж байна. Энэ асуулт магадгүй эрт байж магадгүй. Гэхдээ энэ асуултыг тавихгүй байж бас чадахгүй нь ээ?
-Би өчигдөр өөрийнхөө твиттерээр зарим хүмүүсийг сонирхоод асуухад нь хариулсан. Одоо бол зөвхөн Р. Амаржаргал гишүүний л асуудал яригдаж байна. Тэр хүн өргөдлөө өгсөн. Р.Амаржаргал ахад би гүн хүндэтгэлтэйгээр ханддаг. Энэ хүнээс сураад авах юмсан гэж боддог хүмүүсийн нэг. Зарчмынхаа дагуу үйлдэл хийсэн гэж бодож байна. Өнөөдрийн засагт үнэлэлтээ өгчихлөө гэж харж байгаа. Хуулийн дагуу процесс явна. Улсын их хурал шийдвэрээ гаргана. Тэгж байж Сонгуулийн Ерөнхий хороо шийдвэрээ гаргана. Нам шийдвэрээ гаргана. Тэгж байж би ам нээх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Нэг зүйлийг нэмээд хэлье. Өнөөдөр бидний дунд яригдахгүй орхигдоод байгаа нэг зүйл байгаа. Бид нар өөрсдөө Монгол улсын дүр төрхийн гадагшаа харагдах байдлаа зөв тодорхойлж чадахгүй байна. Бид нар монголчууд, хөх толботой монголчууд, Чингисээрээ омогшоод л ингээд яваад байгаа. Энэ сэдэв рүү бүгдээрээ нэг харцгаая. Тэр цаг нь болчихоод байна.

-Монгол улс нүүр төрхнийхөө мake up-аа зөв хийж чадахгүй байна гэж олон залуучууд ярьдаг юм аа. Иймэрхүү сэдвүүдийг төрийн төвшинд хийх институци алга байна шүү дээ.

-Яахав брэнд гаргах тухай олон жил яриад л байна. Монгол юу вэ, бусад улсад юу гэж харагдаасай гэж хүсдэг вэ. Монгол гэхээр ямар дүр зураг гарах ёстой вэ. Чиний хувьд маш олон хүмүүстэй уулздаг шүү дээ.

-Нэг нийтлэл бичээд л ойлгуулчихдаг зүйл биш. Маш хэцүү сэдэв байхгүй юу. Нийгэмд аливаа зүйлийн үрийг суулгах маш хэцүү. Тэгдэг дуу хоолой болтлоо маш удна. Бараг ихэнхи нь бололцоогүй. Та нар үзэл суртлын тал дээр хүндрэлтэй тулгарахаараа сэтгүүл зүй рүү орох юм. Бусад үед бүх болж бүтэхгүйгээ чихдэг.
-Миний хувьд аягүй ойлгомжтой болчихсон. Сонгуулийн дараах саяны нэг жил ар ажлаа амжуулангаа өнгөрч болсон үйл явдлуудыг эргэцүүлэх боломж гарлаа. Бид нар уул уурхайн Евро азийн хамгийн хүчирхэг улс. Энийгээ цөмөөрөө нээлттэйгээр хүлээн зөвшөөрөхгүй бол болохгүй биз дээ. “Эрдэнэт” бид нарыг 20 жил хямралын үед, шилжилтийн үед аваад гараад ирсэн. Зөвхөн “Эрдэнэт”. Хүн болгон Уул уурхайгаар яриад бухимдаад байдаг. Одоо бид ямар төвшинд хүрэв. Өөрсдийнхөө бололцоог мэдрэх хэрэгтэй байна шүү дээ.

-“Оюу толгой” дээр гэхэд л зургаан жил хэрэлдэж байж хөдөлгөсөн. Зургаан жил гэдэг бол нэг хүний амьдралаар авч үзвэл том хугацаа биз дээ. Одоо ч эргэж хэрэлдсээр л байгаа. Улстөрчид нь ашиглаж сонгуульд ордог жишиг хүртэл  тогтчихлоо шүү дээ.  
-Одоо нэг талдаа цөмөөрөө гаръя л даа. Нэг талдаа гарахын тулд бид нар бодит байдлыг л хүлээн зөвшөөрье. Уул уурхайгүйгээр бидний ирээдүй байхгүй. Хомсдлын нийгэм байна. Ядуусын нийгэм байна.

-Дэлхийтэй тоглох гэж байгаа юм чинь бүгдээрээ нийлээд нэг талд гаръя. Энэ бол эдүгээн уриа. Гэвч хэн хийх вэ. Ойлгуулах, суулгах ажлыг хэн хийх юм.  
-Нэг талд гаръя аа. Цөмөөрөө уул уурхайн гүрэн гэдгээ зөвшөөрье. Уул уурхай гэхээр л хүмүүс ихэнхдээ хар бараан талаас нь хардаг. Бор эдийн засаг энэ тэр гээд л бид нар чинь өөрсдийгөө гутаахдаа сайн хүмүүс юм байна . Бор эдийн засаг энэ тэр гэж томъёолол гаргаж ирээд л. Браун Экономик гээд. Үгүй ээ юу гэсэн үг вэ. Бид нарыг тэжээсэн “Эрдэнэт” рүүгээ нулимаад л. Өнөөдөр бид нарыг авч яваад хүн болгоноо шахам буруу, зөрүү рультэй машинтай болгочихсон,гар утастай болгочихсон үйлдвэр шүү. Энэ байгаа юмыг чинь өөр хэн бүтээсэн юм. “Эрдэнэт” бүтээсэн. Нүүрс бүтээж байна. Оюу толгой бүтээнэ. Яагаад бодит байдал руу бид нар эгц нүд рүү харж чаддаггүй юм. Бодит байдал бол тийм. Бид нар ганц ширхэг хонь экспортолж чадахгүй. Ер нь бол манай нэг сумыг аваад явах хэмжээний хонины мах экспортолж чадахгүй. Хонины нэхий экспортолж чадахгүй.

-Хүний хамгийн том айдас бодит байдалтай гар барих шүү дээ.
-Тэгэхээр үүн дээр манай сэтгүүлчид ч гэсэн сайн ажиллах ёстой. Би өөрөө сэтгүүлч биш. Одоо бүр телевизийн нэвтрүүлэг хөтөлж байна, өөрөө зочноор оролцож байна. Нэг л зүйл хэлж байна. Цөмөөрөө баян болцгооё гэж. Цөмөөрөө нэг талдаа гаръя гэж.

-Ярилцлагаа бүх утга зүй дээр хамгийн гоё ойлголт байдаг “хаалга” гэдэг зүйлээр дуусгая гэж бодож байна. Олон жилийн өмнө улс төрийн нэг том зүтгэлтэн надад хэлж байсан юм. Хувь заяа хүний өмнө тэр бүр хоёр гурван удаа хаалга нээж өгдөггүй юм шүү гэж. Улс төрийн үүсч байгаа нөхцөл байдал дээр одоо таны өмнө энгийн ч байж болох, эсвэл бүр огт өөрөөр байж болох тэр хаалга нээгдвэл та явж орох уу?

-Би одоо үгүй ч гэж хэлмээргүй байна, за тэгнэ ээ ч гэж хэлмээргүй байна.

-Гэхдээ хаалга гэдэг гоё ойлголт гэдэгтэй бол санал нэгдэнэ биз дээ?
-Ер нь бол би хаалгаар дандаа ороод л явчихдаг. Алдахаас айдаггүй.

-Баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.
 Бид ийнхүү хөөрөлдлөө. Түүний цахим хуудсандаа өөрөө орчуулж тавьсан Эрнэст Хэнлигийн “Ялагдашгүй” хэмээх шүлгийг уншаад яагаад ч юм тэр өөрөө зохиовол ийм л үгсийг бичих байх. Тэрний л дотроос ийм тэсрэлт, ийм гашуун, ийм зориг төгөлдөр үгс гарна даа гэж бодогдсон. Гэхдээ тэр өөрийнхөө яруу найрагчийг “олж” авчээ. Та сонирхох уу...

Намайг бүрхсэн шөнө дундаас,
Дэлхийг нөмөрсөн гяндангийн харанхуйд,
Бурхдад юу ч бай талархана би
Ялагдашгүй сүнсийг минь хайрласанд.
 
Гай тохиолын хэрцгий гарт
Чангаар орилж, дальдичсангүй би.
Үйлийн тохирооны хүчин дор
Толгой минь цустай ч цэх хэвээр.
 
Цухал нулимстай ертөнцийн үзүүрт
Харанхуй мөхлийн аймшиг хүлээнэ.
Гагцхүү, харгис балмад он жилүүд
Намайг айлгаж, буулгахгүй ээ.
 
Завшааны үүд нарийн байсан ч,
Эрлэгийн зарлиг хатуу боловч,
Би бол хувь заяаныхаа эзэн
Сүлд сүнснийхээ ахмад нь мөн.

Wednesday, 6 November 2013

Д.Содном: Энэ 80 жилийг би гэдэг хүн юу хийж өнгөрөөв өө?



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Тулгар төрийн 2222 жил, Чингис Хаан мэндэлсний 851 жил, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар өчигдөр мэдээлэл хийхдээ Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэртэй эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга гээд Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн, өнөө жил 80 насыг зооглож байгаа Думаагийн Содномыг  Чингисийн одонгоор шагнахаар болсон тухай онцолсон билээ. Шагналыг арваннэгдүгээр сарын 4-нд гардуулна.

Энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болоод буй Ерөнхий сайд асан Д.Содномтой сэтгүүлч Б.Ганчимэгийн 2013 оны зургадугаар сард хийсэн ярилцлагыг хүргэж байна.

“Ярилцъя” шинэ зочныхоо хамт мэндчилж байна. Манай өнөөдрийн зочин БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга асан Д.Содном. Энэ эрхэм хүн нэгэн үе манай улсын төр засгийн хоёрдахь том албан тушаалтан байлаа. Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Монгол улсын Ерөнхий сайд байсан түүнийг монголчууд андахгүй. Өнөөдөр Д.Содном гуай 80 нас хүрч байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан түүнийг зочноороо урьж, ярилцсан юм. 

-Тантай уулзаж ярилцах завшаан тохиосонд баяртай байна.  Таны зургийг л жаахан байхдаа харж байснаас уулзаж явсангүй.
-Тийм л байх. Чи жаахан наашаа суу. Миний чих хатуу болчихоод байгаа. 

-Таныг Дорноговийн хүн гэж мэднэ. Харин аль сум билээ ?

-Өөрөө аль аймгийнх вэ.

-Булган.
-Өө, Булганых юм уу. Би чинь говийн хүн шүү дээ. 1933 онд Дорноговь аймагт төрсөн. Өнөө жил чинь 2013 он. Цаг хугацаа явжээ. Би гэдэг хүн 80 хүрсэн байна.

-Сайхан нас. Яг төрсөн өдрөө та мэдэх үү?
-Төрсөн оноо бол мэднэ, төрсөн өдрөө мэдэхгүй. Яахав, сүүлд л 7 сарын 14 гээд бичүүлчихсэн байдаг юм.

-Тэр өдрөө тэмдэглэдэг үү?

-Заримдаа томхон ой тохиосон жилд ч юм уу, тэмдэглэнэ. Тэрнээс бусдаар жил болгон сүртэй төрсөн өдөр энэ тэр гэж тэмдэглэж явсангүй.

-80 насны ойгоо бол тэмдэглэх гэж байгаа биз дээ?  

-Миний амьдралын 23 жил нь Сангийн яамтай холбоотой юм л даа. Тэгээд Сангийн яамны нөхдүүд маань, миний олон жил хамт ажилласан ахмад хүмүүс бүгд нийлээд миний  80 насны ойг тэмдэглэнэ гээд байгаа. Та хүссэн ч бай, хүсээгүй ч бай бид  тэмдэглэнэ гээд болдоггүй. Ингээд зургадугаар сарын 21нд тэмдэглэхээр болсон. Долдугаар сарын 14 нд нь тэмдэглэвэл яасан юм гэсэн чинь баярын дараа улс амьтан тараад явчихна, зав чөлөөгүй болчихно тийм учраас жаахан наашлуулаад тэмдэглэчихье гээд ингээд шийдсэн хэрэг л дээ. Тэгээд би бодож байна. Энэ 80 жилийг би яаж өнгөрөөчихөв дөө гээд. Өнгөрүүлсэн амьдралаа эргээд бодохоор их сонин сонин юмнууд бодогдож байна л даа. Юуны түрүүнд бага насаа яаж өнгөрөөлөө. 1933-1946 онд хүртэлх 13 жил бол би Дорноговь аймгийн одоогийн Өргөн сум хуучныхаар Баян-Муг гэж байсан юм. Тэндээ л өнгөрөөж дээ.

-Баян-Муг гэж  ямар сонин нэр вэ?

-Тэр үед Баян-мөнх гэдэг нэртэй сум байсан юм. Тэр Баян-Мугтаа л бага насаа өнгөрөөсөн.

-13 нас хүртлээ?
-13 нас хүртлээ. Тэр чинь яг дэлхийн хоёрдугаар дайны жилүүд л дээ. Маш хүнд хэцүү жилүүд байсан. Манай Баян-Мугийн ард иргэд маш сайхан сэтгэлтэй, хамтач, хамтдаа хүнд хэцүүг туулж чаддаг тийм л сайхан улсууд байждээ. Тэр сайхан сэтгэлийнхээ хүчээр тэр хүнд хэцүү дайны жилүүдийг амьд мэнд туулцгааж, хажуугаар нь үр хүүхдүүдээ бага сургуульд сургацгааж байлаа. Энэ бүхнийг амжуулж чадаж байсны ачаар ерөөсөө цаашдаа амьдрах сууриа тавьж авчээ. Амьдралын минь их суурь энэ үед л тавигдсан гэж би үздэг.

-Тэр үед чинь хүүхдээ сургууль номонд өгөх тухай ойлголт жаахан марууухан  байсан юм биш үү. Хүүхдээ сургуульд явуулах дургүй байсан гэж л яригддаг шүү дээ. Танайх ер нь хэдэн хүүхэдтэй айл вэ?

-Үгүй. Яг миний өсөх насанд ард иргэд харин ч хүүхдүүдээ сургууль соёлоор явуулах гэж асар их хичээж байсан. Тийм ч учраас дайны тэр хүнд хүчир жилүүдэд хажуугаар нь хүүхдүүдээ бага сургуульд сургаж, бичиг үсэг зааж байсан байна шүү дээ. Манайхан ер нь бол эхээс 12- уулаа юм гэнэ лээ. Тэрнээсээ яг долоо нь бол амьд үлдсэн. Нэлээн сайхан амьдарсан. Манай долоогийн хамгийн ах нь Бихар гэж залуу байсан. Миний хамгийн том ах. Нэг сайхан дулаахан нартай өдөр адуундаа давхиж ирчихээд, дээлээ тайлж хаячихаад үүдний хавьцаа суугаад л салхинд  цохиулчихсан юм. Тэгээд л хөөрхий тэрнээсээ болоод 1946 онд 18 настайдаа нас барчихсан. Бидний том ах. Тэр үед эмнэлэг маань ийм л өвчнөөр хүнээ алдчихдаг байсан байгаа юм шүү дээ. Одоо бол уушигны хатгалга туссан бол хэдэн өдөр тариа тариад л зүгээр болчихно. Ингээд бид зургуулаа үлдсэн. Миний дээр дөрвөн ах байсан, дор нэг эмэгтэй дүү байсан. Тэр 1946 он хүртэл би бага сургуульд суралцсан. Манай тэнд бол тэр үед хүүхдээ сургуульд оруулах оруулахгүй  гэсэн асуудал ерөөсөө байдаггүй байсан. Ямар ч байсан манай ижий бол ерөөсөө хүүхдүүдээ сургууль соёлын мөр хөөлгөнө л гэдэг үзэл бодолтой хүн байсан юм. Намайг сургуульд сургах гэж ижий маань өөрөө сумын төв дээр гэртэйгээ нүүж ирж байсан. Миний дүү надаас гурван насаар дүү. Бас л бага  сургуульд сураад л.

-Дөрвөн ах тань бас сурсан уу?

-Төгссөн. Нэг нь энэ офицерийн сургуулийг төгссөн байдаг юм. Нэг нь багшийн дээдийг төгссөн. Нөгөө хоёр нь бол 10 дугаар анги төгсөөд л хөдөө мал малласан. Тэд маань бүгдээрээ сайхан амьдарсан. Харамсалтай нь одоо бүгдээрээ бурхан болсон.

-Тавуулаа юу?
-Бүгдээрээ. Миний ах нар, ганц эмэгтэй дүү бүгд байхгүй. Би ингээд ганцаараа л үлдсэн. 1946 онд би Баян-Мугийн бага сургуулиа төгссөн. Том ах өнгөрөөд бидний хамгийн том нь Жамсүрэн гэж ах маань болсон. Тэр маань намайг  Улаанбаатарт сургуульд оруулна гээд дагуулаад явлаа. Аймагт давхиад ирлээ. Яаж яваад ч орсон юм. Ямар ч байсан тэр үед дүүгээ дагуулаад аймгийн дарга дээр орж л байсан байгаа юм даа. Дүүгээ аймгийн сургуульд оруулах уу, эсвэл Улаанбаатар руу явж сургах уу гэдгийг л шийдэх гэж явна шүү дээ. 

-Бага сургуулиа бол нэлээн сайн төгсчихөж ээ дээ?
-Нэг их айхтар гялалзсан онц ч юм байхгүй. Гэхдээ л дажгүй сайн төгссөн.  Балдандорж гээд яг манай нутгийн нэг хүү бид хоёр хоёулаа аймгийн дарга дээр орсон. Балдандорж маань аймагтаа сурах хүсэлтэй. Би бол ахтайгаа Улаанбаатар орж сургуульд сурна гэсэн бодолтой. Тэгсэн аймгийн дарга Содном чи аймаг дээр үлд. Тэр Балдандорж хот руу явбал яв гэж ингэж зөрүүлээд болдоггүй. Бид хоёр хоёулаа хүсэлтээ хэлээд уйлаад гуйж байдаг. Хоёр ижий ар талд суучихсан хараад байж байдаг. Тэгтэл аймгийн намын хороон дарга нь гээд  Чойжамц гэж хүн байсан юм. Сүүлд төв хороонд ирж ажиллаж байсан. Тэр хүн орж ирээд энэ хоёр хүүхэд яагаад уйлаад сууж байгаа юм гэсэн. Аймгийн дарга тайлбарлаж байна.  Тэгтэл Чойжамц гуай үгүй тэгээд саналаар нь л явуулчихгүй юу гэсэн. Ингэж нэг юм шийдээд,1946 онд Улаанбаатар луу орж ирж байгаа юм. Тэгээд Сангийн яамны харьяа санхүүгийн техникумд 1946-1950 онд суралцаж төгсөөд, 1950 онд Сангийн яаманд албан хаагч болж орж байгаа юм. Одоо болоход 17 той, жаахан л хүүхэд байж л дээ. Эхлээд  байцаагчаар ажиллууллаа. Дараа нь төсвийн орлогын нягтлан бодогчоор ажиллуулсан. Өөрөөр хэлбэл байцаагч буюу нягтлан бодох гэсэн тийм хос  мэргэжлээр Сангийн яаманд 1950-1954 онд дөрвөн жил ажилласан. Ингээд эхлээд харьяа сургуульд нь техникумд дөрвөн жил сурчихаад, дөрвөн жил яаманд нь байцаагч нягтлан бодогчоор ажиллачихаад байж байсан. Тэгтэл 1954 онд Эрхүүгийн тэр үеийн Санхүү Эдийн Засгийн дээд сургууль гэж байсан юм. Сүүлд Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль тэгхэд сүүлд нь улс ард аж ахуйн дээд сургууль гэж болсон. Одоо бол Байгалийн Эдийн Засаг, Хуулийн Их сургууль гэсэн нэртэй болсон байгаа юм. Одоо байгаль нуураараа имиж хийж нэрлэсэн болов уу. Энэ сургуульд 1954-1958 онд суралцсан.1958 онд төгсөөд ирж байгаа юм. Сангийн яам өөрийнхөө нэр дээр явуулж намайг сургасан юм шүү дээ. Төгсөөд иртэл намайг валютын хэлтэсийн даргаар томилсон. Б.Дүгэрсүрэн гэж хүн Сангийн сайд байсан юм. Б.Дүгэрсүрэн сайдаас би асууж байсан. Намайг чинь орлого хариуцуулж л  ажиллуулах юм бодож байсан юм. Тэр чиглэлээрээ ажиллаж  болохгүй юм уу гэж. Учир нь би гуравдугаар курсээ төгсөөд Сангийн яаман дээр нэг сарын дадлага хийсэн байхгүй юм. Тэр үед намайг  Зөвлөлтийн Сангийн яамнаас ирсэн мэргэжилтэнтэй цуг төсвийн реформ  дээр дээр ажиллуулсан. Нөгөө орос мэргэжилтэнтэй цуг бүтэн сар нэг өрөөнд сууж, бүх тооцоон дээр нь ажиллалаа. Үндсэндээ тэр нэг сарын хугацаанд бол ер нь хойно сурсан гурван  жилийн мэдлэгээсээ бараг илүү гэхээр мэдлэг туршлага олж авсан л даа. Тэгээд төгсөөд ирэхдээ төсвийн орлого талын юман дээр л намайг ажиллуулах байхдаа гэж бодож байхгүй юу. Тэгсэн чинь үгүй ээ, валютын асуудал манайд одоо хүнд байна. Энэ дээр мэргэших хэрэгтэй байна. Тийм учраас чамайг хэлтсийн даргаар томилно гээд ингээд валютын хэлтсийн даргаар томилогдоод 1958-1963 он хүртэл таван жил ажилласан. Тэгж байтал 1963 онд гэнэтхэн намайг дуудаад сангийн сайдаар  томилно гэсэн.

-30 настай. Цэл залуу сайд.

-30 настай. Ингээд 1963-1969 оны 12 сар хүртэл сангийн сайд хийсэн.

-Тэгэхээр та чинь Монголын хэд дэх Сангийн сайд гэсэн үг вэ?

-Мэдэхгүй ээ, 10 орчим л болов уу даа. 1911 оноосоо эхлээд тоолбол нэлээн олон, 10-аад сайд байх шиг байгаа юм. Жинхэнэ 1921 оны хувьсгалаас хойш гэвэл хэд байгаа юм бол. Миний урд бол Дүгэрсүрэн гуай байсан. Дүгэрсүрэн гуайн урд Моломжамц гуай байсан  Моломжамц гуайн урд Лувсан гуай,  Лувсан гуайн урд Цэдэнбал гуай байсан юм байгаа юм. Тэрнээс урдахыг нь би сайн санахгүй байна. Ингээд 1969 онд Сангийн яамнаасаа Улсын төлөвлөгөөний комисс руу очсон. Улсын төлөвлөгөөний комисст томилохын өмнө Цэдэнбал дарга намайг дуудаад хоёулханаа уулзсан. Ярьсан юм юу гэхээр за, чи одоо одоо Улсын төлөвлөгөөний комисст оч. Чамайг Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч бөгөөд төрийн сайд гэсэн ийм албан тушаалд томилох гэж байна гэж хэлсэн.

-Шинэ тушаал хүлээж авч. Санал бол асуухгүй биз дээ?

-Шинэ тушаал. Би уг нь Сангийн яамандаа нэлээн ажилдаа дасаж байгаа юм.  Тэндээ байж болохгүй юм уу гээд бас асуугаад авсан. Тэгсэн Ю.Цэдэнбал дарга надад “Содном оо, нарийн учир байнаа. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш Зөвлөлт Холбоот Улс бусад социалист орнууд дайны хохирлоо сэргээх ажлаа амжилттай хийж дуусч байх шиг байна.  Одоо бол эдийн засгийн хөгжлийн асуудал дээр их анхаарч байна. Үүний дотор эдийн засгийн харилцан туслах зөвлөл гээд бүх социалист орнуудыг  нийлүүлсэн тийм том зөвлөл байгуулсан байсан шүү дээ. Энэ шугамаараа бусад улс орнууд монголын хөгжлийг онцгой  анхаар ч байна. Монгол вьетнам хоёр л гэж ярьж байсан л даа. Манай Монгол улсад зээл тусламжаа өгөх тийм болоцоо нь ч бий болчихож. Ер нь тийм бодлого ч явж байна. Энэ зээл тусламжийг авах завшаан бий болчихоод байхад бидэнд нэг юм дутаад байна. Тэр нь юу вэ гэхээр бидэнд Монгол орноо яаж хөгжлүүлэх юм гэсэн  хэтийн төлөвлөгөө байхгүй байна. Хамгийн гол нь зайлшгүй шаардлагатай төслүүдээр техникийн эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хоцорч байна.  Тэгээд зээл тусламж өгөе, харин та нар юунд зориулах юм бэ гэж биднээс асууж байна. Бидэнд хариу үзүүлэх бэлэн төсөл, ТЭЗҮ, тооцоо судалгаа  байхгүй.  Үүнээс болж зээл тусламж авах завшааныг ашиглаж чадахгүй байдалд хүрээд байна. Тийм учраас чамайг  төлөвлөгөөний комисст томилж байна. Гол асуудал улсыг хэтийн төлөвлөгөөтэй болгох, чухал төслүүдээр ТЭЗҮ хийх. Энэ ажлыг чи хариуцаж зохион байгуулах хэрэгтэй байна гэсэн. Ингээд л Улсын төлөвлөгөөний комисст очсон. Тэнд бол их сонин ажлууд явагдсан л даа. Би чинь төлөвлөгөөний комисст 1969 оны сүүлээс 1984 он хүртэл ажилласан шүү дээ 14 жил ажилласан байгаа юм.

-Их бүтээн байгуулалтын ажлын он жилүүд биз дээ?

-Шууд барьж аваад бидний хийсэн ажил юу вэ гэхээр ерөөсөө монголыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө. Тэр нь ямар нэртэй төлөвлөгөө байсан бэ гэхээр “Монголын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх, байршуулах ерөнхий төлөвлөгөө” гэсэн.1970 онд эхэлж байсан гэхээр 1990 оныг хүртэл 20 жилийг бодсон тийм хэтийн төлөвлөгөөг боловсруулсан. Төлөвлөгөөний комиссын дэргэд Эдийн засгийн хүрээлэн гэж байгууллага бий болгосон. Тэр үед Шинжлэх Ухааны Акдемийн ерөнхийлөгчөөр Б.Ширэндэв гуай ажиллаж байсан Б.Ширэндэв гуайтай яриад академийн хажууд бас эдийн засгийн хүрээлэн гэж байсан юм. Тэр хоёр хүрээлэнгээ нэгтгээд төлөвлөгөөний комисст академийн хоёрдмол удирдлагатай нэг Эдийн засгийн хүрээлэн бий болгоод ажилласан. Нэлээн олон хүнтэй, 50 гаруй хүнтэй том байгууллага байсан байх шүү. Тэр хүрээлэнгээ улсын төлөвлөгөөний комисс дээр байрлуулсан. Эдийн засгийн байгууллага  яам хоёр тус тусдаа байхаараа хоорондоо мэдээлэл өгөлцөж авалцахдаа ч тааруу, ажил нь ч уялдаггүй тийм байдал байгаад байсан л даа  Ер нь яаж эд нарыг хамтарч ажиллуулах вэ гээд тэгээд төлөвлөгөөний комисс дээр байршуулъя гэж шийдээд л ажилдаа орсон доо. Бидний хамгийн анхны хийсэн ТЭЗҮ  Эрдэнэт үйлдвэрийн ТЭЗҮ байсан. Нийт зээл тусламж бол 1971-75 онд бол ЗХУ-аас гэхэд 450 сая шилжих рублийн одоогийнхоор бол 450 сая доллар орчим тийм хэмжээний зээл авч байсан. Дараагийн гурван таван жилд тус бүр үндсэндээ гурван тэрбум, таван жил тус бүрт нь шүү дээ. Гурван тэрбум шилжих рублийн одоогийнхоор бол гурван тэрбум долларын хэмжээний зээл аваад ажилласан юм шүү дээ.

- Гурван тэрбум доллар?

-Тийм. Сүүлд баахан л ярьсан шүү дээ. Ерэн хэдэн оны үед. Оросод 10 тэрбумын өртэй байна гээд л шуугисан шүү дээ. Тэр өр чинь үндсэндээ энэ гурван таван  жилд л  авсан зээл шүү дээ. Маш их юм хийгдсэн. Манай улсад бол маш их завшаантай том бүтээн байгуулалтын арван таван жил болсон. Эхний төсөл Эрдэнэт. Тэгээд л Монросцветмэт, энэ том цахилгаан станцууд араас нь хийгдсэн.  Бүх сангийн аж ахуйнуудаа шинэчлээд бариад авсан. Газар тариалангаа хөгжүүлсэн. Гурилынхаа хэрэгцээг бүрэн хангадаг болчихсон,арьс шир, ноосоо бүрэн боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортод гаргачихдаг байсан. Жилдээ 45 мянга орчим тонн мах, 30-аад мянган тонн мал, 60-70 мянган толгой адуу гээд экспортод гаргачихдаг. Хүнсний ногооноос бол төмснийхөө хэрэгцээг бүрэн хангачихдаг. Зарим жил байцаа илүүдчихээр борлуулах зах зээлгүй сандарч байдаг байлаа. За, тэгээд бүрэн дунд боловсролтой болох асуудлыг бол бүрэн шийдсэн, техник мэрэгжлийн сургуулиудаар мэрэгжилтэй ажилчдаа ер нь бүрэн бэлдчихдэг. Ажилгүйдэл гэж байхгүй, бүх хүмүүс ажилтай, засаг төрөөс нь чи ажил хий гэж шаарддаг байсаан болохоос биш ажлын байр олж өгөөчээ гэж нэхүүлээд суудаггүй байсан. Тийм л болчихсон байсан үе шүү дээ.

-1984 онд та Сайд нарын зөвлөлийн дарга болсон билүү?
-Тэгсэн. 1984 онд чинь наймдугаар сард Ю.Цэдэнбал даргыг бүх албан тушаалаас нь халаад, 12 сард нь Ю.Цэдэнбал гуайн оронд Сайд нарын зөвлөлийн дарга байсан Ж.Батмөнх гуай маань ерөнхий нарийн бичгийн дарга болсон.

-Намын ерөнхий нарын бичгийн дарга. Ардын их хуралын тэргүүлэгчдын дарга.
-Тийм. Тэгээд Сайд нарын зөвлөлийн даргаа томилолгүй байж байгаад 12 дугаар сар болсон. Тэгээд л 1984 оны 12 сард намайг Сайд нарын зөвлөлийн даргаар томилсон.

 -Монгол улсын хоёр дахь хүн гэсэн үг үү?
- За, одоо тийм л байдаг байх даа. Миний төрд ажилласан хугацаа 1950-1990 он гэхээр 40 жил болж байна уу даа. 40 жилээс дөрвөн жил нь хойно сургуульд сурсан байгаа. 36 жилд гуравхан газар ажилласан байдаг. Сангийн яам, Улсын төлөвлөгөөний комисс, Засгийн газар. Тэгээд л 1990 онд огцорлоо. Ерэн оны гуравдугаар сарын 8.  Эмэгтэйчүүдийн баярын өдөр талбай дээр баахан залуучууд маань өлсгөлөн зарлачихсан байж байсан. Би ажил дээрээ байсан юм. Ер нь бол их эмзэг үе шүү дээ. Тэр их олон хүн дотор чинь маш олон болж бүтэхгүй амьтад бас явж байна шүү дээ. Тэрнийг зохицуулахад хүндрэл үүсэх шинж ажиглагдаад байдаг.

-Завсрын сэжигтэй улсууд олноороо талбай дээр бас гараад ирчихсэн байсан байх л даа.
-Тэр олонлог дотор чинь бол аюултай шүү дээ. Хяналт тавих бололцоогүй болох ч аюул бий. Тэгээд би өлсгөлөн зарлаж байгаа залуучууд руугаа санал хүргүүлсэн. С.Зориг энэ Э.Бат-үүл, Ц.Элбэгдорж  гээд бүгдээрээ л байсан л даа. Бүгдээрээ уулзацгаая, ярилцъя гэж би хүн явуулаад хэлүүлсэн. Тэгсэн тэд нар маань ч өө, зүйтэй байна уулзья. Гэхдээ ер нь телевиз дээр уулзаж, тэгээд тэр уулзалтаа нийтийн эфирээр гаргасан нь дээр байх гэж санал тавьсан.Тэгье гээд орой нь 16 цагт бид нар телевиз дээр очсон. Би энэ Д.Бямбасүрэнг дагуулаад тэнд очсон.  Д.Бямбасүрэн миний орлогч байсан юм. Тэгээд тэнд бол ярьсан л даа. Нөгөө хэдэн нөхөд маань ч шаардлагаа ярьсан. Монгол ардын хувьсгалт намын үйл ажилгааг хязгаартай болгоё. Засгийн газрыг огцруулья гэж байсан. Улс төрийн товчоог огцруулна гэдэг асуудлыг ч тэр уулзалт дээр гаргаж тавьсан. Би ч яахав уулзалтаа хийчихээд явсан. Ямар хариу өгсөн бэ гэхээр за, та нар тайван бай. Одоо ингээд 2-3 хоногийн дараа манай намын бүгд хурал болно. Тэрүүгээрээ та нарын энэ тавьж байгаа асуудлыг авч хэлэлцэнэ. Тэрний дараа Ардын их хуралын чуулган болох гэж байгаа. Тийм учраас та нар тайван бай. Энэ өлсгөлөнгөө зогсоочих. Тэгээд энэ бүх шаардлагуудыг авч хэлэлцэх, ярилцах бүх бололцоо гарч ирнэ гэж хэлсэн. Буцаж ирээд Ж.Батмөнх даргад ч хэллээ, товчоо ч цуглалаа. Тэгээд ерөөсөө тэр огцрох асуудлыг зөвшөөрье гээд ярилцсан. Хүн болгоноос асуусан л даа. Огцорох уу, яах уу гэж.

-Улс төрийн товчоо чинь нэлээн олон хүнтэй бүтэц биз дээ?

-Товчооний гишүүд чинь тэр үед цөөрчихсөн байсан л даа. Орлогч гишүүдтэйгээ  нийлээд л найм есөн  хүн л байсан байх. Тэгээд маргааш нь л гуравдугаар сарын 9-нийх  нь орой Ж.Батмөнх гуай телевизээр олон түмэнд хэлсэн шүү дээ. Бид  огцрох шаардлагыг хүлээж авч байнаа гэж.

-Тэр үед та хэдтэй байлаа. Хамгийн залуу нь л харагддаг байсан ?

 -Нас уу. 57-той байсан. Залуу хархүү л гялалзаж явлаа шүү дээ би чинь. (инээв) Тэгээд л тэрний ачаар тэр оройдоо ч билүү дээ, өнөө өлсгөлөн чинь зогссон шүү дээ.

-Дэлхийн хоердугаар дайны үеэр таны бага нас төрөлх сумандаа өнгөрсөн байна. Бидний уран зохиолоор дамжуулж авсан мэдээлэл, төсөөллөөр л бол  үнэхээр хэцүү, бүх юм ховор, шохой, самбар ч гэж олдохгүй. Даавуун цүнх үүрсэн хүүхдүүд л байсан гэж ойлгодог. Үнэхээрийн тийм байсан уу?
-Үнэхээр. Хувцас хунар гэх юм ч ховор живэр шүү дээ. Бид чинь ахмад хүмүүсийн хуучин нойтон юмыг л буцааж сэлбэсэн, хассан,тайруулж оёсон юмнууд л өмсөж явна шүү дээ. Зуны цагт бол ерөөсөө л хөл нүцгэн гүйнэ. Тэр нь нэг талаас яахав дээ, говийн бид бол халуун учраас халууцаад гуталгүй явдаг байсан л байх. Гэхдээ л гол шалтгаан нь өвөл зундаа таарсан гутал гэж ерөөсөө байхгүй байсан л байхгүй юу.

-Монгол гутал ч ховор уу?
-Ховор. Монгол гутал чинь бас зуны халуунд бол өмсөхийн аргагүй эд байсан шүү дээ. Хөл нүцгэн л гүйнэ. Намар оройхон болно, хүйтрэнэ, хөл даарна. Дөнгөж шинэ баасан үхрийн баасанд хөлөө хийж дулаацдаг байсан шүү дээ. Ийм л байсан. Ядуу амьдралын үнэн тийм л байсан. Хоол хүнс бол үнэхээр маш ховор байсан. Тэр дайны дөрвөн жилд иддэг мах адууны мах л байсан.

-Мал хуйгаа яачихсан байх уу?

-Мал ер нь л ховор л байсан юм даа. Тэрнийгээ идэж уудаг л байсан байх. Бас улсын бэлтгэлд өгнө шүү дээ. Манайх ч цөөхөн малтай айл байсан. Би чинь ядуу айлын хүүхэд шүү дээ. Эцэг маань байхгүй, муу эх маань л биднийг амьдруулах гэж зүтгэж явсан.

- Думаа гэж танай ээж уу?

- Ижий маань. Гурил олдохгүй. Их л хичээл зүтгэл гаргаж байж хивэг л олж иддэг байсан. Хивгийг тэр чигээр нь ч хэрэглэнэ. Модон идүүрт хийж нунтаглаж байж хоол хийж иднэ. За, будаа гэвэл хааяа шар будаа л олддог. Үнэхээр бид ядуу байсан. Хоол хүнсээр бол ер нь хэцүү л байсан даа.

-Хичээлийн анхны хэрэгсэл гэж танд ер нь юу байв?
-Нэг дэвтэр бол байсан.

-Тэр нь ямархуу, хаанаас олсон дэвтэр байх уу?

-Оросын дэвтэр. Нимгэхэн хөөрхөн дэвтрүүд байдаг байсан. Үзэг гэж одоогийх шиг юм байх биш дээ. Нөгөө бэхэнд дүрдэг үзэг байсан. Анги танхим чинь хүйтэн гэж жигтэйхэн. Манай Баян- Мугийн бага  сургууль гээд хагас нь газарт, хагас нь дээр. Түүхий тоосгоор барьсан хоёрхон өрөөтэй юм байсан. Өнөө муу бэхэндээ үзгээ дүрээд бичих гэхээр тэр хооронд л хөлдчихнө. Амьсгаагаараа гэсгээж байгаад л бичнэ. Үнэхээр ядуу байсан шүү дээ, бидний амьдрал.  

-Эхлээд монгол бичиг заалгав уу. Шууд шинэ үсэг заалгав уу?

-Шууд шинэ үсэг. 1942 онд сургуульд намайг ороход яг тэр жил шинэ крилл үсэг зааж эхлэсэн. Гүнсэнноров гэж нэг сайхан багшаар “а” үсэг заалгаж байлаа. Бидний аав шиг л байдагсан. Одоо байхгүй л дээ. Үргэлж л бидэнтэй хамт байдаг байсан. Ном хичээлээ заахаас гадна амьдралын ухаанд биднийг сургах гэж цаг наргүй зүтгэж явсан даа, хөөрхий. Ер нь тэр их гунигтай, хүнд хэцүү үед нутгийн ард иргэдэд гэрэл гэгээ өгөх тал дээр ч их юм хийдэг багш байсан. Тэр нутгийнхны бүгдийнх нь багш байсан. Манай нутгийн тэр үеийн улсууд ямар ч их сэтгэлийн хаттай, гуниг гутралгүй улсууд байсан юм. Манай сумын төв дээр улаан булан гэж нэг байшин байсан юм. Шал байхгүй. Шороон шалтай. Таазаа даавуугаар аятайхан өнгөлчихсөн. Жижигхэн хөөрхөн тайзтай. Тэндээ нутгийн ахмадууд, залуучууд бүгдээрээ нийлээд мандалин дээр тоглоод  “Учиртай гурван толгой” дуурийг тавьж байсан л юм даа.

-Мандалинтай юу даа?
-Тийм ээ. Манай багш голлон зохион байгуулаад дуурь тавьж байсан. Тэр хүнд амьдрал дунд бие биенээ дэмжээд, гутрахгүйгээр сайхан амьдарч чадаж байсан улсууд шүү манайхан. Би өөрөө хоёр нүдээрээ харж байсан. ер нь сайхан эвдрээгүй ард түмэн гэдэг чинь ямар ч бэрхшээлийг даваад амьдарч чаддаг гэдгийг л тэгж харсан даа.

-Фронтод тусламж илгээх том аян явж байсан гэдэг. Та тэр үйл явдлын зах зухаас мэдэх үү?

-Мэдэлгүй дээ. Манайхаас, манай хамаатан садан айлуудаас бол нийлээд маш олон адуу тусламжинд өгсөн. Фронтод морь бэлэглэе ээ гэхээр нутгийн иргэд чинь хамаг олигтой сайнаасаа сорчилж авчирч өгнө. Бүгдээрээ ч тийм байгаагүй л байх л даа. Гэхдээ л олонх нь тийм л байсан. Бүгдээрээ л шилж сонгож бариад л хөтлөөд давхиад ирдэг.

-Тэгээд хойш нь хөлөөр нь л тууна биз дээ?
-Туугаад л фронт руу явна шүү дээ. Тууварчид гаргаад л зохион байгуулаад явуулдаг. Яг фронт дээр монголын маш олон морь ашиглагдсан гэдэг юм шүү дээ. Морин цэрэгт ч очсон байх. Зэвсэг хэрэгсэл зөөх барих тэр олон ажилд ч монгол морьд явсан. Намайг Төлөвлөгөөний комисст ажиллаж байхад ЗХУ-ын төлөвлөгөөий хорооноос манайд Абромов гэж хүн мэргэжилтнээр ирж олон жил ажиллаад буцсан. Долоо найман жил монголд ажилласан. Тэр хүн яг дайнд оролцож явсан хүн. Ленинградын хүн л дээ. Дайны бүх жилүүдэд европт байлдаад хамгийн сүүлд Унгарт дайн дуусгаад тэндээсээ шууд манайд ирсэн. Тэр хүн надад ярьж байсан юм. Монголын морь үнэхээр гайхамшигтай шүү гэж. Жижигхэн биетэй, хүч тэнхээ маш ихтэй. Өвс тэжээлгүй ч байсан зүтгээд л байдаг, ёстой жинхэнэ морьд шүү. Манай фронтод танай монголын морьд маш их тус болсон шүү гэж.

-Та ЗХУ-д очиж сурахыг их мөрөөдөж байв уу?         

-Орос руу сургуульд явах миний туйлын хүсэл байсан. Хэл үзээд бэлдээд л байсан. Моломжамц гуай 1953 онд нэг шалгаж үзээд, чиний орос хэл арай дутуу байна гээд. Дахиж нэг жил орос хэлний бэлтгэл хийлээ. Тэгээд 1954 онд Эрхүүд сургуульд явсан даа.

-Өөр замналаар явсан бол ямар Содном байх байсан бол. Залуудаа мэргэжилдээ эргэлзэж, хувь заяаныхаа талаар элдвийг бодох үе байдаг байв уу?
-Үгүй. Одоо ч тийм бодол төрдөггүй. Урьд нь ч төрж байгаагүй. Бүр анх ах маань харин намайг дагуулж хот руу ирэхдээ урлагийн сургуульд оруулна гэдэг байсан. Би бас зураг жаахан оролдоно. Бас муугүй дуулчихдаг, лимбэ тоглочихдог тийм хүү байсан л даа. Тэгээд л ах маань урлагийн сургуульд оруулъя гэж бодож авчирсан шиг байгаа юм. Хоёулаа Улаанбаатараар баахан тийм төрлийн сургууль хайж явсан. Тэр үед байгаагүй. Төв театр гэж одоо засгийн газрын ордон байгаа газар байсан. 1946 онд билүү дээ, шатчихсан юм шүү дээ. Бид нар санхүүгийн сургуулиас наашаа гүйлдэж ирж харцгааж байсан юм даг. Тэр төв театр дээр хүртэл очиж ах маань урлагийн сургууль асууж сурж байсан. Тэгээд бүтээгүй. Нагац ах маань санхүүгийн сургууль төгссөн хүн байсан. энэ сайхан сургууль байна. Энд ор гээд л оруулчихсан.

-Орост очиж сурах болсон нь тухайн үед гайхамшигтай сайхан л явдал биз дээ?       
-Тэгэлгүй яахав. Өдрийн бодол шөнийн зүүд байсан. Сангийн яаманд тэр үед ЗХУ-д төгсөөд ирчихсэн сайхан залуучууд байна. Оросоор ч ярина гэж хачин сайхан. Оросын мэргэжилтнүүдтэй хамт ажиллана. Энэ бүх орчин маань өөрөө намайг хөглөөд байсан. Эрхүүд л очиж сурахын мөрөөс. Хэлээ үзээд л байлаа.

-Эрхүү явахдаа та хэдтэй байв?
-21-тэй байсан. Орос хэл үзэж байхдаа би хоёр чиглэлээр их ажилласан. Нэгд, орос дуу маш ихс сурсан. Орос дуу дуулаад байхаар үгийн нөөц маш их болж байгаа юм. Хоёрт нь, би орос ном маш их хуулж бичдэг байсан. Нэг хуудсыг гурваас дөрвөн  удаа хуулаад биччихээр дараа нь харахгүйгээр цээжээр биччихдэг болчихдог. Тэр бол маш ихийн нөөцтэй болгоно. Тэгээд л үгүүдээ хүмүүсээс энэ юу гэж байгаа юм гээд асууна. Тэгсээр байгаад давгүй болчихсон. Бэлтгэлгүй шууд сургуульдаа сурсан.

-Ерэн оноос хойш та юу хийв?

-1990 оноос хойш Газрын тосны газар хэсэг ажилласан. Жил гаруй хугацаанд. Нэлээн үр бүтээлтэй ажиллаж чадсан. Дараа нь Д.Бямбасүрэн намайг зөвлөхөөр ажилла гээд тэнд гурван жил Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан. 1992-95 он хүртэл. Миний амьдралын бүх түүх дотроос тэр гурван жил л шал дэмий өнгөрсөн.

-Шинэ үеийн Засгийн газарт ажилласан тэр үе үү?
-Шинэ хуучиндаа гол нь биш. Ерөнхий сайдын зөвлөх гэсэн нэртэй. Тэнд зөвлөх байх надад нэг л онц биш л байсан. Өөрөө шууд толгой дааж ажил хариуцах юм байхгүй.

-Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд?
-Эхлээд Д.Бямбасүрэн, дараа нь П.Жасрай байсан. Тэгээд би 1995 онд П.Жасрайд хэлж гараад энэ МАК компанид зөвлөхөөр ирсэн. Өнөөдрийг хүртэл 18 жил МАК-д би зөвлөхөөр ажиллаж байна. Ийм том айлд, энэ хэмжээний том компанид зөвлөх байх гэдэг бол шал өөр олйголт. Энэ чинь амьд ажил. Асуудлуудаа маш шуурхай шийднэ. Хийсэн ажлынх нь үр дүн дороо гарна. Миний амьдралын энэ 18 жил бол маш сайхан үеүд байлаа. Манай улсын жинхэнэ хийж бүтээдэг залуучуудын нэг хэсэг нь энэ компанид байгаа юм. Өнгөрсөн гурван жилийн дүнгээр үзэхэд дунджаар 120-140 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлж өгч байна. Одоо бол нүүрс нүүрс экспортлох олборлох төсөл хэрэгжүүлж байна. Гурван том төсөл хэрэгжүүлж эхлээд явж байна. Тэрний нэг нь Дорноговь аймгийн нутагт байгаа Цагаан суваргын зэсгийн ордыг ашиглах төсөл. Энэ бол их том төсөл. Эрдэнэтийн хүчин чадлын 60-70 хувийг гаргахуйц тийм том төсөл. 1500 орчим хүн ажилтай болно. Улсын төсөвт зөвхөн Цагаан суваргын төслөөс 150 орчим тэрбум төгрөг орж байх юм. Ийм хэмжээний том төсөл хэрэгжүүлж байгаа компани манай Монголд өөр байхгүй. Хоёр дахь том төсөл бол нэг сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг мөн бариад эхлэчихсэн байгаа. Ирэх онд ашиглалтад орно. Цагаан суварга хэрвээ саадгүй явах юм бол 2015 онд ашиглалтад орно. Цементийн үйлдвэр мөн 2014 онд ашиглатад орчих бололцоотой явж байгаа. Одоо энэ Налайхын урдхан талд хөнгөн бетонын хамгийн орчин үеийн үйлдвэр барьж байна. Германы технологиор. Дорнод аймгийн төвд, адуун чулууны нүүрсний уурхай дээр томоохон судалгаа хийгдэж байна. Нүүрс шингэрүүлж нефтийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийн судалгааны ажлууд юм. Ийм том бүтээн байгуулалт хийж байгаа компанид зөвлөхөөр ажиллах нь нэр төрийн хэрэг юм. Ер нь манай монголчуудын дунд нэг том дутагдал ажиглагдах болжээ. Хийж бүтээж байгаа залуучуудаа ойлгож дэмжих тал дээр маруухан юм. Тэгсэн атлаа хутгаж үймүүлэх, үгүйсгэх тал дээр сүрхий дадаж байх шиг л харагдах юм даа.

-Ер нь өөрөө юу ч хийдэггүй, ямар ч бүтээмжгүй, чадамжгүй хүмүүс л чалчаа, бусниулж үймүүлэх дуртай улсууд байдаг шүү дээ.  
-Тэр яг үнэн. Энэ бол бидэнд ямар ч хэрэггүй зан. Бид чинь одоо өөрийнхөө компаниудыг болохоор энэ муу золиг баяжиж байна гэж загнаад байдаг. Гадны компани ирээд ажиллахаар энэ золигнууд монголыг мөлжиж байна гэж загнаад байдаг. Тэгээд яах юм гэхээр хариулт өгч чаддаггүй. Ийм л улсууд болж хувирах нь уу даа.

-Орос орон гэдэг бол таны түүхээ холбосон орон. Одоо Эрхүүдээ очдог уу. Таныг бас орос гэргийтэй гэж сонсч байсан. Та хоёр хэдэн жил амьдарч байна вэ?
-Эрхүүд сурч байгаад яг 1958 онд төгсөхдөө би гэр бүлтэй болсон. Нэг сургуулийн хоёр. Сургуулиа төгсчихөөд, дипломоо авчихаад хоёулаа Эрхүүгийн гэр бүлийн товчоонд очиж бүртгүүлж байсан. Маргааш нь би Улаанбаатар луу, тэр маань алтайн хязгаар луу гэр лүүгээ яваад өгсөн. Славгород гэж жижигхэн хөөрхөн хот байдаг юм. Тэгээд хоёулаа захиагаар харилцаж байгаад ирэх жил нь 1959 онд эхнэр маань ирсэн. Тэр үед чинь бас виз зөвшөөрөл энэ тэр гээд нэлээн ажиллагаатай байсан.

-Одоо ч гэсэн манайхныг гадны хүүхнүүд нэг их тоодоггүй юм шиг санагддаг. Та бол их л гоё залуу байж л дээ?
-За, тэр нь ямар байдаг юм бол доо. Оросын нэг сансрын нисгэгч Леонов эртээдхэн телевизээр ярьж сууна лээ. Нэг үсчин дээр байв уу даа. Тэгээд наргиад хэлж байна. Уг нь би чинь залуу ч байлаа. Гоё ч байлаа. Одоо зөвхөн гоё нь л үлдсэн гээд хөхөрч байна лээ. Би бас тэрнийг дагаад хэлчихмээр санагдаж байна. Нээрээ би чинь урьд нь залуу ч байж. Гоё ч байж. Одоо гоё нь л үлдсэн дээ гээд нэг хэлчихдэг ч юм билүү. (инээв)

-Социализмын тэр үед манай сэхээтнүүд орос эхнэр их авдаг байсан юм шиг байгаа юм. Гэхдээ зарим нь амьдралын ээдрээнд буцсан, энд идээшиж зохицоогүй тохиолдлууд олон дуулддаг. Таны эхнэрийг их монголжсон, бараг монгол эмэгтэй шиг болсон гэх юм билээ?
-Миний Вера маань 1959 онд монголд ирсэн. Нэг ч монгол үг байхгүй хүн л байсан. Гэхдээ л хоёулаа энд амьдралаа зохионо, насан туршдаа хамт байна гэж шулуудаад л ирсэн. Ирээд л шууд миний ижийтэй хамт гурвуулаа цуг амьдарсан даа. Миний ижийг бол яг л өөрийнхөө ижий шиг, надаас бол хамаагүй илүү л асарсан. Ижий маань 1973 онд өөд болсон. Верагийн маань ижий 1983 онд нас барсан. Верагийн маань ижий монголд гурван ч удаа ирсэн. Хоёр ижий маань аль аль нь хэл мэдэхгүй. Нэг нь монголоор ярихгүй, нөгөө нь оросоор ярихгүй. Тэгсэн хэрнээ ойлголцоод л байдаг байсан даа. Манай хүүхдүүд тэр хоёрт хооронд нь орчуулж өгнө. Заримдаа нөгөөдүүл гүйлдээд алга болчихно. Хоёулханаа үлдчихсэн, тэгсэн мөртөө дохиогоор яриад хөхрөлдөөд л сууж байдаг байсан. Ер нь л болох болохгүй нь гэсэн асуудал бидний амьдралд гараагүй дээ.

-Таны гэргий  ямар ажил хийж байв?
-Улаанбаатар төмөр замд анх ирээд л ажилд орсон. Тэгээд 1993 он  хүртэл байна уу, даа  тасралтгүй тэндээ ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Манай Вера монгол хэлээр сайн ярина. Бүр сүүлийн үеийн ярианд хэрэглэгддэг үгээр ч ярина. Монголыг бол маш сайн мэднэ. Тэр минь миний амьдралын утга учир байсан. Жил гаруйн өмнө Верагаа алдчихлаа. Тэр минь бурханы оронд одож, би гэдэг хүн хэдэн хүүхдүүдтэйгээ л байж байна даа. 

-Танайх хэдэн хүүхэдтэй юм бэ?

-Хоёр. За, одоо яриаг дуусгая даа.

-Ганцхан асуулт. Шинэ төр гарч ирсний дараа тойрон хүрээлэгчдийн хэрэг гэж та бүхнийг нэлээн удаан шалгасан. Ж.Батмөнх гуай та хоёрыг прокурорын үүдэнд сууж байдаг байсан гэж дуулж байсан. Энэ тухай та юу хэлэх бол?
-Ерэн оны хувьсгалыг чинь одоо ер нь оготны хамраас ч цус гаргалгүй хийж чадсан гэж бид их ярьдаг. Тэр үнээн. Үнэхээр тэгж хийж чадсан. Цус гаргачихгүй байх тийм сэтгэл зүрх нийт монголчуудад өөрт нь байсан гэж би боддог. Яг тэр өлсгөлөн зарлаад л, засаг төрийг эсэргүүцсэн хөдөлгөөн үүсээд эхлэхэд бидний дотор бол хүч хэрэглэх, эсэргүүцэх санаа бодолтой нэг ч хүн байгаагүй. Ерөөсөө тайван замаар төр засгийн бүх эрх мэдлийг залуучууддаа өгье, тэрний төлөө чадах бүхнээ хийе гэсэн л санаа бодолтой байсан. Албан тушаал, эрх мэдлийн төлөө үхтлээ тэмцэлдэх хүмүүжил манай тэр үеийн удирдлагуудад ер нь байгаагүй юм шүү дээ. Нэгэнд нь ч байгаагүй. Бид бол хатуу ойлгож байсан. Хуучин системийнхээ онол номоор цаашаа ер нь явах явцгүй болжээ. Өөрчлөхгүй бол болохгүй гэдгийг хатуу ойлгосон байсан. Зөрүү бол байсан. залуучууд ч өөрчилнө, шинэчлэнэ гэж байсан. Бид ч дэмжиж байсан. Гагцхүү бид бол аажмаар, алхам алхмаар шилжиж өөрчлөлтийг хийе гэсэн. Залуучууд бол нэг л цохилтоор эргүүлнэ гэсэн. Улс төрийн өөрчлөлтийг ч, эдийг засгийн өөрчлөлтийг ч нэг л дайралтаар хийнэ гэсэн. Зөрүү бол тэнд л байсан. Тэгсэн ч бид төрийн эрхийг шилжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр л гаргасан. Тийм ч учраас ямар нэгэн хүч хэрэглэх тийм асуудал гараагүй. Тэгэхээр оготнын хамраас ч цус гаргалгүй хийсэн энэ үйл хэргийн суурь нь хоёр талаасаа тавигдсан зүйл л дээ. Тэр үед энэ залуучуудад “Та нар хуучин удирдлагуудаа шүүхээр шүү” гэсэн шахалт бас их ирж байсан юм шиг билээ. Саяхан ч би нэг хүний ярилцлагыг уншсан. Ер нь буруу эргэвэл хууччуулаа дээр үеийнх шиг буудах ч юм руу оруулах санагалзал явж байсан байж магадгүй. Гэвч манай залуучууд тэгж буруу эргүүлэлгүй гарч явж чадсан. Тэр ятгаж байсан хүмүүсийн үгэнд бол ороогүй. Тэднээсээ бушуухан хөндийрсөн байгаа юм.

-Прокурорын газар та нарыг байцааж байсан. Танаас жишээ нь юу гэж асуух вэ?
-Огцорсны дараагаас л Улс төрийн товчоонд байсан бүх өвгөцүүлийг чинь хоёр жил хэртээ хугацааны турш байцаасан шүү дээ. Тэр бол манай МАХН-ын л удирдлагад шинээр гарч ирсэн хүмүүсийн санаачлагаар тийм байцаалт явагдсан юм билээ. Биднийг чинь аваачаад л байцаагаад байсан. Тийм л явуулга байсан юм билээ л дээ. Намайг бол хоёр л юмаар буруутгаж байцааж байсан. Нэг нь бол Ю.Цэдэнбал гуайн хувийн хадгаламжийн мөнгийг орос руу шилжүүлэх зөвшөөрлийг өгсөн гэж. Хоёр дахь нь бол таван хүнд тусгай тэтгэвэр тогтоосон гэж. Ийм хоёр юмаар л намайг байцаагаад байсан.

-Хүний хувийн хадгаламжийг шилжүүлэх нь зүйн хэрэг биз дээ. Өрөвдмөөр л бага мөнгө байсан гэдэг юм билээ. Ер нь хэд байсан юм бэ?            
-Нэг сая төгрөгний хадгаламж л байсан юм. Тэр үед бол их мөнгө. Би бол намайг байцааж байсан байцаагчид хэлж байсан. За, Ю.Цэдэнбал даргын хувийн хадгаламжний мөнгийг гуйвуулж өгөхийг зөвшөөрсөн гэдэг асуудлаар намайг буруутгавал ийм шийдвэр гаргасан шүүх өөрөө буруутан болно шүү гэж. Яагаад гэвэл хуулиар Төр хүний хувийн өмчид халдах, хураах тийм эрх байхгүй. Наад мөнгө чинь Ю.Цэдэнбал гуайн 40 жил энэ Төрд зүтгэхдээ хуримтлуулсан цалин хангамж нь байгаа юм. Энэ хүн нэгэнт Москвад амьдрах болчихсон учраас одоо энэ мөнгөө авч амьдралаа залгуулъяа гэхэд нь тэрнийг нь зөвшөөрөхгүй байх ёс суртахууны эрх бидэнд байхгүй. Хоёрдугаарт, улсад ямар хохирол гарсан юм бэ. Энэ хүний хадгаламжийг шилжүүлснээрээ улсад ямар ч хохирол байхгүй шүү дээ гэж би мэдүүлж байсан. Намайг буруутгасан нөгөө асуудал нь тусгай тэтгэвэрийн асуудал. Тэр үед үйлчилж байсан тэтгэвэрийн тухай хууль байгаа юм. Тэр хуулийн 61 дүгээр зүйлд тусгай тэтгэвэр байна. Тусгай тэтгэвэрийг хэнд олгох болоод хэмжээ ямар байхыг Засгийн газар тогтооно гээд заачихсан байдаг. Энэ хуулийн дагуу л би Ерөнхий сайд байхдаа таван хүнд тусгай тэтгэвэр тогтоосон. Их мөнгө ч биш шүү дээ. Хамгийн дээд талын тэтгэвэр бол 1200 төгрөг байсан. Энэ тусгай тэтгэвэр бол 1400 төгрөгөөр л тогтоосон юм.

-Ю.Цэдэнбал гуай, Ж.Батмөнх гуай эд нар л биз дээ?

-Үгүй ээ. Өөр улсууд байсан юм. Ийм хоёр юмаар намайг хоёр жил байцаасан. Энийгээ л асуудаг. Би хэлдгээ л хэлдэг.

-Гэр орныг тань битүүмжилж, өмч хөрөнгө хураасан юм гарсан уу?
-Гэр оронд баахан сүртэй амьтад орж ирж зураг мураг авч, бүх юмыг бүгдийг нь тоолж данслаад, зарж болохгүй гэсэн бичигт надаар гарын үсэг зуруулж аваад явсан ш дээ. Хөгшин бид хоёр л гэртээ байсан. Хүүхдүүд байгаагүй. Хэдэн муу хуучин  мебель, хөргөгчин дээр юм наагаад битүүмжлээд ч яах юм билээ. Бид бол гэхдээ огт цочирдоогүй. Миний хадгаламжинд 25 мянган төгрөг байсан. Би чинь тэтгэвэртээ гараагүй байсан. Нөгөөхөө авч амьдармаар байдаг. Авах гэтэл прокурор битүүмжилсэн гээд өгдөггүй. Ингээд байж байтал нөгөө 20 дугаар тогтоол нь гараад бүр навс унаад өнгөрсөн.

-Ю.Цэдэнбал гуайтай та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Ю.Цэдэнбал дарга бол Монголын Төрд бүх насаараа зүтгэсэн, асар их гавъяатай хүн. Тэрнийг яаж ч үгүйсгэх гээд нэмэр байхгүй. Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулахад үнэлж баршгүй гавъяа байгуулсан хүн. Би Москвад байхад нь нэг удаа очсон л доо. Ярьж хөөрч сууцгаасан. Ухаан санаа нь ч гайгүй байсан. ер нь бол юмаа их мартдаг болчихсон байсан. Тэр чинь бол бүр 1984 онд л тийм болчихсон байсан юм ш дээ. 

-Анастасия Ивановна бол нэлээн гомдолтой байв уу?

-Маш их. Тэгж л нэг уулзалдсан даа.

Монгол Төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Думаагийн Содном гэх энэ сүрлэг эрхэмтэй ийн хөөрөлдлөө. Түүний түүх бол монгол орны туулж ирсэн түүх юм. Бидний өсч өндийсөн тэр нийгмийг цогцлоохын төлөө эдгээр буурлууд амьдрал тэмцлээ зориулсан юм. Өнөөдөр 80 насныхаа ойг тэмдэглэж байгаа Д.Содном гуайдаа уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, урт удаан насалж, эрүүл энх явахын өлзийт ерөөлийг дамжуулъя.
Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ

"Айлын хоноц биш гэрийн эзэн шиг улстөрч хэрэгтэй"



“Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнадаг “Чингис хааны одон”-гийн энэ жилийн эзэн Д.Содном болсон билээ. Амьдралынхаа нэгэн жарныг төрд зориулсан, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж явсан түүнтэй ярилцлаа.

-Монголын эдийн засагт “саалийн үнээ” болох “Эрдэнэт” үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулахаас эхлээд төрийн санхүү, эдийн засгийн ачааны хүнд, ажлын  бэрхийг үүрч явсныг чинь төр үнэлж байна. Энэ бүхнийг ид хийж бүтээж явсан үеээс чинь яриагаа эхлэвэл ямар вэ?
-Ю.Цэдэнбал дарга 1969 онд намайг дуудаад "Сангийн яамны сайдын ажлыг чинь өгүүлээд Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга бөгөөд төрийн сайдын тушаалд чамайг томилъё. ЗХУ болон социалист орнуудаас Монголд эдийн засгийн тусламж үзүүлэх бололцоо бий боллоо. Энэ тусламжийг авч ашиглахад Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна" гэсэн юм. Ингээд би УТК-ийн даргаар ажиллахдаа "БНМАУ-ын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх, байршуулах схем"-ийг боловсруулсан. Аж ахуйн нэгж, нийгмийн салбар бүрт гол гол ямар асуудлыг шийдэх, ямар арга зам байгааг нарийвчилж тусгасан. Эдийн засгийн бүх тооцоог хийсэн. 1970-1990 он хүртэл 20 жилийг хамарсан хэтийн төлөвлөгөө боловсруулсан. Төлөвлөгөөний комиссын дэргэд Эдийн засгийн хүрээлэн гэж байгууллага бий болгосон. Тэр үед Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ширэндэв гуайтай яриад академийн харьяа хүрээлэнг нэгтгэн Эдийн засгийн хүрээлэнг байгуулж ажилласан. Зөвлөлтийн Үйлдвэрлэх хүчний хүрээлэнтэй холбоо тогтоож, эрдэмтэдтэй нь хамтарч тэр схемээ зохиосон. 1975-1990 он хүртэлх 15 жилийн хугацаанд их бүтээн байгуулалт үндсэндээ өрнөсөн юм. Одоогийн энэ "Монголын эдийн засгийн саалийн үнээ" гэгдээд байгаа Эрдэнэт үйлдвэр, "Монгол-росцветмет" гээд уул уурхайн томоохон бүтээн байгуулалтууд энэ үед л өрнөсөн. Тэр 15 жилийн хугацаанд Багануурын нүүрсний уурхайг ашиглаж эхэлсэн. Энэ хугацаанд хөнгөн, хүнсний үйлдвэр нэлээд хөгжсөн шүү, Мал аж ахуйн гаралтай ноос, ноолуур, арьс ширээ бүрэн боловсруулаад дотоод хэрэгцээнээс гадна гадаадад гаргадаг болсон. Үр тариа, буудайгаа зуун хувь хангадаг, зарим жил гадагшаа зардаг болчихсон, бүх сум, САА-нуудаа иж бүрэн сургууль, цэцэрлэг, дэд бүтэцтэй нь бий болгосон, Улаанбаатар хотыг бүх хорооллуудыг бүтээн байгуулах ажил өрнөчихсөн, хамгийн гол нь хүн бүхэн ажилтай, хүүхэд бүр сургуультай болсон үе дээ.

-Эрдэнэт үйлдвэрийн асуудалд байр сууриа илэрхийлснээс болж “Эсэргүү эдийн засагч” гэгдэн буруудаж, албан тушаалаасаа зайлуулагдахад хүрч байсан гэсэн. Энд юу болсон юм бэ?
-Эрдэнэтийг байгуулахыг шийдэх, Эрдэнэттэй холбоотой Засгийн газар хоорондын гэрээ хэлцэл байгуулах ажилд оролцож л явсан. Тэгээд 1972 оны үед гэрээ байгуулагдсан юм. Тэр гэрээнд би шүүмжлэлтэй хандсан юм. Жишээ нь, Байгалийн нөөц ашигласны төлбөр буюу рояалтиг авах тухай асуудал гэрээнд тусгагдаагүйг тусгаж төлбөр авах нь зүйтэй гэж байсан юм.  Мөн төгрөг рублийн хооронд хоёр янзын ханш байсан юм. Худалдааны тооцоонд хэрэглэдэг ханш, худалдааны бус тооцоонд хэрэглэдэг ханш гэж. Тэр хоёр ханшны зөрүүгээс болж Эрдэнэт үйлдвэрт улсын төсвөөс зарим тохиолдолд нэмж төлбөр хийдэг байсан юм. Үүнийг нь би буруутгасан юм. Энд ийнхүү шүүмжилсэн нь ЗХУ-ын төв хороонд дуулдаж, комунист намын төв хорооноос “нөхөр Д.Содномын ярьж буй асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй” гээд тус хорооны нарийн бичгийн дарга байсан Ришков /сүүлд ерөнхий сайд болсон/ хэсэг хүмүүсийг томилж нааш нь ирүүлсэн байдаг. Ирсэн төлөөлөгчид “ханшний зөрүүтэй холбоотойгоор үнэ дээр улсын төсвөөс нэмж төлбөр төлдгийг болиулах нь зүйтэй” гээд шийдсэн. Харин байгалийн нөөц ашигласны төлбөр төлөх асуудлыг тухайн үед шийдээгүй. Үүнийг аажимд ярьж байж шийднэ гээд орхисон юм. ЗХУ-ын талынхан энэ эсэргүүцсэн асуудлыг хөөргөдөөгүй байхад сүүлд эндэх зарим нөхөд “Монгол Зөвлөлтийн харилцааны эсрэг, Эрдэнэтийн асуудлаар алдагдалтай байна гэх буруу үзэл баримтлалтай хүмүүс байна” гэсэн яриа гаргасан. 1984 оны эхээр Ю.Цэдэнбал даргад “эсэргүү эдийн засагчид байна. Монгол Зөвлөлтийн харилцааны үр ашигт эргэлздэг. Хятадын талыг баримталж байдаг энэ хүмүүсийг албан тушаалаас нь зайлуулах хэрэгтэй” гэсэн саналыг хэлсэн байдаг. Ю.Цэдэнбал тухайн үед төв хорооны боловсон хүчний дарга Ламжавтай зөвлөхөд нь, Ламжав “үнэхээр асуудал байгаа бол Төв хорооны хурлаар ярьж байж шийдэх ёстой” гээд хойшлуулсан юм. Ингээд хойшлуулсан байх үед Ю.Цэдэнбал Москва руу явж, тэр үед хойно асуудал яригдаж Ю.Цэдэнбалын бүх албан тушаалыг өөрчлөхөөр болж таарсан. Тухайн үед албан тушаалаас нь өөрчлөх асуудлыг өвчинтэй нь холбоотой гэдгийг нь ойлгож л байсан. Ер нь ч тийм л байсан. Гэхдээ Ю.Цэдэнбалыг өөрчлөх өөр нэг шалтгаан нь тэр Эрдэнэттэй холбоотой асуудал юм шиг байгаа юм. Зөвлөлтийн коммунист намын төв хорооны нөхдүүд “эсэргүү эдийн засагч”-дийг Монгол Зөвлөлтийн харилцааны асуудлаас болж халах өөрчлөх асуудал нь цаанаа хоёр улсын харилцаанд сайнаар нөлөөлөхгүй гэж үзсэн юм шиг байгаа юм. 

-Таныг гадаад орнуудтай харилцах харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэр тусмаа японтой харилцах харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үнэлж байхыг сонссон. Яг юу хийсэн гэсэн үг вэ?

-1989 оны сүүлд Японы гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилсан юм. Капиталист гэгдэж байсан улсуудаас хамгийн анхных нь байсан юм. Ирээд Монголд айлчлах хугацаанд нь Ерөнхий сайд байсныхаа хувиар уулзсан юм. Тэрээр дараа жил нь Японы ерөнхий сайд болчихоод эх орондоо урьсан юм. Тухайн үед “за ийм урилга ирлээ, очих хэрэгтэй юу, үгүй юу” гэж ярилцсан юм. Зөвхөн социалист улсуудтай л харилцаатай байсан үе тул ийнхүү чухалчлан ярьсан хэрэг. Зарим нэг хүн ч ингэж капиталист оронтой холбоо тогтоох хэрэг байна уу ч гэж байсан. Ингээд айлчлах нь зүйтэй гэж шийдсэн. Японтой дипломат харилцаатай байсан ч хорь гаруй жил огт хамтын ажиллагаагүй хэвээр байсан юм.  Ж.Батмөнх даргатай ярилцаад “явах нь зүйтэй. Энэ чинь өөрчлөлт шинэчлэлтийн нэг боломж шүү дээ” гэцгээсэн. Миний айлчлал ингээд хамгийн анхны Монгол Улсын засгийн тэргүүний айлчлал болсон юм. Японы тал онцгойлон хүлээн авч, ерөнхий сайдтай хэлэлцээр хийж, парламентийн хоёр танхимын дарга нартай уулзаж, эзэн хаанд нь бараалхаж, сурвалжлагчидтай нь ярилцаж, тэр ч бүү хэл залуустай нь волейбол тоглосон. Аль болох харилцан итгэлцлийг бий болгох гэж хичээж явсан. Энэ эхлэлийн талаар японы талаас ч, монголын талаас ч цаашдын харилцааг хөгжүүлэх суурийг сайн тавьсан гэж үнэлдэг юм билээ. Үүнийг үнэлсэн байх, 2005 онд Япон улсаас надад маш өндөр хэмжээний шагнал өгсөн шүү дээ.

-“Мандах нар” одон билүү?

-Тийм ээ, Япон улсын засгийн газрын өндөр шагнал “Мандах нар” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонгоор шагнасан. Миний очсон айлчлалын дараагийн жил нь Японы ерөнхий сайд манайд айлчилж тэр үеэс л хоёр орны харилцаа маш эрчимтэй явсан.

-Таныг сайд хийж, улс орны эдийн засгийн судал, судсыг барьж байх үед ирээдүйд буюу одоо Монгол Улсын эдийн засаг ийм уул уурхайгаас, нэг салбараас хамааралтай болно гэсэн төсөөлөл байсан уу?
-Үгүй ээ, тийм төсөөлөл байгаагүй. Ганц уул уурхайн салбарт гол эдийн засаг нь түшиглэж байна гэсэн бодлого бодол огт  байгаагүй. Хорин жилийн хугацаанд Монгол Улсын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх, байршуулах схем нэртэй төлөвлөгөө байсан. Ийм олон жилийн бодлого гаргахын тулд эхэнд хүн амаа тоолдог. Хорин жилийн хугацаанд хүн ам хэд болсон байхыг тооцоолно. Хүний амын бүтэц нь ямар байх вэ, эрэгтэй, эмэгтэй, хэдэн настай хэчнээн хүн байхаар байна вэ гэж гаргана. Энэ бүх тооцоолол нь хорин жилийн дараах нийгмийн хэрэгцээ ямар байх вэ гэдгийг харуулдаг юм. Тэр нийгмийн хэрэгцээг хангахын тулд ямар үйлдвэрлэл хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлчихсон гэсэн үг. Уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр гээд бүгдийг нь цогцоор төлөвлөж байсан юм. Түүнээс биш зөвхөн уул уурхайг дагнуулна гэсэн бодол байгаагүй.

-Саяхан намын чинь Их хурал болж өнгөрлөө. Өөрийг чинь М.Энхболдыг нэр дэвшүүлж байхыг харсан. Ийнхүү нэр дэвшүүлж байхдаа “энэ хүн ямар учраас намын дарга байх ёстой” гэж бодсон бэ?
-М.Энхболдыг МАН-ын даргад нэрийг нь дэвшүүлэхдээ ямар шалгуур байх ёстойг хэлсэн. Нэгд, Улс орны ард иргэдийнхээ амьдралыг сургаар биш бодитоор мэддэг хүмүүс намын удирдлагад байх ёстой. Хоёрт, Монгол Улсыг хөгжүүлэх бодлого нь сонгуулийн дөрөвхөн жилээр биш олон жилээр бодсон байх. Гуравт, Төрийн тогтолцоог боловсронгуй болгох үзэл бодол ойлгоцтой. Айлын хоноц биш гэрийн эзэн шиг улс төрч байх. Дүр эсгэсэн ардчиллыг ялгаж салгаж чаддаг байх гэсэн шаардлага тавьсан. Мөн улс оронд сахилга бат илүү чухал гэдгийг ойлгож ажиллах ёстойг ч хэлээд, ийм байж чадах болов уу гэж найдаж нэрийг нь дэвшүүлсэн. Энэ бол зөвхөн Ардын намын удирдлагад хамааралтай шаардлага биш. Нам төвт тогтолцоотой буй өнөө үед аль ч намын удирдлагад тавигдах ёстой шаардлага.     

-Намын ахмад гишүүнийх нь хувьд асууж байна. МАН-д буй гол алдаа дутагдал гэвэл юуг хэлэх вэ?
-Энэ их хуралд Ө.Энхтүвшин даргын тавьсан илтгэл урд урдын намын дарга нарын илтгэлээс онцлог болсон гэж бодож байна. Яагаад гэвэл, улс орныхоо алдаж буй зүйл, намынхаа ч алдаа дутагдлыг илэн далангүйгээр хэлсэн. Миний бодоход, өнөөдөр ардын нам ч бусад намуудад ч улс орноо хөгжүүлэх цэгцтэй бодлого байхгүй нь гол алдаа. Сонгууль болох үеэр санал ахиу авахын тулд ямар амлалт хэлэх вэ гэдгээ боддог. Албан тушаал горилсон, албан тушаалд дуртай хүмүүс намын удирдлагад нүүр тал засч, мөнгө төгрөг өгдөг зүйл бүх намуудад байна. Ардын намд ч ялгаагүй. Энэ бүхний үндэс нь төрийг сонгох, төр засгаа бүрдүүлэх эрхийг ард түмэн биш улс төрийн намууд авчхаад байгаад юм шүү дээ. Үндсэн хуулийн дагуу засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ёстой. Гэтэл өнөөдөр засгийн бүх эрх улс төрийн намуудын мэдэлд байна. Намын эрх мэдэл намын гишүүдэд байна гэх боловч үнэн хэрэгтээ удирдлагад буй цөөн хэдэн хүмүүст л байна шүү дээ. Тэд нь харамсалтай оновчтой, цэгцтэй ажиллаж чадахгүй байгаагаас асуудал гараад байгаа юм.

-Өөрийн тань бүтээлүүд, энд тэнд хэлсэн ярьсан зүйлсээс чинь нэг санааг их онцолсон юм шиг санагдсан. Тэр нь зээл хөрөнгө оруулалтын зарцуулалтын тухай. Өнөөдөр их хэмжээний мөнгө, хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байна. Чингис бондын 1,5 тэрбум ам.доллар, араас нь Самурай бонд, хятадаас зээл гээд л. Ирэх онд авч чадаагүй байгаа 3,5 тэрбумынхаа 2,1-ийг авна гээд Ерөнхий сайд хэлж байна.  Юу хийхээ шийдчихээд мөнгө олж ирэх ёстой болохоос,  мөнгө олж ирснийхээ дараа юунд зарцуулах вэ гэдгээ ярих нь үр ашиггүй шүү гэдгийг сануулаад байх шиг байдаг юм.

-Миний хувьд бонд гаргаж байгааг буруу гэж хэлэхгүй. Гадаад эх үүсвэрээс харьцангуй бага хүүтэй хөрөнгө орж ирж байгааг буруутгахгүй. Хамгийн гол нь энэ авсан зээлээ буцааж төлөх эх үүсвэрээ бүрдүүлэх нь хамгийн чухал. Засаг барьж буй улсууд дөрвөн жил, найман жилийн дараа буугаад л алга болно. Харин хойч үе өрийг төлөх үүрэгтэй үлдэнэ. Иймд авсныгаа буцааж төлчих өндөр үр ашигтай зүйлд зарцуулах, үйлдвэрлэл хөгжүүлэхэд ашиглах хэрэгтэй. Яах вэ, багахан хэсгийг нь автозамаа засах, аймгуудыг холбоход зарцуулж болно. Гол нь ихэнх хэсэг нь экспортыг нэмэгдүүлэх, ард түмний хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үйлчилгээг хангах, ашиг олох, зээлийн төлбөрийг хүүтэй нь төлөхөд хүрэлцэхүйц төслүүдэд ашиглах хэрэгтэй. Үнэхээр мөнгө олж ирснийхээ дараа юунд зарцуулах вэ гэдгээ ярих биш, юу хийх төслөө боловсруулчихаад зээл авах ёстой юм.

-Өнөөдөр Засгийн газар тэгж чадаж байна уу?

-Чадахгүй байна. Би үүнд шүүмжлэлтэй хандаж бичээд яриад л байна.

-“Хэрэв би мэддэгсэн бол бондын мөнгийг Тавантолгойд зарцуулна” гэж байснаа хэлж байна уу?
-Тэгж хэлсэн зүйл бас бий. Тавантолгой, эсвэл зэсийн үйлдвэр, цементний том үйлдвэрлэлд л зарцуулчихмаар байгаа юм. Үгүй гээд энэ замуудад зараад ч хэцүү дээ.

-Би хааяа боддог зүйлээ танаас асуучихья. Монголын маань эдийн засаг, улс орон, төрийн бодлого зөв яваад байна уу?
-Зөв явж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ ингэчихмээр л юм гэж бодвол сэтгэлд нэг л хүрэхгүй зүйлүүд ч байна. Уул уурхайгаа ярих нь зөв, гарч буй бүтээгдэхүүнийг боловсруулна гэж буй бол бүр зөв. Гэхдээ үүний хажуугаар хөдөө аж ахуй, мал аж ахуйг онцгойлон анхаарч хөгжүүлэх ёстой. Монголын хүн амын тал хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйтай холбогдон хөдөлмөрлөж, амьдарч байна. Тэднийг анхаарах нь жаахан хоцроод байна. Нэг их том зүйл бодоод байх шаардлагагүй, гол шийдэх гогцоог нь олох л чухал. Тухайлбал, бүх аймагт, сум дундын нэг том биш махкомбинат байгуулах хэрэгтэй. Малчдаас өөрсдийнх нь хэрэгцээнээс илүү гарсан малыг зах зээлийн дундаж үнээр шууд худалдаж авах болно. Энэ нь цөөн тооны сайн чанартай малтай, авсан төлтэйгээ тэнцэх хэмжээний малаа дор нь борлуулчих зах зээл нь хажууд нь оччихсон байн гэсэн үг. Ченжүүдийн гар дамжихгүй борлуулж байгаа юм чинь аль аль талдаа ашиг нэмэгдэнэ. Үйлдвэрийн аргаар нядалсан, ангилж боловсруулсан мах гэдэг чинь дотоод гадаадын аль ч зах зээлд чөлөөтэй борлогдоно. Арьс ширийг нь махкомбинатуудаас цуглуулаад гурав юм уу дөрвөн байршилд арьс шир боловсруулах үйлдвэрт нийлүүлвэл мал аж ахуйн үр ашиг мах их нэмэгдэнэ. Энэ үйлдвэрлэлийг төрийн өмчийн оролцоотойгоор биш хувийн өмчийн оролцоотойгоор шийдэх нь илүү зүйтэй. 

-Төрийн өмчийн гэдгээс татгалах ёстой гэдгээс чинь нэг асуулт асуумаар санагдлаа. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой. Энэ үйлдвэрийн складанд 10 тэрбум төгрөгийн хэзээ ч хэрэглэгдэхгүй бараа байгаа. Эрдэнэт үйлдвэр гэхээр л хүмүүст “танил тал юу байна, юу нийлүүлэх үү” гэх бодол төрдөг. Энэ шахааны бизнес хэдий үеэс бий болсон юм бэ?
-Сүүлийн хориод жилд л бий болсон зүйл. 1990 оноос өмнө бүх аж ахуй нэгж төрийн өмч байсан. Тухайн үед төрийн өмчийг удирдаж байсан хүмүүс маш өндөр шалгуур шаардлага тавьдаг байсан. Ямар нэг зүйл шахах, ашиглах зүйл гарсан бол дор нь илрүүлээд засчихдаг хатуу дэг журамтай байсан. Одоо бол хамгийн болдоггүй зүйл юу болчхоод байна вэ гэвэл төрийн өмчийн газрууд. Хувийн өмчийн ямар нэг компанид бүтээгдэхүүнийг илүү үнээр нийлүүлсэн, шахсан зүйл хэзээ ч гарахгүй шүү дээ. Учир нь хувийн өмчийн ард жинхэнэ эзэн сууж байгаа учраас. Төрийн өмчийн ард төр байгаа гэх хэрнээ үнэн хэрэгтээ эзэнгүйдээд байгаа юм. Жишээ нь, Төрийн өмчийн Тавантолгойд хамаг юм нь зуун задгай, яаж ажиллах вэ гэж байхад хажуудах хувийн өмчийн Энержи Ресурс дээр бүх зүйл цэгцтэй явж байна шүү дээ. 
Ярилцсан Б.ЭНХМАНДАХ
"NEWS WEEK" сонин №036