Thursday, 21 January 2016

О.Батсайхан: Үнэт зүйлсээ эрхэмлэх нь Монгол үндэстэн оршихуйн гол үндэс



Монгол Улсын Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Түүх гэж юу вэ, түүх яагаад хэрэгтэй юм бэ. Ийм хүүхдэрхүү асуулт орж ирээд байна. Учир нь одоо цагт хүн бүхэн түүхч болох нь холгүй болсон нэг сонин үзэгдэл хавтгайрч байгаа болохоор л…
-Ойлгож байна. (инээв) Энэ цагийн өнгө гэх үү дээ. Түүх, тухайн үндэстний түүх бол хамгийн үнэт зүйлсийнх нь нэг юм шүү дээ уг нь. Монголчууд бид өөрийн үндэсний түүхээс холдоод удаж байна, эсвэл холдуулсан ч байж магад. Юу хэлэх гэсэн юм бэ гэхээр өнөөгийн бидний тархи гадаадын хүмүүсийн захиалгаар бүр тодруулбал гадны хүний нүдээр харснаар, бичсэн түүхээр цэнэглэгдсэн шүү дээ. Хэн бүхэн мэднэ шүү, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуульд хүүхэд, оюутнуудын дургүй хичээлийн нэг Түүх л байсан.
ТҮҮХ БОЛ ОЙ САНАМЖ, ЧИГЛҮҮЛЭГЧ МӨН 
-Тун магадгүй. Харин яагаад ийм болов оо?
-Түүхийг үзэл суртлын зэвсэг болгож байсан хэрэг шүү дээ. Ингэхдээ эзэн Чингисийн тухай бид юу уншиж үздэг байлаа, санаад үз дээ. И.Калашниковын Харгис зуун \Жестокий век\ гэх мэт бүтээл л уншиж байв. Чингисийн тухай кино гарч байлуу. Үгүй шүү дээ. 1990 оны дараа л гарч эхэлсэн гэж хэлэхэд нэг их хилсэдсэн болохгүй байх. Барууны ертөнц бол Чингис хааныг маань тэс өөрөөр үздэг хэвээр байна. Энэ бол үзэл суртлын хор уршиг. Түүх гэдэг чинь энэ үндэстний уураг тархи, ой санамж нь юм. Бүр нарийн яривал түүх бол энэ үндэстний оршихуйн үндэс яах аргагүй мөн. Учир нь түүхээр дамжиж, монгол хүн бүрт амин шалгуур болсон identity гэж биднийг авч явдаг зүйлс суудаг юм. Түүхийг нь мартуулчихаар өнөөгийн бид нар гарч ирж байгаа хэрэг шүү дээ. Эссэн айраг шиг, нэг ойж түүхээ санаад, нэг санахаа болиод байгаа юм шиг.
-Түүх ер нь ямар үүрэгтэй байдаг вэ, зарим хүмүүс түүх рүү их хандаж зууралдах нь уруудахын шинж гэж ярьдаг?
-Түүх гэдэг чиглүүлэгчийн үүрэгтэй. Жаахан бүдүүлэг жишээ авъя. Галт тэрэгний толгой дангаараа бол нэг том машин гэсэн үг биз дээ. Зам нь байвал дороо ч эргэж болно. Харин ард нь 30-40 вагон залгачихвал тэр галт тэргэний толгой тэр дороо эргэж чадахгүй ядаж алсуур эргэнэ биз дээ. Түүх бол үндэстний хувьд уламжлал болгон авч явдаг чиглүүлэгч байдаг. Тиймээс үндэстэн улсын хувьд түүхээ мэдэх явдал онц чухал юм. Хэрэв та монгол хүн мөн л бол эх түүхээ заавал мэдэж байх учиртай. Та ямар учгаар Монголтой холбогдсоноо мэдэж байх нь таны үүрэг. Бусдаас ялгарах онцлог чинь тэр юм. Түүхээ мэдэхгүй үндэстэн сөнөх аюултай. Түүхийн талаар тийм яриа явдаг. Тийм үг хэл, яриа гаргаж буй хүмүүс бол түүхгүй л ард түмэн байх. Түүнээс бус Английн эзэн хаан, Японы эзэн хаан гээд үзвэл бараг л биеэрээ түүх, уламжлалаа тээж яваа хэрэг биз дээ.
-Одоо монголчуудад суусан түүхэнд хандах хуучны хандлагууд өөрчлөгдөх шинж ер нь гарч байгаа болов уу?
-Хүмүүс их бага хэмжээгээр түүхээ сонирхож байгаа, ядаж л Чингис хаантай ах дүү болохыг хүсцгээж байгаа нь үүний илрэл. Хүмүүс түүхээ сонирхож байгаа нь сайн хэрэг. Өөрийгөө олох гэж хайж байгаа гэсэн үг.
-Та яагаад ер нь 1911 он, тэр дундаа Богдыг судлах болов? 
-Хүн болгон арван гуравдугаар зууныг сонирхдог юм. Дэлхийн талыг эзэлж байсан Монголын түүх. Монголчууд бидний бахархал, өнөөдөр бол монгол хүн бүрийн нүүрийг гадаадад тахалдаг имиж шүү дээ. Харин энэ үеийн Монголын түүх нэлээд сайн судлагдсан байх гэж бодно. Дэлхийн олон хэлээр олон орны эрдэмтэд баатарлаг Чингисийн үеийн түүхийг судалсан байна. Энэ талаар гарсан бүтээл олон хэлээр маш арвин буй. Бид зах зухаас нь монгол хэлээр хөрвүүлэн мэдэх аядаад хүүхэд адил онгирч яваа юм. Үнэндээ эзэн Чингисийн үеийн түүхээр илүү шинэ юм гаргая гэвэл нэг хүний нас багадах биз. Ядаж л бүр багаасаа перс, эртний хятад хэл эзэмшсэн байх хэрэгтэй, мэдээжийн хэрэг англи, франц, герман, орос, японоор буй тэр их бүтээлүүдийг судалгаандаа ашиглах нь наад захын шалгуур биз дээ.
-Тиймээс л ХХ зууны түүхийг сонгосон хэрэг үү?
-Үндсэндээ тийм. Орчин үеийн Монголын түүх, тухайлбал Манжийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулсан 1911 оны Монголын түүхийг тэр дундаа бидэнд эрх чөлөө олгоод эзэн хаанаар нь арван хэдэн жил суусан ч, байшгүй муухайгаар доромжлуулж байсан Богд хааны тухай судлахыг зорьсон юм. Энэ үе бол Монголын орчин үеийн түүхийн эхлэл.
-Энэ үеийн тухай социализмын жилүүдэд дорвитой судалж байгаагүй юм уу?
-Ер нь бол тэр бүр үнэнийг хэлж ярьдаггүй байсан юм. Бүхнийг 1921 оны ардын хувьсгалаас эхлүүлж, бүхнийг удирдан чиглүүлэгч МАХН-ын удирдлагаар явуулж байсан цаг шүү. Бид ядаж л 100 жилийн өмнөх түүхээсээ мэдэж, сурч, сургамж авч урагшилмаар байна. Тодруулж хэлбэл социализмын гэгдэж байсан жилүүдийнхээ түүхэнд анализ хийж юун дээр онож, алдсанаа дүгнэж цэгнэж, сургамж авах аваас бидэнд арай л хөнгөн байхсан болов уу.
-Өнөөдөр Монгол ардчилсан нийгэм байгуулж байгаа бус уу?
-Залуучууд орчин үеийн нийгэм байгуулахыг зорьж байгаа нь буруу биш ээ. Харин Монголоо мэдэхгүй болохоор тэс өөр нийгэм буюу гадны хуулбар болчих гээд байгаад л учир буй. Настайчууд нь өнгөрсөнтэйгөө зууралдаж, өөрсдөө ч түүхээсээ хөндийрсөн байх, төр нь албан ёсоор залгамж халаа, түүх соёл, үнэт зүйлсээ үр хүүхэд хойч үедээ өвлүүлж суулгах бодлого байхгүй яваад байхаар бидний нийгэм тарж бутарсан юм шиг харагдаж байна уу даа гэж боддог.
-ХХ зууны Монголын түүхийн гол сургамж юу вэ?
-Уг нь бид нэгдмэл улс шүү дээ, нэг түүхтэй, нэг бурханы шашин давамгайлсан соёл, уламжлалтай.Тийм болохоор улс үндэстнийхээ хөрс сууринд таарч нийцсэн бодлого явуулах нь чухал гэдгийг хэлмээр байна. Хөрснөөсөө тасарч явахаар таарахгүй, өөр хоорондоо заавал эсрэг тэсрэг болох нь жам шүү дээ. Өнөөгийн Монголыг сэндвич гэж барууныхан нэрлэдэг. Орос, Хятадын дундах жийргэвч гэсэн үг байх. Үнэндээ 1911 оны дараах Монгол ийм геополитикийн байрлалд тогтсон хэрэг. Өөрөөр хэлбэл Орос, Хятадын ашиг сонирхлын уулзвар дээр Монголын тусгаар тогтнол тогтож ирсэн байх. Монголчууд бидний тусгаар тогтнох, улс үндсээ гэсэн сэтгэл, тэмүүлэл, тэмцэл нэн тэрүүнд байсан нь гарцаагүй л дээ. Гэвч бидний оршин тогтноход олон хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг байнга бодож , түүхээсээ сурч, мэдэж байх нь чухал юм.
-Бидний ихэнх лав ардын хувьсгалын баяр тэмдэглэх дуртай, наадам сайхан болдог шүү дээ. Яагаад заавал 1911 он гэж. 
-Үндэсний наадам бол эртний уламжлалтай монгол баяр наадам шүү дээ. 1921 оноос өмнө байсан наадам биз дээ. Сар өдрийн тухайд бол өөр хэрэг. Долдугаар сарын 11-нд ямар үйл явдал болсныг монгол хүн бүр мэдэхгүй шүү дээ. 1921 оны долдугаар сарын 11-нд бидний толгойд сууснаар Ардын засаг тогтож, ард түмэн эрх жаргалтай болсон гэдэг. Чухам үнэн гэвэл Зөвлөлтийн улаан арми Монголын ардын цэргийн хэдхэн тооны хүмүүсийг дагуулж ирээд л засгийн эрхийг Богдын засгийн газраас хүчээр булаан авч, тогтсон засаг шүү. Ямар засаг байх нь ч тусдаа асуудал байх. Гол нь энэ үеэс хойш Монгол үндэстний үнэт зүйлс үгүй болсонд л учир нь байгаа юм. Монголын сор болсон алтан ургийнхан, сэхээтэн, элит хэсэг энэ жилүүдэд үгүй болж, үүний үр хөврөл 70 жил үргэлжилсэн юм. Иймээс л наадмыг энэ өдөр тэмдэглэх нь зохисгүй гээд байгаа юм. Орос улсад Октябрийн баяраа 11 сарын 7-ны өдөр тэмдэглэхээ болиод нэлээд удлаа шүү. Наадмын тухайд монголчууд долдугаар сарын сүүлч наймдугаар сарын эхээр долоон хошуу наадам, 10 засгийн наадам хийж байсан тухай баримт бий.
-12 дугаар сарын 29-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр болоод дөрвөн жил болжээ. Энэ өдрийн талаар хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байх шиг байна?
-Гадаадын хүмүүс бол мэдээж сайн мэдэхгүй. Олон улсын цаг тооны бичигт тусгагдаагүй байгаа юм уу, хэвшиж тогтоогүйгээс болоод дэлхийн өнцөг бүрт энэ талаар сайн танигдаагүй хэмээлтэй. Эхлээд монголчууд бид энэ өдөр ямар учиртай вэ гэдгийг мэдмээр юм шиг. Ядаж өөрөөсөө надтай яаж энэ өдөр, энэ түүх холбогдох юм бэ гэдгийг ухаж бодвол сайн бус уу. Тэгээд шинэ жилийн рекламанд дарагдаад л байх шиг байна. Мэдээж өвөл цаг болохоор их өргөн тэмдэглэхэд бэрхтэй гэж хэлж болох ч бид шинэ жилийг бол нэлээд өргөн тэмдэглэх юм даа. Барууны орнууд манайх шиг ингэж хөөрцөглөдөг эсэхийг мэдэж, тэндээс сурмаар юм. Үндэсний баяр наадмаа бол зуны дэлгэр цаг тэмдэглэж сурсан заншил ёсоор гэхдээ долдугаар сарын 11-нд биш, өмнөх арван засгийн наадам тэмдэглэж ирсэн уламжлалын дагуу долдугаар сарын сүүлч наймдугаар сарын эх орчим өдрийг сонгож тэмдэглэдэг болбол илүү өгөөжтэй ч байж магад хэмээн санадаг.
-Ингэхэд 12 сарын 29-ний өдөр чухам ямар үйл явдал болсон юм бэ?
-Энэ өдөр буюу одоогоос 100 гаруй жилийн тэртээ өвлийн ес тачигнаж байсан жавартай өдөр монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Манжийн эрхшээлээс гарсан юм. Богдыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжилсөн төрийн их ёслол Хүрээний төв талбайд болсон байна. Бидний ой санамж ажиллахгүй болсноос болоод 100 жилийн өмнөх бүү хэл хэдхэн жилийн өмнөхөө ч санахгүй юм уу, санахыг хүсэхгүй болсон шиг байх юм. 1990 оны ардчилсан хувьсгал гээд эргээд бодвол бас 1989 оны 12 дугаар сард өвлийн ид жавартайд эхэлж, 1990 оны өвлийн өдрүүдэд 100 мянгаараа Төв талбайдаа ирж жагсаж байсан биз дээ. Хөдөө орон нутагт энэ өдрүүдэд жагсаж цуглаж байсан. Монголчууд 100 гаруй жилийн тэртээ үндэстнээрээ ингэж хөдөлсөн гээд нэг бодоод үз дээ. Саяхан нэг олимпийн аваргатай болоод бүгд гудамжинд гарч баярлацгаадаг шиг гээд бодвол, тэгвэл арай ойр тусгаж магад.
-Чухам яагаад бидний ой санамж ажиллахаа байчихав аа. Та юутай холбож боддог вэ?
-Асуудал энд л байгаа юм. Ой санамж гэдэг бол тэр үндэстний түүх шүү дээ. Бидний ой санамж хэзээнээс ажиллахаа байчихав гэдгийг бодох хэрэгтэй. Хүний тархи ажиллахгүй бол хүн хэн ч биш болно. Өнгөрснөө санахгүй бол тэр хүн хэн ч биш болно. Үндэстэн өнгөрсөн түүхээ мэдэхгүй бол мөхөх аюултай. Тийм аюул бидэнд тулгарч байгаа гэдгийг санах хэрэгтэй.
-Тэгвэл хэзээнээс бид ийм байдалд хүрэв. Шалтгаан нь юу вэ?
-Эргээд түүхээ нэг бодьё. Үндсэндээ монголчууд бид 300 орчим жил гадны нөлөөнд хүчтэй автаж байлаа. Манжийн эрхшээл, Оросын гэдэг юм уу социализмын үзэл суртлын нөлөөн дор байлаа. Галыг нь юутай ч бүр мөсөн тасалчихалгүй ХХ зууны эхтэй золгож, үндэстэн сэргэжээ. Энэ бол 1911 он. Богд хааны зарлигаар монголчууд үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзэв. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол бичгээр бичигдэхийг зарлигдав. Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэв. Хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг буулгав. Ёсоор болов. Алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт бич хэмээн зарлиг буулгав. Ёсоор болгов. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт буулгаж үлдээжээ. 1920 –иод он гарлаа. Богд хаан хэрэггүй гэж үзэв. Ардын засгийн газрын шийдвэрээр монголчууд овог хэрэглэж болохгүй болов. Монголд гадны үзэл суртал, тодруулж хэлбэл улаан коммунизмын үзэл хүч түрэн орж ирлээ. Монголоо гэсэн үндэсний үзэлтнүүд, тухайлбал, Ерөнхий сайд Бодоо нэг жил хүрэхгүйн дараа цаазлуулав. Жанжин Данзан хоёр гуравхан жилийн дараа буудуулав. Богд хаан 1924 онд цаг бусыг үзүүлэв. Чингисийн алтан ургийн ноёд бүгд алга болов. Бурхан шашны номтой лам нар алагдав. 1930-аад онд хэдэн арван мянгаараа цаазлагдав. Бичиг үсгийг нь солилоо. Монгол сэтгэхүй бүдгэрэв. Чингисийн хөшөө босгосон нь буруудаж, Монголд буруу номтнуудын хөшөө сүндэрлэнэ. Ийм явдал Орост ч яг адилхан болсон бөгөөд үндсэндээ Орост болж байсан бүхэн Монголд давтагдсан юм. Ангийн тэмцлийн онол, ангичлан ялгаварлах үзэл суртал эндээс маш хүчтэй бидний тархинд суужээ. Өөр бас бус шалтгаан бий байх, гэвч энэ бол нэг үндсэн шалтгаан хэмээн бодно.
-Тэгвэл өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдраад 25 жил болж байна шүү, дээ. Энд социализмын үе ямар хамаатай юм бэ?
-Харин тийм, бидний дунд социализм амь бөхтэй оршиж байгаад л учир нь байгаа юм. Бүр социализм, коммунизмын өлгий нутаг Орос орноос ч дор шахуу байгаа. Орос үндэстэн өнөөдөр энэ анги ялгаварлан хуваах үзэл орос үндэстнийг устгах дөхсөн байна гэдгийг ухаарч өөрийгөө олохыг бодож байна. Хурдан сэхээрэхийг хүсч байна. Үзэл суртлын Ленинийг магтсан кинонуудаа тв-ээр дор хаяж л гаргахгүй байна, оронд нь Адмирал Колчак ч гэдэг юм уу, өөрийн үндэсний баатруудынхаа тухай хийсэн кино, урлагийг сурталчилж байна. Бид юу хийж байна. Уг нь жаахан юм үлдсэн юм уу, Чингис гээд дуугараад Чингисийн хөшөө босгоод боржигон овогтой болохыг бүгд хүсээд байгаа юм. Тэгэхдээ өнгөрсөн нийгмийн социализмын үеийн үзэл суртлыг таслахгүйгээр цааш явахгүй. Одоо ургаж байгаа ногоог хордуулж болохгүй. Нялх хүүхдийн тархийг социализмын үеийн үзэл суртлаар угааж болохгүй. Бас өөр бусад гадны үзэл суртлаар тархийг нь угаах орон зай бий болгож болохгүй. Монгол үндэстний өөрийн үзэл суртал байх учиртай. Энэ бол Монгол үндэстэн цаашид орших уу, эс орших уу гэсэн асуудал гарахад хүргэх аюултай. Үнэндээ Монгол үндэстэн өнөөдөр үндэсний дархлаа сул үлбэгэр байгаа. Үндэстэн өөрийгөө хамгаалах чадваргүй шахам байна.
-Бидний дархлаа хэзээ ингэж сулрав?
-Монгол үндэстний үнэт зүйлс, амин шалгуур юу вэ гэдгээ сайтар ухаарах цаг иржээ, бидэнд. Бидний үнэт зүйлс юу вэ, үндэсний түүх, хэл, соёл, уламжлал, шашин тэргүүтэн. Шашин гэхээр бурханы шашныг биднийх биш гэцгээх хүмүүс олон болжээ. Хүссэн ч эс хүссэн ч бурханы шашин монголчуудын соёлтой яв цав шингэсэн. Монгол үндэстний үнэт зүйлсийг тээгч нь бурханы шашин байсан. Бурханы шашинг устгачихаар үнэт зүйлсээ алдаж асгасан хэрэг. Энэ шашин ямар байхаас үл хамааран бидний үнэт зүйлсийг хэдэн зуун жилийн турш тээж ирсэн гэдгийг ухамсарлацгаая.
МОНГОЛЫН БОГД ХААН БОЛ АМЕРИКИЙН ОБАМА Л ГЭСЭН ҮГ
http://ner.mn/wp-content/uploads/2015/12/Sharav_bogd_khan.jpg
-Бурханы шашны тухай, бүр тодруулбал Богдын тухай асуух хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ хүнийг мөн их муулсан даа, уран сайхны кино, уран зохиолд. Бид социализмын жилүүдэд ийм л дүртэй танилцсан?
-Наймдугаар Богд бол түвд гаралтай монгол юм. Өнөөгийн АНУ-ын ерөнхийлөгч Обамаг Африк гаралтай америк гэдэгтэй адилхан гэсэн үг. Энэ хүн монголчуудад дахин сэргэлт өгсөн 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч. Би бүр энэ хувьсгалын эцэг гэж хэлдэг юм. Манжийн эрхшээлд байсан субьектүүдээс ганцхан монголчууд бид нар л тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авч өнөө тусгаар оршиж буй гээд нэг бодоод үзээрэй. Бусад субьектууд нь бүгд өнөөгийн хятад гүрний эрхшээлд буй. Учир иймээс Богд хаан бол монголчуудын бурхан шашны тэргүүн төдийгүй төрийн тэргүүн, эзэн хаан байсан. ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийг энэ хүний намтар цадиг, үйл ажиллагаагүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Орчин үеийн Монголын түүхийн эхлэлийг тавьсных нь төлөө, Монголын гал голомтыг авч үлдсэнийх нь төлөө түүнд хүндэтгэл үзүүлэх учиртай. Тэр хүн бол боловсролтой нэгэн байсан. Монголд тодорсон богдуудаас ганцаар гавжийн дамжаа барьсан. Бие даан шийдвэр гаргаж чаддаг, түүн дээрээ бат зогсох эр зоригтой. Манжийн амбаны эрхшээлд байснаас үхэхийг илүүд үзэж байсан нэгэн юм. Морь унаад улаан галзуу давхиж чадна, машин, мотоцикль унадаг гээд яриад байвал олныг хэлж болно. Одоогийн хэллэгээр бэлэг танхайдуу хүн юм уу. Элдвийг сонирхдог. Цуглуулсан алт эрдэнэс, амьтны хүрээлэн тухайн үед монголчуудын төдийгүй гадаадынхны сонирхлыг гойд татаж байсан баримт цөөнгүй бий.
-Богдыг архи уудаг, авгай эргүүлдэг байсан гэх зүйлс нэлээд бичигдсэн байдаг?
-Жаахан уужуу бодоод үз дээ. Монголчууд бид хоёр том гүрний дунд ийм их газар нутагтай тусгаар улс болон тогтнож чадсан. Энэ үйл хэргийг удирдаж гавьяа байгуулсан нэгнээ гол төлөв гадаадын хүмүүсийн ойлгохгүйн улмаас бичиж байсанчлан мууг дэвэргэж, тархиндаа суулгах хэнд хэрэгтэй байв. Богд хаан хатантай байсан, албан ёсоор хоёр хатантай байсан. Эхнийх нь Дондогдулам хатан. Түүнтэй анх 1896 онд Амарбаясгалант явж байхдаа танилцаж ханилсан гэдэг юм. 1903 онд Манжийн хаанаас албан ёсоор хатанд Цагаан дарь эх, эрдэнэ сэцэн ноён цол өргөмжилсөн. 1911 онд Монгол тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхаглаад Богдыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөхөд түүний хатан Дондогдуламыг улсын эх дагинаар өргөмжилсөн юм. Энэ эмэгтэй морь уургалдаг, номтой, биеэ их зөв авч явдаг, санал бодлоо илэрхийлж чаддаг олон сайн талтай байсныг ч бас бичсэн байдаг. 1923 онд их хатан таалал болсон. Энэ тухай маргааш нь Коминтерн, Ринчинод цахилгаанаар мэдэгдсэн байдаг. Түүний дараа мөн тэр нутгаас буюу Чингисийн нутгаас Цэенпил, Гэнэнпил гээд нэрлэдэг хатантай болсон. Удалгүй Богд хаан таалал болоод энэ хатныг Богдын таалал ёсоор насаар нь идэх хоолтой нь буцаасан гэдэг юм. 12 жилийн дараа түүнийг дотоодыг хамгаалахынхан Богдын хатан байсан гэдэг үндэслэлээр хэлмэгдүүлсэн. Бурхан шашны түүхэнд өндөр зиндааны лам нар эхнэртэй байхыг зөвшөөрсний дагуу эхнэртэй том лам нар байсан байдаг.
-Архи хэрэглэдэг байсан гэдэг тухайд?
-100 жилийн дараах өөрсдийгөө нэг хараад үз дээ. Тэгвэл Богд гэдэг чинь монголчуудын дунд хамгийн их баян, Бээжингээс хараат бус байж чадсан, алдар нэр хүнд нь монгол овогтон төдийгүй азид алдаршин түгсэн нэгэн байжээ. Богдод авчирч бараагаа шахах гэсэн америк, англи, орос гээд гадны худалдаачид Хүрээнд хэдэн сар жилээр саатаж, Богдтой уулзах гэсэн гадны аялагчид олон сар хүлээдэг байсныг гэрчлэхээр баримт сүүлийн үед олон гарсан даа. Энэ үүднээс нь аваад үзвэл Богд бол хүн байсан байна гэж хэлж болно. Тэгж байж чадсны хүчинд ч Монголын үндэсний тэмцлийн оройд нь байж, удирдан ялалтад хүргэсэн хэрэг. Тухайн үед Богдод мөргөдөггүй хүн, намын дарга хүртэл байгаагүй гээд бодоод үзээрэй. Түүний нэр хүнд алдар үнэндээ агуу байсан, ХХ зууны эхэнд.
БУРХАН ШАШНЫ ТЭРГҮҮН МОНГОЛ ХҮН БАЙХ ҮҮД ХААЛГЫГ НЭЭСЭН
-Асуухгүй байж болохгүй бас нэг асуудал есдүгээр Богдын тухайд байна. Саяхан Монголд залраад таалал болсон хүний тухай асууж байна л даа.
-Түүхээ үргэлжлүүлэн жаахан сөхөж үзье. 1920-иод онд тогтсон улаан засаг Монголд юу хийв. Хамгийн их нэр хүнд нөлөөтэй байсан Богдыг дахин тодруулахгүй байхаар албан ёсоор шийдвэрлэсэн юм. 1924 оны тавдугаар сарын 20-нд Богд таалал болоод ердөө хэдхэн хоногийн дараа ийм шийдвэр Ардын намын Төв Хороо, Ардын засгийн газраас гаргасан. Үүнийг МАН-ын гуравдугаар их хурал 1924 оны зун, Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 дүгээр сард баталгаажуулсан хэрэг. Нэгэнт хаант засаг байхгүй тул хаан гарч ирэх ёсгүй, дээр нь бурханы шашны тэргүүн ч байхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хооронд Богдын хойт дүрийг тодруулахаар тусгай комисс гаргаж, Далай ламаас асуулгахаар Түвд рүү илгээсэн жүжиг найруулсан юм. Үүнд Коминтерн шууд оролцож, өөрийн хүнийг дотор нь оруулсан байдаг. Ингээд 1928 оны МАХН-ын долдугаар их хурал, 1929 оны Улсын их хурлаас Богд болон хутагт хувилгаадын хойд дүрийг дахин тодруулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүний дараа 1930-аад онд хичнээн лам нарыг хэлмэгдүүлсэн билээ. Тэд цөм Богдын шавь нар шүү. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Уэльсийг 1944 онд Монголд ирэхэд нүүр тахлах гээд л орос ах нарын зөвшөөрлөөр хэдэн лам цуглуулж Ганданг нээсэн нь үнэн шүү.
-Богд чинь бас л түвд хүн байсан биз дээ?
-Тийм. Тухайн үед Богдын хойт дүрийн асуудал яригдах боломжгүйн дээр Богдын тухай яриа гаргасан, сэжүүр цухуйлгасан болгон цааш харж байсан. Тиймээс Монгол Улсад энэ асуудал хаалттай болсон. Харин гадаадад бол Богдын хойт дүрийг тодруулах асуудал Монголын ертөнцийг барих түлхүүр гэж харж байсан. Энэ үүднээс Япон, Хятад хандаж байлаа. Өвөр монголчууд ч бас Богдын хойт дүрийг тодруулахыг оролдсон юм. Ийм нөхцөлд Түвдэд улааны аюулаас болгоомжилсон цаг мөчид Түвдийн засгийн эрх баригч \XIII Далай лам 1933 онд таалал болоод өнөөгийн XIV Далай лам тодроогүй байсан\ Ридин хувилгаан 1936 онд саяхан Монголд ирж сууж байгаад таалал болсон хүнийг Богдын хойт дүрээр тодруулсан байна. Түүнийг түвдүүд халх ринбүчи хэмээн дууддаг байжээ. 1940 онд XIV Далай ламыг мөн л Ридин хувилгаан тодруулсан.
-Есдүгээр Богдыг урьд өмнө мэддэг монгол хүн байсан уу?
-Хятадад гарсан Дилов хутагт Жамсранжав бээр Богдын хойт дүрээр тодорсон түүнийг үзэхээр 1930-аад оны сүүл үед Түвдэд очсон байдаг. Мөн Гүрдиваа ринбүчи ч бас энэ үед очиж уулзсан байдаг. Түвдэд байсан олон монгол лам нар очиж байсан гэдэг. Ингээд түвдийн улс төрийн нөхцөл байдал хүндэрч, XIV Далай лам 1959 онд Түвдээс дүрвэн гарч, Энэтхэгт сууршихад есдүгээр Богд бээр бусад лам нарын хамт дагалдан очсон байна. Тэр үеэс Энэтхэгт амьдрахын эрхээр радиод ажиллаж, газар тариалан эрхэлж явсаар 1990 онтой золгожээ. Энэ үед сүм хийдэд хуралд суухад нь очиж уулзаж байсан монгол хүмүүс мэр сэр байдаг юм. Тухайн үед хатуу цаг байсан тул энэ тухай олонд мэдэгдсэн нь ховор. Гомбожав хамба, философч Жүгдэр гуай нар Азийн буддистуудын энх тайваны бага хуралд оролцохоор Энэтхэгт очихдоо Есдүгээр Богдтой 1970-аад онд уулзаж байсан бол, Хамба лам Д.Чойжамц, Гавж Гүндсамбуу гуай нар 1983 онд тэнд сурч байхдаа очиж мөргөсөн байдаг.
-1990 оноос хойш л Богд байна гэдгийг мэдсэн гэж боддог байлаа.
-Ийм байдалтай явсаар 1990 онтой золгосон. Монголд ардчилал гарч, бүх юмны хаалт хориг тавигдаж, чөлөөтэй амьсгалах боломж бий болсон. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Түвдийн шашин, соёлын асуудал хариуцсан сайд Галсан Иш гуайтай уулзахдаа Богдыгоо сурагласан гэдэг. Ингээд XIV Далай лам Энэтхэгийн өмнөд хэсэгт сууж байсан есдүгээр Богдыг Дарамсала хотод өөрийн дэргэд авчран суулгаж, улмаар Монголын ертөнц энэ хүний талаар илүү мэдэх болсон билээ. Нэгэнт мэдсэн монголчуудын цуваа Энэтхэг рүү хөвөрч эхэлжээ. Монголдоо урьж залсан бичиг, сэлт олноор илгээж байсан нь илт харагдана.
http://ner.mn/wp-content/uploads/2015/12/19887862992014091809571.jpg
-Богд Монголд хэзээ анх ирсэн билээ. Хөөгдөж гарч байсан биз дээ?
-1999 онд Есдүгээр Богд Монгол улсад Оросын Холбооны улсаар дамжин орж ирсэн. Албаны хүмүүс гол төлөв түүнийг ад үзэж байлаа. Лам хуврагууд хоёр хуваагдаж, нэг хэсэг нь Богдыгоо гэж байхад нөгөө хэсэг нь айн болгоомжилно. Олон сүм хийдийн тэргүүн нар хуралдаж, Богдыг Монголын бурханы шашны тэргүүнээр Эрдэнэ зуу хийдэд өргөмжилсөн. Хэвлэл мэдээллээр түүнийг Богд мөн биш гэсэн мэдээлэл цуварсан. Ингээд виз хэтрүүлсэн гэсэн шалтгаанаар түүнийг Монголд орж ирснээс хойш хоёр сарын дараа хөөж гаргасан. Тухайн үед түүнд нүүр өгсөн төрийн хүн бол одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л байсан даа.
-Есдүгээр Богд дараа нь ирж залрахад Монголын харьяат бус хүнийг бурханы шашны тэргүүн болгож болох уу гэдэг асуудал хөндөгдөж байсан?
-Ингээд 10 жилийн дараа есдүгээр Богд Монгол Улсын төрийн тэргүүнээр ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдон гарч ирсний дараа Монголд заларсан юм. Ингэхдээ Өмнөд Солонгосоор дамжиж орж ирсэн. Удалгүй жилийн дараа Монгол Улсын иргэн болж, Гандантэгчэнлин хийдэд Монголын бурханы шашны тэргүүнээр дахин өргөмжлөгдөж, баталгаажсан байдаг. Нас өндөр гарсан тэрбээр юм их ярьж чадахааргүй болсон байхдаа Монголдоо суурьшсан юм. Ингээд Монголдоо багахан хугацаанд саатаад 2012 оны цагаан сарын шинийн найманд Монголд таалал болсон. Есдүгээр Богдыг амьд сэрүүн ахуйд эгэл ардаас өгсүүлээд төрийн сайд дарга, бүр Ардын намын дарга нар хүртэл бараалхаж золгож байсан. Есдүгээр Богд бээр би нас өндөр болсон надад ямар ч нэр алдар юм хэрэггүй, энэ бүхэн монголчуудад жаахан ч атугай тус болсон бол тэр миний зорилго биеллээ гэж хэлж байсан байдаг.
-Дараагийн Богд ямар хүн байх бол?
-Эхлээд холын түүх бус ердөө сүүлийн хорин хэдэн жилийн түүхээ эргээд нэг санацгаая. Бурханы шашны тэргүүнтэй болсон, Есдүгээр Богдыгоо Энэтхэгээс залж авчирч, өргөмжилсөн, Монгол Улсын иргэн болгосон, Монголдоо таалал болгосон гээд бодоод үзье. Мэдээжийн хэрэг энэ бүхэн ээдрээтэй, бартаатай зам туулсан. Гэхдээ л монголчуудын өөрсдийнх нь зам мөр гэж би бат итгэж байгаа. Үүгээр ямар замын эхлэлийг тавьсан бэ, Монголд бурханы шашин өөрийн хэмнэл, ёс ном, горимын дагуу хөгжих боломжийг илүү нээлттэй болгосон байна. Сүүлийн хорин хэдэн жилийн түүхээс тоймлон үзвэл, Монголын сүсэгтэн, лам хувраг, төр нийлээд бурханы шашны тэргүүнээ Монголдоо байлгах, Монголд байх үүд замыг тавьжээ гэж би бодож байгаа. Бурхан шашны тэргүүн монгол хүн байхын тухайд бол магадгүй сүүлийн гурав, дөрвөн зуун жилийн түүхэнд ийм боломжийг нээж байж ч магад.
-Яагаад ингээд бүгд очиж бараалхаж байсан мөртлөө Богд хэрэггүй юм шиг, бурханы шашнаа хүнийх юм шиг үзэх явдал гарах болсон гэж та боддог вэ. Энэ чинь хаалттай нийгэмд төрж өссөн бидний үеийнхний буруу биш шүү дээ?
-Бидний тархинд шашингүйн үзэл гүн бат суусан байна. Учир нь бид бол шашингүй үзлээр бойжсон улс. Тиймээс бурханы шашны мөн чанарыг олж чадахгүй болтлоо төөрцгөөсөн хэрэг. Ихэнх лам нар ч бурханы шашны жинхэнэ мөн чанарыг тээж яваа гэдэгт би итгэхгүй байгаа. Яагаад гэвэл, үнэхээр л бурханы шашны шавь лам нар юм бол гуч дөчөөд онд хэлмэгдүүлсэн хорь гучин мянган лам нарын төлөө хэн дуугарч байгаа юм бэ гээд бодоод үзээрэй, өнөөдөр бурханы шашныг хичнээн дайрч гутааж доромжилж байна, хэн дуугарч байна. Энэ лам нар хаана байна гээд бодоод үзээрэй. Ийм болохоор би лам нарт итгэхгүй байгаа юм. Дал, наян жил тархиа угаалгасан улсууд чинь ийм байдаг юм байна. Гэвч уламжлал, соёл тэргүүтэнд нь шашин нягт сууж оршсоор тул цагаан сар хийсээр бурханы шашны зан үйл бидний амьдралд хэвийн зүйл болтлоо оршсоор байгаа. Тиймээс бид Монгол үндэстэн давын өмнө өөрийгөө таних хэрэгтэй, өнөөгөө сайтар ухаарч, ирээдүйгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд түүхээ мэдэх хэрэгтэй. Түүх гэдэг чинь санах ой, чиглүүлэгч байдаг юм.
-Таны яриа миний сэтгэлийг үнэхээр хөндөж байна. Хаа нэгтэйгээс хачин жигтэй, танил биш харамсал мэдрэгдээд сонин байна. Та Үндэсний хувьсгалын баярын өдрийг нэлээд хөндлөө. Ер нь энэ баярыг таныхаар хэрхэн тэмдэглэж байвал зохилтой вэ?
-Түүхээ мэдэх хэрэгтэй гэхээр бид нар өөрсдөө Чингис болцгоох гээд байх юм. Өнөөгийн бид өөрсдөө Чингис болох хөг хэдийн өнгөрсөн. Харин хүүхдүүдээ л Чингис болгохыг бодоцгоо. Дөнгөж төрсөн нялх үр хүүхүүддээ, одоо гүйж яваа охид хөвгүүдийнхээ оюуны амыг нээцгээ. Энэ бол хамгийн сайн зүйл, үндэстний хувьд, монгол хүний хувьд. Чингисийн Монголын гал голомтыг сахигч, эзэн нь юм бол эл үүргээ ухамсарлах хэрэгтэй.
-Үүний тул юу хийх хэрэгтэй вэ?
-Эхлээд өөрөөсөө эхэл. Би хэн бэ. Би монгол мөн үү. Миний гэр орон Монгол байна уу, миний ажлын эргэн тойрон, амьдарч буй орон зай ямар байна вэ гэдгийг ухаарцгаая. Тэгээд өөрийгөө олж танихыг хичээе. Мэдээж шууд танихгүй. Холбогдох Монголын түүхийн гуйвж дайваагүй ном, эх сурвалж үзэцгээе. Тэгээд хүний хэлснээр биш өөрийн толгойгоор бодож, дүгнэж үзэх хэрэгтэй. Түүнээс бус бид ихэнхдээ л хэн нэгэн алдартны хэлсэн хийснийг давтаад байна. Бусдаас ялгардгийн хувьд өөрөө дүгнэх, өөрийн толгойтой байх явдал онц чухал байна. Үүнд дээр хэлсэн чиглүүлэгч түүх онцгой үүрэг гүйцэтгэнэ. Үр ач нартаа өвөө эмээ нарынхаа ярьсан зүйлсээс санаж байгаагаа цаг гарган ярьж өгцгөөе. Үлгэр ярьдаг эмээ, өвөө алга болсон тул үр хүүхдүүддээ үнэт зүйлсийг нь суулгадаг зүйлс бодож олцгооё. Сурах орчин, тоглож өсөх орчин тэргүүтнийг нь бодоцгооё. Хот сууринаа бусдад гайхуулдаггүй юм аа гэхэд өөрсдөө амгалан тайван орших өөрийн гэсэн өнгө төрхтэй нөхцөлөө бүрдүүлцгээе.
-Баярлалаа. Та манай сонинд нийтлэлээ ирүүлж байгаарай. Богино цагт олон чухал зүйлсийг ярьж амжих шиг санагдана. Танд ахин амжилт хүсье. 
-Баярлалаа. Бидний үнэт зүйлс юу гэдгийг монгол хүн бүр, Монгол өрх бүр, монголчууд бүгдээрээ бодох хэрэгтэй. Та бидний үнэт зүйлс жаахан өнгөө алдаж гундаж байж магадгүй. Тиймээс зүлгэж байх хэрэгтэй, үнэт зүйлсээ эрхэмлэх учиртай. Энэ бол үндэстэн оршихуйн гол үндэс мөн.Үндэсний үнэт зүйлсээ үргэлж өнгөлж дээдэлж байх явдал тун чухал шүү. Ядаж нэг өдөр үндэсний баяраа үнэн зөвөөр нь тэмдэглэж, монголчууд өөрсдийн бахархал, түүх соёлоо дээдэлж заншвал цаашид хэвшихэд хэрэгтэй гэж л байгаа юм. Ер нь бол монголчууд түүх, соёл, зан заншлаа өдөр тутам дээдэлдэг болчихвол хэн хожих вэ, монгол, бид л хожно биз дээ. Үнэндээ бид утга учрыг нь сайн мэдэхгүй олон баярыг тэмдэглэдэг болоод байна. Ядаж утга учрыг мэдэж байя. Нөгөө талаас утга учрыг нь хүмүүс мэдээд ирэхээр ямар баярыг ямар хэмжээнд тэмдэглэж байхаа өөрсдөө мэдэг л дээ.
Нийтлэлч сэтгүүлч Б.Ганчимэг
Эх сурвалж: Open door сонин, 2015.12.24

О.Батсайхан: Манжийн эрхшээлд байсан улсаас тусгаар тогтносон нь гагцхүү Монгол

Арванхоёрдугаар сарын 29-нд Монгол улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн зарласан өдөр тохиож буйтай холбогдуулан "Соён гэгээрлийн цуврал” булангийн зочноор Монгол Улсын Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайханыг урилаа.
-Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр удахгүй тохионо. Энэ өдрийг түүхэнд хэрхэн тэмдэглэж ирсэн байдаг вэ?
Image result for түүхч о.батсайхан-Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр гэж 2011 оноос сэргээн тэмдэглэж ирсэн. Энэ шийдвэрийг Монгол Улсын Их хурал 2011 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр гаргасан байдаг. Их, бага, цөөхөн хүрээнд гэдэг нь хамаагүй, ямартай ч энэ өдрийг тэмдэглэдэг болсон нь том дэвшил юм. 1911 оныг хүртэл буюу хоёр зууны турш Эзэн Чингисийн талыг нь эзэлж явсан дэлхийн газрын зураг дээрээс Монгол гэсэн нэртэй улс алга болчихсон байсан.
Тэгвэл эргэн сэргэж, дэлхийн газрын зурагт орж ирсэн өдөр нь 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу арванхоёрдугаар сарын 29 юм. Ер нь бол энэ өдрийг монголчууд эртнээс үндэсний баяр болгон тэмдэглэж ирсэн. Тухайлбал, 1912 онд гаргасан Богд хааны зарлиг бий. Тэр дагуу 1922 он хүртэл тэмдэглэсэн. Дараа нь Ардын засгийн шийдвэрээр өөрчилж жил бүрийн долдугаарын сарын 11-нд тэмдэглэдэг болсон.
-Сүүлийн үед бүх нийтийн амралтын өдөр болгосноор ач холбогдлыг нь бууруулж байх шиг?
-Энэ өдөр монголчуудад ямар ач холбогдолтой вэ гэдгийг олон талаас бодох хэрэгтэй. Нэгдүгээрт, улс орон маань тусгаар тогтнолоо баталгаажуулсан маш чухал өдөр шүү дээ. Аливаа улс үндэстний тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө бол хамгийн үнэт зүйлийн нэг юм. Бид тусгаар улс учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, үндэсний компани гэж бий гээд л омогшдог шүү дээ. Нөгөө талаас үзвэл, бидний урд хөрш олон сая хүн амтай Хятад гэж том гүрэн байна.
Энэ бол Манж Чин гүрний эрхшээлд байсан гүрэн. Тэгвэл Манжийн эрхшээлд байсан улс үндэстэн дотроос тусгаар тогтнолоо олж гарсан цорын ганц субьект нь Монгол Улс. Бусад нь өнөөг хүртэл тэр том гүрний хяналтад байна. Энэ талаас нь харвал, 1.5 сая шоо метр газар нутагтай, гурван сая орчим хүн амтай Монголын гал голомтыг өөрийнх нь нутагт сэргээсэн явдал бол монгол үндэстний баялаг түүх, үндэстний өөрийн гал голомтыг авч үлдсэн онцгой чухал үйл явдал, тэмдэглэлт өдөр юм. Харин нэг зүйлийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Тэр бол бид түүхээсээ холдсон явдал. Магадгүй холдуулсан ч байж болох юм.
-Тухайлбал?
-Монголчууд наана гэхэд 200, цаашилбал 300 жил түүхээсээ холдсон. Тэгвэл Богд хаан галыг нь таслачихалгүй 1911 онд сэргээсэн. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр ард иргэд монгол дээл, хувцсаа өмсч, уламжлалт соёлын зүйлүүдээ бүх талаар шингээсэн байх, төрийн түшмэлийн хувцас бүгд пүүз, соёмботой байх, хэрэглэж байгаа тамга, тэмдэгт нь гадны үсэг хэрэглэхгүй байх ёстой гэж зарлиг буулгасан. Монголын үнэт зүйлс, монгол үндэстний дархлаа болсон зүйлүүдээ нандигнах ёстой гэдгийг энд онцгойлон Богдын зарлигаар “шингээсэн бай” хэмээн хэрэгжүүлж ирсэн байдаг юм. Мөн төрийн түшмэл, нийт монголчууд эрхэмлэн дээдлэхийг зарлиг болгосон. Энэ бол 1910-аад оноос хэрэгжүүлж ирсэн хууль.
Гэвч 1921 онд Ардын засаг гарч ирснээр социализмын үе эхэлж бидний үүх түүхийг хойш тавьж, үндсэндээ социализмын онолоор явах хэрэгтэй гэж ярьж, хэлж байв. Тэр үед Чингис хааны сургааль, захиасыг судалж, сурталчилж байсан хүмүүс хэлмэгдэж, амьдралгүй, ажил албагүй болж байлаа. Алтан ургийн тайж угсаатнууд, номтой лам нарыг хэдэн арван мянгаар нь хоморголон устгаж, хэлмэгдүүлсэн. Монгол үндэстний хувьд үнэт зүйлс нь бүдгэрсэн. Энэ үүднээс авч үзвэл, монголчууд ямар ч байсан энэ өдрийг тэмдэглэдэг болсон нь, энэ өдөр ядаж бөх барилдуулдаг болж байгаа нь, Ерөнхийлөгч төрийн шагнал олгож байгаа зэрэг нь ололт юм.
Мөн монголчууд Чингис хаантай холбоотой болох гэж Тэмүүжин гэсэн овог авдаг, угийн бичиг, өрх гэр, хамаатан саднаа таньж мэдэх гээд ургийн баяр хийж, түүх соёлоо судлан аймаг, хошуугаараа бичиж байгаа нь монголчууд түүхээ сонирхож, өөрсдийгөө таних гэж оролдож буй явдал гэж бодож байна. Энэ сайн зүйл. Нөгөө талаас, социализмын үед байсан зүйлүүд байсаар байна. Манайхан социализмаасаа, тэр сэтгэлгээнээсээ салж чадаагүй. Харин улс үндэстний хувьд авч гээхийн ухаанаар хандвал, аль нь дээр вэ гэдгийг өөр өөрсдийн толгойгоор шүүн тунгаах нь зүйтэй.
-Өнөөдөр 100 гаруй жилийн өмнөх арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Их хүрээнд болсон үйл явдлыг эргэн сануулбал, ямар дүр зураг харагдах бол?
-Тэр үеийг хүртэл Богдын өргөө, Их хүрээ гэж явсаар монголчуудын тусгаар тогтнолоо олсон өдрөөс Нийслэл хүрээ гэсэн нэртэй болсон байдаг. Сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн нийслэл анх удаа Богдын хүрээ болж байгааг зарласан нь тэр. Тухайн үед нийслэл хүрээний төв хэсэг одоогийн МУИС-ийн I, II, III байр, түүний зүүн хойд талд Богдын шар ордон гэж байдаг. Хүрээнд нийтдээ 30-50 мянган хүн амьдардаг байсан.Тэгвэл 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өглөө Богдын Шар ордны өмнө нүд алдам олон хүн цугласан байлаа гэж судлаачдын тэмдэглэлд бий. Ихэнх нь бурхны шашинтнууд, түүн дээр Халхын дөрвөн аймгийн хан, ар, өвөр Монголын мяндагтан ноёд, Оросын консул гэхчлэн олон талын төлөөлөл оролцсон гэдэг.
Түүнээс өмнө Шар ордны өмнөх том талбайд Арван засгийн бөх барилдаж, цам гарахад л олон хүний хөл болдог байж. Монголчууд тэр өдөрт ихээхэн бэлдсэн, өнгөтэй өөдтэй бүхнээ өмсч, хамаг гоёл зүүлтээ зүүж, Богд хааныгаа төрийн тэргүүнээр залахыг нэгэн дуугаар зөвшөөрч морин цагт ширээнд нь залсан гэж олон сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. Тусгаар улсын нэгэн баталгаа болсон Эзэн хаантай байхыг ингэж баталгаажуулсан. Түүнчлэн түр Засгийн газар байгуулж, Оросоос тусламж хүссэн. Манжийн амбанг хөөж явуулсан. Үүнээс өмнөх тусгаар тогтнолын төлөө явж ирсэн бүхий л тэмцлийг Богд өөрөө удирдан зохион байгуулж, хүлээн зөвшөөрсөн байдаг. Богд хааны нэр төр асар өндөр байсан. Богдыг ширээнд залах ёслол бол Монгол Улс Бүрэн эрхт, тусгаар улс гэдгийг дэлхий даяар зарласан том үйл явдал.
-Ёслол, хүндэтгэлийн тэр арга хэмжээг ямар хүмүүс зохион байгуулсан юм бол?
-Ёслолыг Да лам Цэрэнчимэд бүхэлд нь удирдан зохион байгуулсан. Ингэхдээ хаанд өргөмжлөх өргөмжлөлийг Сайн ноён хан Намнансүрэн уншсан, Чин ван Ханддорж титэм, тамгыг нь өргөсөн гэхчлэн бүгд дор бүрдээ үүрэгтэй оролцсон. Бүх үйл явдал морин цагаас орой нар жаргах хүртэл үргэлжилсэн. Үүний дараа хаан зарлиг буулгаж, хишиг тараах үйл явц өрнөсөн. Төгсгөлд нь гадаа, гэртгүй найр цэнгээн үүсгэж, цугласан болгон баярласан, түүгээр барахгүй цугласан олон баруун өвдөг дээрээ сөгдөж, есөн удаа мөргөсөн. Мөн тухайн мөчид Улиастай, Ерөө, Алтанбулаг, Өвөрмонголд байсан монголчууд Их хүрээ рүү хандан сүү цагааны дээжээ өргөж, мөргөж байсан гээд тэр үйл явдлыг нүдэнд харагдтал дүрсэлсэн нь гадаад, дотоодын олон сурвалжид бий. Мөн тэдгээр сурвалжид “Монголчууд нэгэн зэрэг ингэж ихээр баярлаж байхтай таарсангүй. Монголчууд яг нэг хүн шиг байсан” гэж тодотгосон байдаг.
-Тэр үеийн Төрийн ордон хаана байв?
-Богдын өргөөг төрийн ордноор зарлах бүрэн боломжтой байсан ч монголчууд тухайн үед арван ханатай том гэрийг Төрийн өргөө хэмээн бэлдсэн байдаг. Энэ тухай Магсар Хурцын түүхэнд маш тодорхой бий. Богдын Шар ордон нэг биш нэлээд хэдэн цогцолбороос бүрдэж байсан. Одоогийнхоор бол Хүнсний IV дэлгүүрийн урд талын цайны газруудын орчим Богдын Шар ордны хашааг тэлж, арван ханатай өргөөг барьсан гэдэг.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Дашийн Оюунчимэг: Хүн ухаан орно гэж нэг юм байдаг юм байна, би 23-тай ухаан орсон

Зохиолч, яруу найрагч, орчуулагч Дашийн ОюунчимэгийнОройн ганц модроман тун саяхан нээлтээ хийсэн билээ. Түүнтэй зохиол бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-ТаныОройн ганц модроман нээлтээ хийлээ. Анхны уншигчид нь ам сайтай байна. Харин зохиолоо бичихэд гурван сарын хугацаа зарцуулсан гэж сонслоо. Романыг ийм богино хугацаанд бичиж болдог юм уу?
-Ийм юм аа, одоо чинь хүн болгон зохиолч болчихоод юмыг хялбархан хийдэг, ойлгодог болчихож л дээ. Миний хувьд зохиол дээрээ богино хугацаа зарцуулсан нь ачаалал үүрч сурсных байх. Би чинь нэлээд орчуулга хийлээ шүү дээ. Залхуу хүн шинийг санаачлагч байдаг гэдэг шиг их ажилд дарагдаад ирэхээр аль болох богино хугацаанд яаж хийх вэ гэдгийг сийлдэг юм байна. Би орчуулгуудаа бичээчтэй сууж хийдэг байлаа, тэр тулдаа олон орчуулгынхаа ард гарсан. “Оройн ганц мод” маань нэг өдөр суугаад биччихсэн зохиол биш. Би их судалгаа хийсэн. Яахав, цаасан дээр буулгасан нь төдий хугацаа боловч 2011 оноос сэтгэл тавьж, судалгаа хийж ирсэн ажлууд л даа.
-Номын нээлтийн мэдээнээс харж байхад зохиолоо цааш үргэлжлүүлэх юм байна гэж ойлгосон. Ер нь та одоо хэрхэн роман бичихээ мэдчихэв үү?
-Дөрөв, таван жилийн хөдөлмөр маань болохоор энэ номонд оруулж амжаагүй дутуу орхичихсон зарим баримт, судалгаанууд бий. Хэрэв үргэлжлэлийг нь хийхээр бол, тэр болгоныг би өөрөө олж мэдэх хэрэгтэй. Ер нь хүн өөрөө сайн мэдсэн зүйлээ л бичдэг юм байна л даа. Өмнө нь би хоёр, гурван тууж, өгүүллэг бичиж байсан. Тэр үедээ нэг л бяр дутаад байгааг ойлгосон юм. Чухам яагаад би энэ их орчуулга руу яваад орчихсон бэ гэвэл ердөө л роман хэрхэн бичих тухайд байлаа. Романыг ойлгохын тухайд баахан сонгодог зохиол уншаад тэндээсээ би өгүүллэг, роман нийлсэн зургаан ном сонгож орчуулсан. Тэгээд хувь заяаны эрхээр ч юм уу хүүхдийн сонгодог зохиолын орчуулга руу орчихсон. Тэдгээр нь бас л хүн төрөлхтний сонгодог гэгдсэн романууд яваад байгаа. Тэгээд надад аа за за, роман гэдэг нь нэг иймэрхүү анзааны ийм юм байх юм байна гэсэн дүр зураг харагдаж эхэлсэн гэх үү дээ.
-Номыг тань гаднаас нь тандахад монголчуудын нүүдэлчин ахуй амдрал, тэр тусмаа урианхайчуудын аж байдлыг өгүүлсэн юм аа даа. Яагаад гэдгийг товчхон тайлбарлаад өгөхгүй юу. Уншигчдад маань ч сонин байна байх?
-Монголд олон үндэстэн ястан, овог аймгууд байдаг. Тэдний дотроос урианхайчууд бол их эртний монгол хэлт овог аймаг. Алтайн урианхайчууд алслагдмал болоод ч тэр үү надад ёс заншил, үнэт зүйлсээ маш сайн хадгалж үлдсэн юм шиг санагдаг. Улсын наадмын сурын харваа урианхай сурын харваагаар эхэлдэг шүү дээ. Энэ нь эртний монгол цэргүүд амралтын үедээ богино зайд сур харваж бэлтгэл сургуулилт хийдэг байсны уламжлал юм. Яагаад би нутгаа сонгож зохиолынхоо ерөнхий өнгө төрхийг бүрдүүлсэн бэ гэхээр миний маш сайн мэдэх орчин учраас тэр. Гэхдээ энэ нь зөвхөн цөөн хэдэн урианхайчуудын асуудал огт биш, нийт монголчуудын явдлыг нэг жижигхэн хошуун дээр болж буй үйл явдлаар гаргаж бичихийг хичээсэн. Цаашид гарах номуудад маань ч харагдах байх. Ер нь 100 жилийн өмнөх монголчуудын амьдрал ямар сонин байсан юм бэ гэдгийг би эртнээс анзаарч эхэлсэн л дээ. Нэг л бүрхэг, харанхуй бүдүүлэг, сүйрэл мөхлийн ирмэг дээр ирчихсэн, элэг эмтрэм дүр зураг, гэвч оюун санааны хувьд их өөр түвшинд байсан нь миний сонирхлыг гойд ихээр татсан. Ерөөс, нүүдлийн соёл иргэншил гэдэг нь нэн өвөрмөц сэтгэлгээг бий болгодог юм байна. Монголчууд бидний дэлхийд гайхуулах брэнд маань энэ юм. С.Дашдооров гуайн “Бууж мордох хорвоо” өгүүллэгийн хоёр өвгөнөөс эхлээд зүгээр л энгийн ахуй амьдрал дунд байгаа хэрнээ хорвоогийн явдлыг маниасаа илүү мэдэх өвгөд эмгэд зөндөө байх. Энэ онцлог явдлыг нь би зохиолдоо түлхүү үзүүлэхийг хичээсэн. Байгаа оносон эсэхийг бүү мэд.
-Урианхайчуудын амьдрал таны сайн мэдэх орчин гэснээс та чинь Ховд аймгийн Дуут сумын хүн гэв үү?
- Урианхайн Дайчин Бэйсийн хошууных гэж хэлмээр байдаг юм. Одоогийн Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут, Баян-Өлгийн Булган, Дэлүүн сумдын нутгийг хамарсан хошуу байж. Манай аав, ээж хоёр Мөнххайрханых, би Дуутад төрсөн боловч аймгийн төвд өссөн. Гэхдээ хөдөөгийн амьдралыг сайн мэднэ. Зуны амралтаараа хонь хариулж, хониныхоо захад ном уншаад л... Хөгшчүүлээс одоо ч гэсэн би суралцсаар л байна. Тухайн үед би даанч хүүхэд байсан болохоор ярьж хэлж байгааг нь нарийн сайн тогтоож авсангүй. Тэр үеийн хөгшчүүлийн чихний хажуугаар шүргээд өнгөрсөн яриа бүхэн өнөө миний уншиж судалж байгаа зохиол бүтээлийн дайны юм байсан шиг санагдана. Энэ бүхэн миний дурсамжид байгаад байдаг. Үүнийг харин хэрхэн уран зохиолд оруулж ирэх вэ гэж толгойгоо гашилган цаг хугацаа их зарцуулсан.
- Хэдийгээр энэ тухай уншигчид хэлэлцэх ёстой ч, “Тэнгэрийн цаг болоогүй”-гээсОройн ганц модхүртэл Дашийн Оюунчимэг зохиолчид ямар дэвшил гарсан гэж та хэлэх вэ?
-“Тэнгэрийн цаг болоогүй” бэсрэг туужаа бичсэнээс хойш миний хийсэн ажил гэвэл хүүхдийн зохиолын сонгодог 50 ботийг монгол хэл дээр бэлтгэх байсан. Үүнийг би нэг талаас оюунлаг ирээдүйг бэлтгэх, соёл гэгээрлийн бодлоготойгоор орчуулсан. Нөгөөтэйгүүр хувь зохиолчийн дадлага туршлага, судалгааны бүтээл гэж хэлж болно.Тиймээс тухайн үед би тууж өгүүллэгийн хүрээнд эргэлдэж байсан бол одоо роман ямар байх ёстойг олж харсан нь дэвшил юм болов уу гэж бодож байна.
-Танай үеийнхэн буюу 1990-ээд оны төлөөлөл болсон яруу найрагчид бараг бүгд зохиол бичиж, роман туурвих боллоо. Энэ шилжилтийн үеийг та юу гэж харж байна вэ?
-Энэ бол хүний өөрийн өсөлт хөгжилттэй холбоотой. Жишээлбэл, роман гэдгийг нэг хөөрхөн залуу ч юм уу, бүсгүй бичдэггүй. Болдог ч үгүй юм байна. Яахав, хүн төрөлхтний түүхэнд гарч байсан суутнууд байна л даа. М.Шолохов гэхэд л 23 настай “Дөлгөөн Дон”-ыг бичсэн гэх мэт. Гэхдээ тэдний туулсан замнал өөр, би буруу дуулаагүй бол 16 настай М.Шолохов морьт цэргийн отряд удирдаад хувьсгалын хэрэгт оролцож явсан гэх баримт санаж байна. Энэ нь тэр хүмүүс хэдий бага залуу байсан ч асар их амьдралын туршлага хуримтлуулж чадсаных. Эсвэл тэдэнд илүү өгөгдөл заяасан байж ч магадгүй. Тэгэхээр роман бичнэ гэдэг амьдралыг таних, өөрийн хурааж цуглуулсан туршлага, түүнээс гадна ердөө л хувь зохиолчийн үзэл санаа юм. Үзэл санаа гэдэг нь шашинд хандах, орчлонд хандах, түүхэнд хандах, нийгэмдээ хандах үзэл, тэдгээрийн нэгдмэл чанар юм. Тэгэхгүйгээр хичнээн сайхан юм хийлээ ч яг роман гэх шалгуурт нийцэхгүй. Тэгэхээр манай үеийнхэн роман бичиж байгаа нь бидний нас болжээ, роман үүрэх хэмжээний дадлага туршлага, чадал чансаа суужээ гэж ойлгож байна.
-Таны зохиол бүтээлийг харж байхад ёр билгийн шинж чанартай, илүү дотогшоо өөрийгөө нэгжиж нээсэн байдаг. Зарим хүмүүс таныг зохиол бүтээлийн хувьд Монголын Гарсиа Маркес гэх нь ч бий?
-За яахав, юу ч гэж хэлж болох л байх. Гэхдээ эртнээс нааш татгалзаж явахыг хичээдэг нэг зүйл байдаг юм аа. Би Жамъянгаравын нэрэмжит сургуулийг 1995 онд төгсөхдөө Анна Ахматовагийн шүлгийн орчуулгаар дипломын ажил хийж байлаа. Түүнээс үүдэн хүмүүс намайг Монголын Ахматова ч гэх юм уу, иймэрхүү ярианаас би зайлсхийхийг хичээдэг. Яахаараа монголчууд гэхээрээ нэг тийм гадныхны хуулбар байх ёстой гэж. Мөн чанараараа л байя л даа, Дашийн Оюунчимэг гэдэг хүн хорвоод ганцхан, түүний сайн муу байх өөрөөс нь л хамаарах асуудал. Ер нь бол миний зохиол бүтээлийн хувьд, чи миний шүлгийг харж байсан бол бас нэг тиймэрхүү, тэгэхээр би сюрриалист чиглэлийн хүн юм шиг байгаа юм. “Оройн ганц мод” зохиолд маань тэр сэдэв хангалттай орсон. Орохгүй ч гэхийн аргагүй. Энд би нэг зүйлийг цохон тэмдэглэхийг хүсч байна. Тэр нь юу гэвэл, энэ зохиолд өгүүлсэн бүхнээ цаанаа үнэний ор мөртэй байлгахыг хүссэн. Зохиолын гол баатар 100 жилийн өмнөх амьдралтай эргэж холбогдох хэрэгтэй болж байгаа юм л даа. Би өөрөө их зөнтэй зүүдэлдэг. Ер нь би ч гэлтгүй манай нүүдэлчдийн онцлог тэр байх. Зүүдэч, зөнч, бэлгэч ард түмэн. Тэгээд би зүүдээр 100 жилийн өмнөх явдалтай холбогдохыг хүсч, ийм зүйл байж болох уу гэж эрж хайсан. Тэгсэн нэг бясалгалын багш зүүдээр бясалгал хийдэг хүн олж өгсөн. Тэр маань одоо манай энэ цаг үед нэг байгууллагад ажиллаад явж байгаа нэг сайхан бүсгүй. Гэхдээ оюуны чадамж нь маш өндөр түвшинд хүрсэн хүн байна билээ, хоёр гурван удаа уулзаж ярилцаад түүнийг би нэг залуу хархүүгийн дүрээр номондоо оруулсан.
-Одоо хоёул яруу найргийн талаар ярилцъя. ТаныХаранхуйн дуулал”, “Очирт уулын бичиглэлгэсэн хоёр ном тань нэр цуутай бүтээлүүд шүү дээ?
-Ерөнхийдөө бол нэг ном л доо. “Харанхуйн дуулал” дээрээ нэг бүлэг нэмээд алдаа мадгийг нь бага зэрэг засаад “Очирт уулын бичиглэл” нэрээр гаргасан. Гэхдээ тэр номыг бичихэд би амьдралынхаа 13 жилийг зарцуулсан байна. Арван хэдтэйгээс хорин хэдтэй болтлоо хамаг залуу насаа зориулсан юм. Яахав, номд орсон нь хоёр жил гаруй хугацаанд бичигдсэн боловч өмнөх олон удаагийн оролдлого зүтгэл туршлага болж хуримтлагдсан гэсэн үг л дээ. Би олон олон орчуулга хийж байж одоо л нэг роман бичих дайтай болж байгаа шиг зүйл юм. Яахав, сайн гэж хэлэхгүй, өөрийнхөө хэмжээнд Оюунчимэг гэдэг хүнд буй чадварыг 200 хувь ашигласан гэж боддог. Сайн муугийн тухай бол бас өөр хэрэг. Өөрт ямар авьяас өгөгдөл байна түүнийг хөглөн, хөгжүүлж ханатал хийсэн эсэх тал дээрээ бол би сэтгэл хангалуун байдаг. Магадгүй тухайн үед би Жамъянгаравын нэрэмжит сургуульд сурч, түвдэч Хүрэлбаатар, Сонинбаяр ламтан, О.Дашбалбар багш нараар хичээл заалгаж байсны хувьд буддын философи, дорно дахин дотоод ухааны мөн чанарыг олж харсан ойлгосон зүйл тэнд тусгалаа олсон байх. Яруу найргийн тухайд бол би 27 хүртлээ идэвхтэй бичээд ерөнхийдөө орхисон. Сүүлд хэд гурван шүлэг бичсэнийг эс тооцвол, Нэг үгээр бол уран бүтээлч болж төлөвшиж чадсан гэх юм уу даа.
Утга зохиол судлаач асан Ч.Билэгсайхан гуай миний нөгөө зургаан орчуулгын ном гарсны дараа номоо авчирч өгөөч гээд, би номнуудаа аваачиж өгөхгүй юу. Тэгсэн хэд хоногийн дараа надад утсаар хэлж байна: “Би чамайг юу хийчихээ бол доо гэж бодож байсан, чи харин сайн орчуулж” гэсэн. Тэгэхээр нь шүлгийн номоо аваачиж өгөөд, би ийм дайны монгол хэлтэй учраас сайн орчуулахаас өөр аргагүй. Миний хамгийн сайн мэддэг хэл бол монгол хэл ээ. Би гадаад хэл мэддэгтээ орчуулга хийж байгаа юм биш гэсэн. Тэгэхээр “Очирт уулын бичиглэл” харахад нимгэн, жижигхэн боловч миний хамаг л залуу насны хүч хөдөлмөр, зүтгэл шингэсэн, надад маш үнэ цэнтэй бүтээл юм.
-Яруу найрагч бүрт шүлэг бичих болсон нэг шалтгаан байдаг шүү дээ. Ер нь та хэдий үеэсээ шүлэг бичих болов?
-Би энэ тухай олон удаа ярьж байсан юм байна. Нэгдүгээр ангид байсан юм шиг байгаа юм. Анх
“...Цоохор даага жирийхээрээ жирийнэ
Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ...” гэдэг шүлгийг уншаад л гайхамшигт автсан юм, энэ шүлэг гэгч ямар гайхалтай зүйл вэ гэж. Тэгэхэд магадгүй миний дотор байсан нэг зүйл нээгдсэн байх л даа. Тэр цагаас хойш яруу найраг бол ерөөс энэ ертөнцийн юм биш гэсэн гүн бат итгэл үнэмшил тогтчихсон. Гэтэл баргийн хүүхэд тэр шүлгийг уншаад тийм том итгэл үнэмшил олж авахгүй л дээ. Тэгэхээр тухайн үед миний дотор байсан өгөгдөл тэр хоёр мөрөөр сэржээ гэж боддог. Сурагч байхдаа шүлэг бичдэг байлаа, оюутан болоод ч шүлэг бичсээр л байсан. Гэвч, хүнд ухаан орно гэж нэг юм байдаг юм байна. Монголчууд 60-тайдаа ухаан ороод 61-тэйдээ үхдэг гэсэн егөө үг байдаг шүү дээ. Тэр бас үнэний ортой юм шиг санагддаг. Манай аав хэлдэг байсан юм, би 13-тай ухаан орсон, яг толгой дундуур том модоор татаад авсан юм шиг цэлс хийгээд л ертөнцийн явдал тодорхой болоод явчихсан гэж. Яг тэр явдал надад 23-тайд минь тохиолдсон. Гэнэт л надад маш олон зүйл тодорхой болоод явчихсан. Түүнээс хойш бичсэн нэг ч шүлгээ шатаагаагүй. Түүнээс өмнө бол хангалттай олон муу шүлэг бичсэн дээ. Цветаевагийн нэг үг байдаг даа, хүнд муу шүлэг бичих үе улаан бурхан өвчин шиг зайлшгүй тусдаг, түүнийг аль болох хурдан туулах хэрэгтэй гэсэн. Азаар залуу насандаа амжиж тэр үеэсээ салсан шиг байгаа юм. Миний шүлгийн номонд орсон хамгийн эртний шүлэг гэхэд л 1992 оных байдаг.
Г.Лхагвадорж

Wednesday, 20 May 2015

Ж.Бямбадорж: Төрд ойртуулж болохгүй хүн гэж бий

Монголын анхдагч парламентчдын нэг, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж гуайтай хөөрөлдлөө. Бидний ярианы сэдэв ерөнхийдөө хүний эрхийн тухай байсан ч энэ сэдвээрээ өлгөц болгон цаг үе, ус төр, монгол хүмүүсийн тухай гүнзгийрэн ярилцахыг хичээсэн юм. Өмнөх долоо хоногт эмнэлэгт хэвтээд гарлаа гэсээр намайг албан тасалгаандаа угтан уулзсан тэрээр үл мэдэг ядрангуй харагдсан тул би шууд л гол асуултаасаа ярилцлагаа эхэлсэн юм.

-Тавантолгойн гэрээг УИХ хэлэлцэх ёстой, ёсгүй гэсэн маргаан гарлаа. Төр нь өөр хоорондоо маргалдаад байхаар нийгэмд ч талцал, тэмцэл их гарч байна.
-Үндсэн хуулийн чинь нэг үзэл баримтлал бол эрх мэдлийг хуваарилсан нь юм шүү дээ. Хэнд ямар эрх мэдэл оногдоно вэ, тэр л эрх мэдлийг хэрэгжүүлэх ёстой. Бие биенийх нь хүрээ хэмжээг зааж өгсөн. Эрх мэдэл гэдэг чинь харилцан тэмцэлтэй, харилцан хамааралтай зүйл. Арабт нэг хаанхүүгийн шарилыг агаарт тогтоосон байдаг юм гэнэлээ, би очиж үзээгүй л дээ. Яаж байрлуулсан юм бэ гэхээр, тал талаас нь соронзоор таталцуулаад, дээшээ ч явчихгүй, доошоо уначихгүйгээр байрлуулсан байдаг юм гэнэлээ. Би эрх мэдлийн асуудлыг олон жил судалсан хүн. Үндсэн хуульд суулгахын тулд, түүнээс өмнө ч их ажилласан. Эрх мэдэл гэдэг зүйл яг л тийм байх ёстой юм. УИХ-ын талаар Үндсэн хуульд “төрийн эрх барих дээд байгууллага” гэдэг нэг үг орчихсон нь их гай тарьж байна л даа. Орчин үеийн ардчилсан улсуудын үндсэн хуульд ийм тодорхойлолт огт байдаггүй юм. Нөгөөх эрх мэдэл хувааж байна гэчихээд “чи том нь” гээд хэлчихсэнтэй адил болчихсон юм. Тухайн үеийн депутатууд л зүтгүүлсээр байгаад оруулчихсан юм л даа, бүр ядаад хаячихсан юм. Эрх мэдлийн холилдоон УИХ, Засгийн газрын хооронд байна. Онолын хувьд үүнийг хуулиар нарийвчлан зааглах ёстой. Практикийн хувьд янз бүрийн юм байна л даа. Нэгэнт төрийн эрх барих дээд байгууллага гэчихсэн, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын гол үндсийг шийднэ гээд эрх мэдэл өгчихсөн учраас УИХ-ыг буруутгаж болохгүй. Уг нь Засгийн газрын л хийх ажил л даа. Бүх л гэрээ, хэлцэл гүйцэтгэх эрх мэдлийн л асуудал шүү дээ. Алдсан бол тэд нар өөрсдөө хариуцдаг. Яагаад Тавантолгойн асуудал вэ гэхээр би эднийг эрх мэдлийн төлөө ч гэдэг юм уу, эсвэл сонгууль эхэлчихэж, эсвэл бүр тэнэг улсууд юм гэдэг ч юм уу, эдгээрийн аль алинаар нь үзэхгүй байна. Би үүнийг өөрийнхөө гэр дээр бодож байна. Манайх нэг малчин айл байна гэе. Манай аав бас хурдан моринд жаахан хорхойтой. Тийм морь худалдаж авах гэж байна гэж ээжид хэлдэггүй. Тийм морио зарах гэж байна бас ярьдаггүй. Ээж хүүхдүүддээ тийм хоол хийж өгөх гэж байна, өнөөдөр гурван үнээ саана, дөрвөн ямаа саана гэж аавд хэлдэггүй. Магадгүй тэр айлд томоохон асуудал тохиолдолд, энэ айл цаашаа сайхан амьдрах уу, голомтоо самрах уу гэдэг асуудал тулгарахад нэг дуу газарт, нөгөө дуу тэнгэрт хадахаас авахуулаад, магадгүй насанд хүрсэн хүүхэд шуухадаа дуудаж асуухаас эхлээд бөөн юм болно оо доо? Монгол Улсын хувьд энэ хоёр толгойн асуудал яг тийм юм болчихоод, хүн бүр өөр өөрийнхөө хандлагаар хараад байна уу даа гэж хараад байна. Тэгээд үүний шийдвэрийг би бас бодоод байгаа юм. Шийдсэн тал нь яг буруудна. Монголын өнөөдрийн психологи яг тийм. Тавантолгойн энэ гэрээг батлаад явбал буруудна, батлахгүй буцаавал бас буруудна. Яг тийм байдалд байгаа биз? Өөрөөр хэлбэл, шийдсэн талаа зөв явуулахгүй, ялагдсан тал нь ялласаар байгаад аль нь ч ялалтгүйгээр дуусдаг юм болчих вий л гэж хараад байна. Аргагүй шүү дээ, нийгмийн уур амьсгалыг ийм болгоод хаячихаж байгаа юм чинь. Энэ үнэхээр нарийн түвэгтэй байна л даа. Уг нь маргаашийн өөх бодож турж үхсэнд орвол уушгаа идмээр байдаг. Турж үхэхгүйн тулд уушгиа идэж байтал өөх идэх байсан ч юм шиг.

-Тэгэхээр асуудлыг олон нийтэд ил гаргаж, нийгмээр хэлэлцүүлж байгаа нь буруу юм болов уу?
-Яалаа гэж. Нийгмээр хэлэлцүүлж, ярилцуулж байгаа нь зөв. Хүн болгоны оролцоо энэ чухал асуудалд хэрэгтэй. Ерөөсөө ардчилал гэдэг чинь энэ. Харин нэгэнт шийдчихсэний дараа, өөрөөр хэлбэл нэгэнт төрийн бодлого гарсан л бол дээр доргүй бүгдээрээ дэмжээд явчих ёстой юм. Ардчиллын зарчим бол аль болох олон хүний санаа бодлыг авах ёстой, нэгэнт шийдвэр гарсан бол бүх нийтээр дагах ёстой. Засгийн газар ч дагах ёстой, УИХ ч дагах ёстой, та ч, би ч дагах ёстой. Гэтэл манайхан харамсалтай нь шийдчихтэй зэрэг араас нь гоншигоноод л, чаргууцалдаад л, хургандаа цадаагүй хонь төлгөндөө майлна гэдэг шиг л юм болоод байдаг юм л даа. Энэ л Монголыг сөнөөж байна. 

-Таныг УИХ-ын гишүүн байх тэр үед парламентын төлөвшлийн тухай их ярьдаг, асуудлыг хэлэлцэж шийддэг зарчим, дэг ч чанд байлаа. Өнөөдрийн парламент тэр талаар жаахан эвдрээд байна уу гэж харагдах юм?
-Аль XVI зуунд хүмүүс “Одоогийн залуучууд хэрэг алга” гэж хэлж байсан үг бичигдэж үлдсэн байдаг юм билээ. Түүнээс өмнө ч хэлж л байсан байх л даа. Түүнээс хойно ч хэлж байсан байх. Намайг залуу байхад ч хэлж л байсан. Одоо ч гэсэн миний үеийнхэн “надаас хойшхи үеийнхэн хэрэг алга аа” л гэх гээд байгаа. Би энэ үгийг хэлэхгүй юмсан гэж боддог юм. Хэлмээр байсан ч тэвчдэг. Яагаад гэвэл бүх юм үе үеэрээ л байдаг байхгүй юу. Харин ч зарим нь дээрдүүлээд, зарим нь жаахан доордуулсан ч байдаг л байх. Парламентын хувьд би төрийн тусгай алба хашаад 11 жил болж байна. Дураараа бууддаг үе маань алга байна шүү дээ. Төрийн албаны ёс зүйд захирагддаг. Илэрхий хууль зүйн, ялангуяа Үндсэн хуулийн томоохон зөрчил дээр дуугармаар санагддаг. Саяхан би тэр Ерөнхийлөгч УИХ-д тайлан тавина гэдэг асуудлаар хэвлэлээр санал бодлоо хэлсэн. Ерөнхийлөгчийг тайлангаа тавьчихаад гараад явах байх, асуултанд хариулахгүй байх, хариулбал хууль зөрчинө шүү гэж хэлсэн. Харамсалтай нь Үндсэн хуулийн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн томоохон зөрчил болоод л өнгөрлөө л дөө. Иймэрхүү юман дээр ганц нэг дуугарч байгаа. Түүнээс биш гаднаас нь хараад, шүүмжлээд, та нар болохгүй байна гээд байвал улам л доош нь оруулахаас олигтой юм байхгүй.

Би их л гайхах юм. УИХ-ын гишүүн чинь хууль боловсруулах төсөвтэй байдаг юм байна. Уул нь УИХ-ын гишүүн хууль боловсруулах үүрэггүй. Үүнийг хийдэг газар байна. Засгийн газарт үүрэг өгөөд хийж болно.

-Гишүүд чинь хууль санаачлах эрхтэй биз дээ?
-Санаачлах гэдэг чинь бичиж боловсруулах гэсэн үг биш. Үүний ялгааг сайн гаргах хэрэгтэй. Нэгэнт төсөвт суусан байхад сайн ч бай, муу ч бай юм боловсруулах хэрэг гардаг байх л даа. Би санаагаараа ярих, эсвэл хэвлэл мэдээллийн хэлж ярьснаар ч юм уу, эсвэл харснаараа ярих дургүй. Хуульч хүний нэг шинж чанар ч байдаг байх. Цэцэд байхад нэг юм ажиглагддаг байсан, тэр юу вэ гэхээр цэцэд ирж байгаа маргаантай хуулийн заалтууд ихэвчлэн хажуугаас УИХ-ын гишүүний саналаар орж ирсэн заалтууд байдаг. Энэ юуг хэлж байна вэ гэхээр, аливаа хууль гэдэг заавал Засгийн газраар орж, хэрэгжих боломж, ялангуяа хөрөнгө санхүүгийн боломжийг тодорхойлуулсан байх ёстой. Тэгэхгүй, сайхан заалт юм гэж бодож оруулсан юм ихэнхдээ унадаг.

-Тэгээд Цэц рүү очдог.
-Үй түм нь очихгүй байгаа шүү дээ, бас. Манай хууль тогтоомжийн хорондын зөрчил замаа алдсан. Би 2000 онд УИХ-ын дэд дарга болмогцоо энэ асуудлыг барьж аваад, жаахан хөөцөлдөж, Хууль зүйн яаманд нэг 10 хүнтэй алба байгуулаад жаахан цэгцэлье гэж байгаад тэгсгээд хаячихсан юм. Энэ асар их хөрөнгө шаардах ажил л даа. Үнэхээр үүнийг бодохгүй хүн байхгүй л дээ, сайд нар, УИХ-ын дарга, гишүүд бүгд л бодож байгаа. Гэхдээ зориглож барьж авахгүй байгаа юм. Хууль хоорондоо зөрилдөнө гэдэг тун аюултай юм байгаа юм. Үүнд би их санаа зовдог. Хүний эрхийн талаар сүүлийн үед гарч байгаа хууль, тогтоомжуудад зөрчилтэй юм байгаа эсэх талаар манайхаас санал авч байгаа. Санал авахаар барахгүй ихэнхийг нь тусгадаг болсон. Хажуугаас л орчихгүй бол. Хажуугаас орж буруу шийдсэн асуудал бий. Тухайлбал, Прокурорын дэргэдэх мөрдөх албыг татан буулгасан. Нийгэмд асар хохиролтой зүйл болсон л доо.

-“Улс төрчдийн хар жагсаалт” гаргах тухай яриа гадуур нэлээд тарж байна. Энэ асуудалд танай комисс ямар байр суурьтай байгаа вэ?
-Улс төрийн намуудын сонгуулиар амлаж гарч ирсэн амлалтыг нэхэх явдал зайлшгүй байх ёстой. Харин түүнийгээ сүртэйгээр хар жагсаалт, энэ тэр гэх нь хаашаа ч юм бэ дээ. Тамга гэдэг үгийг оросоор хоёр янзаар хэлдэг юм л даа. Эхнийх нь зүгээр штамп буюу албан бичгэн дээр дардаг тамга. Нөгөөх нь манайхны малынхаа ташаан дээр хайрч тавьдаг тамга. Түүнийг климо гэдэг. Оросууд хоолой руугаа нясалж архи ууя гэсэн санаагаа илэрхийлдэг дохио бий. Хүмүүс тэр бүр мэдэхгүй байж магадгүй. Орост боловсрол эзэмшсэн улсууд сайн мэднэ. Энэ дохио яаж бий болсон тухай түүх байдаг юм. Оросын агуу их хаан I Петрийн түүхтэй холбоотой. Тэр үед Оросын хааны хүү заавал цэрэгт алба хаадаг байж л дээ. Петр хаан цэргийн найзуудаа их үнэлдэг байж. Ер нь цэргийнхэн чинь нэг нэгэндээ их элгэмсүү байдаг шүү дээ. Гэтэл цэрэгт байхдаа хамгийн дотно байсан нэг найз нь архичин болсон гэж дуулж. Хаан тэр найзаа сурагласаар байгаад олж уулзсан байгаа юм. “Би чамайг их сурагласан, чи олдох ч үгүй юм” гэсэн чинь нөгөө найз нь “Та яаж олох вэ дээ, энэ олон сая хүн дотроос. Би юу гэж таныг гэж явах вэ” гээд баахан зовлон жаргал ярьж. “Би одоо хаан болчихлоо, надаас юу гуйх вэ?” гэсэн чинь найз нь “би хаашдаа өнгөрсөн, миний ганц бодол бол надад архи л олдож байвал болоо” гэж. Тэгээд “та хаан, таны зарлигийг заавал биелүүлэх ёстой юм бол надад хаа явсан газар маань архи хийж өгч бай гэсэн зарлиг шийтгээд өгчих” гэж. Хаан зарлиг бичиг өгч л дээ. Тэр бичиг юу удах вэ, урагдсан уу, хаягдсан уу, төдөлгүй алга болж. Тэгээд мань хүн дахиж хаантай уулзаад “Та миний хүзүүн дээр нэг климо дараад өгчих” гэж гуйж даруулж авсан гэдэг юм билээ. Тэр хүн насан туршдаа климотой болж байна аа даа? Түүнтэй адил хүнд насан туршид нь хар толбо үлдээх зүйл хийнэ гэдэг бол байж болохгүй зүйл.

-Гадаад орнуудад ийм жагсаалт гаргах явдал байдаг болов уу?
-Улс хоорондын харилцаа, цагаачлалын горим, хууль зөрчсөн хүмүүсийг хил, гаалиар оруулж, гаргахгүй байх хар жагсаалт гэх мэт зүйл бий. Гэхдээ тэр чинь хугацаа хэмжээтэй, алсдаа арилдаг зүйл. 2008 оны сонгуулийн үеэр шиг санагдаж байна, намайг Цэцийн дарга байхад нэг гомдол ирж байсан, сонгуулийн хуульд УИХ-д ял шийтгүүлж байгаагүй хүн нэр дэвшинэ гэсэн заалт орчихож гээд. Гэтэл ял шийтгэл гэдэг чинь олон янзын юм байна шүү дээ. Торгуулийн ял гэж бий. Жишээлбэл, манай нэг УИХ-ын гишүүн замын жижигхэн осолд ороод, туслах замаас гол зам руу орох гэж байхад нь шулуун замын машин өнгөрөхдөө шүргээд урд гуприйг нь хамаад явчихаж л дээ. Мань хүн өөрөө хуульч байсан болохоор өөрийг нь буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж гурван шатны шүүхээр яваад торгуулийн ял авчихсан юм. Энэ хүн тухайлбал УИХ-д нэр дэвших эрхгүй болж болох уу? Эсвэл хүүхэд байхдаа торгуулсан ч юм уу, сахилгагүйтээд ял зэм хүлээчихсэн хүн насан туршдаа улс төрийн эрхгүй амьдрах уу? Үүнийг л климо гээд байгаа юм. Тийм ч учраас Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гараад тэр заалт хүчингүй болсон л доо. Тухайн үед би чухал асуудлаар зөв шийдвэр гарлаа гэж бодож байсан.

-УИХ-ын гишүүд, төрийн түшээдийг элдвээр хэлэх, нэр хоч зүүх явдал их болж...?
-Улс төрчид, УИХ гишүүн гэхээр яаж ч магтаж болдог, яаж ч доромжилж болдог юм шиг тийм ойлголтыг нийгэмд бүрдүүлэх гээд байна л даа, сүүлийн үед. Тийм биш юм аа. Тэгж болохгүй. Тэд чинь бусадтай л адил хүмүүс шүү дээ. Би УИХ-д Бага хурлаас нь авахуулаад дөрвөн удаа сонгогдсон, сайн муу, худлаа үнэн ярьж, бичихэд сүүлдээ дөжирчихдөг юм. Гэхдээ энэ хүмүүсийн чинь цаана үр хүүхэд, гэр бүл байгаа. Аав ээж, ах дүүс байгаа.  Яагаад тэр хүмүүс миний өмнөөс шаналж, зовж, найз нөхдөөсөө хөндийрч, хүмүүсийн өмнө нүүрээ улайлгаж явах ёстой юм. Бүх хүн ярьж байгаа, Монгол цөөхөн хүн амтай. Танай нөхөр чинь тийм л юм гэх чинь билээ, чиний аав чинь тэгдэг гэх чинь билээ гэсэн хүйтэн хөндий уур амьсгалтай цаг үргэлж нүүр тулж явах чинь хэцүү биз дээ? Би сүүлийн үед нэг л зүйлийг маш сайн ойлгоод байгаа. Энэ аз жаргал гэж юу юм бэ гэдэг асуултанд өөрийнхөө хариултыг олчихоод байгаа. Аз жаргал гэдэг бол сэтгэл санааны амгаланг л хэлэх юм байна. Сэтгэл санаа амгалан байх юм бол хүн аз жаргалтай байх юм байна. Тэгвэл хүмүүсийг сэтгэл санаагаар зовооно гэдэг аз жаргалаас нь салгана гэсэн үг юм. Хүн гэдэг амьтнаас ялгагддаг үндсэн онцлог нь нийгэм дотор амьдардагтаа л байдаг юм. Зүгээр нэг жалганы амьтан шиг биш, нийгэм дотор байр сууриа эзэлж, нийгэм дотроо явдаг учраас нийгэм дотроосоо таашаал, нийгэм дотроосоо хараал, ерөөлийг амсаж байдаг. Гэтэл эргээд нийгмээсээ сэтгэл санааны дарамтанд ороод байвал ямар юмны нь аз жаргал байх вэ дээ.

-Нэгэнт нийгэм маань бидний амьдрах орчин болохоор хаашаа зайлах вэ.
-Хүний амьдрал хоёр газар л өнгөрч байна. Гэрт, ажил дээр. Сүүлийн үед сэтгэл зүйч гэдэг нарийн мэргэжлийн улсууд гарч ирж байна. Бидний залууд тэр бүр тоодоггүй байж. Чи нэг бодоод үзээрэй. УИХ дээр гаргасан уураа тэр чигээр нь эбола вирус шиг тээж аваачаад гэрийнхэндээ халдаадаг. Зүгээр ч үгүй, гэрийнхнийгээ бас өвчлүүлчихдэг. Эсвэл гэртээ байсан таагүй уур амьсгалыг тэр чигээр нь тээгээд хамт олон дотроо тараадаг. Энэ нь ажилд нь нөлөөлж байдаг. Дэлхий нийт үүнийг чинь мэдчихсэн, том том брэндийн үйлдвэрлэгчид сэтгэл судлаачидтай болчихсон байна шүү дээ. Өглөө ажилдаа ирэхэд нь сэтгэл зүйн байдлыг нь хянаад зөв байвал оруулаад, буруу байгаа бол засаад оруулдаг. Бүтээгдэхүүний чанарт нь нөлөөлөх гээд байна шүү дээ. Орой явахад нь мөн засдаг. Би шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхантай үүнийг л их ярьдаг юм. Та нар тэр хоригдож байгаа хүмүүсийн сэтгэл зүйгээр бүх юманд хандаад, түүнийгээ гэр орондоо аваачиж битгий халдаагаад бай, хоригдолтой ажилладаг биш ажилтантай ажилладаг сэтгэл зүйчтэй бол гэж. Ер нь хүний эрхийн асуудлын утга агуулга их өргөн, бодол санаа олон зүйл рүү самгардаад явчих юм. Тэр бүхний хамгийн гол зүйл бол сэтгэл зүйн асуудал юм. Тийм ч учраас сүүлийн үед би сэтгэл санааны амар амгалангийн тухай асуудал руу түлхүү орж байна. Дахиад хэлэхэд өнөө аз жаргал гэдэг чинь энэ л байгаа байхгүй юу. Үнэнийг хэлэхэд өнөөдөр манай ажил хийж байгаа хүмүүсийн ихэнх нь амьжиргаагаа залгуулах гэж л ажил хийж байна. Хэдэн бор төгрөгний төлөө. Зүгээр л хэдэн бор төгрөгний цалин хөлс авахын тулд хүссэн, хүсээгүй ажиллаж, нервтээд түүнийгээ гэр бүлдээ, найз нөхөддөө аваачиж халдааж, хаа сайгүй аз жаргалгүй л хүмүүс явж байна даа. Бурхны сургаалын гол үндэс нь аливаа муу юмнаас сэтгэл зүйн хувьд салж чадах. Ийм юм руу түлхэж байгаа хүмүүсийг би нүгэлтэн л гэмээр байна.

-Хоёулаа “хар жагсаалт”-ны тухай яриандаа эргээд оръё. Зарим хүмүүс эсэргүүцэл тэмцэл хийсээр байгаад улс орны нийтлэг эрх ашигтай холбоотой том том төсөл, ажлуудыг унагааж байна л даа. Ийм хүмүүсийг “төрд ойртуулж болохгүй” гэж нөгөө зарим нь үзээд байгаа юм.
-Ерөөсөө аливаа юм, аливаа хууль, дүрэм, журам, дэг жаяг хүний энгийн амьдрал дотроос урган гардаг. Найрын дэг хүртэл энгийн амьдрал дотроос л гарч ирсэн байдаг. Ерөөсөө л хүний зохион байгуулалтын олон хэлбэрүүдийн нь л нэг шүү дээ. Өнөөдөр хүний эрхийн асуудлыг ярихад иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл гэдгийг зайлшгүй авч үздэг болсон. Дэлхий нийтээр сүлжээтэй болсон. Засгийн газрын илтгэлийг хэлэлцэхэд заавал иргэний нийгмийн төлөөллийг оролцуулж, саналыг нь заавал сонсдог болчихлоо шүү дээ. 2010 онд манай Засгийн газар Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд илтгэл бичиж оруулсан юм. Тэр илтгэлийг хянаад гаргасан зөвлөмжид, иргэний нийгмийн нэг ч байгууллагаас санал аваагүй байна гэж шүүмжилсэн байгаа юм. Одоо бол бид бүх түвшний илтгэл, мэдээ бичихдээ иргэний нийгмийн байгууллагынхныг маш их оруулдаг болоод байгаа. Тусгайлан урьж санал онолыг нь авдаг болсон. Иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд бол сайн дурын үндсэн дээр, итгэлээрээ хүний эрхийг хамгаалахын төлөө явж байгаа хүмүүс. Эдийн засаг, уул уурхай, байгаль орчны асуудлаар тэмцэж байгаа хүмүүс чинь бүгдээрээ иргэний нийгмийн төлөөлөгчид. Зарим нь буу шийдэмдээ тулаад, шорон оронд ч орчихсон явж байна. Хүн үзэл бодлоо илэрхийлэх нь тайван замаар бол яаж ч болно. Зөв бол шийдвэр гаргагчид хүлээн зөвшөөрөх ёстой. Буруу бол саналыг нь сонсоод л хаячих л даа. Тэгээд тэр хүмүүс тэмцэл юмаа хийгээд явж л байг л дээ. Юу нь буруу байгаа юм. Жишээ нь, Бямбадоржийг төрд ойртуулж болохгүй хүн шүү гээд зарлаг л дээ. Сонгогчид нь л шийднэ шүү дээ. Яг наад асуудлын чинь хувьд хэсэг хүмүүсийн нөлөө ороод, нөгөө хүн нэр дэвшсэн байгаад сонгох эрхийг нь хаасан гэсэн хэрэг зарга үүсч мэднэ шүү.

-Миний асуугаад байгаа өнөө том төсөл, ажил нураадаг улсуудад ч бас нэр дэвших, сонгогдох эрх байгаа. Гэтэл энэ хүнийг битгий сонго гээд жагсаалт гаргаад, сонгогчдод нь аваачих өгөх гээд байна л даа.
-Шүүхээр шийтгэгдээгүй хүмүүсийг л нэрлэх гээд байна, тийм үү? Сонгуулийн хуульд энэ талаар зүйл заалт байгаа байх шүү. Сурталчилгаа хийхдээ бусдын алдар хүндийг гутаан доромжилж болохгүй гэсэн заалт байгаа. Сонгуулийн маргааныг нэн яаралтай шүүхээр шийддэг юм бий. Гэхдээ нэгэнт үр урхаг нь гарчихсан тохиолдолд тухайн хүнд харамсалтай. Ер нь манайханд нийгмийн уур амьсгалыг залуурдах гэх сонирхол байна. Бүр нийгмийн үзэгдэл болчихсон. Хөрөнгө мөнгөтэй улсууд, улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөртөө байлгах бодлоготой, үүсгэн байгуулдаг юм байна. Хэдийгээр монголчуудыг мэдээллээр хангахад буян болж байгаа ч нөгөө талаар нэг нэгнийгээ намнах, нийгмийн уур амьсгалыг ийм тал руу бүрдүүлж байгаа нь ноцтой асуудал. Энэ яваандаа алга болно. Ер нь ийм үе нийгэмд тохиолддог юм байна л даа, хүн төрөлхтөн хэдэн зуун жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгмийн мэдээллийг хангаж ирлээ шүү дээ. Шалгарал явагдана. Харамсалтай нь тэр шалгарлын явц дунд нь л тээрмийн буланд нухлагдаад байна л даа, бид.

-Та юу гэж бодож байна, ер нь төрд ойртуулж болохгүй хүмүүс гэж байж болох уу?
-Ер нь бол миний бодлоор төрд ойртуулж болохгүй хүн гэж бий. Гэхдээ хуулиар биш, жагсаалт гаргаснаар ч биш. Олон түмэнд мэдүүлэх хэрэгтэй. Тэр бол хүнлэг бус хүн. Хүн чанаргүй хүнийг л төрийн аль нэг албанд ойртуулмааргүй байгаа юм. Гэхдээ тэр нь нотлогдоод, түүнийг нь олон түмэн хүлээн зөвшөөрсөн л байх ёстой. Хүн чанаргүй хүн гэдгийг тодорхойлоход хэцүү. Гэхдээ ойлгомжтой байдаг. Хүн чанаргүй хүн гэдэг хэзээ ч бултаж зайлах аргагүйгээр харагдаж, танигдаж байдаг. Би үүнийг жагсаалт гарга гэдэг утгаар биш, ер нь бол хүн чанаргүй хүн төрд ирж болохгүй шүү гэдэг утгаар ярьж байна. Энэ шилжилтийн хорин хэдэн жилд Монгол Улс их ололт олсон. Их ч юм хийсэн. Нэлээд хэсэг нь баталгаажсан. Чадахгүй ч юмнууд их байна. Бидний бодож, төлөвлөж, мөрөөдөж байсан юм тэр болгон биелж чадахгүй байна. Бухимдаж байна. Эргээд болж, бүтэж байгаадаа муугаар нөлөөлж байна. Өө, энэ чинь дэмий ч юм байсан юм уу даа гэж сэтгэл хоёрдуулсан юм ч гарч ирж байна. Ганцхан энэ юутай холбоотой вэ гэхээр, хүн чанар суулгаж өгөөгүйтэй л холбоотой. Би социализмын үед багш байлаа. Төрийн ажилтан байлаа. Эшлэл их авдаг байлаа шүү дээ. Маркс, Энгельс, Ленин, нам гээд л. ЗХУ-ын Коммунист нам, МАХН гээд л. Сурчихсан байдаг юм байна. Яагаад гэвэл өөрийгөө нотлохын тулд эшлэл авах хэрэг заавал байдаг. Тэгээд би орчин үед эшлэл бас авсаар л байлаа. Юунаас авч байна гээч? Ардын үгнээс. Манай ардын үгэнд эшлэл болохгүй үг ч гэж алга. Хоёр дахь нь Ч.Лодойдамба. “Тунгалаг тамир” романыг би 10 удаа, бараг 20 удаа ч уншсан байх. Бүтнээр нь цээжилчихсэн улс ч байдаг юм шүү, би тааралдаж л байсан. Би цээжлээгүй ч гэсэн тэр хүн чанарын харилцаа, хүний хоорондын харилцааг цээжлэхээс наагуур мэдэрсэн. Тэнд гарч байгаа хүн чанарын асуудал, амьдралын нарийн ширийн зүйлс төрийн ажилд ямар их хэрэг болж байна гэж бодож байна, чи? Гурав дахь эшлэл авдаг юм нь дээр үеийн монгол кинонууд. Хэдийгээр тэр социализмын үеийн үзэл суртал байсан ч манай ахмад уран бүтээлчид ямар гоё шигтгээнүүдийг оруулж өгч чадсан байна вэ. Үгний шигтгээ гэдэг бол гайхамшигтай шүү дээ. Миний аав ээж малчин хүмүүс байсан. Аав, ээжийгээ ямар ухаантай улс байж вэ гэж сүүлийн үед их бодох болсон байна лээ. Ер нь би аавынхаа сургаалийг биелүүлж өссөн хүн. Аав минь олонтой яваарай гэж захисан. Би түүгээр л яваа. Аавынхаа сургаалиар амьдарч яваагаа би сэтгүүлчдэд ярилцлага өгөх болгондоо л хэлдэг юм. Аав маань тэгдэг байсан юм, чи хүн бол, хүн шиг бай гэж. Юу гэсэн үг вэ, хэн ч харсан би хүн байгаа биз дээ? Хүн төрөөд, хүн болчихоод байхад хүн бол гээд байдаг. Тэгсэн чинь байна шүү, яг эхээс унахдаа зүгээр л амьтан төрдөг юм байна л даа. Харин төрсөн цагаасаа эхлээд хүн болох процесс эхлэдэг юм байна. Хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй. Ихэнх төлөвшил нь 16-19 нас хүртлээ ямар хүн болох вэ гэсэн ерөнхий суурь суугаад, түүнээс цаашаа явдаг юм байна л даа. Тэгээд хүн өөрийгөө засч залуурддаг, чаддаггүй гээд янз бүр байна л даа. Хүн болох багаасаа, хүлэг болох унага дааганаасаа гэдэг чинь энэ. Үүнд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид гээд олон хүний оролцоо хэрэгтэй. Өнөөдрийн бидний гол алдсан зүйл бол энэ хүн болох процессийг л сургууль, албан байгууллага, нийгмийн бүх гишүүд харьцангуй үгүй хийчихэж.

-Сүүлийн үеийн хүмүүс хүн чанаргүй байна гэж л та хэлэх гээд байна аа даа?
-Тийм. Ер нь манай ардын сурган хүмүүжүүлэх уламжлалд хүний нийгэмд сайн хүн байна, сайхан хүн байна гэдгийг л сургаж ирж л дээ. Сайн хүн бусдын эрхийг хэзээ ч зөрчдөггүй.

-Хүний эрхийг хэт өргөмжлөх явдал эргээд хувиа хичээх, амин хувиа бодох үзэл санааг өдөөгөөд байгаа юм биш байгаа?
-Үнэний хувь бий. 1990 онд бид бүгдээрээ нэг гараанаас гарсан. Нэг хэсэг нь бүр ядуурч, нөгөө хэсэг нь амархан амархан мөнгө олсон. Ингэж болдог юм байна гэж сэтгээд бүгдээрээ дайрсан. Зарим нь ялсан, зарим нь ялагдсан. Шударга бус явдал ч гаарсан...

-Тэгэхээр хүний эрхийн тухай номлол маань сөрөг үр урхагтай байна уу, үгүй юү?
-Яалаа гэж. Хүний эрхийг буруу ойлгоод байгаагаас наадах чинь үүсч байгаа юм. Уул нь хүний эрхийн асуудлыг л эхэнд нь тавиад байх юм бол бүх муу муухай зүйл арилах юм байгаа юм. Хүний эрх гэдэг чинь айх аюулгүй, гачигдах зовлонгүй амьдрах гэсэн түгээмэл тунхаглалын заалт байдаг. Танай ангид том биетэй, дээрэлхдэг хүүхэд байсан л байх. Хулиган, айдаг. Томруулаад ярьвал дайн байлдаан гэдэг ч юм уу, зэвсэгтэйгээсээ зэвсэггүй хүн айдаг. Цаашлаад өдрийн хоолоо олж ядах, хөрөнгө мөнгөө барж ядаж байгаа асуудал байна. Үүнийг л яриад байгаа юм. Бүгд л улаан нялзрай, нүцгэн нойтон төрдөг ч цаашаа олон янзаар амьдраад явчихдаг. Төрсөн шигээ л адилхан байх юмсан гэдэг ойлголт энэ хүний эрхийн чинь үндсэн асуудал юм. Хүний эрхийг зөв эдлүүлж, зөв төлөвшүүлж чадах юм бол тэр хүмүүс тухайн нийгмийнхээ хамгийн сайн хүмүүс болно. Хүн төрөхдөө л амьд явах, эрүүл байх заяагдмал эрхтэй төрдөг шүү дээ. Цаашлаад сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх гээд олон эрх бий. Сүүлийн үед оролцооны эрх гэж их ярьж байна. Нэгэнт нийгмийн хүн юм бол бид зөвхөн нэг нэг гэртээ суугаад байх боломж байхгүй. Тухайлбал хөрш айл маань хэрүүлтэй, зодоонтой, хашхираантай байвал би амар тайван амьдарч чадахгүй шүү дээ. Ер нь бол хүний эрх, эрх чөлөө гэдгийг хүнийг өөрийг нь хөгжүүлэх гол арга гэж үзэж, тийм байдлаар гаргаж тавьж байгаа юм. Гэтэл манайхан дураараа аашлахыг ойлгоод байна л даа. Эрх хүүхэд шиг, мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч бай, “би жимс иднэ” гэж чарласан л бол жимсийг нь авч өгөхгүй л бол болохгүй юм шиг ойлгоод байгаа юм. Үгүй. Миний эрх, эрх чөлөө миний боломжоор, чиний эрх чөлөөгөөр хязгаарлагдах ёстой. Би ганцхан жишээ хэлье. Танхайн гэмт хэрэг гэж байдаг. Хоёулаа энэ өрөөнд сууж байна, чи надад дургүй хүрээд л, хэлэх хэлэхгүй хараал, ерөөлөөр загнаад л, улсуудын анхаарал татаад л, манай ажилтнууд гүйж ирээд л, ийм юм боллоо гэж бодьё л доо. Чи ууланд ганцаараа явж байгаад яг саяынхаа үйлдлийг хийе. Нөгөө ноёнтойгоо муудалцаад уулын цаагуур орохоор нь “Хуц” гэчихлээ гэгчээр гэнэтхэн дургүй чинь хүрээд, энд болсоноосоо ч илүү цамнаад, шороо чулуу самардаад, илүү аюултай юм боллоо ч тэр чинь нийгмийн амгалан тайван байдлыг ямар ч байдлаар хөндөхгүй. Хэн нэгэн хүний эрх, эрх чөлөөг хөндөхүй. Үйлдэл чинь адил. Энгийн үгээр тайлбарлахад энэ л юм. Нөгөө талаас эрх, эрх чөлөө дандаа араасаа хариуцлага дагуулж явдаг. Өнөөдөр манайд өвчлөл их байна. Эрүүлийг хамгаалах ажил, асуудал сайнгүй байна гэж хүн болгон л ярьдаг. Нөгөө талаас та өөрөө эрүүл мэндээ хамгаалах талаар ямар ч хариуцлага хүлээгээгүй байдаг. Тэгээд эдгэхгүйгээр өвдчихсөн. Энэ асуудлыг их зөв гаргаж тавьж, ойлгуулж байх ёстой юм.

-Энэ хүн ажил нураадаг, сонгож болохгүй шүү гэхээр сонгогчдын өөр өөрийн үзэл бодлоор чөлөөтэй сонголт хийх эрхийг бас зөрчинө биз?
-Тэгэлгүй яахав. Хүний сэтгэлзүйд нөлөөлөх гээд байна шүү дээ. Ерөөсөө хүний эрхийн нэг гол зарчим бол климотой болгохын эсрэг л байдаг юм. Үүнийг сайн анхаарах ёстой. Дэлхий нийтийн хүний эрхийн асуудалд хамгийн хориотой юм бол ялгаварлан гадуурхах юм. Хүйсээр нь, арьсны өнгөөр, ааш араншингаар, бэлгийн чиг баримжаагаар нь. Өнөөдөр ихэнх оронд ажилд авахад зүгээр л дипломыг нь, чадварыг нь хараад л ажилд авч байна. Түүнээс биш цагдаагаас бичиг авчир энэ тэр гэхийг зөвшөөрдөггүй. Гэтэл манайд хүний өмнө, хойдох амьдралыг судалдаг, түүгээр нь шалтаг гаргаж ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах явдал маш их бий. Хөдөлмөрийн хуульд энэ талаар зохих зүйл, заалт орж байгаа байх гэж бодож байна.

-Тийм явдал хавтгай шүү дээ. Тухалбал, шоронд ороод гарсан хүн насаараа л “шоронд орсон хүн” байдаг. Энэ байдлыг яаж өөрчлөх ёстой юм бэ?
-Олон улсын гэрээ конвенцийг биелүүлэх хэрэгтэй. Хуульд зохицуулалт оруулах хэрэгтэй. Заримыг нь хасах, засах хэрэгтэй. Жишээлбэл, төрийн албаны хуульд төрийн албанд эргэж орох нөхцөлгүйгээр халдаг заалт бий. Хоёр жилийн хугацаатай ч билүү. Шалгалт өгчихсөн, тангараг өргөчихсөн хүн зүгээр л сургууль соёлд яваад хоёр жил болоход хүчингүй болдог гэх мэт олон юм бий л дээ. Ер нь хүнийг бодож, хүний нийгмийн харилцаанд оролцох оролцоог бодож хуулиа хийвэл энэ бүх зөрчлөөс ангид байж болж байгаа юм. Ч.Чимэд гуайн нэг мундаг үг байдаг юм, хууль боловсруулахад энэ ямар харилцааг зохицуулах гэж байгаа юм, үүнээс ямар сөрөг үр дагавар гарч ирэх юм, тэр сөрөг үр дагаваруудыг яаж аятайхан зохицуулж болох вэ гэдэг гарцыг олж чадвал чи хууль сайн бичиж байна гэдэг байсан. Энэ л үнэн юм даа.

Monday, 16 March 2015

П.Баярмагнай: Бид гадныхантай өрсөлдөх биш ӨРСӨХ хэрэгтэй

МОНГОЛЧУУД НУУЦ ТОВЧООГОО ӨДӨР БҮР УНШИЖ ЭХЭЛЛЭЭ... Учир нь арав хүрэхгүй хоногийн  өмнө нээлтээ хийсэн “Монголын Нууц Товчоо сан”-гаас санаачлан бүтээсэн “Монголын Нууц Товчоог 365 хоногт” хуваарьт ном эрэлт ихтэй байна. 
E83299 photo 4 1 x800Орчин үеийн завгүй амьдралын хэв маягт зориулан бүтээсэн уг номыг бүтээгчдэд баяр хүргэмээр санагдана. Учир нь энэ бол зүгээр ч нэг ном биш гарын авлага болсон байна лээ. ЭХ ТҮҮХИЙН гарын авлага.
Ингээд “Монголын Нууц Товчоог 365 хоногт” хуваарьт номыг санаачлан бүтээсэн “Монголын Нууц Товчоо сан”-гийн тэргүүн П.Баярмагнайг НОМЫН ТУХАЙ буландаа урьж ярилцсанаа танд хүргэе. 

-“Монголын Нууц Товчоог 365 хоногт” хуваарьт номыг бүтээлцсэн хүмүүсийн талаар яриагаа эхэлье?
-“Монголын Нууц Товчоо сан” ТББ-ыг бид өнгөрсөн жил байгуулсан юм. Гол зорилго нь үүх түүхээ үр хойчдоо өвлүүлэн үлдээх. “Монголын Нууц Товчоог 365 хоногт” ном бидний хамгийн анхны төсөл. Зорилго нь залуучууд МНТ уншихаа болсон, уншсан ч ойлгохгүй, талаас нь хаясан тохиолдол их болжээ. Бид ерөнхийдөө нөгөө дээдлэн хүндлээд байх ёстой гэж зарлиг хүртэл гарсан МНТ-оогоо ойлгодоггүй юм байна, уншдаггүй юм байна гэсэн дүр зураг гарсан.
Тиймээс бид МНТ-г олонд ойлгогдохуйц хэлбэрээр хэвлэсэн. Номыг бүтээхэд Монгол Улсын төрийн соёрхолт, МУ-ын Гавьяат багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ш.Чоймаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын доктор, профессор Г.Аким, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор М.Баярсайхан, түүхийн ухааны доктор А. Пунсаг тэргүүтэй эрдэмтэн мэргэд, түүхч, орчуулагч, судлаачид оролцсон.
-Номондоо хэний хөрвүүлгийг ашигласан бэ. Мөн 2,000 орчим эртний үг хэллэгийг тайлбарласан гэж байсан?
-Төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаа гуайн хөрвүүлгийг бид эхээ болгож ашигласан. Нэлээн сайн хөрвүүлэг гэж эрдэмтэн судлаачид үздэг юм билээ. Ш. Чоймаа багш энэ хөрвүүлэг дээрээ нэмээд эртний, мартагдах шахсан мянга гаруй үгийн тайлбартайгаар гаргасан байдаг. Манай эрдэмтдийн баг үүн дээр нэмж мянга гаруй үгий тайлбарыг оруулсан. 
Бид орчин цагийн хүмүүсийн яаруу, завгүй хэмнэлд тохируулаад МНТ-ныхоо текстийг 365 хоногт хуваагаад өдөрт гурваас, дөрвөн хурууны зайтай л текст уншихаар бэлтгэсэн. Тэр жижиг текстэд орсон ойлгогдохгүй эртний хэллэгийн тайлбар нь доор нь байгаа. Ерөнхийдөө хүн өдөрт 5-10 минут зарцуулахаар л хийсэн. 
НОМЫН БОРЛУУЛАЛТАД НОМ БҮТЭЭЛЦСЭН БҮРЭЛДЭХҮҮН ИХ НӨЛӨӨЛСӨН
-Гол онцлогийг нь дизайны шийдэл гэж хэлж болохоор юм шиг байна. Нууц биш бол борлуулалт хэр байна?
-Хүмүүс эргээд бидэнд ярьж байна л даа. “Бид гэр бүлээрээ уншаад эхэлчихсэн. Их зүгээр юм аа. Эхлээд эхээ уншаад дараа нь тайлбараа уншиж судалж байгаа” гэсэн. Тэрийг нь сонсоод их урамтай байгаа. Заавал 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэл гэсэн үг биш. Эхэлсэн өдрөөсөө хойш яг нэг жилийн хугацаанд уншиж дуусах зохион байгуулалттай. 
Борлуулалт маш сайн байгаа. Интерномд долоо хоногийн дотор хамгийн гүйлгээ  сайтай ном буюу бестселлерын жагсаалтад шууд зургаадугаар байранд орсон байна лээ. Бусад номын дэлгүүрүүд манай дээр зараач гэсэн хүсэлт тавьсан. Номын борлуулалтад номыг бүтээлцсэн бүрэлдэхүүн их нөлөөлсөн. Мөн жүжигчин Б.Амарсайханы тоглосон шторк сошиал сүлжээний хэрэглэгчдэд их нөлөө үзүүлсэн гэх мэт олон шалтгаантай байх. 
-Олон салбарын эрдэмтэд гар бие оролцсон гэдэг утгаараа нэлээн чамбай бүтээл болсон гэж дүгнэх хүмүүс байна. Эрдэмтдийн оролцооны тухайд?
-Монголын Нууц Товчоо сангийн удирдах зөвлөлийн гишүүд болох нэртэй эрдэмтэд оролцсон. Эрдэмтдийг бид зүгээр нэг оролцуулаагүй. Түүхэн талаас нь, хэл судлалын талаас, зан заншлын талаас гээд үгсийн тайлбар дээр бүх талаас нь ажиллуулсан. 
-2,000 гаруй үгийн талаар эрдэмтэн М.Баярсайхан жишээ авч ярьсан байсан. Жишээ нь үлд гэдэг үгийг илд гэсэн утгатай гээд. Тайлбарт орсон зарим үгнээс нь жишээ татвал?
-Жишээ болгоод номонд “ач” гэдэг үгийг хэрхэн тайлбарласан тухай ойлголт өгье. МНТ-д гарч байгаа ач гэдэг үг нь хариу гэсэн утгаар илэрхийлэгдсэн байдаг.  Ачийг хариулах гэвэл дан ганц сайн утгатай биш л дээ. Муу ачийг хариулах гэдэг нь өс авах гэсэн утга илэрхийлж байгаа. Энэ мэт сонирхолтой үгсийн тайлбар байгаа. 
-Номоо түгээх хэлбэрүүдээ цаашид хэрхэн өргөжүүлэх вэ. Гадны олон хэл дээр хэвлэнэ гэж сонссон. Мөн ухаалаг утасны аппликейшн болж байгаа гэсэн. Энэ талаараа дэлгэрүүлнэ үү?
-Ухаалаг гар утасны аппликейшн болгох ажилдаа бид орчихсон явж байна. Хүн бүрт хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байдлаар хийгдэх энэхүү аппликейшнээ бид наадмын өмнө юм уу дараа нь гаргана. Дараа нь монгол бичгээр гаргана. Эх нь бараг бэлэн болчихсон. Мөн франц, япон, англи хэлээр гаргана. Гэхдээ тухайн хэл дээрээ үгсийн тайлбар нь өөр өөр байх учраас нэлээн цаг авна. Бид хараахан эхлээгүй байгаа.
Бидний дараагийн ажил МНТ-оор зурагт тайлбар толь гаргах гэж байгаа. Үг үсэг, газар ус, зан заншлын тайлбартай. Хэр зузаан болохыг нь бид мэдэхгүй ч ийм толь гаргахаар шийдсэн. 
Мөн МонголHD ТВ-тэй хамтарч өдөр болгон нэг хэсгийг нь телевизээр уншуулах гэж байна. 365 хоногийн дараа DVD болгоод гадаадад буй монголчууддаа явуулна. Гадаадад төрж, өсөж буй цагаач, шинэ үеийн Монголчууд монголоороо ярьж чадахгүй, ёс заншлаа мэдэхгүй болчихсон байна.
Манайхан гадаадад гарсан Монголчуудаа тоолохдоо зөвхөн гадаад паспорт авч, тухайн улсын виз даруулсан иргэдээ л хамруулдаг болохоос бус гадаадад төрж буй иргэдээ тоолдоггүй. Гэтэл тэд маань жил ирэх тусам хэдэн мянгаараа төрж байна. Тэр монгол цустай, монгол төрхтэй “гадаад” иргэдийг бид яагаад ч гадаад сэтгэлгээтэй болгож боломгүй. 
-Зурагт тайлбарын зургуудыг хэрхэн судалж байгаа вэ. Тухайн үеийн зургууд бараг байдаггүй шүү дээ?
-Бид эрдэмтдээ түшиглэнэ. Манай эрдэмтэд энэ номыг насаараа судалчихсан, асар их судалгааны материалтай байгаа. Энэ материалуудыг эрдэм шинжилгээний бүтээлээс эгэл уншигчдад зориулан боловсруулаад гаргана л гэсэн үг. Судалгааны бүтээлээс нийтэд зориулсан бүтээл болгож байгаа юм.
БИД ӨӨРСДИЙГӨӨ ЖИЖИГХЭН ГЭЖ БОДОХ ШААРДЛАГАГҮЙ
-Энэ олон ажлыг хийхээр зориглосон “Монголын Нууц Товчоо сан”-гийн тухай асуухгүй өнгөрч болохгүй байх. Яагаад энэхүү санг үүсгэн байгуулах болов?
-Монголын түүхээр хоосон цэцэрхэхээс илүү сайн мэдье, мэдээд барахгүй түүнийгээ бусдад харуулдаг баймаар байна. Бидэнд санаа зовоосон асуудлууд зөндөө бий. Тиймээс бодитой зүйл хийе. 
Холливууд биднийг сонирхож байгаа нь үнэн юм бол монгол хүний зохиолоор, монгол найруулгатай, монгол хөгжмийн зохиолчид оролцсон тийм бүтээл гаргая гэж хүссэн. Яагаад гэхээр Хятадын төрийн оролцоотой “China Film Group”  корпораци Хятадын үндэсний супер-баатар бүтээх хэдэн тэрбум юаны төсөл хэрэгжүүлж байна. Киноноос өгсүүлээд л ном зохиол, хүүхэлдэйн кино, аппликейшн цаашлаад мерчандайз болгох төслөө эхэлчихлээ. Энэхүү баатраараа Чингис хааныг сонгочихож. 
Дахиад Чингис хааны тухай 60 гаруй ангитай кино хийж байна. Холливуудад мөн Чингис хааны тухай кино хийх санхүүжилтээ батлаад “Чингис Хааны Эрдэнэс” хэмээх 3D кино хийхээр Марвел студио буюу бидний сайн мэдэх болсон Spiderman, Hulk, X-Men зэрэг киног продюсерлосон Ави Арадтай гэрээ байгуулчихлаа.  Чингис хаан маань Хятадын баатар болж, бараа бүтээгдэхүүн нь зарагдах гэж байна. Энэ бол ганцхан жишээ.
Бид нар тэдэнтэй өрсөлдөхөөс илүү өрсөх хэрэгтэй болчихоод байна. Өрсөлдөх үнэхээр хэцүү. Учир нь цаанаас нь бодлоготойгоор хэдэн тэрбум доллар хаяад байгаа учраас юу л бол юу л хийж чадна. Бид харин өрсөж чадна.
Гадаадын үзэгчдэд Чингис хаан бол монгол хаан гэж батлах шиг амархан зүйл үгүй. Тэртэй тэргүй монгол ахуй, монгол газар нутаг, зан заншил, дуу хуур, өв соёл бүхнээс тэрхүү үнэр үнэртэх тул санаа зовохгүй байна. Харин цаг алдалгүй тэдэнд “үнэртүүлэх” л хэрэгтэй. Ингэхийн тулд төр засаг нь түмэн олонтойгоо хамжиж, түүх соёлоо дэлхий дахинд тунхаглах л хэрэгтэй байна.

 http://www.ikon.mn/