Sunday, 5 October 2014

Л.Гантөмөр: Бид сая хүн зэрэг хандаж болдог мэдээллийн системийг анх удаа нэвтрүүлэх гэж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг бид GoGo.Cafe ярилцлагын буландаа урин оролцууллаа.
ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАРЫГ ИРЭЭДҮЙН МОНГОЛЧУУДАД ӨГДӨГ СИСТЕМИЙГ УГСРАХЫГ МӨРӨӨДСӨН
-Та яагаад боловсролын сайд болсон юм бэ?
-Би гурав дахиа УИХ-д сонгогдсон, залуу гишүүн. Эдийн засгийн байнгын хорооны дарга, бүлгийн орлогч дарга, Ёс зүйн дэд хорооны дарга гээд олон хариуцлагатай алба хашсан. Өмнөх найман жилийн хугацаанд сайн, саар зөндөө л олон шийдвэр гаргалаа. Гэхдээ нэг л зүйл давтамжтай ажиглагдаад байсан юм. Бид өмнөө байгаа гарцаагүй шийдэх ёстой зарим асуудлыг шийдэж чаддаггүй. Жишээ нь, Таван толгойг эргэлтэнд оруулж чадахгүй байсан. Уул уурхайн сайн хөгжил, хөрөнгө оруулалтын сайн орчныг бий болгож болох байсан ч, чадаагүй. Гэх мэтчилэн яг эцсийн мөчид шийдвэр гаргах чадвараа манай үе үеийн парламент алддаг. Өөрөөр хэлбэл бидний үеийнхэн шийдвэр гаргах чадварыг эзэмшээгүй юм байна. Хүмүүс их олон зүйл уншсан, сонссон, мэдсэн ч амьдрал дээрээ ярьж байгаа шигээ байж чаддаг уу гэвэл харамсалтай нь үгүй байна. Нөгөөх нь шийдвэр гаргах түвшний хүмүүс мэдэж байгаа шигээ шийдвэр гаргаж чадаж байна уу гэвэл бас л үгүй.
Найман жил УИХ-д суучихлаа. Дахиад сонгогдлоо. Цаг хугацаа гэдэг маш хурдан. Анх би УИХ-д нэр дэвшиж байхдаа хүүхдүүдэд спортын хувцас бэлэглэж байлаа. Намайг 2012 оны сонгуульд оролцоод явж байхад нөгөө хүүхдүүд маань их сургуулийн оюутан болчихсон “таны өгч байсан кет байгаа юм. Би тухайн үед их баярлаж байсан шүү” гэж хэлсэн. Юу юугүй л дараа үеийнхэн ингээд өсч хөгжөөд гараад ирдэг. Монголчууд бид их залуу ард түмэн шүү дээ. Боловсролын салбарт л гэхэд нийт хүн амын 40 шахам хувь нь ажиллаж, сурч байна. Гэтэл зарим ард түмний хувьд нийт хүн амынх нь 40 хувь нь тэтгэвэрт гарчихсан байгаа. Ийм сайхан улс оронд хамгийн чухал зүйл бол хүн, хүүхэд юм. Хүүхдийн гол зүйл нь боловсрол.
Тэгэхээр улстөрчийн хувьд улс эх орондоо хэрэгтэй юм хийе гэвэл боловсролыг л сайн байлгахаар ажиллая гэж бодсон. Тэгээд 2010 оноос боловсролын салбарын мэргэжлийн найзуудтайгаа нийлээд дэлхийн боловсрол, түүний онцлог, монголын боловсрол ямар түвшинд байна гээд маш их судалсан.
Боловсролын салбарын систем нь өөрөө алдаатай, боловсролын салбарт хоёр зүйл хийгдээгүй байна гэж бид харсан. Нэгдүгээрт, системээ цаг үетэйгээ тааруулсан шинэчлэлт хийгээгүй. Систем гэдэг нь яам, удирдах ажилтан, сургуулийн удирдлагууд, сургууль цэцэрлэгийн багш нар болон тэдний харилцаа, эрх үүргийн асуудлыг хэлж байгаа юм. Гэтэл бүх эрх зөвхөн яаман дээр төвлөрчихсөн сургууль, аймаг дүүрэг болон багш нарт ямар ч эрх байгаагүй. Яам сургалтын төлөвлөгөөг баталдаг, тэр төлөвлөгөөг бүгд ягштал мөрддөг, сайн мөрдсөн багш их сайнд тооцогдоно. Өөрийнхөөрөө ямар нэгэн зүйлийг сэтгэсэн нь муу багш. Зарим сургалтын менежер өөрийнхөөрөө бодсоны төлөө ажлаасаа халагдсан тохиолдол ч бий. Тиймээс энэ харилцааны шинэчлэлтийг хийж байж чанарын өөрчлөлт гарах юм байна гэдгийг олж харсан.
Хоёрдугаарт, боловсролын систем нь нийгмийг хагалагч болж байсан. Багаас нь муу сурдаг хүүхэд гэж тодруулаад, сүүлдээ хүмүүжил муутай гэж хүн тодотгоод нийгмийн нөгөө зах руу түлхчихдэг. Нэг хэсгийг нь болохоор лидер гэж  товойлгоод одон медаль зүүж өгөөд, аваргууд болгочихдог. Тэгэхээр үүнийг засч байж боловсрол сайжрах юм гэж бодсон. Нэг үгээр хэлбэл шийдвэр гаргах чадварыг ирээдүйн монголчуудад өгдөг системийг угсрахыг мөрөөдсөн. Би өөрөө инженер хүн. Тэгэхээр өнөөдөртэйгээ ноцолдсоноос ирээдүйтэйгээ ноцолдьё гэж л бодож, боловсролын сайд руу зүтгэсэн дээ.

-Сайд болсноосоо хойш энэ хүсч бодож явсан зүйлсээсээ хийж амжив уу?
-Бодож төлөвлөж байсан ажлын суурь, зарчмын бараг бүх зүйлээ тодорхой түвшинд хөдөлгөчихлөө. Багш нарынхаа үнэлгээний системийг шинэчилж, цөөхөн хүүхдийн амжилтаар бус хүүхэд нэг бүрийг үнэлдэг систем рүү орчихлоо. Бага боловсролын хөтөлбөрөө шинэчлээд орон даяар хэрэгжүүлээд эхэллээ. Багш нар сургууль дээрээ хөтөлбөрөө зохиох эрхийг нь олгож байна. “Цөм” хөтөлбөрийг нь батлаад өгчихөөр цаашдаа өөрсдийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрөө багш нар маань бодож эхэллээ. Шийдвэр гаргах чадвартай иргэдийг бэлтгэхийн тулд хүүхэд өөрөө хийж, оролцдог сургалтын арга зүйг нэвтрүүлэх хэрэгтэй байсан. Үүний  үндсэн суурь тавигдаж чадлаа.
Манай яамны ажилтнууд, 100 гаруй дотоодын эрдэмтэн судлаачид, гадны хоёр, гурван баг сайн ажиллалаа.
Боловсролын салбарт арга зүй, агуулга, үнэлгээ, үр дүн  гэх хэд хэдэн хүчин зүйл үйлчилдэг. Бид хүүхэд өөрөө хийдэг арга зүйг нэвтрүүлж байна. Багшийн ярих цагийг багасгаж, 45 минутын 20 минутанд, бүр чадахгүй бол 10 минутанд хүүхэд өөрөө хийдэг байх ёстой. Өөрөө уншиж, сонирхож, тайллыг нь гаргах гэж оролдсоор нэг учрыг нь олчихсон бол цаашдаа алздаггүй.Агуулгын хувьд Кембрижийн зөвлөх баг манайд ажиллаад гурван жил болж байна. Өнөөдөр 12 жилийн боловсрол эзэмшсэн болон дээд сургуульд орж байгаа хүүхэд юу мэддэг байх вэ гэдгийг хэлж өгч байна. Бид дэлхийн жишгийг барьж байна гэж ойлгох хэрэгтэй. Үнэлгээний хувьд хүүхдийнхээ чадвараар үнэлдэг системд шилжиж байна. Бага ангийн хүүхдэд 5-р анги хүртэл нь дүн тавихыг болиулсан. Зургаан настай хүүхдийг сайн, муу дундаар нь ялгаж,  аав ээж нь “чи муу дүн авлаа” гэж дарамталдаг, эцэст нь дүнгийн араас явдаг хүүхдийг бүтээж байсныг болиулж ахицаар нь үнэлж байна.
100 үгийн 89-ийг зөв бичсэн хүүхдийг түрүүнд нь “чи 11 алдлаа, муу” гэдэг байсан. Одоо бол “чи 89-ийг зөв бичлээ” гэж урамшуулна. Хүүхэд чадаж байгаа нь чухал. Нэг алдсанаа дараа зөв болгож болно. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж монгол ардын их мундаг үг бий.  Чадварыг хэрхэн үнэлэх вэ гэдэг дээр шинжлэх ухааны их том ажил хийгдэж байна. Дэлхий дээр хийчихсэн улс орон олон. Гэхдээ бид аль болох бусдыг хуулахгүй байхыг хүсээд байгаа юм. Олон улсын жишигт нийцсэн үндэсний боловсролын бодлогоо боловсруулж хэрэгжүүлэхийг зорьж байна. Өөрсдөө жаахан бодож сэтгэе. Манай яам чинь 90 жилийн хөгжлийн түүхтэй салбар шүү дээ, бидэнд боломж бололцоо бий.
Үр дүн нь хэдэн жилийн дараа ПИСА-гийн боловсролын чанарын үнэлгээгээр амжилттай үнэлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Эхний ээлжинд бидэнд анзаарагдаж байгаа зүйл нь хүүхдүүдийн бие даах чадвар үнэхээр өсч хөгжиж байгаа нь 40 лаборатори сургууль дээр маш тод харагдаж байна.

-Сурах эрмэлзлэл нь цаанаасаа ундарч байна уу?
-Өөрөө хийж байгаадаа баярлаад, баясаад байгаа юм. Сургууль гэдэг хүүхдийн аз жаргалтайгаар ирдэг газар байх ёстой. Хуучин бол бага ангидаа гэрт нь найз байхгүй учраас сургуульдаа очих дуртай байсан. Гэтэл дунд ангидаа гудамж, орцондоо найзтай болоод, компьютертой найзлаад эхлэхээрээ сургуульдаа очих хүсэл сонирхол нь багасчихдаг. Ахлах ангид орохоор сургууль нь бүр ял болоод эхэлдэг.

-Нийтлэг шинж байх.
-Хүн гэдэг амьтан юунд дуртай юм бэ гэдгийг анзаарлаа. Тэгсэн спорт, найр наадам болон тоглохдоо маш их дуртай. Яагаад гэхээр өөрөө хийж байгаа учраас дуртай байдаг байх нь. Тоглоомыг өөрөө тоглож байгаадаа л дуртай. Түүнээс тоглоомын үзэгч бол гэвэл бас тийм ч дуртай биш. Компьютер тоглоомыг үзээд хоёр цаг суухаасаа илүү, хоёр цаг тогло гэвэл дурлаад л тоглоод байна. Боловсролын шинжлэх ухааныг задлаад харахад сурах гэдгээс илүүтэй суралцах үйл явц юм. Суралцахуй дотор хамгийн чухал байр суурь эзэлж байгаа нь өөрөө хийх, тоглох. Тоглонгоо л сураад явдаг. Волейболын тамирчдыг харж суусаар сурдаггүй. Харин өөрөө бөмбөгийг нь цохиж, давуулж шидээд, хэдэн арван цаг давтаж байж сурдаг. Ингэж тоглоом тоглодогтой адилхан ойлголтыг л сургуулийн тав, зургаан цагийн хугацаанд бий болгох ёстой юм. Хүмүүс тоглоом л тоглоод байх нь гэж ойлгох вий дээ. Тоглоомоор дамжуулаад өөрөө хийж сурах тэр чадварыг нь өгч байгаа юм.
БАГШ НАРЫГ ХЯНАДАГ ТОГТОЛЦООГ Л ДАРАА ДАРААГИЙН ХҮМҮҮС БИТГИЙ ХИЙГЭЭСЭЙ
-Манай төрд залгамж бодлого дутагдаад байх шиг. Үе үеийн сайд нар сайхан сайхан юм ярьдаг. Хүүхдүүдийг монгол бичигтэн болгоно гэснээ болиод англи хэлтэн болгоно гэлээ. Тэгснээ анги үсэргээд л. Ё.Отгонбаяр гишүүн сайд байхдаа Кембрижийг нэвтрүүлнэ ээ л гэсэн. Өнөөдөр таны ярьж байгаа Цөм хөтөлбөр, энэ бүхэн их сайхан сонсогдож байна. Гэтэл дараагийн сайд гарч ирэхэд энэ бүхэн цааш үргэлжлэх баталгаа бий юу?
-Үе үеийн сайд нарын хийсэн ажлууд дотор буруу юм хийсэн хүн байхгүй гэж би боддог. Цаг үетэйгээ нийцээд өөрөө хөгжөөд байгаа байхгүй юу. Сургалтыг 12 жилд шилжүүлсэн нь зөв, сайн. Ингэж шилжээгүй бол миний хийсэн бүхэн өнөөдөр утга учиргүй болох байсан. Кембрижийн зөвлөх үйлчилгээ Ё.Отгонбаяр авсан, сайн. Тэгээгүй бол энэ бүх ажил маань амь орохгүй л байсан. Англи хэлний боловсрол түлхүү олгоё гэсэн бодлого бас сайн. Одоо манай боловсрол, хүүхдүүдийн хөгжил дэлхийн хэмжээнд гараад ирэхээр хэлний асуудал гарцаагүй гарч ирнэ. Би “Дэлхийн банк” болон бусад олон улсын байгууллагатай уулзахдаа “Яавал би англи хэлний багш нарынхаа чадварыг сайжруулах вэ, яавал багш нараа англи хэлтэй болгох вэ та нар мөнгө өгөөч” л гэдэг. Бид бүх багш нараа нөүтбүүктэй болгох гэж байна. Ингэвэл бүх багшид англи хэл хэрэгтэй болно. Яагаад гэвэл гадаад хэл дээрх боловсролын талаарх материал хэдэн зуу, мянгаараа байгаа. Багш нар нэг ухаад эхлэх юм бол цаашаа яваад л байна. Монгол бичиг, Иргэний боловсролын сургалтыг нэвтрүүлсэн нь бас л буруу биш, зөв.
Аливаа салбарын сайд олон зуун ажлаасаа онцолж өөрийнхөө мессэжийг өгдөг. Тэгэхээр зуу гаруй ажлаас нэг л зорилтоо дөвийлгөж тавьлаа гэхэд тэр мессэж нь л өөр өөр байгаа хэрэг. Тэр зорилтын түвшин нь дээшлээд байгаа болохоос унасан зорилт хаа ч байхгүй. Миний “Монгол хүүхэд бүрийг хөгжүүлнэ” гэдэг үндсэн зорилт байна. Энэ зорилтыг дараагийн сайд яагаад ч унагахгүй байхгүй юу. Яахын, “талыг нь хөгжүүлнэ ээ” гэх юм уу.

-Бас нэг цоо шинэ хөтөлбөр гаргаж ирээд л энийг хэрэгжүүлнэ гээд унавал яах вэ?
-Боловсрол гэдэг сайдын өрөөнд ямар бодлого дэвшүүлж, ямар боломж гаргаж байгаагаас илүү анги доторх хичээл, үйл ажиллагаа бүхнийг шийддэг. Анги дотор байгаа хүмүүст л урам өгсөн надаас илүү уран бодлогыг дараагийн сайд бодож олно шүү дээ. Энэ чинь амьд организм. Яг энэ мөчид Европын холбоо, Арабын нэгдсэн улсад ч юм уу, нэг эрдэмтэн яаж боловсролын системээ сайжруулах вэ гээд бодоод судлаад сууж л байгаа. Тасралтгүй хөгжил гэдэг боловсролд зайлшгүй чухал. Ганц юман дээр л битгий ухраасай. Багш нарыг шалгадаг хянадаг гэдэг үгийн дор багшийг цоожилдог. Дэлхий нийтээрээ л ийм. Багшид цалин өгч байгаагийнхаа хариуд хянадаг. Менежментийн ухаанд “нэг бол чи дурангаар байнга хар, нэг бол бүрэн итгэ” гэдэг үг бий. Завсрын юм гэж байхгүй. Цалин өгч байгаа бол нэг бол камераар харах ёстой, нэг бол бүтэн итгэх ёстой. Түүнээс хараагүй байж хоёрын хооронд мөрдлөг явуулаад дэмий. Сайд нь очиж мөрдөхгүй ш дээ. Хаа нэг газрын байцаагч очиж дарамтална. Гэхдээ энэ бол монголын зовлон биш. Кембрижийн сургуулиуд ч ийм. Орос, хятад, япон бүгд ийм.

-Багш нарын урмыг битгий хугалаасай л гэсэн үг үү?
-Багш нарыг хянадаг тогтолцоог л дараа дараагийн хүмүүс битгий хийгээсэй гэж хүсч байна.

-Та бол бүрэн итгэдэг үү?
-Би бүрэн итгэлийг бий болгохын төлөөх тэмцэл хийж байна. Боловсролын сайдаас эхлээд мэргэжилтнүүд гээд олон арван жил ажиллачихсан хүмүүс, дүүрэг, нийслэлийн боловсролын газрынхан, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч гээд том том дарга нар байна. Энэ чинь өөрөө л хяналтын маш том функц. Энэ функцыг багшийг хянадаг биш хөгжүүлдэг функц болгохын төлөө тэмцэж байгаа юм. Миний болон манай багийнхны хийж байгаа шинэчлэл бол дэлхийн бас л нэг түүх болж үлдэнэ. Тэр бол багш нар өөрийнхөө эрхийг олж авах том ялалт юм. Өнөөдөртөө бол ялчихаад байна. Гагцхүү энэ ялалт удаан үргэлжлэх хэрэгтэй. Мэргэжилтнүүддээ би “Та нар тэр ангид очиж хичээл заахгүй биз дээ, тийм байж тэр багшийг яаж, хэзээ заасан гээд бүхнийг удирдан чиглүүлнэ гэвэл бүтэхгүй. Хүрэх үр дүн, “Цөм” хөтөлбөрийг нь тавиад үр дүнг нь л хар. Муу үр дүн үзүүлвэл тэр багшийг халж, чөлөөлөх эрхийг захиралд нь олго. Муу багшаа халж чаддаггүй юм бол захирлыг нь халж чөлөөлөх эрхийг дүүрэг аймгийнх нь удирдлагад өг” гэж хэлдэг юм.

-Уг нь их хялбархан юм байна шүү дээ.
-Их энгийн. Тухайн дүүрэг, аймаг, сургуулийн л асуудал. Асуудал нь өөрсөд дээр нь буухаар ард түмэн боловсролд ээлтэй хүнээ л сонгоно. Нөгөө хүн ч ажилдаа анхаарлаа хандуулна. Бүх зүйлийг өмнөөс нь шийдээд, шийдэхийг оролдож, дүрдээ итгээд явах нь тийм ч зөв алхам биш.
БИДЭНД САЙН БАГШ БЭЛТГЭХ ШААРДЛАГА БОЛОН БОЛОМЖ ОДОО Л ГАРЧ ИРЖ БАЙНА
-Саяхан багш нараас монгол хэлний шалгалт автал ташраараа унаж харагдсан. Багш, эмч, сэтгүүлчид муу байгаа нь боловсролын салбарын л буруу гэж бодоод байгаа юм. Муу багшийн шавь, багш болоод эргээд бүр муу шавь төрүүлээд байдаг. Энэ чөтгөрийн тойргоос хэрхэн гарах вэ?
-Ер нь дэлхий даяараа бичгийн чадвар унаж байгаа шүү дээ. Сайн хүмүүс нь хэвээрээ л байгаа.

-Гэхдээ багш нар сайн байх ёстой юм биш үү?
-Тийм л дээ. Би тайлбарыг нь хэлье. Мэдээллийн технологи хөгжсөн үеийнхэнд хуулан бичиг хийхээс илүү хийх ажил маш их байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Телевиз үзэж, гар утсаараа мессэж бичиж, интернэтээр хэсч байна. Дэлхий даяараа ийм асуудалтай тулгарч байна. Энийгээ “дундчуудын бичиг үсгийн төгс байдал алдагдлаа” гэж нэрлээд байгаа юм. Сэтгүүлчдийг шүүмжлээд байдаг. Сэтгүүлчид өдөр бүр сонин, мэдээ гаргаж байна шдээ. Сайт хэд байна?

-Зуу гаруй.
-Зуун сайт дунд үг үсгийн алдаа гаргадаг сайтууд байлгүй яахав дээ. Хуучин бол ганцхан “Үнэн” гэдэг сонин байлаа. Ганц сонин дээр алдаа гаргалгүй ажиллачихаж чадалгүй яахав. Үсгийн алдаа засдаг хүн ч ажилладаг байсан. Гэтэл сайтын эзэд үсгийн алдаа засдаг хүн ажилд авч, тэр сул орон тоонд зориулж цалин өгөх чинь хэцүү биз дээ. Энэ амьдрал шүү. Бид одоо амьдралыг бодитоор харж сурах, бүхнийг төгс байлгадаг үлгэр шиг юм ярьдагаа болих хэрэгтэй. Гэхдээ нөгөө талдаа зорилт байх ёстой. Бид алдаа гаргадаггүй хөгжил рүү явах шаардлагатай. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Жишээ нь, анх удаа л бид монгол хэлний шалгалт авч үзлээ. Энийгээ тогтмолжуулаад сайжруулах хэрэгтэй. Дээд боловсролтой болохын тулд чи монгол хэлэндээ сайн байх ёстой гэдэг шаардлага тавих нь зүй ёсны асуудал болчихоод байна. Ийм шаардлага түрүүнд нь тавьдаггүй байлаа.
Багшийн чадварын асуудал нэг хэсэг унасан үнэн. Эдийн засгийн хүнд цаг үед бүх хүн наймаанд явсан. Дараа нь гайгүй сурдаг хүмүүс хамгийн өндөр цалин авч болох мэргэжлүүдийг сонгосон. Нэг үгээр хэлбэл сурлага сайтай хүүхдүүд багшийн мэргэжлээс зугатаасан. Тийм учраас бид тэр сурлага сайтай нөхдүүдийг багш болгож авья гэдэг хөдөлгөөнийг өрнүүлээд хоёр жил болж байна.
Энэ хугацаанд би 2000 онц сурдаг хүүхэд багшийн сургуульд авчихлаа.

-Яаж тэр вэ?
-Төлбөрийг нь Засгийн газар төлж байна. Одоо гол нь энэ авсан 2000 оюутнаа чанартай багш болгоод авахын тулд ажиллаж байна. Үүний тулд Боловсролын их сургууль бүх өөрчлөлтөө энэ асуудалд чиглүүлж байгаа. Яавал хүүхдийг хайрладаг багш болгохов, яавал багш гэдэг мэргэжилд нь дурлуулах вэ гэдэг дээр ажиллаж байна. Зарим мэргэжилтэн бүр надад “эд нарыг багшаас өөр ажил хийж чаддаггүй болгох хэрэгтэй” гэнэ ээ /инээв/. Гэхдээ энэ бол амьдрал байхгүй юу. Бидэнд сайн багш бэлтгэх шаардлага болон боломж одоо л гарч ирж байна. Энэ жив хоёр дахь удаагаа элсэлт авахад боловсролын их сургуулийн элсэгчдийн дундаж оноо 615 байлаа шүү дээ. Өмнө нь 500 хүрдэггүй байсан сургууль. Жижигхэн сэдэл дээр маш том өөрчлөлт гардаг. Бүр 800 оноотой хүүхэд ч багш болно гээд орж л байгаа. Үнэхээр багш болох сонирхолтой байна.
Багш мэргэжил дээр бид “та багш болвол ажлын байр бэлэн байна. Бусад мэргэжил дээр чинь ажлын байр хэцүү байна шүү” гэдэг сурталчилгааг хүртэл хийж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрөө сураад сурчихсан тэр хэсгийг бид багшийн сургуульдаа элсүүлж байгаа хэрэг. Мэдээж ирээдүйд бүгдээрээ сайжраад ирэхээр сайн, муу багшийн тухай яриа гарахгүй.
ХҮҮХЭД ЗОДСОН БАГШИЙГ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ӨӨР ЯМАР Ч АРГА БАЙХГҮЙ
-Багшлах эрхийг ямар хүн авдаг юм бэ. Сургуулиа төгсөөд л багш болчих уу?
- Багш болчихсон хүндээ бүх талаараа хайр халамж, туслалцаагаа үзүүлье, нөгөө талаараа тийм амархан багш болчихгүй гэсэн хоёр зарчмыг баримталж байна. Та нарын хэлээд байгаа багшаар ажиллах эрхийн шалгалт анх удаа зохион байгуулахад мянган хүнээс 40 хувь нь  тэнцэж үлдсэн бусад нь шалгалтанд унаж байна. Эхэлж шалгалтанд ороод уначихсан хүмүүс “биднийг шалгахгүй гээ биз дээ” гээд ууртай байсан. Уучлаарай, ажлын чинь араас мөшгөхгүй гэсэн болохоос таныг багшлуулах уу, үгүй юу гэдгээ бид шийднэ.
.
“Би бас юм мэддэг байх ёстой юм байна, мэдлэгээ үргэлж шинэчилж байх ёстой юм байна” гэж багш болох хүсэлтэй хүмүүс ойлгож байна. Дараа дараагийн багш нар яг энэ шүүлтүүрээр гарцаагүй орно. Түүн дотор нь мэдээж монгол хэлний шалгалт багтана. Гэртээ очоод хүүхдийнхээ юу хийж байгааг нэг анзаар. Хүүхдийг жаргалтай л байлга. Хүүхдээ яаж өөрөө дурлаж хичээлээ хийдэг болгох вэ гэдэг дээр залуу ээж, аавууд анхаарах болохоос толгой руу нь цохиод ном сурдаг цаг ерөөсөө биш гэдгийг сайн ойлгоорой. Бид ч тэгж сураагүй. Тэгж сурснууд нь амжилт гаргаагүй байхгүй юу. Бүх их дээд сургууль төгссөн хүмүүс яаж сурснаа нэг бод. Багш нар гар хөлийг чинь цохиж нүдээд, аав ээж чинь хүлж суулгаж сургаа юу. Тэгж сурсан хэсэг нь дахиад өөрийнхөө гаргасан амжилтыг бод. Хүний үгээр, хүчээр ном сурсан хүн амжилт гаргахад хэцүү. Үнэхээр сурах сонирхолтой хүүхэд бол өөрөө билетээ уншиж өдөржин суудаг л байсан. Тэр хэсэг нь бол сайн сурсан. Тэгэхээр яаж сонирхолтойгоор хүүхдээ сургах вэ гэдгээ л бодох хэрэгтэй.

-Багшийн ёс зүйн талаар асуумаар байна. Цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутан байхдаа л цэцэрлэгийн хүүхэд зодчих юм. Дунд сургуулийн биеийн тамирын багш нар хүүхдүүдийг зоддог гэх гомдол маш их ирж байна. Дээд сургуулийн залуухан багш нар нь оюутандаа дурлачихаад “хамт хоолонд орохгүй бол унагаана” гэдэг гэх юм. Ийм аймшигтай, багш хүнд байж боломгүй ёс зүйн алдаа маш их гарч байна. Мэдээж мэдээллийн бүх суваг нээлттэй болсноор энэ гомдол бидний чихэнд илүү ихээр хүрдэг болсон байж болох юм. Гэхдээ бидний үед багш хүүхдүүдийн өмнө ямар хувцастай гарах вэ гэдэг нь хүртэл тусгай асуудал байсан санагдана. Ер нь багш нарын ёс зүйн тал дээр Боловсролын яам ямар байр суурь баримталдаг юм бэ?
-Багш нарын ёс зүйн дүрэм гэж байгаа. Энэ дүрмээ л хаа сайгүй баримталдаг болох хэрэгтэй. Хоёр зүйл байгаа юм. Багш нараас гарч байгаа араншин бүх л газар байгаа. Автобусан дотор бөөн хэрүүл, таксины жолооч хүртэл зорчигчтойгоо улстөр яриад л хэрэлдээд байдаг. Одоо манай нийгэмд бие биетэйгээ соёлтой харьцдаггүй, хүлээцтэй тэвчээртэй ханддаггүй нийтлэг дутагдал байна. Багш нар тусдаа хүмүүс биш шүү дээ. Нийгмийн л нэг хэсэг. Тийм учраас бид болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ бид таны ярьсан шиг ёс зүйн алдааг огт гаргахгүй байх тал дээр хичээж ажиллаж байна. Хүүхдээ зодсон багшийг явуулах хэрэгтэй, өөр ямар ч арга байхгүй. Энэ цаг үед хүүхэд зоддог багш гэж байх ёсгүй. Тэрийг хүлээн зөвшөөрдөг аав, ээж ч байхгүй дээ. Багш нарыг хүүхэд зоддоггүй болгох тал дээр сүүлийн арав гаруй жил маш их ажил хийгдсэн. Цаашдаа хамгийн чухал хийх ажил бол бид нийгмийн ажилтнуудаа сэтгэл зүйч болгох гээд байгаа юм. Сургуулийн нийгмийн ажилтан сэтгэлзүйч болсноороо хулгай хийдэг, худлаа хэлдэг, гадуур тэнэдэг, элдэвт донтож байгаа хүүхэд болон зан харилцааны доголдолтой багш нартай ажилладаг болно. Багш хүний мөрдөх ёстой энгийн ёс зүйг бүх хүнээрээ мөрдүүлэхийн тулд тэдэнд бид туслах л хэрэгтэй. Уурыг яаж дарах, яаж тэвчээртэй байх, хэцүү хүүхэдтэй яаж харьцах зэрэгт тэр хүмүүстээ сэтгэл зүйн зөвлөгөө өгч тусална.
Боловсролын шинэчлэлд бидний хийж байгаа ажлын чухал үр дүн хаана гарах вэ гэхээр багш хүн багшлахаасаа илүүтэй хүүхдийг суралцахад туслагч болоход илэрнэ. Байр суурийн хувьд жаахан өөр болж байна аа даа. Багш нар хүүхдүүдээ хүүхэд гэж харахаас илүү хүн гэж харж харилцаанд орж, ний нуугүй ярилцаж эхлэх хэрэгтэй болж байна. Амьдралынхаа туршид багшилсан хүн ангидаа орохдоо хүүхдүүдийг найзаа гэж хардаг. Цэцэрлэгийн багш нар бол бүр гурван настай хүүхэдтэй хүртэл жинхэнэ найзууд шиг ярилцдаг.
Тэгэхээр би дахин дахин хэлмээр байна. Боловсролын салбарын шинэчлэлт явагдаж байна. Хүнийг нэг л өдөр өөрчилчихнө гэж худлаа хэлж болохгүй. Цаг хугацаа шаардлагатай.

-Багш нарын цалин ойрын хугацаанд нэмэгдэх үү?
-Бүх хүүхдээ сургах зорилтоо биелүүлэхийн тулд улс орны эдийн засаг даахгүй ачааг нуруундаа үүрч байна. Үеийн үед л ийм байсан. Сургуулиуд нь хоёроос гурван ээлжээр хичээллэнэ, багш нар нь хөдөлмөрөө бодитоор үнэлүүлж амжихгүй, ангийн даац их. Энэ бүхэн улс орны эдийн засагтай л холбоотой. Улс орны эдийн засгийн өсөлт ямар байна тэр хэмжээгээр бид багш нарынхаа тоо, цалинг нэмэгдүүлж, орчинг нь сайжруулна. Түүнээс агаараас гэнэт буулгаад тэд болгоно гэж худал амлалт өгч болохгүй. Төрийн албан хаагчдын өсөлтийг дагаад өнгөрсөн жил нэмсэн, ирэх жил ч бас багахан хувь нэмэх л байх. Би залуу багш нартаа “та нар л сайн хүн бүтээвэл улс чинь баян болж, чиний цалин хэд дахин нэмэгдэнэ” гэж хэлдэг юм. Дахиад арав, хорин жилийн дараа багш нарын цалин бага, амьдрал хэцүү байна гэж ярихгүйн тулд одооноос л монгол хүнийг сайн боловсруулах хэрэгтэй.
БИД 2021 ОНООС ПИСА ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
-Манай улс боловсролын түвшингээрээ дэлхийд хаагуур яваа вэ?
-Боловсролын салбарт үзүүлж байгаараа амжилтаараа бид байнга урагшилж байгаа. Бид дэлхийд хэддүгээр байранд байна вэ гэдгийг харахын тулд 2021 оноос олон улсын боловсролын (ПИСА) үнэлгээнд хамрагдахаар төлөвлөж байна. Энэ үнэлгээнд хамрагдаад эхэлвэл боловсролын түвшин маань дэлхийд өрсөлдөхөд хаана байна гэдгийг бодитоор харах бололцоотой болно. Харин хүртээмжийн хувьд зарим нэг хүн ам олон, мөнгө төгрөг ихтэй улс орныг хүртэл гүйцчихсэн байдаг. Ер нь бид боловсролын салбарт олсон ололтоороо аль ч цаг үед ухарч байгаагүй.

-Сурах бичиг үргэлж л асуудал дагуулах юм. Ямар хүмүүс сурах бичгийг гаргадаг болохоор ингэдэг юм бэ. Энийг таслан зогсоож болохгүй гэж үү?
-Сурах бичгийг хамгийн сайчуул нь л хийж байгаа. Хэний ч бичсэн ном, зохиолыг хөндлөнгөөс хүн шүүмжилж болдог. Чиний бичсэн нийтлэлийг ч, миний ярилцлагыг ч шүүмжилнэ. Мэддэг хүн монголд хэт их болчихоод, чаддаг нь цөөхөн байна. Манай дээд боловсролын шинэчлэл чаддаг монгол хүнтэй болохын төлөө явж байгаа. Гэхдээ би одоо хийж байгаа ажлаа ертөнцийн гайхамшгийг хийж байгаа гэж зөрүүдлэхгүй. Хоёр баг өрсөлдөөд аль чадалтай нь сонгогдож байна. Ялагдсан баг нь ялсныгаа шүүмжилж байгааг харчихаад сурах бичиг муу болчихож гэж хэлж болохгүй л дээ. Хэрвээ ялагдсан багаар нь хийлгэсэн бол бүр муу сурах бичиг гарна. Саяхан нэг сурах бичгийн шүүмжлэл дээр казиногийн тухай сурах бичигт оруулж гэж байна лээ. Казино мэддэггүй хүүхэд гэж байхгүй биз дээ. Тэгж өөрсдийгөө худлаа басч, доромжлох дэмий. Хүүхдүүд биднээс их юм мэдэж байгаа. Манай бага хүү тавдугаар анги. Хичээл нь өдөр 15.00 цагт тараад гэртээ харьдаг. Миний ажил 22.00, 23.00 цагт тарна. Тэр хооронд тэр хүн долоо, найман цаг зурагт үзэж байна. Би гэтэл үзэхгүй. Тэгэхээр надаас лав илүү юм мэдэж байгаа. Хүүхэддээ үзүүлэхгүй гээд зурагтаа гаргаж хаялтай биш, компьютероос хол бай гэлтэй нь биш. Манай ахмад дээр үеийнхэн үр хүүхдэдээ хэлж, үзүүлэхийг хүсдэггүй байсан бүх мэдээллийг энэ мэдээллийн хэрэгслүүдээр зүгээр л цацчихаж байна.  Хамгийн гол зүйл бол сурах бичгээр дамжуулаад өгөх ёстой мэдлэгээ өгнө.

-Хувийн дунд сургуулиуд зарим нь дэлхийд байхгүй төлбөр тавьчихаад сууж байх юм. Өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиудад сурч буй хүүхдүүд сурлагаараа үнэхээр цойлж гарахаар байж чаддаг уу. Энэ дээр ямар хяналт тавьж ажилладаг вэ?
-Сурч байгаа шүү. Төрд үнэгүй сургууль байхад тэрийг сонгохын оронд төлбөртэй сургуульд сургана гэж байгаа бол тэр хүний л асуудал. Хоёр хүний хоорондын хэлэлцээ рүү бид дундуур нь ороод байх хэрэггүй л дээ. Харин хэт өндөр төлбөртэй бол урсгал зардлын татаас өгөхөө больё гэсэн яриа бол байгаа.
ТВИТТЕР БОЛОН ФЭЙСБҮҮКЭЭР ИРГЭДЭЭС САЙДАД ТАВЬСАН АСУУЛТАНД ХАРИУЛТ АВЛАА
-Идэр есийн хүйтэнд, ид утаан дунд хүүхдүүдийг амрааж болдоггүй юм байх даа гэсэн асуултыг  @lkerdene тавьжээ.
-Би сайд болсон өглөөнөө хамгийн түрүүнд хийсэн ажил бол өвлийн утаан дотор аль болох урт амралт гэдэг зарчмыг хэрэгжүүлж, хүүхдүүдийн өвлийн амралтыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Энэнээс урт болгох гэхээр зуны цагт монгол хүн тарга тэвээрэг авдаг гэдэг онол байдаг юм байна. Мөн сургалтын ашиглалтын асуудал байдаг. Өвөл дулаан цахилгааныг нь тасалж болдоггүй болохоор хоосон байшин ажиллуулах болчих гээд. Тэгэхээр энэ хоёр асуудлыг авч үзээд байж болох хамгийн боломжит хувилбарыг сонгосон хэрэг.
Сурв: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн 2012 оны арванхоёрдугаар сарын 11-ний тушаалаар сурагчдын өвлийн амралтыг сунгаж нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид таван долоо хоног, дунд ангийн сурагчид гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид хоёр долоо хоног амардаг болжээ.
-Ерөнхий боловсролын сургуулиуд дотор гаазтай ундаа, чипс зарахыг хориглож болдоггүй юм уу гэж @G_Natsagdorj асууж байна.
-Болно, асуудалгүй. Багш нарын ажлыг хэд хэдэн үзүүлэлтээр дүгнэж байгаа. Тэрэн дотор эрүүл мэндийн асуудал багтана. Багш нар “хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг бид яахаараа хариуцдаг юм” гээд багахан гомдолтой байгаа. Багш хариуцна гэдэг сургууль хариуцна гэсэн үг. Тэгэхээр сургууль дотор юу зарах вэ гэдгийг тэд хариуцлагатайгаар бодож эхэлсэн.
-Цэцэрлэгийг есдүгээр сарын 1-нээс, ерөнхий боловсролын сургуулийг есдүгээр сарын сарын 15-наас, их дээд сургуулийг аравдугаар сарын 1-нээс хичээлийг нь эхлүүлж болдоггүй юм уу гэдэг саналыг @tsbat_IT  тавьсан байна. Тайлбар нь, хөдөө орон нутгийн оюутнууд наймдугаар сар гарангуут л хичээл эхэллээ гээд хот явчихдаг. Гэтэл ард нь намрын болоод өвлийн бэлтгэл гэж өчнөөн ажлыг настайчууд нь хариуцаад үлддэг. Нөгөө талаасаа хот нэг л өдөр гэнэт ачааллаа даахаа байтлаа бөглөрөөд байх шаардлагагүй болно гэж үзэж байгаа юм.
-Сайн санал байна, болно. Их сургуулиудын багш нар, удирдлагуудтай ярилцах хэрэгтэй. Заавал аравдугаар сар гэлгүйгээр есдүгээр 20-ноос оруулдаг болсон ч болохоор юм.
Их сургуулиудын багш нар, удирдлагуудтай ярилцах хэрэгтэй. Заавал аравдугаар сар гэлгүйгээр есдүгээр 20-ноос оруулдаг болсон ч болохоор юм.
-Зургаан настай хүүхдүүдийг орон нутагт амьдруулахад хэцүү байна гэсэн асуулт ирсэн. Энэ асуудлыг монголынхоо онцлогт тохируулаад өөрчлөх боломжтой юу?
-Зургаан настай хүүхдүүдийг хүчээр авахгүй. Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гаргаад зургаан настнуудын дотуур байрны орчинг тохижуулах ажлыг хийж байна. Наад зах нь зургаан настнуудыг хариуцсан дотуур байрны багштай болох, эцэг эх нь ирсэн үед хүүхэдтэйгээ гурав дөрөв хоночих боломжийг нь олгох зэргээр аль болох хүүхдийг тав тухтай байлгах талаас нь анхаарч байна. Хэрвээ хүүхдээ зургаан настайд нь оруулахгүй гэвэл сургууль дээр нь аваачаад бичиг үсэг тайлуулж нэг сар болгоод, гэрийн даалгавар аваад, таван сарын дараа дахин нэг сар сургуульд сургаж болно. Сургууль бүр өөрийн бодлогоор зохицуулах боломжтой. Нөгөө яриад байгаа сургуулийн бие даасан байдлын ид шид энэ дээр гарч ирэх юм.
-Баян-Өлгийн хүүхдүүдийн монголоор ярих чадвар улам бүр муудаад байна. Энэ асуудалд Боловсролын яам ямар байр суурьтай байгааг @sdavaa2002 асуусан байна.
-Ийм хандлага тогтоод удсан юм билээ. Үндсэн хуулиа бариад Баян-Өлгийн хүүхдүүд казак хэл дээр ном сурах бололцоог нь хангаж өгсөн. Ингэснээр залуус нь монгол хэлгүй болох аюул бий болсон. Монгол хэлнийх нь сургалтыг сайжруулах шаардлага байна. Дээр нь цэвэр монгол хэлээр сургадаг сургууль хүртэл байгуулах хэрэгтэй. Энэ бүх ажил хийгдэж байна. Манай яамны хүмүүс монгол хэлийг сайжруулах хөтөлбөрийг аймгийнх нь удирдлагатай хамтраад хийж байгаа. Энэ хөтөлбөрөөр багш нарынх нь монгол хэлний чадварыг сайжруулах, монгол хэлний сургалтыг яаж чанаржуулах вэ зэрэг сургалтууд явна. Гэхдээ энэ бол өөр хэн нэгэн санаа зовох зүйл биш л дээ. Баян-Өлгийн хүүхдүүд болон аав, ээж нь санаа зовох асуудал юм. Хүүхэд нь сайн боловсрол эзэмшиж, эх орныхоо аль орлоготой, хөгжилтэй газар очиж ажиллах хэрэгтэй. Үүний тулд гарцаагүй монгол хэлээ сайн эзэмшсэн байх ёстой юм. 
Гэхдээ энэ бол өөр хэн нэгэн санаа зовох зүйл биш л дээ. Баян-Өлгийн хүүхдүүд болон аав, ээж нь санаа зовох асуудал юм.
-С.Дэмбэрэл гишүүн энэ асуултыг тавьсан юм. Их дээд сургуулийг яагаад чөлөөлчихөж болохгүй байгаа юм бэ. Б.Болд-Эрдэнэ багш бас саяхан “бидэнд академик бүү хэл эрх чөлөө алга” гэсэн ярилцлага өгсөн байсан?
-Эрх чөлөө бүрэн байгаа. Байхгүй гэж хэлж байгаа бол зүгээр шалтаг. Сургуулийнх нь бүтэц зохион байгуулалтанд бид оролцоогүй. Гэхдээ хэд хэдэн юманд оролцоно.Нэгдүгээрт, элсэлт ил тод явагдана, арын хаалгагүй болно. Сургалтын хөтөлбөрөө өөрсдөө боловсруулсан юм шүү дээ. Энэ чинь эрх чөлөө өгсөн хэрэг биш үү. Урьд нь яам боловсруулдаг байсан. Одоо бол багш нар өөрсдөө оролцоод, бодоод, боловсруулсан. Тэр хөтөлбөрөөрөө энэ жил элсэлт авсан. Тэгэхээр би арын хаалгаар элсэлт авахгүй. Ил тод байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Энэ жил анх удаа онлайн элсэлт авлаа. Хоёрдугаарт, суралцах процесст хуурамч дүн тавихаас сэргийлсэн хяналтын функц хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, сургалтын ихэнх нь чаддаг хүн болгохын төлөө явагдана. Багш хэлж өгөх биш хүүхдээрээ ажиллуулж, уншуулж, судлуулна. Дөрөвдүгээрт, та бүхэн судалгааны ажил хий. Бид дэмжинэ гэж байгаа. Тавдугаарт, судалгааны ажлаа борлуулж, өөрийн орлоготой бол. Технологи үйлдвэрлэх ёстой болохоос хүнд ном заах гээд яваад байвал хэт өрөөсгөл. Өөрөөр хэлбэл их сургууль өөрөө эрдэм шинжилгээний байгууллага болж хөгжих ёстой юм. Ийм болзлуудыг бид тулгаж байгаа. Төрийн өмчийн сургуулиудыг хувьчлаач гэсэн санаа байж магадгүй юм байна л даа. Хувьчлалыг хийж болно, тэр асуудалгүй. Хамгийн гол нь төрийн өмч байхдаа төрөөс дэмжлэг авч  илүү сайн хөгжих боломжтой. Илүү сайн хөгжих боломжоос зугатах хэрэг байгаа юм уу. Улаанбаатарын төвд байгаа сургуулиуд асар үнэтэй. Хэн ч худалдаж авч дийлэхгүй. Үнэгүй өгье гэхээр хэтэрхий шударга бус.
Хэнд өгөх юм. Менежментээр авья гээд байгаа юм. Яаж авах юм. Төрд байснаараа их сургуулиуд хямраад байгаа юм байхгүй. Хариуцлагын л асуудал. Сургууль удирдаж байгаа хүмүүс л хариуцлагатай бай л даа. Төрийн өмчинд байгаа учраас сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг яам хийж байгааг “бидэнд эрх нь алга байна” гэж тайлбарлаж байгаа бол тэрэн шиг худлаа юм байхгүй ээ. Шалгаруулалтанд орсон үнэхээр чадалтай хүмүүс нь л ялсан. ШУТИС-ийн проектр байсан Очирбат, МУИС-ын проектр байсан Галтбаяр шалгаруулалтанд ялсан. Хэн ч Галтбаяраас өндөр оноог англи хэлэн дээр аваагүй шд. Төрийн албаны зөвлөлөөс суулгаж байгаад шалгалт авахад бид ч давж авч чадаагүй. ЭМШУИС дээр Батбаатар ялсан. Тус сургуулийн био анагаахын захирал байсан. Ялгаа байхгүй хамгийн өндөр оноог л авсан юм билээ. Түүнээс энд улстөрийн томилгоо  хийсэн асуудал огт байхгүй. Ялагдагчдад бусад нь муухай юм шиг санагдаж байгаа байх. Тэгэхээр өөрсдөө шалгаруулалтанд ор, даваад гараад ир. Хэн ч саад болохгүй.
ӨНӨӨДРИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН МАШ БОГИНО ХУГАЦААНД ГАРНА
-Харвардад Хятад оюутны тоо хэт их болоод тоог нь хязгаарлах хүртэл асуудал яригдаж байгаа гэнэ билээ. Үнэн худлыг мэдэхгүй л дээ. Гэхдээ Хятадын засгийн газрын бодлого л үүний цаана харагдаад байгаа юм. Манай улс ирээдүйн өндөр боловсролтой хүмүүсийг бэлтгэхийн тулд дэлхийн нөлөө бүхий их дээд сургуулиудад мэргэжилтэн бэлтгэх асуудалд хэр анхаарлаа хандуулдаг вэ?
-Бид энэ жил дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд суралцах урилга авсан 100 оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Энэ ажилд зориулж 7-8 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн MIT, Стэнфорд, Харвард, Лондонгийн бизнесийн сургууль, Кэмбрижийн их сургуулиудтай хамтран ажиллаж байна. Дэлхийн сор болсон шинжлэх ухааны байгууллагуудтай нягт хамтын ажиллагаатай болж байна. Мянган инженерээ Японд сургахаар боллоо. Японы хэд хэдэн их сургууль монголд ирж хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Германаас манай улсад технологийн сургуулиа байгуулчихлаа. Бид технологи, инженерийн чиглэлээ герман, япон, шинэ мэдлэгийн чиглэлээ MIT, Стэнфорд, нийгмийн ухаан талдаа Харвард, Лондонгийн бизнесийн сургуультай гээд дэлхийн томчуудтай хамтарч байна. Нобелийн шагналтнуудыг төрүүлдгээрээ алдартай Японы Регэн, Нагояагийн их сургуультай хамтарч байна. Удахгүй Монголоос нобелийн шагналтан хэдэн арваараа төрнө. Яг жүдогийн дэлхийн аварга болж байгаа шиг. Энд эргэлзэх зүйл огт байхгүй. Бид энэ зорилго чиглэл рүүгээ төсвийн хэдэн хувиа зарцуулаад, эрдэмтэн судлаачдынхаа хандлагыг чиглүүлэх л асуудал байна.
Энэ жилээс бид дэлхийн түвшний лабораториудыг дээд боловсролын байгууллагууд дээрээ байгуулж эхэллээ. Энэ дээр дэлхийн тэргүүлэх судалгаанууд хийгдэнэ. Үр дүнг нь зарлаад ирэхээр дэлхий дахины хосгүй чадвартай аавын охин, ээжийн хөвгүүд өөрсдөө ирж ажиллахыг хүснэ. Энэ бол баталгаатай. Тийм цаг их ойрхон ирж байгаа.
-Цаашид хийх ажлаасаа товч дурьдаач гэвэл?
-Дээр хэлсэнчлэн, дэлхийн шилдэг 100 сургуульд элсэж байгаа оноог нь харахад манай улс үнэхээр дээгүүр байна. MIT-д гэхэд л манай Баттүшиг 160 гаруй мянган залуусаас нэгдүгээр байранд жагсаж тэнцсэн. Дараагийн Баттүшиг манай улсад хэдэн арав, зуугаараа бий. Тэгэхээр бидэнд шинэ мэдлэг бүтээдэг улс болох боломж байна. Ийм болчихвол бид шинэ мэдлэгээ хэрхэн тээвэрлэх талаар хоёр хөршөөсөө гуйхгүй, хөрөнгө оруулагчийг гуйх шаардлага ч байхгүй. Тэр хүмүүс, тэр мөнгө өөрсдөө ирнэ. Энэ рүү л хүүхэд бүрийн хөгжил гэх бодлого, дээд боловсролын байгууллагыг шинжлэх ухааны байгууллага болгоё гэх зорилт хоёр тэмүүлээд байгаа юм. Олон ажил хийгдэнэ, хийгдэж ч байна.
Боловсролын хүртээмжийн амжилтаа алдаж болохгүй. Монгол хүүхэд бүр сургуульд сурдаг, цэцэрлэгт хамрагддаг, хүсч хичээвэл дээд боловсролоо эзэмшиж болдог болгохын төлөө ажиллаж байна. Тэр хүсэлтийг нь зуун хувь биелүүлдэг байх боломжоор бид хангах ёстой.
Сүүлийн хоёр жилд 200 физик, химийн лаборатори авлаа. Энэ жил 50 гаруй сургуулийг смарт болгох гэж байна. Бүх сургуулиа интернэтэд холбоно. Энэ нь монгол улсад анхны удирдлага мэдээллийн том системийг бид яаман дээрээ өөрсдөө хийж байна. Сая хүн зэрэг хандаж болдог мэдээллийн системийг анх удаа нэвтрүүлэх гэж байна. Ирэх жилээс зуун хувь ажиллаад эхлэх юм бол монголын мэдээлийн технологи дэлхийн хэмжээнд хүрсэн гэдгийг дэлхийд батлах том ажил болно. Энэ салбарт байгаа сая хүний харилцаа маш энгийн, ойлгомжтой, ил тод болно. Дээд боловсролын байгууллагуудын бүх хичээл онлайн болно. Заавал ангид очиж багшийн яриаг сонсох биш, хичээл үзэж, номоо уншчихаад адилхан мэдээлэлтэй хоёр хүн мэтгэлцэх нь байна. Бид ийм л сургалтыг хүсч байна. МУИС дээр энэ жилээс оюутнууд хичээл, багшаа сонгож эхэллээ. Тэгэхээр багш нарын дунд эрүүл өрсөлдөөн гарч эхэлнэ. Багш нар маань дэлхийн хэмжээний судлаач болохгүй бол манай дээд боловсролд өгч байгаа мэдлэг хуучин байна. Зарим нь бүр 1980 оны хичээлээ хүртэл заадаг багш байна гэнэ. Тэгэхээр бидэнд хийх ажил маш их байна.
Шинжлэх ухааны чөлөөт бүс болох ёстой, ингэхийн тулд шинжлэх ухааны паркаа байгуулах хэрэгтэй. Их сургуулиуд маань энэ ажил руу ханцуй шамлаад орчихсон байна. Дараа нь бид шинжлэх ухааны хотоо байгуулах ажил байна. Хийх ажил их, хийх хүмүүс нь монголд байна. Ганцхан зүйл байна шинжлэх ухааны судалгаа хийх хамгийн шилдэг технологи, орчинг бүрдүүлэх хэрэгтэй.
-Их ажлынхаа хажуугаар уншигчдыг маань хүндэтгэн цаг гарган ярилцсанд баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд манай уншигчдад хандаад та юу хэлэх вэ?
-Аливаа улсын хөгжлийн хэрэгцээнд боловсрол хамгийн чухал байдаг. Жишээ нь дайны байдалд байгаа хүмүүс боловсролоороо дамжуулж дараа үеийнхээ эх оронч цэргүүдийг бэлтгэдэг. Хүн ам ихтэй аж ахуй ихээр эрхлэхийг зорьж байгаа улс боловсролоороо дамжуулж маш сайн ажилчин ангиа бэлтгэдэг. Сайн дарангуйлагчтай улс орон үг дуугүй гүйцэтгэгч нарыг бэлтгэдэг. Харин бидний энэ цаг үед бий болж буй боловсролын захиалга бол хүүхэд бүрийг хөгжүүлэх. Монгол орон мэдлэг үйлдвэрлэгч орон болоход зориулж захиалагдаж байгаа хэрэг. Бид түүхий эд нийлүүлэгч орон болох гэж олон жил үзлээ. Гэтэл бидний мэдээд байгаа шиг тэр хөгжил ирэхгүй байна. Очиж зугаалаад байдаг улс орноосоо илүү хөгжихийн тулд тэднээс илүү чадалтай хүмүүсийг л төрүүлэх хэрэгтэй. Гэхдээ үй олноор нь. Яагаад гэвэл бид цөөхүүлээ учраас боловсролтой, чадвартай хүмүүс маш их жин дарах хэрэгтэй. Манайд байгаа давуу тал нь хүн амын 40 хувь нь боловсролын салбарт байна гэдэг маш сайн үзүүлэлт. Тэгэхээр 10 хувь нь л шинжлэх ухааны мэдлэг үйлдвэрлэх салбарт гараад ирэх юм бол монгол орны хөгжил шал өөр болоод ирнэ. Маргаашийн монголын хөгжлийн загвар, эдийн засгийн бүтэц шинэ хөгжлийн захиалга өнөөдрийн боловсролын системийн шинэчлэл байгаа юм. Өнөөдрийн монголын боловсрол, монгол хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэж ажиллаж байгаагийн утга учир нь энд оршино. Үр дүн нь богино хугацаанд гарах юм. Үүгээр бид дэлхийд гайхуулдаг болно. Одоо ч монголын боловсролоор дэлхий гайхдаг. Монгол хүний үндсэн өгөгдөл маш сайн. Сул тал ч их. Тийм болохоор сул талаараа өөрсдийгөө гутаах биш сул талаа давуу талаараа нөхөж өөрсдийгөө хөгжүүлэх боломж бидэнд байна.
Энэ ярилцлагаар дамжуулаад Монголынхоо нийт багш нартаа Багш нарын баярын мэнд хүргэе.
Ярилцсан О.Ариунбилэг


Г.Аюурзана: Залуу байснаа, бүтэлгүй, ядуу, тэнэг алхмуудаа хүн хэзээ ч мартдаггүй юм шиг






-Сайхан намаржаад байна уу. Өнгөрөгч зун уран бүтээлийн хайгуул-аялал их хийв үү?
-Өө, сайхан намаржиж байна. Уг нь чи бид хоёр ном гарсны дараа л ярилцаж заншсан сан. Яагаад юм гараагүй байхад хоргоогоод байна даа. (инээв)
"Цагаан хар улаан" романаа гаргаснаас хойш нэг л нам гүм болчих шиг. Хэвлүүлэхгүй л болохоос биш туурвиад л байна уу?
-Сүүлийн үед би өвөл сууж юм бичдэг болоод байгаа. "Цагаан хар улаан"-аас хойш эхэлсэн зүйл алга. Мэдээж, яаж зүгээр байх вэ. Санаа сэдэл хайж ойр зуур явсаан, явсан.
-Таныг уншигчидтайгаа саявтар нэг уулзсан тухай цахим ертөнцөөр шуугиад байсан?
-Дорнодын буриад залуусын "Амин тоонто" гэдэг байгууллагаас "Бөөгийн домог" роман дээр голлож яриа өрнүүлсэн нэг уулзалт зохиосон юм.
-Солонгосын найруулагч Чой Чангүн "Цасны роман"-аар чинь хүүхэлдэйн шоу хийснийг харлаа. Таны бүтээлүүдээр дэлгэцийн болон тайзны бүтээл хийе  гэсэн санал гадаад, дотоодоос их ирнэ биз?
-Өө, тэгж нэг их сонирхоод байсан юм байхгүй дээ. "Бөөгийн домог"-оор кино хийе гэсэн хоёр санал ирсэн. Нэг нь буриадууд, орос орчуулгаа өгчих гэсэн. Орос хувилбарынх нь эрх орчуулагчид нь байгаа болохоор энэ учраа хэлээд л орхисон. Харин талийгаач Жанчивдорж гуайн хүү кино болгоё гэж хүсэхээр нь зөвшөөрсөн байгаа. Дэлгэцийн хувилбар болгосон зохиолыг нь ойрын үед нэг уншиж үзэх байх.
Та саяхан фейсбүүк хуудсан дээрээ Москвагийн оюутны байраа харсан чинь уйлмаар байна гэсэн байсан. Ер нь сайхан дурсамжууд тэнд их үлджээ дээ?
-Өө, тэгэлгүй яахав. Би чинь юугаа ч мэдэхгүй нусгай жаал тэнд очоод залуу насныхаа зургаан жилийг үрсэн юм чинь. Ер нь хүүхэд мөрөөдлөөрөө, насанд хүрсэн хүн дурсамжаараа амьдардаг ч байж магадгүй. Тэр тусмаа залуу байснаа, бүтэлгүй, ядуу, тэнэг алхмуудаа хүн хэзээ ч мартдаггүй юм шиг.
-Яруу найргийн "Бясалгал" түүврээ гаргасныхаа дараахан "Яруу найраг баяртай" гэх маягийн яриа өгч билээ. Шүлгээ аль хэр бичиж байна. Уншигчид бол энэ мэдэгдэлд чинь сэтгэл их гонсгор явдаг юм байна лээ?
-Би шүлэг бичихээ үнэхээр больсон. "Бясалгал"-аас хойш нэг ч шүлэг бичээгүй.
-Өө ямар харамсалтай юм бэ. Бишрэн шүтэгчид чинь "Аюур баруун гарын булчин дээрээ өлзий хээ шивүүлсэн юм билээ. Эхнэрийнх нь нэрийн бэлгэдэл" гэлцэх юм. Та тийм шивээс хийлгэсэн юм уу?
-За, бишрэн шүтэгч ч гэх шиг, бас ахыгаа хөөргөх нь үү. Шивээсний хувьд бол удаж байгаа зүйл шүү дээ.
-Тэжээдэг монгол банхрууд чинь олон болж байна уу?
-Уг нь өдийд сүрэг нохойтой байх байлаа. Даанч өнгөрсөн намар нэг монгол, нэг түвд эр эм хоёр банхраа хулгайд алдсан. Манай нутагт нэг өвгөн "Одоо чинь хүнтэй ч хүн байж болохгүй, малтай ч хүн байж болохгүй цаг" гэж хэлж байсан юм гэнэ лээ. Яг л түүн шиг аятайхан нохойг ч тааваар нь байлгадаггүй бас сонин цаг үед бид амьдарч байна шүү. Миний нохдын энэ хаврын гөлөгнүүдээс хамгийн сайн гарсныг нь багын найз минь аваад явсан юм. Гэтэл бас л хулгайд алдчихаж. Нохойд хүн дасаад бүр үр хүүхэд шигээ хайртай болчихдог юм. Тийм амьтныг нь хулгайлчихна гэхээр, ёстой, ярихаас ч дургүй хүрч байна.
-Өлзийтөгс найрагч сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна даа?
-Өлзий үргэлж онгодтой байдаг хүн. Манай гэрт одоо Өлзий л шүлэг бичиж байна даа (инээв)
Танай Баянхонгороос төрсөн төрийн шагналт П.Пүрэвсүрэн гэж ланжгар зохиолч өнгөрөгч хавар бурхан зүг одлоо. Та түүнтэй хэр ойр байсан бол?
-Миний нутгаас уул шиг сайхан хоёр найрагч төрж өвгөн болтлоо харагдсанд нь би маш их баярлаж явдаг. Тэнгэр үзэж Тангадын Галсан ах маань урт удаан наслаасай билээ. Пүүжээ ах бол анх намайг Горькийн сургуульд явах боллоо гэдэг баярт мэдээг Баянхонгорт очин дуулгаж байсан ерөөлтэй ах минь. Намайг нэгдүгээр курс төгсөхөд Пүүжээ ах төрийн шагнал авсан. Би Москвагийн Елисеевский гастрономоос морин шилтэй "Havana Club" зориуд аваад, өлзий утастай тэмдэгтэй нь тулган ууж баясч байлаа. Бага залуугаас ойр дотно явсан цөөхөн зохиолчдын минь нэг л дээ. Хөөрхий, байсхийгээд л паргиатсан хоолойгоор утасддаг тэр ах минь ноднинхон "Ай, би Аргалантаа мөн ч их санадаг шүү. Бодохоор л нулимс гардаг юм. Нутаг гэж их л өөр зүйл дээ" гэж хэлж байсан сан. Алтан саванд нь баруун зүгт малтай айлд төрнө гэж гарсан гэнэ лээ. Муу ах минь нутагтаа очоо байлгүй дээ, бодоход.
-"Шүгдэн" романаа Ажаа гэгээнд зориулж бичсэн гэсэн. Тэр буянтантай та тийм их ойр хүн үү?
-Би жинхэнэ ламыг анх удаа ойроос харсан минь л тэр хүн. Жинхэнэ гэдгийг би өргөн, дээд утгаар нь хэлж байгааг ойлгосон биз. 2006 онд Блүүминтон дахь өргөөнд нь анх нүүр учирч, үг яриаг нь чагнаж байлаа. Гайхамшигт хувь заяатай, гайхалтай амьдралыг туулж яваа гэгээнтэн дээ. Ажаа гэгээнтэн кирилл монгол үсгээр уншдаггүй учраас миний романыг уншаагүй байх. Далай ламд ойр шадар хүний хувьд өөрт нь ийм сахиусны нэртэй ном зориулахад жаахан хэцүү туссан байж магадгүй. Гэхдээ юм бүхэнд мөн чанар нь л гол шүү дээ. "Шүгдэн" гэсэн нэр нь илүү бэлгэдлийн утгатай гэдгийг л би гэгээнтэнд цухас тайлбарласан. Миний энэ роман бол колоничлол болоод Бурханы шашны утга учрын л тухай болохоос, гадуур хүмүүсийн яриад байгаа шүтлэг хоорондын зөрчилд огт хамаагүй бүтээл. Уншаагүй мөртлөө элдвийг ярьж яваа хүмүүст би "Уншаад үз" л гэж хэлдэг. Уншаад ойлгохгүй хүмүүстэй бол юугаа ярих вэ.
-Таны хамгийн дотнын анд нөхөд ямар хүмүүс байна?
-Аагий, Чибо, Сансар, Идэр гээд Москвагийн найзууд, Бобоо, Онгой, Дэлгэр, Жаамаа, Дэмбээ гээд ангийн андууд, Зоригоо, Оок, Бодио, Баганаа, Болдоо гээд манай сумынхан, Зандаа, Жаак, Баяраа, Мөөгий, Болд ах, Бямбаа ах, Ариунаа эгч гээд санаа нийлдэг нөхөд, Зико, Дэрэм, Со гээд хуурай ах нар. Үгүй, нэрлээд барахгүй юм байна аа. Нөгөө юу гэдэг билээ. Олон найзтай хүнд ганц ч найз байдаггүй гэдэг шиг л олон найзтай юм байна шүү дээ, би. (инээв)
-Та энэ жилийн наадмын түрүү бөх тодроход жигтэйхэн их баярласан сэтгэгдэл бичиж байсан даа...
-Наадам сайхан болсон шүү. 2002 онд эхнэр бид хоёр Батсуурь хэмээх жаахан хүүгээр газарчлуулан, одоогийнхоо зуслангийн газрыг анх үзэж байсан юм. Яриа хөөрөөтэй, хэвлүүхэн цовоо мөнөөх жаал "Энэ хашааг зарчих юм бол аав надад унадаг дугуй авч өгнө гэсэн" хэмээн, их л идэвхтэй нааш цааш гүйж, газрынхаа харууцыг магтан, "Тэнд их гоё булаг бий" гэхчлэн зааж байсан сан. Намсрайжав начнаас (харцага цол тэр үед байгаагүй) мөнөөх хашааг худалдан авч төвхнөснөөс хойш олон ч жил улирч. Домогт аваргын нэртэй, зургаа долдугаар ангийн мөнөөх жаал маань өнөө жил төрийн наадамд түрүүлчихдэг юм. Цаг хугацаа гэж ийм л гайхамшигт ид шидтэн юм даа.
Зохиолчдын хороогоор ч нэг их очдоггүй гэж сонссон. Уран бүтээлийн халуун яриа өрнүүлдэг зохиолч, яруу найрагч найз нөхөд байгаа байлгүй дээ. Сүүлийн үед гэхэд хэнтэй уулзаж ярилцав?
-Ёстой хэнтэй ч уулзаагүй. Архи уухаа больсноос хойш хүмүүстэй уран зохиол ярихаа больсон. (инээв)
Та Монголын топ таван яруу найрагч, зохиолчийг нэрлэж зарим амбийцтануудыг цус харвуулах шахсан. Тэр хэдээсээ "урваагүй" биз дээ?
-Хүний үзэл бодол гэдэг юм ойлгож танихын хэрээр байнга л өөрчлөгдөж байдаг зүйл. Гэхдээ би нэлээд юм уншиж харьцуулсны үндсэн дээр гаргасан нэрс болохоор эргэлзэж буцаад байх юм үгүй л дээ.
Та бол олон сайхан антологиудыг хэвлүүлж уншигчдадаа өргөн барьсан. Цэвэр зохиолчийн аж төрлөөр амьдарч байгаа хүнд номоо хэвлүүлэхэд хэцүү байдаг уу, эсвэл таны бүтээлүүдийг олноо хүргэгч сайхан сэтгэлтнүүдийн ач буян их байх уу?
-Барууны зохиолчидтой харьцуулахад бид ч өөрийн дураар номоо гаргаад, өөрийгөө хамгийн мундаг нь гэж хээвнэг зарлаад болоод л байна. Ном барлах мөнгө нь байх юм бол шүү дээ. Яахав, олон жил номын мөрөө тууштай хөөснийх миний нэртэй ном гарвал авчихдаг тодорхой уншигчдын хүрээ бий болж л дээ. Гэхдээ ном хэвлүүлэх, түгээх, борлуулах гэдэг зохиолч хүнд бол ахадсан ажил. Паблишин хийгээд бүх илүү дутуу ажлыг хариуцчихаар, тэгэхдээ тэр ажлынхаа төлөө зохиогчийг монжчихгүй байх чадамжтай хэвлэлийн газар бий болоход манайд арай л эрт байх шиг байна. Яахав, тэгээд бусдынхаа жишгээр л явж байна даа. Зарим номын минь хэвлэлийн зардалд гар сунгаж нэмэр хандив болсон найз нөхөд олон бий шүү. Тэдний туслалцаагүйгээр амжихгүй байсаан.
Л.БАТЦЭНГЭЛ


Saturday, 4 October 2014

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ: Би ажлаа л хийж яваа хүн



Манай энэ удаагийн “VIPerson” зочноор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ  уригдлаа. Бидний урилгыг хүлээж аван, чин сэтгэлээ дэлгэсэн эрхэм Ерөнхийлөгч танд баярлалаа.   

-НҮБ-ын Ерөнхий Асамблейн индэр дээрээс НҮБ шинэчлэгдэх ёстой гэж Монголын Ерөнхийлөгч  мэдэгдэл хийлээ. Бас л содон сонсогдож байна шүү.
-Яахав, НҮБ-д өөрчлөлт хийнэ гэдэг бол олон жил л яригдсан зүйл. Монгол Улс ч эхэлж хэлж байгаа юм биш. Олон жил хэлж ярьсан л сэдэв. Тэр байр сууринд л бид нэгдэж байгаа юм.

-Гэхдээ таны дараагийн буудлыг НҮБ гэж хардаг шинжээчид бий. Та хувь улстөрчийнхөө хувьд ийшээ чиглэж бодлого явуулдаг уу. Хувийн мөрөөдөл бий юу. Айлчлал энэ тэр сурвалжлаад явж байхад тэнд бол танд бас нэлээд дэмжлэг байдаг ?
-Ер нь НҮБ ч бай аливаа олон улсын байгууллагууд өөрийн гэсэн дотоод журамтай. Тийм учраас хүссэн бүхэн юм уу, мөрөөдөлтэй бүхэн очоод ажил хийчих тийм боломж  маш бага. Санхүүжилт, татвар, бүс, тив гээд олон зүйл бий. Нөгөө талаар бас тэнд очиж ажиллая, олон улсын хэмжээнд хийх боломжтой зүйлээ хийе гэсэн хүмүүс маш их байдаг байх. Миний хувьд тийм зүйл бодож суух нь цагийн гарз гэж би боддог.

-Нэг хүүгээ ч гэсэн тэнд аваачих юмсан гэж ард түмэн мөрөөдөж байх нь бол дэмий зүйл биш биз дээ?
-Зүгээр хувь хүний хувьд бол тэр тийм амар бүтдэг, мөрөөдсөний зоргоор биелчихдэг юм биш л гэж хэлж байгаа юм.  

-Таны мөрөөдөл бүхэн биелдэг болохоор асуусан юм.
-Тийм үү.

-Ойрхон болж өнгөрсөн том айлчлалууд, түүнийг дагасан дуулиан дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Гадаад дотоодын хэвлэл мэдээллийн агентлагууд хангалттай мэдээллээ. Тийм болохоор нарийвчилж асуух зүйл надад бол алга. Гэхдээ, Ноён Ерөнхийлөгч өө, Монгол Улсыг төлөөлөн явуулж буй гадаад бодлого, дэлхийн дайдад тоглож буй таны тоглолт, хүчин зүйлсийг бид бахархан харж, талархан дэмжиж байна. Гадаад ертөнцөд дэрвэж байгаа Монгол тугны тухайд нүүр улайх юм алга. Танд уншигчдаа төлөөлж баяр хүргэх ёстой гэж бодож  байна.
-Баярлалаа. Гэхдээ би бол ажлаа л хийж байгаа хүн. Энэ ажлыг хий гэж ард түмэн надад итгэл өгсөн. Тэр даалгаварыг нь л биелүүлж яваа. Бид нар дор бүрнээ л ажлаа сайн хийж чадах юм бол Монгол Улс босно шүү дээ. Миний гадаад бодлого дээр барьж байгаа гол бодлого ерөөсөө Монголын жинг нэмэх юмсан гэсэн  зорилго. Олон улсын хэмжээнд ч, бүс нутгийн хэмжээнд ч, хоёр хөрштэйгөө ярьдаг энэ ярианы төвшинд ч. Монголын жин л нэмэгдээсэй. Энэ жинг нэмж үлдээх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэл л надад байдаг. 

-Манай саяны айлчлалууд, хөршүүдтэйгээ хийсэн хэлэлцээрүүдийг тойрсон амтлаг яриа хөөрөө, дүгнэлтүүд сэтгэлд эерэг таашаал, итгэл найдвар төрүүлж байна. Гадна дотногүй таатай үгсийг нисгэж байх шиг. Та харин нэг л дуугүй байх чинь?  
-Ер нь хүмүүсийн хэлж байгааг сонсох хэрэгтэй. Одоо энэ айлчлал, энийг дагаж явж байгаа  зүйл бол сайн гэж улсууд үнэлж байна. Хамгийн гол болгоомжилж байгаа юм бол тохирсон ярьсан зүйлээ хийж чадахгүй, энэ дээр дараачийн залгаас нь байхгүй, тэгээд засаг төрийн байгууллагын дунд энэ ажил уначих вий гэж хүмүүс үнэхээр айж байгаа. Зөвхөн энэ ажил унах биш, хэрвээ тэр ажлууд явахгүй юм бол манай нэр хүнд хоёр хөршийнхөө дунд унах аюултай. Би хувьдаа энэ айлчлал, энэ бүхнийг тойрсон сайн магтаал, сайхан үгийг маш их болгоомжтой сонсох ёстой л гэж бодож байгаа. Тийм учраас бид энэ айлчлалуудын үр дүнг дагуулж хийх ажлаа онцгой анхаарч ярьж байгаа. Засгийн газар, албан тушаалтнууд, яам тамгын газрууд ярьсан тохирсон зүйл,  гэрээ хэлцэл бүх зүйлсийг ажил болгож, амьдрал дээр буулгах ёстой шүү дээ. Тэр ажлууд бол бужигнаж байх ёстой. Түүнийг л шаардаж, үүнийг ойлгож ажиллаасай. Амжилтай боллоо гэж баярлах биш, харин яаж энийг газар дээр нь буулгаж, хүн бүхний  амьдралд хүргэх вэ гэдэг дээр санаа зовох ёстой.

-Дараагийн зүйл би юу хэлэх гэж байна вэ гэхээр, гадаад бодлого дээр бол онц. Гол юм дотоодод байна. Гаднынхантай уулзаад байр суурийг нь тандаж байхад танай Монголын гол асуудал дотооддоо байна гэх юм. Дотоод асуудлуудаа одоо бид яах вэ. Энэ эдийн засгаа яах юм бэ. Бид шалан дороосоо хайруулсаар л байна. Хүйтэн байна. Гэр орноо бөөцийлж чадахгүй, тэнхээ тааруу байна.
-Бид жаахан өөдрөгөөр харах ёстой байх. Эдийн засгийн энэ хүндрэл бэрхшээл гэдэг бол өвчин биш. Энд эргэлт гарна. Ер нь яахав улсаа баллаж байгаа, эдийн засгаа нурааж байгаа юм ерөөсөө  улс төр нь л юм. Улсаа өргөж босгохын төлөө хийх ажлаа улс төр болгож баллаад байгаа юм л даа. Миний нэг хэлдэг үг бий шүү дээ. Монголд юм хийлгэх гэхээс хийлгэхгүй гэсэн хүч нь илүү гараад, бүтээнэ гэснээс бүтээлгэхгүй гэсэн хүч нь илүү гараад үнэхээр санаа зовоож байгаа. Нэгэнт нээлттэй нийгэм учраас энэ буруу байдлыг хүмүүс хараад, ийм хорлонтой зүйлсийг буруушаадаг, дэмждэггүй хандлага өсч байгааг бол би сайн зүйл л гэж харж байгаа. 

-Гаднын хөрөнгө оруулагчид гараад явчихсан. Ажил хийж байсан хүмүүс дүрвэж зугтсан. Ийм оронд хөрөнгө оруулж үйлээ үзэж байхаас залхсан. Манай энэ засаг толгойлж байгаа нөхөр болохоор би дуудаад аваад ирнэ л гэсэн. Ирж байгаа нь алга. Тэгээд яахав, эргээд л дотоодын хэдэн бизнесмэнүүдээ татвараар дарж, бүсийг нь чангалж байна. Хорих газрууд руу баялаг бүтээж явсан бизнесмэнүүдээ ачиж байна. Ардчилсан нам бол бас хүнлэг алхмуудыг хийдэг нам байсан. Энэ эдийн засгийн өршөөл гэдэг юмыг барьж аваад хийвэл яасан юм. Та бол цаазын ялыг халж том хөшөө босголоо. Одоо энийг аваад явах бодол байна уу?
-Өөрийн тань тавьж байгаа энэ асуулт дотор олон юм давхцаад байна л даа. 

-Нэг уулзсаных бүгдийг л асууж авах хүсэл байна шүү дээ, Ерөнхийлөгч өө?
-Эдийн засгийн Өршөөлийн хуулийн хувьд Засгийн газар санаачлаад оруулсан байгаа. Тэнд болохгүй ч юм байгаа байх. Болох ч зүйл бий байх. Энэ хуулийн хэлэлцүүлэг явагдаад, нийгмээрээ хэлэлцсэний дараа харъя л гэж бодож байна.  Эдийн засагт хамгийн гол шийдэх шаардлагатай, нэрийн хуудас болсон том асуудлаа Засгийн газар барьж аваад зоригтой хийх хэрэгтэй.

-Жишээлбэл?
-Жишээлбэл, боловсрол, эрүүл мэнд, соёл гээд бүхэл бүтэн нийгмийн асар том салбар байгаа юм. Энд ерөөсөө өөрчлөлтийн гэдэг юм уу, ялангуяа тэр хувийн санаачилгын ямар нэгэн үнэр ороогүй байгаа юм. Үүнийг оруулаад хийх юм бол Монголын эдийн засгийг нөгөө орон сууцыг хувьчилсан шиг, малыг малчдад өгсөн шиг тийм хэмжээнд идэвхжүүлэн босгож ирэх боломжтой.  Дээр нь санхүүгийн үйл ажиллагаа зөвхөн банкаар л дамжиж байна. Хөрөнгө мөнгө нь тэгж босч байна. Гэтэл мөнгө босгодог хоёр дахь зах зээл гэж байдаг шүү дээ. Энэ үйл ажиллагааг маш хурдтай идэвхжүүлэх ёстой. Олон улсын хэмжээнд нийцүүлэх ёстой. Энэ үйл ажиллагаа зогсоод л байна. Нийгмийн даатгалын сан гээд хэдэн их наяд төгрөгийн өртэй, гэхдээ тэр өрийг нь эргүүлээд боломж болгоод хувиргачих, эргүүлээд Монголын нийгэм эдийн засгийн амьдралыг маш хурдтайгаар хөдөлгөөд тэнд хамрагдаж байгаа хүн бүрт ашигтай байхаар шийдчих боломж  байгаа юм. Үүнийг барьж аваад л хийх хэрэгтэй. Нөгөө дэд бүцийн томоохон асуудлууд байна. Дамжин өнгөрөх тээвэр гээд бид хоёр хөрштэйгөө яриад шийдэж байхад л үүнийг дагуулаад л Засгийн газар асуудлыг маш хурдтай шийдэх хэрэгтэй.  Мөн өмч тойрсон асуудлуудаа шийдэж, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй.

-Би танд эдийн засгаа яах вэ гэдэг асуулт тавилаа. Дотоодын зовлон ганц энэ биш. Одоо энэ хууль журмаа яах юм. Хууль зөрчих явдал хавтгайрчихлаа. Тунхаглал бол өөр хэрэг. Амьдралын борог хөрсөн дээр ард иргэд маань шүүхийн хараат байдал, авилга хээл хахуульд идэгдсэн, гэр бүлжсэн, ёс суртахууны гүн доройтолд орсон “хуучин” шүүхэд дарамтлуулж байна. 
-Хуулийн байгууллагын шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлж хийнэ. Энэ дээр тууштай ажиллана гэж бодож байгаа. Хуулийн байгууллагын шинэтгэл дөнгөж эхлэлийн  байдалтай байна. Хүнэр яривал манай хүүхэд дөнгөж л хөлд орж байна. Хуульчид, шүүгчдийнхээ барих хуулийг нь, ажлаа хийх хуулийг нь  гаргаж өгөөгүй байгаа юм. Энэ шинэчлэл орж ирээгүй байхад хуулийн байгууллагад шинэчлэл хийсэн гэж үзэх ямар ч бололцоо байхгүй. Би хуулийн байгууллагын дотроос ялангуяа шүүхийн байгууллага, манай  шүүгчдийн хувьд энэ шинэчлэлийг хамгийн их дэмжиж, идэвхтэй оролцож байгаа хүмүүс гэж үзэж байгаа.

-Дээд шүүхийн тухайд хачирхалтай дүгнэлтүүд олон ирэх юм. Шүүхийнхээ нэр хүндийг хамгаалж  гарах гээд өмнөх шатныхаа гаргасан шийдвэрүүдийг шууд л батлаад батлаад л явчихдаг.  Хүний хувь заяа шийдэж байгаа улсууд биз дээ. Таван шүүгч орж ирэхэд гурав нь эвшээж сууж байгаад л гарч байх жишээтэй. Яг бүгдээрээ хэргийг нь уншдаг ч үгүй. Энгийн ард түмний зүгээс ийм гомдол маш их ирж байна. Төр тэдэнд цалин пүнлүү, хангамж ямбыг нь хангалттай өгсөн гэж боддог. Яагаад тэд иргэдийн зовлонд ингэж хандаж байна вэ. Энэ ард түмэнд эргээд жаахан хайр өгч болохгүй юу?
-Ер нь шүүхийн өөрийнх нь онцлог гэж байгаа. Бусад мэргэжлээс өөр. Хуулийн дагуу шийдвэр гаргадаг. Аль нэг асуудлыг хуульд нийцүүлж зөв, буруу гэсэн шийдвэрийг гаргах ийм эрхтэй хүмүүс. Олон нийт ч хууль шүүхийнхнийг хүний зовлонд ойрхон бай гэж шахаж байгаа нь зөв.

-Тойргийн шүүх гэж нэг байгууллагыг хүмүүс их шүүмжлэх юм. Сумаасаа аймаг орох хүндрэлтэй байдаг хөдөөгийн иргэд асуудлаа шийдүүлэх гэж бүр хэдэн аймаг алгасч, аймаг дундын шүүх гэдэг рүү очдог болж байна. Очоод хэрэг нь шийдэгддэггүй, хойшилдог. Дөч гаруй удаа шүүх  хурлаа хийлгэх оролдоод явж байгаа өмгөөлөгч ч байна. Энэ шинэтгэлүүдэд ахин засвар хийж явах юм уу, эсвэл үгүй юу?
-Засвар хийлгүй яахав. Явж байгаа шинэтгэлийн замд болохгүй байгаа зүйлсээ бид засаад явах ёстой. Нөгөө талд нь шинэтгэлээ дагуулж хийх ёстой ажлууд нь дагаж хийгдэж өгөхгүй бас удаад байгаа юм. Үүнээс болоод шинэтгэлийн нэр хүнд унах аюул байна. Ер нь хуулийн шинэтгэл гэдэг бол нэг өдөр хийгээд дуусгадаг субботник биш. Энэ бол байнгын зовлон. Байнгын засвар. Байнгын ажил. Хүний амьдрал өөрөө байнга л өрнөж байдаг зүйл учраас

-Та бол ардын хүүхдийг алаг үзэхийг тэвчдэггүй хүн. Таны бүх амьдрал энэ чанарыг тань харуулдаг. Гэтэл таны энэ хүндэтгээд байгаа хүмүүс бүх шийдвэрээ эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн талд гаргаж байна. Ядуу хүмүүсийн зовлон их байна. тэдэнд өмгөөлөгч ч авах боломж олдохгүй байна. Шинэчлэлийн тоос тэр дээгүүр л суунаглаж байх шиг. Үүгээр би шүүхийн тухай асуултаа хаая.
-Үнэн үнэн. Энэ байдлыг л бид өөрчлөх гэж ажиллаж байна. Өөрчлөх гэж л энэ шинэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн шүү дээ. Гэхдээ энэ эхлүүлсэн ажлаа бид үлдэж байгаа хугацаандаа хийж хэрэгжүүлэхийн төлөө л зүтгэнэ. Төлөвлөсөн зүйл олон. Хийгээд, яриад, өргөн барьчихсан, одоо шийдвэрлэгдэх гэж байгаа асуудлууд байгаа. Энд өөрчлөлт гарнаа.

-Намайг уншигчид маань болж өгвөл Ерөнхийлөгчөөс айхгүй шиг асуугаад явчихаасай гэж хүсч байгаа байх л даа. Тийм болохоор би аль болох ард түмний дундаас олсон сэдвүүдээ асууж авах хүсэлтэй байна.
-Таны эрх шүү дээ. Асуух бүх юмаа л асуу.

-Цагдаа, прокурор, АТГ, тагнуул зэрэг хүчний байгууллагуудын байдал хүнд байна. Шинэчлэлийг толгойлж буй Хууль зүйн сайд салбартаа зовлон болж байхыг харлаа. Бүх шатандаа сайдаа гайхширч, сайд нь өөрөө ч нэг бүрчлэн зуусан хүмүүсээ гэсгээж байхыг харж байна. Магадгүй энэ нь нэг хэсгийнхнийг төлөөлсөн асуулт байж болно. Гэхдээ та энэ асуултад хариулж болох уу?
-Ер нь хуулийн байгууллагын ажил бол хуулиараа л явах ёстой.

-Хүйтэнд хөрч, халуунд халж, бүх зовлонтой ноцолдож явдаг хүчнийхэн үргэлж сайддаа зануулж, загнуулж явах шинэчлэл юм уу. Ер нь Х.Тэмүүжингийн шинэчлэл гэж хэн нэрлэсэн, юу юм бэ. Та Х.Тэмүүжин гэдэг энэ залууг үнэт зүйлтэй залуу гэж онцгойлж өмгөөлсөн. Улс төрийн энэ залуу лидерийг та илүү их хайрладаг. Тэр хайраа ард түмнээс ч нуудаггүй. Тэр яг ямар үнэт зүйлтэй юм бэ. Энэ асуултыг олон хүн танд тавихыг хүсч байгаа байх?
-Ийм хатуу асууж байгаа чинь сайн. Үнэт зүйл ярьж яваа бол үнэт зүйлдээ тэнцэж ажиллах ёстой. Түүнд  ноцтой дутагдал ч бий, үнэт зүйл ч бий гэж би хэлж байсан.

-Санаж байна. Яг түүний гэх үнэт зүйл юу юм бэ?
-Хуулийн шинэчлэл. Ард нийтийн эрх ашигт нийцсэн тийм хуулийн шинэчлэлийг хийж чадах хүн гэсэн л миний итгэл юм л даа. Би Х.Тэмүүжинд анхааруулсан.

-Та юу гэж анхааруулсан юм бэ. Үнэхээр сонин байна?
-Хуулийн салбарыг толгойлж байгаа хүн мөнгөтэй бааданд шургасан мэрэгч шиг аашилж болохгүй. Чи өөрөө өөрийгөө идэж дуусгах нь байна шүү гэж.

-Төв аймгийн шоронд Ерөнхий сайдаа дагачихсан давхиж очиж байгаа нь яг юу байсан бэ. Тэр хоёр хүнийг хамтдаа хөтлөлцөөд, тийм газар тууж явахыг хараад олон нийт их л гайхсан.
-Яаж ч зөвтгөх аргагүй буруу үйлдэл. Тийм ёс бус алхмын өөдөөс хуулиа барин сөрж чадаж байгаа төрийн албан хаагчийг олон түмэн өмөөрөхөөс яахав. Хүмүүс хэнийг өмөөрч, юуг буруутгахаа мэднээ. Хууль зүйн сайд эхлээд хуулийг биелүүлэх ёстой. Энэ талаараа үлгэрлэх ёстой. Шударга ёсны сайд хүн шударга ёсоо сахихгүй юм бол хэн сахих юм бэ. Энэ асуултыг  “хууль ч яахав дээ” гэж ханддаг төрийн албан хаагчид, ялангуяа төрийн өндөр албан тушаалтан бүрээс хатуу асуух ёстой.

-Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх хоригдоод хоёр сар болж байна. Зарим нь түүнийг хэлмэгдүүлж байна гэх. Зарим нь өөрөөр хэлэлцэх. Та энэ тухай юу мэдэж байна вэ?
-Ямар асуудалд орооцолдсоныг нь би мэдэхгүй. Хууль ялгах байлгүй. Л.Гансүх хуулиа сайн мэдэх л ёстой хүн.

-АТГ болон бусад хүчний байгууллага хүмүүсийг олноор нь барьж хорьж байна. Олон сараар хорьж зовоож байна. Тэгээд зарим тохиолдолд асууж хөөцөлдөхөөр “Дээрээс ийм чиглэл өгсөн юм” гэх маягийн хачин хариулт өгдөг. Энэ зөв юм уу ?
-Аль нэгэн хуулийн байгууллагад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс буюу, Ерөнхийлөгчийн институцийн зүгээс  энэ хүнийг барь, хорь гэдэг ийм чиглэл, ийм даалгавар хэзээ ч очдоггүй. Хэрвээ ийм зүйлийг бидний нэрийг өмнөөс ярьж байгаа улсууд байгаа бол өөрсдийнхөө арчаагүй үйлдлээ л халхавчлах гэсэн, төрийн тэр ариун албыг, ариун нэр төрийг буруугаар ашиглаж байгаа л хүмүүс. Тийм хүмүүс байх шиг байна. Ер нь ийм хүмүүс бол ажлаа өгөөд л явах ёстой гэдгийг хэлье. Эрх мэдэлдээ бардсан, ташуурсан ийм улсууд төрд байх ёсгүй.

-Таны ахиад нэг хуурай “хүү” Б.Хурц гэдэг залуугийн тухай их яригдах юм. Монголын тагнуулын байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан нэгэн хурандаа манай сонинд маш ноцтой захидал ирүүлсэн. Бид тэр хүний эрхийг хүндэтгэж анх сониндоо нийтэлсэн. АТГ-ыг бол та байгуулсан. Одоо энэ айл руу нэлээн  ширүүн шүүмжлэл явж байгаа харагдах юм. Нөгөө талаар энэ байгууллага нөгөө байгуулсан хүнээсээ ч том эрх дархтай, нэрийг нь бариад хүн хороохоос бусдыг хийгээд ч байх шиг харагдах. Ийм хачирхалтай хоёр дүр зураг л үзэгдээд байна л даа. Энэ тухайд та юу хэлэх вэ? 
-Ер нь авилгалтай тэмцэх бол амар ажил биш. Авилгатай тэмцэх бол манай үндэсний эрх ашиг.  Авилгалтай тэмцэнэ гэдэг бол Монголын ард түмний аюулгүй байдлын төлөө, ерөөсөө төрийн аюулгүй байдлын төлөө л тэмцэж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энд үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс нэгдүгээрт, тэр үүргээ онцгой ойлгох ёстой. Нөгөө талдаа хийж байгаа ажил нь хуулийн дагуу зөв явдаг байх хэрэгтэй. Тэгээд энэ яригдаад, бичигдээд байгаа тэр зүйлүүд дээр онцгой анхаарах ёстой л доо. Нэг зүйлийг бас хэлэх хэрэгтэй. Ер нь хуулийн ажил хуулиараа л явна. Тэнд ямар ч албан тушаалтан хөндлөнгөөс оролцох ёсгүй.

-Итгэ, ажиллах эрх чөлөөг нь олго гэсэн үг үү?
-Итгээд эрх чөлөөг нь ч өгөх хэрэгтэй. Нөгөө талаас нь хариуцлагыг нь ч шаардах ёстой. Тэр хариуцлагыг шаардаж байгаа, тэр хариуцлага тал нь жаахан сулдаад байна уу даа гэсэн ийм ойлголт бол надад байна. Тийм учраас бид энэ тал руу нь харж ажиллах хэрэгтэй. Ер нь хүнийг хорьж, залхаан цээрлүүлэх байдлаар хэрэг илрүүлэх гэж оролддог, хэрэг илрүүлсэн нэр зүүдэг энэ үйл ажиллагаанаасаа хуулийн байгууллага салах ёстой юм. Үүнээс нь салгахын тулд яг хуулийн байгууллагын барьдаг хууль, үйл ажиллагааных нь тухай хуулиудийг  бүрэн өөрчлөөд УИХ-д өргөн барьсан байгаа.

-Та өөрөө нэг иргэнийхээ амийг харийн орны ерөнхийлөгчөөс гуйгаад очиж байсан Ерөнхийлөгч хүн. Өнөөдөр манайд хүмүүсийг жилээр хорьж байна. Хоригдох хугацааг 20 хоног ч биш, хоёр сар ч биш шууд дөрвөн сараар сунгаад л тогтоол гаргаж байна. Тэр хүн, тэр айл, үр хүүхдийнх нь хувь заяаг зүгээр л дуусгаад  хаяж байна. Хилээр гарахыг нь хязгаарлаад л шалгаж болдоггүй юм уу. Прокурор гэдэг байгууллага дээр ч сүүлийн үед том асуултын тэмдэг босч байна.
-Асуултын тэмдэг босч байнаа гэдэг чинь энэ салбарт шийдэх асуудал байна гэсэн үг. Бидний олон жил ярилцаад батлуулах гэж байгаа хуулиуд гараад, хэрэгжиж эхэлсний дараа маш том өөрчлөлт гарна. Хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг илрүүлэхдээ хорьж цагдахыг урьтал болгодог бүдүүлэг арга барилаа өнөөдөр ч манай хуулийнхан өөрчлөх боломж байгаа. Хууль нь ийм юм гээд хүмүүсийг айлгах, залхаах байдлаар хэрэг хүлээлгэх гэж оролдох явдал бол өөрөө гэмт хэрэг гэдгийг би энд онцолж хэлье. Тэгэхээр энэ байдлыг засах ажлыг бид зөвхөн хүнээс биш хуулиасаа, тогтолцооноосоо хайж, түүнийг өөрчилж байж л иж бүрэн өөрчлөлт болж чадна.

-Та тав дахь жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Хоёр дахь удаагаа итгэл өгсөн Ерөнхийлөгчдөө ард түмэн нэлээн найддаг юм байна. Энэ итгэл найдвар, энэ хайр өвөрмөц агаад, ёстой нөгөө жинхэнэ үнэт зүйл дээр суурилдаг зүйл юм байна л даа. Өнөөдрийн АН-ын төр барьж буй энэ үе хүссэн ч эс хүссэн танаар л хаяглагдаж үлдэх байх. Ёс зүйгүй явдал хэрээс хэтэрлээ. Зугаа цэнгэл, ард түмнээ элэг барьсан гааралтууд дэндлээ. Та эдэндээ боль гэж хэлдэг үү. Боль гэж хэлэхээр ер нь юу гэж хэлдэг  юм бэ. Би олон түмнийг төлөөлж л танд асуулт тавьж байна. Тэдний буюу бүр ардын үгээр нь, тэр хандлагаар нь шүү.
-Ер нь бол ардчилал гэдэг юм маань өөрөө хариуцлага гэдэг ойлголтоос хөндий байх юм бол утгаа алддаг л даа. Албан тушаал хашиж байгаа хүмүүс ёс зүйгүй болчих юм бол мөн утгаа алддаг. Тэгэхээр нөгөө талд нь бид нар хариуцлагынх нь тогтолцоог оруулж ирэх хэрэгтэй болж байгаа юм. Энэ чиглэлээр тодорхой санаачлагууд гаргаад явж байгаа. Шийдүүлэхийн төлөө явна. Ер нь нэг зүйлийг хатуу цээрлэх ёстой. Төр ч, иргэд ч сэрэмжтэй байх тийм сургамжийг бид хангалттай авч байна. Энэ бол төрийн мөнгө харуулж болохгүй, төрд эрх мэдэл олгож болохгүй тийм хүн гэж байдаг юм шүү гэсэн сургамж.

-Баримт бариад ярихаар л зарим талаас хэт жижиг зүйлс рүү орж байгаа юм шиг болчих гээд байх юм. Хавтгай эрх ямбанд бялуурсан шинж, төр барьж үзээгүй, юм үзээгүй хүмүүсийн хэнээрхэл чинээндээ тулж байна. Та нэг хэлдэг дээ. Одоо тэр ташуур шиг үгээ яагаад хэлэхгүй байна вэ?
-Би байнга хэлж байгаа.

-Дараагийн асуулт манай салбартай холбоотой асуулт байна. Та “Балдорж сан”-гийн хүндэтгэлийн арга хэмжээн дээр хэлсэн байсан. “Ерөнхийлөгчийн ажил сэтгүүлчийн ажилтай төстэй” гэж.
-Би тэгж хэлсэн. Ерөнхийлөгчийн ажлын цаана бол би зүгээр төрийн ажил гэдэг утгаар нь хэлсэн юм. Тэгээд сэтгүүлч  ч бай, төрийн албан хаагч ч бай бий болж байгаа сайн юмыг дэмжиж явах ёстой. Сайн юманд зөөлөн, ээлтэй байх ёстой. Саар юманд хатуу байх ёстой. Тэгэхээр төрийн ажил ч, сэтгүүлчийн ажил ч хоёр талтай хэцүү ажил юм даа. Зарим нэг мэргэжил, ажил бол сайн хичээгээд яваад байхад дандаа сайн сайхан зүйлээр хучуулаад яваад байж болно. Гэтэл Ерөнхийлөгчийн ажил ч бай, сэтгүүлчийн ажил ч бай муу муухайтай хутгалддаг, тэрийг барьж авдаг, тэрний хойноос хөөцөлддөг. Тэр муу юмыг газар авахуулахгүй байх чиглэлээр асуудал босгож тавьж, тэмцэж явж байдгаараа бол ойролцоо юм даа гэж би мэдэрсэн. Дотроос нь мэдэрсэн миний мэдрэмж юм даа. Тэр утгаар нь л би тэгж хэлсэн юм.

-Энэ Засгийн газар тань хэвлэл мэдээллийн салбарыг дэндүү бохир юмтай хутгаж байна. Та ширүүн шүүмжлэлийн дунд л амьдарсан. Хариуд нь занаж, зохион байгуулалттай дарамтлуулж байхыг тань хараагүй. Энэ Засгийн газар мөнгөөр бүгдийнх нь амыг барьчихлаа. Эсвэл хэвлэлд зориулсан энэ мөнгөө  улсын төсөвтөө суулгачих. Нууцаар ингэж худалдаж авч, хулгайч болгож байдгийг нь болиул даа. Татвар төлөгчдөө хүндэл. Энэ талаар та байр сууриа илэрхийлээч. Би гуйж байна.
-Хэвлэл мэдээлэлтэй ийм байдлаар ажилладаг арга барил бол миний арга барил биш. Ерөөсөө миний амьдралын хэв загвар ч биш. Тийм учраас би ийм арга барилыг ерөөсөө ойлгодоггүй. Аль болох л нээлттэй, олон түмний ярианд чихээ нааж явахыг хичээдэг. Ажлаа сайжруулах биш, үндсэн ажлаа ч сайн хийх биш ерөөсөө үндсэн ажил нь эргээд хэвлэлийнхний юм уу, ард иргэдийн асуудал болгож тавьж байгаа сэдвийг хаах, амыг нь барих, хахуульдах ийм байдлаар явах нь өөрөө энэ ардчилсан нийгмийн зарчимтай ч нийцэхгүй. Тийм учраас би ийм хэлбэрийн үйл ажиллагааг үнэхээр ойлгодоггүй. Дэмждэг ч үгүй.

-1998 онд төрийн төв хэвлэлийн шинэ жилийн баяр дээр би анх тантай уулзаж байсан. Тэр үед та ард түмэнд нөмөртэй Сэтгүүл зүйг бий болгоорой, тэрний төлөө яваарай гэж хэлж байсан. Ард түмний талд явах гэж бүх үедээ л хичээж ажиллаж ирлээ. Үнэхээр гутарч байна. Нэг ярилцлагадаа би танаас асууж байсан. Та тэргүүн хатагтай, болон хүүхдүүд, гэр бүлээ айлчлалд ч бараг дагуулж явахгүй юм. Дэлгүүр хоршоо хэсээд бас тэднийгээ аваад хүмүүс явдаг л даа. Та өөрийн энэ соёлоо яагаад бусдадаа бэлэглээгүй юм бэ. Танай энэ нөхдүүд чинь одоо ямар байна вэ?
-Хүн үнэт зүйлээ, эцэг эхээс авсан унаган сайн хүмүүжлээ дагах юм бол, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө ямар ч нөлөөнд орохгүй явж болно шүү дээ. Манай хэвлэлийнхэн тодорхой эрх мэдэлтэн, албан тушаалтнаас мөнгө авдаггүй, тийм элдэв бохир гэрээ хийдэггүй, бид ард түмнийхээ талд байна гэдгээ л зарлачих хэрэгтэй. Тэгэх юм бол хүмүүс хүрээлээд л, дэмжээд л ирнэ. Хэвлэлийнхэн төртэй, улстөрчидтэй найзархах биш, хийж бүтээх гэж яваа хүмүүс, бизнесийнхэнтэйгээ найзалбал зөв болно.

-Шударга өрсөлдөх нөхцөл алга. Эзэнтэй, улс төрийн мөнгөн тэтгэлэгтэй улсуудтай шилдэг чанар, илүү чадвар заагаад ч өрсөлдөх бэрх байна. Тэсвэр барагдаж байна. Таны үг хоосон уриа, номлол шиг санагдаж байна.
-Өөрөө их шаналж явах шиг байна. Монголчууд их хэрсүү. Хэн юу хийж явааг харж л яваа. Бүү шат.

-Засгийн газрын хөлснийхнөөр балбуулаад, хавчуулаад, гүтгүүлээд сүүлдээ би үнэхээр бүх хүмүүст дайсагнасан аюултай хүн болчихсон юм байх даа гэж бодоход ч хүрдэг бололтой.
-Монголын нийгэм их том болсон. Мянган салаатай их уул шиг. Нэг шуурганаар бүхнийг өөрчилдөг үе өнгөрсөн. Нэг өвөлжөөтэй жалга биш. Мянган өвөлжөөтэй Хэрлэнбаян- Улаан уул л гэсэн үг. Нэг жижиг төлбөрт нэвтрүүлэг, бичвэрээр байтугай нэг хэсэгт нь ч доргихоо байсан. Тийм дархлаатай болсон шүү, манай нийгэм. Манай нийгэмд тийм дархлаа суусан. Харин шуурга тавигчид өөрсдөө л түүндээ өртчихгүй бол. Эрх чөлөөний л хүч юм даа. 

-За, төсөв өргөн барьчихлаа. Ойрын үед төсвийн тухай хэлэлцүүлэг гээд баахан хэрэлдцгээнэ. Тэгээд нөгөө Засгийн газар нь Их Хурлын хэдэн гишүүнээ хахуульдах маягаар л шийдэгдээд явах уу. Та юу гэж бодож байна?
-Нэг маргашгүй үнэн бол төрийн бүтцийн гаргаж байгаа зарлага бол маш өндөр байгаа. Тэгэхээр бид нар үүнийг багасгах хэрэгтэй. Би энэ дээр наад зах нь хоёр ажлыг энэ төсвийн хэлэлцүүлэг дээр хийчихээсэй гэж би бодож байгаа. Зарим үнэхээр шаардлагагүй, үйл ажиллагаа нь явахгүй байгаа, хүнд суртлаас цаашгүй болчихсон тийм төрийн байгууллагуудад төсөв өгөхөө л больчих хэрэгтэй. Мөнгийг нь л өгөхгүй бол тэр төрийн байгууллага өөрөө зогсчихно шүү дээ. Зарим орон тэгж энэ өөрчлөлтийг хийдэг. Харин ингээд хэлэхээр нийгмийн үйлчилгээний зардлыг хасаад эхлэх вий. Би төрийн захиргааны тухай л ярьж байна. Энэ төсөв хэлэлцүүлгээс тийм алхам хийгээсэй гэж би бодож байна. Хоёр дахь юм нь төсөв гуравдугаар хэлэлцүүлгийнхээ өмнө гээд нэлээн цэгцэрдэг.  Тэр гуравдугаар хэлэлцүүлгийг манай Их Хурлын гишүүд хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хийгээсэй гэж би бодож байгаа. Хувийн хэвшлийнхэн чинь л тэр мөнгийг төлж байгаа байхгүй юу. Төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг Их Хурал дээр хувийн хэвшлийнхнээр дамжиж хийгддэг байх юм бол манай төсөв хамгийн зөв төсөв болно.

-Наадахь чинь үнэхээр чамин бөгөөд үнэ цэнтэй санаачилга байна шүү.
-Тэр хүмүүс л төрийн ямар үйл ажиллагаанд бид мөнгө төлөх вэ гэдгээ жинхэнэ олж харж чадах хүмүүс шүү дээ. Тэгэхээр ийм хоёр арга хэмжээг энэ төсвийн хэлэлцүүлгээс хийгээсэй гэж би хүсч байгаа.

-Давхар дээл гэдэг сэдвээр бид баахан шуугилаа. Одоо яах юм бэ. Дахиад л ингээд цаашаа явах юм уу. Х.Баттулга л тайлаад явлаа. Өөр юу болов. Юу ч болсонгүй.
-УИХ дээр Их Хурлын гишүүд тэр хуулийг батлахгүй гэж санал өгсөн шүү дээ. Хуулиа хэлэлцэж хэлэлцэж, олон хоног зарцуулж зарцуулж санал өгөхдөө батлахгүй гэсэн тохиолдол бол бараг гарч байгаагүй.Тэр хуулин дээр л гарсан. Тэр явдлын дараа Ерөнхий сайд надад хүсэлт тавьсан л даа.

-Хүсэлт ээ, ямар?
-Намрын чуулган болтол та энэ асуудлыг битгий хөндөөч ээ гэж. Би тэр хүсэлтийг нь хүлээж авсан. Одоо бол намрын чуулган эхэлж байна. Энэ асуудал хөндөгдөх ёстой. Хэрвээ ямар нэгэн сайд өөрчлөгдөх юм бол дараагийн томилогдох сайд нь их хурлын гишүүн биш, үнэхээр нэр хүндтэй, мэргэжлийн,тухайн салбартаа тод, том, хүлээн зөвшөөрөгдсөн тийм сайд томилогдоосой гэсэн ийм л хүсэл надад байгаа. Ер нь тэр давхар дээлний асуудлыг би оруулж шийдүүлнэ.  

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилнө гэдгээ зарласнаар нийгэмд хүлээлт үүслээ. Та өөрчлөлт хийхийг удаа дараа шаардсан. Арай гэж л шийдэл хайж эхлэх шиг боллоо. Гэхдээ үр дүн гэж олигтой юм юу гарах юм бэ. Жижигхэн мэс ажилбар, хуучин МАН-ын үеийн яамдын бүтэц...хэдэн сайдыг ирэх сонгуульд жагсаалтад оруулах мэтийн тохироогоор л  танхимаас гаргах мэт үү?
-Наад зах нь ийм зүйлийг хийнэ гэж хэлээд, хийх гэж эхэлж байгаа нь зөв л гэж би бодож байна. Би бол улс төрийн үүсч байгаа нөхцөл байдал, улс оронд үүсч байгаа асуудал болгон дээр Ерөнхий сайдад хандаж яг чин сэтгэлийн зөвөлгөө өгөхийг хичээдэг. Н.Алтанхуяг Ерөнхий сайд бол миний ажиллаж байгаа гурав дахь Ерөнхий сайд. Бүр ч илүү чин сэтгэлээсээ хандахыг хүсч, одоо чи яг ийм зүйл дээр ийм мэдэгдэл хийх хэрэгтэй, ийм арга хэмжээ авах хэрэгтэй, энэ ажлаа яг ийм байдлаар хий гэдгийг бол маш олон удаа хэлж байсан. Ер нь санаачлагыг гартаа ав, Ерөнхий сайд бол манлайлал үзүүлэх ёстой, Ерөнхий сайд шиг бай гэж л хэлж байсан л даа. Гэхдээ хожуу ч гэсэн энэ ажил эхэлж байгаа нь зөв байх. Гэхдээ үүнийг иж бүрэн хэмжээгээр нь, нийгэмд шаардагдаж байгаа хэмжээгээр нь хийх явдал бол чухал. Монгол бол өөрөө парламентын засаглалтай улс учраас Ерөнхий сайд бол энэ оронд ийм өөрчлөлтийг хийхэд хамгийн том манлайллыг үзүүлж чадах, үзүүлэх цорын ганц албан тушаалтан юм л даа.

-Улс төрийн ямар ч манлайлалгүй ийм гэнэтийн хүн гаргаж ирсний бурууг Ардчилсан нам хүлээх байх л даа. Танаас ч гэсэн Ерөнхий сайд байхад тань Монголын ард түмэн ямар нэгэн хүмүүжил, төлөвшил, манлайлагч болох цаг хугацааг хүлээж байсныг би санахгүй юм. Ямар нэгэн шинэ шийдэл, шинэ алхам л харж байсан. Та хүртэл манлайлалд хүрэх, чадал чансаа суухыг нь хүлээ гэж байгаа юм уу. Энэ төр тэгэхээр  юуны газар болж хувирав аа?
-Би хүмүүст улсаа бодож л хатуу үг хэлдэг. Миний  ажилдаа барьж байгаа нэг зарчим бол хэлж ярьж байгаа зүйл, хийж байгаа бүхнээ заавал тунхаглаад зарлалын самбар шиг ингээд яриад байх шаардлагагүй ээ. Яг шаардлагатай албан тушаалтнуудад нь хэлээд л, түүнийг хэрэгжүүлэхэд нь туслаад л ажиллах ёстой гэж бодож байгаа. Ийм л байдлаар явж байгаа. Ерөнхий сайдын ажил бол өөр л дөө. Хийж байгаа, явуулж байгаа бодлого энэ бүхнээ хэлж ярьж, ард түмэнд ойлгуулж явах ёстой ийм ажил.

-Манлайллаа бүтээчихсэн хүн ирдэг суудал биз дээ?
-(Тэр хариулсангүй, чив чимээгүй оргин хэсэг суув)

-Ерөнхийлөгч өө, Та яагаад чимээгүй болчихов оо. Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг огцор гэж шаардах чинь ард түмний эрх биз дээ ?
-Би Н.Алтанхуягт хэлээд л байгаа. Хэн нэг сайдыг огцруулах эсэх, аль нэг өндөр албан тушаалтантай хариуцлага тооцох асуудлыг Их Хурлын хэсэг гишүүн, аль нэг намын бүлгээр шаардуулах хэрэггүй ээ. Энэ асуудлыг шаардлагатай бол Ерөнхий сайд л санаачлаад оруулах хэрэгтэй. Тэгэх юм бол Ерөнхий сайд хүчтэй харагдана. Монголын төрд үгүйлэгдээд байгаа хариуцлага гэдэг юм чинь хэрэгжиж эхлэнэ гэж.

-Сайд нь байтугай наад хүн чинь өөрөө ажлаа хийж чадахгүй байна шүү дээ?
-Ажлаа хийж чадаж байгаа эсэхээ Ерөнхий сайд өөрөө хамгийн сайн мэдэж байгаа. За, би ч явахаа байлаа гэвэл өөрөө ч асуудлаа УИХ-д оруулж болно. Би ийм ажлуудыг хийнэ, чадахгүй бол огцорно. Тайван байцгаа, хамжиж энэ ажлыг хийнэ гээд л зүтгэчих ёстой.

-Энэ засаг ч азтай юм. Энэ нөхөр ч бүр азтай юм. Ерөнхийлөгчийнхөө нөмөрт, нэр хүндийнх нь сүүдэрт эрхэлж дууслаа. Ёстой тарвалзаж байна даа. Та тэгээд үүнийг зогсоохгүй хэрэг үү?
-Энэ бүх байдал Монголын нөхцөлд, Ерөнхий сайдаас л хамаарна. Би засаг огцроход дургүй. Харин хариуцлагагүй байдлыг тэвчдэггүй.

-Ерөнхийлөгч өө, та бол намаас түдгэлзсэн бүх ард түмний Ерөнхийлөгч. Гэхдээ яах ч аргагүй АН гэдэг энэ том намын цорын ганц хүчтэй лидер.  Ерөнхий сайд та хоёрын хэний тань үгийг энэ нам шууд даалгавар, шууд шийдвэр гэж хүлээж авч байна вэ. Нам лидергүй үзэгдэнэ?
-Бид бол хуулиа л хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Миний хувьд бол ард түмний сонголт, ард түмний итгэлийг л эрхэмлэх ёстой. Ер нь ард түмний нийтлэг эрх ашиг гэдэг зүйл хаана байна вэ гэдгийг л түрүүлж харах ёстой албан тушаалтан гэж би өөрийгөө ойлгодог.

-Ерөнхийлөгч нь УИХ-д суудалтай намаас нэр дэвшин, бүх нийтийн сонгуулиар сонгогддог. Ерөнхийлөгч намаас түдгэлздэг энэ хуулийн согог үргэлж ажиглагддаг. Энэ хуулиас болж Ерөнхийлөгч, гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёрын дунд хүйтэн салхи сэвэлздэг. Хорин хэдэн жил л ийм байлаа. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдсон, үндэстний лидер атлаа эрх мэдлийн хувьд өрөөсөн гараа л зангиддаг. Явсаар энэ гацаа Үндсэн хуулийн өөрчлөлт рүү очно. Олон жил ярьж байна. Энийг хэн хэзээ хийх юм бэ. Ямар зоригтон хийх юм?
-Үндсэн хуулийг тойрсон асуудлаар бол миний байр суурь маш тодорхой. Бид нар эхлээд дордуулсан гэж ярьдаг тэр долоон өөрчлөлтийнхөө тухай тойрч суугаад ярих хэрэгтэй байгаа юм. Дахиад тийм маягийн алдаа бол гаргаж болохгүй. 

-Та энэ өндөрлөгт хүрэх замдаа бас олон нөхдөө орхиж, олон нөхдөө гомдоож, бас олныг чирсэн л байх. Мэдээж хатуу л зам туулсан. Одоо зарим шинжээч таныг ганц хоёр нөхрөө хаялаа, шархлууллаа гэж харж байгаа. Миний энэ асууж байгаа ойлголт одоо таны хувьд утгаа алдсан уу, эсвэл Элбэгдорж гэдэг эр хүний дотор утгаа алдаагүй байж байдаг зүйл үү?
-Албан тушаал гэдэг зүйл бол авч өгч болдог, ирж очиж байдаг л ийм ойлголт шүү дээ. Харин хүний нөхөрлөл гэдэг бол мөнхийн зүйл шүү дээ. Тийм учраас би аль болох нөхөрлөлдөө үнэнч байхыг л хичээдэг. Мөнхийн албан тушаалтан гэж байхгүй. Мөнхийн нөхөрлөл гэж байдаг юм шүү.

-ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийн тухай олон л домог байдаг. Тэр хүн хэд хэдэн чухал албыг хашсан. Бууж ирэхдээ харин сайн нэртэй буудаг. Сая цагдаагийн дарга байхдаа нэг ч үг дугарахгүй байж байгаад чөлөөлөгдлөө. Тэр хүний тухайд та юу хэлэх нь сонин байна?
-Билэгтийг тодорхой албан тушаалууд дээр өмнө нь томилж байхад, сая ч ЦЕГ-ын даргаар томилогдоход энэ хүн энэ ажлыг хийж чадна гэсэн итгэл надад байсан. Ер нь энэ хүнээр энэ ажлыг хийлгэх хэрэгтэй, чадна гэдэг саналаа ч хэлж байсан. Б.Билэгтийг өөрчлөхөд харин миний санал, оролцоо байгаагүй. Надаас асуугаа ч үгүй. Ажлаа хариуцсан шиг хариуцаад, өөр ашиг сонирхолд хөтлөгддөггүй тэр сайн чанар бол ер нь их цөөхөн хүнд л байдаг юм даа.

-Түрүүн нээрээ Х.Баттулга л дээлээ тайлаад гарлаа гэж бид ярьсан. Х.Баттулга гишүүн гэснээс та хоёрын харилцаа ер нь ямар байдаг вэ. Та өрөөндөө дуудаад загнасан. Тэр ганц ч үг ган хийхгүй сууж байгаад гарч одсон.
-Тулга бол миний амин найзын нэг. Тийм ч учраас би үг даана гэж бодож хатуу үгийг хэлдэг юм. Хатуу нээлттэй хэлж байгаа нь нэг хоёр байх. Яг хамт суугаад хэлдэг нь маш олон гэдгийг илэн далангүй л хэлье. Юм хийх гээд, ийм ийм юмыг хийх ёстой, хийчих юмсан гээд яриад явдаг тэр бүх сайхан санааг нь би үнэлдэг. Харин түүний зарим арга барилд нь асуудал байдаг. Түүнээс биш найз нөхдийн хоорондын тэр харилцааг хэн ч өөрчилж чадахгүй. Цаг хугацаа ч өөрчилж чадахгүй.

-Сэтгэл хөдөлмөөр сайхан хариулт юм аа. Нээрээ би танаас бас нэг хүний талаар бас асуумаар байх юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг зочноор урьсан бололтой. Энэ нэвтрүүлгийг удахгүй цацах гэнэ. Зарим нь цацуулахгүй гэнэ ч гэх шиг яриа гарч байна. Та энэ асуудал дээр ямар бодолтой байна. Нэг төрийн зүтгэлтнийг муу хэлсэн л гэнэ. Бодвол тэр хүмүүсийн нэгэнд та лав орно.
-Тэр хүний тухай, тэр хүн юу ярих бол, юу яриа бол гэж сонирхож байгаа хүмүүс мэдээж байгаа. Тэр хүмүүс сонирхох ч эрхтэй. Тэр хүний юу ярьж байгааг үзэх харах эрхтэй. Тийм учраас тэрэн дээр ямар нэгэн хориг саад байж болохгүй гэж бодож байна. Би харин дэмжиж байгаа. Би тэр нэвтрүүлэг гардаг л юм бол өөрийнхөө twitter, facebook дээр тавья гэж бодож байгаа. Тэгээд олон түмэнд бүр илүү хүргэх юмсан гэж бодож байна.

-Тэр хүнийг та өршөөсөн. Дараа нь яваад өгсөн. Жил илүү болох шиг боллоо. Ирвэл ирэх болсон баймаар. Гэтэл энд дахиад л хэд хэдэн хэрэг үүссэн, шалгаж байгаа мэдээллүүд гарч ирж байх юм. Гадаадын банкинд 100 сая долларын хадгаламж илэрсэн гээд хачирхалтай мэдээллүүд, тодорхой баримтууд байна. Та энэ тухайд ер нь юу боддог вэ?
-Н.Энхбаяр бол Солонгост байгаа гэж би ойлгож байгаа. Шоронд биш, Солонгост байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр нутагтаа ирж очих нь бол чөлөөтэй шүү дээ. Ирж очоод л явж баймаар санагдах. Яагаад ирэхгүй байгааг нь би мэдэхгүй юм.

-Энэ нэг Их өр гэдэг шоу чинь ер нь дуусахгүй юм аа. Тэндээс тэр хүн юм бичих, ярих тоолондоо л явуулж байх юм. Та надтай нэг ярилцаж байхдаа Их өрийг тэглэснийх нь төлөө Н.Энхбаярт баярлах биш ээ, эртний ерөөлт Орос ах нартаа л баярлах ёстой гэж нэг хэлж байсан. Таны энэ байр суурь хэвээрээ байгаа юу?
-Хэвээрээ байгаа. Харин нэг юм хайран санагддаг. Жишээлбэл, өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр бараг бүтнээрээ Монголын өмч болох боломжтой байсан. Оюутолгойн ашиглалтын лицензийг тэр үед өрийн шоугаар дамжуулж барьцаалж болохгүй байсан. Өнөөдөр ямар их үнэтэй юм болж байгааг бид харж л байна. Надад бол хайран санагддаг.

-“Оюутолгой”-н лицензийг барьцаалж зээл авсан, Монголын төмөр замын хувиа 100 хувь авчих боломжийг үгүй хийсэн гээд яривал ялласан л болчих гээд байдаг юм л даа.
-Бидний баярлах ёстой хүмүүс бол Оросын ард түмэн шүү. Бид тэр хүмүүст баярлалаа гэж үргэлж сэтгэлдээ хэлж байх ёстой л гэж би боддог. 

-Оюутолгой төслийн хоёр дахь ээлжийн ажил эхэлж байна. Тойрсон олон асуудал яригдсаар л байгаа. Гэхдээ бидний хувьд энэ хайнга хандах сэдэв биш болохоор асуухгүй өнгөрч чадахгүй нь.
-Оюутолгой бол Монголд хөрөнгө оруулсан нэг л аж ахуйн нэгж. Тэр ажил нь бол чамгүй сайн явж байгаа гэж би харж байгаа. Гэхдээ Оюутолгойн тойрсон  хэлэхэд амар, шийдэхэд хэцүү асуудлууд бол бий. Энэ дээр Засгийн газар, тодорхой хариуцсан төлөөлсөн албан тушаалтнууд байгаа. Тэд шийдээд явж чадах байх. Аль болох аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа руу, хэдийгээр том ч бай орох сонирхол надад бага байдаг. 

-Та сая аж ахуй гэж ярилаа. Та дээрээ долоон ахтай. Таны нэг ах Арсландорж гэж хүн бий. Би сайн танина л даа. Насаараа л Улаанбаатар хотын хог шүүрдээд, Баянзүрхийн хот тохижуулахын дарга хийгээд л явж байсан. Э.Бат-Үүл дарга гарч ирээд Улаанбаатар хотын Хот тохижуулахын дарга болгох гэж байтал та утасдаад л Бат-Үүл даргыг загнаад л боль гээд болиулсан. Саяхан би сонслоо. Төмөр замын Бээжинд байдаг салбарт гүйдэг л нэг жирийн ажил хийдэг хүн байсан. Гэтэл Төмөр замын дарга нар танд сайн үнэлэгдэх ч гэсэн юм уу, Төмөр замын хангамжийн газрын даргаар тавиадахлаа гээд л сонсогдсон. Тэгсэн маргааш нь Монгол дарга нь тушаал гаргаад тавилаа гэсэн, Орос дарга нь тушаал гаргаад ахиад өөрчиллөө гэх юм. Та дахиад л нөлөөлсөн үү. Таныг л загнаж болиуллаа гэж би сонссон.
-Би нөлөөлсөн. Түрүүн тэр хэвлэлийн тухай асууж байхад чинь ч би нэг үг хэлсэн. Миний баримталдаг зарчим, миний үнэт зүйл энэ бүхэнтэй нийцдэггүй юм. Эхнээс нь ардчилсан хувьсгалын үйл хэрэг рүү явж орохдоо л тэдэндээ нэг зүйлийг ойлгуулж захьсан. Миний нэр барьсан ямар нэгэн албан тушаал, ажил албаны элдэв зүйл байхгүй шүү гэж. Энэ зарчимдаа л би үнэнч явдаг. Түүний дагуу л би сая бухимдсан. Нэг мэдсэн Төмөр замынхан юу ч гэж бодсон юм. Танай ах Төмөр замын хангамжийн газрын дарга боллоо гээд бараг баяр хүргэх шахуу юм хэлээд залгасан. Тэгээд надаар загнуулаад, тушаал нь цуцлагдсан. Ах минь ууртай л байгаа сурагтай байлээ. Би яагаад нэг тэтгэвэрт гарахынхаа өмнө ганц жил ажилтай явж болдоггүй хорвоо юм бол доо гэж дуугарч байна гэсэн. (инээв) Гэхдээ яая гэхэв.

-Таны нэрэнд сэв тариад явсан биш дээ. Хамгийн эгэл жирийн, мөрөөрөө л амьдралаа болгоод явж байдаг хүн шүү дээ. Танд тал засч байгаа юм биш. Таних мэдэх болохоор л...
-Ажлын төлөө чанар, төгссөн сургууль ч гэж лут л даа.

-Таны ээжийнхээ дурсгалд зориулж шарил дээр нь босгосон ганцхан дусал цагаан гантиг хөшөөний зургийг би тохиолдлоор олж үзсэн юм. Таны санаа байсан уу?
-Өө, чи гэнэтхэн юу асууж байнаа. Намар болж байна. Ойрд ээжийгээ л их санаж байгаа даа.  

-Уучлаарай, таныг гуниглуулчих шиг боллоо. Яриагаа өндөрлөе дөө. Маргааш бас таны анд С.Зоригийн амь насаа алдсан өдөр. Хүнд өдөр байдаг байх. Гэхдээ энэ хэргийн хувь заяа одоо ч хариултгүй хэвээрээ.
-Ер нь Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн хяналтад байдаг цорын ганц хэрэг Монголд бий. Тэр нь энэ хэрэг. Тийм ээ, маргааш 10 дугаар сарын 2. Би хөшөөнд нь очиж цэцэг өргөнө.


Сэтгүүлч хүн уур хилэнгээ дарж асууж байх ёстой. Гэвч хэтэрхий олон бухимдал төрүүлсэн асуудлуудын дунд яваагаасаа болоод ширүүндүү өрнөсөн ярилцлагын турш тэр бодлогоширонгуй, өчүүхэн ч сэтгэл хөдлөлгүй өнгөрөөж байв. Яагаад ч юм ярианыхаа төгсгөлд ээжийг нь асууж сэтгэлийг нь хөндөж орхисондоо гэмших сэтгэл төрнө. Түүнийг хатуу чанга Төрийн хүн, төмөр мэт хүн гэж харсаар дасчихжээ. Уг нь надтай л адилхан сэтгэл нь өмрөн энэлдэг, өнчин зүрхээ тэврэн ганцаарддаг л Хүн шүү дээ. Уучлаарай, ноён Ерөнхийлөгч өө...
http://ganchimeg.niitlelch.mn