Tuesday, 7 October 2014

Н.НАЦАГНЯМ: Би дараагийн ажлаа мөнгөний төлөө хийхгүй. хүний наймааны эсрэг нэг гоё ажил сэдсэн байгаа.

Төрийн соёрхолт, инженер Н.Нацагнямтай уулзахаар амралтын өдөр ШУТИС-ийн зургадугаар давхарт очлоо. Жижигхэн өрөөндөө төхөөрөмжүүдээ тавьчихсан, бас болоогүй ээ хоёр хүүхэд суулгаад англи хэл зааж байхтай нь таарав. Үүгээр оюутнууд их орж, гардаг болсон гэнэ. Олон юм амжуулаад завгүй яваа түүнтэй ийн ярилцлаа.

-Монголчууд Н.Нацагням гэдэг хүнтэй “NaNyam-AX12 ” бүтээлээр нь танилцаж, дараа нь Төрийн соёрхолт инженер гэж таньдаг, мэддэг боллоо. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Таны амьдралд ямар өөрчлөлт гарч, ямар төсөл дээр ажиллаж байна вэ?
-“NaNyam” төхөөрөмжөө одоогийн байдлаар гурвыг борлуулчхаад байна. ДЦС-2-т нэг, ДЦС-3-т нэгийг, оноос өмнө ДЦС-2-т дахиад нэгийг тавина. Анх би бүтээлээ 15 сая төгрөгөөр нийлүүлсэн. Хоёр дахь нь 45 сая, гурав дахь нь 65 сая. Гэтэл ийм төхөөрөмжийг 800 сая төгрөгөөр импортолдог. Гаднаас тийм өндөр үнээр авчирсан төхөөрөмж нь манай техникийн нөхцөлд таарч зохицдоггүй тул осол их гардаг. Харин минийх үүнээс хэд дахин бага үнэтэй мөртлөө ажлын үр дүн нь импортынхоос илүү байгаа. Учир нь Барууны өдөөлтийн систем дэх бүх функцээс гадна тэнд шаардлагагүй, Монголд шаардлагатай нэмэлт функц үүд “NaNyam” төхөөрөмжинд байгаа.

-Монгол хүн хийсний “хасагдал” юм биш үү?
-Магадгүй тийм байх. 70 мянган ам.доллараар оросуудаар засуулдаг экскаваторыг Д.Баасандалай ах засчээ. Тэгээд монгол хүн “доошоо” гээд монголчууд хоёр сая төгрөгөөр үнэлжээ. Ерөнхийлөгч надад Төрийн соёрхол олгохдоо Монгол Улс хөгжих цорын ганц зам бол хоосон улс төр биш, харин монгол хүний технологийн бүтээлийг, техник сэтгэлгээг үнэлэх явдал гэж хэлж байсан.
Гэтэл монгол хүн хийсэн юм чинь гээд өөрсдийгөө зах зээлийн үнээс хэдэн зуу дахин бага үнэлээд байвал бид юу хийж, яаж амьдрах вэ? Дандаа дамын наймаагаа хийсээр л байх уу? Импортын дамын наймаа хийх бүрт төгрөгийн ханш унадаг. Эцэст нь сая төгрөгөөр талх авдаг болох уу? Монгол хүн Монгол хүнээ харийнхнаас 100 дахин хямд үнэлсээр байх уу? Энэ муухай вирусийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг бут цохиж нам дарлаа.

Тэрээр манай станцуудын захирлуудтай албан бус чөлөөт ярилцлага хийж, монгол хүнээ үнэлэхийн ач холбогдлыг тайлбарлаж дээдлэхийг уриаллаа. Үүний үр дүнд 15 саяын “NaNyam” төхөөрөмжийг манай станцууд 200 саяар үнэллээ. Энэ бол монгол инженерийн бахархал, Монголын инженерийн хувьсгал эхэллээ хэмээн ТЭЦ-3-ын лабораторын эрхлэгч Монгол Улсын зөвлөх инженер О.Бат-Эрдэнэ хэллээ. Энэ нь мал шиг үнэлэгдэж байсан инженерийн салбарт баялаг бүтээж буй бүтээлч инженерүүдийг анх удаа хүн шиг үнэлсэн явдал болов.

-200 сая чинь импортын дөрөвний нэг байхад та их баярлаж байх шиг. Гэхдээ гунигтай юм биш үү. Импортоор оруулж ирдэг тэр төхөөрөмжийг хийсэн гаднын инженер, компаниуд 800 саяа асуудалгүй авч байхад та яг адилханыг хийгээд 200 саяыг авч байгаа нь гомдолтой санагдаж байна.
-200 сая төгрөг бол миний хувьд хангалттай. 15 сая төгрөгөөр үнэлж байхад бол гомдолтой санагдсан. Энэ төхөөрөмжийн өөрийн өртөг, материал хямдхан л даа. Зөвхөн цаг хугацаа үнэтэй. Зарим хүн чи их мөнгөтэй, баяжлаа гээд бараг уурлах шахам юм болж байна. Ингэх хэрэггүй, би “тэнэгүүд” шиг энэ мөнгөөр казино тоглоод, эсвэл тэрбумаар хурдан морь аваад явахгүй. Харин IT-гийн инженерүүдэд үйлдлийн системээ зааж өгөөд энэ мөнгийг улам өсгөж, ирээдүйд импортыг орлох олон төхөөрөмж хийнэ.

-Баталгаа нь яг юу вэ. Уучлаарай, жишээ нь улстөрчид сонгууль болохоор дээрхтэй төстэй үгс хэлж, сайхан амлалт өгөөд, намайг дэмж гэдэгт бид бараг дөжирчихлөө. Ерөнхий төлөвлөгөө нь гарсан уу?
-Би улстөрч биш болохоор хэнд ч юу ч амладаггүй. Надаас өөр хүн энэ өдөөлтийн системийг 800 саяар нь хийнэ. Минийх яагаад хямд гэхээр нэгд, энэ чинь оюуны ажил. Материаллаг өртөг нь асар бага гэсэн үг. Миний цаг хугацаа үнэтэй гэдэг нь би энэ төхөөрөмжийг хийхээр ажилласан, бодсон, төлөвлөсөн, software-ийг нь зохион бүтээх цаг хугацааг хэлж байна. Англичууд Оросын схем, тэр том том трансформатор, төхөөрөмжүүдийг ойлгодоггүй. Ойлгодоггүй болохоороо бүгдийг нь авч хаяад цоо шинийг хийдэг. Тэгэхээр үнэтэй байх нь аргагүй. Би тэр схемийг нь мэддэг болохоор хэрэггүй заримыг нь хаяад, хэрэгтэйг нь үлдээж тохируулаад өөрийн “NaNyam” төхөөрөмжтэйгээ хослуулдаг. Тэгэхээр хямд байгаа юм.

Энэ “NaNyam” төхөөрөмжөө инженерийн бусад бүх салбарт борлуулж импортыг хаавал манайх богино хугацаанд Япон шиг болно. Япон шиг болох цорын ганц зам л энэ. Манайхан Монголын зах зээл жижиг юм байна гэдэг, үнэн хэрэгтээ үгүй юм билээ. Би Англиас 2009 онд ирээд асуухад Монгол долоон тэрбум ам.доллараар технологийн импорт хийсэн байсныг мэдсэн. Гэхдээ тэр нь бүрэн дүүрэн ажилладаггүй. Олон тэрбум төгрөг шууд хогийн саванд ордог жишээ цөөнгүй. Өрөвдөлтэй байгаа биз. Миний бүтээл тэд нарын долоон тэрбум доллараар оруулж ирдэг төхөөрөмжүүдийг чинь монгол инженер үүд долоон тэрбум төгрөгөөр хийж чадна гэдгийг баталсан.

-Үүнээс гадна вирус суулгачихдаг гэж сонссон. Жил, хоёр жилийн “сэрүүлэг” тавиад төхөөрөмж нь саатахаар ирж бас олон зуун сая төгрөгөөр засвар үйлчилгээ хийж мөнгө олдог юм билээ, тийм үү?
-Тийм. Вирусийг зохиогч өөрөө хийдэг, би хэрвээ хүсвэл вирус суулгаад жил бүр станцаас үйлчилгээний мөнгө аваад байвал чадна. Гэхдээ би монгол хүн учраас тэгэхгүй. Монголын анхны технологийн брэндийг үүсгэж буй учраас тийм юм болохгүй. Ер нь гадаадын жишээг харж байхад институт байгуулаад, инженерүүдийг олон тэрбумаар дэмжээд, байр хоол, цалинг нь өгөөд 30 жилийн хугацаанд улсаас захиалга өгөөд суулгачихдаг юм билээ. Ингэж байж хөгжинө. Гэтэл би дөрвөн жил бүхэл бүтэн институтийн хэмжээнд, 7-8 хүн хийх ёстой зүйлийг ганцаараа хийсэн. Уг нь боломж олговол дан ганц цахилгаан станц гэхгүй уул уурхайн тоног төхөөрөмж, барилгын лифт, кранд ч зориулсан төхөөрөмж бүтээж болно.
Алсдаа намайг институт байгуулж ажиллахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, “Бүтээлч инженер сан” буюу “Инженер Нацагням сан” байгуулаад хариуцлагаа хар толгойгоороо хариуцаад яв гэсэн. Яагаад гэвэл одоогийн Технологийн сан нь хуучин социалист, нүсэр аппаратын зарчмаар ажилладаг тул үр дүнгүй бөөн хоосон зардал болдог. Сонгосон төслүүд нь үр дүнгүй хоосон онол байдаг. Зарим доктор, профессорууд практикгүй явсаар байгаад онолоо буруу ойлгосон байдаг тул бүтээлч ажил хийх чадваргүй, хоосон цаас хийдэг. Үүнийг мэдэрсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхны хувийн Технологийн сан байгуулахыг дэмжиж байгаа.

-Цахилгаан станцуудыг импортоос хамгаалчихлаа. Дараачийн төлөвлөгөөнд чинь юу байна вэ?
-Би дараачийн ажлаа мөнгөний төлөө хиймээргүй байна л даа. Хүний наймааны эсрэг нэг гоё ажил сэдсэн. Жишээ нь, гадаа ил байдаг, банкуудын АТМ-ыг хүн хулгайлж чаддаггүй. Яагаад гэвэл GPS-тэй учраас дорхноо баригдана. Тэгвэл Монголын хүн амын саяас илүү нь хүүхэд. Тэдний тоогоор GPS төхөөрөмж хийе. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ үнэгүй радио холбоогоор холбогддог болно. Эхний ээлжинд надад таван сая төгрөгийн захиалга өгвөл өөрийнх нь өртгөөр, маш хямд GPS төхөөрөмж хийж чадна. Эндээс бол би ашиг харахгүй.

-Харагдах байдал, ажиллах горим нь ямархуу байх вэ?
-Овор хэмжээ нь нэг ёотон шиг байх тул хүүхдийн хаана ч нууж болно. Мэдээж хулгайч нар мэдчихвэл олж, устгах хэрэг гарна. Гэтэл тэр GPS мэдрэгчтэй учраас доргилт үүсэхэд эцэг эхчүүдэд шууд дохио очихоор олон янзын аргачлалтай. Тэгэхээр хүний наймаа гэдэг юм байхгүй болно. Ер нь Англи, Америкийн жишээнээс харахад хүний наймааг цагдаа нар хийдэг. Яагаад гэвэл энгийн иргэн хийх боломжгүй юм. Хүний наймаатай хуулиар тэмцэнэ гэж манайхан ярьдаг. Энэ бол бүтэшгүй зүйл. Бүх зүйл Үндсэн хуулийн онцлогоосоо хамаардаг юм.

-Та жишээ нь инженер хүний хувьд ажлаа хийгээд аж төрөхөд Үндсэн хууль, улс төр тэгж их саад болж байна гэж үү?
-Бүх юм өөрийн гэсэн зүй тогтолтой, өөр хоорондоо их бага ямар нэг хэмжээгээр холбоотой байдаг нь жам. Жишээ нь, одоо бид ардчилсан засаглалтай байна. Тэгвэл ардчилсан засаглалын дараа нэг хүний засаглал гарч ирдэг. Энэ бол 2000-3000 жилийн турш шалгарсан логик зүй тогтол. Тэр дагуу удахгүй бид хүссэн хүсээгүй нэг хүний засаглалд шилжинэ. Ардчилсан засаглалд хээл хахууль автоматаар бий болж, хууль гууль болдог. Энэ бол ардчилсан засаглалын онцлог. Дараа нь, энэ бүхнийг өөрчлөхөөр нэг хүний засаглал бий болдог ч тэр нь өөрийн гэсэн сул талуудтай.

Жишээ нь, нэг харгис хүн гарч ирээд эрх мэдлээ тунхаглаад, бүх нийтээр нь хомроглон устгавал яах вэ. Үүний дараа олигархи засаглал бий болно. Явсаар эргээд ардчилсан засаглал руу шилжинэ. Энэ гурван мөнхийн тойрог дунд явдаг юм. Нэг нь нөгөөгийнхөө сул талыг нөхдөг ч, адилхан л төгс засаглал биш учраас эргээд дампуурдаг. Энэ гинжин хэлхээнээс гарахын тулд аль алийг нь эрлийзжүүлж сайжруулдаг юм байна. Гэтэл манайхан дан ганц ардчилсан засаглалаа дангаар нь сайжруулах гээд нухаад байна. Дэлхийд тийм тэнэг түүх алга, харин энэ гурван засаглалыг гурвууланг нь эрлийзжүүлсэн улс орнууд Ардчиллын оргилд тэргүүн эгнээнд явж байна. Жишээ нь, швед улсад нэг нам зуун жил төр барьж байна.

-Та бид хоёр урьд нь ярилцлага хийж байхдаа улс төрийг хөндсөөр таарсан. Ингэхэд та сонгуульд оролцож, саналаа өгдөг үү?
-Үгүй, аль ч нам гарсан ялгаагүй бүх муу юм давтагддаг учраас би оролцдоггүй. Би өнгөрсөн сонгуулийн үеэр нийт ард түмэндээ уриалаад, “Хэн ч битгий оч, битгий саналаа өг. Тэгвэл тэд нэг юм бодно” гэж уриалсан. Өчнөөн тэрбум төгрөг зарцуулж сонгууль явуулж байхад үүнийгээ инженерүүдэд өгвөл бид баялаг бүтээнэ. Тийм учраас би очдоггүй, манай гэр бүлийн хүн, эргэн тойрны хүмүүс ч очдоггүй. Чи ч гэсэн битгий очоорой (инээв).

-За бодож үзнэ ээ (инээв). Та өөрийн гэсэн оффистой болжээ. ШУТИС-ийн оюутнууд энүүгээр их орж гарч байна уу?
-Оны эхээр Ерөнхий сайд надад ажлаа хийх өрөө гаргаж өгсөн. Энэ нь институт байгуулах ажлын эхлэл юм. Сайн сайн оюутнууд ирж, янз бүрийн юм шалгааж асууж байгаад л явдаг. Би туршилтаа хийж байвал тэдэнд үзүүлдэг, мөн төхөөрөмжүүдээ танилцуулна. Тэдэнтэй үе үе уулзаж “бамбар асаадаг” болсон. Мөн арван жилийн хүүхдүүдтэй хааяа уулзаж “бамбар асаадаг”. Тэднийг баялаг бүтээдэггүй, эдийн засагч, хуульч зэрэг нийгмийн зардал, чирэгдэл болсон мэргэжил бүү сонгоосой гэж боддог. Үүний оронд жинхэнэ баялаг бүтээдэг инженер болбол нэр төртэй амьдарна шүү дээ.

-Сайхан юм аа. Ингэхэд хүмүүс танд ийм, тийм төхөөрөмж хийгээд өг гэж хэр их санал тавьж байна вэ?
-Дээр нэг хүн уулзаад өнөө үнэтэй адуунуудад GPS суулгуулъя гэсэн. Тэгэхээр нь би малаа хамгаалахын оронд эхлээд хүнээ, хүүхдүүдээ хамгаалъя гээд татгалзсан. Юутай ч хүүхдүүдэд зориулсан GPS-ээ хамгийн түрүүнд хийх юмсан. Харин засаг захиалга өгөх болов уу? Мөн эмнэлгийн диспетчерийн төхөөрөмжийг 400 саяар худалдаж авъя гэсэн.

Эмнэлэгийн нэг дарга “Чи мөнгө бодолгүй, өвчтэй хүмүүст буян болж байна гэж бодоод энэ төхөөрөмжийг хийж өг” гэж үүрэгдсэн. Энийг бас хийхээр төлөвлөж байна. Ер нь инженерүүд бид өөрсдийгөө ойлгуулах, чадвараа мэдрүүлэхийн тулд энэ нийгмийг хөөмийдөх ёстой юм байна. Ботгоо голсон ингийг хөөмийдөж уяраадаг шиг бид импортыг орлох төхөөрөмжүүдийг хийвэл аяндаа биднийг ойлгоно, дэмжинэ. Биднийг сайн ажиллавал Ерөнхий сайд институт байгуулж өгнө бас Инженер сан байгуулж өгнө.

Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Түүний төлөвлөснөөр хувийн институтыг дэмжээд ажиллуулаад байр сууриа олбол нөгөө инженерийн хулгайч терминатор яамдууд бүгд байхгүй болж төр бизнесээс салах боломжтой болох юм. Яг одоо Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёр нэгдэж нэг фракц болсноороо төрөөс төрсөн хулгайч нарыг нам дарж байгаа нь Английн Ардчиллын түүхийг санагдуулж байна. Гэхдээ Англичууд төрд байгаа вирусаа арилгахын тулд улс төр ярьдаг нэг л  BBC гэсэн телевизтэй болсон. Манайх ч гэсэн тэгэх хэрэгтэй.

Ж.Тэгшжаргал


Н.Наранбаатар: Солонгосчууд соёлын бодлогоороо манайхыг базаж байна

"Өглөөний хүн" булангийн зураг авалттай шүү гэж хэлэхэд "Надад зураг авахуулахад өмсөх гоё хувцас байхгүй шүү" гэж тоглоом шоглоомоор хэлсэн энэ хүн яг өөрийн байгаагаараа л бусдад үнэлэгддэг. 
Мундаг болох гэж, донжтой байх гэж оролддоггүй тэрбээр бусдаас харин олон дүрийг хүсдэг, шаарддаг. 
Драмын театрын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, дэлхийн сонгодог бүтээлүүдийг найруулж, тайз, дэлгэцнээ амилуулсан, олон дүр бүтээсэн гээд Н.Наранбаатарын намтар, гуншинг бичье гэвэл энд урт жагсаалт болох биз. 
"Гамлет", "Тамгагүй төр", "Тэнгэрийн хүү", "Шөнө дундын бүжиг", "Би ч гэсэн жаргамаар байна" гээд түүний найруулсан сор бүтээлүүдийг нэрлэж болно.
Өдгөө таван хүүхдийн аав болон амьдралаа авч явж байгаа түүний уран бүтээлийн арвин их амжилтаас гадна хувийн амьдрал нь ч олон хүнд үлгэр дуурайл болдог.  
Соёл урлагийн салбарт орчин үед тодрон гарч ирж буй шилдэг найруулагчийн нэг Н.Наранбаатарын ярилцлагаар таны мэдэж авсан түүний уран бүтээлүүд, хувийн амьдралаас арай өөр мэдээлэл өгөхийг зорилоо. 
iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”үргэлжилж байна. 

БИД ӨӨРСДИЙГӨӨ ХАЯАД ШАЛ ӨӨР ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛТАЙ, ӨӨР СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГТОЙ ХҮМҮҮСИЙН ХЭМ ХЭМНЭЛИЙГ НААХ ГЭЭД АЛДААД БАЙНА

- Олон улсын кино наадамд явуулах “Сүүлчийн шөнө” кино энэ сарын 10-нд нээлтээ хийнэ гэсэн. Ямар онцлогтой кино вэ?
- Бид хүний амьдралын хамгийн ээдрээтэй, эгзэгтэй үеийг зохиол, кино болгож сонгож авдаг. Тэр эгзэгтэй үйл явдал нь эцэстээ хүнд ухаарал, оюун бодолд нь нэмэр болох тийм л зүйлүүдийг уран бүтээл болгож хүргэж байдаг. 
Тэгэхээр хүмүүс хэрхэн амьдрах ёстойг нь уран бүтээл хэлж байх ёстой. 

- Хэрхэн амьдрах ёстойг нь хэлж өгөх биш. Бид хэрхэн амьдарч байгаагаа л үзүүлдэг болчихоод байх шиг байна. 
- Амьдарч байгаагаа л үзүүлэх юм бол энэ урлаг биш. Харин хэрхэн амьдрах ёстой вэ гэдгийг хэлж өгснөөрөө урлаг болж байгаа юм. Түүнээс зүгээр л байдаг зүйлийг хийх юм бол юу нь сонин бэ.
Гол нь бид буруу мессеж л өгч болохгүй. Яагаад гэвэл кино бол урлаг дундаасаа хамгийн хүчтэй зэвсэг байж чаддаг. Хүний оюун санаанд тэр дундаа төлөвшлөө олоогүй өсвөр насныханд буруу мессеж өгөх нь бүр аюултай. Тиймээс кино хийж байгаа хүмүүс киног маш болгоомжтой хийх ёстой. Юун тухай өгүүлэх, юуг би хүнд хүргэх гэж байгаа билээ гэдгээ өөрөө мэдэх ёстой. Мөнгө олох гэж байна гээд засаг замбараагүй, үзэл сурталгүй, бодлогогүй, ёс суртахуунгүй уран бүтээл хийх юм бол хамгийн их кино үздэг өсвөр насныхан түүнийг нь тэр чигээр нь хүлээгээд авчихаж байна. 
- Үзэл сурталгүй гэхээр хүмүүс таныг ямар коммунист юм бэ гэхгүй юу?
- Үгүй байх аа. Үзэл суртал гэдэг чинь хамгийн чухал. 
Одоо энэ улстөрийн намуудад гэхэд үзэл суртал нь байхгүй болчихсон байна шүү дээ. 
Үзэл суртал гэдэг чинь том ухагдахуун. Юуг чухалчлах, юуг үнэн гэх, юуг чигээ болгож явах вэ гэдэг чинь үзэл суртал. Энэ зүйл байхгүй болчихоор бид ямар ч баримжаагүй болчихоод байна л даа. Тэгэхээр бид кино урлагт их болгоомжтой хандах ёстой. Миний хувьд ингэж эмзэглэж уран бүтээлээ хийдэг. 
Театр урлаг гэдэг бол арай өөр. Хүмүүс тэнд зорьж очиж үздэг. Тэнд илүү боловсорсон хүмүүс ирдэг. Театрын жүжгүүд ихэнхдээ их эерэг хандлагатай байж чаддаг болов уу. Жишээ нь, хүүхдүүдэд зориулсан “Норовын намтар”, “Лусын дагина” зэрэг нь эцэстээ хүүхдүүдийн зөв хүмүүжилд нөлөөлдөг оюун санааны талх нь юм. 
Гэтэл киног өнөөдөр ямар нэг цензургүй хийгээд, гаргаад байна. Хэдэн цаас олохын тулд кино хийж байгаа хүн яаж урлагийн хүн байж чадаж байна аа. Урлагийн хүний гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ гүйцэтгэх энэ чанар хаашаа алга болох гээд байна вэ. 

- Тантай санал нэг байна. Гэхдээ сүүлийн үед гарч байгаа кинонууд хэтэрхий их цус, хүчирхийлэл зэргийг харуулахыг хичээдэг болчихсон юм шиг. Хүмүүс үздэг болохоор тэр ч юм уу.
- Бид Америкаас их юм хуулж байна. Эцэс сүүлдээ үр хүүхдийнхээ хүмүүжлийн ёс суртахууны хэм хэмнэлийг хүртэл Америкчуудаас хуулж байна. 911 рүү залгана ч гэх шиг. Ийм тэнэг зүйл байж болохгүй л дээ.  
Газар зүйн байршил, өвөг дээдэс, цус, төрх байдал, оюун санааны хувьд бид шал өөр хүмүүс. Дорно дахины соёл гэдэг өөрөө их агуу. Бид бусдыг дуурайх шаардлага огт байхгүй.
Жишээ нь би боддог. Монгол хүн хүүхэддээ таван салаа боовны амт үзүүлж байж л өсгөдөг байсан. Мэдээж хэтрүүлж болохгүй. Ерөөсөө жаахан хатуу чанга гартай байж  Монгол хүнийг хүмүүжилтэй өсгөдөг байсан болов уу. Гэх мэт дорнын их өвөрмөц онцлогууд бий. Тэрийг бид хаяад шал өөр газар зүйн байршилтай, өөр сэтгэл зүйн онцлогтой хүмүүсийн хэм хэмнэлийг өөрсдөдөө наах гээд алдаад байна. Зарим нь бүр Америк киног тэр чигээр нь хуулаад тавьчихдаг. 
Тэр бол тухайн газар зүйн болоод хүмүүсийн онцлогийг л харуулсан кинонууд. Харин бид өөрсдийнхөө онцлогийг харуулсан уран бүтээлээ хийх хэрэгтэй. “Гарьд магнай” шиг кино байх хэрэгтэй байна шүү дээ. Монгол сэтгэлгээ, Монгол ухаан, Монгол хэл ярианы дархлаатай, зөв хэлтэй кино хийх хэрэгтэй. 
Бид зүгээр л хүмүүсийн хүлээлт, таашаалд нь тааруулж кино хийгээд байна. Уг нь кино гэдэг чинь бусдыг сургаж байх ёстой гэдгийг би хэллээ. Хэрхэн зөв амьдрахыг хэлж байх ёстой. Би ингэж л боддог. Мэдэхгүй, надаас өөр бодолтой хүн байж магадгүй юм. 

- “Сүүлчийн шөнө” тэгвэл юу илэрхийлсэн кино вэ?
- Энэ кино хүний амьдралын гурван үеийг харуулдаг. Гэхдээ энэ их чухал гурван үе. 17-20 насны шилжилтийн үе буюу амьдралыг илүү их өөдрөгөөр боддог, илүү их гэгээлэг, бадрангуй, бүх зүйлийг сайхнаар төсөөлдөг үе байдаг. Харамсалтай нь амьдрал хүн болгоныг сайхнаар угтдаггүй шүү дээ. Гэхдээ энэ хугацаанд хүн маш их романтик байдаг. Романтик гэдэг үгийн утга нь хэзээ ч амьдралд байгаагүй, байж болшгүй зүйлийг романтаклана гэдэг юм. Ийм цаг хүнд байдаг. 
За энэ үеэс хойш 37-45 насны амьдрал бол бас их эгзэгтэй. Гэр бүлтэй, тодорхой хэмжээнд байр суурьтай болчихсон мөртлөө ертөнцийг үзэх үзэл, гоо зүйн таашаал, физиологийн хувьд асар их өөрчлөлт ордог үе. Энэ үеийг халтиргааны үе гэдэг. 
Үүнээс хойш 60 хүрч байгаа хүмүүст бас нэг онцлог байдаг. Энэ бол оюун санааны шилжилтийн үе байдаг. Аливааг уучилдаг илүү нигүүлсэнгүй болдог үе.  “Монгол хүн 60 хүрч ухаан суугаад 61-тэйдээ бурхан болдог” гэдэг үг ч байдаг. Ухаан сууна гэдэг чинь ухаантай болж байгаадаа биш амьдралыг жаахан таньж мэддэг болж байна гэсэн үг. Хүн хүнийг  бүрэн гүйцэд таньж мэднэ гэж хорвоо ертөнцөд байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр мэдэж болдог. Үүнийг ойлгосон хүмүүс аливаад хандах хандлага нь өөр болдог. Илүү тэнүүн, уужуу болж байх жишээтэй. 
Эцэстээ хүний амьдрал гэдэг өөрөө гэр бүл юм байна. Үр, ач, гучынхаа баяр баяслаар хүн хоёр дахь удаагаа амьдардаг юм байна гэдгийг ойлгодог байх. Энэ бүгдээс онцлох нь хүний амьдралын хамгийн нандин булаг бол хайр байдаг. 
Хүн болгоны хайр сэтгэлд хандах хандлага өөр өөр. Нууц амраг байж болно. Гэр бүлээсээ салаад өөр хүнтэй сууж болно. Салах гэж оролдож болно. Анхны хайр нь бүтэлгүйтэж болно. Бүтсэн байж болно. Хайр нь хожимдож ирж болно. 
Хайр өөрөө тайлагдашгүй томъёолол. Хайр бол мөнхийн сэдэв. Яагаад мөнхийн сэдэв бэ гэхээр үүнийг хүн тайлж чадахгүй байгаа учир. Хүн тайлж мэддэг зүйлээ теорем зохиогоод, томъёолоод тунхаглачихдаг. Энэ зүйлийг тайлж чадахгүй учраас бид үүнийг мөнхөд хайсаар байна. 
“Зүрхэнд үрчлээ суудаггүй” гэдэг үг байдаг. Хүн хэчнээн хөгширсөн ч зүрх нь догдолдог. Нас харгалзахгүйгээр дурладаг, хайрладаг. Энэ бүхнийг хүн гэгээн, нандин байдлаар хадгалж үлдээх ёстой. Хүн амьдралынхаа эцэст бодохдоо би тийм зүйл бүтээж билээ гэж нэг ярина. Тийм үйлдвэр байгуулсан гэж бас ярих байх.
Гэхдээ явж явж хүний амьдралын хамгийн нандин дурсамж хайранд л оршиж байдаг болов уу. Энэ тухай л кино өгүүлж байгаа.  
Хүн өөрт ирсэн хайр бүхнийг илүү их нандигнаж хайрлаж, зөв бодолтой авч явж байгаасай, битгий үзэн ядалт, өш хонзон болгож хувиргаасай гэж хэлэхийг хүсч байна.  Сэнгийн Эрдэнэ гуай “Амьдрал бол тэр чигээрээ уучлалт юм” гэж хэлсэн байдаг. Яг энэ тухай л өгүүлнэ. 

- Таныг “хайр Пара” гэж хүртэл хэлдэг болсон байсан. Үргэлж хайрын тухай уран бүтээл дээр ажилладаг учраас ийм нэр авсан байх. Тэгэхээр энэ тайлагдаагүй сэдвийн бас нэгэн үргэлжлэл гэж ойлголоо. 
- Тийм ээ. Баатар ах тэгж хэлсэн. Би нэг зүйлийг шударга хэлье. Би хэзээ ч адал явдалт буюу зодоон зохионтой кино хийхгүй. Бүр цаашилбал аймшгийн кино хэзээ ч хийхгүй. 

- Гэхдээ та энэ урсгалуудыг хүлээн зөвшөөрдөг биз дээ. 
- Аймшгийн киног  хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэхээр энэ нь өөрөө асар том ёр байдаг байхгүй юу. Ер нь ийм төрлийн бүтээл хийсэн хүмүүсийн ард нь заавал нэг юм болж байдаг. Кино гэдэг чинь өөрөө асар том зөн билгийн зүйл шүү дээ. Мэдээж түүхэн кино гэдэг байх ёстой. Түүхэн сайн кино хийх юмсан гэсэн бодол ч байдаг. Аймшгийн киног би хувьдаа үзэн яддаг. Ёртой, цус нөжтэй кино ер нь л дэмий. Яагаад үүнийг бид хүсэх ёстой гэж. 
Ер нь хүний оюун санаа, сэрэл сэтгэхүйд улай үзэх сонирхол байдаг уу гэвэл байдаг. Үүнийг Монголчууд яаж дардаг вэ гэхээр хонь мал муулаад энэ сонирхол нь тайлагдчихдаг гэж ярьдаг байхгүй юу. Харин баруунд ийм зүйл байдаггүй учраас энэ сонирхлыг нь кинонд оруулж өгөөд байна. Манайд бол улай үзэх нь хангалттай харсан зүйл юм. Дахиад шаардлага юу билээ. 
- Таны ярианаас сонсож байхад найруулагч хүн сэтгэл зүйч шиг болчихдог юм шиг. 
- Тийм шүү дээ. (инээв)
ГЭДЭС НЬ ЦАДААД ЭХЛЭХЭЭР ХҮНД НЭГ ТОМ ЗҮЙЛ ДУТНА АА ДАА. ОЮУН САНАА БУЮУ ГОО ЗҮЙН ХЭРЭГЦЭЭ ...

- Монголчууд бидний нэг дутагдал нь огт мэргэшиж чадахгүйд байдаг гэдэг шүү дээ. Жишээ нь та тайз, дэлгэцийн уран бүтээлийг хоёуланг нь найруулаад явж байна. Энд ялгаатай зүйл байдаг уу. Эсвэл найруулагч хүний хувьд ийм зөрчил байдаггүй юу?
- Миний хамгийн их хүндэтгэдэг уран бүтээлчид ихэнх нь Орос байдаг. Надад америк кино төдийлөн таалагддаггүй. Яагаад гэхээр орос кино хүний зүрхтэй бас оюун санаатай ярьдаг. Та нар бод доо. Америк киног бид их үздэг. Харин юу үлддэг вэ. Тухайн үедээ л маш сонирхолтой. Дараа нь юу ч үлддэггүй. Оросын тухайд урлагийн өлгий нутаг. Кино урлаг нь үүнийг харуулж чаддаг.  
Утга зохиолын хувьд кино зохиол маш доогуурт үнэлэгддэг. Дээгүүрт жүжгийн зохиол, роман гэх мэт ороод явна. Кино зохиол тийм дээгүүр залардаггүй. Үүнийг хэлэхээр үнэ цэнийн тухай нэг ойлголт гарч ирэх байх. Театр урлагийн найруулагч кино найруулж байсан маш олон түүхтэй. Харин ч бүр сонин, сайхан кинонууд хийсэн байдаг. Найруулагч хүний үндсэн зарчим ижилхэн. Театр нэг орон зайд бүхий л цаг хугацааг зангиддаг. Текст, яриагаар илүү ихийг илэрхийлэхийг чармайна. Киноны тухайд бүх цаг үеэр аялж болно. Хүссэн газраа зураг авч болно. Оюун сэтгэлгээний хувьд маш их эрх чөлөөтэй юм. Үндсэн ялгаа нь энэ. 
Нөгөө талаар дуртай бачка нь кино найруулаад байхад яагаад мэргэжлийн найруулагч би кино найруулж болохгүй гэж гэсэн утга бас байж болно. 
Сайхан кино хийж хүмүүст хүргэх юмсан гэсэн бодол надад байсаар байдаг. 
Гэхдээ “сайн, муугаар сав дүүрнэ” гэдэг үг бий. Гол нь манайд муу нь илүү байх гээд байх шиг байна. 
- Кино хийж байгаа хүмүүсийг үгүйсгэх хэцүү байх. Алтан үеийн уран бүтээлчдээс хойш орчин үед кино урлагаас тодорч гарч ирсэн од ховор байна.  Тэгэхээр тэд хийсээр байгаад л хэзээ нэг өдөр арга барилаа олохгүй гэж үү?
- Холбоос гэж нэг зүйл байна. 
Алтан үеийн мундаг сайн уран бүтээлчид тухайн үедээ гялалзаж байж. Одоо ч тэд үгүйлэгдсээр байдаг. Харин бид ардчилал гэж нэг шилжилтэнд орсон. Тэгэхээр энэ шилжилтийг хувь хүн болгон нуруундаа ачаа үүрч байж давж гарна. Яг энэ үед соёл урлаг хаягддаг. Хүн болгон маргаашийн талхаа боддог. 
Хүн хувийн өмчтэй байх нь орчин үед гол зүйл болж байна. Энэ сэтгэлгээ нь хэт давамгайлаад ирэхээр хүний хувиа хичээх үзэл их болдог. Хувиа бодож, довоо шарлуулна гэдэг ухагдахуун манайд илүү хөгжөөд байна. Яг энэ үед урлаг хаягдчихсан. Одоо яах вэ эргээд сэргэж л байна. 
Хүн өнөөдөр, маргаашийнхаа талхыг олоод гэдэс нь цадаад эхлэхээр нэг том зүйл дутна аа даа.Оюун санаа буюу гоо зүйн хэрэгцээ бий болж тархиа хооллож эхлэх тухай бодож эхэлдэг. Гэтэл энэ хооронд урлагийг авч явах хүмүүс зарим нь наймаа хийгээд  гахай үүрээд явчихсан. Форм алдагдсан учраас магадгүй сайн хүмүүс гарч ирээгүй байна.  Үүнд чинь бас тодорхой хугацаа хэрэгтэй шүү дээ. 

- Энэ алдагдсан үеийг дүүргэсэн хүмүүс бол хошин урлагийнхан байх. Тийм үү?
- Теартрийн урлагт хошин урлагийн тусдаа төрөл байдаг. Энэ бол байх ёстой зүйл. Энэ төрөл хөгжих ёстой жанар мөнөөсөө мөн. Хошин урлаг яагаад илүү хөгжсөн юм бэ. Нийгэм их стресстэй байсан. Ийм үед хүн инээдээр бухимдлаа тайлдаг. Тэгэхээр хошин урлаг өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэсэн. Хүмүүсийн цэнгэн баясах хүсэмжлэлийн нэгийг нь өгч байсан гэсэн үг. Цэнгэн баясах хэрэгцээний нэг төрөл нь баар, цэнгээний газруудад очиж бүжиглэх, ууж, идэх явдал байдаг. Энэ үйлчилгээ давхар давхар орж ирээд нэг хэсэг баар сав чинь нүгэлтэй сайхан ажиллалаа шүү дээ. 

- Та хошин шогийн тоглолт үздэг үү?
- Сүүлийн гурван жил үзэж амжсангүй. 

- Шинээр гарч байгаа кинонуудыг үзэж байгаа юу?
- За бас амжихгүй л байна даа. 

- Сүүлд хамгийн их сэтгэл ханаж үзсэн Монгол киног нэрлэхгүй юу?
- Миний л бодол юм даа. Хүний зүрхтэй, оюун санаатай ярьсан кино байхгүй байна.
Миний хувьд хамгийн гоё кино "Гарьд магнай".  Яагаад гэхээр энэ кинонууд тэр чигээрээ Монгол хөрстэй, мэдэрч хийсэн кинонууд байдаг. Хамгийн гол нь тэд хэн нэгнийг дуурайгаагүй байгаа биз.Америкийг, Энэтхэгийг дуурайгаагүйд нэг учир байна. Яг л Монгол хүний тоглолт, Монгол ахуй, Монгол зөв хэл яриа тэнд байдаг учир бид уйдахгүй үзсээр байдаг. 
Сүүлийн үеийн кинонууд бас арай л дэндүү улайм цайм бусдыг хуулж, дуурайж байна. Бүр зарим план нь тэр чигээрээ хуулбар байгааг одоо мэдээлэл хөгжсөн энэ үед бид үзчихэж байна шүү дээ. Ер ньбид хуулах л дуртай болж. Өөрөө өөрийнхөө тархийг ажиллуулах дургүй болж. 
- Кино хийгээд хэр ашигтай байдаг вэ?
- Ашигтай нь ашигтай. Ашиггүй нь ашиггүй. "Шатаж" байгаа хүмүүс ч байдаг. Янз бүр. 

- Таны хувьд?
- Боломжийн. Дараагийн уран бүтээлээ туурвих хэмжээний мөнгө олдог.

- Нэг кино ямар хугацаанд бүтэж байна вэ?
- Кинонд жаахан удаан хугацаа зарцуулмаар байдаг. Гэвч нийгэм хурдтай болоод бүх зүйл цаг хугацаатай уралдахаас өөр аргагүй байна. Цаг хугацаа дээр үеийн цагаас арай хурдан яваад байх шиг байна. /инээв/
Магадгүй хоёр сарын хугацаанд кино хийж байна. 
ХАМГИЙН НОЦТОЙ АСУУДАЛ БУЮУ МОНГОЛ ХҮНИЙ ҮНДСЭН ДАРХЛАА БОЛОХ ДҮР ТӨРХ, ЗАН БАЙДАЛ, АЛХАА ГИШГЭЭ, ХАРЬЦАА, ХАНДЛАГА БАЙХГҮЙ БОЛЖ БАЙНА

- Та Оросын уран бүтээлээс их эш татдаг юм байна. Тэгвэл Оросын орчин үеийн кинонууд ч бас тийм ч их сэтгэлд хүрэхээ байсан гэж ярих хүн цөөнгүй. 
- Үгүй ээ. 
Сүүлийн үеийн кинонууд нь маш сайн болж байгаа. Михалковийн кинонууд гэхэд маш их сайжирсан. Яг тэр шилжилтийн буюу перестройкагийн үед кино урлаг нь мэдээж муудсан. Тэгээд том соёлт ард түмэн учраас эдийн засаг нь босоод ирэхээр төр засаг нь кино урлаг руугаа хөрөнгө хаяж эхэлсэн. 
Одоо америкт сэдэв байхгүй болчихсон. Хүнийг тухайн агшинд нь л барьдаг. Юу ч өгдөггүй. Өгдөг нь ганц нэгхэн бүтээл байдаг. Үлдэц их багатай. Энэ нь америк, европчууддаа л их таалагддаг. Цагийг зугаатай өнгөрүүлэх сэтгэхүйд нь таардаг. Харин дорнын соёл гэдэг бол шал өөр. 
Уран бүтээлээс маш их зүйлийг авдаг. Тэндээс маш олон зүйлийг өөртөө бий болгодог. Дорнын сэтгэлгээ гэдэг чинь өөрөө хүнд тал руугаа. Уйлж ухаардаг гэж ярьдаг даа. Яагаад Монголчууд, Хятадууд, Солонгосчууд, Япончууд уйлдаг кинонд дуртай байдаг вэ. Энэ бол сэтгэлгээний онцлог. 
Хамгийн энгийн жишээ өрнийн соёлд ээж, аав, нутаг усны тухай дуу, шүлэг их ховор. Гэтэл дорнын соёлд ямар их ээж, аав, нутаг усны тухай уран бүтээл байдаг билээ. Бид байгальтайгаа, эцэг, эхтэйгээ илүү ойр амьдардаг. Бидэнд эцэг, эхээ асрамжийн газарт өгөх бодол байдаггүй. Тэгэхээр дорнын энэ олон ухагдахуун чинь өөрөө их онцлогтой. 
- Нэгэнт киноны тухай ярьж байгаа учир Монголчуудын үзэх дуртай Солонгосын олон ангит киноны тухай асуухгүй өнгөрч болохгүй нь. Та солонгос савангийн дуурь үзэж байна уу?
- Үгүй.
Сайн хийгдсэн нэг ангит киног нь бол үздэг. Солонгос кино гэдэг бол Солонгосын өөрийнх нь айхтар бодлого. ​Буурай хөгжилтэй орныг өөрийн хараанд аясаар нь байлгах гэсэн үндсэн зорилго өнөөдөр үйлчлээд байна. Үүнийгээ хийхийн тулд хамгийн түрүүнд соёлын бодлогоороо орж ирж байна л даа. 
- Манайхан өөрсдөө очиж худалдаж авч үзүүлээд байгаа биз дээ?
- Тийм. 
Явган, жижигхэн атаа жөтөөгөөр кино хийгээд тэр нь их зөрчилтэй юм шиг манайхан үзээд байх шиг байна. 
Телевизийнхэн ямар аймшигтай сөрөг мэдээллийг үзэгчдэд өгч байгаа вэ гэдгээ ухаарах хэрэгтэй.Манай телевизийг олон хүн үзээсэй гэж бодоод л үүнийг цацаад байдаг. 

- Гол нь үзэгчид Солонгос киног хайж байгаад олж үзээд байна шүү дээ. 
- Үзэхгүй яах юм. 
Хүмүүсийг автуулж байна. Энэ олон киногоор Солонгосчууд юу хийж чадсан бэ.
Солонгос хоолыг бид нарт сурталчиллаа. “Жангум” гээд л киног хар. Энэ чинь ганцхан кино бас хоолны тухай асуудал биш. Эдийн засгийн том асуудал. Солонгос хоол ямар нандин юм бэ. Ямар их түүхтэй юм бэ. Ямар их эмчилгээний жортой юм бэ гэдэг сэдэлжилтийг өгөөд байна шүү дээ. Эцэст нь юу болсон бэ. Манайхан Солонгос хоолны газруудад дүүрэн үйлчлүүлж байна. Солонгос машин унадаг болсон.  
Одоо хамгийн ноцтой асуудал буюу Монгол хүний үндсэн дархлаа болох дүр төрх, зан байдал, алхаа гишгээ, харьцаа, хандлага нь байхгүй болж байна. Өсвөр насны банди нарыг хар даа. Тув туранхай, эр, эм нь мэдэгдэхгүй нарийхан өмд өмсөөд, үсээ босгоод, нүүрээ будаад явж байх жишээтэй. Ийм Монгол хүн байдаг юм уу. Яаж байна вэ гэхээр Солонгосчууд соёлын бодлогоороо манайхыг базаж байна шүү дээ. Эндээс кино урлаг гэдэг өөрөө ямар хүчтэй вэ гэдгийг л харуулж байгаа хэрэг юм.
Мэдээж энэ бодлогыг ганцхан Монгол руу чиглүүлэхгүй нь ойлгомжтой. Олон оронд энэ бодлогоо хэрэгжүүлж эдийн засгаа тэлж байна шүү дээ. 
Америк ч мөн адил. Холливүдийн кино тус орны хамгийн том сурталчилгааны хэлбэр гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл хамгийн ноцтой зүйл нь Америк оронд хэзээ ч кинон дээрээ гардаг шиг амьдрал байдаггүй. Секс, зодоон, алаан хядаан гэх мэт зүйлсээр бид америкийг төсөөлдөг. Яг амьдрал дээрээ тэд дэгтэй, журамтай, тайван амьдардаг ард түмэн шүү дээ. Харин бид тэдний киног нь үзчихээд ингэж амьдрах ёстой юм байна гэж андуураад явж байна даа. 
-  Тэгэхээр манай улсын хувьд ямар ч соёлын нэгдсэн бодлого алга. 
- Яг зөв.
Соёлын бодлоготой болж юуг нь гаргах, юуг нь хориглох зэрэг аливаа зүйл өөрөө үзэл, сурталтай байх ёстой. Бид хэт чөлөөтэй байна. Урлаг хэт их залуучуудын зан байдалд нийцүүлэх гээд оролдоод байдаг. Гэтэл тэдэнд ингэж болдгийг биш болохгүйг нь үзүүлэх хэрэгтэй байна. 
БРОДВЭЙД ГЭХЭД ХЭН КАССЫГ НЬ ДҮҮРГЭДЭГ ВЭ. ДАНДАА ЖУУЛЧИД НЬ ШҮҮ ДЭЭ

- Драмын театр яагаад их нам гүм байна вэ?
- Бид хуучин урын сан дахь жүжгүүдээсээ тоглоно. Дээрээс нь долоон өөр найруулагч, долоон өөр үзэл санаа, долоон өөр ертөнц гээд долоо төслийн хүрээнд уран бүтээл хийнэ. 
Эдийн засгийн хямрал гээд энэ жилийн тухайд бид маш бага төсөвтэй байгаа. Ирэх жилийн тухайд нэлээд томоохон уран бүтээлүүд дээр ажиллана. Бурхан багшийн намтраар "Үнэний хаан Будда", Уильям Шекспирийн "Ромео Жулетта хоёр", Ч.Лодойдамба гуайн "Гарын таван хуруу"-г дахин үзэгчиддээ хүргэх гэж байна. 
- Драмын театраас гарсан жүжигчдийн ярилцлагыг харахаар хоёр, гурван жил цалин авч үзээгүй гэх хүмүүс байдаг юм билээ. Энэ үнэн үү?
- Тэр нь ч юу юм. Цалин багын хувьд бага. 
Төрөөс уран бүтээлчдийн цалинд хязгаар тогтоогоод өгчихсөн байдаг. Уг нь тухайн уран бүтээлч хийсэн бүтээснээ нэмээд нэмэлт орлого олох боломж байдаг ч хуульд тийм заалт байдаггүй. Бид "Гамлет" тавиад заал дүүрэн хүн үзээд ашигтай ажиллаж чаддаг. Гэтэл энэ олсон мөнгөө эргээд улсад тушаачихдаг. Гэтэл энэ олсон мөнгөө захиран зарцуулах эрхтэй бол маш сайн тоглосон жүжигчиндээ урамшуулал өгч болж байна. Энэ эрх зүйн орчин нь бүрдээгүй учир ийм боломж байхгүй байгаа нь харамсалтай. 

- Энэ өөрчлөлтийг тэгээд хийх боломжгүй гэсэн үү?
- Манай зүгээс саналаа өгөөд л байгаа. Шийдэгдээгүй л байна. Хавар ч гэсэн соёл, урлагийн салбарынхан жагсаал хийгээд амьдрал хэцүү байгаагаа илэрхийлсэн.
Орост гэхэд театр урлаг руугаа маш их анхаардаг. Ингэж оюуны хөтөч нартаа анхаарал тавьж тэднээс сайн уран бүтээл нэхдэг. Хятадын төр ч гэсэн кино урлаг руугаа маш сайн анхаарсан.  Тэд нэг л зүйлийг чухалчилсан. Дундад улс гэдэг бол аливаа зүйлийн эхлэл, төрт ёс, бичиг соёлын эхлэл юм шүү гэдгийг киногоороо харуулахыг зорьсон. 
Дэлхийн долоон тэрбум хүн чинь бүгдээрээ ухаантан биш. Үсрээд л хоёр тэрбум нь боломжийн хүмүүс байгаа бол таван тэрбум нь зүгээр л дагалдагч нар. Гэтэл тэр таван тэрбум хүн Хятад гэдэг бол мундаг өв соёлтой, мундаг улс юм байна гээд л ойлгоод авчихдаг. Тэгэхээр кино урлаг гэдэг маш том зэвсэг. 

Монголын тухайд бид бүгдээрээ 13-р зууны тухай хангалттай ойлголттой болчихсон. Хэн ч гэсэн 13-р зууны үеийн түүхээр хэн нэгэнтэй маргалдах хэмжээний мэдээлэлтэй болчихсон байна. Гэтэл тэрнээс өмнө Хүннүгийн үед хамгийн анхны төрт улсыг бий болгож байсан гэдгийг Германы нэрт философич Гегель хүртэл хэлчихсэн байгаа. 
Тэгэхээр өөрсдийнхөө энэ хамгийн анхны төрт улсыг бий болгосон гэдэг онцлогоороо, асар өндөр соёл иргэншилтэй байсан гэдэг утгаараа уран сайхны мундаг кино хийгээд дэлхий нийтэд цацахад хамгийн наад зах нь аялал жуулчлал хөгжих нэг нөхцөл болно. Түүнээс бид энд зүгээр хэдэн плакат хадчихаад "ирээч ээ, ирээч ээ" гээд суугаад байвал хэн ч ирэхгүй л дээ. Уг нь ийм зүйлийг  урлагаар дамжуулж хийдэг байхгүй юу. Үүнийг дагаад маш олон үйлчилгээ хөгждөг.
Бродвэйд гэхэд хэн кассыг нь дүүргэдэг вэ. Дандаа жуулчид нь шүү дээ. Өөрсдөө байнга үзээд байдаггүй л байхгүй юу.  

- Хавар урлагийнханы жагсаал болоход нэг хүний хэлсэн үгийг мартдаггүй юм. Талхаа авч идэж чадахгүй байхад юуны урлагийнхны цалин бэ гэж хэлж билээ.
- Юун урлагийнхан бэ гэсэн гэнэ ээ. 
Урлаггүйгээр хүн амьдрах боломжгүй. Бүх юм өөрөө урлаг. Гэртээ амьдрах, хоол хийх, харилцааны соёл энэ бол бүгд урлаг. Энэ бүгдийг бодит болгож байгаа нь мэргэжлийн урлагийнхан. Тэр нөхөр урлаггүйгээр яаж амьдрахыг нь л хармаар байна. 
- Та дахиж хүүхэдтэй болох төлөвлөгөө бий юу?
- Одоо төлөвлөгөө алга даа. 

Ярилцсан Ч.БОЛОРТУЯА ( @Bolort )


Sunday, 5 October 2014

Г.Аюурзана: Нүүдэлчид бол сэхээтнүүд байсан...

(харилцан  яриа)

Г.Аюурзаныг мэдэхгүй хүн бараг байхгүй. Харин түүнийг бясалгал хийдгийг тийм ч олон хүн мэдэхгүй. Аюураа бид хоёр нэг бодлын их адилхан, нөгөө бодлын тэс өөр хүмүүс ч ийм сэдвээр бол хэдэн цаг ч ярьж чадна. Хамтдаа цай уух зуураа дуу хураагч ажиллуулснаа тэр чигээр нь сийрүүлэв. Энэ удаад би өөрөө сэтгүүлч гэхээсээ харилцан ярьсан нь дийлэнх нь болчих шиг.
Д.Т: Аюур аа, хоёулаа бясалгалын тухай, шашны тухай жоохон хамт ярилцаж сууя гэж бодлоо?

Г.А: Хэтэрхий ерөнхий, том сэдэв биш үү хө?

Д.Т: Үгүй, уур амьсгал нь л тийм болохоос нарийсгаж ярина. Жишээ нь, намайг зохиолч гэх үү, сэтгүүлч гэх үү, кино найруулагч гэх үү? Бас сая анхны концепт цомгийн бүх шүлгийг нь бичиж,  продюсерлэж гаргалаа. Тэр нь үйлийн үрийн тухай рок дуурь маягтай ч юм шиг. Тэгээд цааш бас өөр хэлбэрээр хийгээд явах санаатай. Эхлээд зохиолч гэж яг хэнийг нэрлэх вэ гэдгээс ярья, бүр холоос. Зохиолч хүмүүс огт зохиодоггүй юм байна гэдгийг одоо л зохиол нэлээд бичээд ойлгож эхэлж байна.

Г.А: Зохиолч гэдэг монгол хэлэнд анхнаасаа жаахан буруу суучихсан үг гэмээр юм уу даа. Яагаад манай бичгийн их хүмүүс өөрсдийгөө “молхи бичээч”, “дорд бичээч”, “мөхөс бичээч” гээд байсан бэ гэвэл язгуураасаа бичих үйлтэй холбоотой нэршил нь хэлэнд маань байсан хэрэг шүү дээ. Яг л писатель, writer гэдэгтэй адилхан үгийг чинь гэнэтхэн л санаанаасаа баахан юм зохиодог нөхөр болгоод ийм нэг гоё ч юм шиг, инээдтэй ч юм шиг нэр томьёо хэвшүүлчихсэн нь монголчуудыг угаасаа бичгийн соёлоор тааруу, аман зохиолтой л ард түмэн гэсэн ойлголт давамгайлж байсан, соёлоо импортолж байж л соёл гэж нэрлэдэг явцуу үзэл сурталтай тэр цагийн л тусгал юм. За, юутай ч тогтоод хэвшчихсэн нэр томьёог чи бид хоёр одоо нөгөө өнгөрсөн борооны хойноос эсгий нөмөрч гардаг шиг өөлөөд яахав, монголоор энэ бол writer гэсэн үг ээ гэж ойлгоод маргаангүйгээр цаашаа явъя. Зохиох гэхээрээ бас бий болгох, бүтээх гэсэн утга бий л дээ. Тэр утгаараа бол зохиолч гэхэд болж байна. Ухаад байх юм бол яруу найрагч гэдэг бас л инээдтэй нэршил шүү дээ. Яахав, бүгд дасчихсан “яруугаар найрах” тухай огт боддоггүй учраас ингэж хэлүүлэхээсээ бид ичдэггүй. Тэгэхээр зүгээр л чиний асуусан гол зүйлийг ярилцъя. Зохиолч хүн зохиомол юм туудаг нөхөр үү? Зохиол гэдэг нь амьдралд байдаггүй гаж явдлын бичлэг үү?

Д.Т: За, яг наанаас чинь эхэлж ярилцъя.

Г.А: Зохиол жинхэнэ утгаараа бол зохиомол байх ёсгүй гээд ярихаар хүмүүс гайхаад байдаг юм. “Чи одоо юу гээд байгаа юм бэ? Зохиолч хүн зохиогоод л биччихдэг биз дээ?” гээд л унтууцна. Гэхдээ яг уран зохиолын гүнд орсон хүний хувьд бол зохиол өөрөө цаанаасаа төрдөг, гагцхүү тэр төрж буй үйл явцыг нь л зохиолч хүн аль болохуйц гажаачихалгүй, бичигдэх ёстой жамаар нь буулгах ёстой юм. Жамаараа буусан зохиол үнэмшилтэй, уншууртай байдаг. Бүр амьдралд огт баймгүй зүйлийн тухай зохиол ч гэсэн зохиомол хиймэл зүйлээсээ ангижирч байж л сая үнэ цэнэтэй болно.

Д.Т: Гэхдээ зохиох гэдэг нь, зохиолчийн зүгээс шийдвэр гаргах эрх нь үргэлж гол үүрэгтэй...

Г.А: Зохиомж гэдэг чинь бас л цаанаасаа өгөгдөлтэй эд шүү дээ. Би зохиол бичдэг, гэхдээ би бүгдийг шийддэггүй. Мэдээж, бодож олох, эргэцүүлж тунгаах юм бол байлгүй яахав. Гэхдээ л урлаг бүтээх гэж байгаа л бол цаад амин сүнсийг нь тэмтрэх хэрэгтэй. Бичих бол яахав дээ, бичих л ажил. Чи яагаад кино зохиол бичихгүй сууж чадахгүй, заавал нэг юм оролдоод явдаг юм бэ? Бүр цаана нь чамайг бичүүлэх өдөөгч л ажиллаад байгаа хэрэг биш үү?

Д.Т:
 Тийм дээ.

Г.А: Одоо чи ярь аа. Кино, хөгжим, дууны шүлэг, бясалгал гээд чамд ярих зүйл зөндөө байсаар атал заавал надаас яриа авч байгаа дүртэй суугаад яах юм бэ?

Д.Т: Сэтгүүлчийн ажил уран бүтээлд хамгийн ойр ажил учраас, адилхан эрэгцүүлж бодсоноо нийтлэлээр бичдэг, нэвтрүүлгээр үзүүлдэг учраас би бүх зүйл рүү сэтгүүлзүйгээр дөрөөлж хөл тавьсан. Кино зохиол яагаад надад ойр вэ гэвэл их ойлгомжтой зүйл. Хорин долоон жил телевизийн нэвтрүүлгийн зохиол бичсэн хүнд мэдээж ойрхон. Ажил, хобби хоёр холилдоод ирэхээр хүн нэг их сайхан таашаал аваад эхэлдэг. Хөгжмийн хувьд бол бас л хобби шүү дээ. Хөгжимд дуртайгаасаа болоод дууны үг бичсэн. Эргээд харахад, нэлээд олон дууны шүлэгтэй болчихож.

Г.А: “Цонхон дээр суусан ялаа” гээд бүр 9 дуутай ...

Д.Т: Харин, тэрийг чинь л ярих гээд зэхээд байна. Энэ бүхний эцэст нэг томоохон юм хийх цаг нь болсон. Тэгээд Тэмүүлэнг сонгосон хэрэг. Сэдэвт цомог юм болохоороо сэдэв хэрэгтэй. Гэтэл нэг хүрээ дуунд “Цонхон дээр суусан ялааг цохиод чи алж чадна Цохлоод ирсэн үйлийн үрийг цохиод буцааж чадах уу чи?” гэж асуусныг хараад “Өө, сэдэв маань энэ байна шүү дээ” гээд барьж авсан. Бас ч гэж бясалгал хийгээд жаал юм ойлгосон. Ийм л юм.

Г.А: Хэтэрхий олон зүйл рүү үсчээд байгаа юм биш биз? За за, тоглож байгаа юм шүү.

Д.Т: Магадгүй гаднаас нь харахад маш их зөрчилтэй олон талтай ч юм шиг харагдавч зүгээр л ярих гэснээ л ярьж байгаа ухаантай хүн юм шүү дээ би. Миний хувьд бол, ингэсхийгээд хариулт өгдөг ажлаасаа асуулт тавьдаг ажил руугаа буцмаар байна. Бясалгал гэдэг үг бидний ярианд дурдагдсаных, энэ талаар заавал чамаас асуух ёстой?

Г.А: Ширэндэв багшийн удирддаг випашина бясалгалын төвд цөөн удаа сууж, даяан гэж яг чухамдаа юу болохыг мэдэрсэн минь миний амьдралд тохиолдсон хамгийн гайхамшигтай явдлуудын нэг байсан. Гэхдээ одоо хэр би өөрийгөө бясалгагч байж чадах эсэхдээ эргэлздэг. Хэтэрхий дээгүүр, бас Бурхан Будда өөрөө бясалгаж байсан тэр арга гээд бодохоор хэтэрхий сүрдэм, тийм бишрэмээр атлаа ер бусын энгийн, нэг л баримжаагүй санагддаг. Юутай ч, би урьд нь зэнгийн тухай бага сага уншиж, зэнд хорхойсч явсны үр ч юм уу, бясалгалаас их зүйл олж мэдсэн шүү. Буддист байх нь миний амьдралын гол чиг шугам юм байна гэж ойлгож авсан. Бас шүтэх бишрэх юмтай байна гэдэг мунхрал биш, харин бахархал юм байна гэдгийг ухаарсан. Гэхдээ л би бясалгалд балчирдсан хэвээрээ л явна. Харин миний анзаарснаар, бясалгалд жинхэнээсээ автаж, бүр тэс өөр ертөнц рүү яваад орчихсон хүмүүсийн нэг нь чи юм шиг надад санагддаг.

Д.Т: Бясалгалд ч орохын хувьд бол үнэхээр орсон шүү. Гэхдээ би их муу талтай юм. Эрхбиш наашилж байгаа байх...

Г.А: Гэтэл зарим хүн чамайг энүүнээсээ тэс өөр, нэлээд хүнд рок талдаа хүн гэдэг биз дээ? Галсансүх нэг удаа бүр мааш их гайхчихсан “Төрөө ах бясалгалд ороод бүр шал өөр болсон. Одоо архи ч уухгүй байгаа” гэж ярьж байсан юм даг. Урьдын Төрмөнхөөс нээрэн их өөрчлөгдсөн байх аа?

Д.Т: Бясалгал хийдэг хүн лам болчихож байгаа юм ерөөсөө байхгүй шүү дээ. Гадаадад ч тэр дотоодод ч тэр энийгээ хүмүүс нэг их яриад зарлаад байдаггүй юм. Уг нь бас тэгэх ч ёстой даруухан л байхыг сурч байгаа улс тэрийгээ гайхуулж байгаа юм шиг хашгираад байх угаасаа номонд хазгай. Гэтэл би гэгч хүн сэтгүүлч гээд л шилдэг нийтлэлч дотор өчнөөн уншигчтай мөртлөө, амиа бодоод л тийм сайхан юм хийж өөрийгөө л өөрчлөгдөөд, харин гадагшаа бол хариу үйлдэл хийгээд л байх хачин биз дээ? Эхнэр, охин, найз нар гээд бүгдийг л суулгах хүсэлтэй болсон. Бас цаг нь болохоор суудаг номтой учир зарим нь суугаад зарим нь суугаагүй л байгаа. Би яахав буян багатай хүн болоод олигтой өөрчлөгдөхгүй байгаач байж болно. Гэхдээ эргэн тойрон буянтай хүмүүс дүүрэн байгаа болохоор л хаяа ч гэсэн сануулж, сонирхуулж бичдэг гэх үү дээ .

Г.А: Ажаад байхад, бясалгал шашин гэх мэт оюун санааны уйгагүй эрэл, рок хөгжим хоёрт шүргэлцэх цэг их байна уу даа? Чи рок бөгөөд бясалгагч хүний хувьд... (инээв)

Д.Т: Тийм рок хөгжим гэхээр бас л нэг хулигаан хүний ч хөгжим шиг, савхи, хохимой, үхэл, араг яс, цус, нөж , галзуу шахуу хүний хөгжим  гэж хүлээж авах гээд л  байдгаас болоод зөрчилтэй харагдаад байж мэднэ. Шашинжсан рокууд бол бий. Гот рок гэх мэтээр бүүр шашны урсгал маягтай ч бий. Тэгээд л би саяхан Тэмүүлэн гэж гайхалтай авьяастай даруухан залуутай нийлж өнөөх өөр өөр харагдаад байдаг хоёр талаа нийлүүлж үзсэн ухаантай юм шүү дээ. Нарийн ярьвал нөгөөх хамтран гол юмыг хийсэн хүн маань загалмайтан тал руу элэгтэй, би буддист ийм хоёр нөхрийн зуурмаг шүү дээ тэр “Цонхон дээр суусан ялаа” чинь. Охин минь тусалж байж л нэг юм гарлаа. Өөрийнхөө дотоод руу шагайсан ажил. Ер нь хөгжмөөр, шүлгээр хүн худлаа хэлж чаддаггүй юм шиг.

Г.А: Залуучуудтай хөл нийлээд л мундаг байна шүү. Чи ерөөсөө хөгширдөггүй нөхөр юм аа. Нөгөө л Төрөө хэвээрээ л явах...

Д.Т: Нас бол тоо гэж их ярих болжээ. Үнэн ч байх бас худал ч байх. Энэ нөгөө л үзэгдэх хийгээд үл үзэгдэх зүйлсийн тухай яриа болж орхино. Гаднах өнгө гэж байлгүй яахав сэтгэлийн ч гэнэ үү сүнсний ч гэнэ үү тэр дотор харагдахгүй өнөөх юмны хувцас бол бие шүү дээ. Хуучирч л таараа материал юм чинь. Харин дотор бол бүр ухаажаад, алдаагаа ухаараад, туршлагаар ойлгоод улам залуу хирнээ хэрсүү залуу байж байдаг болтой юм.

Г.А: Нас бол ердөө л тоо гэхэд бас ч хаашаа юм бэ дээ. Зарим үед нас явсаны ачаар олж хардаг, нас жаахан тогтож байж л ухаарч таньдаг зүйл амьдралд их таарах юм аа. Адгийн наад захын жишээ гэхэд л, өвчин байна. Залуу насны эрч хүч нэг л өдөр алга болчихсон, хаа нэгтээ өвдчихсөн, нас өөрийгөө сануулаад байгаа нь мэдрэгдээд ирэхэд бас хайран өдрүүдийг дэмий үрснээ ойлгох юм. За, тэгээд явж явж хүн эрүүл саруул, ухаан сэргэг, ой санамж хурц дээрээ амжиж хэдэн ном л уншвал хүн болж төрсний хэрэг тэр юм байна шүү дээ. Ер нь сурвалжлагчийн зөн минь сэрсэн бололтой. Би чамайг бодвол энд тэнд яриа их өгдөг хүн. Үүнээ цэглэе ч гэж бодож байгаа. Хойшид би асууж, чи хариулна шүү. Яг одоо ямар ном уншиж байна хө?

Д.Т: Уг нь би чамаар л яриулмаар байдаг…Би үргэлж нэг юм хийж бичиж байдаг болохоор тэр юмтайгаа холбоотой юмс түүж уншдаг зуршилтай болоод их удаж. Сүүлд уншина гэж бодсоноо дор нь худалдаж аваад номын сандаа хийчихдэг юм. “Чөтгөрийн хотын тэмдэглэл” гээд Нью Иоркод амьдарч байсан үеэ бичсэн нэг тийм эссээ тууж ч гэмээр юм уу нэг ном гаргасан даа? Их олон хүнд таалагдсанаар барахгүй ийм нэг эсээ маягаар юм бичээд байх нь зүгээр юм шиг санагдаад түүн шигээ өөрийнхөө амьдралаас сэдэвлээд ч гэхүү дээ нэг том эссэ роман эхлээд их удаж байнаа.  Тэрэнтэй холбож Ф.Достоевскийн “Гэм зэм”ийг дахиж уншлаа. Их ядарч барлаа. Маш зузаан ном. Нэг цагаа ломбарданд тавихаар явж байгааг л гэхэд бараг 10 хуудас бичсэн байх юм. Харин уншиж бараад өө энэ хүн чинь зүгээр л өөрийнхөө амьдралыг өөрийхөө зовлонг насаараа ярьсан юм байна шүү дээ. Хэдэн хүний нэр бага сага үйл явдал л зохиож гэдгийг олж мэдлээ л дээ. Монгол ардын зүйр цэцэн үг Дармапад Ошогын хэд хэдэн ном үргэлж ширээн дээр байж байдаг .Уншаагүй ном бас олон байгаа.

Г.А: Түрүүний хэлсэн чинь санагдаад л байна. Нас гэдэг амины хувцас гэж?

Д.Т: Амины гэж чи оноод хэлчих шиг. Түүнээс гадна зохиож болох юм болохгүй юм гэж бас байнаа. Би одоо өөрийнхөө тухай ч юм шиг ном бичээд их хэцүү байдал үүсээд байгаа юм. Өөрийгөө өмөөрөөд бичээд л хариу үйлдэл хийгээд л өнөөх шүүх ажиллах гээд их хэцүү юм билээ. Цэвэр уран зохиол бол муу талаа нэг хүнд овоолоод бүр ч нэмж хачирлаад нэг сайхан эсрэг дүр хийчихээд л сууж байх байлаа. Энэ магадгүй хэзээ ч бүрэн засагдаж ном болж гарахгүй ч байж мэднэ. Гэхдээ л бичих ёстой л юм шиг дотроос хатгаад байгаа эд л дээ. Хүн өөрийгөө л бичдэг юм байна гэсэн өнцөгөөр харахаар С.Эрдэнийн өгүүллэгүүд энэ тэр их өөр харагдана. Амь хөгширдөггүй шиг. Гэхдээ нөмөрсөн дахаа даахаа байх цаг гэж бас бий л дээ.

Г.А: Ийм сэдвээр кино зохиол бичмээр юм яриад байл уу, үгүй бил үү?

Д.Т: Харин нэг кино биччихээд л байгаа юм. Мотоциклчид гэж нэртэй чоперчидтой ч саяын чи бид хоёрын ярьдаг амийг нөмөрсөн дээл хувцас буюу хоёр өөр насныханы тухай яриа л даа. Бас л өнөөх кино бол хамгийн азгүй урлаг, яагаад гэвэл мөнгөнөөс шууд хамааралтай гэдэг болчихоод л байна.

Г.А: Саяхны нэг ярилцлагадаа ч бил үү, чи дөрвөн тотгорын тухай онцолж дурдсан байсан. Би үргэлж чөтгөрт хөөгдөж байгаа юм шиг яаруу гүйлгэж уншдаг муу зуршилтай. Заримдаа толгойд тогтохгүй өнгөрчих юм. Яг юу гэлээ дээ?

Д.Т: Аан Бурханы л сургаал л даа. Гэгээрэлд хүрэхэд ч гэхүү хүн хүн хэвээрээ байхад дөрвөн саад байдаг гэж. Анх төрхөд хүүхэд байхад аль аль нь байхгүй байдаг ч хүн болох явцад бий болдог бас өмнөх наснаас ч ирсэн ийм л тотгорын тухай юм. Эхнийх нь мэдээж би гэх өвчин эго.Энийг нэг их тайлбарлах хэрэггүй биз.  Дараах нь хэвд баригдах, задгай сэтгэж чадахаа байх. Энэ манайд их түгээмэл шүү дээ. Олон жилийн социализм энэ тэр гэж маш их улс төрийн хэвд орчихоод өөрөөрөө байж чадахаа бүр байсан. Ганц нэг хүн өөрөөр яривал барьж иднэ. Уг нь хууль бол ёс суртахууны доод хэмжээ атал, тоолж барахгүй олон хуультай. Тэрийг өдөр бүр үйлдвэрлэж байдаг УИХ-тай шүү.

Г.А: Дараагийн хоёрын нэг нь лав түмэн бодол нисванис гэж байсан санагдана? Чи юмыг санаа амар, рок дууны үг шиг ярьдаг болохоор, залуучууд энэ ярианы тэмдэглэлээс тэр яриаг чинь сонсоосой гэж бодлоо л доо.

Д.Т: Тийм, жишээ нь хэн нэгэн сайхан хүүхэн нэг хүнтэй санаандгүй ч гэхүү тэр үедээ таалагдаад л унтчихаж гэж бодоё. Тэгээд өнгөрсөн ч сүүлд бодсон чинь нэг л сонин санагдаад дорд үзэгдчихсэн ч юм шиг цаашдаа холбоотой баймааргүй ч хүнтэй ойртсон шиг санагдаад өнөө хүүхэн би яагаад тэрэнтэй унтчихваа гэж уймраад бөөн бодол үүсээд тэрнээс болж шаналаад бараг өвчин тусах нь холгүй боллоо гэж бодвол энэ өнөөх түмэн бодол нисванис мөн байгаа биз. Нэгд болоод өнгөрчихсөн байдаг. Өнгөрсөн рүү энэ дэлхийн бүх алтыг ч өгөөд очиж чадахгүй хоосон зүйл шүү дээ. Зүгээр нэг бодол л үлдсэн. Гэтэл тэр бүхнийг бөөн юм болгож үржүүлээд бодоод байхыг нисванис гээд байгаа юм. Бодлоос л үүссэн зовлон шүү дээ. За тэгээд тэр нисванис их хурдан үржих дуртай. Өнөөх хүүхэн найз нартаа ярина, ах эгчдээ ярина, ээж аавдаа ч ярьж мэднэ. Ингээд нэг өчүүхэн тэр үедээ сайхан байгаад л (муухай ч байсан байж болно)   өнгөрсөн хэдэн минутад болж өнгөрсөн  зүйл бөөн асуудал дагуулан уул овоо шиг проблемүүдийг чирч эхлэнэ. Гай болоод өнөөх нэг хамт хэвтсэн хүн нь эхнэртэй байж таараад энэ тухай яриа гэрт  нь хүрээд эхнэр нь салах шалтаг хайж явсан бас нэг нисванистан байгаад дор нь үржүүлээд  ингээд юунд ч хүрч болохоор зовлон үүсээд явчихдаг биз дээ.

Бодол сэтгэл түрүүлж залаастай
Бүх юм сэтгэлээс үүдэлтэй   
Гамшигт муу сэтгэл, үйлийн араас
Гай зовлон байнга дагаастай
Үхэрт хөллөсөн тэрэгний дугуй шиг
Үргэлж өнхрөн зовох тавилантай


Ийм мөрөөр Бурханы ном Дармапад эхэлдэг шүү дээ. Энийг зохиолоор ч хэлж үзүүлж болно киногоор ч үзүүлж болно. Бүх драм зөрчилөөс үүсэлтэй өнөөх зөрчил үүсгэгчийн нэг нь зүгээр л дэмий түмэн бодол нисванис байгаад байдаг.

Г.А: За, сайн байна. Зогсолтгүй л номлоод байгаарай хө. (инээв) Дараагийнх нь ялгаатай үзэл байх аа, сая саналаа?

Д.Т: Дараагийнх нь атхаг сэтгэл буюу ялгамжтай хандах үзэл. Баян, ядуу, дарга, цэрэг, хөгшин, залуу, ухаантай, тэнэг,эр ,эм гээд л үй түмэн зэрэгт ялгаад сурчихсан зан. Бид хүүхэд байхдаа хэзээ ч дарга хүн рүү бол инээнэ ядуу хүнийг бол муухай харна гэж байгаагүй биз дээ. Бүр сургуульд орж ирэхээс нь эхлээд л дүн тавиад ялгаад эхлэнэ. Онц муу гээд л шившиг болгоод зааж эхлэхээр хүн хүссэн ч эс хүссэн ч тийм муухай ялгамж бодолтой болдог ажээ. Би ч яахав алтан дунд гэсгийгээд л дээд доод хоёроо үзэн ядаад ч байгаа юм уу нэг л өөрөөр хараад эхлэнэ шүү дээ.Эндээс бас нэг зовлон үүсэж байгаа биз.

Г.А: Гэхдээ энэ бүгд, бараг л бүгдээрээ Эго буюу би гэх биеээ тоох үзлээс эхтэй бус уу?

Д.Т: Ер нь бол тийм. Гэхдээ мунхаг тал бас байгаад байгаа юм. Жишээ нь бясалгал хийдэг хүн гэсэн нэг хэв шинж шаблоноор намайг хархаар болохгүй байх жишээтэй. Энэ дөрвийг бодож явхад бас их тустай л даа. Мөнх бус гэдэг чинь энэ дотор оршсоор байх мунхаг харанхуйг бас хэлээд байгаа юм шүү дээ. Юм гэдэг минут секунд төдийд ч өөрчлөгдөөд байдагийг мөнх бус гээд байгаа юм. Гурван жилийн өмнөх би байтугай, та байтугай гурав хоногийн өмнөх би ч би биш, та ч та биш болоод байгааг л ойлгох ухаан юм шүү дээ ер нь бол .

Г.А: Би одоо маш гэнэн зүйл асууя. Чингис хааны үед манайхан ямархуу улс байсан гэж чи төсөөлдөг вэ?

Д.Т: Мэдээж дэлхийн дарга байсан нь бол тодорхой. Гэхдээ тэр дэлхийг засаглаж байсан монгол ухаан л гэж ярихаас яг юу вэ гээд оноод хэлсэнтэй нэг их таарахгүй юм, би олж үзээгүй ч байж мэднэ. Минийхээр бол хэрвээ Хар хоринд бүх шашны сүм хийд байсан нь үнэн л бол тэрийг нь шүтдэг хүмүүс байсан л байж таараа. Ван хаанаас эхлүүлээд бүр аймгаараа загалмайтан байсан гэдэг биз дээ? Тэхээр бүх шашны нөлөө орсон л байж таараа. Харин нүүдэлчин улсын нэг том шинж бол ажиглах чанар маш их хөгжсөн байдаг. Оюуны хөдөлмөр шүү дээ энэ чинь. Тэгээд ч хариу үйлдэл хийхээ урьтал болгодоггүй тэгш амгалан сэтгэлээр ажиглаж, долоо хэмжиж нэг огтолдог чанар бол монгол ухааны нэг хэсгийг бусад шашин тэр дундаа Бурханы шашин ихээхэн зайг эзэлсэн байсны жишээ бол  Монгол ардын зүйр цэцэн үгээр илэрдэг. Ухааныг үгнээс өөр юугаар илэрхийлэх билээ. Тэхээр би тэр үеийн монголчууд сэхээтэн тал нь давамгайлсан хүмүүс байсанд огтхон ч эргэлздэггүй. Тийм байж л дэлхийг захирна.

Г.А: Маш гоё хэллээ. Нүүдэлчид бол сэхээтнүүд байсан гэж! Яг 13-14-р зууны үеийн манай бичгийн дурсгалуудад тухайн цаг үедээ хэтийдчихсэн сэтгэлгээний эрх чөлөө гайхалтай тод харагддаг шүү. Харин дараа нь эзэнт гүрэн нурсан, бутарсан, шарын шашин орж ирсэн, манжийн вассал болсон. Чиний байнга яриад байгаа үйлийн үр, хоосон чанарын тухай ойлголт монгол хөрсөнд гүн суусан. Үр дагавар нь юу болов, чинийхээр бол?

Д.Т: Томчуулын бодлогоо хэрэгжүүлэх талбар нь Монгол болсон. Түвдийн буддизм их улстөржсөн шашин шүү дээ. Ердөө саяхан 17-р зууны үеэс л энэ хутагт хувилгаадыг тодруулдаг, тэд нар нь төр барьдаг улс төр бий болсон байдаг.

Г.А: Одоо хэр үргэлжилсээр байгаа, тэр л хутагт хувилгаад тодруулдаг процедурыг чи хэлж байна уу?

Д.Т: Тийм ээ, өнөөдөр бол Хятад Түвдийг өөртөө шууд авах бодлого барьж байгааг хэн хүнгүй мэднэ. Энэ бол цаагуураа Хятад Бурханы шашны эрх мэдлийг авах гэж байгаа тэмцэл. Гэтэл энэ шашин 3 том толгойлогчтой  Далай лам, Ванчин богд, Богд Жавзундамба гэдгийг бүгд мэднэ. 1959 онд Түвд Хятадад эзлэгдэхэд Далай лам хил гарч дүрвээд Энэтхэгт очсон ч Ванчин богд дүрвэж гарч чадалгүй Түвддээ  үлдээд 1989 онд таалал болсон байдаг. Шарын шашны гурван тэргүүний Богд Жавзундамба бас саяхан манайд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын зарлигаар Монголын иргэн болж байж байгаад эндээ нирваан дүрийг үзүүлсэн. Тэр гурван богдын аль нэг нь заавал залуу байхаар эртнээс тааруулсан байдаг бөгөөд нэг нь таалал болоход нөгөө хоёр нь нийлж байгаад дараагийн дүрийг тодруулдаг байж.  Гэтэл 1989 онд Ванчин богд Далай ламаас ангид байж байгаад таалал болсоны дараа Далай лам нэг Түвд хүүхдийг хойд дүрээр тодруулсан ч түүнийг нь Хятадууд шоронд хийчихсэн одоо амьд үгүйг хэн ч мэдэхгүй. Яг тэгтэл Түвдэд байгаа хутагт хувилгаад Хятадын шахалтаар өөр нэг Хятад хүүхдийг Ванчин богдоор бас тодруулчихсан бөгөөд тэр нь одоо 30 гарсан том лам энд тэнд Хятадын санхүүжилт дэмжлэгтэйгээр том том арга хэмжээ хийгээд яваад байгаа аж. Мэдээж багаас нь бэлтгэсэн болохоор маш их номтой тийм лам болсон байдаг. Түвдүүд ч Өвөрмонголчууд ч түүнийг Ванчин богд л гэж үзсээр байгаа. Гэтэл Далай лам нас дээр гарчихсан. Богд Жавзундамба жанч халчихсан болохоор хэрвээ Далай лам нирваан дүрийг үзүүлхэд ганц өнөөх Ванчин богд хойд дүрийг нь тодруулах дээр хүрэх тул  Хятад Далай лам бий болноо гэсэн үг. Тэхээр Түвдүүд хүссэн ч эс хүссэн ч Богдыг Монголоос тодруулахаас өөр гарцгүй болчихсон үе юм. Түвдүүд анхны богд Өндөр гэгээнээс хойш нэг ч Монгол богд тодруулаагүй шүү дээ. Энэ бас их том улс харгалзахгүй улс төр байсаар ч ирсэн байж ч байгаа шүү дээ.

Г.А: Одоо тэгвэл ёстой л үйлийн үрээр ч гэх үү, улс төрийн шалтгаанаар ч гэх үү Монголд Богдын 10-р дүрийг тодруулахаас өөр аргагүй болж байна аа даа?

Д.Т: Гэхдээ Монголд Богд “төрлөө” ч Түвдүүд авч яваад багаас нь ном заасаар Монгол цустай ч Түвд л хүн ирнэ гэдэг бол тов тодорхой зүйл. Өнөөх Түвдийг багалзуурдах бодлоготой Хятадын ганц дайсан нь Далай лам ч биш Монгол Богд болоод урд хөрштэй бас шашин ном, дотоод ертөнцөөрөө мөнхийн дайсан болох нигууртай ажээ. Шүгдэнг Далай лам хаасан ч мөн л Швэйцарь Хятад зэрэг орны шүгүүд харилцан эсэргүүцэл болоод л байдаг. Манайд шашин дэлгэрсэн цагаас түүх  ийм л болсон. Түвдүүдийн бодлогыг Богдууд хийгээд Монголыг дандаа Хятадын өмнөөс сөргүүлж тавьдаг байсан түүхтэй. Бүр саяхан 1959 онд Түвдийг эзлэхэд ч өвөр Монголчууд дийлэнх нь байсан байдаг.  Далай лам өнөөдөр Энэтхэгт байгаа ч зүгээр л ядарч ирсэн зочиндоо өөрсдөө ч хоолгүй хоноод идэх хоолоо гэртээ хоносон хүнд өгдөг зангаараа л хандаад гэртээ зочиноор байлгаад байгаа болохоос  Энэтхэгийн бодлого Далай ламд нөлөөлсөн юм байхгүй. Маш олон шашин зэрэгцэн оршдог ганц орон.

Г.А: Далай ламын цаана АНУ байх магадлал бас их байх шиг? Нобелийн шагналыг улс төрчийн хувиар л өгсөн болов уу. За, тэгээд сүүлийн үед Монголын шашныг түвдүүд эзэлчих байна гэх яриа дуулдах боллоо. Би бол зохиолоо бичээд л, гэрээсээ ч гардаггүй. Чи мэдээлэлд ойр хүн. Энэ тухай юу бодож явдаг юм бол?

Д.Т: Хятад гэх орон тун удахгүй АНУ-ыг гүйцэх гэж байна. Хятадын хийж чадахгүй юм ч гэж алга. Бараг бүх дэлхийг хувцаслаж байна гэхэд болно. Ийм хүчтэй болж байгаа өрсөлдөгчөө ганц буруутгах зүйл нь Түвдийн асуудал. Тэхээр АНУын бодлого хүссэн ч эс хүссэн ч орж ирнэ. Тэхээр Монгол шашнаар бас нэг нөлөө бүхий орон болох нь бас ч бодууштай асуудал байгаа биз. Харин Түвдүүд манай руу орж ирэх гээд байна энэ тэр гэх бас л туйлшрал. Манайд иргэн болоё гэсэн хүсэлт Богдоос өөр бараг байхгүй байсныг Гадаадын харьяатын газраас асуухад хэлээд өгнө. Тэд нар Швэйцарь АНУ гэх мэтийн орон руу л явах санаатай байдаг юм билээ. Богдын хүү Туксара ренбүүчийг би их сайн танина. Австралийн иргэн.

Г.А: Шашин жинхэнэ утгаараа сэргэж мандах нь сайн хэрэг л дээ. Хүнлэг энэрэнгүй байх талаас нь ч бодсон тэр. Харамсалтай нь, олонхи массд жинхэнэ утга нь огтоос хүртээлгүй л дээ. Буддын гүн ухааны нарийн нандиныг масс байтугай, барууны философийн доктор цолтой нөхөд ч ухаж ойлгож хүчрэхгүй байна шүү дээ, цаана чинь. Тиймээс шашныхан мөн чанарыг бус, мухар сүсгийг хүмүүст суулгах замаар л шашнаа мандуулах гээд байгаа нь илт ажиглагддаг. Яг л улстөрчид шиг.

Д.Т: Манайд өнөөх социализмын үед хүчээр дарсны хар гай л байх. 20-р зуунд бид Оросын нөлөөнд гэнэт орсноор хэрэг дээрээ загалмайтны тэр дундаа үнэн алдартны шашны эсрэг суртал нэвтрүүлгийг орчуулан хүргэсээр бид бүхлээрээ атаист буюу бурхангүй үзэлтэн болцгоосон ч их хачин атаист үеийн үр хүүхэд эсвэл өөрсдөө тийм бүтээгдэхүүнүүд болсон. Буруу номтонгууд болсон гэсэн үг. Ийм буруу номтон мухар сүсэгтэй байх нь гарцаагүй. 1990 оноос хойш Буддизм манайд эргэж дэлгэрсэн гэх ч маш их мухар сүсэгээр бизнэс хийх, тахин шүтүүлэх байдлаар эргэн дэлгэрч эхэлжээ. Хуучин цагт бол монгол үсэгээрээ айл бүр шахуу Субашид , Оюун түлхүүр, Гучин хоёр модон хүний үлгэр гэх мэтээр шууд Гаанжуур буюу түүний тайлбар Даанжуур хэмээн нэрлэгдсэн бясалгын дараа Бурхан багшын айлдсан номын айлдваруудыг бараг бүгд уншсан байсан бол шинэ орос үсэг буюу крилл үсэгтэй болсноор өнөөх үлдэж хоцорсон онолын мэдлэг ч тас цохигджээ. Тийм болохоор л ийм сонин байдал бий болсон байх гэж боддог. Гэхдээ одоо үед мухар байгаад байгаад яг 10 хоног суугаад л үр шим нь биед, өөрт мэдэгдээд цааш хийгээд байхаар өнөөх эго уур, уцаар бага багаар илт багасаад алга болоод бусдын төлөө юм хийх, мэддэгээ бусдад түгээх, хэн нэгэнд аз жаргал өгөх утга чанар амьдрах ухаан чинь болоод байхад хүн тийшээ татагдаж л таараа. Ямар ч рекламгүй амнаас ам дамжаад дөчөөдхөн жилд дэлхийд тарчихлаа шүү дээ. Тэгээд ч ингэж шинжлэх ухаан хөгжөөд дотоод учир шалтгааныг нийтээрээ хайгаад байгаа үед тийм ч амархан өнөөх л төр шашныг хамт барих шунал тийм ч хол явахгүй л байх гэж боддог юм. Олон хүн иймэрхүү болж байгаа байх. Бизнес хийж эхлээд улс төрд орсон Х.Баттулгаас эхлээд л Майдар хотхон байгуулна гээд л. Чингис хааны хөшөөг босгоод л байгааг харж л байгаа шүү дээ. Олзыг олуулаа л гэдэг чинь удахгүй бүх хүний зорилго болох биз. Шиндлерийн бүртгэлийг санаж байгаа биз дээ. Энэ бас л үйлийн үр юм уу даа.

Г.А: Хачин сайхан өөдрөг үзэл байх чинь.

Д.Т: Буянтай хүмүүс гарч ирсээр л байна шүү дээ. Дармападын дараагийн мөр нь:

Бодол сэтгэл түрүүлж залаастай
Бүх юм сэтгэлээс үүдэлтэй
Ариун  сэтгэлээр ярьж бас үйлдвээс
Алд биеээс сүүдэр салахгүй дагах адил
Амгалан жаргалан байнга дагаастай
 гээд цааш явдаг шүү дээ.

Г.А: Ха ха, би ч бас сэтгүүлч байсан гэсэндээ чамаар сайн яриулж чадлаа. Ингэсгээд зогсох уу, хоёулаа.

Д.Т: Харин тэгье дээ. Богд Зонховын шарил яг энэ Итгэлт хамба шиг байсныг хятадууд шатаачихсан гэж чи нэг ярил уу?

Г.А: Би нэг Ажаа гэгээнтний номыг редакторлосон юм. Тэнд л байсан эд. Соёлын хувьсгалын үед Түвдэд яг л Итгэлт хамба шиг байсныг улаан Хятадууд олоод суврагтай нь шатаачихсан тухай бичсэн байна билээ. Том агуйд үс нь газар шүргэтлээ ургачихсан. Хумс нь биеэ ороочихсон байсныг 50 иад онд өнөөх улаан хамгаалагчид шатаасан юм гэсэн. Би бодохдоо гүн бясалгалд орчихсон яг л Итгэлт хамба шиг байсан юм болов уу гэж ойлгосон.

Д.Т: За одоо хоёулаа зогсъё. Учиргүй урт яриа болчих шиг. Далай лам бас би сүүлчийн далай лам байх болно, дахиж төрөхгүй гэж мэдэгдсэн байдаг. Алсдаа бясалгал л их дэлгэрэх байх аа даа.

Г.А: Тийм тал маш их бий. Чимээгүй их түгэж байгаа эрүүл бас их шинжлэх ухаанч зүйл шүү дээ гэснээр бид хоёрын харилцан яриа өндөрлөсөн билээ.

http://turmunkh.niitlelch.mn/