Monday, 16 February 2015

Б.Мэдрээ: Би бараг л аз жаргалтай хүн. Тиймээс надад үхэн хатан зүтгэх юм байхгүй

Б.Мэдрээ нь Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх Захирал бөгөөд Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгчөөр нийт 5 жил ажилласан.
Тэрээр ЗХУ-ын Харьков хотын Инженер-Эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгссөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг юм. Банк, санхүүгийн салбарт 27 жил ажилласан, Монгол Улсын гавъяат эдийн засагч, энэхүү банкир эрхмийг “Open door сонин VIPersonзочноороо урьж ярилцлаа. 

-Б.Мэдрээ захирлыг мэдэхгүй, танихгүй хүн ховор байх. Бараг байхгүй байх гэж бодож байна.
-Харьцангуй биз дээ.

-Энэ олон жил тантай үг сольж, ярилцлагын ширээний наана, цаана суух боломж зөндөө байсан боловч явсаар энэ хүрчээ. Өнөөдөр бол таныг зочноор урих шалтгаан гараад ирчихлээ.  Учир нь та том сенсацийн эзэн болчихоод сууж байна. Тэр тусмаа цочирдмоор гэмт хэрэгт ч холбогдчихлоо. Тэгээд л редакцийнхантайгаа зөвлөж байгаад  олж уулзъя гээд ирсэн нь энэ.
-Аль асуудлаар нь явж байгаа юм бол доо. Өөрөө ч гайхаж баршгүй гэмт хэрэгтэн болчихоод байж байна шүү.

-Ноён Б.Мэдрээ та хүний наймаачдыг далд санхүүжүүлэгч, зохион байгуулагч гэсэн ноцтой, маш аюултай нэр хоч зүүчихлээ. Би бол спортын сэтгүүлч биш. Гэхдээ таныг тодорхой өрсөлдөөнд орж байгааг харж байна. Их хэмжээний мөнгө хаясан, нэлээд хүчтэй бодлого явж байх шиг байна. Яаж яваад ийм зүйлстэй холбогдчихов оо?
-Яг одоогийн нөхцөл байдалд миний бие Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшээд өрсөлдөж байна л даа. Энэ өрсөлдөөнд хоёрхон хүн л одоо үлдсэн. Миний өрсөлдөгч болохоор ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн пиар хариуцсан зөвлөх Ганбаатар гэж хүн байгаа. Харин нөгөөх нь миний бие Б.Мэдрээ. Тэгэхээр миний эсрэг хар пиараа явуулж, хүний наймаачин гэх аймшигт нэр цол хүртэл зүүх хэмжээнд хүртэл шатаж, өрсөлдөгч маань өөрийнхөө мэргэжлийн ажлыг хийж байна л даа. Энэ явуулж байгаа ажиллагаа нь надад шууд л ингэж хэлж байна. Хүний наймаачин гээд байгаа нь дэлхийн хөлбөмбөгт сайн хөлбөмбөгчдийг нэг клубээс нөгөөд худалдах, худалдан авах, солилцоо хийх гэх мэт энэ ертөнцөд тасралтгүй явагдаж байдаг процесстой л холбож хэлэх гэсэн санаа юм шиг байгаа юм. Тайлбарлахад ч сонирхолгүй хөгийн гэмээр сэдэв юм даа.

-Наадах чинь бол тамирчдыг дагасан дэлхийн том бизнес шүү дээ. Энэ ойлголтыг түшиж, жижигхэн Монголын нэг иргэнийг хүний наймаачин гэхдээ тулж нэрлэх үү. Би хувьдаа эргэлзэж л байна?
-Тийм. Том бизнес. Мань мэтээс давсан, хамаагүй өөр төвшний том бизнес. Хөлбөмбөгийн холбоо гэхээр л энэ том ойлголтыг шууд татаж авчраад энд холбооны ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа миний эсрэг хар пиар хийхийн тулд хүний наймаачин хүртэл болгож байна. Өөр ямар балдуушных нь хүний наймаа байх вэ дээ.  

-Манайх хөлбөмбөгийн орон биш. Хөлбөмбөгийн фанатуудтай, энэ спортод хайраа өгч эхэлж байгаа залуу орон шүү дээ. Энэ том спортын ертөнцийг чиглэсэн өөрийн гэсэн амбицтай, тэрийгээ гаргаж тавьж эхэлж байгаа л ийм орон. Манай нийгэм ч энэ талаар тийм ч их давалгаалсан ойлголтгүй шүү дээ. Дээдсийн хэмжээнд л энэ сонирхол явж байгаа.
-Зарим талаар тийм л дээ. Гэхдээ насан турш энэ спортоор өвчилсөн, хичээллэсэн, амьдралаа зориулсан улсууд олон. Энийг бид хөлбөмбөгийн орон биш, бидэнд уламжлал байхгүй гэж унтрааж бас болохгүй л дээ.

-Тийм л байх. Тэгэхээр хүний наймаа гэхээр олон ядуу айлын хүүхдүүдийг хөлбөмбөгчин болгох нэрийдлээр гадаадад гаргаад баллаад байгаа юм шиг л аймаар ойлголт явчихлаа. Та болохоор үүнийг их гэрэл гэгээтэйгээр тайлбарлаж байна. Гэтэл үнэндээ таныг хэд хэдэн хүүхдийг зарах гэж байсан гэж хүртэл бичиж байна шүү дээ.
-Би хөлбөмбөгтэй зэрэгцээ нэг жишээ авъя. 1975 оноос Монгол улс ерэн хэдэн он хүртэл Япон улстай дипломат харилцаа тогтоогоод явж ирсэн. Тэр үеийн Японы 125 сая ард түмэн бол Монгол гэдэг улсын тухай бүгдээрээ тийм ойлголтгүй зөвхөн ажил хэргийн болон улс төрийн хүмүүс л мэддэг байсан байх. Гэтэл Кёкүшюзан гэдэг хүн сүмогийн ертөнцөд орж ирээд шуугиулаад мэхний их дэлгүүр гэдэг нэр хоч зүүгээд эхлэнгүүт Японы 125 сая хүн Монголын талаар бүгдээрээ мэддэг болсон. Тэгэхээр спортын хүч чадал гэдэг ямар хүчтэй байна вэ, дипломат албанаас илүү шахам хүчтэй байна шүү дээ. Тэр үеэс хойш манай ёкүзуна нар төрөн гарсан байна. Дэлхийн хамгийн их үзэгчтэй хөлбөмбөгийн спортод Монголын нэрийг мандуулсан нэг ч хүн байхгүй байгаа. Ганцхан миний ойлгосноор бол Япон хүний тусламжтайгаар 24-тэй Мөрөн гээд залуу Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн багт зуучлагдаад тоглож байна. Хэрвээ дэлхийн хүчирхэг Германы Байерн, Английн Манчестер, Испанийн Барселон, Реал зэрэг багт монгол хүн тоглох юм бол Монгол улсын тухай ойлголт дэлхийн нийтийнх болж хувирна. Тиймээс би нэг монгол сайн тоглогчийг ч гэсэн Тайландад гаргаж энэ их замыг эхлүүлсэн бол болоо биш үү. Тэр хүний хувийн амьдрал нь дээшилсэн байх. Лав л манайд авдаггүй цалин авч байгаа байх. Тэгээд энэ нь хууль журмын дагуу явагдсан бол гутрах зүйл алга.

-Хэрвээ тийм бол бухимдах хорсох юм үнэхээр байх ёсгүй л дээ.
-Тэгэхээр өрсөлдөгч маань маш их айж сандарч байна. Айсандаа хамгийн бүтэхгүй, хүн амьтан хирд хиймээр  нэр томьёог бодож олж ашиглаж байна л гэж харахаас даа. Хүний наймаачин гэдэг бол угтаа хууль эрх зүйн утгаараа бол маш хүнд гэмт хэрэг.  Би энэ надтай холбоод байгаа хүмүүстэй яаж учирснаа яръя. Нууж хаах юм алга. Над дээр есдүгээр сард хэдэн залуус  ирж гуйсан юм.

-Юу гэж?
- “Та хөлбөмбөгчин байсан хүн. Та 1997-1999 онд хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч болонгуутаа ФИФА, Азийн хөлбөмбөгийн холбоонд Монголын холбоог элсүүллээ. Төсөв батлууллаа. Та тэгээд анхны мөнгө орж ирээд, тэр нь Б.Ганболдын хувийн нэрийн дансанд орчихсон байнгуут  “Би ийм шударга бус явдалтай эвлэрэхгүй” гээд хаалгаа саваад гарсан. “Одоо та буцаж ирээд шударга ёс тогтоогоод өгөөч. Зөв тогтолцоо голдиролд нь оруулаад өгөөч” гэж. Яг л ингэж надад асуудал тавьж хандсан. Тэгэхээр нь угаасаа хөлбөмбөгт дуртай, сэтгэлтэй хүн юм болохоор хууч нь хөдөлсөн юм уу, мэнгэр нь хөдөлсөн юм уу.  “Та нар надад итгэж байгаа бол би өрсөлдье” гээд амлачихсан. Болсон явдал ердөө л энэ. Энэ болтол би 1999 оноос хойш бараг л 15-16 жил хөлбөмбөгийн холбоотой холбоогүй гэртээ телевизороороо хөлбөмбөгөө  хашгирдагаараа хашгирч, орилдогоороо орилж үзээд л, авдаг кайфаа аваад л, өмнөх ажлаа хийгээд л, банкаа удирдаад л явж байсан. Үндсэндээ энэ холбооны ажлаас тасраад холдчихсон байсан.

-Ер нь бол манайх нэг үе хэцүү л байсан. Юун мэргэжлийн спортын холбоод хөгжих. Ганц нэг бизнесийн сэтгэл зүрхтэй улсууд л чирж явсан шүү дээ. Боксын холбоог Ш.Сайхансамбуу  янз бүрээр хэлүүлээд л чирсэн л байдаг. Тэр хүнд үед таныг бас Хөлбөмбөгийн холбоотой хувь заяагаа холбож, дэмжиж тэтгэж явсныг мэднэ. Манай Р.Амаржаргал гишүүн хүртэл Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Та найз нөхөд болохоор түүнийг тийш нь татсан уу, эсвэл угаасаа тэр хөлбөмбөгийн хорхойтон байв уу?
-Энэ ийм зүйл болсон юм. 1997 оны нэгдүгээр сард над дээр дасгалжуулагч, шүүгч, шигшээгийн тоглогч гээд таван залуу хүрч ирээд “Хөлбөмбөгийн холбоо уналтад орчихлоо. Мөнгө төгрөггүй болчихлоо. Хуучин удирдлагууд нь иймэрхүү юманд орчихлоо. Та залуудаа сайн хөлбөмбөгчин байсан юм байна. Хөлбөмбөгчид дотроо хамгийн өндөр албан тушаал хашиж байгаа юм байна. Энэ холбооны үйл ажиллагааг одоо шинэчилмээр байна. Хоёрдугаар сарын 14-нд холбооны их хурал болно. Та ерөнхийлөгч болооч” гэлээ.  Би нэг л юм асуусан. Та нар ойрын зорилтын талаар юу гэж бодож байна вэ. Миний үзэж байгаагаар ойрын зорилт бол олон улсын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн болох шүү дээ гэж. Зорилтоо тодорхойл. Тэгэхээр энэ зорилгыг биелүүлэхийн тулд хамгийн түрүүнд нөлөө үзүүлж болох хүн  УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гэж хүн байгаа гээд. Манай  Р.Амаржаргал бид нар нэг байрных л даа.  Надаас долоон насаар дүү, хөлбөмбөгийн хувьд бол надаас миа тоглодог.  (инээв) Гэхдээ манай байр 7-8 хөлбөмбөгийн спортын мастертай шүү. 40 айлын орон сууц  мөртлөө. Тэгэхээр тэр байрны соёл, өв уламжлал нь ерөөсөө хөлбөмбөгөөр амьсгалчихсан орчин байсан юм л даа. Яагаад гэхээр “Алдар”-ын стадионы хажуухан талд байсан. Бид хөлбөмбөгийн мастеруудыг харж хөлбөмбөг тоглож сурсан хүүхдүүд. Р. Амаржаргал ч гэсэн өөрөө хөлбөмбөг тоглодог, энэ спортыг мэддэг. Өвчилсөн хүн. Надтай надгүй татагдаад л орно ш дээ.

-Улстөрчийнх нь нэр хүндийг бас та тэр үед ашиглах гэсэн байна шүү дээ?
-Тийм. Тэр үед Их хурлын дарга ч билүү, төсвийн байнгын хорооны дарга хийж байсан. Тэгээд та нар дэмжих юм бол би санхүүг нь хариуцаад, дэд ерөнхийлөгчөөр нь ажиллахад татгалзах зүйл байхгүй гэж нөгөө залууст хэлсэн л дээ. Тэгээд 1997 оны хоёрдугаар сарын 14-нд 114хүн хуралдаад яг миний хэлсэн саналын дагуу Р.Амаржаргал ерөнхийлөгч болоод би дэд ерөнхийлөгч болоод тэгээд л дараа нь ерөнхий нарийн бичгийн даргаар морь хочит Б.Ганболдыг миний дэвшүүлснээр сонгосон. Яагаад гэхээр бид хүүхэд насандаа бага, дунд, ахлах ангийн хүүхэд байхдаа хотын хөлбөмбөгөөр өрсөлддөг гол дүүргүүдийн хүүхдүүд байсан. Би бол Найрамдлын районых, “морь” бол ажилчны районых бас чамгүй сайн тоглодог хүүхэд байсан. Тэр үед “морь” хийсэн тодорхой ажилгүй байсан учраас шинээр байгуулагдсан холбоон дээр найман цаг бүтэн суудаг, хөлбөмбөгөө мэддэг ийм хүн байж, суурин ажиллах ёстой гээд би түүнийг Ерөнхий нарийн бичгийн даргаар тавьсан. Түүнээс биш тэр хүнийг ёс зүйн хувьд ямар хүн болохыг нь мэдэхгүй шүү дээ. Хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа гэгчээр энэ талын мэдээллийг нь нүүрэн дээр нь бичдэггүй биз дээ. Надтай хөлбөмбөгөө хөгжүүлье л гэж харьцдаг хүн байсан.

-Тэр хүн маань бас ямар гээчийн юманд орооцолдчихов оо?
-Угаасаа л суурь соёл, гэрийн хүмүүжил, боловсрол, ухамсар, ёс суртахууныг нь бид мэдэхгүй шүү дээ. Анхны санхүүжилтыг ФИФА-д боловсруулж өгөөд 278 мянган доллар батлаад, Азийн хөлбөмбөгийн холбооноос 18 мянган доллар батлаад, би банкин дээрээ хөлбөмбөгийн холбооны данс нээчихсэн байсан чинь нөгөө мөнгөнүүд орж ирдэггүй. Асуухаар явуулсан л гэдэг. Судалсан чинь Б.Ганболд хувийн нэрийн данс өөр банкинд нээгээд өөртөө авчихсан байхаар нь “За, энэ хүн дөнгөж ирчихээд луйвар хийж байна гээд найзын хувьд Р.Амаржаргалд хэлсэн. Амраа би одоо болилоо, хийдэг юмаа хийчихлээ. Гэхдээ ийм шударга бус зүйлтэй эвлэрч чадахгүй. Чи цаашаа засч залруулаарай” гээд гараад явсан. Огт мөнгөгүй байсан холбоо, арай гэж нэг юм төвхнөөд, хөөцөлдөөд мөнгө оруулаад ирсэн чинь, хувийн дансанд орчихдог. ФИФА-гаас шалгаад л үзнэ шүү дээ. Аймаар явдал.

-Тэр хүн их зовлонтой байдалд орсон юм шиг байна лээ. Сошеал ертөнцөд бол гудамжинд дүүжлэхэд бэлэн шахам бухимдал урссан. Та Б.Ганболд гуайтай сүүлд ер нь уулзсан уу?
-Би 1999 оны тэр явдлаас хойш хоёр тийшээ болсон. Нэг удаа хальт тааралдаж байсан.

-Би спортоос хол хүн болохоор танд миний асуулт таалагдахгүй байж магадгүй. Манайх хөлбөмбөгийн орон биш. Гэтэл хөлбөмбөгийн холбоо нь тэмцэлдээд, хэрэлдээд л байх юм. Тийм их мөнгө эргэлддэг юм уу. Үнэхээр хөлбөмбөгийн холбоонд гадна дотноос хэр хөрөнгө оруулалт орж ирдэг юм. Улсын төсвөөс авдаг юм байна уу. Хорин хэдэн жилийн дараа Монголын хөлбөмбөгийн холбоо байгуулагдсаны үр дүн гэж яг юу байна вэ?
-Дэлхийн хөлбөмбөгийн холбоо 209 орны гишүүнтэй. Манайх рейтингээрээ 194 дүгээр байранд байна. Эрэмбээрээ нэгт гэхэд сая дэлхийн аварга болсон Герман, хоёрт Аргентин, гуравт Бразиль гээд ингээд жагсдаг . Анх 1997 онд шинэчлэгдсэн хөлбөмбөгийн холбоо байгуулагдаад гишүүнээр нь 1998 онд элсээд 2000 он хүртэл тэмцээн уралдаанд орж  байхад бид рейтингээрээ 209 орноос 163-т байсан юм. Тэгэхээр 163-аас  194 хүртэл 31 байраар арагшаа ухарсан байна. 209 орноос 194-т орно гэдэг адагт байгаа  15 орны дээр орсон байна. Тэгэхээр үр дүн нь ахисан биш ухарсан. Өнөөдөр үүнээс ургуулаад юу ярих ёстой вэ гэхээр хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа доголдолтой байна, удирдаж байгаа хүмүүс нь бас доголдолтой байна, тиймээс Монголд хөлбөмбөгийн спортыг шинэ шатанд хөгжүүлэх хэрэгтэй байна, удирдлагын болон менежмент зохион байгуулалтын хувьд шинэчлэх шаардлагатай байна гэсэн зүй ёсны асуулт урган гарч ирж байгаа юм. Монгол улс 1964 онд хойд Солонгосын багтай тоглоод 3:1-ээр хожигдож байсан юм. 1966 онд Англид дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн  болоход бидэнтэй тоглосон хойд Солонгосын баг эхний наймд шалгарч байлаа. Тэгэхээр хөгжүүлээд байсан бол үндэсний хэмжээний спорт болж чаддаггүй юм гэхэд ийм байдалтай сууж байхгүй л байсан. Ахин хэлье, энэ спорт чинь дэлхий нийтийн спорт байхгүй юу. Энэ чинь транснациональны корпораци гэдэгтэй адилхан бүх тивд түгсэн дэлхийн номер нэг спорт. Гэхдээ тоглодог, шүүдэг, дасгалжуулдаг хүмүүсээс гадна фанатууд гэж дэлхий даяарх орон зайг эзэлсэн ийм спорт. Өнөөдөр эмээ өвөө нар ач нараа хөлбөмбөгийн дугуйланд сургаж байгаа байх, аав ээж нар хүүхдээ хөлбөмбөгөөр сургаж байгаа байх. Ах эгч нар нь хүргэж байгаа байх. Ийм л хэмжээнд манайд явж, тэлэх гэж хичээж байна.

-Монголд хөлбөмбөгийн мэргэжлийн талбай гэж байхгүй биз дээ?
-Байхгүй шүү дээ. Зүлэг нь нэг ч овон товон байхгүй тэгш талбай байх ёстой. Гэтэл бид дандаа чулуун дээр тоглож ирсэн. Дэгээдүүлж унаад л улаан нялга болдог. Миний мөрөөдөл гоё зүлгэн дээр тоглож үзэх юмсан гэсэн л мөрөөдөл байсан.  Гэвч тийм талбай дээр тоглож үзэлгүй залуу насаа өнгөөрөөлөө. Одоо гишүүн орнууд ФИФА Гоол I, II, III гэсэн төсөл хэрэгжүүлээд яг тэр ногоон зүлгийг чинь хийж байна. Бид хийнэ л дээ. Яг жинхэнэ хөлбөмбөгийн орнуудад талбай нь органик зүлэгтэй байдаг. Гэхдээ л хиймэл зүлэг ч гэсэн унахад зөөлөн, гөлгөр тэгшхэн. Тэрийгээ ч гэсэн хийх юмсан. Монголд хөлбөмбөг ялангуяа нийслэлд дөчөөд оны сүүл тавиад оны эхээр Оросууд хөгжүүлээд дүүргүүд хоорондоо хөлбөмбөгөөр үзэлцдэг байлаа. Ялагдсан нь нөгөөгийнхөө тархи толгойг чулуугаар хагалдаг бас ч жижиг хэмжээний байлдаан болдог байлаа шүү дээ.(инээв)  

-Манайд ФИФА-гийн гишүүнчлэлээр дамжуулан тийм их санхүүжилт орж ирдэг юм уу?
-1998 онд ФИФА-д элсээд, би төсвийг нь боловсруулаад нэг сая доллар гэж анх оруулсан. Үгүй ээ, гээд 800 болгосон. Түүнийгээ дахиж хянаач гээд, ахиад 700 гээд л явуулсан. Тэгсэн278-аар батлагдсан. Тэгээд тэр мөнгө нь орж ирээгүй. Би тэгээд л  гарсан учраас түүнээс хойш төслөөр хэд орж ирсэн юм, жилийн төсвөөр нь хэд орж ирсэн юм гэдгийг би үнэхээр хэлж чадахгүй. Харин улсын төсөв энэ тэрээс юу ч авахгүй шүү дээ.

-Тэнд мөнгөний их эргэлт байгаа учраас л тийшээ шунацгааж байна гэж та нарыг шүүмжилж байгаа.
-Миний насыг ч, нийгэмд эзэлсэн байр суурийг ч бодсон мөнгөний шуналаас аль хэдийнэ ангижирчихсан хүн шүү дээ. Байгалиасаа би нэг их шуналгүй шаар юм шиг байгаа юм. Байгаагаа хуваалцчихдаг.  Жишээ нь, Худалдаа хөгжлийн банкны миний өмнөх захирлыг өөртэйгөө харьцуулахад өөрийгөө дөвийлгөсөн гэж хэлэхгүй байлгүй . Төрийн өмчийн хорооноос ашигтай ажилласан, татвар сайн төлсөн гээд шагнахад 90 хувийг нь өөртөө аваад10 хувийг нь бусдадаа өгдөг байх жишээтэй. Дараагийн жил нь төдий хэмжээний шахам шагнал ирэхэд би таван хувийг нь өөртөө аваад 95 хувийг нь хамт олондоо хувааж өгч байсан. Тэр олон хүнийг ажиллуулчихаад хар амиа бодож болохгүй биз дээ. Би мөнгө дагасан зовлонг гэтэлчихсэн хүн. Тэгэхээр надтай ийм инээдтэй сэдвээр ярих асуудал байхгүй.

-Хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгчтэй ФИФА дээр очоод ФИФА-гийн ерөнхийлөгчтэй уулзаж, Монголын хөлбөмбөгийн мөрөөдлийг ваатум цаасан дээр бичиж өгч байх түүхэн үйл явдлын гэрчийн нэг би болж байлаа. Тухайн үедээ надад сайхан л санагдаж байсан. Одоо ингээд ерөнхийлөгчийн зөвлөх Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөж байгааг харахад Ерөнхийлөгчийн тэр мөрөөдөлтэй холбоотой, бодлоготой орж ирж байгаа залуу юм болов уу гэж бас харах. Ер нь энэ залуу хөлбөмбөгийн холбоотой ямар түүхээр холбогдож байсан хүн юм бэ?
-Надад тэр талаар ямар ч мэдээлэл байхгүй. Хувь хүний тухай би тэр хүний хэмжээнд очиж доошоо орж элдэв явуулын үг шидмээргүй байна. Харин Монгол улсын төрийн тэргүүний хувьд бол 2050 онд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулах тухай их сайхан мөрөөдөл гаргаж тавьсан. Тэр биелэхгүй л дээ. Яагаад гэвэл Монгол улс гуравхан сая хүнтэй, 100 мянган хүний стадион ч байхгүй. Гэхдээ би тэр үйл явдлыг хөлбөмбөгийг эх орондоо хөгжүүлэх мөрөөдөл гэж  эерэг талаас нь харсан. Хөгжүүлэх  ёстой. Бид мөрөөдөж байж л хөгжинө. Улс орны эдийн засаг өндийхтэй холбогдуулаад захаас нь бид ажиллаж болно. Ядахдаа манай төв стадион чинь 10 мянган хүний суудалтай шүү дээ. Хөлбөмбөгт  зориулсан стадион тусдаа байдаг. Битүү стадионтой байх ёстой байхгүй юу. Дэлхийн бүх улсад шахуу арванхоёрдугаар сард тэмцээнтэй байхад манайхан зургаа долоохон сар тоглож байгаа юм. Таван сар тоглолтгүй байна. Яагаад гэвэл цаг уур нь хүйтэн. Битүү стадион барьчих юм бол 12 сар ядахдаа Улаанбаатартаа тоглоод байна. 10-15 мянган хүний битүү стадион бариад цас бороо орохоор битүүрчихдэг, сайхан нарлаг өдөр нээгдчихдэг ийм стадионтой болох мөрөөдлийг би ч гэсэн дотроо тээж явдаг. Улаанбаатарт анхны ийм стадионыг барих ёстой байх. Тэгээд тэрийг нь бизнес зориулалтаар гэдэг юм уу, нөгөө 10 мянган хүн дээр оруулахаар 30 мянган хүн үздэг, түүний 20 мянгад нь билет зарахаар 600 сая болдог. Тэр 600 саяынхаа 50 хувийг нөгөө хамтлаг дуучдын зардалд өгдөг. Харин 50 хувь нь хөлбөмбөгийн холбоондоо үлддэг энэ тэр гээд олон менежмент хийж болно.

-Та анх энэ холбоог биежиж байхад нь тодорхой үүрэг биелүүлчихээд холдсон гэж байна. Гэтэл сүүлийн сарын турш явж байгаа мэдээг харвал та тэндээс амбицаа хэзээ ч татаагүйгээр барахгүй хөлбөмбөгийн холбоотой байнга хутгалдаж байсан юм шиг юм ярих юм. Сүүлд Японы иргэн Т.Миромото, И.Отгонбаяр, Г.Мөнхчулуун гээд залуучуудын зургийг тавиад эд нартай нийлж хүний наймаа хийдэг, бизнесийн нэг талбар болгосоор ирсэн гэж байна. Тодорхой хүмүүсийн нэр хүнд хөндөгдөж байгаа учраас би асуух ёстой. Энэ хүмүүстэй та ямар холбоотой вэ?
-Яах вэ, энэ өнгөрсөн 2014 он есдүгээр сарын дундуур хөлбөмбөгтэй холбоотой гурван хөлбөмбөгчин надтай уулзахаар ирсэн, би чинь 1999 оноос хойш хөлбөмбөгийн холбоотой огтхолбоогүй болчихсон гэж хэлсэн шүү дээ. Тэд надад “Энэ оны арваннэгдүгээр сарын 22-нд Монголын хөлбөмбөгийн холбооны их хурал болно. Та ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээч ээ. Хөлбөмбөгийн холбоог зөв голдрилд нь оруулаад өгөөч” гэсэн. Тэр үеэс би Г.Мөнхчулуун гэдэг хүнийг таньдаг болсон. И.Отгонбаяр бол 1997 онд над дээр нөгөө орж ирсэн залуусийн нэг нь байсан. Надаас үе мултарсан дүү хүмүүс л дээ. Би И.Отгонбаярыг 1997 оноос хойш мэднэ. Би өөрөө санхүүжүүлээд Пусаны зүүн Азийн тоглолт, Тайландын Азийн тоглолтод мөнгө цуглуулаад араас нь очоод хоол унд, зочид буудлыг нь зохицуулаад л явж байсан. Тэр үед энэ залуу ажиллаж л байсан. Харин Г.Мөнхчулууныг манай банкнаас зээлтэй гээд бичээд байсан чинь манай банкны харилцагч биш байна лээ. Манай банкнаас зээлгүй юм байна. Бас юунд тэр хүнийг ингэж гүтгэж байгааг ойлгоогүй. Хөлбөмбөг бол эр хүний спорт. Энэ рүү ороо ч үгүй байж ингэж баллаж байгаа улсуудыг харахаар сэтгэл өвдөх юм.

-Японы иргэнийг нь танихгүй юу?
-Японыг нь бол огт танихгүй.

-Та хөлбөмбөгийг эр хүний спорт гэж байна. Өнөөдөр та өөрөөсөө 20 насаар дүү залуутай өрсөлдөж байх шиг байна. Төрж байгаа мэдрэмжүүдээсээ хуваалцвал. Яг ийм өрсөлдөөнд орж байв уу, та?
-Бараг л үзээгүй юм байна. Мэргэжлийнх нь онцлог илэрч байна. Тэр дотроо хар пиараараа гаршсан хүн юм байна гэсэн мэдрэмж надад төрж байна. Ний нуугүй хэлэхэд. Энэ чинь өөрөө хүнлэг ёсны хүмүүжил байхгүйн л шинж шүү дээ. Яг харахаар надад сонин сэтгэгдэл төрдөг. Тэр хүнд байдаггүй харин надад байдаг чанаруудыг эсрэгээр өөрт нь байдаг мэтээр биччихэж байгаа юм. Тэгэхээр тэр хүнд авьяасыг нь бурхнаас заяагаагүй юм байна. Бусдыг л, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарыг онцгой ашиглаж, учраа мэдэхгүй хүмүүсийг хөлсөлж ажиллуулах арга чаргыг бол түүнд заяалгасан бололтой юм.  Удирдах, зохион байгуулах, хүнийг ажиллуулах, бүтээх, босгох, үр дүнд хүргэх гэсэн урт зам мань хүнд байхгүй л дээ. Гэтэл тэрийг нь амьдрал дээр би бүгдийг нь харуулсан хүн. Тэр нь их өрөвдмөөр санагдаад байгаа юм. Надад байгаа үнэт зүйл тэр хүнд гэнэт бий болчихгүй. Маш хэцүү зүйл л дээ.

-Та бол хувийн хэвшлийн хүн. Харин өрсөлдөгчид тань төрийн албаныхан байх шиг. Та Ерөнхийлөгчийн зөвлөхтэй уулзаж ярилцаж ер нь үзсэн үү?
-ФИФА гурван зүйлийг дүрэмдээ хориглочихсон байгаа шүү дээ. Улс төр оролцож болохгүй, энэ чинь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Төрийн оролцоо орж болохгүй гээд. Төрийн албаны тухай хуулийн 6.1.10-т зааснаар энэ хүн төрийн, улстөрийн албан тушаалтан гэж явж байгаа. Тэгэхээр хууль зөрчсөн хүнтэй уулзах ямар ч хэрэг байхгүй. Ач холбогдол өгч хууль зөрчсөн хүнтэй би ярих ёсгүй. Тэгэхээр би уулзахгүй, ярилцлагад орохгүй, хууль бус зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй л байхгүй юу.

-Нийгэмтэй ажилладаг хүний хувьд нэг зүйл харамсалтай санагдаж байна. Цаад талд нь нэг санаа зовних юм байна. Монголын банк санхүүгийн ертөнцөд элдэв савалгаа ирж болохгүй. Таныг Худалдаа, хөгжлийн банкийг маш муу удирддаг л гэнэ. Дээр нь Монголын банк санхүүгийн ертөнцийн нөлөө бүхий хүмүүсийн эсрэг хэвлэл мэдээллээр юм бичүүлж явдаг л гэнэ. Н.Золжаргалын эсрэг хамаг зүйлийг жишээ нь та л хийдэг юм байх. Бас таны ажиллаж байгаа Худалдаа, хөгжлийн банк тун эвгүй байдалд байгаа мэтээр ийм ойлголт  гараад ирлээ. Үүний талаар тантай уулзчихаад асуулгүй өнгөрч чадахгүй нь?
-Бидний өрсөлдөж байгаа салбар  хөлбөмбөг  шүү дээ. Тэгэхээр Монголынхоо хөлбөмбөгийг яаж хөгжүүлэх вэ. Холбоогоо яаж сайжруулах вэ. Энэ гол сэдвээ л ярь л даа. Гэтэл энэ хүн чинь байж ядаад, сандраад ойж буугаад хаа хамаагүй салбар руу ороод байна шүү дээ. Банкны салбар гэдэг чинь итгэлийн байгууллага. Энэ нь ямар утгатай вэ гэхээр иргэн Дорж, Дулмаа мөнгөө хадгалуулдаг. Банкны хөрөнгийн 90 хувь нь хадгаламж эзэмшигчдийн л хөрөнгө байдаг. Тэгэхээр ингэж мэргэжлийн байгууллага руу дайрна гэдэг бол угаасаа хууль бус үйлдэл. Тэгэхээр  энэ асуудлаар бол би шүүхэд шууд хандана. Юу ч хийхээс буцахгүй байна шүү дээ. Харин хөлбөмбөгийг хөгжүүлэх асуудлаар бие биенээ доромжлохгүй, маргаан хийнэ. Бүгдээрээ хийвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг энэ зарчмаар л би өрсөлдөнө. Би энд нэг их улайраад байгаа юм байхгүй. Хэрвээ болчихвол хөгжүүлэхийн төлөө л ажиллана. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэгчээр л би зүтгэнэ. Болохгүй байлаа гээд надад хохирох зүйл үгүй. Надад чинь бас  үзэл бодол нэгтэй гоё найзууд, бүрдүүлсэн сайхан хамт олон байна. Би хийдгээ хийсэн хүн. Сайхан гэр бүлтэй, үр хүүхэдтэй. Би амьдралдаа  бүх зүйлд сэтгэл хангалуун явдаг. Би үнэндээ бараг л аз жаргалтай шахам хүн шүү. (инээв) Дампуурсан банкинд очиж босгоод сайн менежер гэдгээ хэдэнтээ харуулж чадсан. Хэн ч маргахгүй. Ер нь хийсэн юмтай хэлэх үгтэй хүн болохоор энэ залууг давчдуулаад байх шиг байна л даа. Гэхдээ  энэ явдал намайг их хурцлаад байгаа байхгүй юу. Ийм новшнууд, шаарнууд улайрч байна гэдэг чинь намайг улам хурцалж байна шүү дээ. Үүний цаана “морь” Ганболд, авгай Мааяатайгаа дэндүү их мөнгө идчихээд хууль хяналтын асуудалтай байгаа бас нэг хөөрхий нөхдүүд хавсарч байна. Олон хүн хөдөлж байна шүү дээ.  

-Б.Ганболд гуай эхнэртэйгээ юу. Эхнэрийг нь Мааяа гэдэг юм уу?
-Эхнэр Мааяа нь хөлбөмбөгийн холбооны гадаад харилцааны захирал байсан. Тэр үед факсаар харилцдаг байсан. Авгай нь англи хэлний орчуулагч, багш мэргэжилтэй. Гэрээрээ факс хүлээж авдаг байсан юм. Мэдээлэл, мөнгөний урсгалыг авгай нөхөр хоёр ингээд атгачихсан байсан. Цуу яриа гэдгээр бол энэ хүн “Сиднейд би хоёр хаустай. Улаанбаатарт хэчнээн хаустай” гэсэн бэ өөрөө ярьсан байсан. Угаасаа анх ямар ч бизнесгүй хүн байсан. ФИФА-гаас аудит ороод ирэх юм бол хууль  хяналтын байгууллагад татагдах асуудал тэр хүн дээр үүсээд байгаа юм. Би энэ хүнтэй учирсандаа их харамсдаг. Гэвч өнөөдөр надад энэ хүн шиг айдас байхгүй. Намайг үнэндээ энэ өрсөлдөөнд орооч гэж хэдэн залуус гуйгаагүй бол би энэ холбоо руу эргэж харах ч үгүй байсан. Ингэж хүмүүс гуйхаар чинь би гэдэг хүн хөөрөөд “OK “гээд л хэлчихсэн байхгүй юу. Тэгсэн явцын дунд би бүр хүний наймаачин болчихлоо. Өшөө юу юу ч болов. (инээв) Амьдралд сонин хачин юм их тохиодог юм байна. Намайг бас энэ нөхдүүд шантаажилсан байна лээ.

-Гэр бүлийн асуудлуудыг тань ил гаргана гэж үү?
-Чаддаг юм бол гаргаад ир гэж би басч байна.

- Яг энэ шантаажтай холбоотой танд нэг мэдээлэл хэлчих үү?
-Тэг тэг. Би сонсъё. Одоо юу ч гаргаж ирсэн би гайхахгүй.  

-Таныг Монголын нэг том гэр бүлтэй хутгаж л нийтлэл бичиж байгаа сураг байна лээ дээ?
-Мисс байхгүй байна уу. Гаргаад ир л дээ. (инээв)

-Тэгэхдээ гоё юм биш үү. 60 насандаа хайр сэтгэлийн асуудлаар баална шүү гээд заналхийлүүлж байна гэдэг чинь?
-Ер нь сэтгэл хөгширдөггүй юм шиг л байна.
-Та эрч хүчтэй, залуу харагдаж байна. Угаасаа 60 нас гэж юу юм бэ. Ийм сэдэв хүртэл яригдаж байна шүү дээ.
-Намайг энэ сэдвээрээ бичиг. Би бүгдийг нотлуулна.

-Нөгөө талаар та Монголын банкны зүтгэлтнүүдтэйгээ туйлын таарамжгүй байдаг гэж юу вэ. Жишээ нь, Н.Золжаргал таны “дайсан” юм уу?
-Үгүй шүү дээ. Би Сүх-Эрдэнэтэй одоо хүртэл ойрын найз хэвээрээ л яваа. Н.Золжаргалын ах Жагаатай найз хэвээрээ л байгаа. Н.Золжаргал бид хоёр бие биенээ их хүндэлдэг. Ажил хэргийн санал шүүмжлэлээ бие биедээ хэлдэг. Хэвийн харилцаа шүү дээ. Өөрөө уулзаад хэлэх, хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлэх бүрэн нээлттэй нийгэмд би нэг нөхрөө бичүүлж явах хэрэг байна уу. Бас энэ хэвлэл хэнд нь илүү нээлттэй байна вэ. Та өөрөө харж байгаа байлгүй дээ.

 -Улс төрийн хувьд та олон жил ардчиллын төлөөх зүтгэлтэн байлаа. Ёстой авдаг өгдөг нь ч юу байлаа гэгчээр аль дээр үеэс мэдэх юм. Тэглээ гээд сайд болъё гээд явсангүй, болсонгүй. Энэ бол факт. Өнгөрсөн сонгуулиар та жагсаалтаар нэр дэвшсэн. Сая таны урдуур таслаад Р.Бурмаа гишүүн орж ирлээ. Тэрнээс хойш таныг Р.Бурмаа гишүүнийг байнга дарамталдаг болсон гэж бичсэн байсан?
-Шал худлаа. Манай МҮДН-ы фракц хуралдаад би хүсэлт тавьсан юм. Банкны системд 20 гаруй жил ажиллачихлаа. Банкны хууль эрх зүйн орчныг засаж залруулчих юм бол зээлийн хүү  буурах боломжтойг хэлсэн. Тэгээд би энэ удаад жагсаалтад орж нэр дэвшмээр байна. Гучин хэдүүлээ сууж хуралдаж байгаад жагсаалтын нэгдүгээрт генсек байгаа Д.Эрдэнэбатыг оруулъя гээд ярьцгааж байгаа юм. Хоёрдугаарт нь Б.Мэдрээгээ оруулъя гэсэн. Яагаад гэвэл би бүх үед тэдний ар талд зүтгэж байсныг тэд маань бас мэднэ шүү дээ. Тэгээд бид хоёрыг эхний аравт ор гэсэн. Тэгээд юм явсаар би найм дээр зогсчихлоо. Тэгсэн манай фракцийн Ажнай Д.Бат-Эрдэнэ, Барилгын сайд Ц.Баярсайхан хоёр Өмнөговь дээр ганцхан мандаттай байж байдаг. Хоорондоо жаахан маргалдах гээд. Тэгэхээр нь би та хоёр ингээд хэрэггүй. Бүгдээрээ ярья гээд. Ц. Баярсайхан арав дээр байсан юм. Би найм дээр. Тэгэхээр нь Ц.Баярсайханыг чи наймд ор, би арав дээр чинь оръё гээд өөрийнхөө фракцийн хүнд нэг буулт хийчихлээ. Тэгээд байж байтал намын удирдлагаас ийм хүсэлт тавьж байна. Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг гээд залуухан хүнийг эмэгтэй квот энэ тэрээр эхний аравт багтаагаач гэсэн. Мэдрээ чи арав дээр байгаа юм чинь нэг ухарчихгүй юм уу гэлээ. Тэгээ тэг гээд би 11-т орчихлоо. Тэгээд л яг хамраараа таслуулсан байхгүй юу. (инээв) Тийм л юм болсон.

-Зам чөлөөлж, зай тавьж өгөх ч сайхан ойлголт шүү ?
-Яах вэ дээ, юмыг чинь эв эеээр явуулдаг болохоос үхчих гээд улайраад байх миний зарчим биш. Би нэг зүйлийг сүүлийн үед их ажиглаад байгаа. Популистууд их явах юм. Тийм хүмүүс гарч ирээд өөдгүй юм их хийх юм. Р.Бурмаагийн хувьд өөрөө надтай уулзъя гэсэн. Тэгээд дараагийн хүн нь чи байдаг, ямар бодолтой байна вэ гэсэн. Би жил хагас юу ч хийж чадахгүй, хэрвээ дөрвөн жил байсан бол банкны багц хуулиудад өөрчлөлт оруулах байсан юм. Иргэний хууль, Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль, Татварын хууль, Төвбанкны тухай хууль, Банкны тухай хууль, Мөнгөн хадгаламжийн хууль гээд баахан хуульд орох болохоор хугацаа байхгүй. Хоёрдугаарт долдугаар сарын нэгэн болоод хүн амьтан буудсан ямар хэрэг гарлаа. Сонгуулийн хууль чинь их чамбай байх ёстой. Угаасаа сонгуулийн боловсролын төвийн тэргүүн хүн. Чамайг мэргэшсэн хүн гэж хувьдаа ойлгож байна. Тэгээд чи сонгуулийн хуулийг шинэчлэн сайжруулах ажлын хэсгийн дарга. Наадахаа дуусга. Чиний тэр сайд майд надад ядаргаа л байна гэсэн. Юун дарамтлах вэ.

-Гүтгэлэг байх нь, Р.Бурмаа гишүүн хэлэх байлгүй дээ?
-Чи Алтангадастай их шөргөөцөлдсөн. Их хурлын гишүүнээ өгөөд дан дээлтэй сайд болох юм бол чи хэн ч биш шүү гээд би түүнд хэлсэн. Мань хүн цочсон байхгүй юу. Гэтэл надад монгол улсын иргэний хувьд Сонгуулийн хууль нь чамбай хууль гарах илүү хэрэгтэй байна. Тэр үүднээсээ би Р.Бурмаад илэн далангүй л хандсан.

-“Хоромхон” клубийн Лхагвадорж гэж ямар хүн бэ?
-Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа  гурав дахь хүн  нь Лхагвадорж. Энэ хүн сая Сингапурт Элчин сайдаар томилогдохоор болчихсон. Энэ хүн Женко Баттулгын төрсөн эгчийнх нь охины нөхөр юм билээ. Женко Баттулга “саваагүй нохой саранд хуцна” гэгчээр жүдогоосоо халиад одоо хөлбөмбөгт орчихсон л тууж явах юм. Өөрийн туслах гэнэ үү, хуулийн зөвлөх гэнэ үү Шижир гээд залууг хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулаад ажиллуулж байгаа шүү дээ.

-Таны эсрэг нийтлэлүүд гарч байгаа сэтгүүл, гол суваг болох медиагийн цаад хөрөнгө оруулагч нь том банкны эзэн гэх юм. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Наадах чинь Голомт банкны Д.Баясгалан. Манайд чинь эрүүл өрсөлдөөн гэж бараг байхгүй болж байна шүү дээ. Худалдаа, хөгжлийн банк л манай өрсөлдөгч гэж хараар  хараад байгаа юм. Монголд хэдхэн банк л байна. Нэг том банкных нь хүн ингэж асуудалд ханддаг. Д. Баясгалан бид хоёр хэзээ ч таатай харилцаатай байгаагүй. Гэхдээ миний зүгээс биш шүү.

-Нэгэнт үйл явдал өрнөж, ширүүн өрсөлдөөн явж байгаа болохоор энэ хүрээнд ярилцлаа. Тантай ярих олон зүйл байгаа. Сарын дараа ахин уулзах болзоо тавьж болох уу?
-Болно. Би нээлттэй, илэн далангүй хүн. Надад айж ичээд, үхчих гээд, хүн алж хүрээ тараачих зорилго сэдэл байхгүй. Түмэн олон нүдтэй гэдэгт би итгэдэг.

-Танд амжилт хүсье.

http://ganchimeg.niitlelch.mn/

Monday, 26 January 2015

Р.Болд: Оюутолгойн 34 хувиа зарах нь бүрмөсөн бууж өгсөнтэй адилхан

Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Болдтой ярилцлаа. Аюулгүй байдлын чиглэлээр манай мэргэшсэн судлаачдын нэг тэрээр одоо улсаа төлөөлөн Австрали улсад Элчин сайдаар ажиллаж байгаа юм. 
-Элчин сайдын яамныхан та бүхэн Монголынхоо талаар мэдээлэл сайтай байгаа. Таны харж буйгаар Монголын эдийн засаг өнөөдөр ямар байна вэ. Бид бол их муудлаа, хүндэрлээ л гэж яриад байгаа.
-Манай гадаад нөхцөл тайван, дотоод байдал тогтвортой. Эрх мэдэл шаардаад яваа шинэ нийгмийн анги, бүлэг ч манайд алга. Яах вэ, ганц нэг бие хүн байж магадгүй. Өлсгөлөнд тулсан ядуурал ч алга. Монголын эдийн засаг глобал эдийн засгийн бүрэлдэхүүн юм уу гэхээр үгүй. Тэр ч байтугай бүс нутагтайгаа холбогдсон уу гэвэл бас үгүй. Зэс, нүүрс, алт төдийнхнөөр Хятадын зах зээлээс хамааралтай, үүгээрээ л гадаад ертөнцтэй холбогдож байгаа. Зэсийн үнэ буурч байгаа ч, арван жилийн өмнөх шигээ шалдаа буусангүй. Тэгэхээр эдийн засаг асуудалтай болсны шалтгааны дийлэнх нь бидний өөрсдийн л бий болгосон хүндрэл. МАН-ын дарга М.Энхболд энэ хүндрэлийн шалтгааныг шинжлэн дүгнэлт хийхийг сануулсан шүү дээ. Хөндлөнгийн шинжээчдээр ч хийлгэмээр байгаа юм. Энэ нэг их төвөгтэй ажил биш.
-Эдийн засаг ингэж хүндрэхэд гадаад орчин биш юм бол өөр юу нөлөөлсөн байж болох вэ. Эсвэл мөнгө маань хэт ихдээд пологдчихов уу?
-Нэгд, мөнгө ихэднэ гэж хэзээ ч байдаггүй. Бид чинь нэг хэсэг юм үзэж нүд тайлаагүй гээд гадаадаар баахан туусан биз дээ. Танин мэдэхүйн тэр үеэ одоо дуусгамаар байна. Мөнгөтэй хүн хуримтлал л бий болгодог, эрсдэлтэй ч эргэлтэд оруулдаг, тэгээд үржүүлдэг. Бид тэгж чадсан уу, энэ бол хамгийн энгийн дүгнэлт. Хоёрт, Монголд дэлхийд нэршсэн хэд хэдэн компани орж ирсэн бол өөр хэрэг. Гэтэл ганцхан “Рио Тинто” л байна, бүгд л Оюутолгой хэрхэхийг л харзнаж байна. Гуравт, би энд хоёр талын харилцааг хэлээгүй шүү. Өнөөдөр амьтай болгон л БНХАУ-ын эрчимтэй хөгжлийг өөртөө ашигтайгаар яаж ашиглах вэ гэж өрсөлдөж байна, манай улсын энэ бодлого нь хаана байна вэ, энэ бол энгийн гуравдахь дүгнэлт. Зөвхөн эдгээрээс үзэхэд эдийн засаг муудахад гаднын нөлөө тийм ч их байгаагүйг харж болно.
-Одоо эдийн засгаа өөд татах гол гарц юу вэ, таныхаар?
-Итгэлцэл. Наад зах нь гурван төвшинд итгэлцэл төрүүлэх ёстой. Засгийн газар дотоодын хувийн хэвшлийн хооронд, Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын хооронд, Засгийн газар иргэдийн хооронд. Тэгээд энэ итгэлцлээ хадгалах, нандигнах тэр орчныг тогтвортой байлгах ёстой. Харамсалтай нь, ийм итгэлцлийг нэг жилийн дотор бий болгодоггүй. Харин ганцхан жилийн дотор нурааж болдгийг бид харлаа шүү дээ. Гэхдээ л итгэлцэл тогтоох үндсийг дахин бүрдүүлэх, сэргээх, энэ дохиогоо зоригтой өгөх хэрэгтэй байна. Үүнээс гадна эдийн засгийн амьдралд төрийн оролцоог аль болох хумих, багасгах хэрэгтэй. Энэ талаар манайхан их ярьдаг л даа. Зөвхөн сүүлийн хоёр жилд төдийгүй ер нь сүүлийн жилүүдэд шинээр төрийн олон байгууллага байгуулсан нь туйлын буруу байсан. Нэг хууль батлаад л дагаж нэг шинэ бүтэц төрүүлээд л. Ингэж явсаар төрийн нүсэр бүтэц босгосон, туршлагагүй олон ажилтан нэмэгдсэн, хамгийн гол нь төрийн залгамж чанарыг алдагдуулж, төрийг сулрууллаа. Амьдрал дээр мэдээж олон чиг үүргийг шаардана. Тэр бүгдийг төрийн байгаа бүтцэд чиг үүргийг нь нэмэх байдлаар, албан хаагчдыг нь хөрвөн ажиллуулах байдлаар шийдэх хэрэгтэй юм. Ер нь ч тэгж шийддэг.
-Хүндрэлээ давахын тулд манай гол намууд засагт хамтарлаа. Энэ нь гадаад ертөнцөд сайн мэдээ болж чадаж байна уу? Зарим хүн үүнийг парламент сөрөг хүчингүй боллоо гэж байхад зарим нь үргээсэн хөрөнгө оруулагчдаа эргэж дуудах боломж гэж байна.
-Хамтарсан Засгийн газар бол түр зуурын, тухайн үеийн улс төрийн хүчний харьцааны л үр дагавар. Хаана ч тийм байдаг. Үндэсний ашиг сонирхолд нийцсэн нийтлэг зорилтоо хамтраад шийдье, хамтран ажиллая гэснээс бус, сөрөг хүчин алга боллоо гэсэн хэрэг огт биш. Хамтарсан Засгийн газарт орсон сөрөг хүчнийг магадгүй нэг ёсны сүүдрийн засаг гэж ч болно. Хамтарсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг эргэж дуудах нэг боломж ч мөн. Харамсалтай нь тэд маань ерөнхийдөө нэлээд удаан хугацааны хүлээзнэх байдалд орсон байна. Ер нь гадаад ертөнцийн хувьд тусад нь хэдэн зүйл хэлье. Монголын засаг хамтарсан уу, үгүй юу гэдэг нь гадаад ертөнцөд нэг их хамаагүй. Үнэндээ гадаад ертөнц одоо хүртэл Монголыг сайн мэдэхгүй хэвээрээ л байгаа. Одоо л зах зухаас нь жаахан гадарлаж эхэлж байгаа байх, тэгэх тусмаа Монголын улс төрийг бүр ч мэдэхгүй. Ер нь гадаадын иргэдэд тухайн улс танигддаг энгийн хэдхэн зүйлс бий. Энэ бол өдөр тутам хэрэглэдэг барааг хэн хийсэн, үе үе сонирхдог урлаг, соёл нь хаанаас үүдэлтэй, жуулчны анхаарал татдаг орон мөн үү, хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхааралд үе үе өртдөг үү, бараг л энэ хэд. Одоо бол Монголын нүүрийг тахалж буй ганц сайн нэрийн хуудас маань манай соёл, урлагийнхан л байх шив дээ.
-Аюулгүй байдлын судлаач хүнээс асуухад, ДНБ-д эзлэх өрийн тааз хэдэн хувиас илүүгүй байвал аюулгүй вэ. АН өр нэмээд явъя гэж байгаа, нөгөө нам нь нэмэхгүй аюултай гэх юм. Бусад улсад энэ босго хэд байдаг юм бол?
-Аюулгүй байдал судлал чинь эрсдэлийг л олж харах, түүнийгээ л түрүүлж тавих гээд байдаг юм шүү дээ. Энэ бол хувилбаруудаа бод, шатахуун дуусахад буух нөөц, буудлаа төлөвлө гэсэн л хэрэг. Өр тавихдаа дараагийн эрсдэлээ урьдчилан тооцож, даван туулах арга замаа урьдчилан бодсон бол нэг хэрэг. Гарц бий гэсэн үг. Харин гарц үгүй бол өөр нэг хэрэг. Хөгжил цэцэглэлт улам л удааширна гэсэн төлөв бууна. Өрийн таазыг тогтоох нь тухайн улс орны онцлог, хөгжлийн шатнаас шалтгаална. Энэ бол байдаг л асуудал. Өрийн тааз бол аюул гэхээсээ өр дахин тавихыг л хязгаарлаж буй хэрэг шүү дээ. Хөгжингүй орнууд гол төлөв төсвийн хуулиараа зохицуулаад явдаг. Жишээ нь, Австрали өрийн таазыг мөнгөн дүнгээр илэрхийлж тогтоосон байснаа сая бүрмөсөн халсан. Арван жилийн дараа энэ нь ДНБ-ий 27 хувь болно гэж үзэх жишээтэй.
-Өр зээлээс гадаадын хөрөнгө оруулалт нь илүү чухал санагддаг. Хөрөнгө оруулалтыг татахад ямар бэрхшээл байдаг талаар гаднынхан танд юу гэж хэлдэг вэ?
-Түншээ татах, итгэл үнэмшил төрүүлэх, ер нь ямар нэгэн асуудлаар ярилцахад заавал нэг баримт харуулах, эсвэл статистик дурдах хэрэгтэй шүү дээ. Энэ маш чухал. Хоосон лоозон, дандаа магтаал ярих аргагүй, зовлон бэрхшээлээ ч илэн далангүй давхар ярина. Ер нь улс төрийн итгэлцэл, бизнесийн итгэлцэл тогтоох нь үндсэн бэрхшээл байдаг. Энэ бэрхшээлийн нүүдэл нь манай дотоод байдал. Гадаад бодлого гэдэг чинь дотоод бодлогын л үргэлжлэл байдаг.
-Та Оюутолгойн хөрөнгө оруулагчдын нутагт Монголоо төлөөлж суудаг. “Рио Тинто”-гийнхон одоо үүсээд байгаа гацаа түгжээг арилгах, төслөө урагшлуулах тал дээр тантай албан ёсоор уулзаж байна уу. Төслийг урагшлуулахад Элчин сайдын хувьд та өөрөө ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
– “Рио Тинто” Канберрад биш, Лондонд байдаг учраас удирдлага нь Австралид ирэх үед санал солилцож л байсан. За даа, ер нь бол олон улсын хэмжээнд танигдсан ганц компанитай ажиллаж чадахгүй байж, Австралиас хөрөнгө оруулалт татна гэж юу яриад байна даа гэх байдлаар ханддаг юм даа. Мэдээж шууд ингэж хэлэхгүй, гэхдээ л мэдрэгдэнэ шүү дээ.

-“Рио Тинто”-г бид гурав дахь хөршийн, стратегийн хөрөнгө оруулагч гэж өргөмжилдөг. Тэд харин бидний энэ үнэлэмжийг хэт олзлоод байх шиг санагддаг. Сүүлийн үед Монголын талын 34 хувийг зарах тухай яриа ч гарч байгаа.
-“Рио Тинто” бол үнэхээр стратегийн хөрөнгө оруулагч мөн шүү. Харин гуравдагч хөршийн хэмжээнд өргөмжлөх шаардлагагүй байх аа. Яг Оюутолгой төслийн хувьд өөрийнхөө хувийг бусдад зарна гэдэг чинь бүрмөсөн бууж өгч байгаа л хэрэг.
-Оюутолгойгоос гадна Тавантолгой төсөл эхлэх гэж байна, ялагчаа тодруулсан. Үндэсний хөрөнгө оруулагч “Энержи ресурс”, худалдан авагч Хятадын “Шинхуа”, манай нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх Японы “Сумитомо” орж ирлээ гэх юм. Таныхаар бидний мөрөөдлийн баг Тавантолгойд орж ирж чадсан уу?
-Хамгийн олзуурхууштай нь манай үндэсний компани шалгарсан байна. Түүнээс бус, зах зээл нь угаасаа тодорхой шүү дээ. За тэгээд, том бодлого үүгээр дуусах биз. Энд гуравдагч хөршийн бодлогын асуудлыг би нэг их олж харахгүй байгаа. Харин хүчтэйн эсрэг хүчгүйтэй нэгдэх явдал нэг зарчим байдаг, үүнийг л оновчтой хосолсон гэж үзэх байна даа.
-Тавантолгой хөдөлж эхлэхтэй холбоотойгоор Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажил эхлэх гэж байна. Уг замыг Хятадын хөрөнгө оруулалтаар бариад тодорхой хугацаанд тэдэнд эзэмшүүлнэ гэж байгаа. Үүнийг зарим хүн аюултай, бид хянаж чадахгүй гэдэг. Судлаачийн хувьд харахад хилээ сэтэлсэн төмөр замынхаа суурь бүтцийг хөршдөө эзэмшүүлэх нь аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй юу?
-Аюул талаасаа гэх асуудал нэг их бодогдохгүй байна. Аливаа асуудлыг хэд хэдэн хувилбараар дэвшүүлж, эрсдэл, хожлыг дэнслэн үзэж байж шийдвэр гаргадаг. Хамааралтай байгууллага, мэрэгжилтэн бүр өөрийн өнцгөөс саналаа хэлнэ. Яг энэ төслийн хувьд хожил нь өнөөдөр эрсдэлээсээ давуу байна гэж харж байна.
-Зарим хүн Мянганы сорилын сангийнхан төслөө Монголд үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор америкуудаар бариулаад суурь бүтцийг нь Монголын төр өөрөө эзэмшээд явах хэрэгтэй гэж байгаа?
-Ер нь төмөр зам гэхээр Америкийн нэр гарч ирээд байдаг түүхийн улбаа угаасаа бий л дээ. Хаалган-Хүрээний төмөр замыг америкуудаар бариулах саналыг тухай үедээ Орос ч, Хятад ч 1910, 1920,1924 онуудад удаа дараа тавьсан байдаг юм. Бодлогын хувьд байж болох, бодох нэг хувилбар мөн үү гэвэл, мөн. Төмөр замын инженер О.Сүрэнтэй хийсэн чиний ярилцлагыг уншсан. Сүрэнгийн байр суурь бол бодууштай, бас ч огт буруу санал биш байна лээ. Гэхдээ цаг хугацаа биднийг хүлээхгүй. Цаг их алдсан тул заавал Тавантолгой-Гашуунсухайт гэлтгүй өөр чиглэлийг сонгож америкуудаар бариулж болох байх.

- Та АНУ-д Элчин сайд байж, Мянганы сорилын сангийнхантай ажиллаж байсан хүний хувьд хэрвээ манай талаас ийм санал тавибал америкууд орж ирэх үү. Тэд ирье гэхэд хоёр хөрш маань улстөрийн аргаар нөлөөлж саад болох боломжтой юу. Хоёр хөршид америкуудыг Тавантолгойн төмөр замд оруулахгүй байх бодитой сонирхол бий юү?
-Харамсалтай нь, өнөөдөр гуравдагч хөршийн бодлого бүдгэрсэн. Үүнд дотоодын улс төр их нөлөөлсөн. Бид гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг оруулж байж тэдний ашиг сонирхлыг өөртөө нутагшуулна гэж үзэж байсан. Бас гуравдагч хөрш гэдэг томъёоллыг хэтэрхий хавтгайрууллаа. Гуравдагч хөрш гэж жинхэнэ утгаараа АНУ, Европын холбоо, Энэтхэг л байх. Бусад нь гуравдагч хөршийн шалгуур, тэр хэмжээнд хүрэхгүй. Гуравдагч хөршийн бодлого гэдгийг хэн нэг нь санаанаасаа зохиосон юм биш, хөршүүд нь тийм сонголт хийхэд хүргэсэн гэдгийг тухайн үед Латтимор гуай ч хэлж байсан. Орчин үед үүнийг Баабар сануулаад байгаа шүү дээ. Тухайн үед Мянганы сорилын сангийн тусламжаар Улаанбаатарыг тойруулаад 150 км төмөр зам тавихаар бараг л ойлголцсон шүү дээ. Ултай олон үндэслэл байсан, харамсалтай нь хэнээс шалтгаалаад буцсаныг бид бүгдээрээ л мэдэж байгаа. Иймд асуудлын гол нь Америкийг заавал оруулж ирэхдээ биш, гуравдагч хөршийн бодлого хэрэгтэй юм уу, үгүй юм уу, хэрэгжүүлж чадах юм уу үгүй юм уу, тийм хүсэл эрмэлзэл байна уу үгүй юу гэдэгт л байна.


-Ер нь төмөр замын тухайд нүүрсээ зарж эдийн засгийн ашиг олох, аюулгүй байдлаа хадгалж хангаж үлдэх хоёрын аль нь чухал вэ. Манайхан үнэхээр аюулгүй юман дээр хэт эх оронч дүр эсгээд эдийн засгаа хааж боогоод байна уу?
-Нүүрсээ зарж эдийн засгийн ашиг олох чинь л аюулгүй байдлын асуудал шүү дээ. Энэ хоёрыг салгах аргагүй. Салгана гэж байгаа бол ёстой хуурамч эх орончийн дүр мөн дөө.
-Таны бичсэн, бас дээр үед өгсөн нэг ярилцлагын тухай асууя. Та энэ зуны нэг нийтлэлдээ “Халх голын дайн төмөр замаас болж эхэлсэн” гэж бичсэн байсан. Энэ хэр хүлээн зөвшөөрөгдсөн, бас бодитой судалгаа вэ?
-Японууд одоогийн БНХАУ-ын нутагт Солунь-Халуун рашааны шугамыг барихын тулд хилийн шугамыг 1934 оны зурагтаа дур мэдэн урагшлуулж зурсан байдаг. Зөвлөлтийн тал ч Халхын сүмийн хэрэг явдал мандах үеэр, бас Халхын голын байлдаан эхэлсэний дараа ч мөргөлдөөн төмөр замаас үүдэлтэй гэдэг дүгнэлт хийж байсан. Жуков ч тэгж үзсэн байдаг. Фриновский нар Монголд ирсэнийхээ дараа төмөр зам тавих талаар бид Японоос хол хоцорсон байна, иймд Улаанбаатар-Баянтүмэн хүртэл төмөр зам тавих саналыг Сталинд тавьсан байдаг. Баянцагааны тулалдааны дараахан долдугаар сард Зөвлөлтийн тал Баянтүмэн хүртэл төмөр зам тавих шийдвэр гаргасан. Байлдааныг дуусгахын тулд төмөр зам тавихад саад болж буй Монголын нутгийн хэсгийг Монголын газар нутгийн өөр хэсгээр солих саналыг Молотов өөрөө Японы талд тавьж, буулт хийж байж гал зогсоох тохиролцоонд хүрсэн байдаг. Ер нь өнөөгийн үйл явдалд үнэлэлт, дүгнэлт хийхэд өнгөрсөн түүхийн сургамж чухал тул мэдэж байх хэрэгтэй л дээ. Халхын голын хэрэг явдлын тухай “Зарлаагүй дайн” гэдэг номондоо энэ талаар дэлгэрэнгүй бичсэн л дээ.
-Өөр нэг сэдэв бол та ТЕГ-ын дарга байхдаа “бид урд нутгаа анзаарч байхгүй бол Өмнөговийн засаг захиргаа нэг л өдөр хилийн цаанаас байх эрсдэл байна шүү” гэж ярилцлага өгсөн байсныг уншсан. Энэ эрсдэл одоо ч байгаа юу?
-Тэр бол аюулаар айлгах гэсэн хэрэг ерөөсөө биш. Харин гадаад бодлого нэг цонхтой байх, хоёр хөрштэй харилцах бодлогыг загварчлалаас гаргах өөрчлөлт хэрэгтэйг л хэлсэн хэрэг юм. Гадаад бодлогын мөнхийн тэргүүлэх чиглэл маань мэдээж хоёр их хөрштэйгөө харилцах асуудал. Дэн Сяопин хөгжлийн асуудалд прагматикаар хандаж, үзэл суртлыг хойш тавьж ирсэн. Үр дүн нь өнөөдөр бэлхнээ байна. Бид хоёр хөрштэйгөө улс төр, эдийн засгийг аль болох салгаж харилцах хэрэгтэй. Энэ бол улс төрийн зөрөөтэй асуудлаа хадгалан үлдэж, байр сууриа шаардлагатай үедээ хэлдэг байх, харин энэ бүхэн нь хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаанд нөлөөлөхгүй байх тийм чиг бодлого л хэрэгтэй. Энэ бол прагматик хандлага. Ингэж чадвал улс төрийн хөндлөнгийн оролцоо хязгаарлагдаж, түүний дотор БНХАУ, ОХУ-ыг “том аюул” шиг дүрсэлдэг загварчлал хойш тавигдаж, мэрэгжлийн хүмүүс товойж гарч ирэх боломж нээгдэнэ. Б.Даш-Ёндон гуай саяхан “мөнхийн ашиг сонирхол байхаас мөнхийн нөхөр байхгүй” гэдэг баримтлалыг няцааж, хоёр хөрштэйгөө харилцахад “дундаж гадаад бодлого” баримтлах саналыг номондоо дэвшүүлсэн байна лээ. Энэ бол геополитикийн үүднээс шинэлэг санаа юм.
-Төгсгөлд нь асуухад засагт хамтарсан намууд Үндсэн хууль, УИХ-ын Сонгуулийн хуулийг өөрчилнө гэж байгаа. Та судлаач, улстөрч хүнийхээ хувьд яг ямар өөрчлөлтийг санал болгох вэ. Жишээ нь Үндсэн хуулиар парламентын засаглалаа яаж төгөлдөржүүлэх, эсвэл бүр засаглалын хэлбэрээ өөрчлөх ёстой юу гээд…?
-Улс орны эзэн, эцэг, эх нь парламент өөрөө байх ёстой. Энэ бол эргэлт буцалтгүй. Иймд парламентын засаглалаа л төгөлдөржүүлэх нь хөдлөшгүй. Гадаад орчноо бодсон ч, эрх ямба нь хэтэрсэн биш, хариуцлага нь дэндсэн парламент манайд хэрэгтэй байна. Улс төр гудамжинд биш, танхимд ойлгомжтой, ил тод байх хэрэгтэй байна. Манай улс төрийн тогтолцоо өнөөгийн улс орны хөгжлийн шаардаад байгаа хэрэгцээг хангахгүй болж, амьдралаас хоцроод байгаа юм биш үү, дотоодын улс төр маань иргэдийн хүсээд байгаа тэр хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байгаа юм биш үү, улс төрийн сэтгэлгээ маань нэгэнт бий болсон хөгжлийн үлэмж их нөөцийг эргэлтэд оруулахгүй гацаагаад байгаа юм биш үү гэдэг асуудал зүй ёсоор тавигдаж байна. Энэ нь засаглалын эрх, үүрэг нь шинээр бий болж байгаа нөхцөлд үүссэн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна гэсэн үг. Засагалын эрх, үүргийг дахин тодотгох хэрэгтэй. Манайд дөрвөн жилдээ парламент, орон нутгийн ганц сонгууль хийдэг байх нь хангалттай. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх үүргийг тодотгож бэхжүүлж өгмөөр байна. Тухайлбал ҮАБЗ-ийг гүйцэтгэх засаглалын тэргүүнд өгөх хэрэгтэй, парламентаас сонгогдсон Ерөнхийлөгч аж ахуйн асуудал хөөцөлдөхгүй, элдэв томилгоо хийдэггүй баймаар байна. УИХ-ын гишүүнээр сонгогдох насны хязгаарыг ахиулмаар байна. Шүүх засаглалын хараат бус байдал бүрэн шийдэгдээгүй, томилсон субьектээ “сонсох” байдал хэвээр байна. Иймд шүүхийн томилгоог шүүх засаглалд өөрт нь өгмөөр байна. За тэгээд энэ мэтээр яривал асуудал бий дээ.
http://otgonbayar.niitlelch.mn/