Thursday, 11 September 2014

Д.Сайнбаяр: МОНГОЛ ЗАЛУУС ДЭЛХИЙН хаана ч үнэлэгдэх мэргэжилтэн болвол сайн

Моннис Интернэшнл ХХК-ийн Дэд Захирал, Моннис Урбан Девелопмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Сайнбаяр. 


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ БА ИНТЕРНЭТ

- Олон нийтийн сүлжээний “томоохон” төлөөлөл, жиргээчтэй уулзаж байгаа учраас энэ сэдвээс яриагаа эхэлье гэж бодлоо. Хамгийн сүүлд өөрийн чинь нийтлэсэн В.Путины видео их олон хүнд хүрчээ. 
- Олон нийтийн сүлжээний гайхамшгийн нэг л жишээ юм. "В.Путин уйлсан уу" гэсэн видеог YouТube рүү оруулахад өчигдөр (2014.09.04) үзсэн хүний тоо 34 мянга байсан бол өнөөдөр харахад 60 мянга болж(2014.09.10-ны байдлаар 91 000). 36 цагийн дотор 60 мянган хүн үзнэ гэдэг муугүй үзүүлэлт. 
В.Путин уйлсан, уйлаагүй нь надад үнэндээ хамаагүй. Энэ видеог  англи тайлбартай тавихад 36 цагийн дотор 60 мянган хүн үзчихлээ. Оросууд, барууныхан доор нь маргаад эхэлж байна. Сэтгэгдлийг харахад барууныхан В.Путиныг ямар их үзэн ядаж байгааг, оросууд В.Путиныг хэрхэн хамгаалж байгааг харж байна. Миний гол зорилго бол В.Путин Монголд иржээ гэдгийг олон улсад мэдээлэх нь чухал байсан.

- Нийгмийн сүлжээний хамрах хүрээ, хүртээмж нь их байгааг нотолж байгаа хэрэг болов уу. 
- Тийм.
Улаанбаатарт 300 мянга орчим өрх байгаа гэж үздэг. Албан байгууллагуудыг оруулаад яахав 400 мянга орчим телевиз байна гэж үзье. Энэ 400 мянган телевизээс  тухайн мөчид нэг сувгийг хэчнээн хүн үзэж байгаа тоог анзаарвал их сонин. Тал хувь нь гадуур бөглөрөөд явж байдаг. Гэртээ байгаа хэсгийн тал нь хоолоо хийж, хүүхдээ харж байгаа. Яг зурагт үзэж байгаа хүмүүст сувгийн сонголт нь 200. Зарим нь Америк, Орос суваг үзэж байх жишээтэй. Ингэж явсаар тухайн мөчид нэг сувгийг үзэж байгаа хүний тоо 5-10 мянга орчим гараад байх шиг байдаг. Их бага тоо.
Харин олон нийтийн сүлжээнд тавихад 60 мянган хүн үзчихэж байна гэдэг зурагт үзсэн хүмүүсээс даваад явчихаж байгаа юм.  Бас нэг жишээ "Өдрийн сонин" 10 мянга орчим хэвлэгддэг. Хүнд хүрэх хүртээмж нь 20 мянга орчим гээд үзье. Ингээд харахаар "Өдрийн сонин"-д гарсан мэдээлэл мэдээллийн нэг эх сурвалж болж байгаагаас биш хангалттай хүртээмж болж чадахгүй байна гэсэн үг.  Тэгэхээр твиттерт 50, 100 мянган дагагчтай хүн сониноос илүү олон хүнд мэдээллээ бүр олон давтамжтайгаар тарааж байна гэсэн үг. 
Гэхдээ тэнд гарч байгаа мэдээлэл ямар нэгэн хүний эрх ашигт нөлөөлөөд эхлэхээр асуудал болж эхэлж байна.
- Ц.Бат инженерийн тухай ярьж байна уу?
- Тийм ээ.
Иргэн Ц.Бат ба иргэн А.Гансүхийн асуудал. Би зориуд ингэж хэлж байна. Инженер эсвэл том сайд байх нь энд огт хамаагүй. Шүүх хурлын үйл ажиллагааны бичлэгийг зориуд үзсэн. Аль ч талыг нь өмөөрмөөргүй байна. Гэхдээ шүүх ажиллагааны тухайд хууль бус явдал болсон гэж үзэж байгаа. Уг нь жиргээч Ц.Бат өөрийн бичсэн зүйлсийг нотлох баримт гаргасан бол зүгээр байлаа. Гэвч тэгээгүй.Викилийкс бол жишээ нь байнга нотлох баримт дэлгэдгээрээ онцлог. Хэрэв шүгэл үлээлт гэж үзэж буй бол шүү дээ. 
Магадгүй хүнийг үндэслэлгүйгээр 5000 удаа хулгайч гээд, тэр нь олон хүнд хүрээд байвал энэ бол яавч таатай зүйл биш. Хэдий сонинд хэвлэчихээгүй ч гэсэн үүнийг сониноос илүү хүчтэй сувгаар сурталчлаад байхаар эндээс ёс зүйн асуудал гарч ирж байна. 
Нөгөө талаас Ц.Бат инженерийг хуульгүй зүйл дээр шоронд хийж байгаа нь үнэхээр увайгүй үзэгдэл. Торгож болно, батлан даалт гэж бас бий. Гэтэл "Та ажилгүй юм байна аа" гээд шоронд хийж байгаа нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Юу гэхээр тэр хүн ажилтай, ажилгүй байх нь торгууль төлөхөд ямар ч хамаагүй. Тэр хүн эхнэрээсээ мөнгө авч өгч болно. Тэр хүн хадгаламжтай байж болно. Ажилтай хүн чөлөөтэй явж болдог. Ажилгүй хүн шоронд ордог нийгэм болчихож болохгүй. Энэ бол манай шүүх иргэдийн хэргийг хэрхэн үзэмжээрээ  шийдэж ирсний нэг илрэл. Франц Кафкагийн “Шүүх ажиллагаа” номонд л иймэрхүү балмад юм гардаг. Гэхдээ дахин хэлэхэд жиргээ бол Монголын ардчиллыг дараагийн шатанд авчирч байна.

- АНУ-ын Ерөнхийлөгчийг шүүмжлээд шоронд орж байсан уу гэх жишээг хүртэл манайхан авч байсан. 
- Тухайн нийгэм нь өөрийн гэсэн taboo буюу цээр, ёс зүйн хэм хэмжээгээ тогтоож байдаг. Нийгмийн уламжлалт сэтгэлгээ, ёс заншил гээд бичигдээгүй хууль дээр нийгмийн олон харилцаа тогтож байдаг. Иргэн Ц.Батын хэрэг нийгмийн сүлжээтэй холбогдолтой эрх зүйн зохицуулалтыг шаардаж байх шиг байна. 

-  Монголчуудад зориулсан олон нийтийн сүлжээний эхлэлийн нэг нь яах аргагүй гадаадад байгаа Монголчуудыг холбосон "Цахим өртөө" сүлжээ. "Цахим өртөө" ТББ хүртэл байгуулагдсан байна. Одоо эндэх таны оролцоо хэр байдаг вэ?
- Монголын интернэтийн түүхийг яривал их сонин. Анх "Монстуднэт " гэж чат байсан. Энэ сүлжээнд тааралдсан гадаадад байдаг Монгол залуус нэгдээд 1999 онд нэгэн имэйл сүлжээг байгуулсан нь Цахим Өртөө. Одоо эргээд харж байхад энэ сайт анхны л олон нийтийн сүлжээний нэг хэлбэр байсан болов уу. Тэнд жинхэнэ жиргээнд гарч байгаа хэлэлцүүлэг өрнөдөг байлаа. 
2005 онд бид төрийн бус байгууллага байгуулсан. Энэ байгууллагын нэг гишүүн нь гэхэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Түүний эрүүл нийгмийн төлөө, авлигын эсрэг хийсэн хөдөлгөөнд гадаадад суугаа Монголчууд хандив өгч ард нь бат зогсч байсан. Цахим Өртөө ТББ-д яг одоо 100 гаруй гишүүн бий.
40 хувь нь баруунд доктор, 50 хувь нь баруунд магистр хамгаалсан, орчин үеийн монголын сэхээтний төлөөллүүд. Энэ байгууллагын анхны Удирдах Зөвлөлийн даргаар хоёр удаа сонгогдож, одоо ч энэ байгууллагад ажиллаж байгаагаараа бахархаж явдаг. 
Удирдаж байх үедээ Хазара оюутны тэтгэлэг, гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг хуульчлуулах компанит ажлаас гадна Гадаадад суугаа Монголчуудын Анхдугаар Чуулга уулзалтыг өмнөх Засгийн газартай хамтарч хийж байлаа. Монголчуудыг эх нутагтаа ирж ажиллахыг уриалж АНУ, БНСУ-д Монголчуудад зориулсан ажлын яармаг гээд олон ажлыг бид санаачилж хийсэн. Миний хувьд одоо урьдын адил тэр болгон зав гаргаж чадахгүй байна.
Одоо манай УЗД-аар МУИС-ын Ч.Лодойравсал гэж чадварлаг залуу ажиллаж байна. Яг одоо бол ГХЯ-тай хамтарч “Монгол орны хөгжилд” 10-р чуулганы үйл ажиллагааг зохион байгуулж байна. Tэгэхээр цахим сүлжээнээс үүссэн ТББ бодит ажлууд хийж болж байгаагийн тод жишээ нь Цахим өртөө юм. 
УЛСТӨР/БИЗНЕС
- Бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа залуучуудаар имиж хийх сонирхол улстөрд их. Энэ нь гэхдээ тухайн залууст их сөрөг имиж болдог юм шиг санагддаг. Танд ийм зүйл тохиолдсон гэж боддог уу?
- Надаар имиж хийх гэж юу байхав дээ. Энэ бол миний л сонголт. Гэхдээ залуус улстөрийн идэвхтэй болоход эсвэл намд элсэхэд өөрсдөд нь имиж талаасаа халгаатай байдаг нь бол үнэн. Үеийн үед л ийм байсан байх. Нэг үг байдаг даа. "Түнэр харанхуйг зүхэж суухын оронд ганц ч болтугай лаа асаа" гэж. Бид болохгүй, бүтэхгүй байна гэж маш их бичдэг, ярьдаг. Энэ бол маш зөв. Гэхдээ үйлдэл, оролцоо чухал.

- Яагаад үүнийг асууж байна вэ гэхээр та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан. Тухайн үеийн олон нийтийн сүлжээнд үүсч байсан янз бүрийн хандлагуудыг ч санаж байна. Өөр рүү чинь дайрсан, довтолсон зүйлс мэр сэр байсан.
- Улстөрд талцал үүсдэг учраас муулуулах, гүтгүүлэх зүйл мэдээж гардаг байх. Тэр тусмаа сонгуулийн үеэр. Би 2009, 2012, 2013 оны сонгуулиудад идэвхтэй ажиллаж байсан.
2009, 2012 оны сонгуулиудад цахим сурталчилгаа, олон нийттэй харилцах асуудлаар АН-д гэрээт зөвлөх, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бол тус чиг үүргийг сонгуулийн штабд удирдаж ажилласан. 2012 oн, 2013 онд Монголд анх удаа сонгуулийн урьдчилсан дүнг EXIT POLL судалгааны аргаар зарлаж байсан нь онцлог байсан болов уу. Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн асуудлаар 2004 оноос хойш иргэн хүний хувьд тууштай тэмцсэн. Яагаад гэвэл би есөн жил гадаадад байхдаа нэг ч удаа сонгууль өгөх эрхээ эдэлж чадаагүй. Цахим өртөөг төлөөлж парламентад суудалтай намуудын дарга нартай санамж бичиг зурж байлаа. Үүний үр дүнд нийт сонгогчдын 10 хувь буюу үндсэн хуулиар олгосон сонгох эрхээ эдэлж чадахгүй байсан гадаадад суугаа Монголчууд сонгууль өгөх эрхтэй болж, 2012, 2013 онд сонгуулиа өглөө. Энэ бол маш том алхам. Цаашид зөвхөн консул, ЭСЯ-нд биеэр биш шуудангаар, цахимаар санал өгдөг болох хэрэгтэй байгаа. Олон улсын жишиг. 
"Дэлхий бөөрөнхий биш" гээд миний хамтран орчуулж байсан номон дээр гардаг. Нью-Йоркийн амбан захирагч траншейний нүх таглах гээд хайхад маш хэцүү байсан. Харин сайт нээгээд иргэдийг эргэн тойронд байгаа траншейний нүхний зураг, байршлын мэдээллийг явуулаач гэхэд хэдхэн хоногт олон мянган мэдээлэл ирж түүнийх нь дагуу засвар хийгдсэн гэдэг. Одоо манай нийгмийн сүлжээ яг тэр түвшинд ирж байна.  Тэдний шүүмж, мэдээлэл нь эрх баригчдад нөлөөлж байна. Энэ бол гоё соёл. Хүмүүс болохгүй байгаа зүйлээ бичиж байна. Болж байгаагаа урамшуулж байна. Гэхдээ дийлэнхдээ болохгүй байна л даа. Сөрөг хандлага нь их гэсэн үг. Ингээд бид шүүмжлээд л суугаад байх уу эсвэл дараагийн арга хэмжээг авах уу.
Энэ нийгэмд залуучуудын оролцоо маш чухал. Мэдээж бүгд улстөрч болох хэрэггүй. Хүссэн хүсээгүй бид өөрсдөө өөрчлөлтөд оролцох л хэрэгтэй. 

- Та одоо намын гишүүнчлэлтэй юу?
- Тийм ээ. 
Улстөр, намд орсон залуусыг яагаад их муу хүлээж авдаг болов гээд харъя. Өмнө нь ажилгүй нэг нь ажилтай болох эсвэл карьер муутай хүн карьерээ өсгөдөг хандлага нь их байсан учраас залуучуудыг намд орж яах гээд байна гэж харддаг болсон. Гэтэл энэ дунд бас ялгаа байна. Зарим нэг нь гудамжинд жагсаж болж байна. Гэтэл энэ явахгүй л болоод хүмүүс эрх барьж байгаа хоёр намд ороод байгаа биз.Гуравдагч хүчний хувьд манай улсад маш бага нөлөөлөлтэй. Хүчтэй дуу хоолой болж чадахгүй байна. 
Тэгэхээр олон жил дэмжсэн, өөрийн үзэл бодол арай ойр нь Ардчилсан нам л байсан. Дандаа гаднаас нь дэмжиж байхаар дотор нь ороод эхлээд намын бүтцийг ойлгоё, тэгээд болох бүтэхгүйг нь өөрчилье л гэж бодсон. Түүнээс надад намд ороод албан тушаал аваад, карьерээ өсгөх шаардлага байхгүй. Би өөрийгөө хувийн хэвшилд хангалттай амжилттай ажиллаж байгаа гэж боддог. Юу юугүй улстөрд орох ямар ч сонирхол байхгүй. Туршлага бага, нас ч залуу байна. 
Тэгэхээр намд ийм бодолтойгоор элсч буй залуусыг харин ч дэмжих хэрэгтэй гэж боддог.Би одоо 33 настай. Бид энэ өөрчлөлтийг одооноос хийж эхэлж байж 10, 20 жилийн дараа манай үеийнхэн лидер болж гарч ирнэ. 
Аль аль нам одоо мухардмал байдалд хүрч байна. Иргэдийн өмнө нэр хүндээ алдлаа. Хүмүүс МАН-д итгэл үнэмшилгүй болоод АН-ыг сонголоо. Тэгтэл АН юу хийж байна. Бас л хэцүү байна. Тийм ч учраас одоо эхэлж байгаа "Улстөрд шинэ манлайлал" гэж төслийг би хувьдаа их дэмжээд байгаа юм. 

- Таны оролцоо энэ төсөлд байгаа гэсэн үү?
- Би зөвлөх байдлаар оролцож байгаа. Энэ төслийг хүмүүс бас нэгэн реалити шоу гэж харж байгаа байх. Гэхдээ одоо үүсээд байгаа орон зайнд бүх аймаг, сумаас залуусыг оролцох боломжийг хангаад тэдний үгийг сонсох эфирийн цагийг нь өгч байна. Магадгүй энэ аливааг шүүмжлээд суудаг хүмүүс мэдлэг чадлаа бусадтайгаа хуваалцах, асуудлаа гаргаж ирэх боломж гэж бодож байна. 
Энэ нэвтрүүлэгт залуус оролцоод заавал улстөрч болох гээд байгаа зүйл биш. Миний бодлоор энэ төсөлд оролцсон залуус өөрсдийгөө нээнэ, найз, нөхөдтэй болно, нийгэмд танигдана. Цаашид карьераа зөв сонгох сонголтоо хийх байх. 
Глобал CEO  гэж нэвтрүүлэгт би орж байсан. Надад яг л ийм боломжуудыг нээж өгсөн.  
Глобал CEO нэвтрүүлэгт оролцсон залуус одоо бүгд Монголын топ компаниудад ажиллаж байна. Яг одоогийн энэ нэвтрүүлгээр ёс зүйтэй, чадвартай шинэ үеийн манлайлагч тав, зургаан залуу гараад ирвэл үнэхээр сайхан. Яагаад гэхээр бид одоо байгаа хүмүүсээс их юм хүлээх хэцүү юм байна. Өөрчлөгддөггүй юм байна. Тэгвэл өөрчилье. Агаар оруулъя. Энэ төсөл амжилттай явах байх гэж би бодож байгаа шүү. 

- Улстөрд шинэ одоос илүү манай бизнесийн салбар дахь манлайллыг бий болгох нь илүү хэрэгтэй биш үү?
- Одоо байгаа энэ төр болж байна гэж үү.

- Улстөрчдөөс илүү хийдэг, бүтээдэг хүн нь үнэ цэнэтэй байхыг бид хүсээд байгаа шүү дээ. 
- Тийм ээ. Санааг тань ойлгож байна. Гэхдээ одоо энэ улстөр, намуудын байгаа байдал энэ хэвээрээ байх ёстой юу, үгүй юу гэдэг нь бүх зүйлийн суурь болно.
Буруу бодлогоос болж бизнесүүд хэцүү байдалд орж байна шүү дээ. Бизнесийн салбар, ялангуяа технологийн салбарт дахиад нэг Зукерберг төрөх боломж бүрэн байгаа. Миний үндсэн мэргэжил бол мэдээллийн технологи. Тийм ч учраас iKon.mn -ийг хараад маш их үнэлсэн. Танай инфографик бол жишээ нь бусад вэбүүдэд үлгэр жишээ болж байна. 
Монгол залуу твиттер шиг зүйл сэдээд түүнийгээ оюуны өмчийн газар очоод баталгаажуулахад нээлттэй. Энэ өөрөө удаан процесс. Гэхдээ ерөнхийдөө өнөөдөр нэг Монгол залуугийн толгойд ийм гайхалтай санаанууд явж байгаасай л гэж боддог. Пейпал, Твиттер, Фэйсбүүк байна. Фэйсбүүк гэхэд цоо шинэ санаа биш. Өмнө нь ийм сайтууд маш их байсныг бид мэднэ. Тэгэхээр энэ бүгдэд ч гэсэн сайжрах боломж маш их байгаа шүү дээ. 
Миний санаа бол бид инновац хийдэг ард түмэн байх ёстой. ​Бид хөдөлмөрийн хямд ажиллах хүчний зах зээлд хэзээ ч хоёр хөрштэйгээ өрсөлдөж чадахгүй. Тиймээс бид маш сайн мэдлэгийн эдийн засагтай л орон байх ёстой. Гэхдээ эхний ээлжинд бид уул уурхайн баялагтаа түшиглэх нь гарцаагүй.

- Таныг улстөрд өөрийгөө бэлдэж байгаа гэж ойлгож болох уу?
- Болж өгвөл би улстөрд ормооргүй байна. Хүсээд байх зүйл биш. Хувийн хэвшилд ажиллах нь надад илүү амар санагддаг. Улстөр, нийгмийн салбарт ажиллах нь хувь хүний хувьд гарзтай.Нийгмийн төлөө учраас л тэр гарзыг хаях ёстой. Хэдий хувийн хэвшилд ажиллаж байгаа ч бид нийгэмдээ хэрэгтэй төслүүд хэрэгжүүлээд явж байна. Гэр хорооллын 270 айлыг байртай болгож байна. Энэ нь дунджаар 1000 хүн болж байгаа биз. Тэр 1000 хүнийг жагсаавал бас нэлээн урт дараалал болно оо доо. Тэгэхээр манай компаний залуучууд хийж чадаж байна. Ийм өөрчлөлтийг хувийн хэвшил л хийдэг л дээ. 

- Та гэхдээ одоогийн хийж байгаа ажлаа өөрчлөх тухай боддог уу. Нэг “шилжилт, хөдөлгөөн” хийх цаг нь болсон гэж бодож байгаа юу?
- Долоон жил бизнесийн салбарт ажиллалаа. Одоо яах вэ гэдэг асуудалтай тулгардаг юм байна шүү.Ингээд л яваад байх нь надад амар л байна л даа. Одоо шинэ байгууллагад очоод дахиад өөрийгөө нотолно, дахиад шинэ зүйл төлөвлөнө, хийнэ гэдэг бас их том сорилт. Ямар ч байсан би бизнесээс холдохгүй гэж боддог. Бизнес хийгээд нэлээд хөрөнгөтэй болсон хойноо л улстөрд орж магадгүй. 

- Одоо та өөрийгөө баян гэж хэлэхгүй юу?
- Би бол сэтгэлээрээ баян. Монголдоо сайхан л амьдарч байна. Гадаадад олон жил байж байгаад ирэхэд эх орон тань өлгийдөөд л авдаг юм билээ. Энэ бол өөрийн эх орон, бидний хамгийн том баялаг. Өөрийнхөө зорьж мөрөөдөж байсан ажлуудыг хийж байна. Олон улсын хурал уулзалт, гэрээ хэлэлцээрт очиход эсрэг талын ширээнд дандаа надаас ахмад хүмүүс байдаг. “Ямар залуугаараа компаний захирал хийдэг юм бэ” гэж тэд гайхдаг. ​Зөрүүлээд “Монголын дийлэнх нь залуучууд, тэд бас чадварлаг” гэж хэлдэг. Энэ бол Монголын онцлог. Манай залуучуудад маш их боломж байна. 

- Шинээр бизнес хийх санаа байгаа юу?
- Яг доо бол эхнэрийн маань ажиллуулдаг бизнесийн зөвлөгөө үзүүлдэг компани маань бий. Мөн “Инжинаш Паблишинг” гээд хэвлэлийн компанитай. “Инжинаш”-ийн тухайд залхуу хэвлэлийн компани. Жилдээ дөрвөөс таван сонгомол бүтээл гаргахыг зорьдог. Анхны компаниа бол АНУ-д оюутан байхдаа байгуулж байсан. 

- Та өөрөө шулуудаад, 100 хувь төвлөрөөд хувийн компаниа байгуулах уу л гэж асууж байгаа юм.
- Үүнийг би боддог. Санаанд маш олон төсөл байгаа. Нуулгүй хэлэхэд энэ бэлтгэл эхэлчихсэн.

- Ямар салбарт вэ?
- Дэд бүтэц. Монголд хэрэгтэй нэгдүгээр асуудал дэд бүтэц. 

ДЭД БҮТЭЦ БА ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл дээр танай компани ажиллаж байгаа. Энэ төсөл хүндрэлтэй хэрэгжиж байгаа талаар таны товч ярилцлагуудыг уншлаа. Төсөл ямар шатанд явж байна вэ?
- Энэ төсөл дээр хоёр жил ажиллаж байна. Хаанаас нь ярихаа мэдэхгүй байна. Төслийн талаар хэдэн ч цаг ярьж болж байна. 
- Хүндрэл?
- Хүндрэл гэвэл үү. Би энэ Э.Бат-Үүл гэдэг хүн болоод нийслэлийн шинэ удирдлагад ямар ч байсан маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Тэд их зоригтой байна. Хуучин гэр хорооллыг багасгах тал дээр хэн юу хийсэн юм бэ. Харин одоо хувийн хэвшлийн оролцоог дэмжээд хийж байна. Бид дэд бүтцийг нь тавьж өгье, хувийн хэвшлийг газраа чөлөөлөөд, хөрөнгөө олоод барилгаа барь гэсэн. Засгийн энэ дэмжлэг сайн дэмжлэг мөн. Нөгөө талаар бас тийм том дэмжлэг биш. Байх л ёстой зүйл. Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оролцож байгаа компаниудад хамгийн бэрхшээлтэй зүйл нь бид яармагийн хоосон дэнж дээр газар лоббигоор аваад байшин барьж байгаагаас тэс өөр. 
Улаанбаатарт асар олон барилга баригдаж байгаа. Харин тэр байрнуудад гэр хорооллынхон хэр их орсон бол. Маш цөөхөн.Харин бид нарыг орон сууц барихад тэр газарт байсан гэр хорооллын иргэд бүгд байртай болж байгаа байхгүй юу. Гайхалтай. 
Энд хэзээ ч орон сууцанд орох боломжгүй байсан өрхүүд гэвэл дийлэнх нь. Бид газрыг нь эргэлтэнд оруулж байгаа юм. Гэхдээ маш үнэтэйгээр. Гол асуудал нь нэг хашаанд газар эзэмшигчээс нь гадна олон айл амьдардаг. Бүгдээрээ байртай болох гэдэг. Хүмүүсийн шунал дийлддэггүй юм байна. Би айлуудтай маш их уулзсан. Энэ бол нийгмийн төлөө хийж байгаа төсөл гээд тайлбарлаад явдаг. 
Энэ төсөлд бид яагаад оролцож байгаа вэ гэхээр манай компани утааг бууруулж, хөрсний бохирдлыг багасгах уриатай. 
Манай багийн ажиллаж байгаа газраас урагшаагаа 1.5-2 км зайд Туул гол урсаж байгаа. Энэ хөрсний бохирдол нийслэлчүүдийн ундны усанд нөлөөлөөд эхэлсэн. Хүмүүс утааг яриад байхаас хамгийн чухал зүйл болох ундны усны бохирдлыг ярихгүй байна. 
Гэр хорооллын газар бүгдээрээ баас, шээсээр дүүрч байна. Хүмүүс яагаад үүнийг бодохгүй байна вэ. Бид энэ жил 110 хашааг чөлөөллөө. 270 айлыг нүүлгэлээ. 500 гаруй жорлон устгалаа. 270 яндан устгалаа. Энэ талаар твиттер дээрээ бичсэн. Гэтэл хүмүүс “Чи Монгол хүн байж яндан устгалаа” гээд шүүмжилсэн. Би гал голомт биш яндангийн тухай ярьж байна. 
Бид бүгдээрээ л энэ яндантай тэмцэх ёстой. Үр хүүхдүүд, биднийг бүгдийг нь хордуулж байгаа нь үнэн биз дээ. Бидний нийтлэг эрх ашгийг зөрчиж байна. 
Энэ яндан харамсалтай нь 180 мянга байна. 
- Энэ төслийн өртөг хэд болж байгаа вэ?
- 180 мянган өрхийн 270-д гэхэд бараг 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Мэдээж барилга угсралтын зардал бол маш их. Энд дурдаад ч хэрэггүй байх. Аав, ээж хоёр маань Орост өндөр боловсрол эзэмшсэн сэхээтнүүд. Тэд насаараа хөдөлмөрлөөд гурван өрөө байраа л хувьчилж авсан. Малчид өөрсдийнхөө малаа хувьчилж авсан. Гэр хороололд байгаа хүмүүс газраа хувьчилж авсан. 
Гэтэл энэ хүмүүс энэ газраа хэдэн зуун саяар үнэлээд байна. Тэгсэн мөртлөө ажилгүй нь олон. Шударга бус байгаа биз. Зарим нь насаараа хөдөлмөрлөөд гурван өрөө байртай болж байхад зарим нь архи уугаад гэртээ хэвтэж байж хэд хэдэн байртай болно гэдэг.
 Энэ дунд бэрхшээл маш их байна. Дээр нь эзэмших байтугай зөвшөөрөлгүй айлууд их байна. Ажил эхлээд явж байтал хашаандаа ах, дүү нараа нэмээд аваад ирнэ. Мөн газар эзэмшдэг олны танил эрхмүүд олон. Маш их мөнгө нэхдэг. Улстөрч, урлаг, спортын одод. 
Энэ хэсэг хүн энгийн ардуудаасаа илүү газрыг үнэд хүргэж байна. Яг энгийн иргэд бол ойлголцоход харьцангуй амар байдаг. 
2000 онд Улаанбаатарт 51 мянган хашаа, 85 мянган гэр хорооллын өрх, ойролцоогоор 350 мянган иргэн гэр хороололд амьдардаг байсан. 2009 он гэхэд хамрах талбай нь хоёр дахин нэмэгдсэн.Найман сая гаруй хавтгай дөрвөлжин метр квадратыг гэр хороолол эзэлсэн. 167 мянган өрх, 142 мянган хашаа болсон.
2013 оны байдлаар гэр хороололд амьдардаг өрхийн тоо 180 мянга боллоо. Энэ бол сүүлийн 14 жилд болж байгаа үйл явц. 
Барилга барьж байгаа түүх бас сонин. 2003 онд бид 1500 орчим орон сууц барьж байсан байна.2010 онд гэхэд 10 мянга болсон. Өнгөрсөн жил түүхэндээ анх удаа 16521 орон сууц ашиглалтанд орсон. Энэ жилийн төлөвлөгөө 20 мянга байсан. Гэхдээ энэ тоо эдийн засгийн хүндрэлээс болоод өөрчлөгдөх байх. Ингээд тэлж байгаа гэр хорооллын эсрэг барилгын салбар дагаад өсч байна. Гэтэл худалдан авалт юу билээ. 
Энэ засгийн боломжийн хийсэн зүйл нь найман хувийн зээл гэж боддог. 2008 онд гэхэд 16 мянган гэр бүл л моргейжтэй байж. Энэ тоо 2010 онд хэвээрээ шахуу. 2011 онд 26 мянга болсон. 2012 онд 30 мянга, 2013 онд 48 мянга буюу огцом өссөн. 

- Одоо 60 мянга руу дөхөөд байгаа. 
- Энэ их сайн мэдээ. 60 мянга гэдэг тоо дахиад 100, 200 мянга болох боломж байгаа. Моргейжтэй болохын давуу тал маш их. Хүн болгон тогтвортой ажлын байртай болохын төлөө хичээдэг. Иргэд санхүүгийн сахилга баттай болдог гэсэн үг. Хөгжингүй орнуудад нийт иргэдийн дийлэнх хувь нь ийм зээлтэй байдаг бол манай оронд цөөхөн хувь нь орон сууцны зээлтэй байна. 

- Гэхдээ танай төслийн эерэг үр дүн эхнээсээ гарч байна шүү дээ.  
- Тийм ээ. Үр дүн эхнээсээ гарч эхэлж байна.  Тэнд байсан 270 айл түрээсийн байранд амьдарч байгаа.Өнгөрсөн шинэ жилээр оргилуун дарсаа орон сууцанд тэд анх удаа буудууллаа. Хүүхдүүд айж, ичээд харанхуй гудамжаар явдаг байсан бол өнөөдөр орон сууцанд амьдарч байна. Үүнийг манай компаний нийгэмд хийж буй буян л гэж бодож байгаа. Үүнийг хэн хийж байгаа юм. Төр хийхгүй. Хувийн хэвшил л хийж байна. 
Гол нь хувийн хэвшил ийм зүйл хийснийхээ төлөө дандаа адлагддаг.  
Моннис групп баяжаад байгаа юм шиг. Үгүй шүү дээ бид айл болгонд түрээсийн мөнгө өгөөд маш хүнлэг ажиллаж байгаа. Маш сайн гэрээ айлуудтай хийж байна. Бүгд орон сууцаа хүлээж байгаа. Зарим нь орон сууцаа авсан. Тэр хавиар утаа ч гайгүй болсон. Тэр чигээрээ гэр хороолол байдаг газар. Харин одоо арваад га газар сайхан орон сууц болно. 
Ямар ч байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд амжилтанд хүрэх байх гэж бодож байна. Хүрээсэй гэж хүсч байна. Энэ төсөл уначихвал хэн хохирох юм бэ. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүс, бид нийтээрээ л хохирно шүү дээ. 
Тэгэхээр үүнд бид ач холбогдол өгмөөр байна. Үнэхээр утаагүй болмоор байгаа бол шүү дээ.
Мөн сүүлийн үед Нийслэлээс өргөн барьж буй хуулийн төсөлд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга нар хувийн хэвшлийнхнийг энэ төслүүдээс зүрхшээх хандлагыг бий болгох гээд байна. Тэдний ярьж буйгаар хашаанд байгаа бүх айл орон сууцтай болох ёстой гэнэ. Газар эзэмшигч биш, дотор нь нүүж ирсэн хамаатны айлууд. Яагаад ийм амьдралгүй юм яриад байна аа? Монгол хүн бүр .07 га газар өмчлөх эрхтэй байхад яагаад нэгнийдээ шавчихаад олон байр нэхээд байгаа юм бэ? Хамаатныхаа хашаанд сууж байгаад  байр аваад дахиад л өөр газар бас өмчлөх эрх нь нээлттэй үлдээд байна шүү дээ. Энэ бол шударга бус явдал. Бид нэг хашаанд дунджаар хоёр орон сууц өгч байна. Энэ бол хангалттай төлбөр. Хэрэв энэ хоёр гишүүн шиг бодолтой хүмүүс байгаад  байвал гэр хорооллын дахин төлөвлөлт явахгүй шүү. Энэ төсөл рүү орох компани ч дахиж гарч ирэхгүй байх. Популизм их үнэтэй шүү. Ийм хүмүүсээс болоод бид нийтдээ утаандаа багтраад, бахь байдгаараа үлдэнэ. 

ЭДИЙН ЗАСАГ
- Одоо үүсээд байгаа эдийн засгийн хүндрэл хүмүүсийн бодлыг зөв тал руу эргүүлж чадсан болов уу. Хэдий хүндрэл байгаа ч бид олон зүйлийг ойлгож сурч байна шүү дээ. Жишээ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг бид ад үзээд, хөөгөөд гаргаад явах нь ямар хортойг мэдэрч байх шиг байна. 
- Тийм ээ. Бид маш их өртгөөр ухаажиж байна. 
Монголын ард түмэн, улстөрчид энэ хүндрэлээс хоёр, гурван зүйлийг маш сайн ойлгож авах шиг боллоо. Нэгд, популистуудаар тархиа угаалгаад байж болохгүй юм байна. Хоёрт, бид нүүрс эсвэл зэсээ л гаргахгүй бол юу ч үгүй ямар ч орлогогүй хүмүүс юм байна. Юу ч үйлдвэрлэдэггүй юм байна. Бидэнд мах л байна. Төмс, ногоо жаахан байна. Гэхдээ тэр нь тийм олон төрөл биш ээ. Өөр юу ч байхгүй. Хил хаавал яах вэ. бид маш сайн ойлгож авлаа. Мөн хамгийн чухал нь бэлэн мөнгө тарааж болдоггүй юм байна аа гэдгийг маш сайн ойлгосон нь амжилт юм шиг байна. 
Н.Алтанхуяг долларын ханшийг яагаад нэмчих вэ гээд л хүмүүс буруутгаад байна. Гэтэл дөрөв, таван жилийн өмнөөс бид нар өөрсдөө энэ бүхнийг хийгээд эхэлчихсэн зүйл шүү дээ. 
 Хүмүүс бөглөрөөд байна, зам муухай байна гэж бүгд гомдоллодог. Гэтэл зам, уулзварыг  засахаар бондын мөнгийг хэрэггүй зүйлд зарцууллаа гэдэг. Миний бодлоор хэн нэгэн муулуулаад ч хамаагүй хийж байна. Гол нь энэ зам нь үлдэх байхгүй юу. Энэ замаар явж байгаа хүмүүс ажлаа амжуулж байна, бага бөглөрнө. Нийгмийн бүтээмж асар их нэмэгдэнэ. 
Жишээ нь бид 1 цагт авах цалингаа зам дээр түгжрээд өнгөрвөл тэр мөнгө хий дэмий зүйлд зарцуулагдаж байгаа биз. Улаанбаатар хотод байгаа нэг сая хүн нэг цаг бөглөрөхөд нэг сая цаг гарч гарна. Монголд дундаж ажилтан 500-800 мянган төгрөгний цалинтай. Цагт дунджаар гурван мянган төгрөгний цалинтай гэсэн үг. Тэгвэл үүнийг саяд үржүүлэхэд гурван тэрбум төгрөгний алдагдал бид хүлээж байгаа биз. Энэ хооронд бөглөрснөөр бензин үрэгдэнэ. Энэ бензиний мөнгө хаашаа явж байгаа билээ. Орос руу. Зам муу байснаар машин эвдэрдэг. Машины эд анги хаанаас ирдэг вэ. 
Тэгэхээр зам өргөн болоод, саадгүй зорчдог болох нь эдийн засагт маш том өгөөжтэй. 

- Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоногийн хүрээнд жаахан ч гэсэн эерэг өөрчлөлт гарсан гэж та харж байна уу.
- Би энд дүгнэлт хиймээргүй байна. Яагаад гэхээр энд анхаарал тавиагүй. Хоёрт би урдах ажлаа л сайн хийх хэрэгтэй байсан. Бүх юмыг мэддэг байх албагүй. Одоохондоо газрыг нь амлаад авчихсан айлуудаа яаж байранд оруулах вэ гэдэг дээр л ажиллаж байна.
- Эдийн засгийн хямрал танай компанид хэрхэн нөлөөлж байна вэ?
- Эдийн засаг үнэхээр хямарч байна. Хувийн хэвшилд маш хүнд мэдрэгдэж байна. Олон жил хамт ажиллаж байсан хүмүүсээ цомхотгож байна аа гэж хэлээд зогсох надад хүнд байсан. Би тэр хүмүүст компанийн удирдлага үүнийг хүсээгүй юм шүү л гэж хэлсэн. Тэр хүмүүст өнөөдрийг хүртэл хэвийн цалинг өгөөд явж байсан. Гэтэл өгдөг мөнгө нь байхгүй болчихдог юм байна. Манайд өглөгтэй компаниуд нь мөнгөө өгч чадахаа больдог юм байна.
Жишээ нь бид нүүрсээ борлуулах олигтой гэрээ хийж гаргаж чадахгүй байхаар тэнд ажилладаг оператор компаниуд мөнгөгүй болчихдог. Улмаар операторууд нь түрээсийн тоног төхөөрөмжийн хөлсөө төлж чадахгүй болдог юм байна. Тэр тоног төхөөрөмж нь банкинд өндөр хүүтэй зээлд хамрагдсан байдаг. Тооцоо нь валютаар явдаг. Ингээд дам дамаа нөлөөлдөг. Энэ хямралаас бид маш их зүйл сурч байна. Маш үнэтэй л сургамж болж байна даа. 

- Мэдлэгийн эдийн засаг гэж үг таны ярианд мөн гарлаа. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
- Суурь нь инженерийн мэдлэг, шинжлэх ухаан, технологи, судалгааны институт. Гэхдээ манайд бол хол л харагдаж байна. Жишээ авахадсаяхнаас л бид инженерийн боловсролыг үнэлдэг болж байна. Нэг хэсэг сайн инженер үнэхээр байхгүй байсан. Нэг бол дөнгөж сургууль төгссөн залуу, нэг бол 40-50 гарсан инженертэй л болчихсон байсан. Одоо инженерүүд өндөр цалин авдаг болж байна. Эрэлт нэмэгдэж байна. Зөв хандлага.  
Гэхдээ бид юуны өмнө үндэстний амбицаа зөв тодорхойлж, түүнээ бүгдээрээ мэддэг, бат итгэдэг, хамтдаа зорьдог болох ёстой. Энэ амбицаа тодорхойлоогүй үед бас мэдлэгийн эдийн засаг руу шууд хүрчих боломжгүй. Намууд саяхан болтол мөнгө л амлах тухай ярихаас үндэстний амбицийн тухай огт ярихгүй байна. Манай урд хөрш Хятад мөрөөдөл гээд гаргаад ирж байна. Яг ийм зүйл манайд үгүйлэгдээд байх шиг. 
Бодлого тодорхойлогч, нөгөө Монгол мөрөөдлийн концепцыг гаргах манлайлагчид гарч ирэх ёстой. Шат шатаар ахиж л байгаа болов уу. 2012 оны УИХ-ын сонгуулийн бүрэлдэхүүн өмнөхөөсөө сайжирсан гэж би боддог. Бизнесийн ашиг, сонирхолтой хүмүүс орж байгаа сул тал бий ч 2016 онд бидний сонголтууд их сонирхолтой болох байх. Бид популистуудаас салах байх. 2020 он. Маш сайн сонголттой болно гэж найдаж байна. Улстөрийн итгэлцүүр учраас УИХ-аар л жишээ аваад байгаа юм шүү. 

- 2020 он гэхэд сонголт яг ямар болно гэж?
- Тэр үед мэдлэгийн эдийн засаг гэдэг зүйлийн суурь тавигдана. Монгол залуучууд инновац хийж эхлэх байх. Оюуны өмчийг өндөр хэмжээнд хүндэтгэдэг болох байх. Улстөрчдөөс өндөр ёс суртахуун шаарддаг, мэдлэгтэй удирдагчдыг сонгодог болно гэж найдаж байна. 
Одоо бол мөнгө тараадаг, сайхан дуулдаг, морь уралдуулдаг, том хөөрөгтэй хүмүүсийг сонгоод байна. Тэр үед үнэлэмж арай өөр болох байх гэж.  
Хоёрдугаарт баруунд боловсрол эзэмшсэн, өндөр ёс зүйтэй цоо шинэ үе  гарч ирнэ. Яг одоо бид барууны юм шиг ийм орчинд сууж байна. Гэтэл эндээс хоёр км газар яваад л боловсон ариун цэврийн өрөөгүй айлууд амьдарч байна. Өнөөдөр Улаанбаатарын иргэдийн 60 хувь нь халуун усгүй, тог тасалддаг, интернэт, юнивишн бүр дараагийн асуудал байх хэмжээний байдалд байна. 10 хүн тутмын зургаа нь гэсэн үг. Хүүхдийн цэцэрлэг алга. 
Гол санаа маань мэдлэгийн эдийн засагт шууд хүрчихдэг зүйл биш. Бид хэрэглэгч бус үйлдвэрлэгч, инновац гаргадаг, патент эзэмшдэг иргэдтэй, компаниудтай болох ёстой.  
Манай үндэсний компаниуд улам томрох ёстой. Тэд анх ганзагын наймаа, дараа нь импорт, трэйдинг хийж өдий зэрэгт хүрсэн. Одоо үйлдвэржилт рүү явж байна. Удахгүй том компаниуд хажуудаа R&D судалгаа шинжилгээний тасаг, лабораториудтай болох байх. Тэр үед нөгөө гадаадад үнэлэгдэж буй докторууд, эрдэмтэд Монголдоо ажиллах юм. Ийм процессыг алгасах боломжгүй. Ер нь оюуны гадагшаа чиглэсэн урсгал буюу brain drain-ыг буцаагаад brain gain хийх процессыг бүх улс орнууд туулсан байдаг. Япон, Солонгос, Тайвань, Хятад, Сингапур г.м. Энэ орнуудын иргэд 1960-аад оноос хойш барууны орнуудад ихээр суралцаад мэдлэг, нөү хау эзэмшээд буцаж ирээд улс орноо хөгжүүлсэн байдаг. Манайд ч үзэгдэж буй үзэгдэл. Өнөөдөр Монголын 100 хүн тутмын нэг нь Америкт, нэг нь Солонгост, нэг нь Европт байна. Aмерикт байгаа 30 000 иргэдийн 5000 нь оюутан. Энэ бол гайхамшигтай тоо. Энэ хүмүүс чинь 2020 он гэхэд бас нэлээд нь буцаад ирчихсэн байх болов уу. Гэхдээ өнөөдөр ч бид гутраад байх зүйл алга.  
Монголчууд бид хэзээ ч ийм сайхан ардчилсан нийгэмд сэтгэл өндөр амьдарч байгаагүй байх аа. Монгол хөгжлийнхөө өөд л явж байгаа л гэж бодож байна. 70 -аад жил ЗХУ-ын дагуул орон байлаа. 200 жил Манжийн дарлалд байсан. Их Монгол Улсын түүхээс хойш өнөөдөр бол урьд хожид байгаагүй тийм сайхан нөхцөлд байгаа гэж боддог.Энэ зуун бол тусгаар тогтносон Монголын шинэ сэргэн мандалтын зуун гэж харж байгаа. Бид нийгэм, эдийн засгийн хөгжлийн туулах ёстой замаа туулаад л явж байгаа. Хэр хурдан гэдэг нь л асуудлын гол болохоос. 

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ
- Нийгэм, эдийн засгийн яриагаа түр хойшлуулаад таны номын ажлаас чинь яръя. Олон орчуулгын ном дээр таны нэр байдаг юм билээ.
- Орчуулга хийх бол цэвэр миний хобби л юм даа. Оюутан байхад гадаад хэл, дээр нь монгол хэлээ сайжруулахад нэмэр болсон. Хэд хэдэн номын орчуулганд оролцсон. Номтой ойр байхыг хичээдэг.Хүн урлаг, утга зохиолтой ойр байж хүн чигээрээ үлддэг юм шиг санагддаг. Дандаа мөнгө, ажил бодоод байх биш. Эсвэл түр зуурын үзэгдлүүдэд бидний оюун санаа их автдаг байх. Ер нь бид бүх зүйлд санаа зовж амьдрах нь бас зөв ч юм уу, үгүй ч юм уу. Өөрийн өмнөх зүйлээ л сайн хийдэг. Хөрштэйгээ сайхан мэндэлдэг, хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ сайн хамт олон болж чаддаг л байх хэрэгтэй юм шиг. 
Миний мөрөөдөл бол зуслан дээрээ гэр бүлтэйгээ байгаад сайхан уран бүтээл уншаад, бас орчуулаад л суумаар санагддаг. Ном уншаад, бичээд л ... Энэ миний хамгийн их кайф авдаг зүйл. Эцсийн дүндээ хүн амар амгалангийн төлөө л байдаг болов уу. 

- Тэгвэл хамгийн их таашаал авч орчуулсан бүтээл чинь юу вэ. Ажиа гэгээний намтар “Цагийг бэлгэдэгч наран чөлөө”, “Дэлхий бөөрөнхий биш” гээд олон сайн ном бий. 
- Ажиа гэгээний намтрыг орчуулж байхад манайхан Ажиа гэгээнийг төдийлөн сайн мэддэггүй байлаа. Саяны бий болсон эмнэлэгээр нь Монголчууд их таньдаг боллоо. Орчуулга хийхдээ бид Г.Аким гуайн Англи, Орос, Монгол буддизмын шашны нэр томъёотой толиудыг ашигласан. Ажиа гэгээний номыг Г.Аюурзана гуай редактор хийсэн. Таван хүн хамтарч орчуулга хийсэн. Сан-Францискогоос Др. Ш.Баатар, Лондонгоос Д.Цэрэнбат, Вашингтоноос өөрийн тань ярилцлага хийсэн Др. М.Саруул-Эрдэнэ, Японоос Др. Ч.Чимэгбаатар нартай хамтарч орчуулсан.
“Британика”-гийн орчуулгад олон арван хүн оролцсоноос, мэдээллийн технологийн хэсгийг хамтарч орчуулсан. Нэлээд хүнд санагдаж байсан.  Яагаад гэхээр технологийн хэсэгт байгаа үгнүүд ихэнх нь Монголоор буугаагүй байдаг. Англиар эсвэл оросоор бий. Мэргэжлийн бус хүн огт ойлгохооргүй зүйлүүд их байдаг. Заримдаа нэг тайлбарыг орчуулах гэж хагас өдөр хүртэл бодох шаардлага гардаг. Ийм байдлаар хугацаа их ордог. 
Баабар гуайн “Нэпко” гэдэг компани Монголчуудыг соён гэгээрүүлэхэд асар том хувь нэмэр оруулж байгаа. ​“Британика”-г бид нэвтэрхий толь л гэж хараад байх шиг байна. Гэтэл энэ нэвтэрхий толь орчуулагдах үйл явцад маш олон шинжлэх ухааны нэр томьёо, ойлголт Монгол хэлнээ буусан. Мөн Монголчуудад байгаа шинжлэх ухааны ойлголтыг цэгцлэхэд хувь нэмэр оруулсан гэж боддог.Биологи, экологи, анагаах ухаан, технологи гээд маш олон салбар тус бүрийн хэллэг, тайлбар ингэж бууна гэдэг том ажил. Үүнээс өмнө “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” гэж ном байсан. Энэ номыг би уншиж өссөн. Тэр тусмаа гуравдугаар ботийг нь унших хамгийн дуртай байлаа. Тэнд Плантоны “Агуйн тухай сургааль” гэж дурдагддаг. Уг нь бол “Агуйн тухайн ёгтлол” юм.
Америкт дунд сургууль, коллежид орсны дараа энэ талаар үзэж байсан. Миний хүүхэд байхдаа уншиж байсан “Агуйн тухай сургааль” юм байна гэж мэдсэн. Манайд тухайн үедээ эх зохиол нь байхгүй байсан. “Агуйн тухайн ёгтлол”-г орчуулж байсан. Энэ орчуулгадаа их дуртай.Мөн “Дэлхий бөөрөнхий биш” номыг тавуулаа хамтарч орчуулсан. Залуус мэддэг, сайн уншсан байдаг. 

- Монголд ирээд удаагүй байхдаа Америк дахь ажлаа эндээс хийдэг байсан гэсэн. Ямар ажил хийдэг байсан бэ. Сонирхуулахгүй юу?
- Тийм ээ. Хүн нас насандаа, шат шатандаа хийж үзэх ёстой ажил гэж байдаг гэж боддог. Оюутан байхдаа кассчин, ресторанд зөөгч, менежер хийж байлаа. Дараа нь компаниудын нүүхэд нь очиж ажилладаг IT компанид цагаар ажилладаг байсан. Компани нүүхэд бүх компьютер, сүлжээ, сервер бүгд нүүдэг. Үүнийг нь холбох ажил хийдэг байлаа. 
Чикагогийн өндөр барилгуудыг бараг дуусгасан байх аа. Оюутан хүний хувьд сонирхолтой л туршлага. Энэ өндөр гоё байшингуудад би нэг л өдөр мэргэжлээрээ олон мянган долларын цалинтай ажил хийнэ дээ гэж боддог байсан. Тэр мөрөөдөлдөө хүрсэн. Сургууль төгсөхөөсөө өмнө хэд хэдэн ажлын байрны санал авсан. Сайн газруудад ажиллах боломж надад гарч байлаа. Миний харамсаж явдаг зүйл бол Чикагогийн Түүхий Эдийн Хөрөнгийн биржид орох боломжоо өөрөөсөө болоод алдаж байсан. Оракл-д намайг авсан ч гэсэн тухайн жилийн визний квот болоод би азгүйтсэн.
Миний хувьд сургалтын төлбөрийн өртэй байсан учраас хурдан ажилд орох шаардлагатай байсан. Тиймээс нэг их том биш дундаж компанид орсон. Эрүүл мэндийн мэдээллийн технологийн компани. Гурван сая эмнэлгийн ажилтнуудын мэдээллийн баазыг хариуцдаг байсан. Их сонирхолтой ажил. Бас ирээдүйн эмнэлгийн судалгаа, мужуудад байх эмнэлгүүдэд мэдээллийн технологийн шийдлүүдийг санал болгож консалтинг хийдэг компани юм. 
Дараагийн ажил маань өр, зээл барагдуулах хуулийн фирм байсан. Манай компаниар АНУ-ын ихэнх эмнэлэг, сургууль, машины лизингийн компаниуд үйлчлүүлдэг байсан. Жишээ нь Тоёота-с ирээд 300 мянган хүний данс өгдөг. Бүх хүний овог нэр, ажил, цалин, байршил байдаг. Энэ 300 мянган хүн төлбөрөө төлдөггүй. Машинаа аваад явчихсан байдаг. Бид эрэн сурвалжлах албатай. Америк өөрөө 300 сая хүн амтай. Дотооддоо шилжилт, хөдөлгөөн ихтэй. Хаяг тогтооход маш хүнд байдаг. Арай хийж нөгөө хүнээ олоод шуудангаар захиа явуулдаг. Энэ олон зуун мянган хүнд гар аргаар захиа явуулна гэж байхгүй. Програмын аргаар явуулдаг байсан. Бас араас нь гэрийн утсаар нь автомат утас цохино. Шуудан, утас бас дотоод ERP систем гээд бүх зүйл нь IT суурьтай. Энэ бүх програмын алдаагүй ажиллагааг хангадаг байлаа. Энд би хоёр жил маш өргөн мэдээлэл дунд ажилласан. 
Ингээд ажиллаж байх явцад ар гэрийн асуудлаар Монголдоо ирэх хэрэгтэй болсон. Харин би даргадаа хүсэлт тавиад Монголоос VPN –ээр холбогдоод ажлаа хийхээр тохирсон. Өөрөөр хэлбэлМонголоос Чикагод байдаг өөрийн компьютертэйгээ холбогдоод, цаашаагаа сүлжээгээрээ 30 орчим компьютерт холбогдоод ажилладаг байлаа. Нөгөө дэлхий бол хавтгай гээд орчуулалцсан ном дээр байдаг зүйл амьдралд тэгж хэрэгжихийг харахад сайхан байсан. 

- Таны мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагын талаар төдийлөн сонсож байгаагүй юм байна. Дандаа л менежментийн ажил хийж байсан юм байх гэж бодож байлаа. 
- Би дээр дурдсан хоёр компанид програмистаар гурван жил ажилласан. АНУ-д байхдаа компани байгуулж байсан гэж дээр хэлсэн. Оюутан байхдаа гэсэн үг. Mongolianbooks.com Номундалай гээд номын дэлгүүр ажиллуулдаг байсан. Монголын “Амазон”-ыг байгуулах сонирхолтой найз нартайгаа хамтарч Чикаго, Лондон, Токио, Сөүл, Сидней гээд таван оронд салбартай ажилладаг байлаа. Пэйпалаар төлбөрөө авдаг байсан. АНУ-д 20 гаруй мянган долларын ном зарсан шүү. Миний зорилго юу байсан бэ гэхээр гадаадад байгаа Монгол айлуудад Монгол ном их ховор байсан. Бие биенээсээ ном зээлж уншдаг болохоор энд зах зээл байгааг олж харсан. Монгол айл болгонд “Нууц товчоо”, “Цагаан толгой” байх ёстой юм байна гэж бодсон.“Цагаан толгой” маш борлуулалттай байсан. Хүүхэдтэй айл болгонд хэрэгтэй. Худалдан авагч нар манай сайт руу ороод номоо сонгоод худалдан авалт хийхээр шуудангаар явуулдаг байсан. 

- Энэ бизнест зардал нэлээд орсон байх. 
- Тийм ээ. Гэхдээ бид өөрийн зорьсон зүйлээ хийсэн. Надад том туршлага болсон. Компанийн засаглалын хувьд ч олон зүйл сурсан. Ямар ч байсан Монголын анхны интернэт номын дэлгүүрийг эхлүүлж байсан.

- Та өөрийн уншдаг лекц, яриа, илтгэлүүдээсээ сонирхуулахгүй юу.  Ямар сэдвээр яриа хийдэг вэ?
- Монголд ирснээсээ хойш жилд гурваас дөрвөн газар яриа хийж, лекц уншдаг. ШУТИС, МУИС гэх зэрэг сургуулиудад урилгаар очиж яриа хийдэг. Бас Олуулаа клубын шугамаар хөдөө орон нутагт ч хэд хэдэн удаа лекц уншсан. Хувь хүний хөгжил, карьер хөгжүүлэлт, мэргэжлээ сонгох г.м сэдвээр голцуу. Энэ сард залуучууд төслийн менежментийн сэдвээр яриа хийж өгөөч гэсэн. Би өөрийнхөө удирдаж байсан төслүүдээс жишээ аваад олон улсын төслүүд хэрхэн явдаг талаар туршлагыг хуваалцана гэж бодож байгаа. /лекц тавигдсан 2014.09.10/ 

- Залуучуудад юу гэж зөвлөх вэ?
- Хамгийн чухал нь юу гэхээр байнга, байнга өөрийгөө хөгжүүл. Энэ бол өөртөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Чиний үнэ цэнэ улам л өндөр болно. Эдийн засаг яаж ч хямарч байсан чиний үнэлгээ буурдаггүй. Яагаад гэхээр чадвартай хүн байнга л хэрэгтэй байдаг. Тэр тусмаа дэлхийн хаана ч очоод үнэлэгдэх хэмжээний мэргэжилтэн болвол сайн. Яагаад гэхээр глобал эдийн засагт бид амьдарч байгаа. Ийм хэмжээнд залуучууд маань байх ёстой. Би өөрөө ийм хэмжээнд байхыг хичээдэг. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэх зүйл дээр битгий хойрго хандаарай л гэж хэлмээр байна. 

- Оюутнууд, залууст зориулж хэрхэн амжилттай ажилд орох талаар таны зөвлөгөөг блог дээрээс чинь уншиж байлаа. 
- Оюутнуудад гурван зүйлийг л хэлдэг. Олон улсын түвшинд ажилд ороход ямар шалгуур тавьдаг вэ. Нэгд, харилцааны соёл, хоёрт, үйлчилгээний соёл, гуравт, таны мэргэжлийн чадвар. Сонин байгаа биз. Эхний хоёр дээр муу хүн хэчнээн сайн ажилтан байгаад хамт олон дунд байхад ажил ерөөсөө явдаггүй байхгүй юу. Маш сайн инженер байгаад харилцааны асуудалтай байвал ерөөсөө явдаггүй. Америк гэхэд өөрөө service industry (үйлчилгээний зах зээл) болчихсон. Бүх юм харилцаан дээр тогтдог болчихсон. Хоёрт, хүн хүнд үйлчилж чаддаг байх ёстой. Хүн хүндээ л үйлчилдэг нийгэмд бид амьдарч байгаа. Монголд үйлчилгээ маш муу. Энэ бол маш том алдагдал. Одоо сүүлийн үеийн залуучууд үйлчлэгч, зөөгч их хийдэг болчихсон. Маш их зүйл сурдаг байхгүй юу хүн. 30, 40 хүрээд зөөгч хийгээд байх утгагүй. Залуу байхдаа, оюутан байхдаа ийм үйлчилгээний газар ажиллаад үзчих хэрэгтэй. Хүнд үйлчилж, хүнтэй зөв харьцаж сурдаг. Ихэнх зүйлийг би сургууль гэхээсээ ажлаасаа суралцаж авсан. 
Үйлчилгээний салбарыг хөгжүүлээгүй тохиолдолд бид аялал жуулчлал зэргийг бүр ярилтгүй.

- Гадаадад сурч байгаа Монголчууд дийлэнхдээ сурахын хажуугаар ажил хийдэг. Харин эх орондоо байгаа оюутнууд давхар ажил хийх нь бага байдаг байх. Ажил хийсэн нь илүү хөгжөөд явдаг харагддаг. Таны бодол?
- Залууст өөрийнхөө карьерийн түүхийг маш сайн бичих ёстойг зөвлөдөг. Өөрийнхөө үйлдлээр гэсэн үг. Яарч нэг захирал болох гэсний хэрэггүй. Бүх зүйл дараалалтай. Жишээ нь, би мэргэжилтэн байх их дуртай. Гэхдээ буцаад хийхгүй байх. Яагаад гэхээр энэ чинь тодорхой насанд л олддог зүйл. Энтрепренерууд бол тусдаа. 
Залуучууд маань төгсөөд мэргэжилтнээр ажиллаад үзэх хэрэгтэй. Дараа нь албаны дарга болчих. Тэгээд газрын захирал болчих. Тэгээд та компани удирдах хэмжээнд очно доо. 
Оюутан байхаасаа л сайн ажил хийж үзэх хэрэгтэй.  Оюутнуудыг ажил хийгээсэй гэж боддог. Америкт их сургуулийн төлбөр өндөр. Түүнийгээ олох гэж миний хувьд лав таван жил амарч үзээгүй. Шинэ жилийн орой ч гэсэн ажлаа хийж л байсан. Тэгээд би муудсан юм алга л байна. Одоо дутах юмгүй сайхан хангалуун амьдарч байна. Бодвол тэрнийхээ үр шимийг л хүртэж байгаа байлгүй. 

- Танд анх дөрөвдүгээр сард ярилцлага хийх урилга өгсөн. Харин та ойрдоо хэвлэлд ярилцлага өгөх сонирхол бага байгаа гээд есдүгээр сар хүртэл хойшлуулсан. Харин бүр “буглачихсан” ярих зүйл маш их болчихсон байгаа санагдлаа. 
- Зүгээр зүгээр. Би найзуудтайгаа их зүйл ярина. Хийчихмээр зүйл их байдаг учраас их дэлгэрэнгүй ярьж байх шиг байна.

- Хазара оюутнуудыг Монголд сургах тэтгэлэгийн эхний шат амжилттай хэрэгжээд дууслаа. Энэ хөтөлбөр дахиж үргэлжлэх үү?
- Дэлхийн Монгол айл гээд баримтат кинонд гүйцэтгэх продюсер, орчуулагчаар Афганистан явахдаа тэнд маш зовсон хазара үндэстэнтэй танилцсан.  Цахим өртөөний тэтгэлгээр гурван хазара оюутан Монголд сургуулиа төгслөө. 
Хоёр нь МУИС-аас тэтгэлэг аваад магистрт үргэлжлүүлж сурахаар боллоо. Нэг нь Швейцарт их сургуульд сурахаар болсон. “Цахим өртөө”-н 15 жилийн ой тохиож байна. 10 жилийн ойн ажлын хүрээнд энэ гурван оюутныг сургалаа. 15 жилийн ойгоороо гадаадад байгаа Монголчуудын чуулга уулзалт болох гэж байгаа. “Бүтээмжит хамтын ажиллагаа” чуулга уулзалтыг Монголд зохион байгуулах гэж байна. Мөн энэ удаад Дээд Монгол, Халимагаас хоёр оюутанг тэтгэлэгээр суралцуулахаар зарлаж байгаа.Дахиад таван жилийн төсөл гэсэн үг. Бид Монгол туургатнаа таньж мэдэх хэрэгтэй. Соёлын солилцоо хийгдэж байх ёстой. Монгол гэхээр бид гурван сая хүний тухай л яриад байна. Уг нь бол Монгол туургатан гэвэл 10 сая гарна шүү дээ.

- Олон ажлыг зэрэг хийхэд өдрийн ажлын найман цагт багтаж байна уу?
- Багтаахыг хичээнэ. Ажилдаа дуртай. Ажиллангаа амарна. Амрангаа ажиллана гэдэг шиг. Мэдээж хэдэн долоо хоног телевиз үзэх завгүй ажиллах үе ч бий. ​Монгол залуус бид хөгжье гэж бодож байгаа бол дундаж Америк хүн, дундаж Европ хүнээс илүү их үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй. Тэгж байж л хурдыг гүйцнэ. 
Манай залуучууд их завтай байгаад байдаг. Завтай залуу хүнийг харахаар атаархмаар ч юм шиг. Надад бол цаг л хамгийн үнэтэй. Жаахан ч гэсэн цаг гарвал гэр бүл, өөртөө зарцуулахыг боддог.

- Гэр бүлээ танилцуулахгүй юу?
- Эхнэр, хоёр хүүхэдтэй. Гэр бүлийн хүн маань математикч мэргэжилтэй, банкны салбарт ажилладаг.  Хүүхдүүд маань гуравтай, хоёртой. 
- Та одоо сурч байгаа гэсэн. Ямар мэргэжлээр сурч байгаа вэ?
- Би Лос Анжелес дахь Калифорнийн  Их сургууль, Сингапурын Үндэсний их сургуулийн хамтарсан Захирлуудад зориулсан Бизнесийн удирдлагын магистрт суралцаж байна. Их өндөр өртөгтэй. Дэлхийн дөрвөн оронд гурван сар тутам 14 хоног өглөөнөөс орой хүртэл хичээллэдэг. 
Орчин үеийн боловсролын систем их өөрчлөгдөж байна. Тухайн орных нь томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дээр очоод бэлэн кэйс дээр ажиллаад, хоорондоо туршлага солилцоод, суралцаад явдаг. 30-50 насны дэлхийн 20 гаруй орны компанийн захирлууд сурч байгаа. Би ангидаа хамгийн залуу нь. Бид нар хоорондоо мэдээллээ солилцоод бие биенээсээ суралцаад явах нь маш сонирхолтой байдаг.  
- Та Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэсэн албан тушаалтай. Энэ хүрээнд яг ямар ажил хийдэг вэ?
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМОНХА-тай түлхүү харьцдаг. Залуусын боловсрол, хөгжил, нийгмийн идэвхтэй холбоотой тодорхой асуудлууд дээр зөвлөлддөг. Монгол туургатны хэл соёлын асуудалд анхаарлаа хандуулдаг. Ерөнхийлөгчийн санаачлагаар байгуулагдсан “Олуулаа” клубыг ерөнхий зохицуулагчаар ажилладаг. Сонгуулийн үеэр олон нийтийн сүлжээг хариуцаж ажилласан. 

- Төслийн менежментийн талаар та лекц уншина гэж байсан. Таны удирдаж байсан төслүүдээс хамгийн амжилттай нь аль вэ?
- 2010-2012 онд Гашуун сухайтаас Оюу толгой хооронд 98 км-ын урттай 220кВ-ын хоёр хэлхээтэй, хос утастай анхны бөгөөд цорын ганц цахилгаан дамжуулах агаарын шугамын инженерийн зураг төсөл болон барилга угсралтыг үндэсний шилдэг гэсэн эрчим хүчний барилга угсралтын компаниуд болон гадны гурван орны инженер зураг төслийн зөвлөх байгууллагуудтай хамтарч гүйцэтгэсэн.
Хоёр жил үргэлжилсэн, олон компани оролцсон, Монголдоо л томд тооцогдох төсөл л дөө. Энэ дотоодын болон гадаадын компаниудын консорциумыг удирдаж, бүх шатанд нь төслийн удирдагчаар ажилласан. Энэ төслөөрөө би болоод манай хамт олон их бахархдаг шүү. Оюу толгойд шаардлагатай цахилгаан станц одоо ч байхгүй байгаа. Ингээд цахилгаан станц барьсан байлаа нь энэ нь нэлээд хэдэн жил шаардагддаг тул, цаашид ч нөөцөнд байлгах үүднээс энэ шугам баригдсан.
Одоо Өвөрмонголоос цахилгаан импортолж байгаа. Энэ шугам өнөөдөр байгаа учраас ОТ төсөл явж байна, бид татвар авч байна. Нөгөө яриад байдаг Таван толгойн цахилгаан станц нь ч одоогоор лав байхгүй л байна. Ийм их хэмжээний эрчим хүч хэрэглэдэг үйлдвэрлэл Монголд байхгүй байсан учраас өмнө нь өндөр даацын тулгуур бүхий өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам баригддаггүй байж. Барих үед их сонирхолтой зүйл болсон. Бид өнөөг хүртэл эрчим хүчний салбарт орос стандартыг шууд дагаж мөрдөж ирсэн. Оросын стандартаар 220 кВ-ийн шугам нь хос хэлхээт, хоёр утас хийхээр тулгуур багана нь дийлдэггүй юм байна. Ингээд 330 кВ-д зориулсан тулгуур хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Уг нь өөр стандартаа хийж болох ч энэ нь Монголд хүлээн зөвшөөрөгддөггүй байна. Ингээд л оверинжинийринг хийсэн, бүх тооцоолол дээр нь олон улсын компаниуд давхар хяналт хийж таарсан. За тэгэхээр 220кВ-ын хос хэлхээт, хоёр утастай гэдэг утгаараа ч, 330 кВ-ын тулгууртай гэдгээрээ ч эрчим хүчний салбарт бас нэг рекорд болсон байдаг.

- Таны ярилцлагаас харахад өөрт тань оролцоогүй салбар бага юм. Мэдээллийн технологи, эрчим хүч, гэр хорооллын дахин төлөвлөлт, хэвлэл мэдээлэл, нийгмийн ажлууд ...
- Нэг бодлын тийм. Нийгмийн ажлуудын хувьд бол олон жилийн турш цаг заваа хайрлалгүй оролцож ирсэн. Цахим өртөөнд жишээ нь 15 жил болжээ.
Гэхдээ би дандаа ажлаа солиод байгаагүй. Моннис группт тав дахь жилдээ ажиллаж байна. Өмнөх ажлууд дээрээ тус бүр хоёр жил болсон.
Бүтээн байгуулалтын төслүүд бол миний ажил. Бизнесийн салбар учраас бүтээн байгууллалтын янз бүрийн төсөл удирдаад яваад байна. Манай улсын хөгжлийн онцлогтой холбоотой аливааг сууриас нь хийж эхлэх шаардлага төсөл бүр дээр тулгарч байна.
Заавал шинэ шийдлүүд хэрэг болдог. Гэхдээ шийдэл болгон илүү боломжийг олгож байдаг нь гайхалтай, сонирхолтой юм.
Нөгөөтэйгүүр хэрэв бид хөгжье гэж бодож байгаа бол манай үеийн залуучууд дундаж америк хүн, дундаж европ хүнээс хэд дахин хурдан, хэд дахин эрч хүчтэй ажиллах хэрэгтэй.
ЯРИЛЦСАН: Ч.БОЛОРТУЯА


Tuesday, 5 August 2014

Р.Амаржаргал: Засгийн газар нэн даруй огцрох ёстой

IPerson булангийн маань шинэ зочин УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Ринчиннямын Амаржаргалын талаар энд илүүц танилцуулга тоочих хэрэггүй юм.Учир нь тэр энэ цагийн улс төр дэх хамгийн содон, хамгийн тодорхой нэгэн билээ.

-Төрийн их баяр наадам болж өнгөрлөө. Төрийн тү-шээ хүнтэй уулзаж байгаагийнх энэ сэдвээр яриагаа эхлэе. Наадам бол монголчуудын их удаан ярьцгаадаг сэдэв. Баяр хөөрийн сэтгэгдлүүд жаахан буурч, хөөс нь дарагд-саны дараа  хүмүүс нухацтай дүгнэлтүүд өгч эхэлдэг. Тэдгээр дотроос бөхийн ба-рилдаан тойрсон сэт-гэгдлүүд илүү онцгой. За, даа шөвгийн наймаас доош бол үзэх юм багатай болж дээ. Хэдэн үеийн турш үнэн хүчийг үзэж, олныг цэнгүүлж авдаг цолыг тогтоол шийдвэрээр авдаг ч болж. Үүнийг нь дагаад олон түмний доторх жалга довны үзэл дэврэв үү дээ гэх шүүмжлэлүүд нэлээд яригдаж байна.Энэ талаар таны бодол ямар байна.
-Ер нь миний нэг баримталдаг зарчим байдаг. Мэддэг юмаа л ярь гэж. Мэдэхгүй юмаа  яриад хэрэг байхгүй.Наадам тойрсон, наадамтай холбоотой асуудлуудын хувьд би илүү хэрэглэгч талаасаа, үзэгч талаасаа хандаж байгаа юм л даа.
Би л хувьдаа өмнө нь бөхийн цолыг барилдаж л авдаг гэж ойлгож байсан. Одоо УИХ-аас хууль батлуулаад цол авдаг болчихлоо. Үнэнийг хэлэхэд надад энэ явдал огт таалагдаагүй. Тийм учраас тэр асуудлыг хэлэлцэж байхад нь би хуралд ороогүй. За, энэ явдлыг би мэдэхгүй юм байнаа гээд. (инээв) Нарийн ширийн юм байдаг байлгүй дээ. Миний хувьд мэдэхгүй сэдэв. Гэхдээ ямар ч байсан намайг бага байхад Төрийн их баяр наадамд дөрөв түрүүлж байж л дархан аварга цол авдаг байсан. Одоо тогтоол гаргаад л авдаг болчихсон юм байлгүй дээ. Наадам бол Төрийн ёслолын шинж чанартай арга хэмжээнүүд зонхилдог ийм баяр л даа. Тэрэнд би заавал оролцох ёстой л  бол оролцдог. Бусад тохиолдолд аль болох Улаанбаатарын энэ их хөл хөлхөлдөөн, чимээ шуугианаас холхон байхыг боддог.  Сүүлийн 13 жил Багануурын цаахан талд, Хэрлэнгийн хөвөөн дээр очоод л хэвтчихдэг болсон. Миний наадам бол үндсэндээ 10-ны өдөр л дуусчихдаг юм. Морины уяагаар явж ганц нэг айлаар бууж айраг ууна, наадмынхаа гурван ширхэг хуушуурыг олж иднэ. Тэгээд л оройдоо гараад явчихдаг. Хэрлэнгийн эрэг дээрээ очно. Нэг жижиг телевизортой. Тэрийгээ хараад л хэвтчихнэ.

-Та олны дунд тачигнатал инээлгээд, инээгээд явахгүй ч их шогч хүн л дээ. Таны дотор илүү марзан гаргалгаа байж л байгаа. Би хувьдаа УИХ-ын нэг гишүүн дараагийн улс төрөө бодсон уу, нутаг усаа бодсон уу нэг  зальтай зарлиг хөөцөлдөж байгаад гаргуулчихсан чинь тэрнээс ч илүү ухаантай нэг айхтар бөх илүү хорон мэх хийгээд бүгдийг нь шоконд оруулчихлаа л гэж харсан.
-(инээв) Би бөхийн барилдаан үзсэн л дээ. Нэгийн даваанаасаа эхлээд бараг дуустлаа нэлээн бохирдуу л явагдсан. Бөхийн барилдаан, наадам гэхээсээ илүү зодоон нүдээн ч юм шиг. Зөвшөөрөгдсөн зөвшөөрөгдөөгүй төрөл бүрийн мэх хэрэглэсэн, их тийм ёс заншилгүй зүйл л болсон. Энэ бүхэн өөрөө монгол бөхийг чимэж байгаа зүйлс биш л дээ.  Ер нь монгол бөхийн ертөнц өөрөө дотооддоо өөрийн гэсэн дэг жаягтай, хорио цээртэй. Энэ бүх зүйл  үгүй болчихвол харамсалтай л юм.

-Баянмөнх аварга 60 насныхаа найран дээр найрын ууцаа Халтмаа гуайгаар хөндүүлээд, “Би энэ сайхан хүний мөрийг түшиж 40 жил Төрийнхөө их баяр наадамд зодоглосон. Тийм учраас түүнд би тусгайлан хүндэтгэл үзүүлэх ёстой юм аа” гэж хэлж байж билээ. Саяны наадам дээр нэг бөх Сэрээтэр гуайг шууд л гар зангидаад цохьчихож байхыг харах харамсалтай л харагдсан.
-Харин тэгсэн байна. Энэ бол маш бүдүүлэг явдал. Эрийн гурван наадам, бөх энэ бүгд чинь өөрөө монголын уламжлал, соёл, философийг тээж яваа зүйл юм шүү дээ. Тэр том философи, тэр том соёлыг арилжааны хэрэгсэл болгож буруу даялуулж баахан яваад, тэр нь сүүлдээ хэтрээд энэ бүх завхрал руу оруулчихав уу гэж  бодож байна.  Бай шагналаасаа эхлээд л бүр хачин хөөрөгдөл болоод явчих шиг боллоо. Сүүлдээ хоорондоо хэн нь юу өгч байна, хаанах нь яаж байлж байна, тэрнээс нь заавал илүү гарах юм шүү гэсэн сонин уралдаан маягийн зүйл болоод ч явчих шиг. Олон ч газар ой тэмдэглэж байна. Тэр их урсгаж байгаа мөнгөөр ядаж нэг сумын цэцэрлэг, сургуулийг засаад өгчихөж байгаа бол арай ондоо зүйл болноо доо.

-Манай УИХ-ын гишүүд ч баян юм аа. 100 гаруй сая төгрөгийн үнэтэй машиныг нэг бөхөд сэтгэл нь хөдлөнгүүтээ шууд бэлэглэчихэж байна шүү дээ.
-Бас энэ дээр туйлшраад байж болохгүй. Яахав тэгш тоотой ойнуудыг тэмдэглэж болноо. 90 жилийн ой гээд л хийцгээж байна шүү дээ. 90 жил гэдэг бол асар том хугацаа. Энэ хугацаанд бид юу хийж бүтээв. Энэ амжилтад хүрэхэд ямар ямар хүчин зүйлс нөлөөлөв, ямар ямар хүмүүс үүрэг гүйцэтгэв гэдгээ ярьж хэлэлцэж, дүгнэж цэгнэж байгаа бол нэг өөр. Үүнийхээ оронд зугаа цэнгэлээ түрүүнд нь тавьчихаад байна л даа.

-Гэхдээ эдийн засгийн хувьд энэ олон ой руу төсвөөс урсаж байгаа мөнгөний багцаа ер нь юу болж байгаа бол?
-Аймаг болгон өөрсдөө төсөв гаргаад явж байгаа. За Засгийн газраас нэгдсэн журмаар тэр зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг нь хийж өгч байгаа. Дээрээс нь нутгийн зөвлөлүүд мөнгө цуглуулаад явахаар миний харж байгаагаар ер нь бол тэрбум төгрөгөөс доош төсөвт багтаж  байгаа ой  байхгүй. Ингээд л бод доо.

-Та ярилцлага эхлэхийн өмнө ер нь хамгийн гоё наадам бол сумын наадам л юм даа гэж хэлсэн. Та ямар сумын наадамд очив?
-Би Булганы Бугат суманд очсон. Амрах гээд найз нартайгаа явж байтал яг сумын наадам таарсан. Тэгээд яаж зүгээр байхав бас наадмаар нь орсон. Сум орны удирдлагууд бас хүндэтгэл үзүүлээд асартаа урьж байна. Бугат үнэхээр гайхалтай сайхан байгальтай нутаг юм. Наадмаа их сайхан хийцгээж байна. Бүх юмыг ойроос харж мэдрэх талаасаа бол хамгийн гоё  нь сумын наадам.  Булган аймгийн Бугат сумын өөрийнх нь түүх их сонин. Үнэхээр л алдартай, сайхан хүмүүс олноороо төрж гарсан нутаг юм. Чин Ван Ханддоржийн төрсөн нутаг юм байна. Г.Амар сайдын төрсөн нутаг юм байна. Орчин цагийн хүмүүсээс  гэвэл найруулагч Л.Эрдэнэбулган гуай, Д.Урианхай зохиолч, алдарт дуучин Х.Уртнасан гуай гээд яах аргагүй л Монголын супер одууд биз дээ. Тэр агуу том хүмүүс зүгээр суугаад байвал байх шүү дээ. Гэтэл бүгдээрээ тэндээ оччихсон зүтгэж байгаа юм. Х.Уртнасан гуай концертыг нь босгох гээд өөрөө дунд нь орчихсон л байна. Тэр үеийн хүмүүсийн ажлаас цэрвэдэггүй, нутаг орноо гэсэн сайхан чанар харагдаж байгаа байхгүй юу. Үнэхээр бахархмаар. Тэр мундаг хүмүүсийн оролцоо өөрөө сумын наадмын өнгө аясыг улам өөр болгочихдог юм байна л даа. Энэ бүхнийг харах надад өвөрмөц, бас сайхан санагдаж байлаа. Өөр нэг чухал зүйл гэвэл Г. Амар сайдын мэндэлсэний 130 жилийн ой 2016 онд болох  юм байна. Тэр ажлын хүрээнд Булганы нөхдүүд санаачилга гаргаад явж байна. Миний мэдэхээр Л.Эрдэнэбулган гуай их идэвх зүтгэл гаргаад хөөцөлдөж байгаа. Г.Амар сайд чинь өөрөө тухайн цаг үедээ маш мундаг сэхээтэн байсан. Монголын түүх гэдэг номыг  Г.Амар гуай бичсэн. Үндсэндээ тэр түүхийн уншилтаар л сүүлийн үеийн Монголын түүх бичигдээд явж байгаа гэхэд хилсдэхгүй. Үндэсний сэхээтнүүдийг , чадвартай боловсон хүчин бэлтгэхэд  энэ хүний хийсэн зүйл үнэхээр их л дээ. Герман руу сургахаар явуулсан нөгөө анхны хэдийг гэхэд Г.Амар гуай явуулж байсан байх жишээтэй. Д.Нацагдорж гуай эд нарыг. Монгол улсын Ерөхий сайд байсан. Тэр хүний тухай үнэхээр ихийг ярьж болно. Тэгээд л хөөрхий нөгөө айхтар хэлмэгдлийн шуурганаар Орос руу баривчилж аваачаад л 1941 онд цаазалсан. Энэ үеийн түүхэн хүмүүсээ  монголчууд санаж явах ёстой. Цөөхөн хүн бий шүү дээ. Тэдний доторх нэгэн онцгой хүн нь яах аргагүй Г.Амар сайд. Энэ хүний ойд эрхбиш төр засаг анхаарлаа хандуулах байх . Чадлынхаа хэрээр хөөцөлдөнө гэж бодож байна. Танай сониноор дамжуулаад энэ талаар сонирхож байгаа, дэмжиж туслахыг хүсч байгаа хүмүүс байвал хандаарай гэж уриалж байна.

-Одоо дараагийн сэдэв рүү оръё. Удахгүй ээлжит бус чуулган хуралдана. Энэ чуулганаар сөрөг хүчнийхэн нэлээд асуудлууд гаргаж тавих болов уу. Бас хоёр хөршийн удирдагчид манайд айлчилна. Хятадын удирдагчийг ирэх үеэр хүндэтгэлийн чуулган бас болно?
-Би ээлжит бус чуулган болно гэдэгт их эргэлзэж байна. Хүндэтгэлийн чуулган бол өөр зүйл. Шаардлагатай үед болоод л явдаг зүйл. Харин ээл-жит бус чуулган болоод  цаг үеийн асуудлуудаа хэлэлцэж, асуудлуудаа цэгцэлнэ гэдэгт би эргэлзэж байна. Ер нь өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал, улс төрийн хүчнүүдийн харь-цаа, энэ байгаа байдлуудыг харахад  ээлжит бус чуулган болох магадлал их бага. Тийм учраас нэг их хүлээх хэрэггүй байх. 10 сар хүртэл таг байцгаах болов уу л гэж бодож байна.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногоо дүгнэх цэгнэхээ яах юм бол?
-Тэр яах вэ дээ. Болоод л өнгөрнө биз. (инээв) Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэгчийг анх санаачилж, Засгийн газарт “худалдсан” хүн бол ер нь  Засгийн газрыг дээд зэргээр  хорлоё гэсэн хүн л байсан байх. Нөгөөдүүл нь ч ямар дуртай юм. Тэрийг нь хүлээж аваад л. (инээв) Аа, ер нь 100 хоногийн дотор эргүүлчихнэ, хөгжүүлчихнэ гээд шуугидаг нь ч юу юм. Эцсийн дүндээ энэ бол нийгмээрээ тоглож байгаа ээлжит нэг хэлбэр шүү дээ. Асар их хэмжээний хүлээлт үүсгээд л, тэр хүлээлт нь ямар ч үр дүнгүй.

-Эргээд л бас нэг цохилт, сэтгэл гутрал нийгэм рүү ирнэ.
-Тэгнэ шүү дээ. Ер нь манай энэ дарга нар сүүлийн үед бодлогогүй, яарч сандарсан, тэвдсэн шоу маягийн юм их хийгээд байна. Нэг бол 100 хоног гэж гаргаж ирээд л, нэг бол ухаалаг төр гээд л. Янз янзын хий гаргасан,шоу маягийн юмнууд сэтгэдэг. Энэ нь хэтрээд  байх шиг байна л даа.

-Технологижсон, илүү ухаалаг-жиж буй массыг урьдынхаараа гэнэн цайлган, дээр нь юу ч өрж тоглож болно гэж хараад байх юм. Үнэхээр дээр байгаа нөхдүүдэд тэгж л харагдаад байдаг юм болов уу?
-Үнэн. Нэгдүгээрт, ард түмэн ямар байна яг тийм засаг байна гэдэг. Ямар засаг байна, яг тийм хууль байгаа. Ямар хууль байна яг тийм амьдрал л байгаа. Тэгэхээр нэг их гайхаад байх юм байхгүй. Өнөөдөр бид нар ямархуу янзтай амьдарч байна. Энэ бидний өөрсдийн л хийсэн сонголт. Бид хэрэв өнгө мөнгөнд хууртагдсан бол тэрнийхээ л горыг эдэлж байгаа. Бид хоосон амладаг улсуудыг дэмжээд гаргаад ирсэн бол тэрэнтэйгээ л байж байгаа. Популизмд дуртай, чихэндээ таалагдсан үгийг л сонсоод, таалагдаагүй юмнаасаа хол байя гэж хүсдэг бол тэрүүгээрээ л байж байгаа.
Манай УИХ  бол үндсэндээ тийм л хандлагуудын үр дүн. Товчхондоо манай нийгмийн өөрийнх нь тусгал энэ их хурал шүү дээ. Хоёрдугаарт, угаасаа өөрийн чинь хэлж байгаа санаа л даа. Ардын ч үг байдаг. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй. Болж байгаа үйл явдлуудыг харж байхад маш тод харагдаж байгаа. Бүгд л нэг тийм суудлаа олж өгөхгүй байна. Суудлаа олохгүй болохоор доороо гүйдлээ олохгүй. Хэн нь ямар асуудал хариуцаж байгаа юм. Юу хийж байгаа юм. Ердөө бүү мэд. Ажлаа хийгээд байгаа ч юм уу. Эсвэл хүний ажлыг барьж авч гүйгээд байгаа ч юм уу. Товчхондоо бүү мэд.

-Саяхан та блогтоо хууль баталж байгаа байдлыг өөрчлөх тухай бичсэн. Сэтгүүлчдийн түвшинд бол энэ сэдвээр багагүй дуугарсан гэж би боддог. Сөрөг хүчин нэг хэсэг барьж гүйж байгаад хаячихна лээ. Бас жаахан хариуцлагагүй сөрөг хүчин байгаа шүү дээ. Та дөрвөн тодорхой шүүмжлэл хэлсэн. Үүнийг цаашаа задарч олон уншигчдад хүрэх ёстой гэж үзэж байна. Бидний амьдралыг хашиж явах хууль маань өнөөдөр ямар нөхцөлд, ямар үе шаттай батлагдаад байна вэ гэдгийг олон түмэн мэдэх эрхтэй. Хамгийн эхэнд та дурьджээ. Хэлэлцэж бай-гаа асуудлаа мэддэг нь ховор гэж. Энэ үнэхээр дэндүү ичмээр явдал биш үү?
-(инээв) Ер нь мэддэг юмаа л ярих хэрэгтэй шүү дээ. Би санадаг юм. Тэр жил манай УИХ-аар эмийн тухай нэг хууль орсон. Тэр дундаа наркотик агууламжтай эмийн тухай асуудал орж ирэхгүй юу. Тэгээд л хэлэлцүүлэг өрнөөд л явчихлаа. Асуулт тавиад л үг хэлэх болсон чинь танхимд сууж байсан гишүүд бүгд кнопоо дарчихдаг юм. Тэгээд бүгд үг хэлээд байгаа байхгүй юу. Би их гайхсан. Бүгдээрээ л энэ асуудлаар ийм их мэдлэгтэй  юм байхдаа гэж. Үнэн хэрэгтээ ганц гадарлаж байгаа хүн нь тухайн үедээ Эрүүл мэндийн сайд байсан Ламбаа гуай л байхгүй юу. Бусад нь бол тэр тухай юу ч байхгүй. Тэгсэн мөртлөө л бүгд ярьдаг. (инээв) Би бол иймэрхүү юмнаас аль болох хол байя гэж боддог. Хэрвээ би мэдэхгүй л бол шүү дээ. Намайг одоо тийм эмийн тухай яриад унавал хүн амьтан гайхна биз дээ. Эдийн засаг дээрээ ганц хоёр юм ярьдаг юм байгаа биз. Гадаад харилцаан дээрээ ганц хоёр юм хэлдэг юм байгаа биз. Боловсролын тухай асуудлууд дээр магадгүй юм. Түүнээс биш эмийн тухай, тэр дундаа тийм янз бүрийн бодистой нарийн ширийн эм яриад унавал бас л сонин явдал биз дээ. (инээв) Энэ нөгөө байраа олно гэдэг асуудал чинь юм л даа.  Энэ хууль тогтоох үйл ажиллагаа маань өөрөө ямар үе шаттай явах ёстой юм бэ. Хам хум ингээд явах юм бол нэг үр дүн гарч ирнэ. Цэгцтэй, замбараатай, маш няхуур, буурьтай суурьтай явах юм бол арай өөр дүн гарна биз дээ. Анх УИХ байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байхад үндсэндээ хэлэлцэж байгаа хуулийн заалт болгоноор ярьдаг байсан юм. Энэ хугацаа шаарддаг байсан уу гэвэл байсан. Нэлээн их сунжирдаг. Гэхдээ секундэд 3000 метрийн хүчтэй салхи  даах хэмжээний хууль батлагдаж байлаа шүү дээ. Өнөөдөр бол хагас өдрийн дотор 10 хууль батлагдчихаад тэр нь маргааш нь буруудаад, долоо хонохгүй буцаагаад орж ирж байгаа хууль байна шүү дээ.

-Хууль бичнэ гэдэг өөрөө тусдаа технологи.
-Мэдээж.

-Яг хууль бичдэг гишүүд гээд аваад үзэхэд цөөхөн шүү дээ. Та бас өглөө сэдээд үдээс хойш батлуулдаг шахам байна гэж бичсэн байсан. Энэ үнэндээ гэмт хэрэг биз дээ.
-Харин оромдож л байгаа хэрэг шүү дээ. Хамгийн гол нь энийгээ зөв-шөөрөөд, хуульчлаад яваад байгаа нь эмгэнэлтэй байна. Хариуцлага гэдэг зүйлийг би сүүлийн хэдэн жил ярьж байна даа. Ердөө л энэ. Эрх барьж байгаа улс төрийн хүчин хариуцлагаа ойлгох ёстой юм аа. Хууль оруулж, батлуулж байгаа энэ бүх зах замбараагүй байдлаа харах, бодох ёстой шүү дээ. Гэтэл тийм юм үнэхээр байхгүй байна. Бас нэг чухал санаа нь бол мэддэг чаддаг бусад хүмүүсийг татан оролцуулах шүү дээ. Тухайн тухайн асуудал дээр мэргэшсэн хүмүүс байна шүү дээ. Тэр хүмүүсийнх нь дуу хоолойг нэлээн сүрхий сонсч явах ёстой байдаг. Энэ бүр байхгүй.

-Зарим гишүүд нь ч яахав гаднаас бичсэн хууль худалдаж аваад оруулж ирдэг.
-Ийм асуудал байгаа. Гэхдээ энэ тийм ойлгомжгүй зүйл биш. Төр өөрөө УИХ-аараа дамжуулж хуулиа гаргаж байгаа. Тэгэхээр хаанаас, хэнээс яаж ч орж ирсэн байлаа гэсэн тэр орж ирж байгаа хуулийг хэлэлцээд гаргадаг тэр механизм, тэр шүүлтүүр өөрөө маш чамбай байхгүй бол болохгүй шүү дээ.

-Бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль гаргадаг гэж та шүүмжилсэн байна. Энэ явдал нэг үе хэмжээ хязгаараа алдаж байсан. Одоо бас сэргэж байна гэж үү?
-Би энэ батлуулж байгаа хуулиудыг дотроо хараад л суудаг юм. За, энэ ийм л замаар орж ирж байгаа хууль байна даа гээд. Сая бид хоёр бөхийн тухай нэг асуудал ярьлаа даа. Жаахан ухаад үзэх юм бол юу ч гараад ирэх юм билээ.(инээв) Тэгэхээр хоёулаа ингээд л зогсчихъё, яршиг.

-Асуухгүй, ярихгүй байж болох-гүй нэг сэдэв яах аргагүй хөрөнгө оруулалтын орчин болчихоод бай-на. Манайд ажиллаж байсан айлууд гараад явчихсан. Түрээсэлж байсан байрууд бүгд эзгүйрсэн. Тэгсэн ч гадна талдаа Монголыг сонирхох сонирхол  байгаад байдаг. Зориг-лоод ганц нэг нь ороод ирдэг. Санхүүгийн ямар ч сахилга бат байхгүй, ёс суртахууны багана байхгүй, дэг журам байхгүй нөхцөл байдал угтдаг. Энэ байдлаас яаж гарах вэ?
-Цаашдаа яах вэ гэдэг асуултад ердөө нэг л хариулт байгаа. Ерөөсөө л итгэл олох. Өөр юм байхгүй. Өнөөдөр Америкийн Засгийн газар нэг хувийн хүүтэй зээл авч байна. Монгол улсын Засгийн газар юм уу, Монголын аж ахуйн нэгжүүд дэлхийн зах зээл дээр гараад зээл авъя гэхээр 11-12 хувь болчихоод байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд аягүй том зөрөө гарч байгаа биз. 11 дахин, 12 дахин . Энэ хэмжээгээр Монгол Улсын Засгийн газарт итгэх итгэл, Монголын эдийн засагт итгэх итгэл байхгүй байна л гэсэн үг . Тэгэхээр тэр итгэлийг олж авах асуудал өнөөдрийн нэн тэргүүний асуудал. Хэрвээ бид хөрөнгө оруулагч нарын итгэлийг олоод авчих юм бол тэд бидэнд 13 хувийн хүүтэй зээл өгнө гэж байхгүй. Хэвийн түвшинд 5 хувийн хүүтэй, 6 хувийн хүүтэй өгье гэж ярина. Ингээд явж болж байна. Энэ бол дэлхий дээр байж байгаа хэвийн харилцаа. Бид чинь дэлхий дээр байж байгаа тэр нэг зүй ёсны юмнаас бүр гажаад давхичихсан, ойлгомжгүй, хэцүү байдалд орчихоод байна шүү дээ. Энэ л  хамгийн чухал зүйл. Итгэлийг олж авах тал дээр маш шийдэмгий арга хэмжээнүүд авах хэрэгтэй.

-Энэ ажлын хамгийн эхний хийх ажил ямар ч хүчээр хамаагүй Төрийн залуур дээр байгаа энэ бүтцийг өөрчлөх л биз дээ?
-Хамгийн эхэнд, нэн тэргүүнд авах ёстой арга хэмжээ бол энэ Засгийн газар огцрох ёстой.

-Үнэхээр өөр арга алга.
-Засгийн газрын бүтэц бүрэлдэ-хүүнийг өөрчлөх хэрэгтэй, Монгол  Улсын Засгийн газрыг төлөөлж байгаа энэ нүүр царайг бол өөрчлөх ёстой. Ердөө өөр арга байхгүй.

-Хөрөнгө оруулагчид ажил хэргийн мэдлэгтэй сайд нарыг хүсч байна гэж та маш тодорхой байр суурь илэрхийлсэн байсан.
-Үнэхээр өөр яаж ойлгомжтой, тодорхойгоор хэлэх юм бэ.

-Манай сайд нар гэж маш хачирхалтай олонлогийн цуглуулга болчихоод байна л даа.Ичих багадаж байна шүү.
-Тийм. Асар их итгэл найдвар хүлээлгээд томиллоо. Бололцоог нь өглөө. Үр дүн алга. Хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Ажил унагаачихсан нөхдүүдээ одоо даруй чөлөөлөх хэрэгтэй байна. Энэ хариуцлагыг олон түмэн шаардаж байна. Эрх мэдлийг нь өгсөн үү, өгсөн. Бүр дүүрэн, хангалттай өгсөн. Санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлж өгсөн үү, өгсөн. Хөөрхий муу Монголбанкны Н.Золжаргал ёстой эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаад урьд өмнө Монгол Улсын аль ч Засгийн газарт байгаагүй хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж өгсөн шүү дээ.

-Өнгөрсөн хоёр жилд чардайж байгаад бүх бололцоог тавьж өгсөн.Одоо харин бид, үхэхээр чи үх гэх шиг Монголбанкыг загнах маягтай суух нь увайгүй харагддаг.
-Наадах чинь нөгөө унаж яваад морио...гэдгийн л үлгэр шүү дээ.Хүн чанарын асуудал.Инээдэмтэй л юм даа.Өөр юу гэлтэй.Монголбанк тийм их бололцоо босгож өгөөд байхад өөрсдөө яасан гэхээр зүгээр л ажил унагаасан байхгүй юу.Итгэл даагаагүй л байхгүй юу.

-Монголбанкны Ерөнхийлөгчид ярилцлага авах хүсэлт тавьсан юм.Тэр сэтгэл гутралд орсон бололтой.Би ийм нөхцөлд юу хэлэх юм бэ. Хэл нэвтрэлцэх хүн ч ганц хоёрхон байна шүү дээ гэж  харилцуурын цаана санааширч байна билээ.
-Хэцүү нөхцөл, хэцүү нөхөдтэй учирсан ч тэр хүн  эдэнд маш том бололцоо гаргаж өгч ажилласан. Даанч бүгд итгэл хөсөрдүүлсэн, ажил унагасан.Дэндүү харамсалтай.

-Ганц нэгхэн улстөрч Засгийн газраас хариуцлага хүлээхийг шаардаж байна.Ёс суртахууны хувьд цаашаа алхах бололцоогүй болчихлоо.Одоо зогсоочээ гэж.Олон түмэн бол бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн зүг анхааралтай харж байна.Өөрийнх нь нам эрх барьж байна. Олонх биш ч олуулаа. Гэхдээ энэ ч гэсэн тоглоомын үг шүү дээ. Алтан гэж хэлж болохуйц эрх мэдлийг л АН атгаж байгаа. Ардчиллын аранзал туг маань харин чимээгүй. Хааяа гарч ирж ард түмэнд концерт үзүүлчихээд л сууж байх шиг.
-Наадах чинь ахиад л нөгөө төрийн тогтолцооны асуудал.Төрийн тогтолцоогоо хэрэгжүүлж байгаа механизмын асуудал болчихоод байна.Хэрвээ дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй ээ.Сая Японд Монгол Улсын Ерөнхийлөгч яваад хөрөнгө оруулалтын уулзалтад оролцоод ирлээ.Ерөнхий сайдтай нь уулзлаа, учирлаа.Үнэхээр сайхан, баярламаар, бахархмаар.Дэлхийн аль ч орны төрийн тэргүүн иймэрхүү арга хэмжээнд оролцдог.Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг, үндэсний эдийн засгаа дэмжиж гадаадад дотоодод очиж сурталчлах арга хэмжээнд оролцдог.Бүх юм зөв.Өөлөхийн аргагүй зөв. Гэхдээ...

-Бизнесменүүдээ аваад явлаа.
-Тэглээ, бүгдийг нь аваад явлаа.Чадлаараа л зүтгэлээ.Гэвч ардаа буруу л байгаа байхгүй юу.Зөв мөртлөө буруу.Яагаад гэхээр энэ л засаглалын тогтолцооны асуудал чинь байхгүй юу.Манайх Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш.Манайх парламентын засаглалтай орон.Тэгээд Ерөнхийлөгч нь ийм ажиллагаа хийгээд яваад байхаар эцсийн дүндээ юу болж харагдаж байна вэ гэхээр Засгийн газар нь ямар ч нэр хүндгүй болчихсон юм уу. Засгийн газарт нь  утга учир алга гэдэг тийм юм руу яваад байгаа байхгүй юу. Засаглалын хоорондын тэнцвэр, баланс бүх юмыг ингээд алдагдуулаад байгаа юм.Ерөнхийлөгч өөрөө хүссэндээ ийм ажлууд руу орж байгаа юм биш.Хөөрхий амьтан арга буюу энэ юм руу ороод байна шүү дээ.Ерөнхийлөгч нь засгийн ажлыг барьж хийгээд л, УИХ нь засгийн ажлыг барьж хийгээд л байх юм бол Засгийн газар нь юуны ажлыг хийх үү.Яамныхаа ажлыг хийгээд, яамных нь ажлыг хийж байгаа хүмүүс нь аймгийн ажлыг хийгээд ингээд холион бантан.Суудлаа олохгүй байгаагийн л тод эмгэнэл шүү дээ.

-Эрт холион бантан болоод явчихсан л даа. Манай Ерөнхийлөгч чинь сүүлдээ яамны сайд, агентлагийн дарга нарын асуудал руу орсон. Загнах, өмөөрөх гэх мэтийн бүр хачирхалтай байдлуудыг үзүүлж эхэлсэн.
-Энэ буруу байхгүй юу.Ахин хэлье.Нөгөө суудлаа олохгүй байгаагийн л илрэл.Миний бодлоор бол жаахан алсын хараатай, том харж ажиллая гэвэл өнөөдөр засаглалын тогтолцоогоо тодорхой болгох чиглэл дээр анхаарах ёстой.Нэг бол энэ парламентын засаглал гэдэг юмаа бэхжүүүл.Энийгээ бүр хоёр уншигдахааргүй болго.Нэгд, Монгол Улсын Ерөнхий сайд бол ялсан намын дарга байна.Хоёрт, Ерөнхий сайд нь УИХ-аа тараана.Энэ эрх мэдлийг нь өг.Ерөнхий сайд чинь их хурлаа тараахын тулд ер нь нэлээн юм болноо доо.За, хорошо их хурлаа тараагаад, ээлжит бус сонгуулиа явууллаа.Дахиад манай нам ялах уу, дахиад би Ерөнхий сайд болох уу.Энэ бүгдийгээ бодож байж тэр Ерөнхий сайд шийдвэр гаргана шүү дээ.Ерөнхий сайдын оруулж ирж байгаа юмыг унагааж байгаа их хурал нь ч бас юм бодноо доо.Дараа нь би гарч ирэх үү, үгүй юу гэж.Ингэж тал талаасаа тэнцвэржүүлэлт гэдэг юм чинь яваад нөгөө сонгодог парламент гэдэг зүйл чинь тогтдог байхгүй юу.Англид байж байна.Японд байж байна.Дараагийн хувилбар, эсвэл ингэж ойлгомжгүй явахаар Ерөнхийлөгчийн засаглал руугаа ор.Энэ хоёр юман дээр тодорхой ажиллах ёстой болчихоод байна.Энийгээ хийж байж энэ ойлгомжгүй байдлаасаа төр өөрөө гарах юм.Энийг хийх эр зориг байх ёстой.Чадахгүй юм бол энд эрх ямбыг нь эдлээд байгаад байх ямар шаардлага байгаа юм.Хийх ёстой.

-Ерөнхийлөгчийн засаглалын тухай яриа бол хааяа Ерөнхийлөгч байгаа хүмүүсийн зүгээс л явуулж үздэг яриа төдий л дөө.
-Хааяа биш ерэн оноос хойш аваад үзье л дээ.За, П.Очирбат гуай энийг ер нь яриагүй байх. Н.Багабанди гуайн үед бол яригдаад эхэлчихсэн байсан. Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юм байна гэж. Н.Энхбаярын үед Ерөнхийлөгчийн засаглалын тухай их олон ярьж байсан. Одоо ч гэсэн яригдаад байгаа. Ер нь их олон хүн энэ сэдвийг яриад байгаа юм. Тэр эрх мэдэл дээр суучихаад энэ юмнуудыг бас нэг ойлгоод байна шүү дээ. (инээв) Нэг л юм болохгүй байна гэж. Гэсэн атлаа энийг тууштай барьж аваад шийдэх чадалтай хүн байхгүй. Ерөнхийлөгч хүн өөрөө ярихаар янз бүрээр ойлгогдчих гээд байдаг. Энэ байдлаас нь болоод тойруу замаар явж байна. Одоо УИХ дээр маш хошин юм их болж байгаа ш дээ. УИХ маань өөрийнхөө шийдэх ёстой байсан юмыг өөрсдөө шийдэхгүй, жаахан төвөгтэй юм гараад ирэнгүүт нэг бол Засгийн газар луу шидчихдэг, эсвэл Ерөнхийлөгч рүү явуулчихдаг. Тэгээд дараа нь цөмөөрөө гайхаад байдаг. Энэ одоо юу болоод байна вэ гэж. Өнөөдөр П.Очирбат Ерөнхийлөгчийн эдэлж байсан эрх мэдэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн эдэлж байгаа эрх мэдэл хоёр өдөр шөнө шиг ялгаатай байгаа. Хамаагүй хүчтэй болчихсон. Яагаад тийм болчихсон юм. Хэн тийм болгочихсон юм. Тэд нар өөрсдөө хүсээгүй шүү дээ. Монгол Улсын Их хурал хууль батлахдаа тэр юмнуудыг шилжүүлсээр шилжүүлсээр байгаад өнөөдөр ийм болчихоод сууж байгаа.

-УИХ-ын потенциалд хамаг учир байгаад байна шүү дээ. Энэ нь явсаар намууд руу орж байгаа.
-Намууд руу орж байна. Хоёрдугаарт, ерөнхийдөө энэ төрийн тогтолцоо, төрийн механизм гэдэг чинь өөрөө юу юм. Төрийн уламжлал соёл гэдэг чинь юу юм. Төрийг чинь бэхжүүлж байдаг гол элемент нь юу юм гэдгийг бас мэддэг хүмүүс байх ёстой юм. Түрүүн миний онцлоод байсан асуудлаа мэддэг хүн гэдэг ойлголт шүү дээ. Түүнээс биш зүгээр л нэг их хуралд орж ирчихээд туугаад байж болохгүй шүү дээ. Төрийн эрэг шураг, Төрийн анатомийг мэддэг хүмүүс баймаар байна. Би нэг жишээ хэлье. Сая  Төрийн ёслолын албаны тухай хууль баталлаа. Тэгээд Засгийн газрын мэдэлд байсан юмыг зүгээр аваачаад л Ерөнхийлөгч рүү шилжүүлээд хаяж байгаа юм. (инээв) Ерөнхийлөгчид эрх мэдэл нь дутаагүй шүү дээ. Одоо бүр хийх ажилгүй болчихоод тэр ёслолыг хариуцах нь л дээ. Ийм байдал руу Ерөнхийлөгчийг оруулж, олны дунд нэр хүндийг нь таагүй байдалд оруулж байгаа явдал маш хариуцлагагүй, өрөвдмөөр явдал. Дэндүү хариуцлагагүй засаг, дэндүү хариуцлагагүй Их хурал байгаа байхгүй юу.

-Чадамжин дээр нь гол асуудал байна л даа. Чадахгүй, мэдэхгүй учраас айгаад залхуураад, хялбарчлаад ийш тийш нь тарааж хаяад байна.
-Тийм. Асуудлынхаа мөн чанарыг барьж авч чаддаг, том зургаар нь харж уншиж чаддаг түшээд үгүйлэгдэж байна л даа. Хаана нь хэн нь юу хийгээд яваа нь огт ойлгогдохгүй, хөл толгойгүй засаг л байна шүү дээ. Суудлаа бушуухан олмоор байна, үнэндээ. Энэ улсын нүүр царайг баллаж дууслаа.

-Оюутолгойг гацаачихлаа. Дараа дараагийн төслүүдийн хувь заяа маш хүндэрчихлээ. Гаднаас авчихсан зээлүүдийн өр өсөөд яваад байдаг. Ахиад л яах вэ?
-Ацан шалаа шиг л юм болчихоод байна . Үндсэндээ Оюутолгой бол төгс төгөлдөр гэрээ байгаагүй. Гэхдээ тухайн үед энэ гэрээг хийж байх үед үүнээс илүү юм гарч ирнэ гэж хүлээж байсан гэвэл бас худлаа. Одоо өнгөрсөн хойно нь мэдэмхийрээд л, тэгэх ёстой байсан, ингэх ёстой байсан гэж ярьж байгаа хүмүүсийг би их л хачирхалтай сүрхий хүмүүс юм даа гэж хардаг.  Их л дотуур тамиртай хүмүүс байж дээ л гэж хэлэх гээд байна. Үнэнийг хэлэхэд тухайн үеийн бүх бололцоогоо дайчлаад л байгуулсан гэрээ нь энэ. Алдсан юм байгаа. Оносон юм байгаа. Гэхдээ  цаашаа яаж явах вэ гэдэг тактикаа бодох хэрэгтэй ш дээ. Эхлээд бид жаахан цэгцтэй байя, замбараатай байя. Үе шаттайгаар энэ юмнуудаа засаад явъя. Засаад залруулаад явахын тулд бид нарт хэлэлцээ хийх чадал байх ёстой. Нөгөө хүнтэйгээ нэг түвшинд очиж байж хэлэлцээ хийнэ шүү дээ. Түүнээс биш чи сул дорой, чадавхигүй байж мянган юм яриад яахав. Тэгэхээр тэр түвшиндээ очих хэрэгтэй байна. Энэ түвшин рүүгээ алхахын оронд дандаа сэлэм эргүүлж давхисан. Үр дүн нь энэ. Одоо гадаадын хөрөнгө оруулагчид ганцхан дохио хүлээж байгаа юм. Ерөөсөө та нар энийгээ л явуул. Та нар мянган хууль батлана уу, мянган удаа амаараа мэдэгдэл хийнэ үү тэр огт сонин биш. Бид нар танай яг үйл ажиллагааг чинь л харж байна. Бодитой та нар юу хийх юм бэ л гэж байгаа. Тэгэхээр энэ Оюутолгойг явуулахаас өөр арга байхгүй. Энэ хорвоо дэлхий дээр үнэ төлбөргүй зүйл гэж байхгүй шүү дээ. Чи хэрвээ хариуцлагагүй байсан л бол тэрнийхээ төлбөрийг ямар нэгэн хэлбэрээр төлөх л болно. Туршлага чинь дутсан бол, оюун ухаан чинь хүрээгүй бол чи ямар нэгэн хэлбэрээр төлөөсөө төлнө. Манай Монгол улсын болж байгаа юмны ч, болж бүтэхгүй байгаа юмны ч төвлөрөл нь энэ Оюутолгой шүү. Нэг их хамаг юмаа тавиад туучихсан юм шиг, сүйрчихсэн юм шиг хараагаад хэрэггүй. Айгаад ч хэрэггүй. Зүгээр тулхтай л байр сууриа баримтлаад яв. Өдий болтол яваад байсан юм, ахиад нэг хэсэгтээ ч явах бололцоо байж л байна.

-Хариуцлагагүй хэвлэл мэдээллийн хийсэн балаг ч энэ төсөл дээр их байгаа шүү дээ.
-Тийм. Гол нь ахиад л нөгөө мэргэжлийн хүмүүсийн асуудал шүү дээ. Сайд маань энэ дээр жинхэнэ төрийн хүний зангаргыг л гаргах хэрэгтэй  дээ. Би энэ салбарыг хариуцаж байгаа сайд нь байнаа. Би юмаа мэдэж байнаа. Би Монгол улсынхаа эрх ашгийг мэдэж байна. Яаж хийхийг нь би мэдэж байна. Би ингэж ингэж хийнэ. Хэрвээ миний энэ байр суурь таалагдахгүй байгаа бол уучлаарай, тэр чаддаг хүнээ авчраад тавь гэж хэлээд явах чадвартай хүн байх ёстой байхгүй юу. Харамсалтай нь манайд тийм хүмүүс алга л даа.

-Яв гээд байхад явахгүй байна шүү дээ. Явах хугацаа нь болчихоод байхад явахгүй байна. Юун сайн дураараа явах тухай та ярина вэ?
-(инээв) Харамсалтай нь тийм бай-на. Сая З.Энхболд танай сонинд өгсөн ярилцлагандаа хэлсэн байна билээ. Сайдын суудалгүй л бол үхчих гээд байгаа хүн олон байна гэж. Энэ үнэн л дээ. Бүр нэг гөлийчихөөд , уйлан дуугараад суугаад байгаа юм чинь.

-Шүүж шалгах битгий хэл сонсохын аргагүй аймшигтай юмнууд хийчихээд л сандал ширээнээс тас зуураад тавьж өгөхгүй. Монголын төр бас түшээддээ хайртай шүү дээ. Асуудлуудыг нь хаалттай хуралдаж ярьж байна. Бас л сонин зүйлс уншигдах юм даа.
-Хайртай. Тэр үнэн.

-Хаалганы наана гарч ирээд ч нөгөөхөө шоглоод тараагаад явдаггүй. Бас л сайхан шинж биз дээ. Гэвч нөгөө нөхдийн үзүүлэх хариу өчүүхэн байх нь л харамсалтай.
-Хүн байхын хамгийн гол хэмжүүрүүдийн тухайд ч авч үзэх бололцоогүй хүмүүс олон таардаг. Мэдэх чадахын тухайд бүр орхиод шүү дээ. Бид нэг том юман дээрээ алдаад байна. Энэ явж явж улс төрийн намаасаа ч хамаараад байгаа юм биш. Ер нь Монголын төрийн түшээ гэж ямар хүн байх юм. Тэр төрийн түшээгээ яаж бэлтгэж, яаж шигшиж дээшээ гаргаж ирдэг юм бэ гэдэг тэр механизм алга болчихож. Урд нь бол худлаа үнэн ч гэсэн байсан юм. Нутгархдаг, танил тал хардаг ч гэсэн нэг тийм шүүлтүүр байсан юм. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд эргүүлд гарч үзээгүй хүн төрийн сайд хийж байна. Сум удирдаж үзээгүй, аймаг удирдаж үзээгүй хүн төрийн сайд хийж байна. Ядаж 500 хүнтэй хамт олон удирдаж үзээгүй хүн төрийн сайд хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ буруу юм байна. Угаасаа тодорхой шалгуур байх ёстой. Мэдлэгтэй гэдэг бол 30 дугаар асуудал болчихоод байна. Өнөөдөр ерэн он биш. Хорин хэдэн жил өнгөрчихлөө. Энэ хугацаанд маш олон хүн урьдийн мөрөөдөл байсан тэр сургуулиудыг төгсөөд сураад ирчихсэн байна. Өнөөдөр мэдлэгтэй хүмүүс  хангалттай байна. Мэдлэг дээр юу хэрэгтэй байна вэ гэхээр чин сэтгэл, ёс зүй, туршлага, совесть хэрэгтэй байна. Энэ бүгд хосолсон, төлөвшсөн хүмүүсийг үе шаттайгаар бойжуулж дээшээ гаргадаг болохгүй бол явахгүй нь ээ. Яахав өнөөдрийн Монголын ардчилал, сонгуулийн тогтолцоо ч гэсэн бас сөрөг нөлөө үзүүлж байна л даа. Бид нарын хүссэн юмнаас арай л ондоо үр дүнд хүргээд байна. Гэхдээ ер нь төр гэж байдаг л бол төрийн боловсон хүчний бодлогоо маш хатуу явуулах л ёстой юм. Тэгэхгүй бол өнөөдөр намын дарга дагасан, бусдаас илүү бялдуучилж чаддаг хэсэг хүмүүс нь дэвшээд явж байна. Нэг бол бусдаас илүү хэрэлдэж чаддаг, гайхалтай хэрүүлч хүн  бас явчихдаг юм байна ш дээ. Нэг бол их орилж чарладаг нөхдүүд яваад байдаг. Ийм л талбар болчихоод байна. Би өнгөрсөн 11 дүгээр сард нэг мэдэгдэл энэ тэр хийгээд, гишүүнээсээ татгалзъя гээд бөөн асуудал болсон шүү дээ. Түүнээс хойш анх удаа л ийм дэлгэрэнгүй байдлаар сонинд ярилцлага өгч байна. Ганц нэг удаа бага сага ярьсан. Анх удаа том сэдвүүдээр байр сууриа илэрхийлж байна. Яагаад ярилцлага өгөхгүй байсан юм бэ гэхээр үнэхээр ярих юм олдохгүй юм. Жил гаруй болох гэж байна. Ярих юм олдохгүй л байна. Хэлдэг юмаа бол би тухайн үед нь хэлчихсэн. Улс төрийн байдлын талаар хэлчихсэн, эдийн засгийн байдлын талаар хэлчихсэн. Төрийн тогтолцоотой холбоотой, боловсон хүчинтэй холбоотой асуудлаар үндсэн-дээ хэлчихсэн.  

-Нөгөө талаас нэг зорилго, үзэл санааны төлөө бүх амьдралынхаа турш хамт явчихсан нөхөд чинь болохоор хэцүү байгаа байх. Та бүхний дунд түүх, нэг тийм дотоод хайр байгаа. Энэ зүйл чангаагаад харин ч та их тэвчсэн юм болов уу, харин ч хожуу тэмцэж байгаа юм болов уу гэж хардаг шүү дээ.
-Тийм ээ, юу хэлж байгааг чинь маш сайн мэдэрч байна. Юм хэлэх гэхээр намаа шүүмжилчих гээд, за эд нар маань нэг юм учрыг нь олчих болов уу. Бас ч гэж ийм нөхдүүд биш юмсан. Бас ч гэж босгоод ирчих болов уу гээд дотроо бодоод яваад байдаг. Нөгөө талаас надтай надгүй зөндөө нухуулж байна шүү дээ. Амтай болгон л нүдэж байна. Тэд нар нүдээд, шархадчихсан байхад нь би очоод тэрэн дээр нь давс хийгээд яах вэ дээ гэж өөрийгөө бариад яваад байгаа байхгүй юу. Бүр болохоо байхаар нь хааяа өөрийнхөө блог дээр байр сууриа биччихээд. Нэг ийм хэмжээнд байна л даа. Гэхдээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бол маш их юм ил харагдлаа. Их тод гарч ирлээ. Хамгийн чухал нь ямар ямар асуудлууд байгаа юм бэ гэдэг нь их тодорхой болж ирж байна. Ядаж УИХ дотроо шийдмээр асуудал гэхэд маш их байна. УИХ-ын дэгтэй холбоотой. Тухайлбал, УИХ-ын гишүүн нэг өргөдөл өгч байхад тэр өргөдлийг нь ер нь яаж хэлэлцэх ёстой юм. Энэ гэхэд л байсангүй шүү дээ. Гэх мэт маш олон асуудлууд гарч ирж байна.

-Таны хийсэн тэр акцийг бол хугацаанд нь тултал хайрлаад, хугацаанд нь тултал гайхшираад л хийсэн тэмцэл гэж хардаг. Яг таны асуудал орж байхад таны түүхийг бараг мэдэх мэдэхгүй хүмүүс л элдэв том үг хэлж байна билээ. Сонгогчдын өгсөн мандатыг хүндэтгэсэнгүй гэж байх шиг л байсан. Зугтах гэлээ ч гэж байх шиг байсан. Гэхдээ яг сонгогчид юу гэж үзсэн бэ. Энийг асууя гэж бодож байсан юм?
-Сонгогчид маш дэмжсэн.  Ер нь зүйтэй шүү. Наадах чинь зөв. Харин ч ийм асуудал гаргаад тавихад чинь сэтгэл онгойлоо гэж хүртэл хэлж байсан. Зөвхөн миний тойргийнхон ч биш өөр аймаг сумдаас олон хүмүүс ярьж байсан. Олны тэр хандлага чинь аягүй их дэмжлэг өгдөг юм билээ шүү. Огт мэдэхгүй танихгүй, тэр бүү хэл бүр огт ямар нэг хандлага хүлээгээгүй хүмүүс ч утасдаад ярихаар сайхан юм билээ. Ерөнхийдөө зөв юм хийж байгаадаа би маш их итгэлтэй байсан. Тэгээд дээрээс нь олон түмний тэр дэмжлэг ороод ирнэ гэдэг сайхан л даа. Таныг ч гэсэн би ийм мэдрэмжийг авч байгаа хүн гэж хардаг. Энэ хэвлэл мэдээллийн салбарт өчнөөн жил ажиллаад, ер нь ер бусыг л үзлээ ш дээ. Одоо бас ингээд шинэ сонин гаргаад явж байна. Олны дунд ам сайтай л байна билээ. Гэхдээ амаргүй л байгаа байх. Сүүлийн үед улам хурц хурц асуудлуудыг гаргаж ирж нийтэлж байгаа. Бас л дуудагдаж бариад байгаа сурагтай байсан. Хажуугаар нь элдэв холбоо, хаалтын гэрээний асуудлуудаар тэмцэл явуулж байна. Гэхдээ энэ бүхний ард олон түмний дэмжлэг түрж орж ирж байгаа нь л сайхан байхгүй юу. Би үүнийг л хэлэх гэсэн юм. Энэ бол үнэхээр сайхан мэдрэмж байдаг юм билээ.

-Ардчиллын алтан гэгдэх лидерүүд гэвэл цөөхөн хүн байна. Ихэнх нь залхсан уу, энэ улс төрийн тогооноос хол явна л даа. Тогоон дотор орж ирээд тонгочуулж, тэр онцгой хүмүүсийн зорилго, үнэт зүйл, нэр хүндийг унагаж байгаа нөхдүүд болохоор тэр үед хэн ч биш явсан бүлэглэл байх. Харин танай хэд хааччихав аа. Гадны парламент, төрийн дээд түвшинд ажиллагсдын настай харьцуулахад та нар идэр залуу байна.
-Тийм ээ, бид залуу.

-Манайд болохоор өө, одоо болсон. Хол явъя гэцгээх. Жишээ нь, энэ сэдвээр би Баабартай гэхэд хоёр гурван удаа ярилцаж байсан. Би ирэхгүй ээ л гэдэг. Да.Ганболд байна. Лав л байх ёстой газраа алга байна. Дэлгэрмаа алга байна. Элбэгдорж тэнд. Очихыг хүссэн газраа очсон байх. Энэ их гунигтай дүр зураг санагддаг юм.
-Би зүгээр нэг юмыг хэлэхэд ганцхан зүйлийг их найдаж байсан юм.2012 оны сонгуулийн үр дүн гайгүй гарвал.Ёстой нэг зовлон үзсэн хэдэн чавганц нараа дайчилна даа гэж.Тэд нар чинь хий нь гарчихсан хүмүүс байхгүй юу.Юм юм үзчихсэн.Хэр баргийн юманд сөртөлзөөд байхгүй.Хэлүүлдгээ хэлүүлчихсэн, шүүлгэдгээ шүүлгэчихсэн.Авдаг үнэлгээгээ авчих-сан.Тийм учраас орж ирээд үнэхээр хоёргүй сэтгэлээр зүтгэнэ дээ гэж.Том ч зорилтууд байсан шүү дээ.Тэрийг барьж аваад шийднэ дээ гэж үнэхээр их горьдож байсан.Үнэхээр манай халзан Ганболд гэхэд ямар хүн билээ.Гарцаагүй л Монгол улс энэ хүний потенциалийг дутуу л ашиглаж байгаа.Өнөөдөр тэнд аваачиж тавьчихаад потенциалийг нь ашиглаад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг байдалд л байл-гаж байгаа.ЗХУ-д дээр үед нэг тийм албан тушаал байсан юм.Хөдөө аж ахуйн яамны сайд гэж.Ер нь хүнийг унагаая л гэвэл тийш нь аваачиж тавьдаг байхгүй юу.Яагаад гэвэл хө-дөө аж ахуй нь ерөөсөө босдоггүй байсан. (инээв) Тэрэнтэй адилхан нэг юман дээр аваачаад тавьчихсан байх жишээтэй.Гэхдээ цаадах чинь бол үнэндээ юмыг хамаагүй том хар-на шүү дээ.Өнөө маргаашийн эрх мэдэл албан тушаалыг сонирхохгүй.Ерөнхийдөө том зураг, том чиг ханд-лагыг нь хараад явж байгаа.Одоо миний мэдэхээр цаадах чинь шинэ технологитой холбоотой өөрөөр хэл-бэл занартай холбоотой төслийг яриад хэлэлцээд яваад байгаа юм.Тэр хэрвээ шийдэгдэх юм бол юун энэ Оюутолгой. Агуу юм.Ийшээ л ажиллах гээд яваад байгаа.М.Энхсайхан бас тэнд оччихоод зүтгээд л явж байна.Баабар эрдэм дэлгэрүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр асар их ажиллаж байна.Залуучууд, хүүхдүүд, шинэ үеийнхэнд чиглэсэн том төслүүд хийж байгаа шүү дээ.Би л тэнэгтээд энэ дотор ганцаараа сууж байна. (инээв)

-Гэхдээ л хуучин нөхөд уулзалдана биз дээ?
-Уулзалгүй яахав.

-Яах гээд байгаа юм бэ.Цаад нөхдүүдтэйгээ учраа олооч гэх үү.Эсвэл таныг мэддэг учраас олон үг хэлэхгүй юу?
-Зөв, гэхдээ буруу л гэдэг юм. (инээв) Буруу, гэхдээ зөв л гэдэг.

-Ерэн оноос хойш манайд хувааг-дал л явсан. Хамгийн гайхамшигтай нэгдэл бол ардчиллын төлөөх таван намын нэгдэл байсан. Энэ ажлыг та тэргүүлж ажилласан. Олон том лидерүүд учраа олж чадсан. Харин үр дүнг ямар нөхдүүд хүртчихэв дээ. Нөгөө хувьсгалын үр шимийг адгийн шаарууд эдэлдэг гэдгээр л явчихсан уу?
-Тэгдэг л юм байна.Гэхдээ бас нэг л туулах ёстой зам.Туулаад л гарах ёстой байдаг юм байна.

-Фракц гэхээр танд ямар ч фракц байдаггүй.МҮАН-ын Амаржаргал л гэдэг.Гэвч МҮАН гэдэг фракц байхгүй.
-Байхгүй.

-Фракц байгуулаад явах тэр ар-гачлалыг та яагаад тоогоогүй юм бэ?
-Угшлаараа бол би чинь  МҮДН л дээ. Гэхдээ энд нэг юм байдаг юм.Хоёулаа зүйрлэе.Гал гарчээ гэж бодъё.Тэр галыг очоод унтрааж байгаа нөхөр бол үр дүнд нь шууд баатар болдог л доо.Гэхдээ бас нэг асуудал бий.Гал гаргуулаагүй байж болно шүү дээ.Огт галыг гаргуулаагүй.Гэтэл тэр хүнийг бол хэн ч мэдэхгүй.Хэзээ ч сонины тэргүүн нүүрэнд гарахгүй.Баатар болохгүй.Би өөрийгөө тэр галыг гаргуулахгүйн төлөө ажилладаг хүн л гэж боддог юм ш дээ.Ерэн оноос хойш явж ирсэн өөрийн замнал, баримталж ирсэн зарчим, хийж явсан ажлуудаа нэгтгээд бодоход би ийм чиглэлийн л хүн.Хүмүүс намайг зурагт энэ тэрээр харагдахгүй байна.Үг хэлэхгүй байна.хаагуур, юу хийгээд яваад байна гэдэг. Уг нь бол аль болохоор нүдэнд нь харагдахгүй л байвал сайн биз дээ. (инээв) Одоо ч тэгээд шал ондоо үнэлэмжтэй болчихсон доо.Аль болох хэвлэлийн баатар л болж байвал сайн болчихсон юм уу даа.
-Та өөрийнхөө амьдралаар ном бичье гэж боддог уу.Эсвэл арай залуу байна уу?
-Бичвэл бичмээр л байна.

-Таны түүхэнд үнэхээр сонин явдлууд их болж байсан. Ерөнхий сайдад нэр дэвшчихээд өөрөө өөртөө санал өгөөгүйгээс болж унаж байсан. Одоо бол өөртөө санал өгөх зэрэгт бол улайдаг хүн байхгүй болсон. Тэр үед та тийм “хуучин” зарчимтай хүн байсан юм уу. Эсвэл одоо ч энэ доторх хүн чинь тэр хэвээрээ юу?
-Хэвээрээ.

-Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдын суудал шүү дээ. Аймаар харамсаж байсан уу?
-Тэр үед бид нар үнэндээ тийм зүйлийг нэг их сонирхдоггүй байсан юм шүү дээ. Ерээд онд чинь УИХ-д нэр дэвшүүлнэ энэ тэр гээд санал тавихад тэгье гэж хэлдэг хүн ер нь ховор байсан. Хүчээр шахуу дэвшүүлдэг байсан. Дараа нь Засгийн газарт орж ажилла энэ тэр гэвэл бараг “Би яасан гэж ингэж шийтгүүлж байгаа юм бэ” гэх нь халаг юм болдог байсан. Би тэр үеийнхний л төлөөлөл. Одоо бол огт ондоо болчихсон.

-Та бас намаасаа хөөгдөж байсан.
-Тэгсэн, би хөөгдөж байсан.

-Эвгүй байсан уу?
-Өөрийнхөө байгуулсан, барьсан гэр орноосоо хөөгдөнө гэхээр ямар олиг байхав дээ. (инээв) Гэхдээ би нэг зүйлд огтхон ч эргэлздэггүй. Миний баримталдаг зарчим, миний байр суурь зөв гэдэгт. Би боддог юм. Бусдыг дагуулах чадвартай улстөрч гэж ямар хүн байх вэ. Бусдыг манлайлах чадвартай улс төрийн хүчин гэж ямар хүчин байх вэ гэж. Хариулт нь ерөөсөө л ариун цэвэр шүү дээ. Шударга, зарчимч, нэр төртэй ийм улстөрч бөгөөд улс төрийн намынхан л бусдыг дагуулна. Хэрвээ тийм хүмүүс гарч ирж чадах юм бол энэ төр бэхжинэ.Энэ өнгө мөнгө бол түр зуурын л юм шүү дээ. Удаан явахгүй.

-За, хоёулаа дуусгах уу даа.
-Баярлалаа. Тантай уулзах сайхан байлаа. Амжилт хүсье.



http://ganchimeg.niitlelch.mn/