Tuesday, 16 September 2014

Д.Бямбасүрэн: Засгийн газрын араншинг харахад газар нутгаа худалдахад ч бэлэн бололтой

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Хоёр хөршийн төрийн тэргүүн нарын айлчлал болж өнгөрлөө. Айлчлалыг монголчууд төдийгүй, дэлхий нийт янз бүрээр дүгнэж байна. Та хувьдаа ямар дүгнэлт хийж байна вэ?
-Хөрш хоёр гүрний төрийн тэргүүн нарын айлчлал утга агуулга, цаг хугацааны хувьд зөвхөн Монгол, Орос, Хятад гэсэн гурван орон төдийгүй Ази тив, дэлхийн нийтийн хувьд онцгой үйл явдал боллоо. Магадгүй, Чингис хаанаас хойшхи 700-800 жилийн дараа анх удаа Орос, Монгол, Хятадын нутгийг хамарсан хамтын ажиллагааны шинэ тэнхлэгийн эхлэлийг эдгээр айлчлалаар шийдлээ. Нэг талд нь дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, олон сая хүн амтай, өргөн уудам газар нутагтай Хятад орон, нөгөө талд нь дэлхийн хамгийн том нутаг дэвсгэртэй, түүхий эд үйлдвэрлэл, цэрэг зэвсгийн асар их потенциальтай  Орос орон. Энэ хоёр гүрний дунд орших ардчилсан төрийн тогтолцоо, нээлттэй зах зээлтэй Монгол орон. Энэ гурван улс хамтарсан бодлого явуулж эхэлж байна. Энэ нь Ази тив төдийгүй дэлхийн геополитик, гео эдийн засгийн орчинд том өөрчлөлт оруулна. Энэ талаас нь харвал нэлээд өвөрмөц айлчлалууд боллоо. Ойроор яривал Монгол Улс хоёр хөршөөсөө найрсаг, алс ирээдүйг харсан хамтын ажиллагааны илүү таатай орчинтой боллоо. Хятад улсын дарга ирэхдээ, Монгол Улсыг далайд гарцтай болгохоо мэдэгдлээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улстай харилцах эдийн засгийн харилцаандаа нэн таатай нөхцөлийг сэргээж хэрэглэнэ гэдгээ хэллээ. Оросын хувьд транзит тээврээс эхлээд олон чухал асуудлыг шийдвэрлэлээ. Энэ нь шинээр тогтоож байгаа хамтын ажиллагааны тэнхлэгийг амьдрах чадвартай болгож, тууштай хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг нээх итгэл төрүүлж байна. Монгол Улс урд хөрштэйгөө иж бүрэн түншлэлийн төвшинд харилцахаар тохиролцсон бол, Оростой стратегийн түншлэлээ хөгжүүлэх чиглэлийг баримталлаа. Айлчлал сайхан боллоо гээд суух сул цаг бидэнд байхгүй. Айлчлалаар шийдсэн, ярьсан асуудал болгоны цаана асар их хариуцлага, Монгол Улсын нэр хүнд бий. Монголын талаас хүлээсэн үүргээ шударгаар бүрэн гүйцэт хэрэгжүүлэх, биелүүлэх хэрэгтэй. Хоёрт, Монгол Улсын төр энэ цагаас эхлээд  хөгжил дэвшилд чиглэсэн, бүс нутгийнхаа өнгө төрхөд зохицсон алс ирээдүйтэй бодлого явуулах шаардлагатай болж байна. Өөрсдөө хариуцлагагүй, хэлсэн ярьсандаа хүрэхгүйгээсээ болоод гадна талдаа бусдын өмнө эвгүй байдалд ордог, дотроо эдийн засгаа хямраадаг урьдын жишээ одоо бидэнд хэрэггүй.

Томоор харвал хоёр хөрш маань монголчуудын бүтээл шүү дээ
-Оросын Ерөнхийлөгчийн айлчла­лаар олон чухал асуудал шийдсэн. Бас шийдэж өгөөч гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон чухал санал хэлсэн. Тэдгээрийн нэг нь худалдаа, татвартай холбоотой нэн таатай нөхцөл хүссэн. Оростой байгуулсан стратегийн түнш­лэлийн төвшинд энэхүү нэн таатай нөхцөлөөр хамтран хамтран ажиллах боломжтой юу?
-Уг нь Монгол-Оросын сайн хөршийн харилцааны 1991 оны тунхаг, 1993 оны гэрээнүүдэд зааснаар бол манай хоёр улсын хоорондын эдийн засгийн харилцаа нэн таатай нөхцөл гэдгээр явах ёстой юм. Нэн таатай нөхцөл гэдэгт гаалийн татвар 10 хувиас доош байхыг хэлдэг. Олон улсад ч тэгж ойлгодог. Гэтэл Монголын бараа бүтээгдэхүүнд тогтоосон Оросын гаалийн татвар нь нэн таатай нөхцөл биш, үнэн чанартаа Монголын экспортын барааг хаасан шахалт хавчилтын бай­далтай явж ирсэн. Энэ нь зүй тогтол, зах зээлийн хуулиар тогтоосон татвар биш л дээ. Хуучин ЗХУ гэж байхад манай улс хараат орон нь байлаа. Зөвлөлтийн эрхшээлээс гаръя гэхэд зөвлөлтийнхөн 1990 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийнхөө зарлигаар Монголын бараа бүтээгдэхүүнд тогтоосон гаалийн татвараа нэмж, одоог хүртэл Орос орон энэ асуудлыг шийдэж чадахгүй явж ирсэн. Харин сая Путин Ерөнхийлөгч, цаашид нэн таатай нөхцөлөөр харилцана гэдгээ хэлээд явлаа. Энэ нь бол гаалийн татвар 10 хувь, магадгүй  түүнээс доош бууна.
-Хэрвээ ОХУ гаалийн татвараа буулгаж, магадгүй тэглэлээ гэхэд манайх юу экспортлох вэ. Оросын зах зээл дээр өрсөлдөх Монголын брэнд гэвэл махнаас өөр юу байж болох вэ?
-Монгол Улс экспортлогч орон болно гэхээр манайхан ганц мах л нийлүүлнэ гэх юм. Орос бол дэлхийн хойд талын сэрүүн бүсийн хуурай газрын ихэнхийг эзэлдэг орон. Манай ноос ноолуур, арьс ширээр хийсэн бүтээгдэхүүний үндсэн зах зээл нь сэрүүн бүс. Халуун бүсийн орнууд хонины ноосоор хийсэн хивс авахгүй, тэнд хонины ноосон цамц өмсөөд суухгүй. Канад, Скандиновын орнуудыг эс тооцвол сэрүүн бүсэд Орос гэж ганцхан том зах зээл бий. Монгол Улс энэ том зах зээлийг онилж, орон зайгаа эзлэхийн төлөө ажиллах ёстой. Бид ноосоороо ядаж л эсгий гутал, цамц, хөнжил, арьс ширээрээ нэхий дээл хийгээд экспортолбол илүү ашигтай. Гэтэл өнөөдөр манай үйлдвэрүүд тун хангалтгүй, энэ чиглэлд хөгжөөгүй. Ойрхон зах зээл байхгүй, байгаа нь өндөр татвартай явлаа. Тиймээс л хэдэн малаа нядалж гаргах асуудал яриад байгаа юм. Мал, махны асуудал эмзэг. Манайд жил бүр л боом, шүлхий гэх олон улсад хориотой байдаг өвчин гардаг. Мах нийлүүлнэ гэж ярихаасаа өмнө эдгээр хориотой өвчнүүд яагаад гараад байгаа учрыг олох хэрэгтэй. Зөвхөн вакцинжуулаад бүхнийг шийдэхгүй. Малын өвчлөлөө зогсоохын зэрэгцээ малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, хөнгөн, хүнсний  үйлд­вэрүүдээ хөгжүүлэхгүй бол зах зээл нээгдлээ гэж баярлах мөртлөө хоосон хоцордог зам мөр бидэнд бий шүү дээ.
-Орос бол уул уурхайн баялгийн экспортлогч орон. Тийм учраас манай нүүрс, зэсийг авахгүй. Тэгэхээр манай экспортын гол бүтээгдэхүүн болох ашигт малтмалын хувьд Оросын зах зээл ашиггүй, тийм үү?
-Тийм л дээ. Гэхдээ Орост уран, ховор металл хэрэгтэй байж болох юм. Жонш бага зэргийг Монголоос авдаг. Нүүрсний хувьд манайх энд Тавантолгойтойгоо будилж байх хойгуур  манай хажууханд угаагаад бэлдсэн 17 сая тонн нүүрс Орост овоолгоотой хэвтэж байна. Түүнийг урагш нь гаргана гэвэл Монголын экспортын өрсөлдөгч болно. Мэдээж, энэ нь зах зээлийн эрүүл өрсөлдөөн. Бид тэднээс илүү чанартай нүүрс гаргах хэрэгтэй. Зөвхөн нүүрс гаргах тухай яриад суух биш, хятадууд манай нүүрсийг аваад л цахилгаан гаргадаг шиг Монголдоо цахилгаан үйлдвэрлэж түүнийгээ нийлүүлж болно. Энэ тухай бид одооноос л бодох хэрэгтэй. Цахилгаан станц ажиллуулах мэргэжилтэн, инженерүүд Монголд хангалттай бий.
-Путин Ерөнхийлөгчийн айлчлалаар гарын үсэг зурсан хэлэлцээрүүдээс хамгийн чухал нь Улаанбаатар төмөр замыг 2020 он гэхэд цахилгаанжуулж, хос замтай болгох гэдэгтэй та санал нийлэх үү?
-Тэгэлгүй яах вэ, энэ маш чухал. Манай төмөр зам ганц замаар ачаа, зорчигчоо тээвэрлэж зөрлөг дээрээ очно, тэндээ дараагийн галт тэрэгтэйгээ зөрөх гэж баахан хүлээж цаг хугацаа, маш их боломж алддаг. Хэрвээ хоёр замтай болох юм бол нэвтрүүлэх чадвар маш ихээр нэмэгдэнэ. Энэ нь Монголын эдийн засагт том дэмжлэг болно. Транзит тээвэр бол Монголд мөнгө үлдээгээд явдаг маш ашигтай бизнес шүү дээ.
-Улаанбаатар төмөр замыг хос болгож цахилгаанжуулахад асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэр мөнгийг төмөр замыг эзэмшиж буй  50, 50 хувийнхаа хэмжээнд гаргана гэвэл манайд тийм санхүүгийн боломж бий юү. Гаднаас хөрөнгө оруулалт авъя гэхээр хамтарсан аж ахуйн нэгж учраас нөгөө талынхаа саналыг авах, гуравдагч орныхон орж ирэхдээ дурамжхан гээд хүндрэлүүд их гардаг?
-Их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй нь үнэн л дээ. Нэг тэрбум гаруй ам.доллар гэж ярьж байгаа ч түүнээс хол давна. Тэгэхдээ ашигтай хөрөнгө оруулалт учраас хаанаас ч зээл олдоно. Хөрөнгө оруулагчаа зөв, шударга сонгож, нөхцөлөө тохирч чадвал мөнгө олоход санаа зоволтгүй. Одоогийн Чингис, Самурай бонд шиг гарынхаа салаагаар гоожуулахгүй, бэлэн төсөлд санхүүжилт хийх болно.  Жишээ нь, Оросоос өөрөөс нь зээл авч болно. Төмөр замын хуучин хэлэлцээрт санаа зовууштай нэлээд зүйл бий. Монгол Улс төмөр замын дагуухь төмөр замын дэд бүтэц, обьектууд, замын зурваст нэлээд том газар нутгаа бараг үнэгүй өгч эзэмшүүлсэн. Ердөө л 10 сая төгрөгөөр үнэлж өгсөн байдаг юм. Одоо энэ газраа арай ч ингэж үнэлэхгүй байлгүй дээ. Хоёрт, монголчууд төмөр замаа барина гэвэл металлургийн үйлдвэрлэлээ хөгжүүлж өөрсдөө рейс төмөр, бетон дэр, цахилгааны шонгуудаа хийдэг болчихвол манай талд ногдох хөрөнгө оруулалт болно. Энэ мэтээр олон гарц бий дээ. Гол нь айлчлалаар шийдсэнээ ажил болгох л хэрэгтэй.
-Харин тийм, манай улсад 2009 онд Оросын Ерөнхийлөгч айлчилж мөн л олон гэрээ хэлцэлцээр байгуулж байсан ч дийлэнхийг нь монголчууд биелүүлээгүй гэдэг.
-2009 онд Медведев Ерөнхий­лөгчийг ирэхэд олон зүйл дээр тохиролцоо хийсэн. Тэрнээс хойш улстөрийн сонгуулийн сэлгээнээс болж олон зүйл орхигдож, биелүүлэлгүй үлдсэн. Мөн 2000 оноос хойшхи 7-8 жилд төрийн өндөр дээдсүүд маань  гадаадад явахдаа нөгөө л хэдэн уул уурхайн ордын мэдээллээ богцондоо хийж аваад ганзагын наймаачид шиг тэнд ч очиж “би чамтай уран ашиглана, зэс ашиглана” гэж яриад явсан. Бусад салбараа тас орхисон. Оростой хүртэл “Оюутолгой, Тавантолгойд танайхтай хамтарч ажиллана” гэж ярьсан. Гэтэл бодит байдал дээр Оростой ярьсан нь ч, бусадтай тохирсон нь ч  байхгүй.
-Медведев Ерөнхийлөгчийн айлч­­­лалын зарим тохиролцооноос буцсан нь зөв гэх хүн байдаг. Жишээ нь, Монгол-Орос хоёр хамтарч “Дэд бүтцийн хөгжил” компани байгуулсан. Тус компани нь Оюутолгой, Таван­толгойн 50 хувийг эзэмших заалт байсан гэдэг. Хэрвээ энэ заалтаар явсан бол өнөөдөр Оюутолгойн орд өөр хөрөнгө оруулагчтай, эсвэл ураг­шаа алхаагүй Тавантолгойн адил цаасан дээрээ байх байсан гэж зарим хүн хэлдэг?
-Зөвхөн Оюутолгойн хувьд авч үзье л дээ. Хэрвээ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлийн баялаг бүх ард түмнийхээ мэдэлд байж, төр өмчилнө гэдэг утгаар нь хандсан бол баялгийн эзэд өнөөдөр Фрийдландын гэрээний уурганд орж суухгүй байх байлаа. Одоо Оюутолгойгоос юу илтгэж байна гэхээр зэсийн үйлдвэрлэл өслөө гэсэн статистик л гаргаж байна. Мөнгө алга. Зэсээ гадагш гаргасан экспортын орлого нь Монголд орж ирэхгүй байна. Энэ жил гэхэд 500 орчим сая ам.доллар орж ирсэнгүй. Монголд зөвхөн тоо гаргаж, өсөлт тооцож суудаг, мөнгө нь гадаадад байршиж байдаг боллоо. Ийм байдалд орохгүй байх боломж бидэнд байсан уу гэвэл байсан. Тавантолгойг Оростой  хамтарч шийдсэн бол өнөөдөр говийн хөрсөө хүнд даацын машинаар зүсч, тоос манаргаж явахгүй л байлаа. Оросын уурхай ажиллуулдаг зарчим бол эхлээд дэд бүтцээ байгуулж,  нийгмийн асуудлаа шийдчихээд обьектоо ашигла гэсэн дарааллаар явдаг. Үүний бодит жишээ нь “Эрдэнэт” байна. Бид ядаж энэ жишгээр уурхайчдын хотхон байгуулж, хил рүү замаа тавьж, цахилгаан станцаа ашиглалтад оруулсны дараа Тавантолгойн нүүрсийг зөөх тухай ярих байсан юм. Гэтэл одоо Тавантолгойгоо тав хуваачихаад үндсэндээ дампуурлын байдалд хүрээд сууж байна.
-Монголчууд Хятадаас илүү оро­суу­дыг мэднэ, сайн харилцаатай. Гэхдээ миний болон сүүлийн үеийн залуус оросууд монголчуудад юу бүтээсэн, юу өгснийг тэр бүр мэдэхгүй. Та юуг нь илүү онцлох вэ?
-Оросууд бидэнд юу өгснийг томоор харвал гурван зүйлийг хэлж болно. Нэгд, Монгол Улс 1921 он хүртэл Азийн уламжлалт соёл иргэншилтэй орон байсан. 1922 оноос эхлэн Монголд транс байгуулж, автомашин орж ирж, цахилгаан станц, аж үйлдвэрийн комбинат барьж, Европын соёл иргэншлийг Оросоор дамжуулж авсан юм. Энэ нь шинжлэх ухаан технологийн дэвшилд суурилсан соёл иргэншил юм.
Түүнийхээ ачаар өнөөдөр бид Улаан­баатар гэх Европын хэв маягтай хоттой болж, соёл боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэржсэн эдийн засгийн салбарууд нь Оросын оролцоотойгоор бүтэж бий болсон. Хамгийн гол нь энэ соёл иргэншлийн солилцооны үр дүнд орчин үеийн сэтгэлгээтэй, боловсролтой монголчууд бий болсон. Тийм монгол хүмүүсийг ерөнхийдөө оросууд бэлтгэж, сургаж өгсөн. Хоёрт, манай улсын түүхэнд янз бүрийн хүнд үеүд таарч тохиолдож байсан. 1921 оны ардын хувьсгалаас гадна 1939 оны Халх голын дайн бол Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдалд шууд заналхийлсэн, том аюул байсан. Энэ үед хэдийгээр Монголын ард түмэн, хөвгүүд, охид эх оронч сэтгэлгээтэй байсан ч тухайн үеийн Японы цэргийнхний тэр их хүч, мөргөлдөөний өмнө хүчин мөхөсдөх байсан. Тэр үед оросууд олон цэргийнхээ амиар манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг хамгаалж өгсөн юм.
Гуравт, Монголын нийгэм эдийн зас­гийг хөгжүүлэхийн тулд зээл тусламж өгч, хамтарч ажиллаж орчин үеийн үйлд­вэрүүдийг байгуулсан. Тухайлбал, “Эрдэнэт” үйлвдэрийг онцолж болно. Ор­чин үеийн сургууль, эмнэлэг, орон сууц зэрэг олон обьектийг байгуулсан. Энд нэг талаас 60, 70-аад оны улс төрийн нөхцөл байдалтай холбоотой байсан асуудлууд бий байх. Нөгөө талдаа монголчууд эх орны дайны үед Зөвлөлтийн ард түмэнд байгаа бүхнээ шавхаж, чадал бололцооныхоо хэрээр тусламж, дэмжлэг болж явсан. Тэрийг ч бас бодолцдог болов уу. Ер нь Орос Монголын хамтын ажиллагаа олон зуун жилээр бүрэлдэн тогтсон харилцаа. Үүнийг 20, 30 жилээр төсөөлөхийн аргагүй. Томоор харвал манай хоёр талд байгаа хөршүүд бол монголчуудын бүтээл юм шүү дээ. Орос орон 62 вант улстай байхад монголчууд очиж нэгтгэж, Москвагийн вант улсыг дэмжиж, Оросын төрт улсыг байгуулахад анхлан түшиг болж явсан. Сүүлд нь Орос гүрэн зүүн тийшээ тэлэхдээ Зүчи хааны цагаан тугийг бариад л явсан. Хятад улс гэхэд 12 тусдаа улс байсныг нэгтгэж одоогийн Хятадыг бүрэлдүүлсэн. Өмнө нь Тан улсаас хойш үргэлж задгай, бутархай байсныг нь нэгтгэсэн. Тэгэхээр нэг талаас Монгол-Хятад, Монгол-Оросын харилцааны түүхийг авч үзвэл ер нь бие биедээ юу өгсөн, юу бүтээснийг томоор л харах шаардлагатай болов уу  гэж боддог. Хоёр хөршдөө бид бас юу өгснийг давхар харах ёстой.
-Манай улс Хятадын нутгаар дамжин бүтээгдэхүүнээ Хятадын зургаан томоохон далайн боомтод хүргэхээр боллоо. Үүний цаана манай улс төмөр замын нарийн царигийг сонгочихож байгаа юм биш үү?
-Мэдээж шүү дээ. Хятадын нутгаар нэгэнт л өргөн царигаар явахгүй юм чинь өөрийнхөө нутаг дээр 50 км өргөн цариг тавьсан ч яалаа, байсан ч яалаа. Энэ бол эдийн засгийн энгийн тооцоогоор шийдэх асуудал. Мэдээж 5-6 далайн боомтоор гарна гэдэг нь Хятадын сүлжээнд орж тэдний замаар цаашаа явж хүрнэ гэсэн үг. Одоо байгаа Эрээний боомтоор гарах юм уу эсвэл хилийн өөр боомтоор цаашаа нэвтэрч Хятадын замд холбогдох уу гэдгийг бид өөрсдөө л шийднэ. Энд царигийн асуудлыг улстөржүүлж ярих ямар ч шаардлага байхгүй. Харин дотоод сүлжээ өргөн царигаараа явна. Мухар уурхайнуудаас хил давж гарах замыг ямраар ч тавьж болно. 1957 оны үед Налайхаас I цахилгаан станц хүртэл 90 см нарийн царигтай төмөр замтай байсан шүү дээ. Тэрүүгээр уурын тэргээр нүүрсээ зөөдөг байлаа.
-Хятадын даргын айлчлалын үеэр Монголбанк Хятадын Ардын банк­наас авах юанийн своп хэлцлийг нэмэг­дүүлсэн. Төгрөг, юанийн их хэмжээний зөрүүтэй своп арилжаа хийх нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Хятадтай байгуулсан хэлэлцээрээс хамгийн их санаа зовоож байгаа зүйл нь 15 тэрбум юанийн своп хэлцэл. Төгрөгөөр юань худалдан авах шууд арилжаа хийнэ. Манайх 10 тэрбум юань аваад үрчихсэн байгаа. Энэ бол 1.6 тэрбум ам.доллар. Дээр нь 15 тэрбум юань чинь 2.5 тэрбум ам.долларт хүрнэ. Ингээд нийтдээ дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэх валютыг Хятадаас төгрөгөөр худалдан авлаа. Юаниа Хятадаас бараа худалдан авахад зарцуулж, юаниар худалдаа хийдэг олон улсын зах зээлээс бүтээгдэхүүн авахад зарцуулдаг байж гэж бодъё. Тэгвэл Хятад улс 25 тэрбум юанийн оронд өгсөн 7.5 их наяд төгрөгөөр юу хийх вэ.Төгрөгийн ханш унасан. Монгол бараа худалдаж авах хэрэгтэй болно. Гэтэл төгрөгөөр өгөх бараа байхгүй, манайхаас юу авах вэ дээ. Тиймээс оронд нь юу өгөх вэ гэдэг асуудал хэзээ нэгэн цагт зайлшгүй босч ирнэ. Засгийн газрын өнгөрсөн болон энэ жилийн араншинг харахад газар нутгаа худалдахад бэлэн бололтой гэсэн болгоомжлол байнга санаа зовоож байна.  Хятадууд сая өрөндөө Тажекстанаас газар тасдаж авлаа шүү дээ. Манайхан газрын тухай хуулийн төсөл боловсруулж гадаадынханд дуудлага худалдаагаар газар өгнө гэж ярьж байна. Тэр нөхцөлд хятадууд юаниа худалдсан төгрөгөөрөө газар авч таарна шүү дээ. Хүнээс валют аваад үрэхэд сайхан. Харин эргээд өөрөө оронд нь юу өгөх вэ. Үүнийг Монгол шийдээгүй, эрх баригчид маань бодохгүй байна. Төгрөг бол чөлөөт валют биш. Гаднын түнш нь Монголд ирээд валютыг чинь  худалдаж авъя гэхэд нь өгөх юмтай байж чөлөөт валют гэж нэрлэгдэнэ. Төгрөгөөр авах юм даанч алга. Зэс, нүүрсээ ч  төгрөгөөр өгч чадахгүй шүү дээ.
-Үүнээс гадна Хятадын төрийн өмчит томоохон банк Монголд салбараа нээх талаар ярьж байгаа. Гадаадын төрийн мэдлийн банк салбараа нээж үйл ажиллагаагаа явуулбал Монголд ямар нөлөө үзүүлэх бол?
-Маш товчхон хэлэхэд Хятадын мөнгөний бодлого л орж ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Хятадын төрийн бодлого нэвтэрнэ. Ер нь “Bank of China” салбараа нээчихээд аль хэдийнэ зээл олгоод эхэлсэн биз дээ. Энд нэг асуудал бий. Одоо ядаж арилжааны гүйлгээ хийлгүүлж болохгүй. Хэрвээ  арилжааны гүйлгээ хийвэл Монголын банкууд “Bank of China”-тай өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Зөвхөн хөрөнгө оруулалтын обьектуудыг санхүүжүүлэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг дэмжих үүднээс тодорхой алхам хийж болох байх. Энэ бүгдийг сайн тооцож, олон талаас нь  ярьж, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч, ҮАБЗ дээрээ ярьж байж шийдэх хэрэгтэй.
-Монголбанк бол арилжааны банкуудыг нэгтгэж бодлогоор хангаж, тэдний оролцоотойгоор Монгол Улсын мөнгөний бодлогыг тодорхойлдог. Гэтэл гаднын аль нэг орны төрийн өмчийн банк орж ирэхэд түүнийг нь манай  Засгийн газар, Монголбанк хянах, удирдах боломжтой юу?
-Ер нь Монгол Улс эдийн засгийн орон зайн нэгдмэл байдлаа алдаж байна гэдгийг  би олон удаа хэлж ярьж байна. Үүний л нэг жишээ нь гадаадын төрийн өмчийн банк оруулж ирэх тухай энэ яриа л даа. Эрх зүйн хувьд манай улсын хууль дүрмээр явдаг нэг хэсэг аж ахуйн нэгж байна, өнгөрсөн жилийн УИХ-аар баталсан Хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хуулийн дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр явдаг томоохон компаниуд  бий, Оюутолгойн дүрмээр ажилладаг ганц аж ахуйн нэгж байна, дараа нь Хятадын хууль дүрмээр ажилладаг “Петро Чайна” тэргүүтэй аж ахуйн нэгжүүд байна. “Bank of China” орж ирвэл үүнтэй адил Монголын банкны салбарт мөнгөний бодлого маань Хятадын мөнгөний бодлоготой холилдож явах болно. Энэ бүхнийг бодох л хэрэгтэй. Ер нь манайхны ямар зөвшөөрөл өгч байгаад би хувьдаа ихээхэн эргэлзэж явдаг. Ганцхан банкны асуудал биш. Саяхан солон­госуудад газар зарсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримттайгаар гаргачихаад байхад  УИХ-ын байнгын хороо нь гадаадынхны эзэмшиж байгаа лицензтэй газар Монголд байхгүй гэсэн дүгнэлт гаргаж байх юм.  Худлаа ш дээ. Ард түмнээ мэхэлж байгаа хэрэг. Энэ асуудлыг хэзээ нэгэн цагт зайлшгүй босгож тавиад угт нь хүртэл ухаж Монголын хэн гэдэг хүн Солонгосын хэнд хэчнээн хэмжээний газрыг ямар үнээр өгч, тэр мөнгө нь хаашаа орсныг мөрдөх л хэрэгтэй. Тэгэх ч байх. Зайлшгүй шалгах хэрэгтэй. Үүнтэй адил манайхан энэ уурхайгаа тэрэнд өгнө, тийм банкийг оруулж ирнэ гэж амладаг. Эх орноосоо урвасан ч гэж болохоор Монголын эрх ашигт нийцэхгүй энэ амлалтыг хэний өмнөөс хэн өгөөд байгааг ч бас ил гаргах хэрэгтэй. Энэ чинь ҮАБЗ дээр ярьж шийдэх ёстой асуудал. Тэндээс шийдвэр гаргаагүй байхад хэн нэгэн хүн, Засгийн газар юм уу Монголбанк зөвшөөрөл өгсөн байвал эргээд монголчуудын өмнө, түүхийн өмнө маш том хариуцлага хүлээх болно. Хүлээлгэх ч ёстой.
-Банк оруулж ирэхээс гадна Хятадаас нэг тэрбум ам.доллартай тэнцэх хөнгөлөлттэй зээл авахаар болсон гэх яриа байгаа. Энэ талаар танд мэдээлэл, болгоомжлол байна уу?
-Энэ асуудал айлчлалын хүрээнд хийсэн хэлэлцээрүүдэд ил гараагүй. Гэхдээ нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон нь тодорхой боллоо. Үүнийг сонссон Төв банк нь арилжааны банкуудтайгаа нийлж интервенц хийж ам.долларын ханшийг буулгаж, огцрох дээрээ тулж явсан хүмүүс чинь одоо амиа аврах арга хэмжээ авч эхэлж байна шүү дээ. Валютыг ингэж үрж болохгүй. Энэ нэг тэрбум ам.доллараа ашигтай хөрөнгө оруулалтад хийх хэрэгтэй. Нүүрс хийжүүлэх төсөл рүүгээ хөрөнгө оруулалт хий л дээ. Тэгвэл ашигтай болно.
-Сүүлийн хоёр долоо хоногийн хуга­цаанд ам.долларын ханш суларсан. Тэгснээ эргээд өссөн. Гэнэтийн гэмээр энэ огцом хэлбэлзлүүд нь эдийн засгийн эрүүл үзэгдэл мөн үү?
-Биш ээ. Манай эдийн засгийн сул дорой байдал, төгрөгийн ханшийн уналтын эсрэг авч байгаа арга хэмжээг харахад Засгийн газар, УИХ юу болж байгааг ч ойлгохгүй, яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Усанд сэлж сураагүй хүн усанд ороод хөл гараараа тийчигнэдэг шиг савчиж байна.
-Үүний бодит жишээ нь “бай”-гаа оноогүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа “ЭЗЭН-100” хөтөлбөр үү?
-Маргаангүй мөн. Олон түмэн, УИХ-ын анхаарлыг түр хөндийрүүлэх гэсэн л арга хэмжээ байсан шүү дээ. Монгол Улсын эдийн засгийн одоогийн хямрал нь эдийн засгийн дотоод бүтэц алдагдаж тэнцвэргүй болсноос үүссэн. Үүнийг эмчлэх талаар юу ч хийгээгүй. Энгийн нэг л жишээ хэлье. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байгаа нь зөв. Монголд Экобус гээд жижиг хэмжээний автобус угсарч, үйлдвэрлэж байгаа. Энэ жил 100-г үйлдвэрлэнэ. Засгийн газрын одоо баримталж байгаа бодлогоор 268 төрлийн татварын хөнгөлөлт олгож байгаа. Гэтэл Экобусын үйлдвэрлэлд авч байгаа сэлбэг нь НӨАТ, гаалийн татвартай. Харин Солонгосоос оруулж ирж байгаа хуучин автобусууд нь Экобусаас 2-3 дахин өндөр үнэтэй мөртлөө татваргүй. Үүнийг үйлдвэрлэлээ дэмжиж байна гэж хэлэх үү. Ийм л арчаагүй бодлого явуулснаа “ЭЗЭН-100” гэж нэрлэчихсэн нь харамсалтай. Ном хуулж, онол ярьж, хэвлэлийн бага хурал хийснээс өөрөөр ямар ч үр дүнгүй арга хэмжээ болсон.
-“ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжиж байхад таныг Н.Алтанхуяг Ерөнхий  сайдтай уулзах хүсэлт тавьсан ч чадаагүй гэж байсан. Ерөнхий сайд үнэхээр тантай уулзаагүй юм уу?
-“ЭЗЭН-100” ч биш л дээ. Анх Засгийн газар байгуулагдсаны дараа 2012 оны арваннэгдүгээр сарын 14-нд Ерөнхий сайдтай уулзмаар байна гэсэн хүсэлт тавьсан ч түүнээс хойш өдийг хүртэл уулзаж чадаагүй явна.
-Монгол Улсын макро эдийн засгийн бүх үзүүлэлт сөрөг гарч, эдийн засгийн өсөлтийн хурд эрчимтэй саарч байгаа нь аюулын дохио мөн үү?
-Эдийн засаг миний ярьж байгаагаас ч хүндхэн байгаа. Яахав эдийн засаг өсөлттэй байна гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр өсөлт бол хоосон тоо. Зэсийн баяжмал гаргаад л өсөлт зарлаад байгаа юм. Мөнгө орж ирэхгүй байгаа шүү дээ. Энэ жил нүүрсний олборлолт дээр өсөлт зарласан. Гэхдээ нүүрсээ өрөнд өгөөд, мөнгө нь бас л орж ирэхгүй байгаа. Үүнийгээ өсөлт гэж яриад байгаа юм. Байгалийн баялгаа шанагаар хутгаад гадагш нь гаргаж байгааг эдийн засаг өсч байна, сайн ажиллаж байна гэж хэлж болохгүй. Бодит байдал дээр эдийн засгийн  амь тасрахад ойртож,  утас нь улам л сулраад байна.
-Эдийн засгийн энэ хүндрэл жишээ нь таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Би гурван жилийн өмнө таван настай ач охинтойгоо 30 мянган төгрөгтэй дэлгүүрт ороод тор дүүрэн юм аваад л гардаг байсан. Гэтэл одоо тэр багцааны юм авахад 110 мянган төгрөг болж байна.
-Таны харж байгаагаар өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс яаж гарах вэ?
-Засгийн газрын барьж байгаа бодлого энэ чигээрээ явбал эдийн засгийн хүндрэл улам л гүнзгийрнэ. Ам.долларын нөөц хомсдож, төгрөгийн ханш суларна. Эргэн тойрныхоо хамаг барилгад бүх мөнгөө хийчихсэн. Гаднын ажилчид, импортын материал зөөгөөд валютын хамаг нөөцөө үрэн таран хийгээд газарт булчихсан. Энэ бүгдийг зогсоогоогүй байгаа цагт эдийн засаг сайжрахгүй. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогоо зөв болгох хэрэгтэй. Засгийн газар, УИХ-аас явуулж байгаа бодлого буруу байна. Үүнийгээ өөрчилж чадвал зөв гольдрилдоо орно. Үүний тулд миний бодлоор УИХ намрын чуулганыхаа эхэнд Засгийн газрынхаа асуудлыг ярих хэрэгтэй. Дараагаар нь чадварлаг шинэ Засгийн газраа байгуулж, төрийн бодлого барьж чадах төрийн сайд нар томилж чадвал аяндаа засарна.
-Засаг солихоор улстөр гэж бужигнаад, дахиад халаа сэлгээ болж харин ч ажил урагшлахгүй биш үү?
-Солихоос өөр арга байхгүй. Ийм багтай, энэ бодлогоор цаашаа хоёр жил  явах юм бол бүр л баларна.
-Засгийн газарт бас бодлогын дэмж­лэг хэрэгтэй. Тийм дэмжлэг энэ засагт байна уу. Таны харж байгаагаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, цаашлаад эрх баригчид хэр эв нэгдэлтэй ажиллаж байна вэ?
-Эв нэгдэл гэдэг үгийг эхлээд тайлбар­ламаар байна. Бүгдээрээ булагнаад байхыг эв нэгдэл гэж ойлгодог хэсэг бий. Эв нэгдэл бол хамгийн түрүүнд, Монгол орны хөгжлийн ирээдүй, ардчиллынхаа үнэт зүйлс дээр эв нэгдэлтэй байхыг хэлнэ. Түүнээс биш, Монгол орны ирээдүйг бүдгэрүүлэх бодлого явуулж байгаа улстөрч, улс төрийн хүчинтэй эв нэгдэлтэй байх тухай асуудал энд байхгүй. Хамгийн түрүүнд, асуудлаа ардчилсан замаар шийдэж байя. Ярилцаж, хэлэлцэж, нээлттэй байдлаар шийдье. Өнөөгийн төрийн байдлыг харахаар өөрс­дөөс нь шууд хамаарсан, төрийн хүн, төрийн байгууллагад байж боломгүй хүнд үеүд ч тохиож байна. Өнгөрсөн зун болсон үйл явдлыг дүгнэвэл нэг талд нь Ерөнхий сайд, Тагнуулын газар зэрэг төрийн алба нь овоорсон. Нөгөө  талд нь Авлигатай тэмцэх газар нь сөрсөн. Бас өөр нэг орчинд Хууль зүйн яам нь Цагдаагийн ерөнхий газартайгаа “дайтах” юм. Төрийн өндөр албанд ажиллаж байгаа өнөөгийн хүмүүсийн үйлдэл нь  төрөө хөлдөө чирч гүйцэх нь. Цаашид ийм байдал Монголын төрд байж болохгүй. Энэ бол зөвхөн бидний дотоодын асуудал. Үүнийг шийдэхэд чиглэсэн дорвитой хурц алхмууд хийхгүй бол эргээд маш муу нөлөө үзүүлнэ. Монголын нийгэм шударга  үнэний орчинтой байх чадваргүй болж байна. Тиймээс ч Ерөнхийлөгчийн зүгээс Хариуцлагын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг баталбал олон зүйл шийдэгдэнэ. Гэтэл УИХ энэ хуулийг баталж чадах уу гэдэг асуудал байна. Яг бодитойгоор нь шүү. УИХ-ын гишүүдийн дотор авлига, эрүүгийн хэрэгт холбогдож, нэрийг нь зарласан хүн хэд байгаа билээ. Тиймээс УИХ энэ хуулийг батлахад их хэцүү байх гэж бодож байгаа. Энэ төслөөс болж УИХ, Ерөнхийлөгчийн хооронд зааг үүсч мэднэ.
-Ерөнхий сайдын  зүгээс “АТГ, МАН хоёр ажил хийлгэхгүй байна” гэж мэдэгдсэн. Үнэн хэрэгтээ АТГ, МАН ч биш, АН доторхи фракцууд нь Ерөнхий сайдаа барьцаалчихаад  ажлыг нь хийлгэхгүй байгаа юм биш үү?
-Фракцууд нөлөөлж байгаа нь үнэн. АТГ-ын дарга хэлсэн шүү дээ. Ерөнхий сайд хувийн асуудлын талаараа ярьчих шиг боллоо гэж. Үнэндээ, Ерөнхий сайд их л олон асуудлаар нэр нь дуудагдлаа. Үүнийгээ шударгаар цэвэрлээсэй гэж хүн бүр бодож  байгаа. Ингэвэл Засгийн газрынх нь, Монгол төрийн нэр цэвэр болно шүү дээ. Төрд ажиллаж байгаа хүн өөрийгөө биш, төрийн нэр хүндийг бодох  хэрэгтэй. Гэтэл Ерөнхий сайдынх нь тэр ч хүргэн, энэ ч охин, хамтарч ажиллаж байсан зөвлөх нь хэрэгт холбогдоод байхаар чинь төрийн нэр бузартаж байна. Ерөнхий сайд өөрөө хувийн эдгээр асуудлаа  нэг тийш шийдэх хэрэгтэй.
-2012 оны сонгуулийн бүрэн эрх хугацааны хувьд талдаа орсон. Үлдэж байгаа хоёр жилийн нэгд нь  сонгуульдаа бэлтгэж, нөгөөд нь сонгуульдаа ордог гэж улстөрчид ярьдаг. Тэр жишгээр харвал шинээр байгуулах Засгийн газар ард түмнийхээ төлөө ажиллах, улстөрийн сонгуульдаа бэлтгэх хоёрын алинд илүү анхаарах нь тодорхой юм биш үү?
-2015 оны хоёрдугаар хагасаас сон­гуулийн ажилдаа орно л доо. Одоо жил хүрэхгүй хугацаа үлдэж байна. 2012 онд өгсөн гол том амлалтуудын олонхи нь цаасан дээр үлдэх магадлал өндөр боллоо. Эрх баригчдын болчимгүй асуудлыг улс төрийн залгамж халаа алдагдсан гэдэг утгаас нь ярихад хэцүү л дээ. Хуучин социалист нийгмийн үед өөр сэтгэхүй, өөр үзэл номлолтой байлаа. Одоогийн төр бол зөвхөн залгамж халаагаа алдсан биш юм. Энэ төр олигархиудын төр. УИХ, Засгийн газраа авч үзье. Хэдхэн том компанийн захирлууд бүх асуудлыг шийдэж байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сард ээлжит бус чуулган зарласнаас эхлээд УИХ-ын гаргасан бүх шийдвэрүүд захиалгат байсан. Захиалгат хуулиуд гарсан. Тэр нь том хөрөнгийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн. Аль намынх нь хамаа байхгүй, АН, МАН, нөгөө гуравдагч хүчнийхэн бүгд ханцуй дотроо наймаалцаж хууль баталж байна. Тогтвортой төр гэдэг чинь бодлого нь тогтвортой байхыг хэлдэг юм. Түүнээс бус, бүрэн эрхийн хугацаа урт байхыг хэлдэггүй. Төрөө тогтвортой байлгана гээд одоогийн УИХ-ын бүрэн эрхийг 5-6 жил болгож сунгавал цаадуул чинь Монголоо худалдчихаад алга болоход бэлэн л юм шиг харагдаад байна.Тэгэхээр олигархийн төр гэдэг үзэгдлийг ирэх сонгуулиар хагаслаж чадах уу гэдгийг монгол хүн бүр бодох л хэрэгтэй.
Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин


Ч.Хашчулуун: Гадаадын төрийн банк салбараа нээвэл Монголбанк байтугай УИХ ч хянаж чадахгүй

hashchuluunБНХАУ-ын төрийн өмчит "Bank of China" Монголд салбараа нээх сургаар манай улстөрч, эдийн засагчид байр сууриа илэрхийлж эхэлсэн. Монголын банкуудын холбоо ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан тоотоор хандаж дүгнэлт хүргүүлсэн бол эдийн засгийн асуудлаар мэргэшсэн хэсэг судлаач тусгай судалгаа хийжээ. Тус судалгааны багийн зөвлөхөөр ажилласан МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Эхлээд судалгааны үндсэн зорилго, ямар мэргэжлийн хүмүүс багтсан, та ямар үүрэгтэй оролцсон гэдгээс яриагаа эхлэх үү?
-Зөвхөн ардчилсан төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засагтай гэлтгүй аливаа төр засаг улс орныхоо хэмжээний ямар нэгэн томоохон шийдвэр гаргахдаатухайн асуудлаар бодлогын судалгаа хийдэг. Төрийн мэдэлд, Засгийн газар нь дэргэдээ судалгааны ийм томоохон байгууллага, бүтэцтэй улс орнууд олон бий. Энэ утгаар нь харвал Монгол Улсад гадаадын төрийн өмчит банк салбараа нээх, үгүй нь бодлогын судалгаа хийх үндсэн сэдэв мөн. Тийм учраас манай баг гаднын төрийн мэдлийн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулбал нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судалсан. Миний бие энэхүү судалгааны   зөвлөхөөр   ажиллаж,   Австралид   сурдаг магистр зэрэгтэй монгол судлаачид судалгааг гардаж хийсэн.
-Судалгааны дүн гэх үү, дүгнэлт гэх юм уу, тэндээс харвал гадаадын төрийн өмчит банк Монголд салбараа нээхэд эерэг, сөрөг аль тал нь давамгайлж байна вэ?                                        
-Мэргэжлийн хүмүүсийн хийсэн бодлогын судалгаа учраас дүгнэлт гэж ярих нь зөв л дөө. Хэрвээ салбараа нээх гэж байгаа банк нь арилжааных бол энэ нь асуудалгүй. Тэнд жам ёсны, зах зээлийн эрүүл өрсөлдөөн явна. Тийм учраас бид салбараа нээх гэж байгаа банк нь гадаадын төрийн мэдлийнх бол Монголын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг илүү анхаарч судалсан. Ерөнхийдөө аюултай, сөрөг үр дагавар нь илүү байна гэж дүгнэсэн.
-Жишээлбэл ямар?
-Хамгийн аюултай нь ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Гадаадын төрийн мэдлийн банк салбараа нээснээр ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх, ямар компаниудад зээл өгөх вэ гэдэг дээр манай талаас зөвшөөрөл авалгүй, асуулгүйгээр зээлээ өгөөд явах бүрэн боломжтой. Ингэснээр Монгол Улсын стратегийн салбаруудад гаднын төрийн нөлөөтэй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдэх магадлал өндөр болно.Ялангуяа дотоодын банкууд гаднын төрийн мэдлийн томоохон банктай өрсөлдөх чадвар нь сул байгаа энэ үед. Жишээ нь, 2013 оны байдлаар банкны салбарын зээлийн өрийн үлдэгдлийн 80 орчим хувь нь нэгээс дээш  жилийн  хугацаатай зээлд, эх үүсвэрийн 47 хувийг хугацаагүй болон харилцах дансны үлдэгдэл эзэлж байв. Үүнээс гарахад манай банкуудын хувьд урт хугацааны санхүүжилт олгох боломж бага байгаа нь стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг гаднын банкны салбартай өрсөлдөх боломж хязгаарлагдмал гэж үзэхэд хүргэж байна.
-Та гаднын банк стратегийн салбаруудад зээл их хэмжээгээр өгнө гэж байна. Гэхдээ манай улс гадаад зах зээлээс бонд босгож, түүнийгээ стратегийн салбарууддаа хөрөнгө оруулалт болгож өгч байгаа шүү дээ?
-Энэ бол нэг зээлдэгч биш олон хэрэглэгчээс авч байгаа ашгийн төлөө үйл ажиллагаа. Харин төрийнхөө мэдэл, бодлогоор үйл ажиллагаа явуулдаг гадаадын банк манай улсын нийгэм, эдийн засгийн гол салбаруудад дураараа зээл олгож эхэлбэл манай Засгийн газар, Төв банк, бүр УИХ-ын зүгээс ч хянаж зохицуулж чадахгүй. Тийм л эрхзүйн орчин Монголд байна, эдийн засгийн ийм схем эдийн засгийн орчинд байна. Хөгжиж байгаа орнуудын туршлагыг харахад гаднын төрийн мэдлийн банк салбараа байгуулснаар тухайн улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул үүссэн байдаг. Тэгэхээр манай улс бусдын ийм бэлэн жишээнээс сануулга авч энэ асуудлыг эхлээд ҮАБЗ дээрээ ярьж шийдэх хэрэгтэй байх. Гэхдээ энд гаднын банкийг эсэргүүцэж байгаа юм ердөө байхгүй. Уг банкны өмчлөл нь гаднын төрийн мэдлийнх учраас л манай улсын дотоодын мөнгө, санхүүгийн бодлогод эрсдэл бий болгох аюултай гэдгийг хэлэх гээд байна. Салбараа нээх гээд ажиллаж байгаа гадаадын банкны буруу ч энд бас байхгүй. Харин өмчлөлийн хэлбэр, хожмоо үүсэх эрсдэлийг тооцохгүйгээр тэдэнд нээж болох ч юм шиг итгэл төрүүлж байгаа нь манайхны л буруу. Эцсийн шийдвэрийг Монгол Улс, монголчууд л гаргана. Биднийг шийдвэрээ гаргаагүй, зөвшөөрөөгүй байхад "Bank of China" орж ирээд бууриа засах боломжгүй. Өөрөөр хэлбэл, буруу нь тэдэнд биш, бидэнд байгаа юм.
-Хэрвээ гаднын банк салбараа нээвэл нэг талаар дотоодын банкуудын зээлийн хүү буурч, жижиг дунд үйлдвэрүүдэд олгох зээлийн хүртээмж нэмэгдэж, тэр хэрээр банкуудын өрсөлдөх чадвар сайжирна гэж ярьж байгаа шүү дээ?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн олдоц нэмэгдэнэ гэж ярьж байгаа нь том эндүүрэл. Тийм юм байхгүй. Ингэж ярьж байгаа нь өнөө маргаашаа л харсан болчимгүй явдал. Олон улсын судалгаанаас харахад, гаднын томоохон банкууд салбараа нээсний дараа энэ үзүүлэлтүүд харин ч эсрэгээр эргэсэн байдаг. Тухайлбал, Энэтхэг, Пакистанд гаднын улсын төрийн мэдлийн банк үйл ажиллагаагаа явуулснаас болж жижиг дунд үйлдвэрийн зээлийн нөхцөл нь дордсон, дотоодын           хамгийн  сайн харилцагчдыг нь гаднын банк авч, зах зээлд нь сорчлох, ялгаварлан оролцох хандлага нэмэгдсэн байдаг. Манайд ч ийм өнгө төрх харагдаж байгаа. Монгол Улсын арилжааны банкуудад томоохон найдвартай харилцагчид тун цөөхөн байдаг. Энэ цөөн хэдэн найдвартай харилцагч нь гаднын төрийн мэдлийн банк руу шилжих юм бол дотоодын банкны систем мөхөлд орох эхний дохио болно. Ингэснээр манай улсад хамгийн эрчимтэй хөгжиж байгаа банк санхүүгийн салбар бүхэлдээ гаднын төрийн нөлөөнд хүчтэй автах эрсдэл бий болно.
-"Bank of China"-гийн төлөөлөгч мэдээлэл хийхдээ салбараа нээвэл эхний ээлжид томоохон аж нэгжүүдэд л зээл өгнө гэж мэдэгдсэн?
-Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийг тоолбол цөөхөн шүү дээ. Уул уурхай, дэд бүтцийн салбарт ажиллаж байгаа хэдхэн компани л бий. Энэ компаниуд гаднын төрийн мэдлийн банкнаас зээл авч эхэлбэл эргээд зээл авсан банкныхаа хараат байдалд орно. Үүнтэй зэрэгцээд Хятад улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд төрийн мэдлийн банк нь их хэмжээний зээл өгснөөр тэдний үйл ажиллагаа улам эрчимжиж, манай дотоодын аж ахуйн нэгжүүдэд өрсөлдөх боломж хомс болно. Үүнээс үүдэж ялгаварлах байдал үүснэ. Энэ нь дотоодын зах зээлд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдана. Өрсөлдөөний нөхцөлийг харахад Хятадын зээлийн хүү маш бага байдаг. Бага хүүтэй тэр зээл манай зарим үндэсний аж ахуйн нэгжид олдохгүй л гэсэн үг. Тэд зээл авахын тулд зах зээл дээр Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах нөхцөлийг зөвшөөрөх хэрэгтэй болно. Энэ нөхцөлд тоглоомын дүрэм автоматаар л Хятадын хөрөнгө оруулагчдын талд шууд шилжинэ.
-Уул уурхайн томоохон компаниудын хувьд Хятадын төрийн мэдлийн банкнаас зээл авахын тулд гол барьцаа хөрөнгө нь ордын лиценз байх болов уу. Хэрвээ зээлээ төлж чадахгүй бол лицензээ шилжүүлэхээс өөр аргагүй болох уу?
-Тэгж таарна. Төр, хувийн хэвшлийн ямар ч банк зээлийнхээ барьцаанд алт болон өндөр төлбөртэй, үнэ буухгүй үл хөдлөх хөрөнгө л авахыг бодно. Орос улс нэлээд том нефтийн ордоо Хятадын талд өрөндөө өгсөн. Тажикстан улс өрөндөө газар тасдаж өглөө. Манайд ч бас ийм нөхцөл үүсч болзошгүйг үгүйсгэх аргагүй. Манай дотоодын аж ахуйн нэгжүүд их хэмжээний зээл авахын тулд үйлдвэрийн объект, төсөл, уурхайнуудаа барьцаалаад, дараа  нь зээлээ эргэн төлж чадахгүй байдалд орвол тэдгээр барьцаа нь бүгд хураагдана. Хэлбэр нь тухайн компанийн уурхай, төсөл хөтөлбөр, объектуудыг хураан авч байгаа мэт боловч хэтийн үр дагавар нь Монголын нийгэм, эдийн засагт сөргөөр тусч, нэг улсаас хараат байдал улам л нэмэгдэнэ.
-Хэрвээ "Bank of China" салбараа нээвэл зээлээ ам. доллараар олгох уу, эсвэл юаниар уу. Ер нь Хятадын төрийн мэдлийн банк Монголд салбараа нээвэл манай эдийн засагт Хятадын мөнгөний бодлого нэвтэрнэ гэх яриа хэр ортой вэ?
-Хятад улс юаниа олон улсын валют болгох бодлогыг баримталж байгаа. Тийм учраас Монгол шиг байгалийн баялагтай оронд төлбөрийг нь аль болох юаниар хийх сонирхол давамгайлж байгаа. Манайх бол чөлөөт эдийн засагтай, дэлхийн зах зээлд ид оролцож байгаа улс. Гэтэл нэг улсын мөнгөн тэмдэгтийн нөлөөнд орчихвол тус улсын хамаарал илүү хүчтэй болж эргээд гарахад хэцүү болно. Дээр нь тухайн банкны бодлого нь хаалттай байгаа нөхцөлд энэ эрсдэл улам л нэмэгдэнэ. Ер нь гаднаас орж ирж байгаа банкууд ихэвчлэн валютаар зээл өгөх сонирхолтой байдаг. Учир нь валютаар зээл олгосноор тухайн банкинд ямар нэгэн эрсдэл байхгүй. Валютаар зээл өгч эргээд хүүгээ валютаар авна. Гэтэл манайд ханш маш их хэлбэлздэг шүү дээ. Тэгэхээр ам.долларын зээл авчихаад төгрөгөөр хүүгээ төлье гээд тухайн үеийн ханшаар шилжүүлэхэд ханш унасан байвал асар их хэмжээний хохиролд ордог. Манай томоохон компаниуд, жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд ам.долларын зээл авах сонирхол байдаг боловч эргээд зээлийнхээ эргэн төлөлт дээр асуудал үүсдэг. Тиймээс их хэмжээний ам. долларын зээл авахад эрсдэл өндөр байдаг. Хоёрт, гаднын банк аж ахуйн нэгжүүдийн хамгийн ашигтай ажиллаж байгааг сорчлон зээл олгож, найдвартай, томоохон компаниудыг нь өөртөө татдаг. Үлдэж буй жижиг дунд үйлдвэрийн зээлийн эрсдэл нь өндөр учраас зээлийн хүү нь өсдөг.
-Дотоодын арилжааны 13 банкийг Монголбанк бодлогынхоо хүрээнд нэгтгэж, хяналт шалгалт хийж зохицуулдаг. Гэтэл гаднын томоохон банк салбараа нээхэд манай Засгийн газар болон Монголбанк хяналт шалгалтхийх боломжгүй гэдгийг та хэллээ. "Bank of China" салбараа нээвэл арилжааны зээл олгохгүй томоохон төсөл хөтөлбөрт зээл олгоно гэж ярьж байгаа ч хяналт шалгалтын механизм байхгүй учраас арилжааны зээл олгосон ч бид яаж ч чадахгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Одоогийн байдлаар хяналт шалгалтын тогтолцоо бүрдээгүй. Ер нь гаднын банк орж ирээд ямар байдлаар үйл ажиллагаа явуулах вэ гэдэг эрх зүйн орчин харанхуй байна. Төлөөлөгчийн газрын статус нь тодорхой бус байна. Охин компани эсвэл салбар гэдэг статусаар орж ирэх үү гэдэг нь ч тодорхой бус. Ийм нөхцөлд дэлхийд хамгийн том банкны нэрээр орж ирэхэд нь "та нар дуртай юмаа хий" гэвэл дотоодын банкны салбарт хохирол гаргана, алдаагаа засах гэхэд аль хэдийнэ хожимдсон байх эрхзүйн орчинтой байна шүү дээ, бид. Өндөр хөгжсөн орнуудын банкуудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх нь зөв. Гэхдээ нэгд, эхлээд эрх зүйн орчноо сайн болгох хэрэгтэй. Ямар үйл ажиллагааг нь зөвшөөрч, ямрыг нь хязгаарлах вэ гэдгийг судлах нь хамгийн чухал. Хоёрт, хэрвээ гаднын төрийн мэдлийн банк салбараа байгуулбал үр дагавар ямар байх уу. Үнэхээр манайд хэрэгтэй юү, эсвэл дотоодын зах зээлийн хамаг ашгийг хүртэж, Энэтхэг, Пакистан шиг өрөнд оруулаад гараад явахыг үгүйсгэхгүй. Мөн гаднын банк нэвтэрснээр дотоодын банкны салбар хямралд орж, хэдэн мянган хүн ажилгүй болох,  орон  нутагт үзүүлэх үйлчилгээ хумигдах уу, үгүй юү гэдгийг зөвшөөрөл өгөхөөсөө өмнө нарийвчлан судлах хэрэгтэй. Манай улсын банкны салбарт гаднын арилжааны, хувийн өмчлөлтэй банк бол бий. Тодруулбал, 2012 оны байдлаар банкны салбар дахь гадаадын хувь эзэмшилтэй банкууд 43 хувийг эзэлж байна. Монгол Улсын эдийн засагт олон орны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг бүрдүүлэн ажиллах нь чухал. Харин анх удаа төрийн мэдлийн банк орж ирэх гэж байгаа учраас сайн судлах нь л зүйтэй. Гуравт, гаднын төрийн мэдлийн банк орж ирэх нь онцгой үзэгдэл. Хэрвээ ашгийн төлөө Япон, Солонгос, Америкийн арилжааны банк орж ирвэл үйл ажиллагаа нь харьцангуй ил тод байдаг. Тайлан судалгаагаа ил тод гаргаж, бирж дээр бүх хөрөнгө оруулагч нарт танилцуулдаг. Харин төрийн банкны үйл ажиллагаа, шийдвэр нь хаалттай байдаг. Шийдвэр, бодлого нь Засгийн газрынхаа эрх ашгийн дагуу л явна гэдэг нь гарцаагүй. Тэр нь манай Засгийн газар болон Монголбанкны бодлоготой нийцэж байна уу, үгүй юү гэдэг нь өөрөө асуудал. Манайх өөрийн нутагтаа санхүүгийн зээлийг хянах, удирдах, чиглүүлэх боломж нь хумигдана. Учир нь, Хятадын төрийн банкны ,өөрийн хөрөнгийн хэмжээ асар том шүү дээ. Манай дотоодын арилжааны банкуудын бүх хөрөнгийг нийлүүлээд ч "Bank of China"-гийн нэг хувьд нь ч хүрэхгүй. Ийм их, асар том хөрөнгөтэй банк орж ирж байгаа нөхцөлд манай олон жижиг банкуудыг нэг алхаад л үгүй хийнэ. Дараа нь бид сэргээж, нөхөж чадахгүй байдалд үлдэнэ шүү дээ. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа банк ашгийн төлөө л орж ирдэг, зээлийн хүүг нь бууруулж хүртээмжийг нь нэмэгдүүлж Монголыг хөгжүүлэх гэж орж ирэхгүй. Энэ бол тодорхой.
-Гаднын аль нэгэн улсаас хийж байгаа шууд хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалтын 1/3-ээс хэтрэхгүй байх хууль манайд бий. Хэрвээ төрийн мэдлийн банк нь орж ирвэл Хятад улсын хөрөнгө оруулалт хуульд заасан энэ хэмжээнээс давчих уу?
-Манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг улсаас оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ 1/3-ээс хэтрэхгүй байхаар заасан байдаг. Одоогийн байдлаар бол Хятад улсаас оруулсан хөрөнгө оруулалт энэ хэмжээнээс хэдийнэ хэтрээд явж байгаа. Хэрвээ Хятадын хөрөнгө оруулалттай том компаниуд дээр төрийн мэдлийнх нь банк орж ирвэл энэ хоёрын хослол илүү л нөлөөтэй болно. Монголын компаниудад өгөхгүй байгаа, олдохгүй байгаа зээл Хятадын хөрөнгө оруулалттай компанид олгоно. Өөрөөр хэлбэл, зээлийн нөхцөл ялгаварлалтай болно гэсэн үг. Дотоодын үндэсний компаниудад өрсөлдөх боломж гарахгүй. Тиймээс зэргэцүүлээд аль болох гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж, эрүүл өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Мэдээж Хятадын төрийн өмчийн банк, тус улсын компаниудтай хамтран ажиллалгүй яах вэ, ажиллах ч болно. Тэгэхдээ аль болох дотоодын зах зээлд оролцохгүйгээр арилжааны банкуудаар дамжиж эсвэл Засгийн газраар дамжиж үйл ажиллагаа явуулахыг дэмжих нь зүйтэй.
-Хэрвээ салбар байгуулах зөвшөөрөл олговол хөрөнгө оруулах, зээл олгох чиглэлийг хязгаарлах боломжтой гэж зарим хүн ярьж байгаа. Гэтэл таны хэлж байгаагаар Төв банк, Засгийн газар ч хяналт тавьж чадахгүй, боломжгүй юм биш үү?
-Аливаа нэг банк салбараа байгуулахад тодорхой чиглэл, хязгаарлалттай байж болно гэсэн яриа байдаг боловч өнөөдрийн манай хууль эрх зүйн орчинд огт тийм зүйл байхгүй. Юуны үндсэн дээр хязгаарлалт тавьж, юуг зөвшөөрөхийг хэн ч мэдэхгүй. Ийм нөхцөлд гэрээ байгуулах нь утгагүй болно. Оюутолгой төсөл дээр Ашигт малтмалын хууль байгаа учраас хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Монголын Засгийн газар өөртөө 34 хувийг авч байсан бол гаднын банк орж ирэхтэй үүсэх харилцааг сайн судалж, боловсронгуй болгосон эрх зүйн орчин одоогоор байхгүй. Тиймээс банкны тогтолцоонд нэг оролцогчоос тодруулбал, гаднын төрийн мэдлийн банкны салбараас хараат байдал нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал харшилна.Тиймээс хууль эрх зүйн орчноо бий болгоогүй цагт үйл ажиллагаагаа явуулах нь аюултай. Энэ нөхцөлд хамтран ажиллах, Төвбанк болон Засгийн газраар дамжуулан үйл ажиллагаа явуулах нь зөв.
-Зарим хүн гаднын томоохон банкийг дагаж их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ. Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед хөрөнгө оруулалт татах сайхан боломж. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд гаднын төрийн мэдлийн банкны салбарыг байгуулж, ядуу амьдарснаас хэн нэгнээс хамааралтай баян амьдарсан нь дээр гэх юм. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Даяаршсан дэлхийд бие биеэсээ тодорхой хэмжээнд хамаарах явдал байгаа. Огт хамааралгүй холбоогүй явна гэвэл худлаа. Харин энэ хамаарлаа хийхдээ өөрсдөдөө хамгийн ашигтай хувилбараар боловсруулах ёстой. Тийм учраас л илүү судлах хэрэгтэй. Манай ямар салбарт хамаарал байж болох вэ, ямар нөхцөлд багасгах, эсвэл нэмэгдүүлэх вэ гэсэн нэгдсэн бодлого байх ёстой. Тухайлбал, манай улс нийт экспортынхоо 90 хувийг нэг улс руу гаргаж байгаа нөхцөлд улам нэмэгдүүлэхэд сөрөг тал нь илүү болно. Нөгөө талд шатахууныхаа дийлэнхийг нэг улсаас авч байна. Энэ улсаасаа худалдан авалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэвэл бас л сөрөг талтай. Тэгэхээр нөхцөлийг нь сайн судалж нэг талын хамаарлаа зөв эрүүл, өөртөө ашигтайгаар байлгаж, хэрэгтэй бол шинэ харилцаа холбоо үүсгэх хэрэгтэй. Зөвхөн хоёр хөрштэйгөө тулж харилцаж болохгүй. Манай хоёр хөрш том нь үнэн боловч дэлхийн санхүүгийн зах зээл дээр бидэнд гуравдагч хөрш гэж бас бий. Тэдэнтэйгээ харилцаагаа тасалж болохгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд компанийн засаглалыг сайжруулах хэрэгтэй гэж ярьж байгаа. Тэр үнэн л бол ганц банкны ч биш, бүх л салбарт гадаадын төрийн өмчит компанийг дотоодын зах зээл рүүгээ оруулахыг цаашид хязгаарлах нь зөв. Төрийн өмчийн компани бол тухайн улсынхаа төрийн бодлогыг хэрэгжүүлдэг субъект гэдгийг санах хэрэгтэй. Харин аж ахуйн нэгж, хувьцаат компани байвал тэр нь зах зээлийнхээ ном журмаар ажилладаг хэвийн байгууллага. Ийм компаниудтай хамтарч ажиллахад манай засаглалд ч сайнаар нөлөөлнө.
Э.МӨНХЦЭЦЭГ
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин

Thursday, 11 September 2014

Г.Майцэцэг: Монголын маань салбар бүрт бие биенээ дэмжих үзэл хамгийн их дутагдаж байна

“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгийг GoGo.Cafe ярилцлагын буландаа урьлаа. Монголдоо, монгол брэндээ бий болгохоор чармайн ажиллаж буй энэ бүсгүй “Нөхөр бид хоёр хувиа бодвол хятад, америк, польш, герман гээд хаана ч амьдрах боломжтой. Гэхдээ хүний нутагт хийж сурсан юмаа эх орондоо хийж хэрэгжүүлэх хэрэгтэй л гэж бодсон” хэмээн ярьсан нь сэтгэлд нэг л дотно орон зайг бий болгосон юм.
Тэрээр эх орондоо ирээд өөрийн компанийн үйлдвэрлэлээ авч явахын зэрэгцээ “Монголд үйлдвэрлэв” төрийн бус байгууллагыг тэргүүлдэг.  “Энэ байгууллага маань аж ахуйн нэгж, хувь хүн, монголд бүтээн байгуулагдаж байгаа бүх зүйлд хамаарч эдний эрх ашиг дуу хоолойг хүргэхийн тулд байгуулагдсан” хэмээн тодорхойлсон.
Ингээд олныг нуршилгүй эх орныхоо бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулж буй бүсгүйн ярилцлагыг хүргэе.

НАЙМАА ХУДАЛДАА ГЭДЭГ ЦЭВЭР ИТГЭЛЦЭЛ ДЭЭР ТОГТДОГ
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Улаанбаатар хотод төрсөн ч, есдүгээр ангиасаа Польшид амьдрах болж, тэнд амьдралынхаа тэн хагасыг өнгөрүүлсэн. Люблин хотод Олон улсын зах зээл судлаач мэргэжлээр их сургууль төгссөн. Оюутан байхаасаа л наймаа арилжаа хийдэг байлаа. Ер нь Польш бол наймаа арилжаа их хийдэг, зах зээлд хамгийн эрт орсон гэж өөрсдийгөө хэлдэг юм. Гэр бүлийн хүн маань Германд дизайнераар төгссөн, жинхэнэ баялаг бүтээгч. Харин би болохоор тэр хүний хийсэн бүтээснийг олон түмэнд таниулж ярьж явдаг хүн юм. Тэгээд бодохоор баялаг бүтээгчид бол ярьдаггүй, зөвхөн хийдэг хүмүүс. Тэдэнд ярих зав ч байдаггүй.

-Польшид сурч байсан хүн Германд байгаа хүнтэй яаж танилцаж гэрлэсэн юм бол?
-Германд сурч байхад нь интернэтээр чааталж танилцсан. Тэгээд хоёулаа хэн хэнийхээ амьдарч байгаа газар очиж үзлээ. Эхлээд би Германд очтол байнгын хөдөлгөөнтэй байсан хүнд бүх зүйл нь эмх цэгцтэй газар их сонин санагдсан. Манай нөхөр нэг компанид дизайнер хийдэг байсан юм. Дараа нь манай хүн Польшид ирж миний хийдэг ажлыг үзлээ. Миний хийдэг ажил наймаа байлаа. Гэхдээ би ер нь наймаа хийдэг гэдгээсээ хэзээ ч ичиж байгаагүй. Яагаад гэвэл сурах, амьдрах мөнгөө наймаа хийж л олдог байсан. Тэгсэн манай нөхөр “энэ Польш чинь яасан сонин юм бэ” гээд л уулга алдаад байна.

-Яагаад?
-Миний амьдардаг байсан Люблин хотыг тойроод баахан жижиг тосгон байдаг. Тэнд өдөр бүр тухайн тосгодыг дамжаад явуулын наймаа хийдэг хүмүүс энд тэндээс ирж, өглөө 06.00 цагаас наймаагаа эхэлж 12.00 цагт дуусгана. Бараа бүтээгдэхүүнээ дэлгээд тавингуут шажигнаад л дуусчихна. Тийм болохоор манай нөхөр польшуудыг “ямар их юм худалдаж авдаг хүмүүс вэ” гэж гайхаж байсан. Хувцасны загвар моод байнга солигддог учир хүмүүс тэр бүрт шинэ хувцас авна. Гол нь тухайн хувцас маш боломжийн үнэтэй, загвар сайтай. Дэлгүүрийн хувцаснаас гэхэд л хоёр, гурав дахин хямд. Тийм учраас явуулын худалдаа, захаас худалдаж авдаг. Польшийн жижиг дунд үйлдвэрүүд маш сайн хөгжсөн учраас наймаачид нь тухайн үйлдвэрүүдээсээ бараа бөөндөж аваад ийм явуулын худалдаагаар болон томоохон захууд дээр зардаг юм.

-Түүнээс хятад бараа байдаггүй гэж үү?
-Байна, байна. Тэр чинь хувь хүний сонголт байхгүй юу. Хувцас гэдэг өөрөө эрх чөлөө юм. Тиймээс сонголтоо хийх нь тухайн хүний эрх.

-Польшууд алийг нь давамгай авдаг вэ?
-Польшид үйлдвэрлэснээ авна. Бүр ухамсарт нь суучихсан. Гэхдээ мэдээж хямд учир зарим тохиолдолд Хятад бараа авах нь ч бий. Ихэнх нь польшид үйлдвэрлэв гэсэн бараагаа л авдаг учир манай нөхөр үйлдвэрлэгч хүний нүдээр харж “энд л зах зээл байна” гэж хэлсэн. Би болохоор дандаа наймаачны нүдээр хардаг байсан байгаа юм. Бөөний төв дээрээс очоод бараа бүтээгдэхүүнээ бөөндөж авахдаа хямдханыг нь харж, “хэдэн төгрөгний ашиг надад унах бол” гэж л бодож авдаг байсан.

-Та хоёр Польшид үйлдвэр нээж ажиллуулж байсан гэсэн?
-Бид хоёр Польшид суурьшиж, өрхийн үйлдвэрлэлээр амьдралаа эхэлсэн. Нөхөр маань гэртээ хувцас эсгэж оёно, би тэрийг нь зах дээр гаргаж зарна. Хажуугаар нь бусад польшийн үйлдвэрийн бараанууд болон, зах дээрээс бөөндөж авсан хямдхан хувцаснуудыг ч зардаг. Гэхдээ би нөхрийнхөө барааг түлхүү зарахыг хичээнэ ээ. Манай хүн ганцаараа болохоороо өдөрт 10 ширхэг хувцас л гаргана. Ядахдаа талыг нь зарчихад л бөөн баяр болно. Энэ чинь тэр хүнд маш том урам байхгүй юу.
Польш хүмүүс их сайхан сэтгэлтэй. Манай нэг Польш найз бид хоёрт автомашины үнийн дайтай оёдлын дөрвөн утастай хэрээсийн машин зээлээр авч өгч байлаа. Тэнд байсан монголчууд “алив тэр машины үнэтэй машиныг чинь харья” гээд л ирнэ. Нэг өдөр тэр оёдлын машинаар полар гээд зөөлөн материалаар бөөрөнхий унжлагатай пончо /нөмрөг/ нөхөр маань оёчихож. Оёдол шаардагдаад байхгүй болохоор бүр 30-аад ширхэгийг хийчихсэн. Энэ ч дээ гэж бодоод л зах дээр очтол нөгөөх чинь бүр 10 минутын дотор л бужигнаад дуусчихдаг юм. Бөөн баяр харьж билээ. Тэр пончо л бид хоёрт аж ахуйн нэгж байгуулах урам зориг өгсөн дөө.

-Хүний нутагт аж ахуйн нэгж байгуулах зориг гаргана гэдэг тийм амар зүйл биш байх?
-Хүний нутаг гэдэг хүний л нутаг. Түшиж тулах хүн, танил тал, нийгмийн халамж гэх зүйл байхгүй. Зээл нь хүртэл хаалттай. Тэгээд бид хоёр аж ахуйн нэгжээ байгуулахаар боллоо. Сонингийн зар харж байгаад үйлдвэр нь өргөжсөн тул хуучин техникүүдээ зарах гэж байгаа талаарх зар олж хараад очлоо. Зарын эзэн маш их сонирхож “та хоёр яах гэж байгаа юм” гэхээр нь бид хоёр хийх гэж байгаа зүйлийнхээ талаар ярихад “эхлээд 20-30 хувийг нь өгчихөөд явцын дунд үлдсэнийг нь бага багаар өгчихгүй юу” гэж хэлсэн. Огт танихгүй хүн шүү дээ. Залуу хүмүүсийг дэмжье гэж бодсон уу, бүх бичиг баримттайгаа байсан болохоор итгэсэн юм уу бүү мэд. Ингээд дөрвөн хүн ажилд авах зар өгөөд, ажлаа эхэлсэн. Удалгүй 20 ажилтантай болж өргөжсөн дөө.

-Польш хүмүүс тэгж ингэж тусаллаа л гэж ярих юм. Тэнд байсан монголчууд маань хэр тусалдаг байв?
-Манайхан нэгэндээ тусалдаггүй юм билээ. Манайх 20-иод ажилтантай өдөрт юбка, өмдийг 200-300-аар нь оёж гаргадаг байлаа. Эхлээд би бүх бараагаа зах руу аваачиж зардаг байсан бол сүүлдээ дийлэхээ байсан. Гэтэл тэр хотод зуу гаруй монголчууд наймаа хийдэг байсан ч тэд хэзээ ч манайхаас бараа авч байгаагүй.

-Уг нь бол яг л адилхан бараа бөөндөж аваад л ажилладаг?
-Тэнд вьетнам, хятадууд хөлөө олчихсон. Яагаад гэхээр тэдний нэг хэсэг нь контейнерээр бараагаа оруулж ирэхэд нөгөө хэсэг нь бөөндөж аваад л зарчихна. Бид гэтэл монголчууддаа “энийг зараад өгөөч” гэхээр “лангуун дээр тавиулаад зар” гэнэ. Тэгээд тавиулчихаар сүүлд нь мөнгөө ч олж авч чадахгүй, их хэцүү. Тэгсэн нэг өдөр манай хүн “чи оюутан байхдаа худалдаа хийдэг байсан Варшавын олон улсын стадионы зах руугаа очоод үзээч” гэлээ. Тэгээд 200 орчим ширхэг юбка зарахаар очдог юм. Тэндхийн эгнэсэн олон павильоноос нүдэнд хамгийн аятайхан харагдсан вьетнам худалдаачин дээр очоод юбкээ үзүүлж, “чи ийм бараа бөөндөх үү” гэлээ. Тэгсэн “лангуун дээр тавьж л үзэхгүй бол мэдэхгүй” гэдэг юм байна. Бид хоёр 160 км-ийн цаанаас очсон болохоор огт танихгүй хүнд бараагаа үлдээгээд, утсыг нь бичиж аваад явлаа даа. Тэгээд 20-иод км явж байтал утас дуугарч, нөгөө Вьетнам “бараа чинь зарагдаад дууссан ирж мөнгөө ав, тэгээд нэмж захиалга өгье” гэж ярьдаг юм байна.  Наймаа худалдаа гэдэг бол цэвэр итгэлцэл дээр тогтдог. Ингэж л анх удаа бөөний наймаа руу орж үзсэн дээ.
100 ХҮНИЙ ХҮЧЭЭР 500 ХҮНИЙ БҮТЭЭМЖИЙГ ГАРГАЖ БАЙЖ БИД ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН БОЛЖ ЧАДНА

-Америк долларын ханш өсөлт ид байхад та бүхэн нэг удаагийн хэвлэлийн хурлаараа “валютын ханш өсөх нь бидэнд харин ч сайн” гэж ярьж байсан. Яагаад тэр вэ?
-Наймаа гэдэг ашиг олохдоо биш хүний сэтгэлийг олохдоо л байдаг болов уу. Түүхий эдээ гаднаас авдаг болохоор бид ч гэсэн энэ савлагаанд өртөж л байгаа хэрэг. Өнөөдрийн байдлаар үндэсний үйлдвэрлэгч нар үнээ айхтар нэмсэн зүйл байхгүй. Учир нь олж байгаа ашгаа л буулгачихаж байгаа юм. Энэ бол маш энгийн шийдэл. Ердөө л 1000 төгрөгийн ашгаа 600 төгрөг л болгочихно. Энэ л үндэсний үйлдвэрлэгч нарын хамгийн давуу тал, жинхэнэ эх оронч үзэл. Өнөөдөр бид бүгдээрээ ашиг хонжооны хойноос л явдаг наймаачны нүдтэй, наймаачны бодолтой болчихож. Би ч бас оюутан байхдаа ийм л байсан. Гэтэл өнөөдөр би үйлдвэрлэгч болчихсон болохоор ажилчдынхаа цалинг багасгахыг, ажилчдынхаа тоог цөөрүүлэхийг, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж ард түмнийхээ ачаан дээр ачаа нэмэхийг хүсдэггүй юм байна. Үйлдвэрлэгч, наймаачин хоёрын ялгаа нь энэ л байх. Тийм болохоор наймаачин сэтгэхүйнээсээ бид салмаар байгаа юм. Хэрвээ эрх баригч нар зөв зүйлдээ хөрөнгө оруулалт хийж чадвал буцаад эх орондоо хаялга болж ирдэгийн жишээ нь хямралын үеэр бид үнээ нэмэхгүй, харин ч бууруулж чаддагт оршино.

-Одоогийн эрх баригч нар үндэсний үйлдвэрлэгчдэд үнэхээр дэмжлэг үзүүлж чадаж байна уу?
-Шинэчлэлийн Засгийн газар бол үнэхээр юм хийж байгаа, үйлдвэрлэгч бидэнд хамгийн том урмыг өгсөн гэж хэлнэ. Хэзээ “Эдийн засгийн форум” гээд л үйлдвэрлэгч нарыг төрийн ордонд аваачиж бидний дуу хоолойг сонсож байсан юм бэ. 2013 онд Монгол брэнд сэдвээр Эдийн засгийн форум болж, бид юу хийвэл брэнд болж чадах вэ гэдэг дээр хэлэлцүүлэг хийж байсан. Эндээс үйлдвэрлэгчдэд монгол брэндийг төрүүлэх цаг нь болсон юм байна гэдэг сэдлийг өгсөн юм. 2014 оны эдийн засгийн чуулга уулзалтын уриа нь “Монголдоо үйлдвэрлэцгээе” байсан. Манай үйлдвэр 2009 онд байгуулагдсан. Тэр үед дэмжлэг үзүүлээд байна, эдийн засаг өсөөд байна гэж байсан боловч яг эзэндээ хүрдэггүй л байсан. Тэр орж ирж байсан их мөнгө нь болсон болоогүй хашаа хороо будах, нийгмийн халамж зэрэгт цацагдаад л дууссан байх. Одоо энэ Засгийн газрын хийж байгаа бондыг өр гээд л хүмүүс яриад байна. Үнэндээ хэрэгтэй хүмүүстээ маш хэрэгтэй зүйл юм шүү. Манай компани гэхэд л 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг бондоос авч чадсан. Энэ мөнгө технологийн шинэчлэлд зарцуулагдсан. Манай улс маш цөөхөн хүн амтай учраас энэ хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмжийг маш зөв захиран зарцуулж, хуваарилах ёстой. Өөрөөр хэлбэл нэг хүний хүчээр 10 хүний дайтай хөдөлмөрийн бүтээмжийг бий болгохын тулд тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх ёстой. 100 хүний хүчээр 500 хүний бүтээмжийг гаргаж байж бид үйлдвэрлэгч орон болж чадна. Зарим нэгэн нөхөд монголыгоо хангаж чадахгүй, хятадын бараагаар хахуулчихаад юун экспорт гаргах гэж ярьдаг юм. Үгүй ээ, чадвар нь байна. 2000 оны эхээр маш олон хятад үйлдвэр монголд байсан тэр зарчмаар монгол хүн эзэд нь суугаад ажиллая.

-Хүний хүч гэснээс ажиллах хүчин хэр олдоцтой вэ. Манайхан чинь ажилд авна гэсэн зар өчнөөн мөртлөө ажилгүй гудмаар сэлгүүцэх хүмүүс ч цөөнгүй гэх?
-Мэргэжил сургалтын төвүүдээс жил бүр төгсөгчид гарч байна. Тэгэхээр энэ бол маш том ажлын хүч. Энэ засгаас мэргэжил сургалтын төвүүдийг дэмжсэн нь маш зөв зүйл. Манай “Exlusive” компани гэхэд сүүлийн хоёр жил мэргэжил сургалтын төвүүдтэй хамтран ажиллаж, хүүхдүүдийг нь дадлага хийлгэж байна. Ирээдүй байна.
НЭГ МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАЖ АВАХАД ЦААНА НЬ 10 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ ӨГДӨГ ЮМ ГЭДГИЙГ Л ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Манайхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжээч гэж их ярьдаг болж. Та бүхэнд дэмжлэг хүрч байна уу?
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээч гэж хэлэхээр бас хоёр талтай л даа. Яагаад гэхээр сонголт гэдэг хувь хүний эрх чөлөө юм. Зүгээр л, нэг монгол бүтээгдэхүүн худалдаж авахад цаана нь 10 хүнийг ажлын байраар хангаж өгдөг юм гэдгийг л ойлгох хэрэгтэй. Польшид ийм сурталчилгаа байнга явна. “Энэ маш амттай, яагаад гэвэл энэ польшийнх” гээд л. Манайхан хоорондоо “Солонгосчууд ёстой дотуур тамиртай, Кореан эйрээр нисч ирээд, энд ирсэн хойноо солонгос хоолны газруудад хооллож, солонгос буудалдаа буугаад буцдаг” гэж муу хэлдэг биз дээ. Энэ чинь л тэдний нэг нэгнийгээ дэмжих эх оронч үзэл юм. Монголд өнөөдөр шат шатандаа, салбар бүртээ бие биенээ дэмжих үзэл үгүйлэгдэж, хамгийн их дутагдаж байна гэж хэлмээр байна. Хүмүүс “гуравхан сая хүнийг аятайхан амьдруулж чадахгүй засгийн газрын буруу” гэж хэлдэг. Үгүй, би харин ч засгийн газар гэж хэлэхээсээ илүүтэй та бидний асуудал гэж хэлмээр байна. Бид бие биенийгээ дэмжиж чаддаггүйдээ л ийм байгаа хэрэг. Яагаад өнөөдөр нэг наймаачин хаа байсан Эрээн рүү очиж, таг харанхуйгаар бараа дараад монголдоо ирж дамлаж зараад байгаа юм бэ. Үүнийхээ оронд монголоо гэсэн сэтгэлтэй л юм бол аль нэг аж ахуйн нэгж байгууллага руу ханд л даа. Жишээ нь оймсыг гэхэд л гаднаас аваад байх ямар ч шаардлагагүй болж. Өчнөөн олон оймсны үйлдвэрүүд байна. Бүр өөрийнхөө брэндийг гаргаад захиалгаа хийгээд оёулж ч болно. “Урбан” жийнс хувцасны үйлдвэр, “Тод оймс”, “Янмал оймс” гээд зөндөө олон компани байна. Футболка хийдэг “1206” гээд шинэ монгол брэнд бий болчихсон байна. Энийг гаргаж байгаа залуусаас нь борлуулалт хэр байна гэхэд тааруу байна гэнэ. Яагаад, үнэ нь өндөр байгаа юм уу гэтэл үгүй, үнэ боломжийн, харин хүмүүс мэдэхгүй байх шиг байна гээд байгаа юм. Харин манай Exlusive-ийг бол хүмүүс мэддэг болчихож.

-Эдийн засгийн хямрал болоод байна гэж яриад байгаа. Үйлдвэрлэгчдийн хувьд хэр мэдрэгдэж байна?
-Эдийн засгийн хямрал бол шүүлтүүр юм. Тэгэхээр үнэхээр холыг хардаг, холч бодолтой хүмүүс л хожиж үлдэж чаддаг. Түүнээс зөвхөн ашгийн төлөө улайрдаг наймаачин сэтгэхүйгээр хол явахгүй. “Дөрвөн өлзий” компани польш технологиор даршилсан “VIDAN” брэндийг үйлдвэрлэдэгийг хүмүүс мэдэх байх. Тэд нараас “ханшийн савлагаанд та нар үнээ нэмээд байна уу” гэтэл “үгүй, харин ч ургац энэ жил их сайн байсан болохоор юун үнэ нэмэх” гэж байсан. Манай компани ч “хямралын эсрэг хямдрал” аяныг зарласан. Улс зөв салбартаа хөрөнгө оруулж чадвал, үндэсний үйлдвэрлэгчдэд хамгийн түрүүнд ард түмнээ гэсэн бодол байдаг юм шүү гэдгийг л энэ санаагаар дамжуулж хэлмээр байгаа юм.

-Уг нь бол эх оронч үзэл эх орныхоо бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахаас л эхэлдэг байх. Түүнээс хэлд орсон хэн ч “би эх оронч” гэж хэлж чадна байх.
-Тийм шүү дээ. Залуучууд эх орон, үндсэрхэг үзэл гэж их ярих болж. Ядаж л хогоо хаяхаа больчих, гудамжинд шээхээ больчих. Ингэвэл л үндсэрхэг үзэл, эх орноо хайрлаж байгаа нь тэр. Хүзүү сээрэн дээрээ соёмбо шивүүлчихээд гудамжинд шээгээд зогсож байгаа залууг харчихаад бүр очиж хэлмээр санагдаж байсан.

МАНАЙ ТӨРИЙН БОДЛОГО ЗАРИМ  ТАЛААРАА ДЭНДҮҮ ЗӨӨЛӨН
-Та 2013 оны эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ Тяньжиний Бинхайг зорьсон ч төр солигдсон шалтгаанаар бүтэлгүйтсэн талаараа ярьж байсан. Энэ талаараа тодруулаач?
-2013 оны Эдийн засгийн форумын индэр дээр яг уриалан дуудсан хүмүүс нь сууж байсан юм. Тэгээд хэл загатнаад болдоггүй хэлж л орхисон. Гэхдээ би тэр үед хүн эх орондоо хүн шиг байдаг, хүний нутагт эд зүйл шиг байдаг юм гэдгийг маш сайн мэдэрсэн. Хэдийгээр би польшид үйлдвэр байгуулаад, польшуудыг ажлын байраар хангаад, хэчнээн гоё юм оёж өгсөн ч төр нь хэзээ ч миний дуу хоолойг сонсохгүй. Гэтэл би эх орондоо төрийнхөө ордонд оччихоод тэр олон дарга нарын өмнө үгээ хэлж байгаа нь надад үнэхээр бахархмаар санагдсан.
Тэгээд хартал Худалдаа аж үйлдвэрийн танхимын Дэмбэрэл дарга сууж байна. 2012 онд “Биньхай Дүнзяан мужуудын чөлөөт бүс дээр 50 жилийн гэрээгээр монгол улс газар худалдан авч байгаа тул манай аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл үйлчилгээ явуулаач ээ, тэнд үйлдвэрлэгдсэн бүх бараа бүтээгдэхүүн “made in Mongolia” л бол татваргүй, европ руу гарахад ойрхон” гэсэн маш гоё саналыг төрийн зүгээс гаргасан. Бизнес эрхлэгчид уухайн тас, бөөн баяр болоод очиж үзлээ. Монгол шиг жижигхэн зах зээл дээр ажилладаг хүмүүст энэ бол том боломж юм байна гэж бодоод бүх зүйлээ зориулж, аж ахуйн нэгжээ тэнд байгуулах гэж долоо, найман сар хөөцөлдсөн. Байсгээд л “ирээд гарын үсэг зур” гэнэ, тэр тоолонд нь явж очно. Монголын гэх павильонд юу ч гэсэн 1000 м2 талбайг үйлдвэрлэл эрхлэхэд бэлэн болгож түрээсэллээ. Бичиг баримтаа бүрдүүлэх гэж долоон сарын хугацааг зарцуулж байж, өчнөөн зузаан материал бүрдүүлж хятадын талаас бүрэн шийдэгдлээ. Гэтэл монголд зургаадугаар сар болж сонгууль болох гэж байна гээд монголын тал асуудлыг хойшлуулчихлаа. Сонгуулийн дараа наадам, наадмын дараа амралт, гээд есдүгээр сар болтол хүүхдүүдээ цэцэрлэг сургууль гээд явсаар бид аравдугаар сард хятадад очсон чинь монголын төлөөлөгчийн газар татан буугдчихсан, нөгөө газар нь бүр эзэнгүй болчихсон байв.

-Өө хөөрхий, тэгээд өнөө долоон сарын хөдөлмөр байхгүй?
-Юун долоон сар, бусад ажлуудаа оролцуулаад бүтэн жилийн хөдөлмөр юм чинь. Гэхдээ хятадын талаас нэгэнт эрхээ авчихсан болохоор үйл ажиллагаагаа эхэлье, тоног төхөөрөмжөө монголоосоо авья гэсэн чинь хятадууд “Уучлаарай, 100 хувийн татвар төлнө шүү” гэж байгаа юм. Нөгөө чөлөөт бүсийн бүх бүтээгдэхүүн татваргүй гээд байсан санал нь монголын төлөөлөгчийн газартай хамт “татан буугдчихаж”. Тэгсэн хятадын талаас болохоор “үйл ажиллагаагаа явуулж болно. Гэхдээ тоног төхөөрөмжөө хятадаас ав” гэж байгаа юм. Бид аж ахуйн нэгж байгуулах гэж 200 мянган юанийг долоон сарын хугацаанд байршуулсан байсан. Нэгэнт татваргүй ажиллаж болохгүй юм чинь мөнгөө авья гэтэл “та зөвхөн манай улсаас худалдан авалт хийж байж л энэ мөнгөө гаргаж болно. Бусдаар болохгүй” гэчихэж байгаа юм.

-Пээ, ёстой залилан шиг л сонсогдож байна шүү.
-Залилан биш, улсаас явуулж байгаа бодлого, аж ахуйн нэгжүүддээ үзүүлж байгаа дэмжлэг гэж ийм зүйл байдаг, улс гэдэг ийм л бодлоготой байх ёстой юм байна. Манайд бол хэн хүссэн нь сая төгрөг байршуулж аж ахуйн нэгж байгуулчихаад, тэр мөнгөө авчихаж болдог. Бид хэт зөөлөн байна, чанга байх ёстой гэдгийг л ойлгуулах гэж энийг яриад байгаа хэрэг. Тэгээд яасан гэсэн “эсвэл өдөрт 20 мянгаар авч болно” гэж байгаа юм. Тэгэхээр бид хятадын банкнаас мөнгөө авахын тулд улсад нь 100 хоног амьдрах болчихож байгаа биз. Тэр ч бүү хэл, 13 сараар төлсөн талбайн түрээсийнхээ мөнгийг ч авч чадаагүй. Гэхдээ яахав дээ, аливаа асуудлыг буруугаар харж, холбоотой хүмүүсийг буруутгах гэж бид яваагүй. Нэгэнт хиншүү хярвас ханхалтал шатчихсан болохоор гарц хайж эхэлсэн. Хятадууд валютаа маш их хамгаалдаг. Хэрвээ тухайн хүн аж ахуйн нэгжгүй л бол валют худалдаж авах эрхгүй. Монголд бол Дорж, Дулмаа хэн ч байсан 10, 20 мянган доллар авч болдог, тэнд бол үгүй, хуулиар хориотой. Тийм болохоор бид Бээжинд албан ёсоор төлөөлөгчийн газраа нээж, загвараа хийгээд лангуунуудаар тараасан. Хятадад хөрөнгө оруулж шаардсан ёсоор нь тоног төхөөрөмж авч ажилласан. Тэгээд шархаа ч нөхсөн. Хүнд хэцүү хаалттай болсон зам хүнд бас нэг боломжийг нээж өгдөг юм билээ. Бид тэгж ажиллахдаа монгол хүний сэтгэхүй хятадуудаас илүү юм гэдгийгээ ч мэдэж авсан. Манай хүн Германд ажиллаж байсан болохоор тэр хүний материал, өнгө, загварын сонголт үнэхээр шал өөр байсан учраас бид сайн ажиллаж чадсан.

-Тэгээд та энэ талаараа тэр форум дээр юу гэж хэлсэн бэ?
-Төр засаг нь ярьдаг шигээ байсан бол та нарын яриад байгаа брэнд гэдэг чинь аль хоёр жилийн өмнө гарчих байсан юм гэж хэлсэн л дээ. Дэмбэрэл дарга “гашуун үнэн” гэдгээс өөрийг хэлж чадаагүй.

НООС НООЛУУР, НЭХИЙ, САВХИН ХУВЦАС ТАНЫ ШҮҮГЭЭН ДЭХ ХУВЦАСНЫ ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ ВЭ?
-Тэр үед л “монгол брэндийг бий болгоё” гэж ярьж байсан санагдана?
-Юуг брэнд болгох вэ гэсэн чинь хүмүүс нөгөө л ноос ноолуур, арьс шир гээд 20, 30 жил ярьсан юмаа л ярьж байна. Тэгэхээр нь тэнд байгаа хүмүүсийг харж байгаад “өнөөдөр энд ирсэн хүмүүсээс ноос ноолуур өмссөн хүн харсангүй. Савхин хувцастай хүн бүр огт алга. Дандаа оёмол хувцастай хүмүүс л байна. Брэнд гэдэг цогцоороо хөгждөг юм. H&M, ZARA гэхэд л малгайнаас авахуулаад бүх хувцас байдаг. Гэхдээ оёмол бүтээгдэхүүн 80 хувийг нь эзэлдэг. Та бүхэн ч гэсэн хувцасныхаа шүүгээг очоод үзээрэй. Хэдэн хувь нь ноос ноолуур, савхи, оёмол хувцас байна. Миний бодлоор төрийн зүгээс хамгийн түрүүнд дэмжих ёстой үйлдвэр нь хөнгөн үйлдвэр, оёдлын салбар юм болов уу. Ялангуяа зөөлөн оёдол гэдэг өөрөө брэнд болж бусдыгаа чирж явдаг юм” гэж хэлж олон ч хүний дургүйг хүргэсэн дээ.

-Таны ярианаас анзааараад байхад энэ засагт тун ч сайшаалтай байгаа бололтой. Гэтэл зарим хүн засгийг огцруулья л гэж яриад байгаа?
-Нэгийг нөгөөгөөр солихоор асуудал шийдэгдчихгүй. Надад бол аль нам байх нь хамаагүй. Гол нь иргэд, аж ахуйн нэгжүүддээ хэрэгтэй л зүйл хийвэл тэртэй тэргүй хүмүүс сонгоно биз дээ. Одоо хүмүүс Н.Алтанхуягийг буулгачихвал л ханш нь буураад бүх юм сайхан болох юм шиг ярьж байна. Үгүй юм аа, харин ч залгамж, үргэлжилсэн бодлого байхгүйгээс нэгийг нөгөөгөөр солих үед маш олон хүн дагаж хохирдог. Одоо хэрэгжиж байгаа 888 гэдэг төсөл нь засаг төр солигдохоор дуусчих байх гэж айгаад байгаа юм. Тэгдэг юм билээ. Би чинь биеэрээ үзчихсэн болохоор бүр хаширчихаад байна. Төр солигдохдоо гол нь биш эхлүүлсэн ажлаа л дуусгаж, үр дүнг нь үздэг байх хэрэгтэй. Хоёр орны төрийн тэргүүд айлчлаад баахан гэрээн дээр гарын үсэг зурлаа л гэнэ. Одоо тэгвэл энэ байгуулсан гэрээгээ ажил хэрэг болгохын тулд засгийн газар ажиллах ёстой юм. Тэртэй тэргүй 2016 онд хариуцлагыг нь тооцох нь тооцоод, ард түмэн дүнг нь тавьчихна. Түүнээс хэсэг бусаг пиар хийгээд байгаа хүмүүсийг дагаад савлаад байж болохгүй.

-Хүмүүсийн амьдрал илтэд ядуурлаа, муудлаа л гээд байгаа. Та бол тэгж бодохгүй байна уу?
-Би ойр тойрныхоо хүмүүсийн жишээн дээр л ярина. Манай оёдолчдын дунд ханшийн савлагаанд ороод балраад байгаа хүн байхгүй. Өдөр тутам доллараар наймаа хийгээд байх биш. Манай нэг оёдолчин “Юм хийж байгаа хүмүүсээ л хориод байх юм. Тухайн үедээ бараг 350 мянга хүрч байсан портер нүүрсний үнэ Нүүрс хөтөлбөрөөр 80 мянга хүрсэн шдээ. Одоо нөгөө хүмүүсийг нь бариад хорьчихсон юм чинь энэ жил яах бол” гэж байна лээ. Ард түмэн гэж ярих дуртай хүмүүс, тэр ард түмнийх нь хэдэн хувь нь нүүрс түлээд гэр хороололд амьдарч байна, хэдэн хувь нь автобусаар зорчиж байна гэдгийг мэдэх үү. Төр засгийнхны хийсэн ажил нь хүрдэг хүндээ хүрээд байгаа юм шиг байна лээ. Автобус сая өдөрт 500 төгрөгөөр явдаг байхад манай ажилчид баяртай л байсан. Өдөрт хоёр дамжаад 2000 төгрөгөөр явдаг хүн 500 төгрөгөөр хоцролтгүй ирчихэж байгаа болохоор аргагүй биз. Бид юм л гарвал шүүмжлэх гээд л байдаг болохоос ийм хөрсөнд буусан нарийн юмсаа олж хардаггүй юм байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд уншигчдад хандаад та юу гэж хэлэх вэ?
-Ард түмэндээ уриалж хэлэхэд импортын бараа үнэтэй байгаа бол үндэснийхээ үйлдвэрлэлийг л сонгочих. Бид бүгдийг хийж байна. Тэгэнгээ эх орныхоо үйлдвэрлэлийн чанарыг харчих.
Гэхдээ манай иргэд нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүсэл эрмэлзлэлтэй болчихож. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжчих юмсан гэсэн өрөвдөх сэтгэлээр аваад байгаа юм. Тэгэхээр би үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүстээ юу гэж уриалах гээд байна гэхээр өрөвдүүлэх биш өрсөлдөж, иргэддээ өөрсдөө тоогдож ажиллая. Иргэд маань үндэсний үйлдвэрлэлийнхээ барааг зайлшгүй шаардлага төрсөн учраас авдаг, авахаас аргагүй байдлыг үйлдвэрлэгчид та бид төрүүлье гэж уриалмаар байгаа юм. Зах зээл нь байна, иргэд маань үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих хүсэлтэй байна. Энэ бол том боломж, гэрэлт ирээдүй юм.

Дэлгүүрээр ороод харахад архины сав баглаа хамгийн сайн хөгжжээ. Гэтэл үйлдвэрлэгчид бид яагаад дутаад байна аа. Бид эхнээсээ дуустал бүгдийг нь өөрсдөө хийх гээд байдгийн зовлон л доо. Энэ хүмүүсийг яаж ажлын байртай болгохов, яаж бараа бүтээгдэхүүнээ борлуулахав гээд  хэрэглэгчийн гар дээр хүргэх хүртэлх бүхий л шатыг өөрсдөө хийдэг зовлонтой. Тэгэхээр энэ дээр хэн дэмжих ёстой вэ гэвэл ерөөсөө л худалдаа наймаа эрхэлж байгаа хүмүүс, том том супермаркетууд юм. Тэд хамтран ажиллаад борлуулалтаа хариуцаад эхлэх юм бол бид бараа бүтээгдэхүүнийхээ чанар, дизайн дээр илүү анхаарлаа хандуулаад эхэлнэ. Ингэж л хамтран ажиллаж, хамтдаа хөгжицгөөе. Бүр сайхан мэдээ гэвэл удахгүй манай компани хятад, орос руу бараа бүтээгдэхүүнээ гаргадаг болно.
Мөн манай компани 2009 онд байгуулагдсанаасаа хойш хийж бүтээсэн зүйлээрээ хэрэглэгчиддээ тайлангаа тавих нэгэн шоуг 2014 оны арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулах гэж байна.
-Маш сайхан мэдээ байна. Танай “Exclusive” компанид амжилт хүсье. Ярилцлага өгсөнд баярлалаа.