Tuesday, 14 January 2014

"Шүүхийн шинэтгэл дуусах биш, эхэлж байна гэж ойлговол зохино"



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай шүүхийн шинэтгэлийн асуудлаар ярилцаж санал бодлыг нь сонслоо.

-Шүүхийн шинэтгэлийн хуулиуд хэрэгжиж эхлээд байна. Шүүх шинэчилсэн зохион байгуулалтаар байгуулагдаж, шүүгчид шинээр томилогдлоо. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахад хэр ахиц гарч байна гэж та харж байна вэ. Ер нь шүүхийн шинэтгэл хийгдээд дуусч байна гэж үзэж болох уу?

-Шүүхийн шинэтгэлийн ажлын хүрээнд боловсруулсан зургаан хууль хэрэгжиж эхэлсэн. Зарим нь биднээс үл хамаарах шалтгаанаар гацаад байгаа. Удахгүй шийддэгдэх байх. Оны босгон дээр Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улсын шүүхийн тогтолцоог шинэ системд шилжүүлж, анхан шатны 57 шүүх, давж заалдах шатны 21 шүүхтэй байхаар хуульчилсныг шинээр байгууллаа.

Шүүхүүд тойргийн системд орж, үүнтэй холбоотойгоор шүүгчдийн тоо нэмэгдэж, шүүхийн захиргааны удирдлага бие даасан бүтцээр ажиллах болсон нь томоохон шинэтгэл боллоо. Шүүхийн шинэтгэ­лийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд хамгийн чадварлаг, мэргэшсэн, ёс зүйтэй шүүгчдийг шилж сонгох нь шүүхийн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь юм. Хууль батлагдснаар шүүх шинэчлэгдлээ гэж яаран дүгнэж болохгүй. Аливаа шинэтгэлийг хийхэд гурван үе шат байдаг. Нэгдүгээрт; олон нийттэй зөвшилцөж тэдний санаа бодлыг тусгах, хоёрдугаарт; хууль батлах, гуравдугаарт; тэр хуулийг хэрэгжүүлэх явц. Шүүхийн шинэтгэлийг шинэчилсэн зохион байгуулалтаар амьдралд үр дүнтэй  хэрэгжүүлэх нь цаг хугацаа шаардсан нүсэр ажил. Шүүхийн шинэтгэлд сорилт бэрхшээл гарч байгааг ч үгүйсгэхгүй. Тиймээс шүүхийн шинэтгэл дуусах бус, эхэлж байна гэж ойлгох нь зөв.

Шүүхийн шинэтгэл явагдаж эхэлснээр нүдэнд үзэгдэхүйц, ахиц дэвшил гарч буй нь мэдээж. Мөн шүүхийн шийдвэр ил болсноор шийдвэрийн чанар чансаа сайжирсан гээд, яривал олон зүйл бий. Гэхдээ шүүхийн шинэтгэл сайн явагдаж байна гэж тайвшраад суух ёсгүй. Бид шүүхийн шинэтгэл ямар явагдаж байгааг  хөндлөнгийн  байгууллагаар үнэлгээ хийлгэх бодолтой байгаа. Тэгж байж шүүхэд хийсэн шинэтгэл маань  хэр үр дүнтэй байгааг мэдэж,  цаашдын   үйл ажиллагаанд байгаа  доголдолтой зүйлээ засч залруулан сайжруулаад явах учиртай.

-Шүүхийн шинэтгэлийг хийх явцад алдаа дутагдал гарч байгаа зүйл танд ажиглагдаж байна уу?
-Ний нуугүй хэлэхэд дутаг­далтай, засаж залруулмаар зүйл ажиглагдаж байна.

-Тодруулбал?
-Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг шүүхийн бие даасан байдал, шүүгчдийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй байгууллага байгуулагдсан. Шинэ байгууллага үйл ажиллагаагаа эхлэхэд янз бүрийн бэрхшээлтэй асуудлууд үүсч байгааг  үгүйсгэх аргагүй. Бас зарим үйл ажиллагаа нь санасан  хэмжээнд хүрч ажиллахгүй зүйл  байна.

-Тухайлбал, ямар асуудал байна?
-Чингэлтэй дүүргийн шүүхийн байр гээд шүүхийн зориулалттай шүүх  хуралдаан явуулах нөхцөл боломжийг хангасан бараг анхны шинэ байр баригдсан. Гэтэл сая очиход Шүүхийн ерөнхий зөвлөл маань нөгөө байранд орчихсон, орон тоогоо огцом нэмээд тэр байр савыг хүнээр дүүргэх бодлого барьж ажиллаж байгаа нь төсөөлж байснаас  өөр зүйл болж  байна. Өнөөдөр манай шүү­хүүд шаардлага хангасан орон байргүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хамгийн наад захын бэрхшээл гэхэд шүүгдэгч өмгөөлөгчтэйгээ шивнээд ярихад л тэр танхимд байгаа хүмүүст сонсогдохоор давчуу орчинд шүүх хуралдаан явагдаж байгаа. Хар ярианы хэлээр, бөгс эргэх зайгүй тасалгаанд л шүүх хууль  ёсыг хэрэгжүүлж байна. Гэтэл түүнийг засаж залруулах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл нь үүргээ умартаад шүүхийн зориулалттай ганц байранд  өөрсдөө  орсон  байгаа нь гаж харагдаж байна. Уг нь Шүүхийн ерөнхий зөвлөл  дарга нарын тав тухаас илүү, шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах орчин, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн оролцох боломжийг хангасан нөхцөлийг  бүрдүүлэхэд эхэлж анхаарах ёстой. Гэтэл энд байр нь солигдчихоод байна.

-Үүнийг засч болох уу?
-Шүүхийн зохион байгуулалт өөрчлөгдөж, тойргийн зарчмаар бай­гуулагдаж буйтай хол­боотойгоор зарим  байрууд суларч байгаа. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл суларсан  байранд нүүж очиход оройтсон зүйл алга гэх үү дээ.

-Шүүхийн ерөнхий зөвлөл тийм байж. Тэгвэл шүүхүүдийн хувьд гайгүй юу?
-Энэ талаар хэлэхэд  хяналтын шатны шүүхийн үйл ажиллагааны талаар  бодох, сайжруулах, өөрчлөх зүйл ч байна. Тухайлбал,  хяналтын шатны илтгэгч шүүгчээс бусад нь  хавтаст хэргээ уншилгүй  шүүх хуралд ордог байж болохгүй.  Өмнө  ийм маягаар хэ­рэг, маргааныг шийд­вэрлэж  ирсэн байж болох юм. Одоо шинэ орчин нөхцөлд  хэрэг, маргааныг мэтгэлзээний зарчмаар шийдвэрлэхэд шүүгч бүрийн өөрийн итгэл үнэмшил, шийдэл чухал ач холбогдолтой. Тийм ч учраас шүүхийн болон шүүгчийн хараат бус байдал, хангамжийг сайжруулж, шинэчлэхээр ажиллаж байна.  Гэтэл хэрэг маргааныг шийдвэр­лэх зарим  шүүгч нь  хэр­гийн материалыг  уншаагүй орох нь тухайн хэрэгт оролцож байгаа иргэдийн төлөөлөгчөөс юугаараа ялгарах болж байна аа? Шүүгчийн өмсгөл, суудал хоёроороо л өөр байх нь  шүүхийн шинэтгэлийн ажил яав ч биш  дэг.  Шинэчлэл бол нэгд, шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох; хоёрт, шүүгчийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх асуудал юм. Үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй  шүүгчтэй  хариуцлагаа тооцон ажиллах нь шүүхийн ерөнхий зөвлөлийн ажил байх ёстой. Мөн ийм байдал гаргахад нөлөөлж байгаа хууль тогтоомж байвал түүнийгээ даруй  өөрчилж болно шүү дээ.

Иргэд, ялангуяа бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, төр засаг хамгийн шударга шүүхийг л хүсч байгаа. Дээд шүүх бол хууль ёс, шударга ёсны үлгэр дууриалал, мэтгэлцээн, цэц сорьсон, олны хүндэтгэл, бишрэлийг хүлээсэн нээлттэй хуулийн засаглал  байх ёстой. Ийм болохын төлөө өөрчлөгдөх ёстой. Орон тоо, цалин нэмэх, төсвийн бие даасан байдал, байр савтай  болох нь механик өөрчлөлт.  Өнөөдөр  гол хийх ажил нь орхигдоод, механик өөрчлөлт нь давамгайлаад  байгааг цаашдын ажилдаа анхаарах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Хам­гийн гол нь шүүх хуралдааны зохион байгуулалт, үйлчилгээ, агуулга, чанарт  өөрчлөлт гаргах ёстой.  Шүүхээс гарч байгаа  шийдвэр нь хэнбугайд ч толь шиг тунгалаг,  ойлгомжтой, бат нот үндэслэлтэй байх ёстой. Ийм хэмжээнд хүрч ажиллахад  боловсон хүчний мэдлэг боловсрол, санаачилга, сахилга бат, шүүгчийн ёс зүйн талаар хийгдэх  байнгын  үйл ажиллагаа их чухал. Шүүхийн ерөнхий зөвлөл нь  шүүхийн дарга биш, шүүх байгууллагын  ажиллах нөхцөл бололцоог  хангах  арын албаны үйлчилгээний байгууллага. Тийм учраас шүүхийн үйл ажиллагаатай, өөрийн ажлыг уялдуулан, гар нийлэн ажиллах ёстой байгууллага.

-Ер нь шинэтгэлийг хийнэ гэдэг хэцүү юу?
-Шинэтгэл хийнэ гэдэг амар зүйл биш. Ямар ч сайхан санаа, үйл ажиллагааг манайхан завхруулж, гуйвуулж бүр эсрэгээр үр дүнгүй болгож  болохыг өнгөрсөн хорь гаруй жилд нэг бус удаа  харсан. Тиймээс шинэтгэлийг  хийхдээ эцсийн  дүнд   хэрэгжилт, гарах  үр дүн нь хамгийн чухал гэдгийг  байнга санаж  ажиллах  ёстой. 

-Тэгэхээр хууль, эрх зүйн орчноос үүдэлтэйгээс илүү шүүгчдийн сэтгэл­гээний байдлаас болж шинэтгэлд бэрхшээл учрах юм биш үү?
-Шүүхийн шинэт­гэлийн  хууль, эрх зүйн орчин нь өнгөн талаасаа  хэрэгжиж байгаа мэт боловч дотроосоо, сэтгэл­гээнээсээ эхлээд учир ду­тагдалтай зүйлүүд бай­саар байна. Учир нь нийгмийн харилцаанд хүний оролцоогүйгээр хийгддэг шинэчлэл  өөрч­лөлт гэж байхгүй. Тэгэхээр энэ шинэчлэлийг гардаад хэрэгжүүлэх чадвартай  боловсон хүчин нэн тэргүүнд хэрэгтэй байна. Шүүхэд бүрэн утгаар нь шинэтгэл хийхэд шүүгч­дийн мэдлэг боловсрол, мэргэжлийн чадвар, оюун санаанд өөрчлөлт хийх  хэрэгтэй  байна.  Монголд үүссэн маргаан гадаадын шүүх рүү явахгүй, Мон­голын шүүхэд ханддаг, итгэдэг болтол шүүх үйл ажиллагаагаа сайжруулах   ёстой. Өөрөөр хэлбэл, манай шүүх бусад орны шүүхээс илүү өрсөлдөх чадвартай болох учиртай. Үүнийг нэг талаас зохион байгуулалт, нөгөө талаас шүүгчдийн мэдлэг боловс­ролоос ангид авч үзэх аргагүй.

-Таны бодлоор үүнийг яаж засах ёстой юм бол?
-Шударга ёсыг тогтоохгүй бол хүний эрх, өмчийн эрх, бизнесийн эрх, цаашдаа Монгол Улсын хөгжлийн эрх ашиг хөндөгдөх болно. Ийм учраас хүнд хэцүү гэж халшралгүй тогтоохоос өөр замгүй. Шүүх шударга ёсыг алагчилгүй тогтоодог болгоход,  үйл ажиллагааны хатуу дүрэм журам зайлшгүй. Тухайлбал, шүүх хуралдааныг элдэв арга саам хийн,  жижиг шалтгаанаар хойшлуулдаг тохиолдол олонтаа гардаг. Гэтэл дэлхийн олон оронд энэ тохиолдолд  шүүхийг үл хүндэтгэсэн гэж үзэн  хатуу шийтгэдэг хуультай. Манай шүүх өөрөө  хуралдааны товыг талуудтай тохиролцож, аль болох эрт албан ёсоор  мэдэгдэх тал дээрээ бас  анхаарч ажиллах ёстой. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн 30 хоног гэдэг маань зарим талаараа шүүхийн ажлын чанарт эерэг гэхээсээ илүү сөрөг нөлөө үзүүлж байгаа нь ажиглагддаг. Ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа “Ухаалаг төр”-ийн хүрээнд ч шүүх засаглалын асуудал  яригдах ёстой. Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах хэлбэрийг  ч аль болох чирэгдэл багатай цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хийх шаардлагатай байна.Бусад орнуудын үр дүнд хүрсэн туршлагуудыг бид бэлхнээ харж байна шүү дээ. Нидерландын Гааг хотод төвтэй олон улсын шүүхийн шинэчлэлийн төсөл Европт хэрэгжиж байна. Тэр ч бүү хэл дэлхийн зарим оронд e-court буюу цахим шүүх хүртэл бий болж байна. Дэлхийн эдийн засгийн форумын нэг үндсэн чиглэл нь шүүхийн шинэчлэлийн асуудал байдаг. Тэгэхлээр шүүхийн шинэчлэлийн асуудал ганц манайд ч биш дэлхий даяар яригдаж буй шинэчлэлийн асуудал болжээ гэж ойлгож болно.

-Та шинээр тангараг өргөсөн 152 шүүгчид “Та бүхэн ажлаа хийхдээ өмнө нь ямар нэгэн шалтгаанаар алдаа гаргасан байж магадгүй.  Тэгвэл  энэ мөчөөс эхлэн та бүхэн шударга шүүхийн төлөө ажиллах ёстой. Бүх алдаа дутагдлаа орхиж шударгаар ажиллах өдөр өнөөдрөөс эхэлж байна” гэж хэлж байсан?
-Саяхан  нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа анхан шатны болон давж заалдах шатны шүүгчдийг шинээр томиллоо. Нэр нь орж ирсэн  шүүгчдийн дунд эрх зүйн хувьд батлагдах боломжгүй шүүгчдийг томилохоос татгалзсан. Шүүх  шударга байвал төр хүчтэй байна. Шүүгчид бол хар, цагааныг  дэнсэлж, хэрэг маргааныг шүүн тасалж, хүний хувь заяа хэрхэхийг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэдэг хүмүүс. Ийм хүмүүст хариуцлага өндөр байх учиртай.   Тиймээс шүүгч нарт тавих шалгуур, үзүүлэлт, босгыг хуулийн төсөлд  өндөр болгож тусгасан байгаа. Шүүгч нарын ажиллах, амьдрах орчин нөхцөл, амьдралын баталгааг эрс сайжруулж, цалин хөлсийг  нэмэгдүүлэхийн хэрээр үүрэг хариуцлагыг  чангатгаж  байгаа гэж ойлгож  болно.  Шүүгчийн ахиж  дэвших болон цалин хөлсний нэмэгдэл нь түүний  шийдвэрлэсэн шүүхийн  шийдвэрийн чанар чансаатай  уялддаг болсон. Шүүгчийн ажлын гол үзүүлэлт нь шударга, сайн  ажиллах явдал юм.
Д.БОЛОР

Л.Болд: Гадаад харилцаа бол хамгийн үр ашигтай эдийн засгийн бодлого юм



Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзаж өнгөрсөн оны ололт амжилтаас гадна 2014 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, алхмуудынх нь талаар ярилцлаа.


-Та Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаад жил илүү хугацаа өнгөрлөө. Анх ажлаа авахдаа та “Монгол Улсын иргэн бүр Элчин сайд” гэж хэлж байсан. Энэ бол таны хэрэгжүүлэх бодлогын цөм юм байна гэж хүмүүс ойлгож хүлээж авсан. Гэтэл үүнтэй зэрэгцээд “Гадаад харилцааны нэгдмэл байдал, нэг цонхны бодлого” гэж яригдаад байна. Энэ хоёр ойлголт хоорондоо хэр нийцтэй, эсвэл хэр зөрчилтэй ойлголтууд вэ?

-Гадаад харилцааны сайдаар томилогдож ажиллаад хоёр жилийг ардаа орхилоо. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараахан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарч, үүний дагуу Гадаад харилцааны “Нэг цонх”-ны бодлогыг боловсруулан мөрдөж эхэлсэн юм. Энэ бол төрийн тогтолцооны тухай асуудал юм. Өнөөдөр дэлхий дээр НҮБ-ын гишүүн 193 улс байна. Энэ улсууд л өнөөдөр бие даасан гадаад харилцаатай, батлан хамгаалах салбартай. Аливаа улсын бие даасан, тусгаар байдлын илэрхийлэл нь энэ юм. Ингээд үзэхээр Монгол Улс үнэхээр бие даасан тусгаар улс юм бол бие даасантэгээд нэгдмэлгадаад харилцааны бодлоготой байх ёстой.

Ерэн онд бий болгосон ардчилсан нийгмийн нэг үнэт зүйл нь хүн бүр эрхээ мэддэг болж, өөрийн хэрэгцээ шаардлагаа илэрхийлэх, хэрэгжүүлэх боломж, бололцоо нь нээгдсэн. Энэ утгаараа иргэн бүр гадаадад зорчих, яам, агентлаг, аймаг, сум бүр гадаад харилцаагаа хөгжүүлэх, гадаад түнш, хөрөнгө оруулагчтай хамтын ажиллагаа явуулах бололцоотой болсон. Гэсэн хэдий ч энэ дунд тэдний мэдэх, мэдэхгүй асуудлууд бас байгаа юм. Тэр нь Гадаад харилцааны яамаар дамжин зохион байгуулалтад ордог, бодлого, чиглэл нь зангидагддаг, үр дүн, тайлан нь хэлэлцэгддэг байх эмх цэгцэнд орох ёстой. Нэгдсэн хэрэгжилт, нэгдсэн төлөвлөлт, нэгдсэн үр дүн шаардлагатай. Үүнийг л нэг цонхны бодлого буюу нэгдсэн байдал гэж хэлээд байгаа юм.

Нөгөө талд “Иргэн бүр Элчин сайд” гэсэн ойлголт байх ёстой. Энэ бол гадаад харилцаагаа хөгжүүлэх, гадаад харилцааны талаарх төрийн ойлголтын шинэчлэл гэж үзэж байгаа. Олон зуун сая иргэнтэй улсад гадаад харилцааны  ажилд иргэн бүр нь оролцох шаардлага байхгүй л дээ. Өмнөөс нь нэг зуун мянган иргэн нь гадаад харилцааны салбарт ажиллаад, дэмжээд иргэн бүрийнхээс өмнөөс ажлыг нь хийгээд өгөх байх. Харин бид цөөхүүлээ болохоор гурван саяулаа энэ салбарт санаа тавьж байж, хэдэн зуун сая, цаашлаад тэрбумаар яригдах хүн амтай хоёр хөрштэйгээ эн зэрэгцэж гадаад харилцаагаа хөгжүүлнэ. Бид улсаараа энэ үүргийг хүлээж, эх орныхоо нэрийн хуудас болж, иргэн бүр гадагшаа хандаж, харилцаж байж үүнийг хөгжүүлнэ.Харин үүнийг нь Гадаад харилцааны яам /ГХЯ/ дэмжиж, тусалж, сурталчилж чадах юм бол үнэхээр нэг хүний хөдөлмөрийг арван хүний хөдөлмөртэй тэнцэх үр дүнд хүргэнэ.

-Гэтэл иргэн бүр Элчин сайдын эрхийг эдэлж чадаж байна уу гэх асуулт байна. Хамгийн сүүлд л гэхэд Малайзад монгол хүний амь нас эрсэдсэн хэрэг гарлаа. Яагаад бид иргэддээ тусалж чадсангүй вэ гэхээр эрх зүйн гэрээ байхгүй гэх юм?

-Би сайд болоод Элчин сайд нартай хамгийн эхний уулзалтаа хийхдээ нэг л зүйлийг  захисан. Тэр нь энэ. Би та нараас нэг л юм хүсье. ГХЯ бол хэн нэг даргын яам биш, та нар хэн нэг даргын Элчин сайд, аль нэг төрийн байгууллагын Элчин сайд биш. Монгол Улсын гэдгийг тэгж ойлгож болохгүй. Энэ бол Монгол Улсын иргэн бүрийн, Монгол Улсын аль нэг аймаг, сум, баг, нэгж, байгууллага бүрийн Элчин сайд, төлөөлөгч шүү. Үүнийгээ яаж хэрэгжүүлж байна, иргэнийхээ эрх ашгийг яаж хамгаалж байна? Энэ л та нарын гол ажил юм. Би ажлын  үр дүнг нэгдүгээрт үүгээр л хэмжинэ. Үүний дараа хэчнээн гэрээ, хэлэлцээр байгуулав, хэчнээн айлчлал зохион байгуулав гэдгийг ярина аа гэж хэлсэн. Ингэж эрх ашгийн дарааллыг эрэмбэлж өгсөн. Үүний дагуу эхний ээлжинд ял эдэлж байгаа иргэдээ эргэж тойрохоос ажлаа эхлэх ёстой юм. Манай дипломат ажилтнууд хууль, эрхзүйн ажлын чадвар, туршлага тааруудаа ч тэгдэг юм уу нэг л хөндийдүү, хоригдол ялтан эргэхээс цэрвэх,  хэрэг төвөг үүсэхээр яах учраа сайн олохгүй байх маягтай байсан. Шоронд сууж байгаа ч гэсэн адилхан л Монгол Улсын иргэн, ялгаа нь гэвэл алдаа хийсэн. Тэдэнд туслах, ялтан солилцох талаар ярих, хөөцөлдөх чинь бас л бидний хийх ажил. Тэрнээс биш дандаа нэг сайхан зүйл яриад, хөрөнгө оруулья, худалдаа хийе гэх биш юм. Тийм ч учраас өнгөрсөн онд энэ чиглэлээр хамгийн олон гэрээ хийгдсэн. Иргэн нэг бүрээ хамгаалах нь бидний гол үүрэг.

Гадаадад яваа монгол иргэд өөрөө өөрсдийгөө хариуцаж, сэрэмжтэй, мэдрэмжтэй хичээж явах нь гарцаагүй ч тэр дунд тооцоолоогүй золгүй явдал тохиолдохыг үгүй гэх газаргүй. Энэ дунд Малайзын асуудал яах аргагүй багтана. Үнэхээр золгүй явдал тэнд давтагдаад байна. Ш.Алтантуяагийн амь нас хохирсон хэргийн мөрөөр хэчнээн жил хөөцөлдөж явав. Энэ хугацаанд эрх зүйн гэрээ хэлэлцээр байгуулж чадаагүй л явж байна шүү дээ. Яагаад ингэж удав гэхээр одоо хүртэл тэнд дипломат төлөөлөгчийн газар байгуулаагүй, хавсан суугаа элчин сайд нь ч итгэмжлэх жуух бичгээ бариагүй байсан. Сүүлдээбүр Малайз гэж улсыг үзэн ядаад, харилцаагаа таслаад холдож хөндийрөх асуудал зарим хүн яриад сууж байна. Тийм юм гэж яаж байж болох юм бэ? Тэр тусам нь бид тэнд төлөөлөгчийн газраа нээж дотор нь орж ажиллах ёстой. Тэгж байж бид хүнийхээ асуудлыг ярина, иргэнийхээ эрх ашгийг хамгаална. Олон улсын гэрээ эрх зүйн хүрээнд асуудлаа тавиад, иргэнээ хамгаалах эрх зүйн орчныг бий болгож ажиллах ёстой. Одоо дипломат төлөөлөгчийн газар нээх тухай Засгийн газрын төвшинд ярьж байгаа. Мөн энэ бүс нутгийн бүх орнуудтай эрхзүйн туслалцааны гэрээ,баримт бичиг байгуулах талаар ажиллана. Монголчууд хамгийн их зорчдог бүс болоод байна шүү дээ.

-Өнгөрсөн ондолон улсын чанартай  хэд хэдэн томоохон арга хэмжээг Улаанбаатар хотноо зохиогдсон, бас нэр нөлөө бүхий хүндтэй олон зочинайлчлаад буцсан. Бид ийм олон зочид хүлээж авч чадахыг, хотоо, төв талбайгаа ямар сайхан цэвэрлэж, эмх цэгцэнд оруулж чадахыг харсан. Хүн бүр янз янзаар л хүлээж авсан байх. Харин үүний цаана тэр олон хурал, айлчлал улсдаа яг ямар үр дүн авчирсан бэ?
-Өнгөрсөн жилийн хувьд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн /АОХН/ Сайд нарын бага хурлаар гэхэд 100 гаруй орны, 1200 гаруй зочид нэг дор цугларсан, үнэхээр Улаанбаатарт өмнө нь болж байгаагүй том арга хэмжээ болсон. Жилдээ нэг удаа нэг оронд зохиогддог НҮБ-ийн Байгаль орчны өдрийг Монголдоо хийсэн, дараа нь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт /ДЭЗЧУ/-тай хамтарч, аль нэг тухайлсан оронд явуулдаггүй арга хэмжээ болох стратегийн дугуй ширээний ярилцлагыг зөвхөн Монголын асуудлаар монголд зохион байгуулсан. Энэ бүхэнд зарцуулсан мөнгө эргээд хэд болж орж ирэв ээ гэдгийг ярихад хэцүү. Энэ бол бизнес биш. Үүний цаана Монгол Улсын нэр хүнд, байр суурь дээшилсэн. Олон улсын хамтын нийгэмлэгт байр суурь ахисан. Энэ нь эргээд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа гээд бүх сувгаар шууд болон шууд бус үр ашиг авчирна. Өнгөрсөн онд манай хамт олон үнэхээр сайн ажиллаж, үр дүнд хүрсэндээ сэтгэл хангалуун байгаа. Бид цаашдаа ч ийм хэмжээний томоохон арга хэмжээг байнга хийнэ. Ингээд ирэхээр иргэд энэ бүхнийг анзаарахаа ч болих байх л даа, хэвийн үзэгдэл гэж хардаг болох байх. Үүний ч төлөө бид явж байгаа. Үнэхээр нэг баярлууштай зүйл нь “Бидэн дээр дэлхий ирэх гэж байна, Монгол Улсын 3 сая хүрэхгүй иргэн дээр дэлхий дахин анхаарал хандуулах гэж байна аа” гэдэг уриалга л бид гаргасан шүү дээ. Гэтэл иргэд ямар сайхан хүлээж авсан билээ. Дэг журам, хөдөлгөөнөө зохицуулаад, хотоо цэвэрлээд үнэхээр эрвийх дэрвийхээр ажилласан. Энэ бүхний үр дүнд дэлхий дахинд бидний нэр хүнд өссөн. Үүнийг би өдөр болгон мэдэрч байгаа. Хэчнээн айлчлал хийж, хэчнээн зочид манай улсыг зорьж ирэв. Хэчнээн орон биднийг хүлээж авав. Очсон улс болгонд уулзсан хүмүүс энэ талаар ярьж, танай улсад үнэхээр сайхан байсан, маш амжилттай зохион байгуулсан гэдгийг хэлж байгаа. Танай ард түмэн гайхамшигтай улс байна лээ гэж хэлэх хүн олон болж, хэчнээн олон асуудал нааштайгаар шийдэгдэж байгааг би алхам тутамдаа мэдрэх болсон доо. Бод л доо. Бид өмнө нь жилдээ 3-4 айлчлал хүлээн авдаг байсан бол өнгөрсөн онд сардаа 2-3 айлчлал хүлээж авлаа шүү дээ. Сайл болон төрийн өндөрлөгүүдийн хэмжээнд.

-Та Давосын чуулга уулзалттай хамтарч ажилласныг дурдлаа. Энэ бүхний үр дүнд нэг дүгнэлт гарах нь ээ дээ. Ингэснээрээ бид өөрсдийгөө аль төвшинд явааг мэдэх, аль салбартаа ямар дэмжлэг авах, юу хийхээ тодорхойлох боломжтой болж байна уу. Ер нь ингэх шаардлага ч байдаг байх?
-Дэлхий дээр улс орон хөгждөг жаяг байна. Улс хөгжье гэвэл эхлээд танигдах ёстой, дараа нь нь харилцан хөрөнгө оруулалт явагдах ёстой. Хөгжсөн орнуудыг хараад байхад Давос шиг ийм байгууллага, чуулга уулзалтаар дамжаад өөрсдийгөө танилцуулж чадсан нь нэг хөшүүрэг болсон байгаа юм. Давосын чуулга уулзалт чинь эдийн засгийн олимп шүү дээ. Их наймын улс гэж байна. Ардчилсан тогтолцоотой найман том орон. Дараа нь Их хорь гэж байна, шууд эдийн засгаар нь хэмжээд гаргаад ирсэн жагсаалт. Харин Давосын чуулга уулзалт чинь Их-50-ийн уулзалт. Гэхдээ хэмжээгээр нь гаргаад ирсэн тоо биш. Эдийн засгийн хувьд нөлөөтэй, хөгжих ирээдүйтэй, ач холбогдолтой тавин орны цугларалт. Мөн дэлхийн эхний 1000 компани, дэлхийн мянган шилдэг улстөрч, удирдагч, тэгээд дэлхийн мянган шилдэг судлаач, сэтгүүлчийг оролцуулаад хаалгаа хааж байгаад асуудлаа ярьж, дэлхийн эдийн засгийн төлөв байдал, цаашаа яаж явахыг ярилцдаг. Монгол Улс энэ дунд багтдагт учир бий. Монгол Улс дангаараа бүс нутаг гэж үзэх болж байгаагийг нэг илрэл. Энэ чуулга уулзалтад Монгол Улс өөрийгөө таницуулж чадна гэдэг том боломж.

-Давосын чуулга уулзалт хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Энэ жилийн хувьд бид ямар төвшинд оролцох бэ, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа гэдгийг тодруулахгүй юу?
-Энэ жилийн чуулга уулзалтын хүрээнд Монгол, Катар, Мьянмар зэрэг улсын жишээн дээр байгалийн баялагт суурилсан хөгжлийн загварыг хэрхэн бий болгож байгаа талаар нэгдсэн хуралдаан хийхээр болсон. Мөн “Монголын хөгжлийн хувилбарууд” тусгай хуралдаан зохион байгуулагдана.Эдгээр хэлэлцүүлэг, хуралдаанаас гадна“Mongolia Night” нэртэй Монголыг сурталчлах, танилцуулах арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Монголын эдийн засгийн хөгжлийн төлөв, хөрөнгө оруулалтын болоод эрх зүйн орчны талаар зөв мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагч, Монголыг сонирхогчдод хүргэх зорилготой юм. Мөн Монгол Улс ДЭЗЧУ-тай хамтран Зүүн Азийн эдийн засгийн чуулга уулзалтыг 2016 онд Улаанбаатарт хийх эрхийг бас авсан. Ер нь бидэнд алсыг харсан төлөвлөгөө бий...

-Ирээдүйг харсан уг төлөвлөгөөнөөсөө тодруулж сонирхуулбал ?

- Энэ онд гэхэд бидэнд АПЕК-ийн гишүүнд элсэх асуудлаар нэлээд үр дүнтэй ажиллах түүхэн ховор боломж тохиож байгаа гэж би харж байна. Яагаад гэвэл энэ жил АПЕК-ийг Хятад улс даргалж байгаа. Манайхыг АПЕК-ийн гишүүн орон байх ёстой гэдэг байр суурийг БНХАУ анхнаас нь хэлж, үүнийгээ илэрхийлж ирсэн. Тэгэхээр ийм чухал үеийг ашиглах ёстой, үүнд бүх төвшиндөө анхаарч ажиллах болно.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” буюу Зүүн Хойд Азийн зургаан орныг хамарсан яриа хэлэлцээний механизмыг бий болгох асуудлаар бид идэвхтэй ажиллах ёстой. Дэлхийн хамгийн хаалттай, халуун цэг нь Зүүн Хойд Азид хамаарах Хойд Солонгосын байдал болоод байгаа. Энэ нь Зүүн Хойд Ази, цаашлаад дэлхийн хөгжилд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл. Энд байдал өөрчлөгдвөл дэлхий нийтэд, тэр дундаа Монголд хөгжлийн асар том боломжийг нээх юм. Тийм учраас бид энэ асуудлаар идэвхтэй ажиллаж, эхнээсээ үр дүнд хүрээд эхэлсэн. Саяхан Зүүн Хойд Азийн эмэгтэй улстөрчдын форумыг Улаанбаатарт амжилттай зохион байгууллаа. Зүүн Хойд Азийн орнуудыг нэгтгэдэг зүйл олон. Уур амьсгал, шашин шүтлэг, эдийн засаг гээд... Энэ бүхэнд дөрөөлж ажиллах, санаачилга, манлайллыг гартаа авах  боломж бололцоо бидэнд байгаа.

-Та айлчлалын тоо, давтамж өнгөрсөн онд эрс нэмэгдсэн гэж хэллээ. Гэтэл үүнийг шүүмжлэх, “Мөнгө үрлээ, гадагшаа зугааллаа” гэж хэлэх нь бий. Таны хувьд айлчлал олшрох нь сайн үзүүлэлт гэж хэлж байгааг ойлгож байна л даа...
-Монголчууд бид зүгээрсуух эрхгүй. Тэр тусмаа явж улсаа таниулж, ярьж ойлгуулахгүйгээр хүлээгээд гэртээ сууж байх эрхгүй хүмүүс. АНУ-ын Конгрессийн гишүүдийн 70 хувь нь гадаадад айлчлал, ажлаар явж үзээгүй гэж ярьдаг юм. Үнэн ч байх. Яагаад гэвэл дэлхий өөрөө АНУ-д очдог. Харин бид өөрсдөө дэлхий дээр явж очихгүй бол хэн ч ирэхгүй шүү дээ. Бидэнд асуудлаа шийдүүлэхэд дэлхий хэрэгтэй. Магадгүй, бид хөгжөөд нэг хүнд ногдох ДНБ нь зуун мянган ам.доллараас давчихбал гадагшаа явахын хэрэггүй, эндээ сууж байж болох байх. Одоохондоо тэгэх бололцоогүй байна. Идэвхтэй гадаад харилцаа бол хамгийн үр ашигтай эдийн засгийн бодлого.

-Монгол Улсын иргэд өнөөдөр хэчнээн оронд визгүй зорчих эрхтэй болоод байна вэ. Энэ онд шинээр хэд хэдэн улстай визийн асуудлаар гэрээ, хэлэлцээ байгуулав. Иргэдийн хувьд “Элчин сайд” байхын тулд визийн асуудлыг юун түрүүн сонирхдог шүү дээ?

-Өнөөдөр энгийн паспорттой иргэд 18 улсад, албан, дипломат паспорттой иргэд давхардаагүй тоогоор 25 нийтдээ 43 улсад визгүй зорчиж болж байгаа. Иргэдийн хамгийн их хүсч шаарддаг ОХУ, Европын холбоо, АНУ, БНСУ-д визгүй зорчих асуудлаар бид ажиллаж байна. Тодорхой ахиц гаргана гэж зорьж байгаа. Ер нь нийтдээ Монгол Улсын паспорттыг визгүй зөвшөөрдөг орны тоог бид өнгөрсөн онд арваар нэмэгдүүлсэн. Өмнө нь ингэж ажиллаж байгаагүй л дээ.Тэр дундаа баруун Европын гурван ч оронд дипломат, албан паспортоор визгүй зорчдог болгосон. Энэ бол эхний ээлж гэж ойлгох хэрэгтэй. Дараа нь шат шатаар асуудлаа шийдүүлэхэд амар болж байгаа юм.

-Гадаад харилцааны яам өнөөдөр хүний нөөцийн хувьд хэр бэлтгэгдсэн институци вэ. Дипломатчдыг бэлтгэж ирсэн уламжлал маань хэр хадгалагдаж, бас хэр шинэчлэгдэж байгаа вэ?
-Гадаад харилцааны яам 1970-аад онд л 200 орчим ажилтантай байсан, тэгэхэд 50 орчим оронтой дипломат харилцаатай байсан. Өнөөдөр боловсон хүчний тоо хэвээрээ байгаа хэр нь бид дэлхийн 200 шахам оронтой дипломат харилцаатай, олон улсын маш олон байгууллагатай хамтын ажиллагаатай болоод байна. Тэгэхээр бид энэ ачааллыг давахын тулд ажилтнуудаа л чадваржуулах ёстой юм. Бүх ажилтан илтгэл бичдэг, орчуулга хийдэг чадвартай байх ёстой. Харин тэр бүрт нь таарсан шагнал урамшуулал олгодог байх хэрэгтэй. Манай ажилтнуудын нэг онцлог гэвэл гурав, гурван жилээр гадаадад томилолтоор ажиллаж байгаад ирдэг, нүүдлийн шувуу шиг амьдардаг. Энэ онцлогоос болоод Монголдоо амьдрах нөхцөл нь орхигдоод байдаг талтай. Үүнийг нь юуны өмнө шийдэх хэрэгтэй юм билээ. Мөн тэдний чадварыг хөгжүүлэх асуудал.  Бид Щвейцарь шиг хөгжилтэй болох тухай ярьдаг. Тэгвэл щвейцарь хүн бүр дөрвөн хэлтэй. Бид бүгд тийм чадвартай болж байж л цаашаа хөгжих тухай ярина шүү дээ. Нөгөө талаас Ерөнхийлөгч ухаалаг төрийн асуудлыг дэвшүүллээ. Энэ нь төрийг шинэчлэх тухай яриа. Тэгвэл ухаалаг яам, ухаалаг агентлагийг бий болгохоос л энэ бүхэн эхэлнэ. Манай яамны хувьд ажлын шинэ арга барил, шинэ технологи нэвтрүүлэх, дотооддоо шинэчлэл хийхээр төлөвлөсөн зүйл бий.
http://borgilmaa.niitlelch.mn 

Д.Бямбасүрэн: Эдийн засгийн тусгаар тогтнолоо худалдчихсан юм даа



Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай  олон сэтгүүлч уулзаж улс төр, эдийн засгийн сэдвээр ярилц­даг билээ. Харин энэ удаа түүн­тэй уулзаж монгол­чуу­дын оюун санааны өв уламж­лал, түүний дархлаа, мөн эх орон,  тусгаар тогтно­лын сэдвээр  ярилцлаа.

-Эрдэмтэн, зохиолч  Л.Түдэв гуайн нэгэн  ярилц­лагыг үзэж суугаад  “Ташуураар хамгаалсан эх орноо тархиараа хамгаа­лах цаг ирлээ” гэсэн үгийг их гүнзгий хүлээж авлаа.

Тэгээд тантай энэ сэдвээр ярилцья гэж бодоод хүрээд ирлээ. 

-Хичээе л дээ...

-Ташуураар хамгаалж болдог байсан эх орноо тархиараа хамгаалахгүй бол болохгүй нь гэсэн энэ өгүүлбэр надад олон юм бодогдууллаа. Үүнээс үүдээд монголчууд бидний оюун санаа хэр хүчирхэг билээ гэсэн асуулт хариу нэхээд байх болов?

-Зөв л дөө... Хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг харлаа ч тэр  оюун ухаан, оюун санааныхаа хүчээр амьдрах цаг ирж.  XX зууныг хүртэл улс төрийн асуудал, амьдрах эс амьдрахаа  зэвсгийн хүчээр шийддэг байлаа.  Ингэж явсаар XX зуунд бүр дэлхий даяараа хоёр ч удаа дайтаж нийтээрээ “зодолдож” үзлээ. Энэ бүхнээс хүн төрөлхтний олж авсан ухаарал бол “оюун ухааны чадварыг олж авсан нь үлдэх юм байна” гэсэн ойлголт. Гэхдээ энэ бол зөвхөн нэг талын ойлголт. Харин нөгөө талдаа тайлбарлах юм бол  их сонин. Одоо бидний амьдарч байгаа үеийн  Европын соёл иргэншил гэгддэг техникийн хөгжлийн иргэншил хүний амьдралыг баталгаажуулах чадвараа улам бүр алдаж байна.  Тухайлбал, байгаль экологийн тэнцвэр алдагдах, хүний уг мөн чанарын доройтол, эрүүл мэндийн дархлаа байхгүй болж байгаа зэрэг нь одоо бидний туулж өнгөрүүлж буй соёл иргэншилтэй холбоотой. Үүний оронд бий болох хүн төрөлхтний  цоо шинэ ёс жамыг Оюун мандлын соёл иргэншил гэж нэрлэдэг л дээ... Үүнийг анх 1920 оны үед Оросын залуу эрдэмтэн Вернадский  тодорхойлсон. “Хүний оюун ухаан байгалийн, биологийн хүчин зүйлээс дутахгүй болно. Хүн төрөлхтний соёл иргэншил байгаль дэлхийтэйгээ хамт хөгжих ёстой. Үүнээс үүдээд амьдрал орших уу, эс орших уу гэдэг нь шийдэгдэнэ” гэж хэлсэн байдаг. Ер нь хүн төрөлхтний оршин тогтнох эсэх нь оюун ухааны хөгжилтэй холбоотой юм. Надад нэг сонин жишээ тохиолдсон. Оросод философич мэргэжлээр улаан дипломтой төгссөн нэг нөхөртэй би 1980 аад оны сүүлчээр хамт ажиллаж  байлаа. Түүнийг 1993 онд Филиппин рүү сургалтад явахад би тодорхойлолтыг нь гаргаж өгч байсан юм. Тэгээд нөгөөдөх чинь ирээд надад ярилаа л даа. Филиппинд сургалтад сууж байтал нэг америк багш ирэээд энд монгол хүн байна гэж сонслоо гэхэд нь мань хүн годосхийж босоод баахан зовлон тоочиж. Гэтэл нөгөө багш “Нэг сая 500 мянган км.квадрат нутаг дэвсгэртэй, 25 сая малтай оронд хоёр сая хүн өлсөж байгаа бол танайд ерөөсөө 27 сая мал амьдарч байна гээд тооцчихвол яасан юм бэ” гэж хэлж. Байгаа баялгаа зөв ашиглаад оюун ухаанаа түшиж амьдарч чадахгүй байнаа л гэдгийг хэлж  шүү дээ. Ер нь хүний ертөнцөд хоёр нарны хооронд нүүрээ харлатал мал дагаад ч, нуруугаа бөгтийтөл  газар ухаад ч  сайхан амьдарч болдоггүй юм байна.  Хэн оюун ухаанаа түшиж оюун ухаанаараа амьдарч чадна тэр л сайхан амьдарна. Гэтэл бид улсаа хөгжүүлж байна гээд газрын баялгаа ухаад гадагшаа зөөгөөд байдаг. Яахав хэдэн халтар төгрөг олж байгаа байх. Харин тэрнийхээ хариуд  нэгдүгээрт, байгаль орчин газар нутаг маань сарны гадаргуу шиг боллоо. Гурваас дөрвөн мянган гол горхи ширгэлээ. Хоёрдугаарт, хүний оюун санаанд айхтар өөрчлөлт гарч байна. 1960-аад оны үед манайхан Германы уран бүтээлчидтэй хамтран “Алтан өргөө”  гэж кино хийсэн. Тэр кинонд өвөг дээдсийнхээ өвлүүлсэн эрдэнэсийн авдрын түлхүүрийг шуналтай хүү нь авч авдрыг онгойлгоод нутаг орноороо хэрхэн сүйрдэг тухай өгүүлдэг. Одоо яг л тийм болчихлоо. Оюун ухаанаа л өөд нь татахгүй бол бид удам судар, орон нутагтайгаа сүйрнэ. Орчин үеийн дэлхий  ертөнц гэдэг хөгжим эгшиглэсэн жаргалын өргөө биш. Өлссөн өлөн араатан хаа нэгтээ нь архирч л яваа. Тиймээс оюун ухаанаа хөгжүүлж, давж сэтгэж явахгүй бол тэднийхээ идэш болоод л дуусна. Тиймээс өөрийн чинь энэ удаа хөндөж буй сэдэв цагаа олж. Бас Л.Түдэв гуай үнэхээр мэргэн үг хэлж.

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй томоохон компаниудад монгол залуус мэр сэр ажиллаж байна. Тухайлбал “Google”, “Аplle”-д монголчууд ажиллаж байх жишээтэй. Бахархаж байна тэднээр. Гэхдээ нөгөө талдаа гомдмоор, бас харамсмаар.  Бид оюунлагуудаа гадагш алдчихаж. Бид уураг тархиа гоожуулчихаж... Бид тэднийгээ дотооддоо зүтгүүлж чадахгүй байна шүү дээ?

-Тийм л дээ... Яг үнэн. Монгол хүн Францын машины үйлдвэрт зохион бүтээгчээр, Германд технологичоор ажиллаж байна. Монгол хүн Microsoft-д ажиллаж алмайруулж байна гээд тоочих юм бол монгол хүн авьяас билэгээ гайхуулж байгаа жишээ цөөнгүй. Яагаад ийм хүмүүсээ эх орондоо ажилуулж чадахгүй байна гэвэл хоёр гол зүйл байна.  Нэгдүгээрт,  Монголд оюун ухааныг үнэлдэггүй. Харин өөр улсад тэдгээр хүмүүсийн ажиллаж амьдрах нөхцөл бололцоог нь хангаж, ажил хөдөлмөр хийх таатай орчин бүтээж өгч чадаж байна. Энэ нэг тал нь. Нөгөө тал нь гэвэл  орчин үеийн дэлхийн философийн дагуу оюуны хүчийг өөртөө татаж чадсан улс орон л хөгжинө.  Тийм болохоор  “Тархины хулгайч “ гэж нэрлэдэг дээ.  Үүгээрээ өрсөлддөг болчихож. Ийм хоёр хүчин зүйлийг бид бий болгож чадахгүй байгаа болохоор хүмүүс маань гадагшаа яваад байгаа юм.

-1990-ээд оны эхээр ихэнх айл номын сан дахь номоо зарж, ном гудамжинд хөлийн дор хэвтэж байлаа. Харин одоо ном гоё дэлгүүрийн лангуунд заларч байна. Хүмүүс олон ном уншсанаа гайхуулдаг болов. Ном уншиж оюун ухаанаа тэлэх соёл хэлбэр талаасаа хөгжөөд байх шиг. Энэ талаар таны бодол?

-Ном олон янз. Ном бүрийг унших ёстой ч юм биш. Манай монголчууд номыг ариун нандин зүйл гэж шүтэж биширсээр ирсэн. Ном байтугай бичигтэй цаасан дээгүүр алхдаггүй  байсан. Үүний цаадах утга нь тэр номын дотор өгүүлсэн зүйл бол ховор нандин эрдэнэтэй дүйхүйц гэж үздэг байсных.  Харин орчин цагт зөвхөн ном төдий биш интернэт, телевизээр мэдээллээ авч байна. Ном их уншдаг болсондоо ч биш юм. Угаасаа хүн гэдэг амьтан ямар нэгэн танин мэдэхүйн хэрэгцээ гэсэн хөшүүрэгтэй. Түүнийхээ шаардлагаар янз бүрийн мэдээлэл авч байгаа. Харин тэр мэдээлэлд  нь хэрэгтэй  зүйл ч бий,  хэрэггүй эргээд  ус болох зүйл ч бий байх.

-Энэ цаг үеийн улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд “Би их уншсан... би их мэдсэн” гэдэг имиж бүрдүүлдэг.  Гэвч яг үнэн чанартаа оюун ухаанаараа нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, тэр мэдлэгээрээ бусдыг хөтөлж өмнөх замыг нь гэрэлтүүлж яваа нь харагдахгүй юм. Тэд дүр эсгээд байна, тийм үү? 
-Миний хувьд долоон тө­рийн тэргүүний нүүрж үзжээ. Чойбалсангийн үед бол бага байсан даа. Түүнээс хойшхи төрийн тэргүүнүүдтэй уулзаж ярилцаж, ажил төрлийн холбоотой байж заримынх нь удирдлагад төрийн үйл хэрэгт  зүтгэж явлаа. Сүүлийн үеийн төрийн зүтгэлтнүүдээ хараад байхад өмнөхөөсөө  мэдлэгийн  хүрээгээрээ   үнэхээр явцуурсан гэж би хэлнэ. Ю.Цэдэнбал гуай болон Ж.Батмөнх гуай тухайн үеийнхээ эрдэм номын чинад хүртэл боловсорсон, эрдэмтэй хүмүүс байлаа. Тэрнээс гадна дорнынхоо ном сургаалийг үзэж гэгээрсэн хүмүүс ч байсан. Нэг сонин тохиодол одоо ч сэтгэлээс гардаггүй юм. Улс төрийн товчоонд н.Моломжамц гээд өвгөн настай хүн байх. Аливаад их голч байр суурьтай ханддаг байлаа. Зөвлөлтөд 1948 онд сургууль төгссөн сэхээтэн хүн. Залуучууд бид яахав дээ түүнийг нөгөө л марксистүүдийн нэг гэж боддог байж. Заримдаа хүмүүс  “Төв хорооны Санхүүгийн хэлтсийн н.Санжаацамц, Улс төрийн товчооны н.Моломжамц хоёр  Их тэнгэрийн аманд хурал хураад байх юм” гэхэд бид тоглоом байлгүй гээд шоолдог байлаа. Би 1988 онд Удирдлагын институтын захирал байхдаа Төв номын санд Нагаржунайн 73 бадагтыг  үзэх санаатай  хоёр гурав хоног суусан юм. Тэгсэн Моломжамц гуай дууддаг юм байна. “Би хоёр гурав хоног чамайг эрээд олсонгүй чи хаачив” гэхэд нь “Ном үзэх санаатай Төв номын санд суулаа...” гээд учраа хэлсэн. Тэгтэл урдаас “Нагаржунайн 150 бадагт гэж байдаг юм шүү дээ ” гээд цээжээр дүнгэнэтэл унших нь тэр.

-Төвд хэлээр нь үү?
-Тэгэлгүй яахав, Моломжамц гуайн уншиж судалж цээжилсэн нь бол  Нагаржунайн филосифийн  их хөлгөн судар. Миний үзэж байсан 73 бадагт бол бага хөлгөн нь юм. Тэгээд  би бодлоо. “Манай төр засгийн толгойд ийм гайхалтай хүмүүс суудаг юм байна шүү дээ” гэж. Тэр үеийн сэхээтнүүдийн философи, боловсрол ямар түвшинд байсан бэ гэдгийг харуулж байгаа юм. Гадны улс  төрийн зүтгэлтэн хэн нэгэн хүн ингэж амьдарч байж гэдгийг харуулсан сайхан сайхан номууд байдаг. Түүнийг унших хэрэгтэй.  Хүнд амьдралын туршлага өгнө. Гэхдээ цаад талд  нь суурь философи байгааг бас судлах ёстой. Өнөө цагийн манай удирдагчид тэрхүү суурь философи талдаа сул анхаардаг юм уу даа  гэж  би хувьдаа боддог.

-Юм уншихгүй байгаа юм уу гэхээр үгүй. Уншаад мэдээлэл аваад байдаг. Харин таны хэлснээр тэр философи нь байхгүй байна аа даа.  Монголд хүнд хэрэгтэй Монгол оронд наалдацтай биш, нэг тийм имэрхэд ширхэг нь мэдрэгдэхгүй гэдэг шиг хөндий хоосон суртал яваад байх шиг..?
-Манайхан одоо оюун санааны өв гэхээр ихэвчлэн Чингис хаан ингэж сургасан, тэгж сургасан гэж ярьдаг.  Гэтэл Оюунтүлхүүр гээд их судар байдгийг мэддэг, ойлгодог эсэх нь их эргэлзээтэй. Чингис хааны “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэж сургасан гээд яриад байдаг. Гэтэл энэ чинь Чингис хаанаас 1500-гаад жилийн өмнөөс явсан том философи юм шүү дээ. Биеэ засна гэдэг нь юу юм бэ, гэрээ засна гэж яадаг юм бэ. Тэгээд төрөө засаад дараа нь төгөлдөр дээдийн хязгаарт хүрнэ гэсэн үг хүртэл бий. Манайхан тэрийг нь огт ярьдаггүй юм. Манай сүүлийн гурван Ерөнхийлөгчийн үед... За анхны Ерөнхийлөгч бол иймэрхүү юм огт ярьдаггүй л дээ. Сүүлийн хоёр Ерөнхийлөгчийг  хараад байхад “Биеэ засна” гэдэг томьёоллыг сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тайлбарлах гэж үе үе цухалзуулдаг юм. “Биеэ засна” гэдгийг ямар нэгэн дээд сургууль төгсөөд, магадгүй эрдмийн зэрэг цол хамгаалаад, бизнес хийгээд жаахан төлөвшил олохыг хэлнэ гэж тайлбарладаг. Гэтэл “биеэ засна” гэдгийг монголчуудын филосифиор “их суртахуй“ гэдгээр тайлбарладаг.  Биеэ засна гэдэг чинь орчлон хорвоогийн явдлыг таньж сэтгэлийн төвийг олохыг хэлж байгаа юм. Сэтгэлийг төвийг олно гэдэг нь эмчийн боловсрол, инженерийн боловсролыг олохыг хэлдэг юм биш.  Энэ мэргэжлийн боловсрол олох чинь “Бага суртахуй”-даа орно. Одоогийн 76 гишүүнээс их суртахуйг олсон хүн их цөөхөн дөө. Надад ингэж л бодогдоод байдаг юм.

-Одоогийн УИХ-ын гишүүдийн араас явж буй залуу үе таны хэлсэн  сэтгэлийн төв, оюун санааны тэнцвэрээ олоогүй байж “ төрөө заснаа” гээд дайрах боллоо.  Зөвхөн сургууль төгссөнөө биеэ зассанд, жаахан мөнгө олж байр, машинтай болсноо гэрээ зассанд тооцоод байх шиг. Заримдаа тэднээс айх юм?
-(инээв) Би ч айдаг. Тийм хүмүүсийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь юу байдаг гэхээр мөнгө. Тэд би юмыг мэддэг чаддаг боллоо гээд дайрсаар төрд гардаг. Төрд гарахаараа юу хийдэг вэ гэхээр төсвийн мөнгийг хувааж иддэг.  Авлига хээл хахуулиар амьдрах замыг дөт зам гэж хараад байх шиг санагддаг. Улс төрийн намуудыг  харах нь ээ “манай намыг дагавал сайхан амьдарна” гэсэн үзлийг түлхүү сурталчилж байна. Тэрнээс “бид эх орондоо ийм ийм сайхан үйл бүтээж чадна” гэсэн үзэл дутуу санагддаг. Тэгээд сонгууль болохоор аль их мөнгө өгсөн хүнийг албан тушаалд томилдог. Одоо ч бүр хялбар болсон. Намын жагсаалтын эрэмбэ дараагаар худалддаг болж.

Монголчуудын оюун санааны ертөнцөд нэг өөрчлөлт гарсан. Тэр нь үнэлж хүндэтгэж явах ёстой үнэт зүйлээ мөнгөөр орлуулах болсон явдал. Ялангуяа манай залуучуудад элбэг тохиолддог л доо.

-Зөвхөн эд баялгийг л мөнгөөр худалдаж авдаг гэдэг ойлголт орвонгоороо эргэлээ. Мөнгөөр албан тушаал худалдан авч түүнийгээ тахин шүтдэг болсон. Мөнгөөр худалдаж авч болдоггүй оюун санааны үнэт зүйлийг дээдлэн шүтэх сэтгэлгээ үгүй болсон. Хэзээ  ямар алдаа хаана гаргаснаас ийм гажуудал үүсэв ээ?
-Монголчууд  “Эрдэм мэдлэг  эрхэм  баян, үр хүүхэд удаах баян, эд хөрөнгө адаг  баян” гэж  ярьдаг.  Энэ үзлээрээ бид залуучуудаа хүмүүжүүлж чадсангүй.  Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөх үе хүртэл баахан худал онолоор цатгасан.  “Хүн бүхэн хэрэгцээнийхээ хэрээр хүссэн юмаа авдаг коммунист нийгэмд амьдрах цаг үе ирнэ”  гэсэн итгэл найдвараар амьдарч явтал нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн. Нөгөө итгэл үнэмшил байхгүй болсон. Тухайн  цаг үеэс гадна дотны ч нөлөө байсан байх. “Мөнгөөр бүхнийг шийдэж болно, мөнгөтэй л бол сайхан амьдарч болно, баяжихыг хичээ” гэсэн сэтгэлгээ орж ирсэн. Өөрөөр хэлбэл монголчуудыг бүтээгч сэтгэлгээгээр биш шуналаар нь хөтөлж эхэлсэн дээ.  Ингэж явсаар одоогийн залуус “мөнгө, мөнгө” л гэх болж. 

-Социалист дэглэмээс ардчилалд шилжих  тэр цаг үед  оюун санааны өв уламжлалаа хойч үедээ өвлүүлээгүйгээс ийм байдал бий болжээ гэж ойлгож болох нь ээ? Бүхэл бүтэн нэгэн үе энэ алдааны золиос болчихов уу?

-Цаг хугацааны хувьд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхөд нэг их зай завсар гараагүй. Соёл иргэншлийн мөргөлдөөн, нийгмийн тогтолцоо өөрчлөгдөх үед хүний зовлон туйлдаа хүрдэг гэж ярьдаг. Энэ үедээ бид мөнгөний хүчтэй түрэлтэд автаж байгаа нь үнэн. Гэхдээ оюун санаагаа тэр чигт нь алдчихаагүй.  Адаглаад та бид хоёр энэ тухай ярилцаад сууж байгаа нь оюун санааны мөхөлд тэр чигтээ орчихоогүй гэдгийг харуулж байгаа хэрэг шүү дээ.

-Улс төрийн намаар дамжаад оюун санааны алуур явагдаж байна гэж би боддог. Гэхдээ дотроосоо гэхээс илүүтэйгээр гадны нөлөөтэй оюун санааны терроризм  гэж ойлгодог. Манайх шиг хүн ам цөөтэй оюуны дархлаа нь суларсан ийм улсад энэ аюултай биш үү?
-Намаар дамжиж оюун санааны дарангуйлал, харгислал явагддаг нь түүхийн эртний улбаатай. Жишээлбэл, манай улс  оюун санааны өндөр боловсролтой, соёл түүхтэй орон байлаа. Тэгээд социализмд ороод ирэхээр большевикуудын үзэл санааг даган дуурайх хэрэгцээтэй болсон. Ингээд л Монголын шашин, соёлыг устгаж хүч хэрэглэж эхэлсэн. Гэвч энэ үзэл суртал хоосон хуурамч байсан тул манайхны оюун санаанд тэгтлээ гүн шингэж чадаагүй. Социализм нуран унахад хүмүүсийн оюун санаанаас маш хурдан арчигдаж хоосон орон зай үлдээсэн. Харин тэр оюун санааны орон зайг мөнгө эзэлчихэж.

Большевикүүдийн үлдээсэн тэр орон зайг улс төрийн намууд эзэлж авахдаа оюун санааны хүчирхийллийг хэрхэн явуулдаг тэр арга барилаар ажиллаж байгаад гол учир байгаа юм. Тэд хүмүүст мөнгө санал болгож эхэлсэн. Аль ч намын үзэл суртлыг харахад баяжих, мөнгөжих үзлийг түлхүү номлож байгаа.  Энэ нь нэг тал. Нөгөө талыг нь харъя л даа.  Хөрөнгөтэй баян чинээлэг хүмүүс намыг атгаад сонгууль болоход намаар дамжиж хүссэн эрх мэдэлдээ хүрдэг болсон. Уг нь нам гэдэг бол үнэлэхүйн үнэтэй эд биш юм.  Гэтэл намгүй л бол  ардчилал байхгүй болчих юм шиг яриад байна.  Тийм биш шүү дээ. Тухайлбал Францад сонгуульд оролцохдоо олон түмний иргэний байгууллагууд нь холбоо байгуулаад орж болж л байна. Оросод бүх ард түмний фронт гээд иргэний байгууллагууд нь нэгдээд орох эхлэл цухалзаж  байна.  Гэхдээ Оросод бол гажуудал ихтэй явж байгаа...

-Ер нь намгүй болчихвол яадаг юм бол ?

-Нийгэмд тодорхой хэмжээний үзэл байх ёстой. Тэр үзлийг хэсэг бүлэг хүмүүсээр зангидаж байдаг зүйл нь нам. Тэгэхээр нам хэрэгтэй . Гэтэл одоогийн нам гэдэг зүйлд үзэл баримтлал байхгүй. Зөвхөн мөнгөнд суурилсан сонирхол бий.  Бид нэг хэсэг нам дагасан олигархи гэж ярьдаг байлаа.  Гэтэл одоо өнөөх олигархиуд нь төрийн толгойд гараад намаа тоохоо больсон.  УИХ хоёр дахь жилдээ орж төлөвших үедээ хэд хэдэн хууль баталлаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хууль.  Төрийн толгойд суусан олигархиуд нь өөрсдийн эрх ашгийг хамгаалсан хууль оруулаад л “Наадахаа батал” гэхэд УИХ дахь намын бүлгүүд чичирч байгаад л баталлаа.  Гэтэл Монголынхоо газар нутгийг 100 жилээр гадныханд түрээслүүлэх  хууль баталчихсанаа одоо л мэдэж байна. Энэ юуг харуулж байна гэхээр намаас давсан олигархиудын бүлэг бий болж. УИХ дахь намын бүлгүүд бол зүгээр л тэдний зэвсэг. Өнгөлөн далдлалтын хөшиг. Тэр хөшигний цаана хоёр гурван намын баячууд суучихаад ашиг сонирхлоо тохирч байна шүү дээ. 

-Тэгээд дээрээс нь гадны нөлөөтэй...?
-Тэгээд бас гадны нөлөөтэй. Мөнгө хараад цаадуул чинь шонхор шиг дайрч байгаа юм чинь.

-Одоогоос  20-оод жилийн өмнөөс “Адгийн шааруудын сүүлчийн хоргодох газар эх орон” гэсэн сүржин философитой  суртал явдаг байлаа. Түүнд нь ч итгэдэг байсан. Гэтэл одоо эх орон гэж ярьсан болгон, эх орны төлөө гэж дуугарсан бүхэн адгийн шаар гэсэн нэр зүүж адлагдах болов. Магадгүй  би маргааш “Эх орны төлөө” гээд бичвэл шившиг болох хэмжээнд хүрэв. Энэ бол өнөөх оюун санааны алуурчдын хийсэн ажлын   үр дүн мөн үү? 
-(энэ асуултыг сонсоод Д.Бямбасүрэн гуай маш их инээсэн...) Наадах чинь их сонин ойлголт. Над дээр ч гэсэн 90-ээд  оны сүүлээр ийм юм ярьсан хүмүүс ирдэг байсан. “Та одоо эх орон гэж яриад байх юм. Наадах чинь мөхөж буй  коммунистуудын сүүлчийн хоргодох газар...” гээд л. Биднийг өмнө нь интернационалч маягаар хүмүүжүүлэх гэж 100 жил оролдсон. Тэгээд тэр нь ч нэг их бүтээгүй. Тэгэхээр ингэж бодох хэрэгтэй. Эхлээд эх орон гэдгээ зөв томьёолох ёстой. Чиний өөрийн нутаг ус, өвлөж төлөвшсөн хэл соёл чинь, зан заншил чинь ...  Тэр байтугай хаа ч явсан элэг зүрхээрээ холбогдсон нутаг орон чинь Монгол юм. Харин чиний хэлсэн дээрх үзлийг номлогчид бол хэл соёлоо, зан заншлаа, нутаг усаа ер нь юуг ч худалдаж болно гэж үзэл санааг тархинд чинь суулгахыг хүсэгчид юм. Тэд хэдэн мянган жилийн турш энэ улс орныг, энэ соёл заншлыг хамгаалж хэдэн хүн амь насаа зольж ирснийг мэдэхгүй.  Хамгийн сүүлчийн жишээ гэхэд 1939 онд Халх голын дайнаар 2500 хүн амь үрэгдсэний төлөөсөнд бид өнөөдөр Халхын гол гэдэг нутаг дэвсгэртэй тэнд амьдардаг монгол хүмүүстэй байна. Гэтэл нэр нутагт 270 мянган га газрыг солонгосчуудад  өгчихлөө. Үндсэндээ худалдчихлаа.  Үүнийгээ Хөрөнгө оруулалтын тухай хуулиар баталгаажуулаад ч авлаа. Монгол эх орон,  өв уламжлал,  үндэс  угсаа  бүхэнтэй холбоотой бүхнийг хямдруулж юуг ч худалдаж болно гэж номлогсод бүгдийг дийлж давж байна даа.

-Энэ бүхэн чинь бид гадныханд тархиа хэрхэн соруулж  байгаагийн үр дүн, тийм үү?
-Эхлээд эх орноо үгүйсгэнэ. Дараа нь ижий, ааваа үгүйсгэнэ. Тэгээд бүгдийг худалдаж чадна даа. 

-Өнөөдөр манай улс тусгаар тогтносон улс. Дотооддоо асуудлаа шийднэ. Хилтэй, хэлтэй. Сонгуулиа явуулж төр засгаа сонгоно. Гэтэл геополитикийн хувьд бид тусгаар тогтнолоо аль хэдийнэ алдчихсан юм шиг. Манай улсын эдийн засаг 100 хувь гаднаас хараат болсон шүү дээ...

-1990 оны ардчилсан хувьсгалын гол зорилт бол тусгаар тогтнолоо,  бүрэн эрхээ 100 хувь өөрсдөдөө авах байсан. Тэрнээс өмнө Монголын хувь заяаг Москвад шийддэг байлаа. Монголын төрийн тэргүүн хэн болохыг, тэр хүн хэдий хугацаагаар амьд явахыг  хүртэл оросууд мэддэг байсан.  Бид 1990 оны хувьсгалаар  энэ бүх эрх чөлөөгөө олж авсан. Тэрний төлөө огт цус урсгаагүй гэж бахархдаг юм. Цус урсаагүй ч энэ эрх чөлөөний төлөө монголчууд маш их зовсон. Эрх чөлөө маш их  үнэтэй.  Гэтэл сүүлийн үед сэтгэл зовоосон асуудал их боллоо. Эдийн засгийн хувьд бид бүрэн хараат боллоо. Манай экспортын 95 хувийг урд хөрш маань дангаараа эзэлж байна. Манайхан том том гоё юм яриад л байгаа. Яг үнэндээ бодитоор аваад үзвэл Чалко нүүрс авахаа болилоо гэхэд л Монголын нүүрсний экспорт бүрэн зогсч байна. Рио Тинто “Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр бууж өгөхгүй бол бид явлаа”  гээд 1700 ажилчныг нь халчихаад явахад бид Лондон руу хадаг бариад гүйж очлоо. Энэ юуг харуулж байна вэ гэвэл бид хувь заяаныхаа жолоог алдчихсан гэдгийг харуулж байна.  Үүнээс цааших юм ч бас бий.  Одоо манай төр засгаас явуулж байгаа бодлогод эргэлзэх юм их бий. Харин геополитикийн хувьд гэвэл бодох, санах юм байна. Манай улс дэлхийн хоёр том гүрний дунд бий.  Нэг нь хүн амаараа дэлхийд нэгдүгээрт ордог, нөгөөх нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт ордог. Манайхан энийг бэрхшээл гэж хардаг юм. Далайд гарцгүй, хоёр талаасаа билүүдүүлж идүүлээд гээд л... Газар нутгаа алдсаны хувьд алдсан. Хуучин газар нутгаасаа гуравны нэгийг нь Хятадад, гуравны нэгийг нь Оросод алдсан. Тэгээд одоо үлдсэн гуравны нэг дээрээ өөрсдөө амьдарч байна. Энэ бол түүхийн жам тавилан. Гэхдээ одоогийн нутаг дэвсгэр дээрээ эрх ашгаа хамгаалаад амьдарч оршиж чадах уу гэвэл, би оршиж чадна гэж хэлнэ. Орос, Хятад хоёр чинь  Монгол Улсын бий болгосон бүтээл. Орос 62 жижиг вант улс байсан бол  Зүчийн байлдан дагуулалтын улбаа явсаар өнөөгийн  Оросыг бий болгосон  байдаг. Хятад Чингис хаанаас өмнө 12 жижиг улс байсныг бид нэгтгэж нэгдмэл хятад үндэстнийг бий болгож өгсөн юм. Монгол улсыг тойроод  монгол угсаатны хүрээ байгаа.  Ингээд бодвол  гадуураа дэлхийн хоёр том улсаар хүрээлүүлсэн, тэр дотроо өөрийн монгол угсаатнаар хүрээлүүлсэн дархлаа сайтай улс болчихоод байгаа юм.  

-Хоёр хөршид хуваагдаж оршсон монгол угсаатнууд бидний дархлаа болж чадах уу?

-Чадалгүй яахав. Хэл соёлоороо сайн дархлаа болно.

-Бид өөрсдөө энд аж үйлд­вэржээд, амьдрах таатай орчин бүрдүүлээд тэднийгээ өөрсөд рүүгээ татах бодлого явуулбал Орос, Хятад хоёрт хүнд байдал үүсэх үү?

-1911 оны хувьсгалаар Да лам Г.Цэрэнчимэд тэргүүтэй хүмүүс энэ бодлогыг явуулахад хоёр гүрэн үхтлээ айж дургүйцсэн. Дараа нь 1921 оны хувьсгалын дараа нэгдсэн Монгол Улсыг байгуулах бодлого гаргахад  дургүйцэж дарж авсан. Ингээд 1924 оны шинэ Үндсэн хуулийг батлахад биднээр өөрсдөөр нь бага буурай улс хэвээр явна гэж бичүүлж аваад санаа амарсан. Яг үнэндээ түүхийн талаас нь авч үзвэл Монгол бол хуваагдмал үндэстэн. Мэдээж монгол угсаатнаа нэгтгэж хоёр гүрнээ задлах бодлого явуулахгүй. Харин монгол хэл,  монгол соёл, ёс заншил амьд хэвээрээ байна гэдэг хүн төрөлхтөнд   өөрөө үнэт зүйл юм. Бичиг нь, хэл нь, ёс заншил нь, амьдрах арга технологи нь ч үнэт зүйл. Зүгээр л монгол дээлээ оёод хоёр зах зээл дээрээ борлуулахад дэлхийн хаана ч борлохгүй олноор борлоно биз дээ. Энэ мэтээр хоёр том гүрний дунд оршиж байгаагаа муу зүйл гэж үзэхгүйгээр дэлхийн хамгийн том хоёр зах зээл дээр хамгийн бага өртөгтэйгөөр, шууд хүрч байна  гэж бодож, ашиглаж сурах хэрэгтэй. Юун далайд гарц хайх. Ачиж аваад л давхиад хүрчих зах зээл хажууд байгаа юм л даа. Одоогоор манайх урдах зах зээлээ л хараад байгаа болохоос хойноо байгаа том зах зээлийг огт ашиглахгүй байна. Экс­портод өрсөлдөх чадвартай ноос , ноолууран бүтээгдэхүүн эсгий гутлаа ч бодоод үз л дээ. Дэлхийн сэрүүн бүс хойно л байна. Үүнийг бид хойд зах зээл рүүгээ хялбар гаргаж чадна. Харин канадууд биднээс хэзээ ч авахгүй. Скандиновын орнууд ч  авахгүй. Тиймээс хойд хөрш рүүгээ  экспортоо жаахан бодох хэрэгтэй. 

-Бид эдийн засгийн тусгаар тогтнолоо аль хэдийнэ алдсан... Тийм үү?
-Энэ бол Монголын төр өөрөө найр тавьж өгсөн хэрэг. 

-Санаатайгаар уу?
-Аа, үгүй үгүй. Найр тавьсан хэрэг биш юм аа. Эрх мэдэлтнүүд мөнгөөр худалдчихсан юм . Жишээ нь манай Үндсэн хуульд газар, газрын хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд байна, өмч байна гэж заасан байгаа. Гэтэл манай төр тэр баялгаа гадныханд найр тавьж, ирсэн болгонд хувааж өгөхийн төлөө зүтгэж байна. Үүний ард Монголын ард түмэнд хүрэх юм гэхээсээ илүү эрх мэдэлтнүүдийн халаасанд орж байгаа юм л гол хөшүүрэг нь болж байгаа.

-Эдийн засгийн хувьд тусгаар тогтнолоо алджээ. Бас оюун са­нааны тусгаар тогтнолоо ч улам бүр алдсаар байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Байдал их  өвөрмөц байгаа шүү. Улаанбаатарын гудамжаар явахад л тодорхой байгаа. Бүх хаяг гадны хэл дээр байх жишээтэй. Үүнийгээ их соёлтой, мундаг улс болж байна гэж бодож байгаа байх. Японд гудамжин дахь үйлчилгээний газрууд хаягаа  япон болон гадны хэл дээр хоёр янзаар бичсэн байдаг. Гадаад хэл дээр хаягаа бичих бол япон хэлээр бичсэнээсээ хоёр дахин багаар бичих ёстой дүрэм үйлчилдэг. Гэтэл манайд тийм зохицуулалт  байхгүй. Эрх баригчид мэдэхгүй байна уу, гэвэл үгүй, тэд сайн мэдэж байгаа. Хотын захиргаа энэ талаар шийдвэр гаргасан боловч  тэр нь цаасан дээр л үлдлээ. Тэд үнэхээр хүсэхгүй байна. Гадны бүх юм сайхан, тэр хэлээр нь ярьж бичиж тэднийг даган дуурайж байвал сайхан гэдэг үзлийг л харуулж байгаа юм. Энэ бол оюун санааны тусгаар тогтнолоо алдахаас илүү хэнийг ч хамаагүй даган дуурайж явах үндэстэн болж байгаагаа л нотлож байгаа хэрэг. 

-Монголоороо гоёх биш Мон­голоо голох болжээ?
-Монгол хэлээрээ ярьж чадахгүй атлаа курсээр англи хэл сурсан хүмүүс төрийн алба руу зүтгээд байна. Манай төрийн албанаас гарч буй бичиг баримтыг харж байхад даанч яав даа гэмээр юм байдаг шүү дээ. Тэгээд тэрнийгээ УИХ-аар батлуулаад гаргачихна. Засгийн газрын шийдвэр гэнэ. Төрийн том баримт бичиг болгоод хэвлэчихнэ.

-Та бид хоёрын энэ яриа нэ­лээд хорцогдмол, хуучинсаг зүйлд тооцогдоно шүү...

-Тэгнэ л дээ. Гэхдээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хэл соёлынхоо үндсэн чанарыг алдсан үндэстэн байхгүй болох тавилантай юм. Энэ бол түүхийн жам. Үүнийг л ухаарч чадвал тэр хоцрогдсон байна уу, үгүй юу хамаагүй. Монголоо орхиод өөр газар очиж сайхан амьдарья гэж бодож байгаа бол тэр хүнд монгол хэл, монгол зан заншил, Монголын соёл хэрэггүй.  Харин монгол хүн гэх өөрийг нь бий болгож бүтээсэн энэ орчин хэрэгтэй гэж бодож байгаа  хүнд бол хэл соёл, оюуны үнэт зүйлсээ юугаар ч солихгүй биз ээ.

-Монгол хүнд монгол хэл, монгол соёл, монгол зан заншил ямар учраас хэрэгтэй юм бэ гэдгийг та энэ хүмүүст хэлж өгөөч. Монгол хүнд энэ бүхэн хэрэггүй юм шиг бодох болж шүү дээ?  
-Би заримдаа боддог юм. Хүн гэж юу юм бэ гэж. За хүн гэдэг бол хамгийн түрүүнд адгуусан амьтан. Хүн гэдэг бол бүтээдэг ч бай нураадаг ч бай нэг үйл хөдлөл хийж чаддаг. Хүнийг бусад араатан амьтнаас ялгаж байгаа гол зүйл бол хүний оюун ухаан, сэтгэлийн орон зай. Тэгэхээр чи хэрвээ өөрийгөө монгол хүн гэж бодож байгаа бол чамайг бүтээж өгч буй тэр хүчин зүйл бол нэгдүгээрт Монгол эх орон чинь юм. Монголын хэл соёл, зан заншил, монгол хүний амьдрах арга монгол хүнийг бүтээж байгаа юм.  Энэ бүхэн Монгол эх орноос чинь бүрэлдэж байгаа хэрэг. Эх орон гэдэг хил хязгаар татсан газар шороо биш. Энэ газар шороо бол үндэс суурь нь. Энэ хил хязгаар дотор оршиж буй хэл соёл, зан заншил, амьдралын арга технологи бүхэн эх орныг бүрдүүлнэ. Энэ бүхнээ алдвал чи монгол хүн биш болно. Чи монгол хүн биш болчихоод хаана очиж яаж амьдрах юм бэ. АНУ-д доктарантурт сурахад 60 кредит цаг байдаг юм. Үүний 12 цаг нь Америкийн түүх.  Ямар ч мэргэжлээр сурсан тэр хүн юуны түрүүнд америк хүн байх ёстой. Тэгвэл чи Монголоосоо татгалзаад Америкт очоод “Би та нарыг шүтдэг. Би монгол хүн биш. Би дэлхийн хүн байна” гээд очоод үз дээ. Чи тэнд хэн ч биш. Чамайг хэн ч тоохгүй. Хятадад бас ингээд яваад оч. Хэн ч чамайг тоохгүй. Чи хүн гэдэг үнэлэмжээ бүтээж хүн шиг амьдрахын тулд чи монгол хүн л байх болно. Хүнээрээ байх ухаанаа, боловсролоо Монголоосоо л олж авах болно. Хэрэв эх орон гэдэг ойлголтоо алдах юм бол чи хэн ч биш болж хувирна.  Баян болох баян амьдрах амархаан. Япончууд Оросоос Куриллын дөрвөн арлаа 28 тэрбум  ам.доллараар худалдаж авъя гэхэд Орос өгсөнгүй. Тэгвэл Монголын газар нутгийг тэр жишгээр худалдья гэвэл гурван триллион доллар хүрнэ. Монголоо тэгж худалдаад хүн бүр нэг сая ам.доллар өвөртлөөд гадагшаа явж сайхан амьдарья. Монголын гуравхан сая хүнийг шингээчих газар нутаг дэлхийд хаа ч бий. Харин хаа нэгтэй очоод хэрхэн яаж амьдрах юм бэ. Яаж ч амьдарч чадахгүй. Хүн болж төрсөний чинь илтгэх цорын ганц зүйл бол Монгол эх орон чинь юм. Үүнийгээ худалдчихаад хаа хүрэх билээ дээ. Орчин үеийн залууст, орчин цаг үед, өнөө цагийн удирдагчдад санах сэрэх бодох юм их л байна даа...
Тэрбээр ийн хэлснээр бидний ярилцлага төгслөө. Монгол Ул­сын Ерөнхий сайд асан энэ эрхэм хүнтэй ярилцсаны дараа цээжин дэх хөндүүр бага ч бол­тугай арилсан байлаа. Төрийн соёрхолт Д.Цэнддоогийн бичсэн фельетонийг уншаад шууд  ут­гаар нь ойлгож шүүмжилдэг,   монголоороо ярихаас залхуураад англиар ярьчихдаг , эх орон гэж ярихаар адгийн шаар гэж хараа­даг энэ цаг үедээ сэхээрэл болж амьдрахын чин хүслэнд автсан байлаа.
 http://munkhbayasgalan.niitlelch.mn