Monday, 19 January 2015

М.Зоригт: Эхлээд порно гэж байснаа эротик боллоо. Сүүлдээ зүгээр мужик болох байлгүй

Манай өнөөдрийн “VIPerson” зочин УИХ-ын эрхэм гишүүн Мөнхчулууны Зоригт. Түүнтэй уулзаж ярилцахыг хүсдэг байлаа. Өнөөдөр тэрхүү хүсэл биелж, зочдынхоо тоог нэгэн сонирхолтой эрхмээр нэмлээ. Түүний дэндүү гэмээр нээлттэй, хүнлэг, бас халуун дулаан зан чанар уншигч авхай танд ч таалагдана гэдэгт найдаж байна. 

-Монгол оронд ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 25 жилийн ой өнөө жил тохиож байна. Энэ түүхэн ойтой холбогдуулж хэдэн зочин урихаар төлөвлөсөн юм. Та тэдний маань нэг. Энэ олон жилд тантай анх удаа уулзаж байгаа маань сонин байна. 
-Үнэхээр анх удаа уулзаж байгаа. Надад ч бас сонин байна. 

-Таныг би их эрх чөлөөтэй зочин гэж бодож байна. Энэ ярилцлагын үед илүү их эрх чөлөөтэй байгаарай гэж бас хүсч байна. Аливаа хувьсгалын гол түрэгч хүч нь оюутнууд, залуучууд байдаг. Тэр алдах юмгүй, тэр эрчилсэн залуу үеийг дурсаж таныг зочноороо урьсан юм. Олон хэсгийг олон талд нэгтгэж авч явцгаасан. Чухам оюутнуудтай ажиллах ажлыг оройлж явахыг яаж сонгосон бэ. Мэдээж та энэ том түүхээрээ бахархдаг байх?
-25 жилийн ой нэг тийм бүдэгдүү өнгөрч байна гэж та яриа эхлэхийн өмнө хэлж байна лээ. Ер нь түүхээ санан дурсаж байгаа партизанууд, ардчиллын төлөө амь амьдралаа зориулсан хүмүүс л баяраа хийдэг. Энэ удаа тэд маань их л гонсгор байх шиг санагдсан. 25 жилийн өндөрлөгөөс эргээд харахад тухайн үед бидний хүсч мөрөөдөж, барьж жагсаж байсан уриа, гаргаж тавьж байсан үзэл санаа яг л хэвэндээ байгаа байхгүй юу. Саяхан нэг хэсэг сошиал медиа, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэр үеийн бидний барьж жагсаж байсан уриа лоозонгуудыг их гаргаж явууллаа.  Ажаад байх нь ээ,  асуудлаа ерөөсөө алдагдаагүй л байгаа байхгүй юу. Тэгэхээр бид өнгөрсөн 25 жил яг юу хийчихсэн юм бэ. Нэг л их завгүй бужигналдсан хүмүүс яваад л байсан. Хүсч мөрөөдөөд байсан хөгжил дэвшил хаана байгаа юм бэ. Ийм асуултууд өөрийн эрхгүй л гарч ирж байна. Жишээ нь, 2004 онд намайг  Э.Бат-Үүл ах, Баабар хоёр хөөгөөд л улс төр рүү оруулж байсан. Зоригоо чиний тэмцэж байсан ардчилал, эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрх гээд амин сүнс болсон эрх ашгууд чинь байхгүй боллоо. Н.Энхбаяр гэдэг хэмжээлшгүй эрх дархтай хүн дуртайгаа хийж байна. Та нар л хойш суух юм бол хэн ардчиллын үнэт зүйлийн төлөө дуугарах юм бэ, хэн зүтгэх юм гэж ятгасан.  Тэгээд л би улс төрд орж ирсэн.  2004 онд болж байсан процесс сая 2014 онд давтагдлаа. Н.Энхбаяртай нэлээд ижил төстэй Н.Алтанхуяг гэдэг товарищ гараад ирчихсэн. Туул гол руу бохироо цутгаж байдаг хувийнх нь өмчийн амралтын газрын талаар бичлээ гээд бүхэл бүтэн вэб сайтыг шууд хаачихаж байх жишээтэй. Сүүлдаа бүр ордонд хүмүүс хоорондоо шивнэж ярьдаг болчихсон байсан гээд бод доо.

-Яагаад тэр вэ ?
-Би чинь зураг авдаг болохоор нэг газар тогтож суудаггүй хүн л дээ. Сүүлд болсон  Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дээр ч гэсэн зуршлаараа зураг дараад л, таньдаг найз нөхөд тааралдахаар хажууд нь очиж суунгаа мэнд мэдэж таван үг солиод л тэр дунд явж байгаа юм. Тэгсэн зарим нэг нь Зоригоо чи хажуунаас явчих л даа, цаад дарга чинь чи биднийг хамт байгааг харах юм бол хөгшин чинь аягүйдвэл ажилгүй болно гэж хэлсэн гээд бод доо. АН-ын тэр тусмаа ҮЗХ-ны гишүүд ийм байдалд орноо гэдэг чинь бидний мөрөөдөж зүтгэж явсан ардчилсан бүхэн бүдгэрч эхэлсний шинж мөн үү. Дөнгөж учраа олоод цаашаа явах зам нь ч бас тодорхой болоогүй байна ш дээ, уг нь. Гэтэл үнэт зүйлсээ бүдгэрүүлээд хаячихсан. Яагаад манай гишүүд баярлаж чадахгүй байна гэхээр энэ аягүй өрөвдөлтэй байхгүй юу. Сэтгэл санааны хувьд баярлах шалтгаан багатай байсан учраас баяр маань ч нэг тиймэрхүү л өнгөрчих шиг санагдсан. Мэдээж энэ олонлог дотор ардчиллынхаа баярт оролцоод, “Хонх”-ын Цогоогийнхоо хөшөөг нээгээд, үнэхээр санаа сэтгэл сайхан боллоо гэж бодсон олон хүн бас олон байгаа. Өөрийн чинь асуусанд сүүлийн зүйлд хариулахад, оюутны анхны жагсаалын үеэр тийм сүрхий зохион байгуулж, найруулсан юм юу ч байгаагүй. Цаг үе нь л тэгж таарсан байх. Тэр үед чинь монголчууд хэсэг бүлгээрээ нийлээд шивнэж байгаад ч болов ярих юмаа  ярьчихна. Зуслангийн байр, Туулын эргийн бургасандаа хүртэл уулзалддаг  болчихсон байсан юм. Нэг зүйлийг яръя. Ц.Балдорж агсны “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлийг уншаад оюутнууд анх удаа сайн дураараа цуглаж, жагссан юм. Тэндээс л бүх юм эхэлсэн дээ.

-Жагс, цугла гэдэг ч юм уу, энэ хэсгийг нь та нар аваад явна шүү гэсэн даалгавар байгаагүй гэж үү? 
-Үгүй ээ, тэр үед чинь хүмүүс цуглаж ярьдаг, нэг юм хийх ёстойгоо мэдэрчихсэн байсан.  Яг юу хийх нь их ойлгомжгүй байсан байх. Миний хувьд гэхэд л сүүлийн мөч хүртэл улс төрийн дахиад нэг нам байгуулж болно гэдгийг ойлгохгүй л явсан. Улс төрийн мэдлэг ч хомс байж. Гэхдээ л нэг юм хиймээр санагдаад байдаг. Дээр нь Ц.Балдорж гуай маш мундаг, тултал нь бичсэн. Тэр нийтлэл биднийг сэрээсэн. Оюутнуудад нэг тийм их хүч зориг өгсөн. Түүнээс биш энгийн нэг цуглаан жагсаал бол мундахгүй шүү дээ.  “Вьетнамаас АНУ савраа тат”  ч гэдэг билүү тиймэрхүү утгатай лоозон бариад л, АНУ-д өлсгөлөн зарласан нэг нөхрийг дэмжээд л, за тэгээд Майн 1 гээд жагсдаг л байсан. Дахиад хэлчихэд оюутны тэр жагсаал бол шинэ цагийн түүхэнд монголчууд анх удаа сайн дураараа эвлэлдэн нэгдсэний үндсэн дээр л болсон юм. Сонирхуулахад, Монголын хамгийн анхны улс төрийн шаардлага тавьсан жагсаалыг ч Ховдын багшийн дээдийн оюутнууд хийж байсан юм. Хогийн шүүр бариад, малтмал модон сандал дээр зогсчихоод улс төрийн товчоог огцрохыг шаардаж байсан.

-Оюутнууд бол залуучууд. Нэг талаараа алдах юмгүй болоод зоримог хүч. Тийм учраас л тэгж чадаж байсан хэрэг л дээ. 
-Бусадтай харьцуулбал алдах юм бага байсан л даа. Нөгөөтэйгүүр хүсэл зориг, тэмүүлэлтэй байсан хэрэг.  Дандаа л дээрээс бүх  зүйл зааварчлагддаг байсан учраас арай өөрийг хүсэх нь залуу хүний л тэмүүлэл шүү дээ. Монголын ардчилсан хүчний эвсэл гэдгийг  “Монголын оюутны холбоо” анх санаачлаад их сургуулийн хоёрдугаар байранд Ардчилсан холбоо, Шинэ дэвшилтэт холбоо,  Ардчилсан залуучуудын холбооныхныг уриад Ардчилсан холбоо эвслийг байгуулж байсан юм. Өөрөөр хэлбэл, оюутнуудын цэвэр санаачлага дээр суурилсан. Оюутнууд ер нь дандаа бодитой юм хйидэг байсан.

-Тухайлбал?
-Сталины хөшөөг буулгая ч гэдэг юм уу. Заавал нэг тодорхой акц хийх хэрэгтэй гэж л үзнэ шүү дээ. Тухайн үед  ардчилсан хүчний дөрвөн холбоо маш олон цуглаан хийдэг байсан.  Дөрвөлийн цуглаанд очихоос өмнө оюутнууд заавал өөр газар цуглаж байр сууриа нягталдаг, ярилцдаг байсан. Ярих юм ч ихтэй. Боловсрол, сургалтын тогтолцоо гээд оюутнуудад хамаарах асуудал зөндөө шүү дээ. Хаа нэгтээ цуглаж ярилцчихаад жагсаад явна. Оюутнуудаас сонин юм их  гарна. Эргээд харахад оюутнууд дандаа л анхдагч байсан байдаг. Анхны шоу нэртэй арга хэмжээг гэхэд бид л хйиж байсан. Энэ шилэн үзэсгэлэнг чинь нураангаа алдаж байлаа шүү дээ.  Зүгээр л шоу гэж нэр өгөх нь л тухайн үедээ түүхэн ач холбогдолтой байсан. Анхны босоо хүлээн авалт, стриптиз гээд л... Тайчиж болно гэж мэддэг хэрнээ зүрхлээд нүцгэлэх хүн байхгүй. Ямар сайндаа  хамт тэмцэж явсан охиноо гуйж зоригжуулж, нүүр амыг нь танигдахгүй болтол будна гэж байж зөвшөөрүүлэх вэ дээ. Тэгсэн өнөөх маань мухар олгойны хагалгаанд ороод бүтээгүй. Сандрахдаа их сургуулийн нэг охиныг гуйж нэг дуун дээр цээж нүцгэлүүлж байсан юм даг. Их зоримог охин байсан. Мэдээж сайн жишээ биш л дээ. Гэхдээ анхдагч байх гэсэн эрмэлзэл их байсны жишээ. Түүнээс гадна  МОХ-ны анхны дүрмээ баталчихаад  МОХ-ны Үндсэн хууль гэж нэрлэж байлаа шүү дээ. Тэр үед ерөнхийлөгч гэсэн албан тушаалтай хүн байгаагүй, дарга цэрэг л гэдэг байсан. Харин МОХ-ны анхны үндсэн хуулиар  ерөнхийлөгчтэй байна. Ерөнхийлөгч нь оюутан байна гээд заачихсан. Би чинь Монголын анхны оюутны холбооны ерөнхийлөгч шүү дээ. Ерөнхийлөгч албан тушаалтай анхны монгол оюутан гэж байгаа юм. Бас бид анхны тохиролцооны хэлбэрийн худалдааг зохион байгуулсан юм даг.

-Яаж тэр вэ?
-Гадаадад сурдаг оюутнууд зун амралтаараа ирэхдээ,  ганц кет ч болох нь ээ авчираад зах дээр гаргаж зардгийг зохион байгуулалттай болгоё гээд Залуучуудын соёлын төвийн зааланд олон нийтэд зарлаж байгаад гадаадад суралцагч оюутнуудын нээлттэй өдөрлөг зохион байгуулсан юм. Оюутнуудын авчирсан бүхнийг тохиролцоо нэрээр зарсан хэрэг. Харамсалтай нь Залуучуудын соёлын төвийн хамаг хаалга, цонхыг хагалуулсан даа.

-Яагаад?
-Эрэлт хэрэгцээ өндөр байсны л илрэл.  Өнөө сайхан лангуу ширээ бүгд байхгүй. 30-40 минутын дотор л бүх юм зарагдаад дууссан. Хэдэн эвдэрхий ширээ сандал, хагархай хаалга цонхтой л үлдсэн. Бас хамгийн анхны пивотой диског манай холбоо хийж байлаа. МАХН-ын үзэл суртлын хэлтсийн дарга Балхаажав гуайгаас орж зөвшөөрөл авахад хариуцлага,  аюулгүй байдал гээд бөөн асуудал үүссэн. Тэд хариуцах ёстойгоо хариуцахаас гадна бидэнд бас хариуцлага ирнэ. Тэгээд микро, 40 мянгатын атамануудтай уулзсан даа. Жишээ нь, тэр үеийн атаманууд чинь жинхэнэ бодитой атаманууд байлаа. Муу нэртэй ч гэсэн дэг журам, сахилга батыг чанд баримталдаг хүмүүс. Гудамжийг хоослоё гэвэл хоосолно. Замбараагүй болго гэвэл болгочихно. Цэвэрлэ гэвэл цэвэрлүүлчихдэг л байсан. Очоод, бид ийм юм хйих гэсэн юм гээд ярьсан чинь зөвшөөрч байна. За, тэгээд бүжгэн дээр атаманууд маань ирчихсэн ганц ганц пиво барьсан. Ганц бүжиглэж байгаа атаман байхгүй. Уг нь тэр нөхөд чинь л хамгийн сайхан бүсгүйтэй  бүжиглэх ёстой ш дээ. Тэгэхэд бүх атаманууд дэг журмыг сахиулаад, барьсан ганц пивоо ч уухгүй бидний ажлыг дэмжиж өгч байгаа юм чинь. Яагаад гэвэл тэдэнд, энэ хотод бүжиг долоо хоног тутам болох нь л чухал учраас тэр.

-Ардчиллын партизанууд гээд л нэг хэсгийнхнийг нэрлэдэг . Партизан гэж яг хэн юм бэ. Амьдралдаа арчаагүй, анхиагүй, хувь заяаны шахалтад хөл алдаад, амьдарлынхаа уналтаас босч чадалгүй нийгмийн солбилцолд үлдчихсэн хэсэг юм уу. Хувь заяагаараа түүхэн үйл хэрэгт  оролцсон тодорхой олонлог уу. Эсвэл үнэхээр шууд утгаараа элдэв салаа утгагүй хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцсон эр зоригтнууд уу?
-Толь бичиг, тайлбар толь ухвал шал өөр ойлголт гарч ирэх байх. Гэхдээ бидний толгойд хоногшсон ойлголт бас бий. Жишээ нь, миний хувьд хөдөө орон нутаг, хаа ч очсон манай Зоригоо, манай партизан байна л гэж хүлээж авдаг. Таны хэлсэнчлэн партизан гэхээр л амьдрал нь хэцүүдсэн, тэгээд партизан гэдэг нэрэн доор хорогдож явдаг хэсэг байдаг гэж харагддаг гэвэл худлаа. Жишээ нь, намайг  хүн хараад хэцүүдэж явна гэхгүй. Тэгэхээр хүн болгон өөрийнхөө л харж ойлгодог байх. Яахав, нийтлэг нэг төрх харагддаг болчихсон байж мэдэх л юм. 

-Яг амьдрал дээр харахаар амьдралынхаа 10-15 жилийг архи уугаад өнгөрөөчихсөн, хамраа мурийлгачихсан нөхөд л байдаг. Одоо төр барьж байна. Өнөө партизанууддаа итгээд энд тэнд байршуулсан байна. Нөгөөдүүл нь бас л болж өгөхгүй байгаа байдал ажиглагддаг.  Ер нь хүн амьдралынхаа баримжааг алдчихаар нэг л эвэндээ орж өгдөггүй шүү дээ. Тийм хэсэг байна уу гээд байна л даа?
-Өнгөрсөн он жилүүдэд АН хэдэн ч удаа засаг барьчихав даа. 1996 он, за тэгээд сүүлд нь хамтарсан хамтраагүй гээд л явсан. Эргээд харахаар өнөө л партизанууд дээр дөрөөлж гарч ирсэн нам нь өөрөө хариуцлагагүй байна. Түүхээ хүндэтгэдэггүй. Гавьяатнуудаа харж хандахгүй байна. Гэтэл МАН, МАХН хоёр 1921 оны хувьсгалыг хийсэн ахмад партизануудаа дээд зэргээр харж ханддаг. Үлдсэн үр хүүхдэд нь хүртэл байр сууц өгдөг. Манайхан бол байдаггүй. Ямартай ч бид сая ардчилсан холбооны хэдэн гишүүн, партизануудаа тэр 1921 оны ахмад партизануудтай адил халамж үзүүлдэг болгохоор хуулийн төсөл өргөн барьсан. Гэсэн ч  өнөөдөр манай АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд олигтой дэмжихгүй л байж байна.

-Нэг талаар ардчиллын партизануудыг арчаагүйдээ нийгэмд орхигдоод байгаа гэж харах хэсэг байдаг ч тэднээс нэг тийм хайр хүрмээр тэвчээр бас харагддаг. Ардчиллын партизанууд гэгддэг тэр  нөхөд анх талбай дээр гарч ирж тэмцсэн. Тэндээсээ нэг их холдсонгүй. Идэвхтэй хэсэг нь албан тушаал эрх мэдэлд очдог. Тэглээ гээд үлдсэн хэсэг дуугүй л явцгааж ирсэн. Гол нь хэрэгтэй үед бүгд талбай дээрээ гарч ирдэг. 
-Сая Н.Алтанхуягийн Засгийн газрыг солих мөчлөг дээр сонин зүйл их болсон. Тухайлбал, Ардчилсан нам биш шүү, Ардчилсан холбооны, бараг бүх аймгийн салбар зөвлөл хуралдсан. Салбар зөвлөлүүдийг хуралд гэж ямар ч байсан төв ардчилсан холбооны зүгээс удирдамж, сэдэл  өгөөгүй. Хотоос нэг ч дарга очоогүй. Хоёр аймаг өөрсдөө тэндээ хуралдаад л бусад нь давалгаалаад л хуралдаад явчихсан юм билээ. Ер нь Ардчилсан холбооныхон юм болохоо байлаа гэдгийг маш соргогоор мэдэрдэг. Анзаараад байгаарай. Би өөрийгөө Ардчилсан холбооны сэтгэлгээ, натуртай хүн гэж хэлэх дуртай. Манай холбооныхон шударга ёс, эрх чөлөөний мэдрэмж маш өндөртэй. Хаана шударга бус зүйл болж байгааг сайн мэдэрдэг, тэмцэж чаддаг. Ар өвөр, хүний өөрийн гэхгүй л тэмцэнэ шүү. Эрх чөлөө бүдгэрээд ирлээ гэдгийг мэдэрдэг, тэмцэж чаддаг хүмүүс манай холбоонд байдаг. Н.Алтанхуягтай холбоотой асуудлууд, тэр хүргэн Дэнзэнгийн асуудал, араас нь зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амыг бариад эхлэхэд л манай холбооныхон бидэнд хэлж сануулж эхэлсэн. За, нэг л биш ээ гээд л. Нам доторх шинэчлэлийг би ч  юм уу, УИХ дотор байгаа цөөн тооны нөхөд л түгжилдээд  хийчихсэн юм биш. 25 жилийн өмнө хувьсгал хийж байсан хүмүүс өөрсдөө  нийлж хийсэн юм. Олонд харагдсан нь л бид нар... Үнэндээ ардчиллын партизанууд хийсэн юм. Өнгөрсөн наадмыг хар. Наадмын талбай дээр “Хонх”-ны дууг хэн, яах гэж дуулуулсан юм бэ. 25 жилийн өмнө хувьсгал хийж явсан тэр хүмүүс л “Хонх”-ны дууг наадмын талбайгаас улс орон даяар дуулуулсан юм. Энэ бол дохио байсан юм. Дахиж Энхбаяртангууд битгий бий болоосой, Монголын ардчилалд саад бүү болоосой гэсэндээ сайн муугаар хэлэгддэг ч 25 жилийн өмнөх итгэл үнэмшил басхүү зорилго тэмүүлэлдээ өнөө хэр үнэнч, цаашид ч үнэнч явах  партизанууд өөрсдөө хийсэн юм. Тэгэх шаардлага нь гараад ирчихсэн учраас. 

-Хувьсгалыг  уураг тархи болсон хэсгийнхэн буюу ухаантнууд хийж, үр дүнг нь адгийн шаарнууд хүртэнэ гэсэн үг танд хэр үнэн санагддаг вэ. Ингэхэд танай партизанууд түрүүчийн миний асуудаг шиг үнэхээр тийм тэвчээртэй улс уу, эсвэл би хэтэрхий романтик хараад байна уу?
-Аливаа нам дотор асуудал байлгүй л яахав. Нэхэх цагтаа нэхэж, шаардах цагтаа шаардаж, ярих юмаа ярьдаг. Гэхдээ тэр болгон бас яриад байдаггүй юм аа.

-Ардчиллын партизануудад байр сууц өгсөн. Гэхдээ улсын төсвөөс мөнгийг нь аваагүй байх , тийм үү?
-Янз бүрийн арга чарга, хандив тусламжаар болгодог байсан. Энэ жилийн тухайд үнэхээр чадахгүй байна гэдгээ хэлсэн. 25 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа ч ганц сууц өгч чадахгүй байна гэх үнэнээ л партизанууддаа хэлсэн. Уг нь энэ хэдэн партизануудаа бүртгэлжүүлээд, 1921 оны партизануудад байр өгдөг шиг болгох хүсэл их байна. Энэ талаар УИХ-ын даргад хэсэг гишүүд хуулийн төсөл өргөн барьсан. Удахгүй хэлэлцүүлэх байлгүй дээ.

-Улс төрийн тэмцлийг партизан, элит хэсэг гэж ялгарахгүйгээр бүгдээрээ нийлээд хийчихдэг. Харин дараа нь амжилтад хүрвэл эрх мэдэлд хэн очих вэ гэх асуулт үүсдэг. Олон жилийн турш Х.Баттулга ч, та ч парламентын танхим руу орж ирдэггүй байсан. Нөгөө талаасаа олон хүчтэй хүмүүс нэгдэх их хэцүү юм шиг байгаа юм. Би бол танай таван намын нэгдлийг хамгийн том  нэгдэх процесс гэж хардаг. 
-Ардчиллын төлөөх таван намын нэгдэл бол үнэхээр түүхэн үйл явдал. Үүнтэй маргах бололцоогүй.

-Яагаад ч юм АН-д Иргэний зориг намыг буцааж авчрах үүргийг таныг үүрч яваа гэж хардаг байлаа. Энэ зовлонтой гэмээр үүргийг биелүүлж амжаагүйдээ  та харамсдаг уу. Ер нь эргэж нийлэх боломж бий болов уу?
-Ер нь орон нутагт намын анхан шатны нэгж дээр очиход манай Иргэний зориг,  АН-ынхан холилдоод л байж байдаг. Нэг байранд, намын дарга нарынх нь тамга нэг шургуулганд байж байх жишээний. Цуглаад ярихаар аль намынх гэдэг нь ойлгогдохгүй. Харин иргэд болохоор бүгдийг нь л ардчиллынхан гэж хардаг. Үндсэндээ оюун санааны нэгдэл үеийн үед л байсан, байсаар ч байна . Садаа болоод байгаа зүйл нь нөгөө л мулхи ухаан. Сонгууль ойртоод ирэхээр л бөөн мулхи ухаан ажиллаад эхэлдэг. Бөөн тактик гарч ирээд л. Би ч гэсэн анх намгүй яваад л байсан. Оюутны хөдөлгөөн гэдэг олон оюутны эрх ашгийг илэрхийлсэн байгууллага учраас аль нэг намын гишүүн байж болохгүй гэж боддог байлаа. Эргэн дурсахад 1996 оны сонгуулиар С.Зоригоо ах бидний алхаж байгаа нэг зураг байдаг даа. Сүүлийн үед твиттерээр яваад байгаа. Тэр үед С.Зоригоо ах, чи намын гишүүн биз дээ гэж надаас асуудаг юм. Би  үгүй л гэсэн. Тэгсэн,  яахаараа одоо болтол намд элсээгүй байдаг юм бэ, гар чи, явж батлахаа ав гээд  хөөж гаргаад. Би талбай дээгүүр гүйгээд намын байран дээр хүрээд ирэхгүй юу. Тэгсэн хөл толгой нь ойлгогдох арга алга. Намайг орж ирж байгааг анзаарах ч хүн алга. Хэн нь ч батлах өгдөг юм, бүү мэд.  Тэгэхээр нь чанга дуугаар “намд элсэх гэсэн юм, хэнээс батлахаа авах вэ” гээд хашгиртал  нүүрэн дээр гал бутраад л, түсхийгээд явчихсан. Хэн нэг нь ирээд намайг цохиод унагачихгүй юу. Чи муу өчигдөр хаана байсан юм бэ гээд л түс. (инээв) Буцаад гарсан. Хэн нь ч цохисон юм, мэдэхгүй. Эргээд С.Зоригоо ах дээр очиж байгаа юм. Хоёр цохиулаад, нүүр хавдчихсан. Яасан л гэж байна, хэлсэн. За, яахав гээд л өнгөрсөн.  Хожим 2004 онд Э.Бат-Үүл, Баабар хоёр намайг дуудаад,  С.Оюундаа хань бол, С.Оюуныг үнэндээ дээрэлхэж байна гэдэг юм байна. Тэр үед “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, М.Энхсайхан хоёр нийлчихсэн. Тоглолт нь ид өрнөж байсан. Гол нь С.Оюуныг ганцаардуулаад, доор нь байсан 30-40 хүнийг тэр чигт нь“Эрэл”-ийн намд аваачаад хийчихсэн. Дарь.Сүхбаатар, Х.Хулан бүгд явсан байсан.  Яг тэр үед намайг дуудсан юм.  Би даалгавар аваад явж очоод батлахаа авлаа. Намын хурал болсон чинь намайг шууд л генсек болгочих юм. Генсек болонгуут С.Оюун, хүүхэд бага байна, хөдөө удаан хугацаагаар явж болохгүй байна. Чи Дорнод руу яв гэсэн. Би “за” гээд л явсан. Ийм л юм болсон. Нэгэнт ИЗН-д орж байгаа юм чинь надад нэг хатуу бодол байсан. Шуудхан хэлчихэд  нэг тийм гомдол гэх нь хаашаа юм бэ, сэтгэлд нэг юм тээглээд байдаг. Саяхан би онгоцны буудал дээр А.Ганбаатар ахтай таарсан юм. Олон жил уулзаагүй хоёр тэврэлдээд, үнэхээр гоё байсан. С.Зоригоо ахын яг хажууд нь байсан дотно нөхөд гэвэл А.Ганбаатар ах, Казино Энхбаатар хоёр шүү дээ. Эд нар нь ерөсөө чив чимээгүй болчихсон. Гэв гэнэт л С.Зоригоо ахын хажууд байсан гээд л баахан хоньчингууд гарч ирээд, нам байгууллаад эхэлсэн байхгүй юу. Тэгээд ч тэр үү, сэтгэлд нэг юм яваад байдаг юм. Байсан юмыг байранд нь тавих юм шүү гэх мэдрэмж, хүсэл миний дотор байж байсан хэрэг. Угаасаа намын зөвхөн анхан шатан дээр төдийгүй “Шар айраг”-ийн Ганхүү, С.Оюун гээд олон хүн энэ бүхнийг засч, “нэгдэх” ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бүтэшгүй зүйл биш шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, 2006, мөн 2008 онд ИЗН-ын зүгээс АН-тай нэгдэх асуудлыг хөндөж байсан ч АН хүлээж аваагүй.  2006 онд АН, ИЗН-тай манатай байсан байх. 2008 оны сонгуулийн өмнө энэ процесс дахин давтагдсан. Би Дорлигоо ахын гэрт нь очоод хоёр хоног гаралгүй ярьж, өчнөөн юм болж байсан. Дараа нь бүр уулзах хүн олдохоо больсон. Ц.Элбэгдорж дарга  гаднаас ирсэний дараа бас л хөндсөн ерөөсөө болоогүй. ИЗН-ын хоёр удаагийн нэгдэе гэсэн санаачлагыг АН хүлээж аваагүй.  Харин одоо З.Энхболд намын дарга болоод нэгдлийн  асуудлыг ярьж эхэлж байна гэж би сонссон. Тэр ч бүү хэл саналыг АН-ын зүгээс тавих юм байна гэж ойлгосон шүү.

-ИЗН-ын буюу С.Оюун даргын нэгдэх эрмэлзэл нь алга болчихсон юм биш байгаа?
-Намын дарга гэдэг хөндлөнгөөс харахад амар харагддаг боловч хэрэндээ л олон зүйлээ  золиослоод явж байгаа, намын гишүүдийн эрх ашгийг хангагч хүн байдаг. Гэхдээ С.Оюун, М.Зоригт гэдэг хүмүүс дээр тусгайлан итгэж орж ирсэн олон хүн бас байдаг юм. Тэдний итгэлийг дураар нь тавиад туучихаж болдоггүй л юм байна лээ. Би С.Оюуны яг дэргэд олон жил байсны хувьд хаа ч хэлнэ. Манай С.Оюун их төлөв хүн. Аливаад маш зөв бодол санаагаар ханддаг. Асар тэвчээртэй.  АН-д элссэний дараахан С.Оюун  над руу утасдаж байна. За, Зоригоо намын хурал дээр хүмүүс чамайг яаж хүлээж авч байна гэж. Бас л тэр хүний санаа нь зовж байгаа шүү дээ. Үнэндээ намайг өөр намаас орж ирлээ гэх нэг ч реакци байгаагүй. Сонирхуулаад ярихад, би ИЗН-ын генсек байсан үед л дээ. Дарханд АН-ын ҮЗХ-ны сунгаа, хурал  болдог юм. Баабар нэр дэвшээд, би бас бус нөхөд нийлээд олуулаа явсан. Өнөөдүүл маань буудалдаа байж байдаг.  Би гарч гүйгээд АН-ын гишүүдтэй уулзчихсан гүйж явах жишээтэй. Уг нь ИЗН-ын генсек шүү дээ. Саяхан Н.Алтанхуягтай хамт Дундговь аймаг руу шинэчлэгдсэн сум төслийн ажлаар очлоо. Хөдөөгүүр явж байхад АН-ынхан бүгд цугладаг юм. Юуг нь нуухав, Н.Алтанхуяг бидний харьцаа тааруухан, нэлээн хэдэн удаа гал авалцчихсан байсан. Дуу муутай, юм ярихаар л сөргөлдчих гээд. Тэглээ гээд яах вэ яваад л очлоо. Ардчилсан холбооныхон маань намайг хараад шаваад ирж байгаа юм. Н.Алтанхуяг яг хажууд байгаад байдаг.  Манайхан, “Тэр муу Түвдэндорждоо хэлээрэй, дахин дахин утасдаад байгаа. Бидний утсыг нь авахгүй байгаа. Битгий утасд гэж хэлээрэй. Зоригоо миний хүү, цаад Тулгадаа л хань болоорой” гэх маягийн л шулуухан шуудхан үгсийг хэлж байх жишээтэй. Нэг тийм цагаахан, тэрүүхэндээ бас аминчхан захиас өгөөд байгаа биз дээ. Манайхан тийм л улс.  

-АН-д буцаж ирэх шийдвэрийг та ер нь яагаад гаргасан юм бэ?
-Дорнод аймаг бол манай ээжийн нутаг. С.Зоригоо ах бол миний хувьд төрсөн шиг л дотны хүн. Би дээр хэлсэн, ардчилсан хувьсгалд оролцож явахдаа олон зүйлийг огт ойлгодоггүй байсан гэж. Түр хороо гэж юу юм бэ, нам байгуулж яах юм бол гээд л гайхаад байдаг. Манай аав, эд нар нам байгуулна. Энэ бол гэмт хэрэг гэх ухааны юм яриад ойлгуулчихсан. Би гайхаад л. 120 мянгатад С.Зоригоо ахынд очиж хононо. Заримдаа С.Зоригоо ах ирэхгүй, гэрт нь унтаад өгнө. Нэг хэсэг өөрийгөө талбай дээр шатаана гээд байдаг нэг нөхөр байдаг байсан даа. Тэр чинь манай сургуулийнх. Хашаа гэдэг юм. Хашаа надаас С.Зоригоо ахынд очиж үзье гээд байхаар нь дагуулаад очсон юм. Очоод 2-3 цаг хүлээгээд байдаггүй. Гарч “Идэр” ресторанд хоол идэнгээ нэг юм хуваагаад уучихлаа. С.Зоригоо ахад нэг юм аваад буцаад гэрт нь ороод,  ирэхгүй болохоор нь өнөөхөө хоёулаа хувааж уугаад гэрт нь нам унтчихаж байгаа юм. Ер нь С.Зоригоо ах хэд хоногоор алга болчихдог байсан даа. Монгол даяар  хайгаад олохгүй байхад би хажууд нь хоол ундыг нь хийж өгөөд л, хамт тууж явна шүү дээ. Тийм л угшилтай улс л даа. Манай Аав маань их цөлх хүн байсан. Ардчиллын цуглаанд анх явж байхад 400-500 метрийн холоос хараад л дагачихна. Явуулахгүй биш явуулна. Гэхдээ санаа нь зовоод дагаад гарна. Дотуур байраар явж байхад дагаад л явна. Гарч ирэхээр нуугдчихна. Би мэддэг ч мэдээгүй царайлна. Дорнодод нэр дэвшихэд сэмхэн дагаад оччихсон байж билээ. Хүн аавыгаа өнхрөөд өгөхөөр л ойлгодог юм билээ дээ. Тэр их хайрыг нь. Ялангуяа аавыгаа алдахаар эр хүн их өөр болдог юм шиг санагддаг. 

-Манай нэг найз хэлж байсан. Аавгүй болчихоор малгайгүй юм шиг болчихдог юм билээ гэж ?
-Тэр үнэн. ИЗН-ын бүх л зураг хөрөг, бичлэгийг миний аав авдаг байсан. Миний аппарат үүрээд гүйгээд байдаг чинь ааваас улбаатай юм шүү дээ. Нэг талаас би азтай хүн. Э.Бат-Үүл, С.Зоригоо, Баабар гээд сайхан ах нартай. Миний бүх амьдрал тэдэнтэй холбоотой. 

-Та эмзэглэж магадгүй. Дотно байсан учраас С.Зоригийг өнгөрсний дараа илүү хэцүү л байсан байх. Гэхдээ ардчиллын хувьд тэр гол баатруудын нэг л байсан. Түүнийг алга болсны дараа үйл явдал хяналтгүй шахам өрнөсөн. Э.Бат-Үүлийг шорон руу аваад явчихсан. Тэр үед бол АН гашуун зовлон эдэлж байсан . Одоо талийгаачийг ардчиллын загалмайлсан эцэг гэх ойлголт нэгэнт хэвшжээ. Ардчилсан хувьсгалын эхэн үед бодит байдал ямар байсныг, үйл явдал хэрхэн өрнөснийг өөрийн тань сайн ах нарын хэн нь ч дэлгэмэл байдлаар ярьж чаддаггүй. Энэ бол үнэн. Таны дотор энэ сэдэв дээр ямар нэг далд хөндүүр бодол байдаг уу ?
-Ганц монгол ч  биш л дээ. Хүн төрөлхтний ёс байх. Үгүй болсон нэгнээ  үгүйлснийхээ хэрээр үнэтэй болгодог нь бичигдээгүй хууль. Анхны үеүдэд төвөгтэй асуудлууд үнэхээр олон байдаг байсан. МАХН алуурчин биш ээ гэж хэлэхдээ Э.Бат-Үүл ах юуг давж  байж гарч ирж хэлж байсан бол, үймээн самуун гарчих вий гэж айхаасаа илүү эх орноо, эв нэгдлээ гэж бодоод л хэлсэн байх. Гэтэл одоо болтол тэр үгийг нь өлгөж аваад  шүүмжилдэг улстөрчид байж л байна. Жаахан улс төр улайсаад, хэрүүл уруул болохоор л гаргаад ирдэг. Тухайн хүн юуг давж байж тэгж хэлснийг, сэтгэл зүйн хувьд ямар хүч зарцуулсныг нь тооцоолдоггүй. Нэг удаа Э.Бат-Үүл ах их хямарсан, ядарчихсан, бас жаахан уучихсан байсан юм. Өнөө зөн билгийн тулаан зурагтаар гарч эхэлсэн үе. Тэгсэн мань хүн хэлсэн юм. Та нар мөнгөтэй улс, энэ зөн билэгчдээс авчраад асуучихаж болдоггүй юм уу гэж. Энэ ерөөсөө миний санаанаас гардаггүй юм. За, тэгээд цаг хугацаа хамгийн сайн эмч гэдэг үг үнэн дээ. Цаг хугацааны явцад арай л хөнгөрч байх шиг байгаа юм. Одоо бид С.Зоригоо ахын хөшөөнд жилд хоёр удаа цэцэг өргөдөг. Ихэнх нь Майн 1-ний цуглаанд ирж байгаа юм шиг ирдэг болж. Хэвлэл мэдээллийнхэн ч ирдэг болж. Яг сэтгэлээсээ ирдэг хүн алга болж. Манай Халиун ах, Мийгаа ах (Ш.Мягмарсамбуу ) гээд чин сэтгэлээсээ ирж байгаа хүмүүс цөөн харагддаг. Нөгөө талаасаа бид ардчиллынхаа үнэт зүйлийг энэ нийгэмдээ ойлгуулах ёстой. Өөрсдөө үлгэр жишээ болж  чадахгүй байгаатай ч бас холбоотой. Мэдээж бас нөгөө талаас ардчиллын нэр хүндийг зохион байгуулалттайгаар унагаж байгаа. Хамгийн гол нь бид үлгэр жишээ болж чадахгүй байна. Эргээд бидний 25 жилийн өмнө зорьж авчирсан ардчилалд маань асар их эрсдэл тулгараад байна. 

-Би С.Оюун гишүүнтэй олон жилийн өмнө ярилцаж байхдаа, та ахынхаа нэрээр дандаа хайрлагдаж яваа хүн. Үргэлж өрөвдүүлэх замаар улс төр хийж байна. Хүч чадал гэдэг юм заавал хүйс дагаж ирдэггүй юм. Одоо  эргэн тойрноо жаахан бодитой хараач гэж хэлээд нулимсыг нь цийлэгнүүчихэж байсан удаатай. Хэн ч С.Оюун гишүүнээс тэгж асуугаагүй, би ч ахиж уулзаагүй. Хэн нэгэн сэтгүүлч энэ асуултыг  тавих ёстой. Цаашлах замд нь хэрэгтэй гэж бодсон хэрэг. Ер нь С.Оюун гишүүнээс илүү хатуу тавиланг даагаад, гашуун үеэ өнгөрөөчихсөн,  бүр илүү өрөвдөлтэй, илүү хайрламаар хүмүүс зөндөө л байгаа шүү дээ гэвэл та  юу хэлэх бол?
-С.Оюуныг улс төр рүү С.Зоригоо ах л түрж оруулсан. Өөрөө байхгүй болсноор С.Оюунд өөр сонголт үлдээгээгүй.  Монголчууд  тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн  учраас улстөрч болгосон. Түмний итгэлийг С.Оюун даасан уу гэвэл даасан. Өнөөдөр бол С.Оюуныг С.Зоригоо ахтай шууд холбож ойлгож дүгнэх бололцоогүй болсон. Манай С.Оюун маш хөдөлмөрч, бас гайхамшигтай сэтгэлтэй хүн. Эмэгтэй хүнд л байдаг чанар байх даа. Аливаад дэндүү сэтгэлээрээ ханддаг. Улстөрч хүн чинь  ажил хийхээс гадна өөр өчнөөн юм л бодож явах ёстой. Манай хүн хувийн гэх бүгдийг хаяж, зөвхөн урдахаа л хардаг. Одоо бол тэр өөрийн гэсэн дүр төрхийг бий болгож чадсан улстөрч.

-Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний өгсөн хайрыг юу ч биш болгоогүй гэх гээд байна уу?
-Тийм. Өөрийн гэсэн хамаг байдгаа улс эх орондоо  өгөөд явж байгаа бүсгүй. С.Оюун аль хэдийнэ том улстөрч, хүчирхэг нэгэн  болчихсон шүү гэдгийг олон түмэнд хүргэж, хэлж байгаа нам л харин байхгүй байна. Түүнээс биш С.Оюун гэдэг улстөрчийн төлөвшил эрт бий болчихсон. Өөрийн гэсэн хараатай, бодолтой, зарчимч, хатуу нугаршгүй зан чанартай хүн. Энэ бүхнийг нь хамт ажилладаг бүх хүн нь хэлнэ. С.Ламбаа гуайн хажууд сууж байхад дандаа нэг тийм гоё дулаан энерги мэдрэгддэг дээ. Харин С.Оюуны  хувьд өөр. Уг нь эсрэгээрээ байх ёстой юм шиг байгаа юм. С.Ламбаа гуай шиг дулаан энерги С.Оюунаагаас мэдрэгдвэл зохимжтой ч юм шиг. Гэтэл үгүй, С.Оюунаас ажил, ажил бас дахин ажил гэсэн тэмүүлэл л мэдрэгддэг. Аливааг сэтгэлээсээ хийдэг, хэн нэгний нөлөөнд автахааргүй болтлоо чангарсан даа, С.Оюун. Би 100 хувь баттай хэлнэ. Өнөөдөр бол С.Оюун, С.Зоригоо ах хоёрыг салангид авч үзэх ёстой. Ер нь бол энэ бүхэн нэхэл дагуулын асуудал. Гэхдээ С.Оюуны нэхэл дагуул биш. Монголчуудын нэхэл дагуул. Төлөөлөл нь болж, үүрэг хүлээсэн хүн нь С.Оюун. Хэрвээ өнөөдөр С.Оюун байхгүй бол С.Зоригоо ахын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлал ч байхгүй болно. Монголчууд өөрсдийгөө тал нутгийн нүүдэлчин,  эзэн Чингисийн удам гэж магтах бүх боломжоороо л магтдаг. Гэвч монголчууд бидэнд өөрсөддөө ил хэлдэггүй муу чанар их бий. Зүй нь муугаа ярих хэрэгтэй юм. Эсвэл та нар ухаж хэлүүлж байх ёстой. За, тэр яахав, үнэндээ нийгмийн өмнө төлөөлж дуугарах үүрэгтэй учраас л дуугараад байгаа болохоос биш, хувийн, гэр бүлийн асуудлаа нийтийн болгоод яваад байх хүсэл тэр хүнд байгаа юу гэвэл бас л эргэлзээтэй асуудал гэж би хэлнэ. Яалт ч үгүй нийтийн өмнө үүрэг хүлээсэн учраас нэхэж, шаардах ёстой. Би 2004-2008 онд С.Зоригоо ахын хэргийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан юм. Одоо хүртэл С.Зориг ахын хэргийг хариуцсан ажлын алба байж л байдаг. Одоо тэр алба өнгөрснийг ухаж, төнхөж илрүүлэхээсээ илүүтэй Монголд дахин тийм эмгэнэлт хэрэг гаргахгүй байхын баталгаа, хана болчихоод байх шиг байгаа юм, миний ойлгож байгаагаар. 

-С.Зориг бол шинэ маягийн зан төлөвтэй, тухайн үед их шинэ монгол байсан. Заримдаа сэрүүн, хайнга хандлагууд их гаргадаг. Би тэр талын ойлголтуудыг тань тандах гээд л оролдоод байгаа юм. Энэ бол эмзэг, хэцүү сэдэв. Гэхдээ дагаж хуйларсан хандлага бидний түүхэнд үлдэх нь тийм ч сайн зүйл биш. Хэн нэг нь хараалгаад ч хамаагүй энэ талаас нь асууж байх ёстой л гэж би боддог. Тэр бололцоог надад олгоод, сэтгэл зүйн зарим хил хязгаарыг давж гарч байгаад тань баярлаж байна. Гэхдээ та  лав “шинэ монгол” биш бололтой. Бодож байснаас их өөр хүн байна. 
-Шинэ монгол гэснээс би их олон бизнес хийж байлаа. Бизнес хийж байгаа хүн чинь цалингаас гадна ашиг орлогын хувь гээд мөнгө авдаг. Би яагаад ч юм бүгдийг нь тэр чигээр нь аавдаа өгчихдөг байсан юм. Би багаасаа гэр бүлсэг, салшгүй тийм халуун уур амьсгалд өссөн. Намайг бүр бага байхад л манайх нэг  жижигхэн хоршоо байсан юм. Миний бага насны амьдрал манайх өдөрт гурав дөрвөн талх барьдаг, нэгийг нь өөрсдөө идээд үлдсэнийг нь орцныхоо айлуудад зарчихдаг жишгээр л өнгөрсөн дөө. Арьс шир нухна, элдэнэ, түүгээрээ ямар нэг юм хийгээд зарна. Манай гэрт нэгдсэн хөрөнгө, санхүүгийн бодлоготой жижигхэн үйлдвэрлэл явагддаг байсан гэсэн үг. Сүүлд нь найзуудтайгаа бизнес хийсэн. Үр өгөөжийг нь хүртэхдээ дандаа л аавдаа аваачаад өгчихдөг. Аав бид хоёрын дунд тоо бүртгэл ч байхгүй. Сүүлдээ бизнес босоод ирэнгүүт хувцас хунар хүртэл солигдоно шүү дээ. Манай М.Оджаргалаас авахуулаад одоогийн энэ  бизнесмэнүүд бид чинь бүгд л хоорондоо найзууд. Эд нар чинь гангараад ирэхээр манай хэд ч гангараад эхэлнэ. Би ч бас гангармаар санагдана. Гоё хослол өмсмөөр санагдаад л. (инээв) Аавд хэлэхээр их дэлгүүрийн дөрвөн давхраас л аваад өгнө. Үгүй ээ, аав аа, эндээс авдаггүй юм аа гээд байхад чинь  л энэ сайхан байна. Үнэ нь буусан байна, ав. Ингэж л амьдардаг байлаа. Аавыгаа ойчсоноос хойш би нэг хэсэг мөнгөний мэдэлтэй болсон. Ер нь би их сул гартай хүн. Ашгүй хүү маань төгсөж ирж, бүх эрх мэдэл хүүд маань шилжсэн. Би мөнгөний менежмент багатай хүн. Том макро ч юм уу, удирдлагын зорилгыг хангаад байж чаддаг. Хөрөнгө, санхүү хөтлөлт дээр явахгүй дээ. Тухайлбал, “Голомт”, “Бодь” дээр манай Баясаа л санхүүгээ барьдаг. Лу.Болд ах мөнгө тоолж мэдэхгүй, би мэдэхгүй. Баясаа шиг юмыг чанга хатуу авч явдаг хүн Монголд ховор байх шүү. Сүүлийн үед хараад байхад манай хүү илүү чанга болоод байх шиг байна. Айхтар чамбай. Тэгэхээр таны асуусан шинэ гэдэг үгтэй холбогдуулаад хэлэхэд нийтлэг монгол хүний дүр төрх бол би. Би тэдний л тасархай. 

-“Бодь” групп бол таны хувьд чухал түүх. Монголын бизнесийн салбарын том пирамидыг босголцсон хүн. Бидний л мэдэхээр та гурав 20 жил хамт явсан ?
-Лу.Болд ах, Баясаа бид гурав чинь оюутны холбооны л гурав. Оюутны холбооныхны тэр анхдагч байх хүсэл эрмэлзэл, тэр чанар бизнес дээр ч илэрсэн. Анхны гэсэн болгоныг бид хийсэн. Энэ нь нэгд, бусдаас ялгарах чанар. Хоёрт, мөнгө гэж нэг их ухнатаж гүйдэггүй байсан зан. Мэдээж мөнгө хэрэггүй хүн гэж юу байхав. Гэхдээ ач холбогдлоороо хоёр, гуравт л байдаг байсан. Бидний тавьсан зорилго мөнгө биш. Тухайлбал, хэвлэл мэдээллийн салбарт бид багагүй хэмжээний хөрөнгө оруулдаг. Хэвлэл мэдээллийн салбар буцаагаад мөнгө өгдөггүй гэдгийг чи 100 хувь надад нотлоод өгөх байх. Хэвлэл мэдээллэл нэг иймэрхүү өнгө төрхтэй байж болдоггүй юм болов уу гэсэн мөрөөдлөө л энэ нийгэмд хүргэж байгаа ухаантай юм. Жишээлбэл, Ийгл, News.mn сайтыг  бид үүсгэсэн. Нэг талыг дагнасан юм хийхгүй байхыг зорьсон. Оюутны хөдөлгөөнийхний романтик чанар одоо ч бидэнд байгаад л байдаг юм. Үнэндээ хүүхдийн паркийг орон сууцны хороолол болохоос хамгаалсан нь бид гэдгийг  хүмүүс ерөөсөө мэддэггүй. Тэнд гоё хүүхдийн орчин байгаасай л гэж бид хүссэн.

-Та нар тэндэхийн зарим газар буудал барьж байгаа биз дээ?
-Үгүй ш дээ, хаана байна тэр буудал. Энэ төсөл аль хэдийнэ хэрэгжчих байсан. Зураг төсөвөө л бараг хоёр гурван сая доллараар хийлгэсэн. Гэтэл нэг өдөр гарч ирээд л газрынх нь энд тэндээс нь авчихдаг. Зурагаараа хийж болдоггүй, гацчихдаг. Бидэнд өндөр ашиг гэхээсээ зорилго маань чухал байсан. Ажил үүргийн хувьд бид гурав чинь өөр хүмүүс. Баясаа бол айхтар чамбай, чанга хүн Одоо ч гэсэн хүмүүс Баясаатай харьцахаас эмээдэг. Гэхдээ Баясаа шиг цагаан, уярамтгай хүн ховор. Ингээд хэлчихээр хүмүүс худлаа л гэх байх. Үнэн төрх нь тийм л байхгүй юу. Би үнэлэмж өгч болохуйц цаг хугацааг хамт өнгөрөөсөн учраас хэлж байгаа юм. Лу.Болд ах бол үлгэр мэт зүйлийг бодит болгож гаргаж ирж чадах  чадвартай хүн. Бид чинь хаагдмал хүрээнд олон жил амьдарсан. Арай өөр хүмүүжилтэй . Гэтэл одоо охиноо харж байхад шал ондоо. Задгай хөгжиж байгаа юм. Бидний толгой бол өөр. Хаагдмал талдаа. Харин Лу.Болд ахынх өөр. Холыг харж чаддаг. Хэзээ, арай ч дээ гэсэн юмыг  үгүй ш дээ гэж явсаар байгаад бид хоёрт итгүүлж чаддаг. Жишээ нь, банк байгуулна гэдэг үг аймаар хол сонсогдож байсан. “Голомт” чинь Монголын анхны хувийн банк шүү дээ. Дөнгөж үүргийн наймаа эхэлж байхад л Лу.Болд ах банк байгуулна гэж ярьж эхэлсэн. Анх ардчилал байгуулж үед цорын ганц намын хажууд өөр нам  байгуулж болдог юм уу гэж гайхширсан  шигээ л хүлээж авч байгаа юм. Ярьсаар байгаад итгэж үнэмшүүлж бас хийж чадсан.

-Дэлхийн бизнесийн түүхэнд найзуудын гайхалтай түүхэн замналтай компани олон байдаг. Гэтэл манай монгол компани яагаад 20-хон жил яваад салж байгаа юм бэ. “Бодь”-ийн задралд хүмүүс баярлаагүй шүү. Эрчүүдийн нөхөрлөл салж, эрэг нурна гэдэг монголчуудын хувьд баяр баясгалан биш. Энэ асуултыг Лу.Болдод ч тавьж байсан. Одоо танд тавъя. Ярьж болох төвшинд нь ярьж болох уу?
-Бидний нөхөрлөл Монголдоо сайны жишээ болдог байсан. Өнгөрсөн 20 жилд Монголд их л юм болсон. Харин бид хамтдаа байсан. Задралын тухайд мөнгө санхүүгийн асуудал байгаагүй. Бид гуравт гурвууланд нь мөнгө  нэгдүгээр зүйл биш. Би хамт явж ирсэн хоёр нөхрөө дэндүү сайн мэднэ. Хүмүүс мөнгөнөөс болсон гэж бодсон юм шиг байгаа юм. Тийм биш. Том аж ахуйг дээрэмдэж авдаг, дотор нь орж байгаад санхүүгийн түрэмгийлэл, булаан авалт явуулдаг бүлэглэл дэлхийн бизнесийн ертөнцөд үй түмээрээ байдаг. Ийм халдлага Монголд анх явагдсан. Бид гаднаас хэд хэдэн захирал авчирч тавьсан байсан юм. Олон улсын эдийн засгийн хэд хэдэн байгууллагуудтай өнөөдүүл маань сүлбэлдсэн. Тэр том дайралтын өөдөөс бид сөрж зогссон. Болж буй процессыг шууд таньж, зөв ойлгож чадаагүй нь үнэн. Тэр том дайралтын өмнө хааж зогсож  байсан ч нэгнийх нь тамир тасарсан, буруу ойлгосон  тийм л юм болсон. Том дарамтан дотроос бүлт бүлт үсрээд гардаг шиг л зүйл болсон. Хэн нэгнийгээ буруутгах зүйл байхгүй. Одоо бол Монголд дахиж тийм зүйл битгий тохиолдоосой гэж хүсч байна. Задралын тухайд хүн чанараас эхлээд олон зүйлийн шалгалт болсон. Бид ялж гарсан гэж би л хувьдаа хардаг. Гэхдээ бидний нөхөрлөл тусдаа асуудал. Бизнес бол өөр асуудал. Лу.Болд ахын гэр бүлийн бизнес тусдаа явж байна. Ер нь Лу.Болд ах бизнес хийж байгаагүй, хийх ч үгүй байх. Би бол үндсэндээ бүр гарчихсан. Баясаа, манай хүү хоёр л аваад явж байна. Нээрээ сая ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор Лу.Болд ахыг намын дээд шагналаар шагнахад би баяр хүргэж очоод хамтдаа хоол идсэн.  Лу.Болд ах надад их гоё үзэгний сав өгсөн ш дээ.

-Би мэдээлэлтэй байсан хүний хувьд хэлж байна л даа. Болж өнгөрсөн процес дунд хамгийн их шаналсан нь та байх. Ерөнхийдөө монголчуудын мэдрэмж ч бас учиргүй муу төвшнийх биш. Нөгөө хоёр нь гэмтэл багатай гарав уу даа. Лу.Болд л илүү хүнд шарх авав уу гэх бодол нийгэмд үлдсэн. Хамгийн сүүлд “Бодь” гэдэг нэрэн дээр шүүхдэлцэж байна гэхийг сонсоод ний нуугүй хэлэхэд таагүй санагдсан. Болдод “Бодь” гэх нэр нь үлдэхгүй юм болов уу гэж гайхсан шүү?
-Лу.Болд ах “Бодь” гэдэг нэрээ үлдээгээд явсан. Ганц хоёр компаниа салгаж авсан. Өөрөөр хэлбэл “Бодь” групп бүхэлдээ үлдсэн. 

-Шүүхийн асуудал дууссан уу?
-Мэдэхгүй би сонирхож асуугаагүй, сонссон. Бусад асуудлуудын тухайд мэдэж байгаа учраас хэлээд байна. Одоогийн төвшинд гэрээ, эрх зүй, бизнесийн  харилцаа чинь шал өөр төвшинд хүрчихсэн шүү дээ. Чи бид хоёр биеэрээ уулзаж нүүр тулж ярилцаж чадамгүй бол өмгөөлөгчдөө  явуулчихна. Өнөө хоёр чинь ямар нэг сэтгэлийн хөдлөлгүйгээр асуудлаа шийдчихээд, болж байна гээд гарын үсгээ зурчихаж байна. Цаана нь хаана хаанаа хүлээсэн хариуцлага юм байгаа юм чинь.

-“Бодь” гэдэг нэр тодорхой хугацааны дараа эргээд нэгдэх цэг байж болох уу?
-Би чамд нэг юм хэлье, хүн ямар зорилго тавьж байна. Тэрэндээ л зорьдог. Монголчуудын бас нэг сул тал нь энэ насандаа бүгдээрээ яарч тэвдээд, өөрийн гэсэн компани, машин хаустай болох гээд яараад дайрчихдаг. Хаана амьдарч байгаа, ямар бололцоо, боловсролтойгоосоо үл хамаарна. Энэ яваа насандаа л бүгдийг амжуулах гээд байдаг. Хэтэрхий амиа бодож хувиа хичээсэн, дэндүү өөрийгөө бодсон хандлага. Миний хувьд өөрийнхөө  зорилтыг олон үе дамжуулж хардаг. Жишээ нь, зарим улстөрчийг хараад, арай ч дээ гэж боддог. Рейтинг гэдэг нэг талаараа үнэ цэнэ. Өөр дээр байгаа рейтингээ дуусч шавхтал нь ашигладаг. Хүүхдүүддээ юу ч үлдээхгүй. Өөр дээрээ хамаг юмаа  шавхаад дуусгачихдаг. Үр хүүхэдгүй, үр хүүхэд нь ирээдүйгүй юм шиг аягладаг.  Н.Алтанхуягийг огцруулсны дараа намайг сайд бол гэсэн. Ер нь миний амьдралд гурван удаа сайд болох санал ирсэн. Гурвууланд нь татгалзсан. Нэгийг нь С.Баяр ах тавьж байсан. Би татгалзсан. Зөвхөн амин хувиа бодсон бол болох л байсан. Би ч гэсэн энэ сайн нэрээ, хүүхдүүддээ  ирээдүйд үлдээх ёстой. Тэр хауст нь би амьдрахгүй  юм аа гэхэд миний хүүхдүүд амьдрах ёстой. Ирээдүйгээ, холыг харах юм бол нэг хүний ролийг онцолж харахаа больчихдог. Болж байгаа бүхнийг шал өөрөөр харж, дүгнэдэг болно. Тэр хэрээр стрессгүй болчихдог.  Аливааг алсаас харах хэрэгтэй л дээ.

-Засгийн тухайд хамгийн том галыг өөр дээрээ аваад, плакат хүртэл бариад суулаа. Өөрийг тань яг сайд болох гэж байна гэж бодсон шүү?
-Манай монголчууд ийм л дүгнэлт хийдэг  болчихоод байгаа юм. Өнөө аажуу уужуу алсыг хардаг монгол хүний үнэт чанар хаачсан юм бэ, мэдэхгүй.  Бид улам бүр хоосорч ядуураад  байх шиг. Саяхан манай Сүхбаатар аймгийн шинэ жил боллоо.  МАН-ынхан зохион байгуулалт, ирцэн дээр хүртэл улстөржөөд жигтэйхэн. Ямар ч ядуу юм бэ. Юм юман дээр, өгч байгаа үнэлэлт дүгнэлт нь хүртэл ядуураад л байна даа, бид. Дэг, сахилга бат, үзэл санаа амжилтад хүргэдгийг би Сүхбаатар аймаг дээр ойлгосон. Ингэлээ гээд ардчиллыг үгүйсгээд байгаа юм биш. Яалт ч үгүй  ардчиллыг дэгтэй цэгцтэй болгохын тулд суурь хийж өгөх ёстой. Яаж хийх ёстойг нь би мэдэхгүй. Ямар ч байсан хийх ёстой гэдгийг л мэдээд байна.

 -Ерөнхийлөгч сонгогдсоныхоо дараа “ намайг ерөнхийлөгч байхад төрийн хямрал нүүрлэхгүй, засаг огцруулахгүй байхын төлөө л явна. Засаг огцрохыг харахад дургүй”  гэж байсан. Сая танай нэг засаг яах аргагүй л уналаа. Сөрөг хүчин асуудлыг оруулж ирсэн байж болох ч 100 хувь тэднээс шалтгаалаагүй гэдгийг та ч, би ч мэдэж байгаа. Ингэхэд Н.Алтанхуягийн засаг яг юунаас болоод уначихав аа?
-Н.Алтанхуяг томрохгүй юу. Намын  тогтолцооных уу, эсвэл Н.Алтанхуягийн буруу юу би мэдэхгүй. Ямар ч сайн хүн хэсэг хугацааны дараа муу хүн болчихоод байх юм. Н.Алтанхуягийг би мэднэ. Түүн шиг сайхан хүн байгаагүй. Яагаад ийм муу болчихов гээд бодохоор энэ тогтолцоонд бас их учир байх шиг байгаа юм.

-Н.Алтанхуяг стандарт бус ерөнхий сайд байсан байх аа?
-Н.Алтанхуяг асар их хөдөлмөрлөсөн, асар ихээр өөрийгөө золиослосон. Нойр, хоолгүй зүтгэсэн, хичээсэн. Тэр Дэнзэнг төрүүлье гэж төрүүлээгүй байх л даа. Эцэст нь бүр аргаа бараад Н.Энхбаяртай нийлж өөрийгөө хамгаалах ажиллагааг сонго биз дээ, хөөрхий. Ерөнхийлөгчийн тухайд хэлсэн үгэндээ хүрээд л байна ш дээ. Бодоод байсан чинь Монголд төр хямарч байсан юм уу. Ард нийтээр сонгодог Ерөнхийлөгчийг бид нар нэг удаа Үндсэн хуулийн бус аргаар огцруулж үзсэнгүй. УИХ нь дандаа л хуваарьт хугацаандаа буудаг. Гүйцэтгэх засаглалын тухайд шаардлагатай бол хэд сольсон ч яадаг юм бэ. Муу бол солих л хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд би бүлэг дээр хатуу байр суурьтай байдаг хүн. Жил гаруйн хугацаанд бүлгийн хурал Н.Алтанхуягтай үзэж тараад дийлээгүй. Бүлгийг бүлэг шиг байлгая, олноороо асуудлаа ярьдаг баймаар байна. Н.Алтанхуяг аа, чиний засгийн хурал чинь хүртэл биш болоод байна гэж сайд нар чинь хэлээд байна. Сайд нар хурал дээрээ орж ирээд зүгээр гараа өргөдөг болчихсон байна. Ганц хоёр хүн бүх асуудлыг шийддэг болж.  Бондын зөвлөл гэж шал худлаа юм байгуулаад ашиг сонирхол зөрчилдөөд байна гэж.  

-Шинэ засгийг оршихуйн хувьд хэврэг байх магадлалтай гэж хардаг. Таныхаар хэрхэн дүгнэж байна вэ?
-Сүүлийн үед нэг зүйлийг л их боддог болчихлоо. Ер нь цөөнх хэрэггүй юм шиг байна. Цөөнх хэдийгээр ардчиллын гол эд эс мөн ч гэлээ арай өөр гарц бас байна. Бид анхнаасаа л АНУ-ын  ардчиллыг үлгэр болгосон. Гэхдээ сүүлийн үед би Швейцарийг их судалж  байгаа. Манайхтай төстэй юм их байна, тэнд. Швейцарь  шууд ардчилалтай. Иргэн нь бүх юмаа мэддэг.

-Швейцарийн шууд  ардчилалд асуудал бас бий.  Нэг сургуулийн дээврийг солихгүй гурван жил болсон, гүүр эвдрээд дөрвөн жил боллоо. Засах гэхээр, шинээр барих гэхээр иргэдийн санал нэгдэж өгөхгүй байна гээд байж байдаг л юм билээ?
-Швейцарьт төсвийн орлого бүрдүүлэхдээ биднийхээр бол сум буюу анхан шатны нэгжид 30, аймагт 30, улсад  30 хувь гэсэн зарчмаар зохицуулдаг. Тэр хэрээр асуудлаа орон нутгийн төвшинд шийддэг. Тухайн газарт сургууль, цэцэрлэгийн алийг барихаа иргэд өөрсдөө шийддэг. Нэгэнт сургууль барина л гэсэн бол 10 жилийн хугацаатай зээлийг зовлонгүй өгдөг. Итгэл бий болсон гэсэн үг л дээ. 10 жилийн хугацаанд орон нутгийн төсөв зээлээ төлөөд дуусчихдаг. Орон нутгийн хөгжлийн сан шиг эрэмбэлэгдээд явчихдаг. Мөн хоёр парламенттай. Нэг хуулийг хоёулаа баталж байж хүчин төгөлдөр болдог.  Хууль нь  иргэн Зоригт таалагдахгүй бол жил хэдэн сарын дотор 50 мянган хүний гарын үсэг цуглуулваас улсын хэмжээнд заавал санал асуулга явуулдаг. Хэрэв ард иргэдээс дэмжлэг авахгүй бол шууд унагадаг. Парламентад нь сөрөг хүчин байхгүй. Намууд суудал авсан хэмжээгээрээ засагтаа орчихдог. Сөрөг хүчин хаана байгаа юм бэ гэхээр сөрөг хүчин бол ард иргэд гэдэг. Үндсэн хуулиараа иргэндээ эрхийг нь өгчихсөн байдаг юм билээ.

-Түүнээс гадна сошиал ертөнц гэж цоо шинэ ертөнц, шинэ бололцоо нээгдлээ. Хэвлэлийн хүн гэхэд би их хожуу орсон. Харин та бол идэвхтэй хүмүүсийн нэг. Төрсөн өдрөө гэхэд л огт танихгүй олонлогтой хамт тэмдэглэж ч байх шиг. Бас нэг ажиглагдсан зүйл гэвэл таныг муулж байсан ч, сайшааж байсан ч бүгдэд нь RT хийж байдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Би ухаантай байгаа хэрэг л дээ./инээв/  Тэр нөхөртэй маргалдаж суувал хар ядаргаа, инээдтэй биз дээ. Намайг үзэн яддагаасаа илүү дэмждэг нь олныг би мэддэг.   

-Та бас сошиал ертөнцийн ачаар оны хамгийн эротик гишүүнээр тодрох дөхсөн? 
-Энэ бол зүгээр л гарц, гаргалгаа. Улстөрчдөд байдаг гол үнэ цэнэ бол нэр хүнд. Нэр хүндийг нь унагахын тулд ямар нэгэн сул, муу талыг нь олж харах. Намайг идсэн уусан, тендер авсан гээд биччихье гэхээр байхгүй. Өө хайгаад эхэлж байгаа юм. Гэр бүл хүүхэд ухаад эхэлнэ. Тэгэнгүүт нь өөдөөс нь юм өгч байгаа ухаантай юм шүү дээ. Үнэхээр юм олдохгүй болохоор уухайн тас шүүрээд телевизийн нэвтрүүлэг хүртэл хэдээр нь хийлээ, нийтлэлүүд бичигдлээ. Эхлээд порно гишүүн гэж байснаа одоо эротик гишүүн боллоо. Сүүлдээ зүгээр мужик болох байлгүй гэж л хараад байгаа шүү дээ, би.

-Бодлогоор тэр зургийг гаргаж шидсэн юм байна, тийм үү. Технологи л доо ?
-Сошиал медиа бол үнэхээр гайхамшиг. Хамгийн дэвшилтэт технологи болгоныг би үнэхээр шүтдэг. Сошиал ертөнц хүмүүсийг эрэмбэлж, ялгаварладаггүй. Яг нэг төвшинд аваачдаг. Хэний тархи толгойных нь багтаамж өндөр, хэн нь илүү мэдээлэлтэй, боловсролтой байна тэр л хүлээн зөвшөөрөгддөг.  Энэ ертөнцийн гишүүн байна гэдэг яс юман дээр их хурлын гишүүн байхаас илүү үнэ цэнэтэй зүйл байхгүй юу. Бодоод үз дээ. Хэзээ ч нүүр тулж уулзаж үзээгүй 400 гаруй хүн Хорлоо эмээгийн асуудлыг хэдхэн хоногт шийдчихэж л байгаа биз дээ. Би сошиал медиагийн бүрэн эрхт гишүүн учраас зоримог байдаг. Энэ бол гайхамшигт ертөнц. Одоо энэ гайхамшигт ертөнцөө хамгаалж, эрх чөлөөгөө баталгаажуулж авч үлдэх ёстой. Тэр ч утгаараа интернэтийн эрх чөлөөний тухай хуулийг санаачилсан. Зоригоо ганцаараа хийгээд байгаа юм биш шүү. Нөгөө л 25 жилийн өмнө хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж явсан нөхдийн ажил. Гэхдээ би ямар ч улстөрчидтэй хамт байхаас илүү энэ цахим ертөнцөд эрх чөлөөтэй байж чаддаг өөрөөрөө бас бахархдаг л байхгүй юу.

http://ganchimeg.niitlelch.mn/content/6699.shtml

Wednesday, 14 January 2015

М.Батчимэг: АН уучлал гуйсантай дүйх эрсдэл хийсэн

УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа. Тэрээр эдийн засгийн өнөөдрийн хүндрэл нь засаглалын хямралаас, засаглалын хямрал нь Үндсэн хуулиас эхтэйг, энэ эрчээрээ удаан явбал улс орны аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх тухай сонирхолтой яриа өрнүүллээ.   

-Та шинэ оны өмнө Орхон аймгийн АН-ын дарга болжээ. Энэ нь хувийн сонголт уу, намын шийдвэр үү
-Аль аль нь. 2012 оны сонгуулийн дараа АН-аас парламентад төлөөлөлгүй аймгуудыг намын жагсаалтаар сонгогдсон гишүүд хариуцаж ажиллах шийдвэр бүлгээс гарсан. Энэ дагуу би Орхон аймгийг хариуцаж ажиллаж байгаа. Сая аймгийн өмнөх намын дарга эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн. Г.Зоригт дарга ажлаа өгөхийн өмнө надаас манай аймгийн намыг төртэй холбож ажиллах, бас намын хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд эмэгтэй хүний хувьд зөөлөн сэтгэл, илүү эв дүй гаргах давуу тал танд байна, иймд намын даргын сонгуульд өрсөлдөөч гэж хүссэн. Тэгэхээр энэ бол намын төв удирдлагын шийдвэр, орон нутгийн намынхны хүсэлт, миний өөрийн сонголт гурвын нийлбэр гэж болно. 

-Нэгэнт аймгийн намын дарга болчихсон юм чинь 2016 оны сонгуульд та Орхонд нэр дэвших нь дээ, тийм үү
-Үгүйсгэхгүй. 2016 онд УИХ-д дахин нэр дэвшвэл намын жагсаалтаас биш, тойргоос дэвшиж таарна. Нэг хүн хоёр сонгуульд дараалж намын жагсаалтад бичигдэхгүй, дараагийн удаа нь тойрогт нэр дэвших бичигдээгүй жишиг ойролцоо тогтолцоотой бусад оронд байдаг юм билээ. Манайд ч энэ жишгээр л явах байх.

-Та энэ шинэ албанаасаа өмнө хамтарсан Засгийн газрыг байгуулах зөвшилцлийн ажлын хэсгийг АН-аас ахалж байсан. Энэ албан тушаалын чинь ажил үүрэг дуусгавар болсон уу
-Бүлгээс олгосон эрх, үүргийн хүрээнд харвал ажлаа хийгээд дууссан. Гэхдээ олон намын төлөөлөлтэй Засгийн газар байгуулсан учраас зөвшилцлийн ажлын хэсэг дээр юу гэж тохирсон, түүнийг юу гэж ойлгож байгаа юм гэсэн асуудал байнга хөндөгдөж явах нь тодорхой байна. Тиймээс намуудын ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд цаашид ч боломжоороо  санаа тавьж, хувь нэмрээ оруулж явах хэрэгтэй л юмшиг байна. 

-Яг өнөөдрөөр харвал зөвшилцлөөр тохирсноос Засгийн газар юмуу, аль нэг нам нь эргэж буцсан тохиолдол байна уу
-Одоогоор ноцтой асуудал үүсгэчихсэн зүйл алга. Гэхдээ амьдрал баян болохоор цаашид өрнөх бүх үйл явцыг зөвшилцлийн ажлын хэсгийнхэн урьдчилж хараад бүгдийг тохирсон гэж болохгүй. Тэгэх ч бололцоогүй. Харин зарим зүйлийг өөр өөрийнхөөрөө тайлбарлах хандлага бол гарч байна. АН, МАН хоёр өнгөрсөн 20-иод жилийн туршид хоорондоо өрсөлдөж, сүүлийн хоёр жилд бол бүр ч их сөргөлдсөн. Харилцаанд үүссэн энэ хүйтрэлийг зөөлрүүлэх, гэсгээхэд цаг хугацаа хэрэгтэй. Зөвшилцлийн ажлын хэсгийхэн ойлголцлын суурийг сайн тавих гэж ихээхэн хичээсэн. Бид улс орныхоо том эрх ашгийн асуудлыг тойрч ярилцахад ихэнх цагаа зарцуулсан, үүний төлөө эвсэж байгаа гэдэгтээ санал нэгдсэн. Хэрвээ энэ том зорилгодоо л тууштай байгаа бол, цаашид үнэнч явах л юм бол замын дунд гарч ирж байгаа аар саар үл ойлголцлыг залруулаад явах бололцоотой. 

-Зөшилцснөөсөө буцаагүй гэж дээ, жишээ нь, өрийн таазыг нэмэхгүй гэж тохирлоо л гээд байсан. Гэтэл 70 хувьд хүргэхээр төсвийн тодотгол ороод ирчихсэн,  МАН болохоор зөвшилцлөөсөө буцлаа гээд байгаа юм биш үү
-Ажлын хэсэг дээр Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй гэж тохирсон. Засгийн газар өөрөө нэмж гаднаас шууд зээл авахгүй, УИХ-аас авсан таван тэрбумын бонд босгох эрхийг цаашид ашиглахгүй гэсэн. Засгийн газар гаднаас 1.5 тэрбумыг босгосон, үлдсэн 3.5 тэрбумыг нь авахгүй гэж шийдсэн. Харин эдийн засгаа өөд татахын тулд хувийн хэвшлийнхэн гадаадаас бага хүүтэй зээл авахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай баталгааг гаргаж өгөх зайлшгүй шаардлага байгааг ажлын хэсэг дээр их ярилцсан болно. Энэ тухай протокол бичлэг нь хангалттай байгаа. Өнөөдөр Засгийн газар өрийн таазыг 70 хувь хүргэх санал оруулж ирэхдээ энэ зарчмыг барьсан гэдгээ хэлж байгаа. Засгийн газрын үүсгэсэн өрийг тооцохоор өнөөдөр ДНБ-ний 55 хувьд хүрсэн байна. Засгийн газар үүнээс цааш өөрөө шууд зээл авахгүйгээр, 70 хувь хүртэлх үлдсэн хувьд нь зөвхөн хувийн хэвшилд баталгаа гаргаж өгнө гэж байгаа. Тиймээс энэ асуудлыг зөвшилцөл дээр огт ойлголцоогүй зүйл орж ирсэн гэж хэлэхгүй. 

-Засгийн газрын өрийг шууд нэмэхгүй гэж байна. Гэтэл хувийн хэвшилд олгох баталгаа чинь эцсийн дүндээ төсвөөс төлөгдөх л өр болно шүү дээ
-Засгийн газар яг ямар үндэслэлээр өрийг ДНБ-ний 70 хувьд хүргэх санал гаргаснаа УИХ-д ч, ард түмэнд ч илүү сайн тайлбарлах хэрэгтэй байгаа юм. Бас хувийн хэвшилд, улс орны эдийн засагт ийм өгөөж өгнө, эрсдлээс ингэж хамгаална гэдэг баталгаагаа ч бий болгох хэрэгтэй. Хүмүүс хувийн хэвшилд баталгаа өгөх нэрээр дарга нартай холбоотой хэдэн компани завшаад зугтана, үлдсэн өрийг нь улс төлнө гэж болгоомжилж байна. Энэ бол зүй ёсны болгоомжлол. Тиймээс миний бодлоор эхлээд Өрийн удирдлагын тухай хуулийг яаравчлан батлах хэрэгтэй. Энэ хуулиар замбараагүй өр тавьж, улс орон өрийн дарамтад орох эрсдлийг сайн хааж өгөх ёстой. Хувийн хэвшилд баталгаа гаргахдаа ямар нөхцөл хангасан байхыг хатуу хуульчилж, баталгаа өгөхдөө тухай бүр УИХ-аар хэлэлцдэг байх зохицуулалт ч хийж болно. Ийм урьдчилсан нөхцөл, хяналтыг бүрдүүлж чадвал бид гадна байгаа боломжийг ашиглахаас айж, өөрсдийн гар хөлөө хүлж суухгүй хэрэггүй. Нөгөө талаас хувийн хэвшилд өгсөн баталгааг 100 хувийн эрсдэл гэж харах ёсгүй. Тодорхой хувь нь бүтэлгүйтэж болно гэдэг эрсдлийг тооцож, хуулиндаа тусгах нь зөв. Бид хувийн хэвшилдээ итгэх хэрэгтэй. Тэд Монголын амьдралын нуруундаа авч явж байна, бас бүтээж босгож чадаж байгааг  бид харж л байгаа. 

-Бас хэрэгжүүлэх бэлэн төсөлтэй байх хэрэгтэй. Төслөө бэлдээгүй байж баахан бонд авчихсан шүүү дээ. 
-Үнэн үнэн, үүнийг л одоо хуулиараа зохицуулах ёстой гээд байгаа юм. 

-Та аюулгүй байдлын судлаач хүн. ДНБ-д эзэлж байгаа Монгол Улсын өр яг хэдэн хувиас илүүгүй байвал аюулгүй вэ. Бусад улсын жишиг ямар байдаг вэ
-Олон улсын жишиг янз янз. Засаглал үнэхээр сайтай, хуультай, өрийн менежмент их өндөртэй Европын зарим оронд 70, 80, түүнээс ч өндөр хувьтай байж л байдаг. Эргэн төлөх баталгаа, эх үүсвэрээ мэдэж, хяналтдаа байлгаж чадаж байгаа бол гаднын хямд эх үүсвэрийг ашигла гэсэн зарчим. Манайд хууль ч, эрсдлээ тооцох менежмент ч маш сул явж ирсэнд гол учир байна. 

-Ерөнхий сайд чуулганд хэлсэн үгэндээ Хятадын даргын амласан нэг тэрбум долларын зээлийг яаралтай авахгүй бол хэцүүдлээ гэсэн утгатай юм хэлсэн. Гэтэл таны ярьж байгаагаар энэ мөнгийг авах бололцоогүй юм биш үү
-Тэр нэг тэрбум доллар бол Хятадын Экспорт импортын банкны шугамаар, тус улсын экспортыг дэмжих зорилгоор манай хувийн хэвшлийнхэнд очих зээл. Айлын талын шаардлага хангасан, авахыг хүссэн компаниуд авах боломжтой нээгдсэн зээлийн шугам болохоос заавал бүгдийг нь авах ч албагүй шүү дээ. Засгийн газар Хятадаас нэг тэрбум долларын зээл авах тухай яриа байхгүй.  Хувийн хэвшил энэ зээлийг авлаа гэхэд засаг ч баталгаа гаргах шаардлага байхгүй.

-Бас л судлаачийн хариулах асуулт л даа. Хэрвээ энэ нэг тэрбум долларыг авчихвал хөршийн зээл, хөрөнгө оруулалтын хэмжээ аюулгүй байдлыг босго, шалгуур дотор байж чадах уу  
-Манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дотор нэг орны хөрөнгө оруулалтын хэмжээ нь нийт гадаадын хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байх чиглэл барина гэсэн заалт байдаг. Туйлшрал бол утгагүй зүйл. Бид тэртэй тэргүй, биднээс хамаарахгүйгээр хурдтай хөгжиж байгаа хөршийнхөө эдийн засгийг үгүйсгээд, цааш нь түлхээд, хаалгаа хаагаад Монгол хөгжихгүй. Харин хөршийнхөө хөгжлөөс Монгол Улс хожиж, хамт хөгжиж явах ёстой. Үүний нөгөө талд бид тусгаар улсын хувьд өөрийн гэсэн  бодлоготой, хараат бус, бие даасан байдлаа хамгаалахын тулд эдийн засгийн гадаад харилцааны тэнцвэр чухал. Засгийн газар энэ асуудал дээр зөв үнэлгээ, дүгнэлт хийх, ярилцах цаг болсон. Үндэсний эрх ашиг, төрийн бодлоготой маань нийцэж байвал урд хөршөөсөө хөрөнгө оруулалт нэмж авч болж байна. Харин зүй зохистой байж болох хязгаараасаа хол давчихаад байгаа бол хожмоо өөрсдөдөө ч, хоёр улсын харилцаанд ч эрсдэл үүсгэхгүйн тулд асуудалд нухацтай хандах ёстой. Эдийн засаг хямарлаа, өнөөдөр бид баларлаа гээд маргаашийн ирээдүйгээ мартаж болохгүй. 

-Бас нэг улсаас манайд оршин суух иргэдийн тоо Монголын нийт хүн амын нэг хувиас ч билүү хэтрэхгүй гэсэн хязгаар байдаг
-Энэ тоо хэмжээндээ, хуулийн хязгаар дотор байгаа гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдэгдэж байгаа. 

-Сая ярьсан хоёр хязгаарыг өрийн тааз шиг хөдөлгөж болдог уу
-Аюулгүй байдал бол зарим талаар харьцангуй, субьектив ойлголт байдаг. Жишээ нь, нэг нөхцөл байдлыг Отгонбаяр маш аюултай гэж ойлгож байхад, Батчимэг би бас ч гайгүй юмаа гэж харж байж болно. Тэгэхээр улс орны хөгжил, хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал, гадаад орчин гээд маш олон шалгуураар аюулгүй байдлын хэмжигдэхүүнүүд өөрчлөгдөж байдаг. Тэр утгаараа бид аюулгүй байдалтай холбоотой босго, шалгууруудыг улс орнууд цаг үедээ нийцүүлээд өөрчлөх үедээ өөрчилж л байдаг. Өнөөдөр бол хүчинтэй байгаа бодлогоо мөрдөөд, хэрэгжүүлээд  явах нь чухал. 

-Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагчийн чинь хувьд асуух өөр нэг сэдэв бол Засгийн газрын тухай. Танай нам юу хийнэ гэж, яах гэж  бүх намтай хамтарч  энэ Засгийн газрыг байгуулсан юм бэ. Ерөнхий сайд энэ тухайгаа өнөөдрийг хүртэл ард түмэндээ хэлээгүй явна. 
-Маш товчоор хэлэхэд үндсэн зөвшилцөл хоёр тулгуур асуудлын хүрээнд явсан. Нэгд, Үндсэн хуульд зохих нэмэлт өөрчлөлт хийж, сонгууль, улс төрийн намын хуулиудыг боловсронгуй болгож засаглалаа сайжруулах чиглэлээр хамтарсан алхмууд хийнэ гэж тохирсон. Илүү шударга, нээлттэй, зардал багатай сонгууль явуулдаг болох, ард түмний дунд нэр хүнд нь унаад байгаа улстөрийн намыг бодлогын байгууллага болгох, санхүүжилтийг нь ил тод нээлттэй болгох, хариуцлагажуулах, төрийн албыг улстөржилтөөс салгах чиглэлээр хуулийн өөрчлөлт хийхээр ойлголцсон. Хоёрт, эдийн засгийн асуудлууд. Эдийн засгийн өсөлттэй үедээ би хэтэрхий цамаан, үрэлгэн загнасан. Төрийн зардал данхайсан. Яг халамж хэрэгтэй зорилтод бүлгээ төдийлөн өөд татаж чадаагүй байж, хавтгайрсан халамжийн бодлого явуулж ажил хийх сонирхолгүй бараг нийгмийн бүлэг үүссэн. Өрийн дарамт их хэмжээгээр нэмэгдсэн. Ийм учраас эдийн засгаа эрүүл хөрсөн дээр нь аваачихын тулд тодорхой зарим өөрчлөлт хийе, Оюутолгой, Тавантолгойн асуудлыг улстөржилгүйгээр ил тод нээлттэй хэлэлцэж шийдье  гэдэг дээр ажлын хэсэг, намууд тохирсон. 

-Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг 2015 ондоо багтааж батлах ёстой
-Тэгнэ, сонгуулиас зургаан сарын өмнө баталдаг. Тийм учраас би чуулган, бүлгийн хуралдаан дээрээ байнга хэлж байгаа. Бид энэ ажлыг хийнэ гэж эвссэн шүү, энийгээ хийж чадахгүй бол эвсч хамтарсны утга учир алдагдана шүү, эвссэн зорилгоо бие биедээ сануулж явъя гэж. 

-Жишээ нь, Үндсэн хуульд агуулгын ямар өөрчлөлт хийх вэ
-Ямар өөрчлөлт хийхийг мэдээж УИХ дээр ажлын хэсэг байгуулж, намууд зөвшилцөж, бас олон нийтээр хэлэлцүүлж шийднэ. Зөвшилцлийн ажлын хэсгийн цөөн хүн хэдхэн хоногт энэ том асуудлыг шийдэх боломжгүй. Зөвшилцлөөр парламентын засаглалаа илүү боловсрнгуй болгох өөрчлөлтийг 2015 онд багтааж хийнэ гэдгийг л тохирсон. Яг ямар асуудлууд үүсээд байгаа талаар мэдээж ярилцсан л даа. Өнөөдрийн засаглалын хямрал Үндсэн хуулиас улбаатайг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байна. 

-Тухайлбал таны хувьд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?
-Юуны өмнө тус тусдаа, харилцан хяналттай, бас тэнцвэртэй байх ёстой хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хэт холилдсоноос Монгол Улсад хариуцлагын тогтолцоо байхгүй болж байна. Нөгөө талаас хатуухан хэлэхэд гүйцэтгэх засаглал, Засгийн газар хэт сул, УИХ-ын барьцаанд орсон байна. Энэ бол Үндсэн хуулийн гэж хэлж болох  хямрал. Үүнийг л нэн түрүүнд засах хэрэгтэй гэж бодож байгаа. Парламентын засаглалтай орон гэж Засгийн газрын тэргүүнийг парламент нь томилдог орныг л хэлдэг. Түүнээс бус парламент нь Засгийн газрынхаа өмнөөс засагладаг улс дэлхий дээр байхгүй. Манай Үндсэн хуульд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гээд хуульчилчихсан”. Сүүлдээ гишүүд ч хязгааргүй эрх мэдэлтэй мэт дүрдээ итгээд байна. Гэтэл ихэнх орны Үндсэн хуульд парламентыг хууль тогтоох дээд байгууллага  л гэж заасан байдаг. Манай УИХ төлөвшсөн парламентын засаглалтай орнуудад байдаг Засгийн газрын эрх рүү хэтэрхий их орсон. Гол нь сайд нарыг Ерөнхий сайд биш, УИХ нэг бүрчлэн томилж чөлөөлж байгааг, улсын төсвийг УИХ ямар нэг хязгаарлалтгүй хэт дураараа хөдөлгөж баталж байна. Өнөөдөр парламент сайд нэг бүрийг томилж, огцруулах эрхтэй байгаа нь Засгийн газрыг бүхлээр нь, бас сайд нэг бүрийг УИХ-аас хараат болгож байгаа юм. Их хурлаас хараат сайд бол олон намаас, олон фракцаас хараат явнаа л гэсэн үг. Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллах боломжгүй болдог. Засгийн газар Их хурлын тоглоомын байгууллага болж энд найтаахад тэнд ханиадаг гэдэг шиг УИХ дээр түр тар хийхэд цагийн дараа тэр нь Засгийн газрын зодоон болж хувирдаг.  Манай Үндсэн хуульд байгаа “УИХ-аас Ерөнхий сайд болон сайд нарыг томилох тухай” заалтаас “сайд нарыг” гэдэг үгийг авахад л их зүйл өөрчлөгдөнө. 

-Угаасаа Үндсэн хуульд ч бүх хариуцлагыг УИХ-ын өмнө Ерөнхий сайд л  хүлээнэ гэж  байдаг ш дээ
-Парламент үндсэн хоёр үүрэгтэй. Нэгд хууль тогтоох, нөгөө нь хяналт тавих. Манайд хууль, төсвийн хэрэгжилтэд тавьдаг хяналт маш сул. Яагаад хянадаггүй вэ гэхээр сайдыг огцруулах, томилох гэсэн хоёр том зэвсэг УИХ-ын гишүүнд байдаг учраас цаас эргүүлж, хууль тулгаж ажил хийх сонирхол гишүүдэд бага байна. Чамайг огцруулна шүү гээд л сууж байдаг. Энэ зэвсгийг нь УИХ-ын гишүүдээс авчихаар цаана нь сайд нарыг “жижигрүүлж байх” ганц зэвсэг нь хууль, төсвийн хэрэгжилтийг шаардах, УИХ дээр дуудаж байцаах эрх болж үлдэнэ. Ингэснээр парламентын хяналт аяндаа босоод ирнэ. Парламентын засаглалтай орнуудад парламент дээр зөвхөн Ерөнхий сайдыг байцаадаггүй. Салбарын сайд нарыг байнга асуудаг. Асуудал гаргасан сайддаа хариуцлага тооцож чадахгүй байгаа Ерөнхий сайд өөрөө өмнөөс нь огцрох болдог. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүхлээрээ  огцорно. Эндээс харахад нэг сайдын алдаа, хэнэггүйтэл бүхэл бүтэн Засгийн газрын хувь заяанд хүрэх үнэтэй учраас тухайн нэг сайдын хариуцлага их өндөр байдаг. Гаднын орнуудад нэг жаахан скандал үүсэхэд сайд саналаараа огцорч байдаг нь ийм учиртай. Тэнд хариуцлагын сайн механизм ажиллаж байна гэсэн үг. 

-Сайд нар ч бас парламентын шантаажнаас гарах нь
-Өмнө нь чамайг огцруулна шүү гэж шантаажилдаг байсан. Хэрвээ парламент сайд нарыг томилж, чөлөөлөх эрхгүй болчихвол УИХ-ын байцаалт явуулдаг эрх нь их хэрэгтэй “шантааж” болж хувирна. Парламент хуулийн хяналтаа л тавина. Энэ нь ард түмэнд хэрэгтэй. 

-Хуульзүйн сайд асан Д.Одбаяр надад өгсөн нэг ярилцлагадаа Ерөнхий сайд нь парламентаа тараах чадвар бүхий Ерөнхий сайдын засаглалыг парламентын засаглал гэдэг гэж байсан. Энэ эрхийг ч Ерөнхий сайдад өгөх үү
-Энэ бас их чухал. Ардчилсан оронд эрх мэдлийг гурав салгадаг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж. Эдний хооронд эрх мэдлийн харилцан хяналт гэж том ойлголт байдаг. Энэ нь энэ гурван эрх мэдэл аль нэгийнхээ дээр доор гэхээсээ илүү аль болох тэнцвэртэй оршиж, бие биеэ харилцан хянах тухай ойлголт л доо. Тэр утгаараа парламентаас томилогдсон Ерөнхий сайдад буцаад парламентдаа нөлөөлдөг тэнцвэрийн механизм хэрэгтэй. Хэрвээ тийм нөлөөлөл байхгүй бол парламент нь Ерөнхий сайдынхаа ажлыг хийлгэхгүй, эцэс төгсгөлгүй улстөр хийх үндэстэй. Тийм учраас ардчилсан засаглалтай зарим оронд Засгийн газар, парламент хоёрын тэнцвэрийг хангахын тулд Ерөнхий сайдад парламентаа тараах эрх олгодог. Гэхдээ Ерөнхий сайд өөрийг нь томилсон парламентыг тараана гэдэг нь өөрийнхөө сууж байгаа мөчрийг хөрөөдсөнтэй адилхан учраас хэр баргийн ийм шийдвэр гаргадаггүй. Энийг манайхан судлах ёстой. Хийх ёстой өөрчлөлт ч байж магадгүй. 

-Одоо хийх өөрчлөлтөөр үү
-Одоо биш юмаа гэхэд цаашид ийм өөрчлөлт хэрэгтэй болохыг үгүйсгэхгүй. 

-Яагаад одоо биш гэж, зарим хүн энийг л хийж байж Ерөнхий сайд, Засгийн газрын ажил хийх баталгааг хангана гэж үздэг юм билээ
-Бид бүгдийг зөвхөн дотоодын улстөрөөр харах нь өрөөсгөл. Улсынхаа аюулгүй байдал, геополитик, газарзүйн байршил, их гүрнүүдийн дунд оршдог онцлог зэргээ бодож үзээд яг өнөөдөр хийх үү, үгүй юү гэдгээ нэлээн ултай судалгаагаар шийдэх хэрэгтэй. Сайн судлахгүй, сэтгэлийн хөөрлөөрөө хандвал жил бүр сонгууль хийдэг болох, төрийн дархлаа гэж юм байхгүй болох эрсдэл байж болохыг тооцох хэрэгтэй. 

-Таны ярьж буйгаар үнэхээр л парламентын засаглалаа илүү бэхжүүлж, гүйцэтгэх засаглалаа бие даалгах байдлаар Үндсэн хуулиа өөрчилнө гэвэл үүний нөгөө талд нь Ерөнхийлөгчийн одоо байгаа эрх мэдлийг багасгах шаардлага гарна даа
-Манай улсын Ерөнхийлөгчид парламентын засаглалтай улс орнуудын төрийн тэргүүнийхээс  харьцангуй илүү эрх мэдэл байдаг нь үнэн. Онолын талаас нь харвал манай улс хагас Ерөнхийлөгчийн засаглалтай орны тоонд ордог. Тэрний эхний шинж тэмдэг нь Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог, харьцангуй эрх мэдэлтэй, тэгсэн хэрнээ парламентын засаглалтай гэж тодорхойлоод Ерөнхий сайдыг парламентаас тодруулдаг. Тэгэхээр гүйцэтгэх эрх мэдэл Ерөнхий сайд ба Ерөнхийлөгч гэж хоёр хүний дунд хуваагдсан шинж чанартай. Үүнийг онолын хувьд хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гээд байгаа юм. Ийм орнууд бий, огт байдаггүй хувилбар биш. Хэрвээ цаашдаа үнэхээр Ерөнхий сайдын засаглал бэхжээд ирвэл гүйцэтгэх эрх мэдлээ зөвхөн Засгийн газрын тэргүүнд өгч, Ерөнхийлөгчийн энэ чиглэлийн эрх мэдлийг бууруулах боломжтой. Миний бодлоор өнөөдөр гүйцэтгэх засаглалд байх ёстой эрх мэдлийг хамгийн их хөндөж, бодитой булаацалдаж байгаа нь УИХ. Тийм учраас энийгээ эхэлж шийдээд, дараа нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл рүү орж болно. Цаг нь мөн үү, биш үү гэдгээ бодож болгоомжтой хандахгүй бол бас болохгүй.

-Яагаад
-Манайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж их өвөрмөц байгууллага бий. Ерөнхийлөгч тэргүүлдэг.  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гуравхан гишүүнтэй ҮАБЗ өөр хаана байдгийг би мэдэхгүй. Дэлхий дээр ганцхан нь Монгол Улс байхыг ч үгүйсгэхгүй. Бусад оронд ихэнхдээ гүйцэтгэх засаглалын тэргүүн нь ҮАБЗ-өө тэрүүлдэг. Ерөнхийлөгчийн засаглалтай оронд Ерөнхийлөгч нь, парламентын засаглалтай бол Ерөнхий сайд нь тэргүүлдэг. Харин манайх Үндсэн хуулиараа тэр эрх мэдлийг Ерөнхий сайдад өгөөгүй. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн энэ гурвын институцийн консесуссыг хадгалсан шийдвэр гаргаж яв гээд Ерөнхийлөгчдөө ҮАБЗ-ийг тэрүүлэх эрх олгосон. Манай Онц байдлын тухай хуулиар улс оронд ямар нэгэн онцгой нөхцөл байдал үүсвэл үндсэндээ ҮАБЗ бүх удирдлагыг гартаа авах эрхтэй. Ерөнхийлөгчийн удирдлага дор улс орон ажиллах хуультай. Өнөөдөр Засгийн газрын тэргүүний бие даасан эрх мэдэл бодит байдал дээр ийм сул байхад  Ерөнхийлөгчийн дээрх эрх мэдлийг дагаж сулруулах нь аюулгүй байдал талаасаа сайн шийдэл биш юм шиг санагддаг. Үндсэн хуулиар Ерөнхий сайдад байх ёстой эрх мэдлийг нь өглөө гэхэд амьдрал дээр энэ бодит эрх мэдэл бэхжиж төлөвшихөд шилжилтийн хугацаа орно. Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл бодитой бэхжээд ирсний дараа ҮАБЗ-ийг Ерөнхий сайдын мэдэлд авчирч, Ерөнхийлөгчийг ч УИХ-аас сонгож болно.

-Хэрвээ Үндсэн хуулийг өөрчлөхдөө тулбал УИХ-аас Засгийн газарт байх гишүүдийн тоонд хязгаар тавина биз. 
-Нухацтай шийдэх ёстой асуудлын нэг нь энэ. Миний бодлоор Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн яамдын сайд нар УИХ-аас байж болно гэж хуульчилж болно. Ийм сайд нар УИХ-д байх нь парламент, Засгийн газар хоёрын хоорондын үндсэн бодлогын ойлголцол дээр чухал үүрэг гүйцэтгэдэг гэж парламентын засаглалтай орнууд үнэлдэг. Тийм зарим улс оронд парламентын гишүүн нь дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга хүртэл хийгээд явдаг юм билээ. Харин хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг огт холбоосгүй, бүр салгаад хаячихаар ойлголцол муудаад бүр дорддог гэж үздэг. Тийм учраас салгах биш, тодорхой хэмжээнд уусалттайгаар гүүр, холбоос болох зарим бодлогын сайдаа парламент дотроосоо  томилох нь хоёр институцийн хамтын ажиллагаанд тустай. Одоо  манайд юу бэрхшээл үүсгээд байна гэхээр  манай парламент цөөхөн гишүүнтэй. Эдэн дунд Засгийн газрын гишүүд ороод ирэхээр тэнцвэр алдагдаад байгаа юм. Парламентын шийдвэрт нөлөөлж  чадахгүй цөөхөн хүн байвал бидний харж байгаа, одоо бодитой байгаа хямрал багасна. Нөгөө талаас УИХ-ын ажлын чанар гишүүдийнхээ тооноос шууд хамааралтай. Гаднын орнуудын туршлагыг судлахаар нэг гишүүн үндсэндээ нэг л байнгын хороонд харьяалагдаж байгаа юм. Хоёр дахь байнгын хороондоо байна гэвэл орлогч гишүүнээр суух эрхтэй. Тэгээд тухайн байнгын хорооныхоо л хуулийг судална, түүгээрээ мэргэшдэг. Ингэснээр байнгын хороо нь парламентын амин сүнс буюу мэргэжлийн байгууллага болчихдог. Тэгээд нэгдсэн чуулган дээр улстөрийн том асуудал үүсээгүй л бол мэргэжлийн байнгын хорооны шийдвэрийг унагадаггүй, өөрчилдөггүй, баталгаажуулаад л явдаг. Гэтэл манайд өнөөдөр нэг гишүүн 2-3 байнгын хороонд харьяалагддаг. Нэмээд дэд хороо, хэд хэдэн ажлын хэсэгт орж, нэг хуулиа ч ул суурьтай судлах нь битгий хэл унших цаг зав заримдаа олдоггүй. Физический байдаггүй. Магадгүй заримдаа уншаагүй хууль дээрээ кноп дарах болдог. Тэгэхээр гишүүдийн тоо өөрөө парламентын ажлын чанарыг маш их унагаж байгаа. Монгол Улс 2 сая хүнтэй байхдаа 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Одоо хүн ам саяар нэмэгдсэн. Эдийн засгийн хэмжээ, гадаад харилцаа, нийгмийн харилцаа, хэвлэл мэдээлэл, нээлттэй байдал гээд бүх юм өөрчлөгдсөн. Энэ бүгдтэйгээ харьцуулж бодохоор одоо УИХ-ын гишүүдийн тоогоо зайлшгүй нэмэх ёстой. 

-Өнөө 76 өөрсдийнхөө тоог нэмэх нь гэдэг шүүмжлэл шууд гарна даа. Гурван сая хүнд парламентын хэдэн гишүүн байх ёстой талаар тооцоо судалгаа байдаг уу 
-Тийм шүүмжлэл гарцаагүй гарна. Хэрвээ гүйцэтгэх засаглалаа бие даалгах өөрчлөлтийг Үндсэн хуульдаа хийж чадахгүй бол би ч тэгж шүүмжилнэ. Гол ньюанс бол парламент нь засаглаад байгаа юмшиг болохоор УИХ-ын гишүүнийг дарга гэж хараад эрх мэдэлтэй нөхдийн тоог нэмэх нь гэж буудаг. Ер нь ч тийм. Засаглалаа салгаж, гүйцэтгэх эрх мэдлийг бие даалгахгүй л бол засаг бужигнуулж сандал суудал хөөцөлддөг 76 нөхрийг 100 болгох нь үнэхээр гэмтэй. Харин эрх мэдлийг салгаж парламентыг ард түмний төлөөлөл байх байранд нь тавьчихаар засаг хянадаг хүн олон байх тусмаа ард түмэнд хэрэгтэй. Нэгэнт хийж байгаа бол парламентын чанараа сайжруулахын тулд гишүүдийн  тоог одоогийн өөрчлөлтөөр нэмж чадвал их сайн. Хүн амын тооноос нь хамаарч тухайн улсын парламент хэдэн хүнтэй байх талаар бусдын жишиг судалгаа байдаг л даа. Тэрийг харахаар гурван сая хүнтэй манай улсад парламент нь  ядаж 130 гишүүнтэй байхаар харагдаж байгаа юм. 

-Миний бодлоор гишүүдийн тооноос хавьгүй чухал нэг зүйл байна. Улстөрийн намыг фракцын халааснаас, улстөрчдийг мөнгөний хамаарлаас  яаж салгах вэ
-Юуны өмнө гишүүдийн тооноос чухал гэдэгтэй санал нэг байна. Фракцыг хуульчилж дэмжих юмуу, хуулиар хориглох боломжгүй. Фракц бол ардчилсан бүх оронд байдаг, хүний нийгмийн харилцааны л нэг хэсэг. Харин манайд өнөөдөр фракцыг амилуулж, хэсэг хүний хуйвалдаан, бүлэглэлийн хэлбэрт оруулаад байгаа нь дахиад л нөгөө УИХ сайдыг томилж, чөлөөлдөг тогтолцооноос үүдэлтэй гэж би хараад байгаа. Ялангуяа АН шиг олон фракцтай намд хуулийн энэ зохицуулалт фракцийг улам албажуулаад байна. УИХ сайд төрүүлдэг Үндсэн хуулийн заалтыг авчихвал цаг хугацааны явцад фракц бүдгэрэх нөхцөл бүрдэнэ.

- Улс төр фракцаас гадна мөнгөнөөс хэт хамааралтай байх шиг. 
- Үнэхээр тийм. Энэ чинь авилгын, бүлэглэлийн, баян хоосны ялгаа гүнзгийрэхийн үндсэн шалтгаан шүү дээ. Хамгийн түрүүнд сонгуулийг л мөнгөний хамаарлаас гаргах ёстой. Хэрвээ сонгууль мөнгөнөөс улам хамаараад л байвал хамгийн их мөнгө монголчууд бидэнд байхгүй. Хамгийн их мөнгө Монголоос гадуур байгаа. Тийм учраас бүгдийг мөнгөөр шийддэг энэ тогтолцооноосоо эртхэн, хохирол багатай дээрээ гарахгүй бол улс орны тусгаар тогтнолд аюултай. Бас төрд авилга улам амь бөхтэй болж, дотроосоо мөхөх ч аюул бий. Сонгуулийн замбараагүй   санхүүжилтийн золиос болчихсон улс бол Америк шүү дээ. Үүнийг америкууд өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн. Тэнд Конгресст нь насаараа суудаг хэсэг бий болсон, хэдхэн гэр бүл ээлжилж Ерөнхийлөгч болдог жишиг ч харагдаж байна. Америкийн улстөрийг цөөн тооны элит гэр бүл, бизнесийн бүлэглэл удирдаж байгааг ард түмэн нь шүүмжилж байна. Америкт баян, хоосны ялгаа хамгийн их болж бүр анги, давхарга үүсч, энэ нь эргээд ардчилалд нь аюул учруулж байгаа тухай Нобелийн шагналт эдийн засагч Штиглиц ном бичсэн байдаг. 

-Америкийн Азийн хувилбар болохгүйн тулд одоо яах ёстой вэ. Танай АН дээр жишээлэхэд та УИХ-д нэр дэвших эрхээ олж авахын тулд ҮЗХ-ны гишүүн байх хэрэгтэй. Гишүүн байхын тулд жил бүр өндөр татвар төлнө. Нэр дэвших гэж  дэнчингийн мөнгө байршуулна гээд л алхам тутамдаа мөнгө төлж байгаа. Жишээ нь, та 2012 оны сонгуульд  зарцуулсан мөнгөө буцааж олж авсан уу гэх юм уу төлж дууссан уу
-Надад цалингаас өөр орлого байхгүй. Сонгуулиар тавьсан өрийг манай нөхөр одоо ч бүрэн төлж дуусаагүй л байна. 

-Өртэй гэснээс та чинь Рио Тинто-гийн хувьцаа зэмэшигч байх аа. Зарим  хүн Оюутолгойн гэрээг батлах үеэр таныг Ерөнхийлөгчийн зөвлөх байсан учраас харддаг. Ер нь яаж яваад дэлхийн энэ том компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг болсон юм бэ. “Рио Тинто” угаасаа 90 гаруй хувь олон нийтийн компани л даа, тэнд монгол хүн байгаа нь сонин байна. 
-Би энд байгаа Оюутолгой компанитай, Рио Тинтотой ямар ч хамаагүй, удирдлагуудыг нь ч танихгүй. Манай гэр бүлийн хүн нээлттэй бирж дээр байгаа Оюутолгойн хувьцааг өсч магадгүй гэж бодоод хэдэн төгрөгөөр худалдаж авсан юм билээ. Банкинд өөрийн орлогоо хадгалуулахтай л адилхан зүйл шүү дээ. Гэвч тэр нь өсөх нь бүү хэл ихээр унасан, алдагдал хүлээгээд буцаагаад зарчихсан. Гэр бүлийн орлогоо бодитой тайлагнах ёстой учраас биржээс авсан хувьцааных нь тоог тухайд үед байгаагаар нь тайлагнаад л явсан. Одоо манайд ямарч хувьцаа байхгүй. 

-Сонгуулийн зардлыг яаж буууруулах тухай түрүүний асуултдаа хариулт авъя
-Би Шведийн парламентын туршлагатай танилцах үеэрээ сонин жишээ сонсож байсан. Парламентын гишүүнээс нь сонгуульд ямар хэмжээний мөнгө зарцуулж гарч ирснийг асуухад нийтдээ 6500 евро зарцуулсан. 1500-г нь намаас өгсөн. 5000-ыг нь би халааснаасаа гаргасан. Дөрвөн жилийн хугацаанд энэ мөнгөө би тушаасан татвараараа буцаагаад авчих юм гэж хариулсан. Ийм хэмжээнд зардлыг бууруулж чадсан оронд бол мөнгөтэй нь бус мэдлэг чадвартай, олон нийтийн төлөө ажиллаж чадах нь парламентад сонгогдож гарч ирдэг. Тийм улс оронд нийгмийн тэгш байдал сайн хангагддаг. Швед бол аз жаргалын индексээрээ дэлхийд хамийн дээгүүрт ордог орон. Тэнд эдийн засаг нь өсч, хүн ам руугаа чиглэсэн  нийгмийн чигтэй бодлогууд нь сайн яьдаг. Хамгийн гол нь нийгмийн шударга ёс том зургаараа  харьцангуй хангагдсан. Энэ бол улстөрийн санхүүжилт бага, цэвэр байхын чухлыг харж болж эерэг жишээ. Тийм учраас бид нар сонгуулийн  санхүүжилтийг чадах төвшиндөө хүртэл бууруулах ёстой. 

Манайд сонгуульд зориулагдсан байгууллага, хэвлэл хүртэл байна. Нэг хэсэг нь мөнгөтэй болж амьдраг гэж болох ч том зургаараа энэ буруу хандлага маань нийт монголчуудын нийтлэг эрх ашгийг хохироож байна.    

Сонгуулийн зардлыг бууруулсан орнуудад олон нийтийн телевиз нь  нэр дэвшигчдийг алагчлалгүй адил цаг олгож, сурталчилгааг хязгаартай цагт үнэгүй дамжуулдаг, сурталчилгааны материалуудыг нэр дэвшигчдийн штаб юмуу, намууд биш, Сонгуулийн хороо нь хэвлэж тараадаг гээд олон жишээ байна. Өөрөөр хэлбэл, сонгогчдод мэдээлэл хүргэх ажлыг төр өөрөө буюу төсвийн зардлаар хийдэг.

 -Уг нь улстөрийг мөнгөнөөс салгачихвал Монголд болж бүтэж байгаа нь илүү л дээ. 
-Тэгэлгүй яах вэ. Монгол бол хөгжиж байгаа, олон ололттой, ардчиллын үнэлэмжээр амжилттай яваа улс орон. Бид гэрэл гэгээгээ олж харахгүй, бүх юмаа хар байна, бүх юм болохгүй байна гэж явсаар байгаад шинэ үеийн Гитлер, Уга Чавес төрөх хөрсийг бэлдчих вий гэдгээс би болгоомжилдог. Тийм хүмүүс, тийм хэсэг нийгмийн бухимдал дээр л тоглож гарч ирдэг. Тийм хэсэгт олз болчих вий гэдгийг улстөрчид бид үргэлж бодож явах ёстой. Өнөөдөр бид хэчнээн алдаатай ч гэсэн хамгийн багадаа л тайван замаар засгийн эрхийг шилжүүлж байна, буу зэвсэгтээ тулахгүйгээр ширээний ард суугаад бодлогоо ойлголцож хамтарч чадаж байна. Энэ нь монголчуудын амжилтыг, манай ардчиллын төлөвшлийг харуулж байгаа юм. Бид ардчилалд тодорхой алхам хийчихсэн, цаашаа суралцаж байгаа, алдаж болохгүй, олсноо, хүрсэн амжилтаа гамнаад дараагийнхаа тоосгыг өрөөд явах ёстой. Түүнээс бус, бид нар буруу яваад байна, болъё, одоо дундаасаа нэг баатар төрүүлээд цаашаа явъя гэх хандлага газар авах вий гэх эмээлт надад ч байдаг. Тэр бол бидний зам биш, сонголт ч биш. 

-Ардчиллыг олонхийн засаглал гэдэг. Гэтэл энэ нь зүгээр нэг хүмүүсийн олонхи биш, харин нийгмийн олонхи нь эдийн засгийн хувьд бие даах явдал юм болов уу гэж би боддог. Олонхи нь эдийн засгийн хувьд бие даагаагүй, харин ч 21 мянган төгрөгийг илүү шүтэж байгаа ийм цаг үед улстөрчид илүү хождог, улстөрчдөд илүү ашигтай байдаг юм биш үү. 
-Ардчилал төлөвшиж байгаа хөрс нь улс орнуудад өөр өөр. Ардчилал бол бидний хувьд баруунаас л импортолж байгаа үнэт зүйл. Тэнд ардчилал эдийн засгийн өрсөлдөөнөөс бий болсон. Эрх ашгаа хамгаалсан худалдаачид, компаниуд парламент дээр очиж төрийн шийдвэрт нөлөөлөх гэж өрсөлдөж тэмцэж ирсэн түүх нь ардчиллын суурь хөрс болсон байдаг. Манай суурь өөр. Хүссэн ч, эс хүссэн ч өнөөдрийн бэрхшээл бол Баабарын хааяа хатуухан хэлдгээр бидний туулах л ёстой зам гэж харагддаг. Үүнийг олонхи нь ядуу байх ёстой гэж хэлж байгаа юм биш. Харин бид нар нийгмийн хөгжлийн явцад гарч ирдэг бэрхшээлтэйгээ тулгарчихлаа, одоо энэ алдаагаа засаад ардчиллыг олонхид ээлтэй, нээлттэй засаглал болгох л ёстой гэсэн санаа. Тэрний их том суурь нь Монгол өөрөө их баян орон, цөөн хүн амтай. Байгалийн газар зүйн, түүхийн соёлын, түүхийн асар их нөөцтэй орон. Өөр нэг итгэл гэвэл өнөөдөр хэдийгээр сайн муугаараа дуудуулж, алдаж онож,  популизм хийж, унаж босч яваа ч эцсийн дүндээ монголчууд эх оронч хүмүүс. Хувийн эрх ашгаа бүхнээс дээгүүр тавьдаг нэг хэсэг бүлэг байгаа юу гэвэл байгаа. Тэд цөөнх гэж итгэдэг. Ямар ч гэсэн бидний хандлага одоогоор засч болохгүй буруу тийш явчихаагүй. Харин өнөөдөр хоолой дээрээ тулсан бэрхшээлээ тэвчилгүй, алсыг харж давж чадалгүйгээр энэндээ сөхрөөд эргэж буцаж л болохгүй. Тийм айдас надад хааяа төрдөг юм.

-Мөнгөтэй компаниудын нөлөөлөл УИХ-д бас байгаа биз
-Үгүйсгэхгүй. Байгаа гэж боддог. Гэхдээ улстөр, бизнес нь зуун хувь зааглагдчихсан, эдийн засгийг нуруун дээрээ авч яваа том компаниуд нь улстөрдөө огт нөлөөгүй, харьцдаггүй тийм улс орон дэлхийд огт байхгүй. Хамгийн гол нь хаанаас, ямар шийдвэр гарч, нийгмийн баялаг ямар зарчмаар хэнд хуваарилагдаж байгаа нь л олон түмэнд ил, хяналттай байх ёстой. 

-Одоо хувийн шинжтэй гэмээр асуулт асууя. Таныг улстөрд яг бэлдсэн хүн нь хэн юм бэ. Яагаад гэвэл таныг Ерөнхийлөгчийн хүн, зарим нь Баабар бэлдсэн юм гэдэг. 
-Намайг улстөрд тусгайлан бэлтгэж дасгалжуулаад явсан хүн байхгүй. Би 1995 оноос хойш улсад ажиллаж байна. Стратегийн судалгааны хүрээлэнд арав гаруй жил яг үндэсний аюулгүй байдал, олон улсын харилцаа, Монгол-Хятадын харилцаагаар нэлээд ажилласан. Аюулгүй байдал, олон улсын харилцааны чиглэлийн ажил маань өөрөө улстөрчидтэй байнга холбоотой байдаг ажил л даа. Тэр утгаараа улстөрчидтэй, ялангуяа АН-ын зарим лидерүүдтэй 1990-ээд оны дунд үеэс  ажил хэргийн холбоотой ойр явж ирсэн.  Саяхан телевизээр олны танил нэг хүн “магадгүй урд, хойд насны ерөөлөөр ч юмуу, би Монголын төрд өртэй юмуу, сайнаар яривал ерөөлтэй хүн гэж боддог” гэж ярьж байсан. Надад бас заримдаа тэгж бодогддох үе байдаг. Судлаач байхдаа л хэзээ нэгэн цагт би шийдвэр гаргахад оролцох хэрэгтэй юм байна гэсэн итгэл үнэмшил эртнээс надад байсан. Гэхдээ 2009 он хүртэл намд элсээгүй, УИХ-д нэр дэвшье ч гэж төлөвлөөгүй явсан. Харин 2009 оноос Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Зөвлөх бол улстөрийн албан тушаал. Нэгэнт улстөрч болж байгаа хүн цаашдаа зорилгодоо хүрэхийн тулд тууштай байх, итгэж үнэмшиж байгаа зүйлээ хийхийг Ерөнхийлөгч зоригжуулж, дэмжиж ирсэн. 

-Нэр дэвшихэд бас дэмжлэг үзүүлсэн биз дээ
-Ерөнхийлөгч дэмжсээн. Эмэгтэйчүүдийн, бас залуу хүмүүсийн төлөөлөл болгож мэргэжлийн ийм хүнийг намын жагсаалтад багтаагаач ээ гэдэг байр сууриа Ерөнхийлөгч намын удирдагад илэрхийлсэн байдаг. 

-Энэ дэмжлэгийнх нь хариуд таныг зарим хүн Ерөнхийлөгчийн дуу хоолой гэж хардаг байх
-Өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч намайг дуудаад чи энэ асуудал дээр ийм байр суурь баримтал, ингэж хэл, тийм кноп дар гэж ганц ч удаа хэлж байгаагүй. Ер нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ардчилсан үзэлтэй, байр сууриа хүнд хатуу тулгаад байдаггүй хүн гэж би боддог. Би Ерөнхийлөгчийг энэ тал дээр их хүндэлдэг.

-Баабарын тухайд дасгалжуулаагүй юм байна, тийм үү
-Яагаад тэгж ярьдгийг мэдэхгүй. Би Баабарыг 1990-ээд оны дунд үеэс, хүрээлэнд байхаас танина. Миний хүндэлдэг хүмүүсийн нэг. Хааяа уулзаж санал бодлоо хуваалцах дуртай. Чөлөөтэй сэтгэдэг, маш их уншдаг, их мэдээлэлтэй хүн. Гэхдээ ийм чөлөөтэй, манайхны хэлдгээр “билэг танхай” хүн хэн нэгнийг тухайлан сонгоод тэвчээр заагаад дасгалжуулагч хийгээд явна гэдэг надад л лав төсөөлөгдөхгүй юм байна. 

-Стратеги  судалгааны хүрээлэнд та С.Баяр даргатай хамт ажилладаг байсан уу 
-Хүрээлэнд орсон эхний жилээ хамт ажилласан. Дараа нь С.Баяр дарга Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болоод явсан. Ер нь манай хүрээлэн Монголын их олон сэхээтэн, улс төрийн зүтгэлтнүүд ажиллаж, бас орж гарч байдаг байсан үүд сайдтай байгууллага. Магадгүй улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, гадаад харилцаа гээд хийдэг ажил нь үүний шалтгаан болдог биз. Манай захирлаар ажиллаж байсан, одоо Австралид Элчингээр сууж байгаа Р.Болд гуайд бид маш хүндэтгэлтэй ханддаг. Хүрээлэнд би дэслэгч генерал Пүрэвдорж гуай, С.Моломжамц гуай,  П.Очирбат гуай, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн гуай гээд олон сайхан ахмадуудтай, хамт бас, ойр ажиллах боломж гарч байлаа. Хүрээлэн дээр ямар нэг намын асуудал бус, улс орны эрх ашгийг л тойрсон ажил, яриа байнга өрнөдөг байсан даа. Би өнөөдөр ч үүнийг үргэлжлүүлж явахыг хүсдэг.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг та санаачилсан. Хэзээ батлуулах вэ
-Хугацаа хэлж чадахгүй байна, ямарч гэсэн батлуулахын төлөө ажиллана. Энэ амаргүй даваа. Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгэнд,  тэр тусмаа хэвлэл мэдээллийнхэнд зориулсан зүйл биш. Энэ бол олон түмний мэдэх, мэдээлэл авах эрх чөлөөг хангах, хүний эрхийг зөрчигдөхөөс хамгаалах хууль. Энэ үнэ цэнийг ойлгож байгаа хэвлэлийнхний, нийгмийн дэмжлэг маш чухал байгаа. Учир нь хэвлэлийн салбарт улстөрийн нөлөөлөл их орсон учраас батлагдахад нэлээд хүндрэл, бэрхшээл гарах байх. 

-Хэвлэлийн эзэд танай “анги”-д олон бий шүү дээ
-Олон байх. Тийм учраас л олон нийтийн дэмжлэг хэрэгтэй гээд байгаа юм.  Энэ хуулиар хэвлэлийн эзэд, хөрөнгө оруулагчдыг ил зарлана. Энэ бол хариуцлагыг нэмэгдүүлэх маш чухал заалт. 

-Та “Нэг ардчилал” фракцын гишүүн. Энэ фракц одоо байна уу, “Алтан гадас”-тай нийлчихсэн үү
-“Нэг ардчилал” гэж бие даасан фракц бий. “Алтан гадас”-тайгаа нийлчихсэн үү гэж яагаад асууж байгаа чинь мэдэхгүй юм. Бид улстөрийн наймаа хийж, өөрсдөдөө давуу эрх олгохын төлөө явдаггүй. Бидний зорилго бол АН-ын үнэт зүйлийг хадгалж явах ёстой гэж тунхагладаг. Бид хийж байгаа тус тусын ажил дээрээ энэ зарчмаа хатуу барьж явахыг хичээж, бие биедээ шаардаж сануулдаг. Зөв улстөрийн нам бол ардчиллын суурь. Хэрвээ улстөрийн нам дампуураад үнэт зүйлгүй болоод  явчих юмбол Монголын ардчилал байхгүй болно. Тийм учраас бид энэ хариуцлагыг тээж яваа АН-ын өнөөдрийнх нь нэг хэсэг, бас маргааш нь. Энэ ойлголцол дээр нэгдэж байгаа хэнтэй ч бид нам дотроо хамт явдаг. 

-Яагаад “Алтан гадас”-тай нийлсэн гэхээр Тэмүүжинг сайдаас огцруулах асуудал хөндөгдөх үед та нар “Алтан гадас”-ын дэмжлэгээр авч үлдэх шиг болсон. Тэгсэн сая Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахад задраад та санал өгөлгүй гараад явчихсан 
-Хуулийн салбарын шинэчлэл бол Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газрын том бодлого төдийгүй АН-ын сонгуулийн амлалтын хамгийн чухал хэсэг нь байсан. Тэгэхээр энийг хийж байгаа сайдыгаа хамгаалах итгэл үнэмшил тэр үед Ерөнхий сайд Н.Алтанхуягт байсан байлгүй дээ. УИХ дахь АН-ын бараг бүх гишүүн л тухайн үед Тэмүүжин сайдыг огцруулахын эсрэг байсан гэж боддог. Фракцлаад явсан гэж би бодохгүй байна. 

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах үед танай фракц хуваагдсан шүү дээ
-Л.Гантөмөр, Х.Тэмүүжин хоёр маань сайд учраас танхимаа хамгаалж кноп дарах нь үүрэг шүү дээ. Миний хувьд аль ч талд санал өгөөгүй. Яагаад гэвэл би байр сууриа өмнө нь бүлгийнхээ хурал дээр хэлчихсэн байсан. Хэд хэдэн тодорхой үндэслэл байсан. Аливаа Засгийн газарт хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл гэж бий. Мөн бодитой оршин тогтнох боломж байна уу үгүй юү гэдэг их чухал. Энэ хоёр шинж Н.Алтанхуяг даргын Засгийн газарт байхгүй болчихсон байсан. Эдийн засаг ямар болчихоод байсан нь одоо бүхэнд ил болж байна. Улсын өрийн хэмжээ нэмэгдсэн. Улстөрийн хувьд чухал хуулийн төслүүд парамент дээр явахаа больчихсон байсан.  МАН-тай зөвшилцөж байж л засаглалаа янзлах, эдийн засгаа сэргээх том шийдвэрүүдээ гаргах нь ойлгомжтой болчихоод байхад Ерөнхий сайдын зүгээс Ардын нам, АТГ хоёр намайг ажил хийлгэхгүй байна гэж асуудлыг маш хурцатгаж байсан. Эдгээрээс гадна миний санааг хамгийн их зовоож байсан асуудал бол гадаад харилцаа. Засгийн газар бол гадаад бодлогоо нэг цонхоор, нэг амаар явуулах ёстой. Гэтэл Алтанхуяг сайдын үед энэ зарчим алдагдсан. Сайд нар бие биеэ үгүйсгэж янз бүрийн төсөл барьж гаднын Элчин сайд нар руу гүйдэг байдал маш ихэссэн. Энэ бүгдийг аюулгүй байдлын салбарт ажиллаж байсан хүнийхээ хувьд Ерөнхий сайдад ч, сайд нарт ч , бүлэг дээрээ  ч хэлж байсан. Эцэст нь 1996-2000 оныг давтахгүйн тулд гэж хоёр жил тэвчсэн бидний хүлээс өөрөө задарсан. Үүнээс гадна Алтанхуяг даргыг намтайгаа ярилгүйгээр, амралтын өдрөөр, одоо мөрдөгдөж байгаа хуулиар гэмт буруутай нь тогтоогдсон хүнтэй, МАХН-ын дарга Н.Энхбаяртай төрийн албыг наймаалцсан гэрээ байгуулсанд би маш их эмзэглэсэн.   Монголын ардчиллын төлөө бүхэл бүтэн 20 жилийн турш тэмцсэн, зүтгэсэн АН-ыг нэг хүний халаасанд аваачиж хийсэн гэрээ болсон л гэж би хардаг. Энэ бүхнийг эргэцүүлж бодоод л хувийн сонголтоо хийсэн.

-Санал өгөхгүйгээр гараад явах уу.
-Эсрэг кноп дарж болох байсан. Би хувьдаа УИХ дээр кноп дарж шийдэх нь зөв гарц биш байна, ярилцаад саналаараа огцрооч ээ, намаа битгий хуваагаач ээ гэдгийг байнга хэлж байсан. Харамсалтай нь тийм ойлголцол явж чадаагүй учир би санал өгөхгүйгээр шийдсэн. Энэ нь миний хувьд улс орны эрх ашгийг бодож гаргасан шийдвэр, байр суурь байсан. 

-Өнөөдөр улс орны эдийн засаг үнэхээр хүндэрлээ. Мөнгө ч байлаа, дотроосоо болж хүндэрлээ гэж зарим хүн хэлж байна. Хэрвээ энэ дүгнэлт үнэн бол энэнийхээ төлөө АН уучлалт гуйх уу
-Уучлалын тухайд би санал нийлэхгүй. АН дангаараа хүндрүүлсэн гэвэл туйлшрал болно. Хүндрүүлсэн бодитой шалтгааныг сая хоёулаа ярилаа ш дээ, тогтолцооны суурь асуудал байна, Үндсэн хуулиас үүдэлтэй засаглалын хямрал байна, төрийн алба суларсан, эдийн засаг сайн байх үед үрэлгэн бодлого явуулсан гэх зэргээр. Өнөөдрийн бэрхшээлийн хариуцлагыг ганц АН биш, өмнө нь засаглаж байсан МАН ч хүлээлцэх ёстой. Эдийн засгийг хүндрүүлсэн засаглалын хямралаа хамтарч засах ёстой болохоос нэгийгээ буулгаж аваад цаашаа явна гэвэл, уучлаарай энэ бол гарц, шийдэл биш. АН-ын гишүүд өөрийн байгуулсан Засгийн газраа огцруулахад оролцсон нь улс орныхоо төлөө хийсэн маш амаргүй, хүнд хэцүү шийдвэр, алхам байсныг энд хэлэх ёстой. 

-Уучлал гуйсантай адилхан гэж үү
-Би бол уучлал гуйсантай бараг дүйх, улстөрийн хувьд маш хүнд, эрсдэлтэй алхам хийсэн гэж хэлнэ.         
   
-Хоёулаа гүйцэтгэх засаглалыг бие даалгах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх тухай нэлээн ярилаа. Гэтэл өнөөдөр улстөрийн талаасаа Ерөнхий сайдаа харин ч УИХ-ын даргын мэдэлд өгчихлөө. Өөрөөр хэлбэл, ялсан намын дарга нь Ерөнхий сайд байдаг байхад намын дарга нь УИХ-ын дарга байна шүү дээ. 
-Өнөөдрийн Засгийн газрыг байгуулахдаа намын дарга ч, Ерөнхийлөгч ч, Ерөнхий сайд Сайханбилэг ч нэг зүйлийг хатуу ойлголцсон гэж боддог. Юу гэхээр энэ засаг бол 1.6 жилийн дотор улстөрчдийн хийж чадахгүй байгаа эрсдлүүдийг өөр дээрээ авч хийх, золиосны Засгийн газар гэж зарим талаар хэлж байгаа. Намуудын, өмнөх Ерөнхий сайд нарын хийж чаддаггүй, болдоггүй байсан бүх эрсдлийг өөр дээрээ үүрье гэж байгаад Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон. Харин энэ эрсдлийг АН-ын дарга өөр дээрээ үүрч болохгүй. Яагаад гэвэл улстөрийн намууд, тэр дундаа АН ардчиллын суурь учраас, сонгуульд ялалт байгуулах хэрэгтэй. Тийм учраас намын дарга, Ерөнхий сайд хоёроо салгаад явсан. Энийг би байнгын шийдэл гэж бодохгүй байгаа. Түр зуурынх, бас хууль зөрчихсөн ч зүйл биш, амьдрал дээр байдаг л зүйл. 

-Тэгвэл намын эрх ашиг улс орныхоос дээгүүрт эрэмбэлэгдсэн байна, тийм үү. АН золиосных байж болохгүй, засаг бол золиосных байж болно гэж хандсан юм биш үү 
-Улстөрчийн хувьд өөрийн карьераа золиосолж чадах хүн л Ерөнхий сайд болно гэдэг зарчим яригдсан. Харин АН өөрөө эрүүлжих, сонгуульд ялах, төлөвшөөд явах нь Монголын ардчилалд хэрэгтэй учраас энийг хэтэрхий нэг өнцгөөс харж болохгүй.
http://otgonbayar.niitlelch.mn/

Monday, 29 December 2014

О.Батсайхан: Монгол үндэстэний дархлаа сул байна

Монгол Улсын  төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай  ярилцлаa
-Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр болоод гурван жил болжээ. Энэ өдрийн талаар хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байх шиг байх юм? Та Богдын тухай ном бичсэн хүний хувьд юу хэлэх вэ?
-Юуны өмнө монголчууддаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэний 103 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Хүмүүс бага багаар мэдэж эхэлж байгаа болов уу гэж бодно. Гадаадын хүмүүс бол мэдээж сайн мэдэхгүй. Олон улсын цаг тооны бичигт тусгагдаагүй байгаа юм уу, хэвшиж тогтоогүйгээс болоод дэлхийн өнцөг бүрт эл талаар сайн танигдаагүй хэмээлтэй. Эхлээд монголчууд бид эл өдөр ямар учиртай вэ гэдгийг мэдмээр шиг. Ядаж өөрөөсөө надтай яаж эл өдөр, эл түүх холбогдох юм бэ гэдгийг ухаж бодвол сайн бус уу.
-Эл өдөр чухам ямар үйл явдал болсон юм, ингэхэд?
-Энэ өдөр буюу одоогоос 103 жилийн тэртээ өвлийн ес тачигнаж байсан жавартай өдөр монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Манжийн эрхшээлээс гарсан юм. Богдыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжилсөн төрийн их ёслол Хүрээний төв талбайд болсон байна.
Бидний ой санамж ажиллахгүй болсноос болоод зуун жилийн өмнөх бүү хэл хэдхэн жилийн өмнөхөө ч санахгүй юм уу санахыг хүсэхгүй болсон шиг байх юм. 1990 оны ардчилсан хувьсгал гээд эргээд бодвол бас 1989 оны 12 дугаар сард өвлийн ид жавартайд эхэлж, 1990 оны өвлийн өдрүүдэд зуун мянгаараа Төв талбайдаа ирж жагсаж байсан биз дээ. Хөдөө орон нутагт эл өдрүүдэд жагсаж цуглаж байсан биз дээ. Монголчууд зуу гаруй жилийн тэртээ үндэстэнээрээ ингэж хөдөлсөн гээд нэг бодоод үздээ. Саяханы нэг олимпийн аваргатай болоод бүгд гудамжинд гарч баярлацгаадаг шиг гээд бодорой, тэгвэл арай ойр тусгаж магад.
-Чухам яагаад бидний ой санамж ажиллахаа байчихав аа?
-Асуудал энд л байгаа юм. Ой санамж гэдэг бол тэр үндэстний түүх шүү дээ. Бидний ой санамж хэзээнээс ажиллахаа байчих гэдгийг бодох хэрэгтэй. Хүний тархи ажиллахгүй бол хүн хэн ч биш болно биз дээ. Өнгөрснөө санахгүй бол тэр хүн хэн ч биш болно. Үндэстэн өнгөрсөн түүхээ мэдэхгүй бол мөхөх аюултай. Тийм аюул бидэнд тулгарч байгаа гэдгийг санах хэрэгтэй.
-Тэгвэл хэзээнээс бид ийм байдалд хүрэв?  Шалтгаан нь юу вэ?
-Өнөөдөр монголчууд эссэн айраг шиг шуугиж, нийгэм эд эс нэг бүрээрээ салсан байгааг харж болно. Төрийн тэргүүнээс өгсүүлээд эв нэгдэл хэрэгтэй гэдгийг хичнээн ч яриад эвлэхгүй байгааг харж байна. Бид биш би гэдэг өвчинтэй болжээ. Эргээд түүхээ нэг бодьё. Зуун гаруйхан жилийн тэртээ үндэстэнээрээ нэгдэж, бурханы шашны тэргүүнээ хүрээлэн байж, тусгаар тогтнол, төр улс, газар нутагтаа эзэн болж, гал голомтоо сэргээж чадсан байна, монголчууд. Өнөөдөр би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг сэтгэлгээтэй болжээ. Үндсэндээ монголчууд бид гурван зуун орчим жил гадны нөлөөнд хүчтэй автаж байлаа, бид. Манжийн эрхшээл, Оросын гэдэг юмуу социализмын үзэл суртлын нөлөөн дор байлаа.
Галыг нь юутай ч бүр мөсөн тасалчихалгүй ХХ зууны эхтэй золгож, үндэстэн сэргэжээ. Энэ бол 1911 он. Богд хааны зарлигаар монголчуудыг үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзэв. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол бичгээр бичигдэхийг зарлигдав. Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэв. Хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг буулгав. Ёсоор болов. Алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт бич хэмээн зарлиг буулгав. Ёсоор болгов. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт буулгаж үлдээжээ.
1920 –иод он гарлаа. Ардын засгийн газрын шийдвэрээр монголчууд овог хэрэглэж болохгүй болов. Монголд гадны үзэл суртал хүч түрэн орж ирлээ. Монголоо гэсэн үндэсний үзэлтнүүд, тухайлбал, Ерөнхий сайд Бодоо нэг жил хүрэхгүйн дараа цаазлуулав. Жанжин Данзан хоёр гуравхан жилийн дараа буудуулав. Богд хаан 1924 онд цаг бусыг үзүүлэв. Чингисийн алтан ургийн ноёдууд бүгд алга болов. Бурханы шашны номтой лам нар алагдав. 1930-аад онд хэдэн арван мянгаараа цаазлагдав. Бичиг үсгийг нь солилоо. Монгол сэтгэхүй бүдгэрэв. Чингисийн хөшөө босгосон нь буруудаж, монголд буруу номтнуудын хөшөө сүндэрлэнэ.
Ийм явдал Орост ч яг адилхан болсон бөгөөд үндсэндээ Орост болж байсан бүхэн монголд давтагдсан юм.
Ангийн тэмцлийн онол, ангичлан ялгаварлах үзэл суртал эндээс маш хүчтэй бидний тархинд суужээ.  Өөр бас бус шалтгаан бий байх, гэвч энэ бол нэг үндсэн шалтгаан хэмээн бодно.
-Тэгвэл өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдраад хорин таван жил болж байна шүү, дээ. Энд социализмын үе ямар хамаатай юм бэ ?
-Харин тийм бидний дунд социализм амь бөхтэй оршиж байгаад л учир нь байгаа юм. Бүр социализм, коммунизмын өлгий нутаг Орос орноос ч дор шахуу байгаа. Орос үндэстэн өнөөдөр эл анги ялгаварлан хуваах үзэл орос үндэстэнийг устгах дөхсөн байна гэдгийг ухаарч өөрийгээ олохыг бодож байна. Хурдан сэхээрэхийг хүсэж байна. Үзэл суртлын Ленинийг магтсан кинонуудаа тв ээр дор хаяж л гаргахгүй байна, оронд нь Адмирал Колчак ч гэдэг юмуу өөрийн үндэсний баатруудынхаа тухай хийсэн кино, урлагийг сурталчилж байна. Бид юу хийж байна? Уг нь жаахан юм үлдсэн юм уу, Чингис гээд дуугараад Чингисийн хөшөө босгоод боржигин овогтой бүгд болохыг хүсээд байгаа юм. Тэгэхдээ өнгөрсөн нийгмийн социализмын үеийн үзэл суртлыг таслахгүйгээр цааш явахгүй. Одоо ургаж байгааг ногоог хордуулж болохгүй. Нялх хүүхдийн тархийг социализмын үеийн үзэл суртлаар угааж болохгүй. Энэ бол монгол үндэстэн цаашид орших уу эс орших уу гэсэн асуудал гарахад хүргэх аюултай.
Үнэндээ Монгол үндэстэн өнөөдөр үндэсний дархлаа сул үлбэгэр байгаа. Магадгүй үндэстэн ханиад хүрч өвдсөн ч байж мэднэ. Хурдан эдгээх хэрэгтэй. Үндэстэн өөрийгээ хамгаалах чадваргүй шахам байна.
-Бидний дархлаа хэзээ ингэж сулрав?
Монгол үндэстэний үнэт зүйлс, амин шалгуур юу вэ гэдгээ сайтар ухаарах цаг иржээ, бидэнд. Бидний үнэт зүйлс юу вэ, үндэсний түүх, хэл, соёл, уламжлал, шашин тэргүүтэн. Шашин гэхээр бурханы шашны биднийх биш гэцгээх хүмүүс олон болжээ. Хүссэн ч эс хүссэн ч бурханы шашны монголчуудын соёлтой яв цав шингэсэн. Монгол үндэстэний үнэт зүйлсийг тээгч нь эл бурханы шашин байсан. Бурханы шашинг устгачихаар үнэт зүйлсээ алдаж асгасан хэрэг. Эл шашин ямар байхаас үл хамааран бидний үнэт зүйлсийг хэдэн зуун жилийн турш тээж ирсэн гэдгийг ухамсарлацгаая.
Монгол үндэстэн давын өмнө өөрийгээ таних хэрэгтэй, өнөөгөө сайтар ухаарч, ирээдүйгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд түүхээ мэдэх хэрэгтэй. Түүх гэдэг чинь чиглүүлэгч байдаг юм.
Өнөөдөр бидний төрийн бодлого ямар их гуйвж дайвж буйг бүгд харж байна. Түүхийн залгамж уламжлал байхгүй болохоор тэгэж байгаа. Түүх бол бидний чиглүүлэгч хүчин. Нэг жишээ хэлье. Галт тэргэний ганцхан толгой чирэгч байна гээд боддоо. Энэ чинь дангаараа нэг машин биз дээ, хаашаа ч эргэж тойрч болно. Тэгвэл тэр толгойны хойд талд хорь, гучин вагон зүүчихвэл ойрхон зайд эргэж чадахгүй алс чиглэж тойрно биз дээ. Толгой дороо эргэхийг хүссэн ч арынх нь хорь гуч тэгэж хүссэнээр нь эргүүлэхгүй шүү дээ. Түүх бол чиглүүлэгчийн хувьд нэг иймэрхүү л зүйл.
-Үндэсний хувьсгалын баярын өдрийг хэрхэн тэмдэглэж байвал зохилтой вэ?
-Түүхээ мэдэх хэрэгтэй гэхээр бид нар өөрсдөө Чингис болцгоох гээд байх юм. бид Чингис болох хөг хэдийн өнгөрсөн. Харин хүүхдүүдээ л Чингис болгохыг бодоцгоо. Дөнгөж төрсөн нялх үр хүүхүүддээ, сая сурах охид хөвгүүдийнхээ оюуны амыг нээцгээ. Энэ бол хамгийн сайн зүйл, үндэстэний хувьд, монгол хүний хувьд. Чингисийн Монголын гал голомтыг сахигч, эзэн нь юм бол эл үүргээ ухамсарлах хэрэгтэй.
-Үүний тул юу хийх хэрэгтэй вэ?
-Эхлээд өөрөөсөө эхэл. Би хэн бэ? Би монгол мөн үү? Миний гэр орон монгол байна уу, миний ажлын эргэн тойрон, амьдарч буй орон зай ямар байна вэ гэдгийг ухаарцгаая. Тэгээд өөрийгээ олж танихыг хичээе. Мэдээж шууд танихгүй. Холбогдох Монголын түүхийн гуйвж дайваагүй ном, эх сурвалж үзэцгээе. Тэгээд хүний хэлсэнээр биш өөрийн толгойгоор бодож, дүгнэж үзэх хэрэгтэй. Түүнээс бус бид ихэнхдээ л хэн нэгэн алдартаны хэлсэн хийсэнийг давтаад байна. Бусдаас ялгардагийн хувьд өөрөө дүгнэх, өөрийн толгойтой байх явдал онц чухал байна. Үүнд дээр хэлсэн чиглүүлэгч түүх онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Үр ач нартаа өвөө эмээ нарынхаа ярьсан зүйлсээс санаж байгаагаа цаг гарган ярьж өгцгөөе. Үлгэр ярьдаг эмээ, өвөө алга болсон тул үр хүүхдүүддээ үнэт зүйлсийг нь суулгадаг зүйлс бодож олцгоое. Сурах орчин, тоглож өсөх орчин тэргүүтнийг нь бодоцгоое. Хот сууринаа бусдад гайхуулдаггүй юмуу гэхэд өөрсдөө амгалан тайван орших нөхцөлөөр бүрдүүлцгээе.
Үндэсний үнэт зүйлсээ үргэлж өнгөлж дээдэлж байх явдал тун чухал шүү. Ядаж нэг өдөр үндэсний баяраа үнэн зөвөөр нь тэмдэглэж, монголчууд өөрсдийн бахархал, түүх соёлоо дээдэлж, заншвал цаашид хэвшихэд хэрэгтэй гэж л байгаа юм. Ер нь бол монголчууд түүх, соёл, зан заншлаа өдөр тутам дээдэлдэг болчихвол хэн хожих вэ, монгол, бид л хожино биз дээ. Үнэндээ бид утга учирыг нь сайн мэдэхгүй олон баярыг тэмдэглэдэг болоод байна. Ядаж утга учирыг мэдэж байяа. Нөгөө талаас утга учирыг нь хүмүүс мэдээд ирэхээр ямар баярыг ямар хэмжээнд тэмдэглэж байхаа өөрсдөө мэдэг л дээ.
-Богдын тухай асуудалд социализмын жилүүдэд хэт өрөөсгөлөөр хандаж, түүний тухай сөрөн мөлжигч, хамгийн муухай байдлаар дүрслэн бичиж, үзүүлж байсаныг хэн хүнгүй мэдэх байх?
-Энэ бол Богдын тухай гэхээсээ монголын түүхэнд ангийн тэмцлийн ялгаварлан гадуурхах үзэл суртлын  үүднээс хандаж байсан хэрэг юм. Харамсалтай ийм үзэл суртлын үүднээс бичигдсэн зохиол, уран сайханы кино одоо хүртэл гарсаар, энэ үеийн түүхэн үнэн бодит байдал Түүхийн сурах бичигт зохих байр сууриа эзлээгүй хэвээр шахам байна даа. Энэ бүгдийг засаж залруулах, монгол үндэстэн  өөрийгөө хурдан олж таних хэрэгтэй. Чухамдаа монголчууд бидэнд дахин сэргэлт өгсөн түүхэн энэ үйл явдлын удирдагч нь Богд хаан юм шүү. Учир нь зуун жилийн өмнөх монгол нь зуун хувь шахам бурхан шашинтай орон байсан тул шашны тэргүүний нэр хүнд, нөлөө онцгой их байсан байна. Бурхан шашин монгол үндэстэний үнэт зүйлсийг тээгч байсан талаар дээр ярьсан.
-Ер нь түүхэн ой тэмдэглэхийн ач холбогдол нь юундаа байдаг вэ?
-Бид түүхээ мэдэхгүй бол энэ үндэстэн мөхөх аюултай. Түүх бол та бидний ой санамж. Ой санамжаа алдвал юу болохыг хэн бүхэн мэднэ шүү дээ. Тиймээс энэ монгол гэдэг үндэстэн өөрийн түүх, соёлоо мэдэж, өөрийгөө таньж, түүхээсээ сургамж авах учиртай. Чингэж хэмээн монгол үндэстэн өнө удаан орших учиртай. Үүнд л ой тэмдэглэхийн ач холбогдол оршино.
(Үндэсний шуудан сонины 2014 оны 12 дугаар сарын 23-ны дугаарт нийтлэгдсэн)