Thursday, 20 February 2014

Ц.Лоохууз: Бэрхшээлийн өмнө битгий бууж өг



Ардын их хурлын орлогч дарга, Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, цогтой тэмцэгч Цогт-Очирын Лоохууз гуайг “Ярил­цах танхим”-даа ури­лаа. Монгол Улсын улс төрийн гурван үеийн түүхийг бичилцсэн энэ буурайгийн амнаас гарах үг бүхэн нь үнэтэй аж. Доогтой инээмсэглэж, хамрын тамхи үнэрлэх эрхмийн үг хэзээ ч үнэ цэнээ алдахгүй болов уу. Ц.Лоохууз гуайн яриаг уншигч таниа өргөн баръя.

-Та сайхан хаваржиж байна уу. Таны бие тэнхээ сайн уу?

-Сайхаан.  Чи сайхан хаваржив уу.

-Сайхаан. Төрийн ордонд ямар ажил амжуулж явна. Ордонд нэвтрэх үнэмлэхтэй юм уу?
-Үнэмлэх бий.

УИХ-д бүртгэлтэй байдаг учраас үнэмлэх олгосон юм. Ерөнхий сайдтай уулзаад гараад ирлээ. Утаа дэлхийн цаг агаарыг өөрчилж байна. Үүнд Монгол зохих ёсоор сөргөөр хувь нэмэр оруулж байгаа байхгүй юу. Тэгэхээр улсын хэмжээгээр утаагүй болох мод түлдэгийг зогсоох шаардлагатай. Дэлхийн бусад улс энэ зүйл рүү орчихсон байна. Тарианы солом, хог өвсөөр цахилгаан гаргаж авах тийм био технологи руу шилжиж байна. Цахилгаан дулаан гаргадаг машиныг хувь хүн хэрэглэдэг болж. Үүнийг шууд нэвтрүүлбэл ингэж заваарч ажил хийсэн болж байснаас илүүтэй цаг их хожино. Үүнийг хийхээр хөөцөлдөж байгаа нэг хүн бий. Тэр маань дээшээ танил тал муутай орж чаддаггүй. Тиймээс тэрнийг нэг хүлээж аваач гэж Ерөнхий сайдад орж уулзахдаа хэллээ.

-Таныг уран бүтээл туурвиж байгаа гэж сонссон?
-Хэд хэдэн ном гаргасан. Тэр нь голдуу намайг мэдэх, надтай хамт ажиллаж байсан хүмүүсийн дурсамж маягийн номнууд юм.

-Төрийн жолоог атгалцаж явсан хүний хувьд одоогийн төрийн бодлогод хэр сэтгэл хангалуун байна. Эндээс гол яриагаа эхлүүлье?

-Улс хөгжиж байна. Даанч удаан явагдаж байна. Би жаахан түргэн зантай. Ашигтай юмыг түргэн хэрэгжүүлэх тийм үзэл санаатай хүн. Ардчилал бий болж мал хөрөнгө, байшин барилгыг хувийн өмч болгож өгсөн. Үүний үндсэн дээр урьд нь одон медаль амласан ч өсдөггүй байсан мал 50 саяд хүрлээ. Байшин барилга гайхалтай богино хугацаанд баригдаж, дэлхийн соёл иргэншлийн хэмжээнд хүрч байна. Энэ бол сайхан хэрэг. Ингээд Монголын ард түмэн залуу үеийнхэн бахархмаар сайхан нийгэмтэй золгосон. Энэ нь азтай зүйл. Монголын ард түмэн баяжина, ухаарна, эрдэмтэн мэргэд ч их төрнө. Монгол орон гайхалтай, Азийн баруудын нэг болох тийм хувь тавилан бий. Тийм итгэл ч байна. Шинэчлэлийн Засгийн газрын залуучууд үүнийг хийх гэж оролдож, идэвхтэй сайн ажиллаж байна. Миний залуу байхад атар газар эзэмших талаар гаргаж байсан идэвх чармайлт санаанд орж байна. Энэ хүүхдүүдийн ажил амьдралд их баяртай байдаг. Ардчилсан хувьсгал Монгол хүнийг эх орон ч, эрх чөлөөтэй болгож өгсөн. Энэ бол манай Монголыг цаашаа хөгжих, ард түмэн нь баялаг чинээлэг амьдралтай, ийм хүн болж хөгжих үндсийг тавьж өглөө. Өнгөрсөн 30-аад жилийн дотор энэ процесс явагдлаа.

-Та их өөдрөг бодолтой яваа юм байна. Хуучин социализмын үзэл сурталыг шүүмжилж, өөр шинэ зүйл хүсч явсан хүний хувьд өнөөдөр тэр цаг үе бий болсон уу. Хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Чадаагүй нь юу байх уу. Энэ шинэ үзлийг хэрэгжүүлэхэд манай хуучин үзэл их саад хийлээ. 20, 30 жил саад боллоо. Бүр нүдээрээ харж байна. Ердөө хэрэгтэй юмыг хэрэгжүүлэхгүй, саад болдог. Энэ дотор бохир булай, нийгмийн амьдралд байж боломгүй зүйлийг хэрэгжүүлэх, эрх мэдэлтэй байх, өөрсдийгөө магтуулах, эрх мэдлийг хүчээр авч хэрэгжүүлэхийн төлөөх муу үзэл нэлээн удаан хугацаанд хэрэгжлээ. Энэ бол ардчиллыг урагш явуулахгүй саад хийсэн. Маш илэрхий. Одоо ард түмэн хоног хоногоор үүнийг ойлгож байна. Тэгэхээр цаашид саад бэрхшээл багатайгаар нийгэм урагшаа явах байх аа.

-Та намын гишүүн үү. АН-ын үйл хэргийг дэмжиж явдаг юм шиг байна?

-1990 оноос хойш МАХН-ын гишүүнчлэлийн эрхийг эргүүлж өгсөн боловч хэлмэгдүүлчихээд, ямар нүүрээрээ цагаатгаж байгаа юм гэсэн бодолтой байсан. Тэгээд хэлмэгдсэн улсууд Ардчилалд орсон. Тэрнээс хойш ардчиллын эгнээнд явж байна. Ардчилал бидний санаанд нийлдэг. Манай Монголыг Оросын эрхшээлээс гаргаж тусгаар тогтносон улс болгож өглөө. Монголын ард түмнийг коммунизмын үзэл, эдийн засаг, улс төрийн талаар, хамгийн гол нь оюун санааны талаар хоцрогдсон бусдын заавраар явж байдаг хэлтэй, хоёр хөлтэй мал маягтай болгосон. Энэ бол хамгийн аюултай нүгэл. Үүнээс чөлөөлж эрх чөлөөтэй болгож өгсөн.

Би уг нь Коммунизм, Социа­­лизмын үзэл гэдгийг Монгол оронд анх нэвтрүүлэх зорилгоор бэлтгэгдсэн гэж ч хэлж болно. Итгэл үнэмшилтэйгээр, хэрэгтэй гэж сурталчилж байсан. Үүнийгээ хэрэгжүүлэхээр итгэл хүлээж суртал ухуулгын, удирдах, зохион байгуулах ажил хийж байлаа. Өөрөөр хэлбэл, Намын төв хорооны суртал ухуулгын ажилтнаар ажиллаж байлаа. Аймгийн намын хорооны даргын ажил ч хийсэн. Тэгээд сүүлдээ бүр яамны сайд, Монгол оронд атар газар эзэмших шинэлэг тийм ажил зохион байгуулагдсан. Түүнийг удирдах ажлыг эрхэлж байлаа. Сүүлд ажлын явцад миний сурталчилж байсан үзэл санаа өөрчлөгдсөн.

-Яагаад өөрчлөгдсөн гэж?
-Нэг л амьдралаас хөндий, үнэн бодит байдалд зохицол муутай, голдуу сүржин хоосон, худлаа байдал нь амьдралд харагдсан. Коммунизмын үзэл нь дэлхий дээр нэвтрэхдээ хүнийг айлган сүрдүүлэх арга барилаар хүчтэй хэрэглүүр болж хэрэглэгдсэн. Энэ үзэл анх Европт Марксын үзэл гэж гараад тэрнийг Ленин Орост авчирж хэрэгжүүлсэн. Жинхэнэ хэрэгжүүлсэн хүн нь Ленин, Сталин. Оросын цагаан хааныг эхнэр хүүхэдтэй нь олны өмнө алах ажлыг Ленин хийсэн гэдэг. Тэгээд ч Оросын дээгүүр сэхээтэн, соён гэгээрүүлэгч улсуудыг устгах ажлыг их өргөн хүрээтэй явуулсан. Ингээд нийт ард түмнийг айлган сүрдүүлэх нь, Коммунизмын үзлийг хэрэгжүүлэх арга болж хэрэгжсэн. Энэ үзлийг хэрэгжүүлэх орон нь манай Монгол Улс болж хувирч билээ. Оросын Коммунист нам Монголыг эзэмдэх, улс төрийн бодлого хосолж хэрэгжсэн юм. Үүгээрээ онцлог. Монгол Улс Хятадын эрхшээлд 200 жил байсан. Тэрнээсээ гарч шинэ Оросын хараат болсон. Монголд буддын шашин хүчтэй нэвтэрсэн. Энэ бол Хятадын Монголыг эзэмдэх, өөрийн эрхшээлд номхон хүлцэнгүй байлгахын тулд төрийн бодлогын үүднээс нэвтрүүлсэн зүйл. Тухайн үед Монголд улс төрийн хүчин бэлтгэгдэж байсангүй. Харин Орос өөрийн эрхшээлд захирахын тулд улс төрийн бодлогыг боловсруулсан. Оросуудын айж байсан юм нь нэгдүгээрт асар өргөн дэлгэрсэн буддын шашин байсан. Оросын үзэл санааг анх эсэргүүцсэн хүч нь шашны лам хуваргууд. Ингээд Монголыг Хятадаас тусгаарлах ялалтад үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь шашны голдуу сэхээтнүүд, эх орончид байлаа. Нөгөө талаас монголчууд эртнээс, Чингис, Хүннүгийн үеэс эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байсан. Төв азийн элгэнд бие даасан их Монгол Улсыг байгуулж байсан түүхтэй. Хэзээний их гүрний улбаатай, удирдах чадвартай эх орончид байсан. Үүнээс Оросууд айсан.

-Оросууд буддын шашны үзлийг нухчин дарахаас гадна манай томоохон сэхээтнүүдийг дарах бодлого явуулсан гэдэг юм билээ. Та энэ талаар нэлээн юм хэлэх байх?

-Монголд нэгдүгээрт шашны үзлийг үгүй хийх замаар сүсэгтэн олныг айлгаж лам нарыг баривчилж, олон нийтийг хамарсан аллагыг явуулсан. Нийт 20, 30 мянган лам нарыг алсан. Энэ бол нийт монголчуудыг айлган чичрүүлэх, үг дуугүйгээр колончлох бодлогыг албан хүчээр тулгасан хэрэг байхгүй юу. Нөгөө талаар тэр цагаан ястан, хуучин тайж угсааны хүмүүсийг нийтээр нь баривчилж, хөрөнгийг нь хураах, алах түрэмгий бодлого явуулсан. Мөн 1911 оноос 1920 оны хооронд Монголтой чөлөөтэй эдийн Засгийн харьцаа бий болгож, хувийн өмчтэй болох асуудал хөгжиж эхэлсэн. Гэвч тэр эдийн засгийн биеэ даасан, хувийн өмчтэй байхыг хавчих бодлого явуулсан. Ингээд ирэхээр өөрийн гэсэн эдийн засаг, улс төрийн бодлого байхгүй болж, колончлогдож, Оросын эдийн засгийн хэлбэрийг тэр чигээр нь хуулахаас өөр аргагүй болсон юм. Монголынхоо эдийн засаг, улс төрийн бодлогыг удирдах улс төрийн хүчин, шинэ кадр ч байсангүй. Бүгд 20,30-аад оны хэлмэгдүүлэлтэд өртсөн. Тиймээс дөнгөж бага сургууль, техникум төгссөн мань мэтийн залуучууд шинэ үеийн улс төр, эдийн засгийг түшилцэж ажиллахаар болж байлаа. Тэр дунд миний бие энэ үзлээсээ татгалцах, эргэлцэх байдал руу орж эхэлсэн. Үнэн юм их ховор. Дандаа худлаа магтах, муу юмыг сайн гэж дэвэргэх, бүтээмж гаргаагүй хүнийг сайн болгох хандлага гарсан. Энэ нь мань мэтийн бодит амьдралаас гарсан хүмүүст таалагдаагүй.

Гадны хүчний өмнө үүрэг гүйцэтгэж байгаа итгэл хүлээсэн манай удирдах хүмүүс улс үндсээ, эдийн засгийн бодлогоо гэсэн ард түмний амьдралыг сэргээх талаар ажиллах бололцоо байсан. Манайд үйлдвэр хөгжөөгүй. Нүүдлийн таван хошуу мал аж ахуй эрхэлсэн, тариа ногоо тарьдаггүй эдийн засагтай орон. Тэгэхээр амьдралд, улсын эдийн засгийг нөгөө таван хошуу мал хангаж чадахгүй болохоор гаднаас бэлэнчлэхээс өөр аргагүй болсон. Иймээс том гүрнээс зээл нэртэйгээр авч байлаа. Зээлийн өрөнд орж бүх юмаа гуйдаг. Гэхдээ нөгөөдүүл нь гуйсан бүгдийг биелүүлэхийн тулд ярьшиг ихтэй байсан. Идэж уух, эдлэж хэрэглэх гээд бүх зүйлийг нь нийлүүлнэ. Гэтэл Орос өөрсдөө бас эдийн засаг сайнгүй. Тэгэхээр манайхыг өөрсдөө ядахдаа ойр зуурын идэж, уух эдлэж хэрэглэх зүйлээ хийхийг Орос гүрэн хүлээж байсан. Биднийг “Та нар бүх юм аа битгий гуйгаач. Гол зүйлээ ав. Ойр зуур юмаа өөрсдөө хий” гэсэн. Тэрнийг нь ашиглаж эдийн засгаа сэргээх бололцоо манайд байсан. Манай дээд удирдлага дотор энэ хараа их дутагдалтай байж харалган бодлого явуулж ирсэн. Энэ талаар бид санал нийлэхгүй, зөрөлдөх зүйл их. Хоёр ч удаа намын бүгд их хурлаар тэр үеийн гол итгэлийг хүлээсэн Ю.Цэдэнбал даргатай удирдлагуудыг шүүмжилсэн.

-Анх удаа шүүмжилсэн нь хэдэн он бэ?

-1956 онд аймгийн намын хорооны дарга байхдаа Ю.Цэдэнбал даргыг шүүмжилсэн. Тэрнээс болж жаахан хавжлагад орсон. Тэгээд надад атар газар эзэмших даалгавар өгч ажлуулсан. Улсын даалгаварыг биелүүлэхийн төлөө нойр хоолгүй үзэж, дайчилж ажилласан. Атар газар эзэмших ажил арваад жил үргэлжилсэн. Надаар тэр ажлыг хийлгэх сонирхолтой байхгүй юу. Би ч тэднийг нэг их дахин шүүмжлээгүй. Ажлаа сайн хэрэгжүүлэхэд хугацаа их зарцуулсан. Гэвч сүүлдээ намайг хавчих хандлага руу орж эхэлсэн юм. Тэр үед үзэл санаа нэгтэй Монголын сэхээтэнгүүд Төмөр-Очир, Цэнд гээд том улсуудыг ажлаас нь халж эхэлсэн.

-Таныг яасан бэ. Мөн ажлаас тань чөлөөлсөн үү?

-Ажлаа өгөөд өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлнэ гээд Орост эрдмийн зэрэг хамгаалахаар сургуульд явсан. Улмаар 1964 онд сургуулиа арай төгсөөгүй байхдаа намын төв хорооны бүгд хурлаар ирж Ю.Цэдэнбалыг ул үндэстэй, нэлээн сайн шүүмжилсэн. Тэрүүгээр далим хийж, намын эсрэг бүлгэм зохион байгуулсан нэрээр Нямбуу, Сурмаажав бид гурвыг “Улс төрийн дайсан бий боллоо” гэж худлаа дэвэргээд нам төрийн удирдлагаас зайлуулж, малчин, хоньчин, үхэрчин болгож байлаа. Тэгээд малчин болоод түмэн олны дэмжлэгтэйгээр ажиллаж амьдраад өөрийн гэсэн идэх уух амьдралтай байж байтал түүгээр маань далим хийж хориотой үйлдвэр явуулсан, дамын наймаа хийсэн гэж гэмт хэрэгтэн болгож шоронд хийсэн.

-Тэр хэдэн оны үе бэ?

-1976 онд шоронд орсон. Түүнээс хойш шоронгоор бараг арваад жил шахуу явсан. Түүний дараагаар нутаг заагдана гэж байдаг. Нутаг заалтад мөн гурван жил боллоо. Тэгээд дараа нь хэлмэгдлийн амьсгаа буураагүй. Гэмтэн маягтай үзэгдэж явлаа. Түүнээс хойш 1990 онд ардчиллын хөдөлгөөн өрнөж, Ардчилсан хувьсгал ялсан. Энэ ялалт биднийг аварч, цагаатгаж, гэм зэмгүй хүн болгож, үнэн мөнийг олгож өгсөн түүхтэй.

-Та Орост боловсрол эзэмшсэн мөртлөө яагаад тэр орны, тухайн үеийн үзэл суртлыг хатуу шүүмжлэх болсон юм бэ. Сонин санагдаж байна?
-Юм ойлгодог хүн бол бодит байдал дээр хүлээж авахааргүй санагдсан. Би олон мянган хүнийг удирдаж байлаа. Мэдэхийг хүсдэггүй, хэлснийг хийдэг. Ийм болсон. “Би мэдэхгүй, бригадын дарга л мэднэ” гэдэг. Улс даяар ийм байлаа. Мэдэх, санах юм байдаггүй. Тэр ажлаа яаж өөрчлөх үү, сайжруулах уу гэдгийг мэддэггүй. Тийм нэг механик хүн болцгоосон байсан. Хүн тийм болохоор улс яаж хөгжих үү. Энэ эргэлзээ төрүүлдэг юм. Хуучин нийгмийн үзэл санаа бүтэн 100 жил хэрэгжсэн. Үзэл санаа хүний оюун санаанаас амар гардаггүй. Коммунизмд нэг хүний заавраар эмх замбараатай явж байсан гээд магтах юм бий. Гэвч нийгэмд бий болгож байгаа сөрөг аюулыг бодох ёстой.
ШУДАРГА БИШ НИЙГМИЙН ҮЗЭГДЭЛТЭЙ ХАЛЗ ТЭМЦСЭН

-Таныг хэлмэгдүүлэх шийдвэр гарахад хэрхэн хүлээж авсан бэ?

-Гайхсан. Эрүүл саруул ухаантай хүн шийдмээргүй зүйл шийдсэн. Түүнд нь гайхаж, элэг доог болгож л өнгөрөөсөн. Манай түүхэнд тийм бохир, харанхуй бүдүүлэг, харгислалын шинж чанартай зүйл болж улс төрийн хүрээнд хэрэгжсэн юм даа. Ард түмэн нь бүдүүлэг, ухамсар ойлгоц муутай, аймхай байдлыг ашиглаж энэ өнгөрсөн нийгмийн засаг төрийг барьж байсан хүмүүс дураараа авирласан.

-Арваад жил хоригдоод, нутаг заагдаад нийт 20 гаруй жил хэлмэгдэж хүнд хэцүү үеийг туулсан. Мэдээж гомддог байх?

-Юунд гомдох вэ дээ. Нийгмээрээ тийм байсан юм чинь. Тэр үед хүн болж төрсөн учраас хатуу нийгмийг үзлээ. Эс үзсэн ч өөр хүн үзэх ёстой. Надад тохиолдсон гээд гомдоод байх юм алга. Энэ шударга биш нийгмийн үзэгдэлтэй халз тэмцсэн. Тэр шударга биш зүйлийн аяыг нь дагаагүй, буруугүйг нь буруу, зөвийг нь зөв гэж өөрийнхөө ойлголтоор халз тулж тэмцсэн. Энэ нь амьдрах арга ухаанд намайг сургасан. Амьдралд гүнцгий оруулж өгсөн. Юманд дандаа сөрөг тал гэж бий. Хэчнээн муу муухай юм байлаа ч гэсэн түүнийг сөргөж ажилласан учраас надад амьдрах ухаан суулгасан. Үүнд нь баяртай явдаг. Иймээс хүн амьдралд тулгарч байгаа яльгүй бэрхшээлийн өмнө битгий бууж өг. Сөрж бай. Түүний үнэн учрыг олохыг бод. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ” гэсэн хуучны үг бий.

-Хэлмэгдэхийн хажуугаар гэр бүлийн хүн, хүүхдүүд тань мөн хэлмэгдсэн шүү дээ?

-Үнэн. Хоёр хүү, хоёр охинтой. Тэдэнд минь хүнд зүйл их тохиолдсон. Сургууль соёлоор явж чадаагүй. Хар бор ажилд орох гэхээр эсэргүүний хүүхэд гээд хүн амьтан нүд үзүүрлэдэг. Нялх нярай, юм ойлгоогүй байгаа хүүхдүүдийг минь нийгэм их хүйтнээр хүлээж авсан. Тэр бүгдийг сөрж амьдарна гэдэг хэцүү. Хүүхдийн амьдралд ч их нөлөөлсөн. 

-Таныг цагаатгах тогтоол гарахад юу бодож байв. Яаж хүлээж авсан бэ?
-Үнэн юм үнэнээрээ. Төмөр-Очир, Сурмаажав биднийг улс төрийн талаар цагаатлаа гэж тогтоол гаргасан. Намайг шорон оронд орж байсан болохоор эдийн засгийн талаар их бохир гэнэ. Түүнээс эдийн засгийн эсвэл улс төрийн талаар цагаатлаа гэсэн ойлголт байхгүй. Үнэн юм үнэнээ оллоо. Тэгнэ ч гэж итгэж байсан. Тийм учраас итгэлтэй, баяртай байдаг юм. 90 оноос хойш эрх чөлөөгөө олсон. байдаг юм. 90 оноос хойш эрх чөлөөгөө олсон.
Х.ЧОЙБАЛСАН МОНГОЛ ОРОНГ ТУСГААР ТОГТНОСОН УЛС БОЛГОХ ЗОРИЛГО АГУУЛЖ АМЬД ХОЦОРСОН ХҮН

-Х.Чойбалсан гуайн тухайд та ямар бодолтой явдаг вэ?
-Х.Чойбалсан гуай арай өөр. Анхны долоо гэж МАН-ыг анх санаачилж үүсгэн байгуулсан хүмүүс бий. 1920-1930 оны хугацаанд энэ хүмүүс цөм алагдсан. 1911 оны үндэсний тусгаар тогтнолын их хувьсгалд голлон оролцсон хүмүүст манай хойд гүрэн, Сталингууд их дургүй. Тэр бол жинхэнэ эх орончид байхгүй юу. Эх орончидтой хамтарч ажиллах дургүй, тэднийг алах, буруутгах замаар бүгдийг устгасан. 1930-аад оны үед том албан тушаал өгье гэхэд татгалзсан хүмүүс алагдсан. Тэднээс амьд үлдсэн ганц хүн нь Х.Чойбалсан. Яагаад амьд үлдсэн нь учиртай. Х.Чойбалсангийн нүдэн дээр тэр улсуудыг алчихаар, бодлогыг нь эсэргүүцвэл алагдах л зам үлдэнэ биз дээ. Түүний амьд үлдэж байгаа нь улсынхаа тусгаар тогтнох бодлогыг биелүүлэхэд хүчин зүтгэх энэ санаагаа хэрэгжүүлэх далд бодлого хадгалж амьд үлдсэн. Х.Чойбалсангаар Орост юу хийлгэсэн нь мэдэгдэхгүй нэг жил орчим хорьсон. Олон асуудал тулгасан. Тэрнийг нь хүлээн зөвшөөрсөн. Тэгээд шашныг устгах ажлыг би удирдая гэж хүлээсэн хүн. Тэртэй тэргүй, Х.Чойбалсан тэр ажлыг хийхгүй ч өөр хүнээр хийлгэнэ. Тэр шашны үзлийг устгах бодлогыг нь удирдсан ч Монгол оронг тусгаар тогтносон улс болгох зорилгыг  агуулж хоцорсон хүн.

-Та Х.Чойбалсантай хэдэн жил хамт ажилласан бэ?
-Арваад жил доод удирдлагад нь ажилласан. Нэг жишээ дурьдая. Би Чингис хааныг бол мэдээж үзээгүй. Номноос уншсан. Нагац ахыгаа өөр эрх мэдэлтэй хүнд урваад мал хуйгаа туугаад, Чингисийн авгай хүүхдийг Хэнтий нуруунд орхиод явсан байдаг. Дараа нь Чингис хаан байлдаад нагац ахыгаа барьж ирсэн. Тэгээд нурууг нь ах дүүгийнхээ өмнө хугалж ал гэж шийдвэр өгч алуулсан. Чингис хааныг яагаад нагац ахыгаа алуулж байна гэж хүн бүхэн үзнэ биз дээ. “Би ганц хүн биш, Монголын ард түмнийг удирдсан хаан. Тэгэхээр урвасан хэн ч байсан ийм ялыг эдлэх ёстой” гэж ахдаа алах ял хүлээлгэж байсан. Чингис хаан тийм л шударга байсан. Төрийг удирдаж буй хүн тийм л шударга байх ёстой.

Х.Чойбалсан тиймэрхүү шударга, амьсгаатай хүн. Арваад жил Монгол Улсыг удирдсан. Тэгэхэд маш шударга. Аль болох хүнийг шударга талаас нь харж, дэвшүүлдэг. Юм хийгээгүй, энэ түүний хүүхэд, тэр аймгийн энэ тэр гэж танил талыг хүлээн зөвшөөрдөггүй. Хүнийг муу хэлэх, нэг хүнийг нөгөө хүнд нь муучлахад дургүй. “Чи яагаад өөрт нь хэлээгүй байж, надад хэлж байгаа юм. Дахиад ингэх юм бол ажлаас чинь хална” гэж ханддаг. Нэг багийг тэргүүний баг болгосон тохиолдолд даргыг нь сумын даргаар шууд тавина. Нэг сумын ажлыг сайжруулсан хүнийг аймгийн даргад тавина. Аймгийн ажлыг сайжруулсан хүнийг яамны сайд болгох жишээтэй. Тэр үед 13 яам байлаа. 13 сайд дандаа нэг аймгийг тэргүүний болгосон хүмүүс. Гэтэл Ю.Цэдэнбал гарч ирээд увсын дүрвэдүүд, Орос эхнэртэй, орос хэлтэй улсуудыг сайд болгоод тавиад байдаг. Тэнд нь мундаг хүн байхгүй шүү дээ. Нутаг ус, танил тал, орос хэл халтар хултар цээжилсэнээр нь албан тушаалд тавьж байсан юм. Бал дарга тэгэж Х.Чойбалсангийн кадр хүчнийг тавих баримталж байсан бодлогыг орвонгоор нь эргүүлсэн. Тэгээд Монгол оронд ажил төрөл гэдэг чинь ямар ч утгагүй юм болж хувирсан. Үүнийг арьс махаараа ажигласан. Энэ тухайгаа ч их хурал дээр хэлсэн. Тэгээд энэ үзэл санааг эсэргүүцсэн хүмүүсийг их харгисаар хэлмэгдүүлсэн.

-Та Ю.Цэдэнбал гуайд их дургүй юм аа даа. Тэр хүний үзэл баримтлал, шийдвэрээр хэлмэгдэлд өртсөн дөө ч тэр үү, эвэргүйрхэх сэтгэл төрөх үү?
-Оросын эрхшээлд орж, эрх мэдэлгүй байгаагаас хойш дагахаас яах уу. Оросыг дагахаас өөр аргагүй. Гэхдээ Оросын бодлогыг дагаж, даалгаврыг нь биелүүлэхийн зэрэгцээ эх орноо гэсэн сэтгэлтэй Монгол орныхоо сэхээтнүүдээ устгахгүй байх байсан. Ю.Цэдэнбал Монголын олон сэхээтнийг цааш нь харуулсан. Түр ашиглаад дараа нь хэлмэгдүүлж үгүй хийсэн. Монгол орныхоо нутгийг хамгаалж тэмцсэн Аварзэд сайд гэдэг хүнийг ажлаас нь халж, насаараа тээврийн жолооч хийж байгаад гутраад үхлээ. Тэр хүн өндөр боловсролтой. Маршил Х.Чойбалсан Гадаад яамны сайдаар тавьж байлаа. Тэр мэтийн миний хүндэтгэж явсан сэхээднүүдийг цааш нь харуулсан. Тэгэхээр яаж сайн байх уу.
 
-Та Х.Чойбалсан гуайг нас барахад хүндэт харуулаар зогсож байсан гэсэн үү?
-Тийм. Орост 1952 онд маршил Х.Чойжилсон хагалгаа хийлгээд нас барлаа. Тэгээд маршилтай салах ёс гүйцэтгээд, шарлыг нь вагонд ачиж Монгол руу явуулсан. Тэгэхэд хүндэт харуулд нь зогссон. Тэр үед Оросын Коммунист намын сургуульд сурч байлаа. Монголын бүх хүн уйлж байсан. Тийм удирдагч хаана байна. Олон лам нарыг алсан нь Х.Чойбалсангийн нэртэй холбоотой боловч ард түмэн ерөнхий багцааг нь ойлгож байгаа. Үнэн голоосоо алаагүй. Оросын дээд удирдлагаас сүсэгтэн олныг бүгдийг нь толгойлон дараалан алах шийдвэр өгсөн. Тэрийг нь Х.Чойбалсангаар удирдуулсан. Энэ хиймэл юм гэдгийг ард түмэн ойлгож байлаа. Тиймээс ард түмэн түүнийг хайрлаж байсан. Гэвч ардчиллын хүүхдүүд түүнийг алуурчин мэтээр ойлгодог. Амьдралыг нь гүйцэж хараагүй, үзээгүй учраас ахмад хүний үгийг сонсоосой. Монголын үндэсний удирдагч бол Х.Чойбалсан.
ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭХЭЭР АРАЙ ЗҮРХ ХҮРЭЭГҮЙ

-Та Хүний эрхийн үндэсний комиссын анхны даргаар ажиллаж байсан байх аа?

-1990 онд манай их хурал анхлан зохион байгуулагдлаа. Тэгээд Хүний эрхийн үндэсний комисс гэж байгуулагдсан. Комиссын анхны даргаар намайг томилсон. Хүн эрх чөлөөтэй, нийгмийн амьдралд чөлөөтэй оролцож байх нь чухал. Манайд хүний эрхийг хүндлэж явах зүйл ерөөсөө хэрэгжээгүй. Бид хоёр, гурван зуун жил бусдын колони явлаа. Ардчиллын үед эрх чөлөөгөө олж, эдлэж хэрэглэж явна.

-“Долдугаар сарын 1”-ний үйл явдал сүүлийн жилд болсон хар өдрүүдийн нэг байлаа?
-Ярих юм байхгүй. Тэр үеийн засаг төрийг барьж байсан Н.Энхбаяр, С.Баяр гээд улсуудын хуйвалдаан, далд явуулга. Нөгөө л хуучин нийгмийн арга барилаа санагалзсан зүйл. Ардчилал засгийн эрхийг дангаар барьж байсан бол арай тийм юманд оруулахгүйгээр шийдэж болох байсан.

-Та Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж байсан. Яагаад нэрээ татах болсон юм бэ?

-90 онд Их хурлын орлогч дарга болж, Үндсэн хуулийг батлалцсан. Тэр бол хамгийн өндөр албан тушаал. Одоо би УИХ-д данстай. Ардчиллын хүүхдүүд тэр үед өндөр үнэлээд анхны ерөнхийлөгчийг хашиж болох хүн гэж үзсэн. Надад тийм итгэл хүлээлгэсэн. П.Очирбаттай өрсөлдүүлсэн. Зүрх хүрээгүй юм. Ерөнхийлөгч гэдэг том албан тушаал. Хариуцлага ихтэй. Тэр үед эсэргүүцэх хүчин их байсан. Мэдээж амаргүй байж таарна. Сүүлийн хориод жил хөдөө мал маллаж, хар бор ажил хийж амьдарч байлаа. Нийгэм, улс төр, дэлхий дахины мэ­дээл­лээс хоцорсон. Тэгэхээр арай дийлэхгүй байх гэж айсан. “Тэр их өндөр адбан тушаалын цалин пүнлүү нь яах уу, би ажиллаж чадахаа байлаа, нэрээ татаж авья” гээд нэрээ татсан юм..

-Уг нь эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэг дээ?
-Үнэн. Миний жаахан ажигласан зүйл бол, хүнийг албан тушаалд тавихад эхнээсээ буруу явж ирлээ. Хоосон амлалт өгсөн улсуудыг Ерөнхийлөгчид дэвшүүлж, өнөөдүүл нь хийсэн ч ажил байхгүй. Баяжих таргалах гээд айхтар муухай зүйл рүү өөрсдийгөө хөтлөөд орууллаа. Тэр тал дээр би жаахан хязгаарлалт хийж чадах л байсан байх.

-Сүүлийн үед хүмүүс улс төрд ороод албан тушаалд очих, мөнгө завших  сонирхолтой болсон юм шиг. Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн авлига, албан тушаал, мөнгө завшсан хэргээр хорих ял сонслоо. Үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Харамсалтай, өрөвдөлтэй юм. Тэр хүмүүсийн оюун санаа, мэдлэг доогуур байгаагийн шинж. Мөнгө олох амар арганд өөрийнхөө биеийг оруулж, бодолгүйгээр хандсан, нөгөө л шударга биш аргаар амьдрах арга гэж үздэг. Тэр үзлийн илрэл. Харамсаж, өрөвдөж л суух юм. Нийгмийн амьдралд үнэнээр амьдрахыг эрмэлзсэн нутаг ус, аав ээжийн сургааль тэр хүний биенд шингэдэг юм байна. Гадаад сургуульд сурч, тэднээс жишээ аваад ер нь Монгол эх орондоо хайртай, ард түмнээ гадаадын хүн шиг ухаантай, юмны эзэн, сэргэлэн байхыг хүсч мөрөөддөг байсан. Энэ бүгд л намайг хүн болгосон. Хүн ерөөсөө нийгмийн бүтээгдэхүүн гэдэг. Нэг хүний дагасан, хойно өмнө нь худлаа бялдуучилсан, долигонуур хүн юм сурдаггүй. Тиймээс амьдралд үнэн юм хэрэгтэй. Манай ирээдүй хүүхдүүд, залуучууд. Энэ залуучууд, хүүхдээ Монгол ёсоор хүмүүжүүлмээр байна. Хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхгүй хий л улс төр рүү гүйлгэх. Бөөн мөнгөн дээр очих гэсэн эрмэлзэл хортой шүү, аюултай.

-Залуучууд улс төрд их орж байна. Хорь гаруй настай, гуч хүрээгүй залуус сайдын алба хаших боллоо?
-Их буруу. Эхлээд ажил хөдөлмөрт биеэ дайчлах хэрэгтэй. Мэдлэгээ зориулах ёстой. Хүн 40 нас хүртэл нийгмийн амьдралыг бүрэн ойлгож, ажил хөдөлмөрөөр мөнгийг олоход эхлэж сурах хэрэгтэй. Тэгтэл боловсроогүй байгаа бие оргинизмыг улс төр, хүн захирах, том албан байгууллагыг удирдаж байх ажил руу дайчлахаар олигтой сурч чаддаггүй. Ер нь 40 нас хүртэл улс төр хийх хэцүү. Хэрэггүй зүйл. Нас жаахан ахиад ирсэн хойно улс төрд аяндаа олон түмэн хүлээгээд авдаг. Тэр хүнийг Их хурлын гишүүнээр сонгоно. Залуу хүн алдах нь ч их. Буруу зөрүү юм хийж тэр их өндөр албан тушаалаас унахдаа их чанга ойчино. Долоон давхараас унах, нэг давхараас унах хоёр өөр биз. Манай энэ намууд чинь залуучуудыг хуйгаар нь оруулж, хурал ном хийлгэж, юу ч мэдэхгүй залуучуудыг намын ерөнхий дарга ч гэнэ үү, юу ч гэнэ ээ, яамны сайдаар дэвшүүлж байна. Тэгэж хэрхэвч болохгүй. Улс төр гэдэг эдийн засгийн бодлогын хуримтлал. Хуучин тийм томьёо байсан. Бүх юмны уул уурхай бол эдийн засаг. Дийлэнх нь эрх мэдэл эзэмшиж, дарга болж байж сая ажил амьдрал нь бүтэх маягтай юм ойлгодог. Бушуухан шиг улс төрд байр суурь олж авах гэж эрмэлздэг. Энэ бол эндүүрэл. “Улс төрөөр их хөөцөлдсөн хүн сүүлдээ зодуулж үхнэ” гэсэн цэцэн үг Хятадын гүн ухаанд бий. Бодоход улс төрийн том зүтгэлтэнгүүд, Сталин, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал бүгд хүний гарт үхлээ.

-Манай улс эдийн засгаа өсгөх, улс орны хөгжлөө өөд нь татахын тулд байгалийн баялгийг ашиглаж байна. Гэвч энэ нь эргээд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх аюултайг ойлголоо?
-Эхэлж хэрэгжүүлсэн бодлого дотор харш юм бий. Өмнөх Засгийн үед уул уурхайн лицензийг хэдэн мянгаар нь хувь хүнд өгчихсөн. Уурхайг хувьдаа авсан хүн болгон үйлдвэр босгоод ажиллаж чадахгүй байна. Нөгөө газраасаа гадаадынханд дамлаж худалддаг. Улмаар гадны хүн Монгол орны эзэн болж суух эхлэл тавигдлаа. Газрын хөрсөнд байгаа баялгаа цувуулж хэрэглэх ёс хэзээнээс бий. Үүнтэй харшилсан. Уул уурхайг бүгдийг нь зэрэг биш өөрсдийн ажиллах нөөц бололцоондоо тааруулж ашиглах хэрэгтэй.

-Таны аав ямар хүн байсан бэ?

-Говь-Алтай аймгийн Ишигний нуруу гэж далайн түвшнээс нэлээн өндөр тийм нуруу бий. Манай эцэг тэр нутгийн хүн Тэр ууланд мал маллаж байсан, тайж угсааны хөдөлмөрч хүн. Малчин хүн мал аж ахуйгаа эрхлэх, үс ноосоо тушааж шударга хөдөлмөрийнхөө шимээр амьдардаг ард түмэн. Түүний нэгэн адил мал хариулж явсан. Үр хүүхдээ ч шударга байхыг захидаг байлаа. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд баригдаж, шоронд хоригдож, алах ял зааглуулж явсан хүн. Гэхдээ хэлмэгдэлтэд өртөөгүй тохиолдлоор амьд гарсан. Нэг хүү нь, миний ах мөн цэрэгт байхдаа нас барсан. Цагаан хуаран гэдэг газар бүхэл бүтэн цэргийн ангийн ус авдаг худаг руу хортой юм хийгээд тэндээс усаа авдаг байсан цэргийн   ангийнхан  цөмөөрөө үхсэн. Тэр дотор миний төрсөн ах цэрэгт байж байгаад эндсэн. Тэгэхэд тэр ангийн дарга нарыг худлаа барьж авч шоронд хийж, алсан байгаа юм. Ийм ажлыг оросууд зохион байгуулсан. Үүнийг хуучин Засаг хэлэхгүй, нууж байх хандлага газар авлаа.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Миний тэр цэрэгт эндсэн ах. Хоёр эгч нэг дүү. Тавуулаа мал малладаг. Тэр дотроос миний аав намайг сургуульд аваачиж оруулсан. 1935 онд баруун хязгаарт таван сумын дунд бага сургууль байгуулагдаж байлаа. Тэр үед малчид олон малтай. Хүүхдүүдээрээ малаа маллуулах гээд сургуульд өгөхгүй. Тэгэхэд аав намайг морин  дээр сундалж, сумын сургуулийн захиралд авчиж өгч “Энийг “а” үсгийн толгой таниулж ижилд нь нийлүүлэхийг бод. Энүүний ижил нь одоогийн энэ шинэ засаг” гэж. Тэр үед аав өөрөө бичиг үсэг мэдэхгүй ч  шинэ засгийн бодлогыг ухамсартайгаар ойлгосон. Тэрний буянаар би сумын сургуулийг 18-тай дөрөвдүгээр анги төгссөн. Тэгээд Улаанбаатарт Санхүүгийн комд ирээд хоёр, гурван жил сурч төгсөөд санхүү, эдийн засгийн анхны мэдэгдэхүүнтэй болоод ажил хийнэ гэж байтал нам, улс төрийн кадр хүчний шинээр бэлтгэнэ гээд явчихсан даа.

-Та нутаг руугаа явж байна уу?
-90 оноос хойш нэлээн явсан. Говь-Алтайн Чандмань сум. Сумандаа аавынхаа хөшөө дурсгалыг босгосон. Ээжийнхээ дурсгалыг босгох санаатай ч чадахгүй л байна. Миний ээж мөн Чандмань сумын хүн.

-Та “facebook” их хэрэглэж байна аа даа?
-Манай бага хүү комьпютр дээр ажиллах дуртай. Тэр миний “facebook”-ийг нэвтрүүлдэг /хөтөлдөг/. Өөрөө хөтөлдөггүй. Би юм хэлж бичүүлнэ. “facebook”-ийн 5000 найзтай. Хэвлүүлсэн ном, мэдэх юмнуудаа бичдэг юм.

-“facebook”-ийн найзууддаа юу бичиж байна. Ямар мэдээлэл хуваалцдаг вэ?
-Голдуу номонд бичигдсэн зүйлээ хүргэнэ. Цагийг зүгээр өнгөрөөх дургүй. Ногоо цагаа тарих, алт мөнгөний дархан гээд янз бүрийн мөнгө болж хувирах тийм юмнуудыг их санаачилж хийж байлаа.

-Таныг салад хийдэг гэж сонссон?
-Тийм. Гэхдээ сүүлийн хоёр, гурван жил жаахан залхуураад эмгэний хөл муудаад, хүүхдүүд биеэ даагаад бид хоёрт зарагдах хүн ч алга. Гэхдээ жижиг сажиг юм хийх  санаа бий.   

-Төрөөс урамшуулсан ямар шагнал урамшуулал байдаг вэ?
-Ард түмэн хөдөлмөрийн дээд шагналаар шагнуулах тодорхойлолтыг төр засагт олон удаа оруулсан. Гэвч сүүлийн үед төр засгийг барьж байсан хуучин намын үлдэгдлүүд  шагналыг өгөөгүй. Би ч хөөцөлдөөгүй. Мөнгөөр авч болдог л юм байх. Тэр мөнгийг нь олж болох л байсан. Гэвч тэр үнэтэй шагналыг авья гэж бодоогүй. Тэр шагналын  ач холбогдол даан ч бага. Тийм учраас шагналгүй шагналтан. Олон түмэн намайг үнэлдэг. Миний удирдлагад ажиллаж байсан хүмүүс намайг үнэлдэг юм. Тэгэхээр тэр үнэлгээ байхад л хангалттай.
Т.АМАРТҮВШИН

“Голомт”-ын Д.Баясгалан: Гобсек хувь хүн гэхээсээ илүү мөнгөний өөрийнх нь мөн чанар юм



- ТАЙВАН БАЙЖ БОЛНО, “ГОЛОМТ” ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ - 
“Голомт”-ын эзэд муудалцаж гэнэ, хөрөнгө мөнгөө хувааж байна гэсэн яриа гараад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хэвлэлээр нөгөө тал нь байр сууриа илэрхийлж байсан ч Д.Баясгалан захирлын зүгээс ямар нэгэн ярилцлага өгч, мэдэгдэл хийсэн нь үгүй. Сүүлийн үед түүний эзэмшлийн “Голомт” банктай холбоотой янз бүрийн мэдээллэл гарсаар байсан ч бас л байр сууриа илэрхийлээгүй. Хэзээнээс ярилцлага өгч, нээлттэй байхдаа “хойрго” түүнд ярилцах санал тавихад “Би хүмүүс юу гэж бодож байгаа бол, энийг ингээд хэлчих юмсан, ингэж ойлгогдчих юмсан гэж хэзээнээс бодож байгаагүй. Тэртэй тэргүй үнэн мөн нь цаг хугацаагаар шалгагдаад тодорхой болно гэж боддог. Бидэнтэй холбоотой яриа гарч, багагүй асуудал боссон нь үнэн. Одоо асуудал нэгмөсөн дууссан ч үнэн. Бидний маргаан нь Монголын томоохон компанийн хувьцаа эзэмшигчид, нөлөө бүхий улстөрчдийн хооронд ил тод болсон гэдгээрээ олон нийтийн сонирхлыг их татсан болохоос иймэрхүү асуудал өөр орон, бусад компанийн дунд байдаг л юм байна лээ. Хүмүүст бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуудлыг өөр өнцгөөс харах бололцоо олгох үүднээс би юу болсныг нь яриад өгье. Дараа нь дахин тайлбарлаад л, детальчлаад байх ч шаардлага байхгүй. Нэгэнт ярьсных “Өдрийн сонин”-д өгсөн нь зөв болов уу” хэмээгээд бидний саналыг хүлээн авсан юм.

-Тантай уулзсаных олон асуултыг тавимаар санагдаж байна л даа. Гэхдээ тэр олон асуулт дундаас хамгийн түрүүнд “Голомт” банкинд юу болоод байна вэ. Зарим хүмүүсийн түгшиж байгаа шиг асуудал, эрсдэл байхгүй биз дээ гэж юуны өмнө асуумаар байна?

-Банк асуудалтай байна уу, эрсдэлтэй байна уу гэдгийг хамгийн түрүүнд банкин дээр яригддаг хэдэн тоогоор л дүгнэдэг юм. Өнөөдрийн байдлаар “Голомт” банк 3,7 их наяд төгрөгийн активтай, 320 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, өнгөрсөн онд 46 тэрбум төгрөгийн татварын дараахь ашигтай, одоо хоёрдугаар сарын дундуур гэхэд 8 тэрбум төгрөгийн ашигтай, дансандаа их наяд илүү төгрөгтэй байна. Тэгэхээр харилцагч, хадгаламж эзэмшигчид, банкинд ажиллаж байгаа хүмүүс, бас энэ банкны ихэнх хувьцааг эзэмшигч миний хувьд айж, санаа зовох юм юу ч алга. Банкинд юу болоод байна аа гэж айж эмээх асуудалд хариулдаг манай тоо баримт энэ байна.

-Тэгвэл гадуур яагаад ийм яриа гарах болсон юм бол?

-Та Блуумерг, Рейтерс дээр гарсан нийтлэл, түүнээс үүдсэн зарим нэг яриаг асууж байгаа бололтой. Тэнд дурдагдсан ихэнх асуудал өнгөрсөн жилийн бидний маргааны үед яригдаж шийдэгдсэн, банктай шууд холбоогүй, зарим нэг нь бүүр огт бидний мэдэхгүй асуудал ч байна лээ. Жишээ нь 90-ээд сая.долларын өр, “Кридит Свисс”-ын маргаан, “Иточу”-д Голомт банк мөнгө төлсөн, “Трафигура”-д 55 сая ам.долларын зээлтэй, “Хүннү айрленис”-ын баталгаа гэх мэтээр асуудлыг бүрэн гүйцэд судлаагүй, өнгөц дүгнэсэн зүйлүүд их байсан. Тэр дотроос нэг л зүйл үнэн, тэр нь Арабын сангийн 2015 оны эцсээр төлөх 25 сая ам.долларын хувьцаанд хөрвөх зээлийн асуудал.

-Тэр яг ямар учиртай зээл юм бэ. Гадны нэр хүндтэй хэвлэл мэдээллийн агентлагууд худлаа мэдээлэл цацлаа гэж үү?
-Японы “Иточу” корпорацийн асуудал бол “Голомт” банкны харилцагч “Алтан Дорнод” компани тэдний хооронд болсон асуудал. Өнгөрсөн онд тэд хоорондоо шүүхдэж асуудлаа бүрэн шийдсэн. “Голомт” банкнаас нэг ч төгрөг төлбөрт өгөөгүй. Өмнө нь ч, одоо ч тэр “Иточу”-гийн өмнө “Голомт” банкны зүгээс хүлээсэн үүрэг огт байхгүй. Арабын хөрөнгө оруулалтын сангийн 25 сая ам.доллар бол банкны нийт активын нэг хүрэхгүй хувь, нэг зээлдэгчдэд олгох зээлийн дээд хэмжээний тал орчимтой тэнцэх мөнгөн дүнгийн асуудал. 2009 онд Арабын сангийн “Стайнхоп инвэстмент” компаниас “Голомт” банкны хувьцааны 14 хувьд шилжих нөхцөлтэй, таван жилийн хугацаатай 25 сая ам.долларын зээлийг Монголбанкнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хоёрдогч өглөг хэлбэрээр авсан. Гол  нөхцөл нь банкийг таван жилийн дотор гадаадын аль нэг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, олон нийтэд арилждаг, нээлттэй болох болзолтой байсан юм.

-Та үүнийгээ жаахан тодруулахгүй юу?
-Арабын сангийн энэ “Стайнхоп инвэстмент” компани бол тэдний хамгийн эрсдэлтэй, оппортунист гэж бидний нэрлэдэг тэр хөрөнгө оруулалтыг хийх зорилгоор байгуулагдсан компани. Одоогоос хэдэн жилийн өмнө Монгол Улсын ч тэр, олон улсын ч тэр эдийн засгийн нөхцөл байдал өөр байсан. Эдийн засгийн хурдацтай хөгжилтэй, дэлхийн хамгийн том, хурдан хөгжиж байгаа Хятадын зэрэгцээ оршдог, байгалийн баялаг ихтэй, хүн ам бага гээд л манай орон чинь хөрөнгө оруулагчдын халуун сэдэв байлаа шүү дээ. Харин одоо бид моодноос гарчихаад байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаад, Таван толгойгоо дампууруулаад, Оюу толгойгоо зогсоогоод, сонгуулийн дараа гэсэн хүлээлт үүсгэж цаг алдаад, эргээд тэрийгээ засах гэж оромдоод, ойлгомжгүй тогтворгүй байгаад байхаар Монголд хөрөнгө оруулах сонирхол эрс буурна биз дээ. Дээр нь Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжил саарч байна. Нөхцөл байдал ийм байхад олон улсын зах зээлд хувьцаа гаргана гэдэг ойрын хэдэн жилдээ бараг боломжгүй асуудал. Түүнээс гадна бидний хоорондын маргаан ч бас нөлөөлсөн. Тиймээс тэд мөнгөө хугацаанааас нь өмнө буцааж авъя гэж байгаа. 2009 оны үнэлгээгээр 25 сая ам.доллар нь Голомт банкны 14 орчим хувь, хэрэв банк олон улсын зах зээлд хувьцаа гаргаж зарсан бол энэ 14 хувь нь магадгүй хэд дахин өсөх байсан байх. Бидний хооронд асуудал шийдэгдсэний дараа би тэдэнд Монгол улсын санхүү, эдийн засгийн байдал, түүхий эдийн үнийн уналт, мөн бараг бүтэн жил маргалдсаны эцэст банкны харилцагч, хамтран ажиллагчдын итгэлийг сэргээхэд хугацаа шаардлагатай байгааг хэлээд гэрээнд заагдсан 2015 оноос өмнө IPO хийх боломжгүйг хэлсэн. Тэдний гол сонирхол болох IPO хийгдэхгүй болсон учир тэд гэрээнд заасан хугацаанаасаа өмнө мөнгөө авъя гэж, тэгэхдээ 36 болгож авъя гэж байгаа. Энэ бол зөвхөн тэдний манай хоёрын хооронд шийдэгдэх асуудал биш, Монголбанк бас зөвшөөрөл өгөх ёстой. Тэд гэрээний хугацаагаа дуусгана гэвэл нэг хэрэг, үгүй гэвэл тэдний л хэрэг. Тэгвэл манайд оруулсан санхүүгийн хэрэгслээ хэн нэгэнд зарах эрхтэй. Аль нэг тал нь хохироод байх юм байхгүй. Бизнесийн шугамаараа л шийдэгдэнэ. Банкинд ч бараг энэ хамаагүй. Тэд нар “Голомт” банкны 14 хувь руу шилжих санхүүгийн хэрэгслээ дуртай үнээрээ ч зарчихаж болно шүү дээ. Гэхдээ энэ удаагийн хэрэг бидэнд гадны хөрөнгө оруулалтууд дээрээ эргэж нухацтай харах шаардлагатайг харуулсан. Монголын эдийн засгийн хөгжлийн бооцоон дээр гадныхан орж ирээд банкинд хөрөнгө оруулах шугамаар энэ хөгжлийн тэлэлтийн явцад хамгийн хурдан хугацаанд хамгийн өндөр ашиг авахыг бодоод байхаас банкны ирээдүй, түүний стратеги, цаашдын хөгжлийн хандлага ер сонин биш байдаг юм байна л даа.

-Банк гэлтгүй бүхий л салбарт тийм байх л даа?

-Тийм ээ. Манайхан орж ирэх мөнгөний хэмжээ, хугацаа, хүүгээ л голлон анхаараад байдгаас биш гэрээг тэр бүр нарийвчлан хардаггүй. Гэтэл гэрээний үг бүрийн цаана гадныхны эрх ашгийг хамгаалсан утга санаанууд байж байдаг. Бизнес хийж байгаа хүн бүр үүнийг сайн анхаарах хэрэгтэй.  Оюутолгой дээр ч зарим нэг заалтууд, бас “Чалко” дээр ч ийм байдал гарсан байдаг. Магадгүй, би хөрөнгө оруулалт, зээлийн гэрээний асуудал дээр Монголдоо хамгийн их туршлагатай хүн болсон байх. Гадаадын хөрөнгө оруулагчид л хамгийн сайн, барууны хэвлэл мэдээлэл хамгийн үнэн зөв, голч гэж боддог ойлголтоо өөрчлөх цаг болсон. Сүүлд “Блуумберг” манай талаар бичсэн зарим нэг зүйлдээ залруулга хийснийг хүмүүс харсан байх.

-“Блумберг”-ээр энэ мэдээлэл явагдсан. Олон улсын энэ телевизийн салбарыг Монголд оруулж ирсэн газар нь Худалдаа хөгжлийн банк. Банкнуудын өрсөлдөөн ийм мэдээлэл гаргахад хүргэсэн юм биш биз?
-Би “Блумберг”-ээр явсан энэ мэдээлэлд Худалдаа хөгжлийн банк холбоотой гэж бодохгүй байгаа. Мэдээлэл нь ач холбогдол багатай, юу илэрхийлэх гээд байгаа нь ойлгомжгүй, дутуу ташаа баримт дээр үндэслэсэн байсан. “Кредит Свисс” банкны зээл өнгөрсөн онд ямар ч маргаангүй төлөгдөөд дууссан, Швейцарийн “Свисс Мо” компани “Голомт” банкны 10, “Трафигура” компани тав орчим хувийн хувьцаа эзэмшигч. “Трафигура” нь “Бодь Интернэшнл” компанид 55 биш, 8.7 сая ам.долларын зээл өгсөн, тэр нь баланс дээрээ байгаа. Тэглээ гэхэд энэ бүгдээс би ямар ч буруу зүйл олж хараагүй. Энэ бүгд чинь бизнесийн, байнга л хийгддэг зүйлс ш дээ. Харин тэр 90 орчим сая ам.долларын зээл гээд юуны тухай юм бүү мэд, би л лав тийм юм мэдэхгүй, лав андуурсан байх.  Харин энэ мэдээллийг манай өрсөлдөгчид дэвэргэж, давс хужир нэмж байгааг үгүйсгэхгүй. 

-Тэгвэл сүүлийн жил орчмын хугацаанд “Голомт”-ын хувьцаа эзэмшигчдийн хооронд юу болоод өнгөрсөн юм бэ. Нөгөө хувь нийлүүлэгчийн талаас хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлсэн. Харин та өнөөдрийг хүртэл дуугарсангүй…

-Жаахан холоос эхэлье л дээ. Манай банк 1995 онд анх байгуулагдсан. Удалгүй хэд хэдэн банк дампуурч, 1997 онд Азийн эдийн засгийн, Орост 1998 онд санхүүгийн хямрал болж байлаа. Дараа нь дахиад л Монголд банкууд үүд хаалгаа барьж, 2008 онд  бараг л дэлхийн санхүү, эдийн засгийн хамгийн том гэж хэлж болох хямрал болж одоо ч тэрнээсээ зарим талаар гарч чадахгүй байна. Энэ олон бэрхшээлийг даван туулж, хүндрэлийн ард гарч бид үлдэж, үлдэх үлдэхдээ Монгол Улсын банкны системийн хамгийн том банк болж төлөвшсөн. Бид хуучны төрийн мэдлийн банкийг хувьчилж аваагүй, аль нэг банкийг өөрсдөдөө нэгтгэж явсангүй. Чин сэтгэлээсээ, зүрх сэтгэлээ зориулж банкныхаа төлөө зүтгэснээрээ өнөөдрийн энэ банкаа босгож чадсан. Манай гол өрсөлдөгч болох Худалдаа хөгжлийн банк бол хуучны гадаад худалдааны банк одоо ч хэвээрээ л байна. ХААН банк бол бас хуучны хөдөө аж ахуйн банкны суурин дээр үндэслэгдсэн.  Хуучны уламжлалт ийм банкуудтай өрсөлдөж байж бид хамгийн шилдэг нь болж гарч ирснийг хэн ч үгүйсгэж чадахгүй. 2008-2009 онд “Голомт” банк Монголын хамгийн их хадгаламжтай, хамгийн том активтай банк болсон. Яг тэр үед Монгол Улс маань бас олон улсын тавцанд ид моодонд орж байлаа. Уул уурхайн салбар нь хамгийн их анхаарал татаж, өндөр хүлээлттэй орны нэг байв. Гадныхан ч манайхыг их сонирхож, гадны хөрөнгө оруулалтууд ч цөөнгүй орж ирсэн. Тэр ч утгаар нь бид гадаад хүнийг захирлаар ажиллуулж, мэдэхгүй чадахгүй зүйлээ суралцая, шинэ менежмент, шинэлэг зүйл нэвтрүүлье, гадаад хөрөнгө оруулалтыг татья, банк дараагийн хөгжлийн үе шатанд гарч ажиллах ёстой гэж шийдээд Жон Финниганыг 2007 оны сүүлээр захирлаар томилсон юм. Тэр ч эхэндээ нөхцөл байдлыг ойлгож авах, банкны үйл ажиллагааг сайжруулах талаар хүчин чармайлт гаргаж ажилласныг үгүйсгэхгүй. Гэхдээ удаад ирсэн чинь банкныхаа өдөр тутмын ажилд анхаарахын оронд хаана л олон улсын хурал, дипломат арга хэмжээ болно тэнд явж байдаг болсон. Бас өөрийгөө Монголыг хамгийн сайн мэддэг гадны цөөхөн мэргэжилтний нэг, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх энээ тэрээ гээд ажилдаа анхаарах нь суларсан. Сүүлдээ түүнд бүх зүйл амархан санагдаж, бүх л зүйл болчихмоор санагдаа биз.  Бас Жон өөрөө шууд хариуцаж байсан зарим нэг үүргээ биелүүлээгүй. Иймд орны хүнийг нь олох, гүйцэтгэх удирдлагын аажим, гэхдээ шийдэмгий өөрчлөлт хийх дээр би хатуу байр суурьтай байсан. Гэвч Жон “Голомт” банкны захирал гэдэг албан тушаалд дахиад дор хаяж 3-4 жил үлдэх, хувьцаа эзэмших, улмаар банкийг хувьдаа хөрөнгө, мөнгөтэй болох сүүлийн боломж гэж харж байсан юм билээ. Би түүнийг ямар ч аргаар хамаагүй албан тушаалдаа үлдэх гэж улайрч түүндээ Лу.Болдыг ашиглана, эсвэл хамтрагч болно гэж санаагүй л дээ. Маргаан зөрчил бол үүнээс л эхэлсэн.

-Хорин жилийн түншлэл хагарах болсон нь гадаад захирлаас  үүдэлтэй гэж үү?

-Миний хувьд, банкны эрх ашгаа бодоход тэр хүнийг өөрчлөхөөс өөр арга байгаагүй. Тэр хүнийг тансаг байлгаж, гадаадад хүссэн үед нь зугаалуулж байх түүнд зориулсан банк гэж Монголд, ер нь дэлхийд байхгүй. Монголын банк Монголын харилцагч үйлчлүүлэгч нартаа зориулагдаж, тэдэнд үйлчилж байхаас гадны хөрөнгө оруулагчдыг амар хялбар аргаар мөнгө олоход зориулагдсан биш шүү дээ. Гадаад захирал маань албан тушаалдаа үлдэхийн тулд “Иточу”-гийн аккредитивээс “Голомт” алдагдал хүлээхээр байна гэж зориуд гуйвуулан, намайг үүнтэй холбоотой гэж будлиан эхлүүлсэн юм. Энийг ч бас Лу.Болд боломж гэж харсан уу мэдэхгүй. “Иточу”-той холбоотой манай банкнаас нэг ч ам.долларын төлбөр гараагүй. Банк “Иточу”-тай төлбөрийн ямар ч маргаан байхгүй гэдгийг дахин хатуу хэлмээр байна. Харин “Иточу”-тай төлбөрийн асуудал байна уу, энэ юу болоод өнгөрөв гэдгийг мэдэхийн тулд банк Лу.Болдын гэр бүл болон гадныхны хүсэлтээр 1,6 сая ам.долларыг аудитын компанид төлсөн байдаг юм. Утгагүй байгаа биз дээ. Гадны аудитын компани дүгнэлтээ гаргаад ирэхээр түүнд нь итгэхгүй, “Худлаа байна, нэмж ийм зүйл шалга, тийм гүйлгээг үз” гэхээр тэд дахиад шалгалтаа нарийвчлан хийж гаргаж өгдөг юм билээ. Харин үүнд нь хугацаа нэлээд шаардагддаг. Ийм маягаар банкны тайлан хуульд заасан хугацаандаа гараагүй цаг алдсан. Үүнээс болоод банкны рейтинг гарах нь бас хойшилсон. Тэрнээс биш рейтинг бүүр байхгүй болоод алдсан хэрэг биш шүү дээ. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлд бид асуудлаа шийдсэнээс хойш банк ТУЗ-өө шинээр бүрдүүлж, аудитаа дуусгаж, ажлаа цэгцлэх, өөрөөр хэлбэл сэргээн босголтын ажлаа эрчимтэй эхлүүлсэн. Удахгүй банкны 2013 оны аудитын дүгнэлт гарчихна, рейтингээ ч тогтоолгоно. Ажил их байгаа. Түүнээс гадна банкны хувьцаа худалдан авах сонирхолтой гадаадын томоохон стратегийн хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээр эхэлсэн байгаа. Мөн банкны олон арван ажиллаглагсад хувьцаа эзэмшдэг. Энэ хөтөлбөрийг ч бас эрчимжүүлнэ.

-Сайд Лу. Болд нэг ярилцлагадаа улстөрчийнхөө амьдралыг сонгож байгаа учраас ийм алхам хийлээ гэж мэдэгдсэн байсан?
-Тийм ээ. Өөрөө тэгж хэлсэн байсан. Энэ сонголт бол улстөрчийнхөө амьдралыг сонгож байгаа түүний сонголт. Ер нь бизнесийн харилцаанд түншүүдийн дунд харилцан итгэлцэл  нэгэнт л байхгүй болсон бол асуудлыг нэг талдаа гаргах нь зөв байдаг. Жаахан алдаа гарч, үүнээс хойш эвтэй найртай байя, эргэж нэгдэж нийлье гэсэн ч нэгэнт л харилцан итгэлцэл үгүй болсон бол үргэлжлэх ямар ч бололцоо  байхгүй. Ер нь бизнесийн шийдвэр болгоны цаана их бага эрсдэл, алдаа байдаг. Тухайн нөхцөл байдалд хамгийн зөв гэсэн хувилбар цаг хугацааны дараа буруу болох нь ч бий. Энэ нь санаатай үйлдэл үү, санамсаргүй алдаа юу гэдгийг ялгахад бэрхшээлтэй. Хэрэв аль нэг тал нь итгэл байхгүй болбол бизнесийн шийдвэрийг дагалдаж гардаг жижиг алдааг ч томруулж хараад эхэлдэг. Тэгэхээр л бизнес явахаа байчихдаг. Энэ тохиолдолд цаашаа явах ямар ч бололцоо байхгүй. Нэгэнт Лу.Болд бидний хооронд итгэлцэл байхгүй болсон болохоор хоёр талдаа гарахаас өөр аргагүй болсон.

-Танайхны таарамжгүй байгаа нь анзаарагдаад байсан л даа. Офисс руу дайрч орлоо гээд зураг тавигдаад, дараа нь барилга засварын ажлын зураг ч гэж тайлбарлагдаад. Хэдийгээр та нарын хувийн бизнесийн асуудал ч гэсэн “Голомт” банктай холбоотой болохоор олон түмэнд хамааралтай хэрэг болчихож байгаа юм. Тэр ч үүднээсээ хүмүүс эмзэг хүлээж авч байсан байх...

-Би бол энэ асуудлыг тэгж эмзэглэж хүлээж аваагүй. Болох ёстой юм болдгоороо л болсон. Хийх ёстой засварын ажлыг л драма болгож харагдуулах гэсэн л оролдлого шүү дээ.

-Банк санхүүгийн эмзэг салбарт үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн хувьд ч, олон жилийн нөхөрлөл, амжилттай бизнесийн үйл ажиллагаагаа бодсон ч арай өөрөөр асуудлыг шийдэж болоогүй юм уу. Та хэдийн энэ хэрүүл “дэндүү үнэтэй” хэрүүл юм биш үү?
-Би ч эхэн үедээ санаа зовоод л асуудлаа тэрүүхэн хүрээндээ ярилцаад, хэлэлцээд шийдье гэсэн бодолтой амьтан хүнээс нуусхийгээд байсан л даа. Лу.Болд болохоор “Энэ бүх бизнес, компани, банк бол чинийх, надад юу ч байхгүй, тэгэхээр алдах зүйл байхгүй” гэж хэлээд асуудлыг улам том болгох, аль болох олон хүнийг хамруулах, хэвлэл мэдээлэлд хандах зэргээр аашилж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл хэр их шуугиан тарина, төдий чинээгээр өөрт нь буулт хийнэ гэж тооцсон байх л даа. Үнэндээ бол харин ч эсрэгээр ш дээ. Тэр үед хүмүүс, манай захирлууд хүртэл Лу.Болдыг яагаад өөрийнхөө бизнес, өмчийн эсрэг ийм үйлдэл хийгээд байна аа гэж гайхаж байсан. Компани, банк бол түүний хувьд улс төрийн карьераа өсгөх, сонгуульд дэмжих, хүн хүч, хөрөнгө санхүүгээр туслах хэрэгсэл төдий л зүйл байсан бололтой. Олон мянган харилцагчдын эрх ашиг, банкны системийн тогтвортой байдал, цаашлаад улс орны эдийн засгийн байдал огт хамаагүй болж таарсан. Асуудлыг улам л дэврүүлж байвал болно гэж бодсон байх. Лу.Болд хандаагүй газар байхгүй. Манай асуудалд Монголбанк, төр засгийн холбогдох байгууллагууд маш их тэвчээртэй, бодитой хандсан нь үнэхээр маш их нэмэр болсон. Би үүнд их талархаж явдаг. Одоо бол асуудал нэг мөр шийдэгдсэн болохоор дахин үүнийг сөхөн яримааргүй байна.

-Та хоёрыг өмчөө нэгэнт салгасан гэж дуулдаж байсан. Та хоёр хэр сэтгэл ханамжтай үлдэцгээсэн бэ?
-Одоо надад түүнтэй ямар ч өмчийн маргаан байхгүй. . Миний л сонсож, ажигласанаар бол Лу.Болд маш сэтгэл ханамжтай үлдсэн. Надаас ч тэгж асуувал би юу гэж хариулахаа мэдэхгүй. Баялаг бол байнга хөдөлгөөнд нөр их хөдөлмөрийн үр дүнд л өсч байдаг. Үүнийг цаг хугацаа л харуулахаас хэн нь илүү юм авсан гэдгийг одоо хэлэхэд хэцүү. Эргээд ингэдэг байж, тэгдэг байж гэж стрессдээд байвал яаж урагшлах бэ дээ. Маргааш юу болох нь тодорхойгүй учраас л ирээдүйн сэтгэл булаах юм нь тэр шүү дээ.

-Тэгэхээр та одоо цорын ганц хувьцаа эзэмшигч болж үлдсэн гэсэн үг үү. Танай өөр нэг хамтрагч М.Зоригт хувь эзэмшиж байгаа юу?
-Зоригоо маань 2004 онд анх УИХ-ын гишүүн, улстөрч болох болох замаа сонгосон. Нэг талаар улстөрч, нөгөө талаар компанийн эзэн байх нь улам бүр төвөгтэй болж байгаа. Ашиг сонирхлын зөрчил, компанийн зөв засаглал энээ тэрээ гээд, мөн гадныхантай томоохон арилжаа хийгдэх болгонд энэ асуудал сөхөгддөг. Иймд бид хоёр хэлэлцээд би Зоригоогийн хувийг шилжүүлж авсан. Түүгээрээ Зоригоо банкинд давуу эрхтэй хувьцаа худалдаж авсан. “Голомт” банк тогтмол хүү төлнө. Үүнийгээ тайландаа тусгаад, бизнесийн шийдвэрт оролцохгүй улс төрөө хийгээд явах нь аль аль талдаа хэрэгтэй юм л даа. Би одоо “Бодь Интернэйшнл” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч. Манай компани “Голомт” банкны 85 хувийн хувьцааг эзэмшиж байгаа.

-Хэдийгээр та нар өөр, өөрийн замаар салсан ч гэсэн амжилттай бизнесийг эхлүүлж чадсан хүмүүс. Шаазан хагарч, хөрөнгөө хуваасан тухай ярьж байгаа ч нэгдэж байсан сайхан үеүд та нарт бий. Тэр тухайгаа дурсаач?
-Бид Оюутны холбооны найзууд л даа. Би тэр хоёроосоо дүү. Ерөөд оноос эхэлсэн ардчилсан хувьсгалын гал тогоонд нь байлаа. Хүмүүс амь насаа золиослон байж тэр хувьсгалд оролцсон гээд л ярьдаг юм. Худлаа ш дээ. Нийгмийн тогтолцоог өөрчлөх нь зайлшгүй болсон учраас л олон мянган хүн дэмжиж, тэрний тэргүүн эгнээнд бусадтай л адил сэтгэл зүрхээрээ оролцож байв. Эгзэгтэй, хурц, халуун өдрүүд ч зөндөө байсан. 1990 оны гуравдугаар сарын 4-нд ардчилсан хүчний нэгдсэн жагсаал, цуглаанаас шаардах бичиг өгөхөд тэрийг нь би гардуулж өгч байв. Нам засагтай хэлэлцээр хийхэд ч орж байсан. Тэр үед санах бодох зүйлгүй, ирээдүйд ингэнэ тэгнэ гэсэн тооцоогүй, алдах юмгүй л бүгдээрээ хамт байсан. Одоо хүмүүс өөртөө тааруулж, заримдаа дөвийлгөж, гуйвуулж ярих гээд байдаг хандлагатай болчихож. Дараа нь бид компаниа, тэгээд банкаа байгуулаад явж ирсэн. Бидэнд өнгөрсөн хугацаанд янз бүрийн л түншүүд, хамтрагчид байлаа. Хувьцаа авч ирсэн, зарж ирсэн. Алдаж ч байлаа, олж ч явлаа. Сайн муу олон төрлийн зан ааштай, хүмүүжилтэй хүмүүстэй харилцаж, хамтарч байлаа. Би хүнтэй муудалцаж байснаас болж л өгвөл хэл амаа ололцоод, асуудлыг эвээр зохицуулах зарчимтай байдаг юм. Тэгж явсаар өнөөдрийн ийм байдалд хүрчихээд байна. Энэ бол бидний туулах л ёстой зам байж. Гэхдээ надад анхнаасаа бүх хувьцааг нь худалдаж аваад ганцаараа эзэн суух гэсэн далд санаа бодол хэзээ ч байгаагүй. М.Зоригт, Лу.Болд хоёр өөр өөрсдийнхөө замаар сонголтоо хийгээд явахад би ажлаа хийгээд л үлдсэн.

Гэвч нэгэнт өнөөдрийн ийм байдалд хүрч, таны хэлснээр шаазан хагарчихаад байхад буцаж эвлүүлнэ гэх биш, бутарсан хэсгүүдээ авцгаагаад явахаас өөр яахав дээ.

-Таны хоёр хамтрагч хоёулаа улс төрийн замыг сонгосон. Танд бас тэдэн шиг улс төрд орно гэсэн бодол байдаг уу?

-Би улс төрд орохгүй. Надад ямар ч улс төрийн амбиц байхгүй. Гаднаас нь харахад ихэнх улстөрчид бол сайн дүр эсгэгчид байдаг шиг байгаа юм. Хүсээгүй юмаа ярьж, дургүй хүнтэйгээ уулзаж, тухгүй хувцсаа өмсч нэг ёсондоо хүний эрхээр явдаг. Миний хувь чанар ингэж чадахгүй. Би өөрөөрөө л байх дуртай. Тиймээс би улстөрч болж чадахгүй. Харин ч хүний дургүй хүргэчихэж магадгүй хүн. Би ард түмэн та нарынхаа төлөө үхэн хатан зүтгэнэ гэж хэлж чадах ч үгүй. Хүн сайхан амьдарна гэж бодож байгаа бол зүтгээд хөдөлмөрлөх хэрэгтэй, үгүй гэвэл арчаагаа алдаад архиа ууж яваад үхнэ биз. Хатуу ч гэсэн амьдралын үнэн нь энэ. Надад улс төр дүрэмгүй, эсвэл ялагч нь дүрмээ зохиодог тоглоом шиг л санагддаг ш дээ.

-Та хэд анх компаниа байгуулахдаа гэр бүлийнхнээ оруулахгүй гэсэн тохироо байсан уу. Лу.Болд сайдын ярианд ч гэр бүлийнхнээ оруулж байгаагүй гэсэн байсан. Бас бүх хөрөнгө хувьцаагаа та өөрийнх болгосныхоо дараа гэр бүлийн хүнээ ТУЗ-ийн даргаар томилсон байна лээ?
-Бидний хооронд тийм тохиролцоо байгаагүй л дээ. Гэхдээ Лу.Болд л дүүгээ оруулдаг байсан. Дүү Л.Болдхуяг нь ТУЗ-ийн дарга хийгээд явдаг байсныг хүмүүс санаж байгаа биз. Гэхдээ тэр хэзээ ч хувьцаа эзэмшигч байгаагүй. Саяын маргааныг гартал гэр бүлийн хүн маань бидний бизнест ордоггүй байсан, мэддэг ч үгүй байсан. Бизнес бол стресс зовлон бэрхшээл, гэр бүлийн амьдрал бол гэр бүлийнх л байх ёстой гэж би боддог. Ер нь тийм зарчмаар явж ирсэн л дээ. Гэргий маань өндөр боловсролтой, олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүн.  Би 12 жил банкны захирал, таван жил ТУЗ-ийн дарга хийсэн. Манай банк гэхэд л 1800 гаруй ажилчинтай. Компани, банкинд бараг 100 илүү захирлууд ажилладаг, энэ бол миний бүрдүүлсэн хамт олон. Магадгүй Монголын хамгийн чадвартай хамт олон ч байж магад, сая маргааны үеэр ч бас асуудалд үнэн зөвөөр, шударгаар ханддаг нь харагдаж бас нэг шалгуур давсан. Энэ надад байгаа, бидэнд байгаа бас нэг баялаг. Надад банкнаас гадна өөр салбарт хийх ажил байгаа. Түүнээс гадна банкинд ямар нэг асуудал байхгүй өөрийнхөө хөгжлөөр явчих учраас ойлгомжтой. Би өөрөө инженер геологийн мэргэжилтэй. Одоо энэ чиглэлээрээ иргэний барилга байгууламж, эрчим хүчний хэд хэдэн төсөл дээр ажиллаад эхэлсэн.

Ер нь ардчилал, зах зээлийн тогтолцоо хүмүүсийг хэн ямар чадалтай байна, хаана хэрэгтэй байна яг тэр байранд нь өөрөөс нь ч асуухгүйгээр тавьчихдаг юм. Сая энэ зарчмаар үйл явдал өрнөсөн шүү дээ. 20 жилийн түншлэлийн дараа жаахан хурц илрээд асуудал харин ч түргэн шийдэгдсэн байх. Үнэндээ нэг талаар хамгийн баян, нөгөө талаар хамгийн нөлөө бүхий улстөрч байх боломжгүй л дээ. Ер нь цаашид бизнес эрхэлдэг хүмүүс улс төрөөр, улстөрчид бизнес удирдаад явна гэвэл улам л хэцүү, төвөгтэй болно доо.

-Улс төр, бизнес хамтдаа байх үнэхээр амаргүй байх. Сонгуулийн санал тоолох машиныг “Бодь Интернэйшнл оруулж ирсэн нь АН-ынхны хийсэн хэрэг” гэж бас яригдаад байсан байх аа. Бизнесийн ажлаа хийхээр улс төртэй холбоод байх тал байна биз?
-Сонгуулийн санал тоолдог машиныг оруулж ирсэн явдал манай компанитай ямар ч хамаа байхгүй. Тэр программ хангамж ч хамаагүй. Монгол Улсын иргэний ухаалаг үнэмлэхийг хийх пластикийг л манайх оруулж ирсэн. Дэлхийд хамгийн сүүлийн үеийн стандарттай, хуурамчаар хийх боломжгүй пластикийг оруулж ирсэн болохоос дээр нь бичсэн мэдээлэл, гар хурууны хээ, зураг бусад юм бидэнд ямар ч хамаагүй. Улсын бүртгэлийн газрын л асуудал. Бид зөвхөн түүхий эдийг нь нийлүүлсэн. Яг ийм нууцлалтай иргэний үнэмлэхийг өнөөдөр дэлхийн 10 хүрэхгүй орон л хэрэглэж эхлээд байгаа.  Ер нь улс төртэй холбогдох нь бизнест муугаар нөлөөлдөгөөс сайнаар нөлөөлөх нь тун ховор. Бид Лу.Болдыг Батлан хамгаалахын сайд байхад ч, Гадаад харилцааны сайд байхад ч түүнтэй холбоотой ямар нэгэн тендерт оролцдоггүй байсан. Хойд Солонгост цэргийн онгоц зарсан, тэрэнд нь биднийг холбоотой гээд л нэг хэсэг бичсэн. Би энэ талаар ямар ч ойлголт байхгүй.

-Манайд банкны эзэд гэхээр морь мал эргүүлээд, онгоц хөлөглөж яваад л унааны тансагийг эдэлж хэрэглэдэг тал бий. Нэг талаас бараг ингэж тансаглах нь эргээд харилцагчдад итгэл найдвар төрүүлэхгүй байх сөрөг талтай юм биш үү. Та юу гэж боддог вэ?
-Нэг их тэгээд байдаггүй байх аа. Гэхдээ хүний өөрийн үзэл бодол сонирхлыг юу гэхэв. Хүний гоо сайхны үнэлэмжийг шүүмжилж болохгүй гэсэн үг байдаг шүү дээ. Манайд морь мал уяад л, тод өнгийн дээл өмсч, том хөөрөг бариад явдаг хүмүүс бий л дээ. Гэхдээ тэр хүнд тэгж явах нь таалагддаг бол түүнийг нь буруутгаад байх хэцүү. Намайг бас казино тоглоод мөнгө алдсан, мөрийтэй тоглоомд дуртай гээд л мессеж тараагаад байсан. Би тиймэрхүү зугаагаар таашаал авдаггүй, тэгээд ч би өөрийн ухаан, хөдөлмөрөөр бүтээсэн баялгаа иймэрхүү замаар үрэн таран хийх хүн биш.

-О.Бальзакийн “Гобсек”-ийн гол дүр болсон мөнгө хүүлэгч эр гаднаас нть харахад хэн ч тэгж санахгүй,  уранхай навтархай дээл хувцастай ч цаад бодлогоороо Парисыг атгаж чаддаг мөнгө санхүүгийн гол хүн байдаг. Мөнгө санхүүгийн салбарынхан наанаа харагдахаасаа илүүтэй цаанаа бодлогоо барьж явдаг гол хүмүүс байх ёстой болов уу?

-Та намайг Гобсек гэх гээд байна аа даа. /инээв/

-Үгүй л дээ. Хэдийгээр Гобсек бүх цаг үед харамч хахирган хүн гэж онцлогддог дүр ч гэсэн энэ салбарынхан харин ч ийм байх ёстой юм биш үү гэсэн санаагаар хэлж байгаа юм?
-Гобсек хувь хүн гэхээсээ илүү мөнгөний өөрийнх нь мөн чанар, ажиллах механизм юм. Яг үнэндээ хүний мөн чанар бол хамгийн бага хугацаанд, хамгийн бага хөдөлмөрөөр хамгийн их ашиг олох л тэр боломжийг хайж байдаг. Энэ бол хэзээ ч өөрчлөгдөхгүй чанар. Хаана хамгийн ашигтай салбар байна, тийшээ орж байдаг. Ерээд онд баар ашигтай байхад хүн бүр л тийшээ орж байлаа. Дараа нь толгойтой бүхэн ноолуурын бизнес хийсэн. Нэг үе хүмүүс нүүрс их зөөж байв. Гаднаас том, том ачааны тэрэг оруулж ирээд л зөөдөг байлаа. Одоо бол бараг хүн бүр барилга барьж байна. Газрыг замбараагүй олгосон гэхээсээ илүүтэй хүмүүст ямар бололцоо нээв гэдгийг бас хараарай. Эндээс ашиг олж байгаа учраас тэр. Хүн бүр хөрөнгө оруулагч байдаг учраас хаана ашигтай байж болох нүх сүвийг гярхайгаар анаж байдаг. Яг үүн шиг банк санхүүгийн салбар бол хамгийн бага хүүгээр хадгаламж аваад хамгийн эрсдэлгүйгээр бас өндөр хүүтэйгээр зээлүүлэх сонирхолтой байдаг. Энэ бол манай бизнесийн суурь нь.  Хэрэв хэн нэгэн, жишээ нь төрийн зүгээс ч юм уу бага хүүтэй, удаан хугацааны санхүүжилт нэрээр элдэв төсөл санал болговол Гобсек хүлээгээд л авна. Ашиг олж байх тэр зарчим л хаа нэг газар алдагдвал эдийн засгийн далд гар хэний ч үг, шийдвэрийг хүлээж авдаггүй. Харин ч бүүр эсрэгээр. Тийм учраас бизнест хөндлөнгөөс оролцохдоо маш болгоомжтой хандах хэрэгтэй.  Өнөөдөр мөнгө ховор байгаа учраас үнэтэй байгаа юм. Энэ мөнгийг олдоц ихтэй, хямд болгох тал дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэгээд Гобсек чинь ажилладаг л байхгүй юу.

-Банкууд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй байх боллоо. Энэ таныхаар хэр зөв бэ?
-Манай “Голомт” банк нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй. Би “Голомт”-ын хувьцаанаас гадна магадгүй Монголын хамгийн том хэвлэл мэдээллийн группыг эзэмшиж байгаа байх. Өнгөрсөн жилийн маргаан, хөрөнгө хуваах явцад хэвлэл, мэдээллийн компани маань надад үлдсэн юм.

-Та яаж яваад энэ салбарт хөл тавьж сонирхох болсон юм бэ?
-Манайд сэтгүүл зүй улс төрийн өнгө аястай бас шантажны хэв маягтай юм уу гэж би хардаг. Гэхдээ би улстөрч болж өөрийгөө магтан дуулуулах гэж эсвэл ойр хавийнхаа хүмүүсийг бичүүлэх гэж энэ салбар руу ороогүй. Бас энэ сэтгүүл зүйг эрүүлжүүлж өөрчлөх гэж ийшээ орсон гэж ч худлаа хэлэхгүй. Зүгээр л тохиолдлоор орчихсон гэж болно. Би оюутан байхдаа буюу 1989 онд Ц.Балдорж, О.Дашбалбар хоёртой хамт “Үнэн” сонины оны нийтлэлийн шагнал авч байснаас өөрөөр энэ салбартай холбогдож байсангүй. “Ийгл” телевиз нэг хэсэг гарч байгаад хаагдаад эргээд нээгдэх тэр үед гадны ч, дотоодын ч хүмүүс нь намайг асуудлыг шийдэж, хөрөнгө оруулахыг санал болгосон.  “Ардын эрх” сонины нэрийг дахин ашиглах боломж гарах үед би нэрийг нь авч, “Боловсрол” телевиз зээлтэй байгаад хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон гэх мэтээр явсаар байгаад би “Mongolian Mass media” телевиз, сонин, сайт, сэтгүүл, фм радиотой том компанитай болсон. Орлогоороо зарлагаа нөхөөд, техникийн шинэчлэлээ өөрсдөө хийгээд явдаг, хөл дээрээ нэгэнт тогтсон компани боллоо. Надад улс төрийн болоод бизнесийн зорилгоор хэвлэл мэдээлэлтэй болох зорилго байсангүй. Одоо харин цаашид яавал дээр талаар үзэл бодол, хэтийн зорилго нэгтэй найз нөхөдтэйгээ зөвлөлдөж, нийтлэлийн бодлого, бизнесийн оновчтой хувилбар гаргахаар толгойгоо гашилгаж сууна. Заримдаа хэвлэл мэдээлэлтэй байх тун амаргүй. Хүмүүс маш эмзэг. Танайхаар ийм юм гаргачихлаа гээд над руу яриад байдаг, гэтэл би тэрийг нь огт мэдээгүй явж байх жишээтэй. Тухайн редакцийн хийж байгаа ажлыг би яаж мэдэхэв дээ.

-Танд дарамттай санагддаг уу?

-Дарамт гэхээсээ надад сонирхолгүй байгаа байхгүй юу. Гарсан мэдээллийн утга учир, зорилго, үнэн зөвийг би мэдэхгүй, би шүүгч биш шүү дээ.

-Электрон сэтгүүл зүйг хөгжүүлж, эхний шанг тавихад танай медиа компани маш соргогоор мэдэрч, News.mn-ийг анх байгуулж байсан. Харин саяын маргааны үеэр энэ сайт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдэлд шилжсэн гэсэн яриа гадуур байгаад та юу гэж хариулах вэ?
-Маргаан гарахаас өмнө News.mn-ий эзэмшлээ энэ сайтыг ажиллуулж байсан Б.Тэмүүлэнд л шилжүүлсэн. Түүнээс өөр зүйлтэй хольж хутгах хэрэггүй л дээ. Анх энэ сайтыг “Алтан тариа”-н П.Цэнгүүн бид нар нийлж байгуулсан. Сүүлдээ П.Цэнгүүн өөрийн мэдлийн хувьцаагаа зараад сүүлд бид сэтгүүлчдэд нь зарсан. Ер нь сэтгүүлчдийн зүйн ёс зүйн асуудлыг улстөрчид биш, эзэд биш сэтгүүлчид өөрсдөө л хянах юм билээ.

-Паркийн асуудал одоо танд хамаарагдана биз?

-Паркийн асуудал маш тодорхой. Хэрэв бид паркийн газрыг хамгаалж авч үлдээгүй байсан бол өнөөдөр орон сууцны хороолол болчих байсан гэдгийг би баталгаатай хэлнэ. Анх паркийн газрыг 13 хуваачихсан байсан. Задгай театр, музей гээд хүүхдийн тодотголтой нэрлэсэн байсан ч юу болох нь тодорхой байсан. Хуучны ДСНК-гийн паркийн хувь заяа манай дээр ч давтагдах байсан. Гэхдээ бид л авч үлдсэн гэж цээжээ дэлдээд байх сонирхол ч алга, зав ч алга. Паркийн төслөө танилцуулаад, нийслэлтэй хамтарсан компани байгуулсан. ҮСАХ компани чинь нийслэлийн өмчит аж ахуй байгаа юм ш дээ. Хамтарсан компани байгуулах авах үед 1964 онд ашиглалтад орсон хэдэн хуучин тоглоомтой, шинэ Өвгөнтийн хөндий л болчихсон байсан. Анх 34 га газар байсан.  Одоо 30 га нь байна. Дөрвөн га газраа хот өөрсдөө нааш цааш хуваарилсан. Паркаа алдсан гэж орилоод байгаа нь зүгээр улс төр. Богино зайн улс төр. Паркийн газар одоо ч паркаараа байж байна. Өнгөрсөн хугацаанд бид 50 тэрбум төгрөгийг ийшээ оруулсан.

Парк бүрэн дүүрэн ашиглалтад ороогүй байгаа шүү дээ. Нийслэлийн иргэдийн хэрэгцээ шаардлага, хотын ирээдүйн хөгжлийн төлөв, инженэр техникийн бололцоо, хөрөнгө оруулалын өгөөж, хууль зүйн орчин гэх мэтээр тодорхой болгох, шийдэх маш олон асуудал байгаа. Хурлын заал, үзэсгэлэнгийн  танхим, зочид буудалтай, дэлгүүр, цэнгэлдэх хүрээлэн, амарч наадах газартай олон улсын жишигт нийцсэн газрыг байгуулна. Үүний тулд дахиад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ингэхийн тулд 2 тал маш нухацтай тал талаас нь хэлэлцэж байна. Бид бол паркын эзэмшил дэх хувиа хотод эргүүлж өгөхөөс аваад бүхий д боломжит хувилбарыг үзэж байна. Ер нь парк бол төр, хувийн хэвшлийн үлгэр жишээ хамтын ажиллагаа болж болохоор төсөл байгаа юм. Энийг улс төрийн өнцгөөс биш, хэрэгцээ шаардлага, ашиг орлого талаас нь харах хэрэгтэй. Дашрамд хэлэхэд өнгөрсөн хугацаанд над дээр паркийг гоё болгоё гэсэн нэг ч санал хүмүүсээс ирж байгаагүй, харин газраас нь яаж салгах вэ гэсэн санал бол зөндөө ирж байсан шүү. Паркаа аваръя л гээд байна. Бид л паркийг аварч, хадгалж байгаа болохоос бидэнд алдчихаад байгаа зүйл байхгүй. Парк байж л байгаа шүү дээ.

-Та МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг цагдаа прокуророос шалгагдаж эхлэхэд таныг түүний эсрэг гомдол гаргасан гэсэн яриа сонстож байсан л даа. Та өргөдөл гаргасан юм уу?
-Би өнгөрсөн онд МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөөд ялагдсан. Энэ бол шударга өрсөлдөөн байсан. Нэгэнт хүмүүс тэгж сонгосон учраас надад хэлж гомдоод байх зүйл байгаагүй. Гэтэл сүүлд нь Д.Загдсүрэн гуайг хөрөнгө мөнгө идсэн хэргээр шалгаж, барьж авч хийсэн юм билээ. Тэгэхэд огт хамаагүй намайг өргөдөл өгсөн гэсэн яриа гарсан байсан. Би нэлээд сүүлээс нь мэдсэн. Би тэгээгүй, бас хэн нэгнийг тэг гэж ятгаагүй. Одоо үнэн мөн нь гараа байлгүй дээ. Хүн асуудалд орох үед хүн бүрийг хардаад, ингэсэн, тэгсэн байх гэж бодогдоод, бас наашаа харсан хүн бүр аврагч мэт санагдаад л. Тэр үүднээсээ Д.Загдсүрэн гуай буруу бодсон байх гэж би санадаг ш дээ. Түүнээс хойш би Олимпийн хорооныхонтой холбогдоогүй, сүүлд хэвлэл мэдээллээс харж байхад Д.Загдсүрэн гуайн хэрэг өршөөлийн хуулиар ороод асуудал нь шийдэгдсэн юм билээ. Би МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлыг найман жил хийсэн, Бээжинд улсаа төлөөлж, анхны олимпийн аварга төрүүлсэн багийг удирдаж байсандаа бахархдаг. Миний хувь нэмэр, хийморь ч бас байсан байх. Тийм болохоор надад элдэв хар бодох юм байхгүй. Харин би олон улсын спортын хамгийн том байгууллагын нэгнийх нь гол удирдах хүний хувьд Олимпийн хороо ч тэр, олон нийтийн бусад спортын холбоод ч хөгжлийн шинэ шатанд гарах хэрэгтэй л гэж бодож явдаг.

-Банк санхүүгийн салбарт олон ажил ажиллаж ирсэн таниас эдийн засагтай холбоотой зарим асуултыг асуухгүй өнгөрч боломгүй санагдаж байна. Ер нь төр банктай болоод эсвэл хувийн арилжааны банкийг өөртөө нэгтгээд яваад байдаг нь хэр эрүүл зөв үзэгдэл юм бол?
-Төрийн банк байгуулагдаад сая “Хадгаламж” банкийг өөртөө нэгтгээд явсан нь аргагүйдээ хийгдсэн ажил байх гэж боддог. Гэхдээ яваандаа Төрийн банк хувьчлагдах байлгүй дээ гэж л дотроо боддог доо.

-Эдийн засаг хэцүүдлээ бүсээ чангалах хэрэгтэй л гэж ярих боллоо. Манайд үүсээд байгаа энэ нөхцөл байдал юутай холбоотой юм бол, хэзээнээс энэ хямрал гайгүй болох бол?
-Албан мэдээллийг харвал жилийн 11-12 хувийн өсөлттэй учраас эдийн засаг тэлээд байгаа юм шиг, бизнесийн салбарынхантай уулзвал байдал хэцүү байгаа юм шиг өөр өөр дүн мэдээ байгаад байгаа. Аливаа орны шийдвэр гаргагчид өөрсдөдөө хэрэгтэй, өөрсдийнхөө дуртай мэдээлэлд итгэдэг. Тиймээс хажуугийн хүмүүс нь таалагдах мэдээллийг нь өгөөд вакуумжуулаад байх тал бий. Би цөөн үгээр таны асуултад хариулах гэж үзье. Манайд эдийн засаг сайн биш байна. Эдийн засгийг захиргааны аргаар удирдах гэсэн хандлага л гол саад учруулсаар байна. Өөрөөр хэлбэл бид эхлээд хамгийн сайн, хямгийн хямд хийж чадаж байгаа зүйлээ хийж зараад, тэр мөнгөөрөө өөрт хэрэгтэй байгаа бүтээгдхүүнээ хамгийн хямд газраас, чанартайг нь олж авчирдаг чөлөөт худалдааны энгийн хэлбэр лүүгээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Одоо бид болж өгвөл бүх зүйлээ өөрсдөө хийх гэж оролдоод байна. Санаа нь зөв, цаг хугацаа нь буруу байна. Монголчуудын хувьд зарж чадах юм юу вэ. Уул уурхайн бүтээгдэхүүн. Харамсалтай нь өнөөдөр бараг ганцхан орон л манай уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдан авч чадахаар байна. Монгол өнөөдөр хөгжиж байгаа, гэхдээ нилээн буурай орон. Ирээдүйд ингэнэ тэгнэ гэж өнөөдөр өндөр бооцоо тавих хэрэггүй. Тиймээс өөрт байгаагаа худалдаж капиталжуулах ажлаа юуны өмнө хийх хэрэгтэй. Ашгийг нь максимум хэмжээнд олоод л, байгаль орчноо ч дээд зэргээр хамгаалааад, гадаадын хөрөнгө оруулагчийн ашгийг болж өгвөл өгөхгүй байх санаатай байгаа харагдах юм. Гэтэл эдгээр нь жингийн хоёр өөр туухайн дээр байгаад байна л даа. Одоо бүх зүйл гацаанд байна. Дээр нь гол худалдан авагч Хятадын эдийн засаг сайнгүй болох магадлалтай байна. Гацаанаас гарахын тулд бизнесийн зарим нэг золиог гаргахаас аргагүй. Золиос хийж байж бизнес амжилт олдог юм. Мөн мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит өсөлтийг дэмжих чиглэлээр зохицтой түвшинд барихын тулд Монголбанк, Засгийн газар хоорондын нягт уялдаа ажиллагаа хэрэгтэй.  Бид үүн дээрээ учраа сайн ололцох хэрэгтэй санагддаг. Бодит эдийн засгийн өсөлт гэж инфляцын түвшин, долларын ханшийн тогтвортой байдал хангагдаж байж гардаг болохоос инфляц өндөр, төгрөгийн ханш уначихсан үед өсөлт гарвал худлаа өсөлт байдаг.

-Валютын ханшийг хазаарлаж чадахгүй байна. Долларын ханш нэг хэсэг бууж байснаа бүр нэмээд өсчихлөө. Хөрөнгө орж ирэхгүй бол энэ буухгүй гэсэн үг үү?
-Монгол Улс гадаад валютын хангалттай нөөцтэй болж байж өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ хангахгүй бол энэ өсөлт буухгүй. Манайхны импортын хэрэглээ хэрэгцээ сүүлийн жилүүдэд асар их нэмэгдсэн. Тэр хэрэгцээгээ хангахын тулд дээр хэлснээр ямар нэг юмаа зарах хэрэгтэй болно. Хэн нэгэн нь Монголын ямар нэг юмыг гадаад валютаар зарж байж нөхөгдөх ёстой. Одоо зарж байгаа юм байхгүй учраас энэ ханшийг барьж дийлэхгүй байгаа юм. Алтны худалдаа далд хэлбэрт орчихсон, зэсийн худалдаа багассан, нүүрс, төмрийн үнэ буурчихсан. Бүх зүйл зогсонги байдалд ороод байна. Гадаадаас валют орж ирж, гаднаас валютаар авдаг хэрэглээгээ зохицуулж байж л энэ ханш буурна. Ингэж байж л буух асуудал яригдана даа. Үнэндээ эдийн засгийн байдал амаргүй цаг үед байна.

-Эдийн засгийн хямралыг бид хэдийд гэтэлж дуусах бол?

-Сая олон сонгууль дараалан болж өнгөрлөө. Улс төрийн амлалт, популизмын хор хөнөөл бизнес дээр шууд буудаг. Баахан улс төржиж бүх зүйлээ гацаасан. Одоо үүнийгээ засахын тулд бид маш их хэмжээний өртөг төлөх хэрэгтэй болж байгаа. Аль болох цаг алдалгүй алдаагаа засаад явах нь бидэнд хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хуулийг баталчихлаа. Гэхдээ зөвхөн хуулинд найдалгүй гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд бид өөрсдөө ажиллах хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчид дэлхий дээр хаана ашиг хийж болох газар байна тэднийг хараад л байж байдаг. Өнөөдөр Монгол хаалгаа хаавал дараагийн нэг улс руу яваад л өгнө. Тэгэхээр үүнийг мэдэрч ажиллах хэрэгтэй дээ. Би бол эдийн засгийн эрс шийдэмгий бодлого хэрэгтэй гэж боддог. Шийдвэр гаргагчид бүх хүмүүст таалагдах шийдэл олох гээд үзээд байдаг. Амьдралд тийм зүйл байхгүй, заавал хэсэг хүн хохирч таараа. Жишээ нь, Оюу Толгой дээр ингэж маргаж, гацааж байснаас ажиллах нөхцөлийг нь хангаад 34 хувиа зарах хэрэгтэй. Улаанбаатарын утаа гэж баахан худлаа шоудаж утаагүй нүүрс гэж байснаас Хятад, Туркээс баахан ажилчид оруулж ирээд орон сууц бариулчихаад буцаагаад явуулах хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар хувьчлалыг эрчимжүүлэх хэрэгтэй. Ер нь манайх шиг хүн цөөнтэй, баялаг ихтэй, бүх хүмүүс нь өөрсдийгөө эзэн гэж боддог ард түмэнд арабын загвар л таармаар санагдаад байдаг юм. Гурван сая хүнийг хүнийг сайхан амьдруулж, зам, барилгыг барьж, гудамж талбайг нь зүлэгжүүлж, цэвэрлэж байхын тулд ядаж 10 сая хөлсний ажилчид хэрэгтэй болох байхаа даа. Манайхан чинь ядаж хашаандаа мод тарьчихдаггүй хүмүүс шүү дээ.

-Хэсэг хүмүүс борооноос хорогдоод банкны үүдэнд зогсч байхыг хараад тэр банк дампуурах нь гэсэн яриа гарч, хүмүүс мөнгөө татаж авснаар банк дампуурч байсан гэдэг яриа бий. Та ийм эмзэг салбарт ажилладаг, ийм салбарт хөрөнгө оруулсан хүний хувьд уншигчдад хандан юу гэж хэлэх вэ?

-Үнэндээ хүмүүс дийлэнхдээ прагматик байдаг. Хүмүүс миний мөнгө найдвартай юу, хадгаламжийн хүү өндөр үү, зээл өгч чадах уу гэж сонирхохоос банк баталгаатай байх бодит үзүүлэлт ямар байгааг тэр бүр анхаардаггүй. Монголын банкны салбарт төвлөрөл нэгэнт явагдчихсан. Банкны салбар бол урагш алхаж хөгжсөн цөөхөн салбарын нэг л дээ. Манайд гурван том банк, дунд зэргийн хэдэн банк байна. Эдгээрээс цорын ганц үндэсний хөрөнгө оруулагчтай банк бол “Голомт”. Өнөөдөр банкуудын аль нь ч амьтан хүнийг зовоож, асуудал болоод байхааргүй болчихсон шүү дээ. Тэр дундаасаа хүний эрүүл мэндийн шинжилгээний үзүүлэлтээр нарийвчлан харвал хамгийн эрүүл нь манай банк. Долларын ханш өсөх тусах дарамт болж байдаг долларын зээл манай банкинд алга, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 16 хувьтай байгаа нь өндөрт тооцогдоно. Гэхдээ хүмүүс наад цаадахыг ялгаж салгаж хардаг болохоор “Голомт”-д байдал ямар байгааг ойлгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байгаа.
http://enerel.niitlelch.mn

Monday, 3 February 2014

Монголын нийгэмд байгаа бэрхшээл бүхнээс бизнесийн боломжийг харж мөнгө хийж болно



Мөнгө гэдэг зүйлийг бид янз бүрийн л хандлагаар хүлээж авдаг. Зарим нэгний хувьд тэр амьдралд хэр зэрэг ухаан зарж, зоригтой зорилготой хөдөлмөрлөсний нь гэрч болдог бол зарим нь түүнийг аз жаргалын шидэт дохиур мэт бурханчлин тахихдаа өөрийн үнэ цэнээр арилжаалчих нь ч бий. Мөнгөөр халдаж боломгүй дархлаажилт олсон мэт чамирхдаг хэсэг байхад түүнийг хичнээн хүсээд ч олж чадахгүйдээ бухимдан шаналалд автах хэсэг ч бий. Юутай ч мөнгө гэдэг бол бидний хамгийн их ярьдаг, сонирхдог хэрнээ хамгийн маргаантай, эмзэг сэдвийн нэг.

Тэгвэл бидний хамгийн хүсэмжит сэдвээр Лондонд амьдралын дасгалжуулагч мэргэжлээр ажиллаж амьдарч буй Б.Мөнгөнтуяатай ярилцсанаа хүргэе. Уншигч, сонсогчид түүнийг Моника гэдэг нэрээр нь илүү мэддэг болов уу. Тэрээр өмнө нь “Бэрхшээл Ба Боломж” номоороо монголчуудтайгаа уулзаж байсан бол одоо “Мөнгө ба Миний Үнэ Цэнэ” гэсэн шинэ бүтээлээр уулзаж байна. Мэргэжлийн хүний үг таны мөнгөний тухай ойлголтыг цэгцлэж, шинэ гарц, шинэ ирээдүйг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна.


-Олон жилийн ажил хөдөлмөрийн тань үр дүн болсон шинэ бүтээлээр уншигчидтай уулзаж байгаад баяр хүргэе.
-Их баярлалаа. “Бэрхшээл ба Боломж” номыг бичсэний дараа олон уншигч, үйлчлүүлэгчдээс маань мөнгөтэй холбоотой төрөл бүрийн асуултууд, цаашилбал хэрхэн бизнес хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн эрх чөлөөнд яаж хүрэх талаар зааж өгөөч гэсэн хүсэлт их ирэх болсон юм. Ялангуяа Монгол хүний үнэ цэнэ, мөнгөтэй холбоотой олон талын бэрхшээлүүд байгаа нь илт мэдрэгддэг. Чадварлаг мэдлэгтэй залуучууд маш олноороо төрөн гарч байгаа ч тэд ур чадвараа зах зээлд мөнгөөр үнэлүүлж чадахгүй, ажлын хажуугаар бизнесийн санаагаа шинээр бүтээж зүрхлэхгүй, түүнээсээ болж асар их стресстэй амьдарч байна л даа. Үүнийг нь л хөнгөвчилж, арга барилыг нь үе шатчилж заагаад өгөх сэдлээр энэ номыг барьж авсан юм.


-Юуны түрүүнд номны нэр, агуулгыг илтгэж буй мөнгө, үнэ цэнэ гэдэг хоёр зүйл хэрхэн холбогдон гарч ирсэн талаар яриач?
-Хүн өөрийгөө хэр үнэлж хүндэлж байна, тэр маань тухайн хүний олж байгаа орлого, амьдралын түвшинг мөн тодорхойлдог. Ихэнх хүмүүсийн асуудал үнэндээ мөнгөн дээр л гол анхаарлаа төвлөрүүлээд санаа зовоод байхаас өөртөө анхаарал хандуулж, хөрөнгө оруулж чаддаггүйгээс өөртөө итгэлгүй сул дорой байдлыг илүү төлөвшүүлж байна. Цаашлаад мөнгөгүй байгаагаа орчин нөхцөл, нийгмийнхээ шударга бус байдалд тохож, гомдоллодог. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дотоод далд ухамсарт мөнгөтэй холбогдсон асар их зөрчилдөөн, сэтгэл зүйн эрэлт хэрэгцээний дутмаг ертөнц ноёрхож байдаг. Мөнгө гэдгийг ойлгодог ойлголт нь бас тэр хүнд сөргөөр нөлөөлдөг. Харахад сэтгэл зүйн тэр дутмаг эрэлт хэрэгцээгээ мөнгөөр нөхөх гэж эрэлхийлэхдээ өөрийнхөө ч үнэ цэнийг устгаж, мөнгөгүй болохоос айж явдаг талууд ч бий.


Энэ бол маш том асуудал. Хувь хүн өөрийгөө үнэлж сурах, мөнгөнөөс ч илүүгээр өөрийгөө үнэлж сэтгэл зүйн тэр дутмаг эрэлт хэрэгцээгээ ойлгож авах тал дээр, түүгээрээ дамжуулж өөрийнхөө мэдлэг, ур чадвар, туршлагыг хөгжүүлэх тал руу нь илүү анхаарал тавьж оруулж өгвөл тэр хүн мөнгийг чухалчилж биш, өөрийнхөө үнэ цэнийг чухалчилж сурах юм. Ном бол үнэндээ тухайн хүний чадварыг, амьдралын туршлагыг нь бизнесийн талбар луу хөтөлж, зах зээлд үнэ цэнэтэй тэр ур чадварыг өөртөө бий болгож түүгээрээ дамжуулан амьдралынхаа мөнгөний хэрэгцээг санаа зоволтгүйгээр хангаад зогсохгүй, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх стратеги алхамаа тодорхойлж олж авахад зориулсан юм.


-Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, өөртөө ийм үнэ цэнийг бий болгосны дараа сая мөнгөний тухай элдэв зовиургүй ярьж болох юм гэж ойлголоо?
-Тийм. Санаа нь тэр л байгаа юм. Хүмүүс мөнгийг чухалчилж байна гэж ярьж гомдоллодог шүү дээ. Үнэндээ өөрийгөө үнэлж чадахгүй, өөрийг нь мөнгөнөөс дорд үзэх вий гэсэн айдсандаа хүмүүс мөнгийг үзэн ядаж эхэлдэг. Харин өөрийгөө үнэлж, өөрийнхөө ур чадварыг хөгжүүлж чадсан хүн мөнгө дайсан биш гэдгийг ойлгож, мөнгийг ч өөртөө татаж чаддаг. Өнөөдөр Монголын нийгэмд өөрийгөө үнэлж чаддаг, үнэ цэнэтэй хүнийг бүтээх асуудал маш чухал байна. Өөрийгөө үнэлж чаддаг, ур чадвараа зөв тал руу нь хөгжүүлж, түүндээ хөрөнгө оруулж байж л бид жинхэнэ чадварлаг монголчуудыг олноор нь бий болгож чадна. Ингэж чадвал бид Монголын нийгэмд тулгараад байгаа олон янзын хүнд асуудлуудыг ч шийдэх гарцаа олох боломжтой.


-Та ярилцлагын эхэнд чадварлаг мэдлэгтэй залуучууд олноор төрөн гарч байгаа ч ур чадвараа зах зээлд мөнгөөр үнэлүүлж, ажлын хажуугаар бизнесийн санаагаа шинээр бүтээж чадахгүй байна гэлээ. Таныхаар залуус маань юун дээр алдаж, төөрөгдөж байна вэ?
-Ур чадвар гэдэг их гайхалтай чухал асуудал л даа. Бид сургуульд байхдаа, гэр бүлээсээ амьдралын янз бүрийн ур чадваруудад суралцдаг. Дараа нь мөн тэр хэмжээний ямар нэг мэргэжлийн мэдлэг боловсролыг олж авсан. Харамсалтай нь сургуульд өөрийгөө үнэлэх үнэлэмж, зах зээлийн үнэ цэнэ, мөнгөө зохицуулах, санхүүгийнхээ хэтийн төлөвлөгөөг гаргах гэх мэт маш чухал ур чадваруудыг огт заадаггүй. Ерөнхий мэдлэг төдийхөн ойлгоод амьдралд хаягддаг. Их дээд сургуулиудад ямар нэгэн мэргэжил эзэмшихийг л заадаг учраас залуус амьдрал дээр ур чадвар дутагдаж, зөвхөн ажлын байрны ажилтан төдий л болж бэлтгэгддэг. Нийгэм тэр чигээрээ сургуулиа төгсөөд зөвхөн ажил олж хийхэд л залуучуудыг бэлтгэж байна. Хэн ч бизнесийн талаар амьдралд ойрхон арга, ур чадваруудыг зааж өгдөггүй. Тэр бүү хэл бизнесийн удирдлагаар төгссөн залуучууд ч сургуулиа төгсөөд бизнес эрхлээд явах нь ховорхон байдаг шүү дээ. Үсрээд л ямар нэгэн хувийн компани, бизнесийн байгууллагад маркетингийн менежерээр ажиллах жишээний түвшинд л бэлтгэгддэг нь худлаа биш.


Түүгээр ч зогсохгүй мэргэжлээрээ төгссөн залуучууд өөрийгөө чадвартай гэдгээ хичнээн мэдээд байгаа юм шиг атлаа түүнийгээ ажлын байран дээр бүрэн ашиглаж гаргаж чаддаггүй. Учир нь мөн л бусад төрлийн талбаруудын ур чадвар дутагдаад байгаагийнх. Тухайлбал, харилцааны чадвар, өөрийгөө үнэлэх үнэлэмж, байгууллагын дотоод соёл, уур амьсгалд дасан зохицож байж тэр хүний жинхэнэ чаддаг зүйл байгууллагын дотор үнэлэгдэж гарч ирэх боломжтой. Эдгээр чадваруудыг хөгжүүлэхээс нааш тухайн хүний ажил мэргэжилдээ гаргах амжилт ч бас хязгаартай. Ажлын байран дээрээ амжилтгүй хүн санхүүгийн хувьд ч доголдох нь ойлгомжтой. Санхүүгийн ур чадварыг сайжруулахын тулд сургуульд үзсэнээсээ илүү ихийг сурч мэдэх шаардлага байгаа.

Үнэхээр өөрөө юу хийж чаддагаа мэдэж байгаа чадварлаг залуучуудад дараагийн үе шат, шинэ бизнесийн талбар луу алхах, зах зээлд өндөр эрэлт хэрэгцээтэй байгаа тэр салбар луу өөрийнхөө ур чадварыг тэлэх шаардлага тулгараад байгаа юм. Бас нэг асуудал гэвэл, хүмүүс хэнд ч хэрэггүй үнэ цэнэгүй зүйл дээр хамаг цаг зав, энергиэ гарзаддаг тал бий. Үнэ цэнэгүй юманд хамаг оюун ухаанаа золиослоод л байвал монгол залуучуудын амьдрал сайжрахгүй. Монгол хүний үнэ цэнэ өсөхгүй.

-Тэгвэл хоёулаа асуудлын арай гүн рүү нь оръё. Залуус ажлын байрнаас бизнесийн гараагаа хэрхэн эхэлж болох вэ? Таны номны ард байгаа энэ асуулт их анхаарал татлаа...
 -Ажлын байрнаас бизнесийн гараагаа эхлэхэд хамгийн нэгдүгээрт бид зах зээлдээ зориулж өөрийгөө бэлтгэх хэрэгтэй байгаа юм. Ямар ч ажилдаа амжилттай хүн байсан насаараа цалингаар амьдрана гэвэл хэцүү. Ямар нэгэн байдлаар ажлын байрандаа байх үедээ өөрийгөө бизнесийн, хөрөнгө оруулалтын талбар луу хөтлөх төлөвлөгөөгөө боловсруулах шаардлагатай. Үүнгүйгээр бид хэзээд цалин мөнгөний төлөө өөрийнхөө цагийг солилцсоор л байх болно.

Иймээс бид ажлынхаа чөлөөтэй цагаар зах зээлээ таних хэрэгтэй, тэр хаашаа чиглэж байна, хүмүүст хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа тэр талбаруудад зориулж судалгаа, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чиг баримжааг харж, түүндээ тохирсон шаардлагатай ур чадваруудыг өөртөө хөгжүүлэх л хамгийн энгийн ойлгомжтой хариулт байгаа юм. Ихэнх хүмүүс бизнес хийхэд өөртөө итгэдэггүйгээсээ болж эхлүүлдэг ч үгүй.
Тэрнээс биш чадахгүйдээ бас биш. Хүн ямар ч чадахгүй юмыг сурч суралцаж болно. Бизнес хийхэд стратеги төлөвлөгөө шаардагддаг. Ажлын байранд байснаас илүү их эрч хүч шаарддаг ч, түүнийгээ дагаад орж ирдэг шагнал урамшил нь харьцангуй том. Энэ номонд би бизнесийнхээ гарааг хийхэд хүмүүст шаардлагатай бүх талбаруудыг оруулсан байгаа.
Сурах шаардлагатай байгаа ур чадваруудыг ч, анхаарах шаардлагатай хэсгүүдийг ч, тэр бүү хэл анхны бизнесийн зээлийн мөнгийг хүртэл хаанаас яаж оруулж хөл дээрээ босож болох жижиг алхамуудыг ч заасан. Маш энгийн, дасгалуудыг нь ажиллаад явбал өөрийнхөө бизнесийн шинэ зах зээлийг, бас ямар чиглэлд ямар алхам хийх хэрэгтэй байгаа бүх стратегиа боловсруулаад авах бүрэн боломжтой.

Насаараа ажиллаад өөрийн гэсэн орон байр ч байхгүй хүмүүсийг бид зөндөө хардаг шүү дээ. Үнэндээ тэд бага залуу насандаа бизнесийн талбар луу ороход шаардлагатай ур чадварт суралцаж чадаагүй, хэн нэгэн хүн тэдэнд арга барилыг нь яаж хийхийг нь зааж өгөөгүй болоод л тэр. Харин өнөөдрийн бид хавьгүй их азтай хүмүүс. Бүх боломжуудыг нь заагаад өгчихөөр боломжгүй гэх юм байхгүй болж байна. Үнэхээр хүсч байгаа хүнд дэлхийн зах зээл ч нээлттэй байна шүү дээ.


-Монголын нөхцөлд мөнгө босгох хамгийн их боломжтой салбар, эсвэл бизнес юу вэ?
-Миний бодлоор бараг бүх салбарт мөнгө босгох боломжууд байгаа. Монголын нийгэмд байгаа бэрхшээлүүдийг шийдэх тэр талбарууд л хамгийн оновчтой. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголын зах зээлд бараг бүх талбарт янз янзын болохгүй бүтэхгүй асуудлууд бэрхшээлүүд байсаар л байна.

Бэрхшээл байгаа л бол бизнесийн Боломжийг бид түүнээс олж харж мөнгө хийж болно гэсэн үг. Хамгийн гол нь тухайн хүн тэр талбараа маш сайн ойлгодог, хүмүүсийн эрэлт хэрэгцээг таньдаг, тэр эрэлт хэрэгцээнд тохирсон үйлчилгээг хүргэж чадвал хүмүүс дуртайяа мөнгө төлнө. Хүмүүс үнэхээр чухал гэж бодсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөнгөө төлнө шүү дээ. Тэр эрэлт хэрэгцээг хангана гэдэг өөрөө зах зээлд байгаа үнэ цэнэ юм. Тэр үнэ цэнийг л бүтээж чадвал хэн ч мөнгө босгох боломжтой.

Зах зээлийн эрэлт хэрэгцээнд дүйцэх хэмжээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ өгч чадах хэмжээгээрээ тухайн хүний өөрийн ур чадвар мөнгөөр дамжигдаж үнэ цэнээ илэрхийлж байна л гэсэн үг.
Тэр ур чадварыг эзэмшиж, зах зээлд хүргэнэ гэдэг өөрөө урлаг байгаа юм. Тийм ч учраас мөнгөний хойноос хөөцөлдөхдөө биш, өөрийнхөө ур чадвар, үнэ цэнийг зах зээл дээр уялдуулж өсгөх талаар би санаа тавьж залуучуудтай ажиллаад бизнесийн дасгалжуулалт хийгээд байгаа юм л даа.


-Мөнгөтэй болох аргаа олохгүй мухардсан хүн олон байна. Бизнес хийе, мөнгө босгоё гэхэд өрсөлдөөн их, улс төрөөс дэмжлэг байхгүй гэдэг ч юм уу нийгмийн зүгээс тодорхой хэмжээний нөлөөлөл байна гэдэг. Харин таны хувьд энэ бүхнийг гагцхүү хувь хүний хөгжил, ур чадварт тулгуурлан ярьж байна шүү дээ?
-Тийм шүү. Нийгмээс нөлөөлөх сөрөг нөлөөлөлд хүмүүс санаа зовоод байгаа атлаа, нийгэмд байгаа боломжийг таньж чадахгүй байгаад асуудал байгаа юм. Хүмүүс бэрхшээл болгоны ард боломж байгаа гэж ярихыг маань зөндөө сонссон байх. Нийгэм өөрөө тухайн хүний чадварыг шалгаад байгаа ч байж болно шүү дээ.

Тэгэхээр хувь хүн ур чадвараа хөгжүүлж чадвал мөнгөний асуудал ч, нийгмийн янз бүрийн сөрөг нөлөөллүүд ч шийдэгдэж эхэлнэ гэсэн үг. Бид төрөхдөө юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй хорвоод мэндэлсэн, зарим нэг зүйлийг бид сураад тодорхой хэмжээнд өөрийгөө хөгжүүлж чадваржуулж чадсан. Зарим нэгийг нь ойлгож зохицуулж сураагүй л яваа. Нийгэмд байгаа асуудал бол бидний хөгжүүлж чадаагүй, ур чадвар сууж амжаагүй байгаагийн дохио гэж хэлмээр юм уу даа… Тэр утгаараа бид бүгдээрээ амьдралын сорилтонд байна.
Тэр сорилтыг давж суралцаж, ур чадвар, мэдлэгээ хөгжүүлж чадсанаар бид жинхэнэ чадварлаг нэгэн болж түүгээрээ дамжуулаад мөнгөний ч бай, амьдралын ч бай бусад талбаруудыг өөрийн хүссэнээрээ зохицуулах боломжтой болох нь гайхалтай.

-Мөнгөтэй холбоотой сониуч ч гэмээр нэг асуулт асууя. Хүмүүс мөнгийг өөртөө хэрхэн татах тухай зурхайч төлөгчдийн зөвлөгөө, дом шившлэгийг хэрэгжүүлж, зарим нэг хэрэгслүүдийг ч ашигладаг. Энэ тал дээрх таны бодол?
-Би мөнгө татахын тулд дом шившлэг хийх талаар сайн хэлж мэдэхгүй байна. Би дом шившлэг гэхээсээ илүү сүнслэг дотоод ертөнцийн баян сэтгэлгээг төлөвшүүлэх талаар л хүмүүсийг илүү нээлттэй байхад нь тусалмаар санагддаг. Би бөөгийн сүсэгтэн биш, бас бөөгийн хийдэг нарийн ширийн заслыг мэдэхгүй. Гэхдээ би сүнслэг ертөнц хүний бие махбод, оюун санаа, зүрх сэтгэлээс давсан хүчтэй байдгийг бас ойлгож байна. Хүний итгэл үнэмшил хүчтэй. Хүн юунд итгэнэ түүнийгээ бүтээж чадна гэдгийг бол би хэлж чадна.

Гэхдээ дом шившлэгт харанхуйгаар итгээд юу ч хийхгүйгээр мөнгө орж ирнэ гээд суувал бас л их мунхруулга, өрөөсгөл ойлголт шиг санагддаг. Ийм дом шившлэг хийж байгаа хүмүүс зах зээлд байгаа хүний сэтгэл зүйн эрэлт хэрэгцээн дээр бизнес хийж байна л гэж би бодож байна. Шүтэж байгаа хүн нь өөрөө яг юу гэж хүлээн авч байгаагаас шалтгаалж л үр дүн нь мэдрэгддэг байх. Үр дүн байхгүй байсан ч, үр дүн гарч байна гэж хүн өөрийгөө төөрөгдүүлж тайлбарладаг үе ч зөндөө бий. Дон шившлэг хийлгээд ч мөнгөтэй болоогүйдээ бухимдаад, түүнийгээ яаж шийдэхээ мэдэхгүй явж байгаа хүмүүс ч зөндөө байгаа шүү дээ. Эсвэл жоохон мөнгөний сургаар өөрийгөө тайвшруулаад явж байгаа хүмүүс ч байгаа байх.
Хүн өөрөө үйлдэл хийж, арга барилаа сайжруулахаас нааш мөнгө гэв гэнэт, эсвэл ямар нэгэн азаар орж ирдэггүй. Хэрэв хүн сүнсээрээ ч, оюун санаагаараа ч, зүрх сэтгэлээрээ ч, бие махбодоороо ч бүгд нэгэн зэрэгт ижил түвшинд хөдөлж чадвал тэр чиглэлийн юуг ч бүтээж болно.

Яг энэ асуудлын талаар би нэг схем зураад энэ номд тайлбарласан байгаа. Тэгэхээр илүү ойлгомжтой болох байх.

Мөнгийг өөртөө байнга асуудалгүй бүрэн эргэлттэйгээр оруулж ирэх аргууд дан дом шившлэгээр орж ирдэггүй. Би дэлхийн тэрбумтангуудын хэн нь ч зүгээр л дом шившлэг хэрэглээд баяжлаа гэж байхыг мэдэхгүй юм байна. Доналд Трампийг жишээ аваад бод л доо. Дом шившлэг хийгээд мөнгөтэй болсон хүн лав л биш. Тэд мөнгийг татахын тулд өөрийнхөө ур чадвар, мэдлэгийг сайжруулж, зүрх сэтгэлээ дайчилж, түүндээ тохирсон хөдөлмөрийг бүтээж байж мөнгөтэй болсон хүмүүс. Хүмүүс шашны ямар нэгэн мухар сүшгэнд итгэж явна гэхээр бас л мэдлэг, ур чадвар, оюун ухаан сул дорой байгаагийн жишээ юм болов уу. Мэдэхгүй учраас хүмүүс харанхуйгаар итгэдэг, түүндээ хамаг ирээдүйгээ найддаг. Мэддэг бол хүний арга барил оюун ухаан өөр өөр чиглэлд үнэ цэнэтэй чухал зүйлсийг олж таньж чаддаг. Тэр л бидэнд дутагдаад байна.


-Манай уншигчид тантай холбогдож бизнесийн дасгалжуулалт хийе гэвэл боломжтой болох нь ээ. Сайхан мэдээ байна. Энэ номыг хаанаас авч болох вэ? Мөн тантай хэрхэн холбогдох боломжтой вэ?
-Надтай холбогдоход их амархан. Ихэнх хүмүүс надтай фэйсбүүкээр дамжиж холбогдоод байдаг юм. Миний веб хуудас www.monicabatsukh.com гэж байгаа. Тийшээ ороод имэйл листэнд бүртгүүлээд үнэгүй цахим ном татаж аваарай. Тэгээд ер нь дэлхийн аль ч улсад байсан хамаагүй веб хуудаснаас маань дасгалжуулалтын гэрээ хийгээд, надтай дасгалжуулалтын цагаа тохироод ажиллаж болно.

Эсвэл эхний ээлжинд миний бусад ажлуудтай танилцаад өөртөө хэрэгтэйгээ сонгож авч болно. “Бэрхшээл ба Боломж” радио podcast-уудыг ч бас веб хуудсандаа үнэгүй байрлуулсан байгаа. Маш хэрэгтэй чухал сэдвүүдийг бид энэ нэвтрүүлгээрээ хөндөн ярилцдаг юм. Ном бол Улаанбаатар хотын бүх номын дэлгүүрүүдэд байгаа, гадаадад амьдардаг Монголчууд ч манай веб хуудсаар дамжуулаад захиалга хийж болно, эсвэл цахим номоор татаж авсан ч болно шүү дээ. Цахим хичээл бэлэн болчихвол би имэйлээр мэдэгдэнээ. Ер нь алсдаа надтай онлайнаар уулзалт хийгээд, амьдралынхаа чухал шийдвэрлэх үед хамтран ажиллаад явсан ч болно. Миний үүд хаалга улам бүр нээлттэй болж байгаа.

-Таны монголчуудынхаа төлөө цаашид хийх ажил, төслүүд, бизнесийн дасгалжуулалтын талаар сонирхоё?
-Би өнгөрсөн хэдэн жилүүдэд бизнесийн дасгалжуулалт, энтерпрайз менторын төслүүд дээр илүү ажиллаад байгаа. Ялангуяа шинээр бизнес эхлүүлж байгаа хүмүүс бизнесийнхээ эхний алхамыг хийж, бизнесийн хөрөнгө оруулагч нартай ажиллах төслүүдийг илүү нарийвчилж судалж байгаа. Үүнээс их ч юм сурч байна. Бизнесийн бэрхшээлийн ард дандаа л хувь хүний хөгжлийн  ур чадварын асуудал байнга хөндөгдөж гарч байгаа. Одоо харин яг энэ бизнесийн дасгалжуулалтынхаа талаар илүү олон хүмүүстэй ажиллах боломжтой болж байгаадаа би бас баяртай байгаа.


Энэ онд мөн “Бэрхшээл ба Боломж” цахим хичээлүүдээрээ видео бичлэг хийж онлайн байрлуулах бодолтой байна. Вэб хуудсаараа дамжуулаад энэ хичээлийн захиалгыг онлайнаар хийх боломжтой болгох тал дээр ажиллаж байна. Аль болох олон хүмүүст шаардлагатай ур чадвараа олж таниад түүнийгээ зах зээл дээр ашиглаж сурахад л миний бүх ажлын зорилгууд нуугдаад байгаа юм. Ер нь монголчуудын сэтгэл зүйн бэрхшээлийг давж гарах, өөрийгөө ойлгох хөгжүүлэх тал дээр маш их ажил хийх хэрэгтэй байгаа л даа. Энэ жил илүү их аудио, видео хийж хүмүүст улам ойрхон хэрэгтэй шаардлагатай юмыг хүргэх төлөвлөгөө байна.


-Та манай уншигчдад зориулаад багахан зөвлөгөө үг хэлэхгүй юу.
-Баярлалаа. Хүмүүс мөнгөний төлөө маш их хөдөлмөрлөж байна. Гадаадад ч, Монголд ч тэр цаг наргүй ажиллаж байгаа сайхан аав ээжүүдийг, ах эгч нарыг харж байна. Үнэхээр мөнгөний төлөө өөрийнхөө эрүүл мэнд, гэр бүл бүх юмаа л золиосолж байна. Ирээдүйгээ олж харж чадахгүй байгаагаас бидний амьдрал мөнгөний боолын амьдрал руу л хөтлөөд байна гэсэн үг. Амьдралаасаа тааламж авч, эрх чөлөөтэй амьдрахад арга ухаан, сэтгэл шаардагддаг. Бид тэр сэтгэлгээ орчин нөхцөлийг өөрсдийн гараар л бүтээнэ.

Мөнгөнөөс илүү гарч сэтгэж сурсан үеэс л бид аз жаргалыг, амьдралын утга учрыг өөртөө олгож чадна. Та мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй хүн. Түүндээ бүү эргэлз. Хэрэв та хүсвэл юуг ч бүтээж чадна. Амьдрал үүнээс ч илүү баян. Мөнгө бол таны гарт байгаа боломж хэрэгсэлүүдийн зөвхөн нэг хэлбэр нь, таны амьдралын маш өчүүхэн хэсэг нь.
Бидний оюун санаанд, сэтгэл зүйд хургаж байсан тэр эрэлт хэрэгцээ хоосон зай мөнгөөр биш, таны аз жаргалаар, таны өөртөө зориулсан хайраар нөхөгдөж гарч ирдэг. Таны зүрх сэтгэлд байгаа хайр төсөөлж байгаагаас чинь ч илүү үнэ цэнэтэй. Уншигч таныг мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй сайхан амьдралыг бүтээхийг хүсье.

-Тантай хамт маш чухал нэгэн сэдвийг хөндөн ярилцаж, хамтдаа гарцыг эрэлхийлсэндээ баяртай байна. Таны ажилд амжилт хүсье.


Ц.Бадмаараг